# #

Таван стакан архи (Өгүүллэг)

Гочоо гараа үрчсээр гаднаас орж ирлээ. Муу умгар өрөө нь хүйтэн зэврүүн ч гэлээ гадааг бодвол дээр байлгүй яахав. Өрөө нь ундуй сундуй. Энд тэндгүй хуйлсан хуйлаагүй цаас, дутуу хагас зурсан зураг, хар цагаан сюжет тавьсан ноорогнууд мөн ширээ сандал, цонхны тавцан зэрэг юм тавьж болох бүхэн дээр элдвийн будаг шунх, багс бийр арзайж сарзайна. Ер нь зураач хүний өрөө ямар байдаг вэ яг л тийм нэг өрөө. Ер нь өрөөний эзэн хэд хэдэн зурган дээр зэрэг ажилладаг бололтой. Зарим тавиур дээрхи зураг бараг дуусаж байхад, зарим нь дөнгөж суурь өнгөө тавьж байх жишээтэй. Тэрүүхэн буланд хэзээний ч юм бүү мэд нэгэн буйдан нормойн хөглөрнө. Уг нь саарал өнгөтэй байсан бололтой. Харин одоо бол ирмэг хүрээгээр нь өлөн хир нүүгэлтэж, энд тэндгүй будаг үсчээд нэг бүүдийсэн л юм болж. Энэ өрөөг саяын орж ирдэг Гоё Гочоо гэж битүү хоолойтой ноосон цамц, хавтгай хар малгайнаас салдаггүй ногтон сахалтай нөхөр эзэмшинэ. Гочоо гадуур хувцасныхаа энгэрийн халааснаас ганц шил архи гаргаснаа зурж буй зурагныхаа хажууд тавин хаалга руу эргэн очиж сайтар түгжээд, нэг шилэн аяга аван сандал дээрээ тухлан суулаа.Тэр Тунгаагаа зурж байгаа юм. Харин энэ шилэн аяга бол Гочоогийн хувьд бийр багснаас дутахгүй үүргээ гүйцэтгэж байгаа эд. Тэр шилэн аягаа гартаа эргүүлэн хэсэг харж суулаа. Гочоог бага байхад галт тэргэнд л ийм аяга байдагсан. Одоо ч гэсэн байдаг байж магад. Нэг л өвөрмөц амттай тэр цайг Гочоо “вагоны цай” гэдэг байж билээ. Сүүлд хойшоо явахдаа мөн ч их уусандаа. Түүнийгээ санан инээмсэглэж “Одоо ч энэ аяганд өөр юм уудаг болждээ” гэж бодлоо. Дээрээсээ доошоо талстуудаар эвлүүлээд хийчихсэн юм шиг шувтан хэлбэрийн энэ аяга овоо зузаан шилээр хийгдэж. Тиймдээ ч Гочоогийн өрөөнд нилээд удаж байгаа байх. Тэр ч байтугай Гочоогоос өмнө энэ өрөөнд байсан гээд бодчих. Аяганы доод ёроолоос дээш дөрвөн хуруу хиртэй зайд хөндлөн судал уг аягыг бүтэн ороожээ. Энэ судал өөрөө аяндаа тогтсон уу эсвэл хэн нэг нь хэргээр тэмдэглэсэн үү бүү мэд. Уг аягыг угааж байгаа хүнийг Гочоо хараагүй. Гочоо архиа задлан аягандаа хүл хүл хийлгэн судал хүртэл нь хийлээ. Гар нь үл ялиг салгална. Аяганд жижигхэн бөмбөлөгнүүд хэсэг бужигнаснаа тэгэсгээд намжлаа. Архи нь яг тэр судалтай зэрэгцэн цэхвэлзэнэ. Ямар ч хөдөлгөөнгүй болсон тэр архи ер гэмгүй царайтай гээч. Гочоо аягатайг харж хэсэг сууснаа тамхиа гарган асаагаад, хөлөө ачин гэдийх зуураа уушиглан, нөгөө гараараа ногтон сахлаа илэхэд гарынх нь завсраар цэнхэр утаа багтаж ядан саагина. Аяганы талаас арай дээгүүрх хөндлөн зураасаар тааруулаад хийхэд нэг шил архи яг тав тэнцүү хуваагддаг юм. Өөрөөр хэлбэл Гочоо шил архийг энэ аягаар таван удаа л хөнтөрдөг гэсэн үг. Гочоо яагаад ч юм хундага гэхээсээ илүү шилэн аягыг илүүд үзнэ. Бүр хойно оюутан байхын л тийм байсан. Бодвол зуун граммаар туудаг болоод тэр байх. Тэрээр тамхиа дахин нэг сорж, их үйлийн өмнө сэтгэл санаагаа төвлөрүүлэх гэж буй хүн шиг яаралгүйхэн бодол болон сууна.
“Тэр чаджээ. Үнэхээр чадаж. Булгаа гэж овоо эр юм даа” гэж бодон шазуураа нэг зууснаа “Манай Булгаа ч авъяастай л даа” гэж бодон түрүүчийнхээ бодлыг цайруулна. Тэгсэнээ
- Ердөө гуравхан жилийн дотор шүү гэж амандаа шивнэхэд тамхины хөх утаа зэрэгцэн пургина. Гараа зугуухан явуулж шилэн аягатайг аван шийдсэн янзтай
- Пүү! гэж үлээхэд уушиганд нь үлдсэн багахан утаа тэрүүхэнд цэнхэртэх агшинд амьсгаагаа хагас татаад залгилж эхэллээ. Хэрвээ хажууд нь хүн харж суугаа бол өөрийн эрхгүй шүлс ялгаран ам дүүрмээр гүд гүд хийн залгилна. Тэр яг таван удаа залгилж дуусгадаг юм. Нүднийх нь аяганд ус цийлэгнэн дүүрч ирэхийн багцаанд аягатай архи дууслаа. Аягаа буцааж тавих зуураа дутуу татсан тамхи нь хуруун завсар нь уугих нөгөө гараа хагас атган амандаа барьж
- Пүү үү . . . гэж уртаар үлээхэд толгой дээрхи малгай нь үл ялиг чичигнэнэ. Тэрээр нүд хамар хоёроос нь юу угүй гараад ирэх шингэнийг тогтоох гэхдээ хойшоогоо гэдийлээ. Энэ бол нус ч биш, нулимс ч биш л дээ. Зүгээр л хаа нэгтэйгээс шахагдан гарч буй шингэн юм. Гочоо сая нэг амьсгаа авч тамхиа сороод, халцарч шарласан адар өөд үлээлээ. Хөхөлбөр утаа дээшээ угалзран олгойдох тэрхэн агшинд түрүүхэн залгилсан сархад тэртээ доошоо халуу шатуулан уруудах нь мэдрэгдэнэ. Түүний царайд тааламжтай байдал илрэв. “Тиймээ! Манай Булгаа ч авъяастай ч юм, чадалтай ч юм” хэмээн үргэлжлүүлэн бодов. Булгаа гэдэг түүний шавь гэхээр хаашаа ч юм. Бас найз ч гэх нь хаашаа юм нэг тийм л нөхөр л дөө. Булгааг тэр гурван жил гаран мэднэ. Анх бас л эдний өрөөгөөр орж гарагсадтай цуг ирээд л танилцсан. Түүнээс хойш ирэх нь олширсоор сүүлдээ оров ч, гарав ч цуг наалдан пад болсон тийм л залуу. Зурах сонирхол, жаахан авъяастай болохоос ямар ч сургууль соёл төгсөөгүй л дээ. Гэхдээ тэр өнөөдөр үзэсгэлэнгээ гаргажээ. Ихэнх зурагнуудынх нь схез, сюжет, за тэгээд цаашилбал суурь болоод үндсэн өнгөнүүд тавигдаж байх тэр бүхий л хугацаанд Гочоо Булгаа хоёр өрөө өрөөгөөрөө орж гаран, санаа оноогоо ярьж хэлж, ууж идэж, унаж тусаж явсан болохоор Гочоо ерөнхийд нь мэднэ. Тэр ч байтугай Булгааг ч өөрийг нь мэднэ гэж Гочоо боддог юм. Булгаа сайн л даа. Түүний зургийн ерөнхий цаад санаа шийдэлүүд нь яах аргагүй сайн. Гэхдээ Гочоо Булгааг “үнэхээр сайн шүү” гэж үнэлдэг эсэх нь үл мэдэгдэнэ. Өөрөөс нь сайн байх вий гэж сэрвээтдэг ч байж магад.
Харин Гоё Гочоо гэдэг маань Булгааг бодох юм бол хойно дүрслэх урлагийн дээдийг төгссөн. Мөн энэ урлагийн тогоонд овоо хэдэн жил чанагдсан, мэддэг чаддаг хийгээд үзсэн харсан нь Булгаагаас төө илүү том амьтан байхгүй юү. Тиймээс Гочоогийн сэтгэлд Булгаа үргэлж жижгээрээ. Гэтэл Булгаа нэгэн зургийг үнэхээр зурж чаджээ. Тэрийг нь сая Гочоо харчихаад ирсэн хэрэг. Өрөөндөө ганцаараа архи уух шалтгаан энэ ч байж болох юм. Гочоогийн бодол жигдрэх тийшээ хандлаа. Тэрээр бодлоосоо хөндийрөх дургүй байгаа бололтой. Гэвч хуруун дахь тамхи нь уугиад дууссан тул бодлоо таслахаас яахав. Тэр дахин нэг тамхи асаагаад архинаасаа шилэн аягандаа хүл хүл хийлгэн яг л нөгөө зураас хүртэл хийгээд энэ удаа нэг их юм бололгүй залгиллаа. Түрүүчийнхийг бодвол сүртэй зовоолгүй орсон ч тэрээр атгасан гараа амандаа барин нүдээ аньж хэсэг сууснаа амьсгаагаа зөөлхөн үлээж гаргаад тамхиа сорон түшлэгээ наллаа.
