# #

Эжий

20 Сэтгэгдэлүүд:

Өнөөдөр учиргүй их бороо асгалаа. Тэгэхдээ бүр намрын азарган бороо шиг. Уг нь энэ жилийн анхны бороо аж. Анхны бороо нэг л гоё сэрэл мэдрэмж төрүүлдэгсэн гэтэл энэ удаа тэгсэнгүй. Эргэн тойрон цас ч хайлаагүй шахам зэвэргэн хүйтэн болоод тэрүү уйтгар дагуулан шаагина. Борооноос нөмөр бараадан би машиндаа суух авч бодлын бороондоо цохиулж, зүрх нэвчин сууна.
Би дөч хүрлээ. Бага байхад гуч, бүр цаашлаад дөчин настай хүн гэдэг нэг л их том, хачин сүрдмээр хүмүүс харагддагсан. Гэтэл би одоо тэдний насан дээр иржээ. Хүмүүс ярьдаг л даа. Дөч гарсан эр, дөрвөө дарсан ат гэж ирээд л . . .
За тийм айхтар нь ч юу юм, ямарч байсан юмыг бодож ухаарах, хүлээцтэй байх, хүний үг сонсох зэрэг дээр, гучаасаа арай гайгүй, хорин наснаасаа бол бүр хол дээр болж байгаа юм болов уу гэж бодогдохоор.
Би гурван хүүхэдтэй айлын ууган хүү нь болж энэ хорвоод ирсэн юм. Насыг нь бодоход аав ээж маань тэр үед багавтар, залуухан байсан шиг байгаа юм. Одоо надтай хамт л өтөлж байна даа тэд маань. Бурхан намайг бүдэгхэн зурсан уу, би жаахан азгүй юмдаг уу (энэ нь миний хүүхэд ахуйн бодол шүү дээ) төрмөл үү, олдмол уу мэдэхгүй миний нүд жаахан хазгайдуухан, тэрэндээ баахан гутрангуй. Нар харахаараа өрөөсөн нүдээ аньчихдаг, хүний өөдөөс эгцлээд харах дургүйдүү, юм л бол газар шагайсан хүүхэд байлаа. Хүүхдүүд л болсон хойно сахилгагүйтэж бие биенээ шоолно. Тэрэнд нь хэрэндээ их шаналдаг байж. Тэр үед одоогийнх шиг косметик эмчилгээ энэ тэр байсангүй. Хүн байгаагаараа л байдаг байсан цаг даа.
Ядаж байхад аав ээж хоёр маань яг миний юмыг ухаарах гэж оролдож байх үед, арван хэдэн настай (шилжилтийн ч гэж хэлдэг дээ) тэр үед салчихлаа. Ээж маань нэг их том том алаг нүдтэй хүүхдүүдтэй айлд ээж нь болоод явчихаж билээ. Хүүхэд байсан болохоороо өөрийгөө “би гологдож дээ” гэж хүртэл боддог байлаа. Гомдож байгаа нь тэр. Хүүхдийн ийм хүнд гомдлыг юугаар хэмжиж, бас юугаар тайтгаруулдгийг мэддэг хүн бараг үгүй биз.
Нэг дүү маань ээжтэй, нэг дүү маань аав бид хоёртой үлдлээ. Дүүгээ ч санадаг байсан уу, ээжийгээ ч үгүйлдэг байсан уу, надаас илүү мэт санагдах тэдгээр хүүхдүүдийг нь харах гэдэг байсан уу хааяахан ээжийндээ очдог байлаа. (Үнэндээ бол ээжийгээ л санадаг байсан байх. Хүүхэд л юм чинь) Хүүгээ өөрлүүгээ гүйгээд ирлээ гэж ээж маань их баярлана.
Амьдрал л юм болохоор үргэлжлэх жамаараа үргэлжилж, аав маань нилээд хожуу нэгэн сайхан хүнтэй сууж, нэг хөөрхөн дүү гаргав. Бид бүгдээрээ түүнийг Маам гэж авгайлна.
Хэдий ээжийнх, манайх хоёр тусдаа байсан ч аавын маань алсыг харсан асар их ухаан хийгээд тэвчээрийн хүчээр хоёр гэр маань бие биенийхээрээ орж гардаг, зовлон жаргалаа хуваалцдаг, ах дүү ч юм шиг, найз нөхөд ч юм шиг тийм айлууд болж хувирсан даа. Одоо бүр хааяа нийлж хөзөр, даалуу тоглосон шиг суудаг цагаан нь цагаан, буурал нь буурал толгойтой хэдэн хөгшид байдаг юм . Аавын уучлахын их ухаан, амьдралын агуу их завшаанаар төрсөн, тэлсэн хэдэн дүү нартайгаа ураг төрөл холдолгүй элэг бүтэн юм шиг өссөн.
Арай томхон нь би байсан юм болохоор учир явдлын зангилааг бусдаасаа арай илүү ойлгож, арай илүү санаж, бас арай илүү шаналсан шиг байдаг. Тиймдээ ч тэрүү наанаа хоёр гэрийн хооронд гүйж, хэдэн дүү нараа холбосон тасарч үл болох хүйн хэлхээ мэт байх боловч дотоод сэтгэлдээ, битүүдээ ээжийгээ уучилж чаддаггүй байлаа. Ээжийн тухай, түүнийг хайрлахгүй байхын аргагүйн тухай шүлэг зохиол, томчуулын тэмдэглэл ярилцлага энэ тэр уншивч, жүжиг кино үзсэн ч, дуу хуур сонссон ч төдийлөн сэтгэлд буудаггүй, буулгахыг ч хүсдэггүй нэгэн бодлын харалган, их л тэнэгхэн байж дээ хүү нь. “Хар багадаа даруулсан бараан бодлоороо өдий хүртэл явждээ би” гэж энэ усан бороон дунд бодож сууна.
