# #

Хүрлээ - 2 (Өгүүллэг)

15 Сэтгэгдэлүүд:

Өчигдөржингөө түүнийг зовоож, өглөө сэрэхэд нь дагаж сэрэх шахсан энэ шарвагнуур шарыг дахин амилуулж болохгүй. Тийм ч учраас Хүрлээ өөрийгөө зовоохгүйн тулд биеэ байдгаар нь барьж, уужуу тайван байхыг хичээж байлаа.
“За, за энэний ажил надад юуны хамаа байхав” гэж хүчээр бодоод түрүүнээс хойш нүд татаад байсан хоёр ханзыг заан
- Тэр юу гэсэн утгатай ханз вэ? гэтэл ийм юм асууна чинээ бодоогүй байсан залуу ихэд гайхаж гарыг нь дагуулан харснаа
- Аль? Аан! Тэр үү? Энэ манай өвөөгийн нэр. Манай өвөө энэ гуталчины газрыг нээсэн юм. Дараа нь манай аав. Тэгээд одоо би ажиллаж байна даа гэж ихэд бахархалтайгаар хэлэв. Өвөө гэнгүүт Хүрлээд аль хүүхэд цагийн тахир хөх луухаан санаанд буулаа.
“Өө, бүүр үе удмаараа энд сууршиж авсан байх нь. Муусайн юмнууд арай ч хэтэрч байнаа” гэж бодох зуур уур ч хүрэх шиг, зэвүүн ч хүрэх шиг болов. Гэвч Хүрлээ биеэ барина. Чухам яагаадыг мэдсэнгүй.
“За . . . даа, манайхан ч гэсэндээ Америкт суурьшаад, зарим нь бүүр буцах нь битгий хэл тэндээ одоо бараг хоёр дахь үе нь бий болж байх шив дээ. Эд ч яахав тэндээ багтаж шингэхгүй шахам байдаг улс, энд тэнд суурьших шалтгаан юм биз. Угаасаа ч шунал нь дэндсэн амьтад. Харин манайхан . . . Хүн хэрэгтэй юмаа хаячихвал өөр хүн авах гэх нь хүмүүний үндсэн чанар шүү дээ. Тэгэхээр бодох л хэрэгтэй юм даа” гэж бодон өөрийгөө сатааруулах хэдий ч “Гэхдээ л муусайн хужаанууд” гэсэн хар бодол санааных нь мухарт атирч үлдэв. Монголчууд хэзээнээсээ л эдэнд дургүй хойно доо.
Хүрлээгийн сүүдэрт бодлыг сарниаж, нэгэн залуухан бүсгүй орж ирэв. Тэр өндөр нарийхан өсгийтэй, хагас түрийтэй гутлаа тайлж, залууд өгөөд
- Ийм төмөр өсгийг янзлах уу? гэхэд залуу шороо тоостой тэр гутлыг ямар нэгэн бохир юманд хүрч байгаа шинжгүй эргүүлж тойруулан сайтар үзээд
- Болноо, болно. Төмөр өсгий хийнээ
- Ямар үнэтэй хийх вэ?
- Энэ хийхэд хэцүү. Найман мянга болноо
- Одоо хурдхан хийгээд өгч болох уу? Би яараад байна.
- Болноо, болноо. Би хурдан хийнээ гэж баярлаж буй мэт хэлэх нь Хүрлээд ямар нэгэн олз харсан амьтан шиг харагдсанд түүний шарвагнуур шар татагнав уу гэлтэй нүүр нэг мурчигнан бүр нэг зэвүү дургүй хоёр нь зэрэг хүрсэн боловч өөрийгөө зовоохгүйн тулд бодлоо үргээхийг хичээлээ. Хүрлээ хажуудаа суугаа бүсгүйг сэмхэн ажив. Бараг охин нь ч байж болохоор залуухан юм. Сүүлийн үед залуучууд хүүхэд шиг харагдаад байх болсон юм. Тэгэхээр Хүрлээ хэр хөгширч байгаа нь ойлгомжтой. Цэвэрхэн бас зөв царайтай юм. Тийм дээ ч хүний нүд татаад байгаа бололтой. Цагаан оймстой жижигхэн хөлөө ойр ойрхон атгах булбарайхан гарыг үе үе харан суухдаа
“Үгүй тэр, нүд хөмсөг, уруул ам гээд заяасан бүхэн нь жижигхэн хэрнээ ямар цэгцтэй юм бэ? Хэрвээ нас үеийнх байсан бол ямар нэгэн юм ярьж анхаарлыг нь татах гэж оролдох л байсан байх даа. Одоо би ямар нэгэн юм ярих гэвэл гайхаад эсвэл цочоод сүйд болох байлгүй. Тэгж ч хөгнөө даахгүй хөгшин ухна царайлаад яахав ээ зүгээр. Юу билээ? Нас тогтох сайхаан гэж үг ч билүү дуу ч билүү байдаг байхаа. Хн! сайхныг нь ч мэдэхгүй юмаа” гэж өгсөж яваа насандаа харамсах мэт өөрийгөө голсон гандмал бодолд ээрэгдэн сууна.
Гэнэтхэн хаалга онгойж, нэгэн цагдаа орж ирсэнээ нэг их ширүүн харцаар тэднийг тойруулан харав. Хагас онгорхой хаалгаар бас нэг цагдаа, цаана нь хөдөлгөөнт эргүүл гэсэн хөх эрээн машин харагдана. Гэтэл гуталчин
- Өө, сайн уу?
- . . . Цагдаа дуугарсангүй. Тэрээр нилээн ихэмсэгээр толгой дохив.
- Яасан? Та гутлаа тослуулах уу?
- За яахав чи тос, щёткоо өгчих.
- Тэгээ тэг.
Цагдаа өгснийг аваад гарлаа. Гутлаа тослох зуураа тэдний ярилцах нь мухлагны нимгэн хананы цаанаас дүнгэр дүнгэр сонсогдоно.
- Хүн ихтэй байх чинь . . .
- Өнөөдөр юу болчихоов?
- Хэн мэдэхэв цус . . .
“Түрүүний харсан хөдөлгөөнт эргүүлийнхэн бололтой. Өдөрт ирж гутлаа тослуулдаг байх нь. Болохгүй нь ч юу байхав. Гутал тослох чинь эдний бас нэг үйлчилгээ биз. Дүрэмт хувцастай хүний гутал гялалзаж явах нь бас ч гэж сүртэй шүү” гэж бодож суутал
- Эд нар манай найзууд гэж гуталчин маань хэлэв. Түүний нүдэнд үл мэдэг бахархал төрөх шиг болов. Бахарал ч гэж дээ нэг тийм долигнуур ч юм шиг, бялдууч ч юм шиг.
- Аан! гэсэн хэдий ч түрүүнээс хойш өөрийнх нь биш нөгөө бүсгүйн гуталтай ноцолдоод байгаад эгдүүцсэн Хүрлээ
- Миний гутал мөд дуусах нь уу? Аль түрүүн ирсэн юмсан . . .
- За одоохоон. Эсвэл та жоохон явж байгаад ирэх үү? Гучхан минут. Тэгэх үү?
“Тэгдэг ч юм билүү” гэж бодож суутал цагдаа орж ирээд тосоо буцааж өгөөд эргэхэд
- Яасан? . . . Дууссан уу? гэж найрсагаар асуув.
- . . . Цагдаа мөн л л дуугарсангүй тэр чигтээ гарлаа. Тэр бас мөнгө төлсөнгүй. Төлдөггүй ёс гэж баймааргүй л юм. Сонин л юм . . .
