# #

Хувь заяаны хэлхээ - 3

9 Сэтгэгдэлүүд:

Хандаагийн аймаг руу сургуульд явах хугацаа дөхсөөр. Өдөр ирэх тусам улам бүр
ижилдэн дасаж буй хоёрын цаагуураа хэн хэнийх нь гол дээр нэг юм тээглэн горойх шиг эсвэл бүр нэг юманд гогдуулаад татуулчихсан мэт дуугаа хураана. Ялангуяа залуу омголон насны гэнэн цайлган мөн тэр хэрээрээ ариун тунгалаг хайр гэдэг юутай үнэнч. Хугацаатай юмны хугацаа нэгэнт болж маргааш явна гэдгийнхээ урд орой нь сүүлийн саамаа авч гүүгээ тавьчихаад хувинтай саамаа дамжлан гэрийнхээ үүдэнд ирсэн Хандаа
- Би өнөө орой тэргэн дээрээ унтана шүү гэчихээд гүйгээд орчихов. Энэ бол хүний орчлонд хөл тавьж хамгийн нандин хайрынхаа өмнө хагарч унасан зүрх байсым.
Сугар сарны гэрэлд сүүтэгнэсээр ирэхэд Хандаа бүхлээрээ хэвтэж байснаа өндийн хоёул гол уруудан алхлав. Хамгийн сүүлчийн шөнө ч юм шиг хачин их гуниг төрөвч хайр гэдэг юунаас ч хүчтэй тул хос залуусын зүрх нэгдээд нийлчихсэн мэт цээжиндээ багтаж ядан сандчин цовхчино. Харсаар байтал сар хүртэл учиргүй хурдан нүүж байх шиг. Хаа байгаа газар нь аргамжихсан тэр сарыг. Хачин их хайранд чинь шингэж ороод, халуухан зүрхтэй чинь зэрэгцэн сууж нэг үзэхсэн. Хамаг бүхнээн чамдаан зориулж, хамгийн холын одыг ч гэсэн айлгүйтэж нэг ичээхсэн.
Гар гараа атгалцан, бие биеэ тэврэн янагшсан хоёр тойрсоор яваад нэг мэдэхэд тэргэн дээрээ ирлээ. Сугар одоо л нэг эр хүн шиг
- Чи маргааш явах юм чинь газар хол ядрах байлгүй эртхэн хэвтэх үү? гэтэл Хандаа ичингүйрэх хэдий ч энэ шөнийг алдахыг хүссэнгүй. Аядууханаар
- Чи тэргээ зас гэж шивэгнэж чадлаа. Гэтэл Сугар нэг юм санасан аятай
- Хоёулаа ерөөсөө дэвсгэр хучлагаа аваад нөгөө модныхоо дор очъё гэхэд
- Тэгье гэж сулхан дуугарлаа . . .
Тиймээ энэ мод л энэ хоёрын нууцыг хадгалж чадна.
Сул асгасан гил хар гэзгэн дээр сарны цагаан туяа ойж бууна. Хандаагийн халуун амьсгаа Сугарын цээжрүү халууханаар үлээж, хагас анисан нүд нь ичих эрхлэхийн завсар сүүмийж, энхэр янагхан дуугаар гиншин гийнаж, дуу алданхан байлаа. Харин Сугарын хувьд халуун бүлээн нойтонд хамаг биеэрээ уусчих шиг санагдаж, тэртээ холын холд ч юмуу эсвэл тэрүүхэн тэнд ч юмуу нэг л сайхан газар хүрчих гээд явтал хамаг биеэрээ хайлаад урсчих шиг болсон агаад тэр сайхан мэдрэмжийг дахин дахин амтлахыг хүсэн зүрх нь цээжиндээ багтаж ядан дэлсэн хэвтэнэ. Тэд хоёул нэгдэн нэгэн бие болж хорвоо ертөнцөөс тасран явсаар эргэж ирсэн мэт. Энэ буурал хорвоод бусдаар заалгадаггүй ганц юм энэ болой.
Тэртээ дээр саран “ийм залуусыг бишгүй дээ л нэг харсандаа” гэх шиг хээвнэгхэн, хэнэггүйхэн мэлтийх авч үнэндээ бас ч гэж атаархан буй мэт. Хандаа Сугарын бахим буглагыг үнсэнгээ
- Чи намайг мартах уу? гэж эрхлэнгүй асуухад
- Үгүй. Харин чи л тэр суурин газрынхаа гоёмсог харчуултайгаа нийлээд хөдөө хээрийн намайг мартах байхаа даа. Тэгээд ч ирэх зун чамайг ирэхэд би цэрэгт явчихсан байна биз
- Яалаа гэждээ Улаан хүү минь. Одоо надад чамаас өөр хэн ч хэрэггүй. Би чамайг холын хол явсан ч хүлээж л байх болно. Цэргийн гурван жил гэдэг юүхэн байхав дээ. Сургууль соёл гээд л гүйж явахад өнгөрчихнө гээд могжгор богинохон хуруугаараа түүний суганд хийж
- Гижиг гижиг гэж шивэгнэн гижигдэх ая үзүүлэхэд Сугар тоох ч шинж алга
- Чи хамаг гижгээ яачихсан юм бэ?
- Хэдэн адуунд өгчихсөн
- Ямар гээчийн адуу авчихсан юм бол?
- Хандаа гэдэг хангал байдсанд өгчихсөн
- Өө чи юу гэнээ хүнийг байдас болгоод байхдаа яадгийн гэж хонх мэт инээх гэснээ амаа дарж цээжинд нь нүүрээ наан нялхамсан хэвтэхэд Сугар хоёр том гар түүнийг хумин авав . . .
Хандааг явсаны дараа Харганатын хөндийд хачин гунигтай намар болов. Жил жил болдог л намар байсан байх. Харин Сугарт энэ намар л ийм уйтгартай мэт санагдсан байж ч болох юм. Тэрээр өдөр болгон шахуу л модныхоо доор ирж сууна.
Өвс шарлаж, навчис унах, шувууд ганганан буцах юутай уйтай. Урд нь жаргал цэнгэлийн талбар мэт байсан гүүн зэл одоо ялаа дүнгэнэхээс өөр чимээ бараг алга. Ээжийнх нь тохойд санжигнах саалийн хувин хүртэл ижилсэж дасаагүй мэт өрөвдөлтэй. Хачин цэнгэг Харганын гол урсахаа мартчихсан юм шиг гөлгөр. Учрал хайрын билэг тэмдэг болсон ганц мод нь уйтгарлан урвайж, уйлж байгаа юмуу даа гэмээр салхин аясаар ганц нэг навчисаа унагах нь хичнээн уйтай.
Хэдийгээр уул хад шиг том эр болсон ч хайр дурлал гэдэг хамгийн нандин цэг дээр учиг ороож орхидог юм болов уу.
Нар туниж, бодол гуниад байж суух газраа олж ядан байсан яг энэ үед бригадын дарга Норолхоо гэж шавалзсан хөдөлгөөнтэй шар хүн хуучин мотоцикьлоороо давхин ирж, мэнд ус мэдэв үү үгүй юү хул айраг нэг амьсгаагаар хөнтрөөд Нургайд
- За хө танай хүүд энэ жил мал өгөх тушаалтайдаа хө
- Ишш! энэ муу нялх амьтан нэгдлийн мал яаж барахав дээ
- За яршиг. Сумын начин хүн байж мал авахгүй яадаг юм. Мал малдаа адуу авна гэхэд ээж нь
- Энэ жилдээ надтай . . . гээд түгдчихэд
- Сум нэгдлийн даргын тушаалаа гээд
- Харин адуу авахаасаа өмнө олон таван үггүй өнөө маргаашгүй Мишиг, Дарьзав хоёрт туслахаар тууврын араас явна. Тэдэнд сэлгээний хүн хэрэгтэй байна. Дан морьтой гараад явахад хоёр хоногтоо гүйцэж таарна. Намар орой бараг өвлийн эхэн сар болчих болов уу тэр үед мал махаа тушаачихаад ирээд адуу авч оторт явж таарах байх. Тэгээд ирэх хавар хүү чинь нас бие нь гүйцэж цэрэгт явах юм байгаа биз гээд яриа дууссаныг мэдэгдэж хавтаст хүрэн цүнхээ сүртэй гэгч нь хааж дээрээс нь бас алгадаж байгаа харагдав.
Намрын шар салхи яндан хүүгүүлсэн нэгэн өдөр Сугар тууварчдын араас явахаар болж хөтөлгөө мориндоо хөнжил пүүгээ, ээжийнхээ бэлдэж өгсөн ааруул ээзгий бас бус хүнсний зүйлээ ачаалж бэлдлээ. Ээж нь чааваас сандчин хоёр гэрийн хооронд хормойгоо өшгөчин гүйнэ. Тэр зуураа ам нь чөлөө завгүй
- За миний хүүг ийм том ажилд томилно гэдэг чинь миний хүү том болж байгаа нь л энэ. Олны дунд даруулгатай, ухаантай, сортоотой явдгийм шүү. Цуг яваа улстайгаа эвтэй байгаарай. Наад Мишиг ч яахав хүний үгээр цөлхдүүхэн эр. Харин тэр Дарьзав одоо чухам ямар болсон бол. Залуухандаа бол жаахан давилагагүй дүү хүн байсан шүү. Гэхдээ гэм хийгээгүй хүнд муу битгий санаж байгаарай гээд л санаандаа орсон болгоноо хэрэндээ л хэрэг болгон захиж байлаа.
Дотроо болохоор “муу хүүг минь гэрт оруулах завгүй гар хөлийнхөө үзүүрт зараад хөх аргал шиг болгож орхих вий дээ муусайн золигнууд” гэж хүүгээн харамлан харамлан бодовч “бас ч гэж дарга нарын анхааралд өртөнө гэдэг хүний тоонд л орж байгаа хэрэг. За яахав олонтойгоо явахад болох байгаа миний хүү” гэж ийм хүүтэйдээ урамшина.
Сугарын хувьд харин ч тууварт явах болсон нь гэртээ гэюүрч хийх байхаа олон суухаас илүүтэй санагдана. Бригадын даргын хэлсэнээр бол тууварчид одоо л аймгийн хамгийн захын суманд яваа учир аятайхан шиг явбал маргааш оройдоо гүйцээд очих бололтой. Ийнхүү Сугар ээжээрээ сүүн цацал өргүүлсээр гарч гэрийнхээ баруун хойд овоон дээр гарч эргэн харлаа.
