Би өнөөдөр чамайг ямар ихээр дурсана вэ? Чиний нүд, харц, царай төрх чинь тодоос тод орж ирэх тусам нулимс төдий чинээгээр ундрах юм. Сэтгэл зүрхийг минь уралж сарласан он жилүүд тэртээд одсон ч би өнөөдөр чамайг ороолж зугтаасан бодлоосоо нэхэн байж санах юуны учир юм бол. Гуниглахын жаргал гэж байдаг гэж үү.
Аав ээжийнхээ өврөөс гараагүй шахам, алиахан багадаа, хоёр салаа гэзэгтэй, хорь хүрээгүй насандаа би чамтай анх учирчээ. Хайр гэдгийг ямар мэддэг байсан биш дээ. Хайр гэдэг бол тэрийг, энийг хэлнэ гэж ном зохиолд гардаг ч, хайр гэж чамайг л хэлнэ гэж би дотроо боддог байж билээ. Тиймээ! хайрыг би чамаар л төсөөлдөг байсан.
Эр хүний тухай эгч нарын өдий төдий тодорхойлолт байвч би эр хүнийг чамаар л дүрсэлдэгсэн. Хайр сэтгэл гээч нь хажууд удахаараа тэгж их өнгө зүсээ хувиргадаг гэдгийг тэрхэн үед би яахин мэдэх билээ.
Он цаг улирч, охин нас минь ичих, эмзэглэхийн зэрэгцээ нулимс дуслуулан бас ч гэж нууцхан баяр дагуулсаар тэртээ ард хоцорчээ.
Ургаж гүйцээгүй хөх, нарны туяанд гэрэлтэм нимгэн хувцастай
Урагдаж шархлаагүй сэтгэлдээ хайрын дуу аялаастай
Урд шөнийн шүүдэр өвсний толгойд бөнжигнөөстэй
Урьхан салхины аясаар урсгал үс минь задраастай
Учирсан хайрын сэвшээнд сэтгэл задгай, энгэр задгай
Уудамхан талд хөл нүцгэн гүйсэн охин нас минь тэнд үлдсэн.
Чиний үгэнд итгэсэндээ би бусдыг сонсоогүй. Чамайг би ганцхан хэмээн санаж өөр бусдыг хараагүй. Дэндүү их хайрласандаа, дэлхийг хүртэл чамаас бага хэмээн төсөөлөхдөө би сохорсон. Хайранд сохорсон хүн ухаардаггүй юм билээ.
Намайг хамгийн ихээр хайрлаж суугаа ээжийгээ хүртэл гомдоосон. Тэднийгээ би даанч нэг сонсдоггүй байсансан. Сэтгэл зүрхний минь эзэн чи л байсан хэрэг. Тэгэхэд ухаарсан бол би алдаагаа засахгүй юмаа гэхэд өөрийгөө улам бүр талхилуулж, урт удаан хугацааг алдахгүй байсан байх. Гэхдээ ойлгох цаг минь тэр үед болоогүй байсан юм байлгүй дээ.
Хайр гэдэг тийм увайгүй, хаврын зэврүүн салхинд гэрийн яндан ёнгинох мэт хөндий хоосон. Хайртай гэдэг үг харанхуй хонгилийн тэртээ үзүүрт үүсэх хөлийн чимээ мэт хүйтэн гэдгийг би мэдээгүй. Сүүлд мэдэрч эхэлсэн хэрнээ өөрийнхөө доторхи хайртай харьцуулж, сэтгэлдээ илэрч эхэлсэн тэр мэдрэмжиндээ итгэхийг хүсээгүйсэн. Анх би цамцны чинь захан дээрхи уруулын будагны өнгө нь минийхээс өөрийг мэдсээр байж юунаас ч юм чамайг хамгаалж, “Миний будаг болчихож би угаачихъя” гээд эргэхдээ хананд өлгөөтэй толинд туссан чиний царайг өдий болтол мартддаггүй. Миний тэнэгийг гайхсан тэр харцыг мартах ч үгүй байх. Тэр л миний анхны мэдрэмж байсан. Тэрнээс хойш тийм будагтай тамхины иш, аяга, халбага манай гэрийн хаа нэгтэйгээс олдох тусам гол харлана. Гэсэн ч би тийм тэнэгтээ тэр үү эсвэл миний хайр тийм бөх байсан уу би олон жилийг өнгөрөөсөндөө. Санаа зовдгоороо ээж минь л түүнийг гадарлаж надад хэлэх. Чаддагаараа би ээж рүүгээ л орилж, цамнаж хэн нэгнийг магадгүй түүнийг өмөөрөн хэрэлдэнэ. Бодвол би ээжтэйгээ биш өөрөө өөртэйгөө л тэмцэлдэн байсан нь тэр байх. Одоо ээж минь баяртай байдаг юм. Хүн хань ижил, үр хүүхэдтэй болж ээжийгээ баярлуулдаг байхад би хүнээс салж ээжийгээ баярлуулсандаа.
