# #

Яруу найрагч Х.Нямхишиг "Дүнзэн байшин"

2 Сэтгэгдэлүүд:

Дүнзэн байшин голын эрэгт
Мод мэт
Дүрс нь голын усанд
Чулуу мэт...
Дээвэр нь моддын мөчир дор дарагдчихсан
Дээрээс нь он цаг дарчихсан
Цонхоор нь шагайдаг саран уйдчихаад
Тоохоо больчихсон
Цоонотол нь ээдэг наран ч бас уйдчихаад
Тойрдог болчихсон
Салхинд хүн шиг исгэрдэг, шувуу шиг жиргэдэг
Бас, чоно шиг ульдаг
Самар шиг, өвс шиг, жимс шиг үнэртдэг
Байшин биш шиг харагддаг
Дүнзэн байшин голын эрэгт
Мод мэт
Дүрс нь голын усанд
Чулуу мэт...

Эх сурваж: Яруу найрагч Х.Нямхишиг "Зун гээсэн чөдөр" номноос зургийг харин би авсан шүү
Бүрэн эхээрээ...

Миний аав захирал (Өгүүллэг)

9 Сэтгэгдэлүүд:

Тас хар өнгийн бандайсан жийп машин нарны гэрэлд шил цонх, гэрэл чийдэн гээд гялалзаж болох бүхнээ гялтгануулсаар сургуулийн сараалжин хашааны үүдэнд ирж зогслоо. “Хэдэн минут ч болов хүүхдүүдтэй тоглочих юмсан” гэж бодож явсан Цахиур яаж ч амжсангүй. Ангийнх нь хүүхдүүд машиныг харж
- Хэн бэ?
- Хэн бэ? гэж ам амандаа шуугиснаа
- Аан! Цахиурын аав л байна гэж машиныг нь хэзээний таньдаг болсноо илэрхийлэн хэллээ.
Тиймээ, энэ бандгар хар жийп бол Цахиурын аавын машин. Заримдаа аав нь, заримдаа жолооч нь энэ машиныг барьж Түүнийг авахаар, эсвэл сургуульд нь өгөхөөр ирдэг юм. Хэн нь ч жолоодож байсан хүүхдүүд тэр машиныг харуут Цахиурын аав л гэх ажээ. Ер нь энэ сургуулийнхан бие биенийхээ ээж аавыг машинаар нь таньж, машинаар нь төсөөлнө. Учир нь уг сургуульд нилээд баян чинээлэг, улс төр болоод урлаг соёлын одуудын хүүхдүүд сурдаг тул машинаар хүргүүлж, авхуулах нь энгийн үзэгдэл. Харин ямар машин ирэх нь хүүхдүүдийн нэр төрийн хэрэг бөгөөд зарим нэг тааруухан машинтай айлын хүүхдүүд хэдэн байшингийн цаана буучихаад явгаар ирдэг гэх сураг ч байдаг л юм.
Цахиур тоглож амжаагүй дээ урамгүйхэн гэлдэрсээр машины дэргэд ирэхэд хойд хаалга торр хийн бараг өөрөө онгойчихов уу даа гэмээр хагас онгойн түүнийг хүлээв. Хүү машинд орон хаалгаа зөөлхөн хаахад гагцхүү жолооч хүн л мэдэрч, таашаал авмаар хапп хийн хаагдаад, зөөлхөн хөдөллөө. Энэ удаа ээж аав хоёр нь иржээ. Харин тэд хүүтэйгээ дуугарсангүй. Хоорондоо муудалцсан бололтой гэдгийг хүү дор нь ойлгосон тул аав ээжтэйгээ ярихыг хүссэнгүй. Төдөлгүй машин хурдаа аван цааш давхилаа. Машинд чив чимээгүй. Цахиур цонхонд духаа наан гөлөглөж амжаагүй зэгэл саарал моднууд жирэлзэн өнгөрөх гудамжийг ямар ч зорилгогүйгээр гөлөрч явна. Гэтэл энэ нам гүмийг эвдэн ээж нь
- Чи тэгээд өөрөө хэлэх нь яасан юм? Би чамд уржигдархан нэг ийм хүн яваад байнаа гэж хэлээ биз дээ? гэж цөхөрсөн өнгөөр хэлэхэд
- Чи энүүхэнийг толгой мэдээд шийдчихэж чадахгүй юм бол ямар хэрэг байсан юм. Би чамд хангалттай боломж, эрх мэдэл өгсөн . . .
- Бас цалин өгсөн гээд битгий хэлчихээрээ дээ
- Хэлсэн ч яадаг юм. Чи энэ компаниас цалин авч байгаа чинь худлаа юу?
- Үгүй ерөө! Больчихоо, больчих. Чи тэр чаддаг, мэддэг хүнээ олж ажиллуулдаг юм байгаа биз. Би зүгээр гэртээ хэвтэж байх минь . . . аав нь хариу дуугарсангүй.
“Тэгээсэй” гэж хүү дотроо бодсон ч хэзээ ч тэгэхгүйг нь мэднэ. Аав ээж хоёр нь хэсэг чимээгүй боллоо. Машинд дахиад л нам гүм. Машин ямар ч дуу чимээгүй гулсах мэт давхина. Хүүгийн харц цонхоор ширтсэн чигтээ хөдөлсөнгүй. Хамраас нь юу ч гоожоогүй хирнээ яагаад ч юм нусаа татмаар санагдсан ч татсангүй. Ийм үед тэдний анхаарлыг өөр дээрээ татахыг хүү хүссэнгүй. Тэгтэл дахиад л нам гүмийг эвдэж ээж нь
- Би чамд энэ шинэ салбарт ямар нэгэн буруу юм болоод байнаа, аягүй бол шалгалт ч орж магадгүй байна шүү гэж сарын өмнө хэлсэн ш дээ гэж хэлээд дуу нь аажууран чимээгүй болов. Ээжийгээ уйлж байгааг хүү мэдэрч байлаа. Дахиад л хэсэг чимээгүй ноёлов. Аав нь урдах замаа гөлөрч, ээж нь хажуугийнхаа цонхоор жишүү харан суужээ. Том нарны шил зүүсэн тул царай нь чухам ямархуу янзтай байгаа нь мэдэгдэхгүй ч гартаа барьсан алчуураар ойр ойрхон хамраа шудрахыг хүү цонхоор ширтэж яваа хэр нь мэдэрч байв.
“Сургуульд ороогүй байхад л ээж аав нь их сайхан байж дээ” гэж Цахиурт бодогддог юм. Аав нь хааяа нэг их дээр өргөөд л үнсэнэ. Ээж нь юм л бол миний хүү тэгэх үү, ингэх үү гэж ээжийн зөөлөн дуугаар асуудаг байсан санагдана. Хүүг томрох тусам, анги дэвших бүр тэр ойр дотно харьцаа алсран холдсоор ердөө гурав дөрөвхөн жилийн дараа гэхэд бүр байхгүй болсон гэхэд болно. Магадгүй, хүү бага байсан болохоор ээж аав хоёрынхоо харьцааг төдийлөн анзаардаггүй байсан байж ч болох юм. Үсэглэлийн баяраар аав нь хүүдээ плэйстэйшн (playstation) авч өгсөн. Түүний дараах төрсөн өдрөөр нь Вий (Wii), за тэгээд л Канон (Canon) зургийн аппарат, видео камер, харин өнгөрсөн жил Айя пад (Ipad) авч өгсөн. Түүнд дутуу юм гэж үгүй. Одоо цагт хүүхдэд байтугай зарим томчуулын хүсэл мөрөөдөл болсон бүхэн бий.
Хүү аав ээж хоёроосоо хаашаа явж байгаагаа асуух гэснээ болив. Бодвол өнөөх ажил руугаа л биз гэж гадарлана. Тэгээд ч ийм үедээ тэд ямар хүүтэйгээ дуугарах биш. Гэтэл тэдний баруун гар талаар нэг жижигхэн шар такси юу юугүй наалдчих нь уу гэлтэй шахаж ирснээ нэг муухай сигналдаад давхиж одов. Аав нь нэг их цочиж жолоогоо нөгөө эгнээ рүү дараад эгээтэй л машин шүргэчихсэнгүй. Аав ч гэлтгүй бүгд цочив.
- Өө, муу новш! гэж хараагаад таксины араас гишгэлээ.
- Яахнав ээ, боль л доо гэж ээжийг хэлэхэд
- Чи дуугай бай гэж аав нь нэг муухай орилоод
- Энэ муу одоо юу вэ зүгээр, нэг муу төмрийн сэг уначихаад дайрчих юм байна л даа гэж шүдэн завсраа сийгүүлэх мөртөө оголхийн давхиад шар таксины хажуугаар орж хашлага уруу шахав. Шар таксины тоормос нэг муухай чахарч, тэдний машиныг эгээтэй л мөргөчихсөнгүй мурчигнаж ирээд арай гэж зогслоо. Аав нь хажуу толиндоо нэг хараад бах нь ханав бололтой цааш хурдлан давхив. Таксины жолооч сандарсан байдалтай бууж тэдний араас ямар нэгэн юм амандаа үглэн машинаа урдаас нь хараад үлдэхийг Цахиур хүү харсан хэдий ч сэтгэл нь тэгтлээ их хөдөлсөнгүй.
- Чи юунд ингэж байдаг юм бэ? Аваар осол болвол яах юм? Би ч яахав, энэ хүүхэд айчихлаа.
- Муусайн юмнууд хэн нь хэн бэ гэдгээ мэдэж аваг гэснээ эргэж хараад
- Чи наад цонхонд нүүрээ битгий наагаад бай. Наадахыг чинь өчигдөрхөн угаалгасан юм гэж юунд ч юм бухимдсан бухимдлаа гаргах шалтаг олсон мэт хашгирлаа. Хүү цонхноос нүүрээ авсан хэдий ч аав руугаа бас л харсангүй.
- Чи одоо хэнд уурласан уураа хүүхдэд гаргаад байгаа юм бэ? гэж ээжийг нь хэлэхэд
- Чамд . . .чамд . . . чамд уур хүрээд байна мэдэв үү гэж хоёр гараараа жолоогоо балбаад
- Би тэр салбарыг нээх гэж энэ хэдэн дарга нарын бөгсийг долоох шахаж явах. Гэтэл чи түүнийг өөд нь татаад авахын оронд тийм ч юм болсонгүй, ийм ч юм нь болохгүй нь гэж шалчигнаад байхаар яаж бидний ажил урагшлах юм? Арчаагүй юмнууд . . . гэж уурслаа. Энэ хэрүүл нилээн эртнээс дэгдсэн нь илт. Тэд дахин дуугаа хураасан хэдий ч ямар нэгэн шалтаг гарвал дахиад сэдрэхэд бэлэн байгаа бололтой амьсгаа дээртэйхэн явцгаав.
- За, за одоо больё доо. Угаасаа тэр нэг салбагнаад байгаа нөхөр үдээс хойш ирнэ гэсэн тэгэхээр нь дахиж нэг сайн яриад тохирохыг бодъё, тэгэх үү? гэж ээж нь ашгүй нэг аядуухан дуугарав. Аав нь хариулсангүй.
Тэд явсаар аавын компани дээр ирлээ. Үүдний жижүүр тэднийг харуутаа хүндэтгэлтэйгээр босож өнгөрүүлэв. Тэд цахилгаан шатаар дээшиллээ. Хамгийн дээр нь аавынх нь өрөө бий. Аавын үүдний өрөөнд суудаг эгч
- Захирлаа! Таны дуудсан хүмүүс уулзалтын өрөөнд хүлээж байна. Арван таван цагт яамны хяналтын байцаагч ирнэ гэсэн гэж хурдхан дуржигнуулав. Аав нь хариу хэлэлгүй толгой дохин өрөөндөө ороод
- Цахиураа! Хичээлээ хийгээд сууж бай. Харин чи надтай хамт яваарай гэж ээжид нь хэлээд гарцгаалаа.
