# #

Адуу тургилж хононо

3 Сэтгэгдэлүүд:

Уудам талын хаяанаас наран мандаж ахул
Уртын дуу аялан ган дөрөө жийлүү
Уяандаа эргэцэж хоносон согоо хээр минь хатирхуй
Уурганы минь үзүүр ёзоор газар шүргэн алдлуу
Нойрондоо дийлдэн тонголзох нялх унага уянгалаг
Нойтон туурай цавчлах хар дэлт сүрлэг
Ноднин жилийн унага нас ахиад намбалаг
Нарийхан борлог морь захдуу хоноод өнгөлөг
Зуу зуугаар тоолох адуугаа залуу хураалуу
Зуун зуундаа өвлөсөн хуураа өвгөн татлуу
Зурайсан урт зэл эзнээ хүлээж чивчирлүү
Зуны эхэн сарын бар өдөрсөн билүү
Уургын зээрд ухасхийлээ адуу тарлаа
Уурганы үзүүр даясхийлээ хуйв эргэлээ
Ууган унаганы хүзүүнд орлоо чадлаараа зүтгэлээ
Уртын дуу тэндээс эхэллээ бид түрлээ
Уул ус нь жигдэрсэн дэлгэр зун билүү
Улс амьтан бужигнасан наадмын өглөө билүү
Уясан эзнээ баясаах суман хар минь билүү
Урд урдынхаа байг дааж ядан дүүхэлзлүү
Нүүдлийн шувууд буцаж довон толгой ногоорлуу
Нуурын мандал эзгүйрч намрын өнгө орлуу
Намуухан шиврэх бороо морины хондлойд тогтлуу
Намрын эхэн сарын бар өдөрсөн билүү
Ногтондоо зүгширсэн унага зэлэндээ номхон харагдана
Нойтон хуртай ч гэлээ дэл нь босоо үзэгдэнэ
Нүд хорсгосон хярвас зүүн гуяанд ханхалахад
Нутаг олондоо данстай нум суман тамгаа
Монголын уудам талд наран жаргаж шингэлүү
Морьтон ардын удам морин хуураа татлуу
Сарны мөнгөн туяанд найрын дугараа түрлүү
Саахалтын тэртээх газарт адуу тургилж хонолуу
1992
Бүрэн эхээрээ...

Аав хүү хоёр-2

5 Сэтгэгдэлүүд:

