# #

Саарал тахиа

Манай найзыг Суман гэдэг. Ер нь бол хөдөө төрж өссөн. Хэл яриа, дохио зангаа, үйл хөдлөл нь тэр чигээрээ хөдөө. Хөдөө гэхээр намайг найзыгаа шоолж байна эсвэл түүнийг ямар нэгэн байдлаар дорд үзэж байна гэж битгий бодоорой. Гэхдээ л Суман маань хөдөөний л нэг сайхан хүн. Хоёр хөл нь майгадуу. Түүнд нь жинсэн өмд тунчиг тааруухан зохино. Өмссөн хувцас хунартаа нэг их анхаарал тавихгүй. Ер нь их хамаагүй. Хөлдөө өмссөн пүүзээ “хөнгөн шингэн байгаа үгүй нь мэдэгдэхгүй оймс шиг санаа амар эд” гэнэ. Түүнийгээ хаа нэг хэлтгий гишгэх бол энүүхэнд. Ерөнхийдөө хөлөө сарр сарр дуугарган чирч явна. Хоол унд голж шилэх юм байхгүй. Харин идэх дургүй юм аманд нь орчихвол тургиад л хаячихна. Дахиж түүнийгээ таньж харж чадвал идэхгүй. Хоолгүй удвал өлслөө барилаа гээд гонгиноод байхгүй. Хэл яриа гэвэл “муу хого” “булдруу” “за яахав” гэсэн ерөнхий хэллэгтэй. Түүнийгээ эвийг нь олоод эргүүлж тойруулаад хэрэглээд байна. Гэхдээ бүр хэлгүй хүн биш шүү. За би ч гэж би дээ. Миний ямарыг Суман сайн мэднэ. Суман маань надтай танилцахдаа анх наашаа явах болсон тухайгаа ингэж ярьсан юм . . .
Суманг Америк явах болж гэнээ гэсэн яриа хатсан өвсөнд шүдэнз зурах адил сумаар нэг тархжээ. Амтай болгон л муу хүний заяа завагт гэгчээр Суман мөн азтайяа гэцгээж гайхширна. Таарсан хүн болгон л
- Чи яаж тэр визийг авав? гэцгээж
- Яахав. Ороод л зогсож байсан чинь өгсөн гэж. Үнэндээ бол тэгсэн л юм байж.
Хэдэн ямааныхаа ноолуурыг самнаад хоёр томхон цагаан уутанд хийгээд хот орсон Суман авга талынхаа хамаатныд буугаад хүний ажлын завыг харж хэд хонож. Тэгж тэгж авга нь нэг өдөр дагуулаад Цайз гэдэг зах гараад өнөөхийг зарж. Нутагтаа киллээд л гарсан хэр нь хоёр кг дутаж л байна. Суман түүнийг тоосонгүй. “За яахав” гээд л өгчихөж. Ер нь Суман тийм л зантай. Юм нь болж ч байсан, болохгүй ч байсан “за яахав” л гэнэ. Буцах замдаа авга нь
- Ноолуураа зарсан хүн чинь ганц нэг пиво уух юм байгаа биз дээ л гэж
- За яахав тэгье л гэж. Тэгээд л нэг газар ороод хоёул пивоо ууж суутал авга нь
- Чи ер нь цаашдаа ямархуу бодолтой, яах төлөвлөгөөтэй байна? гээд л засаг дарга шиг асууж гэнэ.
- Яахав. Хариад мотоцикль авч унана. Зун болохоор наадам үзнэ гэж хэрэндээ л хэтийн төлөвөө хэлж байгаа нь тэр. Гэхдээ Цэрмаагийнхаар орно гэдгээ нуугаад хэлээгүй гэсэн. Тэгтэл авга нь
- Чи ерөөсөө Америк яв. Тэнд очиж ажил хий. Чи ирэх жил гэхэд энэ ноолуурынхаа мөнгөнөөс их мөнгөтэй болно. Хэрвээ эндээ байгаад ирэх жил хэдэн ямаа чинь онд орвол чи бас л нэг ийм л ноолууртай л байх болно. Манай нэг найз хүн явуулаад байгаа гээд за зу гэх ч завдал өгөлгүй маргаашнаас нь хөөцөлдөөд долоо хоногийн дотор л бүх юмыг нь бүтээчихэж. Зарим нэг нь хүсэхийн хэрээр хүсээд бараг шөнөдөө зүүдлэх юм болж байхад мань эр хүсээгүй байхад шахам л бүтчих нь тэр. Нөгөө авга нь хүртэл гайхсан гэж байгаа. “Шинэхэн мотоцикль авч унаад Цэрмаагийнхаар бууж мордоно доо” гэж бодож явсан Суман маань нэг мэдэхнээ Америк явах болж онгоцонд надтай зэрэгцээ суудал таарсанаар бид хоёрын нөхөрлөл эхэлсэн юмдаа. Тэгээд би Сумангаас