Хүүг гэрт харах хүнгүй тул аавынхаа өрөөнд тэднийг хүлээж хугас өдрийг өнгөрөөдөг юм. Заримдаа бүр оройтох ч үе гарна. Аавыг гарангуут хүү шилэн савнаас аяга ус хийж аваад, сурснаараа цонхон дээр очлоо. Энэ цонхоор хоёр орон сууцны байшин бас цаана нь нэгэн сургууль бололтой цагаан байшин тэртээ доор хараагддаг юм. Хүүг харах үеэр тэр сургуулийн хичээл тарж буй бололтой хүүхдүүд гадаа нь нэг хэсэг бужигнаж байснаа гэнэтхэн асгасан будаа шиг зүг бүр тийш таран одох нь тэртээ дээрээс Цахиурт ихэд сонин харагдана. Харин өнөөх хоёр байрны хүүхдүүд байрныхаа гадна ирээд шууд гэртээ орно гэж бараг үгүй. Эмэгтэйчүүд нь шохойгоор ямар нэгэн дөрвөлжин зурж дээр нь дэвхцэнэ. Арай томовтор банди нар сагсны талбайд бөмбөг тоглоно. Хэдэн бээвийсэн хөгшин нар даган бумбаралдан сууцгаана. Тэднийг харж суухад тэр хоёр байрныхан харь холынх юм шиг хирнээ сэтгэлд нэг тийм дулаан санагдана. Харин Цахиурынх бол хаусанд (house) амьдардаг тул эргэн тойронд нь ийм олон хүүхэд байхгүй. Хажуу айлын ганц нэг хөгшин байх авч Цахиур хүүтэй тэр болгон ярина гэж юу байхав. Цахиурын гадаа тоглох гэдэг бол хашааныхаа буланд аав нь хэзээ ч билээ асгаж өгсөн элсийг хэд самарсан болчихоод өөр хийх юм байхгүй. Тэгэсгээд л орно. Нам гүм, чив чимээгүй тул тэнд тоглоод байх ч сонирхол байдаггүй юм.
Цахиур тэднийг харж суухдаа цаг хугацааг үл мэдрэнэ. Нэг л мэдэхэд нар ташиж хөгшчүүд болон багачуул нь уван цуван орсоор хэдэн ах нар л бөмбөг шидэн үлдэнэ. Аав ээж хоёр нь өдий болтол алга л байна. Энэ үеэс эхлэн Цахиур хичээл хийх ёстойгоо санан нэг их сүрхий санаа алдаад хар савхин гадартай буйданд суун хичээлээ гаргана. Төдхөн үүдэнд суудаг эгч шагайгаад
- Хүүе! Миний дүү гэрлээ асаахгүй, харж байгаа юм уу? гэж саймширан гэрлийг асааж өгөх боловч хүү хариу эс дуугарна. Сайндаа ч биш. Тэр явах гэж байгаа юм. Явахаасаа өмнө заавал өрөөг тойруулан шагайж хардаг зантай. Хүү түүнийг андахгүй.
Аав ээж хоёр ирэх болоогүй л байгаа. Гэрээсээ айя пад-аа авч гарсан бол хэсэг тоглох байлаа. Даанч орхичихсон. Өглөө эрт сэрдэг тул нойр нь юу юугүй хүрээд эхэллээ. Гэсэн ч хичээлээ дуусгахгүй бол болохгүй.
“Гэдэс хонхолзож байх чинь. Өнөө орой бас л хаа нэг газар хоол идэх байх. Уг нь гэртээ, ээжээрээ хоол хийлгэж идмээр л байх юм. Даанч энэ хоёр завгүй” хэмээн бодож том буйдан дээр атирч хэвтлээ.
Нэг мэдэхэд аавынх нь чанга дуу гарч Цахиур сэрэв. Савхин буйдан тул хэвтсэн талаар нь чийгтэж хөлрөн хувцас нь биетэй нь наалдана. Дөнгөж сэрсэн болохоор чухам яг юу болоод байгааг ойлгохгүй ч осолдохгүй аавынхаа өрөөнд байгааг санан нойроо сэргээх гэсэн үү яасан өнөөх цонхруугаа очлоо. Нар аль хэдийнээ шингэж, харуй бүрий залгаад хот тэр чигтээ гэрлээ асаасан нь өндөр дээрээс аятайхан ч юм шиг харагдавч хүүд тийм ч сэтгэл хөдөлхөөр байсангүй. Харин ч бүр уйтай ч юм шиг. Өнөө сургууль, орон сууцны байр бүдэг бадагхан харагдавч, тэнд хүн амьдардаг шинжгүй болтлоо нам жим болжээ.
Ээж нь нэг танихгүй хүн дагуулсаар орж ирэв. Хүү тэдэн рүү харсангүй. Аав нь
- Алив хөгшөөн, цаана чинь уух юм . . . гээд үгээ таслахад ээж нь санаа авах мэт
- Өө, тийм л дээ, тэгэлгүй яахав. Та юу уумаар байна гэж үл таних хүнээс асуухад
- Халуун юм байвал . . . хүнд хоолны дараа . . . гэхэд ээж нь
- За арай ч үгүй байлгүй дээ. Хүнд хоолны дараа харин ч бүр хатуу юм нь зүгээр биз дээ. Айн? гэж ааваас нь ч юмуу, эсвэл нөгөө ахаас ч юм уу аль нь мэдэгдэхгүй асуухад аав нь
- Хатуу нь зүгээр л дээ хө гэж дэмжинэ. Үл таних ах дуугарсангүй. Энэ бүх яриа харанхуй цонхоор харж зогсоо Цахиурын ард сонсогдоно. Аав ээж хоёр нь бас ч гэж дотроо халаасан бололтой. Түрүүнийхийг бодвол сайхан зантай байцгаав. Уг нь хүү ээж дээрээ очвол “Өө миний хүү гээд үнсэнэ. Аав нь нөгөө ахад энэ миний хүү гэж танилцуулна. Магадгүй тэр танихгүй ах ч гэсэн ямар нэгэн сайшаалын үг хэлж үнсэх гэнэ” гэдгийг, ер нь иймэрхүү үедээ тэд сайхан ааштай байдгийг сайн мэдэж байгаа. Гэхдээ хүү тэгэхийг хүссэнгүй. Яг хүсэх юм бол хүү бүр жаахан байсан шигээ жинхэнээсээ ээжийнхээ энгэрт нүүрээ нааж өөр хаана ч байдаггүй тэр үнэрийг үнэртэхийг, аавынхаа мөрөн дээр сууж, жинхэнээсээ ход, ход инээхийг хүсдэг юм. Бүр гэдийж ирээд л инээхээр нүүрэн дээр нь нар тусаад найтаалгаж орхидогсон. Хамраас нь нус сугарч, ээж нь шоолоод л . . . Даанч тийм үе дахиад ирэхгүйгээр хаашаа ч юм одсон бололтой. Аавынх нь дуу түүний бодлыг сарниаж
- Би бол вискинээс татгалзахгүй. Та ч гэсэн арай надад хань болохгүй гэж хэлэхгүй байлгүй дээ гээд завжаараа инээнэ. Үл таних ах
- За яахав. Яг зуун грамм л гэж хэлээд цонхны наана цаашаа хараад зогсож байсан хүүг гэнэтхэн хараад цочив уу гэлтэй өнгөөр
- Хүүе! Энэ чинь хүүхэд . . . Үгүй ээ энэ хаанаас гараад ирэвээ? Энд ганцаараа байсан хэрэг үү? гэж цочсоноо дарсан ч гайхсанаа нуусангүй
- Өө, тийм. Энэ манай хүү Цахиур. Алив энэ ахтайгаа танилц гэхэд хүү үл таних ахад гараа өгөөд
- Цахиур гэж нэрээ хэлсэн нь сургууль тарснаас хойш хэлсэн ганц үг нь байв. Үл таних хүн хүүтэй гар барьсан авч гайхширсан харцаар ширтсээр ажээ. Ээж нь
- Бид хоёр ажил, ажил гэсээр муу хүүдээ ч анхаарал тавьж чадахгүй юм гэхэд аав нь
- Зүгээрээ! Энэ компаний ирээдүйн эзэн. Одооноос юм үзэж л байг гэж сэтгэл хангалуун гэхээсээ илүүтэй бардам өнгөөр хэллээ. Үл таних хүнд хэлэх үг олдохгүй байгаа бололтой хий дэмий л
- Аа, мөн мундаг хүү юм. Өдий багаасаа . . . гээд магтаал нь нэг л утгагүй болсон уу вискигээ татчихаад
- Пүү! Хатуу хайрхан байхчив ээ. За тэгээд та хоёр материалаа маргаашнаас . . . гээд үгээ тасалтал ээж нь
- Өө, би нээрээ мартамхай амьтан юмаа. Юун маргааш гэж одоо өгөөд явуулчихъя. Тэгэх үү? гэж ааваас нь асуух аятай хэлэхэд аав нь
- Тэгэлгүй яахав. Бас талархаснаа илэрхийлэх хэрэгтэй. Бид чинь соёлт нийгмийн хүмүүс шүү дээ гэж нухацтай хэлэхэд
- За тэр яахав. Болох юм болох л байлгүй. Аягүй бол танай өрөөгөөр орсон, гарсан гээд маргаашийн сонингоор дүүрсэн байж мэднэ шүү гэсэн хүүд үл ойлгогдох юм ярьсаар, ээжийнх нь өгсөн дугтуйтайг аван гарч одлоо. Ээж нь хаалгаа хаагаад
- За ингээд болох шив. Миний өвгөн ч мундаг шүү гээд аавыг нь үнслээ. Хүү тэднийг харахыг хүссэнгүй тул өнөөх л цонх руугаа эргэн очив. Аав нь
- Би л оролцож байж нэг юм болгох юм гэж тунирхуу ч юм шиг өнгөөр хэлээд хүүгийнхээ дэргэд ирлээ. Ээж нь гэнэтхэн санав гэлтэй
- Өө, миний хүү! Энэ хоолыг идчих. Ээж нь түрүүн авсан юм гэж хэлэхэд хүүгийн толгойд цагаан өнгийн нэг удаагийн сав зурсхийхэд яагаад ч юм идэх дур төрсөнгүй. Бас хариу ч хэлсэнгүй.
Одоо хотын гэрэл улам бүр тодорчээ. Тэртээ доорх замын нэг талаар нь улаан, нөгөө талаар шар өнгийн гэрлүүд юунд ч юм туугдсан мэт нааш, цааш урсана. Аав нь хүүгийнхээ турьхан мөрөн дээр том алгаа тавьж
- Миний хүү, аав нь яагаад оофийсоо (Office) ийм өндөрт байлгадгийг чи мэдэх үү?
Цахиур дуугарсангүй.
- Яагаад гэвэл аав нь хамгийн дээр нь байх дуртай. Зөвхөн байшингийн ч биш бүхний дээр. Ажил төрөл, бизнес, өнөө цагийн нийгмийн хамгийн өндөрт байх дуртай. Бүхнийг доороо байлгах хэрэгтэй. Яг л тэртээ доор харагдаж байгаа машинууд шиг. Тэд одоо яг тоглоом шиг харагдаж байгаа биз дээ?
Хүү бас л дуугарсангүй. Аав нь хүүгээсээ хариу шаардахгүйгээр өөрөө өөртөө ярьсаар байх бөгөөд түүний амьсгаанаас гарсан вискины үнэр цонхонд ойн хүүд үнэртэнэ.
- Тийм жижигхэн юмнуудаар тоглох л хэрэгтэй. Бодвол доорх машинуудыг хэлж байгаа бололтой.
- Хүн өөрөө ямар сэтгэл зүрхтэй байнав тэр дүрдээ л тоглодог. Тэгэхээр аливаад гол дүр байхын тулд замдаа тааралдсан болгоныг . . . гэснээ сая нэг сэхээ авав уу гэлтэй дуугаа татав. Хүү хэсэг дуугүй байснаа
- Ааваа . . . тэнд нэг сургууль байдгийн гэж турьгүйхэн хэлэхэд аав нь
- Тэр чинь борчуудын сургуулиа миний хүү гэлээ. Хүү тэгтлээ сайн ухаж ойлгосонгүй.
- Наана нь бас хоёр байр бий. Гадаа нь хүүхдүүд үргэлж тоглож байдаг юм.
- Тэд тоглож, инээж хөхөрч, идэж, ууж, унтаж, зүүдэлж байвал л болоо. Харин тэд сэрж сэхээрч болохгүй. Тэдэнд тийм их ухаан хэрэггүй. Тэд өөрсдөөрөө . . . харин бид тэднээр тоглох ёстой юм шүү дээ гэж хүүдээ гэхээсээ илүүтэй өөртэйгөө ярьж буй мэт хүүрнэхдээ нүдэнд нь ер бусын ад гялалзахыг хүү харсан бол аав ямар нэг юманд уурлаж дээ гэж бодохоор байлаа.
- Миний хүү сонсож байна уу? гэж ээж нь хажуугаас нь хүүгээ анхаарч байна уу гэхээсээ илүү аавыг нь дэмжиж байгаа өнгөөр асуулаа. Хүү цонхоор ширтсэн чигтээ толгой дохив.
- Аав нь энэ гэрийн эзэн шүү дээ. Тэгэхээр аавын хэлсэн үг бол хууль л гэсэн үг гэж ээжийгээ хэлэхэд “Энэ бол та хоёрын ажлын газар болохоос манай гэр биш” гэж хүү бодно.
Нээрээ л тэртээ доор яваа машинууд их жижигхэн тоглоом шиг харагдана. Түүнийг жолоодож яваа хүмүүс ч тэр, түрүүний хүүхдүүд ч тэр бүгд тоглоомон хүмүүс байж болох л юм. Тоглоом гэснээс бөмбөгтэй болдог юм билүү. Уг нь аавдаа хэлвэл ч аваад л өгөх байх л даа. Харин бөмбөгийг ганцаараа тоглох хичнээн уйтай . . .

