# #
Showing posts with label Монологи. Show all posts
Showing posts with label Монологи. Show all posts

Мягмар гаригийн монологи

5 Сэтгэгдэлүүд:

Утас дуугарч байна. Авлаа

- Байна уу? Бумбаарай юу? Оххом! (хоолой засах авиа) Гангаа нь байна. Тийн. Танай контейнерийн түлхүүр танайд бий гэнэ. Ганхавх байна. Ах нь офицерүүдийн ордны зүүн талд . . . тэгээд танайхан сайн биз? Оххом! түлхүүр нь байвал хоёр ширээ хэрэг байна. Миний хүүгийн ажил нь . . . ах нь энд нэг өрөө түрээслээд, түлхүүр чинь танайд байгаа биз дээ? Ах нь уншиж байгаа. Муу аав нь байсан бол . . . даанч зав гарахгүй юм. Ганц нэг хүний хордлого мордлого тайлсан шиг суувал тэдэнд ч, надад ч хэрэгтэй юм. Тийн аштай юу. Оххом! Бичээд байх хэрэгтэй. Ганхавх байна. За тэгээд ахдаа хэлээрэй . . .за . . . за . . . Оххом! гэсээр утас тасарлаа. Би ганц үг ган хийж амжсангүй.

Энэ яриаг хэрийн хүн ойлгохгүй ч би ойлгоно. Энэ бол миний ганц авга ах Ганхавх (сайхан монгол нэр) гэдэг насаараа хүүхдийн эмч хийсэн одоо далан дөрөвтэй өвгөн. Дарь-Эхэд хамаатны хашаанд нэг контейнер байх бөгөөд орон сууцанд шигдсэн ойрын ах дүү нар тэнд новшоо чихдэг гэж байгаа. Тэндээс л хоёр ширээ авах гэхдээ түлхүүр асууж байгаа бололтой юм. Байсгээд л хоолойгоо засдаг нь хэвшил болчихсон. Нэг өгүүлбэрийг эхлээд дуусгалгүй дараагийнхийг залгуулан ярина. Тэгээд эргээд эхнийхээ өгүүлбэрт орно. Дундуур нь хоолойгоо засна. Тэгээд өөр нэгийг эхлэнэ. Эхлэхдээ дундаас нь эхлэнэ. Хөгширсөндөө биш. Залуугийн тэгж ярина. Намайг багад Гангаа ах гэж их ганган, сайхан бас их сүрлэг ах байдагсан. Одоо харвал нэг өвгөн байж мэдэх ч миний хувьд одоо ч гэсэн сэтгэлд минь тэр л сайхан ах хэвээрээ. Аавыг минь өөд болсноос хойш аавтай адилхан ч харагдах шиг. “Үхрийн хугархай хавирга гэдэг өгүүллэгийн Норов бол яг би мөн” гэж ярих. Манайхан гэж сав л хийвэл идчих гээд байдаг улс. Удмаараа. Эмээ маань “Эвий гэж идэж байгааг нь манайхны л хүн юм даа” гэж танихгүй хүнийг ч хамаагүй хэлж л суудагсан. Аав маань хүртэл хааяахан орохоор өмнө минь юм овоолчихоод “Ид, ид миний хүү” гээд цорвойдог хүн байв. Аавын нэг ах, нэг эгч, нэг дүү нь өнөө амьд сэрүүн. Боов, боорцог сүү, тарагхан бариад хааяахан нэг тойрдог гэж байгаа.
Өнөөдөр Гангаагийнд очих гээд гартал машин явдаггүй өдөр (мягмар) байж таарав. За тэр ч яахав. Барс захаар орж үхрийн ганц сайхан хавирга аваад (зориуд) очно гэж бодож яваа. Барс руу тавиад ортол үхрийн ястай мах 7500, Халаасаа ухтал ердөө 20000 төг. Хүрэх нь тодорхой. Тавиултал 1кл 800гр 13600 төг. Авчихаж байгаа юм. Бас нэг сүү 1900, дээшээ гараад нэг зөөлөн боов авч байна. Голоороо цагаантай хорхойны нэртэй (яг санахгүй юм) Худалдагч нэрийг нь хэлэх үед “энэ хорхой ямар амттай байдаг бол” гэж бодож зогссон болохоос цээжилсэнгүй. Ингээд халаасанд 3400 төг үлдэв. Өнөөдөр мөн л зах ажилладаггүй өдөр (мягмар) тул нарны замаар микро явдаггүй болж таарав. Автобус явдаг шиг санагдаад хүлээлээ, байдаггүй. Уг нь замын цагдаагийн газар өнгөрөөд Натур төвийн харалдаа буух гээд байгаа. Тэгтэл хоёр гартаа том тортой юм барьсан надаас нас нилээн залуувтар бүсгүй миний хажууд ирлээ. Бас л унаа хүлээж байгаа нь тодорхой. Бумбаарай сэтгэж байнаа. “Энэ лав такси барина. Хуваачихъя” гэж бодож байгаа юм. Ойролцоогоор 1400 гарна. Хуваавал 700 орчим болно. Буцах мөнгөтэй гэсэн үг.
- Өөрөө хаа хүрэх вэ? гэтэл
- Амгалан гэчихээд хэрэггүй ч хэлэв үү гэсэн янзтай намайг дээрээс минь доош нь нэвт шувт ширвээд эгээтэй л харцаараа хамаг хувцсыг минь шувталчихсангүй.
- Би замын цагдаа өнгөрөөд л буух юм. Хуваачих уу?
- Тэгье л дээ. Манай эрчүүд нээрээ сэтгэнэ шүү гээд инээлээ. Нэг машиныг ганцхан дохиод л зогсоож байгаа юм. Тэр түрүүлж, би дараалж (замд буух) сууцгаав.
- Хаа явах вэ?
- Амгалан
Жолооч урамтай нь аргагүй хаазаа гишгэж байна. Хоёулаа хувааж байгаагаа жолоочоос нуугаад байгаа бололтой. Яагаадыг бүү мэд. Бие бие рүүгээ сэм хараад чикадаад байгаа. Замын цагдаагийн газар өнгөрч, гүүр давангуут гэнэдүүлэх маягтай
- Би бууна. Зогсдоо гэвэл такси зогслоо. Бүсгүй над руу инээмсэглээд харцаараа мөнгөө нэхэж байна. Халаасандаа гараа шургуулж имэрч, имэрч 1000-г гаргалаа. Цэвэрхэн ч сугаллаа. 300 харимаар ч юм шиг. За за ямар нэхэлтэй нь биш. Хүүхэн рүү сарвайтал
- Юу вэ? Манайх хүртэл 4000 гардаг ш дээ
- Тэгээд?
- Хуваана гээ биз дээ?
Тэрүүхэн хооронд “Нээрээ ч тийм билүү” гэж бодогдоод явчихлаа шүү.
- Тийм биз дээ? гэх хахирган дуунаас цочих маягтай болж
- Аан, тиймээ тийм гээд дахиад 1000-г нэмчихлээ.
- Манай эрчүүл нээрээ, голоо цохисон сонион . . . гэсээр хаалга хаагдаж такси хаазаа гишгэлээ. Нэг л биш санагдаад болох биш. Бодоод байсан чинь би яах гэж түүнтэй такси хувааснаа ер ойлгосонгүй. Ганцаараа явбал 1400 л гарах газар шүү дээ . . .

Ахынд ирлээ. Ах алга.
- Өө Бумбаарай гээд Оюун эгч (эхнэр нь) үнсэв.
- Гангаа хаачаав?
- Цаадах чинь намайг бодвол ажилтай хүн шүү дээ
- Энийг ахад . . . (ууттай хавиргаа сарвайв)
- Ээ хөөрхий дөө. (хоолой нь зангирав) Одоо хэлчихвэл ажлаа хаяад гүйгээд ирнэ. Орой сайхан чанаж өгье. (Идэх юмгүй дээ биш л дээ. Энд манайхны нэг тийм симбол явагдаад байгаа юм.) Бараг хоёр цаг орчим ярьж суугаад ахынхаас гарлаа. Гангаа руу залгав.
- Оххом! ... Хэн бэ?
- Бумбаарай байна.
- Аан, миний хүү юу? Ганхавх байна. Тийн. Оххом! Ах нь гэрээсээ өглөө л гарсан. Нэг өрөө түрээслээд. Чи юмаа бичиж байгаа биз? Ах нь ойрд бие их сайн байгаа . . . (арай хийн тасалж)
- Та нөгөө түлхүүр гээд. Би танайд орхиод . . .
- Юун түлхүүр? Ах нь аваагүй. Надад байхгүй. Тийн. Оххом! Би тэгж хэлсэн бил үү? Ах нь уншилгүй яахав. Уншиж байгаа. Оройдоо л гэртээ харина. Тийн. Тэгээд ширээтэй болчихсон л доо
- За, за ахаа би дараа ирнээ.
- Тэгье, тэгье танайд очъё. Оххом! . . . дүүд .. . дүүд.
“Би юу хийгээд, хаана явнаа” гэсэн бодол зуралзана. Халаасандаа гараа шургуулж тэмтэрвэл гэртээ харих 1400 төг байгаа л юм шиг. “Одоо л хүнтэй хуваахгүй юм шүү” гэж бат нот бодож байгаа юм . . . За, за манайхан гэж нэг иймэрхүү . . .
Ингэхэд, хүн ирээдүйгээ мэдэрч болдог л юм байна . . .
Бүрэн эхээрээ...

Ааваа - 4

9 Сэтгэгдэлүүд:

Аав маань хүүдээ ойрд ирсэнгүй. Бүр зүүднээсээ гуйгаад ч байдаггүй шүү. Аятайхан л яваа юм болов уу даа...

Миний аав 1967 онд буюу намайг төрдөг жил их сургуулийг төгсөж Сэлэнгэ аймгийн шүдэнзний үйлдвэрт эдийн засагчаар томилогдож очсон байдаг. Яг тэр 60,70-аад оны залуусын нэгэн адил утга зохиолыг шимтэн уншдаг, уран зохиолын фронтод зүтгэгчдийг туйлаас хүндэлдэг, тэднийг биширдэг нэгэн байв.
Ном унших дур сонирхол нь аажимдаа монголын уран зохиолоос хальж, улам бүр цаашилахад тухайн үеийн ганц гарц болсон орос хэлийг гэрээр сурахад хүргэсэн байдаг.
“Нэг л мэдэхэд аав нь орос номыг монгол ном шиг л уншдаг болсон байсан” гэж намайг 5-р ангид байхад ярьж билээ. Тэр жил манай ангид орос хэл зааж эхэлсэн болохоор аавынхаа маш хатуу хэллэгтэй болохыг анзаарч байсан юм. Хожимоо унших судлах сонирхол нь дорно дахин руу шилжиж бас л өөрөө оролдон байж уйгаржин монгол бичгээ сураад (аавын өсөж торнисон тэр он жилүүд уйгаржин бичгийг заагаагүй завсрын үе таарсан байдаг) Гулирансын “Үүлэн зардасыг” крилл монгол руу хөрвүүлсэн юм. Энэ бол хэрийн хүн хийхээр ажил биш л дээ.
Аав маань номонд хайртай нэгэн байв. Ямар ч навсархай номыг хавтаслана, наана, хадна, үднэ. Тэтгэвэрт гарахынхаа урд жил ХХҮЯ-ны архивт ажилласан юм. Тэгэхдээ илүү гарсан хаягдал хатуу бор картон цаасыг “хулгайлсан” гэж байгаа. Яаж байгаа юм бэ гэж намайг асуухад “Яадгийн” гэсэн ганцхан үг хариулсан юм.
Төдөлгүй тийм бор хавтастай номнууд манайд борооны дараах мөөг шиг гарч ирсэн. Бодвол тэр “хулгайны” л үр дүн байх.
Аав биднийг номонд дуртай болгох гэж хэрээрээ нөлөөлдөг байсан. Нөлөөлөх гэдэг нь аав бидэнд уурлах нь битгий хэл муухай ч харж байгаагүй хүн. Тиймээс биднийг аливаад шахдаггүй байлаа. Зүгээр л, юухан хээхэн хийх зуураа зүсэн бүрийн номыг нүдэнд харагдтал ярьдаг байв. Их гэр амьтай байсан юм байхаа даа. Юм л бол гэртээ хоол хийж, юм угааж эсвэл ном уншиж сууна. Тэр үед угаалгын машин ч гэж байсангүй. Учиргүй ухаалаг хүү ч байгаагүй байж.
Шадар гурван цэрэг, Шерлок Холмс, Жонон гуйлгачин хоёр гэх мэтчилэн яриад барагдахгүй. Эрэлхэг цэрэг Швейкийг ярих гэж өөрөө инээсээр байгаад таарах. Тэгэх тусам бидэнд улам их унших дур төрөх. Гэхдээ миний хамгийн бага дүүгээс бусад нь аавын хүссэн шиг ном уншигч болоогүй юм. Харин манай бага дүү гэж орныхоо өмнө ном хураасан хүн болсон юмдаг. Одоо ч тэр хэвээрээ.
Аав маань уншиж судалсан нь их байсан болоод тэр үү хааяа нэг бичсэн шүлэг, өгүүллэгийг уншихаар үг нь цэгцтэй бас их оночтой байгаа санагддаг. (Би дүгнэж хэрхэн зүрхлэх)
Миний номын анд Б.Номинчимэд аавыг сайн танина. “Өвгөн дажгүй биз” гээд гүйж явах. Тэр хоёр нийлэхээрээ ном их ярина. Номин анд аавын “Нууц товчооны адуу” хэмээх найраглалыг МонЦаМэ-гийн мэдээ сонины 2011.4.22-ны дугаарт эхний 9-н бадгийг хэвлүүлж өгөв. (Сонин зай багатай учраас)

