# #

Ханьсахын жаргал (Өгүүллэг)

21 Сэтгэгдэлүүд:


Болд байрнаасаа яаралгүйхэн гарч ирлээ. Гадаа өглөөний тунгалагхан агаар тааламжтайяа сэнгэнэж, зарим нэг моддын навчис цагийн аясаар шарлажээ. Арай унаж амжаагүй навчисын завсараар бор шувууд үзсэн харсан сонин бүхнээ бие биенээсээ өрсөн ярих мэт зай завсаргүй шулганалдана. Болд машиныхаа зогсоол руу зугуухан алхлаа. Түүний хөлөөр түрүүлж унасандаа харамсан гомдоллох мэт шар навчис түүгээр үүгээр хөглөрөн гуниг үелзүүлнэ. Болд зэргэлдээх хотод сурч буй хоёр хүүхдээ эргэхээр ганц хоногийн чөлөө аваад явах гэж буй нь энэ. Замаараа дэлгүүрээр дайрч хүүхдүүдийнхээ дуртай амттанг авахаар төлөвлөв. Хэдийгээр сайхан зассан цардмал замаар гурав дөрөвхөн цаг яваад хүрэх газар боловч хол явах гэж буй хүний зангаар машинаа тойрон дугуй юмханыг ажиглаж хэд алхалсанаа тэргээ асаан хөдөллөө. Тэрээр хаа ч явсан авч явдаг эхнэр бага хүү хоёрынхоо зургийг хажуу сандал дээрээ тавилаа.
Явж буй зүг нь наран сөргөө болоод тэр үү сэтгэл нь сэргэн солгой хоолойтой ч гэлээ дуу аялмаар. Кабиндаа ганцаараа юм чинь яах вэ дээ. Тамхи татдагсан бол нэг сайхан нэрчихмээр. Гэвч тэр угаас тамхи татаж чаддаггүй. Яг одоо тэр аавынхаа тамхиа улаан цог болтол нь сороод, удаан гэгч нь уушиглан, утааг нь аажуухан үлээж, аньсагаа хагас анин бодол дундаа умбан суугаа дүрийг санан “Аав маань тэгж суухдаа жаргалтай л байдаг байхдаа” хэмээн бодон хаазаа гишгэлээ. Тэрээр нэгэнт тамхи татаж чадах биш. Харин замын уртад суунаглах бодлоо гайгүй сайн бүдүүхэн шиг ороож байгаад тавтайхан “уушиглахаар” шийдлээ.
Хоёр том нь өөр хотод сурдаг. Эхнэр нь бага хүүгээ аваад нутаг буцсан байгаа тул Болд одоохондоо ганцаараа байгаа юм. Болд бага хэнзийгээ л эрхлүүлээд байхаас гараас гарсан хоёр томтойгоо нэг их нялхамсаад байх нь ховор. Гэхдээ тэр энэ удаа хоёр томыгоо санасан байлаа. Босон суун бодогдоод бас ч гэж хоёр хүүхэд дээрээ очно гэхээр сэтгэл дотор нь нэг хөөрхөөн юм хөгжөөд байхыг бодоход санасан хэрэг л дээ.
Болдын унасан тэрэг хурдны замаар намбайтал давхина. Замын хажуугаар болцондоо ханан байгаль дэлхийн чинэрсэн дэлэн аятай түнтийн шаргалтах эрдэнэ шиш бүхий талбай жирэлзэн өнгөрнө. Хүү охин хоёрынхоо хөөрхөн багын төрхийг санах гэж Болд тархи толгойнхоо нугалаа болгоныг нэгжин самнах мэт тэртээ арван хэдэн жилийн өмнөх бяцхан хүүхдүүдийг бодох зуур өнөөх сүүлд гарсан хэнзхэн амьтан дундуур нь сарвагнан гүйж бодол сарниана.
Яг л өнөө өглөөний болжмор шиг шулгансан хоёр жаахан юмнууд ээжийнхээ урд хойноос чаргууцалдан цэцэрлэг яслидаа явдагсан. Хүрэн шкафны дээр байх жижгэвтэр улаан хайрцганд ээж нь аль өнгөтэй өөдтэй чихэр жимсээ хадгална. Өглөө босоод өнөө хоёр маань албандаа явж нэг л их гийгүүлэх гэж байгаа амьтад улаан хайрцагийг ширтэн хажууд нь зогсоно. Санаа нь тэндээс урмынхаа чихрийг авах гэж байгаа нь тэр. Болдын эхнэр гэж хөөрхөн жижигхэн бор хүүхэн өнөө хайрцагийг авах гэж хүрэхтэй үгүйтэй арай ядна. Болд ухасхийн очиж эхнэртээ туслана. Ингээд л тэр хайрцагнаас хамгийн нандин юм гарч ирэх гэж байгаа юм шиг л гэр бүлээрээ харж зогсоно. Ээж нь онгойлгоно. Хоёр хүүхдийн нүдэнд тэр гэхийн тэмдэггүй аз жаргал гэрэлтэнэ. Хорвоо дээрхи хамгийн хоргүй нүд тэр л байх. Ээж нь бага нь юм болохоор охиноосоо эхлэн
- Миний охин алийг нь авах вэ? гэхэд ой нилээн гарсан жаахан амьтан хэмжээгүй их эрх дархаа эдлэн энийг ч авмаар, тэрийг ч идмээр болон барьж тавилана. Дөрөв дөхөж байгаа хүү нь өөрийнхөө ээлжийг иртэл тэвчээртэй хүлээнэ.
- За Агаа нь алийг авах вэ? гэж ээж нь хамгийн их хайраар хүүгээн шагнаж харна. Агаа гэж дуудуулж байгаа даа хүү ихэд урамшин томыг нь авмаар байвч жижиг чихрийг заана.
- За яахав миний хүү энийг авчих гэж том чихэр өгөхөд хүүгийн баяр жаргал нүдэндээ байтугай нүүрэндээ багтахгүй гэрэлтэнэ. Эхнэр нь Болдоос
- Миний өвгөн авах уу?
- Үгүй дээ хө. Наадуулаа хэд хоног хуурахыг бод гэхэд эхнэр нь
- Би тэгвэл нэгийг авлаа гээд шуртхийн аваад ичсэн эрхэлсэн аль нь ялгагдахгүй харцаар Болдыг харж юм хэлэхээс нь өмнө
- Яадгийн идмээр байхад гэж өхөөрдөм хацраа бомбойлгоно. Гэр бүлийн аз жаргал тэрүүхэн хооронд боргилон булиглах нь сайхан. Миний хүүхдүүд ийм л хүүхдүүд байсан гэж бодон Болд өөрийн эрхгүй жаргалтай инээмсэглэснээ “Харин бид хүүхэд байхдаа яадаг байлаа. Манай ээж бас л хэдэн чихэр олдвол
- Муусайн золигнууд хүн орж ирэхээр тавган дээр тавих юмгүй болтол хуурайлчих юм гэж үглэсээр жижигхэн эрээн авдартаа хийж, сайн гэгч нь түгжээд ажилдаа явна. Харин манай эхнэр шиг аавд эрхлэн ганц нэгийг үнхдэг байсан болов уу. Цаг цагийн хайр ижил юм чинь дээ тэгдэг ч байсан байж болох л юм. Тэгээд ээжийг явсан хойгуур бид авдарны арын хавтанг эвтэйхэн сөхөж байгаад л аваад идчихдэгсэн. Гэтэл одоо бол тэгж болохгүй шүү дээ. Тэгвэл хулгай л болно. Тэгэхээр тэр үеийн хүүхэд, одоо үеийн хүүхдийн сэтгэхүй өөр өөр байжээ. Миний үед тийм байсан юм чинь манай аавын үед бүр л өөр байсан байж таарна. Бараг л овсгоо самбаатай талдаа орох биз. Хөгшчүүд сүүлийн үеийн хүүхдүүдийн яс чанар мууджээ гэж ярьдагсан. Тэдний ойлголтоор бол тийм л байх. Миний муу хүү хорь хүрч байгаа гэхэд тэр үеийн залуусын эрдэм болох адуунаас дурын морио барьж аваад эмээллээд уначихаж чадахгүй шүү дээ. Гэтэл миний хүүгийн чаддаггийг тэр үеийнхэн байтугай би ч гэсэн чадахгүй байж мэднэ. Тэгэхээр хүмүүн гэдэг цаг хугацаа улиран өнгөрөх тусам улам л дотогшоогоо хөгжиж байгаа юм байхаа даа” гэж Болд тэнэж зуларсан бодлоосоо хүүхдүүдээ өмөөрнө.
Хурдны зам гэдэг сайхан ажээ. Дөрвөн цагийн газрыг дөрвөн цагтаа л давхиад ирнэ. Зам зуур хоёр хүүхэд нь
- Одоо хаана явна? Ойртож байна уу? гэж ээлжлэн утасдана. Болд “муусайн хүүхдүүд минь хүлээж ядаж дээ” гэж бодсоор ирээд бага сага тортой юмаа буулгаж байтал ард нь
- Өө аав! Сайн уу? гэж дуугарахад эргэж харвал хэдхэн хоног хараагүй хүү нь дэнхийсэн том юм болчихсон ч юм шиг. Бодвол санасаных байх.
- За миний хүү сайн уу? гэж хүүгээ үнсээд
- Дүү нь яасан? гэж харцаараа эрэлхийлэв.
- Гэрт байгаа гээд хүү нь юмыг нь аван түрүүлэн алхав. Тэр мөчид хамар нь шархирах шиг болоход Болд “Би ч аав шигээ л болжээ дээ” гэж аавыгаа бас давхар бодож амжив. Хүүгээн дагасаар ортол охин нь үүдэн дээрээ угтав. Болд эхнэрийнхээ залууг харчихав уу гэлтэй болж зог туслаа. Жаахан өндөрхөн л болохоос яг л ээж ажээ. Болд охиноо үнсэв. Хүүгээ дахиж үнсэв. Бодвол замын турш бодсоных уу багынх нь үнэрийг мэдрэх гэсэн бололтой. Одоо тэр үнэр яаж байв гэж дээ. Харин хүүгээс нь өөрийнх нь, охиноос нь эхнэрийнх нь үнэр үнэртэх шиг болов. Санаа дагаад тэр байх.
Хэдий том болсон ч гэсэн хоёр хүү нь аавдаа ойрхон сууж ямар нэгэн юм хүлээх мэт харах нь яг тэр багадаа улаан хайрцагнаас чихэр хүлээдэг шиг нь харагдахад Болд
- Өө, аав нь . . . гээд мартсанаа санасан мэт гараа савлаад, тортойгоо задлан хүүхдүүддээ өглөө. Өнөө хоёр нь эгээ л авах ёстойгоо авсан бололтой гал тогоо руугаа цувралдан оров. Тэднийхээ хойноос харж суухдаа Болд “Хөөрхийдөө! Хичнээн том болсон ч нялхаараа л байх юм даа. Хүүхдүүдээ гэж . . .” хэмээн бодон суулаа.