Аав хүү хоёр гадаалан хүүхдийн тоглоомын талбай тойрон алхлана. Намрын өнгө орж цаанаа нэг тайван. Хүү хөлөөрөө хөглөрөх хатсан навчсыг өшгичөн ааваасаа элдвийг асуусаар...
- Ааваа
- Айн
- Хайр гэж юу юм бэ?
- Хүний сэтгэлээс урган гарч байгаа маш халуун дотно, сайхан энергийн урсгал гэж хэлж болно. Эрэгтэй эмэгтэй хүний хайр сэтгэлийн хувьд бол тодорхой хугацаанд дэндүү дассан тэр сэтгэлийг хайр гээд байх шиг байгаа юм.
За байз аав нь хүүдээ яаж ойлгуулъя даа байз.
- Тэгвэл хугацаагүй хайр гэж байхуу?
- Байна. Хугацаагүй буюу мөнхийн хайр гэж байлгүй яахав.
- Ямар хайрыг хэлдэг юм?
- Эхийн хайр шиг мөнхийн хайр гэж үгүй
- Яагаад?
- Чи анх хүн болохдоо ээжийнхээ эд эс болгоноос бий болж, ээжийгээ уйлуулан хайлуулан байж, уран тасдан байж, үхэл амьдралын зааг дээр аваачин байж төрсөн болохоор тэр
- Өө тэгвэл надад бүр хайргүй байх юм бишүү?
- Үгүй дээ үр минь. Эх хүний үрээ гэх сэтгэл шиг агуу юм, ариун юм, уужим саруул, үнэнч мөнхийн юм гэж үгүй юм. Тэгэхээр хэдий чинээ зовж шаналж, бодож хүсэж байна төдий чинээ хайрладаг. Эх хүний агуу гайхамшиг үүнд л байгаа юм. Ер нь өсөж хөгжих, үр үндэсээ үлдээх нь байгалийн мөн чанар. Түүний гол үндэс нь эмэгтэй хүн, түүний сэтгэл зүрхнээс ундрах хязгааргүй их хайр юм даа.
- Тэгээд ээж намайг хааяа байлгаад л хаядаг шүү дээ. Гэхдээ хааяа л даа
- Ээж нь чам дээр муу юм тогтчихвий гэхдээ гөвж, цэвэрлэж байгаа нь тэр
- Гэхдээ заримдаа өвддөг л юм даа
- Хааяа чангахан гөвөхгүй бол толгой дотор чинь муу юм орчих гээд байгаа юм
- Эмээ таныг гөвж цэвэрлэдэг байсан уу?
- Тэгэлгүй яахав. Хааяа бүр шилбүүрийн хуйв, үнээний тушаагаар гөвнө.
- Тэгвэл толгойд чинь их муухай юм орох гээд байж дээ.
- Тэрний хүчинд л аав нь өдий зэрэгтэй яваа юм
- Чи ээждээ хайртай биздээ?
- Аягүй их хайртай. Заримдаа би ээжийг ажилдаа явахаар нь уйлмаар болоод, тэгээд санаад л байдаг
- Тээр. Хайр гэдэг ийм сайхан. Чи хайрын тухай мэдэхгүй байхад чамд хайр байж л байгаа юм даа
- Өө нээрээ надад байна.
- Тэгэхээр миний хүү том болоод хаа ч явсан ээжийгээ хайрлаж, ярьсан хэлсэн болгоныг нь санаж, хаанаас ч гэсэн утас шөрмөсөөр ч болов ярьж элгий нь дэвтээж байгаарай.
- Элэг нь яагаад хатдаг юм?
- Үр хүүхдүүдээсээ холдоод хүүхдүүд нь ээжтэйгээ холбоо барихгүй, эргэж тойрохгүй болохоор хүүхдээ санаад бэтгэрсээр байгаад зөвхөн элэг нь биш сэтгэл санаа нь, гоо сайхан нь яг энэ модны навч шиг хатаад өдөр өдөрт ширхэг ширхэгээр тасран унасаар байдаг юм. Тийм болохоор ээжийгээ навчаа гөвсөн мод шиг болгож болохгүй.
- Тэгвэл энэ модны хүүхдүүд нь ээждээ ирэхгүй байгаа юм уу?
- Магадгүй
- Дараа жил дахиад л навчтай болно биз дээ?
- Яахав тэр үед хүүхдүүд нь ирж модод ихэд баярлаж элэг нь дэвтэж байгаа нь тэр
- Гэхдээ бас л их удаан юм даа тиймээ ааваа
- Харин тийм. Бас л удаан л юм
- Би тэгж ээжийгээ удаан хатаахгүй ээ
- Тиймээ! Миний хүү ийм их хайран дунд өсөж байгаа юм чинь сэтгэл зүрхээ чагнахад л болно доо
- Хүн болгон ээжтэй тэ ааваа?
- Тиймээ миний хүү! Энэ дэлхий дээрхи хүн бүхэн сайхан ээжтэй
- Бүгдээрээ ээждээ үнсүүлээ л, бүгдээрээ ээждээ хайрлуулаа л, бас бүгдээрээ ээжээрээ цэвэрлүүлээ л...(гэснээ хэсэг бодсоноо) за тэгсэн ч гэсэн бүгдээрээ ээжтэйгээ хамтдаа байвал ямар гоё вэ тиймээ ааваа ?
- Тиймээ хүү минь Тэрэн шиг аз жаргал гэж хаа ч үгүй дээ
- Тэгвэл эрэгтэй эмэгтэй хүний хайрын тухай?
- Тэрийг аав нь хүүгээ жоохон том болохоор нь хэлж өгье
- За, за дурамжхан санаа алдав...
Намрын хонгор салхи нам гүмхэн сэвэлзэж, ногооны үзүүр шарлаад, ганц нэг навч уйтайхан газардаж, байгаль дэлхий нэг их ажлын дараах амралт мэт тайван. Хүүгийнхээ бүгдээрээ хамтдаа байвал гоёоо хэмээн цангинуулж хөхүн баясаж гүйх хүүгээ аав нь араас нь харж баярлах авч цаанаа нэг гуниглангуй. Хүү үүнийг анзаарахтай мантай. Ганц нэг модод нилээд эрт навчисаа гөвсөн нь нүдэнд нэг л эвгүй.
Нээрээ л хүүгийн хэлснээр хүүгээн харуулдаж цөхөрсөн ээж гэлтэй...
Элдвийг бодон алхах аав хүүгээ чимээгүй болчихоор нь гайхан харвал хүү нь нэг навчийг нүцгэн модны холтсонд хавчуулахыг оролдож зогсовоо...
Бүрэн эхээрээ...