Аав маань мөн ч их баярласан даа. Тэр хавар бол аав шөнөдөө ёолж, өдөртөө бидэнд зовиургүй мэт харагдах гэж хичээдэг байсан үе. (Босож ч чадахгүй, хэвтэж ч чадахгүй зөвхөн нэг л хэлбэрээр суудаг байсан үе. Нойр булчирхайн хорт хавдараас болж бүх л эрхтэн, яс нь хүртэл хавдарт идэгдсэн тул мэдрэлийн судалуудад нөлөөлөөд хөдөлж чадахгүй болсон юм. Тэр хавар миний төрсөн ээж ирж, хойд ээжийн хамт 45 хоног тасралтгүй хоёр талд нь бөмбөгнөсөөр аавыг эцсийн замд нь үдсэн. Бусад хүн гайхаж магадгүй л дээ. Гэхдээ тэр үед манай гэр бүлд алдаа онооны дэнс нэгэн мөчлүүрт тэнцэж, гэм зэм, гэмшил цагаатгалын учиг гэгээ татуулах шиг санагдсан. Одоо хоёр ээж минь бие биенээ үе үехэн үгүйлдэг, хааяахан учирвал халуун цай хувааж уудаг хоёр. Хүний орчлонд уучилж өршөөхийн ариуныг үүнээс өөрөөр бидэнд яаж ойлгуулах билээ дээ. За за хадуурах гэж байна. Уг нь би зөвхөн аавынхаа уран зохиол талын дурсамж өгүүлэх гэсэн юм )
Дараа нь Галаарид анд маань тэр сонингийн хуудсыг барьж аавынд ирээд (миний эзгүйд) “Таны энэ найраглалыг уншлаа. Үнэхээр сайхан найраглал байна. Монголын нууц товчоог гадаад дотоодын олон хүн ухаж хоолоо олж иддэг. Гэхдээ тань шиг энэ өнцгөөс нь харсан нэг ч хүнийг би мэдэхгүй. Би үүнийг чинь өөрийн эрхлэн гаргадаг “Гэрэлт цалиг” сэтгүүлд хэвлэмээр байна. Та зөвшөөрөх үү? гэж ирсэн байдаг. Аав хачин их баярлаж. Тэгээд Галаа урамшуулал болгон хэсэг мөнгө өгсөнийг аав амьдралынхаа сүүлийн өдрүүдэд ирсэн хүн (үнэндээ бол салах ёс хийхээр) болгонд ярьж суусансан. (Галааг ирснээс хойш яг тав хоногийн дараа аав маань энэ хорвоог орхисон. Энэ нь 2011.5.11 байв)
Нас барснаас нь хойш Галаагийн “Гэрэлт цалиг” сэтгүүлд аавын маань “Нууц товчооны адуунаас” гадна хэд хэдэн өгүүллэг гарсан.

Энэ бол миний андын аавд минь босгосон гэрэлт хөшөө болно.

“Цог” сэтгүүлийг эрхлэн гаргадаг Арлааны Эрдэнэ-Очир анд маань (Энэ үед Эрдэн-Очир бид хоёр ичнээ танил байв) “Нууц товчооны адуу” найраглалыг, “Зээргэнэтийн гол” гэж хачин сайхан өгүүллэгийн мөн тэр ондоо “Цог” сэтгүүлд хэвлэн гаргаж байв.
Тэгсэн Эрдэнэ-Очир саяхан нэг над руу залгаад “Хүүе, аавын чинь нэг өгүүллэг босон суун бодогдоод болдоггүй. Над руу нэг шидээч” гэж байна. Ямар? гэсэн чинь “Үхрийн хавирга гэж байна” Тэгээд энэ оны эхний дугаартаа багтаан “Үхрийн хугархай хавирга” гэдэг өгүүллэгийг хэвлүүлсэн.
Одоо орчлонд байхгүй болсон ч гэсэн үр хүүхдээс нь нэхэж байгаад хэвлүүлж өгсөн Эрдэнэ-Очирын энэ сэтгэлийг би юутай ч харьцуулж үл чадна. Аавын минь байхгүй ч уран бүтээл нь хүмүүст мэр сэрхэн уншигдаж байгаад би баярлахгүй яахав. Сайхан үйл гэдэг хэзээ ч, хэдийд ч сайхан байх юм даа. Миний эргэн тойрон ийм л найзууд байдаг учраас өөрт заяасан хүний хорвоог хазгай хэлтгийгээр харж чадахгүй явна.
Аав маань ердөө гурван ном хэвлүүлсэн юм. Хоёрыг нь амьд ахуйдаа хэвлүүлсэн.
(Нэг нь өнгөрснийх нь дараа буюу гэрт байсан бүх гар бичмэлийг нь ерөөс редакторлалгүйгээр хэвлүүлээд буяны өдөр нь ах дүү нарт тарааж өгсөн)
“Та залуудаа номоо хэвлүүлэхгүй яасан юм?” гэж нэг удаа намайг асуухад аав нэг мушийснаа “Миний хүү, одоо л хүмүүс ингэж юм бичдэг болж дур зоргоороо галзуурцгааж байгаа болохоос ном хэвлүүлнэ гэдэг чинь жаахан онцгой хүмүүсийн ихээхэн зориг шаардсан үйл шүү дээ” гэж билээ. Үүнийг сонсоод би өөрөөсөө л их ичиж суусан. (тэр үед би нэг номтой байв) Бодвол энэ үгээрээ намайг “Даруулгатайхан яваарай” гэж хэлж байсан байхаа гэж санадаг.
“Боов боорцогхоныг гуйж идэж болно. Харин бодол санаагаа хэнээс ч битгий гуйж байгаарай” гэж хэлсэн үг нь одоо ч санаанаас гарахгүй л явна. Магадгүй, цаашдаа ч зүрхний минь ховдолд хадаатай үлдэх биз ээ.


Хүү Бум-Эрдэнэ.

Бүрэн эхээрээ...

Хөг хайсан монологи

3 Сэтгэгдэлүүд:


Миний сэтгэл юунд хөглөгддөг юм бол? гэж заримдаа өөрөөсөө асуух нь бий. Гэвч учиргүй олчихсон нь ховор. Гэхдээ өнөө өглөөнийх шиг ийм зөөлөн шиврээ бороо намайг хааш нь ч юм дагуулан оддоггийг мэдэрдэг болоод их удаж байна. Борооны түм буман дуслуудыг ширтэж (гөлөрч) зогсохдоо би (бодол санаа минь ч байж магад) буй орчлонгоосоо тасарчихдаг.
Бороонд норж буй бүхэнд би тэгтлээ эмзэглэддэггүй. (Шившээ бороонд бэвийтлээ шилбүүрдүүлэн уруудан зогсоо адуунаас бусдыг) Харин бороон дуслуудыг өөрсдийг нь их өрөвддөг. Ялангуяа хад чулуун дээр тааран бут үсэрч байгаа тэдгээр дуслуудыг харахаар хэн нэгний итгэл найдвар тас үсэрч байгаа юм шиг мэдрэмж төрж, цээжний гүнд нэг тийм хачин гүн харууслын очис манас хийх шиг болох нь бий.
Эцсийн дүндээ хүмүүсийн ярьдгаар хөнгөн гуниг (ганцаардал) л сэтгэлийг минь хөнддөг бололтой. За тэгээд үүн дээр Игорь Крутой гэдэг нөхрийн зарим нэг аязыг сонсчихвол ер бусын ганцаардал (жаргал)-д умбачихна шүү дээ. Би бусдаасаа юугаараа ялгаатай гэж. Зарим нэгэн маань бусдаас өөр болох гэж тэмүүлэх. Харин би хүн төрөлхтөнтэй хачин ижил байгаадаа баярлах . . .

Бүрэн эхээрээ...

Наадмын маргаашийн монологи

0 Сэтгэгдэлүүд:

Өнөө өглөө зүсэр бороо зүүдний манан мэт хөшчихөж. Яг л аавын минь нулимс шиг. Өчигдөрхөн наадам гэж барианд ирэх морьдоо аньсган завсраа нулимстай хавчуулж, даваа ахих бөхчүүдээ дагаж, гуяа базаж суусансан. Гэтэл өнөөдөр гартаа аяга кофе барьчихаад цонхоороо харан уйтгарлан зогсоно. (бас л кофе гэж битгий бодоорой, гарт байгаа минь л энэ)
Богд уулын минь оройд тэнгэр эцэг ирээд суучихаж. Баахан бараан бодолд автаа юу гэмээр байдгаараа хүрлийчихэж. Яасан юм бол доо, зайлуул. Хэн нэгэнд хэлэх үгтэй ирээ юм болов уу.
Би удаан харж чадсангүй. Аягүй бол дагаад гэгэлзэх янзтай.
Буцаад РС-нийхээ ард суулаа. Товчлуур дээгүүр хэдэн хуруу минь харайвч үсгээ онож буй нь үл мэдрэгдэнэ. Ухаан бодолд минь уйтгар дунд дүнхийх Богд уул бодогдоод болох биш. Борооны зөөлөн шиврээ гуниг гижигдэн цонх тогшино. Болохгүй юм болдоггүй л юм байна. Босохоос өөр арга үлдсэнгүй.
Буцаад цонхондоо ирлээ. Буурал уул минь будан уусаад харагдсангүй. Насан багын нэгэн зураглал нүднээ тодрох. Нэг өдөр эцэг эх хоёр маань нэг их чанга дуугаар хэрэлдэв. Тэгснээ чив чимээгүй болчих. Айж бэргэсэн би сэмхэн шагайж харвал аав эжий хоёр минь тэврэлдээд аньсагаа норгон, амьсгаагаа нэгтгэж, зүрх зүрхээ учирлан, сэтгэл сэтгэлээ өршөөн зогсох шиг харагдсансан. Одоо бодоход тэд маань амьдралаа л чимэж байсан нь тэр байх. Яг л түүн шиг тэнгэр эцэг газар эхийг тэврээд тийм их гунигаар уйлах шиг.
Тиймээ, тэнгэр газар нитгэрээд тэр гэхийн тэмдэггүй болчихож. Магадгүй маргаашийн сайхны төлөө өнөөдөр тэд маань уйлцгааж байгаа юм байхаа даа. Нар хурайлж, сэтгэл тэнийлгэсэн сайхан өдрүүд ирэхдээ л ирнэ дээ.
Өө хө, би чинь Жанцанноров гуайн “Нар сарны зааг”-ийг чихэвчээрээ сонсож байгаа мартчихаж.
Бүрэн эхээрээ...

Бороотой өдрийн монологи

0 Сэтгэгдэлүүд:

Уртын харайлтын спортын сайхныг нь мэдэхгүй ч олимпийн анхны төрлүүдийн нэг гэдгийг мэднэ. Өнөөдөр гэнэтхэн бороо цутгаад ойрд энэ спортоор "хичээллээгүйгээ" саналаа. Уг спорт нь их холоос гүйж ирээд харайхынхаа өмнөхөн яг л цагаан зээр шиг хол, хол гишгээд дээр, дээр дэгдээд харайж байгаа харагддаг.
Харин миний харайх орчин бол их өөр л дөө. Юун холоос гүйх, тэр битгий хэл тэрүүхэн хөлийн таваг багтах төдий талбайгаас ганц хөлөөрөө шууд, маш огцом тийрэлт аван харайх ёстой. Санаагаар юм бол би ихээ дээшээ цоройгоод, агаарт жигүйдэх маягтай болж ирэнгүүт хаана буухаа шилж сонгоод, ихээ хол харайж байгаа юм. Энэ үед үс маань инерцээрээ дээшилж алгуурхан доошилж байх шиг санагдана. Яг л шампуны реклам юм даа. Би энэ удаа хачин амжилттай бас ч үгүй хачин уран маягтай нэг харайлаа шүү. Тэгсэн хажуугаар өнгөрсөн нэг авгай миний харайсан тогоол усыг шал пал хийлгэж туулангаа
- Яагаад байгаа лүдэв дээ. Ус үсчүүлээд өтөл залгаж байгаа юм байж тохьгүй гэдэг нь гээд цэхвэлзлээд бас зүгээр ч үгүй залуухан бүсгүй хайртдаа үнсүүлэхдээ өрөөсөн хөлөө өргөдөг шиг хөлөө нэг их "эвгүй" сойж харууллаа. Тэгсэн усны гутлаа надад харуулж байгаа юмсанж.
- Авчихаач гээд ширвэлзэв.
Уг нь энэ спортын төрлөөр олимпоос медаль авхуулчих гээд л манай хотод ус зайлуулах хоолой байдаггүйг энэ авгай бид хоёр яаж ч мэдэхэв дээ.
Бүрэн эхээрээ...

