
Дөрвөн хана нь цав цагаан хүлээлгийн өрөөнд чив чимээгүй. Өрөөний хоёр ханыг дагуулан зөөлөвчтэй сандлуудыг тавьсан байх агаад цонхны тавцан дээр нилээд хэдэн гоёмсог цэцэг харагдана. Мөн өрөөний голын намхан ширээн дээр эрээн мяраан хавтастай нүд татам сэтгүүлүүдийг хайш яайшхан өржээ. Бодвол хүлээж буй хүмүүст цаг нөгцөөхөд хэрэгтэй байдаг байх. Энэ бол эмэгтэйчүүдийн эмчийн үүдний өрөөний ерөнхий байдал. Өрөөний буланд нэг жижигхэн шилэн хаалт, түүний хажуу хананд нэг хаалга байх нь эмчийн үзлэгийн өрөө бололтой. Шилэн хаалтны цаана сувилагч гэхээсээ нарийн бичиг гэмээр залуухан бүсгүй өнөөдрийнхөө ирэх хуваарьт өвчтнүүдийн бүртгэл юмнаас авхуулаад янз бүрийн бичиг цаасыг нааш, цааш нь болгон ажил эхлэхийн өмнөх бэлтгэлээ базаана. Гэтэл гаднах хаалга зөөлөн онгойж хүүхэн залуу хоёр орж ирлээ. Тэдний байдлыг харваас энэ өрөөнд нэг биш удаа ирж байсан нь илт. Сувилагч тэднийг харж “Өө! нөгөө хоёр”
- За, та хоёр сайн уу? Өнөөдөр ирэх ёстой билүү?
- Тиймээ. Арваас үзүүлэх хуваарьтай. “Хөөрхөн ааштай сувилагч шүү”
- Эмч хараахан ирээгүй л байна. Өнөөдөр яриатай байдаг юм. Гэхдээ удахгүй ирэх байхаа. Та нар сууж бай. “Энэ хүүхэн ямар гоё цүнх бариа вэ. Яг миний хүсч байсан шиг юм”
Харваас бүсгүйн царайнд зовиур илэрнэ. Гэхдээ энэ зовиур өвчин шаналалынх биш сэтгэл санааных байлаа. Залуу нь бүсгүйгээ аргадах маягтай гарыг нь атгаж байн байн
- Яаж байна миний хань? Зүгээр үү? гэж асуух агаад хоёул толгойгоо нийлүүлэн шивнэлдэн сууна. Бүсгүй залуудаа
- Яанаа, би айгаад байнаа. Дахиад зулбачихвал яанаа?
- Энэ удаа гайгүй дээ. Тэгээд ч эмчийн хяналтад эрт орсон. Эмч гурван долоо хоног тэсчихвэл л гээд байсан. Тэр нь өнөөдөр дууссан. Чи минь сэтгэлээ л барь.
- Би чамдаа хүүхэд төрүүлж өгөх хувьгүй юм болов уу?
- Найз нь чамд хэлээд байна шүү дээ. Ингэж битгий өөрийгөө зовоо гэж. Хэд хоног овоо байсан чинь өнөөдөр яачихав даа.
- Энд ирэхээр л янз бүрийн юм бодогдоод байх юм. Тэгээд айгаад л . . .
- Сандрах юу байхав дээ. Энд чинь л харин тайван байх ёстой газар. За, за өөр юм ярьцгаая гээд бүсгүйгээ аргадаж байгаа бололтой ямар нэгэн хөгжилтэй юм шивнэхэд хоёул баясангуй инээлдэнэ. Заримдаа бүсгүй нь залуугийнхаа мөрлүү нь аяархан түншиж, нэг гараараа амаа бага зэрэг хаан, нүдээ ийш тийш нь гүйлгэн инээмсэглэнэ. Яг л модны мөчир дээр суугаад юухан ч юм шулганалдах ижил хоёр шувуу шиг.
Сувилагч юмаа хийх зуураа тэднийг нүд буландан харж “Сайхан юмаа. Нэг сайхан, санаанд таарсан залуутай учирчихаад ингэж суухсан. Гэхдээ ийм залуу лав биш шүү бурхан минь” гэж бодон санаа алдана. Бодвол залуу нь түүнд таалагдаагүй бололтой. Тэгтэл хаалга аажуухан онгойж бас нэг хос орж ирэв. Орж ирсэн хос өрөөн доторхыг тойруулан харах нь энд анх удаа ирж байгаа нь илт. Сувилагч тэднийг харах мөртөө “Еэ! Бурхан минь гэж ямар гоё залуу вэ. Ёо! ёо! нүүр чинэрээд байдалд ордог байна ш дээ” гэж бодсоноо үл анзаарагч болон
- Сайн байна уу? Танд юугаар туслах вэ? гэхэд хүүхэн нь зориг муутайхан дөхөж ирснээ
- Сайн байна уу? Мөнгөн эмч байгаа болов уу? “Байхгүй бол яанаа”
- Одоохон ирнээ. Та нар үзүүлэх гэж байгаа бол энд нэрээ бичүүлээд, тийшээ суугаад хүлээгээрэй “Энэ хүүхэн нь нэг их царайлаг биш л юм. Яаж ийм аятайхан залууг . . .?”
- Аан! За за гээд нэрээ бичив. “Ашгүй байгаа л юм байна”
Сүүлд ирсэн хоёр, нөгөө хосоос зайдуухан эсрэг талын сандал дээр сууцгаалаа. Эдэнд нууж хаах юм байсан уу, эсвэл зүгээр өрөө хоосон шахам болохоор хүний зөнгөөр л бусдаас зай авч суусан уу мэдэгдсэнгүй. Хэн хүн ч гайхсангүй. Хүүхний царайд зовиур гэхээсээ айдас түгшүүр илэрнэ. Харин тэр хоёр гар хөлөө барилцаж сүйд болсонгүй. Хааяахан юм ярихдаа дуртайдаа гэхээсээ илүү тэгэхээс өөр аргагүй дээ гэсэн байдлаар толгойгоо нийлүүлэн шивнэлдэнэ. Эмэгтэй нь
- Байхгүй бол яанаа гэж бодож байлаа
- Байлгүй яав л гэж дээ. Харин чи яриулсан юмуу?
- Урнаа ярьсан байх ёстой. “Амжаагүй бол яанаа” гэж бодсоноо цааш нь
- Тэгээд өнөөдөр ор гэвэл яах вэ? “нэг л айгаад байх чинь”
- Шууд л орчихгүй юу даа. Хурдан түргэн хэн хэндээ амар. Би дор нь тооцоог нь хийчихнэ. “Энэ лайгаас нэг салахсан. Ёстой тамтай юмаа”
- Өвдөнө ш дээ. Чи ингэхэд намайг хайрлаж байна уу? “Тийм гэнэ л дээ худалч амьтан”
- Хайрлалгүй яахав дээ. Тийм байлаа гээд чи нөхөртөө баригдаж болохгүй юм байгаа биз дээ? “Энийг л нэг тийш нь болгочихвол чамаас зүгээр л зайгаа авах минь”
- Чамайг гэсэндээ л ингэж явна гэж хүүхэн рүү шивнэхдээ залуу, сувилагч руу хяламхийхэд түүний харцтай тулгарав. “Ямар аятайхан хүүхэн бэ энэ сувилагч чинь”
Сувилагчийн харц дальдарсан ч түүнээ мэдэгдэхгүй гэхдээ юухан ч юм хийсэн дүр эсгэнэ. “Ямар гоё нүдтэй юм бэ. Тасарчихсан царайлаг баагий байнаа. За, за гээд ямар минийх биш дээ. Хүүхнээ дагуулчихсан хүнийг би яах ч билээ. Гэхдээ л нүд татаад л байна даа”
Мөнгөн эмч өглөөний шуурхай дуусгаад даргын өрөөнөөс гаран хонгилоор явж байтал гар утас нь дуугарлаа. “Өө! Би чинь утсаа таслахаа мартсан байна шүү дээ. Яаж яриан дундуур дуугарчихаагүй юм зүгээр. Хэн юм бол доо. Бөөрний Урнаагийн дугаар байна”
- Байна уу? Хэн бэ?
- . . .
- Сайн уу? Ямар сонин хүн бэ? Ажил сайн, сайн. Би сая ярианд орохдоо утсаа салгахаа
мартчихаж. Ашгүй дуугараагүй. Чи цагаа олж залгажээ.
- . . .
- Өө! тийм л дээ танайх ч гэсэн өглөө бүр яриатай биз дээ?
- . . .
- Яасан гэнээ? Үзээд янзлаад өгөө?
- . . .
- Хэн гэдэг юм бэ тэр хүн чинь? Хэзээ ирэх юм?
- . . .
- Юу? Ирчихсээн?
- . . .
- Би амлаж чадахгүй ээ. Үзэж байж л болъё.
- . . .
- Сүртэй ш дээ. За за би бараг өрөөндөө ирчихлээ
- . . .
- Үзэж байж болноо гээд утсаа таслаад “Энэ хүмүүс нээрээ юм гуйх болохоороо мөн шалмаг шүү” гэж бодсоор хүлээлгийн өрөөнд орлоо. Өрөөнд байсан таван хүний арван нүд эмч дээр зэрэг тусав. “Пөөх! ямар эвгүй юм бэ? Урд нь ерөөсөө ингэж анзаарч байгаагүй юм байна” Эмч
- Сайн байцгаана уу? гэж нийт дунд нь мэндлээд сувилагчийн хажууд ирж
- Өнөөдөр овоо сэлүүхэн байх шив
- Харин тиймээ эмчээ гээд нэг цаас өгч энэ хоёр нь өнөөдөр хуваарьтай
- Тийм, тийм би санаж байна
- Харин энэ хоёр нь таныг асууж байсан. Эмч эхний хоёр хос руу хандаж инээмсэглээд
- Та хоёр дажгүй юү? Ингэсгээд ороорой гэж хэлээд эргэн нөгөө хоёр луу хандан
- Та хоёр чинь . . .? гэж асуусан янзтай үгээ таслахад хүүхэн
- Сайн байна уу? Урнаа эмч тань руу ярьсан болов уу? Яасан бол? "Яриагүй бол яанаа”
- Аан! За ойлголоо, ойлголоо. “Саяын Урнаагийн яриад байсан хүн байх нь”
Саруулхан тохилог энэ өрөөнд байгсад хэдийгээр өөр өөрсдийн үйл хөдлөлд анхаарал хандуулан байх хэдий ч өрөөний агаар мандал хийгээд хийн орон зайд, зургаан хүний янз бүрийн бодлуудыг хэрвээ ямар нэгэн биежсэн мэтээр төсөөлвөл, багтаж ядсан гэхээсээ илүүтэй байраа олж ядан хоорондоо зөрөлдөн сүлжилдэнэ.
“Яанаа! Энэ эмч өнөөдөр үзээд юү гэх бол? Уг нь түрүүчийн тохиолдлыг бодвол бие маань гайгүй л байгаа юмсан. Би ганц хүүхэдтэй л болох гэсэн болохоос өөр юм хүсээгүй шүү дээ. Бурхан минь битгий л муу юм болоосой”
“Аав болох хувь заяа гэдэг хүсэхээр хясах юм даа. Би ер нь яасан хүн гэхээрээ ингээд миний хүүхэд бүтдэггүй юм болоо? Энэ муу маань өөрийнхөө буруу юм шиг л шаналчих юм. Эмч уг нь саяын өнгөрдөг гурван долоо хоногийг давчихвал гайгүй л гэсэн юмсан. Аав болчихоод алхаж явахсан”
“Эмч маань өнөөдөр ааш гайгүй байгаа бололтой. Заримдаа ч цэхэн цөхөн гээд ядаргаатай шүү. Нөгөө гоё ороолтоо зүүчихэж. Нөхөр нь өгсөн гэсэн. Овоо зохиноо энэ нь. Үгүй! Энэ залуу, ямар царайлаг юм бэ? Нуруулаг ч юм”
“Урнаа ч ярих нь ярьсан л юм шиг байна. Ёо ёо! Яаж бас ухуулнаа. Яс хавталзаж байна шүү. Гэхдээ миний өвдөх ч яамай байнаа. Өнөө мангар хардаа л мэдэгдэхгүй юмсан. Мэдвэл ч бид хоёрыг хоёуланг нь алах байлгүй. Энэний байж байгааг, урвайгаад. Яг ийм үе дээрээ эд нар ёстой арчаагүй. Гөлөн гөлөн гээд байж байгааг нь”
“За за Урнаа нь нэг юм ярьсан л юм шиг байна. Хурдхан шиг үзсэн болоод өнөөдөр ч хамаагүй оруулчихаасай. Тэр төлбөрийг нь төлөөд хурдхан шиг энэ ядаргаанаас салах юмсан. Өдий нас насалчихаад өөрийгөө ч мэддэггүй арчаагүй ч хүүхэн бол доо чи. Өнөөдөр болноо болно гээд наль наль гээд байсан. Хаа байна. Яс юман дээрээ минийх мөн ч юмуу, биш ч юмуу би мэдэхгүй шүү дээ. Тэгсэн хэрнээ ацанд уначихаад бас хэдэн цаас үрэх болчихдог”
“Гурван долоо хоночихсон гэдэг чинь энэ хоёр маань ерөнхийдөө гайгүй гэсэн үг. Гэхдээ үзлэгээ сайн хийх хэрэгтэй. Баттай нь дээр. Энэ үрийг нэг тогтоогоод, нэг гэр бүлийг ч гэсэн жаргалтай болгочих юмсан. Тэгвэл эмч болсны хэрэг бүтлээ шүү. Харин энэ Урнаагийн гуйлтыг яая даа. Ийм сайхан залуу улс байж үр хөндүүлж яадаг байнаа. Нэгэнт л хүүхэдтэй болчихсон юм чинь гаргаж болдоггүй л юм байх даа. Энэ нөхрийнх нь харц нь тогтож өгөхгүй гүйлэгнээд ямар сонин юм. Ёстой Урнаад урд нь ээжийгээ үзүүлж байснаа бодож л гуйлтыг нь биелүүлэхээс”
“Ёо, ёо! цайны цаг хурдан болоосой. Одоо ажил эхлээ ч үгүй байгаа юм чинь мөдгүй дээ. Өнөөдөр цайны газар ямар хоолтой байгаа бол. Энэ залуу одоо хажуудахаа яая гэж байж харц нь наашаа гүйгээд байх юм. Арай надад . . .?”
“Эмч минь! Бурхан минь! Энэ үрийг минь л тогтоож хайрла. Ханийгаа аав болгож, би өөрөө ч сайхан ээж болмоор байна. Дахиад гаргахгүй ч байсан яахав. Энийг минь л хүн болгож хайрла”
Эх нь юу идэж, ууж, юу сонссон тэр байтугай сэтгэл санааных нь өөрчлөлт хүртэл урагт нөлөөлдөгийн адил юу бодогдох нь хүртэл дөнгөж бүрэлдэж байгаа тэр жаахан амьтанд хүртэл мэдрэгддэг байж болох л юм.
“Ээж маань Бурхан минь, бурхан минь гээд байх юм. Би бурханаас уяатай юм болов уу? Хүн болгоод өгөөч гээд байх юм. Би хүн болохгүй гээд байгаа юм байхдаа. Зүгээрээ ээжээ, би таныгаа ээж болгоноо. Намайг ямар нэгэн юм гаргах гэсэн ч би тэсч үлдэнээ. Та хараарай”
“Би энэ хүүхдийг чухам хэнийх нь хүүхэд гэдгийг ялгаж байгаа билүү? Үгүй шүү дээ. Магадгүй манай мангар харынх ч байж мэднэ. Уг нь би энэ чиний хүүхдээ гээд гаргачихвал болно л доо. Даанч энэ хоёр газар тэнгэр шиг ялгаатай. Нэг нь шар , нөгөө нь бараан тэс өөр хоёр юмнууд. Хүнтэй явалдвал нөхөртэйгөө төстэй юмтай зууралд гэж мэдэхгүй нэгэндээ ёстой захимаар юм байна. Нууцын хүүхэд эцэгтэйгээ адилхан байдаг гэсэн. Гай болж энийг өвчөөд гараад ирвэл түмний шившиг болно. Энэ нэг юм ч гэсэн дээ сүнс нь гарчих гээд авахуул, авахуул гээд муухай царайлаад бараг зүүдэнд орж ирэх нь холгүй байгаа юм. Еэ, бурхан минь гэж хэл амгүйхэн шиг энэ хүүхдийг салгаад өгөөч”
“Ээж маань бурхан минь, бурхан минь! гээд үглээд байх юм. Би бурханаас уяатай юм болов уу? Надаас салгаад өг, аваад өг гээд байх юм. Би хүн болох ёсгүй юм байх даа. Би тийм буруутай юм уу? Яаж ийж байгаад хүн болчих юмсан. Ямар ч байсан бүр тэр мухар руу очиж хэвтэнээ”
Хэрвээ хүний бодол гэдэг нүдэнд харагдаж, гарт баригддаг бол ийм л бодлууд өрөөгөөр нэг хөвөрч байлаа. Эмч сүүлийн хоёр хос руу хандан
- Энэ хүмүүсийн дараа ороорой гээд өрөөнийхөө хаалгыг татсанаа эргэж
- Гэхдээ хуваарьтай өвчтөн ирэхгүй бол шүү гэж тодотгоод эхний хосруу
- За та хоёр таван хормын дараа ороорой гээд өрөөндөө орлоо. Хүлээлгийн өрөөнд үлдсэн хосууд дор бүрнээ шаналгаатай. Гэхдээ тэр шаналгаа нь асар их ялгаатай.
Эмч, одоо орж ирэх өвчтөнийхөө түүхийг гарган хэсэг суулаа. “Одоо үзээд гайгүй байвал ерөнхийдөө гайгүй гэсэн үг дээ зайлуул”
Эхний өвчтөн орж ирлээ.
- За яаж байна? Зовиур мэдэгдэх юм уу?
- Доошоогоо тулаад байсан нь бүр гайгүй
- За тэр сайн. Юм шүүрэх нь яаж байна?
- Эрс багассан шүү эмчээ. Бараг үгүй гэхэд болно.
- Аан! мөн, мөн. Тэр чинь сайн. За ямар ч байсан орон дээр гардаа. Эмч нь сайн үзэх хэрэгтэй. Хоёулаа тэр бараг гэдгээ л байхгүй болгочихвол болох нь тэр. Энэ удаа аргалчихвал нааштай шүү хө гэснээ бүсгүйн анхаарлыг сатааруулах гэж
- Танай хүн чинь яаж байна даа гэж тэс өмнөө юм асуув
- Манай хүн үү? Онгироод л . . . Бас санаа нь зовоод л . . .
- Мнг! За багаж хүрлээ шүү. Хүйтэн байж мэднэ, битгий цочоорой. Энэ ердөө л толь. Эмч нь толиор савны амсарыг л харах хэрэгтэй. Өөр юманд хүрэхгүй. Айх юм ердөө байхгүй гэснээ
- Тэгнэ дээ. Эрчүүд чинь хөөрхий иймэрхүү юман дээр хий дэмий л дэвхцээд байхаас цаашгүй улс шүү дээ гэхэд бүсгүй
- Харин тийм. Манай хүн ч миний энд тэнд гараад л, гар хөл бариад л . . . чааваас их сандраад байх шиг байгаа юм гэхэд эмч харж буй зүйлдээ хамаг анхаарлаа хандуулан амаа хагас ангайсан болов уу гэмээр өнгөөр
- Аанхаан! Тэгнэ тэд нар. Өө сайхан болж. Их аятайхан байна шүү. Ер нь бараг айдгаа авдартаа хийчихэж дээ. Одоо айлтгүй. Гэхдээ л болгоомжтой байлгүй болохгүй. Хэт тайвширч анхаарал алдаж болохгүй. Огцом хурдан хөдөлж болохгүй. Хүнд юм өргөж болохгүй. Тэр байтугай сэтгэлийн хөдөлгөөн, хямралд орж болохгүй. Ер нь болохгүй юм их шүү за юу.
- За
- За буугаад хувцсаа өмс дөө. Аажуу тайвуу хөдлөөрэй. Би ганц нэг эм бичиж өгье.
“Еэ, ашгүй! Ямар сайхан юм бэ. Муу ханьдаа ганц хүү төрүүлээд өгчих юм сан. За охин ч байсан яахав”
“Тээр! Би хэлээгүй юү ээжээ. Зүгээрээ гэж. Одоо хэдхэн сарын дараа л та хоёр дээрээ очлоо. Харин намайг уйлуулаад гомдоогоод байваа та нар. Би чинь та хоёрыг аав, ээж болгох гэж байгаа ачтан шүү дээ”
Эмч бүсгүйд эм бичиж өгөөд
- За тэгээд түрүүний миний хэлснийг мартав. Гэртээ байх зуураа ер нь хаа ч гэсэн гэдсэн доогуураа баадагнаж байхад гэмгүй шүү. Хоёр долоо хоногийн дараа ирээрэй. Хэрвээ наана нь янз бүрийн юм болвол хурдан ирдэг юм шүү гээд гаргалаа. Хүүхнийг гарсны дараа Мөнгөний сэтгэлд учиргүй хүнд хагалгааг амжилттай хийгээд хүний амь аварсны дайтай нэг л тийм жаргалтай мэдрэмж төрөн нүүрэнд нь инээмсэглэл тодроно. Бодвол хүний хорвоод хүн ирэхдээ тийм сайхан гэрэл гэгээг дагуулан дөтлөдөг байж ч болох юм.
