# #

Ганц бүгээн адуу (Өгүүллэг)

29 Сэтгэгдэлүүд:


Гарамжав нуурын эрэг дээрх сүүлд авчирч тавьсан болов уу гэмээр тэгшилж зассан хар хадан дээр тэртээ зүүнтэйгээс нуурын мандал дээгүүр цухуйх нарыг ажин сууна. “Их ус юмаа. Үнэхээр том нуур юм” гэж тэрээр шагширан бодлорно. Үнэндээ бол нуур гээд байгаа болохоос Гарамжав шиг усгүй газрын хүнд бол далай л гэсэн үг юм даа.
Юунд ч юм сэгэлзээд үүр хаяарахын алдаад нойр нь бүрэн сэргэчихлээ. Өнөөдөр амралтын өдөр нэг сайн унтаад авах гэсэн түүний хүсэл талаар өнгөрөв. Цонхоор гийх үүрийн саарал гэгээ тэрүүхэн үедээ бүүдийх авч хором мөч өнгөрөх тутамд ялан дийлэхийн ид хав шингэж, улам бүр тамиржин туяарна.
Гарамжав хүүхэд ахуй цагтаа яг л ийм зуны өглөө мөн ч олон удаа эртлэн босож, хөхүүртэй айрагнаас хуланд хийн, хөх тосыг нь үлээсэн болж хэд залгилаад адуундаа морддогсон. Түүнийгээ санасан уу эсвэл бүгчим хоносноос болсон уу тэрээр ухасхийн босож, хөргөгчнөөс хүйтэн ус гарган хоёр завжаараа сагартал залгиллаа. Тэгснээ хувцсаа өмсөн гарч ямар ч эргэлзээгүйгээр тэргээ асаан нуурын хөвөө рүү давхиж ирсэн нь энэ. Сүүлийн үед юм л бол энд ирж үүнээс цааш явах газаргүй болсон мэт зүүн зүгийг ширтэн зогсох болчихоод байгаа юм.
Тоо тоймшгүй олон машин уралдан давхих өргөн хар зам нуурын хөвөөг эмжээрлэн эцэс төгсгөлгүй мэт алсрах бөгөөд яг энэ замаас баруун тийш олон олон өндөр барилгууд шил шилээ харан ярайсан их хот нүүгэлтэнэ. Өндөр өндөр байшингийн түг түмэн цонхнууд нуурын цаанаас мандах нарны туяаг гялтгануулан гялалзах агаад зарим нэг намхавтар байшингууд тэдний сүрэнд дарагдан, цонхнууд нь хэзээ ч нар үзэхгүйгээр сүүмийцгээнэ. Сая сая хүмүүс багтаж ядан чихцэлдэх энэ буурал хот олон зуун жилийн уртад өглөө болгоныг ингэж л угтаа болов уу гэмээр цаанаа нэг тоомсоргүйхэн бас ихэмсэгдүүхэн. Энд хөл хөдөлгөөн тасрана гэж үгүй. Үүрээ сандчуулсан шоргоолж мэт оволзох нь их хотын ердийн шинж.
Харин замын зүүн тал буюу нуурын эргийн булан тохойгоор зориуд тохижуулсан наран шарлагын газруудад ёстой ойр хавьд хот тосгон байхгүй мэт нам гүмхэн. Гэхдээ хүмүүс мэр сэрхэн ирсээр төдхөн дүүрэх болно гэдгийг Гарамжав андахгүй. Тэртээ дээгүүр цахлай шувуу гааг, гааг дуугаран эргэлдэнэ. Бодвол хоол л эргүүлж яваа болов уу гэмээр тэдгээр шувуу Гарамжавд танил бишийн адил дуугарах дуу нь хүртэл сэтгэлээс хол, аргагүй л гадаад шувуу.
Нуурын мандал дээгүүр нүд гүйлгэн тэртээ алсыг ширтэх үед нүдний хараа цуцах шиг болоход, энд ирж амьдарсан хэдэн жилд ингэж алсыг ширтээгүй мэт санагдана. Хот суурин газрын амьдрал гэдэг аргагүй л богино зайнд хурдан хөдөлж амьдардаг сонин хэмнэлтэй юм даа.
Тэгтэл нуурын өөр нэг тохойд эгнүүлэн тавьсан завины зогсоолоос нэг жижиг цагаан завь гарч, усны мандалаар хурдлан давхилаа. Бодвол өнөө өглөөний хамгийн анхны түрээслэгч бололтой. Гарамжав түүнийг ажиглан, хүссэн хүсээгүй харц дагуулан сууна. Цагаан завь араасаа хөөс сахарсан усан зам татуулан горьтоглон тойрч давхих нь эхийгээ тойрон чавхдах нялх унага мэт эрх дураараа. Аливаа юм эрх дураараа байх тусам жаргалтай харагдах ажээ. Завь яван явсаар хэтэрч болохгүй хязгаарын тэмдэг болох хөвөгч хүрээрүү хурдаа хасан аажуухан дөхснөө цаашаагаа явж болохгүйд харамсан нэг их санаа алдах мэт огцом хаазаа нэмэн буцан чавхдав. Тиймээ, тэр завь тэрнээс цааш явж болохгүй. Яг энэ агшин нь Гарамжавтай ямар нэгэн сэжмээр төстэй ч юм шиг. Гарамжав ч гэсэн энэ нуурыг гатлан тэртээ тэнгэрийн хаяанаас мандах наран зүг явах хүсэл туйлын их бий. Гэвч чадахгүй л байна. Хүсэхгүйдээ ч биш. Хүсэхийн дээдээр хүсэж байгаа. Харин болохгүй дээ байна уу, эсвэл боломжгүй дээ байна уу? Чухам яагаад юм бол? . . .
