# #

Охид бүсгүйчүүдээсээ уучлалт хүсмээр байна.

Улс орон маань урьдын нэгэн хэмийн хэвшмэл байдлаас гарч зах зээл хэмээх нүдэнд үл үзэгдэх том шилжилт рүү, шинэчлэл рүү эргэлт буцалтгүйгээр орлоо. Орлоо ч гэждээ ороод бараг 20 шахам жил болох нь. Энэ хооронд амжилт олохоосоо илүү алдаа завхралд илүү автаад байх шиг. Магадгүй мөхөс би улс орон маань дээгүүрээ хэр зэрэг дэвшилттэй амжилттай явааг мэдэхгүй байж болох юм. Гэхдээ ард түмэн бид улс орны амжилтын түвшинг өөрийнхөө амьдралын түвшингөөр л хэмждэг гэж боддог. Улс эх орны толгойд ямар хүн, ямар нам, гарч ямар намын туг намируулах нь нэг их сонин биш гагцхүү эгэл жирийн ард түмний гэдэс цатгалан, сэтгэл санаа өөдрөг байх нь чухал байх. Xэт өрөөсгөл ойлголт байж болох. Энэ өөрчлалтийн үр дүнд нь (хувьсгал ч гэдэг) хамгийн ихээр нэрвэгдэж байгаа нь гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүд маань бололтой.
Одоо эргээд харахад толгой бүрэн гэр бүл гэж бараг үгүй мэт. Салсан сарнисан, үхэж үрэгдсэн, өнчирч хоцорсон, гадаадад гарсан гээд бидний жаргал цэнгэлийн хамгийн тод жишээ болох гэр бүлүүд иймэрхүү янзтай л байна. Одоо бүр охид хүүхнүүдийг маань хулгайлдаг, хүчинддэг, зардаг дамладаг, бузарладаг булдаг, бүр байчихаад хаа нэг газар аваачаад дэлбэлдэг болж. Энэ юу болж байнаа эрчүүдээ. Элдэв амьдралын нугачаанд бүдэрч эцэст нь хүний газар ёс бусаар дэлбэлүүлж амиа алдсан Алтантуяа бүсгүйгээс, элэгний өвчин тусаад элдвийг туулахдаа үхэлтэй хүртэл эвлэрч суусан Тунгалаг хүүхнээс, хүний дайтай амьдрахын хүсэлд хөтлөгдөн хүний хүнийг дагаж, хүний газар очиж, хүний биш амьдралаар амьдарч, эцэст нь эр хүнд ч баймгүй зориг гарган энэ бүх зовлонг даван туулж эх орондоо ирсэн тэр 4-н эмэгтэйгээс (бидэнд мэдэгдэж байгаа нь л энэ. Mэдэгдэхгүй хичнээн зуун бүсгүйчүүд байгаа юм), цаашилбал аз жаргалтай амьдрана хэмээн ам бардам сайхан үгэнд хууртсан эмэгтэйчүүдээс, алаг үрсээ толгой даан өсгөж байгаа хүүхнүүдээс, ачаа бараа зөөн аль муугаа үзэж амьтанд адлагдаж, арга мухардан яваа болон ер нь л бүх монголын эхчүүд эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдээсээ эрчүүдийнхээ өмнөөс уучлалт эрэн тэргүүн бөхийж байна. Бүр дахин дахин гуйж байна.
Та нарын маань ингэж яваа нь эрчүүд бидэнтэй шууд холбоотой. Мэдээж өөрчлөлт шинэчлэлт хийгээд улс орны алдаа завхрал гээд нөлөөлөх зүйлс олон боловч энэ удаа тэгэлгүйгээр, буруугаа бусадтай хуваалцалгүйгээр уучлалт эрмээр байна.
Эрчүүд бид элдэв хийрхэлд цээж дэлдэж хоосон дэврээгүй бол, архи дарсанд шунаж, агсамнаж амьдралаа алдаагүй бол, айлын авгай эргүүлж арчаагаа алдаагүй бол, алаг үрсээ гаргуунд нь хаяж, амраг ханиа зовоогоогүй бол яалаа гэж та нар минь харь хүн дагаж харанхуй гэхэд дэндүү харанхуй энэ замыг сонгохов дээ. Юу гэж биеэ үнэлж, бусдад бузарлуулж амны зугаа, алд биений зовлон болж явах билээ дээ.
Эцсийн дүндээ энэ алдаа завхрал, замбараагүйдэл, тархи болоод гэдэсний өлсгөлөн, гуйланчлал улс орныг туйлдуулж ард түмэн бид өөрсдийнхөө амь амьдралын тэтгэгч болох сэтгэл санаа итгэл үнэмшил гээчийг устган үгүй хийсээр ...
Эцэст нь Монгол эх орон, газар шороо хийгээд, Монгол үндэс угсаа, түүний дархлаа болох цус маань цаашид үеийн үед үлдэнэ гэх итгэл мөхөсдөх аюул учирч байна даа. Бид хөнжил гудасны завсар энэ эх орны хувь заяаг даатгаад орхимооргүй байна. Хэдийгээр хувь хүний өөрийн амьдрал үнэтэй ч хожим хойно түүхийн хуудаснаа манай энэ үеийнхэн хараал зүхлийн хэмжээнд мөнхөрч үлдвэл ямар вэ? Энэ эх орны мөхөх эхний цэг энэ үед тавигджээ хэмээн хэн нэгэн хятадын үр сад уншаад инээж суувал яана вэ?
Ийм том юм ярихаа байя гэхэд хэн нэгэн хойд эцэг аяга хураасангүй, хог цэвэрлэсэнгүй хэмээн алаг үрийн чинь толгой руу чичилж суувал ямар вэ?
Үгүй ээ Бид одоо л ухаарая, сэхээрье. Одоо болноо
Одоо чи, би-гээ больё. Бие биенээ адлахаа байя. Ядуу ч бай баян ч бай бие биеэнтэйгээ нэгэн зүрхээр цохильё. Тэр зүрх нь бидний өсөж төрсөн бас үхэж үлдэх эх орон минь байг. Гэхдээ бас хий хоосон уриа лоозон тавимааргүй байна.
Сайхан амьдрахад нэг их юм орохгүй дээ хүмүүсээ. Яагаад гэвэл хувь хүн байгаль, физилогийн үүднээс үзэхэд өчүүхэн амьтан. Тэр их алт мөнгө, эд хогшил, хоол унд нэг их амин чухал хэрэг болохгүй. Энэ бол аз жаргал биш.
Аз жаргал гэдэг маань хүний дотоод сэтгэлээс урган гарах дотоод тамирын л асуудал. Өөрөөр хэлбэл аз жаргал хүний сэтгэл дотор урган төлждөг эд. Хүний сэтгэл нь ойр зуурханаас л эхлэнэ. Тиймээс хүний хамгийн ойрхоны зүйл болох гэр бүл, үр, хүүхэд, хань ижилд л аз жаргалын түлхүүр байгаа. Тэгэхээр аз жаргалтай амьдрахын тулд хүн бүр хажуудахаасаа эхэлмээр байна. Тэднийгээ хайрлаж хүндлэхээс, итгэхээс, ойлголцохоос эцсийн эцэст хамтдаан байхаас эхэлмээр байна. Хайрлаад байгаа нь энэ гээд хараад суухдаа биш нэгэн зүйлийн зүг, сайн сайхан, гэрэл гэгээний зүг хамтдаан зүтгэмээр байна. Нөхөр нь гудманд, хүүхэд нь транщейнд, эхнэр эрээнд, ах нь гадаадад биш баймааргүй байна л гэх гээд байгаа юм. Тэгэхийн тулд наад захын бэлэнчлэх сэтгэлгээг болимоор байна. Магадгүй энэ сэтгэлгээ бидэнтэй хамт дуусаасай гэж найдая. Ингэж дуусгахын тулд хойч үе үр хүүхэддээ энэ сэтгэлгээг суулгамааргүй байна. Бэлэнчлэх сэтгэлгээг оршоож болох наад захын арга хэмжээг болимоор байна. Жишээ нь Гэрлэлтийн 500 мянга байна. Энэ одоо юу гэсэн үг вэ? Би л хувьдаа ард түмэн үүнийг хүссэн гэдэгт итгэдэггүй. Хүнтэй суусны төлөө төрөөс мөнгө авдаг гэсэн чинь одоо юу гэж байгаа юм ? Яваандаа мөнгө авахын тулд хүнтэй суудаг болчихвол яана. Би хэдийгээр 500 мянгыг голох баян биш ч гэсэн гэрэл гэгээ өөд тэмүүлэх хүмүүний амьдралын хажууд энэ мөнгө юу ч биш. Бас анхны гэрлэлт гээд байгаа шүү. Олигтойхон айлын хүүхдийн нэг оройн гайгүйхэн наргих дайны л эд байх. Эрх ямба эд баялагийн оройд гарахын тулд хойч ирээдүй нь ямар байх нь хамаагүй бололтой.
Ард түмнийхээ тархитай ажиллавал зүгээрсэн. Түүнээс ходоодтой нь ажиллаад хол явахгүй нь тодорхой боллоо. Ингэсний үр дүн түрүүчээсээ гараад байх шиг. Өөр бас бэлэнчлэх сэтгэлгээг дэвэргээд байгаа үндэс нь манай шинэ баячуудын цээжний өвчин байна. Тэнэг хүмүүс биш л дээ тэд. Тийм бол яалаа гэж баяжихав. Харин зарим нэг үйлдлүүдийг нь ойлгоход бэрх байгаа юм. Арван хэдтэй айлын бяцхан охиноор өврөө дулаацаалаа л гэх, адуу мал үнэ цохиж хэдэн саяар авлаа л гэх, алт мөнгөн аяга тавгаа гайхуулж байна л гэх энэ бүгдийгээ өдөр тутмын хэвлэл мэдээллээр цацаж оройн дээд жаргалд хүрсэн мэтээр ард түмэн түүний дотор хүүхэд залуусын тархийг угаахаа болимоор байна. Хүн л юм хойно хайр сэтгэл, хобби сонирхол шүү дээ гээд залруулах л байх. Эсвэл чи өөрөө чадахгүй бол дуугай л байвал барав гэх нэгэн байгаа л байх. Гэхдээ энэ бүгд чинь учир үл мэдэх залуус охидуудад эсрэгээр нөлөөлж баян хүнтэй л суучихвал болох мэтээр ойлгогдоод байх шиг. Хэдхэн баянтай болохоор тэд нь хүрэлцэхгүй үеийнхээ эрчүүдийг голон голон гадны хүн дагаж яваад алдаад байгаа гэдэгт эргэлзэмгүй. Бид хормой хоттойгоо орооцолдсоор, мунгинасаар сүүлдээ хормой хотоо ч хумьж чадахаа байж байх шиг .