“Би эмч хүн. Тангараг өргөсөн эмч хүн. Төгсөх жилийн оюутан байхдаа шалгалтаа ч бүрэн өгөөгүй байж эмчийн тангарагаа цээжлээд л . . . Мөн ч дэврүүн байж дээ.
Тэр үед бид тангарагаа нийтээрээ уншиж байсан ч миний хувьд яг л сэтгэлээсээ уншиж байсан юм. Ялангуяа тэр хоёр дугаар мөрийг. Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө гэдэг нь их гоё санагддаг байж билээ. Би санаж байнаа. Санахгүй байж яаж болохов дээ. Хэрвээ мартвал би эмч биш болно”
Ийнхүү бодож суутал хаалга яг л гэтэх мэт аажуухан онгойж, Урнаагийн танил хүүхэн зориг муутайхан шагайвч түүний царайд “би ийшээ орох эрхтэй” гэсэн бат итгэл харагдана. Мөнгөний сайхан, гэгээн бодол яг л юмаар тасдуулчих шиг ор тас замхран алга болов. Хүүхэн юуг ч юм нарийхнаар зүсэх шиг инээмсэглэж
- Орох уу? Эмчээ гэж үгээ зөөн асуув
- Цаанаа байж бай, би дуудна гэж зандрангуй гэхээсээ илүү сандрангуй хэлээд “Би чинь юу болж байнаа? Арай хэтрүүлчихэв үү дээ. Гэхдээ л би чинь хуваарьтай хүн ирсэн эсэхийг асуух ёстой” гэж бодон өөрийгөө зөвтгөв. Гэтэл сувилагч
- Та нар битгий хаалга үүд онголзуулаад бай. Дуудахаар нь ор л доо гээд эмчийн өрөө рүү оров. Бүсгүй хамт ирсэн залуу руугаа нэг их том ягаан хэл гарган
- Яанаа! Цаад Урнаа чинь юу гээд хэлчихсэн юм болоо? Ууртай байх шиг байнаа
- Аан! Муусайн юмнууд гараа хүндрүүлэх л гэж байхгүй юү. Мэдэхгүй хэн байсан юм
- Чи одоо дандаа ийм хачин юм битгий ярьж бай л даа. Эцсийн эцэст тэр мөнгө чинь юу юм
“Хэдэн төгрөгөндөө гол цохиод үхэх нь л дээ энэ”
- За ззз! Дуугай л наадахаа янзлуулж үз гэж залуу үнэнхүү төвөгшөөсөн өнгөөр зандрах шахам хэлэв. “Ядаргаа, ядаргаа, энэ шуламнаас нэг салах юмсан”
Сувилагч удалгүй гарч ирээд хүүхнийг оруулаад, түүнийг дагаж боссон залууд
- Та цаанаа хүлээж байхгүй юү гээд өөрөө шилэн хаалтныхаа цаагуур оров. Залуу суудалдаа суусангүй эргэж сувилагчийн дэргэд очоод
- Дүү охин, хараад байхад ажил алба ихтэй юмаа даа “Ямар ч байсан янзыг нь үзье”
- Тийм ээ, завгүй байна. Та цаанаа сууж байхгүй юү “Энэ чинь харин хүүхнээ хаалганы цаагуур оров уу үгүй юү хандардаг байна ш дээ”
- Зав зай гардаг бол хааяа орчноо өөрчилж сэтгэлээ сэргээж баймаар юм даа “Энэ лав дургүй биш ээ”
- Тэрнийгээ би өөрөө мэдье дээ. “Энэ эрчүүд зэвүүнээ. Бүгд адилхан. Аятайхан л залуу шиг байсан. Ямар муухай дотор арзаганамаар дуутай амьтан бэ. Бүр зэвүү хүрчихлээ”
Эмчийн өрөөнд орж ирсэн бүсгүй, хүнээс юм гуйж буй хүний зангаар
- Сайн байна уу? гэж дахин мэндлээд
- Урнаа ярьсан болов уу, яасан бол? Би энэ хүүхдийг гаргаж болохгүй юмаа.
“Яагаад би гарч болохгүй гэж? Би хүн болмоор байна. Эсвэл та нар тоглоод байна уу? Сонсож байна уу? Ээжээ. Би хүн болмоор байна”
- Яагаад? Хүсээгүй хүүхэд гэж үү?
- Үгүй ээ яахав дээ. Энэ манай нөхрийн хүүхэд биш. Юу л даа. Та ойлгож байгаа биз дээ. Тэгэхээр хүсээгүй хүүхэд л гэсэн үг гэж хайхрамжгүйхэн хэлэв.
“Тэгвэл би хүсэж байна. Хамаагүй, намайг төрүүлээд л хаячих, ээжээ. Би гуйж байна ”
Хайхрамжгүйхэн хэлсэн хүүхний үг Мөнгөнд эвгүй сонсогдож, үнэндээ таалагдсангүй. Таалагдах албагүй л дээ. Гэхдээ Мөнгөний сэтгэлд жавар хургачих шиг сонин оргино.
- За, ямар ч байсан үзье дээ. Хэдэн сартай билээ?
- Одоо бараг дөрөв болчих гээд л сандаргаад байгаа юм.
- Хн! Дөрвөн сар . . . “Томорчихсон юм байна шүү дээ. Эртхэн янзлуулахгүй эд нар дандаа ингэж цагийг нь тулганаа”
- Орон дээр гар даа. Үзлэг хийгээд хэвийн байвал хэдэн шинжилгээ өгнө. Тэгээд гайгүй гарвал дараа долоо хоногоос орно биз. Ямар ч байсан үзэх хэрэгтэй.
- Дараа долоо хоногтоо? “Өнөөдөр болдоггүй юм байх даа”
- Тиймээ, бид таныг эрүүл мэндийг бүрэн мэдэх ёстой. “Мөн их яарч байх шив дээ”
Үзэж дуусаад эмч
- Энэ шинжилгээнүүдийг өгчихөөд ир
- Юу? Өнөөдөр аялуулаад, янзлаад өгчихөж болохгүй юм уу?
- Та чинь юу яриад байгаа юм бэ? Ямар өргөс авах гэж байгаа юмуу? Энд чинь бас дүрэм журам гэж байдаг юм шүү дээ. Таны эрүүл мэндийг шинжилж мэдэхгүйгээр ийм юм хийнэ гэж юу байсан юм. Хэрвээ танд ямар нэгэн хүндрэл тохиолдвол хэн хариуцах юм? Тэгж ярих юм бол гэр орноос чинь ямар нэгэн хүн зөвшөөрсөн байх ёстой шүү. Өөрийн чинь байдлыг ойлгоод тэр нь ч дүүрч гэж бодож байхад. Май, энэ бичгийг сувилагчид өгөөд яах ёстойгоо асуугаарай гээд гаргав. Хүүхнийг гарсаны дараа “Би яагаад л байна даа. Энэ хүүхэнтэй ингэж хүйтэн хөндий харьцахын учир юу юм бол? Адилхан бүсгүй улс байна. Алдаж эндэхийг алийг тэр гэхэв. Гэтэл энэ хүүхэнд өөрт нь тэгж гэмшиж байгаа шинж ер алга. Зүгээр л хонь гаргах гэж байгаа юм шиг байх юм. Тэгээд л би муухай аашлаад байх шиг байна. Хэдийгээр манайд аборт хийх нь хуулиар хориогүй ч гэсэн хүн ёсныхоо хувьд бол буруу. Тэр муу өөдөсхөн амьтан ямар гэм хийсэн байх билээ. Уг нь хөөрхөн, хуруун чинээ юм болчихсон юм байна шүү дээ. Яана даа” хэмээн бодсоор Мөнгөн өрөөндөө хоцорлоо. Тэр үүнд хичнээн дургүй ч бас больж болдоггүй зовлон бий.
Бүсгүй өрөөнөөс унжгар дуу царайтай гарч ирээд, сувилагчид бичгээ үзүүллээ. Сувилагч
- Та дараа долоо хоногийн даваа гаригт шинжилгээгээ өгч амжих уу? Тэгвэл хоёр дахь өдөр орж болох юм байна.
- Амжина, амжина. Би ч байдгаараа л яарч байна
- Танд өөрт чинь өөр зовиур байхгүй бол тэгээд болох байлгүй дээ. Эмч шинжилгээний чинь хариуг үзээд гайгүй бол хоёр дахь өдөр орох байх бэлтгэлтэй ирээрэй гэлээ.
Бүсгүй залуу дээр иртэл
- Яасан бэ? Өнөөдөр амжихгүй гэнэ үү? “Хурдхан дуусгачихгүй”
- Үгүй гэнээ. Шинжилгээ өг гэнэ. “Ий! ёстой байж байгааг нь, унжийчихаад”
- Нөгөө Урнаа чинь л олигтой яриагүй юм байна л даа. Тэгээд л гар хараад л . . .
- Чи ер нь дандаа яах гэж мөнгө төгрөг ярьж байдаг юм. Намайг ганц удаа бодож болохгүй юу.
- Үгүй тэгээд чамайг бодоод л хурдхан шиг . . .
- Энэ бүгдийн чинь дараа би эрүүл байх ёстой юм байгаа биз дээ. Чи ер нь энэ тухай бодож байна уу? Хурдхан шиг салгачихаад арилаад өгөхөө бодож байгаа л даа чи гэж саяхан эмчид дургүйлхсэн ундуугаа залууд гаргалаа. “Чи ч ёстой хүн юм даа, нээрээ”
Хайртай дуртай гээд л үхэлдээд байдаг залуу нь одоо болохоор зүгээр л хоолны савны түлэнхийг хусах гэж байгаа аятай царайлахад гомдсон ч байж болох юм. Яг энэ үед хэдэн жил ханилсан өөрийнх нь нэрлэсээр мангар харыгаа бодов. Мань хүүхнийг ингээд нэг уурлахаар мангар хар нь худлаа үнэн ч гэсэн аяыг нь олчих гээд бөнжигнөөд байдаг. Яаж уурлаж, яаж бөнжигнүүлэхээ ч хүүхэн андахгүй. Гэтэл энэ залуу норгочихсон орны даавуугаа хатаахчаа аядах гэж байгаа амьтан шиг ярвалзах нь даанч нэг ой гутмаар. “Ёстой л айлд хонох хоноцын сэтгэлд аяга хоол, авгайн гуянаас өөр юм харагдахгүй гэж энэ байхдаа”
- За, за ойлголоо доо. Одоо аядаач дээ. Хүн амьтан харчихна шүү дээ “Энэний ааш гэж ёстой адсага. Нөхөр нь болж төрөөгүй нь их юм” Бүсгүйн хэвлий жирвэгнэв.
“Еэ! Та нар битгий л дээ. Та нар намайг устгах гээд байгаа юм байна шүү дээ. Би хүн болмоор байна шүү дээ. Битгий л дээ, ээжээ”
Дараа долоо хоногийнх нь хоёр дахь өдрийн бага үд болж байлаа. Эмэгтэйчүүдийн үзлэгийн ор нэртэй тахир төмөр сандал дээр нэгэн хүүхэн хэвтэх бөгөөд хоёр ёрдгор төмөр дээр хөлөө салган тавьжээ. Хүмүүн биений хамгийн нандин цэг, эмэгтэй хүний эмзэгийн эмзэг эрхтэнийг тал, талаас нь төмөр чимхүүрээр хавчиж татаад онгойлгожээ. Харахад эрлэгийн элч гэж байдаг бол тэр л улаан амаа ангайлган цусан улаанаар бөөлжиж байна уу гэлтэй.
“Ёо! ёо! ёстой гол таслах нь ээ. Би яах гэж энэ балиар юмтай орооцолдов оо. Намайг ингэж үйлээ үзэж байхад муу хөгийн юм юу хийж байгаа бол. Аягүй бол аяга хоол эргүүлээд явж байж ч мэднэ. Би ямар мэдэхгүй биш. За тэр ч яахав ингэсгээд нөхөртөө л мэдэгдэхгүй салж байвал ч бусад нь дүүрчээ. Гэртээ хариад сайхан баашилчихаж ч болохгүй мөн үйлтэй еэ. Ёоо! ёоо! үхлээ, үхлээ”
“Ээжээ, ээжээ битгий л дээ. Би өвдөөд байна шүү дээ. Би ямар буруутай юм бэ? Яалаа гэж намайг амьдаар минь тасдаж байгаа юм. Энэ муухай төмөр чинь миний хөлийг чимхчихээд тавихгүй байна шүү дээ, ээжээ. Энийгээ зогсоо л доо. Би та нарын нэг хуруунаас чинь ч жаахан. Та нарын өөдөөс эсэргүүцэж чадахгүй. Тийм байхад та нар яасан муухай юм бэ. Би хүн л болох гэсэн болохоос өөр яасан юм бэ? Ээжээ. Намайг хайчиллаа шүү дээ. Болиочээ хар араатнуудаа. Боль л доо. Та нар чинь, хүн болно гэдэг зүүний үзүүр тогтох будаа мэт ховорхон хувь заяа гэж ярьдаг биз дээ. Тэр сайхан сэтгэл чинь хаачиваа. Ээжээ! Та намайг энэ бүх хугацаанд хамгаалах нь битгий хэл энэ миний хүүхэд гэж нэг ч удаа бодсонгүй ш дээ. Би таныг мэдэхгүй ч таны бодлыг мэдэрдэг байсан шүү. Даанч дээ та нар. Намайг гурав хуваачихлаа. Ээжээ, би үхэж байна. Таны халуун хэвлий дотор хэдэн хэсэг болон тасчуулан үхэж байна . . . Ээжээ, ээжээ . . .
Та нар бүгд худалч хуурамчууд, зэрлэг араатнууд мэдэв үү . . . Ээж . . .ээ . . .Ээ . . .ж . . .”
Гартаа бээлий, амандаа хаалт хийсэн эмч янз бүрийн урт нарийхан төмөр багаж эхийн умайд шургуулан урахыг нь урж, тасдахыг нь тасдаж, үе үе толио оруулан хурц гэрлийн тусламжтайгаар доторхыг нь харан, хусаж цэвэрлэнэ. Мөнгөн эмч ийм аборт хийж байгаагүй биш хийж байсан. Гэтэл энэ удаагийнх нэг л төвөгтэй санаан зоргоор сайн хийгдэж өгөхгүй зовооно. Яагаадыг бүү мэд. Бүр анхны үзлэгээс л нэг дургүй байсан. Одоо түүний сэтгэл эмтэрч няцах авч “Би одоо л няцах юм бол энэ эмэгтэй үхэж ч мэднэ. Дуртай ч бай, дургүй ч бай номын дагуу дуусгах л хэрэгтэй. Харин дахиж ийм юм хийх эсэхээ бодох хэрэгтэй юм байна. За, за одоо элдвийг бодох маань ч яамай. Энэ хүнээ хүндрүүлэх вий дээ” гэсэн бодолд ээрэгдэж тэр ажилдаа анхаарлаа хандуулав.
Аборт хийх ажиллагаа үндсэндээ бараг дуусах дөхжээ. Хичнээн зовоосон ч гэлээ ашгүй цус алдаж хүндэрсэнгүй. Магадгүй Мөнгөн сэтгэлээ шаналгаж, зөвхөн өөрийгөө л зовоосон байж болох юм. Гадуур ил хэсгийн цэвэрлэгээг сувилагч нарт үлдээгээд гарлаа. Мөнгөн эмч яагаад ч юм үнэхээр сульджээ.
“Даанч томорчихож, ядаж бага дээр нь янзлуулчихгүй. Би ч гэж би. Миний нөгөө итгэл төгс цээжилсэн тангараг яалаа? Хамгийн дуртай гэдэг “Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө” гэсэн нөгөө хоёрдугаар мөр яалаа? Би өөрийнхөө хийж байгааг эргэж харах хэрэгтэй юм байна” хэмээн түрүүчийнхээ бодлыг үргэлжлүүлэн бодож зогстол хүлээн авахын хаалгаар тэргэнцэр дээр хэвтсэн нэгэн бүсгүйг түрсээр хажуугаар нь өнгөрөв. Сувилагч
- Мөнгөн эмчээ энэ ирж байгаа хүн манай өвчтөн гэж өөрт нь хамаатуулан хэлээд гүйж одов. “Хэн юм болдоо”
Мөнгөн эмч саяын ядарлаа умартан очтол хэдхэн хоногийн өмнө бүх юм сайхан болно гэсээр нөхрөө дагуулан явсан нөгөө бүсгүй болохыг танилаа. Мөнгөн эмч
- Одоохон үзлэгийн өрөөнд оруул. Сувилагчаа Эхо-ний аппаратаа залга гэж итгэлтэй тушаагаад
- Би одоохон гэв
“Яанаа хөөрхий минь яасан юм болоо? За, Мөнгөн минь ямар ч байсан тайван, тайван. Би өөрөө л сандарч болохгүй” гэж өөртөө анхааруулаад
- Яасан бэ? Охин минь гэж эелдэгхэн асуув
- Өө! Мөнгөн эмч үү? Ашгүй, та байсан юм уу? Түрүүхэн доошоо жаахан юм гарах шиг болохоор нь би айсандаа түргэн дуудлаа гэж бүсгүй нүднээс нь хэдэн дусал нулимс бөнжигнөн унав.
- За охин минь тайван бай. Эмч нь одоохон үзье. Битгий сандарч өөрийгөө айлга. Би чамд юу гэлээ? гэж сануулаад орон дээр гарган үзээд, мөн эхо-гоор давхар харлаа. Дэлгэцэн дээр учир нь үл ойлгогдох усны долгион гэлтэй дүрс анивалзан мурилзавч ямар нэгэн амьд ертөнц тэнд үүсэн хөгжиж байгаа нь мэдрэгдэнэ. Хэдийгээр дэлгэц өнгөөр ялгаж салгахгүй ч Мөнгөн эмчид бүх юм тов тодорхой. Энгийн хүнд бол харин ч өнгөгүй байх тусмаа итгэл үнэмшил хийгээд үнэ хүндлэлийн цэгийг ойр ойрхон түншинэ.
Төсөөлөх юм бол яг л гүн далайн ёроолд, үүсэл хөгжлийн хэдэн сая жилийн тэртээх хачин сонин ертөнц нүднээ харагдах шиг. Хүн гэж хэдэн сая жилийн үүсэл хөгжлийн түүхийг ердөө есхөн сарын дотор туулж өнгөрүүлдэг. Сонин юм шүү.
- Чи их айсан шиг байнаа. Түүнээс биш гайгүй байна. Чиний түргэн дууддаг чинь ч зөв. Гэхдээ одоо гол нь тайван бай. Айх аюул алга “Ёох! Нээрээ гайгүй байна шүү ямар их айв аа”
- Охин минь! Доошоо жаахан юм шүүрсэн байна. Хэдийгээр тийм аюултай биш ч гэсэн хэд хоног эмнэлэгт хэвтнээ. Болоогүй байхад гарах гэж яараад, ээжийгээ айлгаад байдаг ямар гээчийн баатар вээ наадах чинь гэж бүсгүйн сэтгэлийг хөгжөөгөөд цааш эргэж хэн нэгэнд
- Өвчтөнийг хөдөлгөөнгүй хэвтүүл. Сансныг бодвол гайгүй байна гээд гарлаа
“Мөнгөн эмч нээрээ мөн сайхан хүн шүү. Бид харахад насны хувьд нэг их зөрүүгүй л юм. Гэтэл охин минь л гэх юм. Айж сандарсан үед яасан ч сайхан ойрхон сонсогддог юм. Нээрээ! Энэ хүүхэд ээжийгээ их сандаргаж байна шүү. За яахав ээ гараад ирэхээр чинь бай, бай ингэе ээ чамайг” гэж бодсоноо бодлоо өхөөрдөн инээмсэглэв.
“Тээр, гараагүй байхад намайг занаад байгаарай та. Тэгвэл би ингээд айлгана шүү” Бүсгүйн гэдэс зөөлхөн нужигнав. Бүсгүйд айдаст бодол зурсхийж
“Яаж байнаа? Бурхан минь! Битгий л гаргачихаж үзээрэй. Одоо хэдхэн сар. Би гуйж байна шүү. Би ээж болмоор байна”
“Ээжээ, та айж байна уу? Намайг загнах гээд л байвал ингээд л айлгана шүү за, ээжээ”. . .
Мөнгөн эмч саяын бужигнаанаас гарч түрүүчийн аборт хийлгэсэн хүүхэн дээр ирэв. Түүний царайнд үүлшиж хурсан шаналгаа аль хэдийн арилжээ. Тэрээр одоохондоо хэвтэж байгаа ч хоёр цагийн дараа гэхэд гарахад бэлэн болно гэдгийг Мөнгөн мэднэ. Түүний найз залуу хонгилийн жижигхэн сандал дээр зүүрмэглэн багтаж ядан хэвтэх нь ихэд зовж байгаа бололтой. “Хохь нь муу хог. Даанч энэний энэ зовлон, мах цусаа урж тасдуулахын хажууд юу ч биш л дээ” гэж Мөнгөн эмч яагаад ч юм тэр залууг муугаар бодов. Бодвол цаад учрыг нь мэдэж байснаас болсон байх. Сувилагч охин утсаар ярьж сууснаа Мөнгөн эмчийг харангуутаа сандруухан таслан, гар утсаа халаасандаа хийв. Өрөөндөө ортол ширээн дээр нь хаанахын ч юм дээ нэг набор, мөн хаанахын ч юм дээ нэг дарс мэтхэн хүний амины төлөөсөнд ирсэнээ мэдсэн янзгүй хэвтэж харагдав. Энэ бол тийм гайхах зүйл биш. Хэн үлдээснийг сонирхохыг ч хүссэнгүй. Тэр нэг их сонин биш байлаа.
