# #

Блогоор аялсан түүх - 6

17 Сэтгэгдэлүүд:

Шилдэг блогчид - 2007

Манай блогчин залуус маань шинэ оны өмнө шилдэгээ шалгаруулжээ. Олон олон уншигч, бичигчийн сэтгэгдлээр шүүн тунгаагдаж гарч ирсэн блогчиддоо болон бусад хамтран зүтгэгч нартаа шинэ ондоо ихийн их амжилт хүсэн ерөөе. Ганбаагийн блогоос татан буулгав За хө арай гэж үсээ зулгаангаа алддагын даваан дээр дүнгээ гаргаж дуусгалаа. Гэхдээ Сэтгэл их өндөр байна ээ. Санал асуулгад маань идэвхтэй оролцсон блог андууддаа бүгдээрэнд нь маш их баярласанаа илэрхийлье. Ингээд уламжлал ёсоороо энэ оны шилдэг блогчдыг үзүүлье ээ.
эмэгтэй: mikarito.blogspot.com 17
эрэгтэй: amarsaihan.blogspot.com 12
IT: sanakae.blogspot.com 12
Дэбүүүт: addidea.blogspot.com 7
Амьд домог: amarsaikhan.blogspot.com 6
Мартагдсан аялгуу: togoruu.blogspot.com 7
Төрөлжсөн: gadaadhelblog.blogspot.com 6
Сэтгэгдэл: miniibodol.blogspot.com 6
Дизайн: deppsu.blogspot.com 6
Цахиур: addidea.blogspot.com 4
Цахиур: amarsaihan.blogspot.com 4

Хадагтай Микарито аргагүй олны талархал хүлээсэн хүчирхэг бүсгүй юм аа. Баяр хүргье.
Шилдэг Эрэгтэй, бас амьдаараа домог болсон, бас ч үгүй цахиур халах хүнээр тодорсон эрхэм ах Амарсайхан бол яалт ч үгүй орчин цагийн блог ертөнцдөө Идол болжээ гэдгийг ард түмэн андахаа ч байж. Блог гэж ийм байдаг байх гэж тодорхойлсон фэнийх нь үгтэй санал нэг байна.
Манай IT салбарынхан блог ертөнцөд өргөн хүрээтэй ажиллаж "амьдардаг" билээ. Тэдгээрээс олны санаанд нийцсэн Санакидаа нийт ажилчин ангийнханыхаа өмнөөс баяр хүргье ээ. :D
Хүч түрэн орж ирсэн энэ Idea хэмээх энэ хүн үнэхээр өргөн чөлөөнийх бололтойдогоо. Цахиур хагалах нь ойлгомтой дог. Баяр хүргье 2008 онд шилдэг эрэгтэй/эмэгтэй блогчин болоорой. :D (эрэгтэй эмэгтэйг нь мэддэггүү наасан сори шү.)
Мартагдсан аялгуу номинацийн эзэн Тогорууг олон хүн санан хүлээдэг бололтойм аа. Хорхойссон блогчид хүлээсээр л ... :D Ирэх онд дахин гарч ирэх болтугай гэж ерөөе.
Гадаад хэл сурах гэж буй хүмүүс энэ блогийн нэрийг алдаагүй зөв бичиж сурахаас хэл судлах анхны алхамаа тавиуштай юм шүү. Хэрэгтэй олон ч зүйл татаж авсан даа. Дашрамд нь баярласанаа илэрхийлээд орж нэг аяга "кофе" ууя даа. :D
Блог ертөнцийн бас нэг салшгүй хүчин зүйл бол сэтгэгдэл билээ. Энэ олон блогчид дундаас хүмүүсийн анхаарлыг татаж сэтгэлд нь үлдэнэ гэдэг чансаатай хүний л чадах ажил болов уу.
Баяр хүргье.
Сувдан охин Дэрсү Узала маань шилдэг дизайнтай блогоор шалгарчээ. Аргагүй ээ аргагүй. :D
За ингээд он онд нэг бужигнуулдаг ажил маань хоёр дах удаагаа амжилттай өндөрлөлөө. Цаашид програм хийж ашиглахгүй бол маний iq хүрэхээ байх шинжтэй юм байна гэж сая үсээ зулгааж байхдаа бодлоо.
Ийгээд Бийрбэх комоос авсан сайхан үгээр, гоё зургаар энэ оны блогдолтоо өндөрье өөө.

Будрах цасан гоёлтой орчлонгийн гоо улиралд
Буман оддыг шаргиулах тэнгэрийн мөнгөн заадаснаас
Болор эрдэнийн чимэгтэй сүлд ногоон модноос
Баярын жавхаа дүүрэн шинэ жил айсуй
Их хайр,жаргал баярын дуутай
Илбэ шидийн мэт тансаг ертөнц бэлэглэж
Хаан цэнгэл вальсийн аялгуу дундаас
Хасын туяа цацруулан шинэ он ирлээ... сайхан баярлаарай, аз жаргал хүсье !


Бүрэн эхээрээ...

Гагнаас

22 Сэтгэгдэлүүд:


Хангай дэлхий цасан хөнжлөө нөмрөөд өөр бусад түүнд огт хамаагүй мэт хэнэггүйгээр цэлийж, цасан дундаас гэнэн нь дэндсэн зэгс дэрс цухуйн салхин аясаар дуртай дургүй сэрвэлзэнэ. Турьхан иш нь хугарчихмаар хөлдүүслэн харагдавч оройдоо цан татуулсан нь бас ч гэж амь голтой ажээ. Дэжидийн хунхуйн баруун дөрөлж давсан үхрийн жимээр ганц морьтой хүн алгуурхан гарч ирсэнээ яараагүй бололтой мориноосоо буулаа.
Далбагар нудрагатай үзүүрсгэн нэхий дээл хөдөрч, нэхий дотортой өмдөн дээр монтгор эсгий гутал углаж, том улаан үнэгэн лоовууз буулгаж бүчлээд, мануулын сүүлэн хүзүүвч эрүүвчилжээ. Үс нь бөмбийтөл ургасан хөгшин цавьдар морь нь цан хүүргэнд дарагдан бууралтан харагдана. Өвгөн цантсан сормуусаа хуруугаараа арчаад, хүзүүвчээ хойш нь эргүүлэхэд уур савсах нь ер даарсан шинж алга.
Өвгөн мориноосоо бууж, ялимгүй хазганан жимээс гарч, хормойныхоо үзүүрээр өвдгөө тумлайдан ороогоод дороо хийн, муу хөлөө жийн сууж, гаансаа сугалж тамхи нэрэн, асаасан чүдэнзээ шатаж дуустал нь маанийн зургаан үсэг амандаа шивнэнэ.
Ирж буцдаг хорвоогийн жамаар бие барсан нутгийн өвгөн Нахиу Нанзадынхаа ажил явдалд оролцчихоод буцан, гэрийнхээ барааг харан сууж байгаа энэ хүнийг Хазгар Олзод гэнэ. Тээр жил юм даа, цэргээс ирсэнийхээ хойтын хойт жил билүү, хайнагийн шар явгаар уургалчихаад чирэгдэж гүйж яваад тугалын зэлний нарийхан хушин гадсан дээр зузаан гуяараа унаад цус алдаад сүйд болчихоо шахсан Олзодод таарах бүлгийн цус олдохгүй сандарч байтал нэгэн ачтан таарч цусаа өгсөнөөр мань эр амь аврагдсан гэдэг. Эдгэж тэнхэрсэн Олзод сумын бага эмчээс тэр ач тустай хүн хэн болохыг асуутал “явуулын л хүн дээ” гэснээс өөр нэг их юм хэлээгүй.
“Юмыг яаж мэдэхэв үүгээр дахиж ирвэл үүнийг өгөөд, манайхыг зааж өгөөрэй” гээд үргэлж барьж явдаг аавынхаа үлдээсэн нэг их томгүй халтар манан хөөргөө үлдээгээд эмнэлэгээс гарсан. Хожим нь тэр хүн сумаар нэг ирсэн сураг байвч Олзодынд ирээгүй. Тэр цагаас хойш Хазгар Олзод хэмээн нэрлэгдэх болсоор насыг элээж яваа хүн.
Өвлийн ёлтгор нар цасан дээр ойн гялбаж харахад нэн төвөгтэй тул Олзод хий дэмий гэрээдээ саравчлана. Дэжидийн наад нөмөр хонхорт гурван гэр барьсан өвөлжөө эргэн тойрон мэлийсэн цасан дунд хуруугаараа дарж гэсгээсэн хэсэгхэн газар мэт харлан харагдана.
Өчигдөр Нанзадынхаа хойдохыг гүйцээчихээд тэндээ нэг унтчихаад өглөө наашаагаа гарсан нь энэ.
- За Балжид минь биеээ бодож, сайн л сууж байгаарай даа гэж Олзод аргадангуй хэлээд босоход галын өмнө уймарч суусан Балжид гэнэт нэг юм санасан бололтой
- Еэ элээ минь! гэж мартах нь. Ингэдэг л өгөр байгаа юм гээд орны толгойн тушаа жижигхэн бор авдар ухаж цагаан пансан алчууранд боодолтой юм гаргаад
- Бүрлээч маань энийг таньд өгөх юм шүү гээд байсан гэтэл
- Ишш! юу юм болдоо? зайлуул
- Мэдэхгүй л дээ. Элдвийн юм л хэлээгүй
- За за гээд авч өвөртлөөд гарав. Араас нь нэг хүү нь болох залуу гүйн гарч мордуулж өгөөд
- Өнөөдөр бас л тачигнах нь дээ. Та гайгүй яваад хүрчих байгаа гэх нь эгээ л Нахиу Нанзад дуугарвуу гэмээр. “Яасан сүрхий дуурайгаа вэ. Урд нь ер анзаарч байгаагүй юм байна. Хүний бие баравч, үр хүүхдээрээ дамжин хэдэн үедээ амьдардаг нь үнэндэгээ” гэж бодонгоо
- Гайгүй дээ. Ямар анх удаа явж байгаа биш. Та нар муу эхийгээ л сайн харж хандаж байгаарай гэж захиад мордсон. Тэгээд буцах замын турш Нахиу Нанзадынхаа тухай бодоод салах биш. Үе үе цээж нь давчдаж, нүдэнд нь нулимс бүрэлзэхэд “За одоо уйлж унжаад хойд төрлөө олох гэж ядаж явахад нь усан бороо цутгуулж саад хийгээд яахав” хэмээн санан биеэ барьсаар явлаа.
Нахиу Нанзад гэж дунд зэргийн нуруутай хөнгөн шингэн, бэлэн цэцэн үгтэй нэгэн байсан аж. Нанзад Олзод хоёр энэ нутгийн үе тэнгийн хоёр. Нэгэн үе залуу халуун ч байж эрсэж, тэрсэж явсан юм энэ хоёрт бий. Нанзад ганц насаар ах юмдагуу. Олзодыг цэргээс ирэхэд жилийн өмнө ирсэн Нанзад Олзодоос өрсөж Балжидтай тоонот гэрт толгой холбосноос үүдэлтэй.
Олзод, Балжид хоёрынх голдуу айл саахалт явсан болоод тэрүү тэд багадаа хурга тугалын бэлчээр, сүүлдээ гүү саахаас авхуулаад ер салангид байгаагүй тул Олзод түүнийг өөрийнхөө бүсгүй мэт л санаж явсансан. Цайвар шингэвтэр царай, цангинасан хөөрхөн инээдийг нь цэргийн гурван жил цээжиндээ тээсээр ирэхэд тэр хэдийнээ хоцорсон байжээ. Гэхдээ ил цагаан хадаг сүй тавиагүй байсан болохоор нэг их айхтар зүйлгүй, атаархал төдий байсан нь цагийн аясаар бүдгэрсээр сүүлдээ бие биенээ давах гэж хэл амаа билүүдсэн, хаа нэг уулзахаараа тоглож наргисан, бас ч гэж хоёр биенээ үгүйлэх янзтай нутгийн буурал өвгөцүүл болцгоосон билээ.
“За байз Нахиутайгаа хэзээ хамгийн сүүлд уулзлаадаа” гэж санаснаа Нахиу Нахиу л гэх. Хэн түүнийг хамрыг нахиу болголоо доо. Би шүү дээ. Тэр жил бас л хэд гурван үг шидэлцэж байгаад муу золиг чинь надад
- За чи ч дээ. Муу цустай лүд гээ биздээ. Таарчих цустай хүн олдохгүй балардгийн даваан дээр бас нэг тийм хачин амьтан таарч амь гарсан гээ биз. Аз л юм даа. Нэг тэрэгний хоёр дугуй гэгчээр тийм амьтан байж л байдаг гэж өнөө ачтаны маань дайруулж хэлчихээд арсайтал инээхээр нь залуу ч байсныг хэлэх үү гэнэтхэн дотроос нэг юм дүрэлзэж
- Чи намайг л хэмлэж байвал барав. Тэр хүнээр багахан шиг оролдоорой гээд таягныхаа үзүүрийг явуулчихсан нь хамарт нь таарч нахиу болгож орхисон доо. Уг нь бол их л уурламаар. Тэгсэн харин
- Тэр хүнээ мартаагүй чинь овоо доо гээд хамраа угаачихаад мордоод явчихаж билээ.
Түүнээс хойш энэ нутгаар Нахиу Нанзад гэх болсондоо. Би ч эхэндээ гайгүй шиг байснаа нас ахих тусам эмзэглэж түүнд ямар нэгэн тус хийчих юмсан гэж бодох болж билээ. Сайндаа ч биш л дээ зайлуул залуугийнхаа гэмийг л цайруулах гэсэн юм биз. Тэр жилийн намар мал тооллогоор Нанзадынх хоёр үхэр дутаад байгаа сураг гарангуут нь би эндээс хоёр үхэр холбож хөөгөөд гарсан. Ашгүй хомиссынхон хөдлөөгүй байж. Би ч мэдээгүй дүр үзүүлж зэлэн дээр байсан Балжид руу
- Аль зун оодонгийн цагаар танай энэ хоёр мялан чинь манай хэдтэй нийлсэн. Ирээд авчихаа яана. Одоо тэр тооллогынхон ирж явна гэнэ цаана чинь. Манайхаас илүү гараад сүйд хийнэ. Шоронгийн хадаас ч болох юм билүү гэж хашгирчихаад үгийн ч зөрөөгүй давхиад явчихсан. Дотроо Нанзадад овоо тус хийж нүглээ цайруулж байгаа ухаантай. Сүүлд нь сонсохноо тоо толгой дутаагүй л сурагтай байсан. Дараа жил нь миний сонирхоод байсан хурдан хээрийнхээ удмын нэг даагыг хүүхдээр хөтлүүлээд
“Тэр нэг хөл муу, хурд муу амьтанд буян болог” гээд явуулсан байсан. Бид гэж ийм л улс байждээ. Тэгсэнээ хадуурч давхисан бодлоо эмхлэх мэт хэсэг байзнаснаа. Тийм л дээ. Сүүлд бид наадмын дараахан нэг уулзахад царай зүс нь тийм ч аятайхан харагдаагүй шүү.
- Сүүлийн үед цээжээр хатгуулаад, нойр баахан муутай болсон гэж байсан. Гэтэл би гэж өдий болтлоо ухаан суудаггүй хог
- За чи бас л юм юманд урьтдаг хүн болох гэж галзуураад гэхэд
- Тэр ч үнэн бололтой. Чи ч яахав дээ намайг бодвол залуу хүн арай болоогүй биз гэж суусансан. Гэхдээ миний бие баравч би чамтай хамт л үлдэх болов уу гэж юу бодсон нь мэдэгдэхгүй юм хэлж билээ. Бодвол чи намайг дурсан санаж явах болно гэсэн юм болов уу даа. Нээрээ бид хоёр насаараа шахуу бие биенээ адарч, арсаж явсан ч хоёр биендээ нэг их муу санаж яваагүй дээ.
Чамаас илүү гарчих санаатай амьдралынхаа турш л оролдож явсан тулдаа би өдий дайны яваа юм болов уу. Юм л бол “залуу хүүхэд” гэж намайг явуулах. Бусад үед барилдаад хаяад байх хэр нь яг наадамд зодоглохоор бардаггүйсэн. Намайг бодвол тооцоотой байсан юм байхаа даа. За тэгээд энэ муу хөлнөөс болоод нэг их ч ноцолдоогүй дээ. Нэг л наадамд ноцолдсон шиг билээ. Сүүлдээ нас явж үг уралдуулахаас цаашгүй болоход бас л намайг даваад байх. Нэг удаа би
- Бага байхад, бараг өлгийтэй байсан байх. Дээр нэг юм гялайгаад л байдагсан. Одоо бодоход тооно байсан байна шүү дээ гэчихээд “энэ золиг одоо юу гэж золигтох бол” гэж бараг бодож амжаагүй шахам байхад л
- Тэр ч яахав тооно. Нэг их сүйдтэй юм биш. Харин эхээс унахад сэрүү татаад л, ээ дээ! мөн эвгүй шүү. Хавар байсныг хэлэх үү гээд муу нахиу хамрынхаа үзүүрийг харангаа тамхиа сороод сууж байж билээ. Миний шар хөдлөөд болох биш. Гэсэн ч хариу хэлж чадаагүй дээ.
Дараа нь өвсний гарц үзэх далимаар эднийхээр нэг буусан. Сайндаа ч биш л дээ. Муу бөгтөр хээр аргамжаагаа тасалчихаад барьж чадахгүй мунгинаж явахдаа нэг үг бодож олоод түүнийгээ л муу золигт хэлэх гэж яваа нь тэр л дээ. Балжид жижиг бетонтой юм бид хоёрын дунд тавьчихаад
- Ахиад юм байхгүй шүү хоёр лүд минь гэчихээд үнээндээ гараад явчих.
- Ойрд юмны бараа харуулаагүйсэн. Энэ Балжид ер нь одоогоороо чамд муугүй шүү гээд нахиу хамраараа хий гаргаад инээж байсан. Би ч дуугай ч байгаагүй.
- Уулын өндөр, усны тунгалаг гэдэг дээ. Хожимдсон ч гэсэн юмны сайн мууг ялгадаг болж байгаа нь тэр гээд л нэг их амьтан. Тэр үедээ ч давчихлаа л гэж бодож суусан. Бедонтой юм шингэрч дон хийх үед
- Цаадах чинь одоо ороод ирнэ. Тэгэхээр уул усныхаа сайхныг одоо л харуулна даа гээд л марсайсан муу золиг. Ухаандаа надаар Балжидыг аргалуулж нэмэх гэж түрүүчийн үгийг хэлсэн байгаа юм. Балжид ч намайг хэлсэн хэлээгүй гаргаад л ирсэн л дээ. Жаал сууж байгаад ярианыхаа завсраар
- Нас ахиад ирэхээр хашир дэндээд байх бололтой. Аргамжаатай морио уургалж барьдаг боллоо гэж өглөө бодож олсон үгээ хэлчихээд нүднийхээ булангаар ажиглаж суутал гутлынхаа хоншоор дээр гансаа цохингоо
- Харин тиймээ хэний яанаагүй. Би чинь одоо алсан адуугаа чөдөрлөж байгаад өвчинө гэж бодож байгаа гэж нохойтдог байгаа. Мөн чиг бэлэн үгтэй туучий шүү хэмээн санана.
Эрт эдүгээгийн эгэл жирийн өдрүүд Олзодын нүдний өмнүүр жирэлзэнэ. Хэдийгээр Олзодын биед элдэв шаналан байхгүй ч өнгөрдөг жил муу эмгэн нь унаад өгсөн. Энэ жил Нанзад гээд бодохоор ээлжтэй юм ээлж нь ирэхээр яах ч аргагүй юм даа хэмээн бодолд ээрэгдэн тамхилсаар. Хүний хорвоо ээлжлэн өнгөрөх авч яг өөр дээр тулаад ирэхээр бас ч гэж харамсах хоргодох юм байдаг нь жам. Нас өдий зэрэгт хүрсэн хүний хувьд хэрийн юманд биеэ барих боловч орь ганцаар байх үед сэтгэл гэдэг сулардаг юм болов уу даа Олзод өөрийн эрхгүй гунигт дарагдан суух ажээ. Тамхины утааных уу, бодлын шорвогийнх уу цээж нь хөндүүрлэн хий юм өгсөж хоёр нүдний нь аньсагийг хоросгоно. Олзод сүүлчийнхээ нэрэлтийг асаагаад мааниа хэлчихээд, чүдэнзээ өвөртлөхөд, Балжидын өглөөний өгсөн боодолтой зүйл гарт нь таарав. Түүнийг гэнэт санаж гаргаж хормой дээрээ тавин задлахад аль цагийн мартах шахсан аавынх нь халтар манан хөөрөг өөрийг нь хүлээж цөхөрсөн мэт хэвтэнэ. Үүнийг харангуут
- Ээ моньд минь дээ. Энэ чинь чи байж шүү дээ хэмээн амандаа шивнэн салганана. Тэртээ тэрэнгүй бараг бэлэн байсан Олзодын нулимс сад тавин, муу циймэн хоёр нүд нь мэлийсэн цагаан тал дээгүүр хэн нэгнийг хайх мэт тэнүүчилж, хоолойноосоо хэржигнэсэн дуу гарган енгэнүүлнэ.
Хөдөө хээр хөр цасан дээр өрөөсөн хөлөө жийн суусан буурал өвгөний хаваас нь чангадсан мэт үрчлээт нүүрэн дээгүүр халуун нулимс урсахад, мойнийсон хуруугаараа арчин арчин, хоёр мөрөө чичрүүлэн гав ганцаар суусаар …

