# #

Нурам - 16 (тууж)

6 Сэтгэгдэлүүд:

Гэхдээ ямар ч сонголт хийсэн байлаа гэхэд би түүнийг буруутгаж чадахгүй гэдгээ мэдэж байв. Хэрлэн яагаад ч юм надаас харц дальдраад байх шиг. Суурь надад ярьснаа түүнд хэлчихнэ гэж баймгүй юм даа. Энэ хоёр холбоо бариагүй байх учиртай даа гэж гайхаж байлаа. Сансар сурснаараа Хэрлэнг бараадан дөхнө. Гэвч хөдөө байдаг шигээ зоригтой харагдсангүй. Однар, Лхагва гээд бусад нь харин Хэрлэнг нэг их оролдоод байсангүй. Гэрийн бараа харсан эрчүүд угаасаа л ингэдэг зантай л даа.
- Одоо тэгээд яах билээ? гэж Однар асууж байна. Тэр ерөнхий утгаар салааныхаа ирээдүйг асууж байгаа нь ойлгомжтой.
- Яахав. Хөдөө явсан тайлангаа тавина. Та нар одоохондоо амьтны анхаарал татаад байлгүй байзнаж бай гэж анхааруулаад гарлаа.
Удирдлагадаа тайлангаа тавив. Энэ хавар тус аймагт ажиллахдаа өөрт ажиглагдсан оновчтой хийгээд дутагдалтай талуудыг харьцуулав. Ийм тусгай салаа байж болох хэдий ч техник тоног төхөөрөмжөөр тусгайлан хангахгүйгээр ийм өрөвдөм тусгай гэгдэх салаа байх нь хэр оновчтой болохыг эргэж харахыг удирдлагадаа санууллаа. Үнэхээр тусгай төхөөрөмжөөр хангагдсан, тусгай нөхцөлд бэлтгэгдсэн, онц шаардлагатай үед тухайн нөхцөл байдалд тохирсон тодорхой шийдвэр гаргах онцгой эрхтэй, байгалийн ямар ч хүнд нөхцөлийн өмнө зогсож чадахуйц хүчин чадалтай байвал тусгай гэгдэх салааг байгуулж нийт улсын хэмжээнд бэлэн бэлтгэлтэй ажиллавал болохгүй юмгүй. Түүнээс биш энэ хаврын бидэн шиг хүрз шүүрхэн барьсан арваадхан хүн байх нь энд тэнд очиж хүчээ тарамдуулахаас цаашгүй. Бид бол дайчилгаанаас ялгагдах юмгүй байсан. Яг үнэндээ байгаль дэлхий хур бороо хайрлаагүй бол сүүлд гарсан түймрийг бид унтрааж дийлээгүй юм ш дээ гэдгээ хэлчихээд гарлаа.
Удирдлага миний тайланг анхааралтай сонсож, хүлээцтэй хандсан байв. Тэр хуралдаанаар “Тусгай” гэгдэх салааг цаашдаа байлгахаар тогтохгүй хүчин чадлыг сайжруулахад шаардлагатай хөрөнгийг төсөвт суулгаж өгөхийг хүссэн хүсэлт засгийн газарт гаргахаар шийдвэрлэсэн байв. Ингэхдээ зүгээр салаа төдий биш бүр мэргэжлийн салааг байгуулахыг чухалчилсан байв. Энэ асуудал нааштайгаар шийдэгдэхэд уул уурхайн компаниудын замбараагүйдэл, олз ашиг олохын тулд байгаль орчиныг хорлон сүйтгэж, санаатайгаар хөнөөх явдал хавтгайрч улс орон даяар гаарч байгаа байдал нөлөөлсөн байх талтай. Тусгай салааны хүн хүчийг болон техник тоног төхөөрөмжөөр хангах асуудлын хүрээнд судалгаа хийх ажлыг Онцгой байдлын эдийн засгийн болон судалгааны албанд даалгасан шийвэр ч гарав. Ямартай ч гэсэн энэ бүгдээс харахад манай салааны цаашдын ирээдүй тодорхой болж байв. Үүнээс гадна Хурандаатай Эрдэнэ Хайрхан шатсан хэргийн сэжиг таамгийн талаар би ганцаарчлан уулзаж ярилцсан юм. Хурандаа
- Чиний гаргасан таамгууд мөн Базараагийн шинжилсэн шинжилгээний хариуд тулгуурлан Цагдаагийн газарт хүсэлт гаргасан. Тэд ажлаа эхэлсэн. Их тулгат компаний дотоод үйл ажиллагааг шалгах шаардлага гарсан. Түрүүчээсээ сэжигтэй гэж үзсэн хүмүүсээс байцаалт аваад эхэлсэн гэсэн. Миний олж сонссоноор бол “Их тулгат”-ын цэвэрлэгээний бригадын ахлагч иргэн Содномыг сэжигтнээр татсан сурагтай. Бодвол чиний яриад байсан шар залуу гэдэг мөн байх. Харамсалтай нь тэр залуу одоогийн байдлаар олигтой юм ярихгүй байгаа бололтой. Надад энэ хэрэг үнэхээр том хүмүүстэй холбоотой юм болов уу гэсэн таамаг байна. Учир нь энэ асуудлыг чимээгүй болгох талаар надад хүртэл нөлөөлөх гэж оролдоод байх шиг санагдах боллоо гээд Хурандаа нуруугаа үүрэн холхисоор цонхон тушаа очиж зогсов. Би Хурандаагийн бодлогоширсон зовнингуй царайг сая л анзаарав. “Хурандаад мэдэгдэхүйц шахалт орж ирнэ гэдэг чинь үнэхээр дээгүүр чичиргээ үүсээд байгаагийн шинж дээ” гэж энэхэн хооронд бодож амжив. Тэгтэл Хурандаа миний бодлыг тасдан
- Уул уурхайн яам болон Байгаль орчны яам ч гэсэн анхаарал хандуулж эхэлсэн. Гэтэл Их тулгатын үндсэн эзэн нь их хуралд сууж байдаг. Ийм учраас асуудал хаашаа ч эргэж болзошгүй. Ер нь энэ хэрэг жижиг сэжүүрээс эх авсан гэхэд нилээн өндөр авах шинжтэй. Чи ч гэсэн болгоомжтой байхад илүүдэхгүй. Энэ хэргийг илрүүлэхэд бидэнд гарцаагүй нотолгоо, эсвэл хэн ч үгүйсгэж чадахааргүй гэрч хэрэгтэй. Энэ талаар чи бодож явна биз. Түүнээс биш тэр тамхины иш төдийхөн бол нэг их хол явахгүй. Нөгөө нөхөр “Би төөрсөн, даарсан. Тэгээд гал түлсэн. Яагаад болохгүй гэж?” гээд байгаа сурагтай. Яаж ч болохгүй юм гэж байдаг юм шүү. Бодолтой яваарай гэснээр бидний яриа өндөрлөв.

* * *
Хурандаагийн өрөөнөөс гараад хар хурдаараа чавхадсаар гэртээ ирж Сэлэнгээгийн хийсэн хоол цайг аваад эмнэлэг явлаа. Хөлдөө нэг улавч углаад Суурийн тасаг руу нь явж байтал араас нэг сувилагч гүйж ирснээ
- Та Батсуурь гуайн ар гэрээс явна уу? гэнэ. Түүний сандарсан царайг хараад
- Тийм. Яасан бэ? Тэр зүгээр үү?
- Зүгээрээр барах уу?Эгээтэй л энэ хүнд чинь алуулчихсангүй ах минь
- Юу гэсэн үг вэ? Орноосоо ч босож чадахгүй хүн шүү дээ. Чи хүн андуураагүй биз?
- Та эхлээд эмчтэй уулз. Эмч ар гэрээс нь хүн ирвэл заавал уулзуул гэсэн. Тэгээд ч Батсуурь гуай таныг өрөөндөө оруулахгүй байх гэлээ
Тортой юмаа санжигнуулсаар эмчлэгч эмчийн өрөөнд орлоо.
- Манай хүн яасан юм бол?
- Яах юу байхав дээ. Хашгирч орилоод, гартаа таарсан болгоныг авч шидлээд, нүдэндээ харсан болгоноо харааж ерөөгөөд энэ эмнэлэгээр нэг юм боллоо. Бид ямар сайндаа сэтгэцийн эмнэлэгт ханддаг юм уу гэж бодож байна. Яаж ашгүй дэргэд нь өөр өвчтөн байгаагүй юм, зүгээр гээд бүр нэг залхсан янзтай хэллээ.
- Зүгээр байж байгаад тэглээ гэж үү? Ямар нэгэн юм болоогүй биз?
- Хэн мэдэхэв. Нэг хүүхэн ирээд явсан гэсэн. Тэглээ гээд галзуу юм шиг л аашлаад байхдаа яахав дээ. Энэ чинь эмнэлэг болохоос ямар тэрний аашаа гаргадаг газар уу?
- Одоо тэгээд яаж байна?
- Мэдэхгүй. Хаалга онгойлгохоор л юм шидээд байгаа хүнийг чинь бид яаж мэдэх юм. Одоо цагдаа дуудна.
- Би нэг уулзаад ирье дээ гээд гартал
- Ер нь иймэрхүү янзтай байвал энэ хүнээ аваад гарсан нь дээр шүү. Бид ажлаа ч хийж чадахгүй, өвчтөнүүд ч тайван байж чадахгүй байна гэж араас анхаарууллаа. Суурийн өрөөний хаалгыг тогшвол хариу алга. Зөөлхөн түлхээд шагайтал Суурь хачин ууртай царайтай юм орон дээрээ сууж байна. Намайг харангуутаа харцанд нь гал улалзах мэт болоод хажуудаа байсан аягаа авч шидлээ. Би ч бултах мөртөө ухасхийн очиж, хоёр гарыг нь бугалагаар нь тэврээд авлаа. Хөдөлгөхгүй санаатай. Түүнийг тайвширтал ингэж л байхаас өөр үггүй. Тэгтэл Суурь
- Надаар хэд дахин тоглох гэсэн новшнууд вэ? Яахаараа заавал би гэж? хэмээн хахирган хоолойгоор орилоод эхлэв. Тэр үндсэндээ галзуурчээ.
- Чи чинь гэнэтхэн юу болоод байгаа юм бэ?
- Тавь л даа чи муу. Чи ч гэсэн тэдний нэг. Та нар өөрсдийгөө гэмгүй царайлсан бурхны элч гэж санана уу? Үгүй л байхгүй юу. Та нар намайг тамлаж бах таваа хангахын тулд уван цуван ирсэн сэтгэл зүрхний тамын гийчид. Чи муу миний бөгсийг ухах гээд л энд тэнд шиншилж явдаг бууны нохой шүү дээ. Үгүй гээч. Тийм биш л юм бол чи яахаараа дандаа ийм үед гэнэтхэн гарч ирдэг юм бэ? Хэл л дээ чи. Чадахгүй ш дээ. Чи бол зүгээр л тамын гэрч байхгүй юу. Цаад эрлэгийн элч чинь чам шиг эм зантай юмнуудыг боолчилдог юм. Мэдэв үү чи? Тавиач намайг гэж байдгаараа учир замбараагүй орилж миний тэврэлтийг тавиулахыг оролдов. Тэглээ гээд би тэлчлэх зоргоор нь алдчихсангүй. Нилээн ноцолдсоны эцэст түүний хөдөлгөөн нь удааширч, дуу нь суларч, төдөлгүй мөрөө чичигнүүлж эхлэв. Тэр уйлж байлаа. Тийм том хүдэр эр тийм чимээгүйхэн уйлах нь сонин.
Түүний мөр чичигнэн чичигнэсээр аажмаар хөдөлгөөнгүй болов. Өмссөн цамц нь чийг дааж, эр хүний хөлсний үнэр эм тариатай холилдон үнэртэнэ. Нилээн удлаа. Тэр сая нэг юм тайвширч байгаа бололтой
- Бид ингээд л зууралдаад байх уу? Наад гар шиг юмаа тавь л даа
- Галзуурсан хүнийг өөр яах ёстой юм?
- Одоо зүгээрээ, жаахан бачуурчихаж. Алив больцгооё гэлээ. Би итгэл муутайхан барьцаа сулруулав. Тэр хөдөлсөнгүй. Харин нэг их санаа алдаад
- Би бүр итгэчихэж. Өдий наслахдаа хэрийн юманд итгээгүйсэн. Гэтэл энэ охинд үнэнээсээ итгэчихэж. Новш шүү гээд толгой сэгсэрснээ
- Мөн ч болоогүй байна даа гэх нь дотроо их л шатаж байгаа бололтой. Түүний нүүрэнд муухан инээмсэглэл тодровч харж буй бүхнээ үзэн ядаж байгаа нь ил байв. Түүнийг юу болоод байгаа тухайгаа ярих болов уу гэтэл таг дуугай болчихов. Нилээн хүлээсний эцэст авч ирсэн цай хоолоо үлдээгээд
- Чи тэгээд надад юу ч ярихгүй юм биз дээ? гэвэл таг.
- Одоо чамайг элдвийн ааш гаргаад байхгүй гэж ойлгож болох уу? Энэ эмч сувилагч нар чамаас айгаад байна гэвэл цонх руу гөлөрсөн чигтээ толгой дохив.
- За за, би маргааш ирье. Эмч нарт одоо айлтгүй гэж хэллээ шүү гэвэл мөн л чимээгүй. Надад гарахаас өөр зам үлдсэнгүй. Тэндээс гарч эмчийн өрөөнд ороод
- Одоо зүгээрээ, би сая уулзчихлаа.
- Үнэн юм уу?
- Юу ч гэсэн та орох уу? Би үүдэнд нь зогсож байя гэвэл эмч түрүүлэн явах зуураа
- Туршилт хийж байгаа юм шиг болох нь шив дээ. Ер нь ингэхэд ямар хүүхэд биш дээ, та нар одоо гэсээр явлаа.
Суурийн өрөөнд эмч орж, би үүдэнд нь үлдэв. Элдвийн чимээ сонсогдсонгүй. Би гадаа нь чагнаад байлаа.
- Уучлаарай, ах нь жаахан багтраад . . . гэхэд
- Ойр ойрхон ингэж багтраад байвал хэцүү л юм байна гэж эмч хэлэх сонсогдлоо.
Гэрээдээ гэлдрэх зуураа би Суурийн тухай л бодож явав.
“Нэг хүүхэн ирсний дараа ингэсэн гэхээр Хэрлэн ирсэн байж таарах нь. Бодвол тэр бид цаашдаа хамт байж чадахгүй л гэсэн байх. Хэрлэнгийн буруу ч биш. Тийм залуухан охин насаараа тахир дутуу хүний тэргэнцэр түрнэ гэж бодохгүй л байх. Тэгээд бас ийм насны зөрүүтэй шүү. Тэгээд л больё гэсэн байх. Харин Суурийн ингэж их уурлаж, уцаарлахын учрыг ойлгохгүй юм. Иймэрхүү хандлага түүнийг эрүүл байсан ч ирж болох л байсан ш дээ. Гэтэл ингэж сүйд болдог нь сонин юм. Эртээрхэн л Хэрлэнг ирэхгүй байсан нь дээр гээд байсан биш билүү” гэж бодож явснаа гудамжны сандал харагдахаар тамхиа асаагаад сууж авлаа. Түүний тухай бодох гэж л тэр байх.
“Өдий насандаа залуухан охинд дурласан гээд байгаа. Ийм дурлал үзээгүй болохоор ямар байдгийг нь мэдэхгүй юм даа. Үгүй тэгээд бас ч гэж хэцүү л байдаг байхаа даа. Дурлал бол дурлал шүү дээ. Дурлал гэдэг нэгэн бодлын хамгийн богинохон хугацаанд үүсдэг асар гүн итгэл үнэмшил шиг санагддаг. Бараг тийм ч байх. Тэр нь нураад унахаар ингэсэн байх л даа. Сэтгэлээр их унах шалтгаан түүнд хангалттай их байна. Уг нь омголон адуу шиг л явсан хүн шүү дээ” гэсэн бодол миний тархинд Суурийг өмөөрөн эргэлдэж байв.

* * *
Тэр орой би Сэлэнгээд болоод өнгөрсөн бүгдийг ярив.
- Өө хө бүр нялхарчихдаг юм байна. Дурлал гэдэг чинь тийм айхтар юм байдаг билүү гэж Сэлэнгээ тоомжир муутайхан ёжилж байна.
- Тэрнийг одоо үгээр идээд яахав дээ. Нэгэнт л бүх зүйл болоод өнгөрч байна.
- За засс. Би нэг их бах таваа хангаад байгаа юм алга. Жаахан охинд сэвүүлчихээд юун сүртэй юм. Очиж, очиж эмнэлэг дээр тэгж галзуураад байхдаа яадаг юм.
- Чи юунд нь бухимдаад байгаа юм? Ямар энд ирээд хэдэн аягыг чинь хага шидчихсэн биш
- Чи нэг их өмөөрөөд сүйд болоод байх юу байсын гээд учиргүй шилбэлзэж байна. Энэ ч Сэлэнгээгийн хувьд цагаа олоогүй, утгаа ч олоогүй ааш байв. Гэхдээ түүнд ингэж хэлснээс чимээгүйхэн орондоо орсон нь дээр гэдгийг би мэдэлгүй яахав. Хүүхнүүд гэж заримдаа хэрэггүй юманд ааш нь гозолзсон улс байдаг хойно одоо яахав гэж бодсоор орондоо орлоо.
Шөнө дунд утас хангинах шиг болов. Нойрноосоо сэрж ядан байтал Сэлэнгээ намайг нударч
- Утсаа аваач ээ гэж уцаарлах дуунаар хагас дутуу сэрмэглэн тэмтэрсээр утсаа авбал
- Галаа, чи боломжтой бол хүрээд ирээч гэж Суурь хэлж байна
- Энэ шөнө дөлөөр үү? гэж намайг нойрмоглоход
- Надад тусламж хэрэгтэй байна Галаа гээд миний үгийг сонсолгүй утсаа тасаллаа. Би яаравчлан хувцаслав.
- Яасан бэ? гэж Сэлэнгээ бувтнав.
- Чи хэвтэж бай. Гайгүй байх гээд гарлаа. “Бие нь тэгтлээ муудмааргүй юмаа. Уг нь гарах тухай яригдаж байсан юмсан” гэж бодсоор Суурийн тасагт яваад ортол Суурь орон дээрээ хагас өндийчихсөн сууж байлаа.
- Яасан бэ? Бие чинь гайгүй юу? гэхэд
- Бие ч гайгүй ээ. Харин болохгүй юмнууд болоод байна. За байз юу гэж тайлбарламаар юм бэ дээ гээд хэсэг бодолхийллээ. Тэгж их сандарч ирснээ бодохоор ийм тайван байгаад нь гайхах ч шиг. Тэр ямар нэгэн том шийдвэрт хүрэх гэж байгаа нь мэдрэгдээд байв.
- Энэ бүгдийг сонсоод чамайг ямар байдалтай болохыг мэдэж байна л даа. Гэхдээ чамайг тэвчээртэй сонсоорой гэж хүсэх байна. Одоо надад харамсах юм алга. Хүн харамслаа барна гэж байдаг л юм байна гээд Суурь шүлсээ гүдхийтэл залгих нь яг л хамаг хүчээ шавхаж байгаа хүн шиг санагдав. Түүний харцанд уйтгар гунигийн манан урд нь хэзээ ч байгаагүйгээр нүүгэлтэж байв. Энэ яавч эгэл жирийн биш гэдэг нь тодорхой байсан тул түүний юу ярихыг хүлээхээр шийдлээ.
- Би тэр уулыг шатаачихсан юм ш дээ гэж тэр шуудхан хэллээ. Би чихэндээ итгэсэнгүй.
- Юу . . .? гэтэл тэр хуруугаа гозойлгон намайг чимээгүй байхы г дохиод
- Энэ бүр хоёр жилийн өмнөөс бодлоготойгоор эхэлсэн ажил. “Их тулгат”-ын эзэн тэр үед УИХ-д сонгогдоогүй байсан үе. Тэдний хайгуулын бригад Эрдэнэ Хайрхан ууланд асар их алтны нөөцтэй байгааг тодорхойлсон хэрэг.
- Тэр ууланд хайгуул хийх ёсгүй биз дээ?
- Ёсгүй юм гэж энэ улс оронд байхгүй болоод удаж байна шүү дээ. Өөрөөр хэлвэл хууль бусаар л хайгуул хийсэн гэсэн үг. Усны ундаргатай, араараа битүү модтой энэ хайрханд яагаад ч олборлолт хийхийг зөвшөөрөхгүй байсан. Тэгээд тэр надтай уулзсан юм.
Үргэлжлэл бий . . .

