# #

Аудио - 9 "Өглөө"

1 Сэтгэгдэлүүд:

За MGLRADIO-d Солонгосоос миний өгүүллэгүүдийг уншдаг авъяаслаг залуу Батаагийн уншиж буй аудио зохиолыг үргэлжлүүлье. Дашрамд нь Батаадаа баярлалаа.

Бүрэн эхээрээ...

“Үр харам”-аас үг харамласангүй

12 Сэтгэгдэлүүд:

За "Үр харам"-н уншигчидтай хийсэн бяцхан уулзалт болж өнгөрөв. Хугацаа тулгамдсан байна гэж зарим нь үзсэн. Гэхдээ миний хувьд сэтгэл ханамж өндөр байлаа. Ямар нэгэн том роман, номны нээлт биш. Зүгээр л нэг тууж, тэр ч байтугай хэвлэгдээ ч үгүй зохиол уншаад ингэж хүлээж авсанд талархсан. Гадаадаас уншсан хүмүүс болон ирж чадаагүй уншигчид маань и-мэйл хаягаар, фб-ээр, мөн месенжерээр гээд холбогдож болох бүхий л сувгаар урмын үгс болон нөхөрсөг зөвлөгөөг өгсөн байв. Хамгийн гол нь энэ бүгдээс би өөртөө болон дараа дараагийнхаа зохиолуудын хэн нэгэн баатарт, хэн нэгэн бүсгүйд, хэн нэгэн хүүд, охинд хэрэг болох сэрэл мэдрэмжээ "шинэ агаар"-аар амьсгалуулж чадсанд оршино. Би ямар нэгэн урамшуулал амлаж санаа оноо цуглуулахыг зориогүй. Гэхдээ цаг заваа заран байж санаа оноогоо дээрх замуудаар өгч байсан хүмүүсдээ баярласнаа дахин илэрхийлж энэ туужид зайлшгүй засах ганц үг хэлж өгсөн erd_mn хаягаар орж ирсэн Эрдэмээ Батаа гэдэг нэртэй уншигчдаа "Үр харам" зохиолын эх хувь гар бичмэлийг дурсгахаар амлаж бна. (хэрвээ нэг хэсэг навсгар цаас өөрт нь төвөг болохгүй бол шүү дээ) Энэ хүн Bum ahaa Huuhed (Huslen) gereeslej uldeej boldog yum bolov uu? гэсэн байлаа. Холбогдоод энэ хачин "шагнал"-ыг (дурсгалыг) аваарай. Ингээд уншсан бүх уншигчиддаа сайн сайхныг хүсье! Амьдралыг өдөр өдрөөр нь хайрлаж яваарай гэж хүсье! Аан тийм, уулзалтын талаарх сэтгэгдлийг энд бичсэн байна лээ. Адъяагийнхаа бичлэгийн нэрийг энэ удаа "туусан" болно.
Бүрэн эхээрээ...

УУЛЗАЦГААЯ

17 Сэтгэгдэлүүд:

За "ҮР ХАРАМ" туужийн уншигчидтай уулзах "ЗҮГЭЭР Л ЯРИЛЦЪЯ -1" уулзалтын тов бэлэн боллоо. Энэ ирэх хагас сайнд буюу 2013 оны 2-р сарын 23ны 14 цагаас МИГ даатгалын байранд болно. Хаяг нь: ЧД 1-р хороо, Энх тайвны өргөн чөлөө, 5-1 Миг даатгалын байр. Одоогийн Мөнгөн завъяа дэлгүүр буюу хуучнаар хүнсний 20-ын зүүн талын шар байрны дотор талд (дунд) байрладаг юм байна. Холбоо барих утас 99017136 Бүрэн эхээрээ...

"ҮР ХАРАМ" - 15 буюу төгсгөл (тууж)

70 Сэтгэгдэлүүд:

- Охиныг нь авна гэнэ
- Хүслэнг үү?
- Тийм. Гол нь охиндоо ч биш. Кафед нь болоод байгаа байхгүй юу Охиныг нь үрчлээд авчихвал тэрний эзэн болно гэж тооцоолсон хэрэг.
- Тэр том үйлдвэртэй хүн тэр муу жаахан кафегаар яах гэсэн юм болоо?
- Үгүй ээ, харин тийм л шуналтай болсон байхгүй юу. Бүр авах идэхийн дон. Би түүнд зөвшөөрөөгүй юм. Анх талийгч кафегаа өөрийн болголоо гээд бид хэд сууваа даа. Тэгээд дараа нь би Надмидад манай Сувдаа мөн сүрхий юм. Өөрийн гэсэн хөрөнгөтэй болчихлоо. Тэгээд бид гурав жаахан хөөрөөд суучихсан гэсэн чинь л юун сүртэй юм. Тэрийг ямар хөрөнгө гэдэг юм. Миний машин ямар үнэтэйг мэдэх үү? Ийм хоёрхон машины мөнгө цуглуулчихаад хөрөнгө гэлээ гээд л баахан ихэрхэв. Тэгэхээр нь ийм юм ойлгохгүй байхдаа яадаг юм. Чи ямар тэглээ гээд хоёр машинаа зэрэг унаж чадах биш гээд хэлчихсэн чинь уурлаад тэр шөнө намайг ээрч өдсөөр байгаад хэрэлдэж байгаа юм даа.
- Ямар ичдэггүй юм бэ?
- Ичих ч бүр өнгөрсөн. Сүүлдээ охиныг нь авъя гэж хэл гээд, би үгүй гэсний төлөө зодуулав. Зодохдоо аль хүн харахгүй суга цавь, гарын дотор талаас чимхэж, базна. Тэгээд намайг хашгирах гэхээр ам таглаад дарчихна. Хоёр хүүхдэдээ сонсгохгүй гэж тэр.
- Аан, тэгээд чи бүр нэг хэсэг хачин болчихсон юм байна ш дээ.
- Сүүлдээ бүр та нартай уулзахаас халшираад, хоёр хүүдээ ч хэлж чаддаггүй. Гэрийнхэндээ хэлэх гэхээр манай хоёр дүү Надмидаас хэдэн төгрөг зээлчихсэн байдаг. Ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг л болсон. Та нар бод л доо. Нарийн бичгээ хүртэл талийгчийн кафе руу явуулж судлуулсан байгаа юм даа.
- Зэвүүн муу новш вэ?
- Тэр ч бүү хэл нөгөө солгой Аюуш гэдгийг хүнээс асуулгасан гэсэн.
- Аан тийм, дуу хураагч дээр нэг тийм юм байсан шүү. Ингэхэд тэр яаж Аюушийг нь мэддэг юм? гэж намайг асуухад
- Би л нэг удаа хэлчихгүй юү дээ. Хөөрхий, Сувдааг маань тэгж зоддог байсан гэнэ. Тийм балиар хүн энэ орчлонд бас байдгаа гээд түүнд яриад байсан чинь харин яг хажууд байж байсан байдаг байгаа. Тэгээд сүүлд талийгаач дээр өөрөө очно гэхээр нь би түрүүлж очиж битгий өгөөрэй Сувдаа минь. Манайд л охиноо өгч болдоггүй юм шүү. Надмид кафег чинь үгүй хийгээд охиныг чинь гудамжинд хаячихаасаа сийхгүй хүн гэж хэлэхэв дээ. Талийгаач бүр итгэддэггүй. Тэгэхээр нь хамаг хувцасаа тайлж бүр хөх няц болсноо үзүүлсэн ш дээ гээд Анхмаа уйлах гэснээ нулимсаа цааш нь залгилаа. Тэр сүүлийн хэдэн сарын дотор нулимсаа тэвчиж сурсан бололтой.
Энэ бүхнийг сонсож суухдаа өнгөрсөн хугацаанд хоёр найзын минь амьдралд чухам юу болоод өнгөрснийг ойлгож зогсохдоо өөрийгөө мөн ч өчүүхэн байна даа гэж бодлоо. Би ер нь ямар гээчийн амьтан юм бэ бүү мэд. Би тэдний хажууд үнэхээр юу ч үзээгүй байлаа. Зөвхөн талийгаачийг өөртөө хүүхдээ өгөхгүй нь гэж гол гонсойсондоо Сүхээг үзэн ядаж, орчлонд ганцхан өөрийгөө аз заяагүйд тооцон ганихарч, өөрөө өөрийгөө л өрөвдөж, өөрөө өөртөө зовлон зохиож явсан байлаа. Гэтэл найзууд минь нэг нь үхэлтэй, нөгөө нь амьдралтай тэмцэж явсан байна шүү дээ. Анхмаа үнэхээр гайхалтай тэвчээртэй бүсгүй юм. Хүслэнгийн төлөө, түүний ирээдүйг буруу хувь тавилан руу оруулчихгүйн төлөө бараг шөнө болгон зодуулж, нүдүүлж, зулгаалгаж байсан байх юм.
- Наад нүүр ам чинь бүүр . . .
- Одоо овоо гайгүй болчихоод байгаа нь энэ. Талийгаачийг өнгөрсөн орой намайг бүр нэвширтэл балбасан ш дээ. Овоо хүнд харагдахгүй газар зоддог байснаа тэр орой хамаагаа алдсан. Бодвол эцсийн боломж нь ингээд дууслаа гэхээр тэгсэн байх
- Чи яаж тэсэв ээ?
- Тэсэх ч гэж дээ. Би чадахгүй ээ, чадахгүй араатан минь гэж хэлснээ л санадаг. Нэг сэрсэн чинь хоёр хүү маань нүүрэн дээр нойтон алчуур тавьж байсан. Бас болоогүй ээ хүү маань манай дүү нар луу ярьсан байсан. Тэр хоёр ирж бид гурвыг авсан.
- Ирсэн үү? тэр араатан, чиний араас . . .
- Ирсэн. Ажил дээр хүний амь яригдаад байхад чи энүүгээр ингэж маяглалаа. Дүү нарыг чинь өрөнд бариулж, шоронд хатааж дөнгөнө шүү би гээд өнөө л хэлдэгээ хэлж байсан гэтэл Сүхээ сая нэг ам нээж
- Тэр одоо тэгж чадахгүй. Чи сална гэж шийдсэн бол шүүх эмнэлэгт очиж акт гаргуул. Тэгээд гомдол гаргаж салах өргөдлөө өгч болно. Харин би тэр ажлынх нь хүний ар гэрийнхэнтэй уулзана. Болороо Хүслэнгийн ээж болж байгаагийн хувьд талийгаачийн өмнөөс гомдол гаргаж болно. Дуу хураагчид бичсэн хэсэг нь хуулийн өмнө нотлох баримт болохгүй ч үндэслэл болж чадна. Ер нь тэгээд иймэрхүү хүмүүс ихдээд ирвэл бид яаж тайван амгалан амьдрах юм гэлээ.

                                                           *    *   *

- Хөгшөөн! Хэд хоног наад бичиг цаасаа завсарлахаас болохоо байлаа гэж өвгөн хэллээ.
- Юу . . .? Яагаад билээ? Мөдхөн дуусах гэж байхад . . .
- Манайх нүүх боллоо. Дараагийн долоо хоногт. Манай байрныхан аль хэдийн нүүгээд эхэлчихсэн шүү дээ. Одоо бидний ээлж болоод байна. Гэр орныхоо юмыг эмхлүүлэхгүй бол болохгүй нь. Манай новш гэж яасан ч их юм гэж байна.
Нээрээ, манайх нүүх болжээ. Тэгээд л нэг жаахан ухаан орж гэр орноо янзаллаа. Нэг байрандаа удсан болохоор айлын новш гэдэг өдөр хоногоор хураагдаж байдаг юм хойно манайх хэрэгтэй, хэрэггүй юмаар дүүрсэн байв. Хэдэн өдөр ноцолдоод, хүргэдүүд машин олж ирэх тэр өдөр л арай гэж гайгүй болов. Хүүхдүүд бужигналдан юмаа зөөсөөр байр маань хоосорлоо. Хоосон болохоор бараг амьсгаа хүртэл цуурайтна. Гадаа нарны элч хариад намрын шинж бүрнээ орж. Мөдхөн моддын навч хаялах шинжтэй. Цаг нь ирж байгаа хойно тэгэхээс яахав. Машинд суун явахдаа хуучин байраа эргэн, эргэн харсаар булан тойрлоо. Цээжинд үл мэдэг гуниг хуйргансаар байх ажээ.

                                                          *   *   *

Удалгүй бид Хүслэнгээ өдрийн цэцэрлэгт өглөө. Хүслэн маань баярлаж байгаа гэж учир алга. Өдөр болгон гэртээ харьдаг байх нь охины минь мөрөөдөл байсан шиг байгаа юм. Гэтэл тэр мөрөөдөл нь биелэх агшинд өдөр бүр хамт байхыг хүссэн ээж нь байхгүй болчихсон байдаг. Орчлон хорвоо гэдэг угаасаа нэг хүслийг биелүүлэхдээ нөгөө хяслыг бий болгодог юмаа даа янз нь. Гэхдээ би Хүслэндээ яг ээж шиг нь байхыг хичээсээр ирсэн. Тийм ч байж чадсан гэж боддог юм. Энэ нь нэгд, найзынхаа өмнө хүлээсэн үүрэг, хоёрт гэвэл Хүслэн маань миний охин шүү дээ. Одоо энэ том охин маань юм шүү дээ. Нэг өглөө би охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр алхаж явтал Хүслэн
- Нөгөө, нөгөө . . . Сүхээ ах нь ирж байна гэлээ. Хартал Сүхээ гудамжны нөгөө талаас гүйсээр ирж амьсгаагаа дараад надад нэг хайрцагтай юм гаргаж өгсөн нь сүйн бөгж байсан юм. Амьдралдаа ийм юм авч үзээгүй. Кинонд л ийм юм байдаг гэж бодож явсан би бүр сандарч орхив. Сүхээ
- Аав чинь байсан бол өдийд “Засаж болдог алдааг, алдаа гэдэггүй юм” гэж хэлэх байсан байх. Тэгэхээр Болороо минь надад нэг боломж өгөөч гэсэн юм. Яг л кино шиг. Би бөгжийг шууд авч чадсангүй. Цээжинд нэг л сайхан гэгэлгэн цагаан аялгуу хадах шиг. Баяр ч төрөх шиг. Гэхдээ би юү гэхээ хэлж мэдэхгүй байв. Хүслэн намайг харж зогссоноо
- Болороо эгчээ авчихаач, Сүхээ ах нь гуйгаад байна ш дээ гэхэд нь сая нэг ухаан орж
- Ямар сонин газар, ямар сонин цагаар өгдөг юм бэ? гэхэд тэр
- Харин ч зөв үе. Одоо яг өглөө болж байна. Бидний амьдрал өглөө шиг эхэлж, нар шиг мандвал сайхан. Энэ гудамжаар ажилдаа яаран, яаран яваа хүмүүс шиг амьдрах чин хүсэл бид гуравт гурвууланд минь байгаа гэсийм. Тэр ухаалаг мөртлөө сэтгэлийг минь урвуулах увидастай үг хэлж зогссон залуу чинь одоо энэ манай өвгөн шүү дээ. Энэ өдрийг хэзээ ч мартдаггүй юм. Яаж ч мартах билээ дээ. Бид гурав цааш хөтлөлцөн алхлаа.
Хүслэн цангинасан дуугаар
- Тэр манай хуучин цэцэрлэг гэж замын эсрэг тал руу заав. “24-ийн цэцэрлэг” гэсэн хаягтай тэр байшин руу нэгэн ээж хүүгээ хөтлөн хоцорсон бололтой гүйж ирснээ хаалга балбаж байв. Цэнхэр халаадтай бүдүүн багш хаалгаа тайлж байгаа харагдана. Тэр бас л уурлаж байсан байх. “Ганц Сувд” кафе маань онгойж үйлчлэгч үүднийхээ хогийг цэвэрлэнэ. Хажуугийн нотариатч үүдээ нээчихсэн бидэн рүү даллаж байв. Тэр өглөөг би ямагт бодож явдаг. Нэг л тийм амьдрах итгэл, сэтгэл, хүсэл нэгдсэн өглөө байсым. Ер нь бол бид гурвын өглөө байсан даа. Сэтгэл цадах гэдэг сайхан юм билээ. Хүслэн
- Нөгөө, нөгөө . . . шинэ ангийн хүүхдүүд намайг аавгүй, аавгүй гэж шоолохгүй тэ? гэхэд Сүхээ
- Үгүй дээ охин минь, Одоо чамайг хэн ч дахиж тэгж шоолохгүй гэхэд Хүслэн
- Бас ээжгүй гэж дуудахгүй. Яагаад гэвэл ээж миний чихэнд “Миний охин Болороо эгчийгээ “Ээжээ” гэж дуудаж болно гэж хэлсэн” гэлээ.
Миний хамрын угаар шархираад явчихлаа. Тэр, сүүлийн өдөр талийгаач Хүслэнтэй уулзахдаа охиныхоо чихэнд тийм л юм шивнэж байсан байж шүү дээ. Эх хүний сэтгэл гэдэг ямар агуу юм бэ?
Өвгөн бид хоёр охиндоо хачин их хайртай. Хайргүй байхын ч аргагүй. Бид хоёрын амин зүрх юм шүү дээ. Тэгж их хайрласны хариу юмуу, Хүслэн минь булган сүүлтай байж ерөөсөө зургаахан сарын дараа бага охиноо олсон юм. Ёстой гайхамшиг гэж л тэр байлаа. Хувь заяа гэдэг тийм, ийм гээд хэлчихэж болдоггүй зураг юм шиг байгаа юм. Магадгүй би зөвхөн энэ хүнээс л хүүхэдтэй болох хувьтай байсан байх л даа. Энэ охиноо би бурханы хишиг гэж боддог. Ер нь ч тийм. Харин өвгөн маань түүнийгээ талийгаачийн сүнс хэмээн бодож “Сувдаа” гэдэг нэр өгсөн дөө.
- Яагаад ийм нэр өгвөө? гэж асуухад
- Чи биднийг дуусан дуустал манай гэрт энэ нэр дуудагдаж байг гэсийм.
Тиймээ, энэ нэр манайд дуудагдсаар л байна. Хэдэн жилийн дараа кафегаа буцааж орон сууц болгосон. Ахлах тогооч маань яг ижилхэн үйлчилгээтэй кафег өөрөө нээсэн байсан. Тэр, энэ бүгдийг Сувдаа эгчээсээ сурсан юм шүү дээ гэж хэн хүнд хэлж, ярьж явдаг гэсэн. Хүслэн маань тэр үеийн миний байранд, Сувдаа маань тэр үеийн өвгөний байранд тус тусдаа амьдарцгааж байна. Харин энэ байрандаа өвгөн бид хоёр өдий хүртэл амьдарч байна даа. Одоо л хэзээ мөдгүй нураах болчихлоо. За за өөрийнхөө амьдралд тохиолдсон хамгийн эмзэг, хамгийн сайхан, хамгийн торгон хэсгээ бичлээ.

