# #

Хувь заяаны хэлхээ - 10

Ачаа нь таарсан гуч машин нэг хүчээ аван жигдэрхээрээ моторын хүнгэнэх дуунаас өөр гаж чимээ сонсогдохгүй. Жолооч хүний хамгийн жаргалтай үе бол энэ. Тэд нэг хэсэг дуу шуугүй явсанаа залуу руу хандаж
- За хө ярьж хөөрч, дуулж хуурдаж явахгүй бол газар хордоггүй юм шүү дээ. Гэрээдээ яарч л байгаа биз дээ? гэхэд
- Яаралгүй яахав.
- За чамайг хэн гэдэг вэ? Чи чинь Харганын голын хүүхэд гээ биз дээ. Хэнийхний хүүхдэв дээ?
- Та манай нутгаас хүн таних юм уу?
- Ганц нэгийг мэдэхээ ч ядахгүй дээ хө.
- Би Дарьзав гэдэг хүний хүүхэд л дээ гэхэд Сугар тоормозоо огцом гишгэж, жолоогоо хажуу тийш нь дарахад эрчээ авчихсан хүнд ачаатай машин эгээтэй л замын хажууруу гарчихсангүй.
- Та чинь яаж байнаа? Зүгээр биз гэж айж сандарсан залууг асуухад Сугар хэсэг чимээгүй сууж байснаа бууж тэргээ шалгаж байгаа хүн болон машинаа тойрон олон жилийн өмнөх сэтгэлийн шарх гэнэт ингэж сэдрэх юм чинээ санаагүй явсан тэрээр нэг хэсэг манараад сэрүүн агаар уртаар амьсгалан хэсэг байзнаж “Энэ хүүд юуны л буруу байв гэж дээ зайлуул” гэж санан буцаж орж ирээд
- Одоо зүгээрээ гэснээ нилээд зориг гарган
- Тэгээд яасан гэнээ? гэхэд
- Юу яасан гэж?
- Үгүй ээ яахав дээ ээж аавынхаа тухай ярихгүй юу.
- Аан за. Аав маань арваад жилийн өмнө өнгөрсөн л дөө. Зуурдаар гэх үү дээ. Яг үнэндээ бол Дарьзав гэдэг хүн бол миний хойд аав л даа. Би ээжээсээ л дуулсан юм. Гэхдээ намайг ухаан орсон цагаас л энэ хүн миний аав байсан. Намайг өсгөж хүмүүжүүлсэн болохоор миний л аав. Би нэг охин дүүтэй л дээ. Гэсэн ч аав маань намайг хүний хүүхэд гэж ялгаж салгаж байгаагүй юм. Харин ээж маань хожим намайг том оюутан болсон хойно миний төрсөн аавын талаар бүүр домог шиг л юм ярьж өгсөн дөө . . .
Манай ээж хатуу хүн шүү. Намайг хэний хүүхэд болохыг хэнд ч хэлээгүй гэдэг. Харин намайг тав орчим настай байхад миний төрсөн аавын ээжид хэлэх гэж нэг удаа очиж байсан юм гэдэг гээд цааш нь үргэлжлүүлэн ярьж гарлаа . . .
Наадмаас өмнөхөн Данигайн охин Хандаа том хүүгээ дагуулсаар Нургайгийнд ирлээ. Хэдийгээр хоёр хүүхэд гаргасан хүүхэн ч гэсэн хар багаас айл саахалт явсан болохоор Нургайд Хандаа охин нь мэт л санагдана. Хандаа
- За Нургай эжий сайн уу? гэсээр орж ирлээ.
- Хүүе энэ чинь хэн бэ? Хандаа юу? Ямар сонин хүмүүс вэ? Сайн охин минь сайн. Энэ танай том уу? Нэг их харсан ч юм шиг яасан ч нүдэнд дулаахан хүүв дээ. Одоо энэ чинь хэдтэй билээ дээ?
