# #

Би гэж...

2 Сэтгэгдэлүүд:

Би гэж хүн байсым
Би өөрийнхөө эхлэл байсым
Биенээс тасарсан үргэлжлэл байсым
Бичиж дуусаагүй шүлэг байсым
Биелэгдэж гүйцээгүй мөрөөдөл байсым
Би гэж хүн байсым
Биесээ дуурайсан үрстэй байсым
Биендээ ууссан ханьтай байсым
Биеэрээ үүсгэсэн амьдрал байсым
Би өөрийнхөө төгсгөл байсым
Би гэж хүн байсым Бүрэн эхээрээ...

Ангарай .

10 Сэтгэгдэлүүд:

Их гарын гар хадуур шунгинан ширвэх тоолонд шагай давсан өндөртэй өвс ширхэг ширхэгээр тасарч суурин дээрээ нугаран унана. Түрүүчийн ширвэлтэнд унасан өвс дараагийн ширвэлтэнд залуугийн зүүн хөлний хойно ирж мөр болон зурайх нь залууг бүтэн мөр ширвэдгийг харуулна. Их гарын хадуураар бүтэн мөр явна гэдэг нь бараг л бага дөрвөн ханатын буйрын чинээ дугуйрна гэсэн үг. Гурийтал зурайх мөр сүүдэртэх нь энэ газрын гарц муугүй байгааг илтгэнэ. Залуу нэг таталтандаа төө хэрийн газар татах авч өвсөн дэл үлдээхгүй хуйхаар нь хадах нь энэ ажлыг сурсан нь илт.
Ширвэлтээс ширвэлтэнд ганхан байгаа нь нэг их хүч зарахгүй мэт боловч, халтартаж хиртсэн хүзүү, шанаагаар нь хөлс урсан эрүүнээс нь үй зайгүй дусалж, далны далбаа болон гэдэсний булчин нь гүрвэлзэх нь нилээд хүч орж байгаа ажээ. Хадуурынх нь шунгинах дуу бүдгэрч ён ён хийж эхлэхийн алдад залуу
“За даа өвсний чийг ерөнхийдөө гарчихлаа бага үд болж байгаа хэрэг. Нэг амсхийж цай уунгаа хадуураа давтая байз” гэсэн шүү юм бодоод хаячихгүйн тулд хадуур үрдэг хайргаа гутлынхаа түрийнд лавхан дүрж, хадуураа мөрөн дээрээ шидэж ишэн дээр нь гараа тэгнээд, арлы нь босгоод дээгүүр нь юмханаар бүтээсэн морин тэрэг өөдөө алхлаа.
Чөдөртэй хул морь нь нэг их холдож шальсангүй тэрэгний хойхонтой ялаархан, үүрэглэнэ.
Залуу өглөөхөн пурхийлгэсэн хар цайнаас хэд залгилж, амандаа орсон цайны шаарыг тургиад, оромжиндоо шурган орж гараа салаавчлан хэвтлээ. Өчигдөрхөн цохиулсандаа шүүрсэн цус нь хатсан хэдий ч уруул нь чимчигнэн хөндүүрлэнэ.
Залуугийн нэрийг Агваан гэнэ. Гэхдээ энэ нэрээ мань залуу бараг мартчихсан. Тэр жил цэргийн комиссоор ороход л нэг дуудсан санагдана. Нутаг усныхан нь түүнийг Ангарай л гэнэ. Энэ нэрэндээ бүр ижил дасал болчихсон. Ангарай хүн харахад доод уруул нь бага зэрэг сулавтар унжихаас өөр өөлөх юм түүнд үгүй. Харин ч тэгш сайхан бие, өндөр нуруу, эр хар мах, алагласан хоёр нүд, яралзсан цагаан шүд гээд хэрийн эрд заяахааргүйг заяасан нэгэн. Яагаад Ангарай гэх болов гэхээр ямар нэгэн юмыг жаахан удаан бодож байж ойлгодог гэмтэй. Нэг юм бодохоороо амаа хагас ангайгаад таг болчихдог болохоор нутгийнхан нь түүнд Ангарай гэдэг хоч хайрласан хэрэг.
Ер нь хөдөө нутгийнхан голдуу давхар нэр хочтой байдгийн адилаар эдний нутгийнхан, энэ голынхон ч гэсэн бүгд л нэр хочтой. Сахал Амбаа, Пуужин Дугар (худлаа залдаг), долон хүзүү Гоможав (урт хүзүүтэй), Гүзээ Гончиг, Чийг Чимэд (согтуудаа өмдөндөө шээсэн), за тэгээд Халзан Дамба, Хамар Пүүжээ гээд бүгд л ийм болохоор мань эр ч ийм байх ёстой мэт бодно. Бусад нь нэр нь орсон байхад мань эрийг Мангар Ангарай, Алмай Ангарай гэх мэтээр том жижиг хөгшин хөвөөгүй л нэрлэнэ.
Мань Ангарайд өөрийн гэх эд хогшил, мал ахуй гэх юм байхгүй л дээ. Ээж нь хазгар Дулам гэж хөгшин байж байгаад тэр жил бурхан болсон. Эжийгээс нь үлдсэн ганц гэр байх. Түүнийгээ зун намрын дулаан цагт хураачихна. Өвөл хавартаа хэн нэгнийг бараадуулаад барьчихна. Бороо усны улиралд барьдаггүй болохоор тэрүү муу гэр нь хэвээрээ шүү л байгаа юм.
Өөрийгөө хэний хүү гэдгийг мэддэг ч үгүй, боддог ч үгүй. Нутгийнх нь хөгшчүүлийн ярих нь тэр жил жин тээж явсан зүүн аймгийн хэдэн улс унаа мал нь хэцүүдээд Дулам авгайн хавиар хэд хоносон. Тэднийг ахалж яваа бололтой ачаа бараагаа янзлаад явдаг өндөр хар хүнтэй төстэй л гэлцдэг. Үнэн худлыг Хазгар Дулмаас өөр хэн ч мэдэхгүй.
Амьдрал нь тарчигдуу болохоор Ангарай юм юманд сүрхий. Чадахгүй зүйл түүнд бараг үгүй. Өвс хадлан, идэш ууш, айраг цагаа, ан ав, адуу мал, ноос үс, эсгий шир гээд бүхнийг л чадна. Чадах чадахдаа нутгийн хэдэн залуучуудыг атаархтал чадна. Чаддаггүй юм нь ердөө хүний өөдөөс хараад юм ярина гэж үгүй, хүнтэй хэрэлдэж маргана гэж үгүй, онгирч сайрхахыг мэдэхгүй, хүний өөдөөс гар далай нь гэж байхгүй хэвтэж байгаад л нүдүүлнэ. Олдсныг хүртэж олдохгүйг харах ч үгүй. Харин ангарайтах нь үнэхээр дэндүү.
Багавтар хүүхэд байхдаа тарваганд урхи тавьсан нь орчихсон байж. Тарвага нүхээ дотроосоо булаад цаашаа хараад хэвтчихснийг Ангарай татаад дийлдэггүй. Өглөө урхиа эргэхээр явсан хүн чинь тарвагаа хөлдсөн чигээрээ орой болтол яаж гаргахаа бодон ангарайтсан байгаа юм. Тэгж тэгж нэг султгаад тарвага цаашаа зүтгэх агшинд татсан нь гараад ирж.
Бас нэг удаа цэргийн зарлан аваад нутгийн залуустай хөөрөөд халчихаж. Тэр нь анх удаа л даа чааваас. Тэгээд Хуц Магнай гэдэг айлын хотонд хоносон удаатай. Яасан гэхээр Хуц Магнайн хар халзан хуц хүн мөргөдгөөрөө алдартай. Халамцуу Ангарай хотны цаана бие засчихаад хураад хэвтчихсэн хонины хажуугаар явж байтал нөгөө хуц харагдаж гэнэ.
Мань хүн гараа зангидаад хуцанд үзүүлтэл хуц ухарч байна. Бүр далайтал өшөө ухраад байна. Тэгэхээр нь зүгээр тоглоод тонгойтол гал манараад л . . . тэндээ хоносон хэрэг. Маргааш нь цэргийн комисс тэрийг сонсоод л тэнцүүлээгүй . Түүнээс хойш тэр зарлан марлан манай хүнд ирээгүй. Яагаадыг Ангарай яаж ч мэдхэв дээ.