                                                           *   *    *

Өчигдөр бид Хүслэнгийн олсон түрээсийн байранд нүүж ирлээ. Өнөөдөр өвгөнтэйгээ очиж байрыг минь нураахыг харлаа. Дээрээс нь эхлээд тракторын том шанагаар татаад нурааж байна лээ. Тоос шороо бужигнуулан нурж байгаа байшин маань яг л уйлж байгаа юм шиг санагдсан. Манайх нэг давхар болохоор хамгийн сүүлд нурж таарав. Цонх нь наранд гялтганаад яг л надаас нэг юм гуйгаад байгаа харц шиг өрөвдөлтэй. Нэг мэдсэн чинь өвгөн маань
- Хөгшөөн! одоо уйлаад яахав. Оронд нь цоо шинэ байшин барьчихна гэж аргадлаа.
Тийм дээ. Тэнд цоо шинэ байшин баригдаж, цоо шинэ амьдрал, цоо шинэхэн түүх эхлэнэ. Би түүнийг гарцаагүй мэдэж байна. Гэхдээ мэдээж хүний л түүх байх болно.
Эртээдхэн нэг өдөр намайг
- Шинэ байраа яах вэ? гэж асуухад өвгөн
- Тэр чинь эзэнтэй шүү дээ гэсэн. Тийм л дээ. Энд Хүслэн минь амьдарна. Сувдаа минь охиноо ямар хүн болж, үр удам нь ямархан түүхтэй, эцэг эхийнхээ гал голомтон дээр хэрхэн амьдарч байгааг тэндээс харж байгаа. Хэзээ нэгэн цагт би ч гэсэн тэнд очно. Тэгэхдээ найз нь чамдаа бүгдийг ярьж өгнөө . . .

                                                            *   *   *

Би дурсамжаа бичээд дуусчихлаа. Гэхдээ хүүхдүүддээ бараг уншуулахгүй байхаа. Тэд маань өөрсдийнхөө жамаар амьдарч, өөрсдийнхөө дурсамжийг бий болгох болно. Бидний дурсамжаар тэд маань амьдрахгүй шүү дээ. Тэгэхээр энэ бичсэнээ урчих л байхаа даа . . . Би амьдралд хайртай. Гэр бүлдээ, хүргэд, охидууддаа, зээ нартаа бас өвгөндөө хайртай. Тэр дундаа энэ бүгдийг надад бэлгэлсэн найз Сувдаадаа бүр ч их хайртай. Хүмүүн бид хайраас хайр дамжин амьдардаг юм байна . . .

Тэтгэвэрт гарсан жилийн хавар, зун, намар.

Төгсөв. Зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнэ 2012 он
Бүрэн эхээрээ...

"ҮР ХАРАМ"- 14 (тууж)

21 Сэтгэгдэлүүд:

“Өөрийн ганц охин Хүслэнгээ хамгийн хайртай найз Болороодоо үрчилж үлдээснээ гэрээслэв” гэсэн байв. Би нүдэндээ итгэсэнгүй. Нотариатчийн тамга ч харагдах шиг. Сувдаагийнхаа зургийг тэврээд уйлж гарлаа. Ийм юм гэж байдгаа бас . . . Еэ, тэнгэр минь гэж . . . Бурхан минь гэж . . . сад тавьсан нулимс маань урсаж, эрүүнээс дусалж байсныг ч мэдэлгүй нэг хэсэг л уйлж суулаа.
- Баярлалаа Сувдаа минь, баярлалаа. Би охиныг чинь хүний зэрэгтэй хүн болгоно. Нүднийхээ цөцгий мэт хайрлана. Би амлаж байна гээд л өөр юу юу гэсэн юм бүү мэд. Үглээд л, амлаад л, Сүхээг тэврээд л уйлаад байлаа. Энэ бол өөрийгөө бодохоор баярын, Сувдаагаа бодохоор харамслын уйлалт байсан юм.
Энийг нь эртхэн мэдсэн бол би хамгийн сүүлчийн үгээ арай өөр үг хэлэх байсан юм. Энэ амлалтаа түүнийг ухаантай байхад нь амлах байсан юм. Юм гээч яагаад ингэж өнгөрсөн хойно хоцорч ойлгогддог байнаа. Хорвоо гэдэг хожимдож ухаарахын харууслаар дүүрэн байдаг ажээ.
Хэсэг тайвшраад дугтуйгаа дахиад үзвэл бас нэг цаас гарч ирсэн нь кафегаа охиндоо үлдээсэн гэрээслэл байлаа. Тэгэлгүй яахав дээ. Тэрний төлөө л өөрийгөө эмчлүүлээгүй юм чинь. Мөн дотроос нь ганц нэг ээмэг зүүлт, мөн цаг үргэлж барьж явдаг дуу хураагч нь гарч ирэв. Энийг би бүр мартчихсан байв. Болороод гэсэн зурвас гарч ирлээ. Энийг би унших эрхтэйгээ батлах гэсэн шиг Сүхээ рүү дахин харав. Тэр харцаараа зөвшөөрч байна.
Болороод
Найз минь. Яаж ч болохгүй хорвоогийн тавилан гэж байдаг юм байна. Би чамд сүүлчийн үгээ захиж байна. Аливаа бүхэн сүүлчийнх байна гэдгийг мэдрэх их сонин юм. Сүүлчийн үг, сүүлчийн захиас, сүүлчийн уулзалт ийм байгаа юм чинь надад хамгийн сүүлд харагдах зүйл тэр ч байтугай сүүлчийн амьсгаа хүртэл их л сонин байх байхаа. Ялангуяа ганц охиноо сүүлчийн удаа харцандаа үлдээх ямар хэцүү байх бол? Гэхдээ тэртээх ор мөргүй хоосон ертөнцөд охиноо инээсэн чигээр нь харж явахын тулд би хичээх болно. Найз нь өөрийгөө явцгүй болчихож гэдгээ тэр нэг өдөр эмчээс сонссондоо биш, чамайг манай кафены гадаа ирчихээд орж чадахгүй эргэлдэж, над руу “Өнөөдөр очиж чадахгүй нь ээ” гэж утсаар хэлэхэд чинь бүрмөсөн итгэсэн юм шүү дээ. Би чамайг цонхоороо хараад зогсож байхдаа “Би чинь ийм л найзтай шүү дээ” гэж бодож, чиний сэтгэл хэрхэн зовниж буйг ойлгож байсан юм. Найз нь өнгөрсөн амьдралдаа өөрийгөө зовсон гэж бодохгүй байна. Гэхдээ амьдралын төлөө бусдаас илүү, магадгүй чамаас ч илүү тэмцсэн гэдгээ сайн мэддэг. Чи ч мэднэ. Даанч үр дүнд хүрсэнгүй. Яалт ч үгүй хувь заяаны төөрөгт ялагдаж байна. Яаж ч хичээгээд хүч хүрэхгүй хувь тавиланг би яалтай билээ. Миний өмнө өглөө оройгүй зурайх тэр нарийхан цагаан жимээр би явах л ёстой юм шиг байна.Түүний цаана юу гээч нь намайг хүлээж байгааг бас мэдэхгүй. Амьдралд хоргодох юм ганц охин минь л байна. Одоо яая гэхэв. Би яаж ч цахлаад энд, охиныхоо дэргэд үлдэж чадахгүй нь. Тийм болохоор би алгын чинээхэн ганц охиноо хамгийн хайртай найздаа ихийн их итгэл найдвар тээн үлдээж, “Миний охиныг хүний дайтай хүн болгож өсгөж өгөөч гэж бас гуйж байна” Би хэрийн юмыг энэ амьдралаас гуйж яваагүй. Одоо л . . . Энэ эцсийн мөчид ганц охиныхоо төлөө гуйж байна. Болороо минь, миний төлөө хичээгээрэй. Энэ миний сүүлийн үг шиг санагдаж магадгүй. Гэхдээ найз минь чамайг насан туршдаа миний энэ гуйлтыг сонсож явах болно гэдгийг мэдэж байна. Болороо минь, би чамд үргэлж итгэдэг
Сувдаа нь .

гэсэн байлаа. Би захиа бичсэн цаасан дээр нулимсны ганц ч толбо хараагүй юм шүү. Тэгэхээр манай Сувдаа үнэхээр чанга эмэгтэй байсан байгаа биз. Харин миний нулимс л сул асгарч байлаа. Сүхээ миний нурууг зөөлөн, зөөлөн илнэ. Намайг тайвшруулж байгаа нь тэр. Би дуу хураагчийг нээх гэснээ Сүхээ рүү харвал Сүхээ санаа нь зовсон янзтай
- Би гал тогоонд байж байя гэхээр нь
- Үгүй ээ, үгүй. Чи энд байж болно гээд түүний гарыг атгав.
Дектафон жаахан шажигнаж байснаа
. . . Хоол хийхэд хамгийн амт оруулдаг зүйл бол сэтгэл . . . гээд цааш нь баахан хоолны жор, хоол хийх заавар явав. Түүнийг чагнаж хоолоо хийдэг байсан бололтой. Сувдаагийн дууг сонсоход тийм ч амар байсангүй. Хөөрхий минь яг дэргэд байгаа юм шиг цовоо сэргэлэн тэр л хэвээрээ. Тэгээд цаашаа сонслоо.
. . . Болороогийн эрчүүдтэй харьцдаг харьцаа надад таалагддаггүй. Тийм зуршил эмэгтэй хүнд байх нь бусдад тийм ч сайхан сонсогдохгүй байгааг Болороо өөрөө мэдэрдэгүй юм байх даа . . .
. . . Анхмаагийн гэр бүл маш халуун дулаан гэр бүл байхаа. Анхмаа ч гэсэн аливаад хандахдаа нэг л сайхан юм. Яг манай ээж шиг . . .
. . . Анхмаагаас өнөөдөр арван сая төгрөг зээллээ . . .
. . . Охин маань 24-ийн цэцэрлэгт дургүй болж эхэллээ. Өдрийн ангид оруулна гэхээр энэ кафеныхаа ажлыг яах вэ? За яахав. Кафегаа өөрийн болгочихвол охиноо заавал өдрийн ангид оруулнаа . . .
хөөрхий минь охиныхоо төлөө л амьдарч байсан нь илхэн. Цааш нь чагнавал
. . . Ааваа, ээжээ та хоёр охиноо харж байна уу? Өнөөдөр охин нь төрж өссөн гэрээ буцаагаад авчихлаа. Та хоёр минь надаар бахархаж байгаа гэдэгт итгэж байна . . .
. . . Би өвчтэй болчихож. Найдваргүй. Удахгүй юм гэнэ. Муу охин минь яанаа (уйлав) . . .
. . . Охиноо хэнд үлдээх вэ? Болороо асрамжийн газрын тухай ярьлаа. Яагаад ч асрамжийн газар үлдээхгүй . . .
гэх мэтээр сонсож байтал гэнэт эрэгтэй хүний хоолой орж ирлээ. Би энэ сонссон хэсгээ бүхлээр нь бичихийг хичээе. Яагаадыг уншсан хүн ойлгох биз ээ. Надмид эмнэлэг дээр ирсэн үе байлаа. Эхлээд Надмидын нялуун дуу гарч баахан юм ярьж байснаа

                                                                 Надмид
. . . Цаадах Анхмаа чинь ичдэг үү, нэрэлхдэг үү ямар ч байсан та нарт хэлдэггүй юм. Үгүй, тэгээд бид 2 хоорондоо ярьж байгаад танай Номинг . . .

                                                                 Сувдаа
Хүслэн . . .

                                                                 Надмид
Айн? . . . Аа, тийм л дээ. Хүслэнг өргөж авдаг юм билүү гэж . . . Үгүй ээ, авдаг юм уу ч юу байхав ерөөсөө л авъя гэж шийдээд. Тэгээд л би ирж байгаа маань энэ. Бид чинь том хүмүүс, нөхцөл байдлыг сэтгэл хөөрлөөр биш арай өөрөөр харах хэрэгтэй юм болов уу гэхдээ шулуухан хэлчихлээ.

                                                                  Сувдаа
Анхмаа яагаад ирээгүй юм?

