Гарамжав нуурын эрэг дээрх сүүлд авчирч тавьсан болов уу гэмээр тэгшилж зассан хар хадан дээр тэртээ зүүнтэйгээс нуурын мандал дээгүүр цухуйх нарыг ажин сууна. “Их ус юмаа. Үнэхээр том нуур юм” гэж тэрээр шагширан бодлорно. Үнэндээ бол нуур гээд байгаа болохоос Гарамжав шиг усгүй газрын хүнд бол далай л гэсэн үг юм даа.
Юунд ч юм сэгэлзээд үүр хаяарахын алдаад нойр нь бүрэн сэргэчихлээ. Өнөөдөр амралтын өдөр нэг сайн унтаад авах гэсэн түүний хүсэл талаар өнгөрөв. Цонхоор гийх үүрийн саарал гэгээ тэрүүхэн үедээ бүүдийх авч хором мөч өнгөрөх тутамд ялан дийлэхийн ид хав шингэж, улам бүр тамиржин туяарна.
Гарамжав хүүхэд ахуй цагтаа яг л ийм зуны өглөө мөн ч олон удаа эртлэн босож, хөхүүртэй айрагнаас хуланд хийн, хөх тосыг нь үлээсэн болж хэд залгилаад адуундаа морддогсон. Түүнийгээ санасан уу эсвэл бүгчим хоносноос болсон уу тэрээр ухасхийн босож, хөргөгчнөөс хүйтэн ус гарган хоёр завжаараа сагартал залгиллаа. Тэгснээ хувцсаа өмсөн гарч ямар ч эргэлзээгүйгээр тэргээ асаан нуурын хөвөө рүү давхиж ирсэн нь энэ. Сүүлийн үед юм л бол энд ирж үүнээс цааш явах газаргүй болсон мэт зүүн зүгийг ширтэн зогсох болчихоод байгаа юм.
Тоо тоймшгүй олон машин уралдан давхих өргөн хар зам нуурын хөвөөг эмжээрлэн эцэс төгсгөлгүй мэт алсрах бөгөөд яг энэ замаас баруун тийш олон олон өндөр барилгууд шил шилээ харан ярайсан их хот нүүгэлтэнэ. Өндөр өндөр байшингийн түг түмэн цонхнууд нуурын цаанаас мандах нарны туяаг гялтгануулан гялалзах агаад зарим нэг намхавтар байшингууд тэдний сүрэнд дарагдан, цонхнууд нь хэзээ ч нар үзэхгүйгээр сүүмийцгээнэ. Сая сая хүмүүс багтаж ядан чихцэлдэх энэ буурал хот олон зуун жилийн уртад өглөө болгоныг ингэж л угтаа болов уу гэмээр цаанаа нэг тоомсоргүйхэн бас ихэмсэгдүүхэн. Энд хөл хөдөлгөөн тасрана гэж үгүй. Үүрээ сандчуулсан шоргоолж мэт оволзох нь их хотын ердийн шинж.
Харин замын зүүн тал буюу нуурын эргийн булан тохойгоор зориуд тохижуулсан наран шарлагын газруудад ёстой ойр хавьд хот тосгон байхгүй мэт нам гүмхэн. Гэхдээ хүмүүс мэр сэрхэн ирсээр төдхөн дүүрэх болно гэдгийг Гарамжав андахгүй. Тэртээ дээгүүр цахлай шувуу гааг, гааг дуугаран эргэлдэнэ. Бодвол хоол л эргүүлж яваа болов уу гэмээр тэдгээр шувуу Гарамжавд танил бишийн адил дуугарах дуу нь хүртэл сэтгэлээс хол, аргагүй л гадаад шувуу.
Нуурын мандал дээгүүр нүд гүйлгэн тэртээ алсыг ширтэх үед нүдний хараа цуцах шиг болоход, энд ирж амьдарсан хэдэн жилд ингэж алсыг ширтээгүй мэт санагдана. Хот суурин газрын амьдрал гэдэг аргагүй л богино зайнд хурдан хөдөлж амьдардаг сонин хэмнэлтэй юм даа.
Тэгтэл нуурын өөр нэг тохойд эгнүүлэн тавьсан завины зогсоолоос нэг жижиг цагаан завь гарч, усны мандалаар хурдлан давхилаа. Бодвол өнөө өглөөний хамгийн анхны түрээслэгч бололтой. Гарамжав түүнийг ажиглан, хүссэн хүсээгүй харц дагуулан сууна. Цагаан завь араасаа хөөс сахарсан усан зам татуулан горьтоглон тойрч давхих нь эхийгээ тойрон чавхдах нялх унага мэт эрх дураараа. Аливаа юм эрх дураараа байх тусам жаргалтай харагдах ажээ. Завь яван явсаар хэтэрч болохгүй хязгаарын тэмдэг болох хөвөгч хүрээрүү хурдаа хасан аажуухан дөхснөө цаашаагаа явж болохгүйд харамсан нэг их санаа алдах мэт огцом хаазаа нэмэн буцан чавхдав. Тиймээ, тэр завь тэрнээс цааш явж болохгүй. Яг энэ агшин нь Гарамжавтай ямар нэгэн сэжмээр төстэй ч юм шиг. Гарамжав ч гэсэн энэ нуурыг гатлан тэртээ тэнгэрийн хаяанаас мандах наран зүг явах хүсэл туйлын их бий. Гэвч чадахгүй л байна. Хүсэхгүйдээ ч биш. Хүсэхийн дээдээр хүсэж байгаа. Харин болохгүй дээ байна уу, эсвэл боломжгүй дээ байна уу? Чухам яагаад юм бол? . . .
Гарамжавт тэртээ багын явдал санаанд бууна. Тэдний өвөөг нутаг нугынхан нь Бараан Лувсан гэнэ. “Барааных тэнд зусаж байгаа, Барааны адуу хурд сайтай” гэж нутгийн түмэн ам дамжин ярьдагсан. Шингэн шар царайтай Лувсанг яагаад Бараан гэх болов гэхээр тэднийх бараан голдуу адуутай. Бараан, бараандаа хар голтой улаан хээр зүсмийн адуу зонхилно. Тэгээд өнгө дагаад хар, халтар, хүрэн, зээрд гээд үргэлжлэнэ. Цагаан, бор зүсмийн адуу бүр байхгүй. Харин хул, шарга зүсмийн адуу ганц нэгээс хэтрэхгүй. Тиймээс Бараан Лувсан хэмээн нэрийднэ.
Тэр жил Гарамжав, Их Тожилын өвөр хөндийд зусаж байсан өвөөгийндөө өнжих болов. Энэ хөндий урд нь их намгархаг чийглэг хөндий байснаа сүүлийн жилүүдэд эрс хуурайшин энд тэндгүй цахилдаг арзайж, хужир цайрсан хөндий болсон байв. Зуны өдрийн халууны эрч нугарч, их үдийн нар баруунаа хэлбийж Гарамжав хүү гэрийн сүүдэр бараадан гүү, саамны хооронд нойрмоглон нозоорч суутал өвөө нь үндсэн ажил болох нүд дурангаа нийлүүлэн сууснаа гэнэтхэн харсан зүйлээсээ цочих аятай
- Хүүе! Энэ чинь, юун ганц адуу гараад ирдэг билээ? гэж амандаа шивнэн асууж, улам лавшруулан дурандав. Гарамжав өвөөгийнхөө дурандаж буй зүг харвал тэндний зүүнтээх Үзүүр толгойн ёроолоор ганц бор морь торолзтол ергүүлсээр гарч ирээд ийш тийш хэсэг хараачлан зогссоноо, хэзээ язааны мэддэг юм шиг бөөн цахилдаг дундуур худаг чиглэн шогшив. Тэгтэл өвөө нь
- Эвий, эвий хатаж үхэх гэж яваагаас зайлахгүй. Гарамжаав, хүү минь яваарай. Очиж сархинагий нь дэвтээгээрэй гэх дуунаар уйдаж суусан Гарамжав ашгүй хийх юмтай болсондоо баясан ухасхийн уяа руу гүйхэд
- Зөөлөн очоорой чи. Айж эмээж яваа амьтныг үргээчихэв зэ гэж захих зандрахын хооронд хэлэв.
Ганц морь услахын төлөө ингэж их чухалчилахыг Гарамжав гайхсан хэдий ч ойлгосонгүй. Түүнийг худаг дээр ирэхэд бор морь үргэх аястай жаахан цаашлавч тэгтлээ хол шогшоод явчихсангүй. Усны үнэр авснаа мэдэгдэх гэсэн мэт эргэн эргэн сортолзоно. Эхний ховоогоо татан юүлэхэд өдрийн наранд хатаж аргасан модон онгоцны ёроолоор хүйтэн ус, хар зураа татуулсаар ууртай ч юм шиг урсав. Тэрүүхэн агшинд норж буй онгоцноос чийгний ууршмал үнэр ханхлана. Төдөлгүй онгоц дүүрэн ус цэвхэлзэж, онгоцны ангархай цоорхойгоор савиран шоржигнох нь сонсогдоно. Бор морь хэдий ам нь цангасан хэдий ч Гарамжаваас үргээд орйтож чадахгүй байгааг анзаарч унаж ирсэн хүрэн морио амгайвчлан услав. Тэгтэл бор морь хамраа дуугарган хулмалзан, хулмалзсаар хүрэн морины цаагуур тойрон онгоцтой уснаас шимлээ. Бор морины суга цавь, хоолой хэнхдэгний нугалаа, чихний уг гээд нимгэн арьстай хэсэг хөлөрсөн харагдана. Ташаан толгой нь товойн, сүвээний нь хэдэн хавирга эрийж, гэдэс нилээн татсан бор морь хөх махаа бөнжмгнөтөл чичигнүүлэн, бүрээлэн сарталзах хамрынхаа нүхээр ус гартал уув. Түүний хэнхдэг цээж, гуя хаа гээд энд тэндгүй шавар шавхай наалдан хатсныг харахад хол газар тууштай явсан нь илт. Гарамжав энэ бүгдийг харан “Энэ яачихсан морь юм болдоо. Манай ороо хар шиг бас уурга барьсан хүн үзэж чаддаггүй уур барсан морь юм болов уу” гэж бодож суутал ард нь гэнэт өвөөгийнх нь дуу гарч
- Эвий эвий гэхэд хүү морь хоёр бондгос хийтэл цочив. Өвөө нь анзаарсан шинжгүй
- Хаанаас гүйж яваа юм болдоо. Харахад залуу л адуу харагдах юм. Шандастай л аргамаг юм даа. Миний хүү шавайг нь ханатал услаарай. Огцом үргээж айлгаж болохгүй шүү. Тэгвэл хүн бараадаж унд залгахаа байчихна. Хөөрхий минь хаа хүртэл ч явах гэж байгаа юм билээ гэж ихэд хайрласан өнгөөр хэлэхэд
- Өвөө, энэ яасан морь юм бэ? Манай хар морь шиг ороо юм болов уу?
- Үгүй дээ хүү минь. Энэ гүйж яваа адуу байна.
- Гүйнэ гэж яадаг юм?
- Гүйнэ гэж үү? Хаа нэг харийн нутагт очоод, тэндээ идээшиж дасахгүй төрж өссөн нутгаадаа явахыг хэлдэг юм. Ийм гүймэл адуу тийм ч олон байдаггүй юм. Сайн адууны л шинж дээ хүү минь.
- Яагаад өөр нутагт очих гэж?
- Яахав дээ хүү минь. Алдуул зуугуул юманд хөөгдсөн байж болно. Эсвэл арилжаа наймаа, авцаа өгцөөнд ч явсан байж болно. Амьдралд ер нь юу эс тохиолдохов. Хүн ч гэсэн өөрцгүй шүү дээ гээд баруун тийш наран доогуур саравчлан харах зуураа
- За хүү минь, гүүнд гарах цаг болж байгаа юм шиг байна, шалавлаарай гэлээ. Баруунтайгаас манай адуу гүүн зэлрүү цувж байв. Адууны хөлөөр өвс ногооны тоос пургиж, ялаа шумуул бужигналдах нь нарны туяанд тоосрон харагдана. Төдөлгүй бор морь ханав бололтой худгийн хажууханд хэд сайн хөрвөөж аваад нуруундаа наалдсан өвс шороог унагаах гэсэн шиг толгойноосоо авхуулаад бүхий л биеэ сэгсрэн шилгээв. Тэгснээ амаа яайжийлган эвшээх ая үзүүлж хоёр гурав тургиад сая нэг бие нь амрав гэлтэй болоод баруун тийш алхлаа. Тэгэхэд өвөө нь
- За тэр, энэ морь чамд баярлаж байна. Адуу баярлахаараа эвшээдэг юм гэж сэтгэл нь ханасан байртай хэллээ. Бор морь алхалж байснаа шогшиж эхлэв. Өөдөөс нь ирж яваа манай адууг жаахан захалсхийгээд ер юманд сатаарах шинжгүй наран сөргөө ергөж одов.
- Ай даа, мөн ч сайхан амьтан юм даа гэж хэлээд өвөөгөө нэг их шүүрс алдахад нь эргэн харвал онигор хоёр нүдэнд нь нулимс цийлэлзэн байхыг үзээд ихэд гайхаж билээ. Өвөөгөө уйлж байхыг тэр өмнө нь харж байгаагүй. Гарамжавыг унага татаж дуусахад ч гэсэн өвөө гав ганцаараа худаг дээр их л удаан суусан юмдаг. Яагаадыг бүү мэд.
Өвөө минь “Энэ залуухан адуу байна” гэсэн санагдана. Одоо бодоход бага адуу гэхэд түүнд яасан ч их зориг зүрх, нутгаа гэсэн тэмүүлэл байдаг юм. Нутагт нь ган гачиг, бороо шороо, чоно нохой гээд юу ч хүлээж байж болно шүү дээ. Тэгэхэд ямар ч байлаа гэсэн нутгаа усаа гэж тэмүүлсэн тэр ганц аминд ямар их утга уянга оршино вэ. Өвөөгийн минь уйлж суудаг аргагүй байжээ. Гэтэл би тийм ч залуу хүн биш шүү дээ. Миний нас бол юмыг ухаарч, учрыг тунгаах нас. Гэвч би энэ харь оронд суусаар . . .
Тэр олон бараан адууг сөргөн, шингэж буй нарны шургачиж туссан зөөлөн шаргал туяаг өшигчиж одсон ганц бүгээн адуу Гарамжавын сэтгэлийн чагтаганаас татсаар байх ажээ.
Гэнэтхэн сүр сархийх чимээ гарч, нүдний өмнүүр орог цагаан шувуу түүний бодлыг сарниаж нисэх нь өнөөх гадаад шувуу . . .




