# #

Өнөөх (Өгүүллэг)

Би хуйлаатай зургаа сугавчилсаар их л додигор амьтан алхлаа. Манай орцны өмнөх сүүдрэвчинд байнга шатар тоглодог хэдэн хүн байдаг юм. Энэ өглөө ч гэсэн албандаа ирсэн мэт цуглажээ. Тэд намайг харсан ч хараагүй юм шиг царайлав. Карпов, Каспаров, Фишер гээд аваргуудын нүүдлийг он оноор нь байтугай ганцыг нь ч мэдэхгүй тэд шатар тоглоно гээд цуглах нь нэгэн бодлын сонирхолтой ч юм шиг. Бас болоогүй ээ хоорондоо мөнгөөр тоглодог юм билээ. Надтай нэг өдөр тоглоод бүгд хожигдсон юм. Түүнээс хойш дахиж намайг дуудаагүй. Дуудах нь байтугай хараагүй царайлдаг гэж байгаа. За энэ хэдэн хөгшин ч яахав. Өнөөдөр миний хувьд чухал өдөр тул хэрэндээ ажил руугаа яарч, бас ч гэж сэтгэл догдлон яваа юм. Гэтэл өглөөнөөс хойш байгаа байхгүй нь мэдэгдэхгүй байсан Өнөөх маань салжийтал дагаад яваа нь мэдрэгдэв. Би түүнтэй дуугарахгүйг хичээж байлаа. Учир нь миний өөдөөс манай байрны хоёр хүүхэн ирж яваа харагдана. Энэ есөн давхар байранд бараг бүх насаараа шахуу амьдарч байгаа болохоор ойр хавийн хүмүүсээ мэдэлгүй яахав дээ. Би эднийг мэддэгтэй адил тэд ч гэсэн намайг мэднэ. Тийм болохоор би Өнөөхтэй ярих л юм бол өөдөөс ирж буй бүсгүйчүүд өнөө мангар чинь өөртэйгөө яриад уналаа гэж шоолох нь тодорхой тул би түүнтэй дуугарахгүй байхаар шийдсэн хэрэг. Хоёр бүсгүй хоорондоо их сүрхий ярилцаж явснаа намайг харуутаа нудралцан биеэ барьж цэмцэгнэн алхав. Ер нь хүн болгон тэгдэг юм. Намайг хүндлээд байгаадаа биш гэдгийг мэдэлгүй яахав. Гэтэл Өнөөх маань миний хоёр талд ээлжлэн гарч
- Чи өнөөдөр яагаад дуугарахгүй байгаа юм бэ? Ямар ааш чинь хөдөлчихөөв? Аан, энэ зурагнаас болоо юу? Чи даргадаа магтуулна гэж бодоо юу? гээд л зай завсаргүй чалчив. Тэр угаасаа нэг ярихаараа зогсохоо мэдэх биш. Бүр өөдөөс ирж яваа бүсгүйчүүдийг харж байгаа ч юм алга.
- Чи цаашаа болохгүй бол хүн мөргөлөө гэж амандаа шивнэтэл тэр сонссон шинж алга. Сонссон ч байж мэднэ. Тэр угаасаа надтай зөрж л байх сонирхолтой болохоороо сонсоогүй дүр үзүүлж байгааг нь би мэднэ л дээ.
- За, бас яагаад цаашаа наашаа гээд унав? Чиний хэлснээр займчаад байдаг нь би биш шүү
- Наад хүүхнүүд чинь чамайг харахгүй ш дээ гэж би хэлчихээд тэр бүсгүйчүүдээс ичсэн гэж яаваа. Тэд ямар Өнөөхийг харах биш дээ.
- Ха ха тэд нар чамайг шоолчихсон. Үгүй ээ тэр, чи бүр ичиж үхэх нь ээ. Ямар элэнцэгтээ ичдэг юм бэ? Тэртэй тэргүй чамайг мэдрэл муутай, ганцаараа ярьдаг гэдгийг бүгд л мэднэ шүү дээ. Тэгэхэд чинь чи бусадтай адилхан хүн болох гээд л ичиж гэнэ. Тэгээд бас том инженер шиг машин зохион бүтээгээд байгаа юмаа . . . гээд нөгөө л тасардаггүй яриагаа үргэлжлүүлж гарав. Яриандаа болоод тэднийг надтай зөрөхийн алдад эгээтэй мөргөчихсөнгүй. Сандарсандаа би байдаг чангаараа
- Цаашаа зайл л даа чи. Хүн мөргөлөө ш дээ гэж хашгиртал өнөө хоёр бүсгүй цочсондоо муухай хашгиралдан цаашаа зуларч гүйснээ хоорондоо
- Ёо ёо, үнхэлцэг аваад хаячих шахлаа. Яасан муухай ааштай хог вэ
- Тээр хэлээгүй юү, мэдрэл муутай гэж.
- Өнөөдөр бүр мангар болчихсон байнаа. Уг нь арай ч ийм биш биз дээ? гэж надад сонсогдохоор ярилцана.
Надад яагаад ч юм асгачих вий гэж байдгаараа хичээж явсан юмаа алдчих шиг болж сэтгэлийн мухар луу нэг хүнд юм лүгхийгээд уначих шиг санагдав. Урамгүй ч болчих шиг. Өнөөхийг харцаараа хайтал тэр намайг шоолон арзайтлаа инээчихсэн зүлэгний хайсан дээр сууж байв. Миний уур шатаад явчих нь тэр.
- Чи муу үхсэндээ хүн шоолоод байгаа юм? Доромжилж ханахгүй байна уу? гээд л Өнөөхийг хуйлсан зургаараа хэд сайн савлаа. Тэр инээсэн хэвээрээ бултсан тул би хий дэмий л төмөр хайсыг баахан балбатал нөгөө эрхэм зураг маань эгээтэй л урагдчихсангүй. Улам бүр буцлах уурандаа би биеэ барьж дийлэлгүй хаашдаа гүйцэгдэхгүй нь мэдээж болсон түүний араас чаддагаараа чулуу шидлээ. Тэр чулуунаас бултан
- Чи онохгүй ш дээ. Ингэж тэнэгтэхээ больчихоо ч чи. Чи өөрөөсөө л болдог байхгүй юү. Зүгээр л байсан бол . . . гэж үгээр идэн, хүйтнээр инээнэ. Гай болж миний шидсэн чулуу нөгөө хоёр хүүхний араас нисэж очив. Тэд оногдоогүй ч гэсэн муухай орилолдон
- Мэдрэлээ, болиочээ. Чамайг цагдаад хэлнэ шүү. Энэ чинь бүр байчихаад хүн рүү чулуу шиддэг болох нь гэж хашгиралдав. Тэгтэл Өнөөх
- За тэр, хэлээгүй юү. Чи өөрөөсөө л болдог шүү
- Чи л мөргөчихөө шахаа биз дээ
- Би мөргөхгүй ш дээ
- Мөргөдөг ш дээ чи. Эртээр яалаа, нэг залууг мөргөчихөөд намайг зодуулаа биз дээ.
- Чи өөрөө уучлаарай л гэчихгүй хэрэлдээд байсан ш дээ
- Би тэр залуутай хэрэлдээгүй ш дээ. Чамайг л хүн мөргөөд яаж байгаа юм гэж загнасандаг. Тэгээд ч би мөргөөгүй юм чинь
- Чи одоо болтол яасан юм ойлгодоггүй юм бэ? Би чамтай олон жил цуг явлаа. Чи бид хоёр бие биенээ мэддэг болсон баймаар юмаа
- Гэхдээ би мэдрэл муу биш шүү дээ. Чи мэднэ.
