# #

"ҮР ХАРАМ" - 2 (тууж)

4 Сэтгэгдэлүүд:

- Арваа ч төгсөөгүй байж заваан, замбараагүй юү юү гэнэ вээ мэдэхгүй. Ээж, аавын загнахаас айх, тэдний яриад байгаа ирээдүй гээч нь ингээд өнгөрч байгаа юм байх гээд л дотор харанхуйлна. Арга барахдаа Сүхээд хэллээ. Гэтэл өнөө мангар чинь
- Ямар гоё вэ? гэдэг байгаа. Надад хэлэх үг олдсонгүй.
- Бид хоёр чинь арваа ч төгсөөгүй байна ш дээ гэтэл
- Тэр ямар хамаатай юм. Би төгсөөд шууд үйлдвэрт ачигч болж та хоёрыгоо тэжээнэ л гэнэ. Мөн их романтик юм ярьж байнаа. За тэгэх л юм байх гэж бодов.
Гэтэл хэд хоногоос нэг л биш ээ. Ээж нь загнасан, аав нь зодсон л гэнэ. Нөгөө их оргилсон хайр сэтгэл нь алга болчихлоо. Яг энэ үеэр манай ээж намайг хүүхдээ авхуулахыг ятгаж эхлэв. Миний ирээдүйд энэ хүүхэд маш их гай тотгор болох юм байх. Эх хүн гэдэг хүүхдээ яаж загнах, яаж үгэндээ оруулахаа мэддэг юм шиг байгаа юм. Хувь тавилан гэдэг юмыг үнэхээр хэлж болдоггүй юм билээ. Нэг өдөр ээж маань
- Өнөө орой манайд хүн ирнэ. Чиний хүүхдийг авхуулах боллоо гэдэг байгаа. Дотор харанхуйлаад нэг л биш. Ямар ч байсан эцэг нь болох нөгөө хүүдээ хэлмээр санагдаад болдоггүй. Ээжийг арай гэж аргалаад хог асгах гэж буй хүн болон хогийн сав бариад гарлаа. Нэг давхрын хаалгыг тогшив. Харамсалтай нь Сүхээ гэртээ байдаггүй. Аргагүйн эрхэнд абортонд орлоо. Тэр үед абортыг зөвшөөрдөггүй. Хийвэл нууцаар хийдэг байв. Уг нь бол эмч ч тэр, ээж ч тэр маш аюултай юм хийж байна гэсэн үг л дээ. Би тэр хүний царайг одоо болтол санадаггүй юм. Орж ирснээс нь хойш айгаад эгцэлж хараагүй. Сүүлд нь нүүрэндээ маск зүүчихсэн болохоор харах ч аргагүй. Тэгээд ч юун царай харахтай манатай. Эхэндээ шал танихгүй эрэгтэй хүнд хамаг юмаа дэлгээд үзүүлж байгаадаа туйлгүй их ичиж, айж байж билээ. Харин сүүлдээ юун ичих, голоос нэг юм зулгаагаад шархиран өвдөж өөрийн эрхгүй нулимс урсаад л . . . Ээж маань харин их хатуу чанга, надад бүр хайргүй ч юм шиг санагдсан даа.
- Дахиад тэр нэг юмтайгаа заваараад үзээрэй гэж хэлсэн нь чихэнд бүх амьдралын минь туршид, заримдаа бүр одоо ч гэсэн сонсогдсоор байдаг юм. Хэдийгээр ээж минь намайг, миний ирээдүйг бодсон гэж ярьдаг боловч тухайн үеийн нийгэм, хүн амьтны хэл амнаас л өөрийгөө хаацайлах гэсэндээ ингэсэн байж магадгүй гэж хааяахан боддог. Би үнэхээр хүүхдээрээ байсан болохоор ээжээсээ, ааваасаа айж тэдний өмнө буруу юм хийчихсэн юм шиг л байдаг байлаа. Ээж маань сургууль соёлоор их далайлгасан. Тэр үед сургуулийн хүүхэд жирэмсэн болвол одоогийнхоор хамгийн айхтар бас ичгэвтэр шуугиан болж сургуулиас хөөгдөх байлаа. Аав ээж нь асуудалд орно. Магадгүй, манай сургууль ч гэсэн хот дүүргийн хэмжээнд асуудалд ордог байсан байж болох юм.
За тэгээд би гэж нэг амьтан ямартаа ч гэсэн гэмээ цайтгаж, ээжийн санаа амарснаар энэ явдал өнгөрөв. Хаврын шалгалт шүүлэг гэж сургууль руу явахаас өөрөөр гэрээс гарсангүй. Сүхээ намайг асуугаад л байх. Тэгж, тэгж нэг өдөр Сүхээгийн хүсэлтээр гарлаа. Хүлээж байгаарай гэсэн сандал дээр нь сууж байтал нэг туулайн чихмэл барьчихсан гүйгээд ирлээ. Би дотроо бол их л хүнд бэрхийг туулаад, даваад ирчихсэн хүн. Өнөөхдөө эрхэлмээр чиг, тунирхмаар чиг болоод болдоггүй. Тэгсэн хэрнээ яагаад ч юм Сүхээ намайг тэвэрч аваад үнсэх юм шиг. Магадгүй бүр өнөөх энхрийллээ дахиад хийх юм шиг санагдаад яаж татгалздаг юм билээ гэсэн шүү юм бодон суув. Харин тэгтэл авчирсан туулайгаа өгөөд
- Болороо, би чамд нэг юм хэлэх гэсэн юм. Чи бид хоёр их сайхан үерхсэн. Би чамд хайртай байсан. Гэвч бид цуг байж чадахгүй боллоо. Манай аав ээж нар намайг Оросод явуулах гэнэ. Би тэнд дунд сургууль дүүргээд тэндээ үлдэх байх гэв. Түүнийг ийм юм хэлнэ чинээ санаагүйдээ тэр үү дотор харанхуйлаад явчихлаа. Юун яасан намайг эрхлүүлэх. Энэ хүртэлх хугацаанд миний юутай ч юм тэмцсэн тэр сэтгэл, түүнийгээ даван гарч ирсэн итгэл, урьдын сайхан үерхлээ үргэлжлүүлнэ гэсэн хүсэл тэр чигээрээ түүний өлмий дор зүгээр л хөсөр уначих нь тэр. Миний нулимс сул асгарч эхлэв.
- Чи тэгээд зүгээр л ингэж хэлээд яваад өгч болно гэж яаж бодоо вэ? Намайг яасан гэж ингэж байгаа юм бэ?
- Би чамд дургүйдээ бишээ Болороо. Аргагүйдээ л энэ. Тэгээд ч бидэн дунд байсан хамаг нандин бүхэн тасарчихлаа. Бид цаашдаа хамт байж чадахгүй нь гээд миний гарыг нэг атгасан болчихоод яваад өгөх нь тэр. Хорвоо гэдэг, амьдрал гэдэг ийм амархан хувирч болдог гэдгийг би тэрхэн үедээ яахан ойлгох билээ. Араас нь юм хэлж ч чадалгүй нулимсаа залгиад л үлдлээ. Нээрээ ч удалгүй Сүхээ харагдахаа байчихсан. Гэсэн ч гэсэн би гарч орох тоолондоо хаа нэгтэй тааралдчих юм шиг санагдаад орц руугаа орохдоо ч халширч, тэдний цонх руу харахгүй юмсан гэж хичээдэг байж. Тэдний эцэг эхтэй таарчихвий гэхээс эмээнэ. Сүүлдээ манайх энэ байрнаас нүүчихээсэй гэж хүртэл боддог байж билээ. Тэгсэн хэрнээ харцаараа, сэтгэлээрээ түүнийг бас үе үехэн хайна.
Сургууль төгсөх хоёрхон сарын хооронд миний зан авир, царай төрх, нүдний харц ер нь тэр чигээрээ хачин өөрчлөгдсөн байлаа. Би том хүүхэн болсон байв. Сэтгэл санаа ч өөрчлөгдсөн. Үе үехэн тэр масктай хүнийг зүүдэлдэг болсон. Зүүдэнд, тэр масктай хүн миний дээр гарчихаад бэлгийн ажил хийх гээд дайраад болох биш. Би ямар ч байсан хэд хэдэн удаа тэгж зүүдэлсэн юм. Сүүлдээ бүр хүсэх аястай. Мэдээж энэ бодлоосоо айна, бас зэвүүцнэ. Одоогоор бол сэтгэцийн асуудал үүсэж байна гэсэн үг л дээ.
Аав гэдэг хүн дуугай хэрнээ их сонин хүмүүс байдаг шүү дээ. Нэг өдөр намайг тэвэрч буйдан дээр суугаад ихээ олон юм ярьсан санагдана. Яагаад ч юм надад, миний сэтгэлд үгүйлэгдээд байсан зүйлсийг зөөлхөн аядуухан хэрнээ эр хонгор дуугаар
- Миний охин өглөө болгоны нарыг харж, өдөр бүр чамд шинэ амьдрал, шинэ хайр ирнэ гэж итгэж амьдарч яв. Залуу хүний үзэж өнгөрүүлж буй бүхэн “залуу” л байдаг юм даа гэж хэлээд духан дээр минь үнсэж, намайг бага байхад яг л ингэж бүүвэйлж унтуулдаг байсан болов уу гэмээр намайг тэвэрсэн чигтээ их л удаан ганхаж суусан юмдаг. Залуу хүнд тохиолдож буй бүхэн бага байдаг гэсэн санаа байсныг би сүүлд ойлгосон юм. Намайг бага байхад халуурахаар тас тэвэрч хэвтээд хамаг халууныг авчихдаг шигээ аав маань намайг тэвэрч удаан суугаад сэтгэлд байсан хамаг л гуниг шаналалыг алга болгочихсон. Сүүлд нь бодоход аав өөртөө авчихсан ч байж магадгүй. Яагаад гэвэл нэг хэсэг их гуниглаж, уцаарлаж, сүүлдээ архи хүртэл балгасан юмдаг. Би одоо тэр ярианаас
“Засч болдоггүй алдааг л алдаа гэдэг юм шүү дээ, охин минь” гэсэн үгийг огт мартдаггүй юм.
Харин би аавдаа тэврүүлсэн тэр өдрөөс хойш хачин илт сэргэсэн дээ. Шалгалтуудаа сайн өгч, оноогоороо улаан шугамнаас дээш гарлаа. Химийн хичээлдээ сайн байсан болохоор тэрэндээ дулдуйдаад анагаахын их сургуульд шалгалт өгч, орлоо. Сүхээгээ ч тэгэсгээд мартаж эхлэв. Миний анхны хайр тэр байранд өнгөрч, анхны эр хүнтэйгээ тэдний жижиг өрөөнд учирч, бас анхны хүүхдээ тэдний жижиг өрөөний харалдаа дээр гурван давхрын бас яг тийм жижиг өрөөнд устгасан юм. Энэ бол миний анхны хайраас үлдсэн дурсамж. Харин тэр хүүгийн үлдээсэн туулай нь одоо энэ “Бүжин” юм шүү дээ. Түүнээс хойш амьдралын минь бүхий л мөчид надтай хамт байж, миний жаргал зовлонг хуваалцаж яваа юм. Надад мөн ч олон удаа загнуулсандаа, зайлуул.
Анхмаагийн тухай би түрүүн цухасхан дурдсан. Бид хоёрын ойртох шалтгаан бол тэр Сүхээ бид хоёрын хооронд тэр нэг хэсэг холбоо барьсан юм. Тэднийх их зарчимч мөртлөө халуун дулаан айл байлаа. Нэг өдөр Анхмаа
- Би тань шиг найзтай болох юмсан гэхээр нь
- Удахгүй дээ. Чи мөдхөн үерхдэг хүнтэй болно гэж хэлсийм.
Надад туулай тэврүүлээд одсон тэр өдөр Анхмааг би их л том хүн шиг санан, тэр хүүгийн тухай хамаг л бүхнээ ярьчихаж билээ. Бодвол Сүхээд гомдсон гомдолдоо л тэр байх. Тэгээд хэнд ч хэлэх ёсгүй зүйлээ ярьчихсандаа учиргүй санаа зовсон. Учир нь тэр үед бол асар том нууц шүү дээ.
- Хэнд ч битгий хэлээрэй, энэ бид хоёрын нууц шүү гэхэд тэр толгой дохисноос цаашгүй. “Одоо ч энэ газар сайгүй ярих байхдаа” гэсэн чинь харин тэр нэг ч үг унагаагүй юм. Магадгүй, энэ ч бидний үерхэлийн итгэлцүүр байсан байж мэднэ. Нилээн сүүлд, намайг овоо сэргэчихсэн шалгалт шүүлгээ өгөөд гүйж явахад Анхмаа надад
- Чамайг нэг хэсэг харагдахгүй болохоор чинь айх шиг болсон. Ер нь би том болтлоо хүүхэдтэй үерхэхгүй гэхээр нь
- Үерхэж болно ш дээ. Харин над шиг л алдаж болохгүй. Би бол хөвгүүдийг үзэн яддаг гэж хэллээ.

* * *

Бодолдоо ороогдон хэвтсээр өглөө болж нар мандахыг, тэр байтугай гадаах барилгачид ажлаа хэзээ эхэлснийг ч анзаарсангүй. Өвгөн маань сэрж байгаа бололтой хөрвөөж байна. Би босож цайгаа гал дээр тавиад, гар нүүрээ угаалаа. Гэлээ гээд би нөгөө их хөвөрсөн бодлоосоо салахгүй л байлаа. Ёстой нөгөө онгод монгод гэдэг нь энэ юм байхаа даа. Өвгөн маань хаанаас ч юм дэвтэр үзэг барьж ирээд
- Хөгшөөн, үүн дээр бич. Урд шөнө муухан унтах шиг болох юм. Их л юм бодоо байлгүй. Тэмдэглээд явахгүй бол эргээд мартчихна. Харин би сүүнд гараад ирье. Булангийн дэлгүүрт өнөөдөр шинэ задгай сүү ирдэг юм гэх нь миний мэдэхгүй хэр нь цаашдаа мэдэх ёстой зүйлийг хэлж байв. Хөөрхий минь намайг шөнөжингөө хөрвөөж хонолоо гэж байхыг бодоход би бас түүнийг унтуулаагүй бололтой. Өвгөн ч гараад явлаа. Би түүний өгсөн дэвтэр цаасыг авч том ширээн дээр суув. Угаасаа тасгийн эрхлэгч олон жил хийсэн надад үзэг цаас нийлүүлээд суух нь тийм ч төвөгтэй биш. Харин өнгөрсөн амьдралаа хөврүүлэн бодож, бодсоноо тэмдэглэн цааш нь үргэлжлүүлнэ гэдэг тун сонин байлаа. Үнэндээ бол ингээд цааш нь бичихээр бүрэн шийдэж байна гэсэн үг л дээ.
“За байз, түрүүн чинь юу бодож байгаад тасарлаа даа” Аа тийм. Үзэн ядах тухай . . .

                                                           *   *   *
- Би хөвгүүдийг үзэн яддаг гэж Анхмаад хэлсэн. Гэхдээ би сэтгэлийнхээ гүнд хөвгүүдийг үзэн яддаг уу гэвэл үгүй юм шиг байгаа юм. Би чинь хүүхэд байхын л нуруу туруу өндөр, царай зүсээр ч тийм мууд орохгүй охин байв даа. Оюутны зургаан жил чухам тэгсхийгээд л өнгөрсөн. Хоёр ч залуутай холбоотой байлаа. Гэхдээ би тэдэнд хайртай байсангүй. Хайрлах нь байтугай тэднийг ашиглан зовоож, нааш цааш нь гүйлгээд тэднийг ер жаргаасангүй. Урвайж унжийгаад гүйгээд ирэхээр нь арай аядуу зөөлөн болно. Тэгээд, өөртөө нилээн итгэлтэй болоод ирэхийн багцаанд нь зайгаа барина. Би хэзээ ч тэднийг бодож, хайрлаж байгаагүй. Яагаадыг өөрөө ч сайн ойлгохгүй байв. Магадгүй, би тэднээс Сүхээгийн орхиод явсны горыг авч байсан ч байж болох юм. Гэхдээ би тэгж бодож, занаж, шүдээ зууж байгаагүй болохоор магадгүй гэж байгаа юм. Энэ бол зүгээр л одоо бодож буй бодол.
Харин надад нэг сонин мэдрэмж бий болоод байгаа нь анзаарагдаж байлаа. Анагаахын оюутнууд бид эмнэлэгүүдэд хичээл заалгана, дадлага хийнэ. Тэр үед эмнэлэгээр дүүрэн маск зүүсэн эрэгтэй хүн зөрөлдөхийг харахаар эхлээд айдас төрдөг байв. Бодвол нөгөө үр хөндүүлсэнтэй холбоотой байх. Сүүлдээ айдас маань “Маскны цаана ямар хүн байгаа бол” гэсэн сониуч бодлоор солигдов. Хүний маскыг авч хармаар санагдаад байж сууж чадахгүй үе ч таарна. Яагаадыг би ер ойлгоогүй. Магадгүй, ээжтэй ирсэн тэр хүнийг битүүдээ хайгаад байсан ч байж болох юм. Аль эмнэлэгт ажилладаг хүн болохыг ээжээс нэг удаа асуусан боловч надад юу боллоо гэж хэлэхэв дээ. Түүний дуу хоолойг эргэж санах гээд ч бүтсэнгүй. Яаж ч санав гэж. Тэгээд л эрэл мухардсан боловч масктай хүн харахаар бие эрвэгнэж, хамаг л нандин бүхнээр минь оролдоод ч байх шиг, ер нь их сонин болдог болов. Хамгийн хэцүү нь миний эргэн тойронд масктай хүн маш олон байсан даа. Би тэр нэг шөнийг одоо гэнэтхэн санаж байна.
Энэ явдал түрүүний ярьдаг хоёр залуугаас жилийн өмнө болсон юм. Дөнгөж л оюутан болоод дадлага эхэлж байсан үе. Шөнийн ээлжинд гарах болов. Тэр шөнө гарсан эмч намайг сонирхоод байгаа нь илхэн. Эрчүүд чинь яг ийм үе дээрээ өөрийгөө хянахдаа жаахан муу ш дээ . . .

                                                                         *    *   *

Ингэхэд би үүнийг бичиж болж байгаа юм болов уу? гэж гэнэтхэн өөрөөсөө асуун сэхээ авлаа. Яг үүнийг мэдсэн юм шиг өвгөн маань

Үргэлжлэл бий . . .
Бүрэн эхээрээ...