- Чамд таньдаг хүн бий юү? гэтэл
- Чамаас өөр хүн байхгүй ээ л гэсэн
Дам сургаар миний таньдаг хүн таарч бид хоёрыг тосож аваад нэг байранд оруулж, нэг хоолны газар ажилд оруулж өгсөн юм. Тэр хүн биднээс эхний хоёр сарын цалинг авсан. Гэсэн ч гэсэн бид хоёр тэр хүнд одоогоороо сайн санаж хааяа таарвал ганц нэг шил архи авч өгдөг л юм. Эндхийн монголчууд бид хоёрыг “тийм их мөнгө өгөөд байхдаа яадаг юм” гэдэг. Гэхдээ бид хоёр ерөөсөө тэгж боддоггүй юм л даа.
Нэг үеэ бодвол бид хоёр бүр овоо болсон. Ажилдаа ирж, очиж чадна. Гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс хэрэгтэй юмаа авчихна. Манай гудамжны мухарт нэг хар гуйлга гуйж суудаг. Түүний хажуугаар гарахдаа бид хоёр өрөвдөөд тэсэхгүй мөнгө өгчихдөг юм. Одоо бол түүнд мөнгө өгөхгүйн тулд байшингийн нөгөө талаар гараад явахдаа ч гэсэн төөрөхгүйгээр гэрээ олчихдог болсон доо. Манай хот их том юм шиг байна лээ. Бид хоёр хэзээ ч захыг харж байгаагүй. Нэрийг нь ч сайн мэдэхгүй. Гэхдээ бид хоёрт энэ хотын нэр нэг их хэрэг болдоггүй л дээ. Хүмүүсийг хэлэх юм бол манай хотын нэрийг хэлж байна гэж ялгана. Зарим байшингийн оройг харах гэхээр хүзүү эвгүй болоод бас дээрээс уначих гээд байх шиг санагдаад их төвөгтэй тул хардаг ч үгүй. Хэлний хувьд бид хоёр эхэн үеэ бодвол овоо шүү. Ямар ч байсан хүн “нааш ир” гэвэл нэг их өөр тийшээ яваад байхааргүй болсон. Тэгэхээр хэлэндээ тийм ч муу биш л байгаа биз дээ. Гэхдээ өөрсөддөө л тэр шүү дээ. Манай эндхийн зарим нутаг нэгтнүүд маань “Та хоёр нээрээ яаж болоод байдаг байнаа гээд л толгой сэгсрээд байдаг юм. Зарим нэг эгчмэд хүүхнүүд “Энэ хоёр дугуй дугуйгаа олно гэгчээр нээг их хөөрхөөн” гээд л өхөөрдөөд байдгийн. Бодвол бид хоёрын сүрхий сэргэлэн байгааг л гайхдаг байх гэж санадаг.
Нэг өдөр ажилдаа ирдгээрээ ирж өөрсдийнхөө нэртэй цаасыг машин руу хийж ирсэн цагаа бичүүлчихээд ажилдаа шуударлаа. Тэр цаас их чухал гэдгийг бид мэднэ. Яагаад гэвэл манай дарга цалин өгөхдөө тэр цаасыг хараад байдаг юм. Тэгэхээр тэр ирсэн явсан цагаар мөнгө бодоод байна гэдгийг бид хоёр тандаж мэдэж амжсан хэрэг.
Хааяа манай дарга зарим хүн нь ирэхгүй юмуу эсвэл бид хоёрыг гайгүй сайн ажилладаг гэж бодсон үедээ биднийг хоолны танхимд хоол тавагладаг хэсэг дээр зогсоодог юм. Тэнд ажиллах их гоё. Хүмүүс ирээд миний өмнө байгаа тэртээ тэрэнгүй тэдэнд өгөх гэж байгаа хоолноос авъя гэдэг юм. Тэгэхээр нь түүнээсээ хийж өгдөг гэж байгаа. Тэгсэн нэг өдөр яагаад ч юм Суманг урд гар гэж дарга хэллээ. Суман баярлаж байгаа хэдий ч намайг ард үлдэж байгаад дурамжхан байгаа нь илт байлаа. Түүнийг хараад би баярлахдаа “Би зүгээрээ” гэж ойлгуулах гэж нүдээ ирэмсэн чинь өнөөх чинь онгироод л гарч өгөв. Бид хоёр ийм л найзууд. Тэр өдөр шарсан тахианы өдөр.
Тэгсэн чинь хоолны танхимд хүмүүсийн дуу чангараад л явчихлаа. Санаа зовсондоо хэрэг болгон сонссон чинь Суман л
- Би мэдэхгүй шүү дээ ноёнтон л гэж байгаа сонсогдлоо
Гэтэл миний хажууд хоол амталж байсан дарга гараад явлаа. Төд удалгүй Суманг дагуулаад ороод ирэв. Суманг харсан чинь байдгаараа урвайчихсан амандаа
