Сална, сална гэж өдрийн бодол шөнийн зүүд явсан өдрүүд тийм ч цөөн биш ээ. Магадгүй хэдэн сараар тоологдох биз. Тиймээ, би чамаасаа салахад бэлэн, бараг л зориг шулууджээ. Эмэгтэй хүнд нэг ийм үе заавал тохиолддог шиг байна. «Гуч гарсан бүсгүйд нэг тийм салхи орчихдог юм аа. Тэр үе нь л ирээ болов уу даа чи» гэж эмээ маань их л туршлага заах мэт хэлж суусан нь санаанд буух. Манай гудамжны үзүүрийн хашаанд амьдардаг хосын тухай яриа манай гэрт ороод ирсэн үе л дээ. Нэг сайхан айл салж сарниснаар тэр хаврын дуулиант явдал төгссөн санагдана. Тэр үеийн гучин настай бүсгүйчүүдийн хувирал одоогийн миний гучин таван насанд ирээ юм байхаа даа. «Гучтай бүсгүй тэгээд ер нь яадаг юм бэ дээ» гэж цаашлуулахад эмээ «Нэг тийм давилуун болчихдог юм. Аргагүй дээ, бие хаа, нуруу туруу гээд юм юм нь тэгшрээд, жимсээр бол болц нь гүйцэхтэй л адил. Тийм жимс мөдхөн хагдран унана гэдгээ харин ч нэг мэддэггүй юм даа. Бүхий л зүйл гарт нь орж, санаанд нь багтаад нөхрөөсөө салсан чиг л амьдарчхаж чадмаар болдог ихээхэн эндүүрлийн үе юм шүү дээ. Миний охин ч гэсэн тойрохгүй дайрах л бий вий. Ээ дээ болгоомжтойхон л явж үзээрэй. Чамаас хамаардаггүй муу зүгийн салхи юм шүү дээ» гэж ирээд л ярьдаг сан. Эмээгийн үгийг тэр үед тоогоогүй ээ, үнэн. За бараг ойлгоогүй гэхэд болно. Гэтэл өнөөдөр ихээ тодоор санаж сууна. Ядаж байхад чаг чаг хийх цаг нэгэн хэмийн төвөгт дуугаараа эмээгийн үгийг янших мэт ээ. Миний нөхөр уг нь сайхан хүн л дээ. Бид хар нялхаараа л хань бараа болцгоосон. Элдвийн аяг зан, хээ шаагүй. Их л уурлалаа гэхэд тамхи татаад таг дуугай болчихно. Заримдаа хэтэрхий хайнга ч юм шиг. Хааяа уур хүрэхээрээ «Дүйнгэ юм уу хаашаа юм» гэхээр «Тийм үү» гэж ирээд нэг их том харна. Бид хөөрхөн хоёр хүүхэдтэй. Хайр гэж юу байдгийг ч мэдэхгүй, тийм л шинэхэн. Хайрлаж, дассан минь ч анхных байж. Нөхөр маань орон гэрийн гаднахыг бөөгнүүлж, би доторхоо бондгонуулдаг ухаантай. Хэлэлцэж тохироогүй ч ингээд л тогтчихсон хуваарь. Буйд холын бүгтхэн анирт бүүвэйлэгдэх мэт нэгэн хэмийн амьдрал үргэлжилсээр. Өөр бусдад дурлана чинээ огт бодож явсангүй. Бодоогүй болохоор хайр гэдэг ийм төвөгтэйг яахан мэдэх. Одоо л би гадарлаад байгаа болохоос. Сэтгэлээ хуваачихсан хүн чинь хаашаа ч харсан давхар бодолд унадаг юм санж. Сүүдэр тээсэн зүрх байнгын чичрүүдэстэй. Яагаад би ийм зэрэглээнд төөрчхөө вэ? Бага маань гараас гарч, надад баахан зав гаргасан юм даг уу даа. Өөрийн лайгаас нуугдах гэж хүүгийнхээ араар орох нь л дутаж гэнэ. Салах тухай бодол маань далдын чанадаас мөлхсөөр хэл дээр торох болсон үе. Заримдаа «Чамаас би салмаар байна» гэж түншихэд «За юу нь болохоо байчхав» гээд ер тоох шинжгүй. «Уйдаад байна» гэхээр «Тэгвэл өөрөө л мэд дээ» гэж харин ч ёстой нэг хэнэг ч үгүй хэлэх. Итгээгүйдээ л тэр. Гайхах ч шиг, гомдох ч шиг. “Би ердөө иймхэн үнэтэй гэж үү” гэж бодохоор хоолой зурмаар. Магадгүй, миний сэтгэл эргэснийг мэдээгүй л хэрэг. Бодоод үзэхэд өдий болтол намайг өөр хүнтэй болсныг гадарлаагүй юм чинь хэлсэн үгэнд минь яаж ч итгэх билээ дээ. Амьдрал, ер бүх зүйл хэвийн гэж бодсоор л, итгэсээр л... Амгалан гэхэд дэндүү амгалан амьтан шүү, энэ хүн. Надад хайртайдаа тэр үү? Эсвэл надад огт хайргүй хэрэг үү? Гэтэл амьдрал гэдэг чинь өндөг шиг л байнга эвийлж байхгүй бол уйдна, хөрнө, царцана. Юу ч гэмээр юм бэ дээ. Сэтгэлд минь хорвоо тэр чигээрээ эргэж хөрвөчхөөд байхад энэ хүн анзаарах ч сөгөөгүй. Ингээд гөлийчихөөр нь бүр тэр чигтээ эргэчихмээр... Тэврээд, хүзүү рүү хошуугаа шургуулахад нь анхандаа яасан ч их хайр ундарч, сэрэл хөдөлдөг байсан юм бэ дээ. Хамаг л бүхнээ сул асгачих шиг болоод өөрийн эрхгүй гиншчихдэг сэн. Бидний тэр гэгэлгэн, гэгээхэн үе одоо хаашаа ч юм алга болжээ. Цагийн аяс гээч юуг ч элээж, хуучруулж, өнгө алдуулж дөнгөдөг хамгийн нарийн ширхэгтэй хэр нь хамгийн хороотой зүлгүүр гэлтэй. Өрөвдмөөр нь манай энэний намайг тойлдог ганц арга нь эв л таарвал хүзүү рүү зүтгэх. Тэнд нуугдсан гижиг минь алин цагийн нисэн одсоныг энэ хүн мэдэхгүй. Өрөвдөхдөө л хааяахан аргыг нь дагадгийг үнэндээ гадарлахгүй. Уйд автсан ийм амьдралыг... (Амьдрал арай биш юм аа) Яаж тордвол сэргэдэг юм бол, мэдэхгүй юм даа. Нэгэнт унасан навчийг эргээж яахан тогтоох билээ. Харин тэр хүн бол өөрөө. “Юу нь өөр вэ?” гэж би өөрөөсөө мөн ч олон удаа асуусан даа. Тиймээ, тэр миний нөхрөөс өөр. Анх сэтгэл татам эрдүүхэн дуу хоолой ард сонсогдоход өөрийн эрхгүй эргэж харсан сан. Зүрх хурдан, хурдан цохилоод, сэтгэл хуйрагначхаж билээ. Бидний харц тулгарах болсон шалтгаан ердөө л түүний дуу хоолой. Ганц би ч биш манай ажлын олон хүүхэнд таалагдсан гэдэг. Ертөнцийн бүх бүсгүй тийм хоолойн өмнө тэнцвэрээ алдана гэдэгт итгэлтэй байна. Тэдний л нэг нь би болж таарсан даа. Аз болж гэх үү, гай болж гэх үү түүнд би таалагдсан. Анх хараад л яагаад ч юм “энэ хүн намайг хоргооно” гэдгийг зөн совин маань хэлээд байлаа. Өдий насны бүсгүй хүн гэдэг мэдрэмжийн туйл болчихдог ч байж мэдэх. Миний совин алдаагүй юм аа. За тэгээд эрчүүд, таалагдсан эмэгтэйгээ яадаг билээ дээ. Тийм л явдал болсон. Бид уулзалдсан, ярилцсан, хөөрөлдсөн. Чихний омог ирвэгэнүүлэх түүний намуухан хүүрнэл сүүлдээ зүрхний ховдлоор хөвөрч, сэтгэлийн мухраар манантсан. Ингээд хэлэхээр арай ч сүртэй байж мэдэх юм. Гэхдээ тэрхэн агшныг эргэн дурсахад сэтгэл хөдлөл ийм л байсан нь үнэн юм. Хөг аялгуу эгшиглэсэн сайхан агшин. Эмэгтэй