"ҮР ХАРАМ" - 1 (тууж)

6 Сэтгэгдэлүүд:

За нэг шинэхэн юм оруулчихлаа.

ҮР ХАРАМ.

Хүмүүсийн хашгичих, машин техникийн хяхтнах чимээ намайг сэрээлээ. Эргэж унтахыг хичээсэн ч нойр хүрэхгүй юм. Өглөө болгон эрт сэрээд сурчихсан бололтой. Босох гэж өндийв. “Юундаа ч яарах билээ” гэж бодогдоно. Буцаж хэвтэв. Тэгсээр байтал нойр бүрэн сэргэх нь тэр. Тэтгэвэртээ гарах гэдэг сонин мэдрэмж. Өчигдөрхөн манай эмнэлэг, манай тасгийнхан намайг тэтгэвэрт гаргасан гэхээр хаашаа юм дээ, өтөл нас руу минь үдэж өгсөн гэвэл болох юм уу. Түүнийгээ бас гавъяаныхаа амралт гэчихжээ. За даа, тэднийг ч хэлэлтгүй, өдий болтол ажиллах хугацаанд олон ч хүн тэтгэвэрт гарч байсан даа. Тэр үед ийм өдөр надад ирэхгүй юм шиг л бодож явж. Цаг хугацаа гэж . . . Хүн болгон л хэзээ нэгэн цагт над шиг ингэж санаа алдацгаадаг байх даа.
Би элдвийг бодож хэзээ ч юм хагарсан, бас хэзээ ч юм хэн нэг нь битүүлж шавардсан адар ширтэн хэвтлээ. Адарын тэр хагархай гүрэлзэж гүрдийн, хөгшин хүний судас шиг санагдана. Яагаад ч юм “Ийм судсанд тариа хийвэл мөн амархан олдоно доо” гэж бодлоо. Ёстой л нөгөө мэргэжлийн өвчин гэж иймэрхүү юмыг хэлдэг байх даа гэж санахаар инээд ч хүрэх шиг. Намайг сэрвэлзээд унахаар тэгсэн үү, өвгөн маань яраглан тамшаалаад дээш харан хэвтлээ. Хажуудаа хүн байгааг гэнэт санасан мэт би түүнийг тогтуун харав. Цав цагаан толгойтой ёнхигор өвгөн л нойрсоно. Сайхан өвгөн. Тиймээ, сайхан ч өвгөн, сайхан ч хүн. Миний хань.
Тэр унтаж байгаа хэдий ч бие цогцос нь сэрж байгаа. Одоо мөдхөн нүдээ нээнэ. Би мэдэж байнаа. Би чинь насаараа эмч хийсэн хүн шүү дээ. Миний бодлыг батлах мэт өвгөн нүдээ алгуурхан нээлээ. Тэгснээ
- Яасан бэ дээ хөгшөөн? Нойр нь хүрдэггүй юү? Тэгдгийм даа тэгдгийм. Хэд хоногоос даснаа хө гэлээ. Би түүний сэрэхийг мэдэж байсан шиг тэр миний нойр сэрвэлзсэний учрыг мэдэж байгаа бололтой. Аргагүй дээ, өвгөн маань цэргийн хүн тул надаас аль эрт, бараг үсэнд нь сор унав уу, үгүй юү тэтгэвэртээ гарсан хүн. Тэгээд л тэтгэвэртээ гарсан эхний өглөө ямар байдгийг мэдэрч байгаа хэрэг. Хөөрхий дөө, яг тэр үедээ над шиг, бүр надаас ч хэцүү байсан биз. Би тэр үед нь юун ингэж ойлгохтой манатай. Харин ч бүр “За тэтгэвэрийн өвгөн минь хоол цайгаа хийгээд, хог шороогоо цэвэрлээд олигтойхон байгаарай. Битгий хов жив ярьж, хавь ойрын эмгэчүүл рүү сэлбэлзээд байгаарай” гэж ирээд л цаашлуулж байж билээ. “Ээ дээ, хүн гэдэг ер нь өөр дээр нь ирэхгүй л бол юу ч ойлгохгүй, мэдрэхгүй сонин амьтан байдаг юм байна даа” гэж ёнхигор шар өвгөний өндөр хамрыг ширтэн хэвтэхдээ бодож байлаа. Тэгтэл өвгөн маань
- Энэ улс одоо хүн амьтан амарч байгаа гэж огт боддоггүй л юм байх даа гэж үглэв.
Нээрээ л намайг сэрээсэн нөгөө чихэнд чийртэй чимээ үргэлжилсээр л байлаа. Манай энэ хавийн хуучин байшингуудыг нурааж оронд нь цоо шинэ өндөр, өндөр барилгууд барьж байгаа юм. Хэзээ мөдгүй манай байрыг ч нураах л юм гэсэн. Хэдийгээр оронд нь орд харш шиг сайхан өргөө барина гэх боловч бараг энэ насны амьдралаа өнгөрүүлсэн байрыг минь нураана гэхээр сэтгэл өвдөх ч шиг. Миний бодлыг тасалж өвгөн
- Хөгшөөн, босч цайгаа чанавал яасын? Одоо унтах ч бүр өнгөрөв бололтой гэж хүнгэнэв.
- За за тэгье дээ, тэгье гээд өндийж цаг харвал 5:45. Цагны хажууд өнгө зүсээ алдаж, үмхэрч ноорсон “Бүжин” хэвтэх суухын завсар өеөлдөж харагдана. Харин гадаа, ирж буй цаг гэсэндээ нар аль хэдийн манджээ. Унтлагын өрөөнөөсөө шууд л гал тогоо руу чиглэлээ. Өглөө эрт болохоор манай цонхон доогуур шахуу өнгөрөх зам чөлөөтэй харагдана. Төд удалгүй үүгээр тоо тоймшгүй олон машин юунд ч юм яаран давхилдах болно.
Өчигдөр манайхны өгсөн цэцэгнүүд ширээн дээр хөглөрч харагдана. Баяр хүргэхэд цэцэг өгөх нь нэг ёсны соёл гэх боловч хэдхэн хоноод үхчихдэг болохоор өнөөх хүргэсэн баяр нь тэгэсгээд дуусчихна гэж боддоггүй л юм байх даа. Миний энэ бодол мэдээж орчин цагийн залууст таалагдахгүй нь лавтай. Гэхдээ нэгэнт ороод ирсэн бодлыг одоо яалтай.
Цайгаа гал дээр тавьчихаад, одоо ингээд усанд ороод шууд л ажилдаа гарах ёстой мэт бодогдоод болох биш. “Өнөөдөр тэгээд юугаа хийх вэ?” Энэ бас л сонин бодол. Урд нь ингэж бодож байснаа санахгүй юм даа. Хийх ажил тодорхой байсан болоод тэр байх. Эмнэлэгтээ асрагч, нярав гээд юүхэн хээхэн хийе гэж даргаасаа гуйдаг ч юм бил үү. Үгүй ээ, тэр ажлыг ч гэсэн хэн нэгэн хүн хийж л байгаа шүү дээ. Тэгэхээр яалаа гэж надад өгөв гэж. За, за олон юм бодож байхаар өнөөдөр гэрээ нэг сайхан цэвэрлэе. Эмэгтэй хүн гэдэг сонин шүү дээ. Гэрээ цэвэрлэж хүртэл жаргаж чаддаг.
Гэрээ тойруулж харлаа. Сэтгэл санаа маань уйтайхан байгаа болохоор тэр үү гэр ч гэсэн гундуухан, бүрэнхий дүү. Хананд өлгөөтэй зурагнууд дунд Сувдаагийн маань зураг аль тэртээ олон жилийн өмнөх шигээ инээмсэглэсэн хэвээрээ ч сэтгэл дагаад тэр үү нүдэнд нь гуниг хурсан ч юм шиг. Гараараа нүүрний шилийг нь арчлаа. Тоос дарчихаж. Ойрд цэвэрлээгүйн дээр хажууханд барилгын ажил хийгдэж байгаа болохоор нэг давхрын цонх онгойлгохгүйг хичээх ч яаж ийж байгаад л шороо дараад болж өгөхгүй юм. Түүний зургийг ширтжээ зогстол нэгэн гар мөрөн дээр минь зөөлхөн хүрлээ. Өвгөн маань босчихож.
- Энэ зургийг харахаар яг л тэр үеийнх шигээ байгаа юм шиг санагддаг гэж тэр маань хэлж байна. “Тиймээ, яг л тэр үеийнх шигээ” гэж бодсон ч түүнд юм хэлсэнгүй, толгой л дохилоо. Өвгөн хэсэг харж зогссоноо цааш эргэн явав. Бодвол угаалгын өрөө рүү биз. Өвгөнтэйгээ хоёул цайгаа уучихаад гэрээ цэвэрлэлээ. Цаг өнгөрөөд аятайхан ч юм шиг. Гэтэл гэнэтхэн “Өнөөдөр дуусчихвал маргааш юугаа хийнээ” гэсэн бодол харвав.
- Өвгөөн! Өнөөдөр ч яахав. Маргааш юугаа хийнээ гэтэл
- Хийх юм аяндаа олддог юмаа. Ер нь тэгээд тэгж, ингэжээ байтал өдөр өнгөрчихнө шүү дээ гэж өнөөх чинь их л туршлагатай цаг өнгөрөөгчийн дүрд хувилав.
- Анхмаагийнд очдог юм билүү? гэтэл
- Хаа байсан Дархан руу яаж явах вэ. Тэгээд ч тэр чинь чи бид хоёрыг бодвол залуу хүн шүү дээ гэнэ.
“Нээрээ ч тийм дээ. Биднээс залуу юм болохоор тэтгэвэртээ гараагүй байж таарна даа” гэж бодохтой зэрэг атаа төрөх ч шиг. Өвгөн миний сэтгэлийг ойлгов бололтой
- Хөгшөөн! Санаа зоволтгүй дээ. Маргаашнаас бага охины банди нар шуугилдаад л ирнэ. Чи ч хэрдээ таарсан ажилтай болно гэсэн үг гэлээ. Бид хоёр охинтой, таван зээтэй хүмүүс л дээ. Том охиноос минь хоёр охин, бага охиноос минь гурван банди төрсөн юм.
Нээрээ л өвгөний хэлснээр маргааш гэлтгүй оройдоо охид, хүргэдүүд бөөнөөрөө ирцгээлээ. Намайг тэтгэвэрт гарлаа гэж баярлацгааж байна гэх үү, эсвэл эмзэглэж байна гэх үү ямартаа ч бид сайхан хоол хийж, бөөнөөрөө бужигнацгаалаа даа. Манай бага хүргэн их гярхай. Намайг юу бодож байгааг гадарласан бололтой
- Ээж, тэгээд одоо юу хийе гэж бодож байна даа гэхэд Сувдаа
- Ажил нь бэлэн ш дээ. Манай гурав байна гэх нь хүүхэд хар л гэсэн үг бололтой. Харин том охин маань
- Цаг сайхан дулаарч байгаа юм чинь аав ээж хоёр амралтанд явна байгаа. Одоо мөдхөн зуны эхэн сар гарлаа гэхэд Сувдаа
- Өө, дэмий, дэмий, хаврын хавсарганд жиндчихнэ. Тэгснээс зунаас болсон нь дээр гэхэд өвгөн
- Хэ, зун ч мэдэхгүй ээ. Хүүхдүүд амраад ирэхээр биднийг ер нь гэрээс гаргах уу? гэхэд том хүргэн
- Харин тийм. Эдний гурав, дээр нь манай хоёр нэмэгдчихээр мөн ч бужигнана даа гэх нь бас л хоёр охиноо харуулах бололтой. Тэгтэл бага хүргэн маань
- Ээж одоо завтай болсон юм чинь ном бичээч гэхэд бид бүгдээрээ гайхацгаалаа. Би ч гэсэн бүр мэлэрч гүйцэв. Сувдаа
- Чи юу яриад байгаа юм бэ? Насаараа эмч хийсэн хүн яаж ном бичих юм? Манай энэ их сонион гээд толгойгоо түүн рүү сэжихэд хүргэн
- Юу хийж явсан нь ямар хамаатай юм. Насаараа амьдарна гэдэг чинь л өөрөө ном байхгүй юу. Тэгээд ч аав ээж хоёрын амьдрал сонин ш дээ. Сувдаа
- Юу нь сонин гэж? Чи одоо өөлөөд байгаа юм уу хаашаа юм гэж шарвалзахад том хүргэн дэмжих өнгөөр
- Харин. . .? Би ер ойлгосонгүй гэхэд том охин нилээн бодож сууснаа
- Дүүгийн зөв юм байна гэхэд Сувдаа өөрийгөө гэж бодов бололтой царайд нь итгэл тодров. Тэгтэл том охин цааш нь
- Та дурсамжаа бич. Хажууд чинь аав байна. Мартсаныг чинь сануулах болно. Бидний амьдрал нээрээ л сонин, гоё ш дээ. Хүмүүст сонирхолтой. Харин бичээд дуусахад нь би хүнд үзүүлж хэл, найруулга дээр нь засаж янзлуулъя гэхэд Сувдаа
- Өө, тэгээд энэ олон мангаруудыг яах юм бэ? гээд уруулаа унжуулав. Олон мангарууд гэдэг нь гурван хүүгээ хэлж байгаа юм. Бага хүргэн эхнэрээ хараад инээж л суух. Эгч нь
- Чи одоо битгий урваганаад бай л даа. Одоо яаж болоод байгаа юм түүгээрээ л болно биз гэлээ. Түрүүнээс хойш дуугуйхан сууж байсан өвгөн маань
- Миний охидууд том ээжүүд болчихоод битгий ингэж муудалцаж бай. Өнгөрч буй өдөр хоног бүхэн биднээс явж байгаа шүү дээ. Хүүхдүүдээ зүгээр л аав ээждээ аваад ир. Эд яахав жаахан шуугилдана л биз. Гараас гарчихсан амьтад яав л гэж гэснээ надад хандан
- Миний хөгшин ч гэсэн бич. Хүүхдүүдийн хэлж байгаа зөв шүү. Би ч гэсэн мартсан санаснаа сэргээе. Ер нь тэгээд их сайхан санаа байна шүү гэж бид бүгдийн эвийг оллоо. Угаасаа л ингэдэг юм даа, зайлуул. Сувдаагийн маань хошуу цаашилж, том хүргэний маань ч санаа амрах шиг болов. Сонин шүү. Манай Сувдаа, том хүргэн хоёрын зан авир төстэй. Харин том охин бага хүргэн хоёрын санаа дандаа нийлнэ. Эсрэг тэсрэгийн хууль гэдэг л энэ юм байх даа.
Хүүхдүүд маань хэсэг бужигнаад явцгаалаа.
- Багачуулаа үлдээхгүй юм уу? гэж намайг хэлэхэд
- Маргаашнаас болъё гэцгээв.
Тэднийг явсны дараа миний сэтгэл гэгэлзэж орхилоо. Байн, байн түүний зураг руу ширтэнэ. Хажууд нь хоёр туулай тэвэрсэн охины зураг байна. Жинхэнэ туулай биш л дээ, чихмэл. Өвгөн маань намайг ажиглаад байгаа бололтой. Тэгэхээр нь
- Би бичиж чадах болов уу? гэж итгэл муутайхан асуув.
- Бүгдийг нь биш юмаа гэхэд хамгийн сэтгэлд хоногшсон хэсгийг нь бичихэд л болно шүү дээ гэлээ. Бодоод үзэхэд бас тийм юм.
- Заавал тэр ном нь ч юүв. Зүгээр л дурсамж, тэмдэглэл байж болно биз дээ? Түүнээс илүүг би чадахгүй байх гэтэл
- Бололгүй дээ. Их том юм бодоод юүхэв гэлээ.
Тэр шөнө би бас л хөрвөөж хонолоо. Шөнө дунд арай ч барилгын ажил хийхгүй тул нам гүмхэн. Хажууд, өвгөний жигдхэн амьсгаа сонсогдоно. Гадуур хаа нэг машин өнгөрч байгаа бололтой үе үе өрөөгөөр нэг цагаан гэрэл цацраад алга болно. Орны хажуугийн шүүгээн дээрх “Бүжин” гэрэлд учиргүй тодорч ирснээ бүдгэрнэ. “Энэ туулай бид хоёрт их түүх бий” гэж бодохтой зэрэг энэ хавиас л дурсамжаа эхлэх юм байна даа гэж санагдаад баяр ч хүрэх шиг болж “Бүжин”-гээ авч үнслээ. Түүнээс тоос үнэртэж байна. Өвгөн маань унтаж байсан хэрнээ гараа явуулж миний гарыг атгалаа. Би тэгсгээд нам унтсан юм байж.
Дахиад л нөгөө барилгачдын дуу чимээ түжигнэж сэрлээ. Хорвоогийн дахиад нэг өглөө эхэлж байгаа нь энэ.
Яг энэ өглөөнөөс эхэлж би орчноо мартаж эхлэв. За, юун сүртэй юм. Гэнэтхэн зохиолч болчихлоо гэх гэж байгаа юм биш биз дээ гэж хэн нэг нь бодох л байх. Гэхдээ л би өнгөрсөндөө умбасан хэрэг. Нэгэнт би “Бүжин” буюу өөрт минь өдий хүртэл хадгалагдаж байгаа туулайн чихмэлээсээ эхэлнэ гэсэн болохоор тэндээсээ л эхлэхээс өөр арга алга. Энэ туулайг надад миний анхны хайрын эзэн, бүтэлгүй дурлалын учиг, энэ дэлхийд мэндлэх хувьгүй тэр нэгэн хүний эцэг эцсийн удаа уулзахдаа өгсөн юм. Чухам яагаад өгсөнийг би ойлгоддоггүй. Гэхдээ яагаад өдий болтол хадгалж, бүр чин сэтгэлээсээ хайрлаж явдагаа бол ухаардаг.