Түмэнбаярын Бум-Эрдэнэ. 2011.04.19 УБ хот
Бүрэн эхээрээ...

Зохиолч Доржзовдын Энхболд: "Тавын даваа"

3 Сэтгэгдэлүүд:

Би өөрийнхөө блогт нэг ийм "ЮМТАЙ БҮТЭЭЛҮҮД" гэсэн булан нээхээр шийдлээ. Энэ буландаа энд тэндээс уншихад өөрийн сэтгэлийг хөндсөн зохиол бүтээлүүдийг оруулах санаатай байна. (Зөвхөн өөрийнхөө сэтгэлийг яг тэр үед хөндсөн гэсэн шалгуураар. Магадгүй дараа нь уншихад тийм биш байсан ч хамаагүй.) Түүнээс биш онолын болоод танилын үзүүлэлт хамаарахгүй юм. Мэдээж хаанаас авсан эх сурвалжаа байнга оруулах болно. Харин яг зохиолчоос нь зөвшөөрөл авч чадаагүй тохиолдолд уучлалт хүсмээр байна.

Зэндмэнээс Бөхбат гурав дүү юм. Тийм атал Бөхбатыг арслаан гээд хүндэтгэж харьцана. Бөхбат анхандаа дургүйцэж
-Хн. Юун ч нялуун юм билээ дээ. Адилхан л арслан байж гээд цээжээ түхэлзүүлэхэд Зэндмэнэ учирлаж
-Яалаа гэж чи бол бүхэл бүтэн аймагт гурав түрүүлсэн арслан, харин би бол нэг цэргийн ангийн л арслан шүү дээ. Юманд чинь эрэмбэ, зэрэг дэв гэж нэг лут юм байдаг юм гэж учирласаар байгаад Бөхбатыг эрэмбэнд нь сүрхий дасгаж айлд орсон ч Зэндмэний хажуугаар өнгөрөөд хойморт нь суучихдаг, байрандаа хоол хош бэлтгэхэд хэнэггүйхэн сууж байгаад хоол болсон хойно дээжийг нь тэгэх л ёстой юм гэсэн шиг гарддаг болгочихжээ. Төгсөх жилийнхээ өвөл Зэндмэнэ гэрлэж Дамбадаржаад хашаа байшинтай болоход хоёул байрнаасаа гарч Дэлгэрмаагийн гарын хоол цайны амтанд нэг л хүн мэт сүжрэн автавЗэндмэнэ сүүлийн дөрвөн жил, харин Бөхбат гурван жил дараалан дөрөв давцгаасан атал начны босгыг л алхаж чадахгүй байлаа. Өнгөрсөн жилийн тавын даваанд нэгийг нь босоо аварга, нөгөөг нь энэ аварга л хэлтийлгэдэг арслан хоёр амлаж яаж ч болсонгүй. Хоёр найз санаа алдан өмсгөлөө цүнхлэж үүрээд үзэгчдийн суудалд урам муутайхан ирцгээтэл Дэлгэрмаа минчийтэл уурлаж
-Үгүй ерөө. Аваргад одоо миний нөхрөөс өөр давчихмаар бөх үлдээгүй юм байхдаа гэж шилбэлзэв. Зэндмэнэ хавийн улсаас санаа нь зовж баривгар хоёр гарынхаа алганд шөмбөн цагаан хуруунуудтай хөөрхөн гарыг нь хавчуулаад илэнгээ
-Дэмбээ минь тэгж болдоггүй юм. Аяар гэм хэмээн аргадаж харин Бөхбатын хамар сарталзан
-За яахав. Наадам ганц биш гэж Дэлгэрмааг тайвшруулж билээ. Бөхбатын багад аав нь нэрийнх нь утгыг уйгагүй тайлбарлаж өгдөг байв.
-За миний хүүгийн нэр их учиртай. Эхний үе нь бөхийн бөх юм шүү дээ. Аав нь хүүгээ сайн бөх болоосой гэхдээ ингэж нэрлэсэн юм. Бат гэдэг нь Мөнхбат аваргын нэрийн арын хэсэг. Аварга хүн гэдэг цаст цагаан уул шиг сүрлэг, ариун дагшин амьтан байдаг юм. Хүүдээ аав нь аваргын нэрийн эхний үеийг өгчихвөл хүнддэнэ гэж бодсон юм даа. Ингээд миний хүүгийн нэр чинь авсан цолоо бөх бат хадгалаж ахиулж дэвжээж яв гэсэн утгатай юм шүү гэдэгсэн. Өөрөө бол сумын наадамд дархан хоёр даваад гурвын даваанд ёс шиг л унана. Наадмын өглөө хорхогныхоо ямааг гаргаж янзалчихаад шуудгаа өмсөж далбаагаа зоон дээгүүрээ бүслээд дээгүүр нь тэрлэгээ хэлхэндэг нөмөрч сулхан бүслүүт гэрээ гурав тойрч гороолоод наадмын талбайг зорино. Жилийн жилд ингэдэг байв. Нэгийн даваанд оногдох сургуулийн хүүхдийг эвтэйхэн өргөж тавиад, хоёрын давааны оноолт залуучуудтай хөөцөлдөн явж даваад их л амьсгаа дээр хөлийн асарт ирнэ. Заримдаа нөгөө залуучуудад хөлөө алдаад юм уу, дэгээ ороолгоод ээжийг нь балбагануулж орхино. Гэвч давнаа. Харин гуравын давааны босгоор л аав нь үнэхээр давж орж үзээгүй билээ. Гэвч гутрахгүй. Миний үзээгүйг миний хүү үзнээ гэдэгсэн. Үнэхээр ч тийм юм болсон. Долоодугаар анги төгссөн зунаа Бөхбат сумын наадмын аманд гарч нэгийн даваанд гуравдугаар бригадын Зулзага гэдэг цулцгар хүнтэй таарч хав барьцнаас жоохон зайлаа оруулаад тойгдчихсон чинь Зулзага гуай цулцгас хийтэл өвдөглөн сууж наадамчид түрхрэлдээд л явчихав. Дуучин хүнд алга ташилт яаж сонсогддогийг Бөхбат мэдэхгүй. Гэхдээ л олон хүн алгаа зэрэг зэрэг таших нь тун сүрлэг сайхан санагдаад л дахиж дуулдаг байх. Харин бөх хүнд наадамчдын тэрхүү нирхийсэн түрхрэлт нь бөөн баяр, дахиж давах урам өгдөгийг анх тэгж мэдсэн. Хоёрын даваанд зэргэлдээ сумын начинтай цаг шахуу ноцолдож баруун тахимдаж хөөгөөд давсанд сумын наадмын дэвжээ нисэх адил болж хөөрч догдолсон наадамчид дэрхийгээд босоод ирэх нь тэр. Тэр зун сумынхаа наадмыг Бөхбат ийнхүү бөөн хөөр хөөрцөг болгож даваа бүртээ наадамчдын хоолойг нь сөөтөл орилуулж дэвхцүүлсээр үзүүрт хүрэв. Аймгийн арслан хурц Жамбаа хэмээх хижээлдүү бөхтэй үзүүр түрүү булаалдахаар гарахад сумынх нь бүх л уулс өндөлзөж байх шиг санагдсан юмдаг. Харин Жамбаа арслан хүүд урам өгөе гэсэн үү яасан нэг их хүчилж барилдсангүй. Бөхбат ч түүртэлгүй давж сумандаа анх удаа арван тавтай хүү төрүүлэхэд аав нь замдаа таварцаглан бүдчиж унасаар гүйн ирж үнсээд
-Миний хүү түрүүлчихлээ. . . Миний хүү түрүүлчихлээ гээд л нулимсаа ч арчихаа мартчихсан дэвхцээд байж билээ. Есдүгээр анги төгссөн зунаа аймагтаа барилдаж гурав даваад ирэхэд аав нь сумынхнаа цуглуулчихсан
-Миний сумандаа даваагүй давааг хүү минь аймагт давчихаад ирлээ гээд л хөөрч ээж нь -Ишш . . . Миний муу тонтгор хүү овоодоо гэснээс хойш тонтгор Бөхөө гэдэг нэртэй болж өдий хүртэл тэр л нэрээрээ барилдаж яваа билээ. Зарим заалны барилдаанд бөх тайлбарлагч
-Ховд аймгийн харъяат тонтгор хэмээгч Бөхбат арслан гурав давлаа гэж ирээд л чанга яригчаар зарлаж эгдүүг нь хүргэнэ. Гэвч сүүл сүүлдээ энэ нэрэндээ дасаж найз нөхөд нь
-Тонтгороо гэж дуудахад
-Өөв гэдэг болжээ. Наадмын дөрвийн даваанд Бөхбатыг ид барилдаж яваа гарди, харин Зэндмэнийг харимал заан амлажээ.
-Чи ноолуур гаргаагүй гээд гүрийгээд байсан гаргасан л байна шүү дээ заанд хэдийг өгөв аан.
-Золигтолгүй яаж барилдахаа л бод. Тэр харав уу, гарди чам руу хялайж байна.
-Би ч ингээд өнгөрөв бололтой. За өвгөн минь чи л хичээдэг юм шүү.
-Шүдээ зуу. Хагарчихгүй. Гарди эцгийг чинь яалаа. Новшид унаж шившиг болов. Зэндмэнэ шүднийхээ завсраар сийгүүлэн занах мэт ийн хэлчихээд цааш эргэж хоёр гуяа тасхийтэл алгадлаа. Бөхбат ч шүдээ зуумагц хоёр гуяа чимчигнэн хорсож улаа бутартал хэд сайн алгадаж, шавмагц талбайн гол руу бугуйл аван зүтгэх хангал ат шиг шуугин очиж гардийн өөдөөс өрмөгц
-Чи миний аавыг алж, аймгийг талсан байхаа гэж бодоод шүдээ зуухад салхитай өдрийн яндан шиг чихарч байв. Очсон эрчээрээ гардийг барьж авах гэж хэд хэд ноцоод чадсангүй. Гарди түүний нүд рүү харсанаа харцнаас нь дальдчиж цочоод цаашаа эргэж, элэг бүсээ султган, гутлынхаа ногтоор оролдов. Хашир гарди Бөхбатын яахаас ч буцахгүй, юү ч хийж мэдэхээр осолтой болчихсоныг анзааруут тайвшруулж нозооруулахаар шийджээ. Хэсэг амсхийгээд дахин өрлөө. Бөхбатад гардийн зүүн хөл л харагдана. Хэдий ойрхон харагдаад байгаа ч түүнд хүрч шүүрнэ гэдэг явгаар Ховд орохын дайтай гэдгийг мэднэ. Шүүрч өргөлөө ч нарийсгаж гаргаж ирээд хаяна гэдэг ачаатай гуч машин өргөхөөс ч амаргүй гэдгийг бас гадарлана. Гэсэн ч тэр хөлөөс өөр юү ч харагдахаа өнгөрчээ. Гамингийн тагнуул. . . Гамингийн тагнуул. . . Чамайг хаяна. . . Чамайг хаяна. . . түүнийг сэтгэлдээ ийнхүү шившин мөнөөх хөлийг шүүрэх гэж элдэж явтал гарди юм хэлээд байх шиг болж сая л наадмын дэвжээнд байгаагаа анзаарав.