- Одоо таван нас өнгөрч байгаа гэхэд Нургай
- Алив нааш ир үнсье. Эвий минь гэж хүүхэд л юм болохоор хэний нь ялгаа юу байхав. Чаавас муу хүүтэй минь адилхан ч харагдах шиг гэж хөгшин хүний зангаар өхөөрдөнгөө
- За алив миний хүү эмээ нь чихэр өгнөө гээд авдараа ухан
- Чихэр ч гэж дээ эмээд нь бор еэвэн л байдгийм даа гээд бор еэвэн гарган ирсэнээ
- Энэ нь арай шинэ нь юм эд нар нь бүүр хатчихаж гээд шинэвтэрийг нь өгөхөд хүү нь хоёр гараа тосож авлаа. Энэ бүгдийг харж суусан Хандаа Сугарыг бор еэвэнд дуртайг санаж Нургай эжий түүнд л хадгалж байсан байхдаа гэж санан тэр эхийг өрөвдөн сууна
- Эмээ нь чихэр өгнө гээд хүүгээ горьдоож орхилоодоо гэхэд Хандаа
- Манай энэ хаа очиж чихэр гээд сүйд болоод байхгүй ээ гэснээ Нургайг өрөөсөн мөрөөрөө түшин гартахаа идэж зогсох хүүгээ харамлах мэт
- Миний хүү ээждээ ир гэж өөр лүүгээ татлаа
- За охин минь та хоёр зүг явна уу?
- Бараг зүгээрдээ. Би ч гэр орон сааль сүүнээсээ илүү гарч чадахгүй юм. Тэгээд эрчүүдийг морь мал гээд явах хойгуур наашаа гарсан ухаантай. Таныг нэг эргэчих санаатай л гэхэд түүний үгэнд ихэд баярласан Нургай
- Эвий дээ гэж эгч нь яахав байж л байна. Нэг их мал хуйгүй болохоор ядрах нь гайгүй. Жаахан ганцаардах аятай. Хүний мөрөөс л суух юм. Албаны хүний хэлээр бол хүү маань энэ жилээс ирэх учиртай гэнэ. Одоогоор алга л байна.
- Би ч муу эжийгээсээ хойш бас л ганцаардах л юм. Одоо ч олон жил өнгөрчдээ. Тэгээд ч хүүхэд шуухад, тогоо шанага гээд гэюүрэх нь гайгүй л дээ. Өнөөдөр нэг зав гаргаж тантай нэг жаал ярьж суух санаатай гэхэд
- Ээ дээ тэгвэл ч мөн сайхан байна шүү гэх нь сэтгэл нь их л хөдөлж байгаа шинжтэй.
Харин Хандаагийн хувьд ирсэн учраа хэлэх үү яахав гэсэн эргэлзээ гэнэтхэн бий болчихов. Уг нь хэдэн жил бодсоны эцэст бүх үнэнийг хэлж тэр муу ганц бие эмгэний голыг дэвтээе гэж ирсэн боловч авдраа ухан хүүд нь юм өгөх агшинг харж суухдаа яагаад ч юм хүүгээ тэр чигт нь бүр өгчих гэж байгаа юм шиг санагдаад бүхнийг ярина гэсэн бодол нь зайрмагтана. Эх хүний үрээ харамнах сэтгэл гэдэг үнэхээр хэцүү. Ялангуяа Нургай эгчийг “Нэг их харсан ч юм шиг яасан нүдэнд дулаахан хүүв дээ” гэхэд дотор нь палхийгээд явчихсан гэж байгаа.Нургайгийнхаас гараад явж байхдаа Хандаа олон жил дотроо буглуулж явсан бодлоо хэлж чадаагүй ч хүүгээ аваад үлдсэн мэт санагдаж, өөртөө баярлан баярлан явлаа. Хүний хорвоо гэж . . .