                                                                    *   *   *

Тэр шар хөвгүүн бид хоёр нэг байранд, бүр нэг орцонд байдаг байлаа. Түүнийг Сүхээ гэнэ. Тэднийх нэг давхарт. Манайх гурван давхарт. Манай байр хотын төвийн, төв зам дагуух ягаан байшингуудын нэг л дээ. Энэ хавийг тавин мянгат гэдэг. Цагтаа монголын гайгүй сэхээтэн, одооны хэлээр бол элит гэмээр айлууд амьдрана. Үнэндээ бол хөдөөнөөс анх л ирж хотожсон хэсэг нь гэсэн үг юм даа. Манай дээд талд Анхмаа гэдэг охинтой айл байв. Надаас нилээн хэд дүү. Тэр үед намайг эгчээ, эгчээ гээд гүйдэг байснаа сүүлдээ чи, чи болж хувирсан юмдаг. Бодвол найз болж байсан нь тэр байх. Манай доод талын Сүхээгийнх нилээн сүүлд нүүж ирсэн юм. Сүхээ бид хоёр маш сайхан, дэндүү сайхан үерхэж байлаа. Тэр үеийн хүүхдүүд байраараа их нийлнэ. Манай байранд олон л хүүхэд байсан ч шинээр нүүж ирсэн гэдэг утгаараа ганцхан би ч биш бүх хүүхдүүд, тэр дундаа охидууд Сүхээг их сонирхож байсан юм. Тэр орос сургуульд явна. Энэ нь түүний царай муутай гэдэг үзүүлэлтийг дарж байв. Гэтэл тэр банди гитарыг гайхалтай гоё тоглоно. Бас болоогүй ээ, сагсан бөмбөгт хачин эвсэлтэй. Түүнийхээ хажуугаар нэг их сонин инээнэ. Нэг тийм юу гэмээр юм дээ. Түүнийг инээхээр ганцхан би ч биш манай байрны бүх охидууд хачин болчихдог байж билээ. Магадгүй бидний бяцхан зүрхэнд анхны хайр эсвэл эсрэг хүйстнээ сонирхох анхны мэдрэмж ирж байсан ч байж болох юм. Тэрийг мэдсэн юм шиг Сүхээ сонин инээмсэглэлээ зөвхөн над руу л өгөөд байх шиг. Бид хоёр нэг орцных болохоор тэр үү цуг байх нь элбэг. Тухайн үеийн хүүхдүүд орцондоо, эсвэл орцныхоо өмнө гитар тоглож эсвэл буу халж (худлаа ярьж) ихэнх цагаа өнгөрөөдөгсөн. Эцэг эх гэж яасан ч их ажилтай улс байсан юм. Хар өглөө гараад л харуй бүрийгээр ирэх. Тэднийг орой ирэхэд нь гэр цэвэрхэн, аяга хоол бэлэн байвал болдог байлаа. Ер нь ийм байлгаж чадвал ажилтай, сайн охиндоо орно шүү. Тэгээд л бусад цаг биднийх.
Удалгүй Сүхээ бид хоёр үерхсэн юмаа. Байрныхан байтугай сургууль даяараа мэддэг боллоо. Манай ангийнхан, чи орос сургуулийн тэрэнтэй үерхэж байгаа юм уу? гээд л. Сүхээ ч гэсэн намайг хэрээрээ л хайрлана. Хорин дөрвийн чихэр, жаран мөнгөний мөхөөлдөс идэхгүй өдөр надад байсангүй. Хааяа кино үзнэ. Тэр үеийн үерхэл харьцангуй энгийн, харьцангуй даруухан байсан санагддаг юм. Магадгүй, үе үеийн үерхэл тухайн цагтаа тийм байдаг байж болох л юм.
Бидний үерхэл даамжирсаар нэг л өдөр том хүний хэмжээнд очсым даа. Итгэмээргүй. Яг эхэндээ бол юу болоод байгааг ухаараагүй байтал нэг мэдэхэд би нус нулимстайгаа холилдчихсон тэдний жижиг өрөөнд байж байсан юм. Гэхдээ надад тийм ч муухай санагдаагүй. Харин юунаас ч юм их айж байлаа. Айсан ичсэнээ ч ялгахгүй тэднийхээс гараад дээшээ, гэр лүүгээ гүйж билээ. Өдөр болохоор л Сүхээ манай хаалгыг тогшино. Би онгойлгож өгөхгүй. Лав л гурав хоног түүнтэй уулзаагүй юмдаг. Гээд яахав дээ нэг л өдөр гарч, тэр өдрөөс эхлэн түүнийхээ гараас хөтлөн энэ хорвоо зөвхөн бид хоёрынх юм шиг явцгаасансан. Тэр үе яг одоогийнх шиг хавар цаг байлаа. Тэр ч, би ч төгсөх анги.
Гэтэл . . . гэтэл нэг л өдөр болохоо байлаа. Би жирэмсэн болчих нь тэр. Айсан гэж юүхэв. Тэр үед ямар одооных шиг тест энэ тэр гэж байсан биш. Биений юм ирэхээ байчихлаа. Гайхсандаа тэнэг юм шиг ээждээ хэлж орхив. Хүүхэд байж дээ. Ээж гэдэг хүн манараад явчих нь тэр.

Үргэлжлэл бий
Бүрэн эхээрээ...

Нэрэлхэлгүйгээр - 8 буюу Өөрийн гэсэн өнгө, өөрийн гэсэн хэлтэй зохиолч

15 Сэтгэгдэлүүд:

За хө "ЖИЙЖЭЭ"-гээ дахин шинэчилж, засварлаад хэвлүүллээ. Хавтасны зургийг манай нэртэй шог зураач А.БАТ-ЭРДЭНЭ санаандгүй таарчихсан. Тэгээд би өөрөө зохиолч гэхээр Редакторын үүргийг зохиолч анд Х.БОЛОР-ЭРДЭНЭд шууд өгчихсөн. Яагаад ч юм ийм нэртэй улсууд холбогдчихов. Тэгээд энэ номонд уран бүтээлийн анд маань үгээ шигтгэснийг энд сийрүүлэв.
Өөрийн гэсэн өнгө, өөрийн гэсэн хэлтэй зохиолч

Андын үг

“Уг нь Чингис хаан хойд төрөлдөө хүн болж Монголдоо төрсөн бол тун хэрэгтэй байсан юм. Даанч тэгсэнгүй архи болоод төрчих юм даа. Тун тоогүй. Тэгэхдээ бүр ах дүү, төрөл саднаараа шүү...” гэсэн бодол хөврүүлэх хөдөөгийн эгэл бор өвгөний нүгэл нүүгээгүй оюун санаанаас урсан гарах үгс өнөөгийн бидний өнгө төрхийг товхийтэл тодорхойлчихов. Ичих ч шиг...
Яг л хорин жилийн өмнө тэнгэрт одсон өвөөтэйгээ дүнгэр дангар ярилцан, ёж үгийг нь сонсонгоо сэм инээд алдан суугаа мэт ид амтшин байхдаа би андынхаа зохиол дотроос арайхийн сэрж байна. Өвгөн Жийжээ өвөөгийн минь үгийг, аяг араншинг тэр чигээр нь надад дахин мэдрүүлчихээд Хүрэнтийн хөндийдөө үлдчихлээ.
Цахим ертөнц гэдэг хязгаар хярхаг нь үл мэдэгдэх хэтэрхий уужуу хэрнээ бас давчуу орчил байх. Тэр л орон зайн нэг үзүүрт Т.Бум-Эрдэнэ бид алсхан хэрнээ ойрхон нөхөрлөсөөр өнөөдрийг хүрч. Яг л тос даасан бор ааруул шиг амтагдах түүний зохиолуудыг онлайн уншигчид унших дуртай. Ялангуяа эх орноосоо алсхан амьдардаг монголчууд маань Бумаагийн цахим хуудсанд тухлан сууж ирээд түүний сэтгэл зүрхнээс ундарсан эх орон үнэртсэн бүтээлүүдийн дундуур тааваараа бидэрдэг юм.
Би тэдний нэг нь. Унаган хотын хүн надад хөдөөгийн гэх тодотголтой бүх зүйлс үргэлж сонирхолтой санагддаг. Мэдэхгүйгээ мэдэж, үзэж дуулаагүйгээ Бум-Эрдэнийнхээ зохиолууд дотроос түүж түүвэрлэн суралцахад их амттай байдаг юм. Зохиол бичиж байгаа нэрээр баахан хэлбэр хутгаж, түүндээ төөрчихсөн сав ертөнцийн хаа ч үгүй гансарч явах олон бичгийн хүнийг би мэднэ. Харин Бумаа маань тэднийг бодвол өөрийн гэсэн өнгө аяс, өөрийн гэсэн хэлтэй зохиолч. Тиймээс ч Бумаа маань бусад шиг холоос санаа хайж, ойроос хэлбэр хуулж хөгөө чирэхээргүй арга барилаа бат атгаж чадсан хүн. Америкт олон жил амьдарчихаад ирсэн хэрнээ төрөлх монгол аялгуугаа сэтгэл зүрхнийхээ гүнд яв цав хадгалж, хөгжүүлж, түүгээрээ эх нутгаа санаж ангаж цангасан олон монголчуудаа ундаалж суудагт нь бахархана.
Тийм л нэг амттайхан хэрнээ алсуураа ёгт санааг урлаж чадсан хөнгөхөн зохиолыг нь сая уншиж дуусгалаа. Энэхүү номын редактор хэмээх том хариуцлагыг Бумаа маань надад даалгасан юм. Хүний зохиолын өнгө аяс, өөрийн гэсэн хэлийг нь зүрхлэн бусниулж чадсангүй. Ямартай ч энэхүү номын тухай цөөн хэдэн үгийг номын андынхаа уншигчдад хаяглан үлдээхээр чармайн суугаа минь энэ.
“Жийжээ хутгаа үрэх зуураа “Үзэл бодол таардаггүй энэ тэр гээд л байдгийн эд нар. Цөөхөн хүнтэй Монголд тийм л их олон үзэл бодол хэрэгтэй байдгийн байхдаа. Идэж уухаа болохоор яадгийг нь харъя байз” гэж бодсон аж. Нэг хутгатай хоёр дарга бие биенээ жаахан харж сууснаа Лочин нэг огтолж, хутгаа Ганцог даргад өгч байна. Өнөөх нь нэг огтлоод буцаагаад өгч байгаа харагдана. Лочин дарга ахиад л огтлохыг харсан Жийжээ “Эд нар ч ингэж л таарна. Цааш нь дамжуулахгүй байна шүү. Улсын юмыг идэж уухаа хүрвэл ингээд л хуваагаад хүртэх улс. Энэ хоёр мэдээж Балдан хөгшнөөс насаар бага шүү дээ. Гэтэл өнөө үед дарга байнаа гэдэг юм юманд эхэлж хүрэх арга зам, эрх дарх юм даа...”
Тэр гэх тэмдэггүй болтороо эдэлсэн бор дээлтэй хөдөөх өвгөчүүл маань үнэхээр л ийм бодол нэрж суудаг айхтар улс байх юм билээ. “Хөдөөгийн” гэж тэднийгээ бид ямар их дорд үздэг билээ. Гэтэл хөдөөгийн хөх өвгөд минь ач, үрс биднийгээ хэрхэн будлихыг ухааныхаа цараагаар хэмжсэн шигээ хүд хүд инээж л суух. Жийжээ өвгөний хутгаа ирлэх зуураа бодож амжсан энэ бодлын чанадад бидний дээш нь залдаг дарга даамлуудын нэгэн өнгө дэрийтэл харагдаад өнгөрөх аж.
Хэнийг бид толгой дээрээ залж, хэнийг бид хоймортоо дээдэлж байгааг Жийжээ өвгөн чимхсэн мэт байн байн сануулах нь эрхгүй бодол асгана. Тэгсэн хэрнээ тэрхүү ёж өвгөний хөнгөхөн дэггүйтлийг даган элгээ тэнийтэл хөхин баяссандаа чамгүй олзуурхав. Тайзан дээр алиалагч нарын үүрэг голцуу гүйцэтгэх болсон манай хошин шогийнхон ч түүний зохиолын дайтайг гаргаагүй шиг. Ер нь ном уншаад ингэтэл ганцаар ход ход инээн сууснаа ойрд санахгүй байна. Ном зохиол гэдэг уншигчаа өөртөө бүрэн уусгаж, нүд салгалгүй төгсгөлийнхөө цэгт хүртэл авчирч чадаж байвал амттай бичигдсэний шинж гэж би хувьдаа боддог. Тэр ч утгаар нь уншигчаа арын хавтсыг хаатал дотор нь уяхыг зорьдог.
Энэ зорилгыг “Америкт зорчсон Жийжээ” тууж биелүүлж чаджээ. Өмнө нь түүний цахим хуудсаар энэ зохиолыг бүтэн уншсан ч гэлээ ингэж бусдад дуулдахаар сэтгэгдэлээ хэлж төвдөөгүй явсан юм.
Хүн хаана илүү гэмтэж, хүмүүсийн бодол санаа хаана хугарч гэмтсэнийг энэ зохиолоос харж болно. Хөгжил, дэвшил, илүүрхэл гэгчээр цээжээ дэлдэн яг л аварга бичин мэт аашилж байгаа биднийг орчлон бүхлээрээ харж сонжиж байгааг битүүхэн ёвроод авч уу гэж санагдаж байлаа. Хэзээ ч нугарахаа больсон Жийжээ өвгөний дунд хуруу түүний хуруу биш бидний хөдөөгийн хөх өвгөдийн ороо бусгаа цаг үе рүүгээ гозойлгосон хуруу юм байна хэмээн эцэст нь ухаарч авлаа. Ийм тод томруун төлөөлөл, ёжлолыг амттайханаар шигтгэж өгсөн Бумаагийнх шигээ зохиолыг бичихсэн гэхээс хорхой асч байна.
Ингээд эрхэм уншигч таныг ч бас номын анд Түмэнбаярын Бум-Эрдэнийн маань “Америкт зорчсон Жийжээ”-гийнхээр буугаад мордоорой хэмээн уриж байна. Амттай, бас хөгжилтэй долоохон хоногоор хөх өвгөдийн минь хэлэх гэсэн маш олон үгийг амтлуулан аялуулах болно оо.

МЗЭ-ийн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ
Бүрэн эхээрээ...

“Дотроосоо” - 2 (Өгүүллэг)

46 Сэтгэгдэлүүд:

- За . . .аа, наадах чинь харлаа гээд яахын бэ?
- Чи байзаа . . . гэснээ асаасан лаагаа миний толгойны хажууд тавьснаа жаахан хол зогсон онилж хараад зэвүүн нүдээ онийлгон
- Үгүй ээ, чиний царай харагдахгүй байна. Өшөө жаахан . . . гээд лааг ойртуулав. Тэр миний царайг лааны гэрэлд тод харах гээд байгаа бололтой. Тэгснээ өөрсдийнхөө орны дэргэд нэг лаа асааж тавив.
... “Тэнэг л байна даа. Би хэвтэхээрээ дээшээ л хардаг юм ш дээ”
- Одоо чи намайг, би чамайг харж чадна. Чамд би кино үзүүлнээ хи хи хи гэхэд Заяа
- Арай эвгүй юм биш үү?
- Чи өдий болтол тэгж бодож байсан гэж үү?
- Чи ч ёстой чөтгөр юм даа.
- Хэн нь бурхан юм, тэгээд? хи хи хи гэснээ Заяаг дарж авлаа. Тэд бараг цаг гаран заваарсан байх. Тэгээд чимээгүй болчихов. Лааны гэрэл нүдний дэргэд ёлтгонож, сүүдэр нь адарт туналзахыг атаа хорслоо дүүрэн атлаа арга барагдсан харцаар ширтэж хэвтэв.
... “Араатнууд юм даа та нар. Уг нь эд биш би л араатан байгаа юм. Гэтэл арван хар нүглийн горыг амьдын там болтлоо мэдрэх юм гэж хэн мэдлээ. Мэдэрлээ гээд яах ч билээ. Энэ бие минь өндийхөөсөө өнгөрснийг мэдсээр атлаа та нар яах гэж миний гавлын ясыг точигнуулан байж тархийг минь малтана вэ?”
Миний нүдэнд халуун нулимс дүүрч ирснээ гоожилгүй хий дэмий цэлэлзэн нүд бүрэлзүүлнэ. Нулимсаа урсгах санаатай толгойгоо хажуу тийш болгоход Сиймхийгийн үлдээсэн лаа хажууд шахуу сүүмэлзэхийг харав.
... “Би хэдий болтол эдний бах тавыг хангаж хэвтэх гэж. Миний толгой энэ лаанд хүрэх болов уу”
Би толгойгоо ганхуулан лаанд хүрэх гэж оролдов. Болмоор ч юм шиг.
... “Унагах л хэрэгтэй”
Тэдний хурхирах чимээ харанхуй шөнийн нам гүмд дэндүү тод сонсогдоно. Тархийг минь зажилж, зажилж одоо хэхэрч байгаа мэт санагдана.
... “Тиймээ, тэд миний тархийг ч, зүрхийг ч идэж дуусах шив. Би яах ёстой юм бол? Яаж ч чадахгүй юм чинь гээд хэвтээд байх хэрэг үү”
Нулимс нэгэнт урссан тул нүд маань аяган дотроо хуурайшин эргэлдэж, атга зүрх минь цээжний хаа нэгтээ уур омгоор дэлсэж эхлэв. Толгойгоороо лааны зүг тэмүүллээ. Яах гэж байгаагаа сайн ойлгоогүй ч миний хөдөлж чадах хэмжээ тэр л байсан болохоор тэр байх.
... “Сиймхий энэ лааны гэрэлд тарчилсан царайг минь харсан шигээ жаргасан юм биз дээ”
Энэ бодол намайг лааны зүг дахин тэмүүлэхэд хүргэв. Хариугүй л хүрэх гээд байх шиг хэрнээ л хүрэхгүй юм. Ямар ч боломжгүй зүйл гэж байх л юм даа. Хясал гээч ямар айхтар там бэ.
... “Сахал Намбарын зовлон дуусах л ёстой”
Толгойгоо бөнжигнүүлэн савлуулж эхэллээ. Тэгж тэгж лааны зүг хүчтэй шидэв. Одоо л би яг яах гээд байгаагаа ойлгож эхлэх шиг. Би үхэх гээд байгаа юм байна
... “Чадах л ёстой. Лааг унагаж, байшинтайгаа, хувь тавилантайгаа бас энэ муу хоёртой цуг шатан тамын оронд цуг очвол та хоёроос би өшөө авч л таараа”
Би хэдий хугацаанд ингэж оролдсоноо мэдсэнгүй. Хамаг биений хөлс цутган зүрх савлана. Гэлээ ч няцсангүй.
... “Намбараа, дахиж ийм боломж олдохгүй шүү”
Дахин хэд саваад зүтгэтэл лаа түг түг хийн хаашаа ч юм унаж адарт сүүмэлзэн байсан сүүдэр анивалзан өрөөнд харанхуй болчихов. Хамаг итгэл найдвар түүнийг даган унтарлаа.
... “Бурхан гэж юу юм бэ? Хүслийг хяслаар ороож хэсэг хэсгээр хэрчиж иддэг чөтгөр бол бурхан чи өөрөө. Чи бол үнэндээ ад чөтгөрийн боол”
Би зүрхнийхээ гүнээс гиншин уйллаа. Доошоо нойтогнож байгаагаа ч тоосонгүй. Гэсэн ч энэ надад юуны хамаа байхав. Нүд маань дахин нулимсаар дүүрч усан бүрхүүл тогтлоо. Бодвол сахал доорх уруул минь хүүхдийнх шиг өмөлзөж байсан биз. Гэтэл . . . гэтэл усан бүрхүүл дунд жижигхэн цэгээ цэгийх шиг болов. Толгойгоо сэгсрэн нулимсаа унагаад адар өөд аврал эрсэн харцаар ширтэхэд тэнд гэрэл сүүдэр анивалзан хором хормоор томорч, өрөөний хаа нэгтэй үхмэл шар туяа улам бүр тамиржиж эхэллээ.
... “Ха . . . ха . . . ха . . . асч байна. Чи хорвоогийн хамгийн сайн лаа. Новшнууд минь би чадлаа ш дээ. Салтаандаа тархиа чихсэн та муу хоёрыг тамын ёроолын аль ч мухараас олно би. Ха . . . ха . . . ха . . .”
Би оюун ухаандаа ингэж л хашгирч байв. Хөндлөнгөөс харсан хүнд миний царай чухам ямар байсан бол. Хүсэл хясал, уур хилэнгээр дүүрсэн улаан нүдээр адар ширтсэн атлаа сахалтай амаа байдгаар нь ангайн сар жилээр угаагүй шар шүдийг шазалзуулан инээж буй төрх харагдах байсан байх.
... “Нээрээ, ингэж хашгирч байгаад сэрээчихвий дээ”
Амаа хамхин, хоёр нүдээ аягандаа эргэлдүүлэн анхаарлаа тэдний зүг хандууллаа. Тэд сонсоно гэж ямар юм байхав. Би л зүгээр санаа гаргаж буй нь тэр.
Одоо гэрэл улам бүр томорч галын дөл болсон байв. Шатаж буй мод үнэртэнэ. Сайхан үнэр. Тиймээ энэ үнэр зунгааралдаж нялцганасан заарны үнэрээс сайхан байлгүй яахав. Гал дүрэлзэж, адарт хар утаа хуйлран эргэлдэж, хоолой ам гашуу оргино.
... “Ханиахгүй л юм шүү. Тэгвэл сэрчихнэ”
Чаддаг бол шээстэй хөнжлөө татаж хамар дээрээ тавихсан. Тэгвэл угаартахгүй. Амьд үлдэх гэсэндээ биш л дээ. Тэдний дараа л үхэх гэсэн дээ тэгж бодож буй хэрэг. Түрүүлээд угаартчихаж болохгүй шүү дээ. Гал хана туурга өөд цоролзож, сандал ширээг шатааж байгаа нь мэдрэгдэнэ. Тэр ч байтугай ор хөнжлийг долоож шээсэнд норсон хэсгийг тойрч байх шиг санагдана. Сүүлдээ харж чадахаа байлаа. Хичнээн хичээсэн ч өөрийн эрхгүй бөгшүүлэн ханиалаа. Миний ханиах чимээнээр тэд хөрвөөснөө гэнэтхэн ээлжлэн ханиаж эхлэв. Бөглөрч, бөглөрч онгойх шиг.
... “Ээ чааваас сэрчихлээ ш дээ”
Заяа зогсоо зайгүй ханиах завсраа
- Юу вэ? Хүүшээ . . . Босооч ээ гээд хажуудахаа нудрав. Сиймхий сэрлээ. Тэр бас баахан ханиаснаа
- Хөөш, юун гал вэ? Алив, хаалга хаана байнаа? Тэд түчигнэлдэн хаалга руу тэмтчив. Заяа
- Намбар яасан болоо?
- Тэр ядгийн
- Намбарыг авъя л даа гээд дэргэд ирж нүүрэнд тулж хоёр нүдийг минь харснаа
- Ашгүй ухаантай байна уу? Алив . . . гээд тэмтчин байж тэргэнцэрийг татав. Нойтон байсан болохоор хараахан шатаагүй аж. Энэ үед Сиймхий хаалга онгойлгов. Гаднаас орж ирсэн агаарт утаа нэг намсхийснээ гал улам хүчийг аван дүрэлзэх нь мэдэгдэв.
- Чи туслаач ээ
- Хаяа хая. Тэртээ тэргүй үхсэн хүнийг
- Ёстой муу шаар юм даа чи гэж Заяа хахаж цацахын хажуугаар үглэн надтай зууралдсаар тэргэнцэр дээр гаргав. Аргагүй дээ дөрвөн жил хийсэн ажил нь юм чинь. Хар утаан дундуур намайг түлхэн бэдчүүлнэ. Миний ухаан санаа орж гаран ханиалгана. Арай хийж үүдэнд иртэл өнөөх өндөр босго тулав бололтой
- Хүүш ээ новшоо! Чи ядаж . . . гээд ханиалгав
- Хаяач ээ. Наад сэгээрээ яах гээд байгаа юм гэх Сиймхийгийн дуу нилээн цаанаас сонсогдож байв. Тээглэсэн тэргэнцэрийг Заяа араас нь өргөн байдгаараа түлхэв.
... “Чи өөрөө гараа. Би яахав”
Гэтэл ард нэг сонин исгэрэх дуу гарснаа залгуулан чих дүлийрэм чимээ болоод цааш юу яасныг мэдсэнгүй.

Нүдээ нээлээ. Манай муу умгарыг бодвол ихээ саруулхан өрөө байна. Адар нь тэртээ дээр юм. Ингэж эмнэлэгт ухаан орлоо.
- Та хамгийн сүүлд юу болсныг санаж байна уу?
“Нээрээ яалаа байз? Хамгийн сүүлд Заяа намайг хаалгаар гаргах гэж оролдож байсан” гэж бодоод
- Заяа яасан бэ?
- Танай хүний бие жаахан тааруу, манай түлэнхийн эмнэлэгт хэвтэж байгаа гэлээ. Надад эмчийн хэлсэн сонин биш харин би үг хэлчих шиг болсон нь сонин байлаа.
- Би ярьчихав уу даа?
- Тэгсэн. Та үг хэлж байна
Итгэмээргүй юм. Санаандгүй хуруугаа хөдөлгөж үзсэн нь болоод ч байх шиг.
Би тэр өдрөөс хойш гурван долоо хоногийн дараа эмнэлэгээс гарлаа. Гэхдээ хөлөөрөө. Эмчийн хэлснээр бол Заяа намайг босго давуулах гэж оролдож байхад ард нь газ дэлбэрч бид хамтдаа нилээн хол газар шидэгсэн байж. Заяа миний ард нүцгэн шахуу байсан болохоор түлэгдэлт ихтэй гэсэн. Би шидэгдэн тэр хол унахдаа мэдрэлийг судсаа цочроож, бор тархинаас ирэх мэдээллээ бүх биеэрээ дамжуулж чаддаг болсон гэж эмч хэлсэн юм. Мэдэх ч юм алга. Хар үгээр бол түгжээ мултрах шиг л юм болж. Гайхамшиг гэдэг л энэ байх. Би цоо эрүүл болж, надад байсан бүхэн эргэн ирсэн байв.
Эхлээд Заяа дээр очъё гэж бодлоо. Заяа битүү боодолтой юм хэвтэнэ. Тэр дөчин хувийн түлэгдэлтэй авч амьд байлаа. Дээрээс нь тонгойвол тэр намайг таньж байгаа бололтой нүд нь том болж ирснээ нулимс дүүрч ирлээ.
- Тэр ярьж чадах уу?
- Энэ байдлаараа эдгэвэл ярих нь байтугай хөл дээрээ ч босож чадахгүй. Арьс нь татсанаас тэр л дээ. Харин ухаан санаа нь эрүүл. Хэрвээ арьс нөхүүлвэл өөр л дөө гэнэ. Гэхдээ түүнд арьсаа хуулж өгөх тийм тэнэг хүн хаана байхав дээ. Оюун ухаан нь эрүүл гэдгийг сонсох надад таатай байв.
- За тэр яахав. Хэзээ гарах вэ?
- Ойролцоогоор хоёр долоо хононо гэлээ.
Тэндээс гараад гэр хүрэх зуураа “Одоо би чамд өөрийнхөө амссан болгоныг амсуулна. Тэргэнцэр дээр хөдөлгөөнгүй суух ямар байдгийг чи үзнэ. Бас нүдэн дээр чинь чиний хийсэн болгоныг чинь хийнэ. Тэгэхийн тулд чамайг авч очих оромж хэрэгтэй. Сахал Намбар хөл дээрээ боссон цагт түүнийг олчих эрэмбэ байлгүй дээ. Өнгөрсөн дөрвөн жилд надаас зугтсан хулгайчуудыг сэгсрэхдээ л нэг сэгсэрнэ” гэж бодлоо. Гэрээрээ очлоо. Өнөө муу байшин маань шатаад, хэдэн арзгар хар юм л болсон байв. Харин Сиймхийгийн яндангаас утаа саагиж байхыг хараад өөрийн эрхгүй хоёр гараа тас атган шүдээ шажигнатал зуун хорвоогийн хамгийн адгийн цэгийг харсан мэт зогссон юм. Гэхдээ би биеэ барьж байв. Түүнээс өшөө авч амжина. Хүлээх хэрэгтэй.
Сиймхийг өдөржингөө хүлээв. Юмыг яаж мэдэхэв гэж нэг хутга олж халааслав. Сиймхийг хүн гэхэд хэцүү. Айсан хүн хүн ална гэгч болж мэднэ. Орой бүрэнхий болохын алдад Сиймхийг хашааны булан тойроод гараад ирэхээр яг урд нь тулаад зогслоо. Доошоо газар ширтдэг зангаараа явсан тэр миний хөлнөөс дээш харц гүйлгэснээ хөшиж орхив. Бараг зогсоогоороо үхсэн гэхэд болно. Царай нь зэвхий даагаад дагжин чичирч эхлэв. Түүнийг зодож нүдэх, хутга шөвөг үзүүлэх хэрэг огт байсангүй.
- Эрлэг чинь ирлээ дээ. Одоо өнөө сайхан инээдээрээ инээдээ
гэж шүд зуун хэлэхэд тэр салгалан чичирч эхлэв
- Инээлдээ чи гэж зандархад эрүүгээ чичирүүлэн
- Хи хи хи гэж дуугарав. Яг тэр үеийнх шиг нь биш ч гэлээ цаанаа нэг зэвүүн муухай сонсогдоно. Миний дотор зарайж
- Дахиад . . . дахиад новшоо . . . дахиад гэж зандрахад тэр
- Хи хи хи . . . хи хи хи . . . хи хи хи . . . гэж шүлсээ савируулан зогсолтгүй гингэнээд өмдөндөө шээчихлээ. Энэ бол айдас. Үзэж байж л мэдэрдэг ёрын мэдрэмж. Айдас гэдгийг үнэн голоосоо айж үзсэн хүн л ойлгоно. Хэрвээ би түүнд хутгаа үзүүлсэн бол тэр газар дээрээ үхэх байсан биз. Гэхдээ иймэрхүү новшнууд тийм амархан үхэж жаргах гэж үү. Үгүй байхаа. Энэнд тийм эрх байхгүй.
- Харж байна уу? Миний гэсэн болгон шатаж дууссан.
- Би . . . би хашаа байшингаа өгье
- Өө, бас тэгж матмаар байна уу? Сахал Намбар миний гэр орныг дээрэмдсэн гэх гэсэн юм биз дээ?
- Яалаа гэж дээ. Тэгвэл би өөрийг авч өгье
- Хэзээ?
- Гурав хоногийн дотор
- Хоёр
- За
- Хэрвээ чи ямар нэгэн санаа гаргах л юм бол юу болохыг мэдэж байгаа биз? Энэ хорвоогийн аль ч хонхороос олоод мөч мөчөөр чинь жиргэнэ шүү.
- Үгүй ээ. Би заавал олж өгнө гэнгүүт түрүүнээс хойш зэвүүн харагдаад байсан сорвитой шанаанд нь тас буулгатал Сиймхий ширвүүлсэн болжмор шиг хөсөр унав. Би халаасыг нь ухаж бүх мөнгийг нь аваад булан тойрлоо.
Тэр хэлсэндээ хүрсэн юм. Хэнийг, яаж шаналгасан юм бүү мэд. Би түүнийг дэргэдээсээ холдуулалгүй нохой шиг дагуулж юм болгондоо зарж байлаа. Хүн үйлийн үрээ эдлэх ёстой гэдгийг би өнгөрсөн дөрвөн жилд ойлгосон. Үхэл нь ирсэн хулгана муурын сүүлээр оролдоно гэдэг үг байдаг хойно одоо яая гэхэв. Арав гаран хоногийн дараа Заяаг эмнэлэгээс гаргалаа. Өрөөсөн тал нь бараг тэр чигтээ түлэгдсэн тул умарч тахийгаад атирсан юм болоод тэргэнцэр дээр нүдээ гялтгануулан хэвтэнэ. Хаа очиж миний өхөөрддөг байсан хөх нь гайгүй юм. Бас болоогүй ээ өрөөсөн гар хөлөө хөдөлгөнө. Завж нь татсан учраас юу яриад байгаа нь ойлгогдохгүй ч нэг юм хэржигнүүлээд дуугараад байна. Намайг бодвол эрүүл гэсэн үг л дээ.
- Чи ч азтай юмаа. Эрүүл шахуу юм гэхэд тэр шал шал гээд нэг юм хэлсэн боловч ойлгогдсонгүй. Шүлс нь гоожоод энгэр нь тэр чигтээ нойтон. Айдас дүүрэн харцаараа намайг хаашаа ч хөдөлсөн салгалгүй ширтэнэ.
- Чамайг ухаантай байгаад би баярлаж байна. Чи бүхнийг харж, бүхнийг ойлгоно гэсэн үг. Уг нь чи намайг хэн гэдгийг мэдэх л ёстой доо. Даанч чи тэнэг байж. Миний нүдэн дээр яадаг байсныг би дахин ярихгүй. Одоо надад чамтай амьдрах нь байтугай би өөрөө ч амьд явах хүсэл алга. Доромжлол гэдэг ийм л байдаг юм байна. Гэхдээ та нар шиг юмыг энэ хорвоод орхиод би үхнэ гэж байхгүй. Энэ доромжлол намайг хөл дээр минь босгохдоо чамаас өшөөгөө аваа л гэсэн гэж ойлгож байгаа. Миний ухамсар ийм л юм хойно одоо яая гэхэв. Одоо миний ээлж. Чиний таньдаг бүх эмэгтэйг би нүдэн дээр чинь бузарлана. Би тэнэг биш юм чинь тэднийг амьд үлдээхгүй. Үүдний амбаарт хураачихна. Санаснаа гүйцээх хүртлээ цагдаад мэдэгдэхгүй байхыгаа би мэднэ. Чи намайг сонсож, надад итгэж байгааг чинь би мэдэж байна гэж би намуухан хэрнээ занал хуйрагнуулан хүүрнэв. Гэхдээ миний дотоод мөн чанарт ийм бодол байгаа эсэхээ би өөрөө ч мэдэхгүй байлаа. Өөрөөр хэлвэл энэ миний чин хүсэл байх вий гэхээс эмээж байсан юм. Харин Сиймхийгийн үйлийг үзнэ гэдэгтээ итгэлтэй байв. Заяа хоолойгоо хэржигнүүлж, өрөөсөн гар хөлөө савчуулан байснаа шээс алдлаа. Нүднээс нь нулимс урсана.
- Шээж байна уу? Зүгээрээ, нойтон байх чинь ядаж л удаан шатдаг сайн талтай. Одоо Сиймхийгийн авгай ирнэ. Мэдээж би түүнтэй чиний нүдэн дээр хурьцал үйлдэнэ.
... Заяа хэржигнэн дуугарч суудал дээр займчив.
- Чи байз. Дараа нь Сиймхий ирнэ. Тэгээд бүр гоё юм болно. Дандаа би жаргалаа эдлээд байж болохгүй биз дээ? Би яана гээч . . . Би та хоёрыг хамгийн сүүлчийн орой шигээ байхыг шаардана гэхэд Заяа байдгаараа савчин муухай ориллоо.
- Чи хүсэхгүй ч Сиймхий бол чадна. Тэр чинь хүн биш шүү дээ. Араатан. Гэхдээ тэр аймхай, арчаагүй новшийн араатан. Тийм амьд сэгнүүд эхээс төрөөгүй байдаг юм. Тэгэхээр чамайг үрчгэр хар нүүрс болсон байсан ч тэр айхын эрхээр миний хэлсэн болгоныг хийнэ гэлээ. Заяа баахан савчсандаа туйлдаж, амьсгаадан хэвтлээ. Тэр үзээдийн муухай харагдана. Тархи нь тамирдаж байгааг би мэдрэхийн дээдээр мэдэрч байв.
Тэгтэл хаалга аяархан онгойж Сиймхийгийн авгай нус нулимстайгаа холилдсон амьтан орж ирлээ. Муу чөтгөр чинь миний хэлснээр авгайгаа явуулжээ.
Өчигдөр би Сиймхийд
- Авгайгаа өнөөдөр явуулаарай. Яах гэснийг чи ойлгож байгаа биз дээ? гэхэд
- Тэгэлгүй яахав. Хүссэнээрээ л бол хи хи хи гэж нөгөө муухай инээдээрээ инээж байсан юм. Сиймхийгийн авгай бидэн рүү айсан нүдээр харснаа
- Манай хүн намайг явууллаа гэж арай ядан хэлэв.
- Чи тэгээд яах гэж байна?
- Үгүй гэвэл тэр намайг ална. Би мэдэж байна гээд уйлан уйлан хувцсаа тайлав. Түүний бүхий л бие хүн харахын аргагүй хөх эрээн болжээ. Хөх дэлэн гуя хас гээд гар хүрэх газар түүнд алга. Тэр байтугай энд тэнд нь ирт мэсээр исгэсэн шарх ч байв. Сиймхий нааш нь явуулах гэж зодсон нь илт. Хүүхэн эрүү амаа тачигнуулан чичирч зогсоно. Энэ бас л айдас шүү дээ. Заяа хоолойгоо хэржигнүүлэхээс өөр яаж ч эс чадна.
Би тэднийг харжээ суухад хаа нэгтэй мөсөн уул уяран нурах шиг мэдрэмж яагаад ч юм төрлөө. Намайг тамхиа татаж дуустал тэр чичирсээр . . . Заяагийн хоолой хэржигнэсээр . . .
- Сиймхий хаана байна? гэхэд
- Гадаа гэв. “Бас гадаа хүлээж зогсдог байх нь ээ” гэж бодоод
- Хөөш, Сиймхий . . . гэж гэрээсээ хашгирахад тэр хаалга зөөлхөн онгойлгож эхлээд бараг толгойгоо оруулж эргэн тойрон харснаа орж ирээд
- Яасан? Наадах муу гичий чинь үгүй гээд байна уу? гэж авгайгаа руугаа муухай харан архирав. Би түүнйиг газар сөхөрч унатал нь цохиод
- Чи энэ түлэнхий хар арьстай хамгийн сүүлд хийснээ хий гэхэд түүний нүд бүлтгэнэж
- Ээ . . . Намбараа . . . гээд хойш цахлахад нь дахиад зодлоо. Бүр бахаа ханатал нүдэв.
- Болъё оо Намбараа . . . гэх дуунаар би түр зогсож амьсгаагаа дарав. Тэр улаан нялга болжээ.
- Би чиний хий гэснийг хийе л дээ. Битгий л дээ гэж цус нөжөө гоожуулан мөлхөж ирээд гутал үнсэв. Нарсанд нэг ийм л юм байсныг би мэднэ. Яг хэвээрээ.
- Чи явган суугаад өмдөндөө хүндэр гэхэд юу сонсов гэсэн байртай над руу гайхан харав.
- Ойлгохгүй байна уу? гээд өшиглөхөд
- Ойлголоо, ойлголоо . . . одоохон гээд нүүрээ даран чарлалаа. Сиймхий явган сууж хүндрэх гэж янцаглана. Авгай нь намайг нэг, түүнийг нэг ээлжлэн харж бүлтгэнэнэ. Удалгүй Сиймхийгийн өмд салтаагаараа норж эхлэв. Тэр доош харан дүлнэ. Шоронд үүнийг төрөх гэдэг юм. Муусайн юмнууд эргэлтээс ирсэн мөнгөө залгичихаар нь ингэж төрүүлдэг юм. Сиймхий мэтийн крантууд хурдан онгойно шүү. Сиймхий над руу гөлөн гээд харлаа. Гаргачихсан гэж байгаа нь тэр.
- Гаргаад ир, наадахаа гэхэд салтаандаа гараа шургуулж өтгөнөө базан гаргаж ирэхэд гэр дүүрэн үмхий дангинав.
- Одоо наадахаа ид гэхэд миний үгэнд итгэсэнгүй бололтой.
- Ид
- Ээ . . . би . . . гэхэд нь би хутга аван босоод
- Энэ хоёр луу харж байгаа ид гэхэд өтгөн атгасан гараа салгалуулан байж амандаа аваачлаа. Тэр идлээ. Нэгэнт эхэлсэн болохоор салгалан, салгалан зажлав. Түүний хөлс цутган, нулимс нь урсана. Адгийн новшнууд ийм л байдаг байхгүй юу. Эдэнд нэр төр, хүний эрхэм чанар гэж юу ч байхгүй. Үхэж буй аминыхаа төлөө тэд юу ч хийхээс буцдаггүй юм. Зодуулсаар байгаад үхэх зориг эдэнд байхгүй. Орчлонд сайн муугийн шүүр гэж байх л ёстой. Түүний энэ байдлыг харсан миний уур, өшөө хорсол адагтаа тултал дүрэлзэж
- Дээшээ . . . дээшээ хар новшоо. Залгиач чи муу . . . гэж хашгирсаар . . .
Хашгирах тоолонд тэр огин огин залгилна. Хашгирсаар байгаад нэг мэдсэн чинь би өөрөө уйлчихаж. Заяа бүр хөдлөхөө ч больж. Сиймхий түмпэн тэврэн бөөлжинө. Би босож түүний авгайд дөхөхөд тэр бүр салгалав. Би дээлийг нь авч нөмөргөөд
- Чи одоо явж болно гэж намуухан хэллээ. Бүгдээрээ энэ үгэнд итгэсэнгүй.
- Тэр дахиад чамайг зодохгүй. Чи зүгээр л яв. Аав ээж чинь байдаг бол тэдэн дээрээ оч гэхэд тэр эргэж ч харсангүй хар хурдаараа гарав. Би Сиймхийд хандан
- Чи ч гэсэн наад түмпэнтэйгээ аваад зайл. Энэ хүүхэнд дахиад гар хүрсэн байвал үлдсэн насандаа үргэлж өтгөнөө иднэ гэж мэдээрэй. Хэрвээ хулгайч нар сонсвол эр хүний нэр гутаасан чамайг юу болгохыг мэдэж байгаа биз? гэхэд тэр толгойгоо бөнжигнүүлэн дохив.
- Одоо зайл. Миний нүдэнд дахиж битгий үзэгдээрэй гэхэд хам хум гарч одлоо.
Тэднийг гарсны дараа гэрт нам гүм болов. Миний сэтгэлд хачин их ус цалгих шиг, халуу төөнөх шиг, хорсох шиг эсвэл бүр багтрах шиг болж ирснээ халуун нулимс багтаж ядан урсав. Хоолойгоор хачин сонин авиа енгэнэн гарав. Бүр дуу авиатай удаан уйлав. Тэр өдөртөө би гэртээ холхиж өнжлөө. Надад тэгэх шаардлага байсан юмаа.
Маргааш нь Заяаг түрээд эмнэлэг явсан даа. Хоёр өдрийн дараа гэхэд бид хоёр эмнэлэгт зэрэгцэн хэвтэж байлаа. Хамаг бие минь халуу шатавч дөрвөн жил хэвтсэн надад хэвтэх гэдэг тийм их зовлон биш шүү дээ. Харин оюун ухаан минь хаа нэг тийш жигүүрлэсэн мэт нисэх мэдрэмж төрөв.
- Тань шиг хүн тийм ч олон байдаггүй юм гэж эмч хэлсэн юм. Намайг хоёр гуяныхаа арьсыг Заяад өгсөн болохоор тэгж хэлсэн байх. Зэрэгцээ орон дээр хэвтэж байсан Заяа над руу гараа зөөлхөн явууллаа. Би түүний гарыг атгав. Бид ингэхэд үхэлтэй хэдэн ч удаа тулгарав. Бүү мэд. Одоо Заяа босож, хөдөлж, ярьж чадна. Харин нөхөөс тавьсан газраараа л алаг эрээн болох юм гэсэн. Надад хэзээ ч билээ сургагчийн хэлж байсан хувь тавилан гээч сүртэй үг санаанд орж байлаа.
Эхлээд би, нилээн хэд хоногийн дараа Заяа гарлаа. Тэргэнцэртэй очсон хүн хөлөөрөө ирэв. Бид хоорондоо бараг дуугарсангүй. Хэн хэн маань болж өнгөрсөн бүхэнд тамирдсан байх л даа. Хоол цай хийж хамтдаа идлээ. Нээрээ л түүний хүзүү хоолой хацар шанаа цагаан эрээн болчихож. Харин уруул дээрх мэнгэ нь яг хэвээрээ. Доошоогоо, миний өхөөрддөг хөх, өгзөг нь чухам ямар болсон бол? Одоо ямар ч болсон байлаа гээд хэнд хамаатай гэж. Заяа суудлаасаа босож миний дэргэд сөхөрч суугаад
- Намбараа . . . чи . . . гэхэд нь би долоовор хуруугаараа түүний уруулд наан
- Чшш! гээд түүнийг зөөлхөн татаж өвөр дээрээ суулгаад энгэрт нь нүүрээ нааж бэлхүүсээр чанга тэвэрлээ. Тэр ч гэсэн миний толгойг тэвэрч байна. Бид юу ч ярихыг хүссэнгүй. Зүгээр л юуны ч юм айзамд суудал дээрээ үл ялиг ганхан сууцгаав. Бодвол сэтгэлийн айзам байх. Нэг мэдэхэд бид орондоо оржээ. Одоо би нүв нүцгэн болсон түүнийгээ удаан ширтлээ. Цагтаа миний гэж санадаг байсан бүхэн хэвээрээ. Хөөрхөн хоёр хөхний нэг эрээн алаг болчихож. Түүний хүзүү хоолойг үнслээ. Заяагийн амьсгаа түргэсэн, эелдэгхэн гиншинэ. Энэ бүхнийг урд нь анзаарч байгаагүй ч юм шиг. Би түүн рүү шурган орох тэр мөч ямар сайхан, ямар ариун мэдрэмж вэ. Яг энэ үед миний голоос гашуун зураа татаж, хоёр аньсгаар садран гарахад Заяа ч гэсэн халуун нулимсаа нэрж байв. Бид хоёр бие сэтгэлээ тавиртал, түүний дараа ч гэсэн чимээгүйхэн уйлсаар байв. Бие биенээ тас тэврэхээс өөр тайтгаруулах арга бидэнд байсангүй. Дэрээ нэвтэртэл уйлцгаав. Энэ болж буй, бодож буй бүхэн чухам миний хаанаас ирж байгаа юм бол? . . . Сонин юм.
Нэг мэдсэн чинь нар дээр хөөрчээ.
- Найз нь босч цай чаная
- Будаатай
Заяа халуун хөнжлөөс нүв нүцгэн сугарч цонхоор ташуу тусах нарны гэрлийг хөндлөн огтлон алхахад цонхны цаана хэдэн болжмор түүнээс цочин бөндгөнөж, ойж буун шулганалдах нь эгдүүтэй. Би харж буй бүхнээсээ нүд салгалгүй хэвтэхэд аз жаргалын бас . . . -ны үнэр хамрын үзүүрт сэрвэгнэнэ.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ
Бүрэн эхээрээ...

