# #

Сүүдрэвчинд болсон яриа (Өгүүллэг)

Нар ташжээ. Зуны өдрийн бүгчим халуун ашгүй нэг нугарч, оройн сэвэлзүүр салхи үе үехэн намилзах нь үдшийн сэрүүн мөдхөн ирэхийн дохио. Яг л энэ мөчид би ажлаа таран гэрээдээ алхдаг маань бараг ёс гэмээр болчихож. Заримдаа учиргүй яаран алхана. Харин заримдаа энэ тэрхэнийг харсан шиг бодолд автан гэлдрэх нь бий. Өнөөдөр тийм өдрүүдийн нэг бололтой. Яаралгүйхэн алхсаар бараг л зам дээр шахам таардаг нэгэн сүүдрэвчинд ирлээ. Үүгээр явах тоолонд хэдэн хөгшид юугаа ч юм ярилцан, бумбаралдан сууцгаадаг юм. Өнөөдөр харин алга. Сүүдрэвчинд оров уу, үгүй юү насан туршийн найз мэт болсон өнөөх муу үмхий тамхиа асааж, ойрын найрд татаагүй аятай шуналтайхан хэд гурав сорлоо. Сорох ч гэж дээ бараг л хөхөх юм даа. Сэв сэв салхин шанхны хэдэн үсээр оролдоод таатай санагдах тул навсгар хар цүнхээ хажуудаа шидчихээд гэдийж авлаа. Гэдэс жаахан хонхолзож байсан ч тэр одоо надад хамаагүй мэт. Хүний сэтгэл гэдэг угаасаа л сонин юм хойно доо. Юм бүхэн сайхан санагдах аж. Сайхаан, сайхан . . .
Гэтэл гэнэтхэн нүдний үзүүрт нэг юм дэрвэх шиг болоход өөрийн эрхгүй тэр зүг харвал урт хормойтой, нимгэн цагаан бошинз өмссөн бүсгүй гунхан, гунхан манай сүүдрэвчинд ирэх нь тэр. Бүсгүй ч бас халууцаж буй нь илт. Өрөөсөн гараараа нүүрээ сэвнэ. Нүүрэндээ арай л том юмуу даа гэмээр нарны бараан шил зүүж, үсээ сулхан боожээ. Бүсгүй хүний зуны хувцас гэдэг адын эд юм хойно нарны туяанд цаанаа нэг аятайхан харагдана. Аятайхан бүсгүй гэдэг чинь нэгэн бодлын харах нүдийг баясгасан байгалийн нэгэн уран тансаг үзмэр л гэсэн үг. Бас тэгээд үнэгүй. Эр ухаантай юм болохоороо түүнийг харахгүй байж чадсангүй. Үгүй ээ тэгээд бас учир зүггүй гөлрөөд байж болохгүй юм. Хий дэмий л хулгайн нүдээр хяламхийж суух. Гэтэл түүний утас гэнэтхэн дүнгэнэв. Ядаж байхад яасан сүрхий дуутай юм. Цочсондоо эгээтэй л огло харайсангүй. Одоо ч хүн болгон утастай болсон хойно цочиж барьдаг миний л муугийх л даа. Бүсгүйн уран цагаан хуруугаараа утсаа дэмнэх төдийхөн барих нь юутай ч зүйрлэмээр юм дээ. Тэрээр
- Айн . . . гэж хөндийдүүхэн дуугарч байна. Бодвол цаанаас нь нэрийг нь асуусан байх л даа. Миний бодсон зөв гэсэн юм шиг тэр
- Аанхаан . . . гэж нялуундуухан хэлээд мушийж байна. Хэнтэй ярьж байгаагаа баттай мэдсэн юм болов уу даа. Бүсгүй нилээн тухлах янзтай миний өөдөөс харан өрөөсөн хөлөө нөгөө дээгүүрээ ачин суулаа. Манайхан ихэнхдээ “Байна уу?” гэж яриагаа эхэлдэг бол энэ хүүхэн тэгсэнгүй. Түр амсхийгээд явах байсан би бүр хэрэгт дурлаж эхлэв. Хүний л чанар юм байхаа даа. Гэхдээ намайг хүний яриа чагнах гэж байна гэж битгий бодоорой. Яагаад гэвэл би утасны нөгөө талаас ярилцагчийн яриаг сонсож чадахгүй тул хүний яриа нууцаар сонссон гэсэн ангилалд арай орохгүй байх. Гагцхүү энэ хүүхний яриа л миний чихэнд дуулдаж байв. Тэгээд ч ер нь хүн утсаар ярихдаа өөрт нь огт хамааралгүй хүний хажууд нэг их шивнээд байдаггүйг уншигч авхай та нар мэдэх хойно намайг буруутгахгүй буйзаа. За тэгээд өөрийгөө өмгөөлсөн үгээ татаж, өнөө хүүхэн цааш нь чухамхүү яаж ярьсныг хамтдаа сонирхоё.