Гар хөлийн үзүүрт зарагддаг болохоор тэрүү эсвэл угаас хүмүүний утга учрыг арай түлхүү ойлгодог болоод тэрүү хөгшчүүл Ангарайд ам сайтай. Атга ааруул, аяга тос, айраг цагааг харамгүй өгнө. Зарим нэг нь онгорхой цоорхойг нөхөөд өгөх жишээтэй. Хичнээн сайн сайн гэлээ ч юу юугүй төлөг бариад өгчихгүй л дээ.
Энэ голын хүүхнүүд ихэнх нь эрд гарч одов. Харин энэ голдоо л гайхагдах сайхан хүүхэн Гиймаа гэж байх. Гунхалзсан сайхан алхаатай, гурваар дарсан гэзэгтэй, дүрэлзсэн алаг нүдтэй, нумарсан хар хөмсөг гээд энэ нутагт яаж заяасан юм гэмээр. Алиа хонгор аашинд нь хачин их зохисон хацар дээрх хонхорохй нь хүртэл хавийн эрчүүдийг аргамжаад байх үзэсгэлэн хангалттай заяажээ түүнд. Нутгийн залуус үүрээр ч нэг, өдрөөр ч нэг, шөнөөр ч нэг гүйгээд бардаггүй. Алдартай адтай тэр охиныг зарим нэг нь гуйж гувшаад аргалж аргадаад дийлээгүй. Хөөрхий минь эхгүй өссөн, эцэг нь Сахал Амбаа гэж хаа нэг балгачихаад охиноо байтугай өөрийгөө ч мэдэхээ байчих үе байх. Тэр үеэр нөгөө гайнууд зовоохыг яана.
Тэднийд оонын эврэн шор байх. Охин түүнээс сална гэж үгүй. Өдөр ч шөнө ч өөртөө авч явна.Түүгээр шордуулсан нөхдүүд энэ голд хэд хэд бий.
Сумын заан Очир цэргээс халагдсан жилээ цээж хаялан ёстой л нэг энэ голын хөндий багадах шиг санагдаж явсан юм байлгүй. Баахан залуучууд дагуулан хэд хоног л Хөшигтийн хөндийгөөр өгсөж уруудан давхилдаж хэний айраг эсэж, хэний охин өсөө бол хэмээн ханхалзтал, амтай болгон л бие хаа тэгширсэн шарагчин шиг амьтан нэг бий хэмээн Гиймаагаа л зааж дээ. Заан ч яахав энэ зэргийн охины учрыг олохгүй бол эр цэрэгт явсан гээд ч яахав, энэ нутгийн заан гэгдээд ч яахав болтой юм яриад л . . .
- Заан нэг учрыг нь олох байгаа хэмээн бараа бологчдын зарим ч бахархаад л, зарим нь ч бас атаархаад л авч. За тэгээд заан Сахал Амбаагийнхаар хоног тааруулах болж. Саахалтын газар нөхдүүд хүний мууд дурлан хүлээж суухгүй хаачихав.
Сахал ч яахав дээ сахлаа илээд л заан ирлээ гээд л бөөн далим. Тун удалгүй сахлаа сэрвэгнүүлээд нам. Үйлтэйгээрээ муу охин л өнөө заантай чинь үзэж өглөө дөө. Хөөрхий охин тэр муу согтуу мангар хар юмыг яаж дийлэхэв. Болохоо байдгийн даваан дээр өнөө муу хуухнагнаас нь атгаад авч дээ.
Эрхий долооврын завсраар эгээ л нөгөө муу хоёр бөндгөр нь цувчихсангүй. Охин атгасан чигтээ хөтлөөд гаргаад ирж. Заан дэмий л
- За ахын дүү жаахан аяар байж үз. Улс амьтан харчихана. Гиймаа миний дүү одоо болно гэж хошуу цорвойлгон гуйж гувшсаар байж нэг юм тавиулаад юун эм номхотгохдоо манатай харин бүр битүү хөнгөлүүлчихээ шахаад алцгансан юм л нөгөө хэдрүүгээ очих нь тэр. Нөгөө хэд нь дор дороо хавчигнан шоолох аядавч зааны гарын шүүс болчихгүйн тулд тэгэсхийгээд дуугаа хураалаа.
Сумын заан маань эм заан болчихоо шахсан энэ шөнөөс хойш тэднийх рүү эрчүүд зүглэхээ байсан гэлцдэг.
Өнчин өрөөсөн өссөн болоод тэрүү Гиймаа Ангарайг их өрөвдөнө. Орж гарах болгонд нь онгорхой цоорхойг нь цойлдоно. Цай хоол аялуулж өгнө.
Хэдийгээр хүн хар хавьтуулахгүй ч гэсэн нэгэнт нас бие гүйцэж, ид насан дээрээ яваа бүсгүй хүний хувьд ёстой л харцыг талимааруулж, хайрыг амсуулсан нэгэнд хамаг бүхнээ нээн өгч, халуун биеийн жаргалыг хамтдаа эдлэхсэн гэвч энэ нутагт тийм сайхан залуу даан ч нэг харагдахгүй ажээ. Хар багаас л сэтгэлд нь тогтсон хүчээр түрэмгийлэхийн эсрэг тэмцэх энэ л совингоороо тэмцсээр байгаад өдий хүрчихсэн нь энэ юм.
Сахал Амбаагийнх өнгөрдөг хавар хаваржаандаа ганц гэрээр байсан үе. Хэдэн адуугаа дэллэж, хөөвөрлөх юм болж Ангарай л очиж тусалсан хэрэг. Модон хайсанд хашсан адуунаас өөртөө ойрхон өнгөрсөн муусайн даага сарваануудыг цавьдаж татаад, чихдэн дарж, шээс алдуулж байгаад л дэллэх нь харахад үнэхээр урамтай. Өдрийн хугас хүрэхтэй үгүйтэй ажил шувтарчихав. Сахал муу морь тэргэндээ хэдэн шуудай хялгас, хөөвөр ачаад бригадын төврүү сүн. Гиймаа л харин
- Алив Ангарай наад сугаа ханзалчихаж. Би шидээд өгье гэсээр орлоо.
Тэр орой Гиймаа хярамцагтай бантан хийж өгч, Ангарайгийн хамаг хөлс нь сад тавиад унтаж байлаа. Ангарайгийн унтах зуур лааны сүүмгэр гэрэлд түүний ханагар сайхан бие, ханхар цээж, эрүү шанаа түүш гээд бүгдийг нь ичих зовох зүйлгүй тул нэгд нэгэнгүй харж суув. Шөнөөр гэтэж өдрөөр хулмалзаад явдаг шалхайсан, шалчийсан юмнуудаас цаанаа нэг өөр ажээ. Гэтэл гэнэт эр хүний содон үнэр үнэртээд, дотроос нь нэг юм огшоод нэг л биш.
Ангарайд гэнэт юм эрвэгнээд байх шиг санагдаж сэрж ядан хартал Гиймаагийн зөөлөн улаан уруул цээжин дээгүүр нь тэнүүчлээд, хатуу дээрээ улам хатуурсан бумбан хоёр хөхнийх нь толгой сэрийж, мань эрийн гэдсэн дээгүүр ирвэгнүүлээд л . . .
Харин манай хүн “Гиймаа яагаад нүцгэн болчихсон байнаа” гэж ангарайтаж хэвтэв.
Хэсэг хугацааны дараа ертөнцийн жамт ёс болдгоороо болж, жаргалын дээд гэгч нь жирэлзээд жирвэгнээд өнгөрсөн боловч аль алинийх нь анхны тохиол учир хэн хэн нь сайн мэдэрсэнгүй.
Аяа, алд биений амраглалыг
Алаг хорвоо алагчилдаггүй ажээ
Амбаа гурав хоног ирээгүй
Ангарай гурав хоног гараагүй ээ . . .