Өглөөний монологи

0 Сэтгэгдэлүүд:

Өнөө өглөө кофеныхоо шилэн савыг унагаад хагалчихдаг юм байна. Гар хөлний мэдрэмжинд "насны онцлог" ирж буй бололтой. "За ямар кофе амлаж хүн болсон биш" гэсэн эх оронч, эсвэл эгэл боргил бодол орж ирж байна, тархинд. Жаахан суулаа.
Гадаа бороо ороод зуслан сэрүүн. Хуучны нар сар гэрэлтэм модон байшин түрээсэлсэн нь гороо гаргаж гэртээ 1 шанага, 4 аяга, 2 хоёр хувинг бас ч овоо ончийг нь олж тосоод эргэж суулаа. Энэ тэнд под, под дуугарч байснаа савныхаа хэмжээнээс хамаарч дуслын чимээ өөр болж байна. Чол чол, пол пол, гэх мэтээр. Хөгжим гэж өөртөө романтиклав. Дээвэр шиврэн (заримдаа нүргэлэн) буух бороон дуслууд нь арын симфони найрал нь бололтой.
Анх үзэхдээ л энд тэнд нь онгорхой цоорхой гэдгийг нь анзаарсан л даа. Гэхдээ нэгэнт нар салхинд гарах гэж зуслан гарч байгаа юм чинь өдөр шөнөгүй л зорилгодоо үнэн ч байя гээд бодчихсон хэрэг.
Гэрийнхэн маань халуун хөнжлөөсөө хошуугаа ч цухуйлгахгүй унтах.
Унтаж буй хүнийг даанч нэг хайрлах
Гэм хийсэн хүн шиг би хөвөнтэй дээл нөмрөн, РС-ны ард чичрэх.
Урд насандаа чоно явсан нэг өвгөн (өгүүллэгийн маань баатар л даа)
Одоо хонь болчихоод чоноос зугатаж яваа юм, зайлуул
Үгүй тэгсэн хэрнээ ус гүйсэн улцан ногоон нүдээр намайг хараад
кофе нэхээд салахгүй юм. (бариулж үхэх гэж энэ бид хоёр кофегоор яанаа)
Нээрээ, халуун кофетой ч болоосой . . .
Гэнэтхэн ухаан орж шүүгч цаасанд кофегоо боогоод цай хандлах мэт чаналаа. Хачин сайхан. Ухаан муут ууж идэхдээ уургын морь гэдэг дээ. Миний жаргаж суугаа гэж. . .
Харин өнөө хонь маань байхгүй, дашийн шог. Дасгал сайн хийхгүй залхуу хог.
За яахав. Би чинь долоон өөр саванд ус тоссон, долоон өнгийн хөг аялгуутай хүндээ. Симфони биш юмаа гэхэд "Усан шогшоо" гэдэг аяз бичвэл Жанцанноров гуай салахаа больчихдог юм болов уу?
Нойр хоолондоо сайн бол ажил аандаа бүтнээ гэж . . . үнэн бололтой юмаа. . .
Бүрэн эхээрээ...

Буруу талдаа жолоотой машин авсан бол хохь нь

5 Сэтгэгдэлүүд:

UBS -ийн хэлэлцүүлэг үзээд. . .

Би Бат-Үүл даргын бүх л үйл ажиллагааг дэмждэг юм. Дэмжинэ ч гэж түүний багт санал өгсөн. Хүн төрсөн нутгаа (ялангуяа монгол хүн) өр цээжиндээ ихэд нандигнан хадгалдаг. Сүүлийн үед хотжилтын "уршгаар" УБ-ыг маань даанч нэг хайргүй эдэлсэн дээ. Тэрэнд их харамсдаг байлаа. Харин энэ жилээс ихээ дорвитой арга хэмжээнүүдийг авч эхэлсэнд УБ-чуудад (надад) маш их таалагдаж байгаа. Цаашдаа авах үйл ажиллагааг нь сонсоход ч гэсэн дэмжихгүй байхын аргагүй. Нутгийн унаган хүүхдийн хийх л ёстой, тэгсэн хэрнээ эрсдэлтэй (дарга нарын айдаг нэр хүнд унах) алхамуудыг зоригтой хөндөж байгаа.
Харин нэг л алхамыг шууд дэмжиж чадахгүй байна.Энэ нь буруу жолооны хүрдтэй ТХ-ийг бүтэн сайнд явуулахгүй байх. Бүтэн сайнд хорьдог нь хүний эрх чөлөөнд (машин унах) шууд халдсан болно. Яагаад ийм хүрдтэй ТХ худалдаж авсан хүн 7 хоногт нэг өдөр, сард 4-н өдөр, дээр нь дугаарын хязгаарлалтаа нэмбэл сард нийт 8 өдөр машин жолоодох эрхээ хасуулах билээ? Угаасаа "энэ хууль бусаа" гээд хориод байхад нь зөрөөд (хууль зөрчөөд) том толгойлсон бол одоо яая гэхэв. Тэгтэл үгүй ш дээ. Зөвшөөрсөн учраас л авсан. Гэтэл тэгснээрээ ялгаварлан гадуурхагдах болчих гээд байна. Цаашдаа Монголд байгаа буруу хүрдтэй ТХ устаж үгүй болтол энэ арга хэмжээ үргэлжилнээ гэвэл дор хаяж 20 жил болно. Дөч гарсан миний нас бараг хүрэхгүй. Үхтлээ бүтэнсайнд машин барих эрхгүй гэсэн үг. За болноо, Нийтийн ТХ хөгжлөө гэж бодоод зөвшөөрөхөд бас учир бий. Хөдөө салхинд гэр бүлээрээ явлаа гэхэд ажилтай улс хагассайнд яваад хагассайндаа л заавал буцаж (даваа гаригт ажилтай) ирэх хэрэгтэй г.м. Энийг цааш нь ургуулаад бодвол их юм болно.
Тэгэхээр яах вэ? Энэ арга хэмжээний гол нь зорилго хоёр салаа үзүүртэй болчихоод ойлгогдсонгүй. Бат-Үүлийн амыг сайн ажигласан боловч ойлгоогүй. Харин сүүлд өөр юм ярьж байхад нь "зуны их ачааллаас л эртхэн сэрэмжилсэн" юм болов уу гэж бодогдсон.
Зорилго:
1. Буруу хүрдтэй ТХ-ийг аажмаар хорих гээд байгаа юм уу
2. Эсвэл хотын хөдөлгөөний ачааллыг багасгах гээд байгаа юм уу? сайн ялгагдсангүй.
Хэрвээ хөдөлгөөний ачааллыг багасгах гэж байгаа бол тэртээ тэргүй нийт ТХ-ийн бараг 50% нь байгаа юм чинь хагассайнд зүүн талдаа хүрдтэй ТХ-ийг, бүтэнсайнд баруун талдаа хүрдтэй ТХ-ийг явуулахгүй ээ гэвэл болж байна. Энэ бол тэгш эрхтэй тусна. Ачаалал ч багасана. Зорилго биелнэ. Яг дугаараар хязгаарладаг шиг. Дугаараар хязгаарлах нь тэгш эрхтэй учраас нийт машинтай иргэдэд дэмжигдсэн юм ш дээ.
Харин буруу хүрдтэй ТХ-ийг аажмаар хорих гэж байгаа бол хотын биш улсын хэмжээний зорилго болно. Тэгвэл гаднаас орж ирж байгаа ижил төрлийн ТХ-ийг шууд зогсоогоод, жолооны хүрдийг шилжүүлдэг цех ажиллуулахад л үндсэндээ 2 жилийн дотор шийдэгдчихнэ. Гэхдээ ийм ТХ-тэй иргэдийн санхүүд нөлөөлөхгүй байх хэрэгтэй. Учир нь тухайн үед ийм ТХ оруулахыг зөвшөөрсөн төрийн "том" дарга нарын балгийг иргэд үүрэх ёсгүй ээ. Төр "эрх хүүхдийнхээ" иймэрхүү алдааг төр өөрөө хариуц л даа.
Уг нь бол манайх жолооны дүрмийн хувьд зөв талдаа хүрдтэй ТХ -ийн дүрмийн конвенц-д нэгддэг юм байна. Тэгэхээр бүх ТХ зөв талдаа хүрдтэй байх ёстой. Ийм болгохыг би дэмжиж байна. Цаашдаа үр хүүхдэд маань ч хэрэгтэй. Гэхдээ ийм, жолоо барих эрхийг хязгаарласан аргаар биш.
За тэгээд надтай санал нэг байвал share хийгээрэй. Энэ сарын 20 нд дахин санал хураах юм гэсэн. Аан тийм. Хэрвээ санал асуулга зөвшөөрчихвөл адил 1,1 болно. Хайнаа яаж хагалахаа бас хэлээгүй шүү.

БГД-ийн 3-р хорооны иргэн Т.Бум-Эрдэнэ
Бүрэн эхээрээ...

Ааваа – 3

11 Сэтгэгдэлүүд:

- Сайн уу? Ааваа
- Сайн. Хүү минь сайн уу даа?
- Сайн л явна даа
- Миний хүү юунд ингэтлээ гуниа вэ? Бие хаа нь зүгээр биз?
- Зүгээрээ . . . Ойрд танайхаар ирсэнгүй. Таньтай ч уулзсангүй . . .
- Харин тийм. Чи ер харагдахгүй юм. Би ч эндээс ямар гарах биш. Гадаа, нар салхи, навч цэцэг юу болж байгааг ч мэдэж байгаа юм алга. Битүү дээ, чамайг харж л суух юм

- Зав зай муухан талдаа л байна . . .
- За даа, мэдэхгүй. Чи ингээд ирэхээрээ л худлаа яриад байдаг шүү. Энүүгээр шурхийгээд гарахад тэгж их зав зайгаа дуудатлаа цаг орох уу?
- Та ч хүүгээ нэг загнах гээд л байнаа даа?
- Чи л хүсээд байгаа юм биш үү?
- Хүсэх гэхээр юу юм. Хүсээгүй гэхээр хаашаа ч юм л болчихоод байна. Заримдаа таны загнах, үглэх хүртэл үгүйлэгдэх юм байна шүү дээ
- Чиний наад царай зүс чинь бүүдийгээд . . . Уугаад байгаа юмаа даа, чи. Уулзахгүй юм чинь гэж бодоод яваа юм уу?
- За яалаа гэж дээ. Нэг их уусан ч юм алга.
- Уухайс, тэгээд биеэ өмөөрөөд бай чи. Өөрийгөө өмөөрөх, өрөвдөх гэдэг чинь үнэ цэнийг чинь барж байдаг юм, хүү минь. Хүн үнэтэй байх хэрэгтэй
- Ойрдоо ажил төрөл жаахан бүтэмж муутай . . . Тэгээд л . . .
- Тэр тусмаа л улам чангарч, чанаржиж, тэмцэж, тэнцэж явдаг баймаар. Гэтэл ингэтлээ шалчийж, хулчийх хэрэг юу байна? Уусан хүний ажил бүтдэг гэж би л дуулаагүй юм байна. Сэхээтэй, сүйхээтэй, тэвчээртэй, тэнхээтэй яв. Чи чинь миний хүү шүү дээ.
- Та ч хэлдэг хэдэн үгээ л хэлж байх шив. Урд нь ч ийм л байсан. Одоо ч хэвээрээ.
- Олон хэлүүлж байгаа бол чиний л муугийнх
- Тийм дээ, миний мууг л дуудаж байвал танд сайхан . . .
- Надаас өөр хэлэх хүн чамд байх уу? Харин ч бүр чаддаг бол ороолгоод авмаар байна. Даанч . . . чадахгүй, болохгүйгийн чандыг яалтай.
- Нээрээ, тийм болохоор би ийм зоригтой байгаа юм болов уу? Түүнээс биш өдийд гөлөлзөж суумаар юм
- Аавынхаа өөдөөс арсалдахыг зориг гэдэггүй юм. Аливааг ухаарахад тийм их зориг хэрэггүй.
- Арсалдах гэснээс ааваа, би хамгийн анх танд алгадуулснаа мартдаггүй. Та санадаг уу?
- Үгүй. Хэзээ юм бол доо?
- Би айлын хүүхдүүдтэй бөмбөг тоглоод . . .
- Тэгээд?
- Тэгээд яахав, хүүхдүүд юм хойно маргалдаад, сүүлдээ зодолдохгүй юү. Тэгсэн чинь бидний чимээнээр та гарч ирээд учир зүйг нь ч ололгүй “ингээд хүнтэй муудаад бай” гээд намайг алгадаад авсан. Уг нь сайн ярьвал миний зөв байсан л даа.
- Түүнээс хойш аав нь чамайг зодсон уу?
- Үгүй. Хэзээ ч . . . Би ч хүнтэй муудаагүй.
- Тэгвэл чи бид хоёрын хэн, хэн нь гэмшиж л дээ
- Гэмших л гэх юм. Чухамдаа яг юу юм бэ? Бууж өгөлт юм уу? Эсвэл ухаарал юм уу?
- Гэмшиж ухаарах гэдэг нь чи өөрөө ойлгож байгаа биш чамд ойлгуулж байгаа юм
- Танд ийм тохиолдол байсан л байх даа?
- Амьдралынхаа турш. Амьдралд зөвхөн гэмшил, ухаарал дээр тогтдог үе олон бий. Үнэндээ бол юуг хаанаас нь яаж харснаас их зүйл хамаардаг болов уу? Амьдралыг алтны цаанаас харвал амьдрал мөнгөн дээр тогтоно. Түүн шиг худал хуурмаг дээр, алдаан дээр, тэмцэл дээр, хайр дээр тогтож байх жишээтэй. Хэрвээ архины араас харвал амьдрал чинь тэр чигээрээ л арз юм шүү дээ
- Та уудаг байсан уу?
- Чи бид хоёр энэ тал дээр ялгаатай
- Уудаггүй байсан гэсэн үг үү?
- Чи надаас асууж байна. Харин хүүхдүүд чинь чамаас асуухгүй. Үүгээрээ л ялгаатай.
- . . .
- Гомдох хэрэггүй дээ, миний хүү
- Би гомдоогүй ээ, ааваа
- Гомдож байнаа. Эцэг хүн хүүхдүүдээ дандаа мэддэг шигээ бас тэдэндээ үргэлж итгэж байдаг юм.
- Та тэгээд миний юунд итгэж байгаа юм?
- Уухгүй ээ гэдэгт
- Би одоо уухгүй ээ, ааваа
- Тийм ээ, миний хүү уухгүй. Ингэхэд чи бичиж байгаа юу?
- Бичиж байгаа
- Бас л худлаа сонсогдоод байна даа
- Яг үнэндээ бол . . .
- Гацчихаа юу?
- Нэг л болохгүй юм
- Хүмүүсээс таагүй үг сонсож ээ дээ
- Аль алиныг нь сонсож явна.
- Аль нь ч чамд хэрэггүй. Ямар тэдэнд өртэй биш. Гагцхүү үнэнч л бай.
- Хэнд?
- Дүрдээ, баатартаа . . . Тэд хэлмээр байгаагаа хэлж, хиймээр байгаагаа хийж л байг. Чамд ер хамаа байхгүй. Битгий хажуугаас нь нөлөөл. Зоргоороо л байцгааг
- Тэгэхээр чинь шал балай юмнууд болчих юм биш үү?
- Зохиолч хүний тархинд балай юм ордоггүй юм.
- . . .
- Яасан? Яагаад ингэтлээ санаа алдав?
- Зүгээрээ, Санаа алдмаар санагдаад. Дотор ч онгойчих шиг
- Миний хүү ирж бай. Орж, гарч бай. Ямар ч эр хүнд ягтах үе гэж байдаг юм шүү дээ.
- Тэгье ээ, ааваа
- Гарахаасаа өмнө аавынхаа хүрдийг эргүүлэхээ мартав
- За, ааваа. Тоосыг нь ч гэсэн үргээе. Таны, намайг хардаг харц чинь яг л хэвээрээ шүү
- Та нарыг . . . Бүгдийг нь хардаг харц . . .
- Тиймээ, ааваа. Биднийгээ хардаг харц. Хүү нь ойр, ойрхон ирж байнаа. Баяртай.
- Явдаа хүү минь, яв

2012. 07. 07

Бүрэн эхээрээ...

