# #

Нурам - 8 ( тууж)

3 Сэтгэгдэлүүд:

Суурь энэ бүгдийг бодон зургаа хатгасаар сууна. Аймгийн төвийн ноход гудамжаар нэг улилдаж эхлэхэд Суурь сая нэг юм сэхээ авч, цонхоор харвал үүрийн гэгээ харанхуйг мөрлөж, ертөнцийн өнгө ямх ямхаар тодорч байв. Суурь суудлаасаа өндийн яргай махаа тэнийлгэн, яс үсээ дуугарган хэд хэд тонголзож, биеийн чилээг гаргаад, шилэн аягатай вискийг жаал харж сууснаа лонхны хүзүү рүү нямбайлан тонгойлгоод таглав. Түүний архи гарсан бололтой. Толгой хүзүүгээ угааж, сахлаа хусан зогстол яагаад ч юм Тусгай-2 салааны Хэрлэнгийн инээмсэглэсэн төрх зурсхийв. “Хөөрхөн л инээдэг юм билээ” гэсэн аядуу бодол дагалдахад “Бас гал унтраана гээд байгаа” гэсэн бодолтой хамт түүний инээмсэглэл дахин зурсхийв.
- Юу болоод үе үе бодогдоод байгаа шулам бэ? гэж хэн нэгэн хажууд нь байгаа юм шиг чанга хэлэв. Тэгэвч цайгаа уухад нь ч, машиндаа суухад нь ч, ажил руугаа явахад нь ч Хэрлэнгийн алаг нүд дүрлэгнээд болсонгүй. Тэрээр амаа нэг их том ангайн эвшээснээ “Нойргүй хоноод галзуурах гэж байгаа юм байх даа” гэж бодон голынхоо толинд өөрийгөө харж, нүдээ нухлаа.

* * *
Суурийнд очсоноос хоёр хоногийн дараа эхний дуудлага ирж, түгшүүр зарлалаа. Жижүүрийн “Эрдэнэ Хайрхан, Мухарын ам” гэж хашгирах чимээ хүн хүний ам дамжин хонгилоор нэг давтагдаж манай Тусгай-2 салаа ийш тийш гүйлдэн түргэн авч байлаа. Жолооч маань машинаа хашааны гадна гаргахад бүгд машиндаа сууцгаалаа. Суурь албаны 69-тэй урд нь гарч, манай ГАЗ-66 араас нь давхив.
Аймгаас холгүй, хорь гаран км-т Эрдэнэ Хайрхан хэмээх сайхан хайрхан байх агаад түүний Мухарын ам хэмээх хойшоо харсан нэгэн аманд утаа саагих нь харагдана. Суурийн 69 давхисаар хошуу ороон саагиж буй утааг өнгөрөх нь үү дээ гэмээр тойров. Бид гайхасхийн дагана. Тэгээд түүнийг салхины дороос нь очих гэж байгааг сая ойлгов. Хоёр машин уулын энгэрт цааш явахааргүй газарт тулж ирээд зогслоо. Суурь газрын зураг гаргаж машиныхаа хамар дээр дэлгэж, бид тойрч зогсов.
- Наашаа анхаар! Манайхны шүдний өвчин энэ Эрдэнэ Хайрхан байгаа юм. Утааны байдлыг харахад нэг их газар аваагүй бололтой. Салхи баруунаасаа гэж тооцвол танай салаа эндээсээ жаахан зүүн талаар энэ хар толгойг тойрч очих хэрэгтэй. Тэнд хэсэг хэсэгхэн сайр бий. Тэндээс эхлээд галынхаа өөдөөс цуруу тавих хэрэгтэй. Хурдлахгүй бол та нар сайр давуулчихаж мэднэ. Тэгвэл барихад тун хүнд болно.
- Салхи эргэхгүй гэсэн баталгаа байхгүй дээ гэж намайг хэлэхэд
- Мэдэж байна. Цаад сугаар нь нарийхан гол урсаж байх ёстой. Одоохондоо судаг нугаараа бага сага чийгтэй байгаа байх. Гэхдээ ердөө хэдхэн хоногийн дараа гэхэд бүх чийг алга болно. Жинхэнэ хуурайшилт эхлэнэ. Дэд ахлагч Хэрлэн очсон даруйдаа Галаагийн тогтоосон координатыг төв рүү дамжуул. Бас байдлыг надад ойр ойрхон мэдээлж бай. Би та нарыг эндээ хүлээнэ.
- Мэдлээ
Тэр үнэхээр ажлаа ч, газар орноо ч сайн мэдэж байлаа. “Аргагүй дээ хорь гаран жил энэ л газар оронд амьдарч, гал түймэртэй тэмцсэн хүн чинь” гэж анх удаа түүний талаарх эерэг бодол орж ирж байв. Манайхан өөртөө таарсан бүх л багажаа үүрэх нь үүрч, тэврэх нь тэвэрсээр гарч өглөө. Бидний багаж гэж хорин литр устай ирло хэмээх сав, хүрз, савар, төмөр шүүр, цуруу өдөөгч, цуруу үлээгч гэсхийгээд болчихно. Хүн бүр гар станцтай. Хэрлэн холбоогоо үүрэн эгнээнд орон явахдаа Суурь луу харан нэг их наалинхай инээмсэглэхийг би санамсаргүй хараад орхив. Энэ инээмсэглэлийг харахад Хэрлэн гэдэг охин миний бодож буй шиг охин биш бололтой. Бараг л харах ёсгүй юм харчихсан шиг надад санагдах нь сонин. Гэхдээ хүүхдээрээ амьтан санамсаргүй л сахилгагүйтээ байлгүй гэж бас бодогдоно. Суурийг сэм ажвал хулмагнаад ч байх шиг. Хэдийгээр нэг их сүйд болохоор үйлдэл биш ч гэлээ сэтгэл сэрхийлгээд орхив. “Золигийн хүүхэд вэ” гэж Хэрлэнг цагаатган бодлоо.
Манай салаа алхсаар хоёр онийг даван байж галын захад хүрлээ. Салхины ам цаашаа. Бид араас нь явбал гүйцэхгүй шинжтэй. Тиймээс урдуур нь амдахаар болов. Бид амдан гүйсээр Суурийн хэлсэн сайрт хүрэв. Одоо гал бидний ард гарсан бөгөөд салхинд туугдсаар ирэх нь тодорхой. Суурь үнэн хэлжээ. Газар орноо ч, галын байдлаа ч сайн мэдэж байгаа нь илт. Даваа, Лхагва хоёроор цуруу тавиулж, араас нь Мягмар, Пүрэв хоёроор дотогш нь үлээлгэж бусдыг нь цурууны ирмэг даруулан цуваанд орууллаа. Сансарыг хамгийн ард гарган давхар хянууллаа. Хэрвээ араараа гал алдвал цөөхөн хүнтэй учир самарч гүйцнэ гэсэн үг. Би газрын координатыг Хэрлэнд хэлж төв рүү дамжуулав.
Хамгийн сонин нь Суурийн хэлээд байсан нарийхан гол гэдэг нь байсангүй. Энүүгээр л урсаж байсан болов уу гэмээр хуурай сайр үе үе тахиралдана. Энэ жил ус багатай байна уу эсвэл энэ гол ширгэчих нь энэ үү? ялгасангүй. Ер нь энэ Эрдэнэ хайрхан уулын мод доороосоо эхлэн хэсэг хэсэг газар цооноглон шатсан болохыг анзаарав. Гал гарах болгонд нь хэсэгчлэн унтрааж байсан байх гэмээр юм. Шатсан модод хөсөр даан сэрийж, өлөн саарал өнгөд үүрд хувилсан байв. Зарим нэг нь өт хорхойд баригджээ. Нүцгэн моддын оройд хар хэрээ хэд гурваараа суун ийш тийш хараачилна. Магадгүй бидний хийж буй тэдэнд сонин байж болох юм. Хэрээ гэдэг энэ шувуу хэзээний байраа олчихдог нь сонин. Гурван зуун настай гэдэг нь үнэн байж мэдэх.
Манайхан эгнээгээ барин ирж буй галын өөдөөс цуруугаа тавьсаар явна. Цурууны дотор талд нэгэн өвгөн хайлаас орж таарав. Үйлийн үрээ үүрэх гэсэн мэт хүлцэнгүйгээр сэрийсээр үлдэв. Салаа яг нэг хэмээр зогсолтгүй явсаар үдшийн бүрийтэй золголоо. Газрын баримжаагаар бид амжилттай ахиж, тэмдэглэсэн координат газартаа цуруугаа тавьж дуусахад үндсэндээ шөнө дунд болсон байлаа. Буцаж машин руугаа явна гэхээр нэгд баримжаа алдана. Хоёрт тавьсан цуруугаа ажих ёстой. Тиймээс эндээ түр амсхийхээс өөр арга үгүй. Манайхан дор бүрнээ ус уух нь ууж, жаал жуул юм гарган амаа хөдөлгөцгөөв. Эрчүүд л болсон хойно ээлж дараалан Хэрлэнд жижиг сажиг юм барин гүйв. Харин Хэрлэн тэгтлээ тоож сүйд болсонгүй. Надад л тэгж ажиглагдаад болсонгүй. Харанхуй ойгоос айх юм болов уу гэж санаад
- Чи наашаа ойрхон хэвтээрэй гэхэд
- Зүгээрээ, зүгээр эрхэм, ахлах дэслэгчээ гэж эршүүд ч юм шиг, эгдүүцсэн ч юм шиг өнгөөр хэлээд холбоогоо дэрлэн хэвтээд өгөв.
Бүхэл өдөржин газар нүдэн явсан болохоор бүгд ядарцгаажээ. Нэг мэдсэн чинь хэний яанаагүй дуг хийцгээчихэж. Богино холбоо шажигнан дуугарах чимээнээр сэрвэл үүрийн бүдэг саарал гэгээ ойг нилэнхүйд нь бүрхжээ.
- Тусгай-2-оо, Тусгай-2-оо та нар хаана байнаа малнуудаа гэх Суурийн дуу сонсогдлоо. Би хариуд нь
- Бид түрүүхэн галын төвийг тойруулан цуруунд оруулсан салаа түр амарч байна гэвэл
- Үхсэний чинь амрах, та нар ардаа гал алдсан байна эргээд ... эргээд ... хамгийн ард ямар юм нь яваа юм бэ гүйгээд ... гэж муухай ориллоо.
Салаа санд мэнд босон ирсэн замаараа эргэж гүйлээ. Тэгтэл өнөө өвгөн хайлаас шатаад цурууг давж унаснаас хэсэг гал авалцсан байлаа. Хэдийгээр энэ галыг бид нэг их газар авхуулалгүй дарсан ч гэлээ энэ бол бидний ялагдал байсан юм. Манай салаа галын өмнө бэлэн биш бас туршлагагүй, харин би Суурийн өмнө хэн ч биш болсон ичгэвтэр ялагдал байв. Өөрөөр хэлбэл, Тусгай-2 салаа анхныхаа шалгалтанд унаж байна гэсэн үг.
Биднийг бууж ирэхэд Суурь тун дурамжхан царайлж, над руу нэг их сүрхий харснаа
- Энэ бол тактикийн алдаа, таны алдаа гээд ширэв татав. Би дуугарсангүй.
- Та нар очингуутаа хоёр тийш салах байсан тэгвэл алдахгүй, алдсан ч цаанаа голтой учраас нэг их холдохгүй байсан.
- Тэр гол бараг хатсан байна лээ.
- Юу..уу? бүр ширэгчихэж үү? гэж Суурь сүрхий огцом асуув.
- Хэдэн сайр л үлдэж гэхэд тэрээр машинаа тойрон хэд холхисноо
- Явцгаая гээд машиндаа суугаад давхичихлаа.
Уг нь биднийг хяргачих шахан байсан тэрээр гэнэтхэн ингээд явчих нь гайхмаар санагдсан ч тэгсэн байх гээд хэлчих юм олдсонгүй.
ОБА-ны хашаанд манай машиныг орж ирэхэд Суурь аль хэдийн ирчихсэн нуруугаа үүрэн алхаж байв. Манай салаа жагсахад Суурь
- Та нар сая хоёр гүвээ давуулж алдлаа, дараагийн удаа хоёр нурууг давуулах уу? Энийг юу гэдэг гээч? Энийг чадахгүй байна гэдэг юм. Та нар чадахгүй байнаа хулчгаруудаа гэлээ. Бид дуугарсангүй. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр өөр яахав дээ. Суурь цагаа харснаа
- Хоолны дараа бэлтгэлийн талбайд гэхээр нь би
- Эд нар дөнгөж ирлээ шүү дээ. Жаахан амраах ... гэтэл тэр миний үгийг тасалж нүүрэнд нүүрээ тулгаад
- Одоо ахиад гал гарлаа гэвэл яах юм бэ? Жаахан амарчихаад явнаа гээд хэвтээд байх уу айн,
- Гэхдээ эрүүл саруул, тамир тэнхээтэй байж байж л галтай тэмцэх биш үү гэхэд Суурь шал дургүй нь хүрсэн янзтай жишүү харан нулимаад
- За тийм бол явж үхэцгээ, үхэцгээ. Гэхдээ энэ бол онцгой бүс, танай салаа тусгай салаа, та болоод танай хүмүүс бэлэн байх ёстой. Магадгүй үхэлд ч бэлэн байх ёстой гэж хашгираад эргэж ч харалгүй алхаж одох нь тэр. Үнэндээ бол түүний зөв байлаа. Бид ийм л шаардлагатай байж гэмээнэ энэ эх орныг гамшгаас хамгаална. Салааныхан маань жаахан санаа зовсон байдалтай миний амыг харцгаана. Хэрлэн, Суурийн араас биширсэн харц илгээн зогсож байв. Энэ үед л надад “Энэ охин чинь Суурийг сонирхоод байгаа юм биш үү” гэсэн бодол зурсхийв. Яагаад ч юм дотор жаахан эрвэлзэх шиг. Бодвол би Суурьт жаахан атаархсан байх л даа. “Нээрээ энэ чинь нас биенд хүрсэн эмэгтэй хүн шүү дээ” гэсэн бодлоор өөрийнхөө атааг дарахыг хичээв. Урьд нь бол залуу хүүхэд, манай салааны охин гэдэг ч юм уу нэг тийм өөртөө хамааруулж бодоод байсан байх.

* * *
Тэр оройны хоолон дээр манайхан дуу шуу муутайхан байлаа. Сэтгэлээр унах гэдэг хүний бас л нэг шаналант шинж билээ. Аяга халбага харших, халуун шөл сорохоос өөр чимээ алга.
- Чи өнөөдөр ядаршан уу? гэж Сансар Хэрлэнгээс нам гүмийг эвдэн асуув.
- Үгүй ээ, юундаа ядрахав дээ. Хоёр хоног битгий хэл хоёр гурван сараар явдаг гээ биз дээ? гэж овоо өндөр дуугаар хариулж байна.
“Аргагүй дээ хар нялхаараа амьтан өлсөж цангах, ядрах зүдрэхийг үзээгүй байлгүй. Ингэхэд ийм сайхан охин яахаараа энэ газрын мухарт ирдэг юм бол? Тэгээд бүр саналаараа шүү. Манай охин бол заяа нь ингэж явахгүй дээ” гэж бодогдов. Уг нь залуусынхаа сэтгэлийг өргөж элдвийн юм яримаар. Миний ч гэсэн цээжин дээр ямар нэгэн хүнд юм дарчихаад байх шиг. Гэхдээ би ямар байна эд маань тийм л байх болно.
- Ажил хийж буй хүн л алдаа гаргадаг. Сэтгэлээр унах юм огт байхгүй. Өнөөдөртөө сайхан амарчих. Дараагийн удаа бид дор бүрнээ анхааралтай байх хэрэгтэй гэтэл манайхан хоолоо идэнгээ толгой дохицгоож байна. Гэтэл Лхагва
- Тийм л их хуурайшчихсан юм байх даа. Тэр гол бүр урсахаа байчихсан байх юм.
- Ер нь тэр гол уршдаг юм уу? Уршдаггүй байхаа гэж Сансарыг эргэлзэнгүй хэлэхэд
- Батсуурь ахмад л гол байх ёстой гэж хэлээ биз дээ?
- Нээрээ, ширэгчихсэн байна гэхэд ахмад их гайхаад бараг шоконд ороод байсан шүү гэж Однар дуугарахад Мягмар
- Аргагүй дээ, нутаг орноо хайрлаж байгаа байлгүй
Манайхан овоо дуу шуу орж эхэллээ.
- Хөөрхий тэр уулыг ээ, Өм цөм шатчихсан. Яаж гарсан гал гэхээрээ тэгж энд тэнд гардаг байнаа? гээд Хэрлэн шүүрс алдав.
- Их хөвдтэй газар чинь зарим гал хөвдөн доороо уугиад бүр өвөлждөг юм ш дээ. Магадгүй, тэгээд цооноглошон байж болох юм гэж Сансарын хэлэх нь ихээ догь сонсогдов. С үсэг бага орсон болохоор тэгсэн байж болох юм.
“Тийм ч их хөвдтэй газар биш байсан даа. Одоо нэг том түймэр гарвал тэр уул чигээрээ хувхайрахад ойрхон байсан даа” гэж бодогдож байлаа.

* * *
Түгшүүрийн дохио хангинахтай зэрэгцэн
- Сэрээд, сэрээд . . . Салаа бэлтгэлийн талбайд гэх Суурийн дуунаар манайхан дэрхийн босоцгоолоо. Цаг харвал үүрийн тав гуч. Суурийн дуудах нь нэг их сонин зүйл биш. Тэр өчигдөрийнхөө санааг үргэлжүүлж байгаа хэрэг.
Манайхныг жагссаны дараа Суурь
- Өнөөдөр би та нарыг бэлтгэл хийлгэнэ. Миний найз . . . гэснээ үгээ тасалж над руу хараад
- Та нарт арай зөөлдөөд байх шиг байна. Тэр угаасаа их “сайн хүн” байгаа юм гэлээ. Зөв юм шиг хэрнээ хамгийн утгагүй юм хийж байгаагаа тэр мэдэж байгаа. Уг нь үүнийгээ зөвхөн надад л хамааруулсан бол оновчтой.
Хоёр эгнээгээр гүйх манайханд Суурь чанга чанга хашгиран сүрийг үзүүлсээр байв. Талбайн хажуугийн сандал дээр сууж тэднийг ажиж суулаа. Хэрлэн Сансар хоёр зэрэгцээ таарчихаж. Тэд гараанаас гаран уралдана. Хаа очиж Хэрлэн эмэгтэйгээрээ далимдуулж хойргошоод байхгүй юм. Хацартаа улаа бутруулан хамаг хүчээ шавхан гүйх нь харц татмаар. Энэ охин эр хүнийг өөртөө татах нэгэн увидастай нь илт. Сансар эр юм гэсэндээ түүнээс хурдан байв. Харин Суурь Хэрлэнг даган гүйж бараг чихэнд нь шахам
- Чи яах гэж ирснээ одооноос бод. Болимоор байгаа бол эртхэн гэртээ харь. Чамайг хэн ч шоолохгүй. Яагаад гэвэл чи эмэгтэй . . . эмэгтэй гэж хашгиран дарамтлана. Хэрлэн тэгэх тусам шүд зуун зүтгэнэ.
- Хүн өөрийгөө мэддэг байх ёстой. Хэрвээ чи илүүдэж байгаагаа мэдэрч л байгаа бол тэнд байх хэрэггүй гэсэн үг
- Мэдлээ ахмадаа
- Чи юугаа мэддэг юм?
- Би яах гэж ирснээ мэдэж байна, ахмадаа
- Харъя, чамайг юу мэддэгийг харъя. Хурдал . . . хурдал
Хэрлэн цааш гүйсээр саад дээгүүр харайгаад буухад мөн л хажууд нь очиж
- Чиний хэн байх надад хамаагүй. Гагцхүү чи гал унтраадаг л бах ёстой. Чи эмэгтэй хүн биш. Гал сөнөөгч. Хүйсээ мартатлаа бэлтгэл хий гэж хашгирлаа. Энэ бүхэн надад таалагдсангүй. Суурь зүгээр л өөрийгөө бачуурлаас гаргаж байх шиг санагдав.
Үргэлжлэл бий . . .

Бүрэн эхээрээ...

Нурам - 7 (тууж)

8 Сэтгэгдэлүүд:

- Эмэгтэй хүнийг үзэх үзэл чинь ойлгогдохгүй байсаар өдий хүрлээ. Гэхдээ чиний ямар байх одоо надад хамаа алга.
- Чи тэгээд намайг арай “цэнхэр” гэх гээгүй биз дээ? Хэзээ байтлаа чи бид хоёр бие биенээ ойлгох гэж хичээсэн юм дээ? гэлээ. Энэ асуултанд шуудхан хариулчихаж чадсангүй. Бид бие биенээ ойлгох гэж хэн хэн маань хичээгээгүй нь үнэн. Хэсэг чимээгүй сууснаа би тэс өөр өнгөөр яриагаа эхэллээ.
- Ингэхэд чи бид хоёр ингээд л ам ангайх болгондоо зөрөлдөөд байх хэрэг үү?
- Харин?
- Уг нь бид нэг үеэ бодвол эрийн цээнд хүрсэн улс. Одоо залуус биднийг л харцгаадаг байхдаа . . . гээд үгээ орхиход Суурь ч гэсэн байдлыг ойлгов уу гэлтэй
- Чи нэг манайхаар орооч. Ганц бие эр хүн яаж амьдардгийг хар. Эв таарвал хуучнаа жаахан сэргээе гэлээ.
“Тэр одоо болтол хүнтэй суугаагүй юм байна” гэж бодохтой зэрэг өөрийгөө ч гэсэн гайхлаа. Хотоос анх гарахдаа л Суурийг аль л бараан талаас нь бодож явсан болохоос нэг удаа аятайхнаар бодсонгүй. Энэ тийм сайн чанар гэж үү?
- Тэгье л дээ
- За тэгвэл хэзээ гэдгээ чамд мэдэгдэнэ ээ гэхээр нь би тэдний өрөөнөөс гарлаа. Хүн гэдэг муухай. Гарсан хойноо ч гэсэн болоод өнгөрсөн ярианд тэгтлээ итгэсэнгүй. Юу юугүй уралцаад унах нь уу гэмээр болж ирсэн тэр яагаад гэнэтхэн гэр орноороо оруулах болов гэдэг эргэлзээтэй. Гэхдээ болохгүй юм гэж хаа байхав дээ.