Бүрэг даруухан бас доройхон хэрнээ ангийнхаа нэг хөөрхөн бор охинд жигтэйхэн дасаж, тухайн үедээ хамаг л байдгаараа чармайж сэтгэл зүрхээ нээсний эцэст бурхан намайг учиргүй том харж би гэдэг хүн хайрын далайд умбаж, аравдугаар ангиа төгсөөд нэг жилийн дараа бондгор цагаан хүүтэй болсым.
Чи хайртай юу, би хайртай гэсээр хөтлөлцөн гүйсэн он жилүүд, чи мэдэхгүй юү, би мэдэхгүй гэсээр нэг л мэдэхэд хүүтэй болсон минь санаанд тодхон үлджээ. Тэр цагаас эхэлж бид хоёр залуусын хувь заяагаар биш, ээж аав ээжийн хувь заяагаар амьдарч он цаг улирсаар хорин хаврын анхны бороог угтсан байна.
Одоо би анх болчимгүй юм бодож суусан тэр жаахан хүү биш гурван хүүхдийн эцэг, сайхан ханийн нөхөр (заримдаа ч бас нэг хүүхэд нь болчихдог) өрхийн тэргүүн, өөрийн гэсэн ачаагаа өөрөө үүрэхтэйгээ болсон мэт. Энэ хорвоо дээр өдий болтол амьдрахдаа өчнөөн л олон хүнтэй уулзаж учирч явлаа. Муу хүнтэй нэг их таарсангүй. Тэгэхээр сайн нь муугаасаа, нартай өдөр нь бороотойгоосоо олон юмаа.
Зарим хүмүүсийн хувьд миний энэ амьдралын зовлон нь зовлон биш, жаргал нь жаргал биш байж болох юм. Гэхдээ өвлийн нар өвөлдөө л дулаан гэж үг байдаг даа.
Багадаа үзсэн минь салалт хагацал болоод тэрүү “Юу ч болж байсан хүүхэд өнчрөөж болохгүй” гэсэн үндсэн бодол надаас салдаггүй юм. Өнчрөл нь хүүхдийн хувь заяаг бүр орвонгоор нь эргүүлдэг шиг. Ийм гундуухан тавилантай хүүхэд эргэн тойронд минь мэр сэр харагдах л юм.
“Амьдрал өөрөө хөдөлгөөн юм болохоор айхтар сүрхий бусгаж булгидаг шиг байгаа юм. Тэр цаг үед л эр хүн хазайж хэлтийсэн ч гэлээ хазаж, зулгааж байгаад ч болов тогтвол амьдрал гэдэг хичнээн яруу тансаг болохоо харуулах болноо” гэж дотроо бодож явдаг даа.
Одоо том хүү маань хорь дөхөж байна. Бас л бид хоёртой хамт өсөж, магадгүй өтлөх байх. Ууган хүүхдийн давуу тал нь эцэг эхтэйгээ удаан хамтдаа байдагт байх шиг. Мэдээж хүүхдүүд маань надад ач, зээ гаргаж өгнө. Хүмүүн бид он цагийн үргэлжлэл, он цагийг бүтээгчид. Миний гэр бүл ч гэсэн он цагийн уртад хэдэн үеийг элээж амьдарсаар байх болноо. Амьдрал үргэлжилсээр . . .
Тэгэхээр энэ бүхэн маань хэнээс ундрагатай юм бэ? Мэдээж эжий аав та хоёроос минь.
Иймээс би хар багад минь суусан эжийнхээ тухай тэр бараан бодлуудыг гээх, тэгэхдээ бүр гээсэн шиг гээх ёстой юм даа. Яг л өнгөрсөн жил гээчихээд өнөө жил ч олоогүй, ирэх жил ч олохгүй тийм нэг чөдөр шиг гээх хэрэгтэй юм.
Олон жил муу эжийгээ дотроо яллаж явж, эх хүн юм болохоор мэдэрдэг л байсан байлгүй яав гэж зайлуул. (Яг би хүүхдүүдээ чухам юу бодож явааг нь гадарладаг шиг) Хичнээн олон жил гэмшиж, шаналж, хичнээн олон жил үйрч эмтэрч, өөрийгөө зэмлэж, бас хичнээн олон жил газар шагайж явсан бол, одоо болно доо ээж минь.
Үнэн худал хоёр үүдэн хоймрын зайтай явдаг гэсэн
Үйлийн үрээ үүрсэн шиг үүрсээн миний эжий
Үлдсэн насандаа нуруу нь тэнэгэр явагдээ эжий минь.
Дөч хүрсэн хүү нь уйлж бичлээ
Дөрвөн улирлын өнгийг сүлж бичлээ
Ачийг тань ямар хариулж барах бишдээ
Амьддаа эжий минь хүүгээ өршөөгөөрэй
Ат мат гэсэн айхтар үг ч яамай
Ачаа мачаа өргөх гэж даналзах ч бүр өнгөрсөн
Гучаад жилийн өмнөх тэр бүрэгдүүхэн хүү
Гурван хүүхдийн эцэг өнөөдрийн энэ эр хоёр
Эжийд минь харин ижилхэндээ
Усан бороо арилж, наран гарч л таараа
Ухаан бодолтой явсан цагт сайхан амьдарч л таараа
Тэнгэрт хурсан үүл хур болон буух шиг
Цээжинд хурсан хөндүүр шанх даган урслаа . . .