Бүрэн эхээрээ...

Арван долоотой зун

26 Сэтгэгдэлүүд:

Цас хуйрагнан шамаргалж, хэд хоног үе үе салхи исгэрүүлсэн бүүдгэр саарал тэнгэр хэзээ ч онгойхгүй мэт нүүгэлтэн дарж байснаа өнөө өглөөнөөс лагс зузаан үүлс дундаасаа цоорох мэт ярагдан онгойж, “юу билээ энэ чинь” гэмээр өвлийн ёлтгор шар нар хэрэндээ бас цооноглох маягтай тусна. Цаг хэдий хатуу ч өвлийн нар өвөлдөө л дулаан гэгчээр үгүй бас яахав ээ юм юм хөөрхөн бүлээцэж, сэтгэл хүртэл бага гэлтгүй уужрах шиг.
Тас хийсэн жавар тэрүүхэн хугацаанд уярч, сэтгэл дагаад тэрүү бодлын ногт жаахан тавирч, цулбуураа чирэн аюултгүй цаашлахад, он цагийн шар хуудсууд зөөлхөн, алгуурхан эргэсээр нилээд дээх нь үеийн хуудаснаа ирэн зогслоо. Өдий болтол хүний л жамаар амьдарч өөрийн гэсэн түүх нилээд зузаарсантай харьцуулбал энэ хуудас гавьтай юм биш шиг боловч, өдөржин бодол болон намайг тойрон хургаж, тархи ээрүүлчих юм чинээ санасангүй.
Бидний багад манай өвөө эмээгийнх гэж хүүхэд шуугисан, хөл толгой нь мэдэгдэхээ байчихсан юм шиг бужигнасан айл байх. Бид бүгд л хөдөө гэр гэнэ. Хүүхэд багачууд бид зуны эхэн сараас л тал талаас хөдөө гэртээ цуглана. Эцэг эхчүүд биднийг зуны дэлгэр цагаар идээ цагаан дээр гаргах, өвөө эмээ хоёр маань ч гар хөлийн үзүүрт зарах гэхдээ биднийг бөөгнөрөхөд дуртай. Гэхдээ олон ах дүүсийн олон хүүхэд нэг дор байхад идэж уухаас авхуулаад чухам ямар байсан юм бол. Энэ талаар бидэнд мэдэх, санаа зовох юм даанч байхгүй. Энд ирэх гэж бүтэн жилийн өмнөөс ярьж, мөрөөдсөөр яаран яаран ирнэ.Мэдээж том жижиг нийлсэн арав хорин хүүхэд гэрт багталцана гэж юу байхав. Гадаа морь тэрэгнийхээ арлыг босгож хажуугаар ганц нэг хашаа хайсаар дэмнэн оромж бариад, түүндээ орогнох дуртай. Харин сүүлд орос цэргүүд нэрмэл архиар сольсон гээд нэг их том ногоон бэржээнхтэй болсон. Дөрвөн шон босгон түүн дээгүүрээ хөндлөн мод хадаад, бэржээнхээ нөмөргөчихсөн нь учиргүй том асар болж хүүхдүүд бид орогнох сайхан газартай болсон юм. Бүр орох газаргүй дээ биш зүгээр л тэгж хаа нэгтэй бөөнөөрөө орогнох нь хүүхдүүдэд сайхан байдаг байлаа л даа. Миний мэдэхийн намайг арав төгстөл тэр майхнаа барьсаар байсан даа. Эхлээд гүн ногоон өнгөтэй байснаа сүүлдээ бүр цайчихаж билээ. За тэгээд энд тэндээс цугласан ахдүү нарын хүүхдүүд бид насны эрэмбэтэй. Тэр эрэмбээрээ ажил байдлын болон идэж уух нь хүртэл бичигдээгүй хуваарьтай байдагсан. Түүнээс зөрөх нь ховор. “Томчуул” бол ойлгомжтой. Адуу мал, хадлан тэжээл, хашаа саравч гээд ажил нь нилээд өргөн хүрээнд. Том хүмүүс “томчуултай” ярих хэлэх нь цаанаа өөр. “Багачуул” бид бол өөр. Хурга тугал эргүүлэх, аргал хоргол ойртуулах гэх мэт. “Дундчуул” гэж бас байна. Тэд хонь хариулж, холбож сааж байхад, “томчуул” гүү сааж, унага татаж байх , “дундчуул” үнээ ивэлгэж байхад “багачуул” бух хорьж байх жишээтэй. Бүх юм хуваарьтай байдаг байлаа. Жил ирэх тусам дараа дараагийнхаа шатанд шилжиж, “томчуул”-аас цэрэг цураг, их дээд сургууль гээд ирэхээ байдаг байлаа. Гэхдээ тэд нэг л сонин ууртай ч юм шиг дүнсгэр царайлж, тоглож хөөрөх нь багассаар байдаг байсым.
Миний хувьд мөн л хөдөө гэртээ ирэхийн их хүслэнд бусдын адил хөтлөгдсөөр зун ирдэг. Намар нь хичээл эхлэхийн урд өдөр дуртай дургүй буцдаг байлаа. Жил жилээр шат дараалан явсаар “дундчуул”-д байхдаа хонинд голдуу явна. Ном уншина. Хүүхдүүд оройныхоо сүүгээ ууж, тарагаа идчихээд, майхандаа орж радиогоор үлгэрийн цагаа сонсоно. Түүний дараагаар “томчуул”-ын хэн нэг нь Булгаа гоё ном уншсануу? Яриарай гэх. “Томчуул” биднийг тооно гэдэг бол сайхан л даа. Тэгээд л би “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь” “Жонон гуйлгачин хоёр” “Робинзон Крузо” гээд л өөрийнхөө уншсан номноос чадлынхаа хэрээр ярьдагсан. Заримдаа хооронд нь холиод ч болов туучихна. Түүндээ ч өөрөө дуртай. Бас хажуугаар нь хошин юм их ярина. Хөөрхөн шооч нэгэн байж. Тэрнээсээ болж “томчуул”-ын заримийг шоолчихоод “бүр том” хүн хараагүй үед гөвүүлчих тохиолдол ч байдаг л байлаа. Тэгээд л жил ирэх тусам дээшилдэг жамаар явсаар тэр нэгэн зун хичээл ном гэсээр нилээн оройтоод иртэл би хамгийн том нь болчихсон байсан. Тэр зун арван долоо хүрч байлаа. Би өөрөө анзаараагүй хэр нь “багачуул” “дундчуул”-ын тоглоом нэг л утгагүй, дэндүү балчир санагдах болов. Гэхдээ тэднийг нэг их ширүүлээд байж болохгүй. Яагаад гэвэл жил ирэх тусам “багачуул” уйланхай, гомдомхой болж, бидний багад “томчуул” бидэнтэй харьцаж байсан шиг тогловол тэд лав даахааргүй байсан юм. Жишээ нь морьтой давхиж ирээд халгайгаар гүвдрүү болтол ороолговол тэд лав тэсэхгүй. Бидний үед тэр бол ердийн л нэг тоглоом. Эр хүн тоглоом даах талын л юм яригдаад өнгөрнө шүү дээ.
“Томчуул”-ын нэг болох, ялангуяа хамгийн том нь байх нь маш их хариуцлагатай болдог юм билээ. Өвөө эмээ хоёр маань надтай яг л том хүнтэй ярьж байгаа юм шиг л ярилцана. Морь мал, чөдөр тушаа, хашаа саравчны онгорхой цоорхой, хадлангийн гарц, хадуурын ир, сэрээний иш, гээд тэр байтугай намар идшиндээ энэ муу хөгшин үнээгээ хэрэглэдэг юмуу, ирэх өвлийг бараг барахгүй байх гэх мэтчилэн ярилцах бөгөөд түүнээ дагаад миний эрх мэдэл нэмэгдэнэ. Би дуртай цагтаа дуртай морио барьж унана. Оройд тэнгэрийн байдлыг харж дуртай зүгтээ адуугаа гилнэ. “Багачуул” “дундчуул”-д ямар морь унуулахыг зохицуулна. Хаа нэг хонь гаргахад эрүү, шийрхэнээс аль хэдийн мултарч дал дөрвөн өндөр биш юмаа гэхэд сүүж, шаант чөмөг хавьцаа очсон байсым. Гэхдээ би яагаад ч юм “багачуул”-ын эгнээнд байснаа санадаг тул доод насныхантайгаа их ойрхон байдаг байлаа.
Оройд унагаа тавихдаа бүгдэнд нь нэг нэгийг оноож эх рүү нь уралдуулах, юм юмхан хийгээд яваа хэн нэгэн “бага”-ыг бусдад нь мэдэгдэхээр магтаж толгойг нь илчих жишээтэй. Энэ үйлдэл тэр хүүхдэд бараг бүтэн зуны урам болдогийг би мэднэ. Хүүхэд гэдэг “урмын цэцэг” байдаг. Урамшуулах тусам нусаа татаад л урамшаад байдаг юм. Яагаад гэвэл би тийм “багачуул”-ын нэг байсан. Одоо өдий насандаа ч гэсэн би хаа нэгтэйгээс ямар нэгэн урам авахдаа дуртай.