Суурийнх аймагт байтугай хотод ч байхааргүй хувийн том байшин бариулчихаж. Би бол мөрөөдөөд ч барахааргүй юм. Тоосгоор битүү өрсөн хашааны доторхи тохижолт, за тэгээд тэр байшин сав, сүүдрэвч гээд ёстой л нөгөө кинонд гардаг хаус гэдэг нь байв. Гэтэл гэрт ороод би бүр ангайж орхилоо. Том, том хүрэн тавилга, сүүлийн үеийн цахилгаан хэрэглэлүүд, камен зуух, доод зоорийн давхартаа саун, биллярдын ширээ хүртэл байрлуулж. Тэднийд дутуу юм алга. Би гайхсан харцаа нуусангүй. Энэ бол жирийн мань шиг юмны цалингаар босчих эд биш байв. Суурь намайг анзаарсан бололтой
- Улсын хувцас өмсчихдөг ганц бие хүн чинь нэг их зарлага гаргахгүй юм.
- Би бол мөрөөдөөд ч ийм байшин босгож дөнгөхгүй юм байна гэхэд тэр гэнэт сэхээ оров уу гэлтэй.
- Чи ийшээ сууж бай. Би одоохон гээд галын өрөө рүүгээ ороод
- Наагуураа үзэж харах юм байвал өөрийгөө саатуулж бай гэж хашгирав. Эргэн тойрон өөрийнх нь бүтээл бололтой цэгэн зурагнууд өлгөөтэй. Том өрөөний буланд Суурийн урлан гэж болохоор тохижуулж. Зургийн хэрэгсэл хийгээд модон тавиур хүртэл байна. Сэтгэл хөдөлсөн, сайхан бодол агуулсан үед бол нэг л сэтгэл сэргэм орчинд ирчихэв үү л гэлтэй. Гэтэл сэтгэлийн гүнд нэг хөнгөн сүүдэр татаатай хэвээрээ.
- Чи энийгээ өдий болтол хаяагүй юм шив дээ? гэж түүний зургуудыг ширтэн хэлвэл
- Гучин жил. Бүхэл бүтэн гучин жил шүү.
- Туйлбартай байна аа
- Ядрахаараа, эсвэл ганцаардахаараа энэ мянга мянган цэгийг хатгаж суудаг юм. Одоо ч бараг зуршил болчихож дээ гэлээ. Тэрээр тарган хонины мах уур савсуулсаар ширээн дээр тавиад шүүгээнээс нэг шил виски гаргаснаа
- Өө, задалчихаж. Багын анддаа бүтэн юм задлалгүй яахав гэснээ ахин нэг виски гаргаж ирлээ.
- Ингэж сүйд болоод яахнав дээ. Тэгээд ч түгшүүр өгч мэднэ.
- За яахав. Багын анд ирсэн учир өнөөдөр нэг тайван хонуулаач гэж хангай дэлхийгээсээ гуйчихнаа. Санаа зоволтгүй гээд хүг хүг инээлээ. Би бас дагаж мушийв. Уг нь бол сайхан шүдтэй, сайхан бие хаатай, сайхан залуу. Ямарч эмэгтэй дурлачхмаар эр хүн. Даанч, бид өөр л дөө. Тэр хоёр шилэн аяганд пүл пүл хийлгэн тонгойлгоод
- За барьчих. Манай энд чинь мөс зөс гэж мэдэхгүй ш дээ. Шууд л хөнтөрчихдөг газар. За уулзсаных гээд татаж орхив. Би ч ичсэн нэрэндээ залгиллаа. Өөхтэй махнаас хэд огтлоод дотор халуу шатаад ирж байна. Би харж ханаагүй харцаар тэднийхийг тойруулах үед Суурь
- Эцгийн жаахан юм надад үлдсэн. Тэгээд ч хөдөө чинь мөнгө үрэгдэнэ гэсэн ойлголт байхгүй. Халаасандаа мянган төгрөгтэй ер нь хэд ч хонож мэднэ шүү гээд инээлээ. Энэ удаагийнх нь жаахан хуурмаг инээд санагдсан ч “Нээрээ л тийм байхдаа” гэж бодогдож байна.
- Одоо чамд гэрийн хүн л хэрэгтэй юм байна даа
- Хэлээд юүхэв. Хүсэхэд хясах гэгчээр тэр чинь л харин санаагаар болохгүй юм.
- Би чиний зурсан нэг зургийг огт мартдаггүй юм. Яагаав, Сүрнээ та хоёрын зураг
- Мартдаггүй. Тиймээ нэг тийм хүүхэн байсан. Одоо байхгүй. Хүн ер нь юмыг мартахгүй байх шалтгаан юу юм бэ? Жишээ нь чи түүнийг мартаагүй байлаа гээд ямар ашиг байв? гэж нилээн давилуухан асууж байна. Тулгамдаад тэр үү надад яг оноосон хариулт олдсонгүй. Яг үнэндээ яах гэж энэ сэдэв рүү орсноо ч ухаарсангүй. Хий дэмий л
- Ач туссаад байх ч юм алга л даа. Гэхдээ хүн чинь...
- Тэгээд, Чи үүнийг сэдрээж ярилаа гээд юу өөрчлөгдөх юм? Чи бид хоёрын хамгийн сүүлд муудалцах болсон шалтгаан энэ л биз дээ? Шархыг сэдрээгээд л байвал улам л газар авдаг биш үү
- Тэгэхэд бид ядаж өөрсөддөө үнэнч байсан юм болов уу даа гэчихээд бас амаа барих шахлаа. Үнэндээ бид хоёрын яриа эвлэхгүй байгаагийн шалтгаан нь би болж таарч байх шиг. Энэ олон жил өнгөрсөн байхад яасан эдгэдэггүй шарх вэ? гэж өөрөөсөө асуумаар болов. Би ямар хохироод үлдсэн эм биш дээ. Ингэж улиглаглахаа болиоч гэж өөртөө хэлмээр ч шиг.
- Тиймээ, Чи дурлалдаа үнэнч үлдсэн. Харин би чадаагүй. Яагаад гээч? Яагаад гэвэл чам шиг хэн нэг эмэгтэйг зүгээр л толгой дээрээ гаргачих эр би биш.
- Гэхдээ энэ чинь чи бид хоёрын муудалцах шалтгаан болохоос Сүрнээ та хоёрынх биш байхаа гэж хэлчихээд надаар дамжуулж Сүрнээ эсвэл Сэлэнгээ хоёрын хэн нэг нь яриад байгаа юм байна гэж бодов.
- Яасан сайн санаж байх юм? Би боддог юм. Миний амьдрал миний шийдвэр дор л байх ёстой гэж. Түүнээс биш миний бодож санахыг зааварлах, миний өмнөөс шийдвэр гаргахыг, үгүй ядаад гэснээ зурж буй зураг руугаа заагаад
- Миний зурсан зурган дээр сараачихыг би зөвшөөрөхгүй. Хэзээ ч... гэж Суурь үнэн голоосоо цухалдан хэллээ.
- Цаг хугацаа бүхнийг элээдэг гэдэг худлаа юм байжээ гэсэн үгс амнаас гараад талийж одлоо. Одоо ч асаж өгнө дөө гэтэл тэгсэнгүй. Тэрээр хундагатайгаа өргөн намайг өмнөхөө ав гэж дохиод яах ийхийн зуургүй хөнтөрч орхилоо. Хоёул махнаас хэд хэд огтоллоо. Гэтэл Суурь
- Эмэгтэй хүн надтай эн тэнцүү байж болно гэдэгт одоо ч гэсэн би хүлээн зөвшөөрдөггүй. Эм нь эмээрээ, эр нь эрээрээ байдаг орчлон гэхэд нь “Ийм болохоор чи одоо болтол ганцаараа үлдэждээ” гэсэн үгс аман дээр гарч ирсэн ч энэ удаа түүнйг уруул давуулсангүй.
- Хуучныг цогтой баримтлагч юм биз дээ?
- Аа үхсэн, зарим сул дорой хүмүүс нэг их эмэгтэйчүүдийг ойлгодог хүн болж өөрийгөө хуурдаг юм. Тэд хэзээ ч өөрөөрөө байж чаддаггүй өрөвдмөөр амьтад. Гэхдээ үүнд чи хамаарахгүй л дээ гээд хүйтнээр инээлээ. Энэ байдлаараа бол амны зөрүү, архины ааг хоёр нийлээд олигтой юм болохгүй нь тодорхой болоод ирэв.
- За ингэсгээд нөгөө хэд дээрээ очих уу даа. Гайхаж мэднэ
- Яасан? Яриагаа дуусгамаар болчихов уу? Ямарваа нэгэн юм нүүрлээд ирэхээр улаан нүүрээ булзааруулдаг нь чиний зан юм хойно доо гэж үг чулуудсанаа уруулаа шилэмдээд
- За за тоглосон юм. Жаахан суу л даа гэж дультраатна. Тэр согтож эхэлж байв.
- Одоо болно оо. Ямар маргааш буцчих гэж байгаа биш. Өнөөдөртөө болно.
- Юу сайхан дур сайхан. Уг нь чамайг шавайгаа ханатал ярьж хонох болов уу гэж бодсон юм. Тэгдэггүй юм байна.
Уг нь бол тийм. Өдий олон жилийн хугацаанд ярих зүйл их л байлтай. Сэтгэлээ уудалдаг бол уудалж, уучилдаг бол уучилж болохоор. Гэвч бидний хэн хэнд маань тийм сэтгэл алга байгаа нь илт. Лав л миний доторхи хар сүүдэр намайг түлхсээр хаалганы цаана гаргачих нь тэр.
Аймгийн төвийн харанхуй гудманд эль хульхан. Шөнийн саран буурал дэлхийгээс уйдсан янзтай сүүтэн саарал туяагаар зүүтэн хорвоог бүртэлзүүлнэ. Хашааны ноход хаа сайгүй боргоно. Магадгүй тэд сүнс сүүдрийн ялгааг шөнөжин ээрч хонодог ч байж болох. Байр луугаа алхаж явахад “Тэр намайг үзэн ядсан өнгөөр харааж байгаа” гэсэн бодол тархинаас салсангүй.

Галааг гарсны дараа Суурь өнөөх хатуу идээнээс дахин нэг хийж татчихаад
- Хогийн муу новш. Чамаар л дутаж гэнэ гэж хажууд нь хүн байвал сонсогдохоор амандаа бувтнаад гараа салаавчлан шилэндээ авч орон дээр хэвтлээ. Түүний тархинд түмэн өнгийн бодол эргэлдэнэ.
“Сүрнээ... Сүрнээ чи даанч сайхан хүүхэн байсансан. Одоо, энэ орчлонгийн хаах нь явдаг юм бол доо?” гэж өөрөөсөө асуун бодсоноо төдхөн хариуг нь олчихов уу гэлтэй ярвайж “Бодвол өнөө мөрөөдлөө ярьж хэн нэгний өвөрт хэвтдэг биз. Чамаас хойш би олон хүүхэнтэй орооцолдсон. Гэхдээ чам шигтай нь таараагүй. Ний нуугүй хэлэхэд би хааяа харамсдаг шүү. Гээд өнгөрсөн бүхнийг эргээж болохгүй нь харамсалтай юм даа. Хүн гэдэг нэг буруу гишгэснийхээ төлөө насан туршдаа санааширч явдаг нэгэн бодлын сулавтар амьтан юм. Одоо ч гэсэн Сүрнээгийн нуруу туруу, наалинхай инээд, тунгалаг харц санаанаас гарахгүй. Заримдаа бүр хажууд байгаа юм шиг санагдахыг яана. Эргээд бодоход би амьдралынхаа зарим шийдлүүдийг түүнд зориулж хийсэн шиг санагддаг. Энэ байшинг гэхэд би бараг л түүнд зориулж барьсан байх. Тэр үргэлж сайхан байшин барьчихаад үлгэрийн юм шиг амьдрахсан гэдэг байлаа. Энэ ханан дээрхи урсгал голын зургийг би түүнд л зориулж зурсан. Гэсэн хэдий ч би түүнтэй эргэж холбоо барьсангүй. Тэр ч надад эргэж ирээгүй. Хэрвээ эргэсэн бол би түүнийг хүлээж авах байсан эсэхээ одоо мэдэх юм алга. Бараг л үгүй болов уу. Яагаад гэвэл тэр миний зургийг сараачсан” гэхчилэн бодолд дарагдан хэвтсэн Суурь ухасхийн босож дахиж нэг татаад урлангийнхаа буланд очиж, эргэн тойрныг, зургийн самбараа, харандаануудаа, суудаг сандалаа хүртэл удаан гөлрөв. “Хүмүүс зургийг харж л мэдэхээс зурж мэдэхгүй. Хачин сайхан зуржээ л гэж шүлс унагахаас үүний цаана ямар их зовлон нуугддагийг ойлгохгүй. Ер нь хүмүүс бие биенээ мэдэхгүй байж яагаад хоорондоо тэгтлээ их хамааралтай байх гэж оролддог байнаа? Би үүнд л дургүй” Суурь бодлоосоо зулрах гэсэн мэт огцом хөдөлгөөнөөр сандлаа татан сууснаа зургаа хатгаж эхэллээ. Хэсэг хугацааны дараа түүний дух магнайнаас хөлс чийхарч, нүдний хараа нь ямар нэгэн юмыг онилох мэт хурцдаж ирэв. Тэр орчлонгоос тасарч буй нь тэр юм.

Хорин хоёр жилийн өмнө хаврын тэр нэг орой Суурь Сүрнээтэй муудалцсан юм. Хамгийн сүүлчийн удаа. Учир нь тэр хоёр дахиж уулзсангүй. Ийм хайр байдаг гэдэгт тухайн үедээ Суурь ч, Сүрнээ ч итгээгүй байх. Гэхдээ л болоод өнгөрсөн.
Сүрнээ бүсгүй Суурийн эзгүйд зурсан зурагнуудыг шимтэн харж зогсов. Тэр олон мянган цэгийг уйгагүй хатгасныг нь бодохоор үнэхээр биширмээр. Суурийн, яагаад ч юм бодолд дарагдсан царайлах, Сүрнээгийн өөрийнх нь гэрэл цацруулан инээмсэглэж буй цугтаа авхуулсан зургийг зуржээ. Фото зурагнаас томруулсан болохоор адилхан ч гэж жигтэйхэн аж. Сүрнээ зургийг харж зогссоноо ерөөс Суурьт хэлэх гээд учраа олохгүй байгаа нэгэн нууцаа мэдэгдэх аргаа олчих шиг болсондоо баярлан жаргалтайгаар инээмсэглэв. Тэрээр нэг харандаа авч нөгөө зурган дээр хатгаж гарах нь тэр. Уг нь өөрийнх нь санаж байгаар бол хачин ойлгогдохоор цаашлаад бүр хайлан уярч, хайрлан дурламаар болж байх шиг. Суурийг ямар их баярлах бол гэж санахаар Сүрнээгийн царайд улам бүр баясал тодорч байлаа. Түүнийг ирэхээр нь энийгээ хурдхан харуулахыг хүснэ. Сүүлийн үед улам бүр хөндийрөөд байгаа харьцаа нь түүний хийсэн энэ л хэдэн цэгээс хамаарч анхных шигээ халуун дулаан болно гэж найдаж байв. Ийм мөчид эмэгтэй хүн сэтгэлийн ямар их жаргалд умбадаг билээ Сүрнээ түүнээс гажсангүй. Суурийн дээрэнгүй, хүйтэн зан авирыг огт үгүй болчихсон мэт хөхүн баясана.
- Тиймээ, тэр наддаа эргэж ирнэ гэж дуу алданхан байв.
Хаалга түрхийн хаагдах чимээнээр Сүрнээ давхийн цочин харвал Суурь зогсож байлаа. Түүний гүлэмцүү нүд уусныг илтгэнэ. Тэрээр Сүрнээгийн хийж байгаа үйлдэл, гарт нь байгаа харандааг харуут нүд нь аяганаасаа бүлтрэх нь үү гэлтэй болон томорч, өөхөн цагаан дээрх улаан судаснууд нь тодорч ирлээ. Сүрнээгийн хүсэн хүлээсэн мөч буруугаар эргэж байгаа нь тодорхой болоход тэр хий дэмий амаа ангалзуулснаа
- Сууриа, би чамд яаж хэлэхээ мэдэхгүй . . . гэхэд Суурь түүний үгийг гүйцээлгүй
- Чи. . . чи юу хийж байгаагаа мэдэж байна уу? Би чамайг миний зурганд битгий хүрч бай гэж хэдэн удаа хэлэх ёстой юм бэ? гэж голынхоо дуугаар хашгираад үсрэн ирж зургийг харснаа гараа салгалуулан байж
- Чи энийг ямар их тэвчээрээр хийдгийг мэдэх үү?
- Мэднэ л дээ
- Тэгээд. . . тэгээд юугаа хийж байгаа мал вэ?
- Үгүй ээ, би хүсэхдээ . . .
- Чиний юу хүсэх надад ямар хамаатай юм? Сүүлийн үед чиний оролцохгүй юм гэж үгүй болж. Өдөр ирэх тусам толгой дээр гарч байна. Өдөр ирэх тусам шүү
- Юу гэнээ? Миний хүсэл чамд огт хамаагүй гэв үү? Би чамтай ярих ч эрх байхгүй юу?
- Яагаад хамаатай гэж? Хайртай гэхээрээ л би чи болж, чи би болох хэрэг үү?
- Тэгээд, хайр гэдэг чинь юу юм?
- Миний толгой дээр гарахыг лав хайр гэдэггүй байх шүү
- Чи ч үнэн санаагаа хэлэх шив? Чи надад хайргүй юм байна
- Юу гэж ойлгох нь чиний л хэрэг. Хүн өөрийнхөөрөө байх хэрэгтэй
- Харин тэгээд, би өөрийнхөөрөө байна
- Тэгвэл бидний зам нийлэхгүй нь дээ Сүрнээ минь
- Чи үргэлж энэ үгээрээ далайлгаж өмнөө сөхрүүлэх гэдэг ер нь хаашаа янзын хүн бэ? Би тэсэхгүйнээ. Миний юу нь болохгүй байгаа юм бэ? Сууриа гэж Сүрнээ цөхрөнгөө баран хэлэхдээ их гомдлыг барьж чадалгүй хоёр зовхиороо сул асгалаа. Тэр хичнээн хичээсэн ч уйлахгүй байх чадсангүй. Суурь уурандаа нөгөө зургийг тавиураас хуу татан авч хэд хэд базаад шидлээ. Үрчийж базагдсан зураг хувцасны шүүгээний дэргэд өнхрөн унав. Сүрнээгийн хүсэл мөрөөдөл болсон зураг ийнхүү араатанд тасар татуулсан амьтны зулзага сүүлчийн удаа амьсгаа авах шиг үл ялиг чичрхийлснээ хөдөлгөөнгүй хуниран хэвтэх нь тэр. Сүрнээ нүүрээ даран гомдолтой нь аргагүй гингэнэв. Суурь түүнээс залхсан янзтай үүд чиглэхэд Сүрнээ
- Энэ орой болсон хойно согтуу хөлчүү хаачих гэсэн юм бэ? гээд гарнаас нь зуурч авахад Суурь түүнийг ор луу тэрий хадтал нь түлхэж
- Чи миний замд . . . гэж үгээ таслан хөмхийгөө хэд хэмлэснээ
- Хэзээ ч битгий хөндөлсөж бай, мэдэв үү ... гэж тас зуусан шүднийхээ завсраар архины эхүүн үнэртэй хамт сийгүүлэн хэлээд хаалга саван гарч одлоо. Түүний улаанаараа эргэсэн нүдийг Сүрнээ харж чадсангүй. Суурийг гарахыг мэдсэн атлаа хаалганы тасхийх дуунд Сүрнээ бондгосхийн цочив. Тэр хаалга Сүрнээгийн тархи зүрхийг нь тас цохих шиг хачин их янгинав. Суурь энэ шөнө ирэхгүй нь тодорхой. Тэгээд ч түүнийг хүлээх сэтгэл энэ удаа Сүрнээд байсангүй. Хэсэг уйлж хэвтсэн Сүрнээ будганд халтардсан нүүрээ толинд харан удаан гэгч нь арчлаа. Уурандаа гэх үү, урам хугарсандаа гэх үү эсвэл ухаангүй алхам хийсэн өөрөө өөрөөгийгөө зэмлэхийн дээдээр зэмлэж байсан ч байж болох юм. Босож өөрийн гэсэн бүхнээ нямбайлан эвхэв. Нүдний үзүүрт өнөө гайт зураг арзайн хэвтэнэ. Сүрнээгийн сэтгэл ч гэсэн тэр зураг шиг үрчийж орхижээ. Яг явахдаа тулсан Сүрнээ цүнхтэй хувцсаа аваад гарахдаа нэг их гүн санаа алдсанаас өөр юм болсонгүй. Амьдралд алдсан бүсгүй хүн чухам ямар байх ёстойг Сүрнээ мэдэхгүй. Гэхдээ үзээгүй бүхнээ үзэж, мэдээгүй бүхнээ мэдэж мэдрэхийг амьдрал гэдэг бололтой.
Түүний шаналалыг Суурь мэдэхгүй. Осолдохгүй л маргааш нь ирэхэд Сүрнээ хамаг юмаа аваад явчихсан байжээ. Гэлээ гээд Суурийн сэтгэл тэгтлээ гонсойсонгүйгээр барахгүй араас нь ч явсангүй. Түүний хойноос хөөцөлдөх зүрх сэтгэл түүнд байсангүй. Харин ч бүр бүх зүйл байх ёстой байрандаа орсон мэт бодогдоно. Магадгүй сүүлийн хэдэн сард Сүрнээгийн зүгээс Суурьт таалагдсан ганц үйлдэл ч байж болох.
Үргэлжлэл бий . . .

