# #

Энэлэн

6 Сэтгэгдэлүүд:

Явган шуурга шилбүүрдсэн хаврын хуйсганасан өдөр Налайхын буудал дээр бээрэх шахан зогссон бидний хэдэн хүмүүс нийлэн хот руу явах унаа хөлслөх юм болсноор Газ-21 хэмээх данагаршуухан машин олж, яаравчлан орж шахцалдан сууцгаав. Мөнгө төгрөгөө авч өгөлцөж дууссаны эцэст жолооч мотороо ёнгинуулсаар хөдөллөө. Цонхон талд суудал таарч суусан надад тэртээд харагдах чимээгүй хот, түүний захад шахуу босгосон нэгээхэн чулуун хөшөөний дэргэд тамир муутай харагдах бүсгүй хоёр хүүхдээ бөөрөндөө наан зогсох нь
- Энэ хорвоогийн түм буман гачланг яаж сөрж барна даа гэж бодогдохоор харагдаж билээ. Хажууд сууж таарсан нэгэн хижээл насны ах миний харсныг мэдэрч ойлгосон бололтой.
- Налайхын нүүрсний уурхайг хаахад хүргэсэн сүүлчийн нуралт болж олон сайхан залуус нурангинд дарагдан амь насаа алдаж, олон хүүхдүүд өнчирч, олон бүсгүйчүүд бэлбэсэрч хоцорсондоо зайлуул. Тэдний л нэг дээ гэж билээ.
Хаврын тэр бүүдгэр өдрийн цасан шамраган дунд зогсож үлдсэн тэр гурван хүний дүрс олон жил миний санаанаас гараагүй юмаа . . .

Уйтай байна энэ шөнө
Ундууцмаар байна ганцаардаад
Тэртээ алсад одсон чамайгаа бодохоор
Тэнгэрийн хаяанд сүүмийх үдшийн гялаантай ханьсахым
Сар гарахын тоогоор
Самсаа шархирч хонохым
Санаа алдахын тоогоор
Санчиганд сор унахым
Чи минь анх ямархан залуу баганаан босголоо
Би чинь тэгэхэд ямархан охин өрхөөн татлаа
Чи хайртай юу, би хайртай гэсээр нэг л мэдэхэд суусансан
Чи мэдэхгүй юү, би мэдэхгүй гэсээр нэг л мэдэхэд үртэй болсонсон
Ажлаа тараад ирэхэд чинь амжих гэж
Амттай хоол, сайхан цай бэлдэх гэж
Хэрэндээ бас өөрийгөө гоёх гэж
Хэрээрээ би бас сандардагсан, тэвддэгсэн
Саруулхан царайндаа мишээлтэй ирж
Сайхан цээжиндээ намайг тэвэрдэгсэн
Цай хоолоо амтархан идэх
Царайг чинь харж суух хичнээн их жаргал байсан юм дээ
Одоо тэгэхэд ёс төдий
Оройд идэх л гэж нэг хоол хийсэн болох
Аяга цайгаа хэндээ ч гэж барих билээ
Алд биеэ хэндээ ч гэж гоёх билээ дээ
Эмэгтэйчүүдийн баяраар бэлэг өгсөнгүй , цэцэг өгсөнгүй гэж
Эрхэлж би бас тунирхдагсан, гоморхдогсон
Энэ жил чадсангүй ээ ирэх жил өгнөө гээд
Эвийг нь олоод тэвэрдэгсэн, үнсдэгсэн
Ой тойнд буухааргүй
Олон тэврэлт
Олон үнсэлт
Олдохгүй болчихноо гэж байх л юмдаа
Айлын эхнэрээс чамайг харамлаж
Алаг зүрхнийхээ хар бодлоос чамайг цагаатгаж
Ариухан хайраар сэтгэлээ сүлэлдүүлж
Алдхан биеэ уустал нялхарч жаргацгаадагсан
Хардуулах чинь ямар их зовлон бэ гэж, Хажууд чинь
Халуун дэрэн дээр нулимс унагасансан
Харамлуулах чинь ямар их жаргал вэ гэж, Үгүйд чинь
Хүйтэн дэрэн дээр уйлж суунаа би
Энэ дэрэн дээр чи бидэн уйлж, дуулж, сэргэж
Энэ дэрэн дээр чи бидэн уясаж, баясаж, амраглаж
Энэ дэрэн дээр чи бидэн хүүгээн, охиноон угтаж
Энэ дэрэн дээр чамайгаа тэртээх од руу үдэж дээ
Зулын цаанаас инээмсэглэх чиний минь дөлгөөхөн харц
Зуурдхан насалсандаа харамсавч ихэмсэг агаад даруухан
Зулзаган насны хайр амраг намайгаа орхиод
Зуун жилийн тэртээд ганцаар одсондоо гонсгордуухан
За яахав
Заяаны алтан заадлаас
Залгаж унасан үрс чинь байна
Зүрхний минь тал
Зүүдэлгүй тэнгэрээс харж байна, Болох байгаа
Үнэгэн харанхуйг үргээж
Үүрийн цолмон гарчихаж
Үүр ч цайх нь, өндийе дөө
Үнэгчилж байх юм, Үрс чинь
Үүрээр чи минь ирээд
Үнсээд буцаа юм болов уу
Болжмор жиргэж байна, Гадаа
Бодвол чиний минь шивнээ байхаа даа . . .
