# #

"Сайн хүн" (Өгүүллэг)

7 Сэтгэгдэлүүд:


Гар утас гэдэг хамгийн бохиртсон зүйлүүдийн нэг. Ойр ойрхон цэвэрлэж байхгүй бол бактерийн оромж гэж хэн нэгнээс сонссоноо санаж утсаа гарган цэвэрлэж эхэллээ. Галт тэрэг ирэх болоогүй болохоор энэ бас ч гэж зугаатай. Нээрээ л утас маань бохир гэж жигтэйхэн болж. Нойтон сальфетка гэгчээр цэмцийтэл арчлаа. Өнгө орж байна гэж учиргүй. Жижиг сажиг нүх сүвэнд нь тоос шороо, хир буртаг хуримтлагдсан харагдана. Шүдний чигчлүүр модоор тэр бүгдийг ухлаа. Нэг мэдсэн чинь хийж буйдаа бүр улайрчихаж. Дээр үед гэх үү эсвэл миний багад гэх үү ямар чиг л байсан сам хиртдэг байсан тэр үед самныхаа шүд бүрийн завсраар ухаж суугаа хүн мөн ч шимтэж байгаа харагддагсан. Цэнэглэгч холбох нүх рүү нь модныхоо үзүүрийг хийж ухвал бөөн бөөн хар юмнууд гарах нь нэгэн бодлын урамтай. Шимтэн суугаа ажлаасаа болоод хажуудаа хүн ирснийг мэдсэнгүй.
- Яасан? Утсаа усанд унагачихаа юу? гэх дуунаар толгой өндийлгөвөл хувцас хунар тийм сайнгүй ч гэлээ хүйтэн биш царайтай залуу зогсоно. “Насаар лав гуч хүрээгүй дээ” гэж бодож амжив.
- Үгүй ээ, ах нь утсаа цэвэрлэж сууна.
- Аан гэсэн хэрнээ залуу хажууд суулаа. Нүдний харц, дууны өнгө нь царайныхаа төрхөнд залуудахаар юм. Учир нь түүнд огт байхааргүй мэр сэрхэн үрчлээ ухархайных нь урдуур зурааслана. Надаас хол дүү гэдэг нь тодорхой. Харц нь их зөөлхөн юм. Би ч хийж буйгаа цааш нь үргэлжлүүлж, өнөөх залуу маань намайг хэсэг харж суулаа.
- Би таныг утсаа усанд унагаачихлаа л гэж бодлоо
- Аан, үгүй ээ, үгүй
- Хэрвээ унагаасан бол ч . . . гэснээ арынх нь үгийг хэлсэнгүй. “Юу гэх гэсэн юм бол доо” гэж санаад түүн рүү хартал тэр яриагаа тасалсан чигтээ намайг хараад байх юм. Би утас руугаа харахаас өөр арга үлдсэнгүй. Хэсэг чимээгүй сууцгаалаа. Тэгтэл өнөөх маань бодсон бодлоо шоолов уу гэлтэй
- Хи хи хи унагаасан бол . . . гэснээ дахин пауз авав. Би түүн рүү харахгүйг хичээлээ. Энэ арга маань таарав бололтой.
- Гар утсыг усанд унагаавал сакура хачин сайн шүү дээ гэлээ. Энэ үг надад сонин санагдалгүй яахав дээ. “Юу . . .уу” гэсэн байртай харвал
- Шууд л батерейг нь салгаад тэр чигт нь хийчихдэг байхгүй юу. Доороосоо ийм зайтай гэж (эрхий долоовроороо арав орчим см-г дүрслээд) байхад л хангалттай гэв. Түүний царай яагаад ч худлаа ярьж байгаа хүнтэй адилгүйгээс гадна дууны өнгө нь ямар нэгэн бодлогын хариуг яг таг гаргасан ахлах ангийн банди шиг бардам итгэлтэй хэлж сонсогдов. Хүн ийм ойлгомжтой юм ярьж байхад би гэдэг нөхөр ойлгохгүй байгаа нь гутамшиг л даа. Маш эргэлзэнгүй өнгөөр
- Үгүй ээ, сакура гэдэг чинь...? Дотроо бол сакура гэдэг чинь цэхэрдүү цагаан бас ягаан цэцэг дэлгэрдэг бутлаг ургамал гэдгийг санаж байгаа.
- Өө, мэддэггүй юм уу? Цагаан будаа. Яагаав, таван кг-аар савалчихсан байдаггүй юу гээд гараараа дөрвөлжилж үзүүлснээ
- Цагаан будаа чинь чийгийг ёстой нам авдаг байхгүй юу.
- Өө тийм үү? Сонин юмаа гэж итгэл муутай дуугартал тэр “надад итгэхгүй байгаа юм уу” гэсэн байдлаар харлаа. Хэрвээ би “худлаа залаад л” гэсэн бол түүний урам тэр дороо хугарахаар байсан тул
- Мэдмээр л юм байна. Магадгүй, магадгүй гэж алдаагаа хурдхан засаж хэлвэл
- Магадгүй биш. Яг үнэн гэж тэр маш хүчтэй батлав.
- Аан за за. Энэ аргыг чинь гэрийнхэндээ хэлнээ гэхэд
