# #

Хувь заяаны хэлхээ - 1

Цээж өндөр, хүзүү урт, ташаа өргөн энэ хул морь бүрээ хамраа сарталзуулан, өтгөн хар сүүлээ арагш цацруулан, дөрвөн хөлөө сарвайтал хатирана.
Хул морь үзэх нүдний өмнүүр газар хороон жирэлзүүлэх нь үнэн авч хоёр чихээ солбин хааяа нэг толгой хаялахаас өөр хөдөлгөөн үгүй мэт. Харин дөрвөн хөл нь нүдэнд үл үзэгдэм шахуу. Өглөөхөн зассан дэл нь хатираан дунд гүегнэн, хул хонгор элсэн дээр хар халтар могой шургачин явах шиг муригнана.
Онигордуу хүрэн нүдтэй, сартгардуу хамартай, хүрэн улаан царайтай эр эмээл дээрээ хазгайдуухан сууж, тэвхийсэн хав дөрвөлжин цээжийг ханхалзуулж, мухар алдын тэнзэн ташуур даялах төдийгөөр мориныхоо явдлыг тааруулан явна. Морины явдал жаахан ширүүсэхэд амыг нь татахыг бодоход яг энэ дөрвөн туурыг шагалзуулан хатируулж явах нь өөрт нь ихэд тааламжтай байгаа бололтой. Ижил зүсмийн хөтөлгөө хоёр морь нь өөвөгнөтөл цогихийг бодоход энэ хул морь үнэхээр хатирч сайн хүлэг болой.
Баруун ханцуйгаа сугалдаргалж, цамцныхаа энгэрийн товчийг тайлсан тул гурвалжилж унжсан тэр энгэрээр нь хээрийн сэрүүн салхи хэнхдэг цээжийг нь илбэх нь сэтгэлд нэн таатай. Тэрээр эр хонгордуухан гэхдээ бяцхан царгиа дагуулсан хоолойгоор
. . . Хулсан аа ташуур нь байгаасай
Хуруундаа өлгөөд явах юмсандаа . . . хэмээн сүүлийн зургаан жил цээжиндээ хүнгэнүүлсэн дуугаа аялан явна. Тиймээ тэр олон жил энэ нутагтаа ирээгүй. Нутаг орон, ахан дүүс, найз нөхдөө үлдэж хоцорсон яг л тэр хэвээр нь сэтгэлдээ хадаж, хэзээ ч гэсэн эргээд ирэхэд нь яг л хуучин янзаараа байх мэтээр төсөөлдөг нь хол явсан хүний зан. Тэр л зангаар аль тэртээд үлдсэн он жилүүдийг сэтгэлдээ тэр хэвээр нь хадгалж, харах нүдэндээ ч, харанхуй зүүдэндээ ч бодсоор яваа билээ.
Одоо ч гэсэн тэр үеэ бодон инээхдээ инээж, эвгүйцэхдээ эвгүйхэн л яваа энэ ханагар сайхан эрийг Сугар гэнэ.
Сугар эр хүний алдаж онодог тавилангаар сүүлийн хэдэн жилийг хүмүүсийн ярьдгаар аавынд өнгөрөөжээ. Тэр олон хулгаруудын дунд цуутай амьтан яваагүй ч эцэг мэт сайн хүн таарсаны ачаар нэг их хүнээ байчихаагүй яваа нь энэ юм. Анх тэр тийшээ яаж очсоноо мэдэхээс яагаад орчихсоноо мэддэггүй байж дээ.Тэгэхэд Сугар дөнгөж арван найм шүргэж байсан хүүхэд байлаа. Хэдий хүүхэд байсан ч биеэр том тул зоон дээр байхад нь одоохон насанд хүрэх гэж байгаа нэрийдлээр томчуудын жир хориход хувиарласан нь бас л нэгэн бодлын хэлмэгдүүлэлт байлаа. Дөнгөж анх очиход хавтгай дугуй малгай хэлтгий тавьсан, их хүйтэн царайтай эрчүүд хөшилдсөн газар л аваачиж билээ.
Яах учраа олохгүй амьтан айх гайхах зэрэгцэн зогсож байтал нэгэн настайвтар хүний дуу баруун наарны доороос гарч
- Үгүй энэ чинь дэнхийсэн том л юм харагдаад байсан хүүхэд шивдээ. Алив нааш ир гэхэд айдас жихүүдэс хослон зогссон Сугарт тэр хүний дуу төөрч будилсан хүнд амь амьдралын дуу мэт сонсогдсон тул өөрийн эрхгүй тэр дуу гарсан зүгрүү зүглэв. Том биетэй ч гэсэн сэтгэл зүрх нь хүүхдээрээ байсан үедээ зайлуул. Гэтэл нөгөө хүн
- За дүү хүүгийн нэр хэн бэ? Хэдэн настайв дээ? гэхэд
