# #

Эмгэн. (Өгүүллэг)

29 Сэтгэгдэлүүд:

Эмгэн түр зүүрмэглэжээ.
- Должин гуай гэх эмэгтэй хүний аядуухан дуу сонсогдож мөрнөөс нь зөөлхөн атгахад цочмор аядан сэрсэн эмгэн илчгүй болсон улцан ягаан нүдээрээ дуудаж буй бүсгүйг гөлөрсөн харцаар нилээн удаан ширтэснээ сувилагч охин болохыг танин
- Өө охин минь би дугхийчихэж үү?
- Харин тиймээ яанаа. Таны тарианы цаг болчихлоо. Түүнээс таныг сэрээмээргүй л байлаа. Одоо уг нь ид унтах цаг шүү дээ. Уучлаарай
- Уучлалт гуйх юу байхав ээ охин минь. Цагийн юм цагтаа л байх ёстойгоос хойш гээд сувилагчийн гараас татан өндийлөө. Сувилагч бүсгүй түргэн шалмаг хөдлөн эмгэний булчинд тариаг хийгээд
- За боллоо гэхэд
- Ингээд болчихно энэ үү? Үгүй мөн хөнгөн гартай охин шүү гээд цааш эргэсэн сувилагчийг татан
- Түр хүлээгээрээ гэж дуудаад орны хажуу талын цагаан модон шүүгээнээс хэдэн чихэр гаргаж өгөв
- Өө яахнав дээ гэсэн хэдий ч эмгэний урамыг бодон өгсөн чихрийг авч
- Баярлалаа гэж хэлээд гарахдаа “Хөөрхий энэ Должин гуайг хүн эргэж байгаа нь л харагдахгүй юм. Дээр нэг согтуу залуу ирсэнээс өөр хүн ирээгүй дээ зайлуул” гэж бодсоор дараагийн тасаг руу явлаа.
Должин эмгэн ойрд үзэгдэхгүй байгаа хүүгээ “Гайгүй шүү л байгаадаа. Архи л уугаад байх шиг байх юм даа” хэмээн бодон хэвттэл дэрэн доор нь байх гар утас нь дуугарав. Тасгийнхаа өвчитнүүдийг сэрээчихгүйн тулд сэмхэн босож гарав. Тэр хооронд утас нь шарлахсан хүүхэд шиг чарласаар. Эмгэнийг гарсны дараа булангийн орноос залуухан хүүхний нойроо харамлах дуу гарч
- Ёо ёо энэ эмгэний утас гэж яг шөнө дунд дуугараад байхдаа яадаг байнаа. Маргаашнаас тусгай өрөө захиалахгүй бол хэд хоног сувилуулах гэсэн биш бүр ядаргаанд оруулчих юм байна л даа. Ямар залуухан хүүхэн байгаа биш шөнө дөлөөр шүү гэж үглэн өөрийнхөө нойрыг улам сэргээнэ.
Хонгилын хурц гэрэлд гарч ирснээс эмгэний нүд нэг хэсэгтээ гялбана.
- За байз нөгөө дардаг ногоон товч нь тэгээд алив дээ гэж амандаа шивнэн арайхийж олж дараад
- Байна уу?
- Байна уу? байна уу? ээж үү? утас шөрмөсөө авахад яадаг юм бэ. Хүн түр амсхийгээд жаахан завтай болохоороо ярьж байхад чинь. Унтчихсан юм уу?
- Өө миний охин уу? ээж нь унтаагүй ээ, унтаагүй. Жорлон руу маажигнаад л утсаа авалгүй удчихлаа. Унтах арай болоогүй л байна гэж худлаа хэлсэнээ цааш нь
- Миний охины бие хаа нь сайн биз? Ойрд яриагүй шиг. Нөгөө муу хоёр зээ маань яаж байна. Хичээл ном нь сайн биз? Хэл усаа сурч байна уу?
- Ойрд яриагүй гэж ганц сар л болоо биз дээ. Ажил ихтэй тэр болгон зав гарахгүй байхад чинь ганц ярихаар тэгээд үг хаячих юм зүгээр
- Үгүй ээ үгүй ээж нь юу гэж үг хаяхав дээ. Зүгээр л . . .
- За за тэр яахав. Би танд сарын өмнө зуун доллор явуулсан. Мөнгө төгрөг байгаа биздээ?
- Тэгсээн охин минь тэгсэн
- Тэгээд үрчихдэг юмуу хаашаа юм. Наашаагаа нэг залгачихад яадаг юм. Эсвэл би бас тэр картыг нь авч өгөх юм уу
- За охин минь бухимдаад яахав дээ. Ээж нь учраа олохгүй л мунгинаад тэр л дээ
- Та арай явуулсан мөнгийг ахад өгчихөөд худлаа яриад байгаа юм биш биз? Ядаргаатай юм. Урдахаа яая гэж байхад бас дээр нь нэг архичинг тэжээх гэж
- Ахыгаа байг дээ охин минь. Ядарсан амьтан чааваас
- Би тэгээд ядраагүй байтлаа энд ингээд үйлээ үзээд яваа болж байна уу. Та зүгээр холдчихоор л тэр шүү дээ гээд охин эмгэн хоёр хэсэг чимээгүй болцгоов. Тэгтэл эмгэн
- За охин минь уурлаж бухимдаад яахав. Ээж нь одоо тэр карт гэдэг юмыг олж аваад ярьж байнаа. Явуулсан мөнгийг нь үрээгүй байгаа гэж худлаа хэлэхдээ эмнэлэгийн төлбөрт хэдэн төгрөг дутуу байгаагаа ч хэлж чадсангүй ээ. Охин нь
- За за намайг дуудаад байна гэснээр утас тасарлаа.
Уг нь өдөрхөн л эмчийг төлбөрөө гүйцээхийг сануулахад
- Удахгүй ээ эмч минь. Охин маань одоо нэг ярих дөхөж байгаа юмсан.
- Өө тэгвэл та ч охиндоо мундагдаад авчих юм байна л даа
- Аа тэгэлгүй дээ. Охин минь гадаадад хэдэн жид болчихлоо. Хэд хоноод л нэг ярих юм. Ярихаараа бие хааг минь асуугаад л, эмч домчид үзүүлж харуулж бай мөнгө төгрөг яахав л гэдэг юм. Саяхан бас гар утас авч өгсөн гээд л сайхраж суусансан.
Гэтэл энэ бүгдээ охиндоо хэлж чадсангүй. Уг нь эмнэлэгт хэвтсэнээ хэлсэн бол арай өөр л байх байсан нь л даа.
“Муусайн хүүхдүүдээ хүний газар ядарч явахад нь бас дээр нь өвчин зовлон яриад зовоогоод яахав дээ гэж санах юм. Харин чиг л өөрийгөө хэдэн хүүхэдтэйгээ аваад яваад байгаа нь их юм даа миний муу шар охин” гэж эмгэн сүүлийн долоон жил хараагүй охиноо санан суух агаад бүр багахан сөөсийсөн юм гүйж явсаныг нь сэтгэлдээ дүрсэлж өхөөрдөн нөмөрч гарсан халаадныхаа энгэрийг зөрүүлэн, хоосон хальс болсон хоёр хөхөндөө наан хүүхдээ тэврэх мэт хумин тэврээд ганхан суулаа. Эмгэний нойр хулжиж, буцаж тасагтаа орох хүсэл төрсөнгүй. Тэрээр охиноо бодох бодлоороо дамжуулан өөрийнхөө залуу зандан хийгээд нөхөр хүүхэдтэйгээ элэг бүтэн байсан гэр бүлээ санахад, аньсган завтраар нь нулимсан дусал бөнжигнөн гарч ирснээ аль хэдийн гоо зүсээ алдаж үрчийсэн нүүрэн дээгүүр нь саатан торсоор урсана. Эмгэнд үүнийг мэдрэх сөгөө байсангүй. Хүүхэд бүүвэйлэх мэт аажуухан цээжээрээ ганхан бодлоо үргэлжлүүлсээр. . .
“Муу охин минь хэдий ядарч зүдэрсэн ч гэр бүлтэйгээ хамт байна даа. Одоохондоо ажил хийсэндээ л ядарч бухимдаж байгаа байх. Үнэндээ ажилдаа ядрана гэдэг чинь жаргал юм шүү дээ. Амьдралд ядрах гэж арай өөр юм бий. Энэнээс хэцүү юм байдгийг охин минь яаж мэдэхэв дээ. Мэдэх гэж яараад ч яахав” гэснээ гэнэт сэхээ авсан мэт
- Түй, түй, муу охиндоо ёр хураагаад гэж үглэн өрөөсөн гараа наминчлах мэт нүүрэндээ авсанаа цааш нь “Хэзээ хойно бодоход бүгдээрээ хамтдаа байсан энэ үе чинь хичнээн жаргал байсан нь ойлгогдох биз. Хүүхэд юм болохоороо ажил хийж хэдэн төгрөг олж байгаадаа муу ээждээ эрхэлж, тунирхаж байгаа царай нь тэр юм шүү дээ. Үнэндээ ч дээ. Эцэг бид хоёр нь бүх л амьдралаараа мачийгаад мачийгаад хоёрхон хүүхэдтэй хэр нь элдвийн юм цуглуулж өгч чадаагүй болохоор одоо та нарыгаа амьдралын мөр хөөж явахад нь тээр дараа болохгүй гэхдээ өнөөдрийнхөө энэ өвчинг хүртэл хэлэхгүй суугаа минь энэ.
Ер нь ч тэгээд охин минь энд байсан ч, байгаагүй ч өвдөхөө хүрвэл өвдөж, нөгөө ертөнцөд явахаа хүрвэл явах л болно шүү дээ. Тэгэхээр та нартаа дараа болохгүйхэн шиг байхсан гэж бодох юм даа. Муу эцэг чинь амьддаа
- Хүү охин хоёр төрүүллээ. Чи бид хоёр одоо хорвоо ертөнцөд ямарч байсан хүний өргүй боллоо. Одоо харин үлдэгсдээ л зовоохгүй өнгөрчихвөл хүн болсоны гавъяа бараг тэр л дээ гэдэгсэн. Нэгэн бодлын үнэн ч юмуу даа. Чи минь ч яахав хэлсэндээ хүрч биднийгээ зовоохгүй гэхдээ шүд зуусаар бурхан болсондоо. Гэтэл миний байж байгааг, энэ үхдэл болсон зовлогоо одоо хэндээ ч гэж эмчлүүлж суугаа юм бүү мэд.
Уг нь ч хүний хорвоо гэдэг даана ч нэг сайхан даа. Өдөр болгон биш юмаа гэхэд өнжөөд нэг хүүхдүүдээ хараад, тэднийхээ хүүхдүүдээр “эмээ” гэж дуудуулан энгэрээ дүүргээд, аяга цайгаа оочилж суувал ч хэдэн жилдээ хоргодмоор шүү энэ хорвоод. Гэвч одоо надад тийм ч юм алга. Хоёр зээ маань ухаан ороогүй шахам баацагнасан юмнууд байхдаа л явцгаасан” гэж бодоод тэднийгээ өхөөрдөв бололтой нулимстай нүүрэнд нь инээмсэглэл тодрон эмнэлэгийн хонгилын мэлийсэн цагаан ханыг мэлмэрэн харж сууснаа санаа алдаж “Яваад олон жил болчихлоо доо. Эмээ гэж мэддэг болов уу” гэж бодсоноо
- Үгүй мэдэлгүй яах вэ дээ. Мартсан ч гэсэн элэг нь байж л байгаа. Энэ муу зөнөг толгой юугаа бодно вэ гэж амандаа үглэн муу юм бодсондоо өөрийгөө зүхнэ.
“Миний муу охин чинь хаа очиж нуруу түрүү, зүс царай гайгүйтэй сайхан охин байхгүй юү. Хүү маань ч гэсэн. Би заримдаа өөрийнхөө оворжиж байгаад харамсан
- Өдөр ирэх тусам л хөгшрөх юм даа гэж хэлэхэд өвгөн минь
- Аргагүй дээ, Чиний минь гоо сайханыг энэ хүүхдүүд өдөр өдрөөр авч байгаа юм шүү дээ. Чи тэдэндээ хамаг бүхнээ өгч байгаа нь тэр. Тиймдээ ч эд маань ийм сайхан хүүхдүүд болон өсөж өндийж байгаа юм гэж намайг аргалдагсан” гэж бодсоноо цийлэн хоёр нүд нь эрхлэх айлгүйтэхийн завсар гялтагнаж
- Бас их зальтай. Намайг тэгээд аргалаад байхаа мэднэ гэж эгээ л өвгөнтэй ярьж байгаа мэт амандаа хэлэв. Тэгээд нэг их санаа алдаж цааш нь
“Эм амьтаны зөн юмсан уу хэдийгээр элгээрээ мөлхөх шахсан эмгэн болсон ч гэсэн хэн нэгэнд хааяа ч болов эрхлэн тунирхмаар, бас аргадуулмаар л болох юм. Тэгэхээрээ л чамайгаа л үгүйлдэг дээ. Хослон амьдрахын утга учир гэж даана ч их юм даа” гэж бодон санаа алдаснаа Должин эмгэн босож, хаа нэг гарынхаа алгаар хана түшин өөртөө дэм үзүүлсээр тасгийнхаа зүг гэлдрэнэ. Сувилагч охин түүнийг харж
- Хүүе, Должин гуай хэвтэхгүй яагаа вэ? Шөнө дунд өнгөрч байхад
- Нойр нэг л барагтай охин минь
- Уг нь болж өгвөл хэвтэж амарч л байвал зүгээр дээ
- Аа тэгнээ тэгнэ гээд цааш явах зуураа “Энэ охины сэтгэл гэж ёстой алт шүү. Хөөрхий ямар хүний үр юм болдоо. Хүн асрана гэдэг чинь буян шүү дээ. Миний охин ч гэсэн тэнд хүн асардаг ажил хийдэг гэнэ лээ. Эднийг бодвол ээлжгүй хардаг л гэсэн. Ядардаг л байхдаа зайлуул. Ингээд бодохоор хүүхдүүдийг маань буян заяа ивээж, сайн сайхан явах байгаа” гэж бодохтой зэрэг эмгэний сэтгэлийг дарж хуршсан бодол цувраад гарчих шиг болон бие нь хөнгөрчих шиг. Тэрээр тасагтаа орон бусдыгаа сэрээчихгүйн тулд чимээгүйхэн хэвтлээ.
Маргааш нь Должин эмгэн эмчийн өрөөнд орж
- Сайн уу? эмчээ хүүхээ
- Сайн та сайн уу? Бие яаж байна?
- Үгүй бүр гайгүй шүү хүүхээ. Та нарынхаа хүчинд бүр аятайхан болчихлоо
- Тийм ч байхаа даа. Таны сүүлийн шинжилгээ аятайхан гарсан байна
- Тэгвэл хүүхээ эмээ нь гардаг юм уу
- Болохгүй ч юмгүй л дээ. Гэхдээ хэд хоног гам хийж байдлыг харзанавал их зүгээр юмсан
- За яахав амьд хүн байна өөрийгөө тойлоод байлгүй яахав
- Бүр аргагүй бол тэгэхээс дээ. Хэд хоногийн чинь эм тариаг бичиж өгнө. Хэсгийн сувилагчаараа хийлгээд байгаарай гээд бичиж өгөөд
- Таныг хэн гаргаж авах болж байна?
- Өө, би хүүгээ энэ утсаараа дуудчихна. Би чинь бас ч гэж босс хэвээрээ шүү гэж инээмсэглээд утсаа үзүүлэхэд
-За за Должин гуай та ч жанжин юмаа. Ямар нэгэн хэрэг болвол заавал яриарай гээд гаргав. Должин эмгэний араас харж суусан эмч “Шөнө дөлөөр утсаар яриад суусан сурагтай байсан. Мөнгө нь л олдохоо боливоо доо янз нь. Уг нь ч гэнэтхэн янз бүр болчихгүй бол ч бие гайгүй нь ч гайгүй. Жаахан асаргаа л хэрэгтэй байгаа юм. Гам алдвал харин их эвгүй. Болдог бол хэд хоног үнэгүй хэвтүүлчихсэн. Даана ч миний мэдлийн асуудал биш юм даа” гэж бодсоноо уртаар санаа алдан бослоо.
Эмгэн автовусанд арайхийж ортол нэг жаахан хүү сандалаа тавьж өгсөнөөр эцсийн буудал хүрэх тул тухалж авлаа. “Утсаар хүүгээ дуудна” гэж худлаа хэлсэнээ санаад “миний хүүд утас байхгүй юм чинь намайг гарахыг яаж мэдхэв дээ” гэж хүүгээ бодлоосоо өмөөрнө.
“Энэ хүү гэж нэг хүн байна. Авгай ч авахгүй юм. Нэг л их гадаад явж их мөнгө хийнэ гэсэн хүн архи эргүүлээд явдаг бололтой. Архиныхаа мөнгийг ч олж чадахгүй миний сүүний мөнгөнөөс хумсалж суугаа амьтан хэзийдээ, яаж ч гадаад явах юм билээ дээ чааваас. Эдний энэ гадаад явна гэдэг санааг тархи толгойноос нь салгах арга байдаггүй л юм байхдаа” гэж толгойгоо сэжилсэнээ “Гээд яахав дээ би хичнээнхэн амьд яваа аж дээ. Намайг байгаа дээр эрхэлж байг дээ үр минь. Харин намайг унаад өгөхөөр чухам яадаг юм болдоо. Би ч энэ муудаа л жаахан хорогдох юм. Уг нь сурсан сургууль юм нь бусдад тийм ч гологдхоор биш л юм даа. Даана ч энэ хар ус гудрах нь үнэхээр хэцүү юм. Би дэмий л үглэх юм. Үглэхээс өөр ч би яах билээ. Эцэг нь амьд юм бол нэг сайн ховлохсон. Даана ч алга. Намайг унаад өгөхөөр юм ойлгодог арга байна уу үгүй юү. Хэрвээ ойлгодог бол би энд удаан байх хэрэг ч алга л даа. Энэ биенээсээ таслаад төрүүлж болсон юм. Энэ биеэ бөхөөгөөд ч болов хүүдээ юм ойлгуулж чадвал болох нь тэр дээ” гэж бодсоор буух буудалдаа ирлээ.
Эмгэнийг гэртээ орж иртэл хүү нь хойд орон дээр бүхлээрээ дунгуйралдан хэвтэнэ. Хаалга онгойх дуунаар өрвийсөн үстэй толгойгоо өргөн өрөөсөн нүдээрээ харсанаа
- Өө ээж хаанаас ирж байгаа юм бэ? та
- Хаанаас юу байхав дээ, эмнэлэгээс гараад л ирж байна.
- Та эмнэлэгт хэвтсэн билүү? гэснээ долоовор хуруугаа гозойлгож ямар нэгэн юм тааж байгаа аятай болж ирсэнээ
- Өө тийм шүү дээ би яг саналаа
- Саналгүй яахав дээ. Чи над дээрээс очиж мөнгө аваа биздээ?
- Юу . . .у. . . Аа нээрээ тийм л дээ. Хүү нь ч одоо л өнгөрөх нь шиг байна даа. Уг нь дотроо нэг засчихвал гарч хөөцөлдөх ажил их байдаг гэж амьгүй гөлгөр нүдээр эхийгээ арай хийж олж харна.
Эмгэнд хүү нь одоо яг л нэг нохой шиг харагдана. “Хүүхэд эхдээ үргэлж л нялхаараа харагддаг гэдэгсэн. Би гэдэг хүн ийм ч хүн өсгөсөн байх гэж дээ” гэж бодоход өнгөрсөн бүх насных нь амьдрал даана ч нэг утгагүй өнгөрсөн мэт санагдана. Үнэхээр гомдмоор.
- Миний хүү одоо цаашдаа яаж шүү амьдрана даа. Ингэж ч явах гэж дээ хүү минь. Эцэг чинь чамайг ийм байхыг хараагүй нь их юм даа гэхэд ээжийнхээ дууг зөөлөрч ирсэнийг анзаарсан залуу
- Ээжээ нээрээ таньд хэдэн төгрөг байхгүй юм уу? Хүү нь нэг сэгхийвэл юмаа хөөцөлдөж бүтээгээд л таньд ёстой хүссэний чинь хэмжээгээр явуулна шүү дээ гээд инээмэр аядахад эхэд нь шалгалтандаа онц авчихаад гүйж ирсэн жаахан хүү санаанд орон хүүгийнхээ ширэлдсэн үстэй толгойг илээд
- Заавал архи гэж байхаар цаад хөргөгчинд чинь махны өвдөл цөвдөл алга уу? аяга бантан ч болтугай зуураад уучихвал
- Та намайг тэгээд өвдөл цөвдөл ид гээд байгаа юм уу?
- Уг нь мах шүү дээ
- Тэгж ч доошоо орохгүй ээ гэж завжаа арчисанаа өөрийнхөө оролдлогыг амжилттай болж байна гэж андуурсан залуу
- Танд нэг утас байгаа биз дээ? Та нэг их хэрэглэх биш би түр хүнд тавьчихаад орой буцаагаад аваад ирье.
- Бий нь ч бий л дээ. Нөгөө муу дүү нь надтай холбоотой байх гээд л чааваас. . .
- За тэр яахав дээ. Одоо нэг хэсэгтээ л ярихгүй. Тэгээд ч би орой аваад ирнэ шүү дээ. Та тэгээд л хоёр хүүхдээ ялгаад л. . . Надад дүү шиг боломж олдсон бол би ч гэсэн таньд утас байтугайг л явуулж байгаа шүү дээ.
- Тийм нь ч тийм л дээ хүү минь гэснээ “Би ч дээ улаан ногоон товчин дээр нь дарахаас өөрийг ямар мэдэх биш дээ. Хүүгээсээ харамлаж байгаад үхчихвэл хойд насанд цөвтэй биз. Арайхийж өвгөн дээрээ очтол “хүүдээ өгчихгүй яавдаа” гээд хааяа уурлахаараа хардаг шигээ духаараа харвал би чухам яах билээ” гэж бодон өвөртөө гараа шургууллаа.
Залууг гуйвчин дайвчиж гэрээс гарсанаас хойш эмгэний гэрийн яндангаас утаа ч гарсангүй, эмгэн ч гарч орж харагдсангүй ээ. . .
Утас жингэнэн дуугарахад залуу утсаа автал
- Байна уу? байна уу? ээж үү? утсаа авахад яадаг юм бэ? Бас л унтчихаа юу? гэж завсаргүй үргэлжлүүлэхэд
- Юун ээж? та зүгээр байгаарай
- Энэ 99........ дугаарын утас мөн биз дээ?
- Мөн
- Манай ээж байх ёстой юмсан
- Та андуурч хатагтай. Би энэ утсыг аваад хэдхэн хонож байна.
- Юу . . .у . . . дийд . . . дийд
- Ээж одоо ийм шүү дээ. Өлсөж үхэх гэж байгаа юм шиг утсаа зараад байхдаа яадаг юм. Гуравхан хоногийн өмнө зүгээр байсан байж. Би одоо хаашаа гэж залганаа. Өөрөө л наашаа залгах юм байгаа биз гэж уурлан үглэх авч “Уг нь ээжийгээ мөн ч их санах юм даа” гэж бодож суухдаа тэрээр ээжтэйгээ дахин хэзээ ч ярьж чадахгүй болсноо мэдсэнгүй ээ. . .
Тэгтэл сэрүүлэг дуугарч, хүүхэн харж буй эмгэнийхээ живхийг солихоор нөгөө өрөө рүү сандран гүйлээ. . .

