# #

Тасалгааны цэцэг (Өгүүллэг)

15 Сэтгэгдэлүүд:


Борооны дуслууд бөглүүхэн дуугаар цонх товших чимээнээр тамираа алдсандаа иш нь гулдайж том гэгчийн дэлбээгээ духайлган цонх түшсэн тасалгааны цэцэг сая нэг ухаан орох мэт сүүмийх авч өөрийн биеийг эгцэлж үл чадна. Ус ундаа нь холдсоноос тэр ядарч туйлдахын эцэст хүрчээ.
Хоорондоо өрсөлдөх мэт уралдан буух борооны бүлээн дуслууд цонхны шил даган намиран урсана. Нартай бороо болоод тэр үү наалинхай гэж жигтэйхэн. Цонхны харалдаах цэцгийн мандлын хэдэн цэцэгс намираа борооны зөөлхөн шиврээнд нэвширтэл норсон хэрнээ цаанаа нэг таатай. Тэдний үндэслэсэн хар хүрэн хөрс сүүлийн хэд хоногийн турш шатаах шахам шарсан наранд ангасан ангаа нь тайлагдаж, тэр ч байтугай тэрүүхэн тэндээ шалбааглах аятай. Бороон завсраар үес үесхэн сэгэлзэх сэвэлзүүр салхинд наашаа нэг, цаашаа нэг үелзэн найгацгааж биеийн чилээг үргээнэ. Олуулаа байх сайхаан.
Өнөөдөр л бүх юм эхэлж байгаа мэт тэдний аяг нь өчигдөрийг хүртэл шарсан их нарыг өчигдөртэй нь хамт мартсан бололтой. Байгалийн араншин гэж энэ юм даа. Үхсэн ч, сэхсэн ч байгальтайгаа л дуусах тэдгээр цэцэгс одоо өнгө өнгийн дэлбээгээ дэлгэн үзэх нүдийг баясгах нь үнэхээрийн жаргалтай.
Харин цонхны тавцан дээр өнөөх ганц тасалгааны цэцэг шавар вааранд шалчийж хорчийн өнгө зүсээ алдан хэрвээ дуутайсан бол гийнан гиншиж байна уу гэлтэй сулбайн унжина. Нэгэн цагт эзнийхээ арчилгаанд эрэмшин энэ муу ваарандаа багтаж ядатлаа, ээ дээ мөн ч сагсайтал ургасансан. Сайхан цаг байж дээ тэр үе. Салхивчаар сэвэлзэх өглөөний цэнгэг агаарт навчны үзүүрийг сэгэлзүүлсэн шиг ээ, цаг цагт услах тогтмол усалгаанд цадаж, цамаархаж, цаашилхаараа бүр цанхаалж. Цагиргалсан их үндсээрээ цадахаа мэдэхгүй ховдоглож, цагаан цагаан дэлбээгээр цээжээ дэлдэж, цалгиж явсан даа хөөрхий. Тэгж байхдаа тэртээд харагдах мандлын хэдэн цэцэгсийн бие биенээ түшин бээцийлдэн байхыг хараад тэнгэрээс хур царайчилсан тэдний хувь тавиланг хөөрхийлөн тохуурхаж, тогтмол цагаар тордуулсан өөрийнхөө заяанд омгорхож суусансан. Хэдийгээр бид бие биендээ нөлөөлөхгүй ч гэсэн хэрэггүй л байж дээ бусдыг шоолж суудаг маань. Тэдэнд тохиолдсон зовлон надад ирж болноо гэдгийг яагаад би ингэж угтаан тултал хатаж хорчийн байж ойлговоо. Ойлгох ч яахав нэг хэрэг. Оройтсон байвал яанав.
“Юм юмны хувь заяа гэдэг юутай гачлантай. Одоо яая гэхэв дээ зайлуул, очиж очиж мандлын цэцэг болдог та нар ха ха” гэж ирээд л үгүй ээ мөн их басамжилсансан. Өсөхөд жаргаасан жаргал үүрдийнх хэмээн эндүүрсэн би үйлийн үр гэдэг эргэж ирдэгийг тэр үед мэдээгүй. Хажууд минь савтай ус байлаа ч хатаж ангахын зовлонд нэрвэгдэж, хатуухан хорвоогийн зовлонд харин ч нэг лавхан унаж дээ би. Ороолдож хэрэлдсэн хэдэн үндэс маань одоо ч гэсэн учраа олохгүй хий дэмий л бие биенийгээ хэмлэцгээж байх шиг. Салаалж ургасан мөчирс минь салбайж унжаад, гашуудлын аяз енгэнүүлэн ганц нэгээрээ тасран унаж буй дэлбээгээ харах юм чинээ санаж явсангүй. Гадаа байгаа тэдгээр цэцэгс ганц юмаараа надаас илүү гэдгийг гайгүй сайн ойлгох шиг. Тэр нь тэмцэх чадвар юм байхаа даа. Орчлонгийн эрээн барааныг өөрсдөө л давж гардаг тэр л чанараараа тэд надаас давуу байж. Тэрийг нь мэдэхгүй би мөн ч их тэнэглэсэн дээ. Хэн нэгнээс дэм харж амьдарна гэдэг хэзээ нэгэн цагт дуусахын дохио бололтой.




