# #

Нэрэлхэлгүйгээр - 8 буюу Өөрийн гэсэн өнгө, өөрийн гэсэн хэлтэй зохиолч

За хө "ЖИЙЖЭЭ"-гээ дахин шинэчилж, засварлаад хэвлүүллээ. Хавтасны зургийг манай нэртэй шог зураач А.БАТ-ЭРДЭНЭ санаандгүй таарчихсан. Тэгээд би өөрөө зохиолч гэхээр Редакторын үүргийг зохиолч анд Х.БОЛОР-ЭРДЭНЭд шууд өгчихсөн. Яагаад ч юм ийм нэртэй улсууд холбогдчихов. Тэгээд энэ номонд уран бүтээлийн анд маань үгээ шигтгэснийг энд сийрүүлэв.
Өөрийн гэсэн өнгө, өөрийн гэсэн хэлтэй зохиолч

Андын үг

“Уг нь Чингис хаан хойд төрөлдөө хүн болж Монголдоо төрсөн бол тун хэрэгтэй байсан юм. Даанч тэгсэнгүй архи болоод төрчих юм даа. Тун тоогүй. Тэгэхдээ бүр ах дүү, төрөл саднаараа шүү...” гэсэн бодол хөврүүлэх хөдөөгийн эгэл бор өвгөний нүгэл нүүгээгүй оюун санаанаас урсан гарах үгс өнөөгийн бидний өнгө төрхийг товхийтэл тодорхойлчихов. Ичих ч шиг...
Яг л хорин жилийн өмнө тэнгэрт одсон өвөөтэйгээ дүнгэр дангар ярилцан, ёж үгийг нь сонсонгоо сэм инээд алдан суугаа мэт ид амтшин байхдаа би андынхаа зохиол дотроос арайхийн сэрж байна. Өвгөн Жийжээ өвөөгийн минь үгийг, аяг араншинг тэр чигээр нь надад дахин мэдрүүлчихээд Хүрэнтийн хөндийдөө үлдчихлээ.
Цахим ертөнц гэдэг хязгаар хярхаг нь үл мэдэгдэх хэтэрхий уужуу хэрнээ бас давчуу орчил байх. Тэр л орон зайн нэг үзүүрт Т.Бум-Эрдэнэ бид алсхан хэрнээ ойрхон нөхөрлөсөөр өнөөдрийг хүрч. Яг л тос даасан бор ааруул шиг амтагдах түүний зохиолуудыг онлайн уншигчид унших дуртай. Ялангуяа эх орноосоо алсхан амьдардаг монголчууд маань Бумаагийн цахим хуудсанд тухлан сууж ирээд түүний сэтгэл зүрхнээс ундарсан эх орон үнэртсэн бүтээлүүдийн дундуур тааваараа бидэрдэг юм.
Би тэдний нэг нь. Унаган хотын хүн надад хөдөөгийн гэх тодотголтой бүх зүйлс үргэлж сонирхолтой санагддаг. Мэдэхгүйгээ мэдэж, үзэж дуулаагүйгээ Бум-Эрдэнийнхээ зохиолууд дотроос түүж түүвэрлэн суралцахад их амттай байдаг юм. Зохиол бичиж байгаа нэрээр баахан хэлбэр хутгаж, түүндээ төөрчихсөн сав ертөнцийн хаа ч үгүй гансарч явах олон бичгийн хүнийг би мэднэ. Харин Бумаа маань тэднийг бодвол өөрийн гэсэн өнгө аяс, өөрийн гэсэн хэлтэй зохиолч. Тиймээс ч Бумаа маань бусад шиг холоос санаа хайж, ойроос хэлбэр хуулж хөгөө чирэхээргүй арга барилаа бат атгаж чадсан хүн. Америкт олон жил амьдарчихаад ирсэн хэрнээ төрөлх монгол аялгуугаа сэтгэл зүрхнийхээ гүнд яв цав хадгалж, хөгжүүлж, түүгээрээ эх нутгаа санаж ангаж цангасан олон монголчуудаа ундаалж суудагт нь бахархана.
Тийм л нэг амттайхан хэрнээ алсуураа ёгт санааг урлаж чадсан хөнгөхөн зохиолыг нь сая уншиж дуусгалаа. Энэхүү номын редактор хэмээх том хариуцлагыг Бумаа маань надад даалгасан юм. Хүний зохиолын өнгө аяс, өөрийн гэсэн хэлийг нь зүрхлэн бусниулж чадсангүй. Ямартай ч энэхүү номын тухай цөөн хэдэн үгийг номын андынхаа уншигчдад хаяглан үлдээхээр чармайн суугаа минь энэ.
“Жийжээ хутгаа үрэх зуураа “Үзэл бодол таардаггүй энэ тэр гээд л байдгийн эд нар. Цөөхөн хүнтэй Монголд тийм л их олон үзэл бодол хэрэгтэй байдгийн байхдаа. Идэж уухаа болохоор яадгийг нь харъя байз” гэж бодсон аж. Нэг хутгатай хоёр дарга бие биенээ жаахан харж сууснаа Лочин нэг огтолж, хутгаа Ганцог даргад өгч байна. Өнөөх нь нэг огтлоод буцаагаад өгч байгаа харагдана. Лочин дарга ахиад л огтлохыг харсан Жийжээ “Эд нар ч ингэж л таарна. Цааш нь дамжуулахгүй байна шүү. Улсын юмыг идэж уухаа хүрвэл ингээд л хуваагаад хүртэх улс. Энэ хоёр мэдээж Балдан хөгшнөөс насаар бага шүү дээ. Гэтэл өнөө үед дарга байнаа гэдэг юм юманд эхэлж хүрэх арга зам, эрх дарх юм даа...”
Тэр гэх тэмдэггүй болтороо эдэлсэн бор дээлтэй хөдөөх өвгөчүүл маань үнэхээр л ийм бодол нэрж суудаг айхтар улс байх юм билээ. “Хөдөөгийн” гэж тэднийгээ бид ямар их дорд үздэг билээ. Гэтэл хөдөөгийн хөх өвгөд минь ач, үрс биднийгээ хэрхэн будлихыг ухааныхаа цараагаар хэмжсэн шигээ хүд хүд инээж л суух. Жийжээ өвгөний хутгаа ирлэх зуураа бодож амжсан энэ бодлын чанадад бидний дээш нь залдаг дарга даамлуудын нэгэн өнгө дэрийтэл харагдаад өнгөрөх аж.
Хэнийг бид толгой дээрээ залж, хэнийг бид хоймортоо дээдэлж байгааг Жийжээ өвгөн чимхсэн мэт байн байн сануулах нь эрхгүй бодол асгана. Тэгсэн хэрнээ тэрхүү ёж өвгөний хөнгөхөн дэггүйтлийг даган элгээ тэнийтэл хөхин баяссандаа чамгүй олзуурхав. Тайзан дээр алиалагч нарын үүрэг голцуу гүйцэтгэх болсон манай хошин шогийнхон ч түүний зохиолын дайтайг гаргаагүй шиг. Ер нь ном уншаад ингэтэл ганцаар ход ход инээн сууснаа ойрд санахгүй байна. Ном зохиол гэдэг уншигчаа өөртөө бүрэн уусгаж, нүд салгалгүй төгсгөлийнхөө цэгт хүртэл авчирч чадаж байвал амттай бичигдсэний шинж гэж би хувьдаа боддог. Тэр ч утгаар нь уншигчаа арын хавтсыг хаатал дотор нь уяхыг зорьдог.
Энэ зорилгыг “Америкт зорчсон Жийжээ” тууж биелүүлж чаджээ. Өмнө нь түүний цахим хуудсаар энэ зохиолыг бүтэн уншсан ч гэлээ ингэж бусдад дуулдахаар сэтгэгдэлээ хэлж төвдөөгүй явсан юм.
Хүн хаана илүү гэмтэж, хүмүүсийн бодол санаа хаана хугарч гэмтсэнийг энэ зохиолоос харж болно. Хөгжил, дэвшил, илүүрхэл гэгчээр цээжээ дэлдэн яг л аварга бичин мэт аашилж байгаа биднийг орчлон бүхлээрээ харж сонжиж байгааг битүүхэн ёвроод авч уу гэж санагдаж байлаа. Хэзээ ч нугарахаа больсон Жийжээ өвгөний дунд хуруу түүний хуруу биш бидний хөдөөгийн хөх өвгөдийн ороо бусгаа цаг үе рүүгээ гозойлгосон хуруу юм байна хэмээн эцэст нь ухаарч авлаа. Ийм тод томруун төлөөлөл, ёжлолыг амттайханаар шигтгэж өгсөн Бумаагийнх шигээ зохиолыг бичихсэн гэхээс хорхой асч байна.
Ингээд эрхэм уншигч таныг ч бас номын анд Түмэнбаярын Бум-Эрдэнийн маань “Америкт зорчсон Жийжээ”-гийнхээр буугаад мордоорой хэмээн уриж байна. Амттай, бас хөгжилтэй долоохон хоногоор хөх өвгөдийн минь хэлэх гэсэн маш олон үгийг амтлуулан аялуулах болно оо.

