# #

Зохиолч Халтарын Болор-Эрдэнэ. "Зүрхэнд үйлдвэрлэв"

Би өөрийнхөө блогт нэг ийм "ЮМТАЙ БҮТЭЭЛҮҮД" гэсэн булан нээхээр шийдлээ. Энэ буландаа энд тэндээс уншихад өөрийн сэтгэлийг хөндсөн зохиол бүтээлүүдийг оруулах санаатай байна. (Зөвхөн өөрийнхөө сэтгэлийг яг тэр үед хөндсөн гэсэн шалгуураар. Магадгүй дараа нь уншихад тийм биш байсан ч хамаагүй.) Түүнээс биш онолын болоод танилын үзүүлэлт хамаарахгүй юм. Мэдээж хаанаас авсан эх сурвалжаа байнга оруулах болно. Харин яг зохиолчоос нь зөвшөөрөл авч чадаагүй тохиолдолд уучлалт хүсмээр байна.

Бурхантай, бугтай, тэнгэртэй, газартай хэрэлдлээ.
Эхлэл нь хаана байсныг, төгсгөл нь хэзээ ирэхийг
эрж хайгаад олсонгүй. Хэрүүлийн эзнийг сая л оллоо.
Олох олохдоо түүний тохуурхал, даажигналын чимэг сонслоо.
Сонсогдож байгаа бодоход тэр амьтай юм. 


Нар. Нозоором халуун. Нүд анилдан зүүрмэглэхэд тэнгэр нэг цэнхэртэн, нэг харлан харагдах нь зузаан хөх шилтэй төстэй ч юм шиг…
…Бөмбөгөр шилэн доторх ижижгхэн хотыг хэн нэгний нүд анхааралтай ширтэнэ. Тэр шилийг сэгсрэхэд бороо, цас, шороотой төстэй зүйл дотор нь бужигнана. Жижигхэн, бүр маш жижигхэн хүмүүс тийм бужигнаан дотор орох байх газраа олж ядан бөндөгнөхөд тэр өхөөрдөн инээд алдаж, бүр чангаар сэгсэрнэ. Тэгснээ нүдэнд үл үзэгдэх дуслыг томруулагч дуран доор тавиад юуг ч юм түүнд шахахдаа тэр чаг чаг чагхийн нүдээ цавчлан дахин дахин дурандаж, тонголзох нь хөгшин эрдэмтнийг санагдуулна. 

Залуу нас. Садан төрөл. Хайр. Ухаан. Хувь заяа. Ийм бичигтэй хруу шилнээс дусал дуслыг авч өнөөх шингэн дээр дусаана. Тэгээд шилэн хотод бужигнан гүйлдэх хүмүүсээс нэгийг нь барьж аваад дуран доорх шингэнээ бие рүү нь шахчихаадбуцаагаад тавьчихав. Хүн өвдсөндөө час часхийн дуугарна. Харсаар байтал нүднийх нь өмнө хүний хэвлий маш түргэн томорч түүнээс бүүр жижигхэн хүн доройхон дуугаар мөн л часхийн дуугараад газарт уначихав.
Саяхан бий болсон тэр амьтан яах ийхийн зуургүй өсөж томрохыг дээрх нүд анхааралтай ширтэнэ. Эхэндээ төрсөн, төрүүлсэн хоёр салахгүй хөтлөлцөн байснаа төдөлгүй жижигхэн нь хаа нэг тийш яваад өгөв. Түүний үйлдэл бүхнийг өнөөх нүд алдалгүй харахын зэрэгцээ биенээс нь юуг ч юм буцаагаад соруулж авна. Соруулах бүрт нь хүн аажимхан жижгэрч, хууртсан хүүхэд шиг өмөлзөхөд тэр бүр байж ядан эгдүүцэж шилийг улам хүчтэй сэгсэрнэ. Хүнээс соруулж авсан бүхнээ тэр Залуу нас, Садан төрөл, Хайр, Ухаан гэсэн түрүүчийнхээ хуруу шилэнд буцаагаад хийчихэв. Тэгээд хэсэг харж суусныхаа дараа энэ утгагүй агшнаас залхаж, хатаж бөгтийсөн хүний бие рүү “Дурсамж”-ийг шахлаа. Шахаж байхдаа тэр чаг чаг чаг хэмээн нүдээ түргэн түргэн цавчилна. Нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй энэ бэлгийг нь хүн хэчнээн хүндэтгэн хүлээн авч, хэсэгхэн зуур сэргэхийг тэр анхааралтай ажина. Төдөлгүй түүнийгээ буцаагаад соруулаад авчихав. Харгис, хатуу энэ тоглоомноосоо бүр мөсөн залхсан тэрээ гэнэтхэн хүнийг эрхий хуруугаараа ганцхан дарж няцалчихаад над руу огцом эргэн харлаа. Түүний нүх шиг тоом хар нүд, хүйтэн харцтай нь тулгармагцаа би цочин ухасхийв…

…Сэрэхэд гэрт нам гүм. Хажуугаас халаагуур төөнөнө. Нуруу даган нойт оргиход сая зүүдэлснээ ойлгов. Уртаар санаа алдаад хөрвөөх агшинд өнөөх нүдний чаг чаг чагхийн цавчлах нь хажуухнаас сонсогдлоо. Гайхан өндийхдөө яг түрүүчийн зүүдэнд харсан хэмжээлшгүй том, хүйтэн хар нүдтэй харц тулгарав. Цаг хугацаа харанхуйн гүнээс яг над руу ширтэж байлаа.

"Зүрхэнд үйлдвэрлэв" номноос
Эх сурвалж: http://bolor7erdene.blog.banjig.net/post.php?post_id=87805

1 comment: