# #

Амралт - 1 (Өгүүллэг)

2 Сэтгэгдэлүүд:

Би гүн нойрноос сэрлээ. Гадаа бүрхэг хэвээрээ л байгаа бололтой. Би хэр удаан унтсанаа мэдсэнгүй. Анх энд ирэхэд ийм л бүрхэг байсан. Намайг ном тэврэн орондоо ороход бас л ийм байсан. Орчлон тэр чигээрээ саарал, гайхаад барамгүй.
“Хүүхдийн гэнэн зангаар тэр дахиад харах л ёстой доо” гэж бодон би отож суулаа. Түүний өөрийгөө харуулах дургүй тэр занд нь дасах янзтай болсон ч чухам яагаад зүгээр ороод ирж болдоггүй юм бол гэж гайхсаар байгаа. Энэ удаа би түүнийг араас нь дуудах гэж гарсангүй. Зүгээр л хүлээж суугаа минь энэ. Мэдээж тэр хаашаа ч юм нуугдчихдаг болохоор хойноос нь гараад ч хэрэггүй. Тэгсний оронд нүүрээ хавтгайртал наачихаад намайг ширтээд байдаг тэр цонх руу харж суусан нь дээр. Одоо ингэсгээд л цухалзах ёстой. Ийн бодсоор би цонх руу ширтэж суутал ард хаалга сэвхийн нээгдэж нэг их хүйтэн жавар орж ирснээ хаагдав. Мөрөн дээгүүрээ эргэж харвал өвгөн ороод ирж. “Ганцаараа юм байхдаа” гэж бодож амжсан би
- Энэ жаахан хүү ерөөсөө орж ирэхгүй юм гэж гайхсан өнгөөр асуугаад цонх руу эргэлээ.
- Тэр орж ирэхгүй гэж нөгөө л хүйтэн хөндий, таг яг гэсэн өнгөөрөө хариулж байна.
- Тэгсэн хэрнээ цонхны цаанаас нүүрээ наачихаад хараад байх мөртөө намайг харахтай зэрэг сүүтгэсгээд цаашаа алга болчих юм. Би хойноос нь хэд хэд гараад байдаггүй шүү
- Хувхай мондийг, би ч гэсэн барьж авч чадахгүй байгаа юм гэх эмгэний дуу гарахад би цочлоо. Эргээд хартал эмгэн өвгөний хажууд зогсож байв. Тэр хамт орж ирсэн юм байж.
- Аан би таныг ирснийг мэдсэнгүй гэхэд
- Өвгөн хаана байна би тэнд шүү дээ гээд шүдгүй амаа ангайлган инээлээ. Тэгтэл өвгөн
- Яг л зангуу шиг гээд бас инээв. Надад тийм ч инээдтэй санагдаагүй ч тэдний сэтгэлийг бодсондоо дагаж инээлээ. Гэхдээ манай байшинд ганцхан миний инээх дуу л гарч байв. Тэд яагаад ч юм инээхээрээ цээж нь оволзоод байхаас авиа гаргадаггүй юм. Ингэж инээж бас болно л доо. Удалгүй нүдний буланд нэг юм сүүтэгнэхэд нөгөө хүү цонхны цаанаас биднийг харж байна гэж мэдрэгдэв. Хэрвээ намайг цонх руу харвал тэр бас л алга болчих тул анзаараагүй хүн болж ямар нэгэн юм хийх хэрэгтэй байлаа. Өвгөн эмгэн хоёрт харцаараа дохисон боловч тэр хоёр намайг цоо ширтээд байхаас өөрийг мэдэрсэнгүй. Аргаа ядаад өмнөө байсан номыг авч дэлгээд нүднийхээ булангаар цонх руу сэмхэн хартал мөн л гялс гээд алга боллоо. Номоо шидээд ухасхийн цонхонд очвол бас л харагдсангүй. Ард хаалга хаагдах чимээ гарлаа. Өвгөн эмгэн хоёр гарч байгааг мэдэж байгаа тул эргэж харсангүй. Төд удалгүй цонхны цаана өвгөн эмгэн хоёр бүрхэг саарал мананцар дунд ганхан явахыг би гөлөрч зогслоо. Тэд намайг унтахын өмнө эсвэл сэрэхэд дэргэд ирчихсэн нөгөө л хөдөлгөөнгүй гэмээр харцаараа ширтэж суудаг юм. Уулын мухарт гурвуулханаа байх тэд хүний мөрөөс болох нь аргагүй л дээ гэж бодлоо.
Тэгтэл миний харж буй цонхны ёроолоос шахам өнөө жаахан хүү гэнэтхэн гараад нөгөө хоёрын араас гүйлээ. Түүнийг миний дэргэд тийм ойрхон байгаа гэж бодоогүй тул учиргүй цочив. Тэр гүйж явснаа над руу бас л гэнэтхэн эргэн харахад түүний хамраа налчийтал цонхонд наасан царай нь миний нүүрэнд шахам тулах шиг болж би өөрийн эрхгүй гэдэсхийв. Тэр мөн л амаа ангайн инээснээ тэдний араас гүйлээ. Би ухасхийн хаалгаар цээжээ хагас цухуйлгаад
- Эмээ! танай хүү ард чинь явнаа гэж хашгирсан боловч тэд сонссонгүй. Би дахин хашгирах гэснээ болилоо. Учир нь хүү одоо эмээ өвөө хоёрыгоо тойрон гүйж, бас ч үгүй хоорондоо тоглоод байгаа нь өтгөн манацар дунд бүүр түүрхэн харагдаж байлаа. Түрүүн эмгэн хүүгээ зүгээр л өхөөрдөж моньд чинь надад баригдахгүй байгаа юм гэж ярьсанд нь би итгэчихсэн юм байлгүй дээ. Угаасаа л би жаахан итгэмтгий зантай.
Шүүгээний шургуулга татаж, хөгц амтагдсан хатуу ааруулаас авч амандаа хийгээд, номоо тэврэн орондоо орлоо. Энэ бас л жаргал шүү дээ. Гэсэн ч ном унших биш анх энд яаж ирсэн маань бодогдоод болсонгүй . . .
* * *
Тэр өдөр гэнэтхэн амармаар санагдаж түүнийгээ захиралдаа их л зориг гарган хэлтэл
- Чи амарч яадаг юм? гээд нэг их ширүүн харлаа. Энэ харцнаас би ухаан алдчихдаг юм. Ганц би ч биш л дээ. Манайхан бүгдээрээ. Манай өрөөний охин хүртэл компьютерийнхээ араар нугдайгаад орчихож байгаа юм чинь.
- Би гурван жил амраагүй ш дээ захиралаа гэсэн үгийг арай гэж аман дээгүүрээ давуулж чадав. Захиралын харц арай уярч байна. Бодвол “Нээрээ тийм л дээ” гэж бодсон байх л даа. Өрөөг тойруулж ууртай нүдээр хэсэг харснаа
- Амрахаасаа өмнө энийг бэлэн болгочихоод яваарай. Хоёр хоногийн дараа хэрэгтэй шүү гээд бараг хоёр хуруу зузаан цаас ширээн дээр шидсэнээ гараад явчихлаа. Миний хоолой хуурайшиж, хамар нармай хатна. Астма гэдэг нэг балиар юмтай юм би. Сандарсан үед их илэрнээ. Өрөөний охин сая нэг юм бүтэн биеэрээ гарч ирснээ
- Манай захирал үнэн зэрлэгээ. Бусдыг ерөөсөө хүн гэж бодохгүй. Нэг юм санасан л бол тэр заавал бүтэх ёстой гэж боддог. Бүтээхийн тулд юу ч хийхээс буцахгүй.
- Ах нь ч гэсэн зэгзийрхээд л байдаг юм. Ямар сайндаа л гурван жил амраагүй байхав дээ
- Та яаж хэлж чадав аа? Би ч таныг өнгөрлөө л гэж бодлоо
- Мэдэхгүй. Амармаар санагдаад л . . .
- Та хаана амрах гэж байгаа юм?
- Харин ээ. Өнгөрсөн намар манайхны очдог амралтын баазад очдог юм бил үү
- Захиралын амралт уу?
- Захиралынх юм уу?
- Болж байгаа юм гэсээн
- Өө мэдээгүй юм байна.
- Та тэгээд ийм мангар үеэр амраад байхдаа яадаг юм.
- Юу нь мангар гэж?
- Өдийд, хаврын хавсарганаар цас эсвэл шороон шуурга л болно биз дээ? гээд намайг шоолох аятай толгойгоо сэгсрээд гараад явчихлаа. Нээрээ тийм ч юм уу гэж бодсон хэдий ч одоо надад эргэж буцах зам байхгүй. Захиралын хий гэснийг хийчихээд амралтаа авахаас яахав. Тэгээд өнөө их цаас руу нь толгойгоо шургуулаад сууж авлаа. Хоёр хоног буюу дөчин найман цаг цурам хийсэнгүй. Тэгж суухдаа өнгөрсөн намар манай ажлынхан нэг өдөрлөг зохиож хотоос холгүй “Сааралын амны амралт” гэдэг нэртэй газар очиж л хэд хоног таг чиг болъё гэж шийдлээ. Тэр амралтын хажууд сайхан яриа хөөрөөтэй хоёр хөгшин бий. Би бүр тэднийд очиж тараг идэж байсан юм. Яагаад ч юм тэнд л очмоор санагдаад болох биш.
Хүн жаргал гэдгийг янз янзаар тайлбарладаг шиг яаж амрахыг бас янз янзаар ойлгодог байх. Миний хувьд ном тэврээд л хэвтэж байвал жаргал ч болдог, амралт ч болдог юм. Хөл халуу дүүгээд л, юу ч бодохгүй, тэр ч байтугай хоол унд ч санаанд орохгүй зөвхөн номон дундаа. Бүтэн хоёр өдөр шөнө цурам хийлгүй тоншсоор байж арай хийж дуусгаад захиралд өглөө. Тэр харсан ч үгүй
- Цааш нь тавьчих гэснээ явж болно гэсэн янзтай дохилоо би ухасхийн гарах гэтэл араас
- Ингэхэд яаж амрах гэж байна? гэхээр нь
- Унтаж гэхэд тэр ярвайснаа
- Хн! . . . гээд буруу харчихлаа. Би олон юм ярилгүй гарахын түүс болов. Хамаг юмаа өгчихөөд л учиргүй нойр хүрч байгаагаа мэдлээ. Гэсэн ч нэг мөсөн амрах газраа очиж байгаад унтъя гэж шийдээд гэртээ ирсэн даруйдаа цаасан хайрцганд хэдэн ном хийж тэрэгнийхээ ард шидээд шууд л хотоос гарах замаар орж давхилаа. Хотоос гарсан хойноо л ямар сонин үеэр амрах гээд явна даа гэдгээ анзаарлаа. Гэхдээ хүний хөл сийрүү, садаа болох юмгүй номоо уншина гэж бодохоор оносон ч юм шиг.
Цас цоохортжээ. Би амьдарч буй хотоосоо улам бүр алсарч байгаа нь эргэн тойрны нам гүмээс мэдрэгдэнэ. Цардмал замаас гарч уулын хормой ороож тахиралдсан бүдэгхэн шороон замаар орлоо. Газрын баримжаагаар өнгөрсөн намар үүгээр явсан гэдгээ мэдээд байгаа ч ойрд машин тэрэг явсан ул мөргүй, цасны ханзархайгаар үе үехэн харагдах бүдэг замыг мөн гэж таамаглан явав. Замын хонхор ёнхороор цасан хайлмагтаж зарим газраа цэхэлзүүр ус мөс хөвүүлэн цэвхэлзэнэ. Хаврын турь муутай нар өнгөрч буй өвлийг арай чамай давсан янзтай авч чанх өөдөөс тусч буй тул хэрэндээ халаах янзтай болж нойр хүрч нозоорч эхэллээ. Үүргэлж дохиод эгээтэй л жолоогоо мөргөсөнгүй. Замын нэг талаар хаврын хар модод жирэлзэж, нөгөө талаар мөс нь алаг цоог ханзарсан гол жирвэлзэн урсана. Нэгэн хэмийн дүр зураг, нам гүм улам бүр нойр хүргэнэ. “Наранд ч тэр, жирэлзэн өнгөрөх модонд ч тэр, жирвэгнэн урсах голд ч тэр аль алинд нь цаанаа нэг тамиржиж буй шинж хором хормоор анзаарагдаж байна. Наашилж яваа цаг болохоор аргагүй биз. Гэлээ гэхдээ амь тавьж буй өвөл цаг юу юугүй буугаад өгчих нь юу л бол. Ямар ч байсан ганц нэг удаа муухай аашилж, цагийн хатууг үзүүлэх нь тодорхой л доо. Хэзээ бол л гэхээс биш” гэж амьхандаа нойроо сэргээх санаатай элдвийг бодохыг хичээнэ. Гэсэн ч нэмэр алга. Харин ч бүр улам нойрмоглоно. Гэтэл хаанаас ч юм нисэж ирсэн том хар шувуу машины урд шилийг пүдхийн мөргөхөд би сандарсандаа хажуу тийш нь дарсан чинь машин маань хэд мурчигнаад голын цүнхээл рүү уналаа. Ус пүл пүлхийн машин доошилж, бүхээгт голын хүйтэн ус хүйт даан орж ирлээ гэж санаад сандартал зүүрмэглэсэн юм байж.
Харин хар шувууны өд салхин аясаар хийсэх нь харагдана. Хамаг бие дагжин чичирч, хүйтэн хөлс цутгана. Би их л сандарчээ. Хаа очиж хоолой ам хуурайшсангүй харин ч бүр усаар гулгих янзтай. Хамар амнаас ус гоожиж сандаргав. Цонхоо онгойлголоо. Сэрүүн агаар бүхээгт ус шиг сэнгэнэж хэсэгхэн ч болов сэргэлээ. Моторын дуу уул хадаар дүнгэнэж хаа нэг хар хэрээ нүцгэн модны оройгоос хоёр далавчаараа агаар гуядан хүг хүг дуугаргасаар нисэж одно. Намайг явж ядсаар байтал хаврын уймгар нар тэгсгээд уулын цаагуур уначихлаа. Муу машинаа мурчигнуулсаар арай гэж гүвээ давтал тэртээ аманд хэд гурван дүнзэн байшин харагдав. Эдгээр байшинг харан хартлаа зөв явж байгаа эсэхдээ эргэлзэж байсан тул санаа амарч яаралгүй гэлдрэв. Яагаад ч юм тийшээ явсан мөр огт байхгүй байлаа. Мацсаар байж бүрэнхий залгахын үед амралтын хаягны хажуугаар өнгөрөв. Сааралын амны амралт гэсэн бичигтэй модон пайзыг гинжээр өлгөсөн нь салхинд ганхаж, зэвэрсэн гинж нь чахран дуугарна. Зургаан жижигхэн дүнзэн байшинг цувруулан барьжээ. Хурдхан шиг л аль нэгэнд нь орж унтахсан. Би зөөлхөн явсаар захын байшингийн дэргэд ирж машиныхаа цонхыг онгойлгоод
- Хүн байна уу? гэж хашгирлаа. Хариу алга. Дүнз угаасаа хуучирхаараа харлаж орхидог. Дээврийн цас хайлж дуссан бололтой мөсөн унжлага энд тэндгүй унжих нь цаанаа нэг уйтай. Яах аргагүй өнгөрсөн намар ирсэн газар мөн дөө. Сигналаа дарлаа. Дуут дохио тэр амаар нэг цуурайтаж, хэдэн хар шувуу дэрхийн нисэлдэв. Хүн амьтан харагдахгүй тул эзгүй газар ирчихдэг юм байхдаа гэж санан машинаасаа бууж байшинг бүтэн тойроод иртэл хаанаас гараад ирэв гэмээр өвгөн эмгэн хоёр зогсож байлаа. Өнөө хоёр хөгшин мөөн. Бүрэнхий залгасан тул тэдний нүүр царай тэгтлээ тод харагдаагүй ч ойрд хүн амьтан ирээгүй болохоор тэр үү тэд намайг гайхсан мэт цоо ширтээд байгаа нь мэдрэгдээд байв. Машины араас хайрцагтай номоо авах хооронд хаалга онгойлгосон байлаа. Надад тэдэнтэй ярих тэнхэл ч байсангүй, унтах л хүсэл төрнө.
- Би унтлаа. Сэрэхээрээ та нартай сайхан ярилцъя. Болно биз дээ? гэхэд тэд дуугарсангүй толгой дохиж байна. Байшинд ортол дөрвөн ортой, ор тус бүр дээр нь хөнжил нь эвхээтэй байна. Дөрвөн орны нэгэн дээр үсрээд өглөө. Бас болоогүй хажуу орны хөнжлийг авч давхарлаж амжлаа. “Унтах . . . Унтах минь” Тархинд ийм л бодол эргэлдэнэ. Нүдээ аних ямар сайхан байсан гээ. Нүдний ухархайд хорсох шиг атлаа ямар нэгэн тааламж мэдрэгдэнэ. Тиймээ, ийм сайхан. Хөл халуу оргиж байна. Яг л нуугиж байгаа юм шиг. Би унтаж эхэлж байна. Гар хөл бие миний гэх бүхэн надад хамаагүй болж байгаа юм шиг . . .