Наад сонингуудаа уншаач

7 Сэтгэгдэлүүд:

Хүний нутагт хэдэн жил болчихоор уйддаг ч юмуу, залхдаг ч юмуу, эсвэл эх орноо үнэхээр санадаг юмуу юм л бол буцах тухай бодох, ярих болчихож. энэ тухайгаа эхнэртэйгээ ярилцана. Эхнэр маань бас буцах тухай ярих боловч над шиг цаг үргэлж биш хаа нэг ядарсан, эсвэл сэтгэл санаагаар унасан үедээ л ярина. Намайг энэ талаар яриад ирэхээр бас нэг их учиргүй дэмжээд байхгүй.
- Харин тиймээ гэсхийгээд цаанаа нэг хүчлэхгүй байх жишээтэй.
Тэгэхээр нэг асуугаад орхилоодоо. Тэгсэн чинь
- Аав ээж ах дүү нараа бодохоор буцмаар, энэ хэдэн хүүхдээ бодохоор шууд буцчихаж чадахгүй л байна гэх.
- Яагаад ? гэсэн чинь
- Үгүй, чи наад сонингуудаа уншаач гэх...
Нээрээ л манай срнингуудыг уншихаар тэнд хүн ер нь яаж амьдардаг юм бол гэмээр юм бичих юм. Эсвэл үнэхээр тийм байна уу?
Сонингуудын нийтлэлүүдийг нэртэй устай нь жагсаавал болох авч тийм их цаг зав алга. Ерөнхийд нь тоймлож ойлговол
- За УБ-аар дүүрэн утаа. Гараад орох хооронд л хамаг хувцас хунар нил утаа шингэчихдэг гэх. Хүмүүс ялангуяа хүүхдүүд бүгд амьсгалын замын өвчтэй болж байгаа гэнэ.
- Төр гэж байгаа юм уу үгүй юм уу бүү мэд гэнэ. УИХ-ын гишүүд нь хэрэлдээд хэдэн тийшээ харчихдаг. Эсвэл бие биенийгээ унагах гээд бие биенийхээ бөгсийг ухаад суучихдаг гэнэ. Томчууд нь бүгд л идэж уухын өвчин. Албан тушаалын төлөө дайн болдог гэнэ. Одоо бүр сумын дарга, дүүргийн битгий хэл хорооны даргын төлөө тулалддаг болсон гэнэ.
- Авилгад бүх салбар бүх шатандаа өртсөн. Энэ талаар ярилтгүй гэнэ. Бүр цэцэрлэг, ясли, сургуулийн багшаас авхуулаад эмч, сувилагч гээд бүгд л гар хардаг болсон гэнэ. Таньдаг хүнгүй л бол бүтэх ажил нэг байхгүй тэр ч бүү хэл өвчин ч эдгэхгүй гэнэ.
- Зүгээр л хүнийг ажилд авна гэсэн зар байхгүй гэнэ. Заавал өндөр гоолиг, дээд боловсролтой, царайлаг гэх мэт цинзуртай гэнэ. Бусад нь яах юм бүү мэд
- Монголд хил хязгаар гэж байхгүй гэнэ. Хэдэн цэрэг нь хоол хөөгөөд алга болох эсвэл бие биенийгээ буудаж алдаг гэнэ.
- Хятадууд манай нутгаар дүүрэн, энүүгээр тэрүүгээр тэнээд, залуучуудыг нь зодоод, хүүхнүүдийг нь хүчиндээд, алтыг нь ухаад, ухсан нүхэнд нь хүмүүс дарагдаж, хүүхдүүд унаж үхээд л, усанд нь хор хийгээд байдаг гэх.
- Бас Монголоор дүүрэн хохирогчид гэнэ. Томхон жишээ нь ХЗХ, САПУ гээд л ...
Бүгд өлсгөлөн зарлаад хэвтчихдэг, өөр өөрийн гэсэн таних тэмдэгтэй. Тэгээд талбай дээр
- Өө чи тэдний хохирогч болоо юу? Би тэднийх гэх мэтээр хууч хөөрдөг болсон гэнэ.
- Хөдөөнийх нь хотруу нүүгээд, хөдөөгүүр бараг хүнгүй айл айлын нэг нэг хятад, хэдэн муусайн хүүхнүүд нь хувингаа сугавчлаад, хормойтойгоо ороолдоод мөдхөн баахан эрлийз хүүхдүүд хөдөөгүүр гарах төлөвтэй гэнэ.
- Улсын баяр наадам нь хэдхэн хүнийх болж гэнэ. Хэдэн баячууд нь баахан адуу ачиж авчраад уралдуулаад болдог, Хэдэн бөхчүүд том том цүнхтэй мөнгө мөргөлдүүлж “барилддаг” болсон гэнэ.
- Ерөнхийлөгч нь олны өмнө хуулиа гуйвуулаад (төв цэнгэлдэхэд), ИХ-ын дарга нь шөнө орондоо ч хамаагүй хуулиа засдаг болоод удаж буй гэх.
