# #

Нэрэлхэлгүйгээр - 3

46 Сэтгэгдэлүүд:


Сайн байцгаана уу? Та бүхэндээ шинэ жилийн мэнд дэвшүүлье!
Мөн Өөрийнхөө "61 АХ" нэртэй шинэ номоо өргөн барьж байгааг минь хүлээн авна уу.
Нэрт сэтгүүлч, зохиолч Б.Галааридын бичсэн өмнөтгөлийг оруулав.
Бум–Эрдэнийн ертөнцөд тавтай морилогтүн
Т.Бум-Эрдэнэ үргэлжилсэн үгийн төрлөөр бичиж эхлээд олон жил болоогүй ч өөрийг нь мэддэг, шинэ өгүүллэгийг нь хүлээдэг үнэнч уншигчидтай болж чадсан нэгэн. Энэ нь түүний өгүүллэгүүд дэх энгүүн атлаа нэг л донжтой зураглал, өвөрмөц санаатай холбоотой гэж болно.
Амьдралын эрээн бараан, гэрэл сүүдрийг нэг их төөрөлдөлгүй ялгаж салгаж чадахуйц ухаан суусан дөчин насандаа тэрээр бичиж эхэлжээ. Цагийн хувьсал, хувь заяаны учралаар хүний нутаг, гүний газарт очиж, өөр орчин, өөр ахуйд орсноор монгол гэсэн бүхнээ өөрөөр харж, шинээр нээж, тэрхүү шинэлэг сэрэл мэдрэмж зохиол бүтээлд нь гүнээ шингэсэн нь тодорхой байдаг. Түүний зохиол бүтээлд монгол ахуй, аж байдлын зураглал ихээхэн үүрэгтэй нь анзаарагддаг. Мэдээлэл технологиор мэргэжил эзэмшиж, Америкт чамгүй хэдэн жил амьдарсан тэрбээр харийн соёлд омтгойрч, алив нэгэн хэлбэр хөөсөнгүй.
Энгийн, үнэн, ухаарал өгсөн, амьдралын мөн чанар, утга учрыг олж таних эрлийн үр дүн болсон өгүүллэгүүд нь түүний урын санг үнэ цэнэтэй болгодог.
Хуландай нэрт хайртай унагаа хээрийн нохойд идүүлчихээд өөрийгөө зэмлэх бяцхан хүү, дөч тавин сая долларын ашигтай наймаа хийж явсан ч насны бөгсөнд хэвтрийн хүн болчихоод үхэж чадахгүй шаналж байгаа өвгөний дотоод ариуслыг олж хараад хайрласандаа орхиод явж буй Самдан хоёрын аль алинаас нь Т.Бум-Эрдэнэ хэмээх зохиолчийн уран бүтээлийн нийтлэг дүр- ер бусын хүнлэг, ер бусын гүн нарийн мэдрэмжтэй, амьдрал, хүн, оршин буй байгаль дэлхийгээ ер бусаар хайрладаг нэгэн тодроно. Ерөөсөө түүний бүтээл хайр, хүн чанар, хүнлэг сэтгэлээр дүүрэн бүлгээ.
Бас нэг олзуурхууштай зүйл нь түүний өгүүллэгүүд хэвшмэл хэв загвараас зайлсхийж, шинийг эрэлхийлсэн өнгө аяс бүхий стандарт бус шийдлүүдтэй. Энэ бол уран бүтээлчийн чансааг тодорхойлох тун чухал хэв шинж юм. Чухамдаа энэ л хэв шинжийг илүүтэй үнэлж, түүний өгүүллэгийн түүврийг “Өөр өнгө” цувралд оруулж байна.
Монголын утга зохиолын хөлгүй урсгал дундаас өөр өнгөөр дуугарч буй Т.Бум-Эрдэнэ уран бүтээлчийн эрэл, бэдрэлийн их аянд нэгэнт өөрийн хүсэл зоригоор морджээ. Мордсон л бол эргэх арга байдаггүй холын энэ замын үзүүрт буй өндрөөс өндөр оргилд гарч гэмээнэ тэрбээр сэтгэл оюунаа хөвчилж, чөмгөө дундалсныхаа хэргийг гаргах билээ. Тэр оргилд гарах нь бийр бэх нийлүүлэгч хүн болгоны мөрөөдөл хэдий ч даанч цөөн хүнд оногддог хувь тавилан гэдгийг бүү март хэмээн сануулж, дөрөөнд нь сүү дусаая.