Тэгээд л ээж маань намайг харамлаад манай жинхэнэ эмээд хэлээгүй юм гэнэ лээ гэхэд Сугар сонсож байгаа эсэх нь үл мэдэгдэн урдах замаа гөлрөн амьтай гэхэд итгэмгүй амьтан явлаа. Тэгсэнээ сонсож буйгаа улам итгэлтэй болгох гэсэн мэт
- Чи төрсөн аавынхаа нэрийг мэдэх үү?
- Мэдэлгүй яахав. Ээж маань надад бүгдийг ярьсан юм. Миний төрсөн эцгийн нэр таны нэртэй адил юм байна лээ. Сугар гэдэг юм гэхэд машинаа бүр өөрийн мэдэлгүй зогсоож авсан Сугар
- Чи миний нэрийг яаж мэддэг юм?
- Энэ кабин дээр чинь байгаа таны нэр биз дээ? гэхэд “Би ер нь юу болоод байнаа” гэж бодож амжсан өөрийгөө анзааруулахгүй гэж
- За тэгээд цааш нь яриад байдаа гэхэд
- Би ч яахав ярина л даа. Харин бид явахгүй юм уу ? гэхэд Сугар
- Аан бид үү? гэж хэнээс ч юм асууснаа
- Явнаа явна. Одоохондоо ус халаад байна. Жаахан хөрөг гээд залуугийн нүүрийг ажиглан нилээн удаан харлаа. Нээрээ нүд нь ээжтэйгээ адилхан юм гээч. Надаас ер нь юм байна уу? гэж өөрөөсөө асууснаа “улаан царай л юм байхаа даа. Сайн харвал манай ээжтэй төстэй байж мэдэхээр байна” гэж бодож гөлөрч суутал
- Сугар ахаа та яачихваа? гэж нөгөө залуу галзуурч буй хүн хараад санаа нь зовсон байртай асуухад сая нэг сэхээ авсан Сугар өөрөө өөртөө буцаж ирэв. Тэгээд
- За тэгээд ярьж л бай гэлээ. Залуу цааш нь . . .
Чимээгүйн дунд шувуудын дуу анир үргээсэн, малын хөлийн хөдөлгөөн удаашраад, чинээндээ тултал ургасан өвс чи тийшээ би ийшээ гэх шиг сэр сэр салхины аясаар нахилзсан, нитгэрэн шаргалтах цай шиг намрын нэгэн өдөр Хандаа сургуульдаа явах болсонсон. Урд шөнө нь Сугартайгаа том хүн болцгоосондоо ч тэр үү царай нь улаа бутраад ч байх шиг санагдаж билээ. Жил жилийн намар Хандаа сургуульдаа очиж үеийн нөхөдтэйгээ үймэлдэн шуугилдах гэж яардагсан. Энэ жил тэгсэнгүй. Сэтгэл зүрхнийх нь тэн хагас нь үлдчихээд цээж нь хөндийрөөд байх шиг нэг л эвгүй.
Аав нь ч яахав сумын төв хүргэх гээд гадуур морь малаа янзлаад, харин ээж нь л жаал жуул юм боож бөндийлгөх зуураа захиа занаасаа хэлэх нь Хандаад сонсогдож байгаа боловч тогтоож байгаа юм алга. Гагцхүү Сугараасаа холдоно гэдэг л хамгийн том гачлан мэт. Сугар ч гэсэн ямар нэгэн шалтаг олон сумын төв хүртэл гаргаж өгөхийг бодож байсан биз.
Хандаагийн ээж Должин гэж махлаг шар авгай