Бүрэн эхээрээ

Намайг толиныхоо өмнө Долгионы авч өгсөн гоёлын даашинзыг өмсөн эргэлдэж байхад ч гэсэн “Өнөөдөр би тэднийг харсан” гэсэн бодол надаас салахгүй л байлаа. Энэ даашинз надад үнэхээр зохижээ. Бэлхүүсээр нь таль гаргасан нь миний өгзөгний тойргийг үл ялиг томруулж, нэг их том биш ч гэлээ биендээ таарсан хөхийг минь хагас гаргасан ухлаадас нь улам тачаангуй харагдуулна. Намайг харсан эрчүүдийн сэрэл тачаалын утсыг хүссэн хүсээгүй хөндөхөөр болжээ гэдгийг би мэдэж байлаа. Ер нь энэ даашинзанд муухай юм алга. Яг л надаас хэмжээ авч, зөвхөн надад л зориулж хийсэн мэт санагдана. Хувцсанд, миний бие цогцос ингэж таарна гэдэг нэгэн бодлын бахархал ч юм шиг. Сэтгэл минь хачин их хөөрч, хоёр гараа алдлан эргэхэд, дэрвэн эргэх даашинзны хормойн доороос миний чийрэг цагаахан шилбэ гялалзана. Бурхан минь чи надад ямар гээчийн гоолиг бие хаа, ямар гээчийн гоо сайхныг хайрлаа вэ?. . .
Би хэдийгээр залуу насыг нэгэнтээ өнгөрөөж, гуч шүргэж яваа ч гэсэн сайхнаараа байгаа бололтой. Гэтэл надад дахиад л тэдний тухай бодол, ямар нэгэн юм эхээсээ нэхэн шалах хүүхэд мэт эргэж хурган орж ирэх нь сонин. Миний амьдралд урьд нь байгаагүй, цаашдаа ч байхгүй байж мэдэх тэдний тухай яагаад би ингэж бодоод байгаа юм бол. Тэд гэж хэн юм бэ? Тэд гэж ердөө л арван жилийн ангийн хоёр. Тэд манай ангиас гарсан хосууд. Би тэдний тухай одоо байтугай арван жилд байхдаа ч боддоггүй байсан гэхэд болно. Осолдохгүй л анги гэж байхад тэнд хүүхэд байх ёстой бол тэдний л нэг байсан байх тэд. Тэр ч байтугай охин нь чухам ямар охин байж, хөвгүүн нь яг ямар банди байсан нь надад санагдахгүй байхад тэдний хоорондын хайртай дуртай хосууд байх нь бүр хамаагүй асуудал байсан хэрэг. Яах аргагүй л тэд манай ангид байсан. Тэдний хайр дурлал гэж ямар юм байдгийг би мэддэггүй, төсөөлдөг ч үгүй. Би өөртөө тохиолдсон дурлалыг л хайр дурлал гэж боддог байсан болохоос өөр бусдад тэр тусмаа тэдэнд тохиолдсоныг хайр дурлал гэж боддоггүй байлаа. Ерөөсөө тэдний тухай бодол надад хэзээ ч байгаагүй юм. Арван жилээ төгсөөд гурав билүү, дөрвөн жилийн дараа тэдэнтэй нэг тааралдсан. Сонин нь тэд цугтаа л байсан юм. Нөгөө охин нэг их том гэдэстэй жирэмсэн, хажууд нь нөгөөх нь нэгийг тэвэрчихсэн ч билүү, хөтөлчихсөн ч билүү за мэдэхгүй ээ, нэг л тийм хөглөрсөн хэдэн хүмүүс таарсан. Харсан даруйдаа “Эд нар чинь хэн билээ” гэж бодохын сацуу холын холоос нэгэн жижигхэн санамж наашилсаар “Эд нар танай ангийн хүүхдүүд” гэж шивнэх шиг санагдсан. Тэр даруй би тэдэнтэй нэг ангийхан гэнэт уулзах шиг, өөрөөр хэлбэл их л найрсагаар инээж хөөрөн уулзаж буй мэт болох гэсэн боловч нүүр ам буруу зөрүү таталдаад байх шиг санагдаад нэг л болж өгөөгүй. Тэдэнд ч гэсэн тиймэрхүү санагдсан байх. Гэхдээ тэдний нүднээс миний гоё сайхныг биширч буйг би төвөггүй ойлгож байлаа. Бид нэг тийм, хүүхдүүд нь сууж байгаад салсан худ ургийнхан тааралдсан юм шиг царайлж, бидний хоорондын яриа намар оройн салхи шиг зэрвэгэр хөндийдүү, асуулт хариулт төдий байсаар нэг их удалгүй салсан. Бараг хурдхан шиг салсан гэхэд болно. Тэднээс салаад явахдаа “Ийм хүмүүс хоорондоо хайр сэтгэлийн тухай чухам юу ярилцдаг бол? Бодвол бие биендээ хайртай гэж хэлдэг л байхдаа” гэж анх удаа би тэдний тухай бодож билээ. Арав хүрэхгүй хоромд тэдний тухай бодохдоо би тэднийг шоолсон, өрөвдсөн эсвэл бүр басамжилсан аль нь болохоо ялгаагүй юм. Гэтэл би тэднийг өнөөдөр дахин харсан.
Би тэдний тухай бодлоосоо салахын тулд даашинзандаа дахин анхаарлаа хандууллаа. “Эмэгтэй хүн гэдэг сонин шүү. Шинэ хувцас, шинэ залуу, шинэ учрал гээд шинэхэн юм болгонд сэтгэл хөөрөн догдолж, энэхэн биендээ байхааргүй баярлаж чаддаг” . . .
Бишээ биш энэ бүгд нэг л худлаа болоод байна. Би өнөөдөр урьдынх шигээ үнэн голоосоо баярлан хөөрч чадахгүй байх чинь. Сэтгэл хөдлөхгүй биш их бага хэмжээгээр хөдөлж л байна л даа. Гэхдээ өнөөдөр нэг л биш. Энэ даашинзыг надад Долгион авч өгсөн. Тиймээ тэр авч өгсөн гэж бодохоор миний хүсэл сэтгэл нэг л унтраад байх юм. Би бас түүнээс уйдаж байгаа юм болов уу. Тэр нуруу туруу, царай зүс, бие хаа гээд хүүхнүүдийн дүгнэдгээр бол аятайхан л залуу. Тэр ч байтугай надаас дүүмэд. Гэвч энэ бүхэн надад тийм сонин гэж үү. Залуухан, хорин хэдтэй байхдаа танилцсан залуу болгоноо харцаараа шинжиж, хооронд нь харьцуулж, хэн нэг нь нөгөөгөөсөө ямар нэгэн юмаараа илүү байх ёстой мэт боддог байж. Энэ бүгдийгээ найз хүүхнүүддээ ярьж үгүй ээ мөн их юм болдогсон. Тэр үед би эрчүүд гэдэг цагаа тулахаар хоорондоо ялгах юм юу ч үгүй яг адилхан гэдгийг мэддэггүй байж дээ. Тиймээ тэдэнд ялгаа байдаггүй юм.
Магадгүй энэ Долгион бусдаасаа юугаараа ч юм дээр байж магад. Үгүй ч байж мэднэ. Гэхдээ Долгион чухамдаа хэн ч байлаа гэсэн үнэндээ бол намайг шохоорхогсодын л нэг. Эрчүүд гэдэг бол миний хувьд ээлжлэн өнгөрөх хорвоогийн саарал өдрүүд шиг, эсвэл ар араасаа нэгэн хэмээр хөврөх цаг хугацаа шиг тийм л санагдах болж.
Өвс ногоо ургаж амжаагүй хаврын зэгэл саарал талд, хатсан хамхуул хаа нэгтэйгээс хийсэн ирж өнгөрсөн жилийн үхмэл цагаан дэрсэнд торж тогтох мэт миний сэтгэлд гуниг хуйрагнаж, гол зурлаа. Хэдийгээр би хүйтэн жавар дагуулсан энэ гунигийг хүсэхгүй байсан ч яах ийхийн зуургүй намайг жиндүүлэн ороов.
Надад одоо толины өмнө байх миний оо энгэсэг, үнэртэн гоо, алт эрдэнэс биш харин тэдний нүүр царай, бие биенээ ширтэх халуун дулаахан харц харагдаж эхэллээ. Тэдний гэдэг маань миний өнөөдөр харсан ангийн хоёр шүү дээ. Шуудангийн хүлээлгийн их танхимд таарахдаа эхлээд бараг таниагүй ч нилээн хичээсний эцэст ангийн хосууд болохыг таньсан. Тэдний өмссөн хувцас нь муу, царай зүс дорой нөгөө л хэвээрээ. Охин нь бондгор охин байсан нь одоо бүр таргандуу намхан авгай болсон байсан. Түүнд минийх шиг бие хаа, хувцас хунар, үнэт эдлэл гээд үнэндээ надад байгаа бүхнээс юу ч байсангүй. Нөгөө хүү чинь ямар ч юм болчихсон байв даа. Нэг л тийм амьдралд дарлуулсан, худалч хүнд бол насаар нилээн ахимаг болчихсон харагдсан. Анзаараггүй үед таарвал бараг ахаа гээд дуудчихад болохоор. Гэхдээ тэд бас л цугтаан байцгаасан. Тэд намайг таньсан эсэхийг мэдээгүй. Жаахан залуухан байсан бол өөрийнхөө сайн сайхан явааг, өөрөөр хэлвэл тэднээс илүү яваагаа харуулж, яриа өдөхсөнж. Гэтэл би тэгээгүй. Тэр ч бүү хэл би тэдний өмнө ямар нэгэн буруутай мэт нүүр буруулсан. Гэхдээ миний харц надад захирагдахгүйгээр тэднийг нууцаар ажигласаар байсан нь гайхмаар. Тэднийг харж суухад гэнэтхэн миний дотор үл мэдэгдэх уур уцаар, ундууцал буцалж эхлэв. Яагаад тэгснийг би мэдээгүй. Тэд ямар нэгэн юм шивнэж, авгай нь амаа даран инээж, нөхрийгөө цааш нь түлхэнгээ нүдээрээ шилбүүрдэх нь “Нээрээ манай ангид нэг ийм хүүхэд байл уу” гэж бодогдохоор байв. Нэг л эв хавгүй мэт бие биендээ эрхлэх эдгээр үйлдлийг харж суухдаа би тэдний хооронд үл анзаарагдам жаргалтай мөч хөвөрч байгааг мэдэрч, “Магадгүй ийм байдаг учраас эд өдий хүртэл хамтдаа байгаа болов уу” гэж надад санагдаж байлаа. Үүнийг мэдрэх тусам түрүүний уур ундуу гэхээр хаашаа ч юм дээ нэг тиймэрхүү юм цээжин дотор минь ноцсоор байв. Надад бол зохиогүй мэт санагдах тэдний бие биенийгээ эрхлүүлэх аягийг би хараад суугаад байж чадсангүй. Өөрийн эрхгүй босож тэдний өмнүүр өчигдөрхөн Наран их дэлгүүрээс авсан зуун хорин долларын үнэтэй герман туфлийнхээ шовх өсгийг нилээн дуутайхан товор товор хийлгэн алхан өнгөрлөө. Даана ч тэдэнд анхаарах сөгөө алга. Бодвол тэдний өмсөж зүүсэн нь миний санаанд байхгүй шиг, миний туфльнээс гарах дуу чимээ, ямар ч эрийн нүдийг татдаг миний алхаа гишгээ, цагаахан шилбэ минь тэдэнд падлий байхгүй бололтой. Би тэдний хажуугаар зөрж өнгөрөхдөө өөрийгөө яагаад ийм тэнэг байдалд ороод байгаагаа ойлгохгүй байв. Юунд ингэтлээ атаархаж, сууж байсан суудлаасаа хүртэл огол хийн босож байгаагаа үл ойлгоно. Хамгийн гол нь тэгж боссоны хэрэг гарахгүй байгаад шаралхаад байгаа бололтой. Би чинь тийм жаахан охин биш шүү дээ. Гэнэт өөрийгөө анзаарч бие барьж байсан боловч гарт байсан сонин маань чичирч байгааг анзаарлаа. Юунд ховсдуулж, ямар байдалд ороод байгаагаа ухаарч, гадагшаа гарч хэсэг зогслоо. Зөрж өнгөрсөн залуус албатай юм шиг эргэн харж шүлэнгтэх нь нүднээ илт. Хэдийгээр энэ нь надад цаг үргэлж тохиолдож байдаг энгийн зүйл бөгөөд энэ байдлаас би ихээхэн таашаал авдаг ч одоо тэднийг үзэн ядаж эхлэв. Сайндаа ч биш л дээ. “Эд нар ингэж үхэх гэж байхад тэр муу ноорхой залуу, махлаг шар авгайгай хүн аваад явчих гэж байгаа юм шиг гараас нь атгачихаад, намайг анзаарахгүй байхдаа яахав дээ” гэж бодохоор дотор улам бүр арзагнав. Би тэр чигээрээ явмаар санагдавч чадсангүй хөл маань намайг өөрийн эрхгүй танхим руу эргүүлэн орууллаа. Дахин тэдний өмнүүр алхан өнгөрөхдөө барьж явсан сонингоо алдчихлаа. Түүнийг авах гэж тонгойход миний хагас онгорхой энгэрээр цухуйх хоёр хөхний минь хооронд сувдан шигтгээтэй цагаан алтан зүүлт гялтганан байхыг ямар ч хүн сохор л биш бол анзаарахгүй байхын аргагүй гэдгийг мэдэж байв. Нүүрлүү минь намиран унжсан хүрэн үснийхээ завсраар тэднийг хальтхан харсан боловч ангийн тэр хөвгүүн биш харин эгнүүлэн тавьсан сандлын үзүүрт сууж байсан шал өөр залуу үсрэн босож надад сонин авахад тусаллаа. Би залууд баярлалаа гэж наалинхай дуугараад, урд нь сууж байсан сандалдаа суулаа. Одоо миний зөвхөн гар биш бүр хоёр, хамаг бие салганан чичирч байв. “Тайвшир, тайвшир” гэж өөртөө шивнэн хэсэг суув. Сүүлдээ би энэ танхимд яах гэж орж ирснээ, одоо яах гэж суугаад байгаагаа ойлгохгүй болж эхлэв. Уг нь би тэдэн дээр “Сайн байцгаана уу” гээд л оччихвол болчих гээд байлаа. Гэтэл би тэгсэнгүй. Яагаад ч юм тэд л намайг харах ёстой юм шиг санагдаад болдоггүй. Би сонингоо харж байгаа дүр үзүүлэн нөгөө хоёрлуу дахин нүд гүйлгэлээ. Тэгтэл надад илтэд оворжуу харагдах ангийн хүү маань эхнэрлүүгээ ёстой тийм гэхийн аргагүй халуун дулаан хайраар харж байхыг би анзааарав. Яг л кинон дээр гардаг шиг. Бүр удаашруулж ирээд үзүүлдэг шиг тийм л мэдрэмж надад төрөх нь тэр. Би сууж тэссэнгүй. Шууд босож гараад хурдан хурдан алхлаа. Амьсгаа давхцаад өөрийн эрхгүй орчноо анзаарах сөгөөгүй болж эхэлсэн байх. Миний алхаа хурдассаар сүүлдээ юунд ч юм яарсан хүн шиг гүйлээ. Бүр чадах хэмжээгээрээ л хурдан гүйв. Дотроос нэг юм огшиж ирээд хоёр нүднээс жолоогүй мэт асгарах нь тэр. Нүдний буланд нэг сандал харагдахад нь лагхийн сууж аваад цээжнийхээ голоос енгэнүүлэн уйллаа. Яагаад уйлаад байгаагаа ойлгосонгүй. Тэр залуу авгайруугаа тэгж харсан нь миний уйлах шалтаг гэж үү. Хэсэг хугацааны дараа “Охин минь одоо уйлаад яахав. Дахиад нэгийг авчихгүй юү дээ” гэх дуунаар сая ухаан орон харвал нэг настайвтар хүн миний гутлын өсгийг надад өгөх нь тэр. Хэр удаан уйлснаа анзаарсангүй. Тэр ч байтугай өнөө үнэтэй туфлийн маань өсгий хугарсныг ч мэдээгүй байж. Би гэрлүүгээ нэг сүг шиг юм алхаж ирсэн. Будгандаа халтартсан нүүртэй, хугархай өсгийтэй туфль угласан намайг зөрж өнгөрөгсөд ёстой нохой үзсэн чинээ тоохгүй байцгаасан юм. Нөгөө шүлэнгэтэж үхэх шахсан эрчүүдийн тачаадсан харцнууд хаачсан юм бүү мэд. Шургачиж уначих гээд гөлрөөд явдаг тэд бодвол намайг тойруулан өөр нэгнийг хайж байсан байх. Хүний хорвоо гэж ерөөсөө л ийм ажээ.