“Дотроосоо” - 1 (Өгүүллэг)

7 Сэтгэгдэлүүд:

- Ооё! . . . ёо . . . ёо . . . Өшөө хүчтэй . . . Гүйцээ . . . гүйцээ л дээ. . . Аа . . . ямар гоё юм бэ гэх эмэгтэй хүний тачъяадан гинших дуу намайг сэрээлээ. Харанхуйд хажуу ор нурах нь дээ гэмээр нужигнаж, эр эм хоёрын амьсгаа эрчээ аван дээд цэгтээ иртэл оволзсоноо эр хүний дур тавьж буй дуу гараад зогслоо. Бодвол тэд дуусч байгаа бололтой. Би харанхуй адар ширтэн шүдээ тас зуун хэвтсээр. Одоо хүний хөлсний эхүүн, заарны нялуун үнэр холилдон өрөөгөөр нэг тархана. Хэдийгээр нэг их олигтой үнэр биш ч гэлээ эр эмийн ажил гээчийг сүүлийн дөрвөн жил хийгээгүй надад тэгтлээ муухай санагдсангүй. Тэд амьсгаагаа даран хэсэг хэвтлээ. Одоо ингээд унтах байлгүй гэж бодож хэвттэл ор шажигнан дуугарч нэг нь босов.
- Хаачих гэсийм дээ. Хэвт л дээ гэж Заяа шивнэхэд миний дотор зарсхийж, шүдээ хавирав.
- Ус ууя аа, ам хатаад байна.
- Яасан? Хуурайштлаа . . .
- Чи чинь хүнийг ховх сорчихдог хүүхэн байна. Яаж ингэж сураа вэ?
- Хоёрын хооронд шал шал хийсэн давсгүй хоол шиг юманд дургүй.
- Бараг л дороос хазаад байна уу гэлтэй л боллоо ш дээ
- За тэр нь ч юу вэ. Тэндээ шүдтэй гээд хэлчихэв. Гэхдээ хийсэн шиг л хийхгүй юм бол . .
- Нээрээ, яг л тархи базлаад байх шиг
- Булчин л юм байгаа биз. Муухай байсан юм бол больчихгүй яасын
- Харин ч бүр дахимаар байхад чинь
- Харъя л даа. Худлаа даа муусайн юмнууд гэж Заяа улам нялуун хэллээ. Залуу шал шажигнуулан үүд рүү явах зуураа гэрэл асаав
- Мнн! . . . Унтраа л даа гэсэн боловч залуу тоосонгүй. Том савтай уснаас шанагаар хутган хэд залгилаад үлдэгдлийг буцааж асгахдаа
- Хүүш ээ! Наад нэг юм чинь унтаагүй байгаа юм биш үү? гэж хашгирлаа. Тэр намайг хэлж байна гэж ойлгов.
- Яадгийн. Ямар босоод ирэх биш.
- Нээрээ босохгүй юу?
- Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэдэг чинь энэ дээ гэж Заяа түүнийг тавлав. Тэр гэтэх мэт над руу дөхөж, миний дээрээс тонгойн харав.
... “Ашгүй танихгүй хүн байна”
Тэр миний дээр гараа өргөн хөдөлгөх нь намайг харж байгаа эсэхийг шалгаад байгаа бололтой. Миний харц дагаж хөдлөхөөс өөрийг хийсэнгүй. Яаж ч хийх билээ. Тэгтэл залуугийн нүдэнд чөтгөр хургав уу гэмээр ад зэтгэрийн өнгө илэрч хуруугаа миний нүд рүү явууллаа.
... “Дүү хүү битгий. Ахад нь байгаа ганц л юм наад нүд чинь. Битгий. Би чамд садаа болохгүй. Битгий. Гуйж байна”
Миний тархи, зүрх хоёр түүнээс зэрэг гуйж, амьсгаа түргэсэн оволзож байгаад доошоо шээж орхив. Залуу гэнэтхэн хамраа чимхэн ярвайж
- Энэ лав ялзарсан байхаа. Ямар муухай үнэртэй юм бэ?
- Орхичихоо. Нааш ир л дээ. Би дахиад хүсээд байна ш дээ гэж Заяа дуудлаа. Тэгтэл гэнэтхэн ток тасардагаараа тасрав.
... “Ашгүй минь гэж. Цагаа олж тасарлаа”
Тэр миний нүдийг хоёр хуруугаараа гал манартал дарчихаад ор луугаа тэмтчин явав. Нүдний ухархайгаар шажигнан эгээтэй л бүлтрээд гарчихсангүй. Тэд дахин уухилалдаж эхэллээ. Удалгүй түрүүчийнхээсээ эрч хүчтэй оволзоно. Заяа байдгаараа хашгирч ирснээ дуугаа намсган гиншиж, тэгснээ дахин орилж яг л эмэгчин араатан шиг авирлаж байлаа. Энэ орилон чарлан байгаа нүцгэн гичий бол миний эхнэр юм л даа.
Тэднийг сонсмооргүй байсан ч би хэрхэх билээ. Хий дэмий л чаддагаараа шүдээ хавирна. Шөнийн гудамжинд ядаж нохой хуцаасай гэсэн хүслээс өөр юм надад байсангүй.

- Заваарсан балиар муу үхдэл минь ядаж ганц шөнө бааж шээхгүй байж чадахгүй нь үү? гэх дуунаар сэрлээ.
... “Нам унтчихаж, ашгүй дээ”
Заяа энгэртээ хормогч, гартаа резинэн бээлий өмчихсөн зогсоно. Тэр намайг гуд татан эргүүлж хүйтэн ус шанагаар хутган салтаа саам руу асган юугаар ч юм үрнэ.
“Аяар л даа муу гичий минь”
- Үхнэ үхнэ гэж үхрийн мах барав гэгчээр муу сэг минь хурдхан шиг үхэж далд орооч
... “Ингэж үглэхээр цаадуултайгаа нийлээд алчих л даа. Надад ч, чамд ч амар. Даанч чадахгүй л дээ муусайн бааснууд. Хүн алахад зориг гэж нэг юм хэрэгтэй байдаг юм”
- Чи муу охин насыг минь үгүй хийчихээд одоо бас далд орохгүй амьдарлыг минь сорж байгаагаа мэддэг юм уу, үгүй юу бүү мэд гэж үглэнгээ улам хүчтэй үрнэ.
... “Амьдралыг нь үрлээ гэнэ. Амийг чинь аварснаа л санаж байна, тэнэг минь”
Чаддаг болохоороо тэр чанга чанга хашгирч, би чаддаггүй болохоороо дотроо бодож хэрэлдэнэ. Цэвэрлээд өгч байгаа нь их юм. Тэгэхгүй удвал түлээд хорсгоод байдаг юм. Тэр намайг хэд хэд өнхөрүүлж тойруулж арчсан болоод тэргэнцэр дээр суулгалаа. Цагаан хэрэглэлийг түмпэнтэй усанд хийж, нойтон гудас хөнжлийг гаргаж хашаан дээр тохоод орж ирлээ.
... “Өдийд хөлдөх үү л болохоос хатахгүй ш дээ, тэнэг минь”
- Дахиад нэг гудас авахаас. Ёстой нэг илжирч ханахгүй юмаа. Болдог бол идэх юм өгөхгүй л байвал таарна
... “Больчихоо больчих. Гудархаа байчихаж чадна”
Гэхдээ энэ худлаа л даа. Хөдөлгөөнгүй хүний тархинд идэх л юм бодогддог юм ш дээ. Тэр цааш тонгойн тосгуурт гараа угаана. Бариу өмд өмссөн түүний бие хаа, гуя хас, бэлхүүс өгзөг хачин эгдүүтэй харагдана. Одоо тэр эргэхэд л түүнд заяасан хачин гоё хөхийг харах болно. Тэр хөхийг би минийх гэж нэрлэдэг байсан юм. Тэр гараа угаахдаа ярвайх нь тосгуурын дээд талын толинд харагдаж байлаа. Уруулынх нь дээд талын цэг шиг мэнгэ хэвээрээ байв. Энэ мэнгэ түүнийг хэний ч нүдэнд тусгана шүү.
... “Ёох, тархи маналзаж байх чинь”
- Дэлгүүр ороод ирэх хооронд арай үхчихгүй юм байгаа биз дээ? гээд гараа арчих зуураа
- Муу юм болохоороо үхэхгүй л дээ чи гэснээ миний харцанд гэрэлтэх хүслийг ойлгосон бололтой
- Мөн их юм горьдов оо. Энэ эрчүүд тархи нь л эрүүл байвал энэнээс өөрийг бодохгүй ээ. Тэнэг хар булчирхайнууд
... “Чи ч гэсэн. Урд шөнөжингөө шалчигначихаад овоо дэвтэж л дээ”
Заяа гадуур хувцсаа өмсөн салхивч онгойлгоод
- Үмхий чинь бага ч болов гараг гэж хэлээд гарав.
... “Үгүй чи ядаж ам руу балга ус ч болов хийчих л дээ”
Түүний гунхан гунхан алхсаар хашааны хаалгаар гарахыг шавар байшингийнхаа жижигхэн цонхоор харсаар хоцров. Тэр мөд ирэхгүйг би мэдэж байлаа. Удалгүй умгар өрөөнд хүйтэн жавар хургаж, доороосоо даарч эхэллээ.
... “Турах нь ч гайгүй байх, осгоод үхчихгүй юмсан”