Жин үдийн халуун нуугиж байсан хэдий ч хаяаг нь эргэн тойрон шуусан таван ханатын дотор хэдэн залуус жаран хар эргүүлж сууна. Гэрийн эзэн Хамар Пүүжээ. Хожиж байгаа юм байлгүй нүүр дүүрэн марсайтал инээгээд л, дэргэд нь Халзан Дамба, нөгөө нэг нь Шүгэл Гочоо (унтахдаа унгадаг) нар ажээ. Бас хоёр нөхөр харж сууна. Ам Балдан энгэртээ онц буудагчийн тэмдэг санжигнуулан элдвийг зогсоо зайгүй бурна. Нөгөөдөх нь Чийг Чимэд. Мань эр мултарсан бололтой уруу царайлна. Тоглогч дундаас Халзан Дамба дуугаа өндөрсгөн доороосоо дээшээ татаж байгаа бололтой
- Ханан хээтэй чанс
Хаяа голын бургас
Хамар муутай Дууяаа . . . гээд л эхэлтэл байдаггүй ээ яг л энийг отож суусан Хамар
- Дураа цааш нь
Духаа нааш нь
Дууяаа та хоёр
Хаалгаар гарахгүй
Хаагуур гарах гэсийм . . . аваад ир гээд хашгирч босов.
Духдуулсандаа харамсал хорсол агуулсан Халзангийн нүд ширээн дээгүүр гүйлгэнээд, хагартлаа баярласан Хамарын харц авгайгаа эрэн тэнүүчилнэ.
Хамарын авгай Цэвэл гэж халбин шар хүүхэн тогоо нэрээд үнэрт нь болсон уу, халуунд нь тэрүү нүүр нь ухаа ягаанаар бутарч дан дээлэндээ багтаж ядан халбилзаж, бүхий биеэр нь хөлс дааварлаж, хоёр хөхөө булцагнуулан, хонгоныхоо махыг холбилзуулан, хойш урагшаа холхино. Нөхрийгөө хожоод байгаад сэтгэл нэн таатай байгаа бололтой тас тас хөхрөнө.
Нөхөртөө гурван усныхыг өгч, хоёр усаар авсан хатууханыг бусдад нь өгөөд байхаа ягаан Цэвэл андахгүй гэж байгаа.
Хамрын эх болох Ханд хөгшин гэрийн сүүдэр бараадан хярам залгилж сууна. Гадаа нар шараад, гэрт тогоо нэрээд халуунд хөгшин байж ядна.
Гэр дотроос Ам Балдангийн амарцарлах дуу гарч
- Өчигдөр муу Ангарайг нэг болгож тавьсан даа гэтэл Чийг өлгөн авч
- Харин тийм. Муу мангар чинь зааныг татаж шургачуулаад хамрыг нь халцлаад баллах дөхөв шүү гэтэл Хамар
- Өө, тэгээ юү? Заан тэгээд барахгүй юмуу? гэтэл Ам
- Мангар чинь хоёр шуундаа ч бяртай юм билээ.
- Тэгээд яав?
- Яахав тойрч зогсож байгаад тээрмэнд оруулахгүй юү муу мангарыг. Тэгсэн нөгөө л нугдайдгаараа нугдайж, сарьсдуулсан тарвага шиг л хэвтээд өгсөн. Гэтэл Хамар
- Хн! Тэгж л таараа. Тэр ямар босохыг мэдэх биш. Гэтэл Ам
- Босох гэж баахан бодож хэвтэхийн байгаа биз хэмээн пар пархийлдэж гэр дүүрэн согтуучуудын инээд.
Харин Ханд эмгэн гадаа
“Өнөө муу Ангарайг энэ хэд бас л шоглож дээ янз нь. Хэвтээд босдоггүй юм гэсэн. Хэрэв босож ирээд сэгсэрвэлч эд нар юм болохгүй л дээ” гэж дотроо өмөөрөн бодно. Тэгтэл гэрээс дахиад л Ам
- Цуутай хүүхэн хуримгүй гэж үнэн юм даа. Нөгөө гайхал Гиймаа чинь гэдсээ чирээд явна гэсэн. Ямар амьтан нь очоод хээлтүүлчихдэг байнаа хэмээн эгээ л мал ярьж байгаа юм аятай ярих нь хоёр ч удаа шордуулсандаа хорсож байгаа нь илт. Гэтэл Ягаа бутарсан Цэвэл тэндээс ярианд оролцож
- Яав! Яргуй үнэрлэсэн ямаан түрүүч шиг гүйлдээд байсан яаж ч чадаагүй дээ яс чинь үйрэх гээд байна уу? гэж ам асуунгаа
- Чам шиг эрийн өөдөс мань мэтийнхээ аяганы шавхаруу эргүүлээд явбал барав. Ам Балдантай төстэй улаан нялзрайнууд энэ арын хөндийд нэгээр тогтохгүй бий л байх шүү гэж жоготой нь аргагүй тас тас хөхрөнө. Түрүүнээс хойш дуугай суусан Чийг Чимэд юу ч хэлж чадахгүй ээрэн суугаа Амыг харангаа
- Аа, яа яа! Ягаан тэгж байгаад Амыг давж л дугарах ам даг шүү гэж халуун сархад хүртэж байгаа даа долигноод авахаа мартсангүй.
Ханд эмгэн эдний яриаг чагнан дотроо Ангарай болон Гиймааг өмөөрөн
- Энэ муусайн жаргалдаа хадуурсан юмнууд юу ч хийхгүй байж хүн гоочлоно гэнээ гээд гэрийн хошлонгоос татан босож, орж ирээд
- Та нар ер нь яасан улс вэ? Энэ муу хүүхний (бэрээ хэлж байна) гарыг харж илүү долоон юм горьдож, архи айраг эргүүлж, өдөржин шөнөжин яс (даалуу) шажигнуулж суух хооронд чинь зун намар өнгөрлөө. Өөрсдийгөө яая гэж байж өрөөлийг муулж суудаг та нар. Тэр муу охин хүүхэдтэй болоо л биз. Эцэг нь хэн байх нь та нарт ер нь ямар хамаа байна? Эрүүл согтуу нь мэдэгдэхгүй юмнууд энэ хөндийгөөр давхилдаад, чадсан ч юмгүй хэвтэж хаяа хатавч самардаад, авгай хүүхэн шуугиулахаас өөр юм байхгүй та нараас л дээр хүн байж таараа. Яахав охин амьтаны үйлийн үр.
Айлын охин хүүхэдтэй болоход Ам Балданд ямар хамаа байна. Ам хамраа хамьж, хормоо хотоо хумиж суувал барав гэж Ханд хөгшин хэд хоног нойр авхуулаагүй тэдэнд ам ангайсан дээрээ нэг сайн хэлээд авья гэсэн янзтай
- Наад энгэр дээрхи санжигнаад байгаа чинь нөгөө мундаг бууддаг тэмдэг гээ биздээ? Дайн байлдаан болоогүй байхад чи ер нь сормуусаа л буудахгүй бол юугаа буудаа аж. Тэгээд ч чи чинь байшин барьдаг цэрэгт явсан гээ биздээ? Гайхуулах юмаа мөн олждээ. Цаашаа наашаа санжийгаад л яваа харагдахым. Ядаж ганц мөндөл ганзаглаад явахыг чинь би л мэдэхгүй юм байнадаг. Бас тэр муу Ангарайг зодсон гэнээ гээд Чийгрүү хандаж
- Чи наад Чийг нэрээ яаж авсанаа санадаг шүү юм байгаа биз гэх нь ихэд зэвүүцэнгүй харагдана.
- Нэг голын хүүхдүүд байж эвтэй байж болдоггүй улсуу? Та нар шиг юмнууд эрийн дайтай эр байж чадах биш, ганц борлонгийн мэдэл байхгүй байж ямар юмаараа тоглодог юм. Одоо тарцгаа. Чи ч гэсэн наад тогоо шанагаа боль хэмээн бэргэндээ ширүүлэв.
Ер нь ч тарах болж байсан дээр Ханд хөгшиний жилдээ нэг хангинадаг нь энэ жил энэ хэд дээр таарч нилээд сайн авхуулав. Салганаж гуйвсан хэдэн юм тэгэсхийгээд гуйваж дайвсаар гарцгаав. Хичнээн согтуу галзуу ч хөгшчүүдийнхээ үгийг сонссон дүр үзүүлээд гарахаа мэднээ сүрхий.
Тэднийг явсаны дараа зэлгээн цай залгилангаа Ханд эмгэн
“Нутгийн хэдэн тулхтай хөгшид ойчоод, ойчоод өглөө. Мань мэтийн үхэх шахсан чавганцын үгийг ямар авах биш. Тэгэсхийгээд дуугайхан гарч байгаа нь их юм. Яана даа энэ улс амьтан. Яаж шүү нэг юм цаашаагаа амьдрах шүү юм бол. Өнөөгийн залуус гэж нэг л их том том юм ярьж архи уусан, дээшээ харж гэдэс илж хэвтсэн улс. Ийм амьтасд энэ уул ус, улс орноо орхиод явах юм байхдаа бид зайлуул даа гэж. Арай гайгүй гэж байгаа нь Ангарай” хэмээн бодлоо хөврүүлэн сууна.
Тэргэн доогуур орж хэвтсэн Ангарай хэсэг зуур зүүрмэглэх аядана. Уруулынх нь язархай дээр ялаа суугаад унтуулахгүй. Тэгээд өчигдөрийн болсон явдлаа эргэж санав.
Заан Очир тэргүүтэй нутгийн хэдэн луугарууд айраг архинд халамцан давхилдаж яваад голын эхэнд өвс хадаж байсан Ангарайг хараад давхилдаж ирэв.
Тэдний дундаас Пуужин Дугар
- За хэнийхээ өвсийг хадаад хэнхэг царайлаад унав. Чамаас болоод нутгийн хэдэн унах шахсан хөгшчүүл аяга айраг уулгачихгүй хадлан тариа гээд үглээд салахгүй юм. Гэтэл хажуугаас нь Ам
- Чамд ямар нойтон хошуутай юм байх биш. Юундаа өвс зулгааж суугаа юм, өөрөө гудрах гээ юү? Тэгэхийн оронд ганц биеийн жаргал хөөгөөд айраг цагаа эргүүлж, айлын охин хормойдсон шиг явахгүй гэтэл заан мориноосоо бууж хантайрангаа
- Чадахгүй л дээ наадах чинь. Аягүй бол хүүхний дээр гарчихаад яадаг юм бол гээд ангарайтаад гацчих юм байгаа биз гэтэл бүгд л бүдүүн нарийн дуугаар паржигналдан инээлдэв. Гэтэл Ангарай
- Та нар наад морьдоо хадсан газар гаргачихгүй юү. Хадах өвс гишгэлээд байна гэтэл Пуужин Дугар
- Өө, муу алмай Ангарай чинь юу гэнээ гээд чаддагаараа ташуураа далайтал цочсон хүн хүн ална гэгчээр Ангарай гэнэтхэн барьж аваад тонгорчихов.
- Алив чи наашаа яваад ирээ. Хараад байсан чинь барилдчих шинж байна уу, үгүй юү? гэж энэ жилийн сумын наадмыг авчихсан заан ихэд басамжлангуй янзтай урд хормойгоо шуун ойртов. “Заан заан л гэнэ. Энэ ер нь шүдлэн гунанаас хэр бол гэж бодсон Ангарай ер нь яадгийн барилдаад үзье. Сайн л бол унана л биз” хэмээн харин ч нэг ангарайталгүй бодож амжив. Гэтэл тал талаас нь