Урианхан Б.Галаарид
(“Өөр өнгө” цувралын эрхлэгч)

2009 оны 12 сарын 15

Мөн ийм хөөрхөн цаасан уут хийж өгсөн байгаа. Шинэ оны эхний долоо хоногт худалдаанд гаргах учир одоохондоо дэлгүүрт байхгүй байгаа. Тэгэхээр 99017136 гэсэн энэ утсаар залгаж авч болно. Та бүхэнд баярлалаа



Бүрэн эхээрээ...

Эхнэр (Өгүүллэг)

38 Сэтгэгдэлүүд:


“Хаашаа алга болчихдог байнаа. Утсаа ч авахгүй юм. Ямар нэгэн муу юм болсон бол мэдэгдмээр юмаа. Үнэндээ бол өнөө хар усаа гудраад л яваа даа. Би мэдэж л байна. Зэвүүн амьтан. Үгүй, гэхдээ ямар нэгэн юм болчихсон юм биш байгаа даа”
Бүсгүй бодолдоо ороогдон өрөөн дотроо холхино. Тэгтэл ямар нэгэн юм хаалга тэмтчин сарлах чимээ гарав.
- Еэ! Ашгүй дээ, ирэх шиг боллоо гэж шивнээд хүүхдээ сэрээхгүй гэхдээ бүсгүй хөнгөн, хөнгөн гишгэлэн ирж
- Хэн бэ?
- . . . хариу алга. Гэхдээ ямар нэгэн хүн хаалганы цаана шуугитнахад бүсгүйн сэтгэлд гэнэтхэн уур ноцож
“Яг мөн. Заяагүй амьтан бас л гудраа биз. Өөдгүй новш”
- Хэн бэ? Чи
- Би байнаа . . . гээд дараагийн үгээ гүйцээж чадалгүй хана даган гулсах чимээ доошлов. Хаалга нээтэл тэр хана налан явган суужээ.
- Алив ороо ч дээ. Хүн амьтан харчихлаа.
Завсар зайгүй зогисох тэрээр босож чадсангүй. Бүсгүй суганаас нь өргөн арай гэж оруулав. Гишгэх газраа олж ядан тэмтчих түүний амнаас, амнаас ч гэж дээ хувцас хунар, үгүй ер нь бүх л юмнаас нэлэнхүйдээ архины эхүүн үнэр ханх тавина. Тогтож ядан байгаа хэр нь бас гутлаа тайлчих гэж оролдоно. Харин хаа очиж гутал нь амархан сугарсан хэдий ч хүчиндээ нөгөө тийш унах шахан гуйвлаа. Бүсгүй түүнийг унагаачихгүйг хичээвч хамаг биеэ сул хаясан согтуу “махыг” яаж ч чадахгүй даган гуйвчина. Гэхдээ арай унагачихсангүй. Архины огиудас хүргэм эхүүн үнэр эрүүл хүнд, тэр тусмаа эмэгтэй хүнд тэсэхийн аргагүй ажээ. Гэвч бүсгүй тэвчин тэвчсээр арай гэж өрөөнд нь оруулан орон дээр унагалаа. Тэвчихгүй гээд яах билээ.
“Хайран ор хөнжлийн даавуу. Өчигдөрхөн угаасан юмсан”
Бүсгүй түүнийг нааш, цааш нь өнхрүүлэн байж хувцсыг нь тайллаа. Зарим нэгийг нь шувталж хаяв. Босоо байхаасаа хэвтээ байгаа нь арай хөнгөн аж. Тэр ямар нэгэн юм амандаа бувтнана. Тэгснээ хэн хүнд ойлгогдохоор
- Би эхнэртээ хайртай шүү гэж үглэнэ.
“Хн! гэртээ ирснээ мэдээд байгаа шүү юм байх даа”
Эхнэрийн сэтгэлд ээвэр бодол зурсхийнэ. Бүсгүй хүний сэтгэлээ гэж . . .
Тэгтэл нөхөр нь гэнэтхэн өндийж, өөрийн биш нүдээр эргэн тойрноо нэг хармар болсноо эргэж уналаа. Дотуур өмд, өрөөсөн оймсноос өөр юмгүй цүрдийн хэвтэх түүний дээрээс нөмрөх юм хаяад өрөөнөөс гарлаа. Эхнэрийн санаа түр ч атугай амрсхийв.