                                                                  Надмид
Хэ хэ. Цаадах чинь харин жаахан санаа нь зовоод байх шиг байнаа. Тэгээд л . . . хэ хэ, эр хүн байна чи хэл, чи хэл гээд намайг бүр суулгадаггүй. Би ч бас дуртай л байгаа л даа

                                                                   Сувдаа
Харамсах юмгүй гэдэг утгаар гэх үү, эсвэл мөдхөн үхэх гэж байна гэдэг утгаараа гэх үү би чамд шуудхан хэлье. Ер нь ч чи бид хоёрын яриа тиймэрхүү байгаа болохоор. Миний охины талаар санаа тавьж байгаа Анхмаа, ялангуяа чамд маш их баярлалаа. Даанч би хүүхдээ аль хэдийн өөр хүнд өгөхөөр шийдчихсэн. Тэгэхээр би чамд уучлаарай гэдэг үгийг хэлэх болох нь . . .
гээд Сувдаагийн амьсгаадах дуу сонсогдоно. Тэр их хүнд амьсгалж байв. Хэсэг хугацааны дараа Надмид шал өөр шүд зуусан өнгөөр

                                                                   Надмид
Юу гээч . . . ? Чи үхэж байна. Чамайг хаа нэг тийшээ арилсны дараа энд бүх юм чиний бодсоноос эсрэг байх болно. Чамд бас ч гэж сонголт ч байна, цаг ч байна. Үхэх гэж бүү яар. Сайн бод. Оройтоогүй дээрээ Номинг, үгүй ээ нөгөө . . . за хэн ч байсан яахав хүүхдээ надад өгсөн нь дээр. Тэгэхгүй бол . . .

                                                                    Сувдаа
Тэгэхгүй бол юү гэж?

                                                                    Надмид
Эцэг нь гэж нэг яргачин амьд байгаа шүү. Солгой Аюуш өнөө мөдгүй суллагдана. Шоронгоос гарсан хулгайчид юм юм л хэрэгтэй болно доо . . .
Үүнийг сонсоод би Сүхээ рүү айсан нүдээр харлаа. Сувдаагийн амьсгаа улам хүндэрч байгаа нь илт. Өндийх гэж байна уу гэлтэй орных нь пүрш дуугарна.

                                                                    Надмид
Тээр хараа биз? Цээжин дээр чинь ганц хуруугаа хүргэхэд л чи наад хэнд хэрэггүй болсон зовлогоо даахгүй байна шүү дээ.
Тэр Сувдаагийн цээжин дээр нь хуруугаараа дараад байгаа бололтой. Хөөрхий минь яаж дийлэх вэ дээ. Хий дэмий л хүчлэн амьгаадна.

                                                                    Сувдаа
Чи . . . чи ийм болсон хүнийг ингэж дарамталж байдаг адгийн шаар юм даа

                                                                     Надмид
Хүнд, ганц хуруу ч хүнддэх үе ирдэг юм, үхдэл минь. Ийм өдрүүд охинд чинь хичнээн удаа ирэх бол?, сайн бод. Хэрвээ охин чинь манай хаяанд хэвтэж байвал цаад Аюуш гэдэг золбин чинь хэзээ ч мэдэхгүй гэдгийг би амлая. Би чинь бас ч гэж хүн шүү. Надад бас сэтгэл бий . . . Сайн бод. Гэхдээ үхэхээсээ өмнө амжиж шийдэх хэрэгтэй гэдгээ мартав даа, үхэж буй ээж минь . . .
гээд бас амьхандаа хариу хүлээгээд байгаа бололтой хэсэг удав. Тэгтэл

                                                                      Сувдаа
Чи чадвал хүлээ л дээ. Чамайг мянган жил хүлээсэн ч би чиний өмнө амь тавихгүй. Хүсвэл би чамтай хамт явж ч дөнгөнө шүү. Итгэхгүй бол чи наанаа үхдэл сахисан хар хэрээ шиг сууж л бай.
гэхэд Надмидын хөлийн чимээ хурдан хурдан гишгэлсээр гарах нь сонсогдохыг бодоход тэр айсан байх. Мэдээж Сувдаа түүнийг ямар л олигтой харцаар харав гэж.

- Ямар зэвүүн, заваан . . . гэж намайг хэлэх үгээ олж ядахад Сүхээ
- Тэр заавал үүнийхээ горыг амсах ёстой. Гэхдээ хуулийн хүрээнд гэж шүд зуун хэллээ. Сая л би түүнийг “Нээрээ, Сүхээ чинь цагдаа ш дээ” гэж саналаа.
Би гэдэг амьтан хэдхэн хормын өмнө баярлаж, хайлж уярч байсан бол одоо үзэн ядалтын манан дунд нүдээ эргэлдүүлэн зогсож байв.
- Энэ хорвоо яагаад ийм Надмид шиг юмнуудыг дааж байдаг юм байнаа? гэхэл Сүхээ
- Болороо минь одоо тайвшир. Эхлээд Анхмаатай уулзах хэрэгтэй. Энэ бол хөдлөшгүй баримт. Яагаад тэр Надмид гэдэг этгээд охиныг авах гээд байсны учрыг олж болно. Харин одоо охиноо хар даа. Чиний хүсэл мөрөөдөл болж байсан охин чинь одоо орон дээр унтаж байна шүү дээ гэхэд нь сая нэг сэхээ авч
- Сувдаа минь баярлалаа. Би охиноо яг чиний хүссэн шиг сайхан хүн болгож өсгөнө. Амлаж байна гэж шивнэлээ. Тэр үед Сувдаа намайг тэнгэрээс харж байсан байхаа. Охиныхоо гарыг очиж үнслээ. “Намайг хүүхдээ надад өгсөнгүй гэж гэртээ бачуурч суухад хөөрхий минь охиноо надад өгөх гэж Надмидтай хэрээрээ л тэмцэж байсан байна шүү дээ” гэж бодохоор дотор нэг юм шатна. Охин минь тайван унтана.

                                                                    *   *   *

Хананд өлгөөтэй хоёр туулай тэвэрсэн охиныхоо зургийг өөрийн эрхгүй харлаа. Эвий минь гэж энэ өчүүхэн амьтан өөртөө ирж буй хувь заяагаа хэрхэн мэдэрч байсан бол? гэж бодсон чинь яагаад ч юм хамар шархирч, нулимс цийлэгнэж ирэв. Яг юу бодож байсан бол?
Ээж маань намайг орхиод явчихлаа . . .
Би нь Болороо эгчийн хүүхэд болох ёстой . . .
Ээжээ та нь эдгэнэ гэчихээд худлаа хэлчихлээ ш дээ . . . гэсэн үү? Ямар ч байсан өөртөө таарсан нэг л юм бодож л байсан байж таарна даа гэж бодохоор өр зүрх маань өмөрчих шиг л санагдлаа. Би урд нь охиныхоо талаар ерөөсөө ингэж бодож байгаагүй юм байна. Би охиныхоо зургийг хананаас авч харжээ суутал шилэн нүүрэн дээр нь юу юугүй нулимс дусахаар нь хурдхан шиг арчлаа. Тэгээд зургаа элгэндээ тэвэрч бүүвэйлж байгаа юм шиг ганхан, ганхан хэсэгхэн суув. Нүдний буланд нэг юм хөдлөх шиг болохоор нь хартал өвгөн маань над руу хошуу цорвойж харагдана. Тэр минь намайг ойлгохын дээдээр ойлгож байгаа нь тэр.

                                                                    *   *   *

Маргааш нь Сүхээ бид хоёр Анхмаа дээр очлоо. Тэр дүүгийндээ ирсэн байв. Дүүгийнд нь уулзах гэснээ больж түүнийг авч гарлаа. Нүүр ам нь хөхрөөд, эдгэж байгаа бололтой шар ногоон юм болчихож.
- Анхмаа, талийгчийн үлдээсэн бичгээс чиний тухай там тум ойлголоо. Чи минь иймэрхүү юмаа бидэнд хэлэхэд яадаг юм дээ. Ингэж гэр бүлийн хүчирхийлэл дор хэдэн жил амьдрах юм бэ? Би чинь чамайг маш сайхан амьдардаг гэж ойлгож байлаа.
- Харин тийм ээ. Эхэндээ бидний амьдрал сайхан л байлаа. Сүүлийн үед уурхай энэ тэр гээд энэ алттай холбогдсоноос хойш Надмидын зан ааш, хүсэл шунал нь хэрээс хэтэрсэн. Бүхнийг өөрийнхөө санаснаар болгох, бүгдийг өөрөөсөө дорд үзэж, гар хөлийнхөө дор байлгах гэдэг болсон. Ууж идээд байгаа нь харагдахгүй хэрнээ юм л бол мөнгө, эрх мэдэл, алт ярьдаг болсон. Хүний сайхан сэтгэл энээ тэрээг бол бүр мартсан. Тэр ч бүү хэл орчлонд тийм юм гэж байдаггүй юм гэж хэлдэг болсон. Хоёр хүүгээ харцаараа хөдөлгөнө гэснээ гэнэтхэн бид хоёрыг харж өөрийгөө зөв буруу эсэхэд эргэлзэх мэт болсноо
- Би та хоёрт ингээд хамаг байдгаа ярьж, баахан зовлон тоочих нь дээ.
- Зүгээр, зүгээр сэтгэлээ жаахан онгойлгоод ав гэхэд тэрээр шийдэв бололтой
- Энэ жил Надмидын үйлдвэрт хүн нас бараад. Мэдээж ар гэрийнхэн нь хэл ам хийлгүй яахав дээ. Түүнээс болоод тэр их бухимдуу байх болсон юм. За тэгээд талийгаачийн бие муудсан тухай сонсогдсоноос хойш намайг ээрээд болохоо байлаа.
- Юу гэж?

Үргэлжлэл бий . . .

Бүрэн эхээрээ...

"ҮР ХАРАМ" - 13 (тууж)

20 Сэтгэгдэлүүд:


Утсаа таслав. тэр дахиад залгав . . . Таслав . . . Залгав . . . Тэсэхээ байгаад, утсаа авангуутаа
- Чи яах гээд байгаа юм бэ?
- Хэ хэ, та жаргахгүй юм уу? Надад мөнгө хэрэг болоод . . .
- Битгий хуц. Дахиад залгаад үзээрэй. Тэгвэл чиний тухай сургуульд чинь бүгдийг нь дэлгээд түмний шившиг болгоно шүү муу биеэ үнэлэгч минь гэж хашгирлаа. Дүүд . . . дүүд . . .
Утас дахиад л дуугарлаа. Авахгүй тэсээд байлаа. Дуугараад л байна. Харвал “Suhee” байна. Би утсаа аваад л чимээгүй уйлж гарлаа. Бүр цурхирлаа.
- За тайван байгаарай. Одоо нэгэнт . . . бид нар мэдэж байсан юм чинь . . . тайван бай . . . Тэр Сувдааг өнгөрчихлөө гэж бодсон нь илт.
- Үгүй ээ . . . би гэртээ байна . . . дахиад л уйлав.
Нэг мэдсэн чинь Сүхээ манайд ирчихсэн байлаа. Би нулимсаа урсган байж сэтгэл дотроо байсан хамаг бүхнээ ярилаа. Хамгийн сүүлд тэр гурав охиноо хэрхэн өгч, авалцаж байгааг. Одоо Надмид Сувдаа дээр ирсэн байгаа. Анхмаагаар нотариатчийг дуудуулсан гээд бүгдийг давхцуулан байж яриад
- Энэ бүгд чамаас болж байгаа юм. Чамаас . . . чамаас . . . Чи л намайг үргүй болгосон гэж хашгираад тамир муутай гараараа түүний том цээжийг хэд балбасан болж цурхирлаа. Үүнээс илүү би яах юм бэ? . . .
Сүхээ харин хаа очиж нэг ч үг хэлсэнгүй. Хэрвээ ганц үг хэлсэн л бол би галзуурах байлаа. Тэгээд нэг юм хэсэг тайвширч, нилээн удаан чимээгүй сууцгаалаа. Над руу утасдалгүй бараг үдийн хойно болгочихлоо. Одоо би тэдэнд хэрэггүй бололтой. Сая л нэг амьгаа авч санаа алдаад
- Одоо л нэг гайгүй боллоо. Яая гэхэв дээ Сүхээ минь. Би ийм л хувь тавилантай юм байлгүй. Орчлон надад өгөхгүй юмаа өгөхгүй юм байна. Гэхдээ надад хүн чанар гэж нэг юм бий. Би найзыгаа эцсийн замд нь найз шиг нь үдэх болно. Би эмч хүн. Гэхдээ эмчид дийлддэггүй өвчин гэж байдаг юм. Баатарт ч гэсэн үхэл ирдэг шүү дээ гэж хэлээд биеэ чангаллаа. Тэгээд
- За, за ингэсгээд эмнэлэг явъя гэхэд Сүхээ сая нэг ам нээж
- Чи одоо л нэг эргээд Болороо боллоо гэв. Намайг сэтгэлээр дэмжиж байгаа нь тэр. Тэгтэл утас дуугарлаа. Дэлгэцэнд нь миний өчигдөр орой, өнөөдөржин хүлээсэн хүний нэр байлаа. Тэр бол “Suvdaa”
- Миний найз хаачиваа? Хүслэнг хүргээд өгчихсөн биз дээ?
- Тэгсээн Сувдаа. Тэр цэцэрлэгтээ байгаа.
- Чи хүрээд ирээч. Би ганцаараа болох нь
- Өө тийм үү? тэгэлгүй яахав. Би одоохон.
Сүхээ бид хоёр давхиж очлоо. Яг тасгийнх нь үүдэнд ирээд сэтгэлээ чангалж уртаар амьсгаа авахад Сүхээ мөрөн дээр минь зөөлхөн алгадаж зоригжууллаа. Биднийг ороход нэгэн эрэгтэй хүн
- За ингээд бүх юм боллоо. Хурдан эдгэрч надад үнэгүй хоол хийж өгөөрэй гээд гарав. Энэ бол нотариатч байлаа. Миний хүсэл мөрөөдөл нэгэнт өнгөрчээ. Яагаад ч юм дотор хөнгөрчих шиг. Одоо надад хямраад, бачуураад байх юм нэгэнт үгүй болжээ. Тэгээд ч миний хүүхэдгүй байх нь миний л хэрэг. Энэ хүн хүүхдээ хэнд үлдээх нь энэ хүний л хэрэг шүү дээ.
Харин найз минь нүдэн дээр минь муудаж, өдөр хоног биш хором мөчөөр охиноосоо, энэ амьдралаас, биднээс холдож байгааг мэдрэх хэцүү байлаа. Өөрөө ч гэсэн өрсөх гэж, бүхнийг амжуулах гэж суугаа нь энэ шүү дээ зайлуул. Сувдаагийн царай ядрангуй, нилээн шарлаж ногоорсон харагдана. Тэр өвөр дээрээ байгаа дугтуйгаа дэрэн доогуураа хийгээд их л хөнгөнөөр
- Өө, Болороо хүрээд ирэв үү? Би чамайг өглөөнөөс хойш яачихваа гэж бодож байсан юм. Чамайг харалгүй их удах шиг боллоо гэснээ хойшоо налан хагас суугаа байдлаар хэвтлээ.
- Чи яаж байна? Жаахан ядраа юу даа?
- Сүүлийн энэ нэг хоногт чухам юу болоод өнгөрөв дөө бүү мэд. Охин маань гайгүй юү?
- Өнөө өглөө цэцэрлэгтээ явсан. Нааш нь нэг авчрах гэснээ арай л төвдсөнгүй.
- Ээ, аваад ирэхгүй дээ. Ухаантай байгаа дээрээ охиноо нэг үнсчихмээр байна.
- Сүхээг явуулчих уу? Хүслэнг аваад ирэг . . . гэхэд
- Тэгээч Болороо. Чөлөө авчих гээд амьсгаадлаа. Сүхээ надаар хэлүүлэлтгүй гараад гүйлээ. Сувдаа дэрэн доогуураа гараа шургуулж том дугтуйг арай гэж гаргаж ирээд надад өглөө. Би гайхаж
- Сувдаа, би үүнийг яах ёстой вэ? Анхмаад өгөх юмуу? гэтэл
- Дээр нь биччихсэн байгаа. Харвал “Дараа нь задлаарай” гэсэн байв.
- Анхмаадаа битгий муу юм бодоорой. Цаадах чинь энэ бүхэнд буруугүй гэв. Дотор чичрээд л явчихлаа. Тэр түүнд охиноо өгсөн юм байна гэдэгт би бүрэн итгэлээ. Дараа нь гэдэг нь юү гэсэн үг юм бол? Юуны дараа гэсэн үг байх билээ? Өөрийгөө өнгөрсний дараа гэж байгаа юм байна гэж ойлгосон хэдий ч лавлаж асууж хэрхэн чадах билээ. Хий дэмий л түүн рүү харвал тэр “Тиймээ тийм” гэх шиг нүдээ алгуурхан анивчлаа. Хоёр нүднээс нулимс урсаад ирэв. Түүнд харуулахгүй гэсэндээ дугтуйг тэвэрсэн чигтээ цонх руу эргэж харлаа.
“Охиноо тэдэнд өгсөн юм байна. Нотариатчаар батлуулсан баримтаа надад өгнө гэж байхгүй баймаар. Охиндоо захиас үлдээсэн бол надаар дамжуулахгүй нь мэдээж. Харин яагаад надад охиноо өгөөгүй учраа тайлбарлаж уучлалт гуйсан захиа л байж болох юм” гэж би бодож зогсов. Тэрнээс зайлахгүй. Мэдээж дугтуйг нээх хүсэл хязгааргүй их байвч би өмнө нь нээхгүй. Өмнө нь гэдэг нь түрүүний дараа нь гэдгийн эсрэг утга шүү дээ. Ашгүй Сүхээ нэг их удалгүй Хүслэнг дагуулаад ирлээ. Хүслэн орж ирүүтээ
- Ээжээ, ээжээ . . . Би нөгөө, нөгөө . . . концертонд дуу дуулна. Нөгөө . . . нөгөө . . . ээжийн бүүвэйн энэ дуу . . . гэдэг таны дандаа дуулж өгдөг дууг
- Өө тийм үү? Ямар мундаг охин бэ? Миний охин дандаа дуулж яваарай
- Дандаа концерт болдог юм уу?
- Тийм, тийм. Дандаа болдог юм
- Ээжээ би нь нөгөө, нөгөө . . . Болороо эгчийн туулайгаар тоглохгүй байгаа
- Одоо миний охин тоглож болно. Алив нааш ир. Ээж нь чихэнд үг хэлье. Энэ чи бид хоёрын нууц шүү гэхэд Хүслэн хэвтэж байгаа ээжийнхээ аманд чихээ наалаа. Сувдаа юу ч юм хэлж, Хүслэн
- За . . . за . . . гэж толгой дохиж, бас завсраар нь намайг үе үе харна. Би яриаг нь сонсох гээд байгаа юм шиг анаад байлтай биш гэж бодоод тэр хавийг янзалсан болов. Сүхээ намайг ойлгоод байгаа бололтой харцаараа надад дэм өгнө. Сувдаа
- Миний охин хэзээ ч битгий мартаарай
- За . . .
- Заа, ээж нь охиноо үнсье гээд удаан гэгч нь үнслээ. Сувдаагийн шанх даган ганц дусал нулимс урсана. Сая харах нь ээ түүний санчиганд буурал орсон байлаа. Тэгээд Сувдаа
- Одоо миний охин Сүхээ ахтайгаа яваад гэртээ байж бай гэж эрсхэн хэлэв. Сүхээ Хүслэн хоёр гарахаар явтал Хүслэн эргэн гүйж ээждээ дахин үнсүүлээд
- Ээжээ, та хурдан зүгээр болоорой гээд эргэцэн, эргэцэн гарлаа. Хаалга хаагдсаны дараа Сувдаа хамаг биеэ сул тавьж амьсгаадав. Тэр их хүчилж байсан бололтой. Сувдаа
- Найз нь хэзээ ухаан алдах вэ? Болороо гэж тэр нилээн нухацтай гэхээсээ илүү хэзээ ухаан алдахаа хүлээж буй байдлаар асуулаа. Намайг яг таг мэдэж байгаа гэж тэр бодсон байх. Би мэдэж байсан хэдий ч түүнд төдийд, өдийд гэж хэлж чадсангүй.
- Гайгүй дээ. Тэгэсгээд үдээс хойш Хүслэнг дахиад аваад ирье гэлээ. Сувдаа намайг харж гунигтай нь аргагүй инээмсэглэснээ “нааш ир” гэж гараа над руу сарвайв. Түүний гарыг атгавал хурууны үзүүрээс бусад нь бүлээн байв.
- Болороо, би чамд үргэлж итгэдэг гэлээ. “Намайг эмчлээрэй гэж байна” гэж би ойлгов. Даанч найз нь дийлэхгүй өвчний өмнө яаж ч чадахгүй юм даа гэж бодоод “Сувдаа минь намайг уучлаарай” гэж хэлэх гэснээ арай чадсангүй. Дуугай л аргаа барсандаа доошоо харлаа. Сувдаа миний гарыг элгэмсүү зөөлхөн алгадаад
- Бүх юм сайхан болноо Болороо минь гэв. Уг нь энэ үгийг би л хэлж баймаар. Би дугтуй руу харц шидээд
- Тиймээ, Сувдаа минь бүх юм сайхан болно гэлээ. Энэ бол тэрний сонссон сүүлийн үг байлаа. Сувдаа маань тун удалгүй шоконд орж ухаан алдлаа. Тэр дахиж сэрсэнгүй. Тэр дахиж охиноо үнсээгүй. Тэр минь нүдээ ч нээлгүй гурав дахь хоног дээр хорвоог орхилоо. Хэн нэгэн ирлээ ч, хэн нэгэн явлаа ч энэ орчлон бахь байдгаараа л байж байдаг нэгэн бодлын хаашаа ч юм дээ гэмээр. Гэхдээ иймдээ ч сайхан байдаг байж болох юм.
Сувдаагийн маань ажил явдалд нэг их олон ч хүн ирсэнгүй. Кафены ажилчид, Сүхээ, би, аан бас нотариатч ирсэн юм байна. Анхмаа нэг их том нарны шилтэй, маск зүүчихсэн ирээд, яагаад ч юм надтай ч нэг их юм ярилгүй яваад өглөө. Би яахаа мэдэхгүй байлаа. Ёс юм болохоор Сувдаагийнхаа зургийг гэртээ авчирч тавьлаа. Хүслэндээ бүгдийг хэлж ойлгуулсан.
- Ээж нь бурхан болоод тэнгэрт явчихсан. Чамайг тэндээс харж байгаа
- Ээж нь ирэхгүй юм уу? Би яах юм бэ? гээд уйлсан. Тийм жаахан зүрх тэгтлээ гашууддагийг би анх удаа мэдэрч билээ. “Хүүхэдгүй хүн гэдэг хорвоогийн тэн хагасыг хардаггүй юм байна даа” гэж анх удаа бодсон доо. Миний бодсон үнэн байхаа . . .

                                                                            *    *    *

Би бичиж буй, бодож буй, дурсаж буй зүйлийнхээ хамгийн хүнд хэсгийн ард нь гарч байгаагаа мэдэрч байлаа. Надад энэ хэсгийг даван туулах ямар хэцүү байсныг өвгөн маань сэтгэлээрээ мэдэрч байх шиг санагдсан. Яагаад гэвэл тэр энэ хорвоо дээрх намайг бүрэн дүүрэн ойлгодог ганц хүн байв. Хүнийг үнэн сэтгэлээсээ хайрлахаар тэгж ойлгодог байх гэж би боддог юм. Хүүхдүүд маань бид хоёрын шинэ байр баригдтал байх байрны тухай ярьж байсан үе.
Наадмын дараа намар гэдэг шиг зуны халуун цаагуураа намсаж, сэр сэр салхи нэмэгдсэн байлаа. Моддын навчис хүртэл байдгаараа томорч, харлаж ногоороод хөгшрөх янзандаа орчихож. Сонин юм шүү хүний сэтгэл гэдэг. Нэг юм руу шунаглаад орчихоороо орчноо ч анзааралгүй хэдэн сарыг ч өнгөрөөчихсөн байх жишээтэй. Миний хувьд тийм л зун өнгөрч байгаа юм байна.

                                                                            *    *   *

Надад бүх юм хоосорчихсон юм шиг мэдрэмж төрнө. Сувдаагийн ажил явдлаас хойш нилээн хэд хоносон ч Анхмаа Надмид хоёр яриагүй, ирээгүй байлаа. Тэднийг ирж Хүслэнг авах байх гэж бодно. Гэтэл байдаггүй. Гэхдээ тэр хоёр луу утасдаж бас чаддаггүй. Шууд ирээд л Хүслэнг аваад явчихвал бас яах юм. Дугтуйг яагаад ч юм би ганцаараа задлах ёсгүй юм шиг бодогдоод болохгүй.
- Чамд л өгсөн юм чинь чи л задлах ёстой гэж Сүхээ надад хэлсээр байлаа.
Тэр орой Хүслэн хоёр туулайгаа тэврээд унтлаа. Сүхээг дуудлаа. Ядаж тэр миний хажууд байг гэж бодов. Тэгээд өвөр дээрээ том дугтуйг гаргалаа. “Дараа нь задлаарай” гэсэн бичиг харагдана. Одоо сайн харвал хөөрхий минь их л хүч гарган байж бичсэн бололтой их л чичирхийлсэн харагдана. Дугтуйн дотор гар утас шиг нэг бондгор юм байх юм. Задлах гэсэн нэг л эвгүй.
- Намайг задлаарай гэсэн үнэн биз дээ? гэж Сүхээгээс өөрийгөө зоригжуулах гэсэндээ лавлан асуулаа. Тэр миний мөрийг зөөлөн цохиж байна. Тэгээд амьсгаагаа нэг гүн аваад задаллаа. Тэндээс юу гарч ирсэн гэж санана . . .

                                                                            *   *   *

Том охин маань хоёр сүү, нэг уут боов барьчихсан сүр сархийсээр орж ирэв.
- Ээж, аав хаачаав?
- Мэдэхгүй л дээ. Ойрхон гараа байлгүй. Гадаа, сүүдрэвчинд алга уу?
- Аан, би та хоёрыг байлгах байр олчихлоо. Түрээс нь хямдхан юм.
- Яахнав дээ. Танай хоёрын нэгнээр л байвал болох биз. Тэгж мөнгө үрж яадаг юм. Эртээр дүү чинь манайд бай гээд байсан
- Өө тэр бүтэхгүй. Хүүхдүүд шуугилдаад та хоёрыг амраахгүй. Тэднийх бол бүр бүтэхгүй. Дэжигнүүлээд өгнө. Ямар мэдэхгүй биш. Цаадах чинь та хоёроор хүүхдүүдээ харуулах гээд л тэгж байгаа юм. Манай Сувдаа нээрээ . . . гэснээ хэлэх үггүй мэт толгой сэгсрээд
- За, за ээж би явлаа. Цайны цагаар явж байна. Үнсье гээд өөрөө ч үнссэн юмгүй надаар үнсүүлчихээд гараад өглөө.
“Үгүй энэ маань салхи шуурга шиг юу болчихов доо. Гайгүй л тайван хүнсэн. Нээрээ ч бодохноо том охины зөв шиг” гэж бодоод эргэж суулаа . . .

Үргэлжлэл бий . . .
Бүрэн эхээрээ...

"ҮР ХАРАМ" - 12 (тууж)

11 Сэтгэгдэлүүд:

эргэцсээр наадамтай залгалаа. Яагаад ч юм өвгөнийгөө л хэд хоног харж суув. Хөөрхий хүүхдүүдтэйгээ бужигнана. Бөхөө үзнэ. Эр хүн байхын ид хавын тухай сэдэвтэй л бол юм болгонд дуртай. Хоёр хүргэн ганц шил виски өгснийг өдөр, өдөрт бага, багаар уун уусаар наадмын гурав хоногтоо дуусгав. Уусан үедээ шингэн царай нь ухаа ягаан болчихно. Хааяахан над руу их эергүү харчихаад
- Өвгөн нь ч жаргаж байна даа гэх. “Болоо доо өвгөн минь, чи минь л жаргалтай байвал” гэж би бодно. Өвгөн гэлтгүй надад ч гэсэн сайхан байлаа. Үр хүүхэд эрүүл саруул, идэж уухаар дутахгүй л бол үүнээс илүү юм хүнд тэгтлээ хэрэг болох уу? Амьдралын сайхныг мэдрэхийн тулд хамгийн эхлээд амьд байх хэрэгтэй юм даа гэж бодлоо. Тиймээ, амьд байх. Хэд хоног ойртоогүй өнөө бичих ажилдаа наадмын дараа орлоо. . .