“Гочоо багаасаа л зураг сонирхдог, зурдаг байсан тул хойшоо Ленинград явж сурсан хэрэг. Тэр тэнд юмыг логик дараалалтайгаар бодож, сэтгэх, түүнийгээ ашиглан зурах, хүнтэй хэл амаа ололцох, олны дунд биеэ хэрхэн авч явах гэх мэт. Санаагаа хэрхэн зургандаа шингээх, цаашилбал хүссэн өнгөө хэрхэн гаргах гээд сураагүй юм үгүй. Бас энэ архийг ч гэсэн тэнд л ууж сурсан. Тэр аливаа юмны өнгө гаргахдаа гаргуун. Мөн Гочоогийн бүх зурганд нэг онцлог байсан нь тэр аливаа харагдацуудыг маш тунгалагаар гаргаж чаддаг байв. Гол ус, хөх тэнгэр, нар сарны тусгал гээд ер нь л тодрол сайтай тунгалагхан зурж чаддаг байлаа. Сургуулиа төгсөж ирэнгүүтээ хэд хэдэн зураг урласан нь зургийн хүрээнийхэндээ ихэд тоогдож байв. Гэлээ ч Гочоод өөрт нэг л юм дутаад байгаа юм шиг санагдан өөрийгөө голно. Чухам юу вэ гэдгээ яг оноож мэдэхгүй. Тэр дутаад байгаа юмаа хаа нэгтэйгээс эрж хайж эрэлд хатан явна. Тэгж явах үедээ өөрийнхөө багш Умбаатай таарсан юм. Энэ хүртэл бодоод Гочоо
- Багш . . . багш . . . гэж чамлангүй өнгөөр амандаа сунжруулан дуугарсанаа “Тийм л дээ багш. Би анхандаа багш л гэж боддог байсан юм чинь. Умбаа гэдэг бол монгол даяар алдартай зураач. Дөнгөж сургууль төгсөж ирсэн Гочоод байтугай, нилээд доль цохьсон зураачдын хувьд ч Умбаа гэдэг тэнгэрийн амьтан байв. Түүнтэй уулзаж, үг сольсон хүн бол нэг хэсэгтээ л сэтгэл цатгалан явах. Гочоо тэр хүнд л шавь ормоор санагдаад болох биш. Тэгсээр байж Гочоо Умбааг нилээн сайн уудгийг мэдээд авав. Ер нь уудаггүй хүн урлаг, утга зохиолынхонд байв л гэж дээ. Нилээд удаан ажигласны эцэст нэгэн өглөө Умбаа зураачийг дотор баахан муу байхыг далимдуулан ганц юм өвөртөлсөөр яваад орлоо. Махлагдуу намхан биетэй, бавгар сахалтай Умбаа хаалга онгойх чимээнээр шартсандаа болоод сул хаясан байсан биеэ хүчлэн барьж, хэн орж ирсэнийг харсанаа
- Аан! Гочоо хүү яаж явна даа? гэж асуух хэдий ч дотроо “Ганц юм бариад ирээгүй л байгаа даа” гэж санахыг бодоход ихэд шартсаны шинж. Үүнийг нь мэдсэн юм шиг Гочоо
- Сайн байна уу? Умбаа гуай. Таны наад царай чинь. Урд шөнө жаахан таагүй хонож ээ дээ гэхэд
- Тавгүйгээр барах уу . . . гээд эгээтэй л араас нь үг алдчихсангүй.
- Надад нэг юм байгаа юмсан. Аваад ирэх үү? гэж худлаа асуухад
- Асуугаад байх юу байна хүүхээ. Аваад ир гэлээ.
Гочоо гарснаа тэртэй тэрэнгүй өвөрт нь байсан тул нэг их удалгүй орж ирлээ. Тэндээ хоёул нэг нэг татчихаад Гочоо
- Баянгол орж нэг нэг таваг хуйцаа идэнгээ үлдсэнийг нь . . . гэтэл
- Тэгвэл ч бүр болоод явчихлаа гэсэн үг шүү гэж олзуурхаад
- Надад бас өнөөдөр дуусгахгүй бол болохгүй ажлууд бий гэж эрэмбээ харуулахыг хичээнэ.
Түүнээс хойш Гочоо Умбаагийн гарын шавь хэмээгдэх болсон юм. Умбаа мөн л Гочоог маш авъяастай, хөдөлмөрч залуу. Мөдхөн амжилтанд хүрнэ хэмээн хөөргөн ярина. Гэхдээ үеийнхээ зураачид дундаа чухам юу ярьдагийг Гочоо мэдэхгүй.
Гочоо яг энд бодлоо таслан тамхиа соронгоо өөрөө Булгаагийн тухай хэрхэн дүгнэдгээ санах зуур яагаад ч юм завьж нь шазвасхийн татвагнав.
Тэр Булгааг өөрөөсөө илүү гэж хэзээ ч боддоггүй. Гэхдээ илүү гарчихвий гэсэн хөндүүр, шаралхал бол байгаа нь нууц биш. Мэдээж илт дутуу хүнийг өөртэйгөө жишихгүй шүү дээ. Үеийнхэн дундаа ч гэсэн халамцуу үедээ “Булгаа бол болоогүй шүү дээ” гэж үг алдаж байсан удаатай. Тэгэхээр “Умбаа ч гэсэн намайг тэгж боддог байсан байж болох л юм” гэж бодсондоо завьж нь татвагнасан хэрэг.
Багш шавь гэж явахдаа Гочоо амьхандаа Умбаагаас зөвлөмж хүснэ. Умбаа харин
- Хүнээр зөвлүүлж зурна гэж юу байхав дээ. Тэгвэл тэр зураг чиний зураг, чиний сэтгэл биш болно гэсэн үг. Харин би чамд ганц үг хэлье. Чи “Мал гаталсан ус битгий зурж байгаарай” гэж үл ойлгогдох үг хэлсэн юм. Тэгээд их учир утгатай мэт энэ үгээ эрүүлдээ ч, согтуудаа ч хэлнэ. Гочоо энэ үгийг ойлгохгүй бүтэн зургаан жил явсан даа. Ойлгохгүй ч юу байхав дээ шууд утгаар нь ойлгосон хэрэг. Тэгээд Гочоо гол горхи зурах болгондоо маш тунгалагаар зурна. Тэр угаас үүнийг маш сайн чадна. Энэ зургаан жилийн хугацаанд Гочоо хоёр үзэсгэлэн гаргав. Умбаагаас бусад зураачид Гочоогийн талаар өөр бодолтой байсан юм. Яагаад гэвэл Гочоо хоёр үзэсгэлэнгийн хооронд өөрчлөгдсөнгүй. Энэ янзаараа бол цаашдаа ч энэ л хэвээрээ үлдэж магадгүй. Харин Умбаа багшийн хувьд хаа ч гэсэн түүний талаар таатай үг хэлж, магтан бавгар сахлаа илэн явна. Ингэж харагдах л юм бол багш нь сэтгэл хангалуун байна гэсэн үг. Хэрвээ уурлах юмуу эсвэл хэн нэгэнд шаралхаж, сэтгэл нь тавгүйтэх юм бол хөмхийгөө зууж, шүдээ хавиран, нүднийх нь хүүхэн хараа цоолохно уу гэмээр хурц болдгийг Гочоо хэдэн жил хажууд нь байсных мэднэ. Гэхдээ тэр нь бараг үл анзаарагдана. Нэг удаа ихэд халамцахдаа
- Уран бүтээлч хүн гэдэг байнгын өрсөлдөөн дунд байдаг юм. Өрсөлдөж л байж сайн бүтээл гарна. Сайн бүтээлийг нэр алдар гэж нэг аюултай юм дагаж явдаг хуультай. Нэгэнт нэр алдар чамд ирсэн бол чи түүнийг алдахгүйгээр яаж оршин тогтнох вэ? гэдэг асуудал гарч ирдэг юм даа. За тэгтэл атаа жөтөө гэж юм бий. Үүнийг яахав аргалж болно. Гэтэл халгиж цалгисан их авъяас хажуугаар чинь гэнэтхэн гарч ирээд салхи татуулан өнгөрч бас болно тийм үү? гэж дультраатсанаа гэнэтхэн болохгүй юм руу хальж байгаагаа мэдрэн
- За энэ ч яахав гэж үгээ займчуулан өөрийгөө татаж байсныг санана. Тэр үед Гочоо багш өөрт нь хэрэгтэй юм хэлж байна л гэж бодож байснаас өөрийг бодоогүй.
Гочоо шилтэй архиа авч шилэн аягаа гурав дахиа дүүргэлээ. Мэдээж нөгөө зурааснаасаа хэтрүүлээгүй. Тэр “Би яагаад энд ганцаараа архи уух болов?” гэж бодонгоо дахин нэг тамхи асаалаа. Цаана нь ганц ширхэг тамхи хайрцганд нь ташиж унасан харагдана. Ууж буй архины аагаар түүний сэтгэлд бугшин уугиж буй уур хилэн жижигхэн сэгэлзсэн салхи үзсэн цог мэт ноцож эхэлж байв. Яагаад ч юм эхлээд хайрцагаа дараа асаагуураа ширээ рүү зөөлхөн шидлээ. Тэд ширээн дээр юуханд ч юм торон тогтоно. Толгойд нь тааруухан бодлууд эргэлдэх гээд байгааг мэдэрч түүнээсээ зайлах гэсэн мэт Гочоо аягатай архиа аван залгилаа. Тэр тал шил архинд ухаанаа тавьдаггүй ч ухаан бодлоо цэгцлэх гэж чармайж байгаа нь илт.
