# #

Бороотой өдрийн монологи

0 Сэтгэгдэлүүд:

Уртын харайлтын спортын сайхныг нь мэдэхгүй ч олимпийн анхны төрлүүдийн нэг гэдгийг мэднэ. Өнөөдөр гэнэтхэн бороо цутгаад ойрд энэ спортоор "хичээллээгүйгээ" саналаа. Уг спорт нь их холоос гүйж ирээд харайхынхаа өмнөхөн яг л цагаан зээр шиг хол, хол гишгээд дээр, дээр дэгдээд харайж байгаа харагддаг.
Харин миний харайх орчин бол их өөр л дөө. Юун холоос гүйх, тэр битгий хэл тэрүүхэн хөлийн таваг багтах төдий талбайгаас ганц хөлөөрөө шууд, маш огцом тийрэлт аван харайх ёстой. Санаагаар юм бол би ихээ дээшээ цоройгоод, агаарт жигүйдэх маягтай болж ирэнгүүт хаана буухаа шилж сонгоод, ихээ хол харайж байгаа юм. Энэ үед үс маань инерцээрээ дээшилж алгуурхан доошилж байх шиг санагдана. Яг л шампуны реклам юм даа. Би энэ удаа хачин амжилттай бас ч үгүй хачин уран маягтай нэг харайлаа шүү. Тэгсэн хажуугаар өнгөрсөн нэг авгай миний харайсан тогоол усыг шал пал хийлгэж туулангаа
- Яагаад байгаа лүдэв дээ. Ус үсчүүлээд өтөл залгаж байгаа юм байж тохьгүй гэдэг нь гээд цэхвэлзлээд бас зүгээр ч үгүй залуухан бүсгүй хайртдаа үнсүүлэхдээ өрөөсөн хөлөө өргөдөг шиг хөлөө нэг их "эвгүй" сойж харууллаа. Тэгсэн усны гутлаа надад харуулж байгаа юмсанж.
- Авчихаач гээд ширвэлзэв.
Уг нь энэ спортын төрлөөр олимпоос медаль авхуулчих гээд л манай хотод ус зайлуулах хоолой байдаггүйг энэ авгай бид хоёр яаж ч мэдэхэв дээ.
Бүрэн эхээрээ...

Өглөөний монологи

0 Сэтгэгдэлүүд:

Өнөө өглөө кофеныхоо шилэн савыг унагаад хагалчихдаг юм байна. Гар хөлний мэдрэмжинд "насны онцлог" ирж буй бололтой. "За ямар кофе амлаж хүн болсон биш" гэсэн эх оронч, эсвэл эгэл боргил бодол орж ирж байна, тархинд. Жаахан суулаа.
Гадаа бороо ороод зуслан сэрүүн. Хуучны нар сар гэрэлтэм модон байшин түрээсэлсэн нь гороо гаргаж гэртээ 1 шанага, 4 аяга, 2 хоёр хувинг бас ч овоо ончийг нь олж тосоод эргэж суулаа. Энэ тэнд под, под дуугарч байснаа савныхаа хэмжээнээс хамаарч дуслын чимээ өөр болж байна. Чол чол, пол пол, гэх мэтээр. Хөгжим гэж өөртөө романтиклав. Дээвэр шиврэн (заримдаа нүргэлэн) буух бороон дуслууд нь арын симфони найрал нь бололтой.
Анх үзэхдээ л энд тэнд нь онгорхой цоорхой гэдгийг нь анзаарсан л даа. Гэхдээ нэгэнт нар салхинд гарах гэж зуслан гарч байгаа юм чинь өдөр шөнөгүй л зорилгодоо үнэн ч байя гээд бодчихсон хэрэг.
Гэрийнхэн маань халуун хөнжлөөсөө хошуугаа ч цухуйлгахгүй унтах.
Унтаж буй хүнийг даанч нэг хайрлах
Гэм хийсэн хүн шиг би хөвөнтэй дээл нөмрөн, РС-ны ард чичрэх.
Урд насандаа чоно явсан нэг өвгөн (өгүүллэгийн маань баатар л даа)
Одоо хонь болчихоод чоноос зугатаж яваа юм, зайлуул
Үгүй тэгсэн хэрнээ ус гүйсэн улцан ногоон нүдээр намайг хараад
кофе нэхээд салахгүй юм. (бариулж үхэх гэж энэ бид хоёр кофегоор яанаа)
Нээрээ, халуун кофетой ч болоосой . . .
Гэнэтхэн ухаан орж шүүгч цаасанд кофегоо боогоод цай хандлах мэт чаналаа. Хачин сайхан. Ухаан муут ууж идэхдээ уургын морь гэдэг дээ. Миний жаргаж суугаа гэж. . .
Харин өнөө хонь маань байхгүй, дашийн шог. Дасгал сайн хийхгүй залхуу хог.
За яахав. Би чинь долоон өөр саванд ус тоссон, долоон өнгийн хөг аялгуутай хүндээ. Симфони биш юмаа гэхэд "Усан шогшоо" гэдэг аяз бичвэл Жанцанноров гуай салахаа больчихдог юм болов уу?
Нойр хоолондоо сайн бол ажил аандаа бүтнээ гэж . . . үнэн бололтой юмаа. . .
Бүрэн эхээрээ...

