# #

НАМИРАА САЛХИ (Өгүүллэг)

0 Сэтгэгдэлүүд:

Сална, сална гэж өдрийн бодол шөнийн зүүд явсан өдрүүд тийм ч цөөн биш ээ. Магадгүй хэдэн сараар тоологдох биз. Тиймээ, би чамаасаа салахад бэлэн, бараг л зориг шулууджээ. Эмэгтэй хүнд нэг ийм үе заавал тохиолддог шиг байна. «Гуч гарсан бүсгүйд нэг тийм салхи орчихдог юм аа. Тэр үе нь л ирээ болов уу даа чи» гэж эмээ маань их л туршлага заах мэт хэлж суусан нь санаанд буух. Манай гудамжны үзүүрийн хашаанд амьдардаг хосын тухай яриа манай гэрт ороод ирсэн үе л дээ. Нэг сайхан айл салж сарниснаар тэр хаврын дуулиант явдал төгссөн санагдана. Тэр үеийн гучин настай бүсгүйчүүдийн хувирал одоогийн миний гучин таван насанд ирээ юм байхаа даа. «Гучтай бүсгүй тэгээд ер нь яадаг юм бэ дээ» гэж цаашлуулахад эмээ «Нэг тийм давилуун болчихдог юм. Аргагүй дээ, бие хаа, нуруу туруу гээд юм юм нь тэгшрээд, жимсээр бол болц нь гүйцэхтэй л адил. Тийм жимс мөдхөн хагдран унана гэдгээ харин ч нэг мэддэггүй юм даа. Бүхий л зүйл гарт нь орж, санаанд нь багтаад нөхрөөсөө салсан чиг л амьдарчхаж чадмаар болдог ихээхэн эндүүрлийн үе юм шүү дээ. Миний охин ч гэсэн тойрохгүй дайрах л бий вий. Ээ дээ болгоомжтойхон л явж үзээрэй. Чамаас хамаардаггүй муу зүгийн салхи юм шүү дээ» гэж ирээд л ярьдаг сан. Эмээгийн үгийг тэр үед тоогоогүй ээ, үнэн. За бараг ойлгоогүй гэхэд болно. Гэтэл өнөөдөр ихээ тодоор санаж сууна. Ядаж байхад чаг чаг хийх цаг нэгэн хэмийн төвөгт дуугаараа эмээгийн үгийг янших мэт ээ. Миний нөхөр уг нь сайхан хүн л дээ. Бид хар нялхаараа л хань бараа болцгоосон. Элдвийн аяг зан, хээ шаагүй. Их л уурлалаа гэхэд тамхи татаад таг дуугай болчихно. Заримдаа хэтэрхий хайнга ч юм шиг. Хааяа уур хүрэхээрээ «Дүйнгэ юм уу хаашаа юм» гэхээр «Тийм үү» гэж ирээд нэг их том харна. Бид хөөрхөн хоёр хүүхэдтэй. Хайр гэж юу байдгийг ч мэдэхгүй, тийм л шинэхэн. Хайрлаж, дассан минь ч анхных байж. Нөхөр маань орон гэрийн гаднахыг бөөгнүүлж, би доторхоо бондгонуулдаг ухаантай. Хэлэлцэж тохироогүй ч ингээд л тогтчихсон хуваарь. Буйд холын бүгтхэн анирт бүүвэйлэгдэх мэт нэгэн хэмийн амьдрал үргэлжилсээр. Өөр бусдад дурлана чинээ огт бодож явсангүй. Бодоогүй болохоор хайр гэдэг ийм төвөгтэйг яахан мэдэх. Одоо л би гадарлаад байгаа болохоос. Сэтгэлээ хуваачихсан хүн чинь хаашаа ч харсан давхар бодолд унадаг юм санж. Сүүдэр тээсэн зүрх байнгын чичрүүдэстэй. Яагаад би ийм зэрэглээнд төөрчхөө вэ? Бага маань гараас гарч, надад баахан зав гаргасан юм даг уу даа. Өөрийн лайгаас нуугдах гэж хүүгийнхээ араар орох нь л дутаж гэнэ. Салах тухай бодол маань далдын чанадаас мөлхсөөр хэл дээр торох болсон үе. Заримдаа «Чамаас би салмаар байна» гэж түншихэд «За юу нь болохоо байчхав» гээд ер тоох шинжгүй. «Уйдаад байна» гэхээр «Тэгвэл өөрөө л мэд дээ» гэж харин ч ёстой нэг хэнэг ч үгүй хэлэх. Итгээгүйдээ л тэр. Гайхах ч шиг, гомдох ч шиг. “Би ердөө иймхэн үнэтэй гэж үү” гэж бодохоор хоолой зурмаар. Магадгүй, миний сэтгэл эргэснийг мэдээгүй л хэрэг. Бодоод үзэхэд өдий болтол намайг өөр хүнтэй болсныг гадарлаагүй юм чинь хэлсэн үгэнд минь яаж ч итгэх билээ дээ. Амьдрал, ер бүх зүйл хэвийн гэж бодсоор л, итгэсээр л... Амгалан гэхэд дэндүү амгалан амьтан шүү, энэ хүн. Надад хайртайдаа тэр үү? Эсвэл надад огт хайргүй хэрэг үү? Гэтэл амьдрал гэдэг чинь өндөг шиг л байнга эвийлж байхгүй бол уйдна, хөрнө, царцана. Юу ч гэмээр юм бэ дээ. Сэтгэлд минь хорвоо тэр чигээрээ эргэж хөрвөчхөөд байхад энэ хүн анзаарах ч сөгөөгүй. Ингээд гөлийчихөөр нь бүр тэр чигтээ эргэчихмээр... Тэврээд, хүзүү рүү хошуугаа шургуулахад нь анхандаа яасан ч их хайр ундарч, сэрэл хөдөлдөг байсан юм бэ дээ. Хамаг л бүхнээ сул асгачих шиг болоод өөрийн эрхгүй гиншчихдэг сэн. Бидний тэр гэгэлгэн, гэгээхэн үе одоо хаашаа ч юм алга болжээ. Цагийн аяс гээч юуг ч элээж, хуучруулж, өнгө алдуулж дөнгөдөг хамгийн нарийн ширхэгтэй хэр нь хамгийн хороотой зүлгүүр гэлтэй. Өрөвдмөөр нь манай энэний намайг тойлдог ганц арга нь эв л таарвал хүзүү рүү зүтгэх. Тэнд нуугдсан гижиг минь алин цагийн нисэн одсоныг энэ хүн мэдэхгүй. Өрөвдөхдөө л хааяахан аргыг нь дагадгийг үнэндээ гадарлахгүй. Уйд автсан ийм амьдралыг... (Амьдрал арай биш юм аа) Яаж тордвол сэргэдэг юм бол, мэдэхгүй юм даа. Нэгэнт унасан навчийг эргээж яахан тогтоох билээ. Харин тэр хүн бол өөрөө. “Юу нь өөр вэ?” гэж би өөрөөсөө мөн ч олон удаа асуусан даа. Тиймээ, тэр миний нөхрөөс өөр. Анх сэтгэл татам эрдүүхэн дуу хоолой ард сонсогдоход өөрийн эрхгүй эргэж харсан сан. Зүрх хурдан, хурдан цохилоод, сэтгэл хуйрагначхаж билээ. Бидний харц тулгарах болсон шалтгаан ердөө л түүний дуу хоолой. Ганц би ч биш манай ажлын олон хүүхэнд таалагдсан гэдэг. Ертөнцийн бүх бүсгүй тийм хоолойн өмнө тэнцвэрээ алдана гэдэгт итгэлтэй байна. Тэдний л нэг нь би болж таарсан даа. Аз болж гэх үү, гай болж гэх үү түүнд би таалагдсан. Анх хараад л яагаад ч юм “энэ хүн намайг хоргооно” гэдгийг зөн совин маань хэлээд байлаа. Өдий насны бүсгүй хүн гэдэг мэдрэмжийн туйл болчихдог ч байж мэдэх. Миний совин алдаагүй юм аа. За тэгээд эрчүүд, таалагдсан эмэгтэйгээ яадаг билээ дээ. Тийм л явдал болсон. Бид уулзалдсан, ярилцсан, хөөрөлдсөн. Чихний омог ирвэгэнүүлэх түүний намуухан хүүрнэл сүүлдээ зүрхний ховдлоор хөвөрч, сэтгэлийн мухраар манантсан. Ингээд хэлэхээр арай ч сүртэй байж мэдэх юм. Гэхдээ тэрхэн агшныг эргэн дурсахад сэтгэл хөдлөл ийм л байсан нь үнэн юм. Хөг аялгуу эгшиглэсэн сайхан агшин. Эмэгтэй хүн гэдэг сэтгэлээ барьж ч чаддаг, тавьж ч чаддаг юм шиг ээ. Тийм л жишгээр би тэрхэн агшинд сэтгэлээ алдсан, үнэн. Тухайн үед би эргэлзээгүй бас харамсаагүй. Мэдээж, нөхөртэй бүсгүйг ингэж хэлэхэд хэнд ч гэсэн таатай сонсогдохгүй. Гэсэн ч би тэгтлээ их догдолсноо нөхөн бодохдоо ч эмзэглэхгүй байна. Би өдий болтол олон эрийн хоргоолтыг торолгүйгээр өнгөрөөсөн хэр нь түүнийг л даваагүй юм даг. Уйд автсан миний сэтгэлд тэр хүн орогнохуйц зай завсар гарчихсан л юм байхаа даа. Бидний уулзалдах, тархи эргэж, салхи зунгааралдуулсан хором мөч улам олон болсоор л байна. Хамтдаа, хорвоо ертөнцөөс, магадгүй зүрхнээсээ зөвийг хайх хэдий ч улам бүр мухардсаар л... Тэр мухарт ямархан зовлон биднийг урин дуудаж буйг барагцаалсаар атлаа нүдэн будилж, тэмтчин бэдэрсээр л... Ханьдаа би хайргүй биш ээ. Хүний орчлонд намайг л гэж зорьсоор, хүүтэй бас охинтой болгосон эр хүн. Үүнийг заяа тавилан гэхээс өөр үг үл тохирно. Би эх хүн. Бас ханьдаа хайртай, хайртай. Гэхдээ... гэхдээ... гээд араас нь юу хэлэхээ олохгүй юм. Юу намайг гэхдээ, гэхдээ гэхэд хүргэв? Уйдсан уу, залхсан уу... эсвэл хөрсөн үү? Би алийг нь ч хэлж чадахгүй нь ээ, хайрт минь. Уучлаарай чи минь, би чамайгаа хуурчихсан. Өөр хүнд өврөө нээчихсэн. Үнэрээ түүнд үлдээчихсэн. Хэн нэгэн намайг