- Ихэнх эрчүүд нь архинд орж гудманд гараад эхнэрүүд биеэ үнэлээд, заримыг нь хил давуулаад зарчихдаг гэх. Хүүхдүүд нь транщейнд очоод замаа алдаж байснаа одоо бага багаар алга болоод байгаа гэнэ. Яасан? Гэхлээр хятадууд хүний эрхтэн авдаг болсонтой холбоотой гэнээ.
- Урлагийнхан гэж од болохын өвчин гэнэ. Сайн сайн гэхээр зарим нь архинд ороод, аврай хүүхдээ зодоод, зарим нь алаад, зарим нь хар тамхинд ороод, үлдсэн хэсэг нь амаа хөдөлгөж дуулсан болоод явдаг гэнэ. Саяхан хип хоп Баавар гэнэ уу нэг нөхөр ам барих нь битгий хэл нэг хамтлаг хэд хэд хуваагдаад энэ тэнд зэрэг зэрэг ард түмнийг хулхидаад явдгаа ТВ5-аар яриад л хөтлөгч Насаа гэдэг хүүхэн инээгээд л их хөөрсөн шинжтэй...Бодвол их сүрхий сэргэлэнг нь гайхан биширч байгаа бололтой.
- Сумо гэхээр улс эх орноороо солиорчихдог гэнэ. УИХ нь хүртэл ажлаа хаяад үзээд суучихдаг гэнэ. Үгүй ээ мөн их цаг зав, мөн их дэмийрэл, мөн их доромжлол шүү. Ард түмэн наана нь бидний төлөө юм хийх байх гэж горьдоод л...
Япончууд өөрсдөө тэгж их сонирхдоггүй гэсэн. Аргагүй л дээ тэд улс эх орноо улам их хөгжүүлэх гээд ямар зав байх биш.
Монголын эр сүвтэй болгон сумо болж зүүдэлж явна гэнэ.
- Гадаадад хамаг хүмүүс нь гарчихаж гэнэ. Хүний нутагт хар бор ажил хийгээд хэдэн төгрөгөнд нь болоод харьж ч чадахгүй байж ч чадахгүй болчихдог бололтой.
Үүнээс болж олон гэр бүл салж, олон хүүхэд өнчирч байгаа юм байх. Төр засаг нь эдгээр хүмүүсээ буцааж эх оронд нь ирүүлэх бодлого явуулахын оронд харин дээрээс нь нэмж гаргах гээд төрийн сайд нь хүртэл оролцоод л ... Ядарч туйлдсан ард түмнээ бүртгэл явуулж байгаа нэрийдлээр хооронд нь зодолдуулаад л, дэлхий даяар өөрсдийнхөө ядмаг үйл ажиллагааг цацаад л... Ерөнхийлөгч нь хүртэл өөр орны ерэнхийлөгч рүү утас цохиод ажиллах хүч гаргана гээд суудаг гэнэ. Ямар их ухаан гэхээр ийм байдаг бүү мэд.
Эцэг нь хүүхдүүдээ тэжээж чадахаа байгаад хөөгөөд транщейнд гаргаж байгаагаас ялгаа байхгүй мэт. Гэх мэтчилэн монгол оронд маань чухам юу л болоод байна даа гэмээр юм сонингоор дүүрэн ажээ. Өнгөтэй өөдтэй, гэрэлтэй гэгээтэй юм нэг байхгүй юм. Эсвэл сайн сайхныг нь бичихгүй байна гэж баймааргүй л юм
Монголд маань энэ нь сайхан болж гэнэ. Тийм боломж байна гэнэ хурдхан шиг л эх орондоо очиж ажиллаж амьдрая гэх сэтгэл төрөхөөр юм өнөөгийн байдлаар сонингоор гарахгүй л юм. Гадагшаа гарсан нэгнийгээ эх орноо орхиж явсан мэтээр муу хандах хүмүүс байгаа л байх. Гэхдээ нэгэнт гараад явчихсан хүмүүсийн араас чулуу шидэж боломгүй. Яаж ийгээд буцаагаад аваад ирвэл эх оронд маань л хэрэгтэй. Гадагшаа гарагсад чинь эх оронд үнэгүй оюуны хөрөнгө оруулалт гэсэн үг. Бас ч үгүй эдийн засгийн хувьд ч чамгүй хөрөнгө оруулалт. Эдгээр хүмүүст одоо эх орноо гэсэн сэтгэлтэй юм бол, эх орондоо хайртай л юм бол ир гэх мэтийн хоосон уриа хэрэггүй юм. Төрөөс бодитой бодлого л хэрэгтэй мэт. Хүмүүсээ гаргах гэж төр бодлого явуулж болж байгаа юм чинь буцааж оруулж ирэхийн
тулд бас нэг юм бодож болноо доо. Уг нь гадагшаа гарагсдын түрүүч нь ер нь буцах санаатай л болж эхэлж байгаа байх. Энэн дээр нь л төр жаахан дэмжээд өгвөл.
- Ийм байхад яаж юу юугүй буцахав дээ гэх эхнэрийгээ бас буруутгаад байж чадахгүй юм.
Бүрэн эхээрээ...