2007.05.25
Бүрэн эхээрээ...

Цав цагаан .

6 Сэтгэгдэлүүд:

Үдийн халуунд бүгчимдсэн үү, эсвэл сэвс хийсэн салхинд болсон уу ямарч байсан хүү сэрлээ. Хамаг бие нь усан хулгана болтлоо хөлөрч, гараа эвгүй нугалж дэрлэснээс гар нь бадайрна. Өмсөөтэй байсан малгай нь толгой дээрээс нь өнхрөөд төө хэрийн газар өөдөө харчихсан хэвтэнэ. Уг нь дотор талыг нь харахад саарал өнгөтэй байсан бололтой. Гадна тал нь аль хэдийн гандаад цагаан болжээ. Өлөн хир, хөлс болсон дотоод ирмэгээр нь ганц нэг шоргоолж гүйнэ. Гайгүй л атгаж байсан цулбуурыг нь сугалан чирсээр холдсон хөгшин бор морь нь хэдэн алхамын цаана ялаархсандаа толгойгоо хаялан, сүүлээ алгуурхан шарван зогсоно. Хэнхдэгнийх нь тэрүүгээр хааяа нэг хэдгэнэ эргэлдэхэд дургүйцсэн янзтай самсаагаа сэтлэх шахам тургина.
Жин үдийн халуун нуугиж агаар хүртэл хүнгэнэн дуугарах шиг. Өндөр-Улааны наад хяр, Сүүлтолгойн хэцээр зэрэглээ гүйн харагдах нь их л халуун болсоны шинж. Өндөр-Улаан гэдэг уул нь энэ хавьдаа л Хайрхан нь. Түүнийг ороогоод төмөр зам хөвөөлөн хэвтэх. Түүгээр энэ их нам гүмийг эвдэж хаа нэг галт тэрэг түчигнэн өнгөрнө. Хүү харин тэр бүгдийг ухаарахтай манатай завьж даган урсах шүлсээ гараараа арчих зуур чинэрсэн гар нь арзаганан эрвэгнэнэ.