Ёох! Сэтгэл гийгээд нэг л сайхан болчихлоо. Ийм олон жил бугалчихаад, ингэж л нэг онгойх ёстой байсан юм байлгүй. Ашгүй тэнгэр ч онгойх нь. Гарч хоёр гараа байдгаар нь алдлан цээж дүүрэн амьсгаа авъя байз. Амьдралыг хэрвээ байгаль хэмээн бодвол өнгөрсөн амьдралдаа би нэг их цэцгэн дунд биш юмаа гэхэд сайхан ногоон талаар гүйж өссөн хүү байж дээ. Ингээд бодохоор хүүхэд ахуй, залуу нас гэдэг хэзээд сүүн замтай байх юм. Залуу нас гэдэг хийж бүтээх мөнхийн ногоон талбар гэж үг бий.
Тэгэхээр хүмүүн бид их сайхан хүслийн гэгээн алсыг харж, тэнд мөрөөдлийн дуун бий хэмээн бодож явах хэрэгтэй юмаа даа . . . Он цаг эжийтэй минь хамт үргэлжилсээр . . .

Бүрэн эхээрээ...

Траншейн

16 Сэтгэгдэлүүд:

Би энд жолоо барьдаг ажил хийдэг ухаантай. Толгой эргэм сүлжилдсэн замаар өдөржин давхиж явахдаа, жирэлзэн өргөрөх траншейний тагийг хараад миний нутагт энэ нүхэнд хүмүүс амьдардаг, хүмүүс хүмүүсдээ бүр хүүхдүүд шүү. Тэд энэ тагыг сөхөж, өглөөн нарыг үзнэ, энэ тагыг хааж, өвлийн жавраас халхлан амьдардаг гэж бодохоор цээжин дотроос нэг юм ураад, ураад... ураад.
Яагаад ингэж нэг хэсэг нь гариг ертөнцөд багтахаа байтлаа баяжиж, нөгөө хэсэг нь газар доогуур шурган ортлоо ядуураа вэ? Яагаад зарим хэсэг нь хань ижил, үр хүүхдээ орхин өөр орны зовлонг өөрийн юм шиг үүрч явна вэ? Бид бүгд саяхан л адилхан шахуу л байсан шүү дээ. Тавь, жар, зуун саяын машинууд траншейны таган дээгүүр дайраад л...
Хүн харахад таг боловч үнэн хэрэгтээ доор нь байгаа хүүхдүүдийн
толгой дээгүүр, тархин дээгүүр, зүрхэн дээгүүр,сайртай бяцхан гаран дээгүүр нь, сайхан амьдрах хүсэл дээгүүр нь, өрөвч сэтгэлийг нь умартуулан, өс хонзонг нь өвөртлүүлэн
том том баячууд тоонолжин хээтэй дугуйгаар тоох ч үгүй дайрсаар.
Улс эх орон өөрчлөлт, шинэчлэлтийн замд орж, хүн болгон эрх чөлөөтэй боллоо. Үг хэлэх, хэвлэн нийтлэх, жагсах, цуглах, нам бүлгэм байгуулах, мөн тарах бутрах, бие биенээ магтах, матах, гүжирдэх гүтгэх, хороох, хорлох гээд дээр дооргүй л “сайхан эрх” чөлөөтэй болжээ.
Энэ бүх эрх чөлөөн дунд гэрээсээ дайжин, эх орноосоо дүрвэх эрх чөлөө бас байгаа юм аа. Нэг хэсэг нь гэрээсээ гарч орох оронгүй, оочих аягагүй давхисаар цагийн эрхшээлээр траншейнд орсноор арав гаран жил өнгөрчээ. Тэгвэл зарим хэсэг нь цаг төрийн хүндрэлээс болж, эх орноосоо гарснаар мөн л арав гаран жил болчохож. Арав гаран жил гэдэг маань бараг бүхэл бүтэн нэг үе гэсэн үг л дээ.
Ажилгүй архичин эцэг, анхиагүй арчаагүй ээж, хэрүүл шуугиан, орилион чарлаан, өлсгөлөн энэ бүгдээс болж хөөрхий хүүхдүүд хэдэн зуугаараа гэрээсээ дайжиж, сургууль соёлоосоо гарч, үеийнхнээсэ хоцорч тэртээ доор намагт унаж, нийгмийн үхмэл харанхуй давхаргыг бий болгосоор...Энэ олон хүүхэд дотор хичээл номондоо сайн, гэр орондоо тусч хүүхэд алийг гэхэв. Гэвч тэд маань улам л тэр харанхуй руу зүтгэсээр..
Авилгал хээл хахууль авч, бас өгч мэддэггүй, арилжаа наймаанд овсгоо самбаа муу ер нь л ийм нийгэмд зохицон, байр сууриа олж чадаагүй Монголын ард иргэд мянга мянгаараа гадагшаа дүрвэж хүний нутагт хоёрдугаар зэргийн хүний хэмжээнд амьдарч байна. Энэ олон дотор эрдэмтэн, мэргэд, спорт уралгын алдартнууд алийг гэхэв. Эд маань эргэж эх орондоо очиж, ихийг хийх хүсэл байвч нөхцөл нь бүрдэхгүй, эзэмшсэн мэргэжил нь энд зэвэрсээр. Гэсэн ч гадагшаа тэмүүлсэгсэд улам бүр олширсоор...
Яс, шил, хог түүж, мөнгө олоод аавдаа, ээждээ тусалж сайн хүн болноо гээд сайртсан бор гараараа нусаа арчих бяцхан хүүг зурагтаар харж л байсан. Харийн нутгаас хэдэн төгрөгтэй болоод эхнэр хүүхэдтэйгээ сайхан амьдарна даа хэмээн хоолой нь сааралтах идэр залуухан эртэй тааралдаж л явна. Магадгүй аль аль нь өөрсдөө л хүсээ биз дээ гэж хэлэх нэгэн байгаа л байх. Яагаад би энэ хоёр тэс ондоо зүйлийг харьцуулаад байна вэ? Улс орныг нэгэн гэр бүл гэвэл эх орноосоо дүрвэгсэд чинь нэгэн төрлийн “траншейн”-ийнхан мэт.
Харанхуй давхаргаас, харийн гүрнээс эднийгээ яаж ийгээд аврах бас авчрах юмсан.
Иргэд нь эх орондоо ирж амар амгалан байж, энхрий үрс нь нүхнээсээ гарч, ээж аавтайгаа элэг бүтэн амьдрах юмсан даа..
02,07
Бүрэн эхээрээ...