"ҮР ХАРАМ" туужийн түүврээс
Бүрэн эхээрээ...

Нурам - 15 (тууж)

7 Сэтгэгдэлүүд:

* * *
Нэг өдөр Суурь дээр очлоо. Суурь өдөр хоногоор тэнхэрч байгаа ч тэрээр дахин хөл дээрээ босохгүй нь тодорхой болжээ. Тэр сэтгэлээр унасан нь илт байлаа.
- Би амьдралд гэрэл гэгээ байдаг гэдэгт арай чүү гэж итгэж эхэлсэн юмсан. Чи бод л доо, эмэгтэй хүнийг хүртэл ойлгож эхлэх шиг болсон. Би одоо л хүн болж байна даа. Энэ бүх мэдрэмжүүдийг ахиад алдахгүй юмсан. Хайр сэтгэл, хань ижил, магадгүй үр хүүхэдтэй ч болчих юм бил үү гэсэн итгэл төрж эхэлсэнсэн. Гэтэл чи хар даа . . . гээд хөнжлөө ярж
- Ийм болчих юм гэлээ. Түүний харц харамслаар дүүрэн байв. Тэр Хэрлэнгийн тухай ярьж байгаа нь ойлгомжтой. Ингээд байгаа хүний өөдөөс чи санаатай гал тавьсан гэж яаж хэлэх билээ. Тэр миний өөр юм бодож байгааг сая анзаарав уу гэлтэй хараад
- Би чамд огт хамаагүй зүйл яриад байх шиг байна аа даа
- Үгүй ээ, яалаа гэж. Ингэхэд Хэрлэн ирсэн үү? гэж дүйвүүллээ.
- Ирээгүй. Битгий ирээсэй ч гэж бодож байгаа. Одоо тэр хүүхэд над дээр ирээд яах юм? Орчлонгийн хамгийн утгагүй юм гэж тэр байхаа гээд нэг их санаа алдав.
- Магадгүй, хамгийн утгатай нь ч болох юм бил үү гэж хэлэхдээ би олон юм бодсонгүй. Тэгтэл Суурийн харцанд намайг зэвүүцсэн зэвүүцэл тодорч
- Яасан? Намайг одоо жаахан даапаалж, доромжилмоор санагдаад байна уу? Энэ муу ямар босоод ирэх биш юу ч гэсэн яадаг юм гэж санагдаад байна уу? Болно болно. Чи намайг юу ч гэж доромжилж болно.
- За, би ер илүү дутуу юм бодолгүй хэлчихлээ. Чи юунд дандаа ингэж ярдаглаж байдаг юм бэ? Эр эмийн хэрүүл шиг ийм юм ярилаа гээд юу өөрчлөгдөх юм. Эргэн тойрондоо байгаа хүмүүсийг яахаараа өөрийнхөө эсрэг байна гэж бодох ямар үндэс байгаа юм? гэвэл тэр бас ч гэж юм бодоод байгаа бололтой чимээгүй болов.
- Тэр намайг аварсан байдаг. Гэтэл би одоо “Энэ намайг гал дундаас чирч гаргах уу” гэж хашгирч байснаа тодоос тод санаж сууна. Хэрвээ Хэрлэн ороод ирвэл би ямар нүүрээрээ түүнийг харах вэ? Тиймээс би түүнийг миний амьдралд дахин битгий харагдаасай гэж бодож байна. Хүнд бас санаа зовох, ичих үе гэж байх юмаа гэж нилээн хүлцэнгүй өнгөөр хүүрнэлээ. Энэ үнэн байж мэднэ. Тийм их бардам явсан хүн ийм байдалд орохоор ямар байдгийг мэдэхгүй юм.
“Сэтгэл санааны асар их хэлбэлзэл дунд амьдардаг хүмүүсийн амьдрал сонирхолтой, олон янзын тод өнгөтэй байдаг байх. Харин би бол бардам хүн биш. Тэгэхээр миний үзэл бодол, аливаад хандах хандлага Суурийнхийг бодвол нэг л өнгөтэй, уйтгартай байж болох юм” гэж бодогдож байлаа. Бид хоёр мөн л чимээгүй сууцгаав.
- Эмэгтэй хүн эр хүний толгой дээр гарахаараа яадгийг, хэтэрхий хүлцэнгүй эр хүний хүзүүг амьдрал буулгаараа хэрхэн дардгийг би хүүхэд ахуйн амьдралаараа мэдэх юм гэж Суурь энгийнээр өгүүлэв. Би түүнийг гайхан харвал
- Чи гайхаж байна уу? Аргагүй дээ. Чи бид хоёр бие биенээ мэддэг юм шиг хэрнээ огт мэдэхгүй шүү дээ. Би чиний багын амьдралыг мэдэхгүйтэй адил чи миний ямар амьдрал туулж хүн болсныг мэдэхгүй. Тийм биз? гэж асуулаа. Энэ үнэн байв. Би түүний бага насыг үнэхээр мэдэхгүй. Нэг өрөөнд тэгтлээ удаан амьдарчихаад яагаад бид энэ тухай ярилцдаггүй байсан юм бол?
- Тийм шүү, бид бие биенийхээ бага насыг мэдэхгүй юм байна гэхэд
- Би хойд эхийн гар дээр өссөн л дөө. Гэхдээ энэ нь тэр хүн намайг тэгтлээ их зовоодог байсан гэсэн үг биш. Зүгээр л намайг ааваас минь салгачихсан юм. Манай аав тэр хүүхэнд хэтэрхий их эрх мэдлийг өгснөөс сүүлдээ өөрөө гудамжинд гарахад хүрсэн л дээ гээд уртаар санаа алдлаа. Манайх хаана яаж амьдрах, мөнгө төгрөгөө хэрхэн зарцуулах гээд гэрт, гадаагүй бүх асуудлыг тэр хүн мэддэг байв. Манай аав цалингаа гар дээрээ авч үзээгүй гэвэл итгэх үү? Сүүлдээ эцгийн минь амнаас гарах үг бүрийг хянаж цагдаж, хэнд юу гэж хэлэх, хэнээс юу гэж асуухыг нь хүртэл зааж, зурдаг болсон байсан. Эцэстээ намайг эмээ рүү явуулахыг шийдэж байхад хүртэл миний эцэг тэр нэг юмныхаа өөдөөс ган гэж ганц үг хэлээгүй юм ш дээ. Намайг тэр гэрээс явснаас хойш ердөө жил хагасын дараа эцэг маань гэрээсээ хөөгдсөн юм даа гэхэд нь би түүн рүү гайхсан харцаар харвал
- Тийм арчаагүй. Эр хүн гэдэг тийм арчаагүй байж болох уу? Энэ хайр уу? Энэ одоо хамтын амьдрал уу? Тэр үед л би эм хүн эрх мэдэлд хандаггүй юм байна гэдгийг мэдсэн юм.
- Аав чинь . . .?
- Архи . . . Арчаагүй хүнийг архи өөрөө уучихдаг юм билээ. Тийм учраас л би эмэгтэй хүнийг толгой дээрээ гаргахгүй гэж бат нот боддог болсон доо. Өсвөр насны хүүхэд нэг юмыг сэтгэлдээ хоногшуулчихаар тавьдаггүй юм билээ. Тэр л зөнгөөрөө би өдий болтол амьдарсан. Хэнд ч бууж өгөхгүй. Миний бодсон санасанд садаа болсон болгоныг би үзэн ядсаар ирсэн. Тэдний нэгэнд чи багтдаг байсан. Чи бид хоёр амьдралын замаар хөндийрсөн нь чамайг үргэлж бодоод байхгүй болгосон болохоос, чамайг ор тас мартуулсан юм биш. Гэтэл чи миний амьдралд дахиад л гараад ирсэн. Чамайг ирэх сургаар миний дотор нойрсож байсан чиний тухай хар бодлууд сэрж эхэлсэн. Гэтэл зүгээр ч үгүй чамайг дагаад Хэрлэн ирсэн. Би бүр галзуурах шахсан. Чамд шатсан уураараа танай салааныхантай харьцаж байлаа. Гэтэл . . . гэснээ Суурь үгээ тасалж, бодлоо цэгцлэх гэсэн мэт тамхи гарган асаалаа. Эмнэлэгт болж байгаа юм уу? гэсэн харцаар би түүнийг харвал
- Хаалгаа хаагаад, цонхоо онгойлгочих. Би хааяа ингээд татчихдаг юм. Босож чадахгүй хүнийг эд яав л гэж гээд тоосон ч шинжгүй сорж гарав. Би хаалга цонхыг хэлснээр нь болгов. Суурь тамхиа хэд хэд сороод
- Гэтэл нэг л өглөө сэрээд орондоо хэвтэж байтал Хэрлэнгийн инээмсэглэсэн төрх бодогдоод ирсэн. Эхэндээ нэг их юм бодсонгүй. “Яагаад байгаа муу шулам бэ” л гэх ухааны юм бодогдож байв. Гэтэл цай уусан ч, сахлаа хуссан ч боссон ч суусан ч бодогдоод болохоо байдаг байгаа. Шар сэмжилнэ гэж нэг үг байдаг гэсэн тэр нь юм болов уу ч гэж бодох шиг. Сүүлдээ цухал төрдөг юм билээ. Ямар сайндаа танай салааныхныг бэлтгэл хийлгэнэ гэж арын талбай дээр гүйлгэж байхав. Амьхандаа үйлийг нь үзэж өөртөө зэвүүцэл төрүүлэх гэж байгаа нь тэр. Тэгтэл яасан гээч. Хөлс нь цутгасан Хэрлэн улам сайхан харагдаад болдоггүй. Түүний халууцаж мэнчийсэн улаан хацар, хөлсний үнэр нь хүртэл сайхан санагдах шиг. Хашаан дээр хатаах гээд тохчихсон нэвт норсон кителээс нь нэг тийм гэхийн аргагүй эм үнэр үнэртээд байсан даа гээд тэрээр шүүрс алдлаа.
Энэ завсар би ямар нэгэн юм ярих ёстой байсан байж магадгүй. Гэвч надад ярихаас сонсох нь илүү санагдах тул түүнийг хүлээлээ.
- Өдөр хоног өнгөрөх тусам түүнийг харахсан гэж, болж өгвөл хажууд нь очихсон гэхдээ танай тасаг руу гүйчих гээд болдоггүй. Түүний үнэрийг ч үнэртэх гээд байсан байж магадгүй. Дурлал гэдэг тийм л юм билээ. “Намайг хоттойгоо танилцуулаа ч” гэж Хэрлэнгийн хэлсэн тэр өдрийг чи ч гэсэн санаж байгаа байх. Тэгэхэд би гайхсан чиг, баярласан чиг. Тэр энгийн даашинз өмсөж, үсээ задгай тавьсан нь улам эрхэмсэг, эмэгтэйлэг харагдуулж байв. Хот ч гэж дээ тоос шороонд дарагдсан тосгоноо юу гэж хэлвэл таалагдах бол гээд их л санаа зовж байсан юмдаг. “Танай хотыг бодвол жижигхэн байгаа биз дээ?” гэвэл “Аливаа юм жижиг байх тусмаа сэтгэлд ойр байх шиг байдаг юм. Магадгүй, би ийм л хотод амьдрах дуртай байх” гэж тэр хэлсэн. Би түүний амнаас ийм догь үг гарна гэж огт бодоогүй болохоор гайхсан л юм. “Чи гэрийнхнийхээ тухай яриач” гэхэд “Надад эцэг эх байдаггүй юмаа” гэлээ. Надад өрөвдмөөр санагдсан. Би ч гэсэндээ бараг л өнчин өрөөсөн өссөн болохоор түүний ганцаардлыг ойлгож, мэдэрч байлаа. Тэгээд түүн рүү хартал Хэрлэн намайг цоргих шахам ширтэж байснаа “Хэрэггүй дээ. Би өрөвдүүлэх дургүй” гэсэн. Надад түүний ингэж хэлэх нь ямар их таалагдсан гээ. Хүүхнүүд чинь юм л бол нус нулимстайгаа холилдож орхидог. Тэр тэгсэнгүй. Гэхдээ түүнийг эвгүй байдалд оруулчихгүй санаатай “Үгүй ээ, үгүй. Би нэг их хүн өрөвдөөд байдаг ч хүн биш. Би чамайг их хэрсүү охин юмаа л гэх гэсийн. Ярьж байгаа чинь том хүн шиг л юм гэхэд “Би том хүн ш дээ. Насанд хүрсэн” гэснээ сэтгэл гижигдсэн цойлгон инээдээр учиргүй инээгээд “Би угаасаа л үеийнхэнтэйгээ ярих дургүй. Яагаад ч юм яриа таардаггүй юм. Яг юу гэх гээд байгаа нь ойлгогдохгүй, дүлэгнэлдээд л, жаахан хүүхэд шиг утгагүй” гэхээр нь “Тэгвэл ахмад хүнтэй бол . . .?” гээд түншээд орхисон чинь “Тулхтай, ухаантай, бас шийдэмгий эр хүнтэй ярилцах сайхан. Ядаж юу гэх гээд байгаа нь ойлгогдоно. Яриа ч эвлэнэ” гэж ирээд л их хөөрхөөн гээд Суурь Хэрлэнг санаандаа дүрслэв бололтой инээмсэглэлээ. Түүний харц нялхарсан харагдана. Тэгснээ
- Тэр анхны уулзалтаасаа эхлээд намайг соронз мэт татсан. Түүний нүд хөмсөг, уруул бүгд сэтгэлд дотно. Ялангуяа харц нь жаахан охиных шиг биш, яг л нас тогтсон ухаалаг эмэгтэйн харц шүү. Насаараа намайг ширтэх юм шиг санагдсан нь одоо бодоход тэнэг л юмаа даа. Тэр шөнөдөө би түүний зургийг зурж эхэлсэн. Нүүрийг нь тэр тусмаа харцыг нь хурдхан гаргахсан гэж яарч байлаа. Тэгэх л юм бол би түүнийг үргэлж дэргэдээ байлгах юм шиг санагдсан. Хэрлэн өөрийн гэсэн бодолтой, хэвлүүхэн яриа хөөрөөтэй. Миний бодсоноос тэс өөр охин. Ямар сайндаа л би түүнтэй уулзах тоолондоо насны зөрөөгөө мартчихдаг юм гээд Суурь одоо яг түүний дэргэд байгаа юм шиг эсвэл намайг хажуудаа байгааг мартчихаад гав ганцаараа өөрөө өөртөө ярьж байгаа юм шиг инээмсэглэв. Тэрээр цааш нь
- Дурлал намайг ахин тоож байхад одоо л алдаж болохгүй юм шүү гэж би бодож байлаа. Энэ охинд дурласан дурлалаар Сүрнээгийн өмнө хийсэн нүглээ наминчилж, энэ дурлалаар түүнээс уучлалт гуйж болох юм шиг төсөөлөгдөж явсан юм шүү. Энэ бүхэн хоорондоо хэр авцалдах байсныг мэдэхгүй ч ингэж л бодож байсан. Чамд тэнэг ч санагдаж магадгүй гээд тэр дотор байгаагаа нэг мөсөн дууслаа гэсэн шиг уртаар санаа алдлаа.
Тэр үнэхээр дурлажээ.
- Та хоёрын хооронд хайрын сэдэл үүслээ гэдгийг цаадах чинь мэдсэн болов уу? гэж намайг болгоомжтой асуувал
- Мэдсэн л гэж бодож байна гэж сулавтар хариулахаар нь
- Чи тийм ч итгэлтэй биш байгаа юмаа даа? гэвэл
- Чиний юу гэх гээд байгааг би ойлгож байна л даа. Бид хоёр унтаагүй
- Би тэгж асуух гэсэн юм биш ээ
- Унтах нь битгий хэл үнсэлцээгүй. Намайг үнсэх гэхээр тэр духаа л өгдөг юм. Би ч гэсэн тэгтлээ шунаглан дайраагүй. Одоо бодоход тэр маань ч болж гэхээр би гайхан харвал
- Яахав дээ, хэрвээ унтаж хэвтээд янз бүр болчихсон бол өдийд салж хагацахад төвөгтэй байж мэднэ ш дээ. Харин одоо түүнд намайг мартахад амар. Надад ч гэсэн тийм хэцүү биш.
- Ямарч байсан хайр сэтгэл гэдгийг тэр мэдсэн юм байна. Тэгэхээр та хоёр уулзах ёстой юм биш үү? гэхэд
- Хэрэггүй. Тэр охин одоо амьдралынхаа мөрийг хөөг. Би одоо садаа болохыг хүсэхгүй байна.
- Садаа болохдоо ч гол нь биш л дээ. Ядаж . . . гэтэл тэр миний үгийг тасалж
- Чинийхээр бол тэгээд би тэрний өмнө босъё босож чадахгүй, сууя сууж чадахгүй ийм арчаагүй царайлчихаад байж байвал сайхан уу?
- Чи ядаж миний юу гэх гээд байгааг сонсохгүй юм уу?
- Тэгээд бас хайр майр яриад шүү гэж цухалдлаа.
- Чи түүнд баярласнаа илэрхийлж болно шүү дээ
- Яагаад? Намайг ийм тахир дутуу амьтан болгож үлдээсэнд үү?
- Нэгд, тэр чамайг ийм болгоогүй. Хоёрт, тэр чамд яг ямар муу юм хийсэн юм бэ? Айн? Хэлээд орхи л доо. Чамайг галаас аварч, чамд хэсэгхэн хугацаанд ч болов хайр сэтгэл гэж юу байдгийг мэдрүүлж. Чиний хэлж байгаагаар бол чамайг орчлон хорвоог арай өөрөөр харахад чинь тусалж. Гэтэл чиний байж байгааг.
- Магадгүй ээ, магадгүй. Чиний зөв юм шиг байна. Гэхдээ би урдынх шигээ хайр сэтгэлийн тухай түүнтэй ярих нь битгий хэл бодохын ч хэрэг алга. Харин зүгээр, хэзээ нэгэн цагт таарвал баярлалаа гэж хэлэх ёстой гэдгээ ойлгож байна.
- Манай салааныхан мөдхөн цугларна л даа.
- Эр эм хоёрын хооронд илжиг бүү жороол гэж үг байдаг. Чи л бидний хооронд янз бүрийн юм ярьж битгий гүйгээрэй. Би хүсэхгүй байна. Надад одоохондоо сэтгэлээ онгойлгоод ярьчих хүн байхгүй болохоор л энэ бүхнийг чамд ярьчихлаа.
- Би ярихгүй ээ. Харин тэр надаас асуувал би оч л гэх байх даа
- Чамаас асуухгүй. Тэр бие даасан бодолтой, чадвартай охин.
- Чи боломж гарвал түүнтэй уулзах л юм байна. Тийм үү?
- Баярлалаа гэдгээ хэлнээ гэж Суурь хэллээ.
Суурь түүнтэй уулзахыг маш их хүсэж байгаа юм байна гэдэг нь надад ярьж хэлж байгаа байдал, сэтгэл хөдлөлөөс нь мэдэгдэж байлаа. Харин тэр охин одоо энэ хүнийг тоохоосоо өнгөрсөн байхаа даа гэж бодохоор гунигтай ч юм шиг. Тэгж их дур зоргоор мэт гялалзаж явсан хүн одоо ийм болчих нь хичнээн харамсалтай. Амьдрал гэдэг хатуудаа хатуу.