Ам нь ихэд ангасан бололтой өглөө гарахад нь хийж өгсөн дашмагтай хярмаа том томоор залгилахад завьжнаас нь урсах цагаан дусал шороо болсон хүзүүн дээгүүр нь урсаж, төвөнхнийх нь гүрвэлзэх тоолонгоор зам гарган доошилно. Дашмаг хоосрон хий сорогдон дуугарахад хүү дашмагаа амнаасаа сая салгаж, нямбай нь аргагүй таглаад баруун ташаандаа хуйтай буу мэт зүүлээ. Тэр энэ дашмагандаа их хайртай. Хоёр долоо хоногийн өмнө бас л энэ Сүүлтолгойнхоо энгэрт хонио хариулаад явж байтал хойд Санжийн энгэр дагасан нарийн шар замаар нэгэн машин зэрэглээн дунд тоос татуулсаар ирлээ. Хоёр талаараа үргэлжилсэн олон дугуйтай цэргийн том машин гэнэт хүүг харсан бололтой давхиад ирэх нь тэр. Хүү шилбүүрээ газар хатгаад тулчихсан, нөгөө гартаа цулбуураа атгачихсан, малгайгаа ар дагзандаа тавьчихаад өрөөсөн нүдээ анисхийгээд зогсож байтал нэг орос цэрэг бас нэг орос дарга бололтой хоёр хүн гараад ирлээ. Тэгээд орос цэрэг нь юм яриад байх юм. Хүү ойлгосонгүй. Гэтэл дарга нь бололтой хүн нь ойртож ирээд баруун гараараа нэг юм дүрслээд
- Гүүг! Гүүг! чиг !чиг! гээд вагон шиг дуугараад, нөгөө гараа болохоор машин шиг дуугараад хоёр гараа зөрүүлээд мөргөлдүүлэх гэснээ вагон шиг гарынхаа дээгүүр давуулаад байх юм. За байз энэ гар нь вагон л юм шиг, нөгөө гар нь машин байж таарах нь. Хүү машинтай мөргөлдөх вагоны тухай төсөөлж мэлэрч гайхан харж байснаа гэнэт ухаарч “Өө! эд нар чинь төмөр замын гарам асуугаад байна шүү дээ” гэж ухаарлаа. Өвөө нь төмөр замаар адуугаа гаргаад гээд ярьдгийг саналаа. Тэр гарам Сүүлтолгойг даваад Үзүүр шанд гэж жижиг шандыг тойроод зүүн тийшээ явахаар байдгийг хүү мэднэ.
Хүү зааж өгөхөөр боллоо. Яаж гэдгээ мэддэггүй ээ. Сүүлтолгойг даваад гэх гэснээ “За байз сүүл толгой” гэж бодонгоо мориныхоо толгой сүүлийг харж, арай л боломгүй санагдаад шилбүүрийнхээ ёзоороор газар зураад гараараа Сүүлтолгой дээгүүр давуулж дүрслэв. Тэгсэн дарга
- Да да гэх шиг болоод царай нь гэрэлтэх шиг.
Тэгээд цааш нь Үзүүр шандаа хэлж чаддаггүй ээ. Тэгсэнээ гэнэт ухаарч нөгөө зурсанаа цааш нь үргэлжлүүлж “нэг хэсэг газар норгоё” гэж бодов. Нуруундаа үүрч явсан жижиг пиавар савтай хярамнаасаа дусаах гэснээ Ажаагийнх нь “Цагаан идээ газар асгаж болдоггүй ээ” гэснийг санаад эргэлзэн зогстол даргын ташаанд нэг дашмаг харагдав. Түүн рүү нь заатал дарга өглөө. Тэрнээс нь жоохон ус нөгөө газраа дусаагаад зам болгосон зураасаа тойруулаад цааш нь явуулаад хөндлөн хоёр зураас огтлуулаад түүнийгээ зааж
- Гүүг! Чиг! Чиг! Гүүг! Чиг! Чиг! гэж үзүүлэв.
Даргад өөрт нь хэрэгтэй байсан болоод тэр үү маш сайн ойлгоод инээмсэглэж хүүгийн толгойг илснээ нөгөө дашмагаа хүүд өгчихөөд яваад өгсөн юм. Тэрнээс хойш нэг л дайнд ялсан баатар шиг, орос даргад тусалсан том амьтан өдөржин дашмагаа үүрээд л, шөнө нь дэрлээд л яваа билээ.
Саахалт айлын сахал Самбуу ахын хүү нусгай Батаа байн байн асуухаар нь
- Ажил хийсэн хүн ам тосдоно гэж мэдэхгүй юү гээд Ажаагийнхаа хэлсэн үгийг хэлчихнэ. Ажаа гэдэг нь аавынх нь ээж л дээ. Хүүхдүүд ийм хүнээ эмээ гэх. Мань эр бол Ажаа л гэнэ. Хүүг ухаан ороход л Ажаа гэж ийм л хүн байсан. Ах дүү, хамаатан садан, хотол олноороо түүнийг Ажаа л гэнэ. Хүү Ажааг яг хэн гэдэг, хэдэн настай энэ тэр ерөөсөө мэдэхгүй. Угаасаа тэр энэ тухай бодож байгаа ч үгүй.
