Цэнджав авгай руугаа дохиж цаагуур чинь ганц юм бий юү? гэхэд Авгай нь суудал дээрээ эргэж, эрэгнэгний доороос хугас шил хатуу юм гаргав. Түүнийг Цэнджав хоёр аяганд хувааж хийгээд - Замын улс газар хорох нь дээр нэг татчих гэхэд
- За даа хөгшин чинь ердөө энэ хар уснаас болж л энэ газар олон жил үйлээ үзэж явна гээд ядам хуруугаараа нанчид өргөж, духандаа хүргээд буцааж тавьлаа.
Тэд энэ тэрхэнийг ярьж жаал сууж байгаад
- За хөдөлцгөөх үү дээ гээд гарлаа
Цэнджав кабиндаа орж улаан тамхи бүдүүхэн шиг ороож асаагаад хөдлөнгөө
- Энүүхэндээ гэхэд Шийрэвээ би нэг хэдэн адуутай болох санаатай. Надад ч уг нь хэд гурван юм бий л дээ. Гэхдээ өнгө төрхийг нь сайжруулъя уу гэж санаад байгаа. Ирэн очин байдаг болохоор тууварчидтай тэр болгон уулзаад байж чадахгүй юм. Чи ганц нэг аятайхан юм харвал эзэнд нь хэлээд намайг иртэл торгоож байх арга юу байна гэхэд
- Тэр бололгүй дээ. Надаас өрсөөд л амьтан хүн наймаа хийчихдэггүй юм бол гэхэд
- За тэгвэл ч болоод явчихлаа гээд тэрээр хэдэн сайхан адуу авчихсан хүн шиг л хүнгэнэтэл дуу аялан, хаазаа гишгэлээ. Хоёрын хоёр жолоочид энэ хэрийн газар юу байхав дээ.
Түүнээс хойш Шийрэв Сугар хоёр битүүхэн сайхан адуу харж, эзэдтэй нь ганц нэг юмны наад цаадахыг ярьж явах боллоо. Үнэндээ тоо толгой нь л бүрэн бол мал маханд тушаадаг шиг жигнээд байх биш ганц нэг адуу сольж холих нь тууварчдад бол нэг их дараа болдоггүй л дээ. Хашаанд хэдэн тооны адуу орох ёстой вэ тэр тоогоор орох нь л чухал. Тэгээд л ангилагдаад гардаг болохоор сайхан адууг орных нь хэр тааруу юмаар солих гэж амьтан түүгээр эргэлдэнэ. Нөгөөтэйгүүр нутгийн сайхан адууг орос руу хоол болгоод гаргахад хэн тийм дуртай байх билээ. Тийм учраас ийм улсыг нэг их гоочлоод байхгүй. Бас ч үгүй тууварчдад ганц нэг юм илүүчилдэг байсан байж таараа. Шийрэв Сугар хоёр ч бас зүгээр байсангүй Цэнджавт юм олохын хажуугаар өөрсөддөө ганц нэг юм олох санаа төрнө. Түүнийгээ Цэнджавт хэлж хэд гурван төгрөг зээлж наймаа холио хийнэ. Хэрвээ юм олж чадвал Цэнджавын адуунд тавих жишээтэй. Гэхдээ тэр хоёрынх нэг их базаалтай биш.
Хааяа Сугарт ийм олон адууг хойш нь гаргаж байгаад харамсаж ёстой л нөгөө сайн эрс шиг эдгээр сайхан адууг хуйгаар нь хөөж нутгийн улсад тараамаар санагдана.
Ийнхүү Сугар Шийрэв нар сүүлийн гурван жил өвөл хавартаа тус аж ахуйн болон өөрийн хорих ангийн малыг маллаж, зун намрын цагт Цантын баазад ажилласаар ямартай ч гэсэн Шийрэв санасандаа хүрлээ. Тэр хооронд Шийрэв Сугар хоёр хэдэн сайхан морьдтой болох гэсэн боловч бас л шальсангүй ээ.
Сугарыг мал дээрээс бууж магадлангаар орох болоход Шийрэв
- За дүү минь одоо энэ хэдэн хоногт л хэн яаж ч байсан тэсдэг юм шүү. Элдэв янзын юмтай орооцолдвол чи энэ хар ангалаас дахиж гарах тухай бодоход хэцүү л болох байх. Юманд цаг хугацаа, хэмжээ хязгаар гэж байдаг. Чиний хувьд бол болсон гэхэд
- Одоо би иймээ тиймээ юманд халтирахгүй ээ. Би ч нэг үеэ бодвол таны хүчинд юм юм ойлгохтойгоо боллоо. Нас ч хорин дөрөв тав хүрчихлээ. Би хэрвээ тантай таараагүй бол ер нь яах байсан бол гэж хааяа боддог юм. Ах минь энэ бүх хугацаанд миний төлөө явсаныг чинь дүү нь мартахгүй ээ гээд хүнгэнэсэн хоолой нь бага зэрэг ээдрээтэж тасалдсанаа шүлсээ залгих шиг болоод гайгүй болчихов. Өдий насны тэгээд Сугар шиг амьтан уйлна гэж юу байхав. Гэхдээ сэтгэл юм болохоор шингэрэх үе гарна. Энд ирсэнээсээ хойш өөрт нь эцэг мэт хандах Шийрэв ахынхаа ачийг яана даа гэсэн битүү бодол түүнд үлдлээ.
Хүн байтугай амьтан хүртэл ижилсдэг энэ хорвоод гаравч оровч цугтаа байсан Шийрэв Сугар хоёр дэндүү дассан байлаа. Шийрэвт одоо жил хүрэхтэй үгүйтэй хугацааны ял бий. Сугар Шийрэвт санаа зовох авч, гарах болсондоо сэтгэлд нь нэгэн зул дахин сэрэх мэт бадамлана. Тэр хаашаа ч юм хар хурдаараа гүймээр, хоолойныхоо хэрээр хашгирмаар, эргэн тойрныхоо улсыг бүгдийг нь нэг сайхан халуу дүүгтэл тэвэрмээр, бүр хээр очоод хэвтмээр ч юм шиг, бүтэн гурав хоног унтмаар ч юм шиг санагдана. Тэгэхийн хэрээр ээжийгээ, нутгаа, одоо бараг мартах нь уу даа гэмээр болсон Хандаадаа хүртэл хашгачин гүйж хүрмээр бодогдож байлаа.
Шийрэвийн хувьд өөрөөсөө өмнө Сугарыг гарах болсонд цаанаа нэг л сайхан. Яагаад ч юм түүнд олон жилийн өмнө хийсэн нүглээ наминчилан цайруулчихсан юм шиг болж сэтгэл нь нэг л хөнгөрч дотор нь онгойно. Одоо надад нэг жил гэж бодохоор юухан байхав. Гэхдээ хашир байхгүй бол болохгүй шүү гэсэн бодол тархинаас үл гарна.
Ийнхүү Сугар магадлангаар орохоор анги руу яваад нилээд хэд хонолоо. Одоо Шийрэвт их ойр хүн нь Цэнджав жолооч л үлдсэн. Түүнийг ирэхгүй хэд хоновол хараад байх янзтай. “Өнөөдөр л ирэх ёстой доо” хэмээн бодож хаяагий нь шуусан хар гэрийнхээ сүүдэрт хэвтэж байтал баруун талын халцгар хөтөл даван яах аргагүй Цэнджавын ногоон тэрэг намрын халуунд нилээд цуцсан янзтай аахчин уухчин байна уу гэмээр гарч ирлээ. Машины дууг сонсож хэвтсэн Шийрэв
- Энэ муу ногоон тэрэгний мотор жил ирэх тусам л сулрах юм даа. Одоо ч хүч гэж бүр хариугүй болж гэж өөрийнхөө эзэмшлийн машиныг ярьж байгаа юм шиг амандаа үглэх нь Цэнджавт ч, түүний тэргэнд ч ихэд дассаны илрэл.
Машин гэрийн гадаа ирж нэг их дуу гарган тоормослоод, хэд сайн хаазлаад мотор унтарлаа. Бүхээгнээс Цэнджаваас гадна бүрх малгай толгой дээрээ хаясан, саарал даавуун дээлтэй, гялалзсан хромон гуталтай тэвхийсэн залуу инээсээр бууж ирсэн нь Сугар ажээ. Гэрийн хаяагаар харан хэвтэж байсан Шийрэв нүдэндээ ч итгэсэнгүй ухасхийн босож
- Үгүй ээ энэ чинь гэснээ “За ашгүй дээ” гэж бодлоо. Түүний хоолой дээр нь гэнэтхэн нэг юм горойж байснаа шингэрч хоёр нүдээр нь урсаад гарчихав уу гэлтэй халуу дүүгэн хацар дагав.
Цэргийн ногоон богц нэг гартаа барьсан Сугар аавдаа гүйж яваа хүүхэд шиг түргэн түргэн алхлан ирж Шийрэв ахыгаа ууцаар нь тэврээд өргөчихөв. Уг нь энэ хоёр салаад хэдхэн хонож байгаа. Гэхдээ энэ бол шал өөр уулзалт. Нэг нь гарсан, нөгөө нь гаргасан хоёр эргээд уулзана гэж бодоогүй байсан учир их хол, ихэд удаан уулзаагүй мэт сэтгэгдэл хоёуланд нь төрнө. Тэгсэнээ сая нэг хэн хэн нь амьсгаа авч
- За яасан дүү, болчихов уу?
- Болсоон ахаа. Би суллагдлаа гэснээ дахин тэвэрч
- Шийрэв ахаа баярлалаа танд гэснээ
- За орох уу гэхэд Шийрэв дуугарч ч чадсангүй. Бүгдээрээ умгар хар гэртээ орцгоож, ахлагч болон бусад нь саяын болсон явдалд бяцхан уярч Сугарыг хаа нэгтэйгээс ирсэн дарга мэт л дээшээ дээшээ болцгоож хоол унд мах шөл гэцгээв.
Сугар богцоо задалж бүгдэд нь талх саахар боов боорцог, ганц нэг оймс тамхи тариа өгөөд, Шийрэв ахдаа нэг түрийтэй гутал, цамц өмд ер нь нэг сайн хувцаслаад ганц шил архи задлав. Гэр дүүрэн эрчүүдэд тэр юү болохов. Шийрэв
- Өө надад яахнав дээ. Муу ээждээ жаал жуул юм авахгүй. Ээждээ л хурдан очиж элгий нь амраа гэхэд Сугар
- Одоо нэгэнт гарчихсан юм чинь юунд яархав. Энүүгээр жаахан эргэж унааны хэдэн морьтой болноо. Энэ газар газрын сайхан амьтад ингээд оросын хоол болно гэхээр харамсах юм. Ядаж ганц нэг нь ч гэсэн эндээ үлдэж ясаа тавиг дээ гэх нь юун нөгөө гарын дор юм шиг байсан жаахан хүүхэд, нэг их том залуу болсон шиг Шийрэвт санагдана. Түүнд яагаад ч юм өсгөж хүмүүжүүлсэн үр нь амьдралын замд хөл тавих гэж байгаа юм шиг сэтгэгдэл төрөх нь тэдний бие биедээ хэрхэн дассаных.
Тэр намар хэд хоног Сугар Цантын баазын хавиар өнжлөө. Чөлөөт хүн болсоор адуу малын наймааг тууварчид болон нутгийн улстай нүүр бардам ярилцана. Юуны урдаар нэг сайхан эмээл хазаар сайхан хул морь худалдаж авлаа. Одоо Сугарыг харсан хүмүүс ам ангайгаад татчихмаар, хүүхнүүд бол уяраад нураад уначихмаар сайхан залуу харагдана.Тэрээр элдэв янзын буруу юм хийлгүйгээр хүмүүсийн юмыг урд хойно нь оруулж наймаа хийсээр өөртөө хул морьноосоо гадна аятайхан явдалтай ижилхэн буурал зүсмийн хоёр морьтой болов. Шийрэв ч зүгээр байсангүй Цэнджавтай нийлж наана цаана болгосоор нилээд хэдэн тооны залуу голдуу юмтай болчихов. Тэгээд хэд хоногоос Сугар нутаг явах болж мэдээж морьдоо аваад явах тул замаараа Шийрэв ахынхаа хэдийг гэрээд нь дөхүүлж өгөх, Цэнджав замд элдэв шалгалт таарах вий гэж өөрт нь болон адуунд нь зам явах бичиг хөөцөлдөн олж өглөө. Маргааш өглөө нь Сугар явахаар болж хамаг юмаа зэхлээ. Тэгээд Сугар
- Шийрэв ахаа сартай саруулхан байна. Хоёул өнөө шөнө гадаа хэвтэх үү?
- Тэгье л дээ. Эр хүний жаргал эзгүй хээр гэдэг байхаа гээд инээсээр гарлаа. Сар цавцайж, одод түгсэн салхи ч үгүй сайхан шөнө. Урд ар, хойд энгэр тэр чигээрээ л адуу байгаа бололтой унгалдах нь унгалдаж, зарим нэг нь хамраа дуугаргаж анир үргээнэ. Хоёр эр морьдийн өвс шир шир хазлахыг сонсон хэвтэх зуураа яриагаа эхэлж чадахгүй нэг хэсэг чимээгүй хэвтлээ. Одоо бол харин аргагүйн эрхэнд жинхэнээсээ зам салах гэж буй эрчүүл байлаа. Шийрэв нэг их санаа алдаж
- За миний дүү одоо юу алзахав. Ах нь ч гэсэн нэг их юу ярихав. Ирэх жил гэхэд ах нь гэртээ сууж байна. Миний тэрэг барих ч одоо лөөлөө болоо биз. Нутагтаа харьж авгай хүүхдээ авч мал дагасан нь өлзий болох байх. Миний дүү одоо элдэв юманд орооцолдож ахиж битгий алдаж эндээрэй. Олон дотор үг, үйлдэл хоёроо цэгнэж, өөрийгөө чагнаж яваарай. Замаараа ахынхаа энэ хэдийг манайд дөхүүлээд ганц нэг хонож биеийнхээ чилээг гаргаж, морь малаа амраачихаад цаашилна биз. Манай авгай гэж хормойтойгоо орооцолдсон шар авгай тогоо шанаганаасаа илүү гарахгүй суугаа байх. Миний хэдэн сөөвгөр шар хүүхдүүд одоо овоо болоо байлгүй дээ гэж Сугарт захиж байсан үг нь гэр орон үр хүүхдээ санасан эцгийн үг болон хувирч одов. Тэгтэл Сугар
- За тэгнээ ахаа. Одоо би дотроо бодолтой, дороо суурьтай явах болно. Та ч надад эцэг мэт байлаа. Энэ ачийг тань мартахгүй ээ. Харин танаас би нэг юм асуух гэсэн юм.
- Тэр чинь юу билээ?
- Би өөрийнхөөрөө бол тэр хүнтэй уулзаад улаан нүүрийг нь хийх газаргүй болгомоор л санагддаг. Гэхдээ таны санаа чухам ямар байдаг бол?
- Чи тэр Дарьзав гэдэг нөхрөө л яриад байна уу?
- Тийм
- За хө учирч бий дээ. Би чамайг ч ийм юм бодож яваа гэж мэдрээд л байсан юм. Хэрвээ би чиний оронд юм бол очиж уулзана. Энэ яахав хор байна, шар байна. Ийм газар хэдэн жил болсон эр хүний зан юм шүү дээ. Гэхдээ амьдрал гэдэг урт юманд учир их бий. Түүнийг занаж зүхэж, гар хүрч бүр болохгүй шүү. Харин зүсээ харуулахад ерөнхийдөө л болох болов уу. Айсан хүн ямар болдгийг чи мэдэх газар. Тэр хүн ямархуу бодолтой хүн билээ чи түүнээс давж л бодох хэрэгтэй.
- За за би таныг ингэж хэлэх ч болов уу гэж бодсымаа. Би өөрийгөө захирч явах болноо гэхэд
- Өө тийм бас нэг юм хэлэхэд чамайг байхгүйд нутаг орон, хүн зоны байдал өөрчлөгдсөн байж мэднэ. Амьдрал чинь бүр боломгүй бол ахыгаа бараадвал ах нь чамайг сайхан жолооч болгож өгч болох юм. Жолооч гэдэг ч бас эр хүний хийх хийморьтой ажил шүү
- Харин л дээ. За за эр хүний замын хүзүү урт гэдэгдээ ах минь бид цаашдаа зөндөө уулзах байлгүй дээ гэснээр тэдний яриа өндөрлөв. Шийрэв гэдэг энэ эрд яахын аргагүй амьдралын хар ухаан цогцолжээ.
Үүрийн таван жингээр арваад тооны адуу туусан залуу баруун зүг нар уруудан гарч өглөө. Хүн эрх чөлөөтэй болох, түүнийгээ мэдэрч явах ямар их жаргал, ямар их хувь тавилан бэ. Тэгээд болоогүй ухаан орсон цагаасаа эхлэн мэдэрсэн тэр л орчиндоо эрх чөлөөтэй болонгуутаа очино гэдэг юутай ч зүйрлэмгүй сайхан. Тэрээр нэг мориндоо багахан ачаа тэгнээд сул тавьж морьдтойгоо нийлүүлэн, нэг их урт биш ч гэсэн уурга сугавчлаад дөрөөн дээрээ босон салхи сөрөн адууны тоосонд давхиж явна гэдэг ёстой эр хүний жаргал гэдэг энэ. Сугар одоо яг л бүр багын мөрөөдөлдөө хүрч сайн эр болчихсон адуу хөөж яваа мэт сэтгэгдэл төрнө.
Эрх чөлөөтэй болж сэтгэлийн тав ховхорход сая л нэг бага залуу насны хайр дурлал Хандаагаа бодох эрхтэй болсон мэт санагдан санаанаас үл гарна. Тэрээр Хандаагаа ч, ээжийгээ ч, нутаг орноо ч ямар янзтай үлдсэн яг тэр хэвээр нь бодно.
Тууварчдын араас хөтөлгөө морьтой гарсан юугаа ч мэдэхгүй хүүхэд нас аль тэртээ он жилүүдийн цаана гэнэн цайлган тэр л янзаараа үлдэж дээ. Замаараа Шийрэв ахынхаараа дайрч хэдэн адуугий нь, явуулсан жаал зугаа юмтай нь өгчихөөр цаашаа ижил хоёр морио хөтлөөд нэг их ачаа гэхгүй дан морьтой юм шиг хурдхан давхиад очно. Дараа жил ер нь ямархуу байх бол. Хандаатайгаа морь ижилсүүлж унасан шиг явах болов уу, зодог шуудаг өмсчихсөн ташаа тулан ханхалзах эсвэл хэдэн сайхан морь уячихаад хусуур түрийлсэн шиг алхах ч юм билүү.
Ээж маань хэр өтлөө бол. Намайг очихоор уйлж унжаад сүйд болноо. Хандаа маань хаа байгаа бол. Намайг хайрласан хүлээсэн хэвээрээ болов уу гэхчилэн элдэв өнгийн бодол ээлжлэн эрээлжлэн орж ирнэ.
“Дарьзав. . .” гэж бодсоноо шүдээ зуух мэт болж шанааных нь судас нь гүрэлзэнэ. “Тэр нөхрийнх хаахнуур нутаглаа бол. Замд байдаг бол шудраад гарах юм шүү. Одоо царайг нь нэг харах юмсан. Тэр үед ч нэг том ах л санагддаг байж. Даана ч нусаа ч олигтой арчиж чадахааргүй хүүхэд байхад намайг арай л дэндүүлсэн дээ. Намайг зүгээр л буцаачихгүй тэгэн тэгэн хорлохын хэрэг юунд байсан юм бол. За яахав аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ гэдэг дээ. Чи бид хоёр нэг уулзах өдөр бий байгаа” гэсэн бараан зүсмийн бодлууд ч бас хөврөнө.
