# #

Дүйнгэр (Өгүүллэг)

15 Сэтгэгдэлүүд:

“Үгүй ээ энэ миний үсийг ээ, хэзээдээ ингээд ургачихваа? Даанч тийм байхаа, таны наад үс чинь гээд өрөөний охидууд шулганалдаад байсан юм. Өнөөдөр уулнаас буугаад засуулъя байз” хэмээн бодсон Дүйнгэр ууланд явахдаа өмсдөг хувцсаа ялгаж гарав. Хагас сайн болгонд хэдэн найзтайгаа ууланд алхаж нэг бодлын эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт, нөгөө бодлын тэдэнтэйгээ долоо хоногт нэг уулзаж элдвийг хүүрнэж, энэ тэндхийн таних танихгүй улсыг шоолдог гэж байгаа. Үүндээ ч сэтгэл ханамжтай.
За тэгээд тааруухан хувцсаа өмсөв. Эхнэр нь
- Чиний наад хувцас хунар гэж хэрэг алгаа. Олигтойхон юм өмчихөж болдоггүй юм уу? Ямар байхгүй биш. Яг л нэг самарчин шиг юм
- За яадгийн. Тэртэй тэргүй ууланд явж байж. Заавал гоё ганган явах хэрэг юу байна
- Бусдыгаа харахгүй юу даа. Жигтэйхэн ганган. Өмссөн зүүсэн болгон л брэнд.
- Нэртэйгээр нь ярьсан болгон нь гэчихээч. Та нар ер нь наад брэнд гэдэг үгээ больмоор юм
- Тэгэхгүй яах юм. Эргэн тойрныхон бүгд л тэгж байхад мэлэн хойлог царайлаад байх утгагүй шүү дээ. Одоо чинь зажилж байгаа бохь хүртэл брэнд болчихоод байна ш дээ.
- Үгүй ер нь хүн . . . гэтэл эхнэр нь яриаг нь тасалж
- Сайхан амьдрахад тийм их юм хэрэгтэй юу . . . гээч . Чиний хэлдэг үг ердөө л энэ.
- За. за одоо тэгээд хар үүрээр хэрүүл хийх гэж. Ганц амралтын өдөр гэж уцаарлахад
- Болилоо, болилоо. Нээрээ, бохь гэснээс энэ шүдээ хийхгүй юм уу?
- Наадах чинь буйл өвтгөөд ер болохгүй юмаа
- Мөнгө үрэн байж хийлгэчихээд. Зүү, зүү. Тэгж байгаад дасах л байлгүй гэхэд эхнэрийнхээ үглэхээс төвөгшөөсөн Дүйнгэр хиймэл шүдийг амандаа хийгээд ярвайна. Эхнэр нь буруу харан жуумагнана.
Дүйнгэ эр гэж байгаа юм шиг Дүйнгэр нэртэй энэ эр өөрийгөө нийгмийн бас гайгүй эгнээнд явдаг гэж санадаг юм. Хүнд тусч, өглөгч зантай гэж өөрийгөө боддог мань эр хөөрхий, царай зүс гэж даанч сониндоо. Хүзүүгүй шахам хэрнээ зантгар том толгой, хоорондоо нилээн зайтай хоёр жартгар нүд, юу юуны духанд хүрэлгүй онголзоод унах сартгар хамар, хүн хүнээс илүү дарвагар амтайгаас гадна чих гэж ер бусын. Манайхны ярьдгаар бол мөн ч буянтай хүн бололтой. Чихний гэдэс гэж бэлцийсэн хоёр юм. За тэгээд майгадуу хоёр хөл, намхавтар нуруундаа хэтийдсэн цондгор гэдэс. Хэрвээ бурхан гэж байдаг бол яасан гэж түүнд ингэж шударга бус хандсаныг хэн ч үл ойлгоно. Харин тэр зантгар толгой бол хоосонгүй ээ зайлуул. Хоёр ч хэлээр төвөггүйхэн ярьчихна. Мөн түүнээс гадна бас хоёр хэлээр гайгүй уншиж биччихнэ. Хаа очиж түүнд сайхан хань заяажээ. Учраа алдсан гоо төгс биш ч гэлээ хэнд ч гологдохооргүй бүсгүй. Хүнд заяаж болох хамгийн дээд хэмжээ гэж байдаг бол Дүйнгэрт заяасан хамгийн төгс хуваарилалт нь түүний эхнэр гэсэн үг.
Эхнэрээ хажуудаа суулгасан Дүйнгэр нүдний шилнийхээ дээгүүр шагайж ямар нэгэн юм бодсондоо тэр үү завжаараа хиймэл шүдээ хап, хап хийлгэн жижигхэн машиныхаа жолоог эрдүүхэн мушгиж явтал хажуугаар нь нэг ихээ том бандгар улаан машин дайрчих шахан өнгөрөхөд цочсондоо
- Ээ, эцэг чинь! гэж гэж орилоод жолоогоо хаа замбараагүй мушгиж хашлага хавируулаад тэр даруй зогсов.
- Өө, ямар үлийгээ харж явдаг юм бэ чи. Нэртэйгээр нь дугуйгаа салгаад хаячихаач гэж эхнэрийн хэлэхтэй зэрэг тоормос гишгэн зогстол дугуйных нь хаалт болох саарал хуванцар таг замын хашлага даган хайваг, хайваг гэсээр яайжигнан тэр урагшаа өнхрөв. Түүний хойноос Дүйнхэр хоёр хөлөө дугуйруулан хэрэндээ хурдлахыг харсан эхнэрийнх нь ой гутав уу гэлтэй нүдээ жарвалзуулан шилбэлзэв. Дугуйн халхавчаа машиныхаа ар руу шидсэн Дүйнгэр гэрлэн дохионд дөхөн ирвэл өнөөх бандгар улаан машин хоёр тэрэгний урд зогсож харагдана шүү. Дүйнгэр ямар нэг олз харсан амьтан шиг онигор нүдээ хэрээрээ томруулан ийш тийш сэрвэлзэж, бас зүгээр ч үгүй өнөөх шүдээ өөрийн ухамсаргүйгээр хап, хап хийлгэнэ. Ногоон гэрэл асахтай зэрэг овосхийтэл хаазлан хавь ойрынхоо машиныг сигналдан байж бандгар улааны араас жирийлгэлээ. Тэр машин нь аажуу уужуухан явсан болов уу даа Дүйнгэр юу юугүй ард нь хүрээд ирэв. Тэр улаан тэрэгний хажууд Дүйнгэрийн машин гэж хариугүй жижигхэн юм аж. Жин дагаж яваа нохой аятай шарвагнан бултганана. Эхнэр нь түүнийг чухам яах гээд байгааг ойлгохгүй урд яваа машиныг нэг, нөхрөө нэг гайхан харна. Амгайгаа хэмлэх хөгшин адуу аятай шүдээ дуугарган явах Дүйнгэр учиргүй эрэмгий харагдана. Гэтэл эхнэр нь
- Үгүй, чи одоо юүхэв дээ. Энэ тэрүүгээр нь бултганаж, булталзаж байж толинд нь шүргүүлчихээд наад муу машинаа тараалгачихав. Түүе ээ хэцүү, байя аа хэцүү л болох байх шүү
- Хн! Тэрэндээ ч арай тулаагүй байхаа
- Чи тэгээд урд нь гарч яах гээд байгаа юм? Зогсоох гээд байгаа юм уу? Чиний ингэж бүхээг дотроо бухимдах энэ хүнд ёстой хамаагүй юм байхаа
- Энэ муу зүгээр, хүн цочоогоод . . . гээд сарталзахад
- Ямар чамайг албаар тэгээ юу? Хажуугаар чинь л гараа биз дээ? Өөрөө л салхинд нь салж уначихаа шахаа биз дээ? Ийм удаан явж байхыг бодоход утас шөрмөсөөрөө л ярьсан шиг яваа байлгүй.