Гарамжавт тэртээ багын явдал санаанд бууна. Тэдний өвөөг нутаг нугынхан нь Бараан Лувсан гэнэ. “Барааных тэнд зусаж байгаа, Барааны адуу хурд сайтай” гэж нутгийн түмэн ам дамжин ярьдагсан. Шингэн шар царайтай Лувсанг яагаад Бараан гэх болов гэхээр тэднийх бараан голдуу адуутай. Бараан, бараандаа хар голтой улаан хээр зүсмийн адуу зонхилно. Тэгээд өнгө дагаад хар, халтар, хүрэн, зээрд гээд үргэлжлэнэ. Цагаан, бор зүсмийн адуу бүр байхгүй. Харин хул, шарга зүсмийн адуу ганц нэгээс хэтрэхгүй. Тиймээс Бараан Лувсан хэмээн нэрийднэ.
Тэр жил Гарамжав, Их Тожилын өвөр хөндийд зусаж байсан өвөөгийндөө өнжих болов. Энэ хөндий урд нь их намгархаг чийглэг хөндий байснаа сүүлийн жилүүдэд эрс хуурайшин энд тэндгүй цахилдаг арзайж, хужир цайрсан хөндий болсон байв. Зуны өдрийн халууны эрч нугарч, их үдийн нар баруунаа хэлбийж Гарамжав хүү гэрийн сүүдэр бараадан гүү, саамны хооронд нойрмоглон нозоорч суутал өвөө нь үндсэн ажил болох нүд дурангаа нийлүүлэн сууснаа гэнэтхэн харсан зүйлээсээ цочих аятай
- Хүүе! Энэ чинь, юун ганц адуу гараад ирдэг билээ? гэж амандаа шивнэн асууж, улам лавшруулан дурандав. Гарамжав өвөөгийнхөө дурандаж буй зүг харвал тэндний зүүнтээх Үзүүр толгойн ёроолоор ганц бор морь торолзтол ергүүлсээр гарч ирээд ийш тийш хэсэг хараачлан зогссоноо, хэзээ язааны мэддэг юм шиг бөөн цахилдаг дундуур худаг чиглэн шогшив. Тэгтэл өвөө нь
- Эвий, эвий хатаж үхэх гэж яваагаас зайлахгүй. Гарамжаав, хүү минь яваарай. Очиж сархинагий нь дэвтээгээрэй гэх дуунаар уйдаж суусан Гарамжав ашгүй хийх юмтай болсондоо баясан ухасхийн уяа руу гүйхэд
- Зөөлөн очоорой чи. Айж эмээж яваа амьтныг үргээчихэв зэ гэж захих зандрахын хооронд хэлэв.
Ганц морь услахын төлөө ингэж их чухалчилахыг Гарамжав гайхсан хэдий ч ойлгосонгүй. Түүнийг худаг дээр ирэхэд бор морь үргэх аястай жаахан цаашлавч тэгтлээ хол шогшоод явчихсангүй. Усны үнэр авснаа мэдэгдэх гэсэн мэт эргэн эргэн сортолзоно. Эхний ховоогоо татан юүлэхэд өдрийн наранд хатаж аргасан модон онгоцны ёроолоор хүйтэн ус, хар зураа татуулсаар ууртай ч юм шиг урсав. Тэрүүхэн агшинд норж буй онгоцноос чийгний ууршмал үнэр ханхлана. Төдөлгүй онгоц дүүрэн ус цэвхэлзэж, онгоцны ангархай цоорхойгоор савиран шоржигнох нь сонсогдоно. Бор морь хэдий ам нь цангасан хэдий ч Гарамжаваас үргээд орйтож чадахгүй байгааг анзаарч унаж ирсэн хүрэн морио амгайвчлан услав. Тэгтэл бор морь хамраа дуугарган хулмалзан, хулмалзсаар хүрэн морины цаагуур тойрон онгоцтой уснаас шимлээ. Бор морины суга цавь, хоолой хэнхдэгний нугалаа, чихний уг гээд нимгэн арьстай хэсэг хөлөрсөн харагдана. Ташаан толгой нь товойн, сүвээний нь хэдэн хавирга эрийж, гэдэс нилээн татсан бор морь хөх махаа бөнжмгнөтөл чичигнүүлэн, бүрээлэн сарталзах хамрынхаа нүхээр ус гартал уув. Түүний хэнхдэг цээж, гуя хаа гээд энд тэндгүй шавар шавхай наалдан хатсныг харахад хол газар тууштай явсан нь илт. Гарамжав энэ бүгдийг харан “Энэ яачихсан морь юм болдоо. Манай ороо хар шиг бас уурга барьсан хүн үзэж чаддаггүй уур барсан морь юм болов уу” гэж бодож суутал ард нь гэнэт өвөөгийнх нь дуу гарч
- Эвий эвий гэхэд хүү морь хоёр бондгос хийтэл цочив. Өвөө нь анзаарсан шинжгүй
- Хаанаас гүйж яваа юм болдоо. Харахад залуу л адуу харагдах юм. Шандастай л аргамаг юм даа. Миний хүү шавайг нь ханатал услаарай. Огцом үргээж айлгаж болохгүй шүү. Тэгвэл хүн бараадаж унд залгахаа байчихна. Хөөрхий минь хаа хүртэл ч явах гэж байгаа юм билээ гэж ихэд хайрласан өнгөөр хэлэхэд
- Өвөө, энэ яасан морь юм бэ? Манай хар морь шиг ороо юм болов уу?