- За заан минь наадхыгаа тарагных нь савнаас салгаад хэд хоног хэвтүүлээд өгвөл бид хэд хэд хоног аяга тагш юм эргүүлж болох байгаа хэмээцгээв.
Заан ч яахав дэвдгээрээ дэвж, шавдгаараа шавж, сүрийг үзүүлж дүрийг олов.
Ангарай харин дуурайж хоёр гараа гозойлгосон болсон нь эв хав ч гэж алга хөөрхий. Нөгөөдүүл нь хажуугаас нь
- За наадах чинь хуц биш заан шүү, мөргөлдөхгүй барилдах юм шүү хэмээн тавлах нь сонсогдов. Хоёул нилээн ноцолдов. Бодвол заан юу юугүй бярдаад хаячихаж чадахгүй байгаа бололтой. Харин ч барьсан барьцыг алдуулах гэж нилээн тэвдэж байгаа шинжтэй. “Энэ муу чинь нилээн бяртай юмаа” гэж бодохын зуур Ангарай зааны мөрөн дээрээс атгаад авав. Заан тавиулчих санаатай хойшоо зуларч байна.
Тэрхэн зуур Ангарайд нөгөө тарвага бодогдож жаахан сулруултал дагаад сулрах шиг болохоор нь хүчтэйхэн дугтартал жоохон хүүхэд шиг л год гээд ороод ирэв. Тэгэхдээ бүр хоёр хөл нь саваад эгээтэй л нүүрийг нь цохьчихсонгүй. Их л хүчтэй татсан бололтой.
Эвгүй унасандаа ичсэн, уурласан заан босож ирэх мөртөө гараараа саваад уруулыг нь хэгзэлчихсэн нь энэ. Гэтэл тал талаас нь амьтанд боорлох ноход мэт хэд хэд ноцсоноо мордон давхилдав. Ангарай ч яахав сурсанаараа хэвтээд өгсөн хэрэг.
Тэднийг явсаны дараа Ангарай
“Хээцэс. Заан заан гээд л байсан тарваганы дайны л амьтан шивдээ” гэж дотроо нилээн омогшив. Ер нь өнгөрсөн хаврын тэр явдлаас хойш Ангарай өөртөө бага ч гэсэн итгэлтэй болж. Өөрийгөө бусдын адил хэмээн үздэг болоод байгаа. Дээр нь энэ хөндийдөө л сайхан гэгдэх Гиймаа өөрийг нь илж таалж энхрийлснийг хэлэхүү. Зүгээр ч үгүй Гиймаагийн тачъяадан гийнаж дуу алдах нь үе үе бодогдож, тэр гэхийн тэмдэггүй нялхамсаг үнэр нь үнэртэх шиг болж тэр бүгдийг санаж суух дуртай. Гэхдээ хавраас хойш ичсэн үү яасан Гиймаагийнхаар очоогүй. Саяхан наадмын дараахнаар цэнхэр торгон дээл өмсөж, пансан алчуур мөрөн дээрээ хаясан Гиймаа аавтайгаа айлчин хийж явахтай нь таарсан.
Ааваасаа түрүүлж гарч ирсэн Гиймаа айлын уяан дээр Ангарайтай тааралдахдаа
- Сайн л явна уу даа? Ойрдоо манайхаар үзэгдэхгүй яагаав? гээд энгэрийг нь гөвөнгөө
- Ишш! чи минь наад хувцас хунараа янзалж өмсөж бай, үс зүсээ засаж, өөдөө дээшээ харж, өнгөтэй зүстэй яв. Чи чинь одоо бусдын адил жирийн л нэг хүн . Урьдын Ангарай биш эр хүн шүү дээ гээд энгэрийнх нь товчийг товчилж өгөөд
- За тэгээд эрүүл саруул сайн сууж байгаарай гээд цаанаа нэг уярангуй бас гуниглангуй харснаа том паргар гарыг нь удаан гэгч нь нэг сайн атгаад эргээд мориндоо мордоод аавтайгаа явчихаж билээ.
Тэгэхэд Ангарай юугаа мэдэхэв дээ. “Гэдсээрээ сүрхий таргалаа юу даа” гэсэн шүү юм бодоод ангарайтаад л үлдсэнсэн. Ангарай энэ бүгдийг бодон уруулаа тэмтрэн хэвтэнэ.
Энэ удаагийн бодолт урд урдынхаас тэс өөр хурдан бөгөөд хариутай байх ажээ.
- Цаг цөвүүн болж хүн хүнээ барьж идэх нь дутаж байх шиг байна гээд л Ханд эмгэн, дээр аргалыг нь буулгаж өгөх зуур үглээд байсан. “Хүн хүнээ барьж идтэл өлсөх нь ч юу л бол” гэж Ангарай шүднийхээ завсраар өвс шургуулангаа бодно.
Өвсний шинэхэн шүүс аманд нь амтагдахад
“Хүн ч ямар өвс идэх бишдээ. Үгүй тэгээд яах гэж хадна вэ? Өвсийг үхэр иднэ. Үхрийг таргалахаар хүн алж идэх гээд байдаг. Хүн ч ер тэгж байгаад юу гээчийн муухай амьтан бэ”.
Эгэл жирийн хүнд бол жирийн нэгэн гаргалгаа мэт боловч Ангарайд бол их том асуудал мэт болж тэр цааш нь үргэлжлүүлэн бодно.
“Өвс, ус наргүй бол хатаж гандаад үхнэ. Өвс өвсөө идэхгүй. Өвсгүй бол үхэр тураад л үхнэ. Үхэр үхрээ идэхгүй. Харин хүн!!
Өвс ч үгүй, үхэр ч үгүй бол хүн ер нь яах бол? Аягүй бол хүн хүнээ идэхдэг шүү. Яг саяын хэд шиг бөөрлөж байгаад л идэх байх. Явж явж хүн л ер нь бузартай амьтан юм шив дээ. Ер нь ингэж ч хүн хүний адаг болж явах ч гэждээ би. Намайг бусдын л адил хүн гэж Гиймаа хэлсэн. Алийн болгон ингэж явахав. Эднээс ч айгаад байх юм алга. Заан нь ийм тарвага шиг байгаа юм чинь бусад нь зурам шиг биз” хэмээн бодов.
“Тэгээд ч ер нь үдийн нар шарах нь. Энэ хооронд Гиймаагийнхаар орчихоод ирье байз” хэмээн санаад муу янгиагаа гар дээрээ тохоод чөдөртэй морьлуугаа алхав.
Хул мориндоо мордоод гол уруудтал сэвс хийсэн багахан салхи сөрөөд хул морь сэмбэлзтэл алхлана. Урд шөнийн борооны чийг ногооны униартай хөндийгөөр нэг суунаглана. Галууд ганганаж цуглаад холын аянд бэлтгээд, газар дэлхий налайж, эгээ л саяхан нярайлсан эх мэт, ганц нэг дов толгод ногооноороо. Айл айлын яндангаар цэнхэр утаа суунаглаад, дээвэр дээр дэлгэц дэлгэц ааруул ээзгий, арьсандаа багтаж ядтал таргалсан адуу мал зэл зэлэн дээр багшраад айдгүйгээ авдрандаа хийсэн мэт ажээ.
Тэртээ Хөшигтийн хөндийд зэрэглээ гүйгээд л, голио царцаа энд тэнд дуугараад л, гоё ганган цэцэгс эцсийн удаа дэлгэрч хэнзлээд, ерхөг согоовор толгой хаялан бөнжигнөөд, ертөнц тэр аяараа анир гүм, амар амгалангийн орон гэж ийм л байдаг байх.
Хөдөөний сэнгэнэсэн агаар хүмүүний сэтгэлийг хөглөн дэгдэнэ. Ангарайгийн сэтгэл ч урд урдынхаас тэс ондоо хөвөлзөж, хэн нэгнийг дуурайн эмээл дээрээ хөндлөн сууж, ийш тийш орчныг хараачлан явах нь энэ нутгийн ирээдүйн эзэн гэлтэй.
Тэгэн тэгэн явсаар Гиймаагийн гадаа иртэл хөгшин халтар нохой нь ганц нэгхэн залхуутайяа хуцсанаа Ангарайг танив бололтой сүүлээ шарвасан болоод эргээд нуга.
Гэрт ортол гэр нь нэг харанхуй даагаад, хойд авдрын наагуур Сахал Амбаа нам цохиулсан аятай дүнгэнэтэл хурхирна. Хүн орж чимээнээр сэрсэн Амбаагийн нойрондоо манарсан нүдний хараа нь хэсэг зуур тэнүүчилсэнээ, амаа хэд тамшаална. Данхтай хүйтэн цайнаас цоргоор нь хүд хүд залгилж урт амьсгаа авсанаа, амаа адуу шиг ангайн эвшээж шилээ шөргөөнгөө
- За, Ангарай хаа хүрч явна. Долоон хүзүүгийн өвсийг хадаад байгаа гэсэн үү? Ахдаа энэ жил гайгүй сайн арван бухал гэснээ үгээ гүйцээлгүй
- Өө, гүүний цаг болчихож саахалтын Сүрэн манай хэдийг хамтад нь шувтрах байх. Яаж гүүнд гаръя даа гэж бодож суусан юм. Ашгүй чи ирлээ гэж заллаа. Ангарай ээрэн түгдчин байж
- Үгүй, Гиймаа ...? гэтэл
- Өө, булдруу чи мэдээгүй билүү? Шинжилгээний жолооч хархүүг дагаад хот орсон. Ойрын мөд ирэхгүй байх. За, за гараарай цаана чинь гүү хураачих шиг боллоо гэхдээ сэтгэл нь бас зовож байгаа шинжтэй. Ангарай юу гэнээ гэсэн шиг жинхэнэ төрхөндөө орчихсон зогстол Сахал
- Өө, мартах нь үүнийг чамд өгөөрэй гэсэн гээд нэг баадан атгуулав.
Ангарайгийн дотор харанхуйлж, толгой дээр нь тогоо хөмөрчих шиг болов. Яаж унага татаж, мориндоо хэрхэн мордож, яаж явсанаа ч мэдсэнгүй нөгөө гоё ганган байгаль дэлхий ч байдаггүй. Нэг л мэдэхэд муу оромжиндоо ирчихсэн, уушиг зүрхнийх нь гүнээс нэг юм енгэнэн дээш огшин хоолойд нь ирж тагларна. Уйлах гэдгийг бараг мэдэхгүй дээ зайлуул. Хүн юм болохоор Ангарайгийн сэтгэлд хайр сэтгэл, харамсал харуусал гээд юм юм л байсан бололтой.
Бачуурч бачуурч баахан байсны эцэст нэг амьсгаа авч баадангаа задалсан нь саарал даалимбан цамц, саравчтай малгай хоёр аж. Жирийн үед баярламаар эд боловч одоо түүнд ямар ч утга алга.
. . . Цамцаа олон ч жил өмссөндөө. Аргагүй юм жилдээ наадмаар нэг гаргаж өмсөнө. Бусад үед нь гэртэйгээ хураачихна. Харин малгайнаасаа бол өвөл зуны алинд ч салахгүй.
Хорин хэдэн жилийн дараа хотоос нэгэн өндөр биерхүү залуу энэ нутагт ирж Ангарай гэдэг хүнийг сураглах юм гэж Хөшигтийн хөндий, Бөхөгийн голынхон байтугай баадантайгаа тэврэн суугаа Ангарай яахан мэдэх билээ . . .