- Үзүүлээд өгнөө ёстой нэг гээд Дүйнгэр шүдээ точигнуулахад түүнийг харсан эхнэр нь гэнэтхэн инээд алдаж
- За, за наад хурдаа хасаж үз өвгөн минь. Чамайг арай чүү гэж урд нь гарахад чинь наад хүн чинь санамсаргүй дээгүүр чинь гараад явчихвал яах юм? Хэрээ мэдмээр юм, зүгээр. Маяглаад байвал намайг буулгаад аль гэхэд Дүйнгэр сая нэг юм хурдаа хаслаа.
Богд уулын ар хонхороор шинэхэн орсон цас цайрна. Анхны цас л даа. Эхний орсон хэсэг нь хайлж дараагийнх нь нэмсээр доороо гөлтгөнүүр мөстэй болжээ. Анхааралтай явахгүй бол халтирч унах шинжтэй. Харин наран ээвэр газрынх нь аль хэдийн хайлжээ. Өнөөдөр хамт алхдаг хэд нь яагаад ч юм ирсэнгүй. Баахан урамгүй ч гэлээ одоо яая гэхэв. Нэгэнт ирчихсэн юм чинь тэднийг ирсэнгүй гээд буцалтай биш. Эхнэрээ дагуулаад өгслөө. Бэлээсээ бага багаар өгссөөр яг оройгоодоо нэг хэсэг огцом өгсөөд гарчихдаг юм.
Намар цаг гэдэг сайхан ажээ. Уулын модод өнгө өнгөөр алаглана. Зарим нь ногооноороо, зарим нь улаан, зарим нь шар навчтай. Намрын өнгө гэж ярьдагийн учир үүнд л оршдог болов уу гэмээр. Цэвэр цэнгэг агаараар цээж дүүрч, намрын ойг тэр чигээр нь цээжиндээ хийчих шиг ховдоглон амьсгална. Ингэх тусам Дүйнгэр “Хүн бол байгалийн л амьтан” гэсэн хэн ч түүнд хэлээгүй, бас хэнд ч өөрөө хэлж байгаагүй итгэл үнэмшилдээ итгэсээр явна. Газар нь аажмаар өгсөж эхэлнэ. Гэвч тэд долоо хоногт нэг удаа тогтмол алхдаг тул түүртсэн юм алга. Дүйнгэрт гэнэтхэн нэг тийм содон гэхээр хаашаа юм, хир даг үнэртэхэд нь хамраа сарталзуулан ийш тийш харвал хажуугаар шуудай сав үүрсэн гурван хүн юу ч юм ярьсаар өнгөрөв. Өмссөн хувцас хунар, үс толгой үгүй ээ мөн байнаа байна. Идэвхийлэн алхаж байсан Дүйнгэр хурдаа хаслаа.
- Яав чи? гэж эхнэрийгээ асуухад тэр амаа татвагнуулан тэдний араас зааж
- Наадуул чинь самарчид байнаа
- Тэгээд яадаг юм?
- Таньдаг хүн таарчихвал биднийг самарчин болчихож гэж хэлнэ шүү дээ. Аажуухан явъя гэхэд нээрээ тийм юм болов уу гэсэн аятай эхнэр нь энэ удаа үгээр нь болов. Самарчид ямар нэгэн хар авав уу гэсэн шиг эргэж нэг харав. Дүйнгэр нуруугаа үүрч, эрүүгээ өргөн моддын оройг ширтээд эгээ л нэг дээхнэ үеийн сайд аятай явах авч жартгар нүднийхээ булангаар тэднийг сэмхэн ажиглана. Тэд ч түүнийг тоосон шинжгүй явж одов.
- Богд уулнаас самар түүхийг хориглосон гээ биз дээ? гэхэд Дүйнгэр
- Аа, эдэнд ямар хууль дүрэм үйлчлэх биш. Ёстой нөгөө илжигний чихэнд алт хийсэн ч сэгсрэнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэдэг чинь л энэ байхгүй юу гэж ихэд оносон үг хэлж, хэрэндээ сүрхий ярвайв. Энэ ярвайлт нөхөрт нь ердөө зохихгүй байгааг харж зогссон эхнэр нь
- Ингэхэд чи самранд явж үзсэн үү?
- Үгүй чиш! Муна шиг юмаар нүдээд л байдаг юм гэсэн, хэн мэдлээ. Тэгж үйлээ үзэж байхаар худалдаад авчихсан нь дээр.
- Бас ч гэж хөөрхөн үнэтэй шүү
- Одоо яая гэхэв. Хэн юу чадна, түүгээрээ амьдардаг нь жам юм хойно гээд шүдээ хап, хап хийлгэв.
Түрүүний долоо хоног гэхэд хөл доор нь навчис шажигнан байсан бол одоо цас чахрана. Цас ч яахав, өгсөх тусам доод мөсөн өнгөрт хальтрах нь ихэснэ. Гэсэн ч тэдний хувьд тогтмол алхдаг тул сэтгэлийн бядтай байлаа. Ер нь ууланд алхах цэвэр агаараас гадна үе мөч энээ тэрээ гээд сайн л даа. Дүйнгэр хөлөрч эхэллээ. Хөлрөх бол бүр сайн шүү дээ. Шингэн шар царай минчийж улайгаад хүүхдийн хонго шиг юм болов. Хуучирч парвайсан ногоон өмд, хоншоор нь халцарсан хүрэн гутал, хөлс цутгасан ягаан царай, үс нь өрвийсөн зантгар толгой гээд мөн ч болоод явчих нь тэр дээ. Эхнэр нь түүнийг өхөөрдөнгүй ч юм шиг, өрөвдөнгүй ч юм шиг харж байснаа юу нь хөдлөв гэмээр
- Наад хөлс мөлсөө арч л даа
- Яаж байна? Хөөрхөн байна уу? гээд мар мар инээхдээ “Нээрээ бид хоёр чинь ойрд ойртоогүй юм байна шүү” гэсэн адын бодол сэрвэлзээд ирэв. Эр амьтан гэдэг сонин шүү. Нэг л ийм бодол харавчихвал харц нь эхнэрийнхээ болох болохгүй газраар гүйгээд салахгүй. Халууцсандаа малгайгаа авч хөлсөө сэвэх эхнэрийнх нь хөдөлгөөн кинонд гардаг шиг удааширч харагдаад мэлэрч зогстол эхнэр нь
- Үхсэний чинь хөөрхөн. За алив явъя гээд түрүүлэн алхав. Дүйнгэр цочсондоо түрүүнийхээ асуултыг мартчихсан “Миний бодлыг яаж мэдэв ээ” гэсэн шиг мэнэрэв. Хөлсөө шудрах зуураа эхнэрийнхээ араас харжээ зогсоход явах тоолонд нь бөгсөн бие нь эгдүүтэй нь аргагүй тонтогноод нөгөө далдын тачаал зурсхийж орхив. Зурсхийгээд ч зогссонгүй цасан дундаас цухуйх хад чулуунд бүдчин байж эхнэрийнхээ өгзөгнөөс базаад авлаа.