Бүрэн эхээрээ...

Флаш (flush) (Өгүүллэг)

25 Сэтгэгдэлүүд:


Зандаа ирсэн хоёр модныхоо буланг бараг өөрөөсөө нуух шахам сөхөж харлаа. Түүний эхний мод цэцгийн тав байв. Тааруухан л юм. Дараагийн модны буланг чадах чинээгээрээ удаан имэрлээ. Яагаад ингэдэгээ мэдэхгүй ч түүний зуршил гэмээр болж дээ. Бодвол бодлоо төвлөрүүлэх оролдлого байх. Тэнд “А” үсэг харагдав. Гэхдээ бүр цэцгийн юм гээч. Нэг их ч олигтой мод биш ч гэлээ учраа алдсан муу мод биш. Өнгө дагасан, тэгээд ч нэг нь модны том нь учраас орохгүй өнгөрөөчих гэхээр бас ч гэж хайран. Тэрээр орох уу, байх уу гэсэн эргэлзээгээ ямар нэгэн байдлаар нөгөө тоглогч нартаа мэдэгдэж болохгүй. Яагаад гэвэл ямар нэгэн хөдөлгөөн, харц, тэр ч бүү хэл хэрхэн яаж амьсгалж байгаа зэргээс нь түүнийг ямархуу модтойг анзаарчих хашир нөхдүүд хажуу талаас нь харж суугаа. Нэгийг нь сорви Пүүжээ гэх бөгөөд зүүн шанаан дээрхи гүн сорвийг харсан хэн хүн түүний хочийг зовлонгүй ойлгоно. Хахирдуу сөөнгө хоолойтой энэ эр покер хэмээх тоглоомыг саяхнаас тоглож байгаа нэгэн. Тэрээр энэ тоглож байгаа болон алдаж байгаа мөнгөө чухам хаанаас олдог нь үл мэдэгдэнэ. Гэхдээ эрүүгийн ертөнцөд түүнийг мэдэхгүй хүн бараг үгүй. Тэр их элбэг дэлбэг мөнгө чухам энэ талаасаа ч урсаж, ундарч байж мэдэх юм. За тэгээд түүний мөнгө хаанаасаа яаж гарч ирэх нь Зандаад юуны хамаа байхав. Хаа очиж мань эр хожсон ч, хожигдсон ч тоглоомын дараа нэг шил виски захиалж баяраа ч юмуу, гунигаа ч юмуу хуваалцдаг зантай.
