# #

"Гүйгч" (Өгүүллэг)

24 Сэтгэгдэлүүд:

“Яасан сайхан тунгалаг нартай, яасан сайхан цэвэр агаартай ямар гоё өглөө вэ? Энэ талбайг дор хаяж тав тойрдог хэрэг ээ”
Энэ бол түрүүхэн гэрээсээ гарах үеийн бодол. Гэрийн ойролцоох спортын талбайг хэдэн хүн тойрон алхах нь алхаж, шогших нь шогшиж байв. Тэдний дотор нэг ягаан хувцастай хүүхэн их тод харагдана. Намайг гүйж эхлэхэд тэдний зарим нь гайхан харж байсан юм. Миний гэдэс гүзээнээс авхуулаад хацар хүртэл сэгсрэгдэн доргиж, нэн төвөгтэй байсан ч би гүйсээр байв. Ямар эхний өглөөгөө л буугаад өгөлтэй нь биш.
“Энэ талбайг тав тойрно л гэсэн бол тав тойрно шүү”
- Тэр улаан будагтай шон хүрчихвэл нэг болно гэж би амандаа үглэсээр арай гэж түүний хажуугаар өнгөрөөд авлаа.
“Нэг. Одоо дөрөв үлдсэн. Яая, дөрөв. За байз, өөр юм бодохгүй бол бүтэхгүй нь ээ. Юу бодох вэ? Ингээд гүйж явсан чинь түрийвчтэй мөнгө олвол яах вэ? Дотроо боодолтой мөнгө . . . Боодолтой гэхээр багтахгүй ш дээ. Гар цүнх байвал дээр юм биш үү. Арай ч бага юм уу? Нэгэнт л худлаа юм чинь бүр том чирдэг цүнхтэй мөнгө олвол байр авчихна, машин авчихна. Айн. Тэгээд илүү гарвал . . . Нээрээ, энд байгаа хүмүүст мэдэгдэхгүй байх хэрэгтэй юм байна шүү. Хуваалцах юм болох юм болов уу? Ёох, зүрх амаар гарах нь ээ. Хэд тойрчих воо?”
Хамаг биений хөлс сул асгарчээ. Дух руу урссан хөлс явсаар нүдэнд орж хорсгоно. Зөрж өнгөрсөн зарим хүн намайг "Яанаа энэ одоо” гэсэн харцаар харж байлаа.
“За эд яадгийн. Хүн эрүүл мэндээ бодож байхад. Түрүүн тэгээд яалаа? Аан, нөгөө мөнгө. Ингэхэд тийм том цүнхтэй мөнгө улаан зам дээр хаядаг тэнэг гэж байх уу? Би ганцаараа тэрийг нь оллоо юу? Гурав л тойрчих шиг болох юм. Дөрөв гээд бодчихдог юм бил үү? Үгүй ээ, үгүй. Өөр л юм бодъё. Үнэн гоё туранхай залуу болчихвол манай хэлтсийнхэн яах бол? Ам нь ангайгаад таг болох байх даа”
Усан хулгана болтлоо хөлөрсөн нүүрэндээ өөрийн эрхгүй инээмсэглэл тодруулан толгой өргөтөл нэг залуу “үхсэндээ инээгээв” гэсэн харцаар шилбүүрдээд өнгөрөв.
“Еэ бурхан минь гэж хүний амь гэдэг ямар бөх юм бэ. Цээж задрах нь ээ. Энэ уушиг одоо ийм нарийхан хоолойгоор, ийм их агаарыг нэг зэрэг шахдаг юм байх даа. Зогсдог ч юм билүү. Улаан будагтай шон хаачив аа?”
Нэг хартал өнөө ягаан хувцастай хүүхэн миний урдхан талд явах юм.
“Эмэгтэй хүн ч араасаа гоё л доо. Гэхдээ эр хүн байна даа урд нь гардаг хэрэг ээ”
Би хэрэндээ хурдлан пид пидхийн харайтал бүсгүй эргэж харснаа айсан янзтай зам тавьж өглөө.
“Тэгэлгүй дээ. Ёох, Зүрх, зүрх. Шал дэмий урд нь гарчихав уу”
Үнэндээ бол би зогсмоор л байв. Зогсох гэхээр арай хийж гүйцсэн хүүхэндээ гүйцэгдчих гээд, зогсохгүй гэхээр уначих гээд байх шиг байлаа. Сүүлдээ тэсвэр алдаад эргэж харвал хүүхэн аль хэдийн гараад явчихаж.
“Ээ ашгүй минь гэж, гүйцэгдэж онигоо болох гэж байна ш дээ”
Гүйх нь битгий хэл алхаж ч чадахгүй шинжтэй болсон тул өвдгөн дээрээ тулаад багтараагаа дарах гэж жаал зогстол хажуугаар өнгөрсөн өвгөн
- Зүгээр үү хө? гэлээ. Би дуугарч чаддаггүй зүгээр л толгой дохив.
- Бага багаар дасгахгүй бол гэнэт ингэж болохгүй л дээ гэж байна. Уриалгахан зөвшөөрмөөр үг гэж энийг л хэлэх байх.
“Ингэхэд хэд тойрсон бол оо? Дөрөв үү, тав уу? За, за яршиг, тав, тав”
Үлгэн салган гэлдэрсээр талбайгаас гарлаа. Цээж гэж нэг овогносон л юм байв. Уушиг толгой хоёроос өөр эрхтэнгүй юм шиг л санагдана.
“Одоо яаж ажилдаа явна аа”

* * *

“Өнөө өглөө би гүйсэн. Хичнээн хэцүү байсан ч би чадсан. Одоо ганцхан л юмыг чадах хэрэгтэй. Үдийн цайнаар ердөө хоёрхон ... үгүй ээ, гурав ... за, за бүр тэсэхгүй бол дөрвөн бууз идэх. Үүнээс ихийг ёстой болохгүй. Чи гүйж чадсан юм чинь тэсэж чадна”
Ажилдаа ирснээс хойш ийм л бодол миний толгойд эргэлдсээр сууна. Уг нь манай хэлтсийнхэн цөм босон суун хөлхөлдөж юу ч юм хийцгээнэ. Харин би л тэгсэнгүй. Угаас лагс биетэй, хөдөлгөөн муутай тул тэр болгон өөрт оногдсон дөрвөлжингөөсөө гараад байх дургүй. Манай байгууллагын оффис гэж хүн бүр бөөр бөөрөө нийлүүлсэн нэг, нэг дөрвөлжинд сууцгаана. Зарим нь өөрийн дөрвөлжиндөө зураг хөрөгнөөс авхуулаад аяга таваг хүртэл эвийг нь олоод өрчихсөн гэр шигээ тохилог байдаг бол зарим нь хаана юу байгаагаа ч мэдэхгүй хогийн тантан шиг юманд хөглөрч суудаг юм.
“Тэр одоохон ирнэ. Гүйсэн гэдгээ хэлэх үү, болих уу. Ер нь ингэхэд яваандаа би ямар болох бол?

Өглөө болгон тогтмол гүйгээд яг энэ эрчээрээ байх болов уу?
Эсвэл нэг их мөрөөдлөөс цаашгүй яг энэ хэвээрээ байх болов уу?