Хүрлээг гадагшаа гарахад сэр сэр салхи угтав. Тийм нэг цээж тэниймээр. Тэр жижигхэн мухлагт цавуу тосны үнэрт мансуурах маягтай байснаа сая ухаарав. Түүний өмнө хоёр цагдаа өмднийхөө халаасанд гараа шаачихсан, ихэмсэг ч юм шиг, эсвэл бүр хийх ажилгүй мэт ганц нэг алхалж явна. Тэдний гутлын өсгий хүртэл гялалзаж харагдана. Хүрлээд ч гэсэн онцын зорилго байсангүй. Мөн л нэг хоёр гишгэн гутлынхаа хоншоорыг харан “Гучин минут юу хийх вэ” хэмээн бодон гэлдэрч явтал байшингийн булангийн “40000 уушийн газар” үүдээ нээсэн байгаа харагдлаа. Хүрлээ “Зүгээр байхаар үүгээр нэг шагайж үздэг ч юм билүү” гэж санан орлоо. Харанхуйвтар юм. Сандал ширээнүүд нь түүнд таалагдаагүй ч тэрээр нэг буланд очиж суув. Үйлчлэгч бүсгүй ирж, мэнд ус ч үгүйгээр хүрэн хавтастай цэс өмнө нь тавив. Хүрлээ цэсийг харж сууснаа бүсгүйд нэг зуун грамм захиж орхилоо. Яагаад тэгснээ өөрөө ч сайн ойлгосонгүй. Уг нь ууя гэж ерөөс бодоогүй юмсан. Нэгэнт захичихсан юм чинь одоо яая гэхэв.
Тун удалгүй үйлчлэгч архи авчирч өгөөд эргэхэд нь
- Өө, ах нь даруулах юмаа мартчихаж. Танайд юу байна?
- Одоохондоо зууш хоол арай гараагүй байна. Та жаахан эрт ирчихэж. Уг нь манайх гучаад минутын дараа онгойно л доо. Таныг нэгэнт ороод ирчихсэн болохоор л . . .
- Нээрээ ч арай эрт байгаа байх шүү. Ахдаа нэг ус өгчих дөө.
- За
Ус авчирахтай зэрэгцээд Хүрлээ зуун граммаа татаж орхилоо. Гашуун нясуун ч гэж най алга. Араас нь усаа гул гул залгилаад жаал суулаа. Цагаа хартал арваад минут өнгөрч. Дахиад хориод минут дутуу байдаг.
“Дахиад нэг зуу авчихдаг ч юм билүү. За за яршигдаа өнөө өглөө ямар архи уух гэж гарсан биш. Тэгээд ч ганцаараа. . .
Тиймээ! Энэ нус Зоригоогийнх яг мөн. Тэр ч байтугай одоо сууж байгаа энэ хэсэгт тэдний том өрөө нь байсан юм. Хэдэн дэрчгэр шар бандитай айл байж билээ. Нэг их атаман биш гэхэд нилээд хөдөлгөөнтэй хүүхдүүд байсан санагдана. За тэр ч яахав. Харин таньдаг айл маань ийм газар болоод өөрчлөгдөхөөр нэг л сонин сэтгэгдэл төрдөг юм байна. Байсан хүмүүс байхгүй болчихсон юм шиг гэхээр дэндүү нүгэлтэй болчих байх даа. Ерөөсөө л тийм нэг гуниг нуугисан сэтгэл төрдөг юм байх шив” хэмээн Хүрлээ орчноо тойруулан чухам юуг хараад байгаагаа анзааралгүй сүүдэрт бодолд автан сууна. Удалгүй Хүрлээгийн ходоод нь халж, сэтгэл нь сайхан оргиод ирэв.
“За, за яадаг юм золиг гэж. Дахиад нэг зуу авчихъя байз. Түрүүн гуталчингаас мянган цаас унагачихсан юм чинь” гэж бодоод үйлчлэгч охинд захиалав.
“Архи гэдэг сонин юм шүү. Хүнийг яаж ийж байгаад л эргүүлчихдэг. За тэр эргэх эргэхгүй ч яахав. Өдийд ажилтай байсан бол би юу боллоо гэж ингэж суухав дээ. Даанч дээ гэж” хэмээн шүүрс алдан суув. Энэ бодолтой давхцан өнөөх мартагдаж орхисон шарвагнуур шар амилах шиг болов.
“Өдий болтол ажил олж чадахгүй би ч гэж би юм даа. Танил тал найз нөхөд хардаг болсон өнөө үед олон жил гадагшаа явчихаар ёстой нэг новш болж хувирдаг юм байна. Хэдэн найз байвч дөнгөж ирүүт эхний хэдэн өдөр сүрхий байчихаад л холдчихдог юм байна. Хүний л зан юм байхаа даа. Гэтэл тэр муу хужаа ажил төрөлтэйгээрээ маниасаа дээр гэж байгаа. Бас тэгээд тэр цагдааг хүртэл миний найз гээд байгаа шүү”
- Түй! Новш гэж . . . Үхсэнийх нь найз байхав дээ гэж бодлоо гүйцээж амандаа хараагаад архиа хөнтөрлөө. Хүрлээгийн дотор улам буцалж байх шиг болно. Хоолойгоор нь урсан орох архи өнөөх шарвагнуурыг улам хөгжөөж буй бололтой. Тэрээр шазуураа зууж, завжаа татагнуулна.
“Ёо, ёо! Би юу болоод байнаа? Согтоод байгаа юм байх даа. Иймхэн юманд согтоод байдаггүй л юмсан. Нээрээ! өглөөнөөс хойш юм идээгүй байгаа юм байна шүү. Гэхдээ согтоно гэдэг чинь санааны л юм байхгүй юу. Дахиад нэг зуун грамм уучихнаа. Яадаг юм цус. Ямар өрөнд орчихсон биш” хэмээн өөртэйгөө ч юм уу аль эсвэл хэнтэйгээ ч юм хэрэлдэх мэт бодоод
- Хөөе! Үйлчлэгчээ!
- Айн?
- Ахдаа дахиад нэг зуу өгөөч
- Аан, за за
“Хөөрхөн ааштай охин бэ. Аятайхан ч биетэй юм. Ер манай охидууд их өнгөлөг болсон байна шүү. Ямар хурдан ирж байнаа. Урдаасаа ч гэсэн дажгүй юм. Би яагаад орж ирүүтээ анзаараагүй юм бол”
- Энэ таны захиас. Та харин яасан шуурхай байнаа?
- Тийм гэж үү?
- Та ирээд хорин минут л өнгөрлөө ш дээ
- Ах нь энэ зэрэгт гайгүй байх өө
- Тэгвэл яахав дээ
“Нээрээ, хурдан байна гэж үү? Эсвэл дүү охин надад арай . . . За, за тийм юм гэж хаа байв гэж. Энийг уучихаад гарахад гуталчингийн хэлсэн гучин минут ч болох байх. Гуталчин гэснээс энэ муу хужаа жижигхэн мухлагтаа суучихаад бидний хуучин гутлыг засаж байгаа мэт боловч яагаад ч юм бидний орон зайд эзэн суугаад байх шиг санагдах юм. Бүр гурван үеэрээ шүү. Тэгэхэд бид энэ хороололоос нүүж, бүр энэ эх орноосоо ажил амьдралаараа шахагдаад байх шиг. Мэдэхгүй ээ, мэдэхгүй би яг бодлынхоо гол гогцоог нь олж чадахгүй байна. Гэхдээ л энд ямар нэгэн юм болохгүй байна. Буруу байна. Чухам юунд байнав? Ядахад яр гэгчээр өчигдөрийн тэр муу хүртэл тэгж хэлээд байхдаа яахав дээ. Төрийн албан хаагч гээд байгаа юм шүү. Иймэрхүү хувиа хичээсэн, үзмэн тархитай юмнууд төрд шургалчихаар улс орон ч яаж хөгжих билээ дээ. За, за төрийн төлөө оготно гэж би ч юу билээ. Магадгүй, буруу нь бидэнд ч, надад ч байж болох шүү дээ” хэмээн учраа алдсан бодолд дарагдан суусан Хүрлээ архиа хөнтөрч дуусгалаа. Тэрээр царайндаа үүссэн ярвайлтаа арилаагүй байхад цагаа харвал өнөөх гучин минут аль хэдийн өнгөрчээ. Хүрлээ ямар нэгэн ажилтайгаа мэдэрч бослоо. Яагаад ч юм шарвагнуур шар өөдөөс харсан сандал дээр суугаад хоцрох шиг нүдэнд бүүр түүрхэн юм бүртгэнэв. Толгой ч эргэх шиг.
“Арай ч үгүй байлгүй дээ. Гуравхан зуу уучихаад согтоно гэж юу байсан юм” гэж бодсоор гарах үед араас нь бодлыг нь уншсан мэт хэн нэг нь
- Согтохгүй чи хаачихав дээ.