Гочоо сайхан юм бодов бололтой царай нь гэрэлтэв. Түүний сэтгэл наадмын гурав хоног сойгдсон хөнгөн хөлт адуу хазаар даран дүүхэлзэх шиг хөнгөмсөв. “Гоё Гочоог мэдэхгүй хүнгүй болж байсан үе. Үеийн залуус, бүсгүйчүүл түүнийг шагшин магтана. Хэдийгээр дүрслэх урлаг нь бусад урлаг болох яруу найраг, дуу хуур шиг хүнд шууд очихгүй ч гэсэн бас ч гэж зураг үздэг сонирхдог, дурладаг бүр шүтдэг тийм хүрээ бас байдаг юм. Хүүхнүүд гэдэг сонин амьтад шүү. Жаахан нэр алдар олов уу, үгүй юү аль хэдийн үнэр авчихсан, эрвээхэй шиг л эргэчихнэ дээ. Нэр алдар ч гэж дээ жаахан хэлтэрхий төдий юм шүү дээ. Үнэхээр сонин. Яасан ч мундаг мэдрэмжтэй улс байдаг юм бүү мэд. Зураач Гоё Гочоо гээд л явж алдана шүү дээ. Энэ нэр алдар гээчийн зах зухаас шүүрсэн хүний анхны даваа нь л архи, хүүхэн хоёр байдаг байх. Энэ давааг л эцэж цуцахгүй, бүдэрч унахгүйхэн шиг давах хэрэгтэй юм шиг байгаа юм.
Хэдийгээр Гочоо хоёр ч үзэсгэлэн гаргачихсан, амтай болгон магтаад байна уу гэлтэй атал бас тийм биш шиг. Ахмад үеийнхэнээс Умбаагаас бусад нь олигтой дүн тавихгүй байгаа нь анзаарагдана. Нэг өдөр Умбаа багшийн найз Зүмбэр зураачтай нэг юм уух шалтаг гарав. Багш нь нэг удаа үй зайгүй гэх энэ найзыгаа
- Миний нэг нойморын дайсан гэж байсан удаатай. Үнэндээ бол наанаа уран бүтээлийн өрсөлдөгч, найз гэх боловч цаанаа ямар их атаа жөтөө явдгийг Гочоо тэгэхэд анзаарсан. Гэсэн ч Гочоо багшийн найз хэмээн санаж нилээн үйлчлэв. Бас тэдний үеийнхэн өөрийг нь хэрхэн үзэж байгаа талаар үг сонсчих санаатай байсан нь үнэн. Зүмбэр яриан завсараа
- Уран бүтээлч хүнд сэтгэл, сэтгэлгээ хоёр шиг хэрэгтэй юм байхгүй дээ. Тэрнийг алдаж болохгүй. Хүн болгон чамайг магтаад л байгаа бол чамд болохгүй юм байна л гэсэн үг. Одоо ч хүмүүс захиалгаар их юм хийх болж. Уран зохиолд ч гэсэн хэн нэгэн, ямар нэгэн сэдэв өгөнгүүт л чи биччихээд байгаа бол энэ чинь цаагуураа л нэг худлаа. Сэтгэл шингэхгүй байна л гэсэн үг. Тийм бүтээл яаж амьд байх вэ дээ. Хүн чамайг цаг үргэлж магтаад л байгаа бол алах гэж байгаагийн анхны оролдлого гэж ойлгоход нэг их хол зөрөхгүй шүү гэхэд Гочоо ихэд гайхлаа. Учир нь Умбаа багш нь үргэлж магтаж байдаг учраас тэр. Гэхдээ эд нар өрсөлдөгчид болохоор надад ингэж хэлсэн байх гэж багшийгаа дотроо өмөөрөх аядав. Гэсэн ч Гочоогийн сэтгэлд өмөөрөгдөж үлдээгүй юм. Үүнээс хойш багшийнхаа үгнээс зөрж зурвал яадаг бол гэсэн бодол хургана. Үүнтэй зэрэгцэн Умбаагийн цаг ямагт хэлдэг “Мал гаталсан ус битгий зураарай” гэсэн үл ойлдгогдох үгс санагдах болж, чухам юу гэсэн үг болохыг олохыг хичээх болов.
Гоё Гочоогийн үзэсгэлэнгийн хаалтын өдөр танхимд нэгэн бүсгүй орж ирсэн юм. Тэр үед Гочоо бүсгүйчүүдээр цадаж байсан үе. Гэвч тэр тэдний хэнд нь ч гэсэн үнэн голоосоо сэтгэл алдарч явсангүй. Харин тэр бүсгүйг хараад Гочоо өөрийн эрхгүй хийж байсан зүйлээ орхив. Түүний мөрөн дээгүүр намиран унжсан тунгалаг хүрэн үс, дэрвэгэрдүү хормойтой эрээн даавуун даашинз, өндөр өсгийт жийсэн чийрэг тэгшхэн хөл, алхах тоолонд нь эвлэгхэн хөдлөх өгзөг гээд түүнд сайхан бүхэн заяажээ. Тэрээр толгойгоо хагас өргөж, нүдээ бага зэрэг сүүмийлгэн зураг бүрийг шимтэн харж, алхах нь цаанаа нэг эрхэмсэг. Гочоо нэг л мэдэхэд түүний хажууд ирчихсэн байлаа. Бүсгүй түүний “Нар атаархам” гэдэг зургийг харж зогсоно. Энэ зураг бол өвлийн нарлаг тунгалагхан өдөр гол дээр мөсөн харваагаар наадаж буй бүсгүйн зураг байсан юм. Хурган дотортой дээл, үнэгэн лоовуузтай хар нүдэн бүсгүй мөс тэврэн инээмсэглэж буй зураг л даа. Түүн дээр тусаж буй нар тунгалаг, түүний тэвэрч буй мөс тунгалаг, түүний хаш цагаан шүд гарган инээж буй нь үнэхээр хүн байтугай нар атаархам зураг байлаа. Яриа өдөхөд яг тохирох зураг таарсаныг хэлэх үү Гочоо
- Уучлаарай. Энэ үзэсгэлэн өөрт чинь хэр санагдаж байна даа? гэж асуутал
- Үгүй ээ. Яахав ээ. Зүгээр л юм.
- Тэгэхээр чамд ямар нэгэн юм нь таалагдахгүй байна гэсэн үгүү? Чи энэ зураачийг таних уу?
- Үгүй. Танихгүй. Хүмүүс шуугиад байхаар нь л үзэж байгаа юм.
- Тэгээд?
- Тэгээд үү. Яахав сайхан л зурагнууд юм. Гэхдээ дэндүү тунгалаг юм.
- Юу гэсэн үг вэ?
- Би уг нь зургийн ямар нэгэн мэргэжилтэн биш л дээ. Зурах чадвар нь бол гайхалтай. Ийм гоё тодролтой, өнгө гаргаж зурдаг зураач манайд ховор л доо. Гэхдээ энэ зурагнууд амьдралаас жаахан тасархай юм
- Тийм гэж үү? гэхэд бүсгүй
- Ингэхэд та хэн болоод намайг ингэтлээ байцаагаад байгаа юм бэ?
- Аан! Би тэр Гочоо гэдэг нөхөр байна л даа
- Өө тийм үү? Яанаа. Уучлаарай. Миний үгийг нэг их юманд битгий бодоорой
- Зүгээрээ зүгээрээ. Харин ч надад их таатай байна. Бид чинь та нарынхаа үгийг л сонсох ёстой юм шүү дээ. Та хэрвээ завтай бол хамт үдийн хоол идэхгүй юү? Би таныг урьж байна гэхэд бүсгүй хэсэг тээнэгэлзэн зогсох агшинд Гочоо
- Өө! Би тантай танилцаа ч үгүй байж гээд духаа алгадан
- Намайг Гочоо гэдэг. Харин таныг?
- Намайг Тунгалаг гэдэг
- Айн? Үгүй байлгүй дээ Тоглоод байгаа юмуу? гэсээр тэр хоёр хаалга зүглэв. Үүнээс хойш Гочоо Тунгаа бүсгүйтэй үерхэж, сүүлдээ нэг хэсэг цугтаа амьдрах болсон юм.
Гочоо гурав дахь үзэсгэлэнгээ гаргах гэж бэлдэж байсан үе. Умбаа багш өдөр болгон шахуу түүний урлангаар ирж, зурж буй зургийг нь сонирхоно. Нөгөө л сахлаа илэн сайхан аашилсаар.
Гочоо заримдаа Тунгаатайгаа хэдэн өдрөөр гэрээс гарахгүй өнжих нь бий. Түүний булбарай зөөлөн болгоныг илж, бүлээн нойтон болгоныг тэмтэрч, нүд гижигдэх болгоныг үнсэн хэвтэх нь заримдаа ямарч зураг зурахаас илүү таашаал өгнө. Гэхдээ заримдаа л шүү дээ. Хажуугаар нь архиа залгилна. Тэгж байхдаа гэртээ нэг зургийн хүрээ зангидаж, зотон даавуу татаад нэгэн зураг эхэлсэн юм. Тув тунгалагхан гол. Бүр доод хайрга нь хүртэл харагдана. Тэдгээр хайрган дээр нарны туяа усыг нэвтэлж, хугаран нугаран алтранхан тусна. Голын хайрга голдуу мөлгөр байдагч Гочоо зарим нэг хайргыг ирмэгтэйгээр зурлаа. Анх удаа тэр амьдралыг сөрж зурж байгаа нь тэр. Дотроо тэрээр “Яадаг юм” хэмээн бодно. Голын урсгал дунд мэдээж нэг хүүхэн зурав. Нүв нүцгэн тэр хүүхэнд Гочоо гоо сайхныг харамгүй өгч байлаа. Хэдийгээр Тунгаагийн хажууд байгаа ч хүүхнийг зурж байхдаа оюутан үеийнхээ учирч явсан орос охидуудыг төсөөлж байсан юм.
Гочоо тэднийг сайн мэднэ. Ялангуяа тэдний нүдийг. Тийм цэв цэнхэрхэн нүд зөвхөн орсуудад л байдаг байх. Гочоо сургууль төгсөхөөсөө өмнө нэг өрөөнд дөрвөн жил амьдарч, дөрвөн жил архи уусан Митя найздаа нэг зүйлийг сэтгэл харамгүй хийж өгсөн юм. Тэр нь тэр гүн цэнхэр нүдний өнгө байлаа. Дам сураг дуулахад цайвар ногоон нүдтэй Митя найз нь одоо “Цэнхэр нүдэн Митя” нэртэй болсон гэсэн. Бодвол тэр өнгийг уран бүтээлдээ маш их хэрэглэдэг хэрэг. Мэдээж монголын Гочоо найздаа цаг үргэлж баярладаг байх.