Гэрээс нь холгүй нөгөө ганц мод уйтгартайхан сүглийсээр. Бялзуухай өд сөд нь гүйцэхээр үүрээ орхин нисдэгийн адилаар түүний мөчир доор зунжин эрхлэлдсэн хоёр хүүхэд ажил амьдралын замаар хөөрхий модоо хөглийтөл орхин одоцгоов. Ээж нь гэрийнхээ гадаа бүртийн зогсоно. Энэ эх ямар нэгэн хүнээ хол явуулж хүлээж суух үйлтэй төрсөн үү гэмээр. Халуун залуу насныхаа хайр дурлалаар учирсан эр Донров нь мөн л хүлээхийн зовлонд хатааж, хүний хүүгийн алдаж онох тавиланд хөтлөгдөн алга болсон. Даана ч нэг эрийн сайхан явсан юм болов уу даа түүнээс өөрийг Нургай хараа ч үгүй, бодоо ч үгүй. Одоо тэгтэл түүнээс нь үлдсэн сэтгэлийн зул, амьдралын учиг болсон ганц хүү нь бие хаа эрүүл саруул өсгөлүүн төрсний балагаар гэхүү буянаар гэхүү өөрийнхөө насанд ахадсан ажилд томилогдон хөтөл даван одлоо. Гэрийнхээ гадна саравчлан зогссон Нургай
- Миний хүүг сайн сайхан нь түшиж явах болтугай гэж сүүгээ өргөөд хүүгээ харж зогссоноо
- Үгүй ээ тэр овоо доо миний хүү бас мориноосоо буугаад овоогоо нэг тойроод мордож байна. Би л хэлж өгөөгүй юмсан. Нас нь бага ч гэсэн эр хүн л болж байна даа гэж амандаа үглэнэ. Тэрээр хов хоосон оргих гэрлүүгээ орж чадахгүй л гэрийнхээ гадуур эргэлдсээр байлаа. Тэгж тэгж аргагүйн эрхэнд нэг санаа алдсанаа хүүгээ бас ч гэж хэрийн эр хийгээд байхааргүй тууварт явж байгаад эрэмшин гэрээдээ орж самарсан сүүнийхээ дор жаахан гал нэмлээ.
Хөдөө тал шар орхимжоо нөмөрч, үе үехэн сэр сэр салхи сэрчигнэн, шувууд хааяа нэг гунганалдан толгодыг даван гуниг дамнан одно.
Марзангийн энгэр хар бараанаар нүүгэлтэн цоохортоно. Энэ бол тууврын үхэр. Марзангийн баруун өвдөгний тэрүүхэн хонхорт нүдний нуух шиг гандаж цайрсан гурвалжин хэлбэрийн ганц майхан сүүмийнэ. Энэ бол тууварчдын майхан. Сугарыг майханд дөхөж иртэл хаанаасаа ч юм ирж нийлсэн халтар жингэр учиргүй саймширан хуцаж угтав. Нохойн дуунаар майхны амаар нэг хар толгой цухуйснаа юу ч юм нэг юм муухай орилсонд жингэр дуугаа намсган тэргэн доогуур орж том улаан хэлээ унжуулан аахилан хэвтэвч хоёр нойтон нүд нь Сугараас үл сална.
Сугар унаа морио тушчихаад, хөтөлгөө мориныхоо цулбуурыг хүзүүнд тооно тушчихаад майханд байдгаараа тонгойн оров.
- За мал тарган, сурэг тавтай сайхан намаржиж байна уу? Мишиг гуай гэж Сугарыг мэндлэхэд тэрхэн зуур зүүрмэглээд сэрсэн Мишиг нуухт нүдээ цийлэлзүүлэн нэг их эвшээсэнээ нэрээр нь дуудсанд учиргүй харж
- Сайхаан сайхан тарган тавтай л байна гээд
- Үгүй энэ чинь хэн бэ дээ? Нөгөө бүрлээчийн хүү мөн үү дээ?
- Мөөн тийм байна.
- Мөн өөр болжээ. Та нарыг ч одоо танихаа байх нь л дээ. Араас хүн явуулна гээд Дарьзав нэг юм хэлээд байсан чамайг явуулаа юу? гэх нь бас нэг ээлжний хүнтэй болж байгаа даа их л олзуурхаж байгаа бололтой.
Мишиг гэж гуч нилээн хол гарсан үг дуу цөөнтэй, хүний үгээр шахуу олон хүүхэдтэй ядмагдуухан эр. Яахав ингэж яваад намар оройхон өвлийн эхэн сар залгуулаад шахуу буухдаа овоо хэдэн цаастай буудгийг нь бодоод хэл үггүйхэн тууварт явчихдаг хүн.
- Дарьзав ах хаачаав?
- Хн! даалуу даалуу. Хар ус гудраа л айл айл хэсээд, даалуу харжигнуулаад алга болцордог хүн гэж мод толгойгоо хоёр завжиндаа сөөлжүүлэн үглэнэ. Тэгсэнээ гэнэт санасан мэт
- За хүүхээ цай уу. Замдаа хагсаа байлгүй. Тэгээд хөнжил пүүгээгээ оруул, морьдийнхоо нурууг ч амраа. Цаад хэдэн мялан чинь одоохондоо гайгүй тогтох байх гээд тогоотой хар цайнаас шанагаа дуугарган аягалж, хээрийн хүмүүсийн зангаар ганц нэг өвс орсоныг нь хуруугаараа чимхээд авч байгаа харагдана.
Оройхон хэрд Дарьзав хүрэн халзан мориор пөг пөг шогшуулсаар ирлээ. Тэрээр Сугарыг харж
- За сайн явна уу дүү хүү? гэж мэндлээд инээмсэглэх нь шинэ хүч ирсэнд баярлаж байгаа нь илт.
- Сайн. Та сайн л явна уу?
Угаасаа отрын улс аяншиж, явдлын ядаргаа харагдахын дээр хэд хоног даалуу харшуулж, архи сөгнөсөн Дарьзавын нүд улаанаараа эргэлдэж ам хамраас нь архи тамхи, өөрөөс нь хөлс хир ханх тавина. Тэрээр харваас хэвтэхийн мөн болж байгаа нь илт.
Дарьзав гэж гуч дөхөж яваа нэг их зальтай ногоон нүдтэй, өөвөг сөөвөг шар сахалтай, шалихгүй ч гэсэн ганган морь унаж, шинэ дээл сольчих санаатай. Мөрийтэй тоглоом тоглож худлаа наймаа ярьсан, дотуураа бол эдийн сонирхолтой, дэл сул энгэр султай бүсгүйчүүдэд тун ч халгаатай нэгэн. Муулсан хүнд бол тулга тойрсон нохой зантай гэх үү дээ.
Хэд хоног ганцаараа тарж бутарсан хэдэн зуугаад үхрийг тойрох гэж Мишиг ч гэсэн ядарсан тул хэрэндээ Дарьзавт эгдүүцэж
- Энэ энгэрээс хэзээ нэг ховхордог юм бол. Уг нь энэ хэдэн мялан овоо аятайхан малын дөртэй болчихсон байгаа юмсан. Ашгүй Сугар хүү ч ирлээ. Яаж ийж байгаад энэ байгаагаас нь дор оруулж, хайлуулчихгүйхэн байлгаж байгаад тушаачихвал ядаад мал махны өргүй салвал . . . гэж айлын яншаа авгай шиг үглэнэ.
- За за би жаахан дугхийчихээд хэд хоног ээлжгүй тойромз гэж Мишигийн үглэлтэнд төвөгшөөсөн байдалтай Дарьзав дуугарав. Мишиг дотроо “Хн! чи л болоод тэгж бодож байгаа вий” гэж бодох нь түүнийг мэдэхийн дээдээр мэддэг хүний бодол. Ер нь хоёулханаа хэдэн сараар цугтаа хөдөө хээр бор хоног шар өдрүүдийг өнгөрөөж яваа тул мэдэхгүй гээд ч яах билээ. Дарьзав энэ удаагийн явалтандаа нилээд алдсан бололтой. Хэрвээ авчихаад ирсэн бол хичнээн ядарсан ч гэсэн ногоон нүдээ эргэлдүүлээд, нэг их шалихгүй улцгар шар цээжээ тэрүүхэндээ хаялаад л инээд алдаад байдаг энэ удаа тэгсэнгүй. Байдал ерөнхийдөө намжихийн алдад Сугар
- Мишиг гуай би яахав? Юу хийх вэ? гэтэл
Өнөөдөртөө юу хийхэв дээ. Наадах чинь маргааш үдээс нааш босохгүй. Чи ч гэсэн замдаа хагсаа байлгүй жаахан дугхийгээд авахыг бод. Цаад хэдэн мялан чинь одоохондоо гайгүй. Маргаашнаас хоёулаа тойрч чамд нүдлүүлэхийг бодъё. Наадах чинь нэг өндийвөл буйраа нэг сэлгэмээр л байгаа юм. Одоо хэвт хэвт гэснээр тэр өдрийн ажил шувтарлаа.
Ийнхүү Сугар ирсэнээс хойш намрын шар өдрүүд нам гүмхэн өнгөрсөөр. Өдөржин хэдэн үхэр харж, заримтай нь ярьж, заримыг загнаж явсаар Хандаагаа санах ч гайгүй шиг. Тэдний туувар удаан ч гэсэн очих газарлуугаа дөхсөөр л байлаа. Хэдийдээ ч юм Дарьзав явж тоглосоор. Тэдний замд нутаг болгонд тэгж тоглодог улс таарах нь сонин. Заримдаа зүс үл таних хэдэн үхэр нийлчихнэ. Заримдаа арай өнгө зүс нь тэгширсэн хэдэн үхэр нь оргүй алга болчихно. Энэ бүгдийг ажигласан Сугар Мишигт хэлэх боловч
- Цаад ногоон цус чинь л холиогоод яваа юм. Эцсийн дүндээ юм юм нь таарч толгой цусдахгүйхэн шиг байвал бусад нь ч дүүрчээ
- Тэгээд энэ мал дутвал бид нар л хариуцана биз дээ?
- Уг нь тийм нь ч тийм
- Тэгээд та яагаад Дарьзав ахад юу ч хэлдэггүй юм бэ?
- Цаадах чинь тэгж байгаад нэг юм аргалаад эхий нь эцээхгүй тугалы нь тураахгүй тааруулаад л байдгиймаа гэх. Сугар энэ бүхэнд ихэд дургүйлхэнэ. Нэг удаа Дарьзавтай бүр ам мурийж байсан удаатай. Нэг удаа Дарьзав бас л байхгүй хэдэн өдөр алга. Сугар хэдэн шөнө дараалан үхрээ манаад өглөө нь нойрмоглон хэвтэж байтал Дарьзав нилээн халамцуу ирэв. Тэгсэнээ
- Дүү хүү босноо. Хэвтээд байхгүй шүү. Аяга бантан хийгээд орхи дотор зарайгаад үхэх нь гэхэд Сугар нойроо харамлан
- Та өөрөө хий л дээ. Хүн шөнөжингөө унтаагүй байхад
- Юу гэнээ муу нохойн баас чинь. Чам шиг муу юм ахынхаа өөдөөс арзаганаад байхгүй шүү гэж түүний хөл рүү өшиглөв.