- Найз минь дээ. Би мэдээд яах юм бэ. Хүмүүс тэртээ тэргүй намайг биш чамайг л харж байгаа юм чинь. Би түүнд ямар нэгэн хариу хэлж чадсангүй. Үнэндээ, түүний ярьсан зөв байлаа. Хүмүүс намайг л хардаг. Түүнийг бол хэзээ ч үгүй. Би тэрний тухай, түүний надтай хэрхэн яаж харьцдаг, ханддаг тухай, ер нь бидний тухай эмээгээсээ өөр хэнд ч хэлж байгаагүй юм.
Би тав зургаа орчимтой байхдаа эмээ өвөө дээрээ байдаг байлаа. Тэгэхэд ч гэсэн миний Өнөөх гэж нэрлээд байгаа нөхөр хажууд маань байж л байдаг байв. Ер нь энэ бид хоёр намайг ухаан орсон үеэс л хамт байсан гэхэд болно. Би хүүхэд байсан болохоороо түүнийг хэн гэдгийг мэддэггүй (одоо ч гэсэн мэдэхгүй) миний хажууд л байж байх ёстой юм байх гэж бодно. Жаахан томорсон үедээ ч гэсэн хүн болгонд байдаг хэмээн боддог байлаа. Ганцаараа тоглох, эсвэл хонинд явах, тэр ч бүү хэл унтах гээд хэвтэхэд хүртэл миний хажууд байж л байдаг. Ер нь л зугаатай байсан гэх үү дээ. Гэхдээ тэр үед одоогийнх шиг ийм муухай, уур хүргэсэн амьтан байгаагүй л дээ. Хүүхэд байхдаа тоглож суугаад
- За би энүүгээр явлаа. Чи тэрүүгээр яв гэхээр тэр явчих шиг л болдог. Тойрч ирээд л надтай ярилцаад л тоглоно. Эмээ заримдаа
- Ишш! Миний хүү ганцаараа яриад л тоглох юм даа. Ээж аав нь гэж яачихсан улс байдаг юм. Энэ нэг алгын чинээ амьтан дээр ирчихэд яанаа гээд л санаа алддагсан. Тэгэхээр нь бид хоёр бие биенээ хараад л инээнэ. Уг нь эмээгээ л шоолоод байгаа ухаантай. Ингэж инээлдэж суухад яагаад ч юм баяр хүрээд л явчихдагсан. Бага анги төгсөх үеэс эхлэн гэрийхэн маань намайг өвчтэй, харин хүмүүс жаахан юмтай юм гэнэ лээ хөөрхий гэх болсон юм. Надтай хамт инээхдээ инээж, уйлахдаа уйлж анд найз шиг хөөрхөн байсан Өнөөх маань намайг ахлах ангид орох үеэс эхлэн муухай болж эхэлсэн юм. Юм л бол миний өөдөөс арзас, арзас хийнэ. Заримдаа бүр шоолно, доромжлоно. Үүнээс болж миний тэсвэр барагдана. Намайг тарчлах тусам тэр бүр жаргаж гүйцнэ. Ийм үедээ намайг өрөвдөнө гэж ерөөс үгүй. Тэгээд л бидний хооронд зөрчил үүсдэг юм. Гэхдээ бид үргэлж хэрэлдээд байдаг уу гэвэл үгүй л дээ. Тэр хааяа хачин эерүү болчихно. Яг л аль тэртээ багынх шиг. Би түүний ийм занд хачин их дуртай ч чухам ямар үедээ ийм сайхан байгаад байдгийг нь ойлгодоггүй юм. Хүмүүст би ганцаараа л ярьж, дохиж зангаж, инээж хөхөрч, заримдаа хэрэлдэж харагддаг болохоор гадуурхагдахаас ч өөр яах билээ дээ. Өө, бүр хадуураад явчихаж. Тэгээд нэг удаа эмээгээсээ
- Надтай хамт нэг хүүхэд үргэлж байгаад байх шиг байдгийм. Намайг түүнтэй яриад байхад та намайг ганцаараа ярилаа гэх юм гэсэн чинь эмээ
- Өө, тийм үү? Эмээ нь нүд муу болохоор үзэхгүй байхгүй юү. Манай эмээг уучлаарай гэж түүндээ хэлж өгөөрэй гэсэн юм. Би түүнд хэлсэн л дээ. Харин тэр уучиллаа ч гээгүй, үгүй ч гээгүй зүгээр л толгой дохисон. Өнөөх чинь уучлахын тухай мэдэхгүй ч байж магадгүй.
Нээрээ, би бас ээждээ нэг удаа хэлсэн юм байна. Тэгтэл ээж
- Чи чинь одоо юугаа балайраад байгаа юм бэ? Хөөе! Энэ хүүхдээ хараач, элдвийн юм донгосоод байна гэж аав руу хашгирч билээ. Ашгүй аав нэг их тоогоогүй. Түүнээс хойш би тэдэнд энэ талаар яриад хэрэггүй юм байна гэж ойлгосон юм. Тэдэнд байтугай өөр хэнд ч хэлээгүй. Эмээ маань нэг их удалгүй нас барсан болохоор өөр хэндээ ч хэлэх билээ. Тэр үед надад ямар хэцүү байсан гээч. Намайг хорвоод ганцхан ойлгодог хүн байсан юм чинь арга байж уу. Ганцхан намайг ч биш бас Өнөөхийг байдаг гэдэгт итгэдэг ганц хүн байлаа. Өнчирнө гэдэг энэ юм байна гэдгийг би тэгэхэд их сайн ойлгосондоо. Эмээ маань нэг удаа надад
- Миний хүү Өнөөхтэйгөө болж өгвөл эвтэй л байхыг бодоорой. Хоорондоо муудалцаж болохгүй шүү. Тэгвэл миний хүүд л муу юм болж мэднэ гэж билээ. Эмээгийн ингэж хэлдгийг Өнөөх ч гэсэн мэддэг болохоороо заримдаа надад
- Эмээ чинь юу гэлээ. Санаж байгаа биз? гэж ирээд л надаар оролддог юм.
Намайг наймдугаар ангид байхад Өнөөх бид хоёр анх удаа их сүрхий муудалцсан маань нэг охиноос болж билээ. Би тэр охины царай төрхөнд их дуртай байлаа. Бусдын хэлдгээр таалагдана гэдэг энэ л байх. Харин Өнөөх чинь шарвалзаад л нэг хачин байх юм. Бүр гайхаж орхисон. Урьд нь бид ямар хоорондоо муудаж байсан биш. Түүнийг ийм байхыг нь мэдэхгүй юм чинь. Би тэр охины тухай бодлоосоо салахгүй байсан үе. Гэрт гадаа хаа л бол хаа бодогдоно. Гэсэн хэдий ч яг юу нь ч юм нэг л юм нь таалагдахгүй байв. Чухам юу гэдгийг оноож хэлж чадахгүй байлаа. Хэлэх байсан ч хэлж болмооргүй байсан юм болов уу. Нэг өдөр хичээлээ тараад явж байсан чинь Өнөөх
- Чи бодоод л байна уу? Дэмий дээ, дэмий
- Юу? Аан, тэр охиныг уу? Харин тийм. Хөөрхөн ш дээ
- Хн! Надад л лав таалагдахгүй байна.
- Юу нь?
- Муухай ааштай. Чи мэдсээр байж юундаа хөөрхөн мөөрхөн гээд байгаа юм?
- Хөөрхөн л юм чинь тэгэхгүй яахын
- Үнэр нь ч гэсэн муухай
- Юу . . .? Үнэр нь ээ гээд би гацаж орхив. Магадгүй, миний хэлэх гээд хэлж чадахгүй байгаа тэр мэдрэмж энэ байсан юм болов уу. Яагаад энэ үг надад тийм хүчтэй туссаныг мэдэхгүй ч гэлээ намайг ямар ч идэвхгүй болгож чадсан юм. Өнөөх