- Үгүй дээ хүү минь. Энэ гүйж яваа адуу байна.
- Гүйнэ гэж яадаг юм?
- Гүйнэ гэж үү? Хаа нэг харийн нутагт очоод, тэндээ идээшиж дасахгүй төрж өссөн нутгаадаа явахыг хэлдэг юм. Ийм гүймэл адуу тийм ч олон байдаггүй юм. Сайн адууны л шинж дээ хүү минь.
- Яагаад өөр нутагт очих гэж?
- Яахав дээ хүү минь. Алдуул зуугуул юманд хөөгдсөн байж болно. Эсвэл арилжаа наймаа, авцаа өгцөөнд ч явсан байж болно. Амьдралд ер нь юу эс тохиолдохов. Хүн ч гэсэн өөрцгүй шүү дээ гээд баруун тийш наран доогуур саравчлан харах зуураа
- За хүү минь, гүүнд гарах цаг болж байгаа юм шиг байна, шалавлаарай гэлээ. Баруунтайгаас манай адуу гүүн зэлрүү цувж байв. Адууны хөлөөр өвс ногооны тоос пургиж, ялаа шумуул бужигналдах нь нарны туяанд тоосрон харагдана. Төдөлгүй бор морь ханав бололтой худгийн хажууханд хэд сайн хөрвөөж аваад нуруундаа наалдсан өвс шороог унагаах гэсэн шиг толгойноосоо авхуулаад бүхий л биеэ сэгсрэн шилгээв. Тэгснээ амаа яайжийлган эвшээх ая үзүүлж хоёр гурав тургиад сая нэг бие нь амрав гэлтэй болоод баруун тийш алхлаа. Тэгэхэд өвөө нь
- За тэр, энэ морь чамд баярлаж байна. Адуу баярлахаараа эвшээдэг юм гэж сэтгэл нь ханасан байртай хэллээ. Бор морь алхалж байснаа шогшиж эхлэв. Өөдөөс нь ирж яваа манай адууг жаахан захалсхийгээд ер юманд сатаарах шинжгүй наран сөргөө ергөж одов.
- Ай даа, мөн ч сайхан амьтан юм даа гэж хэлээд өвөөгөө нэг их шүүрс алдахад нь эргэн харвал онигор хоёр нүдэнд нь нулимс цийлэлзэн байхыг үзээд ихэд гайхаж билээ. Өвөөгөө уйлж байхыг тэр өмнө нь харж байгаагүй. Гарамжавыг унага татаж дуусахад ч гэсэн өвөө гав ганцаараа худаг дээр их л удаан суусан юмдаг. Яагаадыг бүү мэд.
Өвөө минь “Энэ залуухан адуу байна” гэсэн санагдана. Одоо бодоход бага адуу гэхэд түүнд яасан ч их зориг зүрх, нутгаа гэсэн тэмүүлэл байдаг юм. Нутагт нь ган гачиг, бороо шороо, чоно нохой гээд юу ч хүлээж байж болно шүү дээ. Тэгэхэд ямар ч байлаа гэсэн нутгаа усаа гэж тэмүүлсэн тэр ганц аминд ямар их утга уянга оршино вэ. Өвөөгийн минь уйлж суудаг аргагүй байжээ. Гэтэл би тийм ч залуу хүн биш шүү дээ. Миний нас бол юмыг ухаарч, учрыг тунгаах нас. Гэвч би энэ харь оронд суусаар . . .
Тэр олон бараан адууг сөргөн, шингэж буй нарны шургачиж туссан зөөлөн шаргал туяаг өшигчиж одсон ганц бүгээн адуу Гарамжавын сэтгэлийн чагтаганаас татсаар байх ажээ.
Гэнэтхэн сүр сархийх чимээ гарч, нүдний өмнүүр орог цагаан шувуу түүний бодлыг сарниаж нисэх нь өнөөх гадаад шувуу . . .


Бүрэн эхээрээ...