"ҮР ХАРАМ" туужийн түүврээс
Бүрэн эхээрээ...

Нурам - 6 (тууж)

6 Сэтгэгдэлүүд:

- Ойлгосонгүй эрхэм ахмадаа гэж өнөө охин дахин хэлэв. Үнэндээ би ч гэсэн түүний энэ ёрын аашийг ойлгохгүй байв.
- Чиний ойлгох ойлгохгүй надад хамаагүй гэж тэр хашгирав. Салааныхаа нэг гишүүнийг ингэж угтахыг би яахан хүсэх билээ.
- Энэ чинь арай дэндэж байгаа юм биш үү? гэхэд Суурь над руу нэг сүрхий харснаа
- Түймрийг одоо энэ унтраачих юм уу? Айн? Тийм үү? Бүхэл бүтэн ой шатаж байхад энэ очоод унтраах юм биз дээ. Магадгүй чи бол тэгнэ гэх байх. Би бол тэгж бодохгүй байна.
- Тушаал бол тушаал шүү дээ. Дээрээс . . . гэтэл тэр миний үгийг тасалж
- Тиймээ, дээрээс. Бүх юм дээрээс . . . новш гэж . . . Зайлцгаа та нар . . . Нүднээс далд ор гэж салгалан байж хашгираад явж одлоо. Би болоод манайхан бүгд гайхахаас хэтэрсэнгүй. Харин орон нутгийнхан нэг их гайхсангүй. Энэ үед л анх удаа “Энэ яавч зүгээр биш шүү” гэсэн бодол орж ирэв. Тэгтэл шинэ охин
- Эрхэм ахлах дэслэгчээ . . . гэхээр нь би гараараа зөөлөн дохиж
- Болноо охин минь, болно. Явцгаая. Чамд нэг байр гаргахыг бодъё. Хоолны дараа талбайд цуглар. Одоо тарж болно гэж нийт дунд нь хэллээ. Шинэ охиныг сэтгэлээр уначихав уу гэтэл юун гомдох нь битгий хэл харин харцанд нь ямар нэгэн үл үзэгдэм очис өрвөлзөх шиг болоод алга болов. Арай ч үгүй л байх л даа. Гэхдээ л миний бодсоноос өөр байсан болохоор тэгж санагдсан хэрэг. Алхаа гишгээ, нуруу туруу гээд сайхан охин юм. Нэг харахын нээрээ л энэ яаж гал унтраах вэ гэж бодохоос илүүтэй яах гэж наашаа зүглэсэн юм бол гэж бодогдмоор.
Мэдэхгүй юм даа. Би хүн ойлгохоо байчихав уу, эсвэл энэ Суурь гэдэг хүн, хүн биш болчихсон юм уу? Үгүй гэхдээ би Суурийг мэдэх үү гэвэл тийм ч сайн мэдэхгүй шүү дээ. Оюутан ахуйн дөрвөн жилээс хойш бид амьдралын харгуйгаар мөр мөрөө хөөн давхисаар бие биенээ мэдэхээ байтлаа хөндийрсөн. Үнэндээ бид бараг хоёр биенээ мартахын түүс болж явсан ч юм билүү хэн мэдлээ. Сая тэр яагаад энэ охиныг харах мөртөө тэгтлээ уурласны учрыг олсонгүй. Гэлээ гээд араас нь очоод яасан ийсэн гээд байх сэтгэл надад байсангүй. Байгаад ч яах билээ.
“Энэ охиныг хаана байрлуулах вэ? Ийм олон эрчүүлтэй нэг байранд байж болохгүй. Ерөнхий газарт ч тэр ер нь аль ч аймгийн ОБА-нд холбоочин, эмч, сувилагч гээд эмэгтэй хүн ажиллаж л байдаг. Онцлог нь тэд гэрээсээ явдаг болохоор байрны асуудал байсангүй. За байсан ч би анзаардаггүй байсан байх. Ер нь энэ албанд ажилладаг эмэгтэй хүний талаар ингэж төвлөрч бодож байсангүй. Сая ажиглах нь ээ, эндхийн албанд нэг ч эмэгтэй хүн байдаггүй юм байх чинь. Бүр сувилагч нь хүртэл эрэгтэй байх юм. Яагаад юм бол? Би гэж хүн бодолд дарагдан газар ширтэж явах болсон байх юм” гэж бодсооор Суурийн өрөөний үүдэнд очсон хэдий ч орсонгүй. Хэд эргэцснээ “За, за хоолны дараа ирж нэг сайн ярилцъя. Угаасаа бидэнд тэгэх шаардлага ч байна” гэж бодоод доош бууж холбоочинд хурандаатай холбохыг гуйлаа. Утасны цаанаас
- За машин, холбоочин хоёроо аваад сайхан байна уу? гэж хурандаа их л эерүү дуугарч байна.
- Харин тиймээ. Одоо л нэг бүтэн салаа болж байна. Гэхдээ охин хүүхэд юм . . . гээд үгээ цааш нь гүйцээлгүй орхитол
- Яасан? Болохгүй гэж үү?
- Болох нь ч болно л доо. Зүгээр л . . . орон байрнаас өгсүүлээд яах билээ л гэж . . .
- Энэ талаар дөнгөж сая ахмад Батсуурь надтай ярьлаа. Та нар энэ талаар нэг яриа болжээ дээ янз нь. Ээлжилж яриад л. Манай албанд эмэгтэй хүн байж болохгүй гэсэн юм байхгүй. Харин бид ажиллах гэж ирсэн хүнийг маш элэгсэгээр хүлээж авах ёстой юм шүү. Ганц өрөөний асуудлыг шийдчихэд юу нь болохгүй гэж. Ер нь наад Зүүн аймаг чинь яагаад эмэгтэй хүнд харшилтай байдгийг би нэг л ойлгохгүй байгаа шүү.
- Харин тийм л юм байна. Би сая л анзаарлаа.
- Орчин тойрноо сайн анзаарч бай. Ер нь тэгээд наана чинь жил болгон гал гарч байна. Юунаас тэр вэ? Хэдийгээр чиний хариуцах ажил биш ч гэсэн сортоотой бай. Яагаад, яагаад гэмээр юм мэр сэр гараад байгаа шүү. Наад охины чинь хувьд ямар ч байсан яваад үзэг. Уг нь өөрөө Зүүн явна гэж санал өгсөн юм шүү. Залуу хүн гэхэд их зорилготой санагдсан. Болохгүй бол эргээгээд татна биз. Яг ажил эхэлчихвэл тоглоом биш шүү гэлээ. Ерөнхийдөө ойлгомжтой болсон учраас надад хэлэх юм олдсонгүй. Гэтэл хурандаа
- Галаа, би чамайг ойлгож байнаа. Одоо байдал нэгэнт ийм болчихсон учраас энэ байдалдаа хурдан зохицож, эр хүн шиг бай. Чи чадна. Залуу хүн байна. Сэргэ. Сэхээр. Хүний нүдэнд битгий унжгар харагд. Чамайг салааныхнаас чинь авхуулаад олон хүн харж байгаа. Би ч гэсэн цагтаа унахдаа унаж, өндийхдөө өндийж явсан хүн. Би чамайг мэдэхийн дээдээр мэдэж байгаа учир ингэж хэлж байна гэж яг хажууд зогсож байгаа юм шиг энгүүнээр хэллээ. Тэр яаж ингэж намайг ойлгоод байгааг би ойлгосонгүй.
Утсаа тавьчихаад хэсэг бодол боллоо. “Нээрээ л анзаарсан чинь би гэдэг амьтан юунд ч юм даруулчихсан, жигтэйхэн хүнд ачаа үүрчихээд хаашаа ч юм зүтгэж, газар дуслах хөлсөө тоолж яваа мэт сэтгэгдэл төрлөө. Юунд тэр вэ? Бодолдоо юу? Болоод өнгөрсөн нөхцөл байдал намайг бодолд дарж, тэгэх тусам би улам бүр үлбэгэр харагдаж байгаагаа анзаарлаа. Магадгүй, манай салааныхан ч гэсэн намайг дагаад сэтгэл нь гундаж байж болох юм. Би сэрэх ёстой. Сэргэлт авах хэрэгтэй. Энд өнгөрч буй цаг хугацаа надаас хэрхэн хамаарах, магадгүй надаас болоод манай салаанд ирсэн олон сайхан залуус энэ албыг үзэх үзэл нь өөрчлөгдөх ч юм билүү” гэж бодлоо.
Өрөөндөө яваад ортол манайхан нэг өөр болжээ. Үс толгойгоо самнаж, гутал хувцсаа арчиж цэвэрлээд дор бүрнээ нэг л өөр. Манай Сансар цоо шинэ майк гаргаж өмсжээ.
- Хэрлэн хаачсан? гэвэл
- Хажуугийн жижиг өрөөнд орсон. Бид нар сая нэг ор оруулж өглөө.
- Хэн?
- Жижүүр. Та зохицуулаагүй юм уу?
- За тэгээд салаанд чинь нэг сайхан охин ирлээ шүү дээ. Та нар минь гялалзаж, гялтганаад нэг эр хүн шиг байгаарай даа гэхэд Лхагва
- Болох юм уу? ахлах дэслэгчээ?
- Би шоволзож шоохолзоод гэж хэлээгүй шүү гэхэд бусад нь нүдээ гялтгануулан инээлдэв. Миний ч гэсэн инээд хүрсэн хэдий ч
- Замбараагүйтэхгүй шүү. Энэ охиныг салаандаа байлгах эсэх нь та нараас л хамаарна. Айлгаж ичээгээд байвал буцаачихаж болно. Тэрэн шиг амархан юм байхгүй. Одоо та нар ирснээ бодвол сэтгэл санаа чинь шулуудсан байх учиртай. “Тусгай-2” салаа ямар харагдах нь та нараас хамаарна. Телевизээр хүртэл яригдаад, улс орон даяар биднийг мэдэж байгаа гэхэд болно. Ойлгов уу? гэхэд зэрэг шахам
- Ойлголоо гэж хүнгэнэлээ. Однар
- Салаан дарга маань эргээд ирчих шив дээ гэж өнөөх л битүү утгатай үгээ хэлж байна. Би түүнийг сайн ойлгож байлаа. Тэр намайг, миний дотоод хүнийг хэлж байгаа юм. Миний үндсэн салаанд хоёр жил явсан хүн болохоор намайг мэдэж байгаа хэрэг. Магадгүй энэ л үг манай салааныхны бүгдийнх нь сэтгэл зүй гэж бодогдлоо.
Сүүлд ирсэн жолооч маань булангийн орон дээр очсон байв. Сандаг гэдэг ерөнхий газарт овоо хэдэн жил ажилласан жолооч. Ойр дотно яваагүй ч бид бие биенээ мэднэ.

Хоолны зааланд хорь гаран гал сөнөөгчид сууцгаана. Лхагва ийш тийш өндөлзсөнөө
- Манай шинэ гал сөнөөгч яагаад орж ирэхгүй байна? гэж асуухад Пүрэв
- Асууж суухаар очоод тэврээд ирээч
- Тэврэхээ хүрвэл ч хүнээр заалгахгүй ээ гэхэд Баасан
- Манай хоёр ч яахав тэврэх хүнтэй болж харин бид яанаа?
- Оргүйгээс охинтой нь дээр гэгчээр муу Шаншарыгаа л оролдож суухаас гэхэд эрчүүд нирхийтэл инээлдэв. Сансар өөрийг нь шоолж байгааг тоосон юмгүй
- Нээрээ, шайхан охин байна лээ шүү тээ? гэж хэлэх нь түүнийг л бодоод байгаа бололтой. Тэгтэл удалгүй Хэрлэн үүдээр орж ирснээ салаагаа хаана суусныг хайн ийш тийш хараачилахад Сансар
- Хүүе! Манай шалаа энд шууж байна. Наашаа, наашаа гэж сандарсан аятай чангаар хэлээд даллахад хоолны танхим тэр чигтээ битүү нүргэлэв. Хэрлэн бага зэрэг эвгүйцэв үү гэлтэй болоод түүний хажууд суув. Сансар хачин дуртай байлаа. Учир нь манайхан дунд анх хаана суусан тэндээ үргэлж суудаг нэг тийм бичигдээгүй хууль байгаад байдаг юм. Тэгэхээр Сансар баярлалгүй яахав. Тэрээр халбага сэрээг нь дөхүүлэн их л хөхүүн байв. Хэн нь ч дуугарсангүй хэсэг удахаар нь би
- За салааныхантайгаа танилцдаа гэхэд Хэрлэн
- Намайг Хэрлэн гэдэг. Саяхан мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгссөн. Цаашдаа хууль сахиулах их сургуульд суралцах хүсэлтэй гэж товчхон танилцуулав. Хаа очиж биеэ бариад, үгээ чангаалгаад байдаггүй бололтой юм. Однар өнөө л хачин зангаараа
- Нэрэнд чинь С үсэг ороогүй яамай даа гэхэд манайхан инээлдэв.
- Тэгвэл юу гэж? гэхэд Сансар
- Аан, эд нар намайг л шоолж байгаа юм. Би Ш үшгийг Ш гээд байдаг гэхэд
- Ш –ийг Ш гэхгүй тэгээд юу гэх юм? гэж Хэрлэн гайхан хэлэхэд манайхан дахиад л инээлдэв. Би хүртэл тэвчиж чадсангүй. Сансар халбаганы ишээр ширээн дээр С үсэг дүрслээд
- Би энэ үшгийг Ш гээд байдаг юм гэхэд бусад нь инээлдсээр байв. Тэгтэл Хэрлэн
- Аан, хүн болгонд л “но” байдаг шүү дээ. Бие биенээ харж л байя гэх нь Сансарыг аварч бусдыг биеэ барихад хүргэв. “Сүрхий хариу барьчихдаг хүүхэд юм. Иймэрхүү хүн биеэ даасан чадвартай байдаг тал бий” гэж бодтол Пүрэв
- Лхагваа, чи Хэрлэнд гол юмаа хэлэхгүй юм уу? гэхэд Хэрлэн
- Анх уулзаж байгаа хүмүүст юу байдаг билээ? гэхэд Лхагва Пүрэв рүү нэг эвгүй хараад юм дуугарсангүй. Пүрэв тоосон шинжгүй
- Манай Лхагва чамайг найз залуутай болов уу л гээд байсан юм
- Одоогоор тэр талын бодол даанч алга даа, ах нар минь гэхдээ үгнийхээ өргөлтийг их сүрхий тааруулав. Однар хоолоо зажлах зуураа
- Тэгвэл . . . гээд зажилсан хоолоо тэвчээр бармаар удаан залгиад
- Лхавга маань шөнөдөө өвдгөө, өдөртөө лукээ тэврээд л гялтгануулаад байж дээ гэхэд дахиад л инээлдэв. Магадгүй, биднээс өөр хүн, тэр тусмаа Хэрлэн бол ойлгохгүй байж мэдэх юм. Яваандаа ойлгоно. Лук гэдэг нь гал команд болгонд байдаг доош түргэн буух ган баганыг хэлээд байгаа юм. Хэрлэнг ичээд сүйд болох болов уу гэсэн чинь нүд нь нэг зэрвэс гээд хоолойных нь өнгө нь өөрчлөгдөн
- Яасан? Та нар тэгтлээ дутагдалд ороо юу? гэхэд манайхан чимээгүй болцгоочихов. Эмэгтэй хүний ийм чанар заримдаа ямар ч эр хүнийг мухардуулдаг талтай. Тэр ёсоор манай хэд амаа хамхиж загнуулсан хүүхдүүд шиг хоолоо шоржигнуулахаас өөр чимээ гаргасангүй. Гагцхүү Сансар л гэнэн цайлган зангаар
- Аан . . . нөгөө . . . дутагдаагүй . . . гэхдээ . . . гэж ээрч муурч байснаа гэнэт ухааран
- Ингэхэд яагаад би хариулах гээд байгаа юм бэ? гэхэд Однар
- Харин . . . яагаад чи сандчаад байгаа юм бол? гэж нухацтай хэлэхэд бусад нь дахиад л шоолов. Сансар Хэрлэнд хандаж
- Эднийг битгий тоо. Чамайг шайхан хүүхэн болохоор л горьдоод байгаа юм гэхэд Баасан
- Яах хүүхээн? гэж амаа хэтрүүлэхэд Хэрлэн
- Одоо тоглоом дууссан бол хоолоо идэх үү? Хөрөх нь . . . гэснээр сая яриа дуусаж төмөр аяга халбага хавирах л үлдэв. Сансар дахиад л
- Чамайг бид уурлуулахыг хүшээгүй юм шүү. Уг нь манайхан чинь их шайн залууш гэж шивнэхэд Хэрлэн хариуд нь
- Итгэж байнаа. Одоо хоолоо ид гэж бас шивнэв. Залуусын царайд гэрэл гэрэлтэж бие биенээ рүүгээ харц гялгануулах нь том биетэй хүүхдүүд шиг.
Жижүүр манай ширээнд ирж
- Эрхэм ахлагч дэслэгч таныг Батсуурь ахмад хоолны дараа ороод ир гэнэ
- Мэдлээ гэж хэлчихээд дотор нэг харуусал төрөх шиг болов. Учир нь түүний өрөөнд дуудагдаж биш өөрөө орж ярилцах байсан юм.
- Хэсэг амарчихаад талбайд гараарай гэж салааныхандаа хэлээд Суурийн өрөөнд орлоо. Энэ удаа ерөөс ёсорхсонгүй. Тэр ширээнийхээ ард нэгэн бичиг харж сууснаа ширээн дээрээ шидэхэд гулссаар миний өмнө ирсэн нь Хэрлэнгийн томилолтын хуудас байв. Угаас тэгж тааруулан шидсэн байх. “Зүүн аймагт явах санал өгснийг харгалзан үзэж” гэсэн тодотгол харагдав. Суурийн царайд түрүүний уур тэр л хэвээрээ. Өдий болтол гардаггүй яасан ч сүрхий уур байдаг юм бүү мэд.
- Юу бодож байна? гэж их ширүүхэн асууж байна. Тэгэхээр нь бүр албаар
- Юу? гэж үл мэдэгч болон гөлгөрдүүхэн асуулаа.
- Юу байдаг юм. Танай салаанд эмэгтэй хүн ороод ирлээ. Чи ч дуртай байгаа л даа
- Байж л байг л дээ. ОБА-нд эмэгтэй хүн байж болохгүй гэсэн хууль хаана байгаа юм?
- Чамайг шатаад хэвтэж байхад энэ хүүхэн чирж гаргах уу? Айн? . . . Даах уу чамайг?
- Одоо л танай албанд эмэгтэй хүн байдаггүйг ойлголоо. Би бүр гайхаад байсан юм. Тэрэнд чи санаа зовоод яахав дээ. Энэ охин холбоочноор ирсэн. Тэгээд ч тэр болгон гал руу . . . гэтэл тэр миний үгийг тасалж
- Наадахыг чинь л хэлээд байна. Гал руу орохгүй л юм бол элэнцэгээ хийж энд яваа юм. Эмсийн хийчих ажил мундсан биш. Би ойлгохгүй байна гэж хашгирлаа. Ядаж байхад яр гэгчээр онгорхой цонхоор гадаа нарлаж суугаа манай салааныхны инээж ханиах, тэр дундаа Хэрлэнгийн эгдүүтэй гэмээр инээх нь сонсогдоно. Суурь
- Удахгүй танайхан энэ хүүхнийг салаандаа биш салтаандаа оруулна. Харж л байгаарай.
- Чи яасан гэж энэ охиныг хэлэх хэлэхгүй үгээр дайраад байгаа юм бэ? Хаана, ямар ажил хийх нь хүний л сонголт. Тэгээд ч өөрийн хүсэлтээр ирсэн байна.
- Гал ч гэсэн бас сонголт хийдэг юм шүү. Аль арчаагүй, үхээнц, бие сэтгэлийн бэлтгэлгүй, сул дорой, аймхай юмнуудыг сонгодог юм. Чи үүнийг мэдэж байгаа гэж багтраагаа барьж ядан хэллээ. Миний ч гэсэн уур хүрч эхлэв. Учир нь тэр энэ үгээрээ миний өнгөрч одсон хоёр залууг ч хэлж байж болох.
- Өнгөрсөн болгон руу ингэж дайраад байх эрх чамд байгаа гэж бодохгүй л байна шүү. Баатрууд бол баатрууд л байдаг. Чи өнгөрсөн хаврын түймэрт үрэгдсэн таван сайхан залууг бас энэ үгээрээ дүгнэх гээгүй биз дээ? Амаа мэдэж яриарай гэж би хэллээ. Хэн хэн маань уураа гаргах гэсэн шиг хэсэг чимээгүй суулаа. Энэ удаа надтай сөргөлдсөнгүй. Цонхны цаана манай хэдийн үе үе инээх сонсогдоно. Тэр дуугаа намсган
- Шөнө орой болохоор энэ хэдэн юм чинь ороо нь орсон юм шиг гүйлдэнэ дээ. Би мэдэж байна.

