Ачаа нь таарсан гуч машин нэг хүчээ аван жигдэрхээрээ моторын хүнгэнэх дуунаас өөр гаж чимээ сонсогдохгүй. Жолооч хүний хамгийн жаргалтай үе бол энэ. Тэд нэг хэсэг дуу шуугүй явсанаа залуу руу хандаж
- За хө ярьж хөөрч, дуулж хуурдаж явахгүй бол газар хордоггүй юм шүү дээ. Гэрээдээ яарч л байгаа биз дээ? гэхэд
- Яаралгүй яахав.
- За чамайг хэн гэдэг вэ? Чи чинь Харганын голын хүүхэд гээ биз дээ. Хэнийхний хүүхдэв дээ?
- Та манай нутгаас хүн таних юм уу?
- Ганц нэгийг мэдэхээ ч ядахгүй дээ хө.
- Би Дарьзав гэдэг хүний хүүхэд л дээ гэхэд Сугар тоормозоо огцом гишгэж, жолоогоо хажуу тийш нь дарахад эрчээ авчихсан хүнд ачаатай машин эгээтэй л замын хажууруу гарчихсангүй.
- Та чинь яаж байнаа? Зүгээр биз гэж айж сандарсан залууг асуухад Сугар хэсэг чимээгүй сууж байснаа бууж тэргээ шалгаж байгаа хүн болон машинаа тойрон олон жилийн өмнөх сэтгэлийн шарх гэнэт ингэж сэдрэх юм чинээ санаагүй явсан тэрээр нэг хэсэг манараад сэрүүн агаар уртаар амьсгалан хэсэг байзнаж “Энэ хүүд юуны л буруу байв гэж дээ зайлуул” гэж санан буцаж орж ирээд
- Одоо зүгээрээ гэснээ нилээд зориг гарган
- Тэгээд яасан гэнээ? гэхэд
- Юу яасан гэж?
- Үгүй ээ яахав дээ ээж аавынхаа тухай ярихгүй юу.
- Аан за. Аав маань арваад жилийн өмнө өнгөрсөн л дөө. Зуурдаар гэх үү дээ. Яг үнэндээ бол Дарьзав гэдэг хүн бол миний хойд аав л даа. Би ээжээсээ л дуулсан юм. Гэхдээ намайг ухаан орсон цагаас л энэ хүн миний аав байсан. Намайг өсгөж хүмүүжүүлсэн болохоор миний л аав. Би нэг охин дүүтэй л дээ. Гэсэн ч аав маань намайг хүний хүүхэд гэж ялгаж салгаж байгаагүй юм. Харин ээж маань хожим намайг том оюутан болсон хойно миний төрсөн аавын талаар бүүр домог шиг л юм ярьж өгсөн дөө . . .
Манай ээж хатуу хүн шүү. Намайг хэний хүүхэд болохыг хэнд ч хэлээгүй гэдэг. Харин намайг тав орчим настай байхад миний төрсөн аавын ээжид хэлэх гэж нэг удаа очиж байсан юм гэдэг гээд цааш нь үргэлжлүүлэн ярьж гарлаа . . .
Наадмаас өмнөхөн Данигайн охин Хандаа том хүүгээ дагуулсаар Нургайгийнд ирлээ. Хэдийгээр хоёр хүүхэд гаргасан хүүхэн ч гэсэн хар багаас айл саахалт явсан болохоор Нургайд Хандаа охин нь мэт л санагдана. Хандаа
- За Нургай эжий сайн уу? гэсээр орж ирлээ.
- Хүүе энэ чинь хэн бэ? Хандаа юу? Ямар сонин хүмүүс вэ? Сайн охин минь сайн. Энэ танай том уу? Нэг их харсан ч юм шиг яасан ч нүдэнд дулаахан хүүв дээ. Одоо энэ чинь хэдтэй билээ дээ?
- Одоо таван нас өнгөрч байгаа гэхэд Нургай
- Алив нааш ир үнсье. Эвий минь гэж хүүхэд л юм болохоор хэний нь ялгаа юу байхав. Чаавас муу хүүтэй минь адилхан ч харагдах шиг гэж хөгшин хүний зангаар өхөөрдөнгөө
- За алив миний хүү эмээ нь чихэр өгнөө гээд авдараа ухан
- Чихэр ч гэж дээ эмээд нь бор еэвэн л байдгийм даа гээд бор еэвэн гарган ирсэнээ
- Энэ нь арай шинэ нь юм эд нар нь бүүр хатчихаж гээд шинэвтэрийг нь өгөхөд хүү нь хоёр гараа тосож авлаа. Энэ бүгдийг харж суусан Хандаа Сугарыг бор еэвэнд дуртайг санаж Нургай эжий түүнд л хадгалж байсан байхдаа гэж санан тэр эхийг өрөвдөн сууна
- Эмээ нь чихэр өгнө гээд хүүгээ горьдоож орхилоодоо гэхэд Хандаа
- Манай энэ хаа очиж чихэр гээд сүйд болоод байхгүй ээ гэснээ Нургайг өрөөсөн мөрөөрөө түшин гартахаа идэж зогсох хүүгээ харамлах мэт
- Миний хүү ээждээ ир гэж өөр лүүгээ татлаа
- За охин минь та хоёр зүг явна уу?
- Бараг зүгээрдээ. Би ч гэр орон сааль сүүнээсээ илүү гарч чадахгүй юм. Тэгээд эрчүүдийг морь мал гээд явах хойгуур наашаа гарсан ухаантай. Таныг нэг эргэчих санаатай л гэхэд түүний үгэнд ихэд баярласан Нургай
- Эвий дээ гэж эгч нь яахав байж л байна. Нэг их мал хуйгүй болохоор ядрах нь гайгүй. Жаахан ганцаардах аятай. Хүний мөрөөс л суух юм. Албаны хүний хэлээр бол хүү маань энэ жилээс ирэх учиртай гэнэ. Одоогоор алга л байна.
- Би ч муу эжийгээсээ хойш бас л ганцаардах л юм. Одоо ч олон жил өнгөрчдээ. Тэгээд ч хүүхэд шуухад, тогоо шанага гээд гэюүрэх нь гайгүй л дээ. Өнөөдөр нэг зав гаргаж тантай нэг жаал ярьж суух санаатай гэхэд
- Ээ дээ тэгвэл ч мөн сайхан байна шүү гэх нь сэтгэл нь их л хөдөлж байгаа шинжтэй.
Харин Хандаагийн хувьд ирсэн учраа хэлэх үү яахав гэсэн эргэлзээ гэнэтхэн бий болчихов. Уг нь хэдэн жил бодсоны эцэст бүх үнэнийг хэлж тэр муу ганц бие эмгэний голыг дэвтээе гэж ирсэн боловч авдраа ухан хүүд нь юм өгөх агшинг харж суухдаа яагаад ч юм хүүгээ тэр чигт нь бүр өгчих гэж байгаа юм шиг санагдаад бүхнийг ярина гэсэн бодол нь зайрмагтана. Эх хүний үрээ харамнах сэтгэл гэдэг үнэхээр хэцүү. Ялангуяа Нургай эгчийг “Нэг их харсан ч юм шиг яасан нүдэнд дулаахан хүүв дээ” гэхэд дотор нь палхийгээд явчихсан гэж байгаа.Нургайгийнхаас гараад явж байхдаа Хандаа олон жил дотроо буглуулж явсан бодлоо хэлж чадаагүй ч хүүгээ аваад үлдсэн мэт санагдаж, өөртөө баярлан баярлан явлаа. Хүний хорвоо гэж . . .
Тэгээд л ээж маань намайг харамлаад манай жинхэнэ эмээд хэлээгүй юм гэнэ лээ гэхэд Сугар сонсож байгаа эсэх нь үл мэдэгдэн урдах замаа гөлрөн амьтай гэхэд итгэмгүй амьтан явлаа. Тэгсэнээ сонсож буйгаа улам итгэлтэй болгох гэсэн мэт
- Чи төрсөн аавынхаа нэрийг мэдэх үү?
- Мэдэлгүй яахав. Ээж маань надад бүгдийг ярьсан юм. Миний төрсөн эцгийн нэр таны нэртэй адил юм байна лээ. Сугар гэдэг юм гэхэд машинаа бүр өөрийн мэдэлгүй зогсоож авсан Сугар
- Чи миний нэрийг яаж мэддэг юм?
- Энэ кабин дээр чинь байгаа таны нэр биз дээ? гэхэд “Би ер нь юу болоод байнаа” гэж бодож амжсан өөрийгөө анзааруулахгүй гэж
- За тэгээд цааш нь яриад байдаа гэхэд
- Би ч яахав ярина л даа. Харин бид явахгүй юм уу ? гэхэд Сугар
- Аан бид үү? гэж хэнээс ч юм асууснаа
- Явнаа явна. Одоохондоо ус халаад байна. Жаахан хөрөг гээд залуугийн нүүрийг ажиглан нилээн удаан харлаа. Нээрээ нүд нь ээжтэйгээ адилхан юм гээч. Надаас ер нь юм байна уу? гэж өөрөөсөө асууснаа “улаан царай л юм байхаа даа. Сайн харвал манай ээжтэй төстэй байж мэдэхээр байна” гэж бодож гөлөрч суутал
- Сугар ахаа та яачихваа? гэж нөгөө залуу галзуурч буй хүн хараад санаа нь зовсон байртай асуухад сая нэг сэхээ авсан Сугар өөрөө өөртөө буцаж ирэв. Тэгээд
- За тэгээд ярьж л бай гэлээ. Залуу цааш нь . . .
Чимээгүйн дунд шувуудын дуу анир үргээсэн, малын хөлийн хөдөлгөөн удаашраад, чинээндээ тултал ургасан өвс чи тийшээ би ийшээ гэх шиг сэр сэр салхины аясаар нахилзсан, нитгэрэн шаргалтах цай шиг намрын нэгэн өдөр Хандаа сургуульдаа явах болсонсон. Урд шөнө нь Сугартайгаа том хүн болцгоосондоо ч тэр үү царай нь улаа бутраад ч байх шиг санагдаж билээ. Жил жилийн намар Хандаа сургуульдаа очиж үеийн нөхөдтэйгээ үймэлдэн шуугилдах гэж яардагсан. Энэ жил тэгсэнгүй. Сэтгэл зүрхнийх нь тэн хагас нь үлдчихээд цээж нь хөндийрөөд байх шиг нэг л эвгүй.
Аав нь ч яахав сумын төв хүргэх гээд гадуур морь малаа янзлаад, харин ээж нь л жаал жуул юм боож бөндийлгөх зуураа захиа занаасаа хэлэх нь Хандаад сонсогдож байгаа боловч тогтоож байгаа юм алга. Гагцхүү Сугараасаа холдоно гэдэг л хамгийн том гачлан мэт. Сугар ч гэсэн ямар нэгэн шалтаг олон сумын төв хүртэл гаргаж өгөхийг бодож байсан биз.
Хандаагийн ээж Должин гэж махлаг шар авгай
- Миний охин энэ жил төгсөнө. Хичээл номондоо шамдаж цаашаагаа сургуульд орвол зүгээрсэн. Наашаа захиа занаа бичиж байгаарай
- Үгүй ээ чи сонсож байна уу?
- Сонсож л байна шүү дээ
- Тэгээд хариу дуугараач. Багшдаа үүнийг өгөөрэй гээд бас нэг бондгор юм хийж харагдана.Тэгсэнээ охиноо үнсэн дөрөөнд нь сүү дусаагаад, сүүн цацал өргөн гаргаж өгөв. Данигай охинтойгоо хөдөлтөл Сугар гүйцээд ирэв.
- За Сугар хүү хаа хүрэх нь вэ?
- Сумын төв оръё гээд “Хандааг ч гаргаж өгье” гэх гэснээ дуугай болчихов. Тэгэхэд Данигай “Энэ нээрээ мөн ийм бага мөтрлөө хэлэх гэснээ дандаа дотроо үлдээдэг. Ийм их ухаан уу эсвэл дотуур тамир уу. Эсвэл бүр эргүүдүү юм болов уу” гэж бодож явлаа. Хандаа аавынхаа хажууд Сугарын царайг харж чадахгүй нүүр нь бага зэрэг улайснаа доош харан явна. Гэсэн хэдий ч явдал дунд дөрөө харших, өвдөг шүргэх төдийд цаанаа нэг сайхан. Болж өгвөл Аавынхаа тал руу биш Сугарын тал руу нилээн шахуу явмаар. Ганзага ширэлдсэн хайр гэж хэн нэгний зохиолд гардаг тэр л энэ бололтой. Гэхдээ тэр хоёр бие биенээ хачин их хайрлаж байсан хэдий ч аавынхаа дэргэд дуугарч ярих нь битгий хэл хоёр биенээ харж ч чадахгүй шахам хааяа нэг санаа алдахаас цаашгүй яваа.
Шуудангийн навтгар цагаан байшингийн өмнө тал талаас ирсэн хүмүүс шуугилдаж, хөдөө хээрийн улс нэг цуглах шалтаг болон хэрэндээ бас хөл хөдөлгөөн болжээ. Цугласан хүүхдүүдийн багачуул нь эндээ үлдэх арай томчуул нь аймаг явах аж. Тэдний дунд Чимгээ зогсож байснаа
- Хандаа Хандаа гэж гүйн ирсэнээ Сугарыг харж толгой дохин мэндлээд Хандаад ямар нэгэн юм шивэгнэн инээлдэнэ. Мөн тэнд цоохор Дорж ирчихсэн мэнд мэдсэнээ хүмүүсээс ичсэн бололтой жаахан захлан зогсоно. Явах хүнийг дагаж үлдэх хүний сэтгэл хөвөлздөгийн адилаар Сугар тэдгээр хүүхдүүдийг харж “Хичээл сургуультайгаа байсан бол сайхнаа “ гэж анх удаа бодсоноо санаа алдана.
Шуудангийн жолооч жингэнүүр Пүрэв цадатлаа идсэн бололтой сумын гуанзангаас гарч шүдээ чигчийлэн, паривгар өмдөө намируулж, түрийг нь эргүүлсэн гутлаараа шороо манарган ирж ихэд чухаг хүний дүрээр хоолойгоо нэг сүрхий зассанаа
- Машиндаа сууцгаагаарай гэж жингэнүүллээ. Хүн харахад бүдүүн баргил дуу л түүнээс гарах болов уу гэж бодогдхоор энэ хүнээс ийм дуу гарах болгонд ойр байгсад нь шоолон инээлддэг зантай. Түүний адилаар тэнд цуглагсад бас л инээх инээж, жуумагнах нь жуумагнав. Тэгээд сая л ухаан орсон мэт гэнэт хөдөлгөөнд орж хүүхдүүдээ үнсэн машин дээр гаргаж
- За сайн сураарай
- Сайн барьж яваарай. Унавзай
- Захиа бичээрэй
- Миний хэлсэнийг мартав аа
- Ээж нь мөддөө эргэж очиж чадахгүй байх шүү гэхчилэн бүдүүн нарийн, өтгөн шингэн, эр эм хоолойгоор зэрэг зэрэг хашгиралдан захиасаа захицгаана. Тэдний дунд Чимгээ Хандаа Дорж бүгд л суусан байлаа. Хандаа олны дундаас Сугарыг олж харан гараараа даллаж, захиа бичнээ гэсэн дохио зангаа өгч харагдана. Болдог бол үсэрч буугаад Сугарыгаа нэг үнсэж, нэг сайн тэврүүлчихмээр бодогдоно. Даана ч энэ олны дунд тийм юм гэж хаа байхав дээ. Урд шөнийнхөө амталсан жаргалаа санан санан явлаа. Цаашдаа энэ шөнө улам ихээр үгүйлэгдэх болно. Сумын төвийн дүрс тэртээ хонхорт өнчин юм шиг бараантан холдох тусам Хандаагийн сэтгэл гунигаар хөвөлзөн уйлмаар ч юм шиг болно. Хэрвээ ганцаараа явсан бол уйлахад юу ч саад болохооргүй байлаа.
Аймгийн төв гэдэг муу сумынх нь төвөөс аргагүй л том ажээ. Сургуулийнхаа дотуур байранд Чимгээтэйгээ нэг өрөөнд орж чадлаа. Хоёулаа тэрүүхэндээ амьхан. Ам л ангайвал өнгөрсөн зуныхаа тухай ярилцах нь хэн хэнд нь л онцгой сонин өнгөрсөн бололтой.
- Цаад Сугар чинь тэгээд хэр юм бэ дээ?
- Юу ямар юм гэж?
- Үгүй яахав дээ. Эр хүн талаасаа гэх үү дээ
- За юун балай юм ярьдаг юм гэж Хандааг ичингүйрэхэд
- Өө та хоёр чинь тэгээд зэрэгцээд л алхаад байдаг хэрэг үү? гэснээ
- Нээрээ танай Сугар үнсэж мүнсэхдээ их ширүүн байхаа
- Яаж байна?
- Харахад тийм л юм шиг.
- Тэгвэл Дорж ямар гэж?
- Манай Дорж ч яахав дээ жаахан зориг муутай хүрч ядаад л, заримдаа бүр чичрээд ч байх шиг л байдаг юм гэж шоолонгуй инээснээ
- Гэхдээ яах вэ болдог юм болдгоороо л болсон гэж Чимгээ нилээн нүүрэмгий царайлна.
- Бид хоёр ч намайг наашаа гардагийн урд орой л . . . гэхэд
- Ердөө тэгээд л болоо гэж үү? Ганцхан удаа юу?
- Тэгэлгүй яах юм. Бид хоёрт тэгээд цуг хэвтээд байх цаг зав ч байсангүй гэж булзааруулсанаа
- За за чи бид хоёрын яриа бүр задгайрч орхилоо гэж Хандаа энэ яриагаа дуусгахын мөн болов.
Энэ жил аравдугаар ангиа дүүргэх тул хүүхдүүд ч шамдангуй, ямар сургуульд орох талаар хоорондоо ам булаалдан ярилцаж, багш нар ч нилээд хариуцлагатай хандана. Хичээл ном гэж их шамдаснаас ч тэрүү Хандаагийн бие үе үе сулрах шиг, хоол унданд төдий л базаалтай биш болж, эвгүй эхүүн хурц үнэр авч чадахгүүй болох үе олон тохиолдох болов. Үүнд өөрөө ч нэг их юм бодсонгүй. Хажуугаар нь Сугар байн байн нүдэнд харагдаж, тархи эзэмдэнэ. Хичээл дээрээ үзэгнийхээ арыг мэрэн түүнийг бодож гөлөрч суугаад хааяа багшдаа загнуулах энүүхэнд болов. Өөрийн эрхгүй л “санана гэдэг нь энэ юм байна даа” гэж бодно. Урд нь бол ээж аавыгаа санаж, хэзээ намайг эргэж ирэх бол гэж харуулддагсан.
Дээх нь нэг шуудангийн жолоочтой таараад “ өө Жингэнүүр ах” гэх гэснээ “жингэнүүр байхдаа яахав дээ” бодолдоо болон жуумагнаснаа
- Пүрэв ахаа сайн явна уу? гэхэд
- Чи чинь хэний хүүхэд вэ?
- Данигай.
- Аа Дурдангийн охин уу? гэхэд “Дурдан байхдаа яахав дээ. Хүн өөрийг нь жингэнүүр гэж хэлээгүй байхад” гэж бодсоноо
- Манайхан сайн байгаа болов уу?
- Яасан гэрээ санаа юу? гэж жингэнэн инээснээ
- Танайхан сайн сайн гэхэд Сугарыг асуух гэснээ санаа нь зовон
- Нургай эгчийнхэн сайн уу? гэтэл
- Тэднийхэн сайн сайн. Нөгөө Улаан хүү нь тууварчдын араас явлаа гэвүү гэхэд үүнийг л сонсохыг хүсэж байсан мэт Хандаа цаашаа нэг их юм ярилгүй
- За за баяртай Жи . . . үгүй ээ Пүрэв ахаа
- Ахыгаа шоолох нь уу? Тархигүйтээд байгаарай та нар гээд инээх нь нутгийн улс гэдэг хаа явсан газраа бие биенээ гэсэн нэгэн ах дүүс шиг аминчхан байдгийн илрэл. Тэндээс салаад Хандаа “Туувар гэдэг чинь том хүмүүсийн л ажил. Манай Сугар ч нутагтаа том хүний тоонд ордог болжээ” гэж санан ихэд бахархаж билээ.
Нэг өдөр хичээл дундуур бие нь эвгүйрхээд чөлөө аван байрандаа ирээд цагиргалан хэвтэж байтал Чимгээ гаднаас орж ирээд
- Яасан бэ?
- Мэдэхгүй ээ нэг л хачин болоод
- Чи ер нь эмчид үзүүлбэл яасан юм бэ? Би ерөөсөө байрны эмчид . . . гээд эргэтэл Хандаа сандран ухасхийн босож Чимгээгийн гараас бариад хэлэх үү байх уу гэсэн шиг хэсэг зогсоноо хэлэхээс өөр аргагүй болж
- Би чамд нэг юм хэлэх үү?
- За
- Миний юм ирэхгүй байнаа гэж шивнэхэд
- Яанаа гэж амаа дарж хэсэг бодолхийлсэнээ
- Арай үгүй байлгүй дээ. Чи чинь ганцхан удаа унтсан гээ биз дээ? гэж Чимгээг дуу алдахад
- Чишш! Хүүхдүүд сонсчихно гээд
- Тэгээд л би эмчид үзүүлэхээс айгаад байна. Одоо хэд хоног тэсчихвэл өвлийн амралт эхлэнэ. Тэгэхээр л харих минь.