Хүү нь нэг тавган дээр хэдэн бууз, нөгөө дээр нь хэдэн хуушуур, охин нь банштай цай барьсаар орж ирлээ. “Аавыгаа ганцаараа байгаа учир ажил төрөл гээд олигтой хоол ундгүй байгаа байх” гэж санасан бололтой. Ганц хонох тул аавынхаа дуртай монгол хоолыг бөөнджээ. Болдынх гэр бүлээрээ хамтдаа байхдаа элдэв янзын баяр ёслол болохоор гадуур дотуур хоол идээд яваад байж чадахгүй дээ чааваас. Тэгээд л гэртээ шаагилдаж өнгөрөөдөгсөн. Болд түүнийгээ нуух гэсэн шиг
- Өнөөдөр сайхан монгол хоол хийж иднээ л гэдэгсэн. Цаад учрыг нь эхнэр нь л ойлгоно. Болдын эхнэр цай хоол сайтай нэгэн. Орж гарсан хүмүүс ер нь л болж л өгвөл магтах талдаа шүү. Олон жил ханилахаар хоол унд нь хүртэл нэг болчихдог нь жам. Эхнэрийнхээ цай хоолноос олигтойг Болд бас нэг их мэдэхгүй.
- Ямар сайхан юм бэ хүүхдүүд минь. За бүгдээрээ сууцгаая. Өнөөдөр ч сайхан монгол хоол идэх нь ээ гээд гараа үрчихэд аавыгаа баярлуулж чадсандаа тэр үү хүүхдүүдийнх нь нүдэнд урмын үрэл өнхөрнө. Яг хоолоо идэж эхлэхэд яагаад ч юм бүгд чимээгүй болцгоочихов. Бодвол ээж дүү хоёроо үгүйлээд байгаа бололтой. Өдийд ээж нь байсан бол хамгийн түрүүнд
- Өвгөөн аваарай гэж хоол руугаа дохиод
- Хүүхдүүдээ идээд байгаарай гэдэгсэн. Өнөө жоохондоо буузны гурил үлээж байгаад л бариулна. Тэгээд л бүгдээрээ тэр тэгсэн, энэ ингэсэн гээд л ярьж гарцгаана. Аз жаргал гэдэг нэг их юманд биш ерөөсөө энэхэн агшинд л байдаг бололтой. Хүүхдүүдийнх нь хийсэн хоол ээжийнхийг яаж гүйцэхэв. Гэхдээ Болд хоол цайгаа амтархан идэж хүүхдүүддээ урам өгнө. Тэр ч байтугай цайгаа хурдан хурдан оочлон, хөлсөө арчина. Хөндлөнгөөс харахад энэ аав хүүхдүүддээ эрхэлж байгаа юм шиг харагдана. Гэвч эцэг хүн хүүхдүүдээ шагнаж байгаа нэг хэлбэр юм даа.
- Аа мөн сайхан байна шүү. Миний хүүхдүүд хоол цайгаа яг л ээж шигээ амттай хийдэг болжээ гээд нүүр дүүрэн инээнэ. Хожим хойно хүхдүүд маань энэ өдрийг дурсан “Аавыгаа нэг тэгж баярлуулж билээ” гэж санан цааш амьдрах тэнхээгээ авна гэдгийг Болд мэдэж байлаа. Болд ч гэсэн өөрөө аав ээжийгээ бага ч гэсэн баярлуулчих юмсан гэж бодож явдгаа санан суугаа. Ингэж суухдаа Болд хаа нэгтэйгээс уншсан “хүн халанд биш хайранд хүн болдог” гэсэн үгэнд улам бүр итгэж байлаа.
Оройжингоо хоёр хүүхэдтэйгээ хөгжилдөн мөн монголд байгаа ээж дүү хоёроон ярьцгааж, бага насныхаа хөгжилтэй явдлуудаа дурсацгааж ёстой нэг санаж бодох юмгүй гэнэн цагаан инээдээр инээцгээв. Охин нь арай бага юм гэсэндээ эцгийнхээ бөөрнөөс тэр орой салсангүй.
Маргааш нь амралтын өдөр тул хүүхдүүд л болсон хойно өглөө нь жаахан унтацгаав. Болд харин эрт сэрчихлээ. Хүүхдүүдээ нялх бага шиг нь санан гэтэн гэтэн очиж өрөөгөөр нь шагайх гэснээ яагаад ч юм орж чадсангүй. Цаанаасаа л болсонгүй. Бодвол хэдийгээр эцэг хүүхдүүд ч гэсэн хүмүүн болохын ялгаа зааг энүүхэнээс эхэлдэг үү яадаг вэ, ямартай ч гэсэн “Том хүний өрөөнд зөвшөөрөлгүй орчих гээд байгаа юм шиг” санагдаад Болд өрөөнийх нь үүдэнд хэд эргэцсэнээ буцлаа. Урд нь эцгийн хувьд бүх л юм нь болдог мэт байсан бол одоо хүүхдүүд том болоод болохгүй юм гэж байдаг болж байгаа юм байхаа даа. Болд өрөөндөө орж ганцаар жаахан суулаа. Өөрийн эрхгүй түүний хэнз бяцхан хүү нь нүдний нь өмнүүр тоглон гүйж, эхнэрийнх нь борхон царай үе үехэн жирэлзэнэ. Одоохондоо Болд тэр жаахан хүүгээ яаж ч эрхлүүлсэн, тэр байтугай тэр хүүгийнхээ өрөөгөөр олон юм бодолгүй орж чадна. Болд одоо тэр хоёрыгоо санаж эхэллээ. Хүн санаж, үгүйлэх юмтай байна гэдэг сайхан ажээ. Тэрээр жаал сууж байснаа босож хоёр хүүдээ өглөөний цай бэлдлээ. Сонин болов уу гэж санан гамбир хайрч, хярам чаналаа. Хүүхдүүд нь уван цуван босод ирлээ. Хүү нь
- Хөөх! гамбир гэж дуу алдав. Ойрд хараагүй болохоор тэр байх.
- Чихэр хийсэн биз? гэж охин нь лавлаж байна.
Бүгдээрээ ширээндээ сууцгааж, гамбираа хөшиглөн хярмаа хийж уулаа. Болд бага байснаа санан бүр албаар хуруугаараа авч идлээ. Яг л бага байхдаа ээж аавтайгаа ингэж л байсан нь санагдана. Дурсамж хүнийг хөглөдөг ажээ. Нэг мэдсэн Болдын явах цаг болжээ. Буцаад дөрвөн цаг давхиад л ажилдаа очно. Тэр хүүхдүүдээ ээлжлэн үнсэж
- За миний хүүхдүүд хичээл номоо сайн хий. Гол нь хүнтэй эвтэй байдаг юм шүү. Хүний орчлон гэдэг хүнд яаж хандана яг л тэгж хариу нь ирдэг нэг бодлын уулын цуурай, усны тусгал гэсэн үг юм шүү дээ. Хүнд дандаа сайн сайхныг өгөхийг бодож байгаарай гэж үргэлж хэлдэг хэдэн үгээ энэ удаа бас л хэлэв. Тэгээд хүүхдүүдээ харсан чинь нэг л урвайх янзтай. Тэгэхээр нь
- За сэргэлэн байна шүү залуусаа
Явах явах цаг боллоо хүүхдүүд минь
Яаруухан ч гэсэн биднийг
Ямар хурдан салгана вэ . . . гэж орчин үеийн залуусын хип хоп гээчийг дуурайж үзүүлэв. Болдод үнэхээр зохиогүй тэр хөдөлгөөн охиных нь инээдийг илүүтэй их хүргэв бололтой гурвуул хөгжилдөн инээлдэв. Энэ инээд дуусахаас өмнө Болд гарах ёстойгоо мэднэ.
- За аав нь мөдхөн дахиад нэг амрахаараа ирнэ за гээд хоёр хүүхдийнхээ толгойг нэг нэг илчихээд гарлаа. Тэргээ асаагаад түргэхэн шиг байшингийн булан тойрох хэрэгтэй. Тэгэхгүй бол хүүхдүүдээ нялцайлгачихна. Цонхон дээр даллан зогсох хүүхдүүд рүүгээ хариу дохьчихоод булан тойронгуут цээжин дотроос нь хэсэгхэн бүлээн нурам нургив уу гэлтэй аньсаган завсар халуу оргив. Тэрээр
- Муусайн хүүхдүүд минь овоо л болж дээ гэж хэнд ч юм шивнээд цааш бодолд дарагдан замдаа гарлаа. “Муу хань минь яаж шүү явдаг болдоо. Осолдохгүй эцэг эх элгэн садныхаа дунд байгаа юм болохоор болж л байгаа байхдаа. Түүнээс одоо ч бид хичнээн ойрхоных ч гэлээ өөр бусдын хажууд идээшинэ гэдэг хэцүү дээ. Хүн болж төрнөө гэдэг зүүний үзүүр дээр шар будаа тогтохтой адил л гэдэг. Гэр бүл болон амьдарч, амьдрал зохионо гэдэг түүнээс нэг их өөрцгүй юм даа” гэж бодон өдий дайны амьдарч яваа нь ханийх нь ач хэмээн санана. Болд өөрийгөө шоолов бололтой царай нь нэг мушилзсанаа “Би гэдэг амьтан царай муутай сүүмийсэн, зүрх зориггүй юм байж билээ. Тэгээд бас болоогүй ээ энэ эхнэрээ анх харчихаад л үгүй ээ мөн их юм болсонсон. Тэгж тэгж нэг юм сэтгэлээ нээсэн нь аз таарсан гэх үү дээ. Муу хань минь яаж нэг юм намайг тоож, сэтгэл итгэлээ өгсөн юм бол. Энэ л миний энэ насны хань болно гэж яаж итгэсэн юм бол. Сонин юм шүү. Хувь заяа л юм байхаа даа. Тэгээгүй бол энэ амьдрал, энэ хүүхдүүд цөм байхгүй байсан гэж бодохоор санаанд нэг л буумааргүй. Магадгүй би хэнтэй ч суусан хүүхэдтэй болж болох, чи минь ч гэсэн хэнд ч юм бэ хүүхэд гаргаж өгөх байсан байж болох л юм. Гэхдээ л зөвхөн надад л энэ гурван сайхан үр төрүүлж өгсөн гээд бодохоор чамайгаан би хайрлаад хайрлаад ханамгүй. Энгэрийнхээ товчийг тайлах эрхийг надад л өгч, эмэгтэй хүний хамгийн нандин бүхнээ надад л дэлгэж, энгэрт минь уусан нялхарсан тэр их хайрыг би яахан мартана. Гар гараасаа хөтлөлцөн гүйсэн он жилүүд саяхан л юм шиг санагдавч бас ч гэж тэртээ ард үлджээ. Үр жимс нь боловсорсон намрын модод ямар байдаг билээ. Яг л тэрэн шиг бид ч гэсэн үр хүүхдээ хүний дайнд хүргэсээр насны намартай золгох нь дээ. Тэр жилийн намар налайсан, урт намар байж билээ гэдэг шиг чи бидний амьдралын намар ч гэсэн тайван налгар, урт намар байх болноо хань минь.