Миний ухаан эв эрүүл, чихний сонсгол сайн, үнэрлэх эрхтэн зүв зүгээр, нүдний хараа дуран л гэсэн үг. Халуун хүйтэн, түлэгдэх хорсох гээд бүгдийг мэдэрдэг. Тэр ч бүү хэл миний бэлэг эрхтэн минь хүртэл босдог юм ш дээ. Харин би ярьж бас хөдөлж л чаддаггүй юм. Хөдөлдөгөөс миний эрүү, уруул, хүзүүгээрээ толгойгоо хоёр тийш нь хөдөлгөж чадна. Ийм л нэг үхдэл болсон амьтан байгаа юм. Заяа үхнэ гээд таван давхраас үсэрсэн тэр гайт өдрийг би мартдаггүй. Яаж ч мартах билээ дээ.
- Намбараа, чи харж бай. Сайн хар гэж Заяагийн хашгирахыг сонсоод дээш хартал навсайсан хар юм буугаад ирсэн. Би ч ухасхийгээд тоссон. Яахын аргагүй л миний дээрээс унах шиг болж би эмнэлэгт ухаан орсон юм даа. Харин Заяа амьд гарсан юм. Тэрнээс хойш дөрвөн жил өнгөрч, ор тэргэнцэр хоёрын эзэн болох нь тэр. Заяа харин улам бүр өнгө орж сайхан бүсгүй болжээ. Яг л боловсорч гүйцсэн жимс мэт гайхалтай. Би яг л ийм бүсгүйд дуртай. Би амьдрал бол секс дээр тогтдог гэдэгт итгэдэг нэгэн байлаа. Угаасаа тэр муу алгахан газар, дусалхан шингэнээс болж хүний амьдрал байтугай бүхэл бүтэн улс үндэстэн хүртэл мөхөж байсан түүх зөндөө шүү дээ.
Би Заяаг анх аравдугаар анги дөнгөж төгссөн жаахан охин байхад нь олж авсан юм. Түүнийг өөртөө дасгаж, дурлуулж, юу ч хийхээс буцахгүй болгосны дараа түүнд сексийн өөртөө таалагдах хамгийн сайхан гэх болгоныг зааж, өнөөдрийнх шиг ийм сайхан бүсгүй болгохсон гэж боддог байлаа. Зөвхөн өөрийнхөө таашаалд нийцүүлэх гэж тэр.
Анх түүнтэй уулзахдаа дөнгөж шоронгоос гарсан байлаа. Арван жил яс суугаад шүү дээ. Хорин найман настай хорвоо тэр чигээрээ сэтгэлд минь багтаж, магадгүй багадаж байсан үе. Мод мөрлөж, чулуу үүрч ёстой л нэг ялыг умалзуулж, ясыг амрааж явсан би эм хүнийг билэгдэл шиг санаж, сэтгэлдээ миний дур хүслийн цангааг тайлах тийм нэг эмийг (эмэгчинг) мөрөөдөж, дүрсэлж, заримдаа бүр зүүдэлж явсан гэх үү дээ. Яг тэр үедээ наранд гарч энэ охинтой таарсан. Үнэндээ бол анхандаа сонин байсан юм. Тэр охин надад дурлав. Харин би түүнийг сэтгэл доторхи тэр үлэмж төгс эм болгохыг хүсэж, алсуураа бэлдэж эхэллээ. Бага багаар заана. Заримдаа надад дургуйлхавч надад дурласан байсан тул тэгсгээд аргална. Түүний хажуугаар би айлын алдуул бух шиг л байв. Хүүхнүүдийг нүдэнд өртсөн л бол би өвөртөө оруулдаг хэдий ч тэд Заяа шиг байж чадаагүй юм. Нэг өдөр хоёрын хоёр хүүхэнтэй байж байтал Заяа намайг харчихлаа. Ингэснээрээ Заяа өөртөө зовлонгийн үүдийг нээв. Тэр гайт өдрөөс хойш байс гээд л явна гэж цамнах түүнийг би хүчээр торгоох болов. Айлган сүрдүүлэх замаар нарсны бүхий л бэлгийн ажлыг заав. Тэр надаас айдаг байлаа. Тиймдээ ч миний заасан хийгээд хүссэн болгоныг хийнэ. Заяа сүүлдээ миний харцаар хөдөлж, чангахан амьсгаа авахад атирдаг болсон байлаа. Би уг нь ингэхийг хүсээгүй юм шүү дээ. Гэвч амьдрал намайг ингэхэд хүргэсэн юм. Түүнийг би зүгээр явуулчихаж яасан ч чадахгүй. Тэр битгий хэл түүнийг хэн нэгнийх болно гэж бодох нь надад төсөөлөгдөхгүй байсан юм. Энийг чухам юу гэдэг юм бүү мэд. Зарим нэг нь хайр гэдэг ч байж магадгүй. Хайр энэрэл гээч нь байтугай тэр талын ойлголт ч надад байхгүй. Миний орчин тийм байсан. Өдрөөс өдөрт миний арван жил мөрөөдсөн тийм хүүхэн болж байгаа түүнийг хэн нэгэнд өгнө гэж үү? Тийм юм байж болох уу? Тэгснээс би өөрийнхөө гараар дуусгачихсан нь дээр. Би ингэж л боддог байсан тул түүнийг чөлөөлөөгүй. Өдрөөс өдөрт нус нулимстайгаа холилдох түүнийг би аргадахаас залхсан байв. Сүүлдээ миний нүдэнд нэг л буруу харагдах юм бол газар дээр нь цохиж унагадаг боллоо. Тийм учраас л тэр нэг л өдөр миний нүдэн дээр үхэх гэж намайг дуудан байж үсэрсэн хэрэг шүү дээ.
Эмнэлэгээс тэр намайг гаргаж авахад нь би гайхаж байлаа. Түүнийг аль хэдийн арилж өгөх байх гэсэн чинь тэгсэнгүй. Намайг дээд давхарт гаргаж чадахгүй тул байраа зарж хашаа байшин авлаа. Заяа надад
- Чи намайг өөртөө хайртайдаа ирсэн гэж бодов уу? Би чамайг амьдаар чинь тамлах гэж чам дээр ирсэн юм гэж өдөр болгон шивнэж байхад биднийг мэдэх бүхэн түүнийг хорвоо дээрх хамгийн сайн бүсгүй гэж ярьж байлаа. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл бүтэн дөрвөн жил ад зэтгэрийн амьдралаар амьдарсаар өнгөрч дээ. Зааж өгсөн болгоныг минь өөртөө таалагдсан залуустай миний дэргэд хийдэг юм. Тэдний нэг нь урд шөнийн залуу. Заримдаа тэдэндээ зааж өгнө. Одоо бас гэж ч эхэн үеэ бодвол арай гайгүй болчихоод байгаа юм. Магадгүй тэр миний тэвчээр барагдан арга ядахдаа доошоо нойтогнохоос захсан ч байж болох юм.
- Чи хар л даа. Сайхан байгаа биз? Үхдэл минь. Энэ бүгдийг чи л надад зааж өгсөн. Тамд амьдаараа очих ямар байдгийг хар гэж бах таваа хангадаг байлаа.
Энэ мэтийг боджээ суутал бүхэл өдөр өнгөрлөө. Ходоод хонхолзож, хөл хүйт даана. Хаалга сэвхийн онгойж Заяа улаа бутруулсаар орж ирээд намайг хэсэг гөлөрснөө сая санаж байгаа мэт
- Өө хө чамайг бүр мартаж орхиж. Уучлана биз гэж уучлахгүй байсан ч надад хамаагүй гэсэн тоомжиргүй өнгөөр хэлээд, жаал жуул идэх юм сүү тарагхан гаргаж өрөв.
... “Ам руу жаахан юм гударчихаач хүүрээ”
Тэр намайг ойлгоод байгаа бололтой
- Идэхгүй л байвал баас шээс чинь хямгатай. Харахгүй юу, бүтэн өдөржин шээгээгүй л байнадаг гэнэ. Нээрээ доошоогоо анхаарвал нороогүй байв. Тэгтэл удалгүй нэг залуу шинэ гудас тэвэрсээр орж ирэхэд нь сайн харвал үрчгэр Сиймхий болохыг шанааных нь сорвиор танив. Сүүлийн хэдэн жил харагдаагүй юмсан. Тэр намайг харснаа нүдэнд нь илт доромж өнгө илэрч
- Хи хи хи. Чи ч ингээд л жаргаж суудаг юм биз дээ? хи хи хи гэж зэвүүн жингэнэв.
... “Энэ новштой л биш шүү”
Доошоо нойт оргиод явчихлаа. Заяа намайг харах мөртөө
- Өө өөдгүй муу новш. Тэгээд шээсэндээ дэвтээд хэвтэж бай. Хохь нь гэв. Сиймхий
- Яасан? Хамаасаа чацга аваад сарьчихав уу? хи хи хи . . . хүнд бас ээлж ирдэг л байхгүй юу хи хи хи. Хам нь гараад ирлээ. Нарсанд танай сайхан авгайг л бодож хэвтлээ ш дээ
... “Чи муу цагтаа шээсээ савируулж явсан даа. Чамайг банди гэдгийг ч мэднэ”
- Яршиг яршиг. Наад шээсэн дээрээ хоно. Аягүй бол шинэ гудас шинхэглэчихнэ гээд Заяа яаж зүгээр байхав гэсэн янзтай миний ам руу юухан хээхэн гудрав. Сиймхий архи гарган задалж амандаа балгаад амаараа Заяад өглөө. Тэр хоёр миний нүүрэнд тулж буй хэрнээ зунгааралдан үнсэлцэнэ. Сиймхий Заяагийн хүзүү хоолойг үнсэхдээ өрөөсөн нүдээрээ намайг ширтсээр байв. Заяа тачъяадан гиншихдээ миний аманд хийх гэж байсан боорцогоо жаахан дутуу тавьчихав. Амандаа оруулчих санаатай уруулаа мурчигнуулж байтал Сиймхий хуруугаа явуулж боорцгийг аятайхан унагаагаад
- Өө хө уначихлаа хи хи хи гээд инээхэд Заяа нялуунаар
- Байз л даа. Бүхэл шөнө байхад юундаа яарсан юм бэ. Энэ нэг юм өдөржингөө хоосон байсан юмаа
- Би ч гэсэн . . .
- Чи яахав дээ. Авгай чинь байхгүй болохоор л . . .
- Тэгээд, хоосон л байсан байгаа биз дээ? гэснээ гартахыг нь тавиулж, бэлхүүсээр нь тэвэрснээ урд нь миний хамгийн дуртай байсан хоёр хөхийг хумин базлахад манай гичий нугас нь тасарсан юм шиг хойшоогоо налан унаад
- Хоёулаа ор луу очих уу?
- Тэгье л дээ, танай нөхөр зөвшөөрвөл
- Зөвшөөрнөө. Тэр их эелдэг хүн шүү
- Тийм үү? Миний мэддэг сахал Намбар гэдэг хулгайч бол тийм ч эелдэг хүн биш шүү хи хи хи
- Өө нээрээ, та хоёр чинь хар цэрэгт хамт байсан гэл үү? гэхэд Сиймхийгийн царай нэг татгавасхийснээ
- За тэр яахав. Орондоо орж бай, би одоохон гээд түүнийг ор луу түлхлээ.
... “Сүнс чинь зайлах гэж байгаа байлгүй муу новш”
Тиймээ тэр сая хүртэл айж байгаа юм. Хэрвээ ямар нэгэн ид шид болоод би босох л юм бол энэ муу байгаа газраа сөхөрч, амь гуйх амьтан. Тэр миний тэргэнцэрийг эргүүлж ор луу харуулж орхив. Одоо тэд хүссэн хүсээгүй миний нүдэнд ил. Би харахгүй гэхдээ нүдээ анив. Тэгтэл Сиймхий шүдэнзний мод хугалан миний зовхинд хавчуулаад
- Чи өөрийгөө тийм ухаантай гэж санаа юу? хи хи хи гэсээр оронд орлоо. Сиймхий шоронгийн эрэмбээр надтай харьцаж байгаа нь тэр. Өч дөчнөөн жилийнхээ хорслыг өвчинд дарлуулсан надаас авч байгаа юм. Тэднийг завааралдан зунгааралдаж байхад миний тархи манарч, доошоо нойтогнов. Энэ ч яахав. Хамгийн гол нь миний хоёр нүд усаар дүүрч ирлээ.
... “Муу хулгайч чинь намайг уйлж байна гэж бодох вий дээ”
Нүдэнд хавчуулсан модыг унагах гэж би толгойгоо чадлаараа хоёр тийш нь савсан боловч унагаж чадсангүй. Тэгтэл ашгүй цахилгаан тасарч нүдийг минь амраалаа. Сиймхий уурласандаа
- Энэ ток чинь яачихваа гэж хашгирав
- Яадгийм дээ. Харанхуйд гоё ш дээ. Дахиад л даа гэж Заяа налигнав.
- Байзаа, би лаа асаая
- Яах юм бэ? За араас хий л дээ. Чи араас нь дуртай л биз дээ? Танай нарсныхан . . .
- Нээрээ юу?
- Би тэр чигээрээ чинийх . . .
... “Муу новшнуудаа, би та нарыг хойд насандаа үйлийг чинь үзнэ дээ. Алнаа та нарыг . . .”
Би амаа байдгаар нь ангайлган толгойгоо хоёр тийш нь сэгсэрлээ. Хэрвээ надаас дуу авиа гардаг бол би байдгаараа хашгирч байгаа нь тэр шүү дээ. Дахиад шээчихлээ.
Цонхны цаана үүрийн саарал гэгээ татаж, гудамжны ноход хуцаж эхэллээ. Цагаа болохоор нохдын дуу ямар сэтгэл татам гээч. Сиймхий яг л хулгайч зангаараа ямарч дуу гаргалгүй сэмхэн босож хувцсаа өмсөөд гэрэл асаах гэтэл ток ирээгүй байв.
- Гэрэл ирээгүй байна. Цай ч ууж чадахгүйнэ. Өнөөдөр ирэхдээ газ авчирнаа гэж Заяагийн чихэнд шивнээд гарах зуураа миний хацрыг алгадан
- Сэрээ сэр. Авгайгаа сайн харж хандаж бай л даа. Муу эр байна шүү чи. Ийм сайхан хүүхнийг харж хамгаалж чаддаггүй . . . хи хи хи гээд гарлаа. Харин Заяа хэвтрээ нэг зассан болоод хурхирч эхлэв. Яг л цадталаа идсэн гахай шиг.
Сиймхий бид хоёр нарсанд цуг байсан юм. Ялаа дийлэхгүй яс арьс болсон амьсгаа шуумаруудад үнэлэгдэх гээд шарвагнаж явсныг нь л мэдэхээс бусдыг мэдэхгүй. Нарсанд амь нь гарчихсан ийм юмнууд хог шороо шиг л байдаг. Тэдний л нэг. Новш бол новшоороо л байдаг нь үнэн. Намайг наранд гарсны дараа нэг тааралдаад тэрнээс хойш салаагүй. Манайхыг байраа зарахад манай хажууд хашаа байшин зарах гээд байна гэж Заяад сүйд болсоор байгаад энд авчирсан. Бодвол хэдэн цаас илүүчлэх гэсэн юм байгаа биз. Тэр нь ч дүүрч. Тэргэнцэрт суугаа надад юуны хамаа. Овоо хэдэн жил харагдахгүй байсан саяын яриагаар бол орчихоод гарсан юм байж.
... “Одоо ч энэ гичийнээс салахгүй дээ. Очиж очиж Сиймхийгийн гарт л үхэхгүй юмсан”
- Би чамайг орон дээр чинь хэвтүүлээгүй бил үү? гэж сая нэг юм өндийсөн Заяа маш энгийнээр асууж байна.
... “Хуц. Та муу хоёртой үхсэн хойноо ч гэсэн алалцана даа”
- Өчигдөр жаахан уучихажээ. За чи ч гэсэндээ манай найзтай заваардаг л байсан биз дээ?
... “Чамайг тэргэнцэр дээр байсан бол тэгэхгүй ш дээ, өлөгчин минь”
- Алив наад доодохыг чинь цэвэрлэе. Өчигдөр шинэ гудас чамд авсан юм. Нөгөө гадаа гаргасан гудас чинь бүр үжиршсэн байна лээ гэснээ шинэ гудсаа оронд дээр тавиад намайг ирж татсанаа
- Пүү! Чи нээрээ амьдаараа хүүр болжээ. Наад үнэр танар чинь авах юм алга гээд ус халаах гэснээ
- Өө бас ток ирээгүй ш дээ. За за хүйтэн усаар угаачихъя гээд хамаг хувцас хуу татаж хаяад шууд тэргэнцэр дээр суугаа чигээр нь ус асгаж угаалаа. Толгой хүзүү, бөгс хагс гээд бүгдийг угаав. Ойрд ус хүрээгүй болохоор хүйтэн ч гэсэн сайхан санагдаж байна.
- Чамайг үхүүлэх амархан л байна л даа. Гэхдээ . . .
... “Тэгээд алаач. Чи надад үзүүлэх юмаа хангалттай л үзүүллээ ш дээ”
- Гэхдээ уучлаарай. Чиний группын мөнгө хэрэг болох үе бас байх юмаа. Би ажилд орчихож болно л доо. Даанч чи хар багаас минь гэртээ хашсаар байгаад бэлгийн ажлаас өөрийг хийлгэж сургаагүй юм байнаа чи. Чи намайг амьдаар минь тарчилгадаг байсан ч гэлээ алдаатай бодол эндүүтэй үйлдэл хийх агшинд амийг минь аварсан болохоор чамайг арай ч алчихаж чадахгүй юм. Түүнээс биш Намбар минь чи энэ хорвоогийн адгийн шаар шүү дээ гэж зөөлхөн хэрнээ тасралтгүй ярив. Тэр намайг тэнгэнцэрээс өнхөрүүлэн оронд хэвтүүлээд хуурай алчуураар арчив. Хуурай орон дээр хэвтэх сайхан байлаа. Толгой хүзүү цээжийг минь яагаад ч юм урд урдынхаас уяруу зөөлхөн арчив.
- Намбараа, би чамд үнэхээр хайртай байж билээ. Чамайг бурханаас илгээсэн миний хайр гэж боддог байсан шүү. Тийм жаахан охин анхныхаа эр хүнийг тэгэлгүй ч яахав дээ. Чамд л сайхан байвал яасан ч яахав гэж санахдаа чиний заасан болгоныг сурч хүссэн болгоныг чинь хийж байлаа. Хийж чадахгүй итгэлийг чинь алдчихвий дээ гэж хүртэл санаа зовоод л . . . тэнэг байгаа биз. Заримдаа бүр хаанаас сурсныг чинь мэдэхгүй ч чиний тэр гаж хүслүүдийг шүд зуун нулимсаа урсган байж хийдэг байж. Хамгийн муухай нь чи галзуу араатан шиг орилоод байхаас намайг хэрхэн зовж байгааг анзаардаг ч үгүй байсан. Тэр бүхний чинь эцэст би чөтгөр болон хувирсандаа гэснээ санаа алдаад биеийг минь арчин доошлуулсаар бэлэг эрхтэнд хүрснээ
- Хэ хэ, энэ чинь бас босдог юм уу? гээд над руу харлаа. Надад яагаад ч юм ичих мэдрэмж төрөв. Заяа намайг удаан ширтэж сууснаа чихэнд уруулаа нааж
- Чи санаж байна уу? Хамгийн анхны учралаа . . . гээд бэлэг эрхтнийг дээш доош нь хэд хэд зөөлхөн гүйлгэлээ. Тархи маналзаж, нүд бүрэлзэв. Тэр дахиад нилээн хэд хэд хөдөлгөтөл амьсгаа давхцаж ирснээ сүүлийн дөрвөн жил хураасан бүхнээ асгаж орхилоо. Өрөөнд миний хүнд амьсгаанаас өөр юм сонсогдсонгүй. Тэгтэл Заяа гиншин уйлж эхэлснээ гэнэтхэн чангаар
- Үмхий муу новш минь. Бид энэнээс өөрөөр амьдарч болох л байсан ш дээ. Чи яасан гэж намайг ийм болгож байгаа юм бэ? Чи үхээд өгөөч . . . гэж цөхрөнгөө барж буй гомдлын өнгөөр уйлан гараа зангидан хөдөлгөөнгүй биеийг минь хэд хэд балбаад тамираа барав уу гэлтэй орны урдуур сулсхийн суугаад уйлж гарлаа. Хэсэг хугацааны дараа гэрт нам гүм болов. Заяа биеэ татаж, нус нулимсаа арчин босоод
- Хохь нь ээ хохь нь. Чи ингээд л хэвтэж байхдаа таарсан амьтан. Чи үхэж болохгүй. Хэвтээгээрээ хорвоог гөлрөх тавилантай үхдэл гэж хэлээд босоод явчихлаа. Нарсанд байхад манай сургагч хувь тавилан гэж ирээд л нэг их сүртэй үг хэлдэг байж билээ. Тэр үг санаанд бууна.
Заяа тэргэнцэрийн усыг шавхаад гаргах гэтэл босго тулаад байгаа бололтой хэд хэд оролдоод цухалдсандаа миний орны урд руу түлхээд
- Заавал энийг чинь хатаах ёстой юм уу? Тэртэй тэргүй чи шээсэндээ дэвтээхээс цааш
... “Урд нь хоосон тэрэг байтугай намайг суусан байхад л яаж ийж байгаад гаргачихдаг ш дээ. Чи уцаарандаа л чадахгүй байх шиг байна”
Биднийг ингэж тэгсээр байтал өвлийн богино өдөр юу юугүй бүүдийгээд ирэв. Заяа гэрэл асааж, хоол бэлдлээ. Ашгүй цахилгаан байна. Хаалга сэвхийн онгойж өнөөх гайт Сиймхий баллонтой газ тэвэрсээр орж ирлээ. Түүнийг харсан Заяагийн дуу илт сэргэж
- Энэ хорвоод чи л намайг асрамжлах юм даа
- Би чинь чинийхээ газ шүү дээ
- За яршигаа, ядаж нар гэл дээ
- Өө тийм нар гэснээ над руу тонгойж
- Гахай минь, чамд ч гэсэн бүлээн юм амсуулах гэж хар хүйтэнд хүйтэн төмөр тэвэрч гүйлээ ш дээ гэснээ духан дээр няслаад цааш эргэх гэснээ миний сахлыг чимхэн зулгааж
- Энэ муу сахал нь их сүртэй. Сахал Намбар ингэж сахил хүртэх гэж хи хи хи
- Байг л дээ. Гэнэтхэн босоод ирвэл чи амьтан л болно ш дээ
... “Яг онож хэллээ. Тэгвэл наадах чинь байран дээрээ л үхнэ”
- Хэрээ мэдэхгүй чи одоо яах гэсийн гэж Заяаг хэлэхэд Сиймхий над руу нээрээ босоод ирэх юм биш байгаа гэсэн янзтай эргэн эргэн харав
- Ха ха ха чи мөн их айваа. Ингэхэд танай авгай ирээгүй юм уу?
- Маргааш . . . маргааш ирнэ гээд над руу дахин хялавхийгээд
- Энэ нээрээ ерөөсөө босохгүй юу? гэж Заяагаас лавлав.
- Үхлээ юу? ха ха ха гээд тас тас инээхэд Сиймхий түүнийг тэвэрч аван озлоо. Гэрэл дахиад л унтрав. Сиймхий лаа асаангаа
- Сандрах юу байхав. Газаа асаа гэлээ. Тэд хоол буцалгах хооронд нэг шил юм хоосолж орхив. Заяа миний аманд халуун шөл хийж өглөө.
... “Ойрд ийм шөл ид лүү, яалаа? Санах юм алга”
Сиймхий түүнийг чангаан зулгаана.
- Байз л даа. Энэнд жаахан юм идүүлчихье ээ. Үхчихвэл төвөг болно
- Наадах чинь үхэхгүй ээ.
- За за чи цаашаа байж бай. Согтоод байгаа юм уу хаашаа юм? гээд түлхлээ. Тэр надад жаал хоол өгөөд
- Чи ч өнөө шөнө шинэ гудсыг минь мялаахаа мэдэх байлгүй, заваан новш
... “Наад муу амьсгаагаа явуулчихвал би яах ч үгүй”
Заяа намайг харсан ч үгүй лаагаа унтраагаад орондоо орлоо. Тэд баахан нялагнаж байснаа Сиймхий босоод ирэв.
- Хаачих нь вэ? Нааш ир л дээ . . .
- Байзаа, би лаа асаая
- Яах гээд байгаа юм бэ?
- Энэ муу хараг. Би хоёрыг асаана. Нэг нь энд, нэг нь . . .