Энэ улс эх орныг дараа дараачийн үе өртөөчлөн авч явах хүмүүс бол хойч үе, үр хүүхэд залуучууд та нар минь юм. Та нарын дээд үе болох аав ээж чинь нийгмийн энэ адармаатай үеийг даван туулахдаа алдаж онож эндсэн байж магадгүй юм. Та нар минь эргэж хойшоо харж мунгиналгүй урагшаа дээшээ харж тэмүүлж амьдраарай. Шинэ санаа, шинэ бодол, шинэлэг юм бүхэн та нараас л гарна. Өнгөрсөн үеийнхээ алдааг давтахгүй байхыг хичээгээрэй. Би болоод бидний үеийнхэн та нарыгаа улс орноо гэгээн үеийг олж очино гэдэгт эргэлздэггүй юм шүү. Шинэлэг юм бүхэн улс орныг сайн сайханд хүргэнэ. Хөгжил дэвшил гэдэг чинь угтаан бол хүн төрөлхтөнд хамгийн ойрхон ирсэн шинэлэг болгоныг хэлдгийм.
Одоо залуусаа Эвтэй эетэй байя. Эв эеийн эхний алхам эвлэрэл юм. Эвдрэлцэж чадсан юм бол эвлэрч чадах хэрэгтэй байна. Дээр дооргүй, эр эмгүй, хөгшин залуугүй эвлэрмээр байна.
Утга учиргүй улс төр, уур хилэн, жагсаал цуглаан, авгай хүүхний хэрүүл, алт мөнгөний дайнаас ард түмэн чинь залхаж байна бас ядарч байна. Одоо ард түмэн шинэ юмыг хүсэн хүлээж, харж сууна. Тиймээ Бидний амьдралын сайн сайхан бидний гарт, гэрт, манайд, танайд байна. Амраг ханийн чинь аалинд, алаг үрсийн чинь харцанд, чиний, миний энэ бүгдийг бодох нэгхэн хормын агшинд, санаж сэрэхүйд байна.
Тиймээ Бид амьдралдаа хайртай байх ёстой, Монголдоо хайртай байх ёстой, эх орныхоо элсний ширхэг бүхэнд хайртай байх ёстой. Тэгэхийн тулд учиргүй том нам мам гээд яахав. Зөвхөн урд урдахаа хийсэн шиг хийж, хажуу хажуудахаа хайрласан шиг хайрлацгаая. Энэ бүгдийн нийлбэр цогц чинь эцсийн бүлэгт энэ эх орныг аврах ч болно, хөгжүүлэх ч болно Өч төчнөөн жил үеийн үед эх орон маань мөнхөд орших болноо ...
Жич: Эргээд уншиж суухад элдэв намын захиалга мэт санагдахвий хэмээх болгоомжлол төрөв. Би ямар нэг намын харъяат биш юм. За тэгээд захиалуулаад байдаг нь ч би биш. Надад соёмбот тугнаас өөр туг үгүй.
Нөгөөтэйгүүр би бичигчийн байр суурины хүн биш уншигчийн талын хүн учир , учир явдлын зангилааг сайн гаргаж чадаагүй өөрөө өөрийнхөө бодолд ороогдсон мэт байж болох юм. Эрхэм та нар минь мэргэн оюундаа тунгаана буйзаа.