Хүү одоо л нэг бүрэн сэрж байна уу гэлтэй ийш тийш тойруулан хартал хэдэн хонь нь хороод бөөгнөрчихөж. Наах нь талд өөрийнх нь хар түрүүтэй борлог хонь нь бүр хэвтчихэж .
“Их нартай өдөр хонь хороод өвс усандаа муудаж, сүү нь татардаг” гэж Ажаа нь хэлдгийг санах, бас өөрийн юм болохоороо борлог хонио босготол өнөөх нь харин залхуутай нь аргагүй өөр хонины гэдсэн доогуур толгойгоо шургуулангаа том сүүлээ хөдөлгөн сүүл, хонгондоо наалдсан хатсан баасыг хооронд нь хавиралдуулан сар сар дуугаргана.
- Өө, чамайг өвс идэг гэж байхад чинь гэж амандаа үглээд өвөөгийнхөө хааяа хэлдэг
“Чамайгдаа, энэ намар тогоо тосолчихъё оо” гэсэн том үг хэлэх гэснээ өөрийн юм болохоор арай тэгж хэлж чадсангүй.
- Босоо ч муу залхуу минь. Өвс идэхгүй юү ихэр хургатай юм байж гэж дэмий үглэв.
Тэр жил бэлтгэл ангид орох жил нь энэ хонийг хурга байхад нь Ажаа нь
- Миний хүү том оюутан болж байгаа юм чинь гээд зүсэлж өгсөн юм.
- Ихэрийн удамтай буянтай мал байгаа юм. Бас охин хурга байж том сүүлтэй гэж билээ. “Өнөөдөр хонио холбочихоод энэ хатсан баасыг нь хяргаад авчихъя. Буурайгийн их гарын хайчаар чадахгүй байж арьсыг нь зүсээд өтүүлчихвийдээ” гэж бодож амжив.
Өдрийн энэ аниргүй нам гүмийг эвдэх гэж ядсан шиг хөх хомоол дээр суусан чогчиго шувуу толгойгоо тонголзуулан, сүүлээ дохилзуулан шогшрохыг хараад “чогчого долоон хэлтэй шувуу юм гэнэлээ” гэж хэн нэгнээс сонссоноо санах зуур гэнэтхэн нөгөө шувуу амаараа биш бөгсөөрөө дуугараад байх шиг санагдаж инээвхийлснээ сүүлдээ бүүр наг наг хийтэл инээд алдав. Хөгшин бор морь нь толгойгоо эргүүлж “энэ чинь одоо яаж байнаа” гэсэн янзтай харснаа нүдээ сүүмийлгээд буцаад унтах аястай. Даанч жижигхэн хар ялаанууд нүдийг нь тойрч шаваад зовлонтой. Хүү түүнийг хараад очиж ялааг үргээн, нуухийг нь авангаа “пөөх яасан урт сормуустай юм бэ. Манай ангийн охидууд урт сормуустай болох юмсан тээд л яриад байдаг юм. Ийм байвал баларваа” гэж бодохын зуур гэнэтхэн нэг юм дотроос нь огшоод нүүр нь чинэрэх шиг болоод ийш тийш ичингүйрэн харснаа “Урд нь дандаа л эмэгтэй хүүхдүүд гэж ярьдаг байснаа энэ удаа охидууд гэж бодох чинь” гэснээ, үгүй зүгээр ч юм шиг санагдаад өнгөрөв. Хүү ихэд халууцжээ.
“Их халууны дараа заавал бороо ордог. Орохынхоо өмнө салхи салхилдаг” гэж Ажаагаа мөн л хэлдэг. Үүнийг санах зуур санаа дагаад тэрүү баруунаас гэнэтхэн хэсэгхэн салхи сэвэлзээд авав. Хартал баруунтай Майхан уулын оройгоор хэсэг бараан үүлний шовх орой цухуйж байв. Түүнийг хараад хүү “эртхэн хонио хотлуулаад саалгахгүй бол үдийн хойно бороо орж мэднэ гэснээ өөрийнхөө сүүдрийг харж ер нь ч нар одоо бараг зүүн хойд талын улаан авдран дээр тусах дөхөж байгаа” гэж бодлоо. Хүү бол харин энэ бүгдийг сайн мэднэ. Тэр байтугай хонь яаж хургалдаг, эхэд нь хагийг нь идүүлж болдоггүй тухай, тугалах дөхсөн үнээний хүнхрээг дарж үздэг тухай, хүнхрээ гэдэг нь сүүлнийх нь угны хоёр талд байдаг тухай, нялх тугал анх бэлчээрт гарахдаа хаа нэг хонхор газар унтчихдаг тухай гээд хүүд мэддэг юм бас их бий.