Бүрэн эхээрээ...

Эргэн дурсахад (өгүүллэг)

11 Сэтгэгдэлүүд:

Хэзээ орох нь мэдэгдэхгүй ч “заавал орно доо” гэх шиг өнөөдөр тэнгэр бүрсийгээд цаанаа нэг л уйтай. Тэнгэр ийм өдөр миний эрхэлж буй бизнес удааширч сулавтар болдог талтай. Өнөөдөр бас л бичигдээгүй хуулиа даган би гэдэг хүн өрөөндөө гэх үү, лангууныхаа ард гэх үү ямар чиг л байсан ажлынхаа байрандаа өөдөөс мэлтийх том цонхон дээр асаалттай байгаа цаашаагаа харсан “Ореn” гэсэн бичигний доогуур гадаах бүрхэг тэнгэр, түүнийг дагаж юуны ч юм сүрэнд дарагдсан мэт харагдах модод, хаа нэг давхих машинууд гээд нүдний өмнө үзэгдэх болгоныг ямарч зорилгогүйгээр гөлөрч суулаа. Гэвч тархи толгой минь өөрийг бодож суусан юм. Анх энэ бизнесийг нээсний дараахан иймэрхүү сул өдрүүдийг үзэж чаддаггүй байж билээ. Нэг өдөр сулрана гэдэг бол над шиг шинэ эзэнд хүнд цохилт болдог байлаа. Одоо тэр үеэ бодвол гурван жил өнгөрсөн тул хаа нэг ийм өдөр надад бараг амралт мэт санагдаж дотроо таатай байх болсон юм. Хэдийгээр энэ маань бизнесийн ертөнцөд хүлээж авахын аргагүй сэтгэлийн амирлал боловч над шиг жинхэнэ монгол бизнес хүнд бол бас ч гэж байх л үзэгдэл билээ.
Би гэдэг хүн энд ирээд бараг есөн жил болжээ. Эх орондоо байхдаа орох орон, хийх ажилтай өөрийнхөө хувьд болж л байсан юм. Гэхдээ яг болж байсан, эсвэл болгож байсан гэдгээ сайн ялгаддаггүй юм. Нэг удаа хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож суухдаа “их л сайн сайхан байлаа гэхэд миний хэмжээнд очих байхдаа” гэж бодохтой зэрэг чамлалттай санагдсанаар хүүхдүүддээ өөрөөсөө илүү ирээдүй олдох болов уу гэхдээ гэр бүлээ аван наашаа зүтгэсэн гэж байгаа.
Би анх энд ирсэн даруйдаа ажил олдохгүй нилээн таваргасны эцэст нэгэн америк ресторанд аяга таваг угаагчаар орж энд ирсэн бусад монголчуудынхаа адилаар ажил амьдрал минь эхэлж байсан билээ. Нилээн хичээж байж олсон ажил болохоор би ч жаргалтай байлаа. Намайг нэг өдөр аяга угаагчийн “дагалдан” хийлгээд маргааш нь “жинхэллээ”. Надтай хамт ажилладаг ойр зуурханы юм зааж өгсөн хүн маань мэдээж нэг латино байлаа. Би ч шинэхэн сонихон дээрээ байсан үе. Юуг л бол юуг сурч байсан үе бөгөөд түүний дотор миний хэл өдөр өдрөөр мэдэгдэхүйц дээшилж байсан юм. Хамт ажилладаг америкчууд маань миний хэл хурдан сурч байгааг үнэн худал нь мэдэгдэхгүй ч гэлээ ямарч байсан магтаж байлаа. Үүнд нь урамшсан би оройд хүүхдүүдтэйгээ ярих дадлага хийх, тв-гээр гарах хошин голдуу цуврал шоуг үзсээр овоо сүрхий болсон юм. Гэхдээ мэдээж хэрэг хар ярианы л хэл сурч байна гэсэн үг. Хошин шоуны нөлөө юмуу нилээн хошигнож ярьдаг байсан тул америкчуудад ихэд таалагдаж байсан байх.
Тэгээд л шат дараалан дээшээ явсаар дөрвөн жилийн дараа гэхэд ерөнхий тогоочийн туслах болж зарим өдөр ээлж ахлах хэмжээнд хүрсэн байлаа.
Би хар багын л шил мил болсон гадаад байдал маань дарга төрхийн хүн л дээ. Заримдаа яравгардуу харагдах ч талтай. Сүүлд ээлж ахалж эхлэхэд амеркчууд “чи одоо л төрхөндөө орлоо” гэж хошигнож байсан юм. Миний дотор байнга нэг бодол явдаг байснаа тэгэхэд нэг биелүүлж билээ. Тэр нь юу вэ гэвэл анх цуг аяга таваг угаадаг байсан латинаа нэг гайгүй хөнгөвтөр ажил дээр нэг орой ч болов тавьчих юмсан гэж. Намайг дөрвөн жил ажиллахад тэр маань ямарч байсан угаагчаасаа мултарч чадсан байсан бөгөөд хөөрхий зургаан хүүхэдтэй тэр хүн хамгийн халуун, бохир хэсэг болох шардаг хэсэг дээр ажиллана. Би ээлж ахлах өдрөө түүнийг хамгийн хөнгөн цэвэрхэнд тооцогдох салад хийдэг хэсэг дээр зогсоодог байлаа. Тэгэхэд хөөрхий минь надад цаг үргэлж яршиг төвөг мэт санагдах бавгар сахлынхаа доороос цагаан шүдээ гарган инээдэгсэн. Баярлаж байгаа нь тэр. Даана ч тэр нь олон өдөр биш л дээ. Би долоо хоногт хоёр өдөр л ээлж ахалдаг байсан юм. Гэхдээ тэрэгний морь буулганаасаа гарахдаа хичнээн жаргалтай байдаг билээ долоо хоногт хоёр өдөр ч гэсэн тэр хүнд амар байсан байхдаа гэж санадаг юм.
За тэгээд овоо байснаа би гэдэг хүн амьдарч буй хотоо сольж орчноо өөрчилмөөр санагдаад болох биш. Эхнэрээ алсаас нэгэнт л хаа ч очсон ийм л ажил хийх юм чинь ядаж газар үзэж амьдрах юмсан гэх мэтээр ятгасаар зөвшөөрүүлж чадав. Тэгээд энэ хотыг сонгон авч таван жилийн өмнө ирсэн санагдана. Эхний хоёр жил биенд амар ажил хийгээд ёстой нэг сайхан байлаа. Тэгж их амар байх чинь юм сэтгэн бодож, санаж сэрж чадахгүй, чадахгүй ч юү байхав тийм сэтгэлийн тэмүүлэлгүй болгодог золиг юм билээ л дээ.
Сүүлийн гурван жил ч яахав энэ ажлыг эрхлээд овоо байгаа гэж бодонгуут анх энэ ажлыг эрхлэхэд ихэд түлхэц болсон нэгэн явдлыг саналаа. Тэгэхэд би энэ улсад ирээд зургаан жил болчихсон байлаа. Гэсэн хэдий ч би жаахан арчаа муутай юмуу, идэвхгүй ч юмуу эсвэл бүр залхуу нөхөр байсан уу ямартай ч гэсэн зарим нэгэн сүйхээтэй нэгнээс доогуур, урдахаа хийхээс цаашгүй л явлаа. Эхнэр маань ч амьдралдаа идэвхитэй, эрчтэй хандахыг гуйх, хүсэх заримдаа бүр уурлах тунирхахын завсар надад үглэх боловч би түүнийг заримдаа үл ойшоож, заримдаа ингээд болохгүй, тэгээд болохгүй гэсэн элдвийн шалтаг тоочин няцаасаар байлаа. Хааяа заримдаа “сайхан амьдрахад нэг их юм орохгүй шүү дээ. Хүүхдүүд маань сайхан сургууль соёлд суралцаж байна. Үүнээс илүү бидэнд юу хэрэгтэй юм бэ” гэж эхнэртээ мэргэн үг хэлж духан дээр нь үнссэн шиг аргална.
Гэвч сүүлдээ бүр болохгүй болохоор нь одоо энэ эрхэлж байгаа бизнесийнхээ талаар эхнэртээ худлаа ярьдаг боллоо. Үүнийг манайхны ганц нэг хүн хийж эхэлж байсан үе л дээ. Тэгээд л
- Би нэг тийм юм хараад байгаа. Ингэж хийж болох юм, ингэвэл тэгэх юм гээд л зарим нэг хүний амнаас сонссоныгоо хачирлаад эхнэртээ залчихна. Магадгүй би яг тэр үедээ мөрөөдөлдөө автаад их ч гоё ярьдаг байсан байж болох юм. Эхнэр маань үүнийг сонсоод намайг “бас ч гэж юм бодоод, санаад яваа юм байна” гэж санав бололтой нэг хэсэгтээ намждаг юм. Хүний нутагт хоёулханаа байж сайн сайхан амьдрах гэсэн хүсэлтэй эхнэрээ гомдоохыг хүсээгүй маань намайг ингэж худлаа ярихад хүргэдэг байв. Тэр хооронд нэгэнт худлаа залчихсан тул энэ бизнес хаа нэг тааралдахаар бас ч гэж нилээн саатаж, зарим нэгэн хүнтэй яриа өдөж сонирхон хардаг боллоо. Нэг өдөр нутаг нэгтнээсээ хоёрхон бичиг бүрдүүлээд лицензийг нь авч болдог талаар ч мэдээд авчихав.
Эхнэрийнхээ дараагийн дайралтанд хэлэх юмтай болсон би гэдэг амьтан баярласандаа болоод довтлоогүй байхад нь хэлчих гээд хэл загтнаад болох биш. Гэвч би хашир л даа. Үүнийгээ нөөчихөө мэднэ.
Гэтэл нэг сайхан нартай өдөр миний нөгөө санаа амар ажил маань юунаас болсон юм бүү мэд дампуурчихдаг юм даа. Энэ хотод ирээд хоёр жилийн дараа шүү дээ. За тэгээд нүүрлээд ирсэн гайг яалтай ч билээ. Ямартай ч гэсэн орой нь пицца зөөж амь зогоож эхэллээ. Тэгтэл ч эхнэрийн ээлжит ятгалаг эхэлж таарлаа. Өнөө мэдсэнээ хэлсэн боловч тийм ч амар хууртагдах шинж алга. Энэ нь өнөө тогтмол орлого багассантай холбоотой, нөгөө талаар бидний хэрэглээ анх ирсэнээсээ их болсон байсантай холбоотой байх. Анх ирээд бид одоогийн олж байгаагаасаа багыг олж байсан боловч хэрэглээд, бас цааш нь хийгээд байсан санагддаг. Гэхдээ би нэг юмыг ойлгодог юм. Тэр нь юу вэ гэвэл бид нэг үеээ бодвол энэ газар дасан зохицоод амьдарч байнаа гэж. Анх бол амьдрах гэхэд хаашаа юм зүгээр л хурааж байсан байж болох юм.
Эхнэр маань ч бас л намайг болсон болоогүй юмаар гомдоочих вий гэж санасан биз
- Одоо наад бодож санаад яваа юм байдаг юм бол эхлэвэл яасан юм бэ л гэж байна. Би ч юм дуугарсангүй. Яг үнэндээ бол ярихаас цаашгүй байсан юм чинь. Оройдоо ажилтай тул өглөөдөө нэг юм олоод хийчихвэл болох гээд байдаг. Ажил олдохгүйгээ хүрэхээр олддоггүй л юм билээ. Нөгөө тогоочийн туршлага, нөгөө мундаг хэл мэл байгаад ч нэмэр байдаггүй дээ. Яагаад ч юм нэг л тийм үе таарчихав.
За тэгээд ажил олдтол голоод яахав гээд нэг ресторанд очиж ярилцлаганд орох болов. Ажил тарахын алдад нилээн оройхон ир гэсний дагуу эзэнтэй нь уулзахаар нэгэн япон рестораны хаалгыг татан орлоо.
Гэтэл нэг үйлчлэгч яралзтал инээн тонголзсоор гүйж ирлээ. Харсан чинь хонин бор нүдтэй, үсээ задгай тавьсан өргөвтөр шанаатай, цээж тэнүүн охин санж. Энэ яав ч япон солонгос хүн биш болох нь харагдаж байлаа. Тэгээд би
- Сайн байна уу гэж мэндлэхэд
- Өө та монгол хүн байсан юм уу? гээд нүдэнд нь гуниг бүрхээд ирлээ. “Ямар хачин юм. Харин ч баярламаар юм” гэж бодтол
- Тэгээд хэдүүлээ яваа юм? гээд нөгөө үйлчлэгч хүн чинь бүр надаас авлагатай хүний царай гарган зогслоо.
- Үгүй ээ танайх хүн ажилд авна гэсэн юм. Эзэнтэй чинь уулзах гээд гэтэл нөгөө охин чинь түрүүнийхээсээ долоон дор болцорлоо. Би түүнд ашиггүй нь тодорхой болох шиг боллоо. Гэхдээ би тэр охиныг буруутгаагүй юм. Үйлчлэгч гэдэг, хүн орж ирж л байвал тэдний харамлан байж өгөх цайны мөнгөөр цалинждаг улс юм чинь дээ.
Эзэн нь гэх нэгэн япон хүн намайг нилээн хүлээлгэж байснаа ажил нь сулрав бололтой хүрч ирлээ. Намайг хөлөөс толгой хүртэл сүрхий харсанаа
- Чи тэгээд энэ ажлыг хийх юмуу? гэх нь итгэж ядан байгаа бололтой. Бодвол миний гадаад төрх аяга таваг угаахад тохирохгүй санагдсан байх л даа. Тэр эзэн энд олон жил болж байгаа хүн гэхэд би түүний яриаг арай гэж ойлгож байв. Гэсэн ч гэсэн тэр хүн эзэн харин би хэн билээ дээ. Ажил нь дуусаж байгаа тул
