“Харахгүй дээ чамайг. Ёстой яаж ч байсан харахгүй юм чинь. Даанч багш ширээн дээрээ тавьчихсан болохоор харагдаад байхын. Жижигхэн сэлэмтэй юм байна. Тэр сэлэмийг нь аваад нугалахаар хөлийнх нь дугуй дороо ороод машин болчихдог юм. Би мэднэ л дээ. Манай байрны хажуугийн дэлгүүрт байгаа. Аав намайг онц авахаар авч өгнө гэсэн. Даанч багш надад онц тавихгүй юм. Надад хэдэн цэнхэр мөнгө байгаа л даа. Ягаан болгочихвол авчих л байх. Өө, тийм. Өчигдөр нэг мөхөөлдөс, бас өндгөн шоколад авчихсан ш дээ. Би ч авахаасаа өнгөрсөөн. Энэ Тэмүүжин яаж авсан байнаа? Хичээлдээ тэгж их онц авдаггүй л юм даа. Ээж авч өгсөн гээд л онгироод байна лээ. Ээж нь тийм их хайртай юм байх даа. Пөөх! Тэр сэлэмнийх нь ишин дээр нар гялтганаад л . . .”
- Хөөе! Хангай. Чи юугаа гөлрөөд суучихав аа? Наад хичээлээ хийгээч гэх багшийн дуунаар хүү бондгосхийн цочихдоо хажуудаа байсан номоо унагаачихлаа. Хүүхдүүд түүнийг шоолон ангиар дүүрэн инээлдэв. Чанх урд нь суудаг Эмүжин шодгор гэзгээ хөдөлгөн нуг нуг хийж байснаа улам чанга инээв.
“Би аймхай биш. Энэ ном өөрөө уначихсан юм чинь” гэж хүү бодовч хэлж зүрхэлсэнгүй. Номоо унатал цочсон болохоор хүүхдүүд түүнийг аймхай хэмээн бодох вий гэхээс санаа нь зовж суухад Эмүжин гэж аальгүй юм инээсээр байв. Багшийг цааш харангуут Хангай хурдхан шиг гараа явуулан шодгор гэзэгнээс нь угзарч орхилоо.
- Ёо ёо л доо. Багшаа энэ Хангайг хараа гэж хашгирлаа. Хангай юу ч болоогүй юм шиг хэнэггүй царайлан суусан боловч нэмэр болсонгүй. Угаасаа түүнийг багш яаж ч байсан мэдчихдэг нь сонин.
- Яагаад байна Хангай?
- Яагаа ч үгүй, багшаа
- Аан, тийм байх даа чи . . .
- Үгүй, энэ . . . энэ . . . нөгөө . . . миний үснээс зулгаагаад . . . гэж амьсгаагаа давхцуулж ирээд л Эмүжин уйллаа.
- Алив, чи наашаа гараад ир. Тийм л сайн юм бол тэр цээжил гэсэн шүлэг унш.
“За баларсаан. Юу билээ? . . . Аан! тийм унага” гэж бодсоор босоход Эмүжин түүнийг эргэж харан нугадагнан инээж
- Хохь нь гэж шивнэлээ.
“Энэ муугаас л болж байгаа юм” гэж бодон хажуугаар нь өнгөрөхдөө түүнийг дахиад нэг нудраад авлаа. Тэгсэн багш бас харчихаж
- Үгүй, тээр! Чи ер нь яасан өрөмний өт шиг хаашаа хүүхэд вэ? Наашаа яваад ир
“Яг манай эмээ шиг загнаж байна шүү. Гэхдээ гар хуруу нь өтсөн юм шиг гэсэнгүй” гэж бодсоор очлоо.
- Чи яагаад хөөрхөн найзыгаа зодоод байгаа юм? Нэг ангийнхан байж . . .
“Хнг! Эмүжин ямар миний найз юм уу? Хөөрхөн байхдаа яахав дээ. Муу шар муурыг”
- Чи сонсож байна уу?
- Би . . . би . . . зодоогүй ш дээ.
- Наадах чинь зодсын гэж Эмүжин хэлэхэд багш
- Чи дуугай суу. Та нар яах гэж дандаа хоорондоо ингэж байдаг хүүхдүүд вэ? гэж багш нь Эмүжинг загнах шиг болох нь хүүд тааламжтай сонсогдоно. Багшийн ширээн дээр Тэмүүлэнгийн робот байж л байлаа.
“Энүүгээр ганцхан тоглох юмсан. Усан буугаараа сольё гэвэл Тэмүжин солих болов уу? Харамч юм чинь солихгүй л дээ”
- За алив тэр шүлэг уншаад орхи гэх багшийн дуу хүүгийн бодлыг таслав. Хангай жаахан түгдэрснээ
- Унага урт сайхан зоотой
Уужим сайхан ташаатай
Хөлдөө . . . хөлдөө . . . “За байз хөлдөө юутай билээ. Оймстой билүү” гэж бодон ээрч зогстол ашгүй хонх дуугарлаа. Хүүгийн нүд гэрэлтэн багш руугаа харна. Тэр баярлаж буйгаа нууж чадсангүй. Чадахгүй ч юу байхав угаасаа нууж мэдэхгүй. Эмүжин адтай нь аргагүй инээж харагдана. “Чамайг даа”
- За яав? Хонх дуугараад орхисон уу?
- Тийм багшаа. Хонх дуугарчихлаа
- Дахиад чи сахилгагүйтээд үзээрэй. Наад шүлгээ цээжлэхгүй бол олигтой дүн авахгүй шүү, суу. Тэрээр буцах замдаа Эжүжинг дахиад нэг нудрах гэснээ болилоо. Багш нь Тэмүүлэнг дуудаж
- Хичээл дээр битгий тоглоом авчираарай. Дахиад аваад ирвэл бүр сургуульд хураалгана шүү! гээд өнөөх улаан роботыг өглөө. Хангай Тэмүүлэнгийн гарт байгаа роботыг дагуулан харна. Тэмүүлэн ширээндээ очоод роботоо хоёр гурав гишгүүлснээ цүнхэндээ хийгээчихлээ. Роботыг далд ортол харж зогссон Хангай нэг сүрхий санаа алдсанаа Тэмүүлэнгийн бардам ч юм шиг, онгироо ч юм шиг харцтай тулгараад
- Манай аав намайг онц авах юм бол авч өгнө гэсэн юм чинь
- Чи тэгээд онц авч чадах юм уу? Шүлгээ цээжлээгүй байжээж гээд гүйж одлоо. Усан буугаа санал болгоно гэж бодож байсан ч өнгөрөв. Хүүхдүүдийн шуугилдан гарах нь түүний анхаарлыг дор нь сатааруулав. Эмүжингийн шодгор гэзэг, ягаан цүнх хоёр хаалгаар дөнгөж далд орж буйг харсан Хангай ном дэвтрээ хам хумхан цүнхэлж аваад чавхадлаа. Ашгүй Эмүжингийн гэрээс хүн ирээгүй байв. Хангай гүйн очиж Эмүжинг цүнхээрээ нэг савчихаад цаашаа Тэмүүлэн рүү гүйлээ. Эмүжин цочсондоо
- Багшаа энэ Хангайг хараа гэж хашгирсан боловч багш нь хараагүй тул хэлээ гарган
- Мнн! . . . Мангар Хангай . . . мангар, мангар гэж шаралхан чарлав. Хангай түүнийг тоосонгүй. Нэгэнт хариугаа авсан тул одоо Эмүжинг анхаарах хэрэг түүнд байхгүй.
Сургуулийн булан тойроод ээж нь ирж яваа харагдана. Хангай ээж рүүгээ нуруундаа үүрсэн цүнхээ савчуулан байдгаараа чавхадлаа.
“Ээж гоё. Надад заавал нэг гоё юм авчирсан даа”
- Хүүе! Миний хүү яасан хурдан юм? Алив үнсье гээд хоёр гараа тосон явган суув. Ээж нь хар багаас нь л ингэдэг байжээ. Гүйж очоод ээжийнхээ хүзүүгээр тэврэх гэснээ хүүхдүүд харж магадгүй тул болив.
“Өнөө шар муур шоолж мэднэ”
- Миний хүү өнөөдөр онц байсан уу?
Хүү хариу хэлээгүй ч ээжийнхээ гарыг дагуулан харна.
- Ээж нь юм авчираагүй ээ. Энд хоёр бохь л байна гээд гаргаж өгөв. Хүү хоёуланг нь авч эргэж хэн нэгэнд магадгүй Эмүжинд гайхуулах гэсэн боловч тэр бүр хол байлаа.
“За яахав. Маргааш үзүүлнэ дээ” гэж санан нэгийг нь халаасандаа, нөгөөг нь амандаа хийлээ. Амаар дүүрэн гааны амт. Ер бусын сайхан сэтгэгдэл төрнө. Ёстой гоё.
- Миний хүү тэгээд хичээлдээ онц байсан уу?
- Мнг! итгэл муутайхан толгой дохино.
- Ямар хичээлд? Тоонд уу? Монгол хэлд үү?
- Ээжээ, ээж! Манай байрны дэлгүүрт нэг робот байдаг даа. Тэрийг Тэмүүлэн авчихсан байна лээ.
- Тэгээд сургууль дээрээ аваад ирсэн юм уу? Тэгж болохгүй ш дээ
- Тэхх! Тэгээд багш уурлаад, хурааж авсан. Тэр робот эвхэгдээд машин болчихдог.
- Тэгнэ шүү дээ. Багш нь хураачихдаг байхгүй юү.
- Тэгээд багш буцаагаад өгчихсөн л дөө.
- Ямар ч байсан л болохгүй. Сургуульдаа тоглоом авч явж яасан ч болохгүй.
- Би тийм роботтой болмоор л байгаа. Гэхдээ би сургуульдаа авч явахгүй л дээ.
- Чи шүлгээ л сайн цээжил. Тэгвэл онц авна. Онц авбал аав нь тэр роботыг аваад л өгнө. Хүү нэг их санаа алдаад
- Надаа цэнхэр мөнгө байгаа л даа
- Тэр яахав ээ. Чи тэгээд өнөөдөр хэр зэрэг байсан бэ? Ерөөсөө хариулахгүй юм.
- Би яг уншаад эхэлж байсан чинь хонх дуугарчихсан. Тэгсэн чинь багш чамд л аз боллоо доо гэсэн. Би азтай юу ээж ээ?
- Үгүй, одоо наадхыг чинь аз гэхэд хаашаа ч юм дээ гэж ээж нь ээрснээ
- Ингэхэд чи тэр шүлгээ аль хүртэл цээжилсэн юм бэ? Ээждээ нэг уншаад өгдөө. Хүү
- Унага урт сайхан зоотой
Уужим сайхан ташаатай . . . гээд цаашаа уншиж байснаа
. . .Жаварт жар хоног сойсон
Наранд ная хоног уясан . . . гээд таг болов.
- Яасан бэ миний хүү? Овоо явж байснаа таг болчихлоо. Уг нь бараг бүгдийг нь цээжилсэн байна ш дээ.
- Би мартчихлаа. Ээжээ
- Жороотой гэж юу юм? Молцогтой гэж юу гэж байгаа юм? гэх мэтээр асуухад ээж нь овоо тайлбарлах гэж байснаа хүүгийн олон асуултанд залхсан бололтой
- Миний хүү, зүгээр л байгаагаар нь цээжилчих гээд цааш нь
Алтайд унагалсан
Алагч гүүний унага
Хангайд унагалсан
Харагч гүүний унага гэдэг биздээ?
- Хо, миний нэр байна.
- Харин тийн Хангайд унагалсан гэж байгаа биз дээ? Тэгвэл одоо цээжлэхэд амар боллоо. Сүүлчийн хэсэг нь чиний нэр. Харин эхний хэсэг нь Алтаа ахынх нь нэр.
- Ямар?
- Яагаа вэ, ээжийнх нь дүү нар. Алтаа, Батаа гээд ихэр ах нар байдаг биз дээ?
- Аан тийн,
- Тэрний нэг. Алтаа ахынхаа нэрийг бодож байгаад л
Алтайд унагалсан
Алагч гүүний унага гээд чи өөрийнхөө нэрийг бодоод
Хангайд унагалсан
Харагч гүүний унага гээд уншчих за юу
- За
- За, одоо эхлээрэй. Хүү уншина
- Унага урт сайхан зоотой . . .
. . .Наранд ная хоног уясан
Жаварт жар хоног сойсон . . . гэнгүүт ээж нь хажуугаас нь
- Нөгөө хоёр ахын нэр гэж сануулахад хүү
- Алтайд унагалсан
Алагч гүүний унага
- Одоо чиний нэр
- Хангайд унагалсан . . . гээд уншиж дуусгав.
- Тээр! Ийм амархан байгаа биздээ?
- Тийм байна ээжээ. Би дахиад уншъя. Хүү дахин уншаад яг л өнөө “ахын нэр” дээр очоод гацахад ээж нь
- Одоо ахын нэр гэж сануулан тэр давааг давуулж өнгөрөөнө. Ингэсээр хүү овоо зүгширлээ. Үүндээ ч урамтай байгаа нь илт.
- Ээжээ, Аав намайг шүлгээ уншаад онц авбал робот авч өгөх болов уу гэж уйгагүй асууна. Ээж нь мөн л
- Авч өгнөө. Миний хүү онц авахаа л бод гэж хариулна.
Хүү гэртээ ирсэн хойноо ч гэсэн шүлгээ идэвхийлэн давтлаа. Гэсэн ч яг л тэр агшинд бага зэрэг түгдрэхэд ээж нь сануулна. Сүүлдээ өөрөө өөртөө “ахын нэр” гэж сануулдаг болов.
Маргааш нь хичээл дээр шүлэг цээжилсэн хүүхэд байна уу? Гараа өргө гэж багшийг хэлэхэд Хангай хүү бараг хоёр гараа зэрэг өргөн өндөлзөнө.
- За гараад ир. Манай Хангай шүлгээ цээжилсэн гэж байна шүү хүүхдүүдээ гэж багш уриалгахан дуугаар хэлэв. Хүүхдүүд таг чимээгүй сууцгаана. Хангай өөртөө итгэлтэйгээр товор товор алхан самбарын өмнө гарч урам зоригтойгоор
- Унага урт сайхан зоотой . . . гээд л уншиж гарлаа. Өнөөх хоёр “ахын нэр” ойртсоор байгаа.
. . .Наранд ная хоног уясан
Жаварт жар хоног сойсон гэснээ “Хөөрхий унагыг яагаад заавал тийм олон хоног уясан юм бол?” гэж бодогдоодохов. Тэрхэн хооронд түр гацаад орхиж. Тэгээд цааш нь “ахын нэр” гэж сануут
Алтаад унагалсан
Алагч гүүний унага
Батаад унагалсан
Барагч гүүний унагаа . . . гээд дуу нь тасрах үед анги дүүрэн хүүхэд пирхийтэл инээд алдав. Багш нь хүртэл нулимсаа арчин арчин инээнэ.
“Яах аргагүй л би ахын нэрийг хэлсэн юм даа. Тэгэхэд эд нар яагаад шоолоод байнаа” гэж хэрэндээ эргэцүүлнэ. Эмүжин бүр гэдэгнэж годогнон бүхнээс илүү адтай инээхэд Хангай хүү хий дэмий л “чамайг даа” гэж бодов. Багш нь жаал инээж байснаа
- Золигийн ч хүүхэд бол доо чи. За яахав манай Хангай шүлгээ бараг бүгдийг нь цээжилсэн бас өөрөө гарч ирж уншсан учир багш нь чамд ерөн хоёр оноо өглөө за юу гэхэд
- Багшаа энэ онц уу? гэж Хангай хүү сандран асуув.
- Тиймээ, тийм энэ онц. Гэхдээ чи гүйцэд цээжлээрэй за юу
- За багшаа. Хүүгийн нүдэнд ер бусын оч гялалзана. Хичээл тарав. Ээж аав нар хүүхдүүдээ авахаар ирнэ. Энэ удаа хүүгийн аав нь ирчихсэн зогсож байв. Хангай аав руугаа нүүр бардам очлоо. Одоо тэр аавдаа бүгдийг ярьж роботоо авах нь гарцаагүй.
- Ааваа, ааваа. Би шүлгээ цээжлээд онц авсан
- Өө, тийм үү? Миний хүү чинь ийм л мундаг хүү шүү дээ. Ингэхэд чи яг онц авсан биз?
- Үнээн. Ерэн хоёр гэдэг чинь онц гэсэн үг гэж багш хэлсэн.
- За тэгвэл болж дээ.
- Та одоо надад робот авч өгөх үү?
- Өгөлгүй яахав. Хоёулаа тохирсон биз дээ? Эр хүмүүс чинь хэлсэн амандаа хүрэх ёстой. Хүүгийн учиргүй баярлан нүүр дүүрэн инээхийг аав нь өхөөрдөн харна. Хэлсэндээ хүрдэг аавтай хүн чинь сайхан байлгүй яахав. Энэ сайхан мэдээгээ ангийнхаа хэн нэгэнд хэлмээр санагдана. Гэтэл Тэмүүлэнгийн аав хүүхдээ авахаар ирэхдээ дугуй аваад иржээ. Тэмүүлэн час улаан дугуйгаа наранд гялтгануулан жийж, сургуулийн өмнөх талбайг хэд тойрсноо булан тойрон жирийж одлоо.
- За явъя. Аав нь роботыг нь авч өгье гэж аав нь дуудахад хүү аавынхаа чигчий хуруунаас атган алхав. Роботтой болно гэхээр баярлавч сэтгэлд нь нэг сонин зүйл хургана.