- Ялтан Сугар, арван наймтай гээд ингэж л хариулах ёстой байх гэсэн аятай аажуухан дуугартал хажуугаас нь сахалтай хошуугаа дорвойлгон, онгорхой шүднийхээ зайгаар шүлсээ төө тэнд үсэргэх нэгэн залуу
- Хэдээр орж ирсэн хулгайч вэ чи? гэтэл нөгөө настай хүн яриаг нь тасалж
- За тэр яахав наашаа суу. Олны дунд амаа хамхиж сурнаа гэснээр тэр хэсэг яриа өндөрлөв.
Энэ настай хүнийг Шийрэв гэнэ. Дөч нилээн гарсан энэ эр байгаагүй бол Сугар чухам ямаршуу хүн болох байсан юм бүү мэд. Ийм газар хүн ороод хүн биш болж гарах нь наад захын зүйл. Алдаж эндсэн аврага том биетэй ангаахай шиг амьтанд Шийрэв тааралдана гэдэг том аз гэлтэй. Түүнээс хойш Шийрэв Сугарыг хажуунаасаа салгасангүй. Энэ том биетэй бага ухаантай хүүхэд гар хөлийн үзүүрт зарагдах нь амар. Нөгөө талдаа аавынх гэдэг энэ газар өөрийн гэсэн амьдралын хуультай, өөрийн гэсэн эрэмбэтэй газар. Энд орсон хүн засарч сайжрахаасаа илүү муу юманд улам бүр суралцаж, цаашилна уу л гэхээс наашаа эргэнэ гэж бараг үгүй.
Түмэн зүйлийн ёр шүгэлсэн хүн гэхэд хүн биш улс захаас аван байх тул энэ хүүхдийг аврах сэтгэл Шийрэвт төрсөн хэрэг.
Хэдийгээр орчлонгийн бараан тал нь хэлтийсэн газар ч гэлээ тэрэн дунд нааштай хүн байдаг ажээ. Шийрэв яланд гарсан эхний өдрөөс эхлээд л Сугарыг тоож эхлэв. Тэрээр жаахан эв дүй муутай ч ажилд махруу сэтгэлээсээ зүтгэх аж. Өөр бас нэг авах зүйл нь түүний царайд шорон оронд орчихлоо гэж уруу дорой царайлж сэтгэлээр унахгүй, ялнаас халшрахгүйгээр зүгээр л хийх ёстой ажлаа хийж яваа мэт хэнэггүй, нэг их олон таван үггүй дуугайхан хүүхдээрээ царайлах нь Шийрэвт таалагдсан хэрэг. Түүнээс үүдэж яавал энийг энэ олон хогон дунд нэг их хольчихгүй холуур шиг байлгаж байгаад суллагдах өдрийг нь хүргэдэгсэн билээ гэж бодох болов.
Шийрэв гэж бас л гүдэсхэн нэгэн эр сумын шуудангийн жолооч хийдэг байж. Ажлын хариуцлага алдаж машинаа унагаж хүний амь эрсдүүлж, машин болон улсын хөрөнгө шамшигдуулсан хэрэгтэй нилээд хэдэн жилийн ял авсан нэгэн. Хаа очиж хорих ангийн дарга хурандаа Дэмбэрэл яалт ч үгүй нэг нутгийн хүн таарсан тул бас ч гэж хаа нэг өрөөндөө дуудаж ганц нэг нууцгайхан эргэлт оруулж, бие хаагий нь асуучихдаг, бололцооны ажил дээр хуваарилдаг гэж байгаа. Түүнийг нь луугарууд мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлж түүнтэй нэг их орооцолдоод байдаггүй талтай.
Сугарын хувьд ууланд гарч мод хийх нь хорих анги дээр байснаас хамаагүй дээр. Энд ганц ахлагч хуяг харгалзан явдаг болохоор элдэв төрлийн дарамт шахалт багатай, өглөө оройн тоо гээд байх юм байхгүй. Уулнаас буугаад ангид ороход нартай өдөр ч гэсэн бүүдгэр дүнсгэр, хүмүүсийн царай төрх ч баргар, инээж ханиасан хүн бараг үгүй. Хашааны оройгоор эрчилсэн тороор торлосон байх бөгөөд дөрвөн талдаа манааны шовгортой түүн дээр буутай манаа мөнхөд эргэлдэнэ. Ер нь хаанаас нь ч харсан энэ хашаа цаанаа нэг таагүй. Орой өглөөний тоо гэж болох бөгөөд түүн дээр бүх хоригдол гарч явган сууж ахлагч нэрийг нь дуудахад өөрөө овгоо хэлэн босож жагсана. Цуварч уварч явахаас эхлээд Сугарт үйлдэл болгон нь нэг л ёозгүй. Байсхийгээд л Шийрэвээс
- Шийрэв ахаа бид модонд гарах болоогүй юү? гэж асууна. Нэг өдөр Шийрэв Сугарын энд яагаад орсныг мэдэх ч гэсэн өөрөөр нь яриулах санаатай