- Чи пиво уухуу? гэнэ
- Үгүй ээ, би цай ууя л гэлээ.
- Чи яаж ийм сайн хэл сураа вэ л гэнэ
- Өө миний ярих гэж юу байхав дээ. Харин та их сайн ярих юм аа л гэлээ. Энэ худлаа яриа гэдгийг бид хоёрын хэн хэн сайн мэдэж байсан учир цааш нь үргэлжлүүлэх яриа биш байлаа. Тэгтэл тэр намайг монгол гэдгийг мэдээд
- Манайд нэг монгол охин ажилладаг гээд өнөө охиныг дуудлаа. Өнөө охин гүйж ирээд эзний өмнө үйлчлэгч хүн ямар байдалтай зогсох ёстой вэ тэр хэлбэрээр зогсов. Би дотроо “Миний охин шиг л юм даа” гэж бодож байв. Эзэн
- Энэ монгол хүн гэж намайг зааж хэлээд хэд гурван юм охиноос асуулаа. Охины хэл тийм ч сайнгүй юм гэж тэрүүхэн хооронд би бодож амжсан юм. Тэгтэл бас нэг латиног дуудлаа. Нэг жижигэвтэр биетэй нөхөр гүйн ирж түрүүний охины хэлбэрт орон зогсов. Эзэн түүнд намайг зааж
- Энэ хүн гурав дахь болгонд ажиллана. Чи одоо нэг өдрийн амралттай боллоо гэнэ. Бодвол амралтгүй туудаг байсан бололтой.
- Энэ хүнд ажлаа маш сайн зааж өгөөрэй гэж дохио зангаа оролцуулан нилээн ширүүхэн эзний зүгээсээ хэлэв. Тэгээд надруу хандаж
- Энэ хүн чиний багш гэж хэллээ
Би гэдэг хүн ингээд зургаан жилийн өмнө анх ирээд хийж байсан ажлаа заалгахаар багштай болох нь тэрдээ. Ингээд эзэн ерөнхийдөө ярилцлага дууссаныг ойлгуулж эзэн ажилчины ялгааг харуулснаар босоод явлаа. Өнөө охин, багш хоёр маань миний сурах ёстой тэр хэлбэрээр нилээд удаан зогссон. Америк эзэнтэй газар ази эзэнтэй газрын ялгааг тэгэхэд би харав. Ази азидаа япон шүү.
Би монгол хүн тул хэрэндээ тэр охинтой ганц нэг үг сольчих санаатай
- Миний дүү юу хийдгэв дээ? Энд ирээд удаагүй юү? гэлээ. Хэлнийх нь байдлаас түүнийг удаагүй байх гэж бодсон хэрэг л дээ. Түүнийг ч охин ойлгов бололтой
- Оюутан. Би энэ эзэн шиг юмны хэлийг ерөөсөө ойлгоддоггүй юм. Нэг их хачин хар ярианы хэлтэй юмнууд гэлээ. Тэр “юмнууд” гэдэг дунд би өөрийгөө явж байгаа гэдгийг төвөггүй ойлгов. Энэ бүгдийг ярьж байхдаа тэр охин нилээн ярвайлттай байсан юм. Бодвол үйлчлэгч аяга угаагч хоёрын зиндаа өөр бололтой. Дотроо би тэр охиныг биш “өөрийнхөө охинд хүмүүстэй, ялангуяа монголчуудтайгаа таарвал битгий ингэж харьцаж байгаарай гэж захина даа” гэж бодож зогслоо.
Тэгээд эхний өдөр намайг ирэхэд миний багш аль хэдийн ирчихсэн байлаа. Тэрээр нилээн хариуцлагатай сүрхий багш ажээ. Хэдийгээр хэл усандаа тааруухан ч гэсэн багш л бол багш шүү дээ. Намайг юмаа угаагаад дуусахаар энэ тэнд тавихыг заана. Хогны уут, хормогч гээд бүхий л зүйлийг заах гэж намайг дагуулан урд орон хялам хяламхийн хурдан хурдан алхлана. Намайг араасаа дагаж яваа эсэхийг харж байгаа нь тэр бололтой юм. Япон газар ажиллаж байгаагийн хувьд нилээд хурдан хөдөлгөөн, эмх цэгц хоёрыг яг таг барьдаг багш байлаа. Тэр мөчид надад тохиолдсон дээх нь үеийн нэгэн яриа санаанд орно.
Эх орондоо байхдаа нэгэн төслийн гүйцэтгэх ажил хийж байлаа. Энэ төсөл дээр германы нэгэн компани ажиллаж байсан боловч тэдний дунд бидэнтэй цуг нэг Марокко нөхөр тууж явдаг байв. Бид хоорондоо тэр нөхрийг германчуудад тоогдож чадсаныг бодоход их нямбай ажилладаг хүн байж таарах нь гэж дүгнэж билээ. Тэр яриа маань санаанд орж би багшийгаа япон хүнд таалагдахыг бодоход сүрхий л хүн байна даа гэж бодсон маань нэг их зөрөөгүй юм. Би нэг удаа угаасан тавгаа ижилхэн тавган дээр тавиад эргэтэл харж зогссон багш маань
- No no гэж муухай орилон хажуугаар ухасхийв. Миний цочсон гэж юүхэв. “Уначихаж байгаа юм болов уу” гэж санан хартал багш маань аль хэдийн оччихсон миний тавьсан тавгийг зүгээр л тэгшилж байгаа харагдав. Би хазгай тавьсан юм байж. Ийм л хариуцлагатай сайн багш. Дараа нь нэг савны түлэнхийг арилгачих санаатай үрж зогстол багш маань
- Хэрэггүй хэрэггүй гэж байгаа бололтой дохиж байна. Тэр зэргийн юмыг тоохгүйг бодоход бас арай ч өөр юм шиг.
Уг ресторанд дөрвөн латино ажиллах бөгөөд тэднийг хаа нэгтэйгээс зориуд сонгоод аваад ирсэн юм шиг тугал шиг хар нүдтэй, ижилхэн намхан нуруутай байсан нь их сонин. Би нэг их өндөр хүн биш шүү дээ. Гэтэл тэд надаас бүтэн толгой намхан улс байсан юм. Тэгээд их хурдан хөдөлгөөнтэй. Жоорог жоорог гээд хэзээний л миний энд тэнд гарчихна. Заримдаа ч тэднээс нилээн цочоод авах жишээтэй. Харин би шинэ хүн тул цаг ямагт тэдний анхаарлын төвд байгаа нь тэдний харцнаас мэдрэгдэж байлаа. Монгол хүний хөдөлгөөн, биеэ авч яваа байдал ямар билээ дээ. Тэгээд энд ирээд зургаан жил болчихсон, дээр нь хагас цагийн ажил, тэгээд миний байж байгаа байдал тэдэнд нэг л таалагдахгүй байгаа нь илт.
Уг нь бол аяга таваг угаагч гэдэг ресторанд хамгийн доод тушаалтан байх атал нэг дэнхийсэн монгол орж ирчихээд л таахаг таахаг гээд л эсвэл эзэнтэй очиж эрээ цээргүй юм ярьж инээлдээд л хааяа нэг сул цаг зав гарахаараа гараа ташаандаа юмуу цээжиндээ авчихаад, хааяа “том том” тогооч нараа хажуугаар нь гарахаар мөрөн дээр нь падхийтэл алгадчихаад хүг хүг инээгээд байхаар юу нь ч сайхан байх вэ дээ. Уг нь амьхандаа би их л найзархуу байж байгаа нь тэр л дээ. Оройхон хэрд тэд бүгд хоолоо идлээ. Би очвол болох байсан боловч “хэн нэг нь намайг дуудаг” гэж саналаа. Тэд хоорондоо ярилцан намайг шоолж байгаа болов уу гэмээр инээлдэж байна. Аягаа угаагаад зогсож байг гээд ихэд чадаж байгаа бололтой. Нөгөө цаг ямагт харж байсан багш маань ч таг. Гэтэл эзэн багшид нэг юм хэлсэн бололтой багш гүйж гарч ирээд мөрөн дээр болгоомжтой тогшохоор нь эргээд хартал хоолоо ид гээд байгаа бололтой дохиж байна. Түүний хамар дээгүүр нь хөлс нь бурзайгаад хачин харагдана. Надад юм заагаад ядарсан байх л даа. Яг тэр үед миний гэдэн хөдлөв. Яасан юм бүү мэд. Тарахын хооронд яршиг ч юм шиг гэж санагдлаа. Би уг нь хэр баргийн юм цохьчихдог хүн байхгүй юу. Гэсэн ч би
- Хоол идэхгүй. Би өлсөөгүй байна л гэлээ. Миний хэлэхийг сонссон эзэн тэндээс
- Чи зүгээр үү л гэж байна
- Бүх юм зүгээрээ л гэлээ. Ингээд сургалтын өдөр дууслаа даа. Харин багш маань хөлсөө гарынхаа араар арчингаа миний эхний өдрийг дүгнэж эрхий хуруугаа гозойлгов.
Тэгэхэд би “бүх оронд сайн гэхийг ингэж дохидог сонин шүү” гэж бодож зогсов. Тэгээд хариуд нь багшийнхаа мөрөн дээр алгадах гэснээ яагаад ч юм больчихлоо. Бүгд гарцгаав.
Машинаа асаагаад алгуурхан хөдлөх гэтэл машины гэрэлд нэг юм сүртэг сүртэг гээд ороод ирлээ. Цочсондоо тоормосоо огцом гишгэн хартал багш маань дугуйгаа уначихсан шаавиг шаавиг жийгээд урд гараад явж өглөө. Урд яваа юм болохоор нь нэг зүгт байдаг юм бол дөхүүлээд өгчихдөг юм уу санаад хурдаа жаахан нэмтэл нэг эргэж харснаа дөрөөн дээрээ босоод хүч нэмэн жийж гарлаа. За за би гүйцээд цонхоо онгойлгоод юм хэлэх, багш маань явдал дунд намайг ойлгох хоёр ч лөөлөө биз яршиг санагдаад хурдаа хаслаа.
Тэгсэн тэрээр гараа өргөж нэг дохьчихоод замаасаа гаран харанхуйд үнхүүлчих мэт уусан алга боллоо. “Багш маань гэртээ очиж, өнөөдрийнхөө тухай, миний тухай, надад хэрхэн хичээл зааж өөртөө хэрхэн бие амар өнгөрсөн тухайгаа ярьж, эмэгтэй хүнийх шиг тугал хар нүдээ гялтагнуулан жаргалтайхан сууж байгаа байхдаа” гэж бодсоор би цаашиллаа.
Гэртээ харих замдаа би энэ ажилд дахиж ирэхгүйгээ мэдэж байсан юм. Энэ ресторан, өнөөдрийн угаасан зүйл маань аль зургаан жилийн өмнөх миний ажиллаж байсан ресторан, угааж байсан мянга мянгаар тоологдох аяга тавагны хажууд хариугүй зүйл байлаа. Би энэ ажлыг хийж чадах байсан уу гэвэл чадах байсан ч миний сэтгэл зүй энэ ажлыг хүлээн зөвшөөрөхгүй хэмжээнд оччихсон юм байнаа гэдгээ ойлгож эхэлсэн юм.
Гэртээ хариад нэг их юм ярьсангүй. Маргааш өглөө нь одоогийн энэ бизнесээ асууж сураглаж байсан хүнрүүгээ ямарч эргэлзэж тээнгэлзсэн зүйлгүйгээр үл барам “би ерөөсөө л энийг хийе” гэсэн бодолтойгоор очсон юм. Бодвол ямар нэгэн Балжинням Дашнямтай өдөр нь таарсан уу эсвэл миний хүслийн эрч байсан уу тэр хүн надад нэг санал тавьлаа.
- Чи хоёр долоо хоног үнэгүй, дахиад хоёр долоо хоног хагас үнээр ажиллах санал тавьж, тэр хооронд бүх юмаа зааж өгөхөөр боллоо. Тэгээд маш богинохон хугацаанд миний энэ ажиллаж байгаа салбарыг олж өглөө. Тухайн үедээ надад яагаад ийм өгөөмөр хандсаныг ойлгоогүй ч сүүлд нь сонсоход нэг дүү нь энэ салбарыг ажиллуулна гэж өөрийнх нь нэр дээр авчихаад гэнэт үгнээсээ буцаад сандарч байсан үед нь би таарсан байдаг юм. Түүнээс биш бизнесийн нууцаа тийм амар хүнд хэлж өгнө гэж юу байхав дээ.
Түүнээс хойш би энэ хотод ирсэндээ, ийм алхам хийсэндээ ердөө ч харамсдаггүй юм. Одоо өнөөдөр санаж байхад миний тэр ганц өдрийн багш тэр өдөр багшилахаасаа илүү энэ бизнесийг эхлүүлэхэд түлхэц болж өгсөнөөрөө их ачтан юмдаа л гэж бодогдоно. Хүн ер нь байгаа байдалдаа дасах биш байнга л ямар нэгэн шинэлэг юм руу эрчимтэй тэмүүлж байх нь зөв билээ л дээ. Тэр өдрөөс хойш урдах ажилдаа түүртээд тэр хүнийг бараг мартсан байх юм. Мартах ч гэж дээ өнөөдрөөс бусад өдөр би түүнийг бодох сөгөө ч байсангүй дээ. Орой хаачихаад очвол хуучин ажилдаа байдаг болов уу яадаг бол. Байвал таних болов уу гэж бодож суутал хаалга онгойход хавиралдан дуугардаг хонх жингэнэн дуугарч өнөөдрийн цөөхөн үйлчлүүлэгчийн нэг орж ирлээ.
- Сайн байна уу? Танд юугаар туслах вэ? гэж амнаас зуршил болон гардаг үгээ хэлсэнээр миний бодол тасарлаа . . .