Үргэлжлэл бий . . .
Бүрэн эхээрээ...

Амралт - 2 (өгүүллэг)

15 Сэтгэгдэлүүд:

* * *
Ингэж л би түүнийг анх харсан юм. Түүнээс хойш тэр хүүхэд байнга л миний цонхоор шагалзах болсон. Ерөөсөө буцъя гэж бодоод гартал гадаа үнэхээр газар тэнгэр нийлчихсэн юм шиг бүрхэг саарал. Гурван алхамаас цааш юу ч харагдахгүй байсаар өдий хүрлээ. Энд ирээд нилээн хэд хоносон ч гэлээ би түүнийг үнэн дүрээр нь хараагүй л байна. Саяын ярианаас үзвэл яах аргагүй эдний хүүхэд мөн . . .
Би номоо тэвэрсэн чигтээ бодолд ороогдсон байв. Уг нь нэг ном барьсан л бол уншдагсан. Энэ номыг одоо унших ёсгүй юм болов уу? Номтой хайрцгаа дахиж ухаж авчирсан номоо дараалал тогтоох маягтай ээлжлэн үзлээ. Номнууд дунд нимгэвтэр хавтастай шинэ зохиолчийн болов уу гэмээр ном орчихож. Нэгэнт ирсэн номыг уншина даа гэж бодогдов. Голж байгаа юм биш л дээ. Гэхдээ л тэгж бодогдсон. Ааруулаа мэрэнгээ тэр номыг харж хэвтлээ. Эхний хэдэн өгүүлбэрийг гүйлгэтэл сэтгэлгээний гэж өөрсдийгөө нэрлэдэг нөхдүүдийн нэг бололтой гэж бодогдов. Хүн ч биш юу ч биш нэг юм хов хоосон, таг харанхуй дунд нэг нарийхан утас шиг юмнаас бариад явах юм. Тэгсэн тэр өөрийгөө хөлтэй, гартай бас нүдтэйг мэдэж байнаа. Явж явж хүн бололтой. Сонирхолтой ч юм шиг санагдаж байна шүү. Цаашлаад байсан чинь өнөө нарийхан юм нь бүдүүрч эхлээд гарт, дараа нь тэвэрт багтахаа байж сүүлдээ хана шиг том болоод түүгээр авираад байх юм. Ганцаараа биш бололтой. Дээхэн талд нэг нөхөр, нөгөө талын хананд бас нэг нөхөр гээд авирахдаа хүртэл өрсөлдөөд байна. Тэгж, тэгж ганцаараа орой дээр нь урьтаж гартал маш том зүрх байх юм. Хайрын тухай ном ажээ. Бас л сонин илэрхийлж. Нүд анилдаад нойр ч хүрээд байх шиг. Би энд яг хэд хонож байгаа юм болоо? гэсэн бодол номны тухай бодлын хажуугаар орж ирлээ.
- Нээрээ яг хэд юм бол? гэж амандаа шивнэхэд
- Мэдэхгүй гэж миний хоолойгоор хэн нэгэн хариулах юм. Дахиад л нүд анилдаж байна. Би нүдээ нээж чадахгүй нь бололтой.
- Яагаад тийм том зүрх байсан бэ?
- Хүсэл
- Том зүрх хүслээ гэж үү?
- Үгүй ээ, тийм их хайрыг хүсэж байгаа юм.
- Тэр яагаад надаас зугатаад байгаа юм бол?
- Гомдоод
- Яагаад гомдсон гэж?
- Чи айлгасан
- Тэр зүрхийг үү?
- Үгүй ээ, тэр хүүг
- Ямар хүүг вэ?
- Намайг . . . намайг . . . гэх хүүхдийн цуурайтах дуунаар би цочин ийш тийш харвал орны хөлд нөгөө хүү сууж байна.
- Чи хэзээ ороод ирэв ээ?
- Та бид хоёр л үлдсэн.
- Хаана үлдсэн гэж?
- Доошоо хар л даа гэнэ. Өндийгөөд хартал тас харанхуйд би ортойгоо усан дээр хөвөөд байх юм. Хажуугаар хавтгай мөсний хэлтэрхийнүүд урсана.
- Энэ юун ус вэ? Би хаана байнаа?
- Гал унтраахад ус хэрэгтэй.
- Би юу ч ойлгохоо байлаа. Юун гал яриад байгаа хүүхэд вэ чи? гээд хартал хүүгийн толгой дээр гал дүрэлзэж байна. Би сандарсандаа
- Чи шатаж байна. Чи шатаж байна гэж хашгираад хажуугаар урсах уснаас гараараа самран хүү рүү цацлаа. Хүү инээгээд байх юм. Бас л дуу алга. Хэн нэг нь миний аманд хатуу юм чихсэн байв. Би байдаг хүчээр
- Пүү гэж амандахаа нулимтал хатуу ааруул орны урдуур унаж тэр дуунаар би давхийн сэрлээ. Зүүдэлсэн юм байж. Уншиж байсан номоо элгэндээ тэвэрчихэж. Усан хулгана болтлоо хөлөрчээ. Тархи толгой дайвалзаад нэг биш. Лаа сүүмэлзсэн хэвээрээ. “Ямар сонин зүүд вэ” гэж бодон лааны дөл гөлөрч хэвттэл яг цаад талд нөгөө цонхоор хардаг хүү намайг цоо ширтэн сууж байлаа. Гэрэл дундуур гэнэт түүнийг сүлбэж харсандаа цочин өндийвөл тэр ухасхийгээд хариугүй гарах нь. Би хичнээн айсан хэдий ч
- Хүүе, байз гэж хашгиртал тэр цаашаа харсан чигтээ зогсчихов. Чи хэзээ ороод ирчихсэн юм бэ? гэхэд
- Би орж ирээгүй
- Чи түрүүн энд байгаагүй ш дээ. Чамайг өвөө эмээгийнхээ араас явж байхыг би харсан.
- Намайг хэн ч хардаггүй. Би нуугдсан
- Аан чи нуугдчихаад хэнд ч харагддаггүй юм байна л даа, тийм үү? Чамайг эмээ чинь хайгаад л байсан даа
- Тийм. Эмээ намайг олоогүй. Тэр ч намайг хараагүй.
- Тэр гэж хэн?
- Танихгүй хүн
- Би юу?
- Үгүй ээ. Тэр ах
- Тэр ах гэж хэн юм?
- Хотын хүн гэлээ.
Би хүүг чухам юу яриад байгааг ойлгосонгүй. Өдий болтол би хүүгийн царайг олигтой хараагүй тул
- Чи наашаа гэрэлд ойртооч гэхэд
- Би галаас айдаг.
- Гал гэж дээ энэ чинь лааны гэрэл шүү дээ
- Би галаас айдаг . . . айдаг . . . айдаг гэж байна гэж чих дүлийрэм муухай хашгирлаа. Ямар чанга хашгирсан гээ. Нэг хэсэгтээ л самгардлаа. Хэсэг байзнаад лаагаа өргөн харвал тэр аль хэдийн гараад алга болсон байлаа. Хойноос нь гарах гэсэн чинь яагаад ч юм чадсангүй. Зүрх хүрсэнгүй гэх үү дээ. “Би ер нь хаана ирчихээд байнаа” гэж анх удаа бодлоо. Цонхоор гаднах тэнгэрийг хартал түрүүний үнсэн саарал манан харлаад юу ч харагдсангүй. Шөнө болж байгаа гэсэн үнэн бололтой. Маргааш юутай ч гэсэн гарч энэ хавийн газрыг тойрч үзье. Намар ирэхэд өвгөнийх энэ хэдэн байшингаас жаахан баруунтай тэрүүхэн судгийн наад ирмэг дээр л байсан санагдана. Тэгээд лаагаа барин цонх руу дөхтөл цонхны буланд нөгөө хүүгийн хавтгай нүүр бултгас гээд алга боллоо. Би дахиад л цочлоо. Бие зарайгаад нэг л эвгүй. Хурдхан шиг орондоо орж хөнжлөө нөмөрлөө. Одоо надад айдас мэдрэгдэж эхлэв. Элдвийн юм харахгүй юмсан гэхдээ нүдээ анилаа. Энэ нь л арай дээр юм . . .