* * *
Манайхан цугларлаа. Хөдөө байснаа бодвол бүгдээрээ өнгө засчихаж. Хэрлэн ч гэсэн жаахан бор дуу л болохоос хотын хүүхэн болсон байв. Би түүнийг урдахаасаа тэс өөрөөр харж байгаа нь сонин. Тэр бол дурлал амсаж буй бүсгүй. Уг нь санаагаар юм бол одоо л аз жаргалын үзүүрээс атгачихсан нисэж байх ёстой. Гэтэл арай биш юмаа. Түүний харцнаас уй гунигийг, магадгүй цөхрөлийг олж харав. Тиймээ, тэр гунигтай, зүрх нь шаналантай байгаа нь илт. Яагаад гэдгийг зөвхөн би л ойлгож байгаа. Тэр одоо “Суурийг яах вэ?” гэсэн ац бодолд шаналж яваа. Ийм залуухан зүрх “чухам ямар сонголт хийх бол” гэдэг нь надад ч сонин.

Үргэлжлэл бий . . .

"ҮР ХАРАМ" туужмйн түүврээс
Бүрэн эхээрээ...

Нурам - 14 (тууж)

5 Сэтгэгдэлүүд:

Яриа миний санаснаас илүү гүн эхэлчих шиг.
- Тэгээд таньд аль талаасаа илүү харагдсан юм бэ дээ. Та надад үүнийг хэлсэнгүй.
- Манай хүн ч жаахан ширүүн л дээ гэж хэлэхдээ “эмэгтэй хүнд” гэсэн үгээ хаслаа.
- Би жинхэнэ эр хүнд дуртай. Тэр тусмаа тулхтай, ухаантай бас шийдэмгий. Тийм эр хүнтэй ядаж ярилцахад ч сайхан байдаг юм гэж хэлээд Хэрлэн “Тэгвэл та яахын” гэсэн шиг ширтлээ. Түүнтэй яриа өдсөн энэ хэдхэн хоромд би түүний аманд багтсаар байгаад таарав. Түр ч атугай зай авах гэсэндээ ч биш бүр хэлэх үг олдоогүй тул хий дэмий гараа халаасандаа хийн алсыг харж зогслоо.
- Би угаасаа үеийнхэнтэйгээ нийлдэггүй. Тэд хэтэрхий жаахан, хэтэрхий арчаагүй байдаг юм гэж араас хэлж байна. Түүнийг яг түрүүний харцаараа араас харж байгаа гэдгийг мэдрээд байв. Гэсэн ч дуугарсангүй.
- Та хэл л дээ. Хайр гэж яг юу юм бэ? гэж байна. Энэ асуулт намайг түүн рүү харахад тус болж мэдэхээр санагдлаа.
- Хайр гэж үү? гээд эргэв. Тэр намайг өөрт нь таалагдахгүй хариулт хэлвэл юу юугүй тасчих нь уу гэлтэй харж байлаа. Би зөв хариулах ёстойгоо ойлгов. “Хэрвээ эерэг хариулт хүлээж байсан бол ингэж харахгүй дээ” гэж бодож амжсан би
- Хайр бол өндөгний хальстай хор юм шүү дээ гэхэд Хэрлэнгийн харц яльгүй уярах нь анзаарагдав.
- Хэврэгхэн гэж жигтэйхэн. Хагалахгүй бол хэдэн зууныг ч өнгөрөөж мэднэ. Даанч бид тэгэсгээд л хагалчихдаг болохоос гэхэд Хэрлэн инээмсэглэснээ
- Та бас романтиклаж чадах юмаа гэнэ.
- Ингэхэд чи хэдтэй билээ?
- Хорь
- Аан
- Яасан?
- Би нэг удаа чиний насан дээр байсан юм байна гэхэд Хэрлэн түсхийтэл инээснээ
- За за ойлголоо би буруу ярьчихаж гэлээ. Бидний энэ өдрийн яриа тэгсгээд өндөрлөлөө. Хэрлэн миний санасан шиг жаахан биш ажээ. Хэдий завандаа тэр ийм том болж төлөвшсөнийг ер ойлгосонгүй. Эндээс би түүнийг ахмад эрэгтэй хүн сонирхдог, үеийнхэндээ байхааргүй өвөрмөц охин юм гэж ойлгов. Манай салааныхны хэдэн маанагийн маазралт түүнд ёстой үдийн будаа гэгч болохоор санагдана. Ялангуяа Сансар бол бүр жижигдэнэ. Гэхдээ Хэрлэн Сансарт цаагуураа нэг талтай хандах нь эгч нь дүүгээ халамжлах мэт санагдах болов. Магадгүй би л тэгж мэдрээд байсан байж болох юм.

* * *
Хэд хоног дүлэгнэж байгаад хурандаатай ярилаа. Өөрт байгаа бүх сэжиг таамгаа хэллээ.
- Одоо тэгээд Эрдэнэ Хайрхан уул ямар байдалтай байна.
- Дүнхийсэн хар юм л байна. Би Их тулгатын цэвэрлэгээний бригад мөдхөн тийшээ орно гэж бодож байна. Тэгвэл тэнд бариад авчих юм үзэгдэхгүй байх. Одоо ч гэсэндээ олны хөл их дарсан. Тоймтой юм байгаа гэдэгт итгэхгүй байна.
- За ойлголоо Галаа, би энд ярилцъя. Ямар ч байсан чи сайн ажилласан байна. Танай салааг газар чийгшиж, ногоо цухуйхад эргээж татна гээд утсаа тасаллаа.
Хурандаатай яриад удаагүй байтал аймгийн цагдаагийн хэлтсээс нэг ахмад ирж надтай уулзлаа.
- Дээрээс бидэнд Эрдэнэ Хайрханд хөл хорь, үзлэг хий гэсэн тушаал ирсэн. Мөн тантай уулзаж үзсэн харсныг чинь асуу гэсэн гэлээ. Би өөрийн үзсэн харснаа тамхины ишнээс бусдыг хэлсэн ч таамаглалаа хэлээгүй. Тэр ахмад тийм ч анхааралтай биш сонсож, алба юм даа гэсэн байдлаар протокол бичээд гарын үсэг зуруулж
- Тэгвэл тийм ч сүр болох юм байхгүй юм шив дээ гэлээ. Би мөрөө хавчаад өнгөрөв.

* * *
Хаврын шар өдрүүд ар араасаа хөвөрч, модод нахиалж, зуны дэлгэр цаг өнөө маргаашгүй болжээ. Бидэнд тийм ч олон дуудлага ирсэнгүй. Нэг үдэш манай залуус хашаандаа сагс тоглож би тэднийг харж суув. Яагаад ч юм Хэрлэн харагдсангүй. “Дэвтрээ тэврээд л нэг газар суугаа биз” гэж бодов. Тэгтэл сараалжин хашааны цаанаас нэг банди гүйж ирснээ
- Ахаа, таныг тэнд нэг эгч уулзъя гэнээ гэлээ
- Хаана?
- Тэр хашааны цаана гээд заав. Харвал хүн харагдсангүй. Намайг эргэлзсэнийг анзаарсан хүү
- Тэр, тэр хашааны буланд
- Өөрөө ирэхгүй яасан юм?
- Ичээд байна гэсэн
Би гайхаж орхилоо. “Энэ аймгийн төвд намайг таньдаг эмэгтэй хүн байх. Тэгээд бас ичих” гэж бодогдоно. Гэхдээ суугаад байж чадсангүй. Нэг их яаралгүйхэн тийшээ чиглэлээ. “Үгүй ээ, ингэхэд Хэрлэн юм болов уу. Гэхдээ ичих гэх. Ичихээ энэ хүүд хэлсэн байна гэхээр биш ээ. Энэ нэг л биш” гэж бодож явсаар хашааны булан тойртол улаан нүүрэн дээр дөрвөлжин тоосго гарч ирээд манараад явчихлаа. Нүүрээ даран суун тусахад хэдэн залуус тал, талаас баахан өшиглөөд пижигнээд алга болов. Эвхэрч, өнхөрч байхдаа тэдний араас харсан боловч нэгд холдсон, хоёрт тэр гээд хэлчихээр таних биеийн хэлбэр харж чадсангүй. Цусаа тогтооох гэж хамраа даран хэсэг суулаа. Харин ч хаа очиж нэг их хүчтэй цохисонгүй. Тоосгондоо л болохоос гарын бяд нь гайгүй юм. Түүнээс биш алж ч болохоор цохилт. Буцаад иртэл манайхан “Хэн бэ? Яасан бэ? Хаана вэ?” гээд бүчээд авлаа. Хэрлэн
- Энэ чинь одоо юу болж байнаа? Цагдаад хэлээч ээ гэхээр нь
- Одоо ч бараг хэрэггүй биз дээ. Харин та нар гадуур дотуур ганц нэгээрээ явж болохгүй шүү гээд Однарыг
- Чи яг одоо ийш тийш сэмхэн байшин цонх булан тохой болгоныг сайн хар. Нүдэнд торох юм байна уу гэсээр байр луугаа орцгоолоо.
Ээлжинд гарсан сувилагчаар мөстэй жин авчруулж тавиад хэвтэж байтал хэн нь дуудсан юм мэдэхгүй хоёр цагдаа ороод ирлээ.
- Ямархуу залуус болохыг хараагүй юм байж. Хоорондоо юм ярьцгаав уу? Дуу хоолойг нь сонсов уу?
- Үгүй ээ, намайг унав уу үгүй юү хэд өшиглөчихөөд арилаад өгсөн. Тэрхэн үед өсвөр насны хүүхдүүд болов уу л гэж бодогдсон. Яагаадыг мэдэхгүй байна гэж өөрт санагдсанаа хэллээ.
- Яагаад таныг бүр дуудан байж хүүхдүүд зодох билээ? Тийм шалтаг шалтгаан танд бодогдож байна уу?
- Би ер ойлгохгүй л байна даа гэхэд Хэрлэн хажуугаас
- Нутаг орныг нь галын аюулаас хамгаалах гэж ирж байхад ингэж хандахыг юу гэж ойлгох вэ? Ёстой сонин газар юм даа
- Манай эндхийнхэн ч уг нь гайгүй л байдаг юмсан. Яасан юм бол доо гэсэн тойруу утгатай үг цагдаагийн амнаасаа гаргав. Хэрлэн эгдүүцсэн янзаар
- Тэгээд одоо яана гэсэн үг вэ? Хэзээ хаана тоосгоор цохиулах бол гэж бодож явах хэрэг үү?
- Та бидэнтэй ингэж яриад яахав дээ гэж нэг цагдаа хэдэрлэх маягтай хэлэхэд
- Та нар ядаж хай л даа. Ажлаа хий л дээ. Үгүй ядаж бид олно гэсэн итгэл төрүүл л дээ. Миний яаж ярих таны ажлаа хийхэд саад болохгүй биз дээ? Эсвэл ингэж хэдэрлээд байвал олж өгөх ч үгүй гэх гээд байгаа юм уу? Та нараас ер нь гуйгаагүй шүү.
- Бид танд тэгж хэлснээ санахгүй байна.
- Та нарын байж байгаа байдал тэгж хэлээд байна. За за ер нь дарга нартай чинь уулзах ёстой юм шиг байна гэж Хэрлэн цочир ууртай хэллээ. Ингэж уурлана чинээ бидний хэн нь ч санасангүй. Хоёр цагдаа хүртэл гайхсандаа гэхээсээ илүү албан үүргээ гэнэт ухамсарлав уу гэлтэй.
- Бид байгаа бүх боломжоороо хайна. Та нар санаа зоволтгүй гэсээр гарцгаалаа. Гэхдээ тэд бид заавал олно гэж хэлсэнгүй. Харин би Хэрлэнг “Өөртөө байхааргүй биеэ даасан чадвартай охин юм байна даа” гэж бодож хэвтэв.
Аймгийн цагдаа нар тэдгээр залуусыг олоогүй юм. Би гомдол мэдүүлсэнгүй. Надад тэднийг биш арай томхон юм хөөцөлдсөн нь дээр санагдана. Нас биенд хүрээгүй шахуу залуус байсан гэдэгт би итгэлтэй байсан хэдий ч эдгээр залуус яах гэж ингэв? Хэний заавраар ингэв? гэдэг нь надад таавар хэвээр үлдэв. Битүүдээ би цэвэрлэгээний бригадын шар залууг хардсан хэдий ч тэдгээр залуус манайхныг хот руу буцан буцтал миний нүдэнд харагдаагүй. Эрдэнэ Хайрхан ууланд ч энэ цэвэрлэгээний бригадыг оруулаагүй юм.
Энэ жил хур ус ихтэй сайхан зун болох нь мэдэгдэж байв. Учир нь түймэр унтраасан тэр борооноос хойш гэхэд хоёр ч удаа нойтогноод авсан байлаа. Нутгийн зон олон ч дэлгэр сайхан зун болох байх гэсэн амтай байсан юм.

* * *
Бидэнд таван сарын эхээр буцах тушаал ирэв. Эргээд гэртээ ирэхэд хичнээн сайхан. Зам замын дундаас гэртээ харих зам сайхан гэсэн нэгэн найрагчийн мөр хичнээн үнэн юм дээ. Сэлэнгээ маань хүүхэд шиг баярлаж, хоол цай барин миний энд тэнд гарч гүйгээд л . . . Эмэгтэй хүн баярласнаа үүнээс илүү яаж илэрхийлэх билээ. Тэгээд бүр нөхөртөө шүү.
- Чи Суурь дээр очив уу?
- Би Базараатай хамт очсон л доо. Цэхвэлзээд л жигтэйхэн байх болов уу гэсэн чинь харин гайгүй шүү. “Золтой л явчихсангүй. Та хэдийн царайг харах хувьтай л юм байна” гээд л
- Овоо доо. Дээрээс нь унасан мод толгойд нь овоо юм оруулж л дээ.
- Яахнав, хөөрхийг. Өвчин зовлонд уначихаад байхад нь үгээр ч болов дэмжих байтал гэж Сэлэнгээг хэлэхэд “Нээрээ ч дээ, яасан гэж түүнийг тийм муухайгаар бодох билээ” гэж бодогдоод
- Өнөөдөр хоёулаа очъё доо. Чи нэг аятайхан хоол унд хий
- Тэгье дээ, хоол унд юухан байхав дээ насаараа л хийлээ гээд хөөрхөн талимаарч, бас ч гэж айлгүйтэх маягтай хөнгөмсөхөд миний тархи руу юу ч юм манасхийж байна. Бид бие биенээ санажээ. Хүнд хайртай байх, түүнээ хүсэн хүлээх, хүрээд ирэхэд нь баярлах, бие биенээ хайрлан энхрийлэх, хоёр биендээ оногдсон хэсэгхэн цаг мөчийг ханатлаа, халууцатлаа, ер нь л тэр гэж тоймломгүй тийм их аз жаргал дунд умбаж өнгөрөөнө гэдэг амьдралын хамгийн сайхан мөч ажээ.
Сэлэнгээгийн хийсэн хоол цайг барьсаар эмнэлэг явлаа. Нүүр амнаас бусад нь бараг битүү боодолтой болсон Суурь орныхоо цээжин хэсгийг хагас өндийлгөн суужээ.
- За та нар буугаад ирчихсэн үү? Энэ жил овоо чийг унах шиг боллоо
- Өчигдөр л ирцгээлээ. Харин чиний бие. . .?
- Би ч үхсэнээс ялгаагүй болчихлоо. Хөл дээрээ босохгүй гэж бодохоор заримдаа бачимдаад байж ядах үе байх л юм. Гэхдээ нэг үеэ бодвол бас ч гэж гайгүй ээ.
- Юу гэсэн үг вэ? Сэтгэлээр чанга байна шүү хө. Хөл дээрээ босож л таараа. Харин эмчилгээгээ л сайн, гүйцэд хийлэх хэрэгтэй.
- Хэлэхэд ч амархан л даа. Би ч урд нь амьдралыг алганд байдаг л гэж бодож явлаа. Гэтэл тийм биш бололтой юмаа.
- Ингэхэд, манайхнаас хүн ирэв үү? гэж асуухдаа би дотроо Хэрлэнг бодож байв. Суурь ч гэсэн намайг ойлгов бололтой муухан мушийж
- Танай салааныхан харагдсангүй ээ. Тэгээд ч өчигдөр л ирцгээсэн юм бол өдийд унтацгааж байгаа биз. Залуу улс гээд хэсэг чимээгүй суулаа. Бидний яриа нэг олигтой эвлэж өгөхгүй нохой амлана. Тэгтэл тэр чимээгүйг эвдэж
- Ингэхэд Эрдэнэ Хайрхан хэр зэрэг. . .?
- Түнтийсэн хар овоо л болсон. Хэрвээ хэн нэгэн тийм болоосой гэж хүссэн бол тийм л болсон гэхэд Суурь над руу нэг их сүрхий харснаа
- Хүснэ ч гэж юу байхав дээ гээд харц нь ширүүсч байна. Гэхдээ түүний харцанд урдын ихэмсэг бардам байдал гэхээсээ илүүтэй ийм байдалд орсондоо харуусан бахардсан өнгө илэрч байв. Би энэ яриаг цааш нь үргэлжүүлэхийг хүссэнгүй. Гэхдээ Хурандаа дээр орохдоо сэжиг таамгаа бодитой болгох хэрэгтэй байна гэсэн бодол давхар бодогдож байв. Дөнгөж уулзсан болоод ч тэр үү эсвэл ерөөс бидний сэтгэл зүй гэнэтхэн өөр нөхцөлд байгаа болохоор ч тэр үү бид тэгэсгээд өндөрлөхөөс өөр аргагүй болов.
Суурьтай уулзсаны дараа Хурандаатай уулзахаар очлоо. Намайг бодож сэжиглэж буй бүхнээ ярьсны дараа Хурандаа
- За тийм байж. Тэгэхээр Базараатай уулзаж шинжилгээнийхээ хариуг баталгаажуулж ав. Би цааш нь энэ бүгдийг хэлж ярина. Чиний ярьсан бүхэн үнэний сэжимтэй санагдана. Хамгийн гол нь бидэнд буурьтай нотолгоо чухал. Хэрвээ үндсээ сайн тавьбал үр дүнд хүрэх нь гарцаагүй. Үнэндээ ч энэ улс амьтны шунал арай хэтэрлээ. Олз ашиг олж л байвал орон нутгаа юман чинээ бодохоо байж гэж бодолдоо нилээд ундууцав уу гэлтэй дүрэлзэж ирснээ
- Гэхдээ батлагдаагүй санаанд багалзуурдуулж болохгүй. Тэгэхээр эгээрэл гэгээрлийг харахаа байдаг гэмтэй гэж надад ч юм шиг, өөртөө ч юм шиг хэллээ.
- Мэдлээ, Би Базараатай уулзаад ямар хариу гарсныг танд илтгэе гэсээр хурандаагийн өрөөнөөс гараад Базараагийн өрөө рүү орлоо. Нөгөө л нүүр дүүрэн инээмсэглэлээрээ намайг угтав. Хүн ер нь инээж л явбал зүгээр юм даа гэж бодогдоно
- За баатар минь өнөө хоёр чинь яг л нэг хүнийх шүү. Шүлсний найрлага, шүдний зуулт гээд бүгд яг мөн гэж Базараа их л итгэлтэй хэлэв.
- Баараагүй биз? Учир нь би ганцхан энэ хариултаар чинь их том чулууг хөдөлгөх гээд байна шүү дээ
- Өдий болтол би аливааг шинжлэхдээ одоогийнх шиг ийм итгэлтэй байсангүй гэчихвэл арай худлаа болох байх. Гэхдээ энэ удаадаа би эзэн сууна шүү гэж тэрээр бардам хэллээ. Надад “Юм ингээд эргээд ирвэл би чухам яадаг билээ” гэж бодогдож байна. Учир нь энэ бүхэнд Суурь чирэгдэж магадгүй болохоор дотор эвгүйцсэн ч байж болох. Гэхдээ би одоо зогсож чадахгүй. Шар залуу тэнд гал тавьж явсан. Би тэр шөнө саад болоогүй бол гал гарах л байсан. Тэр бас Суурийнд архидаж хоносон байдаг. Тэгээд дараа нь манай салааг санаатайгаар Бүрэнгийн нуруунд олон хоног “хорьсон”. Тэр хооронд Эрдэнэ Хайрханыг санаандаа тултал шатаасны дараа манай салааг буцааж татсан. Энэ бол санаатай үйлдэл л дээ. Хэрвээ миний бодож байгаа үнэн байж гэмээ нь надад л сайн. Гэтэл надад энэ бүх зүйл хүнд хэцүү болж байлаа. Ядаж Суурь эрүүл саруул байсан бол хачин дээр байхсан.Үнэн гэдэг заримдаа яаж ч болдоггүй цалам ажээ. “Өнөө Галаа чинь Суурийн бөгсийг ухах гэхдээ амарч ч чадахгүй үүгээр гүйж явна” гэсэн яриа Ерөнхий газраар нэг тарсан ч байж магад. Гэтэл үүний цаана ямар эрээ цээрээгүй сувдаг санаа энэ улс орон даяар угаар нагаар ханхлуулан уугиж байгаа ч тэр бүр хүн ойлгохгүй. Би бодолдоо дарагдаад нилээн хэд хоночихлоо. Яг үнэндээ байгаа бүх сэжиг таамгаа яаж батлахаа мэдэхгүй байв.