Хүн гэдэг сэтгэлээрээ л байдаг юм хойно доо. Баярлаж хөөрсөн үед бол эдгээр юмс сайхан л эд байх. Харин өнөөдрийн хувьд бол даанч нэг авцалдахгүй болоод тэр үү хөсөр даан бүртийнэ. “Эмч хүн ийм юмаар өөрийгөө үнэлүүлдэг, хүмүүс ч гэсэн эрүүл мэндээ ийм юмаар аргацааж авч гарах гэж оролддог болчих гэж. Мөн ч хачин сэтгэлгээ юм даа. Бид л ингээд сургачихаж дээ чааваас” . . .
Тэр сувилагчийг дуудан түүнд бүгдийг нь өгчихлөө. Сувилагч гайхсан хэдий ч аваад гарав. Мэдээж хаячихаагүй нь ойлгомжтой.
Цонхны цаана оройн нар ташаад, жаргах дөхөж байгаа бололтой. Өнөөдөр Мөнгөний хувьд цаг хурдан өнгөрч. Маргааш энэ нар эргээд л мандана. Өглөө ирэхэд хүлээлгийн өрөөнд өөр хүмүүс түүнийг хүлээж байх болно. Тэд бас л ямар нэгэн асуудалтай яваа. Амьдрал дахиад л яг урдынхаараа . . .
23.03.2009
Бүрэн эхээрээ...
Нэг ертөнц хоёр өнгө (өгүүллэг)
Товч (Өгүүллэг)
- Ээжээ, ээжээ миний товч тасарчихлаа гэсээр тав зургаа орчим насны хүү алганыхаа бяцхан хонхорхойд жижигхэн цагаан товч тогтоосоор орж ирлээ. Ээж нь
- Ээ! Чи бас л товчоо тасалчихав уу? Энэ удаа яаж нэг юм товчоо олоов? За ямарч байсан эмээгийнхээ товчны хайрцаганд хийчих. Ээж нь орой ирээд торгоож өгөхөөс, одоо хоёулаа явахгүй бол амжихгүй нь. Алив хурдал гэхэд хүү дугуй дамар хайрцагны тагийг нь авч дотор нь жижиг цагаан товчоо торр хийтэл шидээд, ээжийнхээ араас яаран ухасхийн гарлаа. Ухасхийхдээ хормойгоороо тагийг нь шүргэтэл нимгэн төмрөнцөр таг шалан дээр унаж сарр сарр хийн хэд эргээд чимээгүй болов. Гэрт нам гүм.
Харин дугуй хайрцаг дотор ижил буруу, түмэн янзын хийцийн товчнууд хүүгийн буянаар нар салхи үзэх нь тэр. Товчнууд саяын хүүгийн сэгсчээнд зайлагдан ханаа даган дугуйран тогтжээ. Жижиг цагаан товч хүүгийн хөлстэй гарт атгагдан явсанаа гэнэтхэн тэдэн дунд палхийтэл орж ирсэндээ гайхаж, бас ч үгүй хэрэндээ сандрав. Энэ бол хүүхдийн товчны хувьд шал өөр ертөнц байлаа. Тэрээр хүүгийн энгэрт ганцаараа эрх дураараа гялалзаж явснаас биш йм олон товчны дунд байснаа санахгүй. Тойроод хэзээ ч давж гарамгүй өндөр хана хүрээлэн, тэдний хүсэл сэтгэлийг тас татах мэт хөндөлсөх нь хүйтэн. Хүүхдийн товч эргэн тойрноо гайхширан харвал эдгээр товчнууд бас ч гэж өөр өөрийн гэсэн бүдэг бадагхан өнгөтэй ажээ. Гэхдээ энд байгаа товчнуудын өнгө зүс хийгээд байгаа байдал нь цаанаа нэг гундуу. Энд тэндээс туугдан туугдсаар цугларч (цуглуулж) ирсэн тэд энэнээс цааш зам үгүй тул мухардан хашигдсан мэт арга барагдмал. Зарим нэг нь ганцаардмал, цөхөрмөл, мөхмөл, зарим нь бүр үхмэл харагдана. Ер нь цаг нөгцөөж, ямар нэгэн ид шидийг хаа нэгтээгээс хүлээхээс өөр арга тэдэнд үгүй бололтой.
Харин тэнд байгаа бусад товчнууд бол нэг муу жижигхэн товч орж ирэхэд нэг их цочирдсон шинж алга. Ёстой л нөгөө орж л байдаг, гарч л байдаг болохоор тэр биз. Хүүхдийн товчны хажууд нэгэн нимгэвтэр цайвардуу бараг өнгөгүй гэмээр товч хэвтэнэ. Тэрээр нилээд нялуун дуугаар
- Хүүе ээ! Энэ чинь шинэ товч байх чинь вэ гэж ухасхийснээ голонгуйгаар
- Өө! Харваас чи лав хүүхдийн товч байхаа
- Тийм! Та яаж мэдээв?
- Яахав дээ. Чи чинь цав цагаахан юм байна шүү дээ. Тэгээд ч жив жижигхэн гэж айлгүйтэн инээв
- Та тэгвэл ямар хүний товч байсан юм бэ?
- Эгч нь үү?
- Тийм! Үгүй ээ тийм ч гэж дээ. Таныг яагаад эгч гэх ёстой гэж?
- Эгч нь бол эмэгтэй хүний товч. Тэгэхдээ бүр энгэрийн товч явлаа гэж . . . гэснээ санаа алдав.
- Тэрэнд чинь ялгаа юу байнаа?
- Еэ! Хөөрхий. Чи ч аргагүй л хүүхдийн товч юм даа. Эгч нь байнаа. Энгэрийн товч. Энгэрийн гэхдээ яаг хоёр хөхний хооронд таардаг тийм нандин товч байлаа шүү дээ. Эрчүүдийн нүд над дээр байнга тусаатай. Тэдний нүдэн дээр эзнийхээ хөхийг гаргачихгүй гэж мөн ч их мэрийдэг байж дээ. Тэр мэрийлт маань намайг ямар эрхэмсэг, нандин бас эмзэгхэн харагдуулдаг байсан гээч. Гэхдээ түүнээ дагаад эрсдэл ихтэй л дээ
- Ямар эрсдэл?
- Тасарч унах гэснээ
- Оё! Тэр үеийг минь бүр санагдуулчихлаа гэхэд хайрцагны хана даган хэвтсэн арзгар төмөр шүдтэй урт шар юм гэнэтхэн
- Хн! Эрчүүд тэгээд чамайг хардаг байсан юм уу даа. Аль эсвэл цаад хөхийг нь хараад байсныг нь чи өөрийгөө хараад байна гээд баярлаад байсан юм уу? ха ха гэж басамжлан инээнэ. Түүний хоёр салаа хэсэг нь нэг нөгөө дээгүүрээ давсан байх нь хөлөө солбин хайхрамжгүйхэн хэвтэх хүн шиг харагдана. Хүүхдийн товч түүнийг хараад бага зэрэг зулран
- Энэ юу вэ? гэж гайхан асуухад эмэгтэй товч
- Цахилгаан гэдэг юм. Хэдэн шүд нь мултарч унаад, эвдэрчихсэн яайжийж хэвтээгээ мэдэхгүй бас их нахальный амьтан байгаа юм. Энэ муугийн хэмжээг харваас өмдний цахилгаан л даа гэж шивнээд цахилгаан руу хандаж
- Гэхдээ эрчүүд энгэрийн товчийг “мултарчихаасай” гэж бодож хардаг нь үнэн л биздээ. Тэгээд ч тэр хөх, цамцны энгэр, түүний товч би, бид гурав л тийм эмэгтэйлэг орчныг бүрдүүлдэг юм шүү дээ арзгар хар гацаа минь ээ гэхэд цахилгаан
- Энгэр, хөх гэж дээгүүр жаалахаас гадна доогуур ч бас өөр ч юм байдаг байхаа ха ха
- Чи одоо товчны хайрцаганд хэвтээгээ мэдэхгүй юу яриад байгаа юм бэ. Энэ хүрээндээ сэтгээч. Энэ аягүй бүдүүлгээ. Жоохон хүүхдийн товчны хажууд . . . Ёстой байсан орчноороо сэтгэсээр байгаад . . . Бүр хэлэх ч үг алга. гээд ширэв татав. Товчны хайрцган доторх байдал хүүхдийн товчинд сонирхолтой санагдаж эхлэв.
Тэгтэл нэг хавтгай хүрэн товч ярианд оролцож
- Хн! Мөн ч сайрхах юмаа олж дээ. Та нар одоо битгий ингэж юм л бол маргалдаж бай л даа. Муухай шүү дээ. Би мөн ч олон хэлэх юм даа. Эв эеэ хичээцгээе л дээ. Товч бид нар чинь эвтэй байхдаа бөх шүү дээ.
Хүүхдийн товчны нөгөө талд хурууны хоёр үе хэртэй урттай будаг нь халцарсан модон юм хэвтэнэ. Хүүхдийн товч түүний сонин хэлбэрийг харан гайхаж
- Энэ товч юм уу? Мөн бол хэдий үеийн товч вэ? гэхэд нөгөө хавтгай хүрэн товч
- За даа, их л дээр үеийн эд болов уу. Тэр үед гадуур хувцсанд иймэрхүү товч хийдэг моод байсан юм. Нэрийг нь чагтан товч гэдэг юм. Энэ хайрцганд хамгийн удсан нь л наад чагтан товч чинь байх. Битгий сэрээгээрэй. Сэрвэл зүгээр дөвчигнөж өгнө.
- Дөвчигнөнө гэхээрээ яадаг юм?
- Аа чи удахгүй үзэх болно.
- Та ер нь их юм мэдэх юмаа.
- Би юу? Аргагүй дээ. Би чинь эрдэмтэн хүний пиджакны товч байхгүй юү. Ер нь бол эр хүний товч л доо.
- Тэгээд?
- Үгүй тэгээд яахав дээ. Арчаа муутай эзнийхээ ачаар л энд. . . Ер нь чамд гэж хэлэхэд эрдэм номын улс чинь жаахан арчаагүй улс байдаг юм шүү дээ. Тэгээд л энэ мампсааны хайрцган дотор эд нартай хөгөөн дэлгэж суухгүй юу гэж хэлээд ихэмсэгээр эргэн тойрноо тойруулан харав.
Тэгтэл нүүрэн дээрээ эсвэл толгой дээрээ ч гэмээр юм уу ямарч байсан хаа нэг газраа соёмботой том пальдигар шар товч мөн өөртэй нь адилхан мөртөө соёмбогүй жижиг шар товчтой холбоотой хэвтэж байснаа соёмбот том шар товч хүнгэнэсэн дуугаар
- Та нар наад муу өвгөн товчоор оролдож суухаар өөрсдийгөө л хичээ. Өөрсдийгөө хаана байгаагаа ч мэдэхгүй байж. Бид чинь мампсааны биш мармеладны хайрцганд байна шүү дээ. Наадахыг чинь пиджакны товч гэхэд дэндүү жижигхэн л харагдаад байгаа юм. Гээд яахав дээ надад ямар хүртээлтэй юм биш. Би итгэсэн болж суудаг. Наад пиджакны товчны чинь хажууд ах нь бол жинхэнэ эр хүний товч байхгүй юу. Эр цэргийн гэхдээ би бол генерал хүний щенельний товч гээд амьсгаадан ийш тийш харав.
- Тэгвэл наад тантай адилхан жижиг товч чинь?
- Аан энэ үү? Энэ миний акурка байгаа юм гэснээ инээмсэглэж
- За за тоглосон юм. Энэ бол зүгээр цэрэг хүрэмний товч. Чи хар л даа соёмбо ч байхгүй. Тэгээд хариугүй жоохон. Харин би бол толгой дээрээ алтан соёмботой жинхэнэ эх оронч товч гэснээ
- Ноомхон! гэж тушаагаад. Алтны дэрэгдэх гууль шарлана гэж яахав дээ миний хажууд байх тусам надтай төстэй болоод байгаа юм. Гэхдээ над шиг болно гэж байхгүй л дээ. Яахав цэрэг эрийн товч гэж хэлэгдэх болсондоо баярлах хэрэгтэй гэж хажуугийн жижиг товчиндоо томров. Гэтэл цэрэг хүрэмний товч
- Гэхдээ л би щенельний дотор өмсөгддөг болохоор эзэндээ чамаас арай ойрхон байдаг шүү гэж шивнэв. Тэр үнэн байж магадгүй л юм.
Мөн бас бондгор бондгор толгойтой даавуун шилбэтэй юмнууд харагдана. Гэхдээ тэд ижилхэн юм шиг хэрнээ бас ялгатай. Зарим гялалзсан саагаар хийсэн байхад зарим нь зүгээр даалимбаар зангиджээ. Зарим нь түрүүний цэрэг товчин толгойтой хэрнээ урт даавуун шилбэтэй ажээ.
- Та нар юу вэ? гэж хүүхдийн товч асуухад нэг их саатай торгоор хийсэн товч шингэн дуугаар
- Энэ одоо ямар их юм байцаадаг юм бэ гээд ширэв татав. Хажуугаас нь хар даалимбаар хийсэн товч
- Бид бол ёстой монгол товчнууд. Бидний толгойг сампин зангидах гэдэг юм. Бидний хооронд тийм ч их ялгаа байхгүй л дээ гэж гэхэд нөгөө саатай сампин товч
- Үгүй ерөө! Ёстой гайгүй байлгүй. Чам шиг муу даалимбан товч надтай зиндаархахгүй шүү. Чи бол ёстой гөлийж харалчихаад харваас олигтой амьтаны товч лав биш. Аягүй бол чи ташааны товч байхдаа. Харахад сампин толгойтой л юм биз дээ. Нэр гутаасан хог гэж давчдан чарлав.
- Намайг хэр тааруу юмаар хийсэн нь үнэн. Гэхдээ би ташааны товч яваагүй юм. Харин ид шуугиж яваа идэр залуугийн суганы товч явлаа. Залуучууд яахав дээ барилдаж ноцолдож яваад л намайг тасалсан хэрэг. Хэнд ч тодорхой. Харин чи өөрөө хаанахын товч юм бол доо? Хээ хуар цэцэг саа болсныг нь харвал эмэгтэй хүний дээлний товч болох нь ойлгомжтой. Харин яагаад тасарчихсан энд тууж явдаг билээ? Эрчүүд чинь харин хүүхнүүдийн энгэр заамны товчыг эвтэйхэн мулталчихаа мэддэг. Харин ташааны товчийг нэг их эв гаргаад тайлаад суудаг билүү? Бараг тийм зав ч байдаггүй байх. Явж, явж чи чинь харин өөрөө намайг хэлэлтгүй ташааны товч юм биш биз хө гэхэд бусад товчнууд хайрцгандаа багтаж ядан инээлдэв. Гэтэл саат товч ихэд уурлаж буй бололтой шарвагнаж
- Үгүй ерөө. Тэгж ч ярьдаггүй байх шүү. Чи мэддэг юм бол миний шилбэн дээрхи хатгаасны ормыг хар. Ёстой нэг ч мм-ийн зөрөөгүй байгаа биз дээ. Энгэр хоолойн товчийг л ингэж ямар ч өөгүй хаддаг юм за юу. Яах нь вэ зүгээр. Ер нь ч тэгээд юм гэдэг заяа заяагаараа байдаг болохоор чам шиг заяагүй юм мэдэхгүй л дээ гэж үгээр тавлаж аваад
- Би ерөөсөө нэр төрөө сэргээнэ гэж цовхчив. Саатай товчны цаана түрүүний цэргийн товчтой адилхан шар төмөр товчинд монгол товчны шил хийсэн нь ихэд содон харагдана. Хүүхдийн товч нөгөө эгч товчноос
- Тэр ямар сонин товч вэ? гэж асуухад
- Чшш! Хөөрхий эрлийз товч. Нэг хэсэг манайхан чинь ийм орос толгойтой, монгол шилбэтэй товч дээлэндээ хаддаг байсан юм. Харин сүүлийн үед ер харагдахаа байсан. Харин хятад толгойтой монгол товч хаддаг болсон гэнэ лээ. Өөр бас толгойг нь алт мөнгөөр хийсэн монгол товч ч гэж байдаг юм.
- Тэгээд тэд нар чинь энэ хайрцганд байхгүй л байна шүү дээ.
- Тэд яаж энд байхав дээ дүү минь. Энд чинь үнэтэй юм орж ирдэг газар биш. Тэгвэл тэр хятад толгойтой монгол товч чинь бас үнэтэй юм уу?
- Үгүй дээ. Одоохондоо тэднийг хэрэглэдэг хүмүүс нь ихсээд байгаа юм. Тэгээд л энд байхгүй байгаа хэрэг. Юм чинь хэрэг болохоо байчихна гэж байдаг юм шүү дээ. Одоо чи тэр хоёрыг хар гээд алтан шармал ганган хийцийн төмрийг заагаад
- Харахад хоорондоо өөлөхийн аргагүй адилхан шүү дээ. Гэтэл тэд хоорондоо ерөөсөө таардаггүй юм.
- Яагаад?
- Өөрсдөөс нь асуу гэлээ. Тэгтэл нөгөө хоёрын нэг нь энэ яриаг сонссон бололтой
- Ахыг нь запник гэдэг юм. Ах нь бол хийц загвар, өнгө үзэмжээрээ энэ товчнуудаас тас ондоо л доо. Биднийг хэрэглэдэг хүмүүс нь ч өөр хүмүүс байдаг юм. Ах нь тэгж ярих юм бол
Зөөлөн хамбанд шигтгэгдэж
Зурагтын тавиур дээр заларч явлаа шүү дээ
- Тэгээд яагаад энд ирчихсэн юм? гэхэд нөгөөх запник руугаа хялам хийж
- Цаадахаас чинь болохгүй юү гэтэл нөгөөх нь
- Худлаа худлаа. Биднийг зүгээр л хэрэглэхээ больчихсон юм. Цаадах чинь л “би, би” гэж дөвчигнөөд яриад байгаа болохоос биш бид хоёр яаг адилхан.
- Тэгээд тэр таныг л муу хэлээд байна шүү дээ.
- Яахав дээ. Би голдуу баруун ханцуйнд таардаг байсан юм. Тэрэнд л гол нь харлаад үхчихгээд байдаг байсан юм. Одоогоороо тэр шүү дээ
- Баруун, зүүний ялгаа юу байнаа?
- Еэ! хүүхдийн ч товч бол доо чи. Баруун ханцуйнд таарахаар хүнтэй гар барихаас авхуулаад л хөдөлгөөн ихтэй. Тэгээд гялалзаж, гялтганаад хүний нүдэнд өртөх нь их байдаг байхгүй юу даа. Тэрний төлөө л одоо болтол надад атаархаж байгаа ухаантай. Атаархал гэдэг чинь заримдаа ийм ухаангүй болгочихдог юм шүү дээ.
- Тэгвэл та хоёр одоо нэг сайхан эвлэрчихвэл л болох юм байна шүү дээ
- Харин тийм ээ. Гэхдээ энэ бид хоёр эвлэртэл удах байх оо.
Гэтэл бас хоорондоо тас наалдаатай дугуй төмөр өнхрөн явна. Хүүхдийн товч анхаарлаа тэдэн рүү хандуулж
- Эд нар юу вэ? Бас товч уу? гэхэд эрдэмтний товч ихэд шоолонгуй
- Аан! эднийг үү? Янагийн халуун гэдэг юм.
- Юу?
- За за кноп гэдэг юм. Ингэж наалдан пад болчихоод салдаг ч үгүй, ичдэг ч үгүй хоёр. Гэхдээ яах вэ бусдад гэмгүй бас хоргүй, энэ байдлаа ч нуугаад байдаггүй юм чааваас гэлээ. Гэтэл өнөөх кноп гэдэг хоёр
- Хүүе ээ! Найзуудаа! Товчнуудаа! Юундаа ингэж гутарсан юм бэ? Наргья л даа, цэнгэе л дээ. Жаахан өөдрөг бай л даа. Бид л өөрсдийгөө сэргээхгүй юм бол өөр хэн биднийг гэх юм бэ? Бүжье бүжье. Тэврье, тэврье, доргъёо доргьё гэсээр өнхөрч одлоо. Ёстой нэг цагаандаа гарсан хоёр бололтой.
