# #

Нэрэлхэлгүйгээр - 2

14 Сэтгэгдэлүүд:


Ичдэг ч арга байдагүй ээ хэ хэ

Авъяасаараа садансах буюу хувь заяагаараа хэлхэгдэх нь.
(Өмнөтгөл)
Өнгөрсөн зууны 50-иад оны сүүл, 60-аад оны эхээр нэгэн бэсрэг өгүүллэг хэвлэгдэж уншигч олны оюун ухааныг эзэмдэн түрхрүүлсэн байдаг.
Чухам энэ өгүүллэгээс монголын утга зохиолын анхаарал татахуйц шинэхэн түүх эхэлсэн юм болов уу гэж би бодож явдаг юм. Зохиолчийг уншигчидтай уулзах бүр
- Нөгөө хоёр залуу яасан бол? гэдэг асуулт байнга гардаг. Тэр бүрийд зохиолч
- Би ч сайн мэдэхгүй байна гэж хариулсан байдаг. Энэ өгүүллэгийн нэрийг “Хулан бид хоёр” гэдэг. Зохиогчийг нь Сэнгийн Эрдэнэ гэдгийг бид өнөөдөр хэн хүнгүй мэднэ.
Тухайн үед монголын утга зохиол гэдэг хүүхэд шиг хөлд орох гэж явсан шиг бодогддог юм. Өвөр монгол, Буриад, Халимаг, Тува утга зохиолыг оруулан монгол үндэстний утга зохиол гэж ярьвал их л том юм яригдах нь дамжиггүй. Харин Эрдэнэ баавайн тэр өгүүллэг хэвлэгдэн байх тэр цаг үед огт өөр ухагдахуун ноёрхож, огт өөр зүйлийн тухай бид ярих зайлшгүй шаардлагатай байсан бөгөөд яг тэр зүйлийг нь гаргаад ирэнгүүт хүмүүсийн сэтгэл тэгтлээ хөдөлсөн хэрэг.
Түүнээс хойш монголын утга зохиол, хэн нэгэн айлын хаяа бараадаагүй, цэвэр өөрийнхөөрөө яваа. Монгол хүнийг гаргаж ирэх, чухам тэр хүний энгүүн амьдралын тухай ярих болсон бөгөөд хэдийгээр цагийн эрх, намын бодлогоор ямар нэг Алёшагийн ч юм уу, Иваны тухай ярьж бичиж байсан боловч цаг ямагт ямар нэгэн Дорж Дулмаа хоёр маань л гол дүр нь байж, бид ч тэгэх л ёстой мэт хүлээн авч сурсан билээ.
Үндсэн хуулийн дагуу биеэр эдлэх эрх чөлөө тусгаар тогтнолоос гадна оюун сэтгэхүйн хувьд хэнээс ч хараат биш байхын ид хав, жаргал цэнгэлийг бид ийнхүү монголынхоо утга зохиолоос хүртэж, хүрээлэн буй ахан дүүсээ араасаа дагуулах хэмжээнд хүрч чадсан юм. Эргэж буцашгүй энэ урсгалд монголын сэхээтний тэргүүн хэсэг нь нэгдэж энэ зорилгын төлөө ухамсарт амьдралаа зориулдаг бичигдээгүй хууль буй. Өнөөдөр таны ууган хуудсыг нь дэлгэж буй энэ номыг зохиогч ч мөн л энэ замд эргэлтгүй орохоор шийдсэнээ энэхүү номоороо зарлаж буй юм.
Зохиогчийн “Сэмэр үл барагдана” нэртэй анхны ном хэвлэгдээд удаагүй атлаа уншигчдын сэтгэл зүрхийг дулаацуулсан илч нь ихэд хурдацтай нэмэгдэж буйг Даяармонгол сайтаас бэлээхэн харж болно. Бум-Эрдэнэ маань утга зохиолын замд орохын тулд ихэд олон жил бодож боловсруулж, өөрийгөө бэлдсэн юм болов уу гэсэн бодол анхны өгүүллэгийг нь уншихад надад төрсөн юм. Туужийг нь уншсаны дараа энэ бодол улам лавширч байна.
Манай утга зохиол хөгжлийнхөө явцад нийгмийнхээ “хатгааг” даган “ханиалгаж” эхэлсэн түүхтэй. Эрдэнэ баавайн “Хулан бид хоёр” өгүүллэгт хорь гаран насны салхи шиг бүсгүй Хулан, түүний нөхөр догшин ширүүн Цамба, энэ хоёрыг аргадан дагаж яваа 17-той хөвгүүн гурав гардаг. Өнгөрсөн зууны 50-иад оны манай сэтгэхүй дурайтал харагдаж байгаа нь энэ. Улмаар коммунизм руу лавширахын хэрээр хүмүүсийн сэтгэхүй дэхь 17-той хүүгийн сэтгэл бүдгэрч, уур уцаартай догшин Цамба, цэвэр гоолиг Хулан биш, цагийн яас даган аальгүйтсэн тогтворгүй Хулан бий болсон. Энэ хоёр дүр хөгжсөөр 2000 он болоход архичин зэрлэг догшин Цамбууд, яадгаа алдсан завхай зайдан Хулангууд монголын утга зохиолд могойн чуулган шиг шоволзож, хүйтэн зэврүүн дүр, хэлээ арвагнуулан дотор зарсхийм гарч ирэх болсон. Өөрөөр хэлвэл ёс суртахуун, гоо зүйн огт өөр эрэлхийлэл, шийдэмгий өөрчлөлт монголын утга зохиолд эрүүл агаар шиг хэрэгтэй болж эхэлсэн гэсэн үг. Тэгсэн ч тийм өөрчлөлт гарахгүй байв. Буурь суурьтай ахмад зохиолчид маань хүртэл хормой хотны ягир шагир зохиолууд бичиж, залуучууд нь үүнээс илүү эрээ цээргүй бичвэл зохиолч гэгдэн мандаж эхлэнэ гэж ойлгоцгоож байх шиг аашилж байсан билээ. Гэтэл “Сэмэрч үл барагдана” гарав. Уншаад үзвэл 17-той Сампилийн нүд харагдах шиг болсон юм. Энэ нүд өнөөдөр туужуудын эн суучихаад тань руу харж байна. “Монгол хүмүүс бид чинь нэг иймэрхүү билүү, аль эсвэл ийм байл уу” гэж бодогдуулж байсан юм. Түүний Америкт зорчсон Жийжээг уншаад “ойрд ингэж инээл үү” гэж бодон бодон инээснээ, Хувь заяаны хэлхээг туужийг уншаад
- Энэ чинь Цэнджавын тухай ном юм биш үү? гэж бодож, чухам яагаад түүнийг дэлгэцийн туслах дүр шиг үе үе оруулж гаргаад байна гэж зохиогчоос нэхэн сууснаа эргэн санахад “Би ерөөсөө л өөрийгөө эл туужуудаас олж хараад байгаа юм биш үү” гэсэн бодол эрхгүй төрнө.
Гэхдээ өнөөдөр энэ хорвоо дээр мэдэрч хүн хард үзэгдэж байгаа “би”-гээ бус, харин бодитоор харагдаж байх ёстой атлаа харагдахгүй болчихоод байгаа өөрийгөө олж хараад байх шиг санагдана. Уран зохиол хэмээгчийн ид чадал чухам үүнд л оршиж, зохиолчийн авъяасыг тунхаглан зарлаж байдаг билээ.
Бум-Эрдэнэ хэмээгч энэ зохиогчийн туужуудыг уншаад би ингэж л бодож сууна. Тэр уншигчаа чөтгөр шуламаар айлгаж, нүцгэн шалдан баатруудаар ичээж, лус савдагаар лүндэгнэн мухар сүсэгт автуулж, элдэв осол аваариар хиртхийлгэж, хутга шөвөг буу шийдэм агсуулж, хулгай дээрэм хийлгэн цочоосонгүй. Харин ч эгэл боргил нь байтугай эвдрэхийн дээдээр эвдэрсэн хүн ч дахин эвдэрчихээд гарч ирдэг, догшин ширүүн хууль ноёрхож байдаг газарт ч хүн чанарын “арал хойг” оршиж л байдгийг чухам эвдрээгүй хүний ноён нуруугаар өгүүлж чадаж байна. Яриад байвал ярих зүйл маань дуусахгүй. Муу зохиол нэг л жимээр гүйгээд байдаг бол сайн бүтээл олон замын бэлчир шиг л байдаг. Тэгэхээр түүний тухай олон санаа, олон өгүүлэмж гарч, оршил үг биш бас нэг зохиол бичүүлчихэж чадах шидтэй. Тийм бүтээл л би уншлаа. Одоо та уншина. Уншаад энэ хүн цаашид юу бичих бол гэж бодох нь дамжиггүй. Түүнийг харин хамтдаа хүлээе.
“Хулан бид хоёр” өгүүллэг хэвлэгдэж олныг шуугиулан, ухуулгын аман өгүүлэмж шинжтэй байсан манай утга зохиолыг шинэ шатанд гаргаж байхад би төрөөгүй байлаа. Харин “Хувь заяаны хэлхээ” хэвлэгдэн, элдэв шалдавын дүр зураг холилдон бантагнасан манай өнөөдрийн утга зохиолыг хүн чанараар “хувцаслаж” эхлэхэд би бууралтчихсан өвгөрөх тал руугаа гишгэж явна. Энэ хоёрын хооронд мөн ч их юм багтаж байгаа боловч би ганцхан зүйлийг худгаас ховоо татах адил гаргаж ирмээр санагдлаа.
Энэ бол авъяас гэдэг үг, ухагдхуун юм. Эрдэнэ баавай, ........ хоёр маргашгүй авъяастнууд бас “төрөл садан” ажээ.