Бурхан минь та надад юу өгчихөө вэ? (Өгүүллэг)

14 Сэтгэгдэлүүд:


Долгионы авч өгсөн гоёлын даашинзыг өмсөн толины өмнө эргэлдэж байхад ч гэсэн “Өнөөдөр би тэднийг харсан” гэсэн бодол надаас салахгүй л байлаа. Энэ даашинз надад үнэхээр зохижээ. Бэлхүүсээр нь таль гаргасан нь миний өгзөгний тойргийг үл ялиг томруулж, нэг их том биш ч гэлээ биендээ таарсан хөхийг минь хагас гаргасан ухлаадас нь улам тачаангуй харагдуулна. Намайг харсан эрчүүдийн сэрэл тачаалын утсыг хүссэн хүсээгүй хөндөхөөр болжээ гэдгийг би мэдэж байлаа. Ер нь энэ даашинзанд муухай юм алга. Яг л надаас хэмжээ авч, зөвхөн надад л зориулж хийсэн мэт санагдана. Хувцсанд, миний бие цогцос ингэж таарна гэдэг нэгэн бодлын бахархал ч юм шиг. Сэтгэл минь хачин их хөөрч, хоёр гараа алдлан эргэхэд, дэрвэн эргэх даашинзны хормойн доороос миний чийрэг цагаахан шилбэ гялалзана. Бурхан минь чи надад ямар гээчийн гоолиг бие хаа, ямар гээчийн гоо сайхныг хайрлаа вэ?. . .
Би хэдийгээр оргилсон залуу насаа гээж, гуч шүргэж яваа ч гэсэн сайхнаараа байгаа бололтой. Гэтэл надад дахиад л тэдний тухай бодол, ямар нэгэн юм эхээсээ нэхэн шалах хүүхэд мэт эргэж хурган орж ирэх нь сонин. Миний амьдралд урьд нь байгаагүй, цаашдаа ч байхгүй байж мэдэх тэр хүмүүсийн тухай яагаад би ингэтлээ их бодоод байгаа юм бол. Тэд гэж хэн юм бэ? Тэд гэж ердөө л арван жилийн ангийн хоёр, манай ангиас гарсан хосууд. Би тэдний тухай одоо байтугай арван жилд байхдаа ч боддоггүй байсан гэхэд болно. Осолдохгүй л анги гэж байхад тэнд хүүхэд байх ёстой бол тэдний л нэг байсан байх. Тэр ч байтугай охин нь чухам ямар охин байж, хөвгүүн нь яг ямар банди байсан нь надад санагдахгүй байхад тэдний хоорондын хайртай дуртай хосууд байх нь бүр хамаагүй асуудал байсан хэрэг. Яах аргагүй л манай ангид байсан. Тэдний хайр дурлал гэж ямар юм байдгийг би мэддэггүй, төсөөлдөг ч үгүй. Би өөртөө тохиолдсон дурлалыг л хайр дурлал гэж боддог байсан болохоос өөр бусдад тэр тусмаа тэдэнд тохиолдсоныг бол юу гэмээр юм бэ дээ. За тэдэхггүй ээ, мэдэхгүй. Ерөөсөө тэдний тухай бодол надад хэзээ ч байгаагүй юм. Арваа төгсөөд гурав билүү, дөрвөн жилийн дараа нэг тааралдсан юм байна. Сонин нь тэд цугтаа л байсан юм. Нөгөө охин нэг их том гэдэстэй жирэмсэн, хажууд нь нөгөөх нь нэгийг тэвэрчихсэн ч билүү, хөтөлчихсөн ч билүү за мэдэхгүй ээ, нэг л тийм хөглөрсөн хэдэн хүмүүс таарсан. Харсан даруйдаа “Эд нар чинь хэн билээ” гэж бодохын сацуу холын холоос нэгэн жижигхэн санамж наашилсаар “Танай ангийн хүүхдүүд” гэж шивнэх шиг санагдсан. Тэр даруй би тэдэнтэй нэг ангийхан гэнэт уулзах шиг, өөрөөр хэлбэл их л найрсагаар инээж хөөрөн уулзаж буй мэт болох гэсэн боловч нүүр ам буруу зөрүү таталдаад байх шиг санагдаад нэг л болж өгөөгүй. Тэдэнд ч гэсэн тиймэрхүү санагдсан байх. Гэхдээ тэдний нүднээс миний гоё сайхныг биширч буйг би төвөггүй ойлгож байлаа. Бид нэг тийм, хүүхдүүд нь сууж байгаад салсан худ ургийнхан тааралдсан юм шиг царайлж, бидний хоорондын яриа намар оройн салхи шиг зэрвэгэр хөндийдүү, асуулт хариулт төдий байсаар нэг их удалгүй салсан. Бараг хурдхан шиг салсан гэхэд болно. Тэгээд “Ийм хүмүүс хоорондоо хайр сэтгэлийн тухай чухам юу ярилцдаг бол? Бодвол бие биендээ хайртай гэж хэлдэг л байхдаа” гэж анх удаа би тэдний тухай бодож билээ. Арав хүрэхгүй хоромд тэдний тухай бодохдоо би шоолсон, өрөвдсөн эсвэл бүр басамжилсан аль нь болохоо ялгаагүй юм. Харин би тэднийг өнөөдөр дахин харсан.