Тэр эргэж хартал танхимд ямар ч хүн харагдсангүй.
“Хэн юм бол” гэж бодсоор гарлаа.
Хүрлээд салхи сэнгэнэхээс өөр түрүүхэн мэдэрч байсан хаврын сайн сайхан зүйл мэдрэгдсэнгүй. Тэрээр булан тойрох гэж эргэх агшинд мөрөн дээр нь шарвагнуур шар гараад суучихсаныг анзаарав. Хүрлээ яагаад ч юм өрөөсөн гараараа мөрөө гөвөх ая үзүүлэхэд шарвагнуур шар нөгөө мөрөн дээр нь үсэрч гараад
- Чи бас намайг гөвөх санаатай
- Гөвж л таараа ш дээ. Чам шиг новшоор яах юм
- Намайг чи новш гэвэл өөрөө хэн болох вэ?
- Хэн болдог юм. Би, чамтай чамгүй би хэвээрээ л байна
- Чи өөрөө өөрийгөө ингэж хуураад яахав дээ. Намайг новш гэвэл чи хогийн сав нь шүү дээ.
- Юү гэнээ? . . . Энэ муу чинь харин яах нь вэ? гэж ууртайгаар хэлэв.
Хүрлээ түүнийг бариад авах гэсэн шиг мөрөө даган эргэнэ. Ганцаараа амандаа үглэж, мөрөө гөвөн эргэх түүнийг хэн ч харсан ухаан санаа муухан хүний төрх илрэнэ.
- Чи муу хэн болчихоод өчигдөрөөс хойш намайг дагаж салбаганаад байгаа юм. Зайлах мөрөөрөө зайлаарай чи
- Зайлах зайлахгүйг чи л мэднэ дээ
- Өө хө, тийм үү? Яавал та зайлах вэ? хэлээд өгөөч та гэж Хүрлээ доогтойхон инээд алдана
- Тархиараа
- Ингээд үү? гээд Хүрлээ мөрөн дээр суугаа шарвагнуур шарыг толгойгоороо мөргөх ая үзүүлэхэд
- Би чамд тархиараа гэж хэлсэн байхаа
- Засс, чи битгий хуц. Өөрөө тархи ч үгүй юм байж яах нь вэ зүгээр
- Харин ч би тархи нь үхчихсэн хүмүүст л нөхөж ирдэг юмдаа. Энэ үг Хүрлээд нилээд жинтэй тусав бололтой хэсэг ээрснээ
- Хуц, хуц. Битгий олон юм донгосч цаг бараад бай гэж хэн нэгэнд ялагдсан мэт гараа савлаад, цааш алхав. Энэ удаа шарвагнуур шар ямар нэгэн юм хэлж саад болсонгүй.
Хүрлээ ч гэсэн ашгүй гэсэн аятай хэн нэгний шаналгаанаас арайхийж салсан хүн шиг хурдхан алхавч түүний уур шатсаар байв. Мухлагт ойртон иртэл хүүхэн залуу хоёрын яриа сонсогдов.
- Чи тэгээд утсаа өгчихгүй юм уу?
- Үгүй шүү
- Тэгвэл гутлыг чинь өгөхгүй шүү
- Ее, л дээ! хурдлаа ч дээ
- Гутлаа авъя л гэж байгаа бол утсаа өг
- Яг ш дээ . . . Охин нилээн айлгүйтэн дуугарна.
“Энэ чинь одоо нөгөө охины гутлыг дуусгаагүй юм байх даа. Тэгвэл минийхийг дуусаагүй гэсэн үг байх нь ээ. Арай ч дэндэнээ. Муу хужаа чинь бас монгол охин оролддог байх нь. Нутаг оронд минь гурван үеэрээ сууршиад ханахгүй одоо бүүр цусанд минь шингэх гэж оролдож байх шив” гэж бодсоор орлоо. Хүүхэн залуу хоёр зэрэг дуугүй болсон боловч тэдний нүүрэн дээрх инээд нь арилсангүй. Энэ нь яагаад ч юм Хүрлээгийн эгдүүг бүр их хүргэв. Өнөөх шарвагнуур шар ч уухайн тас сэргэж ирэв. Одоо Хүрлээгийн талд байгаа гэдэгт найдахаас өөр аргагүй.
- Чи одоо болтол миний гутлыг дуусгаагүй байгаа юм биш биздээ? гэж ширүүхэн асуутал
- Ах ямар ууртай байх юм? Би таны гутлыг дуусгасан шүү
- Миний ямар байх чамд ямар хамаатай юм.
- За, за надад хамаагүй. Май, энэ гутлаа ав гээд үл мэдэг инээмсэглэн гутлыг нь өгөх дөө Хүрлээг шоолоод байх шиг санагдав.
- Чи одоо юундаа хүн шоолоод байгаа юм бэ?
- Хэн?
- Чамаас өөр хэн байдаг юм.
- Би шоолоогүй ээ, ахаа
- Тэгээд үхсэндээ жуумагнаад байгаа юм?
- Жуумагнана гэж юу юм бэ? Ахаа гэж инээмсэглэн асуух нь үзээдийн арзайсан хужаа харагдах шиг болоход уур нь оволзсон Хүрлээ байж ядахдаа
- Солиороод байгаарай чи муу
- Юу гэнээ?
- Наад охиныхоо гутлыг маяглалгүй өг л дөө чи
- Энэ таньд ямар хамаатай юм бэ? Бид хоёр найз ш дээ
- Битгий худлаа хуцаад бай. Чи муу
- Та яагаад байнаа?
- Яах юу байсан юм. Чи яах гээд энэ охиныг эргүүлээд байгаа юм? гэтэл нөгөө охин
- Та юу яриад байгаа юм бэ? гэхэд уураа барьж дийлээгүй Хүрлээ
- Чи одоо энэнтэй яах гээд заваараад байгаа юм
- Заваараад байх даа яахав дээ. Ер нь тэгээд яаж ч байсан танд ямар хамаатай юм
- Өө, хөө! Юу гэнээ? Хүн чамайг гэж ярьж байхад чи намайг юу гэлээ гэнээ?
- Үгүй ерөө очиж, очиж нэг согтуу хөгшин намайг сургадаг гэнээ. Миний хэнтэйгээ яах нь ёстой тань шиг юманд хүртээлгүй байхаа гэж өнөөх охин хялалзан цэвхэлзэв.
- Хн! Чам шиг ийм хормой султай юмнуудаас болж улс үндэстэн мөхдөг юм гэхэд нөгөө охины жижигхэн нүд нь жирвэгнэн хилэнтэж
- Юу гэнээ? Та намайг хормой султай гэж яаж мэдээв? Хэнтэй, хаана хэвтэж байхыг минь хэзээ харсан юм та. Хэл л дээ. Уусан идсэнээ шингээж чадахгүй байж, өөрийгөө хичээ за гэж хашгичаад
- Ер нь би хэнд юугаа өгөх нь хэнд хамаатай юм гэснээ жижигхэн цаасан дээр утасныхаа дугаарыг сараачин залууд өгч
- Над руу яриарай хэмээн хэлээд хэргээ гүйцээсэн хүн шиг Хүрлээ рүү ууртай ширтэв. Одоо түүнд хэдхэн цагийн өмнө Хүрлээгийн өхөөрдөн харж байсан бяцхан, хөөрхөн чанарууд бүгд үгүй болжээ. Харин залуу тэр хоёрын эрсэлдэн хэрэлдэж буйг ээлжлэн харж тэдний тэнэгийг гайхах мэт инээмсэглэн сууна. Түүний энэ байдлыг хэрүүл завсраа харсан Хүрлээ багтартлаа уурлав. Тэр ч байтугай өнөөх шарвагнуур шар залуугийн талд гарчихсан өөрийг нь даажигнаж суух шиг санагдана. Тэр муу хүртэл Хүрлээгийн тал биш ажээ. Байж ядсан Хүрлээ олон төрлийн хадаас үдээс хийсэн дөрвөлжин нүдтэй модон хайрцгийг өшиглөн унагав. Охин муухай орилон өрөөсөн хөлөн дээрээ догонцон гадагшаа гарлаа. Үүдэнд суусан хэдэн болжмор дэрхийн нисэв. Хүрлээ одоо өөрийгөө хянах чадваргүй болжээ. Тэрээр залуугийн арзгар толгойноос зууран авах агшинд гэнэтхэн хэн нэгэн Хүрлээгийн цамцнаас нь угзчин татлаа. Эргэн харвал хоёр цагдаа. Хүрлээ
- Та нар яаж байнаа? Хэнийг өмөөрөөд байгаа юм бэ?