Гэтэл тэнд гурван хар товч нэг нь нөгөөгөө дэрлэн унтацгааж байснаа тэдний дуунаар сэрцгээлээ. Тэдний нэгэн дээр багахан будаг дусжээ. Энэ бол зураачийн товч гэнэ. Нөгөөхийн нэг нүх сэтэрчихэж. Энэ нэг архичны товч гэнэ. За гурав дахь нь харин гайгүй цэмцгэрдүү юм. Энэ бол яруу найрагчийн товч. Гэвч тэр гурав халамцуу байгаа нь илт. Энэ гурав их найз бөгөөд найз болох шалтаг нь эзэд нь архи уудаг байсанд оршино. Тэд уусан үедээ л найз байж чаддаг
Яруу найрагчийн товч
- Ах нь бол яруу найрагчийн товч явлаа. Худлаа гэвэл би шүлэг уншина та нар сонс за юу гэхэд нөгөө хоёр нь
- Унш, унш гэж догиов. Найрагчийн товч хоолойгоо засаж
Болор цомын тайзан дээр шүлгээ уншихад нь
Борхон зүрхтэй нь хамт дэнсэлж догдолдог
Би найрагчийн товч
Болзоот хүүхэнтэйгээ тэврэлдэнхэн уулзахад нь
Бондгор хөхөнд нь нүүрээ нааж амждаг
Би сүйхээтэй товч
Сандлын түшлэг дээр эсвэл орны урдуур
Санд уу мэнд үү тайлагдан унахдаа
Сархадын ааг, хүүхний аалинд
Сайхан найрагч минь яарин болохыг нь
Сарны туяанд гөлөрч хэвтэхдээ
Янжинлхам бид хоёр харин жаахан ичдэг ч
Яадгийн бэ би найрагчийн товч оо . . . гэж уянгалуулан уншихад нөгөө хоёр товч хөөрөлдөн үсчиж баяр хүргэнэ. Гэтэл эрдэмтний товч
- Хөөе! Хөөе! Та нар юундаа ингэж мангартнам бэ. Бид бие биендээ ингэж энд, тэндхийн ийм, тийм товч явлаа гэж сүржигнэн сайрхаад хэнд хэрэгтэй юм бэ? Та нар өөрсдийгөө хар л даа. Бид байх ёстой газраа байж чадалгүй тасарсан л бол бид хэн ч биш. Зүгээр л хог. Хүн ч тэр, товч тэр байх ёстой газраа л удам судар, утга учраа авч үлддэг. Та нарын тэр сайрхаад байгаа хүмүүс чинь биднийг хог болгосон. Тэд биднийг санаж байгаа гэж бодож байна уу? Үгүй. Харин энэ хайрцаг бол бидний оршуулгын газар. Энэ юу гэсэн үг вэ? гэвэл бид харагдаад л байх болохоос үхсэн гэсэн үг. Одоо бидэнд нэр төр гэж байхгүй. Харин үнэн худал нь мэдэгдэхгүй бүдэг бадагхан дурсамж л бий гэхэд нөгөө гурван согтуугийн нэг сэтэрхий товч
- Чи одоо хэн бэ? Эрдэмтний товч гэхээр л чи ухаантай байх ёстой юм уу? Саяын хүүхдийн сэгсчээнээр л чи тэнд оччихсон л дон дон гээд яваа болохоос таг таглагдаад харанхуй болонгуут чи муу “юм байна уу” гээд л ирдэг биз дээ гэхэд эрдэмтний товч
- Та нар харж байна уу? Ийм юмнууд ингээд зүгээр байхад гүжирдээд, олонхийг буруу тийш нь турхирдаг байхгүй юу.Чи өөрийгөө хар. Нүх нь сэтэрсэн ямар ч гоо сайхан, нүүрний баясал байхгүй, хүйтэн царайтай гэхэд зураачийн товч эрдэмтний товч руу
- Тэрний хэлдэг худлаа юм уу. Чи ч гэсэн архичингийн л товч. Үнэндээ бол чи бид хоёр ямар ч ялгаа байхгүй за гэлээ. Нээрээ л тэднийг харахад нэг их ялгаагүй ажээ. Тэгтэл эрдэмтний товч их бачуурч байгаа бололтой
- Хуцваа! Чи муу намайг өөртэйгөө адилхан гэх нь үү? Тэгж ч ярьдаггүй байх шүү
- Тэгээд ямар ялгаатай юм? Хэл л дээ чи
- Чамайг бодох юм бол би дөрвөн нүхтэй мэдэв үү гэж аргаа баран хашгирав.
Гэтэл бусад нь дор бүрнээ шуугилдаж эхлэв.
- Нээрээ энэ чинь дөрөв, нөгөөх нь хоёр нүхтэй юм байна шүү дээ
- За тэр нүхний ялгаа ямар хамаатай юм
- Харин ч дөрвөн нүхтэй товч чинь бөх л хадагдсан байх ёстой. Тэгэхээр энд орж ирэх магадлал бага байх ёстой юм биш үү гэх мэтчилэн дор бүрнээ шивнэлдэнэ. Тэгтэл сэтэрхий нүхтэй товч найзыгаа өмөөрч эрдэмтний товч руу
- Чи муу яасан их олон нүхтэй муу новш вэ. Чамайг наад дөрвөн нүхний чинь дунд буулгаад өгөхөөр чи муу над шиг нэг нүхтэй болохгүй хаачдаг юм гэж агсаран дайрав. Тэгтэл эрдэмтний товч түүнээс айж
- За за би худлаа ярьсан юмаа. Битгий намайг цохь л доо. Хэрвээ би сэтэрчих юм бол хэзээ ч энэ хайрцагнаас гарахгүй шүү дээ.
- Тэгвэл чи юу гэж худлаа ярьсан юм? Энэ олны өмнө чи үнэнээ хэл гэж шаардлаа. Тэрээр уйлагнан
- За за би дөрвөн нүхтэй байж тасарч унасан үнэнээ хэлье ээ. Би эрдэмтний товч биш ээ. Би зүгээр л тарган хүний өмдний товч л доо. Тэр муу бүдүүн, өмд нь хүрэхгүй байхад гэдсээ татсаар байж товчилчихоод гэдсээ сул тавингуут чихэлдээд жигтэйхэн өвдөнө. Тэгээд өмднийх нь дээд эмжээртэй хамт хэд хэд ороогдож нугалараад салхи агаар ч үздэггүй тэгээд бас тасарч ч болохгүй тушаалтай хэцүү байдаг юм. Та нар зовлонг нь мэдэхгүй л дээ гэж жонгинов. Гэтэл даалимбан сампин товч
- Тэгээд тэрийг чинь юундаа нуусан юм дээ?
- Үгүй яахав дээ. Та нар чинь цугаараа л энд тэндхийн сайн сайхан товч явлаа гээд л ам өрсөлдөөд л байсан биз дээ. Тэгэхээр нь л . . .
- Ишш! Эд чинь худлаа л сайрхаж байгаа юм шүү дээ. Эдэн дунд үнэнээ хэлж буй товч энэ хүүхдийн товчноос өөр байхгүй байх гэхэд бусад нь зөвшөөрөх мэт бүгд чимээгүй болцгоов.
Гэтэл гэнэтхэн чагтан товч амь орсон мэт өндийж ийш тийш харснаа
- Энд одоо юу болоод байна гэж ууртай уцаартай, эсвэл түгшүүртэй алин болох нь ялгагдахгүй царайгаар эргэн тойрон харлаа. Бусад товчнууд түүнийг энэ харцнаас дальдарч
- Яанаа цаадах чинь нөгөө дүрдээ орчихсон байнаа
- Одоо яанаа гэцгээн сандралдаж. Зарим нь бүр энэ завшааныг ашиглан асуух юмаа асуугаад авъя гэцгээн дугаарлаж эхлэв. Хаанаас олж ирсэн нь мэдэгдэхгүй утсан цацаг нэг үзүүр дээрээ тохсон чагтан товчийг хүүхдийн товч ихэд гайхан харж
- Энэ чагт гэдэг товч чинь яаж байнаа? гэж асуухад өөр нэг товч
- Чшш! Чимээгүй. Чи удган товчийг хилэгнүүлэх гэлээ гэж ихэд сандрав. Тэгтэл чагтан товч хүүхдийн товчинд ойртож
- Би бол удган модны хэлтэрхийгээр хийгдсэн товч. Та нар намайг мэдэхгүй. Тэнгэр эзэн надаар дамжуулж бүхнийг зарлигдан буулгадаг. Та нар бол үйлийн муу үрэнд бузарлагдсан товчнууд. Тийм учраас та нарыг тэнгэр эцэг шийтгэж энэ хайрцганд хорьж байгаа юм гэж сүртэй гэгч нь айлдав. Гэтэл нэгэн товч
- Удган модон товч минь бид ер нь яавал эндээс гарч байх ёстой байрандаа очих вэ? Та минь биднийг ивээлдээ багтааж хайрла гэхэд чагтан товч ихэд сүрийг үзүүлж сууснаа
- Та бүхнээс хамгийн гэмгүй нь л тэнгэр эзэн таалан болгоож эндээс гаргаж магад. Харин хамгийн хортой товчийг бол тэнгэр эзэн гэсгээхээ бас мартахгүй шүү гэхэд бусад товчнууд
- Еэ! Удган товч минь биднийгээ аварч хайрла гэж мөргөцгөөв. Тэгтэл нөгөө согтуугийн сэтэрхий товч, чагтан товч руу дайрч
- Чи бид хоёр хэзий дээ удган мудган болчихоо вэ. Энэ бид хоёр энэ хайрцганд мөн ч их удаж байна даа. Хэдэн жилийн өмнө чи чинь “Би бол дотор газрын хулс модоор хийгдсэн жинхэнэ ховор товч. Тийм болохоор би эндээс удахгүй гарна” гээд хуцаад байгаагүй билүү. Ийм муусайн юмнуудад битгий итгэцгээ. Бусдыгаа ядрах тусам зовлнгоор нь далимдуулж шимэж суудаг адгийн муу хувалз гэж хашгирахад чагтан товч
- Тэнгэрийн элчийн өөдөөс аймшиггүй тэрсэлсэн энэ мууг харцгаа. Муу заяат товч чи бүх насаараа ийм сэтэрхий явах болно гэхэд бусад товчнууд
- Муу согтуу толгойтын товч холдооч. Яахыгаа бид мэдэж байна гэж орлилдов. Гэтэл сэтэрхий товч
- Яадгийн би цагтаа цалгиж, цалингаа буухаар наргиж явсан хүний товч. Харин чи муу бол гэмгүй олныг хуурам мэхэлж байгаа хамгийн хортой нүгэлтэн. Чамайг харин бурхан тэнгэр тэсгээхгүй дээ харж л байгаарай. Би үнэн ярьж байна. Та нар яах юм бэ гээд цамнаж гарлаа. Одоо хайрцган дотор ямар ч замбараагүй болж, товчнууд хий дэмий л дор дороо юм бодоцгоон, цөхрөнгөө баран дүнсийцгээжээ. Тэд одоо ямар ч зорилгогүй, тэмүүлэлгүй, тэмцэлгүй болов. Тэдэнд зөвхөн “Энэ хайрцагнаас хэн нэгэн ачтан биднийг гаргаад өгөөсэй” гэсэн хий хоосон хүслээс өөр юу ч байсангүй.
Төдөлгүй ээж хүү хоёр гаднаас орж ирээд, ээж нь галаа сэргээх зуураа
- Миний хүү нөгөө товчоо аваад ир. Ээж нь хадаад өгье гэхэд хүү ухасхийн очиж хайрцагнаас товчоо авч ээждээ өгөв. Ээж нь хүүгээсээ
- Миний хүү яаж байгаад товчоо тасалсан бэ? гэж асуухад хүү хайрцагтай товчнуудыг гөлөрч зогсохдоо
- Би зүгээр л байж байсан чинь . . .
- За битгий худлаа яриад байгаарай. Зүгээр байсан товч өөрөө тасраад унах уу? Худлаа ярьдаг хүүхдэд ээж нь хайргүй шүү. Харин үнэнээ хэлвэл ээж нь яадаг ч үгүй юм гэхэд хүү
- Би найзтайгаа ноцолдож байгаад тасалчихсан.
- Ингээд л үнэнээ хэлж бай. Дахиж битгий худлаа хэлээрэй за юу. Худал хуурмагийг бурхан шийтгэдэг юм шүү дээ гээд хүүгээ үнслээ. Хүү тэртээ тэргүй харж зогссон товчны хайрцагнаас чагтан товчийг гаргаж ирээд
- Энэ ямар сонин товч вэ? Ээжээ
- Аан! Энэ товчийг одоо бараг хэрэглэддэггүй юм. Эмээ нь л нэг газраас олж ирсэн байх. Одоо ч дээ хогны нэмэр дээ гээд аваад галруу хийчихэв. Шаргалтан долоох галын дөлөнд чагтан товчны хуучин будаг хальс адил хорчийн шатаж байснаа их бие нь авалцан шатлаа. . .
Хүүгийн энгэр дээр жижигхэн цагаан товч шинэхэн утсаар бөх гэгч нь хадагдав. Тэр одоо л товч гэдэг утгаараа байх ёстой газраа үлдэв. Харин товчны хайрцагийг ээж нь сайн гэгч нь таглаад орны хөндий рүү түлхлээ. Хэзээ тэр хайрцаг эргэж онгойх юм бүү мэд дээ . . .
Бүрэн эхээрээ...
Миний отчигон (Өгүүллэг)
Хуучин өгүүллэгээ давтаж оруулав.
Өглөө би эрт ажилдаа гардгаараа гарч тэргээ асаан хөдлөнгөө хоёрхон цагийн дараа босох хүүгээ бодлоо. Миний бага хүү аавынхаа гучин долооны жил дээр, ээжийнхээ ёстой л нэг хүсэл мөрөөдөл нь болсоор энэ хорвоод ирээд дөнгөж гурван жил хэдэн сар болж байгаа юм. Гэхдээ энэ өдөр хүүд маань ер бусын өдөр эхлэх юм.
Хүү маань өнөөдөр эндхийн хэлээр бол “сургууль”-д орж байгаа юм. Бидний ойлголтоор бол цэцэрлэг маягийн.
Хүү маань энэ улсад төрсөн монгол хүү.
Монгол улсын нэгэн бичилхэн хэсэг болсон бор гэртээ эрхэлж нялхарч, уйлж дуулж, инээж хөхөрсөөр гурван жил гаран болжээ. Нэг үеэ бодвол эргэн тойрноо өөрийнхөө бяцхан ухаанаар ялган салгаж, болох болохгүйг ойлгож, тэр ч бүү хэл өөрийн гэсэн эд хогшилтой (тоглоом) болж, түүгээрээ биеэ саатуулан ганцаар шулганан тугдайн суух нь үнэхээр эгдүүтэй.
Хүү минь том болохын хэрээр бидэнд нэгэн асуудал тулгарч эхлэв. Тэр нь хэл яриа байлаа. Хүүгийн үзэж байгаа болгон (телевиз, хүүхэлдэйн кино) англи хэл дээр. Бидний гэр орондоо харилцан ярилцах нь монгол. Ээж бид хоёр нь монголоор, эгч нь голдуу англиар өөртэй нь яриад байхаар ёстой л нөгөө толгой нь эргэнэ гээч нь болж байх шиг. Хөөрхий минь хэлд орох гэж оролдож байгаа ч тэр нь нэг л удаан. Монголоор хэлж ярихыг ойлгох авч хариулахдаа англиар хариулах юмдаа. Нэг өдөр хүүгээ нэг юм ярих гээд түгдчээд ээрч муурахаар нь өрөвдсөн гэж жигтэйхэн. Хүүгээ энд төрөхөд нь нэгэн бодлын юм юм нь хөгжсөн сайхан газар гэж бодогдох авч нөгөө талаар эх орноосоо төөрчихсөн мэт санагдаж гол харлаж явдаг болсон юм. Гэтэл дээр одоо бүр хэл ус ч үгүй болох нь гэж бодохоос голоос нэг юм огшоод явчихсан гэж байгаа. Тэгээд ээж нь хөөцөлдөж элдэв шалдавын анкет юм бөглөж гүйсээр энэ сургуулийг бүтээсэн. Өөр зарим мужид бол нилээд чөлөөтэй, бас үнэгүй байдгийг бодвол энэ муж нилээд төвөгтэй юм. Гэлээ гэхдээ яах вэ ямарч байсан өдөрт хоёр цагаар долоо хоногт дөрвөн өдөр явах болсон нь дэвшилттэй. Сургууль дээр нь очиж уулзахад
- Хэрвээ танай хүүхэд уйлдаг бол эртнээс хүүдээ сайн хэлж ярьж өгөөрэй. Бүр болохгүй бол эхний үед “богиносгосон” цагаар явж болно гэж багш болох хүүхэн манай хүнд хөнгөлөлт үзүүлэхэд миний инээд хүрээд байлаа. Тэр нь нэг цаг л даа. Гэхдээ нэг цаг гэдэг манай хүнд их хугацаа. Тэгээд бараг долоо хоногийн өмнөөс л
- Миний хүү цүнхээ үүрээд сургуульд явна
- Хангай мундаг том
- Маамуутай тоглоно
- Том хүүхэд уйлдаггүй
- Ээж нь орхиод явна, чи үлдэнэ
- Ээж нь эргэж ирээд хүүгээ авна гэхчилэнгээр өдөр бүр л бид хэд чадах ядахаараа ойлгуулах гэж оролдоно. Хүү балчирхан ухаандаа ойлгож ядан байхдаа ээж явна гэдгийг сайн ойлгож
- Ээж явахгүй гээд л уйлна.
- За даа мань хүн ч орилж өгнө дөө. Миний хүүг битгий ширүүлээрэй гээд л эхнэрээсээ өчигдөр оройжин гуйж гуйж орхисон.
Одоо би жолоогоо мушгин хотоор давхиж яваа ч сэтгэл санаа минь хүүтэйгээ хамт явна. Энэ нэг нөхөр хөгширсөн хойноо нэг хэнз хүүхэдтэй болоо л биз, тэр нь цэцэрлэгт ороо л биз юун сүртэй юм. Хүний газар төрж, хэл усаа ч мэдэхгүй монголоо алдсан юмыг юугий нь гайхуулах гээв гэж зарим хүн бодож магадгүй гэхээс өр өмрөнө.
Миний хүү монгол хүү. Шинэчлэгдэж өөрчлөгдөх энэ цаг үеийн хүнд нудрага эх орны минь нүүрийг алгадахад хувь заяаны эрхээр энд үсэрч дуссан эх орны минь цусан дусал. Тиймийн учир миний хүү монгол хүү. Хэдийгээр одоохондоо тоонот цагаан гэрийн босго алхаагүй ч, тунгалаг ариун булгийнхаа усыг амсаагүй ч, аргалын цэнхэрхэн утааг үнэрлэж үзээгүй ч, адуу малын бараа харж, дуугий нь сонсоогүй ч гэсэн энэ хүү монгол хүү. Ийм хүүхдүүд энэ тэнд олон бий. Эднийгээ битгий л гоочлоорой доо ...
“Мань хүн ч орилж өгсөндөө” гэж бодсоор ажлаасаа буулаа. Өнөөдөр ажил сулавтар тул эртхэн буув. Хүү маань бялуунд учиргүй дуртай. Түүнийг “бөөд дэй кэйк” гэнэ. (Birth day cake). Заримдаа юухан хээхэн (гамбир, тарвас г.м) дээр ч лаа асаалгаж байгаад “бөөд дэй кэйк” болгон иднэ. Тийм л дуртай. Би харих замдаа нэг “бөөд дэй кэйк” авлаа. Гэртээ ирсэн чинь манай хоёр алга. Ойр ойрхон цонхоор харж байгаад ээжтэйгээ ирэхээр нь машин зогсоол дээр угтаж очлоо. Тэгтэл хүү маань өөдөөс
- “Хан-гай том” (өөрийгөө онгироохоороо ингэж хэлдэг) гэсээр л бууж ирэнгүүтээ цүнхээ нуруундаа үүрээд хачин. Ээж рүү нь хартал
- Ёстой уйлаагүй гэдгийн. Тэгэхээр нь
- Миний хүү уйлаагүй юу? гэтэл
- Хан-гай том л гэж байна. Өөрийнхөө нэрийг хэлэхдээ дундуур нь тасалж байгаа юм шиг Хан-гай гэж хэлдэг юм. Тэгээд л цүнхээ дуугаргаад л, үсээ сөөвөг сөөвөг хийсгээд л, овгос овгос гээд л нэг их том болчихсон амьтан аав ээж хоёрынхоо өмнө ороод л орц руугаа алхаж өглөө. Миний эгдүү хөдөлж, хайр хүрсэн гэж юухэв.
Ээж нь хамаг хийсэн юмс, цааснуудыг авчихсан тул тэр цүнхэнд хэдэн харандаа, цавуухан л байсан хэрэг. Хүүгийнхээ араас харжээ явахад яагаад ч юм цээжнээс нэгэн хүнд юм салчих шиг болсон доо.
Алд хүрэхгүй энэ амьтан сурч мэдэх хийгээд хүн болох анхны гараагаа эхэлж байгаагаа яахан ойлгох билээ. Тэр ч байтугай амьдралыг үзэх үзлийн минь буурийг хэрхэн сэлгэж, аавынхаа амьд явах заяаны алтан аргамжааг хэд дахин сунгаснаа миний хүү одоогоор мэдэхгүй яваа. Гагцхүү зүгээр л
“Хан-гай том”, ”Хан-гай уйлахгүй” бол дайдий (Daddy) “бөөд дэй кэйк” авч өгнө л гэж бодож яваа . . . Тиймээ! Миний “Хан-гай том” . . .
Түмэнбаярын Бум-Эрдэнийн “Сэмэрч үл барагдана” номноос
Хүү маань өнөөдөр таван нас хүрч байгаа юм. Утсаар ярьсан чинь
- Ааваа би бэлэгнүүдээ задлаад "Бийзий" (busy) байнаа гэсэн . . . Монгол нутагтаа олон олон ах дүү нарынхаа дунд анх удаа төрсөн өдрөө тэмдэглэж, маш их бэлэг авсан тул миний хүү сайхан зүүд зүүдлэн унтаж байгаа байхаа. Аав нь ч гэсэн хүүгээ "Монголдоо байгаа" гэж бодохоор сэтгэл тэнүүн явна даа. Мөдхөн хүү дээрээ очноо аав нь . . . Миний Хан-гай том-оо. . .












Бүрэн эхээрээ...