- Та одоо яагаад байгаа юм бэ? гээд цаашаа хараад хэвтэхэд нь
- Чи бос л доо. Үхсэндээ эрхлээд байгаа юм чи. Тэр эхдээ л эрхэлдэг юм байгаа биз. Энд бол өөр шүү гээд дахиад өшиглөхөд Сугар харин энэ удаа тэссэнгүй үсэрч босож ирээд заамдаж аваад сарвайтал татаад майхнаас гаргаж ирээд
- Та харин юу юм бэ? Хэдэн хоног архи ууж тэнэчихээд хүнд онгироод байж гэнэ. Хүн өшиглөж мөшиглөөд яагаад байгаа юм. Дуртай бол тэр бантангаа өөрөө хийгээд гудрахгүй юү гэж уурлахын эрхээр баахан үглэхдээ гараа чангалсанаа анзаарсангүй. Тэгтэл Замдахад нь дээлийнх нь захаар хоолой нь боогдож таараад шар ногоон царай нь хүрэнтэж ирсэнээ нус нь суга үсрэв.
- Хөөе та нар чинь юу болэ байна? Бие биенийгээ алах нь уу гэж Мишиг хашгирсанаар Сугар ухаан орж, Дарьзав эхэр татан амьсгаа авав. Сугар харин уурандаа тоосон ч шинжгүй
- Маргаашнаас тэр ээлжиндээ гараарай. Би л лав ингэж тулаанд гараад байж чадахгүй шүү гэсээр майхандаа орчихов. Хүчтэний өмнө хүчгүй хүн гэдэг ёстой яаж ч болохгүй юм гэдэг энэ бололтой. Уурлая аа уурлаж болдоггүй, уйлья аа уйлах хэцүү. Хий дэмий л цээжээ уухичуулан гадаа жаахан сууснаа орохоос яахав. Гэхдээ бас л халуун тул худлаа тасартлаа согтсон хүн болж гадаа хэн нэгнийг дуудаж орилж цамнаж, жаал байснаа, гуйвж дайвсан хүн болсоор орж хэвтэр дээрээ тасарсан мэт унаад унтаад өгөв. Маргааш өглөө нь сэрэхэд Сугар сэрүүн хэвтэж байв. Мишиг л
- Чи одоо өчигдөр согтуу ирж энэ муу хүүг баахан зовоов. Гайгүй байх шиг байдаг хэзийдээ ийм тавьтаргүй болчихоов гэхэд
- Хэн? Би юү? Арай үгүй байлгүй дээ. Өө тэгвэл бүр тасарч л дээ гэж эс мэдэгч болсоноо
- За ахыгаа уучлаарай. Өчигдөр бүр хэтрүүлчихэж. Одоо та хоёртоо ширүүлээд бүр галзуурч байгаа юм байна л даа би. Гадаа гаргаад хүлээд хаячихгүй яагаав муу лүдийг гэж тэс өөр хүнийг ярьж байгаа юм шиг ярьж саймширхад цаад учрыг нь ойлгож суусан Мишигийн инээд нь хүрч мушилзаж, байснаа тэссэнгүй гарч яваа харагдав. Сугар ч дуугай л байлаа. Мишиг эргэж орж ирээд
- Чи одоо хүнд ширүүлнэ гэж юу байхав дээ. Энэ залуучуудын гарын аяыг даахгүй шүү дээ гэхэд
- Хэлээд юүхэв, хэлээд юүхэв. Одоо нэг хэд хоног хүн шиг байж та хоёртоо нэмэр болъё гэж ихэд гэмшсэн дүр гарган наанаа энэ удаагийн явдлыг цайруулах, цаанаа бол ичсэн ичингүйрлээ аргалах аяаа олов.
Үргэлжлэл бий . . .



Бүрэн эхээрээ...

Хувь заяаны хэлхээ - 2

9 Сэтгэгдэлүүд:

Урд нь энэ хоёр бие биенийгээ хаа нэг хардаг байсан. Багадаа бол сумын сургуульд цуг, дотуур байранд ч цуг л байсан. Гэхдээ тэр үе чинь балчир хүүхэд байсан үе юм
чинь. Харин өнөөдөр бие биенээ анх харсан улс шиг л байх болов. Хачин юм шүү. Бие биеэндээ буруу юм хийчихсэн юм шиг л царай царайгаа харж чадахгүй аргалын халуун цог нүүрэн дээр нь авчираад барьчихсан юм шиг ичээд ч байх шиг.
Маргаашнаас нь эхлэн хот айлын амьдрал эгэл жирийнээр үргэлжлэх авч Хандаа охин үс гэзгээ янзлах нь ихсэж, саалийн халтар дээлээ тайлж саалиндаа ч өмсөхөө болив. Сугар ч гэсэн өөртөө анхаарал тавих нь ихсэв. Багадаа халзан голдуу байдаг байснаа ноднингоос эхлэн халимаг үс тавих болсон. Тэр нь даана ч хаашаа яаж ургаад байгаа нь ойлгогдохгүй. Заримдаа бүр ороо бөөн сүүлтийн сүүл шиг юм болчихно. Чухам ямар халимаг гоё байдгийг Сугар сайн мэдэхгүй. Гэхдээ л халимагтай. Голын усанд өөрийгөө харах гэж хичээдэг болов. Өөрийгөө нэг их төсөөлж байгаагүй тул нүүрээ харахаараа өөр ч хүн шиг санагдана. Уг нь бол энэнээс арай өөр баймаар шиг. Юм л бол адуу мал гээд гэрт тогтдоггүй Сугар тэр зун гадагшаа гарах нь хойрогшиж гэр зуур гүү саам гэсэн шиг эргэлдэх болов. Тэр ч байтугай өглөө адуундаа мордохдоо хэн нэг нь өөрийг нь харж байгаа хэмээн төсөөлж хувцас хунараа янзалж, биеэ хүртэл цэхэлж явах агаад адуугаа хураагаад гэрээдээ явахдаа хүртэл яарангуй байдаг болсон нь сонин. Юунаас болоод байгааг тэр өрөө ч бараг үл ойлгоно. Гэхдээ хаяа дэрлэн буусан дурдан Данигайн охин Хандсүрэнгээс болж түүний хэнэггүй гэхэд дэндүү хэнэггүйхэн задгай сэтгэл нь загсаж буй тогооны өрөм шиг захаасаа хумигдсаар байгааг залуу Сугар яахан мэднэ. Хэдийгээр Хандаатай ойр дотно байж ярилцмаар байвч түүнд ойртох шалтаг үл олдох мэт дөлөөд нэг л биш. Гэсэн ч айл хүний амь нэг гэгчээр ажил төрөл нь бараг нэг юм болохоор хоёр залуусын ичингүйрлийн хүлээс бага багаар алдарсаар л байлаа. Нэг өдөр Сугар тэдний бага гэрлүү явах замдаа үсээ илж илж
- Гүүндээ гарах уу? гэсээр бага гэрийн үүдээр шагайв. Юм бодон сүүгээ самарч зогссон Хандаа цочсондоо
- Ээжээ гэж муухай хашгирсанаа гараа цээжин дээрээ тавьж
- Ёо ёо хүн айлгаад хаячих юмаа гэснээр тэр хоёрын яриа хэзээ язааны хоёр шиг эхэлсэнсэн. Данигайн хоёр зэлэнд Нургайгийн ганц хоёр унага чагтлаатай. Ингээд л унага тугал хонь хурга сааль сүү гээд тэдний цугтаа байх шалтаг үл мундана.
Сугарын Хандаад хамгийн ойртох үе нь унага татах үе байлаа. Унагаа удаан татмаар, “өшөө олон гүү уясан болоосой тэгвэл өдөржингөө унага татаад зогссон ч яахав” гэж бодно. Тэр үед Сугар хэдий дотроо ичингүйрч байх авч Хандааг нилээн сайн харж амжина. Түүний нүүр царай, хацар дээрх хонхорхой, ялимгүй шингэн атлаа уянгалаг хоолой, нүдээ гялтагнуулан цангинатал инээх тэр байтугай тийм нэг ялдамхан үнэр нь хүртэл сайхан. Хажууд нь зогсож байгаад хамраа хавчийтал, хоёр чихээ шуугитал үнэрлэмээр.
Богочтой цавьдар байдсан гүү саалинд дасаагүй бололтой цааш догонцон дальдчихад Сугар
- Хаая гуррый! гэж хашгиран дэлдэж зогсоогоод
- Чи одоо хэдэд орох билээ? гэхэд галтай ширээ тамганд шанаагаа нааж гүүгээ шувтрах зуураа Хандаа нүүрлүүгээ унжих үсээ үлээж
- Арав. Юу гэж?
- Аа зүгээр. Аймгийн төв ч сайхан байхдаа?
- Зүгээр шүү. Аймгийн төв их том. Надад тэр театр нь л гоё санагддаг
- Чи гэрээ их санаж байв уу?
- За яахав дээ. Ноднин эхэндээ гэрээ санадаг л байлаа. Одоо гайгүй дээ.
- Араваа төгсөөд цаашаа хотруу сургууль гээд явж өгөх юм байгаа биз дээ гэхэд Хандаа цавьдар гүүний дороос босонгоо
- Харин л дээ. Яаж ч магад. Сургууль соёл гээд явахаар муу аав ээж хоёрыгоо яах бол гэж боддог юм. Уг нь бол хол явж юм юм л үзмээр гэснээ
- Чи ер нь яагаад сургуулиасаа гарчихсан юм бэ?
- Сайн эр болох гээд гэснээ худлаа худлаа
- Яахав дээ над шиг толгой муутай хүн тэр их номыг сурч чадахгүй юм шиг байна лээ.
- Би танайхыг нүүж ирнэ гэхэд Нургай эгчийг л бодоод байснаас чамайг, тэгээд бүр ийм том болчихсон гэж бодоогүй ээ. Тэгсэн чинь . . .
- Тэгсэн чинь юу гэж?
- Тэгсэн чинь нээг их аймаар том болчихсон байгаам даа
- Тэгээд муухай гэж үү?
- Үгүй л дээ. Тэгэхдээ л аймаар
- Юунаас нь айсан юм би чамайг яагаа ч үгүй л байна шүү дээ
- Чи нээрээ, жоохондоо шал мангар хүүхэд байсан ш дээ
- Яасын?