Түүнд дахиад олон шүлэг цээжлэх хэрэг гарч магадгүй л юм даа . . .
2011.05.03. УБ хот
Бүрэн эхээрээ...
Нэгдүгээр анги (Өгүүллэг)
Зураас (Өгүүллэг)

“Ямар нэгэн хүн миний явах дуртай тэр зүг яаравчлан алхаж байлаа. Яагаад ч юм би түүний ард гарчихаж. Үе үесхэн сэвших салхинд түүний задгай үс намирч, нарны туяа завсраар нь сүвэгчлэн гялалзаж, нүдийг минь гялбуулна. Нар миний явдаг тэр зүгээс манддаг болохоор тэр. Уг нь их л уран тансаг, сэтгэл хөдлөм зураглал боловч надад тэгж бодогдсонгүй. Хурдхан шиг л урд нь гармаар санагдана. Хяслантай нь тэр гүйцэгдэхгүй байлаа. Тэр явсаар, би дагасаар . . . Яг бодсончлон миний хар хадан хананд тулан ирж, гартаа байгаа ирт чулуугаар зурах гэж байх шиг. Би тэсгэлгүй хашгирлаа. Тэр огцомхон эргэж улаанаараа эргэсэн аймшгийн нүдээр над руу цоргин ширтэв . . .”
Би давхийн сэрлээ. Хамаг биеийн хөлс асгарчээ. Ашгүй зүүдэлсэн юм байж. Санаа амарч байгаа юм байлгүй уртаар амьсгаа авч, цээж уужрав. Түүнийг сэмхэн харвал тэр амаа хагас ангайгаад хурхирч байлаа. Хаа очиж нойр сайтайд нь баярлах шиг болдгийм. Дөнгөж үүр цайж байгаа нь манай оромжны цоорхойгоор гийх саарал гэгээнээс андашгүй. Одоо удахгүй нар мандана. Хармын төрлийн хар дарсан муухай зүүдээр сэрсэн ч бүх юм хэвийн байгаад бага ч болов дотор уужирч нар гартал унтъя гэж санан хэвтрээ засахад чилсэн биед таатай мэдрэмж төрнө. Гэхдээ доороо дэвссэн сүрлийн чимээг аль болох гаргахгүйг хичээнэ. Сайндаа ч биш л дээ, зүгээр л түүнийг сэрээмээргүй санагдсаных. Тэр надад саад болохгүй байсан нь дээр. Би нүдээ анин унтах гэж хичээсэн авч унтсангүй. Гэхдээ бас нүдээ нээсэнгүй. Аньсан чигтээ бодол болон хэвтэх нь тааламжтай байлаа.
“Би түүнийг танихгүй. Бас яагаад тэр надтай төстэй ч юм шиг харагддагийг мэдэхгүй. Харин тэр ярьдаг, дэндүү их ярьдаг. Ярихдаа дандаа миний мэдэхгүй зүйлийг маш ихээр ярьдаг юм. Бодвол өөрт нь таалагддаг байх. Надад их ч юм зааж өгсөн дөө. Бас намайг нэг үгээр (нэрээр) дуудахыг хичээнэ. Би тэрэнд нь дургүй. Тэр заавал намайг дуудаж байх ямар хэрэгтэй гэж. Эхлээд би түүнтэй яаж уулзлаа байз. Аа, тийм. Тэр намайг сэрээсэн юм байна. Анх би түүнийг сонсохгүй байж билээ. Эсвэл тэр дуу гаргахгүй зүгээр л ам нь ангалзаж байгаад сүүлдээ дуу орсон байж магадгүй л юм. Түүнээс хойш бид хоёр үргэлж цуг байгаа. Уйтгартай байгаа биз. Тэр дандаа миний мэдэхгүй зүйлс ярих хирнээ санаж байна уу? гэж асуух нь төвөгтэй. Үнэндээ бол түүний бүх ярианд дуртай юу гэвэл үгүй л дээ. Гэвч өөр ярилцах хүн байхгүй тул би сонсож л байдаг юм”
Би эргэж хэвтээд түүнийг сэмээрхэн ажлаа. Тэр унтсаар л байна. Унтаж л байг, одоо удахгүй нар мандахаар би нөгөө хад руугаа явж зураасаа зурна. Би ямар нэгэн тааламжит амттан амандаа хийсэн мэт нүүрэндээ жаргал тодруулаад бодлоо үргэлжлүүллээ.
“Би тэр зураасыг зурахдаа дэндүү дуртай. Зураас маань уртаараа ерөөсөө миний хамгийн богинохон хуруутай адил. Нэг өглөө яг нар мандаж байхад би тэр тас хар ханан хадыг олж, яагаад ч юм дээр нь зураас зурмаар санагдсан юм. Хуруугаараа зурахад миний хуруунаас тас хар шүүс ялгараад олигтой зурагдахгүй болохоор нь нэгэн уртавтар чулуу олж ирлэв. Түүнийг ирлэх гэж хичнээн удсан гээ. Гэхдээ л ирлэж чадсан юм. Ирлэж суухдаа үүгээр ханан дээр зурахад надад ямар нэгэн тааламж төрөх юм шиг санагдаад тэсч ядан байж билээ. Миний зөв байсан юм. Ирмэгт чулуугаараа анх зурахад хавиралт гараар дамжин мэдрэгдэх нь хачин сонин санагдсан. Сонин гэж дээ, сайхан гэмээр юмуу. Энэ мэдрэмж л намайг энэ олон зураасыг зуруулсандаа. Анх зурсан хар шүүстэй зураасаа улам тодруулсан хэдий ч уртасгаагүй. Тэгээд зураасаа харж их удаан суусан юм. Гараар дамжсан мэдрэмж, чихэнд сонсогдсон хавиралтын дуу чимээ нь үргэлжлэн сонсогдсоор байсан юм. Нэг мэдсэн чинь нар шингэх дөхжээ. Оромж руугаа явахдаа өдөржингөө харсан зураасаа алга болчих гэж байгаа юм шиг эргэн, эргэн харсаар байж билээ. Маргааш нь дахиад яг нар мандаж байхад ирж зурлаа. Сэтгэл ханахгүй дээрээс нь дахин тодруулж гүнзгий сорви болгов. Тэгээд гэнэт тэр намайг сэрээснээс хойш хэдэн удаа нар мандсаныг бодож тэр тоогоор гурван зураас нэмж зурлаа. Түүнээс хойш нар гарах тоолонд очиж зурдаг ажилтай болсон доо.
Хүрр! хүрр! гээд үрэхээр гараар дамжиж ирэх тэр чичирхийлэл хичнээн сайхан гээ. Сүүлдээ би энэ зураасыг л зурж суух гэж амьд байгаа юм шиг мэдрэж төрдөг боллоо. Тэгээд ирэхээр зураасаа, ирмэгт чулуугаа, ханан хадаа, бодол хөврүүлэн суух энэ мөчөө хүртэл хэн нэгнээс харамладаг юм билээ. Тийм учраас л түүнийг энэ зүг рүү явуулах дургүй болсон хэрэг. Ирмэгт чулуугаа хүртэл нуух хэрэгтэй. Хаана ч нуусан тэр яаж ийгээд олчих юм шиг бодогдоод түгшинэ. Гэхдээ нэг нууц газар олсон юм. Хэсэгхэн бутан дунд байх жижигхэн нүхэнд ирмэгт чулуугаа нуудаг боллоо. Энэ бут яг хаана байдгийг нь мэдэхгүй ч би чулуугаа авах хүсэл төрсөн үедээ л гаргаад авчихдаг байв. Надаас өөр хэн ч мэдэхгүй. Зураасаа зурж суухад ер бусын нам гүм амирлангуй орчинд орж хачин их жаргалтай болдог байлаа. Гэхдээ урд өдөр нь тэр надаас олон юм шалгааж зовоосон үед бол өөр л дөө. Өөрөөр хэлвэл тэрний ааш авир миний хамгийн жаргалтай мөчид ч гэсэн нөлөөлж байдаг гэсэн үг. Нэг удаа тэр
- Чи яагаад юу ч ярихгүй байгаа юм бэ?
- Мэдэхгүй
- Юу мэдэхгүй гэж? Хоёулхнаа байж чи надтай ярихгүй байхдаа яадгийм. Чи ч ёстой адгийн шаар юм даа
- Би яримааргүй байна гэтэл нүд нь улаанаараа эргэлдэн дүрлийж
- Яагаад? яагаад? . . . гэж хоёр гараа сарвалзуулан цамнав. Тэр ууртай харагдсангүй, харин ч инээдтэй харагдахаар нь
- Дахиад
- Юу дахиад гэж?
- Дахиад саяынх шигээ хашгираач
- Энэ чамд тийм инээдтэй байна уу?
- Чамд ч бас
- Надад яалаа гэж инээдтэй байх юм?
- Тэгээд, инээдгүй юм бол чи зүгээр л бай даа гэхэд тэр бүр их уурлаж хажуудаа байсан болгоныг авч чулуудав. Би инээгээд л байлаа. Тэр бүр сүүлдээ байж ядахдаа байдгаараа орилж, толгойтой үсээ зулгааж, цээжин биеэ сарлан маажив. Түүний биш миний цээжнээс хар нулимс урсах нь сонин. Би гэнэт инээхээ болилоо. Түүнээс айсандаа биш гайхсандаа. Яагаад гэвэл түүнийг өөрийгөө зулгааж, маажих тусам миний толгой өвдөж, цээж хөндүүрлэсэн болохоор гайхсан хэрэг. Тэр яг надад байдаг шиг хоёр мөөмтэй байсан нь бас нэг сонин. Тэр өдрийн маргааш зураасаа зурж суухдаа түүнийг бодсон чинь яг л бороо орж, салхи исгэрэх шиг болоод эхлэхээр нь байдгаараа хурдан үрж эхэлсэн. Гэхдээ л зураасныхаа хэмжээг алдаж болохгүй гэсэн бодол надаас салаагүй. Тэгэхээр би өдөр өдөрт өөр өөр юм бодож зурдаг ч бодлоосоо хамаарч зураасаа өөрчилдөггүй гэсэн үг л дээ. Сүүлдээ зураасаа тоолж нэг гарын хуруутай адилхан болохоор нэг дугуйд хийдэг болов. Нэг гарын хуруу тав байдаг гэдгийг тэр надад зааж өгсөн юм. Түүгээр ч зогсохгүй тэр надад арав, зуу, мянга, арван мянга гэж тоонууд үргэлжилдэг гэж заасан юм. Тэгээд би дээшээ зуун дугуй болгоод дахин доороос эхэлдэг байв. Миний зурааснууд нар гарах тоолонгоор ихэссээр байгаа. Хоорондоо ижилхэн болохоор надад их хөөрхөн санагдаад байдаг юм даа. Өнөөдөр ч гэсэн би нар гарахаар хар хад руугаа явна. Харин ганцаараа л явмаар байна. Босохдоо түүнийг сэрээж л болохгүй. Өдий болтол тэр надад саад болоогүй ч нэг л өдөр миний зураасыг өрсөөд зурчих юм шиг хар төрөөд байдаг юм. Би ганцаараа л зурах ёстой. Энэ бол зөвхөн миний л зураас шүү дээ . . .
Удалгүй гадаа шувууд жиргэж эхэллээ. Босох цаг маань болсон тул сэмээрхэн гарлаа. Тэртээ алсаас нарны туяа шаргалтана. Хором мөч өнгөрөх тусам тэр туяа улам ихэснэ. Шүүдэрт чийгтсэн өвс хөл доор чимээгүйхэн нална. Нэн тааламжтай ч одоохондоо л ингэж байгаа юм. Наранд халчихаараа хөлийн тавхай руу хатгаад зовлонтой гэж. Гэхдээ ямар ч үед яваад сурчихаж дээ. Би хар хад руугаа яармаар, гүймээр санагдаж байсан ч өөрийгөө хүчлэн хорьж байлаа. Учир нь эрт очвол зугаат ажил маань эрт л дуусна гэсэн үг. Би үүнийг хүснэ гэж үү. Би дээгүүр, алсыг харан аажуухан алхалж буй мэт боловч дотроо нисч явав. Хар ханан хад маань яг л урьдын хэвээрээ. Хэвээрээ ч байлгүй яахав дээ. Бутан дундах нүхнээсээ ирт чулуугаа аван зураасаа зурж эхлүүт миний ухаан санаа өөрт хамааралгүйгээр хаашаа ч юм алсарч одно.
“Би нэг их манан дунд гүйж явах юм. Манан өвдөгнөөс доош байх бөгөөд хөлд ороолдон гогцоорч, хөлийн мөр яг цасан дээр гишгэсэн мэт тэртээгээс эхлэн зурайна. Хөв хөх тэнгэрт солонго татна. Солонго тийм тод өнгөтэй байхыг би урд нь анзаарч байсангүй. Тэгтэл тэр солонгыг тогтоож байсан юм нь уначихав уу гэлтэй өнгө өнгөөрөө доош урсаж, яг шалбааг шиг энд тэнд тунаран тогтов. Би дундуур нь тэдгээр өнгүүдийг үсчүүлэн гүйхдээ хөхиүн баясаж инээхэд хэн нэгэн намайг даган инээлээ . . .”
Юу вэ? хэн бэ? Би гав ганцаараа байсан ш дээ. Хэн ингэж инээдэг билээ? Би гайхсандаа бодлоо хаян ийш, тийш харлаа. Тэр харагдсангүй. Хоёр гар маань өнөө зураасаа хичээнгүйлэн зурсаар байх ажээ. Яах аргагүй л хүн дуугарсандаа. Тэгээгүй бол би яахин бодлоо таслах билээ. Би дахин огцомхон эргэж харлаа. Хадны дэргэдэх зэгс юунд ч юм намилзан хөдлөв.
“Яг өнөөх чинь байна. Унтаад үлдсэн гэж бодсон чинь дагаад ирсэн юм байхдаа. Чи муу миний зураасыг зурах гэж хорхойсоо юу? Тэгэхгүй шүү. Чамаар зуруулна гэж байхгүй. Чи яг хаана байна? Надад харагдахгүйг хичээж нуугдаж байх шив. За яахав жаахан хүлээе” гэж санаад үл анзаарагч болон зураасаа цааш нь үргэлжлүүлэхэд дахин бодол урсана.
“Усан бороо шаагин асгарсан тул өнөөх тунарсан будагнууд тэр чигтээ холилдов. Өнгөнүүд хоорондоо дээр доороо орон ноцолдож, зарим нь зэвүүн саарал хоолойгоор орь дуу тавин чарлалдаж байв. Холилдохдоо ингэж их зовдог юм байхдаа зайлуул. Тэгэн тэгсээр тамир тэнхээ нь барагдаж буй бололтой чарлах дуу нь суларч хоорондоо холилдон нэлийсэн саарал юм болов. Тунарсан саарал шаврыг харж суутал дотор нь хэн нэгний нүдний харц намайг цоо ширтэж байгааг олж хараад би цочсондоо эгээтэй л хашгирсангүй. Айсандаа ч тэрүү, цочсондоо ч тэр үү эргэж зэгс рүү харвал тэндээс мөн л хоёр нүд ширтэж байх шиг”
Хамаг юмаа алдах гэж байгаа юм шиг совин төрж энэ бүхнээ харамлахдаа ухасхийн босож, муухай архиран ар нуруугаараа хадан ханаа халхаллаа. Надаас айсан уу эсвэл тэнд угаасаа юу ч байгаагүй юу ямартаа ч гэсэн нам жим болж, салхины аясаар зэгс намилзсаар байлаа. Зураасаа хурдхан дуусган, ирт чулуугаа нөгөө бутандаа нуусан хэдий ч миний санаа тэгтлээ ч амарсангүй. Нөгөө бодолд байсан цагаан мананг хар хадныхаа өмнүүр далдлах санаатай хөшиг мэт татаад, бага ч гэсэн сэтгэл уужран оромжиндоо арайхийн буцаж ирлээ. Их ядарсан бололтой. Харин өнөөх чинь хэвтэж л байх юм. Би гайхлаа. Яагаад гэвэл тэр өдийд босчихсон байдаг юм л даа. Нэгэнт өнөөдрийнхөө зураасыг зурчихсан болохоор түүнийг сэрээхэд гэмгүй тул мөрнөөс нь татаж эргүүлээд цочсондоо муухай хашгиран огло үсэрлээ. Түүний нүд нь алга болж оронд нь онгорхой хоёр нүх үлдсэн байлаа. Би буцаад гүйх гэтэл
- Чи хаачих нь вэ? гэж араас асуув. Би айсандаа
- Би . . . би . . .
- Чи зүгээр үү?
- Зү . . . зүгээр
- Аан! Гэхдээ л чи их сонин байна даа
Би түүний энэ энгүүн дууг сонсоод бага зэрэг тайвширч аажуухан эргэж харвал тэр зүв зүгээр болчихсон сууж байв. Нүд нь ч гэсэн байж байх юм.
- Чиний нүд чинь . . .
- Чи санаа зоволтгүй ээ. .........рээ (намайг дууддаг миний дургүй үг)
- Чиний нүд чинь байсан юм уу?
- Байлгүй яахав дээ. ...........рээ
- Чи намайг ингэж битгий дуудаж бай гэж хэлсэн байхаа
- Тэгсэн
- Тэгээд юундаа дуудаад байгаа юм?
- Энэ чинь чиний нэр шүү дээ
- Үгүй. Би ийм нэртэй баймааргүй байна.
- Тэгээд хэн гэх гэж?
- Хэн ч гэмээргүй байна. Ер нь би нэрээр яах юм. Хүн намайг дуудах шаардлагагүй.
