# #

Нэрэлхэлгүйгээр - 6



За хө "наам таг" гэдэг шиг таг чиг байж байгаад нэг ийм "юм" боогоод орхилоо. Редактороор нь манай адтай, авъяастай нэгэн блогчин ажиллав. Та бүхэн түүнийг нэвт шувт мэднэ. Гэхдээ энэ утгаар нь түүнийг сонгосонгүй. Бичиг цаасанд олон жил даруулж хэвтсэнийг нь харсан болохоор.(Заримдаа бас өөрөө бичиг цаасыг алийг нь алдуулдаг байсан гэсэн)
Үгүй дээ үгүй, Хэвлэл мэдээллийн байгууллагад олон жил ажилласан туршлагатай болохоор нь гуйсан хэрэг. Давхар ухаандаа бол би ахмадаараа далимдуулж загнуулахыг хүсээгүйдээ тэр хэ хэ. Дашрамд, Адъяадаа гүн талархсанаа илэрхийлье. Мөн "Ирмүүн" агентлагийн зураач Ган-Эрдэнэ, дизайнер Отгонсүх нартаа баярлаад баярлаад ханашгүй.

Чимхлүүр

Блог хэмээх бодит юм шиг атлаа бодрол бясалгалын хийсвэр ертөнцөд, компьютерийн цаанаас Т.Бум-Эрдэнэ гэгч зохиолчийг уншаад дөрвөн жил болжээ. Анх Бумаа нэрийг хараад эмэгтэй хүн гэж боддог байлаа.
Зөвхөн эмэгтэй хүний л, тэр дундаа нэлээд мэдрэмжтэй, аливааг элсний ширхэг мэт нарийвчлан харж, бодож эргэцүүлдэг бүсгүй хүний мэдэрч чадах тэр л торгон мэдрэмж, эмзэг турьхан атлаа эрэлхэг, ухаалаг өгүүлэмжүүдийг унших тусам энэ бодол маань батлагддагсан.
Харин жил гаруйн өмнө нүүр тулах завшаан тохиож, “61 ах” номыг өөрөөс нь гардахдаа нөгөө дэндүү чимхлүүр мэдрэмжтэй зохиолч маань эрэгтэй хүн байсныг, бүр нас тогтож яваа тулхтайхан ах болохыг хараад гайхаж билээ. Яаж мэдрэхээрээ үг бүр нь залуухан бүсгүй өдөөр гуниг зурах шиг тунгалаг, утга санаа нь давтагдашгүй атлаа таашгүй, олон үйлдэлт оньсон тоглоом мэт нууцлаг байдаг байнаа гэж дуу алдах шахсан.
Өнөөдөр түүний дөрөв дэх ном хэвлэлтээс гарч байна. Хэвлэлтээс ч гэж, зохиолчийн нөгөө л хэтийдсэн мэдрэмжээс, төсөөллөөс, сэтгэлд нь амилж, алсарч явдаг өнгө будагнуудаас төрөн гарч байна. Эхлэл, төгсгөл нь ойлгомжтой энгийн санаануудыг эвлүүлж урласан юм шиг атлаа санаанд оромгүй шаглаа, хажлага хамжааргагүй холбоос, зөн совинд хэзээ ч буухааргүй зүү ороолтууд . . . Хайчгүй эсгэж, оёдолгүй урласан дээл нэг иймэрхүү болдог ч юм болов уу.
Дурласан бүсгүйг бүдэгхэн үзэмжит аялгуу тойрон эргэлддэгийг, буйд ахуйн үдэш зөөлөн гуниг агч мод шиг үнэртдэгийг, усан бороонд уйтгар нэрэн алхахад газрын судас гүрэлздэгийг, үхлийн өмнө хүртэл хормойгоо хямгадан эрхэмсэг оршиж болдогийг, зөөлөн хатуу энэ орчлонд зөвхөн дурсамжаар цадах өдөр ирдэгийг нээрээ мэддэг ч юм шиг, үгүй ч юм шиг.
Гучин настай бүсгүй . . . Хөнгөхөн шүүрс алдмаар ч юм уу. Магадгүй эмэгтэй хүний хамгийн сайхан нас байх. Жимсээр бол гүйцэд боловсорч, дарсаар бол амт үнэрийн хамгийн оргил зохицолдоо ирсэн мэт. Үүнээс хойш гоо үзэсгэлэн алхам алхмаар нүүр буруулж, хорвоо хоёр нүүрээ харуулах юм шиг сэтгэлийн мухарт сэмхэн гуниг хааяа бударна. Хорин хэдтэй хонгор үетэйгээ харьцуулахад аливааг байгаагаар нь ойлгож, хамгийн ойроос мэдэрч чадах тэр л үе. Чухамхүү гучтай бүсгүйн сэтгэлд л ханиа хайрлах хайр, хорьтой залуугийн сэтгэлийн хөөрөлд автсан догдлол хоёр зэрэгцэн оршиж чадна. Магад үүнийг биеэр туулж байж л ойлгох байх. Харин зохиогчийг аль насандаа гуч гарч буй “бүсгүй” байсныг гайхаж ядна.
Өнөөх . . . Хүн болгонд “өнөөх” бий. Дотор сэтгэлтэйгээ, дотоод хүнтэйгээ ярилцдаггүй, зөвлөдөггүй нэгэн гэж үгүй биз. Харин өнөөх нь өөрөөс тань хүчтэй бол гадаад ертөнцөд таныг яаж харагдуулах вэ . . . Бидний “гажиг” гэж хардаг хүмүүс харин ч дотоод сэтгэлийн хүч ихтэй, хором саатаад сонсвол хосгүй хүмүүс болж таарав уу. Сэтгэцийн юмтай хүмүүст дотоод сэтгэлийн асар том урлан оршдогийг “Зураас”-т ч бас таталжээ.
Хүний цорын ганц өмч бол бодол. Гэр бүл, хань ижил, ажил алба, эд хөрөнгө бүгд чинийх биш. Харин бодол л чиний мэдлийнх. Тиймдээ ч бид юу ч бодож болно. Аз болоход “юу ч бодож болдог орчлон” юм даа. Амьдралын эд эс бүхнийг бодол л өнгө зүстэй болгодог. Харин анзаарч хардаггүй, хэн ч тоомгүй атлаа хэт энгийн хором мөчүүд өөрөө амьдралыг утга учиртай болгодог аж. Ийм энгийн байх гэж...
Бүтээлүүд нь араанд уусаад өнгөрөх амтат чихэр гэхээсээ илүү хүлхэх тусам амт ордог хатуу хурууд шиг тослог, эргэн эргэн бодмоглоход этгээд мөлжүүртэй байдаг нь Бумаа ахыг бусдаас ялгаж өгдөг онцлог юм уу даа.
Өөрийг өгүүлмээргүй, зүгээр л уншигч таны мэлмий, мэдрэмжид үлдээхийг хүснэм би. Хэзээнээсээ хэт сэтгэлд хүрсэн зүйлээ хэлэх, ярих эвээ олдоггүй хачин зангийн маань илрэл энэ буюу. Харин, ариутган шүүх үүрэг хүлээсэн хэрнээ өгүүллэгүүдийг засч янзлах гэхээсээ унших тусам ухаарал авч, зохиолын дүрүүдтэй хамт гунихдаа гуньж, хөгжихдөө хөхиж, мэдэрч, эмтэрч байснаа л хэлж чадна...
Редактор Э.Адъяасүрэн
2011. 10. 20