- Миний охин энэ жил төгсөнө. Хичээл номондоо шамдаж цаашаагаа сургуульд орвол зүгээрсэн. Наашаа захиа занаа бичиж байгаарай
- Үгүй ээ чи сонсож байна уу?
- Сонсож л байна шүү дээ
- Тэгээд хариу дуугараач. Багшдаа үүнийг өгөөрэй гээд бас нэг бондгор юм хийж харагдана.Тэгсэнээ охиноо үнсэн дөрөөнд нь сүү дусаагаад, сүүн цацал өргөн гаргаж өгөв. Данигай охинтойгоо хөдөлтөл Сугар гүйцээд ирэв.
- За Сугар хүү хаа хүрэх нь вэ?
- Сумын төв оръё гээд “Хандааг ч гаргаж өгье” гэх гэснээ дуугай болчихов. Тэгэхэд Данигай “Энэ нээрээ мөн ийм бага мөтрлөө хэлэх гэснээ дандаа дотроо үлдээдэг. Ийм их ухаан уу эсвэл дотуур тамир уу. Эсвэл бүр эргүүдүү юм болов уу” гэж бодож явлаа. Хандаа аавынхаа хажууд Сугарын царайг харж чадахгүй нүүр нь бага зэрэг улайснаа доош харан явна. Гэсэн хэдий ч явдал дунд дөрөө харших, өвдөг шүргэх төдийд цаанаа нэг сайхан. Болж өгвөл Аавынхаа тал руу биш Сугарын тал руу нилээн шахуу явмаар. Ганзага ширэлдсэн хайр гэж хэн нэгний зохиолд гардаг тэр л энэ бололтой. Гэхдээ тэр хоёр бие биенээ хачин их хайрлаж байсан хэдий ч аавынхаа дэргэд дуугарч ярих нь битгий хэл хоёр биенээ харж ч чадахгүй шахам хааяа нэг санаа алдахаас цаашгүй яваа.
Шуудангийн навтгар цагаан байшингийн өмнө тал талаас ирсэн хүмүүс шуугилдаж, хөдөө хээрийн улс нэг цуглах шалтаг болон хэрэндээ бас хөл хөдөлгөөн болжээ. Цугласан хүүхдүүдийн багачуул нь эндээ үлдэх арай томчуул нь аймаг явах аж. Тэдний дунд Чимгээ зогсож байснаа
- Хандаа Хандаа гэж гүйн ирсэнээ Сугарыг харж толгой дохин мэндлээд Хандаад ямар нэгэн юм шивэгнэн инээлдэнэ. Мөн тэнд цоохор Дорж ирчихсэн мэнд мэдсэнээ хүмүүсээс ичсэн бололтой жаахан захлан зогсоно. Явах хүнийг дагаж үлдэх хүний сэтгэл хөвөлздөгийн адилаар Сугар тэдгээр хүүхдүүдийг харж “Хичээл сургуультайгаа байсан бол сайхнаа “ гэж анх удаа бодсоноо санаа алдана.
Шуудангийн жолооч жингэнүүр Пүрэв цадатлаа идсэн бололтой сумын гуанзангаас гарч шүдээ чигчийлэн, паривгар өмдөө намируулж, түрийг нь эргүүлсэн гутлаараа шороо манарган ирж ихэд чухаг хүний дүрээр хоолойгоо нэг сүрхий зассанаа
- Машиндаа сууцгаагаарай гэж жингэнүүллээ. Хүн харахад бүдүүн баргил дуу л түүнээс гарах болов уу гэж бодогдхоор энэ хүнээс ийм дуу гарах болгонд ойр байгсад нь шоолон инээлддэг зантай. Түүний адилаар тэнд цуглагсад бас л инээх инээж, жуумагнах нь жуумагнав. Тэгээд сая л ухаан орсон мэт гэнэт хөдөлгөөнд орж хүүхдүүдээ үнсэн машин дээр гаргаж