Үндэсийг нь манасан шороог сэндийчээд өгөхөөр ургамал ногоо сэргэдэгтэй адил бид ч гэсэн хааяа хоёр биендээ тунирхаж, гэрийнхээ жаргалыг манасан халуухан хайраараа оролддог байж. Тэрэндээ ч тэр үү хоёр биенээ гэсэн сэтгэл минь улам бүр нялхардагсан.
Залуу байхад юм болгоныг сайхнаар харж чаддаг хойно доо чамд минь ч гэсэн сонголт хиймээр үе байсан гэхэд би эргэлзэхгүй. Гэсэн ч битүү ургасан тайгын шугуй мэт юу нь үл мэдэгдэх энэ амьдрал дундуур “энэ л намайг чирээд явна дээ” гэж итгэж чадсан тэр хувь заяанд би баярлаж бас бялуурч явна даа. Тиймээ чи минь намайг “Энэ л миний эр хүн” гэж харж чадсанд баярлахгүй гээд ч яах билээ дээ. Хүн ханисан байж жаргадаг нь л үнэн юм. Хань минь би чамдаа хайртай . . .”
Болд бодолдоо болоод нилээд хурдтай давхиж явна. Түүний хойно, урд мөн сөрөг урсгалаар ч гэсэн олон машинууд цаг хугацаатай уралдан давхилдана. Энэ олон машин болгонд өөр өөрийн гэсэн өнгө аястай, хөг аялгуутай амьдрал яваа. Энэ олон машинууд хурдны замаар л ингэж хурдлан давхиж чаддагтай адилхан хүмүүн бидний амьдрал зөвхөн хайран дээр л учир атгаа үл алдана. Тиймээ амьдрал хайр дээр тогтдог.
Болдын өмнө алс тэртээг чиглэсэн уртын урт харгуй зурайсаар . . .
Бүрэн эхээрээ...

Тэмцэлийн хурц хэлбэр. (Өгүүллэг)

3 Сэтгэгдэлүүд:

Шог өгүүллэг

Зургаа, дөрвийн харьцаатай умгар модон байшингийн үүдний хэсэг буюу гал тогооны жаахан зайнд арай хийж багтааж зассан эвхмэл цагаан орон дээр өчигдөрийнхөө уусан архинд дотор нь пэлбэгнэх нэгэн эр гараа салаавчилан адар ширтэн хэвтэнэ. Нөгөө өрөө хэмээн нэрлэгдэх байшинг хоёр тусгаарласан пийшингийн цаад хэсгээс бэр эгч нь газраар хөглөрөн хэвтэх хүүхдүүдийнхээ завсраар зайчлан гишгэлсээр гарч ирэхэд Данзан хурдхан шиг нүдээ анин унтагчийн дүр үзүүлнэ.
Өглөө босоод л ундуй сундуй хөглөрөх гэр орон, дээр нь бас нэг хоолны сав нөхрийнх дүү болох Данзанг харан уур нь гозолзон бухимдах тэрээр
- Өөрийнхөө хэдийг яая гэж байхад бас энэ нэг хар архичин. Муугаар нь манайхыг л ирж дарлах юм зүгээр гэж Данзанг сонсоосой гэсэндээ хашгирах шахам үглэснээ
- Алив босооч ээ босооч. Юу гийгүүлсэндээ энүүгээр ингэж архайдаг юм. Хүүхдүүддээ нэг аяга хар цай чанаж өгөх минь. Гишгэх ч завсар зай байхгүй ядаж байхад энэ нэг төмөр ор нь ч юув дээ гэж Данзанг баахан тээр шаасны эцэст ажилруугаа гарч одов.
Данзан өөрийнхөө амьдралыг бодлоо. “Манайх гэдэг айл юунаас болоод ингээд замарчихваа. Уг нь бүрэн бүтэн л айл байсансан. Би яагаад энэ хар усанд дурлах болов. Гол шалтгаан юунд оршино вэ” гэж нилээн сайн бодож, бодолдоо анализ хийж дүгнэлээ. Цалин пүнлүү гэж аманд ч үгүй, хамарт ч үгүй жаахан юм авах. Дутуу хүтүүгийн гачланд нэрвэгдэн алиа алдан байтал нэг л өдөр авгай нь хоёр хүүхдээ аван гадаадад гараад явчихажээ. Гэр орон ч үгүй хоцорсон Данзанд ганц эвхдэг орноос өөр хөрөнгө гэж үгүй.
Данзан өөрийнхөө энэ байгаа байдлынхаа бурууг боджээ байтал олоотохлоо шүү. Түүний гаргалгаагаар бол хамгийн гол буруутан нь явж явж өнөөгийн энэ төр ажээ. Бодоод байхад төр л ард түмэндээ анхаарал халамж тавьж, цалин цавууг нь хангалттай өгч байсан бол Данзангийн авгай юу гэж хүүхдээ чирээд гадаад руу алга болохов дээ. Тэрээр бодолдоо итгэн төрийн буруутай болохыг олон талаас нь лавшруулан баталлаа. Энэ хүнд виз өгөхгүй ээ гээд Америкийн элчин авгайгийнх нь паспортон дээр хар тамгаа дарчихаад байхад авгай нь хуурамч паспорт аваад аль хэдийн гараад явчихсан байгаа юм. Угтаан бол тэр паспорт олгодог газар чинь төрийн байгууллага биз дээ. Үгүй тэгэхээр төрийн л буруу байгаа биздээ. Намын харъяалал нь өөр гээд шахсаар байгаад Данзанг ажлаас нь гаргадаг төрийн л буруу. Шөнө орой хориотой архи хямдхан зараад байгааг мэдсээр байж олигтой арга хэмжээ авалгүй Данзанг архинд оруулдаг төрийн л буруу. Данзан олоод байгаа архийг төрийн цагдаа олохгүй байхдаа яах вэ дээ айн. Данзангийн авгай салах гээд байхад гэр бүл тогтворжилтийн талаар курс семинар явуулаагүй бас л төрийн буруу. Энэ мэтчилэнг бодсоны эцэст Данзан “Би ч яахав ингээд өнгөрч. Харин хойч үеээ энэ бүгдээс авран хамгаалая” гэсэн шийдэлд хүрэн төртэй тэмцэхээр шийдлээ. “Харин яаж тэр вэ” гэж хэсэг бодсоны эцэст сүүлийн үеийн тэмцлийн хэлбэрүүдээс нилээд моодонд орж их хэрэглэгдэж байгаа өлсгөлөн зарлахаар шийдлээ. “Ерөөсөө ганц эвхдэг ороо аваад талбай дээр очдог хэрэг” гэж бодлоо.
Тэрээр босож, ахынхаа хэдэн хүүхэдтэй булаацалдан байж элсэн чихэртэй талхнаас нь сайн цохиж авлаа. Одоо очоод шууд л тэмцэлдээ орох гэж байгаа учир тэрнээсээ өмнө сайн идэж авсан хэрэг. Мөн тэр хүүхдүүдийн нүдийг хариулж байгаад өнгийн харандаа хэд хэдийг, дэвтрийн гол цаас тасалж авч амжив. Тэгээд цагаан ороо чирсээр автовусанд чихцэлдэн сууж авлаа. Тэр өдөр аз таарсан уу эсвэл улс төрийн тэмцэгчийг цаагуураа таньсан уу ямар ч байсан кондуктар мөнгө нэхсэнгүй өнгөрөв. Данзан өөрийгөө нилээн цогтой байгааг мэдрээд байв. Тэмцэлдээ яараад байж ядаж байхад салгалсан ногоон автобус пөг пөг гээд удаан гэж юүхэв. Нийтийн унаа нь хүртэл ийм удаан явах нь төрийн л буруу шүү дээ. Ер нь тэгээд нүдэнд харагдсан болгон төрийн буруу болох нь Данзанд батлагдсаар байв. Хөлсөө цувуулан байж арай хийж иртэл Сүхбаатарын талбайд багтаж шингэх зай алгаа.
Талбайгаар пиг дүүрэн өлсгөлөн зарлагсад. Тэд бүгд л Данзан шиг төрийн бурууг олж харагсад юм. Тэрээр ороо чирэн талбайд байгаа өлсөглөн зарлагсадыг тойрон хэсэг явлаа. Хэн ч харсан Данзан бол ганц ороо барьчихсан цогтой тэмцэгч тул түүнийг хүмүүс тааламжтай нүдээр харна. Тэд олуулаа байлаа. Өлсөгсөд нэр хаягаа гоё ганганаар бичиж, гэр, майхан, овоохой юу л байна түүнийхээ хана туурганд наажээ. Зарим нэгээс нь дурдвал САПУ-гийнх, ВАКО-гийнх, ХЗХоршооных гэдгээс авхуулаад ИХ, сонгуулийн булхайг илчлэгсэд, Долоон сарны нэгний үймээнийхэн, Ахмадын холбоо, Азийн чоно болон Хонгор сумын хордогсод, талхны үнэ, такси, тэр байтугай микро автобусныхан хүртэл нугасандаа хүн суулгахын тулд өлсгөлөн зарласан байлаа.
Талбай дээр тэмцэгсэдийн зарим нь хуучин танилуудтайгаа таарахдаа
- Хүүе сайн уу? Чи чинь юуны хохирогч болоо вэ? Арай САПУ-гийнх биш биз дээ гэхэд
- За тэр ч арай юу юм бэ зүгээр гэж шарвалзан ХЗХоршоонд хэдэн сая төгрөг өгчихсөн чинь дашийн шоог болчихдог байна шүү дээ гэж бас бие биендээ ихэмсэглэх ажээ. Тэгсэнээ
- Харин өнөө муу хэн чинь САПУ-д хамаг юма шатаалгачихсан гэнэ. Тэр ч аргагүй дээ чааваас бэл муутай амьтан
- Нөгөө хэн авгайн хүүхдүүд архи уугаад хордсон гэнэ. Бас л энүүгээр тэмцэж яваа юм байх гэсэн олны яриа чих дэлсэнэ. Энэ бүхэн бол Данзангийн хажууд ”том” өлсөгчид. Гэсэн ч Данзан тэднийг хараад бодолдоо итгэх нь улам бүр ихсэж байв. Тэрээр “Ард түмэн ийм байгаа нь төр л буруутай” хэмээн нугарашгүйгээр бодон явна. Данзангийн өлсгөлөн зарлана гэж бодож олсон нь уг нь зөв боловч даана ч жаахан хожуудаж олсон учраас түүнд ороо тавьчих зай талбай дээр бараг үгүй болжээ. Гэсэн ч яах вэ талбайн тэрүүхэн зүүн буланд эвхдэг ороо гурвалжилж босгоод, ирэх замдаа ТҮЦ-ний хажуугаас олсон хятад үсэгтэй алимны хайрцагийг шамбийлган дороо дэвслээ. Хүүхдүүдээс хулгайлж авсан дэвтэрийн гол цаасан дээрээ мөн л сэмхэн авсан харандаагаараа
“Гэр бүл салж сарнихын гол буруутан хэн бэ? – ТӨР”,
“Ард иргэд гадагшаа дайжин гарах нь хэний буруу вэ? – ТӨР-ийн буруу”
“Охид бүсгүйчүүдээ, түүний дотор манай эхнэрийг олж ирэхийг ТӨР-өөс шаардаж байна” гэхчилэн бас ч үгүй өнгө алаглуулан бичээд эвхмэл орныхоо бөөрөн дээр хэзээ ч билээ дээ олоод “Судалтад тушаана” гэж бодож явсан зэс утасны тасархайгаар сүлбэж тогтоов. Нэгэнт олон хөлийн газар учир зөрж өнгөрөх урт гартай юмнуудад зэс утсаа алдчихвий гэж үе үе хяламхийн харц шиднэ.
