# #
Showing posts with label Нэрэлхэлгүйгээр. Show all posts
Showing posts with label Нэрэлхэлгүйгээр. Show all posts

Нэрэлхэлгүйгээр - 9 буюу Үл ойлгогдох угтвар үг.

4 Сэтгэгдэлүүд:

Кино бүтэх явц нь манайд санхүү мэтээс хамаараад нилээн зовлонтой байдаг бололтой. Хүмүүс (найруулагч, продюсер) захиалж бичүүлсэн киногоо авахгүй орхих, эсвэл аваад тэр чигтээ таг болчих тал харагдаад байх юм. Тиймээс ямартай ч гэсэн туужийн хэлбэрт оруулж хэвлүүлж авах нь зөв байх гэж бодоод энэ номонд дөрвөн тууж оруулав.
Үл ойлгогдох угтвар үг “Энэ бүхэн хамгийн сүүлчийнх” гэж мэдрэх агшин ямар байдаг бол?...

Найз нь өнгөрсөн амьдралдаа өөрийгөө зовсон гэж бодохгүй байна. Гэхдээ амьдралын төлөө бусдаас илүү, магадгүй чамаас ч илүү тэмцсэн гэдгээ сайн мэддэг.

Өдөр болгон гэртээ харьдаг байх нь охины минь мөрөөдөл байсан шиг байгаа юм.
Орчлон хорвоо гэдэг угаасаа нэг хүслийг биелүүлэхдээ нөгөө хяслыг бий болгодог юмаа даа янз нь.

* * *
Дөрвөн зуун арван есөн жилийн өмнөх хүмүүсийн хайр дурлал өнөөгийнхнөөс ялгаатай юу? Өнөөдрийн хүмүүс хайр дурлалын төлөө үхэж чадах уу? Үхвэл хэн буруутай вэ?

Алдар хүүгийн санааширснаар “Бид ер нь ямар орчлонд амьдардаг юм бол?” гэж бодмоор. “Хэн ийм орчлонг бий болгодог юм бол?” гэсэн асуултаар хариулагдах байх...

* * *
Би энэ зуны ажилд яваад юу ойлгосон гээч. Ой бол манай гариг дээрх хамгийн төгс нэгдлийн хэлбэр гэж. Амьдрал ч гэсэн яг л ой гэсэн үг. Тэнд бүх юм байх мөртөө хоорондоо гайхамшигтай сайхан зохицож чадсан байдгийг анзаарсан шүү. Би амьдралыг дэндүү өөрөөр бодож явжээ гээд Хэрлэн хархан нүдээ гялтгануулан инээмсэглэлээ. Түүний хажууд хэн ч байсан сэтгэл сэргэж, урам орохоор ажээ.

* * *
Эр хүн хорвоогийн судаг нуга даган урсаж амьдрах ёстой юу?

Нүд алдам их хөндийд тарлантаж цоохортсон харгана зэргэлээн дунд бүрэлзэж, тахиралдаж мухиралдсан нарийхан цэнхэр гол наагуур цаагуур нь тойрч, он оны уртад ядарч тамирдсан мэт мушгиран урсах бөгөөд түүний нэгээхэн тохойд нулимс тоссон мэнгэ аятай ганц мод тэртээ доор сүүмийн харагдана.
Энэ бол Харганатын хөндий, Харганын гол, хайр сэтгэлийн гэгээн түүхийн орь ганц гэрч өнчин хайлаас, Хандаа Сугар хоёрын унасан нутаг, угаасан усаа...

Түмэнбаярын Бум-Эрдэнэ
Бүрэн эхээрээ...

Нэрэлхэлгүйгээр - 8 буюу Өөрийн гэсэн өнгө, өөрийн гэсэн хэлтэй зохиолч

15 Сэтгэгдэлүүд:

За хө "ЖИЙЖЭЭ"-гээ дахин шинэчилж, засварлаад хэвлүүллээ. Хавтасны зургийг манай нэртэй шог зураач А.БАТ-ЭРДЭНЭ санаандгүй таарчихсан. Тэгээд би өөрөө зохиолч гэхээр Редакторын үүргийг зохиолч анд Х.БОЛОР-ЭРДЭНЭд шууд өгчихсөн. Яагаад ч юм ийм нэртэй улсууд холбогдчихов. Тэгээд энэ номонд уран бүтээлийн анд маань үгээ шигтгэснийг энд сийрүүлэв.
Өөрийн гэсэн өнгө, өөрийн гэсэн хэлтэй зохиолч