За, за мэдэх юм ёстой алгаа. Ядаж байхад өнөөдрийн цаг яасан явдаггүй юм бэ?”
Байж ядахдаа компьютерийнхээ дэлгэцийн доод булангийн цагийг харвал дөнгөж 10:00 болж байв.
“Өглөөнөөс хойш ганцхан цаг өнгөрлөө гэж үү?”
Цагийг батлах гэсэндээ ч биш зүгээр л зөнгөөрөө эсрэг талын хананд өлгөөтэй байдаг том дугуй цагийг дөрвөлжингийнхөө дээд ирмэг дээгүүр хараагаа давуулан хяламхийн харвал яах аргагүй арван цаг.
“Үгүй ерөө яг таарч байх шив дээ. Хүний дургүй хүргэх гэсэн юм шиг том тоотойг яана. Тэгээд бас ромбо шүү. Зэвүү хүрмээр. Одоо X, дараа нь XI, XII болно. Хаа байсан I цаг. Мөн ч болоогүй байна даа”
Миний ходоод гэнэтхэн хажууд хүн байсан бол сонсогдохоор чанга хоржигноход би өөрийн эрхгүй шүлсээ гүдхийтэл залгилаа. Бие хөнгөрөөд жин хассан ч юм шиг санагдаад болох биш. Гэдсэн дээрээ хуруугаараа зөөлхөн хатгаад үзтэл хурууны өндгөн чинээ газар хонхойж байна шүү.
“Зөөлөрчихөж. Тэнтийсэн, хатуу гэж жигтэйхэн байдагсан энэ гэдэс, зөөлөрчихөж”
Цагны урт зүү торхийж, дуртай дургүй нэгээр урагшлах нь дуулдав.
“Сонин юм шүү. Хаа байгаа тэртээ хананд байх хэрнээ ийм чанга сонсогддог байх гэж”
Харвал 10:01 болж байв.
“Тэр муу тэнэг цагийг харахгүй ээ. Ерөөсөө ажлаа ухаан жолоогүй хийгээд, цагийг ор тас мартъя. Сараагийн дууг дуулна аа цус”
Би хурдан, хурдан хөдлөх зуураа
- Мартъя чамайг . . .мартъя. . . мартъя . . . гэж амандаа их сүрхий аялав. Овоо болж байх шиг санагдана.
“За байз, хэлтсийн дарга надаас юу шаардлаа? Тийм л дээ, зам доогуурх сүлжээний зураг гэсэн шүү дээ”
- Зам доогуурх цахилгааны сүлжээ . . . Мартъя . . . Бас холбооны шугам . . . Мартъя чамайг . . . гэж аялсаар байв. Хүмүүсийн бүдүүн гэж шоолоод байдаг хуруунууд маань компьютерийн товчин дээгүүр хурдалж, дэлгэцэнд элдвийн схем зурагнууд жирэлзэнэ.
“Ажил гэдэг яралзаж байх чинь ээ”
Гэтэл гай болж өнөөх дэлгэцний цаг руу нүд гүйгээдэхлээ. Дөнгөж 10:08 . . .
- Мартъя . . . чамайг мартъя . . . мар . . . мар . . . гээд овоо дуулж байсан хүн чинь зурагдсан пянз шиг болоод явчихлаа.
“Өө, дөнгөж долоохон минут өнгөрлөө гэж үү, арай ч дээ”
- Аан-хаан, бүтэлгүй дурлал уу, айн? гэж хашгирах шахам хэлсэн Чаминхүүгийн дуунаас би бондгосхийтэлээ цочив. Энэ Чаминхүү гэж миний зүүн талын дөрвөлжинд суудаг манай хэлтсийн хамгийн ганган залуу. Уг нь бие хаа, царай зүс сайхантай, бүсгүйчүүдийн дур, нүд хоёрыг соронзодсон залуу. Гэм нь ярианыхаа төгсгөлд дандаа басамжилсан дээрэнгүй өнгөөр ха ха гэж инээдэг юм. Энд, тэнд харагдахгүй атлаа гэнэтхэн гарч ирдэг сонин авъяастай бас. Магадгүй би л болхи солхидуу учраас олж хардаггүй байх л даа.
Харин би бол . . . Би бол хүн харахгүй байхын аргагүй бүдүүн, халуунд хөлөрдөг тул хоёр суга маань байнга нойтон явдаг хүн. Гэлээ гээд яахав дээ залуу хүн байна бусдаас юугаар дутдаг юм гэж бодоод өнөөдрөөс эхлэн гүйж байгаа ухаантай.
- Урд шөнө түчигнүүлсэн хүүхнээ мартлаа юу? Чадлаа юу? Зайтай эрээ, унтаад л мартаад л, унтаад л мартаад л, айн? ха ха
“За чи л тэгдэг байх даа”
- Ийм сайхан залуу аргагүй л дээ ха ха
“За чи сайхаан, чи сайхан. Яасан ч их зарладаг юм дээ. Бүгд мэднэ ш дээ”
- Нээрээ, чи хэнийг мартах гэсийн? Найз нь аваад залчих уу? Чамд мартахад амар ш дээ ха ха гэж инээлээ. Тэр намайг битүүгээр доромжлоод байгаа тул би тэсэхээ байж
- Хөөе! Чаминхүүхэн гуай чи наад амаа татах уу, эсвэл би таглаад өгөх үү? гээд сандлаа түлхэн амьхандаа хурдан босоход намайг ингэж уурлана чинээ бодоогүй бололтой гайхсанаа
- Өө хө, тэгэлгүй яахав. Би амаа татлаа ха ха гэхтэй зэрэгцэн
- Яг зөв. Наадах чинь дуугай болчихвол би ч гэсэн их баярлана шүү гэсэн ялдам хонгор дуу уянгалав.
“Солонго ирчихсэн гэж үү”
Энэ бол Солонго. Нэр нь ч Солонго, мөрөөдлийн минь ч солонго. Миний баруун талын дөрвөлжинд суудаг юм. Намайг энэ хэлтэст шалгалт шүүлэг өгөн байж арайхийн ороход нүдэнд туссан ганц бүсгүй бол энэ. Түүний царай зүс, алхаа гишгээ, намирсан үс, талимаарсан нүд гээд түүнд өөлөх юм нэг ч үгүй. Харангуутаа дурласан гээд л хачин юм энд тэнд сонсогддог доо, тэр чинь л надад тохиолдоод байгаа юм. Харин Солонго бол надад дурлах нь байтугай тогтож харах ч хүн биш. Хараанд нь өртөхийн тулд би ядаж л турах хэрэгтэй. Манай хэлтсийн дарга тэр хоёрыг учиртай л гэдэг юм. Үнэн ч байж мэдэх ч худлаа байгаасай гэж би боддог.
- Ийм том баатар эр намайг бяц дарах байлгүй ха ха гээд Чаминхүү дөрвөлжиндөө усанд живэх мэт доошлон оров.
“Чи гуалигаа, гуалиг. Гэхдээ Солонгоо намайг дэмжсэн юм чинь”
Би ийш тийш тааламжтайхан харлаа. Солонго харагдсангүй. Бодвол суучихсан байх. Жаахан урамгүй болоод доошоо суух гэтэл түүний дөрвөлжингөөс улаан хүрэн өнгөөр будсан хумстай эрхий хуруу гозойлоо. Солонгоо надад зориулж байгаа нь илт
“Еэ бурхан минь, цав цагаан, ямар хөөрхөн гар вэ? Ийм булбарайхан гарыг нэг атгахсан. Хумсыг ийм гоёор будаж болдог байх гэж”
Сэтгэл цадаж, итгэл оргилж байнаа. Тиймээс ажлаа эрчтэй нь аргагүй хийлээ. Дуу аялмаар ч юм шиг. Баруун талаас халуу төөнөөд ч байх шиг. Лагс хүнд бие минь хөнгөрчихсөн ч юм шиг. Ер нь яг юу болоод байгааг мэдэх юм алга. Гэтэл гэнэтхэн өнөө гайт цагийн зүү торхийн уналаа. Өөрийн мэдэлгүй харчихгүй хаачихав. 10:40-ыг зааж байна.
“Овоо явчихаж. Хэрүүл уруул хийхээр ийм хурдан өнгөрдөг юм байх даа. Тэгээд л хүмүүс юм л бол хэрэлдэх гээд байдаг юм болов уу? За за тэр яахав. Цайны цагаар би дөрөвхөн бууз иднэ. Манайхан, тэр тусмаа Солонго намайг гайхна”
Би ажлаа хурдан, хурдан хийж принтер лүү шидэж байлаа.
- Бийгээ (Big), хүүе Бийгээ
“Ёох, намайг энэ нэрэнд ямар дургүй гэдгийг эд яагаад мэддэггүй юм бол оо”
- Чи юм хэвлээд байгаа юм уу? Энийгээ аваачээ Бийгээ гэж Хандаръяа өрөөгөөр нэг хашгирав. Тэр яг принтерийн хажууд суудаг юм.
“Орилоо, орил. Ажил гэдэг гараас гарч байхад юун чамтай мар мархийх манатай”
- Хөөе! Чи яг хэдэн кг бэ? гэх дуутай зэрэгцэн зүүн талын дөрвөлжингөөс Чаминхүүгийн толгой бараг л ороод ирэхэд нь цочсоноо мэдэгдэхгүйг хичээв.
“Зуун хорь, тэгээд юу гэж”
- Чи дөнгөж ная л байх тээ? ха ха
“Хуц муу хулгайч минь. Арай ч муухай бодчих вуу. Хулгайч ч биш л дээ, зайлуул”
Би дуугай л байлаа.
- Чам шиг сайхан, Бийгээ гэж дуудуулах юмсан ха ха
“Болдог бол алах юмсан чамайг”
Би хэрээрээ муухай харлаа. Тэр чимээгүйхэн гулсан доошлов. Солонго харах вий гэж их санаа зовсон боловч тэр цухуйсангүй.
“Ашгүй дээ”
Дахиад л цаг руу харлаа XI болчихож шүү.
“Өлсөж байна даа”
Би хэнгэнэтэл санаа алдлаа. Хуучнаараа юм бол өдийд дэргэдээ нэг боов, жигнэмэг, үгүй ядаж л гэрээсээ авчирсан хавчуургатай талхаа хивж байхгүй юу. Миний гэдэс тэр доороос эх аван дээшээ мохоо хутгаар өрц зурах шиг гол харлав.
“Гол таслах нь шив дээ, шаар чинь”
- Хүүе! Бийгээ, энийгээ ав л даа. Би бас юм хиймээр байна ш дээ гэж өнөө галзуу чинь хашгирлаа.
“Очиж авахгүй бол өнөөдөржингөө орилоод салахгүй. Хэл ам нь цуцдаггүй юм байх даа”
Би очоод юмаа авахдаа түүнийг их эвгүй харав. Тэгтэл өөдөөс
- Тийм. Цуцдаггүй юм. Өдөржингөө ярьсан ч чадна за гэлээ.
“Энэ одоо миний бодлыг ингэж уншаад байхдаа яахав дээ”
Би тулгамдсандаа ганц ч үг ганхийлгүй эргэтэл араас
- Уншина за. Чам шиг юмнууд энэ палигар нүүрэндээ бодлоо биччихдэг байхгүй юу
“Эргэж л харахгүй юм шүү. Тэгснээс хана мөргөсөн нь дээр”
Хурдхан шиг явсаар дөрвөлжиндөө орох гэтэл зүүн талаас Чаминхүү шовосхийж
- Бодоод байсан чинь хүн, хөнгөн байснаас хүнд байсан нь дээр юм байнаа. Чамайг хэр баргийн хүн цохиход унахгүй тээ?
“Ий, чамайг яая даа байз”
Би хариу дуугарсангүй нэг муухай харчихаад сандал дээрээ бөгсөө тавилаа.
“Ёох, эндээ л сууж байвал хүний нүдэнд өртөхгүй амар юм”
Би сандалтайгаа жаахан гулсаж баруун ханаа наллаа.
“Энэ намхан хананы цаана тэр минь байгаа гэж бодохоор дулаахан ч юм шиг. Болдог бол энэ ханыг авч хаячихаад Солонгоотой цуг нэг дөрвөлжинд суух юмсан. Чиний энхрийхэн царайг үргэлж харна. Ялдамхан үнэрийг чинь байнга үнэрлэнэ”
Би нүдээ анин бодолдоо уярч, нүүр дүүрэн инээмсэглэн эргэдэг сандлынхаа түшлэг налан хөлийнхөө өлмийгөөр дэмнэнхэн зөөлөн ганхуулж суулаа. Миний үс баруун ханыг үл мэдэг шүргэх нь бараг л худалч хүнд Солонгоо илээд байгаа юм шиг санагдана.
- Яая, ийм том нүүр гэж бас байдагаа гэх дуунаар нүдээ нээвэл Чаминхүү миний дөрвөлжинд аль хэдийн ороод ирчихсэнээр барахгүй улаан нүүрээ миний нүүрэнд тулгачихсан байдаг байгаа. Цочсондоо ухасхийн босох гэтэл сандалтайгаа баруун ханаа нурааж, дээш харан унаваа. Тэр хавиар нэг нүргээн пижигнээн болов. Хурдхан босох гэсэн чинь юу ч юм хөшчихөөд болдоггүй. Нүүрэнд цус хуралдаж час улаан болов. Солонго яасныг ч бүү мэд. Чихэнд сонсогдох тэр олон инээднээс Чаминхүүгийн ха ха, Хандаръяагийн тас тас хийх л сонсогдож байлаа. Манайхан бүгд намайг тойрон зогсоод бие биенээ нударцгаана.
- Паа, яанаа тэр гэдсийг нь ээ
- Арай дэндүү муухай юмаа
- Өеөлдөөд хөшчихдөг байна ш дээ хи хи