Хонио хотлуулахыг яарах мань эр томхон чулуу юмуу өндөрхөн довцог хайж морио хөтлөн гүйв. Тэгэхгүй бол дөрөөндөө хүрдэггүй юм. Уг нь хөгшин морь нь урт дэлтэй учраас түүнээс нь чангаасаар байгаад мориндоо мордож чадна л даа. Даана ч “дэлнээс нь тэгж их зулгаахаар өвддөг байх” гэж бодно.
Тэгээд нэгэн тарваганы дошны налуунд морио зогсоож байгаад өөрөө өндөр талаас нь мордонгоо “яарч байж ноднингийнх шиг хонь хургаа нийлүүлчихвий” гэж саналаа. Ноднин яасан гэхээр нөгөө л орос даргын ирсэн замаар нэг жижиг машин давхисаар гэрийн гадаа ирлээ. Хүү ч яахав хонин дээрээ байсан хэрэг. Өвөөгийнхөө ганц нүдний дурангаар дурандтал өөрийнх нь аав ээж ирсэн харагдана. Яагаад ч юм гэрээдээ яарлаа. Хонины бор морь нь гэрээдээ явах болохоор шоволзтол алхдагийг хэлэхүү. Юу болсон юм мэдэхгүй хонио хураагаад л гэрлүүгээ жаахан даялуулсхийгээд дөхөж явтал гэрийн хойд энгэр дээр байсан хурган дундаас хар хүзүүт майлаатхав. Энэ нь тэдний хаврын эхний хурга л даа. Гэтэл хонь хурга хоёр дуу дуугаа авалцаад өөд өөдөөсөө давхилдлаа. Хүү хонь хурга хоёрын дундуур хий дэмий хэд шогшуулаад энэ өдрийн ажил дуусах нь тэр. Хүүг эрт ирнэ гэж санаагүй учир хургаа хашаагүй байж л дээ. Хонио нийлүүлж сааль алдсандаа хулганасаар гэртээ иртэл Ажаа хангинаж байна. Хангинахаар барахгүй хэзээ ямагт бүсэнд нь хавчуулаатай явдаг үнээний тушаагаар нэг байлгаад авлаа. Хүү ороолгуулсан гуяаа илээд тугалын зэлний цаана очоод суучихлаа. Аав ээжийгээ ирж аргадах болов уу гэсэн ирдэггүй. Өөртөө хамгийн ойрхон байдаг, хамгийн хайртай гэж боддог хүнээ ингэнэ чинээ бодоогүй болохоор ам нь өмөлзөж ирээд уйлах гэснээ гуяа дахиж нэг илснээ бас нэг их уйлчихмаар чанга ороолгоогүй санагдана. Тэгснээ “Ажаа надад хайртай болохоороо аажуухан ороолгож дээ” гэж бодсон юм.
Нилээн удаан суутал Ажаа нь гэрээс гарч, аргаа үүрч гэрийн хошлонд хавчуулаатай савраа аваад наашаа дөхлөө. За одоо л савраар өвдтөл цохих нь дээ гэж бодлоо. Гэтэл Ажаа нь
- Энд юундаа суусан юм бэ? миний хүү орж унд уу. Ажаагаа ирэхээр араг түшилцэж буулгалцаарай гээд цаашаа эргэнгээ амандаа
- Муусайн золигнууд ирэх байхаа мэдэгдэхгүй хүүхдийн сэтгэл үймрүүлээд. . . За яахав яахав ганц өдөр эхлээрээ байцгааг дээ гэгчилэн амандаа бувтнасаар яваад өглөө. Хонь хурга, хүү гурвын алийг хэлээд байгааг, ер нь Ажаагаа юу яриад байгааг мань эр нэг л сайн ойлгоогүй өнгөрсөн юм. Энэ бүхнээ санаад “хонь хургаа нийлүүлчихвий” гэж санаа нь зовж байгаа нь тэр.