үзэн ядаж болно оо. Тэгэх ч биз. Хэнийг ч би буруутгахгүй, зөвтгөхгүй бас маргахгүй. Энэ явдал нэгэнт болчихсон. Зөв буруугийн тухай одоо ярихгүй. Зөв ч бай, буруу ч бай аль хэдийн хэм хэмжээний хязгаараа давчихсан. Өөрөөр хэлбэл ямар ч дүгнэлт одоо оройтсон. Цайрчихсан завхай зайдандаа бишээ, би зүгээр л сэтгэл зүрхээ дийлээгүй эмэгтэй байна. За арай гайгүйгээр хэлбэл амьдралдаа бүдэрчихсэн л эмэгтэй. Ингээд бодохоор хүний хорвоогийн сайхан нь хаанаа ч байдаг юм бүү мэд. Бодвол хаа нэгтээ байдаг л байх даа. Заримдаа бүр хүн болгоны асуух дуртай хайр гэдэг яг юу юм бэ? гэж өөрөөсөө асууж, эргүүтэж суудаг хүн. Аргацааж, аргаа барж, хийсэн гэмээ далдлах нүх хайж яваа ч байж магад. Тэгээд эцэст сүүлд нь нөхөртөө “Хоёулаа салъя даа, хань минь...” гэж хэлэх гээд харж сууна. Ядарч байна. Хүн хуурахад, тэр тусмаа хамгийн хайртай хүнээ хуурахад хүртэл ядардаг юм байна. Хуурмаг сэтгэлд хүртэл тамир хэрэгтэй байдаг юм байна. Нэгэнт л ийм болсон хойно нэг талд нь гаръя даа, хань минь. Бодол ээрч, зүрх базална. Дотор минь хорт могой олзоо ороогоод, нүдээ гялтгануулан хэвтэх шиг, хахир зэхэр... Харин манай хүн миний дотор ямархан шуурга эрчлэн шавхуурдаж, эрээ цээрийг алдуулж буйг анзаарах ч үгүйгээр хоолоо л хийж зогсоно. «Хоол хоолны дундаас ханийнхаа хамгийн дуртай хоолыг хийнэ ээ» гээд л түнтгэнэх юм даа. Бүр гараа гаргаж хийх юм гэнэ. Тэр зуураа бас зүгээр ч үгүй над руу хошуугаа цорвойлгон агаарт хий үнслээ. Зүгээр үед бол надад таалагдахаар барахгүй хариу үнсэж эрхлэлдэх байсан биз. Даанч одоо тэгэх сэтгэл алга. Чамайгаа үнслээ гэхэд тэрний минь үнэр үнэртэхгүй шүү дээ. Үнсэлт чинь зүгээр л агаарт замхарч буйг мэддэг ч болоосой доо, хань минь. Ер нь намайг ийн бодолд автан суугааг анзаарахгүй нь ээ. Яая даа хань минь, яах вэ? Яаж чамдаа хэлэх билээ. Яг одоо хэлэх тийм ч оновчтой биш дэг ээ. Ядаж хоолны дараа болохоос доо. Намайг “салъя даа” гээд хэлэхээр, огт тоглоогүйг минь ойлгоод чи минь яах бол? Таг дуугай газар шагайх уу, эсвэл нэг их уйлах уу? Ухас гээд алгадах болов уу? Тэр чигтээ л чимээгүйхэн гараад шөнө дүлээр шал согтуу орж ирэх ирэх үү? За аль нь ч байсан би хүлээж авахад бэлэн байна. Хэдэн ч удаа алгадсан би тэвчээртэйгээр бас гэмтэйгээр хүлцэнэ. Шийтгэл, ял, зэм... Энэ бүхэн надад одоо хамаагүй болжээ. Надаас ийм тэнэг зориг гарах юм чинээ хэзээ ч бодож байсангүй. Мөн би өөрийгөө ийм хүйтэн цэвдэг, хөхөр сэтгэлтэн гэж санасангүй. Тавагтай халуун хоол өмнө минь ирлээ. Нээрээ л миний дуртай шаржигнатал шарсан ясгүй загас. Зөөхийний цагаан сүмс, нухсан улаан төмс. Нөхөр минь ширээний цаанаас дахиад л өнөөх “тэнэг” үнсэлтээ илгээх аж. Хариуд нь би мушийхаас өөр яалтай. Тэгэхээс тэгэх гэсэн шиг өчигдөрхөн уулзсан түүний минь царай нөхрийн хажуугаар чихэлдэн бодогдоно. Түүнийгээ санаад л байх нь хачин. Дарс туналзсан шилэн аяганы араас тэр минь ямар ялдамхан инээмсэглэдэг гэх вэ. Бурхан минь дээ, бүсгүй хүний сэтгэлд ийм эсрэг тэсрэгийг багтааж л байдаг чи яасан даажинтай хорвоо вэ? Тарчилгаж, тамлаж, шим шүүсийг минь шахаж ханадаггүй ёстой чиг “бурхан” л юм даа, чи. Гэхдээ би нэгэнт шийдсэн. Би түрүүхэн хэлсэндээ, эмэгтэй хүн сэтгэлээ барьж ч чаддаг, тавьж ч чаддагаа гэж. Би яг одоо чамдаа үнэнээ хэлье дээ. “Уучлаарай... хань минь би чамаасаа салъя даа” Би уртаа гэгчийн санаа алдаад - Ханиа... Би чамд нэг юм хэлье гэтэл нөхөр минь миний үгийг таслаад - Хоол гоё амттай болж гэж үү? Тэгэлгүй яах вэ, би ёстой гараа гаргаж хийсэн юм чинь аргагүй шүү дээ, чамд таалагдсан байж таарна гэж дуржигнуулаад намайг ширтлээ. Би хариу дуугарсангүй. Түрүүний үгээ гүйцээж хэлэх гэхдээ зоригоо хуралдуулж суув. Тэгтэл тэрээр босож миний духан дээр удаан гэгч нь үнссэнээ халуун алгаараа мөрийг минь өөриймсүү гэхэд арай биш, нэг л урд нь байгаагүйгээр иллээ. Тэрхэн мөчид нөхөр минь биш аав минь юм шиг санагдахыг яана. Эрхэлмээр... Эрхлээд уйлмаар болчих нь тэр. Юу юугүй хамрын угаар шархирах нь ээ... Ядаж байхад нөхрийн маань дуу ямар энгүүн гэх вэ. Тэрээр - Элдвийн юм бодоод хэрэггүй дээ, хань минь. Их юм бодох дэмий. Ялангуяа ийм шаналант үед бүр дэмий гэх нь тэрээ. Би айсан, гайхсан харцаар харлаа: - Хань нь мэднэ ээ, би л чамайгаа мэдэхгүй бол өөр хэн мэдэх вэ дээ. Яах вэ, аятайхан л залуу байна лээ. Эр хүн л юм бол дахиж уулзахгүйгээ чамд өөрөө хэлэх байлгүй дээ гэлээ. Надад хэлэх үг олдсонгүй ээ. Яаж ч олдох билээ. Навсайсан сиймгэр тэрлэгээр нарыг тэр чигт нь нөмөргөчих шиг бүрий татаад, дотор бачуурч, хий дэмий амаа ангалзуулахаас хэтэрсэнгүй. Яг ийм нөхцөлд яах ёстойг ямар хүн мэддэг бол? Би л лав мэдэхгүй юм. Халуун нулимс зовхи даван урсаж, гашуун зураа хоолой хорсгож аргана. - Би... би... чамайг... хуу... хуур... гээд гүйцээж чадахгүй ээрлээ. - Үгүй дээ хань минь, чи тэгээгүй... гээд хэсэг таг боллоо. Тэрээр сонссон бүхнээ далдруулах гэсэн мэт шүлсээ залгиад: - Чи минь зүгээр л алдчихлаа. Хамгийн нандин зүйлээ унагачихлаа. Харин аз болж хагарсангүй, бүтэн байна гээд хэсэг чимээгүй боллоо. Би доош тонгойх хэдий ч амьд үхсэнээ ч ялгах юм алга. Хий дэмий л хуруугаа хугалчих шахан мушгиж суулаа. Тэгтэл нөхөр маань - Бидний хэн хэн маань энэ амьдрал руу адилхан л юугаа ч мэдэхгүй орсон, адилхан л суралцсан. Магадгүй би ч гэсэн хамгийн нандин бүхнээ хэзээ ч унаж мэдэхээр ирмэгдүүлээд орхисон ч юм билүү хэн мэдлээ. Амьдрал гэдэг угаасаа л хэн нь ч алдаж мэдэх эрсдэлт хормуудын нийлэмж юм байна шүү дээ. Тийм болохоор хань минь бурууг битгий хай. Зүгээр л энэ бүхэн болоогүй... болоогүй... гээд гарыг минь атгалаа. Түүний гар ямар халуун байв аа: - Одоо мөдхөн хүүхдүүд ирнэ. Нүдэн дээр нь битгий уйлаарай, хөгшөөн. Ээж уйлчихсан байвал тэдний маань алсын итгэл алдарчихна гэснээ нуруу зөөлхөн илж, духан дээр дахин нэг үнсээд... үнсэх гэж, хошуугаа нааж санаа алдчихаад: - Хөгшин нь тамхилаад ирье дээ гээд гарлаа. Бодвол, гашуурсан бодлоо гадагшлуулах гэж яарсан байх. Гэрт чив чимээгүй. Цаг л үнэнчээ тунхаглан нэгэн хэмээр цохилно. Гэм загссан, уст харцаар гэрээ тойруулан гүйлгэлээ. Хананд өлгөөтэй зургаас эхлээд хамтын сэтгэлээ шингээж асан бүхнээс юу ч юм төөнөх аж. Харц халирч, толгой гудайна. Түрүүхэн л хүний хорвоогийн сайхныг олоогүйдээ өрвөлзөж, “ял зэмээ үүрчихнэ, зүгээр” гээд язалзаад байсан аархал чи хаачив, бүү мэд. Хэзээ мөдгүй, том жижиг нийлсэн гурван хүний хөлийн өөриймсөг чимээ бүгтхэн сонсогдож, гэрийнхээ хаалгыг тэд итгэл дүүрэн татах болно. “Ээжээ... Ээжээ...” гээд л өнөөдөр түүсэн “танихуйн цэцэгсээ” өвөр дээр минь асгах болно. Тавгийн ирмэг дээр дусах гашуун нулимс тал тал тийш үйрэн бутарсаар, цаг цохилсоор... Цаг минь, цаг минь битгий зогсоорой. Цаашдаа чи л бүгдийг аварч мэднэ. 2020 оны хавар. Бүрэн эхээрээ...