                                                                 *   *   *

Сүүлд нь бодоход Сувдаагийн хувьд хэзээ мөдгүй үхнэ гэж бодох. Дээр нь ганц охиндоо санаа зовох, ерөөсөө амьдрал, хувь заяандаа гомдож цөхөрсөн цөхрөлөө надад гаргаж байгаа нь тэр юм билээ. Сэтгэл зүйн асар их дарамтанд орсон хүн тэгэхээс ч өөр яах билээ дээ. Тэр шөнөө миний утас дахин дуугарлаа.
- Болороо найз нь өвдөөд байна гэнэ. Би түүний дууг сонсонгуут түүнд гомдсон гомдол алга болов.
- За найз нь одоохон . . .
- Охин, охин . . . гээд үгээ гүйцээж чаддаггүй.
- Санаа зоволтгүй. Тайван бай. Найз нь одоохон очно гээд Хүслэнг гэртээ түгжээд сэмхэн гарлаа. Шөнө дунд таг харанхуй. Энэ өвчин угаасаа шөнө дөлөөр өвддөг ёрын өвчин. Ямар юмаа хийж хажууд нь байхгүй энд ирдэг байнаа гэж өөрийгөө зүхэв. Сүхээ рүү залгалаа нойрмог байна
- Чи Сувдаагийнх руу шууд очооч. Би бас очиж байна
- Тэгэлгүй яахав, одоохон
Яарсан сандарсан үед уриалгахан үг сонсох хичнээн сайхан байдгийг хүн болгон мэдэх биз ээ. Надад ч гэсэн сайхан санагдлаа. Сүхээ бид хоёр тэднийд зэрэг шахам ирцгээв. Сувдаа хүнд, хүнд амьсгаадна. Хурдхан шиг өвчин намдаах тариа хийгээд эмнэлэг авч явлаа. Эмнэлэг дээр очуут Сүхээг Хүслэнтэй үлдээлээ. Сувдаа
- Найзынхаа тэр жижиг цүнхийг гэнэ. Тэр бас хэзээ ч хэвтэж магадгүй гээд ойр зуурынхаа юмыг бэлдсэн бололтой.
- Ариун цэврийн хэрэглэл, бүх юм чинь байгаа юу?
- Байгаа, байгаа. Тэр зураг гээд охиныхоо жаазтай зургийг авлаа. Эмнэлэгт яаран сандран ортол эмч
- Одоо хөнгөвчлөх эмчилгээнд оруулахаас аргагүй болжээ гэлээ. Дотор палхийгээд явчихав. Эмч хүний хувьд би ойлгож байгаа юм. Түүнээс Сүхээ Сувдаа хоёр мэдэхгүй л дээ. Сувдаа бол өвчин намдаах тариа л бодож байгаа. Сувдааг хэвтүүлчихээд эмчтэй нь хурдхан уулзлаа. Эмч
- Чи мэдэж байгаа шүү дээ. Дотор хавдар нь одоо томроод хамаг эрхтэнээ дарчихсан байгаа. Үндсэндээ зарим эрхтэн нь ажиллахгүй. Өнөөдрөөс морфинд оруулна. Ер нь тэгээд уулзах ёстой хүмүүс байвал уулзуулаарай гэж эрсхэн хэллээ.
Хөөрхий дөө, түүнд хэн ч байх билээ. Анхмаад л хачин дургүй хүрэв. Гэлээ гээд яахав. Хэлэхгүй л бол болохгүй. Анхмаад, мөн ажлынханд нь бас ирж уулзаач, байдал эвгүйтлээ гэж хэллээ. Анхмаа удалгүй гүйгээд ирлээ. Би түүнийг “Үгүй ерөө цаг нь тулахаар ирж байх шив дээ” гэсэн харцаар угтсан бол Сувдаа “Ашгүй дээ, амжлаа” гэсэн янзаар хүлээж авсан юм. Одоо надад Хүслэнгийн талаар горьдох, найдах юмгүй болсон тул тэр хоёрыг орхихоор шийдсэн юм. Тэднийг надгүйгээр ярих зүйлээ чөлөөтэй яриг гэж бодоод
- Найз нь гарчихаад ирье дээ гээд Анхмаад
- Хорин минутын дараа энэ тариаг сувилагчид хэлээд хийлгээрэй. Өөрөө ч мэдэж байгаа гээд гарлаа. Гэрт Хүслэн Сүхээ хоёр байгаа болохоор “хэсэгхэн хугацаанд ч гэсэн Хүслэнтэй хамт байя” гэж бодов.
- Болороо эгч ээ, нөгөө, нөгөө . . . Хүслэн нь Сүхээ ахтай нь хоол идсэн
- Өө тийм үү? Ямар хоол?
- Өндөг бас нөгөө каш
- Оо ёо ёо, Сүхээ ах нь ямар мундаг юм. Каш чанадаг
- Нөгөө, нөгөө . . . Бүжинг би бас санасан ш дээ
- Чи бүр авч болно шүү
- Нөгөө, нөгөө . . . ээж нь уурлана.
- Одоо ээж нь уурлахгүй ээ гэж хэлэхтэй зэрэг миний нулимс урслаа. Сүхээ тэр хоёр хоёулаа гайхан харав. Сүхээ асуусан харцаар харна.
- Үгүй ээ, үгүй. Чиний бодож байгаа биш. Гэхдээ л . . .
Сүхээ миний мөрөөр тэвэрч, ар нуруун дээр зөөлхөн, зөөлхөн алгадна. Миний утас дуугарч би ухасхийн авлаа. Анхмаа байв.
- Найз нь энэ шөнө сахиад хоноё доо гэнэ.
- Тэгээ тэг гээд хариу ч сонсолгүй утсаа салгалаа. Яагаад би биш тэр гэж? Надад ялагдал мэдрэгдэж, гомдол, цөхрөл зэрэг сүлэлдэнэ. Дахиад утас дуугарахаар нь шууд авч
- Бас юү гэсийн? гэж цухалдуухан хэлтэл Анхмаа биш Сувдаагийн ажлынхан байв. Тэд Сувдаагийн тасгийг асууж байна. Тэдэнд давхрыг нь өрөөтэй нь хэлж өгөөд
- Та нар гарахаа дөхүүлээд эгчдээ хэлээрэй. Анхмаа эгч нь тэнд байгаа гэвэл
- Бид нар өнөөдөр амжихгүй ээ. Маргааш очно. Гэлээ ч гэсэн бид уулзчихаад явахдаа хэлнээ гэнэ. Намайг хэрхэн тогтворгүй байгааг Сүхээ хөндлөнгөөс ажаад байгааг гэнэт мэдрэв. “Нээрээ, тэр манайд байгаа ш дээ”
- Чи одоо яв гэж ширүүхэн хэллээ. Тэр
- Яаралтай хэрэг болвол намайг дуудаарай гэхэд нь хариу хэлсэнгүй. Зөвхөн толгой л дохилоо. Түүнтэй ярих ч дур хүрэхгүй байв. Хүслэн
- Сүхээ ах нь явж байгаа юм уу?
- Тиймээ, Хүслэн
- Нөгөө, нөгөө . . . Сүхээ ах нь энд байдаггүй юм уу?
- Байдаггүй юмаа. Тэр одоохон явна. Сүхээ ч удалгүй явлаа.

                                                               *   *   *

Нэг мэдсэн чинь миний хуруу хүртэл хөшчихжээ. Цаг харвал их орой болж. Өвгөнийхөө хажуугаар орж хэвтлээ. Тэр түмэн үрчлээт гараа цээжин дээрээ тавьсан байх юм. Ингэж унтахаараа зүүдэлдэг гэдэг тул гарыг нь зөөлхөн буулгалаа. Тэр мэдсэнгүй. Би унтахаасаа өмнө үргэлжлүүлэн бодлоо.

                                                               *   *   *

Хүслэнд үлгэр уншиж, зүүрмэглээд ирэхээр нөгөө дуугаа аялан унтууллаа. Эх хүн байх, тэр тусмаа хүүхдээ бүүвэйлэх гэдэг ямар сэтгэл уярам байдгийг мэдрэх шиг. Харин би бараг унтаж чадсангүй. Яагаад гэвэл хацраа бумбайлган унтаж байгаа энэ охин хамгийн сүүлчийн өдрөө надтай хамт байгаа байж магадгүй. Одоо тэд тариан завсраа, охиноо яаж өгч авалцахаа ярилцаж байгаа. Амь гэдэг хором мөч бүрээр Сувдаагаас минь холдож байгаа. Ээ, Сувдаа минь, Сувдаа минь ямар гээчийн гай дайрчих нь энэв дээ гэж Сувдааг нэг бодовч, яагаад чи намайг нэг нүдээр үздэггүй юм бэ? Энэ өвчний сураг сонсогдсоноос хойш би л чамд хамгийн ойрхон байсан шүү дээ. Үнэн сэтгэлээсээ чамд туслахыг хүсч байсан. Тусалж ч байгаа. Охиныг чинь авахын тулд биш ш дээ. Зүгээр л найзын хувиар, хүний ёсоор тусалж байгаа. Би хүүхэдтэй болохыг хүсдэг. Чи үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Ингэж бодоод аньсаган завсраар урсах нулимсаа арчлаа. Өөрөө өөрийгөө ороосон бодолдоо боомилогдон байв. Тэдэн рүү утасдмаар, ямар нэгэн худлаа шалтаг хэлээд залгамаар санагдана. Тэгэвч чадсангүй. Унтах гэж хэвтлээ. Миний хажууд Хүслэн булцгар гараа дэрлээд хамар нь шуухитнан унтана. Түүнийг өрөвдөхийн дээдээр өрөвдөнө. Ямар хэцүү орчлон бэ . . .

                                                                        *   *   *

Хамраа тачигнуулан хурхирах өвгөнөө тохойгоороо ёворлоо. Тэр амаа тамшаалан ямар нэгэн юм шивнээд цааш эргэв. Үсээ засуул гэж хэлэхгүй бол муу буурал үс нь жигтэйхэн ургачихаж гэж бодлоо. Нэг мэдсэн чинь унтжээ. Өглөө эртлэн босов. Учир нь урд шөнө бодсон бүхнээ бичих гэж яарсан хэрэг. Анх удаа би барилгачидаас түрүүлэн шууд ширээндээ суув.

                                                                        *   *   *

Маргааш өглөө нь босонгуутаа тэсвэр алдан Анхмаа руу залгатал тэр утсаа авсан хэрнээ цаашаа ярих нь сонсогдоно. Тэд инээлдэж байв. Анхмаа
- Тэгье л дээ. Би тэр нотариатчийг дуудчихъя. Танай кафены хажуугийн хаалга бил үү? гэснээ сая нэг юм наашаа анхаарч
- Байна уу? Болороо юу? гэв.
“Бүр нотариатчдаа тулчихсан байх шив дээ” гэж бодсон би юу гэхээ мэдэхгүй хэсэг гацсанаа тасалж орхилоо. Зүрх гэдэг цээжиндээ багтахгүй дэлсэнэ. Надад ярих тэнхэл байсангүй. Утас эргээд хангинав. Дэлгэцэнд нь “Anhmaa” гэсэн нэр гарна. Би авсангүй. “Тэд инээлдэж байсан” гэж бодохоор л гол зурна. Би баахан бөглөрч суугаад, Хүслэнг цэцэрлэгт нь хүргэж өглөө. Яагаад ч юм Хүслэнг сүүлийн удаа үнсэж, сүүлийн удаа хүргэж өгч байгаа юм шиг санагдана. Энэ өглөө надад машины чимээ, шувуудын жиргээ, навчисын сэрчигнээн аль алиныг нь сонссонгүй. Зөвхөн Хүслэнг л ширтэж байлаа. Ингэж тэгсээр байгаад бас хоцорчихож. “24-ийн цэцэрлэг” гэсэн хаягтай байшингийн хаалгыг дахиад л нүдлээ. Цэнхэр халаадтай бүдүүн эмэгтэй багш хаалга онгойлгоод
- Долоо хоногт ганцхан өдөр авчирч өгч байж та нар хоцроохгүй байж болохгүй нь үү?
гэхэд Хүслэн
- Багшаа, манай ээжийн нуруугаар өвдөөд . . . гээд ярих гэтэл багш нь охиныг татаж оруулаад хаалга хаагдав. Намайг нэг амьсгаа аваад эргэтэл хаалга дахин нээгдэж багш нь
- Хүүхдийнхээ хоолны мөнгийг өгөөрэй гэж хахир дуугаар хэлээд хариу хэлэхийн завдалгүй хаалга дахин хаагдав. Хаалганы цаана
- Муусайн баячууд хүүхдийнхээ хоолны мөнгийг ч цагт нь өгчихгүй гэх багшийн дуу сонсогдоно. Хүн хүндээ ямар дээрэлхүү юм дээ гэж тэгэхэд бодогдсон. Одоо энэ охин өнчрөх юм бол . . . гээд цааш нь бодохоос аймшигтай санагдаад больчихлоо.
Хүслэнг өгчихөөд шууд эмнэлэг явах гэсэн бас л чадсангүй. Юу ч юм нэг юм миний өмнүүр хөндөлсчихөөд болж өгөхгүй юм. Эв нь таарвал би уйлах гээд л байх шиг байна. Намайг дуудтал нь байж байя гэж өөртөө шийдвэр гаргалаа. Гэртээ очвол нэг л хонхи оргиод болохгүй. Хэвтлээ, бослоо, усанд орлоо, зурагт асаалаа, унтраалаа . . . Байн, байн утсаа ширтэнэ. Хорвоо дээрх хамгийн тамтай өдөр тэр л байх гэж одоо бодогдоно. Яг үнэндээ энэ бүх хугацаанд Сувдааг яаж байгаа бол? гэж санаа зовсон гэхээсээ илүүтэй , Сувдаа охиноо яахыг хэрхэн шийдэж байгаа бол? гэсэн бодол миний санааг зовоож байсан гэвэл болно. Хүн гэдэг тийм л байдаг юм билээ. Одоо би юуг нь нуухав дээ. Зөвхөн энэ бодлынхоо төлөөнөөс ямар нэгэн нүгэл үүрэх ёстой бол үүрэхээс яахав.
Гэтэл ашгүй нэг юм утас дуугарлаа. Би ч юманд цохиулсан юм аятай ухасхийн авлаа. Сувдаагийн ажлын тогооч байв.
- Сайн уу? Болороо эгчээ, Бид нар ирээд явлаа. Яанаа Сувдаа эгч ямар аймаар болчихоо вэ? Бид нар ерөөсөө ийм байгаа гэж бодоогүй гэж байна. Энэ яриа надад нэг их сонин санагдсангүй. Тэгсэн хэдий ч
- Харин тийм ээ. Хэцүү л байна. Анхмаа яасан бэ? Яагаад над руу ярихгүй байна? гэтэл
- Биднийг ирсэн чинь Анхмаа эгч гараад явсан. Харин сая биднийг гарах гэж байхад Анхмаа эгчийн нөхөр нь ирж байсан. Бодвол тэр хоёр ээлжээ сольсон байхаа гэлээ.
Би энэ үгийг сонсоод тархин дундуураа татуулчих шиг л болов. Үг ч хэлж чадсангүй. Зүгээр л санаа алдлаа. Надад одоо элдвийг бодох тэнхэл ч алга. Би ядарчээ. Зүгээр цөхөрчихөж.
Утас дахиад л дуугарлаа. Харвал дэлгэцэнд “Huurhun huu” гэж гарав.

Үргэлжлэл бий . . .
Бүрэн эхээрээ...

"ҮР ХАРАМ" - 11 (тууж)

11 Сэтгэгдэлүүд:

хүнтэй ноцолдсоор байгаад . . . Би нус нулимстайгаа хутгалдаад уйлаад байдаг, уйлаад байдаг. Бузрын амьтан чинь дуусчихаад бас аргадах гэж янз, янз болсноо сүүлдээ чамд өөрийн гэх хүн байхгүй шүү. Амаа мэдээрэй. Хэрвээ чи хэлэх юм бол энэ байрны бүх эрчүүл чамайг шившиглэх болно шүү. Орчлонгийн шившиг болов чи гэж загнасан гэлээ. Би Сувдааг одоо л уйлах болов уу гэсэн чинь тэгсэнгүй. Харин ч хөмхийгөө зуугаад
- Би тийм газар охиноо үлдээх гэж үү? Чи тэрийг хүсэж байна уу? гэлээ. Энэ удаа би
- Чи надад үүнийгээ яриагүй ш дээ. Санаж байгаа биз дээ? Хэрвээ ярьсан бол би юу боллоо гэж асрах газрын чинь тухай дурсах юм бэ гэж ширүүхэн хэллээ. Тэртэй тэргүй би ялагдаж байсан болохоор тэвчээр барагдаж байсан байх л даа. Сувдаа юм хэлсэнгүй. Түүнийг дуугай байх тусам би байгаа байдалдаа, гаргасан аашиндаа гэмшиж байлаа. Тэгээд
- Уучлаарай Сувдаа, би муухай аашилчихлаа гэхэд тэр
- Одоо надад ялгаагүй дээ гэж хөндийхөн өнгөөр хэлэв. Миний зүрх цөмөрчих шиг л болсон. Өнчин өрөөсөн жаахан охин хүнд, тэр тусмаа багшдаа хүчиндүүлчихээр чухам ямар байдаг бол гэхээс дотор арзайж байлаа. Түүний дэргэд миний зовлон юу ч биш байв. Тэгээд цаашдын хувь тавиланг нь мэдэж байгаа нэгд эмч, хоёрт найз хүний хувьд түүнийг чадлынхаа хэрээр хайрлаж асарч байгаад дуусгая гэж дотроо хатуу шийдэв. Би энэ шийдвэртээ хүрсэн юм шүү. Өвчиндөө зовиурлаж, хорвоо ертөнцөд гомдсон бүсгүй хүний авир гэдэг дэргэд нь байхад ч халгамаар байдаг юм билээ. Гэхдээ би тэссэн л юм даа. Гэхдээ энэ тухай одоо бичихгүй ээ.
Сувдааг хэн нэг нь харах хэрэгтэй болж байсан үе. Хэн нэг нь юү байхав. Анхмаа сүүлийн үед утас шөрмөсөө ч авахгүй, дуу муутай болчихсоныг хэлэх үү, эртээрхэн Надмид бид гурав дээр ирснээс хойш бүр ч чимээгүй болсон байлаа. Тэгэхээр би л үлдэв. Ажилдаа хэлж байгаад хоёр сарын чөлөө авлаа. Сувдаа Анхмааг байнга асууна. Ямар сайндаа Анхмаа руу утасдлаа . . .