Блогоор аялсан түүх - 11
Энэ удаа би Цэцэнсод гэдэг хүний блогоор аялсаныгаа товчхон хүргье гэж бодлоо. Энэ хүний блогт орсон хэн хүн ямар ч байсан нилээд саатаж, түүгээр ч барахгүй тэдний хүндэт зочдын нэг болноо гэдэгт итгэлтэй байна. Уг блогийн эзнийг би мэдэхгүй юм. Угаас блогчид тэгтлээ нэг их бие биенийгээ мэдэх биш дээ. Гэхдээ энэ блогоос харахад энэ хүний ертөнцийг үзэх үзэл нь их гоё санагдсан. Блог болгон дээр байдаг тайлбар (уриа, үг ч гэдэг дээ) - аас нь үзэхэд л сонирхол татахгүй байхын аргагүй.
Сэтгэл минь цагаан гэхдээ будчихсан
Хүсэл минь хязгааргүй гэхдээ хүлээстэй
Дурлал минь олон гэхдээ нууцлаг
Амьдрал минь аз жаргалтай гэхдээ жүжиг . . . гэх мэтээр үргэлжлэнэ. Ер нь блогны ийм үгс тухайн блогны эзний амьдралыг үзэх үзлийн үндсэн өнгө байдаг байх гэж боддог болохоор аль ч блогт орсон эхлээд харах дуртай. За яг энэ өнгийн маш сонирхолтой бичлэгнүүдийг эндээс харж болох юм билээ. Цэцэнсод өнгөрсөн оны 7 сараас эхлэн энэ блогийг хөтөлж эхэлсэн байна лээ. Чухам ямар мэрэгжилтэй хүн болохыг мэдэхгүй ч бичиг цаас, ном зохиол талын хүн болов уу. Бас эрэгтэй хүн байх гэж бодсон. Түүний анхны бичлэгнээс авхуулаад л сонирхол татаж эхэлсэн. Ихэнх хүн блог нээснээ илтгэж, эсвэл ямар сэдлээр блог нээх болсоноо учирладаг бол энэ хүн зүгээр л хаа нэгтэй хөтөлж байсан зүйлээ энэ блог дээр үргэлжлүүлээд явж байгаа мэт мэдрэгдсэн. Тэгээд бодохоор энэ хүнд бичгийн ажил эгэл жирийн зүйл байх. (Би зөвхөн өөрийнхөө бодлоор л хэлж байгаа шүү) Түүний анхны бичлэг нь "Төөрч жаргагсдад" гэдэг нэртэй байсан. Үүн дээр "Амьдрал, цаг хугацаа болон түүний үнэ цэнэ, Үнэн-ний тухай, Шудрага гэж юу вэ, Хууль гэдэг нь" гээд маш өргөн ойлголтуудыг ердөө нэгээс хоёрхон өгүүлбэрт багтааж өөрийнхөө ойлгосоныг гаргаж ирсэн нь маш их таалагдсан. Хамгийн гол хэн нэгний уран цэцэн үгээр биш шүү дээ. За тэгээд "Байж болох л юм" гэх мэтээр бичлэгүүд нь цааш яьна. Үнэхээр нэг уншууртай. Зараа андын блогны дүрэмд байдаг шиг богинохон, ойлгомжтой, цэгцтэй бас сонирхолтой. Түүний "Үүрдийн аз жаргалдаа" гэдэг захидлыг уншихад л . . .
Сайн байна уу? Хайрт минь... гэж захиагаа эхлэмээр байвч энэ агуу эрхийг надад чи минь л өгсөн болохоор Сайн байна уу? Миний үүрдийн аз жаргал минь гэж би эхлэе дээ.
Зүрхэнд чинь дурлалын дуслыг мэдрүүлэх энэ захидлыг эрийн заяанд орогдсон их зангаа гээж агуу их гоо үзэсгэлэнгийн чинь өмнө сөхөрсөн оюун ухаандаа бус зүрх сэтгэлдээ захирагдан бичлээ . . . гээд л эхлэнэ шүү дээ. (Би үгээр нь биш ойлгосоноороо л бичиж бна)
Тэр бас шүлэг бичдэг "яруу найрагч", өгүүллэг бичдэг "зохиолч", эссэ бичдэг "судлаач" хүн юм би бодсон. Түүний бүх бүтээл, бичлэгүүдээс хүн, хүний мөн чанар, түүний дотоод сэтгэл, оюун санаа, хүмүүс хоорондын харилцаа, байгаль орчлон, түүний хамгийн сайхан мөчүүд, мөн байгаль хүний хоорондын шүтэлцээн гэх мэтийг харьцангуй дотоод мөн чанараас нь гаргаж ирдэг юм билээ. Түүний "Цасны түүх" гэдэг өгүүллэгт. Нэгэн бүсгүйн дусал нулимс явсаар хэрхэн цасан ширхэг болдог тухай, "Бурханы дүрд тоглосон нь" Шоргоолжны амьдралд хүний тус хэрэггүй үүгээрээ дамжуулаад хүн өөрөө л өөрийнхөө амьдралд хэрэг болох болохоос бурхан болох гээд хэрэггүй тухай, "Гарын үсэг" Хүний амь гэдэг ердөө л ерөнхийлөгчийн гарын үзүүрт тэр хүний сэтгэл хөдлөлийн үзүүрт хүрчихэж болох тухай гээд байдаг л нэг сэдэв юм шиг хэрнээ цаагуураа ямар их гүн гүнзгий утга яваад байгааг маш богинохон өгүүллэгт багтааж байна вэ гэж бахархмаар бичсэн байх юм. Бас Английн философич А.Ж. Аеэр гэдэг хүний Амьдралын утга учрын тухай бичсэн эссэг Бат-Эрдэнэ гэдэг хүний орчуулгаар блогтоо татаж оруулсан байсан. Тэгэхээр энэ хүний үзэл бодолтой их ойрлцоо очиж өөрөөр хэлвэл таалагдсан учраас авчирсан болов уу гэж санасан.
За тэгээд би энд бүгдийг нь ингээд бичээд байвал та нарт утгагүй болох нь мэдээж. Өөрсдөө уншиж, өөрсдийнхөө өнцгөөс ойлговол өшөө илүү амттай байх болно. Ер нь ч тэгээд би энэ булангаараа зарим нэг хүмүүсийн блогийг ерөнхийд нь санал болгодог болохоор тэр чигээр нь дүгнэж бас болохгүй. Та бүхэн цаг зав гарвал орж үзээрэй л дээ. Харамсахгүй гэдэгт итгэнэм.
Бүрэн эхээрээ...
Хуландай - 2 (Өгүүллэг)
- Хүүе! Миний хүү чинь ямар хөөрхөн болчихоо вэ гээд эмээ рүү нүдээ ирмэхийг нь би харчихав. Яагаад ч юм намайг энэ хоёр бөөстлөө гэж худлаа хуурсан юм шиг санагдангуут дотроос нэг юм огшоод гарч гүйгээд түлээн дээр очоод суулаа. Уйлахгүй гэж хичээсэн ч нулимс аяндаа гараад байв. Хонхны жин жин гэх дуунаар сая харсан чинь Хуландай нэмнээгээ навсайлгаад миний хажууд ирчихэж. Тэгээд намайг үнэрлэдгээрээ үнэрлэж байснаа уруулд нь миний халзан толгой хүрсэн бололтой огцом хойшоо болоод тургиад байгаа юм чинь. Миний уур хүрээд
- Чи хүртэл намайг шоолж байна уу? Чамд ёотон өгөхгүй мэдэв үү гэж хошуугаа унжуулан байж хэлсэн чинь “Тэгвэл явлаа” гэсэн шиг цаашаа явах гэж байна. Эмээгийн өгсөн чихэр өвөрт байсан болохоор гараа өвөрлүүгээ явуулсан чинь эргэж хараад байнаа. Горьдомхой амьтан. Тэгсэн чинь эмээ гарч ирээд мэдсээр байж
- Миний хүү юунд гадаа суугаа вэ? Эмээдээ гомдоод байгаа юм уу? гэснээ
- Миний хүүгийн дээлийн өнгөнөөс жаахан үлдсэн. Уг нь хавар хүүдээ шарваар хийж өгье гэж бодож байсан юм. Харин одоо Хуландайгийнх нь нэмнээг нөхөж өгнө шүү гэж намайг аргадав. Хуландайгийн нэмнээг нөхнө гэхээр миний сэтгэл жаахан сэргэж
- Одоо нэмнээгий нь авчих уу? Эмээ гэтэл эмээ намайг ирж үнссэнээ
- Нялх ч амьтан бол доо гэж. Одоо эмээ нь амжихгүй ээ. Орой Хуландайг саравчинд оруулчихаад аваад ир
- Тэгэхээр даарчихна шүү дээ
- Ганц шөнө гайгүй дээ. Тэгээд ч саравчинд байх юм чинь гэлээ.
Тэр орой Хуландайгийн нэмнээг авч байхдаа “Өнөө шөнө битгий хүйтрээсэй” гэж бодож байв. Эмээг хурдхан оёчихоосой гэсэн чинь лааны гэрэлд сүүтийгээд л суугаад байх юм. Хуландайгийн нэмнээг нөхөж байгаа болохоор миний уур бага зэрэг гарсан ч толгой сэрүү оргих тоолонд дотор нэг юм эвгүй оргиод л байсан юм. Би жаал хүлээлээ. Сүүлдээ орондоо ороод хэвтэж байхдаа нэг юм бодож олов. Тэгээд гадагшаа гарсан өвөөг хүлээв. Өвөө хэвтэхээсээ өмнө заавал гарч хашаа хороогоо эргэдэг юм. Ашгүй өвөө ч ороод ирлээ. Тэгээд
- Өнөө шөнө сартай, саруулхан сайхан шөнө байна гэлээ. Би ч дээлээ нөмрөөд гарах гэтэл
- Яав миний хүү?
- Би бие засаад ирье гээд гарлаа. Нээрээ бүх юм тодхон харагдаад саруулхан байв. Би хотруу хурдхан шиг очоод сэмээрхэн орж
- Хуландай гэнгүүтээ бариад автал надаас учиргүй үргэсэн. Түүний нүд аягүй айсан байсан нь сарны цагаан туяанд маш тод харагдсан. Хар нүд нь сарны туяанд хар хөх өнгөтэй харагддаг юм байна лээ. Дээл нөмөрсөн халзан толгойтой надаас айсан байх л даа. Би нөмөрч очсон дээлээ нуруун дээр нь нэмнээ шиг тохоод үхрийн сул уяаг тайлж, дээлэн дээгүүрээ олом шиг дарууллаа. Тэгэхгүй бол миний гоё дээлийг бууцан дээр унагаачихаж мэднэ. Тэгээд
- Битгий даараарай за. Эмээ маргааш чиний нэмнээг оёод дуусгачихна гэж хэлээд хоёр ёотон амруу хийж нүдийг нь зөөлхөн илчихээд гэрийн үүдэнд иртэл Халтарын хоёр нүд гялтганах нь сарны гэрэлд нойтон хоргол шиг үзэгдэв. Би ч ороод эмээг дээл асуух вий гэсэндээ юм ярилгүй шууд л орондоо орлоо. Лааны цаанаас эмээ хараад байгааг би мэдрээд л байв. Гэхдээ өнөөдөртөө эмээ надад бууж өгсөөр байгаа болохоор юм хэлсэнгүй. Өглөө сэрэнгүүтээ “Хуландай яасан бол” гэж бодоод өндийсөн чинь хөнжил дээр миний дээл байж байх юм. Би хар хурдаараа гараад хотруу өнгийсөн чинь Хуландайг яг миний дээлний өнгөтэй адилхан хөх даалимбан гадартай нэмнээгээр нэмнэсэн байлаа.
“Гоё дээлээ хотонд үлдээгээд” гээд загнах болов уу гэсэн чинь чимээгүйхэн өнгөрөв. Гэхдээ эмээгийн царайд өчигдөрийнх шиг намайг аргадсан шинж байхгүй байв. Бодвол эмээ бид хоёрын өгөө аваа тэнцсэн бололтой.
Ингээд Хуландай бид хоёр гэж хоёр бөндийсөн хөх юмнууд болов. Хуландайд өвс тавьж өгдөг байснаа больж сүүлдээ шууд өвсний хашаанд оруулдаг болов. Өөрөөр хэлвэл арын хаалгадаж байна гэсэн үг л дээ. Тэгээд заримдаа өвсөн дотор нуугдаж байгаад дөхөөд ирэхээр нь гэнэтхэн цочоож тоглоно. Хичнээн үргэж байсан ч гэсэн өдөр болохоор тэр үү эртээр шөнийнх шиг тийм айдас нүдэнд нь харагдахгүй байсан юм. Намайг өвсөн дээр тоглож байхыг өвөө хараад гэрийн үүднээс
- Дармаа чи яагаад өвс нураагаад байгаа юм бэ гэж нилээн ширүүхэн хэлээд араас нь гэрийн үүд хаагдах Пүгг! гэсэн чимээ сонсогдов. Бодвол орсон байх л даа. Би ч өлсөж байгаагаа гэнэт санаж
- За за би явж юм идлээ гэж Хуландайд хэлчихээд гэртээ орох гэж явтал эмээ өвөө хоёрын хоорондоо бөг бөг ярилцах битүү дуу дулаалгатай гэрийн гаднаас сонсогдоно. Сэмээрхэн чагналаа. Тэгсэн өвөө
- Муу золиг чинь өвс нураагаад. Энэ унагаа одоо бүр өвсний хашаанд хийчихдэг болж гэв. Би түүнийг сонсоод “Одоо орвол загнуулж мэдэх нь” гэж бодож зогстол
- За яахав ээ. Эхээсээ хол байгаа хоёр амьтан тэгэсгээд бие биенээ саатуулаад тоглож л байг. Хичнээнхэн өвс таараагаа аж. Харин ч хот хороо цэвэрлээд мөн ч их дэмтэй юм хөөрхий. Одоо удахгүй энэ хэдэн хонь хургална. Нэгдлийнх шиг олон биш ч гэсэн чи бид хоёрт цөөдөхгүй гэж хэсэг байзнаснаа
- Үгүй ээ энэ эцэг эх хоёр нь хайчдаг байнаа. Нялх амьтаныг аль халуун намраар л орхиод явсан гэхэд өвөө нь
- Харин тийм. Нэг л их ажил алба гэсэн улс яваа биз
- Арай дэндүү юм. Энэ муу хүү бүр бэтгэрцэрлээ гэв. Аав ээжийнхээ тухай яриаг сонсоод би орох гэснээ больж гэрийн хаяан дахь түлээн дээр очиж суулаа. Хэдийгээр хүйтний улирал ч гэсэн салхинд хөх саарал болтлоо хатсан банзан хашаа өдрийн наранд бүлээсч, дээд ирмэгээр нь үл ялиг зэрэглээ жирвэгнэж байхыг би гөлрөн харж байв. Гэхдээ ухаан санаа минь ээж аавыгаа л бодоод байсан юм. “Нээрээ! Над дээр яагаад ирэхгүй байгаа юм болоо? Эмээ өвөөг, бас намайг санадаггүй юм байх даа. Эсвэл надад хайргүй юм болов уу? Аль эсвэл өөр жаахан хүүхэдтэй болж байгаа юм болов уу? За яахав цагаан сараар ирэх юм гэсэн. Ирэхээр нь үнсүүлэхгүй дээ. Халимаггүй болохоор хөдөөний хөөсөн мантуу л харагдах байх даа. Тэгсэн ч гэсэн үнсүүлэхгүй дээ” гэж ууртай бодлоо. Гэтэл эмээ өвөө хоёр дахиад л бөг бөг ярилцаад эхлэв. Эмээ асууж байна
- Тэгээд яав? Чоно нохой харагдах юмуу? Эртээр орой Халтар ямар их хуцваа гэхэд өвөө нэг юм ярив. Би гэрээс бага зэрэг холдсон болохоор сонсогдсонгүй. Тэгээд ч өвөө шүдгүй болохоор пүл пүл гээд юу гэж байгаа нь мэдэгдсэнгүй. Миний тухай биш шиг болохоор сонин биш санагдав. Гэтэл тэр сонин биш гээд байсан юм маань нэг шөнө боллоо. Би нам унтаж байсан чинь л нойрон дунд эмээ
- Болохоо байлаа шүү цаана чинь. Гараарай. Халтар энэ зүүн тийшээ шуугиад явчихлаа. Босоорой гээд л их сандарсан янзтай. Дөнгөж сэрсэн болохоор би ч нэг их учрыг нь олсонгүй. Өвөө бас л сандруухан хойд авдрын хөндийгөөс буугаа аваад гарлаа. Би ч гэсэн дээлээ нөмгөн нөмрөөд гарч явтал гадаа зогсож байсан эмээ
- Миний хүү энийг аваад сайн дуу чимээ гаргаарай гээд тогооны таг, түлээний мод хоёр бариулав. Гараад ирсэн чинь таг харанхуй. Өвөө
- Тийшээгээ л байх шиг байна гээд зүүн урагшаа зааж байна. Заасан зүгрүү нь чагнасан чинь баахан ноход л харр хурр гээд уралдаад байх шиг. Өвөө буугаа цэнэглэнгээ
- Балбаад байгаарай миний хүү гэхээр нь модоороо тагаа балбаж гарав. Тэгж балбаж байхад миний ар нуруугаар нэг юм жирвэгнэн гүйж шилэн хүзүү өгсүүлэн арзаганаж байсан. Тэгээд байдгаараа
- Хүүг! Хаая! Хаая! гээд хашгирч байтал шөнийн харанхуй тэнгэрт Панн! хийх чимээ гарлаа. Миний цочсон гэж. Тэгтэл өвөө хий буудсан юм байж. Нөгөө ноход ч чимээгүй болов. Жаал харж зогстол чимээ гарсан зүгээс сүүтэг сүүтэг гээд нэг юм ирсэн нь Халтар нохой маань байв. Өвөө эмээ хоёр л
- Еэ эвий минь гэж, эвий эвий Яасан мундаг нохой вэ? гээд л Халтарыг илж эрхлүүлэв. Бид гуравыг гараад ирэхээр Халтар маань зориг орчихсон чимээ гарсан зүгрүү хуцаж давхиад л бас түүнийгээ бидэнд мэдэгдэх гээд л байсан болов ч хамаг бие дагжин чичирч байгаа нь мэдэгдэж байв. Би ч гэсэн нохойгоо өрөвдөж илхэд энд тэндээ хэсэг хэсэг нойтон таарч ямар нэг амьтанд үнгүүлсэн нь гарт тэмтрэгдэж байлаа. Гурвуул гэртээ буцаж ороод, өвөө буугаа буцааж хөндий рүү хийх зуураа
- Энэ муусайн өлөгчингүүд одоо нэг хэсэгтээ гайгүй нь ч гайгүй. Гэхдээ ер нь хотонд орж ирэх нь байна шүү. Сар шинийн дараагаар зүүн баруун хотныхонтой нийлж нэг юм бодохгүй бол болохгүй нь ээ гэхэд эмээ
- Хэлээд юу гэхэв. Хөөрхий муу Халтар хэмлүүлчихээгүй нь яамай. Бид ч амжиж гарлаа. Тэгээгүй бол тасдаад хаячихгүй юү. Хэдүүлээ ч явсан юм билээ.
- Энэ ч багацуул нь л болов уу. Харин чи яаж овоо сонсоов? Би ч бүр нэг хэсэг нам унтчихаж гэж өвөөг хэлэхэд
- Чи ч тэгээд л дэр толгой нийлээд л хурхирах юм байна шүү дээ. Би байхгүй бол яах юм бол гээд л жуумганаад дууных нь өнгө нь манай ээж шиг ярьж уу. Манай ээж бас хааяа аавд нялуурахаараа тэгж сонин ярьдаг юм. Яг тэрэн шиг. Би аягүй гайхсан. Тэгсэн чинь эмээ
- Алив хө. Чи зэлгийн цай уухгүй юм уу? Гал унтарчихаагүй болохоор арай хөрөөгүй байна гээд хийж өгөх зуураа намайг харж
- Миний хүү ч гэсэн сайн дуу чимээ гаргалаа. Тэгээгүй бол ч чоно гэдэг ч барагтай юмнаас айхгүй шүү. За одоо унт унт гэлээ. Миний айдас одоо хүртэл сайн гараагүй байсан болохоор чимээгүй л байлаа. Тэр шөнөөс хойш юм л бол чоно гэсэн яриа өвөө эмээгээс болон манайхаар бууж мордогсдын амнаас салахгүй болов.