Сугар яван явсаар овгор гүвгэр хэдэн бор толгодын дундах авсаархан жижигхэн сумын төвд дөхөж ирээд тууж явсан хэдээ тэрүүхэнд орхичихоод ачаатай морио хөтлөн сумын төврүү орж ирлээ. Энэ суманд Шийрэв ах нь шуудангийн жолооч байсан гэдэг. Сумын төв эль хульхан. Шийрэв ахын хэлснэр бол сумын захиргааны арын арын гудамжны захын цэнхэр хаалгатай хашаа гэсэн. Орой дээрээ шинэдээ улаан байгаад наранд гандаад, үзүүр нь сэмэрсэн ягаавтар болсон туг тамирдаж ядарсан мэт хааяа нэг салхинд дэрвэх дан цагаан шавар байшин байх. “Энэ л захиргаа нь бололтой” гэж бодсон Сугар араар нь тойрч удаах гудамжны захын хуучин цэнхэр байсан болов уу гэмээр хаалганд тулж ирлээ. Хаалгыг нь түлхтэл онгорхой, шагайтал уяатай халтар нохой учиргүй боргов. Нохойн дуунаар гэрээс дан тэрлэгтэй залуухан шар бүсгүй гарч ирсэнээ танихгүй хүнийг гайхан дөхөж ирэхэд Сугар
- Сайн байна уу? Энэ Шийрэв гэдэг айлынх мөн үү? гэхэд бүсгүй түүнийг хөлөөс нь толгой хүртэл нь ажиглан
- Мөөн мөн. Аав эзгүй байгаа л даа. “Аан яриад байдаг Оюунбилэг гэдэг том охин нь энэ бололтой” гэж таамагласан Сугар
- Аан ашгүй олоод ирж. Ээжтэй нь уулзвал болох уу?
- Тэгээ тэг та ор л доо. Нохой зүгээрээ уяатай гээд дагуулан явлаа.
Хашаа хороо нь энэ тэрүүгээрээ яайжийж, ганц нэг банз нь ховхорсон, зэрлэг нь ургачихаж. Хашааны мухарт машины л бололтой элдвийн төмөр гар хүрээгүй удсаны шинж юм уу зэвэнд идэгдэн хүрэнтэнэ. Хэдэн дугуйны хаймар бүүр оршмол шинжтэй өвс ногоон дунд бүрсийнэ. Хойд амбаарынх нь хаалга салаад унасаныг аваад түшүүлээд орхиж. Ер нь юм болгон нь олон жил хүний гар хүрээгүй бололтой нэг л бүүдгэр. Энэ айл эр хүнгүй удсан нь илт. Сугарыг ороход зуухны өмнө суусан шар авгай учиргүй гайхсан нүдээр түүнийг харж мэнд мэдэлцэв. Сугар “Шийрэв ахын авгай Цэрэн эгч болох нь” гэж бодсоноо
- За би Шийрэв ахын тэндээс яваа хүн байнаа гэхэд бүгдээрээ Сугарыг цэрвэн харах шиг болох хэрнээ бас ямар нэгэн мэдээ дуулгах нь уу гэсэн янзтай харснаа
- Манай хүн зүгээр биздээ? гэсэн нь айсны шинж. “Хөөрхийдөө эднийг айлгачих шиг боллоо” гэж санасан Сугар
- Зүгээрээ зүгээр. Шийрэв ах сайн байгаа. Намайг Сугар гэдэг л дээ. Би саяхан суллагдаад нутгаадаа явж байгаа юм. Надаар жаал зугаа юм явуулаад түүнийг нь л дөхүүлж яваа ухаантай гэхэд эхнэр нь сая л нэг сэхээ авч
- Аа чи нөгөө манай хүний яриад байдаг хүү байх нь л дээ. Ашгүй гараа юу? гэснээ
- Алив хүүхээд түлээ түлш гэж хүүхдүүддээ хэлээд
- Эгч нь аяга хоол аялуулъя
- Зүгээр зүгээр
- Юу зүгээр гэж холоос яваа бол ядраа байлгүй. Одоо яарах юу байхав Дээл хувцасаа хөнгөл. За тэгээд манай өвгөний бие гайгүй байгаа? Дээр нэг Дэмбэрэл дарга амралтаараа ирээд явсан. Хөдөө мал дээр их аятайхан байгаа л гэх шиг болсон. Хичнээн аятайхан байлаа гээд тэр газар ямар олиг байхав дээ чааваас гэж. Одоо ч уг нь ирэх хавар гэхэд нэг гардаг арга байна уу үгүй юү. Ээ дээ болгоомжтой л байхгүй бол хүүхдүүд минь хүн ч ер нь ажлаа хийж яваад л хэрэгтэн болчихдог тун гэмтэй юм байна шүү гэж хэзээ зогсох нь мэдэгдэхгүй ярьж гарав.
Эр нөхрөө үгүйд гэрт эм, гадаа гарч эр болж яваа олон хүүхэдтэй энэ авгайг Сугар өрөвдөхийн дээдээр өрөвдөв. Сумын төвд тоо бүртгэгч ажилтай, харахад нурамгардуу хэрнээ өдий олон жил нөхрөө хүлээж гэр орноо аваад яваа энэ хүн өөрийн эхээс ялгаа юу байхав.
Үргэлжлэл бий . . .
Бүрэн эхээрээ...
Хувь заяаны хэлхээ - 6
Хувь заяаны хэлхээ - 5
Тэнгэр бүүдийн сүүмийрхэж, шиврээ бороо уйлагнан, уйтгар хуйрганасан нэгэн өдөр хорихын дарга Дэмбэрэл Шийрэвт ээлжит эргэлтийг нь өгөх гэж дуудуулж Шийрэв
- Ялтан Шийрэв ирлээ гэхэд
- За ор ор гээд гэрээс нь ирүүлсэн жаал юмыг өгөөд
- Бие хаа чинь гайгүй юу? Тэр болгон уулзаад байж чадахгүй болохоор гайгүй байгаа л гэж бодохоос цаашгүй юм байна шүү дээ.
- Тэгэлгүй дээ. Би ч гэсэндээ ямар гавъяа байгуулчихсан биш дээ харин ч л таны хүчинд гэрээсээ ганц нэг юм аваад бусдаас илүү юү болохоос дутах юм алга. Харин манайхан . . .
- Танайхан дажгүй байгаа юм шиг байна лээ. Саяхан нутгаас тахир Балдангийн хүүгээр жаал юм явуулж. Хагасыг нь буцаасан. Ирүүлсэн болгоныг оруулна гэж юү байхав гэснээ
- Өө тийм. Манай анги нэг газартай ажил төрлийн холбоо тогтоох гээд байгаа. Хэрвээ тэгвэл чамайг явуулъя уу санаатай байна. Ажил нь хөнгөн байх ёстой гэснээ
- За за тэгээд болгоомжтойхон л байгаарай гээд гаргалаа. Хэдийгээр ялтантайгаа ингээд сүжрээд байж болохгүй ч яалт ч үгүй нутаг нугын удам судраараа нэг нэгнийгээ мэдэх улс гэдэг хэцүү бололтой.
Энэ байдал нь зарим нэгэн хулгарт таалагдсангүй ээ. Түүнийгээ мэдэгдэх гэж Шийрэвийг унтаж байхад нь хэн нэг нь орон дотор нь хатгачих нь тэр. Цаагуураа ч өөр бодолтой байхаа ядахгүй. Харин хаа очиж амин газраас нь хол тул аюул болсонгүй хорихын эмнэлэгт хэд хоног өнгөрөөлөө. Энэ хооронд Шийрэвийн гал дахин модонд гарах болтол тэдэн дотор Шооной хэмээх хочтой нэгэн гар явах агаад юм л бол Сугарын аль нэг талд гаран үг өдөх болов. Сугар хэрэндээ Шийрэв ахынхаа үгийг санан тэвчин явах боловч тэвчээр гэдэг хэмжээтэй дээ. Шоонойгийн өдөх бүр дэндсээр байлаа. Хөрөөнд суухаар заавал нөгөө гарт нь суучихаад ер татахгүй арсайтал инээгээд татаж буй дүр үзүүлээд байна. Мод ачихадаа нэг үзүүрт нь гарчихаад албаар сөөлжөөд хүч бараад байна. Тэрний хажуугаар хэл ам нь гэж хорт могой л ярьдаг бол тийм юм хэлэх байх гэмээр юм ярина. Тэрнээс гадна түүний онийсон хоёр нүд нь гялтагнахаараа ямар ч эрийн зүрхэнд нэг хүйтэн юмаар хайрах шиг зэвүүн ажээ. Тэр лав хүний ертөнцөд эхээр дамжиж ирээгүй, арай өөр талаас ирсэн болов уу гэмээр. Нэг удаа Сугар нилээн бүдүүн мод ташаалдаад явж байтал хажууд нь ирсэн Шооной нүдээ гүйлэгнүүлэн марсайтал хүйтнээр хи хи инээж
- Танай хөгшин шуумарын доодох тэгээд хэр зэрэг ажиллах юм дээ? гэхэд
- Чи ер нь түрүүнээс юу гээд даль даль гээд байгаа юм бэ гэтэл
- Хи хи бас их ууртай баньд байх нь. Чамайг Шийрэвийн баньд гэж нарс даяараа л мэдэж байгаа шүү дээ хи хи гэж муухай жингэнэн инээгээд яваад өгөв. Сугар тэсээд л байв. Тэгтэл жаал байзнаж байгаад дахиад л хэзийдээ ч юм хажууд нь хүрээд ирчихсэн сүг сүүдэр шиг энэ тэнд гарч байгаад
- Чи үүнийг хардаа гэж гар хийцийн жижигхэн хутга харуулсанаа
- Танай Шийрэвийн арьс хүүхний цавьний арьс шиг хариугүй нимгэн юм билээ дээ хамаа. Чи ч бараг мэднэ биздээ хи хи гээд эргэхэд нь Сугарын тэвчээр барагдаж ташаалдан явсан модоо чулуудаад Шоонойг далан дээрээс нь барин авч ганцхан сэгсрээд дороо хийн хоёр сайн шанаадаж өгөөд гараас нь нөгөө муу хутгыг нь булаан автал ар дагзанд нь хүйтэн төмөр хүрч, бууны замаг дуугарган, хуяг сүртэй нь аргагүй
- Зэвсэгээ хая, гараа өргө гэж хашгирлаа. Ингээд ялаа дуусгаад гарах гэж байсан Сугар, хоригдол зодож бүр цаашлан хутга далайсан. Хэрвээ харгалзагч таслан зогсоогоогүй бол хүний аминд ч хүрэхэд бэлэн байсан. Үүнээс үзэхэд хоригдол Сугар нь огт засан хүмүүжигдээгүй үндэслэлээр ялаа нэмүүлж, түүнийг зогсоосон харгалзагч хуяг цол нэмж, Сугар гарах гэнэ гэхэд эгдүүцсэн хулгар хороо гаргаж санаагаа амраах нь тэр. Аавынх гэдэг ийм л амьдралын өөр эрэмбэтэй газар.
Үүнийг сонссон Шийрэв түүнд
- Чамд хэлээгүй юү. Болгоомжтой бай гэж. Чамайг алдаа хийлгэхийн тулд намайг чамаас холдуулж байгаа юм. Тэгээд чамайг шордсоор байж тэвчээрийг чинь барж санасандаа хүрч байгаа нь тэр.
- Тэр муу хуяг харж л байсан шүү дээ.
- Тэр харж байсан нь мэдээж. Гэхдээ хэнийг яаж гэдэг нь сонин. Ер нь бол яаж ч харж байсан байж болно. Түүнийг харахад Шооной биш чи хутга гарган дайрч байсан байж болно шүү дээ. Чи ч энд хэдэн жил болсон гэхэд бас л болоогүй байна даа. За одоо яахав санаагаар битгий уна. Харин ч өөр хориход шилжүүлчихээгүй нь их юм. Би нэг юм бодоод байгаа. Гэхдээ чамд одоогоор хэлэхгүй. Дундуур чих орж мэднэ гэж шивнээд яриа өндөрлөв.
Сугарын дотор харанхуйлаад дэлхий хөмөрчих шиг. Хүсэн хүлээсэн өдөр хоногууд ойртоод ирэхийн ингээд дахиад холдчих юм гэж гэж байдгаа бас. Одоо дахиад чилийсэн гурван жил. Муу эжийгээ урд нь байгаагүйгээр бодон шаналав. Анх энд ирсэний дараахан нь муу ээж нь нэг эргэж ирсэнсэн. Тэгээд ээж нь
- Хүү минь хичээж байгаад гараад ирээрэй. Бусадтай битгий үг сөрж муудалцаж байгаарай. Олон дотор сайнтай муутай л байгаа шүү. Ээ дээ хичээгээрэй гэж захиж захиж явсансан. Ээж нь бас ч гэж эндхийн улсын занг гадарладаг байждээ. Арга ч үгүй биздээ. Ганц ханилсан хань нь эндэхийн амьдралаар ихэнхи насаа өнгөрөөсөн болохоор үзэж харахаа байг гэхэд сонсож дуулсан юм байсан л байх.
Мөн энд ирсэний дарааханаас Хандаагаас захиа ирдэг байлаа. Даана ч энд захиа ч бүрэн бүтнээрээ ирэх эрхгүй газар. Шалгах нэрийдлээр хэзээний задарчихсан, хэн нэг нь уншчихсан байх. Сугар тухайн үедээ энэ орчиндоо дасах гэж будилж явсан үед юун захиа занаадаа манатай явсан биз. Тэгээд энд орсон хүн цаагуураа битүүдээ наранд байгаа хэн нэгэнд юмуу эсвэл юунд ч юм тунирхан гоморхдог нь зан. Ялангуа Сугар шиг хийгээгүй хэргийн төлөө ирсэн хүнд бол бүр хэцүү. Түүнийгээ хэн хүнд хэлэхэд итгэхгүй, шүүх хүртэл итгээгүй. Гэтэл Хандаагийн захиаг уншихад мөн л тийм өөрт нь итгээгүйгээр барахгүй өмгөөлж өмөөрсөн аяс харагдахгүй байгаад дотроо гомдох шиг. “Чамайг ийм юманд холбогдоно гэж санасангүй. Гэхдээ яахав эр хүн долоо дордож найм сэхдэг гэдэг. Биеэ бодоод бас ээжийгээ бодоод гараад ирээрэй” гэсэн ерөнхий утгатай захиа цаанаа нэг сэтгэлгүй мэт санагдаад болох биш. Мэдээж Сугар цэрэгт явсан байсан бол ийм захиа ирэхгүй харин хайрлан дурлаж, хүсэн хүлээсэн аястай байх байсан биз гэж бодогдоод тэрэндээ бүр итгэж байлаа. Тэгээд түүний хариуд “Би нэгэнт ийм замаар орсон өнгөрсөн хүн. Чухам яагаад орсоныг хэн ч ойлгохгүй, чи ч ойлгохгүй, болсон бүхэнд минь хэн ч итгэхгүй. Тэр ч байтугай миний ээж ч ойлгосон, итгэсэн гэж би бодохгүй байна. Чиний амьдрал гэгээн саруул, итгэл мөрөөдлөөр дүүрэн байгаа тул тэр дундаа намайг оруулж хараар будаад хэрэггүй биз” гэсэн өнгө аястай захиа бичээд явуулчихаж билээ. Энэ захиа тэр муу охиныг хэрхэн мохоож байгааг Сугар ер төсөөлсөнгүй. Түүнээс хойш Хандаагаас хоёр ч захиа ирэхэд Сугар хариу бичсэнгүй. Сугарын ийм алхам хийхэд бодвол залуу улсын хоорондын зай, санаа сэтгэл, хийгээд юмыг ухаарах ухааны бяд, цөхрөл гуниг нөлөөлсөн байж таарна.
Ээждээ хурдхан очиж санаа сэтгэлийг нь амрааж, алдаж оносон ч гэсэн Хандаадаа сэтгэл зүрхээ нээж, нүүр нүүрээ харалцан ярилцвал намайг ойлгох байгаа гэсэн бага боловч итгэл найдвар гялалзаж байсан нь ингээд талаар өнгөрлөө. Одоо дахиад хэзээ энэ итгэл найдвар эргэж ирэх юм бүү мэд.
Сугарын “За тэгвэл муусайн хулгайч нартай өөрөөр харьцандаа. Та нарт чаддаг юм байхад надад ч бас чаддаг юм бий л байх” гэж дотроо занаж зүхэхийн хор суулгаж байгааг Шийрэв гадарлаж байлаа. Хэрвээ эр хүн нэг тэгээд ирэхээрээ ирээдүйгээ харахдаа харалган болдгийг Шийрэв андахгүй. Гэхдээ Шийрэвийн дотор нэг санаа бий. Тэр нь юу вэ гэхээр Дэмбэрэл хурандаагийн хэлснээр тэдний засан хүмүүжүүлэх анги хар үнэгний аж ахуйтай ойр дотно ажиллах болжээ. Тус аж ахуй дээр очиж хар үнэгний хоол бэлдэхээс авхуулаад хашаа хороогий нь аялуулах гээд хорих ангиас гадуур ажиллах ажил гарсан явдал юм.
Шийрэв яаж ийж байгаад түүнд л шургалан орох, орохдоо Сугартай хамт явж ажиллах санааг дотроо өвөрлөн яваа. Нэг удаа Дэмбэрэлтэй уулзахдаа үг хавчуулж
- Уг нь бол энд ёстой яльтай яльгүй хэргээр орчихсон ирээдүй нь өмнөө байгаа залуус мөн олон байх юмаа. Даана ч энэ орчин нөхцөл байдал тэдгээр залуусыг бүр эвдчих юмдаа гэхэд
- Тэр нь ч тийм. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд тэднийг ялгаж салгад байх бололцоо ч алга, тийм их хөрөнгө мөнгө ч гэж юу байхав. Хий дэмий л харамсах юм даа. Хэрвээ болж өгвөл ганц нэг ч гэсэн залуусыг ирээдүйн зөв замд нь гишгүүлчих юмсан гэж тамхиа уушиглах зуураа ярина. Тэгтэл Шийрэв
- Дээрийн яриад байсан хар үнэгний аж ахуйн талаар . . . гэж үгээ тасалтал
- Өө тийм. Дээд газраас удахгүй шийд ирнэ гэсэн. Би чамайг тийш нь гаргадаг юмуу санаатай байгаа. Тэгвэл чи нэг гайгүйхэн шиг байж байгаад суллагддаг арга юу байна. Гэхдээ ажил унагааж болохгүй шүү
- Хэдэн хүн гарах юм бол? Би нэг залууг аваад явчихмаар байх юм. Уг хүн нь их сайн хүү
- Хэн тэр вэ?
- Донровын Сугар
- Хн! тэр чинь засрах нь байтугай сая ялаа нэмүүлээ биз дээ. Чи ер нь юу л яриад байна даа гэхэд Шийрэв
- Тэр ч яг үнэндээ наадуулын л хийдэл. Бид хоёрыг ойрхон байгаад байдаг болохоор намайг эмнэлэгт хэвтүүлж байгаад тэр хооронд л тэсвэрийг нь барсан шиг байгаа юм.
Нэг иймэрхүү яриа өрнөөд сар болоогүй байтал тухайн аж ахуйруу нэг ахлагчаар ахлуулсан хэдэн хүмүүжигч явлаа. Тэдний дотор Шийрэв Сугар цаана нь бас хэдэн хоригдол яваа. Тэд эхлээд аж ахуй дээр хар үнэгний хашаа байр савыг янзлах ажил хийж байснаа дараа нь хар үнэгний хоол бэлтгэх газар ажиллахаар болов.