- Хүүе ээ! Яасан өвчтэй хог вэ? гэж муухай хашгираад эргэж
- Яаж байгаа солиот вэ? Хүн цочоогоод хаячих юм гэх мөртөө Дүйнгэрийн тачаадсан харцыг олж харчихаад яагаад ч юм дальдрав. Бас ч гэж аятайхан санагдаж байгаа бололтой. Эсвэл Дүйнгэр энэ үедээ эхнэрээ яаж харахаа мэддэг байж болох л юм. Мэдэлгүй ч яахав дээ. Дүйнгэр амьсгаан дундаа
- Хоёулаа нэг юу яачих уу?
- За битгий балайраад бай. Одоо бүр мал адгуус шиг хачин юм болох нь
- Тоглож л байх чинь дээ гээд том амаа дарвайлган инээхэд толгойноосоо уур савсуулан зогсоо тэр эхнэртээ олигтой харагдсангүй
- Хүн амьтан харчихвал энэ хоёр самарчин чинь самраа ч түүсэн юм байхгүй заваарч байх шив дээ гэх байлгүй гэв. Энэ үг Дүйнгэрийн тархинд жигтэйхэн жинтэй буув бололтой том амаа хурдхан шиг хамхин хөлсөө нэг шудраад дээшээ чигээрээ зүтгэлээ. Эхнэр нь түүнийг гайхан дагана. Удалгүй тэд оройд нь гарч үргэлж суудаг модныхоо доор амьсгаадан сууцгаав. Эхнэр нь үүргэвчээ уудлан баахан гялгар тороор сүртэй ороосон бага сага идэх юм, халуун кофе гаргалаа. Түрүүнээс хойш дуугаа хураачихсандаа бантсан Дүйнгэр
- Өнөөдөр сайхан байна шүү, тиймээ гэж саймшрах зуураа эхнэрийнхээ өгсөн халуун кофег авах гэж хий атгаад өвөр дээрээ асгачих нь тэр.
- Ээ, эцгийн чинь бондгор! . . . гэж муухай орилон боссон боловч түүний өмд аль хэдийнээ норжээ.
- Яанаа. Наадах чинь яг шээчихсэн юм шиг болчихлоо.
- Харин тийм. Хүн аягатайг нь бариагүй байхад тавьчих юм
- Би яаж мэдэхэв дээ. Чамайг авчихлаа л гэж бодсон. Чи өөрөө сайхан өдөр байна энээ тэрээ гэхээр чинь дээшээ харж байгаад тэр байхгүй юу. Ёстой нэг бүтэлгүй амьтан юмаа гэхэд нь нөгөө үглэдэг нь эхлэх нь гэж санасан Дүйнгэр
- За за одоо ингэсгээд хатах биз гэснээр энэ яриа өндөрлөлөө. Сүүлд нь бодоод байх нь ээ ярианы өнгө нь Дүйнгэр буруутан болж, эхнэрийнхээ барьж байсныг өөрөө гүйж очоод өмд рүүгээ цацсан юм аятай болж хоцорсон байв. Гэлээ гээд тэр юм хэлсэнгүй.
Үе үе сэвэлзэх салхинд модод сэрчигнэнэ. Амьсгаа овоо дарагдаж, халуун кофены үнэр хамар цоргино. Намрын налгар шар нар бүүвэйлэх мэт цаанаа нэг таатай төөнөнө.
- Бүр нэг унтчихмаар болж байх чинь вээ гэж Дүйнгэрийн хэлэхэд
- Чи чинь одоо юм л бол унтах хэвтэх юм яриад юу болчихоов гэж нэг л сонин харахад
- Үгүй ээ би тэгж бодсон юм бишээ гэж сандрав.
- Бид хоёрын ингэж алхдаг маань хэрэг болдог болов уу?
- Бололгүй дээ. Хөдөлгөөнтэй байсны буруу гэж юу байхав. Ер нь хөгширч биш хөшиж үхдэг гээ биз дээ гэж ухаалаг үг хэлэхэд түүнийг харж суусан эхнэр нь аядуухан өнгөөр
- Миний өвгөн наад үсээ нэг засуулах болжээ.
- Тийм байна уу? Манай өрөөний охидууд бас тэгээд байсан юм. Тэгэхээр нь намайг сонирхоод байгаа юм байх гэж бодоод гээд марсайтал инээхэд
- Одоо чамайг надаас өөр хүн сонирхохгүй ээ. Чи зүгээр л над шиг эхнэр олдсонд баярлаж яв.
- За тийм дээ тийм гээд аягатайгаа уухдаа нүднийхээ булангаар ямар нэгэн юм олж харав. Ахиулан харвал тэртээх модны ёроолын цасан дунд нэгэн самрын борогцой цухуйж байв. Дүйнгэр босож очоод түүнийг авбал цаана нь нэг, хажууд нь бас нэг гээд нилээн хэдийг олоодохлоо.
- Юу вэ? гэж эхнэр нь түүний гар дахийг харж
- Самар уу?
- Харин тийм. Энд зөндөө байна гэхэд эхнэр нь хэд алхаад дуу алдлаа.
- Пөөх! Энд бас байна. Ингэж олноороо газар хэвтэж байдаг юм уу гэж хашгирна. Нэг мэдсэн чинь тэд нилээн олныг түүлээ. Саяхан орсон цасыг тэртээ тэргүй унах болчихсон борогцой даалгүй унасан нь тэр юм байжээ. Эхнэр нь учир зүггүй цөмж эхлэв. Дүйнгэр ч гэсэн хиймэл шүднээсээ зөрүүлэн байж цөмнө. Амттай гэж жигтэйхэн. Араанд тос ч гэмээр юм уу нэг тийм шим амтагдана. Самар ийм амттай байдгийг, тэгээд өөрийн гараар түүж идэх хичнээн сайхан байдгийг тэд сая л мэдрэх шиг болов. Тэд бие биенээ нэг харснаа ойлголцов бололтой уут саваа ухлаа. Дүйнгэр үүргэвчээ суллахад цаана нь хоёр ч гялгар тор байв. Түүж гарлаа. Хоёр тийш дуу алдсаар тонголзоно.
- Пээ! энийг хараа . . . Пөөх! тэрийг хараа . . .