Зохиолч Доржзовдын Энхболд. 01,06,2008. Чикаго хот.

Хавтасны зургийг манай блог анд шог зохиолч, зураач А.Амарсайхан зурсан болно


Бүрэн эхээрээ...

Явахыг хүснэм би

15 Сэтгэгдэлүүд:

Явахыг хүснэм би
Яагаадыг бүү мэд дээ

Талын тэртээх буйдхан алсад
Таанын толгой имэрч суумаар
Тэнгэрт бутарсан оддын зүг
Тийм нэг, дурсамж болон алсармаар
Яагаадыг бүү мэд дээ
Явахыг л би хүсэх юм даа
Орчлонд буй байгааг минь шивнэсэн
Оройн нарыг гөлөрч зогсмоор
Оногдсон тавилангийнхаа хамгийн сайхныг
Ондоо газраас нэг хармаар
Гэгэлзсэн зүрхний гунигийн дарстай
Гэгээн алсад шингэж одмоор
Надаас асгарах гунигсийг цуглуулан
Навчис мэт хөглөрүүлэн туучиж орхимоор
Явмаар л байх юм даа
Яагаадыг бүү мэд дээ
Санаанд аяглах үрийнхээ аалиар
Саранд, нар байдгийг сануулмаар
Ээждээ үнсүүлэх хүүгийнхээ даахинд
Эргэж, би үнэр болон буумаар
Яасан юм бол, мэдэхгүй дээ
Ямар ч байсан явмаар . . .

Бүрэн эхээрээ...

Лойдор - 2 (Өгүүллэг)

21 Сэтгэгдэлүүд:

Сайханболд хичнээн хүсэж байсан ч халуун элсэнд тагаараа шааж тогтсон дашмагийг авсангүй. Ловдон босож дашмагаа аваад Жа – гийнхаа хажууд хамраа шуухитнуулан суув. Хумсанд нь хир шигсэн мойногор хуруунуудаараа дашмагныхаа тагийг эргэдэхэд элсний ширхэгүүд таганд хавиралдан сонсогдоно. Сайханболд хорвоогийн амин зүрхийг ширтэх мэт дашмагнаас харцаа үл салгана. Тэрээр аргаж хуурайшсан завжаа шилэмдэн хий залгихад төвөнх нь гурвалжлан гүвэлзсэнээ гүдхийн дуугарав. Түүнд одоо Ловдон нөгөө нэгэн гоожуур биш өөрөөс нь хувь илүү хүн харагдаж байлаа. Ловдон тагаараа нэг ус хийгээд талыг нь өөрөө уруулынхаа завсар хийгээд үлдсэнийг нь Жа – даа өгөөд буцааж таглахад Сайханболд аргаа барсан харцаар түүнийг харна. Ловдон “Энэнээс өөр байхгүй шүү” гэх шиг үлдсэн жаахан усаа сэгсэрч сонсгоод үг ч дуугарсангүй босоод явах гэснээ элсэн дунд хэвтэх хүүхний гоё зураг мөрлөвчинд нь наасан түүнийг бууг аван давхарлаж үүрээд манхан өөд зүтгэлээ. Ловдон ч гэсэн үхэх хүсэлгүй нь мэдээж.
Байгаль гэдэг харгис үедээ юутай харгис вэ? Зах хязгааргүй элсэн манхан, хайрлахыг мэдэхгүй атга шар наран энэ хоёрын зовлонд ханаагүй бололтой. Амьтай голтой бүхнийг амьдаар нь борцолчихоос сийхгүй ажээ. Энэ хоёрыг байтугай хэдэн сая живаа амьтаныг борцлон энэ их элсэн дундаа авч одсон юм билээ бүү мэд.
Араас нь нилээд дагаж явсан Сайханболдын толгой эргэн, чих нь шуугина. Цаашаа хараад явж байгаа Ловдон нэг орйтон нэг холдож, заримдаа зэрэглээн дунд хоёр ч болон харагдана. Түүний тархинд болоод өнгөрсөн элдвийн явдлууд эмх замбараагүйгээр эрээлжлэн орж ирнэ.
- Сайханаа битгий л дээ. Би чамайг ингэнэ гэж бодоогүй шүү дээ гэж нулимсандаа халтардсан бүсгүйн гиншээ
- Еэ! чи эр хүн л юм бол хоёулханаа үзье л дээ гэх тархиа хага цохиулсан эр
- Чи ер нь биднийг яаж зовоох гэсэн туучий вэ? гэж бачимдан хашгирах ээжийнх нь үсээ үгтээсэн царай
- Шоронд явсанаас дуугай л энэ цэрэгт явж үз гэсэн эцгийнх нь аргаа барсан дуу
- Ус, ус! чамд өгнө гэж бодож байна уу ха ха гэх Ловдон гээд учир замбараагаа алдсан олон дүрс орж ирнэ. Эцсийн мөчид тэрээр Ловдонг дахин нэг харах гээд толгойгоо өргөтөл хурц наран нүдэнд нь нэг их гялс гээд, элсэн манхан босож ирээд улаан нүүрэн дундуур нь цохиод авах шиг боллоо.
Ловдон ч гэсэн ядрахын туйл болсон байлаа. Тэрээр халууцаж ядарсандаа уцаар нь төрөв бололтой үүрч явсан хүнд аранзаа мөрнөөсөө мултлан хаялаа. Түүний нуруу, суга тэр чигээр хөлсөнд нэвчин үүргэвчний нь ормоор норсон харагдана. Аранз нь уяа бүчээ хэдэн тийш нь сарвагнуулан, элс бужигнуулсаар Сайханболдын хажуугаар гаран тэртээ доошоо өнхрөн одов. Харин хоёр буугаа хаясангүй. Байлдааны зэвсэгээ хаях нь байтугай дайсанд ч өгч болохгүй гэдгийг тэр мэддэг бололтой. Тэрээр эргэж харсан ч үгүй цааш гэлдэрлээ. Түрүүний болсон явдалд Ловдон ихэд цочирдон айсан. Буутай хүн, тэр тусмаа Жа – гийн өөдөөс өөрийгөө тэгж хөдлөнө чинээ санаагүй. Гэтэл аминдаа тулахаар хүн юу ч хийж чаддаг юмсанж.
“Жаахан ч гэсэн салхи гарчихгүй л юм байхдаа” бодон ийш тийш саравчилвал түүнээс нилээн зайдуу хонхорт нэгэн арзгар бут шиг юм харагдав. Юу ч үгүй элсэн цөлд гэнэт юм харагдах нь итгэмээргүйгээс гадна эвгүйцмээр санагдав. Гэвч арзайж сарзайсан тэр бутанд л амьдрал байгаа юм шиг дотно санагдаж, баярласандаа Сайханболдод хэлэх санаатай эргэн хартал Жа нь түрүүлгээ харан унасан байлаа. Ловдон Жа - руугаа гүйлээ. Гүйх ч гэждээ чааваас хоёр буу нь дамналдаж зөрөөд, оосорт нь ороолдон, элсэнд шургачин унаж туссаар ирээд дээш нь харуултал ухаан алга. Ам хамарт нь элс чихээд амьд гэхэд хэцүү харагдав. Амьсгааг нь чагнасан мэдэгдсэнгүй. Айсандаа салганаж чичирсэн дуугаар
- Жа, Жа гэж дуудан сэгсэрсэн ч сэрэх янз байдаггүй. Карантин дээр нэг шинэ цэрэг ухаан алдахад Жа нь элэгдээд босгож байсан санагдаад элгэн тус газар нь цохиод орхилоо. Жа нь янцаглан дуугарах шиг санагдав. “За ямарч байсан амьд л юм шиг байна. Яаж ийж байгаад тэр бутан дээр очъё” гэж бодогдоод болох биш. Энэ хайрлахыг мэдэхгүй улаан нарнаас тэр бут л аврах юм шиг санагдана. Ямартай ч гэсэн Жа – гийнхаа суган доогуур нь толгойгоо шургуулаад өргөх гэсэн нь даасангүй. Суганаас нь хачин нясуун үнэр хан хийв.
Анх цэрэгт ирээд өдөржингөө номхон командтай зогсох нь элбэг. Тэгж байхад жагсаалын өмнүүр Жа алхаж өнгөрөхөд энэ сонин үнэр их үнэртэнэ. Нэг удаа хажуу дахь цэргээсээ энэ үнэрийг асуувал
- Манай Жа чинь хойно сургуульд байсан юм гэнэ лээ. Бодвол тэр орос моросын л үнэр байх гэсэн. Тэрнээс үүдээд Ловдон “нөгөө орос үнэр” гэж бодож амжив.
Даахгүй болохоороо ар нуруундаа үүрлээ. Арай дээр юм. Бас хоёрын хоёр буу бий. Түүнийгээ хүзүүнээсээ өлгөн урдаа гаргав. Өөрөө ядарч үхэх гэж байгаа Ловдон хичнээнхэн хол явах вэ дээ. Гэхдээ хар хөлс нь ус шиг асгаран, хамар сарталзан сөөм сөөмөөр урагшилж л байлаа.
Ловдон тэрэгнийхээ халтар хайнагийг саналаа. Тэднийх чөдрийн хоёр морьноос өөр адуу гэх юм байхгүй. Саалийн гурван үнээ, нэгдлийн хэдэн хонь тэгээд л болчихно. Жилийн жилд нүүхдээ халтар хайнагандаа тэргээ хөллөнө. Халтар хайнаг нь хамраа дуугаргаад л зүтгэнэ. Ээж нь л чааваас
- Ишш! энэ муу хайнаг байхгүй бол хүү бид хоёр гар мухар шүү дээ. Ёстой нэг буянтай мал шүү гэдэгсэн. Бодлоос бодолд дамжин явахдаа Ловдон нуруун дахь ачаагаа түр ч атугай мартагнана.
Ловдонд аав гэж үгүй. Байх л ёстой байх л даа. Гэвч Ловдон түүнийг мэдэхгүй. Ээж нь ганц хүүгээ үүрээд л явах. Ээжийнхээ нуруун дээр Ловдон хүү ёстой нэг айх аюулгүй амгалан сайхан явдагсан. Тэр үеэ санаж байхыг бодоход нилээн том болтлоо үүрүүлсэн юм байхаа даа. Угаасаа жаахан ядруухан тэднийх хаа ч гэсэн шоовдордуу. Ээжээс нь өөр эрхэм хүн Ловдонд үгүй. Хааяахан орж гарсан хүнд ээж нь
- Би яах вэ. Энүүгээрээ л нэг хүн хийчих юмсан. Тэгвэл одоо надад өөр юм хэрэггүй дээ л гэж суух. Царай зүс нь гундуухан юм болов уу даа муу ээжийг нь хишиг өдөр нь ганц нэг юмнууд муучилна уу болохоос хүний ёсоор харьцсан нь үгүй. Тэглээ гээд ээж нь хүний хорвоод гомдож сүйд болоогүй. Ганц хүүтэй болчихсондоо тэр ч байж мэдэх юм. Гомдоллоо гээд хэндээ ч гаргах билээ. Малнаас орой орж ирээд хүүдээ аяга хоол хольж өгчихөөд, хөлсөө шудран суухдаа, хүүгээ үнэрлэж
- Эвий дээ ганц үр минь гэж. Миний хүү чинь эжийдээ хээрээс олдсон хишиг юм байхгүй юү гэж хэн нэгний юмуу эсвэл хувь заяаныхаа асуултанд өөрөө хариулж суудагсан.
Нэг удаа эжийдээ үүрүүлэн явсан Ловдон хүү ээжийнхээ бүдүүн хар гэзгийг нэг мөрөн дээгүүр нь давуулангаа
- Ээжээ
- Юу вэ? Миний хүү
- Та алчуураа яачихсан юм бэ?
- Гээчихжээ миний хүү
- Та ядарч байна уу?
- Гайгүй дээ хүү минь
- Би том болоод танд Бадам эгчийнхээс гоё, саатай алчуур авч өгнөө. Тэгээд бас бяртай болохоороо таныг үүрээд л яваад байна гэхэд ээж нь
- Ишш! хүү минь . . . гээд хэсэг чимээгүй болж, хөлсөө ч юмуу нулимсаа ч юмуу арчсанаа
- Тэгнэ дээ миний хүү. Ээжийгээ том болоод үүрнээ гэж билээ.
Ловдон хүү зургаа, долоо орчим настай байхдаа цас халтардсан хаврын нэгэн өдөр өөртөө томдсон хурганы уут үүрэн хониндоо явлаа. Ээжийнхээ сэлгээнд үдийн хугаст явдаг хэрэг. Тэгтэл хоёр хонь ойрхон хургалав. Хүйтэн цасан дээр эхээс унасан хурга удалгүй бөмбөгнөтөл чичрээд ирэв. Ловдон хоёр хургаа уутандаа хийгээд үүрлээ. Ловдон шиг жаахан амьтанд хоёр хурга гэдэг бас л хүнд ачаа. Ловдон хүүг элэг барьсан уу яасан хоёр том эм хонь дөнгөж хөнгөжсөн эм амьтаны совингоор хургаа тойроод ээрчихээр явж ч болохгүй. Хургаа даахгүй ядаж яваа амьтан хонины шөргөөлтөнд шургачиж уначих гээд явахад тун төвөгтэй. Хөдсөн дээлтэй хөлс нь цувсан юм арайхийн гэртээ иртэл ээж нь
- Миний муу хүү бүр овоо доо. Хургаа осгоочихгүй аваад ирдэг. Хүн л болж байгаа нь энэ шүү дээ гээд бүр том хүн шиг хоймортоо суулган хярамцагтай бантан хийж өгч байсансан.
Ловдон бага сургуулиас цааш яваагүй дээ. Бичиг үсэг гаргах л төдий. Сумын төв дээр тэр болгон ирж байгаагүй. Харин цэрэгт татагдах өдрөө ээжтэйгээ цуг суман дээр ирсэн. Ловдон цэргийн комиссоор ороод тэнцэв. Тэнцэх тэнцэхдээ хилийн цэрэгт явах болов. Эх хүү хоёрт түүнийг мэдэж байгаа юм алга. Жилийн дөрвөн улиралд хээрийн салхинд хатсан сархинаг шиг болтлоо нүдүүлсэн хүрэн нүүрэндээ инээмсэглэл тодруулан, хүүгээ хөтлөн олны дундуур хөлсөө шудран яваа. Хорвоо дээр ганц хүү төрүүлсэн нь эр цэргийн албанд тэнцсэнд муу ээж нь хүүгээ их л том албанд явуулах гэж байгаа юм шиг баярлаж байгаа нь тэр. Түүнд өөр гайхуулах юм энэ хорвоод байхгүй. Тэрээр олны хөлөөс зайдуу гараад
- За миний хүү эндээ сууж бай. Ээж нь хүү дээ . . . гээд үгээ таслан өврөө ухаж, ухаж улаан сугандаа үргэлж авч явах жижигхэн даавуун уутнаас алчууранд боодолтой юм гаргаснаа
- Хуушуур авч өгнөө гэж түрүүчийнхээ үгийг гүйцээв. Боодол дотроос нэг улаан аравт, хоёр цэнхэр тавтын дэвсгэрт гаргаж ирэв.
- Миний хүү үүнийг цааш нь сайн далд хийгээрэй. Хол яваа эр хүнд хэрэг болж мэднэ гээд чийг даасан арван таван төгрөг хүүдээ өгөөд
- Энүүгээр нь ээж нь хүүдээ хуушуур аваад ирье гээд сумын гуанзан руу гандмал ногоон дээлийнхээ хормойд ороолдон майрагнан алхав.
Ловдон ээжийнхээ хөгшин залууг, тэр байтугай хэдэн настайг мэдэхгүй. Ээж нь түүнийг залуухандаа л гаргасан гэдэг. Тэгэхээр бас ч гэж ануухан л баймаар. Түүнд ээж л бол ээж болохоос бусдыг тэр бодож байсангүй. Ээж нь таван хуушуур бариад ирлээ. Ловдон гуанзангийн хуушуур анх удаа харж байгаа нь энэ. Бага байхад нь наадамд явсан саахалтын хүүхдүүд л ийм хуушуурын тухай ярьдагсан. Үнэр танар гэж жигтэйхэн гоё ажээ. Ловдон идэж гарав. Нэг мэдсэн чинь ээж нь түүнийг таг гөлрөн сууна.
- Та идээ ч гэхэд
- За яахав миний хүү хол явах гэж байгаа хүн ид гэхэд
- Ядаж нэгийг идчих гээд авч өгвөл ээж нь хоёр гардаж авав. Бодвол бас идэхсэн гэж бодож байсан байх. Ловдон гэж ийм л амьтан цэрэгт ирсэн.
Тэрээр бодолдоо болоод бас ч гэж овоо явжээ. Нөгөө бут нилээн тод харагдаж байв. Ловдонгийн хөл нь цуцаж, хоёр гар нь салганана. Сүүлдээ Жа – гаа даахгүй буулгалаа. Буулгах гэж зүгээр л унгачихлаа. Хамаг биенийх нь хөлс сад тавин урсаж, өмссөн бүхэн нь биетэй нь наалдана. Нэгэнт өргөж даахгүй тул түүнийг чирлээ. Элсэн дээр юм чирэх шиг үнэхээр хэцүү юм байхгүй байх. Ловдон шүдээ тас зуун гулдачсаар арай гэж нэг юм загийн бутан доор ирлээ. Бутны ёроолоос хоёр гүрвэл гарч хаашаа ч юм сарвалзан гүйв.
Хатаж арзайсан тэр бут эрт галавын сөнөсөн ертөнцийн үлдэгдэл шиг харагдана. Өгөршин цайсан түүнд амьд шинж ер алга. Мод уу, чулуу юу гэмээр л болжээ.
Ловдон цэрэг хүрмээ тайлж, бутан дээр тохон сүүдрэвч маягтай юм болгон Жа – гийнхаа толгойг шургуулав. Өөртөө бас тийм юм барив. Нүүрэн дээр сүүдэр тусах үнэхээр сайхан байлаа. Тэр өндийж Жа – гийнхаа амьсгааг чагнавал амьд нь ч амьдаа. Дашмагаа онгойлгож усаа таганд нь хийвэл дүүрсэнгүй. Бүр эцсийн дуслыг шавхаад ч дүүрсэнгүй. Үүнээс өөр ус байхгүй гэж бодохоор өөр хүн юм бол сэтгэлээр унаад үхмээр. Цөлхдүү төрсөн Ловдон тэгтлээ их бодсонгүй. Эхлээд талыг нь өөрийнхөө аманд хийх гэснээ больж Жа-гийнхаа амруу жаахан хийх гээд тонгойхдоо эцэж цуцсан гар нь салгалж чичирч байгаад газар асгачихлаа. Жаахан ус элсэн дээр унах мөртөө бөмбөрцөглөн өнхөрөх ая үзүүлсэнээ тэрүүхэндээ уусан шингэв. Ловдон ухасхийн чимх хүрэхгүй чийгтэй элсийг атган авч бусад хуурай элснээс ялгах гэсээр байтал бараг хатчих шиг болов.
- Еэ! чааваас гэж толгойгоо шаан гасалсанаа хоосон дашмагаа хий дэмий сэгсэрлээ.
Тэр хэзээ ч ингэж харамсаж байгаагүй. Түүний хамгийн сүүлчийн итгэл найдвар ингээд өнгөрөв. Одоо тэр ямар ч, бүр ямар ч тэнхэлгүй болов. Уйлах гэсэн нулимс ч гарсангүй. Сүүдрэвч шиг юман доогуураа толгойгоо шургуулахаас өөр санаа түүнд орж ирсэнгүй. Нүд нь эрээлжлэн хамаг бие нь салганан чичрэх Ловдон зөөлхөн мөлхсөөр толгойгоо шургуулан түрүүлгээ харан хөсөр хэвтэхэд нүүр нь бутны ёроол руу харж таарав.
Их говь агаараа дүнгэнүүлэн өрөвдөх ч шинжгүй лүглийж, хүчээ алдан тонгойх тусам улам хүндрэн тавлана. “Ингэдэг л юм даа” гэсэн шиг шар нар тэндээ аргамжаатай. Эцсийн мөчид Ловдонд “Би ингээд үхлээ гэж үү, одоо яах вэ энээ тэрээ” гэсэн бодол ч орж ирсэнгүй. Үхэл нүүрлээд ирэхээр хүн зоригтойдоо биш зүгээр л цагаандаа гардаг ажээ. Тэр нүдээ аних л үлдсэн мэт зовхио зугуухан буулгав. Түүнд ээжийнх нь хамгийн сүүлд
- За яахав миний хүү сурсан мэдсэн бага, сул доройдуу болохоор цэрэг гэдэг хэцүү л байх байх. Гэхдээ миний хүү энэ чинь хугацаатай юм шүү дээ. Олон аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцэж явах шиг сайхан юм хаа байхав. Миний хүү хүн л болоод ирээрэй” гээд цайгаа оочлон суусан нь бодогдож байв. Нүдэнд нь ээж нь наранд гандсан ногоон дээлтэйгээ бүртэлзэн үзэгдэнэ. Тэртээ хол уу эсвэл тэрүүхэн тэнд үү үл ялгагдана. Ээжийгээ дахиад нэг харчих санаатай нүдээ нээлээ. Ээжийнх нь ногоон дээл навч шиг болж харагдав. Ловдон итгэсэнгүй. Нүдээ анилаа дахиад л ээж нь . . . Нүдээ нээлээ мөн л навч шиг ногоон цэг. Ловдонгийн хүүхэн хараа томорч ээж нь ч юм шиг санагдаад байх тэр ногоон цэгийг сайн харав. Гэтэл тэр бутны ёроолд жижигхээн ногоон нахиа байхыг Ловдон харлаа.