- Чи ер нь яагаад орчихсон юм бэ? гэтэл Сугар толгойгоо нэг илсэнээ
- Дарьзав ахын буянаар л гэхүү дээ гээд нэг их санаа алдав. Шийрэв тэндээс нь яриаг өлгөж
- За тэр чинь ямар гээчийн буянтай хүн гэхээрээ хүнийг энэ хүртэл явуулчихдаг байна? Ер нь чи нэг өөрийнхөө тухай яриач хө. Одоохондоо бид хоёр хоёулханаа байна. Ах нь цоожтой авдар л гэсэн үг гэлээ.
Сугар энд ирээд нилээн удсаных хаа хамаагүй юм яриад байж болохгүйг гадарлахтайгаа болсон үе. Гэхдээ Шийрэв гэж нүдэнд дулаахан энэ ах нэг харахад аав шиг нь юм шиг эсвэл ойр дотных нь хүн мэт санагдах тул жаахан бодолхийлсэнээ ярьж гарлаа . . .
Сугар ухаан орсон тэр цагаасаа эхлэн ээжтэйгээ л хамт байдаг байлаа. Ээж нь Нургай гэж өндөр улаан хүүхэн дуу шуу багатай нүдэнд дулаахан нэгэн. Биеийн овор том тул хэр баргийн эрчүүд оролдоод байхгүй. Тэгээд ч Сахал Донровын чихэнд эвгүйхэн чимээ хүрвэл хэдий хол байдаг ч гэсэн нэг ирэхээрээ барьж аваад хөнгөлчихөж мэдэх хүн тул тэднийхээр тэр бүр эрчүүд эргээд байхгүй. Ёстой л нөгөө үхсэн буурын толгойноос амьд ат айна гэдэг л болж байгаа нь тэр.
Сахал Донров гэдэг нь түүний төрсөн эцэг. Сугар эцгээ бүүр түүрхэн санана. Нэг л тийм том биетэй, ширвээ сахалтай онигор хүн байсан санагдана. Тэр бол яах аргагүй аав нь мөн. Айлын аав нар дандаа гэртээ байх атал Сугарын аав гэртээ байна гэж үгүй. Хааяа нэг харуй бүрийгээр ирдэгийг л санана. Ирэхээрээ харин хүүгээ тэвэрч баахан үнсэж үлгэн
- Миний хүү ямар том эр болоо вэ? гэж өхөөрдөхийн сацуу
- Аавын хүү сайн эр болноо гээд л баахан чихэр боов гаргаж өгнө. Хүүхэд бүхэн л чихэрт дурладаг атал Сугар харин тийм биш. Харин аавынхаа авчирч өгсөн бор еэвэнд учиргүй дуртай. Бүр дахин дахин ээжээсээ нэхэхийг яана. Ээж нь хэрэндээ ариглан бага багаар өгөх авч нэхсээр байгаад дуусгаж байж санаа амрана.
- Миний хүү аавыгаа ирсэн гэж хүнд хэлж болохгүй шүү л гэнэ Сугар
- За гээд л нусаа татна. Гэвч хөдөөний зон олон хэн хэзээ хэнийд ирэв гэдгийг андахгүй л дээ. Харин Сахал Донровын ирсэн явсаныг хүн бүхэн мэдэх авч эс мэдэгч болон өнгөрцгөөнө. Аав нь ганц хоёр хоног гэрээр байж байгаад л нэг унтаад босоход явчихсан байдаг байлаа.
Хамгийн сүүлд нилээн ухаан орчихсон хойно нь нэг ирээд дахиж ирээгүй юм. Гуравдугаар ангидаа хаврын амралтаар гэртээ байх үед нь хэсгийн төлөөлөгч ах гэрт нь ирээд ээжид нь нэг бичиг өгчихөөд явахад ээж нь хүүгээ тэврэн хэсэг баахан уйлсансан. Сугарт ааваас үлдсэн дурсамж гэвэл нэг л тийм сахал, бор еэвэн, сайн эр болноо гэсэн үг энэ хэд л байлаа. Сайн эр гэдэг үгний учрыг олох гэж их л мэрийдэгсэн. Хэдийгээр сайн эрэгтэй хүнийг хэлдэг юм байна гэж мэдэвч цаанаа нэг чимэгтэй сонсогддог байж. Хөгшчүүл томчуулын амнаас хаа нэг сайн эрийн яриа гарахад ихэд дурлан анхааралтай чагнана. Даана ч ойлгоход бэрх. Гэхдээ гүймэл адуу суумал адуу, хазаар гүйлгэх, зөв буруу гарынх гэхчилэн үгийг сонсоод ямартай ч сайн эр гэдэг адуу малтай ноцолдож явдаг улсыг хэлдэг юм байна гэж халтар мултар ойлгоно. Хожмоо сургуульд орсон хойноо сайн эр гэж манж ноёд болон баячуудын адууг нутаг алгасуулан тууж бусдад өгдөг эрчүүд байж гэж армаг тармаг ойлгосон. Тоорой Баньд, Тогос Чүлтэм, Алтан Чой, Хулгар Нацаг гээд нэр цуутай эрчүүд Алтан Овоон дээр гарч ургах нарыг угтан хийморио сэргээдэг байж гэж сонссон юм.