Захидал

2 Сэтгэгдэлүүд:

Эх орноосоо гараад, аав ээж, ах дүү, анд найз нараасаа холдоод нилээд уджээ. Анхандаа бид ихэд холбоотой байдаг байсан боловч сүүл сүүлрүүгээ захиа занаа утас, шөрмөс нь цөөрсөөр...
Бодвол би тэдэнгүйгээр, тэд надгүйгээр амьдарч дасаж байгаа юм болов уу. Бас урд урьдах амьдралдаа түүртээд тэр байхдаа гэж өөрийнхөө гэгэлгэн бодлын бараан сүүдрээс тэднийгээ өмөөрдөг юм. Хаа нэг Э-майл бичнэ. Хааяахан нэг утсаар ярих.
Ихэвчлэн мөнгө төгрөгний холбогдолтой, эсвэл монголд байгаа бухимдалтай амьдрал, утаа униар, хулгай дээрэм, жагсаал цуглаан ер нь өөдтэй юм яригдахгүй дээ.
...Наашаа яараад хэрэггүй л ... гэх. Захиаг бол бүр бичихээ байжээ. Э-майл гэх юмаар ойр зуурханыхаа юмыг гуйлгаж байж бичсэн болно. Тэр нь цаанаа нэг л хөндий. Буруу хазгай үсгээр бүрэн утга илэрхийлэх нь битгий хэл бүтэн үг бичихэд ч зовлонтой. Ер нь хурднаас цаашгүй. Энэ нь хөгжлийн хурдтай холбоотой л байх. Дээх нь үед гараар бичсэн захидал гэж яасан сайхан эд байжив дээ. Сэтгэлээ нээж, гараа гаргаж, уйлж дуулж байж захиа бичнэ гэдэг нэг ёсны хөдөлмөр, нөгөө бодлын маш их хүндэтгэл мэт. Зарим хүмүүсийн бичсэн захидал түүхийн үнэт зүйлс баримт нотолгоо болох нь бий. Захидал нь харилцааны том соёл, түүний том зэвсэг байжээ. Тухайн хүний бүх амьдралынх нь утга учир, хайр дурлал, ертөнцийг үзэх үзэл ганцхан захиатай холбоотой байж, түүнийг насан туршдаа хадгалж явах нэгэн байхад бүх сайн сайхан зүйлийг нь орвонгоор нь эргүүлчих хэмжээний захидал ч бас байдаг байна. Хүнээс үлдэх юм ер нь явж явж захиа зураг хоёр л бололтой. Зураг бол өөдөөс гөлрөөд хараад байхаас цаашгүй. Захидал бол юм хэлээд яриад байх шинжтэй. Нөлөө талаар зураг чамайг залуу явсныг чинь гэрчлэх байх, тэгвэл захидал чамайг ухаантай явсаныг чинь баталнаа.Хүн бүр залуу явсан байдаг. Харин хүн бүр...?
Яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн...
Ахын бичсэн захиа
Амьдралын хатуу үгтэй
Адууны омголон мөр шиг
Алдаж оносон үсэгтэй
Эжий чамайг санаад
Ирээч гэсэн утгатай
Ишигний эвэр шиг хоёулахнаа
Эвий гэсэн өнгөтэй... гэсэн мөр байдгийм. Залуус та нар аавдаа, ахдаа, ээждээ эгчдээ, дүүдээ хүүдээ, охиндоо захиа бичиж байгаарай. Хол явахад аль ч бэрхшээл тохиолдохыг тэр гэхэв. Тэр дундаас өөрийгөө авч гарах хийгээд сэтгэлээ сэргээхэд чинь маш их тус болно доо. Миний дүү нар ч гэсэн ахдаа захиа бичээрэй.
Бүрэн эхээрээ...

Тоонот Чулуу

1 Сэтгэгдэлүүд:

Тоонот чулуу буюу хүй дарсан чулууны тухай нэгэн яриа байдгийм. Хүүхдийнхээ төрсөн буйранд тэр төрсөн хүүхдийнхээ хүйг эцэг эх нь өөрийнхөө дааж чадах чуулуугаар даруулж орхино. Олон жилийн дараа хүү нь том болоод тэр чулууг өргөж чадвал эцгийнхээ дайны эр хүн боллоо доо би хэмээн бодох юм л даа. Товчхондоо бол ийм.
Энэ нь тухайн хүүхдийг эх болсон байдал дэлхийтэй нь хүйгээр нь холбож өгч байгааг илэрхийлсэн дом юм шиг надад бодогддог юм. Ард түмний минь домог ч юм шиг, дом ч юм шиг энэ яриа таньд, надад юуг өгүүлнэ вэ? Орчин үеийн гэгдэх бидэнд яг тийм чулуу байдаг билүү. Хэрвээ байдаг бол, эсвэл заавал ийм байх ёстой бол эцэг болсон эрчүүд чулуу зөөгөөд сүйд болно. Бас ч үгүй нэлээд том чулуу гээд байгаа шүү. За энэ ч яахав, марзан талаасаа гэж бодье. Гэхдээ...
Хүн ер нь өөрөөсөө холдсон болгоны дөнгүүрийг түрүүлэн боддог. Өөрөөр хэлбэл юмнаас холбож, тасарч байж юмыг ойлгох, сайн сайхныг олж харах тохиолдол цөөнгүй.
Яагаад лам хувраг заавал тэр уулын тагтанд ганцаар суун бясалгаж, хүний орчлонгийн ариуныг тунгааж олно вэ?
Яагаад бид өнгөрөн одогсодынхоо сайн сайхныг дурсан ярьдаг вэ?
Яг тэрэн шиг бид эх орноосоо урт удаан хугацаагаар холдож, санаж, шаналж байж буурайхан монгол орныхоо эгнэшгүй сайхныг мэдэрч, ухаарч, эх орон, элгэн садан нутаг усаа гэж тэмүүлдэг. Яагаад гэвэл бид эх оронтойгоо хүйн холбоотой учраас, мэдээж, энэ нь хүн болгонд харилцан адилгүй л дээ. Өөрөөр хэлбэл би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл бид бүгдийн сэтгэл зүрхний чанадад түрүүн яригддаг “Тоонот чулуу” торойж байдаг учраас юм болов уу....
Нутгийн сайхан дуугаа сонсоод
Намуухан дагаад аялмаар болохым
Торойж бараантах буйранд үлдсэн
Тоонот чулуугаа эргээд санахым... гэж дуу байдгийм Яаж яваад бид ийм сайхан оронд төрөө вэ? Ер нь ямар азаар бид энэ эх оронтой ямар их хувь тавилангаар холбогдоо вэ? Хэдийгээр энэ тухай манай суутнууд яруу сайхнаар дуу алдсан байдаг ч бид дахин дахин санаж, өөрсдөө асууж, толгой дээгүүр, цээж тэнэгэр явахын зэрэгцээ бусдаас хамарлах дохоины бяцхан харанга дэлдэж явахад илүүдэх юм байхав.


Бүрэн эхээрээ...

Дүү нарт

2 Сэтгэгдэлүүд:

Яагаад энэ тухай бодоод байдгаа би ер сайн мэддэггүй, ямар ч байсан тархинд эргэлдээд салдаггүй юм. Орчлон дэлхий уудам уужим ч, бодь ертөнц болоод түүний амьдрал мөнх юм шиг авч энэ бүгдийн хажууд хүний амьдрал гэдэг өчүүхэн ажээ. Тэр тусмаа хүний идэвхтэй амьдрал тун богино, цаг хугацаа тунчиг хурдан нь гачлантай. Хүн 60 насланаа гэвэл 720 сар буюу 21600 хоног, бүр цаашилбал 518400 цаг буюу 31 сая 104 мянган минут наслах нь ээ. Эндээс бодохоор хүний идэвхтэй амьдралын 15 сая минут л байна.Энэ ямар аймаар вэ? Үүнээс бид хэдийг нь унтаж, хэдийг нь идэж ууж, хэдийг нь шал хэрэггүй өнгөрөөж байгаа бол. Хэдийгээр энэ тоо саяар яригдаж байгаа боловч энэ чинь минут шүү дээ гэж бодохоор нэгийг хэлээд байх шиг. Инээж хөхөрч, наргиж цэнгэж, уурлаж тунирхаж, заримдаа бүр таг гөлөрч суугаа минут бүрт амьдралын чинь хугацаанаас хасагдсаар байх болно. Тэгвэл одоо яах вэ? Цаг хугацааны хүрд нэгэнт эргэсэн л бол зогсдоггүй юмсанж. Энэ хүрдийг чи эхийн хэвлийд байхдаа эргүүлж эхэлжээ. Зогсохгүй хүрд гэдэг хорвоогийн ганцхан үнэн ажээ. Үүнийг зогсоодог, өөрөөр хэлбэл зогсоосон мэт болгодог нэг л арга байдаг байна. Энэ нь хүн болсон хувь заяандаа баярлаж, хүн шиг амьдрах л арга юм. Хүн шиг амьдарна гэдэг нь гэр оронтой болж, авгай авч, хүүхэд гаргаж,тэднийгээ өсгөсөн төдийхнөөр зогсдоггүй юм шиг. Энэ бол зүгээр л амьтан төдий мэт. Яагаад гэвэл амьтан араатан хүртэл үүр оромжтой болж, эмэгчинтэйгээ үр зулзгаа өсгөж, яаж амьдрахыг нь зааж өгөөд гаргадаг байна. Тэгвэл миний хүн шиг гээд байгаагийн учрыг олохсон. Хүн амьтнаас хэлээрээ ялгардаг гэдэг. Гэтэл ярихын тулд сэтгэдэг боддог аж. Гэлээ ч гэсэн хүн хүнийхээ дунд л хүн байж чаддаг байна. … Хүн хүнээс юм авах гэж эсвэл хүнд юм өгөх гэж төрдөг … гэж нэг шүлэгч шүлэглэжээ. Тэгвэл өгөх ч юм байхгүй, авах ч юмаа мэдэхгүй тийм хүн болцгоох вий гэж санаа зовох, нөгөө талаар хүн тухайн төрсөн үеийнхээ нийгэмд өөрийн гэсэн “дүр”-тэй төрхтэй амьдарч чадвал хүн шиг амьдарлаа даа би гэж өөрөө ч бодох, үеийнхэн чинь ч хүндлэх, үр удам чинь ч бахархах бөлгөө. Та юу хийж бүтээж чаднав, тэр чинь таны “дүр” болох юм. Өөрийн гэсэн дүртэй, сайн сайхан амьдрал гэдэг аав ээжийн үлдээсэн алт мөнгөнд биш, айхтар хүч, бяр, гоо сайханд биш, хүний санаж сэдэх сэтгэхүйнд байдаг байна. Түрүүн яригдаад байсан цаг хугацааны хүрдийг зогсоосон мэт амьдрахын учиг энд цохиж явнаа гэж… Тэгвэл сана, сэтгэ, тэвч, хий, бүтээ…
2007 onii 1 sariin 02
Бүрэн эхээрээ...