Тиймээ тэр бут амьд байжээ. Ловдон хуруугаа явуулж тэр нахиаг энхрийлэх мэт оролдож байснаа гэнэт нэг юм санав бололтой бутны ёроолын элсийг гараараа самарч гарлаа. Самарсан газар нь элс урсаад л дүүрэх, буцаагаад л самрах. Тэгэн тэгсээр чийгтэй элсэнд хуруу нь хүрэв. Хүүхдийн зулай шиг зөөлхөн, эмзэгхэн байв. Нойтон элсийг амандаа барьж шимлээ. Юм гарахгүй ч гэсэн нэг л таатай. Нүүрэндээ наав. Амьдрал гэж ийм л байдаг болов уу. Амьдралыг юуханаас ч амсаж болох ажгуу.
Жа – гийнхаа нүүрэн дээр нойтон элс тавив. Амьдаа мэдэгдэх гэсэн шиг Сайханболд татвагнан хөдлөв. Нойтон элс шимсээр овоо болсон Ловдон чухам яагаад ч юм тэр бутыг хөдөлгөж үзмээр бодогдоод байв. Хөлөөрөө тийрч үзэв. Хөдлөх шинж даана ч алга. Гэнэт буугаа саналаа. Сөөлжин хэвтэх хоёр буу руу гараа явуулж, наана нь байгаа бууг оосроос нь татан авлаа. Жа – гийнх нь гоё хүүхний зурагтай буу байв. Бууныхаа бөгсөөр бутны ёроолыг дэлслээ. Чухам яах гэж тэгж байгаагаа мэдсэнгүй. Дахиад нэг дэлслээ. Хүч чадал нь барагдсан ч гэлээ далайж далайж гурав дахь удаагаа буулгатал Панн!хийх чимээ гаран доргионд нь болоод хойшоогоо саван унав. Өрөөсөн шанаа нь юмаар исгэчих мэт халуу шатна. Дээшээ хараад унасан чигээрээ юу болсоныг ухаарах санаатай хэвтэж байтал нүдэнд нь тэнгэр өөд цойлон нисэж яваа хоёр шувуу харагдав. “Шувуу байна” гэж бодон тархиных нь манараа арилаагүй байсан Ловдон ухасхийн бослоо. Тэр их хүч хаанаас гарав бүү мэд. Ловдонд яг л галзуурч байгаа юм шиг санагдана. Энэ эзгүй говьд юун шувуу байдаг билээ. Тэр хүчлэн байж хажуугийн манхан руу авирав. Мацсаар байж гарч иртэл тэртээ доор бяцхан баян бүрд харагдах нь тэр. Ловдон нүдэндээ итгэсэнгүй. “Их халуунд ингэдэг юм гэсэн. Яг түрүүний Жа шиг юм болох вий” гэж бодов. Гэтэл тийм бишээ. Нилээд хэдэн бут, бас хэдэн тэмээ бололтой малын дүрс хүртэл харагдав. Ловдон эргэн хартал Жа нь ямар ч хөдөлгөөнгүй. Түүний хоёр талд хоёр буу хэвтэнэ. Ловдон буцан буулаа. Жа – гаа арай гэж нуруун дээрээ гарган хоёр бууныхаа оосрыг тохойдоо углаад хэвтээгээрээ мөлхлөө. “Би буруу харсан бол яанаа” гэж бас бодов. Ямар ч тамир байхгүй байсан ч Ловдонд амьд гарах хүсэл байв. Тэрээр зүтгэсээр байж түрүүчийн манхан дээр эргэн гарч ирлээ. Харсан зүйл нь яг тэр хэвээрээ л байж байв. “Яаж тэр хүрэх вэ” гэж бодож хэвттэл бүрдний урд талын манхан дээгүүр баахан бүртэлзсэн юмнууд гараад ирлээ. Тэд тэр хоёрын байгаа манханы орой руу шуурхайлан яваа харагдана. Ловдон амандаа
- Юу вэ? Тэмээ, мал юм болов уу? гэж амандаа шивнэлээ. Одоо түүнд ямарч тэнхээ байсангүй. Тэр байтугай дээрээ байгаа Жа – гаа ч унагах хүчгүй болжээ.
- Жаахан амар ч байгаад . . . гээд үгээ гүйцээлгүй нүдээ анилаа.
Нилээд амарсан шиг санагдаад “За мөлхөндөө” гэж бодон нүдээ аажуухан нээсэн чинь
- Хүүе! Эмчээ ухаан орлоо гэх дуулдав. Ловдон цэргийн эмнэлэгт ухаан орлоо.
“Сонин юмаа. Нүдээ жаахан л аних шиг болсон шүү дээ” гэж Ловдон орчин тойрондоо итгэж өгөхгүй байлаа. Хэсэг байзнасны дараа гэнэт Жа – гаа санав. Тэгээд сувилагчаас
- Манай Жа яасан бол? гэхэд сувилагч бүсгүй
- Танай Жа юу? гэж жоготой нь аргагүй инээмсэглэснээ
- Танай Жа яахав дээ ямаа шиг үхэхдээ ч амархан, сэхэхдээ ч амархан амьтан. Аль өчигдөр гараад явсан гэлээ. Харин чи л ухаан орохгүй хэд хоночихлоо.Ловдон Жа – гаа ямарч байсан амьд гэдгийг мэдээд “Одоо уулзахаараа шанаадах болов уу яадаг бол” гэж бодов.
Гурав хоноод Ловдон эмнэлэгээс гарав. Энэ өдөр ангийн дарга хурандаа Совхирон бүх бие бүрэлдхүүний өмнө түүнийг гаргаж хээрийн сургуулийн явцад хамт явсан нөхрийнхөө амийг аварсан гэж магтаад түүнийг арван дөрөв хоногийн орон нутгийн чөлөөгөөр шагнав. Салааных нь цэргүүд бүгд баяр хүргэж, зарим нэг нь атаархалын нүдээр харна. Тэгтэл жижүүр цэрэг гүйн ирж
- Байлдагч Ловдонг жагсаалын дарга дуудаж байна гэлээ. “Одоо ч Жа- д алуулж өгөх байхдаа” гэж бодсоор очоод
- Нөхөр ахлах түрүүчид гээд л ээрч мууран эхэлж байтал
- За болно болно. Май энэ миний нэг ээлжний хувцас. Явахаараа өмсөөрэй гэхэд ямарч байсан зодохгүй юм байна гэж ойлгосон Ловдон
- Та үүнийгээ нэг газар хадгалчих, тэгэх үү? Би халагдахдаа өмсье
- За хаа байсан халагдах. Тэр үед чинь болох л байлгүй. Цаг давчуу болохоор өөр юм алга. Наадахаас чинь л арай дээр гээд өгөршиж цайсан гутал, өнгөө алдсан хувцасыг нь харлаа.
- За баярлалаа
- Харин би чамд амийг минь аварсанд баярлалаа. Чи бид хоёрын хооронд болсон явдал эр хүмүүсийн нууц шүү за юу гээд түлэгдэж холцруудсан хоёр нүүр бие биенээ харан инээмсэглэв. Ловдон
- Эд нар бид хоёрыг яаж олсон юм бол? гэж одоо болтол яаж энд ирсэнээ сайн ухаараагүй учир асуувал
- Яах юу байхав дээ чиний буудсан буун дууг сонссон юм билээ. Тэгээгүй бол бид ангиасаа зөрөөд явчих байсан байх гэснээ
- Өө тийм энэ чиний нэг сарын цалин гэж хорин төгрөг өгөв. Ловдон цэрэгт ирсээр хэзээ ч мөнгө авч үзээгүй байлаа. Ийм цалин авдагийг мэддэг ч үгүй юм.
Сайханболд боодолтойгоо тэврэн гутлаа чирэн гарч яваа Ловдонг араас нь нилээн удаан харж зогслоо. Хатаж, аргасан заг шиг ийм хүмүүсийн дотор чухам юу оршдогийг тэр одоо мэднэ. Ловдон түүний амийг ч, амьдрлыг үзэх үзлийг ч аварсан байж мэднэ. Гэхдээ тэр одоохондоо үүнийг анзааргүй байж болох юм. Ловдон бол бүр мэдэхгүй яваа.
Ямартай ч гэсэн тэд энэ цаг үеийг эзлэн төрсөн нэгэн үеийнхэн. Бас эр цэргийн албанд татагдан ирсэн эх орны хөвгүүд. Харин тэр нууц тэдний хооронд насан үүрд үлдэнэ.
Хэдхэн цагийн дараа Ловдон цэргийн шуудангийн машинд суучихсан аймгийн төв рүү загийн бут битүү ургасан их хөндий дундуур тоос татуулан давхиж явлаа. Энэ бут ийм олноороо нэг доор байдаг нь их сонин санагдана. Ловдонгоос арай өөр хүнд бол уур хүрмээр ч байж магад. Харин арзайж сарзайсан тэдний ёзоорт анзаарагдаж харагдамгүй жижигхэн ногоон нахиа, бүр доор нь амьдрал тэтгэсэн нойтон элс байдгийм. Одоо Ловдон үүнийг сайн мэднэ.
Тэрээр цав цагаан захтай парад хувцсан дээр өнгөлж зүлгэсэн, шар аралтай бүс зүүгээд, өндөрлөж янзалсан гялалзсан хар бакаль углажээ. Цэрэг хүний зах гутал хоёр л өнгөтэй байвал болдог юм хойно доо Ловдон шал өөр харагдана. Бас болоогүй ээ, нүдний нь буланд сэрвэлзэх мөрдөс дээр нь жагсаалын даргын гурван зураас байсныг гэрчилсэн оёдолын ором зурайна. Энгэрийнх нь халаасанд орон нутгийн чөлөөний хуудас бий. Энд тэндээс нь өнөөх сонин орос үнэр үнэртээд ч байх шиг. Дэндүү гял цал хувцсандаа дасаагүй Ловдон шанааныхаа шинэхэн тогтсон нарийхан цагаан сорвийг хааяа нэг маажлан, нөгөө гартаа Жа – гийнхаа өгсөн хоёр аравтыг тас атган цомцойн сууна.
Тэр “Энэ мөнгөөрөө аймгийн төвийн дэлгүүрээс ээждээ саатай алчуур авна даа” гэж бодож яваа. . .
Бүрэн эхээрээ...