Гэртээ ирээд би сэтгэлээ тайвшруулах гэж Долгионы өгсөн даашинзыг өмсөж өөрөө өөрийгөө аргадаж байгаа нь энэ. Өөр хэн намайг аргадах билээ дээ. Тэдний тухай дахин бодсоны дараа миний царайд түрүүний баяр баясал ор мөргүй алга болчихов. Өмссөн гоёлын даашинз маань зүгээр л нэг цас мөсөнд угалчихсан мэт зохимжгүй, хүйтэн харагдаж, нөгөө байдгаараа дэрвэж байсан хормой нь нормойн унжжээ. Хүний сэтгэл гэдэг хормын төдийд ор мөргүй өөрчлөгдөх нь сонин. Би олон л эрчүүдтэй найзалж, үерхэж цаашилбал ор дэрэндээ орж явсан. Тэднийг би андахгүй. Тэд бүгд өөрсдийгөө өөр гэж боддог байх. Гэвч эхнэртэй ч бай, эхнэргүй ч бай тэд бүгд адилхан. Ялангуяа эхлэл төгсгөл нь. Яагаад ч юм би өдий гуч хүртлээ хайр гэдгийг амссангүй. Миний аз дутахад хамгийн анхны эр хүн маань эхнэртэй, баян чинээлэг хүн байсан юм. Ор дэрэндээ адуу мал шиг тэр эр бүх юм дууссан хүн огт өөр, бүр танихгүй хүн шиг болчихдог байж билээ. Анхны тэр эрийн надад баруун солгойгүй цацах мөнгийг би надад юугаа ч хайрлахгүй тэмүүлсэн хайр байна гэж андуурсан юм. Бурхан надад ийм хөөрхөн царай зүс, ийм сайхан бие хаа заяасанд би бахархадаг байлаа. Одоо бодоход эхнэртэй гэдгийг нь мэдсээр байж амьдралаа яагаад тэгж алдаагаар эхэлснээ би ердөө ойлгодоггүй. Үнэндээ бол хайр гэдгийг мэдэлгүй өдий хүрчээ. Би ганцхан юм мэдэрсэн нь сайхны өмнө бүх юм үнэгүй. Тийм ч учраас надад бүх юм байна гэж бодсоор өдий хүрсэн. Гэтэл надад байхгүй юм гэж байдаг юм байна гэдгийг ангийнхаа залуугийн эхнэрлүүгээ харсан тэр харцнаас мэдрэх юм чинээ яахан санах билээ. Гэхдээ очиж очиж царай муутай дорой төрсөн тэр залуугаас шүү. Миний өнгөрүүлсэн амьдралд намайг нэг ч эр тийм хайр шингэсэн гэгэлгэн харцаар харж байгаагүй юм.
Миний хоолой зангирч, “Намайг, намайг . . .” миний бодол гацаж эхлэв. Хоолой дээр юм аргаж, дотроос нэг түрэн огшиж хоёр нүднээс халуу шатуулан асгарч эхэллээ. “Тиймээ, намайг зөвхөн хүсэл тачаалдаа улайрч, улангасан шүлэнгэтсэн, унтаж хэвтэхийн тулд юугаа ч өгөхөөс буцахгүй тийм л эрүүл, согтуу, эрэгчин нүднүүд хардаг байсан. Харин тэр нүднүүд хамаг юм дууссан хойно хавчигнаж, хулганасан арчаагүй нүд болж хувирдаг юм. Тэднээс сэтгэл гэж юм надад үлдэж байсан гэж үү. Үгүй. Тэднийг аахилж уухилсаар дууссаны дараа надад зөвхөн усанд орох л хүсэл төрдөг. Ерөөсөө л энэ. Өөр бидний хооронд юу ч байдаггүй. Тэгэхээр яаж надад тэр сайхан хайр мэдрэгдэх вэ дээ. Эцсийн эцэст хайр гэдэг царай дагаж ирдэггүй юм биш үү дээ. Ээ, чааваас гэж . . .”
Би гэртээ ганцаараа байгаа болохоор цурхиран уйллаа. Гэрт хүйт даан зэвхийрч, миний уйлах гиншээн өрөө өрөөгөөр дамжин гингэнэж, таг нь онгорхой хайрцагнаас миний зүүлт сэлт намайг шоолон даажигнах мэт гялтганана. Намайг доромжилсон тэдгээр зүйлсийг би чадлынхаа хэрээр цацаж хаялаа. Бэлэг нэртэй тэдгээр зүйлсийн дунд сэтгэлийн бэлэг ганц ч байгаагүй юм. Тэр бол зүгээр л унтаж хоносон, давшлан дайрч тачаал юугаа тайлсны төлбөрүүд байлаа. Хамгийн сүүлчийн төлбөр болох гоёлын даашинзыг өөрийн биенээсээ салгахын тулд урж тасдаж, улангасан зулгааж эхэллээ. Даана ч тэр болгоныг миний турьхан гар эс дийлнэ. Яг миний амьдралыг баглаж авсан харанхуй хувь заяа шиг энэ даашинз миний биеийг хүлж авчихаад салж өгөхгүй зууралдсаар байгаа нь бүр ч хорсолтой. Тэгэх тусам би улам бүр улайран хоёр гартаа тааралдсан болгоноо үгтээн зулгааж, тарааж, цацаж, хааш нь ч хамаагүй шидэлж, хамаг чадлаараа хашгирч байлаа. Миний хашгиралтанд хавчиг өрөөний минь цонх харшин ёолж байсан байх. Нэг мэдэхэд үс нь сэгсийж, нулимсандаа халтардсан нүүртэй, аль хэдийн нүцгэрсэн сүг шиг дүрснүүд толины хагархайгаар хувилан харагдаж байв. Магадгүй би унтаж хэвтсэн залуусынхаа тоогоор харагдаж байсан ч болох юм. Энд тэндээ шалбарч урагдсан гоо сайхан биеэ харж би анх удаа л “Бурхан минь чи надад юу гээчийг өгчих нь энэ вэ?” үнэн голоосоо харамсан гомдов. Миний хувь заяа хэдийгээр миний л ухаангүйгээс болсон гэдгийг мэдэж байсан ч, аав ээжээс надад заяасан энэ гоо сайхнаас болсон мэт санагдаж, надад ангийнхаа тэр охиных шиг өөр бие заяасан бол хайр гэрэлтсэн өөр нүд намайг ширтэх байсан юм шиг бодогдож байв. Энэ бол орчлонд ганцаардсан, аргаа барсан эм хүний арчаагүй бодол байлаа.
Би гэж үзээдийн амьтан салгалж чичигнэсээр шилний хагархай дээр гишгэчихгүйн тулд догонцон явсаар хөсөр шидсэн цүнхээ авч, тамхи гарган асаалаа. Дотор уужирч сайхан болж байх шиг. Хамаг бие салгалахаа больж, тайвширч байгаа бололтой.
Сая энд юу ч болоогүй юм шиг өрөөнд нам гүмхэн. Толины хагархайд өөрийгөө харвал биеэ сул хаян сулбайж суугаагаа сая анзааран нуруугаа цэхлэн биеэ чангалаад, нүцгэн ч гэсэн сүмбэ шиг хоёр хөлөө солбин ачлаа. Өөрийнхөө байж байгааг дахин харж, шоолох сэтгэл төрөн жуумалзан инээв. Тэгснээ би “За одоо нэг хэсэгтээ гайгүй биз” гэж бодоод санаа алдлаа. Тиймээ, би одоо бараг нэг жилдээ дажгүй. Шалан дээр хөглөрөх ундуй сундуй юмнуудаас үнэт эдлэлүүдээ түүж, уранхай даашинзыг авч цааш нь шидэх зуураа
“Энэ даашинз үнэхээр гоё зохиж байсан юмсан. За яахав. Өнөө маргаашдаа амраад нөгөөдрөөс Долгионтой уулзахад дахиад нэгийг авхуулчихаж дөнгөх байлгүй дээ” гэж бодлоо . . .




Бүрэн эхээрээ

За, энэ удаа та нарт “Нирунзу” хэмээх нэрээр бичиж байгаа нэгэн блогийг танилцуулах гэсэн юм. Блогны нэр нь бол өөр л дөө. “Хугараагүй ноён нуруу” гэсэн байх. Ер нь уран зохиолын блог энд тэндгүй нилээн бий л дээ. Мэрэгжлийн зохиолчдын блогууд ч байгаа. Жишээ нь: Доржзовдын Энхболдын “Уулын боргио”, Болор-Эрдэнийн “Диваажингийн хоригдол”, Цэрэнтулгын Түмэнбаярын “Мэргэнд буусан чоно”, Баастын Золбаярын блог, Зүүдчины блог гэх мэт. Би зөвхөн үргэлжилсэн үгийн блогийг дурдаад байна. Гэхдээ л энэ блог дээр тавьсан “Хархулангийн бөгж” шиг бүтээлтэй блог одоогийн байдлаар байхгүй гээд хэлчихэд хилсдэхгүй байх. Яваандаа бол гарах л байх л даа.
Туужийн хэлбэрээр бичигдэж байгаа энэ зохиол роман болчихсон байхад нэг их гайхаад байхааргүй бүтээл байна лээ. Уг зохиолыг уншиж суухдаа үүнийг зохиогч “Нирунзу” гэгч хэн бол, ямар хүн байгаа бол гэсэн бодол тархинаас минь салахгүй байснаа нуугаад яахав. Хэн байх, ямар хүн болох нь уншиж буй надад хамаагүй ч гэлээ сэдэв, санаа нь сонирхолтой, бичиж буй арга барил нь хуучныг санагдуулам, яагаад ч юм нэг л уншаад эхэлвэл салж чадахгүй, үнэндээ бол салгахгүй байгаа тэр увдисыг гайхаж байсан учраас уг зохиогчийг бодоод суусан хэрэг л дээ. Уг Нирунзу маань өөрийгөө анхлан бичигч мэтээр блогтоо тайлбарлаж байгаа. Гэхдээ анхлан бичигч биш харин блог анхлан хөтөлж байгаагаа л илэрхийлсэн болов уу. Өөрөөр хэлвэл энэ хүн бичиг номтой их ойрхон хүн байхаа л гэх гээд байна л даа. Тэр ч бүү хэл энэ хүн бүр судалгааны талын ч хүн байх гэж бодогдоод байсан. Түүний бичиж байгаа цар хүрээ, тухайн цаг мөч бүрээ тодорхойлж байгаа тодорхойлолт (Тэр дундаа өнөө цагийн монголын өнгө төрхийг), бас монголын зүйр цэцэн үгсийг хавчуулан болж буй үйл явдалдаа чадварлаг хослуулж өгсөн, хэсэг бүлэг бүртээ өгч байгаа нэр нь содон. Содон ч юу байхав их номлог. Мөн бүлэг хэсгийнхээ төгсгөлд хааяахан хийж буй базалт, дүгнэлт нь их торгомсог гээд таалагдсан болгоноо бичээд байвал барагдамгүй. Ерөнхий зохиолын өнгө нь өнөөгийн залууст ихэд дутагдаад байгаа эх оронч үзэл, түүх судраа судлах, өөрөө өөрийнхөө төлөө “сурч боловсорч” тэмцэх, хамгийн эрхэм зүйлээ зөв харахыг сургасан, заасан, сануулсан шинжтэй байсан шүү. Та нар өөрсдөө ороод уншихаар мэдэгдэнэ дээ. Энэ бүгдээс харахад Нирунзу нэрээр бичиж буй зохиогч маань маш их уншсан, судалсан, хэл сурах гэж их чармайж хичээсэн, эрдэм номонд шамдаж суухын мөн чанарыг их ойлгосон, өөрөө ч тэгж сууж байсан болов уу гэмээр хүн шиг санагдсан даа.
Би яагаад зохиогчийнх нь тухай түлхүү бичээд байна гэвэл уран зохиолын чиглэлээр блог ертөнцөд байгаагүй даамгай, даацтай бүтээл тавигдаж байгаа болохоор тэр. Нөгөө төлөөр уран бүтээлийн нууц нэрээр бичиж буй нь хүмүүс өөрийгөө хэн болох нь мэдэгдэлгүйгээр бусдын сонирхолыг татаж байх нь тэдэнд сайхан байдаг байх. Тэгэхээр хэн нэг (жишээ нь би) түүний тухай үнэн худал нь мэдэгдэхгүй ч гэлээ таамаг дэвшүүлж байвал зохиогчид маань ч гэсэн урамтай, таатай байх болов уу гэсэн дээ зохиогчийг сонирхоод байна л даа.