8 comments:

byambaa said...

tanii heldeg tumen zuv.

odoonii ohid, zaluuchuudad tomchuud yu surgaj bna? amar hyalbar argaar mungu oloh, zavhairal, sadar samuun geed sain yum zaaj bgaa ni hovor bna sh dee.

hulsuu ursgaj mungu oloh soniroltoi hun bhgui bolj. tsalin bagatai bj yasan ch gangan, yasan ch olon alt mungun edlel, heden arvan sayiin unetei mori...
tehed hotiih ni zahad garaad l harahad tes ondoo amidral...

uneheer ireeduid mongol gedeg uls bh bolov uu. muu med.

Uunee said...

Тийм шүү. Гэхдээ Монголдоо ажлын байр нь байгаад боломжийн цалин мөнгөөр хангаад, эсвэл боломжийн мөнгө олох бизнесийнх нь орчинг бүрдүүлээд өгөх хэрэгтэй байна. Хэн нэгэн бизнесээ эхлэе гэхэд маш олон шат дамжлагыг давж маш олон асуудлыг шийдэж байж, их бага авилга өгч байж эхлэх болдог. Төрийн агентлагуудаас асар олон стандартуудыг тавьдаг. Түүнийг биелүүлэх гэвэл дөнгөж үйл ажиллагаагаа эхэлж байгаа бизнест бөөн дарамт болдог. Үүнийг арилгаж, бизнесийн эрүүл орчинг бий болгох хэрэгтэй байх. Мэдээж үүнд их цаг хугацаа орох байх л даа.
Монголд хөлсөө урсгаж мөнгө олох сонирхолтой хүн байгаа. Харин хүнийг ажиллуулж чадахгүй байна. Нэг талаас цалин хөлс нь бага байна. Нөгөө талаас ажиллах орчин нь муу байх жишээтэй.
Аль ч нийгэмд, ямар ч улсад амар хялбар аргаар мөнгө олох сонирхол байдаг болов уу, харин түүнийг нь зөв удирдах хэрэгтэй байх.

Залуучууд маань томчуудаасаа муу зүйлийг нь бус сайныг нь сураасай, сурах сайн зүйл тэдэнд их байгаа.
Залуу хүн бүр хөдөлмөрч, ажилсаг, боловсролтой, эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй байх юм бол Монгол гэдэг улс байх л болно.
Үүний төлөө урагшаа залуус аа.

Anonymous said...

mongold amidrahad aimaar unetei, orlogoo bagatai baij. Neg sain uvliin huvzas 500< $ ????
GADAADAD BAIGAA BID IIM MUNGUUR UURSDIIGUU HUVZASLADAG BILUU?

Black Pearl said...

Saikhan bichjee,Ene bichlegiig chin harin deed humuust hurguulchmeer bn, esvel udur tutmiin soninguudad gargamaar bn.Ta ene tal deer bodoj uzvel ymar ve?

ZAYA said...

Ашгүй дээ надтай адил санаа зовдог хүн бас байдаг л юм байна. Уг нь монгол эр чинь өөрийн эмийг хүнд алдвал дайлаар мордож хүйс тэмтэрдэг биш билүү? Одоо ч авгай нь салаад явахад өөрөө архичин болоод үлдэх нь их болжээ. Юу яасан дайлаар мордох...

бж said...

Neeree bid nar dandaa l neg negneesee uu sev, shaltag shaltgaan haij, evdreltsej baihiin orond bie biedee huleetstei handaj evtei baih yum bol bolohgui butehgui zuil gej baihgui sh dee. Ger bul ch eleg buten, ur huuhed ch jargaltai, zuv zuitei humuujiltei...
Evtei l baitsgaaya.

bugsana said...

Ходоодтой нь биш тархитай нь ажиллах гэдэг үнэхээр үнэн санагдана. Нийгмийн аль талбарыг харах юм бол эмэгтэйчүүд л хамаг ачааг үүрч яваа нь яалт ч үгүй үнэн. Ингэж явах ёсгүй л юмсандаа тэд нар минь. Ор хоосон байснаас бичсэн нь мэдээж дээр, гэвч үүнээс илүүг хамтдаа бид хийж чадахгүй гэж үү? Монголын төлөөх зүрхээ нэгтгэн нийгмээ өөрчлөхийг хүсч байна...

Anonymous said...

sanaa niilj bainaa.
Erousoo hyn byhen uoriigoo avaad yavczihaar l bolczihmoor ...
Busdiig tetgej czadahgui cz, uroiigoo avaad yavaad baigaa negendee nermees bolohgui l yavhaar bolczihmoor...
Busdiig duuraij bish uoriin bodoltoi, zorilgotoi, olson hireeree l amidraad, uczigdoroos unoudor neg amhal uragsh ahiad, tuunee zov uneleed yavhaar l bolczihmoor...
Ilyy uymaar hyn yah uym be? oroo bolgond TV tei baigaad yah uym be? huruu byrtee altan bugj zyylee geed yah uym be?
odor bolgon shil arhi uulaa geed czi yamar az jargal amsah uym be? neg ilyy uym baival hen neg dutaj yavaadaa ugczih setgeltei baihaar l bolczihmoor...

ene byhniig hiihed tiim hynd gej yy?