“Тэр шөнийн гурван цагт гэртээ ирлээ. Амьд мэнд, бүрэн бүтэн иржээ”
Хэдийгээр ингэж бодож тайвшрах аядавч бүсгүйн хоёр аньсаганаас халуун бүлээн нулимс өөрийн эрхгүй гарч, юу юугүй хацар даган урсав. Энэ мэдээж хайрын нулимс биш байх.
“Би хэдий болтол ингэж амьдрах юм бэ? Энэ бүгдээс ой гутаж, үзэн ядаж байна. Намайг яалаа гэж ингэж тамлаж байдаг юм бэ? Даанч дээ. Би юуг буруу хийсэн юм бэ? Хоол ундыг чинь хийж, хувцас хунарыг чинь угааж, үр хүүхдээ өсгөхөөс илүү надаар яалгах гээд байгаа юм бэ? Би үүнээс илүү байж чадахгүй. Би тэсэхгүй нь”
Бүсгүй улам бүр цурхиран уйллаа. Гэхдээ чимээгүй уйллаа. Тэгэхгүй бол хүүхдүүдээ сэрээчихэж мэднэ. Хүний бүсгүй үрийг нулимстай нь хутгаж орхидог хатуу атлаа хүйтэн хорвоог яалтай.
Нилээд уйлсны эцэст түр зуур сэгхийж, нөхрийнхөө хувцсыг угаахаар угаалгын өрөөнд оров. Энд тэнд унаж тусан явсан бололтой өмд нь гэж авах юмгүй шороо тоос, цамц нь өлөн хир суужээ. Эхүүн үнэр шингэсэн тэдгээр хувцасыг баннанд хийж, угаалгын нунтаг цацаад дээрээс нь халуун бүлээн ус гоожуулав. Ус аажим аажмаар тунаран хатуу ширүүн жинсэн өмдийг захаас нь норгож эхлэв. Норсон хэсэг нь уяран нугарна. Удалгүй угаалгын нунтаг урвалд орж, дээрээс гоожих усанд цохигдон мянга түмэн хөөсөн бөмбөлөг болон үржинэ. Бүсгүй энэ бүгдийг харж гөлрөн зогсох авч ухаан санаа нь хаа нэг тийш нисэн оджээ. Тэр гэр орныхоо ажлыг үнэнхүү сэтгэл гарган хийдэг. Үүндээ ч дуртай. Түүнд эр нөхөр нь эрүүл саруул, үр хүүхэд нь аз жаргалтай байвал л болоо. Өөр юм түүнд хэрэггүй. Ямар ч ажлыг сайхан бодол хөврүүлэн хийх хичнээн жаргалтай. Гэвч энэ удаа бүсгүй тийм байж чадсангүй.
“Өөдгүй муу шаар. Ингэж ухаангүй ууж идэж явахдаа хэнтэйгээ юугаа ярьж, юугаа ч хийж, хэнийхээ өвөрт хэвтэж байсан ч юм билээ. Гэтэл би энэ балиар хувцасыг нь угаах гээд л сууж байдаг. Ёстой утга алга”
Бодол дагаад тэр үү түүний хаанаас ч юм гомдол харууслын хар зураа дотор давчдуулан огшиход, барьж байсан савангаа ус руу пүлл хийтэл чулуудаад, хөөстэй гараараа нүүрээ даран уйллаа. Плитан ханан дээр ойсон савангийн хөөс зунгааралдан урсана. Бүсгүй, уйлахаас цаашгүй арчаагаа алдан суугаадаа бухимдавч яаж ч чаддаггүйдээ өөрийгөө л буруутгана. Салаад явъя гэхээр хоёр хүүхдээ яахав. Салахгүй гэхээр сайхан амьдрах гэсэн гэгээхэн хүслээ яалтай. Тэлээ бодлын угт тэлчилж ядна. Амьдрал гэдэг заримдаа бүсгүй хүний хэрээс хэтэрсэн сэтгэлийн их тэвчээрийн сүүлийн оньсон дээр тогтож байдаг юм чинээ бүсгүй яахин санах билээ дээ. Өөрийнхөө шанлалаа хүүхдүүддээ мэдэгдэхгүй гэхдээ усныхаа цоргыг улам ихээр нээв. Тэр одоо түгших юмгүй “жаргалтай” уйлж сууна.