- Шууд л дүрнэ ш дээ. Яг ийм хэмжээтэй гээд түрүүчийнхээ хэмжээг үзүүлэв. Би элэгсэгээр толгой дохиод утсаа ухсаар суув. Залуу босоод явчихсангүй. Төмөр замын өртөө гэдэг тэртээ тэргүй хөлийн газар тул миний хажууд хэн ч гэсэн сууж болох тул яваагүйд нь гайхах зүйлгүй. Тэр надад дахин хандах юм байна гэдэг нь мэдрэгдээд байлаа.
“Үгүй яахав дээ, хэдийгээр итгэмээргүй ч гэсэн үзсэн харсан хийгээд дуулсан сонссоноо хэн нэгэнд харамгүйгээр дамжуулж зөвлөнө гэдэг чинь сайн л хүний зан шүү дээ. Би түүнийг сайн хүн гэж бодов. Бодоод байхад ертөнцийн энэ олон сая живаа хүмүүс сайн, муу гэсэн хоёр ангилалд хуваагддаг байх. Харин ямар хүнийг сайн, ямрыг нь муу гэх вэ? Эхнэр хүүхэд, эрдэм ном энээ тэрээ бла бла энэ бүхэн ч яахав сайн хүний шинж л юм байгаа биз. Үнэндээ бол надад муу юм хийгээгүй л бол сайн хүн, хийсэн бол муу хүн юм биш үү” гэж бодогдож байна. Тэгтэл бага байхад манай хөрш Бадам эгчийн ярьсан нэг яриа санаанд буув.
Манай эмээ хажуу айлынхаа Бадам эгчтэй ярьж суусан юм. Бага байхад зарим хүүхдэд, том хүнд ч гэсэн үлд гэдэг нэгэн төрлийн яр гардаг байлаа. Бадам эгч гэж насаараа төмөр замд замчин хийсэн туранхай хар авгай. Нэг их яралзсан шүд гаргах хэрнээ яр яр гэж инээсэн хүн байх. Хоолойных нь өнгө нэг тийм хахирдуу байсан юм байх аа даа.
Эмээ
- Хүүхдийн үлдэнд юу сайн гээд байдаг билээ дээ? гэтэл зэлгээн цай балгаж суусан Бадам эгч өөрөөс нь өмнө хэн нэгэн өрсчихвий гэсэн аятай цайгаа том том залгилаад
- Мнн, нөгөө . . . гээд амаа эв хавгүйхэн шударч
- Сонин . . . Сонины бал ёстой амтай шүү дээ.
- Аан тийм л дээ, нээрээ гэж эмээ дэмжлээ. Тэдний яриаг сонсож суусан надад хүртэл “нээрээ тэгдэг ш дээ” гэж бодогдсон. Сонинг нарийхан хуульж шатаагаад аяганы ёроолд босоогоор нь барихаар шар хүрэн өнгийн, техникийн гэмээр тос гардгийг би харж л байсан хэрэг. Эмээ
- Хүн хөгшрөхөөр ч ёстой хог юмаа. Энийг хүртэл мартчихсан байх юм даа. Хэрэг алгаа Бадам минь
- Тэгдэг байхаа. Та байтугай би хүртэл дороо нэг эргээд л мартана шүү дээ. За, за үг холдлоо, гарах минь гээд үүдэнд очсоноо эргэж хараад
- Сонин. Дамаа бүр хөдөлмөр сонин маш сайн шүү гээд гарч билээ. Бодвол замчин юм болохоор хөдөлмөр сонинг хүчээр өгдөг байсан байх. Одоо бодоход Бадам эгч ч гэсэн сайн хүн юм.
Бодолдоо болоод хажуу дахь залуугаа бараг мартах шахаж. Утас маань ч овоо аятайхан цэвэрхэн болчихлоо.
- Ахаа . . . Би түүн рүү харлаа. Түүний зөөлөн харц бүр зөөлөн болчихож.
- Танд тамхи байна уу?
- Ах нь татдаггүй юмаа
Залуугийн царай хачин урамгүй боллоо. Бараг л тамхины мөнгө өгчихмөөр унжгар царайлав. Надад сайн санааны зөвлөгөө өгсөн нь цаанаа ийм зорилготой байж. Нэгэнт санасан нь бүтээгүй учир шууд л босоод явчихна биз дээ. Гэтэл тэгсэнгүй. Шууд босох гэхээр нэг л болохгүй байгаа бололтой. Залуугийн сэтгэл зүрх цаагуураа уяруу гэдэг нь анзаарагдаад байв.
- Сакура гэдэг нь бусдаасаа илүү юу? гэж би түүний урмыг сэргээх, үгүй ядаж л миний дэргэдээс босох тэр боломж (шалтаг) олгохоор асуулт тавьсан боловч нэг л олигтой онож өгсөнгүй. Тэгтэл өнөөх
- Илүү шүү, илүү гээд бослоо. Тэгээд цааш явах гэснээ түр зогсосхийж хэлэх үү байх уу гэсэн янзтай эргэж харснаа шийдэв бололтой
- Харин тэр муу шар будаанд болдоггүй юм шүү гэж хэлчихээд шуударсан янзтай хоёр гараа өмднийхөө халаасанд дүрчихээд дээгүүр харан явж одлоо. Магадгүй өөр хэн нэгэн тамхитай хүнд зөвлөгөө өгөх байх л даа. Одоо би түүнийг сайн хүн гэдэгт бүрнээ итгэлээ. Үгүй ядаж тэр надад инээд бэлгэлээд явлаа ш дээ. Утсаа цэвэрлэхгүй бол нил бактери гэж хэлсэн хүн ч гэсэн сайн хүн байж таараа.