хүн гэдэг сэтгэлээ барьж ч чаддаг, тавьж ч чаддаг юм шиг ээ. Тийм л жишгээр би тэрхэн агшинд сэтгэлээ алдсан, үнэн. Тухайн үед би эргэлзээгүй бас харамсаагүй. Мэдээж, нөхөртэй бүсгүйг ингэж хэлэхэд хэнд ч гэсэн таатай сонсогдохгүй. Гэсэн ч би тэгтлээ их догдолсноо нөхөн бодохдоо ч эмзэглэхгүй байна. Би өдий болтол олон эрийн хоргоолтыг торолгүйгээр өнгөрөөсөн хэр нь түүнийг л даваагүй юм даг. Уйд автсан миний сэтгэлд тэр хүн орогнохуйц зай завсар гарчихсан л юм байхаа даа. Бидний уулзалдах, тархи эргэж, салхи зунгааралдуулсан хором мөч улам олон болсоор л байна. Хамтдаа, хорвоо ертөнцөөс, магадгүй зүрхнээсээ зөвийг хайх хэдий ч улам бүр мухардсаар л... Тэр мухарт ямархан зовлон биднийг урин дуудаж буйг барагцаалсаар атлаа нүдэн будилж, тэмтчин бэдэрсээр л... Ханьдаа би хайргүй биш ээ. Хүний орчлонд намайг л гэж зорьсоор, хүүтэй бас охинтой болгосон эр хүн. Үүнийг заяа тавилан гэхээс өөр үг үл тохирно. Би эх хүн. Бас ханьдаа хайртай, хайртай. Гэхдээ... гэхдээ... гээд араас нь юу хэлэхээ олохгүй юм. Юу намайг гэхдээ, гэхдээ гэхэд хүргэв? Уйдсан уу, залхсан уу... эсвэл хөрсөн үү? Би алийг нь ч хэлж чадахгүй нь ээ, хайрт минь. Уучлаарай чи минь, би чамайгаа хуурчихсан. Өөр хүнд өврөө нээчихсэн. Үнэрээ түүнд үлдээчихсэн. Хэн нэгэн намайг үзэн ядаж болно оо. Тэгэх ч биз. Хэнийг ч би буруутгахгүй, зөвтгөхгүй бас маргахгүй. Энэ явдал нэгэнт болчихсон. Зөв буруугийн тухай одоо ярихгүй. Зөв ч бай, буруу ч бай аль хэдийн хэм хэмжээний хязгаараа давчихсан. Өөрөөр хэлбэл ямар ч дүгнэлт одоо оройтсон. Цайрчихсан завхай зайдандаа бишээ, би зүгээр л сэтгэл зүрхээ дийлээгүй эмэгтэй байна. За арай гайгүйгээр хэлбэл амьдралдаа бүдэрчихсэн л эмэгтэй. Ингээд бодохоор хүний хорвоогийн сайхан нь хаанаа ч байдаг юм бүү мэд. Бодвол хаа нэгтээ байдаг л байх даа. Заримдаа бүр хүн болгоны асуух дуртай хайр гэдэг яг юу юм бэ? гэж өөрөөсөө асууж, эргүүтэж суудаг хүн. Аргацааж, аргаа барж, хийсэн гэмээ далдлах нүх хайж яваа ч байж магад. Тэгээд эцэст сүүлд нь нөхөртөө “Хоёулаа салъя даа, хань минь...” гэж хэлэх гээд харж сууна. Ядарч байна. Хүн хуурахад, тэр тусмаа хамгийн хайртай хүнээ хуурахад хүртэл ядардаг юм байна. Хуурмаг сэтгэлд хүртэл тамир хэрэгтэй байдаг юм байна. Нэгэнт л ийм болсон хойно нэг талд нь гаръя даа, хань минь. Бодол ээрч, зүрх базална. Дотор минь хорт могой олзоо ороогоод, нүдээ гялтгануулан хэвтэх шиг, хахир зэхэр... Харин манай хүн миний дотор ямархан шуурга эрчлэн шавхуурдаж, эрээ цээрийг алдуулж буйг анзаарах ч үгүйгээр хоолоо л хийж зогсоно. «Хоол хоолны дундаас ханийнхаа хамгийн дуртай хоолыг хийнэ ээ» гээд л түнтгэнэх юм даа. Бүр гараа гаргаж хийх юм гэнэ. Тэр зуураа бас