Чамтай амьдарсан арван жилийн хэдийг нь би уйлж өнгөрөөсөн юм бүү мэд. Уруулын будагтай цамцыг чинь угааж суухдаа би нулимстай байсан. Уусан архины чинь шилийг тушааж, шарыг чинь тайлахдаа би нулимстай байсан. Унтах нойрондоо өөр хүний нэрийг дуудаж, могой шиг хүйтэн гараараа хөхийг минь тэмтэрч явахад чинь нулимстай байсан. Аягатай хоолоо идэх гэж амаа олохгүй согтууд чинь халбагадаж өгөхдөө би нулимстай байсан. Ам руу нь халуун хоол аятайхан хийсэнгүй гэж алгадуулахдаа ч нулимстай байсан. Өглөө босоод эцэс төгсгөлгүй уучлалтаа гуйж, амлалтаа амалж, амнаас минь үг гаргалгүй дарж, үйлт ажлаа хийж дуусахыг чинь хүлээхдээ ч би нулимстай байсан. Би яагаад тэгж их тэвчиж байснаа одоо хэр нь ойлгоддоггүй. Бусад бүсгүйчүүл шиг би хардаж сэрдэж, хашгичиж гуугачсан эхнэр байгаагүй. Хашгирах нь битгий хэл хамгийн сүүлд явахдаа ч хаалгаа савж гараагүй.
Гаднаас орж ирээд би, миний орон дээр галзуу юм шиг тачьядан орлилдох та хоёрын дууг сонсоод гацаж орхисноо санадаг. Би тэр хүртэл өөрийгөө буруутгаж, чамд итгэсээр явсан. Тэгээд чичирч салганасан гараараа “Би явъя даа” гэж биччихээд хаалгаа зөөлөн хаагаад гарахдаа харин би уйлаагүй ээ. Хар эрээн амьдралтай он жилүүдийн хаалгыг хааж чадсандаа би баяртай байдаг юм. Гэрээсээ гараад шат уруудан явахдаа “Халуун саванд нь цайг нь хийсэнгүй дээ. Хөрчихвий дээ” гэсэн хамгийн эцсийн дадал болсон гэмээр хачин тэнэг бодлоо би одоо ч гайхдаг.
Бурхан тэнгэр зохицуулсан юм болов уу даа бидэнд хүүхэд заяагаагүй. Тэр нь ч болсон юм. Тэгээгүй бол бас л нэг зовлонт амьтан нэгээр нэмэгдэх байсан биз.
Уусан архи чинь чамаас хальж, уруулын будаг цамцнаас чинь хэтэрсэн тэр нэг орой хүзүүн дээрх цус шүүртлээ шимүүлсэн шархыг чинь хараад, чамайг яаж ч хайрлаад энэ минийх гэж «худлаа тэнэгтэж» чадаагүй. Түүнийхээ хариуд сувай хуурайгаараа дуудуулж, түүнийг харсны төлөө өрөөсөн нүд минь юм харж чадахгүй болтлоо таглуулсандаа. Унтсаны чинь дараа хүүхэд гаргаагүй заяандаа гомдож өөрийгөө баахан зүхэж, үстэй толгойгоо зулгааж билээ. Өглөө нь босоод олны өмнө гардгийг чинь бодож өнөөх улааных нь өнгийг бүдгэрүүлэх гэж пүүдрээсээ түрхэж өгөхөд чи хорссон янзтай татагнаж байсансан. Нэг нүд маань таг, нөгөөх нь дүүрэн нулимстай болохоор сайн харалгүй хөндчихсөн юм л даа. Өрөөсөн нүд уйлдгийг тэгэхэд би мэдсэн.