За тэгээд тэр зун ирээд өөрийгөө цээжний эхэнд гараад ирсэнийг мэдэв. Миний дээд талын нэг ах цэрэгт, нэг эгч хойшоо сургуульд явчихсан байлаа. Намайг ирэхэд адуу малнаас авхуулаад бүх юм зуун задгай. Өвөө эмээ хоёр “миний хүү ямар оройтож ирээв” гээд л хошуу дэвсээд л... Би чинь том амьтан чөдөр тушаанаас авхуулаад зэл гадсаа бүртгээд л, өвөө маань өдөр судар харж байгаад л
- Уг нь нохой өдөр бол зүгээрсэн гэхдээ бар нохой хоёр ивээл жил, маргааш бар өдөр гүүгээ барьчих гэхээр нь гэрээсээ холгүй хуурайвтар, ялаа шумуул багатай гэж судгаас жаахан зайнд зэлээ шааж гүүгээ бариад л ...
Тэр зун Дамба ахынх манайтай цуг зуссан юм. Тэднийх морь уяна. Дамба ахын эхнэр Бадмаа эгч гүүгээ саана. Би унага татна. Урд нь зүгээр л байдагсан тэр жил эмэгтэй хүнийг арай өөрөөр сайхан муухайгаар нь ялгаж хардаг болчихсон байв. Унага татахдаа жаахан залхуу талдаа байсан чинь тэр жил юм л бол саамандаа гарах болоогүй юм байхдаа гэж бодогдоод байх. Гүү саах тэрүүхэн хооронд гүүн зэлэн дээр хөөрхөн хөөрхөн юм ярьж Бадмаа эгчийг инээлгэчих санаатай. Цээжнийхээ цаад гүндээ бол ангийнхаа нэг охиныг хадгалчихсан гэж байгаа. Хааяа хааяа Бадмаа эгчийн оронд нөгөө охиноо орлуулан бодно. Ер нь л элдвийг дүрслэн бодож мөрөөднө. “Хааяа бүр нөгөө охиных гэр бүлээрээ машинтай үүгээр явж байгаад машин нь эвдэрч хөдөө гэрийнхээ гадаа хэд хонуулж өөрийгөө хэн болохоо харуулахсан” гэж бодно.
Наадам дөхсөөр байлаа. Гэтэл нэг өдөр Дамба ахынх энэ жил нилээд хэдэн нас нэмж уясан тул наадамд явахад нь туслах хүн хэрэгтэй сураг гарлаа. Би ч дотроо “хэрвээ манайхаас хүн явах болвол намайг явуулах нь гарцаагүй” гэж бодно. Тэгтэл ч их сунгааны орой өнөө яриа сэдрээд явчихлаа. Дамба ах л өвөөтэй ярьж байгаад
- Булгааг авч явъя даа. Арай том нь юм. Тэгээд ч юм юманд гярхай. Угаасаа хотын наана хоноглоход тус нэмэр болох байх гэх нааштай үгс сонсогдлоо.
- Тэгдээ тэг. Хэдхэн хоног юм чинь арын ажлаа бид аялууламз гэж өвөө хэлэх нь тэр. Бага байхад баярлах юм зөндөө л байсан гэхдээ тэрэн шиг их баярлаж үзээгүй юм шиг. Наадам, түүнийг нүдээр үзэх гэдэг бол хамгийн сайхан. Гэхдээ миний дотор наадмаас наана давхар нэг бодол хургаад байгаа. Тэр нь юу вэ? гэвэл цээжинд яваа охиных зусланд гардаг. Тэр зуслан нь яг бидний явах замд байдгийг би мэднэ. Би эрх мэдлийнхээ хүрээнд Хулгар хээрийгээ барьж хоёр хоног уяж шивхрүүллээ. Хулгар хээр бол том өндөр биетэй, манай адуун дотроо л хөнгөн хөлтэй, эртэй цогтой адуу. Гэтэл Дамба ах намайг ойлгосон бололтой
- Булгаа миний дүү Хулгар хээрийг унаад яахав дээ. Хулан хулыг уна гэнэ. Дотор харанхуйлж сэтгэлээр унав. Хулан хул гэдэг нь манай тэрэгний морь. Богинохон бахим биетэй намхан адуу. Гүймэн хар алхаа, ергөө хатираа гэх юм байхгүй, өөвөгнөтөл цогихоос өөр шидгүй, оломны цагаан үс дээгүүр нь зурайсан цүндийсэн гэдэстэй, том толгойтой, шингэн сүүлтэй харахад хавар цагийн хулан шиг тул түүнийг Хулан хул гэж нэрийдсэн. Би ч морио голоод гол харлаад болох биш. Дамба ах л намайг мэдрээд байгаа бололтой маасайтал инээж
- Хол замд ганц тэрэгний морьтой явж болохгүй ээ. Юмыг яаж мэдэхэв гээд Хулан хулыг авч явах гэсэн санаа. Хөтөлгөө морьд олонтой тул өөр морь авах гэхээр бас л нэг толгойны нэмэр. Яахав чи ахыгаа бууж суух хооронд ахынхаа Сартай хонгорыг унаад наадмын талбай тойроод байж болно шүү дээ гэж намайг аргалахыг оролдоно. Би түүнд итгэсэнгүй. Тэр Сартай хонгорыг Дамба ахаас өөр хүн унаж байхыг би л лав хараагүй. Намайг л хуурч байгаа юм. Гэсэн ч багаасаа эрэмбэтэй өсөж ах зах хүний үгийг зөрж болдоггүйг мэдэхийн хувьд юм хэлж чадсангүй. Хэдийгээр би тэр зун “том” болсон ч “бүр том”-ын хажууд “бага” хэвээрээ байгаагаа мэдэрлээ.
За тэгээд хүсэн хүлээсэн өглөө болж өглөө үүрээр бид ачааллан Бадмаа эгч морь тэргээ, Дамба ах азрагаа хоёр гүүтэй нь, би арай том тул дөрвөн нас дараалуулан, морь унах хүү маань даага шүдлэнгээ хөтлөөд, хоёр унага эхийгээ даган гэлдэрч, дөрвөн нүдэт Банхар тэрэг даган шогшиж бидний бяцхан хөсөг хөдөллөө.
Хоолтын давааг давж, Дэнгийн ам өгсөөд, Хадат ухааг ороож, Хойд, Урд Баянгийн дундуур гарч салхи сөрөн хойшилсоор байлаа. Би гэж нэг их том амьтан эмээл дээрээ хөндлөн сууж, хөтөлж явсан дөрвөн морьдоо хартал, морьд бие биенээсээ толгой толгой зайтай цувралдан нэгэн хэмийн алхаанд жигдэрч, хаа нэг тургилан суулээ шарван товор товорхийнэ. Би ч өөрийнхөө морийг жаахан голсхийхээс бусдаар бол ёстой л эрийн хийморь сэргэнэ гээч нь л болж яваа. Санаагаар болдог бол дөрвөн морио хөтлөн, дөрөөн дээрээ босож хормойгоо дарцаглуулан дэрийтэл давхисаар тэдний зуслан дээр давхиж очоод л ... Тээр тэнд сагсны шийдэн дээр тоглож байсан хүүхдүүд тоглоомоо түр орхин намайг хараад л ... хэмээн мөрөөднө. Даана ч тэгж ширүүн явж болохгүй.
Манай хөсөг Хонхор сууринг дайран Баянзүрх, Туулын сав газар луу орж ирлээ. Бидний баруун талд Богд уул сунайн хэвтэнэ. Бид явсаар Хүрэл тогоотыг өнгөрч, Хүрхрээтийн амруу ортол хотын зуслангийн айлуудын эхэн харагдаж эхэллээ. Бид Хүрхрээтийн амыг өнгөрч Зуун мод хэмээх хэсэгхэн модтой амны доод руу ирж морьдынхоо амыг татлаа. Нар ч хэн нэгний шүлгэнд байдаг шиг цавьдар өнгөөр туяаран баруунаа ташина. Бид явсаар Яармагийн дэнж орж болох байсан авч, Дамба ах
- Олон хөлийн газар яаран очоод яахав эндээ хоноод өглөө эртлэн орно гэлээ. Бидний буусан газраас цаашлаад Зүүн богинын амыг өнгөрөхөд л Залаатын ам гарч ирэх ёстой. Тэнд л тэдний зуслан байдаг. Өнгөрсөн хавраас эхлэн тэр охин миний харааг татаж, хааяа нэг цаг дээр цуг суух зэргээр аль болох түүнд ойрхон явах болсон юм. Тэгээд энэ тэрхэнийг ярьсаар тэднийхийг энэ зусланд гардагийг мэдэж авсан гэж байгаа. Майханаа босгоод морьдоо янзлаж аргамжих нэгиийг нь аргамжихад миний хөдөлгөөн мөн чиг хурдан байлаа. Бүх юмаа дуусгаад Дамба ахаас гуйлаадаа