- Тэгээд нээрээ үнэхээр жирэмсэн болчихсон бол яанаа гэхэд Хандаа уртаар санаа алдсанаа
- Одоо яахав дээ сургуулиасаа л гардаг байхдаа.
- Аав ээждээ ч алуулсаан
- Тэр алуулах ч дүүрсээн. Харин тэр болтол багш нар, хүүхдүүдийн царайг яаж харнаа мэдэхгүй гээд таг болов.
Үргэлжлэл бий . . .
Бүрэн эхээрээ...
Хувь заяаны хэлхээ - 10
Хувь заяаны хэлхээ - 9
- Мөн. Аав гэртээ байгаа гэж цовоо цойлгон дуугаар хэлэхэд “Өө хөөрхий авгай аваад хүүхэдтэй болоод амжиж. Би ч их удаж байгаад ирж байгаа юм шив” гэж бодсоноо Би ч их удаж байгаад ирж байгаа юм шив” гэж бодсоноо
- Нохой давхихгүй биз? Чи хө дийлэх үү наадахаа?
- Дийлнээ ахаа. Энэ яах ч үгүй гэж мэлийтэл харахад “ногооны хүү гэхэд хар л нүдтэй хүү юм даа” гэж санан хажуугаар нь өнгөрлөө.
Одоо нэгэнт ирчихсэн учир түүнд орох уу байх уу гэх зав зай ч байхгүй тул “За ямар ч байсан ороод учир нь олдоно биз” гэж бодоод яваад орчихов.
Шажигнан шуугих хүлээн авагч дээр өрөөсөн чихээ наан хамаг анхаарлаа хандуулан сууж байсан Дарьзав хаалганы чимээнээр үүд рүү хальтхан хараад буцаж эргэснээ “юу билээ” гэсэн янзтай огцом эргэж Сугарыг харан шүлсээ залгин гөлөрлөө. Сугар “чамайг ингэх ч болов уу гэж бодсымаа” гэж дотроо бодон дээш гаран сууснаа
- За сайхан намаржиж байна уу? Дарьзав гуай гэж хэгжүүхэн атлаа хүнгэнүүлэн жаахан оворжсон шар царайг ширтэн суув. Хоёр хүрэн, хоёр ногоон энэ дөрвөн нүд яахан удаан ширтэлцэх билээ. Ингээд усанд чулуу уначих мэт палхийтэл хийтэл ороод ирнэ гэж санаагүй суусан Дарьзавын хоёр ногоон нүдэнд ус гүйлэгнэн дальдчиж, ихэд сандарсан боловч биеэ барин мэдэгдэхгүйг хичээн
- За сайн уу? Дүү хүү. Ямартай ч гэсэн гараад ирсэн нь яаамай даа. Уг нь чамайг чинь гурван жил болоод ирэх юм санаж байсан чинь . . . гэж яриагаа сунжруулсанаа
- За тэр яахав Хугацаатай юм гэж сайхан юм даа. Одоо чи ч эр бие гүйцжээ. Ирэх жилийн наадмаар энэ сум чамд багадана биз гээд хоорондоо ямар ч учир холбогдолгүй юу хамаагүй ярих нь сандарч мэгдээд байгаагийн шинж. Сугарын наашаа ирэхдээ “орох уу байх уу” гэж бодож байсан эргэлзээ арилж эхэллээ.
Тэрээр иймэрхүү юм болно гэдгийг гадарлаж байсны хувьд сандарч барьсан юмгүй биеэ зөв барьж, цээж түхийлгэн хоолойны нь өнгө эрхэмсүү болж ирсэнээ
- За яахав ёстой л хугацаатай тулдаа л болох шиг. Болохгүй гээд ч яах билээ. Ял дуусаж, яс амрах өдөр ирдэг л юм байна. Хийсэн хэрэггүй атлаа хэдэн шир хөөсөн нэрээр овоо хэдэн жилийг тэнд барчихав байна гээд цааш нь үргэлжлүүлэх гэтэл Дарьзав самбаачлан
- Алив миний хүү цай унд хий. Ээж нь хаачиваа?
- Дүүтэй хамт аргалд яваа
- Дууд дууд. Хүн ирлээ гэж хэл гэхэд хүү
- За гээд гүйн гарсанаа гаднаас
- Өө ээж аргалаа буулгаж байна гэж хашгирлаа.
Сугар “Уг нь одоо л халуун дээрээ байсан юмсан. Авгай хүүхэд ирж байхад нь нэг их өндөр дуугаар яахав” гэж санан үүд рүү харж суутал гэрийн гадаа
- Миний хүү тугал руугаа гүй. Одоо үхэр удахгүй ирэх нь гэх ихэд танил дуу гаран “хэн билээ” гэж бодохын завдалгүй үүд онгойж орж ирсэнээ Сугарыг харан таг гөлрөн зогсов.
Энэ бол толгойдоо алчуур зангидсан, хөх даалимбан дээлтэй нилээн байрагшин хүүхэн шинжиндээ орсон Хандаа байлаа. Сугар нүдэндээ итгэсэнгүй. Хандаа мөн гэдэгт эргэлзээгүй авч, хүний орчлонд ирж хорвоогийн хамгийн нандин бүхнээс амтлан, хамтдаа халуун гараасаа атгалцан гүйж, хүрэн зүрхний эзэн, хүсэл мөрөөдлийн туйл болж явсан энэ хүн өнөөдөр ариун хайр, нандин мөрөөдлийг нь тасдан, амьдралынх нь хамаг сайхан он жилүүдийг хамгийн муухай уйваагүй сэтгэлээр хороосон, ухаан дутуухан хүнийхээр юм бол бараг үхэл ч багадмаар тэр хорсолт хүний эхнэр болчихсон, үр хүүхдийг нь гаргачихсан зогсож байх юм чинээ хэрхэн санах билээ.
Хүний хорвоо сайхандаа сайхан ч хаврын тэнгэр шиг эргэж хөрвөхөөрөө яасан айхавтар хувирдаг юм бэ. Хувь заяа гэдэг хатуу нь дэндэхээрээ бас хайргүй хатуурдаг ажээ. Сугар ийм уулзалт болно чинээ бодооч үгүй, зүүдлээ ч үгүй. Тэр ч бүү хэл түүний санаанд ерөөсөө байгаагүй. Эх нутагтаа, ээжтэйгээ, Хандаатайгаа эрх чөлөөтэй тайван сайхан амьдрах тухай хүсэл, түүний сэтгэлд бадамлан байсан эцсийн улаан дөлийг хөх дээлтэй их усан цалгин ирээд шажигнуулан унтраах нь битгий хэл үнс нурмыг нь хүртэл шалба норгоод эргээд давалгаан татлага мэт цаашилчих шиг боллоо.
Одоо Сугарын сэтгэлд өөрийн гэсэн юм үлдсэнгүй. Хүн харахад сүр бараатай том залуу сууж байх авч аягатай цай дэмнэсэн гурван хуруу нь үл ялиг чичигнэн, амьсгалахаас өөр шидгүй мэт сууна. Уг нь бол үсэрч босоод Дарьзавыг шүүрэн авч хоёр ногоон нүдийг нь ухархайгаар бүлтэртэл нь цохиод, гал голомтыг нь самрахад ч багадмаар байвч Хандаагийн дэргэд тэгэх эрх Сугарт байсангүй. Тэглээ гээд ч утга нь юунд орших билээ дээ. Гэхдээ түүний итгэл энэ өдөр, энэ цаг мөч хүртэл дүрэлзэн байсан шүү дээ. Тэр их итгэл гэнэтхэн зогсоно гэдэг юутай айхавтар хэцүү вэ.
Харин Хандаад бол энэ дэх амьдралаа мэдэж байсны хувьд ийм өдрийг хэзээ нэгэн цагт ирнэ гэдгийг мэдэж байсан учраас Сугарыг бодох юм бол сэтгэл санаагаар түүнээс арай дөнгүүр байлаа. Анхны хайрын эзэн энэ хархүү тэртээ он жилүүдийн өмнө, тэр их хүнд хэцүүгийн дунд өөрийг нь гэлгүйгээр орхин одсон мэт санагдан тунирхмаар байвч, хүнтэй сууж, хүүхдийн эх болсон болохоор тунирхана гэдэг аль хэдийн хожимдсон зүйл байлаа. Зовлон бэрхшээлийг туулж. Сэтгэлийн хат суусан эм хүн гэдэг тулгамдсан үед биеэ татах, орчиноо мэдрэх нь заримдаа эр хүнээс хавьгүй илүү юмдаг уу Хандаагийн ам түрүүлэн нээгдэж
- Хүүе ээ Сугар уу даа? гэж үл ялиг чичэрхийлсэн хоолойгоор хэлж нэг эвгүй гацах маяг орсоноо
- За сайн явна уу? Бүр хүрээд ирсэн үү? гэж биеэ цэхэлж асуугаад тогоо шанагаа точигнууллаа. Магадгүй ингэж энгийн мэт дуугарсанаар өөрийгөө ч, Сугарыг ч аварсан байж болох юм.
- Сайн сайн гэж хоолойгоо зассанаа цайгаа залгилж, аягаа өрөн дээр тавих зуураа Сугар
- Танайхан сайн л биз дээ? гэж нилээн хуурайвтар өнгөөр асуулаа. Гэхдээ энэ үг хоолойн дээгүүр нь хэрхэн давсан юм бүү мэд.
Тэр хоёрын байгаа байдлаас Дарьзавт хаа холын тухай бодлын нэгэн сэжим орж ирэх нь шалаанд орчихоод сандарч явсан ноён хүүгээрээ хамгаалаад нэг удаа амьсгаа авахтай адил юм даа. Гэхдээ түүнийгээ гадагшлуулна гэж юу байхав. Энэ зайнд нилээн тайвширч
- За хө Хандаа шинэ цай чана. Би сая Сугартаа хуучин цай барьчихсан. Ерөөсөө би гарч нэг хоолны юм аялуулъя гэхэд Сугар
- Хэрэггүй, хэрэггүй. Яасан гэж халуун намраар хонь мал гэж байхав. Нутагтаа нэг ирж, ээжийнхээ сэтгэлийг амраачихаад хэд хоногоос буцна. Нэг ирсэнийх айл айлд тавьсан ээжийнхээ хэдэн тооны малыг сэргээгээд өгчих санаатай. Хөгшин хүн тэр болгон шогшоод тойроод байж чаддаггүй бололтой. Тэгээд далиманд нь танайхаар бууж мэнд мэддэг юмуу санаатай. Одоо жаахан яаруу явна. Хэд хоногоос тухтай ирэмц гэж ёстой огт санаанд байхгүй зүйлээ өөрийн юм шиг ярьж суух нь нүүдэл ашиггүй болсоныг мэдэн бодоо татахаас аргагүй болсон шатарчин мэт.
Агшин мөч бүр өнгөрөх тусам зүүд мэт санагдсан энэ учрал Сугарын хувьд гаднаасаа дотогшоо чиглэн бие тайвширч, өөрийгөө татах нь дээрдэж байгаа бол Хандаагийн хувьд дотроосоо гадагшаа чиглэн улам бүр өөрийг нь ороон тайван байдал нь алдагдаж байв. Тэрээр урд байгаагүйгээр хурдан хөдлөн шөлтэй хоол пурхийлгэв. Энэ хооронд анхны цочроо бага багаар гадагшилж, хэл чимээ ч үгүй тасарсан Сугар өөрийг нь тамлах мэт одоо энд сууж байгаад гомдох ч шиг санагдан хоёр нүднээс нь нулимс өөрийн эрхгүй асгарахад буруу харан нүдээ нууна. Энэ байдлыг ажаагүй биш ажиж суусан Дарьзав ганц шил архи гаргаж, гэр доторх чимээгүй байдлыг эвдэн
- За ямартай ч гэсэн эрүүл саруул, бүрэн бүтэн гараад ирсэн нь болж. Одоо бас ч гэж нас залуу байна. Ажил амьдралаа зохицуулнаа гэж чөмөг таших гэж буй хүн булууныхаа толгой дээр тоншдог шиг түрүүний орж ирсэн бодлоо батлах гэсэн мэт тэднийг түгшсэн үг хэлсэнээ
- Пунцаг заан харьчихаад манай нутаг сүүлийн үед наадмаа алдаад байх болсон юмсан. Одоо ч нүүр бардам суух болох нь ээ гэж бүүр өөрийг хэлж нэг үзнэ.
Сугар олон юм ярьсангүй. Ярих ч тэнхэл байсангүй. Анх орж ирсэн эрч нэгэнт харьж, одоо өрөг нэгэнт өөр тийшээ эргэжээ. Харин мөнгөн аягаар сөгнөх хатуу архийг гурав хөнтөрчихөөд нэг их санаа алдсанаа
- За за би мордоё. Сайн сууцгааж байгаарай гэж эрсхэн хэлээд гарахад Дарьзав араас нь гарч Хандаа зуухныхаа аман дээр дээшээ ч харж чадалгүй үлдлээ.
Сугар тэднийхээс гаран шогшуулж байснаа баруун довцог дээгүүр тонгойхтой зэрэг хул мориныхоо хондлойд ташуур буулгаж хар гүйхээгээр нь давхиуллаа. Цээжний нь гүнд эрхэмсэг нэгэн цэцэг мэт оршин байсан Хандаа, өргөст халгай, өт хорхой мэт нуугдан байсан Дарьзав, саяын уусан гурван аяга арз бүгд холилдон хутгалдаж, араатан амьтад хийгээд өт хорхойд амь тэмцэн дээр доороо орон ороолдон ноцолдож байх мэт цээж давчдуулана. Саяын болсон явдалыг нүдээрээ хараагүй юм бол итгэмээргүй сонин учралыг ардаа орхин хаа нэг тийшээ алслан одох гэсэн мэт морио ойр ойрхон ороолгоно.
Давхин давхисаар гэрийнхээ хойд толгой дээр гарч ээжийнхээ бор гэрийг харан сая ухаан орсон мэт мориныхоо амыг татлаа. Их л удаан давхисан бололтой. Хул мориных нь суга цавь, дух магнайнаас нь хүртэл хөлс бөмбөрөн унаж, хамаг бие нь бөмбөгнөтөл чичрэх нь өрөвдмөөр.
Дотор нь дүрэлзэн байсан гал, эрчилдэн тэмцэлдэх бодлын тулаан нь хул морины нь адил сульдсан бололтой аядуу намуун болж Сугар одоо л нэг урдах хойдохоо жаахан тэнүүхнээр харах, бодох чадалтай боллоо.
“Надад энэ нутагт аж төрөн амьдрах амьдралын учир үгүй болоо юу даа. Ганц бодож мөрөөдөж явсан хүн маань Дарьзавын тогооны хүн болсон байдаг” гэснээ
- Очиж, очиж намайг хорлосон ногоон Дарьзавын шүү гэж шүднийхээ завсраар сийгүүлэн хэлээд “Тэгэхээр би энэ Харганын голд яс горьдсон нохой шиг хэн нэгнээс амьдрал горьдон хүлээж хэвтэх эсвэл гүүнд саймширсан морь шиг холын зайнаас Хандааг эргүүлдэн, нүд хаян үлдсэн насаа өнгөрөөх болох нь ээ. Тэгвэл нөгөө Дарьзавыг айлгасан шиг цээж түхэгнүүлэн амьдрана гэсэн миний бодол хаа очих юм бол. Харин ч Дарьзавт хэд дахин чадуулсанаа насаараа мэдэрч түүний хамаг бахыг ханган байх болно гэсэн үг. Тэгэхээр би ийм газар, ийм байдалд амьдарч чадахгүй ээ. Шийрэв ахын хэлдэг юутай ортой үг вэ.
Одоо очиход чинь нутаг орон, хүн зоны байдал өөрчлөгдсөн байж мэднэ. Байж боломгүй бол хүрээд ирээрэй гээгүй билүү. Би ер нь яагаад жолооч болж болохгүй гэж. Харин ээждээ яаж ойлгуулна даа. Ингэхэд ээж маань энэ хоёрын талаар мэдэж л байсан даа. Яагаад надад хэлчихээгүй юм бол? Тэгсэн бол би ингэж муугаа үзүүлэхгүй шүү дээ. Аа тийм. Тэр Чимгээ хүүхэн нүүрээ зуухандаа хийчих шахаад сандчаад байсны учир ийм байсан юм бий.
Зургаан жил гэдэг урт хугацаа юмдаа. Би л саяхан мэт санаад явсанаас биш хүн байтугай нь өөрчлөгдөх хугацаа юм. Өөрчлөгдөөгүй үлдсэн нь ээжийн минь сэтгэл л юм шив дээ. Би л Хандаа гээд байгаа болохоос Хандаа надгүй болоод удаж байгаа юм байнаа.
Ингэхэд би Хандаагаа өөртөө хадгалж үлдээхээр юу хийлээ? Энэ олон жилийн хугацаанд буруу харсан хандлагатай ганцхан захиа шиг юм бичсэнээс өөр би яалаа даа. Гэхдээ л тэгэхээс тэгэх гэсэн юм шиг явж явж Дарьзав шүү” гэж бодсоноо дахин шүүрс алдаж элдвийг хөврүүлэн сууснаа босож морио хөтлөн гэрээдээ гэлдэрлээ.
Тэрээр цааш нь “Би одоо ээжтэйгээ л ярих хэрэгтэй юм байна. Хот гэдэг газар мундаг жолооч болчихоод ээжийгээ аваачиж болно шүү дээ. Ямар шорон оронд явж байгаа биш ажил амьдралын мөр хөөх гэж байхад ээж маань ойлгох байгаа” хэмээн бодол болон явтал хөтөлж явсан хул морь нь бодлыг нь дэмжих мэт араас нь толгойгоороо нуруугий нь шөргөөх ая үзүүлж байлаа.
Улаан шороо бужигнан нүдгүй шуурч байснаа тамирдан сөхрөх мэт гэнэтхэн зогсож, тэнгэр цэлмэн нар гарах шиг Сугарын сэтгэл бага зэрэг онгойн гэртээ ирлээ . . .
. . . Ачаа тээврийн тавдугаар бааз гэсэн хаягтай банзан хашаан дотор явдаг явдаггүй нийлсэн олон машинууд зээглэн зогсожээ. Дэнхийтэл ачаа ачсан зарим нэг тэрэг холын замд гарахад бэлэн болсон бололтой ачаагаа дааж ядан уухчин зогсоно.
Хашааны нэгээхэн буланд дарга, боловсон хүчин гэх мэт хаягтай хэд хэдэн хаалгатай хуучин дан цагаан шавар байшин байх агаад диспетчер гэсэн хаягтай хүрэн хаалга хаагдах завгүй онголзох ажээ. Үүгээр түрийг нь эргүүлсэн том том гутал өмссөн, тарган туранхай, сахалтай сахалгүй эрчүүд хөлхөлдөх бөгөөд тоглож байгаа, шоглож байгаа нь үл ялгагдах үгсийг бие биендээ шидэлцэж, түүндээ хөгжилдөн үе үе пар пар инээлдэнэ. Тэнд байгсадын нэг
- Мааз Магсараа нэг онигоо ярина байгаа гэж тулгах хүсэхийн завсар хэлэхэд шаймий дуу эрүүтэй түүн дээрээ жаахан ооч сахалтай нөхөр “Юугаа ярьдаг юм билээ” гэж бодох зуур нөгөө нөхөр
- Яагаав нөгөө Дарамын яагаад хааз нэр авсаныг ярихгүй юү гэтэл Магсар онигор нүдээ гялтагнуулан бүгдийг тойрон харсанаа
- Манай Дарам Солонготын давааны өөд гарахдаа давааны энгэрт хүч алдуулчихгүйн тулд нилээн ширүүхэн ороод дунд хавьд ирээд дахиад хүчтэйхэн нэг хаазлаад орхисон гэж байгаа. Тэгтэл тэрэгний хойд талд төмөр утас шиг юмнууд тор тор гээд унах нь сонсогдлоо гэнэ шүү. Дарам гайхсандаа тэргээ зогсоож, араандаа хийгээд, карданаа татчихаад буугаад харсан чинь моторынх коольцнууд нь яандангаараа цуваад гарчихсан байна гэж залдаг хүүр шүү нээрээ гэхэд бусад жолооч нар пир пир инээлдэж, зарим нь бүр аньсагаа арчиж байгаа харагдана. Магсар цааш нь
- Тэгээд л манай Дарам чинь коольцоо яндангаараа гартал хаазалдаг болохоор Хааз Дарам нэр авсан юм даа гээд инээлдэв.