- Чи сонссон ш дээ. Бараг чи ч гэсэн мэдэж байгаа гээд дарвайтал инээхэд нь уур жигтэйхэн хүрэв. Зүгээр ч нэг уур биш түүнд ялагдаж байгаагаа мэдэрсэн хорсол, шаралхал байв. Чухамдаа би түүнд анх удаа дийлэгдэж байх шиг. Би орчин тойрондоо ямар хяналтгүйгээр түүн рүү
- Хуцаад бай чи муу гэж голынхоо дуугаар чанга хашгирлаа. Гудамжаар явсан хүмүүс бүгд над руу гайхсан, зарим нэг нь айсан харцаар харав.
Гэртээ ирсэн хойноо би маргаашийг хүлээн байж ядан холхиж байв. Өнөөх дахиад л намайг маажиж малтахаар шийдсэн бололтой
- Яасан? Хайрт охиноо харах гээд байж ядна уу? Үнэндээ чи харах гээгүй л дээ. Үнэрлэх л гээд байгаа хи хи гэж муухай нарийхан инээх шиг болов.
- Хн! Гайгүй байлгүй. Чи юугаа мэддэг юм гэж хэрэндээ хэдэрлэх гэсэн боловч цаанаа нэг туниагүй болж байв.
- Надаас нуугаад хэрэггүй дээ
- За за, битгий солиор гэхээс өөрийг хэлж чадсангүй. Хэрвээ тэр ахиад миний хорыг малтсан бол би бараг уйлахад ч бэлэн байсан байх.
Тиймээ тийм. Тэр охин нэг тийм нэг надад таалагдахгүй үнэртэй байсым. Өнөөхийн зөв байсан гэх үү дээ. Хичнээн хүнд байсан ч гэлээ тэр охиныг би бодлоосоо холдуулж чадсан юм. Холдуулахгүй гээд ч тэр охин намайг тоохгүй байсан байх л даа.
Тэр өдөр бидний хамгийн анхны муудалцсан өдөр байлаа. Түүнээс хойш бид хоёр мөн ч олон муудалцсан даа. Бидний зөрчилтэй болсон үеэс эхлэн эргэн тойрныхон маань миний өвчнийг улам хүндэрч байна гэж үзэх болов. Эх эцэг хоёр маань хүртэл намайг шар хадны эмнэлэгт хэвтүүлсэн юм. Удалгүй л гарчихсан болохоос. Тэнд хэвтэж байхдаа би эмээ маань нас барсан нь болж дээ. Хэрвээ хайртай хүүгээ мэдрэл муутайгаар нь дуудуулж явахыг хараад яасан их зовох байсан бол гэж үнэн санаанаасаа бодсон юм. Энэ бодол дээр харин Өнөөх нэг их олон юм яриад байдаггүй. Аргагүй юм даа. Эмээ маань бид хоёрыг хоёуланг нь ойлгодог ганц хүн байсан юм чинь.
Удалгүй наймдугаар ангиа ч төгслөө. Би уг нь дараагийнхаа ангид орж чадах байсан гэж өөрөө боддог. Гэвч намайг гаргачихсан. Тэгээд л би хэн хүний анхаарлаас ч гарсан гэхэд болно.
Надад хань болсон юмнууд гэвэл урагдсан урагдаагүй хэдэн навсархай номнууд, зарим нэг нь гээгдсэн ганц модон шатар л байсан. Өө тийм, Өнөөх маань бас хамт байгаа. Би уншиж болох юм таарвал бүгдийг уншдаг байлаа. Шатраараа өөртэйгөө л тоглоно. Өнөөх мөн л миний хажууд тоглохгүй хэрнээ хэрэлдсээр л байх. Аав л хааяа хардаг байсан болов уу гэмээр шатрын болон инженерийн хэдэн сэтгүүл, ганц нэг номыг бараг л цээжлэхээ шахсан даа. Сүүлдээ манай гэрт ажил төрөл хийдэггүй, зүгээр л тэжээлгэсэн нэг хүн байгаа тухай яриа гарав. Тэр нь би. Олон ч ажил сольж хийсэн дээ. Мэдээж сүүлийнхээ ажлыг олтол шүү дээ. Хотын гудамж цэвэрлэдэг энэ ажлыг олоод би зургаан жил болж байна. Зунд нь замын хогийг, өвөлд нь цас мөсийг нь цэвэрлэдэг юм. Яагаав дээ, шар хантааз өмсчихөөд л зам шүүрдэж зогсдог хүмүүс байдаг ш дээ. Тэдний нэг би л дээ. Бусад хүмүүст уйтгартай харагддаг байх. Харин надад бол үгүй. Ганцаараа, хог шүүрдсэн шиг Өнөөхтэйгөө хэрэлдэж явахад хэн ч анзаардаггүй болохоор зугаатай. Манай ажлынхан намайг мөн л мэдрэл муут л гэнэ. Одоо яая гэхэв дээ би мэдрэл муутай л юм байлгүй. Хэдийгээр би ингэж хувь заяагаа зөвшөөрөх хэдий ч үүний ард ямар ч юм гуниг гутрал хуйрагнаж хаа нэг тийш буцаж ирэхгүйгээр явчихмаар сэтгэл төрдөг л юм.
За тэр ч яахав. Би чинь юу бодож байлаа даа. Аан, тийм. Ер нь яавал замын хашлага дагуух хогийг арай хялбар аргаар цэвэрлэж болох вэ? гэж олон жил бодсон л доо. Өнөөхтэйгөө хэрэлдэхдээ хэрэлдэж, хэлэлцэхдээ хэлэлцэн байж хог цэвэрлэдэг машин зохиогоод цаасан дээр нэг бүрчлэн зурсан юм. Үүнийгээ өнөөдөр даргадаа үзүүлэх гэж яваа минь энэ. Харин сая тэр хашлага балбаж байж эгээтэй л ураад хаячихсангүй. Хүн харахын аргагүй юм болчихлоо. Дарга хүн гэдэг чинь маниасаа ухаантай юм чинь ойлгох байгаа.
Хуйлсан цаасаа барьсан би даргын өрөөний үүдэнд сууна. Гэтэл Өнөөх чинь
- Би л лав айж байнаа. Чи яаж байна? гэж эелдэгхэн нь аргагүй асууж байна.
- Харин ээ. Уг нь их л бодож байж хийсэн юмсан
- Хийсэн гэчихжээ. Зурсан гээч
- Хийх гэхээр надад эрэг боолтоос авхуулаад бүхэл бүтэн машин болчихоор их юм хаанаас олдохов дээ. Чи мэдсээр байж
- Тийм дээ. Чи бид хоёрт олдохгүй гэж тэр маш гунигтай хэллээ. Түүнийг би яг надтай адилхан санаа зовж байгаад нэг бодлын баярлах шиг, нөгөө бодлын гайхаж байлаа.
Дарга ирлээ. Тэр намайг хүн байна ч гэж харсангүй. Дарга нар ийм л байдаг хойно би ч нэг их юм бодсонгүй.
- Сайн байна уу? Даргаа . . . Тэр дуулаагүй бололтой яваад орчихлоо. Араас нь орох гэтэл нарийн бичиг хүүхэн араас зулгааж байгаад зурагны минь үзүүрээс тасдчихав. Тэгснээ
- Хүүш ээ! Чи яах гээд байгаа юм бэ? Дарга завгүй байна гэж чаргууцалдав. Би түүнийг хүчлэн түлхээд даргын араас ороход сая нэг юм анзаарч
- За юу гээв? гэхэд Нарийн бичиг хүүхэн хажуугаар
- Даргаа, энэ нэг юм дайраад . . .
- За яахав, яахав. Тэгээд чи юу гэсийн?
- Би нэг машин зохиосон юмаа. Түүнийгээ танд үзүүлэх гээд . . .