Бүрэн эхээрээ...

Охид бүсгүйчүүдээсээ уучлалт хүсмээр байна.

8 Сэтгэгдэлүүд:

Улс орон маань урьдын нэгэн хэмийн хэвшмэл байдлаас гарч зах зээл хэмээх нүдэнд үл үзэгдэх том шилжилт рүү, шинэчлэл рүү эргэлт буцалтгүйгээр орлоо. Орлоо ч гэждээ ороод бараг 20 шахам жил болох нь. Энэ хооронд амжилт олохоосоо илүү алдаа завхралд илүү автаад байх шиг. Магадгүй мөхөс би улс орон маань дээгүүрээ хэр зэрэг дэвшилттэй амжилттай явааг мэдэхгүй байж болох юм. Гэхдээ ард түмэн бид улс орны амжилтын түвшинг өөрийнхөө амьдралын түвшингөөр л хэмждэг гэж боддог. Улс эх орны толгойд ямар хүн, ямар нам, гарч ямар намын туг намируулах нь нэг их сонин биш гагцхүү эгэл жирийн ард түмний гэдэс цатгалан, сэтгэл санаа өөдрөг байх нь чухал байх. Xэт өрөөсгөл ойлголт байж болох. Энэ өөрчлалтийн үр дүнд нь (хувьсгал ч гэдэг) хамгийн ихээр нэрвэгдэж байгаа нь гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүд маань бололтой.
Одоо эргээд харахад толгой бүрэн гэр бүл гэж бараг үгүй мэт. Салсан сарнисан, үхэж үрэгдсэн, өнчирч хоцорсон, гадаадад гарсан гээд бидний жаргал цэнгэлийн хамгийн тод жишээ болох гэр бүлүүд иймэрхүү янзтай л байна. Одоо бүр охид хүүхнүүдийг маань хулгайлдаг, хүчинддэг, зардаг дамладаг, бузарладаг булдаг, бүр байчихаад хаа нэг газар аваачаад дэлбэлдэг болж. Энэ юу болж байнаа эрчүүдээ. Элдэв амьдралын нугачаанд бүдэрч эцэст нь хүний газар ёс бусаар дэлбэлүүлж амиа алдсан Алтантуяа бүсгүйгээс, элэгний өвчин тусаад элдвийг туулахдаа үхэлтэй хүртэл эвлэрч суусан Тунгалаг хүүхнээс, хүний дайтай амьдрахын хүсэлд хөтлөгдөн хүний хүнийг дагаж, хүний газар очиж, хүний биш амьдралаар амьдарч, эцэст нь эр хүнд ч баймгүй зориг гарган энэ бүх зовлонг даван туулж эх орондоо ирсэн тэр 4-н эмэгтэйгээс (бидэнд мэдэгдэж байгаа нь л энэ. Mэдэгдэхгүй хичнээн зуун бүсгүйчүүд байгаа юм), цаашилбал аз жаргалтай амьдрана хэмээн ам бардам сайхан үгэнд хууртсан эмэгтэйчүүдээс, алаг үрсээ толгой даан өсгөж байгаа хүүхнүүдээс, ачаа бараа зөөн аль муугаа үзэж амьтанд адлагдаж, арга мухардан яваа болон ер нь л бүх монголын эхчүүд эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдээсээ эрчүүдийнхээ өмнөөс уучлалт эрэн тэргүүн бөхийж байна. Бүр дахин дахин гуйж байна.
Та нарын маань ингэж яваа нь эрчүүд бидэнтэй шууд холбоотой. Мэдээж өөрчлөлт шинэчлэлт хийгээд улс орны алдаа завхрал гээд нөлөөлөх зүйлс олон боловч энэ удаа тэгэлгүйгээр, буруугаа бусадтай хуваалцалгүйгээр уучлалт эрмээр байна.
Эрчүүд бид элдэв хийрхэлд цээж дэлдэж хоосон дэврээгүй бол, архи дарсанд шунаж, агсамнаж амьдралаа алдаагүй бол, айлын авгай эргүүлж арчаагаа алдаагүй бол, алаг үрсээ гаргуунд нь хаяж, амраг ханиа зовоогоогүй бол яалаа гэж та нар минь харь хүн дагаж харанхуй гэхэд дэндүү харанхуй энэ замыг сонгохов дээ. Юу гэж биеэ үнэлж, бусдад бузарлуулж амны зугаа, алд биений зовлон болж явах билээ дээ.
Эцсийн дүндээ энэ алдаа завхрал, замбараагүйдэл, тархи болоод гэдэсний өлсгөлөн, гуйланчлал улс орныг туйлдуулж ард түмэн бид өөрсдийнхөө амь амьдралын тэтгэгч болох сэтгэл санаа итгэл үнэмшил гээчийг устган үгүй хийсээр ...
Эцэст нь Монгол эх орон, газар шороо хийгээд, Монгол үндэс угсаа, түүний дархлаа болох цус маань цаашид үеийн үед үлдэнэ гэх итгэл мөхөсдөх аюул учирч байна даа. Бид хөнжил гудасны завсар энэ эх орны хувь заяаг даатгаад орхимооргүй байна. Хэдийгээр хувь хүний өөрийн амьдрал үнэтэй ч хожим хойно түүхийн хуудаснаа манай энэ үеийнхэн хараал зүхлийн хэмжээнд мөнхөрч үлдвэл ямар вэ? Энэ эх орны мөхөх эхний цэг энэ үед тавигджээ хэмээн хэн нэгэн хятадын үр сад уншаад инээж суувал яана вэ?
Ийм том юм ярихаа байя гэхэд хэн нэгэн хойд эцэг аяга хураасангүй, хог цэвэрлэсэнгүй хэмээн алаг үрийн чинь толгой руу чичилж суувал ямар вэ?
Үгүй ээ Бид одоо л ухаарая, сэхээрье. Одоо болноо
Одоо чи, би-гээ больё. Бие биенээ адлахаа байя. Ядуу ч бай баян ч бай бие биеэнтэйгээ нэгэн зүрхээр цохильё. Тэр зүрх нь бидний өсөж төрсөн бас үхэж үлдэх эх орон минь байг. Гэхдээ бас хий хоосон уриа лоозон тавимааргүй байна.
Сайхан амьдрахад нэг их юм орохгүй дээ хүмүүсээ. Яагаад гэвэл хувь хүн байгаль, физилогийн үүднээс үзэхэд өчүүхэн амьтан. Тэр их алт мөнгө, эд хогшил, хоол унд нэг их амин чухал хэрэг болохгүй. Энэ бол аз жаргал биш.
Аз жаргал гэдэг маань хүний дотоод сэтгэлээс урган гарах дотоод тамирын л асуудал. Өөрөөр хэлбэл аз жаргал хүний сэтгэл дотор урган төлждөг эд. Хүний сэтгэл нь ойр зуурханаас л эхлэнэ. Тиймээс хүний хамгийн ойрхоны зүйл болох гэр бүл, үр, хүүхэд, хань ижилд л аз жаргалын түлхүүр байгаа. Тэгэхээр аз жаргалтай амьдрахын тулд хүн бүр хажуудахаасаа эхэлмээр байна. Тэднийгээ хайрлаж хүндлэхээс, итгэхээс, ойлголцохоос эцсийн эцэст хамтдаан байхаас эхэлмээр байна. Хайрлаад байгаа нь энэ гээд хараад суухдаа биш нэгэн зүйлийн зүг, сайн сайхан, гэрэл гэгээний зүг хамтдаан зүтгэмээр байна. Нөхөр нь гудманд, хүүхэд нь транщейнд, эхнэр эрээнд, ах нь гадаадад биш баймааргүй байна л гэх гээд байгаа юм. Тэгэхийн тулд наад захын бэлэнчлэх сэтгэлгээг болимоор байна. Магадгүй энэ сэтгэлгээ бидэнтэй хамт дуусаасай гэж найдая. Ингэж дуусгахын тулд хойч үе үр хүүхэддээ энэ сэтгэлгээг суулгамааргүй байна. Бэлэнчлэх сэтгэлгээг оршоож болох наад захын арга хэмжээг болимоор байна. Жишээ нь Гэрлэлтийн 500 мянга байна. Энэ одоо юу гэсэн үг вэ? Би л хувьдаа ард түмэн үүнийг хүссэн гэдэгт итгэдэггүй. Хүнтэй суусны төлөө төрөөс мөнгө авдаг гэсэн чинь одоо юу гэж байгаа юм ? Яваандаа мөнгө авахын тулд хүнтэй суудаг болчихвол яана. Би хэдийгээр 500 мянгыг голох баян биш ч гэсэн гэрэл гэгээ өөд тэмүүлэх хүмүүний амьдралын хажууд энэ мөнгө юу ч биш. Бас анхны гэрлэлт гээд байгаа шүү. Олигтойхон айлын хүүхдийн нэг оройн гайгүйхэн наргих дайны л эд байх. Эрх ямба эд баялагийн оройд гарахын тулд хойч ирээдүй нь ямар байх нь хамаагүй бололтой.
Ард түмнийхээ тархитай ажиллавал зүгээрсэн. Түүнээс ходоодтой нь ажиллаад хол явахгүй нь тодорхой боллоо. Ингэсний үр дүн түрүүчээсээ гараад байх шиг. Өөр бас бэлэнчлэх сэтгэлгээг дэвэргээд байгаа үндэс нь манай шинэ баячуудын цээжний өвчин байна. Тэнэг хүмүүс биш л дээ тэд. Тийм бол яалаа гэж баяжихав. Харин зарим нэг үйлдлүүдийг нь ойлгоход бэрх байгаа юм. Арван хэдтэй айлын бяцхан охиноор өврөө дулаацаалаа л гэх, адуу мал үнэ цохиж хэдэн саяар авлаа л гэх, алт мөнгөн аяга тавгаа гайхуулж байна л гэх энэ бүгдийгээ өдөр тутмын хэвлэл мэдээллээр цацаж оройн дээд жаргалд хүрсэн мэтээр ард түмэн түүний дотор хүүхэд залуусын тархийг угаахаа болимоор байна. Хүн л юм хойно хайр сэтгэл, хобби сонирхол шүү дээ гээд залруулах л байх. Эсвэл чи өөрөө чадахгүй бол дуугай л байвал барав гэх нэгэн байгаа л байх. Гэхдээ энэ бүгд чинь учир үл мэдэх залуус охидуудад эсрэгээр нөлөөлж баян хүнтэй л суучихвал болох мэтээр ойлгогдоод байх шиг. Хэдхэн баянтай болохоор тэд нь хүрэлцэхгүй үеийнхээ эрчүүдийг голон голон гадны хүн дагаж яваад алдаад байгаа гэдэгт эргэлзэмгүй. Бид хормой хоттойгоо орооцолдсоор, мунгинасаар сүүлдээ хормой хотоо ч хумьж чадахаа байж байх шиг .
Энэ улс эх орныг дараа дараачийн үе өртөөчлөн авч явах хүмүүс бол хойч үе, үр хүүхэд залуучууд та нар минь юм. Та нарын дээд үе болох аав ээж чинь нийгмийн энэ адармаатай үеийг даван туулахдаа алдаж онож эндсэн байж магадгүй юм. Та нар минь эргэж хойшоо харж мунгиналгүй урагшаа дээшээ харж тэмүүлж амьдраарай. Шинэ санаа, шинэ бодол, шинэлэг юм бүхэн та нараас л гарна. Өнгөрсөн үеийнхээ алдааг давтахгүй байхыг хичээгээрэй. Би болоод бидний үеийнхэн та нарыгаа улс орноо гэгээн үеийг олж очино гэдэгт эргэлздэггүй юм шүү. Шинэлэг юм бүхэн улс орныг сайн сайханд хүргэнэ. Хөгжил дэвшил гэдэг чинь угтаан бол хүн төрөлхтөнд хамгийн ойрхон ирсэн шинэлэг болгоныг хэлдгийм.
Одоо залуусаа Эвтэй эетэй байя. Эв эеийн эхний алхам эвлэрэл юм. Эвдрэлцэж чадсан юм бол эвлэрч чадах хэрэгтэй байна. Дээр дооргүй, эр эмгүй, хөгшин залуугүй эвлэрмээр байна.
Утга учиргүй улс төр, уур хилэн, жагсаал цуглаан, авгай хүүхний хэрүүл, алт мөнгөний дайнаас ард түмэн чинь залхаж байна бас ядарч байна. Одоо ард түмэн шинэ юмыг хүсэн хүлээж, харж сууна. Тиймээ Бидний амьдралын сайн сайхан бидний гарт, гэрт, манайд, танайд байна. Амраг ханийн чинь аалинд, алаг үрсийн чинь харцанд, чиний, миний энэ бүгдийг бодох нэгхэн хормын агшинд, санаж сэрэхүйд байна.
Тиймээ Бид амьдралдаа хайртай байх ёстой, Монголдоо хайртай байх ёстой, эх орныхоо элсний ширхэг бүхэнд хайртай байх ёстой. Тэгэхийн тулд учиргүй том нам мам гээд яахав. Зөвхөн урд урдахаа хийсэн шиг хийж, хажуу хажуудахаа хайрласан шиг хайрлацгаая. Энэ бүгдийн нийлбэр цогц чинь эцсийн бүлэгт энэ эх орныг аврах ч болно, хөгжүүлэх ч болно Өч төчнөөн жил үеийн үед эх орон маань мөнхөд орших болноо ...
Жич: Эргээд уншиж суухад элдэв намын захиалга мэт санагдахвий хэмээх болгоомжлол төрөв. Би ямар нэг намын харъяат биш юм. За тэгээд захиалуулаад байдаг нь ч би биш. Надад соёмбот тугнаас өөр туг үгүй.
Нөгөөтэйгүүр би бичигчийн байр суурины хүн биш уншигчийн талын хүн учир , учир явдлын зангилааг сайн гаргаж чадаагүй өөрөө өөрийнхөө бодолд ороогдсон мэт байж болох юм. Эрхэм та нар минь мэргэн оюундаа тунгаана буйзаа.
Бүрэн эхээрээ...