- Та харин олон нийтийн газар бусдын амгалан тайвныг алдагдуулаад байгаа юм биш үү
- Эхлээд учрыг нь ол л доо та нар. Учир зүггүй хүн зулгаагаад байх юм. Надад үйлчлээд байгаа юм уу? Эсвэл энэ муу . .
- Та амаа татаарай
- Үхсэн хойноо! Та нар миний амыг татдаг, Айн? Та муусайнуудыг ямар мэдэхгүй биш. Өдөрт нэг муу гутлын тосны авлига авдагтаа л ингэж долигнож байгаа биз гэтэл байдал улам бишдэж эхлэв. Цагдаа нар
- Өө! Энэ муу чинь харин юу гэнэ? гэж амандаа үглээд хоёр талаас нь бороохойдлоо
- Май чи муу! Ингээд чи муу биднийг авлигад унагаарай гэж шүд зуун балбана. Хүрлээ тэдний ихэд эмзэг цэг дээр нь хатгасан бололтой.
- Цохиод бай та нар намайг. Бүүр алаад хаячихаарай гэж хашгирах зуураа ам хамраасаа гарах цус шүлсээ ханцуйгаараа арчиж, өрөөсөн гараараа хоёр зэрэг ирэх бороохойг аль чадлаараа хаахыг оролдоно. Нэг цагдаа нь
- Наад муугаа гавалчих гэхэд нөгөөх нь түүнийг сурамгай гэгч нь гавлаад хоёул чирч гаргав.
- Май! Ингээд чи хаагаад бай. Ингээд чи олон юм хуцаад бай. Бас авлига энэ тэр гэчихсэн юу вэ чи муу хэмээн үглэсээр балбана.
Хүрлээ эгээтэй л ухаан алдчихаагүй ч бас санаан зоргоор хөдөлж чадахгүй байгаа бололтой. Хоёр цагдаад чирэгдэн явах зуураа эргэн харвал нөгөө залуугийн хажууд хэдийдээ ч юм тэдний төрлийн гурав дөрвөн хүмүүс хаанаас ч юм гараад ирчихсэн байхыг хараад гайхав. Тэд олуулаа ажээ. Монгол хүн гэдэг тэднийг ямар ч нөхцөлд хараад таньдаг нь сонин. Хүрлээгийн дотроос ямар нэгэн юм гогдон зулгаах шиг, урж тасдах шиг санагдана. Хэдхэн цагийн өмнө гоё сайхныг нь магтаж байсан хөх алаг машины арын сандал дээр Хүрлээ гараа ардаа гавлуулан, нүүр ам нь цус нөжиндөө хутгалдан сууж явах нь тэр. Түүнээс дуу гарсангүй. Өвөр дээр нь түрүүхэн хятад залуугийн талд орчихсон өөрөөр нь даажигнаж байсан шарвагнуур шар суучихсан явахыг Хүрлээ харав. Гэхдээ тэр хэрэлдэхийг хүссэнгүй. Тэр ч байтугай энэ шарвагнуур шар яагаад өөрөөс нь салж өгөхгүй байгааг ч бодсонгүй. Харин тархи, зүрхнээс урсах гашуун бодолд дарагдана.
“Арай ч дээ. Би эднийг яасан юм? Би тэр охиныг өөрийг нь л бодсон ш дээ”
“Тэгсээн, чи түүнийг л бодсон”
Шарвагнуур шар түүний бодлыг ч гэсэн сонсдог ажээ. Тэр ч бүү хэл бас бодлыг бодлоор хариулдаг юм гэж үү . . .
“Үгүй ээ! Ингэхэд чи хэн юм бэ?”
“Би юү? Би бол чи, чи бол би”
“За, за хүнээр битгий даажигнаад бай. Тэртээ тэргүй би чамайг ойлгохдоо манатай байна”
“Ямар ч байсан би чамтай л хамт байгаа биз дээ”
“Өөрийгөө бурханы элч л гэж битгий хэлээрэй. Өчигдрөөс хойш хүн дагаад салбаганаад байх юм. Эсвэл миний бурханы оронд морилох цаг нь болоо юу?”
“Үгүй дээ. Би чамтай төрсөн цагаас чинь л эхлээд хамт байсан. Харин хамгийн сонин нь чи намайг өчигдөрөөс л эхэлж ажигласан”
“Мэдэхгүй л юм даа. Бид ямар баталж чадах биш”
“Харин би чаднаа. Чамайг анх ямар хүүхэд байсныг, чиний анхны дурлалыг, эх орондоо ирэх гэж хичнээн жил бодож шаналсныг, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө хэрхэн зүтгэснийг хүртэл мэднэ”
“Хоёр өдөр намайг дагасны хувьд наадах чинь ч захын хүүхдийн хэлчих логик дараалал байна даа”
“Итгэхгүй байх чинь зөвөө”
“Чи тэгвэл миний эцэг эх хэн гэдэг ямар хүмүүс байсныг хэлчих л дээ”
“Би нэрийг нь хэлээд яахав дээ. Гэхдээ маш өндөр боловсролтой хүмүүс байсныг, амьдралынхаа хамаг нандин бүхнээ өргөмөл ганц хүүдээ л гэж бүх насаараа зүтгэснийг өсгөснийг би мэднэ”
“Тийм ээ! Миний аав ээж тийм хүмүүс байсан. Яагаад ч юм би тэднийгээ санаж байх чинь. Би чинь ээж аавгүй ч гэсэн эх оронтой хүн биз дээ”
Хүрлээгийн нүднээс бөөн бөөн нулимс гарч сэмхэн урсаж эхлэв. Бас нус. Гэхдээ түүнд тэр бүгдийг арчих боломж байсангүй. Хий дэмий л шорхийтэл татна.
“Тийм ээ. Чамд энэ бүхэн бий”
“Тэгээд яагаад надтай ингэж харьцаж байгаа юм бэ? Тэд чинь надад ажиллаж амьдрах боломж өгөхгүй. Тэр ч бүү хэл төрсөн биеийг минь хайр найргүй балбаж байна шүү дээ”
“Зүгээр дээ залуу минь. Чи чинь эр хүн. Эр, эр дээ энэ цаг үеийг эзлэн төрсөн эр хүн. Үнэндээ бол энэ эх орны эзэн нь чи шүү дээ. Хэдэн жил эзгүй тэнэчихээд, эргэж ирэхдээ хөлчүүрхсэн болохоор эцэг чинь чамайг хээр хоносон нойтон чөдрөөр хэд сайн ороолгоо л биз. Найз минь чи битгий гутар даа”
Хүрлээ шарвагнуур шард хариу бодож чадсангүй. Тэр тунирхал гоморхол бас ухааралдаа тамирдсан бололтой хоолойгоо хягтнуулан чимээгүйхэн уйллаа. Түүний уйлж суухыг ажсан цагдаа завжаа сийгүүлэн байж
- Муусайн гөлөгнүүд та нар ингэдэг байхгүй юу гэж тавлаад сул гараараа Хүрлээгийн толгой руу хоёр гурав цохиод авав. Хүрлээ хариу дуугарсангүй.
Нар яагаа ч үгүй байхад хөдөлгөөнт эргүүлийн хөх эрээн машин хуучин хорооллын, хуучин байшингийн булан тойрон шинэхэн баригдсан эрүүлжүүлэх рүү давхилаа . . .


Түмэнбаярын Бум-Эрдэнэ 2010. 06. 11
Бүрэн эхээрээ...