16 comments:

НЭМЭХ ХАСАХ said...

Миний амьдралын хаа нэгтээ бас таарч л байсан байх даа, хөөрхий Өнөөх.
ШИНЭ НОМОО БАРИНТАГЛАСАНД БАЯР ХҮРГЭЕ. Таны бичлэгүүд таалагддаг болохоор гаргасан бүрийг чинь алгасахгүй байхыг хичээдэг шүү. Удахгүй номын дэлгүүр орохоороо авч уншинаа.

beku said...

Хэдэн сар шахам таны өгүүллэгийг уншаагүйн байна. Ангасан юм шиг бушуухан гүйж очоод авахаас. Нээрээ үнэнчээр уншигчынхаа давуу аргыг ашиглаад таниар гарын үсэг зуруулж авмаар байна:)

Бум said...

+ ба -: Баярлалаа.
Беку: Тэгээрэй бололгүй яахав. яриарай.

ZAYA said...

Уран бүтээлийн улам их амжилт хүсье.
Блогтоо зах зухаас нь оруулж болох уу?
Ер нь бол эхээрээ нь уншилгүй яахав.

Ganzo said...
This comment has been removed by the author.
Ганзо said...

Таныг ч янзын барьж авсан шүү гэхүү, 2-уулаа ч сайхан таарсан даа гэхүү:)

Номыг тань уншаад эхэлсэн. Дуусмагцаа сэтгэгдлээ энд үлдээж, хавь ойрынхондоо сонирхуулнаа. Та ч бас дүүгийнхээ номыг хараад үнэт шүүмжээ хайрлаарай.

Б.Батзаяа said...

За ахдаа баяр хүргэе. Үйлс бүтэг.

Бум said...

Заяа: Баярлалаа. Болноо болно
Ганзо: Тэгнээ. Гэхдээ ах нь орйд нэг юман дээр суугаад зав жаахан тиймхэн байгаа
Батзаяа: Баярлалаа дүүд.

Anonymous said...

Goyoschine jiliin belegtei bolloo.Ih udaan huleesnii daraa saihan medee sonsloo. Amjilt. Berlin

munkhuu said...

iim uchirtai alga bolchihson yum bii.
margaash nomiin delguur oroedoo

rusty_nail said...

ah ch oroihon garaad shiruuhen darj bn daa. bayar hurgii. ta tegeed blogtoo yum haaya hiij bn bizdee

rusty_nail said...

ah ch oroihon garaad shiruuhen darj bn daa. bayar hurgii. ta tegeed blogtoo yum haaya hiij bn bizdee

Khulan Jugder said...

Танд баяр хүргэе!
Өчигдөрхөн номын дэлгүүрт харсан юм байна. :)

Anonymous said...

"A hug is worth a thousand words. A friend is worth more." гэжий шүү Бумаа ахаа :-)
бөөн бөөн амжилт...

Ebe

boloroo said...

2 жилийн өмнө таны Өнөөх, Эмэгтэй ном, 61 ах гэсэн номнуудыг дарааллаад уншиж байлаа. Их сайхан сэтгэлд хүрсэн өгүүллэгүүд байсан шүү. Тэр эрчиндээ гадаадаас ирсэн эгчдээ бэлэглэж байж билээ. Уржигдар ажилдаа ирж явтал урд нэг хүү хажуудаа хүнтэй яваа мэт ярилцаад л тоглоод л инээгээд л яваад байсан. Гэнэт таны Өнөөх өгүүллэг санаанд орсон шүү хэхэ. Амжилт хүсье.

Бум said...

boloroo: Тийм үү? ямар хөөрхөн юм тэр хүү чинь. хэрвээ тийм хүүтэй таарвал хэнтэй яриад бгааг нь асуухсан