- За чи юун сүртэй юм дээ
- Сүр юу байхав дээ. Зөндөө байгаа нь л үнэн юм чинь. Тэдний үүргэвч юу юугүй дүүрлээ. Бас нэг гялгар тор, нөгөөх нь бас ээлж дараалан дүүрэв. Тэгээд одоо яах вэ гэсэн шиг бие биенээ харав. Дүйнгэр нүдээ гялтгануулан
- Өөр тор байсан бол гэж харамсангуй хэлэхэд
- Одоо болно доо. Овоо ч юм түүчихлээ. Хэрвээ ийм самар авах юм бол бараг дөчин мянга болно ш дээ
- Хөөх! Тийм үү? Тэгвэл бүр баяжиж гүйцдэг золигнууд юм гэх нь самарчдыг хэлж байгаа бололтой. Хөөрхөн, хөөрхөн хөхөлбөр боргоцойнууд цасан доороос бултайх нь хорхой хүрмээр. Хичнээн хорхойсовч өөр тор сав байхгүй тэд яаж ч чадсангүй. Хий дэмий л тэдгээр борогцойг хараагүй дүр үзүүлэн өөрийгөө хуурна. Дүйнгэр үүргэвчтэйг үүрч, нэг тортойг, харин эхнэр нь нөгөө тортойг бас сав суулганы хамт авлаа. Мөсөн гялаан дээрх цас нарны бүлээнд хайлмагтжээ. Уруудах нь өгсөхөөсөө ч төвөгтэй болчихож. Хээвнэгхэн алхчих санаатай байсан Дүйнгэр нэг хальтиргаанд эгээтэй л савчихсангүй. Нэг их гэдэс гээд ууттай самраа даялан байж тогтлоо. Хойно нь явж байсан эхнэр нь бас л муухай хашгирав. Гэхдээ арай унасангүй. Үүнээс цааш тэд унахгүй гэсэндээ бээцийж эхлэв. Хамаг биеэ хураасан Дүйнгэрийн хөлс бас л цутгаж эхэллээ. Их мэрийж явахаар сүүлдээ хөлийн эрээн булчингаар өвдөх нь тэсэхүйеэ бэрх. Газар яагаа ч үгүй байдаг. Шуналдаа болоод тороо пиг дүүргэсэн тул цагаан торных нь бариул атганд нь багтахгүй. Хоёр хуруугаараа торгоох тул хуруунууд нь эхний үеэрээ тасарчих шахна. Нүүр рүүгээ урсах хөлсөө бас шударна. Гэсэн хэдий ч самраасаа цөөлсөн нь үгүй. Нэг төрлийн шунал л юм даа. Хүнд байгаа цорын ганц амьтнаас ялгах чанар юм чинь одоо яахав. Шүд зуун гүрийсээр явна. Шүд зуухдаа бас учиртай. Яг л хувийн хэдээ хооронд нь тааруулахгүй бол засгийн (хиймэл) хэдтэй хавсарвал буйл нь голд ортол өвтгөнө. Бас зүгээргүй эхнэр рүүгээ хялам хялам хийнэ. Амьхандаа унчихвий гэж бодоод байгаа ухаантай. Үгүй, тэгээд унаад өгвөл яах ч юм байгаа юм. Ууттай самраа цацчихгүй царайтай. Зүгээр л хий хоосон сүрхий хүн болж
- Болгоомжтой яваарай хө гээд хашгиртал урагшаа гишгэсэн хөл нь мөсөн дээр таарч гулсах нь тэр. Унахгүй гэсэндээ тэр үү эсвэл угаасаа хойно гишгэсэн хөл нь хөдөлж өгсөнгүй юу ямартай ч гэсэн хоёр хөл нь хоёр тийш болсоор байв. Мөдхөн нөгөө шпагат суух гэдэг нь болох нь ээ. Сандарч эхэллээ. Үгүй ээ, тэгсэн хэдий ч тортойгоо тавилгүй зуурсаар. Хөлөө огцомхон татах гэсэн чинь хойно гишгэсэн хөл хойшоо гулсаад тэр чигтээ нэг муухай хашгираад суучих нь тэр. Салтаа нь задарчих шиг янгинана. Даравгар амаа жигтэйхэн яажийлгаж ирэв. Онигор нүдээ тас аньчихсан тэрээр орилъёо орилж болдоггүй, байяа байж болдоггүй хэсэг гийнаж сууснаа урагш сунасан хөлөө зөөлөн татлаа. Болж байнаа. Өрөөсөн нүдээ нээж, хөлнөөсөө урдаар тортой самраа харлаа. Ашгүй бүтэн байна шүү. Эргэн тойрноо харлаа. Ууланд юм чинь хэн л байв гэж. Хойшоо тахиралдаад эвгүй нугарчихсан хөлөө татлаа. Жаахан хөндүүрлэвч болж байна. Чухам хаагуур өвдөж байгаагаа мэдсэнгүй. Хүүхэд юм бол хошуугаа унжуулаад хэн нэгнийг иртэл хэсэг суухсан. Даанч одоо тэгж суултай биш. Эхнэрээсээ ичмэглэсэн юм болов уу хэд хэд оцогнон байж арай гэж босов. Тор нь урагдаагүйд бас ч гэж урамтай. Муу засаг шүд нь завжийг нь хэгзэлсэн бололтой аманд нь цус амтагдана. Хоёр хөлөө нэг нэгээр нь болгоомжтой зөөлөө. Яахав ээ, нэг юм явчих шинжтэй. Салтаа нь л нэг эвгүй. Сүүжээрээ салчихаа болов уу гэсэн гайгүй бололтой. Санаа дагаад тэр үү нойт оргих шиг. Арай ч үгүй байлгүй гэж санан харвал нойтон биш сэрүү татсан юм байж. Нөгөө муу ногоон өмд нь задраад дотуур өмд нь харин нэг юм бүтэн шүү үлдэж. Эхнэр нь мөн л уначих гээд бээцийсэн юм ирээд
- Яасан бэ? Явж байхгүй.
- Аан! Чамайг жаахан хүлээгээд гэж заллаа.
- Намайг ямар юмандаа хүлээдэг юм. Явж бай, явж бай
- Яаж байгаа нь тэр вэ?
- Өөдөөс ирж яваа хүмүүс биднийг самранд яваа улс байна гэж бодно шүү дээ. Цувж явбал арай дээр гэхэд Дүйнгэрт өнөө мартагнаж байсан мэдрэмж орж ирэв. Хичнээн нэрэлхэвч зүв зүгээр олдсон ийм сайхан самрыг хаячихалтай биш. Цагаан тортойгоо хоёр талдаа сэлгэсээр цааш явлаа. Араас нь
- Чиний наад өмд чинь яачихваа?
- Сая урагдчихлаа гэж хэрэндээ ичээгүй царайлж, хэнэггүйхэн хэллээ. Тэгэхгүй гээд одоо ямар бүтэн болчих биш.
- Арай ч дээ. Ямар том урагдаа вэ?
- Аа, яадгийн ууланд яваа юм чинь гэж бувтнаад хэсэг овоо явлаа. Газрын баримжаа ч дөхөж байв. Өөдөөс нь хэсэг хүн өгсөж явна. Дүйнгэр яавал тэдний хажуугаар хэнэггүйхэн гарахаа бодно. Ядахад тааруухан хувцастай, өмд нь задарчихсан. Бас болоогүй ээ баахан самар барьчихсан, үс нь өрвийчихсөн, хөлс нь цутгачихсан. Яаж ч харсан самарчин харагдана. Зөрж буй хүмүүстэй хурдхан шиг л
- Сайн байна уу? Сайн явцгаана уу? За цаана чинь юу л байна, самар л байна даа гэж хөгжилтэйхэн хэлж зөрөв. Уг санаа нь өөрийн эрхгүй л авчихлаа. Түүнээс би самарчин биш гэсэн аялгатай. Энэ нь түүнд арай дээр байлаа. Хүмүүс
- Өө, тийм үү? Зөндөө юу?