Хүрлээ - 1 (Өгүүллэг)

7 Сэтгэгдэлүүд:

Хүрлээ нойрноос сэрлээ. Цонхоор тусах нарны шаргал туяа орны хөлийг ороон алдахыг бодоход бөх унтжээ. Тэр өндийх гэж яарсангүй. Нойрондоо зунгааралдах нүдээ гараараа нухмар болж, хэвтэрээ эвтэйхэн засаад дахин нүдээ анилаа. Нойроо ханасан эсэхэд эргэлзэнэ. Тэгтэл гэнэтхэн өчигдөрийн явдал тархинд харвахад уур нь хүрч эхлэв. Бодвол өчигдөр дутуу орхисон уур унтууны үлдэгдэл бололтой. Тэрхэн зуур Хүрлээгийн нойр сэргэж, орондоо хоёр хөрвөөгөөд ухасхийн бослоо. Тавиур дээрх цаг руу хяламхийвэл аль хэдийн арав өнгөрчээ.
“За, за өчигдрийн юманд өнөөдөр уурлаад яахав. Нэгэнт босчихсон юм чинь сайхан усанд оръё байз” хэмээн бодоод алчуур халаадаа аван угаалгын өрөө чиглэлээ. Гэрийнхэн нь бүгд алга. Хамаг хувцас хунар нь үүгээр түүгээр, ундуй сундуй хэвтэхийг бодоход ихэд яаруу сандруу гарцгаасан бололтой.
Хүйтэвтэр тааруулсан ус нойрмог биен дээр асгарах нь цаанаа нэг таатай. Нүүрэн дээрээ ус гоожуулаад зогсоод баймаар. Усны мянга мянган дуслууд арьсны нүх бүрээр сүвчин, өөрөө ч гэсэн усны нэгээхэн хэсэг болчихов уу гэлтэй санагдана. Гэтэл гэнэтхэн дахиад л өчигдөрийн явдал ямар ч сануулгагүйгээр тархинд харван орж ирэв. Хүрлээ сүүлийн хэд хоногийг эс тооцвол өчигдөрийг хүртэл урамтайгаар ажил хайж байсан гэж болно. Ямар ч ажлыг чин хүсэл эрмэлзлэлтэйгээр хийж чадах, бас ч гэж англиар ойр зуурын юм ярьчихтайгаа болсон түүнийг хэзээ нэгэн цагт, хэн нэг нь заавал ажилд авна даа гэсэн итгэл салахгүй дагаж байсан юм. Өчигдөр тэр нэгэн байгууллагын “Хүний нөөц” гэсэн хаягтай хүрэн хаалгыг татан орохдоо
“Хамгийн цовоогоор, хамгийн сайхнаар, хамгийн . . . хамгийнаар өөрийгөө танилцуулах юм шүү. Эх орондоо, эх хэлээрээ ярьж байгаа юм чинь болох байгаа” гэж бодсоор орсон. Хэсэг хугацааны дараа Хүрлээ гарч ирээд, хонгилд тавьсан сандлын наад үзүүрт урамгүйхэн суулаа. Тэрээр дутуу хаасан хаалгаа хаах гэж нэг ухасхийснээ
“Үгүй ээ, би ер нь яагаад энийг хаах ёстой гэж” хэмээн бодоод хаа нэгтээгээс өдөржингөө сажилж, сажилж ирээд сандал олдсон дээр нь суугаад авч байгаа хүн шиг хамаг биеэ сул хаян, ар дагзаа хананд наагаад нүдээ анилаа. Хүйтэн хана дагзнаас жиндүүлэх нь таатай ч юм шиг. Тиймээ! тэр ядарчээ. Хүрлээ маш олон сар, маш олон хаалга татан хуучнаар бол боловсон хүчинтэй уулзаж, эцэстээ аргаа баран сууж байгаа нь энэ. Манайд одоогоор орон тоо алга. Та энэ анкетийг бөглөөд орхичих, бид утасдъя гэж хоорондоо ярилцсан юм шиг нэг л ижилхэн хариу өгдөг юм тэд. Яагаад тэгдэг юм бол? Хэлэх ч үг алга даа.
Хонгилоор сэвэлзэх хөнгөн салхи Хүрлээгийн духны хэдэн ширхэг үсээр оролдоно. Тэрээр шууд явахыг төвдсөнгүй. Үнэндээ тийм тэнхэл ч байсангүй. Гараад хайчих ч юм билээ.
“Би гадаадад байхдаа бас л ажил хайгаад өдөржингөө гудамж хэмжин алхдагсан. Гэлээ гэхдээ их удлаа гэхэд бүр цаад тал нь нэг сарын дотор заавал нэг ажил олддог юм. Угаасаа хоол унд, байр савны төлбөр гээд тархи, зүрхний там болдог болохоор олохгүй бол болохгүй юм чинь дээ. Орой, бас л урамгүй мэдээтэй харих нь дээ. За, за би юугаа ч бодоод унав даа. Босохоос дургүй хүрч байх чинь. Үгүй тэгээд энд суугаад яах ч юм билээ” гэсэн эцэс төгсгөлгүй тэгсэн атлаа үр дүнгүй бодлууд Хүрлээгийн толгойд эргэлдэнэ. Тэгтэл түүний гарч ирсэн хүрэн модон хаалганы завсраар эр, эм хоёр хүний хоорондоо ярих нь тодхон сонсогдлоо. Эрэгтэй нь түрүүхэн Хүрлээтэй уулзсан хүн мөн ажээ. Эмэгтэй нь
- Яасан? Саяын хүн чинь гайгүй хүн юм биш үү? Гадаад дотоод яваад галуу шувууны мах зулгаасан, харахад ч аятайхан залуу байна даг.
- Хн! Хаашаагаа тэнэж, юугаа зулгаасан нь ямар хамаатай юм.
- Үгүй ээ, ядаж хэлтэй устай . . .
- За, засс! Тэрний хэл усаар би дутаагүй зүгээр
- Чи юундаа уурлаад байгаа юм бэ? Чи чинь хүний нөөц биз дээ? Хүн ажил хайгаад ирэхээр уурлаад байдаг. Манайд орон тоо байгаа ш дээ.
- Энэ одоо чиний хүн юмуу? Хаашаа юм?
- Үгүй л дээ
- Тэгээд. Тэгээд юундаа хүн шалаад байгаа юм? гэж бачимдан чарласнаа цааш нь
- Тэгээд ч би авахгүй. Аягүй бол сарын дараа гэхэд хэл усаараа гайхуулаад манийхаа толгой дээр гарчихыг хэн байг гэх юм
- Аан! Чи тэгж бодоод байгаа юм бий.
- Чи ямар тэнэг юм бэ? Ганцхан миний ч биш, чиний ч толгой дээр гарна ш дээ. Тэгээд хагас жилийн дараа гэхэд чи бид хоёрын нэг нь халагданаа гэсэн үг. Чи ер нь юм ойлгодог юмуу? Үгүй юү?
- Нээрээ тэгэх юм болов уу?
- Тэгээд ч би энэ хар амиа бодож гадаадад гайхуулж яваад ирсэн юмнуудад дургүй.
- Тэр ч арай хэтэрнээ
- Ямар ч байлаа гэсэн би энэ сандал дээр суугаа цагтаа гадаадаас ирсэн хүнийг ажилд авахгүй. Төр төмөр нүүртэй гэж мэдэх үү?
- Чи ч гэсэндээ хаанахын ч билээ визэнд ороод гараагүй гээд л урвайчихсан явсан биздээ?
- Харин тэгээд яагаав. Ямрынх нь гараад, ямрынх нь гардаггүй юм. Тэгээд ч тэр үед надад виз гараагүй нь болсон юм. Тэгээгүй бол саяын өрвийсөн юм шиг ажил хайгаад хүн долоочих гээд явахгүй юү . . .
Хүрлээ үүнээс цааш сонсож чадсангүй. Хэдий эрүүл саруул байсан ч чухам яаж гэртээ ирснээ ч мэдэх юм алга. Хамгийн их итгэж найдаж байсан хүн нь, хамгийн хүнд хэцүү үед уравчих шиг тийм сэтгэгдэл төрж байлаа. Монголдоо ирэх гэж яасан их хүслээ дээ. Тэр өнөөдрийг хүртэл яг зургаан сар ажил хайгаад олоогүй ээ.
