Алхсаар, хот руу явах автобусны буудалд ирэв. Түмэн янзын хүн тээсэн зуслангийн автобус халамцуухан хүн шиг хоёр тийш найгасаар ирж явна. Их үдийн халуунд болоод тэр үү уйтай ч юм шиг, залхуутай ч юм шиг харагдана. Гэхдээ хүүхэд байхын л зуслангийн автобус гэдэг нэг тийм гэгээлэг сэтгэгдэл төрүүлдгийг санаж зогсов. Намайг оронгуут нэг охин годхийн босож
- Ахаа та ийшээ суу гэхэд нь ийш тийш харвал надад хэлсэн нь үнэн байв. Харангуутаа л суудал тавьж өгөхөөр насанд би нэгэнт ирчихэж дээ гэж бодоход бас л сонин. Тэгэлгүй дээ, миний иргэний үнэмлэхний арын солих хугацаа нь 0000 он юм чинь аргагүй.
За энэ ч яахав. Автобусанд зарим хүн хөгжим сонсож, зарим нь уншиж, зарим нь нүдээ анин унтагч болж буух буудалдаа хурдхан хүрэхийг мөрөөддөг бол юм эрээчих хоббитой хүний хувьд тийм биш. Энэ олон “характер”-ийг нэг доор цуглуулж, яг адилхан нөхцөлд оруулдаг их сонин бас “сайхан” орчин шүү дээ. Анхаарлаа төвлөрүүлж, чихээ сортойлгож чадвал “олз омог” гэдэг овойж өгнө. Гэхдээ тэрийгээ мэдэгдэхгүйг хичээнэ. Тэгэхгүй бол 0000-той хүн ийш тийш сэртэлзээд байвал эвгүй шүү дээ.
За тэгээд зун цагийн автобус гэдэг нимгэн, хөнгөн бүсгүйчүүдээс авхуулаад нүд бүлтийлгэх, чих дэлдийлгэх хүн олонтой. Харин нөхцөл байдал тийм ч таатай биш. Халуун, бүгчим, хүнд агаарын үнэртэй, удаан, угзчаа гудчаа ихтэй, урагшаа хойшоо найгаатай, уур унтуу оргилоотой. Миний ойролцоохон зогсох хоёр бүсгүй ярьж байна.
- Гөлийсөн юм чинь урд шөнө ирсэнгүй
- Яасын?
- Хэн мэдэхэв. Үнэн худал нь мэдэгдэхгүй юм яриад л... Юу гэж бодоод байгаа юм. Намайг хоёр хүүхэдтэй энэ уулын мухарт хаячихаад тэнээд байж болно гэж бодоод байгаа юм уу, хаашаа юм гээд нүд ам нь жирвэгнээд ирлээ.
- Очоод алаад өгөөч, алаад өг гэж хажууд нь зогсох хүүхэн шургав.
- Муу дарваак. Хэдэн төгрөг олдгийгоо юу гэж боддог юм зүгээр... гээд ярьж дуусаагүй байтал автобус нэг муухай чахран тоормослож, бүсгүйчүүд хуйд автсан аргалын бүтээлэг шиг юмнууд тэр урагшаа хашгичсаар арилж өгөв. Бухимдагч бүсгүйн царай хүрэнтээд одоо л хагарах нь дээ гэмээр болоод явчихав. Хэрвээ би “Чи л нөхрөө буруугаар бодсоноос тэр шүү дээ” гэсэн бол даринд шүдэнз зурах мэт болох байсан байх.