Цантын бааз гэх нэртэй энэ газар нь бор бор намхан толгодтой талын дунд орших төмөр замын нэгэн зөрлөг. Энд хойш нь орос руу махны хэрэгцээнд явуулах адууг ялгаж амьдаар нь ачааны вагонд ачдаг газар л даа. Нутгийн хүмүүсийн хэллэгээр адуу малийндах газар. Адуугаа хашаад цааш нь нэг нэгээр явахаас өөр аргагүй болгон нарийсгасан байх бөгөөд түүгээр орсон адууг эмч болов уу гэмээр цагаан халаадтай орос хүмүүс үзээд тэнцэхийгээ шууд вагонд ачих зориулалтаар тоногложээ. Харин тэнцэхгүйгээ хэд хэд ангилан ялгаж, заримыг нь хэд хоногийн дараа оруулах, бүр нэг тэнцэхгүй хазгар доголон, туранхай адууг тэндээс холгүй газар адгуулж байгаад нядалгаанд оруулж хар үнэгний хоол болгон явуулна.
Энд ёстой л газар газрын адуу цугларна. Адууг дагаад Цантын баазын хавиар хэд гурван морь хөтөлсөн, зарим бүр хэсэг бусаг адуу туусан дэл сул малын наймаачид хөлхөлдөнө. Яагаад гэвэл газар газраас туугдан ирсэн энэ олон адуун дотор хурдтай иртэй, хатираа жороотой, сайн муу адуу алийг тэр гэхэв. Тэднийг нааш цааш нь болгох сонирхолтой эрс зөндөө. Үндсэндээ бол адуу тойрсон эрчүүдийн цуглардаг газар гэхүү дээ. Баазыг тойроод энд тэнд адуу тууж ирсэн агтчидын майханаас гадна явуулын улсын оромж ч байх нь элбэг. Тэдний дунд ганц пөөнийсөн бор гэр байх нь хоригдлуудын гэр. Хэдийгээр хоригдлын нэртэй боловч энэ нутгийнхан, өртөөнийхөн, тууварчид, явуулынхан тэднийг хоригдол энээ тэрээ гээд жийрхээд байх нь үгүй. Тэд энгийн ардын амьдралаар л амьдрана.
Энэ тав зургаан хүний нэг нь хуяг нь боловч чухам хэн нь юм үл ялгагдана. Тэд бүгд алаг хувцасаа сольж, үс тавьчихсан тул бусдад сэтгэлийн сэв, нүдний зэврээ байхгүй. Өнгөц харсан хүнд тэндхийн ажилчид л гэсэн үг.
Энд манай Сугарын хувьд ганц нар нь гарсан газар байлаа. Угаас адуу маланд дуртай, түүндээ ч эрэмгий хүн дээр нь гурван жил шахуу мод хийчихсэн бие хаа тэгшрээд хэрийн адуу түүнд унага даага шиг болсон үе. Тэр энд байхдаа өөрийгөө чухам ямар газар ирсэн хэн гэдгээ мартчихна. Нарснаас гараад наранд байгаа мэт л байх ажээ. Өлсөж цангах юм түүнд алга. Элдвийн дарамт шахалт, хулганасан, гилбэгнэсэн, гялтгасан нүд энд ерөөс үгүй.
- Энд нэг сайхан залуу байнаа. Адуунд ер муугүй ээ
- Аа тийм. Тэр хэцүү нэртийнхний л нэг бололтой. Яаж яваад орчихсон юм бол доо зайлуул
- Залуу хүн алдаа л биз. Залуу явахад алдахыг алийг тэр гэхэв
- Нуруундаа салхинаас бусдыг хүргээгүй хэдэн адсага байгаа юмсан. Энэ хүүгээр тэднийг баахан ноолуулахсан гэх мэтийн яриа баазын орчмоор майханаас майхан дамжин яригдах болов.
Яалт ч байхгүй гологдон үлдсэн адууг хэд өнжөөд нядалгаанд оруулна. Аж ахуйгаас цуваа дугуйтай гучин нэг гэдэг хуучивтар машин хар үнэгний хоол авахаар хэд өнжөөд нэг ирнэ. Түүний жолооч Цэнджав гэж буржгар толгойтой өндөр ёхигор хар хүн байх. Хээ шаа гэж үгүй олон хүүхэдтэй жирийн л нэгэн жолооч.
Тэрээр хоригдлуудын гэрт хэзээ язааны гэртээ ирсэн мэт адууны мах чануулж идсэн шиг тухалж авна. Заримдаа хэд хоног өнжих нь ч бий. Тэгэхдээ эндхийн майхнуудаар тойрч адуу мал сонирхон явах нь олонтоо. Заримдаа Шийрэвтэй нийлж тэргээ ухан хэдэн өдрөөр ч хамаагүй өнжинө.
Сугарт гоё ганган эмээл хазаар гэж юү байхав. Нэг муу цэрэг эмээлийн тасархай, ганц богинохон уурганы ёзоор тэгэсхийгээд болно. Гэхдээ тэрээр тэр хавийн айл хунар, тууварчдын майханаар хэсэж хүмүүсийн ойр зуурын ажилд тус дэм болохыг хичээнэ. Өөр хийх ч юм түүнд алга. Угаас тэр муудаа ч хүний гар харж байгаа юм шиг тэгж яваа юм биш. Өсөж торинсон, дасаж сурсан амьдралын орчин нь байсан тул нэгэн бодлын тэрээр жаргалтай байлаа. Түүнийг хаа нэг хүнгэнэтэл инээх дуу, баясгалантай царай сүүлийн үед харагдах болсонд Шийрэвт ч гэсэн сэтгэл өндөр. Сугар анх арван наймтай жаахан амьтан ирсэнээ бодвол одоо хорин нэг хоёр шүргэж байгаа хаанаас нь ч харсан сайхан залуу. Эм хүн байтугай эр хүн нүд алдаж бишрэмээр болчихсон үе. Гэхдээ үүнийгээ өөрөө сайн мэдэхгүй л дээ.
Мэргэжил нэг учир Шийрэв Цэнджавын машин тэрэгтэй нь ноцолдож суух нь бас нэг бодлын жаргал. Цэнджав жолооч хээгүй сайхан амьтан тул Шийрэвтэй ихэд шадарлах болов. Тэрээр нэг удаагийн ирэх ёстой ээлжиндээ ирсэнгүй тул ачих махны хэмжээ ч нилээн их боллоо. Тэгээд Цэнджав жолооч ахлагч хуягт
- За хө надад туслах хоёрын зэрэг хүн өгнө байгаа. Тэгэхгүй бол очоод буулгахад нуруу ууцны хуучтай би барахгүй байх гэхэд хэдийгээр хоригдолыг дураар явуулж болохгүй ч гэсэн туслахаас өөр аргагүйд итгэлтэйгээр
- Уг нь болохгүй. Гэхдээ яахав Шийрэвийг аваад явах уудаа. Бусад нь эндээ байж байг гэх нь бас ч гэж юм хариуцаж байгаа хүний үг. Тэгэхэд “хожим яагаа ч билээ” гэж санан Шийрэв
- Та л зөвшөөрч байгаа нь үнэн бол яахав гэж ам авснаар Цэнджав жолоочтой хөдөллөө.
- Манайх гэдэг айл эндээс холгүй дээ. Бараг замын голд хоёул манайхаар буугаад гарнаа. Би ч олон нялх нойтон хүүхэдтэй. Манай гэрийн хүн гэж хүүхдүүдтэйгээ нооролдоод тэднээсээ нэг их ялгагдахгүй шахам л болсон хүн бий. Харин би энэ мах зөөх болсоноор манайх гэж айл чинь халуун зунаар бууз хуушуур болсон л айл байдаг юм. Яах вээ дээ харсаар байтал та нар нүдэн дээр янзалж байгаа малын мах юм чинь тиймээ хө. Жаахан бараан л байдаг юм. Гэхдээ яахав хүүхдүүд хоолтой л байвал болох нь тэр гэж гэж ам хуурайгүй ярьж явлаа. Шийрэв
- Өөрөө ингэхэд ер аль нутгийн хүн бэ дээ?
- Өвөрхангай зүгийн хүн. Бүр Хужиртынх гэхэд учиргүй их гогцоорон буржийсан үсийг нь харж “Энэ толгойны буржгар энэ тэр нь бол тэр зүгийнх биш л баймаар. Ховдын Зэрэгийнхэн нь л нэг иймэрхүү байдагсан” гэж бодож явсан Шийрэв
- Танайхны тийшээ чинь одоо ийм сайхан буржгар хүн бас байнаа
- Ха ха энэ толгой юу, сайхнаа хат. Над шиг амьтанд дарааны л нэмэр. Манайхны бүр уг сурвалж нь бол баруун зүгийнх байж мэднэ. Би зүгээр дотроо таахдаа дээр үед их хааны үед баруунтайгаас дайчлагдаж ирсэн улс болов уу гэж санадаг. Яагаав дээ хэвтүүл мэвтүүл гээд л ярьдаг даа гэхчилэн үеийн хоёр элдвийг хуучлан газар хороосоор нэг их хөндийг уруудан орж ирэхэд тэртээ тэнд бараг замын хажууд шахам ганц гэр харагдсан нь тэднийх аж.
Цэнджавын авгай гэж бүдүүн шар авгай алив хүүхээд тэг ингэ гэж галынхаа аман дээрээс босолгүйгээр бүхнийг зохицулна. Цэнджав хүүхдүүдээ дуудан
- Хүүхдүүдээ гараарай. Тэргэн дээрээс харж байгаад шинэвтэрээс буулгаад сайхан хоол хий. Тэр тэвшний баруун урд руу нь өнөө өглөө гаргасан мах бий. Харваас андашгүй гэхэд хүүхдүүд гаран нэг хөлний цул мах оруулж дор нь хоол хийлээ. Тэднийхнийг харж “Ишш! манайхан гэж бас л ингээд ноолорсон хэдэн улс суугаа байхдаа. Муу хөгшин минь яаж шүү нэг юм болгож байдаг юм бол. Хэдэн хүүхэд маань хэр болцгоогоо бол. Одоо уг нь муу шар охин маань эхдээ нэмэр болохоор болсон л байх учиртай. Хүүхдүүдийн дуу чимээ сонсолгүй хэчнээн ч жил болчихов доо” гэж гэнэтхэн гэр орон үр хүүхдээ учиргүй ихээр санагалзан сэтгэл нь шархирна.
Бүрэн эхээрээ...
Хувь заяаны хэлхээ - 4
Нэг өдөр Сугар үхрээ бөөгнүүлэх санаатай тойрч нөгөө талд нь гаран морьноосоо бууж нүд дуран хоёр нийлүүлэн суутал бараан зүсмийн морьтой хоёр нөхөр нилээн ширүүхэн давхиж ирэв. Тэгсэнээ - За дүү хүү сайн л явна уу? гэх зуур үхрийг нь нилээн сайн ажиж байснаа бие биендээ
- Тэр тарлан гуна, тэр цаашаа хараад зогсож байгаа хүрэн хайнаг хоёрыг авчих гэж ирээд л хажуудаа хүн байна гэж бодсон шинжгүй хэзээ язааны эзэн нь юм шиг ярилцав. Тэгтэл Сугар
- Ах нар юу л яриад байна даа. Наадах чинь цаанаа данс тооцоотой мал. Хэн гэдэг ямар дарга та нарыг ав гэсэн юм бол? Надад л юм мэдэгдээгүй юмсан гэхэд нөгөө хоёр бие биенрүүгээ харж түүнийг шоолсон янзтай хүйтнээр инээж
- За энэ чинь ямар гээчийн хулгар гараад ирэх нь энэ вэ? Бид эзэн нь болоод юмаа авах гэж байна. Өчигдөр танайх байсан өнөөдөр манайх болсон гэхэд Сугар хоёрын хоёр том хүнээс жаахан жийрхэж байсан ч гэсэн
- Эзэн нь гэсэн бичиг сэлтээ гаргаад ирээ. Тэрнээс нааш та нар нэг ч үхэр авна гэж ярилтгүй шүү гэж нилээд ширүүхэн хэлтэл нөгөө хоёр халамцуухан аагиндаа омогшин байгаа бололтой
- Юу юу гэнээ энэ хүүхэд чинь. Яасан олон таван үгтэй баньд вэ? Цаад муу ногоон чинь бидэнд алдчихаад бид авлагаа авах гэж явна. Чи зүгээр гай бололгүйхэн шиг байвал чамд л дээр байх шүү гэхэд
- Тэр хүн юугаа хэндээ алдах нь надад юуны хамаа байхав. Би л энэ хэдэн үхрээс алдахгүй байвал боллоо. Та хоёрыг өнөөдөр эндээс үхэр аваад явчихна гэж бодохгүй л байна шүү гээд босоод ирэв. Тэр хоёр Сугарыг том биетэйг нь сууж байхад нь харж байсан боловч босоод ирэхээрээ ийм том гэж санаагүй тул дор дороо түр саатав. Тэгтэл Сугар
- Ямар ч байсан энэ мал улсын данстай мал. Бид биш юмаа гэхэд биднээс цаана мэдэх учиртай улс бий л байх. Харин одоохондоо би та хоёрт өгчихнө гэж бодохгүй байна гэх нь “яахав үзээд дийлдэг юм бол ав” гэсэн янзтай нүд нь эргэлдэн угаас улаан нүүр нь хүрэнтэхэд нөгөө хоёр байдал бишдэснийг ойлгон
- За муу ногооныг дээ. Чи муу ингэж гэзэг орооно гэнээ гэж Дарьзавыг занасаар мордон давхилдав. Үнэндээ бол буруу юм хийж яваа болохоор хүчилж чадаагүйн дээр Сугар хүүгээс жийрхсэн байлаа.
Үзүүр нь шарласан хөх цахилдагтай хөндийг хөндлөн гэтэлсэн мухиралдаж тахиралдах бүүдгэр шар зам даган ганц морьтой хүн тархи толгойгоо барилан гэлдрэн явна. Унаж яваа морь нь намрын сайхан цагийн адуу ч гэсэн эзнийхээ сайнд хэд хоног уяатай хоносон тул гэдэс нилээн татсан харагдана. Хэд хоног даалуу нүдэж хамаг байдгаа мөрийндөө хоёр үхэр алдаад, бэлчээр дээрээс нь ав гэж тооцоог бэлчээрээр нь хийчихдэг том амьтан болж нутгийн залууст ам гарсан нь Сугараас болж очих ёстой эзэндээ очсонгүй. Харин бүр байчихаад нөгөө хоёр залуугийн гарын шүүс болоод балардгийн даваан дээр айлын авгай хүүхдийн орилоон чарлаанаар арайхийж салаад бараг л уйлан алдан ам өчигөө өгчихөөд явж байгаа нь энэ. Өчигдөрийн уусанд архинд уу эсвэл саяын ганц хоёр ёрволтонд уу алин болох нь мэдэгдэхгүй тархи нь үе үе ангалзан, толгойгоо базлан явна. Сугарыг анх ирэхэд зарах хүнтэй болсондоо баярлаж байсан бол одоо түүнд Сугар гэж газрын гай, гар хөлийн тушаа гараад ирсэн мэт санагдана. Тэрээр энэ болсон явдалд Сугарыг буруутган яваа. Буруутгах ч бүр багадана. Тиймээс түүнд хорсож өш өвөрлөж, энэ зодуулж жанчуулсан хариугаа авах нь авна. Гэхдээ хэнээс хэрхэн яаж гэдгээ бодон гэлдрэнэ. Тэрээр хариугаа энэ нутгийн залуусаас биш өөрийн нутгийн дүүгээс авахаар тооцох нь энэ хүний чухам хэн болох нь харагдана.
Сугарыг ирээгүй байхад амар байж. Мишиг бол яахав хааяа нэг эмгэн шиг үглэхээс цаашгүй. Өөрийн гэсэн бодол байхгүй хүний ам яаж ангайна түүгээр л болно.Тэгж явахыг нь Дарьзав аль цагийн хийчихсэн хэрэг.
Мишиг Дарьзав хоёр отор тууварт сүүлийн хэдэн жил цугтаа гал болон яваа хоёр. Олон хүүхэдтэй, мал хуй тааруухантай Мишигийг үгнээс зөрж, гараас гаргахгүй болгосон гол шалтгаан нь ердөө л идэш хоолны хэдэн үхрийн наана цаадах ялгаа. Намар идэх ганц нэг бярууг нь нас бие гүйцсэн шар болгоод өгчихөөр дургүй хэн байхав дээ. Дуртайгаас гадна дуу нь цаашаа орчихдог нь жам. Мал мах тушаагаад жаал юмны зөрүү гарахаар нь авгай хүүхдүүдэд нь ганц нэг дээлийн өнгө илүүчилнэ. Тэгэхээр муу Мишиг байтугай тэднийхэн тэр чигээрээ ам нь хамхигдана. Тэгээд л Мишиг түүний үгнээс гарах нь битгий хэл юу ч хийж байсан нүдэн балай чихэн дүлий болчихсон хэрэг. Түүнд санаа зовох юмгүй.
Тэрээр цааш нь морио ч давиралгүйгээр бодолдоо дарагдан гэлдрэнэ. “Харин энэ муу нусгайг яах вэ? Эцэг нь Сахал Донров гэж эрийн хуйх байхын хувьд ч байсан. Би хүртэл цагтаа жийрхэж л явлаа. Хүүгий нь нааш явуулах сургаар гар хөлийн үзүүрт хэл үггүй зарагдах эргүү цагаан ирэх нь гэж бодсон чинь үгүй бололтой. Мишиг шиг ардаа гачлаагүй нь хэцүү юм даа. Яавал энэ цодгор хүүгийн цоровгор амыг цоровдож дарах вэ. Дээр бас л таньж мэдэхгүй эм тамгатай мал манайд нийлсэн байна гээд л Мишигт хэлээд байгаа сонсогдсон. Түүнээс болж надтай ч сөрөөд авна лээ. Бариад авбал барилцаад авах шинжтэй байдаг шүү. Шинжтэй ч юу байхав дээ. Эртээр бүр баллуулахаа шахсан. Яагаад ч гарыг тавиулж дийлэхгүй байдаг шүү. Ядаж байхад нус мус сугараад. Худлаа тасарсан болж л нэг юм аргалсан болсон. Биеэр бол ч би түүнийг барахгүй нь тодорхой. Муу ч үгүй өнгөрсөн наадмаар сумын начин болчихсон хүн” гэж бодсоноо бодолтойгоо зөрчилдөж “за тэр сумын начин ч яамай хэвтэнээ. Юун төлөө чамаас хэдэн оймс илүү элээсэн билээ санаа гэж нэг юм бий дээ хө” гэж бодож явтал тээр нэгэн зун Сахал Донровын хэлсэн нэг аархал санаанд бууж хөмхийгөө зууна.