-Аан. . .
-Элэг бүсээ чангал.
-Аа энэ яахав. . .
-Чангал гэж байна шүү чамайг. . . Бөхбат эрэмбээ гэнэт ухаарч нэг муухан мушийсгээд элэг бүсээ тайлж далбаагаа хэд сэвээд бүсэллээ.
-Цаад хоёрыг чинь жаахан харъя. Түүний үгэнд орохоос өөр яахав. Зэндмэнэ ойр хавьд харагдсангүй. Талбайг тойруулан харцаараа нэгжтэл талбайн зүүн урд захад өвгөн зааны эгэмийг түшчихсэн зогсохыг хараад
-Унтаж хэвтэж өвгөнд бусгуулчих вийдээ гэж бодов. Харин Зэндмэнэ алин цагийн зодог тайлах болчихсон өвгөн заан ямар бодолтой өөрийг нь авсаны учрыг олохгүй тэвдэж байлаа. Настай хүнд хөөгдөөд дэгдээд явах нэг хэцүү.
-Ишш тэр нэг ядарсан юмны яваа царайг гээд л цэнгэлдэх даяар хашгирч орилолдоод сүйд болно. Бас хөөгөөд явах нэг хэцүү. Харимал бөх дээрэлхлээ гэх бол энүүхэнд. Яагаад ч юм түүнд барьц их л элбэг олдож байлаа. Зүүн гарыг нь атгаад урдуураа таллаад гүйлгэчихьюү гэж нэг бодсоноо өвгөн хүнд бяр гаргаж онгирлоо гээд дээд цолтнуудаас эхлээд л эвгүйцээд унана гэж хаширлаад алгуурхан золгосонд заан өөдөөс нь хавтай сайхан бариад авч байна. Ингээд хоёул эгэмээ түшин хэсэг зогсов. Удвал осолтой. Энэ хоёр мөнгөн дээрээ л тохирохгүй байна гэж наадамчид хардана. Түргэн хаячихаар
-Тэгэлгүйдээ найрааны улс гэцгээнэ. Гэтэл Бөхөө тэр хоёр үнэн сайхан барилдаад тэр цол молонд нь хүрвэл хүрье. Хүрэхгүй бол яахав дээ. Улсынхаа наадмын дэвжээнд хэдэн жил сайхан барилдчихая. Энэ ногоон торгон дэвжээн дээр хүссэн аавын хүү гардаг ч юм биш. Ингээд барилдаж явна гэдэг том хувь заяа гэж бат нот шийдэцгээсэн байлаа. Нөгөөтэйгүүр тэр найраанд оролцох мөнгө нь ч үнэндээ байсангүй. Иймээс л аль нэг аймгийнхны юм уу, аваргын найраанд оролцож хоёр гурав даваад хэдэн төгрөг өвөрлөчихдөг өвгөн заан нэг ч төгрөггүй түүнийг амласанд гайхаад байлаа. Одоо л нэг юм хэлэх нь дээ гээд хүлээтэл таг дуугүй.
-За дүү хүү гээд л яриад эхэлдэг юм бол чимээгүйхэн сонсож байгаад зэгсэн чанга гуядах юм шүү гэж бодож явсанаа барьцаа ахиулж шахаж татаад өргөсөнд заан жижигхэн бухал сэрээдсэн аятай сэвхийгээд гараад ирэв. Нуруугаар нь наадмынхаа торгон ногоон зүлгийг илэх мэт зөөлхөн тавьлаа. Тахимаа авахад заан магнай дээр нь үнэсээд
-Дэмүүл арслангийнхаа энтэй барилдаж яваарай хүү минь гэж ерөөлөө.
-Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харъяат цэргийн арслан Зэндмэнэ улсын заан Хүдэрсайхàнаар дөрөв давлаа. Сүүлийн үед начин цол гарцаагүй хүртэх бөх хэмээн наадамчин олны тааварт тогтмол орж байгаа арслан маань улсынхаа их баяр наадамд тавдахиа дөрөв давлаа гээд л цэнгэлдэхийн цагаан хоолойгоор хангинахыг сонсож Бөхбатын цээж тэнийгээд
-За ашгүй гэж бодов. Түүний харцны өнөөх хурц омог дарагдсаныг хяламхийн харчихаад гарди ч барилдахаар өрлөө. Түрүүхэн л жигтэйхэн ойрхон харагдаад байсан өнөө хөл одоо бол хүрэхийн эцэсгүй хол харагдаж гарди элдэж Бөхбат ухарч эхэллээ.
-Та миний аавыг аллуу. . . Бишээ болохгүй нь. . . За байз чи тагнуул билүү бас л бишээ гэж бодон бодон гардид шахуулж элдүүлсээр гүйх тооны зугатлаа. Өмнөөс нь нөрүүхэн өрөөд шалмаг элдэж байгаа гардид үнэхээр хүрэх газар алга. Тэр хаанаас нь ч барьц олдомгүй мулцгар, даагдашгүй том хар бул чулуу шиг санагдаж эхлэв. Нүднийх нь харц дөлгөөн тайван боловч шургуу, даваа нэхсэн хатуу итгэлтэй, хүүхдийг нидрээд өнгөрнө дөө гэсэн бардам шинжтэй.
-Хөөш. . . Чи зүгээр барилдаач. Зугатаад хаа хүрэх юм гэж үе үе сийгүүлэн шивнээд шанаа түүшин нь гүвэлзэж уцаарлах шинжтэй элдэнэ. Бөхбат дэмий л “Хөлд чулуу тээгэлдэггүй л юм бол баригдахгүй дээ” гэж бодон зугатлаа. Гарди нилээн удаа хөөгөөд “Энэ муу хаачдаг юм” гэсэн шинжтэй талбайн гол руу ихэмсэг нь аргагүй тайван эргэв. Бөхбат араас нь “Тайвшир. . . Тайвшир. Бодлоо төвлөрүүл. Чи хаях ёстой. Чи хаяна. Үхсэн хойноо гарди гэдэг чинь тавхан үсэг өөр юү ч биш “ хэмээн гардийн хурц цэнхэр далбааны гол дахь ланзан хээг ширтэн бодож явлаа. Гэвч бодол санаа нь хүссэнийх нь зоргоор төвлөрч өгсөнгүй. Гардид элдүүлж ухарч гүйсээр байтал талбайд хэдүүлхнээ үлдлээ. Цэнгэлдэх ч хоосорч наадамчид тавын давааны өмнө амжиж хоол эргүүлдэхээр гадаалав бололтой. Хөлийн цэц хав барилдуулах цаг болсон гээд шодсонд Бөхбатын тал таарч тэнгэр намайг тэтгэлээ гэж бодоод барьц авлаа. Гэвч гардийг кранаар өргөсөн ч даагдахгүй шинжтэй. Бөхбатын сэтгэл одоо бүр түгшиж юун өнөө жил босгоор нь гарцаагүй давж орно хэмээн бат итгэж цээжинд нь өлхөн багтаад байсан тавын даваа байхав. Түүний наана дөрвийн даваа давшгүй өндөр уул болон хөндөлсөж, өөрийнх нь талаар золгосондоо баригдан түүний хийх мэхний хариуг бодон төлөвлөх гарди тэр уулыг давах ганцхан жимийг бөглөсөн бул хар чулуу шиг санагдан хөлс нь чийхарав. Гарди түүний хөдөлгөөнийг яг анан дотроо нэгийг товлон шаасан гадас шиг зогсчээ. Эвгүй л хөдөлвөл гардид олзлогдоно. Би ч начны өмгүй ядруу бөх юм даа гэж бодтол тархи толгой нь цэлсхийн хүнд өвчинд ээрэгдэн хэвтэрт байгаа эцэг нь бодогдов. Муу аав минь насаараа л бөх ярьж, бөхөөр амьсгалаж, хирхэндээ л бас бөх явлаа. Одоо ч хажуудаа радиогоо тавьчихаад амьсгалаа түгжин чагнаж хэвтээ. Гэтэл горьдлого тээлгэсэн ганц хүү нь амьд мэнд дээр нь улсын цол хүртэж магнайг нь тэнийлгэж чадахгүй юм гэж үү. Чадахгүй байхдаа яадаг юм. Нохой долоо. Энэ ер нь юү юм. Хөлд тээгэлсэн чулуу төдий л шүү дээ. Гэтэл миний байгаа царай, иймхэн юманд тээглээд гайхаж зогсдог. Тэхгүй шүү. Гарди байтугай аварга, арслан хэн ч байсан яадаг юм. Хаяхдаа л хаяна. Сэтгэл дотроос нь нэг нооройсон муур гангинан гараад гүйчих шиг болтол бие нь хөнгөрөөд гардийн нөгөө хөл нүдэнд нь тулах шиг боллоо. Зүүн гараа суллуут зайлаад тэр хөлийг авъя гэж шийдмэгц гардийг хөдөлгөж үзвэл золгох үеийнх шиг нь хүнд нүсэр юм ердөө ч алга. Бөхбат гардийг хоёр гурван удаа шуудагнаас нь татаж шахаж хөндийрүүлээд тавихдаа зайлж тойгдоод хөлийг нь шүүрэх гэсэн авч хамрынх нь үзүүрт тулан алдаад байгаа хөл нэг л баригдаж өгсөнгүй түүний цаг дуусаж гардийн талаар золголоо. Гарди ч хөл авна. Хөл авах гээд ухасхийнгүүт нь л тонгорчихоё хэмээн анаж байтал амжсангүй. Нэг л мэдсэн гарди хөлийг нь шүүрч хөнгөхөн гаргаад элдлээ. Бөхбат ч олныг эргэцүүлж амжсангүй. Тулгуур хөл дээрээ амсхийн тогтуут шүүрүүлсэн хөлөө хүчлэн тийрч барьцыг нь сулруулаад тонгортол гарди хондлой дээр нь гараад ирэх шиг болохоор нь гялсхийтэл зайлж бухлаа. Юү юү ч болоод явчихав бүү мэд. Хөл дор нь гарди осолдохгүй л гэдэргээ харан унаж Бөхбат хүчиндээ дээгүүр нь давж харайлгав. Тэр эрчээрээ гүйж есөн хөлт цагаан сүлднийхээ өмнө очин шавж ёслоод тахимаа авахаар ирвэл гарди тун урамгүй янзтай тахимаа өгч юм ч хэлсэнгүй хөлөө чирэн хөлийн асар өөд зүглэв. Бөхбатад гэмшил баяр хоёрын аль нь түлхүү төрсөн юм бүү мэд гардийн араас харж