Хаалга хийгээр шахагдан онгойж хэдэн хүмүүс орж ирсний түрүүнд туранхай, махлаг хоёр хөгшин авгай
- За хоёр чуганц (чавганц) орж ирсэн шүү. Ээ дээ хүүхдүүд минь, сандал тавиарай гэсээр орж ирэв. Миний суудлын харалдаа эсрэг талын хос сандлын наад захын залуу босож тэдэнд нэг сандал тавьж өглөө. Бодвол тэр 0000-гүй байх. Цаана нь суух хүн жаахан хавчих ая үзүүлснээр эхлээд махлаг чуганц сууж, наана нь туранхай чуганц арай ядан өгзөгнийхөө талаар сандайлав. Тэгснээ ойрхоноор нь намайг хялам, хялам харна. Бас ч үгүй уурлаад байгаа янзтай. Тэд хэзээ хаана эхэлсэн нь мэдэгдэхгүй яриаг үргэлжлүүллээ. Махлаг нь
- Тэгээд би чинь Англиас хоёр чемодан хувцастай ирсэн шүү дээ. Одоо тэрийгээ өмсөж бардаггүй. Энэ харахгүй юу. Хөнгөн, зөөлөн аятайхан божийнх байгаа биз дээ? гээд олон хүний дундуур судас нь хагарсан бүдүүн хөлөө урагш сунган үзүүлэв. Наад ирмэгт нь суусан чуганц эвгүй л хөдөлвөл сандлаасаа мултарчих гээд байсан тул янзгүй царай гаргаж сууснаа яаж чимээгүй байхав гэсэн янзтай
- Уг нь зүгээр л юм. Би ч ийм юм өмсөхдөө тулаагүй ээ. Надад намдаад байдгийм гэлээ. Гайхуулагч чуганц хэсэг чимээгүй сууснаа том цээжээ займчуулан хөдөлж энгэртээ унжих зүүлтээ заах гэж наадахыгаа эгээтэй л унагачихсангүй.
- Чи энийг харж байна уу? Энийг манай охин ноднин явуулсан юм шүү дээ. Гарааж саалэ (garage sale) гэдэг дэлгүүрээс авсан гэсэн. Жаахан хуучин л юм билээ. Магадгүй өнөө хатан хааных нь юм ч байж мэднэ, базарваань
- Чи наадахаа өчигдөр надад хэлэх чинь билээ
- Өө тэг лүү гээд мөрөөрөө нудчин автобусаар нэг нуг нуг инээд алдаад
- Үгүй тэгээд үхэхийн хооронд энэ их юмаар яах ч юм билээ гэж бодохын ха ха гэхэд нөгөө авгай байдгаараа ярвайгаад
- Наад дуугаа аяд л даа энэ чинь. Ганцаараа галзуу хүн шиг чарлаад явах юм
- Үгүй, чи ер нь ингэхэд яагаад л язав татав гээд унав даа. Ааштай гэдэг нь зүгээр
- Язагнаад байх юу байсын. Сандлын буланд яая гэж явахад чи гэж нэг юм яасан ч их хөдөлдгийн гэлээ. Хэрэг бишдэж байгааг ойлгосон би босоод
- Та ийшээ суух уу? гэхэд тэрээр миний сандалд шилжих зуурт түрүүнээс хойш шилбэлзсэн туранхай царайд нь үл мэдэг оч гэрэлтэв. Сэтгэл нь жаахан бүгээрсэн туранхай чуганц
- Юу гэсэн бэ? хө гэж нөгөөхдөө их л наалинхай хандахад харин махлаг чуганц маань суудал дээрээ бондгос гээд буруу харлаа. Хачин их дургүйцэж байгаа бололтой. Туранхай нь ч мөчөөгөө өгсөнгүй цонх руу ширтлээ. Энэ хоёр нэг хэсэгтээ ярилцахгүй нь тодорхой болсон тул би жаахан урагшлахаар тэмүүллээ.
Дараагийн буудлаас хүрэн торгон дээл өмсөж, хар булгарин гутал хөлдөө жийж, бүрх малгай дагзандаа торгоосон хүрэн бор эр, араас нь мөн хүрэн торгон дээл ижилсүүлсэн эхнэр нь бололтой туранхай бор хүүхэн эр нөхрөө хормойдсоор ороод ирлээ. Ойрд хараагүй ийм дүр төрх миний сонирхолыг таталгүй яахав. Тэдэнд мэдэгдэхгүйгээр гишгэм, гишгэмээр дөхлөө. Зорчигчид тэдний өмнөөс халууцав уу гэмээр төвөгшөөсөн харцаар хяламхийхэд эхнэрийнх нь хонин бор нүд эргэн тойрноосоо гэрэвшин хяргана. Хүрэн эр харин анзаарч байгаа юм алга. Нударгаа хойш нь хэдэнтээ сэгсэрч, хир зурайсан хумстай далбигар том гараараа дээр санжигнах бариулаас атгасан хэдий ч тэнцвэрээ тэгтлээ сайн олохгүй байгаа бололтой
- Хн! Нэг зуны л хоёр тугал ш дээ, үхсэн . . . гэж хүний гэхээсээ илүү өөрийн бодолдоо хариулав уу гэмээр сийгүүлэв. Халамцуу ч байж мэдэхээр юм.