- Энүүхэнд манай ангийн хүүхдийнх гардаг юм. Би нэг уулзаад ирье гээд л ...
- За чи болох бүтэхгүй юманд орооцолдов гэсээр хоцорлоо. Бодвол эрэгтэй хүүхэд гэж бодсон байх. Би Сартай хонгорыг нь гуйх гэснээ арай л зүрх хүрсэнгүй. Хулан хулыгаа голон голон явлаа. Явах замдаа яг очихдоо яасхийж очихоо төсөөлөн бодно. Ийм морьтой ямар ч байгаад нэмэргүй мэт. “Хулан хул байхдаа яахав дээ. Цүндгэр хул, Идэмхий хул гэж өөрийнхөө дургүй бүхнээр нэрлэж эцэст нь Мэлхий хул гэвэл таарна” гэж дотроо жаахан онгойлгов. Хул морь даанч мэдэж байгаа шинж алга. Яарсандаа хул морио байдгаар нь ороолгож цогиулсаар Залаатын аманд ирлээ. Тэр олон нэгэн хэвийн байшингуудын алийг нь мэдэхгүй тул жаал өгсөж байгаад өөрийн үеийн болов уу гэмээр нэгэн охиноос очиж асуулаа. Тэгтэл намайг дагуулан явсаар нэг байшингийн гадна ирж орсноо тун удалгүй гараад ирэв. Араас нь өнөөх охин маань гараад ирлээ. Миний зүрх дэлсээд болох биш. Хий дэмий л эмээл дээрээ янз янзаар сууж үзэв. Би ч бодвол морь мал, ташуур, дээл бүс болсон амьтан байсан байлгүй. Өнөөх маань гарч ирээд нэг хэсэг харж байснаа
- Хүүеээ чи юү гээд л ... Би ч ярс гээд л инээгээд л ... Царай маань хар хүрэн болчихсон болохоор шүд гэж хашин цагаан л харагдсан байхдаа. Нөгөө дуудсан охин удсан ч үгүй явлаа. Тэр охинтой би амьдралдаа хоёр л удаа дахиж таарсан. Тэгэхдээ яагаад ч юм харанхуйд жижигхэн бамбар барин замыг минь гэрэлтүүлж өгсөн ачтан шиг санан сэтгэлдээ түүнийг хүндэлдэг байж билээ.
Бид хоёр ч нилээн байцгаасны эцэст тайвширч баахан ярилцав. Бодвол аян замын хөлс шороогоо мартчихсан тууж явсан юм байгаа биз надад гар нүүрээ угаахад ус хийж өгөөд л ...хачиан хачин.
Охиндоо морио унуулаад л ... Хоёул сундалж тэр хавийн уулаар баахан зугаалав. Энэ бүхэнд ямар ч хүчин чармайлт шаардахгүйгээр түүндээ би хүрч, шүргэж байлаа. Ийм аз жаргал гэж байхуу даа. Тэгэхэд харин Хулан хултайгаа очсондоо баярлаж билээ. Хөөрхий минь буруу зөвгүй номхон. Сүүлд нь бодохноо хотын охин ямар морины сайхан муухайг ялгах бишдээ. Хулгар хээртэйгээ ирсэн бол юун хүүхэд унуулахтай манатай. Надад хоол унд өгөөд л... Надад бол ер өлсөж цангасан юм байгаагүй юм. Зөвхөн түүнтэй хамт байгаа нь л хэмжээлшгүй сайхан байлаа. Удалгүй одод түгж, сар гараад, чөдөртэй морь ойрхон өвс шир шир хазлаад л ... Бид хоёр чухам юу ярьсийм бүү мэд яриад л ... яриад л ...
Би ч голдуу л ном голдуу л яриа боловуу. Бас хажуугаар нь хошигнож маазрахаа мартаагүй. Хэдийгээр харанхуй ч гэсэн тэр яагаад ч юм гүйгээд орчихоогүй. Харин ч бүр харуй бүрийд намайг урд байгаагүйгээр анхааран харж, бас ч үгүй намайг нилээн тоож байгааг би мэдэрч байлаа. Үүнийг нь далимдуулж хааяа нэг халуун гарыг нь атгаж чадсан шүү би. Зуны шөнө богинохныг хэлэхүү төдхөн тэнгэрийн хаяанаа гэгээ татах янз ороход сая гэнэтхэн ухаан орцгоож “би орохгүй бол болохгүй, би ч явахгүй бол болохгүй” болцгоов.
Морио эмээллээ. Яг явах болоход яагаад ч юм, юунд ч юм сатааран түр зогслоо. Нэг мэдэхэд би түүний хоёр гарыг атгачихсан байсан. Тэгээд би нэгэн номноос санаа авч, нэг одруу харж
- Бид хоёрыг хараад байна гээд түүнийгээ дээшээ харахад нь ухасхийгээд үнсчихэж билээ. Тэгээд л мэдэхгүй ээ. Нэг л тийм цочсон, айсан, уурссан нүд зэрвэсхэн үзэгдээд л, нэг л мэдэхэд мориндоо мордчихсон газрын уруу нилээн ширүүн бууж явсансан. Яах аргагүй л хүүхэд байж дээ.
Явсаар майхныхаа гадаа ирж, морьдоо эрт уях ёстой байсан тул бүгдийг нь барьж уячихаад л тэргэн доогуур ороод унтчихсан. Дамба ахын дуудсанаар сэртэл нар ч хөөрөх янзтай. Бид хөдөлсөөр Залаатын зуслангийн айлуудын доогуур туул голын хөвөөгөөр Яармагийн зүг явлаа. Тэдний доогуур явж байхдаа түүнийг намайг харж зогсох болов уу гэж урд шөнийн сууж байсан жижигхэн хадруу харц гүйгээд болдоггүй.
Бага зэрэг зузаавтар зөөлхөн бүлээхэн уруул, үргэсэн зээрийнх шиг дэрхийсэн хоёр нүд үе үе харагдаад байх. Өөрт хичнээн сайхан байвч, “гомдоогоод уурлуулчихсан боловуу” гэсэн бодол давхар бодогдоод санааг маань зовоосоор ...
Тэр жилийн наадам хэрхэн яаж өнгөрсөн, хэн түрүүлж, хэний морь магнайлсаныг би мэдээгүй. Тэр байтугай Дамба ахын морьд хэдээр давхисныг ч анзаарсангүй. Гагцхүү тэр охин, түүний уруул л санаанаас гараагүй. Ном зохиолд хүний уруул гашуун байдаг тухай бичсэн байдаг ч би мэдээгүй. Буцах замдаа ёстой дөрвөн морио хөтлөөд давхиад очих боломж байсан ч би чадаагүй ...
Наадмаас хойш хөдөө гэрийн маань амьдрал нэг л хачин санагдаж эхэллээ. Би болж өгвөл ганцаараа л баймаар байдаг байлаа. Даан ч тийм цаг ховор. Гүүнд гарах, унага татах сонирхол төрдөггүй. Хувингаа сугавчлан урд алхах Бадмаа эгч надад одоо зүгээр л айлын ээж харагдах болов. Харин ч бүр хааяа хааяа дуугай дүмбэгэр болсныг эрээ цээргүй асуугаад ч байх шиг. Эв нь таарвал “дундчуул”-ын ажлыг булааж хонинд явмаар. Айраг хүртэл амтгүй. Ашгүй хадлангийн цаг эхэлж би тэнд л өдөржин ганцаар байдаг байлаа. Тэгж байхдаа “томчуул” сүүлрүүгээ нэг л их хачин болчихдогийг бүүр түүрхэн ойлгох шиг.
Энэ бүх хугацаанд тэр охины яриа дуу хоолой, бяцхан халуун гар, үл ялиг зуларсан зөөлөн уруул, цочиж дэргэсэн хоёр нүд санаанаас үл гарна. Жилийн жилд сургууль эхлэх өдөр ойртох тусам дотор харанхуйлж, хөдөө гэртээ хоргодон байдагсан. Харин тэр жилийн зун намар даан ч нэг удаан өнгөрсийм даа...
Одоо тэр уруулыг хорин тав дахь жилдээ үнсэж байгаа ч би тэр уруулнаас уйдаагүй. Улам бүр хайрласаар байгаа.
Гэхдээ арван долоотой зуных шиг тэр уруулыг дахиж би мэдрээгүй ....

