Зах хязгаар нь үл мэдэгдэх давхарлаж үелсэн говийн шаргал манхад чинээндээ тултал халсан тэнгэрийг битүү нөмөрсөндөө бэгнэгдсэн мэт халуу дүүгүүлэн уухьлана. Тэнгэр газрын хооронд үнэндээ хуруун чинээ ч зай алга гэхэд болмоор. Зэргэлээ жирвэлзэн тонгочих манхадын хэцээр хоёр хүн халсандаа дүнгэнэн хүүгэхээс өөр шидгүй агаарыг нуруун дээрээ үүрэн, таг дүлий энэ их говийн дунд тамираа баран энд тэнд гишгэлэн уван цуван алхална.
“Очиж очиж энэ муу гоожуурын өмнө унахгүй юмсан. Яасан хурдан явдаг муу новш вэ. Ядаж байхад хуруун чинээ ч үүл гарахгүй юм даа” гэж бодон Сайханболд хоёр хөлөө чирэн алхаж яваадаа Ловдонгоос баахан санаа зовно. Түүний уруул омголтон хатаж, их долоосондоо энд тэндээ хагарч, уруулыг нь эмжин цагаан хүрээ татжээ. Угаас шингэвтэр шар царай нь одоо хүүхдийн нурсан хонго шиг ухаарч ягаарна. Өсгийг нь өндөрсгөж дэглэсэн орос бакаль нь даагдахын аргагүй хүндэрч, нүүрээ тольдоход болохоор шахуу гялалзаж явдаг нь өнгөрөөд, өгөршсөн цагаан саарал юм болжээ.
Түүнээс хориод алхамын өмнө Лондов хэмээх эдний салааны хамгийн лойдор цэрэг явна. Хувцас хунар нь угаасаа л гандаж цайрсан өнгө муутай. Гутал нь гэж хоншоор нь ээтийгээд, өсгий нь яайжийсан, хангалтанд тавьсан цагаас нь хойш тос түрхэж байгаагүй болов уу гэмээр арзайсан цагаан юм.
“За байз Жа яаж байгаа бол” хэмээн эргэн эргэн харна. Тэр, дашмагаа хоосныг мэдсээр байж хойшоогоо байдгаараа гэдийн амруугаа дусал ч болов ус оруулчих санаатай гудчин зогсоо Сайханболдыг хараад “Жа усаа дуусчихаж дээ янз нь. Надад тун бага ус байгаа юмсан. Буруу яваад байнаа гэж хэлээд байхад өөрийнхөөрөө зүтгээд, хүн загнаад байсан юмаа. Харин ч хил давчихаагүй нь их юм. Тэгсэн бол балрахгүй юү. Урд шөнө Жа даана ч их мэдээд явсан юмаа” гэж бодсоноо Жа-гаа хүлээн зогсов.
Адуу малнаас өөрийг үл мэдэх хөдөөний энэ залуу ноднин хавар цэрэгт татагдан хилийн цэргийн дугаар ангид ирж, цэргийн эрдэм сурах дөчин тав хоногийн карантинд гарсан боловч үнэндээ баруун зүүнээ дөнгөж ялгахтайгаа болсонсон. Хилийн заставын хэдэн офицер дарга нарын уурыг барсан амьтан шөнийн манаа, шал хоёроос салаагүй яваа. Ямарч малыг нас, шүд, өнгө зүсээр нь ялгаад байх хэр нь элдэвийн хичээл ном, буу шийдэмний нэр усыг ер тогтоохгүй. Эмнэг хангал булгиулаад тогтоод байх хэрнээ тэрүүхэн модон морин дээгүүр яаж ч хичээгээд харайж үл чадна. Гурав суниаж зургаа дардаг шинэ цэргийнхээ нормыг чардайгаад чардайгаад хийж дийлэхгүй. Өвлийн шуурга, хаврын хавсрага, зуны халуунд хонь малын хойноос хөөцөлдөж явсаных харуул манаанд гарах нь түүнд зовлон биш. Элдэвийн ном хэлж, хэн нэгэнд байцаагдаж зогссоноос казарамныхаа шалыг лаадсан шиг зүлгэж суувал түүн шиг жаргал үгүй.
Хааяахан зүүдлэнээ мань хүн. Хүн аав ээж, амраг садан аргаа ядахдаа нутаг усаа зүүдэлдэг байхад Ловдон эвэр нь хугарсан ягаан сэрх, эргүүтээд бусдын хөлийг гүйцэхээ байсан бор халзан төлөг, их л сайндаа чөдрийн ганц хөгшин морио зүүдлэнэ.
Бодол мөрөөдлийнх нь дунд орших нэг голын тохойд тоглож өссөн ч өөрийг нь хэзээ ч тоож байгаагүй Агьмаад захиа бичих санаа төрж үзэг цаас нийлүүлэн хэд гурван үг бичих аядавч алдахгүй үг байхгүйгээс гадна бээрсэн өт шиг хэдэн үсгийг нь хэрийн хүн байтугай өөрөө ч гаргаж уншихад бэрх тул тэгэсхийгээд болихоо бас мэднэ. Гэхдээ Ловдон сэтгэл зүрхэндээ бол “цэргийн эрдэмд шамдан суралцаж, цээжний хэдийн тоонд яваа, аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэж, амар тайвны харуулд зогсоо” гээд л сэрүүн зүүдлэнэ.
Харин түүний ард яваа Сайханболд бол өөр. Хот газрын ганган шаавай амьтан. Хойшоо сургуульд явсан боловч номноос бусдыг сурсан тэрээр хагас жилээс хойш явах эрхгүй болсон. Элдэвийн хэрэг төвөгт орооцолдчих гээд байсан түүнийг эцэг нь хороо хориныхоо даргад мэдэгдэж байж хүчээр шахам цэрэгт явуулсан. Угаас сэргэлэн хөдөлгөөнтэй, онгиргон дэвэргэн зантай тэрээр цэрэгт ирүүтээ оволзож шоволзсоор нэг мэдэхэд Жа болж амжсан юм. Ганц нэг гадаад үг хэлчихдэг, ганган хээнцэр түүнд энэ цол нь зохисон гэж хачин. Хилийн цэрэгт ирсэн ч тэрээр өдий болтол застав дээр очиж үзээгүй гэхэд бараг болно. Яаж ийж аргалж байгаад ангидаа үлдчихдэг овжин нөхөр. Харин ангийн захирагчийн тушаалаар бүх бие бүрэлдхүүн хээрийн сургуульд гарахад яалт ч үгүй явсан нь энэ. Хичнээн сэргэлэн сэргэлэн гэхэд ангидаа ганцаараа үлдэнэ гэж юу байхав.
Тэдний тасаг толгойн хэсэгт явж дайсны байрлалыг тогтоогоод эргэн бие бүрэлдэхүүнд мэдэгдэх даалгавартай. Салаан захирагч ахлах дэслэгч Балт гэж бахимхан шазруун байрын нөхөр мэдээ хүргүүлэхээр жагсаалын дарга ахлах түрүүч Сайханболдыг байлдагч Ловдонгийн хамт явуулахаар болов.
Хээрийн сургуульд үүнээс өөр баатарлаг гавъяа бараг байхгүйг гадарлах Сайханболд энэ даалгаварт олзуурхана. Ангийн захирагчид хурдхан мэдэгдэж чадвал орон нутгийн чөлөө ч олдож юуны магад. Сайханболдын толгойд чөлөөгөөр шагнуулан хотын гудамжнаа охид хүүхнүүдийг өдрийн нэгээр сольсон шиг явах тухай бодогдсоор ахлах дэслэгчийн газрын зураг дээр юу тайлбарласныг олигтой анхаарсангүй.
- Ойлгов уу? гэх дуунаар сэхээ авсан тэрээр
- Тийм нөхөр ахлах дэслэгчээ гэснээр уржигдар оройхон харуй бүрий болгоод гарсан юм. Тэгэхдээ анги байрласан хээрийн баазаас гараад ганцхан хоногийн газар явсан санагдаад даана ч нэг урамтай алхсандаа. Ловдонг дагуулан алхаж явахдаа говийн тэнгэрт анивчих түм буман оддыг дөнгөж сая олж харсан мэт олзуурхавч яагаад ч юм их хотын гудамжнаа гялалзах тоо тоймшгүй олон гэрлээс юу гэж л дээр байв гэж. Чөлөөнийхөө хуудсыг энгэрийнхээ халаасанд хийчихээд, орныхоо гудсан доор хадгалсан онц байлдагчийн тэмдэгээ гаргаж зүүчихээд, охидуудын нүдийг хужирласан шиг алхаж яваа мэт санагдан сэтгэл өндөр явлаа. Гэтэл Ловдон араас нь
- Жа бид нэг л буруу яваад байх шиг байнаа гэхэд
- Нөхөр ахлах түрүүчээ гээч гэснээ “Ёстой нэг гоожуур шүү” гэж бодон шүдээ зууна.
- Нөхөр ахлах түрүүчээ бид буруу яваад байнаа гэж Ловдон алдаагаа засан хэлэв
- За за чи юугаа мэддэг юм. Дуугай дагаад яв гэж би чамд тушааж байна.
- За жагсаалын даргаа гээд Ловдон нусаа татахад Сайханболдын бүр арга нь барагдсан янзтай шогширч
- Ий! чамайг нээрээ яая даа байз. Мэдлээ нөхөр ахлах дэслэгчээ гээч гээд цааш эргэснээ гэнэт “Энэ мууг ер нь марш хийлгэнээ. Тэгэхээр наад их ам чинь дарагдахгүй яадаг юм“ гэж бодоод
- Нөхөр байлдагч гүйгээд марш гэж командлаад дагуулан гүйв. Нилээн гүйсний дараа Сайханболд амьсгаагаа даран алхав. Тэртээ ард үлдсэн Ловдон сая л нэг юм гүйцэж ирж байгаа бололтой амьсгаадах нь ард нь нэг хөгшин нохой ирэв үү гэлтэй. Сайханболд эргэж хараад “Хн! энэ бид хоёрын байж байгааг. Жаахан шогшчихсон чинь үхэх нь шив дээ. Яана даа ийм амьтан” хэмээн бодно. Тэрээр амсхийн газар суухад говийн элс өнгөн дээрээ цэв хүйтэн, гараа шургуулахад угтаан бол халуун бүлээхэн байлаа. Гүйсэндээ халууцсан тул Сайханболд дашмагтай уснаасаа ховдоглон залгилахад Ловдон
- Та усаа ингэж их ууж болохгүй ээ. Говьд усгүйдвэл хэцүүднэ шүү
- Чи одоо юу юу гээд хуцаад байгаа юм бэ. Маргааш гэхэд анги дээр очихын хооронд юу гээд сүржигнээд, хүнд заагаад байгаа юм. Тэгээд ч ер чи та ма гэчихжээ. Би ямар ах чинь юмуу гэж харанхуйд баахан дүрэмдэв. Ловдон түүний өмнө номхон зогсоно. Сайханболд
- Байлдагч Ловдон харуулд гар гэж тушаагаад өөрөө гэдэргээ харан хэвтлээ. Ловдон
- Мэдлээ гэж дуугарч байв. “Бас овоо шүү дээ” гэж бодов.
Одот хөнжил мэт говийн тэнгэр тув тунгалагхан, ямар ч чимээ аниргүй. Байгаль дэлхий тэр чигээрээ гацчихсан мэт дэндүү намуухан. Гагцхүү сарны зэгэл саарал туяа л бүхнийг өөрийнхөө өнгөнд уусган үнхэнэ.
Сайханболд нэг мэдсэн чинь осгож үхэх нь ээ. Хүйтэн элс доороос нь голд нь ортол хайрна. Говийн шөнө хүйтэн ажээ. Үүрийн гэгээ үнэгэн харанхуйг тэмтчин түлхэж эхлэв. Эргэн тойрноо харсан гоожуур алга. Хамаг бие нь царцаад хөшчихсөн юм шиг л болж. Бээвийж бээцийсээр босоход доороос нь нэг муу аалз дулаахан хоносондоо баярлах мэт арвагнан цааш явахад Сайханболд жаахан эгдүүцсэндээ дээрээс нь шээчих санаатай алцайн зогсож байгаад шээсээрээ хэд мурчигнуулсанаа оносон ч үгүй дуусав бололтой толгойгоо чичигнүүлнэ. Тэр хажуугийн манханы орой дээр ямар нэгэн юм хайх мэт ийш тийш саравчлан зогсоо Ловдонг олж харав. Түүнийг дуудах гэсэн боловч хоолой нь сөөнгөтөөд олигтой ч гарсангүй.
Төд удалгүй манханы оройгоор том шар наран яах ийхийн зуургүй гараад ирлээ. Шөнөжин загзагнасан бие нь нарны илчинд тавираад нэг л сайхан. Тэр байлдааны даалгавартай яваа ч гэсэн өөрөө унтчихсан тул хэнийг гэхэв. “За одоо ингээд алхаад орчихно. Юухан байхав” гэж бодон дашмагтай уснаасаа баахан балгав. Хоолой зураад цаанаа нэг сайхан. Усны баримжаа багсаж байгаа бололтой.
Тэгтэл Ловдон гутлынхаа хоншоороор элс үсчүүлэн бууж ирэв. Явсан мөрөөр элс ус шиг урсан мөрийг нь арилгана.
- За одоо хаашаа явах вэ? гэж айсан янзтай хэлэхэд
- Хаашаа явдаг юм. Анги байрлах хээрийн баазруугаа л явахгүй юү
- Тэгэх нь ч тэгнэ л дээ. Гэхдээ чухам аль чигт байгаа бол?
- Чи зүгээр л намайг дагаад яв гээд Сайханболд түрүүлээд алхлаа. Яаж ч хэлээд ойлгохгүй түүнд цэрэгжилт яриад ч яалтай билээ. Ловдон дотроо “Нэг л буруу зүг рүү яваад байна даа” гэж гадарлах авч Жа-гийн үүрэгдэх, аягүй бол шанаа ирэхээс төвөгшөөн дуугай л дагаад явлаа.
Говийн нар ч яахав дээ гарлаа л бол халж эхэлдэг нь жам. Манханаас манхан дамжин явах тусам тэдний алхаа удааширч, Сайханболдын цээжинд эргэлзэх эргэлзээ хөөж буй гурил шиг томорсоор итгэл сэтгэлийг алдраана. Тэгэн тэгсээр үнэндээ хаашаа явж байгаагаа баримжаалахад бэрх боллоо. Осолдохгүй ичсэн нэрэндээ явсан чигтээ алхана. Бид хаашаа явж байнаа? гэж ямар гоожуураас асуултай нь биш. Гэхдээ түүний алхаа гишгээ нь түүнд захирагдахгүйгээр суларч, итгэл алдарсан тэрээр хий дэмий л Ловдонг ямар нэгэн юм хэлээсэй гэж өөрийн мэдэлгүй хүснэ. Тэгтэл ашгүй Ловдон
- Хүүе! Жа гэж дуудахад Сайханболд уухайн тас хурдхан шиг эргэж хараад
- Юу гээв? гэж асуулаа. Өнөө айхтар цэрэгжилт энэ тэр ч өнгөрөв бололтой. Түүний хоолойны өнгө нь “Би юу ч мэдэхгүй” гэх шиг гонгинов.
- Ахлах түрүүчээ бид буруу яваад байнаа. Урагшаа яваад байна шүү дээ. Аягүй бол хил давчихвал яана гэхэд айсандаа зүрх нь амаараа гарчих шахсан Сайханболд
- Юу . . . Чи тэгээд хэлэхгүй яасан юм? Одоо тэгээд яах юм бэ? гэж асуусан байлаа.
- Би мэдэхгүй л байна л даа. Гэхдээ ийшээ л явж болохгүй гэж явж буй зүгийг нь заавал
- Яагаад?
- Энэ чинь урд зүгээ
- Чи яаж мэдэж байгаа юм?
- Та энэ нарыг хар л даа. Бид урагшаа явж болохгүй. Хойшоогоо л явах хэрэгтэй. Анги баазаа олохгүй юмаа гэхэд ядаж урагшаагаа хил давахгүй шүү дээ гэж хэлээд дашмагтай уснаасаа таганд нь хийн амаа чийглээд буцааж таглах зуураа
- Жа та наад усаа бага уу. Тэгэхгүй бол бид энэ говьд хатаж үхэж мэднэ шүү гэхэд Сайханболдод жинхэнээсээ айдас төрөн царай нь барайж, зүрхэнд нь шар ус хурна. “Өчигдөр орой ахлах дэслэгчийг хэлж яриад байхад анхаарах минь яалаа” гэж үнэн голоосоо харамсан гасалж өөрийн эрхгүй хөл нь нугаран газар суув. Гэтэл халуун элсэн дээр сууяа сууж болохгүй, хэвтье хэвтэж бүр болохгүй, халхлах сүүдэр хаа ч байхгүй. Зовлон гэдэг жинхэнээсээ тэр хоёрт нүүрлэн ирэхэд Сайханболдын хувьд хорвоо тэр чигээрээ нүүрээ буруулчих шиг боллоо. Тэр хий дэмий л
- Одоо тэгээд яах вэ? Ловдоон гэх нь үнэхээр цөхрөнгөө барсан нь илхэн. Ловдонгийн хувьд ч аймшигтай байлаа. Гэхдээ түүнд нэг давуу тал байсан нь “Бид хойшоо л явах хэрэгтэй” гэсэн бодол байгаад оршино.
- За Жа минь усаа бага уугаарай гэж дахин хэлээд, ямар ч байсан хоёулаа хойшоо чиглээд л явъя гэхэд Сайханболдоос дуу ч гарсангүй толгой дохилоо. Ийнхүү Ловдон түрүүлэн алхаж, эрхэм Жа араас нь дагаж яваа нь энэ.
Хэдийгээр тэр түүнийг даган яваа ч Ловдонг өөрөөсөө дорд үзэх үзэл нь хэвээрээ л яваа. Халууныг хэлэх үү өмссөн хувцас нь хүртэл дараа болж байхад буу, аранз гээд жигтэйхэн хүнд, хүнд юмнууд үүрчээ. Тэд нилээд хэдэн элсэн гүвгэрийг давсан боловч нүдэнд торох юм үл үзэгдэнэ.
Ловдон сүүдрээ ихэд богиноссоныг харан
- Жин үд болж байна даа гэж амандаа шивнэн санаа алдаад араасаа ирж яваа Жа-гаа хүлээж тэртээ тэргүй сууж болохгүй тул газар ширтэн гөлөрч хэсэг зогслоо. Тэгтлээ их халсан элсэн дээр амьд амьтан байж боломгүй мэт. Гэтэл яг элс шиг шаргал өнгөтэй нэг аалз хэдэн хөлөө арвагнуулан халуунд дэмийрч солиороо юу гэлтэй хаашаа ч юм гүйн одов. Жа нь үнэхээр сульдсан байгаа нь харагдана. Тэрээр хоёр хөлөө арайхийн сольбуулан зөөх бөгөөд буугаа оосроор нь гартаа өлгөсөн тул бууны бөгс нь газар чирэгдэн элсэн дээгүүр нарийхан мөр татавч төдхөн нурингатан урсах элсэнд даруулан замхран алга болж байв. Тэрээр одоо Ловдогийн алхааг нэгэнт гүйцэхгүй болжээ. Дашмагаа хичнээн шавхаад ч ус үл гарна. Ловдонгийн ташаанд санжигнан яваа дашмаганд ус байгааг тэр мэднэ. Муу гоожуураас гуйна гэдэг гутамшиг. Сайханболд арай хийн гэлдэрсээр түүнийг хүлээн зогссон Ловдон дээр ирж
- Алив чамд ус байна уу? гээд зүгээр өөрийнхөө юмыг авах гэж байгаа мэт гараа сарвайлаа. Тэгтэл Ловдон өөдөөс нь нилээн харж байснаа
- Таныг би усаа гамнаа гэж хэлээ биздээ гэснээ дашмагныхаа тагаар нэг ус түүнд өглөө. Сайханболд
- Үгүй би наадахаас чинь хоёр балгачихъя л даа. Юун харамч юм бэ чи одоо гэж дуугаа нилээн өндөрсгөхөд
- Болохгүй ээ. Бидэнд үүнээс өөр ус байхгүй. Одоо нэг мөсөн уучихаад дараа нь хатаж үхэх гээ юү гэх Ловдонгийн шийдэмгий дууг сонссондоо Сайханболд чихэндээ итгэсэнгүй.
- Юу гэнээ чи муу гэж шүдээ зуун хэрэндээ муухай харав. Харин Ловдон түүнээс айн хулмалзах авч бас зүгээр л шууд усаа өгч чадсангүй. Сайханболдын хувьд түүний усыг яаж авч ууя даа л гэж бодож байгаа болохоос анги баазаа яаж олох, нөгөө байлдааны даалгавар, цэрэг эрийн тангараг, тэр ч байтугай эндээс амьд гарах эсэхээ ч мэдэхгүй байлаа. Ловдон ч гэсэндээ мөн л адилхан боловч Сайханболдыг бодвол “эндээс яаж амьд гарах вэ” гэсэн бодол түүнд байлаа. Тэгээд ч тэр үү түүнээс айдас түгшүүр үл сална. Тэрээр Жа – тайгаа ам зөрсөндөө айх боловч түүнээс илүү аймшиг зүрхийг нь дэлсэх учир санаа нь тэгтэлээ их зовсонгүй. Уг нь ангидаа байсан бол алуулж байгаа газар л даа. Гэвч одоо тэр дарга цэргийн асуудал юу ч биш. Ангиа олоод очиж байвал ганц нэг зодуулах ч өнгөрсөн. Харин яаж нэг юм ангиа олно доо.
Ловдон Жа – даа уснаасаа дашмагныхаа тагаар хувь болгож өгчихөөд тагийг нь эргэдэн таглахад төмөр таг Сайханболдыг тавлах мэт хавиран эргэнэ. Сайханболдын нүд аяган дотроо даган хөдлөнө. Ловдон дашмагаа ташаандаа зүүгээд цааш эргэн алхлаа. Яаж ч болохгүй юм гэдэг энэ ажээ. Сайханболд уг нь муу гоожуурт ухамсарын шанаа өгөөд аваад уучихмаар байсан ч яагаад ч юм тэр чадахгүй байв. Хий дэмий л араас нь даган сажлав.
Эргэн тойрноо ажваас үнэндээ ялгаа алга. Хаашаа л харнав зэрэглээ хөвөлзсөн нэгэн хэвийн бас нэгэн өнгийн элсэн толгодууд, Цэхийсэн цайвардуу хаяатай цэлийсэн хөх тэнгэр. Дээшээ харваас уйваагүй шар наран өрөвдөх шинжгүйгээр зэгэл өнгөөр цайран шарна. Нилээн яваад Сайханболдын нүд нь бүрэлзэж, тархи руу нь той тоймшгүй олон зүү шивэх мэт шип шип хийн шархируулна. Тэр нэг мэдэхэд аранз үүргэвчээ аль хэдийн хаа ч юм хаячихаж. Гагцхүү буу нь л өөрийн утгаа алдан ядарч туйлдсан хургачин хүүгийн шилбүүр аятай чирэгдэн явна. Тэрээр Ловдонгийн араас мацсаар байж нэгэн манхан дээр гартал цаад доор нь цэлийсэн их усан мэлтэлзэн мяралзаж харагдав.
- Ийм их ус байхад хэлэхгүй яасан юм бэ? гэж амандаа шивнэх шахам хэлээд манханы уруу майрагнан гүйхчээ аядав.
Ловдон түүнийг юу гэж хэлсэнийг сайн ойлгосонгүй араас нь харж зогстол Жа нь жаахан доошлоод доошоо харан уналаа. Араас нь очиж түүнийг дээш нь харуулвал Жа нь
- Саяхан энд байсан ус хаачиваа? хэмээн амаа байдгаар нь ангайн уйлах ая үзүүлэв. Түүний хагарсан уруулаас цус шүүрч, хүзүүнийх нь нугалсаар хир судалтана. Ловдон мөн л дашмагныхаа тагаар ус хийж талыг нь Жа – даа, хагасыг нь өөрийнхөө аманд хийлээ. Ус хэдийгээр халуун ч гэсэн ам руу нь амьдрал шиг урсан орж хоолойд нь хүрэхгүй алга болно. Одоо тэдэнд элсний халуун хамаагүй болжээ. Суусан газраа хэвтээд өгмөөр санагдав.
Гэсэн ч Ловдон ингэж хэвтэж болохгүй гэж санан бослоо. Балга хүрэхгүй жаахан ус тэр хоёрт түр ч атугай тэнхэл оруулав. Сайханболд
- Сая надад харагдаад байсан их ус хаачиваа?
- Та зэрэглээ харсан байх. Их халуунд зэрэглээ тэгж харагдаад байгаа юм.
- Үгүй л баймаар юм даа. Ингэхэд бид ер нь хаашаа яваад байнаа? Анги хаана байгаа бол? гэж Сайханболд бүр шалдаа буусан хүний төрхөөр асууна.
- Анги хаана байгааг бол мэдэхгүй. Харин ямар ч байсан хойд зүгрүү явж байгаагаа л мэдэж байна гээд босоод алхах Ловдонгийн дууны өнгө нь Сайханболдоос хавьгүй дээр итгэлтэй сонсогдоно. Сайханболдын хоёр нүд түүний ташаанд санжигнах дашмагнаас үл сална.
Цэрэгт ирэхээс өмнө сайхан байжээ. Сайханболд цангах ядрахыг мэдэх нь битгий хэл хэзээ ч ийм байдалд орж үзээгүй. Хаа ч явсан охидууд хүрээлнэ. Хэн нэгнийг шоолж, нөгөө нэгнийг чадаж, түүндээ баясан инээж хөхөрч, бусдыг муучилж явсанаас биш ийм амьтанаас балга ус гуйж арчаагүй царайлж явсанаа санахгүй. Гэтэл одоо нэг хачин дамраараа эргэсэн гоожуурын араас гэлдэрч явах ч гэж дээ. Энэ муугаас тэр усыг яаж авъя даа байз.
- Үгүй ээ ерөөсөө зодож л авахаас өөр арга алга гэж амандаа үглээд
- Хөөе! байлдагч Ловдон гэж хамаг чадлаа гарган дуудав. Нилээд эзэрхий өнгөөр дуудсан болохоор Ловдон өөрийгөө цэрэг гэдгээ санан дороо зогсож Жа – гаа хүлээв. Сайханболд арайхийн ирээд амьсгаадан байгаа хэр нь
- Байлдагч Ловдон номхон гэж тушаахад Ловдон нилээн гайхан харвал Жа – гийн нүд нь тоглоогүй болохыг илтгэв. Тэрээр буугаа үүрэн гараа буулган зогстол
- Дашмаг үзлэгт гэж тушаав. Тэр энэ тушаалдаа ичсэнгүй. Уг нь бол дашмагныхаа тагийг аваад “Байлдагч Ловдон дашмаг үзлэгт бэлэн” гэх ёстой байх. Гэвч Жа – гийнхаа санааг ойлгосон Ловдон тэр тушаалыг тоосонгүй шууд л
- Одоо усаа дуусгаж болохгүй ээ. Бид хатаж үхэх болно гэж хэд хэлэх юм бэ гээд цааш алхах гэхэд Сайханболд
- Номхон! гэж голынхоо дуугаар хашгираад нэг цохиод авав. Харин дараагийн цохилт ирэхээс өмнө Ловдон амжин хоёр ханцуйнаас нь зөрүүлэн татаад, эрс шийдэмгийгээр түүн рүү харж
- Та яагаад байгаа юм бэ? Намайг ингэж байхаар яаж амьд гарах вэ гэдгээ бод л доо. Тэгээд ч тэр цэрэгжилт энэ тэр чинь одоохондоо надад падгүй за юу гэж айсан, гоморхсон эсвэл бүр шийдчихсэн өнгөөр сийгүүлэн хэллээ. Сайханболдын нүүрэнд Ловдон бараг нүүрээ тулгаж байгаад хэлсэн тул түүний амнаас эхүүн үнэр хан хийнэ. Сонссондоо итгээгүй Сайханболд гараа шувт татан
- Муу гоожуур минь чи ямар их үгтэй новш вэ. Чамайг зодож байгаад авчихъя л даа гээд нүүрэнд нь дахиад буулгасан боловч олигтой цохилт болсонгүй. Ловдон ч хөдөлсөнгүй. Харин Сайханболдыг заамдан авч тонгорон унагав. Ловдонгоос тийм хүч чадал, зориг гарна тооцоолоогүй Сайханболд нэг мэдсэн дээшээ харчихаж. Мөрөнд өлгөөтэй байсан бууны бөгс нь хөндөлдөж ирээд цээжинд нь цохив. Босож амжаагүй байтал Ловдон цээжин дээрээс нь хүнд биеэрээ дарах гэж бараг дээрээс нь унан үмхий амаа нүүрэнд нь дахин тулган
- Та боль л доо. Адилхан байж байж. Хэрвээ амьд явъя гэж бодож байгаа бол дуугүй дагаад яв. Чадахгүй бол ингээд хэвтэж бай гээд цээжин дээр нь нэг ёворчихоод босоод хэд алхтал ард нь бууны замаг дуугарч
- Муу новш минь сонс. Нэг л алхах юм бол буудлаа шүү. Наад усаа нааш нь өг. Чамайг би энд алаад булчихсан байхад энэ их элснээс чамайг олох хүн байхгүй л байх шүү гэж буугаа мөрлөсөн чигээрээ муухай хашгирлаа. Түүний нүд яахаас ч буцахаа байсан хагас галзуу амьтан шиг гялтагнана. Тэр чухам юу хийж байгаагаа мэдэж байгаа шинжгүй хамар нь сартагнан, амьсгаадана. Бууны ам харсан Ловдон айсандаа илүү хөдөлгөөн хийсэнгүй. Дашмагаа авч Жа – руугаа ойртов. Сайханболд дашмаг руу нэг гараа сарвайхад нөгөө гар нь буугаа дааж ядан салганаж байхыг харсан Ловдон ухасхийн бууг нь дээш нь цохиод Сайханболд руу үсрэн хоёул зууралдан дээр дороо орон өнхрөв. Элс үсчин ам хамар, чих хоолой гээд онгорхой болгон руу нь орж, угаас эргэж байсан толгой нь өнхөрсөндөө улам эргэн хорвоо дэлхий дайвалзана. Нэг мэдсэн чинь Ловдон Сайханболдын дээр нь гарчихсан хэд хэд цохиод авлаа. Одоо Сайханболд Ловдонг дийлэхгүй нь илт болов. Айсан хүн хүн ална гэгчээр Ловдон ч гэсэн юу болоод байгааг мэдэрсэнгүй. Энэ бүх явдал хоромхон зуур болоод өнгөрлөө. Хар халуунд баахан ноцолдсон хоёр, бие биенийгээ дийлэхгүйгээ мэдээд амьсгаадсаар хэсэг суув. Тэгтэл Ловдон босож, дашмагаа авчиран Жа– руугаа шидвэл түүнд арай хүрсэнгүй наахан талд нь элсэн дээр унахад хоосон шахам дашмагт балгахан ус цүлхийн дуугарч байгаа нь сонсогдоно.
- Наана чинь нэг их ус байхгүй. Одоо тэгээд ч хэн нь ч уусан бид энэ цөлөөс амьд гарах нь өнгөрсөн байх. Яахав та бүгдийг нь уумаар байвал уу л даа. Хоёулханаа ийм газар явж байж байгаа балга усаа булааж уух гэлээ гэж буу шагайж байдаг та мөн эр хүн юм даа гэв. Ловдонд зохиогүй мэт энэ эрс шийдмэг агаад ухаалаг үгс Сайханболдыг хүнд юмаар цохиод авах шиг сонсогдоно.
- Уг нь наад усаа хоёулаа дусал дуслаар нь уруулаа норгоод явбал хэдэн гүвээ давах л байх гэх дууны нь өнгөнд “чи ганцаараа уугаад хоёулаа үхэх нь хурдан л байх даа” гэсэн утга илрэнэ.
- Тэгээд тэгээд. Энэ цөлд хэн ч байхгүй юм бол бид яах гээд хаашаа яваад байгаа юм бэ? гэж Сайханболд учир нь ойлгогдохгүй юм урд хойно нь оруулан цөхөрч гүйцсэн дуугаар орилоход гэмшсэндээ биш шарлахсандаа нүдэнд нь нулимс цийлэгнэж байлаа.
Ловдон нялх нойтон хурга тугал юм уу эсвэл өвчинд нэрвэгдсэн малыг л өрөвдөн харж байснаас биш хүнийг ингэтлээ өрөвдөж байгаагүй. Ловдонд өрөвдүүлэх хүн гэж хаа байхав дээ. Ямарч л байсан түүний амьдралд таарч байгаагүй. Харин одоо Ловдонгийн нүдэнд өнөө сайхан Жа нь арчаагүй өрөвдөм амьтан харагдаж байлаа.
Үргэлжлэл бий . . .
Бүрэн эхээрээ...
Лойдор - 1 (Өгүүллэг)
Ханьсахын жаргал (Өгүүллэг)

Болд байрнаасаа яаралгүйхэн гарч ирлээ. Гадаа өглөөний тунгалагхан агаар тааламжтайяа сэнгэнэж, зарим нэг моддын навчис цагийн аясаар шарлажээ. Арай унаж амжаагүй навчисын завсараар бор шувууд үзсэн харсан сонин бүхнээ бие биенээсээ өрсөн ярих мэт зай завсаргүй шулганалдана. Болд машиныхаа зогсоол руу зугуухан алхлаа. Түүний хөлөөр түрүүлж унасандаа харамсан гомдоллох мэт шар навчис түүгээр үүгээр хөглөрөн гуниг үелзүүлнэ. Болд зэргэлдээх хотод сурч буй хоёр хүүхдээ эргэхээр ганц хоногийн чөлөө аваад явах гэж буй нь энэ. Замаараа дэлгүүрээр дайрч хүүхдүүдийнхээ дуртай амттанг авахаар төлөвлөв. Хэдийгээр сайхан зассан цардмал замаар гурав дөрөвхөн цаг яваад хүрэх газар боловч хол явах гэж буй хүний зангаар машинаа тойрон дугуй юмханыг ажиглаж хэд алхалсанаа тэргээ асаан хөдөллөө. Тэрээр хаа ч явсан авч явдаг эхнэр бага хүү хоёрынхоо зургийг хажуу сандал дээрээ тавилаа.
Явж буй зүг нь наран сөргөө болоод тэр үү сэтгэл нь сэргэн солгой хоолойтой ч гэлээ дуу аялмаар. Кабиндаа ганцаараа юм чинь яах вэ дээ. Тамхи татдагсан бол нэг сайхан нэрчихмээр. Гэвч тэр угаас тамхи татаж чаддаггүй. Яг одоо тэр аавынхаа тамхиа улаан цог болтол нь сороод, удаан гэгч нь уушиглан, утааг нь аажуухан үлээж, аньсагаа хагас анин бодол дундаа умбан суугаа дүрийг санан “Аав маань тэгж суухдаа жаргалтай л байдаг байхдаа” хэмээн бодон хаазаа гишгэлээ. Тэрээр нэгэнт тамхи татаж чадах биш. Харин замын уртад суунаглах бодлоо гайгүй сайн бүдүүхэн шиг ороож байгаад тавтайхан “уушиглахаар” шийдлээ.
Хоёр том нь өөр хотод сурдаг. Эхнэр нь бага хүүгээ аваад нутаг буцсан байгаа тул Болд одоохондоо ганцаараа байгаа юм. Болд бага хэнзийгээ л эрхлүүлээд байхаас гараас гарсан хоёр томтойгоо нэг их нялхамсаад байх нь ховор. Гэхдээ тэр энэ удаа хоёр томыгоо санасан байлаа. Босон суун бодогдоод бас ч гэж хоёр хүүхэд дээрээ очно гэхээр сэтгэл дотор нь нэг хөөрхөөн юм хөгжөөд байхыг бодоход санасан хэрэг л дээ.
Болдын унасан тэрэг хурдны замаар намбайтал давхина. Замын хажуугаар болцондоо ханан байгаль дэлхийн чинэрсэн дэлэн аятай түнтийн шаргалтах эрдэнэ шиш бүхий талбай жирэлзэн өнгөрнө. Хүү охин хоёрынхоо хөөрхөн багын төрхийг санах гэж Болд тархи толгойнхоо нугалаа болгоныг нэгжин самнах мэт тэртээ арван хэдэн жилийн өмнөх бяцхан хүүхдүүдийг бодох зуур өнөөх сүүлд гарсан хэнзхэн амьтан дундуур нь сарвагнан гүйж бодол сарниана.
Яг л өнөө өглөөний болжмор шиг шулгансан хоёр жаахан юмнууд ээжийнхээ урд хойноос чаргууцалдан цэцэрлэг яслидаа явдагсан. Хүрэн шкафны дээр байх жижгэвтэр улаан хайрцганд ээж нь аль өнгөтэй өөдтэй чихэр жимсээ хадгална. Өглөө босоод өнөө хоёр маань албандаа явж нэг л их гийгүүлэх гэж байгаа амьтад улаан хайрцагийг ширтэн хажууд нь зогсоно. Санаа нь тэндээс урмынхаа чихрийг авах гэж байгаа нь тэр. Болдын эхнэр гэж хөөрхөн жижигхэн бор хүүхэн өнөө хайрцагийг авах гэж хүрэхтэй үгүйтэй арай ядна. Болд ухасхийн очиж эхнэртээ туслана. Ингээд л тэр хайрцагнаас хамгийн нандин юм гарч ирэх гэж байгаа юм шиг л гэр бүлээрээ харж зогсоно. Ээж нь онгойлгоно. Хоёр хүүхдийн нүдэнд тэр гэхийн тэмдэггүй аз жаргал гэрэлтэнэ. Хорвоо дээрхи хамгийн хоргүй нүд тэр л байх. Ээж нь бага нь юм болохоор охиноосоо эхлэн
- Миний охин алийг нь авах вэ? гэхэд ой нилээн гарсан жаахан амьтан хэмжээгүй их эрх дархаа эдлэн энийг ч авмаар, тэрийг ч идмээр болон барьж тавилана. Дөрөв дөхөж байгаа хүү нь өөрийнхөө ээлжийг иртэл тэвчээртэй хүлээнэ.
- За Агаа нь алийг авах вэ? гэж ээж нь хамгийн их хайраар хүүгээн шагнаж харна. Агаа гэж дуудуулж байгаа даа хүү ихэд урамшин томыг нь авмаар байвч жижиг чихрийг заана.
- За яахав миний хүү энийг авчих гэж том чихэр өгөхөд хүүгийн баяр жаргал нүдэндээ байтугай нүүрэндээ багтахгүй гэрэлтэнэ. Эхнэр нь Болдоос
- Миний өвгөн авах уу?
- Үгүй дээ хө. Наадуулаа хэд хоног хуурахыг бод гэхэд эхнэр нь
- Би тэгвэл нэгийг авлаа гээд шуртхийн аваад ичсэн эрхэлсэн аль нь ялгагдахгүй харцаар Болдыг харж юм хэлэхээс нь өмнө
- Яадгийн идмээр байхад гэж өхөөрдөм хацраа бомбойлгоно. Гэр бүлийн аз жаргал тэрүүхэн хооронд боргилон булиглах нь сайхан. Миний хүүхдүүд ийм л хүүхдүүд байсан гэж бодон Болд өөрийн эрхгүй жаргалтай инээмсэглэснээ “Харин бид хүүхэд байхдаа яадаг байлаа. Манай ээж бас л хэдэн чихэр олдвол
- Муусайн золигнууд хүн орж ирэхээр тавган дээр тавих юмгүй болтол хуурайлчих юм гэж үглэсээр жижигхэн эрээн авдартаа хийж, сайн гэгч нь түгжээд ажилдаа явна. Харин манай эхнэр шиг аавд эрхлэн ганц нэгийг үнхдэг байсан болов уу. Цаг цагийн хайр ижил юм чинь дээ тэгдэг ч байсан байж болох л юм. Тэгээд ээжийг явсан хойгуур бид авдарны арын хавтанг эвтэйхэн сөхөж байгаад л аваад идчихдэгсэн. Гэтэл одоо бол тэгж болохгүй шүү дээ. Тэгвэл хулгай л болно. Тэгэхээр тэр үеийн хүүхэд, одоо үеийн хүүхдийн сэтгэхүй өөр өөр байжээ. Миний үед тийм байсан юм чинь манай аавын үед бүр л өөр байсан байж таарна. Бараг л овсгоо самбаатай талдаа орох биз. Хөгшчүүд сүүлийн үеийн хүүхдүүдийн яс чанар мууджээ гэж ярьдагсан. Тэдний ойлголтоор бол тийм л байх. Миний муу хүү хорь хүрч байгаа гэхэд тэр үеийн залуусын эрдэм болох адуунаас дурын морио барьж аваад эмээллээд уначихаж чадахгүй шүү дээ. Гэтэл миний хүүгийн чаддаггийг тэр үеийнхэн байтугай би ч гэсэн чадахгүй байж мэднэ. Тэгэхээр хүмүүн гэдэг цаг хугацаа улиран өнгөрөх тусам улам л дотогшоогоо хөгжиж байгаа юм байхаа даа” гэж Болд тэнэж зуларсан бодлоосоо хүүхдүүдээ өмөөрнө.
Хурдны зам гэдэг сайхан ажээ. Дөрвөн цагийн газрыг дөрвөн цагтаа л давхиад ирнэ. Зам зуур хоёр хүүхэд нь
- Одоо хаана явна? Ойртож байна уу? гэж ээлжлэн утасдана. Болд “муусайн хүүхдүүд минь хүлээж ядаж дээ” гэж бодсоор ирээд бага сага тортой юмаа буулгаж байтал ард нь
- Өө аав! Сайн уу? гэж дуугарахад эргэж харвал хэдхэн хоног хараагүй хүү нь дэнхийсэн том юм болчихсон ч юм шиг. Бодвол санасаных байх.
- За миний хүү сайн уу? гэж хүүгээ үнсээд
- Дүү нь яасан? гэж харцаараа эрэлхийлэв.
- Гэрт байгаа гээд хүү нь юмыг нь аван түрүүлэн алхав. Тэр мөчид хамар нь шархирах шиг болоход Болд “Би ч аав шигээ л болжээ дээ” гэж аавыгаа бас давхар бодож амжив. Хүүгээн дагасаар ортол охин нь үүдэн дээрээ угтав. Болд эхнэрийнхээ залууг харчихав уу гэлтэй болж зог туслаа. Жаахан өндөрхөн л болохоос яг л ээж ажээ. Болд охиноо үнсэв. Хүүгээ дахиж үнсэв. Бодвол замын турш бодсоных уу багынх нь үнэрийг мэдрэх гэсэн бололтой. Одоо тэр үнэр яаж байв гэж дээ. Харин хүүгээс нь өөрийнх нь, охиноос нь эхнэрийнх нь үнэр үнэртэх шиг болов. Санаа дагаад тэр байх.
Хэдий том болсон ч гэсэн хоёр хүү нь аавдаа ойрхон сууж ямар нэгэн юм хүлээх мэт харах нь яг тэр багадаа улаан хайрцагнаас чихэр хүлээдэг шиг нь харагдахад Болд
- Өө, аав нь . . . гээд мартсанаа санасан мэт гараа савлаад, тортойгоо задлан хүүхдүүддээ өглөө. Өнөө хоёр нь эгээ л авах ёстойгоо авсан бололтой гал тогоо руугаа цувралдан оров. Тэднийхээ хойноос харж суухдаа Болд “Хөөрхийдөө! Хичнээн том болсон ч нялхаараа л байх юм даа. Хүүхдүүдээ гэж . . .” хэмээн бодон суулаа.