Дахин хэлэхэд энэ зохиол бол анхлан бичигчийн бүтээл биш. Энэ бол нилээн “эрдэмт” хүний бүтээл байх. Нирунзу гэгч энэ эрхэмийг хэлж байгаа юм шүү дээ. Харин уран зохиол гэдэг үүднээсээ бол анхных байж болох л юм. Ямартай ч гэсэн “Харуул Алтай”, “Онцгой эрх” гэх мэтийн романуудыг санагдуулам энэ зохиол та бүхний сонирхолыг лавтайяа татна гэдэгт би итгэж байна. Тэгээд ч уг зохиол дуусаагүй байгаа юм билээ. Мөн энэ Нирунзу-гаас өшөө олон, бүр ард түмний зохиол төрөх нь дамжиггүй.
Эцэст нь хэлэхэд би бол ямар нэгэн шүүмжлэг, судлагч биш юм. Зүгээр л зарим нэг таалагдсан блогоо энэ “Блогоор аялсан түүх” булангаараа бусадтайгаа хуваалцадгийг та нар маань мэдэж байгаа байхаа.
“Хэрвээ энэ хүн зохиол бичвэл ийм л зохиол бичих болов уу” гэмээр хүн блогспотод нэг байдаг л юм. Гэхдээ би итгэлгүй байгаа тул хэлж мэдэхгүй юм. Энэ бол цэвэр миний бодол байлаа. Та бүхэн эндээс үүгээр ороод надад баярланаа гэдэгт итгэж байна.


Бүрэн эхээрээ

- Зоригоо би наадхыг чинь харахгүй ээ гэж байдгаараа бархиран хойшоо зулрахад
- Чи чинь одоо яачихаад байгаа юм бэ? Хүнээр тоглоод байгаа юм уу хаашаа юм. Одоохон аав ээж ирэх гээд байна. Тэднийг ирэхээс өмнө амжуулахгүй бол болохгүй гээд мөрнөөс минь ганцхан татаад нөгөө өрөөнд оруулчихав. “Энд тэнд ухаангүй хэвтсэн хүний хөл гар дээр гишгэчихвий” гэж санаад орсон дариудаа дэгэн дэгэн гээд ганц хоёр гишгэтэл өрөөний шалан дээр юу ч байсангүй. Буйдангийн өмнөх намхан ширээн дээр нэг хуучин хувилагчийн (canon) хамаг юмыг нь задлаад хаячихсан, эргэн тойрон хар эрээн юм болчихсон сууж байна. Энэ бүгдийг хараад “Би одоо юугаа бодоод солиороод явсан юм болоо” гэж бодохоор бүр хэлэх үг олддоггүй. Олдохгүй ч юу байхав дээ үнэндээ бол өөрийнхөө бодсонд бүрэн итгэчихсэн байсан учраас юм хэлэх гээд хэлэх үгээ олж чадахгүй байсан хэрэг. Нэг хэсэг тагларч байснаа
- Чи одоо каноны хор яриад байсан юм уу? гэж хэлгүй хүн гэнэт хэл орох мэт байдгаараа хашгирлаа. Зоригоо намайг яг галзуу хүн харж юм шиг хэсэг харснаа
- Чи зүгээр үү? Аль өдрөөс хойш нэг л хачин байна шүү чи гэж их л нухацтай асуулаа.
- Чи тэгээд ийм хор гэж хэлэхгүй яасын? гэхэд намайг цуг ажиллахгүй гэж дургүйцэх нь гэж ойлгосон бололтой Зоригоо сандрангуй
- Энэ их хэрэгцээтэй ажлаа. Би чамд батлая. Би бүр нилээн хэдэн сар хийж байна. Даана ч ганцаардаад байх юм. Тэгээд ч гэртээ хийхээр хамаг юм заваарууллаа гээд гэрийнхэн дургүйцээд байгаа юмаа. Тэгээд л чамайг хамт хийе гээд гуйгаад байхад өөдөөс аав ээжийн нутаг ус асуугаад эргүүтээд байх юм. Хоёулаа нэг байр түрээслээд хичээлийнхээ хажуугаар хийгээд байхад чи бид хоёртоо л данга. Ганцхан канон нь ч биш принтер гэж нэг юм байна. Тэгээд өнгөтэй өнгөгүйгээр нь цэнэглээд байхад ашигтай л гэж мэд. Ямар ч байсан хуушуурын мөнгө хүнээс зээлэхгүй гээд л өөрийнхөө санааг даргаараа батлуулах гэж байгаа хүн шиг л ярьж гарав. Харин би энэ бүх хугацаанд өөрийгөө бодохоор л хөх инээд хүрээд, инээдээ барьж ядан суулаа. Сүүлдээ бүр тэсэхээ байгаад инээх ч биш ярвайх ч биш амьтан байж байтал Зоригоо
- За за яршиг. Чи гэж мэдрэл муутай юм хүн шоолоод байх юм гэж гоморхох тунирхахын завсар бувтнав. Би
- Зоригоо хоёулаа маргааш яръя за. Өнөөдөр би нэг л биш байна гэж арай чүү гэж хэлээд хаалгаар гарахдаа тэсвэр алдан түсхийтэл инээд алдчихав. Гараад тэдний цонхруу инээсэн чигээрээ эргэн хартал Зоригоо намайг өвдчихлөө гэж бодсон бололтой их л айсан нүдээр харсаар хоцорлоо. Тэр намайг нэг жирийн биш болчихлоо гэж бодсон байх. Гэртээ харин харьтлаа инээсээр байлаа. Зөвхөн тэр орой ч биш хэдэн өдөр дараалан өөрийгөө шоолж инээсэн гэж байгаа. Цагдаад өгөөд байхдаа яахав дээ. Тэгээд цагдаад өгсөн бол яаж онигоонд орох байсан бол гэж бодохоор одоо ч гэсэн инээдтэй л байдаг юм. Уг нь хөөрхий минь нэг санаа олчихоод л найзтайгаа хийе гэж санасан байх. Гэтэл би гэж тэнэг нь яагаад ч тэгээд буруу ойлгочихов. Бүр эргүүтэж өгсөн. Тэр хичээл дээр шивнэж ярьдгаас л үүдэлтэй байх гэж одоо боддог. Магадгүй би өөрөө ч хүн чанараар муухан амьтан байж болох юм.
Тэгээд бид хоёр арай гэж бие биенээ ойлголцож аваад ажилдаа шуударсандаа. Лиценз авч, нэг түрээсийн байр олов. Гадуур дотуур харайж, нилээдгүй гүйсний эцэст овоо хэдэн захиалагч байгууллагатай боллоо. Энэ бүгдэд би л өдөр шөнөгүй, дээр доргүй харайж явсан санагддаг юм. Хэдийгээр Зоригоо хамт байсан ч би л тэгнэ ингэнэ гэж ихэнх санааг гарган, заримдаа түүнтэй зөрдөг ч минийхээр л болдог байв. Зоригоо тэгэсхийгээд дуугай болж, юмаа л хийж сууна. Тэр намайг зөв сонгосон бололтой юм билээ. Хичээлийнхээ завсраар би урагшаа ухасхийж нөгөө айхтар хороо олж ирэв. Урдаас хороо авч байхдаа ч гэсэн би өөрийгөө шоолсоор л байдаг байв. Үе үе пижигнэтэл инээх болсон намайг Зоригоо “Мэдрэл муут” гэж хочлох болов. Би ч мэдрэл нь ч мэдрэл л дээ. Зоригоо өөрийнхөө өмнөөс бас миний өмнөөс хичээлд суудаг байв. Шалгалт болохоор би гэж нэг эрх бүхий хүн зүгээр л сууж байх. Зоригоо л миний ажлыг хийж дуусгана. Бидний данс нэг болонгуут бусад бүх асуудал мөн л нэг болж хувирлаа.
Бид сургуулиа төгссөн ч гэсэн хамтын ажлаа үргэлжлүүлсээр байв. Оюутан байхад болоод байх шиг байсан ажил маань сургуулиа төгсчихөөр үнэхээр чамлагдаж эхлэв. Өөрөөр хэлвэл бидний ажил нэгэн хэвийн байдлаасаа цаашаа хөгжихгүй байлаа. Өглөө нь өрөөндөө ороод л орой нь гараад явах Зоригоо энэ бүгдийг анзаарч байгаа эсэх нь үл мэдэгдэнэ. Үүнийгээ Зоригоод хэлэхээр
- За болно доо, нэг их шунаад яах юм гэнэ
- Шунах юу байхав дээ. Бид чинь урагшаа тэмүүлэх хэрэгтэй байна ш дээ. Лиценз төдий биш компани байгуулъя л даа.Бид ингээд хор цэнэглээд л суугаад байвал бүх насаараа л ингэж сууна шүү дээ. Жаахан өөрөөр өргөжүүлье л дээ гэхээр Зоригоо үнэндээ хөдөлж өгөхгүй байв. Яагаадыг би ойлгоогүй юм. Зоригоо бид хоёр сүүлдээ үе үе санал зөрөлдөх болов. Эхэндээ ч яахав ажил хийж байгаа улсад байх л асуудал гээд хэн хэн нь үл тооно. Гэвч сэтгэлд нэг хортой могой орчихоор тэр могой үе үе ширэвчээд болдоггүй юм билээ.
Өөр бас нэг санал зөрдөг юм нь Зоригоо үйлчлүүлэгч нартаа хор яаж солих хийгээд ойр зуурын жижиг сажиг үйлчилгээг зааж зөвлөдөг байв. Ийм тэнэг юм гэж байх уу. Нэг удаа гадуур юм хөөцөлдөж байгаад ороод ирсэн чинь хоёр гар нь завгүй хирнээ мөрөндөө утсаа хавчуулчихсан “энийг нь ингэ, тэрийг нь тэг, болохгүй бол ингээд үз” гээд л нэг л их сайхан ааштай хүн. Би бүр дургүй хүрээд
- Чи одоо яах гэж ингэж байдаг юм бэ? Би наад үйлчлүүлэгчийг чинь олох гэж үхтлээ л гүйж байхад чи ингээд заагаад өгөөд байх юм бол дахиад наадуул чинь бидэн дээр ирэхгүй ш дээ гэлээ. Тэгсэн чинь харин өөдөөс
- Хүмүүст зөвлөлгөө өгч байх хэрэгтэй шүү дээ гэнэ. Уур хүрсэн гэж яаваа.
- Чи нээрээ заримдаа дүнхүү юм шиг л байх юмаа гэтэл тэр дуугаа хураачихлаа. Уур нь хүрэхээрээ тэгдэг юм. Ер нь бид хоёрын хооронд үл ойлгогдох зэрэглээ татчихаад хоорондоо нэг эвэлж өгөхгүй юм л бол зөрөлдөөд байх болсон үе л дээ. Тэр өдрөө ч хэн хэн нь дуугарсангүй. Шөнө нь би их юм бодлоо. “Цуг ажиллая гэсэн санааг Зоригоо л гаргасан. Надад зөндөө л тус нэмэр болсон. Тэгэхээр Зоригоо бол миний хувьд хүндтэй хүн. Гэхдээ одоо бид цугтаа юм хийнэ гэхээр бие биенийхээ санааг үгүйсгээд болохгүй юм. Зоригоог хүндэтгэж байна гээд өөрийгөө хүчээр барьж суух нь надад нэг л утгагүй санагдаж байлаа. Яаж шүүхэн нэг юм ойлгуулдаг юм билээ” гээд л бараг шөнөжингөө л бодож хонолоо. Нойр муутай хоносон тул би эрт босож, ажил дээрээ түүнээс түрүүлж ирлээ. Тэгсэн Зоригоо орж ирснээ сандал авч суугаад, намайг нилээн нухацтай харж байснаа
- Чи хэрвээ надтай ажиллахад хэцүү байгаа бол өөр нэг салбар нээгээд чи тэнд ажиллаж болно шүү дээ гэж эрс шийдэмгий хэллээ. Тэр бас урд шөнө нойр муутай хоносон бололтой. Хэдийгээр салбар гэж хэлж байгаа ч гэсэн цаагуураа бол салах тухай ярьж байгаа нь ойлгогдож байв. Энэ санаа нь надад их сайхан санагдсан боловч би шууд л ухайн тас зөвшөөрөхөөр нэг л эвгүй тул
- Үгүй ээ Зоригоо . . . Би ч яг тэгж бодоод байгаа юм алга л даа . . . гээд л үгээ зөөтөл
- Зүгээрээ, хоёулаа тусдаа ажиллаад нэг үзье. Болохгүй бол буцаад л нийлнэ биз гэж тэр намайг ч, өөрийгөө ч аварлаа. Угаасаа бидний дансанд дахиад нэгийг байтугайг байгуулчих мөнгө байгааг мэдэж байсан тул
- Хэрвээ чи хүсэж байвал тэгье л дээ гэхэд тэр намайг харж “чи л болоод надаас салахдаа дургүй байгаа байхдаа” гэсэн янзтай нэг мушийснаа
- Тавь, тавин хувь шүү гэснээс өөр юм хэлсэнгүй. Мөнгөний тухай ярьж байна гэдгийг би зоволтгүй ойлгов. Зоригоо намайн бодвол мөнгөө хүртэл бодож амжсан байсныг би сая л анзаарав. Урд нь бид зөндөө л маргаж байсан боловч энэ удаагийнх шиг ийм хурдан шийдэлд хүрч байгаагүй юм. Юм гэдэг цаг нь болоод тохироо нь бүрдэхээрээ хурдан шийдэгддэг бололтой. Бид хэн хэн маань саллахыг хүсэж байсан байж ч болох юм.