Чамаас салаад арван сар болж байна. Өнөөдрийг хүртэл уйлсангүй. Эмэгтэй хүн гэдэг сонин ааштай байх юм. Арван жил уйлсан тэр зуршлаасаа болдог уу эсвэл миний муугийнх уу. Өнөөдөр гэнэт уйлмаар санагдаад. Тэгээд л чамайг бодсон хэрэг. Түүнээс биш би чамайг ахин хайрлах гэж, эсвэл аль хэдийн унтарч бөхсөн гал голомтоо бадраах гэж би чамайг бодъё гэж бодоогүй. Зүгээр л асгартал уйлж, дотроон цэлмээх гэж, ахиж чамайг хэзээ ч хайрлахгүй гэдгээ мэдрэх гэж чамайг бодож байна даа.
Чамайг хайр дурлал гээчийн эзэн, эр хүний дээд гэж боддог байсан учраас өөр бусдыг би боддоггүй байсан. Харин одоо бол өөрөө. Алтан нар хэнийг ч ялгалгүй тусдагийн адил амьдрал, хайр дурлал хэнийг ч ялгалгүй ирдэг гэдэгт би итгэсээр байгаа. Гагцхүү харин зөв сонгох л хэрэгтэй. Одоо би хорин найман настай яадгаа алдтал хөгширчихөөгүй байна. Бүх эрчүүлийг чамаар төсөөлөн бодож чадахгүй нь. Би хэзээ нэгэн цагт хүсэл мөрөөдлийн хайртайгаа учрах л болно. Магадгүй тэр маань миний гандаж гундсан хайрын цэцэгсийг ахиж цэцэглүүлэхээр хаа нэгтэй намайг хайсаар яваа. Хүүхэд шуугиж, инээд ундарсан тэр сайхан гэр бүлээ бий болгохын тулд тэрэнд минь ихийн их тэвчээр хэрэгтэй болох байх даа. Харин чамайг бол мартмаар байсан ч би хэзээ ч мартахгүй. Уйлж сэтгэлээ онгойлгож, урсах нулимс хичнээн гашуун байдгийг санаж байхын тулд би чамайг дурсаж байх болно. Яг л гэрт орохдоо гутлынхаа улыг арчдаг шалавчны алчуур шиг.
Чи миний гэрэлт амьдралд хүрэхийн тулд авирсан гаслант шатны хамгийн сүүлчийн гишгүүр байх болноо . . .
2008.01.31
2020 World Photography Awards Book (PDF)
3 years ago
29 comments:
Yo yo bur setgel ovdchihloo. Iime dur zurag niitleg bolchihson yum uu gej sanagddag. Hecuu ye.
Үнэхээр тэвчээртэй, уужим сэтгэлтэй бүсгүй юм даа. Иймэрхүү дүр зураг ч нийтлэг байгаа байх шүү. Ёстой сэтгэл өвдчихлөө.
Та яаж энэ өгүүллэгээ бичив?
Яахав энэ үедээ энэ эмэгтэй болчихгүй юү
ene yaaad temporarily unavailable ingeed garaad bgaam bol oo, unshihad jahan tewegtei ym :( gehde bugdiign unshlaa dotor ewdchihlee ... bi bas henii bilee dee "Nehree hudaldaj awsan n" geed neg zohiol bas uun shig aguulgatai unshihaar aygui hetsuu ... hunii setgeliig oilgoj chaddaggui hun iig uzen ydmaar sanagdjiin... bas ter nehern yah gej ehnereesee salahgui bsiim bol oo...
End yu bolchihoo ve???
eder unshsanaas hoish bodogdood bhiim dahiad neg udaa unshlaa...setgel neg l bish, bi eeree huniig ingej hairlaj medeh neher uchir aih ch shig,hairandaa hashigdsan ene busgui shig bolohgui geh batalgaa ch alga, zew l songolt hiih ystoi ym bndaa, eswel eeriihee telee hairaa orhij chadah shiidwertei bh ystoi ch ymuudaa... ingehed bumaa ah emegtei hunii setgeliig ymar sain gargaj bichee we, yg l eeree emegtei ym shig... tiim bolohoor ehneree tedii chinee sain oilgodog gej helj boloh nee??