- Зөндөө, зөндөө
- Хаагуур байна? гэхэд Дүйнхэрт гэнэтхэн хармын сэтгэл төрөх нь сонин. Заагаад өгчихвөл тэд түүгээд барчих юм шиг бодогдсон уу, яасан
- Зүгээр л, газраар нэг байна гэв. Хүмүүс ч түүний хэлсэнд итгэж байгаа бололтой
- Газраар нэг байна гэнээ гэж хоорондоо ярилцсаар явж одов.
Уулнаас доошлох тусам улам олон хүн зөрнө. Тэд Дүйнгэрийг хараад ч байх шиг эсвэл харсан хэрнээ хараагүй хүн болоод байгаа юм уу бүү мэд. Тэр нөгөө л газраар нэг гэдгээ хэлсээр зөрнө. Гэтэл нэг гайтай бутанд торныхоо ёроолыг урчихав. Анхаарлаа торондоо биш зөрж өнгөрч буй хүмүүст хандуулсны гай л даа. Хэд гурван унасан боргоцойг авч дээр нь хийгээд торныхоо ёроолыг нэг гараараа таглан урдаа тэвэрлээ. Урд аль нэг сул гараараа тэнцвэр авч байсан бол одоо тиймгүй болоод бүр хэцүү болов. Улам л бээцэгнэнэ. Гэтэл түүний ард эрэгтэй хүмүүсийн эрч хүчтэй гишгэлт болоод дүнгэр дүнгэр ярилцах нь сонсогдсоор зэрэгцэн ирсэн нь өглөөхөн өгсөж явсан жинхэнэ самарчид байлаа. Бүгд, хоёр шуудайны амыг уяагаар холбоод шилэн хүзүүндээ тохсон нь нэн эвтэйхэн харагдана. Тэд Дүйнгэрийг нэг сүрхий харснаа
- Ахаа та баруун энгэрээс нь түүсэн үү? гэхэд Дүйнгэрийн дургүй нь хүрч дотор нь арзганавч
- Тэгсээн тэгсэн гэж янзгүйхэн хариулахад
- Зүүн энгэрээр нь бүр их байна лээ шүү ахаа гээд явж одов. “Үгүй ерөө эд одоо намайг өөрсөд шигээ гэж бодоод байгаа юм байх даа” гэж бодон дургүйцнэ. Гэвч тэглээ гээд яахав. Уг нь болдогсон бол би самарчин бишээ. Зүгээр л замд таарахаар нь авсан юм гэж хэлмээр. Даанч хэн түүнд итгэхэв дээ. Эхнэрээ харвал тэр ч гэсэн түүнийг ойлгож байгаа бололтой юм хэлсэнгүй. Тэд цааш дуу шуу ч үгүй явцгаалаа. Чухам юу гээчийн цалам тэднийг ороогоод байгааг хэн нь ч үл ойлгоно.
Газрын баримжаа бэл рүүгээ орж овоо бие тавирч байтал өөдөөс нь оюутнууд бололтой хэсэг залуус цувралдан зөрөхөд Дүйнгэр өнөөх хэлдгээ хэлэн өнгөртөл нэг нь
- Тийм үү? Тэгвэл ахаа нэгийг өгчих гээд тэврээтэй торноос нь нэгийг шүүрэв. Дахиад бас нэг нь авав. Тийм элбэг байна гээд хэлчихсэн хүн чинь харамлаад байж чадсангүй. Гэтэл ашгүй нэг охин
- Хүүе! Та нар болиоч, хүний юмнаас гэж хэлж байж болиулав. Уг нь бол тэр охинд баярлаад нэгийг өгмөөр. Гэтэл тэгсэнгүй худлаа мушилзаад цааш өнгөртөл нэг хэсэг өгөр мөсний гялаан дээр хальтиран хойшоо савлаа. Хойшоо савахаараа хоёр гар нь уутаа цуу татан
- Аа . . . аа . . . гээд тас гэдэргээ харан уналаа. Юу болсныг Дүйнгэр ухаарсангүй. Осолдохгүй л хоёр хөл нь агаарт байсныг санана. Ууттай самар нь тэрүүгээр нэг бөндийлдөн хэвтэнэ. Дүйнгэр дуугарч чаддсангүй. Зөрж өнгөрөгсөд тэсгэл алдан инээлдэнэ. Зарим нь гэдэгнэж годгононо. Түүний арзгар үстэй зантгар шар толгойноос нь уур савсана. Хиймэл шүд нь хөндөлдөөд зуугдчихаж, төмөр бэхэлгээтэй хоёр шүд амнаас нь цухуйна. Өрөөсөн хөл нь амьгүй юм шиг нугарчихаж. Нүдний шил нь өрсөөсөн чихэн дээрээ санжина. Залуусын хамгийн ард явсан хоёр тэдний хажуугаар өнгөрөхдөө
- Энэ самарчдын хувцас хунар, үнэр танар гэж ёстой заваан юмаа
- Энэ сүүлчийн хоёрынх нь байж байгааг, нэгэнт явж байгаа юм бол олигтойхон шуудай сав авчихад яанаа
- Харин тийм ээ. Үгүй тэр өмд хамдыг нь ээ гээд тас тас инээхэд
- Хаа газар заавал ийм хүмүүс байх юм даа
- Богд уулнаас самар түүхийг хориглосон биз дээ?
- Эдэнд бол хамаагүй биз гэлцсээр явж одлоо.
Дүйнгэрт хэлье гээд ч хэлэх үг олдсонгүй. Босъё гээд ч босох тэнхэлгүй болсон байлаа. Уг нь хэдхэн минут явахад л машин дээрээ очих байсансан. Яалтай ч билээ. Эхнэр нь ч гэсэн хэсэг чимээгүй байснаа
- Өвгөөн! Одоо босдоо. Ингэж хэвтээд яахав. Наадуулаа түүчих. Энэ хүртэл авч ирчихээд хаялтай биш. Би яваад машинаас нэг юм олоод ирье гээд явлаа. Магадгүй Дүйнгэрийн сэтгэлийн тарчлааныг эхнэр нь л ойлгож байж болох юм. Хүний хань гэдэг тийм л байдаг хойно доо.
Дүйнгэр эхнэрээ хажуудаа суулган жолоогоо барин юу ч юм бодон таг дуугүй явна. Урд хянах дээр нь түүний хиймэл шүд хэрэггүй мэт хэвтэнэ. Дүйнгэр гэнэтхэн өөрийнхөө хэрхэн унасныг бодон писхийтэл инээд алдав. Эхнэр нь ч гэсэн энэ мөчийг хүлээж байсан мэт дагаж хөхрөв. Сүүлдээ бүр хоёулаа суудал дээрээ гэдэлзэн нулимсаа гартал инээлдэв. Эхэр татан байж арай хийж инээхээ болихоор яаж унасан нь бодогдоод дахиад л инээнэ. Түүнийг шоолж буй эхнэр жаргалтай ч юм шиг, хөөрхөн ч юм шиг харагдана. Нулимсаа арчих зуураа Дүнгэр “Тэр охинд баярласандаа нэг самар өгсөн бол ингэж унаа ч уу, үгүй ч үү” хэмээн бодлоо. Тэдний хажуугаар нэгэн бандгар цагаан машин сигналаа муухай чарлуулан давхив. Гэвч тэдэнд түүнийг анхаарах сөхөө байсангүй ээ. . .