Яруу найрагч Д. Мандахсан нэгэн шүлэг

0 Сэтгэгдэлүүд:

Шарр хийх чимээнээр
Гэрэл задарна.
Зүүрмэглэсэн харанхуй
Өрөөсөн нүдээ нээж
Зүүн орны дэргэд
Лаа асна.
Нам гүм амилна.
Бүсгүй ааль
Хөнжлөө засахуй
Эр хүний
Танилхан чимээ
Шөнийн аниртай
Гулсан
Учрахуйн жаргалтай
Харанхуй …
Лааны зүмбэр
Хөх дөлийг хүлхэх мэт
Анисхийв.
Гадаа шивнэх шиг…

2002 он Бүрэн эхээрээ...

Аудио-10 "АНГАРАЙ"

0 Сэтгэгдэлүүд:

Бүрэн эхээрээ...

Яруу найрагч Банзайн Хүрэлтогоогийн нэгэн шүлэг

1 Сэтгэгдэлүүд:

Нойтон үдшийн
Чийглэг агаарт
Норсон бодол минь
Үсээ самнана

Нойрмог сансарын
Зүүдэн дотор
Нохой дагуулсан
Морьтой хүн шогшино

Чилдэн хөх
Үдшийн тэнгэрт
Чимээгүй оддын
Туяа асгарна

Чиний ирэх
Гоё чимээгээр
Чивчирэх өвс
Сарны хавьцаа найгана

2012.08.22.27. Бүрэн эхээрээ...

Яруу найрагч Сайнжаргалын Начин

0 Сэтгэгдэлүүд:

Хэзээ ч навч дэлгэрдэггүй
Хувхай цайсан тэр модон дээр
Хэрээ бүхэн далавчаа амрааж
Хэмгүй гунигт нүдээрээ орчлонг нэгждэг

Од харвах шиг нэг нэгээрээ
Үүр цайхын алдад ниссээр
Орчлонгийн буй бүхний цагаатгалыг
Үхэн үхэтлээ тэд мэдэцгээдэг

Үл танигдах хуучин бүхний томъёоллыг
Хав хар зүсэндээ олон зуунаар эрхшээж
Үлгэрийн шитэд ертөнцийг шоолон
Хувхай цайсан модон дээр ахиаад л тухлацгаадаг
Бүрэн эхээрээ...

Яруу найрагч Ганболдын Баяр

0 Сэтгэгдэлүүд:

Энэ сандал
Тэр уулын мод байхад
Ус урсах чимээнд
Гөрөөс янзгалдаг байсан гэв үү

Энэ цонхны шил
Тэр далайн эргийн элс байхад
Охидын сормуус
Эрэгчин шавьжны тэмтрүүл байсан гэв үү

Энэ зураг дээрх тагтаа
Тэр сүмийн гэлэнмаагийн гараас будаа түүж байхад
Хаврын ногоо
Хуанлийн хуудасны тоо байсан гэв үү

Энэ төгөлдөр хуурын гоцлол
Тэр сүмийн салхин хонх байхад
Мэлхийн хашгичаан
Хуучин балгадын найрал дуу байсан гэв үү

2010.5.15 УБ Бүрэн эхээрээ...