Тэгэхэд Дарьзав дөнгөж цэргээс ирсэнийхээ дараахан нутаг нугаараа нугалаа нь арилаагүй шинэхэн дээлтэй амнаас нь архи, арми хоёр салаагүй амьтан давхиж яваад нөгөө айхтар Сахал Донров гээчтэй нэгэн айлд даалуу нүдэж суухад нь таарчихсан гэж байгаа. Цэргээс халагдсан хэрэндээ том амьтан байсан ч луугарууд нэг л тоож өгөхгүй оргиод байхад нь өөрийг дагаж явсан хэдэн нөхдөөсөө ичсэн үү эсвэл асман зан нь хөдөлсөн үү
- Ах хүү нар арав таван юманд л үзэж байгаа байлгүй. Аавын жаахан буян байгаа юмсан архинд баахан халсан дээр авчихгүй л биз дээ та нар гэж амаа олохгүй бурахад Донров түүний наана суугаа хүний мөрөн дээгүүр өнгийн баруун баганы дээх нь суугаа Дарьзаыг харсанаа
- Энэ чинь харин цэргээс ирсэн хүүхэд шиг дуугарч байх чинь ээ гэж догиож байгаа, доромжилж байгаа алин болох нь мэдэгдэхгүй хэлэхэд бусад нь мар мар хийлдэн инээлдэв. Тэгсэнээ Сахал Донров
- За хүү минь чи замаараа, би замаараа. Чи бид хоёрын тоглодог гэж юү байхав. Чамайг харахад чи бол одоохондоо ахтайгаа тоглох арай болоогүй байна за. Чи бол харваас нүд нь гүйлэгнэж, тулга тойрсон, бөгсөө ч олигтойхон арчиж чадахааргүй амьтан байж таараа. Бариад авахаар баас чацага болчихдог чам шиг юмнууд нарсаар дүүрэн л байгаа байх шүү. Айлын авгай хормойдож чадвал чадаад эс чадвал аяга айраг амруугаа эвтэйхэн хийчихээд явбал барав. Ер нь ч ах нар нь үүгээр жаахан зав муутайхан байна. Дүү хүүхдүүд замаа харж, чигээ барьж явсан нь дээр байх гээд яриа дууссаны тэмдэг болгож тоглоомруугаа анхаарлаа хандуулан
- Хульхин дээр цэцэг ургуулж
Хулгайчтай загас наадуулсан
Хаашаа янзын чавганц
Хайгаад олддоггүй хуньд вэ алив нааш нь аваад ир гэж хашгиран бандан алгадах нь тун ч сүртэй. Энэ зэргийн хүүхдүүдийг амаар хаазлаад гарахаа мэдэх эрэмбэ тэр хүнд байсан л байх л даа. Тэгэхэд хэлэх үгээ олж ядсан хэдэн хүүхэд ингэсгээд өнгөрсөн нь их юм гэсэн аятай л нудралцан байж гарсансан. Дарьзав гарч ирээд завьжаараа шүлсээ хаян
- Муусайн хөгшин төгцөгнүүд хэмээн уурлан уухчин зогсох нэн зохимж муутай. Гэтэл ард нь тэднийг шоолсон бололтой гэр дүүрэн паржигналдан инээлдэх сонсогдож билээ. Түүнээс хойш тэр Сахал Донров гэдэг хүнтэй дахиж таараагүй. Тэр хүнд сайн сайхан чанар байсан бол Дарьзав л лав мэдээгүй юм. Одоо Дарьзав тэр нэгэн учралыг дурсан санаж, тэрүүхэн жаахан эгдүүцлээ энэ хорь хүрээгүй хүүхдээрээ шахам байгаа залуутай ямар нэгэн байдлаар холбож өш болгон бодох ажээ.
Тууж яваа үхрээ мал маханд өгөх, тэрхэн үеийн бужигнаан дунд л урд хойно нь оруулж зун намаржин хэдэн үхэр дагаж, хээрээр гэр хийж, хэцээр дэр хийсний ашгийг гаргадаг ухаантай. Гэтэл Сугар гэж учир мэдэхгүй улаан зээрд юм урдуур хойгуур нь ороолдоод хөлд тээглэх шинжтэй. Тэгэхээр ид ажил эхлэхээс өмнө л нэг тийш нь болгох хэрэгтэй. Өөрөө бол чадахгүй нь мэдээж. Чухам яаж хэнээр . . . “За энэ ч яахав учир нь олдоно биз. Харин учир нь олдтол Сугар хүүтэй уурлаж уцаарлаж хөндийрөх биш харин улам бүр наалдан саймширах хэрэгтэй” гэж бодож явсан түүний морь майхныхаа гадаа ирсэнийг нөгөө муу халтар жингэрийн шарвагналтаар л мэдэв. Түүний нүүр амны байж байгааг харсан Мишиг
- Наад нүүр амаа яачих нь энэ вэ? гэхэд
- Аа муусайн новшнуудтай алалцаад. Хоёр зэгийсэн юм үхрийн бэлчээр лүү давхиж яваа харагдсан миний дүүг шоглоогүй биз? гэж ихэд анхаарал тавьсан дүр үзүүлж асуухад “за чи л болоод одоо нэг их дүү мүү болчихож гэнэ” гэж болсон явдлыг Сугараас сонссон Мишиг
- Тэр зэргийн хоёр сүүтийсэн юм манай энийг яав л гэждээ гэхэд Дарьзав”Чи ч бас юүв дээ зүгээр” гэж бодох зуураа
- За за яагаа ч үгүй л бол болж. Ер нь мал хуйндаа мэдээтэй байхгүй бол болохгүй нь гэж зунжин санаагүйгээ санаж сүйд болов.
Намар оройхон үе үе хүйтэн бороо цутгаж зөвхөн тууварчид ч биш суурин айлууд хүртэл зутранги байдалтай байсан үесэн. Сугарын ээлжтэй нэг шөнө тэдний үхрээс нилээд хэдэн үхэр алга болчихлоо. Сугар маргаашнаас нь хайгаад олсонгүй. Үүндээ санаа зовон, сэтгэл түгшин байтал Дарьзав их л нийгүүлсэнгүй хандаж
- За яахав олдох биз. Олдохгүй байлаа гэхэд аргалж л таарна. Бүр болохгүй бол хэдэн малын л өртэй гарна биз. Харин чи битгий элдвийн буруу юм хийгээрэй гэж үл ойлгогдох юм ярих болов.
Мөндөрөөр шавхуурдсан хүйтэн бороотой бас нэг үдэш танихгүй эм тамгатай үхэр нийлчихсэн байхыг Сугар хараад Дарьзавт
- Энэ хэд манайхны үхэр бишээ гэтэл Дарьзав
- Аа мэдэхгүй борооноор л уруудаад нийлчихсэн юм байгаа биз. Ерөнхийд нь тусад нь харзнаж бай гээд давхиад явчихав. Гэтэл маргааш нь тэдний майханд тухайн орон нутгийн сэргийлэхийн хэлтэсийн ахлах дэслэгч, нөгөө нутгийн хоёр залуутай ороод ирэх нь тэр. Сугар шөнөжин бороонд нүдүүлээд өдөр нь нүдний хор гарган унтаж байсан тул мэдсэнгүй.
- Сугар гэж та юу? сэргийлэгчийг асуухад гайхаж хөшсөн Мишиг
- Үгүй ээ би биш энэ хүү гэтэл сэргийлэгч Сугарын хөлрүү өшиглөж сэрээгээд
- Алив та бос. Бидэнтэй хамт явнаа. Чоно борооноор гэгчээр яасан айхтар хулгайч вэ чи. Нутгийн улсын малыг хулгайлна гэнээ гэснээ
- Танайхны мал тэгээд энд байна уу? гэж тэр хоёроос асуутал
- Хагас хугас нь байх шиг л байна гэж өнөө хоёр жонгинов. Мишиг
- Энэ хүү ч авчраагүй л дээ. Шөнө борооноор . . .
- Бид мэдэж байна. Та их өмөөрөөд байх чинь хамтарсан юм биш биз. Хэлэх юм байгаа бол хэлэх газар нь хэлээрэй гэж сэргийлэгч түүнд сүртэй гэгч албархав. Мишиг ч сүнс гарчихав уу гэлтэй таг болж Сугар ч олон таван үг ч хэлж чадсангүй мэлэрч гайхсаар аймаг руу ачигдах нь тэр.
Сугар тууврын хэдэн малыг бужигнуулж гэнээ гэсэн цуу нутгаар нэг тарж, хөөрхий муу эх нь нус нулимстайгаа холилдсоор хотын ойролцоох аймаг руу явлаа. Ард нь
- За тэр эцэггүй хүүхдийн толгой томоо гэж мөн ч айхтар монш юм даа
- Эцэг нь гэж тийм юм байсан юм. Яахаараа ингэж үе удмаараа ийм заяанд төрдөг улс байнаа гэлцэж байхад арай тулхтай нэг нь
- Тэр хүү арай тэгээгүй баймаар юмаа. Хорь ч хүрээгүй нялхаараа амьтан шүү дээ.
- Харин тийм. Эцэг нь тийм л байгаа биз. Эцгийн явдал хүүд ямар хамаа байна.
- Эцэгтэйгээ хамт байж үзээгүй шахам амьтан гэлцэх нэгэн ч байж л байв.
Эх нь явсан юм учир нь олдох байгаа гэсэн боловч таних мэдэх хүн байхгүй хөөрхий эх яаж ч чадсангүй.
Ийнхүү Дарьзав тэр нутгийн залуустай үгсэн нийлж тухай аймгийн сэргийлэгчид ч идшийг нь дөхуулсэн байхаас сийхгүй. Муу Мишигийнхээ амыг өнгөрсөн хэдэн жилийн холион бантангаар таглаж, Сугарыг хөлөөсөө зайлуулж чадлаа. Уг нь тэр зүгээр л сум орон нутагтаа “энэ жаахан хүүхэд мал хуйнд тааруухан байна” гэдэг юмуу түүнийг буцаах арга олон байсан боловч нэгд Сугар өөрийнх нь хамаг муу муухайг мэдэх болсон, нөгөөтэйгүүр тэр нэгэн цагийн эцгийнх нь хэлсэн хэд гуравхан үгэнд хорсохдоо сэтгэлийн муйхар өсөөр хандан сарын дараа арван найм хүрэх хүүхдийг шоронгийн хаалга татуулах нь тэр.
Дарьзав мэдүүлэг өгөхдөө
- Сугарын ээлжин дээр үхэр алга болсон нь үнэн. Үүнийг хэн ч мэднэ. Өөрөө ч мэднэ. Харин ийм аргаар алдсан үхрээ олох гэж явна гэж бид яахан мэдэхэв. Нэг л хачин байгаад байхаар нь элдвийн юм битгий хийгээрэй гэж туувар ахалж байгаагийн хувьд хэлсэн л юмсан. Үг авдаггүй моньд юм. Уг нь гайгүй л хүүхэд шиг байсан мөн чиг айхтар санаатай хүүхэд юмдаа гэж мэдүүлсэнийг Дарьзаваас өөр хэн мэдэхэв дээ. Шүүх хурал дээр Сугар өөрийгөө өмгөөлөхдөө ч биш зүгээр л энэнд би буруу байхгүй гэсэн сэтгэлээр болсон явдлыг үнэнээр нь ярьсан боловч үгсэн нэгдсэн тэдний дунд ганцаардаад яаж ч чадаагүй юм. Хамгийн сайн мэдэх ёстой Мишиг хүртэл юу ч мэдэхээ байчихсан нь даана ч сонин. Шүүгч бүгд найрамдах уншиж, шунахайн сэдлээр хүний төчнөөн тооны мал хулгайлсан тул жирийн дэглэмтэй хорих ангид гурван жил хорих ял оноов гээд модон алхаараа тоншиход давхийн цочиж харагдав.
Тэрээр хий дэмий л хамгийн сүүлд машинд суухаасаа өмнө уйлж орилох ээждээ
- Ээжээ би яагаач үгүй шүү. Надад итгээрэй наадуул чинь намайг ингэчихлээ. Та биеэ бодож байгаарай гэж хэлж амжиж билээ. Энэ эх хувь заяаны хүйтэн салхинд хайрагдаж жиндэн ядарсан эх юм. Тэр уйлахаас өөрийг хийж чадсангүй.
Сүүлд нилээн тайвширсан хойноо Мишигийнд зориудаар нэг очиж буугаад түүний гөлөн гөлөн гэсэн аймхай хонин нүдийг хараад хүүгээ ийм юм хийгээгүй юм байна гэж итгэхдээ хүүдээ баярлах шиг болон олон таван үггүй тэднийхээс мордсон. Түүнд хүүгээ аав шигээ жинхэнэ буруу замаар яваа хүн болохвий гэж үнэн голоосоо гол нь горойж явсан нь жаахан онгойх шиг болж “за яахав гуравхан жил юм байна гайгүйхэн шиг гараад ирэх байгаа” гэж олон жилийн ялтай хүнийг хүлээж явсаны хувьд сэтгэлийн хатаар бодож үлдсэн юм. Нургайгийн хувьд хүүгийнх нь хувь заяа бүр цаашаа эргэчихээгүй юм байна гэсэн итгэл төрсөнд тэр баяртай яваа. Эх хүний сэтгэлээ гэж . . .
Энэ бүгдийгээ ярьсан Сугар бүтэн жил гаран сэтгэлдээ тээж явсан болгоноо ярьсандаа дотор нь жаахан тавирав уу гэлтэй нэг их санаа алдахыг харсан Шийрэв “ийм жааханаасаа гэхэд бас л их тэвчээр шүү” гэж санан бодлоо цааш нь үргэлжлүүлнэ.
“Олон жилтэй хулгарууд нээрээ Сахал Донров гэж сайн гар байсан гэж яриад байдаг шүү дээ. Ямар ч цоожтой сав түүнд онгорхой л гэдэгсэн. Чангад орлоо л гэдэг орой нь гараад явчихажээ л гэж сонсогддог байсан гэсэн. Тэгж гарч орсоор байгаад хүн алж хүрээ талаагүй хэрнээ дээд авчихсан сураг байдаг. Тэр хүн явж явж энэ хүүгийн аав болох нээ дээ. За гэхдээ эцгийнх нь тухай өөрт хэлээд юүхэв. Хүүхэд эвдрэхдээ амархан. Яаж ийж байгаад л эвдрүүлчихгүй байж байгаад гаргачих юмсан” хэмээн бодох нь улам ихсэв. Тэрээр өөрийн насны аагаар л аливаад хаширлан хандахын зэрэгцээ залуучуудыг өөрийнхөө хэдэн хүүхэдтэй адилтган хар ертөнцөөс харамлах ажээ.
Нэгэн өдөр уулнаас буусан тэдний гал оройн тооны дараа бүгд хуарандаа байж. Нааран дээрээ дээшээ харж, гараа салаавчлан дагзандаа аван хэвтсэн Сугар санаандгүй
- Одоо ч гарах дөхөж байна даа. Хурдхан шиг л нутагтаа очих юмсан гэхэд нөгөө талын эгнээ наарнаас
- Эндээс гарах ч тийм санаан зоргын эд биш байхаа гэтэл гэнэт гэдэн нь хөдөлсөн Сугар
- Гарахгүй тэгээд яадгийн болж байна гэж нилээн ширүүхэн дуугарсан нь өөрийнх нь хүслийг тасалсан тэр дуунд зэвүүцэн бухимдсаных. Нөгөө талаар Сугар энд ирээд бараг гурван жил болох гэж байлаа. Ял гэдэг хугацаатай тул өдөр хоногоор хорогдож байсан үе. Тэрэндээ ч жаахан эрдсэн байж болох.
Угаас энэ нарсанд чөтгөр шиг санаатай нэгэн бас л байх л даа. Зарим нэг нь гарах гэж баярлаж байхад зарим нэг нь яавал түүнийг гаргахгүй байхав гэж бодол болон байх жишээтэй. Зарим нь бүүр гарсан нэгнийгээ засаг цагаан хэмээх хоолныхоо цагаан тавгаар даллан дуудах үйлдэл хийх нь чухам юутай ч зүйрлэмээр юм дээ. Гэтэл тэр нэгэн орой Сугарын хэлсэн үг хэн нэгэнд таалагдаагүй бололтой. Гарах дөхсөн хүн улам бүр дуугай болж, элдэв юманд орооцолдохгүй байхыг хичээдэг ажээ. Яг ийм үед Шийрэв Сугарт анхааруулан сануулж хараагаа салгахгүй байхыг хичээх болов.
Үргэлжлэл бий . . .
Бүрэн эхээрээ...
Хувь заяаны хэлхээ - 3
Хандаагийн аймаг руу сургуульд явах хугацаа дөхсөөр. Өдөр ирэх тусам улам бүр
ижилдэн дасаж буй хоёрын цаагуураа хэн хэнийх нь гол дээр нэг юм тээглэн горойх шиг эсвэл бүр нэг юманд гогдуулаад татуулчихсан мэт дуугаа хураана. Ялангуяа залуу омголон насны гэнэн цайлган мөн тэр хэрээрээ ариун тунгалаг хайр гэдэг юутай үнэнч. Хугацаатай юмны хугацаа нэгэнт болж маргааш явна гэдгийнхээ урд орой нь сүүлийн саамаа авч гүүгээ тавьчихаад хувинтай саамаа дамжлан гэрийнхээ үүдэнд ирсэн Хандаа
- Би өнөө орой тэргэн дээрээ унтана шүү гэчихээд гүйгээд орчихов. Энэ бол хүний орчлонд хөл тавьж хамгийн нандин хайрынхаа өмнө хагарч унасан зүрх байсым.
Сугар сарны гэрэлд сүүтэгнэсээр ирэхэд Хандаа бүхлээрээ хэвтэж байснаа өндийн хоёул гол уруудан алхлав. Хамгийн сүүлчийн шөнө ч юм шиг хачин их гуниг төрөвч хайр гэдэг юунаас ч хүчтэй тул хос залуусын зүрх нэгдээд нийлчихсэн мэт цээжиндээ багтаж ядан сандчин цовхчино. Харсаар байтал сар хүртэл учиргүй хурдан нүүж байх шиг. Хаа байгаа газар нь аргамжихсан тэр сарыг. Хачин их хайранд чинь шингэж ороод, халуухан зүрхтэй чинь зэрэгцэн сууж нэг үзэхсэн. Хамаг бүхнээн чамдаан зориулж, хамгийн холын одыг ч гэсэн айлгүйтэж нэг ичээхсэн.
Гар гараа атгалцан, бие биеэ тэврэн янагшсан хоёр тойрсоор яваад нэг мэдэхэд тэргэн дээрээ ирлээ. Сугар одоо л нэг эр хүн шиг
- Чи маргааш явах юм чинь газар хол ядрах байлгүй эртхэн хэвтэх үү? гэтэл Хандаа ичингүйрэх хэдий ч энэ шөнийг алдахыг хүссэнгүй. Аядууханаар
- Чи тэргээ зас гэж шивэгнэж чадлаа. Гэтэл Сугар нэг юм санасан аятай
- Хоёулаа ерөөсөө дэвсгэр хучлагаа аваад нөгөө модныхоо дор очъё гэхэд
- Тэгье гэж сулхан дуугарлаа . . .
Тиймээ энэ мод л энэ хоёрын нууцыг хадгалж чадна.
Сул асгасан гил хар гэзгэн дээр сарны цагаан туяа ойж бууна. Хандаагийн халуун амьсгаа Сугарын цээжрүү халууханаар үлээж, хагас анисан нүд нь ичих эрхлэхийн завсар сүүмийж, энхэр янагхан дуугаар гиншин гийнаж, дуу алданхан байлаа. Харин Сугарын хувьд халуун бүлээн нойтонд хамаг биеэрээ уусчих шиг санагдаж, тэртээ холын холд ч юмуу эсвэл тэрүүхэн тэнд ч юмуу нэг л сайхан газар хүрчих гээд явтал хамаг биеэрээ хайлаад урсчих шиг болсон агаад тэр сайхан мэдрэмжийг дахин дахин амтлахыг хүсэн зүрх нь цээжиндээ багтаж ядан дэлсэн хэвтэнэ. Тэд хоёул нэгдэн нэгэн бие болж хорвоо ертөнцөөс тасран явсаар эргэж ирсэн мэт. Энэ буурал хорвоод бусдаар заалгадаггүй ганц юм энэ болой.
Тэртээ дээр саран “ийм залуусыг бишгүй дээ л нэг харсандаа” гэх шиг хээвнэгхэн, хэнэггүйхэн мэлтийх авч үнэндээ бас ч гэж атаархан буй мэт. Хандаа Сугарын бахим буглагыг үнсэнгээ
- Чи намайг мартах уу? гэж эрхлэнгүй асуухад
- Үгүй. Харин чи л тэр суурин газрынхаа гоёмсог харчуултайгаа нийлээд хөдөө хээрийн намайг мартах байхаа даа. Тэгээд ч ирэх зун чамайг ирэхэд би цэрэгт явчихсан байна биз
- Яалаа гэждээ Улаан хүү минь. Одоо надад чамаас өөр хэн ч хэрэггүй. Би чамайг холын хол явсан ч хүлээж л байх болно. Цэргийн гурван жил гэдэг юүхэн байхав дээ. Сургууль соёл гээд л гүйж явахад өнгөрчихнө гээд могжгор богинохон хуруугаараа түүний суганд хийж
- Гижиг гижиг гэж шивэгнэн гижигдэх ая үзүүлэхэд Сугар тоох ч шинж алга
- Чи хамаг гижгээ яачихсан юм бэ?