Хамтарч ажиллах анхны санаа маань Зоригоогийнх байсан болохоор ажлын байраа, багаж төхөөрөмжтэйгээ үлдээх нь шудрага байлаа. Тэр ч гэсэн тэгж бодож байсан юм болов уу олон юм яриагүй юм. Яг салахдаа бид хоёр бие биендээ муу үг хэлсэнгүй. Харин ч сайн сайхныг ерөөж, хэрэг гарвал хоёр биендээ тусалж байхаар тохирлоо. Хэдийгээр гунигтай байсан ч гэсэн сэтгэлийнхээ цаад мухарт салах нь зөв гэж хэн хэн нь итгэж байсан учраас одоо нэгэнт Зоригоогийнх болсон ажлын байрнаас гараад явахдаа би хөл хөнгөн байсан юм. Зоригоогоос салсан нь ямар нэгэн юманд сэтгэл шулуудах шалтгаан болж, өөрийнхөөрөө байх бололцоог олгосон нь нэг талдаа сайн, харин нөгөө талдаа тааруухан байлаа. Гэрэл байхад заавал сүүдэр байдгийн жишээ энэ байх. Юуны түрүүнд надад байр хаана түрээслэх вэ гэдэг бодол орж ирлээ. Бид хоёр энэ гудамжинд ажиллаад бараг хоёр жил болчихож. Манай энэ гудамж бол албан газар, оффисууд төвлөрсөн, худалдаа үйлчилгээ цэгцэрчихсэн нэгэн бодлын хөлөө олчихсон гудамж тул энэ хавьдаа л үлдмээр санагдаад байх. Гэтэл Зоригоо бид хоёр ижилхэн үйлчилгээ явуулах тул хоолоо хуваанаа гэсэн үг. Нэгэнт тус тусдаа ажиллах болсон болохоор энэ маань хуваах биш хоолоо булаацалдах гэдэгтэй утга ойролцоо очиж байлаа. Хүн чанарын хувьд надаас гарч байгаа маш муухай чанар гэдгийг мэдээд л байсан хэр нь энэ гудамжнаасаа явахыг хүсэхгүй байв. Өөрийнхөө энэ тааруухан чанарыг “Зах зээлийн өрсөлдөөн” гэсэн мэргэн ч юм шиг, муйхар ч юм шиг үгээр хаацайлж байлаа. Үнэндээ бол надаас хэн ч асуугаагүй л дээ. Би л өөрөө өөртэйгөө ярьж, дотоод хүнтэйгээ тэрсэлдэж байсан хэрэг. Тэгээд дотоод хүний маань ялалтаар өндөрлөж би энэ гудамжиндаа үлдэхээр боллоо. Энэ урт гудамжны аль нэг өнцөгт байр олж болох байсан боловч Зоригоогийн хэлдгээр их барьсан ч үмхий, бага барьсан ч үмхий гэдгээр тэгэхээс тэгэх гэсэн юм шиг Зоригоогийн харалдаа замын эсрэг талд түрүүхэн хааж, хаягийг нь буулгасан байрыг түрээсэллээ. Надад угаасаа шинэлэгээр ажиллах санаа их байсан болохоор гоё гэрлэн чимэг зоож, машины зогсоол гаргалаа. Хүмүүстэй аль болохоор найрсагаар харьцахыг хичээж байв. Эхэн үедээ гэрэл гэгээ цацарсан сайхан л байв. Хааяа хуучин байр луугаа харахад харанхуй даагаад тэртээд өнгөрсөн эрт балрын түүх шиг яг л хуучнаараа. Яагаад ч юм надад “миний хийж байгаа болгоныг Зоригоо харж л байгаа. Тэгэхээр надад атаархаж байгаа даа” гэсэн бодол эргэлддэг болов. Бас ч гэж энэ бодолдоо сэтгэл ханамжтай байдаг байв. Хааяа даа ажил аятайхан байвал гудамжны үзүүрийн одоо энэ сууж байгаа бааранд ирж ганц нэг хүйтэн пиво шимнэ. Юм юм л эхэндээ их аятайхан байв.
Хэдийгээр үйлчлүүлэгчидтэй найрсгаар харьцаж байсан ч тэдэнд зааж зөвлөх дургүй байлаа. Сүүлд ажилд авсан хоёр залуудаа ч хүнд юм хэлж өгөхийг зөвшөөрдөггүй байсан юм. Манайхан чинь их сонин хүмүүс шүү дээ. Болж өгвөл асууж хэлүүлж аваад л өөрөө хийчих санаатай. Олон жилийн хичээл зүтгэлээр олж авсан мэдлэгээ хүнд зүгээр хэлж өгчихөөд өөрсдөө юу хийж сууж байх болж байна. Яаж бизнес хийх болж байна. Тийм учраас би хүнд юм хэлж өгөхийг хүсдэггүй байсан юм.
Миний бизнес эхний сардаа учиргүй бужигнаж, намайг Зоригоогийн байр луу хэдхэн өдөр бахархалтайгаар харуулаад л намслаа. Шинээр нээсэн болохоор хүмүүс сонирхсон юм шиг байгаа юм. Гэхдээ би бууж өгөөгүй. Бас өөр нэг залууг ажилд авч, комьпютер засна гэж давхив. Жижиг сажиг цахилгаан бараа оруулж, зарах гэж үзэв. Хэдийгээр би шинэ санаа гаргаж, хэр хэмжээгээрээ сарвалзсан ч яагаад ч юм урагштай болсонгүй. Харин Зоригоогийнх яг л хэвээрээ. Бараг ажиллаж байгаа эсэх нь ч мэдэгдэхгүй. Гэхдээ тэр бүүдгэр нүхэн дотроо түүнийг хороо цэнэглээд л сууж байгаа гэж бодохоор нэгэн таагүй бодол сэрвэзсээр байв. Миний доторх могой үе үе амь орж мурчигнах болов. Уг нь бол Зоригоо надад хордож үхэж баймаар, гэтэл эсрэгээрээ. Ажил багасаад байгаа болохоор хийх байхаа олж ядсан би хүссэн хүсээгүй Зоригоогийн байрыг харах л болж таарна. Тэгэхдээ “би үхсэнээ хийж энд байр түрээслэвээ” гэж өөрийгөө хараадаг боллоо. Нөгөө сэтгэл ханамж ч бүр байхгүй болсон. Би юунаас болсон юм мэдэхгүй ямар нэгэн юманд хордож, атаархаж өөрөө өөрийгөө тамлаж байв. Магадгүй, би байдгаараа салбагнаад байгаа хэр нь олигтой болж өгөхгүй байхад тэнд нэг амьтан бараг зүгээр суугаад л миний хэрийн байгаа гэж бодохоор тэр байх. Үлгэрлэвэл хоёр хүн уралдлаа гэж бодоход нэг нь дээгүүр хараад ганц нэг алхаад л, харин нөгөөх нь хөлс баасаа цувуулаад л утга учиргүй хар эрчээрээ чавхдаад байвал тэр ямар юмных нь уралдаан байх вэ дээ. Яг тэрэн шиг л юмаа даа. Өдөр ирэх тусам би Зоригоод уур хүрч, атаархаж байлаа. Миний дотор хоосорчихоод түүнийгээ би атаа хорсолоор цэнэглэж байх шиг. Эсвэл нөгөө могой бүрэн сэргээд дээр доргүй гүрвэлзэн мөлхөх шиг болдог байв. Уг нь бол бид хоёр одоо хоорондоо ямар ч хамаагүй шүү дээ. Гэтэл хороо цэнэглээд л сууж байгаа түүнийг би бодолдоо авчирч, заримдаа бүр дэргэдээ байгаа юм шиг ганцаараа хэрэлддэг байв. Энэ бол өвчин л дөө.
Би бизнесээ нээснээсээ хойш дампуурах хүртлээ буюу өнгөрсөн зургаан сарын хугацаанд Зоригоотой уулзаагүй. Бид хоёр бие биендээ ямар гэм хийсэндээ тэгсэнийг би мэдэхгүй. Гэхдээ л түүн дээр очих сэтгэл надад төрөөгүй юм. Одоо ингээд сүйрчихсэн юм чинь бүр ч очихгүй нь мэдээж. Хамаг юмаа хаагаад, бүх юм дууссан хойно ч гэсэн би түүнийг бодсоор байхыг бодоход би атаархаад л байгаа юмаа даа. Түүнээс би түүнийг санасных лав биш байх.
Бм бодолдоо болоод нилээн суужээ. Баарны гол танхим бүүдгэр гэрэлтэй ч гэсэн гаднаас орж ирэгсэд сайн харагдаж байв. Тэгтэл хаалга зөөлхөн онгойж нэг залуу орж ирсэн нь Зоригоо байлаа. “Даарин дээр давс гэгчээр энэ ч бас юув дээ” гэж бодохоор дотор шатаад явчихав. “Архи уудаггүй, тамхи татдаггүй хүн энд юу хийж яваа юм бол? Байдгаа гөвчихсөн намайг тавлах гэж яваа юм байх даа. Тэгнэ л дээ энэ” гэж бодож суулаа.
Тэр эргэн тойрноо гүйлгэж харснаа шууд л надруу чиглэн ирж ширээнд суугаад олон сар уулзаагүй гэхэд мэнд ус ч асуусангүй. Бодвол онцгүй хариулт ирнэ гэдгийг мэдэж байсан бололтой. Үйлчлэгчийг дор нь дуудаж, нэг шил архи хоёр зууш захиалав. Захиалга иртэл тэр мөн л дуугарсангүй. Архиа хоёр стаканд хийж нэгийг надруу түлхээд
- Наадахаа барьчих гэснээ өөрөө торох ч үгүй татаж орхив. Хэзээ язааны уудаг хүн шиг байх түүнийг би гайхаж байлаа. Бид гурав, гурав татлаа. Угаасаа дэвсгэртэй байсан би жаахан халах маягтай болоод ирэв.
- Чи чинь уудаггүй биш билүү?
- Уух хэрэгтэй болоод л
- Яасан?
- Яахав дээ чамтай ууя л гэж санахгүй юү гээд дахин хийлээ.
Бид хоёрын яриа эвэлж өгөхгүй байсаар эхний архи дууслаа. Гэтэл Зоригоо дахиад захиалав
- Чи үнэхээр уумаар байгаа юм бол энийг би төлнө шүү гэлээ. Хэдийгээр дампуурсан ч өнөөдөртөө архи авчих чадалтай байгаагаа үзүүлэх гэж тэр. Тэр юм хэлсэнгүй. Архи гэдэг яахав дээ орсон хойноо хүний доторхыг заавал шахаж гаргадаг адын чөтгөр. Бие тавирч, сэтгэл санааны байдлаас тэр үү би доторх могойныхоо хамт халамцаж эхэллээ.
- За тэгээд оюутан цагийн андаар юу байна даа гэж төгссөнөөсөө хойш уулзаагүй хүн шиг асуув.
- Зоригоо яахав дээ байдгаараа л байна. Харин чамаар?
- Яахав. Дампуурлаа. Чи хараа биздээ?
- Харсаан. Одоо тэгээд яая гэж бодож байна?
- Яах юу байдгийн, дахиад л сэтгэнэ. Намайг дампуурлаа гээд зарим хүмүүс бүр хөөрөөд байх шиг байна тийм үү? гэж өдсөн маягтай асуулаа. Архины л гай л даа. Гэхдээ л түүнийг харахаар уур хүрээд байсан юм чинь
- Харин л дээ.
- Миний найз ч гэсэн уудгүй мөртлөө уугаад л. Чамд ч гэсэн ер бусын өдөр бололтой.
- Би ер нь уудаг юм шүү дээ.
- Сонин л юм даа. Би л чамайг уудгийг чинь мэдэхгүй юм байна.
- Чи мэдэхгүй ээ. Миний уудгийг байтугай чи намайг ч мэдэхгүй
- Тэгвэл чи их өөр хүн байжээ.
- Байжээ биш. Би угаасаа л та нараас өөр хүн гэж царай төрх нь нилээн ширүүсэн хэлэв.
- Та нар гэж хэнийг хэлээд байгаа юм?
- Бүгдийг хэлж байна. Манай ангийнхан, бас чи. Ерөөсөө надаас бусдыг хэлж байна.
- Чи тэгээд юугаараа өөр юм дээ? гэж гэж ширүүхэн асуулаа. Уусан архинаас болсон уу, эсвэл миний унаган зан түлхсэн үү дотор минь шатсаар байлаа. Тэр ч гэсэн нилээд халсан харагдана.
- Юм болгоноороо. Миний бодож, сэтгэж байгаа болгон та нарынхаас өөр байсан. Та нарын байж байгаа сүргийн хэв шинж, үхмэл сэтгэлгээнд чинь би дургүй байдаг юм. Бөөнөөрөө ууж идэж дарвина. Цуг яваагүйгээ гоочилно. Ил далд муу муухайгаар ярина. Хэдэн хуушуур олдсон ч үхэх гэж байгаа юм шиг булаацалдаж иднэ. Та нарт бол хөгжилтэй сайхан л байсан байх. Харин надад бол өлсгөлөн ноход олдсон зутангаа том томоор үмхэлж байгаа юм шиг харагддаг байсан. Идэхээ бодохоос идэж байгаа хуушуурынхаа мөнгийг яаж олох вэ гэж та нарын хэн чинь боддог байсан юм? Зарим нь аргаа барахдаа бусдаасаа нуугдаж иднэ. Тэр нь бүр өрөвдөлтэй. Өөрсдөөсөө жаахан өөрөөр сэтгэдэг хүний үзэхгүй. Тэр сүргээсээ гарган хаяна. Тэгээд ч зогсохгүй үзэн ядах нь бүр аймшигтай. Хэн нэгнийг ангиараа арзайтал шоолон инээлдэхдээ хэзээ ч тэр хүнийхээ дотоод сэтгэлийг чагнахгүй. Тийм болохоор өрөвдөхгүй, хайрлахгүй. Тэгсэн хэрнээ хамт олон гэж худлаа солиорцгооно. Шалгалт гэхээр хуулах гэдэг үг та нарт давхар сонсогддог. Зорилгогүй, арчаагүй. Та нар ийм л байсан.
- За за боллоо боллоо. Яасан их сургадаг юм гэснээс өөрийг би хэлж чадсангүй. Яагаад гэвэл түүний хэлж байгаа болгон үнэн байсан юм. Би хэдий халамцуу ч түүний яриаг урд байгаагүйгээр анхаарч суулаа. Тэгээд үнэнд ялагдаж буй хүний дуугаар
- Чи ч гэсэн хуулдаг л байсан биздээ? гэж хамгийн сүүлийн амьсгал татах мэт арчаагүй асуултыг арагцаах байдлаар асуулаа.
- Хуулдаг байсаан. Гэхдээ би өөрөө өөрөөсөө хуулдаг байсан юм.
Харин би түүнээс хуулдаг байсан. Согтуу ч гэсэн би ойлгоод л байв. Тэгтэл тэр хэсэг чимээгүй сууснаа
- Магадгүй та нар оюутан цаг хамгийн хөгжилтэй үе гэж санадаг байх. Та нар шиг хүмүүст бол харин хамгийн гунигтай үе юм шүү дээ. Гэхдээ би та нарыг зөвтгөх ганцхан юм байгаа юм. Та нар зөвхөн оюутан үедээ биш анх сургуль цэцэрлэгээс эхлэхдээ л энэ сүргийн сэтгэлгээнд орж эхэлдэгт байгаа юм л даа.
- Чи тэгээд тийм л өөрөөр сэтгэдэг байсан бол тэр үед нь хэлчихгүй яасан юм?