Үргэлжлэл бий . . .

"ҮР ХАРАМ" туужийн тууврээс
Бүрэн эхээрээ...

Нурам - 5 (тууж)

5 Сэтгэгдэлүүд:

- Гайгүй ээ гэж хэлэхдээ би их итгэлгүй дуугарсан бололтой
- Битгий худлаа ярь. Тэр л болоод гайгүй байж гэнэ. Тэгээд намайг бодоод худлаа яриад байв даа гэж байна. Энэ хүн намайг утасны цаанаас ч гэсэн уншдаг болжээ. Бие биедээ уусна гэдэг л энэ юм байх даа гэж бодтол
- Яачихваа? Яагаад хэлээ татчихав?
- Үгүй яахав дээ жаахан ярвагнаж л байна. Тэгэсгээд гайгүй болно биз. Би харин эхэн үеэ бодвол бүр нэг том юмны ард гарчихсан юм шиг сайхан болоод явчихлаа.
- Гал хөс нь гайгүй юм шиг байна уу?
- Ойрд юм дуулдаагүй бололтой. Гэхдээ ингэсгээд эхэлнэ гэж амтай болгон л ярьж байна.
- Тэгээд юун эрт явуулдаг юм?
- Хөгшин нь яаж мэдэхэв дээ. Газар, байдалтайгаа эртхэн танилцаг гэсэн юм байгаа биз
- За за тэгээд язав татав гээд бай. Чамайг бодсондоо л хэлж байна. Цаадах нэг юмтайгаа эвтэйхэн байгаарай. Зөнөг залгачихаад хүүхдүүдийн дэргэд зодоон цохион болж мангартав. Тэгээд золбоотой айн, нэг л их гэм хийсэн хүн гээд өөрийгөө яллаад тэр нэг юмны өмнө толгой бөхийлгөөд байв. Аан тийм, наад хүүхдүүддээ үлгэр үзүүлэх гэж байгаа нь энэ гэж гал хөс рүү түрүүлж гүйгээд байв. Ард чинь хэдэн арзайсан юм үлдсэнийг мэдэж байгаа биз дээ? . . . гээд л үргэлжүүлж гарав. Тэсвэр алдаж
- За одоо болно доо хөгшөөн. Найз нь унтаж амрах гээд байна гэхэд сая нэг ухаан оров бололтой
- Чамайг мэддэг болоод л хэлж байна. Ер илүүдэхгүй. Бүрэн бүтэн л ирээрэй дээ. За үнсье. Бид хүлээж байгаа шүү. Маргаашнаас яринаа гээд яах ийхийн зуургүй утас тасарлаа. Миний үгийг ч сонссонгүй. Хэлэх гэснээ хэлж аваад л санаа нь амарч байгаа нь тэр. Түүнээс миний юу бодох нэг их хамаагүй. Хамаагүй ч юу байхав дээ бараг мэддэг байх. Сэлэнгээ надтай танилцсан цагаасаа эхлээд л энэ хүнтэй үүрд хамт амьдрана гэж итгэсэн хүн. Аль, хорин хэдэн жилийн өмнө л надад хамаг бүхнээ өгчихсөн гэж боддог байх. Ёстой л нөгөө хүмүүсийн ярьдгаар нэг хүн болно гэдэг нь л болж дээ. Өглөө болгон гэрээс гарахад нэг л үгийг хэлж, нэг л харцаар хардаг юм. Урд орой нь жаахан муудалцсан байсан ч маргааш өглөө нь “Би хүлээж байгаа шүү” л гэх. Тийм болохоор бидний дунд хэдэн өдрөөр үргэлжилсэн хэрүүл байдаггүй юм. Одоо бодоход эмэгтэй хүнээс гарч байгаа мөн ч их тэвчээр юмаа даа. Бид сайхан амьдарч байгаа. Одоо Сэлэнгээ маань “Бид хүлээж байгаа шүү” гэдэг болсон. Хүүхдүүдийн түрүүч хоолондоо хүрэх гэж байна. Ёстой галын хүн болгохгүй гэж Сэлэнгээгийн зүтгэснээр эхнийх нь хуулийн хүн болох гэж байна. Минийхээс тэс өмнөө мэргэжил болохоор цаашдаа яахыг нэг их сайн төсөөлөхгүй л байна. Осолдохгүй л хагас ч болтугай цэргийн хүн болох болохоор хүнээ байчихгүй нь тодорхой. За тэгээд ээж нь гэж тийм үглэсэн хүн байхад миний санаа зовдог бараг илүүц биз гэхчилэн бодож хэвттэл унтчихаж.
- Сэрээд, сэрээд! гэх чанга дуунаар сэрвэл урд шөнийн жижүүр байв. Явдалдаа сэгсчигдээд жаахан агсагдсан бололтой. Цонхны цаадах улиасны мөчирт хэдэн болжмор юухан хээхнийг шулганана. Онгорхой салхивчаар өглөөний цэвэр агаар сэнгэнэж ер бусын сэрэл мэдрэхүй төрүүлж байх шиг. Гэтэл цонхны цаана тоормос чахран дуугарахад өнөө хэдэн болжмор дэрхийн нисэж одлоо. Машин сар сар дуугарах нь дизиль мотортой бололтой. Орноос босон хэд суниагаад цонхонд очвол гялалзсан хар хөх өнгийн Ланд-80 дүнхийж, дотроос нь Суурь бууж ирснээ хаалгаа тоомжиргүйхэн саваад орох зуураа дохиоллоо дарахад машины дөрвөн буланд шар гэрэл анивчаад түгжээ нь торхийх нь тод сонсогдоно.
“Намайг бодвол жийп унахтайгаа. Арга ч үгүй биз дээ. Хөдөө газар ийм л тэрэг унаа болдог байх” гэж өдий болтол ийм машин авч чадаагүйгээ цайруулан бодов. Жижүүр түүнийг тосон очиж
- Урд шөнө гал усны аюулгүй тайван хоносныг илтгэе. ОБА-ны . . .дугаар ангийн жижүүр ахлах ахлагч Төрмандах гэж илтгэх дуу тодхон сонсогдов. Ер нь өглөө эрт болоод тэр үү гадна орчны дуу чимээ их сайн сонсогдох аж. Тэр даруй би хувцсаа өмслөө. Манайхан цөм босож угаалгын өрөөний хаалгыг ээлжлэн савж байв. Жижүүр орж ирээд
- Эрхэм ахлах дэслэгчид! Одоо хуралтай гэж байна
- За мэдлээ.

Хурлын танхимын хананд өлгөсөн газрын зургийг Суурь нарийхан заагуур модоор үе үе заан
- Жил болгон болдог хуурайшилт хийгээд гал гардаг, цаашдаа ч гарч болзошгүй обект, хүн хүчнийхээ талаар товч илтгэл хийлээ.
- Гал гэдэг заавал ч үгүй хүний хүчин зүйлээс гараад байдаг ч юм биш. Их хуурайшилтай үед моддын хуурай мөчир салхинд хавирах төдийд л оч үсэрч болдог. Үнэхээр гайтай гэж Суурь ярилаа. Энэ илтгэлдээ тэр нилээн бэлдсэн бололтой. Газрын зураг дээр улаан дарцгаар гал гарсан обектыг, ногоон дарцгаар галын голомтыг унтраасан хэсгийг гэх мэтээр тэмдэглэсэн байв. Тэрээр цааш нь
- Тэгэхээр биднээс шаардах юм бол анхаарал, болгоомж, бэлэн байдал. Хэрвээ галын голомтод очсон тохиолдолд заавал цурманд оруулж бүрэн унтраах. Тэгэхгүй бол салхинд эргээд ноцно. Салхины хурдыг гүйцэхэд нэн төвөгтэй. Хэдийгээр төвөөс манай орон нутгийг арай илүү анхаарч та бүхнийг нааш нь явуулсан ч хүн хүчний хувьд хангалттай болчихлоо гэсэн үг биш. Дараагийн нэг гол зүйл бол бэлэн байдал. Чухамдаа бэлэн байлгах л гэж та бүхнийг нааш явуулсан. Би ч гэсэн үүнийг л шаардах болно. Өөрөөр хэлвэл энх цагийн дайны фронтонд та бүхэн отолт хийж байнаа л гэсэн үг. Ийм болохоор ууж, идэх, ийш тийш ганц нэгээрээ алга болохыг хатуу хориглоно. Хатуу . . . гэснээ үгээ тасалж биднийг тойруулан харснаа
- Та бүхэн аймгийн төвийн обектын галын асуудалд оролцоод байхгүй. Гэхдээ та нараас энд байх хугацаандаа үргэлж жижүүрт гарч байгаа мэт хариуцлагатай байхыг шаардана гэлээ. Тэр хэлэх ёстойгоо л хэлж байв. Би түүний дэлгэсэн газрын зургийг, түүн дээр тэмдэглэсэн тэмдэглэгээг харж суухдаа “Нээрээ л их гал гардаг юм байна даа” гэж бодоод
- Галын давтамж нилээн өндөр юмаа даа? гэж намайг асуухад
- Онцгой обект гэж онцгой гэдэг үг дээр их өргөлт өгөөд
- Энд нэмэгдэл хүч хэрэгтэй болоод л та бүхнийг энд ирүүлсэн. Бүр тусгай салааг шүү. Гэтэл дахиад нэмэлт хүч хэрэг болохыг ч үгүйсгэхгүй. Ер нь нэг л эхэлчихвэл буутлаа хээр хэвтэнэ. Эргэж ирэх тухай нэг их бодох хэрэггүй гэснээр хурал тарлаа. Надад түүнтэй ярих, маргах зүйл байсангүй.
Өрөөндөө ирцгээтэл зурагтаар мэдээ гарч байна. Тэгтэл манай хэд шуугиад явчихлаа.
- Энэн шиг сайхан ажилтай бол сайхнаа. Зурагтын од болохгүй юу гэж гэж хэн нэг нь хэлэхэд Сансар
- Баашан ахаа байж бай л даа. Шоншоё гэхэд бусад нь шоолж л байх. Манай ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаны дарга хүүхэн гарч байна. Тэрээр”ОБЕГ-ын даргын тушаалаар манайх ой хээрийн түймэртэй тэмцэх “тусгай салаа” байгуулан ой хээрийн түймэр тогтмол гардаг обект руу илгээсэн. Галыг гарсан хойно нь унтраах биш гарахаас нь өмнө сэргийлэх нь чухал байдаг. Тийм ч учраас энэ салааныхан маань орон нутгийн ард иргэдэд ухуулан таниулах, болгоомж сэрэмжийг сануулах тал дээр ч бас ажиллах болно” гэв.
- Хн! Энэ ер нь гал гэж юу байдгийг мэддэг болов уу? гэж Мягмарыг хэлэхэд Однар
- Энэний ярьж байгаа бидний байгаа хоёрт мөн ч их зөрөө байна даа
- Ажлаа л хийж байна зайлуул.
- Ядаж машинаа явуулчихаад ингэж ярьдаг болоосой гэх мэтээр хоорондоо ярьцгаана. “Эдний маань сэтгэл санаа тийм ч сайн биш байгаа бололтой. Яаж ч сайхан байхав дээ. Угтаа бол дайчилгаа гэдэг чинь чиний юу бодох огт хамаагүй гэсэнтэй л адилхан. Гэхдээ хамт олон дунд эрч хүч нь булгилсан, бусдадаа байгаа байдлаараа дайчин байхыг уриалж байдаг хүн гэж байдаг. Бүр ганцаар ч тогтохгүй байдаг. Манай салаанд тийм залуус байсаан. Одоо бодоход тэд энгийн үедээ ч, инээд наргиан дээр ч, улалзах галын өөдөөс ч эр зориг, ид хавыг үзүүлэн бусдыгаа хошуучилдаг байж. Тэгж ч яваад алтан амиа алдацгаасан. Цаг мөчтэй уралдах тэрхэн мөчид заримдаа нэг л хүний амь аврагдах хугацаа үлдэх үе бий. Энэ л үед өөрийгөө юу, өрөөлийг үү гэдэг сонголт аврагч бидэнд тохиолдоно. Тэд маань яг л ийм сонголтонд тулгарч жаахан охиныг гаргаж шидээд эргэж нөхрөө аврах гэж зүтгэсэн. Даанч хяслант орчлон тэдэнд минь боломж олгоогүй. Тэд маань олон хүний амь аварч, олон гавъяа байгуулсан. Энэ ажилдаа, энэ хамт олондоо, эр зоригтоо, хүсэл мөрөөдөлдөө үнэн ч хэвээр үлдсэн. Тийм чанарыг хүн хаанаас олж болох вэ? Энэ миний өөрөөсөө асуудаг мөнхийн асуулт.
Нэг мэдсэн чинь би бодолдоо ороогдоод таг гөлөрчихөж. Манайхан яг юу хийх, яах гээд байгаагаа ойлгохгүй хий дэмий эргэцэх нь эргэцэж, гөлрөх нь гөлөрч, хэвтэх нь хэвтэнэ. Аймгийн ОБА-нд аврах эрэн хайх, гал сөнөөх гэсэн хоёр бүрэлдхүүн 24 цагаар жижүүрлэнэ. Үүн дээр бидний хэдэн хүн нэмэгдчихээр тэр дугаар ангийн байр хөл хөдөлгөөн ихтэй, нэг л их холхисон залуусаар дүүрчих ажээ.
- Цайндаа орчихоод арын талбайд бэлтгэлтэй гэж намайг огцом хэлэхэд салааныхан маань нэг сүрхий харснаа дэрхийн гарцгаав. Тэднийг гарсан хойно би доош нэг давхар луу холбооны өрөөнд очиж хурандаа руу ярилаа.
- Бид ирээд төв дээр нь байрлаад байна. Одоогоор тайван. Харин . . . гэтэл хурандаа миний үгийг таслан
- Машинаа асуух гэж байна уу? Маргааш гарна. Өнөөдөр танай холбоочны асуудлыг шийдэж байна.
- Мэдлээ эрхэм хурандаа . . . бидний товчхон яриа дууслаа. Үнэндээ бол би сонсохыг хүсэж байснаа сонссон болохоор дуусгасан гэхэд болно.

Бид арынхаа талбайд бэлтгэл хийж эхэллээ. Ер нь тэр өдрөөс хойш зав л гарвал хийдэг болсон юм. Галын спортын зургаан төрөлт гэж байх бөгөөд манай ОБА-хан жилдээ нэг удаа энэ спортоороо өрсөлдөнө. Хурд, хүч авхаалж самбаанаас гадна нэг баг болж чадсан нь түрүүлдэг спорт л доо. Угсаргаа, задаргаа, холболт, саадтай харайлт, сунадаг шат гэх мэт. Биднийг бэлтгэл хийж байх үед Суурь ирлээ. Тэрээр бэлтгэлийн хувцас, пүүз өмссөнийг нь харвал залуусын ярьдаг өнөө үнэтэй брэндийн “адидас” хувцас, “жордан” пүүз ажээ. Надад бол түүний өмссөн бүхэн байхгүй. Манай залуус цээж түхэлзүүлэн амьсгаадах хэрнээ түүнийг бахадсан гэхээсээ илүүтэй гайхсан харцаар харна. Тэрээр талбайд гаран гар хөлийн сунгалт хийж, жаал биеэ халааснаа манайхны дэргэд ирж
- Удаан байна. Удаан байна. Хаана байна тэр тусгай салаа? Та нарыг улс даяар алдартай тусгай салаа л гэж дуулснаас ийм унхиагүй юмнууд гэж сонсоогүй шүү гэж сүржигнэн хашгирлаа. Шинэ салаа бүрдүүлж байгааг тэр мэдэхийг дээдээр мэдэж байгаа. Энэ бүх үгээ зөвхөн надад л зориулж хэлж байгааг би ойлгож байв. Ойлгуулахыг ч хүссэн хэрэг. Суурь халааснаасаа хурд хэмжигч гарган
- За алив эхнээс нь гэхэд манайхан бүх элементийг эхнээс хийж эхэллээ.
- Удаан байна та нар. Хамгийн гол нь хурд. Та нар хөдөө ирснээрээ жаргалаа эдэлж хэвтэж байгаад нэмэгдэл цалин авчихна гэж бодсон бол лөөлөө шүү. Энэ бол онцгой обект. Танай хот биш. Та нар салхинаас ч, галнаас ч хурдан байх ёстой гээд хурд хэмжигчээ харна. Ахлагч Сансар амьсгаадан хийж буй дасгалаа түр зогсооход Суурь түүний чихэнд хамраа шүргэх шахам тулган маш чангаар
- Та үхлээс ч хурдан байх ёстой. Та нар зөвхөн гал унтраах гэж биш энэ орныг гамшгаас хамгаалах гэж ирсэн. Гамшгаас . . . Гамшгаас ойлгож байна уу? Гамшгаас . . .
- Тийм эрхэм ахмадаа гэж Сансарыг хэлэхэд
- Юу гэнээ? Би сонсохгүй байна
- Тийм эрхэм ахмадаа. Бид гамшгааш хамгаална гэж Сансар хашгирахад
- Тэгээд. Тэгвэл үхснээ хийгээд зогсоод байгаа юм? Гүйгээд гэж ориллоо. Түүний хэлж, шаардаж байгаа нь үнэн боловч цаад уг нь над руу ингэж хашгирмаар байгаа нь ойлгогдож байв. Тэгсэн хэрнээ манай хэд рүү байгаа нь надад таалагдсангүй. Яг энэ мөчид надад нэг адын бодол орж ирээд яах ийхийн зуургүй амаар гарч орхилоо.
- Сууриа, хоёулаа нэг гүйчих үү? гэхэд тэрээр хорсолтой ч юм шиг, жоготой ч юм шиг харцаар намайг харснаа
- Санаанд чинь багтаад байна уу? Аргагүй дээ. Чи чинь мөн ч олон удаагийн аварга болохоор хүчээ үзүүлэх гэсэн юм биз дээ. Алив бэлддээ гэж хашгирахад залуус шланк, хоолой, шат зэргийг цувуулан тавьж яг тэмцээний гараа шиг болгов. Залуус хоёр талд хуваагдаж, зээглэн зогслоо. Шүгэл тасхийх дуунаар ухасхийж тэнцвэрийн дамнуурга дээгүүр гүйж цаана нь байх өндөр саадан дээгүүр харайн буухад Суурь буучихсан цааш эргэж байв. Би үл ялиг хоцорч байна гэсэн үг. Талбайн нэг талаар манайхан, нөгөө талаар орон нутгийнхан зогсож байв. Тэд эхлээд чимээгүй байснаа сүүлдээ өөрийн эрхгүй хашгиралдаж эхлэв. Усны хоолойг чирэн гүйж, хошууг холбон хэсэгхэн шүршиж буй дүр үзүүлээд цааш угсраа шат руу харайлаа. Шатанд эхний гишгэлтээ хийхэд Суурь бараг нэгдүгээр давхарыг өнгөрч харагдав. Бууж өгөхийг яахан хүсэх билээ. Гурван давхарт гарахад тэр зөрөөд бууж байлаа. Нэгэнт хоцорчээ. Намайг буцаж ирэхэд тэр сэтгэл хангалуун харцаар харж байснаа дороо хэд үсрээд арагшаа агаарт бүтэн эргэх үйлдлийг үзүүлэв. Надаас нэг мөсөн илүүрхэж байгаа нь тэр. Түүний дэмжигчдийн царайд инээмсэглэл тодорч манайхан уруу царайлан толгой гудайна. Надад хэлэх үг хэрхэн олдох. Түүний харцны цоргиог мэдрэх тийм ч таатай байсангүй.
- Аварга болох амархан, аварга байх хэцүү гэж хэлэхдээ тэр надаас харц салгасангүй. Энэ үед ашгүй тэндээс өнөөдрийн жижүүр гүйж ирснээр эвгүй байдал завсарлав. Тэгээгүй бол хэдий болтол үргэлжлэх байсан юм бүү мэд.
- Эрхэм ахмадад илтгэе! Тусгай-2 салааны дуудлага хүлээн авагч ирлээ гэх дуу намайг ч, манайхныг ч, ер нь тэнд байсан бүхнийг сортосхийлгэв.
- Нааш нь явуул гэж Суурийг хэлэхэд жижүүр гүйж одлоо. Тун удалгүй онцгой байдлын албаны дэд ахлагчийн мөрдөстэй шазруун төрхтэй, цэх гуалиг бүсгүй гүйж ирснээ Суурьт ёслон
- Эрхэм ахмадад! Тусгай-2 салааны холбоочин дэд ахлагч Хэрлэн ирлээ гэж цангинуулав. Түүнийг хорь гаран эрчүүдийн дөч гаран нүд халуу шаттал зэрэг ширтэнэ. Гэтэл Суурь
- Чи яах гэж энд ирээв? гэх хачин асуулт асуухад нь харвал залуудаа ямар нэгэн юманд давчдан бачуурахаараа гаргадаг байсан тэр төрхөө гаргасан байлаа. Таньдаг юм болов уу ч гэж бодох шиг.
- Тушаасан болохоор эрхэм ахмадаа
- Би дахиад асууя. Яах гэж энд ирээв?
- Гал сөнөөх гэж эрхэм ахмадаа
- Чамд биеэ үнэлчих өөр газар олдсонгүй юу?
Үргэлжлэл бий . . .
"ҮР ХАРАМ" туужийн түүврээс
Бүрэн эхээрээ...