Хамрын үзүүр сэнгэнэж жавар мэдрэгдэхэд би сэрлээ. Хөнжлийнхөө ирмэгээр хамраа хучлаа. “Юу билээ . . . Би хаана байгаа билээ . . .” гэсэн бодол харваж байна. Хамаг бие хөшсөн ч юм шиг. Нүдээ нээвэл харуй бүрий. Модон адар, дүнзэн хана . . . “Аа тийм. Би чинь амралтанд ирсэн ш дээ” Энд ирэхэд нэг ийм бүрхэг орой байсан. Тэр хэвээрээ л байв. Хажуу тийш эргэтэл нөгөө орон дээр хоёр хүн суух нь цонхоор тусах бүүдгэр гэрэлд харагдав. Би цочсон хэдий ч эгээ хашгирсангүй. Хөнжлийнхөө завсраар хэсэг харлаа. хөдлөхгүй юм. Нуруугаар ямар нэгэн юм гүйж дотор зарайх шиг. Гэлээ гээд хэвтээд байлтай биш суниаж буй хүн болоод юу ч болоогүй юм шиг
- Би хэр их унтсан бэ?
- Бүтэн гурав хоног гэж өвгөнийг хэлэхэд
- Сайхан. Үхсэн юм шиг гэж хэлээд амаа ангайн инээв.
- Ямар харанхуй юм бэ? Та нар лаа асааж гэрэл гаргахгүй яагаав?
- Чамайг сэрээчих нь гэж бодоод гэнэ.
- Одоо өглөө юү? эсвэл орой болж байгаа юм уу? гэж цонхоор цэгийх бүрхэг тэнгэрийг харж хэлэхэд
- Бид өөрсдөө ч мэдэхгүй байна
- Юу . . .? Юу гэсэн үг вэ? гэж намайг гайхан асуувал
- Худлаа худлаа. Орой болж байна. Манай энэ ам чинь хаврын яг өдийд ингээд сааралтадчихдаг юм шүү дээ
- Тэгээд одоо яах болж байна?
- Гэр гэртээ л байхаас өөр аргагүй гээд эмгэн бас л өнөө дуу гаргалгүй инээв.
- Тэгээд л энэ амыг Сааралын ам гэдэг юм шүү дээ гэж өвгөн хэллээ.
- Би ийм юм байдаг гэж огт дуулаагүй юм байна.
- Дуулсан хүн байдаггүй юмаа
- Одоо тэгээд хэд хоног үргэлжлэх вэ?
- Мэдэхгүй. Бид тоолдоггүй гэж хөндий хоолойгоор зэрэг хэллээ. Надад таалагдахгүй байгаа хэдий ч бас сонирхол татаад ч байх шиг. Яг яагаад байгаагаа би өөрөө ойлгосонгүй.
- Тэгээд нар гарахгүй гэсэн үг үү? Өдөр шөнөө мэдэхгүй ш дээ
- Гарахгүй. Өдөр болохгүй
- Тэгээд хоол унд, гал хөс . . . гээд өндийхдөө тэдний сүүмгэр хөшүүн царайг сая анзаарлаа. Тэд намайг хөдөлгөөнгүй цоо ширтэнэ.
- Үгүй ээ тэгээд та нар яаж болдог юм?
- Бид даардаггүй
- Бас өлсдөггүй гэж ээлжлэн хэлэв. Тоглоомтой гэдэг нь гэж бодсон ч арьс бэржийж байна.
- Тэгвэл би даардаг бас өлсдөг гэхэд өвгөн харцаа зуух руу гүйлгэж
- Чи гал түлж болно гэхэд
- Тэр шүүгээнд хүнс бий эмгэн хэллээ.
- За ашгүй дээ. Би гал түлж болно тээ? гэхэд
- Тийм. Харин бид явна гэж зэрэг зэрэг хэлэв. Би хурдхан шиг дөрвөлжнөөс мод авч зууханд өрөөд гал асаалаа. Ширээн дээрх лааг асаахад тэд үүдэнд очсон байв. Лааны сүүмгэр гэрэлд өвгөн эмгэн хоёрын царай бүдэгхэн ч болов харагдав. “Тийм ээ ийм л хөгшчүүл байсан” гэж бодогдоод түрүүнээс хойш нуруугаар гүйгээд байсан зараадас алга болов. Хаалга хаагдаж тэд гараад явцгаачихаж билээ. Тэднийг гарсны дараа бие овоо тавирч, шургуулгыг татвал тавганд хэдэн хатсан ааруулаас өөр юм байсангүй. Яаж зүгээр байхав нэг ааруул аваад эргэтэл цонхны цаанаас нэг жаахан хүүхдийн царай шагайж байснаа гялсгээд алга болов. Хүүхдээс цочсондоо толгойтой үс эгээтэй л босчихоогүй юм.

* * *
Үргэлжлэл бий
Бүрэн эхээрээ...

Яруу найрагч Б.Эрдэнэсолонгын бүтээлээс

3 Сэтгэгдэлүүд:

Харанхуйд

Би хүүхэд биш,
Би маш их өөрчлөгдсөн.
Би чиний нууцыг хадгалж чадна, харанхуй
Би чиний зөвшөөрөлгүйгээр юунд ч хүрэхгүй
Намайг тайван орхих хэрэгтэй
Хөвгүүдийг хэрхэн уруу татсан,
Хүүхнүүдийн охин насыг яасныг чинь
Хүнд би хэлэхгүй. Дахиад чамайг татаж чангаахгүй
Гэхдээ нэгэн үнэнийг
Гэрчүүдийн дэргэд хэлэхэд:
-Хаалга цонхгүй, хэлгүй дүлий, тас хар
Хамгийн гол нь ёроолгүй гэж айлгаад байсан
Харанхуйн цаана гэрэл бий, түүнийг
Харж чадсан хүн айдсаас чөлөөлөгдөнө гэсэн
Гүтгэлгийн чанартай яриаг
Хэн нэг нь зориуд тараасан тухай
Гадуур шуугиад л байна шүү …


Эх орны тухай шүлгүүд

-Би чамд хайртай ,
Эхнэртэйгээ анх унтахдаа ч
Ингэж нялуурч байсангүй
Эх орон минь
-Би чамд хайртай
Хайрлах ёстой бүхнийг чинь
Би хайрласан.
Харин чи намайг огт
Хайрлахгүй юм. ………………………………………………………………………….
Одоо болсон, би азгүй амьтан биш
Хамгийн үнэт санаагаа хайчилж орхино
Бүгдийг мартана, надаас элдвийг асуух,
Надтай харилцан ярилцахыг хориглоно

Баяртай эх хэл минь
Баяртай эхлэл минь
Баярлалаа хүүхнүүд ээ
Миний бичих
Та нарын ердийн амьдралаас
Мянга дахин доогуур
Бохир зүйл
Бохир үзэл
Хүүхдэд битгий ойртуул
Сэрүүн газар хадгал

Сандалны тухай шүлэг
Урт хар сандал өрөөнд минь байдаг
Түүнд би хүлээлт гэдэг нэр өгсөн
Надтай цуг ханьсах түүний
Насыг нь хэлж мэдэхгүй
Бид ямар нэгэн зүйлийг
Маш удаанаар хүлээж байгаа
Бидний тэвчээр нэг л нартай өдөр барагдаж
Би, чи-дээ тулан хэрэлдэж уралцахаас
Би маш их эмээдэг, эмзэглэдэг
Хүлээлт бид хоёр одоохондоо
Хүний амьдралаар амьдарч байгаа …
Ханын цаг хөхөөтэй биш
Тахиатай төстэй
Хичнээн уран яруу донгодлоо ч
Сайхан зүүднээс хашгирч сэрээдэг
Үргэлж хашгирч сэрдэг минь ч
Үүнтэй холбоотой



Үрчлээсүүд ,
Амьдарсныг сануулдаг
Хөгшрөл ,
Залуу байсныг сануулдаг
Ямар ч үрчлээсгүй
Ямар ч алдаагүй
Яралзсан цагаан шүдтэй
Эмгэн болмоор байна уу,
Ярьдаг хүүхэлдэй минь.



Зарим зүйлсийг худалдаж болдоггүй
Зарим хүмүүс үүнийг мэддэггүй
Зарим зүйлсийг худалдан авч болдоггүй
Зарим хүмүүс үүнийг мэддэггүй



Усны чимээг сөрж зогсоод
Өөрийгөө хайв
Урсгал бүгдийг нь хамаад явчихжээ
Галын чимээг барьж үзээд
Өөрөөсөө айв
Хашгирмаар халуун
Үнс нурам л үлджээ
Шатсан, урссан бүхнийхээ араас
Шаналан суухад зүрх базална



Мөнх, мөнх бусын завсарт
Эд хогшлууд минь эвшээлгэнэ
Эзнээ дуурайсан тэднийг
Нэвширтэл нь зодохсон
Хамтран амьдрагчид минь
Хана, шал, ширээ, сандлууд минь
Бүрэн эхээрээ...

Яруу найрагч Х.Нямхишиг "Дүнзэн байшин"

2 Сэтгэгдэлүүд:

Дүнзэн байшин голын эрэгт
Мод мэт
Дүрс нь голын усанд
Чулуу мэт...
Дээвэр нь моддын мөчир дор дарагдчихсан
Дээрээс нь он цаг дарчихсан
Цонхоор нь шагайдаг саран уйдчихаад
Тоохоо больчихсон
Цоонотол нь ээдэг наран ч бас уйдчихаад
Тойрдог болчихсон
Салхинд хүн шиг исгэрдэг, шувуу шиг жиргэдэг
Бас, чоно шиг ульдаг
Самар шиг, өвс шиг, жимс шиг үнэртдэг
Байшин биш шиг харагддаг
Дүнзэн байшин голын эрэгт
Мод мэт
Дүрс нь голын усанд
Чулуу мэт...

Эх сурваж: Яруу найрагч Х.Нямхишиг "Зун гээсэн чөдөр" номноос зургийг харин би авсан шүү
Бүрэн эхээрээ...

Миний аав захирал (Өгүүллэг)

9 Сэтгэгдэлүүд:

Тас хар өнгийн бандайсан жийп машин нарны гэрэлд шил цонх, гэрэл чийдэн гээд гялалзаж болох бүхнээ гялтгануулсаар сургуулийн сараалжин хашааны үүдэнд ирж зогслоо. “Хэдэн минут ч болов хүүхдүүдтэй тоглочих юмсан” гэж бодож явсан Цахиур яаж ч амжсангүй. Ангийнх нь хүүхдүүд машиныг харж
- Хэн бэ?
- Хэн бэ? гэж ам амандаа шуугиснаа
- Аан! Цахиурын аав л байна гэж машиныг нь хэзээний таньдаг болсноо илэрхийлэн хэллээ.
Тиймээ, энэ бандгар хар жийп бол Цахиурын аавын машин. Заримдаа аав нь, заримдаа жолооч нь энэ машиныг барьж Түүнийг авахаар, эсвэл сургуульд нь өгөхөөр ирдэг юм. Хэн нь ч жолоодож байсан хүүхдүүд тэр машиныг харуут Цахиурын аав л гэх ажээ. Ер нь энэ сургуулийнхан бие биенийхээ ээж аавыг машинаар нь таньж, машинаар нь төсөөлнө. Учир нь уг сургуульд нилээд баян чинээлэг, улс төр болоод урлаг соёлын одуудын хүүхдүүд сурдаг тул машинаар хүргүүлж, авхуулах нь энгийн үзэгдэл. Харин ямар машин ирэх нь хүүхдүүдийн нэр төрийн хэрэг бөгөөд зарим нэг тааруухан машинтай айлын хүүхдүүд хэдэн байшингийн цаана буучихаад явгаар ирдэг гэх сураг ч байдаг л юм.
Цахиур тоглож амжаагүй дээ урамгүйхэн гэлдэрсээр машины дэргэд ирэхэд хойд хаалга торр хийн бараг өөрөө онгойчихов уу даа гэмээр хагас онгойн түүнийг хүлээв. Хүү машинд орон хаалгаа зөөлхөн хаахад гагцхүү жолооч хүн л мэдэрч, таашаал авмаар хапп хийн хаагдаад, зөөлхөн хөдөллөө. Энэ удаа ээж аав хоёр нь иржээ. Харин тэд хүүтэйгээ дуугарсангүй. Хоорондоо муудалцсан бололтой гэдгийг хүү дор нь ойлгосон тул аав ээжтэйгээ ярихыг хүссэнгүй. Төдөлгүй машин хурдаа аван цааш давхилаа. Машинд чив чимээгүй. Цахиур цонхонд духаа наан гөлөглөж амжаагүй зэгэл саарал моднууд жирэлзэн өнгөрөх гудамжийг ямар ч зорилгогүйгээр гөлөрч явна. Гэтэл энэ нам гүмийг эвдэн ээж нь
- Чи тэгээд өөрөө хэлэх нь яасан юм? Би чамд уржигдархан нэг ийм хүн яваад байнаа гэж хэлээ биз дээ? гэж цөхөрсөн өнгөөр хэлэхэд
- Чи энүүхэнийг толгой мэдээд шийдчихэж чадахгүй юм бол ямар хэрэг байсан юм. Би чамд хангалттай боломж, эрх мэдэл өгсөн . . .
- Бас цалин өгсөн гээд битгий хэлчихээрээ дээ
- Хэлсэн ч яадаг юм. Чи энэ компаниас цалин авч байгаа чинь худлаа юу?
- Үгүй ерөө! Больчихоо, больчих. Чи тэр чаддаг, мэддэг хүнээ олж ажиллуулдаг юм байгаа биз. Би зүгээр гэртээ хэвтэж байх минь . . . аав нь хариу дуугарсангүй.
“Тэгээсэй” гэж хүү дотроо бодсон ч хэзээ ч тэгэхгүйг нь мэднэ. Аав ээж хоёр нь хэсэг чимээгүй боллоо. Машинд дахиад л нам гүм. Машин ямар ч дуу чимээгүй гулсах мэт давхина. Хүүгийн харц цонхоор ширтсэн чигтээ хөдөлсөнгүй. Хамраас нь юу ч гоожоогүй хирнээ яагаад ч юм нусаа татмаар санагдсан ч татсангүй. Ийм үед тэдний анхаарлыг өөр дээрээ татахыг хүү хүссэнгүй. Тэгтэл дахиад л нам гүмийг эвдэж ээж нь
- Би чамд энэ шинэ салбарт ямар нэгэн буруу юм болоод байнаа, аягүй бол шалгалт ч орж магадгүй байна шүү гэж сарын өмнө хэлсэн ш дээ гэж хэлээд дуу нь аажууран чимээгүй болов. Ээжийгээ уйлж байгааг хүү мэдэрч байлаа. Дахиад л хэсэг чимээгүй ноёлов. Аав нь урдах замаа гөлөрч, ээж нь хажуугийнхаа цонхоор жишүү харан суужээ. Том нарны шил зүүсэн тул царай нь чухам ямархуу янзтай байгаа нь мэдэгдэхгүй ч гартаа барьсан алчуураар ойр ойрхон хамраа шудрахыг хүү цонхоор ширтэж яваа хэр нь мэдэрч байв.
“Сургуульд ороогүй байхад л ээж аав нь их сайхан байж дээ” гэж Цахиурт бодогддог юм. Аав нь хааяа нэг их дээр өргөөд л үнсэнэ. Ээж нь юм л бол миний хүү тэгэх үү, ингэх үү гэж ээжийн зөөлөн дуугаар асуудаг байсан санагдана. Хүүг томрох тусам, анги дэвших бүр тэр ойр дотно харьцаа алсран холдсоор ердөө гурав дөрөвхөн жилийн дараа гэхэд бүр байхгүй болсон гэхэд болно. Магадгүй, хүү бага байсан болохоор ээж аав хоёрынхоо харьцааг төдийлөн анзаардаггүй байсан байж ч болох юм. Үсэглэлийн баяраар аав нь хүүдээ плэйстэйшн (playstation) авч өгсөн. Түүний дараах төрсөн өдрөөр нь Вий (Wii), за тэгээд л Канон (Canon) зургийн аппарат, видео камер, харин өнгөрсөн жил Айя пад (Ipad) авч өгсөн. Түүнд дутуу юм гэж үгүй. Одоо цагт хүүхдэд байтугай зарим томчуулын хүсэл мөрөөдөл болсон бүхэн бий.
Хүү аав ээж хоёроосоо хаашаа явж байгаагаа асуух гэснээ болив. Бодвол өнөөх ажил руугаа л биз гэж гадарлана. Тэгээд ч ийм үедээ тэд ямар хүүтэйгээ дуугарах биш. Гэтэл тэдний баруун гар талаар нэг жижигхэн шар такси юу юугүй наалдчих нь уу гэлтэй шахаж ирснээ нэг муухай сигналдаад давхиж одов. Аав нь нэг их цочиж жолоогоо нөгөө эгнээ рүү дараад эгээтэй л машин шүргэчихсэнгүй. Аав ч гэлтгүй бүгд цочив.
- Өө, муу новш! гэж хараагаад таксины араас гишгэлээ.
- Яахнав ээ, боль л доо гэж ээжийг хэлэхэд
- Чи дуугай бай гэж аав нь нэг муухай орилоод
- Энэ муу одоо юу вэ зүгээр, нэг муу төмрийн сэг уначихаад дайрчих юм байна л даа гэж шүдэн завсраа сийгүүлэх мөртөө оголхийн давхиад шар таксины хажуугаар орж хашлага уруу шахав. Шар таксины тоормос нэг муухай чахарч, тэдний машиныг эгээтэй л мөргөчихсөнгүй мурчигнаж ирээд арай гэж зогслоо. Аав нь хажуу толиндоо нэг хараад бах нь ханав бололтой цааш хурдлан давхив. Таксины жолооч сандарсан байдалтай бууж тэдний араас ямар нэгэн юм амандаа үглэн машинаа урдаас нь хараад үлдэхийг Цахиур хүү харсан хэдий ч сэтгэл нь тэгтлээ их хөдөлсөнгүй.
- Чи юунд ингэж байдаг юм бэ? Аваар осол болвол яах юм? Би ч яахав, энэ хүүхэд айчихлаа.
- Муусайн юмнууд хэн нь хэн бэ гэдгээ мэдэж аваг гэснээ эргэж хараад
- Чи наад цонхонд нүүрээ битгий наагаад бай. Наадахыг чинь өчигдөрхөн угаалгасан юм гэж юунд ч юм бухимдсан бухимдлаа гаргах шалтаг олсон мэт хашгирлаа. Хүү цонхноос нүүрээ авсан хэдий ч аав руугаа бас л харсангүй.
- Чи одоо хэнд уурласан уураа хүүхдэд гаргаад байгаа юм бэ? гэж ээжийг нь хэлэхэд
- Чамд . . .чамд . . . чамд уур хүрээд байна мэдэв үү гэж хоёр гараараа жолоогоо балбаад
- Би тэр салбарыг нээх гэж энэ хэдэн дарга нарын бөгсийг долоох шахаж явах. Гэтэл чи түүнийг өөд нь татаад авахын оронд тийм ч юм болсонгүй, ийм ч юм нь болохгүй нь гэж шалчигнаад байхаар яаж бидний ажил урагшлах юм? Арчаагүй юмнууд . . . гэж уурслаа. Энэ хэрүүл нилээн эртнээс дэгдсэн нь илт. Тэд дахин дуугаа хураасан хэдий ч ямар нэгэн шалтаг гарвал дахиад сэдрэхэд бэлэн байгаа бололтой амьсгаа дээртэйхэн явцгаав.
- За, за одоо больё доо. Угаасаа тэр нэг салбагнаад байгаа нөхөр үдээс хойш ирнэ гэсэн тэгэхээр нь дахиж нэг сайн яриад тохирохыг бодъё, тэгэх үү? гэж ээж нь ашгүй нэг аядуухан дуугарав. Аав нь хариулсангүй.
Тэд явсаар аавын компани дээр ирлээ. Үүдний жижүүр тэднийг харуутаа хүндэтгэлтэйгээр босож өнгөрүүлэв. Тэд цахилгаан шатаар дээшиллээ. Хамгийн дээр нь аавынх нь өрөө бий. Аавын үүдний өрөөнд суудаг эгч
- Захирлаа! Таны дуудсан хүмүүс уулзалтын өрөөнд хүлээж байна. Арван таван цагт яамны хяналтын байцаагч ирнэ гэсэн гэж хурдхан дуржигнуулав. Аав нь хариу хэлэлгүй толгой дохин өрөөндөө ороод
- Цахиураа! Хичээлээ хийгээд сууж бай. Харин чи надтай хамт яваарай гэж ээжид нь хэлээд гарцгаалаа.
Хүүг гэрт харах хүнгүй тул аавынхаа өрөөнд тэднийг хүлээж хугас өдрийг өнгөрөөдөг юм. Заримдаа бүр оройтох ч үе гарна. Аавыг гарангуут хүү шилэн савнаас аяга ус хийж аваад, сурснаараа цонхон дээр очлоо. Энэ цонхоор хоёр орон сууцны байшин бас цаана нь нэгэн сургууль бололтой цагаан байшин тэртээ доор хараагддаг юм. Хүүг харах үеэр тэр сургуулийн хичээл тарж буй бололтой хүүхдүүд гадаа нь нэг хэсэг бужигнаж байснаа гэнэтхэн асгасан будаа шиг зүг бүр тийш таран одох нь тэртээ дээрээс Цахиурт ихэд сонин харагдана. Харин өнөөх хоёр байрны хүүхдүүд байрныхаа гадна ирээд шууд гэртээ орно гэж бараг үгүй. Эмэгтэйчүүд нь шохойгоор ямар нэгэн дөрвөлжин зурж дээр нь дэвхцэнэ. Арай томовтор банди нар сагсны талбайд бөмбөг тоглоно. Хэдэн бээвийсэн хөгшин нар даган бумбаралдан сууцгаана. Тэднийг харж суухад тэр хоёр байрныхан харь холынх юм шиг хирнээ сэтгэлд нэг тийм дулаан санагдана. Харин Цахиурынх бол хаусанд (house) амьдардаг тул эргэн тойронд нь ийм олон хүүхэд байхгүй. Хажуу айлын ганц нэг хөгшин байх авч Цахиур хүүтэй тэр болгон ярина гэж юу байхав. Цахиурын гадаа тоглох гэдэг бол хашааныхаа буланд аав нь хэзээ ч билээ асгаж өгсөн элсийг хэд самарсан болчихоод өөр хийх юм байхгүй. Тэгэсгээд л орно. Нам гүм, чив чимээгүй тул тэнд тоглоод байх ч сонирхол байдаггүй юм.
Цахиур тэднийг харж суухдаа цаг хугацааг үл мэдрэнэ. Нэг л мэдэхэд нар ташиж хөгшчүүд болон багачуул нь уван цуван орсоор хэдэн ах нар л бөмбөг шидэн үлдэнэ. Аав ээж хоёр нь өдий болтол алга л байна. Энэ үеэс эхлэн Цахиур хичээл хийх ёстойгоо санан нэг их сүрхий санаа алдаад хар савхин гадартай буйданд суун хичээлээ гаргана. Төдхөн үүдэнд суудаг эгч шагайгаад
- Хүүе! Миний дүү гэрлээ асаахгүй, харж байгаа юм уу? гэж саймширан гэрлийг асааж өгөх боловч хүү хариу эс дуугарна. Сайндаа ч биш. Тэр явах гэж байгаа юм. Явахаасаа өмнө заавал өрөөг тойруулан шагайж хардаг зантай. Хүү түүнийг андахгүй.
Аав ээж хоёр ирэх болоогүй л байгаа. Гэрээсээ айя пад-аа авч гарсан бол хэсэг тоглох байлаа. Даанч орхичихсон. Өглөө эрт сэрдэг тул нойр нь юу юугүй хүрээд эхэллээ. Гэсэн ч хичээлээ дуусгахгүй бол болохгүй.
“Гэдэс хонхолзож байх чинь. Өнөө орой бас л хаа нэг газар хоол идэх байх. Уг нь гэртээ, ээжээрээ хоол хийлгэж идмээр л байх юм. Даанч энэ хоёр завгүй” хэмээн бодож том буйдан дээр атирч хэвтлээ.
Нэг мэдэхэд аавынх нь чанга дуу гарч Цахиур сэрэв. Савхин буйдан тул хэвтсэн талаар нь чийгтэж хөлрөн хувцас нь биетэй нь наалдана. Дөнгөж сэрсэн болохоор чухам яг юу болоод байгааг ойлгохгүй ч осолдохгүй аавынхаа өрөөнд байгааг санан нойроо сэргээх гэсэн үү яасан өнөөх цонхруугаа очлоо. Нар аль хэдийнээ шингэж, харуй бүрий залгаад хот тэр чигтээ гэрлээ асаасан нь өндөр дээрээс аятайхан ч юм шиг харагдавч хүүд тийм ч сэтгэл хөдөлхөөр байсангүй. Харин ч бүр уйтай ч юм шиг. Өнөө сургууль, орон сууцны байр бүдэг бадагхан харагдавч, тэнд хүн амьдардаг шинжгүй болтлоо нам жим болжээ.
Ээж нь нэг танихгүй хүн дагуулсаар орж ирэв. Хүү тэдэн рүү харсангүй. Аав нь
- Алив хөгшөөн, цаана чинь уух юм . . . гээд үгээ таслахад ээж нь санаа авах мэт
- Өө, тийм л дээ, тэгэлгүй яахав. Та юу уумаар байна гэж үл таних хүнээс асуухад
- Халуун юм байвал . . . хүнд хоолны дараа . . . гэхэд ээж нь
- За арай ч үгүй байлгүй дээ. Хүнд хоолны дараа харин ч бүр хатуу юм нь зүгээр биз дээ. Айн? гэж ааваас нь ч юмуу, эсвэл нөгөө ахаас ч юм уу аль нь мэдэгдэхгүй асуухад аав нь
- Хатуу нь зүгээр л дээ хө гэж дэмжинэ. Үл таних ах дуугарсангүй. Энэ бүх яриа харанхуй цонхоор харж зогсоо Цахиурын ард сонсогдоно. Аав ээж хоёр нь бас ч гэж дотроо халаасан бололтой. Түрүүнийхийг бодвол сайхан зантай байцгаав. Уг нь хүү ээж дээрээ очвол “Өө миний хүү гээд үнсэнэ. Аав нь нөгөө ахад энэ миний хүү гэж танилцуулна. Магадгүй тэр танихгүй ах ч гэсэн ямар нэгэн сайшаалын үг хэлж үнсэх гэнэ” гэдгийг, ер нь иймэрхүү үедээ тэд сайхан ааштай байдгийг сайн мэдэж байгаа. Гэхдээ хүү тэгэхийг хүссэнгүй. Яг хүсэх юм бол хүү бүр жаахан байсан шигээ жинхэнээсээ ээжийнхээ энгэрт нүүрээ нааж өөр хаана ч байдаггүй тэр үнэрийг үнэртэхийг, аавынхаа мөрөн дээр сууж, жинхэнээсээ ход, ход инээхийг хүсдэг юм. Бүр гэдийж ирээд л инээхээр нүүрэн дээр нь нар тусаад найтаалгаж орхидогсон. Хамраас нь нус сугарч, ээж нь шоолоод л . . . Даанч тийм үе дахиад ирэхгүйгээр хаашаа ч юм одсон бололтой. Аавынх нь дуу түүний бодлыг сарниаж
- Би бол вискинээс татгалзахгүй. Та ч гэсэн арай надад хань болохгүй гэж хэлэхгүй байлгүй дээ гээд завжаараа инээнэ. Үл таних ах
- За яахав. Яг зуун грамм л гэж хэлээд цонхны наана цаашаа хараад зогсож байсан хүүг гэнэтхэн хараад цочив уу гэлтэй өнгөөр
- Хүүе! Энэ чинь хүүхэд . . . Үгүй ээ энэ хаанаас гараад ирэвээ? Энд ганцаараа байсан хэрэг үү? гэж цочсоноо дарсан ч гайхсанаа нуусангүй
- Өө, тийм. Энэ манай хүү Цахиур. Алив энэ ахтайгаа танилц гэхэд хүү үл таних ахад гараа өгөөд
- Цахиур гэж нэрээ хэлсэн нь сургууль тарснаас хойш хэлсэн ганц үг нь байв. Үл таних хүн хүүтэй гар барьсан авч гайхширсан харцаар ширтсээр ажээ. Ээж нь
- Бид хоёр ажил, ажил гэсээр муу хүүдээ ч анхаарал тавьж чадахгүй юм гэхэд аав нь
- Зүгээрээ! Энэ компаний ирээдүйн эзэн. Одооноос юм үзэж л байг гэж сэтгэл хангалуун гэхээсээ илүүтэй бардам өнгөөр хэллээ. Үл таних хүнд хэлэх үг олдохгүй байгаа бололтой хий дэмий л
- Аа, мөн мундаг хүү юм. Өдий багаасаа . . . гээд магтаал нь нэг л утгагүй болсон уу вискигээ татчихаад
- Пүү! Хатуу хайрхан байхчив ээ. За тэгээд та хоёр материалаа маргаашнаас . . . гээд үгээ тасалтал ээж нь
- Өө, би нээрээ мартамхай амьтан юмаа. Юун маргааш гэж одоо өгөөд явуулчихъя. Тэгэх үү? гэж ааваас нь асуух аятай хэлэхэд аав нь
- Тэгэлгүй яахав. Бас талархаснаа илэрхийлэх хэрэгтэй. Бид чинь соёлт нийгмийн хүмүүс шүү дээ гэж нухацтай хэлэхэд
- За тэр яахав. Болох юм болох л байлгүй. Аягүй бол танай өрөөгөөр орсон, гарсан гээд маргаашийн сонингоор дүүрсэн байж мэднэ шүү гэсэн хүүд үл ойлгогдох юм ярьсаар, ээжийнх нь өгсөн дугтуйтайг аван гарч одлоо. Ээж нь хаалгаа хаагаад
- За ингээд болох шив. Миний өвгөн ч мундаг шүү гээд аавыг нь үнслээ. Хүү тэднийг харахыг хүссэнгүй тул өнөөх л цонх руугаа эргэн очив. Аав нь
- Би л оролцож байж нэг юм болгох юм гэж тунирхуу ч юм шиг өнгөөр хэлээд хүүгийнхээ дэргэд ирлээ. Ээж нь гэнэтхэн санав гэлтэй
- Өө, миний хүү! Энэ хоолыг идчих. Ээж нь түрүүн авсан юм гэж хэлэхэд хүүгийн толгойд цагаан өнгийн нэг удаагийн сав зурсхийхэд яагаад ч юм идэх дур төрсөнгүй. Бас хариу ч хэлсэнгүй.
Одоо хотын гэрэл улам бүр тодорчээ. Тэртээ доорх замын нэг талаар нь улаан, нөгөө талаар шар өнгийн гэрлүүд юунд ч юм туугдсан мэт нааш, цааш урсана. Аав нь хүүгийнхээ турьхан мөрөн дээр том алгаа тавьж
- Миний хүү, аав нь яагаад оофийсоо (Office) ийм өндөрт байлгадгийг чи мэдэх үү?
Цахиур дуугарсангүй.
- Яагаад гэвэл аав нь хамгийн дээр нь байх дуртай. Зөвхөн байшингийн ч биш бүхний дээр. Ажил төрөл, бизнес, өнөө цагийн нийгмийн хамгийн өндөрт байх дуртай. Бүхнийг доороо байлгах хэрэгтэй. Яг л тэртээ доор харагдаж байгаа машинууд шиг. Тэд одоо яг тоглоом шиг харагдаж байгаа биз дээ?
Хүү бас л дуугарсангүй. Аав нь хүүгээсээ хариу шаардахгүйгээр өөрөө өөртөө ярьсаар байх бөгөөд түүний амьсгаанаас гарсан вискины үнэр цонхонд ойн хүүд үнэртэнэ.
- Тийм жижигхэн юмнуудаар тоглох л хэрэгтэй. Бодвол доорх машинуудыг хэлж байгаа бололтой.
- Хүн өөрөө ямар сэтгэл зүрхтэй байнав тэр дүрдээ л тоглодог. Тэгэхээр аливаад гол дүр байхын тулд замдаа тааралдсан болгоныг . . . гэснээ сая нэг сэхээ авав уу гэлтэй дуугаа татав. Хүү хэсэг дуугүй байснаа
- Ааваа . . . тэнд нэг сургууль байдгийн гэж турьгүйхэн хэлэхэд аав нь
- Тэр чинь борчуудын сургуулиа миний хүү гэлээ. Хүү тэгтлээ сайн ухаж ойлгосонгүй.
- Наана нь бас хоёр байр бий. Гадаа нь хүүхдүүд үргэлж тоглож байдаг юм.
- Тэд тоглож, инээж хөхөрч, идэж, ууж, унтаж, зүүдэлж байвал л болоо. Харин тэд сэрж сэхээрч болохгүй. Тэдэнд тийм их ухаан хэрэггүй. Тэд өөрсдөөрөө . . . харин бид тэднээр тоглох ёстой юм шүү дээ гэж хүүдээ гэхээсээ илүүтэй өөртэйгөө ярьж буй мэт хүүрнэхдээ нүдэнд нь ер бусын ад гялалзахыг хүү харсан бол аав ямар нэг юманд уурлаж дээ гэж бодохоор байлаа.
- Миний хүү сонсож байна уу? гэж ээж нь хажуугаас нь хүүгээ анхаарч байна уу гэхээсээ илүү аавыг нь дэмжиж байгаа өнгөөр асуулаа. Хүү цонхоор ширтсэн чигтээ толгой дохив.
- Аав нь энэ гэрийн эзэн шүү дээ. Тэгэхээр аавын хэлсэн үг бол хууль л гэсэн үг гэж ээжийгээ хэлэхэд “Энэ бол та хоёрын ажлын газар болохоос манай гэр биш” гэж хүү бодно.
Нээрээ л тэртээ доор яваа машинууд их жижигхэн тоглоом шиг харагдана. Түүнийг жолоодож яваа хүмүүс ч тэр, түрүүний хүүхдүүд ч тэр бүгд тоглоомон хүмүүс байж болох л юм. Тоглоом гэснээс бөмбөгтэй болдог юм билүү. Уг нь аавдаа хэлвэл ч аваад л өгөх байх л даа. Харин бөмбөгийг ганцаараа тоглох хичнээн уйтай . . .