- За сайн сураарай
- Сайн барьж яваарай. Унавзай
- Захиа бичээрэй
- Миний хэлсэнийг мартав аа
- Ээж нь мөддөө эргэж очиж чадахгүй байх шүү гэхчилэн бүдүүн нарийн, өтгөн шингэн, эр эм хоолойгоор зэрэг зэрэг хашгиралдан захиасаа захицгаана. Тэдний дунд Чимгээ Хандаа Дорж бүгд л суусан байлаа. Хандаа олны дундаас Сугарыг олж харан гараараа даллаж, захиа бичнээ гэсэн дохио зангаа өгч харагдана. Болдог бол үсэрч буугаад Сугарыгаа нэг үнсэж, нэг сайн тэврүүлчихмээр бодогдоно. Даана ч энэ олны дунд тийм юм гэж хаа байхав дээ. Урд шөнийнхөө амталсан жаргалаа санан санан явлаа. Цаашдаа энэ шөнө улам ихээр үгүйлэгдэх болно. Сумын төвийн дүрс тэртээ хонхорт өнчин юм шиг бараантан холдох тусам Хандаагийн сэтгэл гунигаар хөвөлзөн уйлмаар ч юм шиг болно. Хэрвээ ганцаараа явсан бол уйлахад юу ч саад болохооргүй байлаа.
Аймгийн төв гэдэг муу сумынх нь төвөөс аргагүй л том ажээ. Сургуулийнхаа дотуур байранд Чимгээтэйгээ нэг өрөөнд орж чадлаа. Хоёулаа тэрүүхэндээ амьхан. Ам л ангайвал өнгөрсөн зуныхаа тухай ярилцах нь хэн хэнд нь л онцгой сонин өнгөрсөн бололтой.
- Цаад Сугар чинь тэгээд хэр юм бэ дээ?
- Юу ямар юм гэж?
- Үгүй яахав дээ. Эр хүн талаасаа гэх үү дээ
- За юун балай юм ярьдаг юм гэж Хандааг ичингүйрэхэд
- Өө та хоёр чинь тэгээд зэрэгцээд л алхаад байдаг хэрэг үү? гэснээ
- Нээрээ танай Сугар үнсэж мүнсэхдээ их ширүүн байхаа
- Яаж байна?
- Харахад тийм л юм шиг.
- Тэгвэл Дорж ямар гэж?
- Манай Дорж ч яахав дээ жаахан зориг муутай хүрч ядаад л, заримдаа бүр чичрээд ч байх шиг л байдаг юм гэж шоолонгуй инээснээ
- Гэхдээ яах вэ болдог юм болдгоороо л болсон гэж Чимгээ нилээн нүүрэмгий царайлна.
- Бид хоёр ч намайг наашаа гардагийн урд орой л . . . гэхэд
- Ердөө тэгээд л болоо гэж үү? Ганцхан удаа юу?
- Тэгэлгүй яах юм. Бид хоёрт тэгээд цуг хэвтээд байх цаг зав ч байсангүй гэж булзааруулсанаа
- За за чи бид хоёрын яриа бүр задгайрч орхилоо гэж Хандаа энэ яриагаа дуусгахын мөн болов.
Энэ жил аравдугаар ангиа дүүргэх тул хүүхдүүд ч шамдангуй, ямар сургуульд орох талаар хоорондоо ам булаалдан ярилцаж, багш нар ч нилээд хариуцлагатай хандана. Хичээл ном гэж их шамдаснаас ч тэрүү Хандаагийн бие үе үе сулрах шиг, хоол унданд төдий л базаалтай биш болж, эвгүй эхүүн хурц үнэр авч чадахгүүй болох үе олон тохиолдох болов. Үүнд өөрөө ч нэг их юм бодсонгүй. Хажуугаар нь Сугар байн байн нүдэнд харагдаж, тархи эзэмдэнэ. Хичээл дээрээ үзэгнийхээ арыг мэрэн түүнийг бодож гөлөрч суугаад хааяа багшдаа загнуулах энүүхэнд болов. Өөрийн эрхгүй л “санана гэдэг нь энэ юм байна даа” гэж бодно. Урд нь бол ээж аавыгаа санаж, хэзээ намайг эргэж ирэх бол гэж харуулддагсан.