Данзангийн байгаа газраас зүүн тийш цэцэрлэгийн бутан дотор хэдэн өлсөгсөд бас байрлажээ. Тэд бүгдээрээ халзан толгойтой хүүхнүүд бөгөөд тэд “Эрвээхэй” ажиллагаа болон Хөх монгол хөдөлгөөнийхний эмэгтэй хүний гоо сайхныг хүчээр хөндсөнийг төр харсаар байж дорвитой арга хэмжээ авахгүй харин ч бүр өөгшүүлж байгааг эсэргүүцэн өлсгөлөн зарлажээ.
Элдвийн юм харсан шигээ бараг л наадам үзэж байгаа юм аятай байсан Данзан гэнэт өөрийгөө бас тэмцэгч гэдгээ санав. Тэгтэл юу юугүй жинхэнээсээ өлсөж эхэллээ. Алимны хайрцаган дээрээ цагиргалан хэвтэхэд ялзарсан ч гэлээ алимны үнэр хамар цоргиж Данзангийн ходоодыг хоржигнуулана. Хачин юмаа хоёр гуравхан цагийн өмнө л баахан талх чихсэн санагдана. Өлсгөлөн зарлана гэдэг үнэхээр сэтгэл санааны их тэвчээр шаардсан яалт ч үгүй тэмцэлийн гол хэлбэр болохыг Данзан биеэр мэдэрч эхэллээ. Яагаад гэвэл архиа хөөгөөд явахаараа гурван цаг битгий хэл долоо хоног хэлэн дээрээ юм тавихгүй явахад ингэж зовдогоо мэдэхгүй юм. Тэгэхээр Данзан маш хүчтэй тэмцэж байгаа гэдэгтээ итгэлтэй байлаа.
Талбайгаар холхигсод яармаг худалдаа үзэж байгаа юм аятай өлсгөлөн зарлагсадыг сонирхон тойрч явсаар авгайгаа эргүүлж авахыг төрөөс шаардаж суугаа Данзанг харж гайхширах боловч бас ч гэж юмыг арай өөр өнцгөөс нь хардаг билгийн нүдтэй зарим нь
- Үгүй ээ яахав ээ. Бас боддог л бодол. Бодоод байхад зөв ч байж болох юм хэмээн дор бүрнээ анализ хийхийн хажуугаар түүнийг дэмжигсэд цөөнгүй байгаад Данзан ихэд урамшин суугаа.
Тэрээр бусад шиг зохицуулах зөвлөл энэ тэр байгуулмаар байвч даана ч ганцаардаад болсонгүй. Оройхон тийшээ өнөө үсгүй хүүхнүүд энд тэндхийн майхан саваар шурхийгээд тэмцэхийн хажуугаар ажил төрлөө амжуулаад яваа бололтой. Гэхдээ Данзанг юу гэж тоохов дээ. Тэд бас ч гэж мөнгө төгрөгөө хулхидуулсан хэзээ нэгэн цагт олоод авчих магадлалтай өлсөгчидийн майхан саваар эргэлдэхээ мэднэ.
Тэгтэл нэг сонин юм болж талбайгаар нэг шуугилаа. Талбайг тойрон хамгаалалтанд гарсан цагдаа нар нэг буланд бас суугаад авлаа. Юу болов? гэсэн хүмүүсийн ам яриагаар бол цагдаа нар бас өлгөлөн зарлалаа гэнэ шүү. Үймээнд оролцсон олон хүнийг хомроглон барихад гар бие оролцсон цагдаа нар өөрсдөөс нь зарим нэгийг шалгах гээд саатуулахад тэд эсрэгүүцэн өлсгөлөн зарлаж байгаа нь тэр гэнээ. Тэд мөн бас л төрийг буруутгалаа.
Өлсгөлөн зарлах нь үнэхээр ашигтай, оновчтой тэмцэлийн хэрбэр болох нь үүгээр батлагдана.
Төд удалгүй талбайн баруун хойноос туг лоозон болсон баахан улс ирж бас өлсгөлөн зарласнаа мэдэглээ. Өлсөгсөд өөрсдийгөө дэмжихээр ирлээ гэж бодсон нь биш гэнэ. Тэд бол төрийг өмөөрөгсөд буюу өөрөөр хэлвэл өлсөгчидийн эсрэг өлсгөлөн зарлагсад ажээ. За ингээд бүр замбараагаа алдсан юм болцгоов. Сүйхээтэй зарим нь талбай дээгүүр бууз хуушуур зарж эхэллээ. Энэ цаг үеээ олоогүй хамгийн “тэнэг” санаа байсан ч тэд орлоготой хэвээрээ байв. За тэгтэл зөвхөн талбай дээр биш ганц худаг, шар хадны эмнэлэг, зарим гадаадын элчин сайдын хашааны гадна, зарим аймгийн төвд гээд ер нь монгол орон даяараа өлсгөлөн зарлаж байгаа болов. Тэд заримдаа бие биенээсээ өрсөн хуурай өлсгөлөн гээчийг зарлана.
Энэ бүгдээс Данзан маш соргогоор нэгэн юм ажигласан нь өлсөгсөдийг бие нь муудлаа гэхэд шууд л албадан эмчилгээнд хүчээр хамруулаад л үхүүлдэггүй болохыг анзаарсан явдал юм. Өөрөөр хэлвэл өлсгөлөн зарласны утга учир сүүлчийн мөчид алдагддаг байна. Гэсэн ч Данзан байдлыг харан хэвтэж байтал таван хүүхэд дагуулсан нэгэн бүсгүй Данзанг дэмжиж байгаагаа илэрхийлэн цуг суух болов. Ногоон нуурын шар Шүрээ гэж өөрийгөө танилцуулсан тэрээр Данзантай зовлон нэг ажээ. Хүүхний нөхөр хэдэн жилийн өмнө анхны хүүхэд гарч байхад нь л гадаад явсан боловч одоо “одон”-гийн хүүхэд гарч байхад ч эргэж ирээгүй байна. Тэр чухам хэнийг буруутгахаа мэдэхгүй явтал Данзангийн штабтай таарсанаар төр буруутай болохыг ухаарч улмаар Данзантай үзэл бодлоо чөлөөтэй хуваалцсаны хүчинд хоёул эвсэхээр шийдсэнээ бие биендээ албан ёсоор мэдэгдлээ. Гэтэл сайн юманд садаа мундах биш хүүхдүүд нь ээлж дараагаар уйлж эхлэв. Данзангийн гэдэс өлссөндөө тасрах шахан хонхолзоно. Данзан бодит байдлыг нилээн тунгаасны үндсэн дээр эвсэгч бүсгүйтэйгээ зөвшилцөлд хүрэх алхам хийв.
- За тэгэхээр ийм байна. Өлсөх нь тэмцэлийн хамгийн оновчтой хэлбэр нь үнэн боловч одоогоор манай эвслийн хувьд нэгд, энэ олон хүүхдүүдийг тэмцлийн ширүүн шуурган дунд хэлмэгдүүлэх аюул нүүрлэж байна. Хоёрт, миний харж байгаагаар өлсөөд ухаан алдлаа гэхэд бид эмнэлэгт очихоос илүү үр дүнд хүрэхгүй юм. Тэгэхээр төрд тавих шаардлагаа бичгэн хэлбэрээр үлдээж өлсгөлөнгөө албан ёсоор зогсоохоор шийдвэрлье. Харин эвслийн үйл ажиллагаа бол цаашид үргэлж цуг байж, хойч үеийнхээ төлөө улам бүр батжин дэвжих болноо гэсэн бичиг үйлдэн хоёр талын толгойлогч нар гарын үсэг үзэглэснээр эвхмэл ороо хураан Ногоон нуурын ойролцоо байрлах Шүрээ хүүхний төв байрлуу явцгаалаа.
Данзан Шүрээ хоёр тэмцэлийн хурц хэлбэр сонгосны хүчинд зорилгодоо хүрсэн ч байж болох юм. Чухам юу болохыг цаг хугацаа харуулна бизээ. . .




Бүрэн эхээрээ...

Зөрөөд өнгөрсөн тавилан (Өгүүллэг)

16 Сэтгэгдэлүүд:

Нэгэнт цагтаа амжиж байгаагаа мэдэж байгаа болохоор би тайван байлаа.Уг нь бол би цаг ямагт л цагтайгаа уралдаж, яаран сандран явдагсан. Энэ удаа тэгсэнгүй. Тасалбараа урьдчилан авсан байсан тул одоо надад галт тэрэг ирж зорчигчидоо суулгахыг хүлээх л үлдлээ. Өнөөдөр намрын шар нар хонгортсон налгар сайхан өдөр ажээ.
Өчигдөр даргаасаа ээлжит томилолтоо аваад өнөөдөр говийн нэгэн аймгийн даргын ажил байдлыг сурвалжилахаар явах гэж байгаа минь энэ. Бас л их сайн дарга юм байх. Дарга нар ч дээ мэдэхгүй. За тэр ч яахав очиж байтал сайн муу нь ялгарах биз. Харин хаа очиж төмөр зам дагуу байрлах нь тэр аймгийг зориход түлхэц болж байв. Машинаар хөдөө явах шиг там байдаггүйг сүүлийн хэдэн жил амсахаараа л нэг болж байна.
“Сэтгүүлчийн анги төгсөөд овоо хэдэн жил болж байгаа ч хөдөө гадаа томилолтоор явдаг энэ түвшингээсээ салаагүй л байгаа юм. Нөхөр хүүхэд гэх татлаа түтлээ байхгүй байгаа минь сонины маань удирдлагуудад их олз болж байх шиг. Гээд яахав дээ бичсэн материал маань овоо болоод байгаа нь л сэтгэлийг минь сэргээх юм даа” гэж бодож суутал саарал өнгөтэй хуучивтар зүтгүүр хүүхдийн тоглоом шиг олон ногоон вагоныг ихэд тамир гарган чирэх мэт уухьчин, могой адил аажуухан гулссаар ирж зогслоо.