- Айн? . . . Хаана байна тэр машин чинь? Яадаг юм наадах чинь? гээд муухан мушийв.
Би хурдхан шиг салбархай цаасаа дэлгэж
- Энэ . . . энэ. Замын хажуугийн шороог цэвэрлэж болно. Дарга бараг харсан ч үгүй
- Өө, за за. Чи тэгээд машин бүтээчихдэг. Амар юм болох нь шив дээ.
- Та нэг удаа харчих л даа. Би олон хоног бодож байж . . .
- За, хэн минь (миний нэрийг мэддэггүй бололтой) чи ингэж байхаар зүгээр л ажлаа хийгээд явж байхыг бод. Улс чиний машинаар л дутав гэж гэв. Тэр намайг огт сонсохыг хүсэхгүй байгаа нь илт. Би ч сандарч эхэллээ. Хэрвээ энэ удаа л өөрийгөө ойлгуулж чадахгүй бол өнгөрөө гэсэн үг. Өнөөх ч гэсэн түгшиж байгаа нь надад мэдэгдэж байв.
- Үгүй ээ, даргаа. Би танд үзүүлье гээд салбархай цаасаа зааж
- Энэ машин үнэхээр хэрэгтэй. Бид олон жил гараар шүүрдлээ ш дээ. Энэ машиныг хийчихвэл . . .
- Чи ямар юмандаа өрөөнд орж ирээд галзуураад байгаа юм. Нэг уранхай цаас барьчихаад хүн доромжилж байдаг чи ер нь хаашаа янзын солиотой хог вэ? Чи зүгээр мөрөөрөө хогоо шүүрдээд яв. Чадахгүй бол өргөдлөө өгөөд зайл цаашаа.
- Ээ, даргаа. Та үүнийг ядаж нэг удаа харчих л даа гэтэл Өнөөх хажуунаас
- Болио боль. Наадах чинь чамайг галзуу энэ тэр гээд байгаа юм биш үү гэхээр нь гэнэтхэн уур хүрч даргад гаргасан уурандаа түүн рүү
- Галзуураад байх юу байсын. Тэгвэл чи өөрөө ярихгүй юү гээд хашгираад орхисон чинь болохоо байлаа. Дарга
- Юу гэнээ чи? Хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу? гээд дуугаа өндөрсгөлөө.
- Би тантай яриагүй юмаа. Нөгөө . . . нөгөө . . . гээд намайг ээрч ядаж байтал дарга
- Гар, гар. Чамтай ингэж заваарч суух зав алга гээд надад уранхай цаасыг минь тэврүүлээд бараг түлхээд гаргачихлаа. Нарийн бичиг хүүхэн намайг нэг муухай цэхэлзэж харснаа зөрөөд оров. Би даргын үүднээс явах гэхээр дотор бөглөрөөд хөдөлж чадсангүй. Сандал дээр лүгхийн суув. Тэдний яриа бөглүүхэн сонсогдоно.
- Ямар юмаа хийж завхарсан юмнуудыг оруулаад байгаа юм?
- Тэр нэг мангар юм учир зүггүй дайраад л . . .
- Юм хэлээд ойлгодоггүй юмнуудыг дахиж битгий зүглүүл
- Мэдрэл муутай юм гэсээн. Ганцаараа яриад л явдаг юм гэнэ лээ.
- Тэгээд халахгүй яасын?
- Ажилдаа их гайгүй гээд инженер хамгаалаад байдаг юм. Тэдний яриаг сонсож суухад дотроос нэг юм огшин нулимс хаанаас ч юм шахагдаж байгаа юм шиг эрчтэй урсан амруу орж байв. Гашуун гэж жигтэйхэн юм. Энэ нулимс гэдэг хаанаас гардаг юм бол? Яагаад ч ийм гашуун байдаг юм.
- За яахав дээ. Чи олигтой ярьж чадсангүй гэж хэн нэг нь хэлэх шиг. Ажвал Өнөөх бололтой.
- Тэр ерөөсөө намайг сонсохыг ч хүссэнгүй ш дээ. Би үнэхээр мэдрэл муутай юм болов уу
- Үгүй дээ, чи зүгээр шүү дээ. Одоо битгий уйл даа гэхийг сонсоод би бүр мэлмэрүүлж өглөө. Яагаад ч юм тэр намайг тэвэрч байгаа юм шиг санагдав. Тэр бид хоёр хэзээ ч, бүр хэзээ ч бие биенийгээ тэврэх нь битгий хэл хүрч ч байгаагүй юм шүү дээ.
- Өнөөдөр л жаахан азгүй байлаа. Тэгээд ч наад зураг чинь муухай болчихож
- Чи өөрөө өглөө өрвөлзөж байж төмөр хайс балбуулаад . . . гэж хэлэхдээ миний нулимс улам их урсав.
- За, за уйлаад яадгийн. Чи бид хоёр ажлаа хийгээд сайхан л байна даг. Одоо биеэ барь, биеэ барь гэж тэр хэллээ. Намайг уйлсанд Өнөөхийн сэтгэл ч гэсэн гуньсан бололтой. Энэ үед бага байхад эмээгийн “хоорондоо эвтэй байгаарай” гэж хэлсэн санаанд орж байлаа. Нарийн бичиг хүүхэн гарч ирээд
- Энүүгээр битгий эргэлдээд бай. Халагдаж мэднэ шүү гэж анхаарал тавьж байна гэхээсээ заналхийлэх мэт хэлэв. Өнөөх бүр айчихсан
- Явъя аа, явъя. Ажилгүй болчихвол яаж амьдрах юм бэ? гээд чаддаг бол намайг бараг зулгаахаар шахуу юм болов. Би ч гарахаар эргэлээ. Намайг бараг гарч амжаагүй шахам байхад тэр хүүхэн
- Хн! Бас зохион бүтээгч болчихож гэнэ. Хорвоо бузарласан мэдрэл юмнууд яаж нэг юм амьд яваад байдаг юм болоо. Бүр нэг харахаас зэвүү хүрэх юм гэж амандаа шивнэх нь сонсогдож байв.
Надад энэ хорвоо гэдэг ямар утгагүй, увайгүй юм бэ гэж анх удаа бодогдов. Би бусдад ямар ч гэм хийгээгүй атал эд яасан гэж намайг өсөхөөс өдий болтол минь хагас галзуу, мэдрэл муут хэмээж, хүний хэм хэмжээнээс дорд үздэг юм бол? Хүмүүний орчлон гэдэг ямар хатуу харгис, хүйтэн хөлдүүс шиг байдаг юм бэ? Эд ер нь энэрэл хайр гээчийг мэддэг юмуу? Энэ хорвоогийн ганц гэрэл гэгээ нь миний эмээ л байсан юм байж. Эмээгүй орчлон ийм муухай байна гэдгийг анх удаа мэдэрч байгаа минь энэ бололтой. Тиймээ тийм. Энэ орчлонд ерөөсөө л би гэдэг хүн илүү бололтой. Үүнийг би яагаад эрт анзаараагүй юм бол? . . . Би өөрийн мэдрэлгүй юм шиг гудамжаар алхсаар байлаа. Өнөөх
- Чи юу бодоод байна? Арай мангартахгүй биз дээ?
- Чи хүртэл намайг мангар тэнэг гэдэг ш дээ
- Би бол яахав дээ. Ямар үнэн голоосоо хэлж байгаа биш
Миний алхаа түргэсэж, аль болох түүнийг сонсохгүйг хичээж байлаа.
- За муу мэдрэл муут минь ээ чамд ингэх эрх байхгүй шүү. Тэгж тэнэгтэх юм бол . . .