Би энэ бодлоосоо салахын тулд даашинзандаа дахин анхаарлаа хандууллаа. “Эмэгтэй хүн гэдэг сонин шүү. Шинэ хувцас, шинэ залуу, шинэ учрал гээд шинэхэн юм болгонд сэтгэл хөөрөн догдолж, энэхэн биендээ байхааргүй баярлаж чаддаг” . . .
Бишээ биш энэ бүгд нэг л худлаа болоод байна. Би өнөөдөр урьдынх шигээ үнэн голоосоо баярлан хөөрч чадахгүй байх чинь. Сэтгэл хөдлөхгүй биш их бага хэмжээгээр хөдөлж л байна л даа. Гэхдээ өнөөдөр нэг л биш. Энэ даашинзыг надад Долгион авч өгсөн. Тиймээ тэр авч өгсөн гэж бодохоор миний хүсэл сэтгэл нэг л унтраад байх юм. Би бас түүнээс уйдаж байгаа юм болов уу. Тэр нуруу туруу, царай зүс, бие хаа гээд хүүхнүүдийн дүгнэдэгээр бол аятайхан л залуу. Бас надаас дүүмэд. Гэвч энэ бүхэн надад тийм сонин гэж үү. Залуухан, хорин хэдтэй байхдаа танилцсан залуу болгоноо харцаараа шинжиж, хооронд нь харьцуулж, хэн нэг нь нөгөөгөөсөө ямар нэгэн юмаараа илүү байх ёстой мэт боддог байж. Энэ бүгдийгээ найз хүүхнүүддээ ярьж, үгүй ээ мөн их юм болдогсон. Тэр үед би эрчүүд гэдэг цагаа тулахаар хоорондоо ялгах юм юу ч үгүй яг адилхан гэдгийг мэддэггүй байж дээ. Тиймээ тэдэнд ялгаа байдаггүй юм.
Магадгүй энэ Долгион бусдаасаа юугаараа ч юм дээр байж магад. Үгүй ч байж мэднэ. Гэхдээ тэр чухамдаа хэн ч байлаа гэсэн үнэндээ бол намайг шохоорхогсодын л нэг. Эрчүүд гэдэг бол миний хувьд ээлжлэн өнгөрөх хорвоогийн саарал өдрүүд шиг, эсвэл ар араасаа нэгэн хэмээр хөврөх цаг хугацаа шиг тийм л санагдах болж. Ингэж бодох тусам
өвс ногоо ургаж амжаагүй хаврын зэгэл саарал талд, хатсан хамхуул хаа нэгтэйгээс хийсэн ирж өнгөрсөн жилийн үхмэл цагаан дэрсэнд торж тогтох мэт миний сэтгэлд гуниг хуйрагнаж, гол зурлаа. Хэдийгээр би хүйтэн жавар дагуулсан энэ гунигийг хүсэхгүй байсан ч яах ийхийн зуургүй намайг жиндүүлэн ороов.
Надад одоо толины өмнө алаглан байх оо энгэсэг, үнэртэн гоо, алт эрдэнэс биш харин тэдний нүүр царай, бие биенээ ширтэх халуун дулаахан харц харагдаж эхэллээ. Тэдний гэдэг маань өнөөх л ангийн хоёр шүү дээ. Шуудангийн хүлээлгийн их танхимд таарахдаа эхлээд бараг таниагүй ч нилээн хичээсний эцэст ангийн хосууд болохыг таньсан. Тэдний өмссөн хувцас нь муу, царай зүс дорой нөгөө л хэвээрээ. Охин нь бондгор охин байсан нь одоо бүр таргандуу намхан авгай болсон байсан. Түүнд минийх шиг бие хаа, хувцас хунар, үнэт эдлэл гээд үнэндээ надад байгаа бүхнээс юу ч байсангүй. Нөгөө хүү чинь ямар ч юм болчихсон байв даа. Нэг л тийм амьдралд дарлуулсан, худалч хүнд бол насаар нилээн ахимаг болчихсон харагдсан. Анзаараггүй үед таарвал бараг ахаа гээд дуудчихад болохоор. Гэхдээ тэд бас л цугтаан байцгаасан. Тэд намайг таньсан эсэхийг мэдээгүй. Жаахан залуухан байсан бол өөрийнхөө сайн сайхан явааг, өөрөөр хэлвэл тэднээс илүү яваагаа харуулж, яриа өдөхсөнж. Гэтэл би тэгээгүй. Тэр ч бүү хэл би тэдний өмнө ямар нэгэн буруутай мэт нүүр буруулсан. Гэхдээ миний харц надад захирагдахгүйгээр тэднийг нууцаар ажигласаар байсан нь гайхмаар. Тэгж суухад гэнэтхэн миний дотор үл мэдэгдэх уур уцаар, ундууцал буцалж эхлэв. Яагаад тэгснийг би мэдээгүй. Хоорондоо ямар нэгэн юм шивнэж, авгай нь амаа даран инээж, нөхрийгөө