Би тасалгаат вагонд суух тул орох гэж нэг их алалдаад чихэлдээд байсангүй цувран орцгоов. Нийтийн хэсэгт бол ёстой хүчээ үздэг юм билээ. Тэгээд цуваа өлгөж, цүнхээ сандал доороо хийгээд эргэн тойрноо ажиж суухдаа гэнэтхэн “Нээрээ ямар хүмүүстэй нэг тасалгаанд явах бол” гэсэн эмэгтэй хүний сониуч гэхээсээ илүү түгшүүрт бодол надад орж ирэв. Урд зүг рүү цувах ганзагын наймаачид гэдэг сайнтай, муутай. Олсон хэдийгээ зөв ч үрчихэж чаддаггүй согтуу хөлчүү юм таарахвий гэж хэрэндээ жаахан зовсхийн суув.
Тэгтэл “Аан чи тэгж бодож байна уу” гэсэн шиг дуу шуу болсон хоёр залуу орж ирсэнээ ээрч мууран байж надтай танилцлаа. Ер нь эрчүүд надтай танилцахдаа яагаад ч юм үл ялиг ээрдгийг би анзаардаг юм. Эрчүүд нэгэн бодлын өрөвдмөөр ч юм шиг их сонин улс. Тэдний нүдэнд олзуурхалын оч гялсхийж, нэг нь бүр
- Одоо өөр нэг бүсгүй ороод ирвэл ч бид мөн зугаатай явах байхдаа гэж гараа үрчин байж хэлэх нь бүр таалагдсангүй. Учир нь хэдийгээр ээрч муурах тэд зориг муутай юм шиг хэрнээ цаагуураа нэг түрэмгийдүү шинж үе үе цухалзаж байсан болохоор тэр байх. Тэдэнд нэг их царай өгөхгүй санаатай асуусан болгонд нь хэг ёг гэсэн маягтай хариулсан болоод сууж байв. Би дотроо “Үгүй юу гэсэн үг вэ. Бүр санаа амар юм болох нь ээ. Эд нар ер нь яагаад өөрсдийгөө ингэж эрээ цээргүй байх эрхтэй гэж бодоод байгаа юм болоо” гэж бодоод бүр уур ч хүрэх шиг. Магадгүй тэд урт холын замд хөгжилтэйхэн явах гэсэн санаатай байсан байж ч болох л юм. Гэхдээ миний сэтгэлд таагүй бодлууд түрүүлж хургасан болохоор тэгж сайхнаар төсөөлж чадахгүй байлаа. Миний ааш муугийнх байж ч болно.
Галт тэрэг хөдөлж байхад шахуу дөрөв дэхь хүн орж ирлээ. Тэр хүнийг хараад би хэрдхийн цочив. Тэр хоёр ч гэсэн эвгүйцсэн байх. Хар шил зүүж, маск зүүсэн тэрээр орж ирээд бидэнтэй толгой дохин мэндлээд суусан нь миний өөдөөс харж таарав. Хэдийгээр би түүнийг анзаарахгүйг хичээв ч цочсондоо айдаст автсан зүрхээ тайтгаруулах гэхдээ уншиж буй сонингоо нүүрэндээ наах шахам барих хэрнээ эмэгтэй хүний саваагүй зан юм уу бас ч гэж сонирхол татаад ч байх шиг. Энэ миний мэргэжилтэй ч холбоотой байсан байж болох юм. Түүний гар, нүүр, хүзүү гээд надад харагдах биеийн хэсэг болгонд түлэнхийний цагаан сорвигүй газар алга. Түүний амны гэхээсээ илүү нүүрний гэмээр хэмжээнээсээ том маск, дээр үеийн томоо гэгчийн нарны шил зэрэг нь ерөөсөө л түүний нүүрээ далдлах гэсний илрэл байлаа. Хоёр ганзагчин залуус ч гэсэн биеэ барив бололтой дуугаа хураацгаасан тул манай тасалгаа нэг хэсэгтээ л чимээгүй болцгоов. Хажуу тасалгаанд хэдэн хүүхнүүд яваа бололтой үе үе тас тас хөхрөлдөцгөөх нь тод сонсогдоно. Тэдний ярианы өнгө нь бас наймаачин хүүхнүүд бололтой. Энэ гурвын дэргэд байснаас тэд нар дээр очвол надад дээр юм шиг санагдавч тэдний ярьж байгаа ярианд би хань болж үнэхээр чадахгүй. Элдэв төрлийн наймаа, авцаа өгцөөний тухай яриа надад үнэндээ таалагддаггүй. Гэхдээ ганзагын наймааны хүнд хүчир ажил хийж, аж амьдралаа залгуулж байгаа бүсгүйчүүлээ би муугаар бодож чаддаггүй юм.
Тэгтэл өнөө хоёр залуу маань тэгж ингэж цувсаар хүүхнүүд дээр очиж ёстой л нэг ижил нь ижлээрээ гэдэг шиг дуу нь чангаран уусан оров. Тэдгээр хүүхнүүдэд ч гэсэн таатай байгаа бололтой. Гэтэл масктай хүн гэнэт
- Надаас болоод л энэ улс дайжаад байнаа даа янз нь гэлээ. Гэхдээ түүний дууны өнгөнд эмзэглэсэн шинж байгаагүй юм.
- Үгүй байлгүй дээ. Таньдаг улс нь явсан юм байлгүй гэж шал хэрэггүй хэр нь тэднийг хаацайлав. Тэгээд өөрийгөө анзаартал би түүнд бүтэн өгүүлбэр хэлсэн байлаа. Түрүүчийн хоёрт бол ингээгүй юм. Удалгүй үйлчлэгч цай оруулж ирэв. Халуун байхуу ч бас хааяа уухад сайхан шүү. Нөгөө хүн нүүрээ гаргахаас жаахан эвгүйцээд байгаа бололтой цайгаа уухгүй юм. Өөдөөс нь хараад сууж байгаа болохоор түүнийг харахгүй байх нөхцөл алга. Цаг нар яагаа ч үгүй байхад гэнэтхэн буруу хараад хэвтээд өгөлтэй биш. Ууж байсан цайгаа орхиод гараад явчихалтай биш. Тэгтэл
- Хэрвээ эвгүйрхэхгүй бол би маскаа авчих уу? гэнэ
- Тэг тэг, та санаа зоволтгүй гэж хэлэх зуураа “Нээрээ аймаар юм гараад ирвэл яанаа. Ямар ч байсан орилж л болохгүй юм шүү” гэж бодов. Тэрээр маскаа авахад цай барьж байсан гар минь өөрийн эрхгүй салганан цайгаа ширээн дээр арай хийж тавьлаа.
- За тэр хэлээгүй юу гээд маскаа зүүх гэхэд нь би өөрийнхөө байж байгаагаас санаа зовж
- Үгүй ээ, зүгээр зүгээр, та битгий санаа зов гээд нэг л мэдэхэд масктай гарыг нь хорих төдийгөөр барьсан байв. Түүнийг эвгүй байдалд оруулсандаа л тэр байх.
Би түүнийг харахгүйг хичээв ч үе үе хулгайн нүдээр анзаарсаар суув. Хөөрхий тэр үнэхээр аймаар болжээ. Нүүр нь тэр аяаараа түлэгдээд, бодвол энэ тэндээс л олж ирсэн арьсаар л нөхөөс тавьсан бололтой цагаан эрээн юм. Ам хамар нь таталдан эдгэжээ. Нэг талын хөмсөг, сормуус нь цагаан. Сормуус нь цагаан болохоор цаад нүдний харц нь тийм ч сайн харагдахгүй юм. Уг нь би ярилцаж буй хүнийхээ нүдний харцыг ажиглах дуртай. Ажлын онцлогоос болоод би ихэнхдээ танихгүй хүнтэй ярилцах шаардлага гардаг болохоор нүдний харц нь уг хүнийг ойлгоход их дэм болдог гэх үү дээ. Харин нөгөө тал нь овоо түлэгдээгүй тул эрүүл харагдана. Тэр эрүүл нүдийг хэзээ ч билээ харсан ч юм шиг. Харах харахдаа бүр эрт цагийн юм шиг санагдахад “За за энэ ажилд орсоноос хойш олон хүнтэй уулзаж байсан болохоор юм л бол харсан хүн шиг санагдаад байх болсон” гэж өөрийгөө хүчлэн тогтоов. Тэгсэн ч гэсэн тэр нүд нэг л сонин. Яг л хуучны шарх янгинах шиг.
Тэрээр халуун цай уух гэж нилээн тэвдэж байгаа бололтойг хараад
- Та зүгээр үү? гэхэд
- Зүгээрээ зүгээр. Баярлалаа гэнэ. Одоо түүнийг харвал нилээд залуу хүн бололтой. Бүр миний үе ч байж мэднэ. Яг энэ мөчид “Сурвалжлах гэж яваа даргаас гадна энд нэг сайхан материал яваа юм биш байгаа” гэсэн мэргэжлийн өвчин хөдлөөд ирэв. “За байз яаж шуухан яриа өдөх вэ байз. Зүс царай нь ийм болохоор гунигтай л юм яригдах байхдаа. Гэхдээ энэ байдал нь л намайг энэ хүнтэй ярилцах сонирхол төрүүлж байгаа юм шүү дээ. Уг нь залуучуудтай ярилцахад нэг их хэцүү биш л байдагсан” гэж бодож суутал тэр хүн эгээ л миний дотор орчихсон мэт
- Өөрөө надаас юм л асуух гээд байнаа даа гэх нь тэр. Бодлоо уншуулчихсандаа бантсан би
- Үгүй ээ, үгүй юу л даа, яг үнэндээ бол . . . гэж ээрэн түгдчиж байснаа
- За тийм дээ. Таныг яаж яваад ийм гамшигт өртчихсөн юм бол гэх гээд л гэхэд
- Аа энэ үү? гэж гар хурууныхаа түлэнхийг харснаа гэнэт өөрийгөө санав бололтой том маскаа зүүгээд, шилээ ширээн дээрээс авахад нь
- Та шилээ битгий зүү л дээ. Ядаж нүдийг чинь хараад ярилцая гээд хэлчихлээ. Би үнэхээр ярилцахыг хүсэж байв.
- Надад яриад сүйд болох ч юу байхав дээ гээд тэр чинийхээ омгийг чимхэнгээ
- Аягүй бол өөрт чинь дэндүү уйтгартай санагдах биз. Тэгээд бид хоёр нэг хэсэг дуугаа хураалаа. Гэхдээ үргэлж ингээд таг дуугай явахгүй гэдэг нь надад мэдрэгдэж байв. Хажуу талын тасалгаанд хүүхнүүд болон манай өрөөний хоёр залуусын дуу чангаран инээлдэнэ. Манайх танайх хэмээн шуугилдахыг бодоход хөзөр л тоглож байгаа бололтой. Бидний яриа ч удахгүй эхлэх нь тодорхой болсон тул миний биеэ барих багасаж, авч яваа аяны хөнгөн зуушаа гаргаж тавих зуураа дуу хураагчаа сэмхэн залгахаа мартсангүй. Хувцасаа хөнгөлөн тухлах тэрээр дөнгөж эмнэлэгээс гарсан болов уу гэмээр харагдана.