Үргэлжлэл бий . . .

"ҮР ХАРАМ" туужийн түүврээс
Бүрэн эхээрээ...

Нурам - 13 (тууж)

7 Сэтгэгдэлүүд:

- Харин тиймээ, юу юугүй тулчихаад байна. Бид ч энэ уулыг харсаар байгаад алдах нь дээ
- Тэр яахав ээ, хүнээ л бодоорой гэхийг би арай чүү гэж сонсов. Суурийн хэлж байгаа туйлын үнэн. Ийм цагт хүнээ л бодохгүй бол яахан болох.
Ойр орчим олигтой харагдахгүй, битүү хар утаа хоолой хорсон гашуу оргиулна.
- Хэрлэн хаагуур байнаа?
- Цаана чинь нэг их холгүй байх ёстой. Би дуудах уу?
- Хэрэггүй, хэрэггүй. Би өөрөө гээд яагаад ч юм миний мөрөн дээр алгадчихаад явж одов. Хүний сэтгэл гэдэг юуханд ч гэсэн хөдөлж л байдаг юм хойно “Яасан юм бол доо” гэж бодогдож л байх. Би станцаа авч залуусаа хойш нь татах команд өглөө.
Доошоо, бэлд бууж ирсэн хойноо хүнээ бүртгэвэл Хэрлэн ирсэнгүй. Станцаар залгавал хариу байдаггүй. Би гэлтгүй манайхан бүгд сандарлаа.
- За та нар ямар ч байсан цуруу татах жим, сайр олохыг бод. Би эргэж Хэрлэнг хайя гэхэд Однар
- Өө, яалаа гэж, хамтдаа явцгаая. Энэ их утааны хаана гэж та ганцаараа явах юм. Тэгээд ч энэ олон нүд таны хоёроос л дээр байж таараа гэлээ.
Тэдний царайг харахад одоо миний үгэнд орохгүй нь тодорхой байв. Би түрүүлж, тэд миний араас гинжин тархалт хийн буцлаа.
Энд тэндгүй шатсан мод хөндөлдөн унаж, шад пад дуугаран, хар утаа хуйлран, галын дөл угалзарна. Гэвч энэ сүрдэм дүр төрх бидэнд нэгэнт ижил дасал болчихож.
- Ахлах дэшлэгчээ энд байна гэж Сансарын хашгирах дуу надаас холгүй сонсогдов. Би чимээ гарсан зүгт гүйсээр ирлээ. Тэгтэл Сансар
- Энд, энд... энэ доор орчихшон гээд бөөрөөрөө унаад шатаж байгаа нэг их том модыг заагаад орилоод байв. Итгэхэд нэн бэрх. Дүрэлзсэн улаан гал заагаад байгаа юм чинь яаж ч итгэх билээ.
- Хэн орсон гээд байгаа юм бэ? гэхэд
- Хэрлэн, Хэрлэн. Харсаар байтал гүйгээд оршон. Би юу гэж худлаа ярих юм бэ гэж хашгирав. Нээрээ ч яалаа гэж худлаа хэлэх вэ дээ? Тэгтэл гайхалтай нь их гал болсон модны доороос нуруугаараа бөгтөрсөн нэг хүн гараад ирэх нь тэр. Харвал түүний хувцас галд автан ноцож байгаа харагдав. Бид гүйж очих гээд чаддаггүй. Хий дэмий л тойрч гүйцгээлээ. Тэгтэл гарч ирсэн хүн маань бас нэг гал авацлсан том хар юм чирсээр ухарч харагдана. Галын дөлөөс мултарав уу үгүй юү бид битүү юмаар хоёуланг нь дараад авлаа. Хэсэг байзнаад хучлагаа автал нүүрээ битүү юмаар ороосон Хэрлэн түүний дор хөдөлгөөнгүй болсон Суурь хоёр байв. Энд тэнд авалцсан галыг нь хурдхан шиг унтраагаад Хэрлэнгийн нүүрний боолтыг автал нүүр нь гайгүй, үс нь умарсан, гар чих нь галд долоолгосон байв. Харин Суурь нилээн түлэгдэлттэй харагдана. Ухаан тавьчихаагүй бололтой. Хүрэх тоолонд ёолох нь түлэгдсэндээ ч биш яс үс нь хугарч гэмтсэнээс зайлахгүй. Манайхан түүний цээж бөгсөн доогуур гадуур хүрмээ шургуулан дамнуурга маягтай болгоод доош нь авч явлаа. Хэрлэн хэсэг тасралтгүй ханиалгаж байснаа гайгүй болов. Биеийг нь асуутал
- Би гайгүй. Энэ хүний амийг авраач, би танаас гуйж байна гээд нулимс асгаруулан хэлэв. Утаанаас уу, уйлж байгаа нь тэр үү ялгагдсангүй.
- Тэгэлгүй яахав. Бид цөмөөрөө амьд үлдэнэ. Алив явъя гээд түүнийг сугадан доош явлаа.
Хэрлэнгээс шатсан даавуу, хуйхлагдсан үсний үнэр үнэртэж байлаа. Биднийг машин дээр ирэн иртэл Хэрлэнгийн нүднээс нулимс тасарсангүй.
Суурь ч гэсэн явдлын сэгсэргээнд хамаг яс нь салах мэт өвдсөн байх. Тэрээр яраглан гиншсээр байв. Ямартай ч гэсэн хоёуланг нь аваад аймгийн төв рүү давхилаа. Төд удалгүй аймгийн эмнэлэгт ирэв. Хэрлэнд энд тэнд нь наалт, боолт тавиад гаргав. Харин Суурийг
- Хот руу яаралтай явуулахгүй бол болохгүй. Түлэгдэлт ихтэй, нуруу нь гэмтэж, аарцаг бяцарсан байна. Унааны асуудал хүнд байна гэхээр нь албанаас нэг тэрэг гаргуулахаар болов. Суурийг машинд суулгах тэр агшинд Хэрлэн түүний нүүрэнд нүүрээ бараг тулгаад
- Та тэсээрэй. Битгий үхээрэй. Надад танаас өөр хэн ч байхгүй шүү гэж хэлж байв. Тэднийг хараад аргагүй л дурлаж дээ гэж бидний хэн хэнд маань бодогдсон доо.
Би яаж ч бодоод тэднийг тэр модон дор орчихсоныг ойлгосонгүй. Сансар болохоор Хэрлэнг тэр гал руу орсон гээд байдаг. Тэгэхээр тэр мод Суурийн дээрээс унаж, араас нь Хэрлэн орсон байх магадлалтай. Харин тэр их гал руу гүйж орно гэдэг эрүүл ухаанд багтамгүй.

Бидний буцаад иртэл манайхан галаас үндсэндээ холдсон учир арай тайвширсан байлаа. Бөөгнөрөөд сууж байтал Лхагва юу ч бодож суусан юм бүү мэд
- Ахмад даанч нэг онгироод байсан юмаа гэж ямар ч бодлогогүй ам алдахад Хэрлэн
- Тэр чамд ямар гэм хийгээв? Юу ч хараагүй, юу ч мэдэхгүй байж амныхаа зоргоор чалчаад байх даа яадгийн. Нэг чинь бараг үхэх гэж байна гэж хашгираад босоод явчихав. Бид бүгдээрээ Лхагвааг зэмлэсэн харцаар харлаа. Тэгсэн тэгээгүй тэр гэмшсэн байх. Энэ үед би тэртээ цаана цаашаа хараад зогсчихсон Хэрлэнг Суурьт үнэн сэтгэлээсээ дурлажээ гэж итгэсэн юм. Гэхдээ энэ бүхэн хэнд хамаатай гэж. Хоорондоо л болж байвал болох нь тэр. Юуны түрүүнд энэ хайрханы галыг унтраах, дараа нь Суурийн биеийг асууж сурах тийм л гарц байлаа.
Бид энэ удаагийн галтай бараг хоёр долоо хоног ноцолдсон боловч үнэндээ дийлээгүй. Хурмаст тэнгэр ивээлээ хайрлаж, нэг л шөнө хүйтэн бороо асгаснаар бидний гар бие, сэтгэл зүрхийг амраав. Гайхамшиг гэдэг л тэр байх. Бид, биднээр тогтохгүй энэ гал түймэрт ажилласан бүх бие бүрэлдхүүн, сайн дурынхан ягтаа тултал ядарсан байсан юм. Гал нэгэнт унтарсан тул бид аймаг руу явж, Эрдэнэ Хайрхан гэж нүүрс шиг овойсон хар юм түнтийж үлдэв. Энэ бол дөрвөн сарын сүүлч байлаа.
Бид аймагт ирсэн ч хот руу татагдсангүй. Буусан өдөр бид гэртээ ирсэн юм шиг байцгаалаа. Усанд орох нь орж, утсаар ярих нь ярьцгаана. Манайхан ядарсан уу л болохоос Хэрлэнгээс бусад нь түлэгдэж барьсангүй. Эндээс явснаас хойш сар гаран болсон байв. Би ч гэсэн гэрлүүгээ залгалаа.
- Амьд уу? Ямар удав аа? Яасан бол гэхээс байж сууж чаддаггүй. Чи минь тэгээд зүгээр биз?
- Зүгээрээ, жаахан ядарснаас бусдаар давгүй. Харин Суурь наана чинь эмнэлэгт байгаа
- Харин тийм гэнэ. Би санаа зовохдоо танай ажлаар очсон чинь Базараатай таараад Суурин тухай сонслоо
- Чи тэгээд аяга шөл бариад очив уу?
- Үгүй ээ, Ам асууж байгаа юм шиг санагдах байх гэж санаад чадсангүй.
- Үгүй ээ чи . . .
- Тэгээд ч эхний хэдэн өдөр ухаангүй шахам байсан гэсэн. Би асуусан л даа. Харин одоо бол хэн хүнийг ялгаад байгаа сурагтай.
- Ямар ч байсан нэг очоо. Бие хааг нь асуу
- За,за нэгийг нь дагуулаад очъё. Харин чи зүгээр биз?
- Бид зүгээр. Бороо ороогүй бол дийлэхгүй янзтай. Унтарлаа гэхээр л дахиж гараад болдоггүй.
- Мөдхөн бууна биз дээ?
- Хэзээ буу гэнэ тэр цагт л бууна.
- Бүтэн л эргэж ирээрэй дээ гэсэн нөгөө л үгээ хэлснээр төгсгөлөө.
Хэдэн өдөр байрандаа амарцгаасан тул хүн бүр дор бүрнээ тайвширсан харагдана. Залуу хүн гэдэг нойр хоол нь бүтэн болчихвол сэргэхдээ амархан байдаг хойно аргагүй. Хэрлэн ч гэсэн нэг үеэ бодвол гайгүй болов. Тэр үсээ халимаг болгон засуулаад
- Би хөөрхөн болж уу? гээд сахилгагүй ч юм шиг инээмсэглэв. Залуу бүсгүй хүн гэдэг ямарч үедээ аятайхан харагдаж чаддаг хойно доо.
Нэг өдөр Суурь тэр хоёрт юу тохиолдсоныг нь асуувал
- Би та нарын араас явж байгаад нэг харах нь ээ ганцаараа болчихож. Тэгтэл Хэрлээн гэж хашгирах сонсогдохоор нь хартал Суурь ахмад над руу ухасхийж байв. Тэр агшинд миний дээрээс нэг их гал ирэх шиг болсон чинь би тэртээ хол үсэрсэн. Унаж явахдаа Суурь ахмадын дээрээс мод унаж байхыг хальтхан харсан. Би нүүрээ юугаар ч билээ ороогоод түүний араас орсон
- Айгаагүй юү?
- Айх тухай бодоогүй. Тийм завдал ч болоогүй
- Хүний амь аварч байгаа хүн чинь яалаа ч гэж айх тухай бодохов дээ
- Тэр тухай ч бас бодоогүй гээд Хэрлэн намайг ширтлээ.
- Чамайг яг гал руу орж байхыг Сансар харсан шиг байгаа юм. Тэгээд л энд, энд гээд хашгираад бид очсон л доо.
- Амьдрах л ёстой байсан юм байлгүй дээ гээд Хэрлэн санаа алдлаа.
- Амьдрах ёстой гээд би үгээ чирж, уртаар санаа алдав.

* * *
Базараатай ярих уу, болих уу гэж хэдэн өдөр дүлэгнэв. “Миний бодсон битгий л батлагдаасай” гэж гэнэтхэн бодогдох нь сонин. Юунаас болоод тэгж бодсоноо ойлгосонгүй. Суурийн байгаа байдлаас ч байж болох л юм. Үнэндээ бол муухай л даа. Бэртэж гэмтээд бараг хүний гарт орчихсон байхад ар хударгаар нь ажлыг сандаачаад байгаа юм шиг. Лав олигтой эрийн зан биш. Гэтэл би энэ сэрдэх сэжиглэх ажлаа аль эрт эхэлчихсэн байдаг. Юутай ч гэсэн Базараатай ярих л хэрэгтэй болов.
- Сайн уу хө. Сүйд болжээ танай тэнд гэсээр Базаараа утсаа авлаа.
- Сайн сайн. За тэр яахав. Нөгөө хоёр юу болов?
- Эндээ гэж хэлэхэд нэг л хүнийх байна лээ дээ.
- Яг уу?
- Шүлс болоод шүдний зуулт нь яг. Хэрвээ биш бол би халагдсан ч болно.
- Итгэлтэй байгаа чинь сайн байна. Ямар ч байсан илтгэл бичээд хавсаргаарай.
- Өө тэр мэдээж. Харин танай салаа хэзээ ирэх гэж байна?
- Удахгүй байхаа. Чи Сэлэнгээтэй цуг Суурь дээр нэг очоодохооч. Цаадах чинь ганцаардаад байна гэнэ.
- Намайг ч нэг их сайн таних биш дээ
- Тэр нь яахав ээ, Хань болоод өг
- За тэгэхээс дээ даргаа
Базараатай ярьсны дараа сэтгэл түгшээд нэг л дараатай болж орхилоо. Уг нь одоо хурандаатай яривал болох. Гэтэл сэтгэл төвдөж өгсөнгүй. Суурь тэр цэвэрлэгээний шар залуутай ямар сүлбээтэй вэ? Яагаад тэр залуу шөнө дөлөөр Эрдэнэ Хайрханд гал тавих гэж оролдсон бэ? Яагаад манай салааг Бүрэнгийн нуруунд хэрэггүй шахам олон хонуулав. Энэ хооронд Эрдэнэ Хайрханд тийм том гал гарсан шалтгаан юу вэ? Суурь үүнд холбоотой юу? гээд надад түм буман асуултууд тодорхойгүй байлаа. Хий таамгаас өөр юмгүй. Хоёр тамхины иш бүрэн баталгаа болно гэж үү? Хурандаад энэ бүгдийг танилцуулах арай л эрт шиг санагдана. Хэлэхгүй гэхээр би юунаас, хаанаас эхэлж энэ бүхнийг мухарлах вэ? Бодоод, бодоод бодын шийр дөрөв гэгч нь энэ болж байлаа. Би бодолд орж гөлийсөнтэй адилхан манай салааныхан ч гэсэн орон дээрээ адар ширтэн хэвтэхээс өөр зүйл хийсэнгүй. Хэн одоо биднийг бэлтгэлд гар гэж хөөх вэ. Үнэндээ бол хангалттай ядарцгаасан тул тэр талын юм бодох ч хэрэггүй. Хэрлэн ч гэсэн бодолд дарагдан хаа бол хаана өнөөх жижиг дэвтэрээ тэврэн үзэгдэх. Одоо түүнтэй маазарч марзаганах ч хүн үгүй болж.
Цаг тавирдгаараа тавирч, айлгүй хаврын ааш нэг үеэ бодвол овоо нугарсан байв. Өдөр сунаж, өглөө оройдоо нар уртассаар байлаа. Хэрлэн хашаан доторх сандал дээр өнөөх дэвтэрээ дэлгэн ямар нэгэн юм бичиж сууна. Би тамхиа соронгоо аажуухан гэлдэрсээр очив. Тэр мөн л урьдынх шигээ жижиг цаасаа дэвтэртээ хавчуулж хаагаад, намайг ирсэнд дургүйцээгүйгээ илтгэж инээмсэглэлээ. “Инээмсэглэл заримдаа хориг ч болдог, эсрэгээрээ уриалагхан ч болгодог юм байна даа” гэж бодож амжлаа. Би бага зэрэг түгдэрч
- Уучлаарай, энэ миний хэрэг биш л дээ, гэхдээ яагаад ч юм асуумаар санагдаад болдоггүй.
- Асуу л даа. Танд үнэхээр хэрэгтэй бол би хариулъя гээд над руу нэг их сүрхий харлаа. Халимаг үс нь түүнийг нилээн оворжуулсан уу эсвэл үргэлж цуг байсан болоод тэр үү Хэрлэн урдынх шигээ жаахан охин харагдсангүй. Харин ч бүр харц нь тогтоод цаанаа нэг тохь суусан шиг санагдана. Гэхдээ мэдээж надаас хамаагүй дүү байлгүй яахав.
- Нэг их хэрэгтэй биш л дээ. Гэлээ гээд цаг нөгцөөх гэсэн ч юм биш гэхэд
- Тэгвэл амны зугаа болгох гэсэн юм уу? гээд тэр мөнөөх л хөшинг харцаараа ширтлээ. Үнэндээ бол энэ нөхцөл байдалд тэр надаас илүүрхэж байв. Уг нь би илүү дутуу юм ярихаа больчихмоор. Гээд болих гэхээр ийм жаахан охинд амаа таглуулж, шилээ маажилтай биш. Бас нэрлэхмэр болоод ч байх шиг.
- Юу л даа, чи мэдэх үү үгүй юу Суурь бид хоёр оюутан цагийн найзууд л даа.
- Мэднээ, Та нарыг юунаас болж муудсаныг ч мэднэ
- Өө тийм үү? Чи их юм мэддэг юм байна
- Ахмад өөрөө надад ярьж өгсөн л дөө.
- Аан, уг нь нэг их муудсан ч юм байхгүй л дээ. Амьдралыг үзэх үзэл таараагүй гэх үү дээ. Тэгээд л бид сургуулиа төгсөөд өөр өөрийн замаар явцгаасан юм.
- Мэдээж хоёр эр хүн цуг амьдрахгүйгээс хойш тэгэлгүй яахав.
- Суурийг би сайн талаас нь яримаар байна л даа
- Өвчтэй болохоор нь уу?
- Үгүй ээ яалаа гэж. Эрүүл байсан ч би энэ талаас нь л ярих байсан. Ер нь бол байна шүү дээ хүнд заавал сайн зүйл байдаг юм шүү
- Муу ч бас байна биз дээ?
- Байлгүй яахав. Хүнийг би бурхан буг хоёрын тэнцэтгэл гэж боддог
- Ямар хүнд, аль талаасаа харагдах вэ гэдэг нь л чухал юм шив дээ гэж Хэрлэн асуух гэхээсээ илүүтэй миний хэлэх гэсэн дараагийн дүгнэлтийг хэлж орхив
Үргэлжлэл...
Бүрэн эхээрээ...