Түмэнбаярын Бум-Эрдэнэ. 2011.04.19 УБ хот
Бүрэн эхээрээ...

Зохиолч Доржзовдын Энхболд: "Тавын даваа"

3 Сэтгэгдэлүүд:

Би өөрийнхөө блогт нэг ийм "ЮМТАЙ БҮТЭЭЛҮҮД" гэсэн булан нээхээр шийдлээ. Энэ буландаа энд тэндээс уншихад өөрийн сэтгэлийг хөндсөн зохиол бүтээлүүдийг оруулах санаатай байна. (Зөвхөн өөрийнхөө сэтгэлийг яг тэр үед хөндсөн гэсэн шалгуураар. Магадгүй дараа нь уншихад тийм биш байсан ч хамаагүй.) Түүнээс биш онолын болоод танилын үзүүлэлт хамаарахгүй юм. Мэдээж хаанаас авсан эх сурвалжаа байнга оруулах болно. Харин яг зохиолчоос нь зөвшөөрөл авч чадаагүй тохиолдолд уучлалт хүсмээр байна.

Зэндмэнээс Бөхбат гурав дүү юм. Тийм атал Бөхбатыг арслаан гээд хүндэтгэж харьцана. Бөхбат анхандаа дургүйцэж
-Хн. Юун ч нялуун юм билээ дээ. Адилхан л арслан байж гээд цээжээ түхэлзүүлэхэд Зэндмэнэ учирлаж
-Яалаа гэж чи бол бүхэл бүтэн аймагт гурав түрүүлсэн арслан, харин би бол нэг цэргийн ангийн л арслан шүү дээ. Юманд чинь эрэмбэ, зэрэг дэв гэж нэг лут юм байдаг юм гэж учирласаар байгаад Бөхбатыг эрэмбэнд нь сүрхий дасгаж айлд орсон ч Зэндмэний хажуугаар өнгөрөөд хойморт нь суучихдаг, байрандаа хоол хош бэлтгэхэд хэнэггүйхэн сууж байгаад хоол болсон хойно дээжийг нь тэгэх л ёстой юм гэсэн шиг гарддаг болгочихжээ. Төгсөх жилийнхээ өвөл Зэндмэнэ гэрлэж Дамбадаржаад хашаа байшинтай болоход хоёул байрнаасаа гарч Дэлгэрмаагийн гарын хоол цайны амтанд нэг л хүн мэт сүжрэн автавЗэндмэнэ сүүлийн дөрвөн жил, харин Бөхбат гурван жил дараалан дөрөв давцгаасан атал начны босгыг л алхаж чадахгүй байлаа. Өнгөрсөн жилийн тавын даваанд нэгийг нь босоо аварга, нөгөөг нь энэ аварга л хэлтийлгэдэг арслан хоёр амлаж яаж ч болсонгүй. Хоёр найз санаа алдан өмсгөлөө цүнхлэж үүрээд үзэгчдийн суудалд урам муутайхан ирцгээтэл Дэлгэрмаа минчийтэл уурлаж
-Үгүй ерөө. Аваргад одоо миний нөхрөөс өөр давчихмаар бөх үлдээгүй юм байхдаа гэж шилбэлзэв. Зэндмэнэ хавийн улсаас санаа нь зовж баривгар хоёр гарынхаа алганд шөмбөн цагаан хуруунуудтай хөөрхөн гарыг нь хавчуулаад илэнгээ
-Дэмбээ минь тэгж болдоггүй юм. Аяар гэм хэмээн аргадаж харин Бөхбатын хамар сарталзан
-За яахав. Наадам ганц биш гэж Дэлгэрмааг тайвшруулж билээ. Бөхбатын багад аав нь нэрийнх нь утгыг уйгагүй тайлбарлаж өгдөг байв.
-За миний хүүгийн нэр их учиртай. Эхний үе нь бөхийн бөх юм шүү дээ. Аав нь хүүгээ сайн бөх болоосой гэхдээ ингэж нэрлэсэн юм. Бат гэдэг нь Мөнхбат аваргын нэрийн арын хэсэг. Аварга хүн гэдэг цаст цагаан уул шиг сүрлэг, ариун дагшин амьтан байдаг юм. Хүүдээ аав нь аваргын нэрийн эхний үеийг өгчихвөл хүнддэнэ гэж бодсон юм даа. Ингээд миний хүүгийн нэр чинь авсан цолоо бөх бат хадгалаж ахиулж дэвжээж яв гэсэн утгатай юм шүү гэдэгсэн. Өөрөө бол сумын наадамд дархан хоёр даваад гурвын даваанд ёс шиг л унана. Наадмын өглөө хорхогныхоо ямааг гаргаж янзалчихаад шуудгаа өмсөж далбаагаа зоон дээгүүрээ бүслээд дээгүүр нь тэрлэгээ хэлхэндэг нөмөрч сулхан бүслүүт гэрээ гурав тойрч гороолоод наадмын талбайг зорино. Жилийн жилд ингэдэг байв. Нэгийн даваанд оногдох сургуулийн хүүхдийг эвтэйхэн өргөж тавиад, хоёрын давааны оноолт залуучуудтай хөөцөлдөн явж даваад их л амьсгаа дээр хөлийн асарт ирнэ. Заримдаа нөгөө залуучуудад хөлөө алдаад юм уу, дэгээ ороолгоод ээжийг нь балбагануулж орхино. Гэвч давнаа. Харин гуравын давааны босгоор л аав нь үнэхээр давж орж үзээгүй билээ. Гэвч гутрахгүй. Миний үзээгүйг миний хүү үзнээ гэдэгсэн. Үнэхээр ч тийм юм болсон. Долоодугаар анги төгссөн зунаа Бөхбат сумын наадмын аманд гарч нэгийн даваанд гуравдугаар бригадын Зулзага гэдэг цулцгар хүнтэй таарч хав барьцнаас жоохон зайлаа оруулаад тойгдчихсон чинь Зулзага гуай цулцгас хийтэл өвдөглөн сууж наадамчид түрхрэлдээд л явчихав. Дуучин хүнд алга ташилт яаж сонсогддогийг Бөхбат мэдэхгүй. Гэхдээ л олон хүн алгаа зэрэг зэрэг таших нь тун сүрлэг сайхан санагдаад л дахиж дуулдаг байх. Харин бөх хүнд наадамчдын тэрхүү нирхийсэн түрхрэлт нь бөөн баяр, дахиж давах урам өгдөгийг анх тэгж мэдсэн. Хоёрын даваанд зэргэлдээ сумын начинтай цаг шахуу ноцолдож баруун тахимдаж хөөгөөд давсанд сумын наадмын дэвжээ нисэх адил болж хөөрч догдолсон наадамчид дэрхийгээд босоод ирэх нь тэр. Тэр зун сумынхаа наадмыг Бөхбат ийнхүү бөөн хөөр хөөрцөг болгож даваа бүртээ наадамчдын хоолойг нь сөөтөл орилуулж дэвхцүүлсээр үзүүрт хүрэв. Аймгийн арслан хурц Жамбаа хэмээх хижээлдүү бөхтэй үзүүр түрүү булаалдахаар гарахад сумынх нь бүх л уулс өндөлзөж байх шиг санагдсан юмдаг. Харин Жамбаа арслан хүүд урам өгөе гэсэн үү яасан нэг их хүчилж барилдсангүй. Бөхбат ч түүртэлгүй давж сумандаа анх удаа арван тавтай хүү төрүүлэхэд аав нь замдаа таварцаглан бүдчиж унасаар гүйн ирж үнсээд
-Миний хүү түрүүлчихлээ. . . Миний хүү түрүүлчихлээ гээд л нулимсаа ч арчихаа мартчихсан дэвхцээд байж билээ. Есдүгээр анги төгссөн зунаа аймагтаа барилдаж гурав даваад ирэхэд аав нь сумынхнаа цуглуулчихсан
-Миний сумандаа даваагүй давааг хүү минь аймагт давчихаад ирлээ гээд л хөөрч ээж нь -Ишш . . . Миний муу тонтгор хүү овоодоо гэснээс хойш тонтгор Бөхөө гэдэг нэртэй болж өдий хүртэл тэр л нэрээрээ барилдаж яваа билээ. Зарим заалны барилдаанд бөх тайлбарлагч
-Ховд аймгийн харъяат тонтгор хэмээгч Бөхбат арслан гурав давлаа гэж ирээд л чанга яригчаар зарлаж эгдүүг нь хүргэнэ. Гэвч сүүл сүүлдээ энэ нэрэндээ дасаж найз нөхөд нь
-Тонтгороо гэж дуудахад
-Өөв гэдэг болжээ. Наадмын дөрвийн даваанд Бөхбатыг ид барилдаж яваа гарди, харин Зэндмэнийг харимал заан амлажээ.
-Чи ноолуур гаргаагүй гээд гүрийгээд байсан гаргасан л байна шүү дээ заанд хэдийг өгөв аан.
-Золигтолгүй яаж барилдахаа л бод. Тэр харав уу, гарди чам руу хялайж байна.
-Би ч ингээд өнгөрөв бололтой. За өвгөн минь чи л хичээдэг юм шүү.
-Шүдээ зуу. Хагарчихгүй. Гарди эцгийг чинь яалаа. Новшид унаж шившиг болов. Зэндмэнэ шүднийхээ завсраар сийгүүлэн занах мэт ийн хэлчихээд цааш эргэж хоёр гуяа тасхийтэл алгадлаа. Бөхбат ч шүдээ зуумагц хоёр гуяа чимчигнэн хорсож улаа бутартал хэд сайн алгадаж, шавмагц талбайн гол руу бугуйл аван зүтгэх хангал ат шиг шуугин очиж гардийн өөдөөс өрмөгц
-Чи миний аавыг алж, аймгийг талсан байхаа гэж бодоод шүдээ зуухад салхитай өдрийн яндан шиг чихарч байв. Очсон эрчээрээ гардийг барьж авах гэж хэд хэд ноцоод чадсангүй. Гарди түүний нүд рүү харсанаа харцнаас нь дальдчиж цочоод цаашаа эргэж, элэг бүсээ султган, гутлынхаа ногтоор оролдов. Хашир гарди Бөхбатын яахаас ч буцахгүй, юү ч хийж мэдэхээр осолтой болчихсоныг анзааруут тайвшруулж нозооруулахаар шийджээ. Хэсэг амсхийгээд дахин өрлөө. Бөхбатад гардийн зүүн хөл л харагдана. Хэдий ойрхон харагдаад байгаа ч түүнд хүрч шүүрнэ гэдэг явгаар Ховд орохын дайтай гэдгийг мэднэ. Шүүрч өргөлөө ч нарийсгаж гаргаж ирээд хаяна гэдэг ачаатай гуч машин өргөхөөс ч амаргүй гэдгийг бас гадарлана. Гэсэн ч тэр хөлөөс өөр юү ч харагдахаа өнгөрчээ. Гамингийн тагнуул. . . Гамингийн тагнуул. . . Чамайг хаяна. . . Чамайг хаяна. . . түүнийг сэтгэлдээ ийнхүү шившин мөнөөх хөлийг шүүрэх гэж элдэж явтал гарди юм хэлээд байх шиг болж сая л наадмын дэвжээнд байгаагаа анзаарав.
-Аан. . .
-Элэг бүсээ чангал.
-Аа энэ яахав. . .
-Чангал гэж байна шүү чамайг. . . Бөхбат эрэмбээ гэнэт ухаарч нэг муухан мушийсгээд элэг бүсээ тайлж далбаагаа хэд сэвээд бүсэллээ.
-Цаад хоёрыг чинь жаахан харъя. Түүний үгэнд орохоос өөр яахав. Зэндмэнэ ойр хавьд харагдсангүй. Талбайг тойруулан харцаараа нэгжтэл талбайн зүүн урд захад өвгөн зааны эгэмийг түшчихсэн зогсохыг хараад
-Унтаж хэвтэж өвгөнд бусгуулчих вийдээ гэж бодов. Харин Зэндмэнэ алин цагийн зодог тайлах болчихсон өвгөн заан ямар бодолтой өөрийг нь авсаны учрыг олохгүй тэвдэж байлаа. Настай хүнд хөөгдөөд дэгдээд явах нэг хэцүү.
-Ишш тэр нэг ядарсан юмны яваа царайг гээд л цэнгэлдэх даяар хашгирч орилолдоод сүйд болно. Бас хөөгөөд явах нэг хэцүү. Харимал бөх дээрэлхлээ гэх бол энүүхэнд. Яагаад ч юм түүнд барьц их л элбэг олдож байлаа. Зүүн гарыг нь атгаад урдуураа таллаад гүйлгэчихьюү гэж нэг бодсоноо өвгөн хүнд бяр гаргаж онгирлоо гээд дээд цолтнуудаас эхлээд л эвгүйцээд унана гэж хаширлаад алгуурхан золгосонд заан өөдөөс нь хавтай сайхан бариад авч байна. Ингээд хоёул эгэмээ түшин хэсэг зогсов. Удвал осолтой. Энэ хоёр мөнгөн дээрээ л тохирохгүй байна гэж наадамчид хардана. Түргэн хаячихаар
-Тэгэлгүйдээ найрааны улс гэцгээнэ. Гэтэл Бөхөө тэр хоёр үнэн сайхан барилдаад тэр цол молонд нь хүрвэл хүрье. Хүрэхгүй бол яахав дээ. Улсынхаа наадмын дэвжээнд хэдэн жил сайхан барилдчихая. Энэ ногоон торгон дэвжээн дээр хүссэн аавын хүү гардаг ч юм биш. Ингээд барилдаж явна гэдэг том хувь заяа гэж бат нот шийдэцгээсэн байлаа. Нөгөөтэйгүүр тэр найраанд оролцох мөнгө нь ч үнэндээ байсангүй. Иймээс л аль нэг аймгийнхны юм уу, аваргын найраанд оролцож хоёр гурав даваад хэдэн төгрөг өвөрлөчихдөг өвгөн заан нэг ч төгрөггүй түүнийг амласанд гайхаад байлаа. Одоо л нэг юм хэлэх нь дээ гээд хүлээтэл таг дуугүй.
-За дүү хүү гээд л яриад эхэлдэг юм бол чимээгүйхэн сонсож байгаад зэгсэн чанга гуядах юм шүү гэж бодож явсанаа барьцаа ахиулж шахаж татаад өргөсөнд заан жижигхэн бухал сэрээдсэн аятай сэвхийгээд гараад ирэв. Нуруугаар нь наадмынхаа торгон ногоон зүлгийг илэх мэт зөөлхөн тавьлаа. Тахимаа авахад заан магнай дээр нь үнэсээд
-Дэмүүл арслангийнхаа энтэй барилдаж яваарай хүү минь гэж ерөөлөө.
-Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харъяат цэргийн арслан Зэндмэнэ улсын заан Хүдэрсайхàнаар дөрөв давлаа. Сүүлийн үед начин цол гарцаагүй хүртэх бөх хэмээн наадамчин олны тааварт тогтмол орж байгаа арслан маань улсынхаа их баяр наадамд тавдахиа дөрөв давлаа гээд л цэнгэлдэхийн цагаан хоолойгоор хангинахыг сонсож Бөхбатын цээж тэнийгээд
-За ашгүй гэж бодов. Түүний харцны өнөөх хурц омог дарагдсаныг хяламхийн харчихаад гарди ч барилдахаар өрлөө. Түрүүхэн л жигтэйхэн ойрхон харагдаад байсан өнөө хөл одоо бол хүрэхийн эцэсгүй хол харагдаж гарди элдэж Бөхбат ухарч эхэллээ.