Сугар эхээс төрөхдөө бойрогшуу хүүхэд байснаа сургуульд орох жилээсээ бараг сараар өссөн гэхэд болно. Сумын төвийн сургуульд суралцах тэрээр зургаа дугаар ангиасаа эхлэн гэрээдээ гүйгээд тогтохоо байв. Ангийнх нь багш гэж нарийхан бор хүүхэн араас нь ирээд аваад явах боловч тусыг эс олно. Хөхөө өвлийн хүйтэнд хориод км газар хээвнэг гүйгээд ирнэ. Ээжийгээ орой малаас орж ирэхэд хэзээний ирчихсэн улаа бутруулан сууж байх.
Тэгэн тэгсээр долдугаар ангид орох жилээ сургуульдаа яваагүй. Тэр жилдээ Сугар үндсэндээ мал дээр гарчих нь тэр. Нөгөө ангийн багш нь ч тэр, сум нэгдлийн дарга ч тэр Сугарыг хичээл сургуульдаа яв гэж шахсангүй ээ.
Сугар бие хаа өсгөлүүн, адуу маланд даана ч нэг эрэмгий болж байв. Хүний өөрийн нийлсэн хэдэн адууг уураглахыг нь уургалж, заримд нь бугуйл шидэж өдөржин элдэж өнжинө. Нутгийн хөгшчүүл хоорондоо
- Үгүй энэ бүрлээч Сахал Донровын улаан хүү лут том болохдогоо
- Яриад юүхэв. Эцгээ л дууриачихгүй бол ч
- Харин ээ харин. Энэ нутаг усны нэр гаргасан сайхан бөх болох ч юм билүү.
- Бөх гэдэг ч юу л бол. Уг нь адуунд жигтэйхэн дуртай шиг. Цаагуураа бас ч гэж эрэмгий шинжтэй.
- Хэлээд юүхэв. Сайхан л хүү. Эцэггүй хүүхдийн толгой том гэж үг бий. Буруу тийшээ л битгий хазайчихаасай билээ гэлцэн шагшин магтахын зэрэгцээ хайрлаж бас хий хэл амнаас харамлана.
Үеийнх нь хүүхдүүд хажууд нь дүү нар нь юм шиг л харагдана. Зунжин шуугилдсан хүүхдүүд жил жилийн намар сургууль соёл гээд явцгаахад Сугар хүү ч гэсэн хүүхэд л юм болохоор сэтгэл нь гэгэлзэн хоосорчих шиг болж хий дэмий л унаж яваа морио байдгаар нь ороолгон адууруугаа давхин оддогсон.
Сугар арван долоо хүрсэн тэр зуныг үл мартана. Тэр жил муу ээж нь Дурдан Данигайг бараадан зуссан жил. Тэднийх Харганатын хөндийд голдуу зусна. Энэ хөндий бол харгана голдуу ургадаг. Холоос харах юм бол бөөн бөөн харгана хэсэг хэсгээр арзайж ургасан, дундуураа нарийхан цэнгэг гол урсана. Үүнийг Харганын гол гэнэ. Зарим газар үүнийг горхи ч гэхээ магадгүй. Яагаад гэвэл их л гүнзгийдээ л хүүхдийн бүсэлхий хүрнэ. Зарим газраар нь том хүн бол харайгаад гарчихмаар. Гэхдээ л энэ гол уснаас энэ нутгийн хүн мал хэдэн арван жилдээ ууж ундаалсаар ирсэн өлзий буянтай нутаг. Голын тохойд хаа газраас ирээд ургачихсан юм гэмээр ганц хайлаас хүн харахад гунигтай юм шиг атлаа энэ голын тохойг би л чимэх ёстой гэсэн шиг мөчрөө сэрийлгэн ихэмсэгээр оршино. Энэ хайлааснаас холгүй Данигайн их бага хоёр гэр буусан харагдана. Тэдний охин Хандсүрэн гэж Сугарын үеийн гялав цалав хийсэн ажилсаг охин тэр гэрийнхээ хамаг ажлыг амжуулна.