- Тэр үед та нарын хэн чинь намайг сонсож, хүлээн зөвшөөрөх байсан юм. Бүгд л би, би гэж орилсон хэрнээ бүгд бие биендээ атаархаж, хорссон тийм л улс байсан биздээ. Хүнд итгэх сайхан итгэл та нарын хэнд чинь байсан юм? гэж хэлэх тэр үед миний тархи руу нэг юм ян хийтэл хатгаж байлаа. Тэр цааш нь
- Хэдэн төгрөгтэй явдаг болохоор л намайг гадуурхдаггүй байсан байх. Чи ч гэсэн энэ тал дээр тэдний л нэг байсан. Та нарт хөгшин, зарим нь бүр үхмэл сэтгэлгээтэй л болохоос залуу наснаас өөр сайхан юм байгаагүй шүү дээ анд минь гээд уртаар санаа алдан дахин нэг татлаа. Тэр яагаад ч юм олон жил дотроо бугалж байсан юмаа надад ярьж байх шиг санагдав. Миний уур хүрч байсан ч гэсэн би түүнийг эсэргүүцэхгүй байсан нь сонин. Миний доторх могой намайг дагаад гулдайж хоцров.
- За за энэ ч яахав. Би уусандаа болоод баахан юм ярьчихлаа. Ажлын хувьд гэвэл намайг хүнд зөвлөлгөө өглөө гэж чи надаас салаагүй шүү дээ. Чи ч өөрөө мэдэж байгаа. Зүгээр л чи бид хоёрын дотоод хүмүүс хоорондоо таардаггүй. Худлаа гэхгүй байх. Хүн харахад хичнээн таардаггүй байсан ч гэлээ чи бид хоёр дотоод сэтгэлээ мэдэрдэг байсан. Чи миний тухай сайн муугаар бодож л байдагтай адилхан би ч бас чиний тухай бодож л байдаг юм даа. Чухам зүгээр сайнаар уу, муугаар уу гэдэг нь л ялгаатай. Чи одоо өнгөрсөн бүх хугацаанд Зоригоог сайнаар бодож байсан нь их үү, муугаар бодож байсан нь их үү гэдгийг санах гээд үзээрэй. Ямар нэгэн хариу гарна. Өөрийгөө хуурах гэж битгий оролдоорой. Бас надад хэлэх гээд ч хэрэггүй. Бодит байдал ийм л байдаг юм гэж тэр хэллээ.
Зоригоо одоо надад нэг их ухаантан гэхээсээ илүү зүгээр л асар их ном уншсан хүн шиг л санагдаж байлаа. Тиймээс би түүний үгийг сөрөх тэнхэлгүй болчихсон байв. Магадгүй тэр арай өөрөөр сэтгэдэг хүн байж болох л юм. Учир нь тэр намайг яг л миний дотор орчихсон юм шиг мэдэж бас өөртөө итгэлтэйгээр ярьж байлаа. Тиймээ, би Зоригоог сайнаасаа илүү муугаар бодсон нь олон байв. Жишээлхэд л тусдаа байсан сүүлийн зургаан сар л гэхэд би түүнийг нэг ч удаа гэгээтэйгээр бодоогүйгээр барахгүй өөрийнхөө бараан бодолдоо итгэж заримдаа бүр ямар ч учир шалгаангүй үзэн яддаг байсныг яана. Энэ бол зүгээр л атаархал, хар хорын сэтгэл байж гэж бодох зуур нэгэн сонин асуулт надад төрөв.
- Чи ер нь намайг найзын хувьд гэх юм уу даа нааш нь өөр лүүгээ татаж энэ бүхнийг ойлгуулах гэж оролдож байсан уу? гэлээ. Үүний цаана “Чи тэгээгүй байж одоо намайг зэмлээд яахнав дээ” гэсэн утга хавчуулж өгсөн юм. Тэгтэл
- Оролдсоон. Бүр оюутан байхаасаа.
- Яаж? Үгүй ээ яаж гэж дээ. Чи надад хамт ажиллах санал тавьж . . . гээд үгээ дуусгаагүй байтал
- Энэ ажил бол яах вэ. Энэ чинь амин зуулгын л юм. Энийг битгий их юманд бод. Чи бид хоёр арай өөр юм яриад байгаа шүү дээ. Жишээ нь би чамайг маш сайн сонсдог байсан. Энэ чинь л чамд юм ойлгуулах гэж оролдож байгаа арга. Би чамайг сонсож чадаж байхад чи намайг сонсох л ёстой байсан юм. Хүнийг сонсож чадна гэдэг чинь өөрийгөө сонсож чадна гэсэн үг. Тэгээд сонсон хоёр юмаа харьцуулахаар нэг юм болноо доо. Тэгэхэд та нар зөвхөн өөрийгөө сонсгох ёстой мэт хашгачин чарлаж, бусдад тулгадаг. Тэгээд өөрийнхөө зөв гэж андууран өөрийгөө ч хяналтгүй болгочихдог гэлээ.
Энэ яриа явсаар анх бааранд орж ирсэн миний сэтгэлийн ганихарлыг мартагнуулсан байв. Зоригоогийн яриа надад өнөөдөр арай өөр маягтайгаар бууж байв. Магадгүй би түүний хэлснээр Зоригоог би сонсож байсан байж болох юм.
- Чи тэгээд намайг бүр эртнээс биш юмаа гэхэд саяын өнгөрсөн зургаан сарын хугацаанд хий дэмий цонхоороо хараад сэтгэлдээ тавлаж суухаар ингээд нэг ярьчихгүй яав даа гэж намайг хэлэхэд
- Би чамайг явснаас хойш ажиллаагүй юм шүү дээ гэдэг байгаа. Энийг сонсоод миний дотор ямар нэгэн юм сул асгачих шиг л боллоо. Нөгөө могой намайг хаяад хаа нэг тийшээ хлгх болов. Хэлэх ч үг олдсонгүй. “Би чухам хэн юм бэ, Хэн байсан юм бэ, Хэн болчихоод байгаа юм бэ” гэдэг ч юм уу мэдэхгүй ээ мэдэхгүй нэг тиймэрхүү бодол орж харууслын лантуу гэж байдаг бол түүгээр нэг дэлсүүлээд авах шиг боллоо. Өнгөрсөн хугацаанд би өөрөө өөртэйгөө л ярьж, өөрөө өөрийгөө боомилсоор өнөөдөр дампууран суугаа ажээ. Би Зоригоогийн хажууд жив жижигхэн амьтан байв. Би түүнийг арай өөр хүн юм гэдэгт итгэж эхэллээ. Гэхдээ оройтжээ.
Тэрээр талдаа орсон архинаас дахин нэг хийж, намайг ч хүлээлгүйгээр татчихаад босоход
- Жаахан суухгүй юмуу? гэж би гуйх хүсэхийн завсар асуусан байлаа
- Одоо болноо
- Чи оюутан байхдаа ч уудаг байсан уу?
- Тийм, гав ганцаараа. Гэхдээ тийм ихээр биш л дээ
- Яагаад бидэнтэй уудаггүй байсан юм бэ? Ядаж нэг удаа ч гэсэн
- Та нартай уувал уусны утга учир алдагдана шүү дээ. Архийг заавал согтох гэж биш өөр зорилгоор ууж болно шүү дээ гэснээ гараа нэг савлаад
- За,за иймэрхүү юм ярихаар зөрөх юм болох байх. Гэхдээ ганцхан чи биш шүү. Энэ эргэн тойрны бүх хүн нэгэн хэвийн сэтгэдэг юм гээд намайг хагас дутуу тайвшруулах аядаад
- За би явах боллоо. Хэрвээ хэрэг гарвал хөгшин дээрээ очоорой. Би маргаашнаас ажиллаж эхлэнэ. Тэгэхгүй бол энэ гудамж хэцүүднэ байх гээд цааш эргэлээ.
Тиймээ! Зоригоо бид хоёрын дотоод хүн яг ижилхэн бололтой юм, сонин юм шүү. Ийм яриа сонсоогүй бол энэ үгний төлөө би Зоригоотой алалцахад ч бэлэн байх санж. Гэтэл одоо надад тийм сэтгэл даана ч алга. Би чам дээр ямар нүүрээрээ очихов дээ гэж бодохдоо Зоригоо энийг ч бас мэдэж байгаа гэдэгт итгэж байлаа. Тэгтэл тэр хоёр алхснаа эргэн харж
- Аан тийм! Тэр хүмүүст зөвлөлгөө өгдгийн хувьд бол зөвлөхөөр хүмүүс өөрсдөө оролдож байгаад улам эвддэг байхгүй юу. Тэгээд тэд сэтгэл харамгүй зөвлөсөн “сайн” хүн дээрээ ирж гурав дахин их үнээр засуулдаг юм гэж хэлээд нүдээ ирмээд гараад явлаа. Тэр үед би амандаа өөрийн эрхгүй
- Новш! . . . гэж хараалаа. Чухам хэнийг харааснаа өрөө ч сайн ялгасангүй . . .

Төгсөв.





Бүрэн эхээрээ

Би тэр нэгэн өдөр их л хөл болж, сэтгэл гарган байж өлгөж байсан гэрлэн хаягаа буулгаж байхдаа тийм гэхийн аргагүй гуниг, гутралд автаж байв. Бүр цааш нь сэтгэл зүрхээ чагнаархвал энэ гутамшигт байдлаасаа би өөрөө ч ичиж байлаа. Эрхэлж байсан бизнес нь дампуурахад хэн л тийм аятайхан байв гэж дээ. Тэгээд үйлчилгээгээ зогсоож, орон сууцны нэг давхрыг тохижуулж хийсэн түрээсийн байрнаасаа гарахаас өөр аргагүй болсон юм. Нэгэнт доторхи эд хогшлоо зөөж дууссан тул энэ гэрлэн хаягаа буулгахаас өөр аргагүй. Одоо байшингийн ханан дээр хаяг тогтоож байсны ор болох хэдэн төмөр ёрдойн үлдэж энд нэгэн цагт “Тов тод” гэсэн бичиг байсныг надаас өөр хүн мэдэхээргүй болов. Хаалганы өмнө хэсэгт, дээр доргүй гүйж байж зөвшөөрөл авч хийсэн машины зогсоол эзгүй айлын буйр шиг хоосорч, хаанаас ч юм хийсэж ирсэн хаягдал цаас, модны навч зэрэгхэн хөглөрөх нь яг л миний сэтгэлийг даган хуйрагнах шиг санагдана. Тэгтэл хэзээ мөдгүй зогсчих нь уу гэмээр хуучин орос тэрэг сүрэн паран хийсээр ирж миний хийсэн зогсоол дээр өөрийн юм шиг зогслоо. Гэхдээ одоо би түүнийг хажиглах тэнхэлгүй болжээ. Би энэ машин хийгээд түүний жолоочийг мэдэхийн дээдээр мэднэ. Манай оффисын дээд давхрын айлын хүн л дээ. Намайг энэ зогсоолыг хийлгэсний дараа энэ хүн сэмхэн ирж машинаа тавьчихаад хаа нэг тийшээ алга болчихно. Угаасаа дөрөвхөн машины зогсоолыг хэлэх үү, үйлчлүүлэгчийнхээсээ өөр машин тавиулахгүй гэж энэ бүдүүн хар юмтай мөн ч их үзсэндээ. Урд нь машинаа тавьчихаад сэмхэн сэмхэн гишгээд л сүүтэг сүүтэг гээд алга болдог нөхөр чинь одоо нэгэнт тэгэх шаардлагагүй болсныг ойлгосон бололтой машинаасаа хөдөлж ядсаар бууж, хаалгаа ихээхэн дуутай хаагаад тэргээ тойрон алхлана. Би түүнийг нүднийхээ булангаар ажигласаар байв. Тэр шүдээ юугаар ч юм чигчиж, хаягны сорвитой хоосон хана руу нэг, над руу нэг ээлжлэн харснаа шүлсээ савируулан нулимаад энэ яваа насандаа хэзээ ч гүйж үзээгүй хүн шиг таахаг таахаг гэсээр байрны булан тойрлоо. Тойрохоосоо өмнө надруу нэг эргэж харсныг нь яана. Би хар багын л хор шартай. Тоглоом тоглосон ч хордож л байдаг нэгэн. Яг л энэ биеийнхээ хаа нэгтээ хар эрээн могой агуулдаг юм шиг л байдаг юм. Түүний энэ үйлдлийг анзаараагүй дүр үзүүлэвч дотор арзганан байж ядахдаа эгээтэй л шээс алдчихсангүй. Нурааж буулгана гэдэг эвлүүлж босгохоосоо амар байдаг болохоор төдөлгүй ажил дуусаж би гудамжны мухарт байрлах жижигхэн баранд өөрийн мэдэлгүй шахам ирсэн байв. Тэнд миний харах дуртай нэг нүдэнд дулаахан сайхан бүсгүй үйлчлэгч хийдэг юм. Энэ удаа би түүнийг харах гэж ирээгүй ч тэр сайхан хэвээрээ л байлаа. Гоо сайхан гэдэг үнэхээр гоо сайхан л юм даа гэж ямар ч үнэ төлбөргүйгээр бусдын нүдийг баясгах түүгээр бахархаж байлаа. Гэхдээ өнөөдөр тэгтлээ баясаад байх өдөр биш нь тодорхой. Би түүнд зуун грамм, нэг шил кока захилаа.
Миний нүдний өмнүүр ямар нэгэн гунигийн цуваа хөвөрч, чихний хажуугаар ялагдлын гаслант аялгуу атаа хорсол, хар хор дагуулан эгшиглсээр байлаа. Би дампуурлаа гээд амьдралынхаа хамгийн сүүлчийн найдлагыг алдаад сүйрч байгаа юм биш л дээ. Би залуу байна. Боломж гэдэг хаа нэгтээ байж л байгаа. Ямар ч нөхцөлөөс гарах гарц заавал байдаг гэдэгт би итгэдэг. Би хэд хоног амрах хэрэгтэй. Тэгээд л би дахиад ямар нэгэн юм сэтгэж л таараа. Харин би яагаад ингээд дампуурчихваа гэдэг л сонин байлаа. Миний эрхэлж байсан юм маань томхон бизнес хийдэг хүнд бол зүгээр л илүүдээ гарсан мөнгөө хий дэмий байлгаж байхаар эргүүлсэн болж хэн нэгэнд хоол залгуулах төдий л юм л даа.