Бүрэн эхээрээ...

Хувь заяаны хэлхээ - 13

38 Сэтгэгдэлүүд:

Хаа очиж элдэв зовлонгүй хоёр яс салж эх үр хоёр эмнэлэгээс гарах болов. Хандааг хүүтэй нь эмнэлэгээс Дарьзав гаргаж авав. Хаврын урь орж байгаа ч гэсэн тэр үстэй том дээл өмсжээ. Хүүг эх барьж авсан сумын эмч Нансалмаа гэж махлаг дуу бор авгай
- За ингээд хүүгээ сайн харж хандаж байгаарай. Хүйнд нь бохир оруулав. Өдөрт үүгээр цэвэрлэж бай гэж нэгэн бодис өгөөд дахин дахин захисаар эмнэлэгээс гаргав. Үстэй дээл нэвсийтэл өмссөн Дарьзавыг Хандаа жаахан шоолонгуй харж
- Аав яагаад ирээгүй юм?
- Чамайг гарна гээд гэр орноо янзалж байгаа. Тэгээд би ирлээ.
- Юун айхтар үстэй дээл өмсөөв?
- Яахав наад хүүг чинь өвөтрлөх гэж. Замд салхинд цохиулж мэднэ. Уг нь эндхийн машиныг гуйсан чинь ажилтай гэнэ. Мотоцикль гэхээр хэтэрхий ил задгай салхинд чамайг дэмий болов уу гэж санаад тэгээд морь тэрэг хөллөөд ирлээ. Одоо яарах юу байхав. Гурвуулаа гэлдэрчээ яваад харчихъя гэж хүүгийн өлгийг сөхөн харж байснаа, үрчгэр улаан нүүрийг нь үнсэхэд хүү мурчигнана. Дарьзав түүнийг өнөө том дээлэндээ өвөртөлчихөв. Тэгтэл Хандаа
- Хүүе ээ аягүй бол амьсгаа авч чадахгүй ч юм билүү, больсон нь дээр байхаа гэхэд - Нээрээ тэгвэл баларваа гэснээ хүүг өврөөсөө гаргаж
- Чи ерөөсөө тэргэн дээрээ эхлээд гар гэж түүнд туслаад хүүг Хандаад тэврүүлэн нөгөө том дээлээ тайлан хоёуланг давхар хучиж өглөө. Ингэхдээ тэр тэрэг тойрон сандчин гүйнэ.
Ингэж гүйх нь хэн нэгэнд Дарьзав гэж энэ хүн санасандаа хүрэх гэж сарвайж яваа амьтан шиг харагдаж болох юм. Гэвч түүний сэтгэлд нь хайр гээч юм үүсэж голын мөсийг хаврын урь орж хайлмагтуулан зөөллөж, цөнгөө түрэх мэт түүний сэтгэлийн толбоноос жаахан ч болов хэлтлэн урсгаж байгааг энэ хоёрын хэн хэн нь мэдээгүй байхаа. Хүүгээ тэврэн сууж байхдаа Хандаа бүх амьдралынхаа турш энэ хүний амьдралын тэргэн дээр суух юм чинээ бодоогүй байх. Тэднийг эмнэлэгээс хөдлөхөд замд таарах ганц нэг хүний дэргэдүүр Дарьзав хэзээ язааны авгай хүүхэдтэйгээ яваа хүн шиг ихэд нүүр бардам явах ажээ.
Цас хэдийнээ хайлчихсан ч түүний чийгээр хангай дэлхий өнгөө засаж, сайхан цагийн түрүүч тул мал сүрэг цаанаа нэг тавтай. Айлууд мөдхөн зусландаа гарч өвөл хаваржин бөртөгнөсөн малчидын нуруу тэнийдэг цаг мөдхөн ирнэ. Тэртээ тэнгэрийн хаяанаас нүүдлийн шувуудын сүүлч хоцрох шахам яваадаа сандчих мэт яаруухан дэвж явах шиг. Морь тэрэг явсаар Харганатын хөндийг өгсөж эхэллээ. Одоогоор айлууд зусландаа гараагүй тул хүүхдийн дуу, малын хөлөөр зунжин шуугиж байдаг Харганатын хөндий одоохондоо эзгүйхэн, эль хульхан. Гэхдээ цаг нь наашилж байгаа болохоор тийм ч гунигтай биш. Тэртээ голын тохойд өнөө ганц хайлаас өнөө маргаашгүй гөлөглөх гэж байгаа тул бэлцгэр бэлцгэр хүрэн толгойд мөчирсийн үзүүрт бөнжигнөнө. Түүнийг харж Хандаа гүнээ санаа алдан хүүгээ улам чанга тэвэрлээ. Хайр энхрийлэл, халуун дулаан тэврэлт, салж хагацашгүй хайрын шивнээ одоо аль тэртээ холын хол одсон мэт Хандаад бодогдоно. Уг нь ердөө арваадхан сарын өмнө энэ модны доор хүсэж, мөрөөдөж, зөгнөж, хайлан уяарч, хачин ихээр жаргаж байгаагүй билүү. Тэр үеийн Хандаа охиныг амьдралын хуй салхи өөрийн өршөөл энэрэлгүй эргүүлгэндээ нэгэнт татан оруулсан ажээ. Одоо тэрээр энэ модоо өөрийнх мэт харж чадахаа больсон шиг санагдана. Магадгүй модны доор Хандаа охин нүдэндээ доголон нулимстай зогсож, түүний хажуугаар хүүхдээ тэвэрсэн Хандаа эгч тэр Хандааг өрөвдсөн харцаар харан өнгөрч яваа ч юм билүү. Түүнийг нь мэдсэн мэт ганц хайлаас гунигтайхан сүглийж, тэрэгний морины явдалын хэмнэлээр Хандаагаас холдсоор . . .
Ийнхүү хааяадаа дуугаа хурааж, хааяадаа гангар гунгар гэсээр гэртээ ирцгээлээ.
Хаврын өнгө засрахдаа хурдан. Хэдхэн хоногийн өмнө эмнэлэгт явж байснаас шал өөр болжээ. Тэд гэртээ ирж шинэ хүнээ хэнтэй адилхан болохыг ярилцана. Энэ үед Хандаад халуухан байлаа. Тэрээр дотроо Сугарыг бодон харах боловч хэтэрхий жижигхэн улаан амьтан одоохондоо чухам хэнтэй адилхан нь үл мэдэгдэнэ. Аав нь
- Муухай амьтан одоохондоо яаж мэдэгдэхэв дээ. Жаахан борогшоод ирэхээрээ хүн дүрсээ олох байлгүй. Тэр үед нь л харахаас гээд үнсэнэ. Түүний дотроо юу бодож байгаа нь илт. Нэр өгөх талаар яриа эхлэхэд Хандаа
- Ааваа би Дугар гэж нэр өгмөөр байна гэхэд гэрт байгсад нэг хэсэг гайхсанаа юм хэлсэнгүй. Аав нь
- Дугар . . . гэж амандаа сунжруулан хэлж үзсэнээ
- Үгүй яахав ээ сайхан л нэр байна. Бяртай л хүний нэр шиг сонсогдоод байна гээд Данигай хүүг авч баруун чихэнд Дугар Дугар Дугар гэж гурвантаа шивнэвээ.
Бие нь хөнгөрсөн Хандаа ёстой залуу насны аагаар хурдан тэнхэрч байлаа. Түүнээ дагаад сэтгэл санаа нь ч гэсэн илаарших маягтай. Хамгийн хүнд хэцүү бүхэн ард хоцорсон мэт түүнд санагдана. Удахгүй зусланд гарах цаг болцгоож Дугар хүү овоо бойрогшин хэдэн сартай болсон үе.
Данигайн эзгүйд нэг орой Дарьзав зоригоо чангалсан аястай жаахан үнэртүүлсэн орж ирээд хэсэг сууж байснаа
- За Хандаа минь би чамтай нэг юм ярих гэж орж ирлээ. Чи бид хоёр насны хувьд зөрөөтэй нь үнэн. Гэхдээ энэ толгой мөрөн дээр байсан цагт би чамайг хайрлаад халамжлаад явж чадна. Дугар миний хүүхэд биш ч гэсэн би өөрийнхөө төрсөн үр мэт санаж хүний дайтай хүн болгож дөнгөнө. Би өдий болтол чамайг гачлан зовлонгоор чинь далимдуулан элдвээр оролдоогүй. Гомдоочих юм болов уу гэж санасаар өдий хүрлээ. Ер нь тэгээд шулуухан хэлэхэд нэг гэрт орвол яасан юм бэ л гэж хэлэх гэсэн юм. Би чамайг надад хайргүйг мэднэ л дээ. Гэхдээ бид хоёр бие биендээ ээнэгшин дасах хугацаа хангалттай байна. Танай аав ч тэр, манай ээж ч тэр, бие биенээ мэдэх нэг дорын улс. Одоо тэд нас ахиад хүний тус нэмэр хайх цаг нь болжээ. Хэдүүлээ бөөндөө шүү амьдарцгаавал яасан юм бэ л гэх гэсэн юм. Би чамайг одоо хариугаа хэл энээ тэрээ гэж шахахгүй ээ. Бодож байгаад болно биз дээ гэж өөрөө ч нилээн юм бодоо болов уу гэмээр эрсхэн хэллээ.
Энэ бүхэн Хандаад хэтэрхий шулуухан байсан хэдий ч түүний амьдрал ч гэсэн нэг их олон сонголтгүйгээр өдий хүрчээ. Тэгээд ч хэцүү хүнд үед бие болон сэтгэл санаагаар тусалж байсны дээр саяын хэлсэн үг сэтгэлийн утсыг хөндөж чадсан уу ямартай ч гэсэн түүнийг цаашаа гэж чадаагүй юм даа. . .
Тэрнээс хойш Хандаагийн нөлөө байсан уу амьдралын гэгээн тал давамгайлсан уу Дарьзав гэдэг хүн урдахтайгаа зүйрлэмгүй өөр болсон юм. Хандаагаас дахин нэг охин төрсөн нь мэдээж Дарьзавын охин. Хандаа нэг үеээ бодвол айлын эхнэр хоёр хүүхдийн эх, хөдөөний амьдралын хэв маягаар гадуур дотуур явах ч завгүй жирийн нэгэн бүсгүй боллоо. Одоо түүнд анхны хайр, түүний эзэн Сугар нь хүртэл зүүрмэглэж хоцорсон эртний түүх мэт болж сэтгэлийн шарх нь цагийн аясаар аньж байлаа. Хаа нэг наадам баяр ёслолоор багын найз Чимгээтэйгээ таарав ч тэр болгон тухтай ярьж суух зав үл олдоно. Дорж Чимгээ хоёр жинхэнэ хайр сэтгэлээр суусан хоёр. Гэсэн хэдий ч тэд хүүхэдтэй болоогүй л байлаа. Тэдний хажууд Хандаа хэдийгээр өөрийн хайр сэтгэлтэй хүнтэй нийлээгүй ч Дарьзавын хэлдгээр нэг үеэ бодвол овоо дасаж, хүүхдүүдээ асарсан жирийн нэгэн эмэгтэй болсон юм даа . . . Дугар яриагаа ийнхүү төгсгөв.
Сугар нилээн бодол болон байснаа
- Чи тэгээд төрсөн эцгээ ерөөсөө хараагүй юү? гэж бараг өөрөө мэдэх юмаа асуулаа
- Өө тийм. Би нэг удаа харсан байдаг юм. Гэхдээ одоо би санадаггүй л дээ.
- Чи нэг нохой хорьж өгч байсандаа гэж ээжийг хэлэхээр л тийм ч юм шиг, үгүй ч юм шиг бодогддог юм. Тэгэхэд тэр хүн манайд ирсэн гэсэн. Тэрнээс хойш манай аав яагаад ч юм бол уух идэх болсон. Сүүлд ээж маань
- Бодвол тэр хүнийг чиний эцэг болохыг мэдсэн шиг билээ. Тэрэндээ тэр үү буруу замаар явсан амьдралаа овоо мартагнан гайгүй болж, аж амьдрал хөөж явсанаа орхин хуучин байсан шигээ болж намайг ч мөн олон жил зовоосон доо гэж ярьдаг юм. Тэгээд намайг арав гаран настай байхад согтуу мотоцикльтой явж байгаад л . . . гээд залуу доош харсанаа толгойгоо огцом өргөж
- Гэхдээ надад яагаад ч юм ширүүлж байгаагүй юм шүү хөөрхий. Бодлоор юм бол арай өөр байж болох л байсан мэт гэлээ.
Энэ бүгдийг сонсож явахдаа Сугар өөрийгөө хараахын ихээр харааж, зүхэхийн ихээр зүхэж байлаа. “Би тэр охиныг гайтуулж, сургууль соёлоос нь гаргуулж, цаашдын гэгээн хүслийг нь тасалж. Тэгээд сүүлд нь хөөрхийг арай гэж амьдралтай залгаж сэтгэл санаа нь тэгширч ядаж явахад нь очиж хамаг бүхнийг сэдрээж ханиас нь салгаж дээ янз нь. Гэтэл би Хандаагийн хажууд тэгтэлээ их зовсон хүн гэж үү. Аль тэртээд өнгөрсөн зургаан жил надад тунирхал гоморхолын хөрс л суулгаснаас өөрөөр би зовлон гэдгийг үзээгүй. Би нутгаас гараад бараг чигээрээ шахам явж Шийрэв ахынд ирсэн. Жил хагасын дараа л жолооч болсон. Дараа жил нь ээжийгээ авчирсан. Одоо гурван хүүхэдтэй ийм л нэг амьтан. Би одоо нутгаараа маш олон удаа зам дайран өнгөрдөг ч нэг ч айлаар шагайсангүй. Энэ нутаг, энэ зон олон намайг тэгтэл их гомдоосон гэж үү. Үгүй ээ. Би өөрөө л хүний мөсөөр тааруухандаа тэр биш үү. Тэр ч байтугай байхгүй болчихсон тэр хүнийг хүртэл би сэтгэлдээ ялласаар явсан байх юм. Би иймэрхүү маягтай байж байгаад энэ хорвоогоос явах юм бол үүний маань үйлийн үрийг үр хүүхэд маань л үүрч таарна шүү дээ.
Яг үнэндээ бол тэр хүн миний амьдралаас асар олон юмыг минь булаасан нь үнэн. Хүүхдийн гэнэн сэтгэл, халуун залуу нас, хайр сэтгэлийн минь эзэн, төрсөн үрийг минь хүртэл. Түүний дотроос хамгийн хатуу нь өсөж төрсөн нутагтаа амьдрах эрхийг минь хүртэл эзэмдэн авчээ. Чухамдаа хэн гэдэг хүний хийсэн хэрэг, хэлсэн үгний үйлийн үр над дээр ирж туссан юм болдоо.
Гэтэл хорвоо гэдэг бас хачин юм. Дарьзав надад муу юм хийсэн болохоос Хандаад, миний хүүд муу юм хийгээгүй байж. Явж явж Дарьзав гэдэг тэр хүн хэдий муу нэртэй ч Хандаагийн хувьд надаас хавьгүй дээр нэгэн байсан юм биш үү. Ямар ч байсан түүнд маань надаас илүү амьдрал бэлэглэсэн байх юм даа” гэж бодон явахад Дугар
- Та яасан бэ? Бие чинь зүгээр биз. Бид ч бараг ирчихлээ дээ. Одоо энэ хөтлийг л давчихвал цаад талд нь манай Харганатын хөндий бий. Түүний дуунаар гэнэт ухаан орсон мэт Сугар царайгаа төв болгон хараа сэргээж
- Ээж чинь энэ хөндийдөө л зусдаг уу?
- Тийм. Намайг хот руу сургуульд явдаг болсоноос хойш бүр замын дэргэд шахуу буудаг болсон. Намайг замын машинаар дайгдаад ирж магадгүй. Тэгвэл хол алхуулахгүй гэж тэгдэг гэсэн гэхийг сонсоод Сугарын хоолой сааралтаж, нүдний аяга нь үл ялиг ягааран ус гүйлэгнэж ирсэнээ хоёр сайн амьсгаа аваад гайгүй болов.
Хүнд ачаатай гуч машин уухчин байж зүтгэсээр хөтөл дээр гарч ирлээ.
Зуны халуун ч гэлээ хөтлийн орой дээр сэвэлзүүр салхитай байх тул Сугар машинаа салхи сөрүүлэн зогсоож, хамрыг нь сөхлөө. Гэтэл
- Манайх бараг л тэр мөн дөө гэж гурав дөрвөн саахалтын зайнд байх гэрийг заалаа.
- За тэгвэл “миний хүү” гэх гэснээ арай л чадсангүй хэсэг гацсанаа
- Миний дүү ээждээ дэгдээд харьчих даа гэхэд
- Юү гэж байгаа юм бэ? Та манайхаар орохгүй юм уу. Манай ээж сайхан цайтай шүү. Улсууд магтаад л байдаг юм. Тэгээд сайхан бор еэвэнтэй өрөмтэй холиод идэхэд ч хэрийн хоолноос дээр шүү дээ.
- Бор еэвээн? . . . гэж гайхсан янзтай сунжруулан асуухад
- Тийм бор еэвэн. Би дуртай юм л даа. Тэгээд ээж маань намайг одоогоороо жаахан юм шиг санадаг бололтой бор еэвэнг хаанаасаа ч юм олоод хадгалчихсан байдаг юм. За тэгээд ч яг үнэндээ бол би ч гэсэн горьдоод байдаг юм гэхэд түрүүнээс хойш гунигтай царайлан явсан Сугар цээжиндээ хүг хүг инээж “үгүй мөн ч золигийн ч юмыг нь дуурайх юм даа” гэж бодох зуур сэтгэл нь нэг л сайхан онгойчих шиг уртаар амьсгаа авсанаа
- За яахав ээ миний дүү ах нь дараа явахаараа заавал танайхаар буунаа.
- Заавал шүү. Эр хүн хэлсэндээ биз? гэхэд “хүүхдээрээ ч амьтан болдоо” гэж бодоод
- Хэлсэн дээ, хэлсэн дээ гэж хүнгэнүүллээ.
Дугар үүргэвчээ нуруундаа хаян, овоог нэг тойрчихоод ирж Сугартай гар барин
- Баяртай сайн яваарай гэхэд Сугар түүнийг гарыг том гараараа чангахан атгаж, Дугарын царайг удаан гэгч нь харж зогссоноо духан дээр нь нэг сайн үнэрлэн үнсэхдээ уруул нь үл ялиг чичигнэн байв. Дугар яагаад ч юм нэг их санаа алдсанаа цааш эргэн уруудахад араас нь Сугар
- Чамд нэг охин дүү байдаг гэсэн байхаа? гэхэд яваан дундаа эргэн
- Тийм ээ
- Нэрийг нь хэн гэдэг юм?
- Урансолонго гэдэг юмаа гээд хариу хэлэхийн завдалгүй газрын уруу өөрийн эрхгүй овогнон алхалж, салхинд хэдэн ширхэг үс нь сэрвэгнэн хийссээр яваад өглөө.
“Ай Хандаа минь дээ чи минь амьдралынхаа мөч болгонд намайг дурсаж, надтай хамт байсан тэр үеээ бодсоор байсан юмаа даа. Тэгэхэд би чам шиг байж чадаагүй дээ” Тэрээр тамхиа сорж, удаан гэгч нь уушигласнаа хөх утааг аажуухан савсуулан гаргаснаа цааш нь
“Хэдийгээр хожимдсон ч гэсэн болж өгвөл чи минь намайгаа уучлаарай.
Гэхдээ бид бас ч гэж болоогүй байна. Дараа ирэхдээ Оюунбилэгийгээ хэдэн хүүхэдтэйгээ дагуулан ирж, чамтайгаа танилцуулан нүүр хагаръя даа. Хүүхдүүд маань ч хоорондоо бие биенээ мэдэж аваг. Алсдаа тэд маань холбоотой яваг. Энэ хорвоод бидний ямар явсан нь тэдний буруу биш шүү дээ” гэж Сугар бодон суулаа.
Хүүгийн зүгээс үлээх зөөлөн хонгор салхи түүний сор суусан буурал санчигаар оролдон эрхлэнэ. Зах хязгааргүй мэт үргэлжлэх хөндийг ширтэх онигордуухан хоёр нүднээс уянга ухаарлын болор нулимс хацар даган урсах хэдий ч түүний харцанд хамгийн нандин эрдэнээ олсон хүний баяр баясал гийж, уруул нь үл ялиг чичирхийлэн инээмсэглэнэ. Тэр хэдийгээр энэ нутгаас хэнд ч юм гомдсон гомдол харууслын гашуун үнэнтэй цуг гарсан хэдий ч ямархан хувь заяагаар уул хангай шиг нөмөртэй одоогийн хадам эцэг Шийрэвийг бараадан жолооч болж чадсан юм бол. Тэгээгүй бол энэ хүүтэйгээ энд таараа ч үү, үгүй ч үү. Тэгээгүй бол амьдралын үнэнийг мэдэж, учрыг ойлгохгүй өнгөрөх ч байсан байж болох юм. Бидний л хувь заяа юм байхаа даа. . .
Урт юм шиг хэрнээ богинохон амьдралд хүний хувь заяаны хэлхээ хэд дахин тасарч, хэд дахин битүүрдэг юм бэ дээ бүү мэд.
Нүд алдам их хөндийд тарлантаж цоохортсон харгана зэргэлээн дунд бүрэлзэж, тахиралдаж мухиралдсан нарийхан цэнхэр гол наагуур цаагуур нь тойрч, он оны уртад ядарч тамирдсан мэт мушгиран урсах бөгөөд түүний нэгээхэн тохойд нулимс тоссон мэнгэ аятай ганц мод тэртээ доор сүүмийн харагдана.
Энэ бол Харганатын хөндий, Харганын гол, хайр сэтгэлийн гэгээн түүхийн орь ганц гэрч өнчин хайлаас, Хандаа Сугар хоёрын унасан нутаг, угаасан усаа . . .

Төгсөв.



Бүрэн эхээрээ...

Хувь заяаны хэлхээ - 12

16 Сэтгэгдэлүүд:

Ингээд ар гэрийн гачигдлаар гэсэн шалтгаанаар Хандаа сургуулиа орхилоо. Хаашаа ч харсан ээж нь харагдаад. Унтаж байсан орноос нь, өмсөж байсан дээлнээс нь, зүүж байсан алчуурнаас нь ээж нь үнэртээд болох биш. Нэг өдөр ээжийнхээ юмыг янзлан суутал нэг жижигхэн боодолтой зүйл дэрнийх нь доод талын гудсан доороос гарч ирсэнийг задлан үзтэл Хандаагийн багадаа дуртай байсан модтой чихэрийг нандигнан боосон байлаа. Бодвол ээж нь түүнд хадгалж байсан бололтой. Хамгийн сүүлд өвлийн амралтаар ирээд ээжтэйгээ унтаж байхдаа хэлж байснаа санаж тэр өдөржингөө юухан чиг хийсэн уйлсаар өнжив.
Мал төллөөд тэр хоёрт гуниж суух зав өгсөнгүй. Ээжийнхээ амийг авч одсон тэр цөмөрхий пүнзийг тэр чигт нь орхимоор байсан ч аргагүй төл багтахгүй болох үед аавдаа хэлж байж янзлуулав. Должингийн эрсэдсэн сургаар отроос ирсэн Дарьзав эргэж явсангүй. Учир нь Данигай хүн хүч муу, туслах хүн хэрэгтэй гэж дарга даамалд учирлан түүнийг айл өвөлжиж байгаа учир Дарьзавыг авч үлдэн түүний оронд өөр хүн явуулах санал тавихад уй гашуу зэрэгцсэн энэ үед олон юм ярилгүй зөвшөөрөв. Дарьзавын яах гэж энд үлдэснийг түүнээс өөр хүн мэдэхгүй. Гэхдээ түүний тус дэм энэ хотонд хэрэгтэй байсан уу гэвэл үнэхээр хэрэгтэй байсан. Юм л бол айл хэсэж хар ус гударчих санаатай байдаг Дарьзав энэ хавраас эхлэн юу болов гэмээр хүн шиг болж айл хүний сэтгэлээр Данигай Хандаа хоёрт туслана. Нурж эвдэрсэн байтугай зүгээр байгаа хашаа саравчийг ч бэхэлж байгаа харагдана. Энэ ч бас нэг талаасаа зөв юм. Зүгээр гэж бодож байсан пүнз нураад л талийгачийг аваад явчихсан учир ер буруу зүйл биш нь хэнд ч ойлгомжтой.
Өдөр хоног өнгөрөх тусам Хандаагийн гэдэс томрохыг хамгийн түрүүнд Дарьзавын эх Норжоо хөгшин анзаарснаар хүүдээ нэг орой
- Энэ Хандаа охин хөл хүндтэй л болов уу даа гэхэд Дарьзав
- За юу гэж. Арай үгүй байлгүй
- Харсаар байтал гэдэс улам л томорч байна зайлуул. Зуны эхэн сараас хэтрэхгүй дэгээ. Хонь хурга гэж гүйсээр энэ муу охин бүр тамирдах нь дээ. Эцэг нь мэдэж байдаг юм болов уу. Хэлэх юмсан. Эрчүүд та нар ч дээ хэлэхээс нааш сэхээрч анзаарахгүй дэгээ. Их тамирдвал ч хэцүү шүү. Ээ дээ хоёр яс сална гэдэг ч тийм амар эд биш дээ гэлээ
“Нээрээ бэлхүүсээрээ жаахан бүдүүвтэр харагдаад байдаг юм. Жирэмсэн юм байж л дээ. Хэнийхээ хүүхдийг тээж явдаг юм бол. Хаваржин урд хойно нь гарсаны хэрэг гарсангүй дээ” гэж бодохоор Дарьзавын хамаг л хүсэл нь унтарчих шиг болон шалхайна.
Охиныхоо бие давхарыг Дарьзаваас сонссон Данигай хэд хоног дуугүй явсанаа сая л ухаан орсон мэт цай чанаж зогсоо охиноо хараад
- Миний охин давхар биетэй болжээ дээ гэж нилээн болгоомжтой хэллээ. Нэг л өдөр ийм үг сонсоно доо гэж бодож байсан Хандаа
- Тиймээ ааваа гээд дуу нь цаашлан, доош харан бяцхан бор гараараа оролдон байснаа чимээгүйхэн шуухитнан уйлах сонсогдов. Хөөрхий охин үүнийгээ мэдсэн цагаасаа энэ өдрийг хүртэл нууж, хэзээ нэгэн цагт мэдэгдэн газар доор ортлоо загнуулна гэж айж бэмбэгнэн зургаа долоон сарыг өнгөрөөхдөө түүний жижигхэн бор зүрх яасан их шаналаа бол. Дээрээс нь эхийгээ алдсан энэ амьтан биендээ ахадсан зовлонг, өөртөө баймгүй тэвчээрээр даван туулах гэж яваа охин үр.
Эцэг хүн гэдэг хатуу ширүүн юм шиг хэрнээ яг цагаа тулаад ирэхээр үр хүүхдийнхээ ийм асуудалд эмэгтэй хүнээс ч уяхан байдаг байж мэднэ. Ялангуяа Данигайн хувьд эхнэр нь бурхан болчихсон, төрсөн ганц охин нь тул аядуу байхаас аргагүй.
Жаал бодлогоширон сууснаа аав нь
- За яахав дээ миний охин. Хүүхэд гаргана гэдэг чинь бүсгүй хүний тавилан юм шүү дээ. Хүнд хүн илүүдэдгүй юм миний хүү. Миний охин нэг мундаг хүү гаргаж аавыгаа өвөө болгох нь л дээ. Одоо уйлаад яахав алив нааш ир гэж хошуугаа цорвойлгоход аавыгаа ийм сайхан ууч сэтгэлээр хандах юм чинээ санаагүй явсан Хандаа аавруугаа дөхөхдөө бүр жаахан хүүхэд шиг хоёр гараараа нүдээ даран эхэр татан уйлах нь түүний сэтгэлдээ хэр их тарчилсаны гэрч. Охиноо жаал тайвшируулаад
- Миний охин энэ хүүхэд чухам хэн гэдэг хүний хүүхэд юм бол? гэхэд Хандаа яг энэ мөчийг маш олон удаа бодсон байсан ч аавыгаа ийм сайхан байсны хариуд эгээтэй л хэлчихсэнгүй. Сугарын хүүхэд гэж нэгэнт л хэлж болохгүй юм чинь сураг ажиг гаргаж чадахгүй л хүний хүүхэд гэхгүй бол болохгүй.
- Намар манай сургууль дээр хотоос урлагийн бригадынхан ирж үдэшлэг зохиосон юмаа. Тэгээд л . . . гээд өвөлжин бодож олсоноо хэллээ. Аав нь ч явцгүй боллоо гэдгийг мэдэв бололтой цааш нь нэг их юм асуусангүй. Эцэг охин хоёрын яриа үүгээр өндөрлөв. Аавдаа худлаа хэлсэндээ Хандаа охин гэмшсээр . . .
Ганц бараан морьтой хүн хаваржааны баруун хойд толгой дээр гарч ийш тийш дуран тавин сууна. Энэ хүн бол Дарьзав. Өөрийгөө нилээн сүйхээтэй, юмны наад цаадахыг олчихдог сүрхий нэгэн гэж боддог ч цаад үйлс нь нэг л буруу яваад байгаа нэгэн. Дарьзав ойр хавийнхаа уул толгодыг дурандан байснаа хотруугаа дурангаа гүйлгэлээ. Өөрийнх нь гэрээс хүн орж гарах юм алга. Харин Данигайн гэрээс одоо мэдэгдэхүйц том гэдэстэй болсон Хандаа орж гарч юухан хээхэн хийж явна. Уг нь Дарьзав Хандааг сургууль соёл гэхгүй эндээ үлдэхээр нь хүн хар хүрээгүй цэцэг цэрвүү шиг хүүхэнтэй болох санаа өвөрлөн отортоо ч явалгүй арга саам хэрэглэн үлдсэнсэн. Юм санаснаар болоод байтал өнөөх нь бүр жирэмсэн болчихсон байдаг. Уг нь Хандаатай холбогдчихвол Дурдан Данигайн хөрөнгө хүссэн хүсээгүй өөрөө урсаад ороод ирнэ. Хэрвээ тэгвэл би үйлээ үзээд л ганц нэг юм илүү гардаг гээд отор туувар гээд яваад байх шаардлага ерөөс үгүй болно гэсэн үг. Гэтэл охин нь жирэмсэн. Тэр жаахан таагүй. Гэхдээ өдий болтол орооцолдож явсан хүүхнүүд нь дандаа л нөхөртэй эсвэл салж хагацсан, жил дараалсан хүүхэдтэй эсвэл бүүр хэн хүний дэвсгэр болчихсон юмнууд л байсан. Тэр болгонд би нэг их цэрвээд байл уу. Үгүй. Харин ч Хандаа тэдний хажууд залуухан, царайлаг, ажилтай, аав нь бас юмтай. Өөр булаацалдаад байх ах дүүс байхгүй. Ганц хүүхэд яахав дээ. Ямар л гай болов гэж. Харин ч хонь маланд гүйж байхад ээждээ ханьтай биз. Залуу хүүхэн хүүхдээ гаргаад л тэнхэрчихвэл живхийгээд л ирнэ. Харин ч бүр аатай болж мэдэх юм гэж бодсоноо уруулаа шилэмдэв. Эр хүн зорьсондоо. Одоо би ухаан зарж амьдрах насан дээрээ байна. Энэ голынхон намайг ногоон Дарьзав гээд нэг л ёозгүй байдаг юм. Дурдангийн хөрөнгийг гартаа хийчихсэн байхад та нар надтай дуртай дургүй л налигнацгааж таарна. Харин яаж Хандаа охиноо өөрийн болгож өвөртөө хийж авна даа. Нас жаахан зөрөөд цэрвээд байх юм. Нэг л өөрийн болгочихсон байхад Дурдан дургүйлхээд хаа холдов гэж. Харин ч эцэггүй хүүхэд гаргаж байгаа охиныг нь тоож байхад.
- Хамгийн гол нь Хандаа . . . Хандаа . . . гэж амандаа үглэн алс хэтийг бодон тамхилна.
Тэрнээс хойш Хандааг жирэмсэн гээд Дарьзав жийрхсэнгүй. Харин ч бүр урдуур хойгуур нь гүйж мал ахуйд нь туслана. Ээжийгээ гүйлгэж хаа нэг шөл хийлгэж өгүүлнэ. Хөдөөний ажил барагдах биш бүхий л ажилд Дарьзав ёстой нэг зай завсаргүй гүйх болов. Бие хаа зовиуртай үед ингэж сэтгэл гарган гүйх Дарьзавыг тэгтлээ нэг их ойшоохгүй ч гэсэн яах аргагүй туслаад байгаа хүнийг хажиглаад байж чадахгүй байлаа.
Ер нь ямар ч хүнийг зовлон тойроод ирэхийн цагт уярдаг бололтой. Хандаагийн хувьд түүнд тохиолдсон болгон ихэдсэн үү л болохоос багадаагүй зовлон. Хайрт ээж нь хорвоогоос халилаа. Өөрөө залуу насны аагаар хайрын амтанд мансуурч ганц алхам хийсэн нь алдаа болон хувирч, хүүхэд насыг нь бараг алгасуулан эх хүний хувь заяанд хөтлөн оруулах гэж байдаг. Хайрлаж дурласан хүн нь алдаж эндэн холын хол явчихсан. Тэр нь зүгээр ч нэг газар биш хүн бүхний сэтгэл жихүүцүүлсэн хүйтэн нэртэй газар. Дээр нь хайрт хүн нь өөрийгөө март гэсэн аястай ганц захидалаас өөр сураг ажиг байхгүй. Ядаад ийм үед яасан ийсэн гээд асууж сурсан бол хүний сэтгэл гэдэг юуханд ч гэсэн уяран хайлдаг нэгэн бодлын хариугүй эд. Даана ч тийм юм Хандаад өдий болтол алга. Тэгээд ч мал төллөх үе таарч хаврын хүйтэнд энгэрээ усан шалханаг болтол нойтон төл тэвэрч үүр шөнөөр хотон дотор эргэнэ гэдэг давхар биетэй өдий насны жаахан амьтанд байтугай нас бие гүйцсэн хүнд ч айхавтар хүнд ачаа. Муу эцэг нь ч гэсэн өдөржин хонь дагаж, шөнөдөө бас л хүч сэлбэн нойр хоолыг умартан зүтгэнэ.
Нэгдлийн төллөх суурь хонь гэдэг тийм амар хоол биш ээ. Энэ үед Дарьзав харин ч хаа очиж аавтай нь ганц нэг ээлжилж, хашаа саравч, өвс уснаас авхуулаад чадах болгон дээрээ тусалж байлаа. Хөгшин эх нь хааяа орж ирж цай буцалгаад тавьчихсан байх энэ тэр бол үнэхээр том тус. Энэ бүхний хариуд хялалзаад цэвхэлзээд байж яаж болохов.