Дөрвөн мөрт-4

1 Сэтгэгдэлүүд:

Бодлын бороо асгарсан уйтгарт энэ орой
Борхон зүрх минь нэвтэрч нөмөр бараадан цохилно
Бодол бодлын дундаас чи минь л ганцаар хоцорч
Бодь ертөнцөөс тасран надтай хамт тэнүүчилнэ.

Бүрэн эхээрээ...

Аав хүү хоёр – 3

7 Сэтгэгдэлүүд:

Аавдаа хүү нь хаалга тайлж өгөнгөө:
- Ааваа ааваа би Цогоог (найз нь) шагай тоглоё гээд дуудчихсан
- Аан. Ээж нь?
- Ээж хуушуур хийж байгаа.Аавдаа хүү нь хаалга тайлж өгөнгөө
- Өө тэгвэл аав нь гараа угаачихаад ээжид нь туслая даа . Дүү нь яагаад аавдаа ирж үнсүүлэхгүй байна?
- Бүлтүүш (дүү нь) угаалагын өрөөнд коршокондоо сууж байгаа
- Ааваа
- Айн
- Та нарыг жоохон байхад хуушуур тийм өөр байсан юм уу?
- За бас юу сонсчихоод аавыгаа байцаагаад унав? Хэн тэгж байна миний хүү?
- Том хүмүүс дээр үеийн хуушуур мөн гоё байжээ гээд л ярьдаг шүү дээ
- Аан тэрүү. Тэр чинь хүний сэтгэлтэй их холбоотой юм даа.
- Сэтгэл гэж юу юм?
Сэтгэл гэж үү. Сэтгэл гэдэг нь хүн ямарваа нэг юмыг өөртөө хүлээж авах хийгээд бас өөрөөсөө гаргах нэгэн талбар юм даа. За байз, хүүдээ яаж хэлвэл зүгээр вэ.
Нэг цагаан цаас, хуудас байна гэж үзье. Түүн дээр юм бичээд л байвал дүүрээд цагаан хэсэг нь багасаад л байна тийм үү?
- Тийм
- Яг түүн шиг залуу хүний сэтгэл тэр тусмаа хүүхдийн сэтгэл, ой тогтоомж гэдэг тэр цагаан хуудас шиг хачин цэвэрхэн, ариухан байдаг. Эхлээд аав ээж нь, цаашлаад орчин тойрных нь, мөн хүүхэд өөрөө үзсэн харсан, сонссон хийгээд уншсан зүйлээ түрүүний хуудсан дээр бичиж байгаа юм шиг тогтоож авдаг. Сэтгэлд нь хэдий чинээ сайн сайхан юм бичигдэнэ гадагшаагаа хүмүүс болон орчин тойронтойгоо төдий чинээ сэтгэлээрээ харьцаж эхэлдэг. Харин муу муухай зүйл бичигдвэл бас л муу хүн болно гэсэн үг.
Он цаг улиран өнгөрөх тусам хүний сэтгэл буюу уг хуудсан дээр юм бичигдсээр дүүрч цагаан хэсэг нь багасана дээр нь бас гандана.
Хуушуурын хувьд бол залуу хүүхэд ахуйдаа хуушуур идсэн учраас давс ус, гурил тос зэргийг анзаарахгүй сэтгэлээрээ ёстой гоё гээд л идсэн байх. Яагаад гэвэл нөгөө хуудасны цагаан орон зай нь их байна гэсэн үг. Тэгэхээр сэвгүй сайхан сэтгэлтэй байсан учраас тэгэж хоногшсон хэрэг. Харин хожим том болоод хуушуур идэхээрээ давс нь таарч уу үгүй юү, юуны махаар хийсэн бол, ямар тосоор шарсан бол гэж бодоод багадаа амталсан тэр амтаа мэдрэхгүй байгаа юм. Нас ахиад нөгөө хуудас нь дүүрээд сэтгэл нь сэвтэй болж юмыг өөдрөгөөр үзэх үзэл нь багассан гэсэн үг.
Түүнээс биш хуушуур буузыг анх яаж хийдэг байсан яг л тэр аргаараа л хийж байгаа.
- Тэгээд томчууд юмыг сэтгэл гаргаж хий гээд байдагш дээ
- Харин тийм. Томчуудын сэтгэл гээч орон зай нь гадны нөлөөллөөс болж багассан учраас түүнийг ямар нэгэн байдлаар эрж хайж үгүйлж байдаг. Түүний нэг илрэл нь тэр . Тэгээд ч ямар нэгэн зүйлийг сэтгэл гаргаж хийвэл маш сайхан болдог.
- Миний хүү хоолонд хамгийн их амт оруулдаг зүйл юу болохыг мэдэх үү?
- Үгүй. Аан тийм давс, сонгино
- Сэтгэл шүү дээ. Сайхан хоол хийе гэсэн сэтгэл байхгүй бол хичнээн амтлагч хийгээд тэр хоол амт орохгүй.
- Сэтгэлийг тэгээд хаанаас олохын?
- Маш энгийн зүйлээс. Жишээ нь
Чи найзтайгаа шагай тоглохдоо үнэнээсээ булхайцахгүй тоглоно шүү гэж тохирдог биз дээ?
- Тийм. Тэгж яриад тоглохоор булхайцдаггүй юм
- Тээр. тэр үед чи үнэхээр сэтгэлээсээ тоглож байгаа нь тэр .
- Аан.
Хаалга тогшиж хүүгийн найз орж ирэв. Хүү
- За хоёулаа сэтгэлээсээ тоглоно шүү за юу
- За Гэхдээ сэтгэл гэж юу юм ?
Гэтэл угаалгын өрөөнөөс дүү нь
- Өө чи мэддэгүй юм уу. Тэр чинь цаасан дээр байгаа хуушуур мэд үү ...
Писс хийтэл инээд алдах чимээ гал тогооноос , том өрөөнөөс ер нь л тэр чигээрээ эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуугүй бүх хүмүүсийн гэр дүүрэн жаргалтай нь аргагүй инээлдэх дуу тэднийхээс нэг хэсэгтээ тасарсангүй ээ...
Бүрэн эхээрээ...