Анх би энэ ажлаа дээд сургуулийн оюутан цагтаа нэг ширээнд зэрэгцэн сууж байсан найзтайгаа эхэлсэн юм. Түүнийг Зоригоо гэдэг. Тэр дуу шуу багатай архи тамхи хэргэлдэггүйгээс гадна аливаа юманд хичээнгүй, үнэнч гээд бүх л сайн сайхан зан чанар түүнд байдаг. Харин хааяа хааяа нэг л сонин гаж ч юм шиг хүлээж авахын аргаүй эсвэл мэдээжийн юман дээр нэг их гэнэн цраайлах гээд ч байгаа юм шиг ярина. Би эхэндээ түүнийг гайхдаг л байлаа. Анхны хичээл орсон өдөр л бид хоёр хамт сууж таарсан. Дөрвөн жилийн дараа гэхэд бид цугтаа суусан хэвээрээ л байсан юм. Хичээл номондоо тэр надаас хавьгүй дээр. Сургууль даяар бүх багш нар түүнд ам сайтай. Миний мэдэх охид бүсгүйчүүд “танай ангийн Зоригоо шиг хүнтэй суучихвал болоо, болоо” гэцгээдэг байлаа. Харин би бол өөр. Юм юманд үсчсэн, юухан хээхэн бусдад тайлбарласан, наагуур цаагуур харайсан. Янз бүрийн юм зохион байгуулсан өрөмний өт шиг нөхөр байв. Оюутан нас гэдэг хэдий хөгжилтэй сайхан байдаг ч нөгөө утгаараа юм юм дутагдаж гачигдсан ёстой л сэтгэлийн хөөрлөөр давдаг үе шиг байгаа юм. Тэгээд яахав дээ бид жаахан тарчигдуу. Харин манай Зоригоогийн түрийвч хэзээ ч хоосон байгаагүй. Тэр тийм баян уу гэвэл үгүй. Тэр хэзээ ч өөрийнхөө хэрэгцээнээс хэтрүүлж байгаагүй. Мөнгөтэй түүний хэрэгцээ, мөнгөгүй бидний хэрэгцээг гүйцдэггүй байсан гээд бод. Түүнийг мэддэг болохоор би бас хэр баргийн мөнгөний асуудалд хүндэрч байгаагүй гэхэд болно. Учир нь Зоригоо байгаа болохоор тэр л дээ. Түүнээс л зээлнэ. Сүүлдээ энэ байдлыг манай ангийхан мэдчихсэн Зоригоог ил далд мөн ч их зовоосондоо. Гэхдээ би бусдыг бодвол эрт орой хэзээ боловч зээлсэн мөнгөө төлдөг. Ядаж л өртэй гэдгээ мэддэг, мэдэгддэг байв. Энэ нь түүнд ч гэсэн муугүй санагддаг байсан байх. Бид хоёрын нэг ширээнд тохой залган суудаг маань ч нөлөөлсөн байж болох юм. Гэхдээ би түүнийг яаж цаг үргэлж мөнгөтэй байдгийг гайхсаар л байдаг байв. Тэгээд нэг өдөр юуны ч билээ хичээл орж байх үед
- Чи ер нь яаж ингэж үргэлж мөнгөтэй байж чаддаг байнаа гэж шивнэн асуулаа. Хичээлийн үеэр асуудаг нь хичээлдээ сатаараад надад санамсаргүй үг алдаж магадгүй гэсэн хэрэндээ л нарийн ухаан байлаа. Хүн нэг юмруу хэт анхаарч байх үедээ юмыг буруу ойлгох эсвэл гэнэ алдах тохиолдол байдаг шүү дээ. Тэгтэл Зоригоо
- Би бол цэнэглэгч гэж шивнэн хэлэв. Шивнэж ярьсан яриа тийм амттай байдгийг тэгэхэд би анх удаа мэдэрч, эмэгтэйчүүд шивнэж ярихдаа дуртай байдгийг ойлгох шиг болов. Магадгүй хүн шивнээ яриаг хүлээж авахдаа их л үнэмшилтэйгээр хүлээж авдаг байж болох л юм.
- Юу? Мөнгө үү?
- Тийм л гэсэн үг. Гэхдээ эхлээд хор . . .
- Юуу . . .? Юу яасан хор?
- Хороо, хор. Түүний төлөө хүмүүс надад мөнгө өгөхгүй юү.
- Ямар хор гээд байхад
- Хор л бол хор шүү дээ. Хар, цагаан зарим нь бүр өнгөтэй гэж мөн л шивнэв. Яг л тэгээд учрыг нь олдгийн даваан дээр багш биднийг анзаарч
- Тэр хоёр хөсрий яриагаа болиоч дээ. Эсвэл та хоёр энэ хичээл заа яршиг зүгээр гэж зандарснаар бидний яриа тасрав. Зоригоогийн хэлсэн үг тархинд эргэлдээд тэр өдрийн хичээлийг би ойлгосонгүй. Толгойд “Хор, хор, өнгөтэй хор” гэж үе үе орж ирнэ. Гай болоход хонх дуугарч өгөхгүй намайг бүр тарчилгаж орхив. Багшид мэдэгдэхгүй гэхдээ жижигхэн цаасан дээр “Тэгээд тэр хоронд чинь хүн хордох юм уу?” гэж бичгээр асуув. Тэгтэл тэр надруу нэг хачин харснаа “Тэгэлгүй яах юм. Эвгүй харьцвал амьтай болгон хордоно. Тэгээд л надаас авдаг байхгүй юү. За дараа . . . дараа . . .” гэж бичиж өгөв.
“Энэ золиг хор зардаг байх нь. Зоригоо ийм юм хиймээргүй юм даа. Хүн болгон л ам сайтай байдаг. Магтахаар ч хүн. Гэтэл ийм аюултай юм хийж явдаг байх гэж. Гэхдээ л үргэлж мөнгөтэй явдаг нь сайхан юм даа. Нээрээ! түүгээр нь хүн алдаг бол яанаа” гээд л хичээлийн хоёр цагийн турш элдвийн муу юм бодлоо. Бодол дундаа Зоригоог сэмээрхэн харна. Одоо харахад миний хажууд суудаг нөгөө номхон дөлгөөн Зоригоо биш хорлогч, том бүлгийн гар хөл болсон зэвүүн амьтан санагдаад сэтгэлд жихүүн оргиж эхлэв.Энэ бодолдоо итгэсээр завсарлагаа болоход хичнээн сонирхож байсан ч гэсэн би түүнээс хорны тухай асууж чадахааргүй болсон байлаа. Тэр хоронд хүн амьтан хорлогдоод, түүнийг мэдсэнээрээ хэзээ нэгэн цагт хэрэгт орчихгүй юмаа гэхэд гэрч мэрчээр татагдаад бөөн төвөг болно гэж санагдав. Тэр ч байтугай тэр хооронд Зоригоод хэдэн төгрөгний өртэйгөө тооцоолж хүртэл амжив. Бодвол өөрийгөө цэвэрлэж байгаа ухаантай юм байхаа даа. Тэгээд тэр өдөр түүнээс хорны тухай асууж чадсангүй. Зоригоо ч ашгүй хичээлдээ сатаараад тэр тухай ярьсангүй. “Гэхдээ чухам ямар хор юм бол” гэсэн бодол надаас салахгүй л байлаа. Би бодсон сансанаа шууд л гаргачихдаг сулавтар амтай нөхөр чинь энэ удаа харин ч нэг өөрийгөө барьсан даа. Тэр байтугай Зоригоог дахиад тэр хорныхоо тухай ярих вий гэж нэг баахан жийрхэж байсан гээч. Маргааш нь би хүнээс мөнгө зээлж, Зоригоогийн дансыг тэр дор нь дугуйлав. Хэзээ ч өрөө гүйцэд төлж байгаагүй намайг Зоригоо ихэд гайхангуй харж
- Яасан чи бурзайгаа юу? гэнэ. “Хор зардгаараа чи бурзгар байхдаа” гэж би бодов. Энэ удаа тэр урдын Зоригоо биш шал өөр харагдаж байсныг нуугаад яахав. Тэр мөнгөө авсандаа баярласан ч шинжгүй түрийвчиндээ хийхэд цаана нь миний өгснөөс хавьгүй их мөнгө харагдаж байв. Тэр өдрөөс хойш би Зоригоогоос мөнгө зээлэхгүйг хичээх болов. Амьхандаа муу муухай юмтай холбогдохгүй л гэхдээ тэр шүү дээ. Сүүлдээ нээрээ бодоод байхад энэ Зоригоо юм юманд биднээс хол давсан залжин аргатай юм шиг санагдаад байх боллоо. Шалгалт шүүлэг болоход бид элдвийн шипи хийж, яаж түүнийгээ гаргаж хуулах талаар туршлагаа хуваалцаж, энд тэндээ нуугаад л сүйд болж байхад Зоригоо нэг хуванцар шугамнаас өөр юмгүй л сууж байх. Тэгсэн хэрнээ өөрийнхөө асуултаас гадна минийхийг хариулж дөнгөдөг байлаа. Хичээл номоо тийм сайн мэддэг үү гэвэл үгүй шүү дээ. Хажууд нь хэдэн жил суусных би мэдэлгүй яахав. Гэтэл харин мань хүн хуванцар шугаман дээрээ санаа авах хэдэн томъёогоо зүүний үзүүрээр харагдахын аргагүй сийлчихсэн байдаг байгаа. Хүн харахад шугмаараа юм хийгээд суудаг юм. Миний аминд мөн ч их орсон л доо. Гэхдээ ийм нарийн аргыг Зоригоо яаж олсон байхав. Тэгэхээр энэ хорны наймааг бас сэтгэсэн гээд бодохоор нэг л хачин. Энэ яав ч өөдтэй эд биш гэдгийг би амьдралынхаа хар ухаанаар мэдрээд, энэндээ би бүрэн итгэж авлаа.
Тэгтэл нэг өдөр хичээл тараад буудал руу алхаж явтал ардаас Зоригоо гүйж ирээд
- Найз нь чамтай нэг юм зөвлөх гэсэн юмаа гэнгүүт надад нэг л эвгүй совин татаад явчихлаа.
- Юу юм бол доо? Би мэдэх юм болов уу? гэж нилээн жийрхсэн янзтайгаар асуухад
- Яагаав нөгөө эртээр хичээл дээр ярьж байсан хор мор гээд л . . .
“За баларсан. Нөгөө гайтай хороо яриад эхэллээ. Яадаг билээ” гэж бодоод энэ ярианаас салах аргаа хайсан хэдий ч үгүй ээ бас тэгээд эр хүн шүү юм болохоор айснаа мэдэгдэхгүйг хичээн
- Эр хүн шулуухан нь дээр. Наадхыгаа өөр хүнтэй ярь гээд л туучихлаа. Тэгтэл Зоригоо
- Чи бид хоёр хэдэн жил найзалсан найзууд. Үүнийг хийчих юм бол хэн хэндээ хэрэгтэй байна. Хоёр хүн нийлэхээр бидний ажил улам л хүчтэй болж цаашаа өргөжөөд, түрийвч чинь хүртэл зузаарна шүү дээ” гэж арзайтал инээлээ.
“Хуцваа, муу новш чинь хоосныг минь далимдуулж бас хэрэгт хийхнээ. Энэ муусайн хорон санаатай юмнууд хичнээн хүн хордуулаа бол. Одоо бас намайгаа хөлдөө чирэх нь л дээ. Тэгдэг ч үгүй байх шүү. Дуугай хүн дороо нойтон гэж энэ муу яасан муухай новш вэ. Би ч би. Энэнтэй ийм ч юм ярьж байх гэж. Эртхэн шиг цагдаад хэлсэн нь дээр юм байна. Харин одоо аяыг нь дагуулж байгаад хурхан салахаа л бодъё” гэж тэрүүхэн хооронд би комьпютерээс хурдан баахан юм бодоод амжив. Тэгээд
- За би чамайг сонсож л байна шүү дээ гэж хүйтэвтэр өнгөөр хэллээ. Тэгсэн чинь нөгөөх чинь хамаг арьсаа үрчийлгэн инээмсэглэв. Урд нь их л дулаахан царайтай залуу байх шиг байсан. Тэр үед ямар хүйтэн санагдсан гээч
- Чамайг би ухаантай гэж мэддэг юмаа. Тэгээд ч намайг дэмжинэ гэдэгт итгэж байсан юм гээд л ихэд олзуурхав. “Солиордог гар вэ чи муу. Чамтай нийлж хүн алдаг нь ч би биш байх шүү” гэж бодож байсан ч түүнийгээ мэдэгдсэнгүй. Тэгсэн Зоригоо
- Хоёулаа одоохондоо аж ахуйн нэгж байгуулнаа.
“Өө за за. Одоо бүр албан ёсны болгож байгаад . . . айн . . . Энэ муу ер нь ямар цустай бол? Аягүй бол гадны хольцтой юм болов уу гэж бодонгуутаа
- Танай аав ээж чинь аль аймгийнх билээ? гэж намайг тэс өөр юм асуухад Зоригоогийн нүд нь нэг их томорч ирснээ царай нь хачин болов. “Ээ, хэрэггүй асууж. Намайг гадарласныг мэдчих шиг боллоо. Би нээрээ гэнэн юмаа” гэж бодож зогстол
- Чи чинь юугаа асуугаад байгаа юм бэ? Манай эцэг эх хаанахынх байх нь энд ямар хамаатай юм бэ гэлээ. Энэ муу асуултаас булзах гээд байгаа нь надад бүр мэдэгдээд байв. “Аягүй бол урд хилийн ойролцоох аймгийн “но”-той нөхөр ч байж мэднэ” гэж бодоод
- Үгүй, яахав дээ зүгээр сонирхсон юм
- Хөвсгөлийнх. “Өө, бүр таг хойд зүгийн аймгийн нэр хэлдэг байна ш дээ”
- Хоёулаа юу? Нээрээ юү?