“Үгүй ээ, үгүй. Би ингэж амьдарч чадахгүй. Энэ хүнийг хэзээ ч юм нэг өдөр уухаа больчих болов уу гэж. Үгүй ядахдаа тааруулаад уучихдаг болох болов уу гэж. Энэ амьдралыг эхлүүлсэн тэр гэгээлэг өдрүүд хэзээ нэгэн цагт эргэж ирэх болов уу гэж хүлээсээр цөхрөнгөө барлаа. Итгэл найдвар минь үхэж дууслаа. Одоо болъё доо”
Бүсгүй, асгарах нулимсаа арчин, арчин уйлна. Гэлээ гэхдээ чангахан уйлах эрх түүнд алга. Хий дэмий амаа ангалзуулан, мөрөө чичигнүүлэн бөнжигнөн сууна. Айлын эхнэрийн буурь зааж, энэхэн биенд заяасан амьдралаа өөртөө л хамаатай хэмээн бодохдоо эцэг эхдээ ч хэлдэггүй. Хий дэмий л энэлж шаналсан энэхэн үедээ аль тэртээд үлдэж хоцорсон охин зөнгөөрөө сэтгэлийнхээ гүнд “Ээжээ, ааваа! Хүний жаргал гэдэг чинь хаана байдаг юм бэ?” гэж гомдол цөхрөлийн нулимстайгаа хамт хахаж цацан залгилж суух. Аргагүй дээ, ээж аавын энхэр охин байсан цаг түүнд байсан л юм чинь.
“Би чамайг анх удаа уучихаад согтуу ирэхдээ энд тэнд гишгэлэн гуйвлахад чинь эгдүү хүрч, инээж угтсансан. Амьхандаа нөхрөө эр хүний дайнд хүрлээ гэж эндүүрч байсан нь тэр байх. Бараг хайрлаж байсан. Нялхаараа байж дээ. Ингээд хар усанд толгойгоо мэдүүлчих юм гэж тэр үед яахин мэдэх билээ. Одоо болъё доо хань минь”
- За, за. Намайг ингэж суулаа гээд хүн ямар мэдэх биш гэж амандаа шивнээд нулимсаа шудраад, усны цоргыг хаалаа. Уйлахаа больсон тул усны чимээ одоо хэрэггүй. Тэгтэл ямар нэгэн чимээ нөхрийн байгаа өрөөнд гарав. Яаран сандран ортол өөдөөс нь архины, бөөлжисний нясуун үнэр хамар цоргин хоолой хорсгоно. Тэр эгээтэй л огисонгүй. Нөхөр бөөлжжээ. Нөгөө угаасан даавуу, цэвэрлэсэн шалан дээгүүр тэр гэхийн тэмдэггүй шар ногоон бас эрээн. Бүсгүй сэхээрч ядан байтал нөхөр нь дахин хоолойгоо татаж эхлэв. Сандран гүйж угаасаа бэлэн байдаг түмпэнг авчран эрүүн доогуур нь шургуулж амжлаа. Нилээд том амсартай нимгэн ногоон түмпэнг зориуд худалдаж авсан юм. Харин түрүүн орных нь урд тавихаа мартчихаж. Нөхөр нь нэг их огих авч хамар амнаас нь нус, шүлс нь мэдэгдэхгүй нунжирч цэхэртсэн юм санжралдан унжихаас хэтэрсэнгүй. Бодвол түрүүн хамаг юмаа гаргаж “гийгүүлсэн” бололтой. Бүсгүй нэг гараараа духнаас нь түшиж, нөгөө гараараа дал нуруун дээр нь зөөлөн, зөөлөн дарав. Нөхөр нь ходоодныхоо гүнээс хий огиулан, хоолойгоо хоржигнуулан дуутай гэгч нь хэхэрнэ. Үнэр танар гэж ойртохын арга алга. Энэ амьдрал түүнд хэзээ ямагт түмпэн бэлэн байлгаж, түүндээ нөхрөө хэрхэн яаж бөөлжүүлэхийг хүртэл сургажээ. Мэдээж тэр цэвэрлэж чадна. Магадгүй маргааш нь бантан багсрахыг хүртэл сургаа биз.