- Таныг ингэхэд хэн гэдэг вэ?
- За даа заавал нэр ус гээд яахав дээ. Ер нь хүн хүнээрээ харьцаж үзье л дээ гэх нь нэрээ хэлэхгүй байх шалтгаан түүнд байгаа бололтой. “За яахав тийм байдаг байж. Нээрээ нэр усаа мэдэхгүй байх нь нэг бодлын сонирхолтой байж мэдэх юм” гэж бодлоо. Яагаад ч юм би харилцан ярилцах санаачлагаа үл мэдэгээр алдаж байгаагаа тэр үед мэдсэнгүй. Энэ бол миний мэрэгжлийн хүнд байж болох зүйл биш л дээ.
Үе үе түүний эрүүл харцтай тулгарахад яагаад ч юм тэр нүд удаан тогтохгүйгээр өөр тйиш сатааран алга болно. Би л эрүүл нүдийг хараад байгаа болохоос уг нь хоёр нүд нь зэрэг л хөдөлж байсан байх л даа. Цагаан хөмсөг сормуустай нүд ижил дасал болоогүй болоод тэр үү түүнийг нь нэг их сайн анзаарахгүй байсан хэрэг. Гэхдээ тэр нүд, намайг анзаараагүй үед надаас салахгүй ширтэж байгааг би эмэгтэй хүний зөнгөөр мэдрээд байсан ч яаж ч чадсангүй.
Хэн хэн маань бэлэн болсон хэдий ч тулгамдсан уу эсвэл хэтэрхий хиймэл байсан уу мэдэхгүй яриа эхлэхгүй хэсэг удав. Би л тэр хүнээс ямар нэгэн юм сонсохыг хүссэн учир яриаг эхлүүлж чадахгүй бол миний л муугийнх болох тул
- За яриад байгаарай гэж ихэд хөгжилтэй царайлах гэж оролдов. Гэвч энэ маань нэг л олигтой болоогүйг би мэдэж байв. Яагаад гэвэл тийм нэг өөрийгөө хүчилсэн хиймэл царай надад зохидоггүй юм шиг байгаа юм. Гэтэл нэр нь үл мэдэгдэгч маань
- Яагаад зөвхөн би ярих ёстой билээ. Ийм түлэнхий болохоор тэр үү? гэх нь тэр. Яг үнэндээ тийм байсан ч гэсэн хүнийг яаж тэгж хэлж болох вэ дээ.
- Үгүй л дээ. . . Гэхдээ . . . Юу. . . Нөгөө. . . гэж намайг үгээ зууруулахад
- За за тоглосон юм. Би ч гэсэн өөрийг чинь эвгүй үгээр дайрчих шиг боллоо гэснээ
- Би гэдэг хүн сая эмнэлэгээс, үнэндээ бол нүдний тасгаас гараад явж байгаа минь энэ. Галд шатсаны улмаас олон ч эрхтэн маань гэмтсэний нэг нь миний өрөөсөн нүд. Нүдний торлог гээч нь гэмтсэн юм байх. Тэгээд юм үзэх маань муудсаар харахгүй болчихсон юм. Тэгээд л түүнийгээ эмчлүүлсэн хэрэг.
- Тэгээд эмчлэгдсэн үү?
- Миний аз болоход маш сайн болсон. Энэ олон эрхтэнүүдийн дотроос хамгийн чухал нь нүд юм байна лээ л дээ. Юм харахгүй болно гэдэг хорвоо ертөнц хөмөрчихтэй л адил юм даа. Үүнийг ийм байдалд орсон хүн л сайн мэдэрч ойлгох байх. Ялангуяа харж байсан хүн гэнэт хараагүй болох. Би тийм байдалд орсон хүмүүсийн дунд л хэдэн долоо хоночихоод явж байгаа юм л даа. Тийм учраас л тэдний тухай өөрт чинь ярьдаг юм билүү гэж бодсон хэрэг
- Уг нь би таны тухай л . . .
- Ойлгож байнаа. Би яахав галд шатсан, үхэх шахсан гээд уйтгартай бас гунигтай яриа яригдах болно. Харин амьдрал гэдэг өөрөө хүмүүсийн сэтгэлээр хөглөгдөж байдаг нэгэн бодлын таримал эд юм байна даа гэдгийг би тэдний дунд байхдаа ойлгосон гэх үү дээ. Манай тасгийнхан бол жинхэнэ амьдралд тэмүүлэгсэд. Тийм л хүмүүс амьдралыг утга учиртай, амьтай болгодог байх. Гэхдээ тэд өөрсдөө түүнийгээ мэддэг эсэхийг би мэдэхгүй юм гэлээ. Миний анхны зорилго зөвхөн түүний тухай сонсохыг хүсэж байсан ч гэсэн би өөрийн эрхгүй тэр хүний ярианд уусан, үлгэр сонсох гэж буй хүүхэд шиг болсон байв. “Яагаад энэ хүн өөрийнхөө тухай ярихаас булзаад байгаа юм бол” гэсэн жижигхэн аазгай хөдөлж байсан ч
- За тэгвэл тэр мундаг хүмүүсийн тухай сонсоход би бэлэн байна шүү гэлээ. Энэ удаа харин их аятайхан болов. Яриан дундаа асуултаар хөтлөөд тухайн хүнээс өөрийнхөө хүссэнийг яриулж болдог талтай.
Түүнийг харж суухдаа “Уг нь энэ хүний доторхыг л мэдрэх юмсан. Даана ч дүйвүүлээд өөр юм яриад байх юм” гэж бодох агшинд тэр хүн үнэхээр нууцлаг нэгэн юм шиг санагдаад болохгүй байлаа. Түүний яриан дундаа хийх нэг хөдөлгөөн үү эсвэл ярианы хэв загвар нь уу ямар ч байсан нэг юм нь надад “Юу билээ” гэж бодогдсоор. Чухам яг юу нь вэ гэдгийг би оноож чадахгүй байв. Тэгтэл тэр гэнэтхэн
- Яасан? Би хүссэнийг чинь ярьж өгөхгүй л байнаа даа гэж хүний бодол уншдагаа батлах мэт надад хэллээ.
- Яагаад та тэгж бодоо вэ?
- Би өөрийг чинь сонинд ажилладагийг мэднэ л дээ. Эмнэлэгээр нилээд хэдэн сар явчихсан би сонин л уншиж өдрийг өнгөрөөдөг юм гэхэд нээрээ би оны сүүлчээр “Ган үзэгтний” шагнал авч зурагтайгаа сонинд гарсанаа санав.
- Өө, та намайг мэддэг юм уу? гэхэд
- Мэдэх гэхэд хаашаа юм. Харин өөрийн чинь бичсэнийг бол уншдагаа уншдаг.
- Энэ чинь харин шудрага биш байна даа. Та чинь миний нэрийг мэддэг гэсэн үг байх нь
- Би танаас асуугаагүй шүү дээ
- За яахав тийм болог. Тэгээд танд ямар санагддаг вэ? Миний бичлэгүүд
- Яахав. Томчуулын тухай бол дажгүй л гаргаж ирдэг юм. Гэхдээ . . . гэж үгээ таслахад миний дотор нэг “Цааш нь юу гэх бол?” гэсэн аазгайн хорхой гозолзож
- Гэхдээ юу гэж?
- Томчууд, баячуудын амьдрал сонин хүндээ сонин л байдаг байх. Нийтэд бол тийм биш гэж боддог юм. Харин доогуур, жирийн хүмүүсийн дунд сайн анзаарах юм бол амьдралын нарийн ширийн хийгээд хошин шог ч юм зөндөө шүү дээ гээд үгээ таслахад “Энэ хүн маань надад заах нь ээ” гэж бодогдож суув. Гэтэл тэр учиргүй инээвхийлэв.
- Инээснийг асуу гэдэг дээ гэхэд
- Чи одоо л гэхэд сайн чагнавал маш гоё инээдмийн зохиол нөгөө тасалгаанаас сонсогдож байна шүү дээ гэлээ. Би чих тавин чагнаваас нөгөө хүүхнүүд болон хоёр залуугийн яриа сонсогдоно.
- Чамд хүний доодох байна уу?
- Байна
- Тэгвэл гарга.
- Болох юм уу?
- Болноо болно. Одоо ер нь ганц юмаа тултал нь хийнэ шүү гэнэ. Гэтэл нөгөө талын хүүхэн
- Хүүе яанаа би барилаа гэхэд нэг залуу үгээ сунжруулан
- Барих ч яахав барина. Тэгээд чангарч байна уу?
- Чангарч байна гэх мэтчилэн ярих нь мэдээж хөзөр тоглож байгаа нь илт. Гэхдээ хальт сонсвол үнэхээр инээдтэй байсан ч учиргүй инээх нь бас эвгүй байсан тул би яаж ч чадсангүй. Түүнд ч гэсэн үүнийг анзаарсандаа эвгүй мэдрэмж төрөв бололтой яриагаа дүйвүүлж
- Зарим хүний гадаад байдал нь дотоод ертөнцтэйгөө байнга зөрчилдөж байдаг гэхэд би чухам юу гэснийг нь сайн ухаараагүй тул түүний өөдөөс харвал
- Юу гэмээр юм дээ. Дотоод сэтгэл нь хүсээд байгаа хэр нь өөрийнх нь биеэ авч явах гадаад байдал нь түүнийгээ гаргах боломж олгоддоггүй гэх юм уу даа. Тэрнээсээ болоод амьдралдаа алдаж, хамгийн чухал юм нь холын холд явчих тохиолдол байх юм даа гээд надад их чухал юм хэлээд намайг ойлгосон эсэхийг мэдэх гэсэн аятай нэг их сүрхий харав. Яг үнэндээ би сүүлчийн энэ өгүүлбэрийг сайн ойлгож амжсангүй. Харин тэр өөртөө их л итгэлтэй байдлаар цааш нь
- Тийм зан их багад суусан байдаг шиг байгаа юм. Түүнээс хожим бий болсон бол салахад их амар байх л даа. Тэгээд ч хүн ер нь бага байхдаа ямархан хүүхэд байснаа эргэн санахад буруудахгүй харин ч бүр таатай мэдрэмж төрүүлж болох юм гэж тэрүүхэн агшинд юманд хөөгдөх мэт үл ойлгогдох юм үргэлжлүүлэн хэлэв. Яагаад гэвэл би хажуу өрөөнийхний ярьж байсан хүртэл ойлгоод сүүлийн хэсгийг хараахан ойлгоогүй байсан юм. Тэр үед бидний сууж явсан галт тэрэг ээрэм талын дунд орших Чойр өртөөн дээр ирж байв. Тэрээр буух шинжтэй болж юмаа цэгцлэн өндийхөд
- Өө, та энд буух байсан юм уу? гэж асуух даа ярианых нь сүүлчийн хэсгийг ойлгоогүйгээ нууж чадсангүй. Тэгтэл тэрээр
- Чамд юм бодоход зөндөө цаг бий. За сайн яваарай. Ажилд чинь амжилт хүсье гээд эрүүл харагдах нүдээрээ тэр гэхийн тэмдэггүй гунигтайхан харсанаа цааш эргэн нүднийхээ шилийг зүүгээд, хачин их санаа алдах нь надад сонсогдов.