Аав хүү хоёр - 1

8 Сэтгэгдэлүүд:

Модод нахиалж, цэцэгс алаглан, шувууд шулганасан цэцэрлэгийн нарийхан зөрөг замаар аав хүү хоёр хөтлөлцөн аажуухан алхлана.
Өөдөөс нь намуухан сэвэлзүүр салхи үлээх агаад энэ нь хэн хүнд үнэхээр тааламжтай сайхан ажээ. Ёстой л ирж яваа цаг гэлтэй. Аав хүү хоёрт орчин тойрноо анхаарах сөгөө алга. Аав нь бодлогоширсон бас шоглосон янтай. Хүү сонирхсон байдалтай. Үндсэндээ хүү асууж аав нь хариулах аж.
- Ааваа
- Айн
- Би нэг юм асуучих уу?
- За, Чи тэгээд зогсдоггүй шүү
- Та ч гэсэн
- Ааваа би хаанаас ирсэн юм бэ?
- Миний хүү аавынхаа бодлоос, ээжийнхээ хүслээс ирсэн
- Би таны сүүлчийн бодол уу? (бага хүү нь)
- Харин л дээ
- Би яах гэж ирсэн юм?
- Аавтайгаа ярих гэж
- Та хаанаас ирсэн юм?
- Өвөөгийнх нь бодлоос
- Өвөө хаачсан юм?
- Өвөө нь аав руугаа явсан
- Та өвөө рүү явах уу?
- Явна, Гэхдээ аав нь хүүгээ том болоод ярьдаг хүнтэй болохоор чинь явна
- Миний ярьдаг хүн хэн юм?
- Чиний хүү байхгүй юу
- Аан...

Цааш нь сэтгэмжлье…

- Ааваа
- Айн
- Манай монгол улс яагаад хурдан хөгждөггүй юм бэ?
- Хэн тэгж байна?
- Хүмүүс л тэгж ярих юм
- Манайд дайн болоогүй, атомын бөмбөг дэлбэрээгүй болохоор тэр
- Дайн болбол яах гэж?
- Өлсөж, зовж, ядарч туйлдаж үзсэн ард түмэн хурдан хөгждөг юм

- Ардын зүйр үг ямар учиртай юм бэ?
- Амьдралд байдаг, болдоггүй зүйлсээ болоосой, бүтээсэй, битгий тэгээсэй гэхдээ тийм үг зохиож үр хүүхдээ сургадаг юм
- Ажил хийвэл дуустал ...гэдэг чинь?
- Хүмүүс ажлаа дуусгадаггүй л байсан байна.
- Аан...
- Aаваа
- Айн
- Оросууд монголчуудад архи уухыг заасан гэсэн үнэн үү?
- Худлаа
- Та яаж мэдэж байгаа юм?
- Манай ардын үг байдаг. Дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавьж уу, жар хүрээд жаргаж уу гэдэг чинь архи уудаг, тэр тусмаа архины хорыг мэдэрсэн хүний үг шүү дээ. Тэр ч байтугай Чингис хүртэл бор дарсыг болгоож уу гэж зарлигдсан байдаг. Тэгэхээр бид Оросуудаас өмнө архи уудаг байж.
- Дээр үед архи уусан хүнийг яагаад эсгийнд боодог байсан юм ?
- Тэр үед эрүүлжүүлэх байгаагүй юмаа
- Аан…