-Та миний аавыг аллуу. . . Бишээ болохгүй нь. . . За байз чи тагнуул билүү бас л бишээ гэж бодон бодон гардид шахуулж элдүүлсээр гүйх тооны зугатлаа. Өмнөөс нь нөрүүхэн өрөөд шалмаг элдэж байгаа гардид үнэхээр хүрэх газар алга. Тэр хаанаас нь ч барьц олдомгүй мулцгар, даагдашгүй том хар бул чулуу шиг санагдаж эхлэв. Нүднийх нь харц дөлгөөн тайван боловч шургуу, даваа нэхсэн хатуу итгэлтэй, хүүхдийг нидрээд өнгөрнө дөө гэсэн бардам шинжтэй.
-Хөөш. . . Чи зүгээр барилдаач. Зугатаад хаа хүрэх юм гэж үе үе сийгүүлэн шивнээд шанаа түүшин нь гүвэлзэж уцаарлах шинжтэй элдэнэ. Бөхбат дэмий л “Хөлд чулуу тээгэлдэггүй л юм бол баригдахгүй дээ” гэж бодон зугатлаа. Гарди нилээн удаа хөөгөөд “Энэ муу хаачдаг юм” гэсэн шинжтэй талбайн гол руу ихэмсэг нь аргагүй тайван эргэв. Бөхбат араас нь “Тайвшир. . . Тайвшир. Бодлоо төвлөрүүл. Чи хаях ёстой. Чи хаяна. Үхсэн хойноо гарди гэдэг чинь тавхан үсэг өөр юү ч биш “ хэмээн гардийн хурц цэнхэр далбааны гол дахь ланзан хээг ширтэн бодож явлаа. Гэвч бодол санаа нь хүссэнийх нь зоргоор төвлөрч өгсөнгүй. Гардид элдүүлж ухарч гүйсээр байтал талбайд хэдүүлхнээ үлдлээ. Цэнгэлдэх ч хоосорч наадамчид тавын давааны өмнө амжиж хоол эргүүлдэхээр гадаалав бололтой. Хөлийн цэц хав барилдуулах цаг болсон гээд шодсонд Бөхбатын тал таарч тэнгэр намайг тэтгэлээ гэж бодоод барьц авлаа. Гэвч гардийг кранаар өргөсөн ч даагдахгүй шинжтэй. Бөхбатын сэтгэл одоо бүр түгшиж юун өнөө жил босгоор нь гарцаагүй давж орно хэмээн бат итгэж цээжинд нь өлхөн багтаад байсан тавын даваа байхав. Түүний наана дөрвийн даваа давшгүй өндөр уул болон хөндөлсөж, өөрийнх нь талаар золгосондоо баригдан түүний хийх мэхний хариуг бодон төлөвлөх гарди тэр уулыг давах ганцхан жимийг бөглөсөн бул хар чулуу шиг санагдан хөлс нь чийхарав. Гарди түүний хөдөлгөөнийг яг анан дотроо нэгийг товлон шаасан гадас шиг зогсчээ. Эвгүй л хөдөлвөл гардид олзлогдоно. Би ч начны өмгүй ядруу бөх юм даа гэж бодтол тархи толгой нь цэлсхийн хүнд өвчинд ээрэгдэн хэвтэрт байгаа эцэг нь бодогдов. Муу аав минь насаараа л бөх ярьж, бөхөөр амьсгалаж, хирхэндээ л бас бөх явлаа. Одоо ч хажуудаа радиогоо тавьчихаад амьсгалаа түгжин чагнаж хэвтээ. Гэтэл горьдлого тээлгэсэн ганц хүү нь амьд мэнд дээр нь улсын цол хүртэж магнайг нь тэнийлгэж чадахгүй юм гэж үү. Чадахгүй байхдаа яадаг юм. Нохой долоо. Энэ ер нь юү юм. Хөлд тээгэлсэн чулуу төдий л шүү дээ. Гэтэл миний байгаа царай, иймхэн юманд тээглээд гайхаж зогсдог. Тэхгүй шүү. Гарди байтугай аварга, арслан хэн ч байсан яадаг юм. Хаяхдаа л хаяна. Сэтгэл дотроос нь нэг нооройсон муур гангинан гараад гүйчих шиг болтол бие нь хөнгөрөөд гардийн нөгөө хөл нүдэнд нь тулах шиг боллоо. Зүүн гараа суллуут зайлаад тэр хөлийг авъя гэж шийдмэгц гардийг хөдөлгөж үзвэл золгох үеийнх шиг нь хүнд нүсэр юм ердөө ч алга. Бөхбат гардийг хоёр гурван удаа шуудагнаас нь татаж шахаж хөндийрүүлээд тавихдаа зайлж тойгдоод хөлийг нь шүүрэх гэсэн авч хамрынх нь үзүүрт тулан алдаад байгаа хөл нэг л баригдаж өгсөнгүй түүний цаг дуусаж гардийн талаар золголоо. Гарди ч хөл авна. Хөл авах гээд ухасхийнгүүт нь л тонгорчихоё хэмээн анаж байтал амжсангүй. Нэг л мэдсэн гарди хөлийг нь шүүрч хөнгөхөн гаргаад элдлээ. Бөхбат ч олныг эргэцүүлж амжсангүй. Тулгуур хөл дээрээ амсхийн тогтуут шүүрүүлсэн хөлөө хүчлэн тийрч барьцыг нь сулруулаад тонгортол гарди хондлой дээр нь гараад ирэх шиг болохоор нь гялсхийтэл зайлж бухлаа. Юү юү ч болоод явчихав бүү мэд. Хөл дор нь гарди осолдохгүй л гэдэргээ харан унаж Бөхбат хүчиндээ дээгүүр нь давж харайлгав. Тэр эрчээрээ гүйж есөн хөлт цагаан сүлднийхээ өмнө очин шавж ёслоод тахимаа авахаар ирвэл гарди тун урамгүй янзтай тахимаа өгч юм ч хэлсэнгүй хөлөө чирэн хөлийн асар өөд зүглэв. Бөхбатад гэмшил баяр хоёрын аль нь түлхүү төрсөн юм бүү мэд гардийн араас харж
-Наадам ганц биш шүү дээ ах минь өршөөгөөрэй гэж сэтгэлдээ шивнүүт малгайгаа тэгшлэж есөн хөлт сүлдээ тойрон дэвлээ. Хөлийн асар руу явах замд нь Зэндмэнэ урт дээлээ хэлхэгнүүлэн гүйн ирж үнсээд
-Ёох. За ашгүй гээд захыг нь үрчийтэл мушгисан тэрлэгийг нь нөмрүүлж мөрөн дээр нь хапхийтэл алгадав. Дэлгэрмаагийн үүр цүүрээр босож хуурч хайрч гараа гаргаж хийсэн хийцтэй цайнд мах, хуушуур хөшигчин аяга дүүргэн үйгээд цайллаа. Дэлгэрмаа ч нар нь ганц гарч байх бололтой шинэ торгон тэрлэгээ шар шур дуугарган
-Алив ид уу болон дэвдэгнэнэ. Бөхбат том мөнгөн аягандахаа дуусгаад дахин мах хөшиглөх гэтэл Зэндмэнэ хориглож
-Одоо болно. Наад гэдэс гүзээ чинь цэрийгээд амьсгааг чинь боодог юм биш үү. Юм үзээгүй аятай дайраад унах чинь гэж загнаад аягыг нь хураагаад авчихлаа. Өөрөө ч нэмж юм идсэнгүй. Яг л сайхан идмээр байхад ийн аягласанд нь гомдсон Бөхбат уйлах гэж байгаа хүүхэд шиг өмийснөө юм ч хэлсэнгүй. Хамрынхаа хөлсийг шудраад буруу харлаа. Дэлгэрмаа түүнийг учиргүй өрөвдөж Зэндмэний нуруу руу хурууны үзүүрээр хатгасан авч цаадах нь хүрлийчихээд жишим ч гэсэнгүй. Ийнхүү хэрэлдчихсэн улс шиг хэсэг суув. Дэлгэрмаагийн сэтгэл салхитай өдрийн өрх шиг барьцгүй дэвэлзэн суудалдаа тогтож чадахгүй холхин
-Яанаа гоогоо. Аварга арслан хоёрын нэг авч балрах вийдээ гэж шивнэнэ. Хүзүүг нь илж өгмөөр санагдавч Зэндмэнэ наадмын өдөр иймэрхүү ааш араншинд дургүй болохоор дэмий л өвдгөө илнэ. Харин Зэндмэнэ хүү нь цол авчирч яваа гэдэг бодолдоо бат итгэсэн хэвээр суулаа. Наадмын бэлтгэл дундуур хагас өдрийн чөлөө авч хот ороод Дэлгэрмааг эхо- д харуулсанд эмч
-Танайх хүүтэй болох нь ээ гэж хэлээд магнайг нь ганц тэнийлгэсэн билээ. Тэр үгийг дуулснаас хойш хүү нь холын тээврээс ирэх жолооч шиг л цолны үнэмлэх тэмдэг хоёр барьсаар ирж яваа юм шиг совин татаад байдаг болчихжээ. Талбайд үлдсэн хоёр начин их л цуцацгаасан бололтой гараа сэгсэрцгээн хоёр биеэсээ дөлж алхана. Хэд хэдэн удаа хав золгуулаад хаялцсангүй. Барьц сонгуулах нь дамжиггүй. Наадамчид гаднаас уван цуван орж ирсээр цэнгэлдэх зугуухан дүүрч эхлэв. Зэндмэнэ Бөхбатын далан дээр зөөлхөн алгадаад
-Явъя гэлээ. Бөхбат ухасхийн босов. Бөхчүүдийн суудал руу эртхэн очсон нь дээр. Наадамчид хэцүү. Гар барих гээд л зарим нь ч бүр тэвэрч авч сүжрэх гээд л. . . Харин тэр хоёр иймэрхүү занд дургүй төдийгүй бүр айдаг аж. Тэр жил хоёрын давааны дараа цэнгэлдэхийн гадуур хуушуур эргүүлж явтал Зэндмэнэтэй бага сургуульд нэг ангид сурч байсан бүсгүй тааралдаад
-Хүүе хаая болон нахилзаад л гарыг нь ээлжлэн шүүрч сэгсчээд л түүгээр ч зогссонгүй өөриймсөг сэтгэлээ илчлэн Зэндмэний малгай дээрх хялгасыг илж унагаад сүйд болсны дараа хоёулаа гуравын даваанд дуу дуугаа авалцан үсрээд өгсөн. Унамааргүй бөхчүүдэд унацгаасныг яана. Тэр жил мөн ч урамгүй наадсан даа.
-За тонтоо хэн ч авсан өнөөхөө л хийнэ шүү. Удаж болохгүй. Бариа зөрүү дээрээс л даваа ирнэ. Зүрх халирлаа л бол залгаад унаа ирнэ л гэж мэдээрэй хэмээн Зэндмэнэ Бөхбатад зааварлаж явлаа. Тэр хоёр энэ жилийн тавын даваанд нэг нэг мэх бүтэн жил бэлдэж ер нь гаршчихаад байлаа. Эхний даваануудад хийчих вий гэж тун их болгоомжилсон тэр мэхээ Бөхбат гардид хийн алдаад аз уу эз үү эв таараагүй билээ. Түүнийгээ л бариа зөрүүн дээр хийдэг юм шүү гэж Зэндмэнэ Бөхбатыг шахаж байгаа нь энэ. Хоёр начин хаялцдаггүй. Тавын даваа эхлэх цаг болчихсон, цэнгэлдэх наадамчдаар пиг пүүрсэн харагдана. Тэгтэл ч их аварга хөлийн цэц рүү зүглэж арслан дагаад бослоо. Зэндмэнэ Бөхбат хоёр сайн гэгддэг нэг ламын цээжлүүлсэн аварга арслан хоёрыг холдуулах тарнийг зэрэг зэрэг уншиж ногоо таслаж гарлаа. Нэг үг хэлээд л нэг ногоо таслаарай гэж лам захисан юм байж. Шүтлэг муутай Бөхбат тарниа удаан уншиж байгааг өмнөх хэдхэн ногоо нь гэрчлээд өгч байлаа. Зэндмэнэ зэмлэмээр байвч ам гар хоёр нь нэгэнт завгүй тул дэмий л хялалзан түргэн түргэн шивтнэнэ. Түүний өмнөх өвс хадсан аятай хиарчээ. Аварга арслан хоёр амаа аваад эргэсэнд залгаад гарди заанууд бослоо. Одоо хэрэг нэгэнт өнгөрөв гэсэн аятай тэртэй тэргүй туниа муутай уншиж байсан тарниа Бөхбат зогсоогоод босож суниалаа. Харин Зэндмэнэ ногоогоо эг маггүй зулгаасаар уруул нь түргэн түргэн хөдөлсөөр. . . Цэнгэлдэхийн цагаан хоолой нэгэнтээ хоржигоносноо аварга арслан хоёрын авсан амыг зарлахад л Зэндмэний санаа сая амарч -Мундаг лам юм гэж үнэн сүслэн шивнээд өмнөө овоолсон ногооноос хэсгийг чимхэн гутал оймс хоёрынхоо завсар хавчууллаа. Ингэвэл тавын даваанд түүртэхгүй гэж мөнөөх лам айлдсан билээ. Бөхбат ч түүнийг дууриав. Ёох. Аварга арслан хоёроос л мултарсан хойно үлдсэн хэдийн хэнтэй ч үзнэ гэсэн омголон бодол мань хоёрт төрж цээжийг нь цэлмээнэ. Гэнэт цэнгэлдэх даяараа нирхийгээд явчихлаа. Дөрвийн давааны хоёр начингийн нэг нь осолдохгүй нөгөөгийнхөө дээр унаж залхсан наадамчид давсанд нь биш удсан барилдаан ашгүй нэг өндөрлөсөнд нь баярлалдан тийнхүү нирхийлгэсэн хэрэг байв. Яг энэ нирхийлттэй зэрэгцэн нэгэн түгшүүрт бодол Зэндмэний толгойд гялсхийж Бөхбат руу харвал тэр ч бас энэ тухай бодов бололтой тийн огцом харсанд нь халирч хулганан хамраа шударлаа.
- Түй. . . Түй. . . холуур. . . холуур. . . гэж шившээд Бөхбатынхаа хөлстэй баривгар гарыг атгалаа. Бөхбатын судас луг луг цохилох нь гарынх нь алгаар дамжин мэдрэгдэнэ. Хүний алганд ийм тод цохилттой судас байдаг л юм байхдаа гэж гайхахтай нь зэрэгцэн заалны барилдаанд Зэндмэнд хэдэнтээ унасан залуу харцага сая давсан начныг амласныг сонсоод зүрх нь зогсчих шиг болсноо бөөн хүчээр түргэн түргэн цохиллоо. Баруун гараа Зэндмэнд атгуулсан Бөхбат зүүн гарын араар хамраа нааш цааш хөрөөдөн шударснаа дэмий л гутлынхаа ногтоор оролдов. Зэндмэнэ Бөхбатын гарыг тавиад босож хэлхэндэг нөмөрсөн тэрлэгээ тайлан далбаагаа бүслэнгээ
-Миний хүү. . . Одоохон. Аав нь ингээд цолонд хүрдэг байж хэмээн заналтай шивнэхийг сонсуут Бөхбатын цус нүүрээд нь огшоод ирэх шиг болж
-Намайг ч аав минь хүлээж байгаа гэж зөрж шивнээд шүдээ зуулаа. Хоёул гуяа хорстол алгадаж зүүн баруун жигүүрүүд рүү зүглэхэд засуулууд цол дуудахад алин цагийн бэлэн зээгэлжээ. Зүлэг ногооны шимт хөлсөнд гутал дэвтсэн зунсан.

2003-2004 он. Сан-Франциско. Нью-Йорк.
Эх сурваж: http://www.utgazohiol.miniih.com/index.php/home/post/17
Бүрэн эхээрээ...