- Тэгвэл юу гэж? Чи намайг яаж зогсоох юм. Ингэхэд чи ер нь хэн юм. Чамаас л болж би энэ мэдрэл муут нэрийг авсан. Яг л эгзэгтэй агшинд би чамтай, эсвэл чи надтай хэрэлддэг. Үүнээс чинь болж би шаналж явна. Бүр бүх насаараа, бүх амьдралаараа үйлээ үзэж явна мэдэв үү чи гэж байдгаараа хашгирахад түрүүний гашуун нулимс хацар дээгүүр халуу оргиулан урсаж байлаа. Нулимс ийм халуун байдгийг би бас мэдэхгүй л юм билээ. Өнөөх, намайг яаж ч чадахгүй байгаа нь илт. Угаасаа бид бие биедээ хүрдэггүй болохоор тэр намайг яаж ч чадахгүй нь ойлгомжтой. Хий дэмий л
- Ээ, чи сайн бод л доо. Чи чинь ийм залуу хүн байж . . .
- Залуу байлаа гээд яахын? . . . Чи хэл л дээ. Дандаа хоёрдугаар зэргийн хүн байх тийм сайхан уу? Хүн болгонд, тэр бүү хэл төрсөн эцэг эхдээ хүртэл муу муухайгаа дуудуулах ямар байдгийг чи мэдэх үү?
- Би мэднэ ш дээ
- Мэдлээ гээд чи яадаг юм. Чи хэнд ч харагдахгүй, баригдахгүй. Чи намайг л мэдрэлийн өвчтэй гэдгийг тодотгож өгдөг өөдгүй муу сүг биз дээ гэж бас л хашгирлаа. Одоо хүмүүсийн намайг харах харц нэгэнт хамаагүй болжээ. Энэ удаа тэр дугарсангүй. Энэ хооронд нь би байдгаараа гүйлээ. Гүйж явахдаа есөн давхраас унах ямар байдаг бол? Өвдөх болов уу? Яах бол? Эмээ дээрээ очиж чадах болов уу? гэж маш олон юм бодож байв. Нэг мэдсэн чинь байрныхаа гадаа ирчихэж. Өнөөх
- Эвдэрч бяцарсан чамайг эмээ чинь танихгүй бол яана?
- Чамд ямар хамаатай юм. Одоо чамд би ерөөсөө хамаагүй за. Би үүнээс цааш тэвч гэсэн ч тэвчихгүй. Одоо боллоо. Тэртэй тэргүй энэ хорвоо надаар дутахгүй.
- Чи машинаа таалагдаагүйн төлөө ингэх гэж үү?
- Зөвхөн тэрэнд ч байгаа юм биш. Зүгээр л би бүр цөхөрч гүйцлээ. Одоо надад хорогдох юм байхгүй. Би өнөөдөр ч шийдчихэж байгаа юм биш. Хүмүүс намайг нүднийхээ буланд багтааж чадахаа байсан мөч болгонд надад энэ орчлонгоос явах хүсэл төрдөг байсан. Харин энэ бодлоо би чамд мэдэгдэхгүй гэж яасан их хичээсэн гэж санана. Болдог л юм байна. Яг үнэндээ би залхаж байна шүү дээ. Одоо надад хэн ч садаа болохгүй мэдэв үү гэж чангахан хэлээд орц руугаа эрсхэн алхлаа. Манай орцны дээд давхарт дээшээ гардаг нүх байдгийг би мэднэ. Түүгээр дээвэр дээр гарч болно. Учир замбараагүй бодлууд толгойд эргэлдсээр ч би үнэхээр шуударсан байлаа . . .
- Болохгүй ээ болохгүй. Чамд ингэх эрх байхгүй. Нэг бүхэл бүтэн амийг хохирооно гэсэн чинь юү гэсэн үг вэ. Тийм юм байж таарахгүй . . . гэж Өнөөх маань намайг тойрон салбагнан гүйв.
- Одоо байтлаа би үхэх ч эрхгүй болох нь уу? Арай ч хэтэрнээ
- Гэхдээ чи өөр нэг амь хохироох гээд байна шүү дээ гэж тэр сулхан дуугарлаа.
- Хэний? . . . тэр хариулсангүй
- Хэний амь бэ? Чи хариулаач . . . чадахгүй ш дээ чи гэж намайг бачууран байж хэлэхэд тэр
- Миний . . . гээд хэсэг чимээгүй болсноо
- Чи миний амийг хороох гээд байна гэлээ. Энэ мөчид миний тархи руу нэг юм дан хийн буулаа. Тиймээ би түүнийг ч гэсэн хорлох гээд байгаагаа ухаарав. Энэ удаа би хариу хэлж чадсангүй. Түүнийг одоо л миний амыг асууж байдгаараа шар малтах болов уу гэсэн тэгсэнгүй. Харин ч бүр дуугаа хураан чимээгүй сууна. Миний хөл өөрийн эрхгүй нугаларч орцныхоо өмнө өглөөхөн хуйлаатай зургаараа балбаж байсан төмөр хайсан дээрээ суулаа. Миний нүдэнд нулимс цийлэлзэж, чих маань юу ч сонсохгүй байгаагаа мэдэрлээ. Хүүхдүүд бужигналдан гүйлдэнэ. Хөгшчүүд нөгөө сүүдрэвчиндээ тоглоцгооно. Тэртээ булангаас нэг эмгэн сүү барьчихсан майжигнаж явна. Нөгөө булангаас нэгэн бүсгүй хүүхдээ тэргэн дээр суулгачихсан түрсээр наашилна. Энэ бүгд зүгээр л дуугүй дүрс мэт харагдана. Өнөөх дуугарахгүй хэвээр миний хажууд сууна. Би түүн рүү харж зүрхэлсэнгүй. Түүний өмнө буруутай ч юм шиг. Гэхдээ энэ хорвоогоос явъя гэсэн бодол минь арилахгүй л байлаа. Харин ч бүр “Одоо яая гэхэв дээ. Чи бид хоёр үргэлж хамтдаа байх заяатайгаас хойш. Уучлаарай анд минь” гэж бодогдоно. Би хэтэрхий хатуу, хэтэрхий харгис байсан ч байж болох юм. Тэр бодлыг минь сонсож байгааг би мэдэж байлаа. Гэхдээ одоо түүнээс нуугаад ч яах билээ. Би түүн рүү шийдсэн харцаар харлаа. Харин тэр намайг харахгүйг хичээн өөр тийш харах авч нүдэнд нь нулимс цийлэлзэн байв.
Гэтэл түрүүхэн хүүхдээ түрэн булан тойрч байсан бүсгүй хажууд ирчихсэн зогсоно. Тэр надаас эгчмэд аж. Зөөлөн тунгалаг бас эмзэг ч гэмээр харцтай. Хүмүүсийн хэлдгээр булбарайхан бүсгүй байлаа. Би энэ хүүхнийг мэдэхгүй биш мэднэ л дээ. Манай байранд саяхан нүүж ирсэн юм. Гэхдээ танихгүй. Тэр ийш тийш харснаа надад хандан
- Хүүе! Миний дүү. Эгчдээ нэг тус болооч гэлээ.
Хүнд, би тус болох. Хүн надаар туслуулах. Энэ бүхэн надад биш өөр хэн нэгэнд хандсан мэт санагдаж байлаа. Би түүн рүү мэлэрсэн, манарсан нүдээр гөлрөв. Өнөөх ашгүй нэг сатаарах юм олдлоо гэсэн шиг
- Тэгээч чи. Хүн тусламж хүсээд байхад. Босооч . . . гэж шалав. Гэтэл нөгөө хүүхэн
- Эгч нь найман давхарт амьдардаг юмаа. Өнөөдөр лифт ажиллахгүй гэсэн. Миний дүү энэ тэргийг дээш нь гаргалцаад өгөөч. Тэгвэл эгч нь маш их баярлана шүү гэж намуухан хэрнээ ер бусын уянгалаг өнгөөр хэллээ.