- Ямар юмны тугал гэж. Шүд нийлсэн хоёр шар шүү. Хүүхдийн сургуульд өртөглөнө гэчихээд
- Хээцэс, ямар Хэрлэнгийн хөндийд хивж зогсоо хоёр зуун үхрээ туугаад ирсэн биш
- За засс, наад дуугаа аяд
- Муу хоёр өгөр таараагүй бол ч . . . гэж хүрэн эр сул гарынхаа хоёр хуруугаараа уруулаа шилэмдлээ
- Харсаар байтал хавсайдаад байхад чи хоёуланг нь тавьж байдаг. Үхсэн хойноо тоглодог бол доо
- Танай ахаас л болж байхгүй юү. Аягүй бол үгсээ биз тэр хоёр өгөртэй
- Үгүй ерөө. Тэр хоёрыг чинь агуулчих газар чамд тэгээд байсан юм уу? Юм л бол муу ахыг минь дандаа гоочилж байдгийн. Тус болоогүй ч гай болоогүй л байх шүү гэх мөртөө бор хүүхний хоолой цахиртаад ирэв.
- За за, тэгээд юу юуны духанд хүрэлгүй хоолойгоо боогоод, хэржигнээд бай. Ямар амь амьдралаа алдчихсан биш. Энэ хот газар угаасаа л гар хоосон, нүд сохор хүмүүсийн холхидог газар. Хүний ам руу орчих гэсэн нөхдүүд мэр сэр бий гэх нь миний тархи руу татаад авах шиг болов. Хүмүүсийн аазгай хөдлөв бололтой хэрүүлийн харцаар тэднийг ээрч эхлэхэд бор хүүхэн нөхрийнхөө араас нудраад
- Алив бууя гээд чангаалаа.
- Мөн юмуу? гэсэн харцтай улаан нүд эргэлдүүлснээ үүд рүү чиглэх зуураа
- Чи ер нь тэр хүүхдийг сургууль мургууль гэж энд хорихоо боль. Алаад идчих мал, агтлаад унах адуу, айлсаад буучих нутгийн олон байна. Нэг хүнд өөр юу хэрэгтэй юм гэж үглэсээр бууж одлоо. Автобус тоос бужигнуулан хөдлөхөд замын хажууд хөглөрсөн хоёр нөхөр салхинд гарч санаа нь амарсан аятай энгэрээ сэвж харагдав.
- Хн! Үхрийнхээ бөгсийг ширтээд насыг барахгүй юу гэж сонсогдох төдий шивнэхээр нь харвал нэг үрчгэр хөх нөхөр надтай харц тулснаа адууны умс шиг хөх нүүрээ үрчийлгэн инээх мөртөө харцанд нь оносон үг олж хэллээ гэсэн аятай омог шуу өнгө арвалзав. Яагаад ч юм би түүнээс холдмоор санагдаад жаахан урагшлахад ар шилээр хүйт татах шиг санагдав.
Удалгүй урд хаалгаар хоёр булцгар хүүхэн амьсгаадан орж ирлээ. Нэг нь ув улаан уруултай, нөгөө нь шав шар банзал өмсчээ. Улаан хошуут
- Ёох! Энэ халууныгээ, урсах нь ээ
- Урсаж л байвал бид хоёрт л сайн биз дээ гээд жуумагнав.
- Хүүе ээ! Тэгснээс . . . хивэг идвэл сайн гэнэ ээ
- Тийм үү?
- Мнхг, бүр гурайгаад өгдөг гэнэ. Би бүр идээд эхэлчихсэн ш дээ гэхэд улаан хошуут нөгөөхийгөө турж уу яаж вэ гэсэн харцаар дээш доош нь их л нухацтай харсан боловч тэгтлээ олз олоогүй бололтой
- Ээ дээ үнэн үү? Хивэг гэхээр нэг л эвгүй юмаа
- Дөнгөж өчигдөрөөс гээд байхад даа. Чи идэх үү?
- Жаахан хүлээе ээ, Тэр ч тураана, энэ ч зүгээр гэж идсээр байтал амсаагүй, залгиагүй юм үлдэхээ байлаа гэхэд шар банзалт ширэв татахад бие нь дагаад бондгос хийлээ.