Дээх нь нэг шуудангийн жолоочтой таараад “ өө Жингэнүүр ах” гэх гэснээ “жингэнүүр байхдаа яахав дээ” бодолдоо болон жуумагнаснаа
- Пүрэв ахаа сайн явна уу? гэхэд
- Чи чинь хэний хүүхэд вэ?
- Данигай.
- Аа Дурдангийн охин уу? гэхэд “Дурдан байхдаа яахав дээ. Хүн өөрийг нь жингэнүүр гэж хэлээгүй байхад” гэж бодсоноо
- Манайхан сайн байгаа болов уу?
- Яасан гэрээ санаа юу? гэж жингэнэн инээснээ
- Танайхан сайн сайн гэхэд Сугарыг асуух гэснээ санаа нь зовон
- Нургай эгчийнхэн сайн уу? гэтэл
- Тэднийхэн сайн сайн. Нөгөө Улаан хүү нь тууварчдын араас явлаа гэвүү гэхэд үүнийг л сонсохыг хүсэж байсан мэт Хандаа цаашаа нэг их юм ярилгүй
- За за баяртай Жи . . . үгүй ээ Пүрэв ахаа
- Ахыгаа шоолох нь уу? Тархигүйтээд байгаарай та нар гээд инээх нь нутгийн улс гэдэг хаа явсан газраа бие биенээ гэсэн нэгэн ах дүүс шиг аминчхан байдгийн илрэл. Тэндээс салаад Хандаа “Туувар гэдэг чинь том хүмүүсийн л ажил. Манай Сугар ч нутагтаа том хүний тоонд ордог болжээ” гэж санан ихэд бахархаж билээ.
Нэг өдөр хичээл дундуур бие нь эвгүйрхээд чөлөө аван байрандаа ирээд цагиргалан хэвтэж байтал Чимгээ гаднаас орж ирээд
- Яасан бэ?
- Мэдэхгүй ээ нэг л хачин болоод
- Чи ер нь эмчид үзүүлбэл яасан юм бэ? Би ерөөсөө байрны эмчид . . . гээд эргэтэл Хандаа сандран ухасхийн босож Чимгээгийн гараас бариад хэлэх үү байх уу гэсэн шиг хэсэг зогсоноо хэлэхээс өөр аргагүй болж
- Би чамд нэг юм хэлэх үү?
- За
- Миний юм ирэхгүй байнаа гэж шивнэхэд
- Яанаа гэж амаа дарж хэсэг бодолхийлсэнээ
- Арай үгүй байлгүй дээ. Чи чинь ганцхан удаа унтсан гээ биз дээ? гэж Чимгээг дуу алдахад
- Чишш! Хүүхдүүд сонсчихно гээд
- Тэгээд л би эмчид үзүүлэхээс айгаад байна. Одоо хэд хоног тэсчихвэл өвлийн амралт эхлэнэ. Тэгэхээр л харих минь.
- Тэгээд нээрээ үнэхээр жирэмсэн болчихсон бол яанаа гэхэд Хандаа уртаар санаа алдсанаа
- Одоо яахав дээ сургуулиасаа л гардаг байхдаа.
- Аав ээждээ ч алуулсаан
- Тэр алуулах ч дүүрсээн. Харин тэр болтол багш нар, хүүхдүүдийн царайг яаж харнаа мэдэхгүй гээд таг болов.