Хүү нь нэг тавган дээр хэдэн бууз, нөгөө дээр нь хэдэн хуушуур, охин нь банштай цай барьсаар орж ирлээ. “Аавыгаа ганцаараа байгаа учир ажил төрөл гээд олигтой хоол ундгүй байгаа байх” гэж санасан бололтой. Ганц хонох тул аавынхаа дуртай монгол хоолыг бөөнджээ. Болдынх гэр бүлээрээ хамтдаа байхдаа элдэв янзын баяр ёслол болохоор гадуур дотуур хоол идээд яваад байж чадахгүй дээ чааваас. Тэгээд л гэртээ шаагилдаж өнгөрөөдөгсөн. Болд түүнийгээ нуух гэсэн шиг
- Өнөөдөр сайхан монгол хоол хийж иднээ л гэдэгсэн. Цаад учрыг нь эхнэр нь л ойлгоно. Болдын эхнэр цай хоол сайтай нэгэн. Орж гарсан хүмүүс ер нь л болж л өгвөл магтах талдаа шүү. Олон жил ханилахаар хоол унд нь хүртэл нэг болчихдог нь жам. Эхнэрийнхээ цай хоолноос олигтойг Болд бас нэг их мэдэхгүй.
- Ямар сайхан юм бэ хүүхдүүд минь. За бүгдээрээ сууцгаая. Өнөөдөр ч сайхан монгол хоол идэх нь ээ гээд гараа үрчихэд аавыгаа баярлуулж чадсандаа тэр үү хүүхдүүдийнх нь нүдэнд урмын үрэл өнхөрнө. Яг хоолоо идэж эхлэхэд яагаад ч юм бүгд чимээгүй болцгоочихов. Бодвол ээж дүү хоёроо үгүйлээд байгаа бололтой. Өдийд ээж нь байсан бол хамгийн түрүүнд
- Өвгөөн аваарай гэж хоол руугаа дохиод
- Хүүхдүүдээ идээд байгаарай гэдэгсэн. Өнөө жоохондоо буузны гурил үлээж байгаад л бариулна. Тэгээд л бүгдээрээ тэр тэгсэн, энэ ингэсэн гээд л ярьж гарцгаана. Аз жаргал гэдэг нэг их юманд биш ерөөсөө энэхэн агшинд л байдаг бололтой. Хүүхдүүдийнх нь хийсэн хоол ээжийнхийг яаж гүйцэхэв. Гэхдээ Болд хоол цайгаа амтархан идэж хүүхдүүддээ урам өгнө. Тэр ч байтугай цайгаа хурдан хурдан оочлон, хөлсөө арчина. Хөндлөнгөөс харахад энэ аав хүүхдүүддээ эрхэлж байгаа юм шиг харагдана. Гэвч эцэг хүн хүүхдүүдээ шагнаж байгаа нэг хэлбэр юм даа.
- Аа мөн сайхан байна шүү. Миний хүүхдүүд хоол цайгаа яг л ээж шигээ амттай хийдэг болжээ гээд нүүр дүүрэн инээнэ. Хожим хойно хүхдүүд маань энэ өдрийг дурсан “Аавыгаа нэг тэгж баярлуулж билээ” гэж санан цааш амьдрах тэнхээгээ авна гэдгийг Болд мэдэж байлаа. Болд ч гэсэн өөрөө аав ээжийгээ бага ч гэсэн баярлуулчих юмсан гэж бодож явдгаа санан суугаа. Ингэж суухдаа Болд хаа нэгтэйгээс уншсан “хүн халанд биш хайранд хүн болдог” гэсэн үгэнд улам бүр итгэж байлаа.
Оройжингоо хоёр хүүхэдтэйгээ хөгжилдөн мөн монголд байгаа ээж дүү хоёроон ярьцгааж, бага насныхаа хөгжилтэй явдлуудаа дурсацгааж ёстой нэг санаж бодох юмгүй гэнэн цагаан инээдээр инээцгээв. Охин нь арай бага юм гэсэндээ эцгийнхээ бөөрнөөс тэр орой салсангүй.
Маргааш нь амралтын өдөр тул хүүхдүүд л болсон хойно өглөө нь жаахан унтацгаав. Болд харин эрт сэрчихлээ. Хүүхдүүдээ нялх бага шиг нь санан гэтэн гэтэн очиж өрөөгөөр нь шагайх гэснээ яагаад ч юм орж чадсангүй. Цаанаасаа л болсонгүй. Бодвол хэдийгээр эцэг хүүхдүүд ч гэсэн хүмүүн болохын ялгаа зааг энүүхэнээс эхэлдэг үү яадаг вэ, ямартай ч гэсэн “Том хүний өрөөнд зөвшөөрөлгүй орчих гээд байгаа юм шиг” санагдаад Болд өрөөнийх нь үүдэнд хэд эргэцсэнээ буцлаа. Урд нь эцгийн хувьд бүх л юм нь болдог мэт байсан бол одоо хүүхдүүд том болоод болохгүй юм гэж байдаг болж байгаа юм байхаа даа. Болд өрөөндөө орж ганцаар жаахан суулаа. Өөрийн эрхгүй түүний хэнз бяцхан хүү нь нүдний нь өмнүүр тоглон гүйж, эхнэрийнх нь борхон царай үе үехэн жирэлзэнэ. Одоохондоо Болд тэр жаахан хүүгээ яаж ч эрхлүүлсэн, тэр байтугай тэр хүүгийнхээ өрөөгөөр олон юм бодолгүй орж чадна. Болд одоо тэр хоёрыгоо санаж эхэллээ. Хүн санаж, үгүйлэх юмтай байна гэдэг сайхан ажээ. Тэрээр жаал сууж байснаа босож хоёр хүүдээ өглөөний цай бэлдлээ. Сонин болов уу гэж санан гамбир хайрч, хярам чаналаа. Хүүхдүүд нь уван цуван босод ирлээ. Хүү нь
- Хөөх! гамбир гэж дуу алдав. Ойрд хараагүй болохоор тэр байх.
- Чихэр хийсэн биз? гэж охин нь лавлаж байна.
Бүгдээрээ ширээндээ сууцгааж, гамбираа хөшиглөн хярмаа хийж уулаа. Болд бага байснаа санан бүр албаар хуруугаараа авч идлээ. Яг л бага байхдаа ээж аавтайгаа ингэж л байсан нь санагдана. Дурсамж хүнийг хөглөдөг ажээ. Нэг мэдсэн Болдын явах цаг болжээ. Буцаад дөрвөн цаг давхиад л ажилдаа очно. Тэр хүүхдүүдээ ээлжлэн үнсэж
- За миний хүүхдүүд хичээл номоо сайн хий. Гол нь хүнтэй эвтэй байдаг юм шүү. Хүний орчлон гэдэг хүнд яаж хандана яг л тэгж хариу нь ирдэг нэг бодлын уулын цуурай, усны тусгал гэсэн үг юм шүү дээ. Хүнд дандаа сайн сайхныг өгөхийг бодож байгаарай гэж үргэлж хэлдэг хэдэн үгээ энэ удаа бас л хэлэв. Тэгээд хүүхдүүдээ харсан чинь нэг л урвайх янзтай. Тэгэхээр нь
- За сэргэлэн байна шүү залуусаа
Явах явах цаг боллоо хүүхдүүд минь
Яаруухан ч гэсэн биднийг
Ямар хурдан салгана вэ . . . гэж орчин үеийн залуусын хип хоп гээчийг дуурайж үзүүлэв. Болдод үнэхээр зохиогүй тэр хөдөлгөөн охиных нь инээдийг илүүтэй их хүргэв бололтой гурвуул хөгжилдөн инээлдэв. Энэ инээд дуусахаас өмнө Болд гарах ёстойгоо мэднэ.
- За аав нь мөдхөн дахиад нэг амрахаараа ирнэ за гээд хоёр хүүхдийнхээ толгойг нэг нэг илчихээд гарлаа. Тэргээ асаагаад түргэхэн шиг байшингийн булан тойрох хэрэгтэй. Тэгэхгүй бол хүүхдүүдээ нялцайлгачихна. Цонхон дээр даллан зогсох хүүхдүүд рүүгээ хариу дохьчихоод булан тойронгуут цээжин дотроос нь хэсэгхэн бүлээн нурам нургив уу гэлтэй аньсаган завсар халуу оргив. Тэрээр
- Муусайн хүүхдүүд минь овоо л болж дээ гэж хэнд ч юм шивнээд цааш бодолд дарагдан замдаа гарлаа. “Муу хань минь яаж шүү явдаг болдоо. Осолдохгүй эцэг эх элгэн садныхаа дунд байгаа юм болохоор болж л байгаа байхдаа. Түүнээс одоо ч бид хичнээн ойрхоных ч гэлээ өөр бусдын хажууд идээшинэ гэдэг хэцүү дээ. Хүн болж төрнөө гэдэг зүүний үзүүр дээр шар будаа тогтохтой адил л гэдэг. Гэр бүл болон амьдарч, амьдрал зохионо гэдэг түүнээс нэг их өөрцгүй юм даа” гэж бодон өдий дайны амьдарч яваа нь ханийх нь ач хэмээн санана. Болд өөрийгөө шоолов бололтой царай нь нэг мушилзсанаа “Би гэдэг амьтан царай муутай сүүмийсэн, зүрх зориггүй юм байж билээ. Тэгээд бас болоогүй ээ энэ эхнэрээ анх харчихаад л үгүй ээ мөн их юм болсонсон. Тэгж тэгж нэг юм сэтгэлээ нээсэн нь аз таарсан гэх үү дээ. Муу хань минь яаж нэг юм намайг тоож, сэтгэл итгэлээ өгсөн юм бол. Энэ л миний энэ насны хань болно гэж яаж итгэсэн юм бол. Сонин юм шүү. Хувь заяа л юм байхаа даа. Тэгээгүй бол энэ амьдрал, энэ хүүхдүүд цөм байхгүй байсан гэж бодохоор санаанд нэг л буумааргүй. Магадгүй би хэнтэй ч суусан хүүхэдтэй болж болох, чи минь ч гэсэн хэнд ч юм бэ хүүхэд гаргаж өгөх байсан байж болох л юм. Гэхдээ л зөвхөн надад л энэ гурван сайхан үр төрүүлж өгсөн гээд бодохоор чамайгаан би хайрлаад хайрлаад ханамгүй. Энгэрийнхээ товчийг тайлах эрхийг надад л өгч, эмэгтэй хүний хамгийн нандин бүхнээ надад л дэлгэж, энгэрт минь уусан нялхарсан тэр их хайрыг би яахан мартана. Гар гараасаа хөтлөлцөн гүйсэн он жилүүд саяхан л юм шиг санагдавч бас ч гэж тэртээ ард үлджээ. Үр жимс нь боловсорсон намрын модод ямар байдаг билээ. Яг л тэрэн шиг бид ч гэсэн үр хүүхдээ хүний дайнд хүргэсээр насны намартай золгох нь дээ. Тэр жилийн намар налайсан, урт намар байж билээ гэдэг шиг чи бидний амьдралын намар ч гэсэн тайван налгар, урт намар байх болноо хань минь.
Үндэсийг нь манасан шороог сэндийчээд өгөхөөр ургамал ногоо сэргэдэгтэй адил бид ч гэсэн хааяа хоёр биендээ тунирхаж, гэрийнхээ жаргалыг манасан халуухан хайраараа оролддог байж. Тэрэндээ ч тэр үү хоёр биенээ гэсэн сэтгэл минь улам бүр нялхардагсан.
Залуу байхад юм болгоныг сайхнаар харж чаддаг хойно доо чамд минь ч гэсэн сонголт хиймээр үе байсан гэхэд би эргэлзэхгүй. Гэсэн ч битүү ургасан тайгын шугуй мэт юу нь үл мэдэгдэх энэ амьдрал дундуур “энэ л намайг чирээд явна дээ” гэж итгэж чадсан тэр хувь заяанд би баярлаж бас бялуурч явна даа. Тиймээ чи минь намайг “Энэ л миний эр хүн” гэж харж чадсанд баярлахгүй гээд ч яах билээ дээ. Хүн ханисан байж жаргадаг нь л үнэн юм. Хань минь би чамдаа хайртай . . .”
Болд бодолдоо болоод нилээд хурдтай давхиж явна. Түүний хойно, урд мөн сөрөг урсгалаар ч гэсэн олон машинууд цаг хугацаатай уралдан давхилдана. Энэ олон машин болгонд өөр өөрийн гэсэн өнгө аястай, хөг аялгуутай амьдрал яваа. Энэ олон машинууд хурдны замаар л ингэж хурдлан давхиж чаддагтай адилхан хүмүүн бидний амьдрал зөвхөн хайран дээр л учир атгаа үл алдана. Тиймээ амьдрал хайр дээр тогтдог.
Болдын өмнө алс тэртээг чиглэсэн уртын урт харгуй зурайсаар . . .
Бүрэн эхээрээ...
Тэмцэлийн хурц хэлбэр. (Өгүүллэг)
Шог өгүүллэг
Зургаа, дөрвийн харьцаатай умгар модон байшингийн үүдний хэсэг буюу гал тогооны жаахан зайнд арай хийж багтааж зассан эвхмэл цагаан орон дээр өчигдөрийнхөө уусан архинд дотор нь пэлбэгнэх нэгэн эр гараа салаавчилан адар ширтэн хэвтэнэ. Нөгөө өрөө хэмээн нэрлэгдэх байшинг хоёр тусгаарласан пийшингийн цаад хэсгээс бэр эгч нь газраар хөглөрөн хэвтэх хүүхдүүдийнхээ завсраар зайчлан гишгэлсээр гарч ирэхэд Данзан хурдхан шиг нүдээ анин унтагчийн дүр үзүүлнэ.
Өглөө босоод л ундуй сундуй хөглөрөх гэр орон, дээр нь бас нэг хоолны сав нөхрийнх дүү болох Данзанг харан уур нь гозолзон бухимдах тэрээр
- Өөрийнхөө хэдийг яая гэж байхад бас энэ нэг хар архичин. Муугаар нь манайхыг л ирж дарлах юм зүгээр гэж Данзанг сонсоосой гэсэндээ хашгирах шахам үглэснээ
- Алив босооч ээ босооч. Юу гийгүүлсэндээ энүүгээр ингэж архайдаг юм. Хүүхдүүддээ нэг аяга хар цай чанаж өгөх минь. Гишгэх ч завсар зай байхгүй ядаж байхад энэ нэг төмөр ор нь ч юув дээ гэж Данзанг баахан тээр шаасны эцэст ажилруугаа гарч одов.
Данзан өөрийнхөө амьдралыг бодлоо. “Манайх гэдэг айл юунаас болоод ингээд замарчихваа. Уг нь бүрэн бүтэн л айл байсансан. Би яагаад энэ хар усанд дурлах болов. Гол шалтгаан юунд оршино вэ” гэж нилээн сайн бодож, бодолдоо анализ хийж дүгнэлээ. Цалин пүнлүү гэж аманд ч үгүй, хамарт ч үгүй жаахан юм авах. Дутуу хүтүүгийн гачланд нэрвэгдэн алиа алдан байтал нэг л өдөр авгай нь хоёр хүүхдээ аван гадаадад гараад явчихажээ. Гэр орон ч үгүй хоцорсон Данзанд ганц эвхдэг орноос өөр хөрөнгө гэж үгүй.
Данзан өөрийнхөө энэ байгаа байдлынхаа бурууг боджээ байтал олоотохлоо шүү. Түүний гаргалгаагаар бол хамгийн гол буруутан нь явж явж өнөөгийн энэ төр ажээ. Бодоод байхад төр л ард түмэндээ анхаарал халамж тавьж, цалин цавууг нь хангалттай өгч байсан бол Данзангийн авгай юу гэж хүүхдээ чирээд гадаад руу алга болохов дээ. Тэрээр бодолдоо итгэн төрийн буруутай болохыг олон талаас нь лавшруулан баталлаа. Энэ хүнд виз өгөхгүй ээ гээд Америкийн элчин авгайгийнх нь паспортон дээр хар тамгаа дарчихаад байхад авгай нь хуурамч паспорт аваад аль хэдийн гараад явчихсан байгаа юм. Угтаан бол тэр паспорт олгодог газар чинь төрийн байгууллага биз дээ. Үгүй тэгэхээр төрийн л буруу байгаа биздээ. Намын харъяалал нь өөр гээд шахсаар байгаад Данзанг ажлаас нь гаргадаг төрийн л буруу. Шөнө орой хориотой архи хямдхан зараад байгааг мэдсээр байж олигтой арга хэмжээ авалгүй Данзанг архинд оруулдаг төрийн л буруу. Данзан олоод байгаа архийг төрийн цагдаа олохгүй байхдаа яах вэ дээ айн. Данзангийн авгай салах гээд байхад гэр бүл тогтворжилтийн талаар курс семинар явуулаагүй бас л төрийн буруу. Энэ мэтчилэнг бодсоны эцэст Данзан “Би ч яахав ингээд өнгөрч. Харин хойч үеээ энэ бүгдээс авран хамгаалая” гэсэн шийдэлд хүрэн төртэй тэмцэхээр шийдлээ. “Харин яаж тэр вэ” гэж хэсэг бодсоны эцэст сүүлийн үеийн тэмцлийн хэлбэрүүдээс нилээд моодонд орж их хэрэглэгдэж байгаа өлсгөлөн зарлахаар шийдлээ. “Ерөөсөө ганц эвхдэг ороо аваад талбай дээр очдог хэрэг” гэж бодлоо.
Тэрээр босож, ахынхаа хэдэн хүүхэдтэй булаацалдан байж элсэн чихэртэй талхнаас нь сайн цохиж авлаа. Одоо очоод шууд л тэмцэлдээ орох гэж байгаа учир тэрнээсээ өмнө сайн идэж авсан хэрэг. Мөн тэр хүүхдүүдийн нүдийг хариулж байгаад өнгийн харандаа хэд хэдийг, дэвтрийн гол цаас тасалж авч амжив. Тэгээд цагаан ороо чирсээр автовусанд чихцэлдэн сууж авлаа. Тэр өдөр аз таарсан уу эсвэл улс төрийн тэмцэгчийг цаагуураа таньсан уу ямар ч байсан кондуктар мөнгө нэхсэнгүй өнгөрөв. Данзан өөрийгөө нилээн цогтой байгааг мэдрээд байв. Тэмцэлдээ яараад байж ядаж байхад салгалсан ногоон автобус пөг пөг гээд удаан гэж юүхэв. Нийтийн унаа нь хүртэл ийм удаан явах нь төрийн л буруу шүү дээ. Ер нь тэгээд нүдэнд харагдсан болгон төрийн буруу болох нь Данзанд батлагдсаар байв. Хөлсөө цувуулан байж арай хийж иртэл Сүхбаатарын талбайд багтаж шингэх зай алгаа.
Талбайгаар пиг дүүрэн өлсгөлөн зарлагсад. Тэд бүгд л Данзан шиг төрийн бурууг олж харагсад юм. Тэрээр ороо чирэн талбайд байгаа өлсөглөн зарлагсадыг тойрон хэсэг явлаа. Хэн ч харсан Данзан бол ганц ороо барьчихсан цогтой тэмцэгч тул түүнийг хүмүүс тааламжтай нүдээр харна. Тэд олуулаа байлаа. Өлсөгсөд нэр хаягаа гоё ганганаар бичиж, гэр, майхан, овоохой юу л байна түүнийхээ хана туурганд наажээ. Зарим нэгээс нь дурдвал САПУ-гийнх, ВАКО-гийнх, ХЗХоршооных гэдгээс авхуулаад ИХ, сонгуулийн булхайг илчлэгсэд, Долоон сарны нэгний үймээнийхэн, Ахмадын холбоо, Азийн чоно болон Хонгор сумын хордогсод, талхны үнэ, такси, тэр байтугай микро автобусныхан хүртэл нугасандаа хүн суулгахын тулд өлсгөлөн зарласан байлаа.
Талбай дээр тэмцэгсэдийн зарим нь хуучин танилуудтайгаа таарахдаа
- Хүүе сайн уу? Чи чинь юуны хохирогч болоо вэ? Арай САПУ-гийнх биш биз дээ гэхэд
- За тэр ч арай юу юм бэ зүгээр гэж шарвалзан ХЗХоршоонд хэдэн сая төгрөг өгчихсөн чинь дашийн шоог болчихдог байна шүү дээ гэж бас бие биендээ ихэмсэглэх ажээ. Тэгсэнээ
- Харин өнөө муу хэн чинь САПУ-д хамаг юма шатаалгачихсан гэнэ. Тэр ч аргагүй дээ чааваас бэл муутай амьтан
- Нөгөө хэн авгайн хүүхдүүд архи уугаад хордсон гэнэ. Бас л энүүгээр тэмцэж яваа юм байх гэсэн олны яриа чих дэлсэнэ. Энэ бүхэн бол Данзангийн хажууд ”том” өлсөгчид. Гэсэн ч Данзан тэднийг хараад бодолдоо итгэх нь улам бүр ихсэж байв. Тэрээр “Ард түмэн ийм байгаа нь төр л буруутай” хэмээн нугарашгүйгээр бодон явна. Данзангийн өлсгөлөн зарлана гэж бодож олсон нь уг нь зөв боловч даана ч жаахан хожуудаж олсон учраас түүнд ороо тавьчих зай талбай дээр бараг үгүй болжээ. Гэсэн ч яах вэ талбайн тэрүүхэн зүүн буланд эвхдэг ороо гурвалжилж босгоод, ирэх замдаа ТҮЦ-ний хажуугаас олсон хятад үсэгтэй алимны хайрцагийг шамбийлган дороо дэвслээ. Хүүхдүүдээс хулгайлж авсан дэвтэрийн гол цаасан дээрээ мөн л сэмхэн авсан харандаагаараа
“Гэр бүл салж сарнихын гол буруутан хэн бэ? – ТӨР”,
“Ард иргэд гадагшаа дайжин гарах нь хэний буруу вэ? – ТӨР-ийн буруу”
“Охид бүсгүйчүүдээ, түүний дотор манай эхнэрийг олж ирэхийг ТӨР-өөс шаардаж байна” гэхчилэн бас ч үгүй өнгө алаглуулан бичээд эвхмэл орныхоо бөөрөн дээр хэзээ ч билээ дээ олоод “Судалтад тушаана” гэж бодож явсан зэс утасны тасархайгаар сүлбэж тогтоов. Нэгэнт олон хөлийн газар учир зөрж өнгөрөх урт гартай юмнуудад зэс утсаа алдчихвий гэж үе үе хяламхийн харц шиднэ.