- Ямар нэгэн юмаар түлхэх юмсаан гэцгээж байлаа.
Ичсэн гэж юүхэв. Арайхийж өнхрөн байж бослоо. Хүний царай харах шиг хэцүү юм алга. Харцаараа Солонгоог арай гэж олов.
- Уучлаарай Солонго. Би . . . би . . . гэсэн үгийг амнаасаа унагав. Солонго уурласан бололтой хариу хэлэлгүй чимээгүйхэн нурсан бүхнээ босгоно. Манайхан бид хоёрыг жаал харж зогссоноо тарцгаалаа.
- Бүдүүн, тэгээд бас бүтэлгүй
- Мэдэхгүй, нэг л заваан санагдчихлаа гэж хоёр хүүхэн хоорондоо шивнэлдсэнээ сэжиг нь хүрэв үү гэлтэй мөрөө чичигнүүлээд явлаа.
- Чамайг гэмтээгээгүй биз? Яагаа ч үгүй юу? гэж Чаминхүү Солонгоог тойрон шалав. Солонго бас л дуугарсангүй.
“Надад уурласнаас зайлахгүй”
- Чи л хэлэхгүй байна даа. Няцалж алах нь байна шүү, цаадах чинь ха ха
“Чи л цочоож унагасан биз дээ”
Тэгтэл хэлтсийн дарга хаалгаараа толгойгоо цухуйлган харцаараа намайг хайж олоод, хайх ч юу байхав дээ би дэнхийгээд байж байгаа юм чинь, долоовор хуруугаараа дохин нааш ир гээд хаалгаа хаачихав. Араас нь орохоос яахав.
- Ха ха . . . алуулсан . . . ха ха гэх танил зэвүүн инээд ард хоцров. Би хүмүүсийн дундуур шоолсон, заримынх нь “яана даа энэ одоо” гэсэн өрөвдсөн харцаар үдүүлсээр явав.
- Юу гээч. Хүмүүс ажил хийж байна. Тэд чинь тайван амгалан, бас сайхан орчинд ажиллаж амьдрах эрхтэй. Гэтэл чи . . . Ядаж чи хүний анхаарал татахгүй байж болохгүй байна уу? гээд дарга цаашаа хэлэх үг нь ч олдохгүй байгаа бололтой толгой сэгсэрч нэг муухай харснаа гараа хайнгадуухан сэгсэрч буцаад гар гэж дохилоо.
“Би уг нь буруугүй ш дээ. Тэр муу Чаминхүү”
Даргын өрөөний хаалгыг зөөлөн хаагаад үүдэнд нь жаал зогсов. Дотор харанхуйлаад болох биш.
- Цэлцийсэн муу өөх чинь гэх даргын үглэх сонсогдонгуут бушуухан гарч, бие засах өрөөнд орж, угаалтуур тулан зогслоо. Дотроос нэг юм огшиж, гашуун зураа татаад болдоггүй.
“Миний тарган байх хэнд хамаатай юм бэ”
Жаал зогсоод толгойгоо өндийлгөвөл өөдөөс мэлтийх толинд урамгүй царайтай бүдүүн хүн усан нүдэлсэн харцаар ширтэнэ. Анх удаа өөрийнхөө арчаагүйг харав. Хэзээ ч билээ гадаадаас захиж авчруулсан цамц маань хуучраад зах нь сэмэрчихэж, өмссөн өмдний индүүдлэг арилаад парвайчихаж. Гүзээ маань өмдөн дээгүүрээ даваад унжчихаж, эрүү минь давхарлаад хүзүүтэйгээ нийлчихэж. Юун гоё харагдах, юун Солонгоод тоогдох.
“Бурхан яахаараа ийм ялгаатай ханддаг юм бол? Энэ бүхэнд би ямар буруутай юм бэ?”
Өнөө гашуун зураа улам бүр дээшилсээр нэг мэдсэн чинь миний өргөн хацар дээгүүр нарийхан нулимс чимээгүйхэн урсаж эхлэв. Хүний хөлийн чимээ гарч, хаалга онгойнгуут би хурдхан шиг нүүрээ угаагч болон тонгойв.
- Гайгүй юу? Бийгээ
“Өнөөх гайт Чаминхүү”
- Би ч чамайг дууслаа л гэж бодлоо. Новшийн дуракууд яасан гэхээрээ ингээд дарга болчихдог байнаа тээ?
“Чи л болоод тэгж байгаа байх даа”
Тэр толинд тусах миний дүрсний хажууд тэртээ тэргүй гоё харагдах биеэ харж, үсээ нямбай нь аргагүй илж, цамцаа янзалж, өмдөө татахдаа харцандаа намайг шоолох авч түүнээ мэдэгдэхгүйг хичээн
- Чам шиг жаахан зузаарах юмсан гэж дандаа боддог ш дээ гэчихээд гарч одлоо.
“За тиймээ тийм”
Нэгэнт ганцаараа үлдсэн болохоор биеэ суллаж, уртаар санаа алдан хэсэг зогсоод бие засах өрөөнөөс гарлаа. Одоо суудалдаа буцаж суухаас өөр яах билээ.
Газраар нэг унасан бичиг цааснуудыг хэн нэгэн ширээн дээр буцаагаад тавьчихаж.
“Хэн хураасан юм бол?”
Эргэн тойрноо харлаа Солонго алга.
“Мэдээж тэр надад уурласан байж таараа”
Цаг харсан чинь 12:45 болж байна. Би олны өмнө гутамшиг болж, намайг хүмүүс амныхаа зоргоор муулж, муулсныхаа хэмжээгээр инээж байх хооронд аль хэдийн бараг хоёр цаг өнгөрчихөж. Хурдан юмаа.
“Цаг хугацаа гэдэг хэн нэгний мууг үзэх хэмжигдхүүн юм гэж үү”
Аравхан минутын дараа өдрийн хоолонд орно. Гэхдээ одоо энэ надад сонин биш болжээ. Хоол идэх дур хүсэл ч алга. Хүмүүс намайг цэлцэгнэсэн өөх гэж бодож байхад би эдэнтэй цуг хоол идэх нь битгий хэл цаашдаа нэг хэлтэст ажиллаж чадна гэж үү. Хүний орчин ийм давчуу гэж би яагаад урд нь бодож байгаагүй юм бол? Би яагаад өөрийгөө бусадтай адилхан гэж боддог байсан юм бол?
“За, за өнгөрсөн. Би эдний хувьд дуусчихсан. Өнгөрчихсөн юм байна”
Тэгтэл хэлтсийн даргын өрөөнөөс гарч ирсэн Солонго наашаа чиглэхээр нь би хурдхан доош тонгойлоо. Солонгоо миний араар товор товор алхлан дөрвөлжиндөө орох нь сонсогдоно. Төдөлгүй баруун талаас өнөөх танхил үнэр хамар гижигдэв.
“Одоо энэ надад юуны хамаа байв гэж дээ”
Ханын цагны богино зүү ромбо I-ийн тоог торхийн зааж манай хэлтсийнхэн тушаал авсан юм шиг энд тэндгүй босоцгоолоо. Би боссонгүй. Дур ч хүрсэнгүй. Хандаръяа урдуур өнгөрөхдөө
- Бийгээ, яасан бэ? Чиний мөрөөдлийн цаг болчихлоо ш дээ
“Хн, Чинийх биш байтлаа ийм хурдан босоо юу”
Би хариу дуугарсангүй.
- Манай Бийг турах гэж байгаа юм ха ха
“Одоо би чамд уурлаад ч яах юм билээ дээ. Угаасаа л бүдүүн нь үнэн юм чинь”
Төдөлгүй баруун дөрвөлжингөөс Солонгоо босох нь мэдэгдэв. Түүнийг бас л харж чадсангүй тонгойв.
“Уг нь цуг сууж дөрөв, магадгүй гурав за бүр хоёрхон бууз идэж байгаагаа харуулсан бол. Даанч . . .”
Бодол дагаад тэр үү миний гэдэс хачин эвгүй хоржигнолоо.
“Гол харлана гэдэг ямар аймаар юм бэ? Би ер нь өлсөж байгаагүй юм байна шүү”
Миний араар хамаг л итгэл найдвар, хүсэл мөрөөдөл магадгүй амьд явах хүсэл минь товор товор гэсээр яваад өнгөрөх нь тэр. Хүн яах гэж амьдардаг юм бол? Яах гэж ажиллаж, яах гэж амьсгалж, яах гэж хайрлан дурлаж, яах гэж хүсэн мөрөөддөг юм бол? Ер нь хаана байнаа тэр хүний орчлонгийн сайхан?
“Солонго араасаа ямар сайхан харагдана вэ”
Би гэхэд өнөө өглөө яах гэж гүйсэн юм бол? Ерөөсөө л энэ бүхэн гүйснээс л боллоо. Тэгээгүй бол би мөрөөдөлд автаж нүдээ анихгүй байсан. Нүдээ аниагүй бол Чаминхүүгээс цочихгүй шүү дээ.
“Үгүй ер нь хэдэн кг хасна гэж гүйгээ юм болоо, новшийн тэнэг”
Би хоолондоо яваагүй ч энэ хооронд ажлаа ч хийсэнгүй. Юу ч юм гөлрөн, юу ч юм бодсоор суув. Манайхан хооллочихоод гарч тамхи татах нь татаж, маазрах нь маазарчихаад орж ирцгээлээ. Бүтэн цаг өнгөрчих нь энэ ажээ.
- Хүүе! Буузнууд чинь чамайг хүлээгээд, тавган дээрээ торойсоор үлдсэн шүү. Арван хоёрхон шүү дээ. Очиж уучихаад ирээч ха ха гэхэд зарим нь жиг жуг хийв.
- Нээрээ л уучихдаг байхаа. Чи ямар аймаар онож хэлдэг юм бэ гэж Хандаръяаг хэлэхэд
- За наадахаа орхио одоо, хангалттай инээлээ гэцгээв.
Би ширээнийхээ нүднээс цэвэрхэн цагаан цаас гаргалаа.
“Уг нь би энэ ажилд орох гэж их ч хичээсэн. Орсон өдрөө ч их баярласансан. Овоо ш дээ миний муу бондгор хүү гэж ээж маань толгой илж байсан нь санагдана. Гэхдээ би энд яахан үлдэх билээ дээ”
Ажлаас гарах өргөдөл гэсэн гарчиг тавьлаа.
“Өөр ажил олсон учраас гэх үү, эсвэл хувийн бизнес хийнэ гэх үү”
Би зүүн дөрвөлжин рүү байн байн хяламхийнэ. Өнөөх новш гэнэтхэн цоройгоод гараад ирж мэдэх учраас тэр. Баруун дөрвөлжинд Солонгоо ирээгүй л байв.
“Үгүй ээ, үгүй. Энэ нэг л итгэлгүй болоод байна”
Өргөдлөө ураад дахин шинэ цаас гаргав. Эндээс гарах л тухай бодоод байгаа болохоос гараад хаачих тухай бодоогүй юм байна. Гэхдээ миний хаачих хэнд хамаатай гэж. Гарч л байвал болоо биш үү? Хэлтсийн дарга ирж, хажуугийн дөрвөлжинг өнгийж харснаа
- Солонгоо хаачив?
- Мэдэхгүй
- Чи ч яаж мэдэхэв дээ гээд цааш эргэлээ.
“Ерөөсөө л зайлж үзье”
Би өргөдлөө жирэлзүүлж гарав. Ерөөс энэ хамт олон дунд ажиллах сонирхолгүй болсон тул . . . гээд л бичтэл товор товор хийх хөлийн чимээ сонсогдож явсаар миний дөрвөлжинд ороод ирэх шиг болохоор нь хурдхан шиг цаасаа хумиад доороо атгачихлаа. Солонгоогийн сайхан үнэр нөмрөөд авах шиг л болов. Тэр миний мөрөн дээр зөөлхөн цагаан гараараа дарж, нөгөө гартаа барьсан савтай хоолыг ширээн дээр тавиад над руу бөхийхөд түүний зөөлөн хүрэн үс нүүрийг минь бүрхэв. Тэрээр чихэнд минь уруулаа шүргэн алдуулснаа
- Чи өдөр нь хоолоо, орой нь жимс тараг идэж бай. Тэгвэл сайн байдаг юм. Эхэндээ хэцүү. Гэхдээ сурчихна. Өнөө өглөө чамайг гүйж байхыг чинь харсан шүү. Хичээгээрэй. Амжилт гэж намуухан шивнэчихээд өөрийнхөө дөрвөлжингөөс хэдэн цаас аваад гарахдаа ч гэсэн над руу хачин хөөрхөн нүдээрээ урам хайрлах шиг ирмэв. Ганцхан би ч биш манай хэлтсийнхэн тэр чигээрээ гайхаж байлаа. Чаминхүүгийн нүд бүлтийгээд ухаан тавьчихав уу гэлтэй зогсоно. Хэлтсийн дарга толгой сэгсэрснээ
- Хурдалаа Солонгоо, дарга хүлээгээд байна. Цаг бол цаг ш дээ гэж шамдуулсаар гарцгаав.
- Оог! . . . Яаж чадав аа гэсэн Хандаръяагийн огиудас нь хүрэв үү гэмээр дуу тэртээ цаана сонсогдов. Гэхдээ түүний яах нь надад огт хамаагүй. Миний ямар байх ч эдэнд хамаагүй. Миний сэтгэлд юутай ч зүйрлэмгүй сэргэж, гэрэл асчих шиг болов. Өргөдлөө урлаа. Бүр олон жижиг хэсэг болгон жижиглэж хаялаа.
“Оройдоо тараг бас жимс. Өдөрт ойр ойрхон, бага багахан иднэ. Тэгээд гүйнэ. Тэр намайг харна. Өглөө болгон нар мандана. Хорвоо ертөнц ямар сайхан юм бэ?”