Хамгийн сүүлчийн өгүүлбэр таалагдлаа. Нээрэн л энэ өгүүллэгийг бичиж суухдаа эмэгтэй хүний дүрд хувирчээ гэмээр бичижээ. Тухайн хүний дотоод сэтгэлийг бүрэн мэдэрч гэмээнэ зохиолч жүжигчид тэр дүрдээ хувирч уусч чаддаг байх. Таны хувирсан дүр болгон таалагддаг, цаашид ч гэсэн улам олон дүрд хувирч олон сайхан бичлэгээ бичиж байгарай. Амиддаа бие биенээ хайрлацгаая л гэмээр байна.
Хайр хүнийг харалган болгодог гэж ярьдаг ч гэлээ хүн өөрийгөө хайрлахгүй хэт хүнийг гэж явах нь хамгийн буруу юм шиг санагддаг.
Харин ч "танагтай" дээрээ салсан байна. Бүх насаараа ингэж амьдраад "дуусаж" байгаа бүсгүйчүүд цөөнгүй байдаг...
Охид бүсгүйчүүдэд маань сургамж болохоор аятайхан өгүүллэг болжээ.
Ганц пиав ууяаа
Пийк: Байх шиг л байгаа юм. Гэр бүл гэдэг хоёр талаасаа л хичээл зүтгэлээр л оршин тогтнодог байх даа
Үүнээ: Сайн бүсгүйчүүд ч бий. Сайхан эрчүүд ч бий дээ
Анон: Хамгийн гол нь зөв сонголт. Гэхдээ хайр дурлал гэдэг хэцүү. Ам гарч болохгүй. Заримдаа хүмүүс, ялангуяа бүсгүй хүн өөрөө дурласан биш өөртөө дурласан хүнтэйгээ амьдарвал цаашдаа раай дээр шиг санагддаг.
Атилла: Чи зөв харжээ. Өнгөрсөн юм яахав. Цаашаа яахав гэдгээ л сайн харж дүгнэж байх хэрэгтэй шиг. Хүн амьдрах л хэрэгтэй
Ганаа: Нэг ч гэсэн хүн нээрээ би ингэж магадгүй шүү гэж бодож чадвал миний хэрэг болох нь тэр
Артаньян: Тэг дээ. Хаа нэг зуун грамм ч бас аятайхан байдаг. Гэхдээ чамайг уу гэж байгаа юм биш шүү
yooy. sonin bolchloo.
namaig naiz zaluutai bolood (odoonii nuhur) orj gardag bolohod eej maani emegtei hun hunee zuv songoh heregtei gej helj bsn yum. hun er ni amidraldaa hania zuv songoh hamgiin chuhal yum shig bgaan. ter dundaa busguichuud...
byambaa, bas zarimdaa songogdoj bolno shuu dee gesen.
Yagaad ch uym eniig unshaad henii ch bilee Denduu hairtaidaa chamtai bi suuhgui... geed neg shulgiin mor sanaand orchihloo... Uneheer tevcheertei huuhen uymaa, Bumaa ah ch goe bichij.. nad shig uym bol urt humsaaraa nuuren deer ni saihan ereecheed hoogood yabuultsan bgaa gesen he he...
Арай хэтэрхий харалган болгон бичжээ.
Дурлахаараа тэнэг болдог ч билүү нэг үг байдаг. Байдаг л юм байна даа.
Та их гоё өгүүллүгүүд нийтлэх юмаа таалагдаж бна шүү
Эмэгтэй хүн гэдэг зовлонтой амьтан шүү. Гурван хүн эргүүллээ гэхэд хамгийн бүтэл муутай товарищийг нь сонгоно. Дурлал сохор байдааг гэж.
Ширүүн хүйтэн өвлийг өнтэй давсаны баяр Шинэхэн ногооны үнэртэй энх золгосоны баяр XVII жарны хотлыг баригч шороон хулгана жилийн Сар шинийн мэнд дэвшүүлье Хамаг бурхад авран нигүүлсч Хотол түмнээрээ амгалан жаргаж Ам цагаан хулгана жилдээ Ач буян нь арван зүгтээ дэлгэрч Аз хийморь дүүрэн байхыг ерөөе САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ. Iim saihan yero'oliig dewshuuliye. /irsen mendchilgeeg damjuullaa/
tiim bolohoor erchuud n huurch toglolgui hairlaj bgaasai daa, busgui hun chin terelhiin l itgemtgii tiim neg genen emzeg bdagiin gene lee...
