# #

Хүрлээ - 1 (Өгүүллэг)

Хүрлээ нойрноос сэрлээ. Цонхоор тусах нарны шаргал туяа орны хөлийг ороон алдахыг бодоход бөх унтжээ. Тэр өндийх гэж яарсангүй. Нойрондоо зунгааралдах нүдээ гараараа нухмар болж, хэвтэрээ эвтэйхэн засаад дахин нүдээ анилаа. Нойроо ханасан эсэхэд эргэлзэнэ. Тэгтэл гэнэтхэн өчигдөрийн явдал тархинд харвахад уур нь хүрч эхлэв. Бодвол өчигдөр дутуу орхисон уур унтууны үлдэгдэл бололтой. Тэрхэн зуур Хүрлээгийн нойр сэргэж, орондоо хоёр хөрвөөгөөд ухасхийн бослоо. Тавиур дээрх цаг руу хяламхийвэл аль хэдийн арав өнгөрчээ.
“За, за өчигдрийн юманд өнөөдөр уурлаад яахав. Нэгэнт босчихсон юм чинь сайхан усанд оръё байз” хэмээн бодоод алчуур халаадаа аван угаалгын өрөө чиглэлээ. Гэрийнхэн нь бүгд алга. Хамаг хувцас хунар нь үүгээр түүгээр, ундуй сундуй хэвтэхийг бодоход ихэд яаруу сандруу гарцгаасан бололтой.
Хүйтэвтэр тааруулсан ус нойрмог биен дээр асгарах нь цаанаа нэг таатай. Нүүрэн дээрээ ус гоожуулаад зогсоод баймаар. Усны мянга мянган дуслууд арьсны нүх бүрээр сүвчин, өөрөө ч гэсэн усны нэгээхэн хэсэг болчихов уу гэлтэй санагдана. Гэтэл гэнэтхэн дахиад л өчигдөрийн явдал ямар ч сануулгагүйгээр тархинд харван орж ирэв. Хүрлээ сүүлийн хэд хоногийг эс тооцвол өчигдөрийг хүртэл урамтайгаар ажил хайж байсан гэж болно. Ямар ч ажлыг чин хүсэл эрмэлзлэлтэйгээр хийж чадах, бас ч гэж англиар ойр зуурын юм ярьчихтайгаа болсон түүнийг хэзээ нэгэн цагт, хэн нэг нь заавал ажилд авна даа гэсэн итгэл салахгүй дагаж байсан юм. Өчигдөр тэр нэгэн байгууллагын “Хүний нөөц” гэсэн хаягтай хүрэн хаалгыг татан орохдоо
“Хамгийн цовоогоор, хамгийн сайхнаар, хамгийн . . . хамгийнаар өөрийгөө танилцуулах юм шүү. Эх орондоо, эх хэлээрээ ярьж байгаа юм чинь болох байгаа” гэж бодсоор орсон. Хэсэг хугацааны дараа Хүрлээ гарч ирээд, хонгилд тавьсан сандлын наад үзүүрт урамгүйхэн суулаа. Тэрээр дутуу хаасан хаалгаа хаах гэж нэг ухасхийснээ
“Үгүй ээ, би ер нь яагаад энийг хаах ёстой гэж” хэмээн бодоод хаа нэгтээгээс өдөржингөө сажилж, сажилж ирээд сандал олдсон дээр нь суугаад авч байгаа хүн шиг хамаг биеэ сул хаян, ар дагзаа хананд наагаад нүдээ анилаа. Хүйтэн хана дагзнаас жиндүүлэх нь таатай ч юм шиг. Тиймээ! тэр ядарчээ. Хүрлээ маш олон сар, маш олон хаалга татан хуучнаар бол боловсон хүчинтэй уулзаж, эцэстээ аргаа баран сууж байгаа нь энэ. Манайд одоогоор орон тоо алга. Та энэ анкетийг бөглөөд орхичих, бид утасдъя гэж хоорондоо ярилцсан юм шиг нэг л ижилхэн хариу өгдөг юм тэд. Яагаад тэгдэг юм бол? Хэлэх ч үг алга даа.
Хонгилоор сэвэлзэх хөнгөн салхи Хүрлээгийн духны хэдэн ширхэг үсээр оролдоно. Тэрээр шууд явахыг төвдсөнгүй. Үнэндээ тийм тэнхэл ч байсангүй. Гараад хайчих ч юм билээ.
