Борооны дуслууд бөглүүхэн дуугаар цонх товших чимээнээр тамираа алдсандаа иш нь гулдайж том гэгчийн дэлбээгээ духайлган цонх түшсэн тасалгааны цэцэг сая нэг ухаан орох мэт сүүмийх авч өөрийн биеийг эгцэлж үл чадна. Ус ундаа нь холдсоноос тэр ядарч туйлдахын эцэст хүрчээ.
Хоорондоо өрсөлдөх мэт уралдан буух борооны бүлээн дуслууд цонхны шил даган намиран урсана. Нартай бороо болоод тэр үү наалинхай гэж жигтэйхэн. Цонхны харалдаах цэцгийн мандлын хэдэн цэцэгс намираа борооны зөөлхөн шиврээнд нэвширтэл норсон хэрнээ цаанаа нэг таатай. Тэдний үндэслэсэн хар хүрэн хөрс сүүлийн хэд хоногийн турш шатаах шахам шарсан наранд ангасан ангаа нь тайлагдаж, тэр ч байтугай тэрүүхэн тэндээ шалбааглах аятай. Бороон завсраар үес үесхэн сэгэлзэх сэвэлзүүр салхинд наашаа нэг, цаашаа нэг үелзэн найгацгааж биеийн чилээг үргээнэ. Олуулаа байх сайхаан.
Өнөөдөр л бүх юм эхэлж байгаа мэт тэдний аяг нь өчигдөрийг хүртэл шарсан их нарыг өчигдөртэй нь хамт мартсан бололтой. Байгалийн араншин гэж энэ юм даа. Үхсэн ч, сэхсэн ч байгальтайгаа л дуусах тэдгээр цэцэгс одоо өнгө өнгийн дэлбээгээ дэлгэн үзэх нүдийг баясгах нь үнэхээрийн жаргалтай.
Харин цонхны тавцан дээр өнөөх ганц тасалгааны цэцэг шавар вааранд шалчийж хорчийн өнгө зүсээ алдан хэрвээ дуутайсан бол гийнан гиншиж байна уу гэлтэй сулбайн унжина. Нэгэн цагт эзнийхээ арчилгаанд эрэмшин энэ муу ваарандаа багтаж ядатлаа, ээ дээ мөн ч сагсайтал ургасансан. Сайхан цаг байж дээ тэр үе. Салхивчаар сэвэлзэх өглөөний цэнгэг агаарт навчны үзүүрийг сэгэлзүүлсэн шиг ээ, цаг цагт услах тогтмол усалгаанд цадаж, цамаархаж, цаашилхаараа бүр цанхаалж. Цагиргалсан их үндсээрээ цадахаа мэдэхгүй ховдоглож, цагаан цагаан дэлбээгээр цээжээ дэлдэж, цалгиж явсан даа хөөрхий. Тэгж байхдаа тэртээд харагдах мандлын хэдэн цэцэгсийн бие биенээ түшин бээцийлдэн байхыг хараад тэнгэрээс хур царайчилсан тэдний хувь тавиланг хөөрхийлөн тохуурхаж, тогтмол цагаар тордуулсан өөрийнхөө заяанд омгорхож суусансан. Хэдийгээр бид бие биендээ нөлөөлөхгүй ч гэсэн хэрэггүй л байж дээ бусдыг шоолж суудаг маань. Тэдэнд тохиолдсон зовлон надад ирж болноо гэдгийг яагаад би ингэж угтаан тултал хатаж хорчийн байж ойлговоо. Ойлгох ч яахав нэг хэрэг. Оройтсон байвал яанав.