Хаанаас ч юм ирсэн бухимдал, гомдол эсвэл юу ч юм бэ дээ нэг юм Хүрлээгийн сэтгэл дотор дахиад л босож ирэх гээд байгааг анзаарав. Энэ үл үзэгдэгч их сонин. Амьтай ч юм шиг, нүдтэй ч юм шиг, шар өнгөтэй ч юм шиг, шарвагнуур зантай ч юм шиг байгаа юм. Хүрлээд юу бодогдож, түүний сэтгэл санаа ямархан байнав, тэр аясаар хувирч, заримдаа бүүр өөрт нь дийлдэхгүй болтлоо авирлаад байгааг Хүрлээ дөнгөж өчигдрөөс л анзаараад байгаа.
Тэр уснаас гарч, саарал өнгийн зузаан том алчуураар биеэ зүлгэх зуураа
“Үгүй шүү! Өнөөдөр энэ талаар бодохгүй. Ерөөсөө өнөөдөр ажил төрөл гэж бодохгүй тайван өнгөрөөе байз. Эх орондоо байх ч сайхан байна шүү. Ажилгүй байгаад байхад л амьдраад болоод байдаг” гэж бодсоноо энэ хачин бодолдоо өөрийгөө шоолон жуумагнаад
- Ажилгүй байхад амьдраад байхдаа яахав дээ. Амьдарсан болоод гэвэл зохих байх. Гэхдээ л сайхан байна шүү. Ах дүү, аав ээжийнхээ хажууд байхыг сайхан гэхгүй бол өөр юугаа сайхан гэхэв гэж өөрөө өөртөө шивнэн хэлэв. Өөрийгөө хүчээр тайван байлгах гэж оролдож буй ч нэг л болж өгөхгүй л байлаа. Тэр кофе буцалгав. Сэтгэлийн мухарт өнөөх шарвагнуур шар түр намжиж буй нь мэдрэгдэж байв. Гэвч ямар нэгэн сэдэл гарах л юм бол тэр мэдээж сэрэхэд бэлэн байгаа.
“За, хө! Өнөөдөр чинь тэгэхээр юу хийдэг билээ. Кофегоо уучихаад жаал ном уншнаа. Багадаа ч олон ном уншсандаа. Нэг амтанд нь орчихоор мөн ч сайхан шүү. Яг л дотор нь орчих шиг болдогсон” гэж бодоод тавиур дээр жирийтэл өрсөн номнуудыг нүд гүйлгэн харав. Хүрлээд яг энэ номыг уншчихъя гэсэн зорилго байсангүй. Тэрээр хавтас нь нилээн муудсан нэг номыг яагаад ч юм сонгон авсан нь “Зуун жилийн ганцаардал” байв.
- Хн! Намайг мэдсэн юм шиг зуун жилийн ганцаардал байхдаа яахав дээ гэж амандаа үглээд, “Нээрээ, ажил олдох нь уу, үгүй юү гэж номоор мэргэлдэг юм билүү” гэж бодсоноо өөрийгөө шоолов. Энэ шоололт ч гэсэн ямар нэгэн хор шар дагуулах гээд байх шиг. Хүрлээ түүнээ хурдхан анзаарч
- За, за тийм ядарчихсан юм гэж юу байдаг юм. Өнөөдөр угаасаа энэ талаар бодохгүй гэчихээд. Тэгээд ч энэ номоор мэргэлэхгүй гэж хэн нэгэнтэй ярьж байгаа юм шиг тод хэлэв. Тэр бухимдахгүйг хичээж байлаа.
“Энэ номыг би урьд нь хэд уншлаа? Бараг хоёр ч уншсан байх. Хүн амьтны хэлдэгээр салахын аргагүй сайхан ном гэж мэдэрсэндээ биш, зүгээр л анх уншаад юу ч ойлгоогүй. Нас насны ялгаагаар ойлгодог юм болов уу гэж бодоод сүүлд, оюутан байхдаа дахиж нэг уншсан. Тэгээд ч ойлгоогүй юм. Гэтэл энэ зохиолчийн бараг энэ номонд нь байхаа Нобелийн шагнал өгсөн байдаг. Бодвол би л тааруухан тархитай гайхал юм байх даа” гэж бодон номоо барьсаар буйдан дээр хэвтлээ. Хүрлээ хаа очиж номыг уншиж сурчээ. Хоёр нүд нь аяган дотроо хэдхэн гүйгээд л нэг нүүрийг уншчих нь тэр. Зарим хүмүүс бараг л үсэглээд байна уу гэмээр үг үгээр нь, удаан уншдаг бол Хүрлээ ерөнхийд нь мөр мөрөөр нь харж амждаг юм. Бараг л зурагтай сэтгүүл үзэж байгаа юм шиг.
“Үе үе дамжсан үхэж өгдөггүй энэ эмгэнд л нэг учир байгаа юм даа. Бодвол энэ, хүн хэлбэрээр гарч ирсэн хүний оюун санаа юм болов уу” гэж хүртэл бодов. Түүний хэвтэж буй чив чимээгүй өрөөнд номын хуудас хааяа нэг эргэх чимээ, ханад өлгөөтэй кварцан цагны чаг чаг дуугарах л сонсогдоно. Номоо уншиж хэвтсэнээ Хүрлээ хамгийн дуугай дүмбэгэр юм бол яаж ч бодсон ном мэт санагдавч хуудас нь эргэхээрээ чимээ гаргадаг болохыг сая анзаарав. Ном чимээтэй ажээ.
“Яагаад би ийм гэж бодож байгаагүй юм бол. Номон дотор чинь голын шаргиа, навчисын сэрчигнээн, адуу янцгааж, амгай шаргиж, ардын дуу шуранхайлж, айраг хүртэл эсэж байдаг биш билүү. Тэр ч байтугай энэ номонд гарч байгаа шиг цаг хугацаа зуу зуунаар үргэлжилж байхад яагаад дуу гарахгүй билээ. Энэ бяцхан тосгонд эмс охид инээж эсвэл уйлж, эр цэргүүд ирж буцаж, элсээр шуурч байхад, үгүй ядахдаа л сүмийн хонх гунигаар цохилж байхад яагаад ном дуугүй байх гэж . . .
Нээрээ! сүмийн хонх гэснээс энэ үед цаг байсан болов уу. Байсан л байж таарна даа. Гэхдээ энэ кварцан цаг шиг дуугардаггүй байсан байх”
Нэг мэдэхэд Хүрлээ номоо тэвэрсээр бодолдоо ороогдон цагны цохилтыг өөрийнхөө зүрхний цохилттой харьцуулан тоолж байлаа. Аль нэг нь арай хурдан ч юм шиг . . .
Үгүй ээ үгүй, яг адилхан ч юм уу. Тэр ялгаж чадсангүй. Түүний доторх өнөөх шарвагнуур шар хүртэл гайхаж хоцорсон янзтай төсөөлөгдөнө. Тэр тэгж байхдаа таарсан амьтан. Тэгээд л маанайж байг цаашаа.
“Тиймээ! Тэр үед цаг байгаагүй байх. Нарнаас нарны хооронд баримжаалдаг байсан байх. Өглөөний нар мандахаар үзэмнийхээ талбай руу явж, үдийн нар голлоход сүмийн хонх дуугарч хөөрхий ажилчид бутны сүүдэр доор нуруугаа амраан, хавтгай гурилаа халуун чинжүүтэйгээ иддэг байсан байх. Магадгүй, үдэш нар бөхийхөд ажлаа дуусгаад, газар өнгөтэй амбаар луугаа тааваараа алхахдаа хэн нэгэн бүсгүйн энгэрээ сулхан нээж, өргөн хондлойгоо холбилзуулан алхахыг тэр ч байтугай нэвт хөлөрсөн суга хонхорцогийг хүртэл тийм нэг хүслийн ад гүйсэн харцаар ширтэн алхацгаадаг байсан байх. Тэд ажлаа тарахад жаргалтай байдаг байсан байх” Хүрлээ ийн бодож хэвтэнэ. Түүний нүд цаган дээр, гарт нь ном, бодол санаа нь зуу зуун жилийн тэртээх халууцаж хөлөрсөн Испани бүсгүй дээр туссан байлаа.