- Булдруунууд л гэж байна. Тэр байдлаас би энэ лав магтуулаагүй бололтой гэж бодох зуур л дарга намайг дуудлаа. Гараад очтол
- За энд зогс. Үйлчлүүлэгч цагаан тахиа (white) авна гэвэл цагааныг нь, хар (dark, бараан) тахиа авна гэвэл харыг нь өгөөд бай гэнэ. Би ойлгосон хэдий ч цаагуураа бас сайн ойлгосонгүй. Хий дэмий амаа ангайгаад хэсэг гацахдаа шүлсээ эгээтэй унагасангүй, арчиж амжив. Эд нарыг уурлуулахгүй байх нэг аргыг бид хоёр мэднэ л дээ. Тэр нь ОК гэхэд л болдог юм. Би ч өөрөө даргын хэлсэнийг сайн ойлгоогүй ч түүний асар их уурласан байхыг мэдэрсэн тул хурдхан шиг л нөгөө аргаа хэрэглэж ОК гэлээ. Тэгсэн харин арганд оров бололтой хажууд хэсэг зогсоод надад туслав. Тэгсэн чинь нээрээ л үйлчлүүлэгч нар “цагаан , хар” гээд хэлээд байх юм. Дарга цагаан гэхээр нэг савнаас, хар гэхээр нөгөө савнаас авч өгөөд байх шиг харагдав. Даргыг явахаар нь саван дээр нь бичиж тэмдэглэсэн юм байна уу гэж харлаа. Юм л алга. Тэгээд “Эд нар үхсэн тахианы махыг хараад энэ нь цагаан тахиа байсан, энэ нь хар тахиа байсан гэж яаж мэдэж ялгадаг байнаа” гэж баахан бодов. Олсонгүй. Би мэдэхгүй байгаа юм чинь Суман маань бүр мэдэхгүй нь ойлгомжтой. Тэгээд ч цагаан харын ялгаа гэж юу байнаа. Зүгээр л нэг муу шувуу шүү дээ. Ерөөсөө энэ муу ямба нь хэтэрсэн цатгалан гахайнуудад уур хүрч эхэллээ. Сумангаа ч өмөөрөв. Үгүй ээ ядаж Суман энэ тахиануудыг алсан бол бас яахав учиртайсан. Тэгэхэд чинь алаад, өдийг нь зулгаагаад, хөлдөөгөөд хайрцганд хийчихсэн тахиаг бид хоёр ер нь яаж ялгах юм.Тийм биздээ. Бодохоос уур хүрмээр. Бодолдоо болоод дараагийн үйлчлүүлэгч ирэхэд аль савтай нь цагаан тахианы мах билээ мартчихаж. Тэгтэл Сумангийн хэлдгээр муу хого чинь
- Цагаан гэлээ. Тэрхэн хооронд аль нь билээ гэж бодох гэж амыг нь дагуулан
- Цагаан гэтэл өөдөөс
- Цагаан гэнэ. Тэгэхээр нь гараа аажуухан нэг савтай махруу явуулангаа царайг нь хараад байсан чинь нөгөө хүн инээмсэглээд нөгөө савтайг зааж байна. Түүнээс нь авч өгчихөөд эд нар яах аргагүй л мэдээд байна даа. Яаж? Яаж? гэж өөрөөсөө хичнээн асуусан ч би бодоод олоогүй юм. Гэхдээ мэдэх шаардлага эдэнд байна гэдгийг сайн ойлголоо.
Тэгсэн тархинд нэг юм харваж орж ирлээ. Манай нутагт цагаан ямааны сүү нэг юманд сайн, цагаан гүүний саам элгэнд ч билүү сайн гээд уугаад байдаг шүү дээ. Тэгэхээр цагаан тахианы мах нэг юманд л сайн юм байна гэдгийг өөртөө нээж олов.
Миний араар өнгөрөх даргын царайг харсан чинь уур нь гарчихсан мөрөн дээр алгадаад л хачин байна. Томчууд хүүхдүүдийг тоохоор хүүхдүүдэд ямар сэтгэгдэл төрдөг билээ тэр сэтгэгдэл надад төрж би бяцхан онгирон инээмсэглэв. Тэгээд надад сайн байгаа тэр агшин ашиглан даргаасаа
- Цагаан тахиа юунд сайн байдаг юм бол? гэж асууж чадав. Дарга намайг их л ухаантай юм асуулаа гэж мэдэв бололтой өөдөөс их л нухацтай харж байснаа
- Цагаан тахиа тос багатай байдаг юм гэж хэлээд явчихлаа. За тэгж л таарна гэж бодох зуур хаячихаасай гэж бодож байсан бөх учраагаа хаячихсан юм аятай болж би сартагнан ийш тийшээ харав. Харин намайг хэн ч харсангүй. Сэтгэлээ жаахан дарангуут Яагаад? гэдэг бодол зэрэгцэн орж ирлээ. Нээрээ яагаад цагаан тахиа тос багатай байх гэж.