-Наадам ганц биш шүү дээ ах минь өршөөгөөрэй гэж сэтгэлдээ шивнүүт малгайгаа тэгшлэж есөн хөлт сүлдээ тойрон дэвлээ. Хөлийн асар руу явах замд нь Зэндмэнэ урт дээлээ хэлхэгнүүлэн гүйн ирж үнсээд
-Ёох. За ашгүй гээд захыг нь үрчийтэл мушгисан тэрлэгийг нь нөмрүүлж мөрөн дээр нь хапхийтэл алгадав. Дэлгэрмаагийн үүр цүүрээр босож хуурч хайрч гараа гаргаж хийсэн хийцтэй цайнд мах, хуушуур хөшигчин аяга дүүргэн үйгээд цайллаа. Дэлгэрмаа ч нар нь ганц гарч байх бололтой шинэ торгон тэрлэгээ шар шур дуугарган
-Алив ид уу болон дэвдэгнэнэ. Бөхбат том мөнгөн аягандахаа дуусгаад дахин мах хөшиглөх гэтэл Зэндмэнэ хориглож
-Одоо болно. Наад гэдэс гүзээ чинь цэрийгээд амьсгааг чинь боодог юм биш үү. Юм үзээгүй аятай дайраад унах чинь гэж загнаад аягыг нь хураагаад авчихлаа. Өөрөө ч нэмж юм идсэнгүй. Яг л сайхан идмээр байхад ийн аягласанд нь гомдсон Бөхбат уйлах гэж байгаа хүүхэд шиг өмийснөө юм ч хэлсэнгүй. Хамрынхаа хөлсийг шудраад буруу харлаа. Дэлгэрмаа түүнийг учиргүй өрөвдөж Зэндмэний нуруу руу хурууны үзүүрээр хатгасан авч цаадах нь хүрлийчихээд жишим ч гэсэнгүй. Ийнхүү хэрэлдчихсэн улс шиг хэсэг суув. Дэлгэрмаагийн сэтгэл салхитай өдрийн өрх шиг барьцгүй дэвэлзэн суудалдаа тогтож чадахгүй холхин
-Яанаа гоогоо. Аварга арслан хоёрын нэг авч балрах вийдээ гэж шивнэнэ. Хүзүүг нь илж өгмөөр санагдавч Зэндмэнэ наадмын өдөр иймэрхүү ааш араншинд дургүй болохоор дэмий л өвдгөө илнэ. Харин Зэндмэнэ хүү нь цол авчирч яваа гэдэг бодолдоо бат итгэсэн хэвээр суулаа. Наадмын бэлтгэл дундуур хагас өдрийн чөлөө авч хот ороод Дэлгэрмааг эхо- д харуулсанд эмч
-Танайх хүүтэй болох нь ээ гэж хэлээд магнайг нь ганц тэнийлгэсэн билээ. Тэр үгийг дуулснаас хойш хүү нь холын тээврээс ирэх жолооч шиг л цолны үнэмлэх тэмдэг хоёр барьсаар ирж яваа юм шиг совин татаад байдаг болчихжээ. Талбайд үлдсэн хоёр начин их л цуцацгаасан бололтой гараа сэгсэрцгээн хоёр биеэсээ дөлж алхана. Хэд хэдэн удаа хав золгуулаад хаялцсангүй. Барьц сонгуулах нь дамжиггүй. Наадамчид гаднаас уван цуван орж ирсээр цэнгэлдэх зугуухан дүүрч эхлэв. Зэндмэнэ Бөхбатын далан дээр зөөлхөн алгадаад
-Явъя гэлээ. Бөхбат ухасхийн босов. Бөхчүүдийн суудал руу эртхэн очсон нь дээр. Наадамчид хэцүү. Гар барих гээд л зарим нь ч бүр тэвэрч авч сүжрэх гээд л. . . Харин тэр хоёр иймэрхүү занд дургүй төдийгүй бүр айдаг аж. Тэр жил хоёрын давааны дараа цэнгэлдэхийн гадуур хуушуур эргүүлж явтал Зэндмэнэтэй бага сургуульд нэг ангид сурч байсан бүсгүй тааралдаад
-Хүүе хаая болон нахилзаад л гарыг нь ээлжлэн шүүрч сэгсчээд л түүгээр ч зогссонгүй өөриймсөг сэтгэлээ илчлэн Зэндмэний малгай дээрх хялгасыг илж унагаад сүйд болсны дараа хоёулаа гуравын даваанд дуу дуугаа авалцан үсрээд өгсөн. Унамааргүй бөхчүүдэд унацгаасныг яана. Тэр жил мөн ч урамгүй наадсан даа.
-За тонтоо хэн ч авсан өнөөхөө л хийнэ шүү. Удаж болохгүй. Бариа зөрүү дээрээс л даваа ирнэ. Зүрх халирлаа л бол залгаад унаа ирнэ л гэж мэдээрэй хэмээн Зэндмэнэ Бөхбатад зааварлаж явлаа. Тэр хоёр энэ жилийн тавын даваанд нэг нэг мэх бүтэн жил бэлдэж ер нь гаршчихаад байлаа. Эхний даваануудад хийчих вий гэж тун их болгоомжилсон тэр мэхээ Бөхбат гардид хийн алдаад аз уу эз үү эв таараагүй билээ. Түүнийгээ л бариа зөрүүн дээр хийдэг юм шүү гэж Зэндмэнэ Бөхбатыг шахаж байгаа нь энэ. Хоёр начин хаялцдаггүй. Тавын даваа эхлэх цаг болчихсон, цэнгэлдэх наадамчдаар пиг пүүрсэн харагдана. Тэгтэл ч их аварга хөлийн цэц рүү зүглэж арслан дагаад бослоо. Зэндмэнэ Бөхбат хоёр сайн гэгддэг нэг ламын цээжлүүлсэн аварга арслан хоёрыг холдуулах тарнийг зэрэг зэрэг уншиж ногоо таслаж гарлаа. Нэг үг хэлээд л нэг ногоо таслаарай гэж лам захисан юм байж. Шүтлэг муутай Бөхбат тарниа удаан уншиж байгааг өмнөх хэдхэн ногоо нь гэрчлээд өгч байлаа. Зэндмэнэ зэмлэмээр байвч ам гар хоёр нь нэгэнт завгүй тул дэмий л хялалзан түргэн түргэн шивтнэнэ. Түүний өмнөх өвс хадсан аятай хиарчээ. Аварга арслан хоёр амаа аваад эргэсэнд залгаад гарди заанууд бослоо. Одоо хэрэг нэгэнт өнгөрөв гэсэн аятай тэртэй тэргүй туниа муутай уншиж байсан тарниа Бөхбат зогсоогоод босож суниалаа. Харин Зэндмэнэ ногоогоо эг маггүй зулгаасаар уруул нь түргэн түргэн хөдөлсөөр. . . Цэнгэлдэхийн цагаан хоолой нэгэнтээ хоржигоносноо аварга арслан хоёрын авсан амыг зарлахад л Зэндмэний санаа сая амарч -Мундаг лам юм гэж үнэн сүслэн шивнээд өмнөө овоолсон ногооноос хэсгийг чимхэн гутал оймс хоёрынхоо завсар хавчууллаа. Ингэвэл тавын даваанд түүртэхгүй гэж мөнөөх лам айлдсан билээ. Бөхбат ч түүнийг дууриав. Ёох. Аварга арслан хоёроос л мултарсан хойно үлдсэн хэдийн хэнтэй ч үзнэ гэсэн омголон бодол мань хоёрт төрж цээжийг нь цэлмээнэ. Гэнэт цэнгэлдэх даяараа нирхийгээд явчихлаа. Дөрвийн давааны хоёр начингийн нэг нь осолдохгүй нөгөөгийнхөө дээр унаж залхсан наадамчид давсанд нь биш удсан барилдаан ашгүй нэг өндөрлөсөнд нь баярлалдан тийнхүү нирхийлгэсэн хэрэг байв. Яг энэ нирхийлттэй зэрэгцэн нэгэн түгшүүрт бодол Зэндмэний толгойд гялсхийж Бөхбат руу харвал тэр ч бас энэ тухай бодов бололтой тийн огцом харсанд нь халирч хулганан хамраа шударлаа.
- Түй. . . Түй. . . холуур. . . холуур. . . гэж шившээд Бөхбатынхаа хөлстэй баривгар гарыг атгалаа. Бөхбатын судас луг луг цохилох нь гарынх нь алгаар дамжин мэдрэгдэнэ. Хүний алганд ийм тод цохилттой судас байдаг л юм байхдаа гэж гайхахтай нь зэрэгцэн заалны барилдаанд Зэндмэнд хэдэнтээ унасан залуу харцага сая давсан начныг амласныг сонсоод зүрх нь зогсчих шиг болсноо бөөн хүчээр түргэн түргэн цохиллоо. Баруун гараа Зэндмэнд атгуулсан Бөхбат зүүн гарын араар хамраа нааш цааш хөрөөдөн шударснаа дэмий л гутлынхаа ногтоор оролдов. Зэндмэнэ Бөхбатын гарыг тавиад босож хэлхэндэг нөмөрсөн тэрлэгээ тайлан далбаагаа бүслэнгээ
-Миний хүү. . . Одоохон. Аав нь ингээд цолонд хүрдэг байж хэмээн заналтай шивнэхийг сонсуут Бөхбатын цус нүүрээд нь огшоод ирэх шиг болж
-Намайг ч аав минь хүлээж байгаа гэж зөрж шивнээд шүдээ зуулаа. Хоёул гуяа хорстол алгадаж зүүн баруун жигүүрүүд рүү зүглэхэд засуулууд цол дуудахад алин цагийн бэлэн зээгэлжээ. Зүлэг ногооны шимт хөлсөнд гутал дэвтсэн зунсан.