* * *

Энэ бол тэр нэгэн өдөр Солонгоогийн орхисон хоолыг Чаминхүүгийн хэлдгээр “ууж” байхдаа бодсон бодол. Одоо бол би яг тэр . . . ээрээ байгаа шүү.


Түмэнбаярын Бум-Эрдэнэ 2013.09.23 УБ хот.

Бүрэн эхээрээ...

Яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва

2 Сэтгэгдэлүүд:

Зээргэнэт ногоон талын минь хазаар хүрэнтэж, таана шарлаад
Зэлний түйрэн бургиж унаганы дэл, адууны зүс дараад
Хэдэн дүү нар сургуульдаа буцаад, гэрийн дотор элин хулин
Хээ торго шиг шарлаг тал дээр манайх ганц гэрээрээ...

Алтан нарны амсар тосгуулан адуугаан хурааж зэлэн дээр ирэхэд
Аав маань гэрийн тэндээс хазаар барьсаар ирж яваа нь нүдэнд үзэгдээд
Аргалын утаатай өөжин цагаан гэрийнхээ гадаа
Аарц шахаж буй ижий минь дүр улам тодроод... улам л тодроод

Ай хөөрхий, эрт хүйтэрсэн энэ жил намраас хойш жил болгон
Аюулхай цээжиндээ ээжийгээ санан бэтгэрсээр байх нь дээ Бүрэн эхээрээ...

Яруу найрагч Гончигийн Сүхзориг "Охин минь"

2 Сэтгэгдэлүүд:

Охин минь
-"Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон"
Миний хөдөө нутагт
Чиний даашинз мэт
Хөв хөх тэнгэр байдаг
Түүний дор
Мөхөөлдөстэй төстэй
Мөнх цаст уулс байдаг
Тэр мөхөөлдөстэй төстэй
Уулс нь утаа шиг
Мананд умбаад сүрлэг

Уулнаас ширүүн урсгалт гол урсаад
Ширүүн урсгалт голын эргээр
Ханын цаасан дээрх хээ мэт
Эрвээхэй тэргүүтэй соно, тэмээлзгэнэ нисэлддэг юм.
Миний охины тоглодог
Бамбаруушнаас хамаагүй том
Хонь ямаад бэлчиж
Миний охины зурагтай номон дээрх
Адуу тэмээ үхэр бэлчдэг

Тэнд өвс цэцэгс
Хивс шиг талыг бүрхээд
Хүмүүс дээр нь гэрээ бариад
Аз жаргалтай амьдардаг
Охин минь
"Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон" Бүрэн эхээрээ...

Яруу найрагч Лхамсүрэнжавын Ганзул

1 Сэтгэгдэлүүд:

Усны захад гуниглан суугаа нь
Шувуудыг үдсэн охин хонгор юм
Уйтгар гэдгийг анх түүнд
Нүүгээд явчихдаг шувууд өгсөн юм
Усны толионд гэзгээ дүрэн
Уйлж уйлж нулимсаа үзээд
Нуурын дэргэд түүний зовлон
Дусалхан гэдгийг ойлгосон юм... Бүрэн эхээрээ...