- Хэдэн адуунд өгчихсөн
- Ямар гээчийн адуу авчихсан юм бол?
- Хандаа гэдэг хангал байдсанд өгчихсөн
- Өө чи юу гэнээ хүнийг байдас болгоод байхдаа яадгийн гэж хонх мэт инээх гэснээ амаа дарж цээжинд нь нүүрээ наан нялхамсан хэвтэхэд Сугар хоёр том гар түүнийг хумин авав . . .
Хандааг явсаны дараа Харганатын хөндийд хачин гунигтай намар болов. Жил жил болдог л намар байсан байх. Харин Сугарт энэ намар л ийм уйтгартай мэт санагдсан байж ч болох юм. Тэрээр өдөр болгон шахуу л модныхоо доор ирж сууна.
Өвс шарлаж, навчис унах, шувууд ганганан буцах юутай уйтай. Урд нь жаргал цэнгэлийн талбар мэт байсан гүүн зэл одоо ялаа дүнгэнэхээс өөр чимээ бараг алга. Ээжийнх нь тохойд санжигнах саалийн хувин хүртэл ижилсэж дасаагүй мэт өрөвдөлтэй. Хачин цэнгэг Харганын гол урсахаа мартчихсан юм шиг гөлгөр. Учрал хайрын билэг тэмдэг болсон ганц мод нь уйтгарлан урвайж, уйлж байгаа юмуу даа гэмээр салхин аясаар ганц нэг навчисаа унагах нь хичнээн уйтай.
Хэдийгээр уул хад шиг том эр болсон ч хайр дурлал гэдэг хамгийн нандин цэг дээр учиг ороож орхидог юм болов уу.
Нар туниж, бодол гуниад байж суух газраа олж ядан байсан яг энэ үед бригадын дарга Норолхоо гэж шавалзсан хөдөлгөөнтэй шар хүн хуучин мотоцикьлоороо давхин ирж, мэнд ус мэдэв үү үгүй юү хул айраг нэг амьсгаагаар хөнтрөөд Нургайд
- За хө танай хүүд энэ жил мал өгөх тушаалтайдаа хө
- Ишш! энэ муу нялх амьтан нэгдлийн мал яаж барахав дээ
- За яршиг. Сумын начин хүн байж мал авахгүй яадаг юм. Мал малдаа адуу авна гэхэд ээж нь
- Энэ жилдээ надтай . . . гээд түгдчихэд
- Сум нэгдлийн даргын тушаалаа гээд
- Харин адуу авахаасаа өмнө олон таван үггүй өнөө маргаашгүй Мишиг, Дарьзав хоёрт туслахаар тууврын араас явна. Тэдэнд сэлгээний хүн хэрэгтэй байна. Дан морьтой гараад явахад хоёр хоногтоо гүйцэж таарна. Намар орой бараг өвлийн эхэн сар болчих болов уу тэр үед мал махаа тушаачихаад ирээд адуу авч оторт явж таарах байх. Тэгээд ирэх хавар хүү чинь нас бие нь гүйцэж цэрэгт явах юм байгаа биз гээд яриа дууссаныг мэдэгдэж хавтаст хүрэн цүнхээ сүртэй гэгч нь хааж дээрээс нь бас алгадаж байгаа харагдав.
Намрын шар салхи яндан хүүгүүлсэн нэгэн өдөр Сугар тууварчдын араас явахаар болж хөтөлгөө мориндоо хөнжил пүүгээ, ээжийнхээ бэлдэж өгсөн ааруул ээзгий бас бус хүнсний зүйлээ ачаалж бэлдлээ. Ээж нь чааваас сандчин хоёр гэрийн хооронд хормойгоо өшгөчин гүйнэ. Тэр зуураа ам нь чөлөө завгүй
- За миний хүүг ийм том ажилд томилно гэдэг чинь миний хүү том болж байгаа нь л энэ. Олны дунд даруулгатай, ухаантай, сортоотой явдгийм шүү. Цуг яваа улстайгаа эвтэй байгаарай. Наад Мишиг ч яахав хүний үгээр цөлхдүүхэн эр. Харин тэр Дарьзав одоо чухам ямар болсон бол. Залуухандаа бол жаахан давилагагүй дүү хүн байсан шүү. Гэхдээ гэм хийгээгүй хүнд муу битгий санаж байгаарай гээд л санаандаа орсон болгоноо хэрэндээ л хэрэг болгон захиж байлаа.
Дотроо болохоор “муу хүүг минь гэрт оруулах завгүй гар хөлийнхөө үзүүрт зараад хөх аргал шиг болгож орхих вий дээ муусайн золигнууд” гэж хүүгээн харамлан харамлан бодовч “бас ч гэж дарга нарын анхааралд өртөнө гэдэг хүний тоонд л орж байгаа хэрэг. За яахав олонтойгоо явахад болох байгаа миний хүү” гэж ийм хүүтэйдээ урамшина.
Сугарын хувьд харин ч тууварт явах болсон нь гэртээ гэюүрч хийх байхаа олон суухаас илүүтэй санагдана. Бригадын даргын хэлсэнээр бол тууварчид одоо л аймгийн хамгийн захын суманд яваа учир аятайхан шиг явбал маргааш оройдоо гүйцээд очих бололтой. Ийнхүү Сугар ээжээрээ сүүн цацал өргүүлсээр гарч гэрийнхээ баруун хойд овоон дээр гарч эргэн харлаа.
Гэрээс нь холгүй нөгөө ганц мод уйтгартайхан сүглийсээр. Бялзуухай өд сөд нь гүйцэхээр үүрээ орхин нисдэгийн адилаар түүний мөчир доор зунжин эрхлэлдсэн хоёр хүүхэд ажил амьдралын замаар хөөрхий модоо хөглийтөл орхин одоцгоов. Ээж нь гэрийнхээ гадаа бүртийн зогсоно. Энэ эх ямар нэгэн хүнээ хол явуулж хүлээж суух үйлтэй төрсөн үү гэмээр. Халуун залуу насныхаа хайр дурлалаар учирсан эр Донров нь мөн л хүлээхийн зовлонд хатааж, хүний хүүгийн алдаж онох тавиланд хөтлөгдөн алга болсон. Даана ч нэг эрийн сайхан явсан юм болов уу даа түүнээс өөрийг Нургай хараа ч үгүй, бодоо ч үгүй. Одоо тэгтэл түүнээс нь үлдсэн сэтгэлийн зул, амьдралын учиг болсон ганц хүү нь бие хаа эрүүл саруул өсгөлүүн төрсний балагаар гэхүү буянаар гэхүү өөрийнхөө насанд ахадсан ажилд томилогдон хөтөл даван одлоо. Гэрийнхээ гадна саравчлан зогссон Нургай
- Миний хүүг сайн сайхан нь түшиж явах болтугай гэж сүүгээ өргөөд хүүгээ харж зогссоноо
- Үгүй ээ тэр овоо доо миний хүү бас мориноосоо буугаад овоогоо нэг тойроод мордож байна. Би л хэлж өгөөгүй юмсан. Нас нь бага ч гэсэн эр хүн л болж байна даа гэж амандаа үглэнэ. Тэрээр хов хоосон оргих гэрлүүгээ орж чадахгүй л гэрийнхээ гадуур эргэлдсээр байлаа. Тэгж тэгж аргагүйн эрхэнд нэг санаа алдсанаа хүүгээ бас ч гэж хэрийн эр хийгээд байхааргүй тууварт явж байгаад эрэмшин гэрээдээ орж самарсан сүүнийхээ дор жаахан гал нэмлээ.
Хөдөө тал шар орхимжоо нөмөрч, үе үехэн сэр сэр салхи сэрчигнэн, шувууд хааяа нэг гунганалдан толгодыг даван гуниг дамнан одно.
Марзангийн энгэр хар бараанаар нүүгэлтэн цоохортоно. Энэ бол тууврын үхэр. Марзангийн баруун өвдөгний тэрүүхэн хонхорт нүдний нуух шиг гандаж цайрсан гурвалжин хэлбэрийн ганц майхан сүүмийнэ. Энэ бол тууварчдын майхан. Сугарыг майханд дөхөж иртэл хаанаасаа ч юм ирж нийлсэн халтар жингэр учиргүй саймширан хуцаж угтав. Нохойн дуунаар майхны амаар нэг хар толгой цухуйснаа юу ч юм нэг юм муухай орилсонд жингэр дуугаа намсган тэргэн доогуур орж том улаан хэлээ унжуулан аахилан хэвтэвч хоёр нойтон нүд нь Сугараас үл сална.
Сугар унаа морио тушчихаад, хөтөлгөө мориныхоо цулбуурыг хүзүүнд тооно тушчихаад майханд байдгаараа тонгойн оров.
- За мал тарган, сурэг тавтай сайхан намаржиж байна уу? Мишиг гуай гэж Сугарыг мэндлэхэд тэрхэн зуур зүүрмэглээд сэрсэн Мишиг нуухт нүдээ цийлэлзүүлэн нэг их эвшээсэнээ нэрээр нь дуудсанд учиргүй харж
- Сайхаан сайхан тарган тавтай л байна гээд
- Үгүй энэ чинь хэн бэ дээ? Нөгөө бүрлээчийн хүү мөн үү дээ?
- Мөөн тийм байна.
- Мөн өөр болжээ. Та нарыг ч одоо танихаа байх нь л дээ. Араас хүн явуулна гээд Дарьзав нэг юм хэлээд байсан чамайг явуулаа юу? гэх нь бас нэг ээлжний хүнтэй болж байгаа даа их л олзуурхаж байгаа бололтой.
Мишиг гэж гуч нилээн хол гарсан үг дуу цөөнтэй, хүний үгээр шахуу олон хүүхэдтэй ядмагдуухан эр. Яахав ингэж яваад намар оройхон өвлийн эхэн сар залгуулаад шахуу буухдаа овоо хэдэн цаастай буудгийг нь бодоод хэл үггүйхэн тууварт явчихдаг хүн.
- Дарьзав ах хаачаав?
- Хн! даалуу даалуу. Хар ус гудраа л айл айл хэсээд, даалуу харжигнуулаад алга болцордог хүн гэж мод толгойгоо хоёр завжиндаа сөөлжүүлэн үглэнэ. Тэгсэнээ гэнэт санасан мэт
- За хүүхээ цай уу. Замдаа хагсаа байлгүй. Тэгээд хөнжил пүүгээгээ оруул, морьдийнхоо нурууг ч амраа. Цаад хэдэн мялан чинь одоохондоо гайгүй тогтох байх гээд тогоотой хар цайнаас шанагаа дуугарган аягалж, хээрийн хүмүүсийн зангаар ганц нэг өвс орсоныг нь хуруугаараа чимхээд авч байгаа харагдана.
Оройхон хэрд Дарьзав хүрэн халзан мориор пөг пөг шогшуулсаар ирлээ. Тэрээр Сугарыг харж
- За сайн явна уу дүү хүү? гэж мэндлээд инээмсэглэх нь шинэ хүч ирсэнд баярлаж байгаа нь илт.
- Сайн. Та сайн л явна уу?
Угаасаа отрын улс аяншиж, явдлын ядаргаа харагдахын дээр хэд хоног даалуу харшуулж, архи сөгнөсөн Дарьзавын нүд улаанаараа эргэлдэж ам хамраас нь архи тамхи, өөрөөс нь хөлс хир ханх тавина. Тэрээр харваас хэвтэхийн мөн болж байгаа нь илт.
Дарьзав гэж гуч дөхөж яваа нэг их зальтай ногоон нүдтэй, өөвөг сөөвөг шар сахалтай, шалихгүй ч гэсэн ганган морь унаж, шинэ дээл сольчих санаатай. Мөрийтэй тоглоом тоглож худлаа наймаа ярьсан, дотуураа бол эдийн сонирхолтой, дэл сул энгэр султай бүсгүйчүүдэд тун ч халгаатай нэгэн. Муулсан хүнд бол тулга тойрсон нохой зантай гэх үү дээ.
Хэд хоног ганцаараа тарж бутарсан хэдэн зуугаад үхрийг тойрох гэж Мишиг ч гэсэн ядарсан тул хэрэндээ Дарьзавт эгдүүцэж
- Энэ энгэрээс хэзээ нэг ховхордог юм бол. Уг нь энэ хэдэн мялан овоо аятайхан малын дөртэй болчихсон байгаа юмсан. Ашгүй Сугар хүү ч ирлээ. Яаж ийж байгаад энэ байгаагаас нь дор оруулж, хайлуулчихгүйхэн байлгаж байгаад тушаачихвал ядаад мал махны өргүй салвал . . . гэж айлын яншаа авгай шиг үглэнэ.
- За за би жаахан дугхийчихээд хэд хоног ээлжгүй тойромз гэж Мишигийн үглэлтэнд төвөгшөөсөн байдалтай Дарьзав дуугарав. Мишиг дотроо “Хн! чи л болоод тэгж бодож байгаа вий” гэж бодох нь түүнийг мэдэхийн дээдээр мэддэг хүний бодол. Ер нь хоёулханаа хэдэн сараар цугтаа хөдөө хээр бор хоног шар өдрүүдийг өнгөрөөж яваа тул мэдэхгүй гээд ч яах билээ. Дарьзав энэ удаагийн явалтандаа нилээд алдсан бололтой. Хэрвээ авчихаад ирсэн бол хичнээн ядарсан ч гэсэн ногоон нүдээ эргэлдүүлээд, нэг их шалихгүй улцгар шар цээжээ тэрүүхэндээ хаялаад л инээд алдаад байдаг энэ удаа тэгсэнгүй. Байдал ерөнхийдөө намжихийн алдад Сугар
- Мишиг гуай би яахав? Юу хийх вэ? гэтэл
Өнөөдөртөө юу хийхэв дээ. Наадах чинь маргааш үдээс нааш босохгүй. Чи ч гэсэн замдаа хагсаа байлгүй жаахан дугхийгээд авахыг бод. Цаад хэдэн мялан чинь одоохондоо гайгүй. Маргаашнаас хоёулаа тойрч чамд нүдлүүлэхийг бодъё. Наадах чинь нэг өндийвөл буйраа нэг сэлгэмээр л байгаа юм. Одоо хэвт хэвт гэснээр тэр өдрийн ажил шувтарлаа.
Ийнхүү Сугар ирсэнээс хойш намрын шар өдрүүд нам гүмхэн өнгөрсөөр. Өдөржин хэдэн үхэр харж, заримтай нь ярьж, заримыг загнаж явсаар Хандаагаа санах ч гайгүй шиг. Тэдний туувар удаан ч гэсэн очих газарлуугаа дөхсөөр л байлаа. Хэдийдээ ч юм Дарьзав явж тоглосоор. Тэдний замд нутаг болгонд тэгж тоглодог улс таарах нь сонин. Заримдаа зүс үл таних хэдэн үхэр нийлчихнэ. Заримдаа арай өнгө зүс нь тэгширсэн хэдэн үхэр нь оргүй алга болчихно. Энэ бүгдийг ажигласан Сугар Мишигт хэлэх боловч
- Цаад ногоон цус чинь л холиогоод яваа юм. Эцсийн дүндээ юм юм нь таарч толгой цусдахгүйхэн шиг байвал бусад нь ч дүүрчээ
- Тэгээд энэ мал дутвал бид нар л хариуцана биз дээ?
- Уг нь тийм нь ч тийм
- Тэгээд та яагаад Дарьзав ахад юу ч хэлдэггүй юм бэ?
- Цаадах чинь тэгж байгаад нэг юм аргалаад эхий нь эцээхгүй тугалы нь тураахгүй тааруулаад л байдгиймаа гэх. Сугар энэ бүхэнд ихэд дургүйлхэнэ. Нэг удаа Дарьзавтай бүр ам мурийж байсан удаатай. Нэг удаа Дарьзав бас л байхгүй хэдэн өдөр алга. Сугар хэдэн шөнө дараалан үхрээ манаад өглөө нь нойрмоглон хэвтэж байтал Дарьзав нилээн халамцуу ирэв. Тэгсэнээ
- Дүү хүү босноо. Хэвтээд байхгүй шүү. Аяга бантан хийгээд орхи дотор зарайгаад үхэх нь гэхэд Сугар нойроо харамлан
- Та өөрөө хий л дээ. Хүн шөнөжингөө унтаагүй байхад
- Юу гэнээ муу нохойн баас чинь. Чам шиг муу юм ахынхаа өөдөөс арзаганаад байхгүй шүү гэж түүний хөл рүү өшиглөв.
- Та одоо яагаад байгаа юм бэ? гээд цаашаа хараад хэвтэхэд нь
- Чи бос л доо. Үхсэндээ эрхлээд байгаа юм чи. Тэр эхдээ л эрхэлдэг юм байгаа биз. Энд бол өөр шүү гээд дахиад өшиглөхөд Сугар харин энэ удаа тэссэнгүй үсэрч босож ирээд заамдаж аваад сарвайтал татаад майхнаас гаргаж ирээд
- Та харин юу юм бэ? Хэдэн хоног архи ууж тэнэчихээд хүнд онгироод байж гэнэ. Хүн өшиглөж мөшиглөөд яагаад байгаа юм. Дуртай бол тэр бантангаа өөрөө хийгээд гудрахгүй юү гэж уурлахын эрхээр баахан үглэхдээ гараа чангалсанаа анзаарсангүй. Тэгтэл Замдахад нь дээлийнх нь захаар хоолой нь боогдож таараад шар ногоон царай нь хүрэнтэж ирсэнээ нус нь суга үсрэв.
- Хөөе та нар чинь юу болэ байна? Бие биенийгээ алах нь уу гэж Мишиг хашгирсанаар Сугар ухаан орж, Дарьзав эхэр татан амьсгаа авав. Сугар харин уурандаа тоосон ч шинжгүй
- Маргаашнаас тэр ээлжиндээ гараарай. Би л лав ингэж тулаанд гараад байж чадахгүй шүү гэсээр майхандаа орчихов. Хүчтэний өмнө хүчгүй хүн гэдэг ёстой яаж ч болохгүй юм гэдэг энэ бололтой. Уурлая аа уурлаж болдоггүй, уйлья аа уйлах хэцүү. Хий дэмий л цээжээ уухичуулан гадаа жаахан сууснаа орохоос яахав. Гэхдээ бас л халуун тул худлаа тасартлаа согтсон хүн болж гадаа хэн нэгнийг дуудаж орилж цамнаж, жаал байснаа, гуйвж дайвсан хүн болсоор орж хэвтэр дээрээ тасарсан мэт унаад унтаад өгөв. Маргааш өглөө нь сэрэхэд Сугар сэрүүн хэвтэж байв. Мишиг л
- Чи одоо өчигдөр согтуу ирж энэ муу хүүг баахан зовоов. Гайгүй байх шиг байдаг хэзийдээ ийм тавьтаргүй болчихоов гэхэд
- Хэн? Би юү? Арай үгүй байлгүй дээ. Өө тэгвэл бүр тасарч л дээ гэж эс мэдэгч болсоноо
- За ахыгаа уучлаарай. Өчигдөр бүр хэтрүүлчихэж. Одоо та хоёртоо ширүүлээд бүр галзуурч байгаа юм байна л даа би. Гадаа гаргаад хүлээд хаячихгүй яагаав муу лүдийг гэж тэс өөр хүнийг ярьж байгаа юм шиг ярьж саймширхад цаад учрыг нь ойлгож суусан Мишигийн инээд нь хүрч мушилзаж, байснаа тэссэнгүй гарч яваа харагдав. Сугар ч дуугай л байлаа. Мишиг эргэж орж ирээд
- Чи одоо хүнд ширүүлнэ гэж юу байхав дээ. Энэ залуучуудын гарын аяыг даахгүй шүү дээ гэхэд
- Хэлээд юүхэв, хэлээд юүхэв. Одоо нэг хэд хоног хүн шиг байж та хоёртоо нэмэр болъё гэж ихэд гэмшсэн дүр гарган наанаа энэ удаагийн явдлыг цайруулах, цаанаа бол ичсэн ичингүйрлээ аргалах аяаа олов.