Бүсгүй ярилцагчаа сая л бүрэн гүйцэд таньж буйгаа илтгэх мэт нүүрэндээ инээмсэглэл тодруулах аж. Түүнийг инээмсэглэхэд ямар нэгэн эмзэг зөөлөн юм аажуухан нээгдэж буй мэт мэдрэмж төрж байх юм. Утасны цаанаас хэлсэн үгийг зөвшөөрсөн тэрээр инээмсэглэсэн чигээрээ
- Аанхаан . . . хэмээн уянгалуулан хэлээд толгой дохив. Тэгснээ хэсэг чагнаад дахин инээж
- Хнг! . . . гээд толгой сэгсрэв. Энэ мөчөөс эхлээд бүсгүй надад арай өөр мэдрэмж төрүүлж эхлэх шиг. Яг ямар гэдгийг одоохондоо хэлж мэдэхгүй юм.
Ардаа сулхан боосон үс нь нэг л утга төгөлдөр атлаа эрхэмсэгдүү. Хэрвээ боолт нь задран унавал удаашруулсан бичлэг мэт харагдах байсан байх. Би түрүүнээс хойш мартах шахсан тамхиа ахин таатайхан сорлоо. Бүсгүй намайг хараад санав уу гэлтэй сул гараараа жижиг цүнхээ ухан нарийхан цагаан тамхи гаргалаа. Би ч дороо пүрштэй амьтан шиг ухасхийн босож, асаагуур асаан барилаа. Ер нь бол энэ чинь боловсон эрийн хийх ёстой үйлдэлд орох тул би буруутахгүй л дээ. Бүсгүй тамхиа асаагаад надад баярласнаа илэрхийлэн харцаараа хайр найргүй шагнаад бас толгой дохиж байна. Миний сэтгэл тэрүүхэнд цадаад л явчих нь тэр. Нэг их том үйл хийчихсэн амьтан гэдийж ирээд л суулаа. Нөгөө гэрээдээ явдаг ч бүр өнгөрөв үү, яав. Ямартаа ч гэсэн бүсгүйг явтал би эндээс хөдлөхгүй янзтай. Бүсгүйн царайд дахиад л инээмсэглэл тодорч
- Мхнг! . . . гээд толгой дохилоо. Бодвол түүний сэтгэлд сонсож байгаа зүйл нь нийцэх гэхээсээ илүү таалагдаж байгаа нь илт. Тэр жаргалтай харагдана. Хүн, тэр тусмаа бүсгүй хүн жаргалтай байна гэдэг чинь орчин тойрондоо ч гэсэн сайхан энерги түгээж байдаг юм билээ. Тэр хөлөө ээлжлэн солбиод, тамхиныхаа утааг дээш үлээнэ. Би өөрөө татдаг ч гэлээ тамхи татаж буй эмэгтэй хүнд тийм ч таатай биш ханддаг юм. Гэхдээ энэ бүсгүйд тамхи татах нь гойд зохих ажээ.
Жижигхэн сэвшээ салхинд түүний үлээсэн цэнхэр утаа угалзран суунаглаж, бошинзны хормой нь үл ялиг сэвэлзэнэ. Зураач юм бол түүнийг зурчихсан, зурагчин бол зургийг нь авчихсан. Даанч би аль, аль нь биш юм даа. Гэтэл бүсгүй миний таатай бодлыг сарниан савхан хуруундаа тамхи хавчуулсан турьхан гарынхаа алгыг дээш харуулан хагас өргөж
- Айн . . . гэж уртаар дуугарав. Дууны нь өнгө асуух гэхээсээ илүү сонссондоо итгэхгүй байна уу гэлтэй. Тэр ч бүү хэл нарийн цагаан янжуураа сандалын ирмэг дээр тавив. “Саяхан л аятайхан байсан чинь юу нь болохоо байчихав даа” гэж би бодож амжив. Тэгтэл ашгүй
- Аан . . . гэж мөн л уртаар гэхдээ ямар нэгэн юманд тайвширсан өнгөөр хэлээд инээлээ. “За ашгүй дээ” гэж бодсон би ч бас даган тайвшрав. Түүнийг харж суусан тааламж маань тасар татуулчих гэж байгаа юм шиг харамсал надад төрсөн байж болох юм шүү дээ.