"Түнтүүлэй" (Өгүүллэг)

41 Сэтгэгдэлүүд:

photo By.Зоригт


- Ингээд ногоороод байвал юу авч шалихав дээ гэх дуунаар би давхийн сэрлээ. Нарнаас нүүрээ халхалж байсан цамцаа хуулан харвал дөрөв тав орчим настай болов уу гэмээр халзан толгойтой, онигор нүдтэй түнтгэр бор хүү зогсоно. Хацар нь улаа бутраад хачин эрүүл, тохой нь нөхөөстэй, энгэр нь халтардсан дээл өмсжээ. Түүний ард их номхон болов уу гэмээр хонгор алаг даага толгой хаялан тургина. Нойрмог нүдээ нухлаад тэр том хүнтэй юу гэж яриа эхлэхээ мэдэхгүй гөлрөв.
- Өдрийн наранд унтаад байхаар наад тархи толгой чинь хагардаггүй юм уу? гэж бүр нэг том хүн шиг асуух загнахын завсраар хэлж байна.
- Нүүрээ бүтээгээд жаахан хэвтсэн чинь нам унтчихаж гэж би өөрийн мэдэлгүй бүр жаахан хүүхэд шиг хариулчихсандаа ичих шиг.
- Май энийг уу гэж байна. Наад сархинаг чинь хатлаа гээд гурвын бедонтой зэлгээн цай өгөв. Үнэндээ ангасан гэж учиргүй. Цайг хоёр завжаараа сагартал залгилаад түүнээс бас л санаа зовов.
- Ингэхэд чи хаанаас гараад ирэв.
- Саахалтаа саахалт. Өглөөнөөс хойш таныг дурандлаа. Хөдлөхгүй болохоор чинь арай үнэр орчихоогүй байгаа гээд ирж байгаа ухаантай, тэгсэн гайгүй шив дээ гэж байна. Инээд хүрээд болдоггүй. Нэг муу нусаа татсан тагжийсан юмыг яалтай ч билээ.
- Ингэхэд чи хэдтэй вэ?
- Энэ жил зургаа хүрэх юмдаг уу даа
- Өө тийм үү? Тэгвэл чи их том хүн байх нь. Би чамайг дөрөвтэй л юм болов уу? гэж бодлоо
- Биеийн дорвиор биш ухааны зараагаар амьдрана шүү дээ гэж хоолойгоо шахаж ирээд л хэлж байна. Эгээтэй л инээчихсэнгүй
- Ухааны юу гэнээ?
- Хн! зараа. Ухааны зараа гэж одоо хүртэл мэдэхгүй юү?
- Үгүй тэгээд тэр чинь яг юу юм дээ. Яагаад зараа гэж? гэхэд хүү хэсэг түгдэрч, бодолхийлснээ
- Яахав дээ, зарааны үс шиг олон ухаантай л гэсэн үг байхгүй юү гэж авлаа. Ингэхээр чинь хүн ер нь тэсэх үү? Түс хийтэл инээлээ. Сүүлдээ инээдээ барьж чадалгүй эвхэрч унав. Нүднээсээ нулимс гартал инээв. Хүү нусаа татаж хэсэг зогссоноо ичив бололтой
- За, за үг олдож, үхэр холдох нь гээд дааганыхаа мундаанаас зулгааж мордох гэж оролдов. Арай л хүрэхгүй юм. Туслах санаатай түүний дэргэд очвол зүүн хөлөө хэзээний сурцтай нугалахаар нь өргөж мордуулав. Түүнийг мордуулахдаа ч гэсэн би инээсээр байлаа. Хүү мордсон хойноо
- Би өөрөө мордчих байсан юм чинь гэж хэлээд хүү даагаа шап шуп ороолгоход хонгор алаг даага сүүлээ шарван шогшов. Ороолгосоор байгаад шарваа болгочихсон нөхөр бололтой. Эгдүүтэй гэдэг нь, болдогсон бол даагатай нь түлхээд унагачихалтай нь билээ муу золигийг. Би хүүгийн авчирсан цайнаас дахин хэд балгахдаа халуунд цай авчирч байхад нь шоолоод буцаадаг тун тоогүй гэж саналаа.

Миний өвс хадаж байгаа газраас саахалтын зайд их бага хоёр гэр байх агаад гадаах хашаа хороог нь ажвал хэдэн үхэр, цөөхөн хоньтой хөгшин голдуу хүмүүс байдаг болов уу гэмээр айл харагдана. Тэндээс л иржээ дээ янз нь.
Авга ахдаа энэ жилийнхээ амралтаар өвс хадаж өгнө гээд ам алдсан юм. Аав минь өнгөрөөд удаагүй болохоор сэтгэл уяраад тэгсэн ч байх. Тэгээд жижиг майхан гар хадуур, алх дөш, хэрэгцээний жаахан юм аваад өчигдөр хүргүүлж ирсэн ухаантай. Авга ах маань ч гэсэн намайг өвс хадахаасаа илүүтэй бичиг цаас цоохорлож суудаг хүн салхи агаарт амраад аваг гэсэндээ зөвшөөрсөн байх.
Өвс хадах нь миний хүүхэд ахуйд сурсан ажил бөгөөд яагаад ч юм би их дуртай байж билээ. Бага гар, дунд гар гэсээр би төгсөх ангидаа орох жилээ их гарын хадуураар бүтэн мөр ширвэдэг болсон юм. Гарц сайтай газар иртэйхэн хадуураар бүтэн мөрийг бага гэрийн буйрын дайтай татахад их ч эв, их ч ур орно доо. Тэгээд бүр хуйхаар нь хадахын сайхныг хадаж сурсан хүн л мэдэрдэг мэдрэмж. Хадсан мөр сүүдэрлээд ирэхээр даанч нэг урамтай байдгийм. Хамгийн гол нь гав ганцаар бодолд дарагдан, анир алсарсан хөдөөгийн буйдад гээгдэж хоцрох хичнээн жаргалтай гээч. Магадгүй би энэ л мэдрэмжийг дахин олох гэж амралтаараа наашаа зүтгэсэн байх.

“Аан чи ганцаараа байна уу” гэсэн шиг миний толгойд үргэлж эргэлддэг бодол маань орж ирлээ.
“Би тэр бүсгүйтэй суух уу? . . . Болих уу?
Тэр надад таалагддаг уу? . . . Хачин их таалагддаг. Би бүр дурлаж гүйцсэн
Тэр бэлгийн харьцаандаа дутагдалтай юм уу?. . .Үгүй, тэр миний хүссэн болгоныг өгдөг
Тэгээд? . . .Тэгээд үү? Үгүй яахав дээ. Тэр хүүхэдтэй. Мэдээж минийх биш. Царай зүс, нүдний харц, үсний өнгө гээд бүгд өөр. Тэр зүгээр л өөр хүн. Ердөө л энэ.
Чи ямар хүүхэдтэй нь суух гэж байгаа биш дээ? . . . Тийм л дээ, гэхдээ би ээжтэй нь суухыг тулд түүний аав болох ёстой. Энэ л ёстой шийдэж чаддаггүй асуудал”
Миний дотоод хүнтэйгээ үргэлж ярьдаг сэдэв энэ л дээ. Би амьдралдаа хамгийн гол гэмээр нэгэн шийдвэрийг гаргаж чадахгүй явсаар өдий гуч хол давчихаж. Би тэгэхээр шийдвэргүй, зориггүй, өөрөөр хэлвэл хулчгар л нөхөр юм даа.

Өөртэйгөө ярих шалтгаан болсон бүсгүй манайд шинээр ажилд орсон юм. Тэр бүсгүй эрхэмсэг гэх үү, ихэмсэг гэх үү тийм нэгэн. Миний өөдөөс харсан сул ширээ түүнийх болсон тул хүссэн хүсээгүй өдөрт хэд хэдэн удаа харц тулгарна. Түүний санаатай байгаагаасаа илүү санамсаргүйхэн байгаа байдал нь таалагдаад байх шиг. Үсээ сулавтархан боосон хийгээд хайнгадуухан орхисон цамцных нь энгэр, үл ялиг жимийсэн уруул, алгуурхан анивчих уртавтар сормуус гээд надад таалагдах юм түүнд зөндөө. Хааяахан харц тулгараад байгаа улс чинь дуугарч таарнаа даа. Нэг удаа би түүнийг оройн хоолонд урьлаа.
- Анх чамайг харахад их ихэмсэг харагддаг байж
- Тийм үү? Тэгсэн чинь?
- Одоо харахад гайгүй ч юм шиг
- Энд ирэхийг зөвшөөрсөн болохоор тэгээ юм болов уу?
- Яалаа гэж дээ, би тэгж хэлэх гээгүй шүү
- Эрчүүд бүгд адилхан гэдэгт би одоо бараг итгэчихсэн дээ
- Яагаад?
- Яахав. Одоо чи ганц нэг хундага юм ууя гэнэ. Тэгээд . . .
- Тэгээд?
- Тэгээд үү? Тэгээд унтах талын л юм бодож эхлэх байх. Гэхдээ чи арай ч өнөө оройдоо тэгэхээргүй хүн байх л даа гэлээ. Бүсгүйн энэ дайралт надад таалагдсангүй. Гэхдээ түүнд миний сэтгэлийг татах зүйл олон байсан болохоор би түүнд улам бүр ойртохоор шийдээд
- Тэгвэл чи надтай унтчих талын л юм бодож суугаа юмаа даа? гэтэл тэр надаас харцаа салгалгүй хэсэг сууснаа
- Үгүй ээ, яах вэ? Хичээж болох л юм
- Яах гэж хичээх билээ?
- Өөр байх гэж
- Хэнээс?
- Бусдаасаа
Надад түүний амнаас унасан үг бүхэн улам бүр тааламжгүй сонсогдохтой сөргөлдөн тэр өөрөө улам ихээр таалагдаж байв.
- Чи бүх эрчүүдийг ингэж нэг нүхээр хардаг уу?
- Эрчүүд биднийг хардаг тэр нүхээр сөргүүлж харахаар тэд яг ижилхэн харагддаг юм.
Магадгүй энэ үг намайг тэр бүсгүй рүү эргэлт буцалтгүй татсан байх. Түүнээс хойш бид хоорондоо дасалцсан юм. Бид бие биендээ хайртай гэж хэлээгүй ч хайртай гэдгээ юу юунаас илүү мэдэрдэг болов. Тэгээд яг амьдардаг дээрээ тулахаар заавал ч үгүй нэг саад гардаг хойно доо. Тэр хүүхэдтэй байж таарсан юм. Хүнтэй ханилах гэсэн миний хүсэлд сөргүүлэн тавьсан хувь заяаны занга гэж ойлгож болно. Заавал надад ингэж миний хамгийн хүсдэггүй зүйлээр минь босго тавьдаг нь амьдралын ямар ад зэтгэр гэдгийг би мэдэхгүй. Ямартай ч гэсэн надтай учирсан гурван хайр ив ижилхэн нөхцөлтэй байж таарсан юм даа. Энэ үеэс эхлээд би өөртэйгөө дээрх яриагаа ярьсаар, тархи гашилгасан бодлогодоо хариулт эрсээр байвч “Хүүхэд нь минийх биш” гэсэн ганцхан хариу л гардаг байлаа.