цааш нь түлхэнгээ нүдээрээ шилбүүрдэх нь “Нээрээ манай ангид нэг ийм хүүхэд байл уу” гэж бодогдохоор байв. Нэг л эв хавгүй мэт бие биендээ эрхлэх эдгээр үйлдлийг харж суухдаа тэдний хооронд үл анзаарагдам жаргалтай мөч хөвөрч байгааг мэдэрч, “Магадгүй ийм байдаг учраас эд өдий хүртэл хамтдаа байгаа болов уу” гэж надад санагдаж байлаа. Үүнийг мэдрэх тусам түрүүний уур ундуу гэхээр хаашаа ч юм дээ нэг тиймэрхүү юм цээжин дотор минь ноцсоор байв. Надад бол зохиогүй мэт санагдах тэдний бие биенийгээ эрхлүүлэх аягийг би хараад суугаад байж чадсангүй. Өөрийн эрхгүй босож тэдний өмнүүр өчигдөрхөн Наран их дэлгүүрээс авсан зуун хорин долларын үнэтэй герман туфлийнхээ шовх өсгийг нилээн дуутайхан товор товор хийлгэн алхан өнгөрлөө. Даанч тэдэнд анхаарах сөгөө алга. Бодвол тэдний өмсөж зүүсэн нь миний санаанд байхгүй шиг, миний туфльнээс гарах дуу чимээ, ямар ч эрийн нүдийг татдаг миний алхаа гишгээ, цагаахан шилбэ минь тэдэнд падлий байхгүй бололтой. Тэгж өнгөрөхдөө өөрийгөө яагаад ийм тэнэг байдалд ороод байгаагаа ойлгохгүй байв. Юунд ингэтлээ атаархаж, сууж байсан суудлаасаа хүртэл огол хийн босон харайж байгаагаа үл ойлгоно. Хамгийн гол нь тэгж боссоны хэрэг гарахгүй байгаад бүр их шаралхаад байгаа бололтой. Би чинь тийм жаахан охин биш шүү дээ. Гэнэт өөрийгөө анзаарч бие барьж байсан боловч гарт байсан сонин маань чичирч байгааг анзаарлаа. Юунд ховсдуулж, ямар байдалд ороод байгаагаа ухаарч, гадагшаа гарч хэсэг зогслоо. Зөрж өнгөрсөн залуус албатай юм шиг эргэн харж шүлэнгтэх нь нүднээ илт. Хэдийгээр энэ нь надад цаг үргэлж тохиолдож байдаг энгийн зүйл бөгөөд энэ байдлаас би ихээхэн таашаал авдаг ч одоо тэднийг үзэн ядаж эхлэв. Сайндаа ч биш л дээ. “Эд нар ингэж үхэх гэж байхад тэр муу ноорхой залуу, махлаг шар авгайгай хүн аваад явчих гэж байгаа юм шиг гараас нь атгачихаад, намайг анзаарахгүй байхдаа яахав дээ” гэж бодохоор дотор улам бүр арзагнав. Би тэр чигээрээ явмаар санагдавч чадсангүй хөл маань намайг өөрийн эрхгүй танхим руу эргүүлэн орууллаа. Дахин тэдний өмнүүр алхан өнгөрөхдөө барьж явсан сонингоо алдчихлаа. Түүнийг авах гэж тонгойход миний хагас онгорхой энгэрээр цухуйх хоёр хөхний минь хооронд сувдан шигтгээтэй цагаан алтан зүүлт гялтганан байхыг ямар ч хүн сохор л биш бол анзаарахгүй байхын аргагүй гэдгийг мэдэж байв. Нүүрлүү минь намиран унжсан хүрэн үснийхээ завсраар тэднийг хальтхан харсан боловч ангийн тэр хөвгүүн биш харин эгнүүлэн тавьсан сандлын үзүүрт сууж байсан шал өөр залуу үсрэн босож надад сонин авахад туслав. Би залууд баярлалаа гэж наалинхай дуугараад, урд нь сууж байсан сандалдаа эргэн суулаа. Суухаас өөр яахав. Ямар орлилтой нь биш. Одоо миний зөвхөн гар биш бүр хоёр, хамаг бие салганан чичирч байв. “Тайвшир, тайвшир” гэж өөртөө шивнэн хэсэг суув. Сүүлдээ би энэ танхимд яах гэж орж ирснээ, одоо яах гэж суугаад байгаагаа ойлгохгүй болж эхлэв. Уг нь би тэдэн дээр “Сайн байцгаана уу” гээд л оччихвол болчих гээд байлаа. Гэтэл би тэгсэнгүй. Яагаад ч юм тэд л намайг харах ёстой юм шиг санагдаад болдоггүй. Би сонингоо харж байгаа дүр үзүүлэн нөгөө хоёрлуу дахин нүд гүйлгэлээ. Тэгтэл