- Яагаав чи санаж байна уу? Нэг удаа дотуур байрны гадаа охидууд тоглож байсан чинь эрэгтэй хүүхдүүд биднийг хөөгөөд цасаар угаахад чи намайг барьж аваад
- Дурдан Данигайн охиныг дутуу угааж болохгүй ээ гээд нүүр амыг минь угаасан. Угаасан ч гэж дээ хатуу цасаар ураад сарлаад хаячихсанаа чи санаж байна уу?
- Аа тийм. Тэгэхэд байрны багш биднийг оройжингоо сандал өргүүлж зогсоож билээ. Тэгэхэд чинь цасаар угааж байна л гэж бодсоноос ямар урж байна гэж бодсон биш
- Хнг! тийм муухай гэх мэтчилэн бага насаа дурсан ярилцсанаас хойш тэр хоёрын бишүүрхээ арилж, юухан хээхэн хийсэн ч цугтаа байх болов.
Бүстэй хүүхэдтэй хүн хүүгээ аль болох аятайхан айлын ааш зан сайтай охинтой учраасай гэж боддогийн адил Нургай дотроо ганц хүүгээ Данигайн охинтой оровч гаравч хамт байгаад ихэд талтай байх авч гаднаа болохоор
- Хүүхдүүд яахав тоглож наадаж л байдаг. Миний муу улаан хүү нэг л их бие хаанаас цаашгүй, эрдэм номгүй амьтаныг хэн тоогоо аждээ гэж суух.
Харин бүсгүй хүүхэдтэй хүн охин үрээ юуханаас ч харамнан болох болохгүй юманд энгэр бүчээ задгайлчихвий хэмээн болгоомжилох авч Сугараас нэг их тэгсэнгүй. Данигай дотроо “Донровын энэ улаан хүү сайхан л хүү. Цэрэг цураг гэж нэг юм бий. Эцэг нь гэж жаахан бүтэл муутайхан хүн байсан. Хүүхэд ямар байх нь эцэг эхээс их хамаардаг. Уг нь хот үргээж нохой шуугиулсан юмнуудад охиноо бузарлуулчихгүй юмсан” гэж алс хэтийн юм хааяа хааяахан бодогдоно.
Энэ зуны зуншлага нар хур тэгшрээд хачин сайхан болж байлаа. Данигай хэдэн насны морьд уячихсан. Гар хөлийнхөө үзүүрт Сугарыг зарсан шиг байсан үе.
Сумын залуус хөндийгөөр нэг давхилдан наадмаар барилдах юм ярьцгааж наадмын чимээг улам бүр ойртуулна. Нэг өдөр гүү сааж байсан Хандаа унага татаж зогссон Сугарт
- Чи энэ жил барилдах юм байгаа биздээ?
- Хн! мэдэхгүй. Би ер нь барилдаж байгаагүй л дээ
- За ийм том залуу байж. Энэ муусайнуудаас юунаас нь айдаг юм. Энэ жил барилдаад ёстой нураагаад өгөөрэй за юу.
- Тэгвэл юу гэж?
- Тэгвэл үү? Тэгвэл би чамтай найзлана гээд нүдээ анивчуулан инээмсэглээд амандаа орсон туг үсийг хуруугаараа гогдон чихнийхээ араар хийхэд түүний хаш цагаан шүд, хацар дээрх хонхорхой ямар их зохисоныг Сугар сая л харсан мэт мэлмэрнэ. Ингэж зогсохдоо тэр энэ дүр төрхийг их удаан хугацааны турш сэтгэлдээ дүрсэлэн бодож мөрөөдөх юм гэж ерөөсөө бодоогүй. Энэ харц, энэ инээд нь ургаж зогссон ургаа хадыг урсгал усан зөөлөн илбэхийн адил учралт зүрхний хайрын гялбаа гялсхийх нь тэр. Гэхдээ үүнийг хайр гэж Сугар одоохондоо яахан мэдэх билээ.
Тэр зуны наадам сонин ихтэй наадам болов. Сахал Донровын улаан хүүг хазайлгах аавын хүү олдохгүй нь бололтой. Хэдийгээр Сугар барилдаан мэдэхгүй ч төрөлхийн том бие, бяр тэнхээ, айхыг мэдэхгүй хэнэггүйхэн зогсох түүнийг хэртэй аавын хүү аваад хаячихаж чадахгүй байсым. Сугар өөрөө ч гэсэн гайхаж байлаа. Дэвж шавж, гуя хасаа балбаж, сүрийг үзүүлж үзүүлчихээд хүрээд ирэхээр нь аяыг нь олж байгаад л татчихаар уначихаад байхаар гайхалгүй яахав. Наадамчидын дундаас Сугарыг хазайсан газар нь хайрын харцаар түшин дэмнэж байгааг хувь заяанаас бусад нь мэдээгүй байж болох юм.
Наадамчин олон энэ жилийн наадам сонин сайхан болж байгааг ам булаалдан ярилцана. Тэд Сугарыг харж
- Бяр ч гэж байнаа
- Харин тийм. Жаахан л барилдаан сурчихвал ч . . . Одоохондоо арай л биш байна
- Даана ч сайхан амьтан юм даа
- Үгүй ээ мөн сайхан барилдаж байна шүү гэхэд
- Хөөрхий минь барилдахгүй байна. Үнэндээ бол чадахгүй байна. Биеийн том, бярын ихээр л үлдээд байна зайлуул.
- Пунцаг заан ч гаргаахгүй болов уу
- Хээцэс! тэр хөгшин одоо яаж чадах вэ дээ
- Хн! Барилдах болохоос ямар мөргөлдөх биш дээ
- Хөгшин бөхийн дархан мэх гэж нэг юм бий хө. Тэгэхээр заан энэ жилдээ нэг юм торгоох байгаа түүнээс энэ залуучууд энэ хүүг барахгүйнээ. Сэрвүү барихаар дугтарчихаад, лавхан барихаар мушигчихаад байна. Яг л адуу мушгиж байгаа юм шиг. Гэтэл нэгэн өвгөн
- За яахав. Нэг нутаг усны залуучууд хэн нь ч түрүүлсэн яахав. Гол нь энэ нутгаас бас нэг сайхан хүү гарч ирж байгаа нь чухал гэж дуулдав.
Яах аргагүй л Пунцаг заантай Сугар үзүүр түрүүнд үлдчихэв. Сумын заан Пунцаг гэж бахим дөрвөлжин биетэй, мухар шанага шиг амьтан. Гэхдээ дөлгөөн харцтай, зөөлөн дуутай нэгэн. Сугар наадамд үзүүрлэх нь битгий хэл барилдаж ч байсан биш. Гагцхүү Хандаад хэлэх үгтэй гэдгээ л мэдэж байлаа.
Пунцаг заан аргагүй л туршлага заан том улаан ат сөөглөж байгаа юм шиг л гар хөлийн үзүүрээр хөтөлж гүйж байгаад л сөхрүүлчихэв. Яг яагаад уначихсанаа Сугар мэдэж байгаа ч юм алга. Пунцаг заан түүнд тахим яаж өгөхийг зааж өгөөд
- Сайхан хүү, сайхан хүү гэж үглэн магнайг нь үнэрлэчихээд майраг майраг гээд төв асарлуу яваад өгөв. Тахим өгч сураагүй Сугарт, заан тахим өгөхийг зааж өгөх нь нэн хөгжилтэй. Наадамчид яахаа мэдэхгүй зогсоо түүнд
- Араас нь яв, араас нь яв гэж шаагилдав.
Дугуй булантай цай, дээлийн өнгөөр байлуулсан Сугар ээждээ хам хум үнсүүлчихээд Хандааг эрэн чавхадлаа. Тэгж явахад нь хүмүүс хараад ч байх шиг зовлонтой. Хандаагаа хайгаад ийш тийшээ гүйгээд олсонгүй. “ Өө хаашаа алга болчихдог байнаа. Намайг л үзэх юм яриад байсан байж” гэж бодон буцахдаа хамгийн захын асрын хажуугаар гартал майхны цаадтай Хандаагийн шарга морь өөр нэг буурал морьтой ханьсан толгой хаялан ялаархан зогсохыг хараад “за ашгүй энд байгаа юм байна” гэж нэг их юм бодолгүй дөхтөл цаахан талд хоёр хүн дундаа хуушуур тавьчихсан хөхрөлдөн сууж байхыг хараад хөл нь хүндрээд явчихав. Тэнд Хандаа, нөгөө нь түүний ангийн хүү цоохор Дорж хоёр ажээ.
Хандааг өөрийг нь л харж байх ёстой мэтээр төсөөлж явсан тэрээр түүнийг ийнхүү шал өөр тийш харан, шал өөр хүнтэй инээж хөхрөн суугааг хараад дотор нь бачууран эргэн алхлаа. “Сайн барилдвал яана яана гээд байлаа даа” гэж бодон уур нь ч хүрэх шиг. Хүний сэтгэл гэдэг хайрлаа ч үгүй байж хардаж эхлэх нь хачин.
Цоохор Доржийг Сугар тийм сайн мэдэхгүй. Осолдохгүй л бага байхад нь их сайн сурлагатай гэж багш захиралгүй л магтдаг байсныг санана. "Сургууль соёлтой улсууд цаагуураа өөр байдаг байлгүй" гэж гомдох гоморхохын завсар явна.