Харин нөгөө нөхөр буюу эгц өөдөөс нь харж суугаа эрийг Зандаа мэдэхийн дээдээр мэднэ. Цоолчих шахан цоргих түүний хоёр ногоон нүдийг мартахын аргагүй. Хүүхэд юм бол муужгай гэж дуудмаар. Даана ч өдий насны эрчүүд яалаа гэж тэгж нялхамсахав. Гэхдээ л түүний нүднээс хүн байтугай бар дальдирмаар. Ногоон Нацаг хэмээх энэ хүн бол нэртэй өмгөөлөгч нарын нэг. Хэрэг задлахдаа гаршсан түүгээр өмгөөлүүлсэн сэжигтэн ял аваад байх нь мөн ч ховор доо. Тиймдээ ч тэр үү тэрээр нийгмийн дээд, доод давхаргын аль ч хэсэгт нөлөөтэй, хэрэгцээтэй хүн гэдгийг Зандаа андахгүй. Жирийн үед бол энэ хоёр нүд хонины нүд шиг номхон харагдах хэрнээ яг ингээд тоглоод ирэхээрээ даанч нэг жийрхмээр шүү. Зарим хүний ярьснаар бол шүүх хурлын үеэр буюу хэрэг өмгөөлж байх үедээ бас нэг иймэрхүү болчихоод хэр баргийн прокурор өөдөөс нь нэг их удаан хардаггүй гэсэн. Зандаагийн хувьд цагдаа шүүхээр яваад байдаггүй тул сайн мэдэхгүй. Харин покерт бол Зандаагийн ясны өрсөлдөгч. Хэдийгээр эвгүйцмээр харцтай ч түүнээс айж дальдираад байх шаардлагагүйг мэдэх ч нэг их харц тулгарах нь ховор. Чухам ямархуу мод ирээ бол гэсэн бодлын үүднээс хаа нэг харц мөргөлдөнө. Яг үнэндээ бол Зандаа өөрөө ч гэсэн тийм номхон дөлгөөн царайтай амьтан биш л дээ. Түүнийг Занхар Зандаа гэж хочлох болсон. Сүүлийн үед олдсон энэ хоч нь ерөнхийдөө түүний тоглоомдоо гаргадаг араншинг илэрхийлнэ. Зандаа хүн ажиж, тэр хүнийхээ модны баримжааг, өөрөөр хэлвэл ханд авахдаа үнэхээр аатай. (Лав өөрийгөө тэгж боддог) Тиймдээ ч тэр үү бооцоог огцом өсгөдөг. Блаф хийх буюу тааруухан модтой хэрнээ сайн модтой хүний дүр эсгэдэг. Ер нь л эрсдэлтэй алхам хийж бусдыг буулгаж авахдаа гаргуунд нэгэн. Хамгийн гол нь үргэлж блаф хийгээд байна уу гэвэл үгүй. Харин хийхдээ том бооцоон дээр голчлон тавих нь аймшигтай хэдий ч ер нь Зандаагийн талд эргэх нь олонтаа. Тоглолтын энэ арга болох өөртөө итгэлтэй энэ байдал түүнд Занхар хочийг нь авчирсан байж болох талтай. Тоглоомын ертөнцийнхөн Ногоон Нацаг, Занхар Зандаа хоёрыг тоглох гэнэ гэсэн сургаар бараг ирж сонирхон үздэг гэхэд хилсдэхгүй.
Энэ тойрогт Сорви Пүүжээгээс бооцоо эхлэх ёстой. Тэр таван ширхэг хорин мянгатын четон ширээний гол руу шидлээ.