Дөрвөн мөрт-3

1 Сэтгэгдэлүүд:

Эртэй бяртай бөхчүүд дэвэж, шаваж байгаа
Эрхий мэргэн харваачид татаж, тавьж байгаа
Эрэмгий хурдан хөлгүүд сунаж, сугарч байгаа
Эх оронд минь өдийд эрийн гурван наадам болж байгаа. Бүрэн эхээрээ...

Дөрвөн мөрт-2

2 Сэтгэгдэлүүд:

Санах бүрийд чи минь тархи эзэмдэнэ
би бодлогоширно
Сар гарахад чи минь зүүдэнд ирж шивнэнэ
би сонсоно
Сайхан төрсөн бие чинь бодол дунд зэрвэлзэнэ
бие эрвэгнэнэ
Санахын төдийд тавьж сэтгэлийн тэнхээ асгарана
би солиорчээ .

Бүрэн эхээрээ...

Дөрвөн мөрт-1

3 Сэтгэгдэлүүд:

Оройтоод ирэхдээ чи минь уруулаа будахаа мартчихаж
Орчлонгоос тасарсан тэр л чигээрээ ирчихэж
Чимээ анир эвдэх гэрийнхээ жаргалыг огоорчихож
Чихний чинь омгийг эрвэгнүүлэх миний уруулыг гээчихэжээ.

Бүрэн эхээрээ...

Зүгээр л дуртай

6 Сэтгэгдэлүүд:

Хундага дарсны ард шүлэг унших дуртай
Хуучин андынхаа хамт худлаа ярих дуртай
Хурын их нүргээн шиг нижигнэтэл инээлдэх дуртай
Хулгайн нүдээр хүүхнүүдийг харах л дуртай
Цагаан өнгөтэй дарсыг шимэж суух дуртай
Цагаан гунигийн хэмнэлийг тэрлэж суух дуртай
Цагаан сартай шөнөөр одод анивчихад дуртай
Цагаан бошинзтой хүүхний хормой нь дэрэвхэд дуртай
Зуны үдшийн бороо зөөлөн шиврэхэд дуртай
Зулзаган моддын доорхи хосуудыг харах дуртай
Зуу зуун дуслаараа чамайг норгоход дуртай
Зулба норсон цамцнаас хөх чинь гэрэлтэхэд дуртай

1997,УБ
Бүрэн эхээрээ...

Алт

7 Сэтгэгдэлүүд:

Ертөнцийн нэгэн өглөө эхэлдгээрээ эхэллээ. Өглөө гэдэг нь хүн амьтан ер нь амьтай болгон түр амсхийж, бие махбодь нь сэргэж идэвхитэй үйл ажиллагаанд шилжих эхлэл гэлтэй. Тэр тусмаа их хотын өглөө гэдэг ёстой л нөгөө хөлтөй нь хөлхөж хөлгүй нь мөлхөнө гэгчээр хэдэн саяар тоологдох хүн зоны хийгээд, хэдэн мянгаар тоологдох машин тэргэний урсгал түүнээс гарах дуу чимээ нь их мөрний урсгал мэт сүртэй агаад хөрст дэлхий тэр аяараа хөвсөлзөн хөдөлж байх мэт ажээ.
Энэ их хотын нэгээхэн буланд нэгэн залуу машинтайгаа явна. Нэрийг нь Боргил гэх. Боргил энэ улсын энэ хотод ирээд нилээд хэдэн жилийн нүүрийг үзжээ. Түүний царайг харахад сэтгэл санаа нь тогтуун, цаанаа нэг цээж тэнүүн яваа нь илт. Тэрээр яг энэ өдрөөс гурван жилийн өмнөхийг бодож явлаа.
Хүний амьдралд, түүнчлэн сэтгэн бодох хийгээд хувь хүний дотоод ертөнцөд юу эс тохиолдож юу эс бодогдох билээ. Түүний нэгэн адил Боргилийн дотор сүүлийн хэдэн өдөр хамаг л ухаан бодлыг нь эзэмдсэн нэгэн зүйл босон суун бодогдсоор байгаа билээ.
Боргил хань ижилтэйгээ учирч, амьдрал зохиож, үр хүүхэд төрүүлж өсгөж хүний ёсноос гажууд зүйлгүйгээр амьдарч яваа залуу. Архи гэдэг идээг анх хэзээ хэн гаргасныг бүү мэд. Харин Боргил хааяа хааяахан энэ идээг залчихаад байдаг талтай.
Анхандаа архийг тийм ч дуртайгаар бус найз нөхдийн шахалтаар ганц нэг хундага явуулдаг байсан авч сүүл сүүл рүүгээ нилээн дурлах маягтай. Найз нөхөд нь ч унаа тасраа холтой гэх мэтээр хөөргөхийг хэлэх үү. Нутагтаа байхдаа шалтаг л гарвал залчих гээд байх болсноо гадарладаг байлаа. Тэгээд энд ирээд энэ нийгмийн амьдралын хүрдэнд орж нэг их уухаа болчихсон юм. Болих ч юу байхав дээ тийм цаг зав гарахгүй тул тэр л дээ. Мань эр ч бараг энэ идээнээс гарчихсан мэт ярих.
Гэхдээ хаа нэг баяр ёслол, найз нөхөд ирэхээр шалтаглан уух явдал гарвал ер буцахгүй. Эхнэр нь ч гэсэн урд нь уудаг байсантай нь харьцуулж
- Ажил ажил гээд нэг их уух биш ганц өдөр уувал ч ууг дээ гэсэн янзтай хандана
Уухгүй байж байгаад уухаараа ёстой нэг хүсэн хүлээсэнтэйгээ уулзаж учирсан мэт сэтгэл нь хөвсөлзөөд, инээд алдаад л , чанга чанга яриад л юу гэмээр юм нэг тийм жаргалтай амьтан болж хувирна. Тэр ч байтугай эхний хундага хоолойгоор нь гулган орохдоо чихэр ч амтагдах шиг санагддаг байлаа. Харин тэгээд нэг уухаараа шуналтахыг нь яана. Хундагатайгаа ууж байхдаа шилний ёроолыг харж л байх жишээтэй.
Архи лонхноосоо бусдыг хувиргах увидастай. Боргил өөрөө лонх биш учраас мөн л хувирч өөрчлөгдөнө. Учиргүй нэг их агсам согтуу тавиад байхгүй ч шууд бас унтаад өгөхгүй ийш тийш явна, хүнтэй уулзана гэх, хэрвээ чадахгүй бол утас шөрмөсөөр мэдэх болгонтойгоо элдэв долоон юм ярих гэнэ. Мэдээж согтуу юм чинь ямар л олигтой юм ярив гэждээ. Тэгээд л нэр хүнд нь унаж эхлэнэ. Энэ бүгдийгээ ухаарахгүй явжээ. Харин ч гэр бүлээрээ элэг бүтэн, ажил амьдралтай бүх юм болж л байгаа мэт санаддаг байлаа. Гэтэл цаг хугацаа урсан өнгөрч, цаг хугацаатай хамт хүмүүсийн сэтгэл санаа, амьдрал болон түүнийг үзэх үзэл, хүмүүсийн юманд хандах хандлага өөрчлөгдсөн хийгээд өөрөө цаг хугацааны нэгэн үед хамрагдаж тэр үе нь ухаажих төлөвшихийн хэмжээнд хүрсэн байх ёстой зэргийг даана ч анзаарахгүй явсаар дөч гарчихсан нь энэ юм.
Одоо Боргил сүүлчийнхээ уултыг бодож сууна. Албан байгууллага нь салхинд гарч бүгд л тоглож наргиж, түүний дотор нөхөр ч баярладгаараа баярлаж, инээдгээрээ инээж, бусдыг хөгжөөдгөөрөө хөгжөөд л байсан санагдана. Нэг мэдэхэд өглөө болчихсон гэртээ сэрэх ажээ. Эхнэр нь уурладгаараа уурлаж, гомдодгоороо гомджээ. За даа нөгөө эрүүний шөлөө ч буцалгах нь дээ гэсэн шүү юм бодож суув.
Уусныхаа маргааш Боргил дуугарна гэж үгүй. Дэмий л эхнэрийнхээ үглэхийг хэзээ дуусахыг хүлээж таг дуугай гөлөрчихнө. Тэр нь нэг их хэрүүл уруул гарахгүй сайн талтай. Эхнэрийн үглэлт дуусахын багцааг ерөнхийд нь дууных нь өнгөөр анадахгүй учир дуусах дөхөөд ирэхийн багцаанд Боргилын уучлалт гуйх хийгээд үнэн худал амлалт эхлэнэ дээ.
Ингээд л дараагийн уулт хүртэл нэг хэсэг явна даа. Энд ажил ихтэй тул дараагийн уулт нилээн зайтай. Ер нь бараг л түрүүчийнх нь мартагдана хэмээн бодно. Энэ удаа бүх юм болдогоороо болоод л өнгөрөв.
Өнөөдөр Боргил ажлаа хийгээд явж байгаа нь энэ. Өчигдөр эхнэрийнх нь олон үгэн дотор нэг үг сэтгэлийг нь эмзэглүүлнэ.
- Намайг байхгүй хойгуур чи унтаж өгөхгүй охиноо л нилээн зовоосон гэнэ гэсэн нь санаанаас гарахгүй өдрийг барав.
Бодвол охиноо унт гэхэд нь өндийж суучихаад байсан бололтой. Уг нь хүн харахад нэг их сүртэй юм биш л дээ. Гэхдээ л ...
Эрүүл явахад согтуу хүн тааралдах ямар зовлонтой билээ дээ. Нэг юмаа олон олон яриад, нус шүлсээ үсчүүлээд л, захиад байгаа нь, загнаад байгаа нь ч мэдэгдэхгүй, мөн төвөгтөй шүү. Өчигдөр орой аавынхаа өмнө миний муу охин ямархан хэцүү байсан бол.
Нэг согтуу хүнийг унтуулчих гээд л, хувцас хунарыг нь тайлчих гээд л, бас тэр хүнд хар юмыг даахгүй, дийлэхгүй. Явж явж тэр согтуу нь төрсөн эцэг нь. Охиных нь хамгийн их хүндэтгэж хайрлаж явах ёстой хүн нь гээд бодохоор Боргилийн сэтгэл харанхуйлна. Муу охин минь энэ гэрээс гараад амьдралын зовлон жаргалыг бишгүй л амсана. Тэр тусмаа бүсгүй хүний зовлон эр хүнээс хэд дахин илүүг хэлэхүү. Охинд минь учирч болох олон зовлонгийн анхныхыг эцэг нь болох би учруулсан байх ёстой гэж үү. Иймэрхүү байх юм бол хэзээ хойно би охиноосоо энэрэл ачлал хэрхэн горьдох юм бэ. Охин маань одоо архи дарс, найр цэнгээн, аавынхаа сайн гэх нөгөө найзуудыг, магадгүй аавыгаа ч гэсэн үзэн ядаж байгаа юм билүү. Охиноороо дамжуулаад муу ханиа ч бодож үзлээ.
Би ханьтайгаа учраад бараг хориод жилийн нүүрийг үзлээ. Олон ч удаа согтож, олон ч удаа амласан санагдана. Охиноороо төсөөлөөд бодоход муу ханиа олон ч удаа зовоож дээ. Хүний охин үрийг болно бүтнэ гэж авчирчихаад ингэж амьдрана гэж юу байсым бэ.
Хэдийгээр зарим нэг хүнтэй адил уучихаараа баатар болоод дэвж шаваад, авч шидээд, хагалж хэмхлээд байхгүй ч эрүүл байхаасаа ямар л олиг байв гэж. Бодвол эхнэр хүүхдийнхээ сэтгэл зүрхийг хэмхчээд явсан байна даа. Тиймээ одоо л нэг эр хүн шиг амлачихъя байз.
Би өөрийгөө архичин гэж боддоггүй ч амлах хэмжээнд очсон байна гэдэг чинь архичин л гэсэн үг. Юм бүхэн хэмжээтэй хязгаартай. Миний амьдрал ч гэсэн хугацаатай. Одоо бараг дөч гарчихлаа. Надад одоо хэдийхэн л хугацаа үлдээ аж. Үлдсэн хэдий хэр хугацаа байдгийм түүндээ хань, үр хүүхэд, бас өөрийгөө бодоод ингэж галзууртлаа уухаа болих хэрэгтэй юмаа хэмээн бодлоо хөврүүлнэ.
Тэр оройдоо хоол идэж суунгаа эхнэртээ охиндоо
- За аав нь ёстой нэг амлая. Аав нь одоо ямар ч тохиолдол байсан гурван хундаганаас илүү уухгүй ээ гээд өдрийнхөө бодсон санасанаа сайхан ярих гэтэл эхнэр охиныхоо урдын адил үл итгэх царайг хараад цааш нь үргэлжлүүлж чадсангүй. Гэхдээ Боргил тэдэндээ гомдсонгүй. Угаасаа өөрөө тэднийгээ тийм болгочихсон юм чинь.
Эхнэр нь л харин ханийнхаа сэтгэлийг боддогоороо бодож охиндоо
- Сонсов уу аав нь одоо гурван хундагнаас илүү уухгүй гэнэ шүү гэж итгэл муутайхан хэлсэн ч хүний л хань юм болохоор сэтгэлийнхээ гүнд горьдсон хэвээр байгааг Боргил анх удаа л мэдрээд авах шиг боллоо. Тэгээд за яахав аав нь энэ удаа хэлсэндээ хүрнээ хэмээн бодсым.
Хүн гэж амьтан эд юмсыг үнэлж мэдсэн цагаасаа хойш алт гээчийг хайж, олж хагацаж салж мөн эргэж хайсаар иржээ. Харин хүн хүнээсээ, дотоод ертөнцөөсөө хэрхэн алтыг хайсан бол.
Тэгвэл Боргил өөрөө өөрөөсөө, сэтгэл зүрхнээсээ тэр “алт”-ыг олох шиг болсым. Харин энэ алт нь жинхэнэ алт байх эсэхийг цаг хугацаа л харуулаг дээ.
Тэр цагаас хойш гурван жил өнгөрчээ. Боргил үнэхээр хэлсэндээ хүрсийм. Ямар ч үед гурван хунадагнаас илүүг уунаа гэж үгүй. Эхний үед эхнэр хүүхэд нь ч битгий хэл өөрөө өөртөө ч итгэхгүй байлаа. Эхний хэдэн баяр ёслолууд нь түүнд том шалгалт бас шаналгаа болж байлаа. Өөрийнх нь архинд дурлах үндсэн чанар нь гозолзохыг хэлэх үү.
Найз нөхөд нь үг хаяаад л, шахаж шаардаад л, тэнэг мангараар нь дуудаад л
- Чи ямар архичин биш тэгэж амлаад байхдаа яадгийм
- Хээцэс чамайг гурваас илүү уухгүй байхыг харнаа
- Нэртэйгээр нь бүр уухгүй гэчихгүй яасым
- Чоно махнаас гарав гэгч болох нь гээд л
Гэвч Боргил тэвчсээр, хичээсээр ... Зарим нэгтэй нь хэрэлдэж муудах ч билүү. Тэгэн тэгсээр одоо бүр гэр бүл хийгээд орчин тойрон нь гурваас илүү уудаггүйг мэддэг, итгэдэг болжээ. Зарим нэг нь атаархдаг уу, хорсдог уу бүр Гурван Боргио гэдэг хочтой ч болов.
Уухгүй хүний ухаан нь эрүүл, үг нь саруул учир хэлж ярих нь утга учиртай бас үнэтэй байх ажээ. Орчин тойрных нь залуучууд Боргил ах гээд үгийг сонсох, хүндлэх аястай.
Хамгийн гол нь ханийх нь аз жаргалтай байгаа нь үнэхээр сайхан.
Угаас хүмүүний амьдралын аз жаргал хурааж хумьсанд биш зөвхөн бие биенийгээ зөвөөр ойлгох, бие биенийгээ хайрлах хийгээд томоос том итгэлцэл дээр байдаг бололтой.
Тиймээ бид бие биенийгээ хайрлах гэж, хүндлэх гэж, үр хүүхдээ төрүүлэх гэж, тэднийгээ өндрөөс өндөрт өргөн ход ход хийн инээхийг нь сонсох гэж, хорвоогоос хамгийн сайн сайхныг хүсэх гэж, олох гэж, харах гэж, барих гэж, нүүр дүүрэн инээх гэж энэ хорвоод хамтдаан байдгийм. Энэ бүгдийгээ бодож суухдаа Боргил яагаад ч юм сайхан инээмсэглэж
- Би ч чадсан шүү хэмээн бодно. Гэхдээ алтыг бас буцаагаад алдаж болдог гэдгийг бодохоо мартсангүй ээ...
Бүрэн эхээрээ...