Сандал дээр тавьсан тамхинаас нарийхан хөх утаа хүж мэт туниа муутайхан суунаглах нь нэг л өнчин харагдана. Түрүүхэн түүнийг хавчуулж байсан савхан хуруугаараа бүсгүй одоо хүзүүндээ зүүсэн нарийхан гинжтэй зүүлтийг эрхлүүлж буй мэт атлаа тоомжиргүйхэн оролдох нь сонсож буй ярианыхаа өнгөнд тааруулсан юм болов уу даа. Заримдаа өнөө зүүлтээ эмзэгхэн гэгч нь хазах нь тачаангуй ч юм шиг. Цаанаа нэг уяхан агаад тунсаг. Бүсгүй бүр тэгэхээс тэгэх гэсэн мэт
- Аанхаан . . . гэж зөвшөөрөх мэт толгой дохих мөртөө тас тас инээн гэдийлээ. Инээхэд нь ирэлжсэн цагаан шүдийг нь ухаа ягаан уруулаар эмжээрлэх нь зохисон гэж яаваа. Яг л хэн нэгэн нямбай зураач цаг заваа заран байж зураа юу гэлтэй. Даанч жигтэйхэн том нарны шилтэй тул харц нь ерөөсөө харагдахгүй юм даа. Энэ хооронд ачсан хөлөө нааш, цааш алгууран савлана. Би хэдийдээ ч юм дахин тамхи асаасан байлаа. Түүний яриа битгий тасраасай гэсэн гэнэн хүсэл битүүхэн төрнө. Яагаад тэгээд байгаагаа би мэдсэнгүй. Мэдээд ч яах юм билээ. Зүгээр л хамгийн хөөрхөн, хамгийн өхөөрдөм амьтныг үргээчихгүйхэн шиг зургийг нь авах гэж байгаа зурагчин мяраан гэтэх мэт би огцомхон ч хөдлөлгүй сууж байв. Бүсгүйн царай бага зэрэг төлөвшиж
- Мнг! . . . гэж юуг ч юм баттай үгүйсгэх мэт хэлээд өрөөсөн гараараа үснийхээ боолтыг авлаа. Нөгөө цав цагаан даашинз дээр гялалзсан хар хүрэн үс задран унав. Тийм урт биш ч гэлээ түүний задгай үс нарны таширалдсан туяанд гялтганана. Зурагтаар гардаг шампуны реклам шиг. Энэ хичнээн аятайхан мэдрэмж гээч. Гялгар гялтгар юм харахаар өөрийн эрхгүй гутлаа харав. Бодвол гялалзаж байна уу гэж санасан байлгүй дээ. Хөөрхий муу гутал минь юун гялалзах, тоосонд дарагдаад бүүдийж орхиж. Цочсондоо гэх үү, ичсэндээ гэх үү хурдхан шиг хойш нь татлаа. Үгүй тэгээд татаад, татаад ар дээрээ гаргачих биш дээ. Хий дэмий л арчихсан гэж санах. Гэтэл хүүхэн дахиад л
- Айн . . . гэж гайхсан, зэвүүцсэн өнгө харшуулан хэлээд нарны шилээ дагзан дээрээ гаргалаа. Түүний нүдийг харах боломж гарсан хэдий ч айхтар түгшүүр дагалдсаар байв. Нэг их том биш гэлээ өөртөө тохирсон нүдтэй бөгөөд сормуус нь харин өөрт нь баймгүй урт юм. Хиймэл ч байж мэднэ л дээ. Би ямар ялгах биш. Харин харц нь надад харагдсангүй. Түүний хөлөө савах, үсээ оролдох, тэр бүү хэл нүүрнийх нь, ер нь бүх хөдөлгөөн нь гацаж орхиод бараг арваад хором болов. Ямар ч урт хугацаав, ямар ч түгшүүрт мөчив. Би ч гэсэн хөшцөрхөө шахав.
- Хнг! . . . гэж тэр ихэд огцом дуугарав. Уг нь би одоо л ширэв татах болов уу гэж таамагласан ч тэр гөлөрсөн хэвээр үлдэх нь голруу хүйт даагаад явчих шиг. Бүсгүйн цог шиг гялалзах хүрэн нүдийг тойрон ус гүйлгэнэн аягаар нь дүүрч ирэх нь хаа нэгтэйгээс зүгээр л шахчихав уу гэлтэй. Гэсэн хэдий ч зовхийг нь давсангүй. Тэвчээртэй л юм.