Нэг л өдөр Ногооныг дагаж ирсэн Пүүжээ, Зандааг ирэх тоолонд сууж л байх болсон. Гэсэн хэдий ч ухаан жаахан тиймхэн үү, эсвэл бусдыг ажиж, анализ хийхдээ тааруу юу өдий болтол олигтой сурахгүй л байгаа юм. Эсвэл бүр авъяасгүй ч байж мэднэ. Гэхдээ мэдэхгүй хүний хажууд бол мэднэ л дээ. Шатраар бол нүүдлээс гадна пионер мадтайгаа л гэсэн үг. Зуун мянгаар гараагаа эхлэнэ гэдэг бол муугүй л эхлэл шүү дээ. Зандаа энэ бүгдийг тунгаан түүнийг харж сууснаа “Сая четоноо өөрөөсөө нилээд хол, бүр ширээний гол руу шидээд, хойшоо түшлэгээ налахыг бодоход сэтгэл ханамж өндөр байгаа бололтой. Тэгэхээр эхний хоёр мод нь хос байж таарах нь. Хос, хосдоо араваас дээш, аягүй бол хүн хостой байж ч мэднэ. Гэтэл миний мод цэцгийн тамга, тав гэж байдаг. Ашигтай талаас үзвэл надад хоёр хувилбар байна. Тамга эргэвэл хос тамгатай болох, эсвэл флаш буюу таван цэцэг болох. Энэ бол тийм ч амархан, мөрөөдөх төдийд эвэлдэг мод биш. Гэсэн ч бодох л хэрэгтэй. Хэрвээ эвлэхгүйгээ хүрвэл миний мод шиг хэрэггүй мод энэ дэлхийд байхгүй. Захын модонд л сөхөрнө гэсэн үг. Энэ муу өгөр Ногооны нүд рүү ийм үед л харж болохгүй юм шүү. Бооцоо тавих ээлж түүнд биш надад байгаа болохоор тэр надаас ханд авах боломжтой. Больчих гэхээр нэг л хачин. Урдаа овоолсон четоноо харахад ойролцоогоор арван найм орчим саяынх. Энэ хоёрын урд нийлээд бараг энэ орчим. Алдаж болохгүй ээ гэдгийг Зандаа чи бас санаж л байх хэрэгтэй дээ. Энэ чинь байрны мөнгөний тал шүү дээ. Ширээн дээрхи бүх четоныг авбал чи маргааш гэхэд байраа буцааж авчихаад эхнэрийгээ томилолтоос ирэхэд нь гэмгүй юм шиг сууж байнаа гэсэн үг. Тэгтэл бас нэр хичээнэ гэж нэг золиг намайг түлхээд байх юм даа. Өнөө оройны хувьд би одтой байгаа юу? гэвэл урд урдынхаас илүү байгаа. Мод ид гүйж байх үед завсар оруулна гэдэг аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэхтэй л адил. Өөрийгөө чагнавал орох л юм шиг болоод байна. Нэгэнт л удсан болохоор орохдоо томхон орох юм шүү. Цол дагаж бяр гэдэг шиг зориг дагаж мод ирэх л ёстой” гэж бодоод Зандаа бооцоог нэг дахин өсгөн, хоёр зуун мянгын четоныг бардам атлаа зугуухан тавилаа. Зандаагийн энэ жүжгийг харж суусан Ногоон Нацагийн нүдэнд үл мэдэг басамжлал тодрохыг Зандаа түүн рүү хараагүй хэр нь зөн совингоороо мэдэрч суулаа. Учир нь эхний бооцоон дээр Зандаа их бодож цаг авснаас Нацаг хар авсан байж болно. Нацаг нэг их цаг авалгүй хоёр зуун мянгыг шидлээ. Тэр өсгөсөнгүй. Орсон мөртлөө өсгөөгүйг бодоход салангид хэрнээ томхон модтой гэсэн үг. Нэг л лав түүз биз. Дагавар мод нь минийхээс том байх магадлал өндөр.
