# #

Бямбаагийн Баясгалан найрагчийн нэгэн шүлэг

2 Сэтгэгдэлүүд:

Xиагны үзүүр дээр
тэрийгээд
аль үүрэнд хоноглоё доо-гэж
тачъяадах
эрэгчин хар хорхой
адууны омруунд ширвүүлж
ойчлоо
харанхуйгаас тас зууран
өндийж
өвс тээрэмдэх том том шүднүүдийг
шөнийн цонхоор хараад
зөөлөн шүүс хүлээн
цагийн савлуур дээр
дүүжиндэнэ.
2013-11-28.Эрдэнэт Бүрэн эхээрээ...

Яруу найрагч Бямбажавын Ганбаатар. Цаг хугацааны тухай шүлэг

0 Сэтгэгдэлүүд:

Цаг,цэг
Цаг,цэг...
Цагийн зүүнд
Цаашлаад л байх
Наашлаад л байх...
Цаг хугацаа

Цаг,Цэг
Цаг,цэг...
Цагийн хувиралд
Бой нь сэврэх
Цай нь холдох...
Хүмүн заяа

Цаг,цэг
Цаг,цэг...
Цагийн салхинд
Будаг нь халцрах
Бузар нь илрэх...
Буртагт санаа

Цаг,Цэг
Цаг,цэг...
Цагийн холд
Цавтуулж чадах
Сэвтүүлж мэдэх...
Цадиг түүх

Цаг,Цэг
Цаг,цэг...
Цагийн уртад
Хөгшрөх нь эс
Хөгжих нь ч эс...
Хөдөөхь ахуй

Цаг,цэг
Цаг,цэг
Цагийн зүү...

ХII.29.2009.БХР
Бүрэн эхээрээ...

"Зурагт үзэв" (фельетон)

13 Сэтгэгдэлүүд:

Хэхэртлээ идсэн би хийх байхаа олж ядан зурагтын суваг эргүүлэн эвшээж хэвтэв.
“Энэ удирдлага гээч юмтай болохоор л энэ олон сувгийг оройдоо нэг тойрч харах юм даа” гэж бодлоо. Гэтэл ямар ч гэнэв дээ нэг суваг дээр бараг л энгэр задгай шахам цамц өмссөн, ажил хийж яваа гэхээсээ илүү хаа нэгтэй бааранд сууж байна уу гэмээр сэтгүүлч бүсгүй, нэг хачин нөхрийг суулгачихсан ярилцлага авч байна шүү. Тэр нөхөр нэг тийм дотогшоогоо, битүү шинжтэй. Овоо юм боддог ч юм шиг. Гэхдээ маанагдуу царайлсан тэр ер нь зурагтаар гарч “сураагүй” нэгэн гэдэг нь тодорхой. Нэг л хачин, бас ч гэж сонирхол татаад болохгүй юм. Яагаадыг мэдсэнгүй. За тэр сэтгүүлчийн үсээ хаялах, хөлөө ачих, цээжээ цэхлэх, үе үе камерийн өмнө поз авах энэ тэр нь бол мундагаа мундаг. Сэтгүүлч чухам яах гэж энэ хүнийг нэвтрүүлэгтээ оруулсан нь ойлгогдсонгүй. Тэрээр оролцож буй хүнээ сайн судлаагүй юү эсвэл угаасаа түүнд огт хамаагүй юм уу ямар ч байсан нэг тийм үл тоосон байдалтай хандана. Дундаас нь үзэж байгаа болохоор тэгж харагдсан ч байж магад. Сэтгүүлч
- Мэдээж хүн ганцаарддаг. Та ганцаардсан үедээ яадаг вэ?
- Ганцаардсан үедээ юү? Элгэн хадан дээр суугаад элдвийг боддог. Энэ сайхан эх орныхоо элгийг нь цөмлөн шингэнэ дээ гэж нэг шүлэг байдаг байхаа. Нэг тиймэрхүү л . . .
- Эх орон гэснээс мэдээж, гадаадад суугаа Монголчууд маань эргэж ирэх болов уу? Та юу гэж боддог вэ?
- Ирэлгүй дээ, Элэг нь байхад тэд маань эргээд л ирнэ. Монголын үр сад шүү дээ.
- Та хамгийн сайхан үйлийг нэрлээч гэвэл юуг нэрлэх вэ? Мэдээж нэг юм байгаа даа.
- За даа ер нь, Хамгийн сайн үйл гэвэл элэгний донор болох юм даа.
- Элэгний донор . . . гэж сэтгүүлч маань хэсэг гацсанаа
- За, за дараагийн асуултандаа оръё. Танд тохиолдсон хамгийн аймшигтай зүйл?
- Аавын маань анхны онош элэгний вирус байсан. Тэр их аймшигтай гээд нөгөө эрийн харц их гунигтай болов. Сэтгүүлч ч гэсэн түүний гунигт автав.
- Аав чинь тэгээд . . .?
- Өнгөрчихсөн . . . Тэд бас л хэсэг чимээгүй боллоо. Харууслын гэмээр ая явлаа.
“Дууны найруулагч нь их сүрхий юм” гэж бодогдов. Сэтгүүлч сэхээ авч
- Мэдээж, жаахан эвгүй яриа руу орчихлоо. Танд тохиолдсон сонин хачин гайхмаар зүйл гэвэл та юуг хэлэх вэ? гэхэд
- Гайхахаа . . .? гээд нөгөө эр одоо л ёстой гайхаж байна уу гэлтэй царайлж
- Энэ тэгээд ярилцлаганд хамаатай юм уу? гэхэд сэтгүүлч
- Үгүй ээ . . . зүгээр л . . . гээд дуугай болов. Мань эр жаал бодож байснаа
- Би нэг шинжлэх ухааны холбогдолтой сэтгүүл уншиж байгаад халимны элэг хоёр тонн жинтэй гэхэд ихэд гайхсан шүү гэхэд сэтгүүлчийн царай хувьсхийлээ. Гэтэл мань эр буруу юм ярьчихав уу гэсэн шиг гилбэлзэж
- Өөр бас юм бий л дээ. Сая намайг гадаа сууж байхад чи ирээд “Элгэн Хорвоо” телевизээс явж байна. Та манай шууд нэвтрүүлэгт ороодохооч, юу ч ярьсан яахав гэхээр чинь бас их гайхлаа гэхэд бүсгүй бантав бололтой хулмалзсанаа худлаа инээмсэглэн
- Яагаад?
- Учир нь миний нэрийг Буман-Элэг гэдэг юм л даа гэхэд нь үзэж суусан би түс хийтэл инээлээ. Овоо муу гар юм даа гэж бодогдох шиг.
- Ямар сонин нэр вэ? Та элэгний тухай л байн, байн ярих юм. Элэг ер нь хүний гол эрхтэн үү?
- Эрхтэнд хамгийн гол гэсэн ангилал байхгүй л дээ. Бүгд л гол. Гэхдээ хүн хамаргүй, чихгүй, ухаангүй, бодлогогүй байж болно. Харин элэггүй байж болохгүй
- Тийм байх. Тийм байх. Та ер нь мэдээж, залуусдаа хандаж үг хэлээч гэвэл юу гэх вэ? гэж асуухдаа сэтгүүлч маань камер луу харан өөрийнхөө залуу сайхныг үзүүлэн наалинхай инээв.
- Надаас үг сонсох залуус ч гэж хаа байхав дээ. Гэхдээ сонсвол, “эцэг эхийнхээ элгийг бүү эмтлээрэй л” гэж хэлнэ дээ . . .
Эфир нэг хэсэг чимээгүй боллоо. Найруулагч хурдхан шиг сэтгэл хөдөлгөм аяс оруулав. Хэсэг байзнаад сэтгүүлч