Оройхон хэрд Чимгээ гэж ангийнхаа нэг шар охинтой хамт инээж хөхөрсөн Хандаа асарт ирж Сугарт баяр хүргэсэн ч түүнийг бүр шоолж тавлах мэт санагдах тул Сугар нэг их дуугарсангүй. “Энэ чинь юу болчиховоо” гэж бодсон Хандаа
- За мундаг сумын начин минь яасан? гэж Чимгээгийн дэргэд ихэд нүүрэмгий нь аргагүй өөриймсөж асуусан нь Сугарт харин ч бүр айлгүйтэж байгаа мэт сонсогдож
- Яах юу байхав дээ унаж л орхилоо гээд ёозгүй царайлахад
- За тэр яахав дээ. Пунцаг заан чинь том бөх хүн. Харин ч чи сайн барилдсан шүү. Үзүүрлэнэ гэдэг чинь тийм муугүй сайн бөхийн шинж гэж хүмүүс ярьж байна гэтэл
“Хэн тэгж байна? Цаад цоохор чинь тэгж байна уу?” гэх гэснээ Чимгээг байгаа тул амаа хамхин
- Хн! . . . гээд таг
Наадамчин олон ярих юмтай гэр гэрийн зүг хөдөлцгөөлөө. Харин тэр хоёрын хувьд хачин сайхан эхэлсэн наадам хэг ёг хийсэн байдалтай өндөрлөв. Сугарын цээжинд түрүүнээс хойш нэг муу хариугүй жижигхэн эрээн могой орчихоод эрчлэн муригнах шиг болоод гарч өгөхгүй зовооно. Хандааг харах болгонд, бараг дуугарах болгонд тэр могой ямар нэгэн юм хүрсэн юм аятай ширэвчихийг яана. Гэрийнхээ зүг явж байхдаа Хандаа “энэ Сугар юу болчихвоо Пунцаг заанд уначихсандаа ингэж уурладаг юм байхдаа. Гайгүй юм шиг байсан чинь бас их шартай нөхөр байх нээ” гэж санан түүний хойноос морио шавхран ойртож ирсэнээ
- Чи жаахан хүлээ л дээ миний морь явж өгөхгүй чамайг гүйцэхгүй байхад гэсэнд
- Наад шарга морь чинь хэний ч юм дээ буурал морьтой ижилсчихээд хоргодоод байгаа биз гэж түрүүнээс хойш бөглөрөөд байсныгаа хэлээд тавьчихлаа. Тэгэнгүүт тэрээр Сугарын цээжинд юу ороод хуйрагнаад байгааг сая л ойлгож өөрийг нь өөр бусдаас харамлаж байгаад баярлах ч шиг бас гомдох ч шиг болон түүнийг гүйцэн очиж бүр цулбуурдан зогсоогоод
- Өө Сугараа чи буруу ойлгосон байнаа. Манай ангийн Дорж Чимгээ хоёр чинь хоорондоо үерхдэг байхгүй юу даа. Тэгээд надаар Чимгээг дуудуулчихаад тэнд хүлээгээд сууж байсан байхгүй юу гээд
- Чи чинь юугий нь ч ойлгоогүй байж хардаад байгаа юм уу даа гээд ханцуйнаас нь татаж жижигхэн бор гараараа паривгар том гарыг нь атгалаа. Яагаад ч юм энэ мөчид Хандаагийн унаж явсан шарга морь хөл нь хөнгөрсөн мэт Сугарын хээр морьтой хөл нийлүүлэн сэмбэлзтэл алхлав.
Хувь заяаны эрхээр дасалцсан сэтгэлээ бие биендээ нээх эвээ олохгүй явсан хоёрт энэ бяцхан тунирхалт ихэд дэм болсон ч байж болох юм. Сугарын дотор муригнаад байсан эрээн могой аажуухан гулсаад хаа нэгтээ яваад өгчих шиг дотор нь онгойчихов. Сугар жаахан зовонгүйгээр Хандааг хартал Хандаа түүнийг уяран нялхарсан харцаар харж байснаа тэр нүдэнд бяцхан гэрэл гялтагнаж шоолонгуй болж ирсэнээ
- Тэнэг гэж эгдүүтэй ч юм шиг хэлсэнээ морио давиран ухасхийхэд хэд хоног гэдэс татсан шарга морь ухасхийлээ. Сая л ойлгосон мэт Сугар араас нь
- Юу гэнээ чи гээд мориныхоо хондлойд ташуур буулгаж төд удалгүй гүйцэн ирж, том тас шувуу нэгэн бүжин дээр буучих мэт Хандааг тэврэн авлаа. Тэрүүхэн хооронд Сугар өөрийн хийж байгаа үйлдлээ ойлгосонгүй. Чухам ойлгох ч завдал болсонгүй Хандаагаа үнсчихэв. Түрүүний эрчлээд байсан могойн оронд хачин тансаг цэцэг дэлбээгээ алгуурхан нээх шиг сайхан. Хандаа
- Хүн харчихна шүү дээ гэсэн хэдий ч түүнд эсэргүүцэх тэнхэл байсангүй . . .
Үүнээс хойш хоёр залуу улам бүр дотносон нялхарч оров ч, гарав ч цугтаа. Тэр намар тэр хоёр дэндүү богинохон байсан юм. Цаг зав л гарвал хоёр залуу зөвхөн өөрсөдөд нь л зориулсан мэт саглайн ургах хайлаасныхаа доор очиж сууна. Навч нь хүртэл зүрхэн хэлбэртэй энэ мод тэр хоёрт нэг л нөмөр нөөлөгтэй дулаахан, дотнохон. Магадгүй тэр хайлаас мань хоёрын хайр сэтгэлийн хамгийн нандин нууцыг хадгалагч болох гэж энэ хөндийг чимэглэн ургаж байсан ч байж болох юм. Тэрэндээ ч тэрүү тэд уг модыг өөрдсийн юм шиг л өмчирхөнө. Түүнийхээ сүүдэрт сууж элдвийг ярилцах нь олонтоо. Аргал дээр суусан чогчого, эхээ олохгүй сандчин давхих унага, чөдөртэйгээ догонцох морь гээд юм болгон тэдэнд инээдтэй хөгжилтэй хөөртэй бас жаргалтай. Тэдэнд нар хүртэл тийм халуун биш сар ч гэсэн тийм гунигтай биш, цэцэгс, эрвээхэй, уул толгод, шувууд гээд бүх юмс утга учиртай. Сарны гэрэлд намуухан урсах голын хөвөөнд модныхоо дор суун хайрын тухай шивнэн, ирээдүй хойчийг зөгнөн, бие биенээ тэврэн хэн хэндээ эрхлэн суух үнэхээр сайхан байлаа. Хандаа
- Том болоод хэдэн хүүхэдтэй болох вэ?
- Надад хэдийг гаргаж өгнө төдөн л хүүхэдтэй болох байхдаа.
- За чи тоо хэл л дээ
- Яахнав? Чи гаргаж өгөх юм уу?
- Хэрвээ чи насан туршдаа ийм хайртай байвал гаргаж өгсөн ч яахав дээ.
- Хоёулаа нээрээ хүүхэддээ ямар нэр өгөх вэ? гэснээ Хандаа
- За би хүүгийн нэрийг чи охины нэр хэлнэ шүү, за
- За
- За, хүү гарвал би Дугар гэж нэр өгнө. Сугарын Дугар гэж амандаа сунжруулж хэлснээ
- За ямар сонсогдож байна?
- Үгүй ээ яахав ээ болох л юм.
- Тэгвэл одоо чи хэл
- Ягаансүрэн
- Хэн гэнээ? Ямар муухай нэр өгдгийн
- Яахавдээ Улаан Сугарын Ягаансүрэн гэвэл ямар байна? гэхэд Ханлаа түүний мөрийг могжгор гараараа цохимор болсноо
- Үгүй ээ үгүй тийм муухай нэр өгөхгүй
- Ха ха ха худлаа, худлаа тоглосон юмаа
- Үнэнээсээ ярьж байхад чинь тоглоод байхдаа яадгийн
- Урансолонго. Яагаад гэвэл солонго надад нэг л тийм юу ч хүрч боломгүй эрхэмсэг юм шиг санагддаг юм.
- Чи ямар гоё нэр өгдөг юм. Би тэгсэн чинь Дугар гэчихсэн.
- Дугар ч гэсэн сайхан эр хүний л нэр байна шүү дээ гээд Хандаагаа татаж аядуухан үнслээ. Тэр үед бараг хаа нэгтээ цэцэг дэлгэрсэн байх. Залуу нас хайр дурлал гэдэг хорвоогийн нэгэн чимэг буюу.
Үргэлжлэл бий . . .
Бүрэн эхээрээ...

Хувь заяаны хэлхээ - 1

10 Сэтгэгдэлүүд:

Цээж өндөр, хүзүү урт, ташаа өргөн энэ хул морь бүрээ хамраа сарталзуулан, өтгөн хар сүүлээ арагш цацруулан, дөрвөн хөлөө сарвайтал хатирана.
Хул морь үзэх нүдний өмнүүр газар хороон жирэлзүүлэх нь үнэн авч хоёр чихээ солбин хааяа нэг толгой хаялахаас өөр хөдөлгөөн үгүй мэт. Харин дөрвөн хөл нь нүдэнд үл үзэгдэм шахуу. Өглөөхөн зассан дэл нь хатираан дунд гүегнэн, хул хонгор элсэн дээр хар халтар могой шургачин явах шиг муригнана.
Онигордуу хүрэн нүдтэй, сартгардуу хамартай, хүрэн улаан царайтай эр эмээл дээрээ хазгайдуухан сууж, тэвхийсэн хав дөрвөлжин цээжийг ханхалзуулж, мухар алдын тэнзэн ташуур даялах төдийгөөр мориныхоо явдлыг тааруулан явна. Морины явдал жаахан ширүүсэхэд амыг нь татахыг бодоход яг энэ дөрвөн туурыг шагалзуулан хатируулж явах нь өөрт нь ихэд тааламжтай байгаа бололтой. Ижил зүсмийн хөтөлгөө хоёр морь нь өөвөгнөтөл цогихийг бодоход энэ хул морь үнэхээр хатирч сайн хүлэг болой.
Баруун ханцуйгаа сугалдаргалж, цамцныхаа энгэрийн товчийг тайлсан тул гурвалжилж унжсан тэр энгэрээр нь хээрийн сэрүүн салхи хэнхдэг цээжийг нь илбэх нь сэтгэлд нэн таатай. Тэрээр эр хонгордуухан гэхдээ бяцхан царгиа дагуулсан хоолойгоор
. . . Хулсан аа ташуур нь байгаасай
Хуруундаа өлгөөд явах юмсандаа . . . хэмээн сүүлийн зургаан жил цээжиндээ хүнгэнүүлсэн дуугаа аялан явна. Тиймээ тэр олон жил энэ нутагтаа ирээгүй. Нутаг орон, ахан дүүс, найз нөхдөө үлдэж хоцорсон яг л тэр хэвээр нь сэтгэлдээ хадаж, хэзээ ч гэсэн эргээд ирэхэд нь яг л хуучин янзаараа байх мэтээр төсөөлдөг нь хол явсан хүний зан. Тэр л зангаар аль тэртээд үлдсэн он жилүүдийг сэтгэлдээ тэр хэвээр нь хадгалж, харах нүдэндээ ч, харанхуй зүүдэндээ ч бодсоор яваа билээ.
Одоо ч гэсэн тэр үеэ бодон инээхдээ инээж, эвгүйцэхдээ эвгүйхэн л яваа энэ ханагар сайхан эрийг Сугар гэнэ.