БЯмбаа: Тиймээ хүн болж өгвөл зөв сонголт хийх хэрэгтэй
Оюунаа: Тэр чинь Эмүүжингийн шүлэг байх. Урт хумстай бол тэгэхээс яахав
заяа: Магадгүй би дэндүүлсэн байж мэднэ. Охиноо л алдах вий гэсэндээ
Уужим: тнх
Амараа: Харин тиймээ. Дурлах л юм бол хэнтэй ч сууж мэднэ
Анун: чамдч гэсэн сар шинийн мэнд хүргье
Анон: Тийм байгаасай гэж хүсэх дээ л...
Ямар азаар хүүхэдтэй болчоогүйм, хүүхэдтэй болцон бол бүүр л хэцүү бхсанж, сэтгэл өвдчихлөө, иймэрхүү дүр зураг хаа сайгүй бх юмдаа
Хүнээ зөв сонгож ханилах хэрэгтэй шү
Хотолыг баясгагч шороон ХУЛГАНА жилдээ алтан нар шиг аягандаа мөнгөн сар лугаа сүүгээр бялхааж, мөнх хөх тэнгэрийн өнгөт амар мэндийн цэнхэр хадаг юугаан танд болон гэр бүлийнхэнд чинь өргөн барья.
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Хөөх би ер нь сохор нөхөр юм. Таны энэ гоё өгүүллэгийг сая л өнгөрсөн хойно уншиж байна ш дээ. Бас өнгөрөөгүй байна л даа хэ хэ. Танд амжилт хүсъе их сайхан санагдаж байна өгүүллэгийг чинь блогтоо тавчихъя тэх үү? зөвшөөрөл авъя. их сайхан яг л эмэгтэй хүний бүр миний дотор та яаж ингэж орж бичиж байна аа.
Bumaa ahdaa "Altan Uzegten" shagnaliin ezen bolsond bayar hurgie! Shagnal avsan chini hariutslaga ondorsood bichlegee ih udaan tungaagaad baigaa bololtoi. Esvel ingej urt tsagaan sar temdegleed baina uu?
Shine oguulleguudiig ni tesen yadan bain bain orj baisanaa tesehee baigaad oguulleg neheed bichsen chini deerh humuusiin setgegdlees tes hondlon yum bolchihson baina sh de, balarsaan.
bi tanii uguulleguudiig unshdagaa, gehdee ene uguulleg bol heterhii hiisver baila, bodit amidrald arai l baimargui, extreme jishee ni hamgiin suuliin hesegt bi yavay daa ged bichig uldeegeed garna gdg ,tegsenee tsaig ni haluun savand hiichihgui dee gej bodno gdg uneheer uran zohiol bailaa, bodit amidralaas sedevlesen baij boloh ch last part bol arai bish bha, chimeegui haalgaa haaj setgeldee bayartai gej heleed garj baival bas neg uur hereg.
Shockond orson hun bichig hurtel bichij tavihgui bolvuu.
Tanii tsaashdiin buteeld amjilt husey.
ps: Uuneed: iimerhuu dur turh niitleg gdg ni hervee iim busguig helj bga bol, tengeres od shuurehtei l adil hereg bolvuu
Unshaad setgel dotroo charlan shanaln uillaa shuu. yag l minii 5,6 jiliin umnuh amidral nudend haragdaad ungurluu shuu. nadad bas neg imerhuu ungu turhtei hair bsaan.Bi ter hunees salj chadsandaa odoo bayarladag, uuruur helbel ter hun namaig uuruu orhiod uur hen negenruu yavsand ni odoo l bi tuund mash iheer bayarladag. hund hayagdaj shanalal gantsaardal dund uldchiheed nad shig bayarlaj suugaa hun bdag ch yumuu medehguy bna. gehdee l bayarladag. udalguy bi uur negen saihan hairtai uchirsan bolovch ter min bas namaig tamiin shanalal dund orhison nadad yagad iim hair iim uchrlaiig burhan beldeed bdgiig medehguy yum daa.
Denduu gehed denduu hunii setgelruu orj bichij chadah yumaa. uneheer saihan boljee tand amjilt husie
Дурласан бол хэнтэй ч сууж мэднэ шү дээ. Эмэгтэй хүнийг хэзээ ч ий байдалд оруулахгүй юмсан гэж их боддог шүү. Магадгүй нэг өдөр би хүнийг ийм болгочих вий гэж их айдаг шүү. Баярлалаа
Ta yaj ingej bichij bnaa. Yag l iim amidrlaar amidarsan yum shig
Post a Comment