Алслалт

0 Сэтгэгдэлүүд:

Бага байхад “Алслалт” гэдэг хичээл заажээ. Тэгэхдээ энийг тоо, хэлний багш биш, түүх нийгмийн ухааны багш бүр ч биш, ердөө зургийн хичээлийн багш заасан байх юм. Энэ нь яадаг вэ гэхээр харгуй замыг ч юм уу, утасны шон мэтийг зурахдаа наанаа өргөн том байснаа цаашлах тусам нарийсан жижгэрсээр цэг болж зурагддаг тухай юм. Яагаад би энэ тухай санав?Би эх орноосоо хэдэн мянган бээрийн хол суугаа Төв Монголын нэгэн хөвгүүн. Эх орон маань хичнээн өргөн уудам ч, ард түмэн минь хичнээн агуу ч гэлээ эх орноосоо холдох тусам, удах тусам сэтгэлд минь хэзээ ч ховхрохооргүй нэгэн цэг болон тогтсон бол эргэн очих, санан дурсахын цагт нөгөө цэг маань эргэн томорч, задран эгэлгүй сайхан болдог билээ. Эгээ л тэр багшийн заасан шиг сэтгэлд минь алслалт бий болсон мэт.Ер нь эрхэм хүмүүний яс махны гол цэг, нандин бүхний учиг нь эх орон болдог байна.
… Элэг зүрхнээс уяатай .. гэж дуулдагын учир энэ. Яагаад гэвэл үеийн үед хүн өөрийн гэсэн эх оронтой байсан тулдаа түүнийхээ төлөө хэдэн үеэрээ босон, тэмцэж, ялж, ялагдаж, бодож, шаналж, алдаж онож явсаны ачаар хүн өдий зэрэгтэй болтлоо хөгжиж яваа. Эх орны төлөө бол өөрийн болоод өрөөлийн амь юу ч биш байна аа. Надаас өмнө хэдэн зуун мянган жилийн тэртээд ийм байсан, надаас хойш хэдэн мянган жилдээ ийм л байх болно. Энэ олон үеийн, энэ олон хүмүүний бишрэл хүндлэлийн гол цэг болсон болохоор эх орон гэдэг ийм агуу нандин, эгэл жирийн хүндээ ч гэсэн шингэдэг байна.. Хүнд ямар ч бурхан шажин, хоол унд, нам төр, цаашлаад алтан амьнаас илүү эх орон, ерөөс хүмүүн болсоны утга учир, учирал хагацал, баяр цэнгэл, уй гуниг бүхний цаана эх орон байдаг байна. Хүн эцэг эхгүй байж болдог авч харин эх оронгүй байж хэрхэн болох. Эх орон хамгийн эрхэм байдгын учир энэ.
2007 onii 1 sariin 02
Бүрэн эхээрээ...