Үргэлжлэл бий . . .
Бүрэн эхээрээ...
Хувь заяаны хэлхээ - 2
Урд нь энэ хоёр бие биенийгээ хаа нэг хардаг байсан. Багадаа бол сумын сургуульд цуг, дотуур байранд ч цуг л байсан. Гэхдээ тэр үе чинь балчир хүүхэд байсан үе юм
чинь. Харин өнөөдөр бие биенээ анх харсан улс шиг л байх болов. Хачин юм шүү. Бие биеэндээ буруу юм хийчихсэн юм шиг л царай царайгаа харж чадахгүй аргалын халуун цог нүүрэн дээр нь авчираад барьчихсан юм шиг ичээд ч байх шиг.
Маргаашнаас нь эхлэн хот айлын амьдрал эгэл жирийнээр үргэлжлэх авч Хандаа охин үс гэзгээ янзлах нь ихсэж, саалийн халтар дээлээ тайлж саалиндаа ч өмсөхөө болив. Сугар ч гэсэн өөртөө анхаарал тавих нь ихсэв. Багадаа халзан голдуу байдаг байснаа ноднингоос эхлэн халимаг үс тавих болсон. Тэр нь даана ч хаашаа яаж ургаад байгаа нь ойлгогдохгүй. Заримдаа бүр ороо бөөн сүүлтийн сүүл шиг юм болчихно. Чухам ямар халимаг гоё байдгийг Сугар сайн мэдэхгүй. Гэхдээ л халимагтай. Голын усанд өөрийгөө харах гэж хичээдэг болов. Өөрийгөө нэг их төсөөлж байгаагүй тул нүүрээ харахаараа өөр ч хүн шиг санагдана. Уг нь бол энэнээс арай өөр баймаар шиг. Юм л бол адуу мал гээд гэрт тогтдоггүй Сугар тэр зун гадагшаа гарах нь хойрогшиж гэр зуур гүү саам гэсэн шиг эргэлдэх болов. Тэр ч байтугай өглөө адуундаа мордохдоо хэн нэг нь өөрийг нь харж байгаа хэмээн төсөөлж хувцас хунараа янзалж, биеэ хүртэл цэхэлж явах агаад адуугаа хураагаад гэрээдээ явахдаа хүртэл яарангуй байдаг болсон нь сонин. Юунаас болоод байгааг тэр өрөө ч бараг үл ойлгоно. Гэхдээ хаяа дэрлэн буусан дурдан Данигайн охин Хандсүрэнгээс болж түүний хэнэггүй гэхэд дэндүү хэнэггүйхэн задгай сэтгэл нь загсаж буй тогооны өрөм шиг захаасаа хумигдсаар байгааг залуу Сугар яахан мэднэ. Хэдийгээр Хандаатай ойр дотно байж ярилцмаар байвч түүнд ойртох шалтаг үл олдох мэт дөлөөд нэг л биш. Гэсэн ч айл хүний амь нэг гэгчээр ажил төрөл нь бараг нэг юм болохоор хоёр залуусын ичингүйрлийн хүлээс бага багаар алдарсаар л байлаа. Нэг өдөр Сугар тэдний бага гэрлүү явах замдаа үсээ илж илж
- Гүүндээ гарах уу? гэсээр бага гэрийн үүдээр шагайв. Юм бодон сүүгээ самарч зогссон Хандаа цочсондоо
- Ээжээ гэж муухай хашгирсанаа гараа цээжин дээрээ тавьж
- Ёо ёо хүн айлгаад хаячих юмаа гэснээр тэр хоёрын яриа хэзээ язааны хоёр шиг эхэлсэнсэн. Данигайн хоёр зэлэнд Нургайгийн ганц хоёр унага чагтлаатай. Ингээд л унага тугал хонь хурга сааль сүү гээд тэдний цугтаа байх шалтаг үл мундана.
Сугарын Хандаад хамгийн ойртох үе нь унага татах үе байлаа. Унагаа удаан татмаар, “өшөө олон гүү уясан болоосой тэгвэл өдөржингөө унага татаад зогссон ч яахав” гэж бодно. Тэр үед Сугар хэдий дотроо ичингүйрч байх авч Хандааг нилээн сайн харж амжина. Түүний нүүр царай, хацар дээрх хонхорхой, ялимгүй шингэн атлаа уянгалаг хоолой, нүдээ гялтагнуулан цангинатал инээх тэр байтугай тийм нэг ялдамхан үнэр нь хүртэл сайхан. Хажууд нь зогсож байгаад хамраа хавчийтал, хоёр чихээ шуугитал үнэрлэмээр.
Богочтой цавьдар байдсан гүү саалинд дасаагүй бололтой цааш догонцон дальдчихад Сугар
- Хаая гуррый! гэж хашгиран дэлдэж зогсоогоод
- Чи одоо хэдэд орох билээ? гэхэд галтай ширээ тамганд шанаагаа нааж гүүгээ шувтрах зуураа Хандаа нүүрлүүгээ унжих үсээ үлээж
- Арав. Юу гэж?
- Аа зүгээр. Аймгийн төв ч сайхан байхдаа?
- Зүгээр шүү. Аймгийн төв их том. Надад тэр театр нь л гоё санагддаг
- Чи гэрээ их санаж байв уу?
- За яахав дээ. Ноднин эхэндээ гэрээ санадаг л байлаа. Одоо гайгүй дээ.
- Араваа төгсөөд цаашаа хотруу сургууль гээд явж өгөх юм байгаа биз дээ гэхэд Хандаа цавьдар гүүний дороос босонгоо
- Харин л дээ. Яаж ч магад. Сургууль соёл гээд явахаар муу аав ээж хоёрыгоо яах бол гэж боддог юм. Уг нь бол хол явж юм юм л үзмээр гэснээ
- Чи ер нь яагаад сургуулиасаа гарчихсан юм бэ?
- Сайн эр болох гээд гэснээ худлаа худлаа
- Яахав дээ над шиг толгой муутай хүн тэр их номыг сурч чадахгүй юм шиг байна лээ.
- Би танайхыг нүүж ирнэ гэхэд Нургай эгчийг л бодоод байснаас чамайг, тэгээд бүр ийм том болчихсон гэж бодоогүй ээ. Тэгсэн чинь . . .
- Тэгсэн чинь юу гэж?
- Тэгсэн чинь нээг их аймаар том болчихсон байгаам даа
- Тэгээд муухай гэж үү?
- Үгүй л дээ. Тэгэхдээ л аймаар
- Юунаас нь айсан юм би чамайг яагаа ч үгүй л байна шүү дээ
- Чи нээрээ, жоохондоо шал мангар хүүхэд байсан ш дээ
- Яасын?
- Яагаав чи санаж байна уу? Нэг удаа дотуур байрны гадаа охидууд тоглож байсан чинь эрэгтэй хүүхдүүд биднийг хөөгөөд цасаар угаахад чи намайг барьж аваад
- Дурдан Данигайн охиныг дутуу угааж болохгүй ээ гээд нүүр амыг минь угаасан. Угаасан ч гэж дээ хатуу цасаар ураад сарлаад хаячихсанаа чи санаж байна уу?
- Аа тийм. Тэгэхэд байрны багш биднийг оройжингоо сандал өргүүлж зогсоож билээ. Тэгэхэд чинь цасаар угааж байна л гэж бодсоноос ямар урж байна гэж бодсон биш
- Хнг! тийм муухай гэх мэтчилэн бага насаа дурсан ярилцсанаас хойш тэр хоёрын бишүүрхээ арилж, юухан хээхэн хийсэн ч цугтаа байх болов.
Бүстэй хүүхэдтэй хүн хүүгээ аль болох аятайхан айлын ааш зан сайтай охинтой учраасай гэж боддогийн адил Нургай дотроо ганц хүүгээ Данигайн охинтой оровч гаравч хамт байгаад ихэд талтай байх авч гаднаа болохоор
- Хүүхдүүд яахав тоглож наадаж л байдаг. Миний муу улаан хүү нэг л их бие хаанаас цаашгүй, эрдэм номгүй амьтаныг хэн тоогоо аждээ гэж суух.
Харин бүсгүй хүүхэдтэй хүн охин үрээ юуханаас ч харамнан болох болохгүй юманд энгэр бүчээ задгайлчихвий хэмээн болгоомжилох авч Сугараас нэг их тэгсэнгүй. Данигай дотроо “Донровын энэ улаан хүү сайхан л хүү. Цэрэг цураг гэж нэг юм бий. Эцэг нь гэж жаахан бүтэл муутайхан хүн байсан. Хүүхэд ямар байх нь эцэг эхээс их хамаардаг. Уг нь хот үргээж нохой шуугиулсан юмнуудад охиноо бузарлуулчихгүй юмсан” гэж алс хэтийн юм хааяа хааяахан бодогдоно.
Энэ зуны зуншлага нар хур тэгшрээд хачин сайхан болж байлаа. Данигай хэдэн насны морьд уячихсан. Гар хөлийнхөө үзүүрт Сугарыг зарсан шиг байсан үе.
Сумын залуус хөндийгөөр нэг давхилдан наадмаар барилдах юм ярьцгааж наадмын чимээг улам бүр ойртуулна. Нэг өдөр гүү сааж байсан Хандаа унага татаж зогссон Сугарт
- Чи энэ жил барилдах юм байгаа биздээ?
- Хн! мэдэхгүй. Би ер нь барилдаж байгаагүй л дээ
- За ийм том залуу байж. Энэ муусайнуудаас юунаас нь айдаг юм. Энэ жил барилдаад ёстой нураагаад өгөөрэй за юу.
- Тэгвэл юу гэж?
- Тэгвэл үү? Тэгвэл би чамтай найзлана гээд нүдээ анивчуулан инээмсэглээд амандаа орсон туг үсийг хуруугаараа гогдон чихнийхээ араар хийхэд түүний хаш цагаан шүд, хацар дээрх хонхорхой ямар их зохисоныг Сугар сая л харсан мэт мэлмэрнэ. Ингэж зогсохдоо тэр энэ дүр төрхийг их удаан хугацааны турш сэтгэлдээ дүрсэлэн бодож мөрөөдөх юм гэж ерөөсөө бодоогүй. Энэ харц, энэ инээд нь ургаж зогссон ургаа хадыг урсгал усан зөөлөн илбэхийн адил учралт зүрхний хайрын гялбаа гялсхийх нь тэр. Гэхдээ үүнийг хайр гэж Сугар одоохондоо яахан мэдэх билээ.
Тэр зуны наадам сонин ихтэй наадам болов. Сахал Донровын улаан хүүг хазайлгах аавын хүү олдохгүй нь бололтой. Хэдийгээр Сугар барилдаан мэдэхгүй ч төрөлхийн том бие, бяр тэнхээ, айхыг мэдэхгүй хэнэггүйхэн зогсох түүнийг хэртэй аавын хүү аваад хаячихаж чадахгүй байсым. Сугар өөрөө ч гэсэн гайхаж байлаа. Дэвж шавж, гуя хасаа балбаж, сүрийг үзүүлж үзүүлчихээд хүрээд ирэхээр нь аяыг нь олж байгаад л татчихаар уначихаад байхаар гайхалгүй яахав. Наадамчидын дундаас Сугарыг хазайсан газар нь хайрын харцаар түшин дэмнэж байгааг хувь заяанаас бусад нь мэдээгүй байж болох юм.
Наадамчин олон энэ жилийн наадам сонин сайхан болж байгааг ам булаалдан ярилцана. Тэд Сугарыг харж
- Бяр ч гэж байнаа
- Харин тийм. Жаахан л барилдаан сурчихвал ч . . . Одоохондоо арай л биш байна
- Даана ч сайхан амьтан юм даа
- Үгүй ээ мөн сайхан барилдаж байна шүү гэхэд
- Хөөрхий минь барилдахгүй байна. Үнэндээ бол чадахгүй байна. Биеийн том, бярын ихээр л үлдээд байна зайлуул.
- Пунцаг заан ч гаргаахгүй болов уу
- Хээцэс! тэр хөгшин одоо яаж чадах вэ дээ
- Хн! Барилдах болохоос ямар мөргөлдөх биш дээ
- Хөгшин бөхийн дархан мэх гэж нэг юм бий хө. Тэгэхээр заан энэ жилдээ нэг юм торгоох байгаа түүнээс энэ залуучууд энэ хүүг барахгүйнээ. Сэрвүү барихаар дугтарчихаад, лавхан барихаар мушигчихаад байна. Яг л адуу мушгиж байгаа юм шиг. Гэтэл нэгэн өвгөн
- За яахав. Нэг нутаг усны залуучууд хэн нь ч түрүүлсэн яахав. Гол нь энэ нутгаас бас нэг сайхан хүү гарч ирж байгаа нь чухал гэж дуулдав.
Яах аргагүй л Пунцаг заантай Сугар үзүүр түрүүнд үлдчихэв. Сумын заан Пунцаг гэж бахим дөрвөлжин биетэй, мухар шанага шиг амьтан. Гэхдээ дөлгөөн харцтай, зөөлөн дуутай нэгэн. Сугар наадамд үзүүрлэх нь битгий хэл барилдаж ч байсан биш. Гагцхүү Хандаад хэлэх үгтэй гэдгээ л мэдэж байлаа.
Пунцаг заан аргагүй л туршлага заан том улаан ат сөөглөж байгаа юм шиг л гар хөлийн үзүүрээр хөтөлж гүйж байгаад л сөхрүүлчихэв. Яг яагаад уначихсанаа Сугар мэдэж байгаа ч юм алга. Пунцаг заан түүнд тахим яаж өгөхийг зааж өгөөд
- Сайхан хүү, сайхан хүү гэж үглэн магнайг нь үнэрлэчихээд майраг майраг гээд төв асарлуу яваад өгөв. Тахим өгч сураагүй Сугарт, заан тахим өгөхийг зааж өгөх нь нэн хөгжилтэй. Наадамчид яахаа мэдэхгүй зогсоо түүнд
- Араас нь яв, араас нь яв гэж шаагилдав.
Дугуй булантай цай, дээлийн өнгөөр байлуулсан Сугар ээждээ хам хум үнсүүлчихээд Хандааг эрэн чавхадлаа. Тэгж явахад нь хүмүүс хараад ч байх шиг зовлонтой. Хандаагаа хайгаад ийш тийшээ гүйгээд олсонгүй. “ Өө хаашаа алга болчихдог байнаа. Намайг л үзэх юм яриад байсан байж” гэж бодон буцахдаа хамгийн захын асрын хажуугаар гартал майхны цаадтай Хандаагийн шарга морь өөр нэг буурал морьтой ханьсан толгой хаялан ялаархан зогсохыг хараад “за ашгүй энд байгаа юм байна” гэж нэг их юм бодолгүй дөхтөл цаахан талд хоёр хүн дундаа хуушуур тавьчихсан хөхрөлдөн сууж байхыг хараад хөл нь хүндрээд явчихав. Тэнд Хандаа, нөгөө нь түүний ангийн хүү цоохор Дорж хоёр ажээ.
Хандааг өөрийг нь л харж байх ёстой мэтээр төсөөлж явсан тэрээр түүнийг ийнхүү шал өөр тийш харан, шал өөр хүнтэй инээж хөхрөн суугааг хараад дотор нь бачууран эргэн алхлаа. “Сайн барилдвал яана яана гээд байлаа даа” гэж бодон уур нь ч хүрэх шиг. Хүний сэтгэл гэдэг хайрлаа ч үгүй байж хардаж эхлэх нь хачин.
Цоохор Доржийг Сугар тийм сайн мэдэхгүй. Осолдохгүй л бага байхад нь их сайн сурлагатай гэж багш захиралгүй л магтдаг байсныг санана. "Сургууль соёлтой улсууд цаагуураа өөр байдаг байлгүй" гэж гомдох гоморхохын завсар явна.
Оройхон хэрд Чимгээ гэж ангийнхаа нэг шар охинтой хамт инээж хөхөрсөн Хандаа асарт ирж Сугарт баяр хүргэсэн ч түүнийг бүр шоолж тавлах мэт санагдах тул Сугар нэг их дуугарсангүй. “Энэ чинь юу болчиховоо” гэж бодсон Хандаа
- За мундаг сумын начин минь яасан? гэж Чимгээгийн дэргэд ихэд нүүрэмгий нь аргагүй өөриймсөж асуусан нь Сугарт харин ч бүр айлгүйтэж байгаа мэт сонсогдож
- Яах юу байхав дээ унаж л орхилоо гээд ёозгүй царайлахад
- За тэр яахав дээ. Пунцаг заан чинь том бөх хүн. Харин ч чи сайн барилдсан шүү. Үзүүрлэнэ гэдэг чинь тийм муугүй сайн бөхийн шинж гэж хүмүүс ярьж байна гэтэл
“Хэн тэгж байна? Цаад цоохор чинь тэгж байна уу?” гэх гэснээ Чимгээг байгаа тул амаа хамхин
- Хн! . . . гээд таг
Наадамчин олон ярих юмтай гэр гэрийн зүг хөдөлцгөөлөө. Харин тэр хоёрын хувьд хачин сайхан эхэлсэн наадам хэг ёг хийсэн байдалтай өндөрлөв. Сугарын цээжинд түрүүнээс хойш нэг муу хариугүй жижигхэн эрээн могой орчихоод эрчлэн муригнах шиг болоод гарч өгөхгүй зовооно. Хандааг харах болгонд, бараг дуугарах болгонд тэр могой ямар нэгэн юм хүрсэн юм аятай ширэвчихийг яана. Гэрийнхээ зүг явж байхдаа Хандаа “энэ Сугар юу болчихвоо Пунцаг заанд уначихсандаа ингэж уурладаг юм байхдаа. Гайгүй юм шиг байсан чинь бас их шартай нөхөр байх нээ” гэж санан түүний хойноос морио шавхран ойртож ирсэнээ
- Чи жаахан хүлээ л дээ миний морь явж өгөхгүй чамайг гүйцэхгүй байхад гэсэнд
- Наад шарга морь чинь хэний ч юм дээ буурал морьтой ижилсчихээд хоргодоод байгаа биз гэж түрүүнээс хойш бөглөрөөд байсныгаа хэлээд тавьчихлаа. Тэгэнгүүт тэрээр Сугарын цээжинд юу ороод хуйрагнаад байгааг сая л ойлгож өөрийг нь өөр бусдаас харамлаж байгаад баярлах ч шиг бас гомдох ч шиг болон түүнийг гүйцэн очиж бүр цулбуурдан зогсоогоод
- Өө Сугараа чи буруу ойлгосон байнаа. Манай ангийн Дорж Чимгээ хоёр чинь хоорондоо үерхдэг байхгүй юу даа. Тэгээд надаар Чимгээг дуудуулчихаад тэнд хүлээгээд сууж байсан байхгүй юу гээд
- Чи чинь юугий нь ч ойлгоогүй байж хардаад байгаа юм уу даа гээд ханцуйнаас нь татаж жижигхэн бор гараараа паривгар том гарыг нь атгалаа. Яагаад ч юм энэ мөчид Хандаагийн унаж явсан шарга морь хөл нь хөнгөрсөн мэт Сугарын хээр морьтой хөл нийлүүлэн сэмбэлзтэл алхлав.