2011.11.03
Бүрэн эхээрээ...

Охид ( Өгүүллэг)

19 Сэтгэгдэлүүд:

Цаг цагийн хэлхээ
Аяс аясхан хөвөрнө

- Хүүе ээ, нээрээ юу?
- Чи тэгээд ингээд л эмээ боллоо гэж үү?
- Ийм хурдан уу? . . . гэж ирээд л найз хүүхнүүдээ уулга алдан тас тас инээлдэхэд дотор нэг л эвгүйцээд явчихав. “Энэ хэдэд хэрэггүй ч хэлэв үү” гэж бодсон би
- Харин тиймээ. Урд нь хүмүүсийг эмээ өвөө боллоо гэхэд өөрөө болохгүй юм шиг л инээж, хөхөрдөгсөн. Гэтэл нэг л мэдэхэд ач, зээ нар чинь хаалганы цаана ирчихсэн зогсож байдаг юм байна. Юунд тэгж хүмүүсийг шоолж байсан юм бүү мэд гэж эгдүүцлээ нуулгүй хэлэхэд тэд сая нэг юм ухаарсан аятай инээдээ зогсоолоо. Харин тэднийг чимээгүй болсны дараа “Хэрэггүй ч тунирхав уу. Тэгээд ч эмээ өвөөгийн сургаар амаа цууртал нь инээлддэг нь хүүхнүүд бидний л зан шүү дээ. Цагтаа би ч гэсэн л тийм байсан” гэсэн бодол харваж гэмшингүй суулаа. Тэгтэл найз маань эвгүй байдлаас гарах гэсэн мэт
- Үгүй гэхдээ, үр хүүхэд гаргах охин төрүүлсэн байна гэдэг чинь сайхан ш дээ. Тийм боломжгүй охид, хүүхнүүд зөндөө л байна даг.
- Харин тиймээ. Миний найз бас азтай байна
- Нээрээ, хүүхдийн хүүхэд гэхээр хөөрхөн байдаг гэсээн гэж тэд маань миний сэтгэлийг засчих санаатай ам амандаа шаагилдахад би ч гэсэн тэрүүхэн хооронд баясаж орхив. Гэтэл нэг нь
- Хүүе ээ! Эмээ болох гэж байгаа гэхэд чиний үсэнд нэг ч буурал алгаа. Минийх гэтэл зөндөө шүү дээ. Будахгүй л бол болохгүй
- Минийх ч гэсэн ихээ их. Жаахан сөхөх л юм бол бүр язайгаад л гараад ирдэг юм. Харин чамд ер алга гэцгээхэд миний сэтгэл юугаар ч юм тэжээгдэн урамшив. Эмэгтэй хүн гэдэг чинь хариугүй юманд гомдож, хариугүй юманд баярладаг юм хойно доо. Тэгтэл нэг нь дахиад л
- Нээрээ, Эрчүүд өвөө болохоороо эмээтэй яаж унтанаа гэдэг юм гэсэн. Харин чи өвөөтэй яаж унтанаа гээд тас тас инээснээ намайг хараад бас л дуугаа хорьцгоолоо. Харин энэ удаа надад тэгтлээ төвөгтэй санагдсангүй. “Тэгээд ч бид ямар цаг үргэлж уулзаад байх биш. Хааяа нэг уулзчихаад урвагнаад байх юу байна” гэж бодоод
- Тэр чинь харин сонин санагдаад байгаа шүү. Манай өнөөх бүр өвөө дүрэндээ орчихоод яаж ч чадахгүй байх юм биш биз дээ гээд тас тас инээлээ. Тэдэнд миний инээд наргиа гэхээсээ илүүтэй миний хөгжилтэй байдал таалагдаж байгаа бололтой гэдэлзэж годолзон инээлдэв. Миний найзууд ийм л хүмүүс л дээ. “Тиймээ, бид хааяа ингэж л нэг өөрийн дураар хов жив ярьж инээлдэх гэж цугладаг юм. Ялангуяа би сүүлийн хэдэн сарынхаа алжаалыг болж өгвөл тайлах л хэрэгтэй” гэж бодож суутал утас дуугарлаа. Авбал дүүгийн дуу гарч байна.
- Та ээж дээр ирэх үү? Би хурдхан шиг хүнтэй уулзахгүй бол болохгүй нь ээ гэснээр миний найзуудтайгаа хошуу холбох мөч өнгөрөв.
- Би явалгүй горьгүй нь ээ
- Өө, юу гэсэн үг вэ?
- Арай гэж ганц уулзацгааж байж
- Заа, нөхөр мөхөртөө хэлээд аргалчих л даа гэж тэд маань тал талаас шаагилдсан хэдий ч миний шийдэмгий цааргалалтыг хорьж дийлээгүй юм.
Тэднээс салаад ээжийнх рүүгээ жирийлгэлээ. Ээжийн маань бие муудаад бүр хэвтэрт орсныг найзууддаа хэлсэнгүй. Тэгээд ч хааяахан нэг уулзаж байж өвчин зовлон яриад яахав гэж бодсоных. Олон ч жил шаналсандаа муу ээж минь. Өвчин гэдэг чинь нэг зуураад авахаараа салахыг мэдэх биш. Яг л олзоо барьж аваад ноолсоор байж унагах араатан шиг зэвүүтэй. Ээжийнд гүйсээр ирэхэд дүү маань надтай яарангуй зөрөөд гарав. Өвчиндөө шаналсаар тамир нь барагдсан ээж маань амьгүй мэт нүдээр ширтэж байснаа
- Яав? Миний охин. Найзуудтайгаа уулзав уу?
- Уулзлаа, уулзлаа. Сайхан байлаа. Та яаж байна?
- Өө, яахав. Өглөөг бодвол бүр гайгүй. Дүү чинь хүнтэй . . . гээд үгээ тасалж, амьсгаадав.