Цааш нь хэтрүүлэгтэйгээр…

- Ааваа
- Айн
- “Анхны хайр” гэж яагаад нэрлэдэг юм бэ?
- Хүнд заавал хоёр дахь, гурав дахь хайр байдаг болохоор тэр
- Нууц амраг яагаад байдаг юм бэ?
- Хүн болгон нэг нэг эхнэртэй болохоор тэр
- Хамтран амьдрагч гэдэг чинь юу юм бэ?
- Томчууд айл гэр болж тоглож байгаа юм
- Тэд хүүхэдтэй болох уу?
- Тэдэнд аавынх нь хэлдэг шиг тийм бодол, хүсэл байхгүй
- Аан…

Цааш нь шогчилоод…

- Ааваа
- Айн
- Нямдорж гэдэг хүн яагаад хуулийг засдаг юм бэ?
- Тэр хүн хуулийг өөрийнхөө юм гэж бодоод байгаа юм
- Аан. Тэгээд орон дотроо байлгаад байгаа юм уу?
- Мэдэхгүй л дээ миний хүү
- Аав мэддэггүй ээ…

- Ааваа
- Айн
- Та намайг таны бодлоос, ээжийн хүслээс гарсан гэсэн тэ?
- Тийм ээ
- Тэгвэл авилгалын эцэг Энхбаяр гээд л байх юм. Энхбаяр гуай бодоод, эхнэр нь хүсээд л байдаг юм байх даа
- Ха ха харин л дээ Аав нь сайн мэдэхгүй л юм
- Хн, аав бас л мэддэггүй ээ …

Эргээд эцэг хүү хоёр дээр…

- Ааваа
- Айн
- Гэрэл байхад заавал сүүдэр байдаг гэсэн тэ?
- Тэгэлгүй яахав
- Тэгвэл сүүдэр нь гэрлийг тодруулдаг гэвэл болох уу?
- Бараг л болно
- Тэгэхээр Солонгоог онц сургахын тулд би дунд гарч болох нээ?
- Тэр чинь харин болохгүй дээ хүү минь
- Хн, аав энийг болохоор мэдээд байх юм…
- Ааваа
- Айн
- Та өвөө рүү явахдаа намайг аваад явах уу?
- Яалаа гэж миний хүү чинь хүүтэйгээ ярих ёстой юм шүү дээ
- Харин ээ, Би бодоод л байна. Солонгоо харин хүсдэг болов уу яадаг бол?
- Хүс…Үгүй, юу гэчихвээ миний хүү???????

Эцэг хүү хоёрын эцэс төгсгөлгүй асуулт хариулт үргэлжилсээр...
Эцэг нь хүүгээ нэг гараараа хөтлөн нөгөө гараараа дохин занган ямар нэгэн юм тайлбарлаж , хүү нь эцгийнхээ алхааг гүйцэх гэж бас царайг нь харчих гээд аавынхаа хажууд өрөөлдөн шогшсоор нарийхан зөрөг замаар цаашлан цаашилсаар...
Түмэнбаярын Бум-Эрдэнэ 06,14,07
Бүрэн эхээрээ...

Эгчмэд бүсгүй

6 Сэтгэгдэлүүд:

Айлын эхнэр эгчмэдхэн бүсгүй
Алаг нүдэн эгчмэдхэн бүсгүй
Амраг ханьтай эгчмэдхэн бүсгүй
Аяа миний эгчмэдхэн бүсгүй
Зөрөөд өнгөрөх тэрхэн агшинд
Зүггүйхэн харцаараа шоолоод өнгөрдөгч
Зүрхэндээ намайг хааяа мөрөөсдөгийг нь
Зөнгөөрөө би мэдрээд байдгийм
Ховилтой энгэрт чинь асаж хоргодох
Хоёр нүдээ яалтай билээ
Хөөрхөн хацарт чинь үнсэж хоргодох
Хүслийн уруулаа яалтай билээ
Сэвлэгний чинь үнэрийг үгүйлж хоргодох
Сэтгэл юугаа яалтай билээ
Сайхан биеийг чинь эзэмдэж хоргодох
Сэрүүн зүүдээ яалтай билээ
Зүр гур хоёр шиг ижилсэх бишдээ
Зүсэн цоохор янзага шиг эрхлэх бишдээ
Зүйлийн голын цэцэгс шиг ихэрлэх бишдээ
Зүг зүгийнхээ салхинд ганхаж сууцгаая даа.