- Унтамхай лүд юм
- Үхсэн хүн шиг . . . гэх яриа намайг сэрээлээ. Өрөөсөн нүдээ сэм нээж харвал эмгэн өвгөн хоёр нөгөө талын орон дээр суух нь сүүмэлзэх лааны гэрэлд харагдана. Лаа хэвээрээ л байх юм.
- Би бас унтчихаж уу?
- Үгүй ээ чи . . . гэж эмгэнийг ярих гэтэл өвгөн түүнийг нударч яриаг таслав.
- Танайх ингэхэд хаана байгаа юм бэ? гэж асуувал
- Энүүхэн доор
- Худлаа худлаа. Манайх байхгүй. Наадах чинь солиорч байгаа юм гэж эмгэн хажуунаас нь хэлэв.
- За за. Байсан л биз дээ
- Одоо хаана байна? Хаана? гэж эмгэн шамдуулав. Хоорондоо их сүрхий маргах янзтай.
- Өнгөрсөн намар ирэхэд танайх энүүхэн судгийн цаана байсан биз дээ? гэхэд тэр хоёр намайг санаж ядан байгаа бололтой гайхан харцгаалаа.
- Яагаав. Би танай хүүд зурагтай ном өгөөд л . . . гэснээ эмгэнд хандан
- Та надад бор тагшинд тараг хийж өгсөн гэхэд өвгөн
- Тээр, манайхыг мэдэж л байгаа биз дээ? гэхэд эмгэн
- Тэр хүүг чинь л би хайгаад байгаа юм гэлээ.
- Юу гэсэн үг вэ? Танай хүү чинь өчигдөр . . . гэснээ би яг өчигдөр гэдгээ мэдэхгүй байгаа тул
- Саяын унталтаас өмнө энд ирж надтай зөндөө юм ярилцаж байгаад явсан шүү дээ
- Харин тэгээд олдохгүй байгаа юм гэж эмгэн уулга алдлаа. Өвгөн
- Юу ярьж байна тэр лүд?
- Би нуугдчихсан. Намайг хэзээ ч олохгүй гээд байсан гэхэд өвгөн эмгэнийг нударч
- Энэ нэг юм л байхгүй юү. Нуугдаж тоглож байна гэж солиороод л . . . гэхэд эмгэн
- Тэгээд олдохоо байсан. Тэгээд л би чинь . . . гэснээ хар халтар болсон үрчгэр хоёр гараа амандаа барьж
- Миний хүү хаана байнаа? Миний хүү гараад ирээ. Эмээ нь бууж өглөө . . . гээд л хахирган дуугаар голд хүйт оргитол хачин муухай чангаар хашгирлаа. Тэр ярьж байгаа биш яг л хүүгээ хайж байгаа юм шиг бүр хэд хэд орилов. Толгойтой үс босох шиг л болж, ухаан санаа минь тархинаасаа цацагдах шиг санагдана. Гараараа чихээ даран нүдээ анихаас өөр арга байсангүй. Хэсэг хугацааны дараа эмгэн дуугай болсон ч чихэнд тэр дуу давтагдсаар байлаа. Хаалга падхийн хаагдах чимээнээр нүдээ нээвэл тэр хоёр гараад явчихсан байв. Би гайхшаа баран яах учраа олохгүй суутал нүдний буланд нэг юм торох шиг болоход цонхны цаана нөгөө хүү намайг харж байна гэдгийг мэдлээ. Би түүнийг мэддэг болжээ. Юу ч болоогүй юм шиг
- Миний дүү ороод ирээ гэтэл
- Одоохоон гэх нь их холоос хашгирч байгаа юм шиг сонсогдов. Тэр цаашаа гүйлээ. Хаачих гэснийг нь харах гэж араас нь очиж хартал эмгэн өвгөн хоёрын араас гүйж очоод, тойроод гүйгээд байх юм. Яг л хүүхэд ээж аавынхаа анхаарлыг татах гэж оролддог шиг. Хүүгээ хайгаад байна гэх. Тэгсэн атлаа хүү нь тойроод гүйгээд байхад тоодоггүй. Эд ер нь надад худлаа яриад байгаагаас зайлахгүй. Ер нь энэ хавьд нэг л биш. Энэ тэнгэрийг онгойв уу үгүй юү арилж өгөх минь. Газрын баримжаа харагдах л юм бол болох нь тэр. Ойрд цас ороогүй юм чинь миний ирсэн мөр байж л таараа гэж бодлоо. Тэгээд гэнэт санасан шиг машинаа харвал анх ирэхдээ үүдэнд орхисон тэндээ л байв. Харин дээрээс нь ус асгаад хөлдөөчихсөн юм шиг мөсөн бүрхүүл тогтчихсон байх юм. Бороо орсон байна гэж баймааргүй л юм даа гэж бодоод гарлаа. Байшин тойрсон цас, дээврээс унжсан мөс хэвээрээ. Машин дээрээ очвол машин маань бүр нэвт норсон байв. Дотор тал, суудлын бүрээс гээд тэр чигээрээ нойтон харагдана. Яагаад ч юм нэг их усаар гулгиж, ам хамраар асгарав. Нусаа нийж нулимсаа арчаад эргэж орвол өрөөний гэрэл тусаагүй бүүдгэр мухарт нөгөө хүү нугдайгаад сууж байна. Машин үзэх хооронд л орж ирсэн бололтой.
- Миний дүү яасан бэ?
- Тэд намайг олохгүй байна
Хүүг худлаа яриад байгааг мэдэж байгаа ч түүний яриаг дагуулахаар шийдлээ.
- Чи өөрөө нуугдчихсан юм биш үү?
- Тийм
- Тэгвэл аргагүй шүү дээ. Чи л гарч ирэхгүй бол гээд түүн рүү ойртохыг хичээлээ.
- Би гарч чадахгүй.
- Яагаад? гээд дахин нэг алхав. Хүү хөлөө татаж, өвдгөө тэврэн атаирч байна.
- Би хэлж чадахгүй.
- Хэл л дээ. Би хэнд ч хэлэхгүй дахин ойртов.
- Миний хөл гар хөдлөхгүй гээд уйлагнав. Би нилээн ойртож
- Яагаад хэлэхгүй гэж? За алив нааш ир. Ах нь сайн ойлгохгүй байна гээд гараа сарвайтал
- Цаашаа . . . Би хүсэхгүй байна гэв. Ядаж түүний царайг харахсан гэхдээ
- Зүгээрээ. Чи ахдаа хүрээд ир. Би чамайг олсон юм чинь.
- Үгүй ээ, цаашаа . . .
- Хоёулаа найз болсон ч болно ш дээ. Заа, нааш ир
- Би цаашаа гэсэн шүү гээд түүний зүгээс яг л муурын төрлийн амьтан архирах шиг авиа гарлаа. Би түүн рүү хартал тэндээс бүлтэрсэн том нүд, умарсан хар царай харагдахад би цочсондоо хойшоо савж унав. Хаалга падхийх чимээнээр би бага зэрэг ухаан орлоо. Тэр гараад явчихаж. Юу болоод байгааг ухаарахыг хичээсэн ч чадсангүйгээр барахгүй унтаа сэрүүнээ ч ялгасангүй. Амаар дахиад л усан гулгиадас гарна. Астма хөдөлж, учир зүггүй хуурайшиж байснаас дээр л юм. Нүүрээ даран хэсэг суулаа.
- Ахаа надад туслаач гэх хүүхдийн цөхрөнгөө барсан дууг дахин сонсов. Харвал хүү үүдний дэргэд зогсоно. Нүүрэн дээр нь лааны гэрлийн сүүдэр анивалзана.
- Туслах гэхээр чи уурлаад байна шүү дээ. Яг яамаар байгаагаа ахдаа хэл л дээ
- Би ээждээ л очмоор байна. Би ээжийгээ санаж байна гээд хүүгийн гинших сонсогдов. Сүүдэр харанхуйлаад хүүгийн нулимс харагдсангүй.
- Ээж гэнэ. Эмээдээ юү?
- Үгүй. Миний ээж. Миний ээж хөөрхөн бас гоё үнэртэй
- Ээж нь хаана байгаа юм ?
- Гэртээ
- Гэр нь . . .?
- Хотод
- Аав нь бий юу?
- Шинэ аав. Тэр муу аав
- Яагаад?
- Намайг зоддог. Бас ээжийг зоддог. Тэр миний хоолойноос багалзуурдаж өргөөд хуруугаараа нүд рүү хатгах гээд байсан. Дахиж миний нүдэнд битгий үзэгдээрэй гэсэн
- Тэгээд л чи энд өвөө эмээтэйгээ . . .
- Тийм, цуг байдаг
- Ээж нь ирдэг үү?
- Ирсэн, намайг олоогүй
- Чи бас нуугдчихсан уу?
- Үгүй. Би ээжийгээ тойроод л гүйгээд байсан. Намайг хараагүй. Надад хайргүй болчихсон байх
- Чи яагаад тэгж бодож байгаа юм?
- Тэр маамаалах гэж байгаа. Гэдэс нь ийм том байсан гээд хүү гараараа үзүүлэв.
- Чи тэгвэл хөөрхөн дүүтэй болох нь дээ. Чамтай адилхан хүү байх
- Үгүй. Тэр эмэгтэй
- Төрчихсөн юм уу?
- Үгүй
- Чи яаж . . .?
- Би мэднэ. Би бүгдийг мэднэ. Би эмэгтэй болно.
Би хэдийгээр хүүг аргадаж амыг нь дагуулан яриад байгаа хэдий ч өөрт маань нэг л эвгүй байлаа. Би ер нь яах гэж дандаа хүнийг бодож харьцдаг юм бол. Яагаад өөрийнхөөрөө байж чаддагүй юм бол? Энэ миний мөнхийн асуулт хэвээрээ үлдэх нь гэсэн тэнэмэл бодлоо зогсоож
- За миний дүү одоо битгий уйл. Бүх юм сайхан болно гэхээс өөр үг олдсонгүй. Гэхдээ түүнийг нилээн сайн харж авлаа. Энгэр нь уранхай хөвөнтэй дээл, хоншоор нь халцарсан бараг цоорсон гуталтай, халзан толгойтой, өвдөг тохой нь нөхөөстэй яг л нэг хөдөөний, эмээ өвөөгийн хөөрхөн хүү байв. Царай нь л нэг сайн харагдсангүй.
- Одоо өглөө юү? Орой юу?
- Шөнө
- Тэгвэл унтацгаасан нь дээр юм байна. Чи тэр орон дээр унтчих. Маргааш . . .
- Маргааш гэж байхгүй гэлээ. Надад сонин санагдаад байгаа ч яриаг цааш нь үргэлжүүлэхгүй байхаар шийдэж
- За яахав. Тэгвэл маргааш байхгүй гэж хэлээд түүнийг уурлуулахгүйн тулд би орон дээрээ буруу харж хэвтэв. Энэ миний хувьд их зориг байлаа. Түүнийг яах бол гэж бодон бодон чагнаж хэвтэв. Ар нуруугаар хүйт дааж хамраас ус гоожино. Хэвтээд нилээн хугацаа өнгөрчихөж. Хүүг ор луу очсон эсэхийг ч мэдсэнгүй.

- Унтахыг ч нэг үзүүлж өгөх юмаа гэх өвгөний дуунаар би зовхио нээлээ. Би хана руу харсан тэр чигтээ хэвтэж байв. “Нөгөө хүү яасан бол” гэж бодсоор эргэвэл өвгөн ганцаараа сууна. Яагаад ч юм өвгөн усанд туссан дүрс шиг туналзана. Нүдээ нухвал гайгүй ч юм шиг. Лаа маань ассаар ажээ.
- Өө та юу? Би бас л унтчихаж
- Унтах биш л дээ. Наадах чинь үхэл байхгүй юу
- Юу . . .? Би үхсэн гэж үү?
- За за тоглосон юм. Унтах чинь үхэлтэй адилхан л гэх гэсэн юм
- Аан, та бас надаар тоглохтойгоо. Эмээ хаачаав?
- Хүүг хайж байгаа
- Хайх гэж дээ. Бас л энд байсан даа. Надтай зөндөө ярилцсан. Ээжийгээ санадаг. Шинэ аав нь зоддог болохоор . . .
- Шуналын хар тулам гэж өвгөн байдгаараа хашгирч миний яриаг таслав.
- Хэн?
- Тэр нөхөр шиг юм нь. Тэр муу манай энэ амыг авна гээд. Би өгөхгүй гэсэн юм
- Энэ танай газар юм уу?
- Бүгдээрээ биш л дээ. Тэр судгийн наад тал нь охины, цаад энгэр чинь минийх байхгүй юу. Наран ээвэр сайхан нутаг. Тэгсэн харин бүгдийг нь авна гээд гэж их ууртай хэллээ. Энэ бүгд надад хамаагүй ч би тэгж хэлж чадсангүй. Өвгөнийг бодоод чагнаж суув.
- Тэгээд?
- Тэгээд яахав. Хэрүүл, уруул тасарсангүй. Хүний юманд хүрз барьсан луухаан шиг улс байх юм. Биднийг аргадаж нэг үзлээ, агсам согтуу тавьж ална тална гэж үзлээ. Өгмөөргүй л санагдсан. Санагдах юу байхав дээ. Миний өвөг дээдэс хэдэн үеэрээ энэ нутагт амьдарч бас ясаа тавьсан газар. Ийм ариун дагшин газрыг би яагаад өгөх ёстой гэж. Гэхдээ яахав дээ охиноо бодсондоо
- Намайг үхэхээр аваарай л гэсэн юм.
- Тэгээд яг юу болсон юм бэ? гэж намайг асууж дуусаагүй шахам байхад
- Би олоод ирлээ . . . Олоод ирлээ . . . Энийг хараач ийм болчихсон байна шүү дээ . . . гэх эмгэний чих дөжрөм муухай дуу бидний яриаг тасаллаа. Цочих гайхах зэрэгцэн хаалга тийш харвал үс толгой, дээлэндээ улаан гал дүрэлзүүлсэн умарсан хар царайтай эмгэн пөөнийсөн нүүрс шиг тас хар юм тэвэрчихсэн
- Миний хүү энэ байна. Ээ чааваас ийм болчихсон байна шүү дээ гээд над руу сарвайн салганаж чичирсээр дөхлөө. Би айсандаа
- Юу вэ наадах чинь? гэж хашгиран хойш цахлав.
- Миний хүү. Энэ миний хүү. Би ямар их хайсан гээч. Шатчихсан байна гэж муухай орилов. Сүнсээ зайлтал айсан би
- Юу болоод байнаа? гэж яах учраа олохгүй хашгиртал
- Гал . . . гал . . . гэх өвгөний дуу хажууд гарав. Харвал Өвгөний тал бие тэр чигтээ галд автжээ. Би харж ч чадсангүй. Гэтэл эмгэний гар дээр байсан умгар хар юм гэнэтхэн хөдөлж
- Гал . . . ахаа . . . гал . . . намайг олооч. Шинэ аав . . . гал . . . Би хөдөлж чадахгүй байна гэж шазайтал түлэгдсэн амаа хөдөлгөн хэллээ. Би орилсон чигтээ үүд рүү зүтгэв. Замдаа таарсан тэднийг түлхэн унагаахад тэд шатаж дууссан мод мэт улаан цог болон үйрэн унав. Би эрчээрээ гарч ирвэл нөгөө их саарал тэнгэр цэлэмчихэж. Судгийн цаад энгэрт нэг их гал дүрэлзэх нь өвгөний хашаа саравч тэр чигээрээ шатаж байв.
- Хүүе! Танайх шатаж байна ш дээ гэж өөрийн эрхгүй хашгиртал
- Ха ха шатаж байна уу? Хэн шатаасан бэ? Чи юу? гэж өвгөнийг хэлэхэд эмгэн хүү хоёр түүнийг даган хар амаа ангайн инээв. Тэднээс дуу гарахгүй хий дэмий цээж нь овогнон хөдөлгөсөөр миний араас хазганан явцгаалаа. Би байшин тойрон зугатав. Цасан дээр яагаад ч юм ганцхан хүний мөр байх ажээ. Гайхсан хэдий ч би зогсож чадсангүй. Хоёр бүтэн тойрч гүйгээд арай хийж амжин машиндаа орж бүх хаалгаа түгжээд тэргээ асаан ум хумгүй зугталаа. Миний ирсэн бүдэгхэн мөр тэр хэвээрээ байлаа. Хаазаа тултал нь гишгэв. “Сааралын амны амралт” гэсэн хаягны хажуугаар гарсан хойноо түр амсхийж голынхоо толинд харвал ард улаан гал цоролзсоор байв. Гэлээ гээд миний санаа амарсангүй хурдаа улам бүр нэмэн давхив. Тэгтэл гэнэтхэн ард
- Бид явж байна . . . ашгүй явж байна . . .
- Хурдлаарай . . .
- Ахаа бушуул . . . бушуул . . . гэх дуу гарахад эргэж харвал тас хар болтлоо түлэгдсэн гурван хүн арын сандалд суучихсан байх нь тэр. Би байдаг чадлаараа
- Аа . . . аа . . . гэж хашгирахад тэд намайг даган гурвуулаа зэрэг
- Аа . . . аа . . . аа . . . орилов. Гэхдээ би айж, харин тэд баярлалдан орилож байв.
Замын нэг талаар хаврын хар модод жирэлзэж, нөгөө талаар мөс ханзарсан гол жирвэлзэн өнгөрнө. Би зөв явж байна гэдэгтээ итгэлтэй боллоо. Гэтэл хаанаас ч юм нисэж ирсэн том хар шувуу машины урд шилийг пүдхийн мөргөхөд би сандарсандаа хажуу тийш нь дарсан чинь машин маань хэд мурчигнаад голын цүнхээл рүү уналаа. Машин пүл пүлхийн доошилж, бүхээгт голын хүйтэн ус хүйт даан орж ирлээ. Бид одоо дөрвүүлээ нийлээд
- Аа . . . аа . . . аа . . . гэж хашгирсаар байлаа. Бүхээгний завсар зайгаар ус садран орж ирж, гал дээр ус асгах мэт шажигнасан чимээ надад сонсогдоно. Би нэг амьсгаа авсан болоод цаашаа юу болсныг мэдсэнгүй. Хамаг бие дагжин чичирч, халуу шатахыг л мэдэрч байлаа.

* * *
- Ухаан орж байгаа нь үнэн үү, эмчээ?
- Тиймээ, удахгүй орох байх
- Сонин юм. Яаж ч бодсон хөвөхгүй дээ
- Гэхдээ л хөвсөн байна. Азтай л юм
Надад ийм яриа сонсогдож байна.
- Яах гэж, хаашаа явж байсан юм бол?
- Хотоос гараад л тун удалгүй унасан байгаа юм. Ажлынхнаас нь асуусан чинь сүүлийн хоёр хоног нойр хоолгүй ажилласан гэсэн
. . . “Би амрах гэж . . .үгүй ээ амралтын газраас буцаж явсан”
- Тэгвэл үүргэлж л дээ. Өөр хүн байгаагүй нь их юм
. . . “Миний ард гурван хүн байх ёстой”
- Яг тэр газар нь нэг хэрээний сэг байсан. Тэрнээс цааш огт мөр байгаагүй.
. . . “Би явсан ш дээ. Сааралын амны амралт гэдгийг би харсан”
- За за эмчээ. Ухаан орсон яамай. Би протоколдоо бичих ёстой юм
- Тэгвэл баяртай дэслэгчээ гэх дууг сонсоод нүдээ нээвэл нэг их гэрэл гэгээ. “Би үхсэн юм байх даа” гэж бодов.
- Намайг харж байна уу? гэх дууг даган харвал цагаан хувцастай хүн зогсоно. Би цочсондоо огцом ухасхийх гэсэн боловч тэд намайг дараад өндийлгөсөнгүй.
- Та эмнэлэгт байна. Санаа зоволтгүй. Тайван бай гэж эмч хэллээ. Би зогсолтгүй ханиаж хамраас шингэн ус нус шиг урсана. Эмч
- Одоо зүгээрээ. Уушиганд нь ус хурсан тул ханиаж байгаа юм. Чи ч сандаргалаа шүү. Бүтэн хоёр хонож байж ухаан орлоо. Одоо дажгүй гээд гарлаа.
Би эргэн тойрноо харж яах аргагүй эмнэлэгт байна гэдэгтээ итгэхийг оролдож байтал хаалга зөөлөн тогшоод нэг хүн орж ирсэн нь манай өрөөний охин байна.
- Чи юу хийж байгаа юм?
- Таныг эргэж явна
- Яах гэж?
- Яахав дээ. Манайхан яваад ир гээд. Та нээрээ бүтэлгүй юмаа. Амарна гээд л нэг их сүрхий амьтан явсан чинь усанд үйгээд үхэхээ шахсан байна ш дээ.
- Би нөгөө амралтанд очсон л юм даа. Надтай хамт явсан улс яасан бол?
- За за одоо битгий солиороод бай. Амралт гэснээс манай захирал . . . гэснээ нөгөө охин айсан царай гаргаж, дуугаа намсган
- Уржигдар шөнө гэртээ . . . гээд цааш нь хэлж чадахгүй гацав.
- Яасан гэж?
- Ум ма ни бад ми хум болсон гэсэн
- Юу . . .?
- Зүрх нь хаагдчихсан гэсэн гэлээ.
Надад яг юу болоод байгаа нь сайн ойлгогдсонгүй. Хэнд, юунд итгэхээ ч ялгаж салгаж чадсангүй.
- Авгай нь . . .
- Өө тийм. Төрсөн гэсэн. Аймаар байгаа биз?
- Охинтой . . .
- Та яаж мэдэв ээ? Ухаангүй байсан байж.
Би хий дэмий л харцаа өрөөгөөр нэг тэнүүлэн эргэн тойрноо гөлөрлөө. Миний нүдэнд ус гүйж эхлэв.
- Нээрээ, намайг байшин тойроход нэг ч мөр байгаагүй
- Та яачихваа? Юу яриад байгаа юм бэ? гээд сэгсэрч байна.
Тэгтэл гурван хар хэрээ нисэж ирээд цонхны тавцан буулаа. Тэд толгойгоо огцом, огцом хөдөлгөн цавчдаггүй тас хар нүдээр ийш тийш харснаа над дээр харц тогтоов. Би цонх руу зааж
- Хэрээнүүд . . . гэхэд охин цонх руу эргэж харснаа
- Худлаа ярь. Хөөрхөн болжморууд л байна ш дээ гэнэ.
Нүдээ сайн арчаад хартал цонхны тавцангаас гурван болжмор дэрхийн нислээ.
- Тийм байна. Болжморууд байна . . .

2012оны 7 сарын үед
Бүрэн эхээрээ...