- Тийм гэнээ. Яаралтай хэрэг бол явалгүй яахав гэхэд
- Муу охиноо ч мөн их зовоох юм даа. Ганц орой ч гэсэн найзуудтай нь тайван байлгахгүй, ээж нь
- Зүгээр дээ ээж. Охин нь уулзахаар барах уу даа. Угаасаа бид тарж байсан юм гэж худал хэллээ. Саяхан ярьцгааж байсан болоод тэр үү ээжийгээ ийм бууралтсаныг анзаарсангүй явсандаа эмзэглэх шиг. Толгойг нь илж суухдаа “Ээж маань анх хэзээ бууралтсан юм бол? Хүний анхны буурал үс яг ямар үед ирдэг бол?” гэсэн сониучхан гэмээр бодол орж ирсэн ч даанч мэдэх юм алга даа. Үр хүүхэд бид ер нь эцэг эхийнхээ толгойд хэзээ буурал ордогийг огт анзаардаггүй бололтой. Миний бодлыг сарниаж ээж
- Охин нь яаж байна? Хордлоготой байна гээд байсан гайгүй юу? Орчлонгийн эм амьтны зовлон барагдах биш дээ, ямар
- Гайгүй ээ, гайгүй. Одоо бараг долоон сартай болчихож байхад хордлого нь өнгөрчихсөн байлгүй яахав гэхэд
- За бараг тийм ч байхаа даа. Ээж нь ер нь ингэж, ингэж зээгийнхээ хүүхдийг үзэхдэг шүү
- Үзэлгүй яахав дээ ээж минь. Одоо цаад тал нь гуравхан сар болоод л төрлөө. Юу байхав гэхэд ээж маань нэг их санаа алдаад
- Гурван сар гэдэг надад бол мөн ч их хугацаа болоод байнаа охин минь
- Заа, ээж юунд тэгж байдаг юм. Хүүхдүүд нь эргэж тойроод л аль болохоор болох бүтэхээрээ байх гээд байхад та дандаа уруу дорой юм ярьж байх юм гэж эрхлэх тунирхахын хооронд хэлэхэд
- Тиймээ тийм. Ээж нь л элдвийн буруу зөрүү юм ярьж охиноо зовоох юм гэхэд нь би гэнэтхэн сэхээрч
- Юу байхав ээж минь. Та бид хоёрыг ингэс тэгэс гээд эргэлдэж байтал гурван сар болчихно. Ингэхэд би төрөхдөө таныг их зовоосон уу? гэж сатааруулах санаатай наснаасаа их сонссон яриагаа давтан асуухад
- Хоёр гурав хоног л өвдөж байсан санагддаг юм
- Пээ, тэгвэл ч таныг мөн их зовоожээ
- Үгүй ээ тэгээд насны бөгсөнд тэр охин маань л асарч байна шүү дээ гээд намайг үнслээ.

Ийм яриа болсноос хойш гурван сар аль хэдийнээ өнгөрчихөж. Энэ бүх хугацааг гэртээ гэхээсээ илүү ээжийндээ өнгөрөөсөн байлаа. Би аяга цай оочлон цонхоор харжээ зогсоход оройн нар жаргаж үдшийн бүрий уй дагуулан бүрэлзээд тэр үү сэтгэлд минь ямар нэгэн юм ягтаа тулж, бүр эцсийн цэгт ирчих шиг мэдрэмж төрнө. Яагаад ч юм сэтгэл түгшиж, санаа нэг л зовиуртай ч юм шиг. Амар тайван байна гэж юу байхав дээ. Охины маань гэдэс тэнгэр шиг л том болж хэзээ мөдгүй төрөх дөхөв. Залуу юм болохоороо л мэдэхгүй байгаа болохоос ядар ч байгаа байлгүй зайлуул. Уг нь миний охин чинь аав ээждээ зээ төрүүлэн өгч бидний энэ хорвоод ирсний, сайхан амьдарсны утга учрыг үргэлжлүүлж байгаа юм шүү дээ. Ээж нь эмээгийнх рүү нь өглөө оройгүй гүйгээд охиноо ч сайн асарч чадсангүй.
Харин ээж маань өдөр, цаг хором мөч өнгөрөх тусам муудсаар байлаа. Тийм болохоор ээжийнхээ хажуугаас хөндийрч үл зүрхлэнэ. Түрхэн зуур анхаарал сарниулахад л ээж маань хаа нэг тийшээ холын холд явчих гээд байгаа юм шиг санагдана. Хүнд өвчинд шаналан байгаа ээжийгээ харах тусам өр өмөрнө. Өр өмрөх тусам бараг худалч хүнд “ингэж зовж байхаар” гэж бодогдмоор. Гэхдээ хүн хэзээ ч тэгж бодож чаддаггүй юм билээ. Хөндлөнгийн хүн бол магадгүй л дээ. Элдвийг бодон суутал утас дуугарлаа.
- За хө, өвдсөн шүү хө. Одоо яах билээ гэх манай хүний сандруухан дуу сонсогдов.
- Яах юу байхав хурдхан эмнэлэг бараад. Сандрах юмгүй. Хий самгардаад хүүхэд айлгачихав чи. Цүнхэнд нь бүх юмыг хийгээд бэлдчихсэн байгаа. Бичиг баримтыг нь аваарай. Чи өөрөө тэргээ бариарай. Хүргэнээр бариулж болохгүй шүү гэхэд утас тасарлаа. Сонссон эсэх мэдэгдэхгүй. Уг нь өөрөө л явмаар. Даанч чадсангүй.
Ээжийн амьсгаа үе үе дээрдэн биднийг сандаргана. Ах дүү нар маань байж суух газраа олж ядан өрөө, өрөөгөөр босон суун зөрөлдөнө. Тэд юуг ч юм хүлээнэ. Хүнд бас ийм хатуу гэмээр үе байдаг байж. Энэ эмгэнээс хамаг л залуу нас, сайн сайхныг нь авч, мах цус эд эс болгоныг урж тасдан байж төрснөө бодохоор өөрсдөөсөө ой гутмаар. Одоо нэгэнт бүх юм ойлгомжтой болсон мэт санагдавч ээж минь ингээд л яваад өгнө гэхээр хэзээ ч итгэгдэхгүйгээс гадна хэзээ ч зөвшөөрмөөргүй санагдана. Хий дэмий л яах вэ? яах вэ? гэж ам амандаа гаслахаас өөрийг хийж эс чадна. Би, ээжээс гадна охиндоо санаа зовно. Миний охин чинь саяхан л аав ээждээ нэг сарвайсан юм ирсэн чинь одоо өөрөө ээж болж бас нэг сарвайсан юм авчрах гээд өвдөж байдаг. “Эвий дээ эвий охин минь. Тэсдэг л юм шүү. Эм хүний тавилан гэдэг хатуу. Тэсээрэй миний охин” Хажууд нь байсан бол яг л ингэж хэлэхсэн. Даанч ээж нь дэргэд нь байж чадсангүй гэж бодохтой зэрэг дотор бачуурч, нулимс бүрэлзэнэ. Гэлээ гээд юу юугүй уйлж унжин энэ хэдийгээ сандаргаад яахав гэж санан охин руугаа залгалаа
- Яаж байна миний охин?
- Гайгүй ээ. Үгүй гайгүй ч гэж дээ үе үе өвдөөд л, базлаад л байна.
- Тэгнээ тэгнэ. Миний охин өвдөлт хоорондын зайг сайн анзаарч байгаарай. Ойртоод байвал эмчдээ хэлээрэй. Миний охин сандрах хэрэггүй шүү. Сайн эмч нар байгаа, айлтгүй. Ээж нь, эмээ нь ер нь бүх эмэгтэйчүүд ингэж ээж болдог юм шүү дээ. Тэсээрэй миний охин. Ээжийгээ бодоод тэсээрэй , за юу гэхэд өөрийн эрхгүй нулимс урсав.
- Эмээ яаж байна, гайгүй юу? гэхэд нь юу гэхээ сайн мэдэхгүй хэсэг зогсоод
- Эмээ нь гайгүй ээ. Ямар хүүхэд гарах бол гээд чамайг бас хүлээгээд л байна гэж худлаа хэллээ. Хүнд худлаа хэлэх мөчүүд яаж ийж байгаад л гарах юм даа.
- За би тэснээ ээжээ. Та эмээд хэлээрэй гэнэ.