Ямар сонин юм бэ? Энэ хорвоогоос явахын өмнөхөн ийм сайхан дуу хоолой сонсох гэж. Тэгэлгүй яахав. Эцсийн замдаа ийм сайхан дуу хоолойгоор үдүүлнэ гэдэг чинь хувь заяа ч юм билүү. Тэртээ тэргүй би дээшээ найм байтугай есөн давхар луу гарах гэж байсан юм чинь. Би босож түүн рүү дөхтөл Өнөөх гэнэт ухаарсан аятай
- Үгүй ээ, үгүй. Чи ерөөсөө болохгүй. Наад хүүхэндээ битгий тусал гээд л бачимдав.
- Чи чинь саяхан л туслаач гээд байсан юм биш үү? Одоо юу болоов? гэтэл бүсгүй өөртөө хэлж байна гэж ойлгосон аятай
- Харин тийм. Эгч нь туслаач л гэсийн.
- Би тантай яриагүй ээ . . . гэчихээд хэлэх үг олдсонгүй. Бас л мэдрэл муу гэж бодох байлгүй гэж бодоод зүгээр л тэргийг нь өргөөд орлоо. Хүүхэн
- Эгч нь хүүхдээ авчихъя
- Зүгээрээ, зүгээр. Та айлтгүй
- Үгүй, үгүй. Зүгээр биш. Эгч нь хүүхдээ авъя. Тэгвэл чамд ч арай хөнгөн болно гээд хүүхдээ өргөн миний урд гарлаа. Би тэргийг өргөн араас дагав. Өнөөх намайг дээш нь явуулахгүй гэхдээ янз бүрийн арга хэрэглэж байв.
- Чи мэдрэл муу ш дээ. Чамайг мэдэхгүй болохоороо наад хүүхэн чинь чамаас тусламж гуйсан байхгүй юү энээ тэрээ гээд л шарвалзаж өгөв. Би тэсээд л байлаа. Хэрвээ би түүнд мэдрэл ч байсан яадгийн гэдэг ч юмуу ямар нэгэн хариу хэлсэн бол хүүхэн надаас шууд татгалзах байсан биз. Тиймээс таг дуугай л яваад байв. Хүүхний мөрөн дээгүүр сөөвийсөн үстэй мантгардуу хүүхэд намайг их гайхсан харцаар харж явлаа. Хүүхэд гэдэг хөөрхөн юмаа. Тэр булцгар хуруугаа амандаа хийнэ. Хурууг нь дагаад амнаас нь шүлс савиран ээжийнх нь мөрөн дээр жижигхэн норгоно. Нэг л тийм гэгээлэг. Би үхэл рүүгээ шат шатаар ахиж байсан ч гэсэн надад тийм муу муухай зүйл бодогдохгүй байв. Яагаад ч юм явах ёстой газар луугаа л явж байгаа юм шиг санагдана.
Гэтэл би бодолдоо болоод шатанд бүдрэв. Хүүхэд намайг харж ход ход инээлээ. Орцоор хүүхдийн инээх дуу бяцхан цуурайтах мэт болов. Хүүхэн эргэж хараад
- Яаж байна миний дүү. Болгоомжтой. “Тэр яагаад ийм зөөлөн дуутай юм бол” гэж би бодно. Хүүхэд надаас дахин инээд гуйсан харцаар харж, ямар нэгэн хөдөлгөөн хийвэл инээхэд бэлэн байгаа нь харагдана. Би одоо түүний инээлгэмээр санагдах тул худлаа бүдэрсэн болтол тэр бүр хойшоо савж ирээд ход ход инээлээ. Хүүхэн
- Яаж байна аа? Миний хүү. Агаагаа шоолоод байгаа юм уу даа гэж хүүгээ өхөөрдөнө. Энэ мөч надад хэзээ ч байгаагүй тийм нялхамсаг гэхээр арай биш тийм нэг хүмүүний мэдрэмжийг төрүүлж байлаа. Би дахиад л түүнийг инээлгэв. Одоо хүүхэд, хүүхэн хоёр инээв. Харин дараагийн удаа бид гурав гурвуулаа инээлээ. Орц тэр чигээрээ том жижиг хүний инээдэнд цалгина. Би бүр онгирч гүйцэв. Дахиад . . . дахиад . . . дахиад түүнийг инээлгэв. Өөрсдөө ч инээлдэв.
“Инээд. Инээд гэдэг ямар гоё юм бэ? Би ингэхэд хэзээ ингэж инээсэн юм бол? Бараг мартчихаж” Мартчихаж гэснээс Өнөөхийг ч бас мартчихаж. Нэг харсан чинь тэр бага зэрэг мушийсан болох авч шат ахих тусам улам бүр гунигтай бүрсгэр, айсан царайлж байлаа. Шат шатаар давхарууд дээшилсээр найман давхарт гарлаа. Хүүхэн гэрийнхээ үүдэнд ирж, харин надад дахин нэг давхар үлдэж байгаа нь энэ. Бүсгүй маш гоё хуруугаар хонх дарав. Одоо надад эцсийн удаа харж буй болохоор юм болгон гоё харагдаж байсан ч байж ч болох. Би тэргийг нь тавьчихаад эргэтэл бүсгүй
- Байж байгаарай миний дүү гэлээ. Яагаадыг мэдэхгүй ч би түүний үгнээс гарсангүй. Намайг хүн ийм эелдэгхэнээр дуудаж байсныг үнэндээ санахгүй юм. Хаалга торхийн онгойж өндөр залуу гарч ирлээ. Бүсгүй
- Энэ мундаг агаа бид хоёрт туслалаа. Тиймээ миний хүү гэж хүүдээ юм шиг хэрнээ нөхөртөө хэллээ. Залуу
- Өө, тийм үү? Ямар мундаг агаа вэ гэж бас хүүхэддээ юм шиг хэрнээ эхнэртээ бас надад хэлэв. Бүсгүй надруу хандан
- Миний дүү орж хүйтэн ундаа уу. Гадаа их халуун байна
- Өө, зүгээр зүгээр би цангаагүй гэтэл Өнөөх одоо л нэг дээшээ гарахгүй байх боломж олдлоо гэсэн шиг
- Орооч. Чи цангаж байгаа ш дээ. Наад айлдаа жаахан суучих л даа гэж бас л шахав.
- Чи одоо яагаад байгаа юм бэ? Нэг болохоор тусал гээд л, нэг болохоор боль гээд л, одоо болохоор ор гээд л ядаргаатай юм бэ гэтэл тэр хоёр надруу гайхсан харцаар харцгаалаа. Би
- Уучлаарай. Та хоёртой яриагүй юм шүү гэтэл бүсгүй
- Зүгээрээ зүгээр. Ор ор. Харин яагаад ингэж ярьдагаа ах эгч хоёртоо ярьж өгөөрэй. Түрүүн бас ингээд байсныг чинь эгч нь сонссон гэлээ. Сонин юм шүү надаас хэзээ ч хүн ингэж асууж байгаагүй шүү дээ. Ганцаараа яриад байдаг учраа явахынхаа өмнө эдэнд хэлж яагаад болохгүй гэж. Нэг ч гэсэн хүн намайг ойлгоод үлдэх юм билүү гэсэн бодол төрөв. Бүсгүй надад хүйтэн ундаа хийж өгч, харин би тэдэнд эмээгийнхээ тухай, хүмүүсийн тухай, өөрийнхөө тухай, Өнөөхийн тухай, шатрын тухай, машины тухай, ажлынхаа тухай, аав ээжийнхээ тухай гээд бүр эхнээс нь өнөөдрийг хүртэл бүгдийг нэгд нэгэнгүй ярив. Ярьж дууссаны дараа надад нэг мөсөн амрах шиг эсвэл бүр хоосорчих шиг санагдав. Харин өндрөөс үсрэх тухайгаа л ярьсангүй. Үүнийг тэд сонсох шаардлагагүй гэж үзсэндээ тэр. Тэр хоёр миний яриа дууссан эсэхэд эргэлзсэн мэт хэсэг сууснаа нөхөр нь