- Яагаад тэр вэ?
- Би амар амгалан баймаар байна.
- Амар амгалаан? Амар амгалан гэж юу байдаг юм? гэж тэрээр нилээн шавдуухан асуулаа.
- Амар амгалан гэж нэргүй байхыг хэлдэг юм. Чамд хэн ч хэрэггүй бас хэнд ч чи хэрэггүй байхыг амар амгалан гэдэг юм гэж намайг бачимдан чарлахад тэр хоёр гараа өргөж
- За, за болтугай, болтугай. Ингэхэд бид хоёр чинь юун тухай ярьж байлаа. Аан, тийм. Нүд . . .
- Чиний нүд зэгсэн дунд байсан
- Тийм гэж үү?
- Тийм, Ер нь чиний нүд үргэлж миний ард байдаг. Яах гэж тэр вэ?
- Ёстой мэдэхгүй юм байна. Чи л тэгж боддог байх.
- Үгүй, үргэлж тийм байдаг. Чи битгий булзааруулаад байгаарай.
- За, за тийм болог
- Чи яагаад эсэргүүцэхгүй миний хэлсэн болгоныг за за тийм болог гээд байгаа юм?
- Мэдэхгүй л дээ
- Би мэднэ. Чи сайхан ааштай байгаа юм байна.
Тэр хариу хэлсэнгүй. Би ч дуугарсангүй. Хэн хэн маань таг чиг болов. Гэхдээ би түүнийг сэмхэн, сэмхэн харсаар байлаа. Түүнийг ч гэж дээ зөвхөн нүдийг нь. Тэр нүдтэйгээ байсан ч тийм ч тааламжтай санагдахгүй байлаа. Түүний энэ нүд надад заримдаа хэтэрхий ойр дотно харагддаг гээч . . .
Удалгүй шөнө болж би дахиад л маргаашийн нарыг хүлээж эхэллээ. Нөгөө л зураасаа зурах гэж тэр шүү дээ. Хүлээсээр байгаад нэг мэдэхэд унтчихаж.
“Хоёр нүд өнхөрсөөр над дээр ирэх юм. Хоорондоо учиргүй муудалцжээ.
- Та хоёр яагаад муудалцаад байгаа юм бэ?
- Энэ нэг муу царай алдсан юмнаас болж байгаа юм
- Та хоёр чинь ялгахын аргагүй адилхан л юм байна шүү дээ
- Ялгаатай
- Ямар?
- Энэ баруун, би зүүн нүд
- Хэн тэгж байна?
- Тийм байсан юм.
- Одоо тэгээд тийм байсныг хэн мэдэх юм бэ? Би лав тэгж ялгаж харахгүй байна
- Тэгвэл би чиний ухархай руу ороод үзүүлье л дээ.
- Үгүй ээ, үгүй. Тэгж болохгүй ш дээ.
- Болноо болно гээд тэр хоёр нүд над руу дайрлаа. Би айсандаа гараараа нүүрээ дартал
- Чи ингэтлээ айх хэрэг юу байна?
- Яагаад айж болохгүй гэж? Би дөрвөн нүдээр яах юм?
- Чамд угаасаа нүд байхгүй байна ш дээ
- Юу . . . ?” Би маш муухай орилж сэрлээ. Зүүдэлсэн юм байж. Хажуудхаа хартал тэр гараад явчихаж. Хаашаа тэр вэ? Миний хад руу явчихсан байж таарах нь. Намайг яарсаар иртэл тэр хананы өмнүүр татсан мананг аваад хаячихсан ямар нэгэн юм хийж байлаа. Миний дотор харлаад явчихав.
- Чи энд юу хийж байгаа юм? гэж намайг бачимдан асуухад
- Юу ч хийгээгүй
- Тэгээд яагаад . . . энд гэснээ түүний хийж буйг хараад
- Чи зурж байна ш дээ новшоо гэж хашгирахад тэр
- Болдоггүй юм уу?
- Болохгүй мэдэв үү, болохгүй. Энэ миний зураас. Зөвхөн би л зурах болно.
- Тийм л дээ. Гэхдээ би ганцхан зурчихъя л даа
- Үгүй гэж байна гэж би байдгаараа хашгираад түүн рүү дайрлаа. Тэр тийм ч амархан дийлдсэнгүй. Бид хоёр дээр доороо орон яг л миний бодолд гарсан олон өнгөнүүд шиг хуйлран ноцолдов. Гэхдээ би арай илүү байлаа. Яагаад гэвэл би бүх бие сэтгэлээрээ түүнийг эсэргүүцэж, миний амьд яваагийн гол утга учир болсон зураасаа түүнд өгөхгүй гэж тэмцэж байсан болохоор тэр байх. Тэр намайг бодвол зураас зурах туршлагагүй байсан болохоор гартаа юу ч үгүй, харин би өнөөх хүссэн үедээ гаргадаг ирт чулуугаа атгачихсан тулалдсан тул тэр өөрийн эрхгүй надад ялагдаад зайдуухан газар очиж суулаа. Би түүнийг хичнээн үзэн ядаж байсан ч нэгэнт ялсан тул тайвшрав. Түүнийг нэг мөсөн хөөчих гэснээ зураас яаж зурдагаа үзүүлмээр, онгирмоор санагдаад болох биш. Тэр яасан их атаархах бол гэхээс сэтгэлд нэн таатай. Тэртэй тэргүй тэр намайг дийлэхгүй юм чинь яах вэ дээ. Би ирт чулуугаараа хадан ханан дээр зурлаа. Хоёр чулуу хоорондоо хавирч чичиргээ нь гараар дамжин ар дагзанд мэдрэгдэхэд миний түрүүний уур унтуу тэр дороо арилчих шиг. Хавирах чимээ нь чихэнд хяхтнаад л . . . Би энэ удаа ямар нэгэн бодолд хөвөрч чадсангүй. Учир нь тэр намайг хараад сууж байгаа тул анхаарлаа сарниулж болохгүй. Аягүй бол дайрах ч юм билүү. Дайрахгүй байлаа гэхэд зураасаа хэрхэн зурж байгаагаа харуулж, горьдоож, голыг нь харлуулмаар санагдана. Би тэгэхээс тэгэх гэж дуу аялан удаан гэгч нь зурж байлаа. Нүднийхээ булангаар түүнийг үе үе ажина. Хөөрхий тэр үнэхээр горьджээ. Яг л хоол горьдсон өлсгөлөн нохой шиг. Хамгийн өрөвдөлтэй нь түүний нүд. Амьдралдаа тийм гуниг дүүрэн нүдийг хараагүй. Гэнэт надад түүний сайн талууд бодогдож эхлэв.
“Анх намайг хэн сэрээлээ? Тэр . . .
Би хэнтэй хань бараа болон энэ зурсан зураас шигээ олон нарыг үзлээ? Түүнтэй . . .
Хэн надад гарын хурууны тоог тав гэж, хоёулаа нийлээд арав болдог гэж хэллээ? Тэр . . .
Тэгээд л би зураасаа тав таваар нь дугуй дотор хийдэг болсон. Бас арав, зуу, мянга арван мянга гэдэг тоог тэр л надад зааж өгсөн. Тиймдээ ч би өнөөдөр гэхэд хоёр мянга дөчин дөрвөн дугуйг зурчихаад байна шүү дээ. Тэгэхээр энэ бүгдийг бодоод байхад түүгээр ганц зураас зуруулчихдаг ч юм билүү? Ердөө ганцхан шүү дээ” гэж бодлоо. Би түүн рүү аядуухан харж, зөөлөн даллав. Тэр намайг харсан ч харсандаа итгээгүй бололтой суусаар байв. Дахин нааш ир гэж дохилоо. Тэр эргэн тойрноо нэг харснаа өөрийгөө заав. Намайг толгой дохиход итгэж ядсаар ирлээ. Ирт чулуугаа түүнд өгөхөд чичирсэн гараараа чулууг авч миний зураасыг гүйцээх гэсэн боловч ядарсандаа ч юмуу, айсандаа ч юмуу эсвэл анх удаа зурж байгаа болохоор ч тэрүү гар нь чичирч салгалаад зурж чадахгүй байлаа. Намайг туслах санаатай ойртоход тэр надад үнэхээр баярласан байгаа нь харагдана. Түүний чулуу атгасан гарыг давхар атган ханыг хавируулан зурлаа. Энэ хавиралтаас миний авдаг таашаал бид хоёрт зэрэг, зэрэг ирэх нь тэр. Гэхдээ тархинд биш зүрхэнд мэдрэгдээд байх шиг. Хэт их хичээсэндээ болоод бид хоорондоо улам бүр ойртсон байлаа. Түүний үл ялиг чичирхийлэл, халуухан бие, айсан эсвэл ичсэндээ улайсан хацар, сандарсандаа давчдах амьсгаа энэ бүхэн нь надад тэс өөр мэдрэмжийг төрүүлж байгааг тэр мэдээ болов уу? Магадгүй л юм. Бас түүний хаанаас нь ч юм ер бусын үнэр үнэртэх шиг. Шорвог ч юм шиг, исгэлэн ч юм шиг, нялуун ч юм шиг, бүр байчихаад танил ч юм шиг чухам ямрыг нь ялгасангүй. Бид хоёр нүдээ анилаа.
“Дахиад л цав цагаан манан дунд бид бие биенээ тэврэн эргэлдэж, бидний хөл гар чухам аль нь хэнийх болох нь мэдэгдэхээ больтол ороолдсон байлаа. Би түүний гарыг тийм зөөлөн, чийглэг байдгийг урьд нь мэдэрч байсангүй. Үс нь ч гэсэн. Яг л миний ирт хутгаа нуудаг тэр хэсэгхэн бут шиг намирсан зөөлхөн ажээ. Миний юм уу эсвэл тэрний юм уу ямар нэгэн гар тэр хэсэгхэн бутанд хүрэх тоолонд бид хоёр дуу дуугаа авалцан гийнаж байлаа. Бид эргэлдэж, өнхөрч, дээр доороо ороход манан биднийг алсуур даган эргэнэ. Бид нисэх мэт, шумбах мэт эсвэл бүр хөвөх мэт хаашаа хамаагүй оргилно. Яг өнөөх бодолд орших өнгөнүүд шиг холилдож, өнгө өнгөөр ээлж дараалан дэлбэрч, тэсэрч байлаа. Сүүлдээ солонго шиг хойшоогоо нумарч байдгаараа хашгирдагийн даваан дээр” бидний гар хаднаас салж бодол сарнилаа. Зураасаа яг хэмжээгээр нь зураад дууссан байв. Бид хоёр жаргалтай байлаа. Хадныхаа наагуур цагаан манангаа унжуулан орхилоо. Буцаад оромж руугаа явж байхдаа бие биен рүүгээ жаргал цацруулан инээмсэглэн байсан ч гэлээ би дахиад түүнтэй хамт зураас зурах эсэхээ мэдэхгүй байлаа. Яагаад гэхээр би түүний нүднээс ганцаараа л зурах гэсэн хүсэл цухалзаж байгааг олж ажив. Хэрвээ миний ажсан үнэн бол яах вэ? Би үүнийг зөвшөөрөхөд бэлэн үү? Өрөвч, өрөвч гэхэд би тийм өгөөмөр билүү? Үгүй шүү дээ. Би өнөөдөр түүнд нааштай хандсан, хариуд нь ямар нэгэн тааламж мэдэрсэн ч гэлээ энэ хана, зураас, ирт чулуу, түүнийг дагасан бодол хүртэл зөвхөн миний л өөрөө өөртөө зориулж олсон таашаал. Үүнийгээ хэнд ч алдах ёсгүй. Алдах гэснээс түрүүн бодол дунд яагаад ирт чулуу нуудаг бут санаанд оров. Яагаад байн байн түүний гар тэрүүгээр эргэлдээд байв? Арай энэ муу миний чулуугаа нуудаг газрыг мэдчихсэн юм биш биз. Магадгүй шүү. Ер нь яагаад надад сүүлийн үед нүдний тухай бодол бодогдож, зүүд зүүдлэгдэх болов? Энэ үнэхээр сонин. Би энэ талаар яагаад бодоогүй юм бол? Оромжиндоо ирж хэвтсэн хойно надад ийм л бодлууд ээлж дараалан орж, тэгэх тусам түүнийг улам бүр хардах болов. Цаашдаа тэгээд яах? Нүд . . . нүд . . .
Миний бодолд цухалзаад байгаа энэ сонин санааг зөв гэдэгт яаж итгэх вэ? Итгэхгүй гэхээр цаашдаа зураасаа үргэлж түүнтэй хамт зурдаг болох нь ээ дээ. Үгүй ээ, үгүй би тэгмээргүй байна.
- Яаж? . . .яаж? Би өөрөөсөө ийн асуусаар унтаж чадахгүй тарчилж гүйцлээ. Би дахин нэг сайн амьсгаа аваад
- Гүйцээ. Би шийдлээ. Тэр нүдгүй болох ёстой. Харахгүй болчихвол хэзээ ч миний хадан хананд очиж чадахгүй, намайг хэрхэн яаж зурж байгааг ч харахгүй. Энэ л хамгийн зөв шийдэл. Би ухасхийн босоод ирт чулуугаа гартаа атган түүн рүү дайрлаа. Тэр ч гэсэн миний чулуутай гарыг барьж амжив. Чулуугаа түүний нүд рүү чиглүүлэн зүтгүүлэхэд тэр салгалсан гараараа өдөөс түлхэнэ. Түүний нүд рүү чулууны ир шархиран ороход гараар ямар нэгэн мэдрэмж дамжин тархинд ирж өвдөлт болж байв. Хамгийн сонин нь миний нүд яг л ухуулж байгаа мэт өвдөх нь би ингэж өвдөж байна шүү дээ гэсэн дохио байх. Ямартаа ч гэсэн хоёр нүднээс нь салгаж чадлаа. Түүнээс үсэрсэн хар өнгийн шүүс миний нүд рүү үсэрсэн юм байлгүй би ч гэсэн харахгүй болж байв. Өвдөлт тэгж их мэдрэгдэж байсан ч гэлээ түүнийг надад дахиад саад болохгүйгээр хаашаа ч юм явж одох болно шүү дээ гэж бодохоор сайхан санагдаж байлаа. Тиймээ, тэр явж байна. Гэхдээ намайг дагахгүй байхын аргагүй даллаад байх юм. Би үүнийг яагаад тооцоолоогүй юм бол оо . . .
* * *
- Тэр өөрөө ингэж чадна гэж үү?
- Чаднаа. Учир нь ийм хүмүүс өөртөө дэндүү итгэлтэй байдаг юм.
- Энэ цагаан даавууг яагаад хананы наагуур татсан юм бол?
- Мэдэхгүй. Бодвол энэ зураасуудаа хэн нэгэнд харуулахыг хүсээгүй болов уу.
- Шөнөдөө зурдаг хэрэг үү? Танайх чинь нэгдсэн унтраалгатай биш билүү?
- Тийм. Гэхдээ гадаах талбайн гэрэлтүүлэг шөнөжин асаатай байдаг.
- Нүдээ юугаар ухсан байж таарах вэ?
- Халбаганы ишийг ирлэж үзүүрлэсэн байсан
- Та нар чинь шалгадаггүй байсан юм уу? Зэвсэгтэй нь үлдээж байдаг
- Эмэгтэй хүн чинь хаанаа ч гэсэн нуучих юм. Бид арай тэгж сэтгэсэнгүй.
- Цаашдаа анхаарах л болж дээ.
- Яг тийм. Одоо бүх өвчтөнг шалгаж байгаа.
- Энэ хүн ингэхэд хэдий хэр хугацаанд энэ өрөөнд байсан юм?
- Яг хорин найман жил
- Ганцаараа юу?
- Гав ганцаараа. Сонин нь тэр үргэлж орныхоо дан пүршин дээр нь унтдаг байсан.
- Хачин л юм. Ингэхэд, тэр ханан дээр хэдэн зураас байсан бэ?
- 10220 зураас
- Тэгэхээр хорин наймд хуваах уу? Эсвэл гурван зуун жаран тавд хуваана гэсэн үг үү?
- Аль, аль нь болноо ерөнхий эмч ээ
- Тоо бодуулах нь л дээ. Мөн хөгжилтэй юм болох нь ээ ха ха . . .
Тэдний яриа хонгилын үзүүрт алсарч, сарласан ханатай өрөө нэгэнт эзэнгүй болсон тул төмөр хаалга нь ёолох мэт чихран савлана . . .
2011. 03. 23 УБ хот
Бүрэн эхээрээ...
Блогоор аялсан түүх - 16 буюу уншигчаас ирсэн зураг

Миний нэг уншигч гэж ирээд л бичихээр зарим нэг нь “энэ чинь одоо юу болчихоов” гээд гайхах байх даа. Гэхдээ л яах аргагүй нэгэн уншигч маань энэ зургийг “Энэ яг тань шиг зураг” бичээд надад явуулсан (e-mail) байв. Яагаад тэгж тодорхойлсныг мэдэхгүй юм. Гэхдээ л энэ зургийг анх харахад сэтгэлд ойрхон, дулаахан, зүрхэн хавьцаа номхрох мэдрэмж төрсөн. Энэ уншигч маань намайг огт хараагүй хүн л дээ. Тэгсэн атлаа л тэгж хэлсэн юм. Тэгэхээр нь улам нарийвчилж
- bi ug ni aduu shig bish honi shig l hun dee гэхэд
- ugui ee. ene zurgiig buheld ni harahaar tanii dotood huntei chini ih tustei sanagdaad baidag umaa. Ta evguigeer bitgii bodooroi гэсэн юм. Миний өөрийн тухай биш миний бичсэн хэдэн өгүүллэгийн дотоод ертөнцтэй адилхан гэх гэж байгаа юм байна гэдгийг тэр даруй л ойлгосон ч надад сайхан санагдсан шүү. Тэгээд блогныхоо толгойд тавихаасаа өмнө уг зургийг харж, их удаан сууж билээ. Харах тусам сэтгэл нэг л уягдаад гэх үү дээ.
Нар ташсан зуны тогтуухан, сайхан орой юм. Өдөржин хорж зогссон энэ хэдэн адуу оройн сэрүүнд ганц нэг хазалж, зарим нэг нь биеийн чилээ үргээж харагдана. Өвсний өнгө, цэцэгсийн толгой, адууны тарга хийгээд цаагуур идээшлэх унаганы дорвийг үзвэл тийм ч аажуу зуны орой биш нь тодорхой. Намгархаг, чийглэг газар идээшиж буй хирнээ энэ хэдэн адуу байж ядан ялаархаад байгаа юм харагдахгүйг бодохоор өвсний гарц барагтайхан, ялаа шумуул багатай, сэв сэв хийсэн сэрвэгэр салхитай нутаг бололтой. Адууны цаадтайх хоёр толгой тийм ч өндөргүй юм. Учиргүй баруун зүгийн нутаг биш байхаа. Ажаад байхад манай нутагтай тун ч төстэй, сэтгэлд ойрхон санагдана. Манай нутаг гэснээс манай нутаг хотоос холгүй хэдэн бор толгод байдаг юм. Хөшигтийн хөндий, Эрдэнэ толгой, Эрэг-Ус, Авдар толгой, Хоолтын даваа, Дэнгийн Ам, Дойд, Дэжидийн Хунхуй, Цагаан тэмээт, Цагд-Уул, Урд, Хойд Баян гэсхийгээд бараг хот залгачихна. Үүгээр дуусчихаж байгаа юм биш л дээ. Манайхны нутаглаж байсан нутаг үүгээр байдаг хэрэг. Хүн ер нь өсөж төрсөн тэр л хэдэн өвөлжөө, хаваржаа, өгсөж уруудаж явсан гол усаа, ухаан орж, өсөж торнисон тэр л нутгаа миний нутаг хэмээн томъёолдог бололтой юм. Магадгүй, эх орон хэмээх агуу том ойлголт ч гэсэн маш энгийн сэдэлтэй энэ л орчноос эхлэлтэй байдаг болов уу. Яагаад би тэгж бодов гэхээр би бас ч үгүй нилээн хэдэн жил хүний нутагт амьдарсан хүн юм. Тэнд байсан нутагт нэгтнүүд маань “Эх орноо санаад” гэж их ярина. Би өөрөө ч ялгаагүй дээ. Үүнээс үүдээд эх орон гэж яг юу вэ гэж өөрөөсөө их асуудаг байлаа. Эх орноо санаж байна гээд л Хөвсгөл нуур ч юмуу, эсвэл Алтай Хангайн нурууг, бүр байчихаад өмнийн их говийг өдөр шөнөгүй бодоод байгаагүй л юмдаг. Миний санаад байсан юм гэвэл эцэг эх, элгэн садан, өсөж төрсөн хэдэн бор толгод, сурсан сургууль, болсон болоогүй хэдэн найз гээд зөвхөн өөрийгөө хүрээлж байсан тэр л орчинг боддог байлаа. Тэгээд сүүлдээ ер нь явж, явж эх орон гээд байгаа чинь ердөө л энэ юм биш үү гэж бодогдсон. Үнэн байхаа. За зарим нэг сүрхийвтэр улс нь намайг тун өчүүхэн нөхөр юм гэж бодох л байх. Гэхдээ л нэг их хол зөрөхгүй байхаа.
Зундаа өвөө эмээдээ тавиул болон очдог байсан хот газрын над шиг амьтанд миний мэдэх дээрх нутгийг монголдоо байхдаа миний нутаг, хилийн дээс алхсан үедээ миний эх орон хэмээн төсөөлж, бодож, заримдаа бүр санаж явдаг юм. Хожмоо гадна дотны байгалийн сайхан тогтоцтой, уул ус нь жигдэрсэн сайхан нутгаар нүд хужирлан байхдаа ч сэтгэл зүрхэнд минь өнөө л хэдэн бор толгод минь торойж, яагаад ч юм бусдын нутагтай харьцуулшгүй сайхан санагдаж байх юм билээ. Ер нь төрсөн нутаг, эх орон гэдэг өөр бусад юутай ч гэсэн харьцуулшгүй, харьцуулахыг санаархаад ч хэрэггүй юм билээ л дээ. Зөвхөн надад ч биш бүх монгол хүмүүст эх орон гэдэг хамгийн нандин зүйл байдаг байхаа.
Тээр жил манайх Дэнгийн амны адаг гэж цахилдаг хөхөрсөн нутагт зусаж байлаа. Хүний өөрийн нийлсэн над мэтийн нэг баахан тавиулаад. Хүүхэд л юм болсон хойно муудалцахгүй байна гэж юу байхав. Нэг авга ахтайгаа ам мурийгаад, хоорондоо бас гар зөрүүлээд авсан ч байхаа магад. Их л бага байсан санагдана. Манай муу Ажаа (эмээ) бид хоёрыг тэр энэ, буруу зөв гэж ялгалгүй хэд сайн ороолголоо. Зүгээр ч үгүй уурганы хуйваар шүү. Шап шуп гээд сүртэй ч гэж жигтэйхэн, өвдөж байна ч гэж хачин. Муусайн улаан дуднүүд. Ингээд яс булаалдсан ноход шиг байх юм бол Хойд Баянгийг хоёр талаар ороод зайлаарай л гэж байна. За ингээд хөөгдлөө л гэж бодох. Хамгийн гол нь Хойд Баян гэдэг хайрханаас цааш юу ч байхгүй мэт санагдаад хамаг л юм хоосорчих шиг. Манайх түүнээс цааш гарч нутгалдаггүй болохоор тэр байх. Тэнд өөр хүмүүс л байдаг гэж ойлгосон хэрэг. Ах бид хоёр гэж нэг нь аргалын дэргэд, нөгөө нь чингэлэгний буланд чимээгүйхэн уйлж суух. Чанга уйлвал дахиад ч гөвүүлж мэднэ. Тун удалгүй Ажаа маань биднийг хоёр бөөрөндөө сулгаад миний хүүхдүүд хоорондоо битгий муудалцаж бай. Хэдий зулай зулайгаа гишгэж төрөөгүй ч та нар чинь цусаараа холбогдсон ах дүүс шүү дээ. Хоорондоо эвтэй бай. Хүний орчлон гэдэг сайхандаа сайхан, хатуудаа хатуу шүү хүүхдүүд минь. Энэ цаг төр ч яагаа билээ гэж ирээд л их том хүмүүст хэлж буй мэт хөврүүлөн хэлээд бид хоёрыг ээлжлэн ээлжлэн үнэрлэж билээ. Бидэнд тэр хэлж буй бүхнийг ойлгохоос илүү Ажаагийнхаа зөөлөн аядуу дуу хоолойнд нь уярсандаа уйлж л суусансан. Одоо бодоход яасан ч алсыг хараатай, үнэн үг хэлж байсан юм. Бидний ном судраас уншдаг нөгөө их Алунгоо эх энэ тэр чинь бол дэргэд минь л байсан юм байна лээ дээ. Бид л мэдээгүй болохоос. Ажаа гэдэг бидний хувьд их “том” хүн байсан даа. Ажаад үнсүүлнэ гэдэг хамгийн том хишиг. Бас Ажаад шийтгүүлнэ гэдэг хамгийн том гэсгээл байж билээ.Ажаа маань ерөн таван насыг зооглоод тэнгэрт халихад би бараг дөч шүргэсэн том эр болсон хирнээ итгэж өгөхгүй, худлаа юм шиг санагдаад ямар сайндаа горьдсон харцаараа энэ тэндээс хайж, хашаа хороо, илүү гэр үгүй ээ ер нь хаанаас ч юм гараад л ирэх юм шиг санагдаад байж билээ. Бид Ажаагаа Хойд Баянгийнхаа нар хурсан нэгэн зөөлхөн энгэрт нутаглуулсандаа. Одоо хааяахан нутгаараа очихдоо өөрийн эрхгүй л тэр энгэр өөд нүд гүйлгэн хардаг гэж байгаа. Газар нь эдгээд бараг мэдэгдэхээргүй болсон байна лээ. Харин нутаг маань нэг л тийм салхинаас өөр эзэнгүй мэт, айл нь нүүдэллээд явчихсан намар оройн намаржаа шиг эль хульхан оргиод болдоггүй юм. Амьдрал хөөгөөд хот орноосоо гарахгүй байсаар нутаг маань сэтгэл дотор минь аглагшиж буй бололтой. Мэдээж хэн нэгэн тэр нутагт амьдарцгааж л байгаа. Тэгсэн хирнээ л нэг л эзгүй. Нар хэдэн настай вэ гэж нэг хөөрхөн хүүгээс асуусан чинь хүү нар таван настай гэж хариулсан юм гэдэг. Нээрээ тэр хүүгийн хувьд нар таван настай шүү дээ. Яагаад гэвэл тэр хүү өрөө тавтай байсан хэрэг. Яг тэрэн шиг Ажаа минь байхгүй болохоор нутаг маань эзгүй л юм шиг мэдрэмж төрдөг дөө. За за нэг мэдсэн чинь бүр далийж өгч. Хэдэн адууны зураг харчихаад таг өөр юм сараачаад суух мөн ч “сум”-тай хүнээ дээ би. Гэхдээ л бодол санаа гэдэг жигүүртэй, эсвэл бүр жигүүргүй юм болохоор хаа хамаагүй хэсүүчлэх юмаа. Нээрээ, би блогтоо өөрийнхөө тухай байтугай бодол санаагаа ч оруулдаггүй юм байх чив.
Ямартай ч гэсэн дээрх зургийг явуулсан уншигчдаа баярлсанаа илэрхийлье. Хожимдсон байж магадгүй юм. Гэхдээ блогныхоо толгойд оруулсныг үзээд сэтгэлд нь таатай байсан байх гэж найдна. Хүн гэдэг сэтгэлийн амьтан юм болохоор бид юуханыг ч гэсэн алагчилалгүй ойлгох сэтгэлээр, дэмээр, итгэлээр, урмаар, урд хойдохоосоо ухаарал авах гэж дурсамжаар, уярлаар, хамгийн гол нь хүн болж төрсний хамгийн нандин учиг болох хайраар энэ орчлонг дүүргэн, дүүргэн амьдрцгаадаг юм шиг байнаа . . .
Бүрэн эхээрээ...
Маниус ч азтай юмаа. (Өгүүллэг)
- Өвгөөн! Ингэхэд чи хурдхан яваад ирэх арга байна уу? Үгүй юү?
- Юунд тэр вэ? гэснээ өвгөн Ориг гэнэт санав бололтой
- Аан! Тийм л дээ. Хүн гэж жигтэйхэн болоо байхдаа, одоохон гарахгүй бол горьгүйтэх байх
- Уг нь энэ хар хүйтэнд өөрөө салгалж явахаар хүүхдүүдэд тэр итгэмжлэх гэдгийг нь гаргаад өгчихвөл чамд л амар юм даа.
- Үгүй шүү хө. Эх орны минь хишиг. Ховилт зүрхээ цохилуулж, хорвоогийн тоосыг хөдөлгөж яваагийнх өөрөө очиж авна шүү хө.
- За тэгээд л нэг их олон юм ярьдагийн зүгээр. Чиний энэ хэнхэг зан уу, төвөгтэй гэдэг нь. Хүүхэд л гүйлгэвэл барав биш үү
- Тэгэхгүй ээ хө. Өөрөө авч чадахгүй бол аваад юүхэв. Тэндээ үлдэг цаашаа гэсээр хөвөнтэй дээлээ өмсөж, бүсээ ороов.
- Жиндэхгүй юм уу наадах чинь?
- Цаг наашилж байхад гайгүй биз
- Дээгүүрээ хүрмээ давхарласан нь дээрээ. Амьтан бужигнаад их оочертой байна гэсэн. Аягүй бол даарчихаад нуруу туруу гээд хэвтчих гэж байгаа юм.
- За, за хэвтсэн ч яадаг юм. Уг нь бол бүр ёслолын хувцастай очиж авах ёстой юм. Би л чадахгүй байгаа болохоос гэж үглэнгээ энгэр дээрх хоёр одонг тэгшлэх өвгөнөө харсан эмгэн нь ихэд өрөвдсөн янзтай
- Ишш! Өвгөн минь дээ. Наадхыг чинь одоо хэн тоох вэ дээ. Бараг хүүхэд нохойн доог болох байлгүй.
- Шоолох нэг нь шоолж л байг. Байлдаж яваад авсан нь үнэн л юм чинь.
- Одоо чинь биднийг социализмын үлдэгдэл гээд бараг чулуугаар шидэх нь холгүй байна шүү дээ цаагуур чинь
- Шидвэл шидэж л байхаас. Үхэж өгөхгүй зовлогыг одоо яах болж байна гэх өвгөн чухам хэнд ч юм хий цухалдсанаа
- Үгүй ингэхэд эд ер нь хичнээн галзуурлаа гээд бидний залуу насыг яах юм. Ёстой яаж ч болдоггүй юмны нэг тэр байхаа гээд амьсгаадахад эмгэн нь
- За, за явж үз дээ. Одоо тэгээд өнөө үгээ зулзагалуулаад зогсчих гэж байгаа юм. Эртхэн шиг аваад ирвэл юм юмханд хэрэг байна гэлээ. Ориг ноосон малгайгаа толгойдоо углаад гэрээс гарлаа. Түүний араас хаагдаж буй хаалганы завсраар
- Буцахдаа хажуугийн дэлгүүрээс нэг давс . . . гээд цааш сонсогдсонгүй.
Өвлийн шар нар тэртээ зүүнтэйд утаа униар хөшилдсөн гүймэл хөх жаварт алгадуулах мэт үлбийн шарлана. Уг нь өглөөний агаар санж, гэвч хот газрын агаар гэдэг ямар олиг байхав. Үе үехэн хялмайлах цасан ширхэгүүд үгүй ээ бас юм юм цайруулчих аятай будрана. Ясархаг шанаатай өндөр ёнхигор шар өвгөн амьтны асгасан угаадас юман дээр халтирч уначихгүйг хичээн тэмтчин яваа ч “хүн харахад үхэх гэж байгаа юм шиг бээцийгээд муухай ч юмуу” хэмээн санан, нуруугаа тэнийлгэн хараагаа гудамжны үзүүр тийш шидэх нь залуугийн хээнцэрдүүхэн зангаа тавихгүй санаатай. Эмгэний хэлдэг хажуугийн дэлгүүр дөнгөж онгойж буй бололтой худалдагч нь болох бондгор бор хүүхэн үүднийхээ цасыг шүүрдэж байгаа нь энэ гэж хэдэн тийш нь савчиж байснаа өвгөнийг харж
- Сайн уу? Ориг гуай. Яасан эрт яваа юм? Цэрэн эмээ байгаа юу? Ойрд харагдаагүй
- Сайн хүүхээ. Байгаа, байгаа. Чаддагаараа намайг жанжлаад л гэртээ суугаа.
- Аан гээд хүүхэн дэлгүүртээ орлоо.
“Манай өнөөх л хааяадаа гурил будаахан зээлчихсэн байдгийг бодоход гайгүй ааштай охин шиг байгаа юм” гэж бодоод дотор нь эерэгжин цаашлав.
Хорооны хажууханд байрлах жижигхэн шавар байшингийн өмнө олон хүн багширан овооролдож, ам амандаа шаагилдах нь чихнээ нэг л тааламжгүй сонсогдоно. Тэдний амнаас цоргих цагаан уур муу умгар байшинг ороон даялж хашаа ч юм замхарч одно. “Мөн ч олон хүн байна даа. Яажшуухан нэг юм авдаг юм билээ дээ” хэмээн санааширсан хэдий ч “өөр ч ямар ажилтай биш дээ байж л байвал болчих байгаа” гэж санаад Ориг өвгөн сэтгэлээ шулуутгалаа.