Тиймээ, тэд ажилтай байж. Хүн төрөлхтөн үеийн үед ажилтай байж. Харин Хүрлээд ажил байхгүй. Энэ үед Хүрлээгийн шарвагнуур шар мурчигнах шиг болов. Энэ үл үзэгдэгч хэзээнээс эхлэн бий болсныг мэдэхгүй. Ямарч байсан өчигдрөөс эхлэн амилсан уу эсвэл тэр анзаарсан уу нэг л юм болсон. Хүрлээгийн дотор бачууран харанхуйлж, барьж байсан номоо эгээтэй л шидчихсэнгүй.
“Би эх орондоо ирэх гэж ямар их хүслээ. Бараг л өдрийн бодол, шөнийн зүүд байсансан. Гэтэл энд үлдсэн хүмүүс маань гадагшаа явагсадынхаа тухай ийм бодолтой байсан гэж үү. Яалаа гэж энэ вэ? Юу биднийг ингээд хуваачих нь энэ вэ?” гэж бодох зуур өглөөнөөс хойш хүчээр барьж байсан сэтгэлийн шаналал нь гомдол болон хоолойд зурна. Өнөөх шарвагнуур шар нэг болохоор даапаалан шоолох шиг, нэг болохоор түүнийг даган нурмайх шиг болно. Нэг мэдсэн чинь Хүрлээгийн нүдний аяга шингэнээр дүүрсэн байлаа.
“Үгүй ээ, үгүй. Би иймхэн юманд ингэж нормойгоод яах ч юм билээ. Өнөөдөр ерөөсөө энэ талаар бодохгүй шүү. Сайхан амрах л хэрэгтэй. Өнөө орой нөгөөдүүлээ ирэхэд сайхан хоол хийе. Яалаа гэж тэр хаа хамаагүй танихгүй хүний хэлсэн үгний төлөө би энд боож үхэх гэж суух билээ” гэж тэр өөрийгөө тайвшрууллаа. Шарвагнуур шар ч учиргүй сагсалзан байснаа эзнээ харсан хоточ шиг цагиргалан хэвтэх шиг болов.
Хүрлээ өөрийгөө тайвшруулах, жаргалтай байлгахын тулд юу хийхээ бодно. Түүнд одоо ном хэрэггүй болсон. Тэрээр гэр дотроо нүд гүйлгэн явтал үүдэнд хэвтэх хоёр гутал тусав. Монголд ирэхдээ өмсөж ирсэн гутлын өсгий нь мөлийжээ. Тэрээр ихэд олзуурхан
- Өө, хөө! энийгээ янзлуулъя байз гэж дуу алдах шахам хэлээд “Уг нь чанартай л юм гэсэн. Манай энэ шороо чулуу болсон гудамжинд хаанахын, ямар гутал байгаад ч нэмэргүй бололтой доо” гэж бодтол нүдэнд нь эхнэрийнх нь гутал бас тусав.
- Үгүй тээр! Манай хүний гутал хэдийдээ бас ингээд яайжийж орхив гэж өөрийнх нь гутал зүв зүгээр байгаа юм шиг гайхан үглэснээ
- За, за хоёуланг нь аваад гаръя гэж бувтнаад өөрийгөө сатааруулах ажилтай болсондоо тэгсэн үү сэтгэл нь овоо хөнгөрөн хурдхан шиг хувцаслан гарлаа. Яг л уйт орчноос зугатах мэт.
Хүрлээг босож, суун бодолдоо ороолдсоор байтал аль хэдийнээ нар голлож, өдрийн хугас өнгөрчээ. Наашилж буй цагийн нар ээж байрных нь хэдэн хөгшид дүнгэр дүнгэр гэлдэн сууцгаана. Зарим нэг нь Хүрлээгийн эцэг эхийг амьд ахуйд орж гарч байсан тухайн цагийн андууд мөн. Цагтаа хуучны энэ хороолол битгий хэл, энэ хот, энэ улсыг нуруун дээрээ авч явцгаасан улс гэхэд одоо итгэхэд бэрх харагдана. Хэдэн хүүхэд шаагилдан, элс шороо бужигнуулан тоглоцгооно. Байшингийн ёроолоор нялх ногоо цухуйсан нь хэн хүний сэтгэлийн үзүүр дулаацмаар.
Хүрлээ нэгэн гуталчингийн газрыг мэднэ. Хүрлээ байтугай энэ хавийнхан бүгд мэднэ. Орон сууцны хамгийн анхны гэж болох энэ хорооллын гурван давхар ягаан байшингуудын дунд бас ягаан өнгөтэй жижигхэн дөрвөлжин цэг шиг тийм нэг шавар мухлагт нэгэн гуталчин суудаг юм. Яг ямар нүүр царайтай хүн байсныг нь тэр санадаггүй. Осолдохгүй хөх өнгийн хөвөнтэй өмд цамцтай, том хар дугуй унасан хөгшин дотор хүн байдаг байсан. Хүрлээ бусад хүүхдүүдийн адил “Хужаа, хужаа. Хөгцөн шүдэт, хөгшин луухаан” гэж хашгирчихаад гүйж одно. Тэгэхэд арзгар хар шүдээ гаргаад инээдэгсэн. Яг инээж байсныг мэдэхгүй юм. Гэхдээ хэн ч харсан инээж байна л гэж бодогдоно. Тэр шүд л санаанд байхаас бусдыг бол мартжээ. Хожим сургуульд явахад тэр жижигхэн мухлаг, тэр хүн хоёр байж л байсан. Яагаад ч юм санаанд үлдсэн хэрнээ санагддаггүй тийм л нэг мухлаг, тийм л нэг хүнийг өнөөдөр Хүрлээ гутлаа янзлуулах болохоор л санасан хэрэг. Тортой гутлаа гартаа санжуулан хөгшин улиасны доогуур яаралгүйхэн алхахдаа
“Энэ моддыг бидний дээд үеийнхэн ямар их сэтгэлийн хөгөөр тарьж бас ургуулсан бол. Тиймдээ ч ийм сүрхий ургасан байх”
Анхны хороолол, хуучин байшингууд, хөгшин модод, эртний дурсамж бүгд нийлээд сэтгэл дулаацуулчих юм гэж, өнөөх шарвагнуур шарыг хүртэл унтуулчих юм гэж Хүрлээ хэзээ ч санаж яваагүй байх. Харин сүүлийн үед хотын хаа ч гэсэн харагдах болсон хар хөх өнгөтэй машин хуучин байшингуудын дунд зогсох нь дэндүү гялгар бас содон гэмээр.
“Хотын хүн ам ихэссэн өнөө үед энэ хөдөлгөөнт эргүүл гарсан нь сайшаалтай шүү” гэж тэр харсантайгаа зэрэг шахам бодож амжив. Эдгээр байшингуудын нэг давхрууд одоо бүгд үйлчилгээний газрууд болжээ. Ихэнх нь л гадаад хаягтай юм. Тэрээр “40000 уушийн газар” гэсэн хаягийг харж
“Энд чинь нус Зоригоогийнх байсан ш дээ. Сайн санаж байна. Ядруухан гэхэд хаашаа ч юм нэг тийм айл байсансан. Хүүхдийнх нь нус нь дандаа л гоожиж явах. Угаасаа тэр үед нэг давхар чинь жаахан нэр муутай байсан юм. Зах зээл энээ тэрээ гээд л үнэд орсон болохоос биш. Бодвол тэднийхэн энийгээ зарж аль нэг тийшээ явж одсон байх л даа. Харин энэ хаягийг тоо, үсэг холиод овоо сүрхий донжийг нь олоо юу даа” гэж сунжруу бодолд автан булан тойров. Хүрлээг шавар мухлагт ирэхэд тэртээ санаанд үлдсэн хуучин мухлаг байдгаараа байж л байлаа. Яг л нэг юмны төгсгөл шиг. Харин жижигхэн цонхондоо төмөр сараалж хийсэн байв. Угаасаа л сүүлийн үеийн нэг давхрын бүх цонхонд байдаг болчихсондоо. Хүрлээ гадаадаас ирээд энэ хавиар зөндөө л явсан баймаар. Гэхдээ энэ бүгдийг ингэж сүрхий ажигласнаа санахгүй. Гутал засвар гэсэн хаягийг хараад “Нээрээ ч дээ. Энд гутлыг засах болохоос ямар хийх биш. Тэгэхээр гуталчин гэж бичихгүй нь зөв юм. Бид л гуталчин гэж яриад заншчихаж” гэж хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг юм бодсоор орлоо. Өөдөөс хаймар, цавуу, ширний тийм гэхийн аргагүй содон үнэр тас хийтэл үнэртэнэ. Аргагүй ч юм биз. Түүний бодсоноос хамаагүй залуу хүн тэнд суух бөгөөд Хүрлээг харуут
- Сайн уу ах? Гутлаа засуулна уу? гэж түүний барьж явсан торлуу хяламхийв. “Туужууны өвс шиг ширүүн хар үс, хув гэмээр өчүүхэн чих, хүүхнүүдийн дуртай давхраатай ч, хаанаа ч юм бэлцгэртэй хачин нүд зэргээс харахад энэ яав ч монгол цусны хүн биш”
- Сайн. Гутлын өсгийд резин наалгавал ямар үнэтэй байх вэ?