Хандаагийн хөдөлгөөн удааширч, юу юуханд ч түүртэх болсон нь тун дөхөж байгаа бололтой. Тэрээр нэг өдөр хотныхоо аман дээр гэдсээ урагш нь цондойлгон, хоёр гараараа нуруугаа түшин хонио гилж яваа Дарьзавыг харж зогсохдоо “Энэ хүн өвөлжин хаваржин аав бид хоёрт тусаллаа. Муу ээж минь амьд сэрүүндээ энэ хүнд жигтэйхэн дургүй байж билээ. Ер нь ч энэ нутгийнхан ам сайтай биш. Согтуу толгойлсон ногоон Дарьзав холионы үүр олигтой хүн биш гээд л . . . Гэтэл одоогор надад муу хийсэн юм алга. Харин ч тус дэмтэй байсаар хонь маань ч хургалж дуусах дөхлөө. Энэ хүн уг нь нэгдлийн адуутай л баймаар. Нээрээ яагаад тэрэндээ явдаггүй юм бол. Жирэмсэн гэдсээ чирсэн намайг хараад байна гэж баймгүй л юмдаа. Анх харахад хүйтэвтэр л хүн байсан. Одоо ч өдөр болгон бие биенээ харсаар тэр зэрэг нь ч анзаарагдахаа больж дээ” гэж боджээ зогстол Дарьзав буцаж ирээд
- Орохгүй яагаа вэ? Наад хашаа хороогий чинь би янзламз. Ээж аяга цай буцалгаж суугаа байх. Орж цай уу гэсээр хотонд орж ирэв. Хандаа ирсэнээсээ хойш сая л түүнийг харж байгаа юм шиг дуугайхан харж зогсоно.
Өөвгөр сөөвгөр шар сахалтай, хичнээн шингэн шар царайтай ч хаврын хавсраганд нилээн түлэгдсэн бололтой. Дотор цамцных нь зах нь хир даг болчихсон, дээл нь сугаараа ханзарчихаж. “Нээрээ нүд нь нилээн ногоовтор юм гээч. Ямар сонин юм бэ ийм нүд байдаг. Өөрөөс нь олон ах ч гэсэн залуу хүний эрч хүч байнаа бас” гэж бодон гөлөрч зогссон Хандаагийн өмнө ирсэн Дарьзав инээмсэглэн үсийг нь хойш нь илсэнээ
- Юугаа бодоод зогсчихсон бэ? Хүүе гэж цочоох аяс үзүүлэхэд гэнэт ухаан орсон мэт Хандаа инээмсэглэв. Тэд үнэхээр хэн хэн нь ядарчээ. Ажилд нухлуулан алийг гэх завгүй явсан улс бие биенийгээ ингэж ажиж харах нь их л сонин ажээ. Хандаа гэнэт
- Аан за тэгье ээ тэгье гэснээ
- Ингэхэд та юу гэсэн бэ? гэлээ
- Орж цайгаа уу би үүнийг чинь янзламз гэж байна гэхэд
- Аан за за. Баярлалаа. Би гайгүй дээ гэлээ. Энэ ирсэнээсээ хойш Дарьзавд сэтгэлээсээ хэлсэн бараг анхны үг байх. Урд бол өөрийн мэдрэлгүй л ярианд нь тохируулан хариулсан төдий болох агаад нэг их баярлалаа энэ тэр гэснээ санахгүй. Үнэндээ бол хагацал зовлон, сургууль соёл, Сугарын тухай бодол гээд Дарьзавт орон зай байгаагүй юм. Гэтэл жаахан ч гэсэн орон зай гарсаныг мэдсэн мэт Дарьзав хот хороог идэвхийлэн цэвэрлэнэ.
- Та чинь нэгдлийн адуутай байгаагүй билүү?
- Өө тэр яахав оторт яваа. Миний оронд Солгой Нацаг очсон. Ер нь ч тэгээд олон жил отор, туувар гэсээр бие ч гүйцэхгүй шинжтэй гэхэд
- Аргагүй дээ. Энэ жилээс суурин мал авбал яасын?
- Харин тийм, бодоод л байна. Ээж маань ч нас өндөр боллоо. Хажууд нь байж байхгүй бол . . . гээд яриа нь удааширхад Хандаа ээжийгээ санав бололтой ихэд санаа алдав. Дарьзав энэ завшааныг ашиглан мөрөөр нь тэвэрч
- За за ор ор. Бүр даарчихлаа. Наад биеэ жаахан бодож байхгүй бол одоо ч ер нь дөхөж байгаа байх шүү гэснээ
- Аав чинь ч гэсэн харшиж гүйцэж байгаа байх. Би маргааш нэг ээлжинд нь явдаг юм билүү гэснээ дахиад л
- За ор ор гээд цааш эргэв. “Энэ хүн ингэж байхад би нэг удаа тус боллуу. Ядаад ганц цамцыг нь үрээд өглүү, нэг онгорхойг нь цойлдож өгөөгүй би ч мөн хүн юмдаа” гэж санасаар Хандааг гэртээ ороход Норжоо эмгэн
- Ишш! бүр осгоцорлоо. Наад дээлээ хөнгөл, цай уу гээд Хандаагийн гэдсийг харж
- Одоо охин минь анзаарагтай байхгүй бол тун дөхсөн харагдана шүү. Залуу байхад яаж байгаагаа ч мэдэхгүй явсаар тулгачихдаг гэмтэй. Ээ дээ мэдээтэй л байгаарай гээд
- За за би гэрээдээ очихгүй бол бас гал алдаж мэднэ гээд маажигнан гарлаа. Норжоо хөгшин энэ хоёр гэрийг эзэнтэй, эзэнгүй үед гал алдуулчихгүй гэж хэрэндээ бас ажилтай яваа хүн.
Ер яагаад байгаа нь мэдэгдэхгүй олон таван үггүй Хандаа өнөөдөр арай өөр байдлаар ихэд нааштай ярилцах шиг санагдан, бас ч гэж өөрийнх нь зүтгэл хоосонгүй болж магадгүй шинжтэй болоод ирэхэд Дарьзав хэрэндээ урамшина. Төдөлгүй Дарьзав гэрт орж ирэн
- Ий титгий! гэж энэ нар чинь ёлтойгоод гайгүй л байх шиг хэрнээ жиндүүлж байна шүү гэхэд
- Тэгнээ тэгнэ. Та цай уу гэж хийж өгөөд
- Та наад дээлээ надад нэг өгчихвөл би нэг умайлгаад өгөхсөн. Хэдэн цамцаа ч гэсэн аваад ирвэл маргаашнаас би аавын жаал жуул юм угаах санаатай. Тэгвэл цуг базаад тавьчихъя.
- Аан за тэгье ээ, тэгье гэснээ жаахан санаа зовов бололтой
- Би ч ганц бие, дээр нь жаахан арчаа муухан л амьтандаа. Ээж маань нүд нь юм үзэхээ байсан ч гэсэн хааяа нэг онгорхой цоорхойг умайлгаад л байдаг юм гэлээ. Дарьзавын дотор нэг юм улам бүр тодроод байх шиг санагдана.
Ер нь хүн дотроо бугшин байгаа бодлоо хүнд уудлан ярих нь нэг хэсэгтээ дотор уужирч сэтгэл цэлмэдэг. Түүнээ дагаад бас ч гэж баяр хөөр булиглах нь хөгшин залуу гэлтгүй хүний зан. Тэр өдөр Хандаагийн битүү сэтгэл жаахан ч гэсэн онгойж, орой аавыгаа ирэхэд нь сайхан цай чанаад, үүцний махнаасаа оруулан битүү хоол хийж. Дарьзав Норжоо гуай хоёрыг ч оруулав. Хаврын цагт ийм хоол гэдэг чухам эм л гэсэн үг. Хандаа чухам юу болсон юм мэдэхгүй одоо нэгэнт өөрийн мэдлийн болсон авдрын хөндийгөөс литрийн цагаан савтай монгол архи гаргаж ирэв. Бодвол ээж нь л цааш нь далд хийсэн бололтой. Түүнийгээ халааж хоёр эрийн дунд тавиад
- Мал маань ч бараг төллөж барлаа. Өнөө шөнөдөө гайгүй биз. Та хоёр наадахаа хүртчихээд унтана биз гээд аавынхаа баярлаж байгааг харж “Ээжээсээ хойш аавыгаа ч анзаарч харсангүй дээ. Царай нь хөхрөөд их л ядарч байгаа байхдаа” хэмээн бодож сууснаа
- Би ерөөсөө хэвтлээ. Өдөр жаахан ядарсан бололтой гэхэд аав нь
- Тэгдээ охин минь гэснээ
- Энэ муу охин ч бүр сунаж гүйцлээ гээд нэрмэлээ аягалж
- Норжоо гуай та нэг . . .
- Өө юүхэв юүхэв. Би энэ гурван буузаа л аялуулах минь. Та хоёр наадахаа хүртчихээд хэвтэх байлгүй. Ээж нь ч ингэсгээд хариад хэвтэж байя гэж Дарьзавт хэлэв. Дарьзав
- Хаа очиж төлийн хорогдол гайгүй шүү тэ гэхэд
- Эрвийх дэрвийхээрээ хөдөлсний хүчинд ч гайгүй ээ. Чи ч их дэм боллоо гэх тэр хоёрын яриаг сонсож хэвтсэн Хандаагийн хэвлий дэх хүүхэд аажуухан доош жийж байгаа нь мэрэгдэхэд эх хүний хязгааргүй их хайр ингэж л илэрдэг болов уу гэмээр мишээлийг царайндаа тодруулж халуун гараараа гэдсэн дээрээ тавин хэвтэж байснаа ядарсандаа болоод нам унтлаа.
Нэг мэдсэн чинь өглөө болчихож, аав нь гараад явчихсан. Норжоо хөгшин галыг нь ухаж сууна.
- Хүүе би яасан их унтаа вэ гээд босох гэтэл бие нь улам их хүндэрчээ. Гэсэн ч хүчээ шавхан бослоо. Түүнийг ажиж суусан Норжоо
- Хүүхээ чи зүгээр биз?
- Гайгүй л шиг байна. Гэхдээ хамаг бие санаан зоргоор хөдлөхгүй юм. Хөшөөд л . .
- Ер нь их л дөхөж дээ. Дарьзавыг давхиулах уу?
- Арай болоогүй байлгүй дээ гэхэд
- Ишш! чи юугаа мэдэхэв дээ. Алив нааш ир гэж гаднаас нь дарж үзсэнээ
- Ээ мэдэхгүй эртхэн эмнэлэг бараадсан нь дээр байхаа гэж хаширлана
- Тийм болчихсон байна гэж үү? Надад юм мэдэгдэхгүй л байна даа
- Чи мэдэхгүй байгаа юмаа. Анхны төрөлт тэгээд байдаг талтай. Аягүй бол оройноос өвдөж эхэлж мэднэ гээд гадуур юм хийж явсан Данигайд
- Энэ охин ер нь тулчихсан харагдаад байна. Чи авч сумын эмнэлэг бараадуулсан дээр байхаа. Өнөөдөр Дарьзав хэлсэндээ хүрч хонинд явж Данигай гэр зуур байж таараад Норжоо хөгшиний үгэнд орж охиноо аван сум явсан нь онолоо.
Замын явдалаас болсон уу, угаас дөхчихсөн байсан уу Хандаа эмнэлэгт очоод бараг нэг хонолгүй төрлөө.
Өдий наслахдаа юу эсийг үзэхэв дээ хашир эмгэний зөв байж таарав. Уг нь залуудаа Норжоо эмгэн чинь яарсан сандарсан үед хүүхэд ганц нэгийг боож авч л байсан юм. Тиймдээ ч мэдсэн байж мэдэх. Сүүлдээ хууль дүрэм хатуураад, өөрөө ч баахан зүрх үхээд байх болсон юм. Данигай охиноо энх тунх төрсөнд санаа нь амарч, суманд айлаар ганц унтаад гэрээдээ явав. Дарьзав түүнтэй зөрөн ирж хоол унд, цай шөл гээд ёстой авгай нь төрчихсөн юм аятай давхиж байв.
- Ногоон Дарьзав чинь Данигайн охинтой суучихсан гэнэ
- Тэдний охин чинь арай болоогүй шиг билээ
- Тэр ч бүү хэл хүүхэд нь гараад цаад ногоон чинь сумаар нэг давхиад байгаа сурагтай
- Хэдий завандаа Дарьзавын хүүхэд гарав гэж
- Аа мэдэхгүй тэр охин эцэггүй хүүхэд гаргаа болов уу даа
- Дарьзав цаагуураа бодолтой доо. Зүгээр ч нэг эцэггүй хүүхдийн эцэг болох гээд гүйгээд байхгүй л байх
- Бие өвдлөө гээд оторт явагүй сурагтай гэсэн яриа сумаар нэг хаврын шороон шуургатай холилдон тархана.