Данзангийн байгаа газраас зүүн тийш цэцэрлэгийн бутан дотор хэдэн өлсөгсөд бас байрлажээ. Тэд бүгдээрээ халзан толгойтой хүүхнүүд бөгөөд тэд “Эрвээхэй” ажиллагаа болон Хөх монгол хөдөлгөөнийхний эмэгтэй хүний гоо сайхныг хүчээр хөндсөнийг төр харсаар байж дорвитой арга хэмжээ авахгүй харин ч бүр өөгшүүлж байгааг эсэргүүцэн өлсгөлөн зарлажээ.
Элдвийн юм харсан шигээ бараг л наадам үзэж байгаа юм аятай байсан Данзан гэнэт өөрийгөө бас тэмцэгч гэдгээ санав. Тэгтэл юу юугүй жинхэнээсээ өлсөж эхэллээ. Алимны хайрцаган дээрээ цагиргалан хэвтэхэд ялзарсан ч гэлээ алимны үнэр хамар цоргиж Данзангийн ходоодыг хоржигнуулана. Хачин юмаа хоёр гуравхан цагийн өмнө л баахан талх чихсэн санагдана. Өлсгөлөн зарлана гэдэг үнэхээр сэтгэл санааны их тэвчээр шаардсан яалт ч үгүй тэмцэлийн гол хэлбэр болохыг Данзан биеэр мэдэрч эхэллээ. Яагаад гэвэл архиа хөөгөөд явахаараа гурван цаг битгий хэл долоо хоног хэлэн дээрээ юм тавихгүй явахад ингэж зовдогоо мэдэхгүй юм. Тэгэхээр Данзан маш хүчтэй тэмцэж байгаа гэдэгтээ итгэлтэй байлаа.
Талбайгаар холхигсод яармаг худалдаа үзэж байгаа юм аятай өлсгөлөн зарлагсадыг сонирхон тойрч явсаар авгайгаа эргүүлж авахыг төрөөс шаардаж суугаа Данзанг харж гайхширах боловч бас ч гэж юмыг арай өөр өнцгөөс нь хардаг билгийн нүдтэй зарим нь
- Үгүй ээ яахав ээ. Бас боддог л бодол. Бодоод байхад зөв ч байж болох юм хэмээн дор бүрнээ анализ хийхийн хажуугаар түүнийг дэмжигсэд цөөнгүй байгаад Данзан ихэд урамшин суугаа.
Тэрээр бусад шиг зохицуулах зөвлөл энэ тэр байгуулмаар байвч даана ч ганцаардаад болсонгүй. Оройхон тийшээ өнөө үсгүй хүүхнүүд энд тэндхийн майхан саваар шурхийгээд тэмцэхийн хажуугаар ажил төрлөө амжуулаад яваа бололтой. Гэхдээ Данзанг юу гэж тоохов дээ. Тэд бас ч гэж мөнгө төгрөгөө хулхидуулсан хэзээ нэгэн цагт олоод авчих магадлалтай өлсөгчидийн майхан саваар эргэлдэхээ мэднэ.
Тэгтэл нэг сонин юм болж талбайгаар нэг шуугилаа. Талбайг тойрон хамгаалалтанд гарсан цагдаа нар нэг буланд бас суугаад авлаа. Юу болов? гэсэн хүмүүсийн ам яриагаар бол цагдаа нар бас өлгөлөн зарлалаа гэнэ шүү. Үймээнд оролцсон олон хүнийг хомроглон барихад гар бие оролцсон цагдаа нар өөрсдөөс нь зарим нэгийг шалгах гээд саатуулахад тэд эсрэгүүцэн өлсгөлөн зарлаж байгаа нь тэр гэнээ. Тэд мөн бас л төрийг буруутгалаа.
Өлсгөлөн зарлах нь үнэхээр ашигтай, оновчтой тэмцэлийн хэрбэр болох нь үүгээр батлагдана.
Төд удалгүй талбайн баруун хойноос туг лоозон болсон баахан улс ирж бас өлсгөлөн зарласнаа мэдэглээ. Өлсөгсөд өөрсдийгөө дэмжихээр ирлээ гэж бодсон нь биш гэнэ. Тэд бол төрийг өмөөрөгсөд буюу өөрөөр хэлвэл өлсөгчидийн эсрэг өлсгөлөн зарлагсад ажээ. За ингээд бүр замбараагаа алдсан юм болцгоов. Сүйхээтэй зарим нь талбай дээгүүр бууз хуушуур зарж эхэллээ. Энэ цаг үеээ олоогүй хамгийн “тэнэг” санаа байсан ч тэд орлоготой хэвээрээ байв. За тэгтэл зөвхөн талбай дээр биш ганц худаг, шар хадны эмнэлэг, зарим гадаадын элчин сайдын хашааны гадна, зарим аймгийн төвд гээд ер нь монгол орон даяараа өлсгөлөн зарлаж байгаа болов. Тэд заримдаа бие биенээсээ өрсөн хуурай өлсгөлөн гээчийг зарлана.
Энэ бүгдээс Данзан маш соргогоор нэгэн юм ажигласан нь өлсөгсөдийг бие нь муудлаа гэхэд шууд л албадан эмчилгээнд хүчээр хамруулаад л үхүүлдэггүй болохыг анзаарсан явдал юм. Өөрөөр хэлвэл өлсгөлөн зарласны утга учир сүүлчийн мөчид алдагддаг байна. Гэсэн ч Данзан байдлыг харан хэвтэж байтал таван хүүхэд дагуулсан нэгэн бүсгүй Данзанг дэмжиж байгаагаа илэрхийлэн цуг суух болов. Ногоон нуурын шар Шүрээ гэж өөрийгөө танилцуулсан тэрээр Данзантай зовлон нэг ажээ. Хүүхний нөхөр хэдэн жилийн өмнө анхны хүүхэд гарч байхад нь л гадаад явсан боловч одоо “одон”-гийн хүүхэд гарч байхад ч эргэж ирээгүй байна. Тэр чухам хэнийг буруутгахаа мэдэхгүй явтал Данзангийн штабтай таарсанаар төр буруутай болохыг ухаарч улмаар Данзантай үзэл бодлоо чөлөөтэй хуваалцсаны хүчинд хоёул эвсэхээр шийдсэнээ бие биендээ албан ёсоор мэдэгдлээ. Гэтэл сайн юманд садаа мундах биш хүүхдүүд нь ээлж дараагаар уйлж эхлэв. Данзангийн гэдэс өлссөндөө тасрах шахан хонхолзоно. Данзан бодит байдлыг нилээн тунгаасны үндсэн дээр эвсэгч бүсгүйтэйгээ зөвшилцөлд хүрэх алхам хийв.
- За тэгэхээр ийм байна. Өлсөх нь тэмцэлийн хамгийн оновчтой хэлбэр нь үнэн боловч одоогоор манай эвслийн хувьд нэгд, энэ олон хүүхдүүдийг тэмцлийн ширүүн шуурган дунд хэлмэгдүүлэх аюул нүүрлэж байна. Хоёрт, миний харж байгаагаар өлсөөд ухаан алдлаа гэхэд бид эмнэлэгт очихоос илүү үр дүнд хүрэхгүй юм. Тэгэхээр төрд тавих шаардлагаа бичгэн хэлбэрээр үлдээж өлсгөлөнгөө албан ёсоор зогсоохоор шийдвэрлье. Харин эвслийн үйл ажиллагаа бол цаашид үргэлж цуг байж, хойч үеийнхээ төлөө улам бүр батжин дэвжих болноо гэсэн бичиг үйлдэн хоёр талын толгойлогч нар гарын үсэг үзэглэснээр эвхмэл ороо хураан Ногоон нуурын ойролцоо байрлах Шүрээ хүүхний төв байрлуу явцгаалаа.
Данзан Шүрээ хоёр тэмцэлийн хурц хэлбэр сонгосны хүчинд зорилгодоо хүрсэн ч байж болох юм. Чухам юу болохыг цаг хугацаа харуулна бизээ. . .
Бүрэн эхээрээ...
Зөрөөд өнгөрсөн тавилан (Өгүүллэг)
Нэгэнт цагтаа амжиж байгаагаа мэдэж байгаа болохоор би тайван байлаа.Уг нь бол би цаг ямагт л цагтайгаа уралдаж, яаран сандран явдагсан. Энэ удаа тэгсэнгүй. Тасалбараа урьдчилан авсан байсан тул одоо надад галт тэрэг ирж зорчигчидоо суулгахыг хүлээх л үлдлээ. Өнөөдөр намрын шар нар хонгортсон налгар сайхан өдөр ажээ.
Өчигдөр даргаасаа ээлжит томилолтоо аваад өнөөдөр говийн нэгэн аймгийн даргын ажил байдлыг сурвалжилахаар явах гэж байгаа минь энэ. Бас л их сайн дарга юм байх. Дарга нар ч дээ мэдэхгүй. За тэр ч яахав очиж байтал сайн муу нь ялгарах биз. Харин хаа очиж төмөр зам дагуу байрлах нь тэр аймгийг зориход түлхэц болж байв. Машинаар хөдөө явах шиг там байдаггүйг сүүлийн хэдэн жил амсахаараа л нэг болж байна.
“Сэтгүүлчийн анги төгсөөд овоо хэдэн жил болж байгаа ч хөдөө гадаа томилолтоор явдаг энэ түвшингээсээ салаагүй л байгаа юм. Нөхөр хүүхэд гэх татлаа түтлээ байхгүй байгаа минь сонины маань удирдлагуудад их олз болж байх шиг. Гээд яахав дээ бичсэн материал маань овоо болоод байгаа нь л сэтгэлийг минь сэргээх юм даа” гэж бодож суутал саарал өнгөтэй хуучивтар зүтгүүр хүүхдийн тоглоом шиг олон ногоон вагоныг ихэд тамир гарган чирэх мэт уухьчин, могой адил аажуухан гулссаар ирж зогслоо.
Би тасалгаат вагонд суух тул орох гэж нэг их алалдаад чихэлдээд байсангүй цувран орцгоов. Нийтийн хэсэгт бол ёстой хүчээ үздэг юм билээ. Тэгээд цуваа өлгөж, цүнхээ сандал доороо хийгээд эргэн тойрноо ажиж суухдаа гэнэтхэн “Нээрээ ямар хүмүүстэй нэг тасалгаанд явах бол” гэсэн эмэгтэй хүний сониуч гэхээсээ илүү түгшүүрт бодол надад орж ирэв. Урд зүг рүү цувах ганзагын наймаачид гэдэг сайнтай, муутай. Олсон хэдийгээ зөв ч үрчихэж чаддаггүй согтуу хөлчүү юм таарахвий гэж хэрэндээ жаахан зовсхийн суув.
Тэгтэл “Аан чи тэгж бодож байна уу” гэсэн шиг дуу шуу болсон хоёр залуу орж ирсэнээ ээрч мууран байж надтай танилцлаа. Ер нь эрчүүд надтай танилцахдаа яагаад ч юм үл ялиг ээрдгийг би анзаардаг юм. Эрчүүд нэгэн бодлын өрөвдмөөр ч юм шиг их сонин улс. Тэдний нүдэнд олзуурхалын оч гялсхийж, нэг нь бүр
- Одоо өөр нэг бүсгүй ороод ирвэл ч бид мөн зугаатай явах байхдаа гэж гараа үрчин байж хэлэх нь бүр таалагдсангүй. Учир нь хэдийгээр ээрч муурах тэд зориг муутай юм шиг хэрнээ цаагуураа нэг түрэмгийдүү шинж үе үе цухалзаж байсан болохоор тэр байх. Тэдэнд нэг их царай өгөхгүй санаатай асуусан болгонд нь хэг ёг гэсэн маягтай хариулсан болоод сууж байв. Би дотроо “Үгүй юу гэсэн үг вэ. Бүр санаа амар юм болох нь ээ. Эд нар ер нь яагаад өөрсдийгөө ингэж эрээ цээргүй байх эрхтэй гэж бодоод байгаа юм болоо” гэж бодоод бүр уур ч хүрэх шиг. Магадгүй тэд урт холын замд хөгжилтэйхэн явах гэсэн санаатай байсан байж ч болох л юм. Гэхдээ миний сэтгэлд таагүй бодлууд түрүүлж хургасан болохоор тэгж сайхнаар төсөөлж чадахгүй байлаа. Миний ааш муугийнх байж ч болно.
Галт тэрэг хөдөлж байхад шахуу дөрөв дэхь хүн орж ирлээ. Тэр хүнийг хараад би хэрдхийн цочив. Тэр хоёр ч гэсэн эвгүйцсэн байх. Хар шил зүүж, маск зүүсэн тэрээр орж ирээд бидэнтэй толгой дохин мэндлээд суусан нь миний өөдөөс харж таарав. Хэдийгээр би түүнийг анзаарахгүйг хичээв ч цочсондоо айдаст автсан зүрхээ тайтгаруулах гэхдээ уншиж буй сонингоо нүүрэндээ наах шахам барих хэрнээ эмэгтэй хүний саваагүй зан юм уу бас ч гэж сонирхол татаад ч байх шиг. Энэ миний мэргэжилтэй ч холбоотой байсан байж болох юм. Түүний гар, нүүр, хүзүү гээд надад харагдах биеийн хэсэг болгонд түлэнхийний цагаан сорвигүй газар алга. Түүний амны гэхээсээ илүү нүүрний гэмээр хэмжээнээсээ том маск, дээр үеийн томоо гэгчийн нарны шил зэрэг нь ерөөсөө л түүний нүүрээ далдлах гэсний илрэл байлаа. Хоёр ганзагчин залуус ч гэсэн биеэ барив бололтой дуугаа хураацгаасан тул манай тасалгаа нэг хэсэгтээ л чимээгүй болцгоов. Хажуу тасалгаанд хэдэн хүүхнүүд яваа бололтой үе үе тас тас хөхрөлдөцгөөх нь тод сонсогдоно. Тэдний ярианы өнгө нь бас наймаачин хүүхнүүд бололтой. Энэ гурвын дэргэд байснаас тэд нар дээр очвол надад дээр юм шиг санагдавч тэдний ярьж байгаа ярианд би хань болж үнэхээр чадахгүй. Элдэв төрлийн наймаа, авцаа өгцөөний тухай яриа надад үнэндээ таалагддаггүй. Гэхдээ ганзагын наймааны хүнд хүчир ажил хийж, аж амьдралаа залгуулж байгаа бүсгүйчүүлээ би муугаар бодож чаддаггүй юм.
Тэгтэл өнөө хоёр залуу маань тэгж ингэж цувсаар хүүхнүүд дээр очиж ёстой л нэг ижил нь ижлээрээ гэдэг шиг дуу нь чангаран уусан оров. Тэдгээр хүүхнүүдэд ч гэсэн таатай байгаа бололтой. Гэтэл масктай хүн гэнэт
- Надаас болоод л энэ улс дайжаад байнаа даа янз нь гэлээ. Гэхдээ түүний дууны өнгөнд эмзэглэсэн шинж байгаагүй юм.
- Үгүй байлгүй дээ. Таньдаг улс нь явсан юм байлгүй гэж шал хэрэггүй хэр нь тэднийг хаацайлав. Тэгээд өөрийгөө анзаартал би түүнд бүтэн өгүүлбэр хэлсэн байлаа. Түрүүчийн хоёрт бол ингээгүй юм. Удалгүй үйлчлэгч цай оруулж ирэв. Халуун байхуу ч бас хааяа уухад сайхан шүү. Нөгөө хүн нүүрээ гаргахаас жаахан эвгүйцээд байгаа бололтой цайгаа уухгүй юм. Өөдөөс нь хараад сууж байгаа болохоор түүнийг харахгүй байх нөхцөл алга. Цаг нар яагаа ч үгүй байхад гэнэтхэн буруу хараад хэвтээд өгөлтэй биш. Ууж байсан цайгаа орхиод гараад явчихалтай биш. Тэгтэл
- Хэрвээ эвгүйрхэхгүй бол би маскаа авчих уу? гэнэ
- Тэг тэг, та санаа зоволтгүй гэж хэлэх зуураа “Нээрээ аймаар юм гараад ирвэл яанаа. Ямар ч байсан орилж л болохгүй юм шүү” гэж бодов. Тэрээр маскаа авахад цай барьж байсан гар минь өөрийн эрхгүй салганан цайгаа ширээн дээр арай хийж тавьлаа.
- За тэр хэлээгүй юу гээд маскаа зүүх гэхэд нь би өөрийнхөө байж байгаагаас санаа зовж
- Үгүй ээ, зүгээр зүгээр, та битгий санаа зов гээд нэг л мэдэхэд масктай гарыг нь хорих төдийгөөр барьсан байв. Түүнийг эвгүй байдалд оруулсандаа л тэр байх.
Би түүнийг харахгүйг хичээв ч үе үе хулгайн нүдээр анзаарсаар суув. Хөөрхий тэр үнэхээр аймаар болжээ. Нүүр нь тэр аяаараа түлэгдээд, бодвол энэ тэндээс л олж ирсэн арьсаар л нөхөөс тавьсан бололтой цагаан эрээн юм. Ам хамар нь таталдан эдгэжээ. Нэг талын хөмсөг, сормуус нь цагаан. Сормуус нь цагаан болохоор цаад нүдний харц нь тийм ч сайн харагдахгүй юм. Уг нь би ярилцаж буй хүнийхээ нүдний харцыг ажиглах дуртай. Ажлын онцлогоос болоод би ихэнхдээ танихгүй хүнтэй ярилцах шаардлага гардаг болохоор нүдний харц нь уг хүнийг ойлгоход их дэм болдог гэх үү дээ. Харин нөгөө тал нь овоо түлэгдээгүй тул эрүүл харагдана. Тэр эрүүл нүдийг хэзээ ч билээ харсан ч юм шиг. Харах харахдаа бүр эрт цагийн юм шиг санагдахад “За за энэ ажилд орсоноос хойш олон хүнтэй уулзаж байсан болохоор юм л бол харсан хүн шиг санагдаад байх болсон” гэж өөрийгөө хүчлэн тогтоов. Тэгсэн ч гэсэн тэр нүд нэг л сонин. Яг л хуучны шарх янгинах шиг.
Тэрээр халуун цай уух гэж нилээн тэвдэж байгаа бололтойг хараад
- Та зүгээр үү? гэхэд
- Зүгээрээ зүгээр. Баярлалаа гэнэ. Одоо түүнийг харвал нилээд залуу хүн бололтой. Бүр миний үе ч байж мэднэ. Яг энэ мөчид “Сурвалжлах гэж яваа даргаас гадна энд нэг сайхан материал яваа юм биш байгаа” гэсэн мэргэжлийн өвчин хөдлөөд ирэв. “За байз яаж шуухан яриа өдөх вэ байз. Зүс царай нь ийм болохоор гунигтай л юм яригдах байхдаа. Гэхдээ энэ байдал нь л намайг энэ хүнтэй ярилцах сонирхол төрүүлж байгаа юм шүү дээ. Уг нь залуучуудтай ярилцахад нэг их хэцүү биш л байдагсан” гэж бодож суутал тэр хүн эгээ л миний дотор орчихсон мэт
- Өөрөө надаас юм л асуух гээд байнаа даа гэх нь тэр. Бодлоо уншуулчихсандаа бантсан би
- Үгүй ээ, үгүй юу л даа, яг үнэндээ бол . . . гэж ээрэн түгдчиж байснаа
- За тийм дээ. Таныг яаж яваад ийм гамшигт өртчихсөн юм бол гэх гээд л гэхэд
- Аа энэ үү? гэж гар хурууныхаа түлэнхийг харснаа гэнэт өөрийгөө санав бололтой том маскаа зүүгээд, шилээ ширээн дээрээс авахад нь
- Та шилээ битгий зүү л дээ. Ядаж нүдийг чинь хараад ярилцая гээд хэлчихлээ. Би үнэхээр ярилцахыг хүсэж байв.
- Надад яриад сүйд болох ч юу байхав дээ гээд тэр чинийхээ омгийг чимхэнгээ
- Аягүй бол өөрт чинь дэндүү уйтгартай санагдах биз. Тэгээд бид хоёр нэг хэсэг дуугаа хураалаа. Гэхдээ үргэлж ингээд таг дуугай явахгүй гэдэг нь надад мэдрэгдэж байв. Хажуу талын тасалгаанд хүүхнүүд болон манай өрөөний хоёр залуусын дуу чангаран инээлдэнэ. Манайх танайх хэмээн шуугилдахыг бодоход хөзөр л тоглож байгаа бололтой. Бидний яриа ч удахгүй эхлэх нь тодорхой болсон тул миний биеэ барих багасаж, авч яваа аяны хөнгөн зуушаа гаргаж тавих зуураа дуу хураагчаа сэмхэн залгахаа мартсангүй. Хувцасаа хөнгөлөн тухлах тэрээр дөнгөж эмнэлэгээс гарсан болов уу гэмээр харагдана.