Зохиолч Халтарын Болор-Эрдэнэ. "Зүрхэнд үйлдвэрлэв"

1 Сэтгэгдэлүүд:

Би өөрийнхөө блогт нэг ийм "ЮМТАЙ БҮТЭЭЛҮҮД" гэсэн булан нээхээр шийдлээ. Энэ буландаа энд тэндээс уншихад өөрийн сэтгэлийг хөндсөн зохиол бүтээлүүдийг оруулах санаатай байна. (Зөвхөн өөрийнхөө сэтгэлийг яг тэр үед хөндсөн гэсэн шалгуураар. Магадгүй дараа нь уншихад тийм биш байсан ч хамаагүй.) Түүнээс биш онолын болоод танилын үзүүлэлт хамаарахгүй юм. Мэдээж хаанаас авсан эх сурвалжаа байнга оруулах болно. Харин яг зохиолчоос нь зөвшөөрөл авч чадаагүй тохиолдолд уучлалт хүсмээр байна.

Бурхантай, бугтай, тэнгэртэй, газартай хэрэлдлээ.
Эхлэл нь хаана байсныг, төгсгөл нь хэзээ ирэхийг
эрж хайгаад олсонгүй. Хэрүүлийн эзнийг сая л оллоо.
Олох олохдоо түүний тохуурхал, даажигналын чимэг сонслоо.
Сонсогдож байгаа бодоход тэр амьтай юм. 


Нар. Нозоором халуун. Нүд анилдан зүүрмэглэхэд тэнгэр нэг цэнхэртэн, нэг харлан харагдах нь зузаан хөх шилтэй төстэй ч юм шиг…
…Бөмбөгөр шилэн доторх ижижгхэн хотыг хэн нэгний нүд анхааралтай ширтэнэ. Тэр шилийг сэгсрэхэд бороо, цас, шороотой төстэй зүйл дотор нь бужигнана. Жижигхэн, бүр маш жижигхэн хүмүүс тийм бужигнаан дотор орох байх газраа олж ядан бөндөгнөхөд тэр өхөөрдөн инээд алдаж, бүр чангаар сэгсэрнэ. Тэгснээ нүдэнд үл үзэгдэх дуслыг томруулагч дуран доор тавиад юуг ч юм түүнд шахахдаа тэр чаг чаг чагхийн нүдээ цавчлан дахин дахин дурандаж, тонголзох нь хөгшин эрдэмтнийг санагдуулна. 

Залуу нас. Садан төрөл. Хайр. Ухаан. Хувь заяа. Ийм бичигтэй хруу шилнээс дусал дуслыг авч өнөөх шингэн дээр дусаана. Тэгээд шилэн хотод бужигнан гүйлдэх хүмүүсээс нэгийг нь барьж аваад дуран доорх шингэнээ бие рүү нь шахчихаадбуцаагаад тавьчихав. Хүн өвдсөндөө час часхийн дуугарна. Харсаар байтал нүднийх нь өмнө хүний хэвлий маш түргэн томорч түүнээс бүүр жижигхэн хүн доройхон дуугаар мөн л часхийн дуугараад газарт уначихав.
Саяхан бий болсон тэр амьтан яах ийхийн зуургүй өсөж томрохыг дээрх нүд анхааралтай ширтэнэ. Эхэндээ төрсөн, төрүүлсэн хоёр салахгүй хөтлөлцөн байснаа төдөлгүй жижигхэн нь хаа нэг тийш яваад өгөв. Түүний үйлдэл бүхнийг өнөөх нүд алдалгүй харахын зэрэгцээ биенээс нь юуг ч юм буцаагаад соруулж авна. Соруулах бүрт нь хүн аажимхан жижгэрч, хууртсан хүүхэд шиг өмөлзөхөд тэр бүр байж ядан эгдүүцэж шилийг улам хүчтэй сэгсэрнэ. Хүнээс соруулж авсан бүхнээ тэр Залуу нас, Садан төрөл, Хайр, Ухаан гэсэн түрүүчийнхээ хуруу шилэнд буцаагаад хийчихэв. Тэгээд хэсэг харж суусныхаа дараа энэ утгагүй агшнаас залхаж, хатаж бөгтийсөн хүний бие рүү “Дурсамж”-ийг шахлаа. Шахаж байхдаа тэр чаг чаг чаг хэмээн нүдээ түргэн түргэн цавчилна. Нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй энэ бэлгийг нь хүн хэчнээн хүндэтгэн хүлээн авч, хэсэгхэн зуур сэргэхийг тэр анхааралтай ажина. Төдөлгүй түүнийгээ буцаагаад соруулаад авчихав. Харгис, хатуу энэ тоглоомноосоо бүр мөсөн залхсан тэрээ гэнэтхэн хүнийг эрхий хуруугаараа ганцхан дарж няцалчихаад над руу огцом эргэн харлаа. Түүний нүх шиг тоом хар нүд, хүйтэн харцтай нь тулгармагцаа би цочин ухасхийв…

…Сэрэхэд гэрт нам гүм. Хажуугаас халаагуур төөнөнө. Нуруу даган нойт оргиход сая зүүдэлснээ ойлгов. Уртаар санаа алдаад хөрвөөх агшинд өнөөх нүдний чаг чаг чагхийн цавчлах нь хажуухнаас сонсогдлоо. Гайхан өндийхдөө яг түрүүчийн зүүдэнд харсан хэмжээлшгүй том, хүйтэн хар нүдтэй харц тулгарав. Цаг хугацаа харанхуйн гүнээс яг над руу ширтэж байлаа.

"Зүрхэнд үйлдвэрлэв" номноос
Эх сурвалж: http://bolor7erdene.blog.banjig.net/post.php?post_id=87805
Бүрэн эхээрээ...

Нэгдүгээр анги (Өгүүллэг)

1 Сэтгэгдэлүүд:

9-р сарын 1 нд зориулж дахин оруулав

“Харахгүй дээ чамайг. Ёстой яаж ч байсан харахгүй юм чинь. Даанч багш ширээн дээрээ тавьчихсан болохоор харагдаад байхын. Жижигхэн сэлэмтэй юм байна. Тэр сэлэмийг нь аваад нугалахаар хөлийнх нь дугуй дороо ороод машин болчихдог юм. Би мэднэ л дээ. Манай байрны хажуугийн дэлгүүрт байгаа. Аав намайг онц авахаар авч өгнө гэсэн. Даанч багш надад онц тавихгүй юм. Надад хэдэн цэнхэр мөнгө байгаа л даа. Ягаан болгочихвол авчих л байх. Өө, тийм. Өчигдөр нэг мөхөөлдөс, бас өндгөн шоколад авчихсан ш дээ. Би ч авахаасаа өнгөрсөөн. Энэ Тэмүүжин яаж авсан байнаа? Хичээлдээ тэгж их онц авдаггүй л юм даа. Ээж авч өгсөн гээд л онгироод байна лээ. Ээж нь тийм их хайртай юм байх даа. Пөөх! Тэр сэлэмнийх нь ишин дээр нар гялтганаад л . . .”
- Хөөе! Хангай. Чи юугаа гөлрөөд суучихав аа? Наад хичээлээ хийгээч гэх багшийн дуунаар хүү бондгосхийн цочихдоо хажуудаа байсан номоо унагаачихлаа. Хүүхдүүд түүнийг шоолон ангиар дүүрэн инээлдэв. Чанх урд нь суудаг Эмүжин шодгор гэзгээ хөдөлгөн нуг нуг хийж байснаа улам чанга инээв.
“Би аймхай биш. Энэ ном өөрөө уначихсан юм чинь” гэж хүү бодовч хэлж зүрхэлсэнгүй. Номоо унатал цочсон болохоор хүүхдүүд түүнийг аймхай хэмээн бодох вий гэхээс санаа нь зовж суухад Эмүжин гэж айлгүй юм инээсээр байв. Багшийг цааш харангуут Хангай хурдхан шиг гараа явуулан шодгор гэзэгнээс нь угзарч орхилоо.
- Ёо, ёо л доо. Багшаа энэ Хангайг хараа гэж хашгирлаа. Хангай юу ч болоогүй юм шиг хэнэггүй царайлан суусан боловч нэмэр болсонгүй. Угаасаа түүнийг багш яаж ч байсан мэдчихдэг нь сонин.
- Яагаад байна Хангай?
- Яагаа ч үгүй, багшаа
- Аан, тийм байх даа чи . . .
- Үгүй, энэ . . . энэ . . . нөгөө . . . миний үснээс зулгаагаад . . . гэж амьсгаагаа давхцуулж ирээд л Эмүжин уйллаа.
- Алив, чи наашаа гараад ир. Тийм л сайн юм бол тэр цээжил гэсэн шүлэг унш.
“За баларсаан. Юу билээ? . . . Аан! тийм унага” гэж бодсоор босоход Эмүжин түүнийг эргэж харан нугадагнан инээж
- Хохь нь гэж шивнэлээ.
“Энэ муугаас л болж байгаа юм” гэж бодон хажуугаар нь өнгөрөхдөө түүнийг дахиад нэг нудраад авлаа. Тэгсэн багш бас харчихаж
- Үгүй, тээр! Чи ер нь яасан өрөмний өт шиг хаашаа хүүхэд вэ? Наашаа яваад ир
“Яг манай эмээ шиг загнаж байна шүү. Гэхдээ гар хуруу нь өтсөн юм шиг гэсэнгүй” гэж бодсоор очлоо.
- Чи яагаад хөөрхөн найзыгаа зодоод байгаа юм? Нэг ангийнхан байж . . .
“Хнг! Эмүжин ямар миний найз юм уу? Хөөрхөн байхдаа яахав дээ. Муу шар муурыг”
- Чи сонсож байна уу?
- Би . . . би . . . зодоогүй ш дээ.
- Наадах чинь зодсын гэж Эмүжин хэлэхэд багш
- Чи дуугай суу. Та нар яах гэж дандаа хоорондоо ингэж байдаг хүүхдүүд вэ? гэж багш нь Эмүжинг загнах шиг болох нь хүүд тааламжтай сонсогдоно. Багшийн ширээн дээр Тэмүүлэнгийн робот байж л байлаа.
“Энүүгээр ганцхан тоглох юмсан. Усан буугаараа сольё гэвэл Тэмүжин солих болов уу? Харамч юм чинь солихгүй л дээ”
- За алив тэр шүлэг уншаад орхи гэх багшийн дуу хүүгийн бодлыг таслав. Хангай жаахан түгдэрснээ
- Унага урт сайхан зоотой
Уужим сайхан ташаатай
Хөлдөө . . . хөлдөө . . . “За байз хөлдөө юутай билээ. Оймстой билүү” гэж бодон ээрч зогстол ашгүй хонх дуугарлаа. Хүүгийн нүд гэрэлтэн багшруугаа харна. Тэр баярлаж буйгаа нууж чадсангүй. Чадахгүй ч юу байхав угаасаа нууж мэдэхгүй. Эмүжин адтай нь аргагүй инээж харагдана. “Чамайг даа”
- За яав? Хонх дуугараад орхисон уу?
- Тийм багшаа. Хонх дуугарчихлаа
- Дахиад чи сахилгагүйтээд үзээрэй. Наад шүлгээ цээжлэхгүй бол чи олигтой дүн авахгүй шүү, суу. Тэрээр буцах замдаа Эжүжинг дахиад нэг нудрах гэснээ болилоо. Багш нь Тэмүүлэнг дуудаж
- Хичээл дээр битгий тоглоом авчираарай. Дахиад аваад ирвэл бүр сургуульд хураалгана шүү! гээд өнөөх улаан роботыг өглөө. Хангай Тэмүүлэнгийн гарт байгаа роботыг дагуулан харна. Тэмүүлэн ширээндээ очоод роботоо хоёр гурав гишгүүлснээ цүнхэндээ хийгээчихлээ. Роботыг далд ортол харж зогссон Хангай нэг сүрхий санаа алдсанаа Тэмүүлэнгийн бардам ч юм шиг, онгироо ч юм шиг харцтай тулгараад
- Манай аав намайг онц авах юм бол авч өгнө гэсэн юм чинь
- Чи тэгээд онц авч чадах юм уу? Шүлгээ цээжлээгүй байжээж гээд гүйж одлоо. Усан буугаа санал болгоно гэж бодож байсан ч өнгөрөв. Хүүхдүүдийн шуугилдан гарах нь түүний анхаарлыг дор нь сатааруулав. Эмүжингийн шодгор гэзэг, ягаан цүнх хоёр хаалгаар дөнгөж далд орж буйг харсан Хангай ном дэвтрээ хам хумхан цүнхэлж аваад чавхадлаа. Ашгүй Эмүжингийн гэрээс хүн ирээгүй байв. Хангай гүйн очиж Эмүжинг цүнхээрээ нэг савчихаад цаашаа Тэмүүлэн рүү гүйлээ. Эмүжин цочсондоо
- Багшаа энэ Хангайг хараа гэж хашгирсан боловч багш нь хараагүй тул хэлээ гарган
- Мнн! . . . Мангар Хангай . . . мангар, мангар гэж шаралхан чарлав. Хангай түүнийг тоосонгүй. Нэгэнт хариугаа авсан тул одоо Эмүжинг анхаарах хэрэг түүнд байхгүй.
Сургуулийн булан тойроод ээж нь ирж яваа харагдана. Хангай ээжрүүгээ нуруундаа үүрсэн цүнхээ савчуулан байдгаараа чавхадлаа.
“Ээж гоё. Надад заавал нэг гоё юм авчирсан даа”
- Хүүе! Миний хүү яасан хурдан юм? Алив үнсье гээд хоёр гараа тосон явган суув. Ээж нь хар багаас нь л ингэдэг байжээ. Гүйж очоод ээжийнхээ хүзүүгээр тэврэх гэснээ хүүхдүүд харж магадгүй тул болив.
“Өнөө шар муур шоолж мэднэ”
- Миний хүү өнөөдөр онц байсан уу?
Хүү хариу хэлээгүй ч ээжийнхээ гарыг дагуулан харна.
- Ээж нь юм авчираагүй ээ. Энд хоёр бохь л байна гээд гаргаж өгөв. Хүү хоёуланг нь авч эргэж хэн нэгэнд магадгүй Эмүжинд гайхуулах гэсэн боловч тэр бүр хол байлаа.
“За яахав. Маргааш үзүүлнэ дээ” гэж санан нэгийг нь халаасандаа, нөгөөг нь амандаа хийлээ. Амаар дүүрэн гааны амт. Ер бусын сайхан сэтгэгдэл төрнө. Ёстой гоё.
- Миний хүү тэгээд хичээлдээ онц байсан уу?
- Мнг! итгэл муутайхан толгой дохино.
- Ямар хичээлд? Тоонд уу? Монгол хэлд үү?
- Ээжээ, ээж! Манай байрны дэлгүүрт нэг робот байдаг даа. Тэрийг Тэмүүлэн авчихсан байна лээ.
- Тэгээд сургууль дээрээ аваад ирсэн юм уу? Тэгж болохгүй ш дээ
- Тэхх! Тэгээд багш уурлаад, хурааж авсан. Тэр робот эвхэгдээд машин болчихдог.
- Тэгнэ шүү дээ. Багш нь хураачихдаг байхгүй юү.
- Тэгээд багш буцаагаад өгчихсөн л дөө.
- Ямар ч байсан л болохгүй. Сургуульдаа тоглоом авч явж яасан ч болохгүй.
- Би тийм роботтой болмоор л байгаа. Гэхдээ би сургуульдаа авч явахгүй л дээ.
- Чи шүлгээ л сайн цээжил. Тэгвэл онц авна. Онц авбал аав нь тэр роботыг аваад л өгнө. Хүү нэг их санаа алдаад
- Надаа цэнхэр мөнгө байгаа л даа
- Тэр яахав ээ. Чи тэгээд өнөөдөр хэр зэрэг байсан бэ? Ерөөсөө хариулахгүй юм.
- Би яг уншаад эхэлж байсан чинь хонх дуугарчихсан. Тэгсэн чинь багш чамд л аз боллоо доо гэсэн. Би азтай юу ээж ээ?
- Үгүй ээ, одоо наадахыг чинь аз гэхэд хаашаа юм дээ гэж ээж нь ээрснээ
- Ингэхэд чи тэр шүлгээ аль хүртэл цээжилсэн юм бэ? Ээждээ нэг уншаад өгдөө. Хүү
- Унага урт сайхан зоотой
Уужим сайхан ташаатай . . . гээд цаашаа уншиж байснаа
. . .Жаварт жар хоног сойсон
Наранд ная хоног уясан . . . гээд таг болов.
- Яасан бэ миний хүү? Овоо явж байснаа таг болчихлоо. Уг нь бараг бүгдийг нь цээжилсэн байна ш дээ.
- Би мартчихлаа. Ээжээ
- Жороотой гэж юу юм? Молцогтой гэж юу гэж байгаа юм? гэх мэтээр асуухад ээж нь овоо тайлбарлах гэж байснаа хүүгийн олон асуултанд залхсан бололтой
- Миний хүү, зүгээр л байгаагаар нь цээжилчих гээд цааш нь
Алтайд унагалсан
Алагч гүүний унага
Хангайд унагалсан
Харагч гүүний унага гэдэг биздээ?
- Хо, миний нэр байна.
- Харин тийн Хангайд унагалсан гэж байгаа биз дээ? Тэгвэл одоо цээжлэхэд амар боллоо. Сүүлчийн хэсэг нь чиний нэр. Харин эхний хэсэг нь Алтаа ахынх нь нэр.
- Ямар?
- Яагаа вэ, ээжийнх нь дүү нар. Яагаав, Алтаа, Батаа гээд ихэр ах нар байдаг биз дээ?
- Аан тийн,
- Тэрний нэг. Алтаа ахынхаа нэрийг бодож байгаад л
Алтайд унагалсан
Алагч гүүний унага гээд чи өөрийнхөө нэрийг бодоод
Хангайд унагалсан
Харагч гүүний унага гээд уншчих за юу
- За
- За, одоо эхлээрэй. Хүү уншина
- Унага урт сайхан зоотой . . .
. . .Наранд ная хоног уясан
Жаварт жар хоног сойсон . . . гэнгүүт ээж нь хажуугаас нь
- Нөгөө хоёр ахын нэр гэж сануулахад хүү
- Алтайд унагалсан
Алагч гүүний унага
- Одоо чиний нэр
- Хангайд унагалсан . . . гээд уншиж дуусгав.
- Тээр! Ийм амархан байгаа биздээ?
- Тийм байна ээжээ. Би дахиад уншъя. Хүү дахин уншаад яг л өнөө “ахын нэр” дээр очоод гацахад ээж нь
- Одоо ахын нэр гэж сануулан тэр давааг давуулж өнгөрөөнө. Ингэсээр хүү овоо зүгширлээ. Үүндээ ч урамтай байгаа нь илт.
- Ээжээ, Аав намайг шүлгээ уншаад онц авбал робот авч өгөх болов уу? гэж уйгагүй асууна. Ээж нь имөн л
- Авч өгнөө. Миний хүү онц авахаа л бод гэж хариулна.
Хүү гэртээ ирсэн хойноо ч гэсэн шүлгээ идэвхийлэн давтлаа. Гэсэн ч яг л тэр агшинд бага зэрэг түгдрэхэд ээж нь сануулна. Сүүлдээ өөрөө өөртөө “ахын нэр” гэж сануулдаг болов.
Маргааш нь хичээл дээр шүлэг цээжилсэн хүүхэд байна уу? Гараа өргө гэж багшийг хэлэхэд Хангай хүү хоёр гараа бараг зэрэг өргөн өндөлзөнө.
- За гараад ир. Манай Хангай шүлгээ цээжилсэн гэж байна шүү хүүхдүүдээ гэж багш уриалгахан дуугаар хэлэв. Хүүхдүүд таг чимээгүй сууцгаана. Хангай өөртөө итгэлтэйгээр товор товор алхан самбарын өмнө гарч урам зоригтойгоор
- Унага урт сайхан зоотой . . . гээд л уншиж гарлаа. Өнөөх хоёр “ахын нэр” ойртсоор байгаа.
. . .Наранд ная хоног уясан
Жаварт жар хоног сойсон гэснээ “Хөөрхий унагыг яагаад заавал тийм олон хоног уясан юм бол?” гэж бодогдоодохов. Тэрхэн хооронд түр гацаад орхиж. Тэгээд цааш нь “ахын нэр” гэж сануут
Алтаад унагалсан
Алагч гүүний унага
Батаад унагалсан
Барагч гүүний унагаа . . . гээд дуу нь тасрах үед анги дүүрэн хүүхэд пирхийтэл инээд алдав. Багш нь хүртэл нулимсаа арчин, арчин инээнэ.
“Яах аргагүй л би ахын нэрийг хэлсэн юм даа. Тэгэхэд эд нар яагаад шоолоод байнаа” гэж хэрэндээ эргэцүүлнэ. Эмүжин бүр гэдэгнэж годогнон бүхнээс илүү адтай инээхэд Хангай хүү хий дэмий л “чамайг даа” гэж бодов. Багш нь жаал инээж байснаа
- Золигийн ч хүүхэд бол доо чи. За яахав манай Хангай шүлгээ бараг бүгдийг нь цээжилсэн бас өөрөө гарч ирж уншсан учир багш нь чамд ерөн хоёр оноо өглөө за юу гэхэд
- Багшаа энэ онц уу? гэж Хангай хүү сандран асуув.
- Тиймээ, тийм энэ онц. Гэхдээ чи гүйцэд цээжлээрэй за юу
- За багшаа. Хүүгийн нүдэнд ер бусын оч гялалзана. Хичээл тарав. Ээж аав нар хүүхдүүдээ авахаар ирнэ. Энэ удаа хүүгийн аав нь ирчихсэн зогсож байв. Хангай аавруугаа нүүр бардам очлоо. Одоо тэр аавдаа бүгдийг ярьж роботоо авах нь гарцаагүй. - - Ааваа, ааваа. Би шүлгээ цээжлээд онц авсан
- Өө, тийм үү? Миний хүү чинь ийм л мундаг хүү шүү дээ. Ингэхэд чи яг онц авсан биз?
- Үнээн. Ерэн хоёр гэдэг чинь онц гэсэн үг гэж багш хэлсэн.
- За тэгвэл болж дээ.
- Та одоо надад робот авч өгөх үү?
- Өгөлгүй яахав. Хоёулаа тохирсон биз дээ? Эр хүмүүс чинь хэлсэн амандаа хүрэх ёстой. Хүүгийн учиргүй баярлан нүүр дүүрэн инээхийг аав нь өхөөрдөн харна. Хэлсэндээ хүрдэг аавтай хүн чинь сайхан байлгүй яахав. Энэ сайхан мэдээгээ ангийнхаа хэн нэгэнд хэлмээр санагдана. Гэтэл Тэмүүлэнгийн аав хүүхдээ авахаар ирэхдээ дугуй аваад иржээ. Тэмүүлэн час улаан дугуйгаа наранд гялтгануулан жийж, сургуулийн өмнөх талбайг хэд тойрсноо булан тойрон жирийж одлоо.
- За явъя. Аав нь роботыг нь авч өгье гэж аав нь дуудахад хүү аавынхаа чигчий хуруунаас атган алхав. Роботтой болно гэхээр баярлавч сэтгэлд нь нэг сонин зүйл хургана.
Түүнд өшөө олон шүлэг цээжлэх хэрэг гарч магалгүй л юм даа . . .