Сугар эр хүний алдаж онодог тавилангаар сүүлийн хэдэн жилийг хүмүүсийн ярьдгаар аавынд өнгөрөөжээ. Тэр олон хулгаруудын дунд цуутай амьтан яваагүй ч эцэг мэт сайн хүн таарсаны ачаар нэг их хүнээ байчихаагүй яваа нь энэ юм. Анх тэр тийшээ яаж очсоноо мэдэхээс яагаад орчихсоноо мэддэггүй байж дээ.Тэгэхэд Сугар дөнгөж арван найм шүргэж байсан хүүхэд байлаа. Хэдий хүүхэд байсан ч биеэр том тул зоон дээр байхад нь одоохон насанд хүрэх гэж байгаа нэрийдлээр томчуудын жир хориход хувиарласан нь бас л нэгэн бодлын хэлмэгдүүлэлт байлаа. Дөнгөж анх очиход хавтгай дугуй малгай хэлтгий тавьсан, их хүйтэн царайтай эрчүүд хөшилдсөн газар л аваачиж билээ.
Яах учраа олохгүй амьтан айх гайхах зэрэгцэн зогсож байтал нэгэн настайвтар хүний дуу баруун наарны доороос гарч
- Үгүй энэ чинь дэнхийсэн том л юм харагдаад байсан хүүхэд шивдээ. Алив нааш ир гэхэд айдас жихүүдэс хослон зогссон Сугарт тэр хүний дуу төөрч будилсан хүнд амь амьдралын дуу мэт сонсогдсон тул өөрийн эрхгүй тэр дуу гарсан зүгрүү зүглэв. Том биетэй ч гэсэн сэтгэл зүрх нь хүүхдээрээ байсан үедээ зайлуул. Гэтэл нөгөө хүн
- За дүү хүүгийн нэр хэн бэ? Хэдэн настайв дээ? гэхэд
- Ялтан Сугар, арван наймтай гээд ингэж л хариулах ёстой байх гэсэн аятай аажуухан дуугартал хажуугаас нь сахалтай хошуугаа дорвойлгон, онгорхой шүднийхээ зайгаар шүлсээ төө тэнд үсэргэх нэгэн залуу
- Хэдээр орж ирсэн хулгайч вэ чи? гэтэл нөгөө настай хүн яриаг нь тасалж
- За тэр яахав наашаа суу. Олны дунд амаа хамхиж сурнаа гэснээр тэр хэсэг яриа өндөрлөв.
Энэ настай хүнийг Шийрэв гэнэ. Дөч нилээн гарсан энэ эр байгаагүй бол Сугар чухам ямаршуу хүн болох байсан юм бүү мэд. Ийм газар хүн ороод хүн биш болж гарах нь наад захын зүйл. Алдаж эндсэн аврага том биетэй ангаахай шиг амьтанд Шийрэв тааралдана гэдэг том аз гэлтэй. Түүнээс хойш Шийрэв Сугарыг хажуунаасаа салгасангүй. Энэ том биетэй бага ухаантай хүүхэд гар хөлийн үзүүрт зарагдах нь амар. Нөгөө талдаа аавынх гэдэг энэ газар өөрийн гэсэн амьдралын хуультай, өөрийн гэсэн эрэмбэтэй газар. Энд орсон хүн засарч сайжрахаасаа илүү муу юманд улам бүр суралцаж, цаашилна уу л гэхээс наашаа эргэнэ гэж бараг үгүй.
Түмэн зүйлийн ёр шүгэлсэн хүн гэхэд хүн биш улс захаас аван байх тул энэ хүүхдийг аврах сэтгэл Шийрэвт төрсөн хэрэг.
Хэдийгээр орчлонгийн бараан тал нь хэлтийсэн газар ч гэлээ тэрэн дунд нааштай хүн байдаг ажээ. Шийрэв яланд гарсан эхний өдрөөс эхлээд л Сугарыг тоож эхлэв. Тэрээр жаахан эв дүй муутай ч ажилд махруу сэтгэлээсээ зүтгэх аж. Өөр бас нэг авах зүйл нь түүний царайд шорон оронд орчихлоо гэж уруу дорой царайлж сэтгэлээр унахгүй, ялнаас халшрахгүйгээр зүгээр л хийх ёстой ажлаа хийж яваа мэт хэнэггүй, нэг их олон таван үггүй дуугайхан хүүхдээрээ царайлах нь Шийрэвт таалагдсан хэрэг. Түүнээс үүдэж яавал энийг энэ олон хогон дунд нэг их хольчихгүй холуур шиг байлгаж байгаад суллагдах өдрийг нь хүргэдэгсэн билээ гэж бодох болов.
Шийрэв гэж бас л гүдэсхэн нэгэн эр сумын шуудангийн жолооч хийдэг байж. Ажлын хариуцлага алдаж машинаа унагаж хүний амь эрсдүүлж, машин болон улсын хөрөнгө шамшигдуулсан хэрэгтэй нилээд хэдэн жилийн ял авсан нэгэн. Хаа очиж хорих ангийн дарга хурандаа Дэмбэрэл яалт ч үгүй нэг нутгийн хүн таарсан тул бас ч гэж хаа нэг өрөөндөө дуудаж ганц нэг нууцгайхан эргэлт оруулж, бие хаагий нь асуучихдаг, бололцооны ажил дээр хуваарилдаг гэж байгаа. Түүнийг нь луугарууд мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлж түүнтэй нэг их орооцолдоод байдаггүй талтай.
Сугарын хувьд ууланд гарч мод хийх нь хорих анги дээр байснаас хамаагүй дээр. Энд ганц ахлагч хуяг харгалзан явдаг болохоор элдэв төрлийн дарамт шахалт багатай, өглөө оройн тоо гээд байх юм байхгүй. Уулнаас буугаад ангид ороход нартай өдөр ч гэсэн бүүдгэр дүнсгэр, хүмүүсийн царай төрх ч баргар, инээж ханиасан хүн бараг үгүй. Хашааны оройгоор эрчилсэн тороор торлосон байх бөгөөд дөрвөн талдаа манааны шовгортой түүн дээр буутай манаа мөнхөд эргэлдэнэ. Ер нь хаанаас нь ч харсан энэ хашаа цаанаа нэг таагүй. Орой өглөөний тоо гэж болох бөгөөд түүн дээр бүх хоригдол гарч явган сууж ахлагч нэрийг нь дуудахад өөрөө овгоо хэлэн босож жагсана. Цуварч уварч явахаас эхлээд Сугарт үйлдэл болгон нь нэг л ёозгүй. Байсхийгээд л Шийрэвээс
- Шийрэв ахаа бид модонд гарах болоогүй юү? гэж асууна. Нэг өдөр Шийрэв Сугарын энд яагаад орсныг мэдэх ч гэсэн өөрөөр нь яриулах санаатай
- Чи ер нь яагаад орчихсон юм бэ? гэтэл Сугар толгойгоо нэг илсэнээ
- Дарьзав ахын буянаар л гэхүү дээ гээд нэг их санаа алдав. Шийрэв тэндээс нь яриаг өлгөж
- За тэр чинь ямар гээчийн буянтай хүн гэхээрээ хүнийг энэ хүртэл явуулчихдаг байна? Ер нь чи нэг өөрийнхөө тухай яриач хө. Одоохондоо бид хоёр хоёулханаа байна. Ах нь цоожтой авдар л гэсэн үг гэлээ.
Сугар энд ирээд нилээн удсаных хаа хамаагүй юм яриад байж болохгүйг гадарлахтайгаа болсон үе. Гэхдээ Шийрэв гэж нүдэнд дулаахан энэ ах нэг харахад аав шиг нь юм шиг эсвэл ойр дотных нь хүн мэт санагдах тул жаахан бодолхийлсэнээ ярьж гарлаа . . .
Сугар ухаан орсон тэр цагаасаа эхлэн ээжтэйгээ л хамт байдаг байлаа. Ээж нь Нургай гэж өндөр улаан хүүхэн дуу шуу багатай нүдэнд дулаахан нэгэн. Биеийн овор том тул хэр баргийн эрчүүд оролдоод байхгүй. Тэгээд ч Сахал Донровын чихэнд эвгүйхэн чимээ хүрвэл хэдий хол байдаг ч гэсэн нэг ирэхээрээ барьж аваад хөнгөлчихөж мэдэх хүн тул тэднийхээр тэр бүр эрчүүд эргээд байхгүй. Ёстой л нөгөө үхсэн буурын толгойноос амьд ат айна гэдэг л болж байгаа нь тэр.
Сахал Донров гэдэг нь түүний төрсөн эцэг. Сугар эцгээ бүүр түүрхэн санана. Нэг л тийм том биетэй, ширвээ сахалтай онигор хүн байсан санагдана. Тэр бол яах аргагүй аав нь мөн. Айлын аав нар дандаа гэртээ байх атал Сугарын аав гэртээ байна гэж үгүй. Хааяа нэг харуй бүрийгээр ирдэгийг л санана. Ирэхээрээ харин хүүгээ тэвэрч баахан үнсэж үлгэн
- Миний хүү ямар том эр болоо вэ? гэж өхөөрдөхийн сацуу
- Аавын хүү сайн эр болноо гээд л баахан чихэр боов гаргаж өгнө. Хүүхэд бүхэн л чихэрт дурладаг атал Сугар харин тийм биш. Харин аавынхаа авчирч өгсөн бор еэвэнд учиргүй дуртай. Бүр дахин дахин ээжээсээ нэхэхийг яана. Ээж нь хэрэндээ ариглан бага багаар өгөх авч нэхсээр байгаад дуусгаж байж санаа амрана.
- Миний хүү аавыгаа ирсэн гэж хүнд хэлж болохгүй шүү л гэнэ Сугар
- За гээд л нусаа татна. Гэвч хөдөөний зон олон хэн хэзээ хэнийд ирэв гэдгийг андахгүй л дээ. Харин Сахал Донровын ирсэн явсаныг хүн бүхэн мэдэх авч эс мэдэгч болон өнгөрцгөөнө. Аав нь ганц хоёр хоног гэрээр байж байгаад л нэг унтаад босоход явчихсан байдаг байлаа.