Нурам - 4 (тууж)

3 Сэтгэгдэлүүд:

Манайхан ч зогссоныг далимдуулж ачааны бүхээгнээс уван цуван гарч биеийн чилээг гаргаж байгаа харагдав. Тэгтэл залуу
- За за би ямар чамайг ам хэлээр барах биш хө гэснээ над руу нүд буландаад
- Энэ жилийн дайчилгаа юу хө?
- Дайчилгаа ч арай биш шиг. Тэгсэн хэрнээ намар буцна гэхээр мөн ч юм шиг. Хөгшин нь үнэндээ дарга нарын явдлыг ойлгох биш. Ёстой нөгөө амьтан ирж л байх юм, явж л байх юм би ямар ялгах биш л гэдэг болоод байна шүү дээ ха ха гэж инээснээ.
- Харин танайхан ингээд гарч байгаа нь энэ үү? Гал нь гараагүй байхад яасан сүрхий эрт явах юм?
- Эрт нь ч жаахан эрт юмаа хө. Гэхдээ бидэнд чинь галаас гадна ажил бий шүү дээ хө. Үгүй тэгээд дарга нарын явдлыг би бас мэдэх биш дээ хө.
- Тэрэг чинь зүгээр үү?
- Манайхан аль эрт жирийчихсэн. Миний ачаа жаахан хүнддээд хө.
- За тэгвэл яахав. Үг олдож, үхэр холдлоо. Хөгшин нь эртхэн дөхье. Энэ дээдэх улс эсчихэж мэднэ гээд пар пар инээгээд араагаа залгалаа. Нөгөө залуу бидний араас эргэн эргэн харсаар тэрэг рүүгээ алхав. Мотор хүчээ авах гэж хэсэг ёнгинож байснаа хөнгөн араанд шилжүүлэхэд сая нэг амьсгаа авах шиг нэгэн хэмээр хүнгэнэж эхэллээ. Хэсэг чимээгүй явснаа би ам нээж
- Тамхийг ч мөн зажилж өгдөг эр юмаа?
- Идчихдэг нөхөр байхгүй юу.
- Нутгийн улс уу?
- Нутгийнх ч гэж дээ цэвэрлэгээний бригадынхан. Үгүй ээ, тэгээд жил бүр ирж ажилласаар байгаад одоо бараг нутаг гэсэн ч болохоор болж дээ.
- Юун цэвэрлэгээ билээ?
- Мод цэвэрлэгээ. Шатсан ойг цэвэрлэдэг юм. Уг нь “Их тулгат” гэдэг чинь манай нөгөө суманд байдаг уул уурхайн компани л даа. Тэдний нөхөн сэргээлтийн ангийнхан. Хийх юм нь олддоггүй юм уу даа хаашаа юм. Шатсан ойг цэвэрлээд л яваа харагддаг юм. Үнэгүй, зардалгүй модыг ч нэг сайхан хийдэг улс даа гэж байна. Надад толгой дохихоос өөр хэлэх үг олдсонгүй.
Газар дөхөх тусам миний дуу хураагдан бодол болсоор байлаа. Жолооч маань үе үе намайг хяламхийвч миний царайнаас намайг ярих дургүй байгааг ойлгов уу бас л чимээгүй. Дээр, битүү тэвшинд манайхан ямар нэгэн хөгжилтэй зүйл ярив бололтой үе үе инээлдэнэ. Тэгснээ нэг хэсэг дуу дуулцгаана. Харин надад “Тэр яах бол” гэсэн бодол гэнэтхэн хургачихаад гарч өгдөггүй. “Ханаж буй бах таваа надад яаж илэрхийлэх бол” Жаахан залуухан юм бол ч яахав нэг их юм бодохгүй сагсагнаад л өнгөрнө. Гэтэл бид чинь дөч давсан яг л ид дээрээ байгаа эрчүүд. Амьдралд хүн ухаан суудаг бол одоо л тэгширч байх ёстой. Гэтэл тэгсэн гэж хэлэхэд нэг л хачин. Би өөртөө ийм итгэлгүй байгаа юм чинь Суурийг учиргүй буурь заасан сайхан амьтан болчихсон гэж бодох хэцүү. Эсвэл явж, явж би өөрөө тийм овилгогүй бодолд ээрэгдээд байна уу? Магадгүй тэр миний бодож байгаагаас тэс өөр, ухааны цараа өргөсөж, жинхэнэ насны бяд суусан байж болох шүү дээ. Амьдрал баян гэдэг биз дээ. Гэхдээ л би түүнтэй хамгийн сүүлд муудалцсан үеэ мартаж чаддаггүйтэй адил тэр ч гэсэн миний тухай ямар нэгэн бодолтой л байж таарна. Жинхэнэ амьдрал гэрэл, сүүдэр хосолж л байдаг хойно. Тиймээс тэр намайг тийм ч аятайхнаар угтана гэж итгэхгүй байлаа.
Манай машин давхисаар аймгийн төвийн баруун хөтөл дээгүүр гарч ирэв. Байгаль гэдэг үнэхээр бахадмаар сайхан ажээ. Ёстой л нөгөө уул ус нь жигдэрсэн сэтгэл хөглөм сайхан нутаг байлаа. Ийм сайхан нутгийг хайрлахгүй, харамлагүй байхын арга алга. Харин аймгийн төв нэг л навсгардуу, өнгө муутай зэгэлтсэн саарал суурин нүүгэлтэнэ. Хотод олон жил шигдсэн хүний анхны мэдрэмж байж болох ч хавар цаг болохоор тэгсэн байж ч мэдэх юм. Ер нь цасны шар ус хэдийн хатаж, хэзээ мөдгүй хуурай шороо босох нь тодорхой харагдана. Бид уг хөтлөөс доош уруудан давхисаар Онцгой байдлын албаны хашаанд орж зогслоо. Жолооч маань кабиныхаа хаалгыг пад хийтэл хаагаад ёстой л нэг гэртээ ирсэн хүн шиг хаахаг хаахаг алхсаар хаашаа ч юм яваад өглөө. Манайхан тэвшний бүхээгнээс үсрэн бууцгааж биеийн чилээг гарган суниана. Зарим нь хувцас хунараа гөвнө. Тэгснээ хаа нэгтэйгээс ямар нэгэн сүрдэм амьтан гараад ирэх юм аятай зэнзийрхэн намайг бараадан бөөгнөрөв. Орон нутгийнхан хэдий ижил албаныхан ч гэлээ хотоос ирсэн шинэ хүмүүсийг сониучирхан харцгаана.
- За ингэж зогсоод яахав. Та нар эндээ байж бай. Би очиж ирснээ илтгээд ирье гээд эргэтэл төв байрны хаалгаар ширвээ хар сахалтай, ширүүн харцтай дэвхийсэн ахмад гарч ирсэн нь Суурь байлаа. Манай салаа жагсаж би түүний өмнө алхаж очоод гараа чамархайндаа аван
- Эрхэм ахмадад! ОБА-ны ....дугаар ангийн “Тусгай-2” салаа таны мэдэлд ажиллахаар ирлээ. Салаан дарга ахлах дэслэгч Галбаатар гэлээ
Яг энэ үед надад үнэхээр хэцүү байв. Магадгүй би наашаа явах шийдвэр гарснаас хойш энэ л мөчийн төлөө шаналж байсан байж болох юм. Шаналах юу байхав дээ ичиж байсан байх. Суурь жагсаалын өмнүүр нуруугаа үүрэн, ихэмсэг харцаар хүн бүрийг шинжин харж явснаа хүнгэнсэн бүдүүн дуугаар
- Сул зогс! гэж команд өгөөд харцаа тойруулснаа над дээр харцаа тогтоож
- Намайг ахмад Батсуурь гэдэг. Аандаа бид танилцах болно. Та нарт өрөөг чинь бэлдсэн байгаа. Гэхдээ та нарыг энэ хавар зун тэр өрөөнд хэвтээд байна гэж бодохгүй л байна шүү. Хээр нэг гарвал эргэж ирнэ гэж бодох хэрэггүй гэж зөвлөх байна. Та нар ямар хот орондоо эхнэрийхээ өвөрт хэвтэж байгаа биш.
Жижүүр! Эднийг өрөөнд нь оруулж өг гээд эргэхдээ
- Эрхэм ахлах дэслэгч, намайг дагаад яв гэлээ. Би дагахаас өөр яахав. Өрөөндөө оруут тэр зөөлөн сандалд мэдэгдэхүйц лагхийн суугаад намайг хэсэг ширтлээ. Цолоор бага хүн яахав дээ зогсож л байдаг юм хойно. Өрөөг хөнгөн харцаар тойруулан харвал хөдөөний оффис гэхэд их бололцооны тавилгатай, товхийсэн тохижилттой өрөө юм. Тавиур дээгүүр цом, дарцаг, өргөмжлөлүүдийг өрсөн байна. Ихэнхи нь дэд байр, хоёрдугаар байр гэсэн үзүүлэлттэй юм. Нэг том хайрханы зургийг нилээн том хэмжээтэй зурж жаазлаад өлгөсөн нь сайн харвал нөгөөх цэг хатгах аргаараа зурсан байв. “Хэдэн сая живаа цэг орно доо” гэж бодож амжив. Тэр зургаа хаяагүй бололтой. Ширээн дээр нь элдвийн зураг харагдсангүй. Гэр бүлгүй байж мэднэ. Гэхдээ байсан ч зураг хөргийг нь ширээндээ тавих хүн бас биш. Ер нь бид их хөндийрчээ.
- Нөгөө алдарт салаа яасан бэ? Яагаад ийм нусаа гоожуулсан юмнуудтай яваа юм? гэж тэр гэнэтхэн асуулаа. Тэр манай салааныхны тухай мэдээгүй, сонсоогүй байна гэж байхгүй шүү дээ. Ам асууж л байгаа хэрэг. Манай салаанд тохиолдсон гай тотгорыг, яагаад миний цол буусныг, шинэ салаа яах гэж байгуулсныг, энд яагаад ирснийг Суурь мэдэж л байгаа. Тэр бүү хэл орон даяар тархсан манай салбарынхан бүгд мэдэж байгаа. Би дуугарсангүй. Надад яагаад ч юм ЖА-гийнхаа өмнө номхон зогсох шинэ цэрэг шиг мэдрэмж төрж, шар хөдлөөд ч байх шиг. Суурь намайг дуугарсангүйд дургүй байгаа бололтой нэг мурчигнаснаа
- Чамайг харах таатай байна шүү. Ялангуяа ёсолж байхыг чинь. Энэ яваа насандаа ийм юм болно чинээ бодож явсангүй. Тэгэхээр чи ч бүр бодоогүй хэрэг. За тэр яахав. Ямар чиний хүсэл биш. Танай тэр хоёр лойдор үхсэнээс болсон юм хойно. Тиймээ? гэж асуусан янзаар тавлахад би бас дуугарсангүй.
- Чи яагаад дуугарахгүй байгаа юм? Арай ам ангайхгүй байсаар энэ хаврыг барчих юм биш биз дээ? Эсвэл нэг муу шазраад байгаа ухаантай юм уу?
- Намайг арай айгаад байна гэж бодоогүй биз? гэхэд тэр дуугарсангүй. Гэхдээ нэг зэвүү хүрэм инээмсэглэв. Тэгэхээр нь би
- Чи их өөрчлөгдөж гэж зуунги маягтай хэлвэл
- Тийм үү? Харин чи их сул дорой харагдаж байна.
- Чамд ёсолсон болохоор уу?
- Үгүй ээ, их дээрээс унасан болохоор эрхэм хошуучаа. Чи гэж нэг их гялалзсан хошууч байдаг байж билээ. Хэзээ ч хөдөө явахгүй юм шиг, хэзээ ч тушаал буухгүй юм шиг. Чамайг би гайхдаг байсан юм. Яагаад энэ ийм их өндөрт хөөрвөө гэж. Нэртэйгээр нь чи хурандаа болчихгүй. Тэгвэл унасан ч энд биш тэндээ унах байж дээ. Хийн бөмбөлөг бас хагардаг л юм байна.
- Ердөө энэ байсан юм уу? Энүүхний төлөө чамайг ингэтлээ атаархаж явах юм гэж огт бодсонгүй гэхэд Суурь ухасхийн босож, надад нүүрээ тулгаад
- Энүүхэн гэнээ? . . . Ав адилхан сургууль, нэг ангийн адилхан хүүхдүүд яахаараа тийм ялгаатай байх болсныг би гайхаж байсан юм. Чамайг хотын дулаахан байшинд авгайгаа тэвэрч хэвтсээр байгаад хошууч болон нисэхэд би энд . . . гэж цухалдсандаа үгээ таслан ширээ балбаад
- Энд бахь байдгаараа хаврын хавар, намрын намарт гал дундуур бэдчиж явсаар бүх насаараа энд хадагдсанаа гайхаж байсан юм.
- Одоо тэгээд гайхах зүйлгүй шив?
- Тиймээ, одоо чи тэр энүүхэн гэдгээ үзэх болно. Гэхдээ чи түр ирсэн болохоор зүгээр л нэг жүжиг үзэх төдийхөн л болох ч гэлээ би чамд мэдрүүлэхийг хичээнээ.
- Мэдлээ эрхэм ахмадаа
- Их сүржигнэж байх шив дээ чи. Чиний энд ирдэг хувь заяаны гэсгээл үү, ял уу? Би ялгахгүй байгаагаа гайхаад байна
- Чиний юу эсвэл миний юу? гэж намайг асуухад тэр духаараа харан хэсэг зогссоноо их тайван өнгөөр
- Харин л дээ. Харан байж л болъё
Надад цааш нь ярилцах хүсэл тэр ч бүү хэл ёслох ч сонирхол байсангүй. Шууд л гарлаа. Хонгилд гарсан хойноо харин ямар нэгэн том даваа давчихсан юм шиг мэдрэмж төрлөө. Аргагүй байх. Би түүнтэй уулзах анхны харц, анхны ярилцлагын тухай хэтэрхий их бодож өөртөө шаналгаа үүсгэсэн бололтой юм. Одоо бол хамаагүй. Тэрний яаж аашилж авирлах тэр бүү хэл би түүний өмнө номхон зогссон ч ичгэвтэр биш болсон шиг санагдана.
Салааныхаа байрлаж буй өрөөнд орлоо. Хоёр давхар төмөр орнуудыг зэрэгцүүлсэн томоохон казармд манайхан өөр өөрийн ороо товлон төвхнөж авсан байв.
Манай салааныхан гэж хээ шаагүй хэдэн эрчүүд бүгд л онцгой байдлын албанд их бага хэмжээгээр зүтгэсэн улс. Галын аюул байтугай гал гэж юу байдгийг мэдэхгүй хүн ч бас ганц нэг байгаа. Намайг оронгуут тэд дэрхийн бослоо. Тэднийг болно гэж гараараа дохиод нэг орон дээр биеэ сул орхин хэвтэв. Явдалдаа юу эсвэл эрээлж жирэлзсэн бодолдоо болсон уу ямар ч байсан учиргүй ядарсан юм шиг санагдана.
- Ахлах дэшлэгчээ, та ямар нэгэн юм уух уу? гэж ахлагч Сансар асууж байна.
- Нэг хүйтэн юм байвал өгчих гэвэл нэг цэвэр ус авч өгснийг бараг нэг амьсгаагаар залгилж орхилоо. Манайхан намайг ажаад байгаа бололтой чив чимээгүй сууцгаана.
- Та нар чинь яачихаад гэм хийсэн юм шиг таг болчихов? Өнөөдөртөө сайхан амраад ав. Хэзээ түгшүүр өгнөв тэгээд л гараад өгнө шүү дээ. Ой хээрийн түймэр гэдэг чинь хот газрын ахуйн түймрээс өөр шүү. Ингэхэд ер нь манайхнаас ойн түймэрт явж байсан нь хэд билээ?
- Би лав явж л байшан. Манай Шэлэнгэд байш гээд л түймэр гардаг юм гэж Сансар хэллээ. Энэ залуу Сэлэнгийн онцгой байдлын албанд ажиллаж байгаад хотод ирсэн юм. С үсгийг Ш-ээр дууддаг, шулга дуу нэгэн. Бусдаар бол их сэргэлэн. Ганц бие их зөв хүмүүжилтэй эвдрээгүй, хүүхэд шиг ааштай залуу.
- Ингэхэд чамайг хэн гэдэг билээ? Чи нэрээ хэлдээ гэж Сансараас асуух хүрэн бор залуу ахлах ахлагчийг Однар гэнэ. Онцгой албанд овоо хэдэн жил болчихсон. Бусдыгаа бодвол хуучны нөхөр. Гэм нь жаахан шооч. Гуч дөхсөн хэрнээ гэр бүлгүй, ээжтэйгээ амьдрана. Залуу хүн гэхэд үгээ зажилж ярьдаг, хашир нь дэндчихсэн хүн. Заримдаа ярилцаж буй хүнээ залхаачихна. Нэг үг хэлэх гэж жигтэйхэн удна. Тэгсэн хэрнээ арай гэж гарсан үг нь цаанаа нэг хоржоонтой.
- Намайг Шаншар гэдэг гэж Сансар өнөөх л хүүхэд зангаараа хэлээд бусдыгаа инээлгээд авав. Ямар тохиолдлоор юм бүү мэд манай салаанд Даваа, Мягмаржав, Лхагва-Очир, Пүрэвсүрэн, Баасандорж гэдэг таван залуу орсон байв. Бид тэднийг нэгдэхээс тавдахь гэж нэрлэнэ. Надтай нийлээд найман хүн Тусгай-2-хон болно. Уг нь бол орон нутагт хүч хүрэхгүй тохиолдолд дайчилгаа гээд баахан хүмүүсийг цуглуулан гаргадаг. Үүний оронд “Тусгай” нэртэй салаа байгуулсан нл бид хэд юм. Гэтэл бидний байгаа байдал үнэхээр тусгай салаа юу гэвэл учир дутагдалтай. Арван хүн байх ёстойгоос жолооч, холбоочин хоёр маань хараахан ирээгүй байдаг. Хамгийн гол хоёр хүн маань шүү дээ. Хэн нэгэн даргын л шийдвэр. Миний хувьд бол шийтгэл. Гэхдээ улсын хэмжээнд эрэн хайх болон ой хээрийн түймэртэй тэмцэх тусгай салаа байхад болохгүй юмгүй. Гэтэл өөрсдийнхөө байж байгааг харахад тийм хүчирхэг салаа болно гэхэд тийм ч итгэлтэй биш байв. Учир нь бидний багаж зэвсэг гэхэд орон нутгийнхнаас ялгарах юм үгүй. Тийм л тусгай юм бол нисдэг тэрэгнээс авхуулаад хүчин чадал сайтай баймаар. Гэтэл машин ч үгүй орон нутгийнхны машинд дайгдаж ирэхэв дээ. Тэр бүү хэл холбоочин маань ч ирээгүй гэж байгаа. Нэг л их сүржин нэртэй хэдэн хүн энд хэвтэж байгаа юм шүү дээ. “За нэг шижигнэсэн салаа бэлдээд өгөөрэй” гэх Хурандаагийн үг урам зориг гэхээсээ илүүтэй итгэл найдвар нь тасарч буй даргын үг шиг санагдана. Дээр нь ядаж байхад Суурийн команданд ирдэг. Энэ бүгдийг бодож хэвтэхдээ яагаад ч юм хоосорч, тамирдаж буй мэт мэдрэмж төрж байв. Энд ирнэ гэж сонссон мөчөөсөө эхлээд л би элдвийн бодолд дарагдаж эхэлсэн. “Ер нь энэ их эрээвэр хураавар бодлоороо би өөрийгөө дарамтлаад байгаа юм биш биз” гэж дээд орныхоо төмөр пүршний сүлжээг ширтэн элдвийг бодон хэвтсээр байлаа. Намайг таг дуугай болчихоор манайхан ч тэгэсгээд чимээгүй болцгоочихов. Харин энд тэндгүй утасны мессеж жирвэлзэх нь сонсогдоно. Залуучууд энэ гар утас гээчийг мөн ч сүрхий ашиглах юм. Аймгийн төв гэсэндээ утас барьж байгаа нь их юмдаа гэж бодохтой зэрэгцэн миний утас дуугарлаа. Харвал Hani гэж байна. Авав уу, үгүй юу Сэлэнгэ байж ядсан өнгөөр
- За яасан?
- Яахав, яваад л ирлээ
- Үгүй ээ, цаадах чинь яаж байна? Цэхвэлзэж байна уу?
Үргэлжлэл бий ...
Жич: Copy Paste хийхгүй байхыг хүсье....
Бүрэн эхээрээ...