Андын үг

“Уг нь Чингис хаан хойд төрөлдөө хүн болж Монголдоо төрсөн бол тун хэрэгтэй байсан юм. Даанч тэгсэнгүй архи болоод төрчих юм даа. Тун тоогүй. Тэгэхдээ бүр ах дүү, төрөл саднаараа шүү...” гэсэн бодол хөврүүлэх хөдөөгийн эгэл бор өвгөний нүгэл нүүгээгүй оюун санаанаас урсан гарах үгс өнөөгийн бидний өнгө төрхийг товхийтэл тодорхойлчихов. Ичих ч шиг...
Яг л хорин жилийн өмнө тэнгэрт одсон өвөөтэйгээ дүнгэр дангар ярилцан, ёж үгийг нь сонсонгоо сэм инээд алдан суугаа мэт ид амтшин байхдаа би андынхаа зохиол дотроос арайхийн сэрж байна. Өвгөн Жийжээ өвөөгийн минь үгийг, аяг араншинг тэр чигээр нь надад дахин мэдрүүлчихээд Хүрэнтийн хөндийдөө үлдчихлээ.
Цахим ертөнц гэдэг хязгаар хярхаг нь үл мэдэгдэх хэтэрхий уужуу хэрнээ бас давчуу орчил байх. Тэр л орон зайн нэг үзүүрт Т.Бум-Эрдэнэ бид алсхан хэрнээ ойрхон нөхөрлөсөөр өнөөдрийг хүрч. Яг л тос даасан бор ааруул шиг амтагдах түүний зохиолуудыг онлайн уншигчид унших дуртай. Ялангуяа эх орноосоо алсхан амьдардаг монголчууд маань Бумаагийн цахим хуудсанд тухлан сууж ирээд түүний сэтгэл зүрхнээс ундарсан эх орон үнэртсэн бүтээлүүдийн дундуур тааваараа бидэрдэг юм.
Би тэдний нэг нь. Унаган хотын хүн надад хөдөөгийн гэх тодотголтой бүх зүйлс үргэлж сонирхолтой санагддаг. Мэдэхгүйгээ мэдэж, үзэж дуулаагүйгээ Бум-Эрдэнийнхээ зохиолууд дотроос түүж түүвэрлэн суралцахад их амттай байдаг юм. Зохиол бичиж байгаа нэрээр баахан хэлбэр хутгаж, түүндээ төөрчихсөн сав ертөнцийн хаа ч үгүй гансарч явах олон бичгийн хүнийг би мэднэ. Харин Бумаа маань тэднийг бодвол өөрийн гэсэн өнгө аяс, өөрийн гэсэн хэлтэй зохиолч. Тиймээс ч Бумаа маань бусад шиг холоос санаа хайж, ойроос хэлбэр хуулж хөгөө чирэхээргүй арга барилаа бат атгаж чадсан хүн. Америкт олон жил амьдарчихаад ирсэн хэрнээ төрөлх монгол аялгуугаа сэтгэл зүрхнийхээ гүнд яв цав хадгалж, хөгжүүлж, түүгээрээ эх нутгаа санаж ангаж цангасан олон монголчуудаа ундаалж суудагт нь бахархана.
Тийм л нэг амттайхан хэрнээ алсуураа ёгт санааг урлаж чадсан хөнгөхөн зохиолыг нь сая уншиж дуусгалаа. Энэхүү номын редактор хэмээх том хариуцлагыг Бумаа маань надад даалгасан юм. Хүний зохиолын өнгө аяс, өөрийн гэсэн хэлийг нь зүрхлэн бусниулж чадсангүй. Ямартай ч энэхүү номын тухай цөөн хэдэн үгийг номын андынхаа уншигчдад хаяглан үлдээхээр чармайн суугаа минь энэ.
“Жийжээ хутгаа үрэх зуураа “Үзэл бодол таардаггүй энэ тэр гээд л байдгийн эд нар. Цөөхөн хүнтэй Монголд тийм л их олон үзэл бодол хэрэгтэй байдгийн байхдаа. Идэж уухаа болохоор яадгийг нь харъя байз” гэж бодсон аж. Нэг хутгатай хоёр дарга бие биенээ жаахан харж сууснаа Лочин нэг огтолж, хутгаа Ганцог даргад өгч байна. Өнөөх нь нэг огтлоод буцаагаад өгч байгаа харагдана. Лочин дарга ахиад л огтлохыг харсан Жийжээ “Эд нар ч ингэж л таарна. Цааш нь дамжуулахгүй байна шүү. Улсын юмыг идэж уухаа хүрвэл ингээд л хуваагаад хүртэх улс. Энэ хоёр мэдээж Балдан хөгшнөөс насаар бага шүү дээ. Гэтэл өнөө үед дарга байнаа гэдэг юм юманд эхэлж хүрэх арга зам, эрх дарх юм даа...”
Тэр гэх тэмдэггүй болтороо эдэлсэн бор дээлтэй хөдөөх өвгөчүүл маань үнэхээр л ийм бодол нэрж суудаг айхтар улс байх юм билээ. “Хөдөөгийн” гэж тэднийгээ бид ямар их дорд үздэг билээ. Гэтэл хөдөөгийн хөх өвгөд минь ач, үрс биднийгээ хэрхэн будлихыг ухааныхаа цараагаар хэмжсэн шигээ хүд хүд инээж л суух. Жийжээ өвгөний хутгаа ирлэх зуураа бодож амжсан энэ бодлын чанадад бидний дээш нь залдаг дарга даамлуудын нэгэн өнгө дэрийтэл харагдаад өнгөрөх аж.
Хэнийг бид толгой дээрээ залж, хэнийг бид хоймортоо дээдэлж байгааг Жийжээ өвгөн чимхсэн мэт байн байн сануулах нь эрхгүй бодол асгана. Тэгсэн хэрнээ тэрхүү ёж өвгөний хөнгөхөн дэггүйтлийг даган элгээ тэнийтэл хөхин баяссандаа чамгүй олзуурхав. Тайзан дээр алиалагч нарын үүрэг голцуу гүйцэтгэх болсон манай хошин шогийнхон ч түүний зохиолын дайтайг гаргаагүй шиг. Ер нь ном уншаад ингэтэл ганцаар ход ход инээн сууснаа ойрд санахгүй байна. Ном зохиол гэдэг уншигчаа өөртөө бүрэн уусгаж, нүд салгалгүй төгсгөлийнхөө цэгт хүртэл авчирч чадаж байвал амттай бичигдсэний шинж гэж би хувьдаа боддог. Тэр ч утгаар нь уншигчаа арын хавтсыг хаатал дотор нь уяхыг зорьдог.
Энэ зорилгыг “Америкт зорчсон Жийжээ” тууж биелүүлж чаджээ. Өмнө нь түүний цахим хуудсаар энэ зохиолыг бүтэн уншсан ч гэлээ ингэж бусдад дуулдахаар сэтгэгдэлээ хэлж төвдөөгүй явсан юм.
Хүн хаана илүү гэмтэж, хүмүүсийн бодол санаа хаана хугарч гэмтсэнийг энэ зохиолоос харж болно. Хөгжил, дэвшил, илүүрхэл гэгчээр цээжээ дэлдэн яг л аварга бичин мэт аашилж байгаа биднийг орчлон бүхлээрээ харж сонжиж байгааг битүүхэн ёвроод авч уу гэж санагдаж байлаа. Хэзээ ч нугарахаа больсон Жийжээ өвгөний дунд хуруу түүний хуруу биш бидний хөдөөгийн хөх өвгөдийн ороо бусгаа цаг үе рүүгээ гозойлгосон хуруу юм байна хэмээн эцэст нь ухаарч авлаа. Ийм тод томруун төлөөлөл, ёжлолыг амттайханаар шигтгэж өгсөн Бумаагийнх шигээ зохиолыг бичихсэн гэхээс хорхой асч байна.
Ингээд эрхэм уншигч таныг ч бас номын анд Түмэнбаярын Бум-Эрдэнийн маань “Америкт зорчсон Жийжээ”-гийнхээр буугаад мордоорой хэмээн уриж байна. Амттай, бас хөгжилтэй долоохон хоногоор хөх өвгөдийн минь хэлэх гэсэн маш олон үгийг амтлуулан аялуулах болно оо.

МЗЭ-ийн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ
Бүрэн эхээрээ...

Нэрэлхэлгүйгээр - 7

19 Сэтгэгдэлүүд:

Дахиад нэг номны тухай мэдээлэл орууллаа. Энэ номонд яруу найрагч Б.Эрдэнэсолонго өмнөтгөл бичсэн юм. Мөн Адъяа маань шүүсэн болно.
Эмэгтэй хүний ертөнцөд тавтай морил
Дон Жуан гэдэг хэвшмэл нэршлийг зөвхөн шалиг завхай эрийн түүх гэсэн өрөөсгөл хандлагаар тайлбарлахыг зөвшөөрөмгүй санагддаг юм. Францын, бидний сайн мэдэх реалист утга зохиолын “Дон Жуан” Ги де Мопассан “Зөвхөн эмэгтэй хүн л чин үнэнчээр хайрлаж дурлаж чадна” гэж яагаад хэлсэн юм бол оо. Тэгэхээр юу гэсэн үг вэ, эрчүүдэд боломж байхгүй гэж үү. Алдартай зохиолч хайрын газрын зураг барьчихаад нэг насаараа малтлага хийгээд олж чадсан нь энэ. Эрчүүдэд боломж, магадлал тун бага гэдгийг бүр сүүлд шинжлэх ухаан тайлж, 7 билүү 17 секунд тутамд эр хүний бэлгийн эс ялгардаг, тиймээс эрчүүдийн хувьд хайраас илүүтэй үр төлөө үлдээх зөн давамгайлдаг тухай байгалийн учир зүй талаас нь тайлбарласан билээ.
За, ингээд гол зүйлдээ анхаарлаа хандуулъя.
Зохиолч Т.Бум-Эрдэнэ эмэгтэй хүний тухай ном бичжээ. Зөвхөн бичээд зогсохгүй энэ хачин /гайхам/ ертөнц рүү өнгийж, тэндээс олж харснаа бидэнд дэлгэн үзүүлж байна. Т.Бум-Эрдэнэ “Сэмэрч үл барагдана”, “61 Ах” зэрэг өгүүллэгийн түүвэр хэвлүүлсэн нь үргэлжилсэн үгийн зохиол сонирхон уншигчдад хэдийн танил болоод амжсан. Харахад даруухан, элдэв долоон үггүй энэ эрийг ямархуу ажигч, ямар өр зөөлөн нэгэн гэдгийг өмнөх хоёр номноос нь олоод харчихаж болно. Эх орноосоо алс амьдарч байхдаа унаган ахуйгаа санан санан бичсэн түүний зохиолууд мөн түүн шиг хартай бүхнээсээ алсад суугаа олон монголчуудын сэтгэлийн цангааг тайлж байсныг мэдэх юм. Т.Бум-Эрдэнийн өгүүллэгүүдэд хүнийг төөрөлдүүлсэн хачин жигтэй, санаанд багтамгүй үйл явдлуудын зураглал огт үгүй. Бидний мэдэх, бидний амсаж туулж яваа энэ амьдралын ухаарал, сэхээрэл, бодлогшролуудыг зүй зохистойгоор өрөн тавьсандаа ч тэр үү ахуйд ойр, сэтгэлд дотно санагдана. Түүний өгүүллэгүүдээс жинхэнэ хат суусан монгол эрийн санаашрал, гэр бүл, эх орон, хүмүүст хайртай бүтээлч хүний үгийн хэлхээсийг харж болно. Харин өнөөдрийн хувьд тэрээр эмэгтэй хүний тайлагдашгүй ертөнц рүү өнгийж нэг харжээ. Эмэгтэй хүнийг хайрлаж чадсан хүн л хамгийн сайн ойлгоно. Бүхний өмнө ил хэрнээ хамгийн нууцлаг энэ ертөнцийн талаар бусдад ойлгуулахаар махран зүтгэнэ гэдэг нэг талаар сайн хандлага, бас ихээхэн бөх зүрхтэй хүний барьж хийх ажил юм. Учир нь эмэгтэй хүн өөрөө өөрийнхөө тухай бичээд ч хайрын /хүн судлалын/ их шинжээчид хэдэн зуун жил нухаад ч олигтой үр дүнд одоо хүртэл хараахан хүрээгүй байгаа гэдэг.
Энэ номыг уншаад дараах асуултуудыг өөртөө тавьж үзлээ.
- Яагаад эрэгтэй хүн хүүхэд төрүүлдэггүй юм бэ. Үүнд нэмэлт бяцхан тайлбар:
- Яагаад хүнээс хүн төрдөг цорын ганц тохиолдол нь зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай /мэдээж эрчүүдийн оролцоог энд үгүйсгэхгүй/ байна вэ.
- Яагаад энэ хүн “Сэмэрч үл барагдана” гэж бичээд байна вэ. Эх хүн сэмэрнэ гэж яадаг юм. Яагаад сэмрээд дуусчихдаггүй юм бол.
- 100 доллар хийгээд шүүдрийн дусал хоёрын аль нь үнэтэй вэ. Аль аль нь эхийн ачийг бүрэн хариулж чадах уу.
- Эмэгтэй хүний зүрхийг шилжүүлэн суулгасан ч хайрыг бас зүрх шиг шилжүүлэн суулгаж болох уу.
- Яагаад үргэлж зүрх, дээр нь нэмэх сэтгэл гэсэн холбоо үгс хайртай бас эмэгтэй хүнтэй хоршиж сонсогддог юм бэ.
- Яагаад 40 настай хижээл эмэгтэй нөхрөө хууран байж болзоонд явахдаа “Victoria secret”-ийн дотуур хувцас өмсдөг вэ.
- Ер нь яагаад эхнэрүүд нөхрөө хуурдаг вэ.
- Хууралтын дараа хүүхнүүд яаж гэртээ орж ирдэг вэ.
- Эсвэл нөхөр нь хуурсны дараах эмэгтэй ямар байдаг вэ.
- Яагаад эмэгтэй хүн эр нөхрөө ээжээсээ илүү хайрладаг юм бэ.
- Яагаад хуурч мэхлэгдсэн эмэгтэй нөхөртөө зориулан “Чи миний гэрэлт амьдралд хүрэхийн тулд авирсан гаслант шатны хамгийн сүүлчийн гишгүүр байх болно” гэж хэлдэг юм бэ.
- Яагаад энэ бүхнийг эрэгтэй хүн бичиж байна аа.
Энэ үй олон “яагаад”-ын хариулт мөдхөн таны шимтэн унших гэж буй “Эмэгтэй ном”-нд бий. Бүсгүйчүүд, ерөөсөө нийт уншигчид түүнд ямар дүн тавих бол гэдэг ч бас л нэг асуултын тэмдэг. Эмэгтэй хүний ертөнцийг өөрийн нүдээр олж харж, тэднийг сонсож, ажиглаж, тэднийг илэрхийлэхийг оролдсон хичээл зүтгэлийг бүсгүйчүүд л ганцхан үнэлж чадах биз. Тиймээс зохиолч Т.Бум-Эрдэнийн зориглон зурагласан эмэгтэй хүний ертөнцөд тавтай морил.

Б.Эрдэнэсолонго
2011.11.01

Бүрэн эхээрээ...

Нэрэлхэлгүйгээр - 6

16 Сэтгэгдэлүүд:



За хө "наам таг" гэдэг шиг таг чиг байж байгаад нэг ийм "юм" боогоод орхилоо. Редактороор нь манай адтай, авъяастай нэгэн блогчин ажиллав. Та бүхэн түүнийг нэвт шувт мэднэ. Гэхдээ энэ утгаар нь түүнийг сонгосонгүй. Бичиг цаасанд олон жил даруулж хэвтсэнийг нь харсан болохоор.(Заримдаа бас өөрөө бичиг цаасыг алийг нь алдуулдаг байсан гэсэн)
Үгүй дээ үгүй, Хэвлэл мэдээллийн байгууллагад олон жил ажилласан туршлагатай болохоор нь гуйсан хэрэг. Давхар ухаандаа бол би ахмадаараа далимдуулж загнуулахыг хүсээгүйдээ тэр хэ хэ. Дашрамд, Адъяадаа гүн талархсанаа илэрхийлье. Мөн "Ирмүүн" агентлагийн зураач Ган-Эрдэнэ, дизайнер Отгонсүх нартаа баярлаад баярлаад ханашгүй.