Орос хүүхнүүдээ гэж хөлөрсөн нойтон үедээ жаахан эвгүй үнэртэй л болохоос тэдэн шиг өв тэгш үзэсгэлэн гоог хаанаас ч олохгүй. Энэ бодолдоо Гочоо үнэхээр итгэлтэй. Гочоогийн гоо сайхны үзлийг тэд л авч одсон. Харин хүн талаасаа бол мэдэхгүй. Тэд сайхан л хүүхнүүд байсан болохоос сайн нь биш байсан. Оюутан цаг, тарчигхан үеийг даван туулах бололцооны түрийвч л тэднийг Гочоо руу ойртуулж байсан байх. Тийм түрийвчтэй оюутны тоонд Гочоо ордог байлаа. Эх оронруугаа жилдээ хоёр явчихна. Бас бусад оюутныг бодвол бийр, будгаа эрт нийлүүлсний хүчинд түрийвч нь хоосон байгаагүй юм. Тэгээд ч Гочоо амьдралдаа үзээгүй гоо сайхны мэдрэмжээ тэдгээр охидоос л мэдэрсэн юм. Тийм ч учраас Гочоогийн сэтгэлд тэд ийнхүү лав үлдсэн хэрэг. Тунгаатай байх тэрхэн үедээ ч түүний сэтгэлээс тэд гардаггүй байлаа.
Түүнийг энэ зургаа бараг дуусган ганц нэг будаг энд тэнд хүргэж байх үед ард нь зогсож байсан Тунгаа хойноос нь зөөлхөн тэврэн хацарт нь хацраа нийлүүлж эрхлэнгүйгээр
- Энэ хэн бэ? Би юү? гэтэл Гочоо хэсэг түгдэрсэнээ
- Тэгэлгүй яахав. Энэ чинь чи шүү дээ гэж заллаа. Энэ үед тэд өөд өөдөөсөө биш хоёул зураг руугаа харж байсан нь Гочоод аз боллоо гэж санав. Гэтэл Тунгаа
- Худлаа зураг. Энэ шал худлаа зураг байна гэлээ.
- Яагаад? Би гараа гаргаж зурж байгааг чи харж байгаа биздээ. Энэ зургийг хүмүүс шагшин магтах болно чи харж л байгаарай
- Зөвхөн бялдуучлагч нар л . . .
- Яагаад? Яагаад чи тэгж бодоо вэ?
- Өдий болтол чамайг зөвхөн бялдуучлагч, зусарч, худалч нар л тойрон хүрээлж байсан. Чи сайн зураач уу гэвэл үнэхээр сайн зураач. Чам шиг өнгө гаргаж, чам шиг тусгал ялгадаг зураач ховор. Харин хэзээ ч чиний санаа гарч байгаагүй. Чи сэтгэж чаддаггүй. Чи дотроо бодож байгаагаа гадагшаа гаргаж чаддаггүй. Наад хүүхэн чинь ч гэсэн би биш. Харваас монгол хүний бие биш байгаа биздээ.
- За чи юундаа уурлаад байгаа юм бэ?
- Би уурлаагүй ээ. Чи өөрөө бод л доо. Би л лав энэ хүүхэн шиг хүйтэн усанд, энэ хайрга чулуун дээр зогсож байгаа бол юун ингэж инээхдээ манатай. Үнэндээ бол халтирч уначих гээд хэцүү л баймаар юм гэснээ
- За за би ч юугаа мэдэх вэ дээ гээд эргэлээ. Тэгээд л би дахиж зурсан даа” гээд бодлоо тасаллаа.
Гочоо гэнэт юм санасан хүн шиг ухасхийн аягандаа дөрөв дэхь удаагаа дүүргэлээ. Энэ удаа түүний бодол алсарч хундага хоорондын зай жаахан холджээ. Ширээрүү шидсэн асаагуураа аваад буцаж суухдаа үл ялиг ганхаж байгаагаа мэдрэв. “Би чинь согтох нь уу дээ” гэж бодож амжлаа. Тэгсэнээ инээмсэглэн толгой сэгсэрч
- Арай ч болоогүй ээ. Гоё Гочоо ч болоогүй шүү гэж өөрийгөө хөөргөөд сүүлчийн тамхиа асаалаа. Тэгээд архиа мөн л гүд гүд залгиллаад араас нь тамхиа сорж нүдээ аниад удаан гэгч нь утаагаа үлээснээ зовхио аажуухан нээлээ.
- Тэгээд яалаа гэж өөрөөсөө асууснаа цааш нь үргэлжлүүлэн бодов.
“Тиймээ! Би тэр зургийг дахиж зурсан. Тэр бүсгүйг хайрган дээр тэнцэж ядан явж байгаагаар, түүний хөлөөр тэр их усны тэрүүхэн хэсэгт булингартаж байгаагаар, тэр бүсгүйн бие хаа, бэлхүүс өгзөг, суга, цавь гээд гоо сайхны туйл байгаа ч царайд нь “уначихвий “ гэсэн түгшүүр илэрч байгаагаар зурсан юм. Миний урд нь зурдаг байсан зурагнаас нэг л өөр болсон. Шинэ юмыг анх харахад хэцүү ч миний сэтгэлд үгүйлэгдээд, дутагдаад байдаг юм бий болчих шиг санагдсан даа.
Миний тэр үзэсгэлэнд Умбаагийн тооцоолсоноор хорин найман зураг тавигдах байсан ч хорин есөн зураг тавигдсан юм. Сүүлчийн зураг нь манай гэрээс очсон бөгөөд Умбаа урд нь хараагүй байлаа. Умбаа шинэ зургийг харж нилээд удаан зогслоо. Урд нь үзүүлээгүй болохоор “Умбааг юу гэх бол” гэж санан би түүнийг ажина. Тэгтэл Умбаагийн харц ширүүсэн ширвээтэж, хөмхийгөө зуун, үүдэн дөрвөн шүдэндээ ямар нэгэн юмны жижигхэн үртэс хэмлэж байгаа болов уу гэмээр хавирч эхлэх нь тэр. Умбаагийн уурлахаараа илэрдэг энэ зуршилыг хараад Гочоо мэл гайхав. “Би буруу юм зурчихсан юм болов уу” гэж бодоход хүрэв. Гочоог Умбаа руу хулгасаар дөхөж ирэхэд Умбаа сая сэхээ авч харц нь зөөлрөн нүдэнд нь инээмсэглэл тодрох хэрнээ шүдээ хавирах нь зогсохгүй л байсан юм даа. Тэрхэн мөчид л Гочоо бүхнийг ойлгосон юм. Бүр бүгдийг. Тэр хааяахан халамцахаараа хэлдэг “Өрсөлдөөн, нэр төр, өндөрлөг, түүндээ хэрхэн ямар аргаар оршин тогтнох вэ” гээд бүгдийг ойлгох шиг. Тэрний золионд өөрөө явж байсан юм шиг санагдав. Бүтэн зургаан жилийн дараа шүү. Яагаад би энэ олон жил энэ хүний үгээр явж, энэ хүний өгсөн архийг ууж амьдраа вэ. Тэр “Мал гаталсан ус битгий зураа” гэсэн учир нь үл ойлгогдох “ухаантай” үгэнд би хууртаад л явсан байж таарах нь ээ. Сүүлд Гочоо тэр үгний гаргалгааг “Мал гаталсан усаар туучиж яваа юм шиг зураг битгий зур” гэж ойлгосон. Өөрөөр хэлвэл хүн дуурайж битгий зур гэсэн үг гэж. Гэхдээ энэ үгийг надад буруу ойлгуулах гэж тэгж дутуу хэлсэн байж болох. Тэгвэл надад үнэхээр байгалиас өгсөн жаахан юм байсныг нь Умбаа гуай мэдрээд нухчин дарж чадахгүй болохоороо хэдэн жил хориглон барьжээ дээ гэж Гочоо сая л нэг юм ойлгосон юм. Гочоо ч юу байхав дээ Тунгаа л түүнд ойлгуулсан. Үүнээс хойш Гочоогийн зураг эрээнтэй бараантай, гэрэлтэй сүүдэртэй үнэхээр амьд зураг болж эхэлсэн дээ. Түүнийг аль ч үеийн зураачид хүлээн зөвшөөрч эхлэв. Нэр алдар гэдэг ч хүссэн хүсээгүй нэг мөсөн лав дарж авлаа. Харин энэ бүгдийг дагаад түүнд нэгэн үл мэдэгдэх сэрэл төрж эхэлсэн нь “Энэ өндөрлөгөөс унах вий” гэсэн айдас байсан юм. Энэ зовнил өндөрт гарсан л бол сайн, муу ялгалгүй хүн болгонд ирдэг бололтой. Дайллага цайллага гээд уух шалтгаан урдынхаасаа их боллоо. Үүнтэй зэрэгцээд Тунгаагийн үглэж дуулах нь ихсэв. Суугаагүй байж ингэж байгаа юм чинь суучихвал бүр дөнгөлөх санаатайдаг шүү. Угаасаа идэж уудаг байсан хүнтэй дотносчихоод одоо ингэж үгэлж дуулах нь зохимжгүй мэт Гочоод санагдана. Тэгээд ч ер нь нэгэнт архинд дурласан хүн бол ямар ч үед, шартсан, шаналсан, өвдсөн хавдсан, хагацсан гээд бүр ямар ч үед шүү тэд хэзээ ч архийг үнэн голоосоо буруутгаж боддоггүйг энэ хүүхнүүд мэддэггүй юм байхдаа гэж Гочоо бодож суудагсан.
Тунгаа тэссэнгүй ээ. Түүнийг энэ замаа алдсан найр наадам, наргиан цэнгээн, нэр хүнд дундаасаа гарч ирэхгүй юм байна гэдгийг ойлгосон байх. Тэр нэг л өглөө сэрэхэд нь Гочоогоос явчихсан байсан. Уг нь хүнд дасаж хайрлаж сүйд болж яваагүй Гочоо Тунгаад л овоо дассан байж. Сэтгэлд нь өвчин болтлоо шингэн хоногшсон тэр орос хүүхнийг магадгүй Тунгаа л нэг тийш нь болгох байсан байж магад. Гэтэл тэр явчихсан байлаа.