- Тэр урдуур болиоч ээ. Ямар балиар амьтан бэ гэж хахирган дуугаар нэгэн тагжгар хар авгай зэвүүрхэн хашгирахад бусад нь өлгөн авч
- Ингэдэг байхгүй юу муусайн юмнууд
- Болиоч ээ та нар
- Нэг эгнээндээ орооч ээ, тэгвэл амар ш дээ
- Цагдаа магдаа алга уу? Хэрэгтэй үед ингээд алга болчихдог юм
- Аягүй бол дотроо цай уугаад сууж байгаа биз гэхчилэн ам амандаа шаагилдана. Тэдний амнаас олигтой үг нэг цухуйхгүй ажээ. Тэгтэл ч удалгүй хамгаалалтын албаны бололтой дүрэмт хувцастай том биетэй залуу гарч ирээд тэднийг нэг эгнээнд орохыг шаардан, зарим нэг урдуур зүтгэсэн этгээдийг түлхэхийг нь түлхэж, сугалахыг нь сугалан хараал урсган байж овоо журманд оруулав. Ориг өвгөн дарааллын ард зогсов. Хоёр одон гялалзуулсан түүнийг бас л ямар нэг юм хэлээд урдуур салгалах вий гэсэн аятай хялав цэхэв хийх олны нүднээс өөрт нь дургүй байгааг Ориг төвөггүй ойлгоно. Тэгэх тусмаа та нараас гуйхгүй юм шүү хэмээн бодох тэрээр тэднийг ер анзаараагүй царайлж, дээхнүүр харан зогсоно. Залуу зандан явахдаа тэвхэлзсэн офицер явсан тэр нь хэр барагтай юм хүнээс гуйж нэр нүүрээ барахгүй гэсэн бодол нь бүх амьдралынх туршид ноёлсон хэвээр яваа билээ. Дарааллын дунд хуучны загварын ногоон пальтотой залуухан эмэгтэй ой гарантай болов уу гэмээр хүүхдийг дааж ядан тэвэрч зогсох бөгөөд хүүхэд даарсан уу яасан мэдэгдэхгүй зогсоо зайгүй чарлана. Бас зүгээр ч үгүй ар дагзаараа савах мэт хойшоо цахлахад эх нь одоо л алдчих болов уу гэмээр харагдана. “Ааштай моньд байх нь. Тас ороолгох юмсан” гэж Ориг өвгөн дотроо бодох хэдий ч хүний хүүхдийг яалтай билээ. Хүүхний ард түрүүний хахир дуутай хар авгай зогсоно. Үе үехэн тамхи гарган нэг их улаан хумстай хар хуруундаа хавчуулаад ийш тийш харан ярвалзах нь яавч зохимжгүй харагдана. Ориг яагаад ч юм түүнийг харчихгүйг хичээн өөр тийш хараа шилжүүлэвч нэг мэдэхэд түүнийг анзаарчих ажээ. Түүний ард буюу Ориг өвгөний урд царай зүс баргардуу, хувцас хунар барагтайхан гурван залуу зогсож таарав. Тэднээс уугаад удсан архины эхүүн үнэр ханх тавина. Бодвол өчигдөржингөө савсан бололтой. Шургачиж унасан юм болов уу даа гэмээр шанааныхаа товгор дээр шинэхэн ягаан сорвитой өрөвгөр залуу амны хаалт зүүсэн малигар шар залууд хандан
- Манай энэ овоо гараа. Бичиг баримтаа бүрдүүлчихээд энд зогсож байдаг. Тэгэхэд чинь мань мэтэд бол байхгүй шүү дээ гэхэд хүйтэнд бээрээд хамрынх нь үзүүрээс усан нус цухалзах өндөр хөх залуу түүнийг дэмжин
- Наадах чинь гавал байхгүй юү. Багадаа бүр ямар байсан гээч. Одоо ч гэсэндээ бидний бодоогүйг бодно шүү дээ гэж тал засахад магтуулагч залууд их л таатай байгаа нь хир болсон амны хаалтны дээгүүр гялтганах шар ногоон нүднээс илт. Тэрээр
- Ухаан юу байхав дээ. Санаа ш дээ. Өгч байгаа дээр нь авч байх хэрэгтэй ш дээ. Иргэний идэвх гэж үүнийг л хэлээд байгаа байхгүй юү гэж нөгөө хоёртоо ихэд томорхоно. Өндөр хөх
- Чи байгаагүй бол ч өнөөдөр өнгөрсөн байх аа. Хурдлаасай гэж дарааллын дээгүүр өлөлзөх нь ихэд яарчээ. Тэд бие биедээ тал засан инээлдэж байснаа ардаа зогсоо Оригийг зэрвэсхэн хараад биеэ барьцгааж, царайгаа төв болгоно.
Тэгтэл тун удалгүй хоёр залуу ирж өвгөний ард зогслоо. Тэдний хувцас хунар нь нөгөө хэдийг бодвол арай дээр юм. Гэхдээ тэд бас л нойр муутай хоносон нь илт.
- Хурдхан шиг очиж даагаа нэхмээр байнаа. Бүр шар гозолзоод гэхэд
- Харин тиймээ. Энэ ч мөдгүй дээ. Урдуур таньдаг царай байна уу, үгүй юү чи хараач
- Наадуул чинь урдуур дайрлаа гээд боож үхнээ. Уг нь гялс юм байна лээ.
- Ингэхэд, тэр мууд ямар их мод гүйж байнаа. Ёндоотой гар юм даа
- Чиний тэр сүүлийн савдаг чинь буруу байхгүй юү. Харваас гарт нь пүл (full) орчихоод байхад мэддэггүй юм уу?
- Яаж мэдэх юм бэ? Чи мэдсэн юм бол дохих нь яасан юм
- Би чамруу хараад л байсан ш дээ. Ер нь тэгээд сайн унших л хэрэгтэй ш дээ.
- Хүн ёстой жинхэнэ азаартчихаад байхад . . . гэх яриа өвгөний ард сонсогдоход “Жоохон л юмнууд харагдсан бас тоглодог байх нь” гэж санаад эргэж харахад өнөө хоёр Оригийг нэг, энгэр дээрх тэмдэгийг нэг харан дуугаа хураав. “Үгүй ээ яахав ээ. Хүнээс бас эмээхтэйгээ байнаа” гэж санан Ориг өвгөн хоолойгоо засаад урагшаа харвал ард нь
- Харваас хэнхэг залгачихсан өвгөн байна
- Чшш! Чимээгүй ээ. Аягүй бол үглээд унана.
- Харин тиймээ. Манай өвөө гэж бас нэг ийм юм байдаг юм гэх шивнээг сонсогдоход Оригийн дотор ямар нэгэн уур хилэн оволзовч биеэ барьж байгаа нь түүний ягаарч буй шанаа түүшнээс андашгүй. Тэднийг алгадаад авмаар санагдавч яаж ч болохгүйдээ хавчигдан ханцуй дотроо хий дэмий гараа базлан зогсоно.
Хүүхдийн час хий орилох дуу Оригийн бодлыг тасалдууллаа. Өнөө ногоон пальтотой хүүхний хүүхэд гэдэлзэн чарлана. Эх нь хий дэмий хүүхдээ сэгсчивч тусыг үл олно. Дараалалд зогсогсод хүүхдийн дуунаас тээршааж буй нь илт.
- Энэ хар хүйтэнд хүүхэд авч ирээд байхдаа яадаг юм
- Үгүй яахав дээ, урдуур орох гэсэн башир арга. Өөр яав л гэж гэхчилэн эх охин хоёрыг нүд үзүүрлэцгээнэ. Гэтэл Оригийн өмнө зогсох өнөөх гурвын нэг болох амны хаалттай залуу
- Наад хүүхнээ урдуур оруулчихаач дээ. Хүүхэд нь даарчихлаа. Ганц хүн ш дээ гэж хэлчихээд өгөөмөр сэтгэл гаргасныг нь хүмүүс мэдэв үү гэсэн аятай эргэн тойрноо додигор харлаа. Нэг ч хүн дэмжихгүй нь дээ гэж боддогийн даваан дээр өнөө атигар авгай
- Тэгвэл яасан юм бэ? Энэ хоёр амьтан хөлдлөө гэхэд
- Тэгээ тэг. Ядаргаатай юм
- Өөр хүн оруулахгүй шүү. Хүүхэд мүүхдээ орхих нь яадаг байнаа гэхчилэн дараалалд зогсогсод дуртай дургүй дэмжих нь үнэндээ хүүхдийн чарлахаас залхсан нь илт. Тэгтэл өнөөх амны хаалттай залуу дахиад л
- Энэ өвгөнийг ч гэсэн оруулчихаач гэхэд
- За одоо болио боль бас юун өвгөн бэ гэж хэн нэг нь дуугарав
- Одон медиалаа зүүснийг бодоход гавъяатай л хүн байлгүй гэж хүндэлсэн гэхээсээ илүү шоолсон маягтай хэлэхэд хүмүүс бүгд Ориг өвгөн лүү харцгаав.
- За тэгээд хурдлаач дээ
- Орвол орооч дээ тэгээд хөдөлж ядах юмаа гэж ам амандаа дүнгэнэлдэв. Хүүхэдтэй хүүхэн итгэж ядан байгаа бололтой эргэн эргэн харсаар орлоо. Харин Ориг өвгөн орсонгүй. Хүмүүс, тэр дундаа түүний өмнө зогсоо гурван залуу гайхсан янзтай харснаа
- Та орохгүй юм уу? гэхэд өвгөнд өөрийг нь нэг л дорд үзсэн мэт санагдаад болсонгүй. Гэхдээ үүнийгээ гаднаа юу боллоо гэж мэдэгдэхэв дээ.
- Үгүй ээ хүүхээ. Ах нь ээлжээ болохоор оръё.
- Заа, за. Энэ хүйтэнд даарч л байгаа юм бодсон чинь . . .
- Өдийний хүйтэн гэж ямар юм байхав. Баярлалаа хүүхээ гэчихээд “Эдний архи уусан нь надад ямар хамаа байхав дээ. Эдэнд муухай аашиллаа гээд ч яах юм билээ” гэсэн шүү юм бодож зогстол өнөөх тагжгар авгай
- Тэгвэл би орлоо гээд юм хэлэх завдалгүй хүүхний араас орчихов.
- Өө, тэр авгайг оруулчихлаа ш дээ
- Энэ өвгөнөөс болж байгаа юм. Орох мөрөөрөө орохгүй гэцгээв. Гэтэл өвгөний ард өнөө хоёр залуугийн
- Тээр, хэлээгүй юү. Үнэн хэнхэг.
- Харин тиймээ. Одон зүүчихээрээ ингэдэг юм байлгүй. Эд нар одоо ичихэд яадаг байнаа.
- Хүн харна л гэж боддог юм байгаа биз гэх яриа чих дэлсэхэд өвгөн Ориг тэсэлгүй эргэж харвал хоёр залуу ер юм яриагүй шинж гарган дээгүүр харан гөлийв. Дараалал нилээн урагшилж хэн хүнгүй л орох дөхөж байтал дахиад л ард нь
- Энэ өвгөн одоо ингэж зогсохоор зүүж яваа одонгоо зарчихвал хөөрхөн үнэ хүрчих юм биш үү гэснээ биесээ нудран инээлдэх нь сонсогдов. Үүнийг сонссон өвгөний зэвүү дургүй хоёр зэрэг хүрэх авч “За даа эд нартай би юугаа ярих вэ дээ. Дайн тулаан гээч юмыг эд үзээгүй. Тийм улс чинь эх орон гэж юу байдгийг, түүний төлөө хүн яаж тэмцдэгийг хараагүй юм чинь мэдэх үү. Мэдэхгүй болохоор эх орон гэж чухам яг болохыг тэгтлээ сайн ойлгох уу. Эд чинь дэлбэрэх бөмбөг, исгэчих сумыг сонсоогүй. Саяхан л инээж явсан нөхөр нь нүдэн дээр нь хэдэн хэсэг болон тасран унахийг хараагүй юм чинь энэ одон чухам ямар үнэтэй, ямар утгатайг яаж ойлгоо аж. Эх орныхоо хилийн баганыг үзээгүй. Энэнээс цааш миний эх орон бий гэж бодож байгаагүй болохоор одоо чухам юуны дараалалд зогсоогоо ч ойлгохгүй шүү дээ. Бид ч яахав энгэртээ зүүгээд өөртэйгөө цуг шоолуулаад дуусаж. Харин одооныхны тоймоо алдсан шагналыг бодвол бас ч гэж барагтай байжээ” хэмээн элдвийн юм бодож зогстол орох ээлж нь юу юугүй тулаад ирлээ.
Дэвтэрээ үнэмлэхтэйгээ шилэн хаалтны доогуур шургуулан өгтөл залуухан охин шурхийтэл авч пад, падхийтэл хэдхэн тамгалаад дэвтэр дээр нь хоёр ширхэг улаан аравт, нэг ширхэг хөх мянгатын дэвсгэрт тавиад буцааж өглөө. Өвгөн Ориг өглөөнөөс хойш үүнийг л авах гэж энэ олон хүмүүстэй дараалалд зогсжээ. Тэрээр дэвтэрээ мөнгөтэйгөө цуг хам хум өвөртлөөд гарав. Өвгөн гадаа хэсэг зогслоо. Утаатай ч гэсэн сэнгэнэсэн агаар халууцсан биеийг сэргээх гэсэн мэт жаварлана. Түрүүний хялмайлж байсан цас одоо бүр малгайлах аятай. Тэр өглөөнийх шиг яарсангүй. Юундаа ч яарах билээ. Төдхөн ард хаалга дуугарч өнөө хоёр залуу гарч ирснээ
- Гялалзахгүй бол өнөөдүүл чинь тарчихна шүү.
- Харин тиймээ. Ядаж байхад ямар их хүн бэ
- Одоо энэн дээрээ л босно шүү. Хамаагүй савахгүй шүү . . . гэлцсээр их л яарч буй бололтой гудамж уруудан шовор шовор хийн явж одов. Өвгөнийг анзаарсан ч үгүй. Тэдний араас харжээ зогсохдоо өвгөнд яагаад ч юм учиргүй их уй төрөв. Зүгээр олдсон юм гээд баярламаар авч тэгсэнгүй.
“Бид ингэж ч явах гэж дээ. Бүр ард түмэн зон олноороо шүү. Энэ эх орны төлөө хичнээн олон эрс алтан амь, бүлээн цусаа урсгалаа. Миний мэдэхийн тоймгүй олон юмдаг. Миний мэдэхгүй хэдэн зуун дамжсан тэр олон эрсийн эх орноо гэсэн итгэл үнэмшил ингэсгээд хумс хумсханаар үрэгдэж буй гэж бодохоор баярлаж бахархахын арга алга даа. Гэтэл өнөө цагийн бид хар үүрээс харуй бүрий болтол дараалалд зогсож, харааж, ерөөж, доромжилж бараг л бие биенийгээ барьж идэх нь холгүй хувааж идэж суух гэж. Яг л гуринхатсан ноход угаадас булаалдах мэт. Уг нь их л агуу хүний хойч үе юмсан. Юу ч гэхэв дээ. Хэлэх ч үг олдохгүй юм даа” хэмээн санааширсан бодлынхоо хүлээсэнд бачууран алхахад хөл доор нь шинэхэн хялмай цас ёолон чахарна.
Өвгөн гэрийн зүг элдвийг бодон гэлдэрч яваад өнөөх булангийн дэлгүүрийг харахтайгаа зэрэг эмгэнийхээ захисан давсыг санаж, тийш зүглэн гэлдэрлээ. Дэлгүүрийн өмнө түрүүний дараалалд зогсож байсан гурван залуу ганц шил юм дундаа барьчихсан тойруулж буй бололтой их л сайхан ааш нүүрэндээ гэрэлтүүлэн зогсоцгоож байснаа өвгөнийг хараад яагаад ч юм гэм хийсэн хүн шиг хулмалзав. Өвгөнийг хажуугаар нь өнгөрөхөд ард
- Ийшлэе гэж хэн нэг нь хэлэхэд
- Ямар хамаатай юм. Бид чинь хуваарьт юмаа л хүртэж байгаа биз дээ.
- Тэр яах вэ. Зүгээр л жаахан холдоё
- Дахиад нэгийг авчих л даа.
- За тэгнэ дээ тэгнэ. Алив нааш ир хэмээн ярилцах нь сонсогдоно.
Өвгөн үл сонсогчийн дүр үзүүлэн дэлгүүрт орвол хүүхэд уйлагнана.
- Алийг авах гэсийм дээ тэгээд. Би чамд зөндөө л юм авч өгсөн байгаа биздээ гэж эх нь уцаарлав. Харвал бас түрүүн зогсож байсан эх охин хоёр ажээ. Охин нь хоёр гартаа мөхөөлдөс, чихэр барьсан хирнээ сэтгэл нь ханахгүй байгаа бололтой нэг жигнэмэг зааж чарлана. Хүүхний суганд хиам өндөг, талх, бас нэг жижиг шил архи сэлтхэн рүү харагдана.
“Яасан ч их юм авдаг хүүхдэв дээ. Үгүй бас тэр архи нь ч юув” гэж бодох зуур эх нь
- Одоо байхгүй. Мөнгө дуусаа. Чи хар гэж охиндоо ганц тавьт атгасан хоосон гараа үзүүлэхэд охин нь хойш саван чарлав. Хүүхэн охиноо
- За битгий маяглаад бай. Мөнгө байхгүй гээд байхад яах гээд байгаа юм гээд гараас нь гудачсаар гарч одлоо. Тэдний араас харж зогссон Ориг толгой сэгсрэн
- Эд үнэхээр мөнгөө барчихвуу? гэхэд худалдагч
- Тэглээ. Хорин нэгэн мянга ч юу байхав дээ. Хамарт ч үгүй аманд ч үгүй юм чинь
- Танайх ч овоо орлоготой байгаа юм байнаа.
- Хэдхэн өдөр л ингэдэг юм. Тэгээд л буцаад өр зээлдээ орцгооно доо зайлуул гэх нь ойр хавийнхаа хүмүүсийг хэлж байгаа бололтой. Тэдний дунд хоёр хөгшин ч тууж яваа. Өвгөнийг давсаа аваад гарахад өнөөх гурван залуугийн нэг зөрөн оров. Гадаа нь хоёр биш дөрвөн залуу хүлээх ажээ. “Хэдийдээ дөрөв болчихов доо эд чинь” гэж бодов.
- Цаадахад чинь одоо хэр юм байгаа вэ? гэж хэн нэг нь асуухад
- Лав хоёрын мөнгөө байгаа.
- Засаг ч биднийг нэг юм уулгаад байхаа мэдэх юмаа гэхэд нэг л өлгөж
- Улс баян бол иргэн баян гэж энэ дээ гэж хөөрцөглөв.