Чимхлүүр

Блог хэмээх бодит юм шиг атлаа бодрол бясалгалын хийсвэр ертөнцөд, компьютерийн цаанаас Т.Бум-Эрдэнэ гэгч зохиолчийг уншаад дөрвөн жил болжээ. Анх Бумаа нэрийг хараад эмэгтэй хүн гэж боддог байлаа.
Зөвхөн эмэгтэй хүний л, тэр дундаа нэлээд мэдрэмжтэй, аливааг элсний ширхэг мэт нарийвчлан харж, бодож эргэцүүлдэг бүсгүй хүний мэдэрч чадах тэр л торгон мэдрэмж, эмзэг турьхан атлаа эрэлхэг, ухаалаг өгүүлэмжүүдийг унших тусам энэ бодол маань батлагддагсан.
Харин жил гаруйн өмнө нүүр тулах завшаан тохиож, “61 ах” номыг өөрөөс нь гардахдаа нөгөө дэндүү чимхлүүр мэдрэмжтэй зохиолч маань эрэгтэй хүн байсныг, бүр нас тогтож яваа тулхтайхан ах болохыг хараад гайхаж билээ. Яаж мэдрэхээрээ үг бүр нь залуухан бүсгүй өдөөр гуниг зурах шиг тунгалаг, утга санаа нь давтагдашгүй атлаа таашгүй, олон үйлдэлт оньсон тоглоом мэт нууцлаг байдаг байнаа гэж дуу алдах шахсан.
Өнөөдөр түүний дөрөв дэх ном хэвлэлтээс гарч байна. Хэвлэлтээс ч гэж, зохиолчийн нөгөө л хэтийдсэн мэдрэмжээс, төсөөллөөс, сэтгэлд нь амилж, алсарч явдаг өнгө будагнуудаас төрөн гарч байна. Эхлэл, төгсгөл нь ойлгомжтой энгийн санаануудыг эвлүүлж урласан юм шиг атлаа санаанд оромгүй шаглаа, хажлага хамжааргагүй холбоос, зөн совинд хэзээ ч буухааргүй зүү ороолтууд . . . Хайчгүй эсгэж, оёдолгүй урласан дээл нэг иймэрхүү болдог ч юм болов уу.
Дурласан бүсгүйг бүдэгхэн үзэмжит аялгуу тойрон эргэлддэгийг, буйд ахуйн үдэш зөөлөн гуниг агч мод шиг үнэртдэгийг, усан бороонд уйтгар нэрэн алхахад газрын судас гүрэлздэгийг, үхлийн өмнө хүртэл хормойгоо хямгадан эрхэмсэг оршиж болдогийг, зөөлөн хатуу энэ орчлонд зөвхөн дурсамжаар цадах өдөр ирдэгийг нээрээ мэддэг ч юм шиг, үгүй ч юм шиг.
Гучин настай бүсгүй . . . Хөнгөхөн шүүрс алдмаар ч юм уу. Магадгүй эмэгтэй хүний хамгийн сайхан нас байх. Жимсээр бол гүйцэд боловсорч, дарсаар бол амт үнэрийн хамгийн оргил зохицолдоо ирсэн мэт. Үүнээс хойш гоо үзэсгэлэн алхам алхмаар нүүр буруулж, хорвоо хоёр нүүрээ харуулах юм шиг сэтгэлийн мухарт сэмхэн гуниг хааяа бударна. Хорин хэдтэй хонгор үетэйгээ харьцуулахад аливааг байгаагаар нь ойлгож, хамгийн ойроос мэдэрч чадах тэр л үе. Чухамхүү гучтай бүсгүйн сэтгэлд л ханиа хайрлах хайр, хорьтой залуугийн сэтгэлийн хөөрөлд автсан догдлол хоёр зэрэгцэн оршиж чадна. Магад үүнийг биеэр туулж байж л ойлгох байх. Харин зохиогчийг аль насандаа гуч гарч буй “бүсгүй” байсныг гайхаж ядна.
Өнөөх . . . Хүн болгонд “өнөөх” бий. Дотор сэтгэлтэйгээ, дотоод хүнтэйгээ ярилцдаггүй, зөвлөдөггүй нэгэн гэж үгүй биз. Харин өнөөх нь өөрөөс тань хүчтэй бол гадаад ертөнцөд таныг яаж харагдуулах вэ . . . Бидний “гажиг” гэж хардаг хүмүүс харин ч дотоод сэтгэлийн хүч ихтэй, хором саатаад сонсвол хосгүй хүмүүс болж таарав уу. Сэтгэцийн юмтай хүмүүст дотоод сэтгэлийн асар том урлан оршдогийг “Зураас”-т ч бас таталжээ.
Хүний цорын ганц өмч бол бодол. Гэр бүл, хань ижил, ажил алба, эд хөрөнгө бүгд чинийх биш. Харин бодол л чиний мэдлийнх. Тиймдээ ч бид юу ч бодож болно. Аз болоход “юу ч бодож болдог орчлон” юм даа. Амьдралын эд эс бүхнийг бодол л өнгө зүстэй болгодог. Харин анзаарч хардаггүй, хэн ч тоомгүй атлаа хэт энгийн хором мөчүүд өөрөө амьдралыг утга учиртай болгодог аж. Ийм энгийн байх гэж...
Бүтээлүүд нь араанд уусаад өнгөрөх амтат чихэр гэхээсээ илүү хүлхэх тусам амт ордог хатуу хурууд шиг тослог, эргэн эргэн бодмоглоход этгээд мөлжүүртэй байдаг нь Бумаа ахыг бусдаас ялгаж өгдөг онцлог юм уу даа.
Өөрийг өгүүлмээргүй, зүгээр л уншигч таны мэлмий, мэдрэмжид үлдээхийг хүснэм би. Хэзээнээсээ хэт сэтгэлд хүрсэн зүйлээ хэлэх, ярих эвээ олдоггүй хачин зангийн маань илрэл энэ буюу. Харин, ариутган шүүх үүрэг хүлээсэн хэрнээ өгүүллэгүүдийг засч янзлах гэхээсээ унших тусам ухаарал авч, зохиолын дүрүүдтэй хамт гунихдаа гуньж, хөгжихдөө хөхиж, мэдэрч, эмтэрч байснаа л хэлж чадна...
Редактор Э.Адъяасүрэн
2011. 10. 20
Бүрэн эхээрээ...

Нэрэлхэлгүйгээр - 5

17 Сэтгэгдэлүүд:


Номын ертөнц (Book world) гэдэг нэрээр нэгдэн ажилладаг номын элэгтэй хэсэг залуучууд UBS телевизтэй хамтран Номын ертөнц гэдэг нэвтрүүлэг хийдэг юм байна. Тэд ойрноос "Өөр өнгө" цувралын тухай нэвтрүүлэг хийж байаа бөгөөд түүгээр өөрийнхөө гарсан хэсгийг нэрэлхэлгүйгээр блогтоо оруулчихлаа. Бүрэн эхээрээ...

Нэрэлхэлгүйгээр - 4

11 Сэтгэгдэлүүд:


"Товч"- ийг тодруулсан утгын чимэг
Монголынхоо уран зохиолд хайртай, хэл соёлоо эрхэмлэдэг хүн бүхэн ирээрэй гэж зар тараасан энэ уралдааны танхимд номын сангийнхаа танилцуулга, үзүүлэнгийн номууд, самбар сэлтээ гаргаж бэлтгээд, номын өргөөнийхөө хойморт, төрийн далбаагаа залж, хүндэтгэлийн идээ будаа зассан байв.

Нэг жилийн өмнө 200 орчим Монгол ном тал, талаасаа цуглуулж Монгол Номын сангийнхаа эхийг тавьж байсан. Уншихгүй байж болохгүй ном, Байхгүй юмгүй ном, Монгол ёс заншил, зан үйлийн товчоон гэх мэт сонин содон нэрт тэргүүлэн, Монголын шилдэг өгүүллэгийн болон яруу найргийн түүврүүд, Монголын зохиолчдын болон Америкт суугаа Монгол уран бүтээлчдийн олон шинэ номуудыг энэ үеэр дэлгэн үзүүлэв. Номын санд олсон орлогоороо ном авсаны дээр Америкийн Монголчуудын худалдааны танхим зэрэг байгууллага, найз нөхөд, хувь хүмүүсийн хандиваар фондоо өргөжүүлэн нийт 400 гаруй номтой болоод байгаа гэнэ. Түүнчлэн цөөн ч гэсэн байнгын уншигчидтай, Ганзориг гэдэг хамгийн идэвхитэй уншигчтай болсон хэмээн Уран уншлагын уралдааны нээлтийн үеэр танилцуулав.

Монгол Улсын Соёлийн тэргүүний ажилтан хуучирч Ичинноров сонгодог аяз тоглож танхимийн жаврыг үргээлээ.

Уралдааны салхийг Лос Анжелес хотноо ажиллаж амьдардаг Сэтгүүлч Мөнхцэцэг өөрийн бичсэн “Цасан зүүд” өгүүллэгээрээ хагалав. Тэрээр “Шинэ жилийн үдэш анхны хайрт бүсгүйнхээ зургийг олж үзэж, сургийг нь гаргаад догдлон буй эх орноосоо алс суугаа залуу эрдэмтний тухай” өгүүлсэн.

Яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Хүлээлт” өгүүллэгийг Санта Моника коллежид жүжигчний мэргэжлээр суралцаж байгаа Билгүтэй үзэгчдийн сонорт хүргэлээ. http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=2716

...Намайг шуугин урсахын цагт
Чи минь санаад байвал
Намуун шөнөөр ирж
Давалгаан дээр минь унтаарай... хэмээн бичсэн Л.Өлзийтөгсийн шүлэг, өгүүллэгээс нандин мэдрэмж, өвөрмөц өнгө будаг харагддаг тул түүнийг унших дуртай гэж Билгүтэй хэлсэн юм.

... Ээжийн захидал төгсгөл хэсэгтээ балархай. Бодож санаснаа “цээжээ онгойлгон” биччихээд “хүний нутагт юугаа хийж удаад байдаг юм бол доо хүү минь” хэмээн өөртэйгөө ярьж, нүүр лүүгээ унжсан буурал үсээ чихнийхээ арлуу давуулж илчихээд л захидлаа уншиж суусан даа. Энэ сацуу хацрыг нь даган нулимс бөмбөрч бичсэн захидал дээр дуслахад сандран арчиж энэ хэдэн үсгийг нь бүдэгрүүлсэн байлгүй” хэмээн ээжийгээ санасан хүүгийн сэтгэлийн үгийг Батсүх гуай дамжуулсан юм.
http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=1807&Itemid=117

Батсүх гуай өнгөрсөн жилийн уралдаанд өөрийн зохиосон Нүүдэлчин шүлгээрээ оролцож дэд байр эзэлж байсан билээ.

Америкийн Монголчуудын дундаас олон сайхан өгүүллэгээрээ онцгойрон шалгарсан нь Түмэнбаярын Бум-Эрдэнэ билээ. Түүний Товч өгүүллэгийг Д.Уранчимэг амилуулаа. Тэрээр алс холын Санфранцискогоос ногт ганзаглан ирж энэ уралдаанд оролцсон юм.