Санаашрал

3 Сэтгэгдэлүүд:

Гучин долооныхоо жил дээр хүүхэд гаргавал сайн гэж хэнээс ч юм сонсчээ. Би сайхан хүү, охин хоёртой ч тэд маань овоо болцгоож, эхнэр бидэн дахин нэг хүүхэд хүсэн мөрөөдөхийн цагт яагаад ч юм дээрх үг шалтаг болсоор бас нэг хөөрхөн цагаан хүүтэй болсийм. Би гэдэг хүн ажил амьдралын мөр хөөж, гэр бүл, үр хүүхдийн хамт бусдын адил хүний нутагт цагаачлан яваа нэгэн. Хүний нутагт, үгүй хүний нутагт ч гэж дээ, хүү маань энэ газар, энэ улсын иргэн болон төрлөө. Уг нь энэ улс дэлхийд тэргүүлэх гүрний нэг, амьдралын баталгаа нилээд өндөр хангадсан улс учир бид ч нэг талаас хүүдээ сэтгэл хангалуун яваа.
Гэхдээ сэтгэлийн мухарт нэгэн хүнд юм дараад … Эх орноо санан дурсахын зэрэгцээгээр хөх толбот хүүгийн маань биеэр монгол цус гүйж байгаа учраас би хүүдээ ХАНГАЙ гэж нэр өгсөн юм. Хүү маань өдөр хоногоор өсөж, гэрт хөөрхөн үнэр болоод, дуу чимээ авчирч, аав ээж, агаа эгээгээ дультраатуулж. Ах, эгчийнхээ бага насны мартагдах шахсан дурсамжийг сануулж, ер нь л сэтгэл хангалуун, цээж тэнүүн явнаа би. Эхнэрээ төрөхөд нь дэргэд нь байж, эх үрийн хоёр яс салах агшинг харсаны хувьд эрхгүй гэр бүл, үр хүүхдийн ариун холбоог дахин мэдэрч, тэдэндээ би хайртай байх хийгээд би өөрөө энэ гэр бүлийн хэн нь вэ гэдгээ ойлгож байна уу гэлтэй. За тэгээд цаашилбал хань ижилтэйгээ хослон амьдрахын утга, түүнийгээ хайрлахгүй байхын аргагүйг ухаарч явна. Ер нь энэ хүүхэд надад ихийг өгчээ. Хүүгээсээ ихийг авахын зэрэгцээ би өөрийн эцэг, эхийг урьд байгаагүй ихээр бодох болжээ. Саяхан би эхнэрээсээ “Хэрвээ нутагтаа байсан бол энэ хүү маань ямар байх байсан бол” гэж асуусан юм. Тэгсэн “Хэрвээ бид нутагтаа байсан бол энэ хүүхэд өөр хүүхэд төрөх байсан байх” гэсэн юм.
Эндээс үүдээд бодоход О.Дашбалбарын…
Өнгө алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла… гэсэн мөрийг эрхгүй санасан юм. Нээрээ л би ч гэсэн хүн болохгүй байж болох л байж. Ингээд бодохоор эцэг эхдээ баярлахгүй байхын, тэднийгээ хайрлаж, хүндлэхгүй байхын арга алгаа.
…. Их хүний хэргийг
Иргэн хүн шүүдэггүй юм… гэж Чойном шүлэглэсэн байдаг. Эцэг, эх гэдэг үр бидэндээ их хүмүүс билээ. Эцэг эх маань ямар ч хүмүүс байлаа гэсэн үр бид гомдоод гонгиноод, шүүгээд яллаад байх хэрэг алгаа. Харин ч бид тэднийгээ сэтгэл зүрхэндээ эх орон мэт хайрлаж хүндэлж бүр тахин шүтсэн ч болох байна.
…Эцэг эхээс заяатайЭрдэнийн алтан өлгий минь … гэж дуулдаг. Би ч яахав, энэ дууг дуулаад өсөж, харин америкт төрсөн хүү минь!!! Энэ хавьцаа л миний дурдаад өнгөрсөн сэтгэлийн дарамт оршоод байгаа юм. Би ер нь хүүгээ эх орноосоо төөрүүлчихсэн юм биш байгаа.
2007 onii 1 sariin 2.


Бүрэн эхээрээ...

Эхний цэг

1 Сэтгэгдэлүүд:

За, Бумаа... Энд бичээд байгаарай. Амжилт хүсьеэ. Бүрэн эхээрээ...