Хамгийн сүүлд нилээн ухаан орчихсон хойно нь нэг ирээд дахиж ирээгүй юм. Гуравдугаар ангидаа хаврын амралтаар гэртээ байх үед нь хэсгийн төлөөлөгч ах гэрт нь ирээд ээжид нь нэг бичиг өгчихөөд явахад ээж нь хүүгээ тэврэн хэсэг баахан уйлсансан. Сугарт ааваас үлдсэн дурсамж гэвэл нэг л тийм сахал, бор еэвэн, сайн эр болноо гэсэн үг энэ хэд л байлаа. Сайн эр гэдэг үгний учрыг олох гэж их л мэрийдэгсэн. Хэдийгээр сайн эрэгтэй хүнийг хэлдэг юм байна гэж мэдэвч цаанаа нэг чимэгтэй сонсогддог байж. Хөгшчүүл томчуулын амнаас хаа нэг сайн эрийн яриа гарахад ихэд дурлан анхааралтай чагнана. Даана ч ойлгоход бэрх. Гэхдээ гүймэл адуу суумал адуу, хазаар гүйлгэх, зөв буруу гарынх гэхчилэн үгийг сонсоод ямартай ч сайн эр гэдэг адуу малтай ноцолдож явдаг улсыг хэлдэг юм байна гэж халтар мултар ойлгоно. Хожмоо сургуульд орсон хойноо сайн эр гэж манж ноёд болон баячуудын адууг нутаг алгасуулан тууж бусдад өгдөг эрчүүд байж гэж армаг тармаг ойлгосон. Тоорой Баньд, Тогос Чүлтэм, Алтан Чой, Хулгар Нацаг гээд нэр цуутай эрчүүд Алтан Овоон дээр гарч ургах нарыг угтан хийморио сэргээдэг байж гэж сонссон юм.
Сугар эхээс төрөхдөө бойрогшуу хүүхэд байснаа сургуульд орох жилээсээ бараг сараар өссөн гэхэд болно. Сумын төвийн сургуульд суралцах тэрээр зургаа дугаар ангиасаа эхлэн гэрээдээ гүйгээд тогтохоо байв. Ангийнх нь багш гэж нарийхан бор хүүхэн араас нь ирээд аваад явах боловч тусыг эс олно. Хөхөө өвлийн хүйтэнд хориод км газар хээвнэг гүйгээд ирнэ. Ээжийгээ орой малаас орж ирэхэд хэзээний ирчихсэн улаа бутруулан сууж байх.
Тэгэн тэгсээр долдугаар ангид орох жилээ сургуульдаа яваагүй. Тэр жилдээ Сугар үндсэндээ мал дээр гарчих нь тэр. Нөгөө ангийн багш нь ч тэр, сум нэгдлийн дарга ч тэр Сугарыг хичээл сургуульдаа яв гэж шахсангүй ээ.
Сугар бие хаа өсгөлүүн, адуу маланд даана ч нэг эрэмгий болж байв. Хүний өөрийн нийлсэн хэдэн адууг уураглахыг нь уургалж, заримд нь бугуйл шидэж өдөржин элдэж өнжинө. Нутгийн хөгшчүүл хоорондоо
- Үгүй энэ бүрлээч Сахал Донровын улаан хүү лут том болохдогоо
- Яриад юүхэв. Эцгээ л дууриачихгүй бол ч
- Харин ээ харин. Энэ нутаг усны нэр гаргасан сайхан бөх болох ч юм билүү.
- Бөх гэдэг ч юу л бол. Уг нь адуунд жигтэйхэн дуртай шиг. Цаагуураа бас ч гэж эрэмгий шинжтэй.
- Хэлээд юүхэв. Сайхан л хүү. Эцэггүй хүүхдийн толгой том гэж үг бий. Буруу тийшээ л битгий хазайчихаасай билээ гэлцэн шагшин магтахын зэрэгцээ хайрлаж бас хий хэл амнаас харамлана.
Үеийнх нь хүүхдүүд хажууд нь дүү нар нь юм шиг л харагдана. Зунжин шуугилдсан хүүхдүүд жил жилийн намар сургууль соёл гээд явцгаахад Сугар хүү ч гэсэн хүүхэд л юм болохоор сэтгэл нь гэгэлзэн хоосорчих шиг болж хий дэмий л унаж яваа морио байдгаар нь ороолгон адууруугаа давхин оддогсон.
Сугар арван долоо хүрсэн тэр зуныг үл мартана. Тэр жил муу ээж нь Дурдан Данигайг бараадан зуссан жил. Тэднийх Харганатын хөндийд голдуу зусна. Энэ хөндий бол харгана голдуу ургадаг. Холоос харах юм бол бөөн бөөн харгана хэсэг хэсгээр арзайж ургасан, дундуураа нарийхан цэнгэг гол урсана. Үүнийг Харганын гол гэнэ. Зарим газар үүнийг горхи ч гэхээ магадгүй. Яагаад гэвэл их л гүнзгийдээ л хүүхдийн бүсэлхий хүрнэ. Зарим газраар нь том хүн бол харайгаад гарчихмаар. Гэхдээ л энэ гол уснаас энэ нутгийн хүн мал хэдэн арван жилдээ ууж ундаалсаар ирсэн өлзий буянтай нутаг. Голын тохойд хаа газраас ирээд ургачихсан юм гэмээр ганц хайлаас хүн харахад гунигтай юм шиг атлаа энэ голын тохойг би л чимэх ёстой гэсэн шиг мөчрөө сэрийлгэн ихэмсэгээр оршино. Энэ хайлааснаас холгүй Данигайн их бага хоёр гэр буусан харагдана. Тэдний охин Хандсүрэн гэж Сугарын үеийн гялав цалав хийсэн ажилсаг охин тэр гэрийнхээ хамаг ажлыг амжуулна.
Хандаа охин нуруугаар айхтар өндөр биш гэхдээ л нас бие өсөж байгаа бүсгүй хүний хувьд нутгийн залуусын хараанд нэгэнтээ өртөхөөр болсон үе. Өнгөрөн жил аймгийн арван жилийн есдүгээр ангийг дүүргээд зуныхаа амралтаар гэртээ ирэхэд яагаад ч юм бүх юм өөр болсон мэт санагдах болжээ. Хэдийгээр төрж өссөн гэр нь боловч нэг л жижигхэн. Хонь хурганд гүйдэг нас нь ч өнгөрөн шиг. Хааяа нэг нутгийн харцуул гэрээр нь буухдаа гарч орох тоолонд нь шуналтаж шүлэнгтсэн нүдээр хормой хотыг нь сөхчих мэт харц үл салган ширтэх нь нэн төвөгтэй юм шиг боловч бас ч гэж цаагуураа юусан билээ гэж ичингүйрлийн зөн шивнэнэ. Өөрөө ч гэсэн сэтгэлдээ нутаг нугын хэдэн залуусаа ээлж дараалан дүгнэж явах болсон нь сонин. Яг л ийм үед Нургай эгчийнх айлсах сураг гарлаа. Тэднийхийг айлсах болсонд баярлаж битүүхэн хүлээнэ.
Нэг нартай өглөө нүүдэл ирэхэд Хандсүрэн ээж Должинтойгоо хамт идээ цагаа барин нүүдэл тосон очлоо. Өглөө эртлэн гарсан бяцхан хөсөг бага үдийн алдад ирж байгаа нь энэ.
- За сайн явна уу? Хөсөг бүтэн нүүдэл тавтай юу? гэх ээжийнх нь мэндийн хариуд Нургай
- Сайн. Сайхан зусаж байна уу? гэж хээрийн салхинд аяншсан нүүрээ илж, алчуурынхаа үзүүрээр нүднийхээ аньсагийг арчингаа
- Хүүе энэ чинь Хандаа охин уу даа? Яасан том сайхан хүүхэн болоо вээ. Алив үнсье гэж ээжийнхээ араар зогсох Хандсүрэнд хэлэхэд
- Сайн. Та явж ирэв үү? гээд очин үнсүүлэхэд сэтгэлд нь яагаад ч юм их таатай байж билээ. Гэтэл ээж нь
- Танай улаан хүү яагаа вэ? гэхэд
- Яахав малтайгаа яваа. Үхэр хонь адуу гээд бүгдийг нь л ганцаараа наашлуулж яваа гэхэд
- Ишш! зайлуул харангадаж яваа даа. Цэлгийн цай залгилуулахсан гэж ээж нь дуугарч байгаа сонсогдов. Төд удалгүй Данигай давхин ирж мэнд ус мэдэлцэн хэсэг сууснаа гэр барихад гар бие оролцлоо.
Данигай гэж нахиу хамарласан энэ хүн ажилсаг анхиатайгаараа нутагтаа нэртэй хүн. Тэрээр малын тоо толгойноос хэд гурван юм илүү гарчих сүйхээтэй нэгэн. Тэрэндээ ч тэр үү Дурдан Данигай гэдэг хочтой.
Нургайгийнх энэ жил айл зусах болсонд цаагууруу дуртай байгаа. Дуртай байхаас ч аргагүй. Энэ жил хэдэн нас уях гээд ажил ихтэй энэ үед эднийх айл бууна гэдэг сааль сүүнээс авхуулаад эхнэр охин хоёрт нь нэмэр болно уу л гэхээс нэрмээс болохгүй. Мөн эдний хүү улаан Сугар нас бие нь тэгшрэн бодын хөл гүйцэхтэйгээ болсоныг мэдэж байгаа. Өөрөө хэдэн эмнэг хангалаа дийлэхээ больж байгаа энэ үед эднийх ирнэ гэдэг ёстой л загтнасан газраа маажуулах шиг сайхан санагдах тул ихэд таашааж байгаа нь илт. Тийм ч учраас өөрийн биеэр ирж гэр хороогий нь барилцаж байгаа байдал энэ.
Жин үдийн нар голлож, гэрээ бариад шинэ цай пурр хийхийн хэрд гадаа бог малын дуу гарч Сугар хүү орж ирлээ. Данигай Сугар хүүг том болсон л гэж төсөөлж байснаас ийм том болчихсон гэж бодсонгүй суусан тул Сугарыг хараад амандаа зуусан гаансаа эгээтэй л унагачихсангүй мэлэрч байснаа гэнэт сэхээ авч
- За мал бүрэн, сайн явж ирэв үү? гээд үнсэхдээ “ааваасаа ч том болсон байна шүү” гэж бодож амжлаа.
Цай цүй болон хэсэг амсхийгээд Сугар гарч хот хороогоо барих, зэл гадсаа шаах ажилдаа орлоо.
Хандаа охин бага гэртээ сүү саалиа янзалж гарч орох зуураа Сугарыг хараад зүрх нь саалийнхаа дээлэн дотор багатаж ядан цохилхыг гайхан байж чагнана.
Сугар ч гэсэн юмаа хийх зуураа Хандааг харж нэг л сонин болчих нь тэр. Эднийтэй айл буун буутлаа Хандаагийн тухай бодоогүй гэхэд болно.
Үргэлжлэл бий.



Бүрэн эхээрээ...

Ганцаардал (Өгүүллэг)

20 Сэтгэгдэлүүд:

Би гав ганцаар сууна. Эргэн тойрон нам гүм. Миний хамгийн эрхэмлэдэг моддын сэрчигнээн, шувуудын жиргээн, салхины сэвшээ энд алга. Яагаад гэвэл би хамаг цонхоо хааж битүүлээд гэртээ сууж байгаа болохоор тэр. Би бүр албаар ямар ч дуу чимээ гаргахгүйн тулд хөгжим, тв, гээд бүх л дуу чимээ гаргах болгоныг тэр бүү хэл хөргөгчөө хүртэл салгалаа. Тэгээд өрөөнийхөө голд байрлах хоолны ширээн дээр сууж байна.