Товч гэж ...Ээжээ, ээжээ миний товч тасарчихлаа гэсээр тав зургаа орчим насны хүүгийн алганыхаа бяцхан хонхорхойд атгагдаж ирсэн жижигхэн цагаан товч эмээгийн товчний хайрцаганд хэсэг товчнуудын хамт хагас өдөр болоод гарахдаа мэдэрсэн мэдрэмжээр дамжуулан хүмүүний амьдралын бардам эрхэмсэг, эрх танхи, ганцаардмал, цөхөрмөл, мөхмөл, бүр үхмэл, бас байж болох олон өнгө аяс, хөг аялгууг илэрхийлэн цагаан инээд хөгжөөн, хөнгөн гуниг, ухааралыг хослуулан гаргасан хөөрхөн өгүүллэг.
http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=3141&Itemid=111
Энгэрийн гэхдээ яаг хоёр хөхний хооронд таардаг тийм нандин товч, Хэдэн шүд нь мултарч унаад, эвдэрчихсэн яайжийсан цахилгаан, эрдэмтэн хүний пиджакны товч, генерал хүний шинельний товч, саатай торгоор, хар даалимбаар сампин зангидсан монгол товчнууд, эрлийз товч, зураачийн товч, яруу найрагчийн товч, наалдан пад болчихоод салдаг ч үгүй, ичдэг ч үгүй кноп, тасар татуулсан ташааны товч гээд хүүхдийн жижигхэн цагаан товчинд өөрсдийгөө танилцуулсан тэдний үйл хөдлөл, үг яриа ийм л байна даа гэж бодогдохоор Урнаа маань уншиж, товчийг тодруулав.

Дараагийн өгүүллэг дахиад л Т.Бум-Эрдэнийн “Боб” байлаа. Эх нутгаасаа алс хол суугаа хүмүүсийн амьдралын жаргал зовлонг мэдэхийн тул түүний бичсэн өгүүллэгүүд эндэхийн уншигчдад ойрхон байдаг биз ээ. http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=2273&Itemid=111

Өөрийнхөө харж асардаг баян өвгөнөөс хүн энэ хорвоод ирэхдээ ямар нэгэн хүнээс хайр энхрийлэл, уянга ухаарал авах гэж ирдэг. Харин буцахдаа хэн нэгэнд ямар нэгэн юм өгчихөөд буцах ёстой гэдгийг ухаарч,Та эцэг эх, элгэн садан, эх оронд минь буцааж, аавыгаа ачлах их ухааныг өгсөн хэмээн эх нутгийнхаа зүг нисч яваа залуугийн бодрол. Д.Дашдорж Боб өгүүллэгээ “Гэгээн алсад одохсон” гэж сайхан аялгуугаар чимэглэн сонсогчидоо хүргэсэн. Бас өгүүллэгтээ өөрөө гүн ороод нулимас дусаагаад авна лээ. Саяхан бурхан болсон зулай гишгэн төрсөн ахыгаа, тойроод суусан ахмадуудыг хараад гэнэт нулимас гарчихлаа шүү гэсээр суудалдаа очсон.

СанФранцискод суугаа утга зохиолч судлаач, зохиолч Я.Баатар, Виржинад суугаа Зохиолч, сэтгүүлч Л.Батбаяр, Лос Анжелест суугаа Орчуулагч Ж.Оюунцэцэг нарын Америкт суугаа Монголын уран бүтээлчид Утгын чимэг уралдааныг халуунаар дэмжиж өөрсдийн мэндчилгээ шүлэг зохиолоо ирүүлснийг уралдааны дундуур уншиж сонсголоо.

Нутаг нугийн цөстэй эрийн морийг хөтлөн сумын наадамд явах замдаа сайхан залуу эхнэрт татагдан, сайхан дуу дуулж, сайхан мөрөө түшилцэн Ононгийн тохойд учирсан залуу насны сайхан хайрын тухай бичлэг энд бас уншигдлаа. http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=725

Цамба салхи татуулан давхиж ирээд хэдэн үгийн солиогүй морин дээрээс минь хуу татаж орхиод Хулангийн цулбуурыг шүүрч аваад, морьдоо хайр найргүй ташуурдан улаан тоос манарган давхин одохуй зам дээр явган хаягдаад

Би чамаас хариугаа авна даа. Заавал авна! Хулан ч чамайг хаяна. Yзээрэй, муу нохой! 'Хулан чамайг заавал хаяна! гэж нулимсаа арчиж нусаа татсаар хоцордог Арван долоон нас ч дээ. Хөөрхий. зайлуул. Би тэгэхэд өөрийгөө эр хүнд тооцож явжээ. Гэтэл тэр зун ёстой шалчгар эр болохоо мэдсэн тухай өгүүлдэг Эрдэнэ баавайн ур шингэсэн Хулан бид хоёр гэж нэгэн оргил өгүүллэг байдгийг хэн хүний мэднэ. Энэ өгүүллэгийг хүүхдүүд дээрээ ирж амарч яваа Сурмаажав гуай намбалагхан уншиж олны сонорт хүргэлээ.

Номын санг эрхлэн ажиллуулж байгаа Б.ГанЭнхбаяр маань Зохиолч Шүүдэрцэцэгийн бичсэн Тал гамбираас болж өнчин дүүгээ хороосны гомдол цөхрөл, харуусал, бас ахан дүүсээ халуун бүлээ хайрлахын ухаарал шингээсэн “Тал Гамбир” гэдэг өгүүллэгийг сэтгэлээ хөдөлгөн, нулимсаа дуслуулан байж олонд хүргэсэн.

Ингээд уралдаан тэргүүн байрыг Д.Уранчимэг “Товч” өгүүллэгээр, Дэд байрыг Батсүх “Ээжийн Минь үнэртэй захиа” өгүүллэгээр, Билгүтэй “Хүлээс” өгүүллэгээр тус тус хүртэж, Тусгай шагналыг Д.Дашдорж Боб өгүүллэгээр хүртлээ.

Энэхүү уралдаанаа өргөжүүлэн Америкт суугаа утга зохиол, хэл соёлоо дээдэлдэг Монголчуудаа, уран бүтээлчдээ өргөнөөр оролцуулдаг, Америкийн Монголчуудын оюуны нэгэн наадам болговол зүгээрсэн гэсэн саналыг гаргаж, бас шүлгээр дэврээд авцгаалаа. Батсүх гуай Нүүдэлчин шүлгээ өргөсөн бол Б.Энхтуяагийн Эх хэл гэсэн шүлгийг Урнаа уншиж, бас Бавуугийн Лхагвасүрэн, Данзангийн Нямсүрэн, Гомбожавын Мэнд Оёо, Бавуудорж, Эрдэнэ-Очир найрагчдын шүлгээс савныхаа хэмжээгээр утган залгилаад тарцгаав.

Номын буян арвижих болтугай.

Д.Бишүүгарам
Лос Анжелес хот
Мэдээг Даяармонгол сайтаас авсан болно





Бүрэн эхээрээ...