Үргэлжлэл бий . . .



15 comments:

Anonymous said...

Дахиал анхных шүү

mind said...

medeed baisan yumaa

ganga said...

Achaatai mashin avaart oron aldaad l...Unshigch avgain dotor zars hiigeed l... Huuhdii ni teej gargachihaad ochij ochij ter Darizavtai...

jami said...

Sugar maani ch baahan hetsuu baidald orvoo doo. Deer neg halit Bilgee huuhen muuhen geed garaad baisan. Ter ni Shiirev ahiinh ni tom ohin biz de? zohiol ch urgeljilj baina da.

Anonymous said...

Hi humuus taavar devshuuleed baisan taamaar boldog bna sh dee
- Darizav Sugart gem hiisnee uhaaraad huud ni shiruuleegui bololtoi bas sh eriin shiir shuu :)

- Surag ch Shiireviin hurgen bolsondog oo :D

Tnx Bumaa

Anonymous said...

Hyyshee.... Bumaaa ?? Ene arai l ert zambarmaagyidchih shig boloh um daa.Bidnii yed ch arai l daruulgatai baisan daa.. Yadahad nogoo hamgaalalt ene ter gedeg ni baihgyi..Aav eej gadaad yvaaad ireheer naiz nartaa belgend ogood baidag jijighen uuttai umiig gargaad yleej yzeed yasan baliar ynertei shaar ve geed l barag yavj baisan um daa... he he he ..
Hyyhed bagachuuld buruu ylger... bolchihlooo shoooo..... gehdee ch medeej baisan l baih dooo... Er ni ter honinii hongor biluu haliun biluu mori unaad Lagerr ochij angiinhaa ohiniig ergyylj baisan hymyys uy hiij baisan bolooo ?? ;)

Yag sanasnaar ornood baih um.... Sain zohiolchiin torh uu muu giinh uu ? Esvel bi iim lag bna uu??? he he he za toglosiim.... Manai nohor hyrtel ene zohioliin amtand orood oroi ajlaasaa tarj irehdee /nadaas arai oroi ajlaasaa gardag tul hevlegdchihsen baihiig ni nadaas omno unshsan geed ih ongirch bna lee onoodor/ nadad hevlej avchirch ogloo... bi ch komputeree asaahaas omno caasan deer unshchihaad odoo ahij unshaad suuj bna... Ingej ih hyleej baigaag sonsohod taatai baigaa gej naidaj bna... :)

TAGM

ZAYA said...

Сугар гэдэг юм хэлгүй амьтан таг чиг ганцаараа бодож, хийгээд байхынмаа.
Арай бас Шийрэв гуайн охиныг будилуулчихсан юм биш биз???

Anonymous said...

Bum ahaa ta uulan goyo bichdeg shd, harin urt zohiol bichihed jaahan turshlagaguitej bna. teer hoino avaachij uvgun bolgosnoo erguuleed ungursuntei holij baidag, ehneesee sugariin yavdaliig neg heseg bicheed, zeregtsuuleed handaagiin yavdaliig heseglej oruulaad baih baisiin, esvel buur ehneesee Sugar uvgunii dursamjaar ehleh baij uu? bi bol heseg hesegeer ni jaahan jaahan bairlaliig ni solimoor l sanagdaad bna da. Ta hevluulehdee neg anzaaraarai. nadad tanii zohiol deer garch baigaa humuusiin, yaria huuruu, bodol, ahui orchin ikh taalagddag shuu, ikh bayarlalaa

Uunee said...

Үнэхээр сайхан бичсэн байна аа.
Өгүүлэмж, үйл явдлын хувьд ч гэх юм уу их сонирхолтой юм. Гэхдээ магадгүй anon-ий хэлснээр дараалал дээр нь өөрчлөлт хийх хэрэгтэй байх.
Таны блогоор ойрд ороход хувь заяаны хэлхээ 1, 2... гээд биччихсэн байсан юм. Овоо урт зохиол бичиж байна даа, дуусахынх нь хэрд л уншъя даа, тэгэхгүй бол дараагийн хэсгийг нь хүлээгээд салахгүй байх гэж бодсон юм. оносон байна шүү.

"- Өө аврага. Хаа явах нь вэ? Баруун уу, зүүн үү? гэцгээхэд тэргээ байнга ухаж байдгаас тос Тогтох нэр авсан нөхөр
- Билгээ хүүхнээ орхиод
Бережнев даргын өгсөн
Бэлгийн цэнхэрээ унаад
Билүүтийн голын
Биндэръя хүүхэн рүү гээ яараа байлгүй" гэсэн хэсэг байгааг бодоход Шийрэвийн хүргэн болсон дог оо.