- Сонин л юм. Нэг бодлын чи их азтай хүн байна шүү дээ гэхэд эхнэр нь яг л үүнийг хүлээж байсан мэт
- Харин тийн. Чи үнэхээр азтай юм байна. Хүн болгонд ийм чанар байхгүй шүү дээ гэтэл нөхөр нь
- Байсан ч гэсэн чам шиг Өнөөхдөө ийм хайртай хүн бараг байдаггүй юм. Чи бүх амьдралынхаа туршид түүнд хувирашгүй сэтгэлээр хандсан байна. Бодвол тэр чамд баярлаж явдаг байх гэлээ. Үүнийг сонсоод миний дотор цэлмэх шиг болоод явчихав. Цэлмэх гэдэг үг ч бас дутмаг л санагдана. Өнөөх ч гэсэн хачин их баярласан янзтай байлаа. Би түүн рүү их л додигороор
- Тээр, энэ хүмүүс хүртэл намайг чамд ямар хандаж байсныг минь хэллээ шүү дээ гэлээ. Тэр дуугарсангүй. Бодвол баярласандаа тэр биз. Тэгтэл бүсгүй
- Одоо миний дүү та хоёр хоорондоо яагаад түнжин муутай байсан гэдгээ бодож олох хэрэгтэй гэхэд нөхөр нь
- Бодоод байхад танай эмээ чинь их агуу хүн байжээ.
- Тийм. Би та нарт хэлсэн ш дээ. Миний хамгийн хайртай хүн гэж
- Ярьсаан, ярьсан. Гэхдээ эмээ чинь чамайг бүр мэдэхийн цаагуур мэдэж, чиний ирээдүйд санаа зовсондоо чамд арга замыг чинь хүртэл хэлсэн байна шүү дээ гэхэд эхнэр нь өлгөн авч
- Аанхаан! Миний дүү л анхаарч ухаарсангүй өдий хүрчихэж гэтэл нөхөр нь
- Харин тийм. Хэрвээ чи эмээгийнхээ “Миний хүү цаадахтайгаа эвтэй байгаарай. Хоорондоо муудалцвал миний хүүд л муу юм болно” гэж хэлснийг л анзаарсан бол гэлээ.
Энэ үед надад “Нээрээ, би энэ талаар бодож байл уу” гэсэн бодол харвав. Одоо Өнөөх маань их додигор болчихсон суухыг хараад инээд ч хүрэх шиг. Урьд нь бол Чи юундаа дарвайтал инээгээв гэх байсан байх. Тэгтэл нөгөө эгч
- Тэгэхээр ийм байна. Чи хэд хоног Өнөөхтэйгөө эвтэй, нэг талын хүмүүс шиг, эсвэл бүр нэг хүн шиг байх гээд үз. Эхэндээ чамд хэцүү л байх байх. Гэхдээ хичээгээрэй. Тэгээд ямархуу байна бидэнд ирж яриарай. Бид чамайг ирвэл дуртай байх болно гэхэд нөхөр нь
- Аан, тийм. Миний нэг найз байдаг юм. Тэр шатрын спортын мастер л даа. Би чамайг түүнтэй танилцуулнаа. Түүнээс биш энэ гадаа сууж байгаа хүмүүс чиний түвшинд арай хүрэхгүй байх. Харин чи түрүүн ярихдаа 1983 оны аваргын өргийг буруу хэлсэн шүү. Гэхдээ энэ бүгдийг цээжлэх албатай ч биш л дээ. Дараа ирж надтай нэг нүүгээрэй.
- За. Би та хоёрын ажилд садаа болчихов уу даа?
- Үгүй, үгүй. Харин ч бүр сонирхолтой байлаа. Бид ч гэсэн азтай юм. Хорвоогийн хамгийн өгөөмөр гэж болохоор хүний түүхийг сонслоо. Хүн болгон чам шиг Өнөөхдөө ийм үнэнч байдаггүй юм шүү дээ.
- Тэгэхээр хүн болгон Өнөөхтэй байдаг гэсэн үг үү?
- За, бараг л тийм. Гэхдээ хүмүүс түүнийгээ дандаа дарж, нууж явдаг юмдаа.
- Тэгэхээр би яах ёстой вэ? Нуух уу?
- Яалаа гэж. Чи өөрийнхөөрөө л бай. Хүмүүс чамайг юу гэж хэлэх нь ердөө ч хамаагүй. Үнэндээ бол хүмүүс чинь бие биенээ ойлгож амьдрах ёстой юм шүү дээ. Яагаад гэвэл энэ хорвоо дэлхий, энэ амьдрал гэдэг чинь зөвхөн хүмүүс бидэнд яг ижилхэн заяасан байдгийм. Хорвоо гэдэг тийм баян гэж тэр бүсгүй хэллээ. Гэтэл нөхөр нь
- Чи бас тэр машин техник сонирхдог сонирхолоо орхиж болохгүй. Магадгүй бид хоёр нэг мундаг зохион бүтээгч эсвэл шатрын том мастер таньдаг азтай хүмүүс ч болох юм билүү хэн мэдлээ. Тийм болохоор чи өөрийнхөө дурлаж буй бүхэн рүү тэмүүлсэн хэвээрээ байгаарай. Гэтэл бүсгүй
- Харин ганцхан юмыг мартахгүйг хичээгээрэй
- Юуг?
- Өнөөхтэйгөө . . . гэж намайг санаж байгаа эсэхийг мэдэх гэсэн мэт удаан хэлэхэд нь би
- Эвтэй байх гэж гүйцээж хэллээ.
- Маш зөв. За тохирлоо шүү гэхэд нь Өнөөх бид хоёр зэрэг толгой дохилоо. Бидний яриа нэгэнт дуусаж буй нь мэдэгдсэн тул би гарахаар бослоо. Тэднийхээс яагаад ч юм гармааргүй санагдана. Тэд миний амьдралд таарсан хамгийн эрхэм хүмүүс мэт бодогдоно. Нөхөр нь миний мөрөн дээр найрсагаар алгадаж, эхнэр нь нөгөө гоё гараараа миний өрвөгөр толгойг өхөөрдөх мэт үрээд хоёул, хоёул баяртай гэсээр хоцорлоо. Би тэднийхээс гарахдаа ямар нэгэн цоо шинэ ертөнц рүү орчих шиг санагдан сэтгэл сэргээд явчихав. Яг л багынх шиг баяр хүрээд явчих нь тэр. Нэг мэдсэн чинь би шатаар дээшээ биш доошоо дэгдэн, дэгдэн бууж байлаа. Өнөөх ч гэсэн бөөн баяр шатны гишгүүрийг хоёр хоёроор нь алгасан явах шиг. Би түүнтэй уралдах гэснээ гэнэт болилоо. Яагаад би түүнтэй үргэлж тэрсэж ирсэн юм бол? Энэ бүхэн чинь эцсийн эцэст хэнээс болоод байсан нь ойлгогдох шиг болов. Гэхдээ би хэнээс гэдгийг нь хэлэхгүй ээ. Би л мэдсэн бол болоо. Намайг дэгдсээр гарч ирэхэд байрны гадаа хүүхдүүд шуугилдан гүйлдэж, хүмүүс саравчин доороо тоглоцгоон хэн нэг нь хожигдож байгаа бололтой инээлдэж, нэг жаахан охин өвөөгийнхөө хуруунаас атгачихсан инээмсэглэн өнгөрч, нэгэн онгорхой цонхоор миний уншсанаар аль тэртээх 1968 оны 7 сард Пол гэдэг хүний зохиосон Хэй Жүүд гэдэг дуу сонсогдоно. Нээрээ, Хэй Жүүд гэдгийг англиар яаж бичдэг юм бол? Ерөөсөө хэл сурдаг ч юм билүү . . .
Хорвоо баян шүү гэж саяын эмэгтэйн хэлдэг үнэн юм аа . . .