Ааваа . . . 2

13 Сэтгэгдэлүүд:

- Сайн уу? Ааваа . . .
- . . .
- Ааваа . . . Хүүе! ааваа . . .
- Өө, Миний хүү. Сайн уу? Аав нь сайн сайн.
- Та намайг сонсож байна уу?
- Сонсолгүй дээ. Хүүгээ дуудна гэж ер бодсонгүй.
- Таныг би урд шөнө зүүдлээд. Магадгүй тэгээд л таныг санагалзаа юм болов уу
- Хөгшин хүн чинь мартаж санах нь их юм. Миний хүү тэгээд юу гэж зүүдлэв?
- Хөгшиндөө ч биш байхаа даа. Зүгээр л та надаас хоног хоногоор холдож байгаа юм болов уу?
- Магадгүй л юм. Бие холдвол сэтгэл холдоно гэж үг байдаг. Миний хүү битгий гомдоорой
- Яалаа гэж гомдох вэ дээ. Харин та л надад . . .
- Миний хүү?
- Айн?
- Одоо хоёулаа гомдох, гомдохгүйн тухай дахиж ярихгүй гэж тохирох уу?
- . . . за . . .
- За тэгээд миний хүү яаж шүү байна даа?
- Би яахав ээ. Болж л байна. Харин таныг л яаж байгаа бол гэж асуух гээд би дуудсан юм
- Аан, аав нь яахав. Нэг үеэ бодвол дасч л байна. Эндэхийн ертөнцөд бас дасах гэхээсээ илүү сурах юм их байдаг юм байнаа. Хүүхэд төрөөд ээж аавынхаа асрамжинд хүн болдог бол энд бас л дөнгөж төрсөн юм шиг байх хэрнээ өөрөө л сурдаг юм байна. Тэгэхээр аав нь маш том биетэй хүүхэд шиг л байна.
- Таны ярьж байгааг ойлгож байгаа ч яг нүдэндээ харж байгаа шиг төсөөлөхгүй юм
- За байз, яаж тайлбарламаар юм дээ. Чи ингээд бодоод үз.
- Яаж?
- Үг гүйцэд сонс л доо миний хүү. Жишээ нь аавыгаа хучлагагүй, нүцгэн, атираад унтаж байна гэж төсөөл дөө
- Ямар эвгүй юм бэ. Би төсөөлж байна
- Харин тийм. Эндэхийн юм болгон нь иймэрхүү мэдрэмж төрөхөөр байх юм.
- Даарч байгаа байхдаа. Танд юухан ч юм нөмөргөчих юмсан . . .
- Миний хүү одоо зүгээр нэг төсөөлөх биш мэдэрч байх шиг байна.
- Мэдэхгүй, яг яаж байгаагаа ялгахгүй ч, нэг тийм чичрүүдэс төрж байна.
- Ойлгох, мэдрэх гэдэг чинь хоорондоо ихээ өөр юм шүү дээ.
- Яагаад?
- Жишээ нь, аавыгаа алдах хэцүү гэдгийг хүн болгон ойлгоно. Харин ямархан хэцүү болохыг аавыгаа алдсан хүн л мэдэрдэг юм л даа. Тийм учраас л аав нь ойлгох мэдрэх хоёр өөр гээд байгаа нь тэр
- Таныг яаж шүү явдаг бол гэхээр л миний санаа их зовох юм
- Ёстой болдоггүй юмандаа миний хүү санаагаа чилээж байгаа юм байна даа.
- Яагаад?
- Яахав, миний хүү яаж ч санаа зовлоо гээд өөрчилж чадахгүй юмны нэг. Харин сэтгэл санаагаа маш амгалан, ариун байлгах хэрэгтэй
- Наадах чинь нэг хуурай, хиймэл сонсогдож байна
- Магадгүй ээ. Ер нь хүн гэдэг өөрийгөө сайн чагнаж чадах юм бол тэндээс хамгийн сайхан хийгээд өөрт баймгүй хамгийн муухай чанарууд гарч байдаг юм ш дээ.
- Ойлгосонгүй
- Аргагүй дээ, хүү минь яаж ойлгохов. Аав нь энд хэвтэх зуураа л бодож байгаагаа хүүдээ ярьж байгаа ухаантай. Тиймээс миний хүү ойлгохгүй байгаа юм. Хүн өөрийнхөө сайн мууг энд ч гэсэн ялгаж чаддаг юм байна.
- Надад мэдрэгдэхгүй байгаа ч гэсэн “хэцүү юм даа” гэж бодогдож байна.
- Үзсэн харснаа яг мэдэрч буй хүн шиг илэрхийлдэг нь миний хүүгийн зан гэдгийг аав нь мэднэ. Ер нь эцэг хүн хүүхдээ мэддэггийн адилаар гэх үү дээ. Тийм болохоор миний хүү аавынхаа энэ удаагийн яриаг заавал мэдрэх гэсний хэрэггүй. Энэ бол чамд “том хүний яриа” л гэсэн үг
- Тэгэхээр . . .
- Чшш! Миний хүү чимээгүй. Юм бүхний дээр “цаг хугацаа” гэж нэг юм бий. Тэр л бүгдийг мэднэ.
- Үнэн байхаа
- За энэ яахав. Наагуур чинь ямархуу ая зантай байгааг аавдаа хэлээч. Одоо ч хүйт орчихож байгаа даа.
- Өнөөдөр цас орж байна. Урд шөнөжингөө орсон хэрнээ одоо зогсоогүй л байна. Малгайлаад л . . . малгайлаад л . . .
- Сайхан даа . . . Цас орж байх үедээ хачин дулаахан байдагсан. Хөл дор цас чахраад л . . . Цасан дээр мөр үлдээд л . . . Амьдын шинж юм даа.
- Тиймээ. Яг тийм байна. Гудамжинд хүмүүс яг л тэгж явж байна.
- Хүмүүс, ороолттой нь ороолтоо ороож, ороолтгүй захаа босгочихоод хаа нэг тийшээ яаравчлан алхацгааж байна уу?
- Мөрөө бага зэрэг хавчаад гээч
- Аа тийм, мөрөө үл ялиг хавчдаг ш дээ нээрээ
- Өвлийн эхэн хаяанд ирчихлээ, ааваа
- Намар аль хэдийн өнгөрчихлөө гэсэн үг биз?
- Тиймээ. Таньгүй, аавгүй зуныг бас намрыг үзчихэж би. Одоо өвөл эхлэх гэж байна.
- Зүгээр дээ миний хүү. Удахгүй миний хүү хаврыг үзнэ. Энэ чинь жам юм. Тэгээд ч хүүхдүүд чинь аавтайгаа өвөл, хавар, зун, намрыг үзэж байгаа шүү дээ. Үүн шиг сайхан юм гэж хаа байхав.
- Би зөвхөн та бид хоёрын тухай ярьж байхад заавал . . .
- Тэгж болдоггүй юм миний хүү. Бид хоёрын хооронд ямар нэгэн хоосон орон зай гарсан бол түүнийг заавал хэн нэгэн нөхөж байх ёстой юм. Тэр нь тэд нар. Өөрөөр хэлвэл чиний хүүхдүүд чиний, чи миний үргэлжлэл юм шүү дээ. Хүн гэдэг үүгээрээ л агуу.
- Өнгөрсөн намар ямар уйтай байсан гээч.
- Яагаад? Намар болдог бүхэн л болоод өнгөхсөн байлгүй дээ.
- Тэгсэн л дээ. Гэхдээ та байхгүй болохоор . . .
- Аан, тэгвэл намартаа ч биш, гол нь чамд л байж. Миний хүү аавыгаа санаад л байгаа юм аа даа?
- Хэрвээ босон суун бодогдохыг, “санах” гэдэг бол тэгээд л байх шиг
- За яахав. Цаг хугацаа бүхнийг илааршуулах бизээ.
- Өнгөрсөн намрын тухай танд яримаар л байна
- Тэг дээ миний хүү. Дотроо нэг онгойлгоод ав
- Ямар ч улиралыг би сэтгэл хөдлөлтэйгөө холбоод сүйд болдоггүй байсан санагдах юм. Үгүй ээ, бодож байсан ч байж болох л юм. Жишээ нь хайртайгаа учирсан тэр хаврыг ч юм уу, хүү минь төрсөн тэр өвлийг ч юм уу. Одоо бараг мартахаа шахаж. Хүн гэдэг мартаж чаддаг амьтан бололтой. Гэхдээ л энэ намар шиг биш гэж бодогдоно. Нэг л хачин. Бүх юмс надаас холдож буй мэт. Навчис шарлаж ч амжихгүй навсаганан унацгаана, нар хүртэл илчээ гээчихнэ. Тэртээд шувууд ганганаад, туниа муутайхан дэвж одоход тийм сайхан ногоон байсан тал юу болов гэмээр тийм гэхийн аргагүй шар гунигаар будагдан үлдэнэ. Эзэнгүй салхи гэхүү, эсвэл эзгүйчилсэн салхи гэх үү тийм нэг хонгинуур салхи яндан хүүгүүлэх шиг, сэтгэлийг минь сэмэлчих шиг, сэтгэлээ дагаад зүрх хүртэл сэмрээд бүр сэтэрчих шиг. Тийм л нэг холхиндог гутал шиг өдрүүд үргэлжилсэн хуйргануур намар байсан санагдана. Санагдах юу байхав, ер нь тэгсэн.
- Үгүй тэгээд, нэг өдөр ч гэсэн аядуу өнгөрсөнгүй гэж үү?
- Аан тийм, хүүгээ хөтөлж алхсан тэр нэг өдөр аятайхан байсан юм байна шүү
- Тэгж таарна. Тэр өдрийнхөө тухай яриа ч миний хүү
- Яг л түрүүчийн хэлсэн шиг нэг тийм өдөр хүүгээ хөтлөн алхсан юм байна. Миний мэдэрч байсан шиг гунигт мэдрэмж хүүгийн маань царайд алга. Яаж ч байх билээ. Алгынхан чинээ амьтанд аав хэмээх сүр ихт, сүрлэг их уулаа хөтөлчихсөн яваа юм чинь арга байж уу. Хүү минь хүүхдүүдтэй тоглосон тухайгаа, багш нь гэрийн даалгавар өгсөн тухай, ээж нь аяга угаалгасан тухай, хүүхэлдэйн кинонд гардаг ид шидтэй болвол бүгдийг дийлэх тухай, ямар нэгэн гоё тоглоом ангийнх нь хэн нэгэнд байдаг тухай зай завсаргүй шулганан ярина. Ийм амьтанд навч унах, нар буцах гээд ер нь юу ч хамаагүй дээ. Аавынхаа дунд хурууг алдчихгүйхэн яваа нь л их юм.
- Хуруугаа атгуулна гэдэг чинь хамгийн амар амгалангийн аргамжаа юм шүү дээ. Аав нь ч гэсэн хүүдээ хуруугаа атгуулаад явж байснаа санаж байна
- Би ч гэсэн. Та ч намайг бодвол их том биетэй хүн байж. Том том алхаж явна. Таны алхааг гүйцэх гэж миний хамаг хөлс цутгачихдагсан. Эцдэг байсан шиг байгаа юм. Эцэхээ мэдэхгүй болохоор гомдоллохоо бас мэдэхгүй
- Тэр үед одоогийнх шиг айл болгон машинтай байсангүй. Хаашаа л явнав, алхана
- Тантай явахаар заримдаа их гоё. Санаандгүй байхад чихэр эсвэл печень гээд ямар нэгэн “гоё юм” авч өгдөгсөн. Тэрэнд нь их дуртай. Заримдаа аваад өгчихөөсэй гэсэн үед ер авч өгөхгүй. Тэгээд л сануулчих санаатай эртээрийн авч өгсөн чихэр дууссан гэдэг юм уу, би мөхөөлдсийг хайлдаггүй бол хадгалаад л байж чаднаа ч гэдэг юм уу юу хамаагүй ярьдагсан.
- Ишш! чааваас даа. Аав нь тэгээд санах юм уу?
- Мэдэхгүй. Гэхдээ та “Миний хүү ухаантай л болоод байгаа юмаа даа” гээд нэг их инээж билээ. Ухаан нь чухам юу байсан юм бүү мэд. Тэр үедээ таныг яагаад инээгээд байгааг ойлгоогүй ч, “инээж байгаа болохоор нэг юм авч өгөх нь дээ л” гэж бодож байсан санагдана.
- Аав нь тэгээд авч өгсөн үү?
- Авч өгсөн. Миний хүү хайлдаггүйгээр нь энийг ав гээд нэг кг мөөхий авч өгсөн
- Ээ чааваас аав нь ч тэгнээ дээ
- Тэгэхдээ та “Боовыг гуйж идэж болно. Бодлыг бол харин хэзээ ч болохгүй” гэж билээ. Би өдий болтол тэр үгийг санадаг ч, ойлгодоггүй явж. Харин гадуурх цагаан чихрийг нь долоосон хэргээр ээжид загнуулсан
- Одоо миний хүү хүүдээ юм авч өгдөг үү?
- Үргэлж. Аав ээжтэйгээ цуг явж, ямар нэгэн амттан авхуулж идэх шиг жаргалтай үе хүүхдэд ер нь өөр байдаггүй байх гэж боддог юм.
- Өө нээрээ хүү нь тэгээд яасан? Та хоёр нэг өдөр цуг явсан гээ биз дээ?
- Аан тэгэхэд үү? Тэгэхэд хүү маань “Ааваа танд одоо аав байхгүй тэ” гэсэн. Таныг байхгүй болсныг тэр маш сайн мэддэг юм. Тэгээд би “Тиймээ, аавд нь одоо аав байхгүй” гэхэд “Та өвөөг нас барахад яагаад уйлахгүй байсан юм?” гэж асуусан. “Хэн тэгж байна?” гэхэд “Ээж таныг уйлахгүй байна. Ингэж бөглөрч байгаад сүйд болох вий дээ гээд байсан. Ааваа, бөглөрнө гэж яадаг юм?” гэж асуусан. Надад хэлэх үг олдохгүй хэсэг байзнаад “Аавыгаа санахыг хэлдэг юм” гэсэн
- Хүү нь тэгэхээр юу гэж байх юм?
- Хүү, “Та өөрөө өвөөг газар доогуур хийчихсэн шүү дээ” гэсэн. Таныг нутаглуулахад хамт явсан юм. Яагаад ч юм энэ үг өр зурах мэт бодогддог.
- Юунд тэгж хүндээр боддог юм дээ миний хүү
- Та надад зарим шөнө ирж ярьдаг шүү дээ
- Тийм гэж үү? Аав нь ёстой санахгүй юм.
- Та өөрийнхөө арьсийг хэрхэн язарч байгаа тухай, нүүр царайгаа ямар муухай болж байгаа тухайгаа, мах нь яснаасаа салахдаа хэрхэн өвддөг тухай ярьсан
- Аав нь хүүгээ зовооё гэж бодоогүй юмсан. Яагаад тэгж яриа юм бол доо.
- Хүү нь зовсон юм алгаа. Тэнгэрийн орон гэж байдаг бол таныг тэнд л хурдан очоосой гэж хүсэх юм.
- Аав нь тэнд очсон байгаа миний хүү, санаа зоволтгүй
- Та намайг хуураад л байгаа юм уу? Энд байхдаа ч гэсэн та “Аав нь зүгээрээ, санаа зоволтгүй” гэж хуурсаар байгаад л . . .
- Аавыгаа буруутгах нь уу даа?
- Эцэг эхийгээ шүүж болдоггүй юм гэж та надад сургасан ш дээ
- Нээрээ, аав нь зүүдэнд нь юу гэж байх юм? Ярианы эхэнд асуухад чи хариулсангүй
- Та . . .“Аав нь цас нөмрөөд унтаж байна” гэсэн
- . . .
- Та сонсож байна уу?
- . . .
- Аав? . . . ааваа?
- . . .
- Та бас л явчих ваа даа . . . Эсвэл гомдчих вуу?
- . . .
Бүрэн эхээрээ...