Хувь заяаны эрхээр дасалцсан сэтгэлээ бие биендээ нээх эвээ олохгүй явсан хоёрт энэ бяцхан тунирхалт ихэд дэм болсон ч байж болох юм. Сугарын дотор муригнаад байсан эрээн могой аажуухан гулсаад хаа нэгтээ яваад өгчих шиг дотор нь онгойчихов. Сугар жаахан зовонгүйгээр Хандааг хартал Хандаа түүнийг уяран нялхарсан харцаар харж байснаа тэр нүдэнд бяцхан гэрэл гялтагнаж шоолонгуй болж ирсэнээ
- Тэнэг гэж эгдүүтэй ч юм шиг хэлсэнээ морио давиран ухасхийхэд хэд хоног гэдэс татсан шарга морь ухасхийлээ. Сая л ойлгосон мэт Сугар араас нь
- Юу гэнээ чи гээд мориныхоо хондлойд ташуур буулгаж төд удалгүй гүйцэн ирж, том тас шувуу нэгэн бүжин дээр буучих мэт Хандааг тэврэн авлаа. Тэрүүхэн хооронд Сугар өөрийн хийж байгаа үйлдлээ ойлгосонгүй. Чухам ойлгох ч завдал болсонгүй Хандаагаа үнсчихэв. Түрүүний эрчлээд байсан могойн оронд хачин тансаг цэцэг дэлбээгээ алгуурхан нээх шиг сайхан. Хандаа
- Хүн харчихна шүү дээ гэсэн хэдий ч түүнд эсэргүүцэх тэнхэл байсангүй . . .
Үүнээс хойш хоёр залуу улам бүр дотносон нялхарч оров ч, гарав ч цугтаа. Тэр намар тэр хоёр дэндүү богинохон байсан юм. Цаг зав л гарвал хоёр залуу зөвхөн өөрсөдөд нь л зориулсан мэт саглайн ургах хайлаасныхаа доор очиж сууна. Навч нь хүртэл зүрхэн хэлбэртэй энэ мод тэр хоёрт нэг л нөмөр нөөлөгтэй дулаахан, дотнохон. Магадгүй тэр хайлаас мань хоёрын хайр сэтгэлийн хамгийн нандин нууцыг хадгалагч болох гэж энэ хөндийг чимэглэн ургаж байсан ч байж болох юм. Тэрэндээ ч тэрүү тэд уг модыг өөрдсийн юм шиг л өмчирхөнө. Түүнийхээ сүүдэрт сууж элдвийг ярилцах нь олонтоо. Аргал дээр суусан чогчого, эхээ олохгүй сандчин давхих унага, чөдөртэйгээ догонцох морь гээд юм болгон тэдэнд инээдтэй хөгжилтэй хөөртэй бас жаргалтай. Тэдэнд нар хүртэл тийм халуун биш сар ч гэсэн тийм гунигтай биш, цэцэгс, эрвээхэй, уул толгод, шувууд гээд бүх юмс утга учиртай. Сарны гэрэлд намуухан урсах голын хөвөөнд модныхоо дор суун хайрын тухай шивнэн, ирээдүй хойчийг зөгнөн, бие биенээ тэврэн хэн хэндээ эрхлэн суух үнэхээр сайхан байлаа. Хандаа
- Том болоод хэдэн хүүхэдтэй болох вэ?
- Надад хэдийг гаргаж өгнө төдөн л хүүхэдтэй болох байхдаа.
- За чи тоо хэл л дээ
- Яахнав? Чи гаргаж өгөх юм уу?
- Хэрвээ чи насан туршдаа ийм хайртай байвал гаргаж өгсөн ч яахав дээ.
- Хоёулаа нээрээ хүүхэддээ ямар нэр өгөх вэ? гэснээ Хандаа
- За би хүүгийн нэрийг чи охины нэр хэлнэ шүү, за
- За
- За, хүү гарвал би Дугар гэж нэр өгнө. Сугарын Дугар гэж амандаа сунжруулж хэлснээ
- За ямар сонсогдож байна?
- Үгүй ээ яахав ээ болох л юм.
- Тэгвэл одоо чи хэл
- Ягаансүрэн
- Хэн гэнээ? Ямар муухай нэр өгдгийн
- Яахавдээ Улаан Сугарын Ягаансүрэн гэвэл ямар байна? гэхэд Ханлаа түүний мөрийг могжгор гараараа цохимор болсноо
- Үгүй ээ үгүй тийм муухай нэр өгөхгүй
- Ха ха ха худлаа, худлаа тоглосон юмаа
- Үнэнээсээ ярьж байхад чинь тоглоод байхдаа яадгийн
- Урансолонго. Яагаад гэвэл солонго надад нэг л тийм юу ч хүрч боломгүй эрхэмсэг юм шиг санагддаг юм.
- Чи ямар гоё нэр өгдөг юм. Би тэгсэн чинь Дугар гэчихсэн.
- Дугар ч гэсэн сайхан эр хүний л нэр байна шүү дээ гээд Хандаагаа татаж аядуухан үнслээ. Тэр үед бараг хаа нэгтээ цэцэг дэлгэрсэн байх. Залуу нас хайр дурлал гэдэг хорвоогийн нэгэн чимэг буюу.
Үргэлжлэл бий . . .
Бүрэн эхээрээ...
Хувь заяаны хэлхээ - 1
Цээж өндөр, хүзүү урт, ташаа өргөн энэ хул морь бүрээ хамраа сарталзуулан, өтгөн хар сүүлээ арагш цацруулан, дөрвөн хөлөө сарвайтал хатирана.
Хул морь үзэх нүдний өмнүүр газар хороон жирэлзүүлэх нь үнэн авч хоёр чихээ солбин хааяа нэг толгой хаялахаас өөр хөдөлгөөн үгүй мэт. Харин дөрвөн хөл нь нүдэнд үл үзэгдэм шахуу. Өглөөхөн зассан дэл нь хатираан дунд гүегнэн, хул хонгор элсэн дээр хар халтар могой шургачин явах шиг муригнана.
Онигордуу хүрэн нүдтэй, сартгардуу хамартай, хүрэн улаан царайтай эр эмээл дээрээ хазгайдуухан сууж, тэвхийсэн хав дөрвөлжин цээжийг ханхалзуулж, мухар алдын тэнзэн ташуур даялах төдийгөөр мориныхоо явдлыг тааруулан явна. Морины явдал жаахан ширүүсэхэд амыг нь татахыг бодоход яг энэ дөрвөн туурыг шагалзуулан хатируулж явах нь өөрт нь ихэд тааламжтай байгаа бололтой. Ижил зүсмийн хөтөлгөө хоёр морь нь өөвөгнөтөл цогихийг бодоход энэ хул морь үнэхээр хатирч сайн хүлэг болой.
Баруун ханцуйгаа сугалдаргалж, цамцныхаа энгэрийн товчийг тайлсан тул гурвалжилж унжсан тэр энгэрээр нь хээрийн сэрүүн салхи хэнхдэг цээжийг нь илбэх нь сэтгэлд нэн таатай. Тэрээр эр хонгордуухан гэхдээ бяцхан царгиа дагуулсан хоолойгоор
. . . Хулсан аа ташуур нь байгаасай
Хуруундаа өлгөөд явах юмсандаа . . . хэмээн сүүлийн зургаан жил цээжиндээ хүнгэнүүлсэн дуугаа аялан явна. Тиймээ тэр олон жил энэ нутагтаа ирээгүй. Нутаг орон, ахан дүүс, найз нөхдөө үлдэж хоцорсон яг л тэр хэвээр нь сэтгэлдээ хадаж, хэзээ ч гэсэн эргээд ирэхэд нь яг л хуучин янзаараа байх мэтээр төсөөлдөг нь хол явсан хүний зан. Тэр л зангаар аль тэртээд үлдсэн он жилүүдийг сэтгэлдээ тэр хэвээр нь хадгалж, харах нүдэндээ ч, харанхуй зүүдэндээ ч бодсоор яваа билээ.
Одоо ч гэсэн тэр үеэ бодон инээхдээ инээж, эвгүйцэхдээ эвгүйхэн л яваа энэ ханагар сайхан эрийг Сугар гэнэ.
Сугар эр хүний алдаж онодог тавилангаар сүүлийн хэдэн жилийг хүмүүсийн ярьдгаар аавынд өнгөрөөжээ. Тэр олон хулгаруудын дунд цуутай амьтан яваагүй ч эцэг мэт сайн хүн таарсаны ачаар нэг их хүнээ байчихаагүй яваа нь энэ юм. Анх тэр тийшээ яаж очсоноо мэдэхээс яагаад орчихсоноо мэддэггүй байж дээ.Тэгэхэд Сугар дөнгөж арван найм шүргэж байсан хүүхэд байлаа. Хэдий хүүхэд байсан ч биеэр том тул зоон дээр байхад нь одоохон насанд хүрэх гэж байгаа нэрийдлээр томчуудын жир хориход хувиарласан нь бас л нэгэн бодлын хэлмэгдүүлэлт байлаа. Дөнгөж анх очиход хавтгай дугуй малгай хэлтгий тавьсан, их хүйтэн царайтай эрчүүд хөшилдсөн газар л аваачиж билээ.
Яах учраа олохгүй амьтан айх гайхах зэрэгцэн зогсож байтал нэгэн настайвтар хүний дуу баруун наарны доороос гарч
- Үгүй энэ чинь дэнхийсэн том л юм харагдаад байсан хүүхэд шивдээ. Алив нааш ир гэхэд айдас жихүүдэс хослон зогссон Сугарт тэр хүний дуу төөрч будилсан хүнд амь амьдралын дуу мэт сонсогдсон тул өөрийн эрхгүй тэр дуу гарсан зүгрүү зүглэв. Том биетэй ч гэсэн сэтгэл зүрх нь хүүхдээрээ байсан үедээ зайлуул. Гэтэл нөгөө хүн
- За дүү хүүгийн нэр хэн бэ? Хэдэн настайв дээ? гэхэд
- Ялтан Сугар, арван наймтай гээд ингэж л хариулах ёстой байх гэсэн аятай аажуухан дуугартал хажуугаас нь сахалтай хошуугаа дорвойлгон, онгорхой шүднийхээ зайгаар шүлсээ төө тэнд үсэргэх нэгэн залуу
- Хэдээр орж ирсэн хулгайч вэ чи? гэтэл нөгөө настай хүн яриаг нь тасалж
- За тэр яахав наашаа суу. Олны дунд амаа хамхиж сурнаа гэснээр тэр хэсэг яриа өндөрлөв.
Энэ настай хүнийг Шийрэв гэнэ. Дөч нилээн гарсан энэ эр байгаагүй бол Сугар чухам ямаршуу хүн болох байсан юм бүү мэд. Ийм газар хүн ороод хүн биш болж гарах нь наад захын зүйл. Алдаж эндсэн аврага том биетэй ангаахай шиг амьтанд Шийрэв тааралдана гэдэг том аз гэлтэй. Түүнээс хойш Шийрэв Сугарыг хажуунаасаа салгасангүй. Энэ том биетэй бага ухаантай хүүхэд гар хөлийн үзүүрт зарагдах нь амар. Нөгөө талдаа аавынх гэдэг энэ газар өөрийн гэсэн амьдралын хуультай, өөрийн гэсэн эрэмбэтэй газар. Энд орсон хүн засарч сайжрахаасаа илүү муу юманд улам бүр суралцаж, цаашилна уу л гэхээс наашаа эргэнэ гэж бараг үгүй.
Түмэн зүйлийн ёр шүгэлсэн хүн гэхэд хүн биш улс захаас аван байх тул энэ хүүхдийг аврах сэтгэл Шийрэвт төрсөн хэрэг.
Хэдийгээр орчлонгийн бараан тал нь хэлтийсэн газар ч гэлээ тэрэн дунд нааштай хүн байдаг ажээ. Шийрэв яланд гарсан эхний өдрөөс эхлээд л Сугарыг тоож эхлэв. Тэрээр жаахан эв дүй муутай ч ажилд махруу сэтгэлээсээ зүтгэх аж. Өөр бас нэг авах зүйл нь түүний царайд шорон оронд орчихлоо гэж уруу дорой царайлж сэтгэлээр унахгүй, ялнаас халшрахгүйгээр зүгээр л хийх ёстой ажлаа хийж яваа мэт хэнэггүй, нэг их олон таван үггүй дуугайхан хүүхдээрээ царайлах нь Шийрэвт таалагдсан хэрэг. Түүнээс үүдэж яавал энийг энэ олон хогон дунд нэг их хольчихгүй холуур шиг байлгаж байгаад суллагдах өдрийг нь хүргэдэгсэн билээ гэж бодох болов.
Шийрэв гэж бас л гүдэсхэн нэгэн эр сумын шуудангийн жолооч хийдэг байж. Ажлын хариуцлага алдаж машинаа унагаж хүний амь эрсдүүлж, машин болон улсын хөрөнгө шамшигдуулсан хэрэгтэй нилээд хэдэн жилийн ял авсан нэгэн. Хаа очиж хорих ангийн дарга хурандаа Дэмбэрэл яалт ч үгүй нэг нутгийн хүн таарсан тул бас ч гэж хаа нэг өрөөндөө дуудаж ганц нэг нууцгайхан эргэлт оруулж, бие хаагий нь асуучихдаг, бололцооны ажил дээр хуваарилдаг гэж байгаа. Түүнийг нь луугарууд мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлж түүнтэй нэг их орооцолдоод байдаггүй талтай.
Сугарын хувьд ууланд гарч мод хийх нь хорих анги дээр байснаас хамаагүй дээр. Энд ганц ахлагч хуяг харгалзан явдаг болохоор элдэв төрлийн дарамт шахалт багатай, өглөө оройн тоо гээд байх юм байхгүй. Уулнаас буугаад ангид ороход нартай өдөр ч гэсэн бүүдгэр дүнсгэр, хүмүүсийн царай төрх ч баргар, инээж ханиасан хүн бараг үгүй. Хашааны оройгоор эрчилсэн тороор торлосон байх бөгөөд дөрвөн талдаа манааны шовгортой түүн дээр буутай манаа мөнхөд эргэлдэнэ. Ер нь хаанаас нь ч харсан энэ хашаа цаанаа нэг таагүй. Орой өглөөний тоо гэж болох бөгөөд түүн дээр бүх хоригдол гарч явган сууж ахлагч нэрийг нь дуудахад өөрөө овгоо хэлэн босож жагсана. Цуварч уварч явахаас эхлээд Сугарт үйлдэл болгон нь нэг л ёозгүй. Байсхийгээд л Шийрэвээс
- Шийрэв ахаа бид модонд гарах болоогүй юү? гэж асууна. Нэг өдөр Шийрэв Сугарын энд яагаад орсныг мэдэх ч гэсэн өөрөөр нь яриулах санаатай
- Чи ер нь яагаад орчихсон юм бэ? гэтэл Сугар толгойгоо нэг илсэнээ
- Дарьзав ахын буянаар л гэхүү дээ гээд нэг их санаа алдав. Шийрэв тэндээс нь яриаг өлгөж
- За тэр чинь ямар гээчийн буянтай хүн гэхээрээ хүнийг энэ хүртэл явуулчихдаг байна? Ер нь чи нэг өөрийнхөө тухай яриач хө. Одоохондоо бид хоёр хоёулханаа байна. Ах нь цоожтой авдар л гэсэн үг гэлээ.
Сугар энд ирээд нилээн удсаных хаа хамаагүй юм яриад байж болохгүйг гадарлахтайгаа болсон үе. Гэхдээ Шийрэв гэж нүдэнд дулаахан энэ ах нэг харахад аав шиг нь юм шиг эсвэл ойр дотных нь хүн мэт санагдах тул жаахан бодолхийлсэнээ ярьж гарлаа . . .
Сугар ухаан орсон тэр цагаасаа эхлэн ээжтэйгээ л хамт байдаг байлаа. Ээж нь Нургай гэж өндөр улаан хүүхэн дуу шуу багатай нүдэнд дулаахан нэгэн. Биеийн овор том тул хэр баргийн эрчүүд оролдоод байхгүй. Тэгээд ч Сахал Донровын чихэнд эвгүйхэн чимээ хүрвэл хэдий хол байдаг ч гэсэн нэг ирэхээрээ барьж аваад хөнгөлчихөж мэдэх хүн тул тэднийхээр тэр бүр эрчүүд эргээд байхгүй. Ёстой л нөгөө үхсэн буурын толгойноос амьд ат айна гэдэг л болж байгаа нь тэр.
Сахал Донров гэдэг нь түүний төрсөн эцэг. Сугар эцгээ бүүр түүрхэн санана. Нэг л тийм том биетэй, ширвээ сахалтай онигор хүн байсан санагдана. Тэр бол яах аргагүй аав нь мөн. Айлын аав нар дандаа гэртээ байх атал Сугарын аав гэртээ байна гэж үгүй. Хааяа нэг харуй бүрийгээр ирдэгийг л санана. Ирэхээрээ харин хүүгээ тэвэрч баахан үнсэж үлгэн
- Миний хүү ямар том эр болоо вэ? гэж өхөөрдөхийн сацуу
- Аавын хүү сайн эр болноо гээд л баахан чихэр боов гаргаж өгнө. Хүүхэд бүхэн л чихэрт дурладаг атал Сугар харин тийм биш. Харин аавынхаа авчирч өгсөн бор еэвэнд учиргүй дуртай. Бүр дахин дахин ээжээсээ нэхэхийг яана. Ээж нь хэрэндээ ариглан бага багаар өгөх авч нэхсээр байгаад дуусгаж байж санаа амрана.
- Миний хүү аавыгаа ирсэн гэж хүнд хэлж болохгүй шүү л гэнэ Сугар
- За гээд л нусаа татна. Гэвч хөдөөний зон олон хэн хэзээ хэнийд ирэв гэдгийг андахгүй л дээ. Харин Сахал Донровын ирсэн явсаныг хүн бүхэн мэдэх авч эс мэдэгч болон өнгөрцгөөнө. Аав нь ганц хоёр хоног гэрээр байж байгаад л нэг унтаад босоход явчихсан байдаг байлаа.
Хамгийн сүүлд нилээн ухаан орчихсон хойно нь нэг ирээд дахиж ирээгүй юм. Гуравдугаар ангидаа хаврын амралтаар гэртээ байх үед нь хэсгийн төлөөлөгч ах гэрт нь ирээд ээжид нь нэг бичиг өгчихөөд явахад ээж нь хүүгээ тэврэн хэсэг баахан уйлсансан. Сугарт ааваас үлдсэн дурсамж гэвэл нэг л тийм сахал, бор еэвэн, сайн эр болноо гэсэн үг энэ хэд л байлаа. Сайн эр гэдэг үгний учрыг олох гэж их л мэрийдэгсэн. Хэдийгээр сайн эрэгтэй хүнийг хэлдэг юм байна гэж мэдэвч цаанаа нэг чимэгтэй сонсогддог байж. Хөгшчүүл томчуулын амнаас хаа нэг сайн эрийн яриа гарахад ихэд дурлан анхааралтай чагнана. Даана ч ойлгоход бэрх. Гэхдээ гүймэл адуу суумал адуу, хазаар гүйлгэх, зөв буруу гарынх гэхчилэн үгийг сонсоод ямартай ч сайн эр гэдэг адуу малтай ноцолдож явдаг улсыг хэлдэг юм байна гэж халтар мултар ойлгоно. Хожмоо сургуульд орсон хойноо сайн эр гэж манж ноёд болон баячуудын адууг нутаг алгасуулан тууж бусдад өгдөг эрчүүд байж гэж армаг тармаг ойлгосон. Тоорой Баньд, Тогос Чүлтэм, Алтан Чой, Хулгар Нацаг гээд нэр цуутай эрчүүд Алтан Овоон дээр гарч ургах нарыг угтан хийморио сэргээдэг байж гэж сонссон юм.
Сугар эхээс төрөхдөө бойрогшуу хүүхэд байснаа сургуульд орох жилээсээ бараг сараар өссөн гэхэд болно. Сумын төвийн сургуульд суралцах тэрээр зургаа дугаар ангиасаа эхлэн гэрээдээ гүйгээд тогтохоо байв. Ангийнх нь багш гэж нарийхан бор хүүхэн араас нь ирээд аваад явах боловч тусыг эс олно. Хөхөө өвлийн хүйтэнд хориод км газар хээвнэг гүйгээд ирнэ. Ээжийгээ орой малаас орж ирэхэд хэзээний ирчихсэн улаа бутруулан сууж байх.
Тэгэн тэгсээр долдугаар ангид орох жилээ сургуульдаа яваагүй. Тэр жилдээ Сугар үндсэндээ мал дээр гарчих нь тэр. Нөгөө ангийн багш нь ч тэр, сум нэгдлийн дарга ч тэр Сугарыг хичээл сургуульдаа яв гэж шахсангүй ээ.
Сугар бие хаа өсгөлүүн, адуу маланд даана ч нэг эрэмгий болж байв. Хүний өөрийн нийлсэн хэдэн адууг уураглахыг нь уургалж, заримд нь бугуйл шидэж өдөржин элдэж өнжинө. Нутгийн хөгшчүүл хоорондоо
- Үгүй энэ бүрлээч Сахал Донровын улаан хүү лут том болохдогоо
- Яриад юүхэв. Эцгээ л дууриачихгүй бол ч
- Харин ээ харин. Энэ нутаг усны нэр гаргасан сайхан бөх болох ч юм билүү.
- Бөх гэдэг ч юу л бол. Уг нь адуунд жигтэйхэн дуртай шиг. Цаагуураа бас ч гэж эрэмгий шинжтэй.
- Хэлээд юүхэв. Сайхан л хүү. Эцэггүй хүүхдийн толгой том гэж үг бий. Буруу тийшээ л битгий хазайчихаасай билээ гэлцэн шагшин магтахын зэрэгцээ хайрлаж бас хий хэл амнаас харамлана.
Үеийнх нь хүүхдүүд хажууд нь дүү нар нь юм шиг л харагдана. Зунжин шуугилдсан хүүхдүүд жил жилийн намар сургууль соёл гээд явцгаахад Сугар хүү ч гэсэн хүүхэд л юм болохоор сэтгэл нь гэгэлзэн хоосорчих шиг болж хий дэмий л унаж яваа морио байдгаар нь ороолгон адууруугаа давхин оддогсон.
Сугар арван долоо хүрсэн тэр зуныг үл мартана. Тэр жил муу ээж нь Дурдан Данигайг бараадан зуссан жил. Тэднийх Харганатын хөндийд голдуу зусна. Энэ хөндий бол харгана голдуу ургадаг. Холоос харах юм бол бөөн бөөн харгана хэсэг хэсгээр арзайж ургасан, дундуураа нарийхан цэнгэг гол урсана. Үүнийг Харганын гол гэнэ. Зарим газар үүнийг горхи ч гэхээ магадгүй. Яагаад гэвэл их л гүнзгийдээ л хүүхдийн бүсэлхий хүрнэ. Зарим газраар нь том хүн бол харайгаад гарчихмаар. Гэхдээ л энэ гол уснаас энэ нутгийн хүн мал хэдэн арван жилдээ ууж ундаалсаар ирсэн өлзий буянтай нутаг. Голын тохойд хаа газраас ирээд ургачихсан юм гэмээр ганц хайлаас хүн харахад гунигтай юм шиг атлаа энэ голын тохойг би л чимэх ёстой гэсэн шиг мөчрөө сэрийлгэн ихэмсэгээр оршино. Энэ хайлааснаас холгүй Данигайн их бага хоёр гэр буусан харагдана. Тэдний охин Хандсүрэн гэж Сугарын үеийн гялав цалав хийсэн ажилсаг охин тэр гэрийнхээ хамаг ажлыг амжуулна.
Хандаа охин нуруугаар айхтар өндөр биш гэхдээ л нас бие өсөж байгаа бүсгүй хүний хувьд нутгийн залуусын хараанд нэгэнтээ өртөхөөр болсон үе. Өнгөрөн жил аймгийн арван жилийн есдүгээр ангийг дүүргээд зуныхаа амралтаар гэртээ ирэхэд яагаад ч юм бүх юм өөр болсон мэт санагдах болжээ. Хэдийгээр төрж өссөн гэр нь боловч нэг л жижигхэн. Хонь хурганд гүйдэг нас нь ч өнгөрөн шиг. Хааяа нэг нутгийн харцуул гэрээр нь буухдаа гарч орох тоолонд нь шуналтаж шүлэнгтсэн нүдээр хормой хотыг нь сөхчих мэт харц үл салган ширтэх нь нэн төвөгтэй юм шиг боловч бас ч гэж цаагуураа юусан билээ гэж ичингүйрлийн зөн шивнэнэ. Өөрөө ч гэсэн сэтгэлдээ нутаг нугын хэдэн залуусаа ээлж дараалан дүгнэж явах болсон нь сонин. Яг л ийм үед Нургай эгчийнх айлсах сураг гарлаа. Тэднийхийг айлсах болсонд баярлаж битүүхэн хүлээнэ.
Нэг нартай өглөө нүүдэл ирэхэд Хандсүрэн ээж Должинтойгоо хамт идээ цагаа барин нүүдэл тосон очлоо. Өглөө эртлэн гарсан бяцхан хөсөг бага үдийн алдад ирж байгаа нь энэ.
- За сайн явна уу? Хөсөг бүтэн нүүдэл тавтай юу? гэх ээжийнх нь мэндийн хариуд Нургай
- Сайн. Сайхан зусаж байна уу? гэж хээрийн салхинд аяншсан нүүрээ илж, алчуурынхаа үзүүрээр нүднийхээ аньсагийг арчингаа
- Хүүе энэ чинь Хандаа охин уу даа? Яасан том сайхан хүүхэн болоо вээ. Алив үнсье гэж ээжийнхээ араар зогсох Хандсүрэнд хэлэхэд
- Сайн. Та явж ирэв үү? гээд очин үнсүүлэхэд сэтгэлд нь яагаад ч юм их таатай байж билээ. Гэтэл ээж нь
- Танай улаан хүү яагаа вэ? гэхэд
- Яахав малтайгаа яваа. Үхэр хонь адуу гээд бүгдийг нь л ганцаараа наашлуулж яваа гэхэд
- Ишш! зайлуул харангадаж яваа даа. Цэлгийн цай залгилуулахсан гэж ээж нь дуугарч байгаа сонсогдов. Төд удалгүй Данигай давхин ирж мэнд ус мэдэлцэн хэсэг сууснаа гэр барихад гар бие оролцлоо.
Данигай гэж нахиу хамарласан энэ хүн ажилсаг анхиатайгаараа нутагтаа нэртэй хүн. Тэрээр малын тоо толгойноос хэд гурван юм илүү гарчих сүйхээтэй нэгэн. Тэрэндээ ч тэр үү Дурдан Данигай гэдэг хочтой.
Нургайгийнх энэ жил айл зусах болсонд цаагууруу дуртай байгаа. Дуртай байхаас ч аргагүй. Энэ жил хэдэн нас уях гээд ажил ихтэй энэ үед эднийх айл бууна гэдэг сааль сүүнээс авхуулаад эхнэр охин хоёрт нь нэмэр болно уу л гэхээс нэрмээс болохгүй. Мөн эдний хүү улаан Сугар нас бие нь тэгшрэн бодын хөл гүйцэхтэйгээ болсоныг мэдэж байгаа. Өөрөө хэдэн эмнэг хангалаа дийлэхээ больж байгаа энэ үед эднийх ирнэ гэдэг ёстой л загтнасан газраа маажуулах шиг сайхан санагдах тул ихэд таашааж байгаа нь илт. Тийм ч учраас өөрийн биеэр ирж гэр хороогий нь барилцаж байгаа байдал энэ.
Жин үдийн нар голлож, гэрээ бариад шинэ цай пурр хийхийн хэрд гадаа бог малын дуу гарч Сугар хүү орж ирлээ. Данигай Сугар хүүг том болсон л гэж төсөөлж байснаас ийм том болчихсон гэж бодсонгүй суусан тул Сугарыг хараад амандаа зуусан гаансаа эгээтэй л унагачихсангүй мэлэрч байснаа гэнэт сэхээ авч
- За мал бүрэн, сайн явж ирэв үү? гээд үнсэхдээ “ааваасаа ч том болсон байна шүү” гэж бодож амжлаа.
Цай цүй болон хэсэг амсхийгээд Сугар гарч хот хороогоо барих, зэл гадсаа шаах ажилдаа орлоо.
Хандаа охин бага гэртээ сүү саалиа янзалж гарч орох зуураа Сугарыг хараад зүрх нь саалийнхаа дээлэн дотор багатаж ядан цохилхыг гайхан байж чагнана.
Сугар ч гэсэн юмаа хийх зуураа Хандааг харж нэг л сонин болчих нь тэр. Эднийтэй айл буун буутлаа Хандаагийн тухай бодоогүй гэхэд болно.
Үргэлжлэл бий.
Бүрэн эхээрээ...
Ганцаардал (Өгүүллэг)
Би гав ганцаар сууна. Эргэн тойрон нам гүм. Миний хамгийн эрхэмлэдэг моддын сэрчигнээн, шувуудын жиргээн, салхины сэвшээ энд алга. Яагаад гэвэл би хамаг цонхоо хааж битүүлээд гэртээ сууж байгаа болохоор тэр. Би бүр албаар ямар ч дуу чимээ гаргахгүйн тулд хөгжим, тв, гээд бүх л дуу чимээ гаргах болгоныг тэр бүү хэл хөргөгчөө хүртэл салгалаа. Тэгээд өрөөнийхөө голд байрлах хоолны ширээн дээр сууж байна.
Нэгэн цагт энэ ширээн дээр бид халуун хоолоо гарган эхнэр маань аягалаж, бид ээлж дараагаараа хоолоо авч, багыгаа “асгачихвий” хэмээн сануулж, “аавдаа тэрнээс, алив надад наадахаа” гээд л шуугилдан хооллож байсан ширээ. Одоо чив чимээгүй эль хуль оргисон ийм үед надаас юу болоод байгааг асуух мэт мэлийнэ.
Ханан дээрхи хүүхдүүдийн маань зураг одоо яг жинхэнэ зураг хэлбэртээ орчихож. Би урд нь эдгээр зургийг яагаад ч юм амьтай мэтээр төсөөлдөг байж. Дээр нь өнхөрч тонгочин байдаг хоёр буйдан одоо юунд ч юм уйтгарлан дүнсийнэ. Хаанаас ч юм үүлс гарч ирэн нарыг халхалсан учир гэрт тэр чигээрээ бүүдийнэ.
Тэртээ цонхны тэнд банзан гитар хана түшин уйтгарлана. Яагаад бүх юм ийм уйтгартай болчихвоо. Уйтгар гуниг хаанаас ирдэг юм бол... Бас яах гэж ирнэ вэ
Орчны энэ байдал сэтгэлд буухаараа яасан хүнд, яасан хүйтнээр бууна вэ. Тэгэх тусам сэтгэлийг улам бүр гунигт автуулна. Сэтгэл гунихаараа бороотой тэнгэр шиг бүрзийж, орог саарал элстэй эцэс төгсгөлгүй талын дунд чухам юуны тулд оршин байгаа нь үл ойлгогдох хатаж хорчийсон ганц хожуул шиг сарайж сэрийж хэвтэх мэт болдог ажээ. Тэр хожуул хэзээ нэгэн цагт цэцэг навчтай ногоон бут байсандаа. Аягүй бол эндхийн эцсийн шувууд ч түүн дээр сууж байсан байж магад. Сэтгэлээ гэж. Энэ бүхэн юунаас үүдэлтэй вэ?
Ашгүй би бодох тэнхэлтэйгээ байгаа тул бодлоо. Эцэст нь энэ бол ганцаардал гэсэн хариу олов. Гэр бүл үр хүүхэдтэйгээ шуугилдан, халуун дулаан уур амьсгалд халууцаж бүгчимдэх шахам байсан би одоо орь ганцаар өрөөн доторх агаартаа жиндэн, бие агзаганан сууна. Би угаас ганцаараа хүн байсан бол өдийд ингэж суухгүй байсан байх. Ганцаардлыг зарим хүмүүс хүсдэг. Би ч бас хааяа хүсдэг. Гэхдээ ингэж биш. Яагаад гэвэл юм болгон олон талтай байдгийн адилаар ганцаардал ч гэсэн олон талтай юм байхаа даа. Өнөөдөр би ганцаардлынхаа урд нь хүсэж, хааяа нэг таашаал авчихдаг тэр тал дээр биш өөр тал дээр нь суучихсан бололтой. Бүр тэгэхээс тэгэх гэсэн юм шиг уйтгарлан гунигласан сэтгэл зүрхийг минь улам бүр урж сарлах дуу нь надад сонсогдох шиг.
Үүнээс би яаж таашаал авахав дээ. Харин намайг хүлэн бачууруулах ганцаардал надаас таашаал авч байх шиг байна. Би ганцаардалын нэг тал дээр биш харин ганцаардал миний сэтгэлийн нэг тал дээр суучихаад ихэд сайхан байгаа бололтой. Үүнийг мэдрэх тусам би түүнийг дийлэхгүй хий дэмий л татвагнан сэтгэлийн бяд ядуурна.
Хүлүүлчихсэн хүн хүлгээ тайлж чадахгүйг мэдсэн хэр нь хий дэмий арвагнадаг шиг би ганцаардалд дарлуулан байгаа хэдий ч ширээнээсээ босон нөгөө өрөөгөөр шагайлаа. Хүүгийн маань тоглож байгаад орхисон тоглоом яг л тэр янзаараа яайжийлдан хэвтэнэ. Охины минь уншиж байсан ном ширээн дээрээ дэлгээтэй, миний элдвийн юм эрээчсэн цаасыг эхнэр маань эмхэлж байгаад дутуу орхисон яг л тэр янзаараа харагдана.
Өнөө ганцаардал намайг улам бүр даапаалан жарвагнана. Хэрвээ түүнээс дуу гардаг бол ямар муухай чихарсан юмуу хяхтнасан дуу гарах бол гэж бодогдон дотор зарсхийв.
Хүний сэтгэл гэдэг ямар сонин, ямар ойгүй хүчтэй эд вэ. Би ганцаардлаас дуу гаргаж тэр ч байтугай түүнийгээ сонсож дотроо эвгүйцсэн болж таарах нээ. Би одоо ганцаардлаас гарахын мөн болов. Тэгэхийн тулд яах вэ? Хэн энэ ганцаардлыг авчирав. Баахан бодов. Бодлын эцэст би өөрөө болж таарав.
Тиймээ би. Би цонхоо хааж, хөргөгчөө хүртэл салган өөрийгөө орчноос тасалж орхиж. Энэ хүрээлэн байгаа орчлон ертөнцгүй бол хүн гэдэг чухамдаа юу юм бэ. Би яагаад хоолныхоо ширээ, хоёр буйдангаа тийм уйтгартайгаар харж чадав. Би яагаад хүүхдүүдийнхээ амьтай зургийг амьгүй мэт харж чадав. Тэр зурганд амь бийг би мэднэ. Тэр гитаранд хөг аялгуу, өрөөнд маань гэрэл гэгээ бий шүү дээ. Би өөрөө өөртөө цухал төрж, ямар нэгэн арга саам хайсны эцэст босож цонхоо онгойлгов. Тэнд нөгөө миний дуртай цэнгэг агаар, моддын сэрчигнээн, шувуудын жиргээн байдгаараа байж л байлаа. Цонх онгойлгонгуут түүнтэй зэрэгцэн сэтгэлд минь бас ямар нэгэн юм онгойх шиг. Гаднаас миний дуртай бүхэн над руу орохын зэрэгцээ дотроос түрүүний уйтгар гуниг, гансрал, ганцаардал чихцэлдэн байж гарах шиг.
Би ч ухаан орсон юм шиг ухасхийн утсаа шүүрч өөрийн мэдэлгүй залгалаа. Утасны цаанаас
- Байна уу? гэх эелдэг, хонгорхон ижил дасал болсон уянгалагхан дуун чихээр дамжин урагдаж цоорсон сэтгэлийг минь уран шаглаагаар нөхөх мэт урсан орж ирэв. Би энэ дууг үгүйлэх гэж, энэ дууг сонсож уяран хайлж, урсан мэлмэрэх гэж энэ орчлонд ирсэн гэлтэй. Би хэсэгтээ дуугарч чадсангүй.
- Байна уу Өвгөөн? Яасан бэ? Зүгээр үү? гэх дуун үргэлжлэнэ. Тиймээ энэ дуу насан туршид минь үргэлжилсээр байх болно. Би ямар азтай нэгэн бэ.
Хоолой дээр нэг юм тээглэн хахаж цацав. Шорвог гэж жигтэйхэн. Хэрвээ ганцаардал ямар нэгэн амттай байдаг бол шорвог ч байдаг байж болох л юм. Гэвч би хоолойгоо засаж
- Байнаа. Хөгшөөн орой ямар хоол хийх вэ? гэж шал өмнөө юм асуулаа
- Өө тэрэнд санаа зовоод яах вэ. Миний өвгөн өөртөө хийх юм байвал хийж бай. Найз нь замаараа хүүгээ аваад удахгүй очно. Харин чи зүгээр үү? Дуу чинь нэг л биш байна даа. За үнсье. Вуе
- Вуе
Би өөрөө ч мэдэлгүй уртаа гэгч нь санаа алдаад гал тогоондоо орж хөргөгчөө буцааж залгалаа. Хөргөгчний дуу бас тийм ч муугүй юм байна гэж урд бодож байсангүй. Яагаад ч юм аманд дуу аялагдаж байна. Хачин солгой хоолойтой ч гэсэн ганцаараа юм чинь дуулаад хаячихлаа. Тэгсэнээ тэр солгой хоолойг шоолмоор санагдаад өөрийн эрхгүй цээжнээс инээд түлхээд болдоггүй инээчихлээ. Би өөрийгөө шоолон шоолон инээж байгаа нь тэр. Бүр хоёр аньсагаа чийгттэл инээв. Энэ чийг тэр ганцаардлынх юм уу эсвэл энэ инээднийх үү ялгаж би чадсангүй. Хүн гэж сонин шүү. Өөрөө өөрийгөө ганцаардуулж, түүндээ бачуурч бас өөрөө өөрийгөө шоолон хөгжөөдөг.
Тиймээ, сэтгэл зүрхээ чагнаж юугаар яаж дайлнав сэтгэл зүрх эргээд яг л тийм хариу барьдаг ажээ. Энэ бүх үйлдлүүдийг өөрсдөөр минь хийлгэдэг юм байна. Тэгэхээр бид сэргэлэн цовоо, өөдрөг гэрэл гэгээтэй явах нь зөвхөн биднээс л хамаарах нь дээ.
Түрүүний намайг шаналган байсан гуниг, ганцаардал хайчиваа. Оргүй алга. Гадаа нар халхлан байсан үүлс ч нүүчихэж. Халуун нартай өдөр үүлэн сүүдэр дайрахад сэрүүцэж амждаг шиг жинхэнэ жаргалыг жижигхэн гуниг хүртэл чимдэг ч юмуу даа.
Би өчигдөр уншиж байсан хачин уйтгартай юм шиг санагдсан номоо барьж намайг хүлээх буйдан дээрээ албаар, бүр хүүхэд шиг үсрэн ойчлоо. Ямар зөөлхөн дулаахан буйдан бэ. Уншиж буй номныхоо мөн чанарыг яг энэ мөчид олж ойлгож чадав. Хүн яаж ингэж бичиж чаддаг байнаа . . .
. . . Энэ зохиолчид, тэр байгаль ертөнцөд, үгүй ээ ерөөсөө өөрийгөө хүрээлэн байгаа юм бүхэнд цав цагааханаар атаархав би . . .
Бүрэн эхээрээ...