Пүүжээ ногоон хамбаар бүрсэн ширээний тавцанг дөрвөн хуруугаараа даралтат хөгжим тоглох мэт гүйлгэн товшиж байснаа Зандаа руу нэг харж эв хав муутайхан инээмсэглээд бооцоог гүйцээлээ. “Пүүжээ ингэж янз бүрийн хөдөлгөөн хийж хамаг байдгаа илчилж суудаг нь гэм биш зан. Тэр дунд зэргийн хостойгоос зайлахгүй. Том хостой бол тэр том л эхлэнэ” гэж Зандаа бодож суулаа. Бүх бооцоо жигдэрсэн тул флап буюу газрын таван модны эхний гурав нь тавигдахад цэцгийн арав, дөрвөлжингийн тамга, цэцгийн хатан гурав ээлж дараалан эргэлээ. Зандаагийн хувьд нэг бодлын мод нь гүйж байх шиг нөгөө бодлын бас л эгзэгтэй мөч байв. Цаана нь эргэх хоёр модны нэг л цэцэг байхад флаш буюу таван цэцэгтэй болно. Бас хоёр тамгатай. Өөрийнхөө бүх л чадварыг гарган бусдын модыг уншсан гэж өөртөө итгэж байгаа. Флаш болвол одоо бараг томдоо орохоор дөрвөн цэцэгтэй тул энэ өргийн хувьд нааштай байж мэднэ. Сайн тоглоомчин хэзээ ч “ганцхан хэрэгтэй мод ирчих л юм бол” гэж тоглоомондоо ханддаггүй. Ирсэн модон дээрээ л элдвийн дүр үзүүлж тоглодогийг Зандаа мэдэхгүй биш мэднэ. Гэсэн хэдий ч нэг л сонин мэдрэмж төрөөд байлаа. Нэгэнт ашигтай мод ирсэн болохоор түрүүнийх шиг том модтой хүн шиг аашилж болохгүй одоо тааруухан модтой хүний дүр эсгэж нөгөө хоёроороо том бооцоо тавиулах ёстой. Ёстой ч юу байхав дээ ерөөсөө цэцэг эргэхгүй бол хоёр тамганаас өөр юмгүй Зандаа сүйрч ч мэдэх газар. Тэгсэн хэдий ч өнөөдөр Зандаад мод гүйх нь үнэхээр бахдам байгаа тул нэг цэцэг эргэчих юм шиг санагдаад болдоггүй. Яагаад ч юм тэр өөртөө итгэлтэй байв. Энэ итгэл бас их аюултай. Флаш гэдэг маань яг цагтаа тулахаар тийм сайн хослол биш шүү дээ. Зандаагийн бооцоо тавих ээлж тул бүгд түүнийг харж байгаа. Зандаа бооцоог өсгөсөнгүй зүгээр л чек хийх буюу ширээг товшлоо. Түүнийг харсан хэн хүнд хүссэн мод нь эргээгүй азгүйтэж эхэлж буй хүний дүр харагдана. Ногоон Нацаг өөрийнхөө ээлжинд мөн чек хийлээ. “За тэр! Энэ Ногоонд бас ижил мод эргэж дээ. Түүнд түүз эсвэл ноён байгаа юм байхаа даа” гэсэн бодол нь үнэн юм шиг санагдлаа. Сорви Пүүжээ хэдэн четоноо гартаа эргүүлж, өсгөх байхаа олж ядан байснаа мөн чек гэж ширээгээ тогшлоо. “Хос арав биш боолтой байсан юм болов уу? Лав тамгагүй юм байна. Хос хатан арай биш шиг. Хэрвээ гурван хатантай болсон бол өдийд өсгөөд галзуурч баймаар, гэхдээ овоо наадах цаадахыг боддог болж байгаа юм байх даа” гэж бодож суутал дөрөв дэхь мод эргэлээ.
Тэнд гилийн тамга байв. “Гурван тамга” Энэ бол хожлын мод бас азын мод байж болно. Үгүй ч байж мэднэ. Гэхдээ Зандаа энэ модыг хүлээгээгүй. Харин одоо нэг тав эргэвэл Зандаа фүүл хаус хийж бас болохоор болж ирэв. Энэ нь Зандаагийн хүсч байснаас сайн мод болно гэсэн үг. “Өнөөдөр мод гүйгээд байгаа нь үнэн шүү” гэсэн бодол түүний тархинд цагаан зурвас татуулан чавхадна. Гэсэн хэдий ч Занхар Зандаа бооцоог өсгөсөнгүй. Тэрээр
- “Чек” гэж хэлээд ширээ тогшихдоо гараа үл ялиг чичиргэв. Тэгээд ширээн дээрхи хасаагаа айсан нүдээр харж, баримжаалж байгаа дүр эсгэв. Зандааг хэн ч харсан “Олсон хэдийгээ алдчих вий дээ” гэж болгоомжилсон хүний царайг харж болохоор байв. Гэвч Ногоон Нацаг гэдэг чонын хоол ажээ. Тэр бооцоог өсгөсөнгүй. Пүүжээ ч түүнийг дагав.
Ревер буюу тав дахь мод эргэлээ. Тэнд цэцгийн ес байлаа. Тав биш ес аж. Гэхдээ л энэ бол аз. Зандаад таван цэцэг хэрэгтэй. Гэтэл одоо түүнд зургаан цэцэг байна шүү дээ. Гэхдээ долоон цэцэг байгаад ч нэмэргүйгээ хүрвэл нэмэргүй. Гэвч түүнд бас гурван тамга бий. Тэр хожсон байх магадлал байгаа тул босон харайж хашгирмаар байгаа.
Байргүй байхын зовлонг Зандаа хүүхэд байхаасаа мэднэ. Түүний аав нэгэн үйлдвэрийн сантехникч. Зандааг байтугай түүний эгч нарыг ч төрөөгүй байхад аав нь байрны өргөдөл өгсөн гэдэг. Чухам үүнийхээ эцсийг харчих гээд л энэ үйлдвэрийн хамаг муу муухай, өтгөн шингэнтэй нь зууралдаж явдаг хөгшин байв. Зандааг төгсөхийн урд жил аав нь үйлдвэрийн осолд орж тахир дутуу болов. Энэ хэл амыг чимээгүйхэн дарах гэхдээ аавд нь үйлдвэрээс ганц өрөө байр өгсөн түүхтэй. Хэдийгээр байртай болсон нь аз мэт боловч аав
нь тахир дутуу болсон нь эз гэлтэй. Ингэж л Зандаа байрны үнэ цэнийг ойлгосон. Тийм ч учраас анх эхнэртэйгээ ханилаад юуны түрүүнд байртай болохын хүслэнд хөтлөгдөж, байдгаараа мачийж зүтгэсний хүчинд арай чүү гэж гурван өрөө байртай болсон. Авсан даруйдаа эхнэртээ хөл нь газар хүрэхгүй амьтан гүйж ирсэн бөгөөд тэгтлээ их баярлаж байснаа тэр хэзээ ч мартдаггүй. Энэ үеэ эргэн санахад одоо ч, ер нь хэзээ ч гэсэн сайхан байдаг. Энэ байранд гал голомтоо бадрааж, энэ байранд охиноо, хүүгээ, бас дахиад нэг хүүгээ угтсан. Эхнэрийнх нь хайр гэрэлтсэн жаргалтай харц, хүүхдүүдийнх нь инээд шуугиан, ер нь тэр гэхийн тэмдэггүй сайн сайхан цөм энэ байранд бий. Гэхдээ . . . гэхдээ зөвхөн Эрүү Чукаг ирсэн тэр өдөр хүртэл шүү дээ. Тэр гайт өдөр Чука хэмээх ажлынхаа нөхрийг дагаж яваагүй бол юу боллоо гэж энэ хар тамхи мэт ховсдон татах тоглоомонд ингэтлээ автах билээ дээ. Аливаа юмыг түргэн тусгаж авах түүний ер бусын чадвар нь Зандааг энэ занганд оруулсан гэхэд болно. Хэр баргийн хүн нэг хараад ойшоодоггүй энэ тоглоомыг Зандаа тэр орой дэндүү сайн ойлгосон юм байдаг. Түүнээс хойш Зандаад хор шар нь хөдөлсөн царай, хорсож харамссан нүд, хамаг байдгаа алдсан тоглоомчдын учир битүүлэг гиншээнийг чагнаж суух нь жаргал мэт болсон. Ар гэр, амьдрал ахуйгаа ерөнхийдөө хаясан гэх үү дээ. Харин одоо бол тэр хэд хоногийн өмнө байраа барьцаанд тавьчихсан суугаа. Өөрийг нь өөрөөр нь хоосруулж мэдэх энэ тоглоом ер нь ямар гээчийн ад чөтгөр юм бүү мэд гэмээр авч бас үүний цаана маш их математикийн болон магадлалын ухаан, хүний сэтгэл зүрх, шунал тачаалын эмзэг оньс хэзээ ч юм мултарч мэдэхээр сүүмэлзэж байдгаараа эзтэй. Аль азтай одтой аавын хөвгүүд үүгээр амьдралаа залгуулж явааг тэр гэхэв. Эр хүн олзонд, эрвээхэй зуланд гэсэн үг хүртэл байдаг.
“Дахиж л байраараа дэнчин тавьж тоглохгүй юм шүү” гэж Зандаа шүд зуун бодож байлаа. Энэ бодолдоо хүрэхийн тулд тэр эхлээд хожих хэрэгтэй байв. Хором мөч өнгөрч, бодол хөврөх тусам тэр хожлоо гэдэгтээ итгэлтэй болж байлаа. Үүний тулд л Зандаа гурав хоног улаан нүдлэн суугаа. Суусны хэрэг ч гарч байна даа. Чухам хаанаасаа гардаг тэсвэр тэвчээр юм бүү мэд. Гэвч биеэ барих хэрэгтэй Зандаа минь. Нэгэнт хожил ирсэн гэж үзэж байгаа болохоор одоо бооцоогоо л өсгөх хэрэгтэй. Чухам яаж вэ? Хэт их тавиад нөгөө хоёроо үргээчихэж болохгүй. Хэрвээ өсгөж чадаад ширээн дээрхи бүх мөнгийг авчихвал банкинд тавьсан байраа буцааж аваад бас ч гэж цаана нь нилээн юм үлдэхээр харагдаж байв. Түүнээс гадна Ногоон Нацагийг нугасаар нь дарах хэрэгтэй.