Нурам - 12 (тууж)

5 Сэтгэгдэлүүд:

Тэгээд Суурийн гудамж уруудаж явтал тэдний жижиг явган хаалгаар Суурь Их тулгатын шар залуутай гараад ирэх нь тэр. Би бараг нүдэндээ итгэсэнгүй. Гэхдээ болохгүй ч юмгүй л дээ. Яагаад тэд бие биенийхээрээ орж гарч болохгүй гэж. Нэг нутаг оронд ажиллаж амьдарч байгаа улсад байх л зүйл. Гэхдээ л ийм үүрээр үү? гэсэн бодол сэтгэлийн мухарт сэртхийв. Би машинаа хурдхан шиг хоёр булан тойруулан зогсоогоод явган харайсаар тэднийг алсаас ажив. Хаалганы дэргэд тэд тамхи баагиулан ярилцах агаад бие биенийхээ мөрийг их л найрсагаар алгадалцаж, юу ч юм ярин инээлдэнэ. Тэгснээ шар залуу цаашаа явж, Суурь ийш тийш сортолзон харснаа буцаж орлоо. Суурийн араас шууд л яваад орчихлоо. Хаа байсан Бүрэнгийн нуруунд хэвтэж байх ёстой хүн өдий цагаар гэнэтхэн ороод ирэхээр гайхсан нь мэдээж. Тэр намайг согтуу нүдээр гөлөрч зогссоноо
- Чамайг энд юу хийж явааг асуух илүүц биз. Гэхдээ айлд орж ирсэн хүн байна ийшээ суу гээд ширээ рүү заалаа.
Ширээн дээр нэг шил вискиг хоосолсон харагдана. Виски л уудаг болчихсон байгаа юм даа гэж бодогдож байна. Тамхийг ч харин нэг татаж өгсөн бололтой үнсний сав нь ишээр дүүрчихэж. Нөгөө зургийн урландаа шинээр зураг эхлээд талдаа орсон нь дүрэмт хувцастай Хэрлэнгийн инээмсэглэсэн зураг ажээ. Би өөрийн эрхгүй зургийн дэргэд очсон байв. Тэр намайг түншсэн янзаар
- Арай харамлах гээгүй биз дээ, салаан даргаа?
- Юм болгон надад хамаатай биш л дээ
- Хэзээнээс? . . . хэзээнээс эхлээд чамд би тийм их хамаагүй болчихоов?
- Чамайг Сүрнээ хаясан тэр цагаас
- Сүрнээ намайг хаячихсан бил үү?
- Үнэндээ бол тийм шүү дээ. Чи л өөрөөр бодоод явдаг болохоос.
- Тэгэхээр, намайг үерхдэг эм нь хаячихаар чи надад гомдсон юм биз дээ? Нэг л авцалдахгүй л байна даа. Чи жаахан ухаантай, ядаж өөртөө үнэнч бай л даа
- Тэр тал дээр санаа зоволтгүй. Над шиг өөртөө үнэнч хүн ховор шүү
- Чи тэр Сэлэнгээдээ л үнэнч байх. Үнэнч ч гэж дээ хонь байх гэснээ хоёр гараараа толгойгоо түшин суулаа. Тэр муудаж байгаа бололтой. Би ширээн дээрх бараг дүүрэх шахсан үнсний савыг харж
- За, за тэр авгай хүүхэн ч яахав. Их тулгатын цэвэрлэгээний бригад, аймгийн ОБА хоёр их түншлэлтэй ажилладаг юм аа даа гэж түрүүнээс хойш аман дээр гарч ирээд байсан үгээ тэсэлгүй хэлээд тавьчихлаа. Тэгтэл Суурь алгуурхан толгойгоо өргөж, ус гүйсэн нүдээр удаан гэгч нь харснаа
- Чи яагаав? Шөнөжингөө гадаа зогсоо юу? Мэдэх л хүндээ чи
- Үгүй дээ. Чамайг ингэж их тамхи татдаг гэж бодоогүй юм гээд харцаараа үнсний савыг ширвэхэд
- Түншлэлтэй биш гэрээтэй гэдэг юм. Гал гарч болзошгүй гэж тусгай гэдэг сүртэй салааг байгуулсан байхад бага дээр нь цэвэрлье гээд бригадаа явуулсан байж болноо доо
- Сонин л юм. Чи өөрийнхөө мэдэх ёстой ажлыг цагдаа мэднэ гэх атлаа чи мэдээд ч хэрэггүй байгаль орчны яамны асуудлыг сайн ойлгох юм гэхэд Суурь түрүүнээс хойш арайхийн барьж байсан уур нь тэсэрч
- Хаана байна? Нөгөө юм болгон надад хамаатай биш гээд байсан чинь. Чамд хүний баастай бөгс шиншлээд явах тийм сайхан байдаг уу? Айн?
- Бидний ажил шүү дээ. Тэгээд ч сэжиг таамаг бүхэн үмхий байдгийг чи мэднэ дээ
- Ажил гэнээ? Онцгой обектыг орхин энүүгээр тэнүүчилж яваагаа ажил гэх үү? Чи хоёр удаа үйлдэж байгаа энэ үйлдлээрээ л гэхэд ажлаас халагдахад хангалттай. Гэхдээ би чам шиг биш л дээ. Харин чамайг наад олж авсан үнэртэйгээ хэр удаан зууралдахыг харж л байя
- Сүрдүүлж байгаа хэрэг үү?
- Яасан ч гэж ойлгож болно. Гэхдээ одоо эндээс зайл. Би зургаа зурмаар байна гээд цааш эргэхэд нь би үнсний савнаас нэг иш хурдхан шиг авлаа. Гадаа нэгэнт гэгээ орсон тул би гарлаа. Суурь надтай ахиж дуугарсангүй.

* * *
Аймгийн холбооны жижүүрт утсаа цэнэглүүлэхээр өгөөд, танхимд орж ажил эхлэх хүртэл хэсэг хүлээлээ. Шуудангийн хүн ирэнгүүт гялгар уутанд хийсэн гурван тамхины ишийг Базараад хаяглан явуулав. Энэ хооронд утас ч овоо цэнэг авчихаж. Хурандаа руу залгалаа
- Ямар эрт залгаж байх юм? Танай салаа лагерласан гээгүй бил үү?
- Тэгсэн эрхэм хурандаа. Би шөнө аймгийн төв орж ирээд байна. Нэгд, хоол хүнсний зүйл татах, хоёрт гэвэл танд дуулгах юм гараад байна. Сэжиг төдий ч гэсэн анхаарахгүй байж болохгүй юмаа
- Юу байдаг билээ?
- Эндхийн Эрдэнэ Хайрхан ууланд сүүлийн хоёр жил тогтмол гал гарч байгаа. Гэтэл тэр нь хэн нэгэнд хэрэгтэй байх шиг санагдаад байх юм.
- Чи нотолгоотой юм ярьж байгаа биз? Наанаа хүмүүст мэдэгдсэн юм уу?
- Уг нь мэдэгдсэн боловч нэг их ойшоохгүй байна. Гэхдээ сэжиг төдий болохоор төдийлөн хүчилж чадахгүй байна.
- За ойлголоо. Ямар ч байсан ажиглалтаа үргэлжлүүл. Хамгийн гол нь баталгаа, нотолгоо гэдгийг ойлгож байгаа биз дээ? Бид хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй. Би эндээс шинжээчдийг явуулж болох юм.
- Одоохондоо арай болоогүй. Юм нилээн тодорхой болохоор би танд мэдэгдье гэснээр бидний яриа тасарлаа. Хурандаатай ярьсны дараа санаа зоволт улам ихэслээ. Хэрвээ миний хэлсэн батлагдахгүй бол би юу гэж тайлагнахаа мэдэхгүй. Гэтэл энд ямар нэгэн зорилгоор гал гараад байгаа бол тэднийг илрүүлэх нь чиний үүрэг. Бүхэл бүтэн уулыг шатааж дуусгана гэдэг юу гэсэн үг вэ? Байж болно гэж үү? Арай таарахгүй байхаа.
Сэлэнгээтэй ярина гэж бодож байсан хэдий ч яг одоо яримааргүй санагдчихлаа. Бодвол би өөрөө өөрийнхөө сэжигт чирэгдэж байгаа бололтой. Аймгийн зах нээгдэнгүүт нөгөө хэддээ хоол хүнс тамхи тариа аваад шуудхан буцах минь. Би шуурхайлж жаал жуул юм аваад, худалдагчаар нь падан бичүүлээд ар тийшээ яаравчлав. Аймгаас гарахын өмнө Базараа руу залгав.
- За алдарт шинжээч минь нэг тус болж үз
- Шинэхэн цэрэг минь юу шиншлээд олчихов?
- Хоёр юм явууллаа. Хоорондоо холбоотой эсэхийг үзээд хариуг нь яаралтай мэдээдхээч, ариутган шүүгч минь
- Албан журмаар уу? Амин хувиар уу?
- Одоохондоо дээдчүүд мэдээгүй нь дээрээ
- Ойлголоо шинэ цэргээ. Ингэхэд чи бас юу л сэдээ бол доо?
- Сэдсэн юу байхав ээ, сэжигтэй санагдаад. За, за түргэхэн үзчихээрэй. Намайг ярьтал хүлээж бай. Би хэд хоногоос залгана гээд яриа дууслаа. Аймагт ирсэн хэрэг үндсэндээ шувтарсан тул хаазаа гишгэлээ. Бүрэнгийн нуруу чиглэн тоос татуулан давхиж явахдаа яагаад ч юм хэн нэгэнд буруу хийчихсэн юм аятай сэтгэл хүндрээд замын турш санаа алдсаар явлаа. Уг нь санасан болгоноо хийсэн. Гэхдээ л сонин. Далдуур юм хийх угаасаа л хүсмээр зүйл биш. Гээд одоо яая гэхэв нэгэнт л эхэлсэн хойно.
Намайг ирэх бараанаар манайхан хүүхэд шиг л тосон гүйлдлээ. Миний авчирсан юмнуудыг задалж, эгээ л эцэг эх нь хол газраас ирсэн юм шиг л аашилцгаав. Хамгийн түрүүнд нэг, нэг тамхи угзарч аваад сая нэг юм хөдөлгөөн нь татарлаа. Тэгтэл Однар
- Өнөө өглөөний Сансарын онигоог даргад яриа ч гэхэд тэд зэрэг шахам инээлдлээ. Лхагва
- Өглөө Мягаа бид хоёр майхнаасаа гараад суниаж байсан чинь Сансар гэж нэг юм цээж нүцгэн, өрөөсөөн гараараа өмдөө барьчихсан тэр баруун жалгаас наашаа харайж байна. Шургачаад л унах юм, босоод л гүйх юм. Хөлс баас нь цувчихсан, өнөө туулайн хорголон эрх нь ар нуруун дээр нь гарчихсан ёстой нөгөө дөвчин бууна гэдэг нь л боллоо гэхэд Хэрлэн ярианд оролцож
- Хөөрхий, үнэхээр айсан байхаа. Сансарын нүд нь . . . гээд л цааш нь ярьж чадахгүй инээж байснаа нэг амьсгаа аваад
- Ийм том болчихсон гээд хоёр гараараа дүрсэлж үзүүлэв. Би сайн ойлгож өгөхгүй суутал Сансар
- Тэгэлгүй яахын. Би тамхиа татангаа хүндрээд шууж байшан чинь яг миний архан талд чад пад гээд мөчир хугарахаар нь эргээд харшан чинь мангар том баавгай. Би ч ухаан алдахаа шахшан. Тэгээд яах вэ гээд бодлоо . . . гээд нэг их бодлогоширсон царай гаргахад нэг нь яриаг тасалж
- Уа, чи мөн бодсон байхдаа. Өмдөө ч татаж чадахгүй босон харайсан байж
- Тэгээд бөгшөө арчаад л зогшоод байх уу? гэж Сансар тэр үеэ дүрслэх мэт бүр оцойж ирээд зогсож байгаад хэлэхэд нь би хүртэл тэсэлгүй инээд алдав.
- Та нар тэгээд яав? Арай баавгайн дайралтанд өртсөнгүй юу? гэхэд Однар
- Худлаа, худлаа. Наадах чинь нэг муу бут сөөгхөн л харсан байх. Түүнээс биш . . .
- Байшан за юу. Би бүр хоёр нүдээрээ харшан за юу
- Нүдээрээ л харахгүй тэгээд бөгсөөрөө харав гэж дээ. Гэхдээ л чи худлаа харсан гэхэд Сансар
- Үгүй. Баавгай байшан гэж ялагдангуй өнгөөр хэлэхэд бусад нь бас л инээлдлээ.
- Нээрээ, болгоомжтой л байхгүй бол одоо амьтан бүхэн сэрж байгаа цаг шүү гэж тэдний инээдийг ч намжаан, Сансарыгаа ч аврахыг хичээлээ.
Хэрлэн хоол хийх болж тэр хооронд бид тардгаараа тарж, ойр хавийнхаа уул нуруудыг дурандлаа. Ямар ч байсан утаа униар уугисан юм харагдсангүй. Өвлийн хүнд хүчир цагийг арай хийж давсан уул хангай цаанаа нэг уйтгартай дүнхийж харлана. Мөдхөн модод нахиалж, өвс ургамал ургах ч гэлээ тэр сайхан цаг хараахан ирэх болоогүй
- Биднийг хэзээ арагш нь татна гэсэн бэ? Та асуув уу? гэж Хэрлэнг асуухад би түүнд хариулах үг олдсонгүй. Гээд ямар асуугаагүй гэлтэй нь биш.
- Би хурандаатай ярьсан. Ямар ч байсан хэд хоног эндээ байсан нь зөв гэж байна лээ гээд Хэрлэнд хандан
- Холбоогоо л найдвартай байлгаарай. Хэзээ ч, юу ч сонсогдож магадгүй шүү гэж хэллээ. Яг үнэндээ бол Суурьтай маргалдсанаасаа болоод хэзээ биднийг татахыг асуугаагүй.

* * *
Зүүмгэр хаврын зэрэвгэр өдрүүд ар араасаа шил даран хөвөрч, Бүрэнгийн нуруу цаагуураа дулаацаж, өнөө мөдгүй өнгө төрхөө өөрчлөх нь хэн хүнд мэдрэгдэж байлаа. Харин бидний байгаа байдал өдөр өнгөрөх тусам уйтгар дагуулж, эрчүүдийн сэтгэлийн нүдийг хужирлаж байсан Хэрлэн маань дуугаа хурааснаар үндсэндээ лаа унтарсан үдшийн бүрийгээр асрын дээвэр дэрвэгнүүлэх салхи шиг сэтгэлд гуниг хүүгүүлнэ. Хүн бүр дор бүрнээ бодолд автан дуугаа хурааж, хаа нэг маазрах гэсэн хэн нэгний оролдлого хүч авч чадалгүйгээр хаврын хавсарга даган хаашаа ч юм арилж одох аж. Яг л нэг тийм үдшээр бид гэж хэлэх ярихаа барсан улс хэвтэр, хэвтэртээ тэлчилж, дээвэр балбах салхитай нөгцөж хэвттэл гал тогооны майхнаас
- Ахлах дэслэгчээ, Түгшүүр ... хэмээн хашгирах Хэрлэнгийн дуу хөгжим шиг л сонсогдох нь тэр. Манайхан ч дэрхийн бослоо. Би ч Хэрлэнгийн майхан руу гүйлээ.
- Тусгай-2-оо, Тусгай-2-оо... байрлалаа орхиод Эрдэнэ Хайрханы зүүн суганд эцсийн хурдаараа ир гэх Суурийн сандруухан дуу сонсогдов. Би
- Майхнаа хураа, машинаа асаа гэж хашгираад ухасхийлээ. Унтах гэж биш зөвхөн ийм л команд хүлээж байсан мэт манайхан яах ийхийн зуургүй л хөдлөхөд бэлэн боллоо.
- Бүх юмаа авсан биз?
- Тиймээ, эрхэм ахлах дэслэгч ээ
- Давхар шалгаарай гэж хэлээд хэдэн долоо хоног амьдарсан бууриа харцаараа гүйлгэвэл харцанд торох юм байсангүй. Манай залуусын харцнаас гэрэл гялалзаад байгаа нь үдшийн бүрийд ч гэлээ харагдаж байв.

* * *
Хар хурдаараа давхисаар Эрдэнэ Хайрханд арваад км дөхөж ирэхэд шөнийн харанхуйд улаан гал дүрэлзэж, энэ шөнө байтугай энэ хавартаа унтархааргүй тийм их гал гарчээ. Бид давхисаар зүүн сугаар орж ирэхэд тэнд аймгийн ОБА-ны отог байлаа.
- За та нар хүрээд ирэв үү?
- Ийм айхтар юм болж байхад бидэнд эртхэн мэдэгдэхгүй яав аа?
- Одоо орилоод өчигдөрийг эргүүлж авчирахгүй. Танай салаа зүүн талаараа бүтэн тойрч их галыг цааш нь алдахгүйг хичээ. Баруун талд нэгдүгээр салаа, урд талд орон нутгийн сайн дурынхан бий.Хоорондоо холбоо битгий таслаарай. Би та нарыг тойрч байх болно. За, яв, яв гэж Суурь тушаалаа.
Зүрх шимшрэм их гал энд тэндгүй дүрэлзэж, модод шатна. Моддын оройгоор улаан гал мөчир дамжин улалзсаар яах ийхийн зуургүй л ард гарчих ажээ. Яг л үлгэрт гардаг гал зуусан улаан луу ид хаваа гайхуулан тойрон хүрхрэх шиг. Зарим модод голоороо цогшин уугиж байснаа гадны ямар нэгэн нөлөөнд өртмөгцөө дэлбэрч буй мэт их чимээ гарган зад үсрэх нь сүртэй. Ид дүрэлзэж байгаа галыг унтраах нь битгий хэл ойртохын ч эцэсгүй ажээ. Байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж энэ байх.
Манай салаа үүрэг өгсөн чиглэлийн дагуу аль болох хурдаараа явж байв. Харанхуйд, тэгээд их галын хөвөөгөөр явах нь тийм ч хялбар биш тул би салаагаа галаас дайжуулан, аль болох алсуур явахыг тушаав. Энэ нь хэдийгээр цаг алдаж буй мэт боловч гэнэтийн нөмөрч их галаас тэднийгээ сэргийлж байгаа ухаантай. Тэр их галын өмнө бид хүчин мөхөс. Галыг ухаанаар л унтараахаас улаан гараараа хэрхэн унтраах билээ.
“Ой хээрийн түймэртэй онцгой албаныхан л тэмцдэг. Өөр хэн ч биш” гэж тэр нэгэн өдөр Суурийн хэлж байсан нь тархинд юмуу эсвэл зүрхэнд сонсогдож байв.
Биднийг Эрдэнэ Хайрханд ирснээс хойш долоо дахь хоног дээр Суурь манай салаанд ирэв. Тэр угаасаа гал тойрон гарсан багуудыг тойрч явсан байх. Манай салаа их галтайгаа нилээн тулчихсан, зарим үед байгаа багажаараа балбаад, балбаад дийлэхгүй ая эвийг нь харан ухарч байсан үе. Үнэндээ бид галаа дийлэхгүй байв. Суурь надад ирж хамаг чадлаараа
- Та нар дэндүү ойрхон байнаа. Гэнэтхэн нөмрөөд ирвэл хүмүүс чинь хэцүүднэ гэж хашгирав.