зүгээр ч үгүй над руу хошуугаа цорвойлгон агаарт хий үнслээ. Зүгээр үед бол надад таалагдахаар барахгүй хариу үнсэж эрхлэлдэх байсан биз. Даанч одоо тэгэх сэтгэл алга. Чамайгаа үнслээ гэхэд тэрний минь үнэр үнэртэхгүй шүү дээ. Үнсэлт чинь зүгээр л агаарт замхарч буйг мэддэг ч болоосой доо, хань минь. Ер нь намайг ийн бодолд автан суугааг анзаарахгүй нь ээ. Яая даа хань минь, яах вэ? Яаж чамдаа хэлэх билээ. Яг одоо хэлэх тийм ч оновчтой биш дэг ээ. Ядаж хоолны дараа болохоос доо. Намайг “салъя даа” гээд хэлэхээр, огт тоглоогүйг минь ойлгоод чи минь яах бол? Таг дуугай газар шагайх уу, эсвэл нэг их уйлах уу? Ухас гээд алгадах болов уу? Тэр чигтээ л чимээгүйхэн гараад шөнө дүлээр шал согтуу орж ирэх ирэх үү? За аль нь ч байсан би хүлээж авахад бэлэн байна. Хэдэн ч удаа алгадсан би тэвчээртэйгээр бас гэмтэйгээр хүлцэнэ. Шийтгэл, ял, зэм... Энэ бүхэн надад одоо хамаагүй болжээ. Надаас ийм тэнэг зориг гарах юм чинээ хэзээ ч бодож байсангүй. Мөн би өөрийгөө ийм хүйтэн цэвдэг, хөхөр сэтгэлтэн гэж санасангүй. Тавагтай халуун хоол өмнө минь ирлээ. Нээрээ л миний дуртай шаржигнатал шарсан ясгүй загас. Зөөхийний цагаан сүмс, нухсан улаан төмс. Нөхөр минь ширээний цаанаас дахиад л өнөөх “тэнэг” үнсэлтээ илгээх аж. Хариуд нь би мушийхаас өөр яалтай. Тэгэхээс тэгэх гэсэн шиг өчигдөрхөн уулзсан түүний минь царай нөхрийн хажуугаар чихэлдэн бодогдоно. Түүнийгээ санаад л байх нь хачин. Дарс туналзсан шилэн аяганы араас тэр минь ямар ялдамхан инээмсэглэдэг гэх вэ. Бурхан минь дээ, бүсгүй хүний сэтгэлд ийм эсрэг тэсрэгийг багтааж л байдаг чи яасан даажинтай хорвоо вэ? Тарчилгаж, тамлаж, шим шүүсийг минь шахаж ханадаггүй ёстой чиг “бурхан” л юм даа, чи. Гэхдээ би нэгэнт шийдсэн. Би түрүүхэн хэлсэндээ, эмэгтэй хүн сэтгэлээ барьж ч чаддаг, тавьж ч чаддагаа гэж. Би яг одоо чамдаа үнэнээ хэлье дээ. “Уучлаарай... хань минь би чамаасаа салъя даа” Би уртаа гэгчийн санаа алдаад - Ханиа... Би чамд нэг юм хэлье гэтэл нөхөр минь миний үгийг таслаад - Хоол гоё амттай болж гэж үү? Тэгэлгүй яах вэ, би ёстой гараа гаргаж хийсэн юм чинь аргагүй шүү дээ, чамд таалагдсан байж таарна гэж дуржигнуулаад намайг ширтлээ. Би хариу дуугарсангүй. Түрүүний үгээ гүйцээж хэлэх гэхдээ зоригоо хуралдуулж суув. Тэгтэл тэрээр босож миний духан дээр удаан гэгч нь үнссэнээ халуун алгаараа мөрийг минь өөриймсүү гэхэд арай биш, нэг л урд нь байгаагүйгээр иллээ. Тэрхэн мөчид нөхөр минь биш аав минь юм шиг санагдахыг яана. Эрхэлмээр... Эрхлээд уйлмаар болчих нь тэр. Юу юугүй хамрын угаар шархирах нь ээ... Ядаж байхад нөхрийн маань дуу ямар энгүүн гэх вэ. Тэрээр - Элдвийн юм бодоод хэрэггүй дээ, хань минь. Их юм бодох дэмий. Ялангуяа