“Би гадаадад байхдаа бас л ажил хайгаад өдөржингөө гудамж хэмжин алхдагсан. Гэлээ гэхдээ их удлаа гэхэд бүр цаад тал нь нэг сарын дотор заавал нэг ажил олддог юм. Угаасаа хоол унд, байр савны төлбөр гээд тархи, зүрхний там болдог болохоор олохгүй бол болохгүй юм чинь дээ. Орой, бас л урамгүй мэдээтэй харих нь дээ. За, за би юугаа ч бодоод унав даа. Босохоос дургүй хүрч байх чинь. Үгүй тэгээд энд суугаад яах ч юм билээ” гэсэн эцэс төгсгөлгүй тэгсэн атлаа үр дүнгүй бодлууд Хүрлээгийн толгойд эргэлдэнэ. Тэгтэл түүний гарч ирсэн хүрэн модон хаалганы завсраар эр, эм хоёр хүний хоорондоо ярих нь тодхон сонсогдлоо. Эрэгтэй нь түрүүхэн Хүрлээтэй уулзсан хүн мөн ажээ. Эмэгтэй нь
- Яасан? Саяын хүн чинь гайгүй хүн юм биш үү? Гадаад дотоод яваад галуу шувууны мах зулгаасан, харахад ч аятайхан залуу байна даг.
- Хн! Хаашаагаа тэнэж, юугаа зулгаасан нь ямар хамаатай юм.
- Үгүй ээ, ядаж хэлтэй устай . . .
- За, засс! Тэрний хэл усаар би дутаагүй зүгээр
- Чи юундаа уурлаад байгаа юм бэ? Чи чинь хүний нөөц биз дээ? Хүн ажил хайгаад ирэхээр уурлаад байдаг. Манайд орон тоо байгаа ш дээ.
- Энэ одоо чиний хүн юмуу? Хаашаа юм?
- Үгүй л дээ
- Тэгээд. Тэгээд юундаа хүн шалаад байгаа юм? гэж бачимдан чарласнаа цааш нь
- Тэгээд ч би авахгүй. Аягүй бол сарын дараа гэхэд хэл усаараа гайхуулаад манийхаа толгой дээр гарчихыг хэн байг гэх юм
- Аан! Чи тэгж бодоод байгаа юм бий.
- Чи ямар тэнэг юм бэ? Ганцхан миний ч биш, чиний ч толгой дээр гарна ш дээ. Тэгээд хагас жилийн дараа гэхэд чи бид хоёрын нэг нь халагданаа гэсэн үг. Чи ер нь юм ойлгодог юмуу? Үгүй юү?
- Нээрээ тэгэх юм болов уу?
- Тэгээд ч би энэ хар амиа бодож гадаадад гайхуулж яваад ирсэн юмнуудад дургүй.
- Тэр ч арай хэтэрнээ
- Ямар ч байлаа гэсэн би энэ сандал дээр суугаа цагтаа гадаадаас ирсэн хүнийг ажилд авахгүй. Төр төмөр нүүртэй гэж мэдэх үү?
- Чи ч гэсэндээ хаанахын ч билээ визэнд ороод гараагүй гээд л урвайчихсан явсан биздээ?
- Харин тэгээд яагаав. Ямрынх нь гараад, ямрынх нь гардаггүй юм. Тэгээд ч тэр үед надад виз гараагүй нь болсон юм. Тэгээгүй бол саяын өрвийсөн юм шиг ажил хайгаад хүн долоочих гээд явахгүй юү . . .
Хүрлээ үүнээс цааш сонсож чадсангүй. Хэдий эрүүл саруул байсан ч чухам яаж гэртээ ирснээ ч мэдэх юм алга. Хамгийн их итгэж найдаж байсан хүн нь, хамгийн хүнд хэцүү үед уравчих шиг тийм сэтгэгдэл төрж байлаа. Монголдоо ирэх гэж яасан их хүслээ дээ. Тэр өнөөдрийг хүртэл яг зургаан сар ажил хайгаад олоогүй ээ.
Хаанаас ч юм ирсэн бухимдал, гомдол эсвэл юу ч юм бэ дээ нэг юм Хүрлээгийн сэтгэл дотор дахиад л босож ирэх гээд байгааг анзаарав. Энэ үл үзэгдэгч их сонин. Амьтай ч юм шиг, нүдтэй ч юм шиг, шар өнгөтэй ч юм шиг, шарвагнуур зантай ч юм шиг байгаа юм. Хүрлээд юу бодогдож, түүний сэтгэл санаа ямархан байнав, тэр аясаар хувирч, заримдаа бүүр өөрт нь дийлдэхгүй болтлоо авирлаад байгааг Хүрлээ дөнгөж өчигдрөөс л анзаараад байгаа.
Тэр уснаас гарч, саарал өнгийн зузаан том алчуураар биеэ зүлгэх зуураа
“Үгүй шүү! Өнөөдөр энэ талаар бодохгүй. Ерөөсөө өнөөдөр ажил төрөл гэж бодохгүй тайван өнгөрөөе байз. Эх орондоо байх ч сайхан байна шүү. Ажилгүй байгаад байхад л амьдраад болоод байдаг” гэж бодсоноо энэ хачин бодолдоо өөрийгөө шоолон жуумагнаад