МЗЭ-ийн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ

14 comments:

Ariunsanaa Dorjragchaa said...

Энэ номыг дахиж олж унших юмсан гэж бодож байсан юм. Нөхөр бид 2 бие биедээ уншиж өгөөд нулимсаа гоожтол инээгээд за чи үргэлжлүүл гээд л уншсан хэсгээ бодон бодон 2-уулаа инээж уншиж байсан. Би ер нь хошин шог энэ тэр үзээд инээддэггүй хүн л дээ. Энэ ном бол үнэхээр хөгжилтэй. Найзынхаа номыг зээлж 3 жилийн өмнө уншиж байсан. Одоо өөртөө авнаа.
Амжилт хүсье.

Henmedeh Batsuuri said...

Өнгөрсөн зун хөдөө аялж явахдаа сэрүүн сайхан салхинд илбүүлж суухад Эй Си-р ч яах билээ дээ гэж өөрийн эрхгүй санаанд бууж билээ. Уншсанаас хэзээ хойно тэр мөрүүд санаанд орж ирсэнийг бодоход "Тамирын голын мөсийг долоох шахам байж олсон жаахан юмаа би яахав" гэх мэтийн алдартай мөрүүдтэй эн зэрэгцээд явчихсан юм уу даа гэж бодогдсон шүү. Хэтрүүлэн магтсан бол сооррий :D. Энэ номон дээр зохиолчоос гарын үсэг зуруулж авах боломж байх болов уу Бум-Эрдэнэ ээ.

бум said...

Ариунсанаа: Баярлалаа. Номин, Билэг,Интерномд байгаа
Хэнмэдэх: Хэ хэ жаахан хэтэрлээ. Гарын үсгийг дуртайяа зуралгүй яахав. Яг өөрөөс авахаар дэлгүүрээс жаахан хямдхан ч байдаг юм.

би said...

Сайн байна уу, би ч бас таниас гарын үсэгтэй авмаар байна. Өмнө 61ахыг тэгж авна гээд чадаагүй. Энэ удаад заавал ч үгүй гарын үсэг авна даа ккк.

Borkhuu Ulziibayar said...

Худалдаанд гарч эхэлсэн үү? Заавал авч уншина аа.
Бороо

Borkhuu Ulziibayar said...

Худалдаанд гарч эхэлсэн үү? Заавал авч уншина аа.
Бороо

Bum said...

99017136-aar zalgaad avaarai humuusee

Bentel Bi said...

тэгвэл авах ном нэгээр нэмэгджээ. эмэгтэй номыг чинь хэдэн сарын өмнө авч уншсан. таалагдсан

Erhtsas said...

Аав ээж хоёр минь Жийжээд хайртай гэж жигтэйхэн өнгөрсөн жил өөрдсөө гадаад явах даа " Өнөө муу Жийжээ шиг будилж л явна " гээд хүд хүд инээж суусан сан.

Таны зохиол тэгж л ихээр хүний сэтгэлд хүрч, үлдэж чаддаг шүү ах минь.

Худалдаж авсан бас Чука эгчээс бэлгэнд авсан номоо хүмүүст уншуулахаар өгөөд буцааж олж авч чадаагүй :( Та надад бүх номоо бэлдээд тавьж байгаарай би гэрийнхээ номын санд зориулж бүгдийг нь авна шүү :)

bum said...

Erhtsas; sain uu? tegeerei zarim nom ni duusaj bna. Tsagaan saraar bas ih nom avdag bolson yum bna

цалигаас said...

өө энэ зохиолыг чинь уншаад элгээ хөштөл инээсэн шүү

Amku Amarbat said...

энэ ном ЭРДЭНЭТ-д хаана зарж байгаа вэ? би авмаар бна таны Өнөөх гээд номыг уншсан үнэхээр их таалагдсан манай ээж таньтай 10 жилдээ 1 анги байсан гэсэн тэгээд надад авчир ч өгсөн юм. Ажил амьдарлийн өндөр амжилт хүсье

Бум said...

Amku Amarbat: Эрдэнэтэд байхагш байхаа. Эндээс хүн байнга явдаг. ээжджж хэлээд захиж болох байхаа

Amku Amarbat said...

аан заза