Нэгэн цагт энэ ширээн дээр бид халуун хоолоо гарган эхнэр маань аягалаж, бид ээлж дараагаараа хоолоо авч, багыгаа “асгачихвий” хэмээн сануулж, “аавдаа тэрнээс, алив надад наадахаа” гээд л шуугилдан хооллож байсан ширээ. Одоо чив чимээгүй эль хуль оргисон ийм үед надаас юу болоод байгааг асуух мэт мэлийнэ.
Ханан дээрхи хүүхдүүдийн маань зураг одоо яг жинхэнэ зураг хэлбэртээ орчихож. Би урд нь эдгээр зургийг яагаад ч юм амьтай мэтээр төсөөлдөг байж. Дээр нь өнхөрч тонгочин байдаг хоёр буйдан одоо юунд ч юм уйтгарлан дүнсийнэ. Хаанаас ч юм үүлс гарч ирэн нарыг халхалсан учир гэрт тэр чигээрээ бүүдийнэ.
Тэртээ цонхны тэнд банзан гитар хана түшин уйтгарлана. Яагаад бүх юм ийм уйтгартай болчихвоо. Уйтгар гуниг хаанаас ирдэг юм бол... Бас яах гэж ирнэ вэ
Орчны энэ байдал сэтгэлд буухаараа яасан хүнд, яасан хүйтнээр бууна вэ. Тэгэх тусам сэтгэлийг улам бүр гунигт автуулна. Сэтгэл гунихаараа бороотой тэнгэр шиг бүрзийж, орог саарал элстэй эцэс төгсгөлгүй талын дунд чухам юуны тулд оршин байгаа нь үл ойлгогдох хатаж хорчийсон ганц хожуул шиг сарайж сэрийж хэвтэх мэт болдог ажээ. Тэр хожуул хэзээ нэгэн цагт цэцэг навчтай ногоон бут байсандаа. Аягүй бол эндхийн эцсийн шувууд ч түүн дээр сууж байсан байж магад. Сэтгэлээ гэж. Энэ бүхэн юунаас үүдэлтэй вэ?
Ашгүй би бодох тэнхэлтэйгээ байгаа тул бодлоо. Эцэст нь энэ бол ганцаардал гэсэн хариу олов. Гэр бүл үр хүүхэдтэйгээ шуугилдан, халуун дулаан уур амьсгалд халууцаж бүгчимдэх шахам байсан би одоо орь ганцаар өрөөн доторх агаартаа жиндэн, бие агзаганан сууна. Би угаас ганцаараа хүн байсан бол өдийд ингэж суухгүй байсан байх. Ганцаардлыг зарим хүмүүс хүсдэг. Би ч бас хааяа хүсдэг. Гэхдээ ингэж биш. Яагаад гэвэл юм болгон олон талтай байдгийн адилаар ганцаардал ч гэсэн олон талтай юм байхаа даа. Өнөөдөр би ганцаардлынхаа урд нь хүсэж, хааяа нэг таашаал авчихдаг тэр тал дээр биш өөр тал дээр нь суучихсан бололтой. Бүр тэгэхээс тэгэх гэсэн юм шиг уйтгарлан гунигласан сэтгэл зүрхийг минь улам бүр урж сарлах дуу нь надад сонсогдох шиг.
Үүнээс би яаж таашаал авахав дээ. Харин намайг хүлэн бачууруулах ганцаардал надаас таашаал авч байх шиг байна. Би ганцаардалын нэг тал дээр биш харин ганцаардал миний сэтгэлийн нэг тал дээр суучихаад ихэд сайхан байгаа бололтой. Үүнийг мэдрэх тусам би түүнийг дийлэхгүй хий дэмий л татвагнан сэтгэлийн бяд ядуурна.
Хүлүүлчихсэн хүн хүлгээ тайлж чадахгүйг мэдсэн хэр нь хий дэмий арвагнадаг шиг би ганцаардалд дарлуулан байгаа хэдий ч ширээнээсээ босон нөгөө өрөөгөөр шагайлаа. Хүүгийн маань тоглож байгаад орхисон тоглоом яг л тэр янзаараа яайжийлдан хэвтэнэ. Охины минь уншиж байсан ном ширээн дээрээ дэлгээтэй, миний элдвийн юм эрээчсэн цаасыг эхнэр маань эмхэлж байгаад дутуу орхисон яг л тэр янзаараа харагдана.
Өнөө ганцаардал намайг улам бүр даапаалан жарвагнана. Хэрвээ түүнээс дуу гардаг бол ямар муухай чихарсан юмуу хяхтнасан дуу гарах бол гэж бодогдон дотор зарсхийв.
Хүний сэтгэл гэдэг ямар сонин, ямар ойгүй хүчтэй эд вэ. Би ганцаардлаас дуу гаргаж тэр ч байтугай түүнийгээ сонсож дотроо эвгүйцсэн болж таарах нээ. Би одоо ганцаардлаас гарахын мөн болов. Тэгэхийн тулд яах вэ? Хэн энэ ганцаардлыг авчирав. Баахан бодов. Бодлын эцэст би өөрөө болж таарав.
Тиймээ би. Би цонхоо хааж, хөргөгчөө хүртэл салган өөрийгөө орчноос тасалж орхиж. Энэ хүрээлэн байгаа орчлон ертөнцгүй бол хүн гэдэг чухамдаа юу юм бэ. Би яагаад хоолныхоо ширээ, хоёр буйдангаа тийм уйтгартайгаар харж чадав. Би яагаад хүүхдүүдийнхээ амьтай зургийг амьгүй мэт харж чадав. Тэр зурганд амь бийг би мэднэ. Тэр гитаранд хөг аялгуу, өрөөнд маань гэрэл гэгээ бий шүү дээ. Би өөрөө өөртөө цухал төрж, ямар нэгэн арга саам хайсны эцэст босож цонхоо онгойлгов. Тэнд нөгөө миний дуртай цэнгэг агаар, моддын сэрчигнээн, шувуудын жиргээн байдгаараа байж л байлаа. Цонх онгойлгонгуут түүнтэй зэрэгцэн сэтгэлд минь бас ямар нэгэн юм онгойх шиг. Гаднаас миний дуртай бүхэн над руу орохын зэрэгцээ дотроос түрүүний уйтгар гуниг, гансрал, ганцаардал чихцэлдэн байж гарах шиг.
Би ч ухаан орсон юм шиг ухасхийн утсаа шүүрч өөрийн мэдэлгүй залгалаа. Утасны цаанаас
- Байна уу? гэх эелдэг, хонгорхон ижил дасал болсон уянгалагхан дуун чихээр дамжин урагдаж цоорсон сэтгэлийг минь уран шаглаагаар нөхөх мэт урсан орж ирэв. Би энэ дууг үгүйлэх гэж, энэ дууг сонсож уяран хайлж, урсан мэлмэрэх гэж энэ орчлонд ирсэн гэлтэй. Би хэсэгтээ дуугарч чадсангүй.
- Байна уу Өвгөөн? Яасан бэ? Зүгээр үү? гэх дуун үргэлжлэнэ. Тиймээ энэ дуу насан туршид минь үргэлжилсээр байх болно. Би ямар азтай нэгэн бэ.
Хоолой дээр нэг юм тээглэн хахаж цацав. Шорвог гэж жигтэйхэн. Хэрвээ ганцаардал ямар нэгэн амттай байдаг бол шорвог ч байдаг байж болох л юм. Гэвч би хоолойгоо засаж
- Байнаа. Хөгшөөн орой ямар хоол хийх вэ? гэж шал өмнөө юм асуулаа
- Өө тэрэнд санаа зовоод яах вэ. Миний өвгөн өөртөө хийх юм байвал хийж бай. Найз нь замаараа хүүгээ аваад удахгүй очно. Харин чи зүгээр үү? Дуу чинь нэг л биш байна даа. За үнсье. Вуе
- Вуе
Би өөрөө ч мэдэлгүй уртаа гэгч нь санаа алдаад гал тогоондоо орж хөргөгчөө буцааж залгалаа. Хөргөгчний дуу бас тийм ч муугүй юм байна гэж урд бодож байсангүй. Яагаад ч юм аманд дуу аялагдаж байна. Хачин солгой хоолойтой ч гэсэн ганцаараа юм чинь дуулаад хаячихлаа. Тэгсэнээ тэр солгой хоолойг шоолмоор санагдаад өөрийн эрхгүй цээжнээс инээд түлхээд болдоггүй инээчихлээ. Би өөрийгөө шоолон шоолон инээж байгаа нь тэр. Бүр хоёр аньсагаа чийгттэл инээв. Энэ чийг тэр ганцаардлынх юм уу эсвэл энэ инээднийх үү ялгаж би чадсангүй. Хүн гэж сонин шүү. Өөрөө өөрийгөө ганцаардуулж, түүндээ бачуурч бас өөрөө өөрийгөө шоолон хөгжөөдөг.
Тиймээ, сэтгэл зүрхээ чагнаж юугаар яаж дайлнав сэтгэл зүрх эргээд яг л тийм хариу барьдаг ажээ. Энэ бүх үйлдлүүдийг өөрсдөөр минь хийлгэдэг юм байна. Тэгэхээр бид сэргэлэн цовоо, өөдрөг гэрэл гэгээтэй явах нь зөвхөн биднээс л хамаарах нь дээ.
Түрүүний намайг шаналган байсан гуниг, ганцаардал хайчиваа. Оргүй алга. Гадаа нар халхлан байсан үүлс ч нүүчихэж. Халуун нартай өдөр үүлэн сүүдэр дайрахад сэрүүцэж амждаг шиг жинхэнэ жаргалыг жижигхэн гуниг хүртэл чимдэг ч юмуу даа.
Би өчигдөр уншиж байсан хачин уйтгартай юм шиг санагдсан номоо барьж намайг хүлээх буйдан дээрээ албаар, бүр хүүхэд шиг үсрэн ойчлоо. Ямар зөөлхөн дулаахан буйдан бэ. Уншиж буй номныхоо мөн чанарыг яг энэ мөчид олж ойлгож чадав. Хүн яаж ингэж бичиж чаддаг байнаа . . .
. . . Энэ зохиолчид, тэр байгаль ертөнцөд, үгүй ээ ерөөсөө өөрийгөө хүрээлэн байгаа юм бүхэнд цав цагааханаар атаархав би . . .
Бүрэн эхээрээ...