- Ажилгүй байхад амьдраад байхдаа яахав дээ. Амьдарсан болоод гэвэл зохих байх. Гэхдээ л сайхан байна шүү. Ах дүү, аав ээжийнхээ хажууд байхыг сайхан гэхгүй бол өөр юугаа сайхан гэхэв гэж өөрөө өөртөө шивнэн хэлэв. Өөрийгөө хүчээр тайван байлгах гэж оролдож буй ч нэг л болж өгөхгүй л байлаа. Тэр кофе буцалгав. Сэтгэлийн мухарт өнөөх шарвагнуур шар түр намжиж буй нь мэдрэгдэж байв. Гэвч ямар нэгэн сэдэл гарах л юм бол тэр мэдээж сэрэхэд бэлэн байгаа.
“За, хө! Өнөөдөр чинь тэгэхээр юу хийдэг билээ. Кофегоо уучихаад жаал ном уншнаа. Багадаа ч олон ном уншсандаа. Нэг амтанд нь орчихоор мөн ч сайхан шүү. Яг л дотор нь орчих шиг болдогсон” гэж бодоод тавиур дээр жирийтэл өрсөн номнуудыг нүд гүйлгэн харав. Хүрлээд яг энэ номыг уншчихъя гэсэн зорилго байсангүй. Тэрээр хавтас нь нилээн муудсан нэг номыг яагаад ч юм сонгон авсан нь “Зуун жилийн ганцаардал” байв.
- Хн! Намайг мэдсэн юм шиг зуун жилийн ганцаардал байхдаа яахав дээ гэж амандаа үглээд, “Нээрээ, ажил олдох нь уу, үгүй юү гэж номоор мэргэлдэг юм билүү” гэж бодсоноо өөрийгөө шоолов. Энэ шоололт ч гэсэн ямар нэгэн хор шар дагуулах гээд байх шиг. Хүрлээ түүнээ хурдхан анзаарч
- За, за тийм ядарчихсан юм гэж юу байдаг юм. Өнөөдөр угаасаа энэ талаар бодохгүй гэчихээд. Тэгээд ч энэ номоор мэргэлэхгүй гэж хэн нэгэнтэй ярьж байгаа юм шиг тод хэлэв. Тэр бухимдахгүйг хичээж байлаа.
“Энэ номыг би урьд нь хэд уншлаа? Бараг хоёр ч уншсан байх. Хүн амьтны хэлдэгээр салахын аргагүй сайхан ном гэж мэдэрсэндээ биш, зүгээр л анх уншаад юу ч ойлгоогүй. Нас насны ялгаагаар ойлгодог юм болов уу гэж бодоод сүүлд, оюутан байхдаа дахиж нэг уншсан. Тэгээд ч ойлгоогүй юм. Гэтэл энэ зохиолчийн бараг энэ номонд нь байхаа Нобелийн шагнал өгсөн байдаг. Бодвол би л тааруухан тархитай гайхал юм байх даа” гэж бодон номоо барьсаар буйдан дээр хэвтлээ. Хүрлээ хаа очиж номыг уншиж сурчээ. Хоёр нүд нь аяган дотроо хэдхэн гүйгээд л нэг нүүрийг уншчих нь тэр. Зарим хүмүүс бараг л үсэглээд байна уу гэмээр үг үгээр нь, удаан уншдаг бол Хүрлээ ерөнхийд нь мөр мөрөөр нь харж амждаг юм. Бараг л зурагтай сэтгүүл үзэж байгаа юм шиг.
“Үе үе дамжсан үхэж өгдөггүй энэ эмгэнд л нэг учир байгаа юм даа. Бодвол энэ, хүн хэлбэрээр гарч ирсэн хүний оюун санаа юм болов уу” гэж хүртэл бодов. Түүний хэвтэж буй чив чимээгүй өрөөнд номын хуудас хааяа нэг эргэх чимээ, ханад өлгөөтэй кварцан цагны чаг чаг дуугарах л сонсогдоно. Номоо уншиж хэвтсэнээ Хүрлээ хамгийн дуугай дүмбэгэр юм бол яаж ч бодсон ном мэт санагдавч хуудас нь эргэхээрээ чимээ гаргадаг болохыг сая анзаарав. Ном чимээтэй ажээ.
“Яагаад би ийм гэж бодож байгаагүй юм бол. Номон дотор чинь голын шаргиа, навчисын сэрчигнээн, адуу янцгааж, амгай шаргиж, ардын дуу шуранхайлж, айраг хүртэл эсэж байдаг биш билүү. Тэр ч байтугай энэ номонд гарч байгаа шиг цаг хугацаа зуу зуунаар үргэлжилж байхад яагаад дуу гарахгүй билээ. Энэ бяцхан тосгонд эмс охид инээж эсвэл уйлж, эр цэргүүд ирж буцаж, элсээр шуурч байхад, үгүй ядахдаа л сүмийн хонх гунигаар цохилж байхад яагаад ном дуугүй байх гэж . . .