ХАЧИН НАМАР өгүүллэг

7 Сэтгэгдэлүүд:

Навчис хөлөөр хөглөрөх нь бодол ганихраахын шалтаг санж уу. Сэтгэл холбилзуулсан хөндий салхи сэм сэмхэн сэвэгнээд энэ намрын улирал гээч мөн ч хачин шүү. Хүйтэрхээс өмнө амжих гэсэн мэт сүүлийн хэдэн өдрийн нар өнөөдрөөр л дуусгавар болох болов уу даа, янз нь. Худлаа даа, худлаа гэдэг шиг энэ налмагар шар наранд итгэх арга алга. Өдий болтол амьдарсан би энэ зэргийн намрын аалийг нэг мэдэлгүй яахав дээ.
Түүнийг хүлээх ёстой газар нь манай ажлын ойролцоох модон сандал бүхий цэцэрлэг. Хаа очиж энд тамхи татаж болдог нь болж гэм.
Үгүй ээ мөн сонин ертөнц юм даа. Үхэхийн өмнө гэхээр хаашаа ч юм. Гэхдээ л өдий насандаа ийм үг сонсоно гэж бодож явсангүй. Амьдрал баян гэж хэн гээч нь хэлсэн юм бол доо. Хуруухан чинээ жаахан охин надад дурлачихлаа гэх юм. Ийм үгэнд итгэх нас аль хэдийн өнгөрсөн ч гэлээ олон дахин сонсохоор гэмтэй л юм. Ямар гэмгүйдээ л одоо түүнийг хүлээгээд бодолд дарагдан холхиж зогсох вэ дээ.
Олон жилийн өмнө... Үгүй ээ арай чамлалттай байна. Бүүр олоон жилийн өмнө би яг энэ охин шиг хүнд дурлаж билээ. Босон суун бодогдох гэдэг багадаад, болж гэмээнэ хэнд ч хамаагүй хэлчих гээд л... аа бас золиг юм билээ дээ, тэр дурлал гэдэг чинь.
«Чи ахаараа тоглоод байна уу?» гэхэд тэр «Сэтгэл зүрх гэдэгт нас харгалзах гэж үү?» гэж их л додигор хариулж билээ. Би тэр үед үг хэлээгүй ээ. Үгний зай ч түүний хариултанд байгаагүй. Харин том нүдний шилний цаанаас ширтэх түүний харц нь эгдүү хөдөлгөнө. Хамрыг нь чимхчихмээр хөөрхөн. Тиймээ хөөрхөн юм. Эгдүүтэй гэж. Гэхдээ юманд хязгаар гэж бий. Би чамд дурлаж яахан болох билээ дээ гэж тэр эгшинд бодсонсон.
Тээр, хэлээгүй юу. Түрүүхэн тухлуулж асан нар нэгэнтээ үгүй болж одоо хэзээ мөдгүй цас унах нь уу даа гэмээр тэнгэр сааралтан бүрзийжээ. Очиж, очиж ийм өдөр би түүнтэй болзож зогсдог мөн горьгүй еэ. Хүний амьдралаа гэж... хэмээн бодохтой зэрэгцэн нэг их гүн гэгчийн санаа алдаж орхив.
Тамхиа гаргаж асаалаа. Энд ирснээс хойш асааж буй гурав дахь тамхи юм. Амнаас савссан шингэн цэнхэр утаа саарал тэнгэр өөд саваагүйрхэн олгойдно. Эгээ л миний ээдэрч гогцоорсон бодол лугаа. Ингэхэд би түүнтэй анх хаана тааралдлаа даа. Аан тийм, лифтэн дотор. Тэр орж ирэх мөртөө намайг таг гөлөрчихөж билээ. Яг л хичээл тасалсан охин багштайгаа халз тулчих шиг. Би түүн рүү гайхан хараагүй бол тэр ширтсээр л байх байсандаг аа. Хариугүй жаахан юм миний нүднээс цочсон мэт харц буруулахад нь би өөрийн эрхгүй мушийснаа санаж байна. Эгдүү хүрээд тэр л дээ.
Түүнээс хойш бид ямар олон таарсан гэх вэ. Тэдний ажил долоон давхарт, манайх арван гуравт. Хамгийн сонин нь орой бүр долоон давхарт лифтний хаалга онгойход тэр зогсож байдаг байлаа. Тэр надад яг л туулай шиг санагддагийг нуух юун. Томоо нүдний шил зүүчихсэн хүүхэлдэйн киноны өхөөрдөм туулай байдаг даа. Эгээ л тэр гэсэн үг. Энэ өхөөрдөл намайг түүн рүү байн байн харах шалтаг болсон ч байж магад.
Ингээд хэдий хэр хугацаа өнгөрсөн юм бэ дээ, бүү мэд. Ямартай ч би долоон давхрыг учиргүй онцгойлдог болчихсон байв. Лифтэнд орох бүртээ долоогийн тоон дээр харц тусна. Долоон давхраас тэр орж ирэхгүй бол нэг тийм хөнгөн гунигт автчихна. Лифтнээс гарсан хойноо ийш тийш хараачилна. Бодвол тэрийг л хайгаа юм байхаа даа. Тэгснээ гэнэтхэн өөрийгөө шоолно. Ийм л зуршилтай болчихсон доо. Өдгөө хүртэл хүнтэй суугаагүй би гэнэтхэн дурлачихна гэж баймгүй л юм даа. Тэгээд бүр тэр жаахан амьтанд шүү.
Бид хоёр тэгж л танилцсан юм. «Би таныг хүлээгээд хэдэн цагаар ч хамаагүй зогсож чадна» гэж тэр нэг удаа хэлж билээ. Одоо бодоход нээрээ тэр долоон давхартаа намайг хүлээж, лифтний ам сахиж зогслоо гэж үү? Арай үгүй л баймаар юм.
Төдийгөөс өдий хүртэл бид хоёрын хооронд сүйдтэй юм болоогүй ээ. Хэд хэдэн удаа өдрийн хоол хамт идсэн байх. Учиргүй эвгүйрхэн байж нэг кино үзсэн санагдана. Аан тийм, нэг удаа жүжиг үзсэн юм байна. Жүжигнээсээ болсон уу яасан, тэр өдөр надад их таалагдаж билээ. За тэгээд салхинд л их алхсан даа. Тэр юу ч юм ярьж шулганаад л... Би салхидсан тэмээ шиг алсыг ширтээд л... Ичмэглээд байгаа ухаантай. Үнэндээ бол түүнтэй хамт байх нь надад сайхан байдаг аа.
Нэг удаа голын хөвөөнд сууцгааж байтал тэр миний энгэрт ассансан. Аль цагийн гэмээр нялхын үнэр түүнээс үнэртэж билээ. Би түүний хүүхэд шиг царайг удаан ширтээд «Би хөгшин хүн» гэхэд тэр юу ч бодолгүйгээр «Би ч гэсэн цоо шинэ хүн биш» гэх нь тэр. Ер нь тэр бараг л худалч хүнд надтай ярилцах яриагаа бэлдчихсэн юм уу гэлтэй бэлэн зэлэн гэж учиргүй.
Яг л миний бодсоноор бүүдгэр тэнгэрээс цас хялмаалж эхэллээ. За тэгэлгүй дээ, би чинь намрынхаа занг нэг муу юм мэдэлгүй дээ гэсэн бодлоо бататгалаа. Цасан хялмаа цэлмэг тэнгэрээс ч хаялдаг. Энэ удаад харин удахгүй цас унах нь тодорхойдог оо. Тэр ирээгүй л байна. Дахиад нэг тамхи асаахад болохгүй нь юу билээ
- Отгоо ах явахгүй яагаа вэ? гэж танил дуу ард гарахад эргэж харвал манай ажлын охидын нэг аж.
- Ах нь хүн хүлээгээд ээ... гэтэл охины харцанд шооч гэрэл зурсхийснээ ахмад хүнтэй арзганаж болохгүй гэдгээ сэхээрэв бололтой тэгсгээд унтарлаа. Гэмт хүн шиг гэлбэлзэнэ гэдэг шиг хулмалзаж зогстол гудамжны өлөн цагаан гэрэл үүргээ гүйцэтгэхээс гэсэн аятай ёлтойн асав. Бүрэнхий болохын хэрээр энэ гэрэл улам тамирждаг хойно доо, удахгүй тодрох нь ойлгомжтой.
Цасан хялмаа гутлын улан доор дуу гарган чахарах нь амьтай гэмээр. Нааш цааш холхисон гутлын мөр нилээд олуулаа болжээ. Хүлээнэ гэдэг жаргалтай ч юм шиг. Ер нь ингэхэд би хэн нэгнийг ингэтлээ хүлээ лүү? Үгүй юмаа. Санахгүй байна. Санахгүй байна ч юу байхав дээ, хэн нэгнийг хүлээлгүй их олон жил болжээ. Гэтэл би одоо түүнийг хүлээж зогсоно.
Би залуудаа дурлаж байсаан. Учиргүй дурласан. Тэр бүсгүй надад «Чи бид хоёр таарахгүй юм байна» гэж хэлсэн... Үгүй ээ, тэгж биш «Чи бид хоёр тохирохгүй юм байна» гэж хэлсэн. Нээрээ, яг саналаа. Таарахгүй, тохирохгүй хоёр чинь хоорондоо их зөрөөтэй үг байна шүү, одоо бодоход. Тэгээд л би гомдсондоо тэгтлээ их уйлсан байх нь. Гудамжинд ганцаархнаа зогсоод нэг их уйлж билээ. Тэнэг л байж дээ. Тэнэг ч юу байхав дээ зайлуул, тэгтлээ л их дурласан байж. Түүнээс хойш өдий дөчин тав хүртлээ ганц бие явна.
Цас хялмаалсаар л... Ийм намар олныг үзжээ...
«Таны дэргэд байхаар, таны дууг сонсохоор, таны үнэрийг үнэртэхээр надад хамгийн түрүүнд юу бодогддог гээч... нөмөр нөөлөг...» гэж тэр ихээ итгэлтэй хэлдэг юм. Шарилжинд даруулсан хуучнаас хуучин саравч шиг болсон би хүнд нөмөр болоо гэж үү? Харуй бүрийгээр хөдөө хээр бэдчиж явах үед адуу таарвал учиргүй дотно үнэртдэгсэн. Энэ охин арай тэгж хэлээгүй нь л мэдээж. Тэгэхээр тэр энэ үгээрээ “итгэлтэй” гэсэн санааг л илэрхийлсэн байж таарна. Хөгшин хүн итгэлтэй санагддаг тал бий нь ч бий. Гэхдээ хайр сэтгэлийн тухай ярианд нөмөр нөөлөг гэх үг хэр онож буй юм бол?