- Чи одоо яагаад байгаа юм бэ? Тэнэг хүн шиг шал өөр юм яриад, солиороод байх юм. Би чамд хэлээд байна шүү дээ. Үүнийг хийх гэхээр ганцаардаад байнаа гэж. Хоёулаа бол ийш тийшээ гүйгээд юм хөөцөлдөж байхад хурдан түргэн. Тэр хэмжээгээрээ мөнгө орж ирнэ шүү дээ гээд л нүд нь гялалзаад л муу новш чинь зэвүүн байнаа. Бодвол намайг өөрийнхөө ятгалганд ороод байна гэж бодоод байгаа бололтой. Гэнэт миний дургүй хүрч
- Чадахгүй ээ, чадахгүй. Хүн чадахгүй гээд байхад үхсэндээ хүн ээрээд байгаа юм. Юун хор мор. Бас өнгөтэй өнгөгүйгээр нь ялгаад хуцаад байж гэнэ гэж би бараг хашгирах шахам хэллээ. Зоригоо миний дуунд бондгос хийн цочсоноо намайг өөрийнх нь муу үйлийг гадарласан гэж бодсон байх царай нь илт уруу дорой боллоо. Гэхдээ тэрийгээ нуух гэж намайг эрүүл үү гэсэн маягтай хараад байнаа бас. Үнэн муу санаатай. Би мэдэлгүй дээ. Тэгтэл бүр шалдаа буусан хүний дуугаар
- Ээ, би чамайг зөвшөөрнө гэж бодсон юм. Надад итгэлтэй хүн хэрэгтэй байна л даа. Тэгээд ч чи намайг бодвол сэргэлэн юм чинь яг тохирно гэж бодсон юм гээд цаасан малгай өмсгөж байна шүү. Ярианы өнгө ч ерөнхийдөө энэ удаа завсарлах шинжтэй сулраад явчихлаа. Бид ч алхсаар автобусны буудал дөхөөд ирэв. Тэгэхээр нь
- За за би яараад байна. Үнэндээ би чадахгүй байх гээд ирсэн автобус руу үсрээд орчихлоо. Сандарсандаа хаанахын автобус болохыг ч анзаарсангүй. Зоригоо миний суусан автобусыг нэг их мэлэрч гайхсан эсвэл харууссан нүдээр гөлөрсөөр хоцорлоо. “Ямар зэвүүн лагаа вэ. Бүр хүн хорлохын тулд нарийн арга хэрэглэж жижигхэн байгууллага хүртэл байгуулдаг байх нь байна шүү дээ. Аягүй бол миний нэр дээр гэрчилгээгээ аваад, намайг хөлдөө чирэх нь байна. Ёстой муу санааны үүр юм даа. Одоо шууд очоод цагдаад хэлчихдэг юм билүү. Гэхдээ яг одоохондоо надад барин тавим нотлох баримт байхгүй болохоор дэмий юмаа даа” гэж бодсоор ганц буудал яваад тэртээ тэргүй мөнгөгүй тул кондукторт суганыхаа дотор талыг голоо таслуулах шахам чимхүүлээд буулаа. “Эд нар яаж ингэж хүний эмзэг газрыг нарийн мэдэж чимхдэг байнаа” гэж бодсоор гэртээ иртэл орцны өмнө хэн байсан гээч. Өнөө зэвхий царайт чинь аль хэдийн түрүүлээд ирчихсэн зогсож байдаг байгаа. Мөнгөтэйгээрээ дээрлхэж байгаа нь тэр. Тэр одоо миний найз гэдэг ойлголтноос бараг гарч байлаа. “За баларсан шүү. Энэ муу бүр намайг олзолж авчихаад салахгүй нь ээ” гэж бодоод яах ухаанаа олох гэж ганц нэг сажилсан болж алхаж явахдаа “Ерөөсөө хэлснийг зөвшөөрсөн болж бүгдийг мэдэж аваад, цагдаад хэлэх баримттай болж авъя” гэсэн санаа орж ирлээ. Сандарч тэвдэж явахдаа ч овоо санаа олчихдог нь миний онцлог л доо. Бөхөөр зүйрлэвэл унаж явахдаа ч мэх хийдэг гэсэн үг юм уу даа. Тэгээд их л яршигласан царай гаргаж
- Чи тэгээд юу бодож олчихоод хүн ээрээд байгаа юм дээ?
- Харин чи яагаад ийм хачин зан гаргаад байгаа юм бэ? Хүн хамтдаа л юм хийе гэж байхад. Алийн болгон ингэж хүн хүнээс мөнгө зээлээч гэж гуйж явах юм бэ? Тийм биздээ? “Уа! Ёо ёо гэж. Бас хүнд заах санаатай. Бүр халаас хоосноор минь далимдуулж тархи угаах нь. Яршиг гуай л байна. Хичнээн хоосон ч гэсэн хүн хордуулахдаа тулаагүй шүү” гэж бодсон ч би түүнд хэлсэнгүй.
- Тэгээд яг яах юм? Юу хийх юм? гээд шууд л асуулаа даа.
- Хоёулаа аж ахуйн нэгж байгуулна. Гэхдээ эхэндээ лиценз авахад л болно. Яваандаа өргөжинө. “Лицензтэй алуурчин. Догь л юм” гэж бодоод
- Бас лиценз хэрэгтэй юм уу?
- Тиймээ. Тэгээд тамга тэмдэгтэй болвол албан байгууллагаас мөнгөн гүйлгээ хийхэд амар юм шиг байна. Дандаа бэлэн мөнгөөр гэхээр болохгүй юм. Ер нь албан байгууллагууд л бидний гол үйлчлүүлэгч болох байх. Бөөндөө амар юм гэнгүүт би тэсэлгүй
- Өө, хөө бүр байгууллагаар нь . . . айн . . .баллаж өгөх нь ээ?
- Тэгнэ шүү дээ. Алж өгнөө. Тэгээд халаасандаа үргэлж мөнгөтэй гээд хуруугаа имрэхэд царайд нь шунал буцлах шиг гэрэлтэж, бүр цагаандаа гарч байгаа нь илт. Би бүр байж ядахдаа
- Битгий хуцаад бай. Чи муу ямар зэвүүн новш вэ Тэр бохир зүйлийг чинь би хийхгүй за гэсэн чинь өнөөхийн чинь царай зэвхийрэн
- Яагаад вэ? Би чамайг ер ойлгохоо байлаа. Энэ чинь их хөнгөн ажлаа. Гар хурууны үзүүрээр л хийх учир гар л жаахан бохир болохоос өөр ядаргаа байхгүй шүү дээ.
- Гар хуруу бохиртох ч яамай байнаа. Харин наад сэтгэл зүрх чинь . . . гэж үгээ гүйцээж чадалгүй амьсгаадаад
- Чи ер нь хүн юм уу? Эсвэл . . .
- Чи нээрээ яагаад байгаа юм бэ? Мөнгө олоход сэтгэл зүрхээр яах юм? гэхээр нь нэг муухай орилох гэснээ миний толгойд нөгөө баримтаа баталгаажуулах санаа эргэн ирж “Ерөөсөө л энэ новшийг өнөө орой л гэхэд цагдаад заавал өгье” гэж шийдлээ. Тэгээд
- Чи тэгээд хамгийн гол юмаа хаанаас нийлүүлэх юм?
- Хамгийн гол юм гэж?
- Үгүй яахав дээ нөгөө хор . . . гэхэд тэр миний мөрөн дээр алгадаж
- Гол юмаа урдаас оруулж ирнэ. Би нүхээ олчихсон байгаа. Гэхдээ одоохондоо нууц. Харин мөнгөний бололцоо тааруухан байгаа учир эхэндээ бага багаар оруулна. Яваандаа томорхоороо бөөнөөр нь оруулаад нурааж өгнөө.
- Хил гаалийг яах болж байна? гэж муу новшийг уг үндсийг нь хүртэл яриулах гэхдээ нилээн шургуу асуулаа.
- Тэр чинь харин асуудал шүү. Гэхдээ аргалнаа гэж байна. Миний бодож байгаа болгон батлагдсаар байгаа тул “Чамайг ч тэгж ч галзууруулахгүй байх шүү” гэж бодож байв. Одоо Зоригоо надад манай ангийн, тэр байтугай надтай тохой залган суудаг оюутан биш, улс үндэстэн дамжсан хорлон сүйтгэгчдийн гар хөл мэт харагдана. Тэгээд би түүнийг тагнаж, үг алдуулах ажилдаа нэгэнт улайрсан байв.
- Хороо ч яахав оруулаад ирлээ гэж бодъё. Тэгээд цаашаа яах вэ?
- Яахав дээ. Зар тараана. Тэгээд л хэрэгтэй улс нь аяндаа гүйгээд ирнэ дээ гэснээ
- За за чи нэгэнт зөвшөөрсөн болохоор маргааш үргэжлүүлье гэснээ надад ойртож
- Хүнд битгий хэлээрэй. Тэгвэл нууцаа алдлаа гэсэн үг шүү. Хамаг юм будаа болно гэж мэдээрэй гэж шивнээд яваад өгөв. Яагаад ч юм шивнэх гэхээсээ илүү занаж байгаа юм шиг санагдав. Би гэртээ ороод цай ундаа уух гэсэн боловч сэтгэл санаа нэг л тогтож өгдөггүй. Уг нь өнөө орой л муу хүүрийг бариад өгчихмөөр. Гэтэл өшөө бага сага юм нэмээд дуулчихвал мөн ч хэрэгтэй байдаг. Намайг гэнэт зөвшөөрчихөөр мань хүн сэжиг авчихав уу. Яадаг юм билээ гэж бодохоор дотор арзганаад болдоггүй ээ. Тэгээд түүний хойноос гарахаар шийдлээ. Гэрт нь очиж хамаг юмыг нь мэдэж аваад өнөө орой л цагдаад мэдэгдсэн нь дээр. Үгүй тэгээд намайг иймэрхүү юм бодоод байгааг гадарлаад сүйд болох вий дээ. Яг барилцаад авбал ямар бол. Надаас жаахан өндөр ч билүү гэх шиг янз бүрийн юм бодогдоод байх. Яг гарахынхаа өмнө бас юмыг яаж мэдэхэв гэж санаад нэг цаасан дээр “Би Зоригоогийнд очихоор явлаа. Хэрэг гарвал Зоригоогоос өөр хүн намайг мэдэхгүй шүү!!!”бичээд орхилоо.
Түрүүхэн Зоригоо намайг ээрч хоргоогоод л сүйд болж байсан бол одоо би Зоригоогийн араас явж байлаа. Явах замдаа сайн муу элдвийн л юм бодож байв. Нэг болохоор муу чөтгөрийн хамаг бульхайг мэдчихээд өөрийгөө түүнд хорлуулж байгаагаар төсөөлнө. Тэгснээ айж ч байх шиг. Нөгөө болохоор хорлон сүйтгэгчийг барьж баатарлаг үйлс бүтээж байгаагаар бодно. Бүр зурагт мурагтаар гарах гээд байгаа юм уу хаашаа юм. Сурвалжлагч юм асуувал юу гэж хариулах билээ гэж бодож байх шиг. Хүний бодол мөрөөдөл гэдэг жолоогүй юм чинь дээ юу хамаагүй бодсоор нэг л мэдэхэд гэрийнх нь гадаа ирсэн байлаа. Хаалгыг нь тогштол нилээд удаж байж хаалгаа тайлав. Намайг үүдэнд зогсож байсанд нүд амаа гурвалжлуулаад л сүртэй гэгч нь харж байна. Би ч “энэ муу хар авчихав уу даа” гэж бодож амжив. Түүний гар хуруу нь нил хар юм болжээ. Би ч яг үйлдэл дээр нь ороод ирчихсэн бололтой. “Өнөө орой ч эднийхээс энэ, эсвэл би л амьд гарах юм байна даа” гэж бодуут гар хоосноо санаж гаднаас ядаж ганц чулуу ч болтугай халаасандаа хийж чадаагүй дээ харамсав. Тэгтэл Зоригоо
- Яасан? Яагаад хүрээд ирэв? Ороо ч гэлээ. Би маш болгоомжтойгоор хөлөө зөөж ядан оров.
- Өмдөндөө баачихсан юм шиг юун даа хөдөлж ядаад байгаа юм бэ? “Хаалгаа хурдхан хаах гэж их яарч байх шив дээ” гэж санав. Тэгээд
- Би түрүүнийхээ яриаг үргэлжлүүлэх гээд л . . . гэж үгээ сунжруулан хэлэв. Өөрийгөө ажвал ээрээд ч байгаа юм шиг их сонин.
- Аан! Тэгвэл би чамд одоо үзүүлье. Чи хардаа гар хуруу ийм л болдог юм шүү дээ гэж хар гараа үзүүллээ. Түүний араас явж байхдаа “Одоо хэдэн амьтан хордуулчихсан татвагнуулж байдаг бол” гэж бодохоор хамаг бие салганан чичирч, хар хөлс чийхран амьсгаа давхцаж байв. Яг энэ мөчид “Үхсэнээ хийж наашаа салгалж ирэв ээ” гэж өөрийгөө харааж байлаа. Тэгээд ерөөсөө болье гэж санаад эргээд хаалга руу сэмээрхэн гэтлээ. Гэтэл
- Хүүе! Чи хаачихна вэ? гэж ар дагзан дээр хэлэх шиг санагдаад тархи ангалзав.
- Үгүй ээ би түр гараад ирдэг юм уу гэж ээрч мууран хэлсэн болов. Тэгтэл
- Нэгэнт ороод ирчихсэн юм чинь харчихаад гар л даа. Их барьсан ч үмхий, бага барьсан ч үмхий гээд надаас зулгаалаа. Би ч айсандаа
Үргэлжлэл бий . . .





Бүрэн эхээрээ

За энэ удаа ч нэг баахан хөгөөн дэлгэлээ. Нөгөө галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөв гэдэг л боллоо. Хүн нэг юмнаас хааяа учиргүй уйддагаа даа. Би гэдэг амьтан бор “костюм”-наасаа гэнэтхэн уйдав аа. Тэгээд бусад залуу блогчидыг дуурайгаад гангарахаар шийдээд гарч өглөө. Олон ч загварын “хувцас” өмсөж үзэв. Гоё нь ч гоё юмаа. Хүнийг хувцас чимдэг атал би хувцсаа гутаагаад байх юмаа. Яаваа даа даана ч.
Цав цагаан костюм өмсөв. Гялгардаад байна, гялгардаад байна. Бас нэг их гоё дэвтэр дэлгээд, кофе уусан шиг хэд хонов. Зүрх дэлсээд болох биш ээ. За тэгээд явж, явж голсон юм голд орж, шилсэн юм шил хазав гэгчээр өнөө муу бор “костюм”аа л эргээд углав шүү. Хуучин ч гэсэн халуу дүүгээд л . . . Биенд эвтэйхэн гэж . . .
Нээрээ та нарт дуулгахад ийшээ гээд ороорой. Тэнд үгүй ээ мөн олон загварын “хувцас” байна шүү. Орж гангараарай. Мэдээж үнэгүй.
За за энэ удаа та нарт хоёр блог санал болгомоор байна. Над мэт нь эдгээр блогийг дүгнэх нь илүүц биз.
1-д нь: Энэ блог хуучин боловч ойрд сэргээх маягтай шинэ зохиолоосоо оруулсан байсан.
2-т нь: Энэ бол яах аргагүй шинэ блог байсан. Оруулж буй зохиолууд нь бас л аятайхан юм билээ.
Блог ертөнцөд шинээр алхаж байгаа хүмүүст урам хайрлахад буруу юу байхав. Хэсэг хугацааны дараа тэд мөн л та нар шиг цахиур хагалсан блогчид болцгооно. . .




Бүрэн эхээрээ