2003-2004 он. Сан-Франциско. Нью-Йорк.
Эх сурваж: http://www.utgazohiol.miniih.com/index.php/home/post/17
Бүрэн эхээрээ...

Зохиолч Халтарын Болор-Эрдэнэ. "Зүрхэнд үйлдвэрлэв"

0 Сэтгэгдэлүүд:

Би өөрийнхөө блогт нэг ийм "ЮМТАЙ БҮТЭЭЛҮҮД" гэсэн булан нээхээр шийдлээ. Энэ буландаа энд тэндээс уншихад өөрийн сэтгэлийг хөндсөн зохиол бүтээлүүдийг оруулах санаатай байна. (Зөвхөн өөрийнхөө сэтгэлийг яг тэр үед хөндсөн гэсэн шалгуураар. Магадгүй дараа нь уншихад тийм биш байсан ч хамаагүй.) Түүнээс биш онолын болоод танилын үзүүлэлт хамаарахгүй юм. Мэдээж хаанаас авсан эх сурвалжаа байнга оруулах болно. Харин яг зохиолчоос нь зөвшөөрөл авч чадаагүй тохиолдолд уучлалт хүсмээр байна.

Бурхантай, бугтай, тэнгэртэй, газартай хэрэлдлээ.
Эхлэл нь хаана байсныг, төгсгөл нь хэзээ ирэхийг
эрж хайгаад олсонгүй. Хэрүүлийн эзнийг сая л оллоо.
Олох олохдоо түүний тохуурхал, даажигналын чимэг сонслоо.
Сонсогдож байгаа бодоход тэр амьтай юм. 


Нар. Нозоором халуун. Нүд анилдан зүүрмэглэхэд тэнгэр нэг цэнхэртэн, нэг харлан харагдах нь зузаан хөх шилтэй төстэй ч юм шиг…
…Бөмбөгөр шилэн доторх ижижгхэн хотыг хэн нэгний нүд анхааралтай ширтэнэ. Тэр шилийг сэгсрэхэд бороо, цас, шороотой төстэй зүйл дотор нь бужигнана. Жижигхэн, бүр маш жижигхэн хүмүүс тийм бужигнаан дотор орох байх газраа олж ядан бөндөгнөхөд тэр өхөөрдөн инээд алдаж, бүр чангаар сэгсэрнэ. Тэгснээ нүдэнд үл үзэгдэх дуслыг томруулагч дуран доор тавиад юуг ч юм түүнд шахахдаа тэр чаг чаг чагхийн нүдээ цавчлан дахин дахин дурандаж, тонголзох нь хөгшин эрдэмтнийг санагдуулна. 