Тэр гарч ирээгүй л байна. Хялмаан ширхэг учиргүй норгочихгүй ч гэлээ чийг мэдрүүлэх нь тааламжтай. Би дахиад нэг тамхи асаалаа. Тамхины утаа, орой намрын бүрхэг тэнгэр, чийгтэй агаар тэгээд бас дөчин таван нас... Одоо мөдгүй харанхуй болно. Гудамжны сүүн гэрлүүд улам тодоор гийнэ. Яагаад ч юм сэтгэл нялхамсаад сайхан ч юм шиг, сонин ч юм шиг.
Бодохоос ч санаа зовмоор зүйл гэвэл тэр одоо ердөө хорин тавтай. Надаас хорин насаар дүү. Хүүхэд л гэсэн үг. Хэрвээ хүний ёсоор амьдрал зохиох хувь тавилан надад тохиосон бол миний хүүхэд ийм орчмын л охин байх биз. Магадгүй хэд гурван насаар ахиу ч байж болохоор. Мэдээж, амьдрал миний алхам бүрийг хүний жамаар жигдэлж өгнө гэж амлаагүй л дээ. Гэхдээ үеийн нөхдийн минь амьдрал хүний л жамаар хөвөрч, өдгөө зарим нь өвөө, эмээ болж буй сурагтай. Гэтэл би гэдэг амьтан нэг годгор охины аманд унаж, одоо байтлаа шөнө болзоонд зогсох ажээ. Хн, болзоонд шүү... Энэ ер нь зөв үү? Тиймээ, энэ яадаг ч байсан буруу байна. Энэ бүхний эцэст хэн буруутай вэ гэвэл би л буруутна. Өдий насны өвгөн жаахан хүүхдийн толгой эргүүлээд, шар сэмжиндээ ороолдсон хог вэ гэвэл би хаашаа харж үхэх вэ?
Хэрвээ би жар хүрнээ гэж барагцаалбал надад арван таван жил л үлджээ. Нэг их сүрхий арван таван жил гээд л амаар багтаж ядаад байгаа юм шиг боловч үнэндээ энэ чинь таван мянга хэдэн зуухан өдөр шүү дээ. Талыг нь унтаад өнгөрөөчихнө. Өнгөрсөн амьдралтайгаа хурьцуулахад өнөө маргаашгүй л болох хугацаа гэж бодохоор дотор бачуурах шиг. Гэхдээ хэн намайг буруутгана гэж? Хэний өмнө би ичих ёстой гэж? Ингээд бодохоор дотор уужирмаар ч юм шиг.
Ингэхэд яагаад ийм уруу дорой юм бодоод унав даа. Бас ч гэж болзоонд зогсоо эр хүн байна даа гэж бодоод өөрийгөө шооллоо. Тэртээ дээрх саарал тэнгэрт тал саран бас намайг шоолох мэт үл мэдэг сүүмэлзжээ. Сая л олж харлаа. “Тиймээ, тийм... Би өөрийгөө мэдэж байна, муу золиг минь” гэж хэзээ язааны анд нөхөд мэт түүн рүү хашгирмаар санагдана.
Нээрээ ч дээ, тэр охин бид хоёр учраа оллоо гэж бодъё... бодоход шүү дээ... Арван таван жил... за сайн бол хорин жилийн дараа би хаа нэг тийш яваад өгнө. Харин тэр минь ёстой нөгөө авъя аа авч болохгүй, хаяъя аа хаяж болохгүй насан дээрээ ганцаараа үлдэх нь. Хөөрхий дөө, хэн нэгэнтэй таарлаа гэхэд тэрийгээ гэх, намайг санах гээд сэтгэлээ тэлээлж явах болно. Бас л нэг зовлон.
Үгүй ээ, тэгээд айлын жаахан охиныг алсдаа ийм болох нь ээ гэдгийг мэдсээр байж одоо ингэж сэмбэгнэж болох уу? Өдий насны ухамсарт хүрсэн эр хүн байна даа чи одоо нэг хүн шиг хариулдаа гэж өөрөөсөө асуулаа. Ёстой хүний үнэргүй юм болохдог оо. Ээ дээ, ингэж залуу хүний хөлд өнжмөл хөвд шиг ороолдож болохгүй юм байна.
Би бодсоны эцэст шийдлээ. Шийдвэр маань уртаа гэгчийн санаа алдалтаар илэрсэн гэхэд болно.
Ах нь явъя даа туулайхан минь. Яагаад хүлээлгүй явсан минь түүнд ч, надад ч ойлгомжтой юм чинь одоо яая гэхэв. Хөөрхий минь нэг жаахан уйлна л биз...
Би тамхиныхаа ишийг цасан хялмаа руу няслаад эрсхэн алхлаа.
Хөөрхийдөө, уйлна л биз гэснээс уйлахаараа тэр яадаг бол? Уйлахыг нь би ерөөс хараагүй юм байна. Нөгөө том шилээ аваад л... Ишш чааваас, уйлах ер нь түүнд зохих уу даа? Жижигхээн гараараа нүдээ дараад, жижигхээн мөрөө чичигнүүлээд энэ чөтгөрийн нүд шиг ёлтгор гэрлийн дор суугаад уйлна гэж үү? Яг л тэртээ он жилүүдийн өмнө миний уйлсан шиг уйлах юм болов уу? Тэгээд над шиг бүх насаараа хорвоог ганцаар туулбал яана. Би ч яахав эр хүн. Харин тэр жижигхэн туулай? Биш юмаа... биш юм...
Би эргээд өнөөх олон мөр бүхий хүлээлгийн талбайдаа гүйхээрээ шахам ирлээ. Түрүүхэн хаясан тамхины иш шалба нороод унтарчээ. Ахиад нэгийг асаалаа. Би түүнийг орхиж болно. Гэхдээ харанхуй шөнийн гудамжинд уйлуулж биш... Аливаа юмны эв олддогсон доо...
Нэг анзаарах нь ээ би тамхиа хурдан, хурдан сорох мөртөө ишийг нь учиргүй зажлах ажээ. Би үнэндээ тэр охиныг бодоод эргээд ирсэн үү? Эсвэл өөрийгөө өрөвдөө юү? Ээ лүдээ гэж, би дурлачихлаа гэж үү? Ай мөн ч болчимгүй байна даа, Отгоо минь гэж өөрийгөө зүхлээ.
- Их хүлээв үү? гэх цовоохон дуу жингэнэхүй дор эргэж харвал өнөөх туулай маань үс нь задгай, энгэр нь задгай амьсгаадан зогсоно. Тэр хаа нэгтээгээс гүйжээ. Миний холхисон мөрийг гүйлгэн харснаа намайг хэлсэн хэлээгүй ойлгов бололтой хариу нэхсэнгүй. Энгэр дээр унасан тамхины үнсийг өөриймсөг нь аргагүй гөвөөд
- Ямар их тамхи татдаг юм бэ? Болиоч... Та өвдөх эрхгүй гэдгээ ер нь өдий болтол ойлгоогүй юм уу? гэлээ. Би тулгамдсан уу яасан огтоос дуугарч чадсангүй. Түүнийг дөнгөж өнөөдөр харсан хүн шиг ширтсээр л зогсов.
- Пөөх, энийг хараа... гэж тэр жижигхэн алгаа тэнгэр өөд тослоо. Түрүүний цасан хялмаа одоо бүр том, том ширхэгээр малгайлж эхлэх нь тэр. Би түүний энгэрийг товчилж өгөхөд тэр яг л аавдаа эрхлэх жаахан охин шиг гараа сул унжуулах атлаа том шилнийхээ цаанаас намайг цоо ширтэж байлаа. Тэр харц лав хүүхдийнх биш ээ.
Том, том цасан ширхэг түүний үсэн дээр, мөрөн дээр, шилэн дээр зай завсаргүй буусаар байлаа. Би энэ амьдралын эгшин бүрийг ийм нарийн ажиглаж байснаа санахгүй байна. Ямартай ч түүний зүгээс үнэртэх нялхамсуу үнэр хаа нэгтэйгээ эгшиглэх хөг аялгуу ч гэмээр. Зохихгүй зүйрлэл л дээ. Гэхдээ л тийм.
- Чи ямар их удав аа? гэж намайг сая нэг юм ам нээхэд
- Би удаагүй ээ. Тэр цонхоор таныг би хараад л байлаа гээд долоон давхар өөд заагаад
- Тэгсэн та яг явах гэж байна ш дээ, муухай амьтан гэх нь тэр
Үгүй ээ тэр, намайг өрөөнийхөө цонхоор хараад л зогсож байсан байх нь. Шалгалт л юм байх даа. Би түүнийг өөр лүүгээ татаад удаан ширтлээ. Аргаа барсан хүн аргал сөхөж үзнэ гэгчээр магадгүй би “болно, болохгүй” гэж анх уулзсан тэр л цагаасаа хойш эргэлсэн эргэлзээнийхээ учиг тайлагдаагүй ончроог түүний царайнаас олох гээ юм болов уу
Тэр хоёр гараараа том шилээ зэрэг арчаад дүрлийтэл ширтэх харц нь хичнээн эгдүүтэй гэх вэ. Шонтгор хамрынх нь үзүүрийг зөөлхөн чимхээд өөрийнхөө кепкин малгайг толгой дээр нь тавьчихлаа. Томдсон малгайн дороос тэр бүр ч хөөрхөн харагдана.
Би түүний гарыг алдчихгүй юмсан гэх шиг чангахан атгаад цааш алхлаа. Түүний гар гэж цогоо цог. Яг л халуухан цог атгасан мэт алган дотроос төөнөнө. Шинэхэн орсон цасан дээр бидний мөр тодоос тод үлдэж буй гэдэгт би итгэлтэй байлаа. Мэдээж миний хоёр гишгэсэн, түүний гурав гишгэсэн мөртэй зэрэгцэж таарна.
Энэ намар тэр чигээрээ хачин сонин намар юмсанж уу... Амьдрал гэдэг гайхамшигтай зүйл ихтэй юмаа...
2019 оны намар: УБ хот