Шинэ хуучин

0 Сэтгэгдэлүүд:

Шинэхэн агаар сэнгэнэсэн хуучин тагтан дээр
Хуучин аяганд хийсэн шинэхэн кофегоо барьж зогсоно
Шинэхэн навчтай хуучин улиасны мөчир дээр
Хуучин болжмор шинэхэн дууг чадлаараа жиргэнэ
Шив шинэхэн тунгалаг өглөө
Хув хуучин дэлхийд иржээ.
Хуучин байшингийн хуучин хүмүүс
Хуучин сандал дээр хууч хөөрцгөөнө
Шинэ хотын шинэ залуус
Шинэхэн инээдийг цангинуулсаар өнгөрнө
Хуучин шинийн завсар дахь
Хачин их гүн ангалыг
Тархи зүрх хоёроороо
Тэнчээлэн зогсох шиг мэдрэмж төрнө
Ингэхэд би
Хуучирч буй шинэ хүн үү?
Эсвэл
Шинэ рүү тэмүүлэх хуучин найдвар уу?
Мэдэхгүй юм. За за ерөөсөө
Шинийг дуулагч хуучин болжморын
Хуучин харцнаас шинийг хайхаас . . .
Бүрэн эхээрээ...

Зүрхэн дундуур цогих бор морьтон.

14 Сэтгэгдэлүүд:

Тэнгэрийн, тэртээх зүүн хаяанаас ганц бор морьтой хүн газрын намыг барин цогиж яваа мэдрэмж намайг ихээ бага байхад олзолж билээ. Тэр хүн сэтгэхүйн гүнд минь их олон жил цогисондоо. Санаагаар юм бол юу юугүй л ороод ирмээр. Гэтэл яагаад ч юм харах бараанд торойсоор уджээ. Нар мандах тоолонд наашилсаар л байдагсан. Үлгэр домогт л цаг хугацаа ийм удаан үргэлжилдэг гэж би боддог байлаа. Гэтэл тэр хүний бараалан ирж буй төрх нүдэнд (тархинд) хоногштолоо удсан юм.
Тэгж, тэгж нартай бороон дусал ганц нэгээр сувдарсан зуны нэг тийм намуухан үдшээр өнөөх бор морьтон манай зүүнтэй дөхөөд ирлээ шүү. Олон жил хүлээсэн болоод тэр үү би байж суух газраа олохгүй орж гараад сэтгэл гэгэлзэж орхив. Гэртээ орохоор дээвэр дээр бороон дуслууд под под хийх нь зүрхэн дээр буух шиг хөндүүр. Гараад харахаар нялх багын сэтгэл мэт гэрэвшээд ч байх шиг нэг биш. Хичнээн гэгэлзлээ гээд миний санаснаар дөхөөд ирсэнгүй. Тэгсэн атлаа зогссонгүй. Наран уруу ч гэлээ холын барааг дөтлүүлэх гэсэн шиг үе үе саравчилна. Баруунаа ташсан наран сөргөө, намайг чиглэн яваа тэр бор морьны магнайд наран ойж гялайна. Борооны хэд гурван том дуслууд энд тэнд унаж бөөрөнцөглөнө. Миний сэтгэлийг яагаад тэр хүн тэгтлээ их догдлуулсныг ойлгосонгүй. Ойлгох сөгөө ч байсангүй.
Амгай нь шаргиж, явдал нь газар товшихыг мэдрээд ирэхэд учиргүй сандарсан би ухасхийн гэртээ орж, онгорхой үүдээр удаан ширтлээ. Удтал хүлээсэн юм болохоор урт холын тэр гийчинд “тунирхсан” ч байж болох.
Базаалтай ургаагүй ч гэлээ хоёр тийш далавчлаад унжсан дэлтэй бор морьны сагага нь багсайж, туур нь парвайсныг бодоход яалт ч үгүй хөгшин адуу юм. Хүн морь хоёр газрын хээл, салхины хэцэнд алжааж, аяншсан нь илхэн.
Үгүй ээ, тэгтэл нэг л биш. Би зугатах биш угтах ёстой гэж хэн нэгэн хэлэх шиг. Онгорхой үүдээр оголхийн гарснаа бэтгэрсэндээ гэрэвшсэн хүүхэд шиг харцаа тэнүүлэн өөдөөс нь хэд алхавал тэр намайг харсан шинж огт алга. Морь хүн хоёрын хараа хөшчихөө юу гэлтэй алс баруунтайг чиглээд таг ширтээстэй. Манай хоёр халтар хүртэл хуцахгүй байхыг бодоход надаас бусад нь түүнийг хараагүй бололтой. Хамгийн хачин нь би түүнийг дөч гаран жил хүлээсэн атал одоо өөрийгөө харвал миний бие алиа бяцхан арван хэдтэй хүүхэд хэвээрээ.
Бор морьтон цогин цогисоор гэрийн зүүнтэйхэн ирээд бөг бөг шогшуулав. Гэрийн үүдээр, тугалын зэлний урдахнуур өнгөрөхдөө бор морь сэвэлзтэл алхлав. Сайвар бор алхаатай юм. Би өөрийн мэдэлгүй түүн рүү алхам алхамаар дөхсөөр.
Далавчилж ургасан дэл нь дэвж, эмээл дээрээ ташаалдаж суусан ногоон дээлтэй, саарал бүрх малгайтай нар салхинд гандсан хэдий ч цаанаа шингэн шар царайтай, өргөн шанаатай, онигор нүдтэй, том биетэй тэр хүн миний өмнүүр өнгөрөхдөө гэнэтхэн над руу харж, харцаа нилээн тогтоов. Түүний гэнэтийн энэ хөдөлгөөнд би учиргүй цочсон хэдий ч хөдлөх нь битгий хэл нүдээ ч цавчиж чадсангүй. Тэнгэрээс од харвах шиг, талд аянга цахилах шиг яг юу гэмээр юм бэ дээ тийм нэг мэдрэмж тархинд гялсхийв.
Тэр хүн хачин гунигтай харцтай ч жижигхэн тагжгар шүд гарган инээмсэглэлээ. Яагаад ч юм миний ам жаахан хүүхдийнх шиг өмгөнөн, хоёр нүднээс нулимс урсав. Намайг тэглээ гээд тэр хүн мориныхоо амыг татсангүй. Тэр бүү хэл сайхан сайвар алхааг нь ч сааруулсангүй. Харин ч бүр манай үүдээр өнгөрөв үү, үгүй юу хуучин монгол гутлаараа дөрөөн суранд элэгдсэн хуучин ногоон гөлмөө зөөлөн давчихад бор морь толгойгоо нэг ольс гээд цааш цогив. Бор морины саарал сүүл усны урсгал мэт үелзсээр баруун гүвгэр дээгүүр давах нь шингэж буй улаан нар луу цогиогоороо яваад орчих шиг харагдана. Одоо надад амгайн шаргиа, адууны амьсгаа аль аль нь мэдрэгдэхгүй болов. Зөвхөн нартай борооны бүлээхэн дуслууд намайг, нарыг, газар дэлхийг онож буй бүдэгхэн товшоо сонсогдож, хуурай газрыг норгож ядан байгаа халуухан чийгний үнэр хамар цоргиж байлаа. Сэтгэлээс минь нэг их гуниг явчихав уу, эсвэл зүрхэн дээр минь нэвсийтэл дараад үлдчихэв үү. Алин болохыг ялгасангүй.
Тэр бор морьтой, ногоон дээлтэй өвгөжөөр насны хүнийг харангуут тархинд маналзсан анхны мэдрэмж бол “Энэ би байна” гэсэн бодол болохыг сая ойлгов. Зүүнтэйгээс ирэхдээ тэгж их удсан атлаа яг миний өмнүүр өнгөрч, баруун зүг одохдоо яагаад тийм хурдан өнгөрснийг би ойлгосонгүй. Гэхдээ би тэнд ямар нэгэн хэмжээс байна гэдгийг хачин сайн мэдэрсэн.
Тиймээ тэр бор морьтой хүн бол би эсвэл миний аав мөн. Хэрвээ аав минь бол энэ шөнө зүүдэнд минь өөрийнхөө орших орон зайгаа олчихоод явж байсан ч байж болох юм . . .
Харин би бол . . . Яг үнэндээ тэртээх баруунтайд чухам юу байдгийг би мэдэхгүй юм даа.

2013.03.4-5ны шөнө. 02 цаг 24 минут орчим
Бүрэн эхээрээ...