Бүрэн эхээрээ...

Эгч минь өршөө

2 Сэтгэгдэлүүд:

Хүргэн ирлээ гэх ээжийн дуунаар
Хөл алдан гүйж үүдээ нээсэн
Хүсэж л явсан тэр л царай
Хүрэн зүрхэнд минь тусах шиг болсон
Хүүхэд нас минь намайг өршөө
Дуулим хорвоог ухаандаа багтааж
Дурлалын цэцгийг өрцөндөө ургуулж
Дуугарч ч амжаагүй ч таны нөхөрт
Дурласан би дэндүү дурласан
Дүү охиноо эгч минь өршөө
Гарч орох тоолонд чинь таны л нүдийг хариулж
Ганц ч болов харах юмсан гэхдээ
Гансарсан сэтгэлээ тогтоож ядан
Ганцаараа би цонхон дээр өнжидгийм
Ганихарсан намайг эгч минь өршөө
Эрийн сайханд нь соронз мэт татагдаж
Эрээн хорвоод ижилгүй болов уу гэхдээ
Эм хүний богинохон жолоогоор
Энэхэн биеэ ч тушаамаар болох юм
Эгч минь та намайг өршөө
Азтай эгч тандаа атаархаж
Амьдралыг тань үрэхгүй ээ
Алтан дэлхийд таны л хань шигийг хайх
Алаг зүрхэндээ итгэл төрүүлэн хоцорьё
Анхны хайр минь намайг өршөө.
Бүрэн эхээрээ...

Блогоор аялсан түүх-2

7 Сэтгэгдэлүүд:

Би гэдэг амьтан
Бичиг соёлын далайд нэвтэрсэн
Билгүүн их номтон
Билэг танхай нэгэн биш юм
Яруу найраг бичдэг хүн болж
Янжинлхамыг хилэгнүүлж
Яруу найрагчидаа гомдоочихвол
Яанаа та минь ээ
Яахав зүгээр л намайг
Ярьж байна гэж бодоод уншаарай
Блог гэдэг чинь ерөөсөө
Борхон зүрхний угаас
Боргилон боргилон ундрах
Барагдашгүй нэгэн булаг юм байна
Ганцаас эхэлж олныг хамарсан
Гайхам нэгэн урлан юм байна
Газар газрын сонинг агуулсан
Гайгүй сайн төөрдөг байшин юм байна
Цаг нартай уралдан гарсан
Цахим нэгэн ертөнц юм байна
Тийм гэхийн аргагүй эгэлхэн бас даруухан
Тэмдэглэлийн электрон дэвтэр юм байна
Тэлмэн дүүгийн урлангаар
Тэнхээ мэдэн аялав
Тэрүүгээр энүүрээр оров
Тэгээд тэндээс нэг юм олов
Гэтэл тэр нь юу гэж санана
Гэрэл гэгээ юм
Өнгөтэй өөдтэй гэрэлтэй гэгээтэй хэмнэлээ
Өнө мөнхөд хадгалж яваарай дүү минь.
Зүүдчин найзын булангаар
Зөв буруугүй тэнэв би
Таалагдсан зарим нэгэнд нь
Талархал үлдээх гэж оролдов
Тэгсэн чинь болдоггүй
Тэсвэр алдав, тэгээд ч чаддаггүй
Утас авч ярив түүн рүү
Учирыг асууж лавлав
Хамаагүй ороод байдаггүй
Хамгаалалт тавьчихсан гэнэ
Харин тэр минийхийг
Харж суусан юм байж
Шар айрагны тухай
Шавилхан багадаа бичсэнээ тавьчихсаныг хараад
Архи тамхины тухай юмаа даа гээд
Алгуурхан дуу нь цаашлав
Андын минь энэ байдал
Аргагүй нэгийг бодогдуулав
Блогныхоо энэ ертөнцийг
Бохироос холхон байлгая хэмээн
Бодсон боловуу тэр гэж би санав
Санасанаа би баталж чадахгүй ч
Санаа зовов, сэтгэл эвгүйрэв
Бушуухан буцаж ороод
Бусармаг шүлгээ авчихав
Булхайцахаараа
Буцаад нүүчихэж болдог
Бузгай эдээ энэ бас.
Бямбаагийн ертөнцөөр
Бяцхан аялав
Би барахгүй юм билээ
Бичсэн нь арвин юм билээ
Монгол үнэртсэн эднийхээр
Морилж харин нэг саатаарай
Хайрламаар хүндэлмээр өнгөрсөн үеэ
Хармалмаардаа гэсэн аястай байсан
За тэгээд цаашилбал
Захгүй юм билээ, энэ далайгаар
Завтай болоод цагтай бол та бүхэн
Завиндаа суугаад сэлүүрээ бариад урагшилбал
Заавал нэгийг олж хоёрыг тунгаанаа.
Бүрэн эхээрээ...