- Дөрвөн мянга таван зуу ш дээ.
- Юу?
- Манайх шиг хямдхан газар энэ хавьд байхгүй дээ. Та яваад үзсэн ч болно.
“Өгүүлбэрийн зохион байгуулалт нь буруу болохоос бараг аялгагүй шахам ярих юм. Бас л их монголжсон байгаа юм шүү. Бидний багад хятадууд өмссөн зүүснээрээ ч, хэл яриагаараа ч илт ялгардаг байж. Одоо ч тийм байхаа больжээ”
- Би хоёр гуталд наалгах гэсэн юм. Найман мянгаар наагаад өгчих гэчихээд “яагаад заавал хямдруулах гэсэн юм бол” гэж санахдаа өөрийгөө гайхав.
- Хаа яаа! Би таваан мянга байсаан. Тэгээд дөрвөө мянга таван зуу гэсээн. Та дөрвөө мянга гэнээ гэж амандаа үглэн, толгойгоо сэгсэрч гаслах авч гутлыг эргүүлж тойруулан үзнэ.
“Өө, хөөрхий! бас аялгагүй ч биш юмаа. Хэлэнд даанч нэг муу улс шүү”
- Чи таван мянга гэж хэлээгүй ш дээ
- За, за би наанаа, наанаа гээд залуу гуталнуудыг нь тэрүүхэндээ шидлэв. Мэдээж тэр таван зуун төгрөгнөөс болж найман мянган төгрөгний ажлаа алдахыг хүсээгүй бололтой. “Чи муу ингэхгүй гээд яахав дээ. Энэ тэрүүгээр хэдэн жил тэнсэнийх чинийхээ занг мэдэлгүй дээ” гэж бодон эргэж сандал дээр суулаа. Тэр хоёрын хэн хэн нь дуугарсангүй. Бодвол дор дороо л юм бодож суугаа байх.
“Уг нь хүний нутагт амьдраад тухайн улсынхаа хэл яриаг сураад ирэхээр сайхан л байдаг юм. Тэгээд ирэхээрээ хүн хартай ярьж, үгүй ядахдаа өөрийнхөө хэлний түвшин хэр байгааг бусдад мэдрүүлэх ч бас бахархамаар мэдрэмж төрдөг шүү. Би ч гэсэн тийм л байсан. Даяарчлал гэж их ярих болсон өнөө үед хүн хаа ч явлаа гэсэн хүнд тустай ажил хөдөлмөр хийж яваа бол одоо яалтай ч билээ дээ” гэж Хүрлээ гуталчинг өөртэйгөө зүйрлэн, бодлоо бүгээнтгэж, өрөөг тойруулан ажин сууна. Энэ нь чухам өөртөө залуугийн тухай төрсөн таагүй сэтгэгдэлээ хорьж байгаа юу эсвэл угаасаа нас ахиад юмыг арай уужуу бодох болсон нь нөлөөлсөн үү алин болохыг ялгасангүй.
Мухлагаа тэг дундуур нь намхан хаалтаар хоёр хувааж. Нэг талд нь хана дагуулан бандан сандал тавьж, эрээн хулдаасаар хулджээ. Гурав дөрвөн хүн суугаад дүүрчихмээр аж. Энэ нь үйлчлүүлэгч нарын суух хэсэг бололтой. Нөгөө талын хананд зүлгүүр бүхий бага оврын машин байрлуулчихаж. Толины хоёр хэсэг хагархай хаанаас ч юм олж ирээд наачихаж. Өөрийнхөө суудаг сандал дээр ямааны өөдсөхөн хөдөс тавьчихаж. Мөлийж гялайсан гутлын тахир төмөр, хажуугийн тавцан дээр жижигхэн дөрвөлжин нүднүүдтэй модон хайрцаг байх бөгөөд нүд болгонд нь хоорондоо үл ялиг ялгаатай зүсэн зүйлийн шивээ хадаас, үдээс зэргийг хийжээ. Түүний хэрэгтэй бүхэн эргэн тойронд нь байх бөгөөд залуу хүссэн зүйлээ хүссэн үедээ нэг их эрж хайлгүй авах ажээ. Ер нь эргэн тойронд байгаа болгон тохилог гэхэд хаашаа юм нэг тийм амархан, сэтгэлд дулаахан ч юм шиг Хүрлээд таалагдаад байх шиг санагдана. Хүн заримдаа яагаад ийм жижигхэн бөглүүхэн орчинд дуртай байдаг юм бол. Хүүхэд байхдаа хувцасны шкафанд эсвэл ширээн доогуур орж орчноосоо тусгаарлагдан тоглох дуртай байж билээ. Хүрлээгийн эмээ ч гэсэндээ тэдний жижигхэн гал тогоонд хаашаа л бол хаашаа юм юмандаа хүрээд амар гэсэн шиг цай оочлон хөлсөө бурзайлган суудаг хүн байж билээ. Тэндээсээ ч бараг гарахгүй. Бодвол орчин нь яг л иймэрхүү санагддаг байсан байх. Арынхаа тавиур дээр энэ мухлагтаа таарсан бяцхан хөгжим тавьчихаж. FM бололтой. Сүүлийн үед ихэд нэрд гараад байгаа залуу дуучны дуу эгшиглэнэ. Хөгжимийн дэргэд алгын чинээ цаасан дээр улаанаар дармалдсан хоёр ханзыг скочоор нилээд нямбайлан наажээ. Өлөн тоосонд дараатай тэр хоёр ханз чухам юу гэсэн үг юм бол гэсэн бодол Хүрлээгийн толгойд өөрийн эрхгүй бууна. Ер нь энэ өрөөний бүх юм тоос шороо, үртэс үйрмэгт дарагдсан тул цаанаа нэг өнгө алдсан харагдана. Түрүүнээс хойш зүгээр суулгүй зай завсаргүй хөдлөх залуу хөгжим даган гиншигнэн толгойгоо бөнжигнүүлэн ажиллана. Ерөөсөө л тэр сэтгэл хангалуун байгаа бололтой. Энэ юундаа ийм жаргалтай байдаг билээ. Хариуг олоход тийм ч их цаг орсонгүй. Хүрлээг бодвол тэр өөрийн гэсэн ажилтай байлаа. Тиймээ, тэр ажилтай. Өчигдөр, уржигдар ер нь хэзээ ч юм хүмүүсийн авчирч өгсөн хуучин гуталнууд тэр хөндийгөөр дүүрэн. Залуу оёхыг оёж, наахыг нь нааж, хадахыг нь хадаад нөгөө хөндий рүү шидлэнэ. Хүрлээ хараад байгаа болохоор тэр үү залуу улам ч хурдан хөдөлж байх шиг. Өнөөдөр, маргааш, нөгөөдөр хэзээ ч юм хүмүүс эдгээр гутлыг авахаар ирэхэд эд бүгд мөнгө болон хувирна. Тиймээ, энэ залуу ажилтай. Тэр ч бүү хэл өөрийн гэсэн орчинтой. Тэр энэ мухлагтаа жаргалтай.
Харин . . . харин Хүрлээд ажил байхгүй. Түүний доторх шарвагнуур шар сэмхэн сэрэх шиг мэдрэмж төрж эхэллээ.

Үргэлжлэл бий . . .

Бүрэн эхээрээ...