Үргэлжлэл бий . . .

"ҮР ХАРАМ" туужийн түүврээс
Бүрэн эхээрээ...

Нурам - 11 (тууж)

6 Сэтгэгдэлүүд:

Тэгээд хүнээ хуваарилан цуруу тавьж эхэллээ. Однар жаахан бодолхийлж явснаа
- Бид ч цуруу тавихаас өөр юм ч мэдэхгүй юм даа гэхэд Сансар
- Тэгээд өөр яах юм? Бидэнд байгаа багаж нь л энэ юм чинь
- Тонн, тонн устай бол жинхэнэ гал сөнөөгч шиг л үзмээр байна гэж Лхагва хэлээд дуу нь цааш орлоо. Аргагүй юм. Цуруу тавина гэдэг хэдийгээр ой хээрийн түймэртэй тэмцэх гол арга ч гэлээ яг галтай тэмцэж буй хүний хувьд эр зориг, авхаалж самбаа шаардсан өөрөөр хэлвэл ид хаваа гайхуулах арга биш л дээ. Галын өөдөөс бяцхан гал тавьж шатах газаргүй болгон зогсоодог нэгэн бодлын арга ядсан юм шиг арга. Гэхдээ цуруу тавих нь одоохондоо хамгийн сонгодог арга хэвээрээ л байгаа юм. Манай салаа энэ галыг бараг дөрөв дэх хоног дээрээ арайхийж цурманд оруулж авлаа. Тэгтэл ердөө ганц хоногийн дараа биднээс хоёр гүвээний цаана дахин утаа уугив. Төв рүү хурдхан дамжуулаад бид тийшээ зүглэлээ. Отгоо ч нүүлгэв. Дөнгөж уугиж эхлэхэд нь очсон болохоор хагас өдөр ноцолдоод л бариад авав. Манайхны ажлаа сурцтай хийх болсон нь ч нөлөөлсөн байх.
- Эрхэм ахлах дэслэгчээ, ахмад яръя гэж байна гэсээр Хэрлэн гүйж ирэв.
- За сонсож байна гэхэд
- Танай салаа наанаа хэд хоног лагерлахаас болохгүй нь. Ямартай ч гэсэн газрынхаа баримжааг харж, энд тэнд уугивал тэр дор нь барихаас аргагүй. Хүчээ хоёр хэсэгт тараан байрлуулсан нь цаг алдахгүй юм байна гэлээ
- Мэдлээ . . . надад үүнээс өөр хэлэх үг олдсонгүй.
Нэгэнт байдал ийм дээрээ тулсан тул бид майхнаа үүрэн газрын өөд нүүлээ. Мэдээж жижиг горхиноосоо холдсонгүй. Шинэ газраа ирж гал тогооны майханд холбоогоо байрлуулав. Хэрлэн холбоогоо даган гал тогоонд байна. Угаасаа л ингэдэг л дээ. Нөгөө асарт эрчүүд байрлана. Ажил дуусангуут Сансар өвөр дээрээ баахан хоргол асгачихсан хэлхэж, хэлхсэнийгээ хүзүүндээ эрх мэт зүүж харагдав.
- Чи юугаа хэлхээд байгаа юм бэ? гэж Лхагвыг асуухад
- Туулайн бааш
- Манай Сансар бороо оруулах тарни унших гэж байгаа юм
- Үгүй, үгүй сан тавих гэж байхад чинь гэж бас хэн нэг нь хэлэв. Тэгтэл Однар
- Би та нарт тайлбарлъя. Ер нь бол сан тавиад утааг нь саранд хүргэхийг Сансар гэдэг юм шүү дээ, тээ? Сансараа гэхэд бусад нь пирхийтэл инээлдэнэ. Хэрлэн бид хоёр ч гэсэн мушийж суулаа.
- За яахав, та нар тэгж л бай. Цагаа тулаад ирэхээр та нар надааш гуйнаа гайгүй гэж Сансар хэлсэн боловч бусад нь инээдэндээ болоод анзаарсангүй. Миний хувьд Эрдэнэ Хайрханаас олсон тамхины ишээ хаях вий гэсэндээ хайрцгийг нь гайгүй сайн бөхлөөд далд хийж авсан гэж байгаа. “Тэнд хүн гал тавьж байсан. Чухам яах гэж тэр вэ?” гэсэн өнөөх л бодол намайг ээрсээр. Санаагаар юм бол хурандаатай холбоо барьж энэ бүгдийг хэлмээр. Базараатай ч холбогдмоор. Ер нь л хэн нэгэнтэй энэ бодогдоод байгаа сэжиг таамгаа хуваалцмаар. даанч энэ ууланд утас барихгүй. Ганц холбогдож байгаа нь аймгийн ОБА-ны холбоо. Түүгээр дамжуулж элдэв янзын юм ярина гэдэг гэнэн хүүхдийн л хэрэг болох байх. “Ингэхэд Суурь яагаад үл ойшоов? Энэ бүгд нэг л хачин” Би хэдий чинээ их юм бодох тусам бодол маань улам л итгэмээргүй, улам л муухай болж байлаа.
Хоёр дахь гал гарснаас хойш нэмж энд тэнд утаа үзэгдсэнгүй. Өглөө, өдөр, оройд бид хэдэн тийшээ аль болох өндөрлөг дээр гарч хавь орчноо дуранддаг ажилтай болов. Тэгээд хийх юмгүй улс чинь яахав хөзөр л тоглож суух. Хэрлэн өнөөх л дэвтрээ нэг дэлгэж, нэг хааж, бодолд дарагдан эргэн тойрны хяраар ганцаар тэнүүчилнэ.
- Энэ охин юу бодоод байдаг юм бол доо?
- Яах юу байхав. Дурлал. Дурлал гэдэг чинь хүнийг ийм болгочихдог юм шүү дээ гэж Мягмар хэлэв.
- Нээрээ, энэ Хэрлэн тэгээд Суурь ахмадад дурлачихдаг юм байхдаа гэж Однар гайхсан янзтай хэлэх нь “Ийм хөгшин хүнд” гэсэн нийт хүмүүсийн гайхшралыг төлөөлөхөөр байлаа.
- Нас зөрөхөөс нүх зөрөх биш гэдэг үг байдаг байхаа ха ха гэж Лхагва нэг их хөгжилтэй үг хэллээ гээд инээсэн боловч бусад нь нэг их дэмжсэнгүй. Лхагва илт атаархалын өнгөөр хэлсэн болохоор тэгсэн байж ч магадгүй юм.
- Гэхдээ л шонин гэж Сансар хэзээ хойно сэтгэлийнхээ гүнээс шүүрс алдах мэт гунигтай хэлэв. Миний сэтгэлд ч гэсэн түүнийг дэмжих мэт “Нээрээ л сонин шүү” гэж бодогдоно.
Та нар намайг бодоод байна уу гэсэн шиг Хэрлэн хүрээд ирлээ. Тэр гал тогооны майхан хавьцаа хоол бэлдэнгээ
- Биднийг яах гэж энд хий дэмий байлгаад байгаа юм болоо? гэхэд Однар
- Харин ээ, чи мэдэхгүй байхад бид яаж мэдэхэв дээ гэж түүнийг илт өдсөн өнгөөр хэлэв.
- Би яаж мэдэх юм? Энэ холбоогоороо юу ч хэлэхгүй байгаа биз дээ? Та нар ч гэсэн сонсож л байгаа ш дээ.
- Ийм холбоогоор ч хэлэхгүй л дээ гэж Лхагва битүүгээр егөөдөхөд Хэрлэн сая л өөрийгөө шоолоод байна гэдгийг ойлгон
- Чи тэгээд юу гэх гээд байгаа юм? Арай намайг бөгсөөрөө холбоо барь гэх гээгүй биз дээ? гэж хачин их уурлалаа. Би Лхагва руу дуугай бай гэж хуруугаараа дохив.

* * *
Манайхан ч тэр, би ч тэр энэ уулын мухарт ийм олон хононо гэж бодоогүй байсан тул ойр зуурын хэрэглээ, хоол хүнсний зүйл маань дууслаа. Залуучууд маань хийх байхаа олж ядахдаа хамгийн түрүүнд тамхи тариагаа барчихав. Бие биенийхээ цүнх сав, хормой хотыг ч ухаад юм гарсангүй. Харин Сансар л нөгөө хэлхэж зүүсэн хорголоосоо хэд гурвыг тасдан нунтаглаад нямбайлан ороосноо хөх утаа суунаглуулан татаж гарах нь тэр. Залуус бие биесээ нудран Сансарыг горьдсон харцаар харцгаана. Мягмар тэсвэр алдан
- Сансараа, ганц соруулчих тэгэх үү? Туулайн баас ямар байдгийг үзье гэхэд Сансар дээгүүр харан ихэмсэглэж
- Бурханы олон шавь нар минь намайг шан тавьж байхад бүү садаа бол. Би хурмашт тэнгэр хур бороо хайрлах эшэхийг ашууж байна гээд нүдээ анин ном уншигчийн дүр үзүүлэхэд бүгдээрээ инээлдэв. Лхагва
- Чи ер нь биднийг энд ийм олон хонуулна гэдгийг мэдэж байсан юм биш биз?
- Амьдралын хар ухаан гэж энийг хэлээд байгаа юм л даа
- Өө хө, чи бас амьдралын хар ухаан мэднээ? гэхэд Сансар тэнгэр өөд нэг, дараа нь өөрийгөө заагаад
- Тэр шаншар, энэ Шаншар хоёр нийлээд ирэхийг амьдралын хар ухаан гээд байгаа юм даа гэхэд бид бүгдээрээ их бага дуугаар инээлдлээ.
- Чи ер нь яасан бэрд хог вэ гэж тэсэхээ байсан Мягмар хэлээд ухасхийн Сансарыг барьж аваад татаж байсан тамхийг нь булааж авав. Бусад нь ч гэсэн түүнийг дэмжин хүзүүн дэхь эрхийг нь тасар татлаа.
- Болиочээ, болиоч. Булаагаад байхдаа яадаг юм. Гуйгаач гэж Хэрлэн гэнэтхэн хашгирав. Ийм чанга хашгирна чинээ санаагүй байсан залуучууд тэр дороо хөдөлгөөнгүй болов.
- Өөрсдийгөө хараач. Ямар арчаагүй юм. Та нар хамгийн сүүлчийн хоолоо ч гэсэн ингээд булаах уу? Та нарт амь зулбах хамгийн сүүлчийн боломж байвал ингэж амиа бодох уу? Ямар муухай юм бэ та нар гэж Хэрлэн үнэн голоосоо хэллээ. Нүдэнд нь нулимс цийлэгнэж байсан болохоор би үнэн голоосоо гэж ойлгосон. Залууст ч гэсэн эвгүй байсан бололтой зэнзийрхээд нэг эвгүй болчихов. Надад ч гэсэн түүний хэлсэн үг нэн өөр сонсогдов.
- Зүгээрээ Хэрлээн, битгий уурла. Би тэртээ тэргүй өгөх байсан юм гэхэд Хэрлэн
- Тэр тусмаа
- Бид нар тоглож л байсан байхгүй юу
- Тоглоом шиг харагдахгүй байна. Бид ямар ч үед нэг баг л байх ёстой биз дээ гэснээ Хэрлэн хийж байснаа орхиод хажуугийн энгэр өөд алхчихлаа. Энэ бол манайхны хувьд цохилт байв.
- Чи зүгээр л өгчихгүй гэж нэг нь Сансарыг зэмлэхэд
- Би өгөх л байшан ш дээ гэж Сансар бувтнав.
- Тэрэндээ биш л дээ. Тэр итгэл найдвар хүсэж байна. Гэтэл сая та нар түүнийг айлгачихлаа. “Хамгийн сүүлийн боломж байвал ингээд л дайрах уу” гэж байна. Тэр та нараас өөр юм хүсэж байна залуусаа гэж намайг хэлэхэд бүгд чимээгүй болцгоолоо. Сансар гэмшсэн янзтай хурдан, хурдан хөдөлж залууст туулайн хоргол тараан гүйх нь өрөвдмөөр ч юм шиг, инээдтэй ч юм шиг. Энэ чимээгүй дүнсгэр байдлыг эвдэхийн тулд
- Та нар нэг тарчихаад ир дээ. Сайн ажаарай гэж намайг хэлэхэд тэд тал бүр тийшээ хөх утаа савсуулан тарцгаав. Тарна гэдэг нь нөгөө өндөрлөгүүд дээрээ гарч ийш тийш тандахыг хэлж байгаа юм.
- Овоо шорвог эд байх чинь ээ гэж нэг нь хэлж байна. Бодвол татаж буй хорголоо хэлэв бололтой. Би ч гэсэн нэг довцог руу гэлдрэх зуураа “Ямар ч байсан нэг аймаг орохгүй бол болохгүй нь дээ” гэж бодлоо. Би ч гэсэн зүгээр байсангүй ойрхоны нэг толгой дээр гарав. Залуусыг тарахтай зөрөн Хэрлэн ирж яваа харагдана. “Нээрээ, энэ хүүхэд Суурьт дурлачихдаг юм байх даа” гэсэн хэрэггүй бодол тархинд харвав. Яагаад биднийг энд байлгаад байнаа гэсэн Хэрлэнгийн үг санаанд бууж “Нэг л шалтаг байна даа” гэсэн хар буулаа. ¬Ерөөсөө өнөө орой яваад шөнөдөө буцаад ирдэг хэрэг. Хоол хүнс ч багадаад ирлээ. Залуус маань тамхи тариа ч үгүй боллоо. Хот руу ч холбоо баръя. Хэзээ хойно “Чи тэгээд хэлэх нь яаваа” гэж хурандаад загнуулах ч юм бил үү гэж шийдээд буцаж ирэв. Тэгтэл Хэрлэн гал тогооны майханд ганцаараа яриад байх шиг байх юм. Үүдэнд нь ирвэл Хэрлэн чихэвчээ зүүгээд цааш харчихсан холбоогоор ярьж байна. Тэр намайг анзаарсангүй.
- Ойрд гайгүй ээ
- . . . .
- Би зүгээрээ. Манайхан чинь томоотой ш дээ
- . . . .
- Яах юм. Манайхан юу ч гэж бодох юм билээ. Эд нартайгаа цуг байж байгаад л буцсан нь дээр. Нээрээ, биднийг хэзээ хүртэл энд байлгах юм бэ?
- . . . .
- Аанхаан, уйтгартай . . . санаж байна гэхдээ түүний хоолой их эрхлэнгүй болж шингэрлээ
- . . . .
- Удахгүй гэдэг чинь хэзээ гэсэн үг юм?
- . . . .
- За за ойлголоо гэхчилэн ярьж байв. Би санаандгүй түүний яриаг сонсчихсондоо хачин их санаа зовов. Тэгээд майхны үүднээс сэмхэн холдоод түүнд мэдэгдэхүйц чимээ өгсөөр ирэв. Хэрлэн хам хум холбоогоо унтраасан ч би анзаараагүй дүр үзүүлж чадав. Тэр намайг яагаад ч юм гэмшингүй, хүлцэнгүй харцаар үе үе харна.
- Ахлах дэслэгчээ
- Айн?
- Танай эхнэрийг Сэлэнгээ гэдэг үү?
- Тийм. Чи яаж мэдээв?
- Үгүй ээ зүгээр. Та хоёрыг их залуудаа суусан гэж сонссон юм гэлээ. “Хэнээс” гэж асуух гэснээ арай л хүйтэн сонсогдох вий гэж санаад болилоо. Мэдээж Сууриас биз.
- Тэгсээн, тэгсэн. Бид хоёр олон жил болж байна.
- Үр хүүхэдтэйгээ бөөнөөрөө байхад сайхан байдаг байхдаа. Би бас тийм үнэнч дурлалыг л хүсдэг. Үр хүүхдээ хамтдаа өсгөөд л . . .
“Тийм л юм бол чи одоо юу хийгээд л байна даа. Суурь чиний мөрөөдлийг биелүүлж чадах хүн мөн үү” гэж эгээтэй л хэлчихсэнгүй.
- Хамтын амьдрал зохионо гэдэг хүний амьдралын хамгийн чухал хэсэг. Тийм ч учраас хэцүү байдаг байх. Болчимгүй алхам хийснээс болж амьдралдаа алддаг хүмүүс байдаг л юм гэж би түүнд анхааруулах санаатай хэлэхэд тэрээр нэг их санаа алдсанаа
- Ухаан жолоогоо алдтал дурладаг дурлал гэж байдаг юм шиг байнаа . . . гээд чимээ тасарлаа.
“Тэгтлээ их дурлаа юу охин минь” гэх гэснээ амаа хамхилаа. Хэрлэн уулын орой ширтэн хэсэг чимээгүй суув. Түүнийг хажуугаас нь харахад үе үе бодолд дарагдан суудаг өнөөх эрхэмсэг бүсгүй биелэлээ олчих шиг харагдана. Тэрээр чимээгүйг эвдэн
- Би угаасаа л нэг их сайхан ахтай байх юмсан гэж боддог байж билээ. Магадгүй би багаасаа ахмад эрэгтэй хүний нөмөр нөөлөг хүсдэг байсан байх гэлээ.
“Олон ах хүнд дурласан шалтгаан маань энэ гэж хэлэх гэсэн юм байх даа” гэж бодсон хэдий ч
- Чи аавгүй юм уу? . . .Үгүй ээ, үгүй танай аав чинь . . . гэж эвгүй асуучихсандаа бантахад
- Би аавгүй юмаа . . . гээд санаа алдав. Майхны гадаа манайхны дүнгэр, дүнгэр ярилцах сонсогдоход бид хоёрын яриа тасарлаа.
- За та нар ямар ч байсан байж бай. Би аймаг яваад ирье. Хэрлээн, чи дутуу хөтүү юм юу байна бүгдийг нь сайхан бич. Би хурдхан давхиад шөнөдөө орж хоночихоод өглөө дэлгүүр онгойхоор юмаа аваад цаашдаа яахыгаа ч асуугаад ирье
- Заавал та явах гэхээр бидний хэн нэг нь яваад ирэх үү?
- Би өөрөө явах хэрэг байна. Хот руу холбоо барих ч шаардлага байна. Та нар харин сортоотой бас томоотой байгаарай гээд тэднийг тойруулан харлаа.
- Тамхи . . . тамхи гэж бичээрэй Хэрлээн гэж Сансар хашгирав.
- Хэдий болтол байх юм гэдгээ мэдэхсэн гэж Однар хэлэв
- Ер нь бол хүчээ хуваан газар нутгаа хараа хяналтандаа байлгах гэдэг нь зөв л дөө гэж би санаж байгаагаасаа шал эсрэг зүйл хэллээ. Уг нь бол энд байлгаад байгааг нь сэжиглэсээр байв.
Шөнө дөлөөр аймгийн бараа харлаа. Шууд гал команд дээр очих гэснээ шөнөөр дэмий юм шиг санагдааад очсонгүй. Аймгийн захад машин дотроо дуг хийгээд өглөө үүр хаяарангуут Суурийн гэрт шууд очихоор хөдөллөө. Гэртээ арай нэг их дүрэмдээд байхгүй биз гэж бодсон хэрэг.

Үргэлжлэл бий . . .

Бүрэн эхээрээ...