Нурам - 3 (тууж)

5 Сэтгэгдэлүүд:

- Битгий чи хүн болгоныг өөр шигээ байлгах гэж хичээ. Чамтай адилхан нэг эмийн салтаанд толгойгоо хавчуулчихаад ханачих юм гэж хаа байсан юм гэнгүүт би ухасхийж хүрлээ. Энэ удаа тэр надад тийм ч амар цохиулчихсангүй хоёул бас л дээр дороо орон ноцолдож хэн боломж гарсан нь түрүүлэн цохиж байлаа. Хэн хэний маань хамраас цус гарч биднийг түр ч атугай салах шалтгаан болов. Жаал амьсгаадан сууцгаалаа. Би яриа эхэлж чадсангүй. Юу ч гэх юм билээ.
- Танайд очоо юу? гэж тэр гэнэтхэн маш энгийн асууж байна.
- Тэгсэн байна
- Тээр, чи Сэлэнгээгийнхээ үгээр л явж байна ш дээ. Би чиний энэ занд чинь л дургүй. Эр хүн бол эр хүн шиг л бай л даа. Тэгээ л нэг хүүхний амаар энд ирж найзтайгаа зодолдож явах гэж. Тэгээд бас нэг муу хүүхний төлөө шүү.
- Өө за за. Сүрнээ чамд зүгээр л нэг муу хүүхэн юм байж Харин Сэлэнгээ бол тийм биш шүү.
- Тийм л хайртай юм бол тэр миний зурж байсан зурган дээр сараачих хэрэггүй байсан юм. Ойлгов уу? Тэр миний юм бүхнийг ойлгох хэрэгтэй. Тэгж байж л бид хамтдаа хорвоог туулна. Тэгэхгүй бол зүгээр л баяртай. Амьдрал гэдэг ийм л байх ёстой. Хэн хэндээ ойлгомжтой, хэн хэндээ нээлттэй, үнэндээ бол ядаргаа багатай байвал жинхэнэ хайр шүү дээ гэж байна. Ийм бодолтой хүнтэй би юу ч ярих билээ.
- Ямар зураг байсан юм дээ, тэгээд?
- Их нандин, бид хоёрын зураг. Тэрийг сараачсан байгаа юм даа.
- Хаана байна? Би харъя.
- Мэдэхгүй. Би базаад хаячихсан. Одоо надад хэрэггүй. Би болоод өнгөрсөн бүхэнд харамсаад байдаг үхээнц нэгэн биш.
- Чи бид хоёрын амьдралыг үзэх үзэл үнэхээр хоёр өөр юм гэж намайг аргаа барсан өнгөөр хэлэхэд
- Тийм учраас л бид өөр хүмүүс байгаа юм шүү дээ. Битгий ижилхэн болох гэж хичээ. Найз байна гэдэг чинь ижилхэн байна гэсэн үг биш.
- За за. Би ямар чамайг ойлгох биш. Харин Сүрнээг энэ чигт нь орхиж байгаа юм байна гэж ойлголоо
- Тэр явж байгаа юм.
- Жирэмсэн юм биш үү?
- Надаас асуугаагүй. Би чамд маш олон удаа хэлж байна. Тэр ганцаараа аливаа асуудлыг шийдэх хэрэггүй. Хэрвээ шийдвэл надад хамаагүй
- Чи бид хоёр бие биенээ ойлгохоо больжээ
- Бид ямар нэг гэр бүл биш санаа зовох хэрэг юу байна?
Тэр надтай найзын холбоогоо таслахад бэлэн байгааг тэгэхэд хараад анх удаа “энэ хүнийг би бүрэн таньсан уу?” гэсэн бодол төрж байлаа. Тэр үнэхээр харамсах нь битгий хэл өөрт нь огт хамаагүй юм шиг хандаж байв.
- Дахиад л зурчихгүй юу гэж хэлэхдээ би дээх нь үед нэг маргаснаас хойш яригдахаа байсан зургийн сэдэв рүү орж байгаагаа мэдэж байлаа. Гэхдээ тэр яаж уурлах нь одоо надад хамаагүй болсон байв.
- Чи мэдэх юм уу? гэхээр нь яриаг нь тасалж
- Тиймээ, би зураг зурахыг мэдэхгүй. Бас чам шиг хүний зүрх сэтгэл рүү нулимхыг ч бас мэдэхгүй. Мэдэх ч шаардлага байхгүй гэчихээд гарах гэж явахдаа араас үсрээд л босоод ирэх байхдаа гэж бодтол тэр тэгсэнгүй. Харин маш энгийнээр
- Хаалгаа сайн хаачихаарай гэдэг байгаа. Би хаалгыг байдгаараа савж хаасан юмдаг. Бидний залуу цагийн үерхэлийн хаалга тэгж л сүртэй чангаар хаагдсан юм даа.
“Зургандаа ер бусын харам ханддаг Суурийн занг Сүрнээ мэдээгүй юм байхдаа” гэж би буцах замдаа бодож явлаа. Сүрнээг би манай гудамжинд таарснаас хойш дахиж хараагүй юм. Магадгүй манай Сэлэнгээ ч хараагүй байж мэднэ. Сэлэнгэ тэр хоёр багын сэтгэл зүрхээ урсан найзууд ч биш, дээр нь Суурь бид хоёрын хөндийрөлт Сүрнээг тэгтлээ эргэн санахгүй байхад нөлөөлсөн байх л даа.
Өнөөдөр Суурийг бодохын эрхэнд л түүнийг эргэн саналаа. Одоо чухам хаах нь явдаг юм бол? Сүрнээ байтугай Суурьтай ч ховорхон таардаг хүн чинь би. Хот, хөдөө амьдрах бид осолдохгүй нэг албанд зүтгэдэг тул хаа нэгтэй тааравч зүс таних төдий хүн шиг толгой дохихоос цаашгүй.
Хэдэн оны билээ дээ галын техникийн спортын зургаан төрөлтийн тэмцээнд Суурийн болоод манай баг улсын аваргын төлөө өрсөлдөхөөр үлдсэн байв. Суурь бид хоёр хошуу салааны хэсэг буюу хамгийн сүүлийн шатанд оролцож байлаа. Нэг давхар байшингийн онгорхой болгоноор хар утаа саагина. Бид хоёр гараандаа зогсож, арынхаа тамирчныг хүлээнэ. Сургууль төгссөнөөс хойш энэ бүх хугацаанд бид бие биенээ алсаас, сургаар л сонсож, хэрэндээ ажил мэргэжилээр өрсөлдөж байлаа. Дотроо бие биенээ бараг л үзэн ядсаар өдий хүрсэн тул энэ бол зөвхөн тэмцээн биш ямархуу эр болцгоосноо үзэх гэсэн “дайн” ч байсан байж болох юм. Хоорондоо хориод метрийн зайнд зогсох бид хоёр биенээ олиггүй харцаар үе үе хяламхийж байв. Наанаа галын спортын багийн тэмцээн боловч үнэн хэрэгтээ бидний хоорондын олон жилийн өмнөх маргаан хурцдаж дээд цэгтээ хүрсэн мэт санагдаж байв. Хөндлөнгийн хүн бол биднийг тэгж муухайгаар бодохгүй л дээ. Түүний хөмхийгөө зуусан байдал, хүзүү хоолойд нь гүрэлзэх судас, хамгийн гол нь юуг ч эс өршөөх харцыг нь олж хараад “Энэ хүн ер нь уучилж өршөөхийг мэддэг болов уу?” гэж бодсон шүү. Гэхдээ би муугаа үзүүлэхийг огт бодсонгүй. “Хэрвээ энэ өссөн бол би өссөн, хэрвээ би хөгширсөн бол тэр ч хөгширсөн” гэж бодож байлаа. Арын тамирчид гүйсээр бид хоёрт бараг зэрэг шахам хүрч, бид ч ухасхийлээ. Тэдний авч ирсэн усны хоолойг чирэн гүйх хоорондоо хошууг холбон тэр их утаан дундуур гүйж орлоо. Цаг мөчтэй уралдан галын төв рүү ус шүршивч тэр их хар утаа багтай байхад хүртэл хоолой хорсгон амьсгал авахад төвөгтэй болгож байв. Ийм их утаан дунд орсон хүн ус шүрших хошууны амсраас амьсгалж чадвал тэрхэн хэсэгт агаар байдгийг би мэддэг байв. Тэгээд багаа хурдхан шиг шувт татан, төмөр хошууг уруулдаа тулган баривал хэсэгхэн онгойх шиг болов. Хэд хэд уртхан амьсгаа аваад хар утаа баагих тэр зүг шүршиж гарав. Энэ үйлдлээ хэд хэд давтаж галаа унтраагаад гараад иртэл Суурь надаас өмнө гараад ирчихсэн байх нь тэр. “Өө би хоцорчихсон юм байна л даа” гэж бодоод дотор нэг юм шатах шиг болтол манайхан бүгд алга ташаад сүйд. Тэгтэл Суурь галаа хараахан унтрааж чадалгүй гараад ирчихсэн юм байж. Бодвол утаанд багтарсан бололтой. Тэр амьсгаа авдаг аргыг би мэдэж байгаа юм чинь бүх л гал сөнөөгч нар мэддэг гэж боддог байв. Гэтэл бас үгүй юм байж. Ингэж бид багаараа нэгдүгээр байрыг, Суурийн салаа дэд байрыг авсан юм. За тэгээд л гар бөмбөгийн тэмцээнд бас манайх аваргалав. Энэ мэтийн жижиг сажиг үйл явдлууд бидний хоорондын зайг алсруулсаар хар хор төдийхөн байсан бүхэн сүүлдээ атаа жөтөө болон хувирав. Цэргийн хүний хамгийн эрхэм зүйл бол цол. Ядаж байхад манай салаа хотод байдаг учир ахуй болон үйлдвэрийн галтай тэмцэх нь хөдөөний нэгэн салаатай харьцуулшгүй олон тул хугацаанаасаа өмнө цол ахих боломж нь ч их. Тиймээс ноднин гэхэд би хошууч болж амжсан байхад Суурь ахмад хэвээрээ байлаа. Ийм учраас л Сэлэнгээ түрүүн бүх л амьдралынхаа турш чамаас дутуу явсан гэж хэлсэн юм л даа. Гэтэл би одоо түүнээс цолоор ч, албан тушаалаар ч бага болчихдог юм байна. Гэхдээ тэгэхээс тэгэх гэсэн шиг бүр түүний удирдлага дор ажиллах болчихдог. Надад оногдож буй хамгийн атгаг хувь тавилан гэж энэ байх даа. Хүн гэдэг нэр төр гээч юманд ямар ч хөндүүр ханддаг юм бэ дээ. Гэлээ гээд яахав дээ. Би тэр хүний өмнө ёслох ёстой бол ёслохоос яахав. Миний сэтгэл зүрх хэдийгээр үүнийг зөвшөөрөхгүй байгаа ч гэсэн эр зоригийн энэ албанд би үнэн сэтгэлээсээ хайртай. Миний бүхий л амьдрал энэ албатай холбоотой. Ямар сайхан залуус миний салаанд баатарлагаар зүтгэж, хэдэн зуугаар тоологдох хүний амийг аварсан хэрнээ мөн л тэр ариун үйлийнхээ төлөө алтан амиа өргөсөн гээч. Тэгэхээр би юу бодож зүгээр л нэг муу ааш авирын төлөө энэ хүндтэй албанаас хойш суух билээ. Яахав тэр хүн яваад очихоор яаж л аашламаар байна түүгээрээ болохоос. Хэрээс хэтрээд байвал ямар сураагүй биш зодолдоно л биз. Бодол урагшлах тусам миний санаа сэтгэл цэгцэрч, ажлын төлөө гэсэн санаа маань шуударч байлаа. Сэлэнгээ ч гэсэн миний нэгэнт шийдсэн байдлыг ойлгов бололтой
- Тэгээд чи бүр шийдчихсэн хэрэг үү? гэж хамгийн сүүлчийн удаа гэмээр намайг түншлээ.
- Энэ чинь зүгээр л дайчилгаа шүү дээ. Ямар тэндээ бүр үлдчих гэж байгаа биш. Танай Уул уурхайн яам ч гэсэн уурхайгаа шалгана гээд хөдөө явдаг л биз дээ? Чи ч гэсэн томилолтоор очих ч юм билүү
- Нээрээ магадгүй л юм. Гэхдээ шаардлагатай л бол явахаас шаардлагагүй газар явахгүй л дээ. Тэгээд ч тэнд тийм олон уурхай байдаггүй юм.
- Танай яам тэгээд бүгдийг нь бүртгээд байж чаддаг юм уу?
- Чадалгүй дээ. Муу ч сайн ч салбар хариуцсан яам байна даа. Танай Онцгойгоос өөр алба энэ оронд байдаггүй юм шиг ярих юм
- За, тоглож байхад чинь дээ. Миний хөгшин ч гэсэн шаардлага гарвал хөдөө явахаар л байгаа биз дээ?
- Миний ажил энэнд ямар хамаа байнаа? Хамгийн гол нь Суурь...
- Одоо мартдаа хө. Найз нь юу байхав дээ, хоёрхон сар...
- Өвгөн минь, өөртөө арчтай яваад “бид хэддээ эргэж ирээрэй дээ” гэдэг мөнхийн гуйлтаа хэллээ. Би энэ үгийг сонсохгүйгээр ажилдаа гарч чадахаа байсан гэхэд болно доо. Цааш харан аяга тавгаа угаах түүний минь хормогчоо зүүсэн хондлой нь хүртэл хаа нэг газраас хазаад авах шиг мэдрэмж төрүүлнэ.
- Үүнээс өөр хүсэх юм алга уу? гэж түүнийхээ араас тэвэрвэл Сэлэнгээ биеэ нэг агчис хийлгэснээ айлгүйхэн нүдээр ширэв татаж
- Мангар... гэж хэлэхэд түүний хацарт үл мэдэг улаа бутарсан байлаа.

* * *
Зүүн аймгаас ирсэн онцгой албаны Газ-66 машинд манай “Тусгай-2” хэмээх шинэхэн салааныхан ажлын багаж болон аранз пүүгээгээ ачин хөдөллөө. Жолоо мушгих ахлах ахлагчийг Дамиран гэх ажээ. Өөрийнх нь хэлснээр хамар Дамиа гэхэд болох юм байх. Нээрээ л тэрээр хүн хүнээс ялгаатай балин гэмээр хамартай юм. Насаараа Онцгой байдлын албанд жолоо мушгиж байгаа нэгэн гэнэ. Манай Тусгай-2 салаа арван хүнтэй байх ёстой ч арав дахь нь ирээгүй байв. Гэхдээ биднийг унаа ирсэн дээр явж бай. Араас чинь дуудлага хүлээн авагч буюу холбоочинг явуулна гэж хурандаа хэлсэн билээ.
Хотын их хөл хөдөлгөөн, дуу шуугиан нэгэнт ард хоцорч, газар элгэдэн хэвтсэн тосон хар замаар манай Газ-66 машин хүчээ авч нэгэн жигдийн хүнгэнэсэн дуу гарган наран ургах зүг рүү бараг ганцаар шахам давхина. Шинэхэн танилцсан улс тийм ч амархан сэтгэл зүрхээ онгойлгоод байхгүй. Гэвч эр улс гэдэг ондоо. Дамаа бүр нэг албанд зүтгэдэг, зовлонгоо мэдэх улсад зам зуурын яриа үүсгэхэд тэгтлээ гэрэвшээд байх юм юу байв гэж.
Гэхдээ л цолны ялгаанаас болсон уу намайг эхлэхээс нааш жолооч маань ам нээхгүй царайтай.
Өвлийн хүнд хүчир дөнгөж ард үлдэж газар дэлхий гэж тамирдаж туйлдсан шар өвгөн нарлаж суух шиг гуниг хуйрагнуулан шарлана. Уул толгодын суга судагт хунгар цасны үлдэгдэл амь бөхтэй харлана. Дөрвөн сарын эх гэдэг ийм л байдаг хойно доо. Хэрвээ эргэж чийг унахгүй л бол энэ дов толгод, тал нутаг тэр чигтээ хатаж, нялх ногоо цухуйтал чийг үзэхгүй нь тодорхой. Нэгэн хэвийн хүнгэнэх моторын дуу, хаврын үлбэгэр шар нар нойр хүргэн нозооруулах шинжтэй. Би уртаар санаа алдаад
- Хуурайших нь дээ гэтэл жолооч
- Чухам аа, чухам. Эндээшээ бага боловч цас шамаргалахгүй бол хэцүүднэ шүү. Эндхийн улс яаж болж байдаг юм. Манай тийшээ бол ч ханатай. Уултай, устай модтой юм болохоороо эндхийг бодвол учиртай. Гэлээ гээд хуурай л бол хуурай шүү дээ гэх нь хаврын хуурай үеийн гачланг мэдэрдэг хүний өнгө илэрнэ.
- Энд ийм байгаа юм чинь Дорнодын нөгөө айхтар тал бол хуурайшихаараа мөн ч хэцүүддэг байх даа? Өнгөрсөн жилийн тэр гайг сонсоход л аймшигтай санагдаж байсан. Хайран сайхан таван залуу гэж намайг шүүрс алдахад
- Үгүй ер ямар зүг байхав. Би боддог юм. Ямар ч гээчийн гай тэднийг нөмөрчихөв дөө гэж.
- Яг тэгээд гал нөмрөөд ирсэн үед хүн ер нь юу боддог бол?
- Ямар юмаа бодож амжихав дээ, зайлуул. Гал гэдэг чинь бараг л арван метрт дөл нь долоож явдаг юм чинь. Салхи гэнэтхэн эргээд л ороогоод авсан байх. Бүгдийг нь түнтийсэн, түнтийсэн хар юм болгоод бондойлгочихсон байгаа юм. Бурхан минь гээд Дамиа жолооч гараа магнайдаа авснаа
- Үгүй тэгээд хөөрхий нэг нь нөгөөгөө дараад давхралдчихсан байсан гэсэн. Бодвол нэгийгээ л аврах гэсэн санаа юмаа даа зайлуул. За тэгээд манай тийшээ ч ялгаагүй дээ. Хуурайшсан ой гэдэг чинь зууханд өрөөд тавьчихсан модноос өөрцгүй шүү дээ. Гээд яахав дээ өдий болтол энээ тэрээ юм болсонгүй. Түй түй гэж том хамар доогуураа нулимаад авч байна.
- Энэ жил ер нь танай нутгаар хэр байна? Одоо ч та нар жилийнхээ өнгийг андахгүй болоо байлгүй гэхэд тэрээр над руу харж муухан жуумагнаад
- Сүүлийн хэдэн жил гал түймэр тогтмол гараад байгаа. Зарим газраа бүр эргэн эргэн уугиад байхыг нь яана гээ. За тэгээд бид чинь гэрээс нэг л гарлаа бол орж ирэхээ мэдэхгүй шүү дээ. Өр авалгатай хоёр шиг л галынхаа араас гэлдрээд байх нь тэр. Ай мөн ч бас . . . гээд үгээ гүйцээлгүй толгой сэгсрэв. Бас л их халширсан янз түүнээс ажиглагдана.
Манай машин хүнгэнэн давхисаар нэгэн довцог дээгүүр өнгийтөл бөөрөн дээрээ “Их тулгат ххк” гэсэн тод хар бичигтэй хоёр том машин замын хажууд цувралдан зогсож байв. Нэг нь ихээ урт вагончиг маягийн зөөврийн сууц чирчихсэн. Нөгөө нь мод хавчиж өргөдөг техник хоёрыг ачжээ. Манай жолооч тэднийг хараад хурдаа хассаар урд нь гарч зогслоо. Эхний машинаас түрийтэй гутлыг эргүүлээд өмднийхөө шуумгийг чихсэн, толгой дээрээ хавтгай хар малгайг донжийг нь олоод хэлтгийдүүхэн тавьчихсан тамхины ишийг нилээн түрэмгийдүү зажилж зуусан гуч гаран насны сөөвгөр шар сахалтай залуу ирж жолоочтой мэндлээд над руу үл танигчийн ёсоор толгой дохив. Машины дэргэд нүүрэндээ их эвгүй сорвитой залуу гутлаа арчих зуураа үе үе наашаа хялам хялам харна. Тэр ирсэнгүй.
- За манай хамар Дамиа хаанаасаа хаа хүрч явна даа? гэх тэд бие биенээ нилээн эртнээс мэддэг бололтой.
- Хамар Дамиран яахав дээ халх монголын нийслэлээс Хан Зүүн зүг хавтгай Содномын хажуугаар харалгүй, торолгүй өнгөр юү гэтэл хачин муухай хар малгайгаар далласаар хааз хасуулчихлаа гээд мар мар инээв.

Үргэлжлэл бий . . .
Жич: САйтууд Copy, Paste Хийхгүй байхыг хүсье!
Бүрэн эхээрээ...