- Таныг ингэхэд хэн гэдэг вэ?
- За даа заавал нэр ус гээд яахав дээ. Ер нь хүн хүнээрээ харьцаж үзье л дээ гэх нь нэрээ хэлэхгүй байх шалтгаан түүнд байгаа бололтой. “За яахав тийм байдаг байж. Нээрээ нэр усаа мэдэхгүй байх нь нэг бодлын сонирхолтой байж мэдэх юм” гэж бодлоо. Яагаад ч юм би харилцан ярилцах санаачлагаа үл мэдэгээр алдаж байгаагаа тэр үед мэдсэнгүй. Энэ бол миний мэрэгжлийн хүнд байж болох зүйл биш л дээ.
Үе үе түүний эрүүл харцтай тулгарахад яагаад ч юм тэр нүд удаан тогтохгүйгээр өөр тйиш сатааран алга болно. Би л эрүүл нүдийг хараад байгаа болохоос уг нь хоёр нүд нь зэрэг л хөдөлж байсан байх л даа. Цагаан хөмсөг сормуустай нүд ижил дасал болоогүй болоод тэр үү түүнийг нь нэг их сайн анзаарахгүй байсан хэрэг. Гэхдээ тэр нүд, намайг анзаараагүй үед надаас салахгүй ширтэж байгааг би эмэгтэй хүний зөнгөөр мэдрээд байсан ч яаж ч чадсангүй.
Хэн хэн маань бэлэн болсон хэдий ч тулгамдсан уу эсвэл хэтэрхий хиймэл байсан уу мэдэхгүй яриа эхлэхгүй хэсэг удав. Би л тэр хүнээс ямар нэгэн юм сонсохыг хүссэн учир яриаг эхлүүлж чадахгүй бол миний л муугийнх болох тул
- За яриад байгаарай гэж ихэд хөгжилтэй царайлах гэж оролдов. Гэвч энэ маань нэг л олигтой болоогүйг би мэдэж байв. Яагаад гэвэл тийм нэг өөрийгөө хүчилсэн хиймэл царай надад зохидоггүй юм шиг байгаа юм. Гэтэл нэр нь үл мэдэгдэгч маань
- Яагаад зөвхөн би ярих ёстой билээ. Ийм түлэнхий болохоор тэр үү? гэх нь тэр. Яг үнэндээ тийм байсан ч гэсэн хүнийг яаж тэгж хэлж болох вэ дээ.
- Үгүй л дээ. . . Гэхдээ . . . Юу. . . Нөгөө. . . гэж намайг үгээ зууруулахад
- За за тоглосон юм. Би ч гэсэн өөрийг чинь эвгүй үгээр дайрчих шиг боллоо гэснээ
- Би гэдэг хүн сая эмнэлэгээс, үнэндээ бол нүдний тасгаас гараад явж байгаа минь энэ. Галд шатсаны улмаас олон ч эрхтэн маань гэмтсэний нэг нь миний өрөөсөн нүд. Нүдний торлог гээч нь гэмтсэн юм байх. Тэгээд юм үзэх маань муудсаар харахгүй болчихсон юм. Тэгээд л түүнийгээ эмчлүүлсэн хэрэг.
- Тэгээд эмчлэгдсэн үү?
- Миний аз болоход маш сайн болсон. Энэ олон эрхтэнүүдийн дотроос хамгийн чухал нь нүд юм байна лээ л дээ. Юм харахгүй болно гэдэг хорвоо ертөнц хөмөрчихтэй л адил юм даа. Үүнийг ийм байдалд орсон хүн л сайн мэдэрч ойлгох байх. Ялангуяа харж байсан хүн гэнэт хараагүй болох. Би тийм байдалд орсон хүмүүсийн дунд л хэдэн долоо хоночихоод явж байгаа юм л даа. Тийм учраас л тэдний тухай өөрт чинь ярьдаг юм билүү гэж бодсон хэрэг
- Уг нь би таны тухай л . . .
- Ойлгож байнаа. Би яахав галд шатсан, үхэх шахсан гээд уйтгартай бас гунигтай яриа яригдах болно. Харин амьдрал гэдэг өөрөө хүмүүсийн сэтгэлээр хөглөгдөж байдаг нэгэн бодлын таримал эд юм байна даа гэдгийг би тэдний дунд байхдаа ойлгосон гэх үү дээ. Манай тасгийнхан бол жинхэнэ амьдралд тэмүүлэгсэд. Тийм л хүмүүс амьдралыг утга учиртай, амьтай болгодог байх. Гэхдээ тэд өөрсдөө түүнийгээ мэддэг эсэхийг би мэдэхгүй юм гэлээ. Миний анхны зорилго зөвхөн түүний тухай сонсохыг хүсэж байсан ч гэсэн би өөрийн эрхгүй тэр хүний ярианд уусан, үлгэр сонсох гэж буй хүүхэд шиг болсон байв. “Яагаад энэ хүн өөрийнхөө тухай ярихаас булзаад байгаа юм бол” гэсэн жижигхэн аазгай хөдөлж байсан ч
- За тэгвэл тэр мундаг хүмүүсийн тухай сонсоход би бэлэн байна шүү гэлээ. Энэ удаа харин их аятайхан болов. Яриан дундаа асуултаар хөтлөөд тухайн хүнээс өөрийнхөө хүссэнийг яриулж болдог талтай.
Түүнийг харж суухдаа “Уг нь энэ хүний доторхыг л мэдрэх юмсан. Даана ч дүйвүүлээд өөр юм яриад байх юм” гэж бодох агшинд тэр хүн үнэхээр нууцлаг нэгэн юм шиг санагдаад болохгүй байлаа. Түүний яриан дундаа хийх нэг хөдөлгөөн үү эсвэл ярианы хэв загвар нь уу ямар ч байсан нэг юм нь надад “Юу билээ” гэж бодогдсоор. Чухам яг юу нь вэ гэдгийг би оноож чадахгүй байв. Тэгтэл тэр гэнэтхэн
- Яасан? Би хүссэнийг чинь ярьж өгөхгүй л байнаа даа гэж хүний бодол уншдагаа батлах мэт надад хэллээ.
- Яагаад та тэгж бодоо вэ?
- Би өөрийг чинь сонинд ажилладагийг мэднэ л дээ. Эмнэлэгээр нилээд хэдэн сар явчихсан би сонин л уншиж өдрийг өнгөрөөдөг юм гэхэд нээрээ би оны сүүлчээр “Ган үзэгтний” шагнал авч зурагтайгаа сонинд гарсанаа санав.
- Өө, та намайг мэддэг юм уу? гэхэд
- Мэдэх гэхэд хаашаа юм. Харин өөрийн чинь бичсэнийг бол уншдагаа уншдаг.
- Энэ чинь харин шудрага биш байна даа. Та чинь миний нэрийг мэддэг гэсэн үг байх нь
- Би танаас асуугаагүй шүү дээ
- За яахав тийм болог. Тэгээд танд ямар санагддаг вэ? Миний бичлэгүүд
- Яахав. Томчуулын тухай бол дажгүй л гаргаж ирдэг юм. Гэхдээ . . . гэж үгээ таслахад миний дотор нэг “Цааш нь юу гэх бол?” гэсэн аазгайн хорхой гозолзож
- Гэхдээ юу гэж?
- Томчууд, баячуудын амьдрал сонин хүндээ сонин л байдаг байх. Нийтэд бол тийм биш гэж боддог юм. Харин доогуур, жирийн хүмүүсийн дунд сайн анзаарах юм бол амьдралын нарийн ширийн хийгээд хошин шог ч юм зөндөө шүү дээ гээд үгээ таслахад “Энэ хүн маань надад заах нь ээ” гэж бодогдож суув. Гэтэл тэр учиргүй инээвхийлэв.
- Инээснийг асуу гэдэг дээ гэхэд
- Чи одоо л гэхэд сайн чагнавал маш гоё инээдмийн зохиол нөгөө тасалгаанаас сонсогдож байна шүү дээ гэлээ. Би чих тавин чагнаваас нөгөө хүүхнүүд болон хоёр залуугийн яриа сонсогдоно.
- Чамд хүний доодох байна уу?
- Байна
- Тэгвэл гарга.
- Болох юм уу?
- Болноо болно. Одоо ер нь ганц юмаа тултал нь хийнэ шүү гэнэ. Гэтэл нөгөө талын хүүхэн
- Хүүе яанаа би барилаа гэхэд нэг залуу үгээ сунжруулан
- Барих ч яахав барина. Тэгээд чангарч байна уу?
- Чангарч байна гэх мэтчилэн ярих нь мэдээж хөзөр тоглож байгаа нь илт. Гэхдээ хальт сонсвол үнэхээр инээдтэй байсан ч учиргүй инээх нь бас эвгүй байсан тул би яаж ч чадсангүй. Түүнд ч гэсэн үүнийг анзаарсандаа эвгүй мэдрэмж төрөв бололтой яриагаа дүйвүүлж
- Зарим хүний гадаад байдал нь дотоод ертөнцтэйгөө байнга зөрчилдөж байдаг гэхэд би чухам юу гэснийг нь сайн ухаараагүй тул түүний өөдөөс харвал
- Юу гэмээр юм дээ. Дотоод сэтгэл нь хүсээд байгаа хэр нь өөрийнх нь биеэ авч явах гадаад байдал нь түүнийгээ гаргах боломж олгоддоггүй гэх юм уу даа. Тэрнээсээ болоод амьдралдаа алдаж, хамгийн чухал юм нь холын холд явчих тохиолдол байх юм даа гээд надад их чухал юм хэлээд намайг ойлгосон эсэхийг мэдэх гэсэн аятай нэг их сүрхий харав. Яг үнэндээ би сүүлчийн энэ өгүүлбэрийг сайн ойлгож амжсангүй. Харин тэр өөртөө их л итгэлтэй байдлаар цааш нь
- Тийм зан их багад суусан байдаг шиг байгаа юм. Түүнээс хожим бий болсон бол салахад их амар байх л даа. Тэгээд ч хүн ер нь бага байхдаа ямархан хүүхэд байснаа эргэн санахад буруудахгүй харин ч бүр таатай мэдрэмж төрүүлж болох юм гэж тэрүүхэн агшинд юманд хөөгдөх мэт үл ойлгогдох юм үргэлжлүүлэн хэлэв. Яагаад гэвэл би хажуу өрөөнийхний ярьж байсан хүртэл ойлгоод сүүлийн хэсгийг хараахан ойлгоогүй байсан юм. Тэр үед бидний сууж явсан галт тэрэг ээрэм талын дунд орших Чойр өртөөн дээр ирж байв. Тэрээр буух шинжтэй болж юмаа цэгцлэн өндийхөд
- Өө, та энд буух байсан юм уу? гэж асуух даа ярианых нь сүүлчийн хэсгийг ойлгоогүйгээ нууж чадсангүй. Тэгтэл тэрээр
- Чамд юм бодоход зөндөө цаг бий. За сайн яваарай. Ажилд чинь амжилт хүсье гээд эрүүл харагдах нүдээрээ тэр гэхийн тэмдэггүй гунигтайхан харсанаа цааш эргэн нүднийхээ шилийг зүүгээд, хачин их санаа алдах нь надад сонсогдов.
Тэр хүнийг гараад явсаны дараа зорчигчидын тавцан байх эсрэг талын цонхон дээр би өөрийн эрхгүй очлоо. Яагаад ч юм “Харалгүй явуулчих юм биш байгаа даа” гэсэн бодол миний дотор харваж, олон хүмүүсийн дундуур тэр сонин хүнийг хайсаар байлаа. Түүний тэр тунарсан харц, аядуухан хоолой надад сонсогдсоор байв. Тэгтэл ч удалгүй галт тэрэг хөдөлж, өртөөний хэдэн саарал байшин нэг нэгээрээ нүдний өмнүүр өнгөрнө. Хамгийн сүүлийн байшингийн буланд нөгөө хүн зогсож байгааг би харав. Тэр явж буй галт тэргийг ээлж дараалан харж байснаа яг миний зогсож байсан цонхон дээр харц нь тогтохыг хэдийгээр том хар шилний цаана байгаа ч гэсэн би мэдэрч байв. Надад жаахан эвгүй байсан ч би дальдарсангүй. Харин ч бүр түүнээс харцаа салгаж чадахгүй удаан зогсов. Нүдний өмнө говийн бяцхан суурин тоосон дунд торойсоор хоцров. Буцаж өрөөндөө ороод сууж байхдаа би яг л хий хоосон дунд гав ганцаар үлдэх шиг санагдан нэг л эвгүй. Миний хамаг бүхнийг саяын хүн аваад буучих шиг.
Би энэ хүний ярианаас олигтойхон материал болчих юм сонсож чадаагүй юм. Өөрийнх нь шимтээд байгаа тэр нүдний тасгийнхан ч надад тэгтлээ сонин байгаагүй нь бодвол өөрийнх нь хэлсэнээр би тийм байдалд ороогүй болохоор тэр байх. Нэгэнт миний бодсончлон олигтой ярилцлага болоогүй тул саяын хүнийг санаанаасаа гаргачих санаатай уншаагүй сонингоо барьж авсан боловч тийм амар сатаарсангүй. Яг цуг байхад юугаараа ч юм анхаарал татаад, буугаад явчихсан хэр нь бодогдоод байгаагийн учрыг олсонгүй. Тэгтэл түүний хамгийн сүүлд шахам хэлсэн бага насаа эргэн санахад буруудахгүй гэсэн утгатай үг санаанд ороход миний сэтгэл дотор алс тэртээд ихэмсэг хээнцэрхэн хэрнээ гэнэн томоогүйгээр үлдэж хоцорсон охин нас минь олон жилийн хөндүүр шарх сэдрэх мэт амилж ирлээ. Үлдэж хоцорсон ч юу байхав дээ одоог хүртэл намайг цовдолчихоод байгаа зүйл л дээ. Харин яагаад ингэснийг би мэдсэнгүй зүгээр л саяын хүний тухай бодлоос салсандаа баярлах шиг санагдав.
Өөрийгөө би сайн аав ээжийн буянд сайхан орчинд өсөж хүмүүжсэн азтай охин гэж боддог юм. Би учиргүй хөөрхөн биш ч гэлээ царайлаг охин байсан юм. Сурлагадаа сайн, сагс волейболын секцэнд явдаг. Бүр сургуулийнхаа шигшээд явдагийн хувьд нуруугаараа ч, ур чадвараараа ч гологдохооргүй байсан байх. За тэгээд хүүхдүүдийн дунд нилээн нэр хүнд бүхий хүүхдүүд намайг хүрээлдэг байлаа. Би ч тэднийг нэг их ийм тийм гэж ялгаад байхгүй. Сурлага спортоороо сайчууд нь ч, жаахан довилуун зантай хулигаан нэртэй хүүхдүүд ч гэсэн надтай нийлдэг байсан юм.
Манай хот орос монголын хамтарсан үйлдвэр бараадсан шинэхэн хот. Тэгээд ч тэр үү орос айлгүй байр ховор. Хүүхэд л юм болсон хойно орос монголгүй л холилдон тоглосоор орос хэлэнд ч гайгүй. Бас ч үгүй нилээд олон орос найз охидуудтай. Ийм л нэг цэвэрч хээнцэрдүү ихэмсэгхэн хэрнээ их нийтэч охин байв.
Банди нар хэдийгээр ээрч хоргоогоод байхгүй ч тэдний хэн нь ч гэсэн надтай үерхэхийг хүсэж байгаа нь харцнаасаа л мэдэгддэг байв. Тэгэх тусам тэднийг тоохгүй бардам нэгэн явдагсан. Тэгтэл тэр жил хотоос нэг хүү шилжиж ирлээ. Хот хотдоо бүр төвийн сургуулиас ирсэн байлаа. Ирсэн дариуд нь ч яахав дээ нэг их тоосонгүй. Шинэ хүүхдийг харахгүй байна гэж юу байхав. Бусад хүүхдийн адил харж, тэдэнтэйгээ түүний талаар ярилцана. Хөвгүүд болсон хойно шинэ хүүхдийг гоочилдог л байсан байх. Хааяа зодолдлоо барилаа гэж сонсогддог л байлаа.
Нэг хоёр сарын дараагаар байдал өөрөөр эргэж эхэллээ. Тэр хүү сурлагаараа сургуульд толгой цохиж эхлэв. Түүнийг магтахгүй багш гэж үгүй болов. Тэрээр аль нэгэнд нь гоц биш ч гэлээ түүнд чадахгүй спорт гэж байхгүй байлаа. Юу ч тоглосон хачин эвсэлтэй, ялангуяа багийн тоглоомонд гоцлон тоглогч биш холбогч найруулагч шинжтэйгээр санаачлагыг гартаа авч тоглох нь гайхамшигтай. Зөвхөн тоглоомонд ч биш энгийн үедээ ч гэсэн тийм байсан. Сүүлдээ түүнийг хүрээлдэг хүүхдүүд маш олон болсоор байв. Тэр яг л соронзон мэт хүүхдүүдийг өөртөө ойртуулдаг байлаа. Түүний хэлсэн үгийг эсэргүүцдэг хүүхэд манай ангид битгий хэл сургуульд байхгүй болж эхэлсэн юм. Завсарлагаанаар тэр хэзээний л хэн нэгэнтэй ярьж хөхөрч, хэн нэгнийг инээлгэн чинийхээ омгийг чимхэн зогсох бөгөөд түүнтэй уулзсан бүхэн баяр хөөртэйгөөр салдаг байлаа. Харин тэр яагаад ч юм надтай л дуугардаггүй байсан юм. Бусад хүүхдүүд надтай урьдынх шигээ л харьцаж байсан болохоор би түүнтэй тэгтлээ нэг их ойртох гэж тэмүүлдэггүй байж.
Гэхдээ надад түүний байгаа байдал, яриа хөөрөө, алхаа гишгээ тэр ч бүү хэл хувцаслалт нь хүртэл нэг л сэтгэлд дотно санагдаж, өөрөөр хэлвэл тэр надад таалагдаж эхлэв. Хүнийг таална гэдэг надад өөрт ч гэсэн сонин байхыг бодоход би урд ингэж байгаагүйн шинж байх. Гэхдээ чихээ зулгаахаас бусад нь шүү. Өдөртөө хэдэн мянган удаа тааралдаж байгаа болохоор харц тулах үе зөндөө ч, дуугарна гэж үгүй. Гэхдээ би түүнтэй хааяа харц тулгарахдаа тийм гэхийн аргагүй халуун дулаан нөлөөлөл гэхээр хаашаа юм, нэг л тийм сөрж зогсож боломгүй юм олж хардаг байв. Хэрвээ намайг яг л тэр харцаараа харж байгаад юу ч гэж хэлсэн би зөвшөөрчихмөөр тийм л харцаар хардаг байсан юм. Бүр юуг ч гэсэн шүү. Худалч хүнд ховсдох гэхээр хаашаа ч юм дээ. Гэсэн хэдий ч бид хоорондоо дуугардаггүй хэвээрээ л байлаа. Энэ байдал маань бусад хүүхдүүдэд ч гэсэн анзаарагдсан байх.
“Энэ надтай дуугарахгүй байхад би яршиг л байна шүү дээ” гэж би боддог байсан ч хэн ч над руу авираад хүрэхгүй мэт ганган хээнцэр, эрхэмсэг чанарыг минь тэр хүү ховсдон сорсоор байсан юм. Сүүлдээ би гэрт, гадаа хаа ч гэсэн түүний тухай бодол болон харцаараа эрхийлдэг болсон юмдаг. Ядаж байхад түүнийг шагшин гайхсан яриа анги, сургууль даяар охдидуудын амнаас ам дамжин надад сонсогдоно. Магадгүй тэдгээр охид ч гэсэн над шиг ховсдуулан дурласан байж болох юм. Хөвгүүд ч гэсэндээ түүнгүйгээр юм хийхээ больж, тэр ирэхгүй л бол заал авч тоглохоо ч байсан гэвэл ямарав.
Нэг удаа манай анги щейфийн холбоотой байдаг орос сургуулийн нэг ангитайгаа хамтарсан үдэшлэг зохиолоо. Тэр ангид манай байрны миний найз Ольга хэмээх хөөрхөн охин байдаг юм. Тэр ангидаа байтугай сургуульдаа хөөрхөнд орно. Өөрөө ч түүнийгээ мэднэ. Би ч өөрөө орос хэлэнд муугүйг хэлэх үү, ний нуугүй хэлэхэд “тэр үдэшлэгэн дээр л би тэр хүүд юу чаддагаа үзүүлчих болов уу” гэж санагдаад байв. Тэгээд дотроо жаахан догдлоод л найз Ольгатайгаа ярьсан шиг суув. Тэр хооронд хаалга онгойх тоолонд түүнийг орж ирж байгаа юм шиг санагдан үүдрүү хулмалзсаар байв. Намайг хүлээж догдолж байгааг мэдсэн юм шиг тэр ирэхгүй л байлаа. Их л удсан санагддаг юм. Магадгүй би их хүлээсэн болохоор тэр байх. Тэгж их харуулдсан хэрнээ яриандаа болоод яг түүний орж ирсэн агшинг харж амжсангүй. Нэг л мэдэхэд тэр аль хэдийн ирчихсэн байлаа. Жаахан харамсал ч төрөх шиг. Харин тэр орж ирсэн цагаасаа эхлэн санаачлагыг гартаа авч бүхнийг байлдан дагуулав. Оросоор чөтгөрийн юм шиг цэвэрхэн ярих түүнд мэдэхгүй зүйл, ярихгүй сэдэв байхгүй бололтой. Барууны болон оросын эстрадын дуучдын тухай болон тэдний концертуудыг он оноор нь ярьж байлаа. Тэр ч байтугай зарим нэгийг нь банзан гитар дээр тоглон дуулахад орос хүүхдүүд болон багш нар нь хүртэл даган дуулж, бүжиж байв. Намайг байнга магтдаг манай орос хэлний багш хүртэл
- Энэ хүүхдийн хажууд би бараг өөрөөсөө иччихлээ гэж байлаа.