За даа, болохоо ч байлаа даа гэсэн бодол надад харамсал дагуулсаар харваж ирлээ. Одоо л ёстой чарлах нь дээ гэж бодов. Нээрээ, орилоод босоод ирвэл би ер нь яах юм бол? Зүгээр ч үгүй, “түрүүнээс хойш юугаа гөлрөөд байгаа юм бэ?” гэвэл одоо хаашаа харнаа. Айж байгаа юм шиг үсрээд гаралтай биш. Айхгүй нь энэ гээд ямар ч утгагүй “хуц” гэлтэй нь биш гэсэн хөгийн бодолд автав. Тэгтэл бүсгүй уртаар амьсгаа авч хун танхил гэмээр цээжин дээрээ турьхан цагаан гараа тавин сэвэх мэт хөдөлгөөд
- Аанхаан . . . аанхаан . . . гэж ойр ойрхон толгой дохиод инээсэн хэдий ч түүний нүдэн дэхь нулимс юу юугүй арилсангүй. Гэхдээ нулимстай нүд инээхээрээ тийм хайр татам байдгийг би ердөө мэдэхгүй юм. Цаад хүн нь тоглож л байсан юм байхаа даа гэж бодов. Тэрхэн зуур надаас ч гэсэн нэгэн бөөн хар юм гараад явчих шиг болж дотор онгойвч “хэрвээ тоглоогүй байсан бол . . .” гэсэн дутуу бодол цээжний цаана үлдсэн. Бүсгүй энгэрийнхээ товчийг мулталчих нь уу гэлтэй сэвж байснаа сая нэг тайвшрав бололтой
- Үү . . . гэж уртаар санаа алдав. Магадгүй, би тэр турьхан товч мултарчихаасай бүр тасарчихаасай гэж бодсон ч байж болох юм. Бүсгүйд, сонсож байгаа зүйлээс нь таашаал улам бүр давхарлан ирж, царайд нь жаргал гэрэлтэж, цацарч эхлэв. Тэрээр
- Ооё . . .ооё . . . гэж цаад хүнээ цаашлуулж байгаа ч юм шиг түргэн, түргэн хэлж байснаа гараараа амаа дарж, мөрөө хөдөлгөн чимээгүйхэн инээж, сүүлдээ бүр бүх биеэ хөдөлгөн инээлээ. Надад дахиад л өнөөх ирийсэн цагаан шүд, зурсан мэт ягаан уруул, бага зэрэг нулимстай нүд, намирсан хүрэн үс гээд энэ бүхэн оройн нарны туяанд гойд сайхан харагдаж эхлэх нь тэр. Зүгээр ч нэг харагдаж байгаа юм биш ямар нэгэн сайхан уянга дагуулан нуугих аж.
Цаад хүн нь дахиад ярина шүү л гэсэн байх гэмээр бүсгүй нухацтай нь аргагүй
- Мнхг . . . аанхаан . . . гэж толгой дохиод яриа дуусав бололтой утсаа цүнхлээд, хаашаа ч юм харж (мэдээж намайг л биш шүү дээ) хэсэг бодолхийлэн сууснаа нэг хөөрхөн инээмсэглэчихээд, нүдний шилээ буулгаад алгуурхан бослоо.
Нимгэн цагаан бошинзоо үл мэдэг дэрвэлзүүлэн, нар сөргөн алхах тэр бүсгүй цээжний минь гүнд нэг нүх үлдээчих шиг л санагдсан. Би сүүдрэвчинд гав ганцаар хоцров. Ухаа ягаан уруулын будагтай янжуурын үлдэгдэл, саяхан энд урлагийн бүтээл биш яах аргагүй бүсгүй хүн байсны гэрч болон үлджээ.
Гэдэс хонхолзож байна ч гэж сүрхий. Гэртээ харих ёстойгоо ч санав. Утас маань уурлах мэт чарлав. Би ч гэсэн утастай ш дээ. Дэлгэцэн дээр “Hani” гэж харагдана. Утсаа авангуутаа шууд л
- Найз нь одоо очиж явна. Хоолоо хийсэн үү? хө гэтэл өөдөөс
- Тэгсээн хө. Ирж явна уу? Эртхэн ирвэл хамт дэлгүүр гармаар байх юм гэж эхнэр маань уянгалуулан ярьж байна. “Уг нь утсаар ингэж л ярьдагсан” гэж бодонгуут саяын бүсгүй санаанд орж ханиараа тогломоор санагдав. Утасны цаанаас
- Байна уу? Яачихаваа? Дуугараач . . .
- Аанхаан . . .
- Юун аанхаан гэж. Ирж байгаам уу тэгээд?
- Мнхг! . . .
- Хурдан ирээрэй. Нэг юм гөлрөөд таг болчихдог шүү чи
- Ү . . . Үү . . .
- Айн?
- Ооё . . . ооё . . .
- Юу гээд байгаа юм бэ?
- Wow . . . гэсээр би олны урсгал дундуур шурган орлоо . . .