Ааваа . . . 1

20 Сэтгэгдэлүүд:

- Ааваа! та минь энэ оргүй ертөнцийн хаах нь явна даа
- Энд, яг хажууд чинь, чамтай хамт явна
- Айн! Тийм гэж үү? Та намайг цочоочихлоо
- Харин тэглээ хүү минь. Аав нь өөрийгөө мартчихаж. Аав нь чамтай үргэлж л хамт байгаа
- Ингэж л хамт байх байсан юм бол яах гэж явсан юм бэ?
- Хүүдээ муу муухай бүхнийг үзүүлэхгүй гэсэндээ л тэр. Миний хүү ойлгож л байгаа
- Юун муу муухай гэж?
- Өвчин . . . Өвдөх гэдэг чинь тийм ч сайхан зүйл биш байна шүү дээ.

- Та биднийг тэгтлээ их зовоогүй шүү дээ
- Аав нь яалаа гэж хүүхдүүдээ зовоох билээ. Тэгж болдоггүй юм.
- Гэхдээ та бидэнтэй цугтаа байсан бол . . .
- Байсан бол уу? байсан бол та нар минь өдий болтол шаналсаар байх байсым. Жинхэнэ өвдөлт аавыг нь хэрхэн мэрэн идэж, бүх яс минь үе үеэрээ мултарч байгааг мэдрэх байсым. Өвчиндөө шаналсан өвгөн хүн тэсвэрээ баран орилохыг харах байсан. Орчлон хорвоод гомдсон гомдлын дууг юу боллоо гэж аав хүүдээ сонсгохов дээ.

- Та их хол явсан уу?
- Тиймээ, миний хүү! Аав нь ихээ хол явсан. Гэхдээ энэ хол гэдэг чинь чи бидний мэддэг тэр зай биш шүү дээ.
- Тэгээд ямар гэж?
- Дахиж ирэхгүйгээр хол.
- Дахиж ирэхгүйгээр гэдэг чинь уртын хэмжүүр гэж үү? Та энд, миний хажууд байна гээ биз дээ?
- Үгүй ээ, Уртын биш холын хэмжүүр . . .

- Хүү нь таны номыг хэвлүүлсэн.
- Тийм байна лээ
- Та яаж мэдээв? Би амжаагүй ш дээ.
- Аав нь хэвлүүлнэ гэдгийг чинь мэдэж байсан. Тэр ч байтугай чамайг номоо тэвэрчихсэн, хачин их харууслын нулимстай гүйж явна гэж төсөөлдөг байлаа.
- Намайг амжаагүйд, үнэндээ бол тэр үед ухаараагүйд хүүдээ гомддог уу?
- Үгүй дээ. Ээж, аав нар хэзээ ч хүүхдэдээ гомддоггүй юм ш дээ.

- Та ядарч явна уу?
- Үгүй дээ, Энд ядрах юм алга. Зүгээр л ганцаардаж байна. Ийм удаан хугацаанд ганцаараа байж үзээгүй болохоор тэр байх л даа
- Эмээ наана чинь байна уу?
- Аав нь ээжийгээ олоогүй л явна. Ер нь таардаггүй бололтой юм. Хязгааргүй юм байна шүү дээ, энд. Хий дэмий л та нар луугаа эргэж буцах юм. Энэ харин буруу бололтой.
- Яагаад ч юм би таныг боссон ч, хэвтсэн ч, суусан ч, зүгээр л алхсан ч бодож, бодох тусам амилах юм.
- Харин тийм л болохоор аав нь улам бүр алсрах хэрэгтэй байна.
- Гав ганцаараа юу?
- Яг үнэндээ бол та нараас өмнө аав нь ганцаараа л байсан юм шүү дээ. Тэгэхээр хүү минь чи аавынхаа гишгэж явсан шороог хөдөлгөж, илбүүлж байсан салхиар үнсүүлж, үзэж байсан нарыг өдөр өдрөөр харж, аавынхаа үргэлжлэл болж яваа байгаа болохоор аав нь энэ хязгааргүйн гүн рүү уусан одох хэрэгтэй. Цаг нь ч болсон байх.
- Би таныг маш их санандаа.
- Тиймээ, миний хүү аавыгаа санана. Тийм учраас л чи миний хүү юм шүү дээ.
- Ааваа, та санадаг уу? Би таван настай л байсан байх. Та надтай өдөржингөө нуугдаж тоглож билээ. Сүүлдээ та бүр олдохгүй болчихоод би уйлаад л . . . одоо бодоход их инээдэмтэй. Та тэгэхэд хаана нуугдчихсан байсан бэ? Ааваа!
- . . .
- Та сонсож байна уу?
- . . .
- Ааваа! . . . Та хайччихваа? Явчихаж байгаа юмуу?
- . . .
- Арай бүр биш биз дээ? Та дуугарал даа.
- . . .
- Ааваа! . . .
Бүрэн эхээрээ...

Охид бүсгүйчүүдээсээ уучлалт хүсмээр байна.

8 Сэтгэгдэлүүд:

Улс орон маань урьдын нэгэн хэмийн хэвшмэл байдлаас гарч зах зээл хэмээх нүдэнд үл үзэгдэх том шилжилт рүү, шинэчлэл рүү эргэлт буцалтгүйгээр орлоо. Орлоо ч гэждээ ороод бараг 20 шахам жил болох нь. Энэ хооронд амжилт олохоосоо илүү алдаа завхралд илүү автаад байх шиг. Магадгүй мөхөс би улс орон маань дээгүүрээ хэр зэрэг дэвшилттэй амжилттай явааг мэдэхгүй байж болох юм. Гэхдээ ард түмэн бид улс орны амжилтын түвшинг өөрийнхөө амьдралын түвшингөөр л хэмждэг гэж боддог. Улс эх орны толгойд ямар хүн, ямар нам, гарч ямар намын туг намируулах нь нэг их сонин биш гагцхүү эгэл жирийн ард түмний гэдэс цатгалан, сэтгэл санаа өөдрөг байх нь чухал байх. Xэт өрөөсгөл ойлголт байж болох. Энэ өөрчлалтийн үр дүнд нь (хувьсгал ч гэдэг) хамгийн ихээр нэрвэгдэж байгаа нь гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүд маань бололтой.
Одоо эргээд харахад толгой бүрэн гэр бүл гэж бараг үгүй мэт. Салсан сарнисан, үхэж үрэгдсэн, өнчирч хоцорсон, гадаадад гарсан гээд бидний жаргал цэнгэлийн хамгийн тод жишээ болох гэр бүлүүд иймэрхүү янзтай л байна. Одоо бүр охид хүүхнүүдийг маань хулгайлдаг, хүчинддэг, зардаг дамладаг, бузарладаг булдаг, бүр байчихаад хаа нэг газар аваачаад дэлбэлдэг болж. Энэ юу болж байнаа эрчүүдээ. Элдэв амьдралын нугачаанд бүдэрч эцэст нь хүний газар ёс бусаар дэлбэлүүлж амиа алдсан Алтантуяа бүсгүйгээс, элэгний өвчин тусаад элдвийг туулахдаа үхэлтэй хүртэл эвлэрч суусан Тунгалаг хүүхнээс, хүний дайтай амьдрахын хүсэлд хөтлөгдөн хүний хүнийг дагаж, хүний газар очиж, хүний биш амьдралаар амьдарч, эцэст нь эр хүнд ч баймгүй зориг гарган энэ бүх зовлонг даван туулж эх орондоо ирсэн тэр 4-н эмэгтэйгээс (бидэнд мэдэгдэж байгаа нь л энэ. Mэдэгдэхгүй хичнээн зуун бүсгүйчүүд байгаа юм), цаашилбал аз жаргалтай амьдрана хэмээн ам бардам сайхан үгэнд хууртсан эмэгтэйчүүдээс, алаг үрсээ толгой даан өсгөж байгаа хүүхнүүдээс, ачаа бараа зөөн аль муугаа үзэж амьтанд адлагдаж, арга мухардан яваа болон ер нь л бүх монголын эхчүүд эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдээсээ эрчүүдийнхээ өмнөөс уучлалт эрэн тэргүүн бөхийж байна. Бүр дахин дахин гуйж байна.
Та нарын маань ингэж яваа нь эрчүүд бидэнтэй шууд холбоотой. Мэдээж өөрчлөлт шинэчлэлт хийгээд улс орны алдаа завхрал гээд нөлөөлөх зүйлс олон боловч энэ удаа тэгэлгүйгээр, буруугаа бусадтай хуваалцалгүйгээр уучлалт эрмээр байна.
Эрчүүд бид элдэв хийрхэлд цээж дэлдэж хоосон дэврээгүй бол, архи дарсанд шунаж, агсамнаж амьдралаа алдаагүй бол, айлын авгай эргүүлж арчаагаа алдаагүй бол, алаг үрсээ гаргуунд нь хаяж, амраг ханиа зовоогоогүй бол яалаа гэж та нар минь харь хүн дагаж харанхуй гэхэд дэндүү харанхуй энэ замыг сонгохов дээ. Юу гэж биеэ үнэлж, бусдад бузарлуулж амны зугаа, алд биений зовлон болж явах билээ дээ.
Эцсийн дүндээ энэ алдаа завхрал, замбараагүйдэл, тархи болоод гэдэсний өлсгөлөн, гуйланчлал улс орныг туйлдуулж ард түмэн бид өөрсдийнхөө амь амьдралын тэтгэгч болох сэтгэл санаа итгэл үнэмшил гээчийг устган үгүй хийсээр ...
Эцэст нь Монгол эх орон, газар шороо хийгээд, Монгол үндэс угсаа, түүний дархлаа болох цус маань цаашид үеийн үед үлдэнэ гэх итгэл мөхөсдөх аюул учирч байна даа. Бид хөнжил гудасны завсар энэ эх орны хувь заяаг даатгаад орхимооргүй байна. Хэдийгээр хувь хүний өөрийн амьдрал үнэтэй ч хожим хойно түүхийн хуудаснаа манай энэ үеийнхэн хараал зүхлийн хэмжээнд мөнхөрч үлдвэл ямар вэ? Энэ эх орны мөхөх эхний цэг энэ үед тавигджээ хэмээн хэн нэгэн хятадын үр сад уншаад инээж суувал яана вэ?
Ийм том юм ярихаа байя гэхэд хэн нэгэн хойд эцэг аяга хураасангүй, хог цэвэрлэсэнгүй хэмээн алаг үрийн чинь толгой руу чичилж суувал ямар вэ?
Үгүй ээ Бид одоо л ухаарая, сэхээрье. Одоо болноо
Одоо чи, би-гээ больё. Бие биенээ адлахаа байя. Ядуу ч бай баян ч бай бие биеэнтэйгээ нэгэн зүрхээр цохильё. Тэр зүрх нь бидний өсөж төрсөн бас үхэж үлдэх эх орон минь байг. Гэхдээ бас хий хоосон уриа лоозон тавимааргүй байна.
Сайхан амьдрахад нэг их юм орохгүй дээ хүмүүсээ. Яагаад гэвэл хувь хүн байгаль, физилогийн үүднээс үзэхэд өчүүхэн амьтан. Тэр их алт мөнгө, эд хогшил, хоол унд нэг их амин чухал хэрэг болохгүй. Энэ бол аз жаргал биш.
Аз жаргал гэдэг маань хүний дотоод сэтгэлээс урган гарах дотоод тамирын л асуудал. Өөрөөр хэлбэл аз жаргал хүний сэтгэл дотор урган төлждөг эд. Хүний сэтгэл нь ойр зуурханаас л эхлэнэ. Тиймээс хүний хамгийн ойрхоны зүйл болох гэр бүл, үр, хүүхэд, хань ижилд л аз жаргалын түлхүүр байгаа. Тэгэхээр аз жаргалтай амьдрахын тулд хүн бүр хажуудахаасаа эхэлмээр байна. Тэднийгээ хайрлаж хүндлэхээс, итгэхээс, ойлголцохоос эцсийн эцэст хамтдаан байхаас эхэлмээр байна. Хайрлаад байгаа нь энэ гээд хараад суухдаа биш нэгэн зүйлийн зүг, сайн сайхан, гэрэл гэгээний зүг хамтдаан зүтгэмээр байна. Нөхөр нь гудманд, хүүхэд нь транщейнд, эхнэр эрээнд, ах нь гадаадад биш баймааргүй байна л гэх гээд байгаа юм. Тэгэхийн тулд наад захын бэлэнчлэх сэтгэлгээг болимоор байна. Магадгүй энэ сэтгэлгээ бидэнтэй хамт дуусаасай гэж найдая. Ингэж дуусгахын тулд хойч үе үр хүүхэддээ энэ сэтгэлгээг суулгамааргүй байна. Бэлэнчлэх сэтгэлгээг оршоож болох наад захын арга хэмжээг болимоор байна. Жишээ нь Гэрлэлтийн 500 мянга байна. Энэ одоо юу гэсэн үг вэ? Би л хувьдаа ард түмэн үүнийг хүссэн гэдэгт итгэдэггүй. Хүнтэй суусны төлөө төрөөс мөнгө авдаг гэсэн чинь одоо юу гэж байгаа юм ? Яваандаа мөнгө авахын тулд хүнтэй суудаг болчихвол яана. Би хэдийгээр 500 мянгыг голох баян биш ч гэсэн гэрэл гэгээ өөд тэмүүлэх хүмүүний амьдралын хажууд энэ мөнгө юу ч биш. Бас анхны гэрлэлт гээд байгаа шүү. Олигтойхон айлын хүүхдийн нэг оройн гайгүйхэн наргих дайны л эд байх. Эрх ямба эд баялагийн оройд гарахын тулд хойч ирээдүй нь ямар байх нь хамаагүй бололтой.
Ард түмнийхээ тархитай ажиллавал зүгээрсэн. Түүнээс ходоодтой нь ажиллаад хол явахгүй нь тодорхой боллоо. Ингэсний үр дүн түрүүчээсээ гараад байх шиг. Өөр бас бэлэнчлэх сэтгэлгээг дэвэргээд байгаа үндэс нь манай шинэ баячуудын цээжний өвчин байна. Тэнэг хүмүүс биш л дээ тэд. Тийм бол яалаа гэж баяжихав. Харин зарим нэг үйлдлүүдийг нь ойлгоход бэрх байгаа юм. Арван хэдтэй айлын бяцхан охиноор өврөө дулаацаалаа л гэх, адуу мал үнэ цохиж хэдэн саяар авлаа л гэх, алт мөнгөн аяга тавгаа гайхуулж байна л гэх энэ бүгдийгээ өдөр тутмын хэвлэл мэдээллээр цацаж оройн дээд жаргалд хүрсэн мэтээр ард түмэн түүний дотор хүүхэд залуусын тархийг угаахаа болимоор байна. Хүн л юм хойно хайр сэтгэл, хобби сонирхол шүү дээ гээд залруулах л байх. Эсвэл чи өөрөө чадахгүй бол дуугай л байвал барав гэх нэгэн байгаа л байх. Гэхдээ энэ бүгд чинь учир үл мэдэх залуус охидуудад эсрэгээр нөлөөлж баян хүнтэй л суучихвал болох мэтээр ойлгогдоод байх шиг. Хэдхэн баянтай болохоор тэд нь хүрэлцэхгүй үеийнхээ эрчүүдийг голон голон гадны хүн дагаж яваад алдаад байгаа гэдэгт эргэлзэмгүй. Бид хормой хоттойгоо орооцолдсоор, мунгинасаар сүүлдээ хормой хотоо ч хумьж чадахаа байж байх шиг .
Энэ улс эх орныг дараа дараачийн үе өртөөчлөн авч явах хүмүүс бол хойч үе, үр хүүхэд залуучууд та нар минь юм. Та нарын дээд үе болох аав ээж чинь нийгмийн энэ адармаатай үеийг даван туулахдаа алдаж онож эндсэн байж магадгүй юм. Та нар минь эргэж хойшоо харж мунгиналгүй урагшаа дээшээ харж тэмүүлж амьдраарай. Шинэ санаа, шинэ бодол, шинэлэг юм бүхэн та нараас л гарна. Өнгөрсөн үеийнхээ алдааг давтахгүй байхыг хичээгээрэй. Би болоод бидний үеийнхэн та нарыгаа улс орноо гэгээн үеийг олж очино гэдэгт эргэлздэггүй юм шүү. Шинэлэг юм бүхэн улс орныг сайн сайханд хүргэнэ. Хөгжил дэвшил гэдэг чинь угтаан бол хүн төрөлхтөнд хамгийн ойрхон ирсэн шинэлэг болгоныг хэлдгийм.
Одоо залуусаа Эвтэй эетэй байя. Эв эеийн эхний алхам эвлэрэл юм. Эвдрэлцэж чадсан юм бол эвлэрч чадах хэрэгтэй байна. Дээр дооргүй, эр эмгүй, хөгшин залуугүй эвлэрмээр байна.
Утга учиргүй улс төр, уур хилэн, жагсаал цуглаан, авгай хүүхний хэрүүл, алт мөнгөний дайнаас ард түмэн чинь залхаж байна бас ядарч байна. Одоо ард түмэн шинэ юмыг хүсэн хүлээж, харж сууна. Тиймээ Бидний амьдралын сайн сайхан бидний гарт, гэрт, манайд, танайд байна. Амраг ханийн чинь аалинд, алаг үрсийн чинь харцанд, чиний, миний энэ бүгдийг бодох нэгхэн хормын агшинд, санаж сэрэхүйд байна.
Тиймээ Бид амьдралдаа хайртай байх ёстой, Монголдоо хайртай байх ёстой, эх орныхоо элсний ширхэг бүхэнд хайртай байх ёстой. Тэгэхийн тулд учиргүй том нам мам гээд яахав. Зөвхөн урд урдахаа хийсэн шиг хийж, хажуу хажуудахаа хайрласан шиг хайрлацгаая. Энэ бүгдийн нийлбэр цогц чинь эцсийн бүлэгт энэ эх орныг аврах ч болно, хөгжүүлэх ч болно Өч төчнөөн жил үеийн үед эх орон маань мөнхөд орших болноо ...
Жич: Эргээд уншиж суухад элдэв намын захиалга мэт санагдахвий хэмээх болгоомжлол төрөв. Би ямар нэг намын харъяат биш юм. За тэгээд захиалуулаад байдаг нь ч би биш. Надад соёмбот тугнаас өөр туг үгүй.
Нөгөөтэйгүүр би бичигчийн байр суурины хүн биш уншигчийн талын хүн учир , учир явдлын зангилааг сайн гаргаж чадаагүй өөрөө өөрийнхөө бодолд ороогдсон мэт байж болох юм. Эрхэм та нар минь мэргэн оюундаа тунгаана буйзаа.
Бүрэн эхээрээ...

Наад сонингуудаа уншаач

7 Сэтгэгдэлүүд:

Хүний нутагт хэдэн жил болчихоор уйддаг ч юмуу, залхдаг ч юмуу, эсвэл эх орноо үнэхээр санадаг юмуу юм л бол буцах тухай бодох, ярих болчихож. энэ тухайгаа эхнэртэйгээ ярилцана. Эхнэр маань бас буцах тухай ярих боловч над шиг цаг үргэлж биш хаа нэг ядарсан, эсвэл сэтгэл санаагаар унасан үедээ л ярина. Намайг энэ талаар яриад ирэхээр бас нэг их учиргүй дэмжээд байхгүй.
- Харин тиймээ гэсхийгээд цаанаа нэг хүчлэхгүй байх жишээтэй.
Тэгэхээр нэг асуугаад орхилоодоо. Тэгсэн чинь
- Аав ээж ах дүү нараа бодохоор буцмаар, энэ хэдэн хүүхдээ бодохоор шууд буцчихаж чадахгүй л байна гэх.
- Яагаад ? гэсэн чинь
- Үгүй, чи наад сонингуудаа уншаач гэх...
Нээрээ л манай срнингуудыг уншихаар тэнд хүн ер нь яаж амьдардаг юм бол гэмээр юм бичих юм. Эсвэл үнэхээр тийм байна уу?
Сонингуудын нийтлэлүүдийг нэртэй устай нь жагсаавал болох авч тийм их цаг зав алга. Ерөнхийд нь тоймлож ойлговол
- За УБ-аар дүүрэн утаа. Гараад орох хооронд л хамаг хувцас хунар нил утаа шингэчихдэг гэх. Хүмүүс ялангуяа хүүхдүүд бүгд амьсгалын замын өвчтэй болж байгаа гэнэ.
- Төр гэж байгаа юм уу үгүй юм уу бүү мэд гэнэ. УИХ-ын гишүүд нь хэрэлдээд хэдэн тийшээ харчихдаг. Эсвэл бие биенийгээ унагах гээд бие биенийхээ бөгсийг ухаад суучихдаг гэнэ. Томчууд нь бүгд л идэж уухын өвчин. Албан тушаалын төлөө дайн болдог гэнэ. Одоо бүр сумын дарга, дүүргийн битгий хэл хорооны даргын төлөө тулалддаг болсон гэнэ.
- Авилгад бүх салбар бүх шатандаа өртсөн. Энэ талаар ярилтгүй гэнэ. Бүр цэцэрлэг, ясли, сургуулийн багшаас авхуулаад эмч, сувилагч гээд бүгд л гар хардаг болсон гэнэ. Таньдаг хүнгүй л бол бүтэх ажил нэг байхгүй тэр ч бүү хэл өвчин ч эдгэхгүй гэнэ.
- Зүгээр л хүнийг ажилд авна гэсэн зар байхгүй гэнэ. Заавал өндөр гоолиг, дээд боловсролтой, царайлаг гэх мэт цинзуртай гэнэ. Бусад нь яах юм бүү мэд
- Монголд хил хязгаар гэж байхгүй гэнэ. Хэдэн цэрэг нь хоол хөөгөөд алга болох эсвэл бие биенийгээ буудаж алдаг гэнэ.
- Хятадууд манай нутгаар дүүрэн, энүүгээр тэрүүгээр тэнээд, залуучуудыг нь зодоод, хүүхнүүдийг нь хүчиндээд, алтыг нь ухаад, ухсан нүхэнд нь хүмүүс дарагдаж, хүүхдүүд унаж үхээд л, усанд нь хор хийгээд байдаг гэх.
- Бас Монголоор дүүрэн хохирогчид гэнэ. Томхон жишээ нь ХЗХ, САПУ гээд л ...
Бүгд өлсгөлөн зарлаад хэвтчихдэг, өөр өөрийн гэсэн таних тэмдэгтэй. Тэгээд талбай дээр
- Өө чи тэдний хохирогч болоо юу? Би тэднийх гэх мэтээр хууч хөөрдөг болсон гэнэ.
- Хөдөөнийх нь хотруу нүүгээд, хөдөөгүүр бараг хүнгүй айл айлын нэг нэг хятад, хэдэн муусайн хүүхнүүд нь хувингаа сугавчлаад, хормойтойгоо ороолдоод мөдхөн баахан эрлийз хүүхдүүд хөдөөгүүр гарах төлөвтэй гэнэ.
- Улсын баяр наадам нь хэдхэн хүнийх болж гэнэ. Хэдэн баячууд нь баахан адуу ачиж авчраад уралдуулаад болдог, Хэдэн бөхчүүд том том цүнхтэй мөнгө мөргөлдүүлж “барилддаг” болсон гэнэ.
- Ерөнхийлөгч нь олны өмнө хуулиа гуйвуулаад (төв цэнгэлдэхэд), ИХ-ын дарга нь шөнө орондоо ч хамаагүй хуулиа засдаг болоод удаж буй гэх.
- Ихэнх эрчүүд нь архинд орж гудманд гараад эхнэрүүд биеэ үнэлээд, заримыг нь хил давуулаад зарчихдаг гэх. Хүүхдүүд нь транщейнд очоод замаа алдаж байснаа одоо бага багаар алга болоод байгаа гэнэ. Яасан? Гэхлээр хятадууд хүний эрхтэн авдаг болсонтой холбоотой гэнээ.
- Урлагийнхан гэж од болохын өвчин гэнэ. Сайн сайн гэхээр зарим нь архинд ороод, аврай хүүхдээ зодоод, зарим нь алаад, зарим нь хар тамхинд ороод, үлдсэн хэсэг нь амаа хөдөлгөж дуулсан болоод явдаг гэнэ. Саяхан хип хоп Баавар гэнэ уу нэг нөхөр ам барих нь битгий хэл нэг хамтлаг хэд хэд хуваагдаад энэ тэнд зэрэг зэрэг ард түмнийг хулхидаад явдгаа ТВ5-аар яриад л хөтлөгч Насаа гэдэг хүүхэн инээгээд л их хөөрсөн шинжтэй...Бодвол их сүрхий сэргэлэнг нь гайхан биширч байгаа бололтой.
- Сумо гэхээр улс эх орноороо солиорчихдог гэнэ. УИХ нь хүртэл ажлаа хаяад үзээд суучихдаг гэнэ. Үгүй ээ мөн их цаг зав, мөн их дэмийрэл, мөн их доромжлол шүү. Ард түмэн наана нь бидний төлөө юм хийх байх гэж горьдоод л...
Япончууд өөрсдөө тэгж их сонирхдоггүй гэсэн. Аргагүй л дээ тэд улс эх орноо улам их хөгжүүлэх гээд ямар зав байх биш.
Монголын эр сүвтэй болгон сумо болж зүүдэлж явна гэнэ.
- Гадаадад хамаг хүмүүс нь гарчихаж гэнэ. Хүний нутагт хар бор ажил хийгээд хэдэн төгрөгөнд нь болоод харьж ч чадахгүй байж ч чадахгүй болчихдог бололтой.
Үүнээс болж олон гэр бүл салж, олон хүүхэд өнчирч байгаа юм байх. Төр засаг нь эдгээр хүмүүсээ буцааж эх оронд нь ирүүлэх бодлого явуулахын оронд харин дээрээс нь нэмж гаргах гээд төрийн сайд нь хүртэл оролцоод л ... Ядарч туйлдсан ард түмнээ бүртгэл явуулж байгаа нэрийдлээр хооронд нь зодолдуулаад л, дэлхий даяар өөрсдийнхөө ядмаг үйл ажиллагааг цацаад л... Ерөнхийлөгч нь хүртэл өөр орны ерэнхийлөгч рүү утас цохиод ажиллах хүч гаргана гээд суудаг гэнэ. Ямар их ухаан гэхээр ийм байдаг бүү мэд.
Эцэг нь хүүхдүүдээ тэжээж чадахаа байгаад хөөгөөд транщейнд гаргаж байгаагаас ялгаа байхгүй мэт. Гэх мэтчилэн монгол оронд маань чухам юу л болоод байна даа гэмээр юм сонингоор дүүрэн ажээ. Өнгөтэй өөдтэй, гэрэлтэй гэгээтэй юм нэг байхгүй юм. Эсвэл сайн сайхныг нь бичихгүй байна гэж баймааргүй л юм
Монголд маань энэ нь сайхан болж гэнэ. Тийм боломж байна гэнэ хурдхан шиг л эх орондоо очиж ажиллаж амьдрая гэх сэтгэл төрөхөөр юм өнөөгийн байдлаар сонингоор гарахгүй л юм. Гадагшаа гарсан нэгнийгээ эх орноо орхиж явсан мэтээр муу хандах хүмүүс байгаа л байх. Гэхдээ нэгэнт гараад явчихсан хүмүүсийн араас чулуу шидэж боломгүй. Яаж ийгээд буцаагаад аваад ирвэл эх оронд маань л хэрэгтэй. Гадагшаа гарагсад чинь эх оронд үнэгүй оюуны хөрөнгө оруулалт гэсэн үг. Бас ч үгүй эдийн засгийн хувьд ч чамгүй хөрөнгө оруулалт. Эдгээр хүмүүст одоо эх орноо гэсэн сэтгэлтэй юм бол, эх орондоо хайртай л юм бол ир гэх мэтийн хоосон уриа хэрэггүй юм. Төрөөс бодитой бодлого л хэрэгтэй мэт. Хүмүүсээ гаргах гэж төр бодлого явуулж болж байгаа юм чинь буцааж оруулж ирэхийн
тулд бас нэг юм бодож болноо доо. Уг нь гадагшаа гарагсдын түрүүч нь ер нь буцах санаатай л болж эхэлж байгаа байх. Энэн дээр нь л төр жаахан дэмжээд өгвөл.
- Ийм байхад яаж юу юугүй буцахав дээ гэх эхнэрийгээ бас буруутгаад байж чадахгүй юм.
Бүрэн эхээрээ...