Хүүг явсны дараа нэг хэсэг хоосорчихов. Хээрийн хөх чогчого хэдэнтээ шогшрохоос өөр чимээ даанч алга. Цаг хугацаа хийгээд байгаль дэлхий тэнхлэг дээрээ яг таг зогсчихоод, ганцхан би л хөдөлж байгаа мэт. Зарим хүнд хачин уйтай санагдах энэ орчинг би жаргал хэмээн сонгох нь энэ. Хадсан мөрнөөс багадаа “хадлангийн үнэр” гэж нэрлэдэг байсан нойтон өвсний шүүс үнэртэх нь тааламжтай. Нэгэнт нойр сэргэсэн болохоор хадуураа давтлаа. Нарийн ирийг нь алх дөш хавируулан давтаж нимгэрүүлнэ гэсэн үг л дээ. Сэтэлчихэж болохгүй. Сайн давтдаг хүний хадуур гурав хоногтоо дажгүй гэж ярилцдаг. Муу эмээ маань “Өвс хадаад сурчихвал хэрэг л болно доо хүү минь” гэж ирээд л захидагсан. Өдий болтол би өвс хадаж хоол олж идээгүй л яваа юм. Техник хөгжсөн өнөө үед хэрэг болохгүй тийшээ хандаа байлгүй.
Нүдний буланд нэг бүгээн дүрс бүртэлзээд ирэхийг харвал өнөө банди даагатайгаа наашилж явна шүү. Би буруу харчихав. Хүү дааганаасаа буугаад цулбуураа хаячихыг бодоход үнэхээр номхон амьтан юм. Би хараагүй хүн болоод хадуураа тогшсоор суугаа. Хүү намайг хараагүй гэж бодов бололтой
- Гараа, гараа . . . наад гараа авчихав. Ингэсэн хүн гараа л авдаг юм даа
- Яасан хүн?
- Дээгүүр харсан хүн
- Чи гараа цохиж байв уу?
- Надаар хийлгэхгүй л дээ, цаад өвгөн чинь
- Ингэхэд чи хэнтэйгээ байдаг юм бэ?
- Эмээ өвөө хоёртойгоо
- Аав ээж хоёр чинь хаана байдгийн?
- Ээж гээч
- За ээж чинь хаана байдгийн?
- Хотод, хотод. Тэр хүнийг харалгүй удлаа даа
- Чи ээж дээрээ очдоггүй юм уу?
- Хааяа нэг энүүгээр үзэгдэхээрээ ир л гэдэг юм. Худлаа даа худлаа. Яг очихоор тийм ч ажил, ийм ч ажил гээд явчихна. Тэр эзгүй гэрт нь юугаа ч хийх юм билээ. Уйтгартай. Тэгснээс хэдэн малаа хараад хээр явж байсан нь дээр гэнэ. Их том хүн шүү гэж бодоод инээд хүрч суув.
- Чамд дүү байхгүй юм уу? гэсэн чинь тэр халзан толгойгоо сэгсрэх мөртөө харцанд нь цоролзож байсан гал нэг их сүрхий буугаад явчихлаа. Түүнийг харсан хэн ч байлаа гэсэн нэг хэсэгтээ л чимээгүй суумаар. Би ч гэсэн тийм байдалд орчихлоо. Тэгээд гэнэт ухаан орсон мэт босож, өдөр авчирсан бедоныг нь өгөөд
- За байз. Ахад нь ядаж чихэр ч байхгүй яая дээ.
- Хнг! Ямар жоохон хүүхэд биш дээ, чихрээр яах вэ дээ гэв. Тэгтэл тэртээх гэрийн гаднаас нэг эмгэн
- Түнтүүлэй . . . миний хүү, Түнтүүлэй. Хоолоо ид. Хаашаа явчихав даа гэж хашгирах нь тод сонсогдлоо. Хүү бедон дээр ганцхан гишгээд даагандаа мордчихов. Савыг нь авч өгөх гэсэн чинь сэнжнээс нь цулбуурынхаа үзүүрээр уячихсан байж. Шууд л татаад авчихав. Тэгснээ над руу их бардамхан харж
- Би өөрөө чадна гэж хэлээгүй юу гэж өдрийнхөө яриаг гүйцээгээд мөн л даагаа шарвуулсаар явж өглөө. Хэвлүүхэн юмаа.

Ингэж Түнтүүлэй бид хоёр танилцав. Тугалаа ойр зуурхан эргүүлэхээс өөр ажил түүнд үгүй бололтой. Эмээгийнхээ бэлдэж өгсөн хоол ундыг зооглох ажил бас байсан байх. Тэгээд л өдөрт над дээр ирж өнөөх эцэс төгсгөлгүй том том яриагаа ярина даа. Зарим өглөө мань хүн унтчихна. Би өглөөн сэрүүнд хэд гурав ширвэх зуураа түүнийг хүлээдэг боллоо. Байн байн тэр хоёр гэр рүү саравчилна. Нэг өдөр бас жаал жуул юм барьсаар явган ирэв.
- За чи өнөөдөр надад юу авчирав?
- Ааруул, өрөм бас цай
- Чи ч намайг тэжээгээд байх нь дээ
- Муу хүний заяа завагт гэж манайтай ойр хадлан авдаг овоо азтай л моньд юм гэж байна.
- Би моньд гэж үү?
- Моньд гэдэг чинь муу үг биш ш дээ
- Тэгээд юу гэсэн үг юм?
- Хүү минь л гэж байгаа байх
- Аан, за за тийм байж. Би мэдэхгүй юм байна.
- Асууж бай. Мэдэхгүй юмаа асуух нь буруу биш шүү дээ
- Чи сургуульд орохоороо ээждээ очих уу?
- Үгүй ээ. Хот аймаар
- Яагаад? Хот чинь гоё ш дээ.
- Надад аав байхгүй юм чинь хэн намайг хамгаалах юм? гэлээ. Түнтүүлэй сая л нэг яг хүүхэд төрхөндөө оров. Тэгснээ нэг их санаа алдаад
- Та үйлийн үр үү? гэв. Би тулгамдаад
- Юу гэнээ?
- Эртээр орой би таргаа идчихээд орондоо нүдээ аниад хэвтэж байсан чинь эмээ миний духан дээр үнсээд “Энэ нэг эцэггүй амьтан биднээс хойш яана даа, чааваас” гэсийн. Тэгсэн чинь өвөө “Харин ээ, уг нь бид хүний ёсноос гажаагүй л юмсан. Хаанахын хэний үйлийн үр юм бол доо” гэж өвөө хэлсэн. Тэгэхээр би үйлийн үр байх гэлээ. Тэр энэ үгийг яавч олигтой үг гэж бодохгүй байгаа нь илт. Надад тэр энэ гээд хэлчих үг олдсонгүй хий дэмий л
- Чи аавыгаа санадаг уу?
- Би танихгүй л дээ. Харин өвөө л шагнана гээд байдгийн
- Өвөө чинь үү?
- Тийм. Нэг удаа өвөө “Хэрвээ нэг чадалтайсан болоод уулздаг бол шангий нь хүртээх юмсан” гэж эмээд хэлж байсан.
- Чи гомддог уу?
- Хараагүй хүнд яасан ч гэж гомдох билээ дээ гээд санаа алдаж байна. Би Түнтүүлэйгийн сэтгэлийг өргөх санаатай
- Чамайг хүмүүс том хүн шиг ярьдаг мундаг хүүхэд гэдэг үү? гэхэд түүний харцанд хачин адтай гэрэл гялсхийж
- Сахал Дамиа, Чих Сумъяа эд нар намайг Ойлон хөхийн гуулин толгойт их үгтэй эрийн хуйхаа л гээд байдгийн
- Сахал Дамиа, Чих Сумъяа гэдэг чинь хэн юм?
- Аан, манай эндхийн ах нар. Хааяа согтуу ирэхээрээ эмээгээс шимийн юм уух гээд ээрчихдэг юм гэлээ. Инээд хүрээд болох биш. Тэгтэл гэрийн тэндээс
- Түнтүүлэй, миний хүү . . . гэх дуу хадахад хүү
- За за гэрээдээ маажигная даа. Тэгэхгүй бол энэ хөндийгөөр нэг орилоод салахгүй гэсээр нуруугаа үүрээд алхчихлаа. Араас нь харжээ зогсохдоо түүний тухай хөнгөхөн гунигт автлаа. Хөөрхий минь эцэггүй юм байж. Тэгээд л өвөө эмээ дээрээ үлдсэн болох нь гарцаагүй. Тэр эцэг шиг юм нь нэг үзэгдээд энэ хүүхдийн элгийг дэвтээхэд яанаа гэж бодогдоно. Уг нь оройн сэрүүнд хэд гурав ширвэсэн бол надад хэрэгтэй санж. Гэвч тийм сэтгэл төрж өгөхгүй зовлонтой. Ерөөсөө нар жаргахаас өмнө эднийхээр нэг оръё байз гэж бодоод гэлдэрсээр тэднийд хүрэв.
Яваад ортол ёстой нэг хачин толгойтой хөх өвгөн, намхан шар эмгэн хоёр сууна. Өвгөний толгойг хараад хүүгийн хэлсэн Ойлон хөх гэсэн үг санаанд бууж инээд хүрлээ.
- За хадлан арвин уу хүүхээ?
- Гайгүй дээ. Гарц нь овоо л юм.
- Энэ жил сайхан байгаа. Би ч чамайг овоо хэд хоночихлоо ирдэггүй моньдуудаа гэж бодож суулаа.
- Түнтүүлэйгийн аваачиж өгснөөр өөрийгөө болгочихоод байлаа л даа гэж санаа зовсон аястай хэлвэл
- Манай олон үгт юу гэж холиож байна даа? Том том юм яриад ажил хийлгэхгүй байгаа биз дээ?
- Харин ч бүр зугаатай шүү
- Хөөрхий дөө, гурван сартайдаа л энд ирсэн моньд байгаа юм. Хамт тоглох хүүхэд шуухад ч байхгүй. Бидний үгийг л ангайж өнждөг юм. Харин чамайг ирснээс хойш чам руу харайгаад овоо зугаатай байх шиг байна гэтэл эмгэн ярианд оролцож
- Уг нь бид хоёрыг ээж аав гэдэг байсан юм. Гэтэл ноднин ээж нь ирж авч яваад төдөлгүй л аваад ирсэн. Тэгсэн чинь эмээ өвөө болцорсон. Хүний хүүхэд хүрэн бөөртэй гэж үнэндээ. Уг нь нэг их удаагүй юм ш дээ
- Тэндээ, ээжтэйгээ дассан бол . . . гэж намайг хэлэхэд
- Гонж юм гэсээн. Овоо цэцэрлэг юманд өгсөн гэнэ. Ерөөсөө хүүхдүүдтэй тоглохгүй, нэг буланд өдөржингөө хөдөлгөөнгүй суучихдаг гэнэ. Багш нь ч юу гэсэн гэнэв дээ? Хөгшин хүний яриа ярьдаг, хүмүүжилгүй соёлгүй л гэсэн юм байх. Ээж нь бүр үгээ хэлсээр авчирсан байхгүй юу гэж эмгэн галаа ухангаа үргэлжүүлэн ярив. Тэгтэл өвгөн мод толгойгоо сорон хөх утаа завжаараа савсуулангаа нэг юм бодов бололтой инээгээд
- Мань хүн ганцхан удаа ам ангайсан гэж байгаа. Юу гэсэн гэлээ? гэж эмгэнээсээ асуухад
- Турсгыг чинь хуулна шүү муу туучий минь гэж ангийнхаа нэг хүүг загнасан юм байх. Нөгөө хүүхдийнх эх гэж нүд нь орой дээрээ гарсан юм багшид нь ховлохгүй юу. Дахиад чи ам ангайгаад үзээрэй гэж миний хүүг загнасан байгаа юм. Ийм л хөөтэй нөхөр дөө гээд хүүг үнсэхэд Түнтүүлэй надаас жаахан ичсэн маягтай зуларч байна. Тэгтэл өвгөн эмгэн рүү дохиж
- Чи бураад суухаар цаана чинь жаахан юм байвал энэ хүүд бариач.
- Өө тийм л дээ. Эртээрийн хоёр л хөнтөрчихөөгүй бол . . . гэснээ эрэгнэгний араар гараа явуулах зуураа
- Манай эндхийн хэдэн хүүхдүүд хааяа ногоорохоороо л намайг ээрээд салдаггүй лүднүүд байгаа юм гэлээ. Түнтүүлэйгийн хэлсэн санаанд бууж эгээтэй л инээчихсэнгүй. Эмгэний гаргаж өгсөн хоёр литр монгол архийг өвгөн бид хоёр оройжингоо ярьсан шиг хоосоллоо. Тэдний ярианы өнгө аяс тэр чигээрээ Түнтүүлэй ажээ. Арга ч үгүй юм байхаа даа. Түнтүүлэйг ухаан ороход л энэ хорвоо дээр ийм л хэл ярианы хэв маяг угтсан хойно.

Үүнээс хойш Түнтүүлэй бид хоёр хачин найзууд боллоо. Би түүнд Том Жерри хоёрыг ярьж өгөв. Эхэндээ Түнтүүлэй Том гэдэг нэрийг том жижигийн том гэж ойлгоод байсныг арай хийж ийм нэр байдаг гэж ойлгуулав. Харин Жерри гэхийг Жээрээ гээд болдоггүй. Яаж ч хичээгээд засаж чадсангүй. Сүүлдээ би хүртэл Жээрээ гэх болсон юм даа. Түнтүүлэй маш анхааралтай чагнах хэрнээ “Хулганыг муур дийлдэггүй гэнээ” гэж ирээд итгэхгүй. Гэхдээ маш их сонирхож, заримдаа бүр татаж унатлаа инээнэ.
- Энэ хоёр дандаа л зодолдоод л байдаг юм уу?
- Үгүй л дээ. Тэд заримдаа их эвтэй найрсаг болдог л юм.
- Тэгээд яагаад Том нь дандаа идэх гээд байдгийн?
- Үгүй дээ идэхгүй. Иднэ гэж худлаа тоглодог байхгүй юу. Тэд чинь жинхэнэ найзууд. Яг чи бид хоёр шиг гэж намайг хэлэхэд түүнд таалагдсан бололтой инээмсэглэж байв. Түнтүүлэй жаал бодлогоширч байснаа гэнэтхэн харц нь гэрэлтэж
- Би тэгвэл Жээрээ боллоо гээд миний суга руу гараа хийж гижигдчихээд гараад гүйлээ. Би араас нь ухасхийн гарч хөөв. Түнтүүлэй овоолсон бухлуудын дундуур инээд алдан гүйнэ. Хүүхдийн жаргалтай инээд тэр араар нэг сонсогдож байсан байх. Түүнийг хэдхэн алхаад гүйцэхээр байсан ч тэгсэнгүй. Тэр эргэн, эргэн харж гүйсээр сүүлдээ эцсэн бололтой майхан руу шурган оров.
- Аан, чи баригдав уу? Бууж өгөх үү чи? гээд гижигдлээ.
- Бууж өгье өө . . . бууж өглөө . . . больёо . . . гэж хахаж цацаж инээх зуураа арай хийж хэллээ. Түүний харцнаас зөвхөн гэрэл гэгээ, аз жаргал цацарч байв.
Түүнээс хойш бид байсгээд л Том Жээрээ болон хөөцөлдөж тоглодог болов. Түнтүүлэй юм л бол өдсөн харцаар харж, сав л хийвэл надаас зугатах шалтаг хайх болсон юм.Түүний ханатлаа инээдэг толгоом энэ л байлаа. Өдрийн халуунд өвс хадаж болохгүйгээс хойш өөр юу хийхэв. Бас заримдаа гялгар савтай усаар усан шалханаг болтлоо байлдана. Тэгж гүйж явахдаа нэг удаа би өвсний тармуур дээр гишгэтэл иш нь босож ирээд духаа цохидог байгаа. Түнтүүлэйгийн
- Та яг тэр муур мөн гэж ирээд л инээж байгаа гэж учиргүй.
- Аа тийм үү чи. Тэгвэл чамайг барьж иднэ дээ гээд л ухасхийн барьж аваад толгой дээрээ өргөн эргэв. Онигор нүдтэй, хүүхдийн өхөөрдөм царай цайвар хөх тэнгэрт ход ходхийн инээж эргэлдэнэ. Яг энэ агшинд надад нэг тийм үгээр хэлэхийн аргагүй жаргалтай, эцэг хүү хоёр л ийм байдаг болов уу гэмээр мэдрэмж төрсөн юм. Магадгүй Түнтүүлэйд ч гэсэн тэгсэн байж мэднэ. Бид хоёр инээлдсээр, эргэлдсээр. . . Сүүлдээ миний толгой эргэж, өвсөн бухал руу хоёул шурган уналаа. Бид баахан инээлдэж байснаа амьсгаагаа даран хэсэг хэвтлээ. Түнтүүлэй чимээгүйг эвдэн
- Ахаа?
- Айн?
- Та . . . та хүүхэдтэй юу?
- Байхгүй.
- Яагаад?
- Одоохондоо байхгүй
- Хүүхэдтэй болох уу?
- Болно
- . . . . . . Түнтүүлэй дуугарсангүй, зөвхөн санаа алдах нь сонсогдоно.
- Яасан бэ? Түнтүүлэй
- Яагаа ч үгүй . . . мөн л санаа алдав. Би уг нь түүний сэтгэлийг өөд татах үг хэлэх ёстой ч чадалгүй хий дэмий л түүнийг өөртөө татан тэврэхэд миний суганд наалдан удаан хэвтэв. Бухлаас өвсний нялуун ааг үнэртэж, хөдлөх тоолонд өлөн цагаан тоосонцор босож байлаа.
- Чи ахыгаа байхгүйд өвөөгөө Том болгож болно ш дээ гэхэд Түнтүүлэй юу ч юм бодож хэвтсэнээ ухасхийн босоод
- Тэгвэл манай өвөө ийм Том болно гээд хөлөө өвдгөөрөө дугуйлан бухал тойрон маажигнан явав. Бид хоёр элгээ хөштөл инээлдлээ. Тэр орой бид янз бүрийн юм ярьсаар оройтов.
- Би энд унтчих уу? гэхэд ньби нэг их юм бодсонгүй
- Тэгээ тэг гэлээ. Нэг харсан чинь миний пүүгээг дэрлээд унтаад өгсөн байв. Би түүнийг тэврээд, унтаа чигээр нь гэрт нь хүргэтэл эмгэн
- Өө, сааль сүү гэсээр хүүгээ хаана явааг анзаарсангүй. Танайд очоод унтаж уу? Өдөржингөө тоглоод ядарч л дээ гэв. Би баруун орон дээр түүнийг орхиод гарлаа.
Маргааш нь Түнтүүлэйг ирэх болов уу гэж өглөөнөөс авхуулаад өдөржин харлаа, ирсэнгүй. Оройхон хэрд эмгэн жаал жуул юм барьсаар наашилж яваа харагдана. Миний санаа зовж эхэллээ. Тэр өвдсөнөөс зайлахгүй. Өдөржин энүүгээр эргэлдээд наршчихсан юм болов уу? Эсвэл одоо яасан байж таарах вэ? гээд өөрөөсөө асууж суулаа.
- Түнтүүлэй зүгээр биз? Харагдсангүй гэхэд
- Зүгээрээ. Юу нь болохоо байчихсан юм бүү мэд урвайгаад л муу лүд. Чамд жаал юм дөхүүлээд өг гэхнээ бүр хөдөлдөггүй шүү
- Ээ тэгээд та наашаа юм зөөгөөд яахнав дээ. Хэрвээ өлсвөл би гүйгээд очно ш дээ. Тэгээд ч надад хүнс бий
- Яахав дээ хүү минь, хүүхэд гэдэг хүний өөрийн ялгаа байдаггүй юм шүү дээ.
- Би ч өвс хадах гэж ирсэн биш танай хоолонд л дасаж гүйцэж байх шиг байна
- Хүн, хоолонд дасах яахав ходоодны л хэрэг. Харин хүн, хүнд дасах шиг хэцүү юм байхгүй. Сэтгэл гэдэг нэгэн бодлын зовлонгийн цагаан тэмтрүүл шүү дээ гэлээ.
Эмгэнийг явсны дараа сэтгэлд нэг юм дарчихаад сонин оргиод болдоггүй. “Түнтүүлэй яасан юм бол?”
Маргааш нь өвсөө хадаад зогсож байтал Түнтүүлэй гэрээсээ хэдэн тугалаа туугаад гарч байна шүү. Ажаад байлаа. Мань хүн намайг анзаарахгүйг хичээгээд байгаа бололтой. Би эгнээгээ орхиод нөгөө тийшээ хараад ширвэж гарлаа. Хадуураа хайргадах зуураа ажаад байгаа. Түнтүүлэй тугалаа дагавал цаашаа явчихаар чигтэй. Гэтэл алсуур даялуулан туусаар наашлах маягтай. Шууд наашаа явахгүй яагаад ингээд байгааг би ойлгосонгүй. Надад л гомдоо юм болов уу? Гэхдээ би тийм гомдохоор юм болсныг санадаггүй. Түүнийг ирүүлчих санаатай хараагүй царайлах гэж зүг буруулсаар хадсан мөр маань тахир мухар юм болж хоцров.
- Хөж! Ёстой нэг зөрүүд хар лүднүүд шүү гэсэн хараал ард сонсогдов. Өөрөө бараг албаар туусаар байж ирсэн атлаа мөн том хараал хэлж байнаа. Би сая л түүнийг харагч болж
- Өө, Түнтүүлэй. Тугалнууд чинь наашаа зүтгээд болдоггүй юу?
- Үдээрнүүд юмаа
- Хүүе! Яасан муухай үг хэлдэг юм
- Тийм муухай үг юм уу?
- Тэгэлгүй яахав миний дүү, дахиж битгий хэлээрэй
- Эмээ өвөө хоёр хэлээд л байдгийн ш дээ
- Тэдний хэлсэн болгоныг хэлээд байж болдоггүй юм. Том хүн хэлдэг үг, хүүхдэд хэлж болдоггүй үг гэж байдаг юм ш дээ. За тэр яахав. Чи өчигдөр яагаад ирээгүй юм бэ? гэтэл тэр урвайгаад доошоо тонгойхоор нь надтай л холбоотой юм байна гэж бодоод
- Ахдаа гомдоо юу?
- Хнг! Танд юу гэж гомдох юм? Та ямар миний аав биш гэнэ.
- Аав чинь байсан бол чи яах вэ? гэж асуучихаад хүнд сэдэв рүү яагаад орчихов оо гэж өөрийгөө зүхлээ.
- Цуг наадам үзнэ
- Чи наадам үзээгүй юм уу? гэхэд Түнтүүлэй санаа алдаад
- Өвөөтэйгөө л явж байсан гэлээ. Гэнэтхэн түүнийг өрөвдлөө.
“Аавтайгаа явсан хүүхдүүдийг хараад дотор нь яасан их харанхуйлаа бол? Түүний цээжинд байдаг мөнхийн сэдэв “аав” байж болох юм. Би өөрөө өөртэйгөө эхнэр авах тухай ярилцдаг шиг тэр бас сэтгэл доторх мөрөөдлийн “аав”-тайгаа ярилцдаг байж болох шүү дээ” гэж бодогдов.