Түмэнбаярын Бум-Эрдэнэ 2011.08.13 УБ хот

8 comments:

rusty_nail said...

hehe. bi bsan bol heden ug solih gej oroldoh bsan daa.

beku said...

Хэдэн үг сольж болохгүй байсан байхаа. Ер нь тэр хүүхэн ямар нэг энгийн,утгатай үг хэлчихсэн бол гоо үзэсгэлэн нь алга болох байсан байх. Таалагдлаа Бум ахаа. Нээрээ хүүрнэл өгүүллэгийн өгүүлэгч нь яагаад дандаа нэг тийм хашир, ноомой, нэрэлхүү, "нэг тийм" улсууд байдын болоо. Эрэмгий зоригтой, сийхгүй эсвэл бүр бага зэрэг эрээ цээргүй хүний өгүүлэлтэй өгүүллэг уншиж байгаагүй юм шиг байна.

Бум said...

rusty_nail: Харин энэ нөхөр ер тэгж оролдсонгүй. Яасан юм бол бүү мэд
Беку8: Магадгүй өөрөөё нь нэг юм үргэчихгээд байсан байж болох л юм. Чи сайн анзаарч. Харин тэр өгүүлэгчийн хувьд гэвэл тэд их дотогшоогоо нөхдүүд байдгийм болов уу?

beku said...

Тийм байхаа даа. Тэдний дотор юу болж байдгыг төсөөлөх ч үгүй байж юу бичихэв дээ. Ер нь юм бодож өөрийгөө "зовоодог" ч юм уу хэн мэдлээ.

beku said...

Эсвэл та "тэд" гэж сүүдрэвчинд сууж байсан шиг нөхдүүдийг хэлж байна уу. Тэднийг ч бараг дотогшоогоо гэмээр юм уу даа

НЭМЭХ ХАСАХ said...

... бүсгүй хүн жаргалтай байна гэдэг чинь орчин тойрондоо ч гэсэн сайхан энерги түгээж байдаг юм ...

Anar said...

kkk yaasiin bol iisiin bol gej hamt shahuu menerch bla shu. togsgol n harin saihnaar duuslaa )))

Anonymous said...

ih goe uguullegnuud bn buur oroood uur ym ch anzaarhaa bailaa hehe tsaashdaa iluuu saihan zuils bicheerei amjilt husii^^