Доороо нүхтэй шилэн хаалтны цаанаас ойрын харааны нимгэн цагаан шил хамар дээрээ тохсон Дамдин хэмээх тавь гаран насны хавчигар хар хүн тэднийг нүдний шилнийхээ дээгүүр харж, дуунд нь дөжирсөн янзтай толгой сэгсэрсэнээ доош харан хийж байгаагаа үргэлжлүүлэв. Тэгтэл хаалга сэвхийн онгойж дөч нилээн гарсан байрын ханхар том биетэй улаан эр орж ирсэнээ
- За атаманууд юу л хийцгээж байна даа гэж улаан царайндаа инээмсэглэл тодруулж цаанаа нэг нийлэмжтэй хэлэхэд
- Өө аврага. Хаа явах нь вэ? Баруун уу, зүүн үү? гэцгээхэд тэргээ байнга ухаж байдгаас тос Тогтох нэр авсан нөхөр
- Билгээ хүүхнээ орхиод
Бережнев даргын өгсөн
Бэлгийн цэнхэрээ унаад
Билүүтийн голын
Биндэръя хүүхэн рүү гээ яараа байлгүй гэж уран үгийг хоршиж хэлсэндээ бахархан ийш тийш хартал нөгөө эр
- Тоосон дунд торойгоод үлддэг тоотой хэдэн хүүхэн байхын хувьд байсаан. Сүүлийн үед тэднээс харин товууд үнэртээд болохоо байсан байна лээ. Тэрэг чарга нь эвдэрсэн улсын сураг ажиг гараагүй биз нөхөдөө? гэхэд өрөөгөөр нэг харчуулын дуу хадаад явчихлаа. Дамдин тэндээс
- Муусайн золигнууд гадаа сайхан байхад ажил хийлгэхгүй энүүгээр шавалдаад. Гарцгаа гэхэд эрчүүд гутлаа харр харр чирэн хаалгаар уван цуван гарлаа. Ачаа, зам явахаа энэ хүнээс авдаг тул түүний үгэнд орохгүй хүн ховор. Тэд хоорондоо
- Тос ч ёстой аврагад амаа ганц таглууллаа даа хэмээн хөөрсөн сэтгэлээ барьж ядан инээлдэнэ. Тэдний аврага хэмээн хүндлэн байгаа энэ хүн бол Сугар байлаа. Дамдин
- Сугараа энэ зам явахаа ав гээд өгөхдөө хашааны гадна нэг оюутан хүү зогсож байгаа байх. Хөөрхий минь гэртээ харьчих гээд баруун тийш явах замын унаанд дайгдчих санаатай өчигдөрөөс хойш надаас гуйгаад байгаа юм. Түүнийг замдаа буулгачихаарай. Чи бодвол газрын цагаанаа барьж урдуураа явах байлгүй. Түүний яриад байгаа нь чиний зам дагуу юм билээ. Ярианы өнгө нь танай Харганын голын л хүүхэд бололтойдог. За за чи тэгээд өөрөө учрыг нь олно биз гээд гаргалаа.
Хашааны төмөр сараалжин хаалга хашаагаа даган гулсан онгойж, кабин дээрээ олон таван хошуу эрийлгэсэн саятан жолооч Сугар гэсэн бичигтэй, дэнхийсэн ачаатай Зил-130 машин гарч ирсэнээ ногоон богц үүрсэн хорин дөрөв тав орчим насны залуугийн дэргэд зогсоод дотроос нь
- Чи нөгөө Дамдингийн яриад байгаа хүүхэд мөн үү? гэхэд
- Мөн мөн. Ашгүй танд хэлээ юү? Өнөөдөр бас л бүтэхгүй нь гэж бодлоо шүү гээд инээсээр кабинд орж ирлээ.
- Чиний ачаа тээш чинь ердөө энэ үү? Ах нь ч ийш тийшээ зам хазайгаад байж чадахгүй л байх даа гэхэд
- Ингээд л болоо ахаа. Одоо шууд гарах уу?
- Гарах нь ч гарнаа. Яарвал даарна гэж үг бий. Холын улс чинь бүх юмаа жин тан болгох ёстой юм шүү дээ гэж сургаад
- Эхлээд хоёулаа машинаа хооллоно. Тэгээд өөрсдийнхөө бор ходоодыг дүүргэнэ. Тэгээд л би явж байна бээжин сууж байна гээд л гарч өгнө шүү дээ гэлээ.
Тэд бензин банкиндаа дүүргээд, бас ачаан дээр байх хоёр том торхонд хийгээд, цаашаа гуанзанд орж овоошуухан хоол захиалаад
- За дүү хүү цохиод байна даа гэхэд
- Энэ их хоолыг барах уу?
- Барахгүй бол боогоод л авна биз. Нэг сайн идэж аваад замдаа нэг их зогсоод байхгүй шүү дээ гэлээ.
Сугар хоол идэх зуураа залууг ажиглан сууна. Хацар нь улаа бутарч байснаа хот газар удаан суугаад шингэрсний шинж бололтой нарийхан улаан судалнууд хацар дээгүүр нь судалтах бөгөөд эр хүнд байхааргүй давхраатай нүдтэй юм. “Энэ хүүгээр юм яриулсан шиг явбал зам овоо хорох байгаа” гэж санаж байлаа.
Үргэлжлэл бий . . .
Бүрэн эхээрээ...
Хувь заяаны хэлхээ - 8
Сугар тэднийхээс гаран яаралгүйхэн хатируулан явна. Одоо нутгийн айлууд энд тэнд харагдах авч ээжийнхээ хаагуур нутаглаж байгааг мэдэх тул айлаар буухыг төвдсөнгүй. Гэхдээ Сугар голын адагруу явах уу, голын эх рүү явах уу гэдэг салаа бодлын бэлчир дээр тэрээр эргэцэн байлаа. Ямааны мах халуун дээрээ одоо л Дарьзавын гадаа шуугин буугаад баасыг нь шахаад тавьчих хүсэл оргилсоор байгаа.
Эх үрийн зөн гэдэг сонин. Хаа холоос эх үр хоёр алсуураа хоорондоо тэмүүлж байдаг юмсан уу эсвэл Сугар ээжийнхээ сэтгэлийн их орон зайн гортигт нэгэнтээ ороод ирчихсэн үү газар хорох тусам ээж нь бодогдож бараг нүдэнд бүртэгнэн харагдах шиг болж өөрийн эрхгүй мориныхоо жолоог голын адаг руу эргүүллээ. “За за ер нь тэгээд ч хожмоо Дарьзавынд шууд буусан үйлдэл маань өш санасан хэрэг болно биз. Муу ээж маань ч сүүлд сонсохноо гомдох байх” гэж санан, хоёрдож явсан санаа нь нэг тийш шулуудаж морио давирлаа.
Гэрийн сүүдэрт хажуудаа данхтай цай тавьчихсан юу ч юм цойлдож суусан Нургай тэртээ доороос наашаагаа чиглэн яваа хоёр хөтөлгөө морьтой хүнийг хаа нэг саравчлан харсаар юмаа хийж суулаа. Урд шөнө яагаад ч юм олон жилийн өмнө өөд болсон нөхрөө зүүдэлсэнсэн. Донров гэж тухайн үедээ сайхан залуу байждээ. Нургайг хожуу авч суусан болохоос уг нь их багаасаа дотноссон байж билээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд их л буруу замаар явсан. Шорон оронд хадаатай юм шиг л байх тэрээр хэрвээ өөрөө хүсвэл онгорхой юм шиг л хүрээд ирдэгсэн. Энэ байдал сүүлдээ бүр ижил дасал болсон мэт. Нургай одоог бодоход залуухан ч байсан даа. “Одоо нэг ирдэггүй юм байхдаа” гэж хүсэж хүлээхийн тавилангаар бодоход л мэдсэн юм шиг төдөлгүй ирдэгсэн. Тэр нэгэн удаа ирэхдээ нилээд ядруухан харагдаж билээ. Тэгэхэд нь Нургай битүү хөнжилд нь хэвтүүлж байгаад сайхан нитгэрсэн хар шөл хийж, араас нь өөрт нь зориулж хадгалсан шимийн юмнаас халаан даруулж өгдөгсөн. Хөлс нь цутгаад хэвтэж байх хэрнээ л яаж ийж татаж чангаасаар байгаад хөнжилдөө оруулчихна. Олон хоногийн хүлээлт, залуу насны хүсэл гэдэг юунд дийлдэхэв дээ. Хоёул усан хулгана болтол хөлөрчихөөд хөлсийг нь сэвэхгүй гэхдээ хөнжлөөрөө тумлайдан хөлсөө хаттал тэврэлдэн хэвтдэгсэн. Тэгэхэд Донров
- Чи минь ч гэсэн наад хөлсөө сэвчихэв. Хөнжлийн хатгаа гэж нэг аюул бий шүү гээд л үнсэнэ, тэврэнэ
- Би яахав дээ эрүүл саруул гэр орондоо байгаа хүн гэсэн хэр нь улам бүр наалдан
- Донров минь дээ одоо бид чинь залуу улс биш тэр газраа тогтвортойхон байж байгаад нэг мөсөн гараад ирж болдоггүй юмуу. Хүү маань ч овоо болчихлоо. Хааяа надаас
- Манай аав яагаад гэртээ байдаггүй юм бэ? Аав байдаг бол надад хурдан даага унуулж наадамд уралдуулна даа тиймээ ээжээ л гэх юм. Цаагуураа нэхээд л байгаа бололтой гэхэд Донров баруун орон дээр тугдайн унтаж байгаа хүүгээ Нургайн дээгүүр өнгийн харснаа хошуугаа цорвойлгон
- Мнн! миний муу улаан хүү сайн эр болноо гэж хий үнсэхэд Нургай түүнийг шоолонгуй харж
- Сайн эр, сайн эр л гэх юм. Өнөөх нь өөрийгөө сайн эр гээд л энэ голын хэдэн хүүхдүүдийг ширүүлчих гээд байх юм. Донров Нургайг татаж үнсэнгээ
- Муу өвгөн нь чинийхээ энэ эмчилгээнд л нэг сэгхийх юмдаа. Тэгдэггүй бол ч аль хэдийн нөгөө талруугаа дальбийгаа биз. Тэнд ч хүний бие, элэг бөөр уушиг бүр шүд хүртэл унаж дуусдаг газар гэснээ
- За за ийм юм ярьж чамайгаа зовоогоод яахав. Уг нь гарчих юмсан гэж бодох л юм. Гарчихаад чамтайгаа ижил зүсмийн морь унаж хүүгээ дагуулаад нүүр бардам наадмын талбай тойрсон шиг эрх чөлөөтэй байхыг хүсэхгүй хэн байх билээ дээ. Гэхдээ Нургай минь өвгөн нь тэр ертөнц рүү нэгэнт орчихсон бололтой. Урд нь би чамд гарна засрана гэж зөндөө л худал амалсансан. Одоо би наашаа эргэж, нарныхан намайг сайнаар хардаг хөг өнгөрсөн байхаа даа гэхэд Нургай чимээгүйхэн тугдайн нулимсаа арчин сууна. Хүн хүндээ хайрлан дурлах гэдэг хичнээн агуу юм. Донровын ийм байх тусам Нургайгийн хайр түүнийг бүчин авч бөөцийлөн тэврэнэ. Хувь тавьлангийн эрчлээс нэг л эрчээ авчихаараа дундаасаа хэн нэгнийг сугалан гаргах дургүй ажээ. Нулимсаа арчиж суусан Нургай эршүүдхэнээр босож
- За өвгөн минь одоо жаахан дугхийдээ. Марал мичид гарчихаж удахгүй үүр цайлаа. Би ч үнээндээ гарах дөхөж байна. Чи аягүй бол жаахан сэгхийхээрээ нөгөө даалуугаа хөөгөөд явчих байлгүй гэхэд
- Гол нь даалуундаа бишээ. Ер нь энэ нартад босоо байгаагаа л харуулж л байх хэрэгтэй. Гэхдээ энэ удаа гэртээ хэсэг байнаа гээд
- Нургай минь одоо хэвтдээ, хэсэгхэн ч болов дугхийгээд ав гэж билээ. Энэ түүний хамгийн сүүлийг ирэлт байсан юм.
Энэ бүгдийг бодож суусан Нургай нөгөө хөтөлгөө морьтой хүнийг нилээн дөхөж ирсэнийг харж “Ижил зүсмийн хоёр сайхан адуу хөтөлж дээ. Их л холоос яваа хүн юм болов уу даа. Наашаагаа яасан шулуухан явах юм” гэж бодохын сацуу энгэрт нь нэг юм часхийхэд
- Хнг! Энэ муу хальс чинь амь орж байгаа юм шиг яаж байнаа гэж үглээд муу хөхөө гаднаас нь нэг тэмтэрлээ. Тэр зуур нөгөө хүн тугалын хашааны ойролцоо ирэв.
“За за хүн ирж байхад энд суугаад яахав дээ” гэж бодсоор гэрийн хошлонгоос татан босох зуур
- Сайн байна уу ээж? гэх дуун гарч Сугар мориноосоо бууж харагдав. Энэ дуунаар Нургай “үгүй энэ чинь юу билээ, хүү” гэж бодохын зуур нэг харахад Донров шиг, нэг харахад хүү нь ч шиг томоо биетэй залуу эр зогсож байх нь тэр. Тэрүүхэн хооронд ухаан нь балартсан Нургай гэрээсээ түшмэр болтол Сугар амжин эхийгээ тэврэн авлаа. Хэсэг чимээгүй байснаа Нургай нэг их амьсгаа авч
- Үгүй ээ мөн ийм юм гэж байдагаа та минь ээ. Энэ чинь миний хүү юү дээ гээд нулимсандаа хахаж цацан үнсэх гэж тэртээ дээр харагдах нүүр өөд нь тэмүүлнэ. Сугар ээждээ бөхийж үнсүүлэх зуураа
- За ээж тайван бай. Хүү нь байна. Улаанаа байна гэхэд нэг хэсэг мөрийг нь түшиж енгэнэтэл уйлсан эх нь
- За за хүүгээ ирж байхад усан нүдлээд гээд биеэ татаж байгаа нь аргагүй л олон жил хүлээхийн зовлон эдэлсэн эх хүний хат харагдана. Хэдийгээр өдөр бүр цайныхаа дээжийг хүүдээ өргөж, үдэш бүр тэнгэртээ наминчилж, маргааш маргаашаар дамжин хүүгээ хүлээхдээ арван хэдхэнтэй явсан тэр л чигээрээ ирэх юм шиг санан хүлээсэн нь ийм том залуу болоод ирэхэд танилгүй мунгинасан нь энэ. Хатаж ангасан газар бороон дусал чийг төдий болон шингэх адил Нургайгийн нүднээс гарсан нулимс урсаж амжилгүй аягандаа шингэж байх шиг. Жаал тайвширсан Нургай гэнэтхэн ухаан орсон юм шиг
- Сайн яваад ирэв үү хүү минь. Одоо тэгээд тэр газраасаа бүр гараад ирэх нь энэ үү? гэж сэтгэлдээ лавшруулан асуухад
- Бүүр гарсаан ээжээ. Би суллагдсан. Замдаа сайн яваад ирлээ
- Ээ ашгүй минь гэж, ээ гялай минь гэж гээд хүүгээ дахин дахин үнсэнэ.
- Таны бие тэнхээ данги биз дээ? Би ч таныгаа л баахан зовоолоо доо.
- Ээж нь дажгүй дажгүй. Миний хүү хүрээд ирсэн л болж. Ээжид нь үүнээс өөр юм хэрэггүй. Бие хаа ерөнхийдөө гайгүй ээ гэснээ
- Үгүй ээ бас ийм өдөр бас ирдгиймаа гэх нь хүүгээ ирээд байгаад итгэж чадахгүй л байгаа бололтой.
- За байз хүү минь нэг хоолны юм . . .гэтэл
- Өнөөдөртөө яах вэ. Мрагаашнаас болъё. Та ганц гэрээрээ зусаа юу? гэхэд цай оочлох зуураа эх нь
- Өө харин тийм. Энүүхэн доодруу хонио айлд тавьчихсан. Саалийнхаа ганц хоёр үхэртэй л байгаа. Хүн хүч хүрэлцэхгүй, өөрөө ч нас дээр гарчихлаа гэж шалтаглаад уржнангаас нэгдлийн хонио өгчихсөн. Хэдэн адуу чинь цөөрөөд л байдаг сурагтай. Одоо ганц унагатай гүү, ганц нэг шүдлэн, хэд гурван морьд л байгаа байх. Энэ урдруу Давааны өвөрт Халтар Чимэдийн адуунд л явах ёстой. Энэ муу гэр чинь энэ тэрүүгээрээ нэвчээд байх болж. Би хэрээрээ л цойлдох юм ерөнхийдөө муудаа юм болов уу гэж гэрийн эзэнд нь юмыг нь хүлээлгэж өгч байгаа аятай яриагаа таслуулчихгүй гэсэн шиг ар араас нь хөврүүлнэ.
Орой нь ээж нь хүүгээ оронд нь хэвтүүлж нитгэрсэн хар шөл хийж өгөөд хөнжлөөр нь ороогоод духан дээр нь үнсэж
- Хөлөрч мэднэ шүү битгий сэвээрэй. Тэгээд нэг унтчихвал наад хий хуй чинь гарахаа магад гэж аавыг нь асардаг шигээ асрав. Сугар хэдийгээр зүгээр байгаа ч эхийнхээ сэтгэлийг бодон үгнээс нь гаралгүй унтчихав.
Тэрээр гэрээс гаралгүй хэд хонолоо. Тэр хоорондоо нутаг орны сониныг асууж ярилцсаар.
Гол нь Хандаагаа хаана байгаа бол асуучих санаатай
- Данигай гуайнх хаахнуур байгаа вэ? гэтэл
- Бас л энэ голын эхээд бий. Нөгөө муу Должин тэр жил унаад өгсөн. Данигай ч хуучны Данигай биш болсон. Тэр муу охин нь гэж ядарсан амьтан л байгаа байх гэх нь “битгий л түүнд ширүүлээрэй” гэх шиг. Түүнээс цааш тэднийхний талаар Нургай нэг их юм ярьсангүй. Бодвол халуухан байсан бололтой. Хар багын хайрын эзэн нь энэ гол усандаа байгаа юм байна гэж мэдээд сэтгэл нь цадсан юм болов уу Сугар ч нэг их юм асуусангүй. Ямартаа ч гэсэн энд байгаа цагт учир нь олдоно гэж санаад өөрийг бодсонгүй. Хэдэн өдөр гэрээр байсан Сугар гарч ганц нэг айлаар ормоор сангадавч “ямар гавьяа байгуулсан биш дээ” яасан ч гэж айл амьтанаар ороод байх билээ гэж өөрийгөө хорин байлаа. Эх нь түүнийг анзаарав бололтой
- Одоо хүү минь эдлэх ёстой юмаа эдэлсэн юм чинь хүн хараас санаа зовоод яахав дээ. Гарч мал хуйгаа эргэвэл . . . гэхэд Сугар
- Харин л дээ. өнөөдрөөс мордож энэ гол усаараа явж, ганц нэг айлаар буудаг юм билүү
- Тэгэлгүй дээ төрсөн орон газар, нутаг усныхнаараа буулгүй яахав. Гэхдээ хүү минь хүмүүсийн цэврээ арилтал бас ч гэж хугацаа орох байх. Болгоомжтой, үг яриагаа хямгадаж яваарай. Миний хүү ч бас залуугаараа байна. Чиний үеийнхэн гэж юм үзээгүй яахаа ч мэдэхгүй улс энэ голоор олон. Миний хүүг догиож ч мэднэ. Буруу онгиров хэмээн захих нь хүүгээ дахиад алдах вий гэхээс халаглаж байгаа нь илт. Сугар эмээлийнхээ олмыг чангалах зуураа
- Үгүй дээ ээж минь. Одоо нэг хүн шиг байж болох байлгүй дээ гээд мордохдоо
- Нөгөө Дарьзавынх голын эхээд байгаа гэсэн үү? гэхэд Нургай нэг агзасхийснээ
- Тиймээ тэднийх хөндийн эхэнд нутаглаж байгаа гэснээ
- Гэхдээ хүү минь тэднийхээр яаран ороод яахав дээ яваандаа болно биз гэхэд Сугар дотроо “ээж намайг Дарьзавынд очиж бужигнуулаад дахиад хэрэг төвөгт орох вий л гэж санаа нь зовоо юм байхаа даа. Би тэрэнтэй одоо юу гэж орооцолдов гэж дээ. Гэхдээ түүнд амьд мэнд яваагаа харуулж, цаашид амьдрах замд минь дахин чөдөр тушаа болгохгүй байж дөнгөх байлгүй” гэж санан хөдөллөө.
Тэрээр эхлээд Дурдан Данигайнхаар орох хүсэл байсан ч гэнэт очихоор Хандааг цочирдох байх, нөгөө талаар дотроос нь эрийн шийр хатгаад болдоггүй эрсхэн явахаар шийдэж голын эхрүү явлаа . . .
Өвс ногоо шарлаад харгана бударгана хүрэнтээд намрын өнгө оржээ. Харганын гол нь улам ч нарийсаа юу даа гэмээр болж. Тэртээ ар дээр хонины хүүхэд цангинатал дуулах нь сонсогдоно. Тэр хүүгийн дууг чагнан явахдаа яагаад ч юм Сугар өөрийнхөө бүр бага байсан үеээ санав.
Нэгэн хаврын сэр сэр салхитай жиндүүхэн өдөр байсан юмдаг уу. Ээж нь аргаа үүрчихсэн, Сугар ээжийнхээ хормойноос чаргуулдан явж байтал ээж нь
- Ий титгий! яасан хүйтэн байх юм дээ. Бөөрнөөс жиндэж байх чинь гэхэд Сугар
- Та даараад байгаа бол миний нөмөрт талд явах уу гэж билээ. Тэгэхэд ээж нь
- Ишш! миний хүү чинь яасан том хүүв дээ. Ээжийгээ нөмөрлөөд байдаг гээд явган сууж нусыг нь авангаа
- Тэгнэ дээ хүү минь. Миний хүү чинь тэнгэр багандсан том эр болохоор нь хүүгийнхээ нөмөрт ээж нь дулаацаж явах юм шүү гэж байж билээ. Энэ бүгдийг бодон явахдаа “Одоо л муу ээжийгээ нөмөр нөөлөгтөө авч явах цаг маань болждээ. Хандаатайгаа учир явдалаа олчихвол ирэх жилээс Цоохор Доржийнхоос нэг их дутахааргүй гэр барьсан шиг байвал ч мөн . . . гэж явлаа.