Бүрэн эхээрээ...

Зуслангийн автобус (Өгүүллэг)

9 Сэтгэгдэлүүд:

Алхсаар, хот руу явах автобусны буудалд ирэв. Түмэн янзын хүн тээсэн зуслангийн автобус халамцуухан хүн шиг хоёр тийш найгасаар ирж явна. Их үдийн халуунд болоод тэр үү уйтай ч юм шиг, залхуутай ч юм шиг харагдана. Гэхдээ хүүхэд байхын л зуслангийн автобус гэдэг нэг тийм гэгээлэг сэтгэгдэл төрүүлдгийг санаж зогсов. Намайг оронгуут нэг охин годхийн босож
- Ахаа та ийшээ суу гэхэд нь ийш тийш харвал надад хэлсэн нь үнэн байв. Харангуутаа л суудал тавьж өгөхөөр насанд би нэгэнт ирчихэж дээ гэж бодоход бас л сонин. Тэгэлгүй дээ, миний иргэний үнэмлэхний арын солих хугацаа нь 0000 он юм чинь аргагүй.
За энэ ч яахав. Автобусанд зарим хүн хөгжим сонсож, зарим нь уншиж, зарим нь нүдээ анин унтагч болж буух буудалдаа хурдхан хүрэхийг мөрөөддөг бол юм эрээчих хоббитой хүний хувьд тийм биш. Энэ олон “характер”-ийг нэг доор цуглуулж, яг адилхан нөхцөлд оруулдаг их сонин бас “сайхан” орчин шүү дээ. Анхаарлаа төвлөрүүлж, чихээ сортойлгож чадвал “олз омог” гэдэг овойж өгнө. Гэхдээ тэрийгээ мэдэгдэхгүйг хичээнэ. Тэгэхгүй бол 0000-той хүн ийш тийш сэртэлзээд байвал эвгүй шүү дээ.
За тэгээд зун цагийн автобус гэдэг нимгэн, хөнгөн бүсгүйчүүдээс авхуулаад нүд бүлтийлгэх, чих дэлдийлгэх хүн олонтой. Харин нөхцөл байдал тийм ч таатай биш. Халуун, бүгчим, хүнд агаарын үнэртэй, удаан, угзчаа гудчаа ихтэй, урагшаа хойшоо найгаатай, уур унтуу оргилоотой. Миний ойролцоохон зогсох хоёр бүсгүй ярьж байна.
- Гөлийсөн юм чинь урд шөнө ирсэнгүй
- Яасын?
- Хэн мэдэхэв. Үнэн худал нь мэдэгдэхгүй юм яриад л... Юу гэж бодоод байгаа юм. Намайг хоёр хүүхэдтэй энэ уулын мухарт хаячихаад тэнээд байж болно гэж бодоод байгаа юм уу, хаашаа юм гээд нүд ам нь жирвэгнээд ирлээ.
- Очоод алаад өгөөч, алаад өг гэж хажууд нь зогсох хүүхэн шургав.
- Муу дарваак. Хэдэн төгрөг олдгийгоо юу гэж боддог юм зүгээр... гээд ярьж дуусаагүй байтал автобус нэг муухай чахран тоормослож, бүсгүйчүүд хуйд автсан аргалын бүтээлэг шиг юмнууд тэр урагшаа хашгичсаар арилж өгөв. Бухимдагч бүсгүйн царай хүрэнтээд одоо л хагарах нь дээ гэмээр болоод явчихав. Хэрвээ би “Чи л нөхрөө буруугаар бодсоноос тэр шүү дээ” гэсэн бол даринд шүдэнз зурах мэт болох байсан байх.
Хаалга хийгээр шахагдан онгойж хэдэн хүмүүс орж ирсний түрүүнд туранхай, махлаг хоёр хөгшин авгай
- За хоёр чуганц (чавганц) орж ирсэн шүү. Ээ дээ хүүхдүүд минь, сандал тавиарай гэсээр орж ирэв. Миний суудлын харалдаа эсрэг талын хос сандлын наад захын залуу босож тэдэнд нэг сандал тавьж өглөө. Бодвол тэр 0000-гүй байх. Цаана нь суух хүн жаахан хавчих ая үзүүлснээр эхлээд махлаг чуганц сууж, наана нь туранхай чуганц арай ядан өгзөгнийхөө талаар сандайлав. Тэгснээ ойрхоноор нь намайг хялам, хялам харна. Бас ч үгүй уурлаад байгаа янзтай. Тэд хэзээ хаана эхэлсэн нь мэдэгдэхгүй яриаг үргэлжлүүллээ. Махлаг нь
- Тэгээд би чинь Англиас хоёр чемодан хувцастай ирсэн шүү дээ. Одоо тэрийгээ өмсөж бардаггүй. Энэ харахгүй юу. Хөнгөн, зөөлөн аятайхан божийнх байгаа биз дээ? гээд олон хүний дундуур судас нь хагарсан бүдүүн хөлөө урагш сунган үзүүлэв. Наад ирмэгт нь суусан чуганц эвгүй л хөдөлвөл сандлаасаа мултарчих гээд байсан тул янзгүй царай гаргаж сууснаа яаж чимээгүй байхав гэсэн янзтай
- Уг нь зүгээр л юм. Би ч ийм юм өмсөхдөө тулаагүй ээ. Надад намдаад байдгийм гэлээ. Гайхуулагч чуганц хэсэг чимээгүй сууснаа том цээжээ займчуулан хөдөлж энгэртээ унжих зүүлтээ заах гэж наадахыгаа эгээтэй л унагачихсангүй.
- Чи энийг харж байна уу? Энийг манай охин ноднин явуулсан юм шүү дээ. Гарааж саалэ (garage sale) гэдэг дэлгүүрээс авсан гэсэн. Жаахан хуучин л юм билээ. Магадгүй өнөө хатан хааных нь юм ч байж мэднэ, базарваань
- Чи наадахаа өчигдөр надад хэлэх чинь билээ
- Өө тэг лүү гээд мөрөөрөө нудчин автобусаар нэг нуг нуг инээд алдаад
- Үгүй тэгээд үхэхийн хооронд энэ их юмаар яах ч юм билээ гэж бодохын ха ха гэхэд нөгөө авгай байдгаараа ярвайгаад
- Наад дуугаа аяд л даа энэ чинь. Ганцаараа галзуу хүн шиг чарлаад явах юм
- Үгүй, чи ер нь ингэхэд яагаад л язав татав гээд унав даа. Ааштай гэдэг нь зүгээр
- Язагнаад байх юу байсын. Сандлын буланд яая гэж явахад чи гэж нэг юм яасан ч их хөдөлдгийн гэлээ. Хэрэг бишдэж байгааг ойлгосон би босоод
- Та ийшээ суух уу? гэхэд тэрээр миний сандалд шилжих зуурт түрүүнээс хойш шилбэлзсэн туранхай царайд нь үл мэдэг оч гэрэлтэв. Сэтгэл нь жаахан бүгээрсэн туранхай чуганц
- Юу гэсэн бэ? хө гэж нөгөөхдөө их л наалинхай хандахад харин махлаг чуганц маань суудал дээрээ бондгос гээд буруу харлаа. Хачин их дургүйцэж байгаа бололтой. Туранхай нь ч мөчөөгөө өгсөнгүй цонх руу ширтлээ. Энэ хоёр нэг хэсэгтээ ярилцахгүй нь тодорхой болсон тул би жаахан урагшлахаар тэмүүллээ.
Дараагийн буудлаас хүрэн торгон дээл өмсөж, хар булгарин гутал хөлдөө жийж, бүрх малгай дагзандаа торгоосон хүрэн бор эр, араас нь мөн хүрэн торгон дээл ижилсүүлсэн эхнэр нь бололтой туранхай бор хүүхэн эр нөхрөө хормойдсоор ороод ирлээ. Ойрд хараагүй ийм дүр төрх миний сонирхолыг таталгүй яахав. Тэдэнд мэдэгдэхгүйгээр гишгэм, гишгэмээр дөхлөө. Зорчигчид тэдний өмнөөс халууцав уу гэмээр төвөгшөөсөн харцаар хяламхийхэд эхнэрийнх нь хонин бор нүд эргэн тойрноосоо гэрэвшин хяргана. Хүрэн эр харин анзаарч байгаа юм алга. Нударгаа хойш нь хэдэнтээ сэгсэрч, хир зурайсан хумстай далбигар том гараараа дээр санжигнах бариулаас атгасан хэдий ч тэнцвэрээ тэгтлээ сайн олохгүй байгаа бололтой
- Хн! Нэг зуны л хоёр тугал ш дээ, үхсэн . . . гэж хүний гэхээсээ илүү өөрийн бодолдоо хариулав уу гэмээр сийгүүлэв. Халамцуу ч байж мэдэхээр юм.
- Ямар юмны тугал гэж. Шүд нийлсэн хоёр шар шүү. Хүүхдийн сургуульд өртөглөнө гэчихээд
- Хээцэс, ямар Хэрлэнгийн хөндийд хивж зогсоо хоёр зуун үхрээ туугаад ирсэн биш
- За засс, наад дуугаа аяд
- Муу хоёр өгөр таараагүй бол ч . . . гэж хүрэн эр сул гарынхаа хоёр хуруугаараа уруулаа шилэмдлээ