Нурам - 10 (тууж)

6 Сэтгэгдэлүүд:

Би эгээтэй л доошоо суучихсангүй. Нүүр маань халуу шатаад байх юм. Харин Суурь Хэрлэнгийн гараас татан босгоод зөөлхөн алхсаар булан тойроод одлоо. Тэд бие биедээ дурлажээ гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Хүн дурлах л юм бол хулгайчтай ч сууна гэж хаа нэгтэйгээс сонссон шиг. Гэхдээ энэ бүхэн надад хамаагүй. Гол нь сэтгэл зүрхээ ойлголцож л байвал насны зөрүү хэнд хамаатай байх билээ дээ. Тэдний дүрс булан тойроод алга болсонтой адил тэдний тухай бодлоо гэгээрүүлэхийг хичээлээ. Гэтэл түр мартагдаад байсан өнөө сэжиг дахиад л эргэлдэв. .
Хэрвээ миний таамаг үнэн бол өнөөдөр л явах ёстой мэт. “Үнэн үү, худлаа юу? Явах уу, Болих уу? Ингэхэд яагаад болохгүй гэж” эргэлзэж тээнэгэлзэх хэрнээ зузаан хувцас, гар чийдэн, хоёр сав ус, жаахан идэх юм зэргийг үүргэвчинд хийж бэлдээд Однарыг дуудаж
- Би жаахан гадуур яваад ирье. Намайг оройтвол санаа зовох хэрэггүй. Салаагаа чимээгүй бай гэж хэлээрэй гэчихээд Однарыг гайхсан харцтай нь үлдээгээд гарлаа.
Үдшийн улаан нар баруунаа хазайжээ. Хуурай атлаа явган салхигүй тогтуун орой юм. Маргааш овоо аятайхан өдөр болж магадгүй юм. Аймгийн төвийн дэлгүүрийн үүдэнд очиж нэг мотоцикльтой залуутай ярьж хэдэн төгрөг өгөхөөр тохироод Эрдэнэ Хайрхан тийш гараад давхичихлаа. Яг таг баталгаа байхгүй болохоор ганцаараа явахаар шийдсэн хэрэг. Уулынхаа бэл рүү нилээн давхиад тэндээ бууж үлдэв. Дээш алхсаар нар унаж, бүрэнхий болохын алдад энэ хавьд л гарах болов уу гэсэн газраа ирж нэг өндөрхөн хадан дээр гараад сууж авлаа. Орчны юм үзэгдэх нь хавьгүй илүү юм. Гэхдээ мөдхөн ингээд харанхуй болно гэдгээ мэдэж байгаа. Тэгснээ “Би мөн ч тэнэг хүн юмаа” гэж өөрийнхөө тэнэгийг шоолж баахан инээв. Энэ олон ам, энэ их моддын хаанаас нь гал гарна гэж энд сууж байгаа юм болоо гэж бодохоор өөрийгөө шоолохоос яахав. Мөдхөн хав харанхуй нөмрөөд ирэв. Буцна гэхээр унаа байхгүй. Тэгээд ч энэ харанхуйд хаашаа ч яваа билээ. Багад болсон явдал санаанд орж ирэв.
“Би багадаа их нэхэл хатуутай, заргач маягийн нөхөр байв. Нэг удаа би хулгайн хэрэгт унав. Уг нь бол эмээ маань л надаар тоглосон юм билээ л дээ. Нэг өдөр эмээ маань юухан ч юм шидэж сууснаа Хойд амбаарт байгаа өлгөөтэй борцноос нэг хүн аваад байна. Миний хүү биш биз? гэлээ. Би аваагүй гэтэл эмээгийн харц нэг их шоолонгуй болж ирснээ Үнэн үү дээ гэж байна. Миний дотор нэг юм арвагнаад болдоггүй. Үгүй ээ, би биш гэж уцаарлах маягтай хэлэв. Тэгээд тэр нөхрийг нь бариад өөрийгөө цайруулах юм шүү гэж бодлоо. Тэгээд оройхон амбаарт ороод нэг буланд нуугдаад хүлээлээ. Харуй бүрий ч болов. Эмээ намайг хайгаад, дуудаад байна. Би хариу дуугарсангүй. Нэг мэдсэн чинь өглөө болчихож. Миний дээрээс өвөөгийн хөвөнтэй дээлээр хуччихсан байж билээ”
Нэг мэдсэн чинь тас харанхуй болжээ. Хэдий хэр сууснаа анзаарсангүй. Шөнийн тэнгэрт түм буман одод анивалзаад үзэсгэлэнтэй. Хувцсаа зузаалсан тул даарах нь гайгүй. Жаахан идэх юм идчихээд усаа ууж хэсэг суулаа. Тэртээ доогуур бэл ороосон замаар нэг машины гэрэл давхиж явна. Хүссэн хүсээгүй тэр гэрлийг дагуулан харсаар байв. Харанхуй шөнийн ганц гэрэлийг харахгүй хэн байх билээ. Гэтэл тэр гэрэл замаас гарав уу гэлтэй тэндээ эргэж хургаснаа дээш өгсөж, тун удалгүй моторын уухилах чимээ тод сонсогдож ирэхтэй зэрэг миний зүрх хүчтэй цохилж, амьсгаа давхцаж ирэв. Тэгсэн хэдий ч энд ирсэн зорилго минь энэ болохоор гэрлийн зүг газрын бартаа барин гүйлээ. Машины гэрэл тэмтчих мэт явсаар модны ёроолд ирж зогсов. Би угтан гүйсээр барааны газар очиж амжив. Тэд намайг мэдэхгүйд миний давуу тал байв. Машинаас хоёр хүн бууж тамхи асаагаад хэсэг зогссоноо уул өөд яаралгүйхэн мацаж эхлэв. Хоёулаа юүдэнтэй цамц өмссөн нь нүдэнд хүйтэн харагдана. Эдэнд өөрийгөө мэдэгдэхгүйн тулд ойртож чадсангүй. Хөл доороо мөчир хугалж хар авхуулахгүйн тулд хичээх хэрэгтэй болов. Анхаарлаа төвлөрүүлчихээр нөгөө сандрах хийгээд зүрхний цохилтоо ч анхаарах сөгөө алга. Тэднийг даган өгссөөр голын сайрт хүрлээ. Сайрыг хөндлөн гарч яг л миний газрын зураг дээр зааж байсан цэг хавьцаа ирэх нь тэр. Би тэдэнд улам ойртохыг хичээж гэтсээр. Нөгөө хоёр дахин нэг тамхи асаалаа. Нэг нь хуурай мөчир хэд хэдийг хугалж овоолоод дээр нь хуурай өвс тавив. Гэтэл нэг нь
- Эндээс болох байлгүй дээ. Салхи нь баруунаасаа юм чинь
- Чи бүр туршлагатай болжээ гээд хоёул бөглүүхэн инээлдэв. Тэд доош сууж бэлдсэн газраа гал тавилаа. Би хичнээн сандарсан хэдий ч
- Зогс . . . буудлаа шүү гэж хашгирахад нөгөө хоёр хүн байна гэж санаагүй дээ тэр үү сандарч нэг хэсэг гацсанаа цааш эргэн зугтлаа. Би харайлгасаар тэдний тавьсан асаж амжаагүй галыг хэд хэд дэвслээд
- Та нарыг хэн болохыг таньж байна шүү. Зогс та нар гээд араас нь харайлгав. Яг тэр мөчид би өөрийгөө чухам яах гэж яваагаа ч ухаарсангүй. Тэд хоёр тийш салан гүйв. Би нэгнийх нь араас гүйлээ. Тэр мод бут тойрон ийш тийш үсчин харайлгана. Уулын уруу болоод тэр үү би юу юугүй түүний ар дээр ирж, мөрөн дээрээс нь атгаж автал тэр гэнэтхэн эргэж намайг элгэдэн миний барьцыг тавиулаад цааш гүйлээ. Түр саатсан ч гэлээ би хэдхэн харайгаад дахиад ард нь ирэв. Хариугүй барьдагийн даваан дээр нэг хөндлөн мод гэнэт нүүрэн дээр тусаж би хойшоо саван унав. Тэдний пижигнэлдэн холдох нь сонсогдоно. Би ухасхийн боссон боловч толгой эргээд гүйх нь битгий хэл олигтойхон харайж ч чадахгүй шинжтэй. Харамсалтай нь юүдэн угласан тэдний царай төрхийг харж чадсангүй. Төдөлгүй машины мотор ассанаа улам бүр холдож одлоо. Би гэлдэрсээр ойгоос гарав. Одоо хэн ч ирэхгүй нь тодорхой. Яаж ийж байгаад аймгийн төв орохсон. Юутай ч гэсэн зам бараадах хэрэгтэй. Хамраас бага зэрэг цус гарсан байна. Толгой ангалзаад, дух нүд хавьцаа час час хийнэ. Бодвол хавдаж байгаа бололтой. Уначихгүй л юмсан гэж бодогдоно. Шүд зуун гэлдэрсээр зам хүрлээ.
“Аймаг хүртэл хорь гаран км. Эрүүл үед бол юу ч биш л дээ. За яахав ямар нэгэн унаа явах байгаа. Харин миний бодсон үнэн болох гээд байдаг. Яах аргагүй л гал тавих гэж оролдсон. Энэ үнэн. Харин хэн, юуны тулд тэр вэ? Би ч гэж би. Өдий хүртэл хашир суудаггүй, арай л түргэдчих юм” гэж бодон гэлдэрч явтал тэртээ ард нэг гэрэл гарч, төд удалгүй давхиад ирэхэд нь би гар өргөлөө.

* * *
Намайг байрны үүдээр орж ирэхэд тэр шөнийн жижүүр
- Таныг хэн ингэчих вэ? Согтуу хөлчүү юмнууд уу?
- Мэдэхгүй ээ, хоёр нөхөр л байна
- Цагдаад мэдэгдэх үү?
- Хэрэггүй, хэрэггүй. Би гайгүй байна. Одоо тэгээд ч олдохоосоо өнгөрсөн гээд дээшээ гарлаа. Маргааш ч харахын аргагүй юм болно доо гэж бодсоор өглөө толинд харсан чинь харин гайгүй шүү. Гэхдээ хэн ч харсан цохиулж гэдэг нь тодорхой. Манайхан “хэн бэ? хэн бэ? Хэн таныг ингэчихэв?” гэсэн асуултаар зэрэг зэрэг буллаа.
- Таныг шөнө ирэхийг мэдшэн л дээ. Гэхдээ ийм болшныг мэдээгүй гэж Сансар бувтнав.
- Уаа, ангайтлаа унтаж байсан чи яаж мэддэг юм гэж Лхагвын хэлэхэд
- Мэдэлгүй яадгийн. Дарга Хэрлэнгийн дараахан иршэн юм чинь гэлээ. “Хэрлэн бас шөнө дунд ирсэн байх нь” гэсэн бодол бүгдийн царайнд илрэв. Тэгтэл жижүүр орж ирээд
- Эрхэм ахлах дэслэгчийг Батсуурь ахмад дуудаж байна гэлээ. Би толгой дээрээ байсан хүйтэн жинг авч, малгайгаа хазгайдуухан тавиад гарахад
“Суурь ахмад, дарга хоёр зодолдсон юм болов уу? Харин ээ, арай Хэрлэнгээс болоогүй байгаа”гэх яриа хаалган завсар хавчуулагдаж үлдэв.
- Хэнтэйгээ зодолдоод нүүр амаа ийм болгочихоов? гэсээр Суурь намайг угтлаа. Би жижүүрээс сонсождээ гэж ойлгов.
- Эрдэнэ Хайрхан ууланд гарч байгаа гал надад санаатай тавигдаад байх шиг санагдаад байна.
- Юу гээд дэмийрээд байгаа юм бэ?
- Би урд шөнө тэнд хоёр этгээд гал тавьж байхыг хоёр нүдээрээ харлаа. Харамсалтай нь барьж чадсангүй.
- Чи арай энэ нутгийнхан гал тавиад байна гэх гээд байгаа юм биш биз дээ?
- Чи сая сонслоо ш дээ
- Наадах чинь харин явуул хүний зуугуул бодол байна даа. Яалаа гэж энэ орон нутгийнхан уул хангайгаа түймэрдэж байх юм?
- Мэдэхгүй юм даа. Ямар ч байсан энэ ойг шатаах зорилго зарим нэг хүнд байна. Ийм юм болоод байнаа гэдгийг нүдээр харсан хүн хэлээд байхад огт цочрох ч үгүй байгаа нь сонин байна шүү гэхэд Суурийн харц ширүүсч ирснээ
- Чи надад заах гээ юу? Аль эсвэл . . . гэснээ нэгийг санасан мэт царай гарган
- Эсвэл алдсан цолоо олж авахын тулд надаар туг тахихаар шийдээ юу? гээд намайг сэжиглэнгүй харлаа.
- За юу гэж бодох нь чиний хэрэг. Бодит байдлыг чамд хэллээ. Яах аргагүй хоёр хүн гал тавих гэж оролдсон. Би харсан
- Чи мөн сүрхий хүн ээ. Тэр их уулын яг хаана нь хүн гал тавих гэж байна гэж чи мэдээд бас яг тэнд нь очоод отов? Сонин л юм. Үүнд чинь ер нь хүн итгэх үү? Ер нь харанхуй ойд төөрсөн хүн зүг чиг гаргахын тулд гэрэл гарганаа даа. Гэтэл гэнэтхэн хүн ч юм уу, амьтан ч юм уу нэг юм дайрахаар яах ёстой вэ? Чи бол яах вэ? амиа хоохойлохыг бодохгүй гэж үү? гэж надаас ноцтой асуулаа. Би тодорхой хариулж чадалгүй түгдрэв. Нээрээ хэн ч байсан гэсэн биеэ хамгаалж л таарна л даа. Гэтэл Суурийн дууны өнгө гэнэтхэн зөөлөрч
- За ямартай ч гэсэн Галаа чи жаахан амар. Наад толгой тархиа үзүүл. Би бас бодъё гэлээ.
Суурийн өрөөнөөс хурдхан шиг гарч Сэлэнгээ рүү залгалаа. Санаанд буугаад байгаа хараа тодруулах гэсэн хэрэг.
- За яасан бэ?
- Яах юу байхав дээ. Танай яаманд уул уурхайн компаниудын бүртгэл, судалгаа байдаг биз дээ?
- Байх нь ч байгаа байх. Гэхдээ манай хэлтэст энэ чинь хамаагүй ш дээ
- Чи ямар ч байсан нэг компаний тухай мэдээлэл олоод өг. Эзэн нь хэн юм? Ямар түүхтэй юм? гэх мэтээр
- Чи бас юугаа сэдчихээд хүн давчдуулаад унав даа? Ямар нэртэй юм, тэгээд?
- Их тулгат. Энд үйл ажиллагаа явуулдаг. Сайн ухаад, хурдхан шиг хариу хэлээрэй
- За, за би асууя. Юм олж мэдвэл залгая гээд утсаа таслав. Өрөөндөө оруут толгой дээрээ хүйтэн жин тавьж хэвтлээ. “Энэ яг ямар учиртай юм бол?” гэсэн асуулт толгойноос гарсангүй. Шөнө жаахан нойр муутай хоносон учир тэгсгээд унтжээ.

* * *
Түгшүүрийн дохио хангинах дуунаар манайхан “Хаана вэ? Хаана вэ?” гэсээр гарч жагсацгаалаа. Суурь бидний өмнө ирж
- Энэ удаагийн гал Бүрэнгийн нуруунд гарлаа. Ирсэн мэдээгээр бол галын хүрээ их байх шиг байна.Танайхан тэндээ нилээн хэд хонох байх. Араас чинь бүх бэлтгэлийг явуулна. Одоо ингээд хурдан хөдөлцгөө гэлээ.
Биднийг машиндаа суун хашааны хаалгаар гарч байх тэр агшинд бөөрөн дээрээ “Их тулгат” гэсэн бичигтэй машин ирж өмнөх зогсоолд зогсов. Би тэр машинаас харцаа салгаж чадсангүй. Машинаас нөгөө шар залуу мөн л тамхиа зажилсаар бууж ирэхдээ зөрөөд өнгөрч байгаа бидэн рүү нэг л доогтой харцаар харав. Сэтгэлд нэг л эвгүйцэл төрж, дотор зарсхийхтэй зэрэг нэг бодол харвав.
- Эрдэнэ Хайрхан чинь бидний замд байхаа? гэвэл жолооч
- Улаан зам дээр
- Хальтхан дайрах юм шүү. Урд шөнө нэг юмаа унагаачихаж гэхэд жолооч “Дуудлаганд явж байж юу гэнэ вэ?” гэсэн янзтай гайхан харав. Би аймгаас гарахаас өмнө Сэлэнгээ рүү дахиад залгалаа.
- Яасан бэ? Юм олж мэдэв үү? гэхэд
- Харлаа, харлаа. “Их тулгат” гэдэг чинь алтны уурхайтай бас хайгуулын лиценз эзэмшдэг юм байна. Хэл ам багатай л юм шиг байна ш дээ. Эзэн нь наанаас чинь сонгогдсон гишүүн учраас одоо эхнэрийнх нь нэр дээр байдаг юм байна.
- За за ойлголоо
- Ингэхэд чи юугаа асуугаад байгаа юм бэ?
- Юу ч биш ээ, юу ч биш
- Битгий л нэг янз бүрийн юмтай орооцолдоод санаа зовоогоод байгаарай
- Зүгээрээ, зүгээр. Бид одоо яг дуудлага аваад аймгаас гарч байна. Ингэсгээд утас тасрах байх шүү
- Чи л болоод зүгээр байх даа. Түүгээр явсан гайг үүгээр дуудна гэгч болов. Яаж ийж байгаад бүрэн бүтэн ирэхийг бодоорой гээд л яг эхэлж байтал утас тасарлаа.
Бид давхисаар Эрдэнэ Хайрхан уулын хажуугаар ороход нь
- Ийшээ, тийшээ гэж жолоочид заан шөнийн ирсэн машины мөрөөр оруулан бэл өөд өгсөж яг зогссон газар нь машинаа зогсоогоод
- За та нар наанаа байж бай. Би удахгүй гээд тэднийг гайхсан харцтай нь хамт үлдээгээд дээшээ гүйлээ. Аахилж уухилсаар гал тавих гэж байсан газар нь ирж тэр хавиар нь эргүүлдэж хайсаар хоёр тамхины иш оллоо. Модны мөчирөөр хавчин шүдэнзний хайрцганд хийж аваад чихэр олсон хүүхэд шиг л юм машин руугаа дэгдчихлээ. Сэтгэл хөөрч, баяр ч төрөөд байх шиг.
- Болоод явчихсан шүү хө. Гишгээд байгаарай гэж жолоочдоо хэлээд халаасаа тэмтэрч хайрцаг байгаа эсэхийг нягталж үзэв. Толгойд түмэн зүйлийн таамаг, гайхшрал, эргэлзээ төрсөөр одоо дуудагдаж байгаа галын тухай огт бодсонгүй явлаа. Аймгийн төвөөс бараг зуун наяаад км дахиад Бүрэнгийн нуруунд ирлээ. Хойноосоо урагшаа сунаж тогтсон их нуруу юм. Бүрэнгийн нуруу цааш үргэлжлээд Сэрвээ хайрхан, Улаан даваа гэхчилэн үргэлжилсэн их уулс ажээ. Утаа суунаглаад байгаа газрыг тойрч давхисаар доод талд нь ирж бууцгаалаа. Нэг үеэ бодвол манайхан газар орныхоо баримжаанаас хамаарч хэн нь юу хийхээ мэддэг болсон байв. Жолоочийг отоглох газраа үлдээж, майхан саваа барьж хоол унд хий гэж тушаагаад өөрсдөө гарч буй утааг чиглэн өгслөө.
Хөвд ихтэй, цас нь эрт хайлснаас борог өвс нь учиргүй хуурайшчихсан ер нь л яаравчлахгүй бол бид барьж дийлэхгүй ч байж мэдэх шинжтэй. Арайхийж дөхөж очсон даруйдаа координатыг газар дээр нь тогтоож, талбайн хэмжээг нүдэн баримжаагаар аваад Хэрлэнгээр төв рүү мэдээллээ.
Үргэлжлэл бий . . .

"ҮР ХАРАМ" туужийн номноос
Бүрэн эхээрээ...