                                                                     *   *   *

- Хөгшөөн Анхмаа ярьж байна гэх өвгөнийхөө дуунаар би ширээнээсээ бослоо. Яг түүний тухай бичиж байх үед тэр утасдаж байгаа нь сонин ч юм шиг
- За сайн уу? Юу л хийж байна даа? тэтгэврийн мисс минь гэх түүний дуу цовоо цойлгон сонсогдоно. Хэд дүү юм гэсэндээ намайг шоолж байгаа нь тэр.
- Юу хийхэв дээ. Өвгөн тэтгэврийн босс тэгэхээр би юу болох нь мэдээж шүү дээ. За тэр яахав. Манайхаар нэг ирээч дээ. Өвгөн бид хоёртой жаал хуучлахгүй юм уу?
- Би ойрд нэг хот орохоороо заавал очноо. Том хүү маань доктор болсон гэнэ. Сая Австралиас ярьлаа. Тэгээд л баярлаад, хүнд хэлмээр санагдаад болдоггүй. Ямар сайндаа та хоёрлуугаа залгаж байхав
- Өө тийм үү? Болж дээ. Эрдэм ном хөөхөөр ингэж л үр дүнд хүрч байгаа юм даа. Бага хүү чинь хаана байгаа билээ?
- Эндээ энд. Хүнтэй суудаггүй нэг хүн. Намайг эргүүлдээд байж л байна. Уг нь санаагаар болдог бол нэг хүүхэн бараадаад надад ачийг минь үнэрлүүлвэл зүгээр байх юм. За, за найз нь тэгж байгаад дараа яръя гээд утас тасарлаа. Хөөрхий дөө, муу Анхмаа минь их л баярлаж дээ. Овоо л доо. Хүү нь сургууль соёл гээд гүйгээд байсан гайгүй л яваа юм байна гэж бодоод эргээд суух гэсэн чинь нэг л болдоггүй.
Тэгэхээр нь нэг даавуун тор бариад гарлаа. Гадаа барилгын дуу хадсан хэвээрээ. Нар ч голлох маягтай. Манай байрны үйлчилгээнийхэн бүгд хаагаад нүүчихсэн тул эль хульхан. Аргагүй дээ, мөдхөн энэ байрыг нураах юм чинь эртхэн шиг нэг газар олж бизнесээ үргэжлүүлэхийг бодолгүй яахав. Дэлгүүрээс нэг дал дөрвөн өндөр авлаа. Өнөө орой нэг сайхан гурилтай шөл хийж иддэг хэрэг ээ.

                                                                    *   *   *

Намайг залгахад Анхмаа утсаа авч байна. Дуу нь ихээ сул байна шүү.
- Чамд боломж байвал Сувдаа дээр нэг ирээч хө. Цаадах чинь чамайг өдөр болгон л сурах юм гэтэл их л зовиуртай дуугаар
- Найз нь өнөөдөр амжихгүй нь ээ. Хэд хоногоос болъё гэнэ. Гэнэтхэн уур хүрэв. Найз, найз л гэх. Яг цагаа тулахаар иймэрхүү үед ганц удаа ирэх нь байтугай ярих ч үгүй юм гэж бодоод утсаа аваад өрөөнөөс гарлаа. Сувдаагаас холдож байгаа ухаантай.
- Чи одоо энэ хүн дээр нэг ирчихэд яадаг юм. Хэдэн төгрөг зээлсэн гэсэн тэрэндээ гол цохиод байгаа юмуу? Авч болсон юм, өгч болох байлгүй гээд л би баахан аашилж өгсөн. Ямар ч авцалдаагүй мөнгө төгрөг гээд уурласан шалтгаан бол мэдээж өөр. Яагаад ч юм надад Надмидтайгаа нийлж эдний охиныг авах гээд тэрнийгээ өөрөө хүсээгүй нөхөр нь хүсч буй мэт болгон надад жүжиглээд байгаа нь таалагдаагүй юм. Тэгээд л тэр өдөр Анхмаад уурлах шалтагаа нэгд ирэхгүй байгаатай нь, хоёрт мөнгөтэй холбосон хэрэг. Анхмаа утасны цаанаас уйлах нь л сонсогдсоноос өөр юм хэлсэнгүй. Би ч нэг их үнэнийг хэлчихсэн хүн гэж өөрийгөө бодно.
- Удахгүй эмнэлэгт хэвтэнэ. Дараагийнхаа химийн тариаг хийлгэх ёстой гэж Сувдаад нилээн ойр байж, бүх юмыг нь мэдэж, асарч тойлж байгаагаа тодорхойлж хэллээ.
- За мэдлээ. Би заавал очноо гээд утсаа салгалаа. Сувдаа
- Юу гэж байна? Ирнэ гэнэ үү?
- Ирэх нь ч ирнэ гэнээ. Гэхдээ өнөө маргаашдаа амжихгүй гэнэ. Дуу нь жаахан сулхан байна, яагаа юм бол? гэхэд Сувдаагийн харц илт буугаад явчихлаа.
Тэр өдөр Хүслэн ирлээ. Ээжийгээ ч их санасан бололтой.
- Та нь эдгэнэ гэсэн яасан бэ?
- Удахгүй ээ, охин минь удахгүй
Ээж охин хоёрыг үлдээгээд гарлаа. Учир нь намайг Сүхээ дуудаад болдоггүй. Сувдааг хараад ойрд гадагшаа гараагүй. Бага зэрэг уйдах ч аястай. Сүхээтэй хоёул гудамжаар алхаж хуучин байраараа очлоо.
- Сувдаагийн кафед орж үзэх үү? гэхэд тэр
- Тэгье л дээ. Хоол ч идье
Кафед ороход ажилчид нь намайг таниад сүйд.
- Бид гурав үргэлж энд суудаг юм.
- Дандаа юу?
- Тийм. Сувдаа энд, Анхмаа тэнд
- Яг гадны хүмүүс шиг юм. Гадаадад бас хүмүүс нэг л ордог уушийн газраа орж, нэг уудаг юмаа уудаг юм билээ. Би түүнд энэ байр танайхыг нүүж ирэхээс өмнө Сувдаагийнх байсан тухай, Сувдаа хэрхэн өсөж том болоод хэрхэн энэ байраа өөрийн болгосон тухай товчхон ярьж өглөө. Сүхээ биширсэн янзтай толгой дохиж, хуучин гэрээ тойруулан харна. Тэгснээ
- Чи бид хоёр аав ээжийн эзгүйд их тоглодог байж билээ. Нүдээ боогоод л . . . өөр тоглоом байдаггүй л байсан юм байх даа гэхэд надад тэр үе нүдэнд зурайтал харагдав. Сүхээ намайг хурдхан барьж аваад л үнсэхийг боддог байсан байх. Би ч гэсэн дээ нэг их удалгүй баригддаг байсансан. Тэрийг бодож байснаа би
- Өөр тоглоом байсаан байсан. Чи тэнд байсан өрөөг санаж байгаа биз дээ? гээд унтлагын өрөө байсан буланг заахад
- Тиймээ, тэнд л би чинийхээ хамаг нандин бүхнийг авсан. Яалаа гэж мартахав дээ. Одоогоороо санаж явдаг шүү гээд Сүхээ гараа явуулж миний гарыг атгав. Эр хүнд ийм өнгө аясаар гараа атгуулна гэдэг ямар сайхан, сэтгэл хөдлөм болохыг ингэж атгуулж суугаа бүсгүй л ойлгоно. Гэсэн ч би гараа угз татан авч
- Үнэн юм уу? Нэг туулай тэврүүлээд л үлдээх чинь билээ. Амьдралд мартаж болохгүй юм гэж байдгийм шүү гэлээ. Сүхээ намайг гайхаж байгаа нь илт. Би тэр өрөөг бодоод өнгөрсөн бүхэнд Сүхээ ямар ч байсан буруутай юм шиг санагдана. Учир нь би өдий болтол эх хүн болж чадахгүй байна шүү дээ.
- Ерөөсөө явцгаая гээд эрсхэн бослоо. Гэнэтхэн хувирч эвгүй аашилсанд Сүхээ гайхаж байсан ч би нүүр өгөлгүй шууд явсаар Сувдаагийн ирлээ. Хүнд хийсэн бүхэн нь эргэн ирдэг гэгчээр Сувдаа ч гэсэн намайг ааштайхан угтлаа. Тэр Хүслэнгийн хоёр туулай тэвэрч авхуулсан зургийг үзэж суусан бололтой, хажууд нь байна. Намайг ороод ирэнгүүт Хүслэн гүйж ирээд
- Болороо эгчээ, Болороо эгчээ . . . нөгөө, нөгөө . . . Бүжин нь ганцаараа сууж чадахгүй байна гэхэд нь түүнийг удаан гэгч нь тэвэрч үнсээд
- Хүслэн миний дүү Бүжиндээ чи томоотой суу гээд эвтэйхэн зөөлөн хэлвэл тэр суудаг юм гэхэд Сувдаа ширэв татаад өрөө рүүгээ орлоо. Гэм хийсэн хүн шиг түүний араас сэмхэн гишгэсээр орвол тэр цаашаа хараад таг дуугүй
- Найз нь хурдхан шиг нэг шөл хийчихье гээд эргэтэл
- Хэрэггүй. Ер нь чи надад цаг заваа зараад хэрэггүй. Тэгж байснаас амьдралаа бод Цаашдаа амьдрах хүн
- Яасан бэ? Сувдаа. Бие нь таагүй байна уу?
- Чамд хүнтэй суух боломж гараад байгаа юм биш үү? Чи чинь хүнтэй сууж хүүхэд гаргахын бөөн хүслэн биз дээ? Манай хүүхдэд нэг л туулай байхад хангалттай гээд хоолой нь зангирав
- Яагаад байгаа юм дээ? гэж цөхөрсөн өнгөөр асуухад
- Өөрөөсөө асуу. Чи намайг нэг усан шөлөөр, энэ охиныг энэ чихмэлээрээ аргалж дөнгөнө гэж бодоод байна уу? гэж улаан галзуу хэллээ. Тэгтэл Хүслэн гүйж орж ирээд
- Болороо эгчээ, нөгөө, нөгөө . . . Бүжин нь суучихсан гээд инээхэд Сувдаа
- Чамайг хэн орж ир гэсийм? Миний нүднээс далд тогло, тэр туулайтайгаа. Ор цаашаа. Хүний туулай өгөөрэй чи. Би чамайг хүний юм авч бай гэж хэлсэн үү? Айн? гэж Хүслэн бид хоёрыг цочтол хашгирлаа. Охины царай нэг хачин болж, ам нь өмөгнөөд гарлаа. Намайг
- Сувдаа . . . гээд юм хэлэх гэтэл тэр огт сонсолгүйгээр яриаг минь тасалж
- Би арай үхчихээгүй байна. Эцсийн шийдийг чи биш би гаргана гээд цээжээ балбахад нь нүднийх нь ухархай нулимсаар дүүрээд ирлээ.
- Тайвшир даа. Тайван байхгүй бол наад бие чинь хямарчихна гэхэд түүний нүд хачин эвгүй болсноо
- Чи үүнийг л хүлээж байгаа биз дээ? Тэгээд ч чи эмч хүн. Намайг хэзээ үхэхийг ч мэдэж байгаа. Энэ чинь миний охин. Яс махаа уран байж би төрүүлсийм гэж багтран хашгирав.
Би түүний хажууд байж тэссэнгүй. Гарахад араас
- Тэр туулайгаа манайхаас аваарай гэж хашгирлаа. Харин одоо миний нүдний ухархайгаар нулимс яах ийхийн зуургүй дүүрээд ирлээ. Хурдхан шиг л гармаар. Энэ бүхнийг сонссон бололтой Хүслэн Бүжинг авчирч өгөв. Бүжингээ шүүрээд гараад иртэл хэсэгхэн салхи огцомхон үлээж орчныг хуйрагнуулаад намдав. Би гомдохын дээдээр гомдож байлаа.
- Тиймээ, тийм. Чинийх . . . Чиний охин гэж хэлээд ам руугаа орсон нулимсыг залгиж явсым. Үнэн үгний амт тийм гашуун байдгийг мэдэрч явсан даа.

                                                           *    *   *

Цааш нь бичиж чадсангүй. Тэр үеийн сэтгэлийн зовлон одоо нүүрлээд байх шиг санагдаад түр болихоор шийдлээ. Сэтгэл сэргээх гэсэн юм шиг өвгөн маань хонины ганц хаа барьчихсан орж ирлээ.
- Махны үнэ гэдэг тойм алга. Байрны хэдэн хөгшчүүл нийлж ганц хонины гулууз хувааж авлаа. Өнөө маргаашгүй наадам болох гээд байдаг. Ганц хавирга ч болтугай буцалгаж иднээ гэж байна. Өвгөнөө өрөвдөх шиг болов.
- Урд нь бол бүтнээр нь аваад л болдог байсансан. Одоо ч ганц мөч аманд ч үгүй, хамарт ч үгүй гэдэг л болох байхаа даа гэхэд
- Хажуугаар нь ногоо гурил хийгээд болноо болно. Тэгээд ч одоо хүүхдүүд нэг их өөх мах гэхээ больж. Энэ их мах иддэг үе биднээр дуусаж байгаа байлгүй.
- За тийм ч байхаа даа. Үгүй, тэгээд хүүхдүүд бас жаал жуул юм дөхүүлэх байлгүй дээ.
- Тийм дээ тийм. Ер нь ч тэгээд идэж ууна гэдэг ч нэг л хэрэг дээ гэж өвгөн маань хэллээ. Манай өвгөн тэгж байгаад их аятайхан дүгнэж хэлдэг юм. Нээрээ л бодоход, амьдралд идэж уух нэг л асуудал болохоос амин чухал юм биш шүү дээ.
Би ширээндээ сууж чадахгүй

Үргэлжлэл бий . . .
Бүрэн эхээрээ...

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

2 Сэтгэгдэлүүд:

За, та бүхэн даага далантай, бяруу булчинтай, сэрх сэмжтэй, иргэ сүүлтэй, ботго борвитой тарган сайхан оров уу? Сайхан битүүрч байна уу? Гарч буй усан могой жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж, юу санасан есөн цагаан хүсэл тань биелэх болтугай гэж чин сэтгэлээсээ хүсэн ерөөе! Бүрэн эхээрээ...