- Харсаар байтал хавсайдаад байхад чи хоёуланг нь тавьж байдаг. Үхсэн хойноо тоглодог бол доо
- Танай ахаас л болж байхгүй юү. Аягүй бол үгсээ биз тэр хоёр өгөртэй
- Үгүй ерөө. Тэр хоёрыг чинь агуулчих газар чамд тэгээд байсан юм уу? Юм л бол муу ахыг минь дандаа гоочилж байдгийн. Тус болоогүй ч гай болоогүй л байх шүү гэх мөртөө бор хүүхний хоолой цахиртаад ирэв.
- За за, тэгээд юу юуны духанд хүрэлгүй хоолойгоо боогоод, хэржигнээд бай. Ямар амь амьдралаа алдчихсан биш. Энэ хот газар угаасаа л гар хоосон, нүд сохор хүмүүсийн холхидог газар. Хүний ам руу орчих гэсэн нөхдүүд мэр сэр бий гэх нь миний тархи руу татаад авах шиг болов. Хүмүүсийн аазгай хөдлөв бололтой хэрүүлийн харцаар тэднийг ээрч эхлэхэд бор хүүхэн нөхрийнхөө араас нудраад
- Алив бууя гээд чангаалаа.
- Мөн юмуу? гэсэн харцтай улаан нүд эргэлдүүлснээ үүд рүү чиглэх зуураа
- Чи ер нь тэр хүүхдийг сургууль мургууль гэж энд хорихоо боль. Алаад идчих мал, агтлаад унах адуу, айлсаад буучих нутгийн олон байна. Нэг хүнд өөр юу хэрэгтэй юм гэж үглэсээр бууж одлоо. Автобус тоос бужигнуулан хөдлөхөд замын хажууд хөглөрсөн хоёр нөхөр салхинд гарч санаа нь амарсан аятай энгэрээ сэвж харагдав.
- Хн! Үхрийнхээ бөгсийг ширтээд насыг барахгүй юу гэж сонсогдох төдий шивнэхээр нь харвал нэг үрчгэр хөх нөхөр надтай харц тулснаа адууны умс шиг хөх нүүрээ үрчийлгэн инээх мөртөө харцанд нь оносон үг олж хэллээ гэсэн аятай омог шуу өнгө арвалзав. Яагаад ч юм би түүнээс холдмоор санагдаад жаахан урагшлахад ар шилээр хүйт татах шиг санагдав.
Удалгүй урд хаалгаар хоёр булцгар хүүхэн амьсгаадан орж ирлээ. Нэг нь ув улаан уруултай, нөгөө нь шав шар банзал өмсчээ. Улаан хошуут
- Ёох! Энэ халууныгээ, урсах нь ээ
- Урсаж л байвал бид хоёрт л сайн биз дээ гээд жуумагнав.
- Хүүе ээ! Тэгснээс . . . хивэг идвэл сайн гэнэ ээ
- Тийм үү?
- Мнхг, бүр гурайгаад өгдөг гэнэ. Би бүр идээд эхэлчихсэн ш дээ гэхэд улаан хошуут нөгөөхийгөө турж уу яаж вэ гэсэн харцаар дээш доош нь их л нухацтай харсан боловч тэгтлээ олз олоогүй бололтой
- Ээ дээ үнэн үү? Хивэг гэхээр нэг л эвгүй юмаа
- Дөнгөж өчигдөрөөс гээд байхад даа. Чи идэх үү?
- Жаахан хүлээе ээ, Тэр ч тураана, энэ ч зүгээр гэж идсээр байтал амсаагүй, залгиагүй юм үлдэхээ байлаа гэхэд шар банзалт ширэв татахад бие нь дагаад бондгос хийлээ.
- Тэгээд надаар туршлагын туулай хийх гээд байгаа юм биз дээ гэж намжирдав. Улаан хошуут
- Хэн тэгсийн? Тэгээд ч энэ чинь чиний олсон санаа. Хэрэв үр дүнтэй байвал чи надаас хэд хоногийн өмнө ч болтугай турна ш дээ гэхэд шар банзалтын харцанд оч харваж
- Нээрээ, чи намайг түрүүлээд турчихвал яах вэ? гэхэд улаан хошуут дуугарсангүй
- Тэгвэл яана? гэж шар банзалт адгасан өнгөөр дахин шавдуулахад
- Чи бид хоёр одоо арван хоёр жил найзалж байна. Анх танилцахдаа л турах тухай ярьж байсан санагдах юм гэхэд хоёр бүсгүй зэрэг шахам санаа алдаад автобусны цонхоор харагдах тэртээх Дамбадаржаагийн арын уулын сэтэрхий онийг ширтлээ.
Сэтгэлд минь “Яриаг нь хэрэггүй ч сонсов уу даа” гэсэн эмзэг манан хүүгээд ирэх шиг болов. Ямар ч хүн өөрийн гэсэн гоо сайхантай шүү дээ. Дэмий юманд ингэтлээ гуних хэрэггүйдээ дүү нар минь гээд хэлчихмээр ч юм шиг.
Тэгтэл миний суган доор шахам зэрэгцээ сандлаас гомдолтой нь аргагүй шуухитнах чимээ сонсогдлоо. Харвал хүүхэн залуу хоёр суух агаад бүсгүй уруу царайлан тонгойж, залуу нь аргадах мэт мөрөөр нь тэвэрсэн байв. Бүсгүйн нүд улайж, аньсганд нь нулимс цийлэгнэнэ. Гартаа цаасан алчуур үрчийтэл базсаныг үзвэл уйлаад нилээн удсан шинжтэй. Тэгсэн хэрнээ бусдад мэдэгдэхгүйг хичээвч нулимс нь төд удалгүй аягаа халиад урсах аж. Бүсгүй нусаа татан шуухитнаад алчуураар нүдээ дарна. Залуу тэвэрсэн гараа үл ялиг чангалах нь бүсгүйгээ аргадаад байгаа бололтой. Залуугийн харцанд ч гэсэн гуниг үелзжээ.
- Нэгэнт л ийм юм болсноос хойш одоо өөрийгөө зовоогоод яахав дээ гэж залуу намдуухан хэрнээ хүнгэнэсэн дуугаар хэлэхэд бүсгүй нулимстай нүдээр залуу руу аргадангуй харж
- Намайгаа ойлгоорой. Муу ч гэсэн хүүгийн минь эцэг болохоор . . . гээд цааш нь үг хэлж чадахгүй ээрэхэд залуу бүсгүйг улам бүр өөртөө шахан
- Тэгэлгүй яахав даа хань минь. Одоо сэтгэлээ барь. Уйлж, унжаад хүүгээ айлгачихна гэж хүнгэнүүлээд духанд нь уруулаа нааж удаан гэгч нь үнэрлэх ажээ. Тэднийг харуут миний тархи, зүрх, сэтгэл гурав тас тэврэлдэх шиг санагдаад нэг их урт санаа алдлаа. Автобусны онгорхой салхивчаар сэрхийсэн хэсэгхэн салхи бүгчим халууныг цуу татан сэнгэнэв.
Нэг харсан чинь миний буух буудал дөхөж байна. Хаалга руу эргэтэл нэгэн бөгтгөр өвгөн, тав орчим насны жаахан хүү хоёр хөтлөлцөн зүтгэсээр хаалганы дэргэд зогсов. Бас буух бололтой. Өвгөн автобусны явдал, хүүгийн чирэлт хоёрт илт түүртэх ажээ. Хүү оч гэрэлтсэн хар нүдээр өвөөгөө ширтэж байснаа
- Өвөө та яагаад ийм далий болсын? гэж асуулаа. Бөгтөр гэж байгаа бололтой.
- Амьдралд дарагдаад тэрээ, хүүхээ гэхэд хүүгийн харцандаа шооч, дүрсгүй гэрэл гялалзуулан ход ход инээж
- Ийм хүнд амьдрал байдаг гэнэ ээ
- Байдаг юмаа хүү минь.
- Худлаа яриад л . . . Таны нуруунд юу ч байхгүй байна ш дээ.
- Одоо ч байхгүй л дээ
- Тэгээд тэгшрээч. Тахийгаад л байхын гэхэд би өөрийн эрхгүй мушийлаа. Хүү надаас гэрэвшсэн янзтай өвөөгийнхөө цаагуур оров. Өвөө нь намайг анзаарсан шинжгүй
- Нэг л өдөр ачаагаа буулгана аа хүүхээ. Тэгээд л нэг мөсөн тэгширнэ шүү дээ гээд судас нь атирсан ясархаг гараар хүүгийн толгойг илэв.
Энэ үед автобус зогсож, хаалга хийгээ дуугаргасаар онгойлоо. Буугаад хэд алхсан хэдий ч хүү өвгөн хоёр луу эргэж харахгүй байж чадсангүй. Хүү нэг гараараа өвөөгийнхөө гараас атгачихсан нөгөө гараараа ямар нэгэн юм тайлбарлан зангаж байгаа харагдана. Яагаад ч юм сэтгэл нэг л өег болчихжээ. Түмэн янзын амьдрал тээсэн зуслангийн автобус хоёр тийш хөгжилтэй гэмээр ганхсаар дараагийнхаа буудал рүү давхиж одов.