Нурам - 2 (тууж)

4 Сэтгэгдэлүүд:

- Үгүй ээ, зүгээр л . . . Цэргийн шижигнэсэн залуу надад таалагддаг юм. Тэвхэлзээд л, цаанаа нэг жавхаатай
- Тэгвэл чи аль нь миний найз байгаасай гэж бодож байна?
- Арай намхавтар нь
- Чиний аз болж дээ.
- Хүүе! Сэлэнгээ, тэгвэл чи намайг нөгөө залуутай нь танилцуулаад өгчих тэгэх үү?
- Болж байгаа юм уу? Найз бүсгүйтэй байвал яана
- Яахав дээ. Аз жаргалынхаа төлөө нэг алхам хийгээд үзэхэд болохгүй юм байхгүй шүү дээ. Зүгээр л энд тэндэхийн цонхоор хараад зогссоноос л дээр гэж бүр нүдээ гялалзуулж ирээд л хэлсэн гэсэн. Тэр үеэс хойш Сэлэнгэ тэр хоёр их ойр болсон байгаа юм.
Сэлэнгээд ч гэсэн аятайхан санагдаж. Учир нь хоёр найз залуутай хоёр хүүхэн үерхээд л гэдэг ч юмуу, эсвэл Суурийг нэг хүнтэй үерхүүлчихвэл дөрвүүлээ болж тэгширнэ ч гэж бодсон уу нэг л тийм залуу насны романтик бодолд автсан байх. Залуу байхад аливааг их өнгөлөгөөр хардаг шүү дээ. Тэгээд надад тэр бүсгүйн тухай дээрх бяцхан түүхийг хэлсэн юм. Хацар алгадсан өвлийн жавар жаахан цаашилж, хаврын урь хэзээ язаагүй наалинхайтах дөхчихсөн үеэр Сэлэнгэ бид хоёр тэднийг танилцуулах төлөвлөгөө боловсруулж хамтдаа кино үзэхээр болж билээ.
- Тийм аятайхан охин уу? Айн? гэж Суурь кино театр явах зуураа байн, байн асуухыг бодоход шинэ охинтой танилцах нь түүнд таалагдсан бололтой.
- Чи зүгээр л унана гээд л бодчих. Харин хаашаа харж унахаа өөрөө мэдээрэй. Сэлэнгээ ч бас тэгээд байна лээ.
- Тэр нь ч юу вэ. Би ч бас харсан болгоныхоо өмнө унаад байдаг эр биш шүү
- За тэр томрох яахав. Цаад хоёр чинь хүлээгээд сүйд байгаа. Хурдлая
- Сэлэнгэ тэр хоёр тийм сайн найзууд уу?
- Үгүй яахав дээ, нэг сургуулийн хоёр байхгүй юу даа. Бид хоёрыг Сэлэнгээтэй уулзах гээд очиход харсан гэсэн. Чи тэглээ гээд хамраа сөхчихвөө. Яахав дээ, таалагдвал тэр л биз, таалагдахгүй бол одоо яая гэхэв.
- Бараг л таалагдахгүй байхаа даа. Би ч хэрийн охин тоох биш
- За солиороод бай. Тэгж хандах юм бол Сэлэнгээ уурлана шүү
- Чи ч Сэлэнгэ, Сэлэнгээ гээд бүр ухаан алдчих юмаа. Суугаагүй байж ингэж байгаа юм чинь суухаараа ер нь мөлхөнө шүү гэхээр нь нөгөө л эр эмийн талаарх маргаан эхлэх вий гэж санаад яриаг булзааруулах санаатай
- За, за тэр яахав. Шогших уу? Ирчихсэн хүлээж байгаа байх гэхэд
- Тэгье гэж байна. Бид өглөө болгон кросс хийдэг болохоор хэрийн газар гүйчихдэг байлаа. Театрын булан харагдангуут гүйхээ больж огт гүйгээгүй хүмүүс болох гэж хувцас хунараа янзлаад тэвхэлзтэл алхсаар булан тойрлоо. Театрын үүдэнд Сэлэнгээ нэг бүсгүйтэй зогсож байлаа.
- Тэр, тэр ирчихсэн байна. Харж байна уу?
- Аль, аль?
- Үүдэнд, эрээн пальтотой
- Аан, харсан, харсан гээд нүд нь гялалзаж байна. Хоёул захаа янзалж, малгайгаа тэгшлээд яваад очлоо. Үнэндээ бол би ч тэр бүсгүйг хараагүй байсан юм. Дүрэлзсэн алаг нүдтэй, зэгзгэр тэгшхэн биетэй бордуу охин байв. Өөлөх юм бол хамар нь л жаахан намхан юм даа гэж бодож байсан юмдаг. Сэлэнгээ байж ядсан өнгөөр
- Та хоёр чинь яасан их хүлээлгэдэг юм бэ? Хөлдөх нь байна ш дээ. Би ч яахав. Энэ шинэхэн бүсгүйгээ эгээтэй л өөр эрчүүдэд алдчихсангүй гэхэд Сүрнээ ичингүйрч Сэлэнгээг нударч байсныг би ер мартдаггүй юм. Суурь яагаад ч юм дуугарсангүй. Би Суурийг “яасан бэ” гэсэн харцаар ширвээд
- Цэргийн улс гэдэг чинь тушаалаар шүү дээ гэж өмнөөс нь догирхов.
Сэлэнгэ
- За танилц гэхэд Суурь
- Суурь . . . үнэндээ бол Батсуурь л даа. Хүн болгон Суурь гэдэг юм. Бүр ухаан орохоос минь эхлээд шүү
- Сүрнээ. . . уг нь Лхамсүрэн л дээ . . . гэхэд Суурь түүний үгийг тасалж
- Хүн болгон л Сүрнээ гэдэг Бүр ухаан орохоос чинь эхлээд биз дээ гээд гарыг нь атгасан чигтээ бөөн инээдэм болов. Суурь ч энэ дайны юм хэлээд хөгжөөхөө мэдэлгүй дээ. Тэд хоорондоо анхны харцаараа л таалагдах шиг болсныг Сэлэнгээ бид хоёр хоёулаа мэдэрч бас ч гэж баярлаж байлаа.
- За орох юм уу? Эсвэл эндээ зогсоод байх уу? гэсэн Сэлэнгээгийн дуунаар бид театрт орж билээ. Тэр цагаас хойш тэр хоёр үерхэж, бид дөрвүүлээ болж нэг хэсэг гаравч, оровч гэдэг нь болсон доо. Сэлэнгэ Сүрнээ хоёр ч бие биендээ ойртсон байх. Гэхдээ жил хүрэхгүй хугацааны дараа Сүрнээ бүсгүй гэнэтхэн сургуулиа орхин хаашаа ч юм алга болж, Суурь бид хоёрын дунд ахиж эвлэхээргүй ан цав үүсчихнэ гэж тэрхэн үед хэн хэн маань хэрхэн санах билээ дээ. Бид нэг хэсэг сайхан байсан. Тэр үеийн залуусын адилаар бид ч гэсэн ирээдүйгээ үргэлж гэрэл гэгээтэйгээр зөгнөн мөрөөдөж, сургуулиа төгсөөд хотод үлдэж хотын хүмүүс болон сайхан амьдрах тухай, бүх л амьдралын турш хэзээ ч салахгүйгээр үерхэж нөхөрлөх тухай, хэзээ хойно хэдэн цагаан толгойтой хөгшид болчихоод хөзөр тоглож суух тухай гээд залуу улс юу эсийг хөөрцөглөн мөрөөдөх билээ дээ.
* * *
- Нээрээ чи бид хоёр ч гэсэн тэрнээс хойш асууж сурагладаггүй мөн ч муухай юмаа даа гэж намайг хэлэхэд Сэлэнгэ
- Ангийнхнаас нь асуусан л даа.
- Үгүй ээ үгүй, бүх амьдралдаа . . . өдий хүртэл . . . гээд үгээ таслахад
- Харин тийм ээ . . . За за хөгшөөн, одоо энийг бодож гуниглаад яахав. Харин цаашдаа яах вэ? Одоо очихоор цаадах Суурь чинь ер нь яах бол?
- Манай хүн зуунги нь ч зуунги л даа. Гэхдээ цаг хугацаа бүхнийг элээдэг л гэдэгсэн.
- Би Суурийн зан тэгж гэнэтхэн эргэж, хөөрхий тэр охиныг гомдооно гэж бодож байсангүй. Зурган дээр нь сараачлаа гэж тэгтлээ уурлах хэрэг юу байсан юм бол? Хүүхэдтэй болчихлоо гэж тэгж уурласан хүн Сүрнээд хайртай байгаагүй хэрэг л дээ.
- Тэр зургаа хатгаад суухаараа өөр хүн болчихдог шиг санагддаг байж билээ. Хажуугаас нь харахаар гайхмаар ч юм шиг, аймаар ч юм шиг. Тэр нүдний харц энэ тэр нь нэг л өөр шүү.
- Шизо мизо гэдэг нь байсан юм болов уу?
- Мэдэхгүй л дээ. Ер нь хатуу хүн дээ. Ясны цэргийн л хүн гэж хэлэхэд Сэлэнгээ юм хэлсэнгүй.

* * *
Сургууль төгсөөд би хотод тэр Зүүн аймагт хувиарлагдав. Мэдээж энэ шийдвэрт Суурь дургүй л байсан байж таараа. Учир нь тухайн үеийн залуус ихэнх нь л хотод үлдэхийг мөрөөсдөг байв. Гэтэл би хотод, тэр хөдөө.
Харин сургууль төгсөх үед бид бараг харьцаа тасарсан үе байсан болохоор надад түүний тухай бодох зай байгаагүй. Хотод үлдсэндээ баярлаад хөл газар хүрэхгүй гүйж Сэлэнгээдээ хэлж байсан юмдаг. Суурь бид хоёрын амьдралын харгуй тэр нэг оройноос хойш өөр өөрийн сэтгэл зүрхний голдирлоо даган урсан одсон байлаа. Бид хоёр залуу цагийн омголон зангаасаа болсон уу ямар ч л байсан хэн хэн маань өөрсдийгөө эргэж нэг хараагүй явсаар өдий хүрчихэж.
Бид хоёр дотуур байрны нэг өрөөнд амьдардаг боловч Сэлэнгэ Сүрнээ хоёр нэмэгдсэнээр хоёр бие маань дөрөв болж, өрөөгөө ээлжлэн эзэгнэхээс өөр аргагүй болж байлаа. Бараг л худалч хүнд түрүүлж ирсэн хос нь түлхүү эрхтэй байсан гэж бодно. Сэлэнгээ маань хичээл номондоо шамдан бараг орой болгон шахуу ном шагайн сууж, би түүнийг хүлээсээр оройтно. Суурь Сүрнээ хоёр умгар ганц өрөөндөө аль хэдийн эзэн суучихна. Тэгэн тэгсээр би байрнаас гарч Сэлэнгээтэй тэдний эгчийнд толгой хорогдов. Эгчийнх нь Хайлаастад байх. Биднийг ойлгосон юм болов уу даа гэрийнхээ арын хуучин байшинг суллаж өгснөөр чадруухан оюутан бид гал голомтоо бадраасансан. Амьдрал гэдгийг ямар мэдэх биш дээ. Ёстой зүрх сэтгэлийнхээ дуудлагаар л явцгааж байсан байх л даа. Манай хоёр чухам ямар байсан юм бол? Бодвол бидэнтэй л адил байсан байх. Суурь бид хоёрын төгсөх жил байсан болохоор хэн хэн маань шамдаж л байсан. Би ч өрхийн тэргүүн гэдэгтээ бүрэн итгэчихсэн, цаашдаа яаж амьдрах талаар бодолд дарагддаг болчихсон байлаа.
Харин Суурь маань хөндлөнгөөс харахад зугаа цэнгэлд хөглөгдөн явах шиг санагддагсан. Тиймээ, Сүрнээ тэр хоёр жаргалтай байсан гэж одоо бодогддог. Удалгүй Сэлэнгэ маань төрж, мантгар цагаан хүү гаргаж өглөө. Би гэж хөл газар хүрэхгүй амьтан Суурь дээр гүйж ирэв. Сүрнээ алга. Суурь зургаа хатгаад сууж байна. Намайг ирсэнд нэг их ч сүйд болсонгүй. Угаасаа зургаа зурж байхдаа тэгдгийг нь би мэднэ. Гэхдээ л ирсэн шалтгаанаа хэлтэл надад баяр хүргэж, эрчүүд болсон хойно яахав дээ ганц шил юм авч өрөөндөө суулаа.
- За хөгшин нь ч яахав сайхан хүүтэй боллоо. Та хоёр минь хэзээ . . . гэтэл тэр тамхи сорох зуураа гараа савчин миний үгийг тасалж
- Тэр талаар одоо санахын ч хэрэггүй. Цаадах чинь бас хүүхэд энээ тэрээ гээд яриад л байна лээ. Одоохондоо тийм юм саналтгүй гэж би хэлсэн
- Яаж байгаа юм? Эмэгтэй хүн чинь хүсэж л байгаа шүү дээ.
- Хн! Амьдрал гээчийг мэдэхгүй, юу юу ч үгүй байж бас юун хүүхэд. Ёстой санадаггүй юмны нэг тэр байхаа гэснээ гэнэт намайг анзаарав уу гэлтэй
- Тэгэхдээ хөгшөөн, та хоёрыг хэлж байгаа юм биш шүү гээд нэг сонин инээлээ. Надад нэг л сонин шоолоод байгаа юм шиг санагдаад болсонгүй. Шилтэй архи ч доошлоод ирлээ. Залуу хүнд гомдох шаралхах зүйл тэгэсгээд л олддог хойно дотор нэг юм сэрвэлзээд байх нь тэр. Тэгтэл Суурь
- Муусайн хүүхнүүдийг дураар нь тавьж болохгүй. Тэд амьдралын нарийн ширийнийг шийдэж байх шаардлагагүй. Тэр тусмаа надад хамааралтай бол бүр хэрэггүй. Би Сүрнээд хэлдэг юм. Аливааг өөрийнхөөрөө шийдэх гэж битгий оролдоорой гэж
- Тэгэхээр тэр хүн чинь ямар ч эрхгүй гэсэн үг үү?
- Тийм их эрх хэрэгтэй юм уу?
- Уг нь бид чинь тэгш эрхтэй биз дээ? гэтэл тэрээр нэг их муухай ярвайж
- Одоо чи тэгээд тэгш эрхтэйгээр шийдсэн үү?
- Юуг?
- Энэ төрсөн хүүхдээ. Нэг л өдөр чамд Сэлэнгээ жирэмсэн болсноо хэлээ биз дээ?
- Тэгсэн. Тэгээд ч сайхан л байсан юм чинь. Чи тэр агшин мэдрэх юм бол . . .
- Мэдрээгүй болохоор мэдэхгүй гэж байгаа юм биз дээ. Юун ч романтик юм билээ дээ
- Тэгээд чи юу гэх гээд байгаа юм? гэж нилээн ууртай асуулаа. Угаасаа түрүүнээс хойш цээжин дотор нэг юм эрвэлзээд байсан юм чинь. Тэр над руу “Өө тэнэгээ” гэсэн янзтай басамжлангуй харснаа
- Үгүй яахав дээ. Миний найз өөрөө л ойлгох болж дээ. Мөдхөн харна даа. Амьдрал гэдэг хичнээн тансаг сайхан болохыг гэж их донжтой доромж өнгөөр хэлэхэд миний уур тэсэрч түүний шанаанд өөрийн эрхгүй буулгаад авлаа. Мэдээж хариу ирнэ гэдэг бодолтой байсан би зодолдоход бэлэн байв. Тэгтэл тэр шанаагаа нэг арчаад
- Хүүтэй болсон хүн чинь ингэлгүй яахав. Гэхдээ чи миний хэлснийг санах өдөр ирж л таараа. Би чиний хүүг биш, чиний бодлыг эсэргүүцэж байгаа юм шүү. За одоо баяртай. Би зураг зурж байна гээд хатгаж буй зурагныхаа урд очиж намайг орж ирэхэд байсан байрлалдаа суулаа. Надад хэлэх үг ч олдсонгүй. Урдах шилэн аягатайгаа авч уугаад аягаа хэрэндээ ширүүхэн тавиад үүдэнд очиж гарахаасаа өмнө эргэж харвал тэр цаашаа харсан чигтээ гараа өргөж дохив. Надад гарахаас өөр арга үлдсэнгүй. Тиймээ, тэр эмэгтэй хүнийг өөрөөсөө дээгүүр тавихыг хэзээ ч бодож байгаагүй байх.

* * *
Төгсөлтийн шалгалт гээд сургуулиасаа нилээн оройтоод гэр лүүгээ яарсан амьтан гүйж яваад Сүрнээтэй гудамжинд таарав. Царай нь нэг л унж дорой харагдана.
- Сайн уу? Ямар сонин хүн явж байх юм? Манайхаар ороо юу?
- Орлоо, орлоо. Танай хүү овоо болчихжээ. Хөөрхөн юмаа гэж байна. Түүний харц тийм гунигтай байхыг би урд харж байсангүй. Гэхдээ яасан, юу болсон гээд асууж бас чадахгүй эргэцэж зогстол
- За за танай хоёр гэж чамайг л хүлээсэн улс байна. Хурдхан шиг оч гээд Сүрнээ үгийн зөрөөгүй явж одлоо. Миний баяртай гэж хэлэхийг ч тэр сонссонгүй. Гайхахаас өөр юм надад үлдсэнгүй.
Гэртээ иртэл Сэлэнгээ нүд нь эргэлдээд ууртай харагдана.
- Зэвүүн амьтан байна шүү дээ, танай тэр Суурь. Гөлийсөн юм гээд л хачин
- Яасан? Юу болоод гэнэтхэн хүн муулаад унав?
- Яах юу байдаг юм. Хүүхэд жирэмсэн болгочихоод бас зодоод байхдаа яадаг юм.
- Юу? Зодохоо . . .? Тийм байхаа, Сүрнээ сая надтай буудал дээр таарлаа. Царай нь нэг л урвагар харагдсан юмаа.
- Тэгэлгүй яадаг юм. Жирэмсэн болчихоод хэлэх аргаа олохгүй амьхандаа баярлуулах санаатай зураг зураад өгсөн чинь базаж шидээд, чи шийддэг юм биш энээ тэрээ гээд юу ч гэсэн юм бэ дээ бүү мэд. Хөөрхий амьтан сая ирж жаал уйл аваад явлаа. Үгүй ерөө, тэр муу одоо юу вэ? Үхэн алдаад л жил тойрон гүйж явсан юм байж цагаа тулахаар эрчүүд ийм л байхгүй юу. Хүүхдээр тэгж тоглоод байхдаа яадаг юм гээд л урсгаж өглөө. Намайг хувцсаа солих гэхэд
- Чи наад хувцсаа тайлж яах гээв? Очиж тэр найз шүү юмандаа хэлээч. Айлын охин хүүхэд жирэмсэн болгочихоод хаях гээд байгаа юм уу хаашаа юм? гэхээр нь би гэдэг амьтан ум хумгүй гарч, байрандаа эрчээрээ хүрч очвол Суурь хамаг юмаа ундуй сундуй болгочихсон сууна. Намайг яваад ороход тун таагүй харцаар харж
- Яасан Сэлэнгээ чинь явуулав уу? Намайг очоод балбаад өг гээ биз?
- Чи юу яриад байгаа юм бэ?
- Чамайг мэдэхгүй хэн байсан юм. Чи болсон хойно Сэлэнгээгийнхээ амнаас гарах биш. Бараг үх гэсэн ч үхэх юм байгаа байлгүй.
- Чинийхээр бол тэгээд яах ёстой юм? Сэлэнгээтэй хэрэлдээд л, уйлуулж орилуулаад гаргах ёстой юу?
Үргэлжлэл бий...
Бүрэн эхээрээ...

Нурам - 1 (тууж)

5 Сэтгэгдэлүүд:

Суурийн өрөөний хаалгыг тогшвол хариу алга. Зөөлхөн түлхээд шагайтал Суурь хачин ууртай царайтай юм орон дээрээ сууж байна. Намайг харангуутаа харцанд нь гал улалзах мэт болоод хажуудаа байсан аягаа авч шидлээ. Би ч бултах мөртөө ухасхийн очиж, хоёр гарыг нь бугалагаар нь тэврээд авлаа. Хөдөлгөхгүй санаатай. Түүнийг тайвширтал ингэж л байхаас өөр үггүй. Тэгтэл Суурь
- Надаар хэд дахин тоглох гэсэн новшнууд вэ? Яахаараа заавал би гэж? хэмээн хахирган хоолойгоор орилоод эхлэв. Тэр үндсэндээ галзуурчээ.
- Чи чинь гэнэтхэн юу болоод байгаа юм бэ?
- Тавь л даа чи муу. Чи ч гэсэн тэдний нэг. Та нар өөрсдийгөө гэмгүй царайлсан бурхны элч гэж санана уу? Үгүй л байхгүй юу. Та нар намайг тамлаж бах таваа хангахын тулд уван цуван ирсэн сэтгэл зүрхний тамын гийчид. Чи муу миний бөгсийг ухах гээд л энд тэнд шиншилж явдаг бууны нохой шүү дээ. Үгүй гээч. Тийм биш л юм бол чи яахаараа дандаа ийм үед гэнэтхэн гарч ирдэг юм бэ? Хэл л дээ чи. Чадахгүй ш дээ. Чи бол зүгээр л тамын гэрч байхгүй юу. Цаад эрлэгийн элч чинь чам шиг эм зантай юмнуудыг боолчилдог юм. Мэдэв үү чи? Тавиач намайг гэж байдгаараа учир замбараагүй орилж миний тэврэлтийг тавиулахыг оролдов. Тэглээ гээд би тэлчлэх зоргоор нь алдчихсангүй. Нилээн ноцолдсоны эцэст түүний хөдөлгөөн нь удааширч, дуу нь суларч, төдөлгүй мөрөө чичигнүүлж эхлэв. Тэр уйлж байлаа. Тийм том хүдэр эр тийм чимээгүйхэн уйлах нь сонин. Түүний мөр чичигнэн чичигнэсээр аажмаар хөдөлгөөнгүй болов. Өмссөн цамц нь чийг дааж, эр хүний хөлсний үнэр эм тариатай холилдон үнэртэнэ.