Нээрээ! сүмийн хонх гэснээс энэ үед цаг байсан болов уу. Байсан л байж таарна даа. Гэхдээ энэ кварцан цаг шиг дуугардаггүй байсан байх”
Нэг мэдэхэд Хүрлээ номоо тэвэрсээр бодолдоо ороогдон цагны цохилтыг өөрийнхөө зүрхний цохилттой харьцуулан тоолж байлаа. Аль нэг нь арай хурдан ч юм шиг . . .
Үгүй ээ үгүй, яг адилхан ч юм уу. Тэр ялгаж чадсангүй. Түүний доторх өнөөх шарвагнуур шар хүртэл гайхаж хоцорсон янзтай төсөөлөгдөнө. Тэр тэгж байхдаа таарсан амьтан. Тэгээд л маанайж байг цаашаа.
“Тиймээ! Тэр үед цаг байгаагүй байх. Нарнаас нарны хооронд баримжаалдаг байсан байх. Өглөөний нар мандахаар үзэмнийхээ талбай руу явж, үдийн нар голлоход сүмийн хонх дуугарч хөөрхий ажилчид бутны сүүдэр доор нуруугаа амраан, хавтгай гурилаа халуун чинжүүтэйгээ иддэг байсан байх. Магадгүй, үдэш нар бөхийхөд ажлаа дуусгаад, газар өнгөтэй амбаар луугаа тааваараа алхахдаа хэн нэгэн бүсгүйн энгэрээ сулхан нээж, өргөн хондлойгоо холбилзуулан алхахыг тэр ч байтугай нэвт хөлөрсөн суга хонхорцогийг хүртэл тийм нэг хүслийн ад гүйсэн харцаар ширтэн алхацгаадаг байсан байх. Тэд ажлаа тарахад жаргалтай байдаг байсан байх” Хүрлээ ийн бодож хэвтэнэ. Түүний нүд цаган дээр, гарт нь ном, бодол санаа нь зуу зуун жилийн тэртээх халууцаж хөлөрсөн Испани бүсгүй дээр туссан байлаа.
Тиймээ, тэд ажилтай байж. Хүн төрөлхтөн үеийн үед ажилтай байж. Харин Хүрлээд ажил байхгүй. Энэ үед Хүрлээгийн шарвагнуур шар мурчигнах шиг болов. Энэ үл үзэгдэгч хэзээнээс эхлэн бий болсныг мэдэхгүй. Ямарч байсан өчигдрөөс эхлэн амилсан уу эсвэл тэр анзаарсан уу нэг л юм болсон. Хүрлээгийн дотор бачууран харанхуйлж, барьж байсан номоо эгээтэй л шидчихсэнгүй.
“Би эх орондоо ирэх гэж ямар их хүслээ. Бараг л өдрийн бодол, шөнийн зүүд байсансан. Гэтэл энд үлдсэн хүмүүс маань гадагшаа явагсадынхаа тухай ийм бодолтой байсан гэж үү. Яалаа гэж энэ вэ? Юу биднийг ингээд хуваачих нь энэ вэ?” гэж бодох зуур өглөөнөөс хойш хүчээр барьж байсан сэтгэлийн шаналал нь гомдол болон хоолойд зурна. Өнөөх шарвагнуур шар нэг болохоор даапаалан шоолох шиг, нэг болохоор түүнийг даган нурмайх шиг болно. Нэг мэдсэн чинь Хүрлээгийн нүдний аяга шингэнээр дүүрсэн байлаа.
“Үгүй ээ, үгүй. Би иймхэн юманд ингэж нормойгоод яах ч юм билээ. Өнөөдөр ерөөсөө энэ талаар бодохгүй шүү. Сайхан амрах л хэрэгтэй. Өнөө орой нөгөөдүүлээ ирэхэд сайхан хоол хийе. Яалаа гэж тэр хаа хамаагүй танихгүй хүний хэлсэн үгний төлөө би энд боож үхэх гэж суух билээ” гэж тэр өөрийгөө тайвшрууллаа. Шарвагнуур шар ч учиргүй сагсалзан байснаа эзнээ харсан хоточ шиг цагиргалан хэвтэх шиг болов.
Хүрлээ өөрийгөө тайвшруулах, жаргалтай байлгахын тулд юу хийхээ бодно. Түүнд одоо ном хэрэггүй болсон. Тэрээр гэр дотроо нүд гүйлгэн явтал үүдэнд хэвтэх хоёр гутал тусав. Монголд ирэхдээ өмсөж ирсэн гутлын өсгий нь мөлийжээ. Тэрээр ихэд олзуурхан
- Өө, хөө! энийгээ янзлуулъя байз гэж дуу алдах шахам хэлээд “Уг нь чанартай л юм гэсэн. Манай энэ шороо чулуу болсон гудамжинд хаанахын, ямар гутал байгаад ч нэмэргүй бололтой доо” гэж бодтол нүдэнд нь эхнэрийнх нь гутал бас тусав.
- Үгүй тээр! Манай хүний гутал хэдийдээ бас ингээд яайжийж орхив гэж өөрийнх нь гутал зүв зүгээр байгаа юм шиг гайхан үглэснээ
- За, за хоёуланг нь аваад гаръя гэж бувтнаад өөрийгөө сатааруулах ажилтай болсондоо тэгсэн үү сэтгэл нь овоо хөнгөрөн хурдхан шиг хувцаслан гарлаа. Яг л уйт орчноос зугатах мэт.
Хүрлээг босож, суун бодолдоо ороолдсоор байтал аль хэдийнээ нар голлож, өдрийн хугас өнгөрчээ. Наашилж буй цагийн нар ээж байрных нь хэдэн хөгшид дүнгэр дүнгэр гэлдэн сууцгаана. Зарим нэг нь Хүрлээгийн эцэг эхийг амьд ахуйд орж гарч байсан тухайн цагийн андууд мөн. Цагтаа хуучны энэ хороолол битгий хэл, энэ хот, энэ улсыг нуруун дээрээ авч явцгаасан улс гэхэд одоо итгэхэд бэрх харагдана. Хэдэн хүүхэд шаагилдан, элс шороо бужигнуулан тоглоцгооно. Байшингийн ёроолоор нялх ногоо цухуйсан нь хэн хүний сэтгэлийн үзүүр дулаацмаар.
Хүрлээ нэгэн гуталчингийн газрыг мэднэ. Хүрлээ байтугай энэ хавийнхан бүгд мэднэ. Орон сууцны хамгийн анхны гэж болох энэ хорооллын гурван давхар ягаан байшингуудын дунд бас ягаан өнгөтэй жижигхэн дөрвөлжин цэг шиг тийм нэг шавар мухлагт нэгэн гуталчин суудаг юм. Яг ямар нүүр царайтай хүн байсныг нь тэр санадаггүй. Осолдохгүй хөх өнгийн хөвөнтэй өмд цамцтай, том хар дугуй унасан хөгшин дотор хүн байдаг байсан. Хүрлээ бусад хүүхдүүдийн адил “Хужаа, хужаа. Хөгцөн шүдэт, хөгшин луухаан” гэж хашгирчихаад гүйж одно. Тэгэхэд арзгар хар шүдээ гаргаад инээдэгсэн. Яг инээж байсныг мэдэхгүй юм. Гэхдээ хэн ч харсан инээж байна л гэж бодогдоно. Тэр шүд л санаанд байхаас бусдыг бол мартжээ. Хожим сургуульд явахад тэр жижигхэн мухлаг, тэр хүн хоёр байж л байсан. Яагаад ч юм санаанд үлдсэн хэрнээ санагддаггүй тийм л нэг мухлаг, тийм л нэг хүнийг өнөөдөр Хүрлээ гутлаа янзлуулах болохоор л санасан хэрэг. Тортой гутлаа гартаа санжуулан хөгшин улиасны доогуур яаралгүйхэн алхахдаа
“Энэ моддыг бидний дээд үеийнхэн ямар их сэтгэлийн хөгөөр тарьж бас ургуулсан бол. Тиймдээ ч ийм сүрхий ургасан байх”
Анхны хороолол, хуучин байшингууд, хөгшин модод, эртний дурсамж бүгд нийлээд сэтгэл дулаацуулчих юм гэж, өнөөх шарвагнуур шарыг хүртэл унтуулчих юм гэж Хүрлээ хэзээ ч санаж яваагүй байх. Харин сүүлийн үед хотын хаа ч гэсэн харагдах болсон хар хөх өнгөтэй машин хуучин байшингуудын дунд зогсох нь дэндүү гялгар бас содон гэмээр.
“Хотын хүн ам ихэссэн өнөө үед энэ хөдөлгөөнт эргүүл гарсан нь сайшаалтай шүү” гэж тэр харсантайгаа зэрэг шахам бодож амжив. Эдгээр байшингуудын нэг давхрууд одоо бүгд үйлчилгээний газрууд болжээ. Ихэнх нь л гадаад хаягтай юм. Тэрээр “40000 уушийн газар” гэсэн хаягийг харж
“Энд чинь нус Зоригоогийнх байсан ш дээ. Сайн санаж байна. Ядруухан гэхэд хаашаа ч юм нэг тийм айл байсансан. Хүүхдийнх нь нус нь дандаа л гоожиж явах. Угаасаа тэр үед нэг давхар чинь жаахан нэр муутай байсан юм. Зах зээл энээ тэрээ гээд л үнэд орсон болохоос биш. Бодвол тэднийхэн энийгээ зарж аль нэг тийшээ явж одсон байх л даа. Харин энэ хаягийг тоо, үсэг холиод овоо сүрхий донжийг нь олоо юу даа” гэж сунжруу бодолд автан булан тойров. Хүрлээг шавар мухлагт ирэхэд тэртээ санаанд үлдсэн хуучин мухлаг байдгаараа байж л байлаа. Яг л нэг юмны төгсгөл шиг. Харин жижигхэн цонхондоо төмөр сараалж хийсэн байв. Угаасаа л сүүлийн үеийн нэг давхрын бүх цонхонд байдаг болчихсондоо. Хүрлээ гадаадаас ирээд энэ хавиар зөндөө л явсан баймаар. Гэхдээ энэ бүгдийг ингэж сүрхий ажигласнаа санахгүй. Гутал засвар гэсэн хаягийг хараад “Нээрээ ч дээ. Энд гутлыг засах болохоос ямар хийх биш. Тэгэхээр гуталчин гэж бичихгүй нь зөв юм. Бид л гуталчин гэж яриад заншчихаж” гэж хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг юм бодсоор орлоо. Өөдөөс хаймар, цавуу, ширний тийм гэхийн аргагүй содон үнэр тас хийтэл үнэртэнэ. Аргагүй ч юм биз. Түүний бодсоноос хамаагүй залуу хүн тэнд суух бөгөөд Хүрлээг харуут
- Сайн уу ах? Гутлаа засуулна уу? гэж түүний барьж явсан торлуу хяламхийв. “Туужууны өвс шиг ширүүн хар үс, хув гэмээр өчүүхэн чих, хүүхнүүдийн дуртай давхраатай ч, хаанаа ч юм бэлцгэртэй хачин нүд зэргээс харахад энэ яав ч монгол цусны хүн биш”
- Сайн. Гутлын өсгийд резин наалгавал ямар үнэтэй байх вэ?
- Дөрвөн мянга таван зуу ш дээ.
- Юу?
- Манайх шиг хямдхан газар энэ хавьд байхгүй дээ. Та яваад үзсэн ч болно.
“Өгүүлбэрийн зохион байгуулалт нь буруу болохоос бараг аялгагүй шахам ярих юм. Бас л их монголжсон байгаа юм шүү. Бидний багад хятадууд өмссөн зүүснээрээ ч, хэл яриагаараа ч илт ялгардаг байж. Одоо ч тийм байхаа больжээ”
- Би хоёр гуталд наалгах гэсэн юм. Найман мянгаар наагаад өгчих гэчихээд “яагаад заавал хямдруулах гэсэн юм бол” гэж санахдаа өөрийгөө гайхав.
- Хаа яаа! Би таваан мянга байсаан. Тэгээд дөрвөө мянга таван зуу гэсээн. Та дөрвөө мянга гэнээ гэж амандаа үглэн, толгойгоо сэгсэрч гаслах авч гутлыг эргүүлж тойруулан үзнэ.
“Өө, хөөрхий! бас аялгагүй ч биш юмаа. Хэлэнд даанч нэг муу улс шүү”
- Чи таван мянга гэж хэлээгүй ш дээ
- За, за би наанаа, наанаа гээд залуу гуталнуудыг нь тэрүүхэндээ шидлэв. Мэдээж тэр таван зуун төгрөгнөөс болж найман мянган төгрөгний ажлаа алдахыг хүсээгүй бололтой. “Чи муу ингэхгүй гээд яахав дээ. Энэ тэрүүгээр хэдэн жил тэнсэнийх чинийхээ занг мэдэлгүй дээ” гэж бодон эргэж сандал дээр суулаа. Тэр хоёрын хэн хэн нь дуугарсангүй. Бодвол дор дороо л юм бодож суугаа байх.
“Уг нь хүний нутагт амьдраад тухайн улсынхаа хэл яриаг сураад ирэхээр сайхан л байдаг юм. Тэгээд ирэхээрээ хүн хартай ярьж, үгүй ядахдаа өөрийнхөө хэлний түвшин хэр байгааг бусдад мэдрүүлэх ч бас бахархамаар мэдрэмж төрдөг шүү. Би ч гэсэн тийм л байсан. Даяарчлал гэж их ярих болсон өнөө үед хүн хаа ч явлаа гэсэн хүнд тустай ажил хөдөлмөр хийж яваа бол одоо яалтай ч билээ дээ” гэж Хүрлээ гуталчинг өөртэйгөө зүйрлэн, бодлоо бүгээнтгэж, өрөөг тойруулан ажин сууна. Энэ нь чухам өөртөө залуугийн тухай төрсөн таагүй сэтгэгдэлээ хорьж байгаа юу эсвэл угаасаа нас ахиад юмыг арай уужуу бодох болсон нь нөлөөлсөн үү алин болохыг ялгасангүй.
Мухлагаа тэг дундуур нь намхан хаалтаар хоёр хувааж. Нэг талд нь хана дагуулан бандан сандал тавьж, эрээн хулдаасаар хулджээ. Гурав дөрвөн хүн суугаад дүүрчихмээр аж. Энэ нь үйлчлүүлэгч нарын суух хэсэг бололтой. Нөгөө талын хананд зүлгүүр бүхий бага оврын машин байрлуулчихаж. Толины хоёр хэсэг хагархай хаанаас ч юм олж ирээд наачихаж. Өөрийнхөө суудаг сандал дээр ямааны өөдсөхөн хөдөс тавьчихаж. Мөлийж гялайсан гутлын тахир төмөр, хажуугийн тавцан дээр жижигхэн дөрвөлжин нүднүүдтэй модон хайрцаг байх бөгөөд нүд болгонд нь хоорондоо үл ялиг ялгаатай зүсэн зүйлийн шивээ хадаас, үдээс зэргийг хийжээ. Түүний хэрэгтэй бүхэн эргэн тойронд нь байх бөгөөд залуу хүссэн зүйлээ хүссэн үедээ нэг их эрж хайлгүй авах ажээ. Ер нь эргэн тойронд байгаа болгон тохилог гэхэд хаашаа юм нэг тийм амархан, сэтгэлд дулаахан ч юм шиг Хүрлээд таалагдаад байх шиг санагдана. Хүн заримдаа яагаад ийм жижигхэн бөглүүхэн орчинд дуртай байдаг юм бол. Хүүхэд байхдаа хувцасны шкафанд эсвэл ширээн доогуур орж орчноосоо тусгаарлагдан тоглох дуртай байж билээ. Хүрлээгийн эмээ ч гэсэндээ тэдний жижигхэн гал тогоонд хаашаа л бол хаашаа юм юмандаа хүрээд амар гэсэн шиг цай оочлон хөлсөө бурзайлган суудаг хүн байж билээ. Тэндээсээ ч бараг гарахгүй. Бодвол орчин нь яг л иймэрхүү санагддаг байсан байх. Арынхаа тавиур дээр энэ мухлагтаа таарсан бяцхан хөгжим тавьчихаж. FM бололтой. Сүүлийн үед ихэд нэрд гараад байгаа залуу дуучны дуу эгшиглэнэ. Хөгжимийн дэргэд алгын чинээ цаасан дээр улаанаар дармалдсан хоёр ханзыг скочоор нилээд нямбайлан наажээ. Өлөн тоосонд дараатай тэр хоёр ханз чухам юу гэсэн үг юм бол гэсэн бодол Хүрлээгийн толгойд өөрийн эрхгүй бууна. Ер нь энэ өрөөний бүх юм тоос шороо, үртэс үйрмэгт дарагдсан тул цаанаа нэг өнгө алдсан харагдана. Түрүүнээс хойш зүгээр суулгүй зай завсаргүй хөдлөх залуу хөгжим даган гиншигнэн толгойгоо бөнжигнүүлэн ажиллана. Ерөөсөө л тэр сэтгэл хангалуун байгаа бололтой. Энэ юундаа ийм жаргалтай байдаг билээ. Хариуг олоход тийм ч их цаг орсонгүй. Хүрлээг бодвол тэр өөрийн гэсэн ажилтай байлаа. Тиймээ, тэр ажилтай. Өчигдөр, уржигдар ер нь хэзээ ч юм хүмүүсийн авчирч өгсөн хуучин гуталнууд тэр хөндийгөөр дүүрэн. Залуу оёхыг оёж, наахыг нь нааж, хадахыг нь хадаад нөгөө хөндий рүү шидлэнэ. Хүрлээ хараад байгаа болохоор тэр үү залуу улам ч хурдан хөдөлж байх шиг. Өнөөдөр, маргааш, нөгөөдөр хэзээ ч юм хүмүүс эдгээр гутлыг авахаар ирэхэд эд бүгд мөнгө болон хувирна. Тиймээ, энэ залуу ажилтай. Тэр ч бүү хэл өөрийн гэсэн орчинтой. Тэр энэ мухлагтаа жаргалтай.
Харин . . . харин Хүрлээд ажил байхгүй. Түүний доторх шарвагнуур шар сэмхэн сэрэх шиг мэдрэмж төрж эхэллээ.