- Иргэн баян бол гээч. За тэр ч яахав. Нээрээ, манай монгол ч одоо л нэг сэхлээ авч байгаа гэнэ шүү. Дэлхий чинь тэр аяаараа манайхыг сонирхож байна ш дээ цаана чинь. Маниус ч азтай юмаа . . . гэх тэдний ярих нь өвгөний чихэнд дультраатан сонсогдсоор авай . . .
Түмэнбаярын Бум-Эрдэнэ 2011. 03. 02 нд УБ хот
Бүрэн эхээрээ...
Хав харанхуй, хий хоосон дундуур (Өгүүллэг)

Хоёрдугаар сарын энэ өдөрт зориулав.
Би хаана байнаа? Хов хоосон, хав харанхуйн дунд би юу хийж зогсоо юм бол? Зогсох ч гэж дээ миний хөл доор юу ч алга. Би хөлтэй юм байна . . .
Надад тулах цэг, гишгэх газар алга. Түнэр харанхуйд дуу чимээ, гэрэл гэгээ мэдэгдэхгүй юм. Зүгээр л нүх шиг тас харанхуй. Өчүүхэн ч болов гэрэл тусаасай. Тэгвэл түүгээр баримжаалахсан. Эргэн тойрон юу ч байхгүй тул би хардаг эсэхээ ч мэдэхгүй юм. Би ингэхэд чухам яг юу юм бол? . . . Би айж эхэллээ. Надад айдас лав байдаг юм байна . . .
Гэхдээ хичнээн айдастай байсан ч надад мэдэж байгаа гэхээсээ илүү мэдрэгдэж байгаа нэг юм байв. Тэр нь юу вэ гэвэл би нэг тийшээ явах ёстой. Чухам хаашаа юм бол? Ийшээ юм болов уу? Үгүй ээ, тийшээ юм болов уу? гэсээр би байран дээрээ эрэгцэнэ.
Байз, байз! Би анх харсан тэр зүгтээ л явах ёстой юм шиг байна. Харсан гэснээс хандсан гэвэл онох юм уу даа. Би хандсан зүгтээ явлаа. Явах ч гэж хөвж байх шиг санагдав. Далайн гүнд шумбаж буй мэт. Гэхдээ би нойтонг мэдрэхгүйг бодоход агаарт байгаа бололтой. Би урагшилсаар байв. Өөрийгөө мэдэрч байсан эхэн үеэ бодвол надад ямар нэгэн зорилго байх шиг. Нэг анзаарсан чинь айдасгүй ч болчихоо юу даа. Би хүч нэмэн урагшлав. Их удаан явлаа. Дэндүү удаан. Тэгтэл тэртээ хол, бүр харааны үзүүрт гэмээр хол бүүдгэр туяа харагдав. Харьцуулах юм байхгүй болохоор харааны үзүүр гэхээс өөр яах билээ. Улаан юм тэр туяа. Хүүе! Би нүдтэй юм гээч . . .
Би тэр зүгт шунан тэмүүлэв. Яагаадыг мэдсэнгүй. Юу ч үгүй хов хоосон, хав харанхуйд би өөр хаачих билээ. Зүтгэх тусам улам цаашлаад байх шиг. Гэтэл үгүй юмаа. Би хэдийгээр ойртож байгаа боловч тамирдан ядарч эхлэв. Би бас ядардаг байх нь . . .
Тиймээ би ядарч байв. Надад ямар нэгэн юмны дэм хэрэгтэй. Үгүй ядаж л би нэг юмнаас барих зуурах хэрэгтэй. Нээрээ, би гартай юм байна . . .
Өөрийгөө тогтоохгүй л бол юу юугүй тэр гүн харанхуй руу унах нь. Би тийшээ унаж яасан ч болохгүй. Тэгвэл тэгээд л өнгөрөө. Би тэр л гүн харанхуйгаас ирсэн мөртлөө ингэж бодов. Өчүүхэн ч болов гэрэл гэгээ харахаараа миний сэтгэл санаа өөрчлөгдөж буй бололтой. Ядаж тэр гэрэлд гараа хүргэлгүй уначих вий гэхээс би сандарч эхлэв. Хамаг чадлаараа зүтгэсээр бараг тулж ирлээ. Нарийхан утасны үзүүр шиг юм цухуйж байв. Урам хугармаар. Жижигхэн л юм, гээд яая гэхэв. Надад үүнээс өөр юу ч байхгүй тул үүнийг чамлах хэрэггүй. Хугацаа ч алга. Гэнэтхэн доошоо унах шиг болоход би өөрийн эрхгүй нөгөө үзүүрээс атгаж авлаа. Эгээтэй л унасангүй. Ашгүй амь гарлаа гэж бодогдов. Ингэхэд би амьтай гэж үү. Тиймээ, тийм би амьтай. Би эхлээд мэдэрч байсан, тэмүүлж байсан. Одоо би барьж байна, харж байна. Би амьтай юм байнаа . . .
Нэгэнт л зуураад авсан болохоор тэр утас шиг юм цааш үргэлжлэх ёстой мэт санагдан яг л олс дамжин авирах мэт гараа сэлгүүлэхэд нээрээ үргэлжилж байх шиг байв. Яагаад би тэр үзүүрээс цаашихыг харахгүй байгаагаа сая ойлгов. Тэр үзүүр ямар нэгэн хаалтыг нэвтлэн гарч ирсэн байжээ. Миний сэлгүүлж барьсан өрөөсөн гар харагдахгүй болчихсоныг бодоход тэр хаалтыг нэвтлэхэд тийм ч хэцүү биш бололтой. Дахин нөгөө гараа сэлгүүллээ. Бас л нэг нарийхан юмнаас барив. Ингэж урагшлан, зориг муутайхан хаалт руу шургалан орлоо. Тэнд тийм ч их ялгаа байсангүй. Орчин нь гадаах гэж нэрлэж болох үл мэдэгдэх хаалтны цаадахтай адилхан хав харанхуй, гүнзгий, хов хоосон хэвээрээ. Ганц ялгаа нь би хоёр гараараа атгаж буй нарийхан улаан утас шиг зүйл тэртээх харанхуйруу сунжран одсон байв. Түүнээс цацарч буй бүдэгхэн туяанд энэ бүгдийг арай чамай харж байлаа. Би ямар ч эргэлзээгүйгээр тэр урт нарийхан зүйлийг хоёр гараараа ээлжлэн барьсаар цаашиллаа. Түрүүнийх шиг дүүжигнэсэнгүй. Анхных шиг хөвсөөр байв. Би чухам юу руу тэмүүлж яваагаа мэдэхгүй ч яармаар санагдана. Хоёр гараа хурдан, хурдан сэлгэхэд надад хурд мэдрэгдлээ. Толгой дээр ямар нэгэн юм сэрвэгнэн хөдлөв. Тэмтэрч үзвэл үс байна. Үснийхээ хойшоо намирах хөдөлгөөнөөр хурдыг, агаарын хөдөлгөөнийг мэдрэв. Би толгойтой бас үстэй юм байна . . .
Хурдлах тусмаа үүнийгээ мэдэрч байлаа. Нилээд удаан явлаа. Энэ зуур өөрчлөгдөж буй ганц зүйл гэвэл миний атгаж яваа утас шиг улаан юм улам бүдүүрч олс шиг гарт баригдахуйц болов. Бас түүнээс дулаан мэдрэгдэнэ. Одоо тэр миний гайхлыг төрүүлэхээс гадна энэ их хөлгүй харанхуй, хязгааргүй гүнзгийд надад итгэл найдвар болж байв. Би түүнийг тавьчих л юм бол тэртээ доошоо уусах мэт алга болчих гээд байх шиг. Би улам бүр цаашилсаар байлаа. Хаашаа явж буйгаа мэдэхгүй ч миний зөн совин намайг хөтөлсөөр байсан юм. Би бас зөн совинтой юм байна . . .
Одоо нөгөө олс шиг халуухан улаан юм маань өргөссөөр гарт багтахаа байжээ. Түүний гадаргууд гөвдрүү мэт овгор товгор үүсэж байгаагаас гадна дотуур нь ямар нэгэн юм урсах мэт гүрвэлзэх нь мэдрэгдэж байв. Хав харанхуйд бүлээн дулаан юм гартаа атгаж, түүнтэйгээ хань бараа болон явах хичнээн сайхан гээ. Анх хаана байгаагаа мэдэхгүй байсныг бодвол одоо надад илүү их итгэл найдвар төрсөн байв. Энэ их итгэлээ алдчихгүй юмсан. Түүний илтэд өргөсөхийн хэрээр гэрэлтэх болсон улаан ягаан туяанд миний нүүр бүхлээрээ харагдах болсон байв. Болоогүй ээ, би бас нүүртэй . . .
Хэрвээ хэн нэгэн хажуугаас харах юм бол намайг чухам юу байна гэж тодорхойлох бол? Барьцгүй хоосон, түнэр харанхуйд надад олдсон дулааныг, гэрлийг дагаад миний хаанаас ч юм тийм нэг эерүү сэтгэл төрж байлаа. Надад сэтгэл гэж юм байдаг юм байжээ гэж . . .
Би цаашлах тусам өнөөхийгөө тэврэхгүй бол болохгүй болж эхэллээ. Одоо илтэд мэдрэгдэх болсон гүвдрүүнүүд гадаргууд нь долгиотно. Дотуур нь урсгал урсах нь тэвэрт мэдрэгдэнэ. Тэгжээ явтал нөгөө бүдүүн улаан юм маань гэнэт огцомхон доошиллоо. Ихээ өндрөөс унах шиг болж сандарсан хэдий ч бүдүүн улаанаа тэвэрсээр яваагаа ухаарч бага зэрэг тайвшрав. Тэвэрсэн чигтээ уруугаа харан гулсан явахад түүний гаднах гөвдрүүнүүд цээжин тушаа нидрүүлэг мэт иржигнүүлнэ. Надад ийш тийшээ юм харах сөхөө байсангүй. Осолдохгүй хоёр гараа тавьж болохгүй гэдгээ л ухаарч байлаа. Их хурдтай уруудах тул нүднээс нулимс гарч шанх даган урсч байна. Нулимс гэдэг юм ч надад бас байх ажээ . . .
Тэгж тэгж огцомхон доошилсон шигээ эгц дээшлэн эрчээрээ хэсэг өгссөнөө зогсчихов. Түр хүлээлээ. Урагшилсангүй. Тэр ч бүү хэл тэврэлтээ чангатгаагүй бол буцаад гулсах шинжтэй. Хоёр хөлөө нэгэн гүвдруунд тээглүүлээгүй бол уначих л юм байна л даа. Түрүүнийх шиг ямар нэгэн хүч намайг урагшлуулахгүй нь илт болов. Одоо яах вэ? . . . Одоо би өөрөө л явах ёстой. Зөн совин надад ингэж хэлэх шиг. Яг миний явах ёстой үе эхлэхэд өнөөх бүдүүн улаан маань тэвэрт ч багтахаа байхаас гадна эгц босоо болжээ. Гэтэл түрүүний их хурдаас болоод анзаараагүй зүйлээ сая л харлаа. Өнөөх улааны маань хана их тунгалагжсан бөгөөд түүний дотуур улаан урсгал урсаж байгаа нь нэвт харагдаж байв. Анх мэрдрэгдсэн тэр гүрвэлзэл чинь урсгал юм байж. Бүр хоржигнон сонсогдоно. Би сонсдог юмаа даа янз нь . . .
Би одоо эндээ байгаад байж болохгүй. Дахин зүтгэлээ. Юугаараа, яаж яваад байгаагаа мэдэхгүй анхны тэр үе өнгөрсөн бололтой. Одоо өөрөө л зүтгэхээс өөр зангүй. Тэгэхгүй гэхээр эндээ үлдэх болох нь. Тэр олон гүвдрүү гувруунаас чангааж, зулгааж зарим дээр нь дөрөөлж зүтгэв. Болж байнаа. Түүний доторх урсгал улам бүр тод сонсогдоно. Халуун дулаахан урсгалын энэ чимээ намайг хөглөн дуудах шиг санагдана. Надаас өөр амьдрал өөр хаа нэгтэй байна гэж бодохоор нэг л сайхан. Хурдхан шиг л очихсон. Би хөхин баясч эхлэв. Инээд ч хүрэх шиг. Энэ үед нүүрэнд минь инээмсэглэл тодорсон байх. Пөөх! би бас инээдэг байх нь ээ . . .
Би баяртайгаар урагшлана. Өөрөө авирч байгаагаас гадна өмнөөс төөнөх дулаанд би халууцаж, хөлөрч эхлэв. Одоо нөгөө улаан маань тэвэрт багтахаа байж ихээ том улаан хана болжээ. Тунгалаг хананы цаагуур улаан гол эрчлэн урсана. Хүрхрэн урсах тэр чимээ бөглүүхэн сонсогдоно. Гэтэл надад доргио мэдрэгдэж эхлэв. Тэртээ хол ямар нэгэн юм дэлсэх мэт дуу гарч, тэр тоолонд доргиж байв. Би өөрийн эрхгүй яарна. Яагаадыг бүү мэд. Маш хурдан авирч эхэллээ. Яг л хадан хясаанд авирч буй уулчин шиг нэгээс нөгөөд шилжин, дүүжигнэх газраа дүүжлэгдэн, дөрөөлөх газраа дөрөөлөн авирна. Тэгж явахдаа санаандгүй юу харсан гээч. Харсан зүйлээсээ би айх шиг болов. Миний харалдаа тэртээ цаана яг миний авирч буй түвшинд нэг юм сүүтэгнэн авирч байв. Сайн харвал хүн байлаа. Би түүнийг өөртэйгөө адилхан гэж бодвол би бас хүн болж таарах нь ээ. Тиймээ, би хүн юм байж ээ . . .
Түүний авирч буй зүйл нь бас л улаан өнгөтэй хирнээ маш том бүдүүн олс мэт юм байв. Тэр нь тэртээ доошоо түнэр харанхуй руу алсран оджээ. Миний авирч буй улаан маань яг түүнийхтэй адил гэдэгт би эргэлзсэнгүй. Би түүнтэй нэгэн зүг авирч байгаа нь тодорхой боллоо. Би өрөөсөн гараараа түүн рүү даллав. Тэр ч гэсэн намайг дөнгөж сая харав уу гэлтэй хэсэг зогсож байснаа гэнэтхэн хурдлав. Хариу алга гээч. Надад яагаад ч юм түүнээс хоцормооргүй санагдсан тул улам хурдлав. Яагаад би түүнээс хоцрох ёстой гэж. Нүднийхээ булангаар түүнийг хааяа нэг харчихаад л зүтгээд байлаа. Тэр бид хоёр барагцаагаар нэг түвшинд яваад байгаа бололтой. Тэгэх тусам шар гозолзож, уур уцаар төрнө. Би шартай бас ууртай . . .
Заримдаа гараа алдаж, заримдаа хөл мултарч авирахад улам хэцүү болж байв. Дээшлэх тусам сонсогдох болсон дэлбэрэх мэт нүргэлэх чимээ, түүнээс гарах чичиргээ бүр нэмэгдэнэ. Тэр тоолонд барьцаа алдана. Би нэг юм анзаарсан нь энэ цохилт, дуу чимээ нэгэн хэмтэй байх юм. Тиймээс цохилтоос цохилтын хооронд ухасхийх нь хамаагүй дээр ажээ. Тэгэхгүй бол тэр чичиргээтэй зэрэгцэн ухасхийхээр барьцаа алдчих гээд байлаа. Улаан урсгалын чимээ одоо хүрхрээ мэт хүржигнэн заримдаа өөрийгөө хүртэл сонсохоо больсон. Гэвч нөгөө хүн хэр зэрэг авирч байгаа бол гэхээс дотор арзагнана. Сүүлдээ нөгөөдөх харагдахаа байчихав. Байдал улам түгшүүртэй болов. Түгшүүрийн гол нь би түүний хаахна яваагаа мэдэхгүйд л байв. Тэр надаас дээр яваа юу, доор яваа болов уу. Гэхдээ би итгэл найдвараа унагаачихгүйн тулд байдаг чадлаараа зүтгэсээр байв. Хамаг бие хөлрөхөөс гадна нөгөө хана маань нойтон гулгаатай болсон байв. Нэгэн хэмийн нүргээн, хүрхрэн урсах урсгалын чимээнд чих дүлийрч байх шиг. Нөгөө хүн хаана явааг ёстой бурхан л мэдэх байх. Гэтэл нэг удаагийн ээлжит нүргээнээр миний чанх дээр хүн хашгирах шиг чимээ гарав. Гайхан дээш харвал нэг сарвалзсан юм унаж ирснээ надаас зууран тогтлоо. Би барьцаа эгээтэй л алдчихсангүй. Нөгөө этгээд тогтох мөртөө маш хурдан миний нуруун дээгүүр авиран надтай зэрэгцэж ирэв. Харвал яг хүн ажээ. Бид хоромхон зуур бие биенээ ширтэв. Би түүнтэй мэндэлмээр байвч тийм сэтгэл төрөхөөр дулаан харц харагдсангүй. Би бас мэндлэхийг мэдэх гэж үү . . .
Харин ч бүр түүнийг хараад үзэн ядах сэтгэл төрөв. Энэ агшинд тэр гэнэт ухаан орсон мэт дээшээ ухасхийв. Би хариугүй хоцрох нь ээ. Гарт ойрхоноор нь түүний шагайнаас шүүрч авлаа. Тэр тийрч байна.