2013.08.15
Бүрэн эхээрээ...

Яруу найрагч ХАБААНЫ БАЙЫТ андын шүлэг

2 Сэтгэгдэлүүд:

БАГТАХЫН ШҮЛЭГ

Тэнгэрийг эзэгнэсэн
Жигүүртний хаан бүргэд
Ухаант хүний торонд багтдаг
Үхлийг сөрсөн зоригтон мунхгуудад ад болж
Шоронд багтдаг
Түмэн үеийг багтаасан өргөө цагаан гэр
Ачаалахад тэмээн жингийн хомонд багтдаг
Үе үеийн цадиг түүх
Өөдөсхөн чинээ номонд багтдаг
Хорин баатар хүү төрүүлэх
Үзэсгэлэн төгөлдөр бүсгүй
Амраг эрийн тэвэрт багтдаг
Хорвоог донсолгох чадалтай
Ухаан төгс хүчит эр
Эхийн амгалан хэвлийд багтдаг
Орчлонд багтахгүй тэрсэлдэг
Хүмүүн хэмээх араатан
Оноо нь болоод ирэхээр
Оготоны нүхнээс долоон дор
Авсанд багтдаг аа
Бүрэн эхээрээ...

Хөг хайсан монологи

3 Сэтгэгдэлүүд:


Миний сэтгэл юунд хөглөгддөг юм бол? гэж заримдаа өөрөөсөө асуух нь бий. Гэвч учиргүй олчихсон нь ховор. Гэхдээ өнөө өглөөнийх шиг ийм зөөлөн шиврээ бороо намайг хааш нь ч юм дагуулан оддоггийг мэдэрдэг болоод их удаж байна. Борооны түм буман дуслуудыг ширтэж (гөлөрч) зогсохдоо би (бодол санаа минь ч байж магад) буй орчлонгоосоо тасарчихдаг.
Бороонд норж буй бүхэнд би тэгтлээ эмзэглэддэггүй. (Шившээ бороонд бэвийтлээ шилбүүрдүүлэн уруудан зогсоо адуунаас бусдыг) Харин бороон дуслуудыг өөрсдийг нь их өрөвддөг. Ялангуяа хад чулуун дээр тааран бут үсэрч байгаа тэдгээр дуслуудыг харахаар хэн нэгний итгэл найдвар тас үсэрч байгаа юм шиг мэдрэмж төрж, цээжний гүнд нэг тийм хачин гүн харууслын очис манас хийх шиг болох нь бий.
Эцсийн дүндээ хүмүүсийн ярьдгаар хөнгөн гуниг (ганцаардал) л сэтгэлийг минь хөнддөг бололтой. За тэгээд үүн дээр Игорь Крутой гэдэг нөхрийн зарим нэг аязыг сонсчихвол ер бусын ганцаардал (жаргал)-д умбачихна шүү дээ. Би бусдаасаа юугаараа ялгаатай гэж. Зарим нэгэн маань бусдаас өөр болох гэж тэмүүлэх. Харин би хүн төрөлхтөнтэй хачин ижил байгаадаа баярлах . . .

Бүрэн эхээрээ...