- Тэгээд надаар туршлагын туулай хийх гээд байгаа юм биз дээ гэж намжирдав. Улаан хошуут
- Хэн тэгсийн? Тэгээд ч энэ чинь чиний олсон санаа. Хэрэв үр дүнтэй байвал чи надаас хэд хоногийн өмнө ч болтугай турна ш дээ гэхэд шар банзалтын харцанд оч харваж
- Нээрээ, чи намайг түрүүлээд турчихвал яах вэ? гэхэд улаан хошуут дуугарсангүй
- Тэгвэл яана? гэж шар банзалт адгасан өнгөөр дахин шавдуулахад
- Чи бид хоёр одоо арван хоёр жил найзалж байна. Анх танилцахдаа л турах тухай ярьж байсан санагдах юм гэхэд хоёр бүсгүй зэрэг шахам санаа алдаад автобусны цонхоор харагдах тэртээх Дамбадаржаагийн арын уулын сэтэрхий онийг ширтлээ.
Сэтгэлд минь “Яриаг нь хэрэггүй ч сонсов уу даа” гэсэн эмзэг манан хүүгээд ирэх шиг болов. Ямар ч хүн өөрийн гэсэн гоо сайхантай шүү дээ. Дэмий юманд ингэтлээ гуних хэрэггүйдээ дүү нар минь гээд хэлчихмээр ч юм шиг.
Тэгтэл миний суган доор шахам зэрэгцээ сандлаас гомдолтой нь аргагүй шуухитнах чимээ сонсогдлоо. Харвал хүүхэн залуу хоёр суух агаад бүсгүй уруу царайлан тонгойж, залуу нь аргадах мэт мөрөөр нь тэвэрсэн байв. Бүсгүйн нүд улайж, аньсганд нь нулимс цийлэгнэнэ. Гартаа цаасан алчуур үрчийтэл базсаныг үзвэл уйлаад нилээн удсан шинжтэй. Тэгсэн хэрнээ бусдад мэдэгдэхгүйг хичээвч нулимс нь төд удалгүй аягаа халиад урсах аж. Бүсгүй нусаа татан шуухитнаад алчуураар нүдээ дарна. Залуу тэвэрсэн гараа үл ялиг чангалах нь бүсгүйгээ аргадаад байгаа бололтой. Залуугийн харцанд ч гэсэн гуниг үелзжээ.
- Нэгэнт л ийм юм болсноос хойш одоо өөрийгөө зовоогоод яахав дээ гэж залуу намдуухан хэрнээ хүнгэнэсэн дуугаар хэлэхэд бүсгүй нулимстай нүдээр залуу руу аргадангуй харж
- Намайгаа ойлгоорой. Муу ч гэсэн хүүгийн минь эцэг болохоор . . . гээд цааш нь үг хэлж чадахгүй ээрэхэд залуу бүсгүйг улам бүр өөртөө шахан
- Тэгэлгүй яахав даа хань минь. Одоо сэтгэлээ барь. Уйлж, унжаад хүүгээ айлгачихна гэж хүнгэнүүлээд духанд нь уруулаа нааж удаан гэгч нь үнэрлэх ажээ. Тэднийг харуут миний тархи, зүрх, сэтгэл гурав тас тэврэлдэх шиг санагдаад нэг их урт санаа алдлаа. Автобусны онгорхой салхивчаар сэрхийсэн хэсэгхэн салхи бүгчим халууныг цуу татан сэнгэнэв.
Нэг харсан чинь миний буух буудал дөхөж байна. Хаалга руу эргэтэл нэгэн бөгтгөр өвгөн, тав орчим насны жаахан хүү хоёр хөтлөлцөн зүтгэсээр хаалганы дэргэд зогсов. Бас буух бололтой. Өвгөн автобусны явдал, хүүгийн чирэлт хоёрт илт түүртэх ажээ. Хүү оч гэрэлтсэн хар нүдээр өвөөгөө ширтэж байснаа
- Өвөө та яагаад ийм далий болсын? гэж асуулаа. Бөгтөр гэж байгаа бололтой.
- Амьдралд дарагдаад тэрээ, хүүхээ гэхэд хүүгийн харцандаа шооч, дүрсгүй гэрэл гялалзуулан ход ход инээж
- Ийм хүнд амьдрал байдаг гэнэ ээ
- Байдаг юмаа хүү минь.
- Худлаа яриад л . . . Таны нуруунд юу ч байхгүй байна ш дээ.
- Одоо ч байхгүй л дээ
- Тэгээд тэгшрээч. Тахийгаад л байхын гэхэд би өөрийн эрхгүй мушийлаа. Хүү надаас гэрэвшсэн янзтай өвөөгийнхөө цаагуур оров. Өвөө нь намайг анзаарсан шинжгүй
- Нэг л өдөр ачаагаа буулгана аа хүүхээ. Тэгээд л нэг мөсөн тэгширнэ шүү дээ гээд судас нь атирсан ясархаг гараар хүүгийн толгойг илэв.
Энэ үед автобус зогсож, хаалга хийгээ дуугаргасаар онгойлоо. Буугаад хэд алхсан хэдий ч хүү өвгөн хоёр луу эргэж харахгүй байж чадсангүй. Хүү нэг гараараа өвөөгийнхөө гараас атгачихсан нөгөө гараараа ямар нэгэн юм тайлбарлан зангаж байгаа харагдана. Яагаад ч юм сэтгэл нэг л өег болчихжээ. Түмэн янзын амьдрал тээсэн зуслангийн автобус хоёр тийш хөгжилтэй гэмээр ганхсаар дараагийнхаа буудал рүү давхиж одов.
УБ. 2015 оны өвөл
Бүрэн эхээрээ...
Зуслангийн автобус (Өгүүллэг)
Өчүүхэн (Өгүүллэг)
Томоо их дэлгүүрийн гадна шатаар өгсөхдөө “Хүн ирэхийг хүлээх үү, яах вэ” гэж бодол болон явтал нэг бүсгүй хажуугаар нь яарсан аятай точиг, точиг гэсээр өнгөрлөө. “Ямар юмандаа яарахаараа ингэтлээ сайварладаг байна аа” гэж бодох зуур бүсгүй гаднах хаалгаар орохыг хараад хар хурдаараа гүйлээ. Гүйх зуураа “Хүүхэн хараад яг мартах гэж байна шүү дээ” гэж тэр өөрийгөө багахан зэмлэж амжив. Хаалга хаагдахаас өмнө арайхийн орж амжтал бүсгүй дотор хаалгыг түлхэж байгаа харагдана. Тэр мөн л ухасхийж хаагдахаас өмнө бүтэн биеэрээ орох гэж зүтгэхдээ бүсгүйн өсгий дээр гишгэж орхив. Бүсгүйн царай хувьсхийж эргэж хараад Томоотой харц тулах мөртөө дальдарч, ум хумгүй явж одлоо. Хүнд хаалга онгойлгож өгдөг тэнэг хүүхнийг Томоо араас нь өрөвдөсхийн харж зогссоноо “Аргагүй дээ чи” гэсэн янзтай ихэмсэг царайлан цахилгаан шатны зүг нуруу цэх, толгой гэдгэр алхлаа. Гаднаас орохдоо хүнээр хоёрын хоёр хаалгыг давхраар нь онгойлгуулж чадсандаа тэр үү сэтгэл нь нэг л таатай. Хүнхэр нүднийх нь угаар хүйтэн аархал жирвэлзэн зайрмагтана.
Тэрээр зургаан давхарт гарах гэж хоёр цахилгаан шатны аль нэгнийг хүлээн зогслоо. Баруун шат нь зүүнээсээ үл ялиг хоцрон уруудаж яваа нь хаалганы дээр асах давхрын тооноос харагдах ажээ. Энэ хооронд хүмүүс нэмэгдсээр байгаа боловч яагаад ч юм бүгд л Томоогоос зайтай зогсоно. Хар үнэгэн малгайг хазгайдуухан тавьсан дэгжин хүүхэн товор товор алхсаар ирснээ Томоог харуут зог тусан зайлж ямар нэгэн аюулаас сэрвээтсэн зээр шиг сэртэлзэв. Юу нь болохоо байчихсан юм бүү мэд хүмүүс ингээд байдгийг тэр гайхахаас цаашгүй. Ер нь хүмүүс түүнээс учиргүй дөлөмтгий. Түүнд хамгийн их ойртсон, тэр байтугай зүрх сэтгэлийн тухай ярьж үзсэн Сараа гэдэг хүүхэн хүртэл нэг л өдөр өөрийнхөө тэнэгийг гайхсаар явж одсон. “Чиний гутлын хоншоор, нүдний шил, чиний цамцаа товчилсон чинь хүртэл миний зэвүүг хүргэдэг. Чиний инээхийг би үзэн яддаг. Чамд угаасаа инээд ч зохихгүй. Чиний нүд бол чөтгөрт л байх нүд” гэж амьсгаагаа давхцуулан байж хэлээд явчихсан юм. За тэр хамт олон бол бүр ойлгомжтой. Уг нь Томоо зожигрохыг хүсдэггүй л дээ. Ажлынхан нь ямар нэгэн юм болоод мөнгө төгрөг цуглуулахад тэр бусдын жишгээр л өгнө. Ганц нэг орой гадуур гарахад Томоо цуг явах хэдий ч нэг л мэдэхэд гав ганцаар булан тохойд торойж суух. Тэрээр энэ бүхэнд одоо ижил дасал болж дээ.