Бүрэн эхээрээ...

Мөө-Мөө

24 Сэтгэгдэлүүд:

Шоп! хийтэл дуугарган хүүгийнхээ амнаас хөхөө сугалж авсан ээж нь
- За ингээд миний хүү нэг хэсэг байж бай.
Өө! энэ баадайгаа өмсчих. Шээчихэж мэднэ. Ээж нь хэдэн тугалаа харангаа аргал түүчихээд ирье гээд арван сартай хүүгээ орны толгойноос уясан бүсний үзүүрээр бэлхүүсээр нь ороож тооно тушчихаад босоход
“Өө! ингээд бас л орхих нь дээ. Дотор эвгүй оргиод уйлмаар болж байх чинь. Уйлчихдаг ч юм билүү. Гэхдээ газар жаахан баймаар ч шиг” хүүгийн ам нь өмгөнөөд жаахан уйлах гэснээ гэдэс цатгалан тул болив.
- За ээж нь тоглоомнуудыг нь дөхүүлээд өгье. Ийм том хүү чинь уйлдаггүй ээ гээд хамаг новшийг нь ойртуулчихаад, уйлахаас нь өмнө гэсэн шиг яаран гарав.
Пад! гэх дуунаар хүү хаалганы зүг харж, газар суусаар хоцроод гэрийн эргэн тойрныг эргэцүүлэн харав. Гэрт нам гүм. Тооноор сүвэгчилж туссан нар хүүг уясан баруун хойд ор луу чиглэж, үл мэдэг тоосонцор гэрлийн дагуу шугам татуулан бужигнана. Зууханд гал шажигнан дуугарахаа больж цогшиж эхлэнэ. Дээр нь хөнгөн цагаан данхтай цай тавьжээ. Хаалга хаагдахад доргионд нь зүүн чагтаганаас өлгөсөн шанага санжигнан хөдөлж байснаа зогслоо. Хүү хэсэг чимээгүй сууснаа дахин “уйлдаг ч юмуу” санагдаж өмөлзөн хоёр гараа савах янзтай хөдөлгөтөл гарт нь бариатай тоглоом дуугарахад сатааран дуугай болов.
“Энэ чинь юу вэ?” амруугаа хийж үзээд, “Нөгөө л шажигнуур. За энэ ч яахав”
Цааш мөлхөн өөр нэгийг барьж аван амандаа хийнэ. Тэгсэнээ нарны гэрлийн тусгалыг барих гэж оролдон болохгүй болохоор орон дээр туссаныг барих гэж орны бүтээлэгнээс татан өндийлөө. Арай гэж босоод түүндээ баярлан ход ход инээн, гараараа ор балбана. Тэгээд ороо түшин хөлөө эвгүйхэн гишгэлэн, бойтогныхоо хонхыг жин жин дуугарган нар туссан хэсэгт ирээд, барих гэтэл болсонгүй. Нар туссан газар бүлээхэн, дулаахан ажээ. Хүү барьж болохгүйд гайхан эргэж хартал нүүрэн дээр нь нар тусаадхав. Нүд нь гялбаж, тархи нь маналзаж, хамар нь шархирч байснаа
- Айн...Айн...Айтший! гээд л нилээн сүрхий найтайгаад хүчиндээ бөгсөөрөө газар уначихав. Хамар амнаас нь нус шүлс зэрэг үсэрчээ. Хүү гараараа шударсан нь аманд нь зарим нь таарч бяцхаан хэлээ цухалзуулан амсана.
Гадаа сэр сэр салхилж, яндан бага зэрэг хүнгэнэн, өрхний оосор гэрийн дээвэр дээр пад пад дуугарна.
Хүү бас нэг тоглоомыг “үзэх” гэж авах гэсэн нь гараас нь мултраад жаахан цаашилчихав. Хүү гараа сунгаад сунгаад хүрсэнгүй. Араас нь нэг юм чангаагаад болох биш. Дахин нэг оролдов болсонгүй. Дотроос нь нэг юм огшоод бас л уйлмаар болов. Тэгсэнээ больчихлоо. Эргээд буцаад суусан нь нүдэнд нь бойтогны хонх нь харагдав. Хүү булцгар гараа явуулж авах гэсэн нь дийлсэнгүй. Могжгор хуруугаа гозойлгон баахан оролдсоноо “үзмээр” санагдаад болдоггүй ээ. Тэссэнгүй бөхийгөөд амаараа үмхэж “үзсэнээ” “дуугархаас цаашгүй нэг их олигтой эд биш бололтой” больчихлоо. Гэхдээ л хөл нь хөдлөх тоолонгоор торр торр гэж дуугараад хараа булаагаад болохгүй л байгаам даа.
Тэгжээ юм юм “үзэж” яваад нэг боорцог амандаа хийгээдхэв. “Зүгээр ч юм шиг” үүдэн дөрвөн цахиураараа оролдсон чинь жаахан үүрмэг амруу нь оров. Жижигхэн хэлээ бултагнуулж байгаад гаргасан, идсэн алин болох нь мэдэгдсэнгүй алга болов. Гэхдээ л гоё. Баяр хүрээд ход ход инээж, хоёр гараараа савлан хөдлөв. Дахиад амандаа хийх гэсэн чинь нүдэнд нь өөр юм харагдахад сатаараад боорцогоо алдчихав. Өнөөхийг аваад амаараа “үзсэн” чинь түрүүнийхийг гүйцэхгүй юм. Дахиад л дотроос нэг юм огшив. Яг уйлж эхэлсэн чинь дороос нь нэг юм жирвэгнэж, газраас халуу дүүгээд явчихлаа. Толгой нь санжигнаж байна. Хүү доошоо салтааруугаа харав. Тэнд халуун, бүлээн бас нойтон.
Хүү “энэ юу вэ?” гайхан алгаараа чал чал алгадав. Ийш тийш үсчээд нэг л гоё. Ход ход инээв. Дахиад л алгадаад байв.
Гэтэл гадаа хөлийн чимээ гарснаа хаалга онгойлоо. Нэг их салхи орж ирээд хүүг амьсгаадуулав. Хүү “мөөм” гэж бодон харвал арай биш. Аав нь хүүгээ харснаа
- Хүүе миний хүү шээчихээ юү дээ? гээд авахаар дөхөв.
“Мөөм” биш. Гэхдээ танил дуу. Аа, тийм аймаар хатгадаг.
Аав нь хүүгээ уяанаас нь тайлж дээш өргөв. Хүүгийн нүүрэн дээр дахин нар тусахад нүдээ анивчуулан байж
- Айн...айн...Айтший... Дахиад нус. Аав нь
- Еэ, базалвааний... Булхан өлшөө... Даль эх өлшөө... гээд эрхий долоовороор нусыг нь авав. “Ёо ёо л доо” гэмээр. Аав нь их ширүүн бололтой. Тэгсэнээ хүүгээ
- Ходго, Ходго гээд хүзүү хоолойг нь шунаглан үнсэв.
“Тээр ингээд хатгаад” Тэгсэн ч бас инээд нь хүрэн ход ход инээнэ. Дахин дээш нь өргөж гүзээн дээр нь пурр пурр хийлгэн үлээв. “ Ёо, ёо төвөгтэй ч гэсэн инээдтэй” ход ход хийв.