Түмэнбаярын Бум-Эрдэнэ 2011.08.24

22 comments:

Anonymous said...

Unshihad saihan bailaa.Iimerhuu humuusiin jinhene amidralig oor deeree mederch suulaa. Coorhoi humuus gedeg chini ed nar l baih daa, zarim talaaraa aguu setgelgeetei baidag yum shig baigaa yum. Bayarlalaa Bumaa. BM.

Миний блог said...

Уншиж дууссан чинь *баяр хүрээд байна* :)

Өгүүллэгүүдээ оруулж байгаарай гэж гуйя. Дараа нь ном болсон ч гэсэн ахиж авч хадгална аа. :-)

gigi said...

yamar saihan uym bee bayarlalaa

baterdene said...

төгс оюун ухаан кинон дээр бас бусдад үл анзаарагддаг хүмүүстэй харилцаад байдаг. Тэрэн шиг л санагдлаа.

Бум said...

БМ: Манай баатар ч учиргүй цоорхой нь биш байх. Гэхдээ хүн гэдэг бусдаас ялгаварлуулаад ирэхээрээ өөр тийш анхаарлаа хүчтэй хандуулдаг байх гэж би бодсым
Лхагвасүрэн: Сайн уу? "Баяр хүрэх" нэг тийм мэдрэмж байдаг шүү. Надад ч гэсэн байдаг
Жагаа: сайхаан сайхан.
Бат-Эрдэнэ: Тэр киног олж үзнээ хө

Anonymous said...

Tanii bichlegyydiig dandaa unshdag. Neg l tiim uhaalag engiin hirnee tsaanaa ih gyn uhaanlag ch geh yumuu. Yheneheer ygeer helj medehgui bna. Neg tiim goyo medremj tordog shyy. Amidrald bdg engiinees engiin hench toomgui yum shig hirnee amidraliin utga uchir tyyn deer togtoj bdg tiim neg jijig zuilsiig ta sain olj harch mederch bas saihan bichdeg. Tand saihan saihan byhniig hysey.

Anonymous said...

Math-r Noble avsan John Nash gej hunii amidralaar hiisen Beatiful mind gej kino bii. Russel Crowe gol durd n togloson, yag ter kinonii zohiol shig bolchihoj.

beku said...

Зураасаас хойш уншсан хамгийн сайн өгүүллэг. Эмээгийн хэлдэг үг агуу юм. "Гэхдээ би хэнээс гэдгийг нь хэлэхгүй ээ. Би л мэдсэн бол болоо" Энэ хэсэг хамгийн оргил цэг. Хоёр хостой уулздаг хэсэг жаахан 'хуурай' байж мэдэх юм. Тэхдээ мэдэхгүй ээ. Миний буруу ч байж магадгүй.

Бум said...

Анон: Баярлалаа
Анон: Харин олж үзнэ гэж бодлоо
Бэку8: Хэ хэ миний хэлэх гэснийг чи маш сайн харжээ. Бас нэг юм нь тэр цонхоор сонсогдож байгаа дуу заавал Хэй Жүүд гэдэг дуу байгаа нь санаандгүй хэрэг биш л дээ. Сүүлийн гэр бүлийн хоёр жаахан чийггүй нь үнэн. Гэхдээ шууд үхчих гээд байсан нөхөрт ихээхэн хурц гэрэл хэрэгтэй байсан юмаа. Үгүй гэхээр тэр хоёр өгүүллэгийн эхэн хавьруу дурьдагдах, Эсвэл бүр өгүүллэгээ уртасгах . . . за за бичээд байвал их юм бна хэ хэ. Баярлалаа

Gansukh B said...

Сайхан болжээ.

Хостой уулздаг хэсгийг "нойтон" болгоод дэмий байсан байх аа, хэтэрхий уянгын халил болоод талийж өгөх биз :P

munkhuu said...

ih sonin uguulleg yum.

Бум said...

Гансүх: харин л дээ. Хүн бүр өөр өөрийнхөөрөө л бодож байх шиг бна
Мөнхөө: Тийм байна уу?

Шижир said...

харин надад бол хостой уулзсан хэсэг нь илүү уншигчдад хандсан санагдлаа. ядаж л бидэнд хүн болгон адилхан байх албагүй гэдгийг санууллаа. Маш их таалагдлаа

Anonymous said...

ta er ni jujgiin zohioliin talaar yu gej boddog vee? uuruuu bichih sonirhol baidag uu ?

Бум said...

Шижир: Би энэ үед гэр бүлийн хоёр гэдэг бие биедээ "өнөөх" юмдаа гэж бодож байсан. Тэгээд л тэгж оруулсан юм.
Эрхий мэргэн: Ах нь нэг юм оролдож байгаа. Санаа нь их сонин болчихоод дахин дахин нухаад л сууж бна

bayar said...

bi bas l unshij duusah geed yarch sandarch unshlaa.unshij bhdaa yanz buriin taavar taviad l.. tanii zohioliig unshih saihan shuu.bayarlalaa

Anonymous said...

sain bna uu tanitai yaj holbogdoh be utas wm uu meilee ogooch 99079003

Anonymous said...

ene uguullegiig unshsanaas hoish Onooh garaad ireh shg bolson shuu

золоо said...

Хүн болгон Өнөөхтэй гэж ёстой үнэн байхаа. Ямарч хүн заримдаа өөртэйгөө яридаг биздээ. Миний хувьд лав дандаа дохиолддог юм шигээ. Аз болоход надад мангар ,тэнэг гэсэн нэр байхгүй л байна. Байнга дотоод хүнтэйгээ тэмцэх үү эсүүл эвлэрэхүү гэдэг бас хэцүү юмаа. Нөгөөх маань миний хүслээс эсрэг байгаад байвал бас яаж түүнтэй эвтэй байх ч билээдээ хммммм

Док said...

"Beautiful Mind" :-)

Anonymous said...

Үнэхээр сонирхолтой байлаа. Нэг тийм бодож байгаагүй зүйл. Нүдэндээ харагддаг өнөөхтэй болмоор ч юм шиг санагдлаа хэхэ. Болд

Бум said...

Болд: Хүн бүрт "Өнөөх" байгаа