“Даанч яав даа. Энэ миний хайрлан дурлаж, хамаг байдгаа зориулж байсан тэр залуу мөн гэж үү. Ийм балиар амьтан намайг эвийлэн тэвэрсэн гэхэд . . . За, за юу ч гэхэв дээ”
Бүсгүй өрөөнөөс бушуухан гарлаа. Гарахаас ч өөр яахав. Хэсэг байзнаад буцаж орон бөөлжсийг цэвэрлэж эхлэв.
“Ерөөсөө л явъя. Би амьдрах гэж, жаргах гэж, хайрлах гэж, дурлах гэж энэ орчлонд инээд байдгийг мэдрэх гэж чамтай амьдарсан. Түүнээс биш шаналах гэж, уйлах гэж, шөнийн хугаст бөөлжис арилгах гэж, өөрийгөө мартах гэж чамтай ханилаагүй. Хурдхан шиг энэ балиар юмыг арчсан болчихоод сэрэхээс чинь өмнө арилах минь”
Тэр шал арсан алчуурыг мушгихад хурууных нь завсраар шүлтэнд дутуу идэгдсэн мэт тосорхог бөөлжис бие арзагнуулан шүүрнэ. Бүсгүй яаравчилна. Хурдхан шиг цэвэрлэсэн болчихоод өөрийнхөө болон хоёр хүүхдийнхээ хэдэн хувцасыг бөндийлгөсөөр байтал нэг л мэдэхнээ үүр манхайтал цайлаа. Үүнийг сая анзаарсан бүсгүйн эрч өөрийн эрхгүй саарч жаахан суув. Бага хүү нь одоо цэцэрлэгтээ явах ёстой. Хүү нь цэцэрлэгтээ дуртай. Тэндээ олон найзтай. Өдөржингөө инээж хөхөрдөг. Тийм ээ, хүүгээ цэцэрлэгт өгсөн нь дээр. Яагаад гэвэл хүү минь тэндээ аз жаргалтай. Хүүгийн минь жаргалаас өөр надад юу хэрэгтэй билээ.
“За яахав. Хүүгээ цэцэрлэгт хүргэчихээд явъя. Одоо хүүдээ кашийг нь чанахгүй бол болохгүй. Хүү маань дуртай шүү дээ. Хоёр хацраа халтартуулаад л иддэг юм. Муухай амьтан шүү миний хүү”
Бүсгүй ус буцалгаж, каш чаначихаад, хүүгээ босголоо. Нойроо харамлах хүү нь эхээсээ салахгүй зууралдана. Арайхийж нүүрийг нь угаатал нойр нь сэргэлээ. Ангийнхаа хүүхдийн тухай, кашны тухай, зүүдний тухай, модны тухай, ээжийгээ өөртөө хайртай хэвээрээ байгаа тухай хүү нь цайгаа ууж байх даа, хувцасаа өмсөж байхдаа, ээжтэйгээ цэцэрлэгтээ явж байхдаа, ангийхаа хэн нэгэнтэй уулзатлаа тасралтгүй ярилаа. Харин яг ангидаа орохоосоо өмнө хүү нь
- Аав ирсэн үү? гэж бүр өөдөөс нь тогтож харж байгаад яг том хүн шиг асуулаа.
- Ирсээн хүү минь. Аав нь ирсэн. Хүү нь нэг хөөрхөн инээчихээд гүйгээд орчихов. Хүүгээ өгчихөөд бүсгүй сая нөгөө гомдлоо саналаа.
“Одоо ороод л явна. Би ингэж үйлээ үзэн үзэн байж чадахгүй . . .”
Нэг л бишээ. Түрүүчийнх шиг болохгүй л байна даа. Тийм хүчтэй гомдохгүй байгаа юм болов уу.
“Тэгсэн ч гэсэн явна даа. Хувцасаа боогоод тавьчихсан юм чинь. Муу ногоон толгой одоо ороход унтаж л байх биз”
Хаалга онгойлгох чимээнээр том хүү нь босож ирэв.