Аав нь хүүдээ бор тагшинд бүлээн цай хийж уулгав.
“Энэ мөөм биш” гэхдээ муугүй санагдаж асган цутган ганц нэг балгав. Аав нь хүүгээ орны тэнд дахин аваачив. “Бас биш болоод явчихлаа” Өнөөхөөсөө уяаад авлаа. Дотор нь харлаад уйлмаар санагдлаа. Санагдлаа ч биш уйлна яадийн. Хүү гараа савчин уйллаа. Аав нь
- Алий, алий. Миний хүү уйлдагүй шүү. Том баатар уйлахгүй дээ гэж дуу шиг юм гиншигнэн аялан байснаа
- Өө, энэ нэг боорцог байна. Миний хүү намь намь гээд идээрэй. Аав нь явахгүй бол болохгүй нээ. Ээж нь удахгүй ирнэ дээ. Хүү мөөм байдаг газрыг сарлан маажив. Даанч түүнд байхгүй л дээ.
“Энэ мөөм биш” гэдгийг хүү дуугаар нь, гараар нь, үнэрээр нь мэднэ. “Мөөм”-ийг бол гарцаагүй мэднэ. Хүүг дахин суулгаад, аав нь хаалга пад хийлгэн гарав. Тэр доргилтонд өнөө шанага дахин санжигнан хөдлөсөөр үлдэв. Энэ шанагыг хүү хүн орж ирэхэд хардаггүй, гарахад нь л хардаг юм. Хүү дахиад ганцаараа. Дахиад бүхнийг эхнээс нь...
Гэхдээ саяын жаахан цайнаас болоод хүү “мөөм”-ийг санана. Бодно.
Дахиад л уйлмаар. Гэвч авдран дээр байгаа цаг чаг чаг дуугарахыг сая л анзаарав. Хүү түүнийг авч амаараа “үзмээр” санагдана. Гэсэн ч яагаад ч хүрэхгүй. Хүрэхгүй байх тусам улам гоё.
Гэнэт хүүгийн нүд нь аргаад байгаа юм шиг анилдахад хоёр гараараа могжигнуулан нухсанаа, гэнэт цухал нь төрнө. Хэвтмээр, босмоор, унамаар, уйлмаар бүр мэдэхгүй ээ. Ямар нэгэн юм үгүйлж, түүнийгээ амандаа хиймээр шиг. Юу юм бол? Магадгүй мөөм. Мөөмөө ирэхгүй их уджээ. Хүү санан санан байгаа. Хүү уйллаа. Уйлах нь арай дээр байна. Дахиад хүчтэй уйллаа.
Аргалаа буулгаж байсан эхийн хөх чим чим чинэрэн энгэрийг нь нэвтлэн саамшилаа. “Хүү уйлах нь уу дээ” гэж бодохын сацуу гэрт хүүгийн уйлах дуу сонсогдлоо. Хүүхэн хөхөө нэг дарсанаа гэрлүүгээ яарлаа.
Гадаа хөлийн чимээ дуугарч хаалга онгойн гэр дүүрэн нар тусав. Хүүгийн нүд гялбаад харж чадсангүй. Үнэндээ бол нүдээ аниад уйлж байсан л даа. Гэхдээ л уйлсаар...
- Еэ, миний хүү яасан бэ? гэх гоё, танил, зөөлөн дуу.
Хүү харлаа. “Мөөмөө” мөн байна. Ирээгүй удсан тул айлгаж улам чанга уйллаа. Ээж нь уяанаас нь тайлж өвөр дээрээ аваад, нус нулимсыг нь арчив. Түрүүний хатгадагаас хамаагүй зөөлөн ажээ.
- Ээжийн булхан яасийндээ. Өлсөө юү? Ам нь цангаа юу? гээд өнөө бор тагшинд дахин цай хийж аманд нь барив. “Бишээ” Хүү хойшоо цахлан чарлав. Ээж нь
- За за алий алий гээд энгэрийнхээ товчийг тайлахыг хүү уйлж байхдаа харчихав. Тэрүүхэн тэндээ хэсэг газар норсон энгэр ярагдаж булбарай зөөлөн, сүү үнэртсэн том цагаан мөөм гарч ирэв. Гэтэл хүү гэнэтхэн
- Мөө-Мөө гээд амаа ангайн дайрч ховдоглон үмхээд хэд хэд гуд гуд сорсноо амьсгаа нь давхцана.
Эхийн царайд хэмжээлшгүй их баяр гэрэлтэж
- Үнэн үү, аль эсвэл би худлаа сонсовуу, миний хүү “мөөмөө” гэх шиг болох чинь гэж өөрөөсөө асууснаа, яагаад ч юм хамрых нь угаар шархирч, хоёр нүдний нь аяганаас халуухан нулимс мэлмэрч ирэв. Хүүгээ харлаа. Хайрлан хайрлан харлаа. Хоёр хацраа бумбагануулан хөхөх тоолонгоор хүүгийн аманд бүлээн сүү сад сад хийн орж ирнэ.
Сүүтэй хамт ээжийнх нь өхөөрдсөн, эгдүүцсэн, өөр бусдаас харамнасан сэтгэл, аз жаргал, хувь заяа тэр чигээрээ хүүгийн амруу урсан орж, бүх бие мэдрэхүйгээр нь дүүрэн тархана. Хүүд яг энэ мөчид юу ч хэрэггүй.
Заримдаа амьсгаа авах ч зай алга. Ёстой гоё. Ийм мөөм хоёр байгааг хүү мэднэ. Нөгөөхийг нь өрөөсөн гараараа баримаар санагдана. Хайлаа.
Ээж нь дор нь ойлгож нөгөө хөхөө гаргаж бариулав. Хүү түүнийг барьсан ч харж амжихгүй хоёр нүд нь анивалзав. Ээж нь хүүгээ тэврэн хойш урагшаа ганхан ганхан
- Бүүвэй...Бүүвэй... “Ёо ёо энэ дууг сонсохоор хамаг бие алдраад, сул оргиод явчихдагиймаа” Дуу цааш үргэлжлээ л...
- Бүүвэй...Бүүвэй...
Ээжийн үр бүүвэй
Бүүвэй... Бүүвэй...
Эргэх дэлхий бүүвэй...
Хүү мөөмөө хөхөх нь удааширан нөгөө мөөмөө барьж байсан гараа алдлаа. Хамаг бие нь халуу дүүгээд л...
Гадаа хөлийн чимээ гарч, хаалга онгойн аав нь орж ирлээ. Хүү цочсондоо татвасхийв. Ээж нь тэврэлтээ жаахан чангатгаад хуруугаа амандаа гозойлгон барьж
- Чишш! гэж хань руугаа дохиод
- Хүү сая “Мөөмөө” гэж хэлсээн гэж царайндаа гэрэл цацруулан шивэгнэв. Аав нь гайхсан харцаар харж
- Нээрээ юү?
- Нээрээ! бүр Мөө-Мөө гээд аягүй тод хэлсэн гээд инээмсэглэхэд
- Тийм үү? гэж шивнэн асуунгаа хүүгээ үнэрлэв
Нүүрэнд нь юм хүрсэнд хүү жаахан сэрвэлзэв. Ээж нь цааш нь үргэлжлүүлэн
- Бүүвэй Бүүвэй
Энхрий үр минь бүүвэй
Бүүвэй Бүүвэй
Энэ хорвоо бүүвэй
Бүү...вэй...Бүү...вэй...Бүү...вэй...Бүү...вэй... Бүү...вэй...Бүү...үү...вэй...Бүү...үү...вэй...

Бүрэн эхээрээ...