Үргэлжлэл бий . . .



Бүрэн эхээрээ...

Хувь заяаны хэлхээ - 11

12 Сэтгэгдэлүүд:

Хэдэн долоо хоног бүүдийж бүрсийсэн Хандаа тэсэн тэссээр өвлийн амралт болгоод хөдөө гэртээ ирлээ. Тэднийх гурван гэрээр өвөлжиж байлаа. Хандаа дотроо Нургай эгчийнхтэй өвөлжиж байгаа юм болов уу гэж горьдсон ч арай л биш шиг. Ээж нь охиноо үнсэнгээ
- Наад царай зүс чинь цонхийгоод яачихаав дээ? Өвдөж хавдаагүй биз? гэхэд
- Зүгээрээ. Хичээл ном гээд л жаахан ядраа биз гэлээ Аав нь ч нэг их юм анзаарсангүй. Харин Хандаа
- Манайтай хэнийх өвөлжиж байгаа юм бэ? гэтэл ээж нь
- Дарьзавынх гэж айлаа гэж нилээн хөндий дуугарах нь жаахан янзгүй байгаа бололтой
- Нургай эгчийнх яасан юм бол? Зун л та нар чинь бараг цуг өвөлжмөөр юм яриад байсан биз дээ? гэхэд
- Тэднийх хуучиндаа Сэтэрхийн аманд гээд ээж нь
- Зайлуул Нургай гэж нэг ядарсан амьтан байнаа хөөрхий гэж ихэд санаа алдсанаа
- Нөгөө муу Улаан хүү нь хэрэгт ороолдоод . . . гээд үгээ таслахад
- Юу . . . уу . . . гэж Хандаа сунжруулан айх гайхах зэрэгцэн асуухад хэр баргийн юманд үг алдаад байдаггүй Данигай энэ удаад охиндоо
- Цаад Нургайн хүү Сугар чинь тууварчдын араас очоод тухайн орон нутгийнхны малыг нааш цааш нь хөөгөөд нөгөө муу Мишиг, одоо энэ гэж эрүүгээрээ гадаах гэрийн зүг зааж
- Дарьзав хоёрыг хөлдөө чирээд сүйд хийхээ шахсан гэнэ гэхэд
- Яалаа гэж Сугар тэгэх юм бэ? гэж Хандаа харамсаж цөхөрсөн өнгөөр бараг хашгирах шахан хэлэв. Тэгсэнээ дотроо “худлаа худлаа эд нар яг хүн андуурсан байна. Сугар юу боллоо гэж мал хулгайлах юм. Сугар тийм муу хүн биш шүү дээ” гэж бодож суулаа. Должин
- Аа мэдэхгүй. Айл саахалт явсаны хувьд эх хүү хоёрыг ямархуу улс вэ гэдгийг чи бид хоёр мэдэхийн дээдээр мэдмээр юм. Тэр хоёр тэр хүүгийн хөлд үрэгдэхээ шахсан болов уу, харин тэр муу хүү хүний хийсэн лайг үүрч дээлээ нөмрөө болов уу. Ногоон Дарьзав үнэн мөнөөрөө яваа гэдэг харин лөөлөө байхаа гэж ширэв татав. Ингээд нэг ширэв татахаараа эднийд хэрүүл маягтай юм болдог гэмтэй
- Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэж Сугар багаасаа эцэггүй өссөн, амнаасаа нэг үг унагахгүй дотуур тамиртай битүү нөхөр энд тэнд очиж янз янзын юм хийсэн ч байж магад. Хүний удам бол удам шүү дээ
- Үгүй ерөө чи нэг их өөртэйгөө үе чацуу хүний тухай ярьж байгаа юм шиг юм болох нь шив дээ. Тэгээд ч ер нь чамд ямар гэм хийгээв. Зун намаржин л айл саахалт явж, энэ хэдэн малыг чинь эргүүлж тойруулж, гар хөлийн чинь үзүүрт зарагдсан байх. Нас биенд ч хүрээгүй жаахан амьтаныг тууварт явуулж л байдаг энэ сум нэгдэл ч гэсэн дээ
- Төр түмэн нүдтэй гэдэг. Хуулийн улс буруу л шийдээгүй байх
- Ерөө ер. Тэр түмэн нүд чинь чухам алийг нь харж байгаа бол. Чиний саймширч гүйгээд байгаа энэ Ногооныг уу эсвэл өсгөсөн ганц үрээ харанхуй нүхэнд алдчихаад суугаа тэр муу ганц бие эхийг үү гэж аль ноднин хавраас хойш гэнэтхэн хурааж цуглуулахын дон туссан мэт ногоон Дарьзавтай ил далд янз бүрийн наймаа хийгээд тэрэндээ бүр амташаад байгаа эр нөхөртөө хэлж чадахгүй түгжигдээд явсан үгээ одоо л нэг урсгаж гарлаа
- Ер нь энэ Дарьзав та хоёрын хийгээд байгаа юмыг чинь би нэг л ойлгохгүй байгаа шүү. Ингэж ингэж хөгшин хонины насгүй болсон хойноо бас дээлээ нөмрөх юм болов. Юм гэдэг хар мөртэй шүү Данигай минь. Буруу хийсэн үйл лайг чинь чи биш юмаа гэхэд хэн нэг нь үүрч мэднэ шүү гэж эр нөхөртөө санаа зовсондоо хамаг л байдгаа уурлахын хэрээр уудлахад
- Чишш! аяар гэм. Айл гэр хаяа нийлсэн байж амныхаа зоргоор хашгичаад. Сонсвол яана. Тэгээд ч яасан билэггүй юм ярих юм. Наад амаа . . .
- Хн! сонсвол сонсож л байна биз. Энэ эцгийгээ нэг хараарай. Сүүлийн үед бүүр өгч авахын ад шүглээд байгаа юм. Нэг мэдэхэд л таних танихгүй мал, эмээл хазаар болцорсон байх юм
- За за би мэдэж байна. Ингэлээ гээд би ямар аваад авсандаа орох биш. Та хэдийг л нэг хүний дайтай явуулах гэж урдах хойдохоо аялуулж суугаа минь энэ. Тэгээд ч ер нь эр улсын наймаа чамд ямар хамаа байна. Чи энэ гэр, гал тогоогоо л мэдэж байвал барав гэж энэ оройн хэрүүлийг өндөрлөв.
Аав ээж хоёрынхоо ярианаас Сугарыг шоронд орсоныг хагас дутуу ойлгосон Хандаа барьж суусан аягатай цайгаа алдах нь холгүй тавиад гүйн гарч, саравчны ёроолд элгээ тэврэн суугаад уйлж гарав.
Алаг хорвоо гэдэг хатуудаа хатуу ч гэсэн амьдрал үзээгүй энэ муу хоёр алгын чинээ амьтадыг юуны учир ингэж ширүүлнэ вэ. Тэд хэнд, ямар гэм хийгээ юм бол. Хэрвээ хийгээгүй бол хэзээ хэний хийсэн үйлийн үр эргэж мунгинасаар энэ муу хоёр дээр тусна вэ. Өөрөө хүүхдээрээ атал хэвлийд нь тэр их ариухан хайрыг гэрчлэх гэж бий болж байгаа жаахан амьтан хэнд буруутай вэ. Хандаа өвлийн шөнийн нам гүмд ихэмсэг хүйтнээр мэлтийх сарыг харан цурхиран цурхиран уйлмаар байвч бусдад мэдэгдэхвий гэхдээ амаа байдгаар нь ангайсан ч дуу гаргалгүйгээр мэлмэрэн уйлна. Амьдрал дунд тэмцэх эм хүний тэсвэр тэвчээр эндээс эхэлдэг байх л даа.
Гэрт дүнгэнэлдэн байх эцэг эх хоёрын дуу намсахад эх нь
- Охин хаачиваа. Түрүүн л гарах шиг болсон гэх дуунаар атирч суусан Хандаа нулимсаа ханцуйгаараа хурдхан шударч хоолойгоо засан чимээ өгөөд гэрийнхээ үүдийг чиглэв. Хөөрхий минь сэтгэлээ онгойтол уйлж ч чадсангүй.
- Миний охин хоол ундаа ид. Гадаа зогсоод яахав. Даарахын нэмэр. Охиноо ирэнгүүт хар хэрүүлээр угтаад энэ бид хоёрын байж байгааг
- Үгүй ээ би хоол идэхгүй. Харин эртхэн хэвтмээр байна. Замдаа жаахан ядраад гээд орондоо орон буруу харан хэвтлээ.
Ингээд Хандаад бүх юм хатуу болж эхэллээ. Гэдсэндээ байгаа хүүхдээ Сугарын хүүхэд гэж эцэг эхдээ хэлэх эрхгүй болсон мэт санагдана. Хэдийгээр ээж нь тэднийхэнд муугүй ч аав нь одоо бүр сүржигнээд үзэхгүй болох шинжтэй. Хэлчихвэл аягүй бол хоорондоо хэрэлдэж ээжийг уйлуулан зовоох биз. Одоохондоо ч яахав мэдэгдэхгүй байна. Яваандаа улам л томрох болно. Хэний хүүхэд вэ? гээд байцааж гарна даа. Буцаад сургуульдаа очих гэхээр багш, сурагчдын нүүрийг яаж харна. Үнэхээр энэ бүх асуудал жаахан Хандаад ахдаж байлаа. Энэ бүгдээс гарах хамгийн амархан арга бол нөгөө модноосоо очоод өөрийгөө өлгөчих л шулуухан юм шиг. Гэвч гэдсэнд байгаа үр нь Хандаад ямар буруу хийлээ дээ. Түүнийг ингэж шийтгэж яахан болох билээ. Тэгж тэгж Хандаа олон хоног шаналсаны эцэст юу л болвол болог хэн нэгнийг мэдэн мэдтэл нь хэнд ч хэлэхгүй байхаар шийдлээ. Үүнд залуу насны ааг, гоморхол бас айдас ч нөлөөлсөн байхаа ядахгүй.
Маргааш нь тэднийтэй айлсан буусан Дарьзав орж ирлээ. Түүнийг харсан Хандаа “Ногоон Дарьзав гэж ийм хүн байдгийн бий” гэж бодов. Нэг нутаг усных тул урд нь хаа нэг харж л байсан байх. Гэхдээ хүүхэд байсан, тэгээд ч өөрт нь ийм хамаатай байгаагүй болохоор нэг их анзаар ч байгаагүй. Согтуу хөлчүү томчууд орж гарахыг алийг тэр гэхэв дээ. Гэхдээ эднийтэй айл өвөлжитлөө ийм ойр дотно байсныг Хандаа санахгүй. “Өнгөрсөн хавраас хойш учиргүй сүжрээд нэг л хачин байгаа” гэж ээж нь аавынх нь тухай хэлээд байгаа ортой бололтой.
Харин
- Данигайн охин амралтаараа ирж гэнэ гэж эхийгээ өчигдөр хэлэхэд “аа нэг сургуулийн хүүхэд л биз” гэж нэг их юм санаагүй Дарьзав сая орж ирүүт охин насаа мулталж, бас ч гэж байрагшин биежих шинжиндээ орж яваа хөөрхөн алаг нүдтэй, суурин газрын шингэн царайтай Хандааг хараад хаа нэгтэйгээс оч харван тархи, нүдэнд нь тас хийх шиг болж нэг хэсэгтээ хараа үл салгана.
Дарьзавын бараанаар Должингийн царай ёозгүйрхэвч юунд түүнийгээ ил гаргав гэж. Аяга цай дөхүүлж барихад “За энэ авгай ч намайг хараад агзагнаж байгаа биз. Энэ бид хоёр ч яамай” гэж бодсон Дарьзав
- Өө за. Манай Должин эгчийн цай ч цаанаа нэг сайхан шүү гэж худлаа маасайн инээгээд “дүү охин өсөөд том хүүхэн болжээ” гэх гэснээ Должингоос жийрхэж
- За дүү охин хэд хоног ирж ээж аавыгаа амраах юм биз дээ. Аймгаар сонин юутайв дээ? гэхэд Хандаа
- Онцын юу байхав дээ гэснээс илүүг дуугарсангүй. Гэтэл Должин
- Бид хоёрыг амраах ч яахав. Өөрөө л хэд хоног амравал барав гэх нь охиноо өмөөрсөн, Дарьзавыг сөргөсөн алин болох нь мэдэгдсэнгүй ээ. Дарьзав ногоон нүдээ цийлэлзүүлж