Нурам - 9 (тууж)

4 Сэтгэгдэлүүд:

Манайхан олдсон дээр нь гэсэн шиг амрах боломж л гарвал өрөөндөө хэвтэх нь хэвтэж, утсаар ярих нь ярьж, телевиз үзэх нь үзэцгээнэ. Хэрлэн мөн л тэмдэглэлийнхээ дэвтрийг тэвэрч бодолд дарагдан сууна. Түүнийг ирсэн цагаас нь эхлэн хүн бүр анзаарч өөр өөрийн дүгнэлт хийдэг байсан байх. Би ч гэсэн тэдний л нэг. Заримдаа хэн нэгэнтэй ямар нэгэн хөгжилтэй зүйл ярьж, хавь орчноо хөглөн эгдүү хүрмээр хөөрхөн инээд цангинуулах нь гэнэн хонгор хүүхэд шиг, заримдаа нэг их гүн бодолд автан яг одооных шигээ суух нь хуучныг дурсан гэгэлзэх нас биенд хүрсэн бүсгүй шиг. За тэгээд ямарч байлаа гэсэн тэр манай салааныхны хөг аялгуу, аз жаргал, сэтгэлийн гэрэл болсоор байлаа. Эрчүүд маань бүгд түүнд сайн. Хэн түрүүлж Хэрлэнд таалагдах, хэн нь түүнийг инээлгэх, анхаарлыг татаж чадах вэ гэсэн үл мэдэгдэх хэрнээ ил харагдах уралдаан явагдана. Үүнээс болоод хоног хугацаа ч тоолохын завдалгүй өнгөрч байв.
Сансар Мягмар хоёр байнга л даам тоглоно. Тэгтэл Сансар
- Жинхэнээшээ тоглошон бол би ингэж нүүхгүй л дээ гэж өнөө л хэлдэг үгээ хэлэхэд бид бүгд инээлдэв. Мягаа
- Чи тэгээд бас тамхиа өгөхгүй унжих гээд байна уу? гэхэд Однар
- Мягаа, чи ч мөн ч хашрахгүй хүн юм даа. Үнэндээ бол наад хүн чинь чамайг хожоод байгаа юм биш үү гэхэд Мягаа
- Эр хүн шиг байж чадахгүй юм бол чамайг хөнгөлчихье л дөө. Энэний хэрэг чамд угаасаа байх ч үгүй гээд Сансарыг бариад авахад Сансар мөчөөгөө өгөхгүй ноцолдоно.
- Залуусаа, энэ хэлсэндээ хүрдэггүй эрийг эм болгоодохооч гэж Мягмарын хэлэхэд эрчүүд ухасхийн босов. Хийх юмгүй байгаагийн шинж л дээ.
- Бай яа, байя гэхэд залуус түр зогсов. Сансар заль гаргах санаатай
- Та нар одоо нэгнийгээ ингээд байхдаа яадгийн . . . гэхэд залуус дахин дайрч түүний өмдийг яг шувталдгийн даваан дээр
- За худлаа, худлаа гэж Сансар ямаан дуугаар ориллоо. Тэд хажуудаа Хэрлэнг байгааг мартсан бололтой.
- Наад үзэх гээд байгаа юм чинь та нарт байдаггүй юм уу? Тэгж л их хармаар байгаа юм бол өөрсдийнхийгөө харвал яасын гэж Хэрлэнг хэлэхэд залуус хэсэгхэн гацаж орхив. Тэднээс арай хийж мултарсан Сансар
- Та хоёр өмдөө тайлаад хараач. Хэрлээн, наад хоёрт чинь аягүй бол байхгүй дээ гэхэд
- Өө энэ муу ингээд амнаасаа болдог юм. Алив аваад ир гээд залуус бариад авлаа. Хэрлэн хэлэх үггүй болсон бололтой толгой сэгсэрснээ өрөөнөөс гарав. Тэднийг ноцолдож байх хооронд телевизээр дахиад л ОБА-ны хэвлэл мэдээллийн албаны дэслэгч хүүхэн мэдээлэл хийж байв.
- Алив та нар чимээгүй дээ гэж би хашгирлаа.
“Зүүн аймагт ажиллаж байгаа манай ОБА-ны Тусгай-2 салааныхан саяхан гарсан түймрийг амжилттай унтраалаа. Тусгай салааг байгуулсан нь зөв шийдэл байлаа” гэж ирээд л авч өглөө шүү. Манайхан ичсэн, санаа зовсон байдалтай шилээ маажина. Гэтэл хэдийдээ ч юм Суурь ороод ирчихсэн байв.
- Төвийн улс ч сайхан юмаа. Та нарыг энд ирээгүй бол манай аймгийг ингэж ярихгүй шүү дээ гэлээ.
- Хэвлэлийн албаныхны л мэдээлж байгаа нь тэр шүү дээ гэж намайг жаахан санаа зовсон байдалтай хэлэхэд
- Та нар буцаж очоод шууд л баатрууд болно. Аягүй бол зарим нь алдсан бүхнээ эргээж авна. Сайн бодсон байгаа юм шүү гэж намайг тавлав. Хэлэх үг ч олдсонгүй. Хэдий уур хүрч байгаа ч энэ олны өмнө яалтай билээ. Манайхан ч дуугарсангүй.
Гаднаас Хэрлэн хөөрхөн даашинз өмсчихсөн ороод ирэв. Энгийн хувцас түүнд зохисон гэж хачин. Эрчүүд гөлөрч орхилгүй яахав. Суурь хүртэл юу ч хэлж чадахгүй гайхна. Хэрлэн цовоо цойлгон дуугаар
- Эрхэм ахмадаа, танд зав байвал намайг хоттойгоо танилцуулаач гэж хэн ч байсан татгалзахааргүй хэлэв. Суурь тулгамдав уу гэлтэй түүнийг нэг, биднийг нэг харснаа дуугүйхэн гарахад Хэрлэн түүний араас дэгдчихлээ. Түүний энэ эрээгүй гэмээр авир биднийг сааталд оруулчихав. Тэднийг гарсны дараа хэсэг чимээгүй байсан манайхан
- Өө за за, ийм охин байсын байжээ хөөрхий
- Айлын охидууд айхтараа гэж үнэн юм даа
- Сансар минь яана даа гэж ам амандаа урамгүйхэн дуугарахад Сансар
- Би яашийн. Би ямар дурлашан юм уу? Надад ерөөшөө хамаагүй гэж эмх замбараагүй үг амнаасаа урсгав. Хэдийгээр Хэрлэнгийн энэ үйлдэл гайхшрал дагуулах ч гэлээ юу ч батлахгүй. Гэхдээ манайх залуусд нэгэн зэрэг ижил бодол харвасан нь үнэн байх. За надад ч гэсэндээ “Ийм багаасаа сүрхий туучий юм” гэж бодогдсон л юм. Гэхдээ тэр өөрийн гэсэн эрхтэй хүн шүү дээ.

* * *
Бид нэг үеэ бодвол эндээ дасах маягтай болж байв. Анх ирж байх үеийн судаг нугын цас одоо нэгэнт үгүй болж, энд тэндгүй шороо босон, хаврын хавсарга балбаж эхэллээ. Хэрвээ хаа нэгтэй гал гарвал тийм амар баригдахгүй болж байгаад битүүхэн түгшсээр байгаа.
Манайхан арынхаа талбайд өдөртөө нэг бэлтгэл маягтай хэд хэд хийчихээд бусад үед нь хийх юмгүй эргэлдэнэ. Бэлэн байдалд байгаа цэргийн улс гэсэндээ тэр бүр гадагшаа тэнээд явчихгүй. Гарсан ч тэр хавиасаа холдохгүй. Хэрлэн л үе үе хөнгөн хувцаслан гарна. Тэр нэг өдөр Суурийг дагаад гарч өөрийгөө цочмогхон таниулснаас хойш Сансараас бусад нь тэр болгон ойртоод байхгүй болсон ч түүнийг гарах тоолонд манайхан дунд үл мэдэг гуниг хүүгээд явчихна. Гэхдээ эмэгтэй хүнийг тэр тусмаа Хэрлэн шиг охиноос хараагаа салгачих эр хүн гэж хаа байхав дээ. Сансар харин яг л урдынх шигээ тойрон гүйнэ. Юухан хээхэн олдсон ч барьж очно. Заримдаа гадагшаа гараад явчихаар нь цонхон дээр цомцойтол сууж авна. Хэрвээ Хэрлэн гудамжны энд тэндээс гараад ирвэл “ирлээ, ирлээ” гэж дуу алдана. Тэгснээ “Өө хоёулаа байна” гэж урам нь хугарсан өнгөөр хэлнэ. Мэдээж өнөөх нь Суурьтай явж байгаа. Бусад нь түүнийг чимээгүйхэн шоолно. Хүний байгаа газар заавал харилцаа үүсдэг. Чухам сайн муу, зөв буруу алин болохыг цаг хугацаа харуулдаг хойно одоо яая гэхэв. Тэгэхээр юу болохыг харах л үлдлээ.

* * *
Харин намайг сүүлийн үед ээрүүлдээд байгаа “Яагаад заавал тэнд гэж” гэсэн бодол ээлж нь боллоо гэсэн шиг сэрвэлзсээр өрөөнд болж байгаа бүхнээс салгаж орхив. Анхны түгшүүрээс хойш дахин хоёр дуудлага ирэхэд хоёулаа Эрдэнэ Хайрхан ууланд ирсэн байв. Аймгийн төвөөс хорь гаруйхан км зайтай энэ уул яагаад шатаад байдаг юм бол?
Сүүлийн удаа гарсан галыг бид гурав хоног ноцолдон байж арай хийн цурманд оруулчихаад буцаж явахад бидний анхны дуудлага авч байсан газрыг хэсэг хүмүүс цэвэрлэж байхтай таарав. Тэд бол анх хотоос гарч явахад замд таарсан цэвэрлэгээний бригад байлаа. Бид биесээ мэдэхгүй ч гэлээ хээр таарсан хүний зангаар мэд усаа мэдэлцэв. Гэтэл Хамар Дамиатай ярилцаж байсан шар залуу цаанаас инээсээр ирлээ. Түүний аманд бас л нэг гай нь таарсан янжуурын иш зажлагдана.
- За ядарцгааж явна уу? хө гэж яриа өдөөд эргэн нэг залуу руу
- Алив цаана чинь уух юм байна уу? Дөхүүлээч хө гэснээ наашаа анхаарлаа хандуулж
- Та хэд ч нилээн хэд хоночихов уу хө гэх нь тэр бидний хэзээ энд ирсэн, хэд хоносныг мэдэж байгаа бололтой. Түүний шоолоод байгаа юм шиг ёжтой инээд хэний ч сэтгэлд юм бодогдуулахаар юм. Гэхдээ ярианыхаа төгсгөл болгонд хэлэх “хө” нь харилцагч хүнээ зөөлрүүлээд байдаг бололтой.
- Тэглээ хө гэхдээ эгээтэй л инээд алдчихсангүй.
- Ашгүй дээ хө. Гэхдээ сортоотой л байхгүй бол хө энэ утаа чинь тасардаггүй лүд байгаа юм хө гэлээ. Мэдээж галыг л хэлж байгаа.
Тэдний бригад ойролцоогоор зургаа долоон хүнтэй бөгөөд зөвхөн унасан модыг ч биш шатсан хэрнээ унаагүй модыг хүртэл угаар нь тас, тас хөрөөдөн авч байв. Цахилгаан хөрөөний ёнгиносон дуу уул хаданд цуурайтаж, моддын гяхтнан унах нь энд тэнд сонсогдоно. Шатсан ой угаасаа сэтгэлд эвгүй харагддаг бол угаараа огтлуулсан модны эржийсэн ёзоорууд тарчлан зовохдоо чимээгүйхэн гинших мэт санагдах ажээ. Үнэхээр харуусан гашуудмаар.
- Би та нарыг унасан модыг л цэвэрлэдэг гэж ойлгосон юм гэвэл
- Юу л даа хө. Шатсан л бол шатсан шүү дээ хө. Одоо биш ч гэлээ хэзээ нэг өдөр унах л болно хө. Нэг ирснийх л гэсэн ухаантай хө.
- Танайхан ч хариуцлагатай юмаа. Ажилдаа ч дуртай бололтой гэхэд тэр хоёр завжиндаа зажилсан тамхиныхаа ишийг сэлгүүлэн байж зуунги инээгээд
- Хоолондоо дургүй хүн гэж хаа байхав ээ хө гэлээ. Анх уулзсан цагаас эхлээд түүний нүдэнд сүүмэлзсэн шооч гэрэл тэрүүхэн хооронд уур хилэнгээр цорсхийснээ буцаад хуучин хэвэндээ орохыг би ажлаа. Савтай хүйтэн хар цай авчирч өгсөн залуу бол замд таарахад түүний бүхээгт явсан нүүрэндээ сорвитой залуу мөн байв. Тэр дуугаралгүйгээр толгой дохисон болоод биднийг нэг нэгээр нь тойруулан хүйтэн харц гүйлгэнэ. Манайхан ч ангаж цангасан улс цайг бидоноор нь дамжуулан ууцгаалаа.
- За болоод явчихлаа. Доошоо, машин хүртлээ алзахгүй боллоо гээд бид босоцгооход
- Зүгээрээ хө. Хээрийн улс ялгаа юу байхав хө гээд мөрөн дээр алгадаж байна. Уг нь бол их нөхөрсөг харьцааны хэлбэр. Гэхдээ тэдний тухай таатай бодол үлдсэнгүй. Сэтгэлд нэг л сэрүү татаад байх нь хачин. Миний сэтгэлийг батлах гэсэн мэт нилээн доошилсоны дараа
- Тэр сорвитой нь ямар аймаар хардаг юм бэ? гэж Хэрлэнгийн хэлэх ард сонсогдов.
Угаараа тас, тас хөрөөдүүлсэн модны ёзоорууд дундуур явахдаа энэ ой хэзээ ч дахин сэргэхгүй юм байна даа гэсэн харуусал өөрийн эрхгүй төрнө. Цэвэрлэж болно. Гэхдээ энэ арай л дэндүү байна. Үүнийг цэвэрлэх гэх үү эсвэл устгах гэх үү алин болох нь ялгахад хэцүү харагдана.

* * *
Түүнээс хойш хэдэн ч хоног өнгөрөв. Эрдэнэ Хайрхан, цэвэрлэгээний бригад хоёр тархинаас гарсангүй. Тархи ээрүүлээд байгаа энэ бодлоо Суурьт хэлэх үү, яах вэ? Хэлнэ гэхээр яг бодитой ингээд байна гэх юм алга. Хэлэхгүй гэхээр сэтгэл гижигдээд байгаа энэ нөхцөлийг яалтай. Суурь гэснээс тэр анхных шигээ над руу хийгээд манайхан руу уухичаад дайраад байхаа больсон. Манай залуус болохоор Хэрлэнгээрээ гул барьчихсан шахуу юм яриад байгаа. Учир нь Суурийн Хэрлэнтэй энд тэнд цуг явах нь ихэссэн байлаа. Тэр ч гуанз, энэ ч театраас гэх яриа сонсогдох болсон. Тэгэхээр мань эр халуун залуухан охинд татагдсан байхыг үгүйсгэхгүй. Уг хүнийг нь мэдэхийн хувьд түүнийг тийм хурдан өөрчлөгдөнө гэхээр итгэмгүй. “Чамд биеэ үнэлчих өөр газар алга уу” гэж хашгичиж байсан хүн шүү дээ. Гэхдээ эр хүн олзонд гэгчээр олон жил атаршсан сэтгэл аль алиахан аашинд бүдрэхийг тэр гэхэв дээ. Хэрлэн бол ид зуны цэцэг л гэсэн үг. Түүнд дурлахгүй байхын арга байхгүй. Хэдийгээр насны зөрүүтэй ч Суурийн хувьд юм юмны хор гардаг ид насандаа яваа эр хүн. Тэгээд ч түүнд дутуу юм алга. Тэгэхээр Суурийн сэтгэлийн ногт жаахан сулараа биз хэмээн бодож хэвттэл биднийг ирсний маргааш Суурийн тавьж байсан илтгэл санаанд орж жижүүрийг дуудан тэр илтгэл дээр ашигласан газрын зургийг авчруулж ноднин гарсан галын тэмдэглэгээг харлаа. Эрдэнэ Хайрхан бусдаасаа илүү олон тэмдэглэгээтэй байх юм. Үүн дээр энэ жилийн гурав нэмэгдэнэ. Зургийг ажаад байсан чинь одоо урсахаа больсон гээд байгаа голын хоёр талын энгэрээр тэмдэглэгээ олон байлаа. Энэ маягаараа бол Эрдэнэ Хайрханы ой энэ хавар, үгүй юмаа гэхэд намар гэхэд дуусаж мэдэхээр харагдана. Би зургаа эвхэж тавиад доош бууж жижүүрийн өрөөнд орлоо. Жижүүр ёсолж байна.
- Чи манай салааны явсан дуудлагуудыг нэгтгээд өгөөч
- Танайх гурван удаа л явсан ш дээ.
- Харин тийм. Яг хэд хэдний өдөр явсан байна. Хэдэн цагт нь дуудлага ирсэн байна. Ямар утаснаас дуудлага ирсэн байна гээд бүгдийг нь гэтэл
- Мэдлээ эрхэм ахлах дэслэгчээ. Би мөдхөн танд оруулаад өгье гэлээ.
Дуудлага авсан өдрүүдийг харьцуултал нэг сонин юм ажиглагдав. Хоорондоо яг адилхан зургаа хоногийн зайтай байв. Сүүлийн дуудлаганаас ирээд бид хоёр хонож байна. Тэндээ гурав хоносон гэхээр маргааш дуудлага ирэх юм биш байгаа гэсэн хар буулаа. Газрын зургаа дэлгэн хий дэмий л гөлөрч суув. Тэгсэн гал гарсан байдлууд нь ерөнхийдөө ширгэсэн голын хоёр талаар доороосоо дээшлэх маягтай. Энэ бол дэндүү гэнэн, дэндүү хүүхдийн гэмээр дүгнэлт байлаа. Хэрвээ миний энэ дүгнэлт кино ч юм уу үлгэр байгаад үнэн гэж батлагдах юм бол одоо энд л гал гарч магадгүй дээ гэсэн нэг цэгийг газрын зураг дээр хуруугаараа заалаа. Энэ нь сүүлийн гал гарснаас нилээн дээр сайрынхаа нөгөө энгэрт байв. Ямарч нотолгоо байхгүй мэргэжлийн хүнд бол инээд хүрч үхмээр ийм юмыг хэндээ ч гэж хэлэх билээ. Суурьт бол бүр чадахгүй. Хурандаад хэлэх үү? Дэндүү хөнгөдсөн юм болно. Тэгвэл яах вэ? Бодолдоо ээрэгдсэн би босон суун холхих зуураа цонхны харалдаа иртэл гадаах сандал дээр Хэрлэн нөгөөх л дэвтэрээ гаргачихсан ганц нэг юм тэмдэглэнгээ алсыг харан бодлогоширон сууж байв. Түүний ингээд сууж байгаа нь надад таалагддаг юм. Хорвоод гав ганцаараа үлдсэн юм шиг эсвэл холын хол одсон тоосны үзүүр ширтэх шиг гунигтай хэрнээ цаанаа нэг хөнгөн аястай санагддаг юм. Магадгүй зохиолч хүн бол яг энэ агшинд нэгэн хөг аялгуу эгшиглэн байгааг анзаарах байсан байх. Галын тухай бараан бодлуудыг Хэрлэнгийн тухай гэгээн бодлууд цуу татах шиг цутгана. Тэгтэл хаанаас ч юм Суурь түүний дэргэд хүрээд ирэв. Энэ хоёрын уулзалдах нь одоо жирийн үзэгдэл болжээ. Хэрлэн дэвтрээ хаан энгэртээ хийнэ. Суурь үзэхийг хүссэн бололтой гараа сунгахад Хэрлэн толгой сэгсэрч харагдав. Тэгтэл Суурь ямар нэгэн хөгжилтэй зүйл ярив бололтой Хэрлэн толгойгоо гэдийлгэж ирээд инээв. Яг л зураг шиг.Суурь инээж байснаа гэнэтхэн харцаа өргөж миний харж буй цонх руу харлаа.
Үргэлжлэл бий . . .

"ҮР ХАРАМ" туужийн түүврээс
Бүрэн эхээрээ...