Нэрэлхэлгүйгээр - 3

46 Сэтгэгдэлүүд:


Сайн байцгаана уу? Та бүхэндээ шинэ жилийн мэнд дэвшүүлье!
Мөн Өөрийнхөө "61 АХ" нэртэй шинэ номоо өргөн барьж байгааг минь хүлээн авна уу.
Нэрт сэтгүүлч, зохиолч Б.Галааридын бичсэн өмнөтгөлийг оруулав.
Бум–Эрдэнийн ертөнцөд тавтай морилогтүн
Т.Бум-Эрдэнэ үргэлжилсэн үгийн төрлөөр бичиж эхлээд олон жил болоогүй ч өөрийг нь мэддэг, шинэ өгүүллэгийг нь хүлээдэг үнэнч уншигчидтай болж чадсан нэгэн. Энэ нь түүний өгүүллэгүүд дэх энгүүн атлаа нэг л донжтой зураглал, өвөрмөц санаатай холбоотой гэж болно.
Амьдралын эрээн бараан, гэрэл сүүдрийг нэг их төөрөлдөлгүй ялгаж салгаж чадахуйц ухаан суусан дөчин насандаа тэрээр бичиж эхэлжээ. Цагийн хувьсал, хувь заяаны учралаар хүний нутаг, гүний газарт очиж, өөр орчин, өөр ахуйд орсноор монгол гэсэн бүхнээ өөрөөр харж, шинээр нээж, тэрхүү шинэлэг сэрэл мэдрэмж зохиол бүтээлд нь гүнээ шингэсэн нь тодорхой байдаг. Түүний зохиол бүтээлд монгол ахуй, аж байдлын зураглал ихээхэн үүрэгтэй нь анзаарагддаг. Мэдээлэл технологиор мэргэжил эзэмшиж, Америкт чамгүй хэдэн жил амьдарсан тэрбээр харийн соёлд омтгойрч, алив нэгэн хэлбэр хөөсөнгүй.
Энгийн, үнэн, ухаарал өгсөн, амьдралын мөн чанар, утга учрыг олж таних эрлийн үр дүн болсон өгүүллэгүүд нь түүний урын санг үнэ цэнэтэй болгодог.
Хуландай нэрт хайртай унагаа хээрийн нохойд идүүлчихээд өөрийгөө зэмлэх бяцхан хүү, дөч тавин сая долларын ашигтай наймаа хийж явсан ч насны бөгсөнд хэвтрийн хүн болчихоод үхэж чадахгүй шаналж байгаа өвгөний дотоод ариуслыг олж хараад хайрласандаа орхиод явж буй Самдан хоёрын аль алинаас нь Т.Бум-Эрдэнэ хэмээх зохиолчийн уран бүтээлийн нийтлэг дүр- ер бусын хүнлэг, ер бусын гүн нарийн мэдрэмжтэй, амьдрал, хүн, оршин буй байгаль дэлхийгээ ер бусаар хайрладаг нэгэн тодроно. Ерөөсөө түүний бүтээл хайр, хүн чанар, хүнлэг сэтгэлээр дүүрэн бүлгээ.
Бас нэг олзуурхууштай зүйл нь түүний өгүүллэгүүд хэвшмэл хэв загвараас зайлсхийж, шинийг эрэлхийлсэн өнгө аяс бүхий стандарт бус шийдлүүдтэй. Энэ бол уран бүтээлчийн чансааг тодорхойлох тун чухал хэв шинж юм. Чухамдаа энэ л хэв шинжийг илүүтэй үнэлж, түүний өгүүллэгийн түүврийг “Өөр өнгө” цувралд оруулж байна.
Монголын утга зохиолын хөлгүй урсгал дундаас өөр өнгөөр дуугарч буй Т.Бум-Эрдэнэ уран бүтээлчийн эрэл, бэдрэлийн их аянд нэгэнт өөрийн хүсэл зоригоор морджээ. Мордсон л бол эргэх арга байдаггүй холын энэ замын үзүүрт буй өндрөөс өндөр оргилд гарч гэмээнэ тэрбээр сэтгэл оюунаа хөвчилж, чөмгөө дундалсныхаа хэргийг гаргах билээ. Тэр оргилд гарах нь бийр бэх нийлүүлэгч хүн болгоны мөрөөдөл хэдий ч даанч цөөн хүнд оногддог хувь тавилан гэдгийг бүү март хэмээн сануулж, дөрөөнд нь сүү дусаая.

Урианхан Б.Галаарид
(“Өөр өнгө” цувралын эрхлэгч)

2009 оны 12 сарын 15

Мөн ийм хөөрхөн цаасан уут хийж өгсөн байгаа. Шинэ оны эхний долоо хоногт худалдаанд гаргах учир одоохондоо дэлгүүрт байхгүй байгаа. Тэгэхээр 99017136 гэсэн энэ утсаар залгаж авч болно. Та бүхэнд баярлалаа



Бүрэн эхээрээ...

Нэрэлхэлгүйгээр - 2

14 Сэтгэгдэлүүд:


Ичдэг ч арга байдагүй ээ хэ хэ

Авъяасаараа садансах буюу хувь заяагаараа хэлхэгдэх нь.
(Өмнөтгөл)
Өнгөрсөн зууны 50-иад оны сүүл, 60-аад оны эхээр нэгэн бэсрэг өгүүллэг хэвлэгдэж уншигч олны оюун ухааныг эзэмдэн түрхрүүлсэн байдаг.
Чухам энэ өгүүллэгээс монголын утга зохиолын анхаарал татахуйц шинэхэн түүх эхэлсэн юм болов уу гэж би бодож явдаг юм. Зохиолчийг уншигчидтай уулзах бүр
- Нөгөө хоёр залуу яасан бол? гэдэг асуулт байнга гардаг. Тэр бүрийд зохиолч
- Би ч сайн мэдэхгүй байна гэж хариулсан байдаг. Энэ өгүүллэгийн нэрийг “Хулан бид хоёр” гэдэг. Зохиогчийг нь Сэнгийн Эрдэнэ гэдгийг бид өнөөдөр хэн хүнгүй мэднэ.
Тухайн үед монголын утга зохиол гэдэг хүүхэд шиг хөлд орох гэж явсан шиг бодогддог юм. Өвөр монгол, Буриад, Халимаг, Тува утга зохиолыг оруулан монгол үндэстний утга зохиол гэж ярьвал их л том юм яригдах нь дамжиггүй. Харин Эрдэнэ баавайн тэр өгүүллэг хэвлэгдэн байх тэр цаг үед огт өөр ухагдахуун ноёрхож, огт өөр зүйлийн тухай бид ярих зайлшгүй шаардлагатай байсан бөгөөд яг тэр зүйлийг нь гаргаад ирэнгүүт хүмүүсийн сэтгэл тэгтлээ хөдөлсөн хэрэг.
Түүнээс хойш монголын утга зохиол, хэн нэгэн айлын хаяа бараадаагүй, цэвэр өөрийнхөөрөө яваа. Монгол хүнийг гаргаж ирэх, чухам тэр хүний энгүүн амьдралын тухай ярих болсон бөгөөд хэдийгээр цагийн эрх, намын бодлогоор ямар нэг Алёшагийн ч юм уу, Иваны тухай ярьж бичиж байсан боловч цаг ямагт ямар нэгэн Дорж Дулмаа хоёр маань л гол дүр нь байж, бид ч тэгэх л ёстой мэт хүлээн авч сурсан билээ.
Үндсэн хуулийн дагуу биеэр эдлэх эрх чөлөө тусгаар тогтнолоос гадна оюун сэтгэхүйн хувьд хэнээс ч хараат биш байхын ид хав, жаргал цэнгэлийг бид ийнхүү монголынхоо утга зохиолоос хүртэж, хүрээлэн буй ахан дүүсээ араасаа дагуулах хэмжээнд хүрч чадсан юм. Эргэж буцашгүй энэ урсгалд монголын сэхээтний тэргүүн хэсэг нь нэгдэж энэ зорилгын төлөө ухамсарт амьдралаа зориулдаг бичигдээгүй хууль буй. Өнөөдөр таны ууган хуудсыг нь дэлгэж буй энэ номыг зохиогч ч мөн л энэ замд эргэлтгүй орохоор шийдсэнээ энэхүү номоороо зарлаж буй юм.
Зохиогчийн “Сэмэр үл барагдана” нэртэй анхны ном хэвлэгдээд удаагүй атлаа уншигчдын сэтгэл зүрхийг дулаацуулсан илч нь ихэд хурдацтай нэмэгдэж буйг Даяармонгол сайтаас бэлээхэн харж болно. Бум-Эрдэнэ маань утга зохиолын замд орохын тулд ихэд олон жил бодож боловсруулж, өөрийгөө бэлдсэн юм болов уу гэсэн бодол анхны өгүүллэгийг нь уншихад надад төрсөн юм. Туужийг нь уншсаны дараа энэ бодол улам лавширч байна.
Манай утга зохиол хөгжлийнхөө явцад нийгмийнхээ “хатгааг” даган “ханиалгаж” эхэлсэн түүхтэй. Эрдэнэ баавайн “Хулан бид хоёр” өгүүллэгт хорь гаран насны салхи шиг бүсгүй Хулан, түүний нөхөр догшин ширүүн Цамба, энэ хоёрыг аргадан дагаж яваа 17-той хөвгүүн гурав гардаг. Өнгөрсөн зууны 50-иад оны манай сэтгэхүй дурайтал харагдаж байгаа нь энэ. Улмаар коммунизм руу лавширахын хэрээр хүмүүсийн сэтгэхүй дэхь 17-той хүүгийн сэтгэл бүдгэрч, уур уцаартай догшин Цамба, цэвэр гоолиг Хулан биш, цагийн яас даган аальгүйтсэн тогтворгүй Хулан бий болсон. Энэ хоёр дүр хөгжсөөр 2000 он болоход архичин зэрлэг догшин Цамбууд, яадгаа алдсан завхай зайдан Хулангууд монголын утга зохиолд могойн чуулган шиг шоволзож, хүйтэн зэврүүн дүр, хэлээ арвагнуулан дотор зарсхийм гарч ирэх болсон. Өөрөөр хэлвэл ёс суртахуун, гоо зүйн огт өөр эрэлхийлэл, шийдэмгий өөрчлөлт монголын утга зохиолд эрүүл агаар шиг хэрэгтэй болж эхэлсэн гэсэн үг. Тэгсэн ч тийм өөрчлөлт гарахгүй байв. Буурь суурьтай ахмад зохиолчид маань хүртэл хормой хотны ягир шагир зохиолууд бичиж, залуучууд нь үүнээс илүү эрээ цээргүй бичвэл зохиолч гэгдэн мандаж эхлэнэ гэж ойлгоцгоож байх шиг аашилж байсан билээ. Гэтэл “Сэмэрч үл барагдана” гарав. Уншаад үзвэл 17-той Сампилийн нүд харагдах шиг болсон юм. Энэ нүд өнөөдөр туужуудын эн суучихаад тань руу харж байна. “Монгол хүмүүс бид чинь нэг иймэрхүү билүү, аль эсвэл ийм байл уу” гэж бодогдуулж байсан юм. Түүний Америкт зорчсон Жийжээг уншаад “ойрд ингэж инээл үү” гэж бодон бодон инээснээ, Хувь заяаны хэлхээг туужийг уншаад
- Энэ чинь Цэнджавын тухай ном юм биш үү? гэж бодож, чухам яагаад түүнийг дэлгэцийн туслах дүр шиг үе үе оруулж гаргаад байна гэж зохиогчоос нэхэн сууснаа эргэн санахад “Би ерөөсөө л өөрийгөө эл туужуудаас олж хараад байгаа юм биш үү” гэсэн бодол эрхгүй төрнө.
Гэхдээ өнөөдөр энэ хорвоо дээр мэдэрч хүн хард үзэгдэж байгаа “би”-гээ бус, харин бодитоор харагдаж байх ёстой атлаа харагдахгүй болчихоод байгаа өөрийгөө олж хараад байх шиг санагдана. Уран зохиол хэмээгчийн ид чадал чухам үүнд л оршиж, зохиолчийн авъяасыг тунхаглан зарлаж байдаг билээ.
Бум-Эрдэнэ хэмээгч энэ зохиогчийн туужуудыг уншаад би ингэж л бодож сууна. Тэр уншигчаа чөтгөр шуламаар айлгаж, нүцгэн шалдан баатруудаар ичээж, лус савдагаар лүндэгнэн мухар сүсэгт автуулж, элдэв осол аваариар хиртхийлгэж, хутга шөвөг буу шийдэм агсуулж, хулгай дээрэм хийлгэн цочоосонгүй. Харин ч эгэл боргил нь байтугай эвдрэхийн дээдээр эвдэрсэн хүн ч дахин эвдэрчихээд гарч ирдэг, догшин ширүүн хууль ноёрхож байдаг газарт ч хүн чанарын “арал хойг” оршиж л байдгийг чухам эвдрээгүй хүний ноён нуруугаар өгүүлж чадаж байна. Яриад байвал ярих зүйл маань дуусахгүй. Муу зохиол нэг л жимээр гүйгээд байдаг бол сайн бүтээл олон замын бэлчир шиг л байдаг. Тэгэхээр түүний тухай олон санаа, олон өгүүлэмж гарч, оршил үг биш бас нэг зохиол бичүүлчихэж чадах шидтэй. Тийм бүтээл л би уншлаа. Одоо та уншина. Уншаад энэ хүн цаашид юу бичих бол гэж бодох нь дамжиггүй. Түүнийг харин хамтдаа хүлээе.
“Хулан бид хоёр” өгүүллэг хэвлэгдэж олныг шуугиулан, ухуулгын аман өгүүлэмж шинжтэй байсан манай утга зохиолыг шинэ шатанд гаргаж байхад би төрөөгүй байлаа. Харин “Хувь заяаны хэлхээ” хэвлэгдэн, элдэв шалдавын дүр зураг холилдон бантагнасан манай өнөөдрийн утга зохиолыг хүн чанараар “хувцаслаж” эхлэхэд би бууралтчихсан өвгөрөх тал руугаа гишгэж явна. Энэ хоёрын хооронд мөн ч их юм багтаж байгаа боловч би ганцхан зүйлийг худгаас ховоо татах адил гаргаж ирмээр санагдлаа.
Энэ бол авъяас гэдэг үг, ухагдхуун юм. Эрдэнэ баавай, ........ хоёр маргашгүй авъяастнууд бас “төрөл садан” ажээ.

Зохиолч Доржзовдын Энхболд. 01,06,2008. Чикаго хот.

Хавтасны зургийг манай блог анд шог зохиолч, зураач А.Амарсайхан зурсан болно


Бүрэн эхээрээ...

Нэрэлхэлгүйгээр

24 Сэтгэгдэлүүд:


Чикагогийн Т.Бум-Эрдэнийн шинэ ном мэндэллээ
Монголд үлдсэн хэдэн хүүхдүүдээ зүүдэлж, дэрээ норгосоор Сараа бүсгүй сэрнэ. Шинэ ажлын уртаас урт хүнд өдөр, халзан шар менежерийнх нь учиртай харах тачаангуй харц, эх нутгаасаа хамт зориж ирсэн Заяа бүсгүйн ёозгүй ариншин, энэ бүхэн Сарааг шаналгаж, нулимсыг нь үргэлж сорно. Түүнтэй зэрэгцээд Монголд байх нөхөр Түвшин нь эхнэрийнхээ зовж олсон хэдэн төгрөгөөр архи ууж, эрүүлжүүлэхэд хонож байна.
Харин Түвшин хундагаар архи биш, эхнэрийнхээ харийн газар унагасан нулимсийг хундага хундагаар нь ууснаа ухаарна, тэгээд эхнэрээ, ханиа дуудахаар утасдана.
Энэ их танил дүр зураг бол Т.Бум-Эрдэнийн “Хундага нулимс” өгүүлэгийн сюжет.Энэ мэт сэтгэлд хүрч, ухаарал нэмсэн олон сайхан өгүүллэгээрээ та бүхний танил болсон Чикагогийн Т.Бум-Эрдэнийн өгүүллэгийн түүврийн ном хэвлэгдлээ.
Image“Сэмэрч Үл барагдана” нэртэйгээр гарсан энэхүү түүврийг та авахыг хүсвэл зохиогчтой нь холбоо бариарай. Гарынх нь үсгийг зуруулаад ч авч болно шүү.
Майл хаяг: t_bumerdene@yahoo.com