Бодолдоо болсон уу эсвэл уусан архи нь тархинд нь гарч ухаан санааны тэнцвэрийг алдагдуулж эхэлсэн үү Гочоогийн сэтгэл үймэрсээр байв.
- Тунгаа надаас нэг л өглөө явчихсан юм даа гэж шивнээд салганасан гараараа дахин тамхи авах гэсэн боловч дуусжээ. Гочоо хайрцагийг хэмх базан хана руу шидлээ.
- Новш, новш . . . гэж амандаа хараана. Тамхи дууссандаа гол нь биш зүгээр л анх орж ирэхдээ л сэтгэлийг дарж байсан зүйлс стакан стаканаар уусны дараа хөвсөлзөн гарч ирж байгаа бололтой. “Муу хөгшин Умбаа намайг бүтэн зургаан жил дороо байлгасан. Тунгаа байгаагүй бол өшөө хэдэн ч жил байлгах байсан юм билээ” гэж бодолдоо уурсана. Тэгсэнээ
- Гэтэл одоо энэ муу Булгаа бас . . . гэснээ үгээ гүйцээлгүй хэсэг байзналаа. Хором мөч өнгөрөх тусам тархи нь уусандаа мансуурч байгаа бололтой. Тэрээр хүчлэн бодно. “Өнөөдрийн уух шалтаг, уурлахын шалтгаан энэ Булгаагаас болсон. Муу новш найз ч юм шиг, нохой ч юм шиг өрөөгөөр шиншлээд явдаг юм” гэж бодоод шилний ёроолд үлдсэн архийг шилэн аяганд юүлэхдээ хүчтэй хийснээс болж гадуур нь цалгиулав. Гочоо сандран ширээн дээрхи багахан цалгиадсанд ядам хуруугаа дүрэн духандаа хүргэж бас тааз өөд няслах нь асгасандаа эмзэглэж байгаа бололтой ихэд хүндэтгэл үзүүлнэ.
Энэ удаа архи хөндлөн зураасанд арай хүрсэнгүй. Цалгиснаас болсон байх. Шилээ ширээн дээр тавих гэснээ хоосон тул шалан дээр тавихдаа хөндөлдүүлэн унагав. Лонх модон шалан дээгүүр түрр түрр хийн өнхөрсөнөө ширээний өрөөсөн хөлөнд торон зогслоо.
Өнөөдөр Булгаагийн үзэсгэлэн тавигдсан юм. Яахав дээ байдаг л зурагнууд. Булгаад байгалиас өгсөн жаахан юм байдаг ч намайг гүйцнэ гэж юу байхав дээ.
Гэтэл! . . . Гэтэл яасан гээч. Тэнд нэг зураг байна аа. Тэр үнэхээр зураг юмаа.
- Муу Булгаа тэрийг зурсан гэхээр дотор арзаганаад болохгүй юм даа гэж хэлэхдээ түүний царай минчийн улайж байлаа. Осолдохгүй өрөөндөө ганцаараа байгаа тулдаа л тэрээр биеэ барилгүйгээр аашилж байв.
Гочоо зурагнуудыг үзжээ явтал тэр зураг байсан хэрэг. Бас л гол ус, гоё хүүхэн. Гэхдээ “Хүнд нулимс” нэртэй тэр зургийг Булгаа шал ондоо өнцгөөс харж зуржээ. Голын эрэг дээр нэгэн сайхан эмэгтэй суух агаад түүнийг гаднаас нь хэн ч харсан дутуу юмгүй жаргаж л яваа хүүхэн гэмээр. Түүнийг усан доороос харж байгаагаар зурсан байв. Бас л сонин шийдэл. Харин урсгал ус руу буюу үзэгчид рүү харж буй түүний борголхон нүдний гуниг сүүмэлзсэн харцанд түм түмэн зовлонг үүрч, тэсэж яваа бүсгүйн сэтгэлийн дарамт харагдана. Яа! яа! яаж тэгж гаргаа вэ? Бүсгүйн нүднээс ганцхан дусал нулимс унах бөгөөд тэр нулимс их устай голын ширүүн урсгалыг дагалгүй яг л хүнд чулуу голруу эгц доошоо унаж буй мэт дүрсэлжээ. Үүнийг харж зогссон Гочоогийн завьж нь татвагнан, хамар нь сартаганаж, нүднийх нь ухархай ухаарч ягааран, ус цийлэгнэн дүүрч эхлэв. Хажуугаас нь харвал тэр зургийг үзээд уярсандаа уйлах гэж байна уу даа гэмээр. Гэвч үнэн хэрэгтээ Гочоогийн хувьд яагаад ч юм өөрт ялагдал нүүрлэн ирж байх шиг санагдан хор шар нь буцлах шиг болж байв. Хэзээ ч ойшоож байгаагүй Булгаадаа атаархаж байгаагийн илрэл байлаа. Яг л энэ мөчид хэдэн жилийн өмнө өөрийнх нь зурсан зурагны өмнө зогсож байсан Умбаа зураачийг Гочоо саналаа. Тэр тэгэхэд уурлаж байсан нь үнэн байжээ. Сонин юм шүү. Хүн нэг л өдөр ялагдалын совинд ороолгуулан зогсоход хажуугаар нь хэн ч биш байсан юмнууд ялалтын марш хангинуулан өнгөрдөг. Энэ өрсөлдөөнт хорвоогийн жам юм байхаа даа.
Тэгсэнээ Гочоо биеэ барьж “За за энэ ганцхан л зураг шүү дээ” гэж өөрийгөө тайтгаруулахыг оролдоно. Гэвч уран бүтээлч хүн ганцхан бүтээлээс дөрөөлөн босож, түүнээсээ улбаалан улам ихийг хийж бүтээх нь байдаг байхад мөн ганцхан бүтээлээрээ насан үүрд цоллуулах нь ч бий. Үүнд ганц зураач ч хамаарахгүй юм.
Гочоо аягатайгаа аван амруугаа удаан гэгч нь явууллаа. Түүний нүд дуниартан, гар нь салгалж, зүрх базлана. Тэрээр зугуухан залгилж эхэллээ. Тэр хамаг л хүсэл мөрөөдөл, сайн сайхнаа ууж байх шиг санагдана. Аяганы ирмэг даган хоёр завжаар нь юу юугүй архи урсаад ирэхэд тэр яаран арчив. Аягаа ширээний ирмэг дээр арай гэж тавиад хойшоо гэдийлээ. “За яахав Булгаа чи муу тэгж л бай. Чам шиг юмыг хэн зураач гэх юм бэ. Гайгүй ээ би нэг л зураг зурна гэж шүлсээ үсчүүлэн, долоовор хуруугаа гозойлгон нүүрэндээ барьж, өрөөсөн нүдээ анивчсанаа
- Тэгэхэд л та нар шиг муусайн юмнууд нам шүү дээ. Чёрт гэж. Түүний дараа та нар бүгд надруу шавах болно. Муусайн Тунгаанууд мянга мянгаараа шавна даа гэж өөрийн ухаангүй бувтнаад цамцных нь хоолойноос зулгаан амьсгаа авсанаа
- Тунгаа хүүхэн надаас зайлж, Булгаа дурак од болж миний дээр гялтаганах цаг болсон юм биз дээ. Гайгүй ч хэвтэнээ. Умбаа өвгөн чи ч намайг мөн ч их хорьж дээ. Ха ха мундаг байна шүү. Зургаан жил намайг мангартуулдаг. Би тэгэхэд Булгааг гурван жил болгоод алдлаа даа гэж амандаа үглэн толгойгоо санжуулан буйдан дээр хэсэг чимээгүй суулаа. Өрөөсөн гараараа духаа түшин доош харан хэсэг суутал амнаас нь шүлс сунжран урсав. Тэрээр амаа хальтхан арчаад гуйваж дайван босоод хаалга руу явлаа.
- Би түүнд ойлгуулж өгнөө гэж ямарч утгагүй юм үгэлсэнээ хаалгаа онгойлгож чадсангүй
- Муу новш одоо бүр хаалгаа онгойлгохоо больжээ чи. Их зантай болж. Чи муу хэзээ ийм байсан юм бэ гэж өрөөгөөр нэг хашгирав. Хариу алга. Тэрээр буцаж салгалж ирээд уначихгүйн тулд ширээ түшин
- Тунгаа, Тунгаа гэж дуудсанаа зурж буй Тунгаагийн зураг руу харж
- Чи ч гэсэн дуугарахгүй юү . . . айн. . . гээд түшиж зогссон ширээгээ өрөөсөн талаас нь өргөж шидэхдээ өөрөө хүчиндээ арагшаа саван буйдан дээр уналаа. Ширээн дээр байсан юмс бүгд цацагдав. Хэсэг хар будаг бүсгүйн зурагны нүүрэн дээр тусаж хар зам татуулан урслаа. Зузаан шилэн аяга шалан дээр түг хийн унаснаа шувтан талруугаа гортиглон нэг эргээд сүүлдээ байран дээрээ хэсэг займчаад зогслоо. Аяганы ирмэг дээр ганц дусал архи гомдлын нулимс шүүрэх шиг цэхэлзэнэ. Үнэхээр бөх аяга бололтой.
Гочоо буйдан дээр унасан чигтээ ухаангүй тарвайна. Амнаас нь шүлс бололтой тунгалаг шингэн сунжиралдан сахалтай нь ороолдон унжина. Хавтгай хар малгай нь аль хэдийн тоосонд ороогдон хэвтэх нь хэзээ ч юм босож ирэх эзнээ хүлээх мэт. Гоё Гочоо тасарчээ. .