Сургуульд байхад багшийн зааж байсан хичээл санаанд орж байна. Цагаан өнгө нарыг ойлгодог тул сэрүүн байдаг. Тийм учир хүмүүс зуны халуунд цагаан хувцас өмсөх дуртай. Хар өнгө дулааныг өөртөө шингээдэг тул халуун гээд л . . .
Байз байз яг ингээд бодохоор харин ч бүр хар тахиа туранхай баймаар санагдаад бүр толгой эргэж гүйцээд байтал ашгүй цайны цаг боллоо. Арын өрөөнд ороод иртэл Суман маань уур нь гараагүй байгаа бололтой байна. Сумангаа тайтгаруулах санаатай
- Уг нь бол цагаан тахиа тос багатай байдаг гэнэ. Гэхдээ наадуул чинь үйлчлүүлэгчийн нүдэн дээр худлаа онгирч байгаа юм гэтэл Суман
- Гэхдээ л мэдээд байх шиг байна лээ гэнэ. Тэгээд хоёул гэсгээж байгаа тахианы махны хоёр хайрцагийн баахан эргүүлж тойруулж үзэв. Цагаан гэсэн бичиг үнэндээ олж харсангүй. Надад гэнэт даргыг шалгая гэсэн санаа төрж Суманд хэлтэл дэмжиж байна. Энэ хоёр хайрцагны нэг нь цагаан нөгөө нь хар байж таараа гэж бодоод даргадаа нэг хайрцагнаас авсан махаа үзүүлээд
- Энэ ямар тахиа вэ? гэтэл
- Цагаан гэнэ. За тийм байдаг юм байж. Тэгээд саяынхаа хайрцагнаас даргад мэдэгдэхгүй дахиад нэг мах аваад
- Тэгвэл энэ ямар тахианы мах вэ? гэсэн чинь дарга бид хоёрыг ээлжлэн харж байснаа
- Хар гэж авдаг байхгүй юу. Би ч Сумангийн мөрийг учиргүй алгадаад
За тэр хэлээгүй юу. Эд нар мэдэхгүй л байгаа биз дээ. Хоёуланг нь нэг хайрцагнаас гаргаж байхад хоёр өөрөөр хэлээд байгаа биз дээ. Наадуул чинь яг яс юман дээрээ мэдэхгүй шүү дээ. Худлаа хүний нүдэн дээр онгироод. Ер нь тэгээд ч үхсэн тахиаг хар цагааныг яаж ч мэдэх юм билээ гээд бид хоёр бодлоо бүр бататгаж авлаа. Гэтэл Суман
- Муу хого-нууд чинь маягтай муусайн булдруунууд вэ. За яахав гээд нэг их санаа алдах нь даргад загнуулсандаа өдөржингөө бөглөрсөн дотор нь онгойх шиг болсон. Үнэндээ миний ч дотор онгойсон. Яагаад гэвэл би ч гэсэн түүнийг ямар тахиа байсныг мэдэхгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө Сумангаа би л загнуулсан юм шиг санагдаад. Яахав надад аз таараад л нэг саванд нь цагаан тахиа хийчихсэнийг мэдчихсэн хэрэг. Тэр туршилтаас хойш бид хоёр тэднийг шоолдог болсон юм. Үнэндээ бол тэр тахиа хар ч биш, цагаан ч биш саарал тахиа байж болноо доо гээд бодохоор л инээд хүрээд байдаг гэж байгаа.
Заримдаа хоёулаа хажуу талынхаа дэлгүүрт орж тахианы мах авахдаа тоглоод
- Хар тахианы мах авна гэхээр манай дэлгүүрийн бүдүүн худалдагч бас худлаагаасаа сольж өгөөд байнаа бас. Нэг их хар тахиа байсныг нь мэдэж байгаа юм шиг. Дэлгүүрээс гараад бид хоёр түүнийг шоолоод нулимсаа гартал инээдэг гэж байгаа. Хорвоо дээр бас сонин хүмүүс их байгаа юм шүү . . .
Тэр өдрөөс хойш өдий болтол бид хоёрыг урд гаргаж тахианы махан дээр зогсоогоогүй л байна. Хэрвээ нэг л өдөр тэнд зогсоовол муусайн булдруунууд ирээд
- Цагаан тахиа, хар тахиа авна гэж золигтохоор нь
- Энэ бол сав саарал тахиа гээд өгөх юм шүү . . . тэд ер нь яах бол? хи-хи