СЭМЭРЧ ҮЛ БАРАГДАХ ХАЙР, ИТГЭЛИЙГ ТҮГЭЭГЧ
Т.Бум-Эрдэнийн өгүүллэгийн түүврийн өмнөтгөл
Бумаагийн анхны өгүүллэг нь “Цав цагаан” нэртэй байсан нь санамсаргүй хэрэг биш гэж бодогдном. Энэ “Цав цагаан” бол түүний амьдралд, хүмүүст хандах хандлагынх нь суурь өнгө, дотоод ертөнцийнх нь, эгээрэл хүслийнх нь өнгө юм гэдгийг зохиогчийн уншигчиддаа өргөн барьж буй анхных нь өгүүллэгийн түүвэр болох “Сэмэрч үл барагдана” уншигч таньд нотлох байх аа.
Энд онцолж хэлэхгүйгээр өнгөрч боломгүй нэгэн зүйл байна. Т.Бум-Эрдэнэ анхныхаа “Цаг цагаан” өгүүллэгийг өнгөрсөн 2007 оны 4 сарын 24-нд бичжээ. Гэтэл олонхи уран бүтээлчийн хувьд хэдэн жилээр, зарим нь бүүр хэдэн арван жилээр туулдаг уран бүтээлийн туршлагыг асар богинохон хугацаанд буюу нэг жил хүрэхгүйн хугацаанд туулж, өөрийн гэсэн урлахуйн арга барилтай болж буй нь гайхмаар... Үүнийг бас л энэхүү ном нь нотлох байх аа. Энэ жил хүрэхгүй хугацаанд Бумаа маань маш эрчимтэй, бүр гайхмаар эрчтэй бичиж туурвиж, чухам утга зохиолын аварга акулууд л ингэж “өндөглөх” мэт цувуулж байсан болов уу гэмээр тууж, өгүүллэгүүдийг ар араас нь хөвүүлж өгсөн юм. Гэхдээ ямар нөхцөлд гээч... Америкийн эрчилсэн энэ амьдрал дунд, та бидний л нэгэн адил амьдралын төлөөх өдөр тутмын цаг наргүй зүтгэдэг ажлынхаа хажуугаар шүү дээ. Үр дүн нь өдгөө таны гар дээр буй өгүүллэгийн энэхүү томоохон түүвэр болж байна. Аргагүй л халгиж цалгисан, багтаж ядсан авьяас билгээс ундарсан болоод тэр биз ээ.
Гэхдээ авьяас билэг гэдэг нь бүтээгч, туурвигчид тавих хамгийн чухал, эн тэргүүний шаардлага мөн үү? гэвэл биш ээ гэж би ямар ч эргэлзээгүйгээр хариулна. Уран бүтээлч байхын тулд эхлээд “хүн” байх хэрэгтэй. Энэ нь зөвхөн миний л амьдрал дунд унаж босож явахдаа олж авсан итгэл үнэмшил юм. Ийн хэлэхийн учир нь энэ санааг үгүйсгэдэг үй олон үзэл онол байдаг болоод тэр.. Гэхдээ л амьдрал дундаас ажиглагдсан нэгэн зүйл нь хичнээн их авьяас чадвартай ч хүн байж чадаагүй бол түүнээс ер олигтой туурвил гардаггүй. Энэ “Хүн” гэдэг нь Эдуард Межелайтесийн “Хүн”-ээс хавьгүй илүү өргөн ойлголт, хайр-итгэлийг цогцлоосон дангаараа бүхэл бүтэн нэг сэдэв юм.
Эдүгээ АНУ-ын Чикаго хотноо ажиллаж, амьдарч буй Түмэнбаярын Бум-Эрдэнэ маань уг нь холбооны мэргэжлийн хүн билээ. Өөрийнх нь дүрсэлсэнээр “Шинэчлэгдэж өөрчлөгдөх энэ цаг үеийн хүнд нудрага эх орны минь нүүрийг хайр найргүй алгадахад хувь заяаны эрхээр АНУ-д үсэрсэн эх орныхоо нэгэн амьд хэсэг” нь болж яваа хүн. Гэвч, авьяас билгийн адтай хатгаасаар ч юм уу, хувь заяаны зурлагаар ч юм уу, уран зохиолын ертөнцрүү хөл тавин эрчтэйхэн орж ирлээ.
Бумаагийн өгүүллэгүүд дотор үүнээс өөрөөр хэрхэн илэрхийлэх билээ дээ гэмээр оночтой зүйрлэл, уран яруу дүрслэлүүд их бий. Нүдэнд харагдаж, сэтгэлд хоногштол дүрслэнэ гэдэг ховорхон чадвар.
Манай богино өгүүллэгийн нэрт мастер П.Лувсанцэрэн л тийн ончтой зүйрлэлүүдийг эгзэгтэй мөчид гаргаж чулууддаг байсан даа. Мөн Б.Догмидийн хөвөлзсөн уянга, С.Эрдэнийн дотоод сэтгэлийн тасралтгүй хүүрнэлийн аль аль нь түүний өгүүллэгүүдээс цухалзаж буй.
Энэ бүхэн нь түүний хүнлэг, алдаж онодог ч амьдралыг шүүдрийн ус мэт ариун сайхнаар харж, түүнд итгэж чаддаг баатруудтай нь сүлэлдээд нэгэн амьдаас амьд ертөнцийг цогцлоож байна. Бумаагийн эхний хэдэн бичлэгүүдийг нь уншчихаад миний юу юунаас ч илүү олзуурхан баярласны маань учир үүнд бий.
Түүний өгүүллэгийн баатруудад нийтлэг тийм нэгэн хэв шинж байдаг. Амьдралыг “Дэндүү уужимхан” хардаг Өлзий ах, “Гагнаас” мэт хат, итгэлтай нахиу Нанзад, хазгар Олзод, өрөөлийн өлмий дор орших ч өр зөөлөн сэтгэлээрээ ертөнцийг түшиж тулж буй түрүү жилийн борог өвс... гээд, тэд бүгдэд нь энэ амьдралыг хайрлах гэгээн сайхан хайр, ямар ч үед хувирч өөрчлөгдөшгүй бат итгэл бий. Энэ бол өмнө дурдсан Бумаагийн тэр “цав цагаан” ертөнцийн нийтлэг дүр зураг. Энэ бол өмнө өгүүлсэн тэр уран бүтээлчийн үндсэн гол шалгуур болох “Хүн байх”-ын язгуур утга учир нь юм.
Бумаагийн өгүүллэгүүдийн баатрууд дэндүү танил. Хамгийн сайн зохиолч гэж хэнийг хэлэх вэ гэвэл хүнийг хамгийн сайн ойлгодогийг нь гэж хэлнэ гэсэн нэг үг байдаг даа. Энэ үнэн байхаа магадгүй. Бумаа орчин тойрноо, хүмүүсийг чухам зохиолч хүнд л байдаг ховорхон ажигч, гярхай харцаар харж, үйл явдлыг алагчилалгүй нягт нямбай шүүн тунгаах атлаа, тэндээсээ харин хамгийн гэгээлэг, сайн сайхан шинжийг нь цэцгээс зөвхөн шимт балыг нь түүх зөгий мэт түүж авч чадах юм. Энэ нь уран бүтээлч бүхэнд байдаггүй тун ховор чадвар билээ.
Энэ хүмүүн төрөлхтөний үйлээс хамгийн сайн нь юу билээ гэвэл итгэл хайр түгээх гэж би дахиад л ямар ч эргэлзээгүйгээр хариулна. Бумаа маань яг тийм итгэл хайрыг түгээж байна. Түүний өгүүллэгүүдийг уншихад амьдралд, хүмүүст итгэх итгэл дүүрээд ирнэ, хайр төрнө.
Тэр бүтээлээрээ хүмүүст сэмэрч үл барагдах хайр итгэлийг түгээж байна. Үүнээс илүү сайн сайхан үйлийг би нэрлэж мэдэхгүй юм. Юутай ч уншигч та бид бүгдээрээ хамжиж дэмжээд Бумаагийн анхных нь ном “үр”-ийг эх барьж авч байна. Энэ анхны ном нь араасаа гэрэл гэгээ цацруулсан олон сайхан ном, бүтээл туурвил дагуулсан булган сүүлтэй байх болтугай хэмээн ерөөе.
Б.Номинчимэд
Блүүмингтон, Индиана муж. АНУ
2008 оны 3 сарын 7.
Бүрэн эхээрээ...