Хандаа охин нуруугаар айхтар өндөр биш гэхдээ л нас бие өсөж байгаа бүсгүй хүний хувьд нутгийн залуусын хараанд нэгэнтээ өртөхөөр болсон үе. Өнгөрөн жил аймгийн арван жилийн есдүгээр ангийг дүүргээд зуныхаа амралтаар гэртээ ирэхэд яагаад ч юм бүх юм өөр болсон мэт санагдах болжээ. Хэдийгээр төрж өссөн гэр нь боловч нэг л жижигхэн. Хонь хурганд гүйдэг нас нь ч өнгөрөн шиг. Хааяа нэг нутгийн харцуул гэрээр нь буухдаа гарч орох тоолонд нь шуналтаж шүлэнгтсэн нүдээр хормой хотыг нь сөхчих мэт харц үл салган ширтэх нь нэн төвөгтэй юм шиг боловч бас ч гэж цаагуураа юусан билээ гэж ичингүйрлийн зөн шивнэнэ. Өөрөө ч гэсэн сэтгэлдээ нутаг нугын хэдэн залуусаа ээлж дараалан дүгнэж явах болсон нь сонин. Яг л ийм үед Нургай эгчийнх айлсах сураг гарлаа. Тэднийхийг айлсах болсонд баярлаж битүүхэн хүлээнэ.
Нэг нартай өглөө нүүдэл ирэхэд Хандсүрэн ээж Должинтойгоо хамт идээ цагаа барин нүүдэл тосон очлоо. Өглөө эртлэн гарсан бяцхан хөсөг бага үдийн алдад ирж байгаа нь энэ.
- За сайн явна уу? Хөсөг бүтэн нүүдэл тавтай юу? гэх ээжийнх нь мэндийн хариуд Нургай
- Сайн. Сайхан зусаж байна уу? гэж хээрийн салхинд аяншсан нүүрээ илж, алчуурынхаа үзүүрээр нүднийхээ аньсагийг арчингаа
- Хүүе энэ чинь Хандаа охин уу даа? Яасан том сайхан хүүхэн болоо вээ. Алив үнсье гэж ээжийнхээ араар зогсох Хандсүрэнд хэлэхэд
- Сайн. Та явж ирэв үү? гээд очин үнсүүлэхэд сэтгэлд нь яагаад ч юм их таатай байж билээ. Гэтэл ээж нь
- Танай улаан хүү яагаа вэ? гэхэд
- Яахав малтайгаа яваа. Үхэр хонь адуу гээд бүгдийг нь л ганцаараа наашлуулж яваа гэхэд
- Ишш! зайлуул харангадаж яваа даа. Цэлгийн цай залгилуулахсан гэж ээж нь дуугарч байгаа сонсогдов. Төд удалгүй Данигай давхин ирж мэнд ус мэдэлцэн хэсэг сууснаа гэр барихад гар бие оролцлоо.
Данигай гэж нахиу хамарласан энэ хүн ажилсаг анхиатайгаараа нутагтаа нэртэй хүн. Тэрээр малын тоо толгойноос хэд гурван юм илүү гарчих сүйхээтэй нэгэн. Тэрэндээ ч тэр үү Дурдан Данигай гэдэг хочтой.
Нургайгийнх энэ жил айл зусах болсонд цаагууруу дуртай байгаа. Дуртай байхаас ч аргагүй. Энэ жил хэдэн нас уях гээд ажил ихтэй энэ үед эднийх айл бууна гэдэг сааль сүүнээс авхуулаад эхнэр охин хоёрт нь нэмэр болно уу л гэхээс нэрмээс болохгүй. Мөн эдний хүү улаан Сугар нас бие нь тэгшрэн бодын хөл гүйцэхтэйгээ болсоныг мэдэж байгаа. Өөрөө хэдэн эмнэг хангалаа дийлэхээ больж байгаа энэ үед эднийх ирнэ гэдэг ёстой л загтнасан газраа маажуулах шиг сайхан санагдах тул ихэд таашааж байгаа нь илт. Тийм ч учраас өөрийн биеэр ирж гэр хороогий нь барилцаж байгаа байдал энэ.
Жин үдийн нар голлож, гэрээ бариад шинэ цай пурр хийхийн хэрд гадаа бог малын дуу гарч Сугар хүү орж ирлээ. Данигай Сугар хүүг том болсон л гэж төсөөлж байснаас ийм том болчихсон гэж бодсонгүй суусан тул Сугарыг хараад амандаа зуусан гаансаа эгээтэй л унагачихсангүй мэлэрч байснаа гэнэт сэхээ авч
- За мал бүрэн, сайн явж ирэв үү? гээд үнсэхдээ “ааваасаа ч том болсон байна шүү” гэж бодож амжлаа.
Цай цүй болон хэсэг амсхийгээд Сугар гарч хот хороогоо барих, зэл гадсаа шаах ажилдаа орлоо.
Хандаа охин бага гэртээ сүү саалиа янзалж гарч орох зуураа Сугарыг хараад зүрх нь саалийнхаа дээлэн дотор багатаж ядан цохилхыг гайхан байж чагнана.
Сугар ч гэсэн юмаа хийх зуураа Хандааг харж нэг л сонин болчих нь тэр. Эднийтэй айл буун буутлаа Хандаагийн тухай бодоогүй гэхэд болно.
Үргэлжлэл бий.



