Кино бүтэх явц нь манайд санхүү мэтээс хамаараад нилээн зовлонтой байдаг бололтой. Хүмүүс (найруулагч, продюсер) захиалж бичүүлсэн киногоо авахгүй орхих, эсвэл аваад тэр чигтээ таг болчих тал харагдаад байх юм. Тиймээс ямартай ч гэсэн туужийн хэлбэрт оруулж хэвлүүлж авах нь зөв байх гэж бодоод энэ номонд дөрвөн тууж оруулав.
Үл ойлгогдох угтвар үг “Энэ бүхэн хамгийн сүүлчийнх” гэж мэдрэх агшин ямар байдаг бол?...
Найз нь өнгөрсөн амьдралдаа өөрийгөө зовсон гэж бодохгүй байна. Гэхдээ амьдралын төлөө бусдаас илүү, магадгүй чамаас ч илүү тэмцсэн гэдгээ сайн мэддэг.
Өдөр болгон гэртээ харьдаг байх нь охины минь мөрөөдөл байсан шиг байгаа юм.
Орчлон хорвоо гэдэг угаасаа нэг хүслийг биелүүлэхдээ нөгөө хяслыг бий болгодог юмаа даа янз нь.
* * *
Дөрвөн зуун арван есөн жилийн өмнөх хүмүүсийн хайр дурлал өнөөгийнхнөөс ялгаатай юу? Өнөөдрийн хүмүүс хайр дурлалын төлөө үхэж чадах уу? Үхвэл хэн буруутай вэ?
Алдар хүүгийн санааширснаар “Бид ер нь ямар орчлонд амьдардаг юм бол?” гэж бодмоор. “Хэн ийм орчлонг бий болгодог юм бол?” гэсэн асуултаар хариулагдах байх...
* * *
Би энэ зуны ажилд яваад юу ойлгосон гээч. Ой бол манай гариг дээрх хамгийн төгс нэгдлийн хэлбэр гэж. Амьдрал ч гэсэн яг л ой гэсэн үг. Тэнд бүх юм байх мөртөө хоорондоо гайхамшигтай сайхан зохицож чадсан байдгийг анзаарсан шүү. Би амьдралыг дэндүү өөрөөр бодож явжээ гээд Хэрлэн хархан нүдээ гялтгануулан инээмсэглэлээ. Түүний хажууд хэн ч байсан сэтгэл сэргэж, урам орохоор ажээ.
* * *
Эр хүн хорвоогийн судаг нуга даган урсаж амьдрах ёстой юу?
Нүд алдам их хөндийд тарлантаж цоохортсон харгана зэргэлээн дунд бүрэлзэж, тахиралдаж мухиралдсан нарийхан цэнхэр гол наагуур цаагуур нь тойрч, он оны уртад ядарч тамирдсан мэт мушгиран урсах бөгөөд түүний нэгээхэн тохойд нулимс тоссон мэнгэ аятай ганц мод тэртээ доор сүүмийн харагдана.
Энэ бол Харганатын хөндий, Харганын гол, хайр сэтгэлийн гэгээн түүхийн орь ганц гэрч өнчин хайлаас, Хандаа Сугар хоёрын унасан нутаг, угаасан усаа...
Түмэнбаярын Бум-Эрдэнэ
Бүрэн эхээрээ...
2020 World Photography Awards Book (PDF)
3 years ago