УБ. 2015 оны өвөл
Бүрэн эхээрээ...

Өчүүхэн (Өгүүллэг)

13 Сэтгэгдэлүүд:

Томоо их дэлгүүрийн гадна шатаар өгсөхдөө “Хүн ирэхийг хүлээх үү, яах вэ” гэж бодол болон явтал нэг бүсгүй хажуугаар нь яарсан аятай точиг, точиг гэсээр өнгөрлөө. “Ямар юмандаа яарахаараа ингэтлээ сайварладаг байна аа” гэж бодох зуур бүсгүй гаднах хаалгаар орохыг хараад хар хурдаараа гүйлээ. Гүйх зуураа “Хүүхэн хараад яг мартах гэж байна шүү дээ” гэж тэр өөрийгөө багахан зэмлэж амжив. Хаалга хаагдахаас өмнө арайхийн орж амжтал бүсгүй дотор хаалгыг түлхэж байгаа харагдана. Тэр мөн л ухасхийж хаагдахаас өмнө бүтэн биеэрээ орох гэж зүтгэхдээ бүсгүйн өсгий дээр гишгэж орхив. Бүсгүйн царай хувьсхийж эргэж хараад Томоотой харц тулах мөртөө дальдарч, ум хумгүй явж одлоо. Хүнд хаалга онгойлгож өгдөг тэнэг хүүхнийг Томоо араас нь өрөвдөсхийн харж зогссоноо “Аргагүй дээ чи” гэсэн янзтай ихэмсэг царайлан цахилгаан шатны зүг нуруу цэх, толгой гэдгэр алхлаа. Гаднаас орохдоо хүнээр хоёрын хоёр хаалгыг давхраар нь онгойлгуулж чадсандаа тэр үү сэтгэл нь нэг л таатай. Хүнхэр нүднийх нь угаар хүйтэн аархал жирвэлзэн зайрмагтана.
Тэрээр зургаан давхарт гарах гэж хоёр цахилгаан шатны аль нэгнийг хүлээн зогслоо. Баруун шат нь зүүнээсээ үл ялиг хоцрон уруудаж яваа нь хаалганы дээр асах давхрын тооноос харагдах ажээ. Энэ хооронд хүмүүс нэмэгдсээр байгаа боловч яагаад ч юм бүгд л Томоогоос зайтай зогсоно. Хар үнэгэн малгайг хазгайдуухан тавьсан дэгжин хүүхэн товор товор алхсаар ирснээ Томоог харуут зог тусан зайлж ямар нэгэн аюулаас сэрвээтсэн зээр шиг сэртэлзэв. Юу нь болохоо байчихсан юм бүү мэд хүмүүс ингээд байдгийг тэр гайхахаас цаашгүй. Ер нь хүмүүс түүнээс учиргүй дөлөмтгий. Түүнд хамгийн их ойртсон, тэр байтугай зүрх сэтгэлийн тухай ярьж үзсэн Сараа гэдэг хүүхэн хүртэл нэг л өдөр өөрийнхөө тэнэгийг гайхсаар явж одсон. “Чиний гутлын хоншоор, нүдний шил, чиний цамцаа товчилсон чинь хүртэл миний зэвүүг хүргэдэг. Чиний инээхийг би үзэн яддаг. Чамд угаасаа инээд ч зохихгүй. Чиний нүд бол чөтгөрт л байх нүд” гэж амьсгаагаа давхцуулан байж хэлээд явчихсан юм. За тэр хамт олон бол бүр ойлгомжтой. Уг нь Томоо зожигрохыг хүсдэггүй л дээ. Ажлынхан нь ямар нэгэн юм болоод мөнгө төгрөг цуглуулахад тэр бусдын жишгээр л өгнө. Ганц нэг орой гадуур гарахад Томоо цуг явах хэдий ч нэг л мэдэхэд гав ганцаар булан тохойд торойж суух. Тэрээр энэ бүхэнд одоо ижил дасал болж дээ.
Цахилгаан шатанд орох хүмүүс яагаад ч юм яардгийн адилаар Томоо ч гэсэн “Аль бүхээгт нь орвол түрүүлж дээшээ гарах бол” гэж бодно. Түрүүчийн бүхээг ирж, ихэнхи хүмүүс тийшээ бөөгнөрч, зарим нэг нь өөрийгөө арай түрүүлж ирснээ ойлгуулах гэж түрэмгийлэн давшилна. Томоо ч гэсэн зүтгэвэл орж ядах юмгүй. Тэртээ тэргүй бүгд л түүнээс зай авахыг хүсэх тул зарим нь үлдэнэ гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ Томоо зүтгэсэнгүй. Учир нь “Энэ бүхээгт олон хүн орсон тул давхар болгонд зогсоно гэсэн үг” гэж магадлалын онол бодоод арай сүүлдэж ирэх дараагийн бүхээгт цөөн хүнтэй орохоор шийдлээ. Өнөөх хар үнэгэн малгайтай бүсгүй болон бусад пиг дүүрэн хүнтэй эхний бүхээг хаагдахтай зэрэгцэн дараагийн бүхээг нээгдлээ. Томоо хэд хэдэн хүний хамт оров. Тэд аль болохоор түүнд ойртохгүй захалцгаана. Томоо мэдэрсэн хэдий ч анзаараагүй хүн болон унжуу хамрынхаа уг дээр тохсон зузаан шилний цаанаас гөлөгнөх шар ногоон нүдээр давхрын тоо ээлжлэн солигдох бяцхан дэлгэцийг үелзүүлэн ширтэнэ.