Түмэнбаярын Бум-Эрдэнэ 2011. 05.03 УБ хот
Бүрэн эхээрээ...

Сонин зураг

2 Сэтгэгдэлүүд:

Хэний зурсан зураг болохыг мэдсэнгүй. Мэддэг хүн байвал хэлээрэй

Эх сурвалж: http://id.news.mn/content/118384.shtml
Бүрэн эхээрээ...

Зохиолч, яруу найрагч Гун-Аажавын Аюурзана "Хар ая"

3 Сэтгэгдэлүүд:

Би өөрийнхөө блогт нэг ийм "ЮМТАЙ БҮТЭЭЛҮҮД" гэсэн булан нээхээр шийдлээ. Энэ буландаа энд тэндээс уншихад өөрийн сэтгэлийг хөндсөн зохиол бүтээлүүдийг оруулах санаатай байна. (Зөвхөн өөрийнхөө сэтгэлийг яг тэр үед хөндсөн гэсэн шалгуураар. Магадгүй дараа нь уншихад тийм биш байсан ч хамаагүй.) Түүнээс биш онолын болоод танилын үзүүлэлт хамаарахгүй юм. Мэдээж хаанаас авсан эх сурвалжаа байнга оруулах болно. Харин яг зохиолчоос нь зөвшөөрөл авч чадаагүй тохиолдолд уучлалт хүсмээр байна.

Нэг л хачин, тэгэхдээ юугаараа ч юм бэ сэтгэл татам аялгуу ажээ.
-Наадхиа чи өөрөө зохиосон уу?
-М-хн.
-Юу гэдэг симфони вэ дээ?
Миний асуултын шооч аясыг тэр анзаарсан бололтой, тоглохоо болиод над руу эгц ширтэж,
-"Хар ая"гэдэг юм гэх нь ууртай.
-Хар ая" аа?
Түрүүнээс хойш миний гайхлыг төрүүлж байсан бүхэн дээр энэ нэр ч бас нэмэгдэв. Гэхдээ "Хар ая" гэж нэрлэхээс ч өөрцгүй байсан мэт.
Түүний төгөлдөр хуурыг төгөлдөр хуур гэхэд хэцүү. Өнгөн гадаргуугын модыг хуулаад авчихсан тул даралтуудын дээд хэсгийн ганц хөндлөнгөөр нь нэгэн цагт бор шаргал өнгийн төгөлдөр хуур байжээ л гэж төсөөлж болно. Төгөлдөр хуур ч гэх хаашаа юм бэ, арзайсан утаснууд, нүцгэн алх цохиур сарайж сэрийх нь төгөлдөр хуурын араг яс гэвэл илүү зохимоор. "Муухай дээр улцан нэмэр" гэдэг шиг хөгжмийн цүх цагаан даралтыг ховхолжээ. Хэн нэгэн галзуу эрийн царай ч төсөөлөгдөөд ирэв. Ийм хачин ёрын ажилдаа улайрсан, хөлснөөс нь уур савссан, нүд нь махчин араатных шиг гялалзсан үзэшгүй муухай царай төсөөлөгдөх аж.
Гэтэл энэ хар даралтуудыг хараач. Гялалзаж гялтаганана. Хамгийн аймшигтай нь, бүтэн үлдсэн хар даралтууд дөнгөж өнөөдөр үйлдвэрээс гарсан мэт цоо шинэ, өчүүхэн ч сэв суугаагүй байна.
Төгөлдөр хуурын оронцог шууд газар тавигджээ. Уг нь доор нь хуучивтар хивс дэвссэн аж. Гэвч шалгүй гэрт тэр нь бүр ч тухгүй харагдана.
Гэрт хогшил гэх юм бараг алга.
Дээхнэ үеийн пүрштэй төмөр ор, намхан ширээ, өндөр нам хоёр сандал. Өндөр дээр нь тэр сууж байна. Ингээд л гүйцээ. Зуух ч байдаггүй. Ерөөсөө энд гал түлж байсан шинжгүй.
Хотын захын дүүрэг дэх шалгүй ханхай гэр. Төгөлдөр хуурын зэрэмдэглэсэн аймшигт төрх. Хоорондоо ер зохицохгүй, эргэн тойрон дахь энэ бүх зүйлс гэхдээ мөн л өөрөөр байх аргагүй мэт.
-Чи хаана төгөлдөр хуур тоглож сурсан юм бэ?
-Энд.
-Энэ төгөлдөр хуур дээр үү?
-Тийм ээ.
-Аль хэр их удаж байгаа юм бэ?
-Хоёр жил хорин гурав хоног.
Би юу гээд асуучихлаа? Яг юу асуучихсанаа өөрөө ч сайн ойлгоогүй тул, хий л амаа ангалзууллаа. Энэ хачин төгөлдөр хуурыг энд авчирснаас хойш хоёр жил хорин хэд хоног болж байгаа юм болов уу, эсвэл нөгөө галзуу эр цагаан даралтуудыг нь царилаар ховх ховх татаж эвдсэнээс хойш ийм хугацаа өнгөрсөн юм уу? Эсвэл угаасаа л ийм байсан энэ сарзгар сэрзгэр гялалзсан хар даралтууд дээр "Хар ая" хэмээх хачин дуу авиаг зохиосноос хойш хэр удаж байгааг хэлсэн юм болов уу?
Гэвч би асуусангүй.
-Тэр яах гэж ингээд эвдчихсэн юм бэ?
-Тэр..?
-Тийм, тэр яалаа гэж..?
-Та түүнийг яаж мэддэг юм бэ?
Би нөгөө улаан царайт эрийг л бодсоор байв. Тийм амьтад л төгөлдөр хуурыг царилаар балбаж мэднэ. Тийм амьтад... Хаа ч юм бэ, яг тийм царайтай хүн харсан л байх нь. Тэгээгүй бол би хаанаас бүр нэг таньдаг юм шиг, төгөлдөр хуур эвдэж байхыг нь харсан юм шиг өөртөө итгэлтэй байх вэ...
-Тэр "Цагаан ая"-нд дургүй байсан юм. Цагаан аяыг тоглуулахгүй гэхдээ түүнийг барьж байгаад... гээд үүдний зүг заав. Тэнд урт царил хэвтэнэ. Харин өмнө нь ер анзаарсангүй. Яг л миний төсөөлсөн шиг царил байна.
-"Цагаан ая"-аа бас л чи зохиосон уу?
-Тийм ээ. Танд тоглож өгмөөр л байна. Даан ч энд нэг ч цагаан даралт үлдээгүй. Түүнээс бусад бүх хүнд "Цагаан ая" таалагддаг байсан. Түүнд л таалагдаагүй.
-Тэгээд "Хар ая" таалагдсан уу?
-"Хар ая"-г зохиох үед тэр эзгүй байсан. Явчихсан байсан. Суучихсан байсан.
-Суучихсаан?
-Шоронд.
-Ямар хэргээр шоронд орсон юм бэ?
-Хүчингийн...
Надад нэг л эвгүй болчихов. Энэ гэрт... Гадаа хүүгэх нармын салхи гэрийг нэвт сийгэнэ.
-Би "Хар ая"-ыг чинь ахиад нэг сонсч болох уу?
Тэр юу ч хэлэлгүй ахин тоглов. Намайг дуу хураагчаа халааснаас гаргах үед эхний хоёр гурван өнгө нэгэнт дарагдсан байлаа.
Бүсгүйн царай хувхай цайж, жимийсэн уруул нь чичирнэ. Гар нь нэг л эв дүй муутай харагдавч , арзгар төгөлдөр хуураас яавч хоосон, утга учиргүй зүйл гэхээргүй этгээд содон хөгжим уянгална.

Тэр бол миний анхны өвчтөн байсан юм. "Ганцхан удаа гэртээ оччихоод ирье. Ахиж би хэзээ ч, юу ч танаас гуйхгүй" гэж надтай уулзангуутаа л гуйж, гараас минь зуурчихаад тавихгүй байж билээ. Би ерөнхий эмчийг гуйж байж арайхийн зөвшөөрүүлээд, такси хөлслөн, Шар хадны эцсээс Долоон буудал руу явсан сан. "Хар ая"-аа ахин нэг тоглочихоод тэр гэрээс гарч, үүдийг дугуй төмрөөр даруулан цоожлоод түлхүүрээ хажуу айлдаа тавьж билээ.
Тэр явдлаас хойш тав зургаан сарын дараа би эмчийн ажлаа орхиж, ганзагын наймаанд явсан. 1991 он юм байна. Наймааны алтан үе дуусахад, хувийн эмийн сан нээсэн. Энэ ч танд сонин биш биз дээ.
Саяхан хүү маань:
-Энэ юу юм бэ? гээд жижигхэн хуурцаг үзүүлэв. Миний хуучин цаас, элдэв юмсын хогон дотроос олсон, сонсоод үзвэл тэнд бичигдсэн ая их таалагдсан гэж байна. Хуурцган дээр "Хар ая. 1990.10.9" гэсэн миний бичиг байв.
Хуурцгийг би хүүтэйгээ зэрэгцэж суугаад сонслоо. Нэг л хачин. Зүрх өвдмөөр аялгуу гэж байдаг уу, эсвэл яг тэр үед зүрх өвдөв үү, мэдэхгүй. Би тэсэлгүй хөгжмийг унтрааж орхиод,
-Аль дээр үеийн, галзуугийн эмнэлгийн нэг өвчтөний л зохиосон ая байна. Өрөө рүүгээ яв. англи хэлээ үз. гээд хуурцгийг хурааж авлаа.
Шөнө нь нойр хүрдэггүй. Эмч байхаасаа хойш хэрэглээгүй жижигхэн дуу хураагчаа эрж олоод, "Хар ая"-ыг орон дотроо чихэвчээр сонсов. Хэд хэдэн удаа сонслоо. Үнэнийг хэлэхэд, би хөгжим сонирхдоггүй л дээ. Гэвч сонсмоор санагдаад болж өгдөггүй.
Маргааш би тэр үед сэтгэцийн эмгэг судлалын эмнэлгийн ерөнхий эмч байсан Жүгдэр гуайнх руу очлоо. Товчоор хэлэхэд, өнөөх өвчтөнөө л сурагласан хэрэг. Тэтгэврийн өвгөд цөмөөрөө л уймраа болж гүйцдэг сэн. Харин Жүгдэр гуай бүр хөнгөн шингэн болжээ. Ой ухаан нь ч саруул. "Төгөлдөр хуур тоглодог охин уу?" гээд тун ч сайн мэдэж байсан юм.
Хэд хоногийн дараа Шар хад руу явлаа. 1990 оны өвчтнүүдийн түүхийг нэгжээд дараа нь бүр 1991, 1992 оныхыг үзээд ч түүний тухай юу ч олсонгүй. Жүгдэр гуай руу утасдвал,
-Байх л ёстой доо. Би бүр сайн санаж байна. Чи сувилагч нараас асуу. Уржнанхан л, намайг тэтгэвэртээ гарахад охин байж л байсан даг гэв.
Ихэнх сувилагч жаахан охид. Миний үе тэнгийн сувилагч ганцхан байсан нь өнгөрсөн жил Ховдоос шилжиж иржээ. Ингээд миний эрэл мухардлаа. Долоон буудлын чухам хаахна тэлнийх байсныг санадаггүй. Яг л нөгөө гэрэрхүү навсгар хашаа нэгийг олсон ч, нохой хорьж өгсөн малигар улаан эр:
-Юун төгөлдөр хуур? Юун хар, цагаан ая? Юун Шар хадны эмнэлэг? Чи өөрөө галзуу юм уу? хаашаа юм бэ? гэж эг маггүй загнаад, хашааныхаа хаалгыг тас хийтэл хаачихав. "Зуудаг нохойтой Аюултай"гэж муруй саруй бичсэн хавтгай мод хашаан дээр хадаатай байгаа нь нэг л танил санагдлаа. Тун сайхан, бор шаргал мебель байж ээ дээ.