Нацаг бооцоог дөнгөж сая хүртэл нэмлээ. “Энэ нөхөрт тамга байгаагаас зайлахгүй. Түрүүн эргэсэн тамгыг хараад намайг л түншиж байгаа хэрэг. Өөрөөр хэлвэл надаар өсгүүлчих гэсэн санаа” гэж Зандаа бүрэн итгэлээ. Сорви Пүүжээ өөрт байсан гурван саяыгаа ширээний гол руу түлхээд “За би бүгдийг нь хийлээ. Одоо над руу харалтгүй шүү” гэх шиг босч тамхи асаах зуураа сорвитой талын нүдээрээ ширээ рүү хяламсхийсээр байв. “Түрүүний ээлжинд л ингэж хийх ёстой хүн чинь одоо өсгөж байх юм” гэж Зандаа бодсоноо “Гурван хатантайгаа нууж л байгаа юм байх даа. Энэ Пүүжээ яах вэ. Гол нь Ногооныг” хэмээн санаад Нацаг руу сэм хартал нөгөө сүрхий ногоон нүд нь дальсхийгээд доошоо харах шиг санагдав. “Еэ чааваас даа! энэ хүний харц ингэж нэг нугардаг юм байжээ” гэж бодохоор хаа нэгтэйгээс жаргалын дуун цангинах шиг. Одоо хамгийн сүүлийн бооцоо тавилт учир Зандаа жаахан шахахаар шийдэж Ногоон Нацагт
- За хө Нацагаа эр улс байна. Тоглосон шиг тоглож, тавьсан шиг тавьчих уу даа айн! миний урд бараг арван найман сая байна. Би үүнийг түлхлээ гэхэд Нацагийн ногоон нүд ухархайгаараа улайж улцайн усаар дүүрч, хамрын үзүүр нь чийгтэж ирлээ. Зандаа, “Еэ хөөрхий амь нь гарах нь шив дээ. Монголын толгой тоглогч ингэж байхад надтай ер нь тоглох хүн цаашдаа олдох болов уу. За за тэр ч яамай. Харин энэ буудал шиг юмнаас энэ их мөнгөтэй яаж шүү нэг гардаг юм билээ байз. Сорви Пүүжээ гэдэг бол эрүүгийн элемент. Гараад гурав алхалгүй надад муу юм тохиолдвол Ногоон Нацаг л лав нэг их гашуудаад байхгүй нь мэдээж” хэмээн бодоод Ногооныг ширтэж суув. Зандаа түүнээс зүрхшээсэнгүй. Тэгэх ч шаардлага алга. Нацаг халааснаасаа алчуур гаргаж одоо бүр илт бурзайх болсон хөлсөө арчингаа
- Зандаа хөгшөөн! Тэгэх хэрэг байгаа юм уу даа? Бид чинь гурав хоног нойр хоолгүй нүдлээ шүү дээ. Чи зүгээр ширээн дээрхээ аваад өнөө оройдоо завсарлавал яасан юм? Айн? Юм нэгээр дуусах биш. Дахиад . . . гээд дараагийнхаа үгийг хэлж амжаагүй байхад Зандаа
- Хээ цэс! За яршиг дөө Нацаг минь чамайг би овоо гар л гэж бодож явсан болохоос биш иймхэн юман дээр гэзэг ороох тоглоомчин гэж санасангүй дээ. Яахав чинийхээр боллоо гэхэд надад татгалзах юм алга ч чамайг новширлоо гэж хүн дуулвал дахиад чамтай тоглох хүн ер нь олдох уу гэж ирээд л өрөвдөх дүр эсгэн басамжлав. Ногоон Нацаг аргагүйн эрхэнд цүнх рүүгээ гараа явуулах гэснээ хөлсөө арчиж
- За Зандаа чи өөрөө л шийдсэн шүү. Уг нь минийхээр болсон бол . . . гэж гиншлээ. Зандаа
- Тохирсон уу? гэж чанга дуугаар асуув. Нацаг толгой дохив.
- Тэгвэл мөнгөө гаргачихдаа. Удаад яахав. Зовлонгийн түргэн жаргалын удаан гэдэг дээ гэж шавдуулав. Нацаг үргэлж авч явдаг жижигхэн дөрвөлжин хар цүнхнээсээ мөнгө гаргаж Зандаагийн хэмжээнд тавихад цаана нь бас хоёр боодол хорин мянгатын дэвсгэрт үлдэж байгаа харагдана. Ширээн дээрээс бэлэн мөнгөний нэгширмэл хуучин үнэр хамар цоргиж байв.
Зандаа хоёр модоо дээр гэгч нь далайж эцсийн удаа Нацагаас
- Бэлэн үү? хэмээн чанга гэгч нь лавлан асуух нь эгээ л ялалтын уухайг дуудах мэт. Гэтэл Нацаг түрүүчийнхээс арай өөр өнгөөр
- Бэлээн бэлэн гэх агшинд Зандаа сэрхийн анзаарсан ч гарынхаа хөдөлгөөнийг захирч чадсангүй модоо буулгахдаа нүднийх нь буланд хоёр ногоон юм гялсхийх шиг санагдаад түүн рүү харав. Түүний хоёр нүд ад зэтгэрийн ногоон өнгөөр гялтганаж байв. Зандаад флаш буюу таван цэцэг байгаа нь хэнд ч тодорхой. Нацаг яагаад ч юм модоо эргүүлэхийг яарсангүй. Пүүжээ модоо дэлгэтэл түүнд хоёр хатан байв. Зандаагийн төсөөлснөөр бол түүнд ийм л мод байх ёстой. Түүнд өөр мод байж болзошгүй авч Зандаа түүнийг зөв уншиж. Ер нь Пүүжээ бага боловч өөрчлөгдөж л байгаа юм байна.