- Одоо би танаас блиц маягийн асуулт асууя. Таны хамгийн дуртай зүйл
- Элэг авмаар онигоо
- Хамгийн дуртай шүлэг
- Элгэндээ наа
Энгэртээ тэвэр . . . гэхэд сэтгүүлч түүний яриаг тасалж
- За, за болно. Одоо мэдээж шинэ жил дөхөж байна. Таныг хамгийн дуртай баяраа нэрлээч гэвэл . . . гээд сэтгүүлч камер дүүрэн маадгар инээмсэглэв. Чухал асуулт гэхээсээ илүүтэй асуултынхаа төгсгөлийг их аятайхан үлдээсэн гэдгээ мэдэгдэх гэсэн байх. Тэрээр “шинэ жил” гэж хариулна гэдэгт итгэлтэй байгаа нь харагдана. Нөгөө эр нилээн бодож байснаа
- Дөрвөн сарын нэгэн гэлээ. Сэтгүүлч хурдхан шиг яриаг таслан
- Ингэхэд танай гэр бүлийн хүн юу хийдэг вэ?
- Дотрын эмч гэхэд сэтгүүлч ихэд олзуурхан
- Ёох, Сүүлийн хоёр хариулт чинь их аятайхан боллоо. Элэгний тухай ярьсангүй гэхэд
- Тийм гэж үү? . . . гээд нөгөө эр маанаг царайлав. Сэтгүүл “Ёстой тэнэг” гэсэн шиг толгой сэгсэрнэ. Нөгөө эр сэтгүүлчийг цоо ширтэнэ.
- Та бид хоёрын яриа нөгөө, байсгээд бөөсний тухай ярьдаг онигоо шиг болоод байна л даа. Та тэр онигоонд итгэдэг үү?
- Яалаа гэж итгэхэв дээ. Тэр чинь онигоо шүү дээ. Харин бөөсөнд элэг байдаг гэвэл би ёстой итгэхгүй шүү гэхэд сэтгүүлч бүсгүй бүр хэлэх үг олдохгүй байгаа бололтой камер луу хэд хэд хяламхийснээ хоолойгоо засаад
- Та ямар хоолонд дуртай вэ? гэхэд нөгөө эр харин ч нэг бодолгүйгээр инээмсэглэн байж (анх удаа инээмсэглэж байна)
- Шарсан элэг. . . гэхэд сэтгүүлч бухимдлаа арай хийн барьж байгаа нь харагдана.
- Үгүй ээ . . . нөгөө . . . нөгөө . . . Мэдээж нэг хоол байгаа ш дээ. Яагаав, нэг тийм . . . сонгодог хоол? гэхэд мань эр
- Сонгодогоо . . .? гээд нөгөө эр мэнэрч гүйцээд харц нь эргэж ирэхээргүй тэнээд явчихав.
- Яахав дээ, та сайхан хоол идэж үзээгүй байж болно л доо. Гэхдээ ядаж сэтгүүл мэтгүүл дээрээс мэдээж харсан биз дээ?
- Хонины сүүл, зэрлэг сонгино, элэг гурав чинь жинхэнэ сонгодог шүү дээ хө
- Ядаж танд өөр хоолны нэр алга уу? гэж бүсгүй адгав. Нөгөө эр жаал бодсоноо
- Аан, сорс . . . гэлээ.
Би бүр нулимсаа гартал инээв. Харин энэ хооронд сэтгүүлч маань бүр манарч орхив. Түүний царайнаас гайхшрал арилсангүй.
- Тэр чинь ямар хоол байдаг юм?
- Яагаав сорс. . . гээд нөгөө эр бүсгүйг гайхсан маягтай харахад гэнэт ойлгов бололтой
- Аан, Сорсын сангаас тараадаг уу? гэж мэдэмхийрлээ.
- Айн . . .? Тэгсийм үү. . . ? Одоо харин нөгөө эр маань мэл гайхаж хоцров. Тэгтэл сэтгүүлч бүсгүй хурдхан шиг сэхээ авч
- Та ерөөсөө . . . За, за та нэг дуу дуулаач. Эр хүн наадамд гурван даваатай, найранд гурван дуутай гэдэг ш дээ. Мэдээж нэг сайхан дуу бий дээ. . . гэхэд мань нэг их хоолой засаад
- Элэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол . . . гээд явж байсан чинь эфир гэнэтхэн хаагдаж, дэлгэцэнд олон өнгийн зураас гарлаа.
Би бүр эвхэрч унав. Хэвлийгээр татчихаад тэнийдэггүй. Сүүлдээ амьсгаа авч чаддаггүй, өнхөрөөд байдаг. Тэгтэл харин тэд дүрсээ хаасан ч дуугаа хаасангүй. Нэг эрийн хахир дуу гарч байна
- Энэ нэг мангар юмыг хэн чамайг эфирт гарга гэсийм. Хаанаас ийм юм олоод ирэв? Шууд явж байгааг мэдэж байгаа биз дээ? гэснээ нөгөө эр лүү хандаж байгаа бололтой
- Чи ч гэсэн дээ, хүн доромжлоод байгаа юм уу, хаашаа юм? Элэг элэг гээд солиороод байх юм. Үзэгчид гэдэг чинь чамд доромжлуулаад сууж байдаг юм уу? гэтэл хариуд нь нөгөө эрийн дуу гарч
- Үзэгчдийг хамгийн их доромжилдог нь та нар шүү. Хэнийг ч хамаагүй авчирч, хэнд ч хэрэггүй элий балай юм ярьж, цаг үрж суудаг нь та нар биз дээ? Та нарын зарим нь ухамсараараа хаагдвал ядаж л цахилгаан хэмнэгдэнэ ш дээ . . . гэх нь дуулдаад телевизийн дуу нь тасрав.
Харин завсаргүй инээж байсан би гэнэтхэн инээхээ болилоо. . .
Бүрэн эхээрээ...