"ҮР ХАРАМ" - 10 (тууж)

20 Сэтгэгдэлүүд:

Миний уур ч юмуу, гомдол ч юмуу нэг юм цээжинд хурж, хамрын уг руу огшиж байгааг мэдэрч байлаа. Уур ч гэж дээ дургүй хүрээд болох биш. Тэгээд
- За, за чи бид хоёр одоо хэн хэнийгээ билүүдэж суугаад яахав. Ямар цаг хугацаа эргэж ирэх биш. Хүслээн, явах уу? гэж охиныг дуудлаа
- Ээжээ, ээжээ . . . гэж Хүслэн хашгирснаа царай нь хувирч
- Нөгөө, нөгөө . . .
- Юу гэсийн? Эгчдээ юм хэлэх гээ юү? Хэл л дээ . . . гэтэл Сүхээ хажуунаас
- Хүслэн мөхөөлдөс идэх гэсэн байхгүй юү, тэ? Алив, гурвуулаа явъя гээд түүнийг сэв хийтэл өргөж мөрөн дээрээ суулгаад түрүүлээд алхчихлаа. Ямар боль, боль гэлтэй биш дагаад л явав. Хүслэн тоглоомондоо ядарсан уу мөхөөлдөсөө хагас дутуу идээд унтчихлаа. Сүхээ түүнийг үүрсээр манайд авчрав. Хүслэнг орон дээр хэвтүүлчихээд миний Бүжинг олоод харчихлаа. Тэр Бүжинг авч
- Энэ чамд одоо болтол байдаг юмуу? гэхээр нь
- Чи надад үүнээс өөр юм үлдээгээгүй ш дээ гэж хэлэхтэй зэрэг өдөржингөө барьж байсан уур цухал нулимс болон гоожлоо. Сүхээ миний мөрөөр тэвэрч цээжиндээ наасан. Уйлсандаа болоод тэр үү би Сүхээг түлхсэнгүй. Гэнэт утас хангиналаа. Харвал “Huurhun huu” гэж гарч байна. Яаж зогсоогоо гэнэтхэн сэхээрч хүйтэн өнгөөр
- За, за яв гэвэл
- Тэгье ээ, сайхан амраарай гээд Сүхээ гарлаа. Би өөрийн эрхгүй цонхон дээр очиж түүний араас харж зогссон юм. Яг л хүүхдээ унтуулаад нөхрөө юунд ч юм үдэж өгч буй бүсгүй шиг. Тэр үед гэр бүлийн амьдралын хамгийн энгийн зүйл ч гэсэн гоё байдаг юм байна даа гэж бодогдсон. Дахиад л утас дуугарахаар нь Хөөрхөн хүүг шууд тасалж орхилоо.
Нэг дэхь өдрийн өглөө Хүслэнг хүргэж өгөхдөө хоцроочихож. Гүйсээр байж, “24-ийн цэцэрлэг” гэсэн хаягтай байшингийн хаалгыг нүдлээ. Цэнхэр халаадтай бүдүүн эмэгтэй багш хаалга онгойлгоод
- Долоо хоногт ганцхан өдөр авчирч өгч байж та нар хоцроохгүй байж болохгүй нь үү?
гээд охиныг татаж оруулаад хаалга хаагдав. Хүслэнг цэцэрлэгт нь хүргэж өгсөн өдөр Сүхээ бид хоёр Сувдааг эмнэлэгээс нь гаргаж авсан юм. Химийн эмчилгээ гурав дөрөвхөн хоногт хийдэг болохоор тэр. Сувдаа надаас харцаараа Сүхээг хэн болохыг асуугаад байгаа бололтой бүлтгэнээд байна. Сүхээ биднийг оруулаад явсны дараа Сувдаа
- Охин гайгүй юү?
- Гайгүй ээ, Их биеэ даасан хүүхэд юм
- Энэ залуу юун залуу вэ?
- Яагаав, нөгөө Сүхээ. Танай дараа нүүж ирсэн гээд Анхмаа бидний яриад байдаг. Ийм залуу болчихсон байна.
- За, за Болороо ч гараад өгч гээд бас намайгаа шоолохтойгоо. Тэгтэл Сувдаа
- Өнөөдөр хэдүүлээ манай кафед очъё
- Чи яаж болохов дээ.
- Зүгээрээ, би сууж л байя. Нэг очиж нөгөө хэддээ бас босс царайлахгүй бол болохгүй. Ядраад байвал гэртээ хүрээд л ирнэ биз гэлээ. Тэгэхгүй гээд яахав.
Орой нь Анхмаа жигтэйхэн уруу царайтай, нүд нь бүлцийсэн юм ирэв.
- Чи яагаа вэ? Наад нүд ам чинь. Бас арай өвдөөгүй биз дээ? гэж Сувдааг асуув. Уг нь Анхмаа л Сувдаагийн биеийг асуумаар. Анхмаа хэсэг түгдэрснээ
- Урд шөнө нойр муутай хоноод оо. Надмидын уурхайд нэг хүн нас барчихаж. Тэгээд л . . . гэлээ. Анхмаагийн харц нэг л худлаа юм шиг санагдсан ч хүний үхэл ярьж байхад итгэхгүй гээд яахав. Тэнд хүн нас барахад гэртээ суудаг Анхмаа нойргүй хонодог юу л бол. Үгүй тэгээд байж болох ч нэг л сонин.
Биднийг цуглаад удаагүй байтал цонхны цаана Надмидын машин ирж зогслоо. Дотроос нь чихэр, вино барьсан Надмид нүүр дүүрэн инээсээр бидэн дээр ирлээ. Урд нь ерөөсөө уулзах нь байтугай даллаад байхад ирдэггүй хүн гэнэт ингэхээр гайхахаас өөр аргагүй. Анхмаагийн царай улам л гунигтай болж хувирав. Энэ өдөр би Надмидыг өөрийн эрхгүй новш гэж бодсон юм. Тэр юу ч юм ярьж худлаа инээх нь нэг л зэвүүн. Би
- Танай үйлдвэр дээр таагүй юм боллоо гэсэн гайгүй юү? гэтэл Надмид Анхмаа руу нэг харснаа
- Аан, тэр зүгээрээ. Аль дээр болсон юм явдал гэнэ. Анхмаа тэр хоёрын аль нэг нь худлаа ярьж байв. Надмид
- Би ч охин хүсээд, хүсээд манай Анхмаа гаргаж өгдөггүй ээ. Гэрийнхээ ганц эрх дагина байх гээд л тэр байх гээд учиргүй хуурай инээлээ. Нэг л авцалдаагүй. Анхмаа түүнийг нүдний булангаар ёозгүй харахыг би анзаарчихав. Харин Сувдаад Надмидын ярьж байгаа таалагдаж байгаа бололтой. Миний дургүй хүрч
- Анхмаагийнхаа альхан хөлд нь суумаар юм дээ. Ямартаа ч гэсэн номхруулж авсан нь дээр байхаа гэхэд
- Аль ч хөлд нь суусан тангараад болохгүй байгаа юм. Ямар сайндаа охин хүүхэд өргөөд ч болтугай авдаг юмуу гэж бодож байхав. Охин гэдэг чинь өр нимгэн хөөрхөн ш дээ гэж хачин нирваан дүр гаргахад бид бүгд чимээгүй боллоо. Өнөөдөр чухам ямар зорилгоор ирсэн нь одоо л нэг ойлгогдов. Анхмаа яг юу бодож буй нь мэдэгдэхгүй ч ямартай ч дуртай биш байна гэдэг нь харагдаж байлаа. Яагаадыг бол харин мэдсэнгүй. Дээх нь нэг өдөр ярьж суухад гэрт нь айлын хүүхэд гүйгээд байвал нэг их дуртай биш тухай ярьж байсан. Гэтэл ахиад нэг хүүхэд төрүүлнэ гэхээр дургүй байсан Надмид охин хүүхэд өргөж авах дуртай болж хоцорсныг бас ойлгосонгүй. Надад зөвхөн мэдрэгдэж байсан мэдрэмж бол Надмидыг үзэн ядаж байлаа. Сувдаа угаасаа эднийхийг элэг бүтэн сайхан гэр бүл гэж үздэг. Тэгэхээр охиноо боломж гарвал эднийд өгөх дуртай байх нь мэдээж. Тэгэхээр би ялагдах болж байлаа. Миний бодлыг батлах гэсэн шиг Сувдаа
- Хөөрхөн, ухаан орчихсон охин авчихад болохгүй ч юмгүй л дээ гэхээр нь би өөрийн мэдэлгүй
- Юу ярьж байгаа юм? Ийм сайхан залуу, ийм сайхан хүүхэн хоёроос сайхан охин төрөлгүй яадаг юм гэж цэхвэлзлээ. Бодвол би ч гэсэн тэдэнд ойлгомжтой харагдсан байх. Үүнийг анзаарсан Анхмаа гэнэтхэн ам нээж
- Энэ яриагаа больё оо. Ямар манай тухай ярих гэж ирсэн биш. Тэгээд ч оройтлоо. Явцгаая гэхэд би уухайн тас
- Харин тийм. Сувдаа ч гэсэн ядарлаа. Дөнгөж өнөөдөр эмнэлэгээс гарсан хүн гэж хэлээд хариу ч сонсолгүй босцгоолоо.
Надмид Анхмаа хоёр ч явав. Би Сувдааг аваад гэр лүү нь таксигаар явлаа. Машинд явж байхдаа бид хоёр хэн хэн нь дуугарсангүй. Гэтэл Сувдаа чимээгүйг эвдэж
- Болороо, би тэднээс гуйвал яах бол? Надмид ч хүүхдэд сайн байж мэднэ шүү, тэ? гэв
- Анхмаа хүний хүүхдэд дургүй гэж урд нь ярьж байсныг бид хоёр хоёулаа сонссон доо гээд тавьчихлаа. Сувдаа тэгэсгээд юм хэлсэнгүй . . .

                                                                      *   *   *

Нэг мэдсэн чинь Сувдаа маань ороод ирчихэж.
- Та ч аймаар завгүй сууж байгаа юмаа даа. Намайг ирснийг ч мэдсэнгүй. Алив би уншъя гээд нэг хуудас шүүрэхээр нь
- Байг чи. Нэг мөсөн дуусахаар нь уншихгүй юү гээд булааж авлаа. Өвгөн тэндээс
- Миний охион, дараа бол. Ээж нь өгөхгүй л гэсэн бол өгөхгүй. Чи ямар занг нь мэдэхгүй биш гэж Сувдаад хандан хэлж байна.
- За, за болье болье. Хэзээ дуусахыг нь л хүлээж байхаас
- Чи хүүхдүүдээ авчирч харуулах юм яриад байсан яав? гэхэд
- Эцэг нь гэж нэг өвчтэй юм ээжид садаа болно яршиг, эндээ байж байг гээд байх юм байна ш дээ гээд шарвалзав. Өвгөн
- Болж дээ. Өрхийн тэргүүн гэдэг чинь тиймэрхүү л байдгийм ш дээ гэж бага хүргэнээ сүрхий магтаж байна. Сувдаа
- Хн! Яршиг л байна ш дээ. За, за би явлаа
- Чи ядаж хоол . . .
- Идэхгүй ээ, идэхгүй гээд гарч одов. Санаа нь бид хоёртоо л эрхэлж байгаа ухаантай. Өвгөн над руу толгой сэгсэрч
- Мундаг охин шүү. Чи бид хоёрын нэгийг л дуурайсан байгаа даа гээд над руу нүд буландаж харснаа арсайтал инээж байна. Намайг давж байгаа ухаатай. Дотор шатаад явчихлаа.
- Тэгээд, тэгээд чи хэнийг гэх гээв? гээд ширэв татчихаад угаалгын өрөөнд яваад орчихов. Өвгөний хүг, хүг инээх дуу битүүхэн сонсогдсогдоход нь би нүүрээ хурдан, хурдан шударч угаав.

                                                                           *   *    *

Бодвол Сувдаа надад хэлэх хэрэггүй гэсэн зүйлээ хэлчихлээ дээ гэж бодож байсан байх. Хүүхдээ надад өгөх болов уу гэсэн горьдлого үндсэндээ тасарч эхэллээ. Үнэндээ бол би л бодоод, горьдоод яваа болохоос энэ бодлоо түүнд хэлээгүй юм чинь. Эх нь амьд байхад ийм юм бодож байсан гэхээр хүн үнэмшмээргүй. Үнэмшсэн нэг нь намайг үзэн ядмаар байгаа биз? Гэхдээ л хүн гэдэг хэдийд ч, юуг ч бодож чаддаг юм билээ дээ. Нэгэнт найдвар багассан учир би аргаа барсандаа
- Одоо асрах газар чинь ямархуу журмаар ажилладаг юм бэ? гэж би Сувдаагаас ч юм шиг өөрөөсөө ч юм шиг асуулаа. Асуух ч гэж дээ Сувдаад ингэж хэлээд өөрийнхөө тухай бодуулах арга олж байгаа ухаантай. Сувдаа над руу нэг сүрхий харснаа
- Чи миний охиныг асрах газар өг гэх гээд байна уу? Та нар яахаараа хүүхэд өнчрөх болохоор асрах, асрах гэж байдаг юм гээд намайг үзэн ядсан харцаар харлаа. Ингэнэ чинээ бодоогүй байсан би
- Үгүй ээ, үгүй. Би яалаа гэж тэгж бодох юм бэ. Хэрвээ намайг буруу юм хэлсэн бол уучлаарай гэхэд
- Би яаж ч байсан охиноо асрах газар өгч өөрийнхөө араас оруулахгүй. Тэнд ямар байдгийг чи мэдэх үү. Мэдэхгүй ш дээ гээд намайг харснаа бодлоо цэгцлэх мэт хэсэг дуугаа хураав. Тэгээд намуухан дуугаар
- Манайд дуу хөгжим ордог нэг залуухан багш байдаг байлаа. Эр юм байж үсээ шалчийтал самнаж үнэртэй ус түрхсэн хөгийн амьтан. Хаанаасаа ч олдог юм печень, чихэр надад өгнө. Бүр байнга шүү. Хүүхэд юм болохоор авчихна. Чи намайг багшаа гээд хэрэггүй. Ахаа л гэж бай гээд л . . . нээрээ ч миний ах ч юм шиг санагдах үе бас байна. Өнчин өрөөсөн хүнд чинь наашаа гэсэн болгон сайн хүн шиг санагдана. Ялангуяа хүүхэд байхад. Намайг төгсөх ангид байхад шинэ жилийн үдэшлэг шиг юм болсон юм. Тэр орой намайг үнсчихэв. Ахаа гэж бодож, бүр итгэж явсан хүн чинь гэнэт тэгэхээр айх ч шиг, гайхах ч шиг. Түүнээс хойш зугатаж эхэлсэн. Нэг өдөр өрөөндөө сууж байсан чинь ороод ирсэн . . . гэснээ Сувдаагийн дуу цаашаа орчихлоо. Тэгээд яасан юм бол? гэж бодтол тэр цааш нь
- Муу новш чинь

Үргэлжлэл бий . . .
Бүрэн эхээрээ...