Тэртээ доор голын тохойд ганц улиас нь өчнөөн жил Сугарыг хүлээж цөхсөн мэт цаанаа нэг гунигтай харагдана. Сугар замаасаа ялимгүй хазайж модруугаа явлаа. Дөхөөд иртэл доор нь арав нилээн гарсан болов уу гэмээр насны бүстэй бүсгүй хоёр хүүхэд сууж байснаа танихгүй хүний бараанаар жаахан ичмэглэн байгаа харагдав. Сугар
- Сайн байцгаана уу? Дүү нар гэхэд
- Сайн. Та сайн явна уу? гэж зэрэг шахам мэндлээд сандралдан босцгоов. Сугар мориноосоо бууж хөтлөөд, модоо тойрон алхлаа. Их л том мод байх шиг байдаг байсан нь одоо бол тийм ч том биш ажээ. Сэтгэл дотор нь байдаг тэр мод арай л биш шиг санагдан өөр нэгийг хайх гэсэн мэт ийш тийш хараачлан байхгүйг нь мэдсээр байж санаа алдав. Тэгтэл өнөө хүү хоолойгоо засан их л эрдүү дуугаар
- Та хаанаасаа хаа хүрч яваа хүн бэ? Эсвэл мал сурч яваа юм уу? гэхэд
- Үгүй дээ ах нь . . . гэснээ
- Ах нь айл сурч явнаа. Ингэхэд Дарьзавынх гэдэг айл яг аль гэр нь вэ?
- Ногоон ахынх . . . гэтэл охин хүүг нударч байгаа харагдав
- Үгүй ээ Дарьзав ахынх тэр арын хэдэн гэрийн баруун хойд талын сондгойд уу ганц гэр гэхэд
- Аан за за гээд хүүгийн нэр усыг асуух гэснээ “би хэнийхийг нь мэдэхгүй байж энэ хүүхдүүдийн нэрээр одоо яахав” гэж санан мориндоо мордон эргэхдээ модруугаа харлаа. Түүн дээр урт удаан хугацаанд ирээгүй тул ихэд гомдсон шинжтэй нэлмийн ганц нэг навчисаа хаялах нь дуу гаргалгүйгээр уйлах мэт. Гэхдээ энэ мод одоо нэгэнт Сугар Хандаа хоёрын мод биш болсон бололтой. Юм бүхэн улиран оддог жамаар Хандаа Сугар хоёрын хайрын дурсамж хаа нэгтээ холын хол одсон юм байхаа даа. Гэвч энэ мод энэ нутгийн үе үеийн залуусын хайр сэтгэлийн гэгээн гэрч болж байсан нь лавтай.
Хоёр хүүхдийн нэг нь
- Энэ хүнийг таних уу? гэхэд
- Үгүй хараагүй л ах байна хэмээн ярилцах нь Сугарт мөчидхөн сонсогдож “нутгийн дүү нар өөрийг танихгүй байх нь аргагүй юм даа” гэж бодогдов.
Сугар хүүхдүүдээс салж тэртээ арын гэрүүд рүү чиглэлээ. Хурдхан шиг очоод нүүр нүүрээ харалцаад учраа ололцмоор байсан өглөөний тэр эрч салхилж байсан салхи гэнэтхэн зогсчих мэт бүүдгэртэн сааралтах нь сонин. “Миний яг дотоод хүсэл чухам юу юм бол. Би энэ хүнээс өш авна гэж бодож байсан билүү. Зүгээр л ёстой нэг нүүр нүүрээ харж уулзаад . . . гэж бодоод явсан болохоос цаад нарийн учиг нь юун дээр очиж ороохыг бодож байгаагүй бололтой.” гэж олон жил хүлээсэн цаг мөч нь тулж, хойд энгэрийн гэрүүд дөхөх тусам санаа эргэлзэн түүнд үнэндээ хариу үл олдоно. “ Би яг яах гэж явна вэ. Би амьдралдаа дахин алдах гэж яваа юм биш биз. Энэ учирч болох алдаатайгаа учиран уулзах гэж би тэр өргөст торон дотор өдөр хоногийг тоолон хүлээж суусан юм биш биз. Дарьзав намайг бариад авбал би айхгүй л гэж бодож байгаа болохоос яг тулаад ирвэл би яах юм бол. Айхгүй гээд сэгсэрчирхээр дахиад хэдэн жилээр ч сууж магад. Ийм алдаа гаргахгүй гэхээр би зүгээр сууж байгаад зодуулчих хэрэгтэй болноо доо. Хэрвээ тийм юм бол би уулзах гэж явдгийн учир юу юм бол. Муусайн хулгайч нар тэнд засаг цагаанаар даллаж суугаа юм болов уу. Хулгарууд гараад удалгүй буцаад ороод ирдэгийн учир энд цохиж яваа юм болов уу. Наашаа гарахаасаа өмнө яагаад ингэж нарийн бодоогүй юм бол. Гэхдээ надад эндээсээ буцах бодол байна уу. Үгүй бололтой. Би эндээсээ буцаж чадахгүй нь ээ” гэх мэтчилэнгийн элдвийн бодол Сугарын тархинд ороолдон явна.
Харганатын хөндийг уруудсан нарийн шар дагсан сул шороо салхины аясаар хуйрагнаж, наашлах тусам эрчийг авсаар Сугарын хажуугаар өнгөрөхдөө намар цагт баймгүй бяцхан шороон хуй болон түүний малгай, хормойг хөөргөөд өнгөрөхөд өөрийн эрхгүй өрөөсөн гараараа
бүрх малгайгаа тогтоон дарж өнгөрөөв. Гэрээс гарахдаа нилээн эрчтэйхэн гарсан тэрээр одоо бүр аян замын холд морь нь улдсан мэт гэлдрэн явна. “Эхлээд Данигай гуайнхаар ордог ч байж уу” гэж эргэлзсэнээ
- Аа аягүй бол Хандаа, Ногоонтой уулзахыг хориглоод байж мэднэ гэж өөрийнхөө бодолд хариулан хэлээд “Эхлээд энэ нөхөрт улаан нүүрээ үзүүлчихээд дараа нь Хандаатай учир зүйгээ олход шулуун биз” гэж санаа сэтгэл хоёрдуулсан асуудлаасаа нэгийг нь мухарлаж явдлаа жаахан нэмлээ.
Намар цагт мал таргалж, ялаа шумуул ихсэх тул айлууд сэрүүнийг бодож энгэр, дэнж бараадан буйр сэлгэж намаржина. Сугар ганц сондгой гэрлүү дөхсөөр. Хойд энгэрт гэрээс нилээд зайдуу хоёр гуравтай л болов уу гэмээр хүүхэд дагуулсан, хөх дээлтэй бүсгүй аргал түүж явах нь эгээ л дэгдээхэйгээ дагуулсан хөх тогоруу идэш хоол эргүүлэн тонголзон байх мэт.
Уяан дээр хоёр морь уяатай толгой хаялан, сүүлээ хаа нэг шарван зогсоно. Нэг нь нилээн хөл хөнгөн адуу болов уу гэмээр. Нөгөө нь цүдийсэн гэдэстэй хээр моринд дөрөө богинотой, жижигхэн эмээл тохоотой байх нь хонины хүүхдийн унаа бололтой. Сугарыг уяа руу дөхтөл гэрийн баруунтайх морь тэргэн доороос том хар нохой босож ирлээ.
- Нохой хорио гэх дуунаар тав зургаа орчим насны хүү чавхдан ирээд нохойгоо дийлж ядан хүзүүвчнээс нь зуурна.
- Дарьзавынх мөн үү? миний дүү
Үргэлжлэл бий . . .
Бүрэн эхээрээ...
Хувь заяаны хэлхээ - 7
- За хүү минь хувцасаа хөнгөлж тухал. Манай өвгөн чиний тухай захиа занаандаа бичдэг л юм гэж аяга цай дөхүүлэнгээ түрүүнийхээ ярьсаныг давтана. Сугар цай амсчихаад гарч мориноосоо ачаагаа буулгаж тэдэнд өгөх ёстой юмыг өгөхөд
- Пэй! юун их юм бэ хүү минь
- Би бишээ Шийрэв ах л өгүүлсэн юм.
- Ишш! зайлуул өөрийгөө яая гэж байж бас энэ их юм хаанаасаа олдог байнаа гэхдээ нулимсаа шударч байгаа харагдав
- Энэ хойд энгэрт Шийрэв ахын явуулсан хэдэн тооны адуу бий. Тэрийг нэг малтай айл бараадуулвал . . .
- Юун адуу вээ? Бас янз янзын юм биш биз?
- Үгүй үгүй. Шийрэв ахын юм. Та санаа зоволтгүй ирэх жил Шийрэв ахыг иртэл адгуулж байвал болох нь тэр гэхэд
- Манай нэг дүүгийнх энүүхэн урд руу бий л дээ. Тийш нь дөхүүлвэл гэснээ бас итгээгүй шинжтэй
- Үгүй ээ үнэн биз хүүхээ гэж лавшруулахад
- Та битгий санаа зовоо. Айлтгүй.
- Үнэн бол ч яамай. Энэ хэдэн хүүхдээ яая гэж байж бас нэг юманд ороолдох вий гэж айх л юм байна шүү
- Аргагүй ээ аргагүй. Таны зөв. Харин тэр айл чинь хэр зайтай юм бол?
- Нэг их хол биш л дээ
- Тэгвэл би дөхүүлчихье
- Юүхэв юүхэв. Энэ хүүхдүүд яваг. Чи амрахаа л бод гэхийг бодоход бас ч гэж өвгөнийхөө явуулсан юманд урамшиж байгаа бололтой.
Сугар тэднийд амарч өнжөөд маргаашнаас нь Цэрэнгийн хориглосоор байтал гарч хашааных нь онгорхой цоорхойг бөглөж, амбаар савыг нь тэгшилж, хашаан доторх зэрлэгийг нь хадаж цэмбийтэл цэвэрлэж эхлэв. Одоо хаанаас нь ч харсан цэмцийгээд хүний гар хүрсэн янзтай өнгө орж байлаа. Энэ болгонд хүүхдүүд энд тэнд нь гарч юм дөхүүлж өгөх гэж хоорондоо уралдаж хэрэндээ туслана. Том охин Оюунбилэг нь гарч орж цай унд дөхүүлж өгнө. Түүнээс доошлоод хамгийн бага найм орчим настай. Эдгээр хүүхдүүд ааваасаа хол байгаад удсандаа тэрүү эрэгтэй хүний мөрөөс болж байсан бололтой. Одоо л хорь гарч яваа болов уу гэмээр дунд зэргийн нуруутай шингэн шар царайтай энэ бүсгүй эхэндээ Сугараас нэг л бэргээд байснаа түүний өв тэгш бие хаа, хүнгэнэсэн дуу хоолой, ажил хийж байгаа эв дүй зэрэг нь нэг л нүдэнд дулаахан. Хааяа “ийм сайхан хүн яагаад тийшээ орчихдог байнаа” гэж бодно. Хаанаас нь ч яаж ч харсан өөрийн нутгийн хэдэн шалчгар юмнуудаас тэс өмнөө уул хангай шиг цаанаа нэг өмөг түшигтэй харагдана. Орой орныхоо урдуур ор засаж өгөхдөө “шөнө элдэв янзын ааш гаргах болов уу” гэж бодсон тэгсэнгүй. Харин өөрөө сэрчихээд түүний нэгэн хэмээр жигдхэн амьсгалах амьсгааг чагнан, ярагдсан хучлаганаас цухуйх өргөн хүрэн цээжийг тооноор тусах сарны гэрэлд харан хэвтэхэд ямар нэгэн юм голоос нь чангаах шиг болох нь сонин.
Өдий насны бүсгүй хүн элдэв хүнтэй учраагүй гэвэл худлаа. Гэхдээ Сугар шиг ийм эрийг урд нь тэр харж байсангүй. Сумын клубын эрхлэгч, ерөнхий ня-бо гээд авгай хүүхэдтэй мөртлөө урдуур хойгуур гүйгээд улцагнаж шарвагнаад байдаг шиг зан түүнд алга. Харин ч бүр халил хадан дээр гараад зогсчихсон тэх аятай цаанаасаа нэг ихэмсэг байх нь Оюунбилэгт улам бүр таалагдана. Зөвхөн эр эмийн үүднээс ч биш. Түүний биеэ авч явж байгаа байдал, олон таван үггүй зан, ээжийнх нь олон үгэн дундаас голыг нь олж харилцан ярилцах гээд юу эс байхав дээ. Хэдийгээр “тэндээс гарч ирсэн шүү” гэх хар бодол дагалдавч бүсгүйн цээжинд юу ч юм үндэслэн соёолох гэж хальсаа түрэн гарч ирж байгаа үр мэт зүйл бий болж байлаа.
Харин Сугарын хувьд тэгсэн эсэхийг бүү мэд. Ямартай ч гэсэн эцэг шигээ санагдах Шийрэв ахынхаа гэр орон хашаа саравчийг өөд нь татчихъя. Би ямар хүн хард хөөгдөж туугдаж яваа биш. Унаа мал амрах хооронд энэ ядарсан авгайд туслахад буруу юу байхав. Тэрээр хааяа нэг харц тулгарах Оюунбилэг бүсгүйг сайхан л хүүхэн юм гэж харахаас өөрийг бодсонгүй. Шийрэв ахын ярьсан нь салаа гэзэгтэй годов шодовхийсэн миний шар охин гэж хааяа том охиноо нүдэндээ харж өхөөрддөгийг санана. Гэвч тэр үеийн охин насаа аль хэдийн гээжээ л гэж бодно. Түүнээс гадна амьдралдаа ганцхан шөнө эмэгтэй хүнтэй ойртож үзсэн тэрээр сүүлийн зургаан жил эм хүнтэй хавьтах нь бүү хэл ойрхон үг ч солиогүй гэхэд бараг болно. Энэ хүүхнийг ингэчих юмсан тэгчих юмсан гэсэн санаа оноо түүнд алга. Харин Оюунбилэгийг харах тусам Хандаагийн тухай бодох нь хачин. Унтаж зүүрмэглэсэн хүн сэрсэн мэт Хандаагийн тухай бодол цээжинд ойр ойрхон сэргэнэ. Инээхдээ Хандаагаас аядуухан юм, нүд нь Хандаагаас арай жижиг юмуу даа, гэзэг нь Хандаагийнхаас шаргал юм гэхчилэн бодогдоно. Гэсэн хэдий ч юм хийж байхад туслаад, хамжилцаад байгаа хүнтэй дуугарахгүй байна гэж юу байхав.
- Аавыгаа их санаж байна уу?
- Эхэндээ зөндөө л санадаг байлаа. Шөнө орондоо уйлаад л, харин сүүлрүүгээ арай гайгүй дээ. Ээжид л их хэцүү байх шиг байдаг юм.
- Аргагүй л дээ. Чи одоо юу хийдэг юм бэ?
- Би сумын холбоонд ажилладаг.
- Аан тийм гэсэн л дээ гэх нь яриа нэг л эвэлж өгөхгүй л байгаа бололтой
- Чи ч нутгаадаа их яарч байна уу?
- Өө тэгэлгүй яахав. Хурдхан очиж ээжийнхээ голыг дэвтээхсэн гэж
- Тэгээд цаашдаа яахав?
- Одоогоор бодсон юм ч алга. Ямартай ч гэсэн очиж байтал болох байгаа
- Танай нутаг ч манайхыг бодвол уул устай сайхан л нутаг байхдаа?
- Тийм нь ч тийм шүү. Харин танай нутагт мод их бага юмаа даа
- Харин тиймээ хэдэн нүцгэн толгодоос өөр юмгүй газар гэж Оюунбилэг дурамжхан хэлэхэд Сугар сандрангуй
- Гэхдээ л нутаг нутаг өөрийн гэсэн онцлог сайхантай л байгаа л даа. Манай Харганатын хөндий хичнээн уудам, Харганын гол гэхэд хариугүй нарийхан хэрнээ хичнээн тунгалаг гээч. Тэнд хаанаас ч юм ирээд ургачихсан өнчин хайлаас байдаг юм гэж нутгаа зүрхэндээ санан, санаа бодол нь өөрөөс нь аль хэдийн салаад Харганатынхаа хөндийд оччихсон мэт Сугарын хараа нь алслан бодолд автан ярихад
- Яасан өрөвдмөөр юм бэ? Ганцаарханаа юу?
- Гэхдээ тэр мод ганцаарддагүй юм өө. Хэн нэг нь түүнд хань болж л байгаа гээд санаа алдан юмаа хийж эхлэхэд
- Харин манай энд бол юун амьд мод битгий хэл уяаны шон ч ховор шүү дээ. Ганц мод ургачихвал хүн малгүй цочоод сүйд болох байлгүй гээд инээлдэв.
Ийнхүү ярилцсан шиг урдах ажлаа хийж явахад нэгэн бодлын хөгжилтэй. Залуу улс хөгжил хөөрт дургүй байна гэж юу байхав дээ. Харин хааяа нэг Оюунбилэгтэй санаандгүй харц тулгарах агаад түүний өөрийн мэдэлгүй шунан дурлах мэт харцтай тулгарахдаа “эмэгтэй хүн бас ингэж хардагаа” гэж гайхна. Ингээд хэд хоносны эцэст Шийрэвийн хашаа ч эмх цэгцтэй гэж жигтэйхэн сайхан болов. Шийрэвийн эзгүйд ханхайгаад байсан гэр хэд хоног дүүрэн байж, хүүхэд багачуул ч чамгүй дасав бололтой. Сугар тэр өдөр
- Цэрэн эгчээ би маргаашнаас хөдөлдөг юм билүү дээ. Хэд хоног гэртээ байгаа юм шиг сайхан ч амарлаа. Очих газар хол, газар дөхөж л байсан нь надад хэрэг болох болов уу
- Өө явах болчихсон уу? Хүү минь. Тэгвэл эгч нь нэг хоолны юм бодно байгаа
- Өө тэгж сүйд болоод юу хийх вээ Цэрэн эгчээ
- Юу гэж байгаа юм энэ чинь. Муу өвгөнтэй минь тэр газар хэдэн жил хань бараа болж явсаныг нь бодсон ч гэсэн ганц төлөг гаргалгүй яахав. Ёстой харин чиг тэрийгээ нэг эгч нь мэддэг байхаа гээд нэг хүүхдээ хамар хашааны айлруу гүйлгэж урд авгынх руугаа яваад нэг төлөг дүүрээд ир гээд гаргав. Төд удалгүй хажуу айлын мотоцикльтой залуу нэг төлөг авчраад дорно янзаллаа.
Хонины чанасан гэдэс гаргаж уур нь намдаагүй шахам байхад Цэрэн эгч авдраа ухаж ганц шил хатуу юм гаргав. Хүн болсоор ингэж хүндлүүлж дайлуулж үзээгүй Сугар жаахан санаа зовосхийн сууна. Цэрэн
- Хүү минь зүгээр суугаад яана. Наад хоолноосоо ид. Халуун шөл ооч. За энийг бол буянаараа л бол. Эндээ ууна уу аваад явна уу өөрөө мэд. Ер нь бол цаашдаа та нар залуу улс энэнээс л хол яваарай. Гэр сахисан над шиг авгай үүнээс илүүгээр юугаараа дайлахав. Өвгөн маань л чиний талаар сайн амтай байдаг болохоор эгч нь хэрэндээ л хөл алдаж байгаа царай нь энэ гээд нэг сармай алчуураар хөлсөө арчих зуураа нөгөө олон үгээ урсгаж өгөв.
Сугарын маргааш явах сургаар Оюунбилэг ч тэр хүүхдүүд ч тэр дуу муутайхан болчихов. Бас ч үгүй хэд хоногт дассан бололтой.
Тэр орой Цэрэн эгчийн өгсөн архийг задалж, шинэ гэдэс идэж хүн болгон дор дороо баясаад авав. Цэрэн авгай ч гэсэн хоёр хундага татчихсандаа ч тэр үү, шинэ шөлөнд ч тэр үү хөлс нь бурзайгаад нэг л хөөртэй
- Муу өвгөн маань гараад ирвэл энэ хэдэн хүүхдийн маань бэтгэрээ гарах байгаадаа гэх авч бас ч гэж насны танагтайд хань ижилдээ уусан нялхарч, хайрлан энхрийлэхийг бодолгүй яахав дээ. Хонины гэдэс, ганц нэг хундага, хагсаж хүлээсэн сэтгэлийнхээ үгэнд Цэрэн эгч ч тэр ер нь хэн хүнгүй нойронд нам цохиулцгаалаа . .