“За байз одоо очоод Нусгайд” гэсэн бодлоо тасалж долоовор хуруугаараа хамраа тэмтэрч үзсэнээ цааш нь
“Юу гэж хэлэх вэ?” хэмээн бодлогоширно.
Уг нь орос даргын өгсөн дашмагаа гайхуулаад овоо сүрхий байсан чинь хэд хоногийн өмнөөс Батаа
- Аав нь надад хатирч хүрэн гүүнийхээ сартай зээрд унагыг зүсэлж өгсөн гээд онгироод байгаа. Уржигдар орой саалийн үеэр тугал татангаа зэлний баруун талын майг сэргээчихээд эргэх зуураа саахалтын зэлэн дээр ташаагаа тулан зогссон Батааг хараад яагаад ч юм гараа ташаандаа авах гэснээ больж
- Энэ муу нусгай Батаа их онгироо гэтэл Ажаа нь сүүлийг нь хавчуулж тушсан хүрэн гунжныхаа боривноос татаж босонгоо
- Ишш! миний хүү хүнийг битгий ингэж муу хэлж бай гээд сааль нэвчсэн хүрэн тэрлэгнийхээ дотоод хормойныхоо дотроор хамрыг нь нилээн сайн чимхээд арчиж өгч билээ. Дараа нь хамар нь хорсох шиг болсон нь санагдана.
Хүүд нэгэн мэргэн санаа ороод ирэх шиг болов.
- Аа, тийм өнөөдөр хонь руу чоно дайраад гэж хэлдэг юмуу гэх гэснээ бас нэг явдлыг санав.
Бага гэрийн баруун хойд хөндийд чоно үргээлэгний том хар карбин буу байдаг юм. Нэг удаа ганцаараа бага гэртээ байхдаа буурал аав нь хааяа ангаас ирэхдээ буугаа амыг нь доош нь харуулаад үүрдгийг санаж буугаа үүрээтэхсэн чинь буу нь өөрөөс нь өндөрдөөд үүрэх биш өөрөө өлгүүлчихээ дөхөөд буу нь дамналдаад хойшоогоо унах гээд сандрахдаа эргэнэгний хөлнөөс татаад эргэнэг дээр байсан тогоотой загсаасан сүүг эгээтэй л асгачихаагүй. Тэр явдлыг санаад “за даа буу нь тийм том чинь түүнээс үргэх төдий болдог чонын тухай ярилтгүй санагдаж” чонын тухай санаагаа орхилоо. Тэгээд “Ер нь яагаад надад унага, тугал зүсэлдэггүй юм болоо” гэж нэг бодсоноо
“За, за манай аав Ажаагийн хамгийн том хүүхэд нь биш юм чинь дээ” хэмээн бодолдоо хариулав. Хүү үүнд гомдохгүй. Ерөөсөө түүнд гомдох, гомдоохын тухай ойлголт суугаагүй. Тэр байтугай хожмын өдөр охид гэж бодохдоо ичингүйрсэн ангийнхаа охидоос ханиа олно гэж, алс хол хүний нутагт ирж эндхийн цэргийн дашмагийг хараад өөрийнхөө дашмагийг дурсахын чинээ, тийм гэх юутай ч зүрлэшгүй нам жим, тийм тайван амгалан эх орон энэ ертөнцийн нэгээхэн хэсэгт байгаа шүү хэмээн дурсаж бусдын нутагтай харьцуулна гэж, муу Ажаагаа яг л энэ чигээр нь насан туршдаа сэтгэлдээ тээж явахын чинээ тэр хүү яг одоохондоо санаагүй, бодоогүй, мэдээгүй яваа. Гагцхүү “нусгай Батаад юу гэж хэлье дээ л” гэж бодож байгаа. Гэхдээ харин энэ удаа хамраа тэмтэрч үзэхээ мартчихсан тууж яваа . . .
Бүрэн эхээрээ...