Өвс хадлан, өнөө маргааш гэсээр би хоёр долоо хонолоо. Овоо ч өвс хадлаа. Нэг өдөр авга маань баахан хүүхдүүд дагуулсаар давхиад ирэв. Хүүхдүүд өвс хамаж, бөөгнүүлж, нуруулдлаа. Нэг хэсэг бужигнаад Түнтүүлэйг мартчихаж. Ажлаа дууссан бид явах болж буцахдаа өвгөнийхөөр буулаа. Биднийг орохтой зэрэг Түнтүүлэй гэрээс гараад явчихав. Түүний царай хачин гунигтай харагдана. Өвгөн
- За танайхан бужигнуулаад дуусав уу? гэхэд авга
- Харин тийм. Овоо юм зулгаачихаж. Өвсөө дараа ирж авъя. Энэ хүүгийн амралт нь дуусаж байгаа гэхэд
- Аан тэгнэ дээ. Ажилтай төрөлтэй улс аргагүй
- Түнтүүлэйг ирэх болов уу гэсэн ирсэнгүй гэж намайг хэлэхэд
- Манай тэр ямар амьтны царай харж чадах биш. Бишүүрхэж байгаа ухаантай гэж эмгэн хэллээ. Би Түнтүүлэйгийн араас гарвал гэрийн ард ганцаараа уруу царайтай сууж байна. Авгын авчирсан ууттай чихэр боовыг түүнд өглөө. Авах нь битгий хэл хөдөлсөнгүй
- Яасан бэ Түнтүүлэй?
- Та явлаа юу?
- Ах нь ажилтай шүү дээ? Явахгүй бол даргадаа загнуулна. Түнтүүлэй толгой дохиж байна. Би түүний энгэрт ууттайгаа тэврүүлэв. Тэр хамраа шудраад
- Та дараа жил ирэх үү? гэж асуухад нь тулгамдав.
- Үгүй ээ, юу л даа. Хэрвээ дарга зөвшөөрвөл ирэх л байх.
- Та лүд мөн үү?
- Айн?
Түнтүүлэй ухасхийн босохдоо ууттайгаа унагасан хэдий ч авалгүйгээр бага гэрийн араар тойрч, аргалын цаад руу гүйчихэв. Араас нь дөхөхөөр улам цаашлаад байх юм.
- Яасан бэ? Түнтүүлэй? Ахдаа хүрээд ир. Юу болсноо хэл л дээ гэж хичнээн гуйсан боловч тэр хариу хэлсэнгүй. Бидний чимээнээр эмгэн гарч ирээд
- Орхио хүү минь, орхи. Наадах чинь одоо та нарыг явахаас нааш ирэхгүй. Зөрүүд хар моньд байгаам гэлээ.
Тэгэс ингэс гээд бид явахаас өөр аргагүй болов. Эмгэн надад бяслаг өрөм ааруул боож өглөө. Миний цээжинд нэг бөөн хар юм үүсчихээд дуу ч гарсангүй байсаар машинд суулаа. Өвгөн гар даллаж, эмгэн сүү өргөсөөр хоцров. Түнтүүлэй тэртээ цаана суусаар байна. Одоо тэгээд явахаас яахав. Гэрээс нилээн холдоод машины цонхоор эргэж харвал тоосны үзүүрт Түнтүүлэй торойтол гүйж яваа харагдав.
- Зогсоо. Машинаа зогсоо гэж би хашгираад үсрэн бууж түүний өөдөөс харайлаа. Энэ удаа тэр зугтсангүй. Нэг мэдсэн би түүнийг тэвэрч авсан байв. Онигор хоёр нүднээс урссан нулимс улаан хацрыг нь улам халтартуулчихаж. Тэр
- Таныг манай өвөө хүүхэд дасгачихаад хаяад явах гэж байгаа лүд гэсэн мэдэв үү? Та жинхэнэ найз биш. Жинхэнэ найз чинь унтсан хойно нь өөр газар аваачдаггүй юм за юу ... гээд цээжнийхээ гүнээс енгэнэтэл уйлав. Надад хэлэх үг олдохгүй тэвэрсээр байлаа. Түнтүүлэй амьсгаагаа давхцуулан байж
- То . . .То . . . Том чинь Жээрээгээ хаядаггүй биз дээ? гэж хэлэхдээ ч ихэр татан уйлсаар байлаа. Миний нүднээс ч гэсэн бүлээн нулимс урсаж эхлэв. Хэдийд ч юм ирсэн эмгэн
- Миний хүү ахыгаа тэгдэггүй юм. Ах нь ажилдаа явахгүй бол болохгүй ш дээ. Одоо тэгдэггүй юм гээд түүний бов бор болсон жижигхэн гарыг арай хийж салгаад, над руу яв яв гэж дохилоо. Би эргэж хургасаар арай хийж машинд суугаад эргэж харвал Түнтүүлэй эмээгээ хормойдсон чигтээ зогссоор байлаа.
Буцах замын турш Түнтүүлэйг бодоод ганц үг ганхийж чадалгүй хотод ирсэндээ. Одоо би нөгөө бүсгүйн хүүг өөртөө дасгах гэж хичээж явна. Энэ хүү нэг л өдөр намайг ааваа гэж дуудна гэдэгт итгэдэг. Тэр цагт би ээжид нь миний амьдралд тавтай морил гэдэг гадны юм шиг хэрнээ аятайхан сонсогддог үгийг хэлэх болно. Энэ ч яахав миний ирээдүй. Би аль хэдийн шийдэлд хүрсэн. Харин том, том үгтэй нялх бяцхан Түнтүүлэй минь яаж шуухан байгаа бол доо. Эмээгээ хормойдож зогссон тэр дүрсийг би хэрхэн мартах билээ.
Нээрээ эмээгээ гэснээс, “Өвс хадаад сурчихвал хэрэг л болно доо, хүү минь” гэж эмээ маань хэлсэн л юм байна шүү . . .


Түмэнбаярын Бум-Эрдэнэ. 2013.09.05 УБ хот

Бүрэн эхээрээ...