Лойдор - 1 (Өгүүллэг)

5 Сэтгэгдэлүүд:

Зах хязгаар нь үл мэдэгдэх давхарлаж үелсэн говийн шаргал манхад чинээндээ тултал халсан тэнгэрийг битүү нөмөрсөндөө бэгнэгдсэн мэт халуу дүүгүүлэн уухьлана. Тэнгэр газрын хооронд үнэндээ хуруун чинээ ч зай алга гэхэд болмоор. Зэргэлээ жирвэлзэн тонгочих манхадын хэцээр хоёр хүн халсандаа дүнгэнэн хүүгэхээс өөр шидгүй агаарыг нуруун дээрээ үүрэн, таг дүлий энэ их говийн дунд тамираа баран энд тэнд гишгэлэн уван цуван алхална.
“Очиж очиж энэ муу гоожуурын өмнө унахгүй юмсан. Яасан хурдан явдаг муу новш вэ. Ядаж байхад хуруун чинээ ч үүл гарахгүй юм даа” гэж бодон Сайханболд хоёр хөлөө чирэн алхаж яваадаа Ловдонгоос баахан санаа зовно. Түүний уруул омголтон хатаж, их долоосондоо энд тэндээ хагарч, уруулыг нь эмжин цагаан хүрээ татжээ. Угаас шингэвтэр шар царай нь одоо хүүхдийн нурсан хонго шиг ухаарч ягаарна. Өсгийг нь өндөрсгөж дэглэсэн орос бакаль нь даагдахын аргагүй хүндэрч, нүүрээ тольдоход болохоор шахуу гялалзаж явдаг нь өнгөрөөд, өгөршсөн цагаан саарал юм болжээ.
Түүнээс хориод алхамын өмнө Лондов хэмээх эдний салааны хамгийн лойдор цэрэг явна. Хувцас хунар нь угаасаа л гандаж цайрсан өнгө муутай. Гутал нь гэж хоншоор нь ээтийгээд, өсгий нь яайжийсан, хангалтанд тавьсан цагаас нь хойш тос түрхэж байгаагүй болов уу гэмээр арзайсан цагаан юм.
“За байз Жа яаж байгаа бол” хэмээн эргэн эргэн харна. Тэр, дашмагаа хоосныг мэдсээр байж хойшоогоо байдгаараа гэдийн амруугаа дусал ч болов ус оруулчих санаатай гудчин зогсоо Сайханболдыг хараад “Жа усаа дуусчихаж дээ янз нь. Надад тун бага ус байгаа юмсан. Буруу яваад байнаа гэж хэлээд байхад өөрийнхөөрөө зүтгээд, хүн загнаад байсан юмаа. Харин ч хил давчихаагүй нь их юм. Тэгсэн бол балрахгүй юү. Урд шөнө Жа даана ч их мэдээд явсан юмаа” гэж бодсоноо Жа-гаа хүлээн зогсов.
Адуу малнаас өөрийг үл мэдэх хөдөөний энэ залуу ноднин хавар цэрэгт татагдан хилийн цэргийн дугаар ангид ирж, цэргийн эрдэм сурах дөчин тав хоногийн карантинд гарсан боловч үнэндээ баруун зүүнээ дөнгөж ялгахтайгаа болсонсон. Хилийн заставын хэдэн офицер дарга нарын уурыг барсан амьтан шөнийн манаа, шал хоёроос салаагүй яваа. Ямарч малыг нас, шүд, өнгө зүсээр нь ялгаад байх хэр нь элдэвийн хичээл ном, буу шийдэмний нэр усыг ер тогтоохгүй. Эмнэг хангал булгиулаад тогтоод байх хэрнээ тэрүүхэн модон морин дээгүүр яаж ч хичээгээд харайж үл чадна. Гурав суниаж зургаа дардаг шинэ цэргийнхээ нормыг чардайгаад чардайгаад хийж дийлэхгүй. Өвлийн шуурга, хаврын хавсрага, зуны халуунд хонь малын хойноос хөөцөлдөж явсаных харуул манаанд гарах нь түүнд зовлон биш. Элдэвийн ном хэлж, хэн нэгэнд байцаагдаж зогссоноос казарамныхаа шалыг лаадсан шиг зүлгэж суувал түүн шиг жаргал үгүй.
Хааяахан зүүдлэнээ мань хүн. Хүн аав ээж, амраг садан аргаа ядахдаа нутаг усаа зүүдэлдэг байхад Ловдон эвэр нь хугарсан ягаан сэрх, эргүүтээд бусдын хөлийг гүйцэхээ байсан бор халзан төлөг, их л сайндаа чөдрийн ганц хөгшин морио зүүдлэнэ.
Бодол мөрөөдлийнх нь дунд орших нэг голын тохойд тоглож өссөн ч өөрийг нь хэзээ ч тоож байгаагүй Агьмаад захиа бичих санаа төрж үзэг цаас нийлүүлэн хэд гурван үг бичих аядавч алдахгүй үг байхгүйгээс гадна бээрсэн өт шиг хэдэн үсгийг нь хэрийн хүн байтугай өөрөө ч гаргаж уншихад бэрх тул тэгэсхийгээд болихоо бас мэднэ. Гэхдээ Ловдон сэтгэл зүрхэндээ бол “цэргийн эрдэмд шамдан суралцаж, цээжний хэдийн тоонд яваа, аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэж, амар тайвны харуулд зогсоо” гээд л сэрүүн зүүдлэнэ.
Харин түүний ард яваа Сайханболд бол өөр. Хот газрын ганган шаавай амьтан. Хойшоо сургуульд явсан боловч номноос бусдыг сурсан тэрээр хагас жилээс хойш явах эрхгүй болсон. Элдэвийн хэрэг төвөгт орооцолдчих гээд байсан түүнийг эцэг нь хороо хориныхоо даргад мэдэгдэж байж хүчээр шахам цэрэгт явуулсан. Угаас сэргэлэн хөдөлгөөнтэй, онгиргон дэвэргэн зантай тэрээр цэрэгт ирүүтээ оволзож шоволзсоор нэг мэдэхэд Жа болж амжсан юм. Ганц нэг гадаад үг хэлчихдэг, ганган хээнцэр түүнд энэ цол нь зохисон гэж хачин. Хилийн цэрэгт ирсэн ч тэрээр өдий болтол застав дээр очиж үзээгүй гэхэд бараг болно. Яаж ийж аргалж байгаад ангидаа үлдчихдэг овжин нөхөр. Харин ангийн захирагчийн тушаалаар бүх бие бүрэлдхүүн хээрийн сургуульд гарахад яалт ч үгүй явсан нь энэ. Хичнээн сэргэлэн сэргэлэн гэхэд ангидаа ганцаараа үлдэнэ гэж юу байхав.
Тэдний тасаг толгойн хэсэгт явж дайсны байрлалыг тогтоогоод эргэн бие бүрэлдэхүүнд мэдэгдэх даалгавартай. Салаан захирагч ахлах дэслэгч Балт гэж бахимхан шазруун байрын нөхөр мэдээ хүргүүлэхээр жагсаалын дарга ахлах түрүүч Сайханболдыг байлдагч Ловдонгийн хамт явуулахаар болов.
Хээрийн сургуульд үүнээс өөр баатарлаг гавъяа бараг байхгүйг гадарлах Сайханболд энэ даалгаварт олзуурхана. Ангийн захирагчид хурдхан мэдэгдэж чадвал орон нутгийн чөлөө ч олдож юуны магад. Сайханболдын толгойд чөлөөгөөр шагнуулан хотын гудамжнаа охид хүүхнүүдийг өдрийн нэгээр сольсон шиг явах тухай бодогдсоор ахлах дэслэгчийн газрын зураг дээр юу тайлбарласныг олигтой анхаарсангүй.
- Ойлгов уу? гэх дуунаар сэхээ авсан тэрээр
- Тийм нөхөр ахлах дэслэгчээ гэснээр уржигдар оройхон харуй бүрий болгоод гарсан юм. Тэгэхдээ анги байрласан хээрийн баазаас гараад ганцхан хоногийн газар явсан санагдаад даана ч нэг урамтай алхсандаа. Ловдонг дагуулан алхаж явахдаа говийн тэнгэрт анивчих түм буман оддыг дөнгөж сая олж харсан мэт олзуурхавч яагаад ч юм их хотын гудамжнаа гялалзах тоо тоймшгүй олон гэрлээс юу гэж л дээр байв гэж. Чөлөөнийхөө хуудсыг энгэрийнхээ халаасанд хийчихээд, орныхоо гудсан доор хадгалсан онц байлдагчийн тэмдэгээ гаргаж зүүчихээд, охидуудын нүдийг хужирласан шиг алхаж яваа мэт санагдан сэтгэл өндөр явлаа. Гэтэл Ловдон араас нь
- Жа бид нэг л буруу яваад байх шиг байнаа гэхэд
- Нөхөр ахлах түрүүчээ гээч гэснээ “Ёстой нэг гоожуур шүү” гэж бодон шүдээ зууна.
- Нөхөр ахлах түрүүчээ бид буруу яваад байнаа гэж Ловдон алдаагаа засан хэлэв
- За за чи юугаа мэддэг юм. Дуугай дагаад яв гэж би чамд тушааж байна.
- За жагсаалын даргаа гээд Ловдон нусаа татахад Сайханболдын бүр арга нь барагдсан янзтай шогширч
- Ий! чамайг нээрээ яая даа байз. Мэдлээ нөхөр ахлах дэслэгчээ гээч гээд цааш эргэснээ гэнэт “Энэ мууг ер нь марш хийлгэнээ. Тэгэхээр наад их ам чинь дарагдахгүй яадаг юм“ гэж бодоод
- Нөхөр байлдагч гүйгээд марш гэж командлаад дагуулан гүйв. Нилээн гүйсний дараа Сайханболд амьсгаагаа даран алхав. Тэртээ ард үлдсэн Ловдон сая л нэг юм гүйцэж ирж байгаа бололтой амьсгаадах нь ард нь нэг хөгшин нохой ирэв үү гэлтэй. Сайханболд эргэж хараад “Хн! энэ бид хоёрын байж байгааг. Жаахан шогшчихсон чинь үхэх нь шив дээ. Яана даа ийм амьтан” хэмээн бодно. Тэрээр амсхийн газар суухад говийн элс өнгөн дээрээ цэв хүйтэн, гараа шургуулахад угтаан бол халуун бүлээхэн байлаа. Гүйсэндээ халууцсан тул Сайханболд дашмагтай уснаасаа ховдоглон залгилахад Ловдон
- Та усаа ингэж их ууж болохгүй ээ. Говьд усгүйдвэл хэцүүднэ шүү
- Чи одоо юу юу гээд хуцаад байгаа юм бэ. Маргааш гэхэд анги дээр очихын хооронд юу гээд сүржигнээд, хүнд заагаад байгаа юм. Тэгээд ч ер чи та ма гэчихжээ. Би ямар ах чинь юмуу гэж харанхуйд баахан дүрэмдэв. Ловдон түүний өмнө номхон зогсоно. Сайханболд
- Байлдагч Ловдон харуулд гар гэж тушаагаад өөрөө гэдэргээ харан хэвтлээ. Ловдон
- Мэдлээ гэж дуугарч байв. “Бас овоо шүү дээ” гэж бодов.
Одот хөнжил мэт говийн тэнгэр тув тунгалагхан, ямар ч чимээ аниргүй. Байгаль дэлхий тэр чигээрээ гацчихсан мэт дэндүү намуухан. Гагцхүү сарны зэгэл саарал туяа л бүхнийг өөрийнхөө өнгөнд уусган үнхэнэ.
Сайханболд нэг мэдсэн чинь осгож үхэх нь ээ. Хүйтэн элс доороос нь голд нь ортол хайрна. Говийн шөнө хүйтэн ажээ. Үүрийн гэгээ үнэгэн харанхуйг тэмтчин түлхэж эхлэв. Эргэн тойрноо харсан гоожуур алга. Хамаг бие нь царцаад хөшчихсөн юм шиг л болж. Бээвийж бээцийсээр босоход доороос нь нэг муу аалз дулаахан хоносондоо баярлах мэт арвагнан цааш явахад Сайханболд жаахан эгдүүцсэндээ дээрээс нь шээчих санаатай алцайн зогсож байгаад шээсээрээ хэд мурчигнуулсанаа оносон ч үгүй дуусав бололтой толгойгоо чичигнүүлнэ. Тэр хажуугийн манханы орой дээр ямар нэгэн юм хайх мэт ийш тийш саравчлан зогсоо Ловдонг олж харав. Түүнийг дуудах гэсэн боловч хоолой нь сөөнгөтөөд олигтой ч гарсангүй.
Төд удалгүй манханы оройгоор том шар наран яах ийхийн зуургүй гараад ирлээ. Шөнөжин загзагнасан бие нь нарны илчинд тавираад нэг л сайхан. Тэр байлдааны даалгавартай яваа ч гэсэн өөрөө унтчихсан тул хэнийг гэхэв. “За одоо ингээд алхаад орчихно. Юухан байхав” гэж бодон дашмагтай уснаасаа баахан балгав. Хоолой зураад цаанаа нэг сайхан. Усны баримжаа багсаж байгаа бололтой.
Тэгтэл Ловдон гутлынхаа хоншоороор элс үсчүүлэн бууж ирэв. Явсан мөрөөр элс ус шиг урсан мөрийг нь арилгана.
- За одоо хаашаа явах вэ? гэж айсан янзтай хэлэхэд
- Хаашаа явдаг юм. Анги байрлах хээрийн баазруугаа л явахгүй юү
- Тэгэх нь ч тэгнэ л дээ. Гэхдээ чухам аль чигт байгаа бол?
- Чи зүгээр л намайг дагаад яв гээд Сайханболд түрүүлээд алхлаа. Яаж ч хэлээд ойлгохгүй түүнд цэрэгжилт яриад ч яалтай билээ. Ловдон дотроо “Нэг л буруу зүг рүү яваад байна даа” гэж гадарлах авч Жа-гийн үүрэгдэх, аягүй бол шанаа ирэхээс төвөгшөөн дуугай л дагаад явлаа.
Говийн нар ч яахав дээ гарлаа л бол халж эхэлдэг нь жам. Манханаас манхан дамжин явах тусам тэдний алхаа удааширч, Сайханболдын цээжинд эргэлзэх эргэлзээ хөөж буй гурил шиг томорсоор итгэл сэтгэлийг алдраана. Тэгэн тэгсээр үнэндээ хаашаа явж байгаагаа баримжаалахад бэрх боллоо. Осолдохгүй ичсэн нэрэндээ явсан чигтээ алхана. Бид хаашаа явж байнаа? гэж ямар гоожуураас асуултай нь биш. Гэхдээ түүний алхаа гишгээ нь түүнд захирагдахгүйгээр суларч, итгэл алдарсан тэрээр хий дэмий л Ловдонг ямар нэгэн юм хэлээсэй гэж өөрийн мэдэлгүй хүснэ. Тэгтэл ашгүй Ловдон
- Хүүе! Жа гэж дуудахад Сайханболд уухайн тас хурдхан шиг эргэж хараад
- Юу гээв? гэж асуулаа. Өнөө айхтар цэрэгжилт энэ тэр ч өнгөрөв бололтой. Түүний хоолойны өнгө нь “Би юу ч мэдэхгүй” гэх шиг гонгинов.
- Ахлах түрүүчээ бид буруу яваад байнаа. Урагшаа яваад байна шүү дээ. Аягүй бол хил давчихвал яана гэхэд айсандаа зүрх нь амаараа гарчих шахсан Сайханболд
- Юу . . . Чи тэгээд хэлэхгүй яасан юм? Одоо тэгээд яах юм бэ? гэж асуусан байлаа.
- Би мэдэхгүй л байна л даа. Гэхдээ ийшээ л явж болохгүй гэж явж буй зүгийг нь заавал
- Яагаад?
- Энэ чинь урд зүгээ
- Чи яаж мэдэж байгаа юм?
- Та энэ нарыг хар л даа. Бид урагшаа явж болохгүй. Хойшоогоо л явах хэрэгтэй. Анги баазаа олохгүй юмаа гэхэд ядаж урагшаагаа хил давахгүй шүү дээ гэж хэлээд дашмагтай уснаасаа таганд нь хийн амаа чийглээд буцааж таглах зуураа
- Жа та наад усаа бага уу. Тэгэхгүй бол бид энэ говьд хатаж үхэж мэднэ шүү гэхэд Сайханболдод жинхэнээсээ айдас төрөн царай нь барайж, зүрхэнд нь шар ус хурна. “Өчигдөр орой ахлах дэслэгчийг хэлж яриад байхад анхаарах минь яалаа” гэж үнэн голоосоо харамсан гасалж өөрийн эрхгүй хөл нь нугаран газар суув. Гэтэл халуун элсэн дээр сууяа сууж болохгүй, хэвтье хэвтэж бүр болохгүй, халхлах сүүдэр хаа ч байхгүй. Зовлон гэдэг жинхэнээсээ тэр хоёрт нүүрлэн ирэхэд Сайханболдын хувьд хорвоо тэр чигээрээ нүүрээ буруулчих шиг боллоо. Тэр хий дэмий л
- Одоо тэгээд яах вэ? Ловдоон гэх нь үнэхээр цөхрөнгөө барсан нь илхэн. Ловдонгийн хувьд ч аймшигтай байлаа. Гэхдээ түүнд нэг давуу тал байсан нь “Бид хойшоо л явах хэрэгтэй” гэсэн бодол байгаад оршино.
- За Жа минь усаа бага уугаарай гэж дахин хэлээд, ямар ч байсан хоёулаа хойшоо чиглээд л явъя гэхэд Сайханболдоос дуу ч гарсангүй толгой дохилоо. Ийнхүү Ловдон түрүүлэн алхаж, эрхэм Жа араас нь дагаж яваа нь энэ.
Хэдийгээр тэр түүнийг даган яваа ч Ловдонг өөрөөсөө дорд үзэх үзэл нь хэвээрээ л яваа. Халууныг хэлэх үү өмссөн хувцас нь хүртэл дараа болж байхад буу, аранз гээд жигтэйхэн хүнд, хүнд юмнууд үүрчээ. Тэд нилээд хэдэн элсэн гүвгэрийг давсан боловч нүдэнд торох юм үл үзэгдэнэ.
Ловдон сүүдрээ ихэд богиноссоныг харан
- Жин үд болж байна даа гэж амандаа шивнэн санаа алдаад араасаа ирж яваа Жа-гаа хүлээж тэртээ тэргүй сууж болохгүй тул газар ширтэн гөлөрч хэсэг зогслоо. Тэгтлээ их халсан элсэн дээр амьд амьтан байж боломгүй мэт. Гэтэл яг элс шиг шаргал өнгөтэй нэг аалз хэдэн хөлөө арвагнуулан халуунд дэмийрч солиороо юу гэлтэй хаашаа ч юм гүйн одов. Жа нь үнэхээр сульдсан байгаа нь харагдана. Тэрээр хоёр хөлөө арайхийн сольбуулан зөөх бөгөөд буугаа оосроор нь гартаа өлгөсөн тул бууны бөгс нь газар чирэгдэн элсэн дээгүүр нарийхан мөр татавч төдхөн нурингатан урсах элсэнд даруулан замхран алга болж байв. Тэрээр одоо Ловдогийн алхааг нэгэнт гүйцэхгүй болжээ. Дашмагаа хичнээн шавхаад ч ус үл гарна. Ловдонгийн ташаанд санжигнан яваа дашмаганд ус байгааг тэр мэднэ. Муу гоожуураас гуйна гэдэг гутамшиг. Сайханболд арай хийн гэлдэрсээр түүнийг хүлээн зогссон Ловдон дээр ирж
- Алив чамд ус байна уу? гээд зүгээр өөрийнхөө юмыг авах гэж байгаа мэт гараа сарвайлаа. Тэгтэл Ловдон өөдөөс нь нилээн харж байснаа
- Таныг би усаа гамнаа гэж хэлээ биздээ гэснээ дашмагныхаа тагаар нэг ус түүнд өглөө. Сайханболд
- Үгүй би наадахаас чинь хоёр балгачихъя л даа. Юун харамч юм бэ чи одоо гэж дуугаа нилээн өндөрсгөхөд
- Болохгүй ээ. Бидэнд үүнээс өөр ус байхгүй. Одоо нэг мөсөн уучихаад дараа нь хатаж үхэх гээ юү гэх Ловдонгийн шийдэмгий дууг сонссондоо Сайханболд чихэндээ итгэсэнгүй.
- Юу гэнээ чи муу гэж шүдээ зуун хэрэндээ муухай харав. Харин Ловдон түүнээс айн хулмалзах авч бас зүгээр л шууд усаа өгч чадсангүй. Сайханболдын хувьд түүний усыг яаж авч ууя даа л гэж бодож байгаа болохоос анги баазаа яаж олох, нөгөө байлдааны даалгавар, цэрэг эрийн тангараг, тэр ч байтугай эндээс амьд гарах эсэхээ ч мэдэхгүй байлаа. Ловдон ч гэсэндээ мөн л адилхан боловч Сайханболдыг бодвол “эндээс яаж амьд гарах вэ” гэсэн бодол түүнд байлаа. Тэгээд ч тэр үү түүнээс айдас түгшүүр үл сална. Тэрээр Жа – тайгаа ам зөрсөндөө айх боловч түүнээс илүү аймшиг зүрхийг нь дэлсэх учир санаа нь тэгтэлээ их зовсонгүй. Уг нь ангидаа байсан бол алуулж байгаа газар л даа. Гэвч одоо тэр дарга цэргийн асуудал юу ч биш. Ангиа олоод очиж байвал ганц нэг зодуулах ч өнгөрсөн. Харин яаж нэг юм ангиа олно доо.
Ловдон Жа – даа уснаасаа дашмагныхаа тагаар хувь болгож өгчихөөд тагийг нь эргэдэн таглахад төмөр таг Сайханболдыг тавлах мэт хавиран эргэнэ. Сайханболдын нүд аяган дотроо даган хөдлөнө. Ловдон дашмагаа ташаандаа зүүгээд цааш эргэн алхлаа. Яаж ч болохгүй юм гэдэг энэ ажээ. Сайханболд уг нь муу гоожуурт ухамсарын шанаа өгөөд аваад уучихмаар байсан ч яагаад ч юм тэр чадахгүй байв. Хий дэмий л араас нь даган сажлав.
Эргэн тойрноо ажваас үнэндээ ялгаа алга. Хаашаа л харнав зэрэглээ хөвөлзсөн нэгэн хэвийн бас нэгэн өнгийн элсэн толгодууд, Цэхийсэн цайвардуу хаяатай цэлийсэн хөх тэнгэр. Дээшээ харваас уйваагүй шар наран өрөвдөх шинжгүйгээр зэгэл өнгөөр цайран шарна. Нилээн яваад Сайханболдын нүд нь бүрэлзэж, тархи руу нь той тоймшгүй олон зүү шивэх мэт шип шип хийн шархируулна. Тэр нэг мэдэхэд аранз үүргэвчээ аль хэдийн хаа ч юм хаячихаж. Гагцхүү буу нь л өөрийн утгаа алдан ядарч туйлдсан хургачин хүүгийн шилбүүр аятай чирэгдэн явна. Тэрээр Ловдонгийн араас мацсаар байж нэгэн манхан дээр гартал цаад доор нь цэлийсэн их усан мэлтэлзэн мяралзаж харагдав.
- Ийм их ус байхад хэлэхгүй яасан юм бэ? гэж амандаа шивнэх шахам хэлээд манханы уруу майрагнан гүйхчээ аядав.
Ловдон түүнийг юу гэж хэлсэнийг сайн ойлгосонгүй араас нь харж зогстол Жа нь жаахан доошлоод доошоо харан уналаа. Араас нь очиж түүнийг дээш нь харуулвал Жа нь
- Саяхан энд байсан ус хаачиваа? хэмээн амаа байдгаар нь ангайн уйлах ая үзүүлэв. Түүний хагарсан уруулаас цус шүүрч, хүзүүнийх нь нугалсаар хир судалтана. Ловдон мөн л дашмагныхаа тагаар ус хийж талыг нь Жа – даа, хагасыг нь өөрийнхөө аманд хийлээ. Ус хэдийгээр халуун ч гэсэн ам руу нь амьдрал шиг урсан орж хоолойд нь хүрэхгүй алга болно. Одоо тэдэнд элсний халуун хамаагүй болжээ. Суусан газраа хэвтээд өгмөөр санагдав.
Гэсэн ч Ловдон ингэж хэвтэж болохгүй гэж санан бослоо. Балга хүрэхгүй жаахан ус тэр хоёрт түр ч атугай тэнхэл оруулав. Сайханболд
- Сая надад харагдаад байсан их ус хаачиваа?
- Та зэрэглээ харсан байх. Их халуунд зэрэглээ тэгж харагдаад байгаа юм.
- Үгүй л баймаар юм даа. Ингэхэд бид ер нь хаашаа яваад байнаа? Анги хаана байгаа бол? гэж Сайханболд бүр шалдаа буусан хүний төрхөөр асууна.
- Анги хаана байгааг бол мэдэхгүй. Харин ямар ч байсан хойд зүгрүү явж байгаагаа л мэдэж байна гээд босоод алхах Ловдонгийн дууны өнгө нь Сайханболдоос хавьгүй дээр итгэлтэй сонсогдоно. Сайханболдын хоёр нүд түүний ташаанд санжигнах дашмагнаас үл сална.
Цэрэгт ирэхээс өмнө сайхан байжээ. Сайханболд цангах ядрахыг мэдэх нь битгий хэл хэзээ ч ийм байдалд орж үзээгүй. Хаа ч явсан охидууд хүрээлнэ. Хэн нэгнийг шоолж, нөгөө нэгнийг чадаж, түүндээ баясан инээж хөхөрч, бусдыг муучилж явсанаас биш ийм амьтанаас балга ус гуйж арчаагүй царайлж явсанаа санахгүй. Гэтэл одоо нэг хачин дамраараа эргэсэн гоожуурын араас гэлдэрч явах ч гэж дээ. Энэ муугаас тэр усыг яаж авъя даа байз.
- Үгүй ээ ерөөсөө зодож л авахаас өөр арга алга гэж амандаа үглээд
- Хөөе! байлдагч Ловдон гэж хамаг чадлаа гарган дуудав. Нилээд эзэрхий өнгөөр дуудсан болохоор Ловдон өөрийгөө цэрэг гэдгээ санан дороо зогсож Жа – гаа хүлээв. Сайханболд арайхийн ирээд амьсгаадан байгаа хэр нь
- Байлдагч Ловдон номхон гэж тушаахад Ловдон нилээн гайхан харвал Жа – гийн нүд нь тоглоогүй болохыг илтгэв. Тэрээр буугаа үүрэн гараа буулган зогстол
- Дашмаг үзлэгт гэж тушаав. Тэр энэ тушаалдаа ичсэнгүй. Уг нь бол дашмагныхаа тагийг аваад “Байлдагч Ловдон дашмаг үзлэгт бэлэн” гэх ёстой байх. Гэвч Жа – гийнхаа санааг ойлгосон Ловдон тэр тушаалыг тоосонгүй шууд л
- Одоо усаа дуусгаж болохгүй ээ. Бид хатаж үхэх болно гэж хэд хэлэх юм бэ гээд цааш алхах гэхэд Сайханболд
- Номхон! гэж голынхоо дуугаар хашгираад нэг цохиод авав. Харин дараагийн цохилт ирэхээс өмнө Ловдон амжин хоёр ханцуйнаас нь зөрүүлэн татаад, эрс шийдэмгийгээр түүн рүү харж
- Та яагаад байгаа юм бэ? Намайг ингэж байхаар яаж амьд гарах вэ гэдгээ бод л доо. Тэгээд ч тэр цэрэгжилт энэ тэр чинь одоохондоо надад падгүй за юу гэж айсан, гоморхсон эсвэл бүр шийдчихсэн өнгөөр сийгүүлэн хэллээ. Сайханболдын нүүрэнд Ловдон бараг нүүрээ тулгаж байгаад хэлсэн тул түүний амнаас эхүүн үнэр хан хийнэ. Сонссондоо итгээгүй Сайханболд гараа шувт татан
- Муу гоожуур минь чи ямар их үгтэй новш вэ. Чамайг зодож байгаад авчихъя л даа гээд нүүрэнд нь дахиад буулгасан боловч олигтой цохилт болсонгүй. Ловдон ч хөдөлсөнгүй. Харин Сайханболдыг заамдан авч тонгорон унагав. Ловдонгоос тийм хүч чадал, зориг гарна тооцоолоогүй Сайханболд нэг мэдсэн дээшээ харчихаж. Мөрөнд өлгөөтэй байсан бууны бөгс нь хөндөлдөж ирээд цээжинд нь цохив. Босож амжаагүй байтал Ловдон цээжин дээрээс нь хүнд биеэрээ дарах гэж бараг дээрээс нь унан үмхий амаа нүүрэнд нь дахин тулган
- Та боль л доо. Адилхан байж байж. Хэрвээ амьд явъя гэж бодож байгаа бол дуугүй дагаад яв. Чадахгүй бол ингээд хэвтэж бай гээд цээжин дээр нь нэг ёворчихоод босоод хэд алхтал ард нь бууны замаг дуугарч
- Муу новш минь сонс. Нэг л алхах юм бол буудлаа шүү. Наад усаа нааш нь өг. Чамайг би энд алаад булчихсан байхад энэ их элснээс чамайг олох хүн байхгүй л байх шүү гэж буугаа мөрлөсөн чигээрээ муухай хашгирлаа. Түүний нүд яахаас ч буцахаа байсан хагас галзуу амьтан шиг гялтагнана. Тэр чухам юу хийж байгаагаа мэдэж байгаа шинжгүй хамар нь сартагнан, амьсгаадана. Бууны ам харсан Ловдон айсандаа илүү хөдөлгөөн хийсэнгүй. Дашмагаа авч Жа – руугаа ойртов. Сайханболд дашмаг руу нэг гараа сарвайхад нөгөө гар нь буугаа дааж ядан салганаж байхыг харсан Ловдон ухасхийн бууг нь дээш нь цохиод Сайханболд руу үсрэн хоёул зууралдан дээр дороо орон өнхрөв. Элс үсчин ам хамар, чих хоолой гээд онгорхой болгон руу нь орж, угаас эргэж байсан толгой нь өнхөрсөндөө улам эргэн хорвоо дэлхий дайвалзана. Нэг мэдсэн чинь Ловдон Сайханболдын дээр нь гарчихсан хэд хэд цохиод авлаа. Одоо Сайханболд Ловдонг дийлэхгүй нь илт болов. Айсан хүн хүн ална гэгчээр Ловдон ч гэсэн юу болоод байгааг мэдэрсэнгүй. Энэ бүх явдал хоромхон зуур болоод өнгөрлөө. Хар халуунд баахан ноцолдсон хоёр, бие биенийгээ дийлэхгүйгээ мэдээд амьсгаадсаар хэсэг суув. Тэгтэл Ловдон босож, дашмагаа авчиран Жа– руугаа шидвэл түүнд арай хүрсэнгүй наахан талд нь элсэн дээр унахад хоосон шахам дашмагт балгахан ус цүлхийн дуугарч байгаа нь сонсогдоно.
- Наана чинь нэг их ус байхгүй. Одоо тэгээд ч хэн нь ч уусан бид энэ цөлөөс амьд гарах нь өнгөрсөн байх. Яахав та бүгдийг нь уумаар байвал уу л даа. Хоёулханаа ийм газар явж байж байгаа балга усаа булааж уух гэлээ гэж буу шагайж байдаг та мөн эр хүн юм даа гэв. Ловдонд зохиогүй мэт энэ эрс шийдмэг агаад ухаалаг үгс Сайханболдыг хүнд юмаар цохиод авах шиг сонсогдоно.
- Уг нь наад усаа хоёулаа дусал дуслаар нь уруулаа норгоод явбал хэдэн гүвээ давах л байх гэх дууны нь өнгөнд “чи ганцаараа уугаад хоёулаа үхэх нь хурдан л байх даа” гэсэн утга илрэнэ.
- Тэгээд тэгээд. Энэ цөлд хэн ч байхгүй юм бол бид яах гээд хаашаа яваад байгаа юм бэ? гэж Сайханболд учир нь ойлгогдохгүй юм урд хойно нь оруулан цөхөрч гүйцсэн дуугаар орилоход гэмшсэндээ биш шарлахсандаа нүдэнд нь нулимс цийлэгнэж байлаа.
Ловдон нялх нойтон хурга тугал юм уу эсвэл өвчинд нэрвэгдсэн малыг л өрөвдөн харж байснаас биш хүнийг ингэтлээ өрөвдөж байгаагүй. Ловдонд өрөвдүүлэх хүн гэж хаа байхав дээ. Ямарч л байсан түүний амьдралд таарч байгаагүй. Харин одоо Ловдонгийн нүдэнд өнөө сайхан Жа нь арчаагүй өрөвдөм амьтан харагдаж байлаа.

Үргэлжлэл бий . . .
Бүрэн эхээрээ...