39 comments:

Unknown said...

Зохиолыг унших явцдаа Гочоог ухааруулж дуусгаарай Гочоог ухааруулж дуусгаарай гэсээр дуустал нь уншив. Гочоо ухаарсангүй харин би?!

Anonymous said...

сайна уу Бумаа ахаа.хэзээ дараагийн өгүүллэгээ оруулах бол гээд хүлээгээд л байлаа.
хүлээж байсан зүйлээ ч уншчихлаа :)
нэгэн том гэрээр төсөөлбөл, урлаг гэдэг үүднээс нь, зураач гэдэг талаас нь, уран бүтээлчийн оршин тогтнол, өрсөлдөөн, орших эс оршихуйг илүү харж билүү долоож уншиж дуусгалаа :D

-За яахав Булгаа чи муу тэгж л бай. Чам шиг юмыг хэн зураач гэх юм бэ, Гайгүй ээ би нэг л зураг зурна, - Тэгэхэд л та нар шиг муусайн юмнууд нам шүү дээ. Чёрт гэж. Түүний дараа та нар бүгд надруу шавах болно...

хамгийн их таалагдав.

Anonymous said...

sain bna uu.Bum-Erdene ah aa.bi tanii zohiuluudiig bainga unshdag.shine buteeliig tesen yadan huleedeg yum.ene udaagiin oguulleg uneheer sain boljee.ilerhiilj bui sanaa, durslel uneheer gaihamshigtai.omnoh buteeluud chini bugd sain l daa.tegehdee ene buteel bol uneheer ontssain boljee.tanid bayar hurgeye.bas amjilt husye.

AMJ said...

yaaaya, yanztai.............. (oor yu heleh ve ;-) )

Pearle Deppsu said...

гоё болжээ

Anonymous said...

Сайн уу Бум-Эрдэнээ? Сайхан зохиол бичээд бас санаа нэгтэй байгааг дуулаад баярлаж яваа шүү. Х.Болор-Эрдэнэ

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Tүвшин: Атаархалаас болж өөрийгөө дуусгаж буй хүний эхэн үеийн дүр зураг
Шонтоок: Ингээд эхлэхээрээ л хүн хүн биш болдог байх
Потат: Баярлалаа. Миний өгүүллэггүүдийн эхний хэсэг нь нуршуу гэх гэдэг юм. Гэхдээ уншиж буй хүнээ тэр орчинд оруулах хэрэгтэй л дээ
Амра:баярлалаа
Дэпсу: Сайн уу чи. Гоё болж уу?
Болор-Эрдэнэ: Баярлалаа. Харин тиймээ. Олон сайтууд тавьдаг ч зарим нь нэр ус ч үгүй тавьчихаар баахан дургүй байгаа.

Buya said...