“Хажуугийн бүхээг аль давхарт яваа бол. Дор хаяж арав гаран хүн орсон. Хэрвээ миний бодсон зөв бол дөрөв, тавдугаар давхруудад зогсож л таараа. Тэгэхээр би зургаан давхарт түрүүлж гарна” гэж бодохоор түүнийг сэтгэл үл ялиг тайвширч, гэрлийн очис хацар, нүүр лүү нь үсчих шиг жирвэгэх нь таатай ч юм шиг. Дэлгэцэнд тоо ээлжилсээр. Гэтэл Томоод “Нөгөө бүхээгнээс буух хүнгүй шууд л зургаан давхарт гарчих юм биш байгаа” гэсэн бачуухан бодол багалзуурдаад ирэв. Ямар нэг асуудалд анхаарлаа төвлөрүүлэхээр Томоогийн цээжинд ч юм уу, тархинд ч юм уу үл ойлгогдох бачуурал үүсэж бүр нүүр нь чинэрээд ирдэг гэж байгаа. Үүнийгээ мэддэг болохоор тэрээр өөрийгөө сайн барихыг хичээдэг юм. Хичнээн хичээсэнд нүүр нь халуу шатаад эхлэв. Нөгөө ирвэгнээд байсан очис галын цучил болон хувирах шиг. Тэгэхээс тэгэх гэсэн шиг бяцхан дэлгэцэнд асах тоо тав дээр очоод гацчихлаа. Нэг настайвтар авгай энэ давхарт буух гэсэн юм байж. Авгай том торондоо түүртсэндээ ч биш зүгээр л ямба нь ийм юм болов уу гэмээр удаан хөдөлсөөр арай хийж нэг юм гарав. Байж ядсан Томоо эгээтэй л араас нь түлхчихсэнгүй. “Шуналын хар тулам ингэж хүнд гай болохоор гэртээ л хэвтэж байхгүй энүүгээр салгалж явдаг нь юу вэ” гэж Томоо тархиа сийгүүлэн бодлоо. Бүхээгний хаалга хариугүй хаагдах гэж байтал түүний араас бас нэг залуу
- Өө, тав уу? гэхэд хэн нэг нь
- Тийм гэж шивнэх үед хаалга зууралдсаар хаагдав.
- Би буух байсын. Наадахаа дарчихдаа гэхэд товчлуурын дэргэд зогсох нэгэн онгойх товчийг дарлаа. Томоогийн хамаг цус нь хөөрч, хацар шанаанд нь тунарч ирэв. Хаалга мөн л зууралдан байж онгойх нь өчнөөн жил өнгөрчих мэт удах авч Томоо тэссээр л байгаа. Гэвч тэрээр дотроо “Түрүүний бууж байхгүй салгалсан муу новш” гэж хахирган өнгөөр хашгирч байв. Залуу санаандгүй эргэж Томоотой харц тулах мөртөө хамаг үс нь босов уу гэмээр болж чичрүүдэсээ дарах гэсэн шиг биеэ займчаад хурдхан арилж өгөв. Томоо “Новшийн муу өгөр” гэж эгээ л хашгирчихсангүй. Хий дэмий л шүднийхээ завсраар сийгүүлэн гаслаад хүмүүсийн дунд байгаагаа санан уруулаа жимийлээ. Түүний сэтгэл улам бүр шагалзан шазвалзав.
“Хэрэггүй л энд орлоо. Нөгөөхөд нь суусан бол өдийд бууж байхгүй юу” гэж бодохоор дахиад л гасламаар. Ядаж байхад бүхээгний хаалга гол гогдох мэт удаан хаагдах аж. Болдог бол хоёр талаас нь шахчихмаар. “Хоцорсоон, хоцорсон. Новш, новш” гэж байж ядсан Томоо хий дэмий хоёр хөл дээрээ займчаад хөшингө харцаар адар ширтлээ.
Хүмүүс түүнийг ажиглаад байх шиг санагдахаар нь үл анзаарагч болон давхар бүрийн тайлбарыг амандаа, гэхдээ бусдад бас ч гэж сонсогдохоор уншив.
- Дөрвөн спортын хувцас ... бараа ... таван давхар цахилгаан бараа ... дандаа бараа ... гэснээ новш гэж амандаа хэлчихээд хүзүүгээ хөдөлгөхгүйгээр харцаар аягандаа эргэлдүүлж бусдыг ажиглавал онц юм мэдэгдсэнгүй.
Бүхээг дуртай дургүй дээшилсээр арайхийн зургаан давхарт зогссон ч мөн л хаалга нь онгойх гэж жил болчих шиг санагдана. “Хажуугийн бүхээг аль хэдийн ирээ биз” гэж санахаар Томоогийн шээс савирчихаа алдана. Хаалга үнэн онгойв уу, худал онгойв уу Томоо урдаа байгаа хүнээ яав гэмээр түлхсээр гарч ирээд хажуугийн хаалгыг харан
- Түй, муу новш . . . гэж хэн хүнийг цочтол хэлээд хий нулиман шал дэвсэв. Хүмүүс оголхийн дөлөөд эргэн, эргэн харсаар явж одлоо. Томоо нитгэрсэн улаан царайгаа шингэрүүлэх гэсэн мэт уртаа гэгч нь санаа алдаад хажуугийн хаалганы өмнүүр өнгөртөл ард нь бүхээг дөнгөж ирсний дохио болсон “Донн” гэсэн чимээ сонсогдлоо. Томоо чихэндээ итгэлгүй эргэн хартал хаалга удаавтар онгойж дотроос нь хар малгайт хүүхэн болоод бусад хүмүүс уван цуван гарч ирцгээхийг шилтэйгээ нэг, шилээ авч нэг харав. Томоогийн худаг мэт гүн ухархайн тэртээ ёроолд юуны ч юм оч гялс хийж, нүүрнийх нь чинэрээ сулараад ирэх нь тэр.
Их дэлгүүрийн зургаан давхарт Томоо мөн л нуруу цэх, толгой гэдгэр алхаж явна. Гэнэтхэн түүнд дэлгүүрээс гарахад түрүүний тэнэг хүүхэн шиг хүн урд нь таардаг болов уу, яадаг бол гэсэн бодол бодогдоодохлоо . . .

2015. 01.16 УБ хот.
Бүрэн эхээрээ...

1 Сэтгэгдэлүүд:

Бороотой өглөө иржээ
Хүслээр болов.
Бодлоо норгож зогслоо
Хайр төрөв.
Хаанаас ирдэг юм бол
Энэ их сэтгэлийн уянга, бас
Хаашаа оддог юм бол
Тэр их уяралын шаргиа . . .
Сэтгэл чандын ийм л орон зайд
Нэг дүүрч, нэг хоосорсоор
Дүрт биеийг элээж
Тоот насыг үрэх нь дээ . . .

Т. Бум-Эрдэнэ. 2015.4.30. 7:45 Бүрэн эхээрээ...