Цахилгаан шатанд орох хүмүүс яагаад ч юм яардгийн адилаар Томоо ч гэсэн “Аль бүхээгт нь орвол түрүүлж дээшээ гарах бол” гэж бодно. Түрүүчийн бүхээг ирж, ихэнхи хүмүүс тийшээ бөөгнөрч, зарим нэг нь өөрийгөө арай түрүүлж ирснээ ойлгуулах гэж түрэмгийлэн давшилна. Томоо ч гэсэн зүтгэвэл орж ядах юмгүй. Тэртээ тэргүй бүгд л түүнээс зай авахыг хүсэх тул зарим нь үлдэнэ гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ Томоо зүтгэсэнгүй. Учир нь “Энэ бүхээгт олон хүн орсон тул давхар болгонд зогсоно гэсэн үг” гэж магадлалын онол бодоод арай сүүлдэж ирэх дараагийн бүхээгт цөөн хүнтэй орохоор шийдлээ. Өнөөх хар үнэгэн малгайтай бүсгүй болон бусад пиг дүүрэн хүнтэй эхний бүхээг хаагдахтай зэрэгцэн дараагийн бүхээг нээгдлээ. Томоо хэд хэдэн хүний хамт оров. Тэд аль болохоор түүнд ойртохгүй захалцгаана. Томоо мэдэрсэн хэдий ч анзаараагүй хүн болон унжуу хамрынхаа уг дээр тохсон зузаан шилний цаанаас гөлөгнөх шар ногоон нүдээр давхрын тоо ээлжлэн солигдох бяцхан дэлгэцийг үелзүүлэн ширтэнэ.
“Хажуугийн бүхээг аль давхарт яваа бол. Дор хаяж арав гаран хүн орсон. Хэрвээ миний бодсон зөв бол дөрөв, тавдугаар давхруудад зогсож л таараа. Тэгэхээр би зургаан давхарт түрүүлж гарна” гэж бодохоор түүнийг сэтгэл үл ялиг тайвширч, гэрлийн очис хацар, нүүр лүү нь үсчих шиг жирвэгэх нь таатай ч юм шиг. Дэлгэцэнд тоо ээлжилсээр. Гэтэл Томоод “Нөгөө бүхээгнээс буух хүнгүй шууд л зургаан давхарт гарчих юм биш байгаа” гэсэн бачуухан бодол багалзуурдаад ирэв. Ямар нэг асуудалд анхаарлаа төвлөрүүлэхээр Томоогийн цээжинд ч юм уу, тархинд ч юм уу үл ойлгогдох бачуурал үүсэж бүр нүүр нь чинэрээд ирдэг гэж байгаа. Үүнийгээ мэддэг болохоор тэрээр өөрийгөө сайн барихыг хичээдэг юм. Хичнээн хичээсэнд нүүр нь халуу шатаад эхлэв. Нөгөө ирвэгнээд байсан очис галын цучил болон хувирах шиг. Тэгэхээс тэгэх гэсэн шиг бяцхан дэлгэцэнд асах тоо тав дээр очоод гацчихлаа. Нэг настайвтар авгай энэ давхарт буух гэсэн юм байж. Авгай том торондоо түүртсэндээ ч биш зүгээр л ямба нь ийм юм болов уу гэмээр удаан хөдөлсөөр арай хийж нэг юм гарав. Байж ядсан Томоо эгээтэй л араас нь түлхчихсэнгүй. “Шуналын хар тулам ингэж хүнд гай болохоор гэртээ л хэвтэж байхгүй энүүгээр салгалж явдаг нь юу вэ” гэж Томоо тархиа сийгүүлэн бодлоо. Бүхээгний хаалга хариугүй хаагдах гэж байтал түүний араас бас нэг залуу
- Өө, тав уу? гэхэд хэн нэг нь
- Тийм гэж шивнэх үед хаалга зууралдсаар хаагдав.