Траншейн

16 Сэтгэгдэлүүд:

Би энд жолоо барьдаг ажил хийдэг ухаантай. Толгой эргэм сүлжилдсэн замаар өдөржин давхиж явахдаа, жирэлзэн өргөрөх траншейний тагийг хараад миний нутагт энэ нүхэнд хүмүүс амьдардаг, хүмүүс хүмүүсдээ бүр хүүхдүүд шүү. Тэд энэ тагыг сөхөж, өглөөн нарыг үзнэ, энэ тагыг хааж, өвлийн жавраас халхлан амьдардаг гэж бодохоор цээжин дотроос нэг юм ураад, ураад... ураад.
Яагаад ингэж нэг хэсэг нь гариг ертөнцөд багтахаа байтлаа баяжиж, нөгөө хэсэг нь газар доогуур шурган ортлоо ядуураа вэ? Яагаад зарим хэсэг нь хань ижил, үр хүүхдээ орхин өөр орны зовлонг өөрийн юм шиг үүрч явна вэ? Бид бүгд саяхан л адилхан шахуу л байсан шүү дээ. Тавь, жар, зуун саяын машинууд траншейны таган дээгүүр дайраад л...
Хүн харахад таг боловч үнэн хэрэгтээ доор нь байгаа хүүхдүүдийн
толгой дээгүүр, тархин дээгүүр, зүрхэн дээгүүр,сайртай бяцхан гаран дээгүүр нь, сайхан амьдрах хүсэл дээгүүр нь, өрөвч сэтгэлийг нь умартуулан, өс хонзонг нь өвөртлүүлэн
том том баячууд тоонолжин хээтэй дугуйгаар тоох ч үгүй дайрсаар.
Улс эх орон өөрчлөлт, шинэчлэлтийн замд орж, хүн болгон эрх чөлөөтэй боллоо. Үг хэлэх, хэвлэн нийтлэх, жагсах, цуглах, нам бүлгэм байгуулах, мөн тарах бутрах, бие биенээ магтах, матах, гүжирдэх гүтгэх, хороох, хорлох гээд дээр дооргүй л “сайхан эрх” чөлөөтэй болжээ.
Энэ бүх эрх чөлөөн дунд гэрээсээ дайжин, эх орноосоо дүрвэх эрх чөлөө бас байгаа юм аа. Нэг хэсэг нь гэрээсээ гарч орох оронгүй, оочих аягагүй давхисаар цагийн эрхшээлээр траншейнд орсноор арав гаран жил өнгөрчээ. Тэгвэл зарим хэсэг нь цаг төрийн хүндрэлээс болж, эх орноосоо гарснаар мөн л арав гаран жил болчохож. Арав гаран жил гэдэг маань бараг бүхэл бүтэн нэг үе гэсэн үг л дээ.
Ажилгүй архичин эцэг, анхиагүй арчаагүй ээж, хэрүүл шуугиан, орилион чарлаан, өлсгөлөн энэ бүгдээс болж хөөрхий хүүхдүүд хэдэн зуугаараа гэрээсээ дайжиж, сургууль соёлоосоо гарч, үеийнхнээсэ хоцорч тэртээ доор намагт унаж, нийгмийн үхмэл харанхуй давхаргыг бий болгосоор...Энэ олон хүүхэд дотор хичээл номондоо сайн, гэр орондоо тусч хүүхэд алийг гэхэв. Гэвч тэд маань улам л тэр харанхуй руу зүтгэсээр..
Авилгал хээл хахууль авч, бас өгч мэддэггүй, арилжаа наймаанд овсгоо самбаа муу ер нь л ийм нийгэмд зохицон, байр сууриа олж чадаагүй Монголын ард иргэд мянга мянгаараа гадагшаа дүрвэж хүний нутагт хоёрдугаар зэргийн хүний хэмжээнд амьдарч байна. Энэ олон дотор эрдэмтэн, мэргэд, спорт уралгын алдартнууд алийг гэхэв. Эд маань эргэж эх орондоо очиж, ихийг хийх хүсэл байвч нөхцөл нь бүрдэхгүй, эзэмшсэн мэргэжил нь энд зэвэрсээр. Гэсэн ч гадагшаа тэмүүлсэгсэд улам бүр олширсоор...
Яс, шил, хог түүж, мөнгө олоод аавдаа, ээждээ тусалж сайн хүн болноо гээд сайртсан бор гараараа нусаа арчих бяцхан хүүг зурагтаар харж л байсан. Харийн нутгаас хэдэн төгрөгтэй болоод эхнэр хүүхэдтэйгээ сайхан амьдарна даа хэмээн хоолой нь сааралтах идэр залуухан эртэй тааралдаж л явна. Магадгүй аль аль нь өөрсдөө л хүсээ биз дээ гэж хэлэх нэгэн байгаа л байх. Яагаад би энэ хоёр тэс ондоо зүйлийг харьцуулаад байна вэ? Улс орныг нэгэн гэр бүл гэвэл эх орноосоо дүрвэгсэд чинь нэгэн төрлийн “траншейн”-ийнхан мэт.
Харанхуй давхаргаас, харийн гүрнээс эднийгээ яаж ийгээд аврах бас авчрах юмсан.
Иргэд нь эх орондоо ирж амар амгалан байж, энхрий үрс нь нүхнээсээ гарч, ээж аавтайгаа элэг бүтэн амьдрах юмсан даа..
02,07
Бүрэн эхээрээ...

Захидал

2 Сэтгэгдэлүүд:

Эх орноосоо гараад, аав ээж, ах дүү, анд найз нараасаа холдоод нилээд уджээ. Анхандаа бид ихэд холбоотой байдаг байсан боловч сүүл сүүлрүүгээ захиа занаа утас, шөрмөс нь цөөрсөөр...
Бодвол би тэдэнгүйгээр, тэд надгүйгээр амьдарч дасаж байгаа юм болов уу. Бас урд урьдах амьдралдаа түүртээд тэр байхдаа гэж өөрийнхөө гэгэлгэн бодлын бараан сүүдрээс тэднийгээ өмөөрдөг юм. Хаа нэг Э-майл бичнэ. Хааяахан нэг утсаар ярих.
Ихэвчлэн мөнгө төгрөгний холбогдолтой, эсвэл монголд байгаа бухимдалтай амьдрал, утаа униар, хулгай дээрэм, жагсаал цуглаан ер нь өөдтэй юм яригдахгүй дээ.
...Наашаа яараад хэрэггүй л ... гэх. Захиаг бол бүр бичихээ байжээ. Э-майл гэх юмаар ойр зуурханыхаа юмыг гуйлгаж байж бичсэн болно. Тэр нь цаанаа нэг л хөндий. Буруу хазгай үсгээр бүрэн утга илэрхийлэх нь битгий хэл бүтэн үг бичихэд ч зовлонтой. Ер нь хурднаас цаашгүй. Энэ нь хөгжлийн хурдтай холбоотой л байх. Дээх нь үед гараар бичсэн захидал гэж яасан сайхан эд байжив дээ. Сэтгэлээ нээж, гараа гаргаж, уйлж дуулж байж захиа бичнэ гэдэг нэг ёсны хөдөлмөр, нөгөө бодлын маш их хүндэтгэл мэт. Зарим хүмүүсийн бичсэн захидал түүхийн үнэт зүйлс баримт нотолгоо болох нь бий. Захидал нь харилцааны том соёл, түүний том зэвсэг байжээ. Тухайн хүний бүх амьдралынх нь утга учир, хайр дурлал, ертөнцийг үзэх үзэл ганцхан захиатай холбоотой байж, түүнийг насан туршдаа хадгалж явах нэгэн байхад бүх сайн сайхан зүйлийг нь орвонгоор нь эргүүлчих хэмжээний захидал ч бас байдаг байна. Хүнээс үлдэх юм ер нь явж явж захиа зураг хоёр л бололтой. Зураг бол өөдөөс гөлрөөд хараад байхаас цаашгүй. Захидал бол юм хэлээд яриад байх шинжтэй. Нөлөө талаар зураг чамайг залуу явсныг чинь гэрчлэх байх, тэгвэл захидал чамайг ухаантай явсаныг чинь баталнаа.Хүн бүр залуу явсан байдаг. Харин хүн бүр...?
Яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн...
Ахын бичсэн захиа
Амьдралын хатуу үгтэй
Адууны омголон мөр шиг
Алдаж оносон үсэгтэй
Эжий чамайг санаад
Ирээч гэсэн утгатай
Ишигний эвэр шиг хоёулахнаа
Эвий гэсэн өнгөтэй... гэсэн мөр байдгийм. Залуус та нар аавдаа, ахдаа, ээждээ эгчдээ, дүүдээ хүүдээ, охиндоо захиа бичиж байгаарай. Хол явахад аль ч бэрхшээл тохиолдохыг тэр гэхэв. Тэр дундаас өөрийгөө авч гарах хийгээд сэтгэлээ сэргээхэд чинь маш их тус болно доо. Миний дүү нар ч гэсэн ахдаа захиа бичээрэй.
Бүрэн эхээрээ...