“Юм юмны хувь заяа гэдэг юутай гачлантай. Одоо яая гэхэв дээ зайлуул, очиж очиж мандлын цэцэг болдог та нар ха ха” гэж ирээд л үгүй ээ мөн их басамжилсансан. Өсөхөд жаргаасан жаргал үүрдийнх хэмээн эндүүрсэн би үйлийн үр гэдэг эргэж ирдэгийг тэр үед мэдээгүй. Хажууд минь савтай ус байлаа ч хатаж ангахын зовлонд нэрвэгдэж, хатуухан хорвоогийн зовлонд харин ч нэг лавхан унаж дээ би. Ороолдож хэрэлдсэн хэдэн үндэс маань одоо ч гэсэн учраа олохгүй хий дэмий л бие биенийгээ хэмлэцгээж байх шиг. Салаалж ургасан мөчирс минь салбайж унжаад, гашуудлын аяз енгэнүүлэн ганц нэгээрээ тасран унаж буй дэлбээгээ харах юм чинээ санаж явсангүй. Гадаа байгаа тэдгээр цэцэгс ганц юмаараа надаас илүү гэдгийг гайгүй сайн ойлгох шиг. Тэр нь тэмцэх чадвар юм байхаа даа. Орчлонгийн эрээн барааныг өөрсдөө л давж гардаг тэр л чанараараа тэд надаас давуу байж. Тэрийг нь мэдэхгүй би мөн ч их тэнэглэсэн дээ. Хэн нэгнээс дэм харж амьдарна гэдэг хэзээ нэгэн цагт дуусахын дохио бололтой.
2020 World Photography Awards Book (PDF)
3 years ago
15 comments:
Цаг цагаараа байдаггүй
Цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг дээ...
За, Бумаа анд блогоо сэргээж, умдаассан оюуныг минь ундаалж байгаа нь тун таатай байна шүү.
Улам олон сайхан зохиол бүтээлээ бидэндээ бэлэглээрэй... Таалан, бишрэн унших болноо.
бусдын хүчээр өөрийгөө хуурсан тэнэглэлэл , тиймүү?
туг барьж тугал хариулсан ч хэзээд өөрөө өөртэйгээ
бай гэж ойлгосоон.
hagas dutuu orchihoj ,
Oo minii bichsen alga bolchihoj.
Би гэртээ анх цэцэг тариад эхэлсэн чинь чухам хүүхэд гаргасан юм шиг болж байна лээ. Гэр лүүгээ сэтгэл яараад л, гэртээ ирэнгүүтээ хувцсаа ч тайлалгүй тэднийгээ үзээд л, тэдэнтэйгээ яриад л, хумх ямхаар ургасныг нь үзэж баярлаад л, хайраа ихдүүлж хэт усалж үхүүлээд л. Их л драмтай юм байна лээ. Одоо миний шалгарлыг давж гарсан хэдэн цэцэг бий. ТАСАЛГААНЫ ЦЭЦЭГ ЭЭ ГЭЖ... Гэхдээ ягтаа тулвал эд чинь арчлаад л байвал хүнээс ч урт наслах юм билээ шүү.
Би цагтаа ТАЛЫН ЦЭЦЭГ явлаа. Одоо ч тасалгааных л болж байх шиг байна даа. Арчлаад байсан ч арчийж үрчийгээд л эхэлж байна. Жамаараа л болж байна даа.
Бумаад баярлалаа. БМ (CZ)
Ганаа Бж: Өө тийм тийм, Блогоо сэргээлгүй их удсан.
Амор: Үндсэн санааг маш сайн ойлгожээ. Би бас л жаахан дутуу гаргачихсан байсан юм.
Бм: Ха ха сайхан зүйрлэл бна. Цагтаа талын цэцэг байлаа. Одоо тасалгааны цэцэг болжээ гэдэг чинь
Сайхан өгүүллэг.
хүний амьдарлыг их ойлгомжтойгоор харуулсан юм шиг санагдлаа
Ил зураглалын далд агуулагдах ухааруулахуйн их гайхамшиг аа гэж.... Ахад баярлалаа.
Ганаа: Баярлалаа
БМР: Тэгж үү? Tnx
Эрхцас: Цэцгийг ч бай ер нь юуг ч гэсэн хайрлаж л байвал
hyn helhees naash yzeg chichhees naash gedeg yg baidagdaa. Hyn er ni uuruu yumiig yzej tuulj bj l oilgoj uhaardag. Uhaarah hyrtelee daruu bh ni deer. Unuudur hyn yamar bgaagaa medeed bga yum shig murtluu margaash yu bolohiig hen ch medehgyi. geh met ih olon zyiliig heljee. Saihan ugyylleg bna.
өөрийн тань бичсэн энэ өгүүллэг их таалагдлаа. би цэцгийн тухай бичдаг блогтой юм аа. энэ өгүүллэгийг тань блогтоо тавьж болох уу.
Анон: Яг л тэгдэг дээ.
Bigone: Болноо. Эх сурвалжаа тавина биздээ
уншчихаад
Saihan oguulleg baina. Hen hund negiig bodogduulahaar.
Post a Comment