- Би буух байсын. Наадахаа дарчихдаа гэхэд товчлуурын дэргэд зогсох нэгэн онгойх товчийг дарлаа. Томоогийн хамаг цус нь хөөрч, хацар шанаанд нь тунарч ирэв. Хаалга мөн л зууралдан байж онгойх нь өчнөөн жил өнгөрчих мэт удах авч Томоо тэссээр л байгаа. Гэвч тэрээр дотроо “Түрүүний бууж байхгүй салгалсан муу новш” гэж хахирган өнгөөр хашгирч байв. Залуу санаандгүй эргэж Томоотой харц тулах мөртөө хамаг үс нь босов уу гэмээр болж чичрүүдэсээ дарах гэсэн шиг биеэ займчаад хурдхан арилж өгөв. Томоо “Новшийн муу өгөр” гэж эгээ л хашгирчихсангүй. Хий дэмий л шүднийхээ завсраар сийгүүлэн гаслаад хүмүүсийн дунд байгаагаа санан уруулаа жимийлээ. Түүний сэтгэл улам бүр шагалзан шазвалзав.
“Хэрэггүй л энд орлоо. Нөгөөхөд нь суусан бол өдийд бууж байхгүй юу” гэж бодохоор дахиад л гасламаар. Ядаж байхад бүхээгний хаалга гол гогдох мэт удаан хаагдах аж. Болдог бол хоёр талаас нь шахчихмаар. “Хоцорсоон, хоцорсон. Новш, новш” гэж байж ядсан Томоо хий дэмий хоёр хөл дээрээ займчаад хөшингө харцаар адар ширтлээ.
Хүмүүс түүнийг ажиглаад байх шиг санагдахаар нь үл анзаарагч болон давхар бүрийн тайлбарыг амандаа, гэхдээ бусдад бас ч гэж сонсогдохоор уншив.
- Дөрвөн спортын хувцас ... бараа ... таван давхар цахилгаан бараа ... дандаа бараа ... гэснээ новш гэж амандаа хэлчихээд хүзүүгээ хөдөлгөхгүйгээр харцаар аягандаа эргэлдүүлж бусдыг ажиглавал онц юм мэдэгдсэнгүй.
Бүхээг дуртай дургүй дээшилсээр арайхийн зургаан давхарт зогссон ч мөн л хаалга нь онгойх гэж жил болчих шиг санагдана. “Хажуугийн бүхээг аль хэдийн ирээ биз” гэж санахаар Томоогийн шээс савирчихаа алдана. Хаалга үнэн онгойв уу, худал онгойв уу Томоо урдаа байгаа хүнээ яав гэмээр түлхсээр гарч ирээд хажуугийн хаалгыг харан
- Түй, муу новш . . . гэж хэн хүнийг цочтол хэлээд хий нулиман шал дэвсэв. Хүмүүс оголхийн дөлөөд эргэн, эргэн харсаар явж одлоо. Томоо нитгэрсэн улаан царайгаа шингэрүүлэх гэсэн мэт уртаа гэгч нь санаа алдаад хажуугийн хаалганы өмнүүр өнгөртөл ард нь бүхээг дөнгөж ирсний дохио болсон “Донн” гэсэн чимээ сонсогдлоо. Томоо чихэндээ итгэлгүй эргэн хартал хаалга удаавтар онгойж дотроос нь хар малгайт хүүхэн болоод бусад хүмүүс уван цуван гарч ирцгээхийг шилтэйгээ нэг, шилээ авч нэг харав. Томоогийн худаг мэт гүн ухархайн тэртээ ёроолд юуны ч юм оч гялс хийж, нүүрнийх нь чинэрээ сулараад ирэх нь тэр.
Их дэлгүүрийн зургаан давхарт Томоо мөн л нуруу цэх, толгой гэдгэр алхаж явна. Гэнэтхэн түүнд дэлгүүрээс гарахад түрүүний тэнэг хүүхэн шиг хүн урд нь таардаг болов уу, яадаг бол гэсэн бодол бодогдоодохлоо . . .
2015. 01.16 УБ хот.
Бүрэн эхээрээ...