- Миний хүү унтахгүй яагаа вэ? Жаахан эрт байгаа юм биш үү?
- Ээж! Би танд хэлээ биз дээ. Өнөөдөр манай анги хичээл орохоос өмнө музей үзнэ гэж. Та харин өмд индүүдэж өгөөрэй.
- Өө! тийм л дээ. Ээж нь одоохон индүүдээд өгье. Явахаасаа өмнө миний хүү юу идэх юм? ээж нь өндөг талх шараад өгөх үү?
- Аанхаан, дуртай шүү.
“Өмд нь хаа байгаа билээ. Өө!тийм түрүүн боочихсон. Задлахаас”
Хүү нь шарсан талхыг амтархан иднэ. Тэгэхдээ мөн л ангийнхаа тухай, найзынхаа тухай, багшийнхаа тухай, хэн нэг охины тухай, хэзээ ч юм бэ өөрийг нь хараад инээсэн тухай зай завсаргүй ярина. Ярьж байгаагаасаа бага зэрэг ичмэглэх хүүгээ ээж нь өхөөрдөн өхөөрдөн харна.
“Миний хүү ядаж байхад аавыгаа яасан ч их дуурайсан юм дээ”
Тэр уртаа гэгч нь санаа алдана. Хүү нь нэг өндөгөө идсэнгүй.
- Миний хүү гүйцээгээд идчихгүй яагаав дээ
- Аавд өгчихөөрэй гээд бослоо.
- Үгүй чи аавыгаа ирснийг яаж мэдээв?
- Шөнө би сонссон юмаа гээд гараад явчихав. Бүсгүйн тархин дундуур татах шиг болов.
“Би яаж явах юм бэ? Хоёр хүүгээ яаж өнчрүүлэх юм бэ? Хүүхдүүд маань аавдаа ямар их хайртай юм бэ дээ. Аргагүй дээ аав нь юм чинь. Даанч энэ нэг юм нь ойлгохгүй л дээ. Одоо ингэсгээд сэрнэ. Орчлонд хамгийн адгийн шаар гэдгээ ухаарна. Уйчлалт гуйна. Дахиж уухгүй гэдгээ дахин, дахин амлана. Бөөлжиснийхөө түмпэнг өөрөө цэвэрлэнэ. Бөнжигнөж, миний энд тэнд гарч гүйнэ. Яаж ийж байгаад надаас урин дулаан үг горилно. Би чамайг мэдэхийн дээдээр мэдэж байнаа. Энэ бүгдийг бид тоть шиг давтсаар олон жил өнгөрч дээ”
Чив чимээгүй өрөөнд бүсгүй хэсэг суулаа. Түүнд шөнийн гомдол ч алга, нулимс ч алга. Тэр зүгээр л гөлийж орхиж. Тэгээд гэнэтхэн босоод хүүхдүүдийнхээ орыг хураав. Тэвэрч ундтаг бамбарууш нь газар уначихаж. Яагаад ч юм авч хэсэг үнэрлэснээ орон дээр нь буцааж тавилаа. Тэд эзнээ хүлээж дуулгавартай үлдэв. Түүнийг харж зогссон бүсгүй
- Тиймээ! миний хүүхдүүд орой, өнөөдөр тохиолдсон болгоноо нэгд нэгэнгүй шулганалдсаар гэртээ ирнэ. Эжийдээ ирнэ. Бас “аавдаа” ирнэ. Энэ амьдралд тэдний минь буруу гэж юу байхав гэж амандаа шивнээд нэг их урт санаа алдаж
- Би юу? гэж өөрийнхөө бодлоос өөрийгөө асуугаад
“Би яахав дээ . . . Хүн өөрийнхөө хувь заяаг өөрөө л сонгох юм даа. Би өөрөө сайн сайхан явах гэлээ гэж хоёр хүүгийнхээ хувь заяаг эргүүлээд яахав дээ”
Түүний нойргүй хоносон ядранги нүднээс нь гомдлын ч биш, цөхрөлийнх ч биш, баярынх бол бүр ч биш тийм нэг сул нулимс гарч хацрыг нь даган урслаа.
Одоо түүнийг хөндлөнгөөс нь харвал “Аав ээжийн энхрийхэн, охин үр шүү дээ, уг нь” гэж бодогдохоор байлаа.