надад илтэд оворжуу харагдах ангийн хүү маань эхнэрлүүгээ ёстой тийм гэхийн аргагүй халуун дулаан хайраар харж байхыг би анзааарав. Яг л кинон дээр гардаг шиг. Бүр удаашруулж ирээд үзүүлдэг шиг тийм л мэдрэмж надад төрөх нь тэр. Би сууж тэссэнгүй. Шууд босож гараад хурдан хурдан алхлаа. Амьсгаа давхцаад өөрийн эрхгүй орчноо анзаарах сөгөөгүй болж эхэлсэн байх. Миний алхаа хурдассаар сүүлдээ юунд ч юм яарсан хүн шиг гүйлээ. Бүр чадах хэмжээгээрээ л хурдан гүйв. Дотроос нэг юм огшиж ирээд хоёр нүднээс жолоогүй мэт асгарах нь тэр. Нүдний буланд нэг сандал харагдахад нь лагхийн сууж аваад цээжнийхээ голоос енгэнүүлэн уйллаа. Яагаад уйлаад байгаагаа ойлгосонгүй. Тэр залуу авгайруугаа тэгж харсан нь миний уйлах шалтаг гэж үү. Хэсэг хугацааны дараа “Охин минь одоо уйлаад яахав. Дахиад нэгийг авчихгүй юү дээ” гэх дуунаар сая ухаан орон харвал нэг настайвтар хүн миний гутлын өсгийг надад өгөх нь тэр. Хэр удаан уйлснаа анзаарсангүй. Тэр ч байтугай өнөө үнэтэй туфлийн маань өсгий хугарсныг ч мэдээгүй байж. Би гэрлүүгээ нэг сүг шиг юм алхаж ирсэн. Будгандаа халтартсан нүүртэй, хугархай өсгийтэй туфль угласан намайг зөрж өнгөрөгсөд ёстой нохой үзсэн чинээ тоохгүй байцгаасан юм. Нөгөө шүлэнгэтэж үхэх шахсан эрчүүдийн тачаадсан харцнууд хаачсан юм бүү мэд. Шургачиж уначих гээд гөлрөөд явдаг тэд, бодвол намайг тойруулан өөр нэгнийг хайж байсан байх. Хүний хорвоо гэж ерөөсөө л ийм ажээ.
Гэртээ ирээд би сэтгэлээ тайвшруулах гэж Долгионы өгсөн даашинзыг өмсөж өөрөө өөрийгөө аргадаж байгаа нь энэ. Өөр хэн намайг аргадах билээ дээ. Тэдний тухай дахин бодсоны дараа миний царайд түрүүний баяр баясал ор мөргүй алга болчихов. Өмссөн гоёлын даашинз маань зүгээр л нэг цас мөсөнд угалчихсан мэт зохимжгүй, хүйтэн харагдаж, нөгөө байдгаараа дэрвэж байсан хормой нь нормойн унжжээ. Хүний сэтгэл гэдэг хормын төдийд ор мөргүй өөрчлөгдөх нь сонин. Би олон л эрчүүдтэй найзалж, үерхэж цаашилбал ор дэрэндээ орж явсан. Тэднийг би андахгүй. Тэд бүгд өөрсдийгөө өөр гэж боддог байх. Гэвч эхнэртэй ч бай, эхнэргүй ч бай тэд бүгд адилхан. Ялангуяа эхлэл төгсгөл нь. Яагаад ч юм би өдий гуч хүртлээ хайр гэдгийг амссангүй. Миний аз дутахад хамгийн анхны эр хүн маань эхнэртэй, баян чинээлэг хүн байсан юм. Ор дэрэндээ адуу мал шиг тэр эр бүх юм дууссан хойно огт өөр, бүр танихгүй хүн шиг болчихдог байж билээ. Түүний баруун солгойгүй цацах мөнгийг би надад юугаа ч хайрлахгүй тэмүүлсэн хайр байна гэж андуурсан юм. Бурхан надад ийм хөөрхөн царай зүс, ийм сайхан бие хаа заяасанд би бахархадаг байлаа. Одоо бодоход эхнэртэй гэдгийг нь мэдсээр байж амьдралаа яагаад тэгж алдаагаар эхэлснээ би ердөө ойлгодоггүй. Үнэндээ бол хайр гэдгийг мэдэлгүй өдий хүрчээ. Би ганцхан юм мэдэрсэн нь сайхны өмнө бүх юм үнэгүй. Тийм ч учраас надад бүх юм байна гэж бодсоор өдий хүрсэн. Гэтэл надад байхгүй юм гэж байдаг юм байна гэдгийг ангийнхаа залуугийн эхнэрлүүгээ харсан тэр харцнаас мэдрэх юм чинээ яахан санах билээ. Гэхдээ очиж очиж царай муутай дорой төрсөн тэр залуугаас шүү. Миний өнгөрүүлсэн амьдралд намайг нэг ч эр тийм хайр шингэсэн гэгэлгэн харцаар харж байгаагүй юм.