"ҮР ХАРАМ" - 9 (тууж)

15 Сэтгэгдэлүүд:

- Ямар ч байсан өглөөнөөс химийн эмчилгээнд оруулах байх. Юутай ч гэсэн өглөө ирээрэй гэлээ. Намайг гарахын алдад Сувдаа
- Өнөөдөр Хүслэнг авах ёстой. Чи авчих тэгэх үү? Би ийм байдалтай охиндоо харагдмааргүй байна. Охин маань өдрийн ангид орно гээд ээрээд байхаар нь ээж нь жаахан өвдөөд байна гайгүй болохоороо оруулна гээд гэчихсэн. Тэгэхээр одоо намайг хараад итгэл нь хугарчих байх. Гэрт өөрийнх нь нэг бор туулайн чихмэл байгаа түүнийг битгий мартаарай тэвэрч унтдаг юм. Аа, тийм “ээжийн бүүвэйтэй хорвоо” гэдэг дууг аялж өгвөл дуртай байдаг юм гэлээ. Сувдаагийн охиныг хажуудаа хэд хоног байлгана гэхээр сонин ч юм шиг, сайхан ч юм шиг санагдана.
Эмнэлэгээс гараад ирсэн чинь дөнгөж үүр хаяарч байлаа. Зуны өглөө шувууд жиргэж, модод сэрчигнээд цаанаа нэг сайхан. Нүдний угаар аргаж байхыг бодоход ядарсан юм болов уу. Гэхдээ олон удаа жижүүрт гарч, олон арван өвчтөнтэй зууралдаж явсан хүн чинь энэ зэргийг даалгүй яахав. Сүхээ намайг хүлээгээд зогсож байх юм.
- Чи яваагүй юм уу?
- Чамайг дөхүүлээд өгдөг юмуу гэнэ. Би нэг их цааргалсангүй. Тэр намайг суулгаад өглөө эртийн хоосон шахуу гудамжаар давхилаа. Хараад байсан чинь манайх руу биш, урагшаа чиглээд байх юм.
- Манайх ийшээ биш л юмсан. Чи осолдохгүй өчигдөр орой хүргэж өгсөн, мэдмээр юмаа гэж хэрэндээ дургүйцэнгүй хэллээ.
- Би чамд юм үзүүлье. Одоо очоод чи унтана гэж байхгүй.
Нээрээ ч тийм л байсан л даа. Гэртээ очоод тэгэс ингэсгээд л эргээд ажилдаа гарна. “Өнөөдөр Сувдаагийн охиныг цэцэрлэгээс нь авна. Тэр надтай ямар байх бол” гэсэн сонин хэрнээ сайхан бодол намайг хөглөж байв. Бид давхисаар Зайсан толгойн тал дээр гараад ирлээ. Тэрнээс цааш машин явах биш. Бууцгаалаа
- Хоёулаа дээшээ гарах уу? гэнэ
- Ядарч байна
- Би чамайг үүрье. Ажилдаа хоцорчихож магадгүй. Одоо хүн байхгүй юм чинь хэн л харав гэж
- За яршиг байнаа. Хар өглөөгүүр хаа байсан бага насандаа хаяад явсан залуудаа үүрүүлчихсэн Зайсан өөд мацаж явна гээд төсөөлөөд үз л дээ
- Болохгүй нь юү байхав дээ гэнэ. Ингээд зогсоод байвал хэрэлдэх шинжтэй болохоор нь шатаар ганц нэг гишгэсээр дээшээ явлаа. Өндөрийг нь нэг их анзааралгүй гараад ирэх нь тэр. Сүхээ
- Удалгүй нар мандана. Чамд үүнийг л үзүүлэх гээд хоцорчихож магадгүй гэсэн юм. Яагаад ч юм би дөнгөж мандаж буй наранд их дуртай. Тэндээс нэг тийм сэтгэл ханамж ирээд байх шиг байдаг юм гэнэ.
Тун удалгүй тэнгэр зүүнээсээ улайрч байснаа томоо гэгчийн улаан нар гарч ирлээ. Байгаль гэдэг хүний сэтгэлийг хөглөдөг ажээ. Тэр тусмаа гэрэл гэгээ. Нээрээ ч түүний хэлснээр ямар нэгэн эрч хүч ирэх шиг. Дуу аялмаар ч юм шиг. Цээжний гүнээс хөнгөн гуниг хөндүүрлэх хэдий ч тэгтлээ муухай санагдсангүй. Тэглээ гээд жаахан охин шиг хөөрч дэвхцэлтэй биш. Өндөрт юм болохоор салхи сэвэлзэж байна. Сүхээ хүрмээ тайлж надад нөмрүүлэв. Нэг тийм эр хүний содон, эзэрхэг үнэр түүний хүрэмнээс үнэртэнэ. Хүсэл, сэрэл, мэдрэмж гэж чухам юу юм бол . . .?

                                                                    *   *   *

Зөөлөн амьсгаа сэрвэгнэж, эр хүний үнэр үнэртэхэд дээшээ харвал өвгөн маань мойнийж яваа хуруугаараа хацрыг минь илж, уруул дээр минь үнсэв. Бид чинь өтөлсөн л болохоос үхчихсэн биш дээ. Бичиж байснаа тэр чигт нь хаяв. Хөөрхий дөө, өвгөн минь намайг одоо ямар өргөж даах биш. Хөтлөлцсөөр унтлагын өрөөндөө орлоо. Хэсэг хугацааны дараа өвгөн маань нилээн амьсгаатай дээшээ харж хэвтээд
- Бас ч гэж болж байна шүү гээд над руу эрэмшүү харж инээмсэглэх нь өөртөө баярлаад байгаа бололтой. Эрчүүдээ гэж хөгтэй ч улсаа даа та нар. Тэр өнөөх л зангаараа миний гарыг атгаж, дахиж нэг сайхан үнсээд хэвтэж байснаа унтаад өглөө. Өвгөнийхөө жигдхэн амьсгааг сонсон хэвтэж байхдаа
- Болж байна гээд байгаа юм шүү гэж амандаа хэлчихээд хэнээс ч юм ичмэглэн хөнжлийнхөө захаар амаа даран харанхуй шөнө нүдээ гялтгануулан айлгүйтлээ. Яахав дээ. Хажууд байгаа Бүжингээс өөр хэн л намайг харав гэж. Эмгэн ч гэсэн эм юм чинь хааяа нэг харанхуйд ч болов айлгүйтэж болно биз дээ, би . . .?

                                                                    *   *   *

Орой нь би Хүслэнг цэцэрлэгээс нь авахаасаа өмнө гэрээр нь дайрч түүний туулайг авч очлоо. Тэгэхгүй бол ээж нь биш намайг очихоор дургүйлхэж магадгүй гэж бодсон юм. Явах замдаа бас “Ээжийн бүүвэйтэй хорвоо” гэдэг дууг тархинаасаа хайж, олсон хэсгээ амандаа аялж үзлээ. Болж байнаа. Тэр их хөөрхөн юм. Би урд нь түүнийг өнөөдрийнх шиг ингэж шимтэн харж байсангүй. Дөрвөн настай бумбайсан охин шүү дээ.
- Нөгөө, нөгөө . . . Та нь намайг авч байгаа юм уу? гэнэ. Тэр та нь, би нь, чи нь гэж ярьдаг юм байна. За тэгээд дуугай байна гэж байхгүй юм даа.
- Нөгөө, нөгөө . . . Манай ангийн Анука их муу хүүхэд
- Яагаад? Та нар чинь найзууд биш юм уу?
- Нөгөө, нөгөө . . . Заримдаа л найзууд. Анука нь намайг аавгүй, аавгүй ингээд байдгийн. Ярихсан гэж яарах, асар олон нөгөө, нөгөө нь зэрэгцээд бүр амьсгаа нь давхцана. Хөөрхөн гэж яаваа. Гараас минь атгаж яваа бяцхан гар нь аргалын цог шиг халуун. Хэрвээ би жинхэнээсээ ингэж охиноо хөтөлж яваа бол ийм мэдрэмж төрөх эсэхийг мэдэхгүй юм. Эртээрийн Сувдаагийн “Чи мэдэхгүй л дээ” гэж уурладаг үнэний хувьтай юм гэж бодож явлаа.
- Нөгөө, нөгөө . . . та нь паркыг мэдэх үү? гэж амьсгаадна. Би бодолдоо болоод нилээд хурдан алхчихаж. Миний алхааг гүйцэх гэж шогшиход дээрээ хоёр боосон үс нь сөөсөгнөж, тас тэвэрсэн туулайных нь хоёр чих далбаганана.
- Мэдэлгүй яахав. Эртээр бид гурав тэнд байсан шүү дээ. Чиний туулайг хэн гэдэг юм?
- Нөгөө, нөгөө . . . Нэр байхгүй ш дээ
- Манайд Бүжин гэдэг туулай бий
- Нөгөө, нөгөө . . . Жинхэнэ үү?
- Үгүй ээ, бас л чинийх шиг. Чи бас түүгээр тоглож болно. Чи парк явах тийм дуртай юм уу? гэхэд охины нүд цог шиг гялтганан толгой дохино
- Хоёулаа маргааш очиж тоглоноо
- Нөгөө, нөгөө . . . Ээж нь ирэхгүй юм уу?
- Ээж нь ажилтай. Хөдөө явсан гэхэд түүний харц бүүдийж, хачин уруу царайлна.
Хөөрхий дөө, ээжтэйгээ л уулзах гэж бүтэн тав хоног хүлээдэг байж таарна. Арай хийж тав хоногоо дуусгаад ирэхээр ээж нь байхгүй. Ийм жаахан охины хурууны үений чинээ зүрхэнд ямар их харуусал хурж байгаа нь ойлгомжтой. Орой чухам яадаг болдоо гэж санаа зовж байсан чинь Хүслэн их биеэ даасан хүүхэд байлаа. Хорин дөрвийн цэцэрлэгт явдаг болохоор тэр юм байна даа гэж бодов. Хоёр туулайтайгаа ярьсаар байгаад унтлаа. Түүнийг жаал ширтэж сууснаа орхин интернет рүү орж Сувдаагийн өвчний талаар жаал харлаа. Аргаа л барсан хэрэг л дээ. Миний барагцаалснаар Сувдаад 3-4 сар л үлдсэн байв. Шинжилгээнээс үзэхэд нойр булчирхайд нь хүртэл үсэрхийлсэн байлаа. Тэгэхээр багшийн хэлдгээр ёстой тавилангүй. Санаагаар болдог юм бол энэ бүгдийг хэлээд охиныг нь гуймаар. Гэвч хүн ёс гээч юм бидэнд байх ёстой шүү дээ.
Утас дуугарангуут Сувдааг бодон сандруухан автал Сүхээ ярьж байна. Сандарсандаа тэр үү жаахан дургүйцэв.
- Маргааш та хоёр юу хийх гэж байна? гэнэ. Юу ч хийсэн түүнд юуны хамаатай гэж. Гэхдээ ингэж хариулж чадсангүй.
- Парк явнаа л гэлээ. Ямар нэг их ярих юм байх биш. Тэгэсгээд тасарлаа. “Энэ нэг юм чинь одоо яах гээд л ойр, ойрхон залгаад байна даа” гэсэн бодол бодогдож байна.
Маргааш нь амалсан ёсоороо Хүслэнг авч парк явлаа. Ээжийгээ ойр ойрхон ярих боловч хүүхэд юм болохоороо тоглоомондоо сатаарна. Тэгтэл хаанаас ч юм Сүхээ гараад ирлээ. Юу билээ гэж бодох зуур өчигдөр наашаа ирнэ гэдгээ хэлсэн санагдана. Гартаа бүх тоглоомын тасалбар атгачихаж. Яахыгаа бас мэддэг бололтой юмаа. Би Сүхээд
- Чи бид хоёр одоо ингэж цагаа үрж, мартагдсан тоглоомоор тоглоод яахав даа. Чи явж ганц нэг хүн авбал дээргүй юү гэж такси барьдгаар нь дайруулан наашаагаа битгий гүйгээд бай гэсэн чин санаагаа хэллээ.
- Би өнөөдрөөс больж байгаа
- Яасан? Өөр ажилд орж байгаа юм уу?
- Би чинь цагдаагийн ахмад хүн шүү дээ.
- Хөөх, Танайх чинь тийм муу цалинтай юм уу?
- Үгүй дээ, Ганц бие надад хангалттай. Энэ манай дүүгийн түрээсийн тэрэг л дээ. Дүү маань хоёр хоног явж чадахгүй болоод. Тэгээд л түрээсийнх нь мөнгийг олох санаатай явж байсан чинь чамтай таарсан хэрэг.
- Жаахан хүчгүй л болохоос байж болох л шалтаг юм гэж намайг итгэж ядан байгаагаа нуулгүй хэлэхэд
- Би хойшоо яваад тэндээ цагдаагийн сургуульд орсон юм. Тэр үед цагдааг сэргийлэх гэдэг байсан. Төгсөж ирээд Ховд, Увс, Баян-Өлгий гээд дандаа баруун аймгуудад ажиллаж байгаад хотод ирээд хоёр жил болж байна.
- Авгай хүүхэд . . . ? гэснээ санаа зовж
- Зүгээр л сонирхоод л асуучихлаа. Хариулахгүй ч байсан болно гэдэг нэвтрүүлэг байдаг байхаа?
- Уг нь нэг бүсгүйтэй суусан юмаа. Яагаад ч юм бид үр хүүхэдтэй ч болсонгүй. Миний ажил гэж хөдөө их явах юм. Гэртээ ганцаараа байх хэцүү байсан биз дээ. Харин чи . . . ?
- Суусаан суусан. Олон ч хүүхэдтэй болсон. Сайхан л байна . . . гэж түүнд тунирхаж байгаа юм шиг хэлээд
- За, за худлаа солиорсон юм. Ямар сайндаа л хүний ганц үрийг саатуулж явахав дээ гэчихээд “Би чинь одоо юугаа солиороод унаваа” гэхдээ амаа хамхилаа. Хэсэг чимээгүй сууцгаалаа.
- Засаж болдоггүй алдааг л алдаа гэдэг юм гэж муу аав маань хэлдэгсэн. Тэр нь л болж байх шиг байна. Тэртээ хаврын нэгэн өдөр яг л ингэж хэлсэн юм даа. Өдий болтол хүүхэд гаргасангүй. Үүнийг бодох тоолондоо би чамайг үзэн яддаг. Юугаа ч мэдэхгүй, учраа ч ойлгохгүй жаахан охиныг чи яалаа гэж хаяж явсан юм бэ? Тэгээд одоо гэнэтхэн хаанаас ч юм гарч ирчихээд гэмгүй шувууны тухай үлгэр яриад . . . л. Яагаад би чамд итгэх ёстой гэхэд Сүхээ
- Харин одоо бол би том болсон шүү. Хэлсэн ярьсандаа эзэн болно
- Тэгээд тэр чинь хэнд хэрэгтэй гэж? гээд цааш нь үргэлжлүүлэх гэснээ тэвчлээ.

Үргэлжлэл бий . . .
Бүрэн эхээрээ...

Яруу найрагч Б.Занданхүү. "Саруул-Эрдэнэ багшдаа"

1 Сэтгэгдэлүүд:

Санагдах алс, оногдох ойр, дүүжин гүүр шиг сэтгэл минь

Салхин зүгт, альхан цагт, даажин зүүд шиг мартагдах бол?

Амьсгалын хэмнэл, аньсаганы нэрмэл, амьдралын амттай итгэл минь

Амьсаад дурсахгүй, ханьсаад урсахгүй гольдролын дунд яах бол?

Рерихийн хөрөг, эгээрэхийн төлгө, аль нь ч надад сонин биш

Ренбрандтын зураг, эрээн бараан сураг, бүгд адилхан, сөгдөх хэрэггүй

Уул минь, уур минь, ууршаад манантах хүсэл минь

Уйтан хийгээд уудам, зурж болохгүй сүм-сэтгэл минь

Учрал минь хагацал минь, алсраад амьсах алдаа минь

Уйлж суугаад дуулахдаа үгийг нь мартсан дуу-зүрх минь

Лаврин үдэш авиран зүдэгч эвий хонгор гунигтай би

Лавран хийдийн уншлагат эдгэхгүй эртний ерөөлт хөндүүртэй би

Эрслэн зорих тэрслэн золих эмзэг зовиурт зүрхээ яалтай

Энэлэн шархирах зэмлэн архирах гэмшил дүүрэн өдрүүдээ яалтай

Рамын уулнаа мөнх оршсон даяанчийн билиг

Рахын сүүдрээс бодол аврахад сэм цэлмэнэм

Дагшин хөдөөд лагшин амирлаж үүлс өргөн шувууд одоход

Дахиад ирэх хаврыг хүлээж уулс урган тэнгэрт тэмүүлнэм

Эндэхийнхэн Тэндэхийнхтэй адилгүй эрвэн сэрвэн зөнтэй

Эдгэж өвдөхийн зуурт мартаж санах зүүдтэй

Нэг дэхийнх нь тав дахийнхтай адилгүй бүгд өөрийн замтай

Нэгдэхийн аргагүй ертөнц мөнх бусын жамтай

Эгээрэм алсын анир гэгээрэм совингоо илгээхэд

Элийрэм холын бодолдоо дүлийрэм чимээгүй дуншнам
Бүрэн эхээрээ...