Блог-оор аялсан түүх-1

6 Сэтгэгдэлүүд:

Блог гээчийг урьд нь ердөө мэддэггүй байлаа гэвэл мэдээж худлаа болох байх. Гэхдээ одоогийнх шигээ ухаж төнхөж, уншиж сонирхож, өдий хэмжээний цагийг үүнд зориулдаггүй байсан үнэн үү гэвэл бас үнэн юм. Гэтэл сүүлийн үеийн нэгэн танил маань нэг блог гээчийг надад нээж өглөө. Түүнийг блогоор аялагчид болон блогчид Зүүдчин гэдгээр нь, гадаадад амьдрагсад ялангуяа Америкийн монголчууд Даяар Монгол сониноор нь андахгүй байх.
Энэ нөхөр намайг нэг өдөр болж байна, болох шинж байна гэхчилэн хошгоруулж орхив. Түүнээс хойш энэ блогны ертөнцийг нухацтайхан үзэж харж, уншиж эхлэснээ нуугаад яахав. Магадгүй тэр надаас өөр олон хүнийг уруу татаж, бас урам өгсөн байх.
Блог гэдэг ерөөсөө миний бодлоор бодол санаагаа бусадтай хуваалцах, бусдад нээх цахим нэгэн талбар юм байна. Мэдээжийн юм ярьж байна уу. Тэгээд нилээд хэдэн блогоор орж үзлээ. Гоё юмаа. Гэтэл нэг юм ажиглагдлаа. Ихэнх блог-д хэд хэдэн үгийг нийлүүлээд биччихсэн хөгжилтэй ч юм шиг, хөөрхөн ч юм шиг үгнүүд байх юм. “зүүдэлжийнаа, ойлгодгүүштэ, явжэйлээшт“ гэх мэт.
Нэгэн бодлын блог нь электрон тэмдэглэлийн дэвтэр учир түүн дээр юуг яаж тэмдэглэх нь хувь хүний хэрэг гэлтэй. Би үүгээрээ хэн нэгнийг шүүмжлэх гэсэн юм биш. Ер нь ямар нэгэн юмыг, ямар нэгэн юм хийж байгаа хүнийг шүүмжлэх нь тийм ч найрсаг бус юм бодогддог. Нөгөө талаар хүнийг, эсвэл хүний хийсэн бүтээснийг шүүмжлэхийн тулд тэр талын мэдлэгтэй байх ёстой мэт санагддаг. Гэтэл би шүүмжлэх нь битгий хэл дүгнэх хэмжээний хүн биш учраас тэгэж байгаа юм. Тэгээд ч тэмдэглэлийнхээ дэвтэрт татлаад биччихсэн хүнийг алийг тэр гэхэв дээ, Тийм үү?
Нөгөө талаас нь харвал одоогийн цахим төхөөрөмж болон хурдтай холбоотой цаг хугацаа хэмнэх үүднээс гарч ирсэн өнөө цагийн моод гэлтэй юм шиг.
Гэвч бид цаашдаа ямар байдлаар бичих ёстой юм бэ?
Блог нь хувь хүмүүс өөр өөрсдийн шинжийг агуулсан өнгө, өөр өөр ертөнц учраас өөр өөрсдийнхөөрөө байх нь дээр бөгөөд тийм байснаараа үзүүштэй, уншууштай, сонсууштай, сонирхууштай байх ажгуу. Блог хэмээх ертөнцийн андууд ах дүү нар минь улам ихийг хийж, улам ихийг бичиж, улам ихийг нээх болтугай.
Та нартаа амьдралын гэгээн болгоныг хүсье.
Бүрэн эхээрээ...