Тэр бүр Оросын түүхийг хүртэл ярьж тэдэнтэй маргалдан мэтгэлцэж байсан даа. Хөгжим эгшиглэх болгонд тэр Ольгаг урьж эргэлдэнхэн бүжих нь ёстой л үлгэрийн гэмээр. Миний дотор бачимдан байж ядаж байсыг бодоход би атаархаж байсан байх. Хамгийн сүүлд тэр оросын явган шогуудаас оросоор ярьсан нь зүгээр тасраад явчихав уу л гэлтэй болсон доо. Тэр орой хоёр анги урьд нь байгаагүйгээр хөгжилдөн байсаар тарцгааж билээ. Тэрнээс хойш Ольга манайхаар орж ирэх нь ихсэж, түүний тухай л ярьдаг бөгөөд танилцуулж ойртуулж өгөхийг надаас хүсдэг болсонсон.
Тэр тийм л хүү байсан юм. Тэрээр манай ангид, манай хотод яг зургаахан сар болоод л хотруугаа буцаад шилжээд явчихаж билээ.
Маргааш явлаа гэхийг нь сонсоод манай ангийнхан бүгд уйлсан. Хөвгүүд ч гэсэн уйлсан байх. Харин би ангидаа уйлаагүй. Гэртээ ирээд харин ч нэг нэрж өгсөндөө. Өрөөндөө суугаад л байсан, суугаад л байсан чухам хэдэн цаг болсон юм бүү мэд. Тэгтэл ээж хаалга тогшоод
- Чамтай нэг хүү уулзъя гээд байна гэхээр нь манайхаар хүүдүүд ирж л байдаг юм чинь “Хүн ч нэг аятайхан уйлуулчихгүй” бололтой юм бодсон шиг гараад ирсэн чинь нөгөө хүү чинь зогсож байдаг байгаа. Тэрхэн зуур надад ичиж зовохоосоо илүү “Би ийм ч байдалтай түүнд харагдах гэж” гэсэн ихэмсэг бодол төрсөн. Би тийм л зантай охин байж. Тэгтэл тэр нөгөө л сонин харцаараа харж, сэтгэлд дотно намуухан дуугаараа
- Уучлаарай би чамтай олигтой ч ярилцаж чадахгүй байсаар өдий хүрчихлээ. Хожимдсон ч гэсэн би чамд нэг юм хэлэх гэсэн юм гэхэд миний цээжин дотор нэг нөхөр орчихоод л өнөө муу зүрхийг минь хумиж атгаад хэдэн хавиргыг минь ээлж дараалан балбаж байгаа юм шиг л боллоо. Гэсэн ч би биеэ барьж
- Өдий болтол юм яриагүй юм чинь одоо юм хэлэх хэрэг байгаа юмуу гэж хэлчихээд хичнээн их харамссан гээч. Тэгээд “Ингээд л дуугай яваад өгчих болов уу” гэж бодохоос “Худлаа худлаа тоглосон юм. Тэгээд хэл л дээ” гэчихмээр байж билээ. Тэгтэл
- Магадгүй чамд утгагүй сонсогдож болох юм. Хэдийгээр би хэнтэй ч гэсэн учраа олж, хэнд ч гэсэн өөрийгөө ойлгуулж чаддаг ч чамд л энэ үгээ хэлж чадахгүй байсаар буцах болчихлоо. Гэхдээ хэлэхгүй байж бас чадахгүй нь ээ. Магадгүй хэтэрхий хувиа бодсон чанар ч байж болох юм гэж хэсэг байзансанаа
- Би чамт хайртай гэлээ.
Хүлээж цөхсөн юм тарчилгаж, тарчилгаж ирэхэд баясаж баярлахын зэрэгцээгээр асар их уцаар төрүүлдэг юм билээ. Би хичнээн баяртай, азтай жраглтай байсан ч гэлээ
- Чи өдий болтол хэлээгүй. Хэлэх нь байтугай дуугардаг ч үгүй байсан байж одоо наадахыг чинь сонсоод намайг яана гэж бодоов гэж хэлэнгүүт баярласан гомдсоны аль нь болох нь ялгагдахгүй цээжнээс нэг юм огшин нүдний аяга дүүрээд ирэнгүүт биеэ хүчлэн барьж байв. Өөр хүүхэд байсан бол би аль хэдийн эргээд орчих байсан байх. Гэтэл би чадсангүй. Тэр ч байтугай миний ихэмсэг зан ч гэсэн тэрхэн хооронд уясав уу гэлтэй
- Чи яагаад тэгээд надтай юу ч ярьдаггүй байсан юм бэ? гэж гомдол маань гайхширал, тунирхалын аль нь болох нь мэдэгдэхгүй амнаас гарахад
- Би чамайг өөрөөсөө хүртэл хармалдаг байсан юмаа гэлээ. Энэ хариулт надад хорвоогийн хамгийн тэнэг хариулт сонсогдсон ч сайхан санагдсаныг нуугаад яахав. Тэрээр цааш нь
- Би чамайг харсан тэр өдрөөс эхлээд би өөрийгөө хэр өчүүхэн болохыг мэдсэн юм. Чи миний хувьд ямархан өндөрт байснаа мэддэггүй байх. Би чамтай ярьчихвал, хайртай гэдгээ хэлчихвэл бүх юм дуусчих гээд байх шиг санагддаг байсан юм. Анх би чамайг сургуулийн гадаа харсан юм шүү дээ. Чамайг хэддүгээр ангийг мэдэхгүй хэрнээ “Бурхан минь намайг энэ охины ангид оруулж өгөөч” гуйж билээ. Харин хожим бодоход тэгж гуйдаг л буруудсан байх. Тэгээгүй өөр ангид орсон бол би цаг үргэлж чамайг харж, чиний сайханд өөрийгөө босох сөгөөгүй болтлоо дарахгүй ч байх байсан ч юм билүү гэх нь тэр. Түүний яриаг сонсох тусам би уяран нугарч байгаагаа мэдэрч юутай ч юм тэрсэлдэн байсан хэдий ч өөрийгөө барьсаар
- За за одоо чи явдаа. Чамд сайн сайхныг хүсье гээд эргэтэл тэр надад
- Баяртай гээд нэг жижигхэн төмөр зүүлт өглөө.
- Юу юм бэ?
- Дурсгал. Хэрвээ хэрэггүй бол хаячихаарай гээд нэг их тунарсан зөөлөн харцаар харж байснаа доошоогоо гүйчихлээ. Би эгээтэй л хойноос нь гүйсэнгүй шатан дээр суун туссаар үлдсэнсэн. Зүрхэн хэлбэртэй тэр зүүлтийг гартаа атгасан чигтээ би уйлсаар уйлсаар . . .
Түүнийг манай ангид ирсэнээс хойшхи зургаан сарын хугацаанд би бүр тарчилж гүйцэж байсан юм байна даа гэж одоо хааяа боддог юм. Тэр зүүлтийг авч үлдсэнээрээ би буруутсан ч байж болох юм. Би л илчлээгүй болохоос үнэндээ бол тэр миний анхны хайр байлаа. Түүнийг явсанаас бараг хоёр хоногийн хойно зүүлтэн дээрхи маш жижигхэн бичгийг уншихад “Холын холд” гэсэн байлаа. Заримдаа би түүний тухай зүгээр л зүүдэлсэн ч юм шиг санагддаг. Осолдохгүй тэр зүүлт байгаа болохоор өнгөрсөн бүхэн үнэн гэж бодогдоно.
Түүнийг явсанаас хойш анги, сургууль тэр байтугай манай хот хүртэл нэг л эль хуль, эзэнгүй, утгагүй. Хаа ч явсан түүний орон зай үгүйлэгдэнэ. Яаж би сургуулиа төгссөнөө ч нэг их санадаггүй. Надаас гадна олон охид тиймэрхүү байсан гэхэд би эргэлздэггүй ч ганцхан надад л тэр зүрхэн хэлбэртэй зүүлт байсан юм даа. Сургуулиа төгсөөд гадаадад хуваарь авах боломжтой байсан ч би авсангүй. Хотруу их сургуулийн хуваарь авлаа. Бодвол би түүнийг л харах, магадгүй түүнтэй л уулзах гэсэн хүсэл байсан байх. Мөн ч гэнэн байгаа юм шүү. Гэхдээ би түүнийг олоогүй ээ. Магадгүй тэр “Холын холд” явсан байсан байх.
Оюутны таван жил инээж шуугисаар өнгөрсөн. Спортоор хичээллэдэг байсны хувьд би нуруу туруу өсгөлүүн, мөн л сургуулийнхаа шигшээд тоглоно. Оюутан залуучуудынхаа дунд мөн л нэр хүндтэй, ганган хээнцэр гээд миний үндсэн чанарууд хэвээрээ л байлаа. Ганцхан хайр сэтгэлийн асуудал дээр л би нэг дутагдалтай байв. Ний нуугүй бодоход олон ч залуучууд ирсэн дээ над дээр. Яагаад ч юм би тэднийг насан багын тэр хүүтэй л харьцуулаад, түүний хаана нь ч хүрэхгүй тэднийг өөртөө үлдээж чадаагүй дээ. Оролдоогүй биш оролдсон. Гэхдээ л чадаагүй.
Түүнээс хойш арван хоёр жил өнгөрчээ. Хүнтэй суусангүй. Суух байтугай хайртай ч болсонгүй. Заримдаа би өөрийгөө өвчтэй юм болов уу ч гэж боддог юм. Тэртээ тэрэнгүй надаас зөрөөд өнгөрсөн тэр тавиланг би яагаад өдий болтол үгүйлэн суудаг юм бол. Сониноос нөгөө зүүлт маань одоо хүртэл байдаг даа. Хөөрхий төмөр юм болохоор муудаад, зүүх гэхээр хаашаа ч юм. Зүүхгүй гэхээр зүүлтийг ч тэр, зүрхээ догдлуулсан тэр үеэ ч өрөвдөөд байдаг юм даа. Тэгээд өдий болтол намайг өөрийн мэдрэлгүй болгон ховсдох мэт мэлмэрэх тэр нүдийг хайсаар өдий хүрлээ.
Үгүй ээ, ингэхэд саяын хүний нүд яагаад тийм танил мэт санагдаваа. Ярианых нь сүүлийн хэсгийг би ойлгоогүй. Ер нь тэр нүдний тасгийнханы тухай надад ярьж цаг барахын хэрэг юу байсан юм бол. Буух нь буудал нь дөхчихөөд тэр үү нэг л авцалдахгүй юм яриад байсан. Бага нас ч гэх шиг, холын холд ч гэх шиг . . .
Байз байз! үгүй ээ энэ чинь нээрээ. . . Бурхан минь, Арай үгүй байгаа даа . . .
Бүрэн эхээрээ...
Навч дагасан гуниг (Өгүүллэг)
Ууган хэзээний л номоо сугавчилан мөчирс нь навсайж ургасан модот гудамжнаа юухан хээхэн бодон алхаж явна. Хэдхэн сарын өмнө хайр сэтгэлтэйгээ учирсан тэрээр хорвоо ертөнц тэр аяараа ёстой л өөрийнх нь төлөө л оршин тогтнож байгаа юм шиг сэтгэн, сэтгэл тэнүүн жаргалтай яваа залуу. Түүнд юм бүхэн өөр шиг нь аз жаргал гэрэл гэгээгээр бялхаж байх ёстой мэт бодон явтал гандаж шарласан ганц навч тасран түүний мөрөн дээр унах нь тэр. Тийм хөнгөхөн навч, тэгж их гуниглан гаслах мэт дуутай унадагийг тэрээр урд нь мэддэггүйсэн. Мэдээж тийм их чимээтэй унах нь юу вэ. Ууганд л тэгж бодогдсон хэрэг. “Ямар сонин юм бэ. Цаг нь арай л болоогүй баймаар юм” гэж бодон тэр орчин тойрныхоо моддыг харлаа. Модод өтгөн ногоон навчисаа дааж ядан хүглийж, хаа нэг завсараар нь зуны оройн нар шивсэн зүү адил сүвэгчлэн тусна. Мөрөн дээрээс нь тэр навч салхины аясаар сэртэг сэртэг гэсээр далбилзан доошлоход, түүнд хавчил хадан хясаа руу ямар нэгэн амьд амьтан дуу алдлан унаж буй мэт санагдан өөрийн эрхгүй шүүрч авлаа.
Яагаад ч юм тэрээр явж байсан газраасаа хөдлөлгүй нөгөө навчийг харан хэсэг зогслоо. Хорхой шавьжинд идэгдэн урагдаж цоорсон юм түүнд алга. Тэр ч байтугай намаршаад ирэхэд навчис хэр хэмжээнээсээ хэтрэн палбийтал ургасан байдаг бол энэ навч тийм биш байлаа. Харин ч хаврын гөлгөн навчинаас арай жаахан томовтор, зүйрлэх юм бол дөнгөж төрсөн унаганы цомбон туурай шиг зөв хэлбэртэй ажээ. Үзүүрээсээ эхлэн шарлаад угаараа ногоон хэвээрээ, тэгсэн хэрнээ ишнийх нь байдлыг ажихад шүүслэг бөгөөд нилээн бядтай ч болов уу гэмээр. Ер нь өнөөдрийнх шиг үе үехэн сэвэлзэх иймхэн салхинд уначихааргүй байсанд тэр гайхаж байлаа.
Навч тийм их гуниг агуулдгийг Ууган ер анзаарч байгаагүй. Харин бороонд шалба норсон навч хачин өрөвдөлтэй харагддагийг тэр мэддэгч мөдхөн сэргэдэг болохоор нэг их тоодоггүй юм. Харин энэ навч өрөвдүүлэхээр харагдаагүй ч цагаасаа дэндүү эрт тасран унахыг харах нь түүнд тийм гэхийн аргагүй гуниг төрүүлсэн байж болох юм.
Тэндээсээ тэр цаашлан нилээд явлаа. Одоо Ууганд хэдхэн мөчийн өмнө байсан баяр баясал хоромхон зуур хаашаа ч юм хулжиж одов. Барьж явсан навчаа хаяхыг төвдсөнгүй. Ишийг нь эрхий долооворынхоо завсар имрэх гэснээ анх харагдсан гуниг байгаад байх шиг санагдаад больчихлоо. Сугандаа явсан номныхоо завсар хийчих гэснээ нэг л зүрхэлсэнгүй. Түүнээс холгүй нэгэн хөглөгөр хөгшин модны доор хуучин модон сандал байхаар нь очиж, нэг хөлөө нөгөө дээрээ ачаад, өвдгөн дээрээ навчаа тавиад хэсэг зуур харж суулаа. Тэр гунигтай хэвээрээ л харагдах юм. Тэр хэрээрээ Ууганыг уруу татна. Яагаад энэ ганц навчнаас салж чадахгүй байгаагаа Ууган ойлгосонгүй. Өвдгөн дээрээс нь уначих гээд байх шиг болохоор нь ишэн дээр нь номоороо дараад хэсэг суулаа. Нүдэнд нь харагдахгүй ч гэсэн номны цаана байгааг нь мэдэх тул “Яаж байгаа бол” гэж бодогдоод болдоггүй. Тэрээр бүр албаар анзаарахгүй байгаа царайлж, тамхиа гарган асаагаад цээж дүүрэн уушиглан ов товхон үүлсийн цаанаас мэлтийх цэв цэнхэр тэнгэр өөд үлээлээ.
Болжморын жиргээн, навчисын сэрчигнээг чагнаархаж бодлоосоо тэр навчийг алслуулахыг хичээлээ. Гэвч хичээх тусам улам бүр бодогдох нь сонин. Болдогсон бол босоод хаа нэг тийшээ гүйчихмээр санагдлаа. Гэвч болсонгүй.
Өчигдөрөөс хойш шүлэнгтэн уншсан зузаавтар, хөх хавтастай номны цаанаас нөгөө золигийн навч чинь үелзэх салхины аясаар шарласан үзүүрээ сэм сэмхэн сэрвэгнүүлэн цухалзаад байх. Ууган түүнийг бүр харахгүйг хичээлээ. Гэвч нүдний нь үзүүрт сэрвэлзээд байх түүнийг яалтай ч билээ.
“За за больё “ хэмээн санан навчийг авч алган дээрээ тавин гөлөрч суутал Ууганы ухаан бодол ямар нэгэн юманд уусан шингэх адил өөр тийш талийн одлоо.
Гэнэт сэтгэлд нь гунигийн сүү хөөрч, самарсаар атал тогооны амсараар дэврэх мэт хачин их уйд автав. Хаашаа ч юм явмаар, харанхуй руу, огторгуй руу эсвэл тэртээ холын хол руу аажуухан алгуурхан холдмоор. Энэ ертөнцөд эргэж ирэхгүйгээр явмаар бодогдлоо.
Хүний сэтгэл гэдэг юутай хувирамтгай, юутай өчүүхэн. Саяхан л тэр энэ хорвоод хүн болон ирж, өдөр өдрийн нарыг үзэж, өөдөөс үлээх салхинд хөхүүн баясаж, амраг бүсгүйтэйгээ хөтлөлцөн зуны үдшийн бороонд норонхон алхалж, зүрх гижигдэм цангинасан инээдэнд нь мансуурч, зүүдний юм шиг учрал бүхэн зөвхөн түүнд л зориулагдсан юм шиг санан, жаргал цэнгэлийн гэгээн аялгуунд уярч яваагүй гэж үү.
Гэтэл одоо энэ бүгдийг орхиод гэгээн алсад одохыг хүсэх учир юу юм бол.
Түүний бодол биелэлээ олчихов уу гэлтэй сууж байсан сандлаасаа сөөм сөөмөөр дээшилсээр байх шиг. Нэг харахад тэртээ доор түүний сууж байсан сандал, өдөртөө хэдэнтээ хөндлөн гулд алхдаг гудамж, хуучин дээвэртэй модон байшингууд гээд Ууганы мэдэх болгон түүнээс холдоно. Эндээс хаашаа ч юм явах гэсэн хүсэлдээ тэр хүрч байх шиг. Тийм гэхийн аргагаүй нам гүмд, тийм гэхийн аргагүй хөвсгөр зөөлөнд, тийм гэхийн аргагүй нөмөр дулаанд тэрээр хөвж явна. Юутай сайхан.
Дөнгөж сая Ууган хүрээлэн байгаа орчин тойрноосоо ингэж л холдохыг хүссэн. Хүслээрээ тэр нисэж байгаа болохоор өөрийгөө анзаарсангүй. Гараа байдгаар нь алдалсан юм шиг санагдах тул өөрийгөө ямархан хэлбэртэй нисэж яваагаа мэдэх санаатай өөрийгөө хартал түүний гар хөл гээд ер нь бүхий л бие нь түүнд харагдсангүй.
Сууж байсан сандал руугаа хүчлэн байж хартал түүний бие нь тэнд суусаар байх юм.
Тэгтэл тэртээ доор гудамжны үзүүрт нэгэн бүсгүй учиргүй яаруухан гүйх шахам явах нь харагдав.
Уг бүсгүйг сайтар харвал хөөрхий хань нь мөөн. Салхинд дэрвэх хормой нь яг л саяын навчны хэлбэртэй харагдана.
“Хань минь дээ би үртэй боллоо гэдгээ хэлэх гэж байхад чинь чи минь даана ч яав даа” . . . гээд дуу нь тасрах шиг. Хацрыг нь дагаад нулимс урсаа юу даа. Ууган гэнэт “Би энд юугаа хийж явнаа” гэж бодлоо. Тэгээд тэр хамаг чадлаараа доошлох гэж оролдсон ч нэгэнт оройтоо юу даа . . .
Ашгүй юуханд ч юм цочирдон Ууган гүн бодлоосоо саллаа. Алганых нь хонхорхойд өнөөх навч маань байж л байв. Сая л ухаан орсон юм шиг түүнийг дахин харвал навчны яг голд ганц дусал шүүс яагаад ч юм гарсан байлаа. Тэр ухсахийн босож хаячихгүйн тулд навчаа зөөлхөн атгаж, нөгөө гартаа номоо барьсаар, навч тэр хоёр анх учирсан тэр газар луу хар хурдаараа гүйлээ. Ууган гүйж явахдаа “Чи битгий намайг уруу тат. Цагаасаа эрт хаашаа ч яарч болохгүй юм байна. Би хаашаа ч явахгүй . . .” гэхчилэн өөртэйгөө юү эсвэл тэр бяцхан навчтай юу алин болох нь мэдэгдэхгүй ч ярьсаар байлаа. Тэгээд “яг л энд унах байсан болов уу” гэж бодсон газраа ямар нэгэн амьтанг хоёр гарнаасаа зөөлөн газардуулах мэт тавилаа. Яг оносон эсэхийг мэдсэнгүй. Тэгтэл салхины жаахан үлээлтэнд навч сэрвэгнэн цаашилж, хэсэгхэн борог өвсөнд торон үлдлээ. Ууган түүнийг харан “Юмс байх ёстой газраа байх ёстой юм байна” гэж бодон зогстол
- Ууганаа Ууганаа гэх уянгалагхан дуу сонсогдов. Энэ бол хайрт ханийнх нь дуу. Энэ дуу цаашдаа түүний урт удаан амьдралынх нь туршид аялгуулах болно. Ханийгаа тэр гудамжны үзүүрт явж байна гэж харсан нь үнэн байж. Тэгвэл бид үртэй болсон нь үнэн байх. Сонин юм шүү гэж бодож амжтал
- Ёо ёо ашгүй. Намайг харалгүй явчих гэж байгаа юм болов уу гээд яарчихсан чинь гээд амьсгаадсандаа цээжээ өрөөсөн гараараа даран зогсох амрагийнх нь царайд аз жаргалтай бүсгүйн гэрэл гэгээ цацарч байлаа. Тэрээр Ууганд эрхлэнгүйгээр
- Найз нь чамд нэг юм хэлэх үү. Үнэндээ би нууцлая гэж бодсон боловч тэсэхгүй нь ээ гээд гарыг нь атгахад нь
- Хайрт минь, би мэднээ гэж Ууган хүнгэнүүллээ. Бүсгүй учиргүй гайхсан янзтай
- Чи юу? Яаж мэднэ гэж?
- Би чинь аав нь шүү дээ гээд мөрөөр нь тэврэн үнсэхэд хүүхний нүд “Хачин юмаа” гэж гайхсан хэдий ч тэр жаргалтай хэвээр байлаа. Эмэгтэй хүн эх болохдоо ингэж их баярладаг байх гэж. Ууган бүсгүйгээ тэврэн цааш эргэхдээ нүднийхээ булангаар навч руугаа хартал тэр торж байсан борог өвснөөсөө аль хэдийн мултран агаарт хөвсөлзөн хийсэх нь эргэж хөрвөн нисэж байх шиг харагдаж байлаа. Ууганы сэтгэлд хуйрганан байсан хөнгөн гуниг тэрхэн зуур гарч, навчаа даган сэвэлзэн одов.
Тиймээ навч Ууган хоёр заяа заяагаа даган зам замаараа явж байгаа нь тэр.
Бүсгүй түүнийг мөрийг налж, эрхлэнгүйгээр
- Ууганаа! гэж аядуухан дуудахад Ууган бодолдоо дарагдаад анзаарсангүй
- Хүүе л дээ. Ууганаа!
- Өө! . . . Айн. . .
- Охин гарвал чи хэн гэж нэр өгөх вэ?
- Харин л дээ. Ямар нэгэн навчтай нэр өгвөл яиар вэ?
- Юу! За ямар сонин нэр боддогийн . . .
Шувууд жиргэж, навчис сэрчигнэсэн гудамжаар тэд тэврэлдэн хязгааргүй үргэлжлэх амьдралын харгуй руу яаралгүйхэн алхана . . .
Бүрэн эхээрээ...
Боб (Өгүүллэг)
Онгоц хүрэх ёстой өндөртөө нэгэнт хүрсэн бололтой. Галбилзаж, далбилзах нь үгүй болж, мотрын дуу нь жигдхэн хүнгэнэнэ. Зорчигчид ч гэсэн ам амандаа дүнгэнэлдэн байснаа одоо байр сууриа олцгоосон учир ном унших нь уншиж, хөгжим сонсох нь сонсож, зарим нэг нь явдлын ядаргаагаа түр ч гэсэн гаргачих санаатай түшлэгээ налан зүүрмэглэнэ. Эдний дунд би яваа. Онгоцны цонхоор тэнгэр огторгуйг дугуй хэлбэрээр харах нь нэг л чамлалттай санагдах тул нүүрээ цонхонд бараг наах шахан гадаад ертөнцийг харж суулаа.
Эсгий хийх гээд зулчихсан ахрын ноос шиг хэсэг хэсэгхэнээр үелэх хэрнээ зах хязгааргүй мэт үргэлжлэх нимгэн цагаан үүлэн дээгүүр сууж яваа хөлөг минь дүүлэн явна. Хэдийгээр нар ташиж, удахгүй бүрэнхий болох гэж байгаа ч үе үе нимгэрэх үүлсийн сиймхийгээр тэртээ доор хөлгүй их далай харлан хөхөртөнө.
Би явах суух болж сүүлийн хэд хоног юм хөөцөлдөж байгаа нь энэ гээд нойр хоолыг умартсан тул нисэж явахдаа бусдын адил дугхийгээд авбал зүгээр л юм. Гэвч нойр маань хаашаа ч юм хулжин оджээ. Үнэндээ бол буцах энэ өдөр хэзээ нэгэн цагт ирнэ гэдгийг мэдэж байсан боловч яг ингээд биелэлээ олчих юм чинээ санаагүй явжээ. Би хүний газар ажил амьдрал эрэн хэдэн жил болчихоод эх орон, эцэг эх, элгэн садан гээд сэтгэлд минь хоногшин үлдсэн сайхан болгонруугаа буцаж яваа минь энэ.
Сэтгэлийн мухарт тэр гэхийн тэмдэггүй баярын совин татчихаад, наадмын сураг сонссон хоньчин хүү шиг сэтгэл хөвсөлзөөд, унтах нойрыг хүртэл умартуулчихажээ.
Уг нь америк орон ажиллаж, амьдрахад даана ч нэг таатай, тайван сайхан орон. Тийм ч учраас дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн есөн шидийн улс бүх насаараа уусан шингэдэг байх. Ёстой л нэг уул ус, өвс ургамал нь жигдэрсэн нутагт мал тогтдогтой л адил юмдаа. Ийм газар ирсэн хүн өөрийнхөө тайван амьдралд хоргодох, өссөн төрсөн нутагтаа тэмүүлэх гэсэн ац бодолд дарагдан яаж ч чадахгүй байсаар он цагийг өнгөрөөчихдөг юм билээ. Гэлээ ч гэсэн би буцаж явнаа.
Намайг буцах шийдэлд эргэлт буцалтгүй хүргэсэн нэгэн хүнийг санахгүй байхын арга алга. Магадгүй тэр хүн намайг энэ үелж зуларсан их үүлсийн хаа нэгтэйгээс харж суугаа ч байж болох юм.
Би гэдэг хүн овсгоо муутайдаа тэр үү овоо хэдэн жил болохдоо элдэв төрлийн бизнес юм хийж чадсангүй. Гэсэн ч богинохон хугацаанд овоохон мөнгө хийчихсэн гэх нь хүний, тэр тусмаа цагаач хүний мөнхийн хүсэл шүү дээ. Надад ч гэсэн тэр хүсэл байлгүй яахав. Нэгэнт бизнес хийж чадаагүй болохоор тэр талаар ярилтгүй. Цаана нь овоо мөнгө хийчихдэг гэсэн ажил нь том ачааны машин барьдаг ажил байвч миний хувьд бичиг баримтны бололцоогүй тул түүнийг хийх боломжгүй. Өөр нэг ажил нь настай хүн хардаг ажил байв. Энэ авдаг цалин нь овоож оцойгоод байхгүй ч тэр айлдаа амьдардаг тул олсон хэдийгээ үрээд байхгүй болохоор мөнгө хийдэг ажлуудын тоонд ордог юм. Би энэ талаар ирсэн цагаасаа эхлээд сонссон боловч үнэхээрийн сүжиггүй байлаа. Над шиг гэр орондоо аажуу уужуу арвайж тарвайж хэвтдэг амьтанд зохиноо гэж гожийн жоо л доо. Ядаад л би чинь гэртээ цээж нүцгэн байхгүй бол ямар нэгэн юмаар баглуулчихсан юм шиг санагдаад байж яддаг нөхөр чинь айлын нэг мухарт атирч сууна гэдэг ч дээ ёстой давдаггүй даваа. Дээрээс нь миний байж байгаа байдал гэж юманд жаахан эв дүй муутай, хөдөлгөөн хөшүүн хатуу талдаа. Харилцан ярилцахаар төсөөлөх юм бол хэгир ягир гэсэн аястай юм чинь нэг хөгшнийг эргүүлж тойруулаад л. . . энд тэнд нь гараад л. . .
Ай мэдэхгүй. . . Ядаж байхад тэр нь нэг гадаад өвгөн шүү. За тэгээд аягүй бол өтгөн шингэн нь гээд бодохоор дотор нэг юм арзагнаад бүтэхгүй ээ бүтэхгүй. Ёстой явдаггүй юмны нэг тэр байхаа гэсэн төсөөллөөс болоод энэ ажлыг санаандаа хэдэн хором ч байлгаж чаддаггүй байлаа.
Гэтэл амьдрал гэдэг дандаа нэгэн хэмээр дардан сайхан явдаг эд биш юм даа. Хүүхдийн сургууль соёл энэ тэр гээд бидний мөнгөний хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байлаа. Үүнийг зохицуулахаас өөр арга байхгүй. Ёстой нөгөө давахгүй гэсэн даваагаар гурав давна гэгчээр одоогийн байгаа нөхцөлд хүн хардаг ажил л надад тохирохоор болж эхэллээ. Эхнэр маань намайг энэ ажилд үнэн голоосоо дургүйг мэдэхийн дээдээр мэддэг болохоор дуугарч эс чадна. Гэлээ ч би эхнэртээ тунирхаад байж чадсангүй.
За тэгээд хичнээн дургүй ч гэсэн ажиллаж үзэхээр шийдлээ. Гэтэл оръё гээд л орчихдог ажил бас биш ажээ. Хэл усны хувьд би өөрийгөө гайгүй гэж бодох авч түүнээс гадна дадлага туршлагатай гэсэн үзүүлэлт нь гайгүйвтэр хүн олоход ихээхэн нөлөө үзүүлдэг юмсанж. Тэгээд нэг найзынхаа зөвлөснөөр эхний ээлжинд долоо хоногт гурван өдөр, өдрийн дөрвөн цагаар нэгэн өвгөнийг харах болов. Ингэвэл дадлагатай гэсэн тодорхойлолт авахад нөлөөлдөг гэнэ. За тэгээд хамгийн эвгүй нь харж хандаж буй хүнээ бие бартал нь харвал өшөө бүр өндөр үнэлгээтэй болдог явдал юм.
Миний америкт ирээд хийж буй ажлуудын хамгийн онцгүй нь байж болох ажлын эхний өдөр эхэллээ. Айлынхаа хаягийг нь авчихсан болохоор явсаар нөгөө айлдаа ирж, хонхыг нь дарлаа. Нилээд удсаны дараа залуудаа нилээн өндөр байсан болов уу гэмээр мэр сэрхэн буурал орсон хүрэвтэр үстэй (буддаг ч байж болох) эмгэн хаалга онгойлгож хөгшин хүний унжсан зовхины цаанаас хар хүрэн нүдээр намайг харж хэсэг зогссоноо сайн уу ч байхгүйгээр
- Чи шинэ хүн үү? гэсээр угтлаа. ''За энэ ч ааштай амьтан байна даа'' гэж бодож амжсан би
- Сайн байна уу? Тиймээ би шинэ хүн байна. Намайг Самдан гэдэг гэхэд эмгэн намайг хэсэг харж зогссоноо
- Мэднэ мэднэ гэхдээ чиний нэрийг би хэлж чадахгүй байгаа юм гэхийг бодоход миний тухай материал тэднийд ирсэн бололтой. Тэгтэл эмгэн
- За ор ор гээд хөдөлж ядан цааш эргэв. Түүний хөдөлгөөн их зангийн илрэл биш зүгээр л хөгшин хүний байдал болохыг ойлгоход нэг их цаг орсонгүй.
Хөхөртөж гүрийгээд энд тэнд бяцарч хагарсан судастай эмгэний хөлийг харан араас нь дагаж явахдаа ''манай эмгэцүүлийг бодвол шорт өмсчихнөө бас'' гэж хэнд ч хэрэггүй бодол тархинд орж ирж байв.
Яг л миний төсөөлж байсан хуучин байшингийн чийгний үнэр хамар цоргино. Гэр орон нь тийм муугүй боловч жижгэвтэр цонхтойн улмаас гэрэл муухан орох өрөөнүүдийг хуучны хүнд хүрэн модон тавилганууд улам бүр бүүдийлгэсэн мэт санагдана.
Ханан дээр, хөргөгчний хаалган дээр гээд хаана л бол хаана гэр бүлийнхнийх нь зураг байх бөгөөд хачин гүн цэнхэр нүдтэй тэдний зургийг хараад ''Ямар сонин юм. Энэ эмгэн хүрэн л нүдтэй байх шиг байсан'' гэж бодлоо.
Намайг дагуулан өвгөний өрөө рүү явах зуураа эмгэн
- Сувилагч ирээд чиний өмнөхөн явсан. Одоо Боб зөвхөн чамайг л хүлээж байна гэлээ. ''Ямар ч байсан Боб гэдэг хүн байна даа'' гэж бодоод эмгэнээс
- Таныг хэн гэдэг вэ? гэтэл
- Чи намайг Жерри гэж дуудаж болно гэж байна.
Угаас би болон миний сэтгэл санаа тэднээс хөндий байгаатай адил тэр ч гэсэн надтай хөндийдүү харьцаж байсан юм. Өвгөний өрөөнд ортол атирч хэвтсэндэ ч биш зүгээр л хатаж агшаад ийм болчихсон болов уу гэмээр жижигхэн өвгөн том орны голд хэвтэж байв. Жерри
- Боб! Чи харж байна уу? Шинэ хүн ирлээ гэхэд
- Өө тийм үү? Чамайг харсандаа таатай байна гэв.
Харин хаа очиж дуу хоолой нь эв эрүүл хүн шиг бүдүүн баргил юм гээч. Өвгөн энэ өвчинд олон жил шаналсан нь нүдэнд илхэн. Хөл гар гээд дөрвөн мөч нь хатаад нарийсчихсан. Сүүлчийн хоёр жил хэвтэж байгаа тул өвдөг тохой, хөлийн өсгий гээд цоороогүй газар түүнд алга. Нүд амнаас нь өөр хөдөлдөг эрхтэн байхгүй болжээ. Харин хэн ч харсан толгойн хэсэг нь цоо эрүүл харагдана. Буурал толгой, цав цагаан сахал, нүдний шил зэрэг нь түүнийг кинон дээр гардаг эрдэмтэн шиг дүртэй хүн байв. Түүнийг хараад би ''Хүн ийм ч болчих ч гэж дээ. Ёстой ингэж амьд байхаар . . .'' гэж өөрийн эрхгүй бодогдлоо.
Өглөө болгон сувилагч ирж бүх боолтыг нь солих далимдаа өтгөн шингэнээс нь салган, живхийг нь сольдог гэнэ. Сувилагчийг орж ирсэнээс хойш гаран гартал нь ёолон орилдог болохыг би сүүлд мэдсэн юм.
Харин миний хийх ажил бол өмдийг нь өмсгөөд, өргөдөг төхөөрөмжөөр өргөн тэргэнд нь суулгах, сахлыг нь хусах, нойтон алчуураар нүүрийг нь арчих, тэгээд тусгайлан зассан шилэн гонхонд гаргана. Аманд нь өглөөний цай хоолыг нь хийж өгөх, ном сонин уншиж өгөх, бас өвгөн хүсвэл хөзөр тоглох гэх мэт ерөнхийдөө цаг нөгцөөх ажил байсан юм.
Хэдийгээр өвгөнийг болон цагаан хэрэглэлийг нь өдөр болгон цэвэрлэдэг ч гэсэн хэвтэрт удаан байсан тул хэвтэрийн эвгүй үнэр түүнээс ханхлана. Түүний хатаж хорчийсон гар гээд ''биенд нь яаж хүрнэ дээ'' гэж бодон зогстол өвгөн надаас
- Чамайг хэн гэдэг билээ? Би мартчихаж
- Намайг Самдан гэдэг
- Тэгвэл би чамайг Сэм гэж дуудаж байя. Энэ манай хүүгийн нэр учраас би хэзээ ч мартахгүй гэх нь энэ хүний ухаан санаа нь гайхалтай эрүүл байгаа нь мэдэгдэв.
- Тэгээ тэг л гэлээ. Би дотроо ''Энэ өвгөн намайг хэн гэж дуудах нь яахав дээ. Би л хэдэн төгрөг олж байвал'' гэсэн шүү юм бодсоноор би гэдэг хүн «Монгол Сэм» болон хувирав.
Жерри үргэлж бидний дэргэд байж миний хөдөлгөөн бүрийг зааж, зурж байв. Тэрээр намайг өвгөнд хүрэхийн өмнө надад резинэн бээлий өмсөхийг сануулав. Би резиний үнэрт баахан дургүй нөхөр л дөө. Хэдийгээр Жерригийн хэлсэн нь надаас өвгөнийг эсвэл намайг өвгөнөөс сэргийлсэн аль нь болох нь ялгагдаагүй ч би уг бээлийг дуртайяа өмссөн юм. Эхний өдөр миний хөдөлгөөн бүр түүнд таалагдахгүй байгаа нь ажиглагдаж байлаа. Яагаад гэвэл намайг хүрэх тоолонд
- Аажуухан аажуухан хэмээн яраглаж байсан юм.
Надаас ч гэсэн нэг л сэтгэл гарч өгөхгүй байсан болохоор би түүнд эв хавгүй хүрч байсан байж болох юм. Боб надаар үсээ самнуулав. ''Үгүй ээ бас үсээ самнуулах. Энийг ер нь хэн харав гэж дээ. Мөн их маяг шүү'' гэж бодон самаар толгойг нь нэг самнасан болж байтал
- Аанхаа! яг тэндээ . . .Дахиад . . .гэж ирээд л сүйд. Дургүй хүрээд болох биш. Гэхдээ би энд ирсэнийх биеэ нилээн сайн барьж сурсан байсандаа дуугайхан өнгөрөв. Ажил дууссаны дараа Боб надад америк хүний бодож байгаагаа ил шууд хэлдэггүй зангаар
- Чи бүх юмыг сайн хийлээ гэж хэлсэн ч энэ худлаа гэдгийг би гадарлаж байлаа. Тэднийхээс гараад явж байхдаа ''Хүн гэдэг зовж ханахгүй юм даа. Яачихсан хүн гэж насны бөгсөнд ингэтлээ зовж байдаг юм болдоо . . .'' гэсэн шүү юм бодож явлаа.
Энэ мэт өдөр хоног үргэлжилсээр . . . Би тэднийд ирж очсоор нилээд хэд хоног өнгөрсөн байв. Би өөртөө ч итгэхгүй байлаа. Өдөр ирэх тусам бид хоёрын харилцан ярилцах ихсэж байв. Нэг удаа би хоолыг нь өгч байгаад аманд нь дутуухан хийснээс болж нэг ширхэг юу ч билээ уруул дээр нь үлдээчихсэнийг Боб амруугаа оруулчих санаатай уруулаа татагнуулж, хэлээ гозогнуулж байгаад унагачихлаа. Миний бодол ч ямар хурдан орж ирэв бүү мэд. ''Аманд нь юм хийгээд өгч хамхиад идчихэж чадахгүй . . .'' гээд л эгээтэй л амнаасаа үг унагачихсангүй. Тэгээд түүнийг харсан чинь гуниг нүүгэлтсэн гүн цэнхэр нүдээр намайг харж байснаа санаа алдав.
Яг тэр үед би Бобыг түрүүнийх шиг муухайгаар бодож чадаагүй юм. Бодох нь битгий хэл нүд амнаас өөр бусад нь хөдлөхөө байж, миний л гарыг харж суугаа тэр хүнийг би яасан гэж ийм муухайгаар бодож чадаж байна вэ гэж анх удаа өөрөө өөрийгөө анзаарлаа. Бобын хоол гэж хариугүй жаахан юм байдаг юм. Манайхны өвгөцүүл хонины тарган хавиргыг тосыг нь гоожуулаад л огтолж суудаг бол Бобын хоол гэж түүний хажууд шувууны хоол шиг л юм байх. Би л лав нэг өдөр амарч, гэрт өнжихөөрөө өлсөөд байгаа юм шиг санагдаад хөргөгчний хаалгыг өдөржин л савж өнждөгсөн. Тэгээд бодохоор өдөржин тэргэн дээр сууж өнждөг тэрээр өлсдөг л байж таарна шүү дээ. Тийм байхад тэрнээс нь би хэсгийг унагаачихаар ямар олиг байв гэж дээ. Ингэж би анх удаа Бобыг арай өөрөөр бодож, арай өөрөөр харж эхлэв.Түүний нүдийг харж суухдаа би ''Хүүхдүүдийнх дүрлэгэр цэнхэр нүд энэ хүнийх юм байжээ'' гэж ойлгосон юм. Тэгээд би түүнээс
- Уучлаарай Боб. Энэ миний муугийнх гэтэл
- Өө зүгээр зүгээр
- Зүгээр бишээ. Би чиний нүднээс асар их гуниг харлаа
- Өө тийм үү? Хэрвээ чи ямар нэгэн юм харсан бол тэр чинь чиний тухай юм уу эсвэл хоолны тухай биш шүү
- Би чамайг надад уурлалаа гэж бодлоо
- Үгүй дээ. Хамгийн гол нь хоолондоо ч биш, чамд ч биш
- Тэгээд юунд гэж?
- Би гэдэг амьтан ийм болчихсондоо л байгаа юм гэлээ
Энэ үгийг сонсоод би анх удаа Бобыг өрөвдлөө. Нээрээ л насны бөгсөнд өвчинд нэрвэгдэн, хүний гарт орчихдог. Тэр хүний аманд хэр зэрэг хоол хийх нь миний л мэдэл болчихсон байна шүү дээ. Тэгэхээр Бобын тэгж их гунигтай харцаар хардаг нь аргагүй юм даа. Тэгэнгүүт би энэ нүд, энэ харцыг өчигдөрхөн харсанаа саналаа. Тэгэхэд би өнөөдөр шиг ухаараагүй.
Боб надад хөзөр тоглох санал тавьсан юм. Хөзөр ч юу байхав манайхаар бол хорин нэг татах.
Хөзөр гэснээс манай эмээ, өвөөгийнх, манайхан ер нь бүгд хөзрөөр канастр гэдэг тоглоом тоглодог айл байлаа. Байлаа ч юу байхав дээ одоо ч гэсэн хөглөрөөд л суудаг айл. Би ч багаасаа тэдэнтэй тоглосон. Тоглохдоо юм л бол булхайцна. Булхайцаж тоглох нь нэр төрийн хэрэг юм шиг л байдагсан. Муу эмээ маань л
- Энэ муу золиг булхайцаад байдаг юм яршиг зүгээр гэдэгсэн. Тэр л зангаараа Бобтой өчигдар тоглосон санагдана. Хөөрхий минь хөдөлж чадахгүй болохоор би хөзрийг нь нүүрэнд нь барьж өгнө. Тэгэхдээ түүний нүдний шилэнд ойсон хөзрийг нь би харчихна. Тэгээд л би хожоод байсан хэрэг. Нилээд хожигдоод Боб яг саяын харцаар намайг харж
- Чи гайхамшигтай залуу юм гэж билээ. Тэгэхэд би бага насандаа өвөөгөө зальддаг байсан зангаараа арзайтал инээж суусансан. ''Энэ зэргийн өвгөнийг хожилгүй яахав дээ'' гэж бодсон ч байж мэднэ. Тэр үед Боб цөхөрсөн гомдсон энэ л харцаараа харж байсан шүү дээ. ''Ер нь би яагаад өдий олон хонож байхад түүний нүд цэнхэр байсныг анзаараагүй юм бол. Яагаад энэ өвгөн надад ямар нэгэн буруу хийсэн юм шиг хөндий хүйтэн харьцаж байсан юм бол'' гэж бодохоос өөрийгөө гайхаж ирлээ.
Гэтэл энэ хүн залуугаасаа бизнес хийсэн. Цагтаа чадалтай явсан хүн байдаг. Одоо ч гэсэндээ хэдий ийм болсон ч гэсэн шөнө болгон нэг филипин арван хоёр цаг хажууд нь сууж, хэрэгтэй үед нь эргүүлж тойруулна. Долоо хоногт нэг польш авгай ирж гэрийг нь цэвэрлэнэ. Өглөө болгон нэгэн сувилагч ирж шархыг нь боож өгнө. Би гурван өдөрт нь ирж хань бараа болно. Энэ бүхэнд мөнгө гэдэг чинь ус шиг л урсаж байгаа. Гэтэл би хэн юм бэ? Тэр ус шиг урсах мөнгөнөөс жаахан халбага барьчихсан тосож зогсоо амьтан шүү дээ. Тэгэхээр би энэ тэргэн суугаа өвгөний хийсэн бүтээсниий хажууд ёстой л өчүүхэн амьтан байгаа биз.
Тэрнээс хойш би Бобтой урьдынхаасаа өөрөөр харьцаж эхэлсэн юм. Тэгэхэд нэг их хүч орсонгүй. Юм юман дээр жаахан сэтгэл гаргахад л болж байлаа. Зөөлөн дулаан үг хэлж, угаас хөдөлж чадахгүй хөл гарынх нь байрлалыг үе үе сольж, суудлыг нь засаж өгөхөд л түүний ямар их баярлаж байгааг би анзаардаг болов. Хэдийгээр надад хэлээд л хийлгэж болох зүйлүүд боловч хүний гарт ороод удсан хүн гэдэг тэр хүнийхээ зөнгөөр байгаад, бараг түүнээс царай алдаад сурчихсан байдаг шиг байгаа юм. Хэдий чинээ сэтгэлээсээ харьцах тусам бид хоорондоо ойртож байлаа. Яагаад ч юм миний сэтгэлд Бобын хажуугаар цал буурал болсон аав минь эргэлдэх болов. Муу аав минь хүүгээ байхгүйд яаж шүү байдаг юм болдоо зайлуул. Нас ахих тусам хорвоо ертөнц хүнээс сөөм сөөмөөр холдож байдаг юм байна гэдгийг би Бобтой цуг байх тусам ойлгож байгаагийн хувьд аав маань Бобоос хичнээн залуу ч гэсэн аргагүйтэх юм зөндөө гардаг л байхдаа гэж бодогдоно.
Миний мэдэхийн л аав маань ач буян хураасан хүн байдгийм. Эмээ өвөө хоёр маань энэ хорвоогоос увж цуваад буцахдаа аавын минь асрамжинд байж байгаад л явцгаасан. Хааяахан аавынхаар орж гарахад хэзээний л аав минь эмээгийн аманд шөл халбагадаж, эсвэл хувцасыг угааж суудагсан. Яг тэгж суухдаа аав минь юу боддог байсан бол. Магадгүй аав маань хэзээ нэгэн цагт намайг өтөлж хөгшрөхийн үед хүүхдүүд маань намайг ингэж асрана даа гэж боддог байсан байж болох юм.
Бобынд ажиллаад бүр гурав дөрвөн сар боллоо. Гэртээ байхдаа нэг л мэдэхэд Бобын тухай боддог болсон байлаа. Бид хоёрын харьцаа ойртох тусам бидний яриа хуурай, хоосон байдлаасаа холдож, амьдралд ойрхон яриа болж байв. Нэг өдөр бидний яриа миний тухай, яагаад энд ирсэн тухай ярьж байсан юм. Тэр миний яриаг сонсож сууснаа
- Мөнгөтэй болох ч яахав болж болно. Хамгийн гол нь дараа нь яах вэ? Ямар нэгэн шийдэлд хүрэхэд чи бэлэн байна уу? гэдэг л байна гэлээ
Энэ үгэнд асар их ухаарч сэхээрэх юм байна гэдгийг би халууцаж суусан хүн хүйтэн усаар цацуулсан мэт сэрхийж ойлгов. Энэ маань нээрээ би яах гэж энд яваа юм бол Дараа нь яах вэ гэдгийг дахин бодоход хүргэв.
Ерөөсөө англи хэлний онцлог юм уу эсвэл надад зориулж Боб тэгж ярьдаг юм уу маш богинохон гэхдээ араасаа заавал утга дагуулсан үгээр өгүүлбэрээ дуусгадаг байсан юм. Нэг удаа би
- Боб оо! Чи бизнес хийж байсан хүн. Чи хамгийн дээд тал нь хэдэн доллар хийж байсан бэ? гэхэд надруу нэг их сүрхий харсанаа
- Энэ тийм чухал юм уу? гэлээ. Тэр мөчид ''хүний хөрөнгийг мэдэх гэсэн юм шиг эвгүй юм асуучихав уу даа'' гэсэн бодол төрөн
- Үгүй ээ! Бобоо чиний бодож байгаа шиг биш шүү. Чи энэ талаар надтай ярилцахгүй ч байж болно. Би зүгээр та нарын үед бизнес хийхэд их таатай байсан гэж ойлгодог учраас л гэж эвгүй байдлаас гарах гэж үгээ сунжруултал
- Зүгээр зүгээр. Битгий санаа зов. Боломжийн хувьд бол одоо ч гэсэн таатай нөхцөл зөндөө л байгаа. Хэдийгээр бизнесийн үр дүн мөнгөөр илрээд байх шиг байдаг ч мөнгө бодож бизнес хийж болохгүй л дээ гэж намайг ойлгож байгаа болов уу гэсэн аятай яриагаа тасалсанаа
- Би тийм том бизнес хүн биш. Миний хамгийн том амжилт бол тавь орчим саяд хүрч байсан гэлээ. Би ч өөрийн эрхгүй дуу алдахад тэрээр намайг шоолонгүй инээмсэглэж
- Тэгээд эцэстээ ямар байна даа чи харж байна шүү дээ.
- Тэгсэн ч гэсэн дээ. Чамайг олон хүн асарч байна. Хэрвээ чи сайн бизнес хийж байгаагүй бол ингэхгүй шүү дээ
- Үгүй дээ Сэм. Би мөнгөтэй ч бай, үгүй ч бай над шиг болсон хүнд яг адилхан. Харин ч мөнгөгүй хүмүүст арай дээр байдаг ч байж магадгүй гээд дуу нь цаашлахыг би хэдийгээр өөр тийшээ харж байсан ч анзаарч чадлаа. Боб цааш нь
- Хэрвээ мөнгөгүй бол ингэж торгоож аргалаад байхгүй энэ хорвоогоос эртхэн явах байсан юм гэх нь өдөр хоног өнгөрөөж байгаа даа харамсаж явдаг нь илт. Хааяахан хахаж цацах, ханиаж найтаасныхаа дараа хэлэх ч үггүй мэт болон толгой сэгсрэн гаслахдаа энэ байдал нь ихэд анзаарагддаг юм.
- Боб! Амьдрал урт байх тусмаа сайхан биз?
- Сайхаан. Тэрэн шиг сайхан юм гэж үгүй. Гэхдээ . . .
- Гэхдээ юу гэж?
- Гэхдээ надад бол дэндүү урт байна даа гээд дуу нь цаашилсанаа амьгаа авч
- Уучлаарай. Би чиний сайхан яриаг дандаа л өөр лүүгээ эргүүлээд байна. Уг нь бол хүн өөрөө ямар байх нь хамаагүй эргэн тойрондоо дандаа сайн сайхныг өгч байх ёстой юм шүү дээ гэлээ. Түүний биеэ барих сэтгэлийг мэдрэн зогсохдоо би ''Тйимээ! Бобын хувьд амьдрал урт байх нь сайхан биш байж мэднэ'' гэж бодлоо. Яагаад гэвэл өдөр ирэх тусам Боб муудаж байгаа нь мэдрэгдэх болсон юм. Түүний бүдүүн баргил дуу нь сааралтан цаашилж, өдөр ирэх тусам дуу алдан ёолох, өөрийгөө чамлан толгойгоо сэгсэрэх нь ихсэж байлаа.
Өглөөд намайг ирэхэд түүний өрөөнөөс сонсогдох зүрх шимшрэм дуу нь улам бүр ихсэх болов. Сувилагч ирээд боолтыг нь сольж байгаа нь тэр. Дараа нь намайг өрөөнд нь зүрхшээн зүрхшээн ороход надруу юу ч болоогүй юм шиг инээмсэлэн угтахыг хичээдэг ч шанхаа даган урссан нулимсаа арчиж яахан чадах билээ дээ чааваас.
- Өглөөний мэнд Боб! Шөнийг сайхан өнгөрөөв үү? гэж би үл мэдэгч царайлахад
- Хачин сайхан хонолоо л гэнэ.
Хувцаслаад түүний үсийг самнахдаа яг зулайныхаа орой дээр тэгж их тааламжтай дуу алддагийг ойлгох болсоны хувьд тэнд нь нилээн сайн самнаж өгөв. Яагаад гэвэл тэнд нь захатнадаг юм билээ л дээ. Би л анх ямбалаад байна гэж ойлгоод байсан болохоос. Тэгээд сандалтай нь түрэн түүний цорын ганц диваажин болох гонхонд нь гаргахад
- Өглөөний мэнд хорвоо минь, өглөөний мэнд хөрш минь гэх мэтээр нүдэндээ харагдсан болгонтойгоо мэндэлнэ. Тэрээр нэг удаа ёс юм шиг өглөө болгон харж хэсэг суудаг улаан лоолийнхоо бутыг харцаараа энхрийлж
- Одоо хоёрхон долоо хоног гэж шивнэв.
- Хоёр долоо хоногт яах гэж? гэхэд
- Тэд улаан болно гээд ихэд өхөөрдсөн янзтай харж байснаа
- Би өглөөг харахдаа дуртай. Өглөө болгон Жерриг, чамайг, энэ улаан лоолийн бутыг харахдаа би дуртай гэж билээ. Тэр агшинд надад ''Хөөрхий минь өглөө ч яахав тэгдэг байж. Харин орой орондоо орохдоо юу гэж боддог бол'' гэсэн бодол харваж, энэ бодлоосоо бараг айх шиг болсон юм. Бобын хувьд айдаг эсвэл хүсдэгийн аль нь болох нь мэдэгдээгүй юм. Ерөөс тэр бусдыг зовоож болох бүхнийг мэдэгдэхгүй байж чаддаг байлаа.
Бороо уйтгартайхан шивэрсэн нэгэн өглөө тэдний гадаа ирээд намайг хаалга руу нь дөхөж явтал хаалга онгойж босгон дээр Жерри зогсож байх нь тэр. Би түүний нойргүй хоносон улцан ягаан нүдийг хараад хөшиж орхив. Надаас үг ч гарах тэнхэл алга. Тэгтэл Жерри намайг ойлгов бололтой
- Үгүй үгүй Сэм. Чиний бодож байгаа шиг биш. Гэхдээ жаахан тааруухан хонолоо. Сая түүнд морфин тариа хийсэн. Тэр өнөөдөр босож чадахгүй байх гэлээ. ''Ёох ингэж айх гэж'' үнэхээр би айсан байв. Тэгээд нэг сэхээ авч
- За тэгвэл би явъя даа гээд эргэтэл
- Юу гэсэн үг вэ? Чамайг би надад туслаасай гэж бодож байна гэлээ. Хийгээд байх юм байхгүйг мэдэх ч гэсэн би
- Тэгэлгүй яахав. Харин би юу хийх вэ? гэтэл
- Чи гонхонд суугаад өөрийнхөө дуртай юмыг хийж байхад л хангалттай гэлээ. Өөрөөр хэлбэл тэр надад зүгээр цаг өгч цалинжуулах гэсэн санаа байсан тул
- Энэ чинь надад жаахан эвгүй юм гэтэл
- Зүгээр. Боб ч гэсэн ингэж хүсэж байгаа. Яагаад гэвэл Боб тариа тариулахаасаа өмнө ингэхийг хүсэж байгаагаа хэлсэн юм гэлээ.
Дүнсийсэн саарал тэнгэрээс шилэн гонхыг шилбүүрдэн шиврэх бороо, нам гүмийг эвдэх ширээний цагны чаг чаг хийх чимээ, тэртээ өрөөнөөс хааяахан сонсогдох Бобын өөрийн мэдэлгүй яраглан ёолох дуу гээд надад энэ ертөнц тэр чигээрээ уйтгар гунигт автан гацаж орхисон мэт санагдан сэтгэлд уйт бодол хуйрганан бас ч үгүй жиндээх аястай. Яагаад ч юм би ''Бобтой дахин ярьж чадахгүй, тэр ч бүү хэл Бобыг дахин харж чадахгүй бол яанаа'' гэсэн бодол төрж байв. Бодол ч биш л дээ энэ бол айдас байсан юм.
Маргааш нь би гэрээс гараад л ''Яасан бол'' гэж бодсоор ирээд нөгөө өрөөнөөс Бобын дуу сонсогдоход хичнээн сайхан байсан гээч. Тэр өдөр Боб их цовоо цойлгон байв. Жерри үсчин орох ёстойгоо хэлж, ирэхдээ шувууны хоол авна гэж их л чухал ажилтай царайлан гарахад Боб надруу харан нүдээ хачин болгон Жерриг шоолох аяс үзүүлэхэд би түүнийг нь дэмжин инээмсэглэлээ. Гарсаных нь дараагаар би Бобоос
- Чи Жерритэй суухаасаа өмнө найз хүүхэнтэй байсан биз дээ? гэж сэтгэлийг нь сэргээх санаатай эрчүүдийн хээгүй зангаар асуухад нөгөө гунигтай нүд үл ялиг сэргэж, сахилагагүй ч юм шиг цэнхэр нүдээр намайг нэг харсанаа
- Жерри байна уу? гэж сэмээрхэн асуулаа.
- Байхгүй ээ гараад явсан гэтэл
- Чи очоод хараад ир гэж байна. Тэр хооронд би түүнийг шоолонгуйгаар ''Овоо эрээ бас'' гэж бодоод
- Яасан айгаа юу? гэхэд
- Айх юу байхав дээ. Би түүнийг гомдоож болохгүй шүү дээ. Надад Жерригээ аргадах хугацаа байхгүй ч байж мэднэ гэлээ.
''Айдаа ухаантай хүний ухаан гэдэг яасан ч агуу байдаг юм'' гэж би тэр үед бодож байлаа. Намайг эргэж ирэн суудалдаа тухалсаны дараа тэрээр нилээд алс эртний явдалаа хүч гарган санаж байгаа бололтой нүдээ хагас анин хэсэг зуур суусанаа
- Тэр маш сайхан бүсгүй байсаан. Өндөр нуруутай, гоё цээж, гунхсан бэлхүүстэй шав шар үстэй гээд л яриагаа эхэллээ. Бобын яриагаар бол тэд бие биендээ дуртай байсан боловч хараахан хайртай болж чадаагүй юм байх.
- Яагаад тэр юм бол? гэж намайг асуухад
- Тэр үед бурхан надруу Жерриг явуулсан байсан байх гэсэн юм. Хүний хорвоогийн сайхныг энэнээс илүү яаж ч ойлгуулах билээ дээ.
Удалгүй Жерри ирж, яагаад ч юм бас ихэд сэргэсэн шинжтэй
- За та хоёр юу ярьж байна? гэж урдынхаасаа арай өөр өнгөөр асуугаад
- Боб! чи намайг харж байна уу? гээд хажууд нь ирж зогсоход хэдийгээр Боб түүнийг сайн хараагүй ч гэсэн
- Гайхалтай сайхан байна гэлээ. Харин би Жерриг хараад чухам юугаа яаж янзлуулсаныг ялгаж мэдээгүй ч Бобын амыг дагуулан
- Тийм байна. Чи урдынхаасаа өөр харагдаж байна гэхэд тэрээр ихэд баярлаж
- Би хааяа ингэж гоё болж Бобод харагдах дуртай тийм биздээ? Бобоо гэхэд
- Чи минь бүх л амьдралын минь туршид үргэлж ийм гоё байсаан гээд толгойгоо чичигнүүлэн аажуухан дээш өлийн хажуудаа зогсоо Жерриг харахад тэрээр судас нь тунарсан түмэн үрчлээт гараараа Бобынхоо толгойг хүүхэд эрхлүүлэх мэт илж байсан юм.
Яг энэ мөчид миний толгойд ''Одоо л би энэ айлаас явах хэрэгтэй юм байна'' гэж ойлгосон доо. Гэхдээ бүр мөсөн явахыг би хүссэн юм. Уг нь би Бобыг дуусан дуустал эднийд байж чадвал надад дараагийн жинхэнэ мөнгө хийж чадах ажил олдох магадлал маш өндөр байсан. Тэр цаг ч удахгүй гэдэг нь Бобын өдөр ирэх бүр доройтож буй биеийн байдал, өдөр ирэх бүр сөөнгөтөн сааралтах дуу хоолойноос нь мэдрэгдэж байлаа. Гэсэн ч одоо надад тэр ажил, тэр мөнгө сонин биш болжээ. Би зүгээр л түүнийг эмнэлэг рүү ачигдахыг, эргэж ирэхгүйгээр хаашаа ч юм одохыг, эрсхэн хэлэхэд Бобыг би үхсэн байхыг мэдэхийг хүсээгүй юм.
Би тэднийхээс явахдаа хамгийн сүүлд Бобыг эдний ёсоор халуухан тэвэрсэн. Тэр зүгээр л ясан дээр тохсон арьс мэт байсан боловч би сэрж сэхээрэхийн их ''ухаан''ыг тэвэрч байсан юм. Тиймээ би Бобыгоо тэвэрч байлаа . . .
Гэртээ ирээд шууд утсаа аван Бобынх руу залгахад Жерри утсаа авлаа. Би ажлаасаа гарах тухайгаа хэлэхэд тэрээр нэг хэсэг итгэсэнгүй. Тэгээд
- Чи яагаад ингэж шийдэв? Ямар нэгэн юм таалагдсангүй юү? Бид засаж болно шүү дээ.
- Үгүй дээ Жерри. Би Бобыг яг өнөөдрийнх шиг энэ хэвээр нь л сэтгэлдээ үлдээх гэсэн юм гэтэл утасны цаана тэр шуухитнан чимээгүй болохоор нь
- Уучлаарай Жерри би үнэнээ л хэлж байна гэтэл хэсэг хугацааны дараа
- Зүгээрээ. Боб чамайг их ухаантай гэдэг юм. Би одоо итгэж байна. Чамд сайн сайхныг хүсье гээд бид хоёрын яриа дууссан боловч хэн хэн нь утсаа тасалж чадахгүй нилээд удсан юм. . .
Тиймээ! Боб минь чи надад нэг удаа хүн энэ хорвоод ирэхдээ ямар нэгэн хүнээс хайр энхрийлэл, уянга ухаарал авах гэж ирдэг. Харин буцахдаа хэн нэгэнд ямар нэгэн юм өгчихөөд буцах ёстой гэж байж билээ. Чи надад их юм өгсөн. Эцэг эх, элгэн садан, эх орныг минь буцааж өгсөн. Аавыгаа ачлах их ухааныг өгсөн. Миний аав одоохондоо арай хүний гарт орчихоогүй ч цаг нь болоод ирэхээр хүүтэй болсноороо баярлан жаргах тэр их боломжийг чи түүнд ч надад ч өгсөн.
Одоо Боб минь яаж шүү байдаг бол. Хэлээ гозогнуулаад амандаа ойртуулсаныг асгачихгүй идчих санаатай тэмүүлж суугаа болов уу эсвэл хэн нэгэнд ухаан нэмээд, хэлэх үгээ тунгааж, шилэн гонхондоо шинэ өглөөтэй мэндэлж суугаа юу.
Хөөрхий дөө бараг л үгүй л байхаа даа. Магадгүй энэ хязгааргүй хөх тэнгэрийн хаа нэгтэйгээс намайг харж байгаа ч байж болох юм. Гэлээ ч гэсэн Боб минь чи миний сэтгэлд үргэлж тэр л хэвээрээ сууж байх болноо . . .
- Та ямар нэгэн юм уух уу? гэсэн үйлчлэгч бүсгүйн дуунаар үелэн зэрэглээтэх бодлоосоо түр ч болов салан тэртээ тэргүй харж явсан цонхоороо сая л цонхны хажууд суусан хүн шиг ахин шимтэн харахад тэртээ тэнгэрийн хаяа, эх орны минь байх ёстой тэр зүгээс тэг дугираг улаан наран мандаж байлаа. Тиймээ би наран зүг нисэж явна . . .
Бүрэн эхээрээ...