ийм шаналант үед бүр дэмий гэх нь тэрээ. Би айсан, гайхсан харцаар харлаа: - Хань нь мэднэ ээ, би л чамайгаа мэдэхгүй бол өөр хэн мэдэх вэ дээ. Яах вэ, аятайхан л залуу байна лээ. Эр хүн л юм бол дахиж уулзахгүйгээ чамд өөрөө хэлэх байлгүй дээ гэлээ. Надад хэлэх үг олдсонгүй ээ. Яаж ч олдох билээ. Навсайсан сиймгэр тэрлэгээр нарыг тэр чигт нь нөмөргөчих шиг бүрий татаад, дотор бачуурч, хий дэмий амаа ангалзуулахаас хэтэрсэнгүй. Яг ийм нөхцөлд яах ёстойг ямар хүн мэддэг бол? Би л лав мэдэхгүй юм. Халуун нулимс зовхи даван урсаж, гашуун зураа хоолой хорсгож аргана. - Би... би... чамайг... хуу... хуур... гээд гүйцээж чадахгүй ээрлээ. - Үгүй дээ хань минь, чи тэгээгүй... гээд хэсэг таг боллоо. Тэрээр сонссон бүхнээ далдруулах гэсэн мэт шүлсээ залгиад: - Чи минь зүгээр л алдчихлаа. Хамгийн нандин зүйлээ унагачихлаа. Харин аз болж хагарсангүй, бүтэн байна гээд хэсэг чимээгүй боллоо. Би доош тонгойх хэдий ч амьд үхсэнээ ч ялгах юм алга. Хий дэмий л хуруугаа хугалчих шахан мушгиж суулаа. Тэгтэл нөхөр маань - Бидний хэн хэн маань энэ амьдрал руу адилхан л юугаа ч мэдэхгүй орсон, адилхан л суралцсан. Магадгүй би ч гэсэн хамгийн нандин бүхнээ хэзээ ч унаж мэдэхээр ирмэгдүүлээд орхисон ч юм билүү хэн мэдлээ. Амьдрал гэдэг угаасаа л хэн нь ч алдаж мэдэх эрсдэлт хормуудын нийлэмж юм байна шүү дээ. Тийм болохоор хань минь бурууг битгий хай. Зүгээр л энэ бүхэн болоогүй... болоогүй... гээд гарыг минь атгалаа. Түүний гар ямар халуун байв аа: - Одоо мөдхөн хүүхдүүд ирнэ. Нүдэн дээр нь битгий уйлаарай, хөгшөөн. Ээж уйлчихсан байвал тэдний маань алсын итгэл алдарчихна гэснээ нуруу зөөлхөн илж, духан дээр дахин нэг үнсээд... үнсэх гэж, хошуугаа нааж санаа алдчихаад: - Хөгшин нь тамхилаад ирье дээ гээд гарлаа. Бодвол, гашуурсан бодлоо гадагшлуулах гэж яарсан байх. Гэрт чив чимээгүй. Цаг л үнэнчээ тунхаглан нэгэн хэмээр цохилно. Гэм загссан, уст харцаар гэрээ тойруулан гүйлгэлээ. Хананд өлгөөтэй зургаас эхлээд хамтын сэтгэлээ шингээж асан бүхнээс юу ч юм төөнөх аж. Харц халирч, толгой гудайна. Түрүүхэн л хүний хорвоогийн сайхныг олоогүйдээ өрвөлзөж, “ял зэмээ үүрчихнэ, зүгээр” гээд язалзаад байсан аархал чи хаачив, бүү мэд. Хэзээ мөдгүй, том жижиг нийлсэн гурван хүний хөлийн өөриймсөг чимээ бүгтхэн сонсогдож, гэрийнхээ хаалгыг тэд итгэл дүүрэн татах болно. “Ээжээ... Ээжээ...” гээд л өнөөдөр түүсэн “танихуйн цэцэгсээ” өвөр дээр минь асгах болно. Тавгийн ирмэг дээр дусах гашуун нулимс тал тал тийш үйрэн бутарсаар, цаг цохилсоор... Цаг минь, цаг минь битгий зогсоорой. Цаашдаа чи л бүгдийг аварч мэднэ. 2020 оны хавар.
МЕГА БИШ МИНИ ШИЙДЭЛ РҮҮ ЯВАХ ЦАГ!
9 months ago
No comments:
Post a Comment