10 comments:

arsun said...

Ih udaan huleelgew ee. Bicheed baigaarai hu.

ganga said...

Aduu morinii yavdal er ni yamar goyo uran dursleltei bichee ve. Ih taalagdlaa.

peakfinder said...

Urgeljlelee hurdan niitleerei. Yasan bol geed devhceed l baina shuu.

byambaa said...

urgeljleliig hurdan bicheerei. huleegeed l bna...

mind said...

nudend haragdchihlaa

ZAYA said...

Urgeljleliig ny huleej bagaa shuu.

ganga said...

Bumaa manaihaar neg orood garahgui yu, sanal asuulga yavagdaj baigaa.

Дeстини said...

сайхан зохиол байна. Хөдөө өссөн үү? Хөдөөний амьдрал их сайн мэдэх юм.

Ганаа_бж said...

Unuudur l neg tuhtai unshlaa. Huduugiin amidral medehgui nad shig hund bol kino uzeh shig l sanagdah yum daa. Mash ih taalagdlaa. Urgeljleliig ni buu udaagaarai. Huleegeed l baina shuu.

erhtsas said...

Бум-Эрдэнэ гэдэг блогчины тухай сонсоод л яваад байсан өнөөдөр бүр цаг заваа зориулан таны зохиолуудыг уншиж эхлэж байна.Ямар гоё бичдэг юм бэ,дүрслэл,чимэглэл яг л нүдэнд харагдаж кино зохиол шиг л санагдаж байна.Үнэхээр мундаг зохиолч байна шүү.Дандаа уншиж байх болноо.
Уран бүтээлд тань амжилтыг,амьдралд тань аз жаргалыг хүсье!!!