Ид нойрон дунд Оюунбилэгийн булбарай туяхан биен дээгүүр илбийн юм шиг халуунхан гар хэнэггүйхэн тэнүүчилж, хаа хамаагүй хүн хүрээд байдаггүй хачин эмзэг газраар нь өөрийн юм шиг илбэх нь нэн таатай. Тэгтэл юу юугүй амьсгаа дээрдэж халуун гал нүүрэнд нь төөнөх шиг болоход цочин сэрчихлээ. Салж ядсан нойрноосоо сая нэг юм сэргэвэл нэг гар нь цээжин дээр нь нөгөө гар нь хаа ч юм явна. Сая зүүдэлсэн зүүдээ бодож тооноор тусах сарны туяанаас ичихдээ хөнжлийнхөө сэжүүрээр нүүрээ хагас далдалж харанхуй гэр доторхыг чагнан хэсэг хэвтэв. Ээж нь зүүн орон дээр ёстой л нам цохиулсан мэт хурхирна. Орны урдуур хартал Сугар хоёр гараа алдлан унтана. Жигдхэн амьсгаа нь чихэн дээр юм шиг сонсогдоно. Түүний амьсгааг сонсож, эр хүний үнэрийг үнэртэх тусам хамаг бие нь загзагнан хаа нэгтэй чийгтэх шиг. Тэгтэл “Сугар маргааш гэхэд явчихна шүү дээ” гэсэн бодол харвалаа. Би эм хүн гээд хэвтээд байвал өөрийн хүссэн хамгийн сайхан болгоноос тойроод гарчих бишүү. Авгай хүүхэдтэй мөртлөө амин хувиа хичээсэн арчаагүй юмнуудын хүслийг хангачихаад бас араас нь дуугай байх үүрэгтэй үлддэг хүүхнүүд бид ер нь яачихсан заяанд төрсөн гэхээрээ ийм байх ёстой юм бол. Бид өөрсдөө яагаад юунд ч тэмүүлэн нэг хором ч болов өөртөө жаргал авчирч болохгүй гэж . . .
Сугарын бие ирвэгнэн хаа нэгтэйгээс юм чангаагаад ч байх шиг, нойрон дунд хэрнээ нэн таатай. Хүзүү хоолойгоор нь зөөлөн уруул гүйх агшинд сэрлээ. Тэгтэл хүрэн шаргал үсээ задгай тавьсан Оюунбилэг түүний хүзүү хоолой, суга цээж хаа тааралдсан газраа үнсэнэ. Яг ийм үед эр хүн гэдэг байгаллаг чанартаа дэндүү ойрхон. Зөөлөн булбарай бие, халуухан уруул, цээжинд нь мэдрэгдэх хоёр хөх, урсгал задгай үс, сарны гэрэл, нялхамсаг зөөлөн үнэр энэ бүгдэд ид хорин хэдтэй залуу хэрхэн тэсэх билээ. Түүнийг том цээжиндээ шахан татаж, сүүлийн зургаан жил хийгээгүй байгалиас заяасан хамгийн тансаг бүхнээ тас зуурсаар дуусгав.
Үүр хаяарч сар шингэхийн алдад Оюунбилэг Сугарт хорогдон байж орондоо орлоо. Тэрээр дээш харан хачин жаргалтай харцаар унь ширтэн хэвтэнэ. Яагаад ч юм түүн дээр Сугар одоогоороо байгаа юм шиг. Хоёр хөхийг нь шахан нийлүүлж, хамаг биеийг ханхар цээжиндээ тэвэрсэн тэр чигтээ байгаа юм шиг санагдана.
Тэр үүнийг л хүссэн. Үүнийг хүсэхдээ тэр өдий насны хүүхэнд байхааргүй зориг гаргаж тэгсэндээ ч тэр биеийн жаргалыг олж авсан. Харин тэр ганцхан юм мэдэхгүй байгаа. Амьдрал гэдэг их холыг аянд алд биеийг нь ахиж ингэж жаргаах эр олдох эсэхийг тэр мэдэхгүй.
Сугарын хувьд юу болоод өнгөрвөө гэдэг л болов. Өдий хугацаанд хүнтэй ойртоогүй түүнд хамаг биеийг нь зад татчих шиг сайхан байлгүй яахав. Гэхдээ тэртээ зургаан жилийн өмнө бүх л биеэрээ халуун бүлээн нойтонд орчих шиг санагдсан тэр мэдрэмж мэдрэгдсэнгүй ээ.
Сугар өглөө нь морьдоо барьж явахад бэлтгээд гэрт ороход. Цэрэн эгч
- За хүү минь болгоомжтой яваарай. Хол замын хүнд архи дарс муухан шүү гэж урсгах зуур Сугар жаазанд байгаа Шийрэв ахынхаа зургийг ч харж чадахгүй сууна. Яагаад ч юм түүнд нэг гэм хийчихсэн юм шг санагдана.
Оюунбилэг хашааны гадна гарч Сугарыг мордуулахдаа
- Сугараа сайн яваарай. Хэрвээ чи эргээд ирвэл би чамайг хүлээгээд л сууж байх байх шүү гээд нэг их гунигтай харцаар үдэв. Араас нь Цэрэн авгай сүү өргөж байгаа харагдана. Сугар
- Сайн сууж байгаарай гэснээс өөр үг хэлж чадсангүй. Тэр хэлж чадахаар ч үгүй байлаа. Ямартай ч гэсэн энэ сумаас хурдхан гармаар санагдана. Яагаад ч юм Шийрэв ахынхаа сэтгэлд юм хийчихсэн юм шиг санагдаад өөрийгөө зүхсээр байв . . .
Тэднийхээс гараад гурав дахь хоног дээрээ нутгийн зах руу орж ирлээ. Явдлын уртад өөрийгөө зүхэх нь овоо шингэрч төрсөн нутгийн бараа хараад сэтгэл хөнгөмсөж цаанаа нэг сайхан таатай. Хул морьныхоо хатираан дунд
. . . Хулсан ташуур нь аа байгаасай
Хуруундаа өлгөөд явах юмсан . . . гэж сүүлийн хэдэн жил амандаа аялан явлаа.
Айдаа төрсөн нутгийн бараа гэдэг юутай сайхан. Хаа холоос зориод ирэх хүүгээ тэврээд авчих шиг. Эцэггүй хүнд төрсөн нутаг нь эцэг нь болно гэдэг энэ бололтой. Хаа сайгүй таргандаа ханасан мал хайш яайш хэвсэн шиг хэвтэх нь хэвтэж, зарим нэг нь залхуутайяа алхлана. Нүүдлийн шувууд зэрэглээн дунд гуниг үелзүүлэн дохилзон явна. Нутгийн зон хүүгээ хэрхэн угтах бол.
Нутгийн хамгийн захын айлаар буух хүсэл эрхгүй төрнө. Тэгтэл хөх хөх хадтай хөндлөн нуруунаас нааш салбарлан гарсан мухар хамрын наад энгэрт ганц цагаан гэр гялтайн харагдана. Тийшээ хул мориныхоо жолоог заллаа. Гэрийн байдлыг харахад гадуур цагаан бүрээс нь ганц жилээс илүү бариагүй янзтайг бодоход шинэ гэртэй залуувтар айл болов уу гэж бодон уяан дээр буух зуур бодсон нь зөрсөнгүй. Нэг халтар нохой гэрийн хаяанаас босож ирэхэд
- Нохой хорио гэж хүнгэнүүлэв. Төдөлгүй нэгэн бүсгүй гарч ирсэн нь андуу таниагүй бол Хандаагийн аль багын найз Чимгээ мөн ч юм шиг харагдана. Сугар гэр өөд дөхөнгөө
- За сайхан намаржиж байна уу? гэтэл бүсгүй
- Сайхаан та сайн явна уу? гэснээ бодвол танив бололтой гацаж орхив.
Тэрээр гэрт ортол баруун орны урд чөдөр зангидаж суусан цоохор Дорж түүнийг нилээн сайн харж байснаа
- Үгүй энэ чинь Сугар уу даа? гэхэд
- За тийм ээ би Сугар байнаа. Тарган сайхан намаржиж байна уу?
- Сайхаан сайхан за дээшээ гэсээр Дорж босож хормойгоо гөвөөд баганы нөгөө талаар мөн дээшлэв
- За нутгийн бараа хараад эхний айлаар буугаадахсан чинь танайх таардаг юм байна гэснээ гэр доторхыг тойруулан харна. Эрээн модтой энэ гэр яах аргагүй шинэ гэр. Чимгээгийн л ур юм болов уу ор дэрний уутнаас авхуулаад бүгдийг эрээлж, хатгамал хатгажээ. Харин хүүхдийн эд юм харагдахгүйг бодоход хүүхэд хараахан гараагүй бололтой.
- Сайхан айл болжээ танайх гэхэд Дорж
- Бид ноднин л нэг гэрт орсон ухаантай. Сугар жаазанд байгаа зургийг харж
- Өө чи чинь цэрэгт яваад ирээ юү?
- Армид явсаан явсан. Ноднин хавар халагдаж ирээд тэгээд л . . .Тэр хооронд Чимгээ хар цагаан дуугарч чадсангүй тогоо шанагаа точигнуулна. Угаасаа ч бие биенээ муухан мэдэх, олон жил уулзаагүй, дээр нь тэр газраас гэнэтхэн ороод ирсэн болохоор хэн хэн нь тулгамдаад байгаа бололтой. Сугар дотроо “эд нар ч намайг муу газраас гарч ирж байгаа болохоор нэг хэсэгтээ л ингэх байхдаа” гэж бодно. Харин уг чанартаа бол Чимгээгийн биеэ барьж гэмшсэн мэт царайлах нь өөр шалтгаан байлаа. Сугар
- Өө Чимгээ минь хоол унд гээд яахнав. Би гэдэг хүн гэрийн бараа хараагүй хэдэн жил болчихлоо. Гэрээдээ л яарч явна. Манай муу ээжийнх хаагуур зусаа бол гэх нь ер нь хүн үеийн найзууд дундаа хэл ярианаас авхуулаад жаахан баавартай харьцах нь иймэрхүү газраас гарсан хүний зан юмсан уу. Эр бие жагсаж хүдэр чийрэг болсон хийгээд дуу хоолой нь цаанаа л нэг сүрдмээр
- Нургай эгч Харганатийн хөндийн адаг руу ганц гэрээрээ л байгаа болов уу гэхэд “Өө ээж ганц гэрээр байгаа юм байна. Хүү нь ийм юманд орооцолдчихоор аргагүй юм байхаа даа” гэж бодоод нэг их юм хэлсэнгүй. Тэгжээ ярьж суутал хоол ч гарлаа. Цоохор Дорж жаазны араар гараа явуулж ганц шил хатуу юм гаргаж ирсэнээ
- Нутгийн найз хол газраас ирж байхад яаж гөлийгөөд суухав дээ гээд сөгнөлөө.
За тэгээд эднийх энд, тэднийх тэнд гэхчилэн сум орон нутгийнхаа талаар баахан ярилцах зуураа Хандаагаа асуух хүсэл гозолзоод байсан ч өөрийгөө барьж асуусангүй Сугар
- Ногоон Дарьзавынх хаахнуур нутаглаж байгаа бол? гэтэл түрүүнээс хойш гилбэлзэн суусан Чимгээ зуухныхаа амруу орчих шахан түчигнүүлж гарав. Цоохор Дорж хоолойгоо нэг зассанаа
- Голын эхээд, Харганатын бүр эх дээр гэхэд Сугар
- Өө тийм үү за за гэчихээд “эд нар яагаад л сандчаад байгаа юм болдоо. Намайг тэднийд очоод л хүн алаад хүрээ талаад хаях нь гэж бодоо юм болов уу” гэж санаад Дурдан Данигай гуайнхыг асуух гэснээ “за за учир нь олдоно биз” гэж санаад асуугаагүй нь цаагуураа жаахан ичмэглэсэн байх талтай. Нэгэнт нутгийн захад ороод ирсэн тул нэг их яарсангүй жаал сууж байгаад хөдөллөө. Гэхдээ түрүүнээс хойш гэм хийчихсэн юм шиг Чимгээгийн гилбэлзэхийг гайхсаар байлаа.
Бүрэн эхээрээ...
Хувь заяаны хэлхээ - 6
Цэнджав авгай руугаа дохиж цаагуур чинь ганц юм бий юү? гэхэд Авгай нь суудал дээрээ эргэж, эрэгнэгний доороос хугас шил хатуу юм гаргав. Түүнийг Цэнджав хоёр аяганд хувааж хийгээд - Замын улс газар хорох нь дээр нэг татчих гэхэд
- За даа хөгшин чинь ердөө энэ хар уснаас болж л энэ газар олон жил үйлээ үзэж явна гээд ядам хуруугаараа нанчид өргөж, духандаа хүргээд буцааж тавьлаа.
Тэд энэ тэрхэнийг ярьж жаал сууж байгаад
- За хөдөлцгөөх үү дээ гээд гарлаа
Цэнджав кабиндаа орж улаан тамхи бүдүүхэн шиг ороож асаагаад хөдлөнгөө
- Энүүхэндээ гэхэд Шийрэвээ би нэг хэдэн адуутай болох санаатай. Надад ч уг нь хэд гурван юм бий л дээ. Гэхдээ өнгө төрхийг нь сайжруулъя уу гэж санаад байгаа. Ирэн очин байдаг болохоор тууварчидтай тэр болгон уулзаад байж чадахгүй юм. Чи ганц нэг аятайхан юм харвал эзэнд нь хэлээд намайг иртэл торгоож байх арга юу байна гэхэд
- Тэр бололгүй дээ. Надаас өрсөөд л амьтан хүн наймаа хийчихдэггүй юм бол гэхэд
- За тэгвэл ч болоод явчихлаа гээд тэрээр хэдэн сайхан адуу авчихсан хүн шиг л хүнгэнэтэл дуу аялан, хаазаа гишгэлээ. Хоёрын хоёр жолоочид энэ хэрийн газар юу байхав дээ.
Түүнээс хойш Шийрэв Сугар хоёр битүүхэн сайхан адуу харж, эзэдтэй нь ганц нэг юмны наад цаадахыг ярьж явах боллоо. Үнэндээ тоо толгой нь л бүрэн бол мал маханд тушаадаг шиг жигнээд байх биш ганц нэг адуу сольж холих нь тууварчдад бол нэг их дараа болдоггүй л дээ. Хашаанд хэдэн тооны адуу орох ёстой вэ тэр тоогоор орох нь л чухал. Тэгээд л ангилагдаад гардаг болохоор сайхан адууг орных нь хэр тааруу юмаар солих гэж амьтан түүгээр эргэлдэнэ. Нөгөөтэйгүүр нутгийн сайхан адууг орос руу хоол болгоод гаргахад хэн тийм дуртай байх билээ. Тийм учраас ийм улсыг нэг их гоочлоод байхгүй. Бас ч үгүй тууварчдад ганц нэг юм илүүчилдэг байсан байж таараа. Шийрэв Сугар хоёр ч бас зүгээр байсангүй Цэнджавт юм олохын хажуугаар өөрсөддөө ганц нэг юм олох санаа төрнө. Түүнийгээ Цэнджавт хэлж хэд гурван төгрөг зээлж наймаа холио хийнэ. Хэрвээ юм олж чадвал Цэнджавын адуунд тавих жишээтэй. Гэхдээ тэр хоёрынх нэг их базаалтай биш.
Хааяа Сугарт ийм олон адууг хойш нь гаргаж байгаад харамсаж ёстой л нөгөө сайн эрс шиг эдгээр сайхан адууг хуйгаар нь хөөж нутгийн улсад тараамаар санагдана.
Ийнхүү Сугар Шийрэв нар сүүлийн гурван жил өвөл хавартаа тус аж ахуйн болон өөрийн хорих ангийн малыг маллаж, зун намрын цагт Цантын баазад ажилласаар ямартай ч гэсэн Шийрэв санасандаа хүрлээ. Тэр хооронд Шийрэв Сугар хоёр хэдэн сайхан морьдтой болох гэсэн боловч бас л шальсангүй ээ.
Сугарыг мал дээрээс бууж магадлангаар орох болоход Шийрэв
- За дүү минь одоо энэ хэдэн хоногт л хэн яаж ч байсан тэсдэг юм шүү. Элдэв янзын юмтай орооцолдвол чи энэ хар ангалаас дахиж гарах тухай бодоход хэцүү л болох байх. Юманд цаг хугацаа, хэмжээ хязгаар гэж байдаг. Чиний хувьд бол болсон гэхэд
- Одоо би иймээ тиймээ юманд халтирахгүй ээ. Би ч нэг үеэ бодвол таны хүчинд юм юм ойлгохтойгоо боллоо. Нас ч хорин дөрөв тав хүрчихлээ. Би хэрвээ тантай таараагүй бол ер нь яах байсан бол гэж хааяа боддог юм. Ах минь энэ бүх хугацаанд миний төлөө явсаныг чинь дүү нь мартахгүй ээ гээд хүнгэнэсэн хоолой нь бага зэрэг ээдрээтэж тасалдсанаа шүлсээ залгих шиг болоод гайгүй болчихов. Өдий насны тэгээд Сугар шиг амьтан уйлна гэж юу байхав. Гэхдээ сэтгэл юм болохоор шингэрэх үе гарна. Энд ирсэнээсээ хойш өөрт нь эцэг мэт хандах Шийрэв ахынхаа ачийг яана даа гэсэн битүү бодол түүнд үлдлээ.
Хүн байтугай амьтан хүртэл ижилсдэг энэ хорвоод гаравч оровч цугтаа байсан Шийрэв Сугар хоёр дэндүү дассан байлаа. Шийрэвт одоо жил хүрэхтэй үгүйтэй хугацааны ял бий. Сугар Шийрэвт санаа зовох авч, гарах болсондоо сэтгэлд нь нэгэн зул дахин сэрэх мэт бадамлана. Тэр хаашаа ч юм хар хурдаараа гүймээр, хоолойныхоо хэрээр хашгирмаар, эргэн тойрныхоо улсыг бүгдийг нь нэг сайхан халуу дүүгтэл тэвэрмээр, бүр хээр очоод хэвтмээр ч юм шиг, бүтэн гурав хоног унтмаар ч юм шиг санагдана. Тэгэхийн хэрээр ээжийгээ, нутгаа, одоо бараг мартах нь уу даа гэмээр болсон Хандаадаа хүртэл хашгачин гүйж хүрмээр бодогдож байлаа.
Шийрэвийн хувьд өөрөөсөө өмнө Сугарыг гарах болсонд цаанаа нэг л сайхан. Яагаад ч юм түүнд олон жилийн өмнө хийсэн нүглээ наминчилан цайруулчихсан юм шиг болж сэтгэл нь нэг л хөнгөрч дотор нь онгойно. Одоо надад нэг жил гэж бодохоор юухан байхав. Гэхдээ хашир байхгүй бол болохгүй шүү гэсэн бодол тархинаас үл гарна.
Ийнхүү Сугар магадлангаар орохоор анги руу яваад нилээд хэд хонолоо. Одоо Шийрэвт их ойр хүн нь Цэнджав жолооч л үлдсэн. Түүнийг ирэхгүй хэд хоновол хараад байх янзтай. “Өнөөдөр л ирэх ёстой доо” хэмээн бодож хаяагий нь шуусан хар гэрийнхээ сүүдэрт хэвтэж байтал баруун талын халцгар хөтөл даван яах аргагүй Цэнджавын ногоон тэрэг намрын халуунд нилээд цуцсан янзтай аахчин уухчин байна уу гэмээр гарч ирлээ. Машины дууг сонсож хэвтсэн Шийрэв
- Энэ муу ногоон тэрэгний мотор жил ирэх тусам л сулрах юм даа. Одоо ч хүч гэж бүр хариугүй болж гэж өөрийнхөө эзэмшлийн машиныг ярьж байгаа юм шиг амандаа үглэх нь Цэнджавт ч, түүний тэргэнд ч ихэд дассаны илрэл.
Машин гэрийн гадаа ирж нэг их дуу гарган тоормослоод, хэд сайн хаазлаад мотор унтарлаа. Бүхээгнээс Цэнджаваас гадна бүрх малгай толгой дээрээ хаясан, саарал даавуун дээлтэй, гялалзсан хромон гуталтай тэвхийсэн залуу инээсээр бууж ирсэн нь Сугар ажээ. Гэрийн хаяагаар харан хэвтэж байсан Шийрэв нүдэндээ ч итгэсэнгүй ухасхийн босож
- Үгүй ээ энэ чинь гэснээ “За ашгүй дээ” гэж бодлоо. Түүний хоолой дээр нь гэнэтхэн нэг юм горойж байснаа шингэрч хоёр нүдээр нь урсаад гарчихав уу гэлтэй халуу дүүгэн хацар дагав.
Цэргийн ногоон богц нэг гартаа барьсан Сугар аавдаа гүйж яваа хүүхэд шиг түргэн түргэн алхлан ирж Шийрэв ахыгаа ууцаар нь тэврээд өргөчихөв. Уг нь энэ хоёр салаад хэдхэн хонож байгаа. Гэхдээ энэ бол шал өөр уулзалт. Нэг нь гарсан, нөгөө нь гаргасан хоёр эргээд уулзана гэж бодоогүй байсан учир их хол, ихэд удаан уулзаагүй мэт сэтгэгдэл хоёуланд нь төрнө. Тэгсэнээ сая нэг хэн хэн нь амьсгаа авч
- За яасан дүү, болчихов уу?
- Болсоон ахаа. Би суллагдлаа гэснээ дахин тэвэрч
- Шийрэв ахаа баярлалаа танд гэснээ
- За орох уу гэхэд Шийрэв дуугарч ч чадсангүй. Бүгдээрээ умгар хар гэртээ орцгоож, ахлагч болон бусад нь саяын болсон явдалд бяцхан уярч Сугарыг хаа нэгтэйгээс ирсэн дарга мэт л дээшээ дээшээ болцгоож хоол унд мах шөл гэцгээв.