Миний хоолой зангирч, “Намайг, намайг . . .” миний бодол гацаж эхлэв. Хоолой дээр юм аргаж, дотроос нэг түрэн огшиж хоёр нүднээс халуу шатуулан асгарч эхэллээ. “Тиймээ, намайг зөвхөн хүсэл тачаалдаа улайрч, улангасан шүлэнгэтсэн, унтаж хэвтэхийн тулд юугаа ч өгөхөөс буцахгүй тийм л эрүүл, согтуу, харцаар хардаг байсан. Харц ч гэж дээ эрэгчин нүднүүд. Харин тэр нүднүүд хамаг юм дууссан хойно хавчигнаж, хулганасан арчаагүй нүд болж хувирдаг юм. Тэднээс сэтгэл гэж юм надад үлдэж байсан гэж үү. Үгүй. Тэднийг аахилж уухилсаар дууссаны дараа надад зөвхөн усанд орох л хүсэл төрдөг. Ерөөсөө л энэ. Өөр бидний хооронд юу ч байдаггүй. Тэгэхээр яаж надад тэр сайхан хайр мэдрэгдэх вэ дээ. Эцсийн эцэст хайр гэдэг царай дагаж ирдэггүй юм биш үү дээ. Ээ, чааваас гэж . . .”
Би гэртээ ганцаараа байгаа болохоор цурхиран уйллаа. Гэрт хүйт даан зэвхийрч, миний уйлах гиншээн өрөө өрөөгөөр дамжин гингэнэж, таг нь онгорхой хайрцагнаас миний зүүлт сэлт намайг шоолон даажигнах мэт гялтганана. Намайг доромжилсон тэдгээр зүйлсийг би чадлынхаа хэрээр цацаж хаялаа. Бэлэг нэртэй тэдгээр зүйлсийн дунд сэтгэлийн бэлэг ганц ч байгаагүй юм. Тэр бол зүгээр л унтаж хоносон, давшлан дайрч тачаал юугаа тайлсны төлбөрүүд байлаа. Хамгийн сүүлчийн төлбөр болох гоёлын даашинзыг өөрийн биенээсээ салгахын тулд урж тасдаж, улангасан зулгааж эхэллээ. Даанч тэр болгоныг миний турьхан гар эс дийлнэ. Яг миний амьдралыг баглаж авсан харанхуй хувь заяа шиг энэ даашинз миний биеийг хүлж авчихаад салж өгөхгүй зууралдсаар байгаа нь бүр ч хорсолтой. Тэгэх тусам би улам бүр улайран хоёр гартаа тааралдсан болгоноо үгтээн зулгааж, тарааж, цацаж, хааш нь ч хамаагүй шидэлж, хамаг чадлаараа хашгирч байлаа. Миний хашгиралтанд хавчиг өрөөний минь цонх харшин ёолж байсан байх. Нэг мэдэхэд үс нь сэгсийж, нулимсандаа халтардсан нүүртэй, аль хэдийн нүцгэрсэн сүг шиг дүрснүүд толины хагархайгаар хувилан харагдаж байв. Магадгүй би унтаж хэвтсэн залуусынхаа тоогоор харагдаж байсан ч болох юм. Энд тэндээ шалбарч урагдсан гоо сайхан биеэ харж би анх удаа л “Бурхан минь чи надад юу гээчийг өгчих нь энэ вэ?” үнэн голоосоо харамсан гомдов. Миний хувь заяа хэдийгээр миний л ухаангүйгээс болсон гэдгийг мэдэж байсан ч, аав ээжээс надад заяасан энэ гоо сайхнаас болсон мэт санагдаж, надад ангийнхаа тэр охиных шиг өөр бие заяасан бол хайр гэрэлтсэн өөр нүд намайг ширтэх байсан юм шиг бодогдож байв. Энэ бол орчлонд ганцаардсан, аргаа барсан эм хүний арчаагүй бодол байлаа.
Би гэж үзээдийн амьтан салгалж чичирсээр шилний хагархай дээр гишгэчихгүйн тулд догонцон явсаар хөсөр шидсэн цүнхээ авч, тамхи гарган асаалаа. Дотор уужирч сайхан болж байх шиг. Хамаг бие салгалахаа больж, тайвширч байгаа бололтой.
Сая энд юу ч болоогүй юм шиг өрөөнд нам гүмхэн. Толины хагархайд өөрийгөө харвал биеэ сул хаян сулбайж суугаагаа сая анзааран нуруугаа цэхлэн биеэ чангалаад, нүцгэн ч гэсэн сүмбэ шиг хоёр хөлөө солбин ачлаа. Өөрийнхөө байж байгааг дахин харж, шоолох сэтгэл төрөн жуумалзан инээв. Тэгснээ би “За одоо нэг хэсэгтээ гайгүй биз” гэж бодоод санаа алдлаа. Тиймээ, би одоо бараг нэг жилдээ дажгүй. Шалан дээр хөглөрөх ундуй сундуй юмнуудаас үнэт эдлэлүүдээ түүж, уранхай даашинзыг авч цааш нь шидэх зуураа
“Энэ даашинз үнэхээр гоё зохиж байсан юмсан. За яахав. Долгионтой уулзахад дахиад нэгийг авхуулчихаж дөнгөх байлгүй дээ” гэж бодлоо . . .
06.02.09


Бүрэн эхээрээ...