“Эвий дээ муу охин минь одоохондоо өвдөж эхлээгүй юм байж. Тулаад ирэхээр юун ингэж хэлэхтэй манатай болох биз. Шөнө дунд л төрөх юм байхдаа” гэж бодлоо. Бодох тусам гараад гүйчихмээр. Даанч . . . даанч ээж нь чадахгүй нь.
- Хүүе! Ээж ухаан орлоо гэх дуунаар би ухасхийн ээжийн өрөө рүү орлоо. Ээж маань був буурал толгойгоо үл ялиг хөдөлгөн, хатсан уруулаа шилэмдэнэ. Халбагаар шингэн юм ам руу нь хийхэд чадал шавхан байж залгиад нүдээ нээлээ. Өвчтэй хүнийг олон сараар сахихад тэр хүнээ маш энгийн мөртлөө жижигхэн хөдөлгөөн хийхэд л баярладаг болдог юм билээ. Ээж ус гүйсэн нүдээр биднийг тойруулан харснаа тамир муутай дуугаар
- Ээж нь нэг хэсэг унтчихаж (үнэндээ бол ухаан алдчихсан)
- Харин тийм. Та хэсэг сайхан унтлаа
- Та нар цугаараа байгаа юм уу?
- Тийм. Бид бүгдээрээ байна. Энэ тэр байна, тэр энэ байна. Та харж байна уу? гэж намайг бүгдийг тойруулан хэлэхэд
- Харж байнаа. Хүүхдүүд минь . . . гээд хэсэг чимээгүй болсноо
- Нөгөө муу охин яаж байгаа бол? гэж манай охиныг асуув. Түрүүхэн өвдөөд, аав нь аваад эмнэлэг явсан. Мөдхөн төрж, та гучаа үзэх нь дээ гэж хэлэхэд дүү нар маань
- Харин тийм. Таны анхны гуч шүү дээ гэж батлав. Ээж маань юу ч юм бодох мэт нүдээ алгуурхан аньснаа арайхийж
- Үзэх байхаа . . . гээд үгээ тасаллаа. Миний хамар шархирч, юу ч юм хоолой дээгүүр гүйнэ. Дүү нарын зарим нь нусаа татаж сонсогдоно.
- За ээж одоо хэсэг сайхан, тайван хэвтчих гээд би гарч охин руугаа дахин залгалаа. Утасны цаана
- Ёо ёо! Ээж би одоо ярьж чадахгүй нь ээ. Өвдөөд . . .пү . . . пүү . . . гэж үлээсээр намайг юм хэлэх завдалгүй утас тасарлаа. Одоо л ойртож байгаа юм байна даа гэж бодов. Цонхны цаана үүр хаяаран тэмтэрч байлаа. Үүр хаяарах сонин шүү. Тэртээ холоос ямар нэгэн уянгалаг аялгуу аажим аажимаар наашлах шиг тийм мэдрэмж төрдөг юм. Хэдэн шөнө нойр муутай хоносон болоод тэр үү хоёр нүд хуурайшин аргана.
- Ээж, ээж . . . гэх дүүгийн дуу ард сонсогдлоо. Сандарсаар ороход ээж байдгаараа чармайн эргэн тойрноо хараад
- Ээж нь . . . гээд үгээ залгилаа. Бид дор бүрнээ
- Ээж, ээж . . . гэцгээхэд ээж маань дахин нэг сүрхий том харснаа уртавтар амьсгаа татлаа. Бид бүгд дахин амьсгалахыг нь хүлээж хэсэг зогслоо. Миний хоёр нүднээс нулимс өөрийн эрхгүй сул асгарав. Нулимсан дунд минь цал буурал толгойтой хөгшин ээжийн минь амьгүй төрх хөдөлгөөнгүй атлаа эрхэмсэгхэн оршино. Дүү нар маань чухам юу гэж бодсоныг би мэдэхгүй. Гэхдээ л надад тэгж санагдсан.
- Ээж, ээж, ээжээ . . . гэцгээх дуу тэртээ цаана ч юм шиг эсвэл тэрүүхэн тэнд ч юм шиг сонсогдсоор байлаа. Харин ээжээс минь хариу ирээгүй юм. Тавагны чихэр хуурайлчихаар ээж маань уурсаад дуугаа хураачихдаг шиг тийм мэдрэмж төрж байв. Айсандаа (гэмшсэндээ) миний хоёр нүднээс нулимс аяга аягаар урсана. Хэдий хэр удсаныг мэдсэнгүй. Гэнэтхэн утасны дуу намайг дахиад л цочоов.
- Болчихсон шүү хө. Сая төрлөө . . . охин . . . охин гарлаа. Зээ охинтой боллоо хөгшөөн гэж нөхөр маань амьсгаа давхцуулан хэллээ. Би сонссон хэдий ч нэг хэсэгтээ юм хэлсэнгүй. Тэр ээжийг маань асуусангүй. Гэлээ гээд би ханьдаа гомдсонгүй. Яалаа ч гэж гомдох билээ. Тэртээ тэргүй урсаж байсан нулимс улам бүр ундрав. Яагаад ч юм би зүгээр л охин руугаа явмаар санагдлаа. Ямар нэгэн хий хүлээснээс мултарчих шиг болохоор нь хувцсаа хурдхан шиг шүүрээд гарах гэтэл дүү
- Яасан бэ? Та хаачих нь вээ?
- Охин . . . охин төрчихлөө. Эгч нь хурдхан шиг явчихаад ирье. Та нар түргэн дууд. Хоёр цаг орчим гэрт нь байлгадаг гэсэн. Эгч нь удахгүй ирнэ гээд гарахдаа өөрийнхөө дууны өнгийг ийм мөчид баймгүй хөндий болчихсоныг анзаарав. Тэд надад гомдсон ч байж магад. Гэхдээ энэ бүгд надад хамаагүй юм шиг болчихсон байсан гэвэл хатуудсан болох байх. Ар араасаа хөвөрсөн амьдралын хүнд хүчир агшинууд намайг бүр туйлдуулж, цөхрүүлсэн ч байж мэдэх юм. Хүнд бас ийм үе ирдэг л юм билээ. Магадгүй, эх хүн гэдэг хэзээ ямагт үр хүүхдээ л гэж санаж сарвайдаг бололтой.
Гадаа аль хэдийнээ нар цухуйжээ. Би яг чухам юу бодож, яагаад ингэж гүйж яваагаа ч ойлгосонгүй. Ухаан бодлоо чухам хаах нь явааг мэдэх юм нэгээхэн ч алга. Зөвхөн “Охин минь болоо доо. Ээж минь та гучаа үзэж амжсан шүү. Охин минь амар мэнд төрсөн гэнэ” гэсэн учир замбараагүй гэмээр юм амандаа нус нулимстайгаа зууран гиншиж явсым. Үе үе сэвэлзэх салхи задгайлсан үсийг минь оролдоход үсээ ч самнаагүйгээ санан явуут дундаа шуухуйд яагаад ч юм баруун нүдэнд цагаа унах мэт бүрэлзэхэд нь хэд нухчихаад цааш дэгдлээ. Охин минь, зээ минь, ирээдүй минь намайг хүлээж байгаа . . .

Гадуур хувцасныхаа энгэрийг товчилж ч амжилгүй сандран гүйх бүсгүйн баруун шанханд ганц цагаан үс өглөөн наранд гялтганан цайрна . . .

2011.10.26
Бүрэн эхээрээ...