Сугар богцоо задалж бүгдэд нь талх саахар боов боорцог, ганц нэг оймс тамхи тариа өгөөд, Шийрэв ахдаа нэг түрийтэй гутал, цамц өмд ер нь нэг сайн хувцаслаад ганц шил архи задлав. Гэр дүүрэн эрчүүдэд тэр юү болохов. Шийрэв
- Өө надад яахнав дээ. Муу ээждээ жаал жуул юм авахгүй. Ээждээ л хурдан очиж элгий нь амраа гэхэд Сугар
- Одоо нэгэнт гарчихсан юм чинь юунд яархав. Энүүгээр жаахан эргэж унааны хэдэн морьтой болноо. Энэ газар газрын сайхан амьтад ингээд оросын хоол болно гэхээр харамсах юм. Ядаж ганц нэг нь ч гэсэн эндээ үлдэж ясаа тавиг дээ гэх нь юун нөгөө гарын дор юм шиг байсан жаахан хүүхэд, нэг их том залуу болсон шиг Шийрэвт санагдана. Түүнд яагаад ч юм өсгөж хүмүүжүүлсэн үр нь амьдралын замд хөл тавих гэж байгаа юм шиг сэтгэгдэл төрөх нь тэдний бие биедээ хэрхэн дассаных.
Тэр намар хэд хоног Сугар Цантын баазын хавиар өнжлөө. Чөлөөт хүн болсоор адуу малын наймааг тууварчид болон нутгийн улстай нүүр бардам ярилцана. Юуны урдаар нэг сайхан эмээл хазаар сайхан хул морь худалдаж авлаа. Одоо Сугарыг харсан хүмүүс ам ангайгаад татчихмаар, хүүхнүүд бол уяраад нураад уначихмаар сайхан залуу харагдана.Тэрээр элдэв янзын буруу юм хийлгүйгээр хүмүүсийн юмыг урд хойно нь оруулж наймаа хийсээр өөртөө хул морьноосоо гадна аятайхан явдалтай ижилхэн буурал зүсмийн хоёр морьтой болов. Шийрэв ч зүгээр байсангүй Цэнджавтай нийлж наана цаана болгосоор нилээд хэдэн тооны залуу голдуу юмтай болчихов. Тэгээд хэд хоногоос Сугар нутаг явах болж мэдээж морьдоо аваад явах тул замаараа Шийрэв ахынхаа хэдийг гэрээд нь дөхүүлж өгөх, Цэнджав замд элдэв шалгалт таарах вий гэж өөрт нь болон адуунд нь зам явах бичиг хөөцөлдөн олж өглөө. Маргааш өглөө нь Сугар явахаар болж хамаг юмаа зэхлээ. Тэгээд Сугар
- Шийрэв ахаа сартай саруулхан байна. Хоёул өнөө шөнө гадаа хэвтэх үү?
- Тэгье л дээ. Эр хүний жаргал эзгүй хээр гэдэг байхаа гээд инээсээр гарлаа. Сар цавцайж, одод түгсэн салхи ч үгүй сайхан шөнө. Урд ар, хойд энгэр тэр чигээрээ л адуу байгаа бололтой унгалдах нь унгалдаж, зарим нэг нь хамраа дуугаргаж анир үргээнэ. Хоёр эр морьдийн өвс шир шир хазлахыг сонсон хэвтэх зуураа яриагаа эхэлж чадахгүй нэг хэсэг чимээгүй хэвтлээ. Одоо бол харин аргагүйн эрхэнд жинхэнээсээ зам салах гэж буй эрчүүл байлаа. Шийрэв нэг их санаа алдаж
- За миний дүү одоо юу алзахав. Ах нь ч гэсэн нэг их юу ярихав. Ирэх жил гэхэд ах нь гэртээ сууж байна. Миний тэрэг барих ч одоо лөөлөө болоо биз. Нутагтаа харьж авгай хүүхдээ авч мал дагасан нь өлзий болох байх. Миний дүү одоо элдэв юманд орооцолдож ахиж битгий алдаж эндээрэй. Олон дотор үг, үйлдэл хоёроо цэгнэж, өөрийгөө чагнаж яваарай. Замаараа ахынхаа энэ хэдийг манайд дөхүүлээд ганц нэг хонож биеийнхээ чилээг гаргаж, морь малаа амраачихаад цаашилна биз. Манай авгай гэж хормойтойгоо орооцолдсон шар авгай тогоо шанаганаасаа илүү гарахгүй суугаа байх. Миний хэдэн сөөвгөр шар хүүхдүүд одоо овоо болоо байлгүй дээ гэж Сугарт захиж байсан үг нь гэр орон үр хүүхдээ санасан эцгийн үг болон хувирч одов. Тэгтэл Сугар
- За тэгнээ ахаа. Одоо би дотроо бодолтой, дороо суурьтай явах болно. Та ч надад эцэг мэт байлаа. Энэ ачийг тань мартахгүй ээ. Харин танаас би нэг юм асуух гэсэн юм.
- Тэр чинь юу билээ?
- Би өөрийнхөөрөө бол тэр хүнтэй уулзаад улаан нүүрийг нь хийх газаргүй болгомоор л санагддаг. Гэхдээ таны санаа чухам ямар байдаг бол?
- Чи тэр Дарьзав гэдэг нөхрөө л яриад байна уу?
- Тийм
- За хө учирч бий дээ. Би чамайг ч ийм юм бодож яваа гэж мэдрээд л байсан юм. Хэрвээ би чиний оронд юм бол очиж уулзана. Энэ яахав хор байна, шар байна. Ийм газар хэдэн жил болсон эр хүний зан юм шүү дээ. Гэхдээ амьдрал гэдэг урт юманд учир их бий. Түүнийг занаж зүхэж, гар хүрч бүр болохгүй шүү. Харин зүсээ харуулахад ерөнхийдөө л болох болов уу. Айсан хүн ямар болдгийг чи мэдэх газар. Тэр хүн ямархуу бодолтой хүн билээ чи түүнээс давж л бодох хэрэгтэй.
- За за би таныг ингэж хэлэх ч болов уу гэж бодсымаа. Би өөрийгөө захирч явах болноо гэхэд
- Өө тийм бас нэг юм хэлэхэд чамайг байхгүйд нутаг орон, хүн зоны байдал өөрчлөгдсөн байж мэднэ. Амьдрал чинь бүр боломгүй бол ахыгаа бараадвал ах нь чамайг сайхан жолооч болгож өгч болох юм. Жолооч гэдэг ч бас эр хүний хийх хийморьтой ажил шүү
- Харин л дээ. За за эр хүний замын хүзүү урт гэдэгдээ ах минь бид цаашдаа зөндөө уулзах байлгүй дээ гэснээр тэдний яриа өндөрлөв. Шийрэв гэдэг энэ эрд яахын аргагүй амьдралын хар ухаан цогцолжээ.
Үүрийн таван жингээр арваад тооны адуу туусан залуу баруун зүг нар уруудан гарч өглөө. Хүн эрх чөлөөтэй болох, түүнийгээ мэдэрч явах ямар их жаргал, ямар их хувь тавилан бэ. Тэгээд болоогүй ухаан орсон цагаасаа эхлэн мэдэрсэн тэр л орчиндоо эрх чөлөөтэй болонгуутаа очино гэдэг юутай ч зүйрлэмгүй сайхан. Тэрээр нэг мориндоо багахан ачаа тэгнээд сул тавьж морьдтойгоо нийлүүлэн, нэг их урт биш ч гэсэн уурга сугавчлаад дөрөөн дээрээ босон салхи сөрөн адууны тоосонд давхиж явна гэдэг ёстой эр хүний жаргал гэдэг энэ. Сугар одоо яг л бүр багын мөрөөдөлдөө хүрч сайн эр болчихсон адуу хөөж яваа мэт сэтгэгдэл төрнө.
Эрх чөлөөтэй болж сэтгэлийн тав ховхорход сая л нэг бага залуу насны хайр дурлал Хандаагаа бодох эрхтэй болсон мэт санагдан санаанаас үл гарна. Тэрээр Хандаагаа ч, ээжийгээ ч, нутаг орноо ч ямар янзтай үлдсэн яг тэр хэвээр нь бодно.
Тууварчдын араас хөтөлгөө морьтой гарсан юугаа ч мэдэхгүй хүүхэд нас аль тэртээ он жилүүдийн цаана гэнэн цайлган тэр л янзаараа үлдэж дээ. Замаараа Шийрэв ахынхаараа дайрч хэдэн адуугий нь, явуулсан жаал зугаа юмтай нь өгчихөөр цаашаа ижил хоёр морио хөтлөөд нэг их ачаа гэхгүй дан морьтой юм шиг хурдхан давхиад очно. Дараа жил ер нь ямархуу байх бол. Хандаатайгаа морь ижилсүүлж унасан шиг явах болов уу, зодог шуудаг өмсчихсөн ташаа тулан ханхалзах эсвэл хэдэн сайхан морь уячихаад хусуур түрийлсэн шиг алхах ч юм билүү.
Ээж маань хэр өтлөө бол. Намайг очихоор уйлж унжаад сүйд болноо. Хандаа маань хаа байгаа бол. Намайг хайрласан хүлээсэн хэвээрээ болов уу гэхчилэн элдэв өнгийн бодол ээлжлэн эрээлжлэн орж ирнэ.
“Дарьзав. . .” гэж бодсоноо шүдээ зуух мэт болж шанааных нь судас нь гүрэлзэнэ. “Тэр нөхрийнх хаахнуур нутаглаа бол. Замд байдаг бол шудраад гарах юм шүү. Одоо царайг нь нэг харах юмсан. Тэр үед ч нэг том ах л санагддаг байж. Даана ч нусаа ч олигтой арчиж чадахааргүй хүүхэд байхад намайг арай л дэндүүлсэн дээ. Намайг зүгээр л буцаачихгүй тэгэн тэгэн хорлохын хэрэг юунд байсан юм бол. За яахав аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ гэдэг дээ. Чи бид хоёр нэг уулзах өдөр бий байгаа” гэсэн бараан зүсмийн бодлууд ч бас хөврөнө.
Сугар яван явсаар овгор гүвгэр хэдэн бор толгодын дундах авсаархан жижигхэн сумын төвд дөхөж ирээд тууж явсан хэдээ тэрүүхэнд орхичихоод ачаатай морио хөтлөн сумын төврүү орж ирлээ. Энэ суманд Шийрэв ах нь шуудангийн жолооч байсан гэдэг. Сумын төв эль хульхан. Шийрэв ахын хэлснэр бол сумын захиргааны арын арын гудамжны захын цэнхэр хаалгатай хашаа гэсэн. Орой дээрээ шинэдээ улаан байгаад наранд гандаад, үзүүр нь сэмэрсэн ягаавтар болсон туг тамирдаж ядарсан мэт хааяа нэг салхинд дэрвэх дан цагаан шавар байшин байх. “Энэ л захиргаа нь бололтой” гэж бодсон Сугар араар нь тойрч удаах гудамжны захын хуучин цэнхэр байсан болов уу гэмээр хаалганд тулж ирлээ. Хаалгыг нь түлхтэл онгорхой, шагайтал уяатай халтар нохой учиргүй боргов. Нохойн дуунаар гэрээс дан тэрлэгтэй залуухан шар бүсгүй гарч ирсэнээ танихгүй хүнийг гайхан дөхөж ирэхэд Сугар
- Сайн байна уу? Энэ Шийрэв гэдэг айлынх мөн үү? гэхэд бүсгүй түүнийг хөлөөс нь толгой хүртэл нь ажиглан
- Мөөн мөн. Аав эзгүй байгаа л даа. “Аан яриад байдаг Оюунбилэг гэдэг том охин нь энэ бололтой” гэж таамагласан Сугар
- Аан ашгүй олоод ирж. Ээжтэй нь уулзвал болох уу?
- Тэгээ тэг та ор л доо. Нохой зүгээрээ уяатай гээд дагуулан явлаа.
Хашаа хороо нь энэ тэрүүгээрээ яайжийж, ганц нэг банз нь ховхорсон, зэрлэг нь ургачихаж. Хашааны мухарт машины л бололтой элдвийн төмөр гар хүрээгүй удсаны шинж юм уу зэвэнд идэгдэн хүрэнтэнэ. Хэдэн дугуйны хаймар бүүр оршмол шинжтэй өвс ногоон дунд бүрсийнэ. Хойд амбаарынх нь хаалга салаад унасаныг аваад түшүүлээд орхиж. Ер нь юм болгон нь олон жил хүний гар хүрээгүй бололтой нэг л бүүдгэр. Энэ айл эр хүнгүй удсан нь илт. Сугарыг ороход зуухны өмнө суусан шар авгай учиргүй гайхсан нүдээр түүнийг харж мэнд мэдэлцэв. Сугар “Шийрэв ахын авгай Цэрэн эгч болох нь” гэж бодсоноо
- За би Шийрэв ахын тэндээс яваа хүн байнаа гэхэд бүгдээрээ Сугарыг цэрвэн харах шиг болох хэрнээ бас ямар нэгэн мэдээ дуулгах нь уу гэсэн янзтай харснаа
- Манай хүн зүгээр биздээ? гэсэн нь айсны шинж. “Хөөрхийдөө эднийг айлгачих шиг боллоо” гэж санасан Сугар
- Зүгээрээ зүгээр. Шийрэв ах сайн байгаа. Намайг Сугар гэдэг л дээ. Би саяхан суллагдаад нутгаадаа явж байгаа юм. Надаар жаал зугаа юм явуулаад түүнийг нь л дөхүүлж яваа ухаантай гэхэд эхнэр нь сая л нэг сэхээ авч
- Аа чи нөгөө манай хүний яриад байдаг хүү байх нь л дээ. Ашгүй гараа юу? гэснээ
- Алив хүүхээд түлээ түлш гэж хүүхдүүддээ хэлээд
- Эгч нь аяга хоол аялуулъя
- Зүгээр зүгээр
- Юу зүгээр гэж холоос яваа бол ядраа байлгүй. Одоо яарах юу байхав Дээл хувцасаа хөнгөл. За тэгээд манай өвгөний бие гайгүй байгаа? Дээр нэг Дэмбэрэл дарга амралтаараа ирээд явсан. Хөдөө мал дээр их аятайхан байгаа л гэх шиг болсон. Хичнээн аятайхан байлаа гээд тэр газар ямар олиг байхав дээ чааваас гэж. Одоо ч уг нь ирэх хавар гэхэд нэг гардаг арга байна уу үгүй юү. Ээ дээ болгоомжтой л байхгүй бол хүүхдүүд минь хүн ч ер нь ажлаа хийж яваад л хэрэгтэн болчихдог тун гэмтэй юм байна шүү гэж хэзээ зогсох нь мэдэгдэхгүй ярьж гарав.
Эр нөхрөө үгүйд гэрт эм, гадаа гарч эр болж яваа олон хүүхэдтэй энэ авгайг Сугар өрөвдөхийн дээдээр өрөвдөв. Сумын төвд тоо бүртгэгч ажилтай, харахад нурамгардуу хэрнээ өдий олон жил нөхрөө хүлээж гэр орноо аваад яваа энэ хүн өөрийн эхээс ялгаа юу байхав.
Үргэлжлэл бий . . .
Бүрэн эхээрээ...
Хувь заяаны хэлхээ - 5
Тэнгэр бүүдийн сүүмийрхэж, шиврээ бороо уйлагнан, уйтгар хуйрганасан нэгэн өдөр хорихын дарга Дэмбэрэл Шийрэвт ээлжит эргэлтийг нь өгөх гэж дуудуулж Шийрэв
- Ялтан Шийрэв ирлээ гэхэд
- За ор ор гээд гэрээс нь ирүүлсэн жаал юмыг өгөөд
- Бие хаа чинь гайгүй юу? Тэр болгон уулзаад байж чадахгүй болохоор гайгүй байгаа л гэж бодохоос цаашгүй юм байна шүү дээ.
- Тэгэлгүй дээ. Би ч гэсэндээ ямар гавъяа байгуулчихсан биш дээ харин ч л таны хүчинд гэрээсээ ганц нэг юм аваад бусдаас илүү юү болохоос дутах юм алга. Харин манайхан . . .
- Танайхан дажгүй байгаа юм шиг байна лээ. Саяхан нутгаас тахир Балдангийн хүүгээр жаал юм явуулж. Хагасыг нь буцаасан. Ирүүлсэн болгоныг оруулна гэж юү байхав гэснээ
- Өө тийм. Манай анги нэг газартай ажил төрлийн холбоо тогтоох гээд байгаа. Хэрвээ тэгвэл чамайг явуулъя уу санаатай байна. Ажил нь хөнгөн байх ёстой гэснээ
- За за тэгээд болгоомжтойхон л байгаарай гээд гаргалаа. Хэдийгээр ялтантайгаа ингээд сүжрээд байж болохгүй ч яалт ч үгүй нутаг нугын удам судраараа нэг нэгнийгээ мэдэх улс гэдэг хэцүү бололтой.
Энэ байдал нь зарим нэгэн хулгарт таалагдсангүй ээ. Түүнийгээ мэдэгдэх гэж Шийрэвийг унтаж байхад нь хэн нэг нь орон дотор нь хатгачих нь тэр. Цаагуураа ч өөр бодолтой байхаа ядахгүй. Харин хаа очиж амин газраас нь хол тул аюул болсонгүй хорихын эмнэлэгт хэд хоног өнгөрөөлөө. Энэ хооронд Шийрэвийн гал дахин модонд гарах болтол тэдэн дотор Шооной хэмээх хочтой нэгэн гар явах агаад юм л бол Сугарын аль нэг талд гаран үг өдөх болов. Сугар хэрэндээ Шийрэв ахынхаа үгийг санан тэвчин явах боловч тэвчээр гэдэг хэмжээтэй дээ. Шоонойгийн өдөх бүр дэндсээр байлаа. Хөрөөнд суухаар заавал нөгөө гарт нь суучихаад ер татахгүй арсайтал инээгээд татаж буй дүр үзүүлээд байна. Мод ачихадаа нэг үзүүрт нь гарчихаад албаар сөөлжөөд хүч бараад байна. Тэрний хажуугаар хэл ам нь гэж хорт могой л ярьдаг бол тийм юм хэлэх байх гэмээр юм ярина. Тэрнээс гадна түүний онийсон хоёр нүд нь гялтагнахаараа ямар ч эрийн зүрхэнд нэг хүйтэн юмаар хайрах шиг зэвүүн ажээ. Тэр лав хүний ертөнцөд эхээр дамжиж ирээгүй, арай өөр талаас ирсэн болов уу гэмээр. Нэг удаа Сугар нилээн бүдүүн мод ташаалдаад явж байтал хажууд нь ирсэн Шооной нүдээ гүйлэгнүүлэн марсайтал хүйтнээр хи хи инээж
- Танай хөгшин шуумарын доодох тэгээд хэр зэрэг ажиллах юм дээ? гэхэд
- Чи ер нь түрүүнээс юу гээд даль даль гээд байгаа юм бэ гэтэл
- Хи хи бас их ууртай баньд байх нь. Чамайг Шийрэвийн баньд гэж нарс даяараа л мэдэж байгаа шүү дээ хи хи гэж муухай жингэнэн инээгээд яваад өгөв. Сугар тэсээд л байв. Тэгтэл жаал байзнаж байгаад дахиад л хэзийдээ ч юм хажууд нь хүрээд ирчихсэн сүг сүүдэр шиг энэ тэнд гарч байгаад
- Чи үүнийг хардаа гэж гар хийцийн жижигхэн хутга харуулсанаа
- Танай Шийрэвийн арьс хүүхний цавьний арьс шиг хариугүй нимгэн юм билээ дээ хамаа. Чи ч бараг мэднэ биздээ хи хи гээд эргэхэд нь Сугарын тэвчээр барагдаж ташаалдан явсан модоо чулуудаад Шоонойг далан дээрээс нь барин авч ганцхан сэгсрээд дороо хийн хоёр сайн шанаадаж өгөөд гараас нь нөгөө муу хутгыг нь булаан автал ар дагзанд нь хүйтэн төмөр хүрч, бууны замаг дуугарган, хуяг сүртэй нь аргагүй
- Зэвсэгээ хая, гараа өргө гэж хашгирлаа. Ингээд ялаа дуусгаад гарах гэж байсан Сугар, хоригдол зодож бүр цаашлан хутга далайсан. Хэрвээ харгалзагч таслан зогсоогоогүй бол хүний аминд ч хүрэхэд бэлэн байсан. Үүнээс үзэхэд хоригдол Сугар нь огт засан хүмүүжигдээгүй үндэслэлээр ялаа нэмүүлж, түүнийг зогсоосон харгалзагч хуяг цол нэмж, Сугар гарах гэнэ гэхэд эгдүүцсэн хулгар хороо гаргаж санаагаа амраах нь тэр. Аавынх гэдэг ийм л амьдралын өөр эрэмбэтэй газар.
Үүнийг сонссон Шийрэв түүнд
- Чамд хэлээгүй юү. Болгоомжтой бай гэж. Чамайг алдаа хийлгэхийн тулд намайг чамаас холдуулж байгаа юм. Тэгээд чамайг шордсоор байж тэвчээрийг чинь барж санасандаа хүрч байгаа нь тэр.
- Тэр муу хуяг харж л байсан шүү дээ.
- Тэр харж байсан нь мэдээж. Гэхдээ хэнийг яаж гэдэг нь сонин. Ер нь бол яаж ч харж байсан байж болно. Түүнийг харахад Шооной биш чи хутга гарган дайрч байсан байж болно шүү дээ. Чи ч энд хэдэн жил болсон гэхэд бас л болоогүй байна даа. За одоо яахав санаагаар битгий уна. Харин ч өөр хориход шилжүүлчихээгүй нь их юм. Би нэг юм бодоод байгаа. Гэхдээ чамд одоогоор хэлэхгүй. Дундуур чих орж мэднэ гэж шивнээд яриа өндөрлөв.