* * *
Хошууч цолтой явсан намайг ахлах дэслэгч болтол цолыг минь бууруулах шийдвэр гаргасан ширүүхэн хурлын дараа би Хурандаагийн өрөөнд номхон зогссоор үлдэв. Нэг бодлын гайхмаар ч юм шиг, нөгөө бодлын гомдмоор эсвэл бүр цөхөрмөөр ч юм шиг санагдана. Хурандаа нуруугаа үүрэн ширээ тойрон алхана. Тэрээр яриагаа эхэлж чадахгүй байгаа бололтой. Тэр гарынхаа шавийг нүдэн дээрээ шийтгүүлэхийг харах эвгүй байсан байх. Учир нь Хурандаа миний эцэг шиг л хүн. Гэлээ гээд надад оногдож байгаа шийтгэлийг зөөллөх гэж оролдоогүй. Оролдох ч үгүй. Угаас тэр аливаад шударга, бурууд ширүүн, шулуун ханддаг зантай. Би сургууль төгсөөд энэ хүний гар дээр ирээд бараг хориод жил болсон учир мэдэлгүй яахав. Харин тэр харамсаж байгаа. Хурандаа санаа алдаад
- Чамайг энэ томилгооноос эргэж ирэхдээ хуучнаасаа ч илүү цол авна гэдэгт итгэж байна. Бид чинь ард иргэдийнхээ төлөө амиа ч хайрлахгүй гэж тангараг өргөсөн журамт эрс шүү дээ гэж эцэг хүний хайр шингэсэн эр боргил хоолойгоор хэллээ.
Тушаал буурна гэдэг чинь цэргийн хүнд тийм ч аятайхан зүйл биш. Гэхдээ өөрт ирсэн хариуцлагыг үүрэх л хэрэгтэй. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг нь энэ бололтой.
Манай салаа зөвхөн ангидаа ч биш улс даяараа алдартай салаа байлаа. Онцгой байдлын алба гэдэг тайван цагийн цэрэг. Ард иргэдийн аюулгүй байдлын төлөө мөнхийн бэлэн байна гэдэг чинь амьдралынхаа тэн хагасыг золино гэсэн үг л дээ. Өнгөрсөн сард нэгэн хувийн үйлдвэрт гарсан галын үеэр хуучин барилгын дээвэр нурж манай хоёр сайхан залуу амиа алдсан юм. Тэгэхээр салаан дарга миний цол буурах юу ч биш шүү дээ. Аав ээжийн хоёр сайхан хүү, эх орны минь хоёр сайхан залуу, хоёр сайхан ханиа орхичихоод байхад миний мөрдөсний хоёр хадаас ч ёстой яамай байна аа. Миний харамсах зүйл энэ биш. Харин тэр сайхан залуусыг бодохоор үнэхээр харамсмаар. Өдийд тэд маань амьд сэрүүн байсан бол мөн ч олон хүний амь аварна даа гэж бодохоос гол зурна. Гэлээ гээд бид цаашид амьдарч, ахиад л алдах эрхгүйгээр ард олноо авран хамгаалах л болно.
Жил болгоны хавар намарт, хуурайшилт дээд цэгтээ хүрэхээр ой хээрийн түймэр гарч хэмжээлшгүй их хохирол гардаг. Үүнтэй тэмцэхээр манай Онцгой албаны ерөнхий газраас хүч нэмэгдүүлсэн тусгай салаа байгуулан тухайн орон нутагт ажиллах шийдвэр гаргасан байв. Тэр шинээр байгуулагдах тусгай салааг надаар ахлуулж орон нутагт томилон ажиллахыг тушаасан юм.
- Энэ чамд шийтгэл шиг сонсогдож байж болно. Гэхдээ шийтгэл гэдэг заримдаа сэрж сэхээрэхийн шалтаг болдог юм шүү дээ. Чи “Мөдхөн тэтгэвэрт гарахын хооронд юүхэв дээ” гэж бодож байж магадгүй. Гэхдээ чи байгууллагадаа атгасан гар шиг нэг сайхан салаа бэлдэж өгвөл энэ албанд насаараа зүтгэсний утга учир гарч мэднэ шүү дээ гэлээ.
Нэгд, тэр намайг тайвшруулах, хоёрт, миний цаашдын зорилгыг сэхээрүүлэх гэсэн байж болох юм. Ахмад хүн гэдэг амьдралын роман байдаг юм хойно доо. Би хурандаагийн өрөөнөөс ямар ч байсан цаашдаа итгэх итгэлээр уначихаагүй гарсан юм.
Харин сэтгэлээр унах гэхээр хаашаа юм нэг тийм сэтгэл ёг хийлгэсэн зүйл тархинд, магадгүй зүрхэнд ч гэсэн сэрүү татуулсан жавар тэр өдөржингөө хуйрганууллаа. Энэ жавар цол буурснаас ч илүүтэйгээр сэтгэл өвтгөх нь сонин.
Хурандаагийн өрөөнөөс гараад иртэл манай газрынхан намайг илт өөрөөр харцгааж эхлэв. Санаа зоволт, өрөвдөлт, бас ч үгүй зарим нь болж ч гэж бодож байсан байх. Гэхдээ түүнийг оноож мэдэхгүй. Ихэнхи нь зовлонгоо ойлгодгийн хувьд харамсацгааж байгаа. Хонгилийн нөгөө үзүүрээс Базараа маань улаа бутруулсаар хүрч ирлээ.
- Арай ч дэндэнээ. Энэ олон жид зүтгэчихээд ганцхан өдөр л . . . Ийм юм гэж байж болох уу? Юманд чинь нэг учир гэж байдаг байгаа даа гэж хэзээнээс ч юм эхэлж бодсон бодлоо үргэлжүүлэн ярьж эхлэв.
- За тэр яахав ээ Базар минь
- Ингэхэд байнаа, чиний нөгөө эртээрийн өгсөн юмыг харьцуулахад хоорондоо төстэй гэх олигтой шинж гараагүй шүү гэж тэс өөр зүйл ярив.
- Та нар ч дээ, үнэн худал нь мэдэгдэхгүй нэг л их шинжээчид.
- Үгүй, нээрээ гэм дээ. Хэрвээ ямар нэгэн юм гарвал би дор нь өлгөөд авалгүй яахав
- За тэр ч яахав одоо миний мэдлээс холдсон хэрэг болсон гэлээ.
Нилээн дээх нь би түүнд хамааралтай байж магадгүй гэж сэжиглэсэн хоёр галын эх үүсвэрийг харьцуулаадахаач гэж өгсөн юм. Түүнийхээ хариуг ярьж байгаа бололтой. Тэгэсгээд бид хоёрт ярих зүйл олдохгүй тал руугаа болов. Тэр миний ахлах дэслэгчийн мөрдөсийг харж
- Залуухан харагдаж байна шүү гэлээ. Энэ нь хаа очиж их оносон хошигнол болов.
- За хөгшин ахмад минь би явъя. Маргааш хөдлөх юм чинь жаал жуул юм бэлдэхээс
- Тэгэлгүй яахав. Хэрвээ миний хэрэг гарвал шууд л хэлээрэй. Хөгшин нь үнэрч нохой л гэсэн үг гэлээ. Түүний харцнаас намайг өрөвдсөн өрөвдөлт арилсангүй.
Базараа гэж манай шинжээчийн тасагт ажилладаг нонж дорой энэ ахмад надтай ихэд найзархуу хандахыг хичээдэг юм. Ажилдаа бол харин бузгай шүү.

* * *
Гэртээ иртэл Сэлэнгээ маань сэтгэл нь түгшсэн янзтай угтав. Аргагүй дээ, өнөөдрийн хурлаар намайг авч хэлэлцэх тухай тэр мэдэж байсан юм чинь. Хаалгаар оров уу үгүй юү
- За яасан? Юу болов?
- Яахав дээ ахлах дэслэгч л боллоо
- Өө, бүр хоёр доошлуулаад байхдаа яадаг юм.
- Миний хоёр хадаас яахав дээ. Хоёр сайхан залуу өнгөрчихөөд байхад
- Чи ингээд л насан туршдаа өөрийгөө ялласаар байх уу? Бид чинь цаашаа амьдрах ёстой юм байгаа биз дээ? гэлээ.
“Одоо ингэж байгаа юм чинь миний амнаас гарах дараагийн үгэнд бүр галзуурах байхдаа” гэж бодоод хэсэг түдгэлзлээ. Гэлээ гээд заавал хэлэхээс өөр яахав дээ.
- Наадах чинь ч яахав ээ. Би хөдөө явах боллоо.
- Яаж байгаа юм? Бас дээрээс нь шийтгэж байгаа юм уу? Цолыг нь аваад ханадаггүй юм байх даа?
- Шинэ салаа байгуулж, ой хээрийн бүсэд нэмэгдэл хүч болгож байгаа юм байна. Тэгээд намайг ахлаад яв гэнэ. Тэтгэвэрт гарахаасаа өмнө нэг сайхан шижигнэсэн баг байгуулаад үлдээ гэнээ гэж их итгэл дагуулсан өнгөөр хэлтэл
- Хн! Дайчилгаагаар шийтгэж байгаа юм байж юун ч сүртэй юм дээ. Чи ч гэсэн тэрэнд нь бүр хөөрчихөж.
- Хөөрөх нь ч юу вэ
- Тэгэхгүй тэгээд юу гэж ойлгох юм? Багаасаа хүнээ алдаж шийтгүүлж байгаа хүнээр дахин баг байгуул гэдэг чинь аргадаж аргацааж байна л гэсэн үг шүү дээ. Бас шижигнэсэн шүү . . . гээд шилбэлзэв.
- Тэр ч гайгүй ээ хө. Бас нэг юм байна гээд хэсэг дуугаа хураахад Сэлэнгээ бас юу вэ гэсэн харцаар тас ширтэнэ.
- Намайг Зүүн аймаг руу яв гэнээ.
- Юу . . .? Тэнд чинь Суурь байдаг биз дээ?
- Тиймээ, түүний удирдлаганд манай шинэ баг ажиллах юм байна
- Өө хөөрхий, нэг унахаараа бүр шалбаагт очоод хэвтчих юм шив дээ.
- Тиймэрхүү л юм болоод байна
- Чамаас насаараа дутуу явсандаа атаархаж үхдэг хүн одоо ч нэг бах нь ханаж, шавайгаа ханатал тавлах байлгүй, чамайг
- Аа үхсэн. Тэр яав л гэж. Өдий дөч гарч байж залуугийн шар, хор нь жаахан дарагдаа байлгүй. Яав л гэж
- Хүн үхэж л байж өөрчлөгддөг гээ биз дээ. Ёстой нэг орох тэнгэрийн орой цоорхой гэдэг нь болох байлгүй гэснээс өөр юм хэлж чадахгүй байгаа бололтой чимээ тасрав. Түүний хийж өгсөн цайг оочлон хэсэг суулаа. Сэлэнгээ түнтэгнээд л байна, түнтэгнээд л байна. Тэгж, тэгж дуугаа эрс зөөлрүүлж
- Өвгөөн, очиж, очиж тийшээ яваад яах юм. Наана цаана ярьж байгаад эндээ үлдвэл яасым дээ? Насаараа л ус үер, гал түймэр, салхи шуурга гэж явлаа ш дээ. Одоо хэдхэн жил болоод суухын хооронд юм юмны түрүүнд гүйх хэрэг байна уу? Дахиад л бас юу ч мэдэхгүй хэдэн хүүхдийн хөл гарыг нь олуулах гэж чи л зовно. Цаадуул чинь шийтгэхээ л мэдэхээс чамайг ингэтлээ зүтгэлээ гэдгийг ойлгох биш. Тэгээд ч одоо бид хэд хүрч байгаа билээ. Аяга цайгаа тайванхан шиг ууж суумаар байх юм гээд л зай өгөлгүй үглэж гарлаа. Сэлэнгээгийн буруу ч бас биш л дээ. Үнэхээр насаараа энэ албанд зүтгэсэн. Гэхдээ эр хүн байна даа ялагдаж үлдэнэ гэдэг нэг л байж боломгүй санагдаад болох биш.
- За яахав, атгасан гар шиг хэдэн сайхан залуустай шаг хийсэн салаа үлдээх юм шүү гэхэд Сэлэнгэ энэнд үг хэлснээс хаданд хашгирсан нь дээр гэсэн янзтай цэхвэлзсэнээ дуугарсангүй. Дуугараад ч нэмэргүй гэсэн үү, эсвэл хэлэх үгээ хэлээд барчихсан уу бүү мэд.

* * *
Суурь бол өөртөө итгэлтэй, ойр тойрныхоо хүмүүсийг өөрийн үгээр байлгаад сурчихсан, бие бялдар сайтай, спортын авъяастай, урлагийн мэдрэмжтэй бас л сайхан залуу. Цэгэн зураг зурна. Сайн ч зурна. Хаанаас сурсан, яагаад тийм их шимтдэг болсныг нь мэдэхгүй, тэвчээртэй ч сууна. Тэрийгээ нэг бариад суучихвал өндийхгүйгээр хэдэн цагаар, магадгүй хэдэн өдрөөр ч хамаагүй хэдэн мянгаар тоологдох цэгийг хатгаад сууж мэднэ. Зурагныхаа тухай үргэлж шахам ярих хэрнээ түүнийхээ тухай шүүмжлэл сонсох дургүй. Өөртөө итгэлтэй зан нь гойд илүү. Тэгээд ч тэр үү их бардам харагддаг байлаа.
Суурийг Сэлэнгээ танихын дээдээр танина л даа. Суурь бид хоёр оюутны байранд хамтдаа амьдарч, ид залуухан эрвийхдээ эрвийж, дэрвийхдээ дэрвийж явах үедээ би Сэлэнгэтэй танилцаж байлаа. Тэр цагаас хойш би юм л бол Сэлэнгээгийн сургууль руу гүйчихнэ. Хайр л юм байхаа даа. Суурь хааяа цугтаа ямар нэгэн юм хийх тоглох, найзархах санал тавихад би яаж ийгээд л бултана. Цаг зав гарвал Сэлэнгээ л бодолд минь хургана. Суурийн хэлснээр миний амнаас Сэлэнгэ салахаа байсан байв.
Нэг өдөр өрөөндөө ороод иртэл тэр цээжээ нүцгэлчихсэн өнөөх олон цэгээ хатгаад сууж байна. Их чармайсан юм болов уу даа духан дээгүүр нь хөлс дааварлачихсан, нүд нь бага зэрэг улайчихсан, харц нь хүртэл хурцлагдчихсан сууна. Угаасаа л энийгээ хийхээрээ ингэдэг нь зан л даа. Мөрөн дээгүүр нь давуулаад хартал нэг бүсгүйн зураг байна.
- Чи ч энийгээ хийхээрээ бүр ухаанаа барчих юмаа? гэсэн чинь над руу хачин таагүй харж байна.
- Найз чинь үү? гэвэл
- Би ямар чам шиг хүүхний тэнгэртэй биш дээ гэж байна. Дууных нь өнгө нь намайг жаахан даапаалж байгаа янзтай.
- Аан, тэгвэл хүслээ зурж байгаа юм байна л даа. Хий хоосон мөрөөдөж суухаар хайвал яасан юм? Олдоно шүү дээ гэж бас л явуулсхийлээ. Тэр дуугарсангүй. Дотор нь өрвөлзөж байгааг би гадарлаад байгаа.
- Харц нь жаахан гунигтай юм. Уг нь хүүхнүүд харц жаахан дээгүүр байвал эрхэмсэг харагддаг юм гэж би хувцсаа солих зуураа хэлвэл
- Эднийг даврааж болохгүй ээ. Толгой дээр гарчихна
- Чи ингэхэд толгой дээр гардгийг нь яаж мэддэг юм?
- Чи намайг найз охин ч үгүй аргаа барсан амьтан гэх гээд байнаа даа?
- Тэгэх гэсэн ч юм алга л даа. Наад бүсгүйн чинь харцыг хэлсэн юм. Би бол хөгжилтэй ч юмуу, эсвэл эрхэмсэгээр зурах байсан.
- Чи юу? Чи ер нь зурах нь байтугай зураг гэж юу байдгийг мэддэг юм уу? Зураг зурахын зовлон жаргал гээчийг мэдэхгүй байж хажуугаар орж ирээд олон долоон юм ярьж суух хэрэг юу байна.
- Юу гэсэн үг вэ? Ойлгосонгүй. Би санаа оноогоо хэлж болдоггүй юм уу? гэж гайхширлаа нуулгүй асуувал
- Хүн чаддаг юмаа л ярьсан нь дээр байдгийн
- За за санаандгүй санаснаа хэлчихлээ
- Санаандгүй гэдэг үгээрээ санаагаа битгий нуугаад бай. Чам шиг би баг зүүж, бодлоо буглуулдаг хүн биш.
- Яасан гэж уурлаад байгаа юм бэ?
- Саад болсонд чинь уур хүрээд байна гэж үсрэн босож ирээд
- Энэ хүүхний юу бодож байгааг мэдэх үү, чи? Энэний бодож байгааг гаргах гэж намайг яаж шаналж байгааг ойлгох уу? гэж хашгирахад надад хэлэх үг олдсонгүй. Энэ бол зүгээр л нэг уурлах шалтаг гэдгийг ойлгов.
- Би яаж мэдэхийн гэж үл тоосон өнгөөр хэлвэл
- Чи тэр Сэлэнгээгээ л гөлөрч суу. Тэрийгээ л харц дээгүүр байлга. Бусад нь чам шиг юманд хамаагүй, за
- Сэлэнгээтэй үерхээ л биз. Чи үхсэндээ атаархсан юм гэтэл миний нүүрэнд тас буугаад явчихлаа. Би ч мөчөөгөө өгсөнгүй. Зөрүүлэн цохиход тэр намайг үсдэж авав. Энэ нь бид хоёрын зодолдох шальтай шалтгаан биш ч гэсэн бие биедээ бууж өгөхийг хүсэхгүй байх шалтгаан мөн байв. Ор дэрээ нураан байж зодолдов. Зодолдох ч гэж дээ баахан ноцолдсон гэхэд болно. Сүүлдээ хэн хэн нь ядарсандаа баахан цээж дүхэлзүүлэн амьсгаадав. Тэр өдөртөө дуугараагүй ч тэгсгээд маргаашнаас нь мартагнацгаалаа. Түүнээс хойш түүнийг зургаа хатгаж суухад нь би юу ч бодож байсан элдвийг хэлэхээ больчихсон юм.

* * *
- Хөөрхий Сүрнээ ер нь тэгээд яасан бол? гэх Сэлэнгээгийн асуулт намайг гүн бодлоос салгалаа. Юу асуучихавдаа гэж санасан хэдий ч төдхөн ойлгоод
- Харин л дээ . . . үгүй ээ, харин л дээ гэж дээ. Чи мэдэхгүй байхад би ер нь яаж мэдэхэв.
- Бас шийдэмгий хүүхэн шүү. Тэр муу мангарт гомдох мөртөө шууд л сургуулиа хаяад явчихаж билээ.
- Чин үнэнээсээ дурлаж л дээ.
- Тэглээ ч гэсэндээ. Хүнд чинь тэрнээс гадна амьдрал гэж байна. Жирэмсэн болсон байсан. Ядаж хүүхдээ боддог байгаа даа.
- Тэр үед чинь бид хүүхэд байлаа шүү дээ. Одооны ухаанаар яаж бодохов. Гомдоод л, тунирхаад л, юу эс болдог билээ.
- Чи тэгээд зөв гэх гээд байгаа юм уу?
- Зөв бурууг нь яаж мэдэх вэ, одоо бодоход тийм нэг цочмог л шийдвэр байж. Тэрнээс хойш би л лав нэг ч удаа таараагүй. Харин чи яаж байсан юм гэхээс
- Би ч гэсэн . . . гээд хэсэг азнаснаа
- Хачин юм шүү. Өөртөө тийм итгэлтэй, хайрынхаа төлөө тэгж зүтгэдэг хүнийг би одоо хүртэл хараагүй. Гэтэл гэнэтхэн тийм шийд гаргаад яваад өгсөн гэхэд үнэхээр гайхмаар шүү гээд Сэлэнгэ цайгаа оочлоо. Бид эргээд нэг хэсэг чимээгүй болцгоов.
Тиймээ, Сүрнээ гэж ХАА-н дээдэд Сэлэнгээгийн нөгөө ангид сурдаг, нэг тийм шийдмэгхэн төрхтэй бүсгүй байсан юм. Суурь бид хоёр гэж сонсогчийн дүрэмт хувцастай тап яп гэсэн залуус Сэлэнгээтэй уулзах гэж хааяа очно. Тэр үед л тэр бүсгүй биднийг харсан юм шиг байгаа юм. Сэлэнгээтэй тийм ч ойрхон байгаагүй жирийн яриа хөөрөөтэй байдаг тэрээр нэг өдөр Сэлэнгээд
- Тэр ирээд байгаа цэргийн залуус танай найз нар уу? эсвэл хамаатнууд чинь юм уу? гэж
- Найз
- Аль нь?
- Яах нь вэ?
Үргэлжлэл бий ...
Бүрэн эхээрээ...