2009.12.13

Бүрэн эхээрээ...

Эргэлт (Өгүүллэг)

23 Сэтгэгдэлүүд:

Зай завсаргүй ханиалгасандаа Долдын цээж хөндүүрлэж, ар дагзаар нь хатгуулна. “Ханиаданд дарлуулна гэдэг нь энэ юм байхдаа. Би ч ханиад хүрдэггүй биш л дээ. Үе үехэн хүрээд л, эмнээд л явдаг байснаас ингэтлээ их халуурч бүлээрч бүр нэг өвчин маягтай болж байснаа үл санана. Бодвол залуу байсан юм байхаа даа. Эрийг нас, уулыг цас дарнаа гэж хэн хэлсэн юм бол доо. Энэ л үнэн болж таарах нь” гэсэн шүү юм бодон цонх руугаа гэлдэрч очлоо. Иймхэн юманд учиргүй шаналж хэвтээдээ Долд бас ч гэж санаа зовж буй бололтой юмаа.
Урд шөнө Богд хан уул, Цэцээ гүний оройгоор цас цавцайн унажээ. Зүүнээс мандсан өвлийн эхэн сарын нимгэн шар нарны зөөлөн илч зүгээр ч үгүй хяр хэцийн нимгэн сармай цасыг язайлган ил гаргасан нь дээлийн сэмэрсэн эмжээр гэлтэй. Аргагүй хүйтний ам наашилсан болохоор үүнээс цааш хайлуулж дөнгөхгүйгээ илтгэн гөлийн шарлана.
“Ай даа, намрын налгар өдрүүд хүссэн хүсээгүй цаашилж яваа нь энэ бие дээ” хэмээн бодож зогстол хаалганы хонх юу болов гэмээр огцомхон дуугарав. Бодол болон зогссондоо цочмор аядсан ч байж болох. “Үгүй өдийд хэн манайхаар ирдэг билээ” гэж цаг яагаа ч үгүйд гайхсаар хаалгаа тайлтал Долдын аав зогсож байв.
- Хүүе! Аав. Энэ өглөөгүүр яаж яваа юм бэ? За ор ор гэж Долд санаанд оромгүй юм гэнэт харсан мэт үргэлжлүүлтэл аав нь барьж явсан цагаан тортойгоо хаалганы хажууд тавьж, амьсгаадан байж хоёр гутлаа өөрөөсөө салган өшиглөөд том өрөө рүү орлоо. Нилээд том биетэйгээс гадна хөгшрөөд бие нь хүндэрсэн түүнд гутал хувцаснаасаа салах нь төвөгтэй байгаа бололтой. “Одоо яахав дээ орчин цагийн айл болгон л ингэдэгээс хойш. Түүнээс биш муу хөгшин эцгийгээ орж ирүүт нь гутал хувцастай нь ноцолдуулах ямар олиг байхав” гэж Долд бодож зогслоо. Аавдаа аяга цай барьсaны дараагаар эцэг нь сая нэг ам нээж
- За, миний хүүхдүүд сайн уу даа? Ханиад хүрлээ гэсэн гайгүй юү?
“Нээрээ, би чинь ойрд аавынхаар ороогүй юм байх чив”
- Гайүй дээ.
- Гайгүй ч гэж дээ наад царай зүс чинь . . .
“Намайг жаахан анхиатайхан байгаа ч дээ гэж байгаа бололтой”
- Аан, жаахан ханиад хүрээд
“Өдий дөч хүрчихээд ханиад томуу яриад гэртээ үлбийж суух ч гэж дээ”
Аав нь цайгаа оочилж сууснаа нэг юм санав бололтой аягатайгаа орхин босож цагаан торноосоо жижигхэн гялгар ууттай юм гаргаж Долдод өгөөд
- Энэ жаахан аарц. Буцалгаж уувал ханиадад сайн байдаг гэдэг
- Өө, яахнав дээ гэсэн хэдий ч авлаа.
“Би ингэхэд ганц цайны сүү бариад очлуу”
- Өнөө хоёр маань гайгүй биз? гэж түрүүнээс хойш үзэгдэхгүй байгаа Долдын хоёр хүүхдийг асуув.
“Манай хоёр хүүхэд гэж өвөөдөө ирээд үнсүүлчихгүй юм даа”
- Бага нь бас цор цор гээд л байгаа.
“Өрөөнөөсөө ч цухуйхгүй юм золигнууд. Одооны хүүхдүүдээ гэж . . .”
Долдын дараагийн ээлжийн ханиалга зогсолтгүйгээр үргэлжлэхэд тэрээр өөрийн эрхгүй буруу харж хэсэг бөгшүүлэв. Эцгийнхээ дэргэд сүржигнэж баашлахгүйг хичээсэн ч тархи нь ангалзан цээж хөндүүрлэнэ. Түүнийг эргэн харахад эцэг нь өрөвдсөн, хайрласан эсвэл бүр “Яана даа энэ одоо” гэсэн чамласан алин болох нь мэдэгдэхгүй харцаар харж суулаа. Долд ч юм дуугарсангүй.
“Энэ өвгөн болсон хүн зүв зүгээр байхад би гэж нэг амьтан ингэж ч арчаагаа алдаж суух ч гэж дээ. Өнөө цагийн бид ч дээ адуу малын битгий хэл хонь хурганы бэлчээр гүйцэхгүй бээрээд үхчих амьтад юм байхаа даа”
Аав нь халуун цайг чимээгүйхэн оочилж дуусаад юу ч юм хайж энгэр заам, халаас юугаа тэмтэрснээ гэнэтхэн юм санав бололтой