Сугарын дотор харанхуйлаад дэлхий хөмөрчих шиг. Хүсэн хүлээсэн өдөр хоногууд ойртоод ирэхийн ингээд дахиад холдчих юм гэж гэж байдгаа бас. Одоо дахиад чилийсэн гурван жил. Муу эжийгээ урд нь байгаагүйгээр бодон шаналав. Анх энд ирсэний дараахан нь муу ээж нь нэг эргэж ирсэнсэн. Тэгээд ээж нь
- Хүү минь хичээж байгаад гараад ирээрэй. Бусадтай битгий үг сөрж муудалцаж байгаарай. Олон дотор сайнтай муутай л байгаа шүү. Ээ дээ хичээгээрэй гэж захиж захиж явсансан. Ээж нь бас ч гэж эндхийн улсын занг гадарладаг байждээ. Арга ч үгүй биздээ. Ганц ханилсан хань нь эндэхийн амьдралаар ихэнхи насаа өнгөрөөсөн болохоор үзэж харахаа байг гэхэд сонсож дуулсан юм байсан л байх.
Мөн энд ирсэний дарааханаас Хандаагаас захиа ирдэг байлаа. Даана ч энд захиа ч бүрэн бүтнээрээ ирэх эрхгүй газар. Шалгах нэрийдлээр хэзээний задарчихсан, хэн нэг нь уншчихсан байх. Сугар тухайн үедээ энэ орчиндоо дасах гэж будилж явсан үед юун захиа занаадаа манатай явсан биз. Тэгээд энд орсон хүн цаагуураа битүүдээ наранд байгаа хэн нэгэнд юмуу эсвэл юунд ч юм тунирхан гоморхдог нь зан. Ялангуа Сугар шиг хийгээгүй хэргийн төлөө ирсэн хүнд бол бүр хэцүү. Түүнийгээ хэн хүнд хэлэхэд итгэхгүй, шүүх хүртэл итгээгүй. Гэтэл Хандаагийн захиаг уншихад мөн л тийм өөрт нь итгээгүйгээр барахгүй өмгөөлж өмөөрсөн аяс харагдахгүй байгаад дотроо гомдох шиг. “Чамайг ийм юманд холбогдоно гэж санасангүй. Гэхдээ яахав эр хүн долоо дордож найм сэхдэг гэдэг. Биеэ бодоод бас ээжийгээ бодоод гараад ирээрэй” гэсэн ерөнхий утгатай захиа цаанаа нэг сэтгэлгүй мэт санагдаад болох биш. Мэдээж Сугар цэрэгт явсан байсан бол ийм захиа ирэхгүй харин хайрлан дурлаж, хүсэн хүлээсэн аястай байх байсан биз гэж бодогдоод тэрэндээ бүр итгэж байлаа. Тэгээд түүний хариуд “Би нэгэнт ийм замаар орсон өнгөрсөн хүн. Чухам яагаад орсоныг хэн ч ойлгохгүй, чи ч ойлгохгүй, болсон бүхэнд минь хэн ч итгэхгүй. Тэр ч байтугай миний ээж ч ойлгосон, итгэсэн гэж би бодохгүй байна. Чиний амьдрал гэгээн саруул, итгэл мөрөөдлөөр дүүрэн байгаа тул тэр дундаа намайг оруулж хараар будаад хэрэггүй биз” гэсэн өнгө аястай захиа бичээд явуулчихаж билээ. Энэ захиа тэр муу охиныг хэрхэн мохоож байгааг Сугар ер төсөөлсөнгүй. Түүнээс хойш Хандаагаас хоёр ч захиа ирэхэд Сугар хариу бичсэнгүй. Сугарын ийм алхам хийхэд бодвол залуу улсын хоорондын зай, санаа сэтгэл, хийгээд юмыг ухаарах ухааны бяд, цөхрөл гуниг нөлөөлсөн байж таарна.
Ээждээ хурдхан очиж санаа сэтгэлийг нь амрааж, алдаж оносон ч гэсэн Хандаадаа сэтгэл зүрхээ нээж, нүүр нүүрээ харалцан ярилцвал намайг ойлгох байгаа гэсэн бага боловч итгэл найдвар гялалзаж байсан нь ингээд талаар өнгөрлөө. Одоо дахиад хэзээ энэ итгэл найдвар эргэж ирэх юм бүү мэд.
Сугарын “За тэгвэл муусайн хулгайч нартай өөрөөр харьцандаа. Та нарт чаддаг юм байхад надад ч бас чаддаг юм бий л байх” гэж дотроо занаж зүхэхийн хор суулгаж байгааг Шийрэв гадарлаж байлаа. Хэрвээ эр хүн нэг тэгээд ирэхээрээ ирээдүйгээ харахдаа харалган болдгийг Шийрэв андахгүй. Гэхдээ Шийрэвийн дотор нэг санаа бий. Тэр нь юу вэ гэхээр Дэмбэрэл хурандаагийн хэлснээр тэдний засан хүмүүжүүлэх анги хар үнэгний аж ахуйтай ойр дотно ажиллах болжээ. Тус аж ахуй дээр очиж хар үнэгний хоол бэлдэхээс авхуулаад хашаа хороогий нь аялуулах гээд хорих ангиас гадуур ажиллах ажил гарсан явдал юм.
Шийрэв яаж ийж байгаад түүнд л шургалан орох, орохдоо Сугартай хамт явж ажиллах санааг дотроо өвөрлөн яваа. Нэг удаа Дэмбэрэлтэй уулзахдаа үг хавчуулж
- Уг нь бол энд ёстой яльтай яльгүй хэргээр орчихсон ирээдүй нь өмнөө байгаа залуус мөн олон байх юмаа. Даана ч энэ орчин нөхцөл байдал тэдгээр залуусыг бүр эвдчих юмдаа гэхэд
- Тэр нь ч тийм. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд тэднийг ялгаж салгад байх бололцоо ч алга, тийм их хөрөнгө мөнгө ч гэж юу байхав. Хий дэмий л харамсах юм даа. Хэрвээ болж өгвөл ганц нэг ч гэсэн залуусыг ирээдүйн зөв замд нь гишгүүлчих юмсан гэж тамхиа уушиглах зуураа ярина. Тэгтэл Шийрэв
- Дээрийн яриад байсан хар үнэгний аж ахуйн талаар . . . гэж үгээ тасалтал
- Өө тийм. Дээд газраас удахгүй шийд ирнэ гэсэн. Би чамайг тийш нь гаргадаг юмуу санаатай байгаа. Тэгвэл чи нэг гайгүйхэн шиг байж байгаад суллагддаг арга юу байна. Гэхдээ ажил унагааж болохгүй шүү
- Хэдэн хүн гарах юм бол? Би нэг залууг аваад явчихмаар байх юм. Уг хүн нь их сайн хүү
- Хэн тэр вэ?
- Донровын Сугар
- Хн! тэр чинь засрах нь байтугай сая ялаа нэмүүлээ биз дээ. Чи ер нь юу л яриад байна даа гэхэд Шийрэв
- Тэр ч яг үнэндээ наадуулын л хийдэл. Бид хоёрыг ойрхон байгаад байдаг болохоор намайг эмнэлэгт хэвтүүлж байгаад тэр хооронд л тэсвэрийг нь барсан шиг байгаа юм.
Нэг иймэрхүү яриа өрнөөд сар болоогүй байтал тухайн аж ахуйруу нэг ахлагчаар ахлуулсан хэдэн хүмүүжигч явлаа. Тэдний дотор Шийрэв Сугар цаана нь бас хэдэн хоригдол яваа. Тэд эхлээд аж ахуй дээр хар үнэгний хашаа байр савыг янзлах ажил хийж байснаа дараа нь хар үнэгний хоол бэлтгэх газар ажиллахаар болов.
Цантын бааз гэх нэртэй энэ газар нь бор бор намхан толгодтой талын дунд орших төмөр замын нэгэн зөрлөг. Энд хойш нь орос руу махны хэрэгцээнд явуулах адууг ялгаж амьдаар нь ачааны вагонд ачдаг газар л даа. Нутгийн хүмүүсийн хэллэгээр адуу малийндах газар. Адуугаа хашаад цааш нь нэг нэгээр явахаас өөр аргагүй болгон нарийсгасан байх бөгөөд түүгээр орсон адууг эмч болов уу гэмээр цагаан халаадтай орос хүмүүс үзээд тэнцэхийгээ шууд вагонд ачих зориулалтаар тоногложээ. Харин тэнцэхгүйгээ хэд хэд ангилан ялгаж, заримыг нь хэд хоногийн дараа оруулах, бүр нэг тэнцэхгүй хазгар доголон, туранхай адууг тэндээс холгүй газар адгуулж байгаад нядалгаанд оруулж хар үнэгний хоол болгон явуулна.
Энд ёстой л газар газрын адуу цугларна. Адууг дагаад Цантын баазын хавиар хэд гурван морь хөтөлсөн, зарим бүр хэсэг бусаг адуу туусан дэл сул малын наймаачид хөлхөлдөнө. Яагаад гэвэл газар газраас туугдан ирсэн энэ олон адуун дотор хурдтай иртэй, хатираа жороотой, сайн муу адуу алийг тэр гэхэв. Тэднийг нааш цааш нь болгох сонирхолтой эрс зөндөө. Үндсэндээ бол адуу тойрсон эрчүүдийн цуглардаг газар гэхүү дээ. Баазыг тойроод энд тэнд адуу тууж ирсэн агтчидын майханаас гадна явуулын улсын оромж ч байх нь элбэг. Тэдний дунд ганц пөөнийсөн бор гэр байх нь хоригдлуудын гэр. Хэдийгээр хоригдлын нэртэй боловч энэ нутгийнхан, өртөөнийхөн, тууварчид, явуулынхан тэднийг хоригдол энээ тэрээ гээд жийрхээд байх нь үгүй. Тэд энгийн ардын амьдралаар л амьдрана.
Энэ тав зургаан хүний нэг нь хуяг нь боловч чухам хэн нь юм үл ялгагдана. Тэд бүгд алаг хувцасаа сольж, үс тавьчихсан тул бусдад сэтгэлийн сэв, нүдний зэврээ байхгүй. Өнгөц харсан хүнд тэндхийн ажилчид л гэсэн үг.
Энд манай Сугарын хувьд ганц нар нь гарсан газар байлаа. Угаас адуу маланд дуртай, түүндээ ч эрэмгий хүн дээр нь гурван жил шахуу мод хийчихсэн бие хаа тэгшрээд хэрийн адуу түүнд унага даага шиг болсон үе. Тэр энд байхдаа өөрийгөө чухам ямар газар ирсэн хэн гэдгээ мартчихна. Нарснаас гараад наранд байгаа мэт л байх ажээ. Өлсөж цангах юм түүнд алга. Элдвийн дарамт шахалт, хулганасан, гилбэгнэсэн, гялтгасан нүд энд ерөөс үгүй.
- Энд нэг сайхан залуу байнаа. Адуунд ер муугүй ээ
- Аа тийм. Тэр хэцүү нэртийнхний л нэг бололтой. Яаж яваад орчихсон юм бол доо зайлуул
- Залуу хүн алдаа л биз. Залуу явахад алдахыг алийг тэр гэхэв
- Нуруундаа салхинаас бусдыг хүргээгүй хэдэн адсага байгаа юмсан. Энэ хүүгээр тэднийг баахан ноолуулахсан гэх мэтийн яриа баазын орчмоор майханаас майхан дамжин яригдах болов.
Яалт ч байхгүй гологдон үлдсэн адууг хэд өнжөөд нядалгаанд оруулна. Аж ахуйгаас цуваа дугуйтай гучин нэг гэдэг хуучивтар машин хар үнэгний хоол авахаар хэд өнжөөд нэг ирнэ. Түүний жолооч Цэнджав гэж буржгар толгойтой өндөр ёхигор хар хүн байх. Хээ шаа гэж үгүй олон хүүхэдтэй жирийн л нэгэн жолооч.
Тэрээр хоригдлуудын гэрт хэзээ язааны гэртээ ирсэн мэт адууны мах чануулж идсэн шиг тухалж авна. Заримдаа хэд хоног өнжих нь ч бий. Тэгэхдээ эндхийн майхнуудаар тойрч адуу мал сонирхон явах нь олонтоо. Заримдаа Шийрэвтэй нийлж тэргээ ухан хэдэн өдрөөр ч хамаагүй өнжинө.
Сугарт гоё ганган эмээл хазаар гэж юү байхав. Нэг муу цэрэг эмээлийн тасархай, ганц богинохон уурганы ёзоор тэгэсхийгээд болно. Гэхдээ тэрээр тэр хавийн айл хунар, тууварчдын майханаар хэсэж хүмүүсийн ойр зуурын ажилд тус дэм болохыг хичээнэ. Өөр хийх ч юм түүнд алга. Угаас тэр муудаа ч хүний гар харж байгаа юм шиг тэгж яваа юм биш. Өсөж торинсон, дасаж сурсан амьдралын орчин нь байсан тул нэгэн бодлын тэрээр жаргалтай байлаа. Түүнийг хаа нэг хүнгэнэтэл инээх дуу, баясгалантай царай сүүлийн үед харагдах болсонд Шийрэвт ч гэсэн сэтгэл өндөр. Сугар анх арван наймтай жаахан амьтан ирсэнээ бодвол одоо хорин нэг хоёр шүргэж байгаа хаанаас нь ч харсан сайхан залуу. Эм хүн байтугай эр хүн нүд алдаж бишрэмээр болчихсон үе. Гэхдээ үүнийгээ өөрөө сайн мэдэхгүй л дээ.
Мэргэжил нэг учир Шийрэв Цэнджавын машин тэрэгтэй нь ноцолдож суух нь бас нэг бодлын жаргал. Цэнджав жолооч хээгүй сайхан амьтан тул Шийрэвтэй ихэд шадарлах болов. Тэрээр нэг удаагийн ирэх ёстой ээлжиндээ ирсэнгүй тул ачих махны хэмжээ ч нилээн их боллоо. Тэгээд Цэнджав жолооч ахлагч хуягт
- За хө надад туслах хоёрын зэрэг хүн өгнө байгаа. Тэгэхгүй бол очоод буулгахад нуруу ууцны хуучтай би барахгүй байх гэхэд хэдийгээр хоригдолыг дураар явуулж болохгүй ч гэсэн туслахаас өөр аргагүйд итгэлтэйгээр
- Уг нь болохгүй. Гэхдээ яахав Шийрэвийг аваад явах уудаа. Бусад нь эндээ байж байг гэх нь бас ч гэж юм хариуцаж байгаа хүний үг. Тэгэхэд “хожим яагаа ч билээ” гэж санан Шийрэв
- Та л зөвшөөрч байгаа нь үнэн бол яахав гэж ам авснаар Цэнджав жолоочтой хөдөллөө.
- Манайх гэдэг айл эндээс холгүй дээ. Бараг замын голд хоёул манайхаар буугаад гарнаа. Би ч олон нялх нойтон хүүхэдтэй. Манай гэрийн хүн гэж хүүхдүүдтэйгээ нооролдоод тэднээсээ нэг их ялгагдахгүй шахам л болсон хүн бий. Харин би энэ мах зөөх болсоноор манайх гэж айл чинь халуун зунаар бууз хуушуур болсон л айл байдаг юм. Яах вээ дээ харсаар байтал та нар нүдэн дээр янзалж байгаа малын мах юм чинь тиймээ хө. Жаахан бараан л байдаг юм. Гэхдээ яахав хүүхдүүд хоолтой л байвал болох нь тэр гэж гэж ам хуурайгүй ярьж явлаа. Шийрэв
- Өөрөө ингэхэд ер аль нутгийн хүн бэ дээ?
- Өвөрхангай зүгийн хүн. Бүр Хужиртынх гэхэд учиргүй их гогцоорон буржийсан үсийг нь харж “Энэ толгойны буржгар энэ тэр нь бол тэр зүгийнх биш л баймаар. Ховдын Зэрэгийнхэн нь л нэг иймэрхүү байдагсан” гэж бодож явсан Шийрэв
- Танайхны тийшээ чинь одоо ийм сайхан буржгар хүн бас байнаа
- Ха ха энэ толгой юу, сайхнаа хат. Над шиг амьтанд дарааны л нэмэр. Манайхны бүр уг сурвалж нь бол баруун зүгийнх байж мэднэ. Би зүгээр дотроо таахдаа дээр үед их хааны үед баруунтайгаас дайчлагдаж ирсэн улс болов уу гэж санадаг. Яагаав дээ хэвтүүл мэвтүүл гээд л ярьдаг даа гэхчилэн үеийн хоёр элдвийг хуучлан газар хороосоор нэг их хөндийг уруудан орж ирэхэд тэртээ тэнд бараг замын хажууд шахам ганц гэр харагдсан нь тэднийх аж.
Цэнджавын авгай гэж бүдүүн шар авгай алив хүүхээд тэг ингэ гэж галынхаа аман дээрээс босолгүйгээр бүхнийг зохицулна. Цэнджав хүүхдүүдээ дуудан
- Хүүхдүүдээ гараарай. Тэргэн дээрээс харж байгаад шинэвтэрээс буулгаад сайхан хоол хий. Тэр тэвшний баруун урд руу нь өнөө өглөө гаргасан мах бий. Харваас андашгүй гэхэд хүүхдүүд гаран нэг хөлний цул мах оруулж дор нь хоол хийлээ. Тэднийхнийг харж “Ишш! манайхан гэж бас л ингээд ноолорсон хэдэн улс суугаа байхдаа. Муу хөгшин минь яаж шүү нэг юм болгож байдаг юм бол. Хэдэн хүүхэд маань хэр болцгоогоо бол. Одоо уг нь муу шар охин маань эхдээ нэмэр болохоор болсон л байх учиртай. Хүүхдүүдийн дуу чимээ сонсолгүй хэчнээн ч жил болчихов доо” гэж гэнэтхэн гэр орон үр хүүхдээ учиргүй ихээр санагалзан сэтгэл нь шархирна.
Бүрэн эхээрээ...
Хувь заяаны хэлхээ - 4
Нэг өдөр Сугар үхрээ бөөгнүүлэх санаатай тойрч нөгөө талд нь гаран морьноосоо бууж нүд дуран хоёр нийлүүлэн суутал бараан зүсмийн морьтой хоёр нөхөр нилээн ширүүхэн давхиж ирэв. Тэгсэнээ - За дүү хүү сайн л явна уу? гэх зуур үхрийг нь нилээн сайн ажиж байснаа бие биендээ
- Тэр тарлан гуна, тэр цаашаа хараад зогсож байгаа хүрэн хайнаг хоёрыг авчих гэж ирээд л хажуудаа хүн байна гэж бодсон шинжгүй хэзээ язааны эзэн нь юм шиг ярилцав. Тэгтэл Сугар
- Ах нар юу л яриад байна даа. Наадах чинь цаанаа данс тооцоотой мал. Хэн гэдэг ямар дарга та нарыг ав гэсэн юм бол? Надад л юм мэдэгдээгүй юмсан гэхэд нөгөө хоёр бие биенрүүгээ харж түүнийг шоолсон янзтай хүйтнээр инээж
- За энэ чинь ямар гээчийн хулгар гараад ирэх нь энэ вэ? Бид эзэн нь болоод юмаа авах гэж байна. Өчигдөр танайх байсан өнөөдөр манайх болсон гэхэд Сугар хоёрын хоёр том хүнээс жаахан жийрхэж байсан ч гэсэн
- Эзэн нь гэсэн бичиг сэлтээ гаргаад ирээ. Тэрнээс нааш та нар нэг ч үхэр авна гэж ярилтгүй шүү гэж нилээд ширүүхэн хэлтэл нөгөө хоёр халамцуухан аагиндаа омогшин байгаа бололтой
- Юу юу гэнээ энэ хүүхэд чинь. Яасан олон таван үгтэй баньд вэ? Цаад муу ногоон чинь бидэнд алдчихаад бид авлагаа авах гэж явна. Чи зүгээр гай бололгүйхэн шиг байвал чамд л дээр байх шүү гэхэд
- Тэр хүн юугаа хэндээ алдах нь надад юуны хамаа байхав. Би л энэ хэдэн үхрээс алдахгүй байвал боллоо. Та хоёрыг өнөөдөр эндээс үхэр аваад явчихна гэж бодохгүй л байна шүү гээд босоод ирэв. Тэр хоёр Сугарыг том биетэйг нь сууж байхад нь харж байсан боловч босоод ирэхээрээ ийм том гэж санаагүй тул дор дороо түр саатав. Тэгтэл Сугар
- Ямар ч байсан энэ мал улсын данстай мал. Бид биш юмаа гэхэд биднээс цаана мэдэх учиртай улс бий л байх. Харин одоохондоо би та хоёрт өгчихнө гэж бодохгүй байна гэх нь “яахав үзээд дийлдэг юм бол ав” гэсэн янзтай нүд нь эргэлдэн угаас улаан нүүр нь хүрэнтэхэд нөгөө хоёр байдал бишдэснийг ойлгон
- За муу ногооныг дээ. Чи муу ингэж гэзэг орооно гэнээ гэж Дарьзавыг занасаар мордон давхилдав. Үнэндээ бол буруу юм хийж яваа болохоор хүчилж чадаагүйн дээр Сугар хүүгээс жийрхсэн байлаа.
Үзүүр нь шарласан хөх цахилдагтай хөндийг хөндлөн гэтэлсэн мухиралдаж тахиралдах бүүдгэр шар зам даган ганц морьтой хүн тархи толгойгоо барилан гэлдрэн явна. Унаж яваа морь нь намрын сайхан цагийн адуу ч гэсэн эзнийхээ сайнд хэд хоног уяатай хоносон тул гэдэс нилээн татсан харагдана. Хэд хоног даалуу нүдэж хамаг байдгаа мөрийндөө хоёр үхэр алдаад, бэлчээр дээрээс нь ав гэж тооцоог бэлчээрээр нь хийчихдэг том амьтан болж нутгийн залууст ам гарсан нь Сугараас болж очих ёстой эзэндээ очсонгүй. Харин бүр байчихаад нөгөө хоёр залуугийн гарын шүүс болоод балардгийн даваан дээр айлын авгай хүүхдийн орилоон чарлаанаар арайхийж салаад бараг л уйлан алдан ам өчигөө өгчихөөд явж байгаа нь энэ. Өчигдөрийн уусанд архинд уу эсвэл саяын ганц хоёр ёрволтонд уу алин болох нь мэдэгдэхгүй тархи нь үе үе ангалзан, толгойгоо базлан явна. Сугарыг анх ирэхэд зарах хүнтэй болсондоо баярлаж байсан бол одоо түүнд Сугар гэж газрын гай, гар хөлийн тушаа гараад ирсэн мэт санагдана. Тэрээр энэ болсон явдалд Сугарыг буруутган яваа. Буруутгах ч бүр багадана. Тиймээс түүнд хорсож өш өвөрлөж, энэ зодуулж жанчуулсан хариугаа авах нь авна. Гэхдээ хэнээс хэрхэн яаж гэдгээ бодон гэлдрэнэ. Тэрээр хариугаа энэ нутгийн залуусаас биш өөрийн нутгийн дүүгээс авахаар тооцох нь энэ хүний чухам хэн болох нь харагдана.
Сугарыг ирээгүй байхад амар байж. Мишиг бол яахав хааяа нэг эмгэн шиг үглэхээс цаашгүй. Өөрийн гэсэн бодол байхгүй хүний ам яаж ангайна түүгээр л болно.Тэгж явахыг нь Дарьзав аль цагийн хийчихсэн хэрэг.
Мишиг Дарьзав хоёр отор тууварт сүүлийн хэдэн жил цугтаа гал болон яваа хоёр. Олон хүүхэдтэй, мал хуй тааруухантай Мишигийг үгнээс зөрж, гараас гаргахгүй болгосон гол шалтгаан нь ердөө л идэш хоолны хэдэн үхрийн наана цаадах ялгаа. Намар идэх ганц нэг бярууг нь нас бие гүйцсэн шар болгоод өгчихөөр дургүй хэн байхав дээ. Дуртайгаас гадна дуу нь цаашаа орчихдог нь жам. Мал мах тушаагаад жаал юмны зөрүү гарахаар нь авгай хүүхдүүдэд нь ганц нэг дээлийн өнгө илүүчилнэ. Тэгэхээр муу Мишиг байтугай тэднийхэн тэр чигээрээ ам нь хамхигдана. Тэгээд л Мишиг түүний үгнээс гарах нь битгий хэл юу ч хийж байсан нүдэн балай чихэн дүлий болчихсон хэрэг. Түүнд санаа зовох юмгүй.
Тэрээр цааш нь морио ч давиралгүйгээр бодолдоо дарагдан гэлдрэнэ. “Харин энэ муу нусгайг яах вэ? Эцэг нь Сахал Донров гэж эрийн хуйх байхын хувьд ч байсан. Би хүртэл цагтаа жийрхэж л явлаа. Хүүгий нь нааш явуулах сургаар гар хөлийн үзүүрт хэл үггүй зарагдах эргүү цагаан ирэх нь гэж бодсон чинь үгүй бололтой. Мишиг шиг ардаа гачлаагүй нь хэцүү юм даа. Яавал энэ цодгор хүүгийн цоровгор амыг цоровдож дарах вэ. Дээр бас л таньж мэдэхгүй эм тамгатай мал манайд нийлсэн байна гээд л Мишигт хэлээд байгаа сонсогдсон. Түүнээс болж надтай ч сөрөөд авна лээ. Бариад авбал барилцаад авах шинжтэй байдаг шүү. Шинжтэй ч юу байхав дээ. Эртээр бүр баллуулахаа шахсан. Яагаад ч гарыг тавиулж дийлэхгүй байдаг шүү. Ядаж байхад нус мус сугараад. Худлаа тасарсан болж л нэг юм аргалсан болсон. Биеэр бол ч би түүнийг барахгүй нь тодорхой. Муу ч үгүй өнгөрсөн наадмаар сумын начин болчихсон хүн” гэж бодсоноо бодолтойгоо зөрчилдөж “за тэр сумын начин ч яамай хэвтэнээ. Юун төлөө чамаас хэдэн оймс илүү элээсэн билээ санаа гэж нэг юм бий дээ хө” гэж бодож явтал тээр нэгэн зун Сахал Донровын хэлсэн нэг аархал санаанд бууж хөмхийгөө зууна.
Тэгэхэд Дарьзав дөнгөж цэргээс ирсэнийхээ дараахан нутаг нугаараа нугалаа нь арилаагүй шинэхэн дээлтэй амнаас нь архи, арми хоёр салаагүй амьтан давхиж яваад нөгөө айхтар Сахал Донров гээчтэй нэгэн айлд даалуу нүдэж суухад нь таарчихсан гэж байгаа. Цэргээс халагдсан хэрэндээ том амьтан байсан ч луугарууд нэг л тоож өгөхгүй оргиод байхад нь өөрийг дагаж явсан хэдэн нөхдөөсөө ичсэн үү эсвэл асман зан нь хөдөлсөн үү
- Ах хүү нар арав таван юманд л үзэж байгаа байлгүй. Аавын жаахан буян байгаа юмсан архинд баахан халсан дээр авчихгүй л биз дээ та нар гэж амаа олохгүй бурахад Донров түүний наана суугаа хүний мөрөн дээгүүр өнгийн баруун баганы дээх нь суугаа Дарьзаыг харсанаа
- Энэ чинь харин цэргээс ирсэн хүүхэд шиг дуугарч байх чинь ээ гэж догиож байгаа, доромжилж байгаа алин болох нь мэдэгдэхгүй хэлэхэд бусад нь мар мар хийлдэн инээлдэв. Тэгсэнээ Сахал Донров
- За хүү минь чи замаараа, би замаараа. Чи бид хоёрын тоглодог гэж юү байхав. Чамайг харахад чи бол одоохондоо ахтайгаа тоглох арай болоогүй байна за. Чи бол харваас нүд нь гүйлэгнэж, тулга тойрсон, бөгсөө ч олигтойхон арчиж чадахааргүй амьтан байж таараа. Бариад авахаар баас чацага болчихдог чам шиг юмнууд нарсаар дүүрэн л байгаа байх шүү. Айлын авгай хормойдож чадвал чадаад эс чадвал аяга айраг амруугаа эвтэйхэн хийчихээд явбал барав. Ер нь ч ах нар нь үүгээр жаахан зав муутайхан байна. Дүү хүүхдүүд замаа харж, чигээ барьж явсан нь дээр байх гээд яриа дууссаны тэмдэг болгож тоглоомруугаа анхаарлаа хандуулан
- Хульхин дээр цэцэг ургуулж
Хулгайчтай загас наадуулсан
Хаашаа янзын чавганц
Хайгаад олддоггүй хуньд вэ алив нааш нь аваад ир гэж хашгиран бандан алгадах нь тун ч сүртэй. Энэ зэргийн хүүхдүүдийг амаар хаазлаад гарахаа мэдэх эрэмбэ тэр хүнд байсан л байх л даа. Тэгэхэд хэлэх үгээ олж ядсан хэдэн хүүхэд ингэсгээд өнгөрсөн нь их юм гэсэн аятай л нудралцан байж гарсансан. Дарьзав гарч ирээд завьжаараа шүлсээ хаян
- Муусайн хөгшин төгцөгнүүд хэмээн уурлан уухчин зогсох нэн зохимж муутай. Гэтэл ард нь тэднийг шоолсон бололтой гэр дүүрэн паржигналдан инээлдэх сонсогдож билээ. Түүнээс хойш тэр Сахал Донров гэдэг хүнтэй дахиж таараагүй. Тэр хүнд сайн сайхан чанар байсан бол Дарьзав л лав мэдээгүй юм. Одоо Дарьзав тэр нэгэн учралыг дурсан санаж, тэрүүхэн жаахан эгдүүцлээ энэ хорь хүрээгүй хүүхдээрээ шахам байгаа залуутай ямар нэгэн байдлаар холбож өш болгон бодох ажээ.
Тууж яваа үхрээ мал маханд өгөх, тэрхэн үеийн бужигнаан дунд л урд хойно нь оруулж зун намаржин хэдэн үхэр дагаж, хээрээр гэр хийж, хэцээр дэр хийсний ашгийг гаргадаг ухаантай. Гэтэл Сугар гэж учир мэдэхгүй улаан зээрд юм урдуур хойгуур нь ороолдоод хөлд тээглэх шинжтэй. Тэгэхээр ид ажил эхлэхээс өмнө л нэг тийш нь болгох хэрэгтэй. Өөрөө бол чадахгүй нь мэдээж. Чухам яаж хэнээр . . . “За энэ ч яахав учир нь олдоно биз. Харин учир нь олдтол Сугар хүүтэй уурлаж уцаарлаж хөндийрөх биш харин улам бүр наалдан саймширах хэрэгтэй” гэж бодож явсан түүний морь майхныхаа гадаа ирсэнийг нөгөө муу халтар жингэрийн шарвагналтаар л мэдэв. Түүний нүүр амны байж байгааг харсан Мишиг
- Наад нүүр амаа яачих нь энэ вэ? гэхэд
- Аа муусайн новшнуудтай алалцаад. Хоёр зэгийсэн юм үхрийн бэлчээр лүү давхиж яваа харагдсан миний дүүг шоглоогүй биз? гэж ихэд анхаарал тавьсан дүр үзүүлж асуухад “за чи л болоод одоо нэг их дүү мүү болчихож гэнэ” гэж болсон явдлыг Сугараас сонссон Мишиг
- Тэр зэргийн хоёр сүүтийсэн юм манай энийг яав л гэждээ гэхэд Дарьзав”Чи ч бас юүв дээ зүгээр” гэж бодох зуураа
- За за яагаа ч үгүй л бол болж. Ер нь мал хуйндаа мэдээтэй байхгүй бол болохгүй нь гэж зунжин санаагүйгээ санаж сүйд болов.
Намар оройхон үе үе хүйтэн бороо цутгаж зөвхөн тууварчид ч биш суурин айлууд хүртэл зутранги байдалтай байсан үесэн. Сугарын ээлжтэй нэг шөнө тэдний үхрээс нилээд хэдэн үхэр алга болчихлоо. Сугар маргаашнаас нь хайгаад олсонгүй. Үүндээ санаа зовон, сэтгэл түгшин байтал Дарьзав их л нийгүүлсэнгүй хандаж
- За яахав олдох биз. Олдохгүй байлаа гэхэд аргалж л таарна. Бүр болохгүй бол хэдэн малын л өртэй гарна биз. Харин чи битгий элдвийн буруу юм хийгээрэй гэж үл ойлгогдох юм ярих болов.
Мөндөрөөр шавхуурдсан хүйтэн бороотой бас нэг үдэш танихгүй эм тамгатай үхэр нийлчихсэн байхыг Сугар хараад Дарьзавт
- Энэ хэд манайхны үхэр бишээ гэтэл Дарьзав
- Аа мэдэхгүй борооноор л уруудаад нийлчихсэн юм байгаа биз. Ерөнхийд нь тусад нь харзнаж бай гээд давхиад явчихав. Гэтэл маргааш нь тэдний майханд тухайн орон нутгийн сэргийлэхийн хэлтэсийн ахлах дэслэгч, нөгөө нутгийн хоёр залуутай ороод ирэх нь тэр. Сугар шөнөжин бороонд нүдүүлээд өдөр нь нүдний хор гарган унтаж байсан тул мэдсэнгүй.
- Сугар гэж та юу? сэргийлэгчийг асуухад гайхаж хөшсөн Мишиг
- Үгүй ээ би биш энэ хүү гэтэл сэргийлэгч Сугарын хөлрүү өшиглөж сэрээгээд
- Алив та бос. Бидэнтэй хамт явнаа. Чоно борооноор гэгчээр яасан айхтар хулгайч вэ чи. Нутгийн улсын малыг хулгайлна гэнээ гэснээ
- Танайхны мал тэгээд энд байна уу? гэж тэр хоёроос асуутал
- Хагас хугас нь байх шиг л байна гэж өнөө хоёр жонгинов. Мишиг
- Энэ хүү ч авчраагүй л дээ. Шөнө борооноор . . .
- Бид мэдэж байна. Та их өмөөрөөд байх чинь хамтарсан юм биш биз. Хэлэх юм байгаа бол хэлэх газар нь хэлээрэй гэж сэргийлэгч түүнд сүртэй гэгч албархав. Мишиг ч сүнс гарчихав уу гэлтэй таг болж Сугар ч олон таван үг ч хэлж чадсангүй мэлэрч гайхсаар аймаг руу ачигдах нь тэр.
Сугар тууврын хэдэн малыг бужигнуулж гэнээ гэсэн цуу нутгаар нэг тарж, хөөрхий муу эх нь нус нулимстайгаа холилдсоор хотын ойролцоох аймаг руу явлаа. Ард нь
- За тэр эцэггүй хүүхдийн толгой томоо гэж мөн ч айхтар монш юм даа
- Эцэг нь гэж тийм юм байсан юм. Яахаараа ингэж үе удмаараа ийм заяанд төрдөг улс байнаа гэлцэж байхад арай тулхтай нэг нь
- Тэр хүү арай тэгээгүй баймаар юмаа. Хорь ч хүрээгүй нялхаараа амьтан шүү дээ.
- Харин тийм. Эцэг нь тийм л байгаа биз. Эцгийн явдал хүүд ямар хамаа байна.
- Эцэгтэйгээ хамт байж үзээгүй шахам амьтан гэлцэх нэгэн ч байж л байв.
Эх нь явсан юм учир нь олдох байгаа гэсэн боловч таних мэдэх хүн байхгүй хөөрхий эх яаж ч чадсангүй.
Ийнхүү Дарьзав тэр нутгийн залуустай үгсэн нийлж тухай аймгийн сэргийлэгчид ч идшийг нь дөхуулсэн байхаас сийхгүй. Муу Мишигийнхээ амыг өнгөрсөн хэдэн жилийн холион бантангаар таглаж, Сугарыг хөлөөсөө зайлуулж чадлаа. Уг нь тэр зүгээр л сум орон нутагтаа “энэ жаахан хүүхэд мал хуйнд тааруухан байна” гэдэг юмуу түүнийг буцаах арга олон байсан боловч нэгд Сугар өөрийнх нь хамаг муу муухайг мэдэх болсон, нөгөөтэйгүүр тэр нэгэн цагийн эцгийнх нь хэлсэн хэд гуравхан үгэнд хорсохдоо сэтгэлийн муйхар өсөөр хандан сарын дараа арван найм хүрэх хүүхдийг шоронгийн хаалга татуулах нь тэр.
Дарьзав мэдүүлэг өгөхдөө
- Сугарын ээлжин дээр үхэр алга болсон нь үнэн. Үүнийг хэн ч мэднэ. Өөрөө ч мэднэ. Харин ийм аргаар алдсан үхрээ олох гэж явна гэж бид яахан мэдэхэв. Нэг л хачин байгаад байхаар нь элдвийн юм битгий хийгээрэй гэж туувар ахалж байгаагийн хувьд хэлсэн л юмсан. Үг авдаггүй моньд юм. Уг нь гайгүй л хүүхэд шиг байсан мөн чиг айхтар санаатай хүүхэд юмдаа гэж мэдүүлсэнийг Дарьзаваас өөр хэн мэдэхэв дээ. Шүүх хурал дээр Сугар өөрийгөө өмгөөлөхдөө ч биш зүгээр л энэнд би буруу байхгүй гэсэн сэтгэлээр болсон явдлыг үнэнээр нь ярьсан боловч үгсэн нэгдсэн тэдний дунд ганцаардаад яаж ч чадаагүй юм. Хамгийн сайн мэдэх ёстой Мишиг хүртэл юу ч мэдэхээ байчихсан нь даана ч сонин. Шүүгч бүгд найрамдах уншиж, шунахайн сэдлээр хүний төчнөөн тооны мал хулгайлсан тул жирийн дэглэмтэй хорих ангид гурван жил хорих ял оноов гээд модон алхаараа тоншиход давхийн цочиж харагдав.
Тэрээр хий дэмий л хамгийн сүүлд машинд суухаасаа өмнө уйлж орилох ээждээ
- Ээжээ би яагаач үгүй шүү. Надад итгээрэй наадуул чинь намайг ингэчихлээ. Та биеэ бодож байгаарай гэж хэлж амжиж билээ. Энэ эх хувь заяаны хүйтэн салхинд хайрагдаж жиндэн ядарсан эх юм. Тэр уйлахаас өөрийг хийж чадсангүй.
Сүүлд нилээн тайвширсан хойноо Мишигийнд зориудаар нэг очиж буугаад түүний гөлөн гөлөн гэсэн аймхай хонин нүдийг хараад хүүгээ ийм юм хийгээгүй юм байна гэж итгэхдээ хүүдээ баярлах шиг болон олон таван үггүй тэднийхээс мордсон. Түүнд хүүгээ аав шигээ жинхэнэ буруу замаар яваа хүн болохвий гэж үнэн голоосоо гол нь горойж явсан нь жаахан онгойх шиг болж “за яахав гуравхан жил юм байна гайгүйхэн шиг гараад ирэх байгаа” гэж олон жилийн ялтай хүнийг хүлээж явсаны хувьд сэтгэлийн хатаар бодож үлдсэн юм. Нургайгийн хувьд хүүгийнх нь хувь заяа бүр цаашаа эргэчихээгүй юм байна гэсэн итгэл төрсөнд тэр баяртай яваа. Эх хүний сэтгэлээ гэж . . .
Энэ бүгдийгээ ярьсан Сугар бүтэн жил гаран сэтгэлдээ тээж явсан болгоноо ярьсандаа дотор нь жаахан тавирав уу гэлтэй нэг их санаа алдахыг харсан Шийрэв “ийм жааханаасаа гэхэд бас л их тэвчээр шүү” гэж санан бодлоо цааш нь үргэлжлүүлнэ.
“Олон жилтэй хулгарууд нээрээ Сахал Донров гэж сайн гар байсан гэж яриад байдаг шүү дээ. Ямар ч цоожтой сав түүнд онгорхой л гэдэгсэн. Чангад орлоо л гэдэг орой нь гараад явчихажээ л гэж сонсогддог байсан гэсэн. Тэгж гарч орсоор байгаад хүн алж хүрээ талаагүй хэрнээ дээд авчихсан сураг байдаг. Тэр хүн явж явж энэ хүүгийн аав болох нээ дээ. За гэхдээ эцгийнх нь тухай өөрт хэлээд юүхэв. Хүүхэд эвдрэхдээ амархан. Яаж ийж байгаад л эвдрүүлчихгүй байж байгаад гаргачих юмсан” хэмээн бодох нь улам ихсэв. Тэрээр өөрийн насны аагаар л аливаад хаширлан хандахын зэрэгцээ залуучуудыг өөрийнхөө хэдэн хүүхэдтэй адилтган хар ертөнцөөс харамлах ажээ.
Нэгэн өдөр уулнаас буусан тэдний гал оройн тооны дараа бүгд хуарандаа байж. Нааран дээрээ дээшээ харж, гараа салаавчлан дагзандаа аван хэвтсэн Сугар санаандгүй
- Одоо ч гарах дөхөж байна даа. Хурдхан шиг л нутагтаа очих юмсан гэхэд нөгөө талын эгнээ наарнаас
- Эндээс гарах ч тийм санаан зоргын эд биш байхаа гэтэл гэнэт гэдэн нь хөдөлсөн Сугар
- Гарахгүй тэгээд яадгийн болж байна гэж нилээн ширүүхэн дуугарсан нь өөрийнх нь хүслийг тасалсан тэр дуунд зэвүүцэн бухимдсаных. Нөгөө талаар Сугар энд ирээд бараг гурван жил болох гэж байлаа. Ял гэдэг хугацаатай тул өдөр хоногоор хорогдож байсан үе. Тэрэндээ ч жаахан эрдсэн байж болох.
Угаас энэ нарсанд чөтгөр шиг санаатай нэгэн бас л байх л даа. Зарим нэг нь гарах гэж баярлаж байхад зарим нэг нь яавал түүнийг гаргахгүй байхав гэж бодол болон байх жишээтэй. Зарим нь бүүр гарсан нэгнийгээ засаг цагаан хэмээх хоолныхоо цагаан тавгаар даллан дуудах үйлдэл хийх нь чухам юутай ч зүйрлэмээр юм дээ. Гэтэл тэр нэгэн орой Сугарын хэлсэн үг хэн нэгэнд таалагдаагүй бололтой. Гарах дөхсөн хүн улам бүр дуугай болж, элдэв юманд орооцолдохгүй байхыг хичээдэг ажээ. Яг ийм үед Шийрэв Сугарт анхааруулан сануулж хараагаа салгахгүй байхыг хичээх болов.
Үргэлжлэл бий . . .
Бүрэн эхээрээ...