Тэр хүнийг гараад явсаны дараа зорчигчидын тавцан байх эсрэг талын цонхон дээр би өөрийн эрхгүй очлоо. Яагаад ч юм “Харалгүй явуулчих юм биш байгаа даа” гэсэн бодол миний дотор харваж, олон хүмүүсийн дундуур тэр сонин хүнийг хайсаар байлаа. Түүний тэр тунарсан харц, аядуухан хоолой надад сонсогдсоор байв. Тэгтэл ч удалгүй галт тэрэг хөдөлж, өртөөний хэдэн саарал байшин нэг нэгээрээ нүдний өмнүүр өнгөрнө. Хамгийн сүүлийн байшингийн буланд нөгөө хүн зогсож байгааг би харав. Тэр явж буй галт тэргийг ээлж дараалан харж байснаа яг миний зогсож байсан цонхон дээр харц нь тогтохыг хэдийгээр том хар шилний цаана байгаа ч гэсэн би мэдэрч байв. Надад жаахан эвгүй байсан ч би дальдарсангүй. Харин ч бүр түүнээс харцаа салгаж чадахгүй удаан зогсов. Нүдний өмнө говийн бяцхан суурин тоосон дунд торойсоор хоцров. Буцаж өрөөндөө ороод сууж байхдаа би яг л хий хоосон дунд гав ганцаар үлдэх шиг санагдан нэг л эвгүй. Миний хамаг бүхнийг саяын хүн аваад буучих шиг.
Би энэ хүний ярианаас олигтойхон материал болчих юм сонсож чадаагүй юм. Өөрийнх нь шимтээд байгаа тэр нүдний тасгийнхан ч надад тэгтлээ сонин байгаагүй нь бодвол өөрийнх нь хэлсэнээр би тийм байдалд ороогүй болохоор тэр байх. Нэгэнт миний бодсончлон олигтой ярилцлага болоогүй тул саяын хүнийг санаанаасаа гаргачих санаатай уншаагүй сонингоо барьж авсан боловч тийм амар сатаарсангүй. Яг цуг байхад юугаараа ч юм анхаарал татаад, буугаад явчихсан хэр нь бодогдоод байгаагийн учрыг олсонгүй. Тэгтэл түүний хамгийн сүүлд шахам хэлсэн бага насаа эргэн санахад буруудахгүй гэсэн утгатай үг санаанд ороход миний сэтгэл дотор алс тэртээд ихэмсэг хээнцэрхэн хэрнээ гэнэн томоогүйгээр үлдэж хоцорсон охин нас минь олон жилийн хөндүүр шарх сэдрэх мэт амилж ирлээ. Үлдэж хоцорсон ч юу байхав дээ одоог хүртэл намайг цовдолчихоод байгаа зүйл л дээ. Харин яагаад ингэснийг би мэдсэнгүй зүгээр л саяын хүний тухай бодлоос салсандаа баярлах шиг санагдав.
Өөрийгөө би сайн аав ээжийн буянд сайхан орчинд өсөж хүмүүжсэн азтай охин гэж боддог юм. Би учиргүй хөөрхөн биш ч гэлээ царайлаг охин байсан юм. Сурлагадаа сайн, сагс волейболын секцэнд явдаг. Бүр сургуулийнхаа шигшээд явдагийн хувьд нуруугаараа ч, ур чадвараараа ч гологдохооргүй байсан байх. За тэгээд хүүхдүүдийн дунд нилээн нэр хүнд бүхий хүүхдүүд намайг хүрээлдэг байлаа. Би ч тэднийг нэг их ийм тийм гэж ялгаад байхгүй. Сурлага спортоороо сайчууд нь ч, жаахан довилуун зантай хулигаан нэртэй хүүхдүүд ч гэсэн надтай нийлдэг байсан юм.
Манай хот орос монголын хамтарсан үйлдвэр бараадсан шинэхэн хот. Тэгээд ч тэр үү орос айлгүй байр ховор. Хүүхэд л юм болсон хойно орос монголгүй л холилдон тоглосоор орос хэлэнд ч гайгүй. Бас ч үгүй нилээд олон орос найз охидуудтай. Ийм л нэг цэвэрч хээнцэрдүү ихэмсэгхэн хэрнээ их нийтэч охин байв.
Банди нар хэдийгээр ээрч хоргоогоод байхгүй ч тэдний хэн нь ч гэсэн надтай үерхэхийг хүсэж байгаа нь харцнаасаа л мэдэгддэг байв. Тэгэх тусам тэднийг тоохгүй бардам нэгэн явдагсан. Тэгтэл тэр жил хотоос нэг хүү шилжиж ирлээ. Хот хотдоо бүр төвийн сургуулиас ирсэн байлаа. Ирсэн дариуд нь ч яахав дээ нэг их тоосонгүй. Шинэ хүүхдийг харахгүй байна гэж юу байхав. Бусад хүүхдийн адил харж, тэдэнтэйгээ түүний талаар ярилцана. Хөвгүүд болсон хойно шинэ хүүхдийг гоочилдог л байсан байх. Хааяа зодолдлоо барилаа гэж сонсогддог л байлаа.
Нэг хоёр сарын дараагаар байдал өөрөөр эргэж эхэллээ. Тэр хүү сурлагаараа сургуульд толгой цохиж эхлэв. Түүнийг магтахгүй багш гэж үгүй болов. Тэрээр аль нэгэнд нь гоц биш ч гэлээ түүнд чадахгүй спорт гэж байхгүй байлаа. Юу ч тоглосон хачин эвсэлтэй, ялангуяа багийн тоглоомонд гоцлон тоглогч биш холбогч найруулагч шинжтэйгээр санаачлагыг гартаа авч тоглох нь гайхамшигтай. Зөвхөн тоглоомонд ч биш энгийн үедээ ч гэсэн тийм байсан. Сүүлдээ түүнийг хүрээлдэг хүүхдүүд маш олон болсоор байв. Тэр яг л соронзон мэт хүүхдүүдийг өөртөө ойртуулдаг байлаа. Түүний хэлсэн үгийг эсэргүүцдэг хүүхэд манай ангид битгий хэл сургуульд байхгүй болж эхэлсэн юм. Завсарлагаанаар тэр хэзээний л хэн нэгэнтэй ярьж хөхөрч, хэн нэгнийг инээлгэн чинийхээ омгийг чимхэн зогсох бөгөөд түүнтэй уулзсан бүхэн баяр хөөртэйгөөр салдаг байлаа. Харин тэр яагаад ч юм надтай л дуугардаггүй байсан юм. Бусад хүүхдүүд надтай урьдынх шигээ л харьцаж байсан болохоор би түүнтэй тэгтлээ нэг их ойртох гэж тэмүүлдэггүй байж.
Гэхдээ надад түүний байгаа байдал, яриа хөөрөө, алхаа гишгээ тэр ч бүү хэл хувцаслалт нь хүртэл нэг л сэтгэлд дотно санагдаж, өөрөөр хэлвэл тэр надад таалагдаж эхлэв. Хүнийг таална гэдэг надад өөрт ч гэсэн сонин байхыг бодоход би урд ингэж байгаагүйн шинж байх. Гэхдээ чихээ зулгаахаас бусад нь шүү. Өдөртөө хэдэн мянган удаа тааралдаж байгаа болохоор харц тулах үе зөндөө ч, дуугарна гэж үгүй. Гэхдээ би түүнтэй хааяа харц тулгарахдаа тийм гэхийн аргагүй халуун дулаан нөлөөлөл гэхээр хаашаа юм, нэг л тийм сөрж зогсож боломгүй юм олж хардаг байв. Хэрвээ намайг яг л тэр харцаараа харж байгаад юу ч гэж хэлсэн би зөвшөөрчихмөөр тийм л харцаар хардаг байсан юм. Бүр юуг ч гэсэн шүү. Худалч хүнд ховсдох гэхээр хаашаа ч юм дээ. Гэсэн хэдий ч бид хоорондоо дуугардаггүй хэвээрээ л байлаа. Энэ байдал маань бусад хүүхдүүдэд ч гэсэн анзаарагдсан байх.
“Энэ надтай дуугарахгүй байхад би яршиг л байна шүү дээ” гэж би боддог байсан ч хэн ч над руу авираад хүрэхгүй мэт ганган хээнцэр, эрхэмсэг чанарыг минь тэр хүү ховсдон сорсоор байсан юм. Сүүлдээ би гэрт, гадаа хаа ч гэсэн түүний тухай бодол болон харцаараа эрхийлдэг болсон юмдаг. Ядаж байхад түүнийг шагшин гайхсан яриа анги, сургууль даяар охдидуудын амнаас ам дамжин надад сонсогдоно. Магадгүй тэдгээр охид ч гэсэн над шиг ховсдуулан дурласан байж болох юм. Хөвгүүд ч гэсэндээ түүнгүйгээр юм хийхээ больж, тэр ирэхгүй л бол заал авч тоглохоо ч байсан гэвэл ямарав.
Нэг удаа манай анги щейфийн холбоотой байдаг орос сургуулийн нэг ангитайгаа хамтарсан үдэшлэг зохиолоо. Тэр ангид манай байрны миний найз Ольга хэмээх хөөрхөн охин байдаг юм. Тэр ангидаа байтугай сургуульдаа хөөрхөнд орно. Өөрөө ч түүнийгээ мэднэ. Би ч өөрөө орос хэлэнд муугүйг хэлэх үү, ний нуугүй хэлэхэд “тэр үдэшлэгэн дээр л би тэр хүүд юу чаддагаа үзүүлчих болов уу” гэж санагдаад байв. Тэгээд дотроо жаахан догдлоод л найз Ольгатайгаа ярьсан шиг суув. Тэр хооронд хаалга онгойх тоолонд түүнийг орж ирж байгаа юм шиг санагдан үүдрүү хулмалзсаар байв. Намайг хүлээж догдолж байгааг мэдсэн юм шиг тэр ирэхгүй л байлаа. Их л удсан санагддаг юм. Магадгүй би их хүлээсэн болохоор тэр байх. Тэгж их харуулдсан хэрнээ яриандаа болоод яг түүний орж ирсэн агшинг харж амжсангүй. Нэг л мэдэхэд тэр аль хэдийн ирчихсэн байлаа. Жаахан харамсал ч төрөх шиг. Харин тэр орж ирсэн цагаасаа эхлэн санаачлагыг гартаа авч бүхнийг байлдан дагуулав. Оросоор чөтгөрийн юм шиг цэвэрхэн ярих түүнд мэдэхгүй зүйл, ярихгүй сэдэв байхгүй бололтой. Барууны болон оросын эстрадын дуучдын тухай болон тэдний концертуудыг он оноор нь ярьж байлаа. Тэр ч байтугай зарим нэгийг нь банзан гитар дээр тоглон дуулахад орос хүүхдүүд болон багш нар нь хүртэл даган дуулж, бүжиж байв. Намайг байнга магтдаг манай орос хэлний багш хүртэл
- Энэ хүүхдийн хажууд би бараг өөрөөсөө иччихлээ гэж байлаа.