Залуу нас. Садан төрөл. Хайр. Ухаан. Хувь заяа. Ийм бичигтэй хруу шилнээс дусал дуслыг авч өнөөх шингэн дээр дусаана. Тэгээд шилэн хотод бужигнан гүйлдэх хүмүүсээс нэгийг нь барьж аваад дуран доорх шингэнээ бие рүү нь шахчихаадбуцаагаад тавьчихав. Хүн өвдсөндөө час часхийн дуугарна. Харсаар байтал нүднийх нь өмнө хүний хэвлий маш түргэн томорч түүнээс бүүр жижигхэн хүн доройхон дуугаар мөн л часхийн дуугараад газарт уначихав.
Саяхан бий болсон тэр амьтан яах ийхийн зуургүй өсөж томрохыг дээрх нүд анхааралтай ширтэнэ. Эхэндээ төрсөн, төрүүлсэн хоёр салахгүй хөтлөлцөн байснаа төдөлгүй жижигхэн нь хаа нэг тийш яваад өгөв. Түүний үйлдэл бүхнийг өнөөх нүд алдалгүй харахын зэрэгцээ биенээс нь юуг ч юм буцаагаад соруулж авна. Соруулах бүрт нь хүн аажимхан жижгэрч, хууртсан хүүхэд шиг өмөлзөхөд тэр бүр байж ядан эгдүүцэж шилийг улам хүчтэй сэгсэрнэ. Хүнээс соруулж авсан бүхнээ тэр Залуу нас, Садан төрөл, Хайр, Ухаан гэсэн түрүүчийнхээ хуруу шилэнд буцаагаад хийчихэв. Тэгээд хэсэг харж суусныхаа дараа энэ утгагүй агшнаас залхаж, хатаж бөгтийсөн хүний бие рүү “Дурсамж”-ийг шахлаа. Шахаж байхдаа тэр чаг чаг чаг хэмээн нүдээ түргэн түргэн цавчилна. Нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй энэ бэлгийг нь хүн хэчнээн хүндэтгэн хүлээн авч, хэсэгхэн зуур сэргэхийг тэр анхааралтай ажина. Төдөлгүй түүнийгээ буцаагаад соруулаад авчихав. Харгис, хатуу энэ тоглоомноосоо бүр мөсөн залхсан тэрээ гэнэтхэн хүнийг эрхий хуруугаараа ганцхан дарж няцалчихаад над руу огцом эргэн харлаа. Түүний нүх шиг тоом хар нүд, хүйтэн харцтай нь тулгармагцаа би цочин ухасхийв…

…Сэрэхэд гэрт нам гүм. Хажуугаас халаагуур төөнөнө. Нуруу даган нойт оргиход сая зүүдэлснээ ойлгов. Уртаар санаа алдаад хөрвөөх агшинд өнөөх нүдний чаг чаг чагхийн цавчлах нь хажуухнаас сонсогдлоо. Гайхан өндийхдөө яг түрүүчийн зүүдэнд харсан хэмжээлшгүй том, хүйтэн хар нүдтэй харц тулгарав. Цаг хугацаа харанхуйн гүнээс яг над руу ширтэж байлаа.

"Зүрхэнд үйлдвэрлэв" номноос
Эх сурвалж: http://bolor7erdene.blog.banjig.net/post.php?post_id=87805
Бүрэн эхээрээ...

Нэгдүгээр анги (Өгүүллэг)

1 Сэтгэгдэлүүд:

9-р сарын 1 нд зориулж дахин оруулав

“Харахгүй дээ чамайг. Ёстой яаж ч байсан харахгүй юм чинь. Даанч багш ширээн дээрээ тавьчихсан болохоор харагдаад байхын. Жижигхэн сэлэмтэй юм байна. Тэр сэлэмийг нь аваад нугалахаар хөлийнх нь дугуй дороо ороод машин болчихдог юм. Би мэднэ л дээ. Манай байрны хажуугийн дэлгүүрт байгаа. Аав намайг онц авахаар авч өгнө гэсэн. Даанч багш надад онц тавихгүй юм. Надад хэдэн цэнхэр мөнгө байгаа л даа. Ягаан болгочихвол авчих л байх. Өө, тийм. Өчигдөр нэг мөхөөлдөс, бас өндгөн шоколад авчихсан ш дээ. Би ч авахаасаа өнгөрсөөн. Энэ Тэмүүжин яаж авсан байнаа? Хичээлдээ тэгж их онц авдаггүй л юм даа. Ээж авч өгсөн гээд л онгироод байна лээ. Ээж нь тийм их хайртай юм байх даа. Пөөх! Тэр сэлэмнийх нь ишин дээр нар гялтганаад л . . .”
- Хөөе! Хангай. Чи юугаа гөлрөөд суучихав аа? Наад хичээлээ хийгээч гэх багшийн дуунаар хүү бондгосхийн цочихдоо хажуудаа байсан номоо унагаачихлаа. Хүүхдүүд түүнийг шоолон ангиар дүүрэн инээлдэв. Чанх урд нь суудаг Эмүжин шодгор гэзгээ хөдөлгөн нуг нуг хийж байснаа улам чанга инээв.
“Би аймхай биш. Энэ ном өөрөө уначихсан юм чинь” гэж хүү бодовч хэлж зүрхэлсэнгүй. Номоо унатал цочсон болохоор хүүхдүүд түүнийг аймхай хэмээн бодох вий гэхээс санаа нь зовж суухад Эмүжин гэж айлгүй юм инээсээр байв. Багшийг цааш харангуут Хангай хурдхан шиг гараа явуулан шодгор гэзэгнээс нь угзарч орхилоо.
- Ёо, ёо л доо. Багшаа энэ Хангайг хараа гэж хашгирлаа. Хангай юу ч болоогүй юм шиг хэнэггүй царайлан суусан боловч нэмэр болсонгүй. Угаасаа түүнийг багш яаж ч байсан мэдчихдэг нь сонин.
- Яагаад байна Хангай?
- Яагаа ч үгүй, багшаа
- Аан, тийм байх даа чи . . .
- Үгүй, энэ . . . энэ . . . нөгөө . . . миний үснээс зулгаагаад . . . гэж амьсгаагаа давхцуулж ирээд л Эмүжин уйллаа.
- Алив, чи наашаа гараад ир. Тийм л сайн юм бол тэр цээжил гэсэн шүлэг унш.
“За баларсаан. Юу билээ? . . . Аан! тийм унага” гэж бодсоор босоход Эмүжин түүнийг эргэж харан нугадагнан инээж
- Хохь нь гэж шивнэлээ.
“Энэ муугаас л болж байгаа юм” гэж бодон хажуугаар нь өнгөрөхдөө түүнийг дахиад нэг нудраад авлаа. Тэгсэн багш бас харчихаж
- Үгүй, тээр! Чи ер нь яасан өрөмний өт шиг хаашаа хүүхэд вэ? Наашаа яваад ир
“Яг манай эмээ шиг загнаж байна шүү. Гэхдээ гар хуруу нь өтсөн юм шиг гэсэнгүй” гэж бодсоор очлоо.
- Чи яагаад хөөрхөн найзыгаа зодоод байгаа юм? Нэг ангийнхан байж . . .
“Хнг! Эмүжин ямар миний найз юм уу? Хөөрхөн байхдаа яахав дээ. Муу шар муурыг”
- Чи сонсож байна уу?
- Би . . . би . . . зодоогүй ш дээ.
- Наадах чинь зодсын гэж Эмүжин хэлэхэд багш
- Чи дуугай суу. Та нар яах гэж дандаа хоорондоо ингэж байдаг хүүхдүүд вэ? гэж багш нь Эмүжинг загнах шиг болох нь хүүд тааламжтай сонсогдоно. Багшийн ширээн дээр Тэмүүлэнгийн робот байж л байлаа.
“Энүүгээр ганцхан тоглох юмсан. Усан буугаараа сольё гэвэл Тэмүжин солих болов уу? Харамч юм чинь солихгүй л дээ”
- За алив тэр шүлэг уншаад орхи гэх багшийн дуу хүүгийн бодлыг таслав. Хангай жаахан түгдэрснээ
- Унага урт сайхан зоотой
Уужим сайхан ташаатай
Хөлдөө . . . хөлдөө . . . “За байз хөлдөө юутай билээ. Оймстой билүү” гэж бодон ээрч зогстол ашгүй хонх дуугарлаа. Хүүгийн нүд гэрэлтэн багшруугаа харна. Тэр баярлаж буйгаа нууж чадсангүй. Чадахгүй ч юу байхав угаасаа нууж мэдэхгүй. Эмүжин адтай нь аргагүй инээж харагдана. “Чамайг даа”
- За яав? Хонх дуугараад орхисон уу?
- Тийм багшаа. Хонх дуугарчихлаа
- Дахиад чи сахилгагүйтээд үзээрэй. Наад шүлгээ цээжлэхгүй бол чи олигтой дүн авахгүй шүү, суу. Тэрээр буцах замдаа Эжүжинг дахиад нэг нудрах гэснээ болилоо. Багш нь Тэмүүлэнг дуудаж
- Хичээл дээр битгий тоглоом авчираарай. Дахиад аваад ирвэл бүр сургуульд хураалгана шүү! гээд өнөөх улаан роботыг өглөө. Хангай Тэмүүлэнгийн гарт байгаа роботыг дагуулан харна. Тэмүүлэн ширээндээ очоод роботоо хоёр гурав гишгүүлснээ цүнхэндээ хийгээчихлээ. Роботыг далд ортол харж зогссон Хангай нэг сүрхий санаа алдсанаа Тэмүүлэнгийн бардам ч юм шиг, онгироо ч юм шиг харцтай тулгараад
- Манай аав намайг онц авах юм бол авч өгнө гэсэн юм чинь
- Чи тэгээд онц авч чадах юм уу? Шүлгээ цээжлээгүй байжээж гээд гүйж одлоо. Усан буугаа санал болгоно гэж бодож байсан ч өнгөрөв. Хүүхдүүдийн шуугилдан гарах нь түүний анхаарлыг дор нь сатааруулав. Эмүжингийн шодгор гэзэг, ягаан цүнх хоёр хаалгаар дөнгөж далд орж буйг харсан Хангай ном дэвтрээ хам хумхан цүнхэлж аваад чавхадлаа. Ашгүй Эмүжингийн гэрээс хүн ирээгүй байв. Хангай гүйн очиж Эмүжинг цүнхээрээ нэг савчихаад цаашаа Тэмүүлэн рүү гүйлээ. Эмүжин цочсондоо
- Багшаа энэ Хангайг хараа гэж хашгирсан боловч багш нь хараагүй тул хэлээ гарган
- Мнн! . . . Мангар Хангай . . . мангар, мангар гэж шаралхан чарлав. Хангай түүнийг тоосонгүй. Нэгэнт хариугаа авсан тул одоо Эмүжинг анхаарах хэрэг түүнд байхгүй.
Сургуулийн булан тойроод ээж нь ирж яваа харагдана. Хангай ээжрүүгээ нуруундаа үүрсэн цүнхээ савчуулан байдгаараа чавхадлаа.
“Ээж гоё. Надад заавал нэг гоё юм авчирсан даа”
- Хүүе! Миний хүү яасан хурдан юм? Алив үнсье гээд хоёр гараа тосон явган суув. Ээж нь хар багаас нь л ингэдэг байжээ. Гүйж очоод ээжийнхээ хүзүүгээр тэврэх гэснээ хүүхдүүд харж магадгүй тул болив.
“Өнөө шар муур шоолж мэднэ”
- Миний хүү өнөөдөр онц байсан уу?
Хүү хариу хэлээгүй ч ээжийнхээ гарыг дагуулан харна.
- Ээж нь юм авчираагүй ээ. Энд хоёр бохь л байна гээд гаргаж өгөв. Хүү хоёуланг нь авч эргэж хэн нэгэнд магадгүй Эмүжинд гайхуулах гэсэн боловч тэр бүр хол байлаа.
“За яахав. Маргааш үзүүлнэ дээ” гэж санан нэгийг нь халаасандаа, нөгөөг нь амандаа хийлээ. Амаар дүүрэн гааны амт. Ер бусын сайхан сэтгэгдэл төрнө. Ёстой гоё.
- Миний хүү тэгээд хичээлдээ онц байсан уу?
- Мнг! итгэл муутайхан толгой дохино.
- Ямар хичээлд? Тоонд уу? Монгол хэлд үү?
- Ээжээ, ээж! Манай байрны дэлгүүрт нэг робот байдаг даа. Тэрийг Тэмүүлэн авчихсан байна лээ.
- Тэгээд сургууль дээрээ аваад ирсэн юм уу? Тэгж болохгүй ш дээ
- Тэхх! Тэгээд багш уурлаад, хурааж авсан. Тэр робот эвхэгдээд машин болчихдог.
- Тэгнэ шүү дээ. Багш нь хураачихдаг байхгүй юү.
- Тэгээд багш буцаагаад өгчихсөн л дөө.
- Ямар ч байсан л болохгүй. Сургуульдаа тоглоом авч явж яасан ч болохгүй.
- Би тийм роботтой болмоор л байгаа. Гэхдээ би сургуульдаа авч явахгүй л дээ.
- Чи шүлгээ л сайн цээжил. Тэгвэл онц авна. Онц авбал аав нь тэр роботыг аваад л өгнө. Хүү нэг их санаа алдаад
- Надаа цэнхэр мөнгө байгаа л даа
- Тэр яахав ээ. Чи тэгээд өнөөдөр хэр зэрэг байсан бэ? Ерөөсөө хариулахгүй юм.
- Би яг уншаад эхэлж байсан чинь хонх дуугарчихсан. Тэгсэн чинь багш чамд л аз боллоо доо гэсэн. Би азтай юу ээж ээ?
- Үгүй ээ, одоо наадахыг чинь аз гэхэд хаашаа юм дээ гэж ээж нь ээрснээ
- Ингэхэд чи тэр шүлгээ аль хүртэл цээжилсэн юм бэ? Ээждээ нэг уншаад өгдөө. Хүү
- Унага урт сайхан зоотой
Уужим сайхан ташаатай . . . гээд цаашаа уншиж байснаа
. . .Жаварт жар хоног сойсон
Наранд ная хоног уясан . . . гээд таг болов.
- Яасан бэ миний хүү? Овоо явж байснаа таг болчихлоо. Уг нь бараг бүгдийг нь цээжилсэн байна ш дээ.
- Би мартчихлаа. Ээжээ
- Жороотой гэж юу юм? Молцогтой гэж юу гэж байгаа юм? гэх мэтээр асуухад ээж нь овоо тайлбарлах гэж байснаа хүүгийн олон асуултанд залхсан бололтой
- Миний хүү, зүгээр л байгаагаар нь цээжилчих гээд цааш нь
Алтайд унагалсан
Алагч гүүний унага
Хангайд унагалсан
Харагч гүүний унага гэдэг биздээ?
- Хо, миний нэр байна.
- Харин тийн Хангайд унагалсан гэж байгаа биз дээ? Тэгвэл одоо цээжлэхэд амар боллоо. Сүүлчийн хэсэг нь чиний нэр. Харин эхний хэсэг нь Алтаа ахынх нь нэр.
- Ямар?
- Яагаа вэ, ээжийнх нь дүү нар. Яагаав, Алтаа, Батаа гээд ихэр ах нар байдаг биз дээ?
- Аан тийн,
- Тэрний нэг. Алтаа ахынхаа нэрийг бодож байгаад л
Алтайд унагалсан
Алагч гүүний унага гээд чи өөрийнхөө нэрийг бодоод
Хангайд унагалсан
Харагч гүүний унага гээд уншчих за юу
- За
- За, одоо эхлээрэй. Хүү уншина
- Унага урт сайхан зоотой . . .
. . .Наранд ная хоног уясан
Жаварт жар хоног сойсон . . . гэнгүүт ээж нь хажуугаас нь
- Нөгөө хоёр ахын нэр гэж сануулахад хүү
- Алтайд унагалсан
Алагч гүүний унага
- Одоо чиний нэр
- Хангайд унагалсан . . . гээд уншиж дуусгав.
- Тээр! Ийм амархан байгаа биздээ?
- Тийм байна ээжээ. Би дахиад уншъя. Хүү дахин уншаад яг л өнөө “ахын нэр” дээр очоод гацахад ээж нь
- Одоо ахын нэр гэж сануулан тэр давааг давуулж өнгөрөөнө. Ингэсээр хүү овоо зүгширлээ. Үүндээ ч урамтай байгаа нь илт.
- Ээжээ, Аав намайг шүлгээ уншаад онц авбал робот авч өгөх болов уу? гэж уйгагүй асууна. Ээж нь имөн л
- Авч өгнөө. Миний хүү онц авахаа л бод гэж хариулна.
Хүү гэртээ ирсэн хойноо ч гэсэн шүлгээ идэвхийлэн давтлаа. Гэсэн ч яг л тэр агшинд бага зэрэг түгдрэхэд ээж нь сануулна. Сүүлдээ өөрөө өөртөө “ахын нэр” гэж сануулдаг болов.
Маргааш нь хичээл дээр шүлэг цээжилсэн хүүхэд байна уу? Гараа өргө гэж багшийг хэлэхэд Хангай хүү хоёр гараа бараг зэрэг өргөн өндөлзөнө.
- За гараад ир. Манай Хангай шүлгээ цээжилсэн гэж байна шүү хүүхдүүдээ гэж багш уриалгахан дуугаар хэлэв. Хүүхдүүд таг чимээгүй сууцгаана. Хангай өөртөө итгэлтэйгээр товор товор алхан самбарын өмнө гарч урам зоригтойгоор
- Унага урт сайхан зоотой . . . гээд л уншиж гарлаа. Өнөөх хоёр “ахын нэр” ойртсоор байгаа.
. . .Наранд ная хоног уясан
Жаварт жар хоног сойсон гэснээ “Хөөрхий унагыг яагаад заавал тийм олон хоног уясан юм бол?” гэж бодогдоодохов. Тэрхэн хооронд түр гацаад орхиж. Тэгээд цааш нь “ахын нэр” гэж сануут
Алтаад унагалсан
Алагч гүүний унага
Батаад унагалсан
Барагч гүүний унагаа . . . гээд дуу нь тасрах үед анги дүүрэн хүүхэд пирхийтэл инээд алдав. Багш нь хүртэл нулимсаа арчин, арчин инээнэ.
“Яах аргагүй л би ахын нэрийг хэлсэн юм даа. Тэгэхэд эд нар яагаад шоолоод байнаа” гэж хэрэндээ эргэцүүлнэ. Эмүжин бүр гэдэгнэж годогнон бүхнээс илүү адтай инээхэд Хангай хүү хий дэмий л “чамайг даа” гэж бодов. Багш нь жаал инээж байснаа
- Золигийн ч хүүхэд бол доо чи. За яахав манай Хангай шүлгээ бараг бүгдийг нь цээжилсэн бас өөрөө гарч ирж уншсан учир багш нь чамд ерөн хоёр оноо өглөө за юу гэхэд
- Багшаа энэ онц уу? гэж Хангай хүү сандран асуув.
- Тиймээ, тийм энэ онц. Гэхдээ чи гүйцэд цээжлээрэй за юу
- За багшаа. Хүүгийн нүдэнд ер бусын оч гялалзана. Хичээл тарав. Ээж аав нар хүүхдүүдээ авахаар ирнэ. Энэ удаа хүүгийн аав нь ирчихсэн зогсож байв. Хангай аавруугаа нүүр бардам очлоо. Одоо тэр аавдаа бүгдийг ярьж роботоо авах нь гарцаагүй. - - Ааваа, ааваа. Би шүлгээ цээжлээд онц авсан
- Өө, тийм үү? Миний хүү чинь ийм л мундаг хүү шүү дээ. Ингэхэд чи яг онц авсан биз?
- Үнээн. Ерэн хоёр гэдэг чинь онц гэсэн үг гэж багш хэлсэн.
- За тэгвэл болж дээ.
- Та одоо надад робот авч өгөх үү?
- Өгөлгүй яахав. Хоёулаа тохирсон биз дээ? Эр хүмүүс чинь хэлсэн амандаа хүрэх ёстой. Хүүгийн учиргүй баярлан нүүр дүүрэн инээхийг аав нь өхөөрдөн харна. Хэлсэндээ хүрдэг аавтай хүн чинь сайхан байлгүй яахав. Энэ сайхан мэдээгээ ангийнхаа хэн нэгэнд хэлмээр санагдана. Гэтэл Тэмүүлэнгийн аав хүүхдээ авахаар ирэхдээ дугуй аваад иржээ. Тэмүүлэн час улаан дугуйгаа наранд гялтгануулан жийж, сургуулийн өмнөх талбайг хэд тойрсноо булан тойрон жирийж одлоо.
- За явъя. Аав нь роботыг нь авч өгье гэж аав нь дуудахад хүү аавынхаа чигчий хуруунаас атган алхав. Роботтой болно гэхээр баярлавч сэтгэлд нь нэг сонин зүйл хургана.
Түүнд өшөө олон шүлэг цээжлэх хэрэг гарч магалгүй л юм даа . . .

Түмэнбаярын Бум-Эрдэнэ 2011. 05.03 УБ хот
Бүрэн эхээрээ...