Тайлбар: Америкчууд тахианы махны тос багатай цээжин хэсгийг “цагаан” (white), гуя хонгоны тостой хэсгийг “бараан” (dark) гэж дууддаг болой.

9 comments:

ganga said...

Neeree irj baigaa orhiihoo hel ogt medehgui humuus ireed, ajil hiigeed l baidag sonin shuu. yu ch shiidej chadahgui ta nar medee geed unen sonin

peakfinder said...

Uneheer tiim humuus baidag baih geed nudend haragdchihlaa. Manaihan bas neg talaar tun heneggui ulsuud shuu.
Hoorhon oguulleg bainaa.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Ганга: Харин тиймээ манай ард түмэн ёстой л бор зүрхээрээ л зүтгэж бна даа хөөрхий
Пийк: Ийм хүмүүс байж л байгаа. Хэнэггүй гэхэд хаашаа ч юм. Хүмүүсийн хэлдгээр монголоороо байдаг улсыг алийг тэр гэхэв.
Гэхдээ та 2 ажигласан бол энэ 2 залуу ёстой л нэг хөөрхөөн. Магадгүй жирийн хүмүүсээс арай өөр ч (дутуу ч)байж мэднэ. Гэхдээ тэдэнд хүсэл мөрөөдөл сайхан амьдрах эрмэлзэл байгаа юм. Гол нь тэр тахиа. Тахианы махны хар, цагаан гэсэн энэ яриаг зүгээр хүмүүс ч гэсэн буруу ойлгоод байдаг талтай. Манай хоёр ганц үг зөрүүлж ойлгочихоод л мунгинаад тэрэндээ бүр итгээд байгаа юм л даа. Магадгүй би сайн гаргаж чадаагүй байж болох.

Дeстини said...

Бумаа ах нээрээ ямар шооч байна аа. Элэг хөштөл инээлээ. Сумангийн хариад мотоцикль авч унана. Зун болохоор наадам үзнэ ... Цэрмаагийнхаар орно гэдэг чинь одоо жинхэнэ хэтийн төлөвлөгөөний эхлэл болжээ. Ийм хүмүүс байдаг, байдаг. Хэтэрхий, дэндүү гэж буруутгах ч арга байхгүй, харин жинхэнэ нөгөө бор зүрхээрээ явж байгаа хүмүүс. Харин элдэв асуудалд оролцолгүй, мөрөөрөө яваа нь сайхан.

Arsun said...

Saihan gunduugui zaluus. Goyo boljee.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Дэстини: Харин тиймээ элдэв юманд оролцохгүй байгаа нь их юм. Гэхдээ энэ хоёр цагаахан амьтад элдэв юмаа ч мэдэхгүй л дээ.
Арсун: баярлалаа.
Ер нь бол тахианы цээжин хэсгийг цагаан, гуяны хэсгийг хар буюу бараан гэдэг юм л даа. Цагаан хэсэг нь тос багатай, хар нь тосорхог байдаг. Манай хоёрт тахианы гуя авъя гэсэн бол ойлгоно л доо. Монголоор бол гэхүү хониор бол хаа, гуя гэж ойлгосон ч болно. Үүн дээр будилсан улс их байдаг юмаа. Манай 2 ч гэсэн буруу ойлгоод түүндээ итгээд бас болоогүй ээ бусдыг шоолоод яваа хэрэг.

Arsun said...

O'o bi targan turanhaigaar ni yalgadag l yum bodood bailaa.

peakfinder said...

Huuye yagaad haana ene ter bolchihson be? Tun haramsaltai sanagdaj bainaa.

бж said...

Turuun orj ireed tsus harvah shahaad garsan shd. Haagaad yah ve, heseg amraad ergej ireerei.
Chamaig baihgui bol bid chini yah bilee???????????????