Тэр бүр Оросын түүхийг хүртэл ярьж тэдэнтэй маргалдан мэтгэлцэж байсан даа. Хөгжим эгшиглэх болгонд тэр Ольгаг урьж эргэлдэнхэн бүжих нь ёстой л үлгэрийн гэмээр. Миний дотор бачимдан байж ядаж байсыг бодоход би атаархаж байсан байх. Хамгийн сүүлд тэр оросын явган шогуудаас оросоор ярьсан нь зүгээр тасраад явчихав уу л гэлтэй болсон доо. Тэр орой хоёр анги урьд нь байгаагүйгээр хөгжилдөн байсаар тарцгааж билээ. Тэрнээс хойш Ольга манайхаар орж ирэх нь ихсэж, түүний тухай л ярьдаг бөгөөд танилцуулж ойртуулж өгөхийг надаас хүсдэг болсонсон.
Тэр тийм л хүү байсан юм. Тэрээр манай ангид, манай хотод яг зургаахан сар болоод л хотруугаа буцаад шилжээд явчихаж билээ.
Маргааш явлаа гэхийг нь сонсоод манай ангийнхан бүгд уйлсан. Хөвгүүд ч гэсэн уйлсан байх. Харин би ангидаа уйлаагүй. Гэртээ ирээд харин ч нэг нэрж өгсөндөө. Өрөөндөө суугаад л байсан, суугаад л байсан чухам хэдэн цаг болсон юм бүү мэд. Тэгтэл ээж хаалга тогшоод
- Чамтай нэг хүү уулзъя гээд байна гэхээр нь манайхаар хүүдүүд ирж л байдаг юм чинь “Хүн ч нэг аятайхан уйлуулчихгүй” бололтой юм бодсон шиг гараад ирсэн чинь нөгөө хүү чинь зогсож байдаг байгаа. Тэрхэн зуур надад ичиж зовохоосоо илүү “Би ийм ч байдалтай түүнд харагдах гэж” гэсэн ихэмсэг бодол төрсөн. Би тийм л зантай охин байж. Тэгтэл тэр нөгөө л сонин харцаараа харж, сэтгэлд дотно намуухан дуугаараа
- Уучлаарай би чамтай олигтой ч ярилцаж чадахгүй байсаар өдий хүрчихлээ. Хожимдсон ч гэсэн би чамд нэг юм хэлэх гэсэн юм гэхэд миний цээжин дотор нэг нөхөр орчихоод л өнөө муу зүрхийг минь хумиж атгаад хэдэн хавиргыг минь ээлж дараалан балбаж байгаа юм шиг л боллоо. Гэсэн ч би биеэ барьж
- Өдий болтол юм яриагүй юм чинь одоо юм хэлэх хэрэг байгаа юмуу гэж хэлчихээд хичнээн их харамссан гээч. Тэгээд “Ингээд л дуугай яваад өгчих болов уу” гэж бодохоос “Худлаа худлаа тоглосон юм. Тэгээд хэл л дээ” гэчихмээр байж билээ. Тэгтэл
- Магадгүй чамд утгагүй сонсогдож болох юм. Хэдийгээр би хэнтэй ч гэсэн учраа олж, хэнд ч гэсэн өөрийгөө ойлгуулж чаддаг ч чамд л энэ үгээ хэлж чадахгүй байсаар буцах болчихлоо. Гэхдээ хэлэхгүй байж бас чадахгүй нь ээ. Магадгүй хэтэрхий хувиа бодсон чанар ч байж болох юм гэж хэсэг байзансанаа
- Би чамт хайртай гэлээ.
Хүлээж цөхсөн юм тарчилгаж, тарчилгаж ирэхэд баясаж баярлахын зэрэгцээгээр асар их уцаар төрүүлдэг юм билээ. Би хичнээн баяртай, азтай жраглтай байсан ч гэлээ
- Чи өдий болтол хэлээгүй. Хэлэх нь байтугай дуугардаг ч үгүй байсан байж одоо наадахыг чинь сонсоод намайг яана гэж бодоов гэж хэлэнгүүт баярласан гомдсоны аль нь болох нь ялгагдахгүй цээжнээс нэг юм огшин нүдний аяга дүүрээд ирэнгүүт биеэ хүчлэн барьж байв. Өөр хүүхэд байсан бол би аль хэдийн эргээд орчих байсан байх. Гэтэл би чадсангүй. Тэр ч байтугай миний ихэмсэг зан ч гэсэн тэрхэн хооронд уясав уу гэлтэй
- Чи яагаад тэгээд надтай юу ч ярьдаггүй байсан юм бэ? гэж гомдол маань гайхширал, тунирхалын аль нь болох нь мэдэгдэхгүй амнаас гарахад
- Би чамайг өөрөөсөө хүртэл хармалдаг байсан юмаа гэлээ. Энэ хариулт надад хорвоогийн хамгийн тэнэг хариулт сонсогдсон ч сайхан санагдсаныг нуугаад яахав. Тэрээр цааш нь
- Би чамайг харсан тэр өдрөөс эхлээд би өөрийгөө хэр өчүүхэн болохыг мэдсэн юм. Чи миний хувьд ямархан өндөрт байснаа мэддэггүй байх. Би чамтай ярьчихвал, хайртай гэдгээ хэлчихвэл бүх юм дуусчих гээд байх шиг санагддаг байсан юм. Анх би чамайг сургуулийн гадаа харсан юм шүү дээ. Чамайг хэддүгээр ангийг мэдэхгүй хэрнээ “Бурхан минь намайг энэ охины ангид оруулж өгөөч” гуйж билээ. Харин хожим бодоход тэгж гуйдаг л буруудсан байх. Тэгээгүй өөр ангид орсон бол би цаг үргэлж чамайг харж, чиний сайханд өөрийгөө босох сөгөөгүй болтлоо дарахгүй ч байх байсан ч юм билүү гэх нь тэр. Түүний яриаг сонсох тусам би уяран нугарч байгаагаа мэдэрч юутай ч юм тэрсэлдэн байсан хэдий ч өөрийгөө барьсаар
- За за одоо чи явдаа. Чамд сайн сайхныг хүсье гээд эргэтэл тэр надад
- Баяртай гээд нэг жижигхэн төмөр зүүлт өглөө.
- Юу юм бэ?
- Дурсгал. Хэрвээ хэрэггүй бол хаячихаарай гээд нэг их тунарсан зөөлөн харцаар харж байснаа доошоогоо гүйчихлээ. Би эгээтэй л хойноос нь гүйсэнгүй шатан дээр суун туссаар үлдсэнсэн. Зүрхэн хэлбэртэй тэр зүүлтийг гартаа атгасан чигтээ би уйлсаар уйлсаар . . .
Түүнийг манай ангид ирсэнээс хойшхи зургаан сарын хугацаанд би бүр тарчилж гүйцэж байсан юм байна даа гэж одоо хааяа боддог юм. Тэр зүүлтийг авч үлдсэнээрээ би буруутсан ч байж болох юм. Би л илчлээгүй болохоос үнэндээ бол тэр миний анхны хайр байлаа. Түүнийг явсанаас бараг хоёр хоногийн хойно зүүлтэн дээрхи маш жижигхэн бичгийг уншихад “Холын холд” гэсэн байлаа. Заримдаа би түүний тухай зүгээр л зүүдэлсэн ч юм шиг санагддаг. Осолдохгүй тэр зүүлт байгаа болохоор өнгөрсөн бүхэн үнэн гэж бодогдоно.
Түүнийг явсанаас хойш анги, сургууль тэр байтугай манай хот хүртэл нэг л эль хуль, эзэнгүй, утгагүй. Хаа ч явсан түүний орон зай үгүйлэгдэнэ. Яаж би сургуулиа төгссөнөө ч нэг их санадаггүй. Надаас гадна олон охид тиймэрхүү байсан гэхэд би эргэлздэггүй ч ганцхан надад л тэр зүрхэн хэлбэртэй зүүлт байсан юм даа. Сургуулиа төгсөөд гадаадад хуваарь авах боломжтой байсан ч би авсангүй. Хотруу их сургуулийн хуваарь авлаа. Бодвол би түүнийг л харах, магадгүй түүнтэй л уулзах гэсэн хүсэл байсан байх. Мөн ч гэнэн байгаа юм шүү. Гэхдээ би түүнийг олоогүй ээ. Магадгүй тэр “Холын холд” явсан байсан байх.
Оюутны таван жил инээж шуугисаар өнгөрсөн. Спортоор хичээллэдэг байсны хувьд би нуруу туруу өсгөлүүн, мөн л сургуулийнхаа шигшээд тоглоно. Оюутан залуучуудынхаа дунд мөн л нэр хүндтэй, ганган хээнцэр гээд миний үндсэн чанарууд хэвээрээ л байлаа. Ганцхан хайр сэтгэлийн асуудал дээр л би нэг дутагдалтай байв. Ний нуугүй бодоход олон ч залуучууд ирсэн дээ над дээр. Яагаад ч юм би тэднийг насан багын тэр хүүтэй л харьцуулаад, түүний хаана нь ч хүрэхгүй тэднийг өөртөө үлдээж чадаагүй дээ. Оролдоогүй биш оролдсон. Гэхдээ л чадаагүй.
Түүнээс хойш арван хоёр жил өнгөрчээ. Хүнтэй суусангүй. Суух байтугай хайртай ч болсонгүй. Заримдаа би өөрийгөө өвчтэй юм болов уу ч гэж боддог юм. Тэртээ тэрэнгүй надаас зөрөөд өнгөрсөн тэр тавиланг би яагаад өдий болтол үгүйлэн суудаг юм бол. Сониноос нөгөө зүүлт маань одоо хүртэл байдаг даа. Хөөрхий төмөр юм болохоор муудаад, зүүх гэхээр хаашаа ч юм. Зүүхгүй гэхээр зүүлтийг ч тэр, зүрхээ догдлуулсан тэр үеэ ч өрөвдөөд байдаг юм даа. Тэгээд өдий болтол намайг өөрийн мэдрэлгүй болгон ховсдох мэт мэлмэрэх тэр нүдийг хайсаар өдий хүрлээ.
Үгүй ээ, ингэхэд саяын хүний нүд яагаад тийм танил мэт санагдаваа. Ярианых нь сүүлийн хэсгийг би ойлгоогүй. Ер нь тэр нүдний тасгийнханы тухай надад ярьж цаг барахын хэрэг юу байсан юм бол. Буух нь буудал нь дөхчихөөд тэр үү нэг л авцалдахгүй юм яриад байсан. Бага нас ч гэх шиг, холын холд ч гэх шиг . . .
Байз байз! үгүй ээ энэ чинь нээрээ. . . Бурхан минь, Арай үгүй байгаа даа . . .

Бүрэн эхээрээ...