Тоонот Чулуу

1 Сэтгэгдэлүүд:

Тоонот чулуу буюу хүй дарсан чулууны тухай нэгэн яриа байдгийм. Хүүхдийнхээ төрсөн буйранд тэр төрсөн хүүхдийнхээ хүйг эцэг эх нь өөрийнхөө дааж чадах чуулуугаар даруулж орхино. Олон жилийн дараа хүү нь том болоод тэр чулууг өргөж чадвал эцгийнхээ дайны эр хүн боллоо доо би хэмээн бодох юм л даа. Товчхондоо бол ийм.
Энэ нь тухайн хүүхдийг эх болсон байдал дэлхийтэй нь хүйгээр нь холбож өгч байгааг илэрхийлсэн дом юм шиг надад бодогддог юм. Ард түмний минь домог ч юм шиг, дом ч юм шиг энэ яриа таньд, надад юуг өгүүлнэ вэ? Орчин үеийн гэгдэх бидэнд яг тийм чулуу байдаг билүү. Хэрвээ байдаг бол, эсвэл заавал ийм байх ёстой бол эцэг болсон эрчүүд чулуу зөөгөөд сүйд болно. Бас ч үгүй нэлээд том чулуу гээд байгаа шүү. За энэ ч яахав, марзан талаасаа гэж бодье. Гэхдээ...
Хүн ер нь өөрөөсөө холдсон болгоны дөнгүүрийг түрүүлэн боддог. Өөрөөр хэлбэл юмнаас холбож, тасарч байж юмыг ойлгох, сайн сайхныг олж харах тохиолдол цөөнгүй.
Яагаад лам хувраг заавал тэр уулын тагтанд ганцаар суун бясалгаж, хүний орчлонгийн ариуныг тунгааж олно вэ?
Яагаад бид өнгөрөн одогсодынхоо сайн сайхныг дурсан ярьдаг вэ?
Яг тэрэн шиг бид эх орноосоо урт удаан хугацаагаар холдож, санаж, шаналж байж буурайхан монгол орныхоо эгнэшгүй сайхныг мэдэрч, ухаарч, эх орон, элгэн садан нутаг усаа гэж тэмүүлдэг. Яагаад гэвэл бид эх оронтойгоо хүйн холбоотой учраас, мэдээж, энэ нь хүн болгонд харилцан адилгүй л дээ. Өөрөөр хэлбэл би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл бид бүгдийн сэтгэл зүрхний чанадад түрүүн яригддаг “Тоонот чулуу” торойж байдаг учраас юм болов уу....
Нутгийн сайхан дуугаа сонсоод
Намуухан дагаад аялмаар болохым
Торойж бараантах буйранд үлдсэн
Тоонот чулуугаа эргээд санахым... гэж дуу байдгийм Яаж яваад бид ийм сайхан оронд төрөө вэ? Ер нь ямар азаар бид энэ эх оронтой ямар их хувь тавилангаар холбогдоо вэ? Хэдийгээр энэ тухай манай суутнууд яруу сайхнаар дуу алдсан байдаг ч бид дахин дахин санаж, өөрсдөө асууж, толгой дээгүүр, цээж тэнэгэр явахын зэрэгцээ бусдаас хамарлах дохоины бяцхан харанга дэлдэж явахад илүүдэх юм байхав.


Бүрэн эхээрээ...

Дүү нарт

2 Сэтгэгдэлүүд:

Яагаад энэ тухай бодоод байдгаа би ер сайн мэддэггүй, ямар ч байсан тархинд эргэлдээд салдаггүй юм. Орчлон дэлхий уудам уужим ч, бодь ертөнц болоод түүний амьдрал мөнх юм шиг авч энэ бүгдийн хажууд хүний амьдрал гэдэг өчүүхэн ажээ. Тэр тусмаа хүний идэвхтэй амьдрал тун богино, цаг хугацаа тунчиг хурдан нь гачлантай. Хүн 60 насланаа гэвэл 720 сар буюу 21600 хоног, бүр цаашилбал 518400 цаг буюу 31 сая 104 мянган минут наслах нь ээ. Эндээс бодохоор хүний идэвхтэй амьдралын 15 сая минут л байна.Энэ ямар аймаар вэ? Үүнээс бид хэдийг нь унтаж, хэдийг нь идэж ууж, хэдийг нь шал хэрэггүй өнгөрөөж байгаа бол. Хэдийгээр энэ тоо саяар яригдаж байгаа боловч энэ чинь минут шүү дээ гэж бодохоор нэгийг хэлээд байх шиг. Инээж хөхөрч, наргиж цэнгэж, уурлаж тунирхаж, заримдаа бүр таг гөлөрч суугаа минут бүрт амьдралын чинь хугацаанаас хасагдсаар байх болно. Тэгвэл одоо яах вэ? Цаг хугацааны хүрд нэгэнт эргэсэн л бол зогсдоггүй юмсанж. Энэ хүрдийг чи эхийн хэвлийд байхдаа эргүүлж эхэлжээ. Зогсохгүй хүрд гэдэг хорвоогийн ганцхан үнэн ажээ. Үүнийг зогсоодог, өөрөөр хэлбэл зогсоосон мэт болгодог нэг л арга байдаг байна. Энэ нь хүн болсон хувь заяандаа баярлаж, хүн шиг амьдрах л арга юм. Хүн шиг амьдарна гэдэг нь гэр оронтой болж, авгай авч, хүүхэд гаргаж,тэднийгээ өсгөсөн төдийхнөөр зогсдоггүй юм шиг. Энэ бол зүгээр л амьтан төдий мэт. Яагаад гэвэл амьтан араатан хүртэл үүр оромжтой болж, эмэгчинтэйгээ үр зулзгаа өсгөж, яаж амьдрахыг нь зааж өгөөд гаргадаг байна. Тэгвэл миний хүн шиг гээд байгаагийн учрыг олохсон. Хүн амьтнаас хэлээрээ ялгардаг гэдэг. Гэтэл ярихын тулд сэтгэдэг боддог аж. Гэлээ ч гэсэн хүн хүнийхээ дунд л хүн байж чаддаг байна. … Хүн хүнээс юм авах гэж эсвэл хүнд юм өгөх гэж төрдөг … гэж нэг шүлэгч шүлэглэжээ. Тэгвэл өгөх ч юм байхгүй, авах ч юмаа мэдэхгүй тийм хүн болцгоох вий гэж санаа зовох, нөгөө талаар хүн тухайн төрсөн үеийнхээ нийгэмд өөрийн гэсэн “дүр”-тэй төрхтэй амьдарч чадвал хүн шиг амьдарлаа даа би гэж өөрөө ч бодох, үеийнхэн чинь ч хүндлэх, үр удам чинь ч бахархах бөлгөө. Та юу хийж бүтээж чаднав, тэр чинь таны “дүр” болох юм. Өөрийн гэсэн дүртэй, сайн сайхан амьдрал гэдэг аав ээжийн үлдээсэн алт мөнгөнд биш, айхтар хүч, бяр, гоо сайханд биш, хүний санаж сэдэх сэтгэхүйнд байдаг байна. Түрүүн яригдаад байсан цаг хугацааны хүрдийг зогсоосон мэт амьдрахын учиг энд цохиж явнаа гэж… Тэгвэл сана, сэтгэ, тэвч, хий, бүтээ…
2007 onii 1 sariin 02
Бүрэн эхээрээ...

Алслалт

0 Сэтгэгдэлүүд:

Бага байхад “Алслалт” гэдэг хичээл заажээ. Тэгэхдээ энийг тоо, хэлний багш биш, түүх нийгмийн ухааны багш бүр ч биш, ердөө зургийн хичээлийн багш заасан байх юм. Энэ нь яадаг вэ гэхээр харгуй замыг ч юм уу, утасны шон мэтийг зурахдаа наанаа өргөн том байснаа цаашлах тусам нарийсан жижгэрсээр цэг болж зурагддаг тухай юм. Яагаад би энэ тухай санав?Би эх орноосоо хэдэн мянган бээрийн хол суугаа Төв Монголын нэгэн хөвгүүн. Эх орон маань хичнээн өргөн уудам ч, ард түмэн минь хичнээн агуу ч гэлээ эх орноосоо холдох тусам, удах тусам сэтгэлд минь хэзээ ч ховхрохооргүй нэгэн цэг болон тогтсон бол эргэн очих, санан дурсахын цагт нөгөө цэг маань эргэн томорч, задран эгэлгүй сайхан болдог билээ. Эгээ л тэр багшийн заасан шиг сэтгэлд минь алслалт бий болсон мэт.Ер нь эрхэм хүмүүний яс махны гол цэг, нандин бүхний учиг нь эх орон болдог байна.
… Элэг зүрхнээс уяатай .. гэж дуулдагын учир энэ. Яагаад гэвэл үеийн үед хүн өөрийн гэсэн эх оронтой байсан тулдаа түүнийхээ төлөө хэдэн үеэрээ босон, тэмцэж, ялж, ялагдаж, бодож, шаналж, алдаж онож явсаны ачаар хүн өдий зэрэгтэй болтлоо хөгжиж яваа. Эх орны төлөө бол өөрийн болоод өрөөлийн амь юу ч биш байна аа. Надаас өмнө хэдэн зуун мянган жилийн тэртээд ийм байсан, надаас хойш хэдэн мянган жилдээ ийм л байх болно. Энэ олон үеийн, энэ олон хүмүүний бишрэл хүндлэлийн гол цэг болсон болохоор эх орон гэдэг ийм агуу нандин, эгэл жирийн хүндээ ч гэсэн шингэдэг байна.. Хүнд ямар ч бурхан шажин, хоол унд, нам төр, цаашлаад алтан амьнаас илүү эх орон, ерөөс хүмүүн болсоны утга учир, учирал хагацал, баяр цэнгэл, уй гуниг бүхний цаана эх орон байдаг байна. Хүн эцэг эхгүй байж болдог авч харин эх оронгүй байж хэрхэн болох. Эх орон хамгийн эрхэм байдгын учир энэ.
2007 onii 1 sariin 02
Бүрэн эхээрээ...

Санаашрал

3 Сэтгэгдэлүүд:

Гучин долооныхоо жил дээр хүүхэд гаргавал сайн гэж хэнээс ч юм сонсчээ. Би сайхан хүү, охин хоёртой ч тэд маань овоо болцгоож, эхнэр бидэн дахин нэг хүүхэд хүсэн мөрөөдөхийн цагт яагаад ч юм дээрх үг шалтаг болсоор бас нэг хөөрхөн цагаан хүүтэй болсийм. Би гэдэг хүн ажил амьдралын мөр хөөж, гэр бүл, үр хүүхдийн хамт бусдын адил хүний нутагт цагаачлан яваа нэгэн. Хүний нутагт, үгүй хүний нутагт ч гэж дээ, хүү маань энэ газар, энэ улсын иргэн болон төрлөө. Уг нь энэ улс дэлхийд тэргүүлэх гүрний нэг, амьдралын баталгаа нилээд өндөр хангадсан улс учир бид ч нэг талаас хүүдээ сэтгэл хангалуун яваа.
Гэхдээ сэтгэлийн мухарт нэгэн хүнд юм дараад … Эх орноо санан дурсахын зэрэгцээгээр хөх толбот хүүгийн маань биеэр монгол цус гүйж байгаа учраас би хүүдээ ХАНГАЙ гэж нэр өгсөн юм. Хүү маань өдөр хоногоор өсөж, гэрт хөөрхөн үнэр болоод, дуу чимээ авчирч, аав ээж, агаа эгээгээ дультраатуулж. Ах, эгчийнхээ бага насны мартагдах шахсан дурсамжийг сануулж, ер нь л сэтгэл хангалуун, цээж тэнүүн явнаа би. Эхнэрээ төрөхөд нь дэргэд нь байж, эх үрийн хоёр яс салах агшинг харсаны хувьд эрхгүй гэр бүл, үр хүүхдийн ариун холбоог дахин мэдэрч, тэдэндээ би хайртай байх хийгээд би өөрөө энэ гэр бүлийн хэн нь вэ гэдгээ ойлгож байна уу гэлтэй. За тэгээд цаашилбал хань ижилтэйгээ хослон амьдрахын утга, түүнийгээ хайрлахгүй байхын аргагүйг ухаарч явна. Ер нь энэ хүүхэд надад ихийг өгчээ. Хүүгээсээ ихийг авахын зэрэгцээ би өөрийн эцэг, эхийг урьд байгаагүй ихээр бодох болжээ. Саяхан би эхнэрээсээ “Хэрвээ нутагтаа байсан бол энэ хүү маань ямар байх байсан бол” гэж асуусан юм. Тэгсэн “Хэрвээ бид нутагтаа байсан бол энэ хүүхэд өөр хүүхэд төрөх байсан байх” гэсэн юм.
Эндээс үүдээд бодоход О.Дашбалбарын…
Өнгө алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла… гэсэн мөрийг эрхгүй санасан юм. Нээрээ л би ч гэсэн хүн болохгүй байж болох л байж. Ингээд бодохоор эцэг эхдээ баярлахгүй байхын, тэднийгээ хайрлаж, хүндлэхгүй байхын арга алгаа.
…. Их хүний хэргийг
Иргэн хүн шүүдэггүй юм… гэж Чойном шүлэглэсэн байдаг. Эцэг, эх гэдэг үр бидэндээ их хүмүүс билээ. Эцэг эх маань ямар ч хүмүүс байлаа гэсэн үр бид гомдоод гонгиноод, шүүгээд яллаад байх хэрэг алгаа. Харин ч бид тэднийгээ сэтгэл зүрхэндээ эх орон мэт хайрлаж хүндэлж бүр тахин шүтсэн ч болох байна.
…Эцэг эхээс заяатайЭрдэнийн алтан өлгий минь … гэж дуулдаг. Би ч яахав, энэ дууг дуулаад өсөж, харин америкт төрсөн хүү минь!!! Энэ хавьцаа л миний дурдаад өнгөрсөн сэтгэлийн дарамт оршоод байгаа юм. Би ер нь хүүгээ эх орноосоо төөрүүлчихсэн юм биш байгаа.
2007 onii 1 sariin 2.


Бүрэн эхээрээ...