Харин Ногоонд юу байж таарах вэ? Ногооны царайд түрүүний хөлс нь бурзайсан азгүй амьтаны төрхөөс ширхэг эс ч үлдсэнгүй. Тэрээр зугуухан гараа явуулж модоо эргүүлэх зуураа өрөмдөх шахсан хоёр нов ногоон нүдээр Зандааг цоо ширтэж байлаа. Тэр түүний царайны хувирлыг хором бүрээр харж кайф авч байсан байх. Нацагийн өмнө дээшээ харсан цэцгийн ноёны доороос цэцгийн боолын булан элдэвлэх аятай цухуйж байх нь тэр. Ногоон Нацагт стрейт флаш буюу дараалсан таван цэцэг эвлэжээ.
Зандаагийн тархи маналзан ам нь хий дэмий хэдэнтээ ангалзав. Хоёр өвдөг нь чичрэн нугларч өөрийн эрхгүй хойшоогоо сандал дээр лагхийн суулаа. Харахад л суух болохоос үнэндээ тэр унасан байв. Нүднийх нь аягаар дүүрч ирсэн нулимсан дунд мөнгөө боодол боодлоор нь цүнхэндээ эвийг нь тааруулан хийж буй Ногооны дүр булингартан харагдана. Хүмүүсийн дуу чимээ ч тэртээ алсад юм шиг бөглүүхэн сонсогдож байлаа. Тэр бүр мөсөн сүйрчээ.
Нэг сэхээ ортол Зандаагийн мөрийг билляардын газрын үйлчлэгч охин сэгсэрч байв. Тэрээр дүйнгэдүүхэн харцаар охиныг тогтож хартал
- Одоо өглөө болох гэж байна ахаа. Та зүгээр үү? гэж байв. Зандаагийн өмнө ширээн дээр үлбэгэр шар резинээр боосон нэг боодол таван мянгатын дэвсгэрт хөндөлдөн хэвтэнэ.
- Энэ юу вэ? гэж асуучихаад мэдээжийн юм асууснаа анзаарах зуур үйлчлэгч охин
- Нөгөө ах нар орхиод гарсан юмаа. Танд өгч байгаа юм гэсэн гэлээ. Хэдийгээр доромжлол мэт санагдавч Зандаа авахгүй байж чадсангүй салганан байж халаасандаа хийлээ. Зандаа өрөөний хаалгаар түшин байж гараад гурав хоногийн өмнө ирж байсан бүдэгхэн гэрэлтэй, улаан хивстэй хонгилоор гутлаа чирсээр гарлаа.
Хот эл хульхан. Тэнгэрийн хаяанаас үүрийн гэгээ цэвхэлзэж, тэртээд зэвхий цагаан саран Зандааг үл анзаарах мэт мэлтийнэ. Зандаа шиг юмнуудыг зөндөөг л хараа байлгүй дээ энэ сар. Хотын юм бүхэн сүүдэр татсан бараан дүрд хувилжээ. Арын нарийн гудамжаар хаа нэг машин гэрлээ ёлтолзуулан өнгөрч байв. Зандаа тэнтэр тунтар алхсаар буудлын урд талын цэцэрлэгийн бургасан дунд орж суулаа. Намар үүрийн жиндүүхэн салхи түүний энгэр заамаар сүвчин үлээнэ. Зандаа түүнийг мэдэрч байгаа юм даанч алга. Хаанаас ч юм гарч ирсэн золбин шар жингэр түүний урдуур гүйв. Зандаа цээжнийхээ гүнээс богшин богшин уйллаа. Түүний енгэнэх чимээнээр нохой Зандаа руу эргэж харахад хоёр нүд нь ёозгүй өнгөөр гялтганана. Нохой хамраараа нэг тургиснаа цаашаагаа сүүлээ шарвагануулан шогшив. Хүйтэн савар нь цардал зам дээгүүр сарлах нь тодхон сонсогдоно. Тэр чухам яг хаана алдаа хийснээ санах юм алга. Гэхдээ тархинд нь цагаан зурвас татсан тэр мөчөөс хойш нөгөө хоёрын тухай бодсон эсэхээ санахгүй байлаа. Уг нь бол цаг ямагт өрсөлдөгчөө бодож байх ёстой. Бүр цаг ямагт шүү. . .
Бургасан доор жаал суусан Зандаа үүр цайхын хамтаар өндийж биеийн чилээг гаргаад аавынх руугаа явлаа. Тэр нэгийг бодсон бололтой. Харин аавдаа юу хэлж итгүүлэх вэ? байз . . .


Бүрэн эхээрээ...