“Муу новш! Надаас зуурч тогтчихоод намайг гишгэлээд өнгөрнө гэж санаа юу. Тэгдэггүй байх шүү” гэж шүд зуун бодно. Түүнийг зуурсан хэвээр өнөө нүргэлэх цохилтыг хүлээлээ. Тэр цохилттой хавсрахгүй бол дийлэхээсээ өнгөрөв бололтой. Тэр тийрсээр, би хүлээсээр. Тоо тооллоо. Би бас тоолж, бодож чаддаг юм байна . . .
Яг одоо цохино доо гэх агшинд би байдаг чадлаараа түүнийг татлаа. Миний зөн совин зөв байжээ. Тэр миний доор орчихов. Гэхдээ тэр чигтээ доошоо уначихсангүй. Яг над шиг миний шагайнаас зуурчээ. Дараагийн нүргээн ирэхээс өмнө би түүнээс салах ёстой гэдгээ ухаарч байлаа. Доошоо харвал түүний хорсол занал шингэсэн хоёр улаан нүд намайг нэвт шувт цоргин ширтэнэ. Миний дотор зарсхийв. Тэгээд түүнийг байдгаараа тийрлээ. Чадалтайдаа биш харцнаас нь айсандаа хамаг байдгаараа савчсан байж магад. Миний хамаг бие зарайсан байсан нь үнэн юм. Тэр нэг их муухай хашгиран, дөрвөн мөчөө сарвагнуулан тэртээ доош тас харанхуйн гүн рүү унахдаа намайг өнөө муухай нүдээрээ ширтсээр байсан юм. Дараагийн нүргээн ирж хаана байгааг минь сануулаагүй бол би хичнээн удаан зогсохоо мэдэхгүй. Нэгэнт түүнээс салсан болохоор дээшээ хурдаллаа. Дээрээс хүн унаж ирдгийг мэдэх болсон тул байн, байн дээшээ харна. Маш их ядарчээ. Хэсэг амармаар санагдана. Гэтэл гэнэт миний дээр хүн байсан юм чинь миний араас бас авирч байж болох юм гэж бодонгуут яаран сандарч бүх хүчээ шавхан авирлаа. Авирах тусам хүнд хэцүү байсан ч ямар нэгэн юмны оройд гарах гэж байгаа нь аяндаа мэдрэгдэнэ. Дээшээ харахад тэнд асар их гэрэл цацарч, доошоо харвал хана дагасан улаан туяа тэртээ цаана гүн харанхуй, хий хоосон ноёлж үзэгдэв. Би тэндээс ирсэн гэж бодоход нэг л сонин. Гэнэт нөгөө талаар авирч буй хүнийг санаж улам хурдлахыг хичээнэ. Хамгийн эцсийн мөч ойртож байгаа нь үнэн байв. Би авирсаар байж эхлээд хоёр гар маань, дараа нь цээжин биеэ арайхийж гаргаж ирлээ. Сүүлчийн хүчээ шавхан байж бүх биеэрээ гарлаа. Юу байсан гээч. Тэнд маш том ув улаан зүрх байлаа . . .
Би энэ зүрх рүү л тэмүүлж байсан юм байж. Тэр зүрх нэгэн хэмээр зөөлхөн, намуухан цохилно. Тэр цохилт дэргэдээ ийм намуухан хирнээ алсрах тусмаа тийм хүчтэй, доргиотой болдог байж болох юм. Миний авирч гарсан тэр хана энэ зүрхэнд ирсэн нэгэн судас юм байж. Тийм том зүрх рүү тэмүүлэн байж, элдвийг туулан ирснээ санахаар нэг л хайр хүрмээр. Би бас хайрладаг байх нь. Энэ хайр хаанаас ирдэг юм бол . . .
Зүрхэнд ирсэн олон судас байгааг анзаарав. Нөгөө судсаар авирагчийг гэнэт санан тэр зүг өнгийж харвал тэр уг нь их ойрхон иржээ. Гэвч нэгэнт хоцорсноо ойлгосон бололтой ирсэн газраа хөдөлгөөнгүй сууж байв. Тэр бас л их ядарчээ. Хөлс нь цуван, амьсгаадаж буй нь илт. Намайг харснаа даллаж байна. Түрүүн намайг даллахад хариу даллаагүй хирнээ одоо бүр найрсагаар даллаж, бас инээмсэглэдэгийн учир юу юм бол. Хариу даллаж зогсохдоо би түүний нүдэнд асар их гуниг хүүгэж байгааг олж хараад өрөвдөх шиг болов.
Үгүй тэр . . . Би бас өрөвдөнөө . . .
Надаар тэгж өрөвдүүлээд байх залуу биш байсан ч байж магадгүй. Тэр нэг их санаа алдах шиг болоод зугуухан буулаа. Би түүний араас харжээ зогсохдоо
“Зүгээр дээ! Залуу минь чамайг дахин өөр зүрхэнд хүрч очиж чадна гэдэгт гүнээ итгэж байна. Яагаад гэвэл чи ялагдлаа ухаардаг хүн юм. Чамд сайн сайхныг хүсье” гэж бодож байлаа. Би эргэн, томоос том зүрхээ харахад надад учиргүй их баяр бахдал төрж байлаа.
Одоо энэ зүрхийг тогших л хэрэгтэй. Харин тогшихоосоо өмнө нэг сайхан хайрын блюз сонсчихмоор байх чинь . . .
2011. 02.14 УБ хот.
Бүрэн эхээрээ...
Юуг ч бодож болдог орчлон. (Өгүүллэг)
“Хөөстэй усанд ингэж удаан хэвтэх чинь яасан сайхан юм бэ? Хамаг арьс зөөлрөөд ёстой нөгөө зөөлхөн булбарайхан гэдэг нь л болж. Өдий дөч давсан насны хүн гэхэд аятайхан л харагдаж байна шүү дээ би чинь. Учиргүй их шалхайж, цэлхийсэн л юм алга” гэж би усны өрөөний толинд өөрийгөө харж зогсохдоо бодлоо. Үнэхээр тийм муухай харагдах юм байсангүй. Харин түрүүхэн дэлгүүрээс авсан дотуур хувцсаа таардаг л байгаа даа гэж санаа зовнисоор өмслөө. Тор шиг ч юм шиг, торго шиг ч юм шиг материалаар хийсэн болохоор өмсөхдөө урчих вий гэж санав. Харахад эмзэгхэн хэрнээ өмссөн хойно яасан ч гоё харагддаг юм. Хоёр хөхийг минь өндийлгөн хооронд нь үл ялиг шахаж өгч. Хөхөн дээрх жижигхэн хар мэнгэ эгдүүтэй харагдана. Дотоож нь биенд яв цав таарч бүсэлхийгээр тайлтай болгож харагдуулна. Виктория секрет гэж өөр юмаа. Хүүхнүүдийн брэнд, брэнд гээд үхэлдээд байдгийн учрыг багахан ч гэсэн ойлгох шиг болов.
“Ингэхэд би яагаад дотуур хувцас гэнэтхэн авсан юм бол” гэж бодоод ичих ч шиг, инээд ч хүрэх шиг болж
- Нээрээ, би яах гэж дотуур хувцас авсан юм бол? гэж хажууд хэн нэгэн байсан бол дуулдахаар чанга өөрөө өөрөөсөө асуулаа. Хэн ч хариулсангүй. Надаас өөр хүн байхгүй юм чинь хэн хариулах билээ дээ.
Түүнийг долоо хоногийн өмнө утасдахад нь би таниагүй. Бүтэн хорин жилийн дараа утасдаж байгаа хүнийг яаж ч таних вэ дээ. Нэрээ хэлэхэд нь л дуу нь мөн үү, биш үү гэж бодогдсон. Эхэндээ ээрч муураад юу хэлж, ярихаа олоогүй. Утсаа тавьсных нь дараа зүрх дэлсээд нэг хэсэг яаваа. Юунд ч юм догдлоод, сандраад, хажуу хавийнхаа хүмүүсээс ичээд ч байх шиг нэг л хачин болчихсон. Ашгүй, манай ажлынхан анзаараагүй. Тэр өдөржингөө түүний тухай, ямархан залуу байсан тухай, өөрийнхөө тухай, түүнд ямар их хайртай байсан тухайгаа бодсоор өнжсөн. Ажил төрлөө чухам яаж хийсэн юм бүү мэд. Түүнээс хойш “Тэр ямар болсон бол?” гэсэн бодол надаас салсангүй.
Харин өчигдөр надруу залгаад
- Хэрвээ боломжтой бол өнөөдөр уулзвал болох уу? гэлээ. Үүнийг сонсоод миний амьсгаа давчдаад сандарч эхэлсэн. Яг л жаахан охин шиг.
- Өнөөдөр үү?
“Ээ, энэ амыг дээ. Больчих вий дээ”
- Яасан? Боломжгүй байна уу?
- Үгүй ээ, үгүй. Юу л даа . . .
“За байз өнөөдөр чинь онцын юмгүй байхаа? Өнөөхдөө юу гэх билээ?”
- Би ойлгож байна л даа. Энэ олон жил алга болчихоод . . . гэнэт гарч ирээд л . . .
- Зүгээрээ, зүгээр. Би жаахан тулгамдаад . . . Болохгүй ч юм байхгүй л дээ.
- Тэгвэл би танай ажлыг чинь тарахаар очих уу?
- Би өнөөдөр гадуур ажилтай. Тэгэхээр энд байхгүй байх . . .
“Яагаад би ингэтлээ ээрч муураад байна даа”
- Тэгвэл би хаанаас чамайг авч болох вэ?
- Юу . . . Нөгөө . . . Би яваад очъё. Харин хаана . . .? Чи ойлгож байгаа биз дээ? Би нэг л сандраад . . .
“Нээрээ, би яаж ийм хувцас хунартай, тэгээд үс гэзгээ ч янзлаагүй . . .”
- Зүгээрээ. Санаа зоволтгүй.
- Би өнөөдөр ерөөсөө л амжихгүй нь ээ. Маргаашнаас болъё.
“Еэ тэнэг, еэ тэнэг. Одоо хэзээ ч дахиж ярихгүй бол яанаа?”
- Бололгүй яахав. Би хорин жил бодож, хүлээж чадсан юм чинь ганц өдөр надад юу ч биш ээ
“Залуугийнх шигээ гоё ярьдаг хэвээрээ л байна”
- Маргааш бол харин завтай байх.
- За тэгвэл маргааш орой долоон цагт Чингис зочид буудлын ресторанд уулзая. Түр баяртай. Ийм л яриа бид хоёрын хооронд болсон юм. Тэр маргааш гээд байгаа нь өнөөдөр.
“Тэр ямар болсон бол? Хөгширсөн болов уу? Бүтэн хорин жил өнгөрч шүү дээ. Цаг хугацаа юм болохоор түүнийг минь өөрчилсөн л байх даа. Би түүнд ямар харагдах бол? Нэг л хөгшин авгай харагдах болов уу. Энэ дотуур хувцастай тийм ч муухай харагдахгүй л байна. Нээрээ ямар сонин юм бэ? Өдий насандаа ингээд толины өмнө зогсчихоод анхны болзоонд явах гэж байгаа бүсгүй шиг догдолж байх юм чинээ ерөөсөө бодож явсангүй”
Элдвийн юм бодсоор нилээн удчихаж. Замаараа бас үсчин орох ёстойгоо саналаа. Тэгээд ч эртхэн гарахгүй бол манай өнөөх ирчихнэ. Бусдын нөхөр шиг асууж шалгаагаад байхгүй ч гэсэн хүрлийгээд хараад зогсоод байвал бас эвгүй шүү дээ. Ноднин шинэ жилээр авсан даашинзаа өмсөж, гадуур хувцасаа хурдхан шиг углан, охиныхоо хос зүүлтийг шүүрч аваад хам хумхан гарлаа. Үсчинд суух зуураа хумсаа ч янзлуулмаар санагдав.
“Би энэ хүнтэй уулзах гэж ямар их мөнгө зарж байнаа” гэсэн бодол гэнэт харвав. Урд нь хаа нэг баяр ёслолын үеэр л ингэж үсээ зулгаалгадаг байсан санагдана. Хумс хурууг өөрөө л нэг юм халтартуулаад л өнгөрдөг ш дээ. Дургүй дээ биш л дээ. Зүгээр л хэдэн төгрөгтөө боогдоод л тэгдэг юм. Гэтэл өнөөдөр юу болоод байна даа. Гэхдээ яагаад ч юм тийм ч гэмшмээр санагдахгүй байгаа нь сонин байлаа. Харин ч бүр “Яадаг юм” гэсэн зөрүүдхэн бодлоо сэтгэлийнхээ аль нэг булантай тэрсүүлэн суув. Магадгүй энэ бодлоос болж би болзоонд явж байгаа байх. Харин би учирч болох бүх зүйлд бэлэн үү? Өөртөө тийм их итгэлтэй байгаа эсэхдээ эргэлзэж байв. Тэр намайг үнсвэл, тэр ч байтугай намайг эзэмдэхийг хүсвэл би яах вэ? Би нөхөртэй, том болсон хоёр хүүхэдтэй хүн. Магадгүй, ямар нэгэн юм болвол нөхрийнхөө царайг яаж харах юм бол? гэсэн бодлууд Чингис буудал руу явах замд, рестораны ширээн дээр утсаа тавин түүнийг хүлээж суухад хүртэл салахгүй байв. Гэхдээ би буцмааргүй байсан юм. Магадгүй өөрөө ч мэдэлгүй түүнийг хүлээж байсан байх. Бүх амьдралдаа ч ийм байсан юм билүү хэн мэдлээ. Тиймээс би яахин буцах билээ. Энэ амьдралд дахиж ингэж, сэтгэл хөдлөн догдолж, гэгэлзэж, ичингүйрч, өөрөө өөртөө анхаарч, өрөөлийн өмнө өөрийгөө эмэгтэй гэдгээ мэдрэх үе таараа ч уу, үгүй ч үү. Тэгээд ч энэ хүнд би ганц олдсон охин биеэ гангар шаазан шиг хагаран байж өгсөн. Энэ орчлонд айдас, амраглал хоёр зэрэг ирж болдгийг, өвдөн байж жаргадгийг, халуун нулимсаа унаган байж хайрладгийг энэ хүн л надад мэдрүүлсэн. Энэ хүний ханхар цээжинд хацраа нааж, янагийн сэтгэлд нь нялуурч, бялуурч явсан үе надад бий. Энэ нэг эхнэр хүүхэдтэй сармийсан юмнаасаа салаач гэсэн анд нөхдийнхөө үгийг ч тоолгүй үүнтэйгээ л хамт байвал тамын үүдэнд очсон ч яахав гэж хэлмээр, тэгж галзууртлаа дурласан үе байсан юмаа. Тиймдээ ч би өнөөдөр юу ч болоогүй байхад юунд ч бэлэн байгаа бололтой. Яадаг юм. Энэ үгийг би амьдралынхаа өмнө ч юмуу, эсвэл өөрийнхөө сэтгэл доторх зөрчлийнхөө өмнө ч юмуу алинд нь хэлж байгаагаа ялгасангүй. Амьдралд хэлж болохгүй үнэн гэж байдаг юм байна. Бурханаас бусад нь мэддэггүй бизээ.
Намуухан хөгжим тэртээ буланд эгшиглэж, хүмүүсийн дүнгэнэлдэх яриан дунд хаа нэг халбага сэрээ харшихаас өөр дуу чимээ гарсангүй. Үйлчлэгч залууд халуун цай захиалаад суулаа. Цаг дөхөх тусам зүрхний цохилт хурдсаж, тэрнийхээ орж ирэх хаалган зүг байн байн харц шидсээр суулаа.
“Тэр ямар болсон бол? Таргалсан болов уу? Намайг танихгүй бол яанаа” гэх бодлууд хөвөрч цүнхнээсээ толио авч харлаа. Ингэхдээ гар чичирч байхыг гэнэт анзаарч
“Тайван бай, тайван бай. Чи хөөрхөн байна” гэж өөртөө сануулав. Тэгснээ гэнэт “Нээрээ, шингэвтэр үстэй ш дээ Халзарсан бол яана?” гэж бодоод инээд хүрэв.
“Цэцэг өгвөл ямар гоё вэ? Гэртээ яаж авч орноо? Юу гэж хэлэх вэ? Нээрээ! Өглөө болгочихвол би нөхөртөө юу гэх юм болоо? Эвгүй байдаг байхаа. Аа, яадаг юм. Би ямар урд нь ингэж үзсэн биш. Юу ч гэж хэлсэн үнэмшинэ л дээ. Үнэмшихгүй гээд яах вэ дээ. Их л сайндаа жаахан уурлана биз. Хоёр хоног дуугарахгүй л байна биз. Өөр яав л гэж. Залуугаа бодвол хар хор нь гайгүй болчихоод байгаа юм. Ухаантайдаа ч биш үнэндээ бол бид чинь одоо сонголтгүй болчихоод л тэр байх. Би уг нь нөхрийнхөө тухай ингэж бодох хэрэггүй л байгаа юм. Гэхдээ л би яадаг юм л гэж бодоод байх юм даа” Миний толгойд түм буман бодлууд хөвөрсөөр суув. Нэг мэдсэн чинь долоо хорь болчихож.
“Залуудаа бас л ингээд хоцорчихдогсон. Аргагүй байх даа. Гэр бүлтэй хүн чинь бас тэднийхээ аяыг хараад л . . ., зохицуулах гээд л янз бүр болдог байсан байлгүй. Тэгээд нэг их том улаан хэл гаргаад л инээдэгсэн. Уучлалт гуйж байгаа царай нь тэр. Тэр зангаа тавиагүй юм байхдаа. Одоо ирээд л бас тэгэх юм болов уу. Инээд хүрээд байх чинь” би өөрийнхөө бодолд хөгжин инээмсэглээд цайгаа дахин балгав. Цай зөөгтчихөж. Нэг мэдсэн би хаалга руу тэгтлээ харц шидэхээ байчихаж. Цаг долоо дөч боллоо.