Мөнөөх хуурцгаа би сонссоор л байлаа. Дараа нь Чайковский нэгдүгээр концерт, Клайдерманн, бас хэн хэн ч билээ, төгөлдөр хуурын аязтай СД хэд хэдийг авч сонслоо. Аль нь ч "Хар ая"-д хүрэхгүй санагдав. Шуманы нэг аяыг л тооцохгүй бол... Гэхдээ Шуман ч миний сэтгэлийг "Хар ая" шиг татсангүй.
Нэг шөнө би хачин зүүд зүүдэллээ. Нөгөө гэрт, нөгөө төгөлдөр хуурын араг ясан дээр, нөгөө бүсгүйн гар гялалзсан хар даралтууд дээгүүр гүйх аж. Тэгтэл гар хүрсэн даралт бүр нь ховхрон унасаар ая дуусахад төгөлдөр хуур нэг ч даралтгүй болчих юм. Тэгтэл нэг ч даралтгүй төгөлдөр хуурын ард суусан бүсгүй гараараа хоосон агаар тэмтчихэд өөр нэгэн ая дуурсав. Өмнө нь огт сонсоогүй тэр аялгуу намайг маш ихээр аз жаргалтай болгож буйг мэдэрлээ.
Сэрэхэд чих тун их өвдсөн байв. Чихэвчтэйгээ унтчихжээ. Хуурцагны бичлэггүй хальс чахран эргэж байлаа.
Тэгээд би төгөлдөр хуур авахаар шийдсэн юм. "Маш сайн төгөлдөр хуур хямдхан зарна" гэсэн зарлалаар явж очвол, олны танил хөгжмийн зохиолчийнх байж таарав.
"Красный Октябрь" бол үнэхээр сайн төгөлдөр хуур даа. Хөгөө алдана гэж байхгүй. Цагаан давааны хог дээр "Красный Октябрийн" сэг хэвтэж байсан гэж байгаа юм. Мултарч унаагүй хэлэн хар даралтыг нь тэр хавиар кино зураг хийж явсан миний нэг шавь саваагүйрхээд дараад үзвэл, яг л өнгөөрөө дуугарсан гэж байгаа юм даа. Гайхалтай сайн хийсэн хэрэг шүү. гэж ярихад нь "Нөгөө төгөлдөр хуур" хэмээн өөрийн эрхгүй бодогдож билээ.
Би хөгжмийн зохиолчид мөнгө тоолж өгөхдөө хуурцгаа бас өгчихсөн. Одоо налад "Хар ая" хэрэггүй. "Цагаан" нь хэрэгтэй.

Эх сурвалж: http://saruul-uhaan.blogspot.com//
Бүрэн эхээрээ...

Альфред Нобель

5 Сэтгэгдэлүүд:

А.Нобель 1833 онд Шведийн Стокольм хотод тєрсєн. Тvvний гэр бvл Олоф Ридбек-ээс гаралтай бєгєєд Олоф Ридбек нь тухайн 17-р зууны Шведийн техникийн суут ухаантнуудаараа хойд Европод алдартай газар байв. Нобель 1866 онд "динамит” тэсрэх бодис зохион бvтээсэн. Ингээд дэлхий даяар 20 гаруй оронд компани болон лабораториудаа байгуулсан. 1895 оны 11р сарын 27 нд Нобелийн шагнал бий болсон тухай сvvлчийнхээ гэрээслэлд гарын vсэг зурсан.
Тэр 1896 оны 12-р сарын 10нд Италийн Сан Ремод байх гэртээ тархины цус харвалтаар єєд болжээ.

Алфред Нобелийн хvvхэд нас

1833 оны 10-р сарын 21-нд Шведийн Стокгольмд нэгэн хvv тєрсєн нь Нобелийн шагналыг vндэслэгч, нэрт эрдэмтэн, зохион бvтээгч, бизнесмен Нобель байлаа.Тvvний аав Эммануэль Нобель (1801-1872) , ээж нь Андриет Айсел Нобель байлаа. Тэд хvvгээ Алфред гэж нэрлэв.



Алфредийн аав нь инженер зохион бvтээгч хvн байсан. Тэр гvvр, барилга барихаас гадна хад чулуу тэслэх туршилт хийдэг байв. Алфредийн тєрсєн жил тvvний эцгийн бизнес амжилтгvй болж хаагджээ. 1837 онд Эммануэль Нобель бизнесээ Финлянд эсвэл Орост хийхээр шийдсэн. Алфредийн ээж нь гэр бvлээ асарч байхаар Стокгольмдоо vлдсэн.

Роберт Нобель

Людвиг Нобель


Алфред 2 ахтай байсан. Ах Роберт нь 1829 онд ах Людвиг нь 1831 онд тєрсєн. Андриет Нобель чинээлэг гэр бvлээс гаралтай. Тэр хvнсний дэлгvvр ажиллуулж эхэлсэн. Хvнсний дэлгvvр нь гэр бvлээ тэжээхэд л хvрэлцэхvйц орлого олдог байлаа.

Нобелийн гэр бvл Орос руу нvvв

Эммануэл Нобель Оросд бизнесээ сайн эхлvvлж чадсан.

Энэ үед хаант Орос улс газар тариалангийн орон байсан ч хүчирхэг армитай байхын тулд цэргийн зэр зэвсэг үйлдвэрлэдэг томоохон үйлдвэртэй болохыг хүсч байв. Тэр Оросын армийг техникээр хангах механик эд ангийн, дэлгvvр нээсэн. Тэр Оросын хаан болон, тvvний генералуудад далайн тэсрэх бодис нь дайсны довтолгоог зогсооход хэрэгтэй гэдэгт итгvvлж чадсан. Далайн тэсрэх бодис 1853-1856 онд болсон дайны vед Петербургийн галын шугам руу нэвтрэхийг оролдсон Британийн эзэн хааны тэнгисийн флотыг зогсоож чадсан. Энэ амжилтынхаа дараа Эммануэл гэр бvлээ Петербургт 1842 онд авчрах боломжтой болсон. 1843 онд нэг хvv тєрсєн нь Эмиль байв.
Эмиль Нобель
Ах дvv 4 Нобелууд анхан шатны боловсролыг хувийн багш нараас авав. Тэдний хичээлд байгалийн шинжлэх ухаан хэл уран зохиол орж байв. Алфред 17 насандаа Швед,Орос, Франц, Англи, Герман хэлээр ярьж бичиж чаддаг болсон байлаа.

Алфред хилийн чанадад явсан нь

Алфред уран зохиол, хими, физикт, их сонирхолтой байсан. Эцэг нь хvvгээ яруу найраг бус харин єєрийн мэргэжлийг євлєж шийрийг хатаасан хvн болгохыг хvссэн. Тийм учраас химийн инженер болгохоор хилийн чанад руу сургуульд явуулав. Парист Алфред нэрт химич профессор Пелоузын хувийн лабараторид ажилласан. Тэнд тэр залуу итали химич Асацанио Собреротой танилцсан. 3 жилийн ємнє Собреро дээд зэргийн тэслэх чадалтай шингэн болох нитроглицеринийг зохион бvтээсэн. Энэ нь практикт ашиглахад маш их аюултай байлаа. Алфред нитроглицеринийг их сонирхож яаж барилгын ажилд ашиглаж болохыг судлах болов. Тэр сураад Оросод буцаж ирсэнийхээ дараа нитроглицеринийг арилжих болон техник ашиглалтийг хєгжvvлэхийн тулд эцэгтэйгээ хамт ажиллаж эхэллээ.

Алфредийнх Швед рvv буцаж нvvв

Крымын дайн дууссаны дараа Альфредын эцгийн бизнес муудах болсон тул Швед рvv буцаж нvvхээр шийдсэн.
Нобелийнх 1863 онд Шведэд буцаж ирсэний дараа Алфред нитроглицериний тэсэлгээний ашиглалтыг сайжруулахын тал дээр ажиллах болов. Харамсалтай нь энэхvv туршилтууд нь амжилтгүй болсноор барахгүй 1864 онд Стокольм хотод тvvний хамгийн бага дүү (1842 - 1864) Емиль Нобель нарын хэдэн хvний аминд хvрсэн осол гаргасан юм. Бага хүүгээ өнгөрсөнийг дуулсан эцэг Эммануэль Нобель саа өвчинд нэрвэгдэн найман жилийн дараа буюу 1872 онд нас баржээ. Засгийн газар Стокгольм хотын нутаг дэвсгэрт дахин ийм туршилт хийхийг хориглов. Альфред бууж єгсєнгvй туршилтаа Маларем нууран дахь гэр завь, эсвэл ачааны усан онгоц руу шилжvvлсэн. 1864 онд тэр нитроглицериний vйлдвэрлэлийг эхлvvлэх боломжтой болсон. Тэрээр vйлдвэрлэлийг аюулгvй байлгах нэмэлт орцыг судалсан хэвээр байв.

Алфред "Динамит” зохион бvтээв


Туршилтынхаа явцад "kieselguhr” гэж нэрлэгдсэн торгон элстэй нитроглицеринийг хольсон зуурмаг нь саваанд хэвлэх боломжийг олгосон.

Эдгээр савааг дараа нь єрємдсєн нvх рvv хийнэ. Энэ бvтээлээ 1866 онд хийсэн. Алфред дараа жил нь бvтээлдээ "Динамит” гэж нэрлээд, эзэмшигчийн хууль ёсны патентаа авав. Алфред бас тэсэрч асах гэрэлтдэг толгойтой салют буудуулагч зохион бvтээв. Эдгээр бvтээлийг хийх vед алмазан єрємдлєг болон хийн даралтын єрємдлєгийн технологийг ашиглах болсон. Эдгээр бvтээл нь туннел єрємдєх, хад чулуу тэслэх, гvvр барих зэрэг олон барилгын ажлыг хєнгєвчилж зардал их хэмнэх болсон давуу талыг бий болгож байв.

Дэлхий дээрх vйлдвэрvvд


Динамит болон салют буудагч нь барилгын vйлдвэрлэлд их хэрэгцээтэй болсон. Vvний улмаас єєр єєр газруудад 90 vйлдвэр барьсан . Тэр Парист амьдардаг боловч ихэнхдээ 20 гаруй оронд байх vйлдвэрvvдээрээ явдаг байв. Тvvнийг бас "Европын хамгийн баян тэнvvлч " гэж нэг удаа хэлж байв. Тэр Шведийн Стокгольм, Германий Ханбург, Шотландын Ардер, Шведийн Карлкога , Италийн Сан Ремо хотод эрчимтэй ажилладаг байв. Тэр бас нийлэг резин, савхи, торго зэргийг туршиж байв. 1896 онд тvvнийг нас барахад тvvний нэр дээр 355 патент байв.

Берта вон Зутнертэй танилцсан нь

Алфред єєрийн гэр бvлгvй байлаа. Нэг єдєр тэр сонинд нарийн бичиг авна гэсэн зар тавьжээ. Австри хатагтай Берта Кински вон Хиник Тетау энэ ажилд орсон байна. Богино хугацааны дараа тэр Австри руу Коунт Артур вон Зутнертэй гэрлэхээр буцаж явсан байна. Алфред Берта нар найзууд болж олон жил захидлаар харилцдаг байжээ. Тэр эмэгтэй энхтайвны vйл хэрэгт идэвхтэй оролцдог байв. Сvvлд тэр "Гараа буулгацгаа” гэдэг алдарт номоо бичсэн. Алфред Нобел сvvлд Нобелийн шагналаа бий болгож, тvvнд энхтайвны vйл хэрэгт гавъяа байгуулсан хvмvvст олгодог шагнал байх болно гэж гэрээсэлсэн юм.
Берта Кинки Зутнер
Тэр 1905 онд “Энх тайваны” шагнал авсан бөгөөд Нобелийн шагнал хүртсэн хоёр дахь эмэгтэй юм.

Нобелийн шагнал


Тэрбээр дэлхий дахинд алддартай нэгэн байвч хувийн амьдрал нь аз жаргалгүй нэгэн байв. Түүний эхнэр Софи Гесс нь зугаа цэнгэл хөөж явсаар эцэст нь өөр хүний хүүхэд төрүүлэв. Тэдний 18 жил амьдарсан хамтын амьдрал сүйрэв. Түүнээс хойш хоср жилийн турш нойр хоолгүй явсаар сэтгэлийн гүн хямралд орж, Алфред Италийн Сан ремо хотод 1896 оны 12 сарын 10-нд 63-н насандаа зарц нарийн хяналтан доор нас эцэслэв.

Тэр хvн тєрєлхтний сайн сайхны тєлєє физик, хими, анагаах, утга зохиол энхтайвны салбарт амжилттай ажилласан хvмvvст шагнал єгч байхыг гэрээсэлсэн юм. Хvн бvрд энэ таалагдаагvй. Тvvний энэ гэрээслэлтэй нь хамаатнууд болон олон оронд байсан албан ёсны хамтрагчид нь эсрэг саналтай байв. Тvvний гэрээсийг биелvvлэгч хvмvvс тэдгээр эсрэг байр суурьтай хvмvvсийг ятгахад бvтэн 4 жилийг зарцуулсан байна.
Тэр гэрээслэлдээ математикийн салбарыг дурдсангүй. Учир нь Альфрэд Данийн усан онгоцны үйлдвэрийн эзний охин Анна Дезрид ухаангүй дурлаж байжээ.
Анна Дезри
Гэвч Анна бүсгүй залуухан царайлаг математикч Франц Лемаржийг сонгосон байна. Түүгээр ч зогсохгүй Лемарж Альфрэдийг олны өмнө математикийн ямар ч авъяасгүй нэгэн хэмээн доромжилж байжээ. Үүнээс үүдэн энэ шагналд математикийн салбарт амжилт гаргасан хүн ордоггүй юм байна.
1901 онд Физик, хими, анагаах, утга зохиолын салбарт хvмvvсийг Шведийн Стокгольм /одоогийн Осло/ хотод олгожээ.
Нобелийн Энхтайваны шагналтныг Норвеги улсын парламентийн Нобелийн шагналын хороо, Утга зохиолын салбарын шагналтныг Шведийн акамеми, Физик, Химийн салбарын шагналтныг Шведийн эзэн хааны шинжлэх ухааны академи, Анагаах ухааны салбарын шагналтныг Шведийн Каролины институт, Эдийн засгийн салбарын шагналтныг Шведийн төв банк тодруулан шалгаруулдаг уламжлалтай.

Уг шагналыг Нобелийн хeргийг товойлгон сийлсэн дvрстэй алтан медаль, диплом, мөнгө дагалддаг. Мeнгeн шагналын хэмжээ нь фондоос хамааран 30-70 мянган долларт байдаг ажээ. Уг шагнал нь соёлт хүмүүн төрөлхтөний хувьд хамгийн нэр хүндтэй шагналын нэг байсаар иржээ.
Нобелийн гарын үсэг.

Бүрэн эхээрээ...