Гочоо уг нь атаач зангаа жаахан засчуул их авьястай залуу юмаа.
Гэхдээ урлагын хүнд энэ зэргийн зан бас байхгүй бол урлаг хөгжихгүй л байхалдаа.
Атаархал гэдэг нь цэвэр уран бүтээл тал дээрээ илэрч байвал тэр хүнд би юу гэж тутах вэ гэдэг хор шарыг нь буцалгаж түүнээс сайн бүтээл гарахыг үгүйсгэмгүй.
Бум-Эрдэнэ ахаа таныг магтаад явдаг хүн дотроос бас энэ Умбаа багш шиг хүн байгаад байхвий гэж дотроо битүүхэндээ бодож л яваарай.
Танд дараагийн бүтээлийг чинь уншихаар хүлээж сууна.

Anonymous said...

Iheneh erchyyd ooroosoo uhaantai hyniig dergedee bailgaj tevchdeggyi ni Gochoogiin aldaa. Tungaag dergedee bailgaj chadsan bol hol yavah hym um...

Ehnii hesegt joohon nurshchih shig l snaagdlaa... Yag zalhaj ehleh gej baital ornood yavchihlaa..

Urlagiin geltgyi byh l hynd surgamjtai baij chadhaaar saihan ogyylleg bolj...

Anonymous said...

Таны өгүүллэгийн хэв маягийг танидаг боллоо шүү. Гэхдээ арга барил нь гэж хэлбэл зохистой ч юм уу? Ухаарал, уянга хослуулсан ийм өгүүллэгүүд надад их юм өгдөг.
Ялангуяа энэ өгүүллэг асаррррр их юм ойлгууллаа.
2009 ондоо улам их олзтой (омогтой гэхгүй ээ хэхэхэ) байх болтугай.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Буяа: Атаархал байж ч болох ч гэсэн өш санаж хор хэрэглэж болохгүй л дээ. Ахад нь тийм багш энэ тэр байхгүй. Уг нь багш шавийн барилдлагаа гэж хачин гоё байдаг байхаа. Бодоод байхад их л сайхан юм байх ёстой.
Тагм:Олон хүн миний өгүүллэгийг эхэндээ нуршиж байна гэдэг юм. Би бол уншиж буй хүмүүсээ тэр орчинд нь оруулах хүсэлдээ хөтлөгдөөд тэгдэг юм. Залхуухан хүн бол бараг тэгэсгээд больдог байх өө хэ хэ
Хөхөө: За Хөхөөгөөр юу бна. Хөхөөд асарррр их юм ойлгуулсан бол боллоо доо хэ хэ. Омогтой гэдэг үгийг хассан ерөөлийг чинь хараад хэн нь билээ нэг блогчин чиний блог хаягийг Хөх гэчихээд ард нь(мөөм биш) гэж тодотгосон байсан санаанд ороод инээд хүрэв. Хүрэх ч юу байхав инээв

Чепак said...

Сайхан бичжээ

Anonymous said...

сайхан зүйл уншлаа, баярлалаа..

Anonymous said...

Saihan oguulleg baina. Gochoo uhaarch baigaa bololtoi dog.
Ingehed banjig-iin blog ru oroh gej hicheegeed yer bolsongui. Yaj oroh be. Bolor-erdeniin blogiig unshig gej uzsen chini boldgui ee.

Anonymous said...

сайн байна уу
маш их таалагдлаа
санамсаргүй блогт чинь орж ирээд нилээд саатлаа

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Чепак, Амор: Та 2-т баярлалаа
Анон: Гочоо харин яадаг бол . . .
БОлор-3эрдэнийн блогт орж болоод л байсан даа. Харин сэтгэгдэл үлдх гээр заавал гишүүн байх ёстой гээд (би буруу ойлгосон ч байж магад) болохгүй байсан
Тунгаа: Сайн. Саатсанд баярлалаа. Манайхаар хааяа орж ирж байгаарай. Нэг ийм бор пиджактай нормойсон залуу сууж л байдаг юм. Манайхан бол мэднээ. Танай блогоор дээр нэг ороод алдчихсан юм. Одоо блогтоо нэмчихлээ. Миний нэг өгүүллэг танай блог дээр байсныг би санаж бна. Тэгээд дахиж хайгаад олоогүй хэ хэ

Idea said...

Төгсгөл нь таалагдлаа, Гочоо ухаарч дуусвал бүх юм хэт реалист болно шдээ.

Хөрөг зургийн амин сүнс нь нүд юм шиг санагддаг. Та түүнийг нь гоё мэдэрч гаргажээ, бас хүний далд санаа, ил үйлдэл хоёрын зөрчилдөөнт хэсгүүд тасархай болж.

Ганцхан өө хэлчье тэгэх үү, "Ер нь зураач хүний өрөө ямар байдаг вэ яг л тийм нэг өрөө. Ер нь өрөөний эзэн хэд хэдэн зурган дээр зэрэг ажилладаг бололтой." Ер нь гэдэг үгийг ойрхон давтчихаж. Аль нэгийг нь хасчуул тэ... ааая алдарт ахыг аймшигггүй шүүмжилсэн. Уул шугмандаа Умбаа шиг атаархаж явдаг хүний л зан байх даа ккк.

Ганзо said...

Сайнуу Бум ахаа. Таван стакан архи чинь тархинд гарчихаад миний таатай байгааг ээ. :D

Anonymous said...

Idea: Ай даа Idea минь энэ чинь л бидэнд, надад хэрэгтэй байгаа юм шүү дээ. Иймэрхүү "өө" харагдаж байвал харамгүй хэлж байгаарай. Энэ ч яахав ил дутагдал бна. Өөр далд но байвал хэлж өгч байвал мөн сайн шүү. Та нарт (хүний юмнаас өө харагдах нь сайн) бол харагдаж л байгаа. Ер нь тэгээд бие биендээ болж байгаагаас гадна болохгүй байгааг нь хэлж. бас хариу сонсож, цугаараа хамтдаа урагшилцгаая л даа. Баярлалаа дүүдээ
Ганзо: Ганзо-гийн маань сүүлчийн бичлэг их таалагдсан шүү. Залуучууд маань өнгөрсөнийг ухаарч явна гэдэг ирээдүйдээ алдах нь бага л бна гэсэн үг. Залуу наснаасаа уучлалт гуйнаа гэдэг алдаа оноотой явсныгаа мэдэрч эмзэглэж, ухаарч бна гэсэн үг. Тэгэхээр бидний өмнөх үеийнхэн мань үнэхээр ухаалаг байгаа биз

Anonymous said...

өгүүллэг гайхалтай болжээ. уран зураг надад таалагддаг.
гэхдээ надад тэр зураг биш тунгаа л хайран санагдаад байна. дотроос нэг юм урагдаад л. магадгүй эцсийн дүндээ бид хүнийг хайрладаг болохоор тэр биз. энэ хайраас гажаад өөр зүйлийг хайрлаад эхлэхээр л хүн эвдэрээд эхлэдэг бололтой. эсвэл үгүй ч юм болов уу. хэхэ.

зураг дуу шүлэг... бүсгүй хүнийг гэсэн тэр их хайр, харамлалтаас ундарсан эцсийн үр... хүн биш зураг бүтээл өөрөө мөнхөд үлдэж чаддагаараа л бүтээлийн чадал нь оршдог юм болов уу. тэрнээс биш хамгийн гол, нандин зүйл нь хүн өөрөө байлтай. хамгийн нандин илрэл нь хайр байлтай.
ай тааж харахад бэрх хорвоо юм даа.

аа тийн. мөө мөө гээд бас хөөрхөн өгүүллэг нэмэгдсэн байна лээ. та тэр өгүүллэгийг зүгээр л хажуугаас нь харж байгаад хуулаад зурчихсан юм шиг санагдсан. хажуунаас нь хараад зурж байгаа чинь нүдэнд харагдаж байна лээ. :)

танай сайхан гэр бүлд аз жаргал хүсье.
гүзээлзгэнэс

Anonymous said...

эх орондоо тааралдах өдөр ирвэл таньтай танилцаж хуушуураар дайлах хүсэлтэй байна. ;-)
нээрээ сайхан наадмийн хуушуур идэж айраг уумаар болчих чинь вэ. ай мөн чиг...

гүзээлзгэнэс

tumee 33 said...

Дараа тухтай орж уншимз гэж явсаар гүйцэхээргүй болсон шиг байна...
Энд бичсэн зохиолууд тэнь ном болсон байгаа юу?

Anonymous said...