- Данигай гуай одоо удахгүй ес эхэлж өвөл тачигнах нь. Би ч хэдэн адуугаа оторт гаргая уу санаатай байгаа. Та хэдийгээ яах юм? Энд үлдээгээд тэсэхгүй байхаа. Үнэ ацагийг нь тохироод өгөөд явуулбал дээр болов уу гэхэд Данигай тамхиныхаа утааг гаргангаа гаансныхаа соруулаар эрүүн дээрээ тонших зуураа бодлогоширонгуйгаар
- Харин тийм. Энэ тэнгэрийн байдал хавар тийшээгээ улам л хатуурах төлөвтэй. Энэ талаар бодож л сууна. Энэ жил бид хоёр төллөх хоньтой. Тэгэхээр надад хавар адуутай хөөцөлдөж явах цаг зав гарахгүй байх
- Тэгэхдээ та өнөө хэдийгээ давхар явуулчихвал ч намар гэхэд чулуу шүү . . гэхэд Данигай
- Тэр талаар дараа тухтай ярилцамц гэх нь Должингийн яншаанаас төвөгшөөсөн нь илт. Энэ байдлаас ажихад ээжийнх нь хэлээд байдаг үнэн бололтой. Тэрээр ээжийгээ өнөөдөр л харж байгаа юм шиг ажиглана. Нүүрнийх нь арьс нь унжаад зовхи нь үрчлээтсэн харагдана. Урд нь ээжийгээ ингэж харж байснаа санахгүй. Хүүхэд тогтохгүй хоёр ч үр нь эндэсний эцэст Хандаа гарсан гэдэг. Тийм дээ ч тэрүү ганц охиндоо амь. Хандаа ч эрх хүүхэд байлаа. Тэгэхдээ эрх эрх гээд буруу эрхэлсэнгүй. Өөрөө хүүхэд тээж яваа болоод ч тэр үү, эсвэл хорвоог ухаарах нас болсон уу яагаад ч юм ээжийгээ өрөвдөн хайрлах мэт болов. Борви бохисхийх завгүй хөдлөх хөдөөний энэ амьдрал эмэгтэй хүнд үнэхээр хүнд ажээ.
Өвлийн амралт дуусаад маргааш явна гэхэд ээж нь яагаад ч юм хошуугаа цорвойлгон охиндоо
- Миний хүү ээжтэйгээ унтах юмуу гэхэд
- За юу гэж дээ гэхэд ээжийнх нь нүдэнд тийм гэхийн тэмдэггүй гуниг үүсэхийг харсан Хандаа ээжийгээ бодож
- Ерөөсөө тэгдэгч юм билүү. Таны хучлагыг тийрээд хаях байхаа даа гэхэд
- Харин ч миний охин чинь нэг их тийчлээд байдгүйм шүү гэж ээж их л баярласан янзтай хариулна. Хандаа орондоо орон гэдсээ мэдчихвийдээ гэж санан ханаруу харан хэвтлээ. Гаднаас орж ирсэн аав нь ээжийнхээ орон дээр хэвтэх охиноо харж
- Та хоёр чинь яагаад л нялуураад байна даа гэх нь нэг л эгдүүтэй санагдсан бололтой. Должин
- Яахав дээ эх охин хоёр нялхарч л байна. Маргааш явах гэж байгаа юм чинь өвөрт нэг унтаад яваг. Дараа ирэхдээ жигтэйхэн том хүүхэн болчихоод өвөрт багатахгүй гэж өхөөрдөнө. Лаагаа унтрааж оронд орж ирсэн Должин цаашаа харан хэвтэх охиныхоо даахийг үнэрлэн
- Миний охин том хүүхэн болжээ гэж санаа алдав
- Ээжээ та санадаг уу? Бид хоёр нэг ноос тушаах далимаараа сумын агент ороод л та надад нэг их том модтой чихэр авч өгч билээ. Би тэгэхэд ёстой их баярласан шүү. Одоо тэр чихэр бараг харагдахгүй юм. Хааяа идэх юмсан гэж бодоод л байдгийн.
- Тийм тийм. Миний охин сургуульд ордгийнхоо урдын урд жил байхгүй юү. Хаа нэг таардаг л юм. Хэрвээ харвал охиндоо авч тавинаа ээж нь
- Ирэх жилээс миний охин их сургуульд орвол хотод зөндөө л бий дээ гэхэд Хандаа нэг их санаа алдав.
- Ээжээ би гэдсэнд байхдаа их хөдөлдөг хүүхэд байсан уу?
- Хөдөлгөөн их намтай хүүхэд байсан. Ээждээ хордлого өгөөд баллах шахаж билээ. Залуу ч байсан, бааштай байсан байлгүй өдөржин л хэвтэж өнждөгсөн. Тэгээд чамайг хөдлөхгүй болохоор нь яасан юм бол зүгээр байгаадаа гэж их айдаг байж билээ. Тэгсэн чинь ийм хөөрхөн охин гараад ирсэн гэж жоохон охин өхөөрдөж байгаа мэт үнэрлэнэ. Эх охин хоёрын яриа саарсаар, нүд анилдсаар . . .
Ээжийнхээ өвөрт унтсан Хандаа маргааш нь буцах болов. Жаал жуул юмыг нь аав нь ганзагалан байх хооронд ээж нь Хандаагийн хоёр хацрыг халуухан гараараа илэн үнсээд
- За миний охин сайн яваад, сайн сураарай. Олны дунд нийцтэй байгаарай. Юу ч тохиолдсон гэсэн шантарч болдоггүй юм шүү гээд дахин нэг тэврэн удаан гэгч үнсээд мордуулав. Аавтайгаа хамт үс нь бөмбийтөл ургасан номхон хээртээ мордон хөтөл даван давтал ээж нь гаднаа сүү өргөн зогссоор байлаа.
Хандаа аймаг орж ирүүт өөрийн зовиурыг ч умартан шууд аймгийн цагдан сэргийлэх газар очиж Сугарын байгаа газрыг сураглахад ширвээ сахалтай, махлаг биетэй, ахимаг насны ахмад
- За хүүхээ чи тэр хүнээр яах гээв?
- Үгүй ахаа би зүгээр захиа бичих гэсэн юм. Хаягийг нь л авбал болох нь тэр.
- Захиа . . . Захиа гэж ширээгээ тогшиж байснаа
- Зөвөө зөв. Залуучууд та нар хоорондоо захиа занаагаар харилцаж байхад болохгүй нь юу байхав. Бие биенийгээ зөв замд оруулахад ч дэмтэй гээд нэг бичиг хийж өгсөнөө
- Үүнийг аваад архив гэсэн өрөөнд оч гээд гаргав
Сугарын байгаа хаягийг олж авсандаа сэтгэл нь баяссан Хандаа амьсгаа нилээн өндөртэй байрандаа ирж шууд захиа бичлээ. Тэрээр шорон орон гэдэг их хэцүү гэлцдэг. Яаж шүү явлаг болдоо хэмээн өрөвдөх хайрлахын завсар явах болов.
Энэ сэтгэл санааны гэнэтийн өөрчлөлтөөс болсон уу эсвэл угаас хугацаа нь дууссан уу нөгөө огиулаад дотор муухайрах нь багасчихаж. Одоо харин тэрээр яах ухаанаа олохгүй ирээдүйгээ тийм ч сайн харж чадахгүй байлаа. Сугартаа хэлэх гэхээр тэнд байгаа хүний санааг хоёрдуулчих болов уу гээд захиандаа бичсэнгүй.
Сугараас хариу хүлээсээр. Хоёр ч удаа захиа бичсэний дараа Сугараас хариу ирлээ. Хүсэн хүлээсэн захианы утга нь өөрийгөө март гэсэн хандлагатай л юм байх шиг. Нүдэнд нь нулимс гүйлгэнээд гүйцэд уншиж ч чадсангүй. Орчлон хорвоо нэг л өдөр ингээд хөмөрчих юм гэж хэн санах билээ.
Бусдад бол гайгүй л байсан байх харин өөрт бол гэдэс нь илт томорч, хаашаа хэнд хандахаа мэдэхгүй цөхөрч гүйцэж байлаа. Одоо Хандаа хэнд ч хэрэггүй мэт. Хий дэмий л чаддагаараа Сугарт захиа бичих боловч хариу ирсэнгүй ээ. Ямар ч буруугүй, хэнд ч гэмгүй явахад ингэж муухай шийтгэнэ гэж байх уу? Тэр хааяа хэнээс ч юм асууж ганцаар уйлахаас өөрийг эс хийж чадна. Гэтэл хүний зовлон багдадгүй ажээ.
Хаврын амралт дөхөж байсан үед Чимгээ Доржтой хамт дотуур байранд нэг их амьсгаатай орж ирээд
- Хандаа бид хоёр гадуур явж байгаад эмнэлэгийн гадаа аавтай чинь таарлаа. Чамайг эмнэлэг дээр хүрээд ир гэнэ. Ээж чинь аймгийн эмнэлэгт ирчихсэн байгаа гэнэ гэв. Үүнийг сонсоод Хандаа сандуу мэндүү эмнэлэг дээр иртэл аав нь сууж байв.
- Яасан бэ? Ааваа . Ээж яагаа вэ?
- Өө миний охин. Уржигдар ээжийнх нь дээрээс . . . Нураад сүйд боллоо гэж учир нь олдохгүй юм хэлэхэд
- Яасан гэнээ, юу нурсан гэнээ?
- Пүнз
- Юун пүнз? та нэг эвтэйхэн ярь л даа ааваа
- Яахав дээ охин минь манайхны хонь хургалж эхэлсэн. Тэгээд л эжий нь хонь хурга гэж пүнзэн дотроо явж байтал дээрээс нь нураад сүйд боллоо. Өчигдөр сумын төв дээр арайхийж мацсаар байж иртэл яаралтай аймаг ор гээд. Тэгээд . . . гээд ээрэн гацав.
Хаврын хавсраг балбаж, цас шамаргалсан, хүйтэн салхитай өдөр Хандаагийн ээж Должингийн толгойн яс хүнд гэмтэсний улмаас ухаан оролгүй байсаар хорвоог орхилоо. Хорвоо гэдэг хатуурхахдаа бүр дэндүү хатуурхадаг ажээ.
Хандаа хэд хоног чухам юу болсоныг бүрэн ухаарч чадсангүй. Нэг л мэдэхэд бүх ажил явдал дуусаж нутаг усныхан нь уван цуван буцаж байлаа. Хойд авдран дээр ээжийнх нь зурмал зураг зулын цаанаас гунигтайхан ширтэнэ. Гэр орон нь эзэнгүй мэт хоосон, гэрэл гэгээ муутайхан. Аав нь олон үг дуугарч ч чадахгүй байгаа бололтой. Хамгийн сүүлд сум нэгдлийн дарга явснаар тэр хоёр хоёулханаа гэртээ торойн үлдэв. Зууханд гал чад падхийж, авдран дээрх цаг чаг чагхийхээс өөр дуу байсангүй. Гэтэл аав нь охиноо тэвэрч енгэнэтэл уйлав. Олон хоног битүү бөглөрч явсан нь тайларч байгаа бололтой. Жаал уйлж аваад нэг их уртаар санаа алдаж
- Охин минь одоо яахав дээ. Чи бид хоёр гэж ийм л үйлтэй улс юм байлгүй дээ. Миний охин сэтгэлээ чангахан барьж яваарай гээд
- Миний охин хэд хоногоос сургуульдаа очихгүй бол болохгүй байхдаа гэхэд
- Би явахгүй ээ ааваа
- Юу гэсэн үг вэ миний охин
- Яахав дээ би явахгүй. Тэгээд ч одоо мал төллөж байна. Та ганцаараа барахгүй биз
- Тэр мал яахав дээ. Би дийлэхгүй бол нэгдэл нь буцаагаад л авна биз
- Би одоо танаас холдохгүй ээ. Тэгээд ч би шийдчихсэн. Та битгий намайг явуулалдаа. Одоо Данигайд ганц охин нь үлдсэн тул түүнийхээ үгээр л байхаас өөр юм аав нь бодсонгүй ээ.

Үргэлжлэл бий . . .



Бүрэн эхээрээ...