Үргэлжлэл бий . . .

7 comments:

ntsetsbold said...

үргэлжлэлийг нь хүлээж байя.

BMR said...

хмм.. үргэлжлэлийг тэсэн ядан хүлээе..

Бяцхан тэмдэглэл said...

дараагийн хэсгийг удахгүй уншина гэж найдаж байна.

A.Амарсайхан said...

Гуталчин руу ороод ирэхэд үнэр нь үнэртлээ. Тэгснээ Хүрлээг дагаад сэтгэл хоосорлоо. Нээрээ л ингэж бодоод явж байсан үе бий шүү хэ хэ.

Болорхон said...

Яанаа Монголд очтол арай Хүрлээгийнх шиг байдал тосох юм биш биз дээ... очоод хэлтэй устай гайгүй ажилд амархан орчихно гэж бодож явсан чинь гэнэтхэн айчихлаа. Монголд байгаа нь биднийг тэгж л боддог байх даа... тэдний ч буруу бас юу байхавдээ.

Embuulei said...

Taniig irehiig udaan huleelee, uguulleguud chini tsaanaa l neg uhaaraltai, gehdee niigmiin amidraliin muu sain bologniig sonsch yabdag nadad bol neg tiim gegeen, uyangatai umaa, bayarlalaa, udur bur orj irdeg shuu, shine bichleg oruulahiig chini huleej bgaa ni ene. Ene uguullegiin urgeljleliig unshihiin tuld odoo bol tanaihaar udurt 2 udaa orj ireh ni dee. AMjilt huseye

Бум said...

НЦэцБолд: мөдхөн
БМР: нэг их хүлээлгэхгүй ээ
Бяцхан: Тэгнээ
Амараа: Үнэр ч айхтар л байдаг. Гэхээ урд зүгийн "нөхдүүд" маань манай нийгмийн нэгж болнод шургалан орчихож. Түрүүчийнх нь одоо хичнээн ч үеэ үзэж байгаа юм дээ бүү мэд. Гэтэл бид . . .
Болорхон: Энэ талаар битгий санаа зовоорой. Би бас энэ өгүүллэгээ тавих уу, болих уу гэж өөртэйгөө маш удаан тэрсэлдсэн юм. Учир нь гадаадад байгаа хүмүүс маань уншаад зарим нь эх орноосоо үргэчих вий дээ гэж. Гэхдээ үргэхээсээ илүү эх оронд маань харийнхан эзгэнэчихээд байнаа гэдгийг ойлгох нь арай олон байх болов уу гэж бас бодсон. Миний дүү ганц энэ өгүүллэгээр энд байгаа хүмүүсээ битгий буруугаар ойлгоорой. Эх орон чинь та нарыгаа хүлээсээр л байгаа. Яг л эцэг эх хүүгээ харуулддаг шиг. .
Эмбүүлэй: Ойрд хөдөө гадаа яваад блогруугаа ороогүй юмаа. Тэгээд удчихлаа. Өнөөдөр бас явлаа. Хэд хоноод ирнэ. Гэхдээ дараагийн хэсгтйг оруулчихаад явнаа.