Хандаа жирэмсэн болоод гэртээ хүрээд ирсэн байдаг, ирэхэд Сугар нь... хүмүүс Сугарынх нь талаар янз бүрээр ярина, захидлын хариу ч байхгүй, төдөлгүй эжий нь өнгөрөөд ядарч явахад нь яаж яваад ч юм Дарьзав таар ч дээ. Дарьзав харин сүүлдээ хүн болсон юм шиг байна. Гэмээ ухаараа байлгүй дээ.
Гэтэл бас өнгөрчихдөг. Хандаа ч их л зовж байна даа.

За за, цааш хэрхэн үргэлжлэхийг хүлээж байя даа.

mind said...

huduuniihun chini harin hotiinhniig bodvol zaanaa "galzuu" baidag shuu dee

Anonymous said...

Би л лав хүү байсан бол "Сугар" болгоныг хайж явах байсандаа. Тэр тусмаа нутгийх нь тухай мэддэг Сугарыг бол бүр ч илүү шалгаах байх.

Хувь заяаны хэлхээ гэж.. их хэлхэлдэж байнадаа

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Хөхөө: Тэглээ анхных
Минд: Тэгсэн уу
Ганга: харин тиймээ. Яг одоогийн нөхцөлөөс харахад боломгүй зүйл болчихсон мэт
Яамий: Тйим хүүхэн байгаа
Амара:Хувь заяа гэж нэг юм яах аргагүй л байгаад байх шиг
Тагм:Надаас сайн зохиол гарна гэж юу байхав дээ. Яахав хүмүүс уншаад байх шиг болохоор урамшиж суудаг. Ялангуяа хүмүүс төсөөлөн таамаглаж бодож байна гэхээр урамшдаг
Заяа: Сугарыг сайн харахад буруудахгүй. Тэр тийм сайн хүн мөн үү гэж
Анон: Дарааллыг би өөрөө их л бодож байж хийсэн гэж санадаг. Янз бүрээр бичдэг байх. Гэхдээ би энийг нь сонгосон юм. Хүмүүс яаг яасан бол гэж догдолж унших юм болов уу гэж. Бүх юм нь зэрэгцээд ил яваад байж болно л доо. Цаашдаа ч гэсэн Би эдгээр гарч буй баатруудаа уншигч нарын дунд зоргоор нь орхих болно. Яахав тэд намайг ямар нэгэн байдлаар шүүмжлэг (дутуу бна, бичиж чадахгүй бна, чи мэрэгжлийн биш бна г.мэтээр)Энэ нь яахав зөвхөн намайг юм чинь. Харин эдгээр баатрууд маань хүмүүсийн дунд надгүйгээр амьдраг гэсэн санаагаар. Санал бодлоо солилцож буй та нарт баяралаж байгаа
Үүнээ: Манай Үүнээ ч юм уншдаг хүн шүү
Минд: Юунд тэр вэ?
Анон: Энэ мэтээр л бодогдож байвал болох нь тэр

Anonymous said...

ингэх ч болов уу гээд бодогдоод явциймаа..
хувь тавилан гэж......

Arsun said...

Хүлээгээл.

Juljagahan said...

hi Bumaa ah aa!
bi law ene daraallaaraa deer gej bodjiinoo. Ugaasaa zohiol zaawal amidral shig zeregtsej bolson yum zeregtsej bichigdeed ywah albatai bish dee. harin ch ''ee Handaa eedgui ingeel hunii ehner bolchihdog :-( huleej bolooguim bhda , hunii amidral ingeel amarhan engerchdeg ym bndaa''geed haramsmaar ch ym shig bodogdood zohiol duusahnuu getel yag hariulj bgam shig ingeed iim ym bolsiin geed dahiad shineer zohiol huurnej bgam shig sanagduulj bnaa xexe :-)
Urgeljluuleed bgaarai! good luck!