- За за, аав нь ингээд хөдлөхгүй бол горьгүй нь. Ингээд суугаад байвал өдрийг барна гэсэн үг гээд нилээд яаран босож хоёр маажиг гутлаа эв хавгүйхэн углаад гарлаа. Долд араас нь
- Би хэд хоногоос очноо гэж хэлж амжив.
“Юунд ингэтлээ яараа юм болоо”
Яагаад ч юм тэрээр цонх руугаа очив. Бодвол эцгийгээ хармаар санагдсан байх. Нөгөө яаран сандран гарсан аав нь тамхиа асаагаад, гүн гэгч нь уушиглан цэнхэр утааг амнаас гарах цагаан ууртай сүлэлдүүлэн тэнгэр өөд үлээсэн шиг орцны өмнө тайван нь аргагүй зогсоно. Өрөөсөн гутлынхаа цахилгааныг ч татаж төвдөөгүйг бодоход тамхиндаа л тэгтлээ их яарсан бололтой. Гэрт тамхиа татаж болохгүй. Энэ бол орчин цагийн бас нэг дүрэм. Эцэг нь хүүгийнхээ гэрт тамхи татаж болохгүй. Нэгэн бодлын хэцүү ч юм шиг.
“Муу аав маань насаараа л тамхи татсан хүн дээ”
Тайван уужуу суулгаад тамхийг нь ч татуулсангүйдээ Долд битүүхэн харамсан зогсоно.
Түүнд аав нь нэг л өвгөн харагдана. Аав гэхээр л хэзээ ч өтөлж хөгшрөхгүй мэт, хэзээ ч үгүй болохгүй мэт, үгүй нэг л уул аятай байж л байх юм шиг санагддагсан. Санагддаг гэхээсээ илүү энэ талаар ер нь хүн тэр болгон бодоод байдаг билүү. Үгүй шүү дээ.
Толгойтой үс нь був буурал болчихож. Буурал болжээ гэж харж л байсан болохоос ингэтлээ бүр цав цагаан болсныг нь анзаараагүй юм байна. Цагаан үс ийм өрөвдөм харагддагийг Долд урьд нь анзаарч байсангүй. Ер нь түүнд анзаарч байгаагүй юм их ажээ. Нуруу нь нилээн бөхийчихөж. Бүр мэдэгдэхүйц шүү. Бага байхад аав нь их л том том алхлан явдагсан. Харин одоо ойр ойрхон гишгэлэх болжээ. Өлмийгөө дугуйруулж ирээд дотогшоо гишгэдэг нь л яг хэвээрээ. Улам ч нэмэгдээ юү гэмээр. Долд бас яг ингэж аавыгаа дуурайсан явдалтай хүүхэд байж билээ. Үүнээсээ ичиж, мөн их хичээсний хүчинд тэгшхэн гишгэдэг болж байсан юмдаг. Засардаг л юм билээ.
Цагтаа гүн ногоон гадартай байсан “Дарханы” хэмээн нэрийддэг нэхий дотортой орос маягийн дээл нь одоо гандаад, нэхий дотрынх нь зүйдэл гадна өнгөндөө гувруутан цайрах нь улам бүр хуучныг санагдуулна.
“Энэ урдах Богд уул миний муу аав хоёр юутай ижилхэн харагдана вэ” гэж бодох зуур Долдын сэтгэлд нэгэн хөнгөн гуниг хүүгэчихэв.
“Аав маань хүүхдүүдээ эргэчихээд сэтгэл тэнүүн яваа нь энэ юм шүү дээ. Эцэг хүн гэдэг нэг их олон юм яриад байхгүй хэрнээ ямар их ухаарал дагуулдаг юм дээ. Ямар ч байсан ороод гарах төдийхөнд л миний өдий хүртэл бодож яваагүйг бодуулж, анзаарч яваагүйг анзааруулах юм”
Өрөөсөн гартаа цагаан тор санжуулан атгасан, өрсөөсөн гутлынхаа цахилгааныг татаагүй хэрнээ ажиг ч үгүй тамхиа татан алхалж яваа тэр өвгөнөөс Долд нүдээ салгаж чадахгүй л байлаа. Түүнд эцэг нь бүх л насаараа туулсан амьдралаа ухаарал болгон нуруугаа бөгтийлгөн байж араасаа чирч яваа мэт санагдана.
Өглөөний жаварлаг салхи өвгөний буурал санчигаар олон жил оролдож байсан тэр л янзаараа сэрвэгнүүлэвч өвгөн “энэ ингэж л байдаг юм” гэсэн аятай үл анзааран харин ч уушигнаасаа гарах тамхины хөх утааг хоёр шанаагаараа савсуулсаар байшингийн булан тойрлоо. Аавынхаа тойрсон тэр буланг Долд, аав нь буцаад гараад ирэх юм шиг, адаглаад тэндээс хэсэгхэн цэнхэр утаа пургих юм шиг нилээн удаан харж зогсохдоо
“Нэг л өдөр аав минь яг ингээд хэнэггүйхэн алхсаар амьдралын буланг тойрчих вий дээ” гэсэн бодол харвав.
Төд удалгүй нөгөө булангаас нэгэн годгоносон жаахан охин савтай сүү барьсаар гарч ирээд, хаашаа ч юм гүйж одлоо . . .

2009.11.20

Бүрэн эхээрээ...