“Яасан юм бол? Наашаа яарч сандарч явж халтиргаа гулгаа ихтэй үед аюул осолд орчихов уу”
- Түй, түй гэж нулимаад ширээ тогшлоо. Хэнээс сурсан зан үйл юм бүү мэд.
“Үүдэнд гардаг юм бил үү? Ямар нэгэн юм түүнд минь тохиолдоогүй байгаа. Яагаад гэнэт муу бодлууд ээрээд эхлэв ээ? Бурхан минь зүгээр л байгаасай”
Би гэнэт ямар нэгэн айдаст нэрвэгдэн сандарч эхлэв.
“Ном зохиол дээр чинь олон жил хүлээсэн хүмүүст яг иймэрхүү эгзэгтэй үед нь ямар нэгэн юм тохиолдчихдог ш дээ. Тэгсэн бол яанаа? За, за би одоо юугаа бодоод байна даа. Юу боллоо гэж муу юм тохиолдов гэж. Тайвшрах л хэрэгтэй”
Дахин цагаа харвал наймд таван минут дутуу болжээ.
Би урдаа нэг аяга цай тавьчихаад ганцаараа бүтэн цаг суулаа гэж үү? Бас байдгаараа гангалчихсан шүү. Бусад хүмүүст тийм ч ганган харагдахгүй байж болох ч би өөрийнхөө хувьд байж болох хамгийн ганганаараа сууж байгаа шүү дээ. Гэнэт надад уур гэхээр хаашаа юм, арай ширүүдчих байх. Зүгээр л ямар нэгэн дургүйцэл төрж эхлэв. Гэсэн ч болих гэхээр болимооргүй. Босоод явчих гэхээр хаанаас ч юм амьсгаадсаар гүйгээд ирэх юм шиг санагдаад болох биш.
“Ирэхэд нь байхгүй бол хөөрхий минь ямар их сэтгэлээр унах бол? Бид хоёр чинь өөрсдөө ч мэдэлгүй бие биенээ хорин жил харуулдсан ч юм бил үү. Хэн мэдлээ. Тэр минь л намайгаа өдий олон жилийн дараа олсон шүү дээ”
Ширээн дээр тавьсан гар утас гэнэтхэн дуугарч, бондгосхийтэл цочоов. Дэлгэцэн дээр нь түүний нэр анивалзаж байна. Би яагаад ч юм авмааргүй санагдаж жаал харж суулаа. Чичиргээндээ болоод утас ширээн дээр эргэлдэж, хэрэндээ бас уурлаад ч байх шиг.
Авахгүй гээд яахав.
- Байна уу? байна уу?
- Байна
- Чи хаана байна?
- . . .
Надад хэлэх үг олдсонгүй. Голоос нэг юм зураад ирэх шиг.
- Өө, тийм л дээ. Чи Чингис буудалд байгаа
- Үгүй ээ, ресторанд нь
- Тийм, тийм. Би өнөөдөр очиж чадсангүй ээ.
- . . .
Түүний дуу яагаад ч юм хөндий хуурай, худлаа ч юм шиг сонсогдож байв. Би дуугарсангүй.
- Чи сонсож байна уу?
- Сонсож байна
- Аан! Манайхан өнөөдөр тоглоё гээд . . .
- Юу . . .? Хэн . . .? Ямар тоглоом . . .?
Би ээрч, түгдчиж байлаа.
- Хөзрөө, хөзөр. Манай гэрийнхэн нэг өдөр тоглодог юм. Тэрийг нь мартчихаж. Чи ойлгож байгаа биз дээ? Чи гэр бүлтэй, би бас гэр бүлтэй. Тэгээд . . . нөгөө . . .
Нүднээс өөрийн эрхгүй нулимс урсаж эхэллээ. Үнэхээр хэлэх үг олдсонгүй. Гэхдээ биеэ барих хэрэгтэй.
- Аан! Тэгэлгүй яахав. Гэр бүлтэйгээ байх нь зөв шүү дээ.
- Чи уурлаагүй биз дээ?
- Үгүй, үгүй яасан гэж уурлах билээ.
- Чи ийм ухаантай ш дээ. Би тэгж байгаад яринаа. Хоёулаа заавал уулзана
- . . .
Би хариу хэлсэнгүй. Өөрөөр хэлбэл би “Тэгнээ. Би заавал уулзана” гэж хэлж чадсангүй.
- Чи сонсож байна уу?
Би утсаа тасалчихаад
- Сонсож байнаа. Надад ч гэсэн гэр бүл, хань ижил байгаа гэж амандаа шивнэлээ. Тэрнээс цааш нэг хэсэг юу болсныг мэдсэнгүй. Зүгээр л харсан зүгтээ гөлөрч хэсэг суулаа. “Би ямар тэнэг юм бэ? Хөгшин зөнөг авгай мөн ч их юм санаваа. ”
Тэгээд гэнэт ухаан орсон хүн шиг босож явлаа. Араас үйлчлэгч залуу гүйж ирэхэд нь цай авснаа санаж мянган төгрөг сарвайгаад гарлаа. Нэг мэдэхэд байрныхаа гадна ирсэн байлаа.
Өвлийн хүйтэн, халтиргаа гулгаа, хүйтэн нойтон гээд төвөгтэй бүхнийг анзаарсангүй. Сая нэг ухаан орон харвал хөх саарал есөн давхар байр маань утаан дунд сүүтийнэ. Олон жил, чухам хэд гэдгээ ч санахааргүй тийм олон жил орж гарсан орц, хуучирсан цахилгаан шат, бараг харагдахгүй хирнээ хэзээний олоод дарчихдаг хонхны товчлуур, халцарсан модон хаалга гээд бүгд л бахь байдгаараа угтав. Яагаад ч юм би нэг их санаа алдаад хонхоо дарлаа. Манай хүний хүнд алхаа нь сонсогдоод, түгжээ мултрав. Тэр хаалгаа онгойлгосонгүй. Би араас нь өөрөө түлхэж оров. Нэг их сандарч барьсангүй. Яагаа ч үгүй юм чинь яасан гэж сандрах билээ. Харин нөхөр маань хамар дээрх шилэн дээгүүрээ нэг сүрхий харснаа цааш эргэв. Надтай дуугарсан ч үгүй. Гутлаа тийрч хөлнөөсөө салгаад, гадуур хувцсаа тайлах зуураа нөхрөө сэмхэн ажлаа. Дээгүүрээ цагаан майк өмссөн нь ойрд солиогүй бололтой гүзээгээ дагаад сулхайчихаж. Зайлуул даа, мөр цээж гээд хамаг мах булчин нь суларчихаж. Урдаа онгорхойтой цайвар өнгийн дотуур өмднийх нь бөгс унжаад, өвдгөөрөө дорвойчихож. Ойрын хоёр хоногт усанд ороогүй нь илт. Хоёр оймсоо ур муутайхан сөөлжүүлээд татсан нь эгээтэй л ул нь дээрээ гарчихаагүй бололтой. Даанч нэг сүр сүлдгүй харагдана. Ядаж гэрийнхээ өмдийг өмсчихгүй. Гэртээ байгаа юм чинь хамаатай юу л гэж бодож суугаа байх. Аягүй бол бодоо ч үгүй биз дээ. Угаасаа цөлхдүү амьтан.
Намайг ирэхийг тоогоогүй хирнээ нөгөө өрөө рүү явах хооронд араас харж байгаа нь мэдрэгдэж байв. Унтлагын өрөөндөө орж хувцсаа тайлж хэдэн тийш нь шидчихээд халаадаа углаад жаал суулаа. Чив чимээгүй болохоор сайхан ч юм шиг. Бүх юм хуучнаараа, үргэлж мөнхийн байдагтаа гэхээр уйтай ч юм шиг. Халаадны онгорхой энгэрээр цухуйх “Виктория секрет”-г хараад уур ч хүрэх шиг, инээд ч хүрэх шиг. Одоо энийг яах вэ? Аль хэдийн аваад өмсчихсөн юм чинь буцаана гэж байхгүй. Хий дэмий л баахан мөнгө үрж дээ өнөөдөр. Ядахад манай хүн ганц ч үг дуугарахгүй юм. Намайг юу бодож явааг мэдчихнэ гэж баймааргүй юм. Угаасаа ч бараг дуугарах биш дээ. Эрчүүд нас ахихаараа ингэдэг юм байх даа. Хүн байна ч гэж тоохоо байчих юм. Гэхдээ л хөөрхий минь энэ олон жил миний хажууд байж, болсон болоогүй намайг тойрч гүйсээр нас нь бас ахиж дээ зайлуул.
Нөхрийнхөө байгаа өрөөнд халгаад орж чадсангүй. Галын өрөө рүү явтал араас
- Хоолоо халаагаад идээрэй гэв. Би хариу хэлсэнгүй. Гэхдээ түүнийг түрүүлж дуугарсанд сэтгэл эерэх шиг. Яагаад ч юм би гэм хийчихсэн юм шиг л гэлбэлзээд байв.
Хальтхан тагласан тагны хажуугаар цухуйх хоолны халбага гозойж харагдана. Ойлгомжтой. Нөгөө л гурилтай хоол. Барахгүй байж бүгдийг нь халаалтай биш ганц халбагыг аягандаа хутгаж хийгээд эргэж суулаа. Өдрөөс хэлэн дээрээ юу ч тавиагүй хэрнээ хоол идэх дур хүрсэнгүй. Хий дэмий л эргүүлж тойруулж суухдаа
“Тийм ээ, тийм. Чи ч гэр бүлтэй, би ч хань ижилтэй. Гэхдээ чи над шиг “Яадаг юм” гэж бодож чадсангүй. Хэрвээ чи ингэж бодож чадахгүй л байсан юм бол яах гэж гэнэт хаа нэгтээгээс гараад ирэв дээ. Зүгээр л алга болсон чигтээ далдхан байж байхгүй. Одоо бодоход чи тэртээ он жилүүдийн өмнө энэ л шалтгаанаар надаас холдсон. Чадахгүй бол дахиж утасдаад хэрэггүй дээ. Би авах ч үгүй. ” өдөржингөө ямархан байдалд байснаа бодохоор дотроос нэг юм огшоод хариугүй нулимс гардгийн даваан дээр ард хөлийн дуу гарч би биеэ барилаа. Өдөр сэнсдүүлсэн үс нүүрлүү намиран унжиж нүдийг минь түр ч болов халхлана.
- Хоолоо идэхгүй яагаав?
- Зүгээрээ, түрүүхэн манай ажлынхан хоол идчихсэн
- Өө, тэгээ юү?
“Энэ яагаад гэнэтхэн ийм зөөлхөн болчихов? Хөөрхий дөө, жаахан хайнгадуухан ч гэлээ миний л хань шүү дээ ”
- Харин тийм ээ. Манайхан өнөөдөр жаахан суугаад гэж ярихдаа ч би доошоо харсаар байв.
“Би яаж ингэж түдрэлгүй ярьж чадаж байнаа”
Тэр миний хажууд сууж
- Тэгээд юун ч уйтгартай суух юм дээ. Хааяа хамт олонтойгоо сайхан суух чинь сайхан ш дээ.
“Энэ яагаад ийм элгэмсэг, яриасаг дуугараад байна? Арай нөгөөх чинь . . .” гэж бодон түүн рүү харлаа. Нүд нь жоготой гэгч нь сэртийгээд нэг л бишээ.
“Өө, үгүй шүү. Өнөөдөр л биш шүү” гэж бодов. Манай хүн хүсэхээрээ ингэдэг юм. Бид чинь олон жил ханилж байгаа юм чинь нэгнээ даанч мэдэлгүй дээ. Тэр гараа явуулан миний үсийг хойшлуулаад
- Миний өвгөн өнөөдөр ямар гоё болчихоов дээ? гээд өмнөх хоолноос халбагдан зажлах зуураа нүд нь гялалзана.
“Яанаа энэ одоо салахгүй ээ. Ингээд нүд нь гялтганаад ирэхээрээ салдаггүй юм. Гэнэтхэн учир зүггүй уурлалтай биш би яах вэ?”
- Яасан? Урд нь муухай байсан юмуу?
- Үгүй дээ. Чи минь угаасаа л сайхан шүү дээ.
“Тийм л юм бол үргэлж ийм хайртай дотно байхад яагаав. Намайг ер нь хүн байна чинээ хардаг билүү чи”
- Хн! Чи л тэгж бодож байгаа байх даа.
- Тэгэлгүй яах юм дээ. За, алив үнсье.
- Цаашаа, цаашаа
- Заа, хэзээ ингэж байсан юм дээ
- Би ядраад байнаа гээд амьхандаа хурдхан шиг нөгөө өрөө рүү явлаа.
“Өнөөдрийн явдалд нөхөр маань буруугүй л юмсан. Ямар хэцүү юм хорвоо вэ?”
- Ийм хөөрхөн болчихоод ядардаг ингэнээ (гэнээ) гэж эрхлэнгүй дуугарсаар араас ирж бэлхүүсээр тэврэв. Зүгээр үед бол магадгүй аятайхан л санагдах байсан байх. Гэтэл тэгсэнгүй. Дотор хичнээн арзаганаж байсан ч би тэсэж байв. Тэрээр намайг хүзүүдэн хацар дух хаа тааралдсан газраа үнсэх зуураа халаадыг минь тайллаа. Цоо шинэхэн хослол өмссөн нүцгэн бие минь л үлдлээ.
“Үгүй ээ, үгүй. Одоо би хүсэхгүй байна ш дээ” Тархинд ийм л бодол орогнож байв.
- Чи минь ийм гоё ш дээ. Би чинийхээ хөхөн дээрх мэнгэнд дуртай. Чи минь ямар гоё үнэртэй, ямар зөөлхөн арьстай болчихоо вэ? гэж үглэсээр хоёр хөхийг минь базлан үнсэнэ. Түүний хүзүүнээс усанд ороогүй арьсны үнэр, амнаас нь түрүүн халбагдсан гурилтай хоол үнэртэнэ. Би хамаг чадлаараа хашгиран түлхмээр байсан ч чадсангүй. Дийлэх ч үгүй биз. Энэ чинь миний нөхөр шүү дээ. Бас хүүхдүүдийн минь эцэг. Хий дэмий л цээжнээс хэнд ч юм гомдсон гомдол хар зураа татуулан огшиж хоёр аньсгаар шахагдан гарч урслаа. Нөхөр маань гомдлыг байтугай яагаад миний хөх гоё харагдаж, яагаад арьс минь зөөлөрч, сайхан үнэртэй болсныг, тэр ч байтугай шинэхэн хослолыг ч анзаарч байгаа шинж алга.
- Чи минь минийх. Бүгдээрээ минийх хэмээн үнсэх завсраа үглэн дайрна. Одоо энэ ажлаа дуусахаас нааш салахгүй нь ойлгомжтой. Харин би
“Тиймээ, тийм. Би чинийх. Энэ гэр орон, аж амьдрал бүгд чинийх. Гэлээ гэхдээ би өнөөдөр өөрийгөө чамд зориулж бэлдээгүй ш дээ” гэж бодон шохой нь бүүдийж шарласан адар ширтэн хэвтэж байлаа . . .
2010. 12. 14
Бүрэн эхээрээ...
Хэнтий нутаг (Зураг)
Өнгөрсөн намар 9 сард Хэнтий аймгийн хойд сумуудаар гурав хоног аялав. Үнэхээр байгалийн үзэсгэлэн төгөлдөр нутаг юм билээ. Ийм нутагт төрсөн хүн хүнд алдчихвий гэсэн болгоомжлол үе дамжин үлдэх байх гэж бодсон шүү. Харамын сэтгэл төрөхөөс аргагүй сайхан нутаг байна лээ. Ганц нэг зураг орууллаа. Бүгдийг нь оруулж амжихгүй юм даа.
"Дэлүүн Болдог" Ийм том овоо босгосон юм бна.
Чингис хааны төрсөн нутаг
"Хажуу булаг" Чингис хааны ундаалж өссөн булагИйм нутагт хадлан авбал сайхан даа
Онон, Балжийн уулзварт очиж хоёр хонов.
Ногооны униар
Намрын өнгө
Голын тохой
Онгон байгаль
Үүнд бурхан хүртэл атаархдаг байх
Намрын өнгө гэж ярьдгийг эндээс л ойлгох шиг
Жирийн нэгэн буриад айл
Эднийх зөгийтэй, тахиатай, үхэртэй, цөцгийтэй, бас басгантай
Өмхөрч унах хийгээд өсөж өндийх нь байгалийн жам юм даа
Яагаад уначихав даа. Бас яагаад энэ хэвээрээ үлдчихэв. Онгоноороо гэх үү эсвэл оригоороо гэх үү
Ургахаа хүрвэл хадан дунд ч ургаж болдог буюу. Яг л хүнд хэцүү дунд амьдарч буй гоо төгөлдөр бүсгүй шиг
Хаднаас шүүрч буй шингэн. Хад хүртэл уйлж болох хорвоо юм.
Хуучны нэгэн худаг. Нэгэн цагт хүн мал ундаалж байсан байх. Цаг хугацаа улиран өнөрөх гэдэг уйтгартай ч юм уу
Шувууд чуулаад л . . .
Хослон байж жарганаа гэж . . .
Бүрэн эхээрээ...