Хүсэн хүлээсэн цагаан сар ирлээ. Битүүний өдөр манай аав ээж хоёр ирэв. Би Хуландайгаа өвсний хашаанд оруулж байхдаа хашааны гадаа ирсэн машинаас аав ээж хоёр бууж байхыг хараад бушуухан гүйж очмоор санагдсан ч ирээгүй удсаныг нь бодохоор уур ч хүрэх шиг. Тэгээд зөөлхөн алхсаар очоод эмээгийнхээ хажуугаас хөдөлсөнгүй. Ээж намайг харангуутаа инээд алдан, хоёр гараа алдлаад
- Миний хүү! гээд дуудахад нь гүймээр байсан ч миний хөл урагшаа явсангүй. Харин бүүр эмээрүүгээ шигдэв. Эмээ намайг араас зөөлхөн түлхэж
- Ээждээ очооч миний хүү гэхээр нь “эмээг бодоод” за яахав дээ гэсэн шиг ганц нэг сажлаад хоёуланд нь хурдхан нэг нэг үнсүүлчихээд буцаад гүйчихэв. Уг нь би тэврүүлээд л зогсоод баймаар байсан. Гэхдээ би тэгээгүй. Эд нар чинь өөрсдөө ирэхгүй удсан юм чинь яах вэ дээ. Аав тэгсэн чинь
- Миний хүү үсээ авхуулаад ямар хөөрхөн болоо вэ гэж үү. Би дотроо “Халимагтайгаа байсан бол бүр гоё байх байсан юм” гэж бодож байсан болохоор дургүйхэн
- Хнг! гэчихээд эмээрүүгээ харсан чинь эмээ намайг шоолж байгаа ч юм шиг царай гаргаснаа
- Бид хоёр одоо авхуулчихаад намар сургуульд ортолоо халимгаа ургуулна гэж тохирсон юм тэ? гэхдээ тэр шоолсон нүд нь байгаад л байсан юм. Яг инээдээ бариад тэсээд байгаа юм шиг. Гэсэн ч би эмээгийнхээ дэргэдээс холдохгүй л байв. Уг нь тэр хоёр дээрээ очмоор л байсан. Ялангуяа ээж дээр. Миний ээж их хөөрхөн. Гоё инээдэг. Түрүүн ганцхан үнсүүлэхэд л эмээгээс гоё үнэртэй байгаа юм чинь. Тэгсэн ч гэсэн би очихгүй. Тэр байтугай эмээ тэр хоёрыг “Хүү дээрээ ирсэнгүй” гэж загнаасай гэж бодож байлаа. Тэр орой унтах болсон чинь ээж
- Миний хүү ээжтэйгээ унтахгүй юм уу? гэхээр нь би
- Үгүй. Эмээтэйгээ унтана гээд эмээгийн оронд ороод хэвтчихсэн. Ирэхгүй удсан болохоор нь айлгаж байгаа юм. Тэгсэн чинь тэд нар “Хөөрхий гэрэвшээд байна” гээд байгаа юм даа. Томчуул унтахгүй лааны гэрэлд хоорондоо дүнгэр дүнгэр юм яриад л. Би унтсан дүр үзүүлээд хэвтэж байхдаа нүднийхээ завсраар аав ээж хоёрыгоо хараад л байсан. “Манай ээж их гоё. Хав хар нүдтэй. Аав ч гэсэн цав цагаан шүд гаргаад л инээдэг юм. Би бүр жаахан байхдаа аавын нуруун дээр үсрээд л гарчихдагсан. Аав морь болоод мөлхөнө. Ээж ч гэсэн миний хүзүү хоолойг үнсэхдээ Пурр!пурр! гээд үлээхээр аягүй их инээдэг байж. Одоо ч гэсэн би гэтэж очоод аавын нуруун дээр гэнэтхэн үсрээд гармаар л байна. Даана ч эд нар намайг “Энэ зөнөг чинь одоо аавыгаа алах нь уу” гээд л зэрэг зэрэг дуу алдах биз. Тэгээд бодохоор би дахиад хэзээ ч аавын нуруун дээр сууж, ээж миний хүзүүг багынх шиг тэгж үнсэхгүй юм болов уу. . . миний нүд анилдаад унтах нь ээ. Одоо босоод ээж дээрээ очих гэхээр нэг л эвгүй. За за унтаж байхад ирээд авчих биз. Жаахан байхад тэгдэг л байсан юм чинь. Маргааш энэ хоёрт юу хийж чаддагаа үзүүлнэ дээ” гэж бодсоор би нам унтсан байлаа. Харин өглөө сэрсэн чинь би эмээгийнхээ өвөрт л байж байлаа. Ёстой гомдмоор. Гэсэн ч шинийн нэгний өглөө байсан болохоор “Амар сайн уу” гэж хүн хүнтэй золгосоор гомдол маань нэг хэсэг мартагнав. Аав ээждээ юу чаддагаа үзүүлэхээр өдөрт хийдэг ажлаа маш эрчтэй хийлээ. Би Хуландайгаа, саравчаа, өвсний хашаагаа тэр хоёрт үзүүлмээр байсан ч нэгд урд шөнө намайг аваагүй, хоёрт шинэлээчид ирээд тэдэнд зав гарахгүй байв. Тэр өдөр Хуландай ёотонгоор, Халтар нохой хоолоор, би буузаар ёстой нэг цадав. Тэгсээр байтал орой болж унтацгаах болсон чинь нөгөө гомдол сэргээд ирлээ. Ээж
- Миний хүү өнөөдөр ээжтэйгээ унтана биз дээ гэхээр нь
- Үгүй. Би эмээтэйгээ унтана гэсэн чинь эмээ
- Юу гэж байгаа юм бэ энэ чинь. Ээж аав хоёр нь маргааш өглөө эрт явах гэж байхад чинь гэв. “Нээрээ тийм шүү дээ” гэж бодогдсон ч “Маргааш явах юм бол өнөө шөнө намайг авч л таараа” гэж бас бодогдоод
- Үгүй ээ би эмээтэйгээ унтана гээд эмээгийн орлуу орлоо. Тэгсэн чинь аав
- Хүүхэд ингээд нэг л өдөр том болчихдог юмаа бас гээд байгаа юм даа. Энэ чинь нэг л өдөр биш шүү дээ. Тийм биз дээ. Би зөндөө л хүлээсэндэг.
Нэг мэдсэн чинь өглөө болчихож. Би бас л эмээгийнхээ оронд байж байв. Би ухасхийн гүйж гарснаа очих газар олддоггүй. Хий дэмий л Хуландайруугаа очлоо. “Өөдгүй. Хүүхэддээ хайргүй яасан өөдгүй юм. Аав ээж хоёр намайг дахиад хэзээ ч хайрлахгүй юм байх өө” гэсэн бодол эргэлдээд болдоггүй. Тэндээ удсан уу үгүй юү бүү мэд нэг мэдсэн чинь
- Дармаа миний хүү хаана байнаа? Ээж аав хоёр нь явах боллоо гээд эмээ дуудлаа. “Явж л байна биз” гэж тунирхаснаа “Нээрээ! Энэ чинь юу билээ. Эрт явна гээд байсан. Одоо явах болчихсон юм байхдаа” гэж бодоод сандарсаар иртэл тэд аль хэдийн машиндаа суухад бэлэн болчихсон намайг хайж байв. Ээж
- Миний хүү хаачиваа? Аав ээж хоёр нь эртхэн явахгүй бол болохгүй нь за. Миний хүү ийм том болчихсон юм чинь дараа иртэл дажгүй биз дээ. За баяртай гээд намайг үнсэв. Би “Өшөө жаахан удаан үнсээсэй” гэж бодов. Хүзүүгээр нь тэвэрмээр л байсан. Гэвч би “том эр” болсон болохоороо болилоо. Аав миний толгойг илж
- Миний хүү мундаг эр болжээ. Аав нь дараа ирэхдээ хүүдээ яг таарсан бакаль авчирч өгнөө гээд толгой дээр нэг үнэрлчихээд машиндаа сууцгаачихав. Надад тэдний ийм хурдан явах гэж байгаа нь нэг л худлаа юм шиг санагдаад байсан. Гэтэл үнэхээр үнэн байжээ. Эмээ сүү өргөөд, өвөө нударгаараа даллаад бүр яг шүү. Аав ээж хоёрыгоо явж байгаад би сая л нэг бүрэн итгэж, аль түрүүн хашаа тойрсон машины араас хамгийн хурднаараа гүйлээ. Тэгтэл машин тэртээ баруун хамар дээгүүр арынхаа жижигхэн цонхыг наранд гялтагнуулаад давж байв. Ингээд нээрэнгээсээ явчихлаа гэж бодохоор миний нүднээс хар аяндаа нулимс гараад ирэв. Би “том эр” болсон болохоороо том хүн шиг чимээгүй уйлах гэж амаа байдгаараа жимийгээд, хичээгээд байсан ч нулимс бөөн бөөнөөрөө гараад, дотроос нэг юм түлхээд байв. Яг тэгээд тэсэж ядаж байтал хэдийдээ ч юм эмээ миний ард ирчихсэн
- Миний хүү эмээ дээ ирдээ гээд нэг их зөөлөн дуугарсан чинь би тэсэхгүй эмээгийнхээ элгэнд нүүрээ нааж байгаад
- Ийн! ийн! ийн! . . . гээд бүр чанга уйлаад л байв, уйлаад л байв. Эмээ миний халзан толгойг илж
- Одоо миний хүү битгий уйлдаа. Тэрийг хараа! Шинэлээчид ирж байна. Ингэсгээд миний хүү өвөөтэйгөө айлаар явж шинэлээд бэлэг цуглуулаарай. Эмээ нь хүүдээ ихээ том цагаан уут бэлдчихсэн байгаа гэлээ. Би гарынхаа араар нулимсаа арчаад “За” гэж хэлэх гэсэн чинь ойр ойрхон ихэр татаад болдоггүй. Арай гэж нэг юм шүлсээ үсчүүлэн байж
- За гэж аажуухан хэлчихээд араас нь ахиад эхэр татлаа. Эмээ тонгойж толгой дээр нэг үнэрлээд
- Эмээ нь гал дээр хоол тавьчихсан. Орохгүй бол горьгүй нь. Хүмүүс ч ирлээ гээд гэрлүүгээ яаруухан явлаа. Би эргэж баруун хамрыг харав. Машин аль хэдийн алга болжээ. Харин дугуйны хос мөр хөтөл чиглээд алсарсан байв. Баруун хамрын дээгүүрх мэлийсэн хөх тэнгэрийг харж, тэндээс ямар нэг юм гараад ирэх гэж байгаа юм шиг би удаан зогсов. Нэг мэдсэн чинь жин жин гээд хажууд хонх дуугарав. Хуландай миний хажууд ирчихсэн надруу нэг сонин хараад байх шиг. Үнэндээ бол надаас ёотонгоо л горьдоод байгааг нь би мэдсэн ч яагаад ч юм намайг өрөвдөөд байгаа юм шиг харагдав. Тээр нэг өдөр Хуландайгийн ээжийг аваад явахад би түүнийг харж байсан шиг. Тэгэхэд тэр цавьдар байдсан гүү хөтлүүлсэн хэрнээ хөндөлсөөд унагаа харах гээд янцгаагаад байсан. Сая миний ээж машин дотроо эргээд арынхаа цонхоор намайг хараагүй л юм байх даа. Хэрвээ намайг хараад буугаад ирсэн бол би жинхэнээсээ хүзүүгээр нь тэвэрч, жинхэнээсээ үнсүүлэх байсан юм. Тэр ч байтугай дахиад нэг хоносон бол би ээжийнхээ өвөрт гоё үнэрийг нь үнэртээд унтах байсан юм. Том эр болсон ч гэсэн би аавынхаа нурууруу авирч тоглох байсан юм. Миний нулимс дахиад гараад ирэв. Гэхдээ би энэ удаа тэсээд үргэлжлүүлж уйлсангүй. Харин нэг их урт санаа алдав. Тэгээд баруун хамрыг биш албаар өөр тийшээ харлаа.
Хуландай намайг нудраад байна. Би өврөөсөө ёотонгоо гаргаж үзүүлчихээд буцаагаад хийсэн чинь Хуландай хошуугаа бүүр миний өвөрт хийх гээд дайраад байгаа юм даа. Миний инээд хүрээд
- Хи хи хи . . . гээд инээж гарав. Намайг инээж байхад миний нүдэнд түрүүчийн гарсан нулимс байж л байсан юм. Тэгээд инээж дуусаад дахиж нэг уртаа санаа алдаад Хуландайдаа ёотонгоо өгчихөөд хоёулаа гэрээдээ явлаа.
Үдийн хойно, маргааш нь бас нөгөөдөр нь өвөөтэйгөө ойр хавиар нутаглаж байгаа айлуудаар явж золгуут хийв. Өвөө маань золгуутаас гадна чоно нохойны тухай л их нухацтай ярих болов. Цагаан сарын дараагаар л тэд нар бөөндөө явж ан хийх юм шиг яриад л байсан. Би ч айлын ганц нэг хүүхэдтэй тоглочих санаатай нэг их анзаараагүй. Тэгээд л дараагийн айл руу явна. Айлуудын өгсөн бэлгийг эмээгээс авсан уутандаа хийж ганзагандаа даруулчихаад явж байх ч бас гоё юм билээ. Гэртээ ирээд бэлгээ янзлана. Ёотонгуудыг Хуландайдаа хадгалав. Хатуу чихрээ нэг дор, зөөлөн чихрээ өөртөө харин боов, тос, өрөм ааруулаа эмээдээ өгсөн.
Цагаан сарын дараагаар цаг илт дулаарч сайхан боллоо. Ээж аавыгаа нэг хэсэг аягүй их санав. Юм л бол гадаа гараад гөлрөөд суучихна. Тэгтэл ч эхний хонь хургалаад намайг уйдаж суух завгүй болгов. Олон хонины хургыг хооронд нь ялгах гэж эмээ бид хоёр сүйд болноо. Сүүлдээ эх, хурга хоёрын үсэнд ижил өнгийн нарийхан даавуу уяж ялгадаг болсон. Өвөө маань хэд хэдэн хүнтэй нийлж чонын аванд явсан. Хэдэн ч гэнэв дээ чоно алсан л гэсэн. Ганцыг ч гэртээ авчраагүй юм.
Өдөр ирэх тусам энд тэндгүй цас ханзраад, довон толгой харлаж байснаа сүүлдээ энд тэндхийн суваг шуудуунд л хөр цас харлаж үлдээд бусад нь үндсэндээ хайлав. Манайх хоёр морио шөнөдөө чөдөрлөөд тавьчихдаг болов. Үхэр мал ч гадуур хоноод. Ер нь манайх хаваржаа руугаа нүүх тухай яригдаж байсан үе. Хуландайг ч гэсэн саравчинд оруулахаа байж, хоёр морь бараадаж хоночихоод өглөө намайг дуудахаар хонхоо дугаргаад л шогшоод ирнэ.
Өнөөдөр хүрэн гунжаа тугална гээд аваад үлдсэн. Манай эмээ тугалах үнээг хэзээ тугалахыг нь яг мэддэг юм. Хүрэн гунж хашаан дотор хэвтэж босоод л . . . Би яахав дээ яаж тугалахыг нь харах гээд байсан чинь эмээ
- Миний хүү битгий хараад бай. Хараад байхаар залуу гунжин үнээ тугалж чаддаггүй юм гэхээр нь би түлээн дээр “Өнөө орой уураг иднэ дээ” гэж бодож суув. Би ер нь янз янзын юм их боддог юм. Амбаарын дээврээс хайлсан цасны шар ус яг нэг газраа чол чол гэж дусах нь нэг л уйтгартай. Дуссан ус цацарч амбаарын доод буланг норгоно. Өдрийн бүлээнд би үстэй дээлэндээ халууцан үүрэглэх янзтай болж байв. Хуландай яахав дээ хэзээний миний хажууд шургааган хашаа шөргөөгөөд л. Шургааган хашаа чинь ёрдгор ёрдгор нарийхан яртай. Нэг харсан чинь Хуландайгийн хонхны дээсэн хүзүүвч нэг шовгор яранд гогдчихоор нь салгах санаатай очтол ухасгээд дээс нь тасраад шар ногоон гуулин хонх хашааны ёроолд торр гээд бөөрөөрөө уначихав. Тэгтэл гэнэтхэн эмээ
- Хүүе! Миний хүү гүйгээрэй. Хүрэн гунж нь хагаа идэхчих вий гэхээр нь би саравч руу чавхадлаа. Хүрэн гунжны доор хөөрхөн алаг тугал аль хэдийн гарчихсан, нойтон биен дээр нь бууц наалдчихсан алцганаад зогсож байв. Эх нь тугалаа долоох хэрнээ бас бөгснөөсөө унжих хагаа идэх гээд эргэлдэнэ. Хагаа идчихвэл сүү нь мууддаг гэж ярьдаг тул хагийг нь сахиж байгаад л авахгүй бол болохгүй. Би хүлээж байгаад хаг нь унангуут аваад гадаах хашаан дээр тохлоо. Эмээ уурагнаас нь жаахан сааж авах, шинэ тугалаа амлуулах гэсээр байтал хонь хурга гээд оройны ажил залгав. Нар ч юу юугүй хэвийгээд жаргалаа. Өвөө морьдоо чөдөрлөөд орж ирэв. Шинэ тугалаа гэртээ оруулсан тул би баахан тоглов. Хөөрхөн алаг юм. Нүүрээ ойртуулахаар
- Мнн! Мнн! гээд юм, юм үнэрлээд хөөрхөн. Хааяа миний нүүрийг долоогоод хаяна. Жижигхэн мөртлөө бэржгэр хэлтэй. Тэгэсхийж байгаад тугал ч унтаад өгөв. Эмээ гурилтай шөл хийгээд гурвуулаа зуухныхаа гурван талд шорр шорр хийлгэн шожигнотол сорсоор байгаад унтацгаалаа. Нэг сэрсэн чинь л
- Яадаг билээ таминь ээ! Еэ хангай дэлхий минь гэж. Юу болох нь энэ вэ. Яваарай, гүйгээрэй сүйд боллоо гээд л эмээ гадаа хашгираад байна. Өвөө ч тэр, би ч тэр ухасхийгээд чихцэлдээд гарлаа. Нар дөнгөж мандаж байв. Эмээ зүүн урагшаа нарны доогуур заагаад л чарлаад байна. Өвөө ч гэсэн нэг юм харав бололтой
- Еэ заяа нь дэлгэр! Хувхай хар өлөгчингүүдийг дээ гээд маажигнаад харайлаа. Өлөгчин гэхийг сонсоод миний толгойд чоно санаанд орж ар дагзруу зарсхийсэн ч өвөөг дагаад л юу байгааг нь мэдэхгүй байж л хар хурдаараа гүйлээ. Гүйж явахдаа харсан чинь тэртээ зүүн хамрын үзүүрт хоёр морь хоорондоо бараг наалдчихаа юу гэмээр харагдана. Гүйсээр байгаад өвөөгийн хажуугаар гартал өвөө
- Гүйгээрэй миний хүү. Бүр барьчихаж уу, яаж вэ гэх хүртэл би ухаарахгүй байв. Морьдоос нилээн наах нь хонхордуу газар нэг хөх юм, түүнээс нилээн наана жижигхэн хар юм хэвтэнэ. Би гүйгээд л байлаа. Тэгтэл манай Халтар нохой энд тэндгүй цус болчихсон хэвтэнэ. Гэхдээ амьд бололтой хөдөлж байна. Тэгээд цаашаа хараад би бараг өөрийн ухаанаа алдлаа. Тэр хөх юм нь Хуландай байв. Би
- Хуландай, Хуландай гээд байдгаараа хашгираад цаашаа гүйлээ. Дөхөх тусам, хэвтэж байгаа тэр хөх юм Хуландай болж харагдахад миний хөл удааширч, сөхөрч унамаар болж байв. Гүйлтэн дунд газар дэлхий болон нүдэнд харагдаж буй бүхэн овогнон хөдөлж байх шиг санагдав. Гүйсээр байгаад иртэл миний Хуландай цустайгаа хутгалдчихсан хэвтэж байв. “Ёстой муухай амьтад. Очиж очиж хамгийн жааханыг нь барьж байхдаа яадгийн” гэж бодонгуут хоёр нүд нулимсаар дүүрч би өөрийн эрхгүй уйллаа. Тэгээд уйлж байхдаа нулимсаа арчин арчин яг үхсэн гэхэд итгэх гэж удаан харав. Надаас ёотон авч иддэг ам нь шазайгаад шороо орчихож. Нүд нь их өрөвдөмөөр. Үнэхээр айжээ. Тэр нэг орой дээл нөмөргөх гээд очиход айсан нүдээр намайг харсан шиг яг тийм нүд тэр чигтээ үлдсэн байв. Яасан их айгаа бол. Аягүй бол намайг үгүйлсэндээ. Өвөө ирээд ногт, нэмнээг нь авах хүртэл Хуландай надад амьд юм шиг л санагдаад байв. Тэгтэл өвөө
- Газрын баримжааг харахад хөөрхий минь гэрээдээ л зугтсан бололтой гэнгүүт би бүр эхэр татаж уйлав. Тэгтэл өвөө
- Үгүй ээ энэ хонх нь яагаа вэ? гээд эргэн тойрноо харахад нь би гэнэтхэн санаж
- Өчигдөр уяа нь тасраад уначихсан. . . гээд уйлахад
- Тэгээд миний хүү хэлэхгүй даана ч яав даа. Хонхгүй болоод л . . . гэснээ намайг хараад цааш нь юм хэлсэнгүй өөртөө нааж тэвэрсэнээ
- За одоо яахав миний хүү битгий уйл. Амьдрал гэдэг чинь заримдаа ийм хатуу байдаг юм гэж намайг ойлгох юм шиг том хүний үг хэлсэнээ
- Энэ жил зөндөө унага гарна миний хүү нэгийг нь аваарай гэв. Гэхдээ тэр үг намайг тайвшруулаагүй. Өвөө цаашаа морьдруугаа явлаа. Хуландайгаа хартал нэмнээний ормоор үс нь шалчийтал дарагдчихаж. Харин бусад үс, дэл сүүл нь өглөөний жавартай салхинд үе үе сэвэг сэвэг хөдлөөд яг л амьд юм шиг. Би нэмнээгээ чирээд явж байхдаа “Би ёотонгоо өгөхгүй түүнийг хуурдаг шиг үхсэн болж намайг хуураад, араас гэнэтхэн босоод ирэх юм шиг санагдан эргэн эргэн харсаар явав. Эргээд Халтар нохой дээр иртэл эмээ аль хэдийн миний үхрийн баас зөөдөг адсагыг чирээд ирчэхсэн байв. Тэгээд намайг тэврээд
- За миний хүү битгий уйл. Цугаараа л малаа сайн харж чадсангүй ийм юм боллоо. Одоо энэ муу нохойгоо эмнэхгүй бол болохгүй. Аягүй бол үхэж мэднэ. Хурдхан гэрлүү аваачъя гэлээ. Нээрээ л Халтар нохойны хамаг бие нь салганан чичирч байсан юм. Бараг долоо хоног өөрийгөө долоож хэвтсэн байх. Тэгсээр байгаад нэг юм боссондоо. Сайн нохой шүү. Харин миний хувьд Хуландайгүйгээр өдөр хоног өнгөрөөх гэдэг ямар хэцүү байсан гээч. Ялангуяа хөдөө хээр нүдэн барааны газар Хуландайгийн маань амьгүй бие нь хэвтэж байхыг өдөр болгон харна гэдэг үнэхээр хүнд байв. Хонх нь тасраад унасаныг мэдсээр байж мартчихсан миний буруугаас болж л Хуландай маань үхчихлээ гэдгийг өвөөгийн ярианаас ойлгосон. Өвөө эмээ хоёр намайг загнаагүй л дээ. Харин би өөрөө өөрийгөө зэмлэж, өөртөө гутарч байлаа. Өвөртөө байгаа ёотонгоо тэмтрэн тэмтрэн урт, урт санаа алдан суухыг минь эмээ маань л их анзаардаг байсан байх. Байсхийгээд л ирж толгойг минь илэн үнсдэг юм. Сайн морийг үхэхээр толгойг нь авч овоо тахидаг гэж би сонссон байсан учраас өвөөгөөсөө би хичнээн гуйгаад өвөө зөвшөөрөөгүй юм. Би тэгэхэд өвөөд их гомдож билээ. Тэгээд нэг их удалгүй манайх хаваржааруугаа нүүсэн. Тэр хавар, бүр тэр хавраас хойш намайг дунд сургуулиа төгстөл маш олон хавар хөөрхөн, хөөрхөн унага, тугал, хурга ишиг төллөж байсан боловч миний сэтгэлд Хуландай шиг тэгж их хайрлагдаж байгаагүй юм. Харин дараа нь тэр жижигхэн хонхорыг нутгийн олон “Хуландайгийн хонхор” гэдэг болсон юм. Хожим бүүр намайг том болсон хойно хүртэл нутгийн улсууд “Манайхны мал өвөлжөөний урд руу Хуландайгийн хонхорын тэрээд байна лээ” гэж ирээд ярьдаг болчихсон байсан. Би сүүлд аравдугаар ангиа төгсөөд өвөөгөөсөө
- Тэгэхэд яагаад Хуландайгийн толгойгоор овоо тахиагүй юм бэ? гэж асуухад өвөө тамхиа татаж нилээн удаан суусанаа
- Хувь тавилан гэж нэг юм байдаг юм даа хүү минь гэж билээ. Тэрнээс өөр олон юм хэлээгүй. Бодвол намайг өөрөө ялгаж салган тунгааг гэсэн байх. Хуландайд тийм сайн адууны хувь тавилан нь байгаагүй юм байхаа даа гэж би ойлгосон. Гэхдээ миний сэтгэлд мөнхөд хадгалагдан үлдэх хувь тавилан Хуландайд маань байсан юмаа . . .