Гүзээлзгэнэ: Хүн бүр уншаад өөр өөрийн өнцөгөөс харж ойлгож байгаад би баяртай байгаа. Бүтээл мөнхөд (магадгүй бүтээсэн хүнээсээ урл утаан амьдардаг) оршдог гэдэг үнэн. Гэхдээ бүтээлээсээ л хамаарах байх. Сайн бүтээл хэдэн зуун жил, саар нь хэдэн долоо хоног болдог байхаа. Харин хайр гэдэг хүний оршин тогтнохуйн мөн чанар гэдэгтэй санаа нэг бна. Миний хэдэн найзууд бүгд л тэгдэг юм. Мөө-Мөө ноднингийн өгүүллэг л дээ. Саяхан Мэдээлэл сомынхон авч тавихаар нь Орлоо руу явуулсан юм. Хажуугаас нь харж суугаад бичээгүй ээ. Бодож байгаад л бичсэн.
Төгсгөлд нь хуушуураар дайлж, мөн манай гэр бүлд аз жаргал хүссэнд баярлалаа
Түмээ33: Ном байгаа. Өөрөө хаана байдаг юм бол. Монголд уг нь зарагдаж л байгаа байх. Харагдахгүй бол удахгүй манай хүн монгод ирэх ёстой тэгэхдээ сэргээх байх

Anonymous said...

Сайн байна уу. Цэцэнсод байна аа. Сайхан мэдлэгтэй өгүүллэг байна. Гайхалтай л гэж хэлье дээ

Anonymous said...

өдрийн мэнд

тиймээ, Аавтай минь бүжиглээч
асуулт-с хусаад тавьцан чинь өөрийнх чинь байсан байна лээ, тэр өгүүллэгийг уншсан хүн сэтгэгдэл дээр өөрийн чинь блогийн линкийг үлдээсэн байсан юм, тэгээд л одоо байнгын орж ирж уншдаг болоод байна

Anonymous said...

ursulduungui bol yum hugjihgui.Harin ataarhal turhuus umnuh ter agshing ashiglaad zuv zamaar uuriiguu hugjuuleh ni chuhal bhaa

Anonymous said...

Цэцэнсод: Баярлалаа. Мэдлэгийн хувьд архи ууж буй тэр агшинг бага зэрэг мэднэ хэ хэ
Тунгаа: Гэхдээ чи эх сурвалжтай нь тавьсан байсан. Тэгэхэд дургүйлхэх юм байхгүй л дээ
Анон: Өрсөлдөөн, атаархал байх байхгүй талаар хүн блгон л янз янзын юм хэлдэг л дээ. Би энэ талаас нь л харсан хэрэг

Arsun said...

Gaihaltai.

Anonymous said...

Үнэндээ уншаад байх тусам тостой бор ааруул гэдэг шиг аманд орж хайлаад, толгойд орж уусаад тун сайхан өгүүллэг байнаа.баярлалаа.тэр болор-эрдэнэ блогоо устгасан сураг дуулдаж байсан. энд орж ирээд гарсан зарим хүний хувь нэмэр орсийм шиг байналээ.хэхэхэ. уг нь байжисэн бол өөрт нь эс гэхэд хүмүүст хэрэгтэй л байсан бх да.блог устгадаг моод дэлгэрээд байгаа бололтой

byambaa said...

er ni haana ch ataarhal geech yum bh yum daa. suuld ni ter ataarhal ni unuu ataarhuulaad bui hunii ni bish, uuriig ni l hemleed, uuriig ni ner hundgui bolgood bgaam daa...

Anonymous said...

Сайн уу Бумаа ахаа. Таны бас нэгэн зохиолыг Орлоо ком дээрээс дөнгөж сая уншлаа. Сэтгэл хөдлөөд сэтгэгдэлээ үлдээх гээд ороод ирлээ. Тэндхийг бодвол эндээс миний сэтгэгдлийг та илүү хялбар олж харна гэж санагдсан болохоор л тэр.

Би чамайг мартахгүй өгүүллэгийн талаархи сэтгэгдэл.
баярлалаа. Хүнд юм бодогдуулсан сайхан зохиол байна. Зохиол бүхнээ их энгийн хэрнээ бусдын хараагүй өнцөгөөс харж бичдэг тань маш их таалагддаг. Гайхалтай болжээ. Өөрийн амьдралыг эхлүүлж яваа миний үеийн олон олон залууст мэлмийг нээх гэрэл, бурууг ухааруулах сургамж хайрлаасай гэж хүсэж байна. Би хувьдаа маш их юм авсан. Үнэхээр л хүн та хэн ч байлаа гэсэн амьдралынхаа сонголтыг цор ганц байхаар, хамгийн зөвөөр сонгож байгаасай. Амьдралд бүрхэг өдөр олон ч гэлээ, гэрэл гэгээтэй өдрүүд нь илүү олон байдагт би хувьдаа баярладаг юм.

Бас логикийн хувьд эргэлзээ төрүүлсэн нэг хэсэг байгааг дурьдах нь зөв гэж бодлоо. Үг үсэг бүрээр нь сэтгэлээрээ уншсан шүү таны зохиолыг.
Гаднаас орж ирээд би, ... сонсоод гацаж орхисноо санадаг. Гэрээсээ гараад шат уруудан явахдаа "Халуун саванд нь цайгий нь хийсэнгүй дээ. Хөрчихвий дээ" гэсэн хамгийн эцсийн хачин тэнэг бодлоо би одоо ч гайхдаг.

Энэ бүсгүй ямартаа ч цай чанасан бололтой юм. Чанаж тавьчихаад түр гараад ирэх хооронд нь өөр хүн гэрт нь ирсэн. Тэгээд л цайгаа халуун саванд нь хийж амжаагүй байх. Эсвэл гэртээ хүнтэй байгааг мэдэлгүй гаднаас орж ирээд шууд явж цай чанасан. Чанаж дуусаад гэртээ зочинтойг мэдээд гараад явсан. Цайгаа халуун саванд хийж амжсангүй. Эсвэл бүр зочин нөхөр хоёрын дуу дуулахыг сонсонгоо цайгаа чанаж байсан байх. Тэгээд сүүлдээ тэсвэр алдаад цайгаа ч саванд нь хийлгүйгээр гараад явсийм бол уу. Хэхэ. Бум-эрдэнэ ахаа нөхөрсөг шүүмж шүү.

хариу үлдээгээрэй.
гүзээлзгэнэс.

Anonymous said...

нээрээ сүүлийн энэ өгүүлбэр ямар гоё болоо вэ. зохиолын тайлал мэт. гүзээлзгэнэс.

Чи миний гэрэлт амьдралд хүрэхийн тулд авирсан гаслант шатны хамгийн сүүлчийн гишгүүр байх болноо . . .

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Арсун: Баярлалаа
Анон: Өө хаачихсан юм уу? Даана ч тийм байхаа сүүлийн үед орж болохгүй байсан юм
Бямбаа: Атаархал янз бүх байдаг байх л даа. Хар, цагаан энэ тэр гээд л, Би энэ удаа энэ талаас нь л харж бичсэн. Эцсийн дүндээ эзнээ алаад байгаа нь үнэн
Гүзээлзгэнэ: Энэ аль ноднин бичсэн өгүүллэг л дээ. Тэр логик алдааны хувьд хүмүүс хэлдэг байсан тэр үед. Уг энэ бүсгүйг их хүлцэнгүй байсныг богино үгээр илэрхийлэх санаа байсан юм. Хэдийд нь чанасан эсэхийг би ч өөрөө мэдэхгүй байгаа юм. Арай ч иэр хоёрыг орондоо байхад нь чанаагүй байх л даа. Тэнд тавигдсан өгүүллэгийн шүүмжээ энд ирж хэлсэнд баярлалаа. Өөр энд тэнд "но" харагдвал хэлж байгаарай

Anonymous said...

Oguullegiin huvid gaihamshigtai. Oguuleh gesen zuil ni hund surgamjtai, durslel, haliliin tun hemjee ni taarsan saihan oguulleg. Oguulleguudiig bainga unshdag shuu. Daraa, daraagiin oguullegiig tesen yadan huleej baina. Aa tiim, X. Bolor-Erdene-iin blog ergen neegdsen baina lee. (Jami)

Anonymous said...

Jami: Баярлалаа. Болор-Эрдэнийн аль блог нь нээгдсэн юм бол.

ERKA said...

Сонирхолтой өгүүллэг байна. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье! http://erkamongolia.blogspot.com

Anonymous said...

Tanii oguulleguud dotroos hamgiin sain n. Uneheer ih taalagdlaa. Bi zaluu hun, gehdee nadad ogthonch nurshuu sanagdsangui.
Hodoogiin amidraliin talaar oguulsen zarim oguulleguudiig tani unshihaar baga zereg nurshuu, heterhii delgerengui neg burchlen tailbarlaj bgaa yumshig bichsen sanagddag. Gehdee hodoogiin amidraliig medehgui hotiin nadshig humuust barag neg yosnii hicheel boldog.
Dahin bayarlalaa. Az jargal sain saihniig husey!!!

саруул said...

Ихийг бичээрэй.

E.Bolor said...

saihan ogvvlleg bna bi ochigdroos tani blogt zochilloh bolson bichsen bvhen chin vneheer taalagdaj bgaa tand amjilt hvsiye