# #

Наадмын маргаашийн монологи

0 Сэтгэгдэлүүд:

Өнөө өглөө зүсэр бороо зүүдний манан мэт хөшчихөж. Яг л аавын минь нулимс шиг. Өчигдөрхөн наадам гэж барианд ирэх морьдоо аньсган завсраа нулимстай хавчуулж, даваа ахих бөхчүүдээ дагаж, гуяа базаж суусансан. Гэтэл өнөөдөр гартаа аяга кофе барьчихаад цонхоороо харан уйтгарлан зогсоно. (бас л кофе гэж битгий бодоорой, гарт байгаа минь л энэ)
Богд уулын минь оройд тэнгэр эцэг ирээд суучихаж. Баахан бараан бодолд автаа юу гэмээр байдгаараа хүрлийчихэж. Яасан юм бол доо, зайлуул. Хэн нэгэнд хэлэх үгтэй ирээ юм болов уу.
Би удаан харж чадсангүй. Аягүй бол дагаад гэгэлзэх янзтай.
Буцаад РС-нийхээ ард суулаа. Товчлуур дээгүүр хэдэн хуруу минь харайвч үсгээ онож буй нь үл мэдрэгдэнэ. Ухаан бодолд минь уйтгар дунд дүнхийх Богд уул бодогдоод болох биш. Борооны зөөлөн шиврээ гуниг гижигдэн цонх тогшино. Болохгүй юм болдоггүй л юм байна. Босохоос өөр арга үлдсэнгүй.
Буцаад цонхондоо ирлээ. Буурал уул минь будан уусаад харагдсангүй. Насан багын нэгэн зураглал нүднээ тодрох. Нэг өдөр эцэг эх хоёр маань нэг их чанга дуугаар хэрэлдэв. Тэгснээ чив чимээгүй болчих. Айж бэргэсэн би сэмхэн шагайж харвал аав эжий хоёр минь тэврэлдээд аньсагаа норгон, амьсгаагаа нэгтгэж, зүрх зүрхээ учирлан, сэтгэл сэтгэлээ өршөөн зогсох шиг харагдсансан. Одоо бодоход тэд маань амьдралаа л чимэж байсан нь тэр байх. Яг л түүн шиг тэнгэр эцэг газар эхийг тэврээд тийм их гунигаар уйлах шиг.
Тиймээ, тэнгэр газар нитгэрээд тэр гэхийн тэмдэггүй болчихож. Магадгүй маргаашийн сайхны төлөө өнөөдөр тэд маань уйлцгааж байгаа юм байхаа даа. Нар хурайлж, сэтгэл тэнийлгэсэн сайхан өдрүүд ирэхдээ л ирнэ дээ.
Өө хө, би чинь Жанцанноров гуайн “Нар сарны зааг”-ийг чихэвчээрээ сонсож байгаа мартчихаж.
Бүрэн эхээрээ...

Эрдэнэтийн найрагч Намжилын Мөнхбаярын нэгэн шүлэг.

0 Сэтгэгдэлүүд:

Бор шороог имэрвээс
Хатсан цусны ширхэгтэй
Хар нүдийг үнсвээс
Цөхсөн нулимсны амттай
Ийм шороонд үндэслэж
Ургасан бүхэн амилна
Эгц дээшээ босохын
Улангассан тэмүүлэл
Тийм нүдээр харсан
Амьдрал бүхэн мөнх бус
Тэр их тэмүүллийг
Аясхан салхинд үйнэ.

"Салхины амт" 79-р тал Бүрэн эхээрээ...