Би бодолдоо болоод усаа цэл хүйтэн болтол хэвтчихэж. “Ерөөсөө гаръя. Юу боллоо гэж ямар гавьяа байгуулсан гэж би ингэж хэвтэх билээ. Явж муу Өнөрөөгөө олж ирье. Хөөрхий минь намайг ирээд авчих болов уу гээд бүтэн сар хүлээж суугаа ч юм билүү. Яахав би унжгардуу, зөөлхөн л хүн байгаа биз. Миний энэ зөн билэг хаанаас ирсэн нь яахав. Ямартай ч гэсэн би л энэ амьдралынхаа төлөө, өөрт оногдсон хувь тавилангийнхаа төлөө явах л ёстой юм шиг санагдчихлаа . . .
Бүрэн эхээрээ...
Хуландай - 1 (Өгүүллэг)
- Ямар ч арчаагүй, овсгоо самбаагүй, арчаагүй, унжгар ноомой, ном гөлөрч цаас эрээчихээс өөр шидгүй гэж байснаа бүр уур нь хүрч, аргаа барсан даа үг нь давхцаад
- Гутрангүй үзэлтэй, аймхай нүдтэй, нэг л их уян зөөлөн, өрөвч сэтгэл. Чиний тэрүүгээр хорвоо ер нь дутав л гэж гэсээр хамаг юмаа аван гарч одсон юм. Нойтон биеэ арчиж зогсохдоо угаалгын өрөөний толинд өөрийгөө харлаа. Хэдийгээр надад ямар нэгэн гаж согог байхгүй ч яагаад ч юм “Өнөрөө маань ийм хүнээс даажин холдолгүй ч яахав дээ” гэж бодлоо. Учир нь надаас ямар нэгэн цог золбоо, гэрэл гэгээ цацарч байсангүй. Байдаг л нэг ноомой шар залуу. Хамаг бие тавираад, арьс хүртэл нялхарчихсан юм шиг санагдана. “Сайндаа ч биш байх л даа. Усанд хийсэн юм болгон л дэвтдэг шүү дээ. Миний арьс байтугай хатсан ааруул хүртэл дэвтчихсэн л байдаг” гэж бодогдов. “Яг л ингэж юм бүхэнд ханддаг нь миний дутагдал юм байх. Тэгэхээр буцаад усандаа орж хэвтэнээ. Угаас ямар яаруу сандар уу ажил байх биш” гэж санан эргээд усандаа орлоо. Ус жаахан хөрөх тийшээ хандсан байсан тул халуун ус нэмэв. Үнэндээ бол тансаглаж байгаа ч юм биш өөрөө өөртэйгөө тэмцэлдэж байгаа царай нь энэ. “Яагаад би ингэж байгаа байдалдаа өөрийгөө зохицуулж ханддаг юм бол. Хувь тавилан л юм байхаа даа. Хувь тавилан гэснээс ер нь энэ хүний үндсэн зан чанар хаанаас ирдэг юм бол” гэж бодонгуут багын нэгэн явдал санаанд орж би онгоцтой усандаа бүтэн биеэрээ багтах гэж их л эв гарган хэвтээд бодолд автлаа.
Тэр жил манайх Өлтийн аманд өвөлжихөөр болов. Манайх ч юу байхав дээ манай өвөөгийнх. Миний нас сургуулийн насанд арай хүрээгүй байсан ч би “сургуульд орчих юмсан” гэж хүсээд, хүсээд ээж аавыгаа дийлээгүй юм. Уг нь бол нас дутуу хүүхдүүд орчихдог л юм билээ л дээ. Гэтэл манай өвөө эмээ хоёр аав ээжтэй ярьсаар байгаад намайг үлдээхээр болчихов.
Өлтийн өвөлжөө гэдэг нь Тожил хайрханы урд өвөрт, баруун зүүн талаараа хоёр нүцгэн цагаан хамартай зүүн урагшаа харсан мухар ам л даа. Яг л өвөлжөө байхад зохицсон нутаг. Өвөлжөөнд буучихаар эхэн үедээ хүүхэд бидэнд өтөг бууцаа л янзалсан болчихвол өөр нэг их сүйдтэй ажил байхгүй. Цас тэгтлээ их лавшаагүй, хааяа нэг хялмайлчихаад л байсан болохоор малын хоншоор хатгах юм ихтэй тул одоохондоо хотонд мал үлдээгүй байгаа юм. Шөнөдөө зэврүүн хүйтэн ч өдрийн ээвэр нар хэсэгхэн хугацаанд ч болов туссан газраа бүлээтгэж байсан тийм нэг налгар өдөр би гэрийн баруун хаяанд Халтар гэдэг нохойгоо илсэн шиг юухан ч юм амандаа яриад сууж байлаа. Би ер нь ганцаараа их ярьдаг юм л даа. За тэгээд өөр надтай хэн ч тоож ярих билээ. Ганц хань болдог нь л энэ нохой. Гэтэл баруун хамар дээгүүр хөтөлгөө морьтой хүн гараад ирлээ. Морьдынх нь хамраас уур савсаж харагдана. Хааяа нэг хүн ирэхээр их гоё шүү дээ. Би түүнийг харж сууснаа гэнэт ухаан орсон юм шиг
- Өвөө! Өвөө! Манайд хүн ирлээ гэтэл гэр дотроос
- Хаанаас вэ? Хүүхээ
- Баруунтайгаас
- Ирж л байг дээ. Хэн юм бол доо гэснээ эмээ рүү
- Цай халуун уу? гэж байгаа нь бүдэгхэн дуулдав.
- Морь хөтөлсөн морьтой хүн байна гэж хашигарах шахам хэлэхэд
- Аан! Ойртохоороо танигдана биз дээ гэлээ.
Сайн хараад байсан чинь хөтөлгөө мориных нь чанх хойно нь нэг унага дагаад явна. Надад илүүлж хэвтсэн Халтар нохой гэнэтхэн хараад, мэдэлгүй ойртуулчихсандаа сандарсан юм аятай харр! хурр! гэж хуцаад л байдгаараа чавхадлаа. Хаалга пүгг! хийн хаагдах нь сонсогдоход эргэж харвал, гэрээс гарч ирсэн өвөөтэй хамт хэсэгхэн цагаан уур тэрүүхэндээ сэвсхийн гадагшилсанаа намжлаа. Өдрийн нар тусаж байсан болохоор тэгж багахан савссан байх. Өвөө надруу гайхангуйгаар
- Үгүй ээ! Миний хүү юу хийж суугаа юм бэ? Хүн ирж байхад нохойгоо хориоч гэхэд би сая л ойлгон сэхээ авч, үстэй дээлэндээ түүртэн гүйж зочныг тослоо. Ирсэн хүн нь Шагдай ах байв. Манай нутгийнхан эрүү Шагдар гэдэг юм. Намайг
- Халтаар Халтар гэж дуудахад шалбиг шалбиг гээд л сүүлээрээ хоёр хонгоо ороолгосоор ирэв. Эрхлэхээрээ тэгдэг юм. Гэтэл Шагдай ах
- Хүүе! Манай Дармаа чинь ямар эрт дулаалаа вэ? Одоо үстэй дээлээ өмсчихөөр идэр ес эхлэхээр яах болж байнаа гээд толгойг минь илэхэд
- Эмээ л өмс, өмс гээд . . .
- Аан! Эмээ өмс гэсэн бол өмсөхөөс яахав. Тэгээд ч удахгүй цас унана. “Өвөл арай болоогүй байхад яах юм” гэж би эмээдээ хэлсэн л юм л даа. Гэтэл эмээ өмс гээд өмсүүлчихсэн болохоор би Шагдай ахаас жаахан ичив. Гэхдээ миний ичмэглэл нэг их удсангүй. Учир нь түүнийг хөтөлж ирсэн унагатай гүү анхаарал татсанаас тэр. Энэ цавьдар зүсмийн байдсан гүү бол өнгөрсөн намар өвөөгийн авцаанд ирсэн бөгөөд ирсэн даруйдаа унагалаад манайх нэг хөөрхөн хэнз унагатай болсон юм л даа. Намар цагт ихэнхи төл томорчихсон байдаг болохоор энэ унага шиг хөөрхөн амьтан манай намаржаанд байгаагүй. Тэгээд нэг их удалгүй гүүгээ тавьсан учир адуу дагаад явчихсан юм. Түүнээс хойш сар гаруй өнгөрөөд танигдахгүй шахам болж. Гэтэл өнөөдөр хөтлөөд ирдэг. Би унагыг харчих санаатай уяатай байдасны урдуур тойртол унага толгой сүүлээ хөөрхөн хөдөлгөөд эхийнхээ нөгөө талд гарчих юм. Дагаад тойрохоор дахиад л нөгөө талд нь гарчихна. Эх нь бас унагаа харамнаад байгаа юм уу эсвэл надаас үргээд байгаа юм уу ширвэгнээд л
- Хнг! хнг! хнг! . . . гээд л адуу яг янцгаахынхаа өмнө дуугардаг шиг хоолойгоо дуугаргаад л дороо эрэгцэв. Би явган суугаад эхийнх нь доогуур хартал ер хар авсан шинжгүй хэсэг зогссоноо буржгардуу долгионтой сүүлээ хөдөлгөн эхийгээ хөхлөө. Би жаал харж сууснаа гэнэт “Энэ унагыг надад өгөх гэж байгаа юм биш байгаа” гэж санагдаад баярласандаа гэрээдээ хар хурдаараа пид пад хийн гүйж ороод
- Өвөө! Энэ чинь манай хэнз унага байна шүү дээ гэж цангинууллаа. Тэгтэл Шагдай ах
- Чи хө! Энэ унагыг онд оруулж дөнгөнө биз? гэж асуулаа.
- Нээрээ юү! Чадна, чадна гэж баярлаж хөөрсөндөө үгээ давхацуулан байж хэлэхэд өвөө
- Энэ гэж нэг уйдсан амьтанд л сайн юм болж дээ. Харин эхийг нь үлдээх арга алга. Гадаа чөдрийн хоёр морь бий. За тэгээд хэдэн үхэр байна. Цаг чангарвал түшүүлж ч мэднэ. Тэгэхээр эх нь бас л нэг эрүүний нэмэр гэхэд Шагдай ах
- Бараг тийм ч байхаа даа. Үнэн дээ бол ганц унага нааш нь авчрах гэж төвөгтэй гэж бодоод эхийг нь хөтөлсөн юм. За за Чойжоо гуай би ч ингэсгээд хөдлөхгүй бол горьгүй нь. Одоо ч цагаан гэгээ яагаа ч үгүй тасардаг болчихлоо гэхэд өвөө
- Хэлээд юү гэхэв. Одоо ч ер нь дөхлөө дөө гэлээ. Бодвол өвлийг хэлж байгаа бололтой. Шагдай ах малгайгаа өмсөх зуураа
- Танай үүгээр чинь саарал нохой гүйгээд байх болжээ дээ. Гайгүй л байдагсан.
- Их гайгүй байдгийн. Энэ жилээс ганц нэгээрээ харагдаад байх болчихоод байгаа юм
- Ганц нэгээр ч тогтохгүй ээ. Наашаа ирж явахад замд нилээн хэдэн мөр таарсан шүү. Ээ дээ болгоомжтой л байхгүй бол ч цаг ширүүсэхээр хэцүү шүү гэсээр бослоо.
Шагдай ах байдсан гүүг хөтлөн хашаа руу ортол хул унага ийш тийш хэд сортолзсоноо эхийгээ даган оров. Шагдай ах надруу нүд ирмэж
- За унагаа бариад үлдээрэй гэснээ гэнэт юм санасан юм шиг
- Энэ Дармаа чинь сургуульд орох болоогүй билүү гэхэд өвөө
- Ирэх жил орох байх гэхэд гэрийн үүдэнд юухан ч юм хийж байсан эмээ
- Миний хүү чинь энэ жил эмээ өвөө хоёртоо хань бараа болж байгаа том хүн байхгүй юу гэв. Шагдай ах унагыг хүзүүдэж аваад өвөөгийн барьж ирсэн ногтоор ногтлов. Толгойдоо ногт углахад хойшоо цахлан ярдаглав. Өвөө харж зогссоноо
- Зөв хө. Адууны хүүхэд . . . гэж өхөөрдөв. За тэгээд Шагдай ах байдсан гүүгээ хөтлөөд баруун хамрыг чиглэн явахад байдсан гүү явуут дундаа хангинатал янцгаан, цулбуураа дугтчин хөтөлгөөтэй хэрнээ хөндөлсөнө. Бодвол унагаа үлдчихээр тэгсэн байх. Хариуд нь унага хашаан дотор яаж ч чадахгүй хий дэмий л нааш цаашаа давхин, сүүлээ шарвагнуулж, хоолойгоо жингэнүүлэн янцгаах нь нэг л өрөвдмөөр.
- Яагаад энэ хоёрыг салгаж байгаа юм бэ? гэж намайг асуухад Өвөө
- Адуу маань цаашаа оторт явах болоо доо. Энэ муу нялх амьтан яаж томчуулынхаа хөлийг гүйцэхэв дээ хүү минь. Тэгээд л энд үлдээж байгаа юм. Миний хүү л унагаа онд оруулна шүү дээ гэхэд эмээ
- Ишш! Эх үр хоёр салахад ямар л олиг байхав дээ зайлуул гэж амандаа үглэв.
Би унагыг дотроо ихэд өрөвдөв. Намайг ойртоход надаас үргэн цааш цахлана. Түүний нүд бүр өрөвдөмөөр. Адууны нүд тэр чигээрээ хар байдаг юм. Хүний нүд шиг цагаан хэсэг нь зовхин завсараараа харагддаггүй гэсэн үг л дээ. Тийм болохоор ч тэр үү эсвэл ээжээс нь салгачихсаныг мэдэж байгаа болохоор ч тэр үү унагыг өрөвдөж миний дотор их хачин болчихлоо. Тэгээд түүнийг илчих санаатай ойртох гэтэл үргэж зулраад надад дийлдэх шинжгүй. Эмээ маань
- Одоохондоо яахав хүү минь тэгж л байг. Яваандаа та хоёр дасах байхаа. Өвлийн хахирган цагт хүн мал хоёр улам ойртдог юм хойно гэв. Өвөө эмээ хоёр гэртээ орж, би унагаа харсаар хоцорлоо. Хараад байсан чинь бүр хөөрхөн гэж. Хөөрхөн хул хонгор зүстэй, долгиолсон дэл сүүлтэй, хэдийгээр жаахан ч гэсэн хүйтэн улирал ирж байгаа болохоор үс нь бөмбийгөөд ургачихаж. Ер нь л анх нялх байснаа бодвол сар гаран хараагүй болохоор сүрхий том болчихож. Духан дээрээ жижигхэн сартай байсан нь бараг мэдэгдэхээ байж. Тэгээд уяатай байгаа хэрнээ үе үе цахлаад л, чихээ солбиод л учиргүй догшин байгаа бололтой. Гэнэт би “Өлсөж байгаа байх” гэж санан гэрт ороод
- Унагандаа өвс өгөх үү? Өлсөж байгаа байх гэтэл эмээ
- Одоохондоо юм идэхгүй байх өө гэхэд өвөө
- Жаахан гэлтгүй адууны хүүхэд. Өнөө маргаашдаа юм үнэрлэх ч үгүй биз гэлээ.
Нээрээ л тэгсэн шүү. Би хэрэндээ л өвс ус ойртуулавч хамраа дуугаргахаас өөр яах ч үгүй байлаа. Би унагандаа ямар нэр өгье дөө гэж хэдэн өдөр бодов. Тэгээд бодож, бодож “Хуландай” гэдэг нэр өглөө. Хуландайг ирснээс хойш урд нь миний ганц хань болдог байсан халтар нохой ч сонин биш болов. Халтар нохой яахав дээ мэдэхгүй юм чинь намайг гарсан ч орсон ч сүүлээ шарвагнуулаад л дагаад явдаг юм. Заримдаа хөөгөөд явуулчихаар гэрийн хаяанд очоод, салтаандаа хошуугаа хийгээд цагиргалаад хэвтчихнэ. Сүүлийн үед түүнийг тоохоо байчихсан болохоор гомддог байх л даа. Тэгэхээр нь өрөвдөөд ганц нэг илдэг юм. Нохой ер нь их гунидаг амьтан байх. Гуниглаж байгаа нь мэдэгдээд байдаг юм. Харин Хуландай намайг нэг л тоож өгөхгүй л байгаа юм даа.
Тэнгэр хангай ингэж тэгж дүлэгнэж байснаа нэг л өглөө босоод иртэл цас цавцайтал орчихсон байлаа. Тасралтгүй хэд хоног орсон байх. Өвөө үстэй дээлээ нөмөрчихсөн цай оочиж сууснаа дээшээ тооно руу харж
- Энэ жил чинь харин ширүүн эхэлж байх чинь вэ. Их цастай жил болж мэдэхдэг шүү гэхэд эмээ
- Харин ээ харин. Хэдэн малын буян ивээж, хангай дэлхий түших байгаа гээд залбирч байгаа харагдав. Маргаашнаас нь хэдэн тугал бяруугаа нэмнэх юм болов.
- Үнээгээ яах юм бэ? гэж намайг асуухад эмээ
- Томчуул нь одоохондоо гайгүй. Ид ес эхлэхээр нэмнэнэ
- Тэгвэл миний Хуландайг?
- Чиний Хуландайг уу? Өвөө нь нэг юм бодож байгаа байхаа гэв. Тэгээд өвөө намайг дагуулаад хойд амбаар луу явцгаав. Манай өвөө нэг их сонин маажиг маажиг гээд инээдтэй явдаг юм. Би өвөөгөө дуурайгаад араас нь маажиг маажиг гээд явсан чинь гэнэтхэн эргэж харчихаад
- Аанхаа! Чи өвөөгөө шоолж байна уу? Айн! гээд хамар чимхэснээ
- Өвөө нь ч бас залуудаа ийм байгаагүй юм шүү гээд байгаа юмаа бас. Би яаж мэдэх вэ дээ. Өвөө явсаар амбаарын хажуугийн том дөрвөлжийг онгойлгов. Дөрвөлж гэдэг нь том л болохоос биш дээрээ тагтай авдар л даа. Том монгол цоожтой тэр авдарт “юу байдаг бол” гэж боддог тул би их сонирхож байсан юм. Нугас нь зэвэрчихсэн байсан болохоор муухай гяхх!, гяхх! . . . гээд л ёолж байгаа юм шиг онгойсон. Өвөө
- Алив миний хүү энийг түшиж бай гээд надаар авдарны таг түшүүлээд өөрөө дотор нь байсан юмнуудыг гаргаж эхлэв. Тугалны нэмнээг нэг тийш нь, хурганыхыг нөгөө тийш нь, баахан бэлхэнцэг байсныг бас нэг тийш нь гээд л ялгаж гарав. Тэдгээрийг авч шидэх болгонд хуучин юмны дармал үнэр үнэртэж байв.
- Одоо жаахан салхи үзүүлж, онгорхой цоорхойг нь цойлдохгүй бол болохгүй. Цас орж байхдаа ч яахав. Орсныхоо дараа цочир хүйтэрч мэднэ гээд л амандаа ч юмуу эсвэл надад ч юм уу үглэнэ. Юмнуудыг гаргах тусам авдар дундарч өвөөгийн толгой болон цээжин бие нь доошоо тонгойх нь ихсэж байв. Өвөө миний түшиж байсан тагийг нэг юмаар торгоогоод
- Миний хүү эднийг сайхан салхинд сэргээ гэлээ. Би ч Хуландайдаа л санаа зовж байсан тул
- Өвөө! Хуландайг нэмнэх үү?
- Нэмнэлгүй яахав. Нялх амьтаныг. Харин чи наанаасаа таарах нэмнээг ол гэв. Би хөгц чийг үнэртсэн нэмнээг тараагаад амьхандаа сайн нэмнээ олчих санаатай барьж тавилна. Тэгж байгаад нэг хөдсөн нэмнээг аваад өвөөрүүгээ харсан чинь өвөө нөгөө дөрвөлжнийхөө ёроол руу толгойгоо шургуулчихсан юу ч юм ухаад ухаан алга. Би ч “Өвөөг араас нь түлхчихвэл ямар гоё оочих болоо” гэж бодогдоод инээд хүрээд явчихлаа. Би хааяа нэг инээхээрээ зогсдоггүй муу зантай. Гэвч энэ удаа тэгсэнгүй. Өвөөг бол харин түлхээгүй л дээ. Хэрвээ түлхвэл “Үгүй ээ! Энэ лүд чинь яаж байнаа” гээд л нэг муухай хашгираад л нүд ам нь ямар сонин болох болоо. Хи хи
Тэгсэн чинь өвөө ухаж, ухаж сая нэг юм эрснээ олов бололтой нэг хуучны гуулин хонх гаргаж ирээд
- Үүнийг Хуландайдаа зүүж өгнөө. Чимээ гаргаж л яваг хөөрхий гэлээ. Эмээ бид хоёрын хойноос гарч ирээд нэмнээнүүдийг хашаан дээр тохож сэргээгээд, заримыг нь нөхөж цойлдов. Би эмээд
- Энэ нэмнээг би Хуландайд авсан гээд үзүүлтэл
- Бас овоо шүү дээ миний хүү. Бүр гайгүй нь сонгочихож гэхэд өвөө
- Харин тийм. Сүрхий золиг гэснээ
- За орж халуун унд оочицгооё. Гайгүй байгаа юм шиг хэрнээ сүрхий жиндүүн байна гээд гэрээдээ маажигнаад алхсан. Араас нь эмээ бас яг адилхан маажиг маажиг гээд цувраад инээдтэй. Тэгэхээр нь би бас эмээгийн араас хоёр тийшээ ганхаад явсан чинь бид гурвын сүүдэр наашаа цаашаа болоод л . . . Халтар нохой бид гурвыг бүүр гайхчихсан харж байсан гэж байгаа.
Ингээд Хуландай нэмнээтэй бас хонхтой болов. Анх ирсэн үеээ бодвол надад овоо дасаад миний өгсөн өвсийг иддэг болчихоод байгаа юм. Өвөө эмээ хоёр надад Хуландайг дасгах гээд зориуд зөвхөн надаар л өвс, ус өгүүлнэ. Намайг одоо Хуландай гэж дуудахаар надруу ирдэггүй ч гэсэн наашаа хардаг болсон. Мал хотлохоос өмнө Хуландайг хонх болон нэмнээтэй нь дасгах гэж нуруун дээр нь нэмнээг тохоход хамраа тачигнуулан үргээд л. Бодвол нуруун дээрээ юм тавьж үзээгүйгээс болсон уу эсвэл тэр хөгцний үнэрнээс болсон байх. Хуландайд байтугай миний хамарт хүртэл цоргиж байсан юм чинь. Тэгсэн чинь өвөө
- Адууны хүүхдээ бас . . . гэж өхөөрдсөн бассан алин болох нь мэдэгдэхгүй мушийснаа
- Өнгө нь жаахан муухан ч гэсэн дулаан л бол яамай. Одоо хонхыг нь гээд хүзүүнд нь зүүгээд тавьчихваа. Тэгсэн чинь Хуландай өөрөө өөрөөсөө үргээд ганц нэг бухаад, хашаан дотуур давхиж өгсөн. Хуурай бууц туурайнаас нь үсрэн хашааны модон дээр цацагдан шаржигнах нь сонсогдоно. Бүр орой мал хотолж ирэхэд хүртэл хулмалзсаар байсан юм. Хонь мал хүртэл түүнээс үргэн хашааны нэг булангаас нөгөө булан руу хуйлрав. Үхэрнүүд гайхсан янзтай мэлрээд л, толгойгоо данхалзуулна. Халтар нохой бүр элэг аваад хаяв. Дандаа л гэрийн гадаа хэвтэж байдаг юм чинь тэндээ л үүргэлж байсан байлгүй. Хуландайгийн бужигнаанаар гэнэтхэн л хаашаа хамаагүй хуцаж давхиад саравчны нөгөө талаар хадуурсанаа юм хараагүй бололтой буцаад хашаа тойроод пөг пөг гээд шогшиж явтал гэнэтхэн Хуландай гараад ирсэн чинь цосондоо хэсэг газар зугтсан гэж байгаа. Аймхай амьтан. Тэгээд ч нэг их удалгүй хүн малгүй дасцгаасан даа. Заримдаа хонх дуугарахгүй бол “Нөгөө Хуландай хаачив. Яагаад чимээгүй болчихов” гэж байх жишээтэй.
Удалгүй нээрээ өвөөгийн хэлдгээр хүйтэн тачигнаж эхэллээ. “Есөн ес наян нэг хоногийг л давчихвал болох нь тэр. Дамаан бүр идэр гурван есийн ард гарчихвал даа” гэж ирээд л эмээ маань дандаа ярина. Цас улам лагвийтал орж, хунгарлаж зузаарсаар байв. Хөр цас хатуурчихаар хонь ямааны шилбэ хагарч язраад заримынх нь цус шүүрээд хөлдчихнө. Үхэр хамраараа цас түрж өвс гаргаж иддэг болохоор хамрын арьс нь язрана. Манайх бух, том шарнаас бусад бүх үхрээ нэмнэлээ. Хонио бараг бэлчээхээ болив. Өдөрт миний ажил мэдээж өглөө босохоос эхлэнэ. Өглөө гэрээс гараад ирэхээр халтар нохой байдгаараа цантчихсан дугуй цагаан юм хэвтэж байдаг юм. Шөнөдөө үнэхээр хүйтэн болохоор цавиндаа шургуулсан хошуугаа ч гаргах дургүй. Хажуугаар нь явахаар өрөөсөн нүдээ нээчихнээ бас болоогүй. За тэгээд хашаа саравчаа цэвэрлэнэ гэж том ажил бий. Урд шөнө нь баасан үхрийн баасыг, хөлдүү адсаган дээр овоолоод холгүйхэн чирч аваачиж асгадаг юм. Адсагыг сэнжлээд оосорлосон болохоор тийм ч хэцүү биш. Харин нэг хэцүү юм нь өглөө үхэрнүүдийг болж өгвөл хэвтэр дээрээ шээхээс нь өмнө саравчнаас гаргах л байдаг байлаа. Үхэр чинь халуун хэвтэрээсээ дөнгөж босоод суниахдаа л зэрэг шээчихдэг байхгүй юү. Тэгээд шээчихвэл орой ирэхэд нь дош болоод хөлдчихнө. Яаж дээр нь хэвтэх вэ дээ. Заваанаа мэдэхгүй муусайн үхэрнүүд их лазаан. Ялангуяа манай чагтан эвэртэй халзан үнээ бүр залхуу. Бас их муухай ааштай. Түүнээс бүх үхэр айна. Чагт эвэрт хашааны аман дээр очоод зогсчихвол бусад нь гарч чадахгүй хойгуур нь эргэлдсээр байгаад шээчихнэ. Тэгээд чагт эвэртийг л хурдхан гаргах гээд балбаад байдаг гэж байгаа. Харин би Хуландайгаа өглөө эрт саравчнаас гаргадаг ч үгүй. Хүйтэн өдөр бол бүр үгүй. Шээвэл шээж л байг. Шээчихвэл би нойтон дээр нь хусаж хаяад л хуурай бууц доор нь дэвсэж өгдөг юм. Түүний дараа хотондоо үлддэг малдаа өвс тавьж өгнө дөө. Энэ л миний хамгийн дуртай ажил. “Хахир цаг болохоор мал хүнд ойртдог” гэж эмээгийн хэлдэг үнэн юм билээ. Намайг өвсний хашаа руу явахаар хонь, ямаа, тугал бяруу бүгд мэднэ. Тэр ч байтугай Хуландай ч мэднэ. Цөмөөрөө намайг дагуулаад л зэрэг зэрэг хараад л байдаг юм. Аягүй хөөрхөн. Би заримдаа тэднийг хуурч өвсний хашаанаас хоосон гарч ирээд тэднийг ер тоохгүй юм шиг царайлж горьдоодог гэж байгаа.
Цаг улам ширүүсч байсан учир сүүлдээ орой хашихаасаа өмнө манайх зарим малдаа тэжээл өгдөг болов. За энэ бол ёстой жинхэнэ хэцүү ажилдаа. Бүгдээрээ зэрэг дайрна. Эсвэл том нь жижгийнхээ тэжээлийг идэх гэнэ. Хоёр морь, Хуландай гуравт бол овъёос өгдөг. Овъёос өгдөг болсоноос хойш Хуландай маань нэрээ мэддэг болсон. Намайг Хуландай, Хуландай гэхээр хотны хаанаас ч гэсэн хонхоо жин жин дуугаргаад хүрээд ирнэ. Хөөрхөн. Заримдаа эмээгийн авдарнаас сэмхэн авсан ёотонгоо Хуландайтайгаа хувааж иднэ. Алган дээрээ ёотон тавиад өгөхөөр үнэртэж байснаа уруулынхаа цомбогороор бөмбөрүүлж байгаад л амандаа хийчихдэг юм. Хуландайг дуудахаар Халтар нохой бас андуураад хүрээд ирнээ. Тэгээд бас горьдчихно. Манайд бас нэг мухар улаан ямаа бий. Хавар, зун, намар дандаа хонийг ийш тийш дагуулж давхина. Гэрийн бүрээс урна, үхрийн нэмнээ зулгаана. Нэг шөнө Хуландайгийн нэмнээг салмайтал зулгаачихсан байсан. Эмээд хэлэхээр
- Эмээ нь тэгж байгаад завтай болохоороо нөхөж өгнөө гээд нөхөөгүй л яваад байгаа юм. тэр ямаа тэжээл өгч байхад яаж ч хөөгөөд дийлдэхгүй заавал ам дүүрэн үнхэж байж санаа нь амрана. Манай гэрийн баруун орон доорхи төмөр тэвшинд малд өгөх тэжээл байдаг. Гадаа байлгахаар хөлдчих гээд байдаг тул гэрт гэсгүүн байлгаад оройд бага, багаар хуваагаад өгдөг байхгүй юү. Тэжээл тэнд байдгийг улаан ямаа мэднэ. Орой бэлчээрээсээ ирээд л гэрийн үүд сахиад зогсчихно доо. Аягүй бол өдөржингөө л бодоод явдаг байх. Өвөө эмээ бид гурав орж гарахдаа ямаатай ноцолдох гэж бас нэг бөөн ажил. Нэг удаа Хуландайд овъёосоо тавьж өгчихөөд хажуугаар нь хонь малын хошуу оруулчихгүй санаатай зогсож байсан чинь өнөө улаан ямаа ирэхээр нь үргээлээ. Тэгсэн чинь салжиг, салжиг гээд л гэрийн үүдрүү явсын. Би түүнийг “Яах л гэж байгаа бол доо” гэж бодоод харж байсан чинь гэрийн дулаалгатай хаалга сэв хийж онгойгоод нэг их цагаан уур савссанаа Пүгг! гээд хаагдангуут түмпэн сав тачигнаад л явчихлаа. Түүнтэй зэрэгцээд
- Хүүе! Энэ муу годронг хараач ээ . . . гэх өвөөгийн гэр дүүрэн хараах дуу хадчихваа. Би ч барьж байсан саваагаа хаячихаад гэрлүү харайлаа. Тэгсэн чинь өвөө гэрээс гарах гээд хаалга онгойлгонгуут гэрээс халуун уур савсаад юм харахгүй ядаж байх хооронд нөгөө улаан ямаа салтаан доогуур нь ороод тэр чигээрээ тэжээл рүү зүлтгэхдээ юу юуны завдалгүй өвөөг баруун орон дээр аваачаад суулгачихсан байгаа юм даа. Намайг гүйсээр орж ирэхэд өвөө ерөөсөө тайвшираагүй бололтой нүд нь орой дээрээ гарчихсан
- За! чамай муу годронг ирэх намар борц хийе ээ байз . . . гээд хараахаас өөр яаж чадахгүй. Өнөө улаан ямаа тэжээлээс нь ухаан жолоогүй үмхэлж байгаа юм чинь. Миний инээд хүрээд болдоггүй ээ. Эхлээд сэмээрхэн
- Хи хи хи . . . гэж байснаа сүүлдээ бүүр тэсэхгүй
- Ха ха ха . . . гээд явчихсан чинь эмээ дагаж шоолоод, тэгсэн чинь өвөө бас инээгээд. Гурвуулаа нулимсаа гартал инээсэн гэж байгаа. Эмээ бүр хорлонтой
- Мухар байсан нь их юм даа. Эвэртэй байсан бол яанаа гээд хоёр гуравхан шар шүдээ ёрдойлгоод тас тас гээд инээгээд байсан. Өвөө ч бүр санаа амар шүдгүй юм чинь дээ.
- Хоёр лүд минь намайг шоолох яахав. Энэ годронг гаргая. Хамаг тэжээл барчихлаа гэсэн мөртлөө л нэг их улаан ам гаргаад л инээсэн. Би бүр элгээ тэврээд газар эвхэрч авсан. Инээхгүй гээд хичээхээр бүр инээгээд. Ямар сайндаа амаа жимийгээд тэсэж байтал хамарнаас нус бүлт үсрээд гараад ирсэн чинь нөгөө хоёр бүр савж унаад. Сүүлдээ өвөөг биш намайг шоолоод. Ёо ёо тэгэхэд ёстой нэг сайхан инээж авсан шүү. Би өвөө эмээ хоёрыгоо тэгтлээ их инээж байхыг анх удаа л харсан юм. Хааяа тэгж инээх ч гоё юм билээ.Улаан ямаа харин нилээн сайн далимдуулсан байх.
Хүйтрэх үедээ хүйтэрч, шуурах үедээ шуурч өвлийн хахир өдрүүд ээлж дараалан өнгөрсөөр байлаа. Хуландай бид хоёр улам бүр ижил дасал болсоор. Өвс уснаас бусад үед бол намайг хаа ч явсан дагаад л явна. Заримдаа бүр үхрийн баас овоолгоотой хөлдүү адсага чирээд явахад хүртэл хонхоо жин жин дуугаргаад л дагна гээч. Хуландайг хараад л байхаар үс нь бавайтал ургаад царай муутай ч гэсэн нүд, хошуу энэ тэр нь их хөөрхөн, эгдүүтэй. Намайг ажлаа хийж байгаад жаахан амрахаар хажууд хүрээд ирнэ. Хараагүй юм шиг суугаад байхаар толгойгоороо шөргөөгөөд л, үнэрлээд л халуун амьсгаа нь гижиг хүргээд байдаг юм. Надаас ёотонгоо нэхээд байгаа нь л тэр л дээ. Тэгээд би тэсэхгүй
- За за өглөө, өглөө гээд өврөөсөө гаргаад өгөхөөр торр торр хийтэл зажлаад бас нэг хэсэг яваад өгнөө. Их зантай амьтан. Заримдаа би нуугдаж тоглоно. Хашааны буланд нуугдаж байгаад л гэнэтхэн хашгираад гараад ирэхээр овгос гэж бусгаад, огол харайдаг юм. Хонх нь дагаж дуугараад л сүртэй.
Цагаан сар дөхөөд эмээ өвөө маань хэрэндээ л бэлдэж эхлэв. Бууз баншаа бас боовоо хийх юм болов. Боовоо шинэ тосонд чанана гээд надаар нэг өдөржин шахуу өөх татуулсан. Махны машинд хийгээд эргүүлээд л байлаа, эргүүлээд л байлаа. Эхлээд сонирхолтой байснаа сүүлдээ залхуутай болж эхлэв. Хажуугаар нь эмээ өөхөө шарлааж байгаа нь энэ гээд гал өрдчихсөн чинь халууцаад, хөлс урсаж өгсөн. Эмээ
- Миний хүү ядарч байна уу? гэхээр нь хэрэндээ нэрэлхээд
- Гайгүй ээ. Нэг их бяр орохгүй байна гээд залчихсан. Уг нь бол гарч Хуландайтай тогломоор л байсан.
- Миний хүү наад их үсээ авхуулчихгүй юм уу? гээд л эмээ хошуу дэвсээд л. Би ирэх жил сургуульд орно гээд халимагаа авхуулахгүй байсан юм. Бас нэг өдөржингөө боов хийж байна гээд надаар бэмбээ нухуулсан. Үнэхээр хэцүү. Ерөөсөө эвэлж өгөхгүй. Эмээ зуухныхаа өмнө суучихсан хөлсөө арчин, арчин боовоо чанана. Өвөө хэвээ тавих зуураа намайг хараад байх шиг санагдахаар нь би улам хурдан хурдан нухаад л . . .
- Муу хүү маань байгаагүй бол манайх ер нь цагаан сараа хийж чадахгүй байх аа даа гэхээр эмээ
- Чухамаа чухам. Дармаа маань байхгүй бол гар мухар л гэсэн үг гэхээр би овгос овгос гээд хэд хэд хүчтэй нухдаг гэж байгаа. Тэгэхээр эмээ
- Харин энэ их үсээ л авхуулчихвал гэхээр нь би сулраад л явчихна. Тэгэн тэгсээр цагаан сарын ид ажил ерөнхийдөө нугарч Хуландай бид хоёр урьдын адил эрхэлсээр бас дотроо цагаан сар болох өдрийг хүлээсээр, тоолсоор. . . Эмээ миний үстэй дээлэнд хөх даалимбаар өнгө татаж өгөв. Тэгээд
- Алив хүүгийнхээ дээлийг эмээ нь мялаая гээд атга чихэр өгөөд духан дээр үнсэхдээ
- Байз, байз. Энэ чинь юу вэ? гээд толгойг минь татаж, ойртуулж харснаа
- За болохоо ч байсан шүү хүүхээ. Миний хүүгийн толгой хуурстачихаж гэдэг байгаа.
- Одоо яах вэ эмээ? гэтэл эмээ суудал дээрээ эргэж хөлийнхөө шүүгээг ухаж нэг үсний шүүр гаргаад шүүрдэв. Миний үс ширэлдчихсэн юмуу, зулгааж өгсөн. Хэсэг самнаад эмээ
- Миний хүү үсээ авхуулчих. Ирэх намар гэхэд зөндөө их ургачихна шүү дээ. Цагаан сараар улс амьтан ирнэ. Тэгэхээр муухай толгойтой байж болохгүй. Миний хүү чинь өвөөтэйгөө айл хэсэж бэлэг авна. Бас аав ээжийгээ ирэхэд хоёулаа бөөстчихсөөн сууж байж болохгүй биз дээ. Эмээ нь ерөөсөө өвтгөхгүй аваад өгье. Тэгэх үү? гээд байхаар нь “Нээрээ бөөстчихсөн юм байх” гэж бодоод толгой дохилоо. Эмээ эхлээд хайчаар хяргав. Хайран үс минь хяргах тоолонд эмээгийн өвөр дээрх дэвссэн даавуун дээр бөөн бөөнөөрөө унах нь харамсмаар. Би бас бөөс харчих санаатай унаж буй үсээ байдгаараа л харав. Юм л харагдсангүй. Тэгээд дараа нь үсний машинаар хусаад, бүлээн усаар угааснаар би халзан толгойтой болов оо. Яг дуусаж байхад гаднаас өвөөтэй хамт орж ирсэн хүйтэн агаарт толгой